Categories
мэдээ цаг-үе

Хятадын зах зээлд Оюу толгойтой өрсөлдөх Удоканы орд ийм түүхтэй

Дэлхийн зэсийн том ордууд гэвэл Оюу толгой, Пеббл, Удокан гэж ирээд бий. Пеббл гэдэг нь Аляскийн орд. Удокан нь ОХУ-ынх. Газар зүйн байршлаараа манай улстай их ойрхон. Чита мужид байрлах энэ ордын түүх тэртээ 1949 оноос эхтэй. Дэлхийд нөөцөөрөө дээгүүрт жагсдаг энэ ордыг тус улсын Ойн экспедицийнхэн анх олж байж. Урьдчилсан хайгуулыг нь 1952-1958 онд хийжээ. Харин 1959 онд эдийн засгийн үр ашиггүй гэсэн дүгнэлт гарч хэсэгтээ сонирхлын гадна үлдсэн гэдэг. Гэхдээ энэ бай­дал удаан үргэлжилсэнгүй. Жилийн дараа уулын далд малталтаар нэг цооног өрөм­дөөд ашигтай орд гэдгийг нь мэдсэн байна. Өрөмдлөгөөр зэсийн нөөц хоёр километр хүртэл үргэлжилж буй нь то­дор­хой болсон гэдэг. ЗХУ-ын Засгийн газар үүнийг мэдсэн даруйдаа тогтоол гаргаж ордын нарийвчилсан хайгуулыг 1964 он гэхэд хийж дуусгахыг үүрэгджээ. Нарийвчилсан хайгуулын ажил хугацаанаасаа нэг жи­лээр хоцорч дуусчээ. Ингээд оросууд зэсийн дажгүй нөөц­тэй ордоо нэг хэсэгтээ нам жим орхисон байна. Бай­галь-Амурын төмөр замын ажил эхлэх үед буюу 1975 онд ордын хайгуул дахин үргэлжилжээ. Үүнээс хойш таван жилийн хугацаанд нарийв­чилсан хайгуул хийн хагас үйлдвэрийн туршилт явуулж байж нөөцийг нь шинэч­лэн тогтоожээ. ЗХУ-ын Нөөцийн комисс 1981 онд Удоканы ордод цэвэр металлаараа 20 сая тонн зэс бий гэсэн дүгнэлт гаргасан аж. Энэ ордын зэсийн дундаж агуулгыг 1.45 хувь гэж тодор­хойлжээ. Энэ бол 1949-1980 оны турш үргэлжилсэн хайгуулын үр дүн байв. Со­нирхуулж хэлэхэд наяад онд ордын хөрс хуулалтыг цөмийн дэлбэлэх аргаар хийнэ гэсэн хувилбар ч яригдаж байж.
Забайкальск хязгаарын төмөр замын Новая Чара станцаас 30 км зайд орших энэ ордын лицензийг Орос, Америкийн Удоканы уулын компани 1992 онд анх ав­чээ. Лиценз авснаасаа хойш ямар ч ажил хийгээгүй учраас зургаан жилийн дараа Оросын төр мэдэлдээ эргүүлэн авсан байна. Сүүлд нь 2008 онд “Металлоинвест” лицензийг 15 тэрбум руб­лиэр худалдан авчээ. Тэр­бумтан Алшир Усмановын “Металлоинвест”-тэй Олег Дерипаскагийн “Союз­металл­ресурс”, Михаиль Прохоровын “Норникель”, “Русская мед кон­сорциум” өрсөлдөж байж. “Металлоинвест”-ын хувьд “Михайловский ГОК” нэрийн дор өрсөлдөж энэ ордын эзэмшигч бол­жээ. Удоканы ордыг өнөө­дөр “Металлоинвест”-ийн бү­­рэл­дэхүүнд багтдаг “Бай­­галийн уул уурхай” гэдэг компани хариуцан ажилладаг. “Михайловский  ГОК” лицензээ авсныхаа дараа охин компани болох “Байгалийн уул уурхай”-д шилжүүлэн өгсөн түүхтэй аж. 2010 оноос энэ ордод дахин хайгуул хийсэн байна. 2.5 мянган метр уулын далд малталт гэх мэт өчнөөн ажил өрнүүлсний эцэст Удоканы ордын нөөцийг дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг JORK стандартаар баталжээ. Уг ордын зэсийн нөөц цэвэр металлаараа олон улсын стандартаар 25.7 сая тонн, хүдрийн нөөц нь 2.7 тэрбум тонн гэж гарчээ. Удокан ордын ил аргаар олборлох уурхайн хэмжээний хүдрийн нөөц 795 сая, зэсийн нөөц цэвэр металлаараа 9.9 сая тонн гэдгийг ордыг эзэмшиж буй компани хайгуулаараа нотолжээ.
2011 онд хайгуулыг дахин эхэлж, 2012 оны есдүгээр сар хүртэл үргэлжлүүлж, үйлд­вэрлэлийн туршилт хийсний үр дүнд хүдрээс зэсийг 89 хувийн металл авалттайгаар гаргаж авах боломжийг тог­тоосон байна.
2010 оны арваннэгдүгээр сард уг ордын лиценз  эзэмшигч ком­пани Забайкальскийн удирд­­лагатай нийгэм, эдийн зас­гийн гэрээ байгуулжээ. 2012 оны намар олон ул­сын инженерингийн “Флюр” компаниар ТЭЗҮ-ээ хийл­гэхээр болжээ. “Флюр”-ыг Сайншандын аж үйлд­вэрийн паркийн ТЭЗҮ дээр ажилласан гэдгээр нь мон­голчууд андахгүй. Өнгөр­сөн оны гуравдугаар сард Оросын засгаас Алс Дорнод болон Байгалийн бүс нут­гийг хөгжүүлэх нийгэм эдийн засгийн хөтөлбөр гэж баталжээ. Удоканы ордыг ашиглалтад оруулах төслийн хүрээнд баталсан аж. Энэ оны хоёрдугаар сард олон улсад нэр хүндтэй “Флюр”, “SRK consulting”, “Knight piesold” зэрэг компаниуд Удоканы ТЭЗҮ-ийг хийж дуусгажээ. Удоканы ордын хүдрийн нөөц JORK стандартаар 2.3 тэрбум тонн гэж гарчээ. Зэсийнх нь нөөц металлаараа 24.6 сая тонн гэсэн дүн гарсан байна. Энэ нь Оросын зэсийн нийт нөөцийн 60 хувь гэсэн үг. Харин манай Оюу толгойн  хувьд 36 сая тонн зэс, 45 сая унци алтны нөөцтэй. Тэгэхээр Удоканыг зэсийн нөөцөөрөө Оюу толгойтой өрсөлдөхүйц гээд ойлгочихож болно. Сүүлийн мэдээгээр Удоканы уулын баяжуулах үйлдвэрийн барилга бүтээн байгуулалтын ажлыг 2015 оны арван­хоёрдугаар сарын 25-нд эхлүүлэхээр төлөвлөжээ. Ашиг­лаж эхлэх хугацаа нь 2017 оны зургадугаар сарын 25. Энэ өдрөөс хойш Удоканы ордоос хүдэр олборлож эхэл­нэ гэсэн үг. Удоканы уурхайг 2024 оноос бүрэн хүчин чад­лаар нь ажиллуулах гэж байна.
“Металлоинвест” анх   “Таван жил хагасын дараа олборлолтыг 12 сая тонн хүдэрт хүргэх, долоон жи­лийн дараа 36 сая тонн хүдэр олборлох” нөхцөлөөр Удоканд эзэн сууж байж. Таван жилийн дараа гэсэн тохироогоор бол өнгөрсөн онд энэ ордын олборлолт эхлэх учиртай байв. Харин ирэх онд хүдрийнхээ олборлолтыг 36 сая тоннд хүргэж нэмэгдүүлэх ёстой байж. Гэтэл өнөөдөр Удокан ашиглалтад ороогүй  хэвээр байгаа. Олборлоход хүнд хэцүү, төвөгтэй нөхцөлд байршдаг, хөрөнгө оруулалт их хэмжээгээр шаардана гэсэн шалтгаан яригддаг.  Дашрамд дурдахад “Металлоинвест” ордыг ашиглахад хэрэгтэй дэд бүтэц, олборлолт дээр “Ростехнологи”, “Норникельс металл”-тай  хамтран ажиллах санал тавин ажиллаж байгаа юм билээ.
Удокан ордыг төлөвлөсөн хугацаанд нь буюу 2013 онд ашиглаж эхлээгүйг Чита мужийн Забайкальск хязгаарын нэгдүгээр орлогч дарга хоёр шалтгаантай гэж тайлбарлажээ. Эхний шалтгаан нь эрчим хүчний дэд бүтэц тавих, хоёрдугаар шалтгаан нь төмөр замын нэвтрүүлэх чадлыг сайжруулах гэнэ. Удоканы ордыг ашиглая гэвэл 500 КВт-ын 1200 км эрчим хүчний шугам тавих шаардлагатай юм байна.
Удоканд эзэн суусан  “Металлоинвест”  Орост хэн бэ?
“Металлоинвест”-ийн эзэн Алишер Усманов бол Оросын шинэ баян. Дэлхийн баячуудыг эрэмбэлсэн “Форбес”-ийн жаг­саалтад 40 дүгээрт бичигддэг эрхэм. Тэр  2013 оны есдүгээр сарын 26-нд “Ордыг ашиглахад зургаан тэрбум ам.доллар хэрэгтэй” хэмээн мэдэгдсэнийг “Ком­мер­сант” онцолжээ. Тус ком­­­­па­нийн зүгээс ордыг ашиг­­­­­лахад 6-8 тэрбум ам.дол­­­­­лар хэрэгтэй гэсэн мэдэгдлийг хийгээд байгаа аж.  “Металлоинвест” төмрийн хүдэр, төмрийн баяжмалыг дэлхийн зах зээлд нийлүүлдэг, нөөцөөрөө дэлхийд хоёрт ордог төмрийн хүдрийн орд эзэмшдэг. Тус компанийн эзэмшдэг ордын нөөц олон улсын JORK стандартаар 14.6 тэрбум төмрийн хүдрийн нөөцтэй нь тогтоогдсон, 150 жилийн турш ашиглах нөөцтэй аварга орд аж. Төмрийн баяж­малын бөөрөнцгийн үйлд­вэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч компани. Өнгөрсөн онд гэхэд ОХУ-ын төмрийн баяжмалын 37 хувийг, төмрийн баяжмалын бөөрөнцгийн 57 хувийг үйлдвэрлэжээ. “Метал­лоинвест”-ийн вант ул­сын эзэмшилд Лебе­динск Михайловскийн уулын баяжуулах үйлд­вэр, Осколоскийн электро металлургийн комбинат, төмрийн хаягдал боловс­руул­даг  “УралМетКом” үйлдвэрүүд  багтдаг.
Удокан Яагаад бидэнд Чухал гэж?
Олборлоход хүнд хэцүү нөхцөлд оршдог гэдэг утгаар нь оросууд өнөөдрийг хүртэл Удокандоо гар хүрээгүй. Сүүлийн жилүүдэд оросууд Удоканоо эдийн засгийн эргэл­тэд оруулна гэж эрчимтэй ажиллаж эхэлсэн нь Оюу толгойтой холбоотой гэж ярь­даг. Биднээс урьтаж хөдлөх сонирхол өндөр байсан ч дэд бүтцийн бэрхшээл, хөрөнгө мөнгөний дутмаг байдлаас болж хөдөлгөж чадалгүй өнөөг хүрсэн нь энэ ордын түүхээс харагддаг. Өнөөг хүртэл гэдэгт Шанхайн уулзалтаас өмнөх өдрүүд орно. Харин Шанхайн уулзалтаас хойш  буюу В.Путин, Си Жиньпин хоёр 40 гаруй гэрээнд гарын үсэг зурж эдийн засгийн цоо шинэ бодитой харилцааг үүсгэснээс хойш байдал өөрөөр эргэсэн. Хамгийн том үр дүн гэхэд л хоёр том хөршийг холбосон төмөр замын маршрут өнөөд­рийнхөөс 700 км-ээр богиносно. Тэдний дунд хийсэн өчнөөн тохирооны зөвхөн нэг хэсэг нь гэхэд л энэ. Цаашлаад худалдаа эдийн засгийн чиглэлийн маш олон бодитой төслүүд хоёр гүрний дунд хэрэгжиж эхлэх гэж байна. Бидэнтэй хамаатай төслүүдийн нэг гэхэд л зэс байна. Тодруулж хэлбэл Удоканы орд. Мон­голын Оюу толгойн зэсийн баяжмалыг авах зах зээл нь Хятад. Оросууд ч удахгүй Удокан ордоос тэдэнд зэсээ нийлүүлж эхлэх нь. Шанхайн уулзалтын үеэр хийсэн том гэрээнүүдээрээ дэлхийн эдийн засагт шинэ зам үүс­гэ­сэн хоёр гүрний аль алинд нь Удоканыг хөдөлгөх сонирхол бий. Өмнө нь хий, ашигт малтмалаа Европ руу зараад мөнгө олчихдог байсан оросууд Украины асуудлаас болж том зах зээлээ алдсан. Удоканыг хөдөлгөе гэж яарахгүй өнөөг хүрсэн нь ч Европ хэмээх том зах зээл өмнө нь байсантай холбоотой. Харин одоо байдал өөрчлөгдсөн. Хятад, Солонгос, Японд хийгээ нийлүүлэхээр болсон ОХУ-д Удоканыг үнэд хүргэх сонирхол ч бий.
Удоканы санхүүжилтийн хувьд бүр анх В.Путиныг Ерөнхий сайд байх үеэс л Хятадтай хамтрах алхам эхэлсэн юм билээ. В.Путины айлчлалын үеэр Хятадад болж буй эдийн засгийн форумын хүрээнд Удоканы эзэмшигчид Хятадын худал­­даа үйлдвэрийн банк (ICBC)-тай санхүүжилтийн урьдчилсан хэлэлцээрт гарын үсэг зурж байж. Саяын Шанхайн уулзалтын үеэр В.Путин Си Жинпин хоёр алс дорнодын ашигт малтмалыгэргэлтэнд оруулах гэрээг үзэглэсэн. Тодруулж хэлбэл Забайкальскийн Удока­ныг зэсийн ордыг хамтран эзэмших гэрээг үзэглэчихлээ.
Удоканыг 2024 онд бүрэн хүчин чадлаар нь ажил­луулна гэж байгаа ч үүнээс ч өмнө  ажиллуулж эхлэх нөхцөл бүрдчихсэн гэсэн үг. Оюу толгойн ил уурхайн олборлолт хэвийн явагдаж буй ч энэ ордын үнэ цэнийн 80 хувь нь агуулагдсан гүний уурхайн бүтээн бай­гуулалтын санхүүжилт хэзээ шийдэгдэх нь бүрхэг хэвээр байгаа.
Бидэнд ийм сул тал бий ч Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй үргэлжлүүлбэл давуу талууд бас бий. Оюу толгойн хувьд нөөцөөрөө Удоканоос илүү, бас алт­ны агуулгатай гэдгээрээ давуу. Оюу толгой төслийг хэрэгжүүлэгч “Рио” бол дэлхийд том тоглогч. “Рио”-д хувь, ашгаа ахиухан авахын тулд баяжмалаа ахиу үнээр борлуулах сонир­хол бий, тэр сонирхлоо хэрэг­жүүлэх хүчирхэг нөлөөг ч урд хөршийн зах дээр тог­тоочихсон. Тэгэхээр дэлхийн хэмжээнд яригдах Оюу толгой гэж том ордын нөөцийн 80 хувь нь агуулагдаж буй гүний уурхайн бүтээн байгуулалтаа цаг алдалгүй үргэлжлүүлэх л бидний хувьд чухал болоод байна даа.

Ц.Баасансүрэн

Categories
мэдээ цаг-үе

Гэмт хэргийн тухай хууль батлагдвал нийт хоригдлуудын 30 хувь нь суллагдана

Эрүүгийн хуулийг Гэмт хэргийн тухай хууль болгон өөрчлөхөөр УИХ хэлэлцэж эхэллээ. Хуулийг гаргаснаар шоронжсон бодлогыг халж аль болох хүний эрх, эрх чөлөөг хангахын зэрэгцээ бусдыг хохи¬ролгүй үлдээх бодлогыг тусгажээ. Тодруулбал, хэрэг хийсэн ч гэлээ амьд явах, эмчлүүлэх, нар, салхи, агаартай харьцах гэх мэт хүний суурь эрхүүдийг нь хад­галж, хангахаар тусгасан байна. Тэрчлэн сэжигтэн нэрээр, хэргийг нь нотолж чадаагүй ч хорьсоор байдаг хуулийн бодлогыг хасч гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлшгүй баримттайгаар илэрсэн тохиолдолд цагдан хорьдог байхаар хууль­чилжээ. Өнөөгийн мөрдөж байгаа Эрүү¬гийн хуульд энэ тухай эсрэгээрээ буюу мөр­дөн байцаагч хо¬рих шийдвэрийг гар­¬гаж прокурорт танил­цуулснаар хамгийн сүүлд гэмт хэрэгтэн мөн эсэх нь шийдэгддэг. Энэ нь тухайн мөрдөн байцаагч, прокурорын ажилтны үзэмжээр шийдэгдэх асуудал тул Гэмт хэргийн хуульд хэн нэгнийг хэрэгт сэжиглэвэл заавал шүүх хуралдаанаар оруулж шүүхийн шийдвэрээр хорьдог болохоор тус­гажээ. Ингэхдээ заа­вал хөдөлшгүй ба¬римт, нотолгоон дээр үндэслэн шүүхээс тухайн сэжигтнийг хорих шийдвэрээ гаргадаг байх аж. 

Хэрэгт сэжиглэгдсэн хүнийг хэдэн сараар, хэдэн цагаар урьдчилан саатуулдаг байх вэ гэдгийг Гэмт хэргийн хуулийн араас гарах Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулах юм байна. Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн бол шүүхээр хэрэг нь шийдэгдтэл, хөнгөн хэрэг үйлдсэн бол долоо хоног, олон удаа нэг зөрчлийг давтан гаргасан бол 72 цаг саатуулж хэргийг хуулийн дагуу шийдвэрлэнэ гэх мэтээр гэмт хэргийн процессоос нь хамааран түр саатуулдаг болох нь. Тэрчлэн Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд баасан гаригийн баривчилгаа, дохиололтой бугуйвч гэсэн шийтгэлийн шинэ төрөл нэмэгдэх юм байна. Гаргасан зөрчил, хийсэн хэргээс нь хамаарч энэ төрлийн эрхийг нь хязгаарлах заалтыг оруулах гэнэ. Тухайлбал хэн нэгэн эхнэртээ гар хүрч танхайрсан бол чиптэй бугуйвч зүүлгэнэ. Ингээд тэдэн метр ойртох аваас бугуйвчин дахь чип нь ажиллаж төв рүү мэдэгдэх зохицуулалттай. Баасан гаригийн баривчилгаа ч мөн ялгаагүй. Хэрэг хийсэн, зөрчил гаргасан хүмүүсийг ажлаа хийх боломжтой гэж үзвэл амралтын өдрөөр эрхийг нь хасах шинэ төрлийн шийтгэл аж. Гэхдээ одоохондоо Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль бүрэн боловсруулагдаагүй учраас ямар нөхцөлд энэ төрлийн шийтгэлийг тооцохыг тодорхойлоогүй байна. Гэмт хэргийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл шатыг 1-2 жилийн хугацаанд хангана гэж үзэж байгаа бөгөөд энэ хугацаанд Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийг боловсруулж, батлуулах аж. 

ДАВТАН ҮЙЛДСЭН ГЭХ ЯЛЫН БОДЛОГО ҮГҮЙ БОЛЖЭЭ

Ялын бодлогод баасан гаригийн баривчилгаа, чиптэй бугуйвчийн шийтгэл ч орно. Дээрээс нь хорих буюу эрхийг нь хасах шийтгэлийг харьцангуй бага байлгахаар тусгажээ. Одоо мөрдөж байгаа Эрүүгийн хуульд гурав ба түүнээс дээш сараар хорих заалт байдаг бол Гэмт хэргийн тухай хуульд хамгийн бага ялыг долоо хоног байхаар тусгасан байна. Хүн өлсөж үхэхгүйн тулд нэг талх хулгайлсан бол долоо хоног, дахиад нэг талх хулгайлбал дахиад долоо хоног гэх мэтээр шийтгэлийг давтан гэсэн ангиллаар бус нэг удаагийн үйлдлээр оногдуулах юм байна. Ингэснээр арван мянган төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонсч байсан эмэгтэйн түүх давтагдахгүй гэсэн үг. Мөн зөрчил гаргасан этгээд 120-480 цаг нийтэд тустай ажлыг хоногт дөрвөн цагаар хийнэ гэж тусгажээ. Үүнээс зугтвал ялыг биеэр эдэлнэ. Энэ төрлийн шийтгэлийг хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд, жирэмсэн болон 50 түүнээс дээш настай эмэгтэй, 60 түүнээс дээш настай эрэгтэйд оногдуулахгүй байхаар хуульчилж. Харин зорчих эрхийг хязгаарлах буюу оршин суух газраа өөрчлөх, гадаад оронд зорчих эрхийг нэг сараас таван жилийн хугацаатай хасдаг байхаар хуульд заажээ. Гэхдээ шүүхийн, хууль хяналтынхны зөвшөөрөлтэйгээр өөр зүгт зорчих зөвшөөрлийг түр авч болно. Тэрчлэн ажил мэргэжлийн давуу  байдлаа ашиглан гэмт хэрэг үйлдээд байвал тухайн мэргэжлээр ажиллах эрхийг нь хасах тухай ч Гэмт хэргийн хуульд заасан байна. Жишээ нь банкны теллер хүн ажил мэргэжлээ ашиглан бусдын эд хөрөнгийг өөрийн болгосон, өөрийн эд хөрөнгө шиг ашигласан бол 18 сар хүртэл мэргэжлээрээ ажиллах эрхээ хасуулах нь байна. Тэрчлэн хууль бусаар олсон хөрөнгийг нь хураана. Энэ хуулиар нэн тэргүүнд бусдын өмч хөрөнгийг хурааж, хумиад байхгүй бөгөөд зөвхөн бусдын хөрөнгийг өөрт завшсан тохиолдолд л хураах тухай яригдана. Дээрх ялын заалтуудыг мэдээж хөнгөн хэрэг үйлдсэн хүмүүс эдэлнэ. Харин хүний амь насанд санаатайгаар халдсан, хувь хүний хийгээд улсад санаатайгаар их хэмжээний хор хохирол учруулсан бол 1-20 жил биеэр ял эдлэх заалт Гэмт хэргийн тухай хуульд бий. Цаазаар авах заалт энэ хуульд ороогүй бөгөөд бүх насаар нь хорих шийтгэлийг оногдуулна гэж тусгажээ. Эрүүгийн хуулиар 16 ба түүнээс дээш насны хэрэгтнүүдийг цагддаг байсан бол Гэмт хэргийн тухай хуульд 14 нас болгон бууруулж торгох, нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлэх, хорих шийтгэлийг оногдуулдаг байхаар тусгасан байна. Гэхдээ санаатай үйлдсэн гэмт хэрэгт л хорих шийтгэлийг оногдуулна гэжээ. Санаатай гэдэгт хулгайн хэргээс эхлээд хүний аминд хүрэх, албан тушаалаа урвуулан ашиглах, залилах болоод эдийн засгийн гэмт хэрэг ч орно. Монгол Улсад гарч байгаа хэргийн 70 орчим хувь нь санаатай үйлдэгддэг бөгөөд хэрвээ хууль хэрэгжиж эхэлбэл шоронд байгаа иргэдийн 30 хувь нь суллагдана. Цаашид ч гэсэн хуулийн дагуу зөрчил гаргаж, хэрэг үйлдсэн этгээдүүдийн 30 хувь нь цагдан хоригдолгүйгээр шийтгэлээ эдэлнэ гэсэн үг. 

ЗӨРЧИЛ ГАРГАСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ИХЭВЧЛЭН ТОРГОНО

Хууль зөрчсөн хүмүүст, албан байгууллагад торгуулийн ял оногдуулах бөгөөд тооцооны нэгж гэсэн шинэ нэр, томъёог ашиглахаар болжээ. Нэг тооцооны нэгж гэдэг нь тухайн цаг үеийн ам.долларын ханш байх бөгөөд торгуулийг Монгол төгрөгт шилжүүлсэн хэлбэрээр авдаг болох юм байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 111.1 буюу хүн гүтгэсэн, гутаан доромжилсон хэргээр сэтгүүлчид ял шийтгүүлдэг байсан бол Гэмт хэргийн тухай хуулийн дагуу 50 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулдаг болох жишээтэй. Энд согтуу жолоочийн гаргасан зөрчлөөс эхлээд хэрэг бүрдүүлэлт, мөрдөн байцаалтад нөлөөлөх, садар самууныг сурталчлах гээд бүх төрлийн зөрчил багтсан байна. Хэдийгээр зөрчлийн хэлбэртэй ч онц ноцтой үйлдэл хийсэн бол гэм буруутныг Гэмт хэргийн тухай хуулиар шийтгэнэ. Ингээд хуучин эрүүгийн хуульд гурван сараас зургаан жил хүртэл хорьдог байсныг Гэмт хэргийн тухай хуульд зөрчил болгон тооцсон заалтуудыг харьцуулан харууллаа. 

Л.МӨНХ

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлд яагаад Хөтөлийн цемент орж ирэхгүй байна вэ?

-44 ДҮГЭЭР АНГИ ДЭЭР ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ХУДАЛДААЛАХГҮЙ БАЙНА-

Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг өргөтгөн шинэчилж өмнөхөөсөө дөрөв дахин их хүчин чадалтай үйлдвэртэй болсон. Шинэ үйлдвэртэй болоод цементийг тонн, тонноор нь үйлдвэрлэж дотоодын зах зээлээ төвөггүй хангана гэж төлөвлөж байв. Хөтөлийн цементийг хаана, ямар үнээр борлуулж буйг сонирхохоор Барилгын материалын ачих буулгах 44 дүгээр анги дээр очлоо. Гурвалжингийн гүүрний доохно байх энэ газар бол Замын-Үүд-Улаанбаатарын чиглэлийн ачааны галт тэрэг цементээ буулгадаг гол цэг. Бетон зуурмагийн үйлдвэрүүд, барилгын компаниуд, цементийн бизнес эрхлэгчид, хувийн орон сууц барих хүмүүс гээд хэнд цемент хэрэгтэй байна, тэд бүгд эндээс ирж цементээ авдаг. Өчигдрийн байдлаар хятад цемент нэг тонн нь 150 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Харин Хөтөлийн цемент тонн, тонноор байтугай нэг шуудай ч байсангүй. Наймаачдаас Хөтөлийн цемент хаагуур зарж байгаа бол гэж асуувал “Алтанхуягаас асуу” гэхээс өөрийг хэлэхгүй юм. Галт тэрэгнээс цемент буулгаж байгаа болон жижиглэнгээр зарж буй хүмүүсээс сураглаад ч Хөтөлийн цемент олж чадсангүй.

Хөтөлийн цемент үйлдвэр дээрээ 156.800 төгрөгийн үнэтэй байгаа гэнэ. 

Энэ бол нэмэгдсэн өртгийн ал¬бан татвар шингэсэн үнэ. Тэндээс дээрх үнээр худалдаж аваад Улаанбаатар руу ачуулахад тээврийн зар­далтайгаа нийлээд 190 мянга болж байгаа юм байна. Хятадынх 150 мян­га¬тай байхад ийм өндөр үнээр авах хүн олдохгүй нь ойл­гомжтой. Тиймээс Хөтөлийн цемент худалдан авч буй хүн байхгүй байгаа ажээ. Дээрээс нь наймаачид Хөтөлөөс цемент авъя гэхээр бэрхшээл бий гэв. Хөтөлтэй холбогдоод цемент авъя гэхээр мөнгөө шилжүүл гэдэг гэнэ. Ингэхдээ дор хаяж 10, 20 сая төгрөгийн худалдан авалт хийсэн байх ёстой. Мөнгөө өнөөдөр шилжүүлчихье, хэзээ нааш нь ачуулах вэ гэхээр “тэгж байгаад” гэсэн хариу өгдөг талаар наймаачид ярьж байна. Ингээд хамгийн шуурхай ачууллаа гэхэд 20 хоногийн дараа, цаашлаад сар болж байж өнөөх цемент нь ирдэг ажээ. Харин урдаас цемент ачуулбал гурав, дөрөв хоноод л ороод ирдэг гэсэн. Тиймээс наймаачид Хөтөлийн цементийг сонирхохгүй, нийслэлд оруулж ирэхгүй байгаа ажээ. Хөтөлийн цемент өнгөрсөн жилийн өдийд нэг тонн нь 175 мянган төгрөгийн үнэтэй байжээ. Харин Хятадынх 135 мянган төгрөг байлаа. Хөтөлийн цемент өндөр үнэтэй ч гэсэн сайн зарагддаг байна. Учир нь Засгийн газраас зарласан тендерийг авсан зарим компани тендерт зааснаар заавал Хөтөлийн цемент авдаг гэнэ. 

Ирэх зургадугаар сарын 1-нээс хятад цементийн үнэ тонн тутамдаа 10 юаниар нэмэгдэх сурагтай байгаа гэнэ. Бас Эрээнээс Замын-Үүд хүртэл тээвэрлэх машины үнэ мянган юаниар нэмэгджээ. Най¬маачид өмнө нь 2500 юань өгөөд Замын-Үүдийн ачих буулгах газарт хүргүүлдэг байсан бол өдгөө 3500 юань төлдөг болж. Тэгэхээр ирэх сараас цементийн үнэ нэмэгдэх хандлагатай байгаа юм байна. Гэхдээ нэг тонн цемент арай ч 200 мянга хүрэхгүй гэж ярилаа.

Энд цемент зардаг Б.Цэрэн­долгортой уулзлаа.

-Хөтөлийн цемент огт харагдахгүй юм. Яагаад орж ирэхгүй байна вэ?

-Сүүлийн арав хоног Хөтөлийн цемент сурагласан хүмүүс манай энүүгээр ирж байна. Энэ хавь бол цемент зарж буй гол цэг. Тиймээс иргэд ирэхээс ч аргагүй. Гэхдээ хэн энд ирж Хөтөлийн цемент асууж байна вэ гэхээр амины орон сууцаа барих гэсэн хүмүүс л байна. Тэд Засгийн газрын тэргүүний үгэнд итгэчихсэн, хямд цемент хайгаад ирж байна. Гэтэл Хөтөлийн цемент үйлдвэр дээрээ 157 мянгаар худалдаалагдаж байна. НӨАТ шингээсэн үнэ нь ийм. Тэндээс хувийн машинаараа очоод авбал юу юм гэхээс. Түүнээс бид вагон, вагоноор нь авчирвал нэг тонн цемент бараг 200 мянгад ирж байгаа. Тэгэхээр тийм өндөр үнэтэй цемент хэн авах билээ. Нөгөөтэйгүүр бид Хятадын нийлүүлэгч нартай харьцаад сурчихсан. Өнөөдөр утасдаад тэдэн тонн цемент ачуулчих гэдэг. Цаанаас ачуулаад ороод ирнэ. Тэр хооронд бид эндээс мөнгөө шилжүүлдэг. Итгэлцэл дээр явдаг гэсэн үг. Захиалга өгснөөс хойш гурав, дөрөвхөн хоноод ороод ирнэ. Гэтэл Хөтөл рүү мөнгөө шилжүүлчихээд байхад хүртэл ачуулдаггүй. Араас нь байнга утасдаж байж сарын дараа цементээ авбал их юм болно. Гэтэл бид банкны зээлээс зээлийн хооронд амьдардаг. Дээрээс нь Хөтөлийн цемент задгайгаар орж ирж байна. Задгай цементийг үйлдвэрүүд л авна. Ихэнх худалдан авагчид шуудайтай цемент авдаг юм.

-Цементийн үйлдвэртэй боллоо гээд наймаачдад ямар нөлөө үзүүлж байгаа вэ?

-Бидэнд яаж ч нөлөөлөхгүй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг цемент үйлдвэрлэж эхэллээ гээд байгаа. Бас цементийн үнийг 10 хувиар бууруулна гэсэн. Одоохондоо үүн шиг худал зүйл алга. Гэтэл Хөтөлөөс Улаанбаатарт нэг ч тонн цемент орж ирээгүй. Бетон зуурмагийн үйлдвэрүүд болон томоохон худалдан авагчид тэндхийн цементийг энд авчирч зарах боломжгүйг мэдэж байгаа болохоор бидний ажил хэвээрээ үргэлжилж л байна. Харин хувь хүмүүс л Хөтөлийн цементийг хүлээх хандлагатай байх шиг байгаа юм. 

-Хөтөлийн цементийн үнэ яагаад ийм өндөр байгаа юм бол?

-Тэрийг сайн мэдэхгүй юм. Шуудайлаад зарахаар үнэтэй болдог шиг байгаа юм. Шуудайгаа Хятадад захиалгаар их үнэтэй хийлгэ¬дэг гэж сонссон. Үүнээс хамаардаг байж болох юм. 

-Чанарын хувьд ямар байдаг юм бол?  

-Хөтөлийн цементийн чанар бол ярихын аргагүй сайн шүү дээ. Гэвч бетон цутгахад тэр үнэтэй цемен­тээр яах билээ. Уг нь бид цементээр урд хөршөөс хараат биш болчихвол хэн, хэнд маань хэрэгтэй. Нэг жишээ хэлье л дээ. Өнгөрсөн жилийн есдүгээр сарын 1 хүртэл цемент 145-150 мянган төгрөгийн ханштай байсан. Гэтэл ердөө аравхан хоногийн дотор 230, 240 хүртлээ өссөн шүү дээ. Яагаад гэхээр Хятадууд гэнэтхэн л үнээ нэмсэн хэрэг. Бид яаж ч чадахгүй. Харин одоо өөрсдөө цементээ үйлдвэрлэнэ гэж байна. Тэгэхээр гадныхны царайг харахгүй байж болох болов уу. 

С.АЛТАН

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

С.Бямбадорж: Хурц, Цогтбаатар хоёр чинь дарга цэрэг байсан хүмүүс шүү дээ


Бэлтгэл хурандаа С.Бямбадорж манай сонинд хандлаа. Тэрбээр хуулийн байгууллагын үйл ажиллагааны арга барил,  мөн өдгөө Төв аймгийн хориход хоригдож байгаа хурандаа Д.Цогтбаатарын талаар ярьсан юм.

-Та эхлээд өөрийгөө танилцуулаач. Хаана ямар ажил эрхэлж байв?
-Би Тагнуулын байгууллагад мөрдөн байцаагч, мөрдөн байцаах хэлтсийн дарга, Сөрөх тагнуулын албанд хэлтсийн дарга, Тагнуулын дээд сургуулийн дэд захирал, захирал гээд энэ байгууллагад 30 гаруй жил ажиллаад тэтгэвэртээ гарсан хүн.
-Та ямар учраас сонин хэвлэлд хандах болов. Энэ талаараа тодорхой ярина уу?
-Би 2012 оноос өнөөг хүртэл Сөрөх тагнуулын даргаар ажиллаж байсан хурандаа Цогтбаатарыг хэрэгт холбогдсон талаар хэвлэл мэдээллээс уншиж байлаа. Энэ оны нэгдүгээр сарын үед Цогтбаатар надтай биечлэн уулзаж ярилцсан юм. Цогтбаатар надад  ”Би 2012 онд нэгэн иргэний мэдээллийг харьяаллын дагуу шалгуулахаар АТГ-ын дэд дарга Хурцад өгсөн юм. Гэтэл Хурц тэр мэдээллийг төрийн нууц гэж үзэж УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шилжүүлэн, төрийн нууц задруулсан хэргээр надад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүний дараа УМБГ-аас эзэнгүй хэрэгт холбогдуулан намайг хоёр сар цагдан хорьсон. Намайг Хурц ямар нэгэн хэрэгт холбогдуулан ял шийтгэл оногдуулах, албанаас зайлуулах оролдлого хийж байгаа гэж би үзэж байна. Иймд танаас хууль зүйн туслалцаа, зөвлөгөө авч, санал солилцохоор тантай уулзаж байна. Би ямар ч гэмт хэрэгт хийгээгүй. Би танд үүнийг итгэлтэй хэлж байна. Та намайг мэднэ дээ” гэж хэлсэн.
-Та түүнийг сайн мэдэх үү?
-Цогтбаатар МУИС төгсөөд анх манай хэлтэст залуу ажилтан ирж байсан юм. Би энэ залууг мэргэжил болон ажил албандаа сайн, ёсзүйн хувьд доголдолгүй гэдгийг мэдэх учраас ярианд нь итгэж байгаа юм. Мөн иргэний мэдээлэл яагаад төрийн нууц болдог билээ гэсэн асуудал миний анхаарлыг татсан. Иргэний өгсөн мэдээллийг шалгахгүй, яагаад харьяаллын дагуу шилжүүлсэн хүнийг нь нууц задруулсан гэж шалгаад байгаа нь миний гайхшралыг төрүүлж байгаа юм.
Нэгэнт Цогтбаатар болон гэр бүлийн хүн нь надаас туслалцаа хүссэн учраас Тагнуулын байгууллагад ажиллаж хамт байсан хэдэн хүн уулзаж, зөвлөж ярилцсан. Тэгээд мөрдөн байцаах албанд ажиллаж байсан, гүйцэтгэх ажил хийж байсан гэж намайг энэ талаар холбогдох албан тушаалтнуудтай уулзаж ярилц гэж төлөөлүүлэн явуулсан юм.
-Та тэгээд ямар хүмүүстэй уулзаж ярив?
-Би 2014 оны нэгдүгээр сарын үед УЕП-ын Мөрдөн байцаах албаны дарга хурандаа Пүрэвцогттой уулзсан. Тэнд Цогтбаатарын төрийн нууц задруулсан гэх хэрэг нь мөрдөгдөж байсан учраас очсон хэрэг л дээ. Би Пүрэвцогтод нэг л хүсэлт тавьсан. “Цогтбаатар гэж хүн 2012 оноос хойш бүтэн жил гаруй шалгуулж, хоригдлоо. Хэргийг нь хуулийн дагуу хурдан шийдэж өгөөч” гэж. Бид бие биенээ танина л даа. Тэгэхэд Пүрэвцогт “Би энэ хэрэгт оролцмооргүй байна. Прокурор мэднэ” гэж хэлсэн. Би хариуд нь “Чи Мөрдөн байцаах албаны дарга нь юм чинь энэ хэргийг хурдан шийдүүлэх талаар хяналт тавих, мөрдөх хуулиар хүлээсэн эрх танд бий. Эрхээ эдлээч” гэж хэлсэн. Тэгээд сэтгэл дундуур тэндээс гарсан. Одоо Мөрдөн байцаах алба татан буугдаад АТГ-ын дэргэд очсон байгаа.
Дараа нь би хэд хэдэн УИХ-ын гишүүдтэй уулзаж ярилцсан. УИХ-ын гишүүдэд миний хандсан хандлага бол “Ерөөсөө нэг мэдээллээс болж энэ залуу хоригдоод байна. Анхааралдаа аваач” гэж хэлсэн. Ер нь УИХ-ын  Тусгай хяналтын дэд хороонд хандах зорилгоор тэдэнтэй уулзсан юм. Миний уулзсан хүмүүс Цогтбаатарын талаар хэвлэлээр гарсан мэдээллээс цаашгүй, хүний ам дамжсан асар буруу мэдээлэлтэй явдаг юм байна гэдгийг би уулзаж ярилцаж байхдаа мэдэрсэн. Мөн АТГ-ын дарга, ТЕГ-ын дарга нартай уулзсан. Зөвхөн энэ хэргийн талаар анхаарал хандуулахыг хүссэн. “Хэр үндэслэлтэй хорьж байна, яагаад хэрэг нь шийдэгдэхгүй удаад байна вэ” гэдэгт анхаараасай гэж хүссэн. Тэд “Таны ярьсныг ойлголоо. Анхааралдаа авъя” гэсэн хариулт өгсөн. АТГ-ын дэд дарга Хурцтай тааралдаж уулзаж ярилцсан. Тэгээд Хурц Цогтбаатар хоёрын хооронд хувийн өс хонзонгийн зүйл байна гэж ярианы өнгөнөөс нь дүгнэсэн. Тэр хоёр дарга цэрэг байсан хүмүүс.
-Та их олон хүнтэй уулзаж, уйгагүй явжээ. Яагаад ингэж хөөцөлдөөд байна вэ?
-Би энэ залууг дөнгөж сургуулиа төгсөөд ирэхээс нь эхлээд л нэг дор ажилласан. Ямар нэг хэрэгт холбогдуулан эрүүгийн хариуцлага оногдуулах гэсэн атгаг санаатай эрх бүхий албан тушаалтан, түүнийг аялдан дагалдагчдад хандан хэлэхэд та нарын дунд  Д.Цогтбаатар шиг анхны дуулиант авлигын хэрэг, гадаадын тусгай албаны гар  хөл бологсод, Монголын баялгийг гадагш нь зөөдөг зохион байгуулалттай бүлгийг удаа дараа илрүүлэн шалгаж, хамт олныг удирдан зохион байгуулсан, мэргэжлийн тодорхой сэдвээр судалгааны ажил хийсэн, онол-практикийн хуралд илтгэл тавьсан, дээд сургуулийн оюутан залууст лекц уншсан залуу бий юу, өөрсдийгөө нэг харьцуулж үзээрэй. Д.Цогтбаатар бол олон жил сурсан, тагнуулын байгууллагын шилдэг боловсон хүчний нэг, соёлтой, төлөв даруу, архи уудаггүй, тамхи татдаггүй залуу. Үүнийг хамт олон удирдлагад байсан залуус нь нотолно. Их мөрөн дөлгөөн, эрдэмтэй хүн даруу гэдэг. Гэмт хэрэгт холбогдуулан шалгахад байгууллагын нэр төрийг бодож албан тушаалаасаа түдгэлзэн, би гэм буруугүй, гэмт хэрэг үйлдээгүй гэж  шалгуулсан энэ хүнийг  ийнхүү хууль зөрчин хэлмэгдүүлсээр байна.   
Тэнхлүүн явахад нь тэмээгээр тусалснаас тэвдэж явахад нь тэвнээр тусал гэсэн монгол хүний сайхан сэтгэлээр л энэ залуугийн төлөө явж байгаа юм. Дарга нь цэргээ өмөөрдөг, багш нь шавиа өмгөөлдөг монгол ёс байнаа. Тэр үүднээс л хандаж байна. Түүнээс бид хоёрын хооронд хувийн хамаатан садны болон бизнесийн хэлхээ холбоо огт байхгүй.
-Зарим нэг хүний хувийн өс хонзонгийн золиос ч болж байна гэж та ярилаа. Ер нь Цогтбаатарын энэ хэрэг яаж шийдэгдэх бол гэж та төсөөлж байна вэ?
-Би хувийн дүгнэлтээ л хэлье. Цогтбаатарт ямар нэгэн хэрэг, ял оноогоод албанаас нь халъя гэсэн бодлого барьж байгаа нь илэрхий байна. Яагаад гэвэл шийдвэрлэх боломжтой хэргийг шийдэхгүй хоёр жил болж байна. Угсруулан дөрвөн зүйл ангиар хэрэг үүсгэсэн байна.
-Та хуульч хүн. Цогтбаатарт холбогдуулаад байгаа хэрэг нь заавал шоронд хорьж шалгуулах ёстой юу?
-Хуулинд зааснаар хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн бол хорьдог. Миний бодоход хорих хугацаа нь хангалттай болсон. Зуу гаруй хоног хорилоо, болоо юм биш үү. Өмнө нь 60 хоног хоригдсон, хоёр хэрэгт шалгаж байсан. Тэрний хувь заяаг нь шийдээгүй байж дахиад угсруулаад хэрэг үүсгээд явж байна. Үүнээс харахад энэ хүнийг буруутгах гээд ажлыг нь ухаад байнаа даа. Ажил хийсэн хүнд бага ч гэсэн зөрчил дутагдал гарч ирж л таараа. Дутагдалгүй хүн гэж хаа ч байхгүй. Заавал нэг хэрэг тохох гэсэн ажиллагаа л харагдаад байгаа юм. Бараг дөрвөн сар хорино гэдэг бол хангалттай хугацаа. Хэргийг нь мөрдөөд хоёр жил боллоо. Хэрэг мөрдөх хугацаа бол хоёр сар байдаг. Хоёрт, Цогтбаатар тодорхой албан тушаалтай, гэрийн хаяг нь тодорхой. Өөрөө хууль эрхзүйн өндөр мэдлэгтэй, хариуцлагатай хүн. Заавал шоронд цагдан хорьж залхаах, эрүүл мэндийг нь хохироох ёсгүй. Иймээс би түүний аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндэд нь санаа зовж байна.
-Та хуулийн салбарт олон жил ажилласан хүн. Одоогийн хуулийн байгууллагуудын хэрэг шалгах, мөрдөх арга барил хуулийн дагуу явж чадаж байна уу?
-Хуучин арга барилаараа л ажиллаад байна даа. Эхэлж хүнийг хорьж байгаад мөрддөг, хорьж залхааж байгаад үгийг нь хэлүүлдэг ийм арга л хэрэглээд байна. Вишнинскийн онол гэдэг юм. Хоцрогдсон арга барилаар ажиллаж байна гэдгийг би биш Ерөнхийлөгч хүртэл хэлсэн байна лээ. Саяхан болсон УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хурлаар ч үүнийг ярьсан. Манай хуулийн байгууллага, хууль сахиулагчид хэргийг шийдэлгүй чирэгдүүлдэг, цагдан хорих байр дамжуулан удаан хугацаагаар хорьж залхаадаг, ар гэрт нь хүндрэл учруулдаг, сүүлийн 10 жилд 30-аад хүн цагдан хорих шатанд нас барсан, хулгайн хэрэгт 36 сар хоригдсон хүний тухай 2014 оны тавдугаар сарын 20-ны өдөр УИХ-ын хүний эрхийн дэд хорооны хуралдаанд яригдсан баримтаас тодорхой харагдаж байна.
Сая шоронд нэр алдартай хүн харамсалтайгаар амиа алдахад л Хүний эрхийн дэд хороо хуралдаж сүр дуулиан болж байна. Гэтэл цаана нь эрх нь зөрчигдсөн ядарсан хүмүүс зөндөө л байгаа.
-Хэргийг хоёр сар мөрдөж шалгадаг гэсэн. Гэтэл Цогтбаатарыг хоёр жил шалгаж байгаа гэж та хэллээ. Үүнийг хянадаг прокурорын байгууллага гэж байх ёстой биз?
-Цогтбаатарт холбогдуулаад байгаа эхний хоёр хэргийг аль хэзээний шийдчихэж болох л ёстой. Түдгэлзүүлсэн юм уу, хэрэгсэхгүй болгосон юм уу таг чимээгүй байгаа. Би Цогтбаатарын өмгөөлөгчид нь энэ талаар хандсан. Өмгөөлөгч нь “Хуулийн дагуу прокурорт хүсэлт гомдлоо гаргаж хандаж байгаа” гэсэн. Гэтэл Цогтбаатарт анх эрүү үүсгүүлсэн хүн өөрийнхөө удирддаг АТГ-т татаж аваад шалгаж  байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж дүгнэхээр байна.  Хэргийг удаан хугацаагаар шийдэхгүй, хоёр удаа цагдан хорьж байгаа зэрэгт прокурор гол үүрэг гүйцэтгэсэн нь мэдээж. Прокурорын оролцоог хуульд заасан. Иймээс би УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хандаж байна. Учир нь цагдан хориход хэргийн ангиллаас гадна ямар үндэслэл баримтаар хорьж байгааг прокурор, шүүгч нягтлан үзэж шийдвэр гаргах ёстой.
Тагнуулын ажилтныг бэлтгэхэд маш их хөрөнгө, цаг хугацаа шаарддаг. Олон жил гадаад дотоодод сургуульд явж, ажил дээр гарч бэлтгэгдсэн шилдэг боловсон хүчнээ ингээд нухуулаад, мохоож байгаад би харамсаж байна. Цогтбаатарын талаар хэрэгт шалгагдаж байсан этгээдүүд гадны тусгай албадын  зүгээс гүтгэсэн буюу хэрэгт холбогдуулсан хуурамч мэдээлэл өгсөн байхыг үгүйсгэхгүй гэж би үзэж байгаа.  Энэ хүн улстөрч биш, арилжаа наймаа хийдэг бизнесмэн биш. Төрийн төлөө тангараг өргөсөн хүн.

Г.ЯЛГУУН

Categories
мэдээ цаг-үе

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн эхний 10 хоногт “Изинис Эйрвэйз” дампуурлаа

Засгийн газраас “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн аян”-г эхлүүлсний эхний арав хоногт нь “Изинис Эйрвэйз” компани дампуурлаа. Дотоодын гол тээвэрлэгч авиа компани дампуурлаа зарлаж байгаа нь Монголын эдийн засгийн байдал хэрхэн муудсаныг харуулж байгаагаас гадна төрийн оролцоо хувийн хэвшлийнхнийг яаж сөхрүүлж буйг харууллаа. Тус компани 2006 оны нэгдүгээр сард байгуулагдсан цагаасаа амжилтаа ахиулан таван жилийн дотор дотоодын нислэгийн 75 хувийг дангаараа үйлддэг болтлоо өргөжсөн түүхтэй. АНУ-ын Засгийн газрын харъяа Худалдаа хөгжлийн агентлагийн санхүүжилт авсан, Японы Олл Ниппон Эйрвэйз компанитай урт хугацааны хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан эхний таван компанийн нэг болсон гээд “Изинис Эйрвейз”-ийнхэн салбартаа тэргүүлэгч байсан нь үнэн. Харин өнөөдөр санхүүгийн түрээсээр авсан хоёр онгоцоо буцааж, 225 ажилтныхаа тэтгэмжийг өгөөд, хөдөлмөрийн гэрээгээ цуцаллаа. Найман жил нислэг үйлдсэн авиа компани ямар учраас дампуурав. Гол шалтгаан нь төрийн монополь эрхтэй компани салбарт нь байгаа учраас хувийн компаниудад өрсөлдөх боломж олдохгүй байна. 70 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг МИАТ хувьчлагдаагүй цагт иргэний агаарын тээврийн салбар хөгжихгүй. Учир нь төр өөрийн өмчит компанид давуу эрх олгож, зах зээл дэх чөлөөт өрсөлдөөнийг үнэ тариф тогтоох, нислэгийн чиглэл зааж өгөх зэргээр хаасаар байгааг эдийн засагчид ярьж байна.

Агаарын тээврийн салбарт МИАТ айлын эрх хүүхэд шиг л байж ирсэн. 1999-2012 оны хооронд гадаадад нислэг үйлдэхдээ 70 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Ойрын жилүүдийн тоо баримтыг жишээ болгоход МИАТ 2009 онд нэг тэрбум, дараа онд нь хоёр тэрбум, 2011 онд 5.6 тэрбум, 2012 онд 4.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэдэг тооцоог Төрийн өмчийн хороо гаргасан байдаг. Тус компани дотоодод нислэг үйлддэг байхад орон нутгийн иргэд онгоцны зардлыг дийлдэггүй байлаа. Зорчигчгүй гээд МИАТ-ийн удирдлагууд санаачилга гаргаж, арга хэмжээ аваагүй. Харин ч 1993-2009 онд дотоодод нислэг үйлдсэн нэрийдлээр 23.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан дүн гаргаад төрд өгчихсөн. Дараа нь “Дотоодод нисэх юм бол зардлаа дийлэхгүй нь” гээд орон нутгийн нислэгийн чиглэлийг тэр чигт нь орхичихсон. МИАТ компанийн алдагдалтай гээд голоод хаячихсан дотоодын чиглэлүүдэд “Изинис Эйрвэйз”, “Аэро Монголиа” хоёр компани өрсөлдсөний дүнд дотоодын нислэгийн үнэ хямдарч, зорчигчдын тоо өссөн билээ. Өнгөрсөн онд гэхэд дотоодын нислэгийн тариф МИАТ-ийн онгоц нисч байх үеийнхээс хоёр дахин хямдарч, зорчигчийн урсгал 30 хувиар өссөн үзүүлэлт байдаг юм. Энэ хооронд МИАТ хэмээх төрийн “эрх хүүхэд” хамгийн ашигтай чиглэлд нисч байсан ч алдагдлаа ярьсаар, үе үеийн дарга нар нь хожсоор байсан. Харин хувийн компаниуд МИАТ хэмээх “эрх хүүхэд”-ийн голоод орхисон чиглэлд, тэгш бус нөхцөлд өрсөлдөн амиа зогоож байсан юм.

Агаарын тээвэрлэгч компани гадаадад нислэг үйлдэхгүйгээр, дотоодын бага зах зээлд оршин тогтнох ямар ч боломжгүйг энэ салбарынхан хэлдэг. “Изинис Эйрвэйз” компанид олон улсын нислэгийн эрх олгосон чиглэл нь Өвөр Монголын Өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Хайлаар хот, Буриадын нийслэл Улаан-Үд хот. Энэ чиглэлд зорчигч байхгүй учраас хоёр удаа нислэг үйлдээд зогссон гэдэг. Дараа нь Эрээн рүү нислэг хийхээр БНХАУ-ын талтай тохирчихоод эрх олгогч байгууллагаас зөвшөөрөл хүссэн ч төрийн монополь компанийн хавчлагаар бүтээгүй гэдэг яриа байдаг.

Гэтэл МИАТ гадаадын хамгийн ашигтай чиглэлүүдийг үндэсний тээвэрлэгч нэрийдлээр авч,  монополь үнэ тогтоочихсон байгаа. Бээжин, Москва, Сөүл чиглэд МИАТ дангаараа нислэг үйлддэг боловч жил бүр алдагдал хүлээдэг. Бүх зах зээлийг эзэлдэг атлаа алдагдалтай ажиллаж, үе үеийн дарга нарын баяжих эх үүсвэр болсон МИАТ Монголын эдийн засагт болоод бусад компаниудад гай болсоор байна. Жилийн өмнө “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл бодлого” батлаж чөлөөт өрсөлдөөнийг бий болголоо гэсэн боловч МИАТ-т “Үндэсний агаарын тээвэрлэгч” статус болгож, бүх давуу эрхийг олгосон. Ингэснээс энэ салбарт өрсөлддөг компаниуд оршин тогтноход боломжгүй болсныг “Изинис Эйрвэйз”-ийн дампуурал харууллаа.

Хувийн компани гадаадын ашигтай чиглэлд нислэг үйлдэх ямар ч боломжгүй бол зах зээлийг МИАТ дангаараа эзэлж, дотоодын хэдхэн зорчигчийг хувийн гурван компани хуваадаг байлаа. Дотоодод нислэг үйлддэг компаниудын амиа зогоох ганц эх үүсвэр нь “Оюутолгой” компани байсан. “Изинис Эйрвэйз” компани 2011 оны наймдугаар сараас Өмнөговь аймгийн Оюутолгойн нисэх онгоцны буудал руу “Авро Ар-Жэй 85” агаарын хөлгөөр нислэг үйлдэж эхэлсэн түүхтэй. Дараа жил нь Оюутолгой компанийн “Шилдэгийн шилдэг ханган нийлүүлэгч”-ээр тодорч, 2013 онд урт хугацааны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурчихаад байсан юм. Гэвч Оюутолгой зогсч “Изинис Эйрвэйз” компанийн гол зорчигчид байхгүй болсон. Одоо Өмнөговь аймагт “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас дутахааргүй “Ханбумбат” нисэх буудал эзэнгүй байна. Тус нисэх буудлын хөөрч буух зурвас нь 3250 метр урт, 45 метр өргөнтэй. Боинг 737-800 болон ачааны С-130 зэрэг онгоц хүлээн авах чадалтай, нисэх зурвасын аль ч талаас бууж хөөрөх нөхцөлийг бүрдүүлсэн нисэх буудал буух онгоцгүй, очих хүнгүй ганц манаачтай л байгаа.

Орон нутгийн тав зургаахан чиглэлд, зорчигчгүй шахам нислэг үйлдэхийн тулд үнэтэй онгоц түрээсэлдэг компаниуд оршин тогтнох боломжгүй нь хэнд ч ойлгомжтой. Тиймээс ч монополь эрхтэй МИАТ-ийн гологдол чиглэлд нисдэг “Изинис Эйрвэйз” дампуурлаа. “Аеро Монголиа” компанийн захирал П.Баатарсүрэн долоон жил хорих ял сонслоо. Одоо “Хүннү Эйр” компани дэн дун байгааг салбарынхан нь ярьж байна. Энэ гурван компани дампуурвал орон нутгийнхан хөл залгах унаагүй болно. Татвар төлөгчдийн мөнгөөр тзжээлгэдэг атлаа байнга алдагдалтай ажилладаг МИАТ орон нутгийхныг хөл залгуулж чадахгүй гэдгээ 1993-2009 онд харуулчихсан. Тэгэхээр иргэний нисэхийн салбараа авч үлдэх ганц боломж нь МИАТ-ийг даруй хувьчлах гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байна. “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн аян”-ы хүрээнд МИАТ-ийг хувьчилж, иргэний нисэхийн салбараа тогтворжуулах шаардлагатай. Тэгэхгүй бол энэ аян дуусаагүй байхад дараагийн авиа компани хаалга барьж, олон зуун хүн ажилгүй болох нь.

Төрийн компани монополь байгаа цагт өрсөлдөгчид нь өөд нар хардаггүйг хэвлэл, мэдээллийн салбарынхан харуулж байна. Энэ салбарт татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг МҮОНРТ олон жил эрхэллээ. Жил бүр улсын төсвөөс МҮОНРТ-д арван тэрбум төгрөгийн санхүүжилт өгдөг. Телевиз үздэг айл бүр сард 1500 төгрөгийн хураамж төлдөг. Тэгсэн атлаа байсхийгээд л сандал, ширээний маргаан үүсгэж болж бүтэхгүйгээ дуудалцах юм. Ийм тэгш бус өрсөлдөөнд арилжааны телевизүүд уйгагүй зүтгэж байгаагийн хүчинд үзэгчид үзэх юмтай байгаа. “Хаалтын гэрээ” гэх хаана ч байдаггүй зүйлийг хийдэг гэх мэтээр элдвээр хэлүүлж байгаа нь арилжааны телевизүүд. Ингэж элдвээр хэлүүлж, тал бүрийн хардлагад байдаг ч арилжааны телевизүүд амиа зогоосоор байгаа. Улстөрчид эдийн засгийн хямралын гол буруутнаар сэтгүүлчдийг тодруулж, хэвлэл мэдээллийн салбарын эсрэг тогтоол гаргачихсан. Энэ байдлаараа төрийн монополь компанид дарлуулсан агаарын тээврийн салбарт нүүрлээд буй хямрал арилжааны телевизүүдэд ч ойрхон байна. Төр монополь компаниудаа татаж авах нь “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн аян”-ы хамгийн гол ажил юм.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ цаг-үе

Үндэсний бахархал, бэлгэдлийг гутаасан утга бүхий тамганы захиалгыг хүлээн авдаггүй гэцгээв

“Хуалян” гэх компани Монгол Улсын газрын зургийн голд нэрээ байрлуулсан тамгатай юм байна. Уг компанийн тамганы зураг олон нийтийн дунд янз бүрийн хэл ам үүсгэж байгаа юм. “Хятад компани ямар санаа агуулж ийм тамга хийлгэсэн бэ”, “Ийм тамга хийлгэнэ гээд ирж байхад нь зөвшөөрдөг ямар үйлдвэр байна”, “Монгол төрийн бэлгэдэл, газрын зургийг дурын хүн, хүссэн зүйл дээрээ хэвлүүлж болно гэж үү. Энэ бүхнийг зохицуулдаг газар байна уу” гэх олон асуултыг тавьж байна. 

Тоосго, блокны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хуалян” компанийн захирал Ш.Оюунгэрэлтэй холбогдоход “Энэ компани бол Хятадын хөрөнгө оруулалттай компани. Би энэ компанийг худалдаж авсан. Тамганы тухайд хэлэхэд компанийн нэрээ солиулах гэж үзсэн ч зарим талаар болохгүй байсан учир хэвээр нь үлдээсэн. Тамгаа захиалахдаа би өөрөө санаагаа гаргаж, өөрөө захиалуулж хийлгэсэн. Өөр нэг санаа агуулаагүй. Би бүрдүүлэх ёстой бүх зүйлийг хуулийн хүрээнд ном журмынх нь дагуу хийсэн. Ямар нэг асуудал байхгүй” гэсэн тайлбар өгсөн юм. Тэрээр тамгатай холбоотой энэ асуудлыг “Босоо хөх Монгол” бүлгэмийнхэн гаргасан гэлээ. Учир нь тус бүлгэмийн нэр барьсан Дорж гэх хүн эдний компанийг удаа дараа дарамталж, мөнгө нэхсэн гэнэ. Шантаажилсан мөнгийг нь өгөөгүй учир ширээн дээр нь байсан тамгатай баримтыг хараад энэ бүхнийг эхлүүлсэн гэж байлаа. Ш.Оюунчимэг компанийнхаа нэрийг “Улаан тоосго” гэсэн утгатай хэмээн тайлбарласан юм. Тэрээр хүн шантаажилдаг хэдэн хүний гаргасан худал мэдээллээр нийгэмд буруу ойлголт түгж байгаад бухимдаж байгаагаа илэрхийлж, тамгаа хийлгэхдээ ямар ч хууль зөрчөөгүй гэдгээ хэлж байв. 

Цагдаагийн ерөнхий газрын харьяа “Монгол тамга” төрийн өмчийн үйлдвэрийн газрынхан “Энэ асуудалд манай үйлдвэр хамаагүй. Хувийн нэг компани тийм тамга хийсэн гэсэн. Та нар энэ тухай Хууль зүйн яамнаас тодруул. Бидэнд тийм захиалга ирвэл хийхгүй” гэсэн хариулт өгч байлаа. 

Тамганы хувийн үйлдвэ¬рүүд “Монгол тамга” гэх ганц¬хан үйлдвэр байхад хүмүүс тамга, тэмдэг хийлгэхийн тулд олон хоног хүлээж, их мөнгө зарцуулдаг байсан. 

Харин хувийн үйлдвэрүүд гарч ирснээр өрсөлдөөн үүсгэж, монополь байдлыг эвдсэн. Ингэснээр иргэд богино хугацаанд хүссэн тамгаа хийлгэж авдаг болсон. Энэ бол зах зээлийн зарчим. Гэхдээ бид захиалагчдаас Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хуулийг илтэд зөрчсөн захиалга хүлээн авдаггүй. Бид Монгол хүн, Монгол Улсын иргэн гэдэг утгаараа хууль тогтоомж зөрчсөн, үндэсний бахархал, бэлгэдлийг гутаасан утга бүхий захиалгыг хэзээ ч хүлээн авдаггүй. Хууль дүрмээ баримтлан ажилладаг” гэв. Гаднын ямар нэгэн иргэн би ийм тамга хийлгэе гээд ороод ирэхэд нэгдүгээрт улс эх орныхоо эрх ашгийг хардаг гэдгээ эдгээр үйлдвэрүүд хэлж байлаа. Үйлчлүүлэг­чээ хүндэлж, хүссэн тамгыг нь хийж өгдөг ч Монгол Улсын бэлгэдэл бүхий тэмдэг, тэмдэглэгээг дээдэлдэг гэнэ. Төрийн соёмбыг хувийн үйлдвэрүүд тамганд ашиглах эрх байдаггүй юм байна. Хэрвээ аль нэг компани эсвэл хувь хүн тамга захиалахаар орж ирээд “Соёмботой тамгатай болмоор байна” гэвэл шууд татгалздаг аж. Бас аль нэг улсын ханз үсэг орсон тамга, тэмдэг хийлгэе гэвэл ерөөсөө хүлээн авдаггүй гэнэ. 

“Хуалян” компанийн энэхүү тамгыг “Гэсү тамга” ХХК 2008 оны үед хийж өгсөн гэнэ. Тус компанийн захирал Х.Алтанбаяр “Бид тэр тамгыг хийж өгөхдөө Хятадын компани гэдгийг нь мэдээгүй. Монгол хүн орж ирээд тамга хийлгэхээр болбол холбогдох бичиг баримтыг нь үндэслээд захиалга авдаг. Монгол хүн тамга хийлгэхээ илэрхийлж байхад өмнөөс нь элдэв зүйлийг асууна гэж үү. Бид үйлчлүүлэгчээ хүндлэх ёстой. Хэрвээ “Хуалян” компанийг төлөөлөөд хятад хүн ирвэл бид юу гэж зөвшөөрөх юм бэ. Бусадтай л адил захиалгыг нь авахыг хүсэхгүй. Олон нийтийн дунд үүнтэй холбоотой элдэв яриа гарч буруу ташаа ойлголт үүсэх вий гэхээс эмээж байна” гэсэн хариулт өглөө. Тэрээр өөрийгөө Монгол хүн, эх орныхоо бахархлыг дээдэлдэг гэдгээ хэлж байлаа. 

Шинээр байгуулагдсан аж ахуйн нэгж тамга хийлгэхэд гэрчилгээний эх хувь, харин төрийн бус байгууллага гэрчилгээний эх хувь, тэргүүний иргэний үнэмлэхээ хуулбарлуулсан байх ёстой гэнэ. Харин тамгаа шинэчлэхээр болбол улсын бүртгэлийн гэрчилгээгээ нотариатаар батлуулж, нийслэлийн цагдаагийн газарт албан бичгээр хүсэлт гаргадаг юм байна. 

Тамга, тэмдэг, дардасны үйлдвэрүүд хэрвээ захиалга өгвөл нэг хоногийн дотор бэлэн болгодог аж. Хэрвээ захиалагч хүсвэл шуурхайгаар өдөрт нь гаргаж өгдөг юм байна. Тамга тэмдэг төрөл, хугацаанаасаа хамаарч өөр өөр үнэ ханштай. Дөрвөлжин тэмдэг захиалсан хугацаанаасаа хамаарч 43-55 мянга, дугуй тэмдэг 45-55 мянга, санхүүгийн тэмдэг 42-50 мянган төгрөгийн үнэтэй байдаг юм байна. 

“Гэсү тамга” компанийн тамганы катологид дотроо Монгол Улсын газрын зурагтай, Т-10 гэсэн тэмдэглэгээтэй дугуй тэмдэг байна. Мөн Монгол Улсын газрын зураг дотор компанийнхаа нэрний товчлолыг байрлуулж, дөрвөлжин тэмдэг хийлгэсэн компани ч байх аж. 

Тамга, тэмдэгний хувийн үйлдвэрүүд “Хуалян” компанийн тамганы асуудалтай холбогдуулан “Тэр компанийг Монгол Улсад ийм нэрээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг анхнаасаа ямар байгууллага өгсөн юм. Тэр газраас энэ асуудлыг лавлах хэрэгтэй. 

Дээрээс үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгочихоод байхад нь бид нэрээ соль гээд хүнд суртал гаргах эрх байхгүй” гэж байлаа.

Д.САРУУЛ

Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

“Орос баавгай”, “Монгол чоно”-ын унтаа харилцаа сэргэв

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмит­рий Песков Петербургийн форумын талаар “Монголын Ерөнхий сайд энд байна. Гадаа¬дын бусад зочид ч ирсэн. Дэлхийн ажил хэргийн хүрээний олон хүн энд байна” гэж хэлснийг нь эдийн засгийн чуулганы эхний өдөр Оросын бүх хэвлэл эш татан мэдээлэв. Украины хямралын улмаас барууны ертөнцийн хориг саадтай тулгарч, Хятад, дорно зүгт худалдаагаа эрс өргөтгөж эхэлсэн оросууд аль улсын хэн ямар түвшинд  ирэв гэдэгт маш их ач холбогдол өгдөг болсон, урьд өмнөхөөс эрс мэдрэмтгий байна. 

Оросоос 400 тэрбум долларын байгалийн хий авах гэрээ байгуулж, зөвхөн ирэх онд 100 тэрбум ам.долларын арилжаа хийхээр болж дорно зүгээс “нар тусгаж” байгаа Хятадын төрийн зөвлөлийн тэргүүн дэд дарга Ли Юаньчао, Оросын эртний уламжлалт Сербийн Ерөнхийлөгчөөс гадна шинэ “торгон зам”-ын дундах газар зүйн онцгой давуу талтай Монголын Ерөнхий сайд форумд оролцож, ноён Путинтэй уулзсан нь тэдний хувьд урдаа барьж нэрлэх хүндэт зочин болов. Оросын Ерөнхийлөгч Путин манай Ерөнхий сайдтай уулзахдаа “Та энд хүрэлцэн ирсэнд би маш их талархалтай байна” гэж хэлснийг Кремлийн албан ёсны мэдээнд дурджээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж В.Путинтэй  Шанхайд уулзаж, Орос-Хятадын өсөн нэмэгдэж буй худалдааны гол шугам нь Монголоор дайран өнгөрч буй төмөр зам, байгалийн хий дамжуулах хоолой барих талаар ярилцсанаас хоёр хоногийн дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёр их далайн дундах эрдэнэсийн арал мэт байрлалын давуу талаа дахин нотоллоо. Оростой тогтоосон уламжлалт найрамдалт харилцаагаа хөгжүүлэх нь Монголын гадаад бодлогын нэг тэргүүлэх чиглэл бөгөөд хамтарсан үйлдвэр, төмөр замын ачаа эргэлтийг өсгөх, байгалийн хийн хоолойг ма¬най­хаар дайруулбал маш идэвхтэй хамтарч ажиллахаа илэрхийлэв. Монголын Ерөн­хийлөгч, Ерөнхий сайд нарын хоёр хоногийн зайтай уулзалтаар төмөр замын эргэлтийг нэмэх, байгалийн хийн хоолойг манай нутгаар дайруулах саналаа Оросын тэргүүнд нүүр тулан тавьсан нь эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоногийн эхний үед хийсэн том алхам болов. Хойд айлтай унтаа сэрүүний хооронд нэг хэсэг байсан харилцаа дахин сэргэлтийн үедээ энэ уулзалтаар эргэн орсон нь илэрхий боллоо. Халхголын дайны 75 жилийн ойн урилга буюу Путин Монголд айлчлах, хүлээлт дагуулсан, асар их боломж нээсэн байгалийн хийн хоолой манайхаар дайруулах шийдэл үндсэндээ тодорхой болсон байна. Н.Алтанхуяг форумын үеэр “Оросын төмөр зам”-ын В.И.Якунин, “Ростех”-ийн С.Чемезов нартай уулзлаа. Түлш шатахууны таван жилийн гэрээ байгуулагдав. Монголын агаарын тээврийн болон төмөр замын түлшний 80 хувийг дангаар хангадаг “Роснефть”-ийн Игорь Сечин шинэ дэд бүтцийн талаар тодорхой са¬нал­тай ирээд буцсан бол экс Ерөнхий сайд, Оросын ураны салбарын удирдагч Кириен­котой мөн уулзсан билээ.   

ОРОСЫН НАЙДВАР АЗИ, ЗАМД НЬ ТОСОХ МОНГОЛ

Орос жилдээ Америктай 30 хүрэхгүй, нэгдсэн Европтой 400, Хятадтай 80 тэрбум долларын худалдаа хийж байна. Улс орноор нь авч үзвэл Оросын худалдааны хамгийн том түнш нь өнөөдөр ч Хятад. Ирэх онд 100 тэрбум, 2020 онд 200 их наядад хүргэж хоёр дахин нэмэхээр төлөвлөж байна. Гучин жилийн хугацаанд зах зээлийн үнээр худалдах байгалийн хийн гэрээ 400 тэрбум доллар. Дэлхийн ашиглагдаагүй нөөц баялгийн бараг гуравны нэг Сибирийн эрдэнэс Оросын шинэ боломж. Хойд, урд хоёр их айл байгалийн баялаг ашиглах, эрчим хүчний хамсал зохион байгуулах, хоорондын худалдаагаа долларын ноёрх¬лоос ангид рубль, юаниар хийх, дэд бүтэц, машин, ни¬сэх онгоцны аж үйлдвэр, ая¬лал жуулчлал, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн дэл­хийд аваргад тооцогдох тө¬сөл, хөтөлбөрүүд эхлүүлж байна. Энэ бүхэн, манай хойд, урд хөршийн өсөн тэлэх худалдааны замд Монгол Улс байгаа нь ашиглаж чадвал алтан бололцоо. Их урсгалын дундаас ходоодныхоо хэ¬рээр хүртэх, том тогооноос халбагадахын төдийд хүн ам цөөтэй Монголд үүц болох юм. Монголд тусах үр өгөөж нь хүн ам, зах зээлийн хэмжээгээр Хятадын статистик хэдэн мянга, Оросын тоо хэдэн зуу дахин үржиж тусдаг  нь ч манай давуу тал. Ойролцоогоор 55 тэрбум доллараар барьж бай­гуулах дамжуулах хоолой дэд бүтцийг Ковытка, Чаяндагийн орд газраас эхлэн Хятадыг зүглүүлэн тавих бүтээн бай­гуулалт баруун чиглэл нь Казахстан-Монголын дундах Оросын зурвас, дорнод шугам нь Манжуураар тойрохгүй шулуун дөт татвал манайхаар дайрч, өртөг, хугацаа, үр өгөөж нь илүү. “Хадны завсар хавчуулагдсан халиуны зул­зага”-аас  хоёр их далайн дундах алтан арал байх шинэ боломж нээгдэж байна. 

ХОТЯТ ЛИ РУССКИЕ?

Оросын хувьд Хятад, Ази, Энэтхэгийн зах зээлтэй хийх худалдаагаа улам тэлэх, бүх төрлийн зам, шугамаа өргөтгөх нь шинэ боломж юм. Барууныхан “Үндсэн хуулийн эсрэг хүчирхийллээр төрийн эрхийг авсан, хэт үндсэрхэг үзэл баримтлалтай хүчнийг эрх чөлөөний төлөө тэмцэгчид” гэж санхүүжүүлж дэмжсэн, Орос, Украины ах дүү ард түмний уг гарвал, түүх, соёл, өнөөгийн харилцан хамаарлыг бүрэн мэдэхгүй байна, Дорнод Украинд Оросын зөвхөн цэр­гийн аж үйлдвэрт зориулсан сэлбэг хэрэгсэл нийлүүлдэг 245 үйлдвэр ажилладаг. Тэдний бүтээгдэхүүнийг, тухайлбал Ми-8 нисдэг тэрэгний эд ан¬ги баруунд таарахгүй учир хэрэггүй, тэгээд олон мянган хүн ажилгүй, орлогогүй болж үүдээ барьж байна гэх зэргээр Путин форумын үеэр илүү чөлөөтэй мэдэгдэл хийсэн юм. Монголын хувьд хоёр том хөршийн их замын дундах байрлалаа “чулуу” болгох эсэх л илүү чухал байна.

Б.БОЛОР   

Categories
мэдээ цаг-үе

Хийн хоолойг Монголоор дайруулахгүй байх нь тийм ч харамсмаар зүйл биш юм байна

Украйнд дэгдсэн асууд­лаас болж Европ, Аме­­риктай харилцаа
нь хүйтэрсэн ОХУ байгалийн хийгээ Европоос өөр зах зээл рүү буюу Хятад руу ний­лүүлэхээр
болж бай­на. Хятад, Оросын дунд тавигдах хийн хоолой Монголоор дайран өнгө­рөх үү,
үгүй юу гэсэн асуултын эцсийн ха­риу га­раагүй байгаа. МУИС-ийн Олон улсын харилцааны
сургуулийн багш С.Баясгалантай энэ сэдвээр ярилцлаа.

 -Шанхайн
уулзалтаар Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч  В.Путин,
Си Жиньпин хоёр­той уулзсан. Орос, Хятадын 
төрийн тэргүүнүүд  уулзаж хийн хоолой
тавих шийдвэр гаргалаа. Уулзалтуудын  үеэр
хийн хоолойг Мон­голын нутгаар дайруулж тавих талаар хөнд­сөнгүй. Ийм яриа албан
бус хүрээнд өрнөсөн байх боломжтой юу?

-Оросын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй  уулзахдаа Орос, Хятадын харилцааны асуудлыг л
ярьсан. Хийн хоолойг Монголоор дайруулж тавих талаар хөндөөгүй. Манай Ерөнхийлөгч
ч тэр талаар юу  ч дурдаагүй. Ц.Элбэг­дорж
Ерөнхийлөгчийн хамгийн бодитой ярьсан зүйл нь транзит тээвэр. Хийн хоолойг хаагуур
дамжуулж тавих нь тийм ч нууцлаад байх асуудал биш гэж бодож байна.

-Ерөнхий
сайд Санкт­Петербург руу эдийн засгийн чуул­ганд оролцохоор явсан. Тэр үеэр  хийн хоолойг Мон­голоор дамжуулан татах асуудал
яригдаж магадгүй гэсэн таамаг байна?

-Ерөнхий сайдын айлч­лалын үеэр ямар үр дүн гарахыг хэ­лэхэд эрт
байна. Хийн хоо­лой дамжуулах асуудлыг В.В.Путин, Си Жиньпин хоёр гэрээ байгуулаад
шийдчихлээ. Төрийн тэргүүнүүд нь гэрээ байгуулангуут “Газпром”, Хятадын газрын тосны
компанитай гэрээ байгуулсан. Гэрээний дараахнаас л бүтээн байгуулалтын ажил хийгдэж
эхлэх нь тодорхой болж байна. Энэ бүх процессын явцад Медведев гэсэн нэр огт сонсогдсонгүй.

Эндээс хэн Оросыг атгаад байна вэ гэсэн асуултын хариу гарч ирж байна.

-Гэхдээ
л Монгол руу хийн хоолой тавих магадлал өндөр, Оросын талын ашиг сонирхол тэр зүг
рүүгээ хандсан гэх таамгийг судлаачид хэлж байгаа шүү дээ?

-Нааштай байх боломжтой гэсэн байр суурийг хэд хэдэн судлаач хэлж
байгаа. Оросын хувьд  манайхаар дамжуулан
хийн хоолой тавих боломж­той гэсэн байр суурийг өмнө нь илэрхийлж байсан. Гэхдээ
Оросын ашиг сонирхол юу вэ гэдэг нь таавар хэвээр байгаа гэдгийг мартаж болохгүй.

-Орос,
Хятадын хувьд Мон­го­лоор дамжуулан хийн хоолой та­вих нь хамгийн дөт гарц гэж ярьж
байна. Энэ хэр бодитой вэ?

-Газар зүйн байрлалын хувьд давуу тал байтугай ямар ч тал байхгүй.
Алс Дорнодоор явж байгаа хийн хоолой нь хүртэл Манжуураар явдаггүй. Хэрвээ  дөтийг нь бодсон бол Манжуураар явж таарна. Гэтэл
Манжуураар явахгүйгээр  Владивостокоор  тойрч байгаа. Энэ нөхцөлд Монголоор дамжуулна
гэдэг үндэслэлгүй хэрэг. Учир нь Оросын дэд бүтцийн байршил  хэвтээ чиглэлтэй. Тэгэхээр Владивосток илүү ашигтай
хувилбар.

-Яг
ямар ашигтай гэдгийг тодруулаач?

-Хоёр асуудал бий. Нэгдүгээрт нутаг дэвсгэр дээр нь хийн хоолой байгаа
учраас энэ хувилбар ашигтай.  Нэмж зардал
гаргахгүйгээр хуучин дэд бүтцээ сунгах маягаар асуудлыг шийднэ гэсэн үг. Хоёрдугаарт
ганц Хятад руу гарахгүй. Владивостокоор явбал Хятадаас гадна Япон, Солон­гос гэсэн
хоёр том зах зээл бий. Азийн том зах зээлүүд рүү шууд орчихож байна гэсэн үг.  Украйнд “Та нараар бид дутахгүй” гэсэн маш том
дохиог өгч чадах маршрут. Хятад гэж  эрчим
хүчний хэрэгцээ маш өндөр, тэрбум 400 орчим сая хүнтэй зах зээл байна. Владивостокоор
явсан тохиолдолд  Япон, Солонгос руу усан
онгоцоор хийгээ зөөчихнө. Тэгэхээр яаж ч бодсон манайх газар зүйн байршлаараа давуу
талтай биш. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад бид өөрсдөө л гуйж байгаа.

-Эдийн
засаг талаасаа ашиггүй юм байна. Тэгвэл Монголоор хийн хоолой дайруулах өөр шалтаг,
шалтгаан Орос, Хятадад бий болов уу?

-Ямар ч шалтаг, шалтгаан байх­гүй. ОХУ-ын хувьд  геостратегийн талаасаа чухал байж болох юм. Бид
Орос, Хятадын хооронд жийргэвч улс байсаар ирсэн. Өнөөдөр Орос, Хятадын харилцаа
түүхэнд тохиогоогүйгээр  ойр болж байгаа учраас
жийргэвчний үүрэг хэрэггүй. Харин хоёр хөрш сөргөөцөлдөөд ирэхээр бид жийргэвч улсын
үүрэг гүйцэтгэдэг юм. Газар зүйн асуудал дээр яривал Орос, Хятад хоёр стратегийн
түншлэлтэй, бүх юмаа харилцан хийж байгаа одоо үед Монголоор дайруулах ашиг сонирхол
Орост байх уу, үгүй юу гэдэг нь асуултын 
маш том тэмдэг. Монголын талаас байгалийн хий дээр ганцхан ашиг сонирхол
бий. Тодруулж хэл­бэл дамжин өнгөрүүлсний хөлс авна гэсэн түрээсийн маягийн зүйл
ярих гээд байгаа. Ач холбогдлыг нь биш валют хараад байна л даа. Манай­хаар дайрууллаа
гэхэд байгалийн хийн трубаг Хятад руу 55 тэрбум ам.доллараар тавина. Оросуудын хувьд
асар том зах зээл өмнө нь байгаа учраас ийм өндөр өртгөөр хийх гэж байна. 30 жилийн
турш 400 орчим тэрбум ам.доллар олох маш том төсөл. Үүний хажууд 55 тэрбум ам.доллар
их мөнгө биш. Манайхаар дамжуулж тавилаа гэхэд хэн санхүүжүүлэх вэ гэдэг асуулт
гарч ирнэ. Бид лав санхүүжүүлж дийлэхгүй. Тэгэхээр дахин хэлэхэд эдийн засгийн ашиг
талаа харвал Оросууд Монголоор дамжуулан хийн хоолой тавих ямар ч үндэслэл байхгүй.

-Онцгой
ашиг сонирхол байгаа тохиолдолд магадгүй юм биш үү?

-Өнөөдрийн хувьд онцгой ашиг сонирхол харагдахгүй байгаа.

-Уул
уурхайн нөөц ихтэй ор­дуу­даа ашиглуулах ч юм уу Оросуу­дад ашигтай байж мэдэх өөр
хувилбар байж болно шүү дээ?

-Тийм хувилбар байхгүй. Дайны байдал, цэрэг батлан хамгаалах асуудал,
Украйн шиг сөргөлдөөд ирвэл тийм юм үүснэ. Энхийн цагт ямар ч  орон өөрсдийнхөө ашиг сонирхлыг нэгдүгээрт тавьдаг.
Энэ бол зайлш­гүй бодож үзэх өнцөг. Гэтэл сүүлийн үед “Манайхаар тавибал гоё юм
байна” гэсэн хөөрөл давамгайлаад байна л даа. “Улаанбаатар төмөр зам”-ын тал нь
Оросын мэдлийнх. Америкаас хөрөнгө оруулалт хийе гэхэд Орос үгүй л гэсэн. Жижиг
юман дээр хүртэл “зөвшилц” гэдэг. “Бид хөрөнгөний хагасыг эзэмшигч учраас гуравдагч
талын асуудлыг тийм амар шийдэхгүй”  гэсэн
байр сууриа төмөр замын хөрөнгө оруулалт яригдах үеэр тодорхой хэлсэн. Гэтэл хийн
хоолой үүнээс ч том асуудал. Манайхаар дамжуулан хийн хоолой тавибал Орост Монгол
чухал байна гэдэг нь харагдана. Тавихгүй гэвэл эдийн засаг, бизнесийн хувьд л ашиггүй
гэж үзсэнийх.

-Оросуудын
хувьд  манайхаар дамжуулан  хийн хоолой тавих нь ашиггүй байлаа гэхэд Хятадад
ямар нэг сонирхол байж болох юм?

-Бид өмнөд хилийн дагуу  өчнөөн
цахилгаан станц байгуулж урд хөрш рүү эрчим хүчээ экспортолно гэж яриад байгаа.  Аливаа улсын эрх ашигт өөрийн улсын аюулгүй байдал
гэж чухал юм бий. Хятад эрчим хүчээрээ хараат бус байхын тулд 21 цөмийн цахилгаан
станц ажиллуулж байна. 28 цөмийн цахил­гаан станц нэмж барина гэж байгаа. Ийм улс
манайхаас эрчим хүч авах нь маш эргэлзээтэй. Хятад Улс хүнд үйлдвэрлэлдээ ашиглах
гэж л манайхаас нүүрс авдаг. Эрчим хүчтэй ямар ч хамаагүй. Ингээд анзаараад байхад
ямар нэг ашиг сонирхол харагдахгүй байна.

-Манай
улсын хувьд гуравдагч орон гэж онцолж харилцаад оросуу­даа гомдоосон талтай гэж
хэлэх судлаач цөөнгүй бай­даг. Хойд хөршийн бодлогын шийд­вэрүүдэд энэ хандлага
нөлөөлөөд байна уу?

-Харилцааны хувьд  бидний буруу
байхгүй. Зөвлөлт холбоот улс задарсны дараа Оросын бодлого, анхаарал өндөр хөгжилтэй  Европ, Америк руу хандсан. Тэдэнтэй л харилцаа
тогтоохыг бодож байсан. Саяхныг хүртэл, бүр тодруулж хэл­бэл Украйны хэрэг явдал
хүртэл Оросын бодлого тийм байсан юм. Алс Дорнод, Ази руу нэг их ач холбогдол өгдөггүй
байсан. Харин Украйны дараа Америк, Оросын харилцаа эрс хүйтэрсэн. Ийм үед оросууд
Ази гэж тив бийг санаж байна л даа.

-“Роснефть”-ийн
Ерөнхийлөгч  өнгөрсөн хавар нефтийн хоолой
тавина гэж хэлээд буцсан. Энэ алхам оросуудын эерэг хандлагын илэр­хийлэл, Украйнд
үүссэн нөх­цөл манайд ашигтайгаар эргэж бай­­гаагийн нэг жишээ биш гэж үү?

– Нефть, хийн хоолой хоёр бол өөр асуудал. Нефтийн хоолойн хувьд
байж болох асуудал. “Газпром” бол өөр.  Газаар
үйл ажиллагаа явуулдаг, газаар Европыг сүрдүүлдэг, газаар хяналтаа тавьдаг компани.
Монгол, Орос гэдгээ мартаад цэвэр бодлого, эдийн засаг талаас нь ямар ашигтай вэ
гээд харахаар юу ч харагдахгүй байна.

-Украйны
хямрал даамжирвал Оросын талаас гэж ярихад 
бидэнд ямар давуу тал байж болох вэ?

-Ази руу чиглэсэн бодлого нь манайх руу тусвал худалдааны эргэлт
сайжирч таарна.

-Шанхайн
уулзалтын үеэр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн Оросын талтай ярьсан транзит тээврийг
хэлж байна уу?

-Оросын хувьд нааштай хандаж байгаа нэг зүйл нь төмөр зам дээр ажиглагдаж
байгаа. Транзит тээврийн асуудлыг Оросын тал маш сайнаар хүлээж авч байна. Өөрсдийнх
нь ашиг сонирхолд нийцэх зүйл л дээ. Нэг жишээ хэлье. Путин саяхан стратегийн төлөвлөгөө
гэж гаргахдаа Алс Дорнод руу төмөр замын дэд бүтцийг хөгжүүлнэ гэж төлөвлөсөн. Бүр
хойшоо Якут  хүртэл төмөр зам тавих төсөл
хийгдэж  ажил болоод эхэлчихсэн.  Тэр хүрээнд Монгол руу төмөр зам татах асуудал
яригдаж байгаа. Энэ бол цэвэр бодлого, ашиг сонирхлын асуудал. Тэр нь манай бодлоготой
нийцэж байгаа. 

-Транзит
тээврийн асууд­лыг шийдсэнээр дамжин өнгөрүүлсний төлбөр гэж овоо доллар олох боломж
бүрдэж таарна. Бидэнд өөр ямар давуу тал байна?

-Бээжингээс Европ, Европоос Бээжин рүү явахад манай дээр гацахгүйгээр
шууд  экспресс явна гэсэн үг. Дамжин өнгөрүүлсний
төлбөр, экспортын төлбөр авахаас гадна бид өөрсдөө реэкспорт хийж болно. Оросоос
юм худалдаж аваад Хятад руу, Хятадаас худалдан авалт хийж Орос руу зарж болно. Одоогоор
Орос, Монгол хоёрын дунд яригдаж байгаа хамгийн бодитой, ажил болохоор шийдэл гэвэл
энэ байна. Үүн дээр Хятад, Орос хоёр манайхыг олж харж байгаа нь ёстой нөгөө газар
зүйн байршил. Гэхдээ газар зүйн байрлалын хувьд Казахстан манайхаас өрсөх талтай.
Учир нь Казахстан газар зүйн байрлалаараа манайхаас дөт. Тэд биднээс илүү идэвхтэй
байвал өрсөх магадлалтай. Монголын тухайд төмөр зам, агаарын зам, авто замын ложистикоо
маш сайн хөгжүүлбэл хөгжөөд явчихна.

-Хийн
хоолойг манайхаар дайруулахгүй байсан ч ложистикоо хөгжүүлчихвэл бид алзахгүй юм
байна. Гэхдээ Орос, Хятадыг холбосон хийн хоолой манай улсын нут­гаар дайрлаа гэж
бодоход бидэнд ямар ашигтай вэ, мэдээж өмнө ярьсан шиг дам­жин өнгөрүүлсний түрээс
авч таарна?

-Ажлын байр бий болно. Крантан дээр нь хэдэн хүн хяналт тавиад сууж
таарна. Аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээнэ гэсэн үг. Монголын нутаг дэвсгэрээр
татсан трубаны галын аюулгүй байдлыг хангах, 
хорлон сүйтгэх үйл ажиллагаанаас хамгаалах үүрэгтэйгээр ажиллах юм. Өмнөд
хилээс хойд хил хүртэл труба татна гэхээр нэлээд олон ажлын байр гарах болов уу.
Мөн газын компаниуд газ авах байх.

-Бас
байгалийн хий ашиглах боломж монголчуудад нээгдэх байх?

-Байгалийн хийг өөрсдөө ашиг­лана гэвэл труба татахаас эхлээд газар
ухаж дэд бүтцээ байгуулахад их хөрөнгө зарна. Хэрэглэж чадах уу гэдэг асуудал бас
бий. Украйн манайхаас илүү хөгжсөн,  аж үйлд­вэрж­сэн
хэрнээ сүүлийн таван сарын байдлаар байгалийн хийн төлбөрөө төлөөгүй. Гурван тэрбум
ам.долларын өртэй  байна. Гэтэл бид өнөөдөр
цахилгааны төлбөр нэмнэ гэхэд л бөөн асуудал босгодог. Тэгэхээр тал талаас нь судлах
л хэрэгтэй.

-Байгалийн
хий ашиглахад экологи талаасаа сөрөг  нөлөөлөл
байх уу?

-Шууд газар дээр труба татчих учраас ямар ч нөлөө байхгүй. Труба
нь газар дээгүүр могой шиг мушгиралдсан маягаар явчих юм. Аюулгүй байдлын стандартыг
сайн мөрдөх шаардлага бий. Нэг аюул нь дэлбэрэх. Гэхдээ өчнөөн талбайг хамарсан
том дэлбэрэлт болохгүй. Шатахуун түгээх станц дэлбэрэх хэмжээний дэлбэрэлт бол үүснэ.
Ойр явж байгаа хүнд хор хөнөөлтэй болохоос хол амьдардаг хүнд нөлөө­гүй гэсэн үг.
Байгалийн хий учраас байгальд үзүүлэх хор нөлөө гэж байхгүй.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Турууныхаа гол дээр өвөл зунгүй өнждөг хүүхдүүд байлаа

Увс аймгийн Баруун туруун сумын 10 жилийн дунд сургуулийн 1968 оны төгсөлт арвын А, Б гэсэн хоёр бүлэгтэй байж. 10-ын А-гийн багш нь Батмөнх. Таван охинтой, хорин бандитай, сурлагаараа тэргүүлдэг байсан тус ангийнхан сурагч ахуй үеэ дурсаж байна. “Охидынхоо салаа гэзэгнээс чангаагаад багшдаа мөн ч их загнуулдаг байж дээ” гэхүйд нөгөө нэг нь “Хагас сайнд болдог байсан бүжгийг ээ. Долоо хоног бүр бүжсээр байгаад бид сайн бүжиглэдэг болсон байна лээ шүү. Хожим амралтын газрын шилдэг бүжигчин болсон” гэсээр дурсамжаа хуучилсан юм.
Тус төгсөлтийнхөн хоёр бүлэгтэй байсан хэдий ч яг л нэг ангийнхан шиг ижилдэн дасчээ. Сурагч байхдаа, бас оюутан болоод авахуулсан зургийг нь харахад хоёр ангийнхан дандаа хамт. Манай, танай анги гэж хуваагдалгүй бид нэг төгсөлтийнхөн гэж л ярина. А бүлэг нь 26, Б нь 25-уулаа төгссөн мөртлөө бид 51-үүлээ төгссөн дөө гэх юм. Охид цөөн байхын учир нь долдугаар ангиа төгсөөд Техник мэргэжлийн сургуульд сурдаг байсантай холбоотой.
Баруун турууны дунд сургуульд Малчин, Тэс, Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан, Баруун туруун, Хяргас, Зүүнговь гэсэн Увсын зүүн сумын хүүхдүүд ирж суралцдаг байж. Ихэнх хүүхдүүд сургуулийнхаа дотуур байранд амьдарна. Өвөлдөө Туруун голынхоо мөсөн дээр өнжинө. Цана, тэшүүрээр ёстой нэг гулгах шиг болдог байжээ. Бүр хоккей тоглодог байсан тухайгаа ч дурсаж байна. Өдөр шөнөгүй мөсөн дээр чөлөөт цагаа өнгөрөөдөг байсан болохоор сайн сайн тэшүүрчид, цаначид төрөн гардаг байжээ. Увс аймгийн аварга шалгаруулах тэшүүр, цанын тэмцээн болохоор дандаа л Баруун турууныхан түрүүлчихдэг нь Туруун голын мөстэй холбоотой гэж дурслаа. Харин зундаа Туруун голынхоо усанд умбаж шумбан өдрийг бардаг байсан гэнэ.
Баруун туруун сум сангийн аж ахуйтай. Тиймээс дунд сургуулийн хүүхдүүд ажилд дайчлагдана. Бүр дөрөвдүгээр ангид байхаасаа л төмс, лууван гээд хүнсний ногоо хураах ажилд явдаг байжээ. Харин дунд ангид орсон хойноо тариалалтын комбайны хичээлд суудаг байсан байна. Баруун турууны сангийн аж ахуй улсдаа томд тооцогддог. 40 мянган га талбайд тариа тарьж баруун аймгуудыг гурилаар хангадаг. Тийм нүсэр сангийн аж ахуйд хийх ажил мундахгүй. Гар хөлийн үзүүрт зарагдах ажилд сурагчид л гүйнэ. Тэндээс ажил хийхийн амт шимийг мэдэрч эхэлжээ. Хавар үр тариа тарих, намар хүнсний ногоо хураах, наранцэцэгийн үр хураах гээд сурагчдад хийх ажил мундахгүй их.


1965 онд Ардын хувьсгалын 45 жилийн ойд зориулсан улсын хэмжээний уралдаанд 10-ын Б-гийн С.Доржсүрэн оролцжээ. Тэрээр нэрийг нь үл таних хүний бичсэн шүлгэнд өөрөө ая оруулан зохиогоод уралдаанд орж. Тэгсэн өнөөх дуу нь гуравдугаар байранд шалгарч сургуулийнхныхаа магнайг тэнийлгэсэн байгаа юм. Арван жилийн сурагч С.Доржсүрэнгийн ая оруулан зохиосон дууг өдгөө хүн бүр мэднэ дээ. Яагаав өнөө хүүхэд байхдаа дуулдаг байсан “Бөмбөг бөмбөг хөөрхөн дөө Бөмбөгөөр тоглох дуртай даа” гэдэг дуу шүү дээ. Тэр дууны үгийг С.Доржсүрэн яаж олж байснаа ч мартчихаж. Харин уг уралдаанд түүний дуутай өрсөлдөж тэргүүн байр эзэлсэн нь төрийн шагналт яруу найрагч Ч.Чимидийн үг, Норсонжавын ая “Дайчин нөхрийн дуу”. Хоёрдугаарт ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн үг, Батсүхийн ая “Алтан шар зам” шалгарч байсан түүхтэй. Ер нь Баруун турууны дунд сургууль дуу, хөгжмийн боловсролд их анхаардаг байж. Долоо хоног бүрийн бямба гаригт нийтийн бүжиг болно. Сургуулийн сурагчид бүгд оролцоно. 

Гэхдээ голдуу ахлах ангийнхан бүжиглэнэ. Дөрөв, тавдугаар ангийн хүүхдүүд бүжиглэж байгаа хүмүүсийг тойрч суугаад хараад л байна. Ингээд найм, есдүгээр ангид орох үеэсээ бүжгийн талбайг доргитол эргэлдэж эхэлдэг ажээ. Тухайн үед сургууль маш гоё хөгжимтэй байсан болохоор бүжиг ч их гоё болно. Хавийн залуус сургуулийн бүжигт орно. Мал аж ахуйн машинт станцын харчуул ирээд бүжиглэнэ. Хөвгүүд ангийнхаа охидыг өнөө хэдээс харамлаад бөөн л юм болдог байж. Гаднаас ирсэн залуус жаахан охидыг бүжгэнд уриад, үг яриа өдөж хоргооход банди нар нь ангийнхаа охидыг өмөөрнө. Заримдаа бүр гар зөрүүлэх тохиолдол ч гардаг. Гэхдээ охидоо харамлалаа гээд өөрсдөө үерхье барья гэж гуйхгүй. Доод ангийнхаа охидыг л харна. Эсвэл нөгөө ангийнхаа охидод захиа бичнэ. Нэг удаа тус ангийн С.Цогсүрэн нөгөө ангийнхаа Оюунчимэг гэж охинд дурлаад захиа бичих болж. Тэр үед захиан дээр ямар л гоё үг байна, тэр бүгдийг бичдэг байжээ. Б.Явуухулан, Ц.Дамдинсүрэн нарын уран яруу үгтэй бүтээл туурвилыг уншиж байгаад л бичдэг байж. Эхлэлдээ заавал ч үгүй “Надаас чамд, навчнаас цэцгэнд” гэж ирээд л бичнэ. Түүнийгээ гурвалжин дугтуйнд эвхэж хийгээд өгдөг байжээ. Өгөхдөө ангийнхаа найзууддаа дайна. Өөрөө болохоор тээр хол очиж зогсчихоод захиаг минь өгч байна уу, үгүй юу гэж харуулдана. Хариуцлагатай даалгавар авсан найзууд нь ч гүйж очоод захиагаа өгч. Тэгээд хүлээгээд л байлаа. Байдаггүй шүү. Тэгсэн нэг өдөр гэрт ирээд мод хөрөөдөөд өгөөч гэж хэлж. Дотроо баахан горьдлого тээгээд яваад очтол нөгөө охины ээж нь сүүтэй цай чанаж өгөөд, хар шөл хийж өгсөн байна. Байр байдлыг нь ажаад байвал ер нь л их сайн хандаад байна гэнэ шүү. Харин захианы эзэн Оюунчимэг нь учиргүй инээд алдаад гүйгээд байж. Тэгэхээр нь дотроо баярлан нааштай байгаа юм байна гэж бодоод асуутал инээгээд л байж. Тэгсэн Оюунчимэг захиагаа орныхоо ширдэг доогуур хийгээд хадгалчихаж. Өнөөхийг ээж нь олж хараад уншчихгүй юу. С.Цогсүрэн, Оюунчимэг хоёрынх айл саахалт байсан болохоор захиаг нь уншчихаад учиргүй саймшраад байсан гэдэг. Харин хожим тэр тухай ярихаар Оюунчимэг нь “Би лав чамаас захиа аваагүй шүү” гэдэг юм билээ. Энэ мэтчилэн сурагч байх үеийн хөгтэй хөөртэй үйл явдал олон. Бас хүүхэд л болсон хойно багш нартаа загнуулах үе бишгүй тохиолдоно. Дотуур байрны охидоо эргүүлэх гэж яваад захирал болон ангийн багшдаа баригдах үе олон. Заримдаа ч аз таарч мултарч чадна. Ингэж сахилгагүйтэж байгаад баригдвал ангийн багш нь мод бариулаад хоёр гарыг нь дээш өргүүлэн зогсоодог байжээ. Ингэж шийтгүүлэхээр мод хөнгөн ч гар өвдөнө гэж жигтэйхэн. Тиймээс гараа чилээн самбарын өмнө зогсохгүйн тулд аль болох сахилга баттай, томоотой байхыг хичээж эхэлсэн байна.
Баруун турууны дунд сургуулийн багш нар дүндээ их хатуурхана. Барагтай бол онц тавихгүй. Хааяа нэг онц авбал ёстой нэг бөөн баяр болдог. Багш нар дүнгээ харамлахын хэрээр хүүхдүүд ч хичээлдээ шамдана. Эдний ангийн эвлэлийн үүрийн дарга Н.Тогтох 1968 оны 10 жилийн аймгийн математикийн олимпиадад хоёрдугаар байр эзлэхэд нь математикийн багш Буянхүү “Тогтох оо чамд ирээдүй байна. Чи өөрийнхөө зардлаар улсын олимпиадад оролцоход хол давхина шүү” гэж захисан гэнэ. Тэгэхээр нь багшийнхаа үгэнд омогшоод улсад очиж өрсөлджээ. Ингээд түүнтэй хамт явсан ангийн анд Батнасан улсад түрүүлж улсын олимпиадад түрүүлдэг нийслэлийн нэгдүгээр сургуулийн амжилтыг тасалж, улсын аварга болж байжээ. Ер нь жигдхэн сурлага сайтай хүүхдүүд байж. Арван жилээ дунд төгссөн хүүхдүүд хотод ирж элсэлтийн шалгалт өгөөд Монгол Улсын их сургуульд шууд тэнцэх жишээтэй. Арван жилийн сургуулиа төгсөхөд С.Цогсүрэн Эрхүүгийн улс ардын аж ахуйн дээд сургууль, Банчин Одиссейн Политехникийн дээд сургууль, Жавзал Кавказад эмийн сургууль, Лувсанцэрэн Украйнд, Баянжаргал Ленинградад сурахаар болж харийг зорьжээ. Харин бусад нь эх орондоо их, дээд сургуульд суралцсан байна. Сургуулиа төгсөөд ид хийж бүтээх насандаа салбар салбарт алдар нэрээ цуурайтуулсан сайчуул болж. Сурлагаараа ангийнхаа сор болж явсан М.Аюуш ШУА-ийн Физик, техникийн хүрээлэнд ажиллаж байлаа. Дэд эрдэмтний диссертаци бүтээл нь шууд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах хэмжээнд хүрэн хөөрч байтал гэнэтийн автын осолд орсон харамсалтай явдлыг ангийнхан нь голоо харлуулан дурсаж байв. М.Аюушийн дааж авч төгсгөсөн ангид нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж сурч байж. Тэрээр үе үе багшийгаа дурсан ярихыг ангийнхан нь сонсож тохой залган суралцаж байсан ангийнхаа хүүхдээр бахархдаг гэнэ. Мөн Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн захирлаар арав гаруй жил ажилласан А.Очир, “Новости Монголии” сонины эрхлэгч, доктор, профессор М.Баяртогтох, МУИС-д дөч гаруй жил багшилж буй доктор, профессор Б.Сайнжаргал, сумынхаа Засаг даргаар ажиллаж байсан Т.Даваасамбуу, Багануурын дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан С.Мягмар, Төрийн өмчийн хорооны даргын орон тооны бус зөвлөх, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч С.Цогсүрэн гээд сайчуул олон. С.Цогсүрэн 10 гаруй кино хийсэн бөгөөд 2004 онд “Маршал Юмжаагийн Цэдэнбал” нэртэй таван ангит баримтат уран сайхны кино бүтээж 2008 онд төрийн шагналд нэр дэвшиж байжээ. Мөн 2012 онд “Жамбын Батмөнх” баримтат уран сайхны гурван ангит кино хийжээ. 


1968 оны төгсөлтөөс нэгэн хос гэр бүл болж өрх гэрээ цогцлоосон нь 10-ын А-гийн Батжаргал, 10-ын Б-гийн Цэвэлмаа нар. Батжаргал аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн ерөнхий их эмч бол Цэвэлмаа мөн л аймгийнхаа Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байжээ.
Эдний төгсөлтийнхөн арван жилээ төгссөнөөс хойш ер нь л байнгын холбоотой. 1998 онд сургуулиа төгссөний 30 жилийн ой гэж уулзжээ. Тэрнээс хойш зав гарах бүрт яаж ийж байгаад л уулзах гэж мэрийдэг болж. Ихэнх нь хотод байдаг учраас хааяа нэг цаг болзон ресторанд, заримдаа нэгнийхээ гэрт цугладаг юм байна. Харин ингэж уулзахдаа 51 охид, хөвгүүдийг сурган хүмүүжүүлж, эрдэм боловсрол олгосон ангийн багш Батмөнх, түүхийн Цээсүрэн, захирал Цэвгээ, хичээлийн эрхлэгч Даваа, уран зохиолын Гомбожав, физикийн Жамбалсүрэн, химийн Чулуун, математикийн Дорлиг, шугам зургийн Маамуу, биологийн Сэрчмаа, анатомын Цэвэгдорж, биеийн тамирын Дашцэрэн, газарзүйн Бадамгарав, трактор комбайны хичээл заадаг инженер Цэрэннадмид багш нарынхаа ач тусыг байнга бодож дурсан санаж явдаг гэсэн шүү.

С.АЛТАН

Categories
мэдээ цаг-үе

“Би маш их дотоод зөрчилтэй хүн”

“Кихот ноён” жүжгээрээ энэ жилийн “Гэгээн Муза” наадмын Гран при шагналыг хүртсэн Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарыг энэ өдрийн зочноор онцолж байна. Хүн бүхэн түүнийг Монголын “урдаа барьдаг” найруулагч гэдэг. Урдаа барьдаг найруулагч маань одоогоос гучин жилийн өмнө Украины Киев хотын Театр урлагийн дээд сургуулийг кино, драмын найруулагч мэргэжлээр төгсчээ. Теле кино үйлдвэрт(‘хуучин нэрээр) туслах найруулагчаар хоёр жил ажиллаад дээрх сургуульд явсан байна. Киевийн сургуулиа төгсөөд Монголын радиод найруулагч, уран сайхны удирдагч, программын зөвлөлийн даргаар 1996 он хүртэл, 1999 оноос өнөөг хүртэл УДЭТ-т ажиллаж байгаа. Баатар найруулагчийн урын сангийн жүжгүүд дотор 1985 онд Б.Мөнхдорж гуайтай хамтран найруулсан “Гургалдайн дуут шөнө”, Г.Доржсамбуу гуайтай хамтран найруулсан “Гарваа” гэсэн хоёр жүжиг түүний тайзны анхны бүтээлүүд ажээ. Түүний найруулсан тавьсан үндэсний жүжгүүд дотор ерэн хэдэн онд хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байсан Д.Урианхай гуайн зохиол “Хүн бүгд би”, “Харанхуйд харагдахгүй” жүжгүүд, мөн “Далан худалч”, “Атга нөж”, “Ээж ээ”, “Ану хатан”, “Эхнэрээ зээлээч” зэрэг хорь гаруй жүжиг байна. “Кармен хүүхэн”, “Ганцхан алхахад уулзана”, “Садар эрийг номхотгосон нь”, “Цахлай”, “Хүйтэн сэнтий”, “Гавал сар”, “Амьгүй албат”, “Кихот ноён” зэрэг дэлхийн сонгодог болон гадаадын жүжгүүд байна. Б.Баатар найруулагч өнгөрсөн 2009 оны зургадугаар сарын 16-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, “Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн” цолоосоо татгалзаж байгаагаа мэдэгдэж дуулиан дэгдээж байв. Уг мэдэгдэл нь урлагийн салбарт ажиллагсдад төрийн одон, медалийг эмх замбараагүй хүртээж, “гавьяат” цолны үнэлэмж үгүй болсныг буруутгаж  уран бүтээлчийнхээ байр суурийг илэрхийлсэн нэг содон хэлбэр байв. Тэрбээр Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэнээсээ хоёр жилийн дараа уг цолноос татгалзсан. Эл цол, тэмдгийг хүртэхдээ чин сэтгэлээсээ баярлаж байснаа хэвлэлийн хурал дээр хэлж байв. Харин сүүлдээ дуртай бүхэн “гавьяат” авдаг болчихсонд урлагийн үнэлэмж, уран бүтээлчдийн нэр төрийн өмнөөс эмзэглэж эсэргүүцэл илэрхийлсэн нь тэр байлаа. Мөн онд “Гэгээн Муза”-гаас Гран при авч, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өндөрлөхөд “Муза”-гийнхаа цомыг мартаад явчихсан. Музагаа мартсан хөгжилтэй явдал нь хэл аманд дуртай улсыг нэг хэсэгтээ л ярих юмтай болгож байв. Түүний урын санд “Радио жүжиг”  гэх сонин төрөл радиод ажиллаж байх үеэс нь оржээ. Тэрбээр “Дэлгэцийн жүжиг хэлж байгаа санаагаа хүнд шууд тулгах маягтай нөлөөлж, үзэгчийн төсөөллийг дэлгэцээр хязгаарлачихдаг. Харин радио жүжиг хүнийг төсөөллийн хязгааргүй орон зайд хөтлөөд оруулчихдаг. Үүгээрээ радио жүжиг сайхан” гэж үздэг байна. Жүжгийн зохиол ховордов, жүжиг бичдэг хүн ховордлоо гэж найруулагчаар ажиллаж байгаа хүмүүс бүгд хэлдэг. Б.Баатар гуай нөхцөл байдлыг ингэж хардаг аж. Манайд жүжгээр мэргэшсэн зохиолч байхгүйн дээр байгаа зохиолчид нь мэргэшихийг ч хүсэхгүй байна гэж. Жүжгээр “өвчлөөд”, жинхэнэ бүтээл хийх хүн өнөөдөр алга гэж тэр үздэг аж. Бичиж байгаа хүмүүс нь тайз, дэлгэц хоёрын ялгааг олж харахгүй байгаа учраас олигтой кино, жүжиг гарахгүй байна гэж учир шалтгааныг тайлбарлажээ. Зохиол, театр, кино бүгд мэргэших ёстой гэсэн  байр сууриа хааяа илэрхийлдэг Испанийн зохиолч Мигель де Сервантесийн зохиолоор бүтээсэн “Дон Кихот” жүжгээрээ хүртсэн “Гэгээн Муза”-гийн цомыг нь энэ жил хүү нь гардаж авсан. Тэр марталгүй авч харьсан байж таараа. Тэрбээр заримдаа өөртөө дургүй хүрдэг, дургүй хүрэх хүрэхдээ аймаар дургүй хүрдэг, маш их дотоод зөрчилтэй хүн гэж өөрийгөө нэгэнтээ тодорхойлсон байна лээ. Харин хүндэтгэлтэйгээр жүжгийг нь очиж үзэхдээ Баатар найруулагчид заримдаа аймаар дургүй хүрч, найруулагчтай маш ихээр зөрчилдөх үзэгчид бас цөөнгүй билээ.  

Н.ПАГМА