-Гол ус ихтэй, үертэй байгааг анхаарууллаа-
Зуны дэлгэр цагт Туул голын эрэг дагуу салхилах хүмүүс хаа сайгүй. Голын эрэг дээр амралтаа өнгөрөөж байгаа хүмүүс голдуу архи, дарс хэтрүүлэн уудаг. Ингэж яваа хүмүүсийн аюулгүй байдлыг хангахаар онцгойгийнхон цаг наргүй ажиллаж байна. Тэд өнгөрсөн зургадугаар сарын 10-наас эхлэн Баянзүрхийн товчооны наахна талд эргүүл хийж эхэлжээ. Өчигдөр бага үдийн алдад очиход ч ажлаа хийсээр байж л байна. Албаны машинтай, дуудлага ирэхэд хэзээ мөдгүй ус руу орохоор завиа бэлдчихэж. Тэнд Нийслэлийн онцгой байдлын газрын Аврах ангийн Эрэн хайх аврах салбарынхан эргүүлд гарчээ. Тэдэнтэй хамт Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хоёр ч цагдаа байв. Хоёр байгууллагын алба хаагчид иргэдийн аюулгүй байдлын төлөө хамтран ажиллаж байгаа ажээ. Биднийг эрэг дээр очиход амрахаар яваа улс гэж бодсон бололтой өөдөөс хүрээд ирэв. Мэнд усаа мэдээд “Гол усны аюулаас урьдчилан сэргийлье” гэсэн сэрэмжлүүлэг бүхий хуудас өгч байна. “Гол үертэй байгаа шүү.
Машинаа эргээс 50 метрийн зайд тавиарай” гэлээ. Сурвалжлагаар яваагаа дуулгаад тэдэнтэй нэгдлээ. Өнөө жил голын ус олон жилийн дунджаас 35-45 см илүү байгаа гэнэ. Урьд урьдын амрагчид сэрүүцэх зорилгоор голын захаар усанд ордог байсан бол энэ жил тийм боломж байхгүй байна. Хур бороо ихтэй байгаа болохоор гол үерлэжээ. Бүр нэлээн их үертэй байна.
Тиймээс хүмүүс аюулыг ухамсарлан гол руу хэр барагтай орохгүй байгаа гэнэ. Гэхдээ л согтуу хөлчүү хүмүүс ус руу ороод байгаа ажээ. Тиймээс өглөөний найман цагаас оройн 20 цаг хүртэл эргүүл хийдэг гэсэн. Ийн ярилцаад гол уруудан завьтай эргүүл хийхээр боллоо. Ус руу орох гэж байгаа хүн байна, толгойгоо норгочихъё гэж бодоод гол руу дөхтөл эрэг нураад ус руу уначихдаг байгаа. Хажууд байсан аврагч хүүе гэхийн завдалгүй ганцхан татаад гаргаад ирэв. “Яг ингэдэг юм. Үертэй байхад эрэг нурдаг. Ерөөсөө ойртож болохгүй” гэлээ. Үнэхээр л нүд ирмэхийн зуур унадаг ажээ. Гол үертэй болохоор ус нь эргээ иддэг. Ийм үед хүн гишгэхэд байтугай зүв зүгээр байж байгаад нурдаг ажээ. Онцгойгийн аврагч дэргэд байсан тулдаа инээдэм болоод өнгөрөв. Түүнээс биш ширүүн урсгалтай гол хамаад аваад явчихдаг ажээ. Эрэн хайх, аврах салбарын дарга ахмад Б.Гансүх “Хүн болгоны дэргэд манай аврагчид очоод зогсож чадахгүй. Тиймээс урьдчилан сануулж сэрэмжлүүлэх хэрэгтэй. Хүмүүс гол дээр ирээд ус руу битгий ороорой гэхэд би сэлж чадна гэдэг. Гэтэл тийм биш. Усан бассейн, урсгал ус хоёр чинь тэс өөр. Үертэй байхад зүгээр л чулуу шидэхээр эрэг дээр зогсож байгаад голд уначихсан хүмүүс олон. Бас хүчтэй аадар бороотой байхад голын эргээс хол байх хэрэгтэй. Хув хуурай байсан газарт хэдхэн минутын дотор үер буудаг” гэж байна. Ингээд тэр хавиар амарч байгаа хүмүүс дээр очин урьдчилан сэргийлэх хуудас тараав. Түүн дээр нь “Бороо ихээр орж усны түвшин нэмэгдсэн үед гол, гүнзгий тогтоол ус руу орохгүй байх. Архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх. Гол усны дэргэд бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх” зэргийг тусгажээ. Түүнчлэн хэрэв голд живбэл ухаан оруулах анхны тусламжийг хэрхэн үзүүлэх талаар дэлгэрэнгүй зөвлөгөө байсан. Уг хуудсаа бариад хүн бүр дээр л очих юм. Эргээс 50 метрийн зайтай машинаа тавиарай, ус руу орж болохгүй шүү гэхчилэн зөвлөж байв. Мөн голын эрэг дагуу анхааруулах самбар суурилуулжээ. Иргэд өнөөх самбарыг нь тойруулаад хогоо аваачаад хаячих юм. Энэ хавь хотын төвөөс ойрхон болохоор хүний хөл ихтэй. Цайны цагаараа салхилах гэж буй хүмүүс ч ирдэг бололтой юм. Ирсэн хүмүүс идэж уусан зүйлийнхээ хогийг хотын төвд байгаа юм чинь түүдэг хүн байдаг биз гэж бодоод хэнэг ч үгүй хаячихдаг ажээ.
Баянзүрхийн товчооны гүүрний доохно талд байсан иргэдэд сэрэмжлүүлэг өгөөд завьтайгаа гол уруудахаар боллоо. Аврагчид комбинзонорхуу хувцастай явах юм. Ус нэвтэрдэг хэдий ч биеийн дулааныг барьдаг учраас даарахгүй. Өнөөхөө өмсөөд ус руу орно. Хэдийгээр дааруулахгүй ч гэлээ ингээд өдрийн хэдэн удаа хүйтэн ус руу ороод байвал нуруу, бөөр гэж авах юмгүй болдог байх даа гэж бодогдож байлаа. Ингээд доош уруудав. Эрэн хайх аврах салбарын дөрөвдүгээр бүлгийн дарга ахлах ахлагч Ц.Наранбаатар эрэг дагуу хүн харагдвал чанга яригчаар яриад явах юм. “Иргэдээ гол үертэй байна. Голын эрэг рүү хэтэрхий ойртож болохгүй шүү. Бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхиж болохгүй” гээд л. Бас бүлгийнхэндээ “Энэ долоо хоногт нэлээн халах шинж дуулдсан. Гуч хүрэх юм шиг байна лээ. Гол дээр ирсэн хүн бүрт сэрэмжлүүлж байхгүй бол…” гэхчилэн ярина. Ер нь ингэж сэрэмжлүүлэг өгөхийн ашиг тус их байгаа гэсэн. Жил бүрийн өдийд голын усанд осолдсон иргэдийн тоо хорь нэлээн давчихсан байдаг бол өнөө жил харьцангуй бага байгаа гэнэ. Наадмын өдрүүдэд, наадмын дараах хэд хоногт усанд эндсэн тохиолдол их гардаг. Хорин долоо, хорин найм л гэдэг байсан бол өнөө жил долоон хүн осолдоод байгаа юм байна. “Иргэдийн ухамсар ерөнхийдөө дээшилсэн шүү. Өмнө нь бид нар иргэдэд сэрэмжлүүлэг өгөхөөр “Хаана амрахаа та нараар заалгахгүй” гэдэг байсан. Өөдөөс хэрэлдэнэ, зарим нь бүр юу ч болоогүй байхад зодолдох гэж дайрна. Харин сүүлийн хоёр жил, тэр дундаа энэ жил хүмүүс дээр очихоор сайхан хүлээж авч байгаа. Болгоомжтой байна аа, баярлалаа гэдэг болсон” хэмээн ахмад Б.Гансүх ярилаа. Одоо ганц бэрхшээлтэй зүйл нь согтуу хөлчүү хүмүүс гэнэ. Голын эрэг дээр найз нөхдөөрөө ирчихээд архи хэтрүүлэн хэрэглэнэ. Ийм үедээ ус руу орно. Согтуу хүн хүйтэн ус руу орохоор шөрмөс нь татдаг учраас тун аюултай. Бас усанд осолдох шалтгааны нэг нь бөмбөг гэсэн. Хүүхдүүд эрэг дээр бөмбөгөөр тоглож байгаад гол руу уначихаар араас нь ордог. Эсвэл аав, ээж нь хүүхдийнхээ бөмбөгийг авч өгөхөөр ус руу орон осолдох тохиолдол гардаг ажээ. Тиймээс гол дээр амрахаар ирсэн хүмүүс голын эргээс аль болох холхон зайд тоглоом наадмаа зохиож байхыг онцгойгийнхон анхааруулж байна лээ.
Завьтай эргүүл хийж явахад эрэг дээр л хүн харагдвал тэдэн рүү дөхөж очих юм. Ер нь таарсан хүн бүртээ сэрэмжлүүлэг өгдөг ажээ. “За тэнд насанд хүрсэн тохитой томоотой хүмүүс байна. Гайгүй биз” гээд өнгөрч яагаад ч болохгүй гэсэн. Хэдэн жилийн өмнө ингэж эргүүл хийж явахад эрэг дээр байгаа улс тэдний өөдөөс “Би тэр даргын найз байна. Чи муу яах юм бэ” гэдэг байсан гэнэ. Тиймээс харьяа дүүргийнхээ цагдаа нартай хамтран эргүүл хийдэг болжээ. Ингэж явахдаа голын эрэг дагуу архидан согтуурч байгаа хүмүүсийг торгоно. Цагдаа байхгүй бол амрагчид онцгойгийнхныг тоохгүй байх үе олон. Гэхдээ сүүлийн үед хүмүүс өөрсдийнх нь амь нас, аюулгүй байдлын төлөө ажиллаж байгааг ойлгодог болжээ. Аврагчид наадмын үеэр нэг хэсэг ачаалал ихтэй ажилладаг. Бас наймдугаар сарын хорьдоос есдүгээр сарын эхний долоо хоногт ачаалал ихтэй. Учир нь оюутнууд хөдөө гэртээ амарч ирээд ангийнхантайгаа нийлэх үедээ голын эрэг бараадах нь их. Ингэж яваад усанд осолдох магадлалтай байдаг гэнэ. Эдний бүлгийнхэн долдугаар сарын 13-нд Баянзүрхийн товчооны орчим усанд боогдоод байсан гурван иргэний амь насыг аварчээ. Маргааш нь бас хоёр хүний амийг аварсан байх жишээтэй. Харин машин тэрэг уснаас гаргах бол өдөр тутмынх нь ажил. “Ланд” унасан нөхдүүд машиндаа эрдэн ямар ч гарамгүй газраар гол гатлах гэж байгаад урсдаг гэнэ.
Аврагчид хүний амь нас аварснаараа бахархана. Живж буй хүнийг гаргаж ирээд судсыг нь бариад үзэхэд цохилж байвал бөөн баяр. Мэддэг чаддаг бүхнээ л хийнэ. Залгисан ус нь гараад амьсгалаад эхэлвэл түүн шиг том баяр бахдал гэж үгүй. Анги дээрээ байхад дуудлага ирээд машиныхаа хурдаар давхиад очиход өнгөрчихсөн байвал нэг хэсэгтээ л хэцүүддэг гэсэн. Хоорондоо юу ч ярихгүй, дүнсийсэн нөхөд буцна. Аравхан, эсвэл тавхан минутын өмнө ирэх боломж байсан болов уу гээд л шаналчихдаг ажээ. Харин дуудлага аваад хөдлөхөд ихэнх машин зам тавьж өгөхгүй. Зэрэгцээд л уралдаад байна уу гэхээс, тэнд хүний алтан амь эрсдэх гэж байна гэдгийг ойлгодоггүй ажээ.
Баянзүрхийн товчооны гүүрнээс Маршалын гүүр хүртэл цаг гаруй хугацаанд хөвж ирэв. Ингэж явахад голын ус ямар их байгааг мэдрэх юм билээ. Ямар ч усгүй, эрэг байсан газраар үерлэсэн гол урсаж байна. Туул голын эрэг дагуу байх хэдэн амралтын газрын ихэнх нь усанд автчихаж. Голын усыг боох, усыг шавхах зэрэг арга хэмжээ авч байв. Завьт эргүүлийнхэн Баянзүрх дүүргийн XX хороо буюу Хар усан тохойгоос Яармагийн гүүр, цаашлаад Биогийн модон гүүр хүртэл хэсэгчилсэн эргүүл хийдэг ажээ. Есдүгээр сарын аравд хүртэл ингэж ажиллах юм байна.
С.АЛТАНЦЭЦЭГ
Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