Categories
мэдээ цаг-үе

Facebook хуудастаа амьдралаа дэлгэчихдэг охидыг гэмт этгээдүүд ангуучилж байна

-Охид цахим гэмт хэргийн хохирогч болох нь ихэсчээ-

Интернэтээр насанд хүрээгүй охидтой танилцан, гэмт хэргийн хохирогч болгох нь ихэсчээ. Хамгийн сүүлд Эрүүгийн цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хуурамч facebook хаяг ашиглан насанд хүрээгүй охидтой танилцаж, садар самуун үйлдэлд татаж байсан Ч гэгчийг баривчиллаа. Тэрбээр ганцаардсан болон эцэг эхийнх нь хяналт сул байж болзошгүй охидыг судалж, танилцах хүсэлт илгээн сэтгэл зүйн эмзэг байдлыг нь ашиглан өөртөө татдаг аж. Дараа нь охидыг садар самуун агууламжтай үйлдэлд уруу татаж, нүцгэн зургаа авч үзүүлэхийг шаардах зэргээр сэтгэл зүйн хүнд дарамтад оруулдаг байжээ. Хамгийн сүүлд 16 нас хүрээгүй хоёр охиныг ийнхүү дарамт, шахалтад оруулаад байхад нь цагдаагийнхан саатуулж, шалгаж эхэлсэн байна. Хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа аж. 

Энэ нь цахим гэмт хэргийн нэг л тохиолдол гэдгийг цагдаагийнхан хэлсэн юм. Интернэтээр бусдыг дарамталдаг, шахдаг, садар самуунд уруу татдаг, заналхийлдэг этгээдүүд цөөнгүй байгааг анхааруулсан юм. Бид сэрэмжлүүлэг болгох үүднээс тэдний үйлдлийг тоймлон хүргэж байна. 

Зургаа дэлгэж, зовлон тоочсон охид олз болдог

Гэмт хэрэг үйлдэгчид facebook-тээ овог нэр гэхээс илүүтэй зохиосон нэрээр бүртгүүлдэг. Мөн байгалийн эсвэл гадаадын оддын зургаар facebook хуудсаа чимдэг аж. Тэдний хувьд өдөр тутмын амьдралаа facebook хуудастаа тоочдог охид олз болдог. Ихэвчлэн гадуур зугаалж яваа, найзуудтайгаа байгаа болон ганцаараа хэвтэж, суугаа зургаа тавьдаг охидыг тэд анхаарч эхэлдэг байна. Харин аав ээжтэйгээ хамт даруулсан зургаа дэлгэсэн охидоос болгоомжилдог гэнэ. Хаана яваагаа үргэлж зарлаж, “Өнөөдөр уйтгартай байна”, “Ганцаардаад байна”, ”Хамт зугаалах хүн байна уу” гэх мэтчилэн бичсэн охидод тэд найзлах хүсэлт илгээдэг. Найзаараа бүртгэж авсных нь дараа “Ийм хөөрхөн охин ганцаардлаа гэхэд сонин байна”, “Би ч мөн уйтгартай байна” гэхчилэн яриа өдөж танилцдаг гэнэ. Ингээд багагүй хугацаанд охинд санаа тавьж, интернэтээр халамжлан өөртөө дасгадаг аж. Харин дараа нь нэгийнхээ биеийн өө, сэвийг нуухгүй хэлцгээе гэх мэтээр нүцгэн зургийг нь харж, өөртөө хадгалж авдаг байна. Үүнээс эхлэн охидыг дарамталдаг гэнэ. Тэд “Нүцгэн зургийг чинь интернэтээр дэлгэлээ” гэж дарамтлан дахин садар самуун байдлаар зургаа харуулахыг шаардан, “Тэнд найзуудтайгаа байна. Ирэхгүй бол зургийг чинь дэлгэнэ” гэх мэтээр шахаж эхэлдэг байна. Охид ч үеийнхнээсээ, аав ээжээсээ айхдаа гэмт хэрэгтний хүссэн бүхнийг биелүүлж хохирогч болох ч тохиолдол гарчээ. Зарим нь шаардлагыг нь биелүүлээгүйгээс нүцгэн зургаа facebook-ээр тараалган, түүнээсээ ичин амиа хорлохыг завдсан ч тохиолдол гарсан байна. 

Facebook хуудсаар байсхийгээд л “Монгол охид ингэх ч гэж” гэсэн утга бүхий тайлбартай охидын нүцгэн зураг тардаг. Үүний цаана охид гэмт хэргийн хохирогч болсон байх магадлал байдгийг кибер гэмт хэрэг судлаачид хэлсэн. Тиймээс охидыг элдвээр зүхэхээс илүү цагдаагийн байгууллагад мэдэгдэх, мэдээлэл өгөхийг тэд сануулсан юм. 

Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход эцэг эхчүүдийн хүүхэддээ тавих хяналт хамгийн чухал гэдгийг цагдаагийнхан сануулсан. Хүүхдийнхээ онлайн ертөнц дэх найз нөхөд, харилцаж байгаа хүмүүсийн талаар эцэг эхчүүд тодорхой мэдээлэлтэй байж, найзуудтайгаа юуны талаар ярилцдаг, шөнө орой юу хийж байгааг нь анхаарч байхыг анхааруулсан юм. 

Хоол хүргүүлдэг халамжлагч нь мөнгө нэхжээ

Охидын хувьд интернэтэд хэтэрхий их мэдээллээ дэлгэдгээс үүдэж садар самуунд уруу татагдаж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болдог бол насанд хүрсэн, тодорхой ажилтай бүсгүйчүүд ч хохирох нь ихэсчээ. Тэд мөн л цахим хуудастаа бусдад олз болохуйц мэдээлэл үлдээж, зургаа дэлгэдгээс хохирогч болох зам нь нээгддэг байна. Facebook-ээр танилцсан боловсон залуу нь эхний үед халамжилж, ажил сургууль руу нь хоол хүртэл хүргүүлж байсан тохиолдол гарчээ. Сар гаруй ингэж халамжилсныхаа дараа араас нь мөрдөж, мөшгиж байна гэж айлгаж “Бусадтай уулзвал…” гэх мэтчилэнгээр дарамталсан байна. Эцэст нь мөнгө нэхэж, өгөхгүй бол бүх харьцаагаа дэлгэнэ гэх мэтээр сүрдүүлдэг болжээ. Ийм хэрэг үйлдэж байсан этгээд гурван бүсгүйг зэрэг дарамталж байсан нь ил болж, шалгагдаж байгаа аж.  

Энэ төрлийн хэргийн хохирогчид тогтсон ажил, тодорхой орлоготой байдаг аж. Тиймээс өөрийн нэр хүндэд нөлөөлөхүйц зураг, харилцаж байсан цахим захидал зэргийг нь олонд дэлгэхээс айж гэмт этгээдэд мөнгө өгдөг гэнэ. Харамсалтай нь гэмт этгээд мөнгө аваад салах нь ховор. Дахин элдвээр дарамталдаг аж. Тиймээс хохирогч болж байгаагаа мэдсэн даруйдаа гэмт этгээдтэй тохиролцох биш цагдаагийн байгууллагад хандахыг сануулсан. 

Танихгүй хүний найзлах хүсэлтээс татгалз

Хүн амьдрал дээр 100 хүрэхгүй найзтай байдаг. Харин цахим ертөнцөд 5000 найзтай, тэдэн дагагчтай гэж баярлах хүн цөөнгүй. Бүр интернэт дэх олон найзтай, хөөрхөн охид гэх жагсаалт ч харагддаг. Үнэндээ танихгүй хүн найзлах хүсэлт илгээвэл болгоомжтой байх, аль болох хүсэлтээс татгалзах нь хохирогч болохоос хамгаалдаг байна. Сүүлийн үед цагдаагийн байгууллагад “facebook, twitter-ээр танилцсан хүн маань дарамтлаад сүрдүүлээд байна” гэх гомдол их ирдэг болжээ. Ийм гомдлыг ихэвчлэн охид, бүсгүйчүүд өгдөг аж. Ихэнх нь найзын хүсэлт явуулсан танихгүй хүнийг бүртгэж, харилцсанаас гэмт хэргийн хохирогч болсноо мэдүүлжээ. Зарим “танихгүй” найз нь нүцгэн зургийг нь авчихаад олон нийтэд цацна гэхээс эхлээд онлайнаар секс хийсэн бичлэгээ найз залуу, гэр бүлийнхэнд нь үзүүлнэ гэж дарамталдаг аж. Эрүүгийн цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хуурамч хаяг нээж, бусдыг дарамталсан этгээдүүдийн хаягийг ил болгож, сэрэмжлүүлэг түгээдэг ч хохирогч өссөөр байгааг мэдэгдсэн. Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчид “Тэр хүн надтай өөрөө танилцсан. Би тусалсан” гэх мэтээр үйлдлээ далдлахыг хичээдэг учраас буруутгахад хүндрэлтэй байдаг аж. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ цаг-үе

Сургууль, цэцэрлэг амарснаас хойш хүүхдүүд түлэгдэж, гэмтэх нь ихэсчээ


Түлэнхийн төв сүүлийн үед ачаалалтай ажиллаж байгаа аж. Бага насны хүүхдүүд халуун цай, гал зуух, цахилгаан тогоо, ус буцалгагчтай халуун ус зэрэгт  түлэгдэн, хүнд гэмтэл авах,  улмаар хөгж­лийн бэрхшээлтэй болж, амь насаа алдах эрсдэл их гарч байгаа аж. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн амралт эхэлснээс хойш  бага насны хүүхдүүд Тү­лэн­хийн төвд ихээр хандах болж. Энэ талаар сурвалжлахаар “Мөнгөн гүүр” эмнэлэгт очсон юм. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төв “Мөнгөн гүүр” эмнэлэгт түрээсээр байрлаж байгаа билээ. Бид­нийг очихтой зэрэгцээд үүдний хүлээн авахад бага насны хоёр ч хүүхэд халуун усанд түлэгдэн ирж эмчилгээ хийлгэж байлаа. Арьс нь улайж хууларсан хүүхдүүд өвдөлтөндөө чанга хашгирч орилолдож байв. Хүлээн авахын эмч завгүй байсан учраас хүүх­дийн тасаг руу орлоо. Энд нийтдээ 80 ортой. Гэхдээ өчигдрийн байдаар 92 хүн хэвтэн эмчлүүлж байлаа. Харин хүүхдийн тасагт  0-5 насны 58 хүүхэд хэвтэж байв. Өөрөөр хэлбэл, түлэгдэлтэй хүмүүсийн 70 хувь нь бага насны хүүхдүүд байсан юм. Энэ үеэр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэнхийн нөхөн сэргээх тасгийн эрхлэгч Э.Галбадрахтай ярилцлаа. 

-Сургууль, цэцэрлэгийн амралт эхэлснээс хойш түлэгдсэн хүүхдүүд маш ихээр ирж байгаа .гэсэн үү. Хүүхдүүд ямар шалтгаан, тохиолдлоор түлэгдэж байна вэ?

-Ер нь түлэгдэлт  жилээс жилд нэмэгдэж байна. Тэр дундаа 0-5 насны хүүхдийн түлэгдэлт маш их байдаг. 2012 онд 0-5 насны 455 хүүхэд түлэгдэн эмчлүүлж байсан бол 2013 онд 591 хүүхэд түлэгдсэн байна. Энэ тоо бол манай эмнэлэгт ирж хэвтэж эмчлүүлсэн хүүхдийн тоо юм. Хэвтээгүй амбулаториор үзүүлээд явсан хүүхдүүд цаана нь маш олон байгаа. Сургууль, цэцэрлэгийн амралт эхлэнгүүт түлэгдсэн хүүхдүүдийн тоо ихэсдэг нь үнэн. Тавдугаар сар гараад бага насны хүүхдүүд ихээр ирлээ. Гол шалтгаан нь гэр орондоо буюу ахуйн хүрээнд халуун хоол, цай, буцалсан усанд  түлэгдэж байна. Тэр дундаа гэр хорооллын хүүхдүүд их түлэгддэг. Гэр хорооллын иргэд халуун тогоотой хоол цайгаа  гал дээрээс гаргаад газар тавьж уудалдаг юм байна. Энэ үед бага насны хүүхэд халуун хоол, цайтай тогоонд унадаг. Ингэж түлэгдсэн хүүхэд их олон. Дараагийн тохиолдол нь ус буцалгагч, халуун цай, идэж байгаа хоолоо хүүхдийн гар хүрэх газар тавьдаг. Хүүхэд тэрийг нь ширээн дээрээс татаж асгаснаас түлэгдэж байна. Энэ бол урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой зүйл. Халуун тогоо хэрэглэхээ боль гэж байгаа юм биш. Хүүхэд орчихгүй өндөрлөг газар тавих хэрэгтэй. Таван настай хүүхэд халуун хүйтнийг мэддэг болсон байдаг. Тиймээс хүүхэддээ байнга энэ халуун, хүйтэн гэж анхааруулж байхыг зөвлөмөөр байна.  

-Түлэгдсэн хүүхдүүд шархаа даахгүй нас барах тохиолдол их байдаг гэсэн. Танай эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ хүртээмжтэй, чанартай байж чанаж байна уу? 

-Халуун ус, тогоотой хоол цайнд унах тохиолдол их бөгөөд ингэж унасан хүүхдийн биеийн хэсэг маш том талбайд түлэгддэг. Хүүхэд 25 хувиас дээш түлэгдэлтэй байвал нас барах эрсдэлд ордог. Гэтэл өнөөдөр 25 битгий хэл 70-80 хувийн түлэгдэлтэй хүүхдүүд ирж байна. Тэгэхээр бусад өвчнийг бодвол нас баралт маш ихтэй гэдэг нь үнэн. Эдгэрлээ гэхэд  бие махбодоос гадна сэтгэлийн маш том сорвитой үлддэг. Түлэгдсэн хүүхэд бусдаас нуугдах, ичих, сорвио нууж, нийгмээс өөрийгөө тусгаарладаг. Дээр нь хөгжлийн бэрхшээлтэй болно. Манай эмнэлгийг та бүхэн харж байна. Өөрийн гэсэн барилга байхгүй. “Мөнгөн гүүр” эмнэлгийн байрыг түрээслэн байрладаг. Хүний нөөц, эм тариа, багаж тоног төхөөрөмжийн хангалтаас  эхлээд олон зүйл шаардлагатай байна.  Эмчилгээ үйлчилгээ шаардлагатай хэмжээнд бүрэн хийгдэж чадахгүй байна. Эмч нар маань улаан гараараа ажиллаж байна. Бас түлэгдэлтийг эмчлэхэд маш их эм тариа хэрэглэдэг. Энэ хирээр түлэгдсэн хүүхдийн ар гэрт санхүүгийн асуудал тулгардаг. 

-Түлэгдсэн хүнд анхан шатны тусламж хэрхэн үзүүлэх вэ. Эцэг, эхчүүд эмчид хандахгүй өөрс­дөө янз бүрийн арга хэмжээ авдаг. Энэ талаар зөвлөгөө өгөхгүй юү?

-Хамгийн чухал зүйл бол энэ. Манай иргэд түлэгдсэн хүмүүст анхан шатны тусламж үзүүлэхдээ дандаа буруу үзүүлдэг. Уламжлалт арга юм уу, эсвэл ам дамжсан яриагаар гар дор байгаа материалаа ашиглаад арга хэмжээ авдаг. Хүний цус, нохойны цус, барааны саван, элсэн чихэр, хорын цаас, хар лак, гутлын тос зэрэг ийм зүйлүүдийг түлэгдсэн хүнд түрхдэг. Энэ нь тэр хүнд ямар ч тус болохгүй, харин ч хор болдог. Өвчний явцад шууд сөргөөр нөлөөлнө. Тиймээс анхны тусламж үзүүлэхдээ юуны өмнө түлэгдсэн халуун зүйлийг холдуулна. Түлэгдсэн хэсэг хувцастай бол яаралтай тайлна. Халуун зүйл хувцсанд шингэсэн учраас улам цааш нь түлээд байдаг. Хамгийн энгийн арга бол урсгал усаар хөргөх ёстой. Дээд тал нь 20 минут хөргөнө. Урсгал усны хэм нь тасалгааны температур байна. Гэтэл иргэд  хэтэрхий хүйтэн ус, мөсөөр хөргөх, эсвэл ваннанд ус хийж хүүхдээ удаан хугацаагаар суулгачихдаг. Үүнээс болоод хүүхдүүд ханиад хүрэх хатгаа авах зэргээр түлэгдэлтэн дээрээ давхар хүндрэл бий болдог. Тэгэхээр, урсгал ус буюу түлэгдсэн биеийн хэсэг дээр ус гоожуулна гэсэн үг.  Ингэж 5-15 минут хөргөөд дараа нь мэргэжлийн эмчид заавал хандаарай.  Эмчид хандахгүй хугацаа алдсанаас хүндрээд эмчилгээ хийсэн ч үр дүнд хүрэхгүй байх тохиолдол зөндөө байна. Жижигхэн түлэгдэлт маш их өвдөлт өгдөг. Түлэгдэлтийн хамгийн анхны шок нь өвдөлт юм. Анхан шатны тусламж үзүүлсэн бол өвдөлт намдаах эм тариаг хүүхэд, том хүний тунгаар нь тааруулж  хийх шаардлагатай.  Тэгэхгүй бол хотын нэг захаас эмнэлэг рүү явдаг. Энэ хугацаанд хүүхэд өвдөлтөөсөө болж шоконд ордог. 103-ын эмч нар хүртэл хүнээ авчрахдаа ямар ч өвчин намдаах эм тариа хийгээгүй авчрах тохиолдол гардаг. Үүнийг маш сайн анхаарах хэрэгтэй.  

