Нобелийн шагналт, Энэтхэгийн нэрт эдийн засагч Амартия Сен (Amartya Sen) “Development As Freedom” хэмээх бүтээлээ Нобелийн шагнал авсныхаа дараа жил буюу 1999 онд нийтлүүлсэн байдаг.
“Development As Freedom” буюу утгачилан орчуулах юм бол “Хөгжих эрх” бүтээл нь одоо нэгэнт бестселлер болж, хөгжлийн бодлого, ардчилал, хүний эрхийн сонгодог ном болсон байна. Щвейцарь зэрэг зарим оронд энэ бүтээл нь дунд сургуулийн хүүхдүүдийн заавал унших номонд тооцогддог аж.
Энэхүү бүтээлийн гол үзэл санааг товчхон тайлбарлахыг оролдъё.
Ардчилал, иргэдийн оролцоонд түшиглэсэн засаглалыг өнөөдөр нэгэнт дэлхийн нийтээр хамгийн дэвшилттэй, үр ашигтай, зөв тогтолцоо хэмээн хүлээн зөвшөөрч байна. Яагаад гэвэл гагцхүү иргэдийн оролцоотой жинхэнэ ардчилал нь тогтвортой бодит хөгжил рүү залдаг. Аливаа асуудлыг хүний эрх, улс төрийн эрх чөлөөг хэрхэн хангаж байгаагаар нь дүгнэдэг боллоо.
Дэлхий дахин даяарчилагдаж байна.Бизнес, хөрөнгө санхүү, худалдаа, арилжаа наймаа, тээвэр, харилцаа холбоо, интернет зэргээс даяарчилал хэрхэн эрчимтэй явагдаж байгааг бэлхнээ харж байна. Үүний хажуугаар үзэл санаа, гүн ухааны сургааль болон шашны урсгалууд даяарчилалтай зэрэгцэн нийтийн хүртээл болж байна.
Баян ядуугийн ялгаа улам бүр нэмэгдэж, байгаль орчин, хүрээлэн буй орчны бохирдол хөгжил дэвшлийн сөрөг үр дагавар болон хамтдаа алхаж байна.Ядуурал урьдын адил хамгийн хурц асуудлын нэг байсаар байна. Хүний хамгийн наад захын амьдралын хэрэгцээг бүх хүнд хамааралтайгаар иж бүрэн шийдэж чадахгүй байна. Эдийн засаг, нийгмийн харилцааны тогтвортой хөгжлийг хангаж тэр бүр чадахгүй байна. Авлига, хээл хахууль, эрхтэн дархтан, улс төр, бизнесийн бүлэглэлийн өмнө нийтийн эрх ашиг хүч дутан сөхөрч, иргэд олон нийт шууд бусаар болон илээр хохирсоор байна. Хүний эрх, ардчилал, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах зарчим ихэнх тохиолдолд цаасан дээрх тунхаглал төдий байх нь хаа хаагүй байсаар байна.
Эдгээр сөрөг асуудлыг зөвхөн хөгжлийн бодлогоор л шийдэж, даван туулж чадна.Хувь хүний эрх чөлөө, хувь хүний нийгмийн хариуцлагыг хангах нь хөгжлийн зорилго төдийгүй, хөгжилд хүрэх цорын ганц үндсэн арга хэрэгсэл, урьдчилсан нөхцөл юм. Иргэдийн хүсэл эрмэлзлэлийг хаан боогдуулсан, иргэдийн сонголтыг хязгаарласан аливаа саад тотгорыг арилгах нь хөгжлийн эрхэм зорилго гэж үзэх ёстой.
Хөгжил гэдэг ойлголтыг том агуулгаар нь харах юм бол хувь хүний эдэлж буй жинхэнэ эрх чөлөөг тэлж өргөжүүлж буй үйл явц юм. Дотоодын нийт бүтээгдхүүний өсөлт буюу бидний хэлж заншсанаар эдийн засгийн өсөлт нь хөгжлийн зөвхөн нэг л үзүүлэлт. Гэхдээ бүрэн ч биш, төгс ч биш үзүүлэлт.Нийгэм, эдийн засгийн бусад харилцаа нэн ялангуяа боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо, иргэдийн улс төрийн эрх чөлөө, иргэний эрх, хамгийн гол нь шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах нь хувь хүний эрх чөлөөг тодорхойлох гол үзүүлэлт төдийгүй хөгжлийн гол шалгуур юм. Community буюу орон нутгийн нийгэм, эдийн засаг, улс төрийн үйл явцад иргэдийн оролцох оролцоог хааж боогдуулдаг нь дарангуйлагч төр засгийн түгээмэл шинж тэмдэг гэхэд болно.
Нийтийн өмнө тулгарсан асуудлуудаа хамтран хэлэлцэж шийдвэрлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх төдийгүй түүнийгээ олны дэмжлэгтэйгээр бодитой хэрэгжүүлэх нөхцөл, боломжоор иргэд нь хангагдсан байх, тийм механизм тогтол-цоог жинхэнэ агуулгаар нь бүрдүүлэх нь эдийн засгийн өсөлтийг айл өрхөд, хүмүүст хүргэх хамгийн гол арга зам юм. Эрүүл мэндийн сайн үйлчилгээ, суурь боловсрол олж авах боломжоор ир¬гэд нь хангагдсан байх, иргэдийн идэвх санаачилгыг дэмжсэн, урамшуулсан сайн тогтолцоог бүрдүүлэх замаар ард олныхоо эдийн засгийн боломж, улс төрийн эрх чөлөө, нийгмийн хариуцлагыг өргөжүүлэх нь зөв шийдвэр, сайн үр дүн гарах үндсэн нөхцөл билээ. Эдгээр боломж хангагдсан байх юм бол хувь хүн, айл өрх бүр өөрсдийнхөө хэмжээнд хамгийн үр ашигтай шийдвэр гаргах, түүнийгээ хэрэгжүүлэх, үүний төлөө нэг нэгэндээ тусалж дэмжих, хамтрах болно. Хөгжил дэвшлийн үр өгөөжийг зүгээр л нэг идэвхгүйгээр хэн нэгнээс хүлээж суух биш харин хөгжлийг бүтээн байгуулахад гар бие оролцон идэвх санаачилга гаргах болно.
Улс төрийн эрх чөлөө, иргэний эрх, ардчиллыг зарим талаар хязгаарлах нь эдийн засгийн өсөлтийг авчирдаг гэсэн төөрөгдөл нэлээд байдаг. Үүндээ Азийн “барууд”-ыг их жишээ татах нь бий. Сингапурийн Ерөнхий сайд асан Ли Куан Юу (Lee Kuan Yew)-гийн нэрээр нэрлэсэн үзэл санаа “the Lee thesis” ч гэх шиг. Гэхдээ энэ нь учир тутмаг, өнгөцхөн дүгнэлт гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй. Тухайн үед эдийн засаг, гадаад орчны нөхцөл байдал эдийн засгийн өсөлтөд нааштай нөлөөлсөн нь ийм төөрөгдөл бий болох шалтаг болжээ. Дарангуйлал, хүчирхийлэлд дулдуйдсан засаглал болон эдийн засгийн өсөлт хоорондоо төдийлөн холбоогүй болохыг өндөр түвшний судалгаанууд нэгэнтээ тогтоосон бүлгээ.Тэр бүү хэл дарангуйлал ноёрхсон газар нутаг, улс орнуудад л ган гачиг, зуд нийтийг хамарсан гамшиг болж хувирдгийг бид олон жишээнээс харж болно.
Эдийн засгийн чадамж, улс төрийн эрх чөлөө, нийгмийн боломж, мэдээллийн ил тод байдал, аюулгүй байдал нь эрх чөлөө гэдэг өргөн ойлголтыг бүрдүүлэгч хэсгүүд юм. Хөгжлийн үйл явц нь эрх чөлөөг бүрдүүлэгч эдгээр хэсгүүдийн харилцан шүтэлцээнд тулгуурлаж байж бодит үр дүнд хүрэх юм. Ардчилсан тогтолцоо, хууль эрх зүйн орчин, чөлөөт зах зээлийн харилцаа, иргэдийн боловсрол ба эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, мэдээллийн ил тод байдлыг хангасан зөв бүтцийг дэмжин хөгжүүлэх замаар өөр хоорондоо харилцан уялдаатай, олон талын оролцоотой механизмыг бүрдүүлэх нь хөгжлийн бодлогын цөм хэсэг байхаас аргагүй.
Хувь хүмүүс бидний ирээдүй, ололт амжилт нь Төр засгийн институцуудын ямар тогтолцоо, байгууламж оршин байгаа болон энэ нь хэрхэн ажиллаж байгаагаас ихээхэн хамаардаг. Эдгээр институц нь бидний эрх чөлөөнд ямар дэмжлэг үзүүлж байгаа, ардчилал, иргэдийн оролцоог хэрхэн дээдэлж байгаа нь тэдгээрийн үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөх гол шалгуур юм.
Чөлөөт зах зээлийн харилцаа нь хамгийн үр ашигтай эдийн засгийн харилцаа болох нь үнэмлэхүй үнэн гэдэгтэй одоо хэн ч маргахгүй гэдэг нь ойлгомжтой. Оролцогчид нь хэн нэгний тушаал шийдвэр, зөвшөөрөл үгүйгээр эрх чөлөөтэйгээр сонголтоо хийж, хэн хэндээ ашигтай, нийтлэг сонирхолд нийцсэн шийдэл гаргаж байдаг нь чөлөөт зах зээлийн харилцааны үндсэн зарчим. Иргэдийн оролцоо, нийгмийн хариуцлага нь энэ агуулгаараа чөлөөт зах зээлийн харилцааны гол түшиг тулгуур, хөдөлгөгч хүч нь юм. Үр дүнг нь нийтээрээ хүртэх боломж бүрдсэн үед зах зээлийн харилцаа хамгийн үр ашигтай байж чаддаг. Суурь боловсрол, эрүүл мэндийн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг хангах, эх үүсвэрийн боломжийг бүрдүүлэх, энэ чиглэлээр ухаалаг бодлого явуулах нь хөгжлийг хүн бүр айл өрх бүрт хүргэх суурь нөхцөл юм. Эдийн засгийн аливаа шинэтгэлийн бодлогыг тодорхойлохдоо эдгээр асуудалд онцгой ач холбогдол өгөх нь шинэтгэлийн бодлого амжитад хүрэх урьдчилсан нөхцөл гэхэд болно. Азийн “барууд”-ын ололт амжилтын нэгэн шалтгаан нь боловсрол, эрүүл мэдийн тогтолцоондоо ихээхэн анхаарал тавьсантай холбоотой гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй.
Өнгөрсөн цаг хугацааг өөрчлөх боломжгүй гэж эртний Грекийн гүн ухаантан Аристотель нэгэнтээ хүлээн зөвшөөрсөн байна. Харин “ирээдүй бол бидний гарт байж, биднээс хамаарна” гэдгийг мөн тэрээр онцлон тэмдэглэжээ. Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн аливаа асуудлыг олон нийтээр хэлэлцэх буюу нийтийн хэлэлцүүлгүүд нь илүүтэй олон талын эрх ашгийг хамгаалж, илүүтэй олон талын хэрэгцээг хангах хамгийн зөв механизм юм. Олон нийтээр хэлэлцүүлнэ гэдэг нь бас мэдээллийг нийтэд хүргэх ч механизм болдог. Чикагогийн алдарт эдийн засагч Франк Кнайт (Frank Knight) “аливаа шийдлийн үнэ цэн нь зөвхөн аль болох олныг хамарсан нийтийн хэлэлцүүлгийн явцад л бүрдэж, төлөвшиж, үнэлэгдэж, нийтээр хүлээн зөвшөөрөгддөг.Энэ агуулгаараа нийтийн хэлэлцүүлэг нь нийгэм, оюун ухаан, бүтээлч хандлагыг нэгтгэсэн механизм мөн” гэж бичсэн байдаг. Тэгэхээр нийтийн хэлэлцүүлэг нь хүмүүст ирээдүйгээ хамтдаа бүтээх, хөгжлөө хамтдаа тодорхойлон боломжийг өгч буй чухал тогтолцоо гэдэг нь ойлгомжтой. Джеймс Бьюкенен (James Buchanan) “ардчилал гэдэг нь хэлэлцүүлгийн засаглал юм” гэж нэгэнтээ тодорхойлоод, “нийтийн хэлэлцүүлэг гэдэг нь хувь хүний байр суурь, үзэл баримтлал нь шийдвэр гаргахад тусгалаа олох, нөлөөлөх үйл явц” гэж үзжээ.
Хөгжлийн бодлогыг тодорхойлдог бүхий л хүчин зүйлийг хувь хүний эрх чөлөө, ардчилал, нийгмийн хариуцлагатай зөвөөр уялдуулсан, товчоор хэлэхэд хөгжил болон эрх чөлөөг нэгэн цогц бодлого болгосон тийм л зарчим нийгмийн хөгжил дэвшилд хүргэнэ хэмээн Амартияа Сен өөрийнхөө номын эцэст дүгнэсэн байна. Тэгээд “Эрх чөлөө мянга мянган гайхамшгийг бидэнд нээж өгдөг, харин дөнгөтэйгөө эвлэрсэн боолууд эдгээр гайхамшгийг хэзээ ч олж мэдэхгүй” хэмээн өөрийнхөө энэ алдартай бүтээлээ дуусгасан байдаг юм.
Монголчууд бид хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал, шүүх засаглал гэсэн 3 засаглалтай хэмээн ярьж ирсэн. Хэвлэл мэдээллийг дөрөв дэх засаглал хэмээн “өхөөрддөг”. Харин Үндсэн хуулиндаа “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна, Монголын ард түмэн төрийн хэрэгт шууд оролцож” мөн түүнчилэн “ард нийтийн санал асуулга явуулж болно…олонхийн саналыг авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ” зэргээр тунхагласан байдаг боловч Үндсэн хуулинд заасан “ард түмний засаглал”-ыг манай Төрийн институциуд санаатай болон санаандгүйгээр анхаарлын гадна үлдээж ирсэн гэхэд болно.
“Өөрчлөх үү, өөрчилье” гэсэн уриатайгаар 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулан сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн эхнийхээ бүрэн эрхийн хугацаанд орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, шууд ардчилал, иргэдийн оролцоог дэмжих бодлогыг мөрийн хөтөлбөрийнхөө нэг гол хэсэг болгон хэрэгжүүлж, дээрх байдалд өөрчлөлт, шинэтгэлийг авчирсан. Энэ бодлогын үр дүнд 2011 онд батлагдсан Төсвийн тухай хуулиар аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрт бие даасан орон нутгийн хөгжлийн сантай байхаар, сумын болон дүүргийн орон нутгийн хөгжлийн санд Улсын төсвөөс тодорхой томъёонд тулгуурласан загварчилсан шилжүүлэг олгож байхаар заасан билээ. Мөн Орон нутгийн хөгжлийн санг ямар зориулалтаар, юунд, хичнээн хөрөнгө зарцуулахыг тухайн баг, хороодын иргэд нь эрэмбэлэн шийдэж байхыг Төсвийн тухай хуулиар хуульчилан заасан.
2013 онд орон нутгийн хөгжлийн санд 247 тэрбум төгрөг, 2014 онд 280 орчим тэрбум төгрөг нийтдээ хуваарилагдсан болохыг энд тэмдэглэх нь зүйтэй байх.
Иргэдийн оролцооны эрх зүйн орчинг бүрдүүлэх үүднээс Сумын дүрэм, Нийтийн зар мэдээний журам, Орон нутгийн санал асуулгын журам, Иргэний танхимын дүрэм, Орон нутгийн хөгжлийн сангийн журмууд зэрэг үлгэрчилсэн журмын төслүүдийг Ерөнхийлөгчийн институцээс иргэдийн оролцоотойгоор боловсруулан нийтийн хүртээл болгосон нь Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтэд иргэдийн оролцоог хангахад чухал дэмжлэг болж ирлээ.
Ерөнхийлөгчийн санаачилгаар анх байгуулагдаж байсан Иргэний танхим нь олон нийтийн хэлэлцүүлгийн нэгэн гол индэр болж байна.
Урьд өмнө зөвхөн дарга нарын шийдэж байсан орон нутгийн хөрөнгө оруулалтын үлэмж хэсгийг ийнхүү иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэж байх механизм бүрдүүлж байгаа нь ухаалаг төрийн бодлогын нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг харуулж байгаа юм. Орон нутагт иргэдэд чухам юу хэрэгтэй байгааг иргэдээс илүү сайн мэдэж, илүү зөв шийдэх тийм засаглал байхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой.Тэгэхээр орон нутгийн төсөвт Ерөнхийлөгчийн хийж буй шинэтгэл нь хөгжлийг орон нутагт хүргэх, айл өрх бүрт хүргэх нэгэн чухал бодлого болж байгаа юм.
Өнгөрсөн оны сонгуулиар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дахин сонгогдсон нь дээрх бодлого болон бусад олон сайн үйлс, зөв бодлогоо улам сайжруулах, өөрчлөлт, шинэтгэлийг улам бүр төгөлдөржүүлэх нийгмийн захиалга гэж тооцох ёстой юм. Тийм ч учраас Ерөнхийлөгчийн энэ удаагийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх гол бодлого нь “Ухаалаг төр”-ийн бодлого болж байна. Өнөөдөр Монгол Улсад алсын хараатай, холын бодлоготой төрийн бодлого үгүйлэгдэж байна. Судалгаанд суурилсан, удаан хугацаанд тогтвортой үйлчлэх, нийтийн эрх ашигт нийцсэн, үр ашигтай, ухаалаг механизм тогтоосон хөгжлийн бодлогыг тодорхойлох нь “Ухаалаг төр”-ийн бодлогын гол зорилго гэж ойлгогдож байгаа.
Бурхан багш зовлонгоос ангижрахын тулд зовлонгийн шалтгааныг арилгах ёстой гэсэн байдаг. Өнөөдөр Монголын үе үеийн Засгийн газрын зовлон нь бусдын өмнөөс бүхнийг хийх гэсэн оролдлого юм. Энэ нь коммунист үзэл суртал ноёрхож эхэлсэн тэр үеэс гараатай, өнөөдрийг хүртэл манай зарим хэсгийн сэтгэлгээнд ил далд хэлбэрээр оршсоор байгаа “өвчин” юм. “Давхар дээл”, эрх мэдлийг төвлөрүүлж буй аливаа бусад үйлдлүүд нь шийдлийг олж байгаа биш харин “зовлон”-г л улам бүр нэмэгдүүлж байгаа юм.
Ухаалаг төрийн бодлогын хүрээнд төвлөрлийг сааруулах нь энэхүү “зовлон”-гийн шалтгаанаас ангижрах цорын ганц зөв алхам. Төр засаг ямар бодлого, чиглэл, үйл ажиллагааг хариуцаад тэр нь аль зааг, хил хязгаарт хүрээд хязгаарлагдах ёстой, хувийн сектор болон иргэд нь төрөөс ямар дэмжлэгийг хүлээх, ямар асуудалд төр засгийн оролцоо дэмжлэг огтхон шаардлагагүй “биднийг тайван орхи” буюу “савраа тат” гэсэн зарчим үйлчлэх ёстойг тодорхой зарчим болгон тогтоох ёстой юм.
Засгийн газар нь юуг хариуцаж, аймаг, нийслэл нь ямар чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой юм, сум, дүүрэг болон баг, хороод нь иргэдийн өмнө ямар үйлчилгээг хариуцаж, юу хийх ёстой юм гэдгийг тодорхой болгосон, сайн тогтолцоо, механизмыг Ухаалаг төрийн бодлогын хүрээнд бүрдүүлэх ёстой юм. Улаанбаатар хотын замын явган гарцын асуудлыг Эдийн сайдын хөгжлийн сайд нь шийдвэрлэж, газар болон барилгын асуудлыг нь Барилга, хот байгуулалтын сайд нь ярьж явах нь ямар ч тохиодолд зөв ажил үүргийн хуваарь биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
Иргэдийн оролцоо, шууд ардчилал нь Ухаалаг төрийн бодлогын салшгүй хэсэг хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч тодорхойлоод байгаа. Ардчилал, иргэдийн оролцоонд тулгуурласан хөгжлийн бодлого л нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд хүргэдэг болохыг Нобелийн шагналт, нэрт эдийн засагч Амартия Сен “Development As Freedom”бүтээлдээ нотолжээ. Иргэний эрх, иргэдийн оролцоо, нийгмийн хариуцлага, хүлээцтэй байх буюу бусдыг хүлээн зөвшөөрөх (tolerance) нь ардчиллын үндсэн зарчмууд юм.Ардчиллын эдгээр зарчмууд нь бүгд нийлээд хөгжлийн бодлого буюу “Ухаалаг төр”-ийн бодлогын хамт хувь хүний хөгжих эрх-ийг тодорхойлж байгаа юм.
Олонтой бол буянтай
Л.ДАШДОРЖ