Categories
мэдээ цаг-үе

Зуны “зуд” буюу Хашаатад боссон хар салхины мөрөөр (II)

Ч.Баярсайханы 8*8 харьцаатай хоёр давхар байшингийн суурь л үлджээ

Эрдэмтдийн томъёолдгоор орон нутгийн шинжтэй хар салхи буюу Хашаат сумын Номгон багийн нутагт болсон байгалийн онц аюултай, гамшигт үзэгдэл 17 км үргэлжилж замдаа таарсан бүхнийг эвдэн сүйтгэжээ. Хоёр талаасаа уулсаар хашигдсан энэ хөндийд юу болсон нь бэлхнээ харагдана. Хөөврийн араас Бага Номгон уулын өвөр бараг Элсэн тасархай хүртэл байгалийн гамшигт үзэгдлийн мөр үлджээ. Эл мөр ихэнхдээ 200 орчим зарим хэсэгтээ 10 метр хүртэл нарийсч газрын хөрсийг эргүүлж ундуй, сундуй болгож орхисон байна. Хэдэн ч буурь харлан харагдах нь Номгон багийн малчин Ч.Баярсайхан, Доржсүрэн, Гэрлээгийнхэн хол саахалтын зайд зусч байсных. Онгойн харлах бууринаас харалдаа хэд хэдэн хот айл харагдах агаад зарим нь шинэ гэр дөнгөж босгоод буй бололтой. Алсаас харахад олон хүн бужигнаж гамшигт нэрвэгдсэн нэгэндээ нутгийн олон дэм болохоор цугласан байв. 

Гамшигт хамгийн ихээр өртсөн нь Ч.Баярсайханых бөгөөд хар салхины цөм буюу төвийн хуйлраа энэ хот айлыг дайрч өнгөрсөн байгаа юм. Эднийх 8х8 хэмжээтэй хоёр давхар дүнзэн байшинтай байснаас цементэн суурь л үлджээ. Тэрчлэн энэ айлд амарч явсан нэг хүний амь эрсдэж, гурван ч машиныг дахин ашиглах боломжгүй болсон нь Ч.Баярсайханы гаднаас 300, 500 метрийн зайд шидэгдсэн тэр хэвээрээ. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт айл, саахалтын Ч.Наранбат, Н.Дашзэвэг, н.Жанлав, Д.Даваалхагва, Төгсжаргал тэргүүтэй хүмүүс ирж гэрийг нь барьж өглөө. Булган аймгийн Рашаант сумаас ч хамаатан садангийнх нь хүмүүс ирж байгалийн гамшгийн үеэр тарж бий болсон хогийг хамж устгахыг нь устгаж дахин хэрэглэх боломжтойг нь ялган авч байсан.    

Энд цугласан олон болсон үйл явдлыг саахалтын зайнаас харж байжээ. Хар салхи босохоос өмнөхөн том ширхэгтэй мөндөр хоромхон зуурт хаялж байснаа Ч.Баярсайханы гэрийн чанх баруун зүгт хоёр км зайд том хуйлраа үүсч тэнгэр баганадсан гэнэ. Харин Ч.Баярсайханыд Булган аймгийн Рашаант сумаас 17 цагийн орчимд н.Авирмэндийн гэр бүлийнхэн амрахаар ирж идээ будаа, цай цүй болон дөнгөж хонь хагалаад үймцгээж байж. Тэгтэл гэнэт байшингийнх нь дээр, тэнгэрт ч юм шиг үхэр мөөрөлдөөд явчихаж. Гадуур байсан хүмүүс “шороон шуурга” гэсээр гүйн орж ирцгээжээ. Тэнгэрт үхэр мөөрөлдөх чимээ сонсогдсон нь тухайн хот айлаас баруун зүгт нэг км орчим зайд идээшиж байсан үхэр сүрэг нэрвэгдэн хийсч ирснийх байсныг хүмүүс гамшиг өнгөрсний дараа ойлгоцгоосон гэж байлаа.

“Шороон шуурга” эхэлж байгааг мэдсэн гэрийн эзэн хоёр давхартаа гарч цонхоо хаагаад буцаж гүйсэн байна. Тэгээд хэсэг хугацааны дараа мориныхоо уяаны хажууд ухаан оржээ. Хоёр давхар байшинд нийт 10 орчим хүн байсан бөгөөд тэдний дунд найман настай хүүгээс 93 настай буурал байж. Зочилж ирээд байсан Авирмэнд ч байшингийн нэг давхарт байсан хэрнээ мөн л 10 орчим метр хол шидэгдсэн байдалтайгаар сэрсэн гэнэ. 

Нутгийн олон гамшгийн дараа 

Хөвсгөл аймагт амраад буцаж явсан гэр бүлийн хоёр салхи босохын өмнөхөн худаг дээр адуу усалж, ус аваад гэр рүү хөдөлсөн байгаа юм. Худаг дээрээс дөнгөж хөдлөхтэй зэрэгцэн хоёр км-ийн цаана салхи босохыг хараад “Маяти” машины хурдаар гэрийн зүг тэмүүлсэн аж. Хэдийгээр худгаас гэр хүртэл 300 хүрэхгүй шахам метрийн зайтай байсан ч тэд хоёр км-ийн цаана үүссэн салхинаас түрүүлж хүрч чадсангүй. Гэрийн гадаа давхин ирэхэд хүчтэй салхи, шороон шуурга нөмрөн авчээ. Жолоочийн хажууд сууж явсан эмэгтэй буюу эхнэр нь бууж, байшинд гүйн орж амжсан ч нөхөр Ц нь машинаасаа ч бууж амжилгүй хийсэн оджээ. Нөхрөө машинтай хийссэнийг эхнэр нь тэр үед мэдээгүй бөгөөд хаалга онгойход арав орчим насны хүү хальт харсан бололтой юм. Энэ үед салхины хүч бага зэрэг зөөлөрчээ. Салхины хүч хэдхэн секунд намдсан бөгөөд хажуу талын амбаар аль хэдийнэ хийсэн алга болж дотор нь мах өлгөж байсан Рашаант сумын иргэн Авирмэндийн эхнэр тэр агшинд дүнзэн байшинд орж амжсан байна. Байшинд орохоор тэмүүлж байхдаа салхинд хийсч явсан чулуунд хөл нь цохигдож шагайгаараа эргэсэн байсныг хэзээ хойно мэдсэн гэнэ. 

Салхины хүч дахин ихсэхэд байшингийн дээвэр хууларч байгаа чимээ гараад араас нь байшингийн туурганд өрөгдсөн дүнз моднууд нурж, хоёр давхрын хэсэг цөмрөн унаж, цонхны шил шажигнан бутарч шуурганаас тусгаарлах зүйл үгүй болжээ. Тэрхэн мөчид нүдээ нээх нь бүү хэл амьсгаа ч авч чадахгүй байсан байна. Ийм байдалтайгаар бараг 20 минут тэмцэцгээжээ. Урт урт дүнзнүүд тэгнэлдэн унасан нь дотор байсан хүмүүс амьд үлдэх нөхцөл болсон байх гэлцэнэ. Ямартай ч дээрээс нуран унах дүнз, дээврийн хэсэгт цохиулалгүй завсар зайд нь хүмүүс эсэн мэнд үлдэцгээжээ. Байшинд байсан хүмүүсээс Ч.Баярсайхан, Авирмэнд нар л гадагш шидэгдэж бусад нь үлдсэн байна. Харин доторх эд хогшлоос юу ч үлдээгүй бөгөөд хоосон хоёр авдар л байрандаа байж. Тэр бүү хэл ханан пийшин нурж, дүүрэн устай ган савыг хүртэл гишгэсэн лааз шиг болгожээ. Байшингийн хананд өрөгдсөн дүнзний 10 гаруй нь үлдэж бусад нь хийсэн алга болсон байв. 

Хачирхалтай нь гэрийн гадуур байдаг өнчин хоёр хурга зүв зүгээр майлаад зогсч байсан бол хашаатай тугалны хоёр нь, гэрийн гадаа байсан гурван нохой мөн л таван км-ийн зайд шидэгдэн үхсэн байсан аж. Ингээд аюул өнгөрөхөд гэрийн эзэн Ч.Баярсайхан, Авирмэнд нар дүнзэнд дарагдсан хүмүүсийг татаж гаргасан бөгөөд ихэнх нь хөнгөн бэртэл авчээ. Энэ үед хол ойроос хүмүүс туслахаар ирсэн байна. Гэрийн эзний ээж 93 настай Жуугаа юу болсныг ч ухаарч төвдөлгүй уймран байсан бол “Маяти” машинаас бууж амжилгүй хийссэн Ц-г ололгүй хэсэг хугацаа өнгөрсөн аж. Эхнэр нь, туслахаар ирсэн иргэд, аюулд нэрвэгдсэн хүмүүсийн зарим нь гээд олон хүмүүс хайсны эцэст гэрээс 200 гаруй метрийн цаана амь эрсэдсэн байхыг нь олжээ. Талийгаачийн бүх хувцас нь урагдаж, тайлагдсан байсан бөгөөд биед нь ч тэр гэхийн тэмдэггүй олон бэртэл учирсан байж. Шороонд дарагдсан байсан тул онож очихгүй бол олоход тун бэрх байсан гэж хүмүүс ярьж байлаа.   

Ийнхүү нэг хэсэг нь дуудлага өгснөөр Булган аймгийн Рашаант сумын хүн эмнэлгийнхэн хамгийн түрүүнд ирж тусламж үзүүлсэн байна. Тэд өөрийн харьяалал бүхий хүмүүсийг авч явсан бол Хашаат сум руу 93 настай Жуугаа хүргэгдсэн гэнэ. Сумын Засаг дарга Б.Гэрэлт-Одоор ахлуулсан ажлын хэсэг тухайн айлын орчимд ажиллахад “Маяти” машинаас рам төмөр, тэвш, бүхээгний багахан хэсэг, “Прадо” машинаас дөрвөн дугуй, мотор, кроп нь л үлдсэн байж. Харин талийгаачийн унаж ирсэн “Сивик” маркийн машин дээр гуалингууд дарж унасан учраас байрнаасаа хөдлөөгүй байсан байна. Хүмүүсийн ярьж байгаагаар “Прадо” машины нэг дугуй салхины эсрэг зүгт км гаруй хол шидэгдсэн байжээ. Шуурганд анх өртсөн үхэр сүрэг байсан газраасаа мөн л км шахам газарт буюу Ч.Баярсайханы гэрийн харалдаа байхыг нь үзэхэд толгойгүй, тал арьс нь хууларч унжсан, хутгаар сийчсэн мэт зүсэгдсэн гээд нүд хальтрам дүр төрхтэй байсныг өгүүлэх хүн олон байв. “Бүх үхрийн бие дэх яс нь бүгдээрээ хугарч үйрсэн бололтой дээр нь дараад үзэхэд туламлаж өвчсөн юм шиг байсан” гэдгийг тус багийн байгаль орчны байцаагч Төгсжаргал хүүрнэж байсан. Тэрээр “хоёр давхар байшингийн дүнзийг бүгдийг нь жиргэчихсэн юм шиг болгосон байна билээ. Салхины мөрөөр явбал баахан модыг газарт гүн гэгч нь шаагаад орхичихсон байхтай таарна. Айхтар хүчтэй байж” гэдгийг ч өгүүлж байсан.  

Михайл буюу Дашзэвэгийн өгүүлснээр хар салхины төвийн хуйлраа задгай газарт гарангуутаа эрчлэн улам хурдалж байсан бол айл хийгээд мал дээр очсон даруйдаа тэр хавьдаа хургаж хэсэг тогтож байжээ. Тэгээд тухайн объект буюу байшин, мал сүрэг юу ч үгүй болтол салхинд хийсч дуусангуут дахин хүчээ авч байсан гэнэ.

Ч.Баярсайханы хот айлыг түйвээсэн хар салхи “заан” Гантөмөр, Д.Доржсүрэн, Гэрлээ, Чадраабалын гэрийг нурааж, Б.Батжаргалын 100 гаруй бог, өөр хоёр ч айлын 60 гаруй адууг авч оджээ.

Ч.Баярсайханы хот айлыг ийн хар салхинд өртөж байхыг “заан” Гантөмөр хараад гэр бүлийнхнээ авч явахаар зэхэж эхэлсэн аж. Тэднийг гэрийнхээ гаднаас хөдөлж амжаагүй шахам байхад зуны байшин нь бараг арваад метрт хөөрч байснаа бутран унажээ. Үүнээс өмнөхөн харахад шуурганы төвөөс том эд зүйлс хүчтэй шидэгдэн гарч байсан аж.  Тиймээс гэрийн эзэд салхинаас зугтан хэсэг давхиж байгаад эргэн харахад мөн л гэр нь ор мөргүй алга болсон байжээ. 

Үргэлжлэл бий. 

Л.МӨНХТӨР   

Categories
мэдээ цаг-үе

Бидэнд лаборатори дээр ажиллах туршлага дутагдаж байсан

Вьетнамын Ханой хотод болсон химийн олимпиадаас гурав­дугаар байр эзэлсэн Нэг­дүгээр сургуулийн сурагч Б.Бат-Оргил, Шинэ Монгол сургуулийн сурагч Н.Тэмүүжин нар­тай ярилцлаа. Тэд энэ хавар ахлах сургуулиа дүүргэжээ. 

Зүүн гар талаас хоёр дахь нь Б.Бат-Оргил, Баруун гар талаас Н.Тэмүүжин.

-Химийн олон улсын олим­пиадад амжилттай ороод ирсэн гэсэн. Аль улсад болсон ямар олим­пиадад ороод ирэв? 

-Б.Бат-Оргил: Бид сая Вьетнамын Ханой хотод болсон олон улсын химийн 46 дугаар олимпиадад дөрвүүлээ оролцоод ирлээ. Манай багаас бид хоёр хүрэл медаль авсан. 

-Хэр том цар хүрээтэй тэмцээн болов. Хичнээн орны хичнээн хүүхэд орсон бэ?

-Ер нь нэлээд том олимпиад. Шинжлэх ухаан, химийн салбар өндөр хөгжсөн 77 орны 300 гаруй хүүхэд орсон. Нэгдүгээр байрын шагналыг Сингапур авсан.Олимпиад туршилтын даал­гавар, бодлогын даалгавар гээд хоёр үе шаттай байсан. 

-Та нар өмнө нь энэ олимпиадад орж байв уу?

-Манай улс жил бүр энэ олимпиадад дөрвөн хүүхэд шалгаруулж явуулдаг. Түрүү жил бид хоёр өөр хоёр хүүхэдтэй хамт явж байсан. Одоо тэр хоёр хүүхэд маань төгсөөд МУИС-д сурч байгаа. 

-Багийнхаа бусад гишүүдийг танилцуулахгүй юу?

– Нөгөө хоёр хүүхэд маань хоёулаа Монгол Туркийн хамтарсан сургуулийн 11 дүгээр ангид орох хүүхдүүд байгаа. Сэлэнгэсүрэн, Энхнаран гэдэг. Багийн хүүх­дүүдийг хувь хувийн оноогоор нь дүгнээд, дараа нь багийн нэгдсэн дүнг гаргадаг учраас тэр хоёр маань медаль авч чадаагүй.

-Насны ангиллын хувьд?

-Б.Бат-Оргил: Ер нь нас­ны хязгаар заагаагүй.  20-иос доош насны тухайн улсаас шалгараад ирсэн ямар ч дөрвөн хүүхэд оролцох боломжтой.

-Туршилтын даалгавар их сонирхолтой санагдаж байна. Энэ даалгавар дээр яг юу хийсэн бэ?

-Б.Бат-Оргил:  Лабора­торийн даалгавар дээр аливаа бодис найруулж, хэр хурдан хугацаанд урвал явж байна. Хоорондоо хэр зохицолтой байна гэх зэргийг судалдаг юм. Энэ удаагийн туршилтын даалгавар нь  Вьетнамын сайн чанартай ургамлаас эм гаргаж авах даалгавар байсан.  Би тэр даалгавар дээр 88 хувийн гарцтай гүйцэтгэсэн. Тэмүүжин 75 хувийн гарцтай гүйцэтгэсэн.  Ер нь олимпиадад орж байх үед 100 хувийн гарцтай гаргах хүүхэд байдаггүй. Дээд тал нь 92-95 хувь байхад болдог.

-Бусад орны хүүхдүүд хэр чадвартай байна?

-Б.Бат-Оргил: Ер нь өрсөлдөгч орны хүүхдүүд нь 16-аас дээш насныхан байсан. Бид нар онолын мэдлэг сайтай ч гэсэн өндөр хөгжилтэй орны хүүхдүүд лаборатори дээр ажиллах чадвар  нь биднээс хамаагүй сайн юм билээ. 

-Н.Тэмүжин: Бид нар гарандаа дасгаж сайн хийж чадаагүй. Бусад орны хүүхдүүдийн орчин нөхцөл, лаборатори дээр бэлтгэл хийх хугацаа нь илүү их байдаг юм билээ. Бараг жил гаруйн өмнөөс бэлтгэл хийдэг гэж байсан. Харин бид нар сар гаруйн хугацаанд л бэлдэж байсан. 

-Манай ЕБС-уудад лабора­тори дээр ажил­лах орчин нөхцөл нь ерөн­хийдөө тааруу шүү дээ. Та нар бэлтгэлээ хаана, яаж хийдэг байв?

Б.Бат-Оргил: Ер нь манай химийн багш жил бүр олим­пиадад бэлддэг болохоор лабораторийн анги байдаг. Эдний сургууль ч гэсэн лабораторитой.  Мөн МУИС-ийн Дорж багштай олимпиадын багт багтдаг болохоор их сургууль дээр очиж бэлддэг. 

-Энэ даалгавар дээр  аль орны хүүхдүүд илүү туршлагатай байв?

-Тэргүүн байранд орсон Сингапур улсын хүүхдүүд. Мөн Орос, Хятад, Герман, Солонгосын хүүхдүүд лаборатори дээр ажиллахдаа их чадварлаг юм билээ. Азийн орнууд онол талдаа их сайн. 

-Та хоёр хавар ахлах сургуулиа төгссөн гэж байсан. Одоо аль сургуульд, юуны чиглэлээр сурах гэж байгаа вэ?

-Б.Бат-Оргил:  Би ШУТИС-ийн инженерийн ангид орсон. Химиэс гадна техник сонирхдог болохоороо энэ чиглэлээр сурах гэж байгаа.

-Н.Тэмүжин: Би МУИС-ийн Химийн шинжлэх ухааны сургуульд орсон. 

-Химийн хичээлээсээ гадна сонирхож судалдаг юм байна уу. Өөр чиглэлээр амжилт гаргаж байв уу?

-Б.Бат-Оргил: Би Нийслэлийн шилдэг сурагчаар хоёр удаа шалгарч байсан. 2010 онд болон энэ зун шилдэг сурагч болсон. Ер нь хичээл, урлаг спорт гээд аль аль чиглэлд өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой. Ингэснээр ирээдүйд аль ч салбарт ажилласан, хувийн амьдралаа зохиоход ч гэсэн тустай юм болов уу гэж боддог. 

-Жишээлбэл ямар спор­тоор хичээллэж байна?

-Спортын хувьд гэвэл бокс их сонирхдог.  Монголын боксын шигшээгийн дасгалжуулагч Б.Энхтайван багшаар удирдуулан “Баянгол” клубт гурав дахь жилдээ хичээллэж байгаа. Өнгөрсөн хоёр сард болсон өсвөрийн улсын аваргаас хойш олимпиаддаа бэлдээд бэлтгэлээ хийгээгүй. Одоо хичээл ном жигдрээд ирэхээр ирэх жилийн улсын аваргад орохоор төлөвлөж байгаа. Мөн бүжиглэх дуртай.  “Aim4r Prod dance” бүжгийн клубт хичээллээд жил болж байна. 

-Н.Тэмүүжин: Миний хувьд спорт тийм ч их сонирхдоггүй л дээ. Одоо л волейволоор хичээллэдэг юм билүү гэж бодож байна. Спорт гэхээсэээ илүү загварын чиглэлд нэлээд дуртай. Энэ жил “Сити” институдээс зохиосон загварын тэмцээнд тусгай байр эзэлсэн. 

-Химийн шинжлэх ухаа­ны юу нь сонирхлыг чинь татдаг юм бэ?

-Н.Тэмүжин:  Аливаа юмны дотоод найрлагыг судалж, шинэ бодис гаргаж авах их сонирхолтой санагддаг. Дээр нь химийн хичээлээ сайн ойлгодог болохоор химиэр явах сонирхолтой.

-Б.Бат-Оргил: Харин би химиэр явъя гэж боддоггүй л дээ. Химиэр би зүгээр өөрийн оюун ухаанаа дайчилж, сорихыг хүсдэг. Яг л бокс, бүжиг гээд спортоор хичээллэдэгтэй адилхан юм уу даа. Харин чадвартай инженер болох илүү хүсэлтэй. 

-Ямар хүнийг хамгийн их хүндэлдэг вэ?

-Б.Бат-Оргил: Би аав, ээж болон ангийн багшаа хамгийн их хүндэлдэг. О тогтоолтын академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатарыг маш их хүндэлдэг. Монголын залуус ийм байх ёстой гэж бодон, үлгэр жишээ авдаг даа.

-Н.Тэмүүжин: Би ч гэсэн ээжийгээ хамгийн их хүндэлдэг. Мөн ангийн багш Оюунчимэг, химийн багш Өнөржаргал, Батбилэг нарыг хүндэлдэг. 

-Удахгүй хичээл орлоо. Их сургуульд орох бэлтгэлээ хэр хангасан бэ. Бүртгүүлж, мате­риалаа бүрдүүлж дууссан биз дээ?

-Н.Тэмүүжин: Бүрт­гүүл­чихсэн. Гэхдээ зарим юмаа хөөцөлдөж дуусаагүй байгаа. 

-Сэтгэл хэр догдолж байна?

-Арван жилээсээ  шинэ шат руу ахиж байгаа, мөн  шинэ танил нөхөдтэй болох гэж байгаа болохоор догдолж байгаа. Анхнаасаа сайн сурна даа л гэж бодож байна.

-Н.Тэмүүжин: Би бэлт­гэлээ хангаад дуусчихсан. Хичээлийн юмнуудаа л аваа­гүй байна. Хүмүүс чинь нэг дэвтэр нэг балтай байхад л болчихно гээд байх юм байна ш дээ. Миний хувьд ч гэсэн адилхан догдолж байна.

Э.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Гэртээ өнжих завгүй “хордлого”-ын Юндэн эмч

Хөтөлд гарсан булчин задрах тахал, метилийн спирттэй  архинаас болж өчнөөн хүн амиа алдсан тохиолдол, Дорнодын түймэр, Налайхын уурхайн осол гээд Монголд болсон томоохон үйл явдлуудын ихэнхэд нь хордлогын эмчээр ажилласан эрхмийнд өнжлөө. “Хордлого”-ын С.Юндэн гэхээр салбарынхан нь анддаггүй юм билээ. Утас цохиж гэрт нь өнжих хүсэлтэйгээ  хэлтэл “За даа, би ч гэртээ тогтоод байдаг хүн биш дээ. Манай эмнэлэг дээр хүрээд ирэх үү. Гэрээр ороод гарах зав олдох байхаа” гэж байна. Эмнэлгийг нь заалгаж аваад очлоо. С.Юндэн эмч Сонгинохайрхан дүүргийн урд талд “Гэгээн мед” гэдэг хувийн эмнэлэг ажиллуулдаг юм байна.  Айраг найрын цаг болохоор цөөхөн хүн хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Хордлогын чигийн эмнэлэг аж. Тасгууд нь цэвэрхэн, тохилог, өрөө бүрдээ ариун цэврийн өрөөтэй юм.

Эмчийн өрөөнд орлоо. Номоо хэвлэлд бэлтгээд тун завгүй суугаа нь ажлын ширээг нь харахад л илт байв. Эмнэлэгтээ ажиллахаас гадна Эх  хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвд зөвлөх эмчээр ажилладаг гэнэ. Мэдээж хордлогын чиглэлээрээ. “Та Монголд гарсан томоохон хордлогууд дээр ажиллаж байсан хүн. Илүү хөлс урсгасан, хүч шаардсан тохиолдол гэвэл алийг нь онцлох вэ” гэж асуутал “Хөтөлд 1996 оны үед гарсан холер. Монголоор бол булчин задрах тахал л даа. Би Эрүүл мэндийн яамны багийг толгойлж сэхээний эрчимт эмчилгээний зөвлөхөөр ажилласан юм. Өмнө нь манайд халуун орны тийм өвчин гарсан удаагүй учраас их хэцүү байсан. Ямар ч туршлагагүй. Шууд холер гэж мэдээгүй. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрээс гарч байгаа хаягдал уснаас хүн амьтан хордчихож, химийн хордлого байж магадгүй гээд намайг явуулсан юм. Анх очиход таван хүн нас барчихсан байлаа. Биднээс түрүүлээд бактерлогич, эрүүл ахуйчид оччихсон байсан л даа. Яг очдог орой  лабораторийн шинжилгээгээр холерийн үүсгэгч  гэдэг нь тодорхой болчихлоо. Өмнө нь огт заалгаж байгаагүй зүйлтэйгээ нүүр тулсан” гэж хэлээд толгой сэгсрэв. Тэднийг очсоны дараа нэг ч хүн амь үрэгдээгүй, шуурхай эмчилгээ хийж бүгдийг нь босгожээ.  Амжилттай болсны шалтгаан нь цэргийн байгууллага ажилласных гэнэ. “Цаашдаа ч гэсэн янз бүрийн голомтон дээр ажиллавал цэргийн байгууллагаа түлхүү түших нь зүйтэй юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн” гэж яриагаа үргэлжлүүлэв. Холерийн голомтод ажилласан эмнэлгийн ажилтнуудын хэн нь ч халдвар аваагүй нь зохион байгуулалт өндөр байсантай холбоотой гэж С.Юндэн эмч ярив. 

 Дараагийн хэцүү  тохиолдол нь Багануурын хордлого гэнэ. “Азийн чоно” компанийн метилийн спирттэй архины хордлого гэхээр уншигчид андахгүй. С.Юндэн эмч тэр хордлогын талаар “Маш богино хугацаанд их олон хүнийг хамарсан, нягтрал ихтэй хордлого байсан. Би арванхоёрдугаар сарын 31-ний шөнө хотоос дуудагдаад очсон юм. Тэр үед хоёр хүн нас барчихлаа гэж байсан. Намайг очих хооронд шөнөдөө долоон хүн нас барчихсан. Тэр үед бид нэг л зүйлд гомдолтой байсан. Эрүүл мэндийн боловсролтой холбоотой асуудал л даа. Архинд хордсон хүмүүс шартчихаж гээд гэртээ хэвтсээр байгаад яг үхэх болохоороо эмнэлэг бараадсан. Эмнэлгийн хаалгаар орж ирээд үхээд байсан. Тэр үед зуун хориод хүн хордож ирсэн. Цаг алдалгүй ирсэн хүмүүс нь бүгд сэхсэн. Хамгийн харамсалтай нь нас барсан хүмүүсийн дийлэнх нь  баяр ёслолын үеэр л архи амсдаг  залуус байсан” гэж ярилаа.  Архинд хордох, шартах хоёр ялгаатай эсэхийг сонирхоход “Ялгаатай байлгүй яахав. Хордлого нь  харьцангуй гүнзгий илэрнэ. Нүдний хараа муудна. Хөхрөлтийн шинжүүд ажиглагдана” гэсэн хариу өгөв. Ерэн оны эхээр Налайхын уурхайн осол ч их хүч шаардаж байж. Уурхай нурсан тэр үед угаарын хийн хордлого голложээ.  Уурхайчид тархины архаг хордлогод орсон гэнэ. Одоо ч зарим нь эмчийн хяналтад байдаг аж. Монголд олон хүнийг хамарсан химийн голомтын ослууд  20 гаруй удаа гарч байсны ихэнх тохиолдолд С.Юндэн эмч ажиллаж байжээ. 

Сүүлийн үед залуу хүмүүс амиа хорлох нь ихэсчээ. Эмчийн эмзэглэж явдаг асуудлын нэг нь энэ гэсэн. Тэрээр “Цаана нь сэтгэл зүйн асар том драм явагдаж байгаа. Гарцгүй байдалд орж эцсийн шийдэл нь үхэл болчихсон байдаг. Энэ нь эмчид үнэхээр хатуу буудаг. Нэгэнт сэтгэл зүрхээрээ явъя гээд шийдчихсэн учраас эмчилгээний үр дүн муу байдаг. Хүний бие сэтгэл хоёрыг хоёуланг нь эмчилж байж л босч ирдэг” гэж ярив. “Аврах боломжгүй өвчтөнийг аварсан тохиолдол бий юу” гэж асуухад “Өчнөөн бий. Эх нялхаст  могойд хатгуулсан  хоёрхон настай  казак хүүхэд ирж байсан юм. Их хүнд хордлоготой. Монголд тэрийг нь эдгээдэг эм  байхгүй. Могойн хорны ийлдэс гэж байдаг. Вакцин шиг зүйл гэсэн үг. Бие нь эрс муудчихаад байхад бид лазерын туяаны эмчилгээ хийсээр байгаад босгоод ирсэн. Хатгасан могойг тэр хүүхдийн аав цэвэр усны таван литрийн саванд хийгээд ирчихсэн. Хүү нь амьдарвал ууланд нь тавина, хүүгээ нас барвал цуг оршуулна гэж ярьж байлаа.  Жэпэнес мабуши гээд бамбай хоншоортны бүлгийн Японы могой байсан юм” гэж дурсамж сөхөв. Одоо л гэхэд Гэмтлийн сэхээнд могойд хатгуулсан есөн настай охин хэвтэж байгаа гэнэ. Мөн л энэ могойд хатгуулаад иржээ.  Зун цагт хүүхдүүд могойд хатгуулах нь их байдаг аж. 

С.Юндэн эмч ширээн дээрээсээ үдэж бэлдсэн зузаан гэгчийн бичгийн цаасыг авснаа  “Бид өглөө бээлий өмсөөд орой нь  тайлдаг хүмүүс. Амьдралын хэв маяг маань тийм. Хажуугаар нь эрдмийн ажилтай, багшилна, зөвлөх эмч хийнэ. Хувийн эмнэлгээ ажиллуулна. Одоо гуравдугаар эмнэлэг орж бэлэн болгосон номын эхээ редакторлуулах хүндээ өгөх юм. Тэр далимаараа та нарт гэрээ харуулъя. Ороод л  гарах байх шүү. Дараа нь гэмтлийн эмнэлэг орж эмчилгээ хийх ажил бий” гэж байна. Эмчилгээний өрөөнөөсөө саарал өнгийн жижиг аппарат аваад халаттайгаа үүд зүглэлээ. Могойд хатгуулсан охиныг эмчлэх лазерын эмчилгээний аппарат гэнэ. Машинд суугаад гуравдугаар эмнэлэг явах замд утас нь хангинав. “Одоо чинь найр наадмын цаг. Хүмүүс нь цуглана гэвэл очиж болж байна аа” гэж хэлээд утсаа салгав. Найз бүсгүйдээ гар хүрч амиа алдахад нь нөлөөлсөн гэх Алтанхүүгийн хэрэгтэй холбоотойгоор  шүүх хуралд  байлцахыг хүсч залгажээ. Шүүх эмнэлэг бүсгүйг зодуулснаас болж амиа алдаагүй, эрүүл мэндийн байдлаас шалтгаалсан гэсэн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг нь хохирогч тал хүлээн зөвшөөрөөгүй учраас  дүгнэлтийн талаар яамнаас хөндлөнгийн шинжээчид томилжээ. Шинжээчдийнх нь бүрэлдэхүүнд С.Юндэн эмч багтсан юм байна. Энэ мэт ажилд ч нэлээд оролцдог бололтой юм. 

Гуравдугаар эмнэлгээр орсны дараа гэр рүү нь явлаа. Гэрт нь ороход зураачийнд ороод ирэв үү гэж андуурмаар дүр төрх угтав. Бийр, будаг, эгнүүлж өрсөн эскиз зургууд хамгийн түрүүнд нүдэнд туслаа. Мандаж буй нарны наана зогсох унага, хоёр морь хөтөлсөн хүү гээд морины зураг цөөнгүй харагдав. Нөгөө талын хананд жаазлахад бэлэн болсон зургууд харагдана. Ц.Дамдинсүрэн зохиолчийн хөрөг их содон шийдэлтэй юм. Доод талд нь тоос татуулан давхих морьд, дээд талд нь эрдэмтэн зохиолчийн хөргийг зуржээ.  Саарал голдуу өнгө давамгайлсан энэ хөрөг яах аргагүй нүд унахаар бүтээл болж. Цэцэгсийн зураг ч нэлээд хэд үзэгдэв. Хүүхдүүд нь бололтой хүү, охин хоёрын зураг ч анхаарал татахаар юм. Зураг зурах нь  С.Юндэн эмчийн хобби гэнэ. Өнгөрсөн жил  хөгшнөө өөд болсноос хойш гэртээ байхдаа сав л хийвэл бийр, цаас нийлүүлдэг болж. Өглөө таван цаг гэхэд босч номоо бичдэг ажилтай гэнэ. Голдуу хордлогын чигийн ном бичдэг аж. Одоогоор хориод ном бичжээ. Номныхоо завсар зайгаар зургаа зураад суучихдаг бололтой. Зургаа цуглуулахаас илүү бэлэглэчихдэг юм байна. 

Санктпетербургт сурч байхдаа зурсан зургаараа бие даасан үзэсгэлэн хүртэл гаргаж байж. Хойно сурч байсан зургуудаа сонирхуулав. Санктпетербургийн цэргийн академи төгсч ирээд хөдөө бага эмчээр хэсэг ажиллажээ. Хотод ирээд цэргийн газарт нэлээд хугацаанд цэргийн эмч хийж.  Сонирхуулж хэлэхэд С.Юндэн эмч анагаах ухааны доктороос гадна цэргийн хурандаа цолтой юм билээ. Гэрийн эзэн зургийн цомог сонирхуулангаа “Одоогоор бол Сантпетербург, миний сурч байх үеийнхээр бол  Ленинградын Цэргийн хүмүүнлэгийн академид  байнга л байлдааны тухай заана. Шарх, хордлого хоёр л заана шүү дээ.  Тэр үед чинь надаас өөр хордлогын эмч байгаагүй юм. Эндээ ажиллаж байгаад Ленинградад буцаж очиж эрдмийн зэрэг хамгаалсан. Ленинградад нийтдээ  11 жил болсон. Санктпетербург их гоё хот. Зүгээр ч нэг тэнгэрийн доорх музей гэж нэрлээгүй. Жинхэнэ урлагийн хот доо” гэж ирээд Санктпетербургийн талаар баахан яриа өрнүүлэв.

Эднийх нэг хүү, нэг охинтой. Ач, зээ нийлээд долоо хүрчээ. Зуны цагт хайртай ач, зээ нар нь зуслан гардаг гэнэ. Өвөө нь амралтын өдрөөрөө очиж “эрхүүлэх ажил”-аа хийдэг аж. Ач, зээдээ амь, их ажлынхаа хажуугаар яаж ийгээд зав гаргадаг нь ярианаас нь илт. Байсгээд л ач, зээгээ ярих юм. Охин нь Боловсролын их сургуулийг хэлний чиглэлээр төгсчээ. Том хүү нь циркийн найруулагч  юм байна. Одоо циркийн сургуулийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж  байгаа гэнэ. 

Өчнөөн ажлын хажуугаар хоёр төрийн бус байгууллагатайг нь гэрт нь яриа өрнүүлж  суухдаа мэдэж авав. Нэг нь баруунд элбэг байдаг  шар айрагны клубэрхүү байгууллага гэнэ. “Оюуны сүм” гэсэн нэртэй. Ертөнцийн ээдрээтэй түмэн асуудлаар салбар салбартаа дажгүй яваа хүмүүс тойрч суугаад халуун яриа өрнүүлэх бололтой. С.Юндэн эмч бидэнд кофе бэлдэнгээ “Танин мэдэхүй хязгааргүй учраас шашнаас эхлээд ярихгүй сэдэв байхгүй. Миний цагийг авч мэдэх эд болоод байна даа” гэж байна. Эрхээ авахаар бичиг баримтаа бүрдүүлээд өгчихсөн гэнэ. Шар айрагны клубынхны ярих эхний уулзалт тун сонирхолтой өрнөх шинжтэй. Цөмийн физикийн залуус оролцох гэнэ. Эйнштейн амьдралын сүүлийн жилүүддээ эхний онолуудаа үгүйсгэсэн шиг шинжлэх ухаанд байдаг маргаантай асуудлуудаар  Монголын шар айрагны клубынхан яриа өрнүүлж эхлэх нь ямар ч гэсэн тодорхой болчихож. Хоёр дахь төрийн бус байгууллага нь Хордлого судлалын үндэсний шинжилгээний нийгэмлэг. Нийслэлийн Засаг даргын тамгын газрынхантай хамтарч архины эсрэг сурталчилгааны төсөл хэрэгжүүлж  эхэлжээ. Хашдаг алба нь хэд хүрснийг сонирхвол “Лав л хориод юм бий” гээд инээж байна. Одоо дахиад нэгийг нэмэх гээд бэлдэж суугаа  нь “Оюуны сүм” клуб аж.  

Кофе ууж, зургийн цомог сонирхож, элдэв яриа өрнүүлж суутал нэг л мэдэхэд гарах цаг болжээ. С.Юндэн эмч цагаа харснаа “Одоо гэмтэл рүү явж хоёр хүнд эмчилгээ хийх ёстой” гэж яаравчлав. Бид ч дагаж явах зөвшөөрөл аваад хамтдаа Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү сүнгэнүүллээ. Могойд хатгуулсан охин сэхээнээс энгийн тасаг руу шилжжээ. Лазерын эмчилгээ хийж эхлэх гэнэ. Охины өрөө рүү явах замдаа  “Хэт ягаан туяаны нэг гол үйлчилгээ нь микробыг шууд үхүүлдэг. Дараагийн үйлчилгээ нь  дархлааны бүх л элементийг идэвхжүүлнэ” гэж эмчилгээгээ тайлбарлав. Охин их л зовиуртай байгаа нь илт. Хөлөө битүү боолгожээ. Хөлөндөө дахиад мэс засал хийлгэсэн гэнэ. Биднийг очиход ээж нь сахиж байв. Охин эмээ, өвөөтэйгөө хөдөө явж байгаад могойд хатгуулжээ. Ганцаараа жимс түүх гээд мод руу ороод хатгуулчихсан аж. С.Юндэн эмч авч яваа аппаратандаа холбогч маягийн зүйл шургуулж, охины судсанд бэхэлсэн уян зүүтэй холболоо. Охины судсыг нэвтлэн харагдах  ягаан туяаг С.Юндэн эмч заагаад “Хэт ягаан туяа дамжиж байгаа нь энэ” гэв. “Хордлогын хувьд хамгийн гол зүйл бол цаг алдалгүй  тусламж үзүүлэх. Бид цаг алдаад байна. Хөдөө орон нутагт нарийн мэргэжлийн эмч байхгүй нь гол зовлон болоод байна даа. Хордлогын хувьд үндэсний сүлжээтэй, үндэсний төвтэй болох цаг ирсэн. Миний зорьж ажиллаж байгаа гол ажил гэвэл энэ. Одоо бол эндээс онгоцоор явж очих гэсээр байтал хордсон хүн маань муудчихдаг. Тэнд нь мэргэжлийн эмч байхгүй учраас нааш нь авчрах гэсээр байтал цаг алддаг. Манай оронд11 төрлийн могой байдгийн дөрөв нь хор учруулдаг. Могой бол хүнийг зүгээр байхад нь ирээд хатгачихдаг. Зөгийний хувьд  зөвхөн биеэ хамгаалах гэж л хатгадаг. Монголд могойноос өөр өчнөөн олон аюултай амьтад бий. Зун болоод ирэхээр хусны хачиг аюул тарьдаг. Хазуулчихсан л бол бараг авралгүй. Амьд үлдсэн хэд нь элий балай болоод дуусдаг. Аалз, хилэнцэт хорхой ч аюултай” гэж ярьснаа “За үг олдох нь, эмч нь эмчилгээгээ