Categories
мэдээ цаг-үе

Монголын төр дээрэмд гаршиж байна

Зах зээл, ардчиллын нийгэмд Монголын төр иргэдээ дээрэмдэх боллоо. Төр иргэдээ дээрэмдэж байгаа жишээ бидний нүдэн дээр байнга давтагдах болсон учраас сүүлийн хэдэн жишээг онцолж хэлье.

Батаарын ясыг байлгах байр хэрэгтэй болсон учраас хуучнаар Лениний музейг олон нийтийн байгууллагаас төр булаан авч музей байгуулав. Хувьчлаад намын өмч болчихсон тэр байрыг хуулиар далайлгаж байгаад авч дөнгөсөн. Өчнөөн олон хүн тэнд ажиллаж, амьдралаа залгуулдаг байсан энэ тэр бол төрд огт хамаагүй. Хамгийн гол нь Батаар байртай болж, төр өмчийнхөө тоог нэмлээ.

Шог зураач С.Цогтбаяр нарын 30-аад айлын гараашийг нурааж байгаа талаар өнгөрсөн долоо хоногт бид мэдээлсэн. Хүмүүс амралт зугаалганд ид явсан зуны энэ өдрүүдэд хэл ам бага гарна гэж бодсон уу, гэнэт л гараашуудыг нурааж, дотор нь байсан машиныг журмын хашаанд аваачсан гэнэ. Гарааш нурааж байгаа энэ үйлдэл их олон айлд давтагдаж байгаа бөгөөд хувь хүний эд хөрөнгийг төрийн нэр барин юу ч биш болгон хаяж байгаа талаар иргэд гомдоллож байна.

Автобусны буудал байдаг ТҮЦ-үүдийг ч мөн адил арчиж алга болгосон. Тэнд ажиллаж, гэр орноо тэжээж байсан хүмүүс одоо ажилгүйчүүдийн эгнээнд орсон. Эдийн засгийн хүндрэл ажилгүй, орлого багатай айлын амьдралд хамгийн хүндээр тусч байгаа нь төрд огт хамаагүй.

Бас нэгэн шуугиан тарьсан зүйл бол “Номин”-гийн Ш.Баярсайханаас төр байраа авч байгаа мэдээлэл. Төрийн тусгай хамгаалалтад байдаг байрыг “Номин” хэдэн жилийн гэрээгээр ашиглаж байсан ч хугацаа нь дуусаагүй байхад гэнэт л буцаан авах болжээ. “Төр өмчөө мэдэж байна” гэж Төрийн тусгай хамгаалалтын албаныхан хэвлэлийн хурал хийж мэдэгдэв. Энэ тохиолдолд төр биш гэрээний дагуу л бүгд зохицуулагдах ёстой. Хоёр тал хуулийн дагуу байгуулаад хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан гэрээ яахаараа гэнэт хугацаанаасаа өмнө хүчингүй болдог билээ. Тэгээд ч төрийн тусгай хамгаалалтынхан өмч хөрөнгө булаацалдаад явах нь хэр зохилтой вэ. Төрийн өмчийг Төрийн өмчийн хороо л мэддэг баймаар.

Хэвлэлийн хурлын үеэр “Номин”-гийн Баярсайхан захирлыг тэд их муулж байна лээ. “Номин”-гийн эзэн нь их шуналтай, баян мөртлөө улам их завших гэлээ. Байранд хийсэн завсар, хөрөнгө оруулалт нь баталгаажаагүй учраас түүнийг нь хүчингүйд тооцно гэж төр уурласан. Арайтай л “Авлигатай тэмцэх газартаа өгч, хоёр жил шоронд хатаагаад, хорт хавдартай болгоод хаячихна шүү” гэсэнгүй.

Төрийн тусгай албаныхан хэвлэлийн бага хурал зарлаж, ийм мэдээлэл хийнэ гэдэг цаанаа асар хортой юм. Тэд хуучин цагийн социализмын ногоон малгайтнуудын хийдэг үйлдлийг давтав. Компанийн захирлыг “баян, муухай шуналтай” гэх мэтээр нийтэд пиардаж бааллаа. Эцэст нь ийм муухай хүнээс төр байраа авч байгаа юм хэмээн ард түмэнд ойлгуулахыг хичээжээ. Энэ мэдээлэл тэр өдөржингөө бүхий л телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр давтамжтай цацагдсан билээ.

Үр дүнд нь “энэ яасан ханаж цаддаггүй баян бэ. Төр юмыг нь хураагаад байгаасай” гэж ард түмэн хүсдэг. Хэн ч компанийн захирлыг өмөөрдөггүй. Цахим сайтад гарсан иймэрхүү мэдээллийн дор “Бүх хөрөнгийг нь хураа. Яасан цөөн жил хорихоор болсон юм бэ, муусайн баячуудыг” гэсэн сэтгэгдэл давамгай байдаг шүү дээ. Төрийн пиар ард түмний тархийг ингэж л угаадаг юм.

Үнэндээ төрийн өмч гэж юу байхав. Тухайн үед төрд ажиллаж байгаа хэдэн хүний ашиг сонирхол бөгөөд тэд л хожиж байгаа хэрэг.

“Номин”-гийн Ш.Баяр­сайхан баян учраас гэрээтэй гэрээгүй байраа суллаж өгөх ёстой гэсэн байдлаар өнөөдөр бид хандах л юм бол цаашдаа Монголын хөрөнгөтэй хүн бүхэнд ингэж тулгах болно. Монголын баян гэсэн болгоны хөрөнгийг хурааж, гэрээг нь цуцалж эхэлнэ. Баячуудаа үгүй хийж аваад дундаж давхаргынхандаа халдана. Дундажуудаа дуусахаар ядуусаа хоморголон баривчилдаг гашуун түүхийг бид мэднэ.

Хэн нэгний эрх ашгийн төлөө өөр нэгнийг хохирооно гэдэг социализмд л байдаг. Бид сүүлийн жилүүдэд ардчиллаасаа алхам алхмаар ухраад байх юм. Ардчилсан намынхаан, та нарт дээрх шиг жишээ арай олон давтагдаад байгаа юм биш үү.

Categories
мэдээ цаг-үе

Архангайн Хашаатад байгалийн онц аюултай үзэгдэл болж хүн амиа алджээ

Архангай аймгийн Хашаат сумын Номгон багт өнгөрсөн бямба гаригт байгалийн
онц аюултай үзэгдэл болж, хүний амь эрсдэж, хэдэн зуун мал үхэж, багагүй эд хөрөнгө
сүйджээ.

Бямба гаригийн орой нийслэлийн баруун талаар харанхуйлж, хэсэг зуур
шуурга шуурч, дуу цахилгаантай бороо орсон билээ. Тэр үеэр Орбитод цахилгаан тасарч,
Баянхошуу, Биокомбинат орчимд цөөнгүй айлын хашаа нурсан гэнэ. Мөн Элсэнтасархайд
том хэмжээний мөндөр орж, хүчтэй шуурчээ. Энэ мэт зурвас зурвас газарт мөндөр орж,
шуурга шуурсаар Архангай аймагт онц аюултай үзэгдэл болжээ. Иргэдийн мэдээлснээр
Хашаат суманд өндөгний чинээ мөндөр орж, машины шил үйрсэн гэнэ. Бас машинд явж
байсан хүн амиа алдаж, цөөнгүй мал үхсэн тухай мэдээллийг сумын иргэд өгсөн юм.
Архангай аймгийн онцгой байдлын газраас “Хашаат суманд хүчтэй аадар бороо орж, шуурга
шуурснаас гурван машин хийсч, нэг машинд нь байсан хүн шидэгдэж амиа алдсан. Дүнзэн
байшин хийссэний улмаас дотор нь байсан арван хүн гэмтэж, хоёрынх нь биеийн байдал
хүнд байгаа” гэдэг мэдээллийг өглөө. Тус аймгийн Онцгой байдлын газраас нэг машин,
арван хүний бүрэлдэхүүнтэй баг Хашаат суманд ажиллаж байгаа гэдэг мэдээллийг өгсөн
юм.

Архангай аймгийн Хашаат сум нь Хотонт, Өгий нуур, Өвөрхангай аймгийн
Бүрд, Хархорин, Булган аймгийн Гурванбулаг сумдтай залгаа оршдог. Говь, тал хээр
хосолсон нутагтай. Цагаан хад, Номгон, Цайдам, Жаргалант гэсэн дөрвөн багтай. Байгалийн
онц аюултай үзэгдэл болсон Номгон баг нь аймгийнхаа төвөөс 192 км зайтай.

 Хашаат сумын засаг дарга Б.Гэрэлт-Одтой утсаар холбогдож, болсон
явдлыг тодрууллаа.

-Танай
суманд байгалийн онц аюултай үзэгдэл болж, хүний амь эрсэдсэнд эмгэнэл илэрхийлье.

-Байгалийн онц аюултай үзэгдэл болж их хэмжээний хохирол учирлаа.
Сумын Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын дарга гээд бүгд Номгон багийнхаа айлуудыг
эргэж явна. Аймгийн төвөөс ч албаныхан гарсан. Улаанбаатар хотоос ч хүмүүс ирж яваа
мэдээ байна.

-Түр
зуурын үзэгдэл байв уу?

-Ерөөсөө орой 18.00 цагийн орчимд мөндөр орж байгаад хүчтэй шуурч
эхэлсэн. Тэгээд л нүд ирмэхийн зуургүй машины зам адил зурваслаад харанхуйлж, үгээр
илэрхийлэхийн аргагүй аюултай үзэгдэл болсон. Шуурга замдаа таарсан бүхнийг хамчихсан
бололтой юм.

-Машиндаа
явсан хүн эрсэдсэн гэж сонслоо.

-Жижиг ачааны машин хийсч, дотор нь явсан хүн шидэгдэж нас барсан
байна. Талийгаач 50 гаруй насны хүн. Амралтаараа Улаанбаатар хотоос найзындаа ирээд
байсан юм билээ. Худаг руу явж байгаад шуурганд машин нь хийсч, өөрөө шидэгдсэн
байна. Машин нь ерөөсөө л базсан цаас шиг болчихсон.

-Талийгаачийн
ар гэрийнхэн нь хотод байсан юм уу?

-Өнөөдөр ирээд талийгаачийнхаа цогцсыг аваад явлаа. Цагдаа, прокурор
ч ажиллаж байна.

-Бас
хэд, хэдэн машин хийссэн гэдэг мэдээллийг онцгойгоос өгсөн. Олдсон уу?

-Прадо маркийн жийп машин гэрийнхээ гаднаас хийссэн бололтой юм.
Мотор нь л олдсон. Бусад эд анги нь олдохгүй байна. Үүнээс гадна хэд, хэдэн машины
шил хагарсан гэсэн. Онцгойгийнхон бүртгээд явж байгаа.

-Дүнзэн
байшин хийссэн байна. Дотор нь байсан хүмүүсийн бие гайгүй юу?

-Зуслангийн дүнзэн байшин хийссэн. Дотор нь арван хүн байсан юм билээ.
Азаар хүмүүсийн бие гайгүй байна.

-Айлуудын
гэр бас нурсан мэдээ өгсөн.

-Дөрвөн айлын гэр хийссэн. Нэг нь эзэнгүй байсан юм билээ. Нэг айлд
байсан хүүхдийн толгой хагарсан. Бусад нь гайгүй.

-Цөөнгүй
мал үхсэн гэсэн. Бас хийссэн үү?

-Шуурганд дайруулж 40-50 адуу үхсэн байна. Хоёр азарга адуу гэсэн
үг. Бас 100-гаад хонь, 20-иод үхэр үхсэн байна. Ерөөсөө л цохиод унагаагаад байсан
юм шиг үхжээ. Үгээр хэлэхийн аргагүй аймшигтай дүр зураг байна. Хохирлын хэмжээг
нэгдсэн байдлаар гаргаагүй байгаа. Айлуудаа эргэж, урьдчилсан байдлаар хохирлын
дүнг тогтоож явна.

-Орон
гэргүй болсон хүмүүс хаана амьдарч байна вэ?

-Нутагтаа байгаа хүмүүс болохоор болгож л байна. Эхний ээлжинд Улаанбаатараас
иж бүрэн тавилгатай таван гэр ачуулсан. Орон гэргүй болсон хүмүүсээ гэр оронтой
болгоно.

-Өмнө
нь ийм аюултай үзэгдэл болж байв уу?

-Манай суманд бүү хэл Монгол Улсад ийм айхавтар үзэгдэл болж байгаагүй
байх. Шуурга шуурлаа. Айлын гэр, хашаа уналаа л гэх мэдээ сонссогддог байснаас ийм
үзэгдэл гарч байгаагүй. Өнгөрсөн хавар шуурга шуурч нэг айлын гэр унасан.

-Цаг
агаарын урьдчилсан мэдээгээр шуурга шуурахыг мэдсэн үү?

-Мэдэгдээгүй.

 Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

“Aris” тавилгын үйлдвэрийн ахлах дизайнер Марк Жеоржетти: Хэзээ нэгэн цагт монгол ямааны ноолуураар тавилгын бүрээс хийхийг үгүйсгэхгүй

Европын тавилгын 60 хувийг дангаар хангадаг тавилгын “ARIS” брэн­дийн Монгол дахь албан ёсны түнш “Гранд мебель” компанийн урил¬гаар тус үйлдвэрийн ахлах загвар зохион бүтээгч, Итали Улсын иргэн Марк Жеоржетти, БНХАУ дахь импорт хариуцсан менежер Бэн Хуан нар хүрэлцэн ирж, сургалт зохион байгуулж, Монголын тавилгын зах зээлтэй танилжээ. Марк Жеоржеттитэй ярилцлаа. 

-Монголд өмнө нь ирж байсан уу. Төр­сөн сэтгэгдлээсээ хуваалцаач? 

-Манай олон найз Мон¬голд ирж байсан. Бүгд л дуу алдам сайхан орон гэж надад ярьж байсан. Үнэхээр л байгаль нь үзэсгэлэнтэй, хүмүүс нь нөхөрсөг, элэгсэг юм. Харамсалтай нь миний Монголд байх хугацаа богино байлаа. Дараа ирвэл говь руу явна. Манай найзууд Монголын говийг заавал үзээрэй гэж захьсан  юм /инээв. сур/

-Хэн нэгэн дизайнертай уулзав уу. Монголын заг­вар ямар түвшинд явна гэж дүгнэж байна? 

-Хэн нэгэн дизайнертай уул­заж амжсангүй. Гэхдээ заг­варын чиг хандлагыг ерөн­хийд нь мэднэ. Монголын заг­вар бол үндэсний хэв мая¬гийг өөртөө шингээсэн бай­¬даг онцлогтой. Ингэснээр үн­дэсний өв соёл, түүхээ хад­галж үлддэг гэдгийг нь мэднэ. 

-Монгол ноос, ноолуур дэлхийд алдартай. Үүгээр бү¬тээгдэхүүн үйлдэрлэе гэсэн бодол төрөв үү?  

-Болохгүй юм байхгүй. Хамгийн гол анхаарах ёстой зүйл бол ноос, ноолуур маш үнэтэй байдаг. Монгол ноолуураар буйдангийн бү¬рээс хийе гэж бодож байсан. Маш үнэтэй болохоор бай­сан. Гэхдээ хэзээ нэгэн цагт ноо­луураар дээд зэргийн чанар­тай бүтээгдэхүүн хийж магадгүй. 

-Хувь хүний тань хэдэн асуулт асууя. Та тавилгын загвар зохион бүтээгчээр хэдэн жил ажиллаж байна вэ? 

-Би 30 жил тавилгын сал­барт ажиллаж байна. Анх¬наа­саа тавилгын дизайнер бай­гаагүй. Худалдааны төлөөлөгч, маркетингийн менежерээр  ажиллаж бай­сан. Тэгж  ажиллаж  байхдаа загвар зохион бүтээгчидтэй хамтран ажиллаж, тэдний хийсэн зүй­лд өөрийн санаа оноогоо хэлээд явдаг байсан. Би нэг л өдөр өөрийгөө загварын хүн гэдгийг мэдэрсэн гэх үү дээ. Ингээд 2006 оноос энэ  сал­барт ажиллаж эхэлсэн. Гэр бүлийн шалтгаанаар дизайны чиглэлээр сурч бай­гаад сургуулиа төгсөж чадаа­гүй байгаа. Гэхдээ хүнд чад­вар, авьяас нь байхад заа­вал диплом хэрэгтэй гэж үү. 

“ARIS”-тай хоёр жилийн өмнөөс хамтран ажиллаж эхэлсэн. Одоо ахлах загвар зохион бүтээгч. /”Хоёрхон жилийн дотор манай ахлах загвар зохион бүтээгч болсон хүн дээ” гэж хажуугаас нь Бэн Хуан тодотгов.сур/Одоо би тансаг зэрэглэлийн CG цуврал загвар дээр ажиллаж байгаа. 

-ARIS-ийн бусдаас ял­гаг­дах онцлог юу вэ? 

-Ямар ч орчин нөхцөлд уян хатан байж, зохицож чад­даг. Хөрвөх чадвартай заг­вар гэх үү дээ.Мөн дээд зэргийн тав тухыг мэдрүүлнэ. Тухайн хүний оршихуйн үнэ цэнийг нь тодотгодог. Бид мөн өдөр бүр өөрчлөгдөн бай­гаа дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэхийн тулд тех­но¬логийн дэвшлүүдийг тавил­гад ашиглаж байгаа. Удирдлагаар эвхэгдэж, дэлгэгддэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

-“ARIS” бүтээгдэхүүн­дээ  20 жилийн баталгаа өг­дөг гэсэн. Энэ үнэн үү? 

-Тавилгандаа өгч байгаа бус материал, пүрш, хүрээнд өгч байгаа юм. Манай ком­панийн хэрэглэдэг материал, төмөр, хүрээ маш чанартай. Бид үүндээ 20 жилийн батал­гаа өгдөг юм, түүнээс бүтээгдэхүүнд биш. 

-Нэгэнт загварын тэр­гүүлэх орон Италиас ирсэн загвар зохион бүтээгчтэй уулзсаных дэлхийн заг­варын өнөөгийн чиг хандлагыг асуухгүй өнгөрч болом­гүй байна? 

-Ямар чиг хандлага ноёлож байна гэдгийг шууд хэлэхэд хэцүү. Гэхдээ хоёр жилийн өмнөөс үнэтэй биш, дэгжин тавилга, загва­рын ертөнцөд нэвтэрч бай­на. Хувцас загварын чиг хандлагатай тавилгыг хослуулахыг хичээдэг болсон. 

-Нуруу нугасны төрөлж¬сөн “Гранд мед” эмнэлгийн захиалгаар тусгай матрасс үйлдвэрлэж байгаа гэсэн мэдээлэл байсан?

-Монголын нуруу нугас­ны тэргүүлэх “Гранд мед” эмнэлгийн тусгай захиалгаар нуруу, нугасны өвчтэй хүмүүст зориулсан матрасс үйлд­вэр­лэж байгаа. Энэ нь өвчтэй хүний өвчтэй хэсэг болон нурууны хотгор, гүд­гэрт таарч, товойж хотойж байдаг өвөрмөц хийцтэй мат­расс юм. Ингэснээр нуруу­ны өвчтэй хүнд өвчин зовиу­рыг нимгэлнэ. Цаашдаа хэрэв захиалга ирвэл олноор нь үйлдвэрлэнэ гэж бодож байгаа. 

-Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

Categories
мэдээ цаг-үе

Германы дасгалжуулагчийг гайхшруулсан монгол хөвгүүд

Өнгөрч буй долоо хоног Монголын хөлбөмбөгийн түүхэнд онцгой өдрүүд байлаа. Улс орныхоо хөлбөмбөгчдийн ирээдүйг тодорхойлох өсвөрийнхөн маань дэлхийн 80 гаруй орны баг оролцсон “Gothia Cup” тэмцээнээс хүрэл медальтай ирэв. Норвеги, Энэтхэг, Швед, Германы багийг төвөггүйхэн хожоод гараад ирсэн бяцхан хөлбөмбөгчдөөр монголчууд бахархаж байна. Бас нэг чухал үйл явдал Гуамд өрнөж буй. Үндэсний шигшээ багийнхан зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд тоглож байгаа. Эхний тоглолтоо Хойд Марины арлуудын шигшээ багтай хийж, хожсон. Зохион байгуулагч орны багт хожигдсон ч гэлээ арвин туршлагатай ирж байгаа. Харин өсвөрийнхөн уржигдар эх орондоо ирлээ. Шведийн Гётебург хотоос хүрэл медаль өвөртлөн ирсэн тэднийг хөлбөмбөг сонирхогчид халуун дотноор хүлээж авсан.

Дэлхийн 80 гаруй орны 1600 орчим клуб оролцсон тэмцээн гэдэг өсвөрийнхний дундах хамгийн том тэмцээн. Швед улсад болж буй 39 дэх удаагийн “Gothia Cup” тэмцээнд манайхаас 12 болон 16 насанд “FC Deren Sumida” клубын “Дэрэн” багууд тав дахь удаагаа оролцсон. 12 насныхан хожигдсон ч гэлээ ах нар нь тэднийхээ итгэлийг алдсангүй.