-Түлэнхийн төвд тоног төхөөрөмж, эм тарианы хангамж дутагдалтай байдаг гэсэн. Ямар тоног төхөөрөмж, эм тариа нэн шаардлагатай байна вэ?

-Энэ талаар ярихад маш олон юм тоочих шаардлагатай болно. Солонгосын “Самсунг” групп,  Монголын “Эрүүл үрс, гэрэлт ирээдүй” төрийн бус байгууллага манай Түлэнхийн тасагтай хамтраад нэг төсөл хэрэгжүүлж байгаа юм. “Samsung” компаниас 100 мянган ам.долларын хөрөнгө гаргаж, үүний 80 мянган ам,доллараар тоног төхөөрөмж, үлдсэнээр нь эмч нарт сургалт явуулах төсөл хэрэгжээд эхэллээ. Сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа хүүхдүүдэд тоног төхөөрөмж амин чу­хал шаардлагатай байна. 24 цаг тасралтгүй эм тариа хийдэг аппарат байх ёстой. Тэр аппарат нь хүрэлцээгүй байдаг. Дээр нь хүчилтөрөгчийн  аппарат байх ёстой. Түлэгдсэн хүүхэд хүчилтөрөгчийн дутагдалд маш амархан ордог. Үүнийг нь нөхөх аппарат байхгүй байна. Цаашлаад эм тариа гээд олон зүйл дутагдалтай байна. Түлэгдсэн хүмүүсийн амь нас аврагдлаа гэхэд хагалгаа хийх болдог. Хагалгааны тоног төхөөрөмж бараг байхгүй гэхэд болно. Эмч нар өөрсдөө монголчлоод  хийдэг дээ. Наад зах нь унтуулгын аппарат байх ёстой. Түрээсийн байранд байгаа учраас тоног төхөөрөмж авлаа ч суурилуулах боломжгүй. Тиймээс энэ төслийн хүрээнд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийг авах болов уу. Эм тарианы хувьд ойр зуурын эм тариа хэрэглэж байна. Гэтэл түлэгдсэн хүмүүст судсаар хийх маш их тэжээл, уургийн бэлдмэл шаардлагатай байдаг ч төсөв мөнгөндөө хязгаарлагдаад хангалттай ирж чаддаггүй. 

-Танай эмнэлэгт одоо эмчилгээ хийлгэж байгаа нэг хүүхдийг эцэг, эх нь ламын үгэнд орж, халуун усаар түлсэн гэж дууллаа. Энэ үнэн юм уу? 

-Лам, бөө хүмүүсийн хэлснээр эцэг, эхчүүд хүүхдээ халуун усаар угааж түлэх хэрэг нэг биш удаа гарч байгаа. Ийм байдлаар болох болохгүй хүний үгэнд орж, хүүхдээ насан туршид нь битгий хохироогоорой гэж хэлэх байна даа.     

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
мэдээ цаг-үе

Bank of China Монголд яаж ажиллахаа танилцуулав

Улаанбаатарын эдийн засагчдын клубийнхэн энэ сарын уулзалтандаа “Bank of China”-гийн төлөөлөгчийн газрын дарга Дай Син жунийг урьжээ. Клубийн гишүүд уламж­лал ёсоороо үдийн хоол зооглонгоо Хятадын эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, Хятадын банк Монголд орж ирэх нь ямар ашигтай талаар санаа бодлоо хуваалцлаа. Уулзалтаас Дай Син жуний илтгэл анхаарал татаж байв. Хятадын том банк Монголд салбараа нээх мэдээлэл цацагдаад багагүй хугацаа өнгөрсөн ч  тус банкны зүгээс өчигдрийг хүртэл байр сууриа илэрхийлээгүй байсан юм.  Дэлхийн аварга банкуудын нэг салбараа нээх хүсэлтээ Монголбанкинд тавьчихаж. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй байгаа аж. Төв банк хуулийнхаа дагуу хянаж, нягталсны дараа шийдээ гаргах бололтой.  

Дотоодын банкуудтай өрсөлдөхгүй 

Ноён Дай Син жуний яриа Bank of China Монголд сал­бараа нээвэл яаж ажил­лах вэ гэсэн сэдэв дор өрнө­сөн. Бизнесийн төс­лийн сан­хүүжилт, дэд бүтэц, барилга, уул уурхай, амьжиргаа дээш­лүүлэх гээд бүх л салбарт хамтран ажиллах боломжтой гэж тэрээр ярианыхаа эхэнд онцолж байлаа. Засгийн газрын томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд бэлэн гэнэ. Жижиг дунд бизнесийн сан­хүүжилт дээр туршлагатай ч энэ зах зээл дээр дотоодын арилжааны банкуудтай өрсөл­дөхгүй гэсэн бодлого барих аж. Хадгаламж  дээр ч дотоодын банкуудтай өрсөл­дөхгүй юм байна. Дай Син жунь “Монголын эдийн засаг бол их хэмжээний мөнгө оруулж үр ашиг хүртэхээр том зах зээл биш. Жижигхэн эдийн засагтай. 2012 онд анх удаа 10 тэрбум ам.доллар хүрсэн эдийн засаг. Гадны том банк орж ирээд ашигтай ажиллах зах зээл биш. Төгрөгийн ханш нь гэхэд богино хугацаанд их хэмжээгээр унасан, инфляци өсөлттэй гээд сөрөг үзүүлэлт ихтэй зах зээлд салбараа нээх эрсдэлтэй. Бидэнд ажиллах тодорхой хэмжээний орчин бий учраас ийм шийдвэр гарга­сан. Манай банкны хувьд дотоодын арилжааны банкуудтай өрсөлдөхгүй, харин ч хамтран ажиллана. Хөгжихөд нь тусална.  Засгийн га­зар, Төв банк хяналт та­вих бүрэн боломжтой. Хуу­лийн хүрээнд хяналтаа тавиад эрсдэлтэй гэж үзвэл зөвшөөрлийг хурааж авах эрх нь Засгийн газар, Төв банкинд бий. Банкны хувьд компаниудтай зээлийн ха­рил­цаа л тогтоодог. Зээл авсан компанийнхаа менеж­мэнт, удирдлагын асуудалд оролцохгүй. Барьцаа хөрөн­гө­ний хувьд тухайн улсын хуулиар зохицуулагддаг” гэж ярив

“Bank of China”-гийн салбарт 40 гаруй хүн ажиллана гэв

Хятадын банк орж ирснээр үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй гэсэн байр суурь­тай хүн цөөнгүй бий. Тэрээр энэ болгоомжлолд “Гадаадын банк орж ирээд үндэсний аюулгүй байдалд нь нөлөөлсөн жишээ аль ч улсад байдаггүй. Харин ч гадаадын банк орж ирээд олон улсын санхүүгийн төв болсон жишээ Хонконг, Сингапураас эхлээд бай­на. Иргэдийнх нь амьдралд сайнаар нөлөөлдөг. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэх сайн тал бас бий. Том банк салбараа нээ­вэл гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг дохио болно. Гадаад валютын нөөц ихсэхэд ч нөлөөлнө. Дахиад хэлэхэд манай банк дотоодын арилжааны банкуудтай өрсөл­дөхгүй. Өрсөлдөх боломж нь ч хязгаарлагдмал байна.  Дотоодод арав гаруй банк 1500 салбар, арав гаруй мянган ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Манай банкны хувьд Улаанбаатарт нэг салбар ажиллуулна. 40 гаруй хүн л ажиллана. 56 сая ам.долларын капитал бүртгүүлэхээр Монгол банкинд саналаа өгсөн. 460 сая ам.долларын зээл олгох боломжтой. Гэтэл дотоодын арилжааны банкууд 2013 оны байдлаар гэхэд зургаан тэрбум ам.доллар зээлсэн гэх статистик гарсан байна лээ. Тэгэхээр Bank of China-гийн салбар жижиг, дунд хэмжээний банктай л ойролцоо хэмжээний үйлчилгээ үзүүлнэ гээд ойлгочихож болно” гэсэн тайлбар өглөө. 

Хятадын бэлэн мөнгөний үйлчилгээний төв нээж магадгүй нь

Bank of China Монголд салбараа нээхийн өөр нэг давуу талыг ноён Дай Син жунь  “Юаньтай холбоотой гүйлгээн дээр эрсдэл буурч, зардал багасна. Хятадын хувьд Монголын хамгийн том бизнесийн түнш. Тэр утгаа­­раа ач холбогдол нь өндөр” хэмээн онцлов. Bank of China Хятадын бэлэн мөн­гөний үйлчилгээний төвийг Монголд нээх зорилготой байгаа аж. Шилжүүлгийн зардал нь багасвал дотоодын банкуудад ч эерэг нөлөөтэй гэнэ. Дай Син жунь  яриагаа “Туушин” компани Монголоос анх удаа манай банктай гэрээ байгуулсан. Үр дүн нь ирэх саруудад тодорхой харагдана. Олон банк энэ хамтын ажил­ла­гаанд оролцох байх. Бид өөрсдийгөө Монголын нэг хэсэг гэж харж байна. Монголын эдийн засгийн хөгж­лийн ирээдүйн талаар өөдрөг төсөөлөлтэй байгаа. Улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулах зорилгоор хамтран ажиллана гэсэн хүсэл бидэнд бий” гэсэн үгээр өндөрлөлөө. 

Bank of China юанийг дэлхийн хэмжээнд чөлөөтэй хөрвөдөг валют болгоно 

Улаанбаатарын эдийн засагчдын клубийн ээлжит уулзалтын гол зочин нь доктор Жон Гун. Бээжингийн Бизнес, эдийн засгийн их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн профессор, Америкт доктор хамгаалсан энэ эрхэм Хятадын эдийн засгийн өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар олон жил судалсан гэнэ. “Глобал таймс”, “Чайна дейли” зэрэг мэргэжлийн хэвлэлүүдэд энэ чиглэлээр нийтлэл бичдэг аж. Тэрээр “Богино хугацаанд эрчтэй цойлж  чадсан Хятадын эдийн засгийн хөгжлийн жорыг та бүхэнтэй хуваалцъя” гэсэн үгээр яриагаа эхэлсэн юм. Түүнийхээр Хятад хурдтай хөгжиж чадсан нь чөлөөт худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг тууштай дэмжсэнтэй хол­боо­той гэнэ. Ноён Жон Гун “Америк, Европын холбоо­ноос Хятадад зах зээлийн эдийн засагтай гэсэн статус өгөөгүй нь улстөрийн шалтгаантай. Түүнээс биш Хятад улс жинхэнэ чөлөөт зах зээлийн зарчмаар явж байгаа. Америкт чөлөөт зах зээлийн зургаан шалгуур гэж байдаг. Хятадын зах зээл тэр бүх шалгуурыг хангасан. Жишээ нь Хятадын валют чөлөөтэй хөрвөдөг болсон. Австрали, Шинэ Зеланд зэрэг хэд хэдэн улстай юаниар наймаа хийдэг. Bank of China-гийн хувьд юанийг дэлхийн хэмжээнд чөлөөтэй хөрвөдөг валют болгох зорилго тавьсан. Чөлөөт зах зээлийн дараагийн нэг  гол шалгуур нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах чадвар. Гадаадын том хөрөнгө оруулалтууд сүүлийн 20 жилд Хятадын зах зээлд тогтвортой орж ирж байна” хэмээн ярилаа. 

Хятадын зах зээлд төрийн өмчийн компаниуд олноороо үйл ажиллагаа явуулдгийг зарим эдийн засагч шүүмжил­дэг. Энэ талаар доктор Жон Гун “Дэлхий дээр түгээмэл биш практик л даа. Гэхдээ Европ, Америкт ийм компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Хятадын эдийн засаг Зөвлөлтийн үеийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг биш. Жинхэнэ чөлөөт зах зээлийн зарчмаараа явж байгаа. Миний амьдрах дуртай Шанхай, Бээжин гэхэд л олон улсын зах зээлийн төв болж байна. Худалдаа бол Хятадын хөгжлийн мотор. ДНБ-ий 30 хувийг экспорт эзэлдэг статистик бий. Экспорт давамгайлсан эдийн засаг сайн, муу хоёр талтай. Гэхдээ маргах аргагүй хүчтэй нөлөөлөл. Самсунг, LG, Хонда, Тоёота Хятадад салбартай. Тэнд Iphone-ийн үйлдвэрлэл явагдаж байна. Үндэстэн дамнасан компаниуд их байна гэдэг Хятадын зах зээл дээр үнэ цэнэ бий болсон гэсэн үг. Дэлхийн үйлдвэрлэлийн төв Хятадад төвлөрч байна. Iphone-оос гэхэд Америк руу 300 ам.доллар гарч, Хятадад 10 ам.доллар л үлддэг. Тэглээ гээд Хятадын Засгийн газар Apple-ийг хөөж гаргахгүй. Үлдэж байгаа мөнгө нь бага ч туршлага нь үлдэнэ гэдэг том өгөөж. Өнөөдөр хятадууд өөрсдөө ухаалаг утас үйлд­вэрлэж байгаа. Дэлхийн хэм­жээнд өрсөлдөхгүй ч Apple-ийг оруулж ирээгүй бол ийм үр дүнд хүрэхгүй байсан. Дэлхийн машин үйлдвэрлэгч бүх том үйлдвэр Хятадад салбартай. Үүнийг дагаад тэнд машин үйлдвэрлэл хөгжсөн. Хятадад үйлдвэрлэсэн машиныг дэлхийн улс орнууд хэрэглэж эхэлж байна. Хятадын экспортын 60 хувийг үндэстэн дамнасан компаниудын бүтээгдэхүүн эзэлдэг.  Хамгийн их хөрөнгө оруулалт татаж, хамгийн их худалдаа хийсэн нь л Хятадын хөгжлийн үндэс. Үндсийг нь хайвал ердөө л гадаадын шууд хөрөнгө оруулалт” гэсэн тайлбар хийлээ. 

Тэрээр ярианыхаа төгс­гөлд “Эдийн засгийн өсөлт улстөрчдийн бодол саналаар шийдэгддэг асуудал биш. Хувийн хэвшлийн эрх ашигт нийцсэн бодлого барих учир­тай. Хөрөнгө оруулагчдад тогтвортой  эрх зүйн орчноос гадна мөнгө нь аюулгүй байх орчин чухал. Татварын таатай орчин чухал. Энэ талуудыг анхаарчихвал Монголын эдийн засагт тасралтгүй өсөх боломж бүрэн бий. Жишээ нь Монголд Орос, Хятад гэдэг хоёр том хөрш байна. Казахстан Монгол шиг далайд гарцгүй. Гэхдээ Орос Хятадын алинтай нь ч эдийн засгийн харилцаагаа эрчимжүүлэхийг хичээж байгаа. Дэлхийг эзэл­сэн эцэг өвгийн түүх шигээ Монголд үйлдвэрлэсэн бараа дэлхийд гарах цаг ойрхон гэдэгт итгэж байна. Хятад Монголын харилцаа улам хөгжинө гэж найдаж байна” хэмээн онцолсон юм. 

Илтгэлүүдийн дараа уул­залтад оролцсон эдийн засагчид доктор Жон Гунаас сонирхсон асуултдаа хариу авцгаалаа. “Нүүрс цаашдаа хэр үнэтэй эд байх вэ” гэсэн асуултад Жон Гун “Өмнөх шигээ эрс өсөхгүй ч одоо байгаа нэг тонн нь 600 юань гэсэн үнэлгээ хэсэгтээ үргэлжлэх байх. Тэгэхээр бодит байдалд тохирсон шийдэл олох хэрэгтэй” гэж хариулна лээ. Хятадын эдийн засаг арван хувийн өсөлттэйгөөр удаан явахгүй, ирэх жилүүдэд 7, 8 хувь дээр тогтворжино, алсдаа хөгжингүй орнууд шиг гурав, дөрвөн хувь руу орох гэнэ. Жон Гуны хариултаас “Хэсэг хугацааны дараа Хятадын зах зээл дээр зэсийн эрэлт хэрэгцээ багасна” гэсэн үг содон сонсогдсон. Урд хөрш цэвэр эрчим хүчний бодлого бариад эхэлчихсэн  учраас  нүүрсний зах зээл ирэх арваад жилд л идэвхтэй байх бололтой.  

“Ирэх 20-50 жилд Хятадын зах зээлд тулгарах сорилт бэрхшээл гэвэл юуг онцлох вэ” гэсэн асуултад “Аж үйлдвэрийн салбарт нь төрийн зохицуулалт их байна. Өрсөлдөөнтэй болгох нь зөв. Өрсөлдөөн нэмэгдэж байж л эдийн засаг өрсөлдөх чадвартай болно. Гэхдээ яваандаа эдийн засаг нь илүү өрсөлдөөнтэй, нээлттэй болох байх. Энэ тал дээр Австралийн жишгийг дагавал зүгээр” гэж хариуллаа. 

Ц.БААСАНСҮРЭН 

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Танилцсаны 40 жил буюу 16 насандаа очсон нь

Архангай. Энэ нэрийг сон­сохоор цагцаахай бага насны минь гэгээн дүр тодорч, цаг хугацааны үнэнд гүйцэгдэж яваа үеийн хэдэн анд минь төсөөлөгдөнө. Бид “хархан” залуу насандаа энэ нутагт ирж дээ. Алс баруун хязгаараас Авданы охин, Самбуудорж гэж урианхай хүүтэй ирсэн. Байтаг богдын их уулсаас  Идэшийн Батсуурь, Зэргийн жижиг жижиг элсэн манхны өврөөс Дамдины хөвгүүн, Идэшийн охин хоёр хөтлөлцөөд л ирж байлаа. Тэртээх Увс нутаг хоёр охиноо илгээсэн. Түргэнээс алаг нүдэн Оюуныг, Тэсээс идэр жавхлан Минсэлийг би¬дэн­тэй нөхөрлө дөө гээд явуулсан байлаа. Их Монголын элсний баруун хаяанаас энэхүү дурсамжийг тэрлэж суугаа миний бие. Завханы Алдархаанаас Батсүхийн том охин хөх цэмбэн дээлтэйгээ, жавар хүйтэн хургасан Их-Уулаас Базар захирлын хүү, Улиастайгаас  чимээгүй  инээсэн  охин ирсэн нь  Нямсүрэнгийн Эрдэнэсувд гэх… Хөвсгөлөөс Завханы уугуул Жигжидсүрэнгийн нүд хөмсөг болсон охин ир¬лээ… Загийн голоос манай Алимаа хэзээний намба зааж зал­бирсаар, Шинэжинстээс цବ¬хил­сан зээр шиг цагаан охин ирсэн нь Доржийн Сарангэрэл бай­сан. Өвөрхангайн Хайрхан¬дулаанаас нэг мазаалайн зулзага шиг нөхөр ирсэн. 

Нэрий нь асуувал  Бурам гэж арааны шүлс гоожууллаа. Тэгснээ  би чинь бас  ганцаараа ч Өврийн сайхан хангайгаас ирээгүй шүү… Бат-Өлзийн ширэнгэнээс хоёр согоотой ирсэн гэсэн нь Энхтуяа Жигмэдмаа хоёр байлаа.  Говийн би  согоо үзсэн биш. Согоо гэдэг нь ийм л юм байдаг байх даа гэж бодлоо.  Булганыхан Могодоосоо хоёр охин илгээсэн нь  тэмээ ямаа шиг юм.  Уранцэцэг гэж ургаж байгаа ногоо шиг булцайсан  улаан хацарт,  Долгор гэж  иссэн айраг шиг  тэвхгэр цагаан охин.  Бид Архангайд ирж Архангайгаас бидний сүрэгт нийлсэн нь  нүдний шил зүүж жимбийсэн цагаан охин. Нуруу намхан сэтгэл өндөр.  Алдар асуувал Оюунцэцэг л гэнэ. Хөвсгөлөөс  гаралтай  гэх…Алиман улаан хацартай  Амарбаатарыг Жаргалантаас, автын жолооч Дашнамжил гуай ганц охиноо,  алдарт Цагаан давааны араас гүйж ирсэн нь Нямжав байлаа… За тэгээд  та нарт нэг “эгчмэдхэн” хэрэгтэй гэх шиг  нуруу туруу, бие хаа дүүрэн Шагдаржавын охиныг бас энэ нутгаас  бидэнтэй танилцуулсан. Дошин дээрээ  атаман гэдэг шиг Арын сайхан хангайхан  манай ангид хамгийн олон нь…Бас ч эргээд дурсахад манай ангийнхны уулзах бүртээ дурсан ярьдаг Дарьхүү маань Ховдоос ирсэн юм. Дарьхүү бол манай ангид ирсэн нэг том “үзэгдэл” байлаа. Балчирхан бидэндээ олон зүйлийг ухааруулсан.  Сайхан дуулна.  Үйтэн хуаран дээлийг анх л бидэнд  өмсөж үзүүлсэн. Цагаан гутлыг хараар будаж болдгийг хүртэл зааж өгсөн …”Болно болно, болохгүй юм байхгүй” гэж агуу их  дуун хөрвүүлэгч  зохиолч Мишигийн Цэдэндоржийн шүлэглэсэнчлэн Дарьхүү маань бидэнд   болохгүй юм байхгүй гэдгийг олон талаас нь зааж өгсөн ч олхиогүй бид хэд тэгтлээ суралгүй  Архангайдаа, багшийн сургуульдаа шигдсээр дөрвөн жил болсон.  Дарьхүү маань  сайхан сэтгэлтэй сайхан эжий болсон сураг дуулдсан. Тэр хичээл тасалж болдог, гадуур явж болдог, сургуулиа орхиж, амьдрал хөөгөөд  одож болдог гэдгийг ийнхүү заасан билээ… Дарьхүүгээ дурсахын учир нь  эргээд уулзахын түмэн хүслэнтэй явдаг шүү гэж ангийнхан чинь урьж байгаа урилга юм шүү… Өөр нэг үзэгдэл бол манай ангийн цөөнхийг  нэмж ирсэн Батдоржийн Баттогоо байлаа. Цэргээс ирсэн ах  орос хром жийнэ.  Яриа хэлээ нь цэгцтэй, өвөртөө намын батлахтай өнгөлөг “хар” нөхөр. Түүнийг манай хэдэн хөвгүүд  нэг их удалгүй  “унаашруулж”, өөрсдийнхөө зэргэмжид аваачсан. Төгсөхдөө адилхан л  хөвгүүн болсон байлаа. Ингэж бид түүнийг  гурван насаар залуужуулж гудиггүй марзан  нөхөр болгосон ачтай.  

Манай анги бусад ангиа бодвол тогтвор суурьшил сайтай байсан. Нэг охин замаасаа  хадуурч өөр зам сонгосныг эс тооцвол, нэг хөвгүүн  хот шилжиж зүг буруулсныг авч хэлэлцэхгүй бол, нэг залуу ирж бүл нэмснийг суурьшилгүй  гэхгүй бол өөр ийш тийш болсон зүйлгүй. Бүгдээрээ л ангидаа бужигнасаар өвөл хавартаа шалгалтын “хөөрхөн” дарамттай, намартаа баян  цуг­лаж, зундаа нутаг гүйж амарсан дөрвөн жилийг үдэж угтсан.  

Энэ дөрвөн жил бидэнд  алдаа оноо ажил амьдрал  бүхнийг зааж өгсөн.  Цэцэрлэг хотын орон сууцнуудын гаднах амбаар дээр амьдрал сайжирсан айлуудын илүүдэл болж “гадаалсан”  төмөр орыг  үүрч дүүрсэн,  Булган гуанз, хоёрдугаар гуанзанд  арван хоёр мөнгөний  нимгэн дэвтэр хувааж өрийн данс нээсэн өдөр хоногуудтай  түүхийн  шарласан хуудсанд үнэгчлэн байгаа.  

 Энэ дөрвөн жилийн явдал суудал орон сууцны  халаасны  өрөө, оюутны дотуур байр,  хөлсний шавар байшин  тохилог орон сууцны тансаг амьдрал гээд янз бүрээр үүц болон үлдсэн. Энэ дөрвөн жилийн түүх Ихтамирын ногоо бригад, алдарт цагаан байшин, мэргэн Богд-Уултайгаа, Цэцэрлэг сум Хануйн голын хөвөөнд шохойн бааюутай, тэнгэрийн дуу,  Алимаагийн залбираастай, Аюуш тогоочийн адууны махан цуйвантайгаа,  могойноос айдаг  багштайгаа, Ингэттолгойн САА, Сэлэнгэ мөрний хөвөөнд  дэрвэлзсэн хөх майхантайгаа,  дэгж дэрвэсээр үлдсэн. 

Энэ дөрвөн жилийн түүх  Хоолтын давааг  засаж,  анхны сонгууль өгч, сонгуулийн баярын бөхийн барилдаанд   хэдүүлээ аманд гарч,  Батсуурь маань хоёр давж өмдөө урсан түүхтэй  үлдсэн. 

Энэ дөрвөн жилийн түүх  Архангайн Цэцэрлэгээс,  Жаргалантын Хоолтын даваанаас хөвгүүдээ цэрэгт мордуулж, Сосорбурамыгаа мэлхий толгойгоос нэг удаа  цэргээс авч үлдсэн он жилийн түүх, хөвгүүн болсны түүх болон үлдсэн.  

Энэ дөрвөн жилийн түүх  Энхээ Чука хоёрын гитарын гоцлолтойгоо, Алтаа Тоогоо хоёрын цангисан дуутайгаа,  үдэшлэг наадмын танхимд  үлдсэн.  

Энэ дөрвөн жилийн түүх үсээ машиндуулсан “лам”  хөвгүүдийнхээ өмднийхөө шуумгийг жимбийтэл хассан дүртэйгээ, сийрсэн малгай, цэнхэр хилэн өмдөөр жигдэрсэн  охидынхоо зуны ажлын гоёлтойгоо үлдсэн.  

Энэ дөрвөн жилийн түүх  ангиасаа ханиа сонгосон азтай Соокогийн, сургуулиасаа  ханиа олсон Урнаа, Чука, Алтаа, Сувдаа, Мөнхөөгийн амьдралын алтан шар зам болж үлдсэн.  Бид ингэж  нэг ангийн халуун бүлээ  Маагаа,  Баатар, Дорж, Дашка, Ариука нараар  сэлбэсэн  түүхтэй… Бид ингэж гучуулаа болсон. 

Энэ дөрвөн жилийн түүхийн алтан хуудсыг ангийн багш Мангалжав маань ямар сайхан эмх цэгцтэй бичүүлснийг хэлж яаж барна.  Халзан  Мангаагийн хэдэн хүүхэд, халзан Мөнхөөгийн хэдэн анд  ийнхүү  Архангайд наргиж даргиж,  наадаж цэнгэж, дуулж хуурдаж,  инээж хөхөрч,  илч илчиндээ дэм дэмэндээ явцгаасан.  Бидэнд эрдэм ном заасан  олон сайхан  эрдэмт  багш нар маань одоо ч сэтгэлийн өмнө  дүр дүрээрээ, ааш аашаараа, зан зангаараа  тодрон байдаг. Бид тэднийгээ энэхэн зайд дурсах учиртай. 

Ангийн багш маань физик  гэдэг хичээлийг  ёстой нүдэнд харагдаж,  гарт баригдтал заана. Дээр нь бидэндээ фото зургийн сонгон хичээллүүлнэ. Батхүү бид хоёр сүрхий сайн зурагчин болох дөхлөө. Халтар хултар хар цагаан зураг мөн ч их угаасан даа… Одоо ч саран доторх шиг тэр зургууд  бүгдийн минь зургийн цомогт  түүх гэрчлэн дурайсаар л байгаа даа. Манай ангид нэг том  ширээ байх. Бодвол физикийн лабораторийн л ширээ гэж тийм юм байсан байлгүй. Багш маань ширээнийхээ ард арын өрөөнөөсөө гарч ирээд л зогсоно. Нэг удаа Батхүүг ширээн доогуур голын хөндийд нь оруулчихсан байсан  гарч чадалгүй багш ирээд зогсчихсон хөгөө тарьж л байлаа. Сүүлийн хоёр жил анги маань хойд  хүрэн  дүнзэн байшингийн   зүүн мухарт орсон. Хүйтэн лаврин байсан даа. Цонхоор нь цас шуурчихсан ч байх шиг. Тэр бүхнийг залуу халуун насаараа л туулж байсан.  Ангийн багшийн эхнэрийг Цагаан гэнэ. Хэдэн шар хүүхэдтэй.  Манай ангийн Тунгаатай ах дүүгийн хамаатай.  Цэцэрлэг сум нутаг нь. Нутагтаа биднийг дагуулан очиж зуны ажил хийж байлаа… Яриад байвал ам мурийхааргүй олон сайхан дурсамж байна даа.  

Бүх багш нараа нэг бүрчлэн дурсвал цаг хугацаа их орох учир бурханы хутгийг олсон хэдэн буурал багшаа цухасхан дурсъя.

Сэнгэжав багш. Бидний сэтгэлийн орон зайд хамгийн тодоор үлдсэн хүний нэг.  Монгол хэлний хичээл заана.  Шингэн шингэн дуугараад нүдээрээ зальжин нээж  бид хэдийгээ  ч  “явуулж” өгнө дөө.  Тэр Алимаа гэж нэг тэмээний сүүл… Энэ  хэн гэж нэг  махан боодог… хэлэхгүй шоолохгүй  хүн түүнд байгаагүй. Тэгсэн хирнээ хамгийн хүн чанартай сайхан  багш минь байсан даа. Архангайдаа атаман нэгэн. Цагдаагийн мөрдэс хүртэл хуу татсан гэмтэй. Жилэн  дээрээ багш нь болдоггүй юм гээд инээж суусан дүр нь тодхон.  Хөглөж  явсан паянгаа инээд алдан ярьдаг сан. Сэнгэжав багштайгаа хожим  олон  уулзсан. Нэг удаа давхиад иртэл Тамирын голын хөвөөнд хэдэн малтай хэзээний хөдөөний өвгөн болсон байлаа.  Би ч сурвалжлагын  хураагуураа нээж байгаад задгай сайхан хуучилсан. Багш надад хүүхэд явуулсан юм гээд  виски задалсан. Радиодоо харьж ирээд “Цахирын задгай цагаан” гэж нэг хөрөг найруулал бичсэн дээ…Сүүлд  сураглахад  сонссон л гэж дуулдсан. 

Бадам гэж атан тэмээ шиг том ёнхигор хөгшин байлаа. “Алаг гарт” Бадам гэж алдартай. Түүхийн хичээл заана.  Хэн нэг маань хичээл дундуур бие засах хүсэлт гаргаж, Бадам багш хичээлээ заагаад л чимээгүй. Хариугүй завсарлах дөхөж байтал багш нэг эргэж харснаа  чамайг би аль түрүүн л  бие зас гэсэн шүү дээ.  Тэгтэл багш самбар дээр хичээл заах хоорондоо  самбарын нэг буланд  хоёр тэг зурчихсан юмсанж.  Түүнийг мань мэт нь яаж ухаарах вэ…Ингэж хүртэл мадлуулж л байлаа. Сайхан багш. Архангайдаа залуудаа нэртэй л явсан хүний нэг дээ. 

Чулуун багш гэж нэг үс болсон хүн. Орос хэлний багш. Оросоор ярьдаг хүн л ийм их үстэй байдаг юм байх даа гэж гарынх нь шууг хараад санагддаг байж билээ. Алтай нутгийн хүн л дээ. Хичээл сайхан заана. Манай ангийн  Камесхан, Оюунцэцэг хоёр орос хэлэнд биднээсээ илүүрхэнэ. Тэгж байтал Баттогоо гээд  бидэндээ бол “цул” орос нөхөр орж ирээд л…Түүх болж дээ. Сургууль төгсөөд  Баттогоо маань аргагүй л  Орос хэлний багш болсон. Сүүлдээ  англи хэл заадаг болсон гэсэн. Хэлний авьяас  аа гэж… 

АШМО / Анхан шатны математикийн онол/-гийн багш  анх очиход захирал байсан  буриад эрийг Алексей багш гэнэ. Ёжтой гэж жигтэйхэн.  Шуудайны амыг  цэцэг зангидаад боочихсон юм шиг л гэх… Нүдээ зураас таттал инээгээд л сүрхий сүрхий… Одон бөмбөг сүрхий нударч тоглоно. Нэг иймэрхүү.  

Дэмбэрэл багш маань цаг баримтлахын амьд жишээ байлаа. Геометрийн хичээл заана. Гоё ч заана гэж жигтэйхэн.  Хичээл дундуур  хэн нэгэн  хорь гучин секунд уулзан цагаас нь хороовол хонх цохиход “За жаахан  үлдлээ. Дараагийн хичээлийн эхэнд  заая.” гээд л гардаг сан. Тэгээд дараагийн хичээлийн эхэнд   хорь гучин секундэд  үлдсэнээ хэлээд шинэ хичээлдээ ордог байж билээ. Бас  биднийг Ихтамир суманд намрын  ажилд авч явахдаа  хөвгүүдтэйгээ хамт охидын үүдний өрөөнд унтдаг. Өглөө эртлэн босоод хувцсаа өмсөж,  гараад гар нүүрээ угаагаад,  сахлын баадуутай машинаараа сахлаа авч дуусаад биднийг сэрээдэг байлаа. Бид ч багшийн сахлын машины дуу гараад дуусахаар аяндаа сэрээд босдог болсон байлаа…Ийм л цагийн толь явлаа даа. Дэмбээ багш маань…

Гарам-Очир багш. Солгой гараараа зурна ч гэж сийлнэ дээ. Зургийн багш маань байлаа. Сүүлдээ Цэдэндагва  багш залгасан.  Би бас солгой  зурах гэж оролдоно. Дөч шахам жилийн өмнөх ангийхныхаа дурсамжийн дэвтэр нээвэл миний зурах ч гэж дээ гэж инээд хүрэх шиг санагдсан шүү… Гэхдээ л нэг шүхэр доор алхаж яваа хос хоёрын зураг их зуржээ… Бас Алтайгаа, цэцэг энэ тэр сүрхий зурсан байх нь зурах сонирхолтой л байсных юм байлгүй. Ангийнхаа Баасанжавыг гүйцэж зурахгүй л дээ. Гармаа багш маань бид­нийг зураач болгоогүй ч, зураг ойлгодог, зургийн хи¬чээл хүүхдүүдэд заах дад­лага чадвартай болгоод л төгсгөсөн. 

Дамба-Очир багш.  Чөрчгөр  туранхай энэ нөхөр их хатуу… Сургуулийн коридорт бидэнд биеийн  тамирын хичээл заана.  Нэг удаа  манай хөвгүүд өлгүүрийн хүүхэн  Отгонд   ахмад хөвгүүнийхээ  хайрын захиаг атгуулах гэж хөглөж билээ. Арай овсгоотойгоор нь Сосорбурамыгаа урдаа бариад сүрэг турлиах шиг юм  өлгүүрийн цонхон дээр очиж билээ. “Май” гээд авахгүй болохоор нь  өлгүүртийн цонхоор захиагаа шидчихсэн. Тэгтэл  Дамба-Очир багш маань аль хэдийн гарч ирээд охидыг жагсаасан байна. Бид ч гүйж ирээд жагсаалд ортол Дамба-Очир багшийн хөлд өнөөх захиа маань араас нисэн ирж уналаа. Ингээд ахмад хөвгүүнийхээ хайрын захиаг багшид олзлуулсан  сонин түүх өнөөдөр гэгээн дурсамж болон үлджээ. 

Халтарын Билэгжаргал. Хөгжмийн зохиолч  төрийн шагналт энэ сайхан авьяастны залуу нас Архангайд бидний дунд  нэг хэсэг нь үлдсэн. Бид шинэ,  багш шинэ.  Очсон намраа  Батхүү бид хоёр Билгээ багшийг  хичээл заах гээд ороод ирэхэд  хамгийн арын ширээнд суучихсан байлаа. Та хоёр  урагшаа суу.  Яагаад хойгуур суугаад байгаа юм гэхэд нь “айгаад” гэдэг үгийг  амнаасаа санамсаргүй унагасан нь санаатай мэт болж, анхны хичээл дээрээсээ  журналын хүснэгт тоолон улирлын дүн гарах тэр цонхонд хоёр гэдэг тоог томоор тавиулан  эхний хичээл дээр “муу” гэдэг дүн тавиулж  л байлаа.  Багш шинэ, бид  шинэ…Тэр ёсоор болоогүй л дээ… Билгээ багш маань  хорин дөрвийн чихэр халааснаасаа салгахгүй… Хоёр гараа үрчээд л… хөгжилтэй. Сургуулийн үүдэнд байх муурын байшин шиг цагаан байшинд байна. Төгөлдөр хуурын дуу шөнө дөл болтол  хангинуулсан. Одоо бодоход онгод гээч нь л тэгэхэд ид оргилж байж дээ… Гэрт нь орвол  төгөлдөр хуурынхаа дээр  Самбын Гончигсумлаа гэдэг алдарт хөгжмийн зохиолчийн зургийг тахьчихсан…. За товчдоо  нэг иймэрхүү.

Ванчигсүрэн багш гэж байлаа.  Цэгцтэй, шинжлэх ухаанч тун ч сүрдэн айдаг багшийн нэг. Хичээл сайхан заана. Орос хэл, сэтгэл сурган заана. Пулькин гэдгийг анх бидэнд  нээж өгсөн. Орос хэлний дөртэй болох ухаанд хөтөлж,  үг цээжлэх энэ тэрийг жинхэнэ шахаанд оруулсан багш байлаа. 

Арын сайхан хангайд  Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай,  Завхан,  Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Архангай аймгаас хуран цугласан тэр  намар 40 жилээр алсарчээ….Цаг хугацааны хүлэг морин  дөчин жил довтолгожээ.  Алиахан хүүхэд насаараа  гар барин золгож, анги танхимдаа  инээд хөөр болон орсон тэр намар  сэтгэлийн гэгээн толинд  тэр л янзаараа.  Цовоо цолгин бага насыг минь  өлгийдөн авсан Арын сайхан хангай,   зул бадамласан Булган уул, багшийн сургуулийн  цагаан байшин, дотуур байр,  жижүүрийн дэлгүүр гээд хуруу даран тоолох олон зүйл бидний сэтгэлд одоо  улам ч тодорч байна. Нэг л мэдэхэд дөчин жил өнгөрч.  Үр хүүхэд ач зээгээ дагуулсан өвгөн шувууд болж…Арын сайхан хангайгаас өд сөдөө дэвэн дэвсээр нутаг нутгийн зүг ниссэн хорин таван шувуу өнөөдөр өнөржин сэтгэлийн цэнхэр нуурынхаа мандал юуг дүүргэжээ… Энэ нуур амгалан цэлийж алс энгээрээ давлан давлан байхын ерөөл өргөе. 

Бид энэ дөчин жилд  таван бэр арван найман хүргэнтэй болж, Монгол Улсын  голомтонд  хорин дөрвөн өрх нэмжээ.  Нэмсэн өрх бүхэн нь аз жар­галаар дүүрэн байж, үр ачаа тойруулсан өнөр өтгөн өрх айлууд болжээ. 

Бид энэ 40  жилд  хүн амынхаа  тоог  46 хүү 44 .охиноор  нэмж, өөрсдөө 29 хүргэн 28 бэртэй болон салбарлаж 44 ач 44 зээтэй болон өргөжжээ.  Ингээд бодохоор  бид  салаа зандан мод шиг салбарлаж,  сайхан модны жимс шиг үржжээ. Эхнэр нөхрөө тооцоод үзвэл  40 жилд бид 259 болсон тоон үзүүлэлт бэлхнээ гарч байх юм.

Бид энэ дөчин жилд ард түмний алдрай жаахан 20 гаруй мянган үрсэд эрдэм номын хөтөч А  заасан байна.  Эх орны дөрвөн зүг найман зовхист ангаахай жаахан шавь нар нь ажиллаж хөдөлмөрлөж, алдар гавьяагаа дуудуулж нэр төртэй аж төрж байна. Багш хүн шавиараа бахархахын сайхныг эдэлж яваа андууд минь та нар болжээ. 

Бид энэ дөчин жилд хийж бүтээснийхээ төлөө алдар гавьяаны эзэд болцгоосон. Ардын боловсролын тэргүүний багш цол тэмдгийн эзэн 19, тэргүүлэх зэрэгтэй багш 20, ахлах багш 22, Алтангадас одонтой 6, Хөдөлмөрийн хүндэт медальтай 7, доктор цолтой 2, Ардын хувьсгалын ойн медалиудтай 24, салбарын  болон бусад яамны хүндэт жуух бичигтэй 24 аймаг дүүргийн аварга цолтой 24 сум, сургуулийн аварга 24, боловсролын салбарын ойн медальтан 20, бусад салбарын тэргүүн 7 тус тус төржээ. Энэ бол бидний хүн явсны, хэн явсаны баталгаа нотолгоо буюу…

Бид  энэ дөчин жилд халуун дулаан   эгнээнээсээ ангийнхаа анд  сайн багш  Бадрайн Нямжаваа тэнгэрийн оронд үдсэн харуусал бас байна.  Даржаагийн  Энхтуяа,  Мэндийн Амарбаатар, Маналын Долгор, Идэшийн Туяа дөрөв  маань хайрт ханиа алдсан харамсал бас байна. Энэ бүхний төлөө бүгдээрээ гүн хүндэтгэл үзүүлж, андуудаа орлоод үлдсэн  хүүхдүүд  ач зээ нар нь байгаа шүү гэж хорвоогийн жамыг ухаарахыг  захиж байна.  

Бид энэ дөчин жилд  ийм л сайхан багш нар болж, ардын үр хүүхдийн эрдмийн аяны хөтөч болцгоожээ. Одоо  алдар гавьяаныхаа амралтанд түрүүчлээд гарцгааж байна.  Аз жаргалтай амьдрал  хүлээж байна. Алс ирээдүй гэрэлтэй байна. Төрүүлж өсгөсөн үр хүүхдийнхээ сайн сайхнаар амьдрах цаг хугацаа хүлээж байна. Хийж сурсан ажил  сургаж хүмүүжүүлсэн шавь нарынхаа  амжилтаар бахархах он жилүүд эхэлж байна. 

Өнөөдөр бид дөчин жилийн өмнөх шигээ бага залуу насандаа эргэн  аялахаар энэхүү дурсамжийг хөглөж байна.  Хэн нь хэн болсноо сонирхон хөгжиж,   хууч дэлгэн баясахаар хуран цуглаж байна. Алиахан багын зангаа гээгээгүй алтанхан үеэ цуглуулж баярлахаар цуглаж байна.  Хожим эргээд  дурсахад  хөтөч болох гэрчийн судар  баринтаглаж байна. Хурай  хурай хурай… 

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, сэтгүүлч Хэлбичгийн ухааны доктор, ангийн дарга  Бэсүд овогт Лханаагийн  МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Н.Мөнхбат: АТГ-ынхан хэний хүсэлтээр, ямар үндэслэлээр шалгаж байгаагаа хэлээгүй

Хөгжлийн банкны гүй­цэтгэх захирал Н.Мөнх­бат­тай ярилцлаа.

-Хөгжлийн
банкийг тойрсон яриа, шүүмжлэл их байдаг. Төсвөөс гадуур, хяналтгүй мөнгө зарцуулдаг
гэх мэтээр. Хөгжлийн банк өнөөдөр ямар хэм хэмжээнд ажиллаж байна?

-Манай банкны хүлээсэн үүрэг бол нэг талаасаа санхүүжилтийг татах
нөгөө талаасаа санхүүжилтийг хэрэгжүүлэхэд оршино. Тэр утгаараа манай банкны үйл
ажиллагаа маш сайн байгаа. Манай байгууллага өнгөрсөн онд анх удаа Хөгжлийн банк
шиг ажиллалаа.  Тоогоор ярихад 2012 оны эцсээр
900 хүрэхгүй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байсан бол 2013 оны эцэс гэхэд нийт хөрөнгийн
хэмжээ 3.2 их наяд төгрөг болж, одоо 4.5 их наяд төгрөгт хүрсэн байна. Мөн жилийн
өмнө нэг их наяд төгрөгийн зээл олгосон байсан бол өнөөдөр 2.7 их наяд төгрөгт хүрсэн
байгаа. Бодитой хийгдсэн ажилд л манайх санхүүжилт өгдөг учраас ийм хэмжээний ажил
хийгдсэн гэж дүгнэж болно.

-Танай
санхүүжилтээр босч байгаа үйлдвэр, бүтээн байгуулалтуудыг нэрлэ гэвэл?

-Хөтөлийн цемент шохойн үйлдвэр байна. Энд тодорхой хэмжээний санхүүжилтийг
өгсөн бол III цахилгаан станцын өргөтгөл ч бондын хөрөнгөөр хэрэгжсэн. Нэг­хэн жилийн
дотор Дархан хотыг цахилгаанаар хан­гах хэмжээний бүтээн бай­гуулалтыг өрнүүлж чадлаа.
Багануурын уурхай дээр хү­чин чадлын өргөтгөл хийж 4.5 сая тонн нүүрс
үйлдвэрлэх хүчин чадалтай болсны зэрэг­цээ Монгол Улс өөрийн гэсэн онгоцтой боллоо.
Ажил хийгээд дууссан тө­сөл, хөтөлбөрүүдийг танил­­цуулахад ийм байна. Тэрчлэн бондын
хөрөнгийн тодорхой хувь нь арилжааны банкуудаар дамжаад хувийн хэвшилд шууд очиж
байгаа.

-Засгийн
газраас зарла­сан 888 төслийг танайх санхүүжүүлэх бил үү. Энэ асуудал яагаад чимээгүй
болчихов?

-Банкуудтай санамж бичиг, гэрээ байгуулж ажилласан. Банкууд эхний
ээлжинд зарим төслийг батлаад ирүүлж байх жишээтэй. Одоогийн байдлаар 20 орчим төсөл
батлагдсан. Хөгжлийн банкны бүх хөрөнгө татвар төлөгчийн хөрөнгө учраас арилжааны
банкаар дамжуулан санхүүжүүлсэн нь илүү оновчтой хувилбар болсон.

-Төслийн
эзэд хэзээ мөнгөө авч, ажлаа эхлүүлэх юм бол?

-Бид тавдугаар сараас эхлэн санхүүжилтийг нь олгоно гэсэн төлөвлөгөөтэй
байсан.  Гэтэл тодорхой хэмжээний удаашрал
гарснаас санхүүжилтийг одоог хүртэл өгөөгүй байна. Тун удахгүй мөнгийг нь шилжүүлж
эхлэх байх.

-Чингэс
болон Самурай бондын зарцуулалтын тайланг гаргахгүй байна гэсэн шүүмжлэл их байгаа.
Нарийн задаргааг нь танилцуулах боломж бий юу?

-Бидний ямар ажил хийж байгааг хүмүүс гэрээсээ гараад л харж байгаа
байх. Орон нутгийн иргэдийн хувьд хатуу хучилттай замаар холбогдлоо. “Гудамж” төс­лийн
хүрээнд замын түгжрэл ихээхэн буурлаа. Хөгжлийн банк өнгөрсөн жил 930 км хатуу хучилттай
замыг шинээр тавьсан. “Буянт-Ухаа” хороолол ашиглалтад орлоо. Бидний хийж байгаа
ажлууд хүн бүхний нүдэн дээр ил байгаа гэж ойлгож байгаа.

Чингэс бондын тухайд гэвэл бондын хөрөнгөөс санхүүжилт хийлгэхээр
Зас­гийн газраас 11 багц төсөл, хөтөлбөрийг баталсан. Харин өнөөдөр Хөгжлийн банкин
дээр бон­дуудын зарцуулаагүй үлдэгдэл гэж 1.6 их наяд төгрөг бий. Үүнийг банк хоорондын
зах зээл буюу арилжааны банкуудад богино хугацаатай, үр ашигтайгаар байршуулчихсан
байгаа.

-Ойрын
үед Монгол Улс бонд босгох уу. Тийм шаардлага бий юу?

-Удахгүй ОХУ-ын Хөгжлийн банкнаас тодорхой хэмжээний санхүүжилтийг
авахаар ажиллаж байгаа. Ингэхдээ хууль тогтоомжийнхоо хүрээнд ажиллаж байгааг хэлмээр
байна. Би эдийн засагч хүнийхээ хувиар хэлэхэд үнэхээр хөрөнгө оруулалт хэрэгтэй.
Бонд байна уу, гадны шууд хөрөнгө оруулалт байна уу бүгд хэрэгтэй. Саяхан бид буурай
хөгжилтэй орны тоонд байхдаа донор орнуудаас санхүүжилт авдаг байсан. Харин
2012 онд НҮБ биднийг дундаж орлоготой орны тоонд оруулсан учраас асуудлаа өөрсдөө
шийдэх шаардлага бий.

-Оросоос
ямар зээл хүсч байгаа гэсэн үг вэ?

-IV цахилгаан станц дээр 123 МВт-ийн хүчин чадалтай өргөтгөл баригдаж
байгаа. Ажил нь удахгүй дуусна. Тус станцын технологи нь Орос учраас ОХУ-ын компаниар
түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр ажлыг хийлгэж байгаа. Тэр орны экспортыг дэмжиж
байгаа учраас ОХУ-ын Хөгжлийн банктай хэлэлцээр хийгээд гэрээг урт хугацаа, бага
хүүтэйгээр санхүүжүүлэх тохиролцоонд хүрсэн. 

-Хөгжлийн
банкны өрийн хэмжээ ямар байна. Хэдэн орны банктай харьцаж байгаа юм бол?

-Анхны гаргасан 580 сая ам.долларын буюу Евро бонд бий. Бас Самурай
бондоос гадна Германаас 13 сая ев­рогийн санхүүжилтийг ав­сан. Удахгүй Оросоос авах
санхүүжилт нэмэгдэх байх. Удахгүй бид банкныхаа зээл­жих зэрэглэлийг тогтооно.

-Өнгөрсөн
мягмар гаригт АТГ-аас танай байгууллагыг шалгалаа. Ямар үндэслэлээр?

-Хоёр хоногийн өмнө АТГ-аас шалгалт орж ирсэн. Ямар хүнтэй холбоотой,
ямар асуудлаар шалгаж байгааг нь одоогоор тодорхой мэдэж амжаагүй байна. Анхан шат­ны
шалгалт байна гэж ойлгосон. Ер нь бид шал­гуулсандаа олзуурхаж байгаа. Яагаад гэвэл
манайх их хариуцлагатай ажил хийж байгаа. Манайхыг шалгаж болох бүх байгууллага
шалгах ёстой. Тэр утгаараа байнга хянуулж, шалгуулдаг. Жил бүр Үндэсний аудитын
газрын санхүүгийн шалгалт орж ирдэг. Өнгөрсөн гур­ван жилийн хугацаанд сан­хүүгийн
аудит хийлгээд “зөр­чилгүй, сайн байна” гэсэн дүгнэлт гаргасан. Олон улсын санхүүгийн
аудитыг ч орууллаа. Тэгэхэд олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулсан
байна, зөрчилгүй гэсэн дүгнэлт гарсан. Өнгөрсөн жил мөн гүйцэтгэлийн аудит хийгдсэн
бол Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг ч шалгалт хийсэн. Одоо АТГ-ын шалгалт
орж байна. Энэ бол зөв зүйтэй хийгдэх ёстой ажил гэж ойлгож байгаа.

-Хэний
хүсэлтээр, ямар үндэслэлээр шалгаж байгаагаа АТГ-ынхан хэлээгүй гэсэн үг үү. Гадуур
таныг шалгахаар болжээ гэж мэдээлээд байсан?

-Тусгай нэр заасан зүйл байхгүй байгаа. Харин намайг шалгах болсон
гэдгийг нь гайхаад байгаа. Яагаад тийм мэдээлэл гараад байдаг юм бол. АТГ-ынхан
“Танд ийм асуудал байна” гэж огт мэдэгдээгүй. Миний мэдэж байгаа зүйл бол манайх
дээр АТГ-ын шалгалт л орж ирсэн.

-Эдийн
засгийн хөгжлийн сайдыг АТГ-аар шалгуулна гэж байсан. Үүнтэй холбоотой юм болов
уу. Гол асуудал нь “Гудамж төсөл”-ийн санхүүжилттэй холбоотой юм биш үү?

-Тийм байж магадгүй. Үнэнийг хэлэхэд хэнийг ямар асуудлаар шалгаад
байгаа нь тодорхойгүй байна. “Гудамж” төслийн санхүүжилтийн хувьд манайх чиг үүргийнхээ
дагуу ажилласан. Бид санхүүжилтээ хийсэн. Тухайн төслийг хэрэгжүүлэгч байгууллага
нь яаж гүйцэтгээд тайлан төсөлдөө хэрхэн тусгаж байгаа нь тэдний хэрэг. Ямартаа
ч ажил нь хийгдсэн байх ёстой. Хийгдээгүй ажилд мөнгө өгөөгүй гэдгийг би баттай
хэлж чадна.

-Тэр
асуудлаар шалгаад байна уу гэсэн таамаг байна уу. Та чинь Н.Батбаяр сайдын хүн гэгддэг
биз дээ?

-Би бүх ажлаа хуулийн хүрээнд хийж байгаа. Ямар нэгэн таамаг хэлж,
дүгнэлт хэлэх ч эрт байна. Аль болохоор ажлаа сайн хийгээд л явж байна. Шалгах ёстой
юм бол бид шалгуулна. Сая бол хүнийг бус банкийг шалгалаа.

-АТГ-ынхан
юу илрүүлэв. Баримт материал авч явав уу?

-Одоогоор юм илрүүлсэн эсэх нь мэдэгдэхгүй л байна. Ажлын зарим материалуудыг
аваад явсан болохоор шалгалтаа хурдан дуусгаасай гэж хүсч байна. Яагаад гэвэл бүтээн
байгуулалтын улирал эхэлж, санхүүжилт хүчтэй хийгдэж байгаа үед ажлаа сааталгүй,
хэвийн явуулмаар байна.

-Ямар
материал авч явсан гэж?

-Энэ тухай ярьж болох, болохгүйг би хэлж мэдэхгүй байна.

Л.МӨНХ

Categories
мэдээ цаг-үе

Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дуулиант захиалгын нэвтрүүлгийн талаар Х.Баттулга гишүүнд хандан үг хэллээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр УИХ-ын гишүүн Х.Баттулгыг өрөөндөө дуудав. Х.Баттулга гишүүн орж ирээд ширээний зүүн талд суулаа. Хэвлэлийнхэн ч битүү байв. Харин Ерөнхийлөгч “Өнөөдөр Х.Баттулга гишүүнийг урьж уулзаж байгаагийн шалтгаан нь “100 чухал сэдэв” гэдэг нэвтрүүлэгтэй холбоотой юм. Энэ нэвтрүүлэг олон телевизээр явлаа, олон ч хүн үзлээ. Хүмүүс гурван янзаар хүлээж авч байна. Ахмадууд нь бухимдаж байна, хүүхэд залуучууд шууд хүлээж авч байна. Учраа мэдэх хүмүүс голдуу халаглаж байна.  

Сайхан юм боллоо гэж ярих хүмүүс ямар хэмжээнд байгааг хэлж мэдэхгүй нь.  Бид хоорондоо хагаралдах нь хэнд хэрэгтэй юм бэ. Бид хагаралдахгүй, нэгдэх ёстой тодорхой хэдэн сэдэв бий.  Үндэсний эв нэгдэл, гадаад бодлого, тусгаар тогтнолын сэдвээр улс төр хийж болохгүй. Яагаад гэвэл улс төр өөрөө хагарал үүсгэдэг учраас эдгээр сэдвүүдээр Монгол Улс нэгдмэл байр суурьтай байх ёстой.  Гэтэл ийм нэвтрүүлэг хийгээд зохион байгуулалттай цацахаар нөгөө талаас өөрийгөө өмөөрөөд хэсэг хүн нэвтрүүлэг хийнэ. Ингээд учир нь олдохгүй. Үр дүнд нь бодлого гаргаж байгаа хүмүүс, жирийн иргэд хоорондоо хагаралдаж эхэлнэ.  Монголчууд хоорондоо зодолдоод эхэлбэл хэн очиж салгах юм. Эрхэм гишүүд очиж салгах уу. Тиймээс бодолтой хандах ёстой.  

Жирийн иргэд асуудлыг тал талаас нь ярьж болно. Харин УИХ-ын гишүүн ямар ч асуудлыг санаачилж УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх эрхтэй. Энэ ажлаа л хий. Хамт ажиллаж байгаа хүмүүсээ “харийн гар хөл” гэж хэлэх эрх хэнд ч байхгүй. Өөрийг чинь ингээд хэлээд эхэлбэл яахав” хэмээн Х.Баттулга гишүүн рүү харлаа.  Тэрээр үг дуугүй, урагшаа ширээ ширтэн сууна.  Ерөнхийлөгч цааш нь “Би тэр нэвтрүүлгийг үзээд гайхсан. Ер нь хэний бодлогыг хэнд хэлж өгөөд байгаа юм бэ. Хэний төлөвлөгөөг хэнд сануулаад, хэний сурталчилгааг хэний өмнөөс хийгээд байгаа юм. Лав Монгол Улс өөрөө улс үндэстнээ хагалах ийм бодлого барьдаггүй. Хөршөө муулах нь манай бодлого биш. Хийе, бүтээе, Монголоо хөгжүүлье гэж бодож байгаа хүмүүсийг мохоох нь бидний  бодлого биш.  Гэтэл ийм бодлоготой мэтээр харуулах гээд байгаа арга чинь  Монголын сайн сайханд туслахгүй. Монголын улс төрд өмнө нь нэг зөвшил хийсэн. Бас л ийм нэвтрүүлгүүд хийдэг байлаа.  Тэгээд эцэст нь “За ийм нэг талыг барьсан, гүтгэлгийн шинж чанартай нэвтрүүлгүүд хийхээ больё” гэж шийдээд соёл тогтож эхэлсэн.

Тэгтэл үүнийг өөрөө эвдчихлээ” хэмээн мөн л гишүүн рүү харав. Цааш нь “Ийм муу зүйлд гаршиж болохгүй. Бид сайн соёлоо түгээх хэрэгтэй. Ил ярилцах ёстой. Иргэд хоорондоо байр сууриа илэрхийлээд явж байгаа бол яахав. Гэтэл улс төрийн албан тушаалтан энэ зохион байгуулалтад нь оролцож болохгүй. Ер нь захиалгат нэвтрүүлэг бүхэн үнэн байдаггүй гэдгийг бид сайн мэднэ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжиж олон нийтэд хүрдэг хүмүүс нэг зүйлд онцгой анхаарах хэрэгтэй. Та нарын ярьж, хэлж байгаа болгон залуучуудад хүрч байгаа.  Байр суурь нь тодорхой болж чадаагүй, дөнгөж “цэцэглэж” яваа хүүхдүүд та нарын хэлж, ярьж байгааг сонсдог, хардаг.  Өнөөдрийн хүүхдүүд твиттер, фэйсбүүк, юүтүб гээд бүгдийг нь үзэж байгаа. Тэдэнд ийм маягаар улс төр хийж, асуудлыг шийдэж болдог юм байна гэдэг ойлголтыг төрүүлж болохгүй.  Асуудлыг зөв шийддэг үлгэр дуурайллыг үзүүлэх ёстой. Телевизийн дэлгэцээр, айлын хоймроос хүний цус шинжлээд сууж байж болохгүй. Ийм маягаар асуудалд хандаж зохион байгуулдаг зүйлээсээ татгалзах хэрэгтэй.  Улс үндэсний эрх ашиг, гадаад бодлогын асуудлаар Монгол Улсын нэрийн өмнөөс ард түмнийг төлөөлж ярих эрх нэг л албан тушаалтанд бий. Энэ үүднээсээ би хэлэх үүрэгтэй. Зарим хүн “Нэг нэвтрүүлэг хийгээ л биз. Юун сүртэй юм” гэх байх. Гэтэл мэдээлэлтэй хүмүүс тэр нэвтрүүлгийг үзэхээр дэндүү өрөөсгөл, үр дагавар нь муу харагдаад байгаа юм.  Үр дагавар нь муу байна. Энэ бол Монголын хөгжил, сайн сайханд нэг тоосго ч нэмэрлэхгүй. Хамгийн гол нь энэ нэвтрүүлгээр яриад байгаа, олон жил хуваагдал үүсгээд буй нэг асуудал бий. Тэр нь төмөр замын сэдэв. Нэгдүгээрт монголчууд төмөр замын ач холбогдлыг маш сайн ойлгодог. Монголын төр ард түмэн дэмждэг, үнэлдэг. Төмөр зам бол Монголын хөгжил дэвшилд асар их үүрэг гүйцэтгэсэн. Төмөр замчид шөнө өдөргүй зүтгэж, нуруун дээрээ их ачаа үүрч яваа. Ноднингийн сонгуулиар би “Монголын өвгөн төмөр зам дан нуруутай учраас ачааллаа даахаа болилоо. Одоо давхар нуруутай болгоё. Үүнийг бид заавал хийх хэрэгтэй” гэж хэлж байлаа. 2008 онд Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд болоход нь хэлээд л гаргасан. “Жижигхэн гацаа байгаа шүү. Богд уулыг тойруулаад төмөр замаа хурдан тавиарай” гэсэн. Гэтэл энэ ажил хийгдээгүй.  

Ази, Европыг холбосон дэд бүтцийн хөгжлөөс Монгол Улс өнчин хоцорч болохгүй. Энд бид заавал оролцох ёстой. Манай өвгөн төмөр зам жилдээ 20 сая тонн ачаа тээж байна. Үүнийг хэд дахин нэмэгдүүлэх боломж байна. 20 сая биш 200 сая тонн ачаа тээдэг болъё. Тэгээд Алтанбулагаас Замын-Үүд явж байгаа төмөр замаа давхар болгоё. Улаан-Үд дээр Оросын төмөр зам ороод ирчихсэн байна.  Үүнийг урагшаа  Хятадын Жин Инь боомттой холбоё гэж гурван тал ярьж байгаа. Эрээнцаваас уламжлалт хуучин төмөр зам явж байна.  Чойбалсан хүрсэн төмөр замыг Бичигтээр гаргая гэж байна. Зүүн талаар дамжин өнгөрөх төмөр замаар  хоёр хөрштэйгээ холбогдож чадвал манай хөгжил босоод ирнэ. Баруун  бүс нутгаар дамжуулан төмөр зам тавих асуудлыг одоо УИХ руу оруулчихсан байна. Энэ бол муу юм биш. Энэ бүхэн бүс нутгийн дэд бүтцийн хөгжилтэй уялдаж байгаа. Ингэснээр Монголын ач холбогдол өснө, жин нь нэмэгдэнэ. Та бүхэн Казахстаныг хар. “Торгоны зам”-ыг төмөр замаар сэргээж байна. Хятадын ачаа Казахстан, Оросоор дайрч Европ руу гарч байгаа. Хятадын ачаа Турк улсаар дамжиж,  Европ руу гарч байна.  Иранаар дайруулж өөр бүс нутаг руу гаргаж байна. Энэ үйл ажиллагаанаас Монгол үлдэж болохгүй. Ер нь бидний өвөг дээдэс замд маш их ач холбогдол өгдөг байсан.  Жин тээдэг, өртөө бий болгодог.  Ийм байхдаа өвөг дээдэс маань хүчтэй, дэлхийн гүрнийг байгуулж явсан юм. Тиймээс одоо хэрүүлд дарагдаж, энэ бүхнээс  хоцорч болохгүй.

 Нүүрсний төмөр зам байна. Одоо яригдаад байгаа төмөр замыг өөрөө сайн мэдэж байгаа.  Яагаад гэвэл салбар хариуцсан сайд нь байсан” гээд  Баттулга гишүүн рүү хандлаа.  “Таван толгойгоос урагшаа Гашуун сухайтаар гардаг зам байна.  Үүгээр хэдэн жилийн өмнөөс монголчууд  нүүрс тээдэг болсон. Талыг там болгож, говийг гамшиг болгосон. Тэнд хөрс яасныг, ан амьтан нь ямар болсныг бүгд мэдэж байгаа. Тиймээс нүүрсээ төмөр замаар зөөх нь зөв юм байна гэж олон жил ярилаа. Энэ төмөр замыг тавих нь эдийн засаг, орон нутгийн хөгжилд хэрэгтэй юм.  Ингээд эхлээд хөндлөн төмөр замаа тавихаар Баттулга сайд болж  ажилласан. Гэтэл одоо болтол тавьсангүй. Босоо замаа тавиагүй болохоор хөндлөн замыг барьж болохгүй юм байна. Өнөөдөр манайд  ашигт малтмалаас хамгийн их нь нүүрс байна. Үүнийг авах эзэн нь байгаад үнэ хүрдэг л юм бол хаа байгаа газар нь бид хүргэж өгөх л ёстой. Эндээс орж ирсэн орлогоороо дараагийн төмөр замаа тавьж болно шүү дээ.  Гэтэл өөрөө энэ асуудлыг хариуцаад ажиллаж байсан сайд. 2008 онд би өөрийг чинь өрөөндөө дуудаад “За Баттулга аа зам тээврийн сайд боллоо. Ийм ийм ажил хийнэ шүү.  Хүрз барьж чадах хүн бүхнийг аваачаад далан бариул. 2010 он гэхэд үр дүн гаргаарай” гээд хэлж байсан.  Одоо юу ч байхгүй. Хэрэлдэж байж төмөр замын бодлого гэж нэг зүйл оруулж УИХ-аар батлуулсан.  2010 онд бид дахиад уулзсан. “2012 онд энэ ажлыг хийнэ шүү” гэж хэлсэн. Дахиад юу ч байхгүй. Өөрөө ч ажил хийгээгүй, хүнээр ч энэ ажлыг хийлгээгүй. Жилийн өмнөх Засгийн газрын хурал дээр ороод “Битгий шалтаг тоочиж, санаа алдаад ажил уяад бай” гэж А.Гансүх, Х.Баттулга сайдын аль алинд нь хэлж байлаа.   Ажлаа хий гэдгийг үргэлж сануулж байсан. 

2012 оны сонгуулийн дараа “Сайншандын аж үйлдвэрийн паркаа Баттулга чи хий. Ер нь үйлдвэрлэл, хөдөө аж ахуйгаа хариуц”  гэсэн. Гэтэл Сайншандын аж үйлдвэрийн парк хаана байна. Юу хийв тэнд” гээд харахад нь Х.Баттулга гишүүн бас л дуугүй,  ширээ ширтсэн хэвээрээ. Ерөнхийлөгч үргэлжлүүлээд “Сая Иргэдийн хурлын дарга нь надад хэлж байна лээ. Газрынх нь асуудлыг Алтанширээ сум руу шилжүүлэхгүй бол болохгүй. Усны асуудал хүндрэлтэй. Сонгож авсан газар нь цэвдэгтэй юм байна” гэсэн. Наад зах нь үүнийгээ судалж байж хариуцлагатай хийх ёстой шүү дээ. Ажил хийх  бүх боломж өөрт чинь байсан шүү гэдгийг энд хэлэх хэрэгтэй. Өөрөөс чинь хүмүүс “төмөр зам хаана байна” гэж хариуцлага нэхэх эрхтэй. Түүхийн зураг үзүүлээд хэдэн хүний яриа эвлүүлээд асуудлыг шийдэх боломжгүй. 

Өөрт чинь эрх нь байсан, боломж нь байсан, цаг хугацаа байсан. Одоо төмөр зам гээд яагаад ач холбогдол өгөөд байдаг юм гэдэг дээр хоёр, гурван зүйл хэлье. Төмөр замаар явсан ачаа шууд далайн боомт хүрэх боломжтой. Монгол Улсад энэ нь асар чухал. Машинаар явж байгаа ачааг дурын цагдаа, дурын хүнд сурталтан зогсоогоод янз бүрийн юм яриад байж болдог. Бид зөвхөн урд хөршдөө нүүрс зарах гээд байгаа юм биш. Гурав дахь хөрш рүү бараагаа хүргэх гээд байгаа юм.  Төмөр зам гээд яриад байгаагийн цаад учир нь энэ.  Төмөр замаар явсан бараа олон улсын гэрээ хэлэлцээрийн субъект болдог юм. Тиймээс нэг хоёр улсаас хамаардаг зүйл биш.  

Дээр нь нэмүү өртөг үүсгэвэл  Монголд хэрэгтэй. Дамжин өнгөрөх тээвэр дээр тодорхой хөнгөлөлт авах ёстой.  Ийм боломж төмөр зам дээр гарч ирнэ. Үүнийг ашиглая гэсэн юм. Одоо нэг зүйл хэлье. Монгол Улс өөрийн эрх ашигтай, төмөр замын бодлоготой. Үүнийг Баттулга сайн мэдэж байгаа. Таван толгойгоос цааш төмөр зам тавих юм бол тэнд хөдлөх бүрэлдэхүүн нь монголчууд байна. Монгол инженерүүд ажиллана. Өртөөнд монгол хүн ажиллана. Нүүрстэй тэвшийг монгол толгой чирч гаргана.  Одоо Цагаан хад дээр нүүрс асгаж байгаа шиг тийм гамшиг болохгүй. Энэ бол Монголын байр суурь. Бид ийм эрх ашигтай.  Хоёр хөрштэйгээ энэ асуудлыг ярьж байгаа. 

Тиймээс хэрүүлийн алим болгох маягаар асуудлыг унагамааргүй байна. Хоёр хөрш рүүгээ бараа тээвэрлэж гаргана гэвэл  өөр өөрийнх нь царигаар төмөр замаа тавих нь зөв гэж үзэж байгаа. Дугуй сольж, нүүрс асгахгүйгээр яваг. Баттулга гишүүн өөрөө сайн мэдэж байгаа. Бид төмөр замын бодлогоор бүх асуудлыг шийдчихсэн байсан.  Хэрэлдээд байх шаардлагагүй юм шүү дээ.  Шинээр баригдах төмөр зам нь одоо ашиглагдаж байгаа төмөр замын шугамтай холбогдох буюу огтлолцох нөхцөлд түүний царигийн өргөн 1520 мм байна. Одоогийн Алтанбулагаас Замын-Үүд рүү явах төмөр замын царигтай огтлолцохоор бол өргөн байна гэсэн үг. Бүтээгдэхүүн экспортод шууд тээвэрлэх ашигт малтмалын ордод боловсруулах үйлдвэрээс хилийн боомт хүртэлх чиглэлийн төмөр замын шугамын царигийн асуудлыг Засгийн газар УИХ-д танилцуулж шийдвэрлүүлнэ гэж төмөр замын бодлогын баримт бичигт тусгасан байна.   Үүний  дагуу Засгийн газар сая тогтоолын төслөө УИХ-д орууллаа шүү дээ.  Дээр нь 2009 оны долдугаар сард А.Гансүх сайдын гарын үсэг зурсан нэг санамж бичиг байна. Та өөрөө боловсруулсан биз дээ” хэмээн гэрээг нь харуулахад Х.Баттулга гишүүн толгой ч дохисонгүй, яасан ч үгүй,  нүднийхээ булангаар хялам хийн харж суув. 

Ерөнхийлөгч “Энэ санамж бичигт бүр тодорхой заагаад өгчихсөн байна. Талууд хамтран 2010 онд Шивээхүрэн-Нарийн сухайтын төмөр замыг тавина. 2012 онд Таван толгой-Оюу толгой-Сайншанд-Чойбалсан, Сайншанд-Замын-Үүд, Замын-Үүд-Баруун-Урт-Бичигт чиглэлийн төмөр замыг тус тус барьж дуусгана. Энэ чиглэлийн төмөр замуудыг 1435 мм-ийн нарийн царигаар барина” гэжээ. Тухайн үед Баттулгын дэд сайд, өнөөдөр Зам тээврийн сайдаар ажиллаж байгаа А.Гансүх  гарын үсэг зурсан байна. Ийм санамж бичигт гарын үсэг зурлаа гэхэд нь  бид “Монгол Улс өөрийн гэсэн бодлоготой байх ёстой. Нарийн цариг барина гээд хоёр яам санамж бичиг байгуулж болохгүй.  Засгийн газрын хэлэлцээрээр шийд. Нарийн төмөр зам тавихдаа тулах юм бол дамжин өнгөрөх тээвэртэйгээ уялдуулж шийдэх хэрэгтэй. Далайд хүрэх тээврийнхээ эрх ашигтай уялдуулъя, хоёр хөршийн нутаг дээгүүр дамжуулах гэж байгаа бол тариф, татварын хөнгөлөлт авъя, ямар боомтоор манай бараа гарах юм үүнийгээ тогт, дээрээс нь хэдий хэмжээний ачаа гуравдагч талд худалдагдах юм үүнийг ярья” гээд энэ санамж бичгийг нь зогсоож байсан юм.  Энэ бүх асуудал одоо УИХ-аар хэлэлцэх тогтоолд тусчихсан байгаа. Монгол Улс ийм бодлоготой. Гэтэл Монгол Улс огт бодлогогүй байсан юм шиг эсвэл эх орноо худалдаж, баялгаа зөөх гээд байгаа гэдэг маягаар харуулах нь буруу. Бид зургаан жил хэрэлдлээ. Зурагт хараад сууж байгаа хүмүүс зургаан жилээр хөгширлөө. Нүүрс одоо хүнд хэрэгтэй гэж л байна. Удахгүй орлуулдаг бүтээгдэхүүн дэлхийд гараад ирэх ч юм бил үү. Тиймээс энд хэрүүл хийж суух цаг биш. 

 Хамгийн сүүлд хэлэхэд Монгол Улс өвөрмөц байршилтай. Хоёр том хөршийн дунд байдаг. Бидэнд нэг хөдөлшгүй үнэн бий.  Тэр нь Монгол бол энэ хоёр улстай хөрш. Асуудал гарвал энэ хоёртой л ярина. Энэ түвшинд ярьж байгаа зүйлүүд ч бий. Бидний эрх ашиг ийм байна гэхэд нөгөө тал ч эрх ашгийн асуудлаа тавьж байна. Ийм маягаар  бүх түвшиндээ хэлэлцээ хийж байна. Бид үнэхээр энэ хоёр орны дунд бүтнээрээ оршдог учраас ингэхээс өөр аргагүй. Ер нь хөршөө муу хэлдэг сайн хөршийн бодлого байж болохгүй. Хажуудахаа муу хэлдэг бодлого байж болохгүй. Ийм учраас бид нэгдмэл байр суурьтай байх ёстой. Төгсгөлд нь ганц хоёр зүйл хэлье.  

Монгол Улс хөгжинө, босно, болно гэж ирээдүйдээ итгэж байгаа монгол хүний  сэтгэлийг мохоож болохгүй. Баттулга гишүүний ярьдаг, хэрэгжүүлэхээр төлөвлөдөг сайн зүйлүүд бий. “Түмэн хишигтэн” бодлогыг дэмжинэ. Дэмжсээр ч ирсэн.  Майдар хот бол зөв бодлого. Шинэ сум төсөл байна. Үүнийг Засгийн газар хөтөлбөр болгоод явах хэрэгтэй. Хамгийн гол нь мөнгө нь хяналттай ард түмний хараан дор явах ёстой. Спортын талаарх бодлого, үйл ажиллагаа байна. Энэ бүгдийг нь дэмжинэ ээ. Гэхдээ төрд аливаа ажлыг хийж чаддаг хүмүүс гэж бий. Зарим өндөр албан тушаалтнуудыг харж байхад төр рүү, төсөв рүү ойртуулмааргүй хүмүүс байдаг. Авлига албан тушаалын асуудалтай тэмцэнэ. Сая Газрын тухай хуулийг баахан ярилаа. Тэгээд буцаагаад татчихлаа. Газар бол Монгол Улсын иргэний өмч байх ёстой. Монгол Улсын иргэнд баялаг бүтээхэд нь туслах ёстой. Тийм байдлаар хууль гарах ёстой. Тийм учраас буруу зүйл байгаа бол шүүмжилнэ. 

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хандаж нэг зүйлийг хэлье. Олон нийтэд юм үзүүлнэ, айлын хоймроос ярина гэдэг бол онцгой хариуцлага шүү. Нэг хэсэг хүмүүс зочид буудлын арын өрөөнд цуглаж хийгээд  түлхэж байгаа нэвтрүүлгийг гаргаж л байдаг.  Тэнд менежер, захирал гэж хүмүүс бий байх. Тэр хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Янз бүрийн нэвтрүүлэг хийж байгаа хүмүүс нэр усаа тавих хэрэгтэй. Зохиолыг нь хэн бичсэн юм, хэн санхүүжүүлсэн юм, хэн зургийг нь авч, монтажилсан юм. Хэн ард талд нь санаачилж байгаа юм. Энэ бүхэн нээлттэй байх ёстой. Үнэхээр эх оронч хүмүүс юм бол нэрийг чинь  хармаар байна. Тухайн телевизээр гарах ёстой хөтөлбөр гэнэт өөрчлөгдөөд оронд нь тэр нэвтрүүлэг ямар учраас гарсан гэдгийг хариуцлагатайгаар ил болгох хэрэгтэй. Твиттер, фэйсбүүкт ч янз бүрийн юм ярьдаг хүмүүс өөрсдийгөө харуулдаг  байх ёстой. Нүүрээ нуучихаад асуудал яриад гүйлдээд байж болохгүй. Монгол Улс наад зах нь ийм хариуцлагатай болох хэрэгтэй. Үүнийг зориуд сануулж хэлье гэсэн юм.  Аливаа юм буух эзэн, буцах хаягтай байх ёстой. Үүнийг цаашдаа хууль дүрэмдээ сайн оруулж өгөх хэрэгтэй. Бид аливаа зүйлээс сургамж авах ёстой. Ингээд хамтарч ажиллая, Монгол Улсаа өөд нь татахын тулд тал талаасаа зүтгэе. Монголын нэг давуу тал бол нээлттэй байдал шүү. Бид муугаа ч ярьж чаддаг, сайныгаа ч хэлэлцэж  чаддаг хүмүүс. Ийм л зүйлийг хэлэх гэсэн юм, баярлалаа” гээд шанаагаа тулж хэсэг чимээгүй суув. Х.Баттулга гишүүн ч таг чимээгүй байлаа.  Хэвлэлийнхэн ч  өрөөнөөс цувран гарав.  Тэр үед Ерөнхийлөгч суудлаасаа босч, халаасандаа гараа хийн алхалж  байгаа харагдав. Харин Х.Баттулга гишүүн хөшөө мэт хөдөлгөөнгүй, бас дуугүй суусаар өрөөнд нь үлдэв. 

Я.МӨНГӨНЦЭЦЭГ   

Categories
булангууд мэдээ томилолт цаг-үе

Буриад Монголын нийслэл Улаан-Үдийн зун (томилолт)

Сонины цэгт очлоо. “Буриад үнэн” сонин худалдан авлаа. Тэгтэл тэргүүн нүүрт нь “Буха ноёной эха тайлган” гэх нийтлэл гарчээ. Уг нийтлэлд “Түнхэнэй Далайхан hуурин хэдэн зуун жэлэйнгээ туухэ соо нимэ олон айлшдые угтан абаагүй байгаа. Хэды тиигэбэшье, эндэхи ажаhуугшад “Буха ноёной ехэ тайлган” гэhэн регион хоорондын хуралдаанда хабаадагшадые үндэр хэмжээндэ угтан абаа” гэжээ. 

Эндхийн ахмад настай буриадууд бас төрийн албан хаагчид эл сониныг шимтэн уншдаг аж. Шинэхэн дугаарыг нь хүлээн аваад “Хөөе ямар гоё юм бэ, энэ чинь манай ах байна ш дээ. Булган аймагт амьдардаг шүү дээ” хэмээн сонин дээр зураг, нийтлэл нь гарсан хүмүүсийг дотночилон танилцуулна. “Буриад үнэн” сонин дээр гарна гэдэг бол эндхийнхний хувьд том хувь тавилан. Буриадууд Монголын уран бүтээлчид ирж тоглолт зохиохыг хамгийн ихээр хүсдэг гэнэ. Та Монголын ямар дуунд дуртай вэ гэж асуухаар “Ход ход”, бас “Сайхан амттай цай” гэдэг дуунд дуртай гэнэ. Ход ход гэдэг нь 

Ход ход ход ход ход инээгээд

Хоёр гурав гиш­гэлээд 

Хөөр баяр болох юм

Хөлд орж дээ миний хүү буюу “Том болж дээ миний хүү” гэдэг дуу. Ер нь тааралдсан монгол хүн бүр энэ дууг амандаа аялж, үргэлжлүүлэн дуулахыг хүснэ. 

Сайхан амттай цай гэдэг нь дуучин С.Жавхлангийн “Ээжийн чанасан цай” дуу. “Хамаг Монгол” тоглолт ирэхэд буриадууд догдлон тосон авч, бүхэл үдшийн турш баяр хөөртэй байсан гэдгээ илэрхийлж байлаа. Эндхийн буриад залуус “Татар”, “Камертон” хамтлагийн дуунд дуртай юм байна. Аялж сонирхуулна. Бас дуучин Алтанцэцэг, Ариунаа, Сарантуяа гоё дуулдаг гэцгээнэ. Монголд ирээд сүүлийн үед ямар дуу моодонд орж байгааг асуугаад цомгийг нь худалдаж авъя гэхээр хүмүүс сэтгэлд нь хүрсэн дуутай цомог өгдөггүй гэв. “Сүүлийн үед хит болж байгаа дуутай цомог сонсъё гэвэл юу гэж асуувал зүйтэй вэ” гэнэ. “Хит болж байгаа рок, поп дууны цомог байна уу гэж асуу” гэвэл “Аан, за тийм байх. Бид нар асуухаараа эстрад дуу байна уу гэхээр “Ход ход” дуутай цомог өгөөд байдаг юм. Тийм учиртай байж. “Ход ход” дуу чинь хэдэн оны дуу юм бэ” гэж асууцгаана. 

Буриадууд мон­гол уламжлал, ёс занш­лынхаа талаар ярихдаа омогшин догдолдог ч оросуудад их элэгтэй. Улаанбаатарт очиход хүмүүс бухимдалтай, хар яр хийгээд хэцүү. Өлмийн дээр гишгэчихээд уучлал ч гуйдаггүй. Харин оросууд өөр. Тэд боловсон. Энэ зан нь замын хөдөлгөөнд оролцохоос эхэлдэг гэх. Туслах замаас машин орж ирж байхыг алсаас харчихаад ёс юм шиг хүлээж байгаад оруулах нь Улаанбаатарт замын хөдөлгөөнд оролцдог бидэнд бол ядаргаатай мэт санагдана. Явган хүний гарцаар хүн гарч байвал манайхан огцом хурдаа сааруулдаг бол Улаан-Үдийнхэн их тайвуун. Хотын замын хөдөлгөөнд ихэд уужуу тайван оролцдог нь сэтгэлд таатай.

Буриадууд Улаан­баатарт ирээд автобусанд сууж явна. Хүүхдүүдээ суудалд суулгаад өөрсдөө зогсоно. Хөгшин хүмүүс орж ирээд суудал тавьж өгсөнгүй гэж баахан үглээд “Муу сайн хужаанууд” гэж хараахаар нь голдоо ортол гомддогоо нуусангүй. Улаан-Үдэд нийтийн зорчигч тээврээр явахдаа настай хүмүүс гэхээсээ илүүтэй хүүхдүүдэд суудал тавьж өгдөг аж. Яг л тэр аясаараа Монголд автобусанд суугаад доромжлуулснаа дахин дахин ярьцгаах. Буриад хүүхдүүд Монголд байх ахан дүүс хамаатнууддаа зуны гурван сараа өнгөрүүлнэ. Гурван сар болоод ирэхэд хэл нь зүгшрээд яг л монгол хүүхэд шиг болчихдог аж. Тэгээд л буцаад орос орчинд орчихоор монгол хэлээ мартагнана. Улаан-Үдийн дунд сургуулийн нэг ангид 30 хүүхэд байлаа гэхэд 3-4 нь буриад хүүхэд байна. Тийм болохоор гэртээ хичнээн монголоор яриад нэмэргүй, хэл нь орос болчихно. 

Буриадууд Монголд амьдардаг төрөл садан дээрээ ирэх дуртай. Зарим нь “Бид Монголд юу болж байгаа талаар бүгдийг мэднэ. Орой болгон skype-гаар харилцаж, фэйсбүүкээр уулздаг юм чинь” гэнэ. Тэд “Монгол метротой болох гэж байгаа гэл үү. Метро нээлтээ хийнгүүт очиж сууж үзнэ дээ. Бас морин хуур шиг хэлбэртэй том цогцолбор барих гэж байгаа гэлүү” гэж сураглана. 

Буриад залуус наймдугаар сар, бас өвөл, хавар гээд жилд гурван удаа Монголд орж ирнэ. Улаанбаатарт ирээд III, IV хорооллоор явж хувцас хунар цуглуулна. Бас “Нарантуул” зах гарч тосгон дахь өвөө эмээ нартаа юм цуглуулна. 

Харин настайчуул нь Улаанбаатарт ирээд “Түндэмүн” гэх зэрэг хэдэн саунд орж, төв талбайн ойролцоо байрладаг гэх бааранд орж үздэг гэнэ. Бас хүүхдийн паркаар орж тоглоцгооно. “Модерн номадс”-ын салбараар орж хоол иднэ. Улаан-Үдэд хоолны газар ажиллуулах гэж байгаа хүмүүс Улаанбаатарт ирж туршлага судалдаг юм байна. Хуушуурны иж бүрдэл сонирхлыг нь ихэд татдаг аж. Бас хорхогны шөл анхаарлыг нь татдаг ч Улаан-Үдийн оросууд шөлийг нь ууж чаддаггүй, хурц гэдэг аж. Буриадынхны Улаанбаатарт ирээд амтархан зооглож байгаа хоолнуудыг Улаан-Үдэд нутаглуулахыг хүсдэг ч энэ мэт хүндрэл их гардаг гэсэн. 

Д.ГАНСАРУУЛ

Үргэлжлэл бий.

Categories
мэдээ цаг-үе

Төрийн есөн хөлт цагаан туг залах бэлтгэл Шажин хурахын аманд болж байна

Монгол төрийн их баяр наадмаар есөн хөлт цагаан туг залах торгон
цэргүүд бэлтгэлдээ гарчээ. Богд уулын энгэр Шажин хурахын аман дахь бэлтгэл эхлээд
долоо хонож байгаа юм байна. Төрд данстай адуу Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд
байдаг бөгөөд наадам эхлэхээс нэг сарын өмнө энд авчирдаг. Төрийн их сүлдийг өмнө
нь есөн шарга мориор залж, урд нь яваа хонжин (хөтөчлөн яваа хүн) ганцаараа цагаан
морь унадаг байсан. Тэгвэл өнөө жилээс их тугийг цагаан мориор залах болжээ. Учир
нь 1992 онд баяр наадмаар төрийн есөн хөлт цагаан тугийг залахдаа найман шарга,
хоёр цагаан морь байна гэж заасан байдаг гэнэ. Чингэсийн эр хоёр загалыг бэлгэдэж
хоёр цагаан байхаар хуульчилж. Уг хуулийг өнөө жилээс хэрэгжүүлж буй ажээ. Тиймээс
шарга морьдын сүрэгт цагаан морь шинээр орж байгаа гэнэ. Төрийн наадмын хамгийн
хүндтэй энэхүү ёслолыг зэвсэгт хүчний 032 дугаар ангийнхан гүйцэтгэдэг. Тэд бэлтгэлдээ
гараад удаагүй байгаа ч туг залах, мориндоо мордох гээд бүх гүйцэтгэл ерөнхийдөө
жигдэрчээ. Өмнө нь уг ажилд шинэхэн цэргүүд голдуу дайчлагддаг байсан бол энэ жилээс
тус ангид ажиллаж байгаа офицерууд түлхүү байна. Сонгож авахдаа хамт олноо манлайлдаг,
үлгэр жишээч алба хаагчийг сонгож авдаг гэсэн. Энэ жилийн тухайд тус ангиас энхийг
сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн офицеруудаар туг бариулахаар болжээ.

Биднийг очих үед цэргүүд хоёр эгнээ болон жагсаад гар дээрээ суниаж
байсан юм. Удалгүй морьтой бэлтгэлээ эхлэхээр боллоо. Туг залах морьдоос гадна морин
салааны нийт бүрэлдэхүүн хамт бэлтгэл хийнэ. Яг л Төв цэнгэлдэх хүрээлэнд байгаа
мэтээр туг залж орж ирэх, нэг эгнээнд жагсан мориноосоо буух, эргээд мордох, есөн
хөлт цагаан тугийг залах зэрэг бэлтгэл хийнэ. Морьтой бэлтгэлээ өдөрт гурван удаа
хийдэг гэсэн. Бусад үед морьтой байна гэж бодоод ажиллана. Мориндоо гэвэл нэг хөлөө
дөрөөн дээрээ тавилаа, өндийлөө, мордлоо гэж төсөөлөөд дотроо тоолоод л хийчих юм.

Торгон цэргүүд өглөө 06 цагт босно. Эхлээд өглөөний гүйлттэй. Дөрвөөс
таван км гүйгээд анги дээрээ ирж өглөөний цайгаа ууна. Үргэлжлээд биеийн хүчний
бэлтгэл хийдэг. Өөрсдийнхөө бие хааг ингэж бэлдсэний дараа морьтой бэлтгэлдээ гарна.
Хоёроос гурван цаг морьдоо дасган бэлтгэл хийсний дараа өдрийн хоолтой. Тогооч нар
хээрийн бэлтгэлд хамт гардаг учраас нэг, хоёрдугаар хоол хийж өгнө. Дараа нь бас
л бэлтгэлээ хийнэ. Морьтой бэлтгэлийг өдөржин хийгээд байж болохгүй. Адуу хэт удаан
бэлтгэл хийвэл залхуураад байдаг гэсэн. Ер нь энд байгаа адуу өвөлдөө Хэнтийд байх
цэргийн ангийн адуун сүрэгтэй нийлдэг учраас хүн амьтан барьж унаад байхгүй. Тиймээс
энд ирэхдээ нэлээн эмнэгшчихсэн ирдэг ажээ. Түүнийг нь цэргүүд унаж номхруулах ажилтай
болдог юм байна. Гэхдээ олон жил туг залж яваа морьд үүргээ сайн мэддэг болчихдог
гэнэ. Бэлтгэлийн үеэр ийш тийшээ өвс зулгаагаад явчихгүй. Яг л уяан дээрээ байж
байна. Харин наадам дөхөөд ирэх үед буюу долдугаар сарын 9, 10-ны үед Туул гол дээр
аваачин усанд оруулж өнгө зүсийг нь сэргээдэг гэж байлаа. Мал угаадаг тусгай шампунь
гарчихсан учраас түүгээр угаана. Өнгө ороод л явчихдаг гэсэн. Харин хоол тэжээлийн
тухайд тусгай идэш тэжээл хэрэглэхгүй. Бэлчээрлэнэ. Яг наадмын өдөр харин гэдсээ
татчихдаг гэсэн. Цэнгэлдэх дотор ороод учиргүй бааж шээгээд байхгүй. Ялангуяа олон
жил болж байгаа хөгшин морьд ийм асуудал гаргахгүй. Ганц нэг жил болсон шинэ морьд
л цэнгэлдэх дотор “асуудал” гаргадаг юм байна. Морьтой цэргүүдийг 032 дугаар ангийн
захирагч, хурандаа Л.Батболд командлахаас гадна цэргүүдийн бэлтгэлийг ахмад Д.Хашхүү
удирдан явуулдаг ажээ. Д.Хашхүү их тугч бөгөөд зургаа дахь жилийнхээ бэлтгэлийг
хийж байгаа юм байна.

Хүндэт харуулын гэгддэг зэвсэгт хүчний 032 дугаар ангийн 90 жилийн
ой өнөө жил болж байгаа ажээ. Ойн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсөн гэсэн. Бас
алба хаагчид ангийнхаа ойн жилд зориулан олон бэлэг барьж байгаа. Тэдний нэг нь
Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байр. Бас оны мэргэжлийн аварга
салаа, рот, бательоны захирагч шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлсэн. Өнгөрсөн
жил Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн санаачилсан
“Монгол цэргийн жавхаа” анхдугаар уралдааны тэргүүн байрын шагналт. Энэ мэтчилэн
салбарынхаа хүрээнд зохион байгуулагдсан бүхий л уралдаан тэмцээнд тэргүүлдэг нь
тус ангийн жагсаалтай холбоотой. Тэд жагсаалын бэлэн байдалд байнга байдаг. Шаардлагатай
тохиолдолд жагсаалын бэлтгэлийг өдөрт 4-6 цагаар хийнэ. Жирийн үед өдөрт гурван
цагаас доошгүй хугацаагаар бэлтгэл хийдэг ажээ. 90 жилийн түүхтэй тус ангиас 10
генерал төрөн гарсан. Мөн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, далай даян дархан аварга
Дарийн Дамдин, Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат, гарамгай баатар
Л.Дандар, гавьяат багш, хурандаа Б.Түмэн зэрэг алдартнууд 032 дугаар ангид алба
хааж байжээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
булангууд мэдээ томилолт цаг-үе

Буриад Монголын нийслэл Улаан-Үдийн зун

8Түрүүч нь ¹ 154 (4794) дугаарт8

Улаан-Үдэд ирсэн хүмүүсийн заавал ч үгүй очдог газар нь Ринбүчи багшийн
дацан. Хотын хойморт байрлах уг дацанд буриадууд амралтын өдөр, баяр ёслолын үеэр
байнга ирнэ. Дацан цагаан сараар, шинийн хоёронд олны хөлд дарагдана. Цагаан сараар
хүн бүр тусгайлан зассан газарт хийморийн дарцгаа өлгөнө. Дацангийн баруунтаа дарцаг
уяж байрлуулдаг газар бий. Салхин талдаа болохоор дарцгууд бүтэн жилийн турш намирна.

Эндхийнхэн цагаан сарыг тийм ч өргөн тэмдэглэдэггүй юм байна. Шинийн
нэгний өглөө ахан дүүсээрээ нэгний­дээ цуглана. Айл болгон хүн тус бүрт бэлэг зэхэж,
сүү авчирцгаана. Нэг нэгэндээ сүүгээ барьж, бэлэг сэлт өгнө. Орой болтол ууж дуулж,
сайхан зүйлсээ хэлэлцээд тарцгаана. Түүнээс биш айл айл хэсч хамаатан, садан, танилуудынхаараа
орно гээд яваад байдаггүй гэсэн. Гэхдээ сүүлийн үед Улаан-Үд гэлтгүй Буриадын бусад
аймгуудад монголчууд цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэх хандлагатай болжээ. Түүгээр
ч барахгүй 25-аас дээш насныхан буюу залуу эцэг эхчүүд үр хүүхдэдээ монгол нэр өгөх
болсон гэнэ. Залуус эцэг эхдээ хандан “Надад яагаад монгол хэл заагаагүй юм бэ.
Яагаад та буриад хэл мэддэг мөртлөө буриадаар ярьдаггүй юм бэ” гэж асуух болсон
гэсэн. Буриадууд гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ хамт байхдаа аль болох буриадаараа
ярихыг хичээх юм. Гэхдээ хэлж байгаа арван
үгний гурав дөрөвхөн л буриад байх жишээний.

Нэгэн бяцхан охин эмээ­дээ “Эмээ би та нарыг буриа­­даар ярихыг сонсоод
ойлгоод байдаг хэрнээ өөрөө ярихаараа оросоор ярьчихаад байх юм. Миний чих буриад,
хэл орос байх аа” хэмээн гайхжээ. Үүнээс нь үзэхэд буриадуудад монгол хэл, буриад
аялгуу яс маханд нь шингээстэй ч орчин нь орос учир оросоор сэтгэхээс өөр арга ч
үгүй юм уу гэж бодогдох.

Улаан-Үдэд ямарваа нэг байгууллага, тэр дундаа соёл урлаг, шашны
байгууллагууд нь буриад, орос гэсэн хоёр тодотголтой. Буриадын сонгодог урлагийн
театр гэж байхад Оросынх гэсэн тодотголтой том сайхан театр ч байна. Буриадын түүхийн
музей, буриадаар гардаг сонин, хүүхэлдэйн театр гээд буриадуудад зориулсан газрууд
олон байдаг аж.

Пүрэв, баасан гаригуудад хотын төв талбай хүнээр дүүрнэ. Талбайн
баруун талд хосуудыг бүртгэж, гэрлэлтийн баталгаа олгодог газар бай­даг. Батлуулаад
гарч ирсэн хосуудыг найзууд нь угтан сар­найн дэлбээ, задгай зоос шидэж баяр хүргэнэ.
Шинэхэн гэрлэсэн хосууд тагтаа нисгэдэг уламжлалтай. Тагтаа үржүүлж, тагтааны ийм
төрлийн бизнес эрхлэгчид, цэцэг зардаг хөгшид хурим хийж байгаа газрын ойр хавьд
нь зогсоцгооно. Эхний хоёр хос батлуулаад гарч байхад дараагийн хосууд нь машин
дотроо хүлээж сууна.

Төв талбайд хурим болж байхад хүүхдийн хувцасны дэлгүүр гэсэн тодотголтой
байсан том барилгын хойд талбай хүүхдээр дүүрчихнэ. Паркт байдаг эргэлддэг элдэв
төрлийн тоглоомуудад хүүхдүүд сууна. Одой моринд хөлөглөсөн сүйх тэрэг, одой морь
унуулах үйлчилгээ ч байна.

Улаан-Үдийнхэн ихэвчлэн Эрээн болон Улаанбаатараас бараагаа татдаг.
Барааны зах, дэлгүүрээр нь явбал манай “Бөмбөгөр”, “Нарантуул” захаар явж байгаагаас
ер ялгагдахгүй, барааны үнэ нь манайхаас үнэтэй. Улаан-Үдийн буриадууд “Монголд
бараа хямдхан гэдэг үнэн үү. Монголоос дуучид, уран бүтээлчид ирж тоглолт хийж болдоггүй
юм байх даа. Ирвэл бид үзмээр байна. Бас яармаг, худалдаа зохиогоосой. Улаан-Үдэд
монгол дэлгүүр байгуулж болох уу. Далай лам Монголд ирнэ гэнэ үү. Ирнэ гэвэл тосч
золгохсон” гэх мэтээр сураглаж байлаа.

Эндхийн брэнд бараа бол булган шуба, малгай, унты буюу цаа бугын
арьсан гутал.

Зун боллоо гээд шуба, малгай, гуталныхаа үнийг навс буулгачихдаггүй.
Зун ч гэсэн гүйлгээтэй. Наймаачид өдийд гутал их хэмжээгээр худалдан авч дараад
намар гаргаж үнэ хүргэнэ. Тийм болохоор үнийг нь хямдруулахгүй. Саяхан Монголоос
хэсэг наймаачид ирээд гутал бөөндөөд яваад явжээ.

Төв зах дээр нь булган малгай загвар, хийцээсээ хамаарч
5500-13000 рублийн үнэтэй байна. Харин шубанууд 75 мянган рублиэс эхлэх аж. Гэхдээ
улирлаас хамаарч хямдарчихаад байгаа нь энэ гэнэ.

Харин цаа бугын арьсан гутал сувдан чимэглэлтэй бол 11000 рубль,
сувдан чимэглэлгүй, энгийн нь 10000 рублийн үнэтэй байлаа. Өвөл бол ийм гутлуудыг
13-15 мянган рублиэр худалдана. Цаа бугын шилбэний арьсаар гутал хийдэг юм байна.
Эмэгтэй хүний нэг гутланд дөрөв буюу нийт найман шилбэний арьс ордог бол эрэгтэй
хүний гутал хийхэд арав хэрэгтэй.

Арьсыг нь технологийн төвд өгч боловсруулдаг аж. Гут­лын гадар, дотор,
ул, чимэг­лэлийг тус бүрт нь мэр­гэш­сэн оёдолчид оёж шиддэг бөгөөд гутлыг хэвлэж
бэлэн болгоход таван өдөр зарцуулдаг гэсэн. Бор арьстай гутал бол гэрийн тэжээмэл
цааны арьсаар хийсэн нь. Харин цагаан нь уулын зэрлэг цааных. Эдэлгээний хувьд бор
цааны гутал ус, чийг даахдаа сайн, илчээ алддаггүй, бөх юм байна.

Унты зардаг хүмүүс ихэвч­лэн гэр бүлээрээ энэ бизнесийг эрхэлнэ.
Унтыны наймаачид “Бид чинь олон монгол найз­тай. Байнга ирж гутал авдаг найз олон
шүү. Тэд чинь нэг ирэхээрээ бөөндөөд аваад явчихдаг. Улаанбаатартаа цаа бугын арьсан
гутлын дэлгүүр нээчихсэн байдаг гэсэн” гэцгээнэ. Нутгийнхан “Унтытай өвөлжсөн хүн
өөр гутал өмсөх дургүй болчихдог” хэмээн ярих дуртай.

Жимсний худалдагчид “Дол­дугаар сарын эхээр ихэнх жимс боловсорчихдог
юм. Гэхдээ одоо жимснүүд түүхий гэсэн үг биш. Лийр боловсорч гүйцэхээрээ ямар эмзэг
зөөлхөн болдог гэж санана. Тэр үед нь амтархвал дахиж идмээр санагдаад байдаг” гэлээ.
Хүнсний зах нь жимс, ногоогоор элбэг. Зүсэн зүйлийн жимстэй.

Буриад улсын газар нутгийн 90 орчим хувь нь ой модтой учир модны
эх орон гэж хэлж болно. Бүх эд зүйлс нь мод, модтой холбоотой. Модны давирхайнаас
гаргаж авсан бохинд Улаан-Үдийнхэн дуртай. Чанаж, жигнэсэн гээд боловсруулсан аргаасаа
хамаарч бохины өнгө хул шар­галаас кофены бор хүр­тэл өнгөтэй. Эрхийн чинээ хэмжээтэй
бохь 10 рублийн үнэтэй байлаа. Модны давхир­хай амтагдах бөгөөд шүдэнд наалдахгүй.

Эндхийн мал яагаад ч юм айхавтар тарга авдаггүй гэнэ. Монголын малтай
харь­цуул­бал өөхөн давхарга багатай. Буриадууд зуны цагт хааяа нэг ах дүүстэйгээ
нийлж хонь гаргаж, шинэ шөл ууна. Төлгийг 6000-7000 мянган рублиэр авдаг аж. Энд
хонины нэхий, өлөн авдаг ченж гэх хүмүүс байдаггүй болохоор нэхий, шийр, толгой
зэргийг нь хаячихна.

Хүнсний захын махны тасгаар нь оров. Хүмүүс ихээр дугаарлаж зогссон
хэсэг нь дайвар бүтээгдэхүүний тасаг. Үхрийн уушги, гүзээ, сархинаг, цус, адууны
умс, китаа, гахайн шийр, чих зэргийг ангилаад таваглачихаж. Борлуулалт сайтай байдаг
гэсэн.

Захын гадуур цэцэг, урга­­мал, үр зарна. Оросууд цэцгэнд их дуртай.
Ямар ч баяр ёслол, цайллагад оролцсон бай цэцэг барьж очно. Оросуудын хурим найр,
баяр цомхон хүрээнд болж өнгөрдөг бол буриадууд өргөн дэлгэр тэмдэглэнэ. Оросууд
“Танайд хурим хийгээд “шатна” гэж байхгүй шүү. Зарснаасаа илүүг л олно уу гэхээс
биш дутаана гэж байдаггүй байх” гэдэг гэнэ. Буриадууд ямар ч баярт  очсон бүгдээрээ бэлэг бэлдэнэ. Эсвэл бултаараа
нийлээд ядруухан яваа нэгэн­дээ тусламж үзүүлж “Дараа тэднийд тийм юм авч өгнө”
гэж төлөвлөдөг аж. Бие биенээ гэдэг энэ занг нь оросууд ихэд магтдаг гэнэ лээ.

Д.ГАНСАРУУЛ

Үргэлжлэл
бий

Categories
мэдээ цаг-үе

Д.Сосорбарам: Надад багахан төсөв өгсөн ч Монгол төрийн наадам омогшмоор сайхан болно

Үндэсний их баяр наад­мын нээлт, төрийн их ёсло­л хүндэтгэлийн
тоглолтын ерөнхий най­руулагч, Монгол Улсын төрийн шагналт, гавь­яат жүжигчин Д.Сосор­барам­тай
уулзаж ярилцлаа.

-Үндэсний
их баяр наад­мын нээлт болоод төрийн хүн­дэт­гэлийн ёслолын ерөн­хий найруулагчаар
та ажил­лах юм байна. Та өмнө нь хэд хэдэн удаа төрийн энэ их ёслол хүндэтгэлийн
баярыг найруулсан байх аа?

-Наадмын ерөнхий най­руу­лагчаар хоёр дахь удаа­гаа ажиллах гэж байна.
Өмнө нь төрийн шагналт бүжиг дэглээч С.Сүхбаатар, хөгжмийн зохиолч, “On
&  of”-ын Ононбат хоёрын зөвлөхөөр ажиллаж
байсан. Өнгөрөгч жилийн наадмыг өөрийнхөө багийнхантай, шавь нартайгаа хийсэн. Энэ
жилийн Төв цэн­гэл­­дэх хүрээлэнгийн ёслолын ажиллагаа, төрийн хүндэтгэлийн уран
бүтээлийн цэнгүүн хоёрыг ерөнхий най­руу­лагчаар зангидаж ажиллах болсон. Ноднин
надтай хамт ажилласан багийнхан, авьяастай уран бүтээлчид ажиллана. Тайз болоод
төв цэнгэлдэхийн уран бүтээлийг найруулан дэглэхээр соёлын тэргүүний ажилтан, бүжиг
дэглээч Д.Баярбаатар, Сономын Лувсанвандангийн нэрэмжит “Гоо зүйн” дээд шагналт
бүжиг дэглээч Энх­гэрэл хоёр ажиллах боллоо. Би энэ хоёрт энэ жил илүү итгэл хүлээлгэж
“Бүжиг дэглэхээс гадна найруулагчаар ажилла. Та нарын найруулгын галбирыг харж өөрийнхөө
санаа оноог нэмнэ” гэсэн болохоор хүүх­дүүд маань урамтай ажиллаж байгаа. Ажил маань
харин түрүү жилийнхээсээ овоо өмнө эхэлчихлээ. Ноднин Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар
сарын 26-нд бол­сон. Тиймээс бидний бэлтгэл үндсэндээ долдугаар сарын 2-ны өдрөөс
эхэлж байсан. Төв цэнгэлдэхийн нээлтийн ажиллагааг тав хоног дотор найруулж, гурван
мянга орчим хүн оролцсон. Энэ жил нээлтийн ажиллагаанд таван мянга гаруй хүн оролцоно.

-Энэ
жилийн баяр наад­мын нээлтэд урлагийн ямар төрлийг гол болгон най­руу­лан барих
бодолтой байна?

-Сонгодог, үндэсний гэсэн Монголд үүсэн хөгжиж байгаа урлагийн бүхий
л төрөл орол­цоно. Ер нь цэнгэлдэх хүрээлэнгийн хүндэтгэлийн ёслолыг олон хүмүүсээр
дүүр­гэх­гүй бол горьгүй байдаг. Тиймээс Батлан хамгаалах яамтайгаа хамтарч ажиллаж
байгаа. Ноднин ч хамтран ажилласан. 

Батлан хамгаалах яамнаас дэлхийд Монголын нэрийг
гаргаж байгаа мянган хүнээ надад өгч байгаа. Ямар мянган хүнийг нь би хэлэхгүй.
Наадмын өдөр үзэцгээг. Цэргийн сүрт жагсаалд дээд байр эзэлсэн багуудаа өгч байгаа.
Мэдээж, төрийн есөн хөхөлт цагаан тугаа залах ёслол болно. Нууцаа би тэр бүр дэлгэхийг
хүсэхгүй байна. Харин нэг зүйлийг ард түмэндээ дэлгэх учиртай гэж бодож байна.

-Таны
дэлгэхийг хүсэж байгаа тэр зүйл чинь юу билээ?

-Ноднин наадмын соёл урлагийн үйл ажиллагаанд нэг тэрбум төгрөг зарцуулсан
гэж зарласан. Тэрбум төгрөгөөр дэндүү аятайхан наадам хийж болно. Харамсалтай нь
нэг тэрбум төгрөг зарцуу­лаагүй л дээ. Энэ жил 900 сая төгрөг зарцуулна гээд зар­лачихлаа.
Энэ чинь Чингис хааны талбай, Хүй долоон худагт болох урлаг соёлын тоглолтуудын
нийт зардал ороод тэр. Миний багийнханд Төв цэнгэлдэхийн нээлтийн үйл ажиллагаанд
250 сая төгрөг, Соёлын төв өргөөнд болох төрийн хүндэтгэлийн тоглолтод 50 сая төгрөг
л төсөвлөсөн байгаа. Үүнийг олон түмэн наадамчдадаа зориудаар зарлахгүй бол “Сосорбарам
гэдэг хүн тэрбум төг­рөгөөр наадам хийсэн нэртэй зулаад байна” гэж ойлгож магадгүй
юм. Таван мянган хүн цэнгэлдэхэд, мянга гаруй уран бүтээлчид тайзан дээр ажиллана.
Энэ жилийн тайзны уран бүтээлийн нэг онцлог нь 21 эмэгтэй уртын дууч, 21 эрэгтэй
хөөмийч, арав гаруй товшуур хөгжимчин оролцохоос гадна 33 биелээч урьд өмнө бүжиглэж
байгаагүй их хурдтайгаар биелнэ. Эвэр бүрээ, цордон, бишгүүр зэрэг жаран хүний бүрэлдэхүүнтэй
Монголын жинхэнэ үндэсний их үлээвэр найрал хөгжим тоглоно. Үүнийг би шинээр бий
болгож анх удаа тавьж байгаа юм. Цаашдаа Монгол үндэстний төрийн их найрал хөгжмийн
эх үндэс энэ болно. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Соронзонболдын судалгаа ч их
нэмэр болж байна. Төрийн их найрал хөгжим 500-800 хүний бүрэл­дэ­хүүнтэй байсан
гэдэг. Энэ наадмын уран сайхны удир­дагчаар “Хөсөгтөн” хамт­ла­гийн хөөмийч Ариука
буюу Ариунболд, туслах най­руу­лаг­чаар Божо, миний туслах найруулагчаар Жавхлантөгс
гэсэн авьяаслаг залуус ажиллаж байна. Би эд нартаа “Өөрсдийн шавь нараа бэл­дээд
ажилла” гэж итгэл үзүүлж байгаа. Энэ жилийн наадам сайхан болно. Монгол хүн бүхэн
монголоороо бахадтал “Босоо заяатай Монгол” гэсэн цогц ёслол хүндэтгэл байх болно
гэж би ам бардам хэлж чадна.

-Оролцох
уран бүтээлч­дийг сонгох тал дээр бэрх­шээл гарч байна уу?

-Онцгойлж хэлэхэд АНУ, Японд урилгаар ажиллах гэрээтэй, дэлхийд нэртэй
балетчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Алтанхуяг маань “Ах аа, би “Алтан бур­хан”
гэдэг бүжгээ төрийнхөө наадамд бүжиглэж болох уу” гэж саналаа ирүүлсэн. Болохуугаар
барахав дээ, би үнэн зүрхнээсээ баярлаж хүлээж авсан. Урлагийн гавьяат зүтгэлтэн
Баатаржав гэж манай урдаа барьдаг алдартай удирдаач байлаа. Бурхан болооч найз маань
“Миний хүүгийн найрал хөгжим удирдахыг чи хараасай, уран бүтээлдээ оруулаасай” гэж
хүсдэг байсан. Найзынхаа хүсэлтийг амьдад нь биелүү­лээгүй ч энэ жил хүүг нь урьж
байгаа. Дэлхийн шилдэг арван удирдаачид багтсан Баатаржавын Энхбаатар гэж мундаг
хүү бий шүү дээ. Долдугаар сарын 2-нд ирнэ гэсэн. 

Тэр хүүг би урьд нь харж байгаагүй
л дээ. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Хангал, Нацагдорж нарын шилдэг бүтээлүүдийг
удирдаж тог­луулна. Удирдаачдаас Бүтэн­баяр, ҮДБЭЧ-ын удир­даач Ганбат, “Баян Монгол”
чуул­гын дагшаа найрал хөгж­мийн удирдаач Нямдорж нарын сэтгэлтэй, сэтгэлгээтэй
удирдаач нартай хамтран ажиллана.

-Таны
удирдлагад урлаг соёл, олон нийтийн олон байгууллага хамтран ажиллах уу?

-Улсын филармони, ДБЭТ, ҮДБЭЧ, ҮДЭТ зэрэг манай улсын мэргэжлийн
урлагийн байгууллагуудаас гадна Орхон, Дархан-Уул, Өвөрхангай аймгийн ЗДТГ-аас орон
нутгийн бүжигчдээ оролцуулахаар болоод байна. Тэрчлэн олимпод ордог цэнгээнт бүжгийн
төрлийн 500 гаруй бүжигчид оролцоно. Тиймээс миний багцад байгаа 300 сая төгрөгийн
төсвөө мөчиг тачигхан л хүргэнэ дээ. Өөр яалтай билээ.

-Ноднингийнхоос
энэ жилийн наадамд зарцуулах таны богцон дахь мөнгө тийм ч их өсөөгүй юм байна.
Та болохоор бараг хоёр дахин олон хүн хүчээр наад­мыг “зодох” гээд байна шүү дээ.
Гэтэл өнгөрөгч нэг жилийн хугацаанд аливаа зүйлийн үнэ хэд дахин нэмэгд­сэн байгаа.
Яаж болгоно гэж бодож байна. Уран бүтээлчдийн үнэ ханш эсвэл навс уначихсан юм уу?

-Уран бүтээлчдийн үнэ цэнэ гэдэг мөнхөд гайхамшигтай байсаар байх
болно. Ер нь би уран бүтээлчдийн авьяасыг өндөр үнэлэх гэж оролддог. Омог бардам
хэлэхэд ямар ч найруулагчдаас миний бүтээл орсон уран бүтээлчид нэлээд дөнгүүр үнэлгээ
авдаг. Гэхдээ миний багцад 900 сая төгрөг байгаа гэж бодоод байвал үнэхээр хэцүү.
Тэгж сонссон манай зарим нэг хамтлаг, дуучид “Нэг дуугаа зургаан сая төгрөгөөр дуулна”
ч гэх шиг том том үнэ ханш хэлж байна лээ. Тэгж тооцвол миний биш төрийн бяд хүрэхгүй.
Хэрвээ миний хувийн тоглолт байсан бол энд тэндхийн дүү нараасаа мөнгө цуглуулж
байгаад хэлснийг нь өгч болно. Монгол төрийн наадам учраас төр л санхүүжүүлэх учиртай
биз дээ. Тийм учраас энэ жилийн уран бүтээлчид тодорхой хөөрхөн урамшил шагнал авах
нь авна, гэхдээ хуучин шиг өгч чадахгүй нээ гэдгийг би эртхэн дуулгахгүй бол горьгүй.
Миний багц бол ердөө 300 сая төгрөг. Таван зуун сая төгрөгийг гэхэд Чингис хааны
талбайд болох шөнийн цэнгүүнд зарцуулж байгаа юм билээ. Нэг зуун сая төгрөг нь бодвол
Хүй долоон худаг руугаа явах байх л даа.

-Уран
бүтээлчдийн хув­цас хунар гэхэд ноднингийнхийгоо ашиглаж болохгүй юу?

-Энэ жил шинээр бас хувцас хунар шинээр хийх нь. Ноднин 999 хүний
хувцас хийж байсан. Санаанд орж байгаагаар монгол цэргийн хувцас хунар байна. Богд
хаант Монгол Улсын үеийн мянга гаруй туг далбаа гээд зөндөө зүйл байна. Тэр бүх
эд зүйлсийг БХЯ-ны харьяа Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын мэдэлд өгсөн. Тэрийг
чинь янз бүрийн үйл ажиллагаанд улсын нэрийн өмнөөс ашигласаар байгаа. Миний нэг
бодол бол уран бүтээлчдэд өөрсөнд нь өгөөжтэй хувцасхийлгэх юм.

-Танаас
Монгол наадмын ерөнхий дэглээчийн чинь хувьд нэг зүйл асууя гэж бодлоо л доо. Сүүлийн
жилүүдийн наадмын нээлт, хүндэтгэлийн ёслол, урлагийн тоглолтыг хараад байхад Баруун
Монгол чиг­лэ­лийн хөөмий, товшуур, бий бийлээ зэрэг урлагийн төрлүүд зонхилоод
байх шиг. Гэтэл хөөрөлдөж суугаа та бид хоёроос өгсүүлээд монголчуудын дийлэнх нь
халх монгол гэсэн тодор­хойлолтод багтдаг. Төр барьж байгаа эрхмүүд арай өөрийн
ястныхаа урла­гийг сурталчлах гээд найруулагчдыг шахдаг юм биш биз. Ноднингийн наадмын
нээлтээр “Харанга” хамтлагийн гавьяат дуу­чин Х.Лхагвасүрэнг “Ар хал­хынхаа дэнж
дээр торгоор уралдсан наадам” гэж “Толин хул”-аа дуулахад цэнгэлдэх даяар түрхрэн
дэмжиж байсан даа?

-Хүмүүс нарийн анзаарах­гүй байна. Ноднин манай монгол туургатны
торгууд, хотон, буриад гээд бүх ястан, үндэстний бүжиг биелгээнүүд тус тусдаа араншин
гаргаж ороод жаргасан байгаа. Энэ жил арай ондоо төрхтэй явна. Сонгодог, үндэсний,
орчин үеийн, цэнгээнт гэсэн тэр олон төрхийг наадмын талбайд л хараг. Түрүүлээд
ярьчихвал монголчууд наадам үзэхээ больчихно шүү дээ. (инээв.сур)

-Наадам
үзэх гэснээс монголчууд маань зурагтаа ширтсэн шиг нааддаг болчихсон шүү дээ?

-Зурагт араажавынхан наа­дам эхэлсэн өглөө цэнгэл­дэхэд шууд яваад
оччихдог. Найруулагчийн тавьсан шийдлийг ганцхан өнцгөөс үзүүлдэг учраас суваг бүхэн
хоорондоо ялгарахгүй нэг л зүйл үзүүлээд байдаг нь үзэгчдийг залхаадаг. Тиймээс
намайг наадмын ёслолыг найруулж байх үед зурагтын найруулагчид маань эртхэн үйл
ажиллагаатай танилцаад өөрсдийн зураг авах шийдлээ олчих хэрэгтэй. Ямар ч цэнгэлдэхэд
болж байгаа сайхан үйл явдлыг хажуугаас нь харуулах утгагүй байдаг. Уг нь цэнгэлдэхийн
дээрээс ч юм уу, сонирхолтой шийдлээс үзүүлэх хэрэгтэй л дээ. Хүнээсээ олон зурагт
араажав байгаа мөртлөө нэг л янзын юм үзүүлнэ гэдэг гунигтай. Тиймээс “Өдрийн сонин”-оороо
дамжуулаад телевизийн найруулагчдад хаанаас нь зургаа авбал юу нь сайхан харагдах
вэ гэдгийг би заагаад өгч чадна шүү гэж хэлье дээ.

Л.БАТЦЭНГЭЛ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН