Categories
булангууд мэдээ томилолт цаг-үе

Жиа Юү Линг: Анагаах ухаан хорт хавдрыг бүх шатанд эмчилдэг болчихлоо. Тэр эмнэлгүүдийн нэг нь манайх юм

Өмнөд Монголын нийслэл Хөх хотод очсон эхний өдрөө тэндхийн эмнэлгээр
явлаа. Хөх хотыг зорьж буй монголчууд худалдаа наймаа гэхээсээ илүүтэй эмнэлэгт
үзүүлж, эмчилгээ хийлгэх гэж очдог. Очсон хүн бүр Анагаахын их сургуулийн харьяа
нэгдүгээр эмнэлгийг мэднэ дээ. Хятадаар фу шу и юань гэхэд аль ч таксины жолооч
олоод очно. Хотынхоо баруун зах руу болохоор эмнэлгийн эргэн тойронд өндөр байшин
байхгүй. Сүндэрлэн буй хорин хэдэн давхар ганцхан байшин бий нь нэгдүгээр эмнэлгийн
төв байр. Тойроод дөрөв, таван давхар бүхий байшинтай. Бүгд тус эмнэлгийн тасаг.
Энд анх үзүүлэхээр очсон хүн Монголд үйлчлэх төв дээр яваад очиход ерөнхий чиг баримжаагаа
авчихна шүү. Тэнд саадгүй хэл нэвтрэлцэх өмнөд монголчууд хүлээгээд авна. Эмнэлгийн
орчуулга хийх, анхан шатны тусламж үзүүлэх хэмжээний мэдлэгтэй хөтөч-сувилагч тосож
ирээд сайн найз аа, юу өвдсөн бэ гэдэг. Эмнэлгийн дотоод зарчим манайхтай яг ижил.
Зүрх өвдлөө гэхэд зүрхний эмчдээ эхлээд үзүүлнэ. Тэгээд эмчийн бичиж өгсөн шаардлагатай
шинжилгээнүүдийг өгнө. Тэгээд л оношоо тодорхойлж аваад эмчилгээгээ эхэлнэ дээ.
Юу өвдсөн, ямар эмчилгээ хийлгэхээс хамаараад үнэ нь харилцан адилгүй. Шинжилгээнүүд
нь санасныг бодвол тэнгэрт хадсан үнэтэй биш.

Судсанд тариа хийж байгаад шинжилдэг цөмийн оношилгооны аппаратын
шинжилгээ хамгийн үнэтэй нь. 10 мянган юань буюу манайхаар 2.9 сая төгрөг болно.
Бусад нь ерөнхийдөө боломжийн үнэтэй. Ер нь Хөх хот руу ирж буцах хоёр талын замын
зардал, очоод байрлах зочид буудал, идэх хоол, унаа хөсөгний зардал, эмнэлгийн бүх
төрлийн шинжилгээ өгөөд, тэндээ таваас долоо хононо гэж тооцоолоход таван сая төгрөг
хангалттай.

Ийм хэмжээний мөнгөтэй явахад бүр ганц нэг дэл­гүүрээр ч ороод ирж
болох байх шүү. Харин эмчилгээ хийлгэх харилцан адилгүй юм билээ. Жишээлбэл хорт
хавдар авахуулах мэс заслын өртөг адилгүй. Аль эрхтний, хэддүгээр үедээ байгаа хавдар
вэ гэдгээсээ хамаарна. Ходоодны хорт хавдартай, тэр нь нэг, хоёрдугаар шатандаа
байлаа гэхэд 10 сая орчим төгрөгөөр мэс засал хийлгэнэ. Гэхдээ үүнд бүх зардал шингээгүй.
Тариа хийлгэлээ гэхэд тарианыхаа мөнгийг төлнө. Бас нэг удаагийн зүүний мөнгө гээд
хэдэн юань өгөх болдог.

Манайхан шиг нэг дор эмнэлгийн
төлбөр гээд авчихна гэх зүйлгүй. Хэн, юу хэрэглэж байгаа зардлаа дор дор нь төлөөд
явдаг ажээ. Эмнэлгийн эргэн тойронд зочид буудал зэрэглэл зэрэглэлээрээ бий. Гуч,
дөчин юанийн хоног төөрүүлчихээр тааруухан буудал байхад яг хажууд нь төдөн одтой
гэх буудлууд ч байгаа. Хөдөөнөөс ирээд ганцхан өдрийн үзлэг, шинжилгээ өгөх хүмүүс
хямдхан буудлууддаа буучихна. Олон өдөр эмчилгээ хийлгэх, тав тухыг эрхэмлэсэн хүмүүс
200-400 юань төлөөд хоёр, гурван одтой гайгүй шиг буудалд буух боломжтой. Ингээд
хорт хавдрын талаар Хөх хотын Анагаахын их сургуулийн харьяа нэгдүгээр эмнэлгийн
Туяаны тасгийн эрхлэгч Жиа Юү Лингтэй ярилцлага хийснээ хүргэе. Бидний яриаг Анагаахын
их сургуулийн ерөнхий мэс заслын чиглэлийн магистрант Б.Оюунгэрэл орчуулж өгсөн
юм.

 

-Монголчууд Хөх хотод, тэр дундаа танай эмнэлгийг зорин ирж
эмчлүүлдэг. Эмчилгээ сайн байдаг нь тоног төхөөрөмждөө байна уу, эмч нарын мэдлэг
чадвартай холбоотой юу?

-Манай эмнэлгийн, тэр дундаа туяаны
тасгийн эмчилгээ улсдаа хамгийн сайн нь. Манай эмнэлэгт дотоод гадаадын хүмүүс ирж
эмчлүүлдэг. Тэр ч үүднээсээ янз бүрийн өвчтэй хүмүүс ирдэг. Ийм хүмүүстэй нүүр тулж
ажиллана гэдэг эмч нарт маш их туршлага болдог юм. Манайд ажиллаж буй эмч нар хамгийн
багадаа магистрийн зэрэг хамгаалсан байгаа. Бас Хятадын хамгийн сайн гэсэн эмнэлэгт
очиж туршлага судалж, суралцсан байдаг. Хэрэглэж буй тоног төхөөрөмжийн тухайд олон
улсын стандартад нийцсэн, хүлээн зөвшөөрөгдсөнийг ашигладаг. Манай тасагт монгол
өвчтөн тийм ч олон биш. Харин бусад тасгуудад байгаа шүү.

-Анагаах ухаан сүүлийн үед ямар ололттой байгаа вэ. Эмчлэгдэхгүй
өвчин гэж байна уу?

-Анагаахын шинжлэх ухаан хорт
хавдрыг бүрэн эмчилдэг болсон. Хорт хавдрууд дундаас хөхний, хамрын хөндийн, тархины,
умайн хүзүүнийхийг маш сайн эмчилдэг болсон. Энэ бол ололт. Гэхдээ ямар шатанд байгаагаас
бүх зүйл шалтгаална. Сүүлийн шатандаа буюу бүх биеэр үсэрхийлчихсэн байвал хэцүү.
Мэдээж хэрэг эрт мэдэх тусмаа эдгэх магадлал өндөр болдог.

-Хорт хавдар үнэхээр бүрэн эмчлэгдэх үү?

-Хорт хавдар эхний шатандаа барагтай
бол зовиур өгдөггүй. Эрүүл саруул хүн шиг зүв зүгээр яваад л байдаг. Тиймээс нэгдүгээр
шатанд мэдэх нь ховор. Гэнэт бие нь муудаад ч юмуу эмнэлэгт хандахад хорт хавдрын
сүүлийн шатанд очсон байх нь олон. Биед нь ямар нэгэн зовиур байхгүй бол хүмүүс
эмнэлэгт хандаад, шинжилгээ өгөөд байдаггүй шүү дээ. Тэгэхээр эрт илрүүлж чадахгүй
байгаа юм. Манай тасагт голдуу дундаас дээш, сүүлийн шатандаа орсон хүмүүс ирж эмчлүүлдэг.
Хэрэв хорт хавдрыг эрт мэдэж, эмчилгээ эхлүүлбэл эерэг үр дүнд хүрнэ.

-Хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Ер нь яавал
хорт хавдар тусахгүй байх вэ?

-Манай эмнэлэгт иж бүрэн шинжилгээ
хийдэг тасаг бий. Тэнд хүссэн хүмүүс шинжилгээ хийлгэж болно. Жилдээ нэг удаа урьдчилан
сэргийлэх үзлэгт орж байвал сайн. Ийм үзлэгээр хавдартай байлаа гэхэд эрт мэдэх
боломжтой. Ингэснээр цааш үсэрхийлэхээс сэргийлэх юм. Харин хорт хавдраас урьдчилан
сэргийлэх хэцүү. Бидний амьсгалж буй агаар, ууж буй ус, идэж байгаа хоол хүнсээс
их зүйл шалтгаалдаг. Тийм болохоор шүдний өвчинтэй адил хоол идсэнийхээ дараа амаа
сайн угаа гэх мэт зөвөлгөө өгвөл өрөөсгөл ойлголт болно.

-Хорт хавдар туссан хүмүүс сэтгэл санааны хувьд тогтворгүй
болдог. Ийм өвчтэй хүмүүс өөрөө өөртөө яаж тусалж болох вэ?

-Хорт хавдар туссан хүмүүсийг,
тэдний гэр бүлийг анзаараад байхад ганцхан зүйл голлодог. Юу вэ гэхээр тухайн өвчтөн
хорт хавдартай болсон гэдгийг ар гэрийнхэн нь хэлдэггүй. Нуугаач гэж эмч нараас
гуйдаг. Учир нь цаад хүнээ сэтгэл санаагаар унаж өвчнөө дийлэхгүй болчихно гэж боддог.
Тиймээс хорт хавдартай хүмүүсийн ихэнх нь ямар өвчин туссан, эсвэл хэддүгээр шатандаа
явж байгаагаа мэддэггүй. Эсвэл хорт хавдар тусчихаад гэрийнхнээсээ нуух гээд байдаг.
Гэтэл эмчийн зүгээс харахаар ямар өвчин туссан бэ гэдгийг өвчтөнд шууд хэлсэн нь
дээр байдаг. Та ийм өвчин туссан, одоо ийм эмчилгээ хийлгэж үр дүнд хүрч эдгэх ёстой
гэдгийг тодорхой хэлчихмээр байдаг юм. Өвчнийх нь үе шат, мэдэхийг хүссэн бүгдийг
хэлж ойлгуулан сэтгэл санааг нь бэлдээд өвчнийг хамтдаа даван туулах ёстой. Гэтэл
хүмүүс мэс засал хийлгээд бие сайхан болчихоод байхад дахин дахин эмчилгээ хийж
намайг зовоогоод байна гэж боддог. Уг нь тухайн хүн өвчнийхөө талаар бүрэн мэдээлэлтэй
байж ямар эмчилгээ хийлгэвэл өөрт нь хэрэгтэй вэ гэдгийг мэдэж байвал зүгээр. Тэгээд
ч одоо бол XXI зуун. Анагаахын шинжлэх ухаан баргийн өвчнийг ялдаг болсон байна.
Хорт хавдар л гэхэд маш олон төрөлтэй. Дөрвөн үе шаттай. Аль ч хавдрыг эхний нэг,
хоёрдугаар шатанд нь эмчилж болдог. Дунд болон сүүлийн шатны хавдрыг ч эмчилж байна.
Эцсийн шатандаа ороод бүх биеэр үсэрхийлчихээгүй л бол эмчилгээ бий. Найдвар байгаа
гэсэн үг.

-Хорт хавдрын дараахь эмчилгээг ямар хугацаанд хийлгэх ёстой
байдаг юм бэ?

-Мэс засал хийсний дараа эхний
хоёр шатны хавдар бол химийн эмчилгээ хийх үү, үгүй юу гэдгийг шийддэг. Химийн эмчилгээг
бүх өвчтөнд ч хийгээд байдаггүй. Хавдрыг үсэрхийлэхээс сэргийлж хийдэг. Туяа эмчилгээг
ч бас хорт хавдартай хүн бүрт хийхгүй. Жишээлбэл, залгиур эрхтний хавдартай хүнд
мэс засал хийхэд өвчтөн дараа нь ярьж чадахаа больдог. Харин туяа эмчилгээгээр хавдрыг
шарж аюулгүй болгодог. Ингэснээр тухайн өвчтөн ярьж чаддаг хэвээрээ үлдэнэ. Бас
хорт хавдартай хүнд мэс засал хийхдээ өөрөөс нь болон ар гэрийнхнээс нь зөвшөөрөл
авдаг. Мэс засал хийлгэхийг зөвшөөрөөгүй тохиолдолд туяа эмчилгээ хийлгэдэг юм.
Бас биеийн байдлаас нь хамаарч мэс засал даахааргүй хүмүүст туяа эмчилгээ хийнэ.

-Манай улсад хорт хавд­рыг уламжлалт эмчилгээгээр, бас энергиэр
эмчилнэ гэх хүмүүс байдаг. Ийм аргаар эмчлэх боломж байдаг уу?

-Энерги, эсвэл уламжлалт аргаар
эмчилнэ гэдэг тухайн өвчний дархлааг сайжруулах төдий л байдаг. Өвчтэй хүмүүсийн
биеийн эсэргүүцлийг сайжруулах, бүх биеийн тамирыг сэргээхэд л дэм болдог байх.
Түүнээс биш зөвхөн тан уугаад, энерги аваад хорт хавдрыг эмчилнэ гэдэг бүтэшгүй
зүйл. Иймэрхүү эмчилгээ хорт хавдрыг бүрэн эмчилж болно гэдгийг анагаах ухаан батлаагүй
байгаа шүү дээ. Харин хавсран эмчилж байж үр дүнд хүрнэ. Хэрэв уламжлалт анагаах
ухаан, бас төрөл бүрийн энергийн эмчилгээнд итгэдэг хүмүүс байвал хорт хавдрын үндсэн
эмчилгээтэй хослуулж болох юм.

-Танай эмнэлэгт оношлогдохгүй өвчтэй хүмүүс ирдэг үү. Ийм
үед яадаг вэ?

-Ерөнхийдөө бүх өвчнийг оношилж,
бас эмчилж болно. Манай эмнэлэгт шаардлагатай бүх л тоног төхөөрөмж бий. Тиймээс
хэрэгтэй гэсэн шинжилгээнүүдээ авдаг. Тэгэхээр ямар ч өвчнийг оношилж чадна гэсэн
үг.

-Танай эндхийн эмнэлэгт гадаад эмч нар байдаг уу. Гадныхантай
туршлага солилцдог уу?

-Байхгүй. Гаднаас эмч нар урьж
хичээл заалгах үе бол байна. Эмнэлгүүдэд дандаа хятад, өвөр монгол эмч ажилладаг.
Туршлага со­лилцохын тухайд гэвэл гадаад руу зорьж явдаггүй. Энд хичээл заахаар
ирсэн эмч нартай л санал солилцдог юм.

-Та нар сүүлийн үеийн ямар тоног төхөөрөмж хэрэглэдэг юм бэ?

-Хамгийн сүүлийн үеийн голдуу
Германд үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж хэрэглэдэг.

-10 жилийн өмнө эмчилж чадахгүй байсныг одоо үед эмчилж байгаа
тохиолдол байна уу. Ямар өвчин байна вэ?

-Арван жилийн өмнөхийг одоотой
харьцуулбал мэдээж хэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжөөсөө авахуулаад эмч нарын дадлага
туршлага, ур чадвар, мэдлэг гээд бүх л зүйл сайжирсан. Тиймээс өвчтөний амьдрах
хугацааг уртасгаж чаддаг болсон. Ямар ч эмчилгээгүй болсон хүнийг таван жил амьдруулдаг
байсан бол одоо 10 жил амьдруулах боломжтой болсон.

-Гаднаас ажиллах санал ирдэг үү?

-Уривал Монголд очиж ажиллаж болно
шүү.

-Эндхийн эмч нарыг хараад байхад ихэнх цагийг эмнэлэг дээрээ
өнгөрүүлэх юм?

-Би өглөө долоон цагт ирээд ажилдаа
ордог. Өдөр 12-14 цагийн хооронд амарна. Өвчтөн ихтэй үед амрах цаг гардаггүй. Орой
17 цагт тараад гэртээ харьдаг. Гэртээ бол зурагт үзнэ, гадуур гарч найз нөхөдтэйгээ
уулзана. Хүнд гайхуулах зүйлгүй энгийн л амьдрал.

-Та хаана ямар сургууль төгссөн юм бэ?

-Би 1982 онд Бугат хотод анагаах
ухааны их сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд Бугатынхаа эмнэлэгт ажиллаж байгаад
1995 онд энд ажиллаж байна. Анх залуухан эмч ирээд тасгийнхаа эмчээр ажиллаж байлаа.
Одоо бол тасгийн эрхлэгч.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

“Зуу наслаарай ээжээ” гэж ээжийгээ битгий гомдоогоорой

Манай нэртэй дуучид болох гавьяат жүжигчин Н.Чулуунхүү, соёлын тэргүүний ажилтан М.Бямбажав нар сая хүүхдийн баяраар  тоглолт хийлээ. Багш, шавь хоёрын хослон дуулсан дуунууд хүний сэтгэлд хүрч, хит болдог нь үнэн. Тиймээс тэдний тоглолтыг үзэх хүсэлтэй хүн ч олон байдаг байх.  Энэ  хүмүүсийн  нэг нь миний танил юм. Тэр хүүхдийн баяраар ээжийгээ баярлуулах санаатай Н.Чулуунхүү гавьяат, дуучин М.Бямбажав хоёрын тоглолтын тасалбарыг худалдан авчээ. Тоглолтын нэр нь “Зуу наслаарай ээжээ”.  

Рекламыг нь  санаж байна уу. Эмэгтэйчүүдийн баяраар зохиолын дуучид “Миний ээж хөөрхөн” гэдэг тоглолт хийдэг. Түүнийхээ рекламыг хийж байгаа нь тэр гэнэ.  “Хөөрхөн ээжийгээ дагуулаад ирээрэй” гэж өдөр, шөнөгүй зурагтаар дууддаг. Яг тэр маневраар “Зуу наслаарай ээжээ”  гэдэг тоглолтын рекламыг хийчихсэн байсан нь санагдаж байна.  Ингээд танил маань энэ тоглолтын тасалбарыг ээждээ аваачаад өгч. Тэгтэл ээж нь “үзэхгүй” гэжээ.  Яагаад гэвэл тоглолтынх нь нэрнээс сэжиглэж. Учир нь танилын маань ээж  ирэх есдүгээр сард 100 насныхаа ойг тэмдэглэх буянтай буурал билээ. 

Өнөө хөгшин “Намайг зуу насла гэж байгаа юм уу. Хоёр сарын дараа 100 нас хүрээд үх гэж байгаа юм уу. Зуугаас илүү насалсны хэрэггүй гэж үү. Тэгээд зуу наслаарай гэдэг тоглолт үзүүлэх гэсэн юм уу” гээд хүүхэд шиг гомдож, нулимс бөмбөрүүлжээ. Өөр юм бодож  саналгүй дуучдыг нь хараад тасалбар авчихсан хүүхдүүд нь юу хэлэхээ, яаж аргадахаа мэдэхгүй, баахан сандарцгаасан байна. 

Нээрээ л хөөрхий хөгшинд  ямар хэцүү байсан бол. Зуугаас илүү наслахыг боддог байлгүй яав гэж. Үр хүүхдүүд нь ч ээжтэйгээ нэг насаараа хамт байхыг хүсдэг байж таараа. Тэгтэл ийм ч юм болох гэж. Үүнээс хойш дуучид минь аливаа тоглолтдоо нэр өгөхдөө бодолтой байгаач. Өөрийн болоод өрөөлийн ээж, аав, ах дүү, найз нөхдийг гомдоох үг битгий олж сонгооч. Хэн нэгний голыг  харлуулсан, голыг нь гогдсон, бэлэг дэмбэрэлгүй, ёс зүйгүй  муу үг бүү хэрэглээч.  

“Зуу наслаарай ээжээ” гэдэг тоглолтын рекламыг хэдэн ээж үзэж, миний танилын ээж шиг  голдоо ортол гомдоо бол. Хүн бүрийн ээж “Би зуугаас цааш наслах ёсгүй юм байна. Хүүхдүүд минь төвөгшөөх юм байна” гэж бодсон байх. Хэдийнэ зуу нас насалчихсан, энх тунх ач зээ, гуч дөчөө үзээд налайж суугаа буурайнууд хичнээн байдаг гээч. Удахгүй зуу насны ойгоо тэмдэглэхээр хүүхэд шиг хөөрцөглөж суугаа хөгшид ч ямар их гээч. Гэвч тэднийг зуугаас илүү наслах хэрэггүй, хадан гэр рүүгээ яв гэж хөөгөөд ч байгаа юм шиг яагаад ийм нэр өгчихөв өө. 

Өдгөө дэлхий дээр хүн төрөлхтөн 100 насална гэдэг бол юу ч биш болсон. Дэлхийн дундаж наслалт жил болгон өсч байна. Япончуудын тэн хагас нь ахмад настан. Тэр дундаа зуугаас дээш насныхан хэдэн саяараа тоологдож байна. Монголчуудын хувьд ч 100 гэдэг бол жирийн нас болчихлоо. Бид архиа багасгачихвал  100 битгий хэл насална. Ийм байтал яагаад энх тунх яваа зуун настнуудыг бодолгүй сэтгэлийн хөөрлөөр хандав аа. 

Биеэ хувааж төрүүлсэн ээжийнхээ ачийг яалаа даа гэдэг дуу байдгийг сонссоноос биш “Ээж минь та зуу насла” гэж даапаалж байхыг дуулаагүй юм байна. Ядаж ээжтэйгээ урт удаан хамт байя гэсэн юм бол мөнх наслаарай гэж ерөөж болоогүй юм уу.  Монголчууд сэжгээр өвдөж, сүжгээр эдгэдэг гэдэг. Тиймээс учир мэдэхгүй хүүхэд шиг амандаа орсноо бурж, ярих ярихгүй, хэлэх хэлэхгүй үгээр ээжүүдээ бүү гомдоо. Аливаад ул суурьтай байхыг энэ нийгэм биднээс цаг үргэлж  шаарддаг болжээ. 

Тэгэхээр монголчууд минь ухаантай байцгаая.  Хэлэх үг бүрээ бодож байж амнаасаа гаргацгаая.   

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Монголчууд Prius-ээс өөр машин дийлж унахаа байжээ

Монголын автомашины дистрибьютерүүдийн ассо­циаци гэж бий. Тус газраас “MAДA” нэртэй автомашины үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Тус үзэс­гэлэнд “Вагнер ази автомотив”, “Таван богд моторс”, “Монгол хьюндай автомотив”, “Киа моторс”, “Моннис моторс” гэсэн таван газар оролцож буй ажээ. Нэгдсэн үзэсгэлэн худалдаа болохоор худалдан авагчдад таатай нөхцөлүүд санал болгож. Автомашины үнээ хямдруулахаас эхлээд банкны лизинг, даатгалд хамруулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, баталгаат засвар үйлчилгээгээ танил­цуулах, оргиналь сэлбэгийн хямдралтай худалдаа зэр­гийг нэг дор сонирхох боломжоор хангаж өгчээ. Хьюндай дээр л гэхэд 2013  оноос хойш үйлдвэрлэсэн машинууд байна. Бүгд 2014 оны загварууд гэсэн. Аксент, элентра, соната, азера, таксон, старекс зэрэг 16 төрлийн машин байв. Бас эмнэлгийн, сургуулийн хүүхэд зөөх зориулалттай, давхар кабинтай ачааны, хөргөгчтэй гэхчлэн тусгай зориулалтын машинууд ч байлаа. Эднийх БНСУ-ын Хьюндай мотор компанийн албан ёсны  дистрибьютер учраас эх орныхоо цаг агаар, орчинд тохируулсан автомашин захиалан оруулж ирдэг юм байна. Эдний машинууд 34.5-138 сая төгрөгийн үнэтэй байсан. 2014 оны аксент 34.2 сая, элентра 40.5 сая, велостер 45.8 сая, таксон 55.9 сая төгрөг ажээ. “МАДА” үзэсгэлэнд зориулаад ачааны Портер машиндаа 1-1.5 сая төгрөгийн хямдрал зарлажээ. Хэрэв эднийхээс машин худалдаж авбал лизингд хамрагдаж болно. Урьдчилгаа төлбөргүй, гурван жилийн хугацаатай, сарын 1.4 хувийн хүүтэй гэсэн. Бас даатгалд хамрагдах бол “Практикал” даатгалынхан 30 хувийн онцгой хямдралтайгаар үйлчлэх ажээ.

Вагнер Азийнхан ч бас Форд, Ланд Ровер машинуудаа хямдралтай үнээр борлуулж байна. Фордын нэг машин авбал дараагийн машиныг нь 50 хувь хямдруулж өгөхөөр болжээ. Харин Ланд Ровер брэндийн машинуудаа 10 сая төгрөгөөр хямдруулжээ. Эднийхээс машин авах хүсэлтэй хүмүүс урьдчилгаа 10 хувиа төлөөд таван жилийн хугацаатай лизингд хамрагдаж болох юм байна. Хэрэв “Хаан” банкны лизингээр авбал сарын 1.4-1.7 хувийн хүү төлөх ажээ. Гэхдээ машины үзэсгэлэнгийн эхний өдөр үйлчлүүлэгч харьцангуй бага байв. Борлуулагчтай уулзахад “Өнгөрсөн есдүгээр сараас машины борлуулалт муудсан. Гэхдээ өндөр үнэтэй машины борлуулалт хэвээрээ байгаа. Дундаж үнэтэй машины борлуулалт бага зэрэг муудсан” гэж байлаа. Эднийд байгаа хамгийн хямд машин Форд рэнжер. Үнэ нь 55 сая гэсэн. Харин Форд раптор 140 сая, “Land rover discovery” 212 сая, Рэнж ровер спорт 229 сая төгрөгийн үнэтэй байсан юм.  

Харин монголчуудын хамгийн их унадаг Японы “Тоёота”-гийн албан ёсны дистрибьютор компани болох “Таван богд моторс”-ынхон Land Cruiser-200, Прадо, Хайлюкс, RAV-4, Camry зэрэг машин оруулж ирдэг. Эдгээр машин нь манай орны нөхцөлд тохирсон тусгай тоноглолтой. “Land Cruiser-200” 116-176 сая төгрөгийн хооронд байв. Харин “Camry” 80 сая, “Hilux” 72 сая, “Land Cruiser Prado” 103-110 сая төгрөгийн үнэтэй ажээ. Эднийд 200-гаад төрлийн машин бий гэсэн. “Land Cruiser-200” л гэхэд бүх загвараас нь, бүх өнгө нь байгаа ажээ. “МАДА” үзэсгэлэнгийн хүрээнд “Volkswagen”-ы машинаа таван хувь, “Тоёота”-гийн машинаа нэг сая төгрөгөөр хямдруулж байгаа юм байна. Бас урьдчилгаа төлбөргүй, сарын 1.4-1.7 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай лизингээр авч болох ажээ. Дунджаар 140 сая төгрөгийн үнэтэй “Land Cruiser-200” авлаа гэхэд сар бүр 2.6 сая төгрөг төлнө гэсэн үг. Өдөрт дунджаар 86 мянган төгрөг. Эдийн засаг хямарсан үед иймэрхүү зээл авч машин авах хүн ховор байгаа нь үзэсгэлэнгийн үеэрх хөл хөдөлгөөнөөс мэдэгдэж байлаа. Үнэтэй машинуудын үзэсгэлэнгээс гараад циркийн хажуугийн автомашины худалдааны зогсоолоор орлоо. Энд дандаа жийп машин зардаг байсан. Тус зогсоолд автомашин зардаг С.Баяраатай уулзлаа. Тэрээр “Манай эндхийн зогсоолд жижиг машин зардаггүй. Дандаа жийп буюу үнэтэй машин зардаг. Гэтэл сүүлийн үед машин зарагдахаа байлаа. Эдийн засаг хямарч байгаа нь аль ч салбарт мэдрэгдэж байна. Уг нь өдөрт биш юмаа гэхэд долоо хоногт гурав дөрвөн машин зарчихдаг байсан. Гэтэл миний хувьд л гэхэд өнгөрсөн гуравдугаар сараас хойш ганц ч машин зарсангүй. Манай эндхийн хүмүүс Америкаас машин оруулж ирдэг. Одоо бол Япон явъя, Prius оруулж ирье л гэж ярьж байна. Эдийн засаг хямарчихаад байгаа өнөө үед хүмүүс 20-30 литр шатахуун зарцуулдаг машин унаж чадахгүй байна” гэлээ. Энэ үеэр түүний найз Л.Галбадрах ярианд оролцов. “Би Лексус-570-тай. Хот дотор 20 литр бензин иддэг. Хөрөнгө санхүү муудаж байгаа үед машинаа унаж чадахгүй байна. Машиныхаа бензинийг дийлэхээ байсан. Эдийн засаг энэ чигээрээ унаад байвал “Prius-20” авч уная гэж бодож байна. Үнэхээр хаа, хаанаа хэцүү байна шүү дээ” гэлээ.

“Хүлэг” авто худалдааны төвийн борлуулалтын менежер Б.Магнайтай холбогдоход мөн л машины борлуулалт эрс муудсан талаар ярив. “Үнэтэй жийп машинуудын хувьд ярилтгүй. Угаасаа зарагдахгүй болоод удаж байна. Уг нь дулаараад, зун эхлэхээр жийпүүд зарагддаг байсан. Гэтэл энэ жил асууж байгаа ч хүн алга. Жижиг япон тэргүүд л ганц нэг зарагдаж байна. “Prius-20” л гайгүй борлуулалттай байх шиг байна. Эдийн засгийн байдал хүндхэн байгаа учраас бензин бага иддэг машин л сонирхож байна. Уг нь суудлын тэргээс Mark-2 гайгүй зарагддаг байсан. Гэтэл бензин их иддэг гээд авахаа больчихлоо. Ер нь хүмүүс бензин 10 дотор иддэг машин л сонирхдог болсон” байна гэлээ.

С.АЛТАН

Categories
булангууд мэдээ цаг-үе эх-орон-сумаас-эхэлнэ

Чулуут голын цуурай


“Циркчин” сарлаг

Төв Азийн өндөр уулархаг нутаг, Балба, Бутан, Монгол, Хятад, ОХУ, Пакистан, Энэтхэг зэрэг улсад сарлагийг өсгөн үржүүлсээр иржээ. Үүнээс хамгийн олон сарлагтай нь Хятад улс юм. Харин манай улс 700 мянга орчим сарлагтайгаараа дэлхийд хоёрт ордог.

Энэ жилийн мал тооллогын дүнгээр Архангай аймгийн Чулуут сум 38321 үхэр тоолуулж үхрийн тоогоор улсад хоёрдугаар байр эзэлсэн ба бүх үхрийн 93 хувь сарлаг бөгөөд энэ үзүүлэлтээр улсын хэмжээнд хамгийн олон сарлагтай сум болсон юм. Энэ ч үүднээс Хангайн нурууны салбар, Хатан Чулуутын ай сав нутгийг “Сарлагийн орон” гэж хэлэлцдэг. Одоо тус суманд 400, 500 сарлагтай айл цөөнгүй бий.

Урьд Шиваа ширээтийн хүрээнд жил бүрийн зуны дунд сард Майдар бурхан эргэж, шашны цам дэглэхэд “сургуультай” сарлагийн цагаан, хар бухыг цамын дэгэнд гаргаж сүсэгтэн олныг гайхуулж бишрүүлдэг байсан тухай Чулуут нутгийн ахмад буурлууд хуучилдаг байсан нь маш сонирхолтой юм.

Гэтэл Монгол Улсад орчин үеийн циркийн урлаг үүсч хөгжин, анх сарлагийг тоглуулахад Чулуут сумаас авчирсан “Хургаа” гэдэг бөртэ цагаан сарлаг таарсан нь санамсаргүй хэрэг биш бололтой. Ерөөс сарлагийг ачилга уналгад өдөр тутам хэрэглэж, “сургаж” ирсэн энэ нутгийн ард түмний арга ухаан уламжлагдсан нь лавтай.

Энэ тухай 2004 онд улсын циркийн амьтан маллагчаар 30-аад жил ажилласан Бүрээгийн Дашбал гуай “Одоо манай циркт Билүүт, Асгат, Уянга гэдэг хоёр сарлаг, нэг хайнаг тоглож байна. Урьд нь Архангайн Чулуут сумаас авчирсан Хургаа, Их тамир сумын үржлийн станцаас авчирсан Тайхар гэдэг хоёр сарлаг байлаа. Энэ хоёр сарлаг бөгсөөрөө суудаг, бөмбөг түрдэг, бүжиглэж буй мэт тойрч давхидаг үзүүлбэр үзүүлдэг. Орос, Чех, Польш, Дани зэрэг улсад тоглож байсан. Манай Хургаа их номхон, ягаандуу бөөртэй цагаан сарлаг байсан юм” гээд тухайн үед Хургаагийн Оросын хэвлэлд гарсан зургийг надад үзүүлж билээ.

Нөгөөтэйгүүр, Сарлагийн сүү шимээр амь амьжиргаагаа залгуулдаг энэ нутгийн ард түмний бахархалт амьтан, бэлгэ тэмдэг бол яахын аргагүй сарлаг юм.

Баян Гочоо дайчингийн “зэрлэг” явсан түмэн бор сарлагийн удам улам улам, түм түмээр үржих болтугай

“Чулуут Чулуут” гэхийн учир

Эртнээс Сайн ноён хан аймгийн Цэцэн чин ван (Чулуут)-гийн мэхээртэй тос, Шивээ ширээт (Чулуут)-ийн ааруул хурууд, Далай чойнхор вангийн шар тос, Сүжигт бэйс, Ачит гүн, Зоригт гүний хошууны гүний айраг амт чанараараа нутаг усандаа төдийгүй хот хүрээ, зах зээлийн газраа их алдартай байжээ.

Социалист нийгмийн үед, Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ-Амьдрал” нэгд­лийн саальчид нэг үнээнээс 464-507 литр сүү саахын зэрэгцээ сүү тосны заводод тос масло боловсруулж төлөвлөгөө нормыг цаг тухайд нь давуулан биелүүлсэн амжилтаараа улс аймагтаа тэргүүлж байв. Мөн нэрт үхэрчин Ш.Ядамсүрэн ЗХУ(тухайн үеийн нэрээр)-ын “Алатау” үүлдрийн үхрийг сарлаг, хайнагийн үнээтэй эрлийзжүүлэн малын жин, сүүний гарцыг 70-80 хувиар нэмэгдүүлжээ. Ш.Ядамсүрэн гуайн, сарлаг, хайнагийн үнээг Алатау үүлдрийн бухаар хээлтүүлж, төлийнх нь мах сүүний гарцыг нэмэгдүүлж болох эсэхийг туршиж санаачилсан нь, манай улсад сарлаг үхрийг өндөр ашиг шимтэй үхэртэй эвцэлдүүлэх эх үүсвэр болсон юм.

Улмаар 1980-аад он гэхэд Чулуут сум түмэн сарлагтай болж, Шинэ-Амьдрал нэгдэл аж ахуйн хувьд бэхжиж, иргэдийн ахуй амьдрал сайжирч, манай улсын тэргүүний нэгдэлд тооцогдох болсон нь яах аргагүй энэ нутгийн ажилсаг түмний нөр их хөдөлмөрийн үр шим билээ.

Одоо ч Чулуутынхан энэхүү сайхан өв уламжлал, арга технологио алдалгүй сарлагийн өтгөн шаргал сүүгээрээ 30 гаран төрлийн цагаан идээ бэлтгэж, сарлагийн сүү, цагаан идээ үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлж, жил бүр нийслэл хотноо үзэсгэлэн худалдаа гаргаж хөдөлмөрчин олныхоо хүнс, цагаан идээний хэрэгцээг хангадаг сайхан уламжлалтай болжээ.

Энэ жил сумынхаа 90 жилийн ойд зориулж, сумын ЗДТГ, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл “Чулуут-90” цагаан идээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан нь нийслэлчүүдийн талархлыг хүлээсэн сайхан ажил боллоо.

Малчид цагаан идээгээр гурил будаа, хувцас хунар зэрэг ойрын хэрэглээний зүйлээ худалдан авахын зэрэгцээ илүүчлэн хураасан идээ цагаагаа зарж борлуулахад дундаж айл жилд 10 орчим сая төгрөгийн орлого олж байна.

Сүүлийн үед, цагаан идээг гэр ахуйн хүрээнд хийгээд зогсохгүй Чулуут суманд цагаан идээний жижиг дунд үйлдвэрлэлүүд буй болсон нь нэн чухал юм. Үүний нэг, Ч.Чимэддэлэг захиралтай “Ар Тусгалт” нөхөрлөл сүүлийн арав гаруй жилийн хугацаанд жилд дунджаар 30 гаруй тонн хэвийн болон хорхой ааруул үйлдвэрлэн аймаг нийслэлчүүдийн хэрэгцээг хангахын зэрэгцээ нутгийн залуусыг ажлын байраар хангах, амьдрал ахуйг дээшлүүлж буй шиг сайн жишээ улам олон болтугай.

Тал эвдэрвэл тамын ёроол сахина

Бараг л Чулуутынханд үлдсэн нэгэн биет бус соёлын өв бол эртний монголчуудын анд бололцох ёсны ул мөр болох “Тал бололцох ёс” юм.

Анд бололцох (тал бололцох) гэдэг нь төрөл садан бус боловч дотно итгэлцсэн хүмүүс хоорондоо ах дүү барилдах ёсыг хэлдэг байна. Тухайлбал:

“Бум-Эрдэнэ” туульд: Хажир хад, Бум-Эрдэнэд

“Хоёр төрсөн чи бид хоёр салах бүү хэл

Нэг төрсөн эрүү толгой хоёр салдаг” гэж,

Бум-Эрдэнийн эх Хажир хард

Алтан уургийг

Ариун цагаан хундганд хийгээд

Хар нүдний минь хараа болсон

Халуун зүрхний минь цусан болсон

Харах үрийн минь мах болсон

Хайрт сайн үр минь

Миний үртэй адил сайн үр болж

Алтан шар уургийг минь ид ид……гэж

МНТ-ны 181 дүгээр зүйлд: Тэмүүжин Сэнгүмд

Дээлтэй төрсөн хөвүүн би ажгуу

Нүцгэн төрсөн хөвүүн би ажгуу хэмээн хэлдгээс анд бололцох ёсны утга учрыг илүү ойлгох биз ээ.

Тал бололцох ёсыг үйлдэхдээ: Урьдаар тэдний аав ээж төрөл садангийн хүмүүс зөвшөөрч, өдөр судраа тохирч, товлосон өдөр аль дүү нь ахмадынхаа гэрт түрүүлэн очиж андын тангараг өргөж монгол ёс дагуу хоёул гарынхаа эрхий хурууг улаан утсаар холбон боож, эмээлийн тохмон дээр өвдөг нийлүүлэн суулгаж,

Тал эвдэрвэл тамын ёроол сахина

Сал эвдэрвэл далайн ёроол сахина хэмээх андгайн үгийг хэлж Эвийг засах хуурай Эвлүүлж наах даавуу Татаад тасрахгүй сур, морь (улаан ногттой цагаан зүсмийн) тэргүүтнийг солилцож тангарагладаг. Мөнхүү ёсыг гүйцэтгээд өргөн дэлгэр найр үйлддэг.

Бие биеэ “тал аа, тал ах аа”, талынхаа аав ээжийг “талын аав”, “талын ээж” гэж авгайлан дуудаж ажил төрөл, амьдрал ахуйдаа харилцан туслалцдаг ах дүүс манай нутагт олон. Энэ бол Чулуутынхны бие биеэ дэмжиж ирсэн нэгэн онцлог юм.

Чулуут голын цуурай, их хөдөлмөрийн уриа

Чулуут гол хангай нурууны Гурван Ангархай уулын баруун хэсгийн араас эх авч, Даваатын гол нэртэйгээр урсан хэд хэдэн гол горхиудыг нийлүүлэн авч “Чулуут гол” болон 415 км урсаж, Идэр голын баруун талд очиж нийлнэ. Чулуут гол Тээлийн голын адгаас доош Ацатын горхины адаг хүртэл 100 орчим км газарт 50-60 м орчим хүрмэн чулуун хавцал үүсгэж урсана. Үүнийг Чулуутын хавцал гэж нэрлэдэг.

Чулуут гол, Чулуутынхны тухай нутгийн үргэлжилсэн үгийн зохиолын нэрт авьяастан О.Цэндийн “Эгийн саарал” роман, “Дулмаа олонтой нутаг”, Идээ сайхантай нутаг”, Чулуут голоор” өгүүллэг, Сарлагийн тухай дуу (Л.Ванганы хамт), Ардын уран зохиолч С.Эрдэнэ “Чулуут голын цуурай”, Төрийн шагналт зохиолч Ч.Лхамсүрэн “Чулуут голынхон”, Б.Бааст “Ар булангаар нутагтай ангууч Бэлэгтийнд”, зохиолч Ч.Уламбаяр “Хурал болох нутаг”, Жамцын Шагдар “Цэвэлдорж” зэрэг нийтлэл тэмдэглэлээс гадна А.Самбалхүндэв, Ч.Мягмарсүрэн, Ц.Бавуудорж зэрэг яруу найрагчдын шүлэг нутгийнхан төдийгүй нийтийн дуртай дуу болон хүн ардын сэтгэлд уянгалсаар байна.

Чулуут гол, Чулуут сумынхаа нэрийг үеийн үед цуурайтуулж яваа Монгол Улсын хөдөлмөрийн баатар У.Доржпалам, Д.Дашжоо, Р.Зинээмэдир, гавьяат багш Н.Биндэръяа, хүний гавьяат их эмч Г.Дуламжав, В.Пунцаг, Д.Дагвасүмбэрэл, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Б.Намбар, гавьяат механикжуулагч Х.Самбага, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Ренчинсамбуу, төрийн соёрхолт хүний их эмч Б.Батчулуун, төрийн соёрхолт зураач Ц.Цэгмид, Улсын аварга малчин Т.Маргид, Ш.Ядамсүрэн, Д.Дашжоо, Б.Авирмэд, Д.Гунгаабуу төлчин Б.Дуламжав, эрдэмтэн доктор Г.Ренчинсамбуу, Б.Бэхтөр, Б.Дамдинсүрэн, Г.Буянтогтох, Н.Аминдаваа, Г.Ёндонгомбо, В.Дагвийхорол, Ц.Эрдэнэчулуун, Б.Пүрэвдорж, Ц.Чимэдлхам, зохиолч О.Цэнд, яруу найрагч Ш.Лхамноржмаа, Монгол Улсын арслан С.Лундаажанцан, улсын заан Н.Мэнтэг, П.Ванчигжав, Д.Ванчинсүрэн, Д.Даваасүрэн, Т.Зундуй, улсын начин Г.Сүхбаатар, П.Моломжамц, Б.Амарзаяа нараараа нутгийн ард түмэн бахархаж явдаг юм.

Мөн Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Намбарын Энхбаяр, Бүх цэргийн жанжны нэгдүгээр орлогч, Улс төрийн газрын дарга, Бүх цэргийн ерөнхий комиссар, Цэргийн яамны дэд сайд О.Дашчирав, Дотоодыг хамгаалах газрын орлогч дарга, партизан Сэрээнэнгийн Гиваапил, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, Ой мод, аж үйлдвэрийн яамны орлогч сайд асан Д.Сэд-Очир, Үйлдвэр худалдааны сайд асан С.Баярбаатар, УИХ-ын гишүүн Б.Болор нарын зэрэг төр нийгмийн зүтгэлтнүүд энэ голынх оо.

МУИС-ийн багш Ч.БАТТУЛГА

Categories
мэдээ цаг-үе

Ц.Ухаанзаяа: Болдог бол хүүхэд бүрийг баярлуулах юмсан


Хэнтий аймгийн Хэрлэн I сургуулийн 7а ангийн сурагч, дуучин, бүжигчин, уран нугараач Ц.Ухаанзаяатай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн сарын 19-нд “Ачийг тань хариулъя” нэртэй хандивын тайлан тоглолтоо Хэнтий аймагт хийж, орлогоороо аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн 16 орыг шинэчлэн, эмнэлэгт хэвтэж байсан хүүхдүүдэд гарын бэлэг, бусад зүйлсийг өгсөн юм.  

-Хүүхдийн баярын мэнд. Сайхан баярласан уу. Өнгөрсөн сард болж өнгөрсөн хандивын тайлан тоглолтын чинь талаар яриагаа эхэлье. Тайлан тоглолтын орлогоо аймгийнхаа төрөх эмнэлэгт хандивлах болон хүүхдүүдийг баярлуулах санаагаа хэрхэн олсон бэ?

-Сайхан баярласан. Жил жилийнхээс илүү онцлог, гоё баяр болж өнгөрлөө. Учир нь, баярлуулсан хүүхдүүд, найзууд болон ээж, аавууд нь утсаар болон мессэжээр баярын мэнд ээлж дараалан хүргэсэн. Тоглолтын хувьд аав, ээж хоёр маань миний тайлан тоглолтыг хийнэ гэж дандаа ярьдаг байсан юм. Тэгээд бид гурав нэг орой тэр талаар ярьж суутал аав “Охиныхоо тайлан тоглолтыг зүгээр нэг тоглолт болгоод өнгөрүүлмээргүй байна. Сэтгэлд нь хоногшсон, олон жил дурсан санах сайхан тоглолт хийе” гэсэн. Тэгсэн ээж маань “Тэгвэл тоглолтын зардлаа хүүхүүдэд болон аймгийнхаа зарим хэрэгтэй газарт хандивлая. Хүмүүст тус хүргэж, баярлуулсан баяр учраас хэзээ ч мартагдахгүй шүү дээ” гэсэн. Тэгээд л бид гурав тоглолтын орлогоо хандив болгоё гэж ярилцсан юм. Тэр үед зурагтаар “Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор” гээд мэдээ гарч байсан. Тэгээд бид аймгийнхаа эмнэлгийн төрөх тасагтай танилцахад дээр үеийн, муудсан, пүрштэй ортой байсан. Тэгээд л орлогоороо орыг нь сольж өгье гэж шийдсэн. 

Бас хүүхдүүдэд бэлэг бэлэглэж, тоглоомын өрөөг нь тохижуулсан гэсэн үү?

-Өрөө тохижуулж чадаагүй ээ. Боломж байсан бол тохижуулж, гоё болгоод өгөх юм зөндөө байна лээ. Гэхдээ “Хүүхдийн тасаг”, Уламжлалт анагаах ухааны төвийн дэргэдэх Хоол тэжээл, сэргээн засах сувилалд 300.000 төгрөгийн долоон төрлийн 22 тоглоом, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн түрдэг тэргэнцэр бэлэглэсэн. “Ачийг тань хариулъя” тоглолтын маань орлого 2.6 сая төгрөг болж, төрөх тасгийн 23 орны 16-г нь модон, шинэ ороор сольж өгсөн. 

-Тоглолтынхоо нэрийг яагаад “Ачийг тань хариулъя” гэсэн юм бэ?

-Аав, ээж, багш, ах, дүү хамаатан садныхан болон найз нөхдийнхөө хүчинд өдий зэрэгтэй боллоо. Тоглолт хийж, юу сурсан, мэдсэнээ харуулахын зэрэгцээ бусдад тусалж ачийг нь хариулъя гэж бодсон учраас ийм нэр олсон. Гэхдээ үүнийг бас аав, ээжтэйгээ ярилцаж шийдсэн. 

-Хэрвээ тоглолтын орлогоо хандивлахгүй байсан бол хамгийн түрүүнд юу авах байсан бэ?

-Тоглолтын хувцас. Тэгээд аав, ээж хоёртоо мөнгөө өгнө. Бас дугуйлангийн найзууддаа бэлэг авч өгөх байсан. 

-Мянга мянган хүүхэд болон томчууд чам шиг бусдад туслахыг хүсч, мөрөөдөж байгаа байх. Чамайг дуулдаг,  бүжиглэдэг бас уран нугардаг олон авьяастай, шилдэг сурагч гэж байсан. Авсан шагнал, оролцож байсан тэмцээн, уралдаануудаасаа дурдвал?

-Би нийслэлийн “Шилдэг сурагч”, Хэнтий аймгийн 2013 оны “Шилдэг сурагч”, Эрүүл мэндийн салбарын “Эх, хүүхдэд ээлтэй” сурагч болоод байгаа. Мөн Монголын Хүүхдийн төлөө үндэсний газрын “авьяас” алтан медаль, Монголын хүүхдийн ордны “эрдэм” алтан медаль, Монголын сурагчдын холбооны “авьяаслаг сурагч” алтан медаль, “Цэцгэн шүүдэр” уран нугаралтын улсын уралдааны хошой “алтан” медаль хүртсэн. Харин сонирхлын хувьд дуулж, бүжиглэж, нугардаг. Гурван настайгаасаа дуулж, ээж маань намайг “Алтан цом” улсын уралдаанд оролцуулж, тэргүүн байр эзлээд Хөх хот руу аялан тоглолтоор явснаар урлагт дуртай байх гараа маань эхэлсэн гэж боддог. Үүний дараа таван настайгаасаа уран нугаралтын дугуйланд явж, нугарч эхэлсэн. Бас цэцэрлэг, сургуулийн урлагийн арга хэмжээнд бүжиглэдэг. Уран нугаралтаараа ОХУ, БНСУ, Хөх хот зэрэг газруудад удаа дараа тоглолтоор явсан. Би Ц.Банзрагч багштай “Дэлбээ” хамтлагийн нугараач. Бас хулсан хуураар хуурддаг. 

-Чи Хэнтийд сургуульд сур­даг мөртлөө Улаанбаатар хо­тод байгаа нугаралтын дугуйландаа яаж явдаг юм бэ?

-Би гэртээ нугаралтаа давтдаг. Хагас, бүтэн сайн өдрөөр ихэвчлэн хот орж, дугуйландаа явдаг. Аав, ээж хоёр маань намайг нугарах дуртай болохоор  аль болох хүргэж өгөхийг хичээдэг. Эхэндээ хол явж дугуйланд хичээллэх хэцүү санагддаг байсан ч одоо бүр дасчихсан. Тоглолттой үеэр хотод байж дасгал, сургуулилтаа хийдэг. 

-Хотод хандивын тоглолтоо хийе гэж бодож байсан уу. Хүмүүст туслах, хүүхдүүдийг баярлуулахад ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Хүмүүсийг баярлуулах л хамгийн гоё. Эмнэлэгт хэвтэж байсан хүүхдүүдэд бэлэг өгө­­хөд тэд чин сэтгэлээсээ баяр­лаж байгаа нь мэдрэгдэж, на­дад сайхан байсан. Тэгээд болдог бол хүүхэд бүрийг баярлуулж байх юмсан гэж бодогдсон. Хүүхдийн баяраар хүртэл хашаандаа тоглож байгаа хүүхдүүдийг хараад бэлэг өгөх юмсан, баярлуулах юмсан гэж бодогдсон. Хотод тоглолт хийх тухай бодоогүй юм байна. Ер нь цаашдаа бусдад тусалж, бусдыг чин сэтгэлээсээ баярлуулдаг бүхнийг хийнэ гэж бодож байгаа. Бас том болоод би эмч болно. 

Э.БААТАР

Categories
мэдээ цаг-үе

Бүх гүйлгээг дансаар хийдэг болчихвол үл хөдлөх хөрөнгө биш данс барьцаалах боломжтой

-БОДЛОГО НЬ
ХЭРЭГЖЭЭД ЭХЭЛЧИХСЭН УЧРААС АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ТОГТВОРЖИНО-

Төрийн банкны гүйцэт­гэх захирал Д.Батсайхантай ярилцлаа.

 -“Хадгаламж”
банкийг Төрийн банкинд шилжүүлээд бараг жил болох гэж байна. Тухайн үед
шүүмжлэх хүн олон байсан. Ер нь энэ алхам хэр зөв шийдэл байсан гэж та боддог
вэ?

– Өнгөрсөн оны  долдугаар
сарын 22-нд Хадгаламж  банкийг Төрийн
банк руу шилжүүлэх болсон нь түүхэн шийдвэр байсан гэж боддог. Өмнө нь
арилжааны банкууд бие биедээ нэгдэх, шилжих процедур олон удаа болж байсан ч
Хадгаламж банкны хувьд Монголбанк асуудлыг түрүүлж харж, хүндрэхээс нь
өмнө  арга хэмжээ авч чадсан. Үр дүн нь ч
сайн байгаа. Би танд хэр зөв шийдвэр байсныг хэдхэн тоогоор хэлье. Төрийн банк
руу Хадгаламж банк  шилжсэний дараахан
1.2 их наяд төгрөгийн  активтай байсан.
Гэтэл одоо манай банкны актив 1.9 их наяд төгрөгт хүрлээ. 60 хувиар өссөн гэсэн
үг. Татан төвлөрүүлсэн хөрөнгийн  хэмжээ
гэхэд л  50 гаруй хувиар өссөн. Төлбөр
түргэн гүйцэтгэх чадвар 45 хувьд хүрч монголбанкны  шалгуур үзүүлэлтийг 80 гаруй хувиар давуулж
биелүүллээ.

-Хадгаламж
банкийг нэгтгэхээс өмнө Төрийн банк хэр ашигтай ажиллаж байсан бэ. Банкууд
нэгдсэний дараа хэр хугацааны дараа ашигтай ажиллаж эхэлсэн бол?

 -Хадгаламж банкийг
шилжүүлэх шийдвэр гарахаас өмнө Төрийн банк 
сардаа нэг тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан. Өмнө нь Хадгаламж
банк сардаа 2-5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг байсан.  Шилжүүлсний дараа ашигтай ажиллаж эхэлсэн үе
гэвэл өнгөрсөн оны  есдүгээр сар. 

Хоёр
сарын дараахнаас л үр дүн нь гарсан гэсэн үг. Төрийн банк 2013 оны эцэст долоон
тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол энэ оны эхний таван сард 11 тэрбум
төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Хадгаламж банкны өөрийн хөрөнгийн үзүүлэлт
тухайн үед Монгол банкнаас тогтоосон стандарт шаардлагыг хангаж чадахгүй
хэмжээнд очсон байсан юм. Тэгвэл өнөөдөр энэ 
асуудал хэвийн боллоо. Төрөөс нэг ч төгрөг гаргалгүй энэ  өөрчлөлтийг хийсэн нь л хамгийн сайн  үр дүн гэж би хардаг.  Өмнө нь банкуудыг эрсдлээс хамгаалах  гэж төрөөс мөнгө гаргадаг байсан шүү дээ. Нэг
зүйлийг онцолж хэлэхэд Хадгаламж банкны харилцагчдын эрх ашгийг хамгаалж чадсан
нь тоогоор хэмжих аргагүй том үр дүн. Хадгаламж банк тэр хэвээрээ үйл
ажиллагаагаа үргэлжлүүлсэн  бол дампуурах
эрсдэлд орж, 1.7 сая харилцагч 900 гаруй тэрбум төгрөгийн хохирол амсах байсан.
Гэтэл өнөөдөр ямар ч харилцагч нэг ч төгрөгийн хохирол амсаагүй харин ч
харилцагчийн санхүүгийн үзүүлэлтүүд сайжирсан.

-Ингэхэд
хуучин Хадгаламж банкинд ажиллаж байсан хүмүүсээс цомхотгосон ажилтан бий юу?

 -Байхгүй. 3300 гаруй
ажлын байрыг хадгалж авч үлдсэн. Тухайн үед ажиллаж байсан бүх хүн өнөөдөр
ажлаа хийгээд явж байна.

-Банкуудыг
нэгтгэх шийдвэр гэнэтхэн л гарч хэрэгжээд эхэлсэн гэж олон нийт хардаг. Тэр үед
яг ямар процесс өрнөж байсан бэ?

-Монголбанк хоёр сар гаруйн хугацаанд Хадгаламж банкин дээр
Хяналт шалгалтын групп гаргаж ажиллаад дөрвөн хувилбар гаргаж ирсэн. Үүнийг нь
Засгийн газар шийдвэрлэснээр миний саяны хэлсэн үр дүнгүүд гарсан л даа.
Сангийн яам, Монголбанк хоёр шилжилтийн процедур дээр их сайн ажилласан.
Шилжилтийн процедур богино хугацаанд өрнөсөн гэдэгтэй санал нэг байна.  

Олон нийтэд мэдээлснээс  хойш 18-хан цагийн хугацаанд бид Монгол орны
бүх нутаг дэвсгэрт хүрч, хуучин хаяг, тамга тэмдэг албан бланк зэргийг Төрийн
банк болгон шинэчилж,  долдугаар сарын
23-ны өглөө есөн цаг гэхэд бүх салбар нэгжүүдээ Төрийн банкны тамга тэмдэг,
хаяг, диллертэй нь ажиллуулж  гүйлгээг хэвийн
явуулж эхэлсэн.  Шилжилтийн хоёр дахь үе
шат өнгөрсөн оны есдүгээр сарын 6-ны өдөр дууссан. Энэ хугацаанд программ
хангамжийг шилжүүлэх бүртгэлийн нэгдсэн системд орох өөрчлөлтүүдийг хийж
чадсан.

-Хадгаламж  банк эвгүйдлээ гэсэн мэдээлэл тархахаар
мөнгөө хадгалуулсан хүмүүс авч эхэлсэн нь ойлгомжтой. Хадгаламжаа  татсан хүмүүс хэр олон байсан бэ?

-Төрийн банкинд нэгтгэх шийдвэр гарсан долдугаар сарын 22-ноос
өмнөх өдрүүдэд хадгаламж татах үзэгдэл маш их байсан. Өдөрт хамгийн багадаа 15
тэрбум төгрөг,  дээд тал нь 40-50 тэрбум
төгрөг гарч байсан юм билээ. Гэхдээ энэ үзүүлэлтийг бид мэдэхгүй л дээ. Сүүлд
нь харахад ийм үзүүлэлтүүд анзаарагдсан юм. 
Нэг сонирхолтой нь банкууд нэгдээд ажиллаж эхэлсэн өдөр буюу өнгөрсөн
оны долдугаар сарын 23-ны өдөр 11.40 цагт шинээр хадгаламж нээгдэж байсан. Ер
нь хадгаламж эхний сардаа л өсөөд эхэлчихсэн. Иргэдийн хадгаламжийн хэмжээ 50
гаруй хувиар өссөн дүнг гарсан.

-Туршлагатай
банкирын хувьд банкууд нэгдэх үед ингэж тэгж ажиллавал ашигтай ажиллана гэсэн
төсөөлөл танд  байсан байх?

-Шийдвэр маш богино хугацаанд гарсан учраас төсөөлөлтэй байж үнэндээ
чадаагүй. Энэ байдлыг анх мэдсэн өдөр гэвэл долдугаар сарын 19. Тэр өдөр Монгол
банкнаас бидэнд анх хандсан юм. Бид судалж үзээд 22-нд  шийдвэрээ гаргасан. Хадгаламжийг шилжүүлж
авсны дараа хамгийн түрүүнд хүний нөөц дээрээ тулгуурлаж ажиллах ёстой гэж
бодсон. Эхлээд бүх ажилтнуудынхаа мэргэжил, ур чадварын түвшинг тогтоож  чадваржуулах ажлыг үе шаттайгаар хийсэн.
Шилжилтийг ямар нэг эрсдэлгүйгээр давах шаардлага байсан учраас ажилтнуудаа
аймаг сумдад хуваарилж хөрөнгө шилжүүлэх, актив шилжүүлэх гээд процедур бүрийг
хянах ажлын хэсгүүдийг томилон ажиллуулсан юм. Дараагийн анхаарсан ажил бол
үйлчилгээ үзүүлэх. Харилцагчдаа угтаж авдаг банк байя гээд угтах үйлчилгээг
эхлүүлсэн. Чирэгдэлгүй үйлчлэх ёстой гэж үзсэн учраас шинээр цахим
бүтээгдэхүүнүүд гаргасан. Заавал банкин дээр ирэлгүйгээр үйлчилгээ авах
боломжуудыг нь  нээж өгсөн гэсэн үг.
Дараагийн хийсэн ажил гэвэл муу зардлуудаа багасгах аян. Үр дүнд нь 2013 оны
эцэст муу зардлыг 2.3 тэрбум төгрөгөөр бууруулсан бол он гарснаар энэ үзүүлэлт
3.5 тэрбум төгрөгт хүрсэн.

-Муу
зардлуудыг бууруулна гэхээр илүү хэрэглээгээ хумьсан гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Ажилтнууддаа хандсан зардал банкинд үр
өгөөжөө өгч буй зардлуудаас бусад 
зардлыг хумьсан гэсэн үг.

 -Танай банкийг 
нэгдүгээр эмнэлэгт диализийн аппарат бэлэглэх гэж байгаа гэж сонссон.
Ажилтнуудын амьдрал, банкны хөгжилд хэрэгтэй зардлуудаас гадна нийгэм рүү
чиглэсэн зардлуудаа хумиагүй гэж ойлгож болох уу?

-Саяын таны асуудаг зүйл бол өөр шалтгаантай. Засгийн газрын
тогтоолоор банкны ажилтны өдрийг энэ жилээс анх удаа тэмдэглэж эхлэх гэж байгаа
юм. Монголд банкны тогтолцоо үүсч бэхжсэний 90 жилийн ой бас энэ онд тохиож
байна. Ой тэмдэглэнэ гэхээр л хүмүүс баярын концерт, хүлээн авалт, шагнал
урамшуулал гэж ойлгодог. Бид тэгье гэж бодоогүй. Нийгмийн сайн сайхны төлөө нэг
төсөл хэрэгжүүлье гэж шийдсэн л дээ. Банкны системийн 90 жилийн ойд зориулж “90
90” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Сайн үйлсийн сан гэж байгуулаад ажилтан бүр
9090 төгрөг хандивласан чинь  32 сая
төгрөг болсон. Ажилтнуудынхаа саналуудаас шигшээд  клиникийг нэгдүгээр эмнэлэгт бөөрний аппарат
авч өгөхөөр шийдсэн.

-Зарим
улстөрч төрөөс бодлогоор өгч байгаа хөнгөлөлттэй зээлийг Төрийн банкаар
дамжуулан өгөх ёстой, Төрийн банк төрийнх юм чинь бусад арилжааны банк шиг
барьцаа шаардалгүйгээр зээл өгөх ёстой гэдэг. Үүн дээр та ямар тайлбар хийх вэ?

-Аль ч банкинд суурь нөхцөл шаардлага байх ёстой.  Хамгийн түрүүнд тавих шаардлага гэвэл
санхүүжилт хүссэн төслүүд хэрэгжүүлэхэд 
үр ашигтай байх хэрэгтэй. Тухайн төсөл үр ашигтай эсэхийг ямар ч банк
үнэлж цэгнэх учиртай. Анхаарах хоёр дахь өнцөг нь барьцаа хөрөнгөний шаардлага
хангасан байх хэрэгтэй. Аль ч банкинд байх зүйл. Энэ хоёроос бусад зүйлийн
хувьд ялгаатай байж болно. Ялгаатай байгаа зүйлүүдийг аль болох багасгах,
шуурхайлах өөрчлөлтүүдийг Төрийн банк арай түлхүү хийчихсэн юм байна гэж би
харж байгаа. Жишээ нь өнгөрсөн онд бид зээлдэгчийн бүрдүүлдэг бичиг баримтыг
2-3 дахин багасгая, зээл шийдвэрлэгддэг хугацааг 3-4 дахин бууруулъя гэдэг
зорилт тавиад ажилласан. Зөвхөн цалингийн зээл дээр гэхэд 9-10 төрлийн бичиг
баримт бүрдүүлдэг байсныг 3-4 л болгосон. Хамгийн богино хугацаанд
шийдвэрлэгдсэн зээл 72 цагийн дотор шийдэгдэж байсныг таван минут
болголоо.  Ийм ажлууд өрнүүлсэн учраас
Төрийн банкинд хандах иргэдийн сонирхол нэмэгдсэнийг үгүйсгэхгүй. Түүнээс биш
Төрийн банк л байгаа бол ямар ч барьцаа хөрөнгөгүй зээл өгнө гэсэн ойлголт байж
таарахгүй.

-Гэхдээ
үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй хүмүүс хэдий сайн төсөл боловсруулсан ч барьцаа
хөрөнгө яах аргагүй асуудал болоод байна л даа. Нэг нь барьцаа үнэхээр байхгүй,
нөгөө нь барьцаагүй учраас мөнгө өгөхгүй гээд суугаад байвал үр дүн гарахгүй л
байх?

-Барьцааны тухайд банк, харилцагч гэсэн хананы хоёр талд
гарчихаад нэг нь барьцаа байхгүй, нөгөө нь барьцаа өгөхгүй гээд суугаад байхаас
илүү гарц бий.  Улсын хэмжээнд бүртгэлийн
системийг төгөлдөржүүлэх шаардлагатай байгаа. Олон улсад хөрөнгө
барьцаалахаасаа илүү данс барьцаалдаг. Манайд харин эсрэгээрээ.  Учир нь манайд гүйлгээ бүр дансаар
хийгддэггүй. Харин олон улсад данснаас гадуур гүйлгээ байдаггүй болохоор тухайн
хүний дансны гүйлгээнд тулгуурлаад зээлээ олгодог. Манайд данснаас гадуур
их  мөнгө эргэлддэг болохоор үл хөдлөх
хөрөнгө барьцаалахаас аргагүй  болчихож
байгаа юм. 

-Эдийн
засаг хэцүү байгаа энэ нөхцөлд хямралыг бага эрсдэлтэй туулахын тулд банкууд
дор бүрнээ эрсдлээс хамгаалсан ажлууд хийж байгаа байх.  Төрийн банк эрсдэлд ямар тактиктай ажиллаж
байна?

-Төрийн банк хэдэн сарын өмнөөс эрсдлийн тухай ярьж, эрсдэлээс
ангид байх бодлогоо боловсруулчихсан. Манай банкны салбар бүрд эрсдлийн хороо
ажиллаж байна. Эрсдлээ урьдчилж  харж
чаддаг болсон гэсэн үг. Өнөөдөр эдийн засаг тэгтлээ муудсан юм алга. Онолын
талаасаа эдийн засаг сайн, муу аль аль замаар нь явдаг. Эдийн засагт өсөлтийн
тааз, уналтын шал гэдэг хоёр юм бий. Эдийн засаг энэ хоёрын дунд өрнөдөг.
Тэгэхээр өнөөдөр эдийн засаг шалан дээр унатлаа дордоогүй. Өсөлт рүүгээ явж
байгаад саармагжсан тал бий. Үүнийг хямрал боллоо гэж  дэвэргэхийн оронд зөв оношилж, зөв аргаар
давж гарах л хэрэгтэй.

-Уул
уурхайн төслүүдийн зээлийн эргэн төлөлт хэцүүхэн байгаа. Танай банкны хувьд уул
уурхайн том төслүүд санхүүжүүлсэн үү?

-Манайд харилцагчийн хоёр сегмент л байдаг. Хамгийн эхнийх нь
иргэдийн зах зээл. Хоёр дахь зах зээл нь жижиг дунд бизнес эрхлэгчид.  Манай зээлийн бодлого энэ хоёр чиг рүү түлхүү
явж байгаа. 

-Төрийн
банкны санхүүжүүлсэн  төслүүдээс өгөөжөө
өгөөд эхэлсэн бизнес гэвэл юуг онцлох вэ?

-Манай банкны хөрөнгө оруулалтын зээлээр байгуулсан Дархан таван
нуур гэж гурилын том үйлдвэр байна. Дархан Сэлэнгэд тариалсан буудайгаар гурил
хийж  бүс нутгийн дотоодын хэрэгцээг 100
хувь хангаж байна. Манай банкнаас жил бүр эргэлтийн хөрөнгө оруулалтыг нь
шийдэж өгч байгаа. Манайх орон сууцны зах зээл дээр ажилласан  туршлагатай банк. Зургаан хувийн зээл гээд
нэлээд асуудал болж байсан даа. Энэ хөтөлбөрийн ачааны хүндийг үүрч, асуудлыг
зохистойгоор шийдэж чадсан. Засгийн газар, 
Монгол банк, Барилга хот байгуулалтын яамтай хамтарч найман хувийн
хүүтэй зээлийн хөтөлбөр үүсгэхэд Төрийн банк идэвхтэй оролцсон. Үр дүнд нь орон
сууцны найман хувийн хүүтэй зээл бүхий л банкуудаар дамжин амжилттай хэрэгжиж
байна.

-Орон
сууцны зээлийн эргэн төлөлт өндөр байдаг гэж мэдээлдэг. Танай банкны хувьд орон
сууцны зээлийн эргэн төлөлт ямархуу байгаа вэ?

-Манай банкны хувьд зээлийн эргэн төлөлт дээр арилжааны банкууд
дотроо хамгийн сайн үзүүлэлттэй байгаа. Манай банкнаас  олгосон зээлүүдийн  99.1 хувь нь цаг хугацаандаа төлөгдөж байна.
Банкны системийн дундажтай харьцуулбал 4-5 дахин сайн үзүүлэлт. Тэр дундаа орон
сууны зээл бараг 100 хувийн эргэн төлөлттэй явж байгаа.

-Валютын
ханш өссөөр байна. Монгол банкны барьж буй бодлого хэр зөв гэж та бодож байна?

 -Урсаж байгаа усыг хүчээр
барьж болно. Хүчээр далан барихад нэг хэсэг хугацаанд торгоох ч сүүлдээ  дийлдэхээ болино. Тэгэхээр усыг хүчээр
барилгүйгээр зүй тогтолд нь тохируулсан зохицуулалт хийх нь урт хугацаандаа үр
дүнгээ өгнө.  Валютын ханшийг өмнө
нь  дандаа хүчээр барьж  байсан. Хүчээр барьж байсан учраас сүүлдээ
дийлэхээ больж том хямрал бий болдог. Тийм учраас Монгол банкны хүчээр барих
биш, зүй тогтолоор нь удирдах бодлого урт хугацаандаа үр дүнтэй гэж харж
байна. 

-Зарим
шинжээч ам.доллар 2000 төгрөг хүрэх эрсдэл бий гэж байгаа. Жамаар нь гээд сул
тавьж болохгүй байх. Монгол банкны зүгээс ханшийн өсөлтийг цаг зуурынх гэсэн
тайлбар хэлсэн. Таныхаар валютын ханш хэзээнээс тогтворжих бол?

-Саяын хэлсэнчлэн ерөнхий хэв маягийг эвдэхгүйгээр урсгалыг
нь  өөрчлөх  бодлогууд хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэр
бодлогуудыг хэрэгжүүлээд эхэлчихсэн. Нэг үеэ бодвол хөрөнгө оруулалтын орчин
таатай болчихлоо. Экспортыг дэмжих бодлогууд эхэлчихлээ.   Дотооддоо импортыг орлох бүтээгдэхүүнүүдийг
дэмжсэн хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Энэ бүхний дүнд ам.долларын  ханш тогтворжино. Монголын эдийн засагт нэг
буруу зүйл байна. Сенсацийн эдийн засаг болчих гээд байдаг тал бий. Хэн нэг нь
ам.доллар  өсөх гээд байна шүү гэхээр
олноороо доллар аваад хадгалж эхэлдэг. 
Хэрэггүй мөртлөө валют аваад байгаа маань ханш өсөх эрсдэл болоод байна.
Ийм хандлагууд эргээд бизнес болчихоод байна 
л даа. 

 Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ж.Энхбаяр: Улс төржилтийг бид дэндүү их үнээр төлж байгаад харамсч байна

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.

 -Төсвийн
хүрээний мэдэгдлээ батлах гэж хэл амтайхан л юм болцгоолоо. Хугацаандаа баталж амжихгүй
хэмжээнд хүрэх гэж байна шүү. Танай намынхан аливаа асуудлыг ингэж хүндрүүлэх хэрэг
байдаг юм уу?

-Төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг Монгол Улсын нийгэм эдийн засгийн
толь шүү дээ. Нөгөө талаасаа 2015 оны төсвийн хүрээний төсөөлөл, 2016 оны төсвийн
хүрээний чиглэл гурав давхар явдаг юм. Зорилго нь улс орныхоо нийгэм эдийн засгийн
ирээдүйн ерөнхий төлөвлөлтийн салбар хоорондын уялдааг гаргах гэсэн бодит үзүүлэлт.
Улс орон төлөвлөх шаардлагагүй зах зээлийн нийгэмд өөрөө зохицуулчихдаг юм гэж шулуухан
хэлээд хэт харь үзэл баримтлалыг дагаж нэлээд хэдэн жил туулаа. Явж явж буцаад
20 жилийнхээ өмнөх дээрээ бууж байна. Улс орон хөгжье гэвэл нийгэм эдийн засгийнхаа
нөөц боломж чадавхийг тооцоолдог, байгаа хүчин чадлаа төсөвлөдөг, төлөвлөдөг. Тэгж
байж улс хөгждөг  гэдгийг одоо эргээд ойлгож
байна. Үндсэндээ өмнө нь хийж чаддаг байсан зүйлсээ дахин сэргээх гэж оролдож байгаа
юм. Өмнө нь бид хичнээн мянган га талбайг усжуулж чаддаг байлаа. Түүнийг бүгдийг
нь зараад дуусгасан. 1990 оноос өмнө усжуулдаг байсан талбайнхаа 10 хувьд хүрэх
талбайг усжуулж эхэллээ. Улаанбаатарыг тойроод 300 гаруй эрчимжсэн мал аж ахуйтай
байсан. Одоо дөнгөж 20-30 аж ахуйтай болж байна. Аж үйлдвэрийн парк гэж яриад л
байгааг сонсоо биз. Дархан, Эрдэнэтийн бүсэд төмөр зам, дэд бүтэцтэй нь хамт хийчихсэн
байв. Яаж тэрийг тараан дуусгалаа даа. Монгол Улс нүүгээгүй, цаг агаар өөрчлөгдөөгүй,
түүхий эдийн нөөц, хүн ам, эдийн засаг хийгээд уул уурхай, ашигт малтмал, хоёр хөрш
маань хэвээрээ л байна. Эх орныг хөгжүүлэхийн тулд энэ бүгдийг тооцоолдог байсан.
Энэ мэтчилэн 20 жил үгүйсгэсэн зүйлсээ дахин ярьж эхэлж байгаагаас харахад улс оронд
төлөвлөлт хэрэгтэй нь анзаарагдаж байгаа юм. Нэгдэлжих хөдөлгөөн нэгдэл хэрэггүй
гээд л байсан. Одоо нэгдэл гэж арай нэрлэж чадахгүй хоршоолол гэдэг юм яриад л явж
байна шүү дээ. Оройтсон ч гэсэн үүнийг ухаарч байгаад баярлаж байна. Гэтэл сая орж
ирсэн төсвийн төсөөллийг харахгүй юу.

-Яг
яачихсан байна гэж?

-Бид 17.7 хувийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засгийг энэ засагт
хүлээлгэн өгсөн. Тасралтгүй уналаа. Ингэж унасаар 2016 он гэхэд таван хувь руу орно.
Бодит инфляциа гүйцэж чадахгүй эдийн засгийн өсөлтийг хангаж ирж байна. Энэ нь эдийн
засаг асар хүчтэй агших нь ээ гэдэг төсөөллийг засаг оруулж ирлээ. Нөгөө талдаа
өрийн хэмжээг тасралтгүй нэмж оруулж ирэх юм. Монгол Улс Засгийн газрын өр нэмэгддэг,
эдийн засаг буурдаг боллоо. Зүй тогтол нь санхүүгийн чадвар нь нэмэгдэж байвал эдийн
засаг өсөх ёстой. Гэтэл сөрөг орж ирэх юм. 10 гаруй жил тогтвортой байлгаж ирсэн
эдийн засгийнхаа орчныг хоёрхон жилийн дотор нураачихлаа. Жилд 20 хувийн өсөлттэй
эдийн засгийн орчныг хангаж байж өнөөдрийн гадаад өр зээл, төлбөр гадаад зээлийн
үйлчилгээгээ даах чадавхийг бүрдүүлнэ. Энэ удаагийнхыг харахад өрийн хавханд орсон,
өрийн хавцал руу унасан тийм л зүйл болчихлоо. Засгийн өр нэмэгдэхгүй бол засаг
өөрөө өөрийгөө авч явж чадахгүй хэмжээнд хүрнэ. Хоёрхон жилийн өмнө та бүгдийн муу
хэлдэг Ардын намынхан гаднаас зээл авахгүй цалин тэтгэвэр нэмж, зээлжих зэрэглэл
өндөр, хамгийн ирээдүйтэй улс орныг хүлээлгэн өгсөн.

-Таны
ингэж магтаж яриад байгаа чинь та нарын гавьяа бус Оюу толгойн л ач байсан биз дээ?

-Оюу толгой гэж үндэстэн дамнасан том компанийн хөрөнгийг оруулж
ирээд түүнийг дагуулан олон компанийг босгож, залуучуудаа мэргэшүүлж үүний дүнд
МСҮТ-ийг сэргээсэн. Босгоод ирсэн уул уурхайг нурааж байна. Оюу толгойг даган хайгуул,
судалгаа, зураглалын салбар нурж байгааг харж байгаа биз. Оюу толгой чинь газар
сайгүй явж байдаг Оюу толгой ч биш. Дэлхийд нэг тэрбум ам.доллараас дээш хөрөнгө
оруулалтыг дэлхийн хэмжээнийх гэдэг. Дэлхийн бүх улсууд хөрөнгө оруулалт татахын
тулд өрсөлдөж байна. Бид ганцхан Оюу толгой гэдэг компани дээр долоон тэрбум ам.доллар
оруулсан. Түүнийхээ хоёр дахь үе шатыг хэрэгжүүлж чадалгүй улстөржөөд алдаж байгаа
нь даанч харамсалтай. Үүний цаана хэн хохирч, ямар их боломж алдаж байгааг хар.
Бид хэдэн зуун тэрбумын алдагдал хүлээж байна. Эдийн засаг бүтэн их наядаар агшаад
эхэллээ. Түүний цаана тэрбум долларын зах зээл агшиж, бүтээн байгуулалт, ажлын байр,
үйлчилгээ, ханган нийлүүлэлтийн салбар нурж байгаа юм. Хамгийн аймшигтай нь Монгол
Улсын нэр хүнд унаж байна. Дэлхийн бизнест хөл тавьсан 20 гаруй компанийн хувьцаа
500-1000 хувь уналаа. Оюу толгой компани манайд хөрөнгө оруулсан долоон тэрбум ам.долларын
тал буюу 3.5 тэрбум ам.доллараа алдагдал болгоод зарласан. Үүнийг ярьж байгаа хүн
ч алга. Монголын хэдэн гайгүй компани нийлээд консерциум байгуулан Ухаа худаг төслийг
хэрэгжүүлэн Хонконгийн зах зээлд хувьцаа гаргасан. 14 ам.доллар хүрсэн хувьцаа өнөөдөр
1400 дахин унаж “0” үнэтэй боллоо. Дэлхий ертөнц Монгол Улсад ямар үнэлгээ өгөөд
буйг энэ хоёр тооноос харахад л хангалттай. Зүүд зэрэглээ шиг л зүйл болоод байна.
Бид 2012 оныхоо хэмжээнд хүрэхэд дахиад 10 жилийн ажил хийх болчихлоо. 

-Ардчилсан
гэлтгүй Ардын намынхан Монголын төрийг сүүлийн 25 жил удирдалцаж байгаа биз дээ?

-1996-2000 онд Ардчилсан нам засгийн эрх бариад 474 төгрөгийн үнэтэй
байсан монгол төгрөгийг 1040 болтол нь унагаж байсан. Түүнээс хойш 10 жилийн хугацаанд
эерэг нөхцөлийг бүрдүүлж дэлхийд Монголыг гаргаж чадсан. Одоо байр сууриа алдаж
байна. Манайхан ямар том бодлогын алдаануудыг хийв. Дэлхийн хоёр том гүрэн болох
хоёр хөрш орны төрийн тэргүүнүүд уулзахад Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг
“Тэнд хоёр хүн уулзаа л биз. Маньд ямар хамаатай юм” гэж байсан. “Маньд ямар хамаатай
юм” гэдэг үгийг нь хөрш хоёр орон харууллаа. Ийм хамаатай байдаг юм, ийм гэрээ зурж
байна, та нар хараад зогсож бай гэж байгаад харуулсан. Монголын нүүрс үнс болж байна.
Таван толгойгоос олборлосон нүүрс Улаанбаатарын хажуухнаас олборлож буй хайрганаас
хямдхан болж байгааг тооцоолж байгаа юм уу. Тэр үнэ цэнийг унагасан улстөрчдөд ямар
хариуцлага тооцож байна вэ. Хэдэн зуун тэрбумын татварын орлогын боломжийг алдагдууллаа.
Дэндүү харамсалтай. Энэ улс төржилтийг бид дэндүү их үнээр төлж байгаад харамсаж
байгаа юм. Эрх баригчид өр сайхан гэж ярьдаг болсон. Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй
мал таргалдаггүй гэж ардын үг бий шүү. Одоо эсрэг болж л дээ. Ханшаа ч зөв тогтоогоод
орж ирж чадахгүй, ийм төсвийн төсөөлөл мэдээлэлтэй орж ирж байна. 2016 онд нэг оронтой
тоонд хүрэх төсвийн төсөөллийг оруулж ирлээ. Хоёр жилийн өмнө юу ярьж байлаа. Тийм
болохоор бид шүүмжлэлтэй хандахгүй яах юм. Ардчилсан намд фракц хоорондын зодоон,
мөнгөний төлөөх тэмцэл явагдаж байна. Тэдний эрээ цээр хэтэрлээ. Намынхаа дунд шатанд
юу болж байгааг хар даа. Яриад байсан авлига хээл хахууль алиагаа алдаж эхэллээ.
Орон нутагт мэргэжилтэй боловсон хүчин алга. Дөрөвдүгээр ангийн боловсролтой хүн
аймгийн дарга, бага ангийн багш Эрчим хүчний үйлдвэрийн газрын дарга болж байна.
Ардын нам дөрвөн жил цалин, тэтгэвэр нэмж дээрээс нь сар бүр 21 мянган төгрөг өгсөн.
Тэгэхэд доллар, төгрөг тогтвортой байв.

-Эдийн
засгийн хөгжлийн сайд манай сонинд өгсөн ярилцлагадаа “Ажил хийх гэхээр Ардын намынхан
хийлгэхгүй байна” гэж ярьсан байна лээ?

-Өнөөдөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга, Прокурор, шүүх,
тагнуул, АТГ нь бүх яамдууд, агентлагууд нь Их хурал дахь олонх нь байхад өөр юу
гоншигноод байгаа юм. Өөр юу хэрэгтэй юм. Дээрээс нь Монголын түүхэнд байгаагүй
мөнгөний эрх мэдэл, зээл, бонд, төсөв байна. Өөр юу хэрэгтэй гэж. Хэрэв бидэнд ийм
мөнгө байсан бол эдийн засгийг жилд 30 хувиас буулгахгүй өсгөх байсан. Зээлгүйгээр
өөрсдийн дотоод чадавхийг зөв зохион байгуулж эдийн засгаа өсгөөд явж чадсан. Өнөөдөр
асар их зээл өр авчихаад цалин нэмэгдэхгүй, худалдан авах чадварыг нь унагаад байгаа
Засгийн газартай харьцуулж болохгүй. Тэдэнд юу дутсан юм. Хоёр жилийн өмнө тэд ямар
бардам байлаа даа. Нийт монголчууд хохирч байгаа энэ үед хэвлэл мэдээлэл асч буцалж
байх ёстой. Гэтэл үгүй байна. Үүнд харамсч байна. Хаалтын гэрээ хийгдэж байгаа талаар
мэдээлэл авч байгаа. Монгол жижигхэн шүү дээ.

-Танай
бүлгийн зүгээс Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах саналаа өргөн барьсан. Огцрууллаа
гээд өөрчлөлт гарах юм уу?

-Найдаж байна.

-Хүрэлбаатар
гишүүн Н.Батбаярыг явуулбал Монголын эдийн засаг 10 хувь, бүлгийн даргаа явуулбал
эдийн засаг мөн арван хувиар өснө гэж мэдэгдсэн. Ажлаа хийхгүй явах, явуулах зүйлс
яриад байх юм?

-Үнэн. Би ч гэсэн ийм байр суурьтай байгаа. Эхлээд бид гадаад, дотоод
орчиндоо итгэлийг бий болгох хэрэгтэй. Итгэлийг бий болгохын тулд алдсан алдаагаа
дүгнэж алдаа хийсэн хүмүүстээ хариуцлага тооцох ёстой. Тэгж чадвал тэд өөрсдийгөө
дүгнэж байгаа юм байна, алдаагаа засах гэж оролдож байгаа юм байна гэсэн ядахнаа
анхны суурь бэлтгэлийг бий болгооч. Уул уурхайг үзэн яддаг хүнээр Уул уурхайн сайд
тавьчихаад гадны хөрөнгө оруулалтыг татаж улс орныг яаж хөгжүүлэх гээд байгаа хүмүүс
вэ. Гадаадын талаар хамгийн сөрөг бодолтой хүнийг Эдийн засгийн сайдаар тавьчихаад
яаж эдийн засгийг авч явах гээд байгаа юм бэ. Хоёр хөрш надад хамаагүй гэж ярьдаг
Ерөнхий сайдтай Ардчилсан намын удирдлага яаж хол явах юм. “Би макро эдийн засаг
мэдэхгүй, би микро хүн” гэж өөрийгөө улаан цайм хэлж байгаа Ерөнхий сайдыг яах юм.
Үүнд жаахан өөрчлөлт хийвэл гадаад дотоод итгэл жаахан сэргэнэ. Ардчилсан намд нь,
улс оронд хэрэг болоосой гэсний үүднээс л бид ийм зүйлийг хэлээд байгаа юм. Дотроо
учраа олчих гэж шахаад нэмэр болсонгүй. Тийм чадвар ч алга.

-Хаврын
чуулган эхэлснээс хойш парламентын гишүүд ямар гавьяа байгуулав. Нэг хүнийг огцруулна
гээд сар гаруй л зууралдлаа. Ард түмнээ бодох болоогүй юу. Элгээрээ хэвтлээ шүү
дээ. Ганц хоёрхон тогтоолын төсөл л батлав уу даа?

-Ардын нам ард түмнийхээ төлөө яваа. Ард түмний төлөө ажлаа хий гэж
тэднийг шахаж байгаа. Эрх баригчид 40 хэдүүлээ байж ирцээ бүрдүүлээд хуулиа батлаад
явах боломж хангалттай бий. Хуралдаад бүх өрөө тавиад, бүх хүнээ томилж, хуулиа
зөрчөөд явдаг. Одоо яагаад тэгээд явахгүй байгаа юм. Учир нь тэдэн дунд зүрх нь
цохилж байгаа амьд хүн байна. Эх орноо, түмнийхээ эрх ашгийг боддог хэдэн хүн байгаа
нь харагдаад эхэлсэн. Болохгүй гэдгийг нь хэлээд эхлэхээр дотоод эрх ашиг зөрчилдөөд
цаашаа явахаа больж эхэллээ. Ардын намаас үл хамаараад Ардчилсан нам дотор асуудлыг
эрүүлээр харж задлан шинжилдэг, шүүмжилдэг хүмүүс хүссэн хүсээгүй гараад ирж байгаа
юм.

Хүч түрсэн хоосон бодлогууд нь унаад байгаа шалтгаан нь энэ. Хоёр жилийн өмнө
АТГ Ардын намыг шалга, ажлаа сайн хий гэж байсан Ерөнхий сайд нь өнөөдөр “АТГ ажил
хийлгэхгүй байна аа” л гэж байна шүү дээ. Авлига Ардын намынхны үеэс арай хэтэрч
байна. Ардчилсан нам дахь авлигачдыг цээрлүүлэх хэрэгтэй. Өнгөрөгч хоёр жилийн хугацаанд
Ардын намынхныг арай дэндүү шалгалаа. Өмд гутлыг нь тайллаа. Алдаа оноотой хэдэн
хүмүүс байсан л байх. Үр дүн нь юу байв. Өнөөдрийнх шиг ийм байгаагүй л байсан.
Ардын намын нэртэй авлига, хээл хахууль, албан тушаалын наймаа хийсэн хүмүүстэй
бид эвлэрэхгүй байгаа. Одоо АН-ынхныг нэг сайн цэвэрлэбэл Монгол Улсад их хэрэгтэй
дээ. Улс төр дэх бөөс хуурсыг түүх цаг болсон.

-Эдийн
засгийг эрчимжүүлэх 100 хоногийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Үнэндээ лоозонгийн чанартай, эх үүсвэргүй, уялдаагүй хөтөлбөр гэдгийг
шуудхан хэлье. Яаж ийгээд үлдсэн төрийн өмчит газруудыг худалдаж, хувьчилж авъя
гэсэн бодолтой байгаа. 1996-2000 онд хийсэн зүйлээ одоо дахин хийх гэж байна. Урт
нэртэй хуулийн үйлчлэлийг зогсоох гэж оролдож байгааг хараарай. Есдүгээр сар гэхэд
Д.Ганхуяг гэдэг хүн байж л байх юм бол Оюу толгойн хоёр дахь шатны гэрээ хийгдэхгүй.

-Уул
уурхайн сайдаа Н.Батбаяр сайд шиг явуулах арга хэмжээ авахгүй юу?

-Бид боломж олгож байна. Ардчилсан нам зүгээр нэг гудамжны нам биш.
Монголын ард түмний ийм итгэлийг авсан нам хариуцлагаа үүрэх ёстой. Тийм бололцоог
бид өгч байгаа юм. Улс төр хийхдээ ард түмэнд бурхан бумбын орныг амлаа биз дээ.
Гэтэл өнөөдөр амьдралыг ямар там болгон хувиргаж байгааг харцгааж байна.

-Хуулиуд
хэлэлцэх гэхээр л танай намынхан тав тав хоногийн завсарлага авчих юм. Ажил хийх
сонирхол алга уу?

-Тогтоолын төслийнхөө таван үгийг зөв холбож чадахгүй байгаа хүмүүсийг
яах юм. Орон нутгийн ИТХ нь хуралдаад Дээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тогтоол
гаргаж байна. Ийм хэмжээндээ хүртэл унаад байгаа юм. Эдийн засгийнхаа хэдэн тоог
ойлгохгүй хүмүүс суугаад харамсч байна. Энэ бүхэндээ дүгнэлтээ хийгээсэй. Эдийн
засгийг эрчимжүүлэх 100 хоног гэдэг нь Засгийн газрынхаа насыг уртасгах гэсэн ажил.
Аргаа барахдаа бизнесийн зөвлөл байгуулаад хэдэн шинэ залуусаар юм хийлгэнэ гэж
ярих болж. Монголын төр ийм ч болчих гэж дээ. Тийм л юм бол энэ хэдэн яамдын сайд
нараа бүгдийг нь хөөгөөд явуулчих хэрэгтэй. Яамдыг нь татан буулгавал таарна. Үүнийгээ
хүлээн зөвшөөрсөн их том илэрхийлэл байхгүй юу. Та минь хийж өгөөч гэж хадаг барьж
байна. Монголын төр ингэж аль байдгаа алдаж байсан түүх байхгүй. Есөн сар гэхэд
төсөв тасарлаа тодотгол хийе гээд гонгиноод ороод ирнэ. Сүүлийн үед нэг зүйл хамгийн
ихээр намайг зовоох боллоо. Энэ Их хурал 2016 оны хүргэх болов уу. Энэ л их эргэлзээтэй
санагдаад байгаа юм даа.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Японд сургах 1000 инженерийг удахгүй бүртгэнэ

Монгол Улсаас Япон улсад инженер, технологийн мэр­гэжлээр мэргэжилтэн бэлтгэх тухай төсөл нэлээд яригдаж байгаа. Тэгвэл өнгөрсөн долоо хоно­гийн УИХ-ын чуулганаар уг “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл буюу Зээлийн хэлэлцээр дэмжигд­лээ. Ингэснээр манай улс Япон улсад 1000 инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх нөхцөл бүрдэж бай­гаа юм. Гэхдээ дээрх төс­лийг хэрэгжүүлэхийн тулд Японтой 75 сая ам.долларын санхүүжилт бүхий зээлийн гэрээ байгуулж байгаа. Тод­руулбал, монгол мөнгөөр тооц­вол долоон тэрбум та­ван зуун гучин таван сая  төгрөгийг жилийн 0.2 хувийн хүүтэйгээр манай улс Японоос зээлж байгаа гэсэн үг. Энэхүү зээлийг 20 жилийн хугацаанд буцаан төлөх юм байна. Төсөл удахгүй хэрэгжиж эхлэх бөгөөд 2023 оны гуравдугаар сард дуусахаар төлөвлөжээ.
1000 инженерийн төсөлд хэн хамрагдах боломжтой вэ?
Энэхүү төсөл анх Монгол Улсын Ерөнхий сайд Япон улсад айлчлах үеэр “Монгол-Япон улсын дунд хугацааны хамтын ажиллагааны хөтөл­бөр”-ийн хүрээнд батлагдсан юм. Тиймээс 2012 оны арав­дугаар сараас өнгөрсөн оны хоёрдугаар сар хүртэл “Инженер технологийн дээд боловсрол” төсөл Монголд ямар учраас шаардлагатай байгаа талаар урьдчилсан судалгааг явуулсан байна. Түүнч­лэн хичнээн мэргэжилтэн бэлт­гэх шаардлагатай байгааг ч уг судалгаагаар гаргажээ. Ингээд 1005 инженерийг ойрын хугацаанд хэрэгцээтэй байгаа мэргэжлүүдээр Япо­ны инженер, технологийн сургуулиудад сургахаар зорьж байна. Төслийн зорилго нь ШУТИС, МУИС-ийн инженер бэлтгэх бо­лон байгалийн ухааны хөтөл­бөрүүдийг олон ул­сын түв­шинд хүргэхэд оршиж бай­гаа аж. Одоогийн байдлаар аль сургуулиас хичнээн оюутан Японд суралцах нь тодорхойгүй байгаа бөгөөд удахгүй БШУ-ны яам төслийн гүйцэтгэлийг эхлүүлэх бөгөөд нарийвчилсан судалгааг явуулах гэнэ. Гэхдээ энэхүү төсөлд инженер технологийн мэргэжлээр төгссөн, одоо ажиллаж буй хүмүүс ч хамрагдах боломжтой гэсэн.
Японд суралцсан инженерүүд төгсч ирээд хаана ажиллах уу?
Манай улс томоохон бүтээн бай­гуулалтын ажилд гаднаас өндөр үнээр мэргэжилтэн хөлсөлдөг. Тэгвэл төсөл хэ­рэгж­сэнээр ийм байдал ард хоцрох байна. Нэг ёсондоо улсын тэтгэлгээр Японд мэр­гэжил эзэмшээд ирэх залуус нийслэлд Японы Засгийн газар­тай хамтран хийхээр төлөвлөж буй метро, гүүр болон Хөшиг­тийн хөндийд нисэх онгоцны буудал барих ажилд бэлтгэгдэх юм. Мөн ирээдүйд эх орондоо хийгдэх бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн салбарт шаардлагатай инже­нер, техникийн ажлыг хийх мэргэжилтнүүд болох нь.  Төс­лийн хүрээнд зөвхөн мэр­гэжилтэн бэлтгээд зогсох­гүй хоёр орны багш, эрдэмтэн судлаачдын хамтын ажил­лагаа өргөжиж ур чадвараа дээшлүүлэх зэрэг олон ажил хийгдэх аж. Гол нь төсөл хэрэгжих хугацаанд манай инженер бэлтгэдэг сургуулиуд олон улсын стандартад нийц­сэн сургалтын анги, танхимтай болох байна. Энэ нь цаашдаа өөрсдөө дэлхийд өрсөлдөхүйц хү­лээн зөвшөөрөгдсөн мэр­гэжилтэн бэлтгэх бааз болох талаар эрдэмтэд онцолж байна.  
Төсөлд хамрагдсанаар ийм боломжууд нээгдэх юм байна
Инженерүүд дараахь хөтөл­бөрүүдээс сонгох боломжтой. Ингэхдээ механик, барилга, цахилгаан электроникийн хос хөтөлбөрт 320 хүн, магистраар 100 хүн, докторт 60 хүн, зэргийн бус сургалтад 325 хүн, мэргэжил олгох КОСЭН сургалтад 200 гээд нийтдээ 1005 хүн зам барилга, механик, нисэхийн инженер, үйлдвэрлэлийн инженер, цахилгаан электроникийн инженерээр суралцах байна. Олон улсын МИТ хөтөлбөртэй харьцуулахад Токиогийн их сургуулийн инже­нерийн хөтөлбөрт хамрагдсанаар сургалтын төлбөр 8.4 дахин хямд тусах байна. Зээлийн гэрээний дагуу Японы улс 1000 инженерын сургалтын төлбөрийг гаргахаас гадна байр хоолны мөнгийг даана гэсэн үг.
Одоогийн байдлаар төс­­лийн хос хөтөлбөрт хамт­­ран ажиллах их дээд сургуулиуд тодорхой болсон байна. Эдгээр сургуулиудыг танилцуулъя.
1.Нагаокагийн технологийн их сургууль
2.Тоёохашигийн технологийн их сургууль
3. Токёогийн технологийн институт
4.Нагояагийн технологийн институт
5.Кёотогийн технологийн институт
6.Китамигийн технологийн институт
7.Нагояагийн технологийн их сургууль
8.Кюүшүгийн технологийн их сургууль

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Хүүхдүүд зусландаа амарч эхэллээ

Хүүхдийн зуслангууд өнөө жилийн амрагчдаа бүртгэж эхлээд байна. Ихэнх зуслангийн нэгдүгээр ээлж зургадугаар сарын 2 буюу ирэх даваа гаригаас эхэлж байгаа. Зуслангуудын үнэ ханш хоногоосоо хамаарч дунджаар 150-170 мянган төгрөг. Ээлжээсээ шалтгаалан долоогоос арав хононо. Зуслангуудын есдүгээр ээлж буюу хамгийн сүүлийн ээлжинд оюутнууд амрах боломжтой гэсэн. Хүүхдүүд аль зусланд яаж амарч болохыг сурвалжиллаа.

“Найрамдал” зуслан


Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан өнөө жил долоон ээлжээр амрагчдаа хүлээж авна. Эхний ээлж зургадугаар сарын 2-ноос эхэлж долоо хоног үргэлжилнэ. Эхний гурван ээлжинд 8-12 настай хүүхдүүдийг бүртгэх бөгөөд төлбөр нь 164500-171500 төгрөг ажээ. 12-14 настай хүүхдүүд дөрөв, тавдугаар ээлжээр амарч болно. Тавдугаар ээлж олон улсынх. ОХУ, БНХАУ, Канад, Япон, Солонгос зэрэг орны 250 гаруй хүүхэд ирж амардаг. Тиймээс тус ээлжинд амрах хүүхдүүд гадаад найзуудтай болох боломжтой. Тус ээлжийнхэн арав хоног амрах бөгөөд 274.500 төгрөг төлнө. Зургаа, долдугаар ээлжинд 16-18 насныхан амардаг. Үнэ нь 192.500-254.500 төгрөгийн ханштай байгаа ажээ. Тус зусланд амрах хүүхдүүд ээлжээ эхлэхээс долоо хоногийн өмнө Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн поликлиникт эрүүл мэндийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай ажээ. “Найрамдал” олон улсын хүүхдийн зуслантай харилцах утас: 496008.

“Нарлаг” зуслан


1985 онд байгуулагдсан тус зуслан Тэрэлжид байдаг. Мэлхий хадны дэргэд Хүүхэн уулын аманд байрладаг. Нэг ээлжиндээ 240-280 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай. Нэгдүгээр ээлж нь зургадугаар сарын 13-наас эхэлж долоо хоног үргэлжилнэ. Наймдугаар сарын 20 хүртэл есөн ээлжээр амрагчдаа хүлээж авахаар төлөвлөжээ. Үнийн хувьд долоо хонох бол 155 мянга, арав хоног нь 210 мянган төгрөг. Тус зуслан хүүхдүүдийн нас сэтгэхүйд тохирсон хөгжлийн хөтөлбөртэй гэсэн. Бас орчин үеийн тоноглолтой диско заал, спорт танхимтай ажээ. Тус зуслантай харилцах утас: 99201136, 99864970, 88813831.

“Ундраа” зуслан


Хүүхэд хөгжлийн гэх тодотголтой тус зуслан 22 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй. Улаанбаатар хотоос 27 км-ийн зайтай Хандгайтын зүүн аманд байдаг. Зургаан бүлэгтэй, бүлэг бүртээ дөрвөн тасагтай. Нэг тасагт арван хүүхэд амардаг. Нэг ээлжиндээ 250-270 хүүхэд хүлээж авна. Мэргэжлийн багш, эмч, тогоочтой. Жил бүр шинэлэг хөтөлбөртэйгээр хүүхдүүдээ хүлээж авдаг учраас Хүүхэд гэр бүл, хөгжлийн газраас 2012 оны “Шилдэгийн шилдэг зуслан”, 2013 оны “Хүүхдэд ээлтэй зуслан” болж байсан. Өнөө жил ОХУ-ын Новосибирск хотын “Чкаловск” зуслангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нэгдүгээр ээлж зургадугаар сарын 14-нд эхэлнэ. Бүх ээлж долоо хоногийн хугацаатай ба үнэ нь 150 мянган төгрөг. Тус зуслан дээр “Адтай жаалууд” олон ангит киноны зураг авалт болж байжээ. Харилцах утас нь: 99072318, 99002197, 99044236.

“Мөрөөдөл” зуслан


Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Мөрөөдөл” зуслан англи хэл, сагсан бөмбөгийн хослосон сургалттай. Америк, монгол мэргэжлийн багш нартай. Олон улсын зуслан учраас гадаад орноос амрахаар ирсэн хүүхдүүдтэй танилцаж хэлний мэдлэгээ дээшлүүлж болох юм байна. Бүх ээлж долоо хоногийн хөтөлбөртэй бөгөөд төлбөр нь 250 мянган төгрөг. Эхний ээлж зургадугаар сарын 11-нд эхэлнэ. Тус зусланд амрахаар ирсэн хүүхдүүдэд “Дуулиан-2020”-ын хөлбөмбөгийн өмсгөл бэлэглэх юм байна. Монголын зуслангуудын холбооны 2011 оны шилдэг зуслан, Америкийн хүүхдийн зуслангуудын холбооны гишүүн бөгөөд хүүхдийн баяраас өмнө бүртгүүлсэн амрагчдад хөнгөлөлттэй үнэ санал болгож байгаа ажээ. 300 хүүхдийн багтаамжтай “Мөрөөдөл” зуслантай харилцах утас: 312895, 321033.
“Янзага” зуслан


Хандгайтын аманд байрлах “Янзага” ууган зуслангуудын нэг. 35 жил үйл ажиллагаа явуулахдаа 30 гаруй мянган хүүхдийг амраажээ. Нийслэлээс 26 км-ийн зайд нэг ээлжиндээ 200-400 хүүхэд хүлээж авдаг. Амрагч хүүхдүүддээ зориулан олон төрлийн спортын арга хэмжээ зохиохоос гадна англи хэлний дүрмийн болон ярианы дадлага олгох хөтөлбөртэй. Бас мэтгэлцээний, байгаль хамгааллын, эрүүл мэндийн, спортын, амьдрах ухааны, харилцааны, танин мэдэхүйн хөтөлбөрүүдтэй. Эхний ээлж зургадугаар сарын 14-нд эхлэх бөгөөд 150 мянган төгрөгийн үнэтэй ажээ. Тус зуслантай харилцах утас: 99196665.
“Дэлгэр” зуслан
Төв аймгийн Жаргалант суманд байрлах тус зуслан нийслэлээс 137 км-ийн зайтай. Нэг ээлжиндээ 100-120 хүүхэд авдаг. Ойн бүсэд байрладаг учраас эко орчинд зугаалж ургамал, амьтан судлах боломжтой. Бас нэг давуу тал нь цэнгэг уст нууртай учраас завиар аялал хийж болох юм байна. Хүүхдүүд долоо хоног амрах бөгөөд өдөр бүр олимп, авьяасын хур, монгол ёс заншлаас суралцъя, эко аялал, би чадна, дурсамж гэх үндсэн сэдвийн хүрээн дор амралтаа өнгөрүүлнэ. Ээлжээ бага, дунд, ахлах ангийнхан гэж хуваасан бөгөөд багынхан 140 мянгаар, дундынхан 150, ахлах ангийнхан 160 мянган төгрөгөөр амарна. “Дэлгэр” зуслантай харилцах утас: 88078866.
“Жавхлант” зуслан


Нийслэлээс 63 км-ийн зайд буюу Тэрэлжид байх “Жавхлант” зуслан энэ жилээс эхлэн “Тотал мюзик”-тэй хамтарч “100 гитар” хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Бас дуучин ВХ, Ану, реппер Gee, Tiger fish, Шөнийн галт тэрэг, Булсара, ТВ Коктэйл зэрэг хамтлаг дуучид, “Пэпси” үндэсний дээд лигийн тамирчид, Монголын гар бөмбөгийн холбооны шигшээ багийн тамирчид зусланд амарч буй хүүхдүүдтэй хамт амрах ажээ. Зуслан Мэлхий хад, Гүнжийн сүм, дүүжин гүүр, хүүхэн хад, гурван найзын агуйтай ойролцоо учраас тус зусланд амарч буй хүүхдүүд дээрх байгалийн үзэсгэлэнт газраар аялна. Эхний хоёр ээлжинд 8-18 насныхан, сүүлийн гурван ээлжиндээ оюутнуудыг хүлээж авах ажээ. Төлбөр нь 160 мянган төгрөг. Харилцах утас: 99096365.
“Цоглог” зуслан


Англи хэлний ярианы дадлага олгох сургалттай. Англи багштай учраас хэлний мэдлэгээ дээшлүүлж болно. Бас фото болон киноны хичээлд суралцах юм байна. Амрах хугацаандаа усанд сэлэлт, сагсан бөмбөг, хөлбөмбөгөөр хичээллэх боломжтой. Нэг ээлжиндээ арав хоног амрах бөгөөд бүх үйл ажиллагаа англи хэл дээр явагдах ажээ. Байгалийн үзэсгэлэнт Хараа голын эрэг дээр буюу Төв аймгийн Батсүмбэр сумын 290 дүгээр өртөөнд байрладаг. Төлбөр нь 250 мянга. Хүүхдийн баярыг тохиолдуулан бүх амрагч нартаа 5-10 хувийн хөнгөлөлттэй байгаа ажээ. Нэгдүгээр ээлжээ зургадугаар сарын 19-нөөс хүлээж авах юм байна. Харилцах утас нь: 96630349, 88008870.
“Цагаан нуга” зуслан


“Ойдов” хөгжил сангийн дэргэдэх уг зуслан Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт Сөгнөгөрийн голын хөвөөнд байдаг. Амрахаар ирсэн хүүхдүүддээ эрүүл чийрэг бие бялдартай байхад зориулсан тусгай хөтөлбөр зохиожээ. Сагсан бөмбөг, гар бөмбөг, усанд сэлэлтээр хичээллэхээс гадна өглөө бүр фитнесийн зааланд цагаа өнгөрөөх боломжтой. Бүлгийн багшаар нь СУИС-ийн соёл урлагийн удирдлагын ангийн оюутнууд ажилладаг. Долоо хоногийн төлбөр 150 мянган төгрөг. Харилцах утас: 99030511, 91711221, 98300728.
“Шонхор” зуслан


Уг зусланд амрахаар ирсэн хүүхдүүдийг аав ээж нь дагаж ирж болно. Хүүхдүүдээ зусланд амраангаа гүүний саам ууж, ой мод, голоор зугаалж жимс, мөөг түүх боломжтой. Амарч буй хүүхдүүдийн дунд БХИС-ийн нэрэмжит цэргийн “Марш тактикийн тэмцээн” болдог. Тэмцээний ялагчид тус сургуульд элсэн суралцах эрхтэй болдог ажээ. Хүүхэд хөгжлийн хөтөлбөртэй, англи хэлний сургалттай уг зуслан Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд буюу нийслэлээс 115 км-ийн зайтай. Нэг ээлжиндээ 200-250 хүүхэд хүлээж авдаг бөгөөд долоо хоног амрахад 140 мянган төгрөгийн үнэтэй юм байна. Харилцах утас нь: 99036028, 99036029, 98286029.

С.АЛТАН
Г.АГИЙМАА
 

Categories
мэдээ цаг-үе

Х.Тэмүүжин: Хүний амиар тоглох хүртлээ хуулийн байгууллагын үйл ажиллагааг гажуудуулж байна


Хууль зүйн сайд Х.Тэмүү­жинтэй Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийн талаар ярилцлаа.
-Нийгэмд хүлээлт үүсгэ­сэн Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийг УИХ хэлэлцэж байна. Эрүүгийн болоод Захиргааны хэргийн тухай хуулиас ямар давуу бодлогыг хуульд шингээсэн бэ?
-Захиргааны хариуцлагын болоод Эрүүгийн хууль нь хоёр өөр зохицуулалттай юм шиг хэрнээ олон зүйл дээр давхацсан байдаг. Хоорондоо зөрчилтэй хууль байх нь хуулийн үйлчлэлийг саармагжуулдаг. Мөн хууль хэрэгжүүлж байгаа албан тушаалтнуудад маш их бо­лом­жийг олгодог. Авлига, хээл хахууль, танил тал, хувийн ааш аягаа ч гаргах боломжийг олгосон гэсэн үг. Тиймээс зөвхөн Эрүүгийн хуулийг өөрчилж байна гэж харж болохгүй. Жишээлбэл, Захиргааны хариуцлагын бо­лон бусад хуулиудад энэ заалтыг зөрчвөл тийм хариуцлага хүлээлгэнэ гээд биччихсэн хэрнээ бусад 220 хуульд яг тэр заалтаа өөр шийтгэлтэйгээр томъёолоод оруулчихсан байдаг нь төвөг­тэй байлаа. Жишээ нь Эрүүгийн хуульд “баримт бичгийг хуурамчаар үйлдвэл гурван жил хорино” гэсэн заалттай. Гэтэл Боловсролын тухай хуульд “Боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдсэн бол 50 мянган төгрөгөөр торгоно” гэж заасан. Нэг үйлдэлд хоёр өөр шийтгэл оноохоор хуульд тусгачихсан нөхцөлд хуульч яаж ажиллах вэ гэдэг асуудал босно. Өөрт нь таалагддаг хэсэг бүлэг, танил талдаа хөнгөн шийтгэлтэйг нь, таньж мэдэхгүй, мөнгө төгрөггүйд нь хүнд шийтгэлтэй хуулийг нь ашиглах боломж байгаа юм. Ихэнх тохиолдолд хүнд шийтгэлтэй хуулиа барьж аваад “Чамайг гурван жил хорино” гэдэг. Тэгэхээр иргэн гурван жил шоронд суухгүйн тулд танил талаараа яриулж, хахууль өгөх гэж оролдоно. Ингээд хууль хэрэгжүүлэх бус, хувь хүмүүсийн хоорондын яриа өрнөнө. Тохирч чадвал 50 мянган төгрөгөөр торгоно, чадаагүй бол гурван жилийн ялыг нь өгөөд явуулдаг. Ийм ойлгомжгүй, тодорхойгүй, дур зоргоороо аашлах хуулийн тогтолцоо манайд байна. Үүнийг өөрчлөхийн тулд Зөрчлийн болон Гэмт хэргийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулсан. Хууль батлагдвал хоёр гараар иргэдтэй харьцдаг хуулийн байгууллагын ажиллагааг таслан зогсоох боломжтой.
-Эрүүгийн хуулийг хэт шоронжсон гэж шүүмжилдэг. Гэмт хэргийн тухай хуульд ялын бодлого яаж тусч байгаа бол?
-Эрүүгийн тухай хуульд маш их шүүмжлэл байсан. Нэгдүгээрт нь шоронжуулсан бодлоготой, өчүүхэн жижиг алдаа гаргасан залуу үеийн­хэнд хамгийн хатуу хууль юм. Хоригдлуудын ихэнх нь залуус байна. Дийлэнхдээ танхайн хэргээр орсон байдаг. Яагаад гэвэл хууль нь ийм хатуу. Шүүгчдэд ямар ч боломж олгоогүй. Гэмт хэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гээд ангилчихсан. Үүнээс болоод шүүхийн шийдвэр гэмт хэргийн нөхцөл байдалд тохирч гаргахаасаа илүүтэй ялыг механикаар тулгадаг. Шүүхэд боломж олгоогүй, ялын бодлогыг хэтэрхий хайр­цагласан байгаа нь шоронжсон нөхцөл байдлыг үүсгээд байгаа нь Эрүүгийн хуулийг өөрчлөх гол шаард­лага болсон. Нэг хэрэгт 5-8 жил өгөх бус, 3-8 жил өгөх гэх мэтээр ялын дээд, доод хэмжээг дэлгэж өгсөн.


-Шинээр маш олон гэмт хэргийн заалтууд олон орсон, энэ нь эргээд нийгмийг шоронжуулах нь гэсэн шүүмжлэл бас гарч байна билээ?
-Шинэ төрлийн гэмт хэргийг одоо байгаа Эрүүгийн хууль үнэхээр зүйлчилж чадахгүй байна.
Товчхондоо улс дамнасан зохион байгуу­лалттай гэмт хэрэг гэх мэт үзэгдлүүдийг зүйлчилж ха­риуцлага тооцо­ход Эрүүгийн хуулийн хүч, нөөц нь хүрэхгүй байгаа юм. Үүнийг өөрчилж, зүйлчилж өгсөн. Бас нэг асуудал байсан нь үнэт зүйл. 1990 оноос хойш бид шинэ нийгэм рүү орсон ч шинэ нийгмийнхээ үнэт зүйлийг хамгаалдаг хууль тогтоомжтой болсон уу гэвэл үгүй. Энгийн нэг жишээ дурдахад “нэр төр гутаах” гэдэг асуудал хувь хүнд байдаг болохоос биш төрийн байгууллагад байж болохгүй.
Гэтэл өнөөдөр төрийн бай­гуул­лага миний нэр төрийг гутаалаа гээд иргэдээ шоронд хийх нь холгүй байна. Энэ нь уг хууль социализмын үеийнх шиг хамгийн чухал нь төр, хоёрдугаарт иргэн гэдэг зарчмыг хадгалсны илрэл. Иймэрхүү үнэт зүйл, хандлага, зарчим гээд олон зүйлийг өөрчлөхийн тулд Эрүүгийн хуулийг өөрчлөх шаардлага байсан.
Захиргааны хариуцлагын тухай хуульд иргэн захиргаа­наас тогтоосон дүрэм журам, хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд торгоно гэсэн байх атлаа хажууд нь төрийн албан хаагч, төрийн байгууллага албан үүргээ гүйцэтгээгүй бол бас торгоно гээд биччихсэн байгаа юм. Төрийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгээгүй бол цалингийн хувийг хасна, сануулна эсвэл албан тушаа­лаас нь бууруулна, хөөн зайлуулах ёстой. Гэтэл торгуулийн шийтгэл оноохоор заасан нь албан тушаалтныг эргээд “авлига ав” гэсэнтэй адил болж байгаа юм. Дараа­гийн нэг эмгэнэлтэй зүйл нь Захиргааны хариуцлагын тухай хуулиар төр иргэнийг буруутгаад шийтгэж байна. Тэгсэн атлаа иргэний шүүхээр асуудлыг шийдэж байна. Иргэний шүүх хоёр иргэний асуудлыг шийддэг болохоос биш төр, иргэн хоёрын хоо­рон­дох асуудлыг шийддэг газар биш. Энэ бүгдийг бид анзааралгүй урсгалаар нь явуулснаас иргэний эрх хөсөр хаягдаж байна.
-Тэгвэл хувийн өмчийн халдашгүй байдлын тухай ойлголт ямар хэм хэмжээнд туссан бол?
-Аль ч оронд гэмт хэргийн улмаас олсон орлого болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигла­сан эд зүйлийг хураадаг. Гэтэл одоо байгаа Эрүүгийн хуульд гэмт хэрэгт огт хамааралгүй, өөрийн хүч хөдөлмөрөөрөө олсон баялгийг нь буюу “хөрөн­гө хураах” ялтай. Гэмт хэргийн тухай хуулиар тэр ял байхгүй болж байгаа. Юу үлдэж байгаа вэ гэвэл хохирол барагдуулах зорил­гоор иргэдийн өмчид халдаж болно, мөн гэмт хэргийн улмаас олсон орлого болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан өмч хөрөнгийг нь хураана.
-Сэжигтнийг заавал цаг­дан хорьж байж хэргийг нь шийддэг нь иргэдийн эрхийг ихээр зөрчих, улмаар эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулахад хүрдэг тухай байнга шүүмжилдэг. Үүнийг өөрчилж байгаа гэсэн. Хууль батлагдвал “Ганц худаг”-т хүн үлдэхгүй гэсэн үг үү?
-Гэмт хэргийн тухай хууль Өршөөлийн хууль биш. Гэмт хэргийн тухай хуулиар зарим нөхдийнх нь ял багасна. Гэмт хэргээс зөрчил рүү орсон зүйлчлэлтэй бол суллагдана. Тэгэхээр бүгд гарна гэсэн үг биш. Зарим төрлийн гэмт хэрэг дээр хуучин ялын бодло­гыг хадгалж үлдэж байгаа. Албан тушаалын гэмт хэрэг дээр л гэхэд хуучин ялын бодлого хэвээрээ байгаа. Мөн Гэмт хэргийн тухай хууль гарах­тай холбогдуулаад өршөөл үзүүлэх, Өршөөлийн тухай хуулийг гаргах асуудал яригдана. Харин сэжигтнийг хэрэг хийсэн гэдгийг нь нотолж чадаагүй байж хугацаагүйгээр хорьдог байдал өөрчлөгдөж байгаа. Юу юуны туханд хүрэл­гүйгээр цагдан хорьж, тэгээд гэм буруутай гэдгийг нь өөрөөр нь хэлүүлж байж шийтгэдэг зөвлөлт маягийн энэ арга барилаас татгалзана. Цахим гав, албадлагын арга хэмжээ, зорчих эрхийг нь хязгаарлах гэх мэт шинэ төрлийн ялтай болж байгаатайгаар холбоотойгоор хүнийг заавал цагдан хорьж байж хэргийг илрүүлэх шаард­лагагүй болно. Цагдан хорьж байгаа гол шалтгаан бол мөрдөн байцаах үйл ажил­лагаанд саад учруулах, оргон зайлах магадлалтай гэсэн хоёр үндэслэл байгаа шүү дээ. Энэ шалтгаанаар бүгдийг нь хоморголон хорьж байгаа. Электрон гавыг нэвт­рүүлчихвэл тэр хүнийг хаана явж байгааг нь араас нь хөөцөлдөлгүйгээр мэдэж чадах учраас оргон зайлах боломжгүй болж байгаа юм.
-Урьдчилан саатуулах хугацааг ямар хэмжээнд тогтоож өгч байгаа вэ?
-Бидний гол зорилго бол буруутгагдаж байгаа хүнийг барьж хорьж, өөрөөр нь хэрэг хүлээлгэх бус, гэмт хэрэг хийсэн гэдгийг нь хуулийн байгууллага өөрөө нотлох ёстой. Социализмын үед гэмт хэргийг нотлох эхний арга техник нь хүн гэм буруугаа хүлээх гэж үздэг байсан. Зодож байгаад ч болов гэм буруутай гэдгийг нь хүлээлгэчихвэл баттай нотоллоо гэж үздэг. Ардчилал хөгжсөн орнуудад гэмт хэргийг өөрөөр нь нотлуулахыг эрүүдэн шүүх ажиллагаа гэж үздэг. Тэгэхээр хуулийн байгууллага өөр бусад нотлох ажиллагааг хийх ёстой. Тэгэхийн тулд шинжлэх ухаан, нотлох онол, хууль сахиулах байгууллагын арга барил өөрчлөгдөж байгаа. 


-Хамгийн их шүүмжлүүлж байгаа заалт нь 14 настай хүүхдэд ял эдлүүлэхээр болсон асуудал юм шиг?
-Одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуульд ял эдлүүлэх нас 16-аас эхэлж байгаа. Зарим хүнд хэрэг дээр 14 наснаас эхэлдэг. Үүнийг ний­тээр нь 14 нас руу буулгасан нь гэмт хэргийн орчинд хүмүүжиж бай­гаа хүүхдүүдтэйгээ хуулийн байгууллагууд өөрсдөө ажил­ла­хыг шаардаж байгаа юм. Нас нь болоогүй гээд ялгүй гаргачихаар тэр хүүхэд 16 нас хүртлээ нөгөө гэмт хэргийнхээ орчинд амьдраад мэргэжлийн хулгайчийн хэмжээнд оччихож байна. Товчхондоо өнөөдөр мөрдөж байгаа Эрүүгийн хуульд хүүхдэд ялыг яаж оноох вэ гэдэг тусгай бодлого байгаагүй. Насанд хүрсэн хүнтэй яг адилхан ял оноодог. Харин Гэмт хэргийн тухай хуульд үүнийг тусгайлан зааж өгсөн. Жишээ нь хүүхдийг хорихдоо том хүнтэй ижил шоронд аваачаад хийдэг бай­сан бол Гэмт хэргийн тухай хуулиар хаалттай тусгай дунд сургуульд хүмүүжүүлэхээр заасан. Заавал нийгмээс нь тусгаарлахгүйгээр өөр бод­логоор гэмт хэргээс нь холдуулахаар ялыг зүйл­чил­сэн. 14 нас болгож бууруулсан маань хүүхдэд аюултай гэхээ­сээ илүү хүүхдийг цаашид аюултай замд орохоос нь хамгаалах арга юм.
-Танхайн хэрэг яагаад хуульд байхгүй болчихов гээд Ц.Нямдорж гишүүн асуугаад байсан. Үйлдэл тус бүрээр нь зүйлчилж өгсөн гэсэн үг үү?
-Танхайн гэмт хэрэг гэж байхаа болино. Хамгийн гол нь танхай гэдэг нь бүхнийг оруулж болдог уут юм. Социализмын үед иргэдийг төр засгийнхаа эсрэг босгохгүй, хянаж цагддаг тэр хэлбэрээ эвдэхгүйн тулд “танхай” гэж зүйлчилдэг бай­сан. Одоогийн хуульд тан­хайтай холбоотойгоор гэмт хэрэг гэж үзэж болох гурван л зүйл бий. Хэн нэгэн агсам согтуу тавьж бусдын биед гэмтэл учруулсан бол, бусдыг өмч хөрөнгө, эд зүйлийг эвдэж, устгасан бол, олон нийтийн амгалан тайван байдлыг алдаг­дуулсан бол гээд  хуульд тусгачихсан бай­гаа. Энэ гурван үйлдэл нь гэмт хэрэг мөн гээд зүйлч­лэгдчихээд байхад дахиад “танхай” гэж бүхнийг чихдэг уут байж болохгүй. Хүнийг тодорхой зүйлээр, үйлдлээр нь буруутгах ёстой.
-Эрүүгийн хуульд ял авахаар зүйлчлэгдсэн, одоо зөрчил болоод торгохоор заачихсан асуудлуудыг УИХ-ын гишүүд шүүмжилж сонсогдсон?
 -Хуулийг бүтэн унших ёстой. Жишээ нь хууль бусаар галт зэвсэг эзэмшихтэй холбоотой нэг хэсэг асуудал нь Гэмт хэргийн тухай хууль дээр бичээтэй байна. Харин зөрчил рүү орсон хэсэг нь журам зөрчсөн тохиолдлууд байх юм. Жишээлбэл, би хуулийн дагуу галт зэвсэг эзэмших эрхтэй. Гэтэл галт зэвсгийг яаж хадгалах вэ гэдэг журам байна. Буу нь битүүмжлэгдсэн хайрцганд сумнаасаа тусдаа байх ёстой гэдэг ч юм уу. Үүнийг зөрчсөн тохиолдолд зөрчил гэж үзээд торгоно. Харин гэмт хэрэгтэй холбоотой асудал үүссэн бол Гэмт хэргийн тухай хуулиар шийтгэнэ.
-Гэм буруугаа хүлээвэл ялаас чөлөөлөгдөх үү?
-Гэмт хэргийн тухай хуулийн хамгийн дэвшилттэй бас нэг асуудал бол хохирол барагдуулах асуудлуудыг нэлээд түлхүү оруулж байгаа. Ний нуугүй хэлэхэд зарим төрлийн гэмт хэрэг дээр хохирсон иргэн хохирсноороо үлдэж, хохироосон нөхөр нь шоронд яваад алга болчих­дог. Аль аль нь асуудлаа шийдүүлэлгүй, нэг нэгнээ үзэн ядсан хэвээрээ үлддэг. Үзэн ядсан харилцаа буг­шаад ирэхээрээ нийгмийг зөр­чил­дөөн­тэй, харгис болгодог. Энэ бүхнийг зохицуулахын тулд хохирлыг барагдуулах тухай нэлээд заалт оруулж ирсэн. Жишээ нь гэм буруугаа өөрөө хүлээвэл гэдэг заалт. Би буруутай гэж хэлбэл ялын хэмжээ нь доошоо буудаг шинэ тогтолцоо бий болж байгаа. Гэм буруугаа хүлээгээд, хохирлоо барагдуулаад бараг ялгүй үлдэх үү, эсвэл буруугүй гэж зүтгэсээр байгаад эцсийн дүнгээ харах уу гэдгээс сонгол­тоо хийж болно гэсэн үг. 


-Шүүх хурлын үе шат бас өөрчлөгдсөн гэж яригдаж байсан?
-Анхан шатны шүүх хурал л гэхэд дөрөв салж байгаа. Баривчлахдаа шүүх хурал хийнэ. Нотлох баримтын шүүх хурал, гэм буруугүйн шүүх хурал, ял оноох шүүх хурал гэж тусдаа явна. Ингэж ялгаж зааглаж байж ял завшихгүй байх боломж бүрдэнэ. Ийм систем бүрдээгүйгээс бараг бүх хэрэг давж, заалдах, дээд шүүх рүү явж байна. Сүүлийн үед хэн нэгэн өөрийн талд асуудлыг шийдүүлэхийн тулд дээд шүүхийн 15 шүүгчийн нэгийг нь таньдаг байхад хангалттай гэдэг зарчим хүр­тэл гарсан байна.
-Авлига өгсөн, авсан этгээ­дүүдэд ямар хариуц­лага ирэх бол?
-Авлига авна гэдэг гэмт хэрэг. Харин тодорхой тохиол­долд авлига өгсөн талыг нь гэм буруугүйд тооцно. Жишээ нь, иргэд газрыг өмчилж авах хууль ёсны эрхтэй. Өмчлөөд авах гэтэл төрийн албан тушаалт­ны хүнд суртал, ойл­гомж­гүй байдлаас нь болоод өмчилж чадахгүйд хүрч, арга ядахдаа гарыг нь хүндрүүлж байна. Ингэж хууль ёсны эрхээ эдлэхийн тулд иргэн хахууль өгсөн гээд гэмт хэрэгтэн болж болохгүй. Харин авах ёсгүй үйлчилгээгээ авахын тулд төрийн албан хаагчид авлига өгсөн байвал хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Үүнийгээ илчлээд ирвэл ялыг нь хөнгөрүүлнэ.
-Гэт хэргийн болон Зөрч­­лийн хууль гарснаар хоригдлуудын хэдэн хувь нь суллагдах бол гэдгийг нийгмийн нэг хэсэг хүлээж байх шиг?
-Ямар гэмт хэрэг үйлдсэ­нээс нь шалтгаална. Мэдээж ялын бодлого зөөлөрч байгаа. Нөгөө талд нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэмт хэргийг тодорхойлох шинж чанар нь илүү иргэншсэн, ухаалаг болж байгаа. Энэ зохицуулалтын үндсэн дээр одоо ял эдэлж байгаа хоригдлуудын 40 орчим хувь нь суллагдана. Үлдсэн хоригдлуудынх нь ял багасна. Ийм байдлаар үр дүн гарна.     
-Ярилцлагын сэдвээ­сээ хазайхад хорих байгуул­лагуудад хүний амь нас эрсэдсээр байна. Хамгийн сүүлд төрийн өндөр дээд албанд ажиллаж байсан хүний амь эрсэдлээ. Энэ явдлын хариуцлагыг хэн хүлээх вэ?
-Цагдан хорих төвд нэг иргэн нас барсан. Үүнтэй холбоотойгоор шал­гал­тууд хийгдэж бай­на. Буруутай, хариуц­лага алдсан гэж үзэж байгаа албан тушаалтанд хариуц­­лага тооцно.
Гэхдээ шууд хувь хүмүүсийг буруутайд тооцмооргүй байна.
Яагаад ийм нөх­цөл үүсээд байна вэ гэд­гийг харах ёстой. Хуулийн болон хуулийн бус алдаанууд байна.
Хүнийг бариад, цагдан хориод түүнийхээ дагуу гүй­цэтгэх ажиллагаа явуулж буруутай гэд­гийг нь нотлох арга бари­лаа­саа салахгүй бол хуулийн байгууллагууд бүгд хүнийг барих донтой болчихсон байна. Хоёрдугаарт нь цагдан хорьж байгаа нөх­цөл байдал нь эрүү­дэн шүүх хэв маяг руу орчихож гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс арга­гүй байна. Хүнийг мэдээлэлгүй, гэр бүл, амьдралаас нь тасал­чихаад тэр бухимдал дээр нь тоглодог, түүгээр нь дамжуулж ар гэрийнхнийг нь дарамталдаг байдал газар авчихсан байна. Энэ бүгдийг таслан зог­соох ёстой. Урт хугацаа шаардагдах ч хийх л ёстой. Гэмт хэргийн хуулиас гадна Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуульд энэ тухай заалтууд орно. Мөн ял эдлүүлэх, цагдан хорих үйл ажиллагааны тухай хуулиудаар зохицуулах ёстой.
-Дээрээс тушаал өгсөн гэдэг шалтгаанаар эмчилдэггүй ойлголтыг яах вэ?
-Хэн тушаал заавар өгсөн талаар тодруулах байх. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дотроо тийм тушаал өгсөн асуудал бол байх­гүй байх. Хамгийн гол нь хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх бай­гууллага айдас үйлд­вэр­лэж ажиллах арга барил руу орчихлоо. Манай бай­гууллагын аваачиж хийсэн хүнийг тэгсэн байх юм бол өөр дээр чинь хэрэг үүсгэнэ шүү гэдэг ч юм уу. Аман сүрдүүлгээр ийм асуудал үүсгэх болж. Яах аргагүй араас нь тийм ажиллагаанууд явагддаг. ШШГЕГ-ынхан хуулийн дагуу ажиллаж байтал “бидэнд таалагдахгүй байна” гэсэн шалтгаанаар араас нь хэрэг үүсгэх гэж хөөцөлдөх, заналхийлэх тохиолдол байна. Энэ нь эцсийн дүнд хүний амиар тоглох хүртэл хуулийн байгууллагын үйл ажил­ла­гааг гажуудуулж байна. Үүнийг засах ёстой. Хатуу хандах ёстой. Нөхцөл байдал тодорсны дараа хариуцлагыг нь үүрүүлж, өөрчлөх асуудлууд байвал бүхнийг хийнэ. ШШГЕГ руу би зохих хэм­жээ­ний шийдвэрийг явуулсан.   
-Одоо танай Засгийн газрын хувьд нэлээд хүнд үеийг туулж байна. Эдийн засгийг хүндрүүлсэн гол буруутан нь Засгийн газар гэж сөрөг хүчин шүүмжлүүлж байна. Та кабинетийн гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа бол?
-Эдийн засгийн энэ хүндрэл сүүлийн нэг хоёр жилийн дотор бий болсон зүйл биш. Бид уул уурхайтай холбоо­той, гадны хөрөнгө оруулалт­тай холбоотой таатай жижигхэн “цонхон” дээрээ үнэхээр тэнэг авирласан. Тэр мөнгөөрөө ирэх эрсдэлийг зохицуулах, баялаг бүтээх, бизнес эрхлэлтийг дэмжих бус нийгмийн халамж руугаа тараагаад дуусгасан. Бүр олж байгаа орлогоосоо ч бус, нэмж зээл аваад тараасан. Тэр зээлийг дарахын тулд өнөөдөр энэ эдийн засгаа шатааж байна. Хоёрдугаарт нь популистууд худлаа эх оронч царайлж олон нийтэд таалагдах гэснийхээ золиосонд эх орноо, бодит эдийн засгаа шатааж дууслаа. Гадны хөрөнгө оруулалтыг хөө­лөө. Олон төсөл хөтөл­бөр, компанийг зог­соо­лоо. Эдийн зас­гийн цус сэлбэлтийг бооми­лоод хаачихлаа. Боомил­чих­сон тохиолдолд тэр эдийн засаг үхжих нь ойлгомжтой. Үхжээд ирэхээр нь энэ хэний буруугаас болов гэж үсчих нь зохимжгүй. Тэгэхээр нь оношийг нь зөв тавих ёстой. Улстөржсөн нүдээр хараад байвал онош зөв тавигдахгүй.
Нэг ийм хошин шог байдаг шүү дээ. Асуудал тулгарахад шийддэг гур­ван арга байдаг. Асуудал юу байна гэдгийг хараад, юунаас болов гэдгийг нь олоод, асуудлаа шийд­чихээд цаашаа явдаг нэг арга байна. Асуудал байна, байхгүй гэж баахан хэрэлдэж байс­наа “асуудал байхгүй боллоо” гээд пиар хийгээд цаашаа явдаг бас нэг арга байна. Гуравдугаарт энэ асуудал хэнээс болов гэж зодолдож байгаад буруутныг олоод тэрийгээ цаазалчихаад цаашаа явдаг бас нэг арга зам байна. Энэ гурван арга замын алинаар нь явах вэ гэдгийг бидний ухаан л шийднэ.

Л.МӨНХТӨР