Дэлхийн хөлбөмбөгийн дэвжээнд монголчууд, монгол тоглогч гялалзаж чадна гэдгийг харууллаа. Хөвгүүдийн 16 насны ангилалд 32 улсын 190 баг оролцсон. 47 хэсэгт хуваагдахад манайхан 15 дугаар хэсэгт Шведийн хоёр баг болон Норвегитой таарчээ. Эхний тоглолтод Норвегийн багтай тоглов. Багш, дасгалжуулагчдынхаа заасан бүхнийг ягштал биелүүлээд өрсөлдөгчөө 3:0-ийн харьцаатайгаар буулгаж авлаа. Эхний тоглолт хөвгүүдэд урам өгсөн хэдий ч Шведийн хоёр багт хоёуланд нь хожигдоод байсан юм. Хэсгийн тоглолтын хоёр хожигдол манай тамирчдад нэгийг бодогдуулчихаж. “Плэй офф-т гараад хожигдох л юм бол тэмцээнээс хасагдана. Гэрийнхэн ч яахав. Намар хичээл орохоор ангийнхандаа юу гэж хэлнээ” гэсэн бодол л толгойд нь эргэлдээд байжээ. Хэсгээсээ гуравдугаар байраар гарсан тэд “В” хэсэгт шалгарав. 1/64-т эхний учраа Энэтхэгийн шигшээ таарчээ. “Хожигдвол гэртээ харина” гэсэн бодолтой хөвгүүд зүтгэсээр 5:4-ийн харьцаагаар өрсөлдөгчөө буулган авлаа. 1/32-т Шведийн багийг 7:5-аар хожиж, улмаар шөвгийн 16-д шалгарав. Яван чангарна гэгчээр 1/16-д Германы “TSV Buchholz 08” багт ямар ч боломж өгөлгүй 2:0-ээр хожсон юм. Уг тоглолтын дараа Германы дасгалжуулагч “Манай баг муу тоглоогүй. Монголын хүүхдүүд үнэхээр чадвартай юм. Ийм өндөр түвшинд тоглодог гэж үнэхээр бодоогүй” гэжээ. Харин зохион байгуулагчид “Өмнөх дөрвөн жилд Монголын багийнхан ирж оролцдог байсан. Тэдний чадвар улам бүр дээшилж байна. Энэ хэвээрээ урагш ахивал тэдэнд асар том боломж бий. Өнөөдөр тэд авьяастай гэдгээ харууллаа” хэмээн онцолжээ. Улмаар шөвгийн наймд Норвегийн “IL Bjarg” багийг 3:1-ийн харьцаатайгаар хожиж шөвгийн дөрөвт шалгарав. “В” хэсгийн хүрэл медалийг халаасандаа хийчихээд тэмцээнийг зохион байгуулагч Шведийн багтай тоглолоо. 2:0-ийн харьцаатай хожигдсоноор манай баг тэмцээнээ өндөрлүүлэв. Гэхдээ тэд шилдэг дөрвөн багийн нэгээр шалгарч хүрэл медальтай ирсэн. 

Олон улсын хөлбөмбөгийн ногоон талбайд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн “Дэрэн” баг 2008 онд байгуулагдсан. Хөлбөмбөгчдийг бүр багаас нь сургахыг эрхэмлэдэг болохоор авьяас, сонирхолтой зургаан настнуудыг ч элсүүлдэг ажээ. Өвөлдөө зааланд, зундаа гадаа талбайд байнгын бэлтгэл хийснээр өнөөдрийн амжилтад хүрчээ. Харин өөрсдийн гэсэн заалгүй учраас сургуулиудын заалыг түрээсэлнэ. Хичээл эхлэхээс өмнө буюу 07.00 цагаас бэлтгэл хийдэг гэсэн. Гадаа дулаарахаар хүссэнээрээ бэлтгэл хийнэ. Сая тэмцээнд явахын өмнө гадаа талбайд өдөр бүр бэлтгэл хийдэг байж. Мөн хоёр жилийн өмнө Сербээс дасгалжуулагч авчран хичээл заалгасан гэнэ. Гадны дасгалжуулагчаар хичээл заалгаад, дээрээс нь өөрсдөө гадаадад очиж шилдэг тамирчидтай тоглоод байвал манай тамирчдын ур чадвар илт сайжрах нь тодорхой. Тиймээс хүүхдүүд эцэг эхийнхээ тусламжтайгаар тэмцээнд жил бүр оролцохыг хичээдэг болжээ. Олон улсын тэмцээнийг зохион байгуулагчид хоол, байрыг нь даадаг хэдий ч замын зардал 2000 ам.долларыг хүүхдүүд өөрсдөө гаргадаг юм байна. Ингэж олон улсад тоглох хүүхдүүдэд маш том урам өгдөг. 

Учир нь “Gothia Cup” тэмцээнд дэлхийн шилдэг тамирчид хүүхэд байхдаа тоглож байсныг тэд сайн мэднэ. Алдарт Алан Ширер, Андрей Пирло, Златан Ибрахимович, Шаби Алонсо, Жулио Баптиста, Зе Роберто, Эммануэль Дцебайор зэрэг дэлхийн супер одод уг тэмцээнээс гараагаа эхэлж байлаа. Тэгэхээр манай тамирчдыг ч мөн сайхан ирээдүй хүлээж байгаа нь гарцаагүй. 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн хөлбөмбөгийн холбоонд албан ёсны айлчлал хийхдээ 2050 онд хөлбөмбөгийн ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулна гэх мөрөөдлийн гэрээ хийж байлаа. Бас 2020 оноос эхлэн Монголын хөлбөмбөгчид дэлхийд шуугиан тарьж чадна хэмээн “Дуулиан-2020” тэмцээнийг санаачлан эхлүүлсэн. Ерөнхийлөгчийн мөрөөдөл биелэх боломжтойг “Дэрэн” багийнхан харуулав. “FC Deren Sumida” клубын эзэн нь Г.Мөнхчулуун гэж залуу бий. Тэрээр өсвөрийн шигшээгээ ахалж явсан. “Таван жил зүтгэсний үр дүн өнөөдөр гарч байна” гээд магнайгаа хагартал баярлачихсан яваа юм билээ. 

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Төр нэг иргэнд газар өгөх гэж нэжгээд олон хүний өмчид халджээ

-Шог зураач С.Цогтбаяр: Оронд нь зам, цэцэрлэг, тоглоомын талбай баривал би баяртайгаар хамт нураалцана-

Баянзүрх дүүргийн нутаг, Бөхийн өргөөний хойд талд 30 гаруй айлын гараашийг уржигдраас албадан нурааж эхэллээ. Энэ талаар шог зураач, СГЗ С.Цогтбаяр facebook, twitter хуудсандаа мэдээлж, хүмүүсээс зөвлөгөө хүссэнээр олон нийтэд ил болсон юм. Тэрбээр цахим хуудастаа “Манай гараашийн газар жил болгон эзэмшсэн төлбөрөө төлж байсан кадастр дээр тэмдэглэгдсэн газар. Цэрэг цагдаатай ирсэн хүмүүсийн тайлбараар “Улс нийслэл газраа авж байна, урьд нь анхааруулсан” гэнэ. Ажил үүргээ гүйцэтгэж яваа энэ залууст юуны буруу байхав. Газраа авах нь хууль ёсны хэрэг боловч тэнд байгаа 30 гаруй иргэний багаар бодоход 200 сая төгрөгийн өмчийг хэн хариуцаж хохирлыг барагдуулах ёстой бол. Энэ хүмүүсийн хохирлыг зах зээлийн дунджаар бодоод барагдуулж нөхөн төлбөрийг нь өгөөд нураавал угаасаа үхэлдээд байх хүмүүс алга харагдана лээ. Миний хувьд ямар нэг бизнесгүй жирийн нэг иргэний хувьд 10 сая төгрөг бага мөнгө биш. Дээр нь өвөл дөхөж байхад гараашгүй болсон нь жинхэнэ асуудал. Шинээр авахад 20-30 сая төгрөг.

Наддаа л хөөрхөн асуудал биш үү? Тэгээд энэ газар дээр нь зам, цэцэрлэг, тоглоомын талбай баривал би энд оршин суудаг хүний хувьд хоёр гараа өргөөд дэмжинэ. Гэтэл хаа байсан Сонгино хайрхан дүүргийн нэг иргэнд Үйлчилгээний зориулалттай байшин бариулахаар захирамж гарсныг нь өнөөдөр л олж мэдлээ. Энэ чинь шударга ёс уу. Хэсэг иргэдээс хувийн өмчийг трактороор дайрч нурааж аваад танилтай нэгэнд нь өгдөг. Харин ч эндхийн хүмүүс орилж хашгирч дайрсангүй тайван хараад л нураалгалаа. Ихэнх нь эзгүй хөдөө гадаа явсан гэнэ. Амь биш заяа биш хэрэлдэж хэлэлцэх юм алга, зүгээр бухимдал төрж тэрийгээ та нартай хуваалцаж зөвлөх гэсийм. Ингэхэд бид ямар нийгэмд амьдраад байна аа? “Уур минь хүрч байна” гэж бичжээ. 

Өчигдөр түүнтэй уулзахад “Зах зээлийн дунджаар эзэдтэй нь үнийг нь тохироод нураавал эсэргүүцэх хүн байхгүй. Бас оронд нь зам, цэцэрлэг, тоглоомын талбай баривал би баяртайгаар хамт нураалцана” гэсээр угтсан юм. “Би эндэхийн хүн учраас гараашийн газар дээр тоглоомын талбай засч, зам тавибал баярлаад өөрийнхөө өмчийг хамт нураалцана. Төр өөрийнхөө газрыг авахыг эсэргүүцэхгүй. Гэтэл хүн бүр шахам орон нутагт амарч байхад эзгүйчилж хувийн өмчид бүдүүлгээр халдаж байгаад дургүй хүрч байна” гэж шог зураач С.Цогтбаяр ярьсан юм.  

Оршин суугчдын яриагаар уржигдар гэнэт машин техниктэй хүмүүс, цагдаагийн хамгаалалттай ирээд гараашуудыг нурааж эхэлжээ. Ингэхдээ хаалганых нь цоожийг эвдээд дотор нь байсан эд зүйлийг баримтжуулж авсан байна. Машин унааг нь шууд журмын хашаанд хүргэчихээд гараашийг нь нураасан гэнэ. Тэнд байсан хүмүүс “Нүдэн дээр өмчийг минь сүйтгэж байгааг харахад эвгүй юм билээ” гэж ярьсан юм. “Манайх 21 жилийн өмнө энэ гараашаа барьж байлаа. 21 жил гараашийн газартаа гэрчилгээ авъя гэж Баянзүрх дүүргийн газрын албанд хандсан. Тэгэхэд “Энэ газар нийслэлийн өмч. Доогуур нь дэд бүтцийн шугам явдаг тул энэ газрыг ямар ч хүнд өгөх боломжгүй гэсэн. Гэтэл өчигдөр хүний өмчийн газар гээд бидний гараашийг нурааж эхэлсэн. Машинаа гаргаагүй бол яах байсан бол. Баахан хагархай бетон, эвдэрхий төмөр хаалгатай үлдлээ” гэсэн гараашийн эзэн залуу ярьсан юм. 

Биднийг очиход аль хэдийнэ гурван айлын гараашийг нураагаад газрыг нь цэвэрлэчихэж. Газрын албатай гэрээгээр ажиллаж байгаа гэсэн дөрвөн залуу хаалгыг нь эвдсэн гарааш дотор сууж байв. Тэр гараашийн дотор талыг дулаалж багагүй тохижилт хийжээ. Гэтэл дулаалгыг нь хуу татаж хаяад нураахад бэлэн болгочихож. Тэд “Ингэсгээд газрын албаныхан унаа техниктэйгээ ирэх байх. Тэгээд л ажлаа эхэлнэ дээ” гэж ярьсан. Үлдсэн гараашнуудын үүдэн дээр газар албадан чөлөөлөх тухай мэдэгдэл наажээ. Хоёр сарын өмнө ийм мэдэгдэл авсан иргэд орон сууцныхаа СӨХ-той ярилцаж байгаад Баянзүрх дүүргийн газрын албанд очсон байна. Тэгэхдээ чөлөөлөх газрыг нийслэл мэдэлдээ авахгүй, Сонгинохайрхан дүүргийн иргэн үйлдвэр, үйлчилгээний объект барихыг мэджээ. Ингээд 300 гаруй иргэн орон сууцныхаа дэргэд үйлдвэр үйлчилгээний барилга барихыг эсэргүүцэж байгаа утга бүхий бичигт гарын үсэг зурж өгчээ. Мөн өнгөрсөн хугацаанд гараашийн газар ашигласны төлбөрөө цаг тухайд нь төлж байсан баримтаа хувилж өгсөн гэнэ. Ингээд байж байтал гэнэт нурааж сүйтгэх ажил эхэлсэн нь энэ. 

Газар чөлөөлөх мэдэгдэл барьсан төрийн албан хаагчид оршин суугчдад шүүхээр заргалдахыг зөвлөжээ. Гарааш, ТҮЦ-ийн газрыг түр ашиглах дүрэм, журамтай учраас ямар нэгэн гэрчилгээ байдаггүй. Харин газар ашигласны төлбөрөө иргэд тухай бүрт нь төлөх үүрэгтэй. Тиймээс төр газраа авна гэхэд эсэргүүцэх хүн байхгүйг тэд хэлж байсан. Харин газар дээр байгаа хувь хүний өмч хөрөнгийг хуулиар түрий барьж сүйтгэж байгаад бухимдалтай байгаагаа хэлсэн. Төр хуулиар түрүү барьж нэг хүнд газар өгөхийн тулд нэжгээд олон хүний өмчийг сүйтгэж байгаа нь шударга ёс мөн үү гэдэгт иргэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн юм. 

Өчигдөр шог зураач С.Цогтбаярын цахим хуудсаар энэ мэдээлэл түгэхэд олон хүн үзэл бодлоо илэрхийлж байсан юм. Тэдний дунд газар чөлөөлөх нэрийдлээр гараашаа, ТҮЦ-ээ буулгуулсан хүн олон байлаа. Тэд бүгд энэ үзэгдлийг хуулиар далайлгасан төрийн дээрэм гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Зарим тохиолдолд гараашийн газар дээр давхар зогсоол барьж эздэд нь давуу эрхтэйгээр гарааш өгөх зарчмаар тохиролцож байгааг ч онцолж байсан юм. Хэрвээ хүмүүсийн гарааш байсан газрыг өөр нэгэнд өмчлүүлж, эзэмшүүлж байгаа бол ийм тохироо хийх боломжийг төр олгох ёстойг иргэд хэлж байлаа.

Н.Батсүх: Сонгинохайрхан дүүргийн иргэнд олгогдоод удаж байгаа газар

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүхээс зарим зүйлийг тодрууллаа.

-Бөхийн өргөөний хойно 30 гаруй айлын гараашийг нурааж эхэлжээ. Ямар үндэслэлээр газар чөлөөлж байгаа юм бэ? 

-Төрийн албаны аливаа үйл ажиллагаа нь хууль, журмын дагуу явагддаг бөгөөд ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр тэр тусмаа  иргэнийхээ өмч, хөрөнгөд шууд явж очоод халддаг гэсэн ойлголт хаана ч байдаггүй. Улаанбаатар хотод байгаа эмх замбараагүй зохион байгуулалтгүй, орчны эрүүл ахуй болон хүн амын эрүүл мэндэд нөлөөлөхүйц бохирдолтой, төлөвлөлтгүй автогражуудыг эмхэлж цэгцэлж, нийгмийн дэд бүтцийг шийдвэрлэх нь хуулиар хүлээсэн төрийн өөрийнх нь үүрэг юм. ТҮЦ, Павильон, гарааш, контейнер, өргөтгөл нь түр байгууламж. Уг байгууламжийн эзэн нь төрийн буюу нийтийн эзэмшлийн зам талбай газрыг ашигласны төлбөрт тухайн  нутаг дэвсгэрийн Өмч, газрын харилцааны албатай Газрын төлбөр тогтоох тухай актаар газрыг түр хугацаагаар эзэмшиж хугацаагаа сунгуулаад явдаг бөгөөд шаардлагатай үед нөхөн олговоргүйгээр газар чөлөөлж өгөх үүрэгтэй байдаг. Тухайн гараашийг түр эзэмшигчид газар эзэмших, ашиглах эрх олгосон захирамж гардаггүй. 

-Газар чөлөөлөх нэрийд­лээр хувийн өмчид ингэж халдаж болдог юм уу?

-Төрийн алба хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан тохиолдолд зохих шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргах нь иргэн, хуулийн этгээдэд бүх талаар нээлттэй байгаа. Нэгэнт албадан чөлөөлөхөд өртөгдсөн объектийн эздийн хувьд тухайн объектийнхоо эдийн засгийн өртөгт асуудлыг ту­хайн шатны шүүхэд болон төрийн холбогдох байгууллагад хандах эрх нь хуулиар нээлттэй. 

-Танай албаныхны чөлөөлсөн газрыг хувь хүн авсан гэдэг үнэн үү?

-Сонгинохайрхан дүүргийн иргэнийх гэдэг нь үнэн. Энэ шийдвэр гараад олон жил болж байгаа юм билээ. Лав 2012 оноос өмнө байх. 

-Ямар зориулалтаар ашиглах юм бол?

-Үйлдвэр, үйлчилгээний байгууламж барих зориулал­таар газар авсан байна лээ. 

-Гараашийн эзэд чө­лөөл­сөн газар дээр тоглоомын талбай, зам баривал эсэргүүцэх зүйлгүй. Нэг хүнд газар өгөхийн тулд нэлээд олон хүний хувийн өмчид халдаж байгааг ойл­гохгүй байгаагаа илэрхийлж байсан.

-Олон жилийн өмнө дээрх шийдвэр гарсан гэж хэлсэн шүү дээ. 

-Ядаж гараашаа эвдүүл­сэн иргэдэд нөхөн олговор олгох талаар газрын эзэнтэй холбож, тохиролцоо хийхэд нь туслах боломж байгаагүй юм уу?

-Тэр хүмүүсийн тухайд газар эзэмших ямар нэгэн гэрчилгээ, баримт бичиг авдаггүй гэж дээр тайлбарласан шүү дээ. Гэхдээ шүүхэд хандах эрх хүн бүрт бий гэв.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Холын холд алдар нь түгсэн Хоргын 10-ын “А”-гийнхан


Архангайн аймгийн тэшүүрийн баг улсын аваргад оролцохоор Улаанбаатарт бэлтгэлээ базааж байх үеийн зураг. 1969 он. Арын эгнээнд баруун гар талаас хоёр дахь нь Б.Энхтүвшин гурав дахь нь Алтангэрэл, өвөр эгнээнд баруун гар талаас Я.Сумъяа.


Монгол Улсын Шадар сайд Ч.Пүрэвдоржийн нэрэмжит Архангай аймгийн Тариат сумын Бүрэн дунд сургуулийнхан Хорго нутагтаа саяхан сургуулийнхаа 90 жилийн ойг ёслол, хүндэтгэл дүүрэн тэмдэглэлээ. Улс орныхоо салбар бүрийн торгон жолоог атгалцаж, томоохон ажлын голыг нугалалцдаг чанартай, шийртэй шавь нар төрүүлдгээрээ Хоргын 10 жилийн бүрэн дунд сургууль хол ойрт зартай. Тэр дундаа Даринчулуун, Д.Доржоо багштай нэг ангийнхан, Б.Доржготов пионерийн ахлах удирдагчтай бүлгэмийнхэн, Жимээхүү багштай түүх судлаачид, Мавган, Адьяасүрэн  багштай орос хэл, Пэрэнлиймаа, Мижиддорж багштай “Залуу байгальч”  дугуйлан, Дашдорж багштай “Хоргын цуурай” урлагийнхан, Далантай багштай аймаг улсад нэрээ гаргасан  тэшүүрийн шигшээ багийнхан гээд дурсан санах хамт олон нэгээр тогтохгүй.  

Тэдэн дундаас Тариат сумын арван жилийг Доржоо багшийн удирдлаган дор 1973 онд төгссөн 10-ын “А” ангийнхныг онцолж байна. Учир нь тус ангийнхан конкурсээр аймагтаа тэргүүн байр эзэлж, хэд хэдэн сурагч алтан медальтай төгссөн сайчуудын “цуглуулга”. Тэд дан ганц сурлагандаа гаргуун байгаад зогсохгүй урлаг спортоороо ч манлайлагчид нь байж. 

Эдний ангийнхан өөрсдөд нь төдийгүй Тариат сумын сурагчдад зөв сайхны үлгэр дуурайлал болсон пионерийн удирдагч багш Дорготовоороо бахархдаг юм билээ. Өөрсдийнхөө талаар ярихаас илүү багш нараа ам булаалдан сайшаана. Сайн сайхан амьдарч яваагаа багш нарынхаа зүтгэлтэй холбоотой гэцгээнэ. “Пионерийн идэвхтэн, бүлгэмийн зөвлөлийн дарга гээд бүрээ бөмбөрийн дунд гүйж явсан минь илүү тодхон. Сурагч бид  ихэнх цагаа пионерийн танхим, шугам жагсаалын талбай дээр Доржготов багшийнхаа дэргэд өнгөрүүлдэгсэн.  Багш минь сургуулийнхаа түлшинд явж  байгаад модонд цохиулж ид 25 насандаа нэг хөлнөөсөө хагацсан. Гэвч хэзээ ч хэнд ч ялархахгүй,  “Хөл муутай хүн” гэх өчүүхэн төдий ч бодол төрүүлэлгүй  бага ангийн багш, Пионерийн ахлах удирдагч, монгол хэлний багш, албан бус боловсрол хариуцсан багш… гээд  хөдөөгийн сургуулийн хамгийн ярвигтай, хүнд хүчирт түүртэлгүй зүтгээд гавьяаныхаа амралтыг эдэлж суугаа домог мэт намтартай эгэлгүй хүн.

Хажуугаар нь нам, эвлэл, сум орон нутгийн хэчнээн ч олон хариуцлагатай ажил албаны ард нь гараа бол. Сурагч бидний хэрхэн сурч хөдөлмөрлөхийн жинхэнэ амьд үлгэрлэл байсан даа. Сэтгэл байвал алхах хөл  бүү хэл  нисэх жигүүр байдгийн биет үлгэр, амьд гэрч, Хоргын 10 жилийн алтан үеийнхний нэг Б.Доржготов багшаараа бахархаад баршгүй” хэмээн хуучилна. 1963 онд Тариат сумын нэгдүгээр ангид элсэн ороход нь “А” зааж, ацаг татуулж гарыг нь зүгшрүүлсэн багш нь Намдалсүрэн аж. Намдалсүрэн багшийн нөхөр Сономдэндэв Хоргын 10 жилийн дунд сургуулийг олон жил удирдсан захирал байж. Хоёулаа боловсролын байгууллагад ажилладаг  байж. 

Эдний ангийнхан өдгөө бүгд л эрхэлсэн ажлаа гаргуун хийцгээж, амжилт бүтээл дүүрэн явна. Сумынхаа засаг захиргааг удирдах амаргүй албанд сүүлийн 20 гаруй жил зүтгэсэн, өдгөө Тариат сумын Иргэдийн хурлын дарга Г.Бямбадагва, Ц.Намсрайн нэрэмжит шагналт сэтгүүлч Я.Сумъяа, Төв, Хөвсгөл, Булган аймгийн цагдаагийн газрыг удирдаж явсан хурандаа Ж.Нарангэрэл, Ардын боловсролын тэргүүний ажилтан Наташ, Аюулаас хамгаалахын эмнэлэгт олон жил амжилттай ажилласан Я.Оюунбилэг гээд бахархах сайчууд олонтой аж. 

“Хоргын цуурай”. Тэд сургуулийн концертоо ийн нэрлэнэ. Монгол хэлний  Ванданбат, биеийн тамирын Лхүмбэ, дуу хөгжмийн Дашдорж гээд заадаг хичээлээрээ овоглуулсан авьяаслаг олон багштай. Тэд дуу хөгжмийн багш Дашдоржоороо дугуйланд гитар, мандолин, баян хуур заалгаж, басхүү концертонд хүртэл бэлдүүлнэ. Энэ дугуйланд Доржоо багштай 10-ын “А”-гийнхан идэвхтэй явна. Тэгээд ч гол цөмийг нь тэд бүрдүүлж байсан гэдэг.  Нэргүй, Сүрэнжав, Аюушрагчаа гээд гуулин хөгжмийн “оркестрт”-той. Тэд сум дотроо Дээд төв, Мөрөн бригад, аймгийн төв, Завханы Их-Уул, Тосонцэнгэлд мөн ч олон удаа сургуулийнхаа ЗИЛ-130 машиныг хөлөглөн очиж байж. Нэг удаа Тосонцэнгэлээс гараад  Дээд төв дээр  шөнө дунд иртэл  тосож авах хүнгүй айлууд цөм унтсан байсанд багш нар гуулин хөгжмөө тоглуулсан гэдэг. Тэгтэл айлуудын гэрэл нэг хоёроороо асан “Хөгжим дуугараад юу вэ” гэсээр хүмүүс хүрч ирж хоол, байртай залгаж байжээ. Бас тоглолтын үеэр нэгнийх нь шагшуур барьдаг үзүүлбэр дээр нэг шагшуур нь ишнээсээ мултарч унаад бөөн инээдэм болсон гэдэг. Харин шагшуураа алдсан Наташ нүүрээ дараад хөшигний араар орсныг их л хөгжилдөн ярьцгаана.  

Тухайн үед Гэгээрлийн яамны дарга нар тэдний бэлтгэсэн “Хоргын цуурай” концертыг үзээд “Танайд яах аргагүй хоолойгоороо хоолоо олж идэх нэг хүүхэд  байна” хэмээн өндрөөр үнэлсэн гэдэг. УИХ-ын гишүүн Б.Гончигдорж гоцлон дуулаачаар орж байсныг хэлсэн хэрэг.  

Одоо ч 1960-1970 оны үеийн Хоргын арван жилийнхнийг “Алтан үеийнхэн” гэж тодотгодог нь учиртай. Чухам энэ л үед Суман голын мөсөн дээрээс Б.Цээсүрэн, Б.Энхтүвшин, Алтангэрэл гээд мөн ч олон сайн тэшүүрчин төрсөн. 1969 оны улсын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнээс охидын 1500 м-ийн зайд мөнгөн медаль хүртсэн Я.Сумъяа чухамдаа 1973 оны 10-ын “А”-гийн сурагч. Нийлбэр дүнгээр гуравдугаар байр эзэлж хүрэл медаль хүртсэн нь Архангайнхны хувьд анхны тохиолдол нь байсан аж. Мөн тухайн үед ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин 500, 1000 м-ийн ойрын зайд хэдэн жил дараалан аймагтаа аваргалсан удаатай.

“Нутгархаад сүйд болохгүй ч хүнийг их бага гэж ялгахгүй   хүндэтгэл дүүрэн ханддаг тахимдуу зөөлөн зангаараа Хоргынхон ялгардаг. Наад зах нь академич Б.Чадраа гуай л гэхэд хаана ч явсан хүү минь, дүү минь гэх,  хүний  жаахан амжилтыг ч бол магтан өөрийнх юм шиг баярлах нь хэнд ч үлгэр дуурайлтай” хэмээн тэд дурсав.   

М.УУГАН-ЭРДЭНЭ

Я.СУМЪЯА

Categories
мэдээ цаг-үе

Ч.Сайханбилэг: Монгол Улсын ирээдүйн хөгжлийн баталгааны үндсийг энэ хэлэлцээр бий болгоно


ЗГХЭГын дарга Ч.Сайханбилэг Япон Улсад айлчилсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн багт явсан билээ. Түүнээс айлчлалын хүрээнд дараахь тодруулгыг авав.

-Япон улсад хийсэн Ерөнхийлөгчийн айлчлалыг та юу гэж дүгнэж хэлэх вэ?

-Ерөнхийлөгчийн Япон улсад хийсэн айлчлал маш амжилттай болж өндөрлөлөө. Энэ айлчлалын үеэр бид маш том ажлын ард гарлаа. Юу гэхээр, хоёр улсын хооронд хийх эдийн засгийн түншлэлийн гэрээний зарчмын ойлголтод хүрлээ. Энэ баримт бичгийг англиас монгол хэл рүү хөрвүүлж, УИХ-аар оруулж хэлэлцүүлэн батлуулах асуудал үлдлээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ баримт бичгийг гаргахын тулд хоёр талаас хүчин чармайлт гаргаж ажиллалаа. Манай бүх яам энд оролцсон. Хамгийн сүүлийн хэлэлцээнд гэхэд л манай талаас 80 гаруй хүн энэ ажилд оролцсон байна. Ийм олон хүний хүч хөдөлмөрөөр хэдэн зуун хуудас гэрээг боловсруулах ажил үндсэндээ дууслаа.

-Японтой ийм гэрээ хийхээр болсон 15 дахь орон нь манайх гэж байгаа…

-Япон бол дэлхийн 200-гаад улстай харилцаатай, худалдаа хийдэг. Үүнээс ердөө 15 улстай ийм хэлэлцээрийг байгуулсан байдаг. Гэтэл манай улс 15 дахь орон нь болж байна гэдэг бол Монголд ямар их ач холбогдол өгч байгаагийн илрэл юм. Бид маш олон гэрээ, хэлцэл хийдэг учраас хүмүүс Япон улстай хийж байгаа хэлэлцээрийн талаар нарийн мэдэхгүй байж магадгүй.

-Ямар ач холбогдолтой юм бэ?

-Япон, Монголын улс төр, дипломат харилцаа өндөр түвшинд хүрсэн ч бизнес, эдийн засаг, худалдааны харилцаа төдийлөн тийм сайн түвшинд хүрээгүй. Тэгвэл энэ салбарт хоёр орны харилцааг өндөр түвшинд аваачих хэлэлцээрийг хийхээр боллоо гэсэн үг. Монголчуудын сайн мэддэг сумогоор бол бид Журо зиндаанаас хамгийн дээд буюу Макүчи зиндаанд барилдахаар болж байгаатай адилтгаж ойлгож болно. Энэ хэлэлцээрийг хийсэн тохиолдолд манай бүх салбарыг хамарна. Хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүнүүд Японы зах зээлд гарна. Японы техник, технологи, ноухау цөм Монголд нэвтрэх боломж нь нээгдэнэ. Мөн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь зөвхөн худалдааны хувьд үйлчлэх гэрээ биш Японы санхүүгийн хөрөнгө оруулалт манай зах зээлд нэвтрэх үүдийг нээж өгнө. Дүгнээд хэлэхэд Монгол Улсын ирээдүйн хөгжлийн баталгааны үндсийг энэ хэлэлцээр бий болгоно.

-УИХ-аар хэдийгээр хэлэлцэх бол?

-Энэ олон зуун хуудас баримт бичгийг эх хэл рүүгээ хөрвүүлнэ. Ирэх оны өдийд гэхэд хоёр тал аль аль нь бүх процессоо дуусгасан байя гэж ярилцлаа. Түүнчлэн Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр бизнесийн том форум зохион байгууллаа. Оролцсон төлөөлөгчдийн тоо их байна. Монгол руу хөрөнгө оруулах уу, яах уу гээд тээнэгэлзэж байсан Японы бизнесийнхэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн тухай сонсоод “Монголд хөрөнгө оруулахад асуудалгүй болж. Тэнд ажиллах ёстой юм байна” гэдэг ойлголтыг авч тайвширч байх жишээтэй. Монгол, Японы хооронд эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан гэдэг нь өөрөө дэлхий дахинд маш эерэг дохио өгнө. Монгол Улсын эдийн засаг өсөх юм байна гэдэг мессеж очно. Долоо хэмжиж, нэг огтолдог япончууд Монголд итгэж ийм хэлэлцээ байгуулжээ гэдэг сайн дохио дэлхийд цацагдана. Ер нь олон улсад “Японтой түншлэлийн хэлэлцээ байгуулж чадсан бол бусад улстай хэлэлцээр байгуулахад хялбар” гэж ярьцгаадаг. Тиймээс энэ хэлэлцээг байгуулах ажилд оролцсон манай Засгийн газрынхан ч бас нэг дээд сургууль төгссөнтэй дүйцэх мэдээлэл, туршлагатай боллоо. Япон, Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээг тохиролцсоны үр дүн Токиод байхаас л мэдрэгдэж эхэлж байна.

-Жишээ нь?

-Монголын MCS групп Японы Мицүбиши Хитачи компанитай нүүрс шингэрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр гэрээнд гарын үсэг зурлаа. Японы хоёр банк Монголд төлөөлөгчийн газраа нээгээд ажиллаж байна. Сая айлчлалын үеэр Японд манай хоёр банк төлөөлөгчийн газраа нээж байна. Банк санхүүгийн систем харилцан бие биедээ үүд хаалгаа нээж байна гэдэг бол эдийн засгийн бүх харилцааны асуудал шийдэгдэж байна гэсэн үг. Үүгээрээ Япон, Монголын харилцаа шинэ шатанд шилжиж байна. Манай Ерөнхийлөгчийн Японы Ерөнхий сайдтай хийсэн уулзалт гэхэд их элэгсэг халуун дотно байдалд өрнөсөн. Мөн хамтдаа оройн зоог барьсан. Энэ өндөр түвшний ойлголцол, хувь хүмүүсийн харилцаа хоёр орны харилцаанд эергээр нөлөөлж байна. Айлчлалын үеэр хамтран ажиллах бүх зүйлүүдээ ярьж авлаа. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах ажилд зөвлүүлэхээр өөрийн талаас хүн томилно гэдгээ Японы Ерөнхий сайд хэлсэн байгаа. Тэгэхээр бидэнд маш өргөн боломжууд нээгдэж байна.

-Энэ хэлэлцээр байгуулагдсанаар манай бизнесийнхэнд ямар ач тустай юм бэ гэдгийг энгийнээр тайлбарлахгүй юу?

-Салбар болгон дээр ярихад урт болно. Хамгийн энгийн жишээ хэлье. Махны асуудал байна. Ариун цэвэр, эрүүл ахуйн асуудлууд махан дээр яригддаг. Тиймээс манай мах япончуудын стандартыг яаж хангах юм тэр бүгдийг мөрдүүлье гэдэг зүйлийг хэлэлцээрт тусгаж байгаа. Мэдээж Японы стандартыг хангасан тохиолдолд манай мах энд худалдаалагдах эрхтэй болно. Энэ ажлыг ойрын таван жилдээ багтааж хийхээр төлөвлөж байна. Нэг ёсондоо Японд монгол махны брэндийг бий болгох ажлыг хийе. Жишээ нь Австрали Япон улс руу махаа оруулахдаа 50 хувийн хөнгөлөлт авдаг. Манайх таван жилийн дараа ийм л процессоор мах болон өөр бусад бараа бүтээгдэхүүнээ энэ зах зээл рүү гаргахын төлөө ажиллах юм. Энэ боломж салбар болгон, манай бүтээгдэхүүн болгонд нээгдэнэ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Зодсон харцага мандаж, зодуулсан цагдаа ажлаасаа гарчээ

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн байр наадамд Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын харцага Г.Намсрайжавын хүү Н.Батсуурь түрүүлж улсын арслан цол хүртсэн билээ. Баяр наадмын түрүү бөхийн тухай наадамчин олны яриаг нэг таагүй яриа чимж байсан юм. Тэр нь “Өнөөх цагдаа зоддог Г.Намсрайжавын хүү шив дээ” гэх яриа. Twitter, Facebook хуудсаар хүмүүс хоорондоо энэ тухай амны зугаа болгож байна. “Гурван үеийн бөх хэдэн үеийн зодоонч бол”, “Төрийн албан хаагчийг ажлаа хийж байхад нүүр нүдгүй өшиглөчихөөд бөхийн удам ярихад муухай байна” гэх зэрэг таагүй яриа хүмүүсийн дунд өрнөж байгаа. “Муу нэрийг хусавч арилахгүй гэдэг энэ. Хүн үйлдлээ хянаж, нэрээ хичээж яваагүйгээс хэдэн үеэрээ мартагдахгүй муу нэрийг сонсч байгаа юм” гэж ярих ч хүн байсан бол “Үр минь үлдэх хорвоо гээд зөв амьдрахыг хичээдгийн учир энэ. Буруу үйл хийсэн л бол үр дагавар нь ирдэг. Хуулийн байгууллага хариуцлага тооцсон ч ард түмний ой санамж гэдэг сүрхий шүү” гэж сургах нэгэн ч байна. 

Улсын харцага Г.Намсрайжавынхныг бөхийн удамтай сайхан гэр бүл гэдэгтэй хэн ч маргахгүй. Түүний аав Ж.Гэлэг Ардын хувьсгалын 29 жилийн ойгоор дархан аварга Ш.Батсуурийг давж “Өсөх идэр” чимэгтэй улсын начин цол хүртэж байсан түүхтэй. Улсын цолтнуудын дунд “Увсын суйлдаг нарийн хөх” нэртэй байсан Ж.Гэлэг начин аймагтаа тав, Ховд, Баян-Өлгий аймгуудад тус бүр нэг түрүүлсэн алдартай бөх. Г.Намсрайжав өөрөө 30 насандаа зургаа давж “Өсөх идэр” чимэгтэй улсын начин цол хүртэж байсан бол 2004 онд улсын харцага болсон нэгэн. Түүний хүү Н.Батсуурь өнгөрсөн жил харцага, энэ жил арслан цол хүртлээ. 2011 оны цагаан сарын барилдааны үеэр Даян аварга А.Сүхбат (Дархан аварга) түүнд “Ирээдүйн аварга” шагнал гардуулж байсан түүхтэй. Бөхчүүд, бөх сонирхогчид түүнийг аварга болно гэдэгт итгэлтэй байдаг. 

Үе дамжсан бөх, олны хүндэтгэл хүлээсэн гэр бүлийг Г.Намсрайжав харцагын цагдаа зодсон гэх хэрэг хараар будчихаад байгаа юм. 2012 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг, нарны зам дээр улсын харцага Г.Намсрайжав цагдаагийн алба хаагчийг зодож байгаа бичлэг олон нийтэд тарсан. Тухайн үед Г.Намсрайжав харцага хүүгийнхээ машинд суугаад явж байсан. Машин жолоодож байсан хүү нь чигээрээ явах урсгалд буцаж эргэхийг завдсан учир замын цагдаа зогсоож, шаардлага тавьсан байдаг. Үүнээс үүдэж Г.Намсрайжав харцага цагдаагийн алба хаагчийг зодож, биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан. Энэ хэргийг хоёр жилийн өмнө Баянзүрх дүүргийн шүүх хэлэлцэх үеэр Г.Намсрайжав харцага согтуу явж байсан, төрийн албан хаагчийн биед халдсанаа хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа ярьсан. Харин Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн алба хаагч, цагдаагийн ахлагч З.Батнаран “Харцагын сууж явсан машин зөвхөн чигээрээ явах урсгалд байсан хэрнээ зүүн эргэх гээд байсан. Тиймээс шүгэлдэж чигээрээ яв гэсэн шаардлага тавьсан ч жолооч нь тоогоогүй. Бичиг баримтаа шалгуул гэсэн шаардлага тавихад “Байхгүй” гээд үзүүлээгүй. Ингэж байтал ард нь явж байсан машины жолооч зай ашиглаад зүүн эргээд явчихсан. Гэтэл харцагын хүү “Өмнөх машиныг зогсоож шалгасангүй. Таньдаг хүнээ явуулчихлаа” гэж над руу дайрч эхэлсэн. Төд удалгүй Г.Намсрайжав харцага машинаас бууж ирээд үгийн солиогүй зодож эхэлсэн. Миний зүүн нүдний ухархай гэмтсэн. Гэмтлээсээ болж нүднээс нулимс гоождог болсон” гэж шүүхэд мэдүүлж байжээ. Тухайн үед Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Х.Энжаргал алба хаагчийнхаа талаар “Цагдаагийн алба хаагчийн нүдний ухархай нь 0,7 мм цөмөрсөн. Замын цагдааг хэл амаар доромжлох асуудал өдөр бүр тохиолддог. Гэхдээ энэ удаагийнх шиг замын цагдаагийн биед халдаж, зодох тохиолдол тэр бүр гараад байдаггүй” гэж ярьж байлаа. 

Шүүх Г.Намсрайжав харцагыг төрийн албан хаагчийг үүргээ гүйцэтгэж байхад хүндэвтэр гэмтэл учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар гурван сар баривчлах ял оноосон. 

Энэ хэргээс хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Бид Г.Намсрайжав харцагад зодуулсан цагдаагийн алба хаагчийг сураглахад тэр хэргийн дараахан ажлаасаа гарчихсан гэдэг мэдээг сонсов. Түүнтэй утсаар холбогдоход “Ажлаасаа гараад удаж байна. Бие гайгүй. Зүгээр” гэсэн хариуг өглөө. Мөн тэр үед болсон явдлыг яримааргүй байгаагаа учирласан юм. Ямартай ч хүү Н.Батсуурь нь түрүүлсэн жил хүн зодсон Г.Намсрайжав харцага мандаж байхад зодуулсан хохирогч цагдаагаар овоглохоо больжээ.

Ө.Эрдэнэцэцэг

Categories
мэдээ цаг-үе

Кранистуудын олонхи нь эмэгтэйчүүд байна

 “Да хүрээ” явах замд кран түрээсэлдэг газар бий. Томоо гэгчийн хашаанд төрөл бүрийн кран өндөрт сүндэрлэж байна. Эзэмшигч байгууллага нь “Од мөнх” ХХК. Ямар кран түрээслэхээс хамааран өдрийн 700-800 мянган төгрөг байдаг юм байна. Ихэнх компани хэдэн сараар түрээсэлж авдаг гэнэ. Түрээслэхдээ кранистыг мөн дагалдуулна. Кранист нь техникийнхээ бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажиллах үүрэгтэй. Эднийд одоогоор дандаа хуучин кран бий. Орост үйлдвэрлэсэн кранууд эдэлгээ даахдаа сайн, чанартай байдаг гэсэн.

Кранистуудын талаас илүү хувь нь эмэгтэйчүүд байна

Хэдий хуучин ч гэлээ засвар үйлчилгээ хийгээд ямар нэгэн доголдолгүй ажиллуулдаг ажээ. “Од Мөнх” ХХК зөвхөн кран түрээслэхээс гадна кранистын сургалт явуулдаг. Арваас дөрөвдүгээр сар хүртэл гурван удаагийн төгсөлт хийнэ. Төгссөн хүмүүс ажлын байранд санаа зоволтгүй.  Компанидаа ажилд орохоос гадна бусад барилгын компанид ажилд орох боломж нээлттэй. Сургалтад 18 нас хүрсэн л бол хэн ч хамрагдаж болохоор ажээ. Кранистууд хэрхэн ажилладаг талаар “Од мөнх” ХХК-ийн кранист Н.Ганчимэгтэй ярилцлаа.

-Тээр өндөр краныг эмэгтэй хүн залж байдаг гэж санасангүй. Яаж яваад ийм мэргэжилтэй болчихов?

-Хүмүүс харин гайхаад л байдаг юм. Эрчүүд л залж байдаг юм байх гэж бодож байтал эмэгтэй хүн байсан байна ш дээ гэж уулга алдахыг бишгүй л сонсож байлаа. Хүүхнүүд эрчүүдийг бодвол илүү дайчин, тэвчээртэй. Яг кранистаар ажилладаг хүмүүсийн дийлэнх нь хүүхнүүд байгаа шүү. Барагцаалбал гурван зуугаад кранист манайд байдаг байх. Тэрний талаас илүү нь бүсгүйчүүд. Би кранист бүсгүйчүүдийгээ “Та нар минь эрчүүдээс илүү тэнгэртэй байна. Нартай, бас тэнгэртэйгээ ойрхон ажилладаг” гэж хэлээд урамшуулдаг юм. Кран чинь дотроо гурван төрөлтэй. Цамхагт буюу өндөр барилгын, вандан буюу төмөр замаар явдаг үйлдвэрлэлийн зориулалт бүхий П хэлбэртэй, авто кран гэж байдаг. Энэ гурвыгаа дотор нь бас хуваадаг. 

Миний кранист болсон түүх сонин. Аав ээж маань бага цалинтай хүмүүс. Хүүхэд байхдаа аав ээжээсээ өндөр цалинтай ажил хиймээр санагддаг байлаа. Их цалин аваад тэр мөнгөөрөө идээд дуусахгүй чихэр авмаар, хөргөгчөөрөө дүүрэн хоол ундтай гэрийн эзэгтэй байхыг хүсдэг байсан. Ийм байхын тулд яахаа мэдэхгүй байлаа. Гэхдээ урлагт дуртай юм болохоор дөрөвдүгээр ангид байхдаа Орос руу балетын сургуульд явсан юм. Жаахан хүүхэд гэрээ санаж уйлна. Яг тэр үед Орос орон кран ихтэй. Өндөр, өндөр кран их гоё харагдана. Тэнд нь дандаа бүдүүн орос авгай нар ажиллаж байна. Вера гээд л орилно. Өргөөрэй гэж байгаа хэрэг. Тэрийг хараад л кранист болох юмсан гээд мөрөөдчихсөн хэрэг.

-Хаана, ямар сургууль төгссөн юм бэ?

-Өргөх машин механизмын баазын сургалт гэж явагддаг байсан. Тэнд сурсан. Бас Орост гурван жилийн сургалтад суугаад ирж байлаа. Тэр үед олон жил сурдаг байлаа. Одоо харин 45 хоногийн курсээр л кранист болоод төгсөж байна. Тухайн үед намайг сургуулиа сонгох гэж байхад хуульч, эрхзүйч, гоо засалч гээд зөндөө л анги байсан. Кранист болно гэж зүтгэсээр олон хөвгүүдийн дунд ганц охин төгсөж байлаа. Крантай амьдралаа холбоод 24 жил болж байх шив.

-Тэр өндөрт ажиллахад толгой эргэвэл яах вэ?

-Агаар сайтай  л даа. Дээр ажиллаж байгаад буугаад ирэхэд дотор давчдаад байдаг. Цонхоороо эргэн тойрноо хараад сайхан байдаг юмаа. Их өндөрт ажиллаж байхад хаана, аль зам түгжирч байна вэ гэдгийг харна даа. Өндөрт ажиллаад дасчихсан байдаг учраас толгой эргэх тохиолдол ховор. Ер нь кранист хүнээс мэдрэмж их шаарддаг. Тухайн зүйлээ өргөж байхдаа моторынхоо дууг сонсоно. Доороос өгч буй хүний дохиогоор буулга гэсэн газарт нь буулгана. Заримдаа харагдахгүй газар буулгах үе ч байна. Аюулгүй ажиллагаанд мэдрэмж хэрэгтэй.  

-Гэнэт бие муудвал буулгаж авах уу?

-Аль болохоор өөрийгөө тайвшруулна. Бүр сандраад болохоо байлаа гэхэд станцаараа хэлнэ. Дохиогоо өгнө. Хүн ирээд буулгаж авна гэсэн зүйл байхгүй. Тиймээс өөрийгөө тайвшруулаад л суух байх даа. 

-Краны кабин дотроо ямархуу зайтай вэ. Нам суугаад л байх уу?

-Орос кранууд машины кабин ямар байдаг билээ, тиймэрхүү. Хятад кран бол суулаа, дүүрлээ. Босож зогсоно гэсэн ойлголт байхгүй. Ажилтай үед өрөөндөө сууж л байхаас аргагүй. Би кабинаа өрөө гэдэг юм. Амьдралын минь ихэнх цаг тэнд өнгөрч байна. Миний ажлын өрөө л гэсэн үг биз дээ.

-Өлсвөл, бас бие засмаар байвал яах вэ?

-Бидний ажил ихэнхдээ өглөөний 05 цагаас эхэлдэг. Өглөөний нар мандахыг харж кабиныхаа тавцан дээр зогсож байгаад ажилдаа орно. Нарнаас сайхан энерги авдаг юм. Дээшээ гарахдаа уух ус, хэрэг болох ганц нэг зүйлээ аваад гарчихдаг юм. Ам цангавал тэндээ усаа буцалгаад зөгийн бал хутгаад уучихна. Цайны цагаар доошоо бууж хоолоо иднэ. Бие засахдаа ч гэсэн буухаас өөр аргагүй. Заримдаа троссоор хоолоо аваад идчихнэ.

-Өгсөж, уруудахдаа яадаг юм бэ?

-Яах юу байх вэ. Шатаараа л авирч, уруудна шүү дээ. Хоёр гарын алга л юу ч үгүй болтлоо эвэршдэг юм даа. Өвлийн хүйтэнд хүйтэн төмөрнөөс тас зуураад дээшээ өгсөнө. Гар хөлдөх тохиолдол гарна. 

-Кабин руугаа гарахдаа хамгаалалт хийдэг үү. Хөл алдвал тэгээд дуусаа биз дээ?

-Сүйдтэй хамгаалалт байхгүй дээ. Хүмүүс циркийнхэн шиг олсоор бэхэлж гардаг гэж боддог шиг байгаа юм. Тийм юм байхгүй. Ингэж ажиллаж байж л хоолоо олж идэж байгаа учраас анхаарал болгоомжоо дээд цэгт нь төвлөрүүлж байгаад дээшээ авирна. 

-Цамхагт кран хэдэн метрийн өндөртэй байх уу. Хэдий хэрийн хугацаанд өгсөх вэ?

-12, 14 давхар байшингийн хэмжээнд явж очно гэсэн үг. Яарсан үед нэг мэдэхэд л дээр нь гарчихсан байдаг. Тайван бол ийш тийшээ хараад 10 минутанд гарах жишээтэй. Гэхдээ яарч болохгүй. Доороос хурдлаарай гээд орилоход тэвдэж болохгүй. 

-Кабиндаа олон цаг суухаар уйдах уу?

-Уйдах зав бараг гарахгүй дээ. Ном аваад гарчихдаг юм. Бас жижигхэн зурагт, хөгжим зэргийг аваад орчихно. Дээхнэ үед нэхмэлийн утас, зүү аваад орчихдог. Суудлынхаа бүрээс, малгай, ороолт, бээлий гээд ойр зуурын зүйлээ нэхдэг байлаа. Одоо харин утас, зүү барьж орж байгаа хүн харагдахгүй юм. 

-Ном уншиж, зурагт үзэх зав гардаг юм уу?

-Ачаа буулгаж байхад, бас өргөхөд бэлэн болгож байх хооронд л амжуулна.

-Цаг агаар гэнэт муудаад, хүчтэй салхилах эсвэл мөндөр ороход яадаг вэ?

-Бид нар чинь өөрөө өөртөө цаг уурч. Ажилдаа гарахдаа цаг агаарын мэдээ байнга үзнэ. Ерөнхийдөө үүлээ хардаг юм даа. Маш хүчтэй шороон болон цасан шуурга шуурвал ажлаа зогсоодог. 

-Удаан суухаар нуруу, хөл хөшнө биз?

-Тэгэлгүй яахав. Бид нар чинь тэгшхэн суугаад байхгүй. Өндрөөс доошоо харж байнга хагас бөгтийж сууна. Суудлын өвчинтэй болчих гээд байдаг юм. Гэхдээ өрөөндөө байхдаа биеэ чилээхгүйн тулд хөдөлнө. Хөгжмөө асаагаад тэрүүхэн тэндээ бүжиглэнэ. Чадахаараа хөдөлж байхгүй бол хэцүү. Гэхдээ миний мэргэжил сайхан. Кранист болсондоо баярладаг. Хүмүүсээс өндөрт, тэнгэрт ажиллаж байна. Эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцоно гэдэг эргээд бодоход бахархмаар. 

-Хэдэн төгрөгийн цалинтай вэ. Өндөрт ажилласных нэмэгдэл ихтэй биз?

-Үндсэн цалин 800 мянга. Илүү цаг нь найман мянган төгрөг байдаг юм. Гэхдээ манай компани л илүү цагийн мөнгийг өндөр өгдөг юм билээ. Бусад газрын илүү цаг 5-6 мянга байдаг гэсэн.

-Та хэдэн барилга дээр ажилласан бол?

-Ёстой тоолж байгаагүй юм байна. Тэмдэглэж авсан бол овоо л тоо гарах байсан биз ээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Япон, Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үндсэн зарчмыг тохиров

Манай сонины тусгай сурвалжлагч Я.МӨНГӨНЦЭЦЭГ Япон улсаас мэдээлж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон улсад хийж байгаа айлчлал үргэлжилж байна.Уржигдар орой Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзаж, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.Эрхэм Ерөнхий сайд Шинзо Абэ манай Ерөнхийлөгчтэй “Тантай утсаар ярьсныг оруулбал бид нийтдээ таван удаа уулзаж байна. Монгол, Японы харилцаа тасралтгүй хөгжиж байгаад баяртай байна.Монголын хөрөнгө оруулалт, гадаад худалдаа улам хөгжөөсэй гэж хүсч байна.Таны манлайлал дор Япон, Монголын бизнес форум зохион байгуулсанд баяртай байгаа” гэсээр уулзав. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Таныг Монгол Улсад айлчилснаас хойш хоёр орны Засгийн газар тууштай харилцсаны хүчинд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг тохиролцлоо. Энэ хэлэлцээрийг хийснээр Монголд эдийн засгийн таатай орчин бүрдэнэ. Эхний улиралд багтаан хэлэлцээрийг соёрхон батлуулах боломж байна” гэсэн юм.Тэд уулзалтынхаа дараа хэвлэлийн бага хурал хийлээ.Монгол, Японы Засгийн газар хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээг зарчмын хувьд үндсэндээ тохиролцсоноо зарлалаа.

Энэ үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ”Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг халуун дотноор хүлээж авч байна. Манай хоёр орон стратегийн хүрээнд эдийн засгийн харилцааг улам нягт болгох нь чухал гэдэгт санал нэгдлээ.Доорх гурван зүйлийг агуулсан хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.Юуны өмнө эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ үр дүнтэй болсныг сайшааж байна. Энэ нь манай хувьд гадаад улстай хийж байгаа 15 дахь хэлэлцээр. Монголын хувьд анхных бөгөөд бие биеэ харилцан дэмжсэн эдийн засгийн  харилцааг идэвхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Цаашид энэхүү гэрээг соёрхон батлах асуудлыг түргэвчлэхийг зорьж ажиллана. Хоёрдугаарт Монгол Улсын үйлдвэрлэлийг төрөлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр эрч нэмэх санаачилгыг  миний хувьд санал болгосон. Өнгөрсөн гуравдугаар сард Монголд айлчлахдаа дэвшүүлсэн санаачилга юм.Энэ нь хамтын ажиллагааны үр шимийг нэмэгдүүлэх зорилготой.

Олон улсад чадвартай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг өргөтгөхөд манай талаас дэмжлэг үзүүлнэ.Гуравт эдийн засгийн бүтцийг шинэчлэх, ил тод, тогтвортой эдийн засгийн бодлого хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, манай улсаас эдийн засгийн зөвлөх томилох ажлын тухай ярьсан.Монгол Улсын дунд болон урт хугацааны эдийн засгийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх болно.Аюул­гүй байдлыг хангах хууль эрх зүйн тогтолцоо бүрдүүлэх талаар Засгийн газрын шийдвэрийн талаар тайлбарласан.Үүнийг ноён Ерөнхийлөгч ойлгосноо илэр­хийлсэн.Бүс нутгийн болон олон улсын хамтын нийгэмлэгийн хөгжлийн төлөө хамтран ажиллахаар санал нэгдсэн. Харилцан ашигтай, бие биеэ харилцан нөхөх харилцааг улам хөгжүүлэх бодолтой байна” гэсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ноён Шинзо Абэ гуайтай чин сэтгэлийн найрсаг байдалд яриа өрнүүлсэндээ  баяртай байна. Манай хоёр орны стратегийн харилцаа эдийн засгийн түншлэлийн харилцаагаар бэхжих болж байгаад баяр­тай байна.Хоёр талаас тохи­ролцсон эдийн засгийн түншлэлийн харилцааг эдийн засаг хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх тогтвортой эрх зүйн орчин болж чадна гэдэгт итгэж байна.Ер нь бидний эдийн засгийн харилцаанд гаргаж ирж байгаа санал бол хамтарч бүтээе, зах зээлд гаръя гэдэг байр суурь.Энэ саналын хүрээнд Япон улсад өргөн хүрээтэй эдийн засгийн чуулга уулзалт боллоо.Энд  Монголын эдийн засаг хөрөнгө оруулалтын орчны талаар тодорхой ярьсан байгаа. Хоёр талаас чуулга уулзалтад оролцсон төлөөлөгчийн тоо 500-д хүрснийг тэмдэглэх хэрэгтэй. Япон улсын Засгийн газраас дэвшүүлсэн ардчилал, энх тайван, тогтвортой байдал,  хөгжлийн төлөөх санаачилгыг бид ойлгож хүлээж авч байгаа” гэв. 

Эх сурвалжийн хэлж бай­гаа­гаар энэхүү түншлэлийн хэлэлцээрийг намрын чуул­ган эхлэхээр УИХ-аар батлуулах л үлдэж байгаа юм байна.Хэлэлцээрийн дагуу Япон, Монголын хооронд экспортолж, импортлох зарим бараа бүтээгдэхүүн гаалийн татваргүй болох асуудал тусгагджээ. Тухайлбал, Японы хуучин автомашиныг Монгол руу гаалийн татваргүйгээр оруулах асуудал дээр үнд­сэндээ тохиролцсон гэдэг мэдээлэл байна. Ийнхүү олон жил яригдсан Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг батлахад зарчмын хувьд тохи­ролц­лоо.Энэ тухай сай­хан мэдээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр мэдэгдлээ.

Айлчлалын хүрээнд Япон улсад болсон Мон­гол, Японы бизнес фору­мын үеэр Монголоос жамц давс импортолдог Японы бизнесмэн Котабэ Мицүноригоос дараахь тод­­руул­га авсныг толилуулъя.

-Монголоос жамц давс авахад хэр хүндрэлтэй вэ?

-Ямар ч хүндрэл байхгүй. Давс өөрөө хүнсний бүтээг­дэхүүн учраас тэр шүү дээ.

-Монголоос өөр ямар бүтээгдэхүүн оруулж ирэх бодолтой байгаа вэ?

-Арваад жилийн өмнөөс Монголоос жамц давс оруулж ирж байгаа. Анх оруулж ирэхэд жамц давс чулуу, хог ихтэй байсан учраас хүндрэлтэй байлаа.Монголоос энэ мэт давс оруулж ирдэг олон компани байсан, гэвч ихэнх нь дампуурсан даа.Одоо хийж байгаа гол хүн нь би байна.Монголоос өөр бүтээгдэхүүн импортолъё гэж бодож байгаа ч хүндрэлтэй байна.Японы нийгэмд хүний сонирхол татахаар зүйл байвал хүмүүс худалдаж авна. “Өө ямар сонин юм бэ. Хэрэглэж үзье” гэх бараа байвал оруулж ирмээр байна.  Гэтэл Монголд одоохондоо тийм зүйл  ховор байна. Мах бол манайд ч байгаа” гэсэн юм.

Ер нь хуралд оролцож байгаа япончуудын сэтгэгдэл дийлэнхдээ ийм талдаа байлаа. Голдуу “Дэлхийн зах зээлд өрсөлдөх том төслүүд дээр хамтарч ажиллая” гэдэг саналтай байгаа нь анзаарагдаж байв. Япончууд тийм ч хурдан “За” гээд хэлчих хүмүүс биш “хамтарч ажиллах талаар бодъё” гэдэг хашир үг унагацгааж байх нь олонтаа.Ямартай ч Японд болсон эдийн засгийн форумын үеэр Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид Монгол Улсын уул уурхайн салбарын бодлогын талаар танилцуулсан юм.Тэрээр “Монгол бол уул уурхай, аж үйлдвэрийн 100 гаруй жилийн түүхтэй. Монгол Улсын эдийн засаг сүүлийн гурван жилийн байдлаар уул уурхайгаас ихээхэн хамааралтай болсон.Монгол Улс эрдэс баялгийн арвин нөөцтэй.1900 гаруй орд, 8100 нөөц бүртгэгдсэн боловч дөнгөж 300 гаруйг нь бид ашигласан байна. Алт, зэс, хайлуур, жоншны  нөөцөөр дэлхийд тэргүүлэхээр байна.  Монгол уул уурхайн салбарт Японы өндөр технологийг ашиглаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд хамтран ажиллах зорилготой бай­на.Нүүрсний салбарт Монгол, Японы харилцааг хөгжүүлэх бүрэн боломжтой” гэсэн юм. Японтой хамтарч утаагүй түлш үйлдвэрлэх, нүүрсийг хуурай аргаар баяжуулах аргыг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлж байгааг танилцуулж байлаа.Газрын тосонд тулгуурласан үйлд­вэр барих бодлого барьж, 30 гаруй  талбайд хайгуул хийж байгаа, үүнийг Японтой хамтран хэрэгжүүлэх саналтайгаа уламжиллаа.  Төмөрлөг, гангийн үйлдвэрийн чиглэлээр Японы өндөр технологийг нэвтрүүлмээр байна, зэс хайлуулах үйлдвэр байгуулахад хамтран ажил­ламаар байна гэдгээ ч хэлэв.Газрын ховор элемент илрүү­лэхэд, алт хайлах, цэвэр­­шүүлэх чиглэлд хамтран ажил­ламаар байгаагаа илэр­хийллээ. Мөн Эрчим хүч­ний яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт “Монгол Улс эрчим хүчний  нөөцөөр баян. 15 сав газарт 300 гаруй орд газар бий. Нүүрсний экспорт сүүлийн  үед өсч байгаа. Нар, салхины эрчим хүчний нөөц өндөр байгаа.АНУ-ын үндэсний сэргээгдэх эрчим хүчний лабораторийн судалгаагаар энэ нь тогтоогдсон. Энэ нөөцөө ашиглавал  дэлхийн эрчим хүчний хэрэглээний 66 хувийг бид хангах боломжтой” гээд энэ салбарт хамтарч ажиллах бүрэн боломж байна гэдгийг хэлсэн юм. 

Тэгвэл Эдийн засгийн хөгж­лийн дэд сайд О.Чулуунбат “Таатай орчин бий болгож, Японы хөрөнгө оруулалт, менежментийн урлагийг Мон­голд оруулъя гэсэн зорилго бидэнд бий. Бид урд, хойд хоёр хөршийнхөө эдийн засгийн интеграцийн нэг хэсэг болж байгаа. Монголын бизнесмэнүүд Японы зах зээлд гарах чадвартай болно.Японы зах зээлд биш юм аа гэхэд Хятад, Оросын зах зээлд гарах бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болохын төлөө ажиллана” гэлээ.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өчигдөр Японы парламентын зөвлөхүүдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхсан юм. Мицүй Сумитомо корпорацийн удирдлага, Шизүока мужийн захирагч Х.Кавакацү нар бараал­хав. Дараа нь Ерөнхийлөгч Фүрэай сэтгүүл, Никкей сонинд ярилцлага өглөө. Мөн Худалдаа хөгж­лийн банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк Японд төлөөлөгчийн газраа нээж байгаа юм байна. Энэ арга хэмжээ ч өчигдөр боллоо.