Categories
мэдээ цаг-үе

Алтанбулагийн чөлөөт худалдааны бүс байнгын ажиллагаанд орохоор зэхэж байна

-БАЙНГЫН АЖИЛЛАГААНД
ОРОХОД СААД БОЛЖ БАЙСАН ХИЛИЙН 30 МЕТР ХАШААГ ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ БУУЛГАЖЭЭ-

Алтанбулаг чөлөөт худалдааны бүс энэ сарын 22-нд байнгын ажиллагаанд
шилжих гэж байна. Хэдхэн хоногийн дараа байнгын ажиллагаатай болох гэж байгаа болохоор
бэлтгэл ажил энд ид өрнөж байна. Биднийг очих үед чөлөөт худалдааны бүсийн цагдаа
нар өөрсдөө шалган нэвтрүүлэх газраа засаж тохижуулж, Монголын талаас автомашин
нэвтрэх хаалтуудыг суурилуулах газраа ухах ажээ. Харин Мэргэжлийн хяналтын болон
гаалийн байцаагч нар ОХУ-аас нэвтрэн орж ирэх тусгайлан зассан автомашины гаалийн
хяналтын тавцангийн тусгаарлагч хашааг будаж байв. Алтанбулагийн чөлөөт худалдааны
бүсийн том хаалгыг хэдэн жилийн өмнө барьсан билээ. Хар өнгийн төмрөөр барьсан хаалгыг
алтан шаргал болгож, шар будгаар будах ажлыг чөлөөт бүсийн захирагчийн албаны ажилчид
хийж байхад нь таарч очжээ. Алтанбулагийн худалдааны чөлөөт бүс учраас алтан шаргал
өнгөтэй байх нь зүйтэй хэмээн тэд үзжээ. Шалган нэвтрүүлэх үүд хаалганаас эхлээд
боомтын захиргаанаас шаардагдах бүх зүйлсийг байнгын ажиллагаанаас өмнө хийж дуусгахаар
яаравчлан ажиллаж байгаа нь энэ аж. Засгийн газраас “Зургаадугаар сарын 22-нд байнгын
ажиллагаатай болгож, үзэсгэлэн худалдаа зохион байгуул” гэсэн үүрэг өгчээ. Гэвч
хөрөнгө, санхүүгийн асуудлыг нь бүрэн шийдэж өгөөгүй гэнэ. Засгийн газраас хөрөнгө
мөнгөний асуудал шийдэгдээгүй гээд зүгээр суулгүй өөрсдийнхөө хүч, бололцоогоор
ажиллаж байгаа аж. Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн ажилчид “Бид 22-нд нээлтээ
хийх ёстой гэсэн үүрэг авчихаад Сангийн яамнаас санхүүжилт авах гээд хүлээгээд байсан
бүтэх шинж алга. Тэгэхээр өөрсдийнхөө хүч бололцоог ашиглаад ажлаа хийж байна. Газар
шорооны ажил хийх хүнд юм. Бусад нь гайгүй. Барилгын ажилчид шиг  л өглөөнөөс орой болтол хаалга хийх, зам тавих,
хашаа янзлах гээд янз бүрийн ажил хийж байна” гэв. 

2000 оноос эхлээд энд чөлөөт худалдааны бүс байгуулахаар яригдаж
эхэлсэн байдаг. Бүр хашаа татаж, нээлт хүртэл хийж байсан. Гэвч  өнөөг хүртэл үйл ажиллагаагаа эхлүүлж чадалгүй,  үүд хаалга нь онгорхой, хоосон хашаа байсаар ирсэн
аж. Нутгийн иргэд “Худалдааны чөлөөт бүс хэзээ болох нь мэдэгдэхгүй хашаа хэдэн
жил болсон. Харин сүүлийн нэг сарын дотор эрчимтэй өнгө зүс орж, засаж, янзалж байх
шиг байна” гэж байв. Энд өмнө нь хийгдсэн гол томоохон ажил нь дэд бүтцийн асуудлыг
шийдсэн явдал юм байна. Алтанбулаг сумаас 20 гаруй километрийн зайнаас эхлэн газрын
гүнээс ус татан долоон худаг гаргаад цэвэр, бохир усны асуудлыг шийдээд өгчихжээ.
Мөн цахилгаан ч асуудалгүй болсон байна. Өнгөрсөн сараас эхлэн иргэд, компаниуд
үйл ажиллагаа явуулах эрх болон газар эзэмших гэрчилгээгээ авч эхэлжээ. Өмнөх жилүүдэд
87 аж ахуйн нэгж, байгууллага худалдаа хийхийг зөвшөөрсөн байдгаас 28 нь үйл ажиллагаа
явуулах бүрэн зөвшөөрөлтэй, ямар нэг зөрчилгүй юм байна. Харин үлдсэн компаниудад
хэд хэдэн зөрчил гарсны улмаас зөвшөөрөл нь цуцлагдсан байна. Гэхдээ Алтанбулаг
чөлөөт худалдааны бүсийн захирагчийн албанд компани, хувь хүмүүс газар авах саналаа
ирүүлсээр байгаа гэнэ. 80 га газрыг бүхэлд нь худалдаа үйлчилгээ, бусад үйлдвэрлэл
явуулахаар болж, компаниуд газар эзэмших зөвшөөрлөө авчээ.

Алтанбулаг чөлөөт худал­дааны бүсийн Захирагчийн ажлын албаныхан
хөрөнгө оруулагчидтай хамтарч Алтанбулаг хилийн боомтоос чөлөөт худалдааны төв хүртэл
сайжруулсан шороон зам тавьжээ. Хэрэв төсөв, мөнгө гаргаад өгчихвөл асфальтан зам
тавих хэрэгтэй байгаа гэнэ.  

Алтанбулаг чөлөөт худалдааны бүсийг өмнө нь албан ёсоор нээх гэхээр
нэг асуудал гарч ирдэг байжээ. Тэр нь манай талынхны хил гаальтай холбоотой асуудал
гэнэ. Алтанбулагийн хилийн боомтоор явсаар чөлөөт худалдааны бүс рүү орж ирэх асуудал
шийдэгдэхгүй арав гаруй жил болжээ. Тэр нь боомтоос чөлөөт бүс рүү орж ирэх замыг
хаасан 30 гаруй метр хашааг буулгах асуудал гэнэ. Яг албан ёсоор нээж үйл ажиллагаа
явуулах гэхээр Хил хамгаалах газар, Гааль, хилийн мэргэжлийн хяналтын газрынхан
зөвшөөрдөггүй байсан аж. 30 метр төмөр хашааг буулгаад замаа нээх гэхээр “Манай
дээд удирдлагууд зөвшөөрөхгүй байна. Тэндээс албан ёсны зөвшөөрөл авах хэрэгтэй”
гээд хашааг буулгуулахгүй байжээ. Харин хэд хоногийн өмнө  Алтанбулаг чөлөөт худалдааны бүсийн захирагчийн
албаны дарга Ч.Чимэдсүрэн хил, гааль, мэргэжлийн хяналтын газрын дарга нартай уулзалт
хийж сая нэг юм буулгах зөвшөөрөл авсан байна. Боомтоор чөлөөт бүс рүү орж ирэх
замыг хаасан 30 метр хашааны асуудал шийдэгдсэнээр манай улсын эдийн засагт томоохон
хувь нэмэр болох чөлөөт худалдааны бүс нээгдэх ажил өрнөж эхэлжээ.

Энэ сарын 22-ноос эхлэн байнгын ажиллагаанд орох гэж байгаа чөлөөт
худалдааны бүсэд болох “Алтанбулаг экспо” худалдаанд оролцох 90 гаруй иргэн аж ахуй
нэгж  албан ёсоор бүртгүүлжээ. Нийт 200 гаруй
компани, хувиараа бизнес хийж байгаа иргэд оролцохоор болсон байна. Эхний ээлжинд
компаниуд тусгайлан зассан талбайд, асар, сендвичен барилга зэргийг бариад худалдаагаа
эхлүүлэх гэнэ. Мөн худалдааны бүсийн хашаанд зочид буудал, баар, ресторан, үйлдвэр
үйлчилгээний газар зэрэг хүний хэрэгцээт бүхий л үйлчилгээ, худалдаа, амралтын газрыг
барьж, байгуулах компаниудын ажил хамт эхлэх гэж байгаа аж. Компаниуд чөлөөт худалдааны
бүс захирагчийн албаны  бэлтгэлийн ажил дуусахыг
тэсэн ядан хүлээж байна лээ.

Хоёр жилийн өмнөөс эхлэн тус газарт “Норс барс” компани худалдааны  битүү төв барьж байгаа аж. Барилгын  ажил дуусах гэж байв. Барилгын инженер залуу
“Арав хүрэхгүй хоногийн ажил үлдээд байна. Одоо засал чимэглэлийн ажил хийгдээд
дуусвал түрээслэгч нараа оруулна. Нэг давхарт 80 лангуу түрээслэгч байрлаж, худалдаа
хийх юм. Хоёр давхарт ресторан ажиллуулахаар төлөвлөөд байгаа” хэмээн ярив. Биднийг
очих үед шалны плита наагаад дуусаж байсан юм. “Норс барс” компани барилгынхаа ажлыг
дөнгөж эхлүүлж байхад нь л лангуу түрээслэгч нар худалдаад авчихжээ. Тэд үйл ажиллагаа
эхлүүлэхийг л хүлээж байжээ. Чөлөөт  бүс эхний
ээлжинд худалдаа  эрхлэх орчин бүрдүүлж байгаа
гэнэ. Худалдаа өргөжөөд эхлэхээр цаашид бусад орны  чөлөөт бүсийн хэмжээнд  хүргэх зорилттой байгаа аж.

 

Г.Батхишиг:
ОРОСУУД ЮУ Л БОЛ ЮУ ХУДАЛДАН АВАХАД БЭЛЭН БАЙНА

 Засгийн газар өнгөрсөн сард
“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд ОХУ-ын иргэд визгүй,  БНХАУ, Япон, БНСУ зэрэг гуравдагч орны  иргэд Монгол Улсаар дамжин өнгөрөх арав  хоногийн визээр зорчих журам баталсан.  ОХУ-ын иргэд хилийн чанад дахь манай  улсын ЭСЯ, Консулын газарт зорчих хүсэлт  гаргах, бусад улсын иргэд дамжин өнгөрөх  виз хүссэнээр чөлөөт бүсэд нэвтрэх боломж бүрдэх
аж. Чөлөөт бүсэд гадаадын иргэдийг  нэвтрүүлэх
журмыг хилийн чанад дахь ЭСЯ,  Консулын газарт
хүргүүлжээ. Үүний дагуу хойд хөршийн иргэд чөлөөт бүс дотор нэвтрэхдээ виз даруулалгүйгээр
бүрт­гүүлээд нэвтэрч, худалдаа хийх боломжийг бүрдүүлж өгчээ. Өөрөөр хэлбэл, гу­рав
дахь орны иргэд Ал­тан­булагт ирж бизнес явуу­лах боломжтой болсон бай­на. Иргэд
компаниуд Алтанбулаг чөлөөт бүсэд худалдаа эрхэлж, үйлдвэрлэл явуулах сонирхол их
байгаа гол шалтгаан нь худалдан авалт. Хойд хөршийн иргэд урд хөршийн болоод бусад
орны өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн болоод бусад зүйлсийг худалдан авах сонирхол
их байгаа гэ­нэ. Оросууд  юу л бол юуг худалдаж
авахад бэлэн сууж байгаа гэнэ. Хятад, Япон, Солонгосын бараа бүтээгдэхүүнээр цангаж
байгаа гэд­гийг ганзагын наймаа хийдэг хүмүүс хэлж байна лээ. Алтанбулаг боомтоор
дамжин хойд хөрш рүү хувцас болон бусад зүйлс худалдаалдаг 200 гаруй иргэн байна.
Тэдгээр хүмүүсийн төлөөлөл биднийг сурвалжлага хийх үеэр ирж таарсан юм. Тэд байнгын
үйл ажиллагаа эхлэхийг тэсэн ядан хүлээж байгаа гэсэн. Энэ талаар жижиглэнгийн наймаа
эрхэлдэг Г.Батхишигтэй уулзаж цөөн хором ярилцсан юм.

-Энд
чөлөөт бүс нээгдэхэд худалдааны гол бараа, бүтээгдэхүүн нь юу байх бол. Оросуудад
яг ямар бараа, бүтээгдэхүүн хэрэгтэй байгааг та бүхэн судалсан л байх?

-Алтанбулаг чөлөөт худалдааны бүс хурдхан шиг л нээгдэх хэрэгтэй
байна. Азийн орнуудаас хоёр замаар хойд хөршийнхөн бараа бүтээгдэхүүнээ авдаг байсан.
Украйны асуудлаас болж баруун талын худалдаа зогсоод байна. Бараа, бүтээгдэхүүний
эрэлт хэрэгцээ  ихэсч байна. Бидний аваад
очиж байгаа зүйлсийг булаацалдаад л авч байна. Зүүн урд талаараа Манжуураар урд
хөршийн бараа Орост орж ирдэг. Гэхдээ сонголт муутай хэт үнэтэй бараа зөөгддөг.
Тиймээс бидэнд боломж байна. Их том боломж харагдаад байна. Манай наймаачид болон
цахилгаан бараа худалдаалдаг компаниуд маш хямдхан үнээр бараагаа худалдаалдаг.
Тиймээс Манжуурын барааг бид унагааж чадна гэсэн үг.

-Хамгийн
гол нь барааны төрөл олон байх ёстой юм байна тийм үү?

-Сонголт сайтай хямдхан барааг худалдан авдаг нь эдийн засгийн хууль
шүү дээ. Алтанбулаг чөлөөт бүс дээр машины, хувцасны, цахилгаан барааны, цементний,
машины сэлбэг, дугуй гээд юм болгон энд төвлөрч худалдаа явагдах гэж байх шиг байна.
Бизнесийн салбарын ашиг олох шинэ гарц энд нээгдэх нь гээд хүмүүс их баяртай байна
лээ. Оросоос хүмүүс орж ирэх нь гарцаагүй. Оросын бизнес эрхлэгчид наашаа орж ирээд
бараа их хэжээгээр бөөндөөд гарна. Бидэнд зөвхөн Хятад, Япон, Солонгос зэрэг бусад
орны бараа, бүтээгдэхүүнийг бэлтгэж, энд төвлөрүүлэх л асуудал байна. Наашаа ирэх
сонирхолтой Орос олон байна. Биднээс хэзээ нээгдэх гэж байгааг байнга л асууж байна.
Хятадын Эрээн хотыг бид яаж хөгжүүлж өдий зэрэгтэй болгож өглөө. Яг тэрэн шиг оросууд
манай Алтанбулагийг хөгжүүлж, эдийн засгийн том эргэлтэд оруулах гарц байна. 

-Та
автомашин оруулж ирээд энд худалдаалах боломжтой гэж ярьлаа. Оросууд өөрсдөө  автомашинаа оруулдаггүй юм уу?

-Манайхан үнэндээ Азийн орнуудаар нэвт явж чадаж байна. Оросууд харин
тэгж явахгүй. Мөн манай улс л гол гарцан дээр нь сууж байна. Япон, Солонгос сүүлийн
үеийн загварын машиныг оруулаад ирвэл авах сонирхол хойд хөршийнхөнд байна. Чөлөөт
бүс дээр худалдаалахад л оросууд авна. Бэлэн саалийн үнээ байна. Бид саах хэрэгтэй
байна гэв.

Хувийн компани болон иргэд ийм боломж байгааг олоод харчихжээ. Тиймээс  Алтанбулагт бизнесээ өр­гөжүүлэхээр ажиллаж байна.
Худалдаа, наймаа хийхээс гадна барилга байгууламж барих хүсэлтэй иргэн олон байна
лээ. Үүний дотор Ан­карский хотоос түүхий нефть авчраад Алтанбулагийн худалдааны
чөлөөт бүсэд боловсруулаад хямд үнээр Монголд худалдаалах сонирхолтой нэгэн компани
төслөө ирүүлжээ. Автомашин, цемент зэргийг худалдаалах компани ч төслөө ирүүлээд
албан ёсоор газраа авсан байна. Тэд энэ долоо хоногоос ажлаа эхлүүлэхээр болжээ.
Байнгын үйлчилгээнд шилжихээр зэхэн буй Алтанбулагийн худалдааны чөлөөт бүсийн эзэмшлийн
гэгдэх 80 га талбайд ажил ийнхүү ундарч байна.

Э.ХҮРЭЛБААТАР

Үргэлжлэл бий8

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Итали үйлдвэр эмээгийн боорцгийг чанана

Явж ирээд явсан идсэн хоёрынхоо алиныг түлхүү ярьснаас сайн, муугаараа хэлүүлдэг зүйр сэцэн үг бий. Энэ удаа I хороолол хүртэл нийтийн автобус хөлөглөснийг эс тооцвол хол холхид явдал суудал бололгүй ээлжит “өнжөө”-гөө хийв. Харин хэвлэлд нийтлэх сэдэв маань зөвхөн идэх юмны тухай. Хаашаа ч булзахгүйгээр “Муу хүн идсэнээ…” ярих үйлийн үртэй тав дахь өдрийн тэр сурвалжлагыг Нэгдэх-Өдөрсүрэн бичиж, Хоёрдахь-Өдөрсүрэн зургийг нь дарна билээ. Оюуны талх үйлдвэрлэгчид гэгдэх сониныхон “Талх чихэр” компаниар ороод гарах бас сонин л юм. Өглөөний цайны хажууд шинэ талх, сонин хоёр сэнгэнээд байж байхгүй бол нэг л юм дутагдаад байдаг гэгээлэг амьдралын хэв загвар олон айлд бий.Энэ өдөр Монгол Улсын тэргүүлэгч, ууган, хүнсний үйлдвэр гэх тодотголтой “Талх чихэр” ХК дээр үйлдвэрээ шинэчилж өргөтгөсөн ёслолын ажиллагаа болсон юм. Тэнд уригдан очсон дотоод гадаадын зочид, хэвлэл мэдээллийнхэн “Нээг, хоёр, гурваа” хэмээн тоолмогц хөгжим эгшиглэн, тууз хайчлагдан шинэ үйлдвэр нүргэлэн ажиллаж эхлэв. Үүсгэн байгуулагдсанаасаа хойшхи 30 дахь жилийнхээ босгон дээр энэ айл хөгжил дэвшлээрээ барууны тех­нологийг гүйцэж очин сүүл­чийн гар хөдөлмөрөөсөө салснаа ийнхүү зарлалаа. Тийм ч бага биш үйл явдлын гэрч бологсод шинэ үйлдвэр хэрхэн ажиллаж буйг бахдан харцгааж бүтээгдэхүүний анх­ны дээжээс амсаж үзэцгээв.

Эдийн засгийн хямрал нүүрлэн төлөвлөж төсөвлөсөн бүтээн байгуулалтууд халуун зунаар царцлаа гэж байхад Хөтөлд цементийн, хотод “Талх чихэр”-ийн үйлдвэр  шинээр нээгдлээ гэх нь хамгийн гэгээтэй сайхан мэдээ байлаа. Бодоод байхад талхаа хүчрэхээ больтлоо хямартал хаа ч юм. Тэгэхлээр талх, өргөн хэрэглээний хүнс үйлдвэрлэгчид цочир хонжоо олдоггүй ч баргийн зуд турханд ажирдаггүйг саяын тууз хайчлалт илэрхийлэв. Өчигдөрхөн нисч явсан компани тэнд дампуурч байхад өнөөдөр энд будаанаас талханд хувирч идүүлсэн бут соёолон тэлж буй нь зөв менежменттэй ч холбоотой байх.

Морин цагт нээлтээ хийсэн ёслолын ажиллагаа төд удалгүй өндөрлөж, зочид ч буцацгаав. 

-Үгүй ээ ингэхэд та нар явах болоогүй юм уу? хэмээн компанийн маркетингийн дарга Наранцацрал гайхасхийхэд

-Болоогүй ээ. Өнөөдөр энд өнжих даалгавартай. Хоол унд ч сайтай газар байна. Аягүй бол хонож ч магадгүй. Гурил зуурах мэтийн ойр зуур ажил байвал хэлээрэй хэмээн наргиан болцгоов.

-Энд удаан байвал бараг уйдна даа. Та нарын хийдэг талхнаас өөр. Бид ч заримдаа юу хийхээ олж яддаг шүү гэсэн нь үнэн байв.

-Сая нээлтэн дээр танай даргын онцлон хэлсэн: “…700 гаруй ажиллагсадтай, 60 гаруй нэр төрлийн талх, нарийн боов, бялуу, чихэр үйлдвэрлэн 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг, хамгийн том…” гэсэн нь тэгээд алив?

-Тэр нь ч үнэн л дээ. Гэхдээ яг энэ үйлдвэр дотор тийм олон хүний хэрэг байхгүй. Гадуур талхаа ачаад зарах гээд явж байгаа жолооч, ачигч, нярав, менежер гээд худалдаа дагнагсадын хамт олны ихэнх бүрэлддэг.

-Үйлдвэр шинэчлэгдэж, автоматчилагдсан гээд цомротгол болоогүй. Үе үе гаднаас түр хугацаагаар туслах ажилтан авдаг байснаа дуудахаа больчихсон төдий. Цагаан сарын хэвийн боов хийх төхөөрөмжийг барууны үйлдвэрлэгчид яах ч аргагүй хийж барсангүй. Тийм учир туслах ажилчид сар шинэ болон бусад онцгой үеүдэд ирж бэмбий нухаж өгдөг хэвээрээ л байна гэв.

Зах зээлийн нийгмийн тогтолцоо гэдэг маань биднийг ийм л болгочихоод байгаа юм. Энэ замыг сонгосон маань зөв  байх л даа. Товчхон хэлэхэд  хэдхэн хүн техникээр зодон баахан талх үйлдвэрлээд тавьчихдаг. Энийг нь идэх ам мундахгүй ч гэрт нь гарт дөхүүлж өгөхгүй л бол тэндээ овоороод хэн ч ирж авахгүй.Тэгэхлээр аль ч газар ялгаагүй сонинд хүртэл бараагаа хэрэглэгчийн гарт аваачиж өгөх л хамгийн чухал ажил.  Социализмийн үед нийтээрээ ямар нэгэн үйл мэтгэцгээдэг харин түүнээ зарж борлуулах дээр төдийлөн ач холбогдол өгдөггүй байсансан.  Дэлгүүрт ойрхон хашаа байшин хамгийн эрэлттэй байсан бол одоо дэлгүүр ба ченжүүд өөрсдөө гүйлдэн ирж  улам л бэлэнчилдэг болгожээ. Өнөөдөр улс орон тэр аяараа арилжаа наймаан дээр тогтож ямар нэгэн юм гар дамжуулан зарж амьдралаа залгуулдаг. Малчин ресторанд орж ирээд үхрийн стейкний үнийг сонсоод толгойгоо бариад гарч ирж байна. Манайхаас авч явдаг мах мөн биз дээ гэж дуу алдсан удаатай.

Өглөө эртээ өнөөдөр хэрэглэх гурилыг хорин тоннын даацтай, шуудайгүйгээр тээвэрлэх зориулалттай герман машинаар зөөж ирээд подваль дахь бункер луу тусгай шахуургаар юүлжээ. Тэр гурил нь “Милл хаус”-ын нэг, Оросын “Алейка”-ийн дээд гэнэ. Өөр гурил цавуулаггүй, чанар тохирохгүй учир талхны хөрөнгө исдэггүй аж. Уг гурилыг нисдэг тавга шиг төхөөрөмж сорж аван сэгсчин шүүж дотроос нь өчүүхэн төмрийн үртэс байсан ч ялгаж цэвэрлэж өгөөд гадуураа пургих ямар ч боломжгүйгээр трубагаар дамжин зуурмагийн тогоонд очиж байна. Тэр битүү тогоо руу бүдүүн нарийн баахан хоолойнуудыг залгажээ. Компьютер дээр суусан мэргэжилтэн ус, давс, чихэр, исгэгчний тогтоож өгсөн хэмжээ тоог бичээд “ок” товчийг дармагц эдгээр орц порц тогоотой гурил руу хоолойгоор урсан орж ирж угаалгын машин шиг хэсэг нүжигнэн зуурчихав бололтой. Ажилчин хааяа нэг шилэн цонхоор нь шагайхаас бус ханцуйгаа шамлаад нухаж барих юм байхгүй. Зуурмаг савтайгаа гурван цаг гаран амарч сагаж исэж гүйцэхээр нь түрүүчээс авчран үйлдвэр рүү хийхэд автоматаар нэгэн жигд тасдан дотор нь цагаан даавуу дэвссэн тавагнууд  дээр тавилаад гаргаад ирэв. Тэрнийг нь харин нэг ажилтан жигнэх машин дээр нямбай гэгч нь өрж тавив. Хил гаалийн цүнх сав шалгадаг камер машин шиг хэлбэртэй тэрнийг бодвол арав хорин метр урт битүү жигнэх машин руу талх ёстой 24 цагийн турш тасралтгүй орсоор л урд амаар нь хэмжээ нь хоёр дахин томорч болчихсон халуун талх эгнээгээрэ минут тутамд сархийн унана. Талхыг тасралтгүй үйлдвэрлэхийн тулд яваан дунд нь жигнэчихдэг юм байна. Цахилгаан зууханд гучин минут урсахдаа бүрэн болно.

-Хааяа хэвлэлээр “Атар” талхан дотроос тийм ийм юм гарлаа гээд байдаг. Ийм бив битүү юмны хаагуур нь мод чулуу орчихдог хэрэг вэ?

-Харин тийм байгаа биз. Мэдээллийнхэн манайхаас ямар нэгэн хүсэлт тавихаар нь татгалзсаны маргааш л тийм мэдээ бий болдог гэж захирал хэлэв.

“Талх чихэр” компанийн менежер залуус ноднин Итали, Европын орнуудаар явж өөрийн орны уламжлалт боов боорцогнуудыг үйлдвэрлэх шилдэг тоног төхөөрөмж хайж олоод захиалсан юм билээ. Тэр нь явж явж өнгөрдөг хавар хөлөөрөө орж ирсэн ба угсарч туршаад сая л дуусав. Италийн хүнсний салбарын алдарт “CANOL” фирмийн үйлдвэрээр  монгол эзэгтэйн ганпанз дээр хэрчдэг савхан боорцог, шөлөнд дүрдэг бин, танзуур, “пярааник”-уудыг ардын дууг “хип хоп”-д оруулан дуулдаг шиг орчин үежүүлж их хэмжээгээр чанадаг боллоо. Мөн л түрүүний “Атар” талх шиг битүү конвейр рүү автоматаар хэрчигдсэн чимхэгдсэн гурилууд эгнээгээрээ жагсан орцгоож байнгын буцлаастай тосон дотор урссаар нөгөө хаалгаар гараад ирнэ. Тосонд чанаж байгаа болохоор хурдан урсаад гараад ирэх юм. Болсон эсэхийг нь амтлаад байх юмгүй 700 хэдэн градус гэнэ үү тэр халууны хэмжээнд төдөн минут хөвсөн гээд л мэдээд авчихна. Өмнө нь галаа тааруулах, том жижиг хэрчих гээд байсан, түлэх түүхийрэх, боовчины авьяас сонирхлоос шалтгаалан чихэр нь ихдэх багадах бүх проблемийг базаад компьютерт хадгалчихсан. Энэ цех дээр хоёр гурван нөхөр юмыг яаж мэдэхэв гэсэн байдалтай хараад суухаас өөр ажил алга. Энэхүү шаргал өнгөтэй дотно үнэртэй идээнээс аваад цайнд хөшиглөөд идсэн чинь яах аргагүй хүүхэд байхдаа ганц өл залгуулж байсан эмээгийн гарын боорцгийг санагдууллаа. Тосонд чанасан боорцгийг хээр хөдөө хөргөгчгүй газар хаттал нь аваад явахад муудахгүй байгаль цаг ууртаа тохирсон уламжлалт шалгарсан арга гэдэг. Бусад талх хөөмөлийн хувьд гурав, цаад тал нь 21 хоног гэж заадаг. Ер нь жаахан удвал муудчих гээд байгаа нь химийн элдэв хамгаалах бодисгүй эко бүтээгдэхүүн шүү гэдгийг л шударгаар хэлээд байгаа болохоос бид муу юм хийчихээгүй гэж байна. Тэр ч үнэн байх шүү.

 Малайзаас гэв үү тусгайлан захиалж авчирдаг “есийн тос” хэрэглэдэг гэсэн. Тэрнийгээ машины мотор лугаа “шүүп”-ийг нь татаж үзээд дундарсан эсэхийг л шалгана. Тосыг нэгширч муудах завдал өгөлгүй буцалж байх явцад нь тусгай зориулалтын шүүдэг цаасан дээр хамаг түлэнхийг нь шүүгээд цаастайгаа цуг хогийн сав руу хаягдах тул үргэлж шинээрээ. Энэ танхимд боов боорцог хайрсан шинж, үнэр хиншүүгүй, хөлс урсгасан халуун ч байхгүй. Үйлдвэрийн цонхнууд хаалттай, гаднаас хотын их утаа тоосыг ариутган цэвэршүүлдэг төхөөрөмж байрлуулахад олон тэрбумыг зарцуулсан гэв.

Ингээд зах зээл дээр өртөг багатай, амт, экологи стандартын бүх шаардлага хангасан эрүүл хүнс гээч нь он сар өдөр минуттайгаа савлагдан гараад ирж байна.

Зочид явсны дараа боорцогны уут савлагч машинд алдаа гарч гялгар уут задарсан факт гарлаа. Тэрнийг хэвийн болгохын тулд бусад дамжлагуудыг кноп даран бүгдийг нь зогсоосон. Иймэрхүү жижиг сажиг саатал дээр нэг нь л хариуцлага алдвал нийтээрээ ажлаа түр зогсоохоос өөр аргагүй юм билээ. Тэглээ гээд учиргүй уурлаж бачуурсан юм ч болсонгүй. 

Үдээс хойш оройхон тийшээгээ менежерүүд захиалгын тоогоо утсаар өгцгөөж маргааш зарагдах талх боовны багцаа ч босоод ирлээ. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Төв аймгийн хоттой ойрхон суурингуудад маргааш зооглох хүнсний хэмжээ ч тодрон түүнд тохирсон орц поорц батлагдсанаар энэ өдрийн ажил үндсэндээ жигдрэв. Эдийн засагчид, нягтлангууд бүтээгдэхүүн илүүдэж буцаж ирэхээргүй жаахан дутмаг тоо дарж хэлэн үйлдвэрлэл явуулахыг зөвшөөрөх шиг болов. Хотынхон хэр зэрэг идэж уудгийг тэд ёстой андахгүй.Хорь гучин жилийн турш судалчихсан юм билээ. Одоогийн байдлаар 300 мянган өрхтэй. Үүний 100 мянга нь манай талхыг найдвартай гээд авдаг. 2500 том жижиг дэлгүүр рүү тавь гаран тонн талхыг өдөр бүр зөөж аваачна. Хотын журмын дагуу бага даацтай машинаар хүүхэд тоглож байгаа юм шиг тээвэр хийдэг. Тэр бичил тээврийн хэрэгсэл сая гаран хүн амтай хотын хувиараа эрхлэх аж ахуйд л таардаг байх. Түргэн муудах хүнсийг өмнө нь өөр сонголтгүй цаг үед “ЗИЛ-130”-аар тээвэрлэдэг байсан. Одоо ядаж тийм машиныг том үйлдвэрт зөвшөөрвөл хотод ч иргэдэд ч ашигтай юмсан. Дээрээс нь хүнсний тээвэр хийж байгаа унаа ноймерийн хязгаарлалтад хамрагдана. Машин гардаггүй өдөр гээд талх боовоо зөөхгүй өнжилтэй биш. Үүнээс болоод авто паркаа өргөтгөн одоо бүр 70 машинтай болж түгжрэл утаа хоёрт хөөрхөн нэрмээс болчихсон юм байна. Хөдөлгөөн сийрсэн шөнийн цагаар бараагаа өгчихмөөр. Гэтэл ихэнх дэлгүүр стандарт бус үйлчилгээтэй хулхины газрууд тул худалдагчаа ч хийдэг босс нь ч болдог товарищууд нойроо харамлаад хаалгаа нээхгүй. Зарим нь өглөө арав өнгөртөл онгойхгүй. Тэгээд л бөөн түгжрэлийн цагаар хэдэн талхаа ачин амьтан царайчилсаар өдрийг бардаг ажээ.

-Энэ хот хөдөөгөөр дүүрэн байгаа жижиг дунд гарын цехүүд танай дэргэд ч ёстой боов хийнэ гэж гурилддаг юм байна л даа. Тэднийг дэмжих хэрэг байгаа юм уу?

-Холбогдох хууль хяналт талаасаа бол ч хэцүү шүү. Эрүүл мэнддээ анхаардаг хэрэглэгчид олширч байна. Хаа сайгүй л хүнс бэлтгэгчийг хардах сэжиглэх хандлагатай болчихсон. Манай жижиг үйлдвэрлэгчид бидэнд төвөг учруулаад байгаа биш. Тэртэй тэргүй суманд ганц байгаа цехээсээ өөр хаанаас талх боов авах юм.   

-Та нар энэ их хүнсэн дээр ажилласных харихдаа хоосонгүй биз дээ.

-Яалаа гэж тийм юм байхав. Хулгай хийсэн гээд хэрэгт орох байлгүй.

-Тэгээд гэр орныхон чинь дэлгүүрээс талхаа очиж авах уу. Энэ их үйлдвэрлэлээс ганц нэг хазгай мурий гологдол гарсныг нь аваад явчихаж болохгүй гэж үү?

-Их хэцүү асуулт байна. Та нар манайд сайхан л өнжлөө ш дээ. Одоо удахгүй шөнийн ээлж эхэлнэ. Ингэс гээд өндөрлөвөл яасан юм. 

“Танайд өнжсөн” сэтгүүлч 

Д.ДАВААсүрэн, Ц.МЯГМАРсүрэн, Г.ЛХАГВАдорж, 

Ж.Гангаа нар 

БААСАН гаригт сурвалжилж 

БЯМБА, 

НЯМд амрав. 2014 он

Categories
мэдээ цаг-үе

​Какүрюү М.Ананд: Ёкозуна болохын тулд би Японы иргэн болохгүй

Японы мэргэжлийн сумод өндөр амжилт гаргаж яваа Какүрюү М.Анандыг Японы иргэн­шил хүссэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч гараад байгаа юм. Энэ тухай түүнтэй утсаар холбогдож ярилцлаа.

 -Сүүлийн үед Какүрюү М.Ананд, Токитэнкү А.Хүчит­баатар нар Японы иргэн болох хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл гараад байна. Үнэхээр Японы иргэн болох шийдвэр гаргасан юм уу?

-Харин ийм мэдээлэл цацагд­сан байна лээ. Японы иргэн болох гэж байгаа тухай мэдээллийг эрс няцаамаар байна. Юунаас болж, яагаад ийм мэдээлэл цацагдах болсныг мэдэхгүй юм. Монголын цахим сайтуудаар Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм мэдээ гарсан гэж байгааг нийтэлсэн байсан. Японд иймэрхүү мэдээлэл гараагүй.

-Токитэнкү А.Хүчитбаатартай холбоо барив уу. Өөрөө юу гэж байх юм?

-Токитэнкүтэй уулзаж энэ та­лаар асуугаагүй л байна. Токитэнкүгийн ямар бодолтой явааг мэдэхгүй байна.

-Таныг Японы иргэн болоод ояката буюу дэвжээний эзэн болооч ээ гэсэн санал тавибал яах вэ?

-Надад тийм бодол алга. Дэлгэр сайхан Монгол орныхоо үзэгчдэд уран, сайхан барилдаан харуулъя гэхээс өөр бодсон зүйлгүй байна.

-Таныг гуравдугаар сарын башёд 13 болон түүнээс дээш даваа авсан тохиолдолд ёкозуна цол олгохоор сумо бөхийн хол­боо­ноос мэдэгдсэн. Магадгүй ёкозуна болохын тулд Японы иргэн бол гэсэн шаардлага тавьсан юм болов уу?

-Надад японы иргэн болоод ёкозуна болох ёстой гэсэн шахалт үзүүлээгүй. Холбооны зүгээс 13 болон түүнээс дээш давж түрүүлэх юм бол ёкозуна цол олгоно гэдгээ л мэдэгдсэн. Тэгээд ч ёкозуна болохын тулд би Японы иргэн болохгүй.

-Сумочдыг хараад байхад дараагийн башёд тэд давчих юм бол цол олгоно гэдэг. Гэтэл тэр нь нэг талаараа сэтгэлзүйн да­рамт болоод байх шиг санагддаг. Таны хувьд ирэх башёд хэрхэн барилдах вэ?

-Башё эхлэх үед энэ тухай бүр ч илүү яригдах байх. Тэр үед нь аль болох анхаарлаа төвлөрүүлж, тайван байж, чөлөөтэй барилдъя гэсэн бодолтой байгаа.

-Таны сумод явах болсон шалтгаан юу вэ?

-Сумод явах хүүхдүүдийг шал­гаруулж байгааг анх аав мэдээд “Сумод хүүхэд авч явах юм байна. Хоёулаа хамт очиж шалгуулъя” гэсэн. Тэгэхэд 2000 он байсан юм. Аварга биеийн тамирын дээд сургууль дээр хүүхдүүдийг хооронд нь барилдуулсан. Тэгэхэд анх удаа зодог шуудаг өмсөж байлаа. 14 настай хүү тэнд барил­даж тав давж байв. Аав маань бөхөд их дуртай, бөхчүүдэд ч хүндэтгэлтэй ханддаг байлаа. Тийм ч болохоор аав маань багш хүн хэдий ч намайг бөх болгоно гэж шийдсэн байх. Тухайн үед Н.Цэвэг­ням, Д.Батбаяр ах нар дээд зин­даанд гараад ирчихсэн байсан тул зурагтаар хараад бахархдаг бай­лаа. Ах нарыгаа зурагтаар харчи­хаад сумо барилдаж болмоор санагддаг байсан. Энэ гэхдээ хүүхэд байхын бодол юм шүү. Магадгүй тэд бай­гаа­гүй бол би сумоч болоогүй, өнөөдөр энэ амжилтаа гаргаагүй байх байсан биз. Тэр үед аавын нэг шавь Японоос сумогийн ном явуул­сан юм. Би захиагаа аавынхаа сургуу­лийн япон хэлний багшаар орчуу­луулаад номон дээр байсан хоёр хаяг руу явуулчихсан. Номон дээр байсан хоёр хаягийн нэг нь сэт­гүүлчдийн холбооных байсан юм билээ. Тэндээс “Манайх сэт­гүүлч­дийн холбоо учраас сумотой ямар ч холбоогүй” гэсэн хариу ирүүлсэн. Нөгөө захидал маань “Изүцү” дэв­жээнд очсон байсан. Манай баг­шийн эхнэр хариу бичсэ­нээр би таван сарын дараа буюу 2001 оны есдүгээр сард Япон явж, арваннэг­дүгээр сараас нь сумод барилдаж эхэлсэн юм.

-Сумод явна гэж анх догдолж байсан мөчөө эргэн дурсахад сайхан байдаг биз. Хөөрч догдлохоос гадна хэцүү, бэрхийг даван туулна гэж бодож байв уу?

-Мэдээж тухайн үеийн хүүхэд зангаар хөөрч догдолж байсан минь, сумоч болно гэж зориг шулуудсан минь алдаа байгаагүй байжээ гэдгийг мэдэрч байна. Хүнд хэцүү гэдгийг анхнаасаа мэдэрч байсан.

-Сумо бөх эр зориг, тэвчээр шаардсан спорт шиг санагддаг. Таны хувьд халирч шантрах зүйл тохиолдов?

-Ёстой шантрах зүйлтэй нүүр тулж байсангүй. Нэгэнт л би өөрийн­хөө байгаа бүхнийг зориу­лан ирсэн болохоор ямар ч бэрх­шээл саадыг даван туулна гэсэн бодолтой байлаа. Хатуу ширүүн бүхнийг ч шүд зуун давж чадсан. Миний зорилго дээд зиндаанд гарч ирж, цол авч барилдах байсан юм.

-Монгол бөхчүүд сумо бөхөд амжилт гаргаад байгаа тул япончууд монголчуудад дургүй болсон гэх юм?

-Учиргүй дургүй нь ч юу юм бэ. Япончууд дэмждэг бөхөө дэмжээд л явдаг. Мэдээж дургүй хүн байдаг л байх.

-Дэвжээнд гарахынхаа өмнө өөрийгөө хэрхэн хурцалдаг вэ. Харумафүжи аварга гэхэд аавынхаа тангаргийн шүлгийг уншдаг юм билээ?

-Миний хувьд тайван байж, барилдаандаа анхаарахыг бод­дог. Хамгийн гол нь өөртөө итгэл­тэй, хүссэн барилдаанаа гаргахыг хүсдэг. Тэгж давсан даваа бүр амттай байдаг. Миний хувьд дэв­жээнд гарахынхаа өмнө уншдаг тарни бий.

-Сумод ороод хамгийн анх яаж баярлаж байсан бол?

-Дохён дээр гарч давсан анхны даваанаас эхлээд сайхан дурсамж олон бий. Хамгийн их баярлаж бай­сан нь жүрёо зиндаанд гарч ирчи­хээд нэг их баярлаж байсан юм даг. Жүрёод гарч ирнэ гэдэг нь зорил­гын минь бас л нэг том алхам байсан.

-Таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ?

-Бусдын дээр гарч онгироогүй ч, бусдын доор оролгүй явдаг байлаа. Би Улаанбаатарт төрсөн болохоор хотын хүүхэд ямар бай­даг тэр л замаар явсан. Өнөөгийнх шиг олон янзын тоглоом байгаагүй тул сагс их тоглодог байсан юм.

Таныг чөлөөт бөхөөр хичээл­лэж байсан гэх юм билээ?

-Тэр яахав ээ. Чөлөөт бөхөөр хичээллэж сүйд болоогүй юм. Чөлөөт бөхийн спортыг сонирхож хоёр удаа бэлтгэлд нь очиж байс­наас хэтрээгүй.

-Японд анх очиход тань ямар хүмүүс дэм болж байсан бэ?

-Монгол бөхчүүд бие биедээ амь шүү дээ. Д.Батбаяр, Н.Цэвэг­ням, Энхбат ах нар надад их тусалдаг байсан. Ошима дэвжээ манай дэвжээтэй ойрхон байв. Анх хэл ус ч үгүй нөхөрт хэл заахаас эхлээд гадуур, дотуур авч гарна. Одоо ч гэсэн манай бөхчүүд доо­роос гарч ирж буй залуустайгаа ойр байдаг. Барилдааных нь тухай ярилцаж, хэрхэн барилдахыг зөвлөдөг.

-Японы сумочид манайхныг давахаа болиод ирэхээрээ гадуурхах хандлага гаргаад байна уу?

-Монголоос гурван сайхан ёкозуна цолтон төрчихлөө. Япон бөхчүүд унаад байна гээд биднийг гадуурхаад байх зүйл байдаггүй байх аа. Тэд дотроо ямар бодол тээж явдгийг сайн мэдэхгүй байна.

-Таны өндөр, жин хэд байна вэ?

-Миний өндөр 186 см, жин 150 кг байна. Ойрын хэдэн жилдээ жин нэмэх бодол алга. Хэт тарган, хэт өндөр чинь бас хэцүү шүү дээ.

-Нас хэд хүрч байна вэ. Сумод бөхөд амжилт гаргах нас хэдээс хэдэн насны хооронд байдаг бол?

-Би энэ жил 29 хүрнэ. 29 нас гэдэг сумод залуу ч биш. Ахмад ч биш дундаж нас байгаа юм. Сумочид 34-35 нас хүрэхээрээ зодог тайлдаг.

-Цол дагаж бяр нэмэгддэг гэдэг хэр үнэний ортой вэ?

-Үнэн юм шиг байгаа юм. Ма­най монголчууд аливаа зүйлийн голыг нь олоод хэлчихсэн санагддаг.

-Таны дархан мэх юу вэ?

-Тэгж сүрхий дархан гэж нэрлээд байх мэх алга. Дэвжээн дээр гараад барилдаж байхад дархан мэхээ хийх үү, өөр мэх хийх үү гэдгийг бодох ч зав гардаггүй.

-Сумод анх орж байхдаа хэн шиг бөх болохыг мөрөөддөг байв?

-Сумод хөл тавьчихаад Аса­шёорюү Д.Дагвадорж, Таканохана, Чиёнофүжи аварга шиг бөх бо­лохсон гэж боддог байлаа. Эдгээр аваргуудын бие хаа минийхтэй төстэй байсан болохоор энэ авар­гууд шиг ёкозуна болох боломж бий гэж боддог байсан юм. Тийм ч болохоор барилдаануудыг нь их үздэг байлаа шүү дээ.

-Анх жин багатай сумод очиж байсан байлгүй. Жингээ нэмэ­хийн тулд түүхий загас идэхээс эхлээд бараг л шийтгэл шахуу зүйлс хэр тохиолддог байв?

-Хамгийн хүндрэлтэй асуудал хэлний бэрхшээл байсан. Мон­голоос Японд очихдоо түүхий загас идэж үзээгүй байсан тул хэцүү байлаа. 100 кг хүртлээ жин дорх­ноо нэмэгдчихдэг юм билээ. Тар­галахын тулд загас идэх хэрэгтэй гэж багш маань хэлж байсан тул идэхээс аргагүй байдалд хүрсэн. Загас идсэнээс хойш жин үнэхээр нэмэгдсэн.

-Сүүлийн жилүүдэд япон бөх­чүүдээс ёкозуна цолтон төрсөн­гүй. Үүний нэг шалтгаан нь мон­гол бөхчүүдийн ноёрхлоос болж байна гэж боддог…

-Үнэхээр ч монгол бөхчүүдийн амжилт гаргаж байгаа нь япон бөхчүүдэд амжилт гаргах орон зайг багасгаж байгаа гэж боддог. Япончууд ч гэсэн өөрсдийн бөхчүү­дээ “Манай бөхчүүд муу байна. Том амжилт гаргахгүй байна” гэдгийг хэлж байсан. Гэхдээ манайхны амжилт гаргаж байгаа нь нэгэн цаг үеийн асуудал юм. Түүнээс биш мөнхөд ийм байна гэдгийг хэн ч таашгүй. Өнөөдөр манай бөхчүүд урамтай сайхан барилдаж байгааг харахад надад ч гэсэн сайхан л санагддаг юм.

-Өнгөрөгч нэгдүгээр сарын башёгийн тухай ярихгүй юу. Сүүлийн өдрийн барилдаанд та Хакухог давснаар нэмэлт барил­даан гарсан ч харамсалтай нь ялагдсан. Энэ башёгийн талаар ямар бодолтой байна вэ?

-Барилдаанууд ерөнхийдөө сайхан болсон. Сүүлчийн өдөр Хакухо аваргатай барилдахад бэргэх зүйл байгаагүй тул үнэн хүчийг үзэж барилдъя гэж бодсон. Сумо бөхөд үндэсний бөх шиг тайван барилдаан байдаггүй тул барилдааны тухай бодохоос өмнө бие маань хөдөлчихсөн байдаг.

-Башёгийн дараа Хакухо аваргатай уулзав уу. Уулзсан бол юуны тухай ярилцсан бэ?

-Аваргатай тухтай уулзаж чадаагүй. Цагаан сарын шинийн хоёрны өдөр монгол бөхчүүд Хакухо аваргатай очиж золгосон. Золголтын үеэр барилдаан ярих цаг зав гараагүй.

-Эх орондоо цагаан сарыг тэмдэглэхийг хүсдэг байх. Хамгийн сүүлд хэзээ Монголдоо шинэлсэн бэ?

-Мэдээж эх орондоо сар шинээ тэмдэглэхийг хүсдэг. Харамсалтай нь цаг хугацааны хувьд таарч өгөхгүй юм. Энэ жил сар шинийг Монголд угтах боломжтой байсан ч маргааш нь барилдаантай байсан тул ирж чадсангүй.

-Таны төрсөн нутаг аль аймаг бол. Уул ус, төрсөн нутаг хүүгээ дагаж явдаг гэлцдэг шүү дээ?

-Би Улаанбаатарт төрсөн. Аав маань Сүхбаатар аймгийн харьяат. Тиймээс би аавынхаа нутгаар овоглодог. Аав “Миний хүүг хаана ч явсан уул ус нь түшиж явдаг юм” хэмээн хэлж байсан. Тиймээс нутгийнхаа уул усыг гэрийнхээ хойморт залсан байгаа. Алтан овоо, Шилийн Богддоо хамгийн сүүлд гурван жилийн өмнө очсон. Дахин нэг очиж хийморь лундаагаа сэргээх хүсэл байлгүй яахав. Озэки буюу арслан цол авахынхаа өмнө нутаг усандаа очиж байсан минь ивээлээ өгсөн гэж боддог. Тэмцээн дуусаад долоо заримдаа бүр тавхан хоног амардаг. Тиймээс Монголд ирэх боломж бага байдаг. Харин долдугаар сарын башёг дуусгаад Монголдоо ирэх боломж тохиодог. Жилдээ ганц удаа л Монголд очдог.

-Таныг гэр бүлтэй болж амжаагүй байгаа тул япон бүсгүйтэй суучих юм биш биз гэж чих тавих хү­мүүс байна. Хэзээ гэр бүлтэй болох вэ?

-Би монгол бүсгүйтэйгээ гэрлэнэ. Ямар ч байсан эхний ээлжинд амжилт гаргаж дээшээ явж барилдъя гэсэн бодолтой байгаа. Тэр үед сайхан мон­гол бүсгүйтэйгээ гэрлэнэ дээ. (инээв)

-Ганц бие хүн хувцас угаах хоол хийхээс эхлээд ар гэрийн ажил хийхэд амар­гүй байдаг уу?

-Туслахтай бо­ло­хоор энэ бүхэнд санаа зовоод байдаггүй. Ганц бие хүн чинь дэвжээнийхээ хоолыг л идчихдэг юм.

-Таныг солонгос кинонд дуртай. Солонгос кино үзэж тайвширдаг гэх юм?

-Гурван жилийн өмнө нэг солонгос кино үзэж байсан юм. Тэр үед надаас юу хийж амарч байна гэхээр нь “Гэртээ солонгос кино үзэж байна” гээд хэлчихсэн. Тэгсэн чинь л намайг солонгос кинонд дуртай гэчихсэн байна лээ. Ер нь бол кино үзэх дуртай. Шинэ гарсан монгол кинонуудыг интернэтээр үзчихнэ.

-Таны хувьд зодог тайлаад юу хийх вэ?

-Зодог тайлаад ингэнэ дараа­гийн амьдралаа тэгж эхлүүлнэ гээд бодсон юм алга. Өнөөдөр би ба­рилдаж байгаа болохоор өнөө­дөртөө л санаа зовох хэрэгтэй юм болов уу.

-Манай сумочид сан байгуу­лаад эх орондоо хэрэгтэй зүйлс хийж байна. Таны хувьд өөрийн нэрэмжит сантай юу?

-Нэрэмжит сан байгуулах та­лаар ах, эгч нартайгаа ярилцаж, судалж байна. Мэдээж Монгол Улсдаа хэрэгтэй зүйлийг бий бол­гохын тулд өөрийн чадах зүйлсээ хийнэ.

-Аав, ээжээс хэдүүлээ вэ. Танай удамд барилддаг хүмүүс байв уу?

-Би дээрээ нэг эгчтэй. Аав маань залуудаа боксоор хичээллэдэг байсан юм билээ. Манай ойрын талд бөх хүн байхгүй. Өвөг эцгийн үед л байсан. Энэ тухай би сайн мэддэггүй юм аа. Аавын талд арслан цолтой бөх байсан гэсэн. Ээжийн талаас анх удаа чөлөөт бөхөөр Азийн аваргаас алтан медаль авч байсан хүн байсан гэж дуулсан.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхий сайд 50 тэрбумыг юунд зарцуулснаа тайлагнав

-Түүнээс сөрөг хүчин 18 тэрбум төгрөг нэхлээ-

Улсын төсвөөс Ерөнхий сайдын багцад хуваарилсан 50 тэрбум төгрөгийг юунд хэрхэн зарцуулсныг Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн  Н.Ал­танхуяг тайлагнав. УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших хуралдаан  түү­ний мэдээллийн цагаар үргэлжилсэн юм. Тэрбээр эхэнд нь 47.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар долоон төрлийн ажил гүйцэтгэсэн гэлээ.

Замын цагдаагийн торгуу­лийг бэлнээр төлдөггүй, та­сал­барын систем нэвтрүүлэхэд 1.7 тэрбум төгрөгийг нь зар­цуулсан байна. Энэ мөнгөөр 350 ширхэг гар компьютер, хэвлэгч машин худалдан авч, программ хангамж сүлжээг бий болгожээ. Мөн шуудангийн үйлчилгээг иргэ­дэд хүртээмжтэй, шуурхай болгох ажилд 1.9 тэрбумыг зарцуулсан байна. Тэгвэл 9.7 тэрбум төгрөгөөр Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад худалдаа үйлчилгээний би­түү зах барьжээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэхэд 5.3 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэсэн гэнэ. Энэ мөнгөөр спорт цогцолбор, дугуйн зам, хөлбөмбөгийн, талбайн теннисний болон сагсан бөмбөгийн талбай, 2.6 км урт дугуй, цана, гүйлтийн хосолсон зам барьжээ. Мөн тэнд дугуйн зогсоол байгуулсан байна. 

Хүүхэд, залуучуудын төвийг иргэд чөлөөт цагаа гэр бүлийн хамт өнгөрөөх үйлчилгээний төв болгох зорилгоор зайлшгүй тоног төхөөрөмж худалдан авахад зориулан 3.1 тэрбумыг, Улаан­баатар хотын Эх нярайн тусламж үйлчилгээний төвд тоног төхөөрөмж, антиграфийн аппа­рат худалдан авахад 2.2 тэрбумыг зарцуулжээ. 

Дээрхээс гадна 11 аймагт оношилгооны төв байгуулахад 23.6 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн байна. Харин иргэдэд шаардлагатай лавлагаа, мэдээлэл өгөх 120 автомат машиныг Улаанбаатар хот болон 21 аймагт байрлуулах ажил бүрэн хэрэгжээгүй болохыг Ерөнхий сайд тодотгов. Учир нь тендерийг хоёр дахь удаагаа зарлаж “IT Zone” Ххк-д гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлсэн ч гомдол гарч Сангийн яам хянан шалгаж байх явцад тендерийн хүчинтэй хугацаа дууссан хэмээн тэрбээр тайлбарлалаа. Энэ мэтчилэн 32 төсөл арга хэмжээнд Ерөнхий сайдын багц дахь 50 тэрбумын 47.9 тэрбум төгрөг нь дуусчээ. 

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулж сөрөг хүчний зүгээс дүгнэлт хийж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулсан юм. Тэрээр “Ерөнхий  сайдын мэдээллээс дүгнэхэд 50 тэрбум төгрөгийг нийт долоон багц арга хэмжээнд зарцуулжээ. Гэхдээ 50 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 34 төсөл, арга хэмжээнээс 32 төсөл, арга хэмжээ буюу нийт 44.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, ажлыг хүлээлгэн өгсөн гэжээ. Үүнээс 2013 оны төсвийн жилд Сангийн яамнаас ирүүлсэн мэдээллээр 26.342.659.844 төгрөгийг гүйцэтгэлээр санхүүжүүлсэн байх бөгөөд үлдсэн зөрүү болох 18 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2014 оны төсвийн жилд хэрхэн санхүүжүүлсэн нь тайлбар шаардаж байна. Өөрөөр хэлбэл, үлдэгдэл 18 тэрбумын санхүүжилтийг вексел буюу нэг төрлийн өр болгосон байх бөгөөд энэ нь анхнаасаа 50 тэрбумын хөрөнгө оруулалтыг 2013 оны эхний улиралд багтаан байнгын хороогоор батлуулах үүргээ Засгийн газар биелүүлээгүй зөрчсөн. Ерөнхий сайд буюу уг төслийн төсвийн ерөнхийлөн захирагч Н.Алтанхуяг “хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хүрэх үр дүнг хангаж ажиллах” үүргээ хангалтгүй биелүүлсний үр дүн гэж үзэхэд хүргэж байна” гэлээ.

Улмаар 2014 оны төсөвт тусгагдаагүй үлдэгдэл 18 тэр­бумын санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар Үндэсний аудитын байгууллагаар тусгайлан дүгнэлт гаргуулна гэж тэрбээр мэдэгдлээ. Тендерийн хууль тогтоомж зөрчсөн байх үндэслэлтэй асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулж, буруутай албан тушаалтанд хариуцлага ногдуулахыг УИХ дахь МАН-ын бүлэг шаардав.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Долоон буудалын Должин эмээгийнд хамтдаа очиж амьдралтай нь танилцах хүсэлтийг Ерөнхий сайдад тавилаа.

Энэ тухай С.Бямбацогт гишүүн “Ерөнхий сайд та цөөнхийн бүлгийн гишүүдээс асуулт асууж, саналаа хэлэхээр “Та нар бүх юмыг харлуулж байна” гэж хардаад байна. Уг нь бид Засгийн газар алдаагаа засаасай, өмнөхөөсөө илүү эрчтэй ажиллаасай, ард олноо илүү ажилтай, орлоготой болгож, Монгол Улсыг хөгжүүлээсэй гэж бодож шаардлага тавьдаг, зөвийг нь дэмждэг, бурууг нь шүүмжилж ирсэн. Тэгэх ч ёстой болов уу. Гэтэл та “Амьдрал сайхан байгаа” гэж ярьсаар байтал ард иргэдийн маань амьдрал хүндэрлээ. Гэдэс нь өлсч, мөр нь нүцгэрлээ. Хамтдаа Долоон буудалын Должин эмээгийнд очъё. Тэндээс амьдрал болж байна уу гэдгийг харъя. Тэвчээр барагдаж байна, өчигдөр би танд энэ тухай хэлсэн.  Ер нь тэгээд бид супер Ерөнхий сайдыг томилсон юм байна, сайд нар ажил хийж чаддаггүй учраас Ерөнхий сайд өмнөөс нь ажлыг нь хийдэг юм байна. Эрүүл мэндийн сайд Н.Удвалын өмнөөс, Ц.Оюунгэрэл сайдын өмнөөс олон ажил хийжээ. Цаашдаа бид сайд нарын багцад хөрөнгө оруулалт тавьж батлахаа больё. Шууд Ерөнхий сайдын багцад бүх хөрөнгө оруулалтыг тавьчихъя, маш гоё ажил хийсэн байна. 1.3 их наядын ажлыг Ерөнхий сайд ганцаараа хийг.

Уг нь бол 50 тэрбум төгрөгийн зарцуулалттай холбоотой асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг “Ланд-200 авах мөнгөөр 469 машин авчихсан байна шүү” гэдгийг л анхааруулж хэлсэн. Тендэрийн хууль зөрчсөн байна гэдэг дүгнэлтийг Авлигатай тэмцэх газар гаргаад Засгийн газарт хүргүүлсэн. Холбогдох албан тушаалтнууддаа хариуцлага тооц гэхэд  та өнөөдөр “Бид хууль зөрчөөгүй” гээд сууж байна. Буруу шүү дээ. Зорилго нь аргаа зөвтгөхгүй” гэв. 

Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг яам, агентлагийн дарга нарт хандаж “Та нар хийсэн ажлаа олон нийтэд сайхан тайлбарлаарай. 50 тэрбум төгрөгөөс хэдэн тэрбум төгрөг цохьсон хүмүүс шиг харагдаад байна. Авсан төхөөрөмж юмнуудаа хэдэн төгрөгөөр авсныгаа тоо ширхэгтэй нь нэгбүрчлэн мэдээлээрэй. Үр ашгаа өгсөн олон ажил бий, иргэд ч баяртай байгаа” гэв. Үүгээр УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших хуралдаан өндөрлөсөн юм. 

М.МӨНХ

Categories
мэдээ цаг-үе

М.Энхсайхан: Засаг нь тогтворгүй бол хэн хөрөнгөө бариад манайд ирэх билээ

МҮАН-ын дарга М.Энхсайхантай ярилцлаа. 

-Та 2006 онд өнөөдрийн МҮАН-ыг ҮШН нэртэйгээр байгуулж байжээ. Энэ цагаас хойш найман жил өнгөрсөн байна. Нам байгуулагдаж байх үеийн дурсамжаар яриагаа эхэлье?

-“Мянган жилийн явдлыг нэг өдөр болсон мэт тунгаа. Тустайг болгоо” гэсэн эзэн Чингэс хааны сургаалаар яриагаа эхэлмээр байна. XX  зууны болон Цагаан морин жилийн хувьсгалаас хойших монголчуудын улс төрийн түүхийг нэг өдөр болсон мэт хураангуйлан харвал бид өглөө нь социализм гэж байснаа орой нь либериализм гэж туйлширсан улс болж таарч байгаа юм. Аль нь ч Монголынх биш. Либериализмын тугийн дор бид “орондоо унтах завгүй… хөнжилдөө орох завгүй… “ улс төрийн хэрүүл хийдэг болсон. “Хүний эрх”-ийг бид “амиа хичээгч үзэл” болтол нь хөгжүүлсэн.  Төрийн бус байгууллага нэртэй гадаадын төрийн хэдэн зуун байгууллага Монголд бий болсон. 30 орчим төрлийн шашин Монголд нэвтэрч итгэл үнэмшил эрээн бараан болсон. Товчхондоо Монгол Монгол биш болж байгаад олон хүн санаа зовж байгаа. Тийм хүмүүсийн тоонд бид багтаж байлаа.

-Тиймээс үүнийг өөрчлөхийг хүссэн гэж үү?

-2006 он бол монголчууд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоо тэмдэглэж, үүх түүхээрээ бахархах, өвөг дээдсийн сургаалыг шинээр үзэж харахад түлхэц өгсөн сайхан жил байсан. Хөөрөл баясал, хоосон бахархал баяраасаа илүүтэй агуулга чухал байлаа. Бидний хэсэг улстөрчид өвөг дээдсийн сургааль номлолыг орчин цагийн хэллэгт оруулж улс төрийн үзэл баримтлал томъёолох тухай бодож байсан юм. Алийн болгон гаднынхны номлолоор явах билээ гэж бодсон хэрэг. Үйл явдлын өрнөл, цаг хугацааны нөхцөл байдал биднийг ҮШН-ыг байгуулах аятай бололцоог бий болгосон. Гол нь энэ нам “Үндэсний үзэл” хэмээх цоо шинэ нэр томьёог улс төрийн эргэлтэд оруулж, үндэсний үзэл, ардчилсан үзэл, шударга ёсны үзлийг тулгын чулуу гэж зарласан.  Өнгөрсөн найман жилийн хугацаанд манай намынхан “Үндэсний үзэл”, “Монгол иргэншил”, “ Монгол төрийг урлахуй”, “Үндэсний эрх ашгаар засаглахуй” гэсэн сэдвээр судалгаа хийж улс төрийн үзэл баримтлалаа боловсронгуй болгон энэхүү баримтлалаар шинэ Үндсэн хуулийн төслийг бичиж олон түмний анхааралд хүргэсэн. Энэ нь монголчуудын алсын харааг тэлэхэд тустай байсан гэж бодож байна. 

-Ж.Наранцацралт, М.Сономпил, Ж.Батхуяг та дөрвийг АН хөөсөн нь  ҮШН гэдэг намыг байгуулахад нөлөөлсөн байх л даа?

-Тэгэлгүй яахав. Энэ хүмүүс бүгд манай намын үндэслэгчид юм. Харамсалтай нь нэг нөхөр маань талийгаач болж дээ. 

-2011 онд ҮШН  МҮАН болж нэрээ өөрчилсөн. Мэдээж МҮАН-ын угшил гарвалыг хөөвөл ерээд оноос эхтэй. Тэгэхээр яагаад  энэ нэрийг авсан нь ойлгомжтой байх…

-1911, 1921 оны үйл явдлууд бүгд л үндэсний шинжтэй хувьсгал байсан. Яваандаа үндэсний гэдэг нь гээгдсэн. Социалист болсон. Үүнтэй нэгэн адил 1990 оны ардчилсан хувьсгал үндэсний шинжтэй байсан. Яваандаа үндэсний гэдэг шинжээ гээсэн байдаг. Ялангуяа энэ нь Ардчилсан намын нэрийн хувирал дээр ажиглагддаг. Өнөөдрийн эрх баригч АН өнгөрсөн 20 гаруй жилийн түүхэндээ “Монголын Ардчилсан Нам”, “Монголын Үндэсний Ардчилсан Нам” гэдэг нэртэй байлаа. Эхлээд “үндэсний” гэдэг тодотголоо гээсэн, дараа нь бүр “Монголын” гэсэн тодотголоо гээсэн. Өнөөдөр Монголд гадаад үзэл баримтлалтай “Монголын” нам их байгаа. Сонин байгаа биз. Манайд улс төрийн намууд зөвхөн “Монголын” биш “Монгол” байх ёстой гэдгээр бид намынхаа нэрийг “Монгол Үндэсний Ардчилсан Нам” гэсэн юм. 

-МҮАН үндэсний үзэл, шударга ёсны үзэл, ардчилсан үзлийг гол үзэл баримтлалаа болгосон. Эдгээр үзлийг бүхнээс эрхэмлэн дээдлэх болсон гол санаа нь юунд оршиж байна вэ?

-Монголчууд өөрийн гэсэн иргэншилтэй, өөрийн гэсэн төр засгаа байгуулах үзэл номлолтой ард түмэн. Ардчиллыг гаднаас хайгаад хэрэггүй. Эзэн хаанаа Их хуралдайгаас тодруулдаг байсан улс орон хаана ч байхгүй. Өнөөдөр дэлхий ертөнц анхны бичмэл хуулийг “Магна Карта” гэж үздэг. Гэтэл түүнээс 10 жилийн өмнө монголчууд “Их Засаг” хэмээх хуультай байлаа. Британичууд өөрсдийгөө дэлхийн анхны үндэстэн гэдэг. Гэтэл үнэн хэрэг дээрээ тэднээс 200 жилийн өмнө монгол үндэстэн бий болсон байлаа. Орчин цагийн үндэстэн-улсын эх загвар нь Их Монгол Улс байлаа. Товчхондоо Монголын ардчилал 808 жилийн настай. Ингэж хэлэхээр тархиа гадныхнаар угаалгасан олон хүн уурладаг юм. Эхлээд уурлана, дараа нь үл тооно, дараа нь шүүмжилнэ, дараа нь хүлээн зөвшөөрнө. Хүний оюун ухаан энэ замаар явдаг тул би цуцахгүй хэлээд байдаг юм. Шударга ёс хэмээх өвөг дээдсийн сургаал баримтлал асар өргөн. “Харийнхныг дуурайвал Хөх Монгол гутмой, хахаж цацталаа баяжвал хамаг олон жигшмой” гэсэн сургаал үг бий шүү дээ. МҮАН нь хэлж ярьж байгаа үзэл баримтлалаа өмчлөх эрхгүй. Угаасаа бидний өмч биш. Монголчуудын үндэсний ухамсрыг зөв өдөөж зөв сэрээх явдлыг манай нам зорилгоо болгож байгаа юм. 

-Эргээд харахад МҮАН улс төрийн бараг бүх хүчинтэй хамтарч ажиллажээ.  МАН, АН-ын аль алинтай хамтарч Засгийн газар байгуулсан байна…

-Гоё асуулт байна. Нээрээ эргээд харсан чинь манай нам бүх л том улс төрийн хүчинтэй  эвсэлдэж байсан байдаг. МАН-тай Үндэсний эвслийн Засгийн газар байгуулж байсан. Одоо АН-тай Шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд ороод ажиллаж байна. Бид өнгөрсөн найман жилд Энхбаяр Ерөнхийлөгчийг, Элбэгдорж Ерөнхийлөгчийг дэмжиж ажиллаж ирсэн байдаг. Үзэл бодлын туйлшрал төөрөгдөлд байгаа Монголын нийгэмд эвлүүлэгч байж төрийн тогтвортой байдлыг хамгаалах нь манай намын үзэл баримтлалаас улбаатай юм. Манай намын анхны тунхагт нэг үг бий. “Хэрвээ та сонгох эрхээ эдэлж байгаа бол сонгогдсон төр засгаа хүндэл” гэж. 

Төрөө сонгочихоод араас нь төр засгаа нулимдаг явдал бол монгол ёс заншил биш. Дургүй байгаа бол дараагийн сонгууль болтол хүлээх тэвчээртэй байх нь өөрөө ардчиллын шаардлага юм. 

-Гэхдээ танай нам ардчилсан үзлийг эрхэмлэдэг хэрнээ яагаад зүүний чиглэлийн үзэл баримтлалтай МАХН-тай эвсчихэв ээ гэдэг асуулт ч  хуучирдаггүй… 

-Манай үзэл баримтлалыг хуваалцдаг бүх нам, улс төрчидтэй хамтарч ажиллах нь бидний зорилго. Бид дангаараа юу ч биш шүү дээ. Өөрсдийгөө жижиг гэж үзэх боловч бусдад дагаар орогчид бас биш. МҮАН-ын хүч чадал нь итгэл үнэмшилдээ байдаг юм. 

-Шударга ёс эвслийн АН-тай хамтрах асуудлууд дээр МАХН-ынхан давуу эрх эдэлдэг гэсэн яриа бий. Саяхан гэхэд л МАХН дангаараа АН-тай нууц гэрээ хийх гэж байсан нь нийтэд мэдэгдчихлээ. Та болоод танай нам ямар байр суурьтай байгаа вэ?

-Эмзэглэх зүйл ерөөсөө байхгүй ээ. 

-Нөгөө талаар МҮАН-ыг ҮШН байхад нь удирдаж явсан Ц.Цолмон гишүүн МАХН руу явчихлаа. Д.Батцогт гишүүн бүлгээсээ гарч байгаагаа мэдэгдлээ. Г.Уянга гишүүн өөр бүлэг байгуулах нь  гэх зэрэг мэдээллүүд нь МҮАН-аас гишүүд нь нүүр буруулаад эхэлжээ гэдэг ойлголтыг төрүүлэх хандлагатай байна. Та юу хэлэх вэ?

-2012 онд сонгогчид УИХ-ын гишүүдийн төлөө саналаа өгөхдөө аль намаас нэр дэвшсэн, уг хүнийх нь чадал чансаа юу билээ гээд олон зүйлийг бодсон байж таараа. Тиймээс УИХ-ын гишүүдийн эрх сонгогчдын захиа даалгавраар хязгаарлагддаг. Үүнийг imperative mandate гэдэг юм билээ. Зарим оронд намаа, бүлгээ өөрчилсөн гишүүдийн тойрог дээр дахин сонгууль зарладаг. Манайд ийм зохицуулалт байхгүй. Зөвхөн тухайн хүний ёс суртахууны асуудал хэмээн орхигдуулжээ. УИХ-ын гишүүний “хүний эрх”  эрх мэдэлтний “амиа  бодох үзэл” цаашдаа моод болж магадгүй байгаа. Ингэвэл Монгол төрд гай болно. Үүнийг цаашдаа бодох асуудал шүү.  

-Хэдийгээр үл ойлголцол байдаг ч та яалт ч үгүй АН-ын угшилтай хүн. АН-ын лидер байхдаа өндөр албан тушаалуудад очиж байлаа. Тиймээс энэ намтай эргээд нийлье гэсэн бодол төрдөг үү.  Энэ намын талаар таны бодол, сэтгэл өнөөдөр яаж өөрчлөгдсөн бэ?

-Том нам. Томынхоо хэмжээгээр дотроо том зөрчил тэмцэлтэй. Аажим боловч үндэсний чиглэлд өөрчлөгдөж буй нам. Бидэнд хамтарч ажиллах олон нийтлэг талбар байгаа гэж бодож байна.

-АН 1996-2004 оны үе шигээ дотроо задарч, бутарч, өөрсдийнхөө Засгийн газрыг татан унагалцаж, хөлөө жийлцэхгүй байх нь одоо юу юунаас чухал гэдэг яриа хөвөрч байна. Та юу хэлэх бол?

-Засгийн газрын тогтвортой байдал онцгой чухал. Эхлүүлсэн ажлуудаа эргэлт буцалтгүй ажил хэрэг болгоход цаг хугацаа хэрэгтэй. 

-Ингэхэд  та Н.Энхбаяр даргыг суллагдсанаас хойш уулзсан болов уу? 

-Суллагдсанаас нь хойш уулзаагүй. 

-Одоо хоёулаа ажил ярья. Парламентын цөөнх болсон Ардын нам Засгийн газрыг хүчтэй шүүмжилж байна. Сайд нарыг нь огцруулах бичгээр УИХ-ыг “дарах” шинжтэй. Одоо ч Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулна гэж байна.  Засгийн газар тогтворгүй байхын сөрөг талыг илүү мэдэх хүний хувьд та юу хэлэх вэ? 

-Монголын эдийн засгийн байдал гадаадын хөрөнгө оруулагчдыг татах эсэхээс ихээхэн хамааралтай. Чингэс бонд, Самурай бондыг бидний монголчууд эргэж төлнө. Буруу ашиглавал бид эрсдэлд орлоо гэсэн үг. Хойч үе маань төлнө. Гадаадын хөрөнгө оруулалтын төлөө угтаа Монгол эрсдэл үүрдэггүй. Гадныхан өөрсдөө эрсдлээ үүрээд Монголд ирдэг. Ганц хүсдэг юм нь тогтвортой эрүүл орчин. Энэ асуудалд Засгийн газрын тогтвортой байдал хамаарна. Засаг нь тогтворгүй бол хөрөнгөө бариад хэн манайд ирэх билээ дээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж бүхий л орон мэрийдэг. АНУ том хэрнээ гадаадын хөрөнгө оруулалт тэдэнд чухал байдаг. Хятад гадаадын хөрөнгө оруулалт дээр босч ирсэн түүхтэй. Орос орон мөн адил ийм л асуудалтай байгаа. 

-Нөгөө талаар Ардын намын Засгийн газарт орох хүсэл их байгаагаас энэ бүхэн үүдэлтэй гэж харах хүмүүс ч бий. Та юу гэж бодож байна вэ?

-Хэсэг хүмүүсийн бодлыг бүхэл бүтэн намд нь нялзааж ойлгох хэрэггүй байх аа. 

-Сүүлд С.Баярцогт гишүүн ч МАН-тай хамтарч үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулъя гэдэг саналыг гаргасан… 

-АН-ын байр суурь биш гэсэн мэдэгдэл гарсан байна лээ. Хүн хуучнаа санагалзахад буруу юм юу байхав дээ.

-Тэгэхээр та энэ Засгийн газрын үйл ажиллагаанд ямар дүн тавьж байгаа вэ? 

-Дунд түвшинд ажлаа сайжруулмаар байгаа шүү. Ялангуяа яамд.

-Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал муудсан  нь бодит үнэн. Валютын ханш ч өссөөр байна. Дотоодын компаниуд түрүүчээсээ дампуураад эхэллээ. Энэ доройтлыг сөрөг хүчин улстөржсөн байдлаар дүгнээд, АН-тай холбож тайлбарлаад байх шиг байна. Эдийн засагч хүний хувьд та хөндлөнгөөс юу гэж харж байна вэ. Эдийн засгийн уналт юутай холбоотой вэ?

-Дэлхийн эдийн засгийн байдал, хөрш орнуудын эдийн засгийн байдал тийм ч сайн биш байгаа. Бидэнд цаагуураа сөргөөр нөлөөлж л байгаа. Манайх шинэчлэлээ төгс боловсронгуй болгож үр дүнд хүрэхийн төлөө ажиллах  л хэрэгтэй. 

-Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Хөрөнгө оруулалтын тухай хууль ч гаргасан. Ахицтай зүйл танд ажиглагдаж байна уу?

-Гадныхан бидэнд ихээхэн болгоомжтой хандаж байгаа. Манай Монголын талаар  хөрөнгө оруулагчид болгоомжлонгуй өөдрөгөөр харж байгаа гэж дэлхийд бичиж байна. Асуудалтай байна л гэсэн үг. Ажлаа сайн хийеэ. Ялангуяа Эдийн засгийн хөгжлийн яам шуурхай мэргэжлийн байх хэрэгтэй байна. 

-Гацаанд орчихоод байгаа Оюу толгойг урагшлуулах тал дээр танд ямар санал байна.Чухам юун дээр гацчихаад байгаа талаар ямар мэдээлэл байна вэ?

-Оюу Толгойд Монголын 34 хувийн сонирхол байгаа. Дотооддоо маргаан дэгдээдэг үе ард хоцорсон шүү дээ. Хамтрагч нартайгаа маргалдах биш нэгдэж дэлхий рүү харж ажиллах хэрэгтэй байна. Шинэ хандлагаар ажиллах хэрэгтэй. 1990 оноос хойш Монголд том мега төсөл хэрэгжиж байсангүй. Оюу толгой бол үнэхээр том төсөл. Нэг мега төслийн араас нөгөө мега төслийг залгуулж түүнээсээ дараа дараачийн мега төслүүдийг хөгжүүлж хөгжил рүү хүрдэг зам байна. Үүнийг л ашиглах хэрэгтэй. 

-“Чалко”-гийн өрөн дороос босч чадахгүй байгаа Таван толгойн асуудал ч хүнд байна. Таны байр суурь, саналыг сонсох нь зөв байх?

-Буруугаа өөрсдөөсөө хайх гэдгээр явах хэрэгтэй. Хүнээс мөнгийг нь аваад идсэн нь үнэн. Түүнийг төлөх хэрэгтэй. Урд өмнөх өрөө төлөхгүйгээр, санхүүгийн сайн түүхгүйгээр “Эрдэнэс Таван толгойд хөрөнгө босгох магадлал тун бага. Би байдал дээрдэж байгаа гэсэн ойлголттой яваа. 

 Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Нобелийн шагналын эзэн Д.Эрдэнэцогт

НҮБ-ын олон улсын химийн зэвсэг хориглох олон улсын байгууллага өнгөрсөн оны аравдугаар сард Нобелийн Энх тайвны төлөө шагнал хүртсэн. Тус байгууллагад арваад жил тасралтгүй то­милогдон ажиллаж байгаа Монгол Улсын иргэн Дорж­паламын Эрдэнэцогт Нобелийн шагналыг багийнхаа гишүүдийн хамтаар гардан авчээ. Хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирээд байгаа түүнийг өдрийн зочноор урилаа. Тэрбээр одоо НҮБ-ын Химийн зэвсэг хориглох олон улсын байгууллагад химийн зэвсгийн мэргэжлийн шинжээчээр ажилладаг бөгөөд түүний даян дэлхийд энхийг сахиулах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ийнхүү шагнасан байна. Д.Эрдэнэцогт 1962 онд Завхан аймгийн Ургамал суманд төрсөн. Найман нас хүртлээ мал маллаж байгаад  Завхан аймгийн Яруу сумын дунд сургуульд элсэн оржээ. Улмаар найм, аравдугаар ангиа онц дүнтэй төгссөн учраас  гадаадын цэргийн дээд сургуульд конкурс өгөхгүй суралцах эрх авч байжээ. Ингээд 1980-1986 оны хооронд хуучнаар ЗХУ-ын  Тамбов хотод Хими хамгаалалтын цэргийн дээд сургуульд суралцан төгссөн байна. 1999-2002 онд БХИС-ын докторантур төгсөж,  Цэргийн албаны аюулгүй байдлыг хангах сэдвээр Цэргийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан, 2002 онд Хавайн Аюулгүй байдлын судалгааны коллеж, 2004 онд АНУ-ын Батлан хамгаалахын хуулийн сургууль, 2011-2012 онд Германд НАТО-гийн цэргийн сургууль, Италид НАТО-гийн Батлан хамгаалахын коллежид суралцан төгсчээ. 1986-2005 онд Зэвсэгт хүчинд ажилласан бөгөөд энэ хугацаанд салаа, ротын захирагч, албаны дарга, штабын дарга, захирагчийн нэгдүгээр орлогчийн албыг хашиж байсан. Мөн БХИС-д эрдэм шинжилгээний ажилтан, багш, Батлан хамгаалах яамд ахлах мэргэжилтэн, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тамгын газрын даргаар ажиллаж байжээ. Улмаар 2005 оноос Батлан хамгаалахын сайдын тушаалаар НҮБ-д зэвсгийн шинжээчээр томилогдсон байна. Цэргийн ухааны доктор тэрбээр орос, англи, франц, араб, хятад, голланд хэлтэй. Эхнэр хоёр хүүхэдтэй. 

Нобелийн шагналын талаар тэрбээр “НҮБ-ын Химийн зэвсэг хориглох олон улсын байгууллагыг энх тайванд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж Нобелийн шагналын хорооноос шагнасан. Өөрөөр хэлбэл, манайх багаараа энэ шагналыг хүртсэн гэсэн үг. Шагнал авсныхаа дараа үед би Монголдоо ирж амжаагүй. Харин сая ирэхэд хэвлэл мэдээллээр энэ тухай  маш хүчтэй ярьж байгаа юм байна гэдгийг мэдлээ. Хөдөө ах, дүү нартаа үзүүлсэн чинь зургийг нь аваад тавьсан байсан. Мэдээлэл маш хурдан тархдаг юм байна. Би ах, дүү арвуулаа. Ах, дүү нарын маань ихэнх нь хөдөө мал маллаж байна. Харин манай төрсөн эгч Д.Сумьяаг хүмүүс тахин байх. Яруу найрагч, эрдэмтэн зохиолч, шинжлэх ухааны хүрээлэнд ажиллаж байгаа хүн бий. Төрсөн дүү Д.Эрдэнэ-Оргил өнгөрсөн өвөл Завхан аймгийн Завханмандал сумаас улсын сайн малчин болсон байна лээ. Сая онгоцноос буугаад шууд Завхан нутагтаа очоод гурав, дөрвөн хоног амраад ирлээ. Энэ дашрамд дүүдээ баяр хүргэе. Ах нь Нобелийн шагналыг авсан багийн гишүүн бол манай дүү Монгол Улсдаа  мал аж ахуйг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж бай­гаад баярлаж байна” гэж яри­лаа. Тэрбээр мөн цааш нь “Нобелийн шагнал бол дэлхийн хамгийн дээд шагнал юм. Энэ шагналыг нэг бол хувь хүнд эсвэл багт өгдөг. Дэлхийд нэр хүндтэй хүмүүс хүртдэг шагнал. Өнгөрсөн жил НҮБ-ын химийн зэвсгийн хориглох байгууллага,  Оросын холбооны улсын Ерөнхийлөгч Путин хоёр энэ шагнал дээр үзүүр түрүүнд тунаж үлдээд манай байгууллагад өгсөн юм. Өөрөөр хэлбэл,  өнгөрсөн онд НҮБ-ын химийн зэвсэг хориглох байгууллагад ажил­лаж байсан бүх хүн Нобелийн шагналын эзэн гэсэн албан ёсны гэрчилгээ, алтан медалийн эзэн болсон. Манай байгууллага 1997 онд байгуулагдаад 16 жилийн турш дэлхийн химийн зэвсгийн ихэнх нөөцийн 80 гаруй хувийг устгаж дууссан учраас бидний энэхүү дэлхийн энх тайванд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж Нобелийн шагнал олгосон. Нобелийн шагнал өгөх тэр үед буюу өнгөрсөн оны аравдугаар сард манай байгууллага Сирийн химийн зэвсгийг устгах ажилд гарсан байсан.  Энэ нь бас маш чухал  түлхэц болсон гэж ойлгодог” гэж ярилаа.  

НҮБ-ын химийн зэвсгийн хориглох байгууллагад манай монголчууд Батлан хамгаалах сайдын тушаалаар 1997 оноос хойш томилогдон ажиллаж байгаа аж. Хамгийн анх 1997 онд генерал Н.Хүрлээ, хурандаа З.Нармандах нар, Гадаад хэргийн яам­ны дипломат ажилтан Д.Ган­баатар нар  ажиллаж байжээ. НҮБ-ын олон улсын химийн зэвсгийн шинжээч хэмээх энэхүү чухал албын тухайд тэрбээр “Энэ алба онцгой тусгай алба.  Маш их ачаалал­тай ажилладаг. Хүнд бэрх нөхцөлд ажилладаг. Одоо Ливи, Сири дайны байдалтай  байгаа. Байгууллагын нууцтай холбоотой учраас илүү дэлгэ­рэнгүй зүйлийг ярьж болохгүй” гэв. 

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
мэдээ цаг-үе

Батлан даалтад гарахын тулд хагас сар өлсгөлөн зарлаж байна гэв

84 настай Ё.Чимэд эмээ манай сонинд хандлаа. Түүний охин залилангийн гэмт хэрэгт холбогдож Урьдчилан хорих 461 дүгээр ангид зургаан сар хоригдож байгаа аж. Эмээ зургаан сарын турш охиныхоо хоёр хүүхдийг дагуулж Өвөрхангай аймаг Улаанбаатар хоёрын дунд уяатай нохой мэт яваагаа ярьсан. Охин нь өнгөрсөн сарын 22-ноос эхлэн Урьдчилан хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарлаж эхэлжээ. Эмээ охиныхоо эрүүл мэндэд санаа зовон, батлан даалтад гаргахыг  “Өдрийн сонин”-оор дамжуулан прокурор, шүүгчдээс хүссэн юм. Түүнтэй ярилцлаа.

-Та охиныхоо талаар яриач?

-Охиныг минь Д.Анхтуяа гэдэг. Өвөрхангай аймгийн Хархорин суманд зургаа, долоон настай хоёр хүүхэдтэйгээ хамт миний дэргэд амьдардаг байсан юм. Хоёр жилийн өмнө хотод нэг залуутай танилцаад, түүнтэйгээ хамтран амьдардаг болсон хэрэг. Одоо би хоёр хүүхдийг нь чирээд л охиныхоо төлөө өдөр, шөнөгүй явж байна. Надаас өөр энэ хүнийг гэх хүн алга.

-Яаж яваад хэрэгт холбогдчихсон юм бол?

-Хамтран амьдардаг залуу нь түүхий эдийн ченж юм билээ. Тэрэнтэйгээ нийлээд машин авахаар болж. Тэгэхдээ нөгөө залуугийнхаа найз Ганболдын “Ниссан Куашкау” маркийн машиныг мөнгийг нь арав хоногийн дараа өгье гээд авсан байна. Тэр үед Д.Энхтуяа бичиг баримтгүй явж байгаад дүүгийнхээ нэр дээр худалдан авах гэрээ хийгээд авчихаж л дээ. Хамтран амьдардаг байсан залуу нь тухайн үед хөдөө түүхий эд цуглуулаад явж байсан юм билээ. Тэгэхдээ “Энд түүхий эд их байна. Мөнгө хэрэг болох янзтай. 18 сая төгрөг явуулаач” гэж охин руу минь ярьсан байна. Ингээд охин маань дүүгийнхээ нэр дээр авсан машинаа “Сайн” ломбардад тавиад 18 сая төгрөг зээлчихэж. Тэгтэл машины эзэн Ганболд долоо хоногийн дараа цагдаагийн байгууллагад хандчихсан. Ингээд л охиныг маань бариад хорьчихсон хэрэг. 

-Машин болон ломбарднаас зээлсэн 18 сая төгрөгийг залилсан хэрэгт холбогдсон юм уу?

-Одоо тэр машин “Сайн” ломбардад байгаа. Хууль мэддэг хүмүүсийн ярьж байгаагаар иргэний хуулиар шийдэж болохоор юм билээ.Гэтэл охинд минь өрөө төлөх боломж өгөлгүй барьж хориод Эрүүгийн хуулийн хүнд гэмт хэргийн зүйл ангиар яллаж байгаа. 

-Хүнд зүйл ангиар хэрэг үүсгэсэн гэж охин тань өлсгөлөн зарласан юм болов уу?

-Үгүй. Батлан даалтад гаргачихвал хүмүүсийн өрийг төлөөд, тэр машиныг эзэнд нь буцааж өгье  гэж байгаа юм. Гэтэл прокурор, шүүгч батлан даалтад гаргадаггүй. Хоёр жаахан хүүхэд, настай хөгшнийг орхиод охин минь хаашаа оргон зайлах билээ. Гэтэл батлан даалтад гараад оргон зайлчихна гээд шүүгч хорих хугацааг нь сунгаад байдаг. Тиймээс охин маань өлсгөлөн зарлаад хагас сар гаруй хугацаа өнгөрчихлөө. 

-Биеийн байдал нь ямар байгаа бол. Прокурор, мөрдөн байцаагч нь эргэж тойрсон юм болов уу?

-Угаасаа унаж, татдаг охин. Өмгөөлөгчийнх нь ярьж байгаагаар цус харвах магадлалтай, бие нь тун тааруу байна гэсэн. Батлан даалтад гаргатал өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ гэж байна гэсэн. “Хоёр хүүхдээ бодоод биеэ гамна” гэж хэлүүлсэн ч тэмцсэн хэвээр байгааг сонсоход үнэхээр хэцүү байна. Ингэж байгаад охин минь муу мэдээ дуулгавал хоёр өнчин хүүхдийг нь яах билээ. Би тэр хоёр хүүхдэд хичнээн удаан хань болохыг мэдэхгүй. Хэрэг түвэгт холбогдсон дор хамтран амьдрагч залуу нь сураггүй болсон. Прокурор, шүүгч ч гэсэн хүүхэдтэй хүмүүс байх. Хүнийг шоронд хийж, ял өгөхөөс илүү хохирсон хүмүүсийн хохирлыг яаж барагдуулах вэ гэдэгтээ анхаарч ажилламаар санагдах юм. Охиныг минь өлсгөлөн зарласнаас хойш прокурор, мөрдөн байцаагч нэг ч удаа уулзаагүй. Ерөөсөө ч тоодоггүй юм билээ. Хуулиараа бол өлсгөлөн зарласан тухай нь Урьдчилан хорих 461 дүгээр ангийн хяналтын прокурор мөрдөн байцаагч, улсын яллагчид нь дуулгах ёстой. Тэд хариу арга хэмжээ авах учиртай гэсэн. Гэтэл охиныг минь зүгээр л зөнд нь орхичихоод байна. 

Батлан даалтад гарвал охин чинь яаж өрөө төлөх юм бол?

-Хүмүүсээс авлагатай гэсэн. Тэд мөнгөө өөрт нь өгнө гэдэг. Батлан даалтад гарвал л бусдад учруулсан хохирлыг бүрэн төлөх боломж байгааг өмгөөлөгч нь хүртэл батлан хариуцаж байгаа. Хэрвээ хохирлыг нь төлчихвөл эрх зүйн байдал нь сайжирч ял авсан ч арай хөнгөдүүлдэг гэж сонссон. Хүнээс авах ёстой мөнгөө авахад 18 сая төгрөг бүрдчихнэ. “Сайн” ломбардыг хохиролгүй болгочихвол машинаа аваад эзэнд нь буцаагаад өгчихнө гээд байгаа юм. Ингэвэл уг нь хохирсон хүмүүст ч гэсэн амар мэт санагдах юм гэв.

Ц.ӨРНӨХ

Categories
америкийн-монголчууд булангууд мэдээ цаг-үе

Вашингтонд Олон улсын монголч эрдэмтдийн хурал боллоо

Монгол соёлын төв,
АНУ дахь Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулдаг Олон улсын монголч эрдэмтдийн
бага хурал өнгөрсөн тавдугаар сард Вашингтон хотноо амжилт­тай болж өнгөрлөө. Найм
дахь удаагаа болж буй энэхүү жил тутмын хуралд энэ удаа Монгол Улс, АНУ, ОХУ, БНСУ-ын
20 шахам эрдэм­тэн, судлаач оролцож, Монголын түүх, Уран зохиол, Өнөөгийн Монголын
нийгэм дэх тулгамдсан асуудлууд, Боловсрол гэсэн 4 салбар хурал­даанд илтгэл тавьж,
хэлэлцлээ. Мөн нэрт монголч эрдэмтэн Хангин Гомбожавд зориулсан тусгай хуралдааныг
зохион байгуулав.

Хурлыг нээж АНУ-д
суугаа Элчин сайд Булгаагийн Алтангэрэл үг хэлэв. Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас
гадаад дахь монгол судлалыг хөгжүүлэхэд анхаарч байгаа, үүнд шинээр байгуулагдсан
“Монгол судлалыг дэмжих сан” дорвитой дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд
Монгол судлалын бага хуралд тавьж буй илтгэлийн чанар сайжирч байгаа, цаашид олон
улсын Монгол судлалд хувь нэмрээ оруулахуйц арга хэмжээ болгон хөгжүүлэхийн төлөө
ажиллахын чухлыг тэмдэглэв.

 

САЛБАР ХУРАЛДААН 1. ТҮҮХ

Түүхийн салбар хуралдааныг
АНУ-ын эрдэмтэн, “Монгол нийгэмлэг”-ийн Ерөнхийлөгч, доктор Алисиа Кампи даргалан
явууллаа.

Эхний илтгэлийг ШУА-ийн
судлаач, доктор Оохнойн Батсайхан “1911 оны Үндэс­ний Хувьсгал ба Богд Жавзан­дамба
Хутагт” сэдвээр тавив. Тэрбээр Монгол Улсыг тусгаар тогтносон улс болгосон тэрхүү
чухал хувьсгалд Богд хаан ямар үүрэгтэй оролцсон, хэр­хэн удирдсан, Монголын анхны
Засгийн газар ямар бүрэлдэхүүнтэй байсан зэргийг өгүүлээд, түүхэнд Богд хааны нэр
ямар суурьтай үлдэх ёстойг тодотгон өгүүлсэн юм. Монголын бусад бүх Богдууд Бээжинд
очоод ирэх замдаа бие нь муудан өнгөрдөг уламжлалтай байж. Харин Наймдугаар Богд
ганцаараа Бээжинд очоогүй, тийм ч учраас урт насалсан аж. О.Батсайхан илтгэлдээ
12 сарын 29 бол АНУ-ын хувьд 7 сарын 4-тэй нь дүйцэх баяр юм гэх мэт зүйрлэл хэрэглэсэн
нь америкчуудад юун тухай ярьж буйг нь ойлгуулах сонирхолтой жишээ болж байлаа.     

Смитсонианы Хүрээлэнгийн
Арктик Судлалын Хүрээлэнгийн захирал, доктор Уиллиам Фитцхью “Буган чулуу, овоо,
чулуун урлаг: Хөвсгөлөөс Мон­гол Алтай хүртэлх нутгаас олдсон археологийн шинэ олдворууд”
сэдвээр илтгэв. Тэрбээр Монголын нутгаас олдсон буган чулууг Скиф, Пазырыкийн чулуутай
харь­цуулан, хэлбэр дүрс, хээ маягийнх нь ялгаа ба адил талыг гарган тавьсан нь
сонирхолтой байлаа.

Түүхийн салбарын сүүлчийн
илтгэлийг Улаанбаатар Их сур­гуу­лийн судлаач Хишигсүрэн Вонн “Дэлхийн монголчууд,
тэднийг нэгтгэх гол хүчин зүйл” сэдвээр тавилаа. Хишигсүрэн монголчуудын дэлхий
нийтэд тарсан үе шатыг 12-13-р зуун, 14-19-р зуун, Нэн шинэ үе хэмээн гурав ангилаад
тус тусад нь авч үзэв. Түүний тооцоолсноор эхний хоёр шатанд хамаарах монголчууд
12 сая илүү байгаа бол нэн шинэ үед дэлхийгээр тархсан монголчууд 216 мянга байгаа
аж. Энэ олон сая хүн өөрийгөө Монгол хэмээн үзэх, тэднийг нэгтгэх гол хүчин зүйл
нь нүүдэлчин гарал, Чингис хааныг шүтэх үзэл, мөнх тэнгэ­рийг бишрэх үзэл зэрэг
юм хэмээн тэрбээр илтгэлдээ дурдсан юм.

 

САЛБАР ХУРАЛДААН 2. УРАН ЗОХИОЛ

Монголын уран зохиолын
салбар хуралдааныг МУИС-ийн Улаанбаатар сургуулийн багш, доктор, профессор Чой­сүрэнгийн
Дагвадорж удирдан явуулав.

Эхлээд “Мон Судар”
хэв­лэ­лийн газрын редактор Дагий­раазайн Нямдорж “Монгол аман зохиол дахь зохиомол
үгсийн тухай” илтгэв. Нямдорж “Боо цоо хоёр- Зээ цөө хоёр, Талхий палхий, Гү Гү
цулцан, Гүзээгүй цулцан, Яа Яа цулцан Ясгүй цулцан, Жий жий жимбүүхэй, Хай хай хамбуухай”
гэх мэт оньсого болон ардын аман зохиолын бусад төрөлд байгаа зохиомол үгсийг “утга
тодорхой, утга тодорхойгүй” хэмээн хоёр ангилаад, цаашид авиазүй, утгазүйн онцлогийг
нь авч үзэн, хэрэглээнийх нь өвөрмөц шинж, утга зохиол дахь үүргийг нь тодорхойлон
өгүүлэв.

Утга зохиол судлаач,
орчуу­лагч доктор Саймон Вик­хам Смит “Монголын орчин цагийн утга зохиолд Веймарын
БНУ-ын үзүүлсэн нөлөө” сэдвээр илтгэлээ. Д.Нацагдорж, Н.Наваан-Юндэн, Д.Намдаг тэргүүтэй
Монголын сэхээтнүүдийг Герман улсад, Берлин, Лейпциг хотуудад сурч боловсорч байх
үед тус улсад Веймарын БНУ ид мандан цэцэглэж, урлаг утга зохиолын шинэчлэл тохиож
байсан ажээ. Саймон Смит Өрнийн судлаачид Веймарын үеийн Германы урлагийн шинэчлэл,
үзэл санааг хэрхэн тодорхойлсныг тоочсон нь “модернизм, уран зөгнөл, хэв маягийн
хялбар­шуулал, психоанализ, секс-үхэл” байлаа. Ингээд эдгээр үзэл ид уран бүтээлээ
туурвиж байсан монгол залууст нөлөөл­сөн байх боломжтойг Д.Нацагдоржийн бүтээлээр
жишээ болгон баталсан юм. “таван минут” болон бусад өгүүллэгүүдийг нь задлан шинжилснээс
харахад үнэхээр Веймарын үеийн урлагийн шинэч­лэл Нацагдоржийн бүтээлд нөлөөлсөн
байж болох нь харагдаж байлаа. Тэгвэл бидний олон жил ярьсаар ирсэн Есениний “Од”
Монголд буусан хэрэг огт биш, уран зөгнөл ид хүчирхэгжиж байсан 1919-1933 оны үеийн
Германы утга зохиолоос үүдэлтэй “Од” байх магадлалтай аж. Ямартай ч энэ талаар манай
утга зохиол судлалд өмнө огт яриагүй байсан тул энэхүү хуралд цоо шинэ сэдэв хөндөгдлөө
хэмээн үзэж болохоор байна.

Яруу найрагч, орчуулагч
Жамсрандоржийн Оюунцэцэг “Яруу найргаас чухам юуг орчуулж үл болох вэ?” сэдвээр
илтгэлээ. Тэрбээр ямар ч яруу найргийг орчуулах боломжтой хэмээн үзсэн бөгөөд үүнийхээ
жишээ болгож, өөрийнхөө орчуулсан хэд хэдэн шүлгийг эш татан ярив.  

Үдээс хойш хурлын
нийт төлөөлөгчид Конгрессын Номын Санд айлчиллаа. Конгрессын Номын сангийн Азийн
тасгийн Монгол-Төвд номыг хариуцсан мэргэжилтэн Сюзан Мэйнхэйт төлөөлөгчдийг хүлээн
авч, зөвхөн Монгол ховор хуучин номын цуглуулга төдийгүй их танхим, уншлагын танхим
зэргээ үзүүлэн, тайлбарлав.

 

САЛБАР ХУРАЛДААН 3. ӨНӨӨГИЙН МОНГОЛЫН НИЙГМИЙН
ТУЛГАМДСАН АСУУДЛУУД

Хурлын хоёр дахь өдөр
Нийг­мийн тухай салбар хурал­даанаар эхэллээ. Хуралдааныг Монгол Улсын Элчин зөвлөх
Дамдины Гансүх удирдан явуулав.

Эхний илтгэлийг Хараат
бус судалгааны хүрээлэнгийн судлаач Баярнямын Эрдэнэ “2008 оны 7 сарын 1-ний үйл
явдалд хийх социологийн шинжилгээ” сэдвээр тавив. Тэрбээр 7 сарын 1-ний үйл явдалд
үнэлэлт дүгнэлт өгөхдөө уг явдалд оролцсон 25 хүнтэй ганцаарчилсан ярилцлага хийснээс
гадна хэдэн зуун гэрэл зураг, видео бичлэг, баримт бичгийг судалж үзсэн байна. Ингээд
Смелзерийн хамтын ажиллагааны зан төлөвийн онолоор болж өнгөрсөн үйл явдлыг тайлбарлалаа.

Хуралд хамгийн холоос
ирсэн зочид болох Бийск хот дахь Шукшины нэрэмжит Академийн судлаач Михайл Власов,
Александер Беспалов, Ховд Их сургуулийн багш Түмээгийн Одончимэг нар “Баруун Мон­голын
хүүхэд залуусын амьдралыг үзэх үзэл, үнэ цэн”-ийн асуудлаар илтгэв. Тэд Ховд, Баян-Өлгий
аймгийн дунд сургуулиудаар явж, нийт 440 хүүхдээс судалгаа авсан байна. Энэхүү судалгаандаа
үндэслэн монгол, казах хүүхдүүдийн амьдралын зорилго, утга учрыг үзэх үзэл, ялгаа,
ижил шинж зэргийг гаргажээ.

Кентийн Коллежийн
профессор, доктор Сунмин Юн “Улаанбаатар болон Хөдөөгийн дуу аялгууны ялгаа буюу
гуравдагч орон зай” сэдвээр илтгэв. Тэрбээр нийслэл хотод урлагийн сургуульд явсан
дуучид болон хөдөө гэртээ дуулж сурсан дуучдын ялгааг үзүүлэхдээ өөрийн хийсэн бичлэгийг
сонсгож үзүүллээ. Бор борын бялзуухай, Үүлэн бор зэрэг дууг өөр өөр дуучид өөр өөрийн
хэв маягаар дуулж буй нь сонирхолтой байв. Үүний дараа ардын урлаг, хөөмий, морин
хуур зэргийг поп хөгжимтэй хослуулан хэрэглэж буй жишээнээс үзүүлээд энэ нь үнэхээр
шинэчлэл мөн эсэх талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Нийгмийн салбар хурал­дааны
сүүлчийн илтгэлийг Хараат бус судалгааны хүрээ­лэнгийн судлаач Ц.Болд “Уул уурхайн
олборлолт, тээвэр­лэлтийг тойрсон социал асууд­лууд” сэдвээр тавилаа. Тэрбээр Оюу
толгой, Таван толгойн уурхайгаас том оврын машинаар нүүрс тээвэрлэдэг жолооч нарын
амьдрал ахуй, нийгмийн асуудалтай биеэр очиж танилцан судалгаагаа хийсэн байна.
Ингээд жолооч нарын хоорондын болон орон нутгийн иргэдтэй үл ойлголцох зөрчил, шалтгаан
зэргийг тогтоож, хүүхдийн боловсрол, гэр бүлийн байдал, цалин хөлс зэрэг нийгмийн
асуудлуудыг нь гарган тавьсан юм.

 

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ҮЗЭСГЭЛЭН

Хурлын үеэр миний
бие 1920-иод оны үед гарсан Монголын хууль тогтоомжийн цуглуулгаа олонд сонирхуулав.
“Монголын худалдаа ба аж үйлдвэрийн банкийн дүрэм”, “Вексель хэмээх өр төлөх баталгааны
дүрэм”, “Аливаа хүч үнэлэгчдийн тухайн дүрэм” зэрэг 22 хууль, дүрмийн Монгол бичгээрх
уг эхийг хуралд оролцогчид үзэж сонирхлоо.

 

САЛБАР ХУРАЛДААН 4. НЭРТ МОНГОЛЧ ЭРДЭМТЭН ХАНГИН
ГОМБОЖАВД ЗОРИУЛСАН ХУРАЛДААН

Өдгөөгөөс хорин таван
жилийн өмнө нэрт монголч эрдэмтэн Хангин Гомбожав таалал төгссөн билээ. Тиймээс
Хангин Гомбожав гуайн үүсгэн байгуулсан Монгол-Америкийн Соёлын Нийгэмлэгээс Монгол
Соёлын Төвтэй хамтран их эрдэмтэнд зориулсан тусгай хуралдаан зохион байгууллаа.

Эхний илтгэлийг Хангин
Гомбожавтай хамт тус нийгэм­лэгийг анх үүсгэн байгуулж байсан, өдгөө Ерөнхийлөгчөөр
нь ажиллаж буй доктор Санж Алтан тавилаа. “Хангин Гом­божав-25 жилийн дараа” хэмээх
илтгэлдээ тэрбээр эрдэмтний намтар, амьдрал, уран бүтээлийн талаар танилцуулаад
Монгол Улсыг НҮБ-д элсүүлэхийн тулд хэрхэн хичээн зүтгэж байсан, АНУ-д монгол судлалыг
үүсгэхэд ямар хувь нэмэр оруулсан талаар нь дэлгэрэнгүй ярилаа.

Доктор, профессор
Ч.Дагва­дорж Хангины Гомбожав гуайн бичсэн “Зангиа” хэмээх сонирхолтой шүлгийг задлан
шинжилснээ илтгэлээ. Монгол бичгээр таталган бичсэн энэхүү шүлэгтээ Гомбожав гуай
эх хэл соёл хүний амьдралд хэр чухал болохыг уран ёгт аргаар үзүүлсэн байна.

Дараа нь үүнийг бичигч
миний бие Хангин Гомбожав гуайн монгол хэл шинжлэлтэй холбоотой бүтээлүүд буюу Монгол
-Англи толь бичиг болон монгол хэл сурах бичгүүдийнх нь талаар илтгэлээ. Эцэст нь
Хангин Гомбожав гуайн үүсгэн байгуулсан бас нэгэн байгууллага болох “Монгол нийгэмлэг”-ийн  Ерөнхийлөгч, түүний шавь Алисиа Кампи багшийгаа
дурсан ярив.

 

САЛБАР ХУРАЛДААН 5. БОЛОВСРОЛ

Доктор Оохнойн Батсайханы
удирдан явуулсан энэхүү салбар хуралдааны анхны илтгэлийг Хараат бус судалгааны
хүрээ­лэнгийн судлаач Лхагвын Мөнхбат “Төрөөс үзүүлж буй санхүүгийн дэмжлэг оюутны
сурах идэвхэд нөлөөлөх нь” сэдвээр тавив. Түүний судалгааны дүнд эргэн төлөх болзолтойгоор
олгож байсан зээл нь оюутны сурах идэвхэд сайнаар нөлөөлж байсан бол ямар ч шалгуургүйгээр
хавтгайруулан олгож байгаа тэтгэлэг тэтгэмж нь үр ашиг багатай байгаа юм байна.

Удаах илтгэгч Гүнсэнгийн
Монголхатан “Таван настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын харьцуулсан судалгаа”
хийснээ илтгэлээ. Тэрбээр зөв­хөн хүүхдүүд төдийгүй, багш, эцэг эхчүүдтэй уулзан,
ярилцаж, дасгалын аргаар судалгаагаа явуулсны эцэст ярих бичих чадварыг нь тодорхойлон
цаашид хэрхэх талаар зөвлөгөө дүгнэлтээ гаргасан байлаа.

Энэ өдрийн болоод  хур­лын сүүлчийн илтгэлийг Гандан­тэгчинлин хийдийн
гэвш лам Даваанямын Лувсанжамц “Гэвш Лхаарамба Агваандандарын Монгол, Төвдийн хэл
соёлд оруулсан хувь нэмэр” сэдвээр тавьснаар энэхүү Монгол судлалын хурал амжилттай
өндөрлөлөө.

 Вашингтон дахь манай тусгай сурвалжлагч
М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Хотыг ээж нар хамгийн сайн төлөвлөж чадна

Анн Алтман хэмээх жижиг­хэн Америк эмэгтэй  сүүлийн долоон жилд Монголд таван удаа иржээ.
Тэрбээр биологийн ухааны доктор хүн. Түүний амьдардаг Хамден хот АНУ-ын Коннектикут
мужид оршдог.  Анн Хамдены  Хот төлөвлөлт, бүсчлэлийн комиссын даргаар ажилласан
туршлагатай. Хотын дүрэм бий болгох, хотыг төлөвлөхөд иргэдийг оролцуулах талаар
олон хүнтэй уулзаж, лекц уншиж, дарга нарын чихнээс боломжоороо “хонх уяж” явдаг
хүн. Миний мэдэхээр түүнийг НИТХ-ын дарга Т.Билэгт  урьж, хотын дүрэм бий болгох талаар зөвлөгөө авч
байсан бол одоогийн хотын дарга Э.Бат-Үүл ч хүлээн авч, хотыг төлөвлөхөд иргэдийг
оролцуулах талаар ярилцсан байна лээ. Энэ эмэгтэй бас Монголд анхны Иргэний танхим
байгуулахад дүрэм дээр нь суулцсан хүн. Улаанбаатарыг сайхан болгох талаар санаа
тавьж явдаг түүнтэй газраасаа  хөөгдөхдөө
тулаад байгаа Зайсангийн оршин суугчид ч уулзаж, зовлон тоочиж амжжээ. Анн тэдэнтэй
ярилцаад “Эхийг нь  эцээж, тугалыг нь тураахгүй”
америк маягийн “гаргалгаа” хийсэн аж. Түүнийгээ бас шивнээд амжсан. Гадаад хүнээс
Зайсангийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авах сонин юм.

-Хуулиараа Зайсан тусгай хамгаалалттай газар. Тэнд том том байшингууд
баригдаж байгаа. Эдгээр байшингууд аялал жуулчлалыг дэмжих зориулалтаар зөвшөөрөл
авдаг. Уг нь бол тэнд бай­гаа барилга байшингууд ерөөсөө тэнд байх ёсгүй юм. Баячуудын
том байшинг хэн ч зайлуулж чадахгүй. Харин ядуу, энгийн иргэд эгзэгтэй нөхцөлд байна.
Тэд Зайсанд угаасаа л амьдарч байсан. Үргэлжлүүлээд амьдрахыг хүсч байгаа. Энэ байдлаас
яаж гарах вэ? Америкт нэг хэлц үг байдаг. “Өвөөжүүлэх” буюу өмнө нь байсан юмыг
хадгалаад, цааш авч явахыг хэлдэг. АНУ-д шинэ журам боловсруулахдаа өмнө нь байсан
юмыг устгадаггүй.  Хууль, журам гарахаас өмнө
байсан хүмүүсийг хууль, жу­рам гарлаа гээд хөөж болох­гүй. Гэрүүд үлдэх ёстой. Тэд­нийг
нүүлгэх учиргүй. Мэдээж том барилгуудыг хэн ч нурааж чадахгүй. Тэд ч үлдэнэ. Баян
ч бай ядуу ч бай байгаа хүмүүс нь тэр чигээрээ үлдэхээс өөр аргагүй болоод байна.
Энгийн хүмүүс дүрэм журам ч уншихгүй яваа шүү дээ.  Гэхдээ нэмж ямар ч байшин барилга барихгүй байх
учир­тай. Газартайгаа үлдсэн хү­мүүс хашааны газраа томс­гох, тэлэх ёсгүй. Газраа
хэрэл­дэж байж авч үлдээд, өндөр үнээр зарах магадлал бий. Тийм боломжийг хаах хэрэгтэй.
Магадгүй тэд тусгай хамгаалалттай газар нутагт амьдарч байгаагийнхаа төлөө хөрөнгө
орлоготойгоо зохицсон татвар төлж болно. Иймэрхүү шийдвэр гаргасан байхад тэнд байгаа
хүмүүсийн уур хилэн дарагдаж, бүгд сэтгэл хангалуун үлдэх бо­ломж­той. Энэ бол америк
маягийн шийдэл. Гэр хороол­лын иргэд “Хууль зөрчин оршин сууж байгаа иргэд” гэсэн
хаягтай яваад байгаа нь тэдэнд ашиггүй” байна 
гэж Анн санаа зовж байсан.

Ингээд түүнээс үндсэн сэдвээрээ сонирхлоо.

 -Хотын
дүрэм бий болгохоор Нийслэлийн за­саг даргын тамгын газрын­хан төсөл хэрэгжүүлж
бай­гаа гэж сонссон. Хотын дүр­мийг дээд удирдлагаас хийх ёсгүй гэж та үздэг байх
аа. Хотын дүрмийг бий болгохын тулд эхлээд юу хийх ёстой вэ?

-Хотын захиргаанд байгаа хотын дүрмийн ажлын хэс­гийнхэн адил төстэй
хотууд болон том хотуудын дүрэмтэй танилцах учиртай. Тухайлбал манай Хамден шиг
жижиг хотын дүрэмтэй ч  танилцаад хэрэгтэй
санаагаа түүж аваад, Иргэний танхимдаа иргэдээ цуглуулаад, ийм санал дэвшүүлж байна  гэж танилцуулах ёстой юм. Ашиг сонирхол нь хөндөгдөж
бай­гаа хотын бүх иргэдийг оролцуулах хэрэгтэй. Хүн бүр янз бүр. Өөр өөр ашиг сонирхолтой.  Хурал зохион байгуулагчдын хувьд хүмүүс юуг дэмжиж,
эсэргүүцэж байгааг л цуглуулах үүрэгтэй. 
Ажлын хэсгийнхэн хот тө­лөв­­лөгчдөөс авахуулаад улстөрчид, мэргэжлийн хү­мүүс­тэй
ярилцах ёстой. Үүний дараа эхний нооргоо гаргана. Мэдээж хотын дүр­мийн гол хэсэгт
техникийн чанартай үг хэллэг орсон ч энгийн хэллэгээр бичигдсэн, дунд сургуулийн
хүүхэд ч ойлгохоор байх хэрэгтэй. Дүрмийн анхны загварыг интернэтэд тавьж, хотын
бүх хүн танилцах боломжтой хэлбэрээр цацах учиртай. Сэтгүүлчид уг дүрмийн талаар
хэлэлцүүлэг өрнүүлэх маягаар бичих хэрэгтэй. Олон нийтийн хэлэлцүүлэг хэдэн долоо
хоног, хэдэн сараар ч үргэлжилж болно. Дараагийн бүлэг уулзалтаар эцсийн байдлаар
дүрмээ боловсруулах талаар хэлэл­цэж эхэлнэ. Эцсийн байдлаар журмаа гаргаад  дэмжиж байна, дэмжихгүй байна гэдэг дээр Улаанбаатар
хотын иргэн бүрийн саналыг авна. Өнөөдөр энэ хэлэлцүүлэг эхэллээ гэхэд хоёр жилийн
дараа ч дуусч болно. Хүн бүрийн эрх ашиг хөндөгдөх учраас хүн бүрийг оролцуулах
хэрэгтэй.  Хүмүүсийн  дэмжлэг авахгүй бол дахиад л үргэлжилнэ.  Энэ бол ардчилал юм. Маш олон зуун хүнийг хамрах
боломжтой. Идэвхтэй хэсэг хүмүүсээс гадна энгийн хүмүүс ч оролцох боломжийг нээх
учиртай.

-Хотын
дүрэмгүй бол юу болох вэ. Дүрэмгүй амьдарна биз дээ?

-Өнөөдөр Улаанбаатар хот Засгийн газраас хамааралтай байна.  Хэрэв өөрийн 
дүрмээ батлаад, өөрийн статусаа бэхжүүлээд авбал хот өөрийн цуглуулсан мөнгөөр
өөрийгөө хөгжүүлээд явах боломжтой. Дүрмээ баталбал  татвараа хураагаад, эдийн засгийн хувьд улсаас
хамааралгүй хөгжих юм. Хүн бүр адил тэгш хотын татвар төлбөл  чинээлэг хүмүүст нөлөөлөхгүй, ядуу хэсэгт дарамт
болно. Харин үл хөдлөх хөрөнгийн татвар хураавал өндөр орлоготой хүмүүс илүү татвар
төлж, хот хөгжих боломжтой болно.

-Хотын
дүрэм тэгэхээр  санхүүгийн асуудалд илүү хамааралтай
хэрэг үү?

-Үгүй ээ. Интернэтэд ороод Хамден хотын дүрмийг харуулъя. Хотын дүрэм
яаж гарсан гэхээр улсын хуульд хот болгон дүрэмтэй байхаар заасан байдаг.  Манай хотын дүрэмд юу юу орсныг товчхон ярья.
Эхний хоёр бүлэг хотын танилцуулга. Гуравдугаар бүлэг хотын захиргаа, албан хаагчдыг
яаж томилох вэ гэдгийг маш олон жижиг хэсэгт хуваагаад, заагаад өгдөг.

-Хотын
дарга иргэдээсээ сонгогдох уу?

-Тийм. Дөрөвдүгээр бүлэгт Хотын эрх бүхий хүмүүс яаж шийдвэр гаргах
тухай зааж өгсөн. Тавдугаар бүлэг хотын дарга гэсэн гарчигтай. Хотын даргын сонгууль,
үүрэг, хотын дарга хэн хэнийг томилж болох вэ, тэдний эрх ямар байх вэ гэсэн таван
хэсэгтэй. Зургадугаар бүлэгт сонгуулиар эрх мэдэлд хүрсэн тэр хүмүүс юу хийхийг
заасан. Дараагийн бүлэгт хотын захиргааны хэлтэс тус бүрийн үүрэг, хариуцлага, яаж
албан тушаалд томилогдохыг зааж өгсөн.

-Хотын
дарга хэн нэгэн танил, хамаатан саднаа албан тушаалд томилж чадахгүй гэсэн үг үү?

-Үгүй ээ. Хотын дарга нэр дэвшүүлж, хотын зөв­лөлийнхөн баталдаг.
Хотын дарга өөрөө баталж чадахгүй. Есдүгээр бүлэг боловсрол. Манай хотынхон боловсролд
хамгийн их ач холбогдол өгдөг. Аравдугаар хэсэг хотын төсөв. Төсвийн төслийг  хотын дарга санаачилж, зөв­лөлийнхөн нарийвчилж
шалгаад зөвшөөрөл өгнө.   Тухайлбал  өндөр настануудад үзүү­лэх үйлчилгээ гэсэн хэ­сэгт
компьютерийн сургал­тад хотын дарга 2500 дол­лар төсөвлөсөн байхад зөв­лөлийнхөн
түүнийг нь 1500 доллар болгосон нь энд харагдаж байна. Хотын төсөв хотын зөвлөлийнхний
гол  ажил. Хотын төсвийг батлахдаа иргэдээр
хэлэл­цүүлдэг.

-Хотын
зөвлөл чинь мундаг эрхтэй юм аа. Хотын зөвлөлийг яаж сонгодог юм бэ?

-Иргэд хотын зөвлөлийг сонгодог. Би гурван удаа хотын зөвлөлийн гишүүнээр
сонгогдож байсан.  60 мянган хүн амтай манай
хот есөн дүүрэгт хуваагддаг. Дүүрэг тус бүрээс нэг зөвлөлийн гишүүн сонгогддог.
Зургаан зөвлөлийн гишүүний 4 нь олонхийн намаас гарсан, 2 нь цөөнхийн намаас сонгогддог.
Хотын дүрэмд арван жилд нэг удаа өөрчлөлт оруулахаар заасан. Манай хотын дүрэм саяхан
өөрчлөгдсөн. Маш олон удаа олон нийтийн хэлэлцүүлэг явагдсан. Нэгд  нь би үг хэлсэн. Хотын дүрэмд өөрчлөлт оруулах
хурал төлөвлөлт бүсчлэлийн хорооны гишүүдийн үг хэлэх цагийг хязгаарлахаар заасан.
Турш­лагатай хүмүүсийг маш сайн сонсох ёстой. Цагийг нь хязгаарлах ёсгүй гэж би
хэлээд, түүнийг маань хүлээж авсан. Хотын дүрмийг өөрчлөх ажлын хэсгийг  хотын дарга нэр дэвшүүлээд, зөвлөлийнхөн баталдаг.
Дүрэм өөрчилж байгаа учраас мэргэжлийн хуульчдын тусламжийг авна. Дараа нь иргэд
энэ өөрчлөлтийг дэмжиж байгаа эсэхээр санал өгсөн.  Иргэдийн санал авч байхад хотын дарга ч санал
өгнө. Хотын дарга учраас энэ хүний санал илүү гэсэн юм байхгүй. Би өөрөө Хот төлөвлөлт,
бүсчлэлийн хорооны дарга байсан. Манай хуралд хотын дарга иргэн хүний хувьд санал
өгнө. Түүний санал бидний шийдвэрт нөлөө үзүүлэхгүй. Хотын зөвлөл төсвөө батлах
үүрэгтэй. Төсвөө бүрдүүлэхийн тулд татвар цуглуулна. Үл хөдлөх хөрөнгийн татвар
буюу том үнэтэй хаусанд амьдарч байгаа хүмүүс илүү татвар төлөх жижиг байшинд амьдарч
байгаа хүн бага татвар төлөх зар­чим баримталдаг. Хотын захиргааны төсвийг нарийвчилж
зааж өгдөг. Энэ хэлэлцүүлэг дандаа олон нийтийн өмнө явж байдаг. Дараа жил хэдэн
төгрөгийн төсөв хэрэгтэйг зөвлөл тодорхойлдог. Хотын захиргааны нэг хэлтсийнхэн
“Манай цаасны мөнгө дууслаа. Гэтэл үзэг, харандааны мөнгө илүү гарч байна. Илүү
гарсан мөнгөө цаасанд зарцуулмаар байна гэвэл Хотын зөвлөлийн хурлаар зөвшөөрөл
өгдөг. Энэ хурал оршин суугчдын өмнө нээлттэй болдог. Жишээл­бэл нарийвчилсан төсөв
дээр Улаанбаатар хотын төлөө­лөгчдийг хүлээж авахад 500 доллар төсөвлөсөн гэвэл
“Юу ярьж байгаа юм, яагаад бидний татварын мөнгөөр хаа байсан хачин улсуудыг хүлээж
авдаг юм” гээд бөөн юм болно шүү дээ. Харин том хотуудад мэдээж өөр. Тэдэнд гадаадын
зочдыг хүлээж авах төсөв мэдээж бий.  Татварын
мөнгийг юунд зарцуулж бай­гааг манай иргэд харж байдаг. Тийм учраас гадаадын  төлөө­лөгчдийг дайлж цайлах мөнгө бидэнд байхгүй.
Монголоос хоёр  удаа хоттой танилцахаар төлөөлөгчид
ирсэн. Хотын дарга 30 минут хүлээж авсан, ширээн дээр нь ус ч байгаагүй. Манай хотын
дарга ямар машин унаж байгааг бүгд мэднэ. Үнэтэй машин унавал хүн болгон дургүйцнэ. 

-“Шилэн
данс”-ны хууль батлуулахаар УИХ-д оруулсан ч батлалгүй зүгээр л буцаачихсан. Албан
ту­шаалтнууд төсвийг ил тод байлгах сонирхолгүй, тэдэнд хуучнаараа байх нь таатай
байгаа бол яах вэ?

-Ил тод байдлыг шаардсан хуулийг хэн нэг хүн батлахгүй байна гэдэг
бол тэр хүн өөрөө ил тод байдалд дургүй байна гэсэн үг. Энэ хуулийн эсрэг санал
өгсөн УИХ-ын гишүүдийг мэдэж байгаа юу?

-Хэн
ямар санал өгсөн нь тодорхой байгаа л даа.

-Эсрэг санал өгсөн гишүү­дийн нэрсийг бариад Засгийн газрын ордны
гадна эсэргүүцэл зарлаач. Сэтгүүлчид эсрэг санал өгсөн гишүүдээс яагаад эсэргүүцсэн
юм бэ гэж асуух хэрэгтэй шүү дээ гэж тэр гайхлаа.        

“Гэр хорооллыг төлөвлөх­дөө иргэдийн санааг тусгах учиртай. Хамгийн
муу төлөв­лөлттэй хэсэгт ч хүмүүст таа­лагддаг хэсэг байж л таарна. Хүмүүсийн дуртай
орчинг эвдэж болохгүй. Хүмүүсээс асуухын өмнө ард иргэдээ боловсруулах, мэдээллээр
хангах хэрэгтэй. Иргэний тан­химын гол үүрэг иргэдээ сонсохоос гадна иргэддээ мэдээлэл
өгөх, боловсруулах юм. Нээлттэй засагтай байгаа­гүй оронд иргэдийг шийдвэр гаргахад
оролцуулах үйл явцад хугацаа шаардана” гэж Анн зөвлөж байна. “Саяхан би Завхан аймгийн
Улиастай хотод аялаад ирсэн. Хотын орлогч дарга нь уулан дээрээс хотоо харуулаад,
хотоо төлөв­лөхдөө яах хэрэгтэйг асуусан. “На­даас битгий асуу. Өөрөөсөө асуу” гэж
би хариулсан. Би түүнээс Хамден хотын хөгжил ямар байхыг асууж болохгүйтэй л адил”
хэмээн ярив. Тэгснээ “Улаанбаатарыг яаж төлөвлөхийг би танаас асууя” гэлээ.

-Би ээж хүн. Миний хувьд Улаанбаатарт мод, зүлэг ногоон хэсэг их
хэрэг­тэй санагддаг.  Хүүхдээ сал­хилуулахад
ойрхон  цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай
байвал зүгээр гэхэд маань  

-Бүх ээжүүд яг л ийм юм хүсч байгаа. Хотыг төлөвлөхийн тулд мэргэжлийн
байх хэрэггүй, ээж байхад л хангалттай. Хотыг төлөвлөнө гэдэг хотод амьдарч байгаа
хүмүүсийн асуудал. Худалдаа, үйлчил­гээ­­ний хэсгүүд хотод мэдээж байна. Бизнесмэнүүд
яаж ийгээд аргаа олно. Хамгийн гол нь иргэд хот төлөвлөлтөд оролцох ёстой. Анх Улаанбаатарт
ирэхэд Зайсан толгой, Буддагийн том хөшөө сайхан харагддаг байсан. Тэр хавьд амьдарч
байгаа оршин суугчид хэрэв төлөвлөлтөд оролцсон бол шинээр байшин барилга баригдахгүй
байсан  гэж Анн хэлсэн юм.

 Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

С.Мөнхбат: Угсраа мэх хийсэн нь хүмүүст буруу сэтгэгдэл төрүүлчихлээ

Монголд банкны салбар үүсч хөгжсөний 90 жил, Аварга цолтой бөхөд хүндэтгэл үзүүлэх барилдаан өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт болж өнгөрсөн. Үзүүр түрүүний барилдааны үеэр аварга С.Мөнхбат харцага Ц.Содномдоржийг унагахдаа толгой руу нь цохиж, нэдэрсэн гэх шуугиан бөх сонирхогчдын дунд өрнөөд байна. Цахим мэдээллийн хэрэгслээр барилдааны бичлэг тавигдаж аварга С.Мөнхбатыг бу­руут­гаад байгаа. Дээрх барилдаанд үзүүрлэсэн Ц.Содномдорж өмнө нь Улсын гарьд Б.Гончигдамбын гарыг хөшиж, дөрвөн сар барилдах эрхээ хасуулсан юм. Тэрбээр дөрвөн сар барилдалгүй байж байгаад өнгөрсөн амралтын өдөр барилдаж үзүүрлэхдээ толгой руугаа цохиулсан асуудалд нэр холбогдсон. Үүнийг аваргын сануулга гэж ярих хүн ч олон байна. Энэ талаар хоёр бөх дараахь хариултыг өглөө. Эхлээд Монгол  Улсын аварга С.Мөнхбаттай холбогдож хариулт авсан юм. 

-Таны Ц.Содномдорж харцагатай барилдсан барилдаан шуугиан тариад байна.  Уначихаад байхад нь толгой руу нь нэдэрч албаар цохисон гээд Бөхийн өргөөнд бөх үзэж байсан болон дараа нь барилдааны бичлэг үзсэн хүмүүс ярьж байна. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ? 


 -Санаатайгаар толгой руу нь цохисон асуудал байхгүй ээ. Санаандгүй тийм зүйл болчихсон. Ц.Содномдорж харцага бид хоёрын дунд ямар нэгэн үл ойлголцол, муудалцсан юм байхгүй. Сайхан найзалж, нөхөрлөөд л явдаг. Спорт тэр тусмаа бөхийн барилдаан гэдэг мэхээ даацтай сайн хийхгүй бол болохгүй гэдгийг бөх сонирхогчид мэдэх байх. Мэхээ гүйцээж хийхгүй бол уналгүй босоод ирэх байх гээд залгаа мэх хийсэн. Тэр нь хүмүүст буруу сэтгэгдэл төрүүлчихсэн байна лээ. Түүнээс санаатайгаар тийм зүйл болоогүй гэдгийг хэлмээр байна. Өмнө нь нэг барилдаан дээр өрсөлдөгч бөхөө уначихлаа гэж бодоод үргэлжлүүлж мэх хийгээгүйгээс болж алдаа гаргаж байсан. 

-Ц.Содномдорж  хар­цага Улсын гарьд Б.Гончигдамбын гарыг хөшсөн гээд дөрвөн сар барилдах эрхээ хасуулж байсан. Сүүлийн үед бөхчүүд дэвжээн дээрээ ёс зүйгүй авир гаргах болсон. Таны барилдааныг бас үүнтэй холбох хүмүүс байна. Бүр барилдах эрхийг нь хасах ёстой гэж яригдаад байгаа?


-Би нэг л зүйлийг бодож явдаг юм. Аварга хэмээх эрхэм хүндтэй цолонд  хүрлээ. Аварга цол хүртсэн бөх хүн бусдадаа үлгэр дуурайлал, манлайлал нь байх ёстой. Ард түмний хүндлэлийг дааж явах учиртай. Харин үндэсний бөхийн үзэгчдийн хувьд бөхчүүд рүү сүүлийн үед хэт их дайрч доромжилдог болоод байх юм. Энэ зүйл их ажиглагдаад байгаа шүү” гэв. 

Ц.Содномдорж: Аварга санаатай тэгээгүй байх

Дээрх барилдааны талаар харцага Ц.Содномдоржоос тодруулахад “Аварга санаа­тай­гаар тэгээгүй байх. Барилдааны үед тийм зүйл зөндөө л гардаг. Санаандгүй зүйл болсон гэж бодоод тоохгүй байгаа” гэв.   

Э.БААТАР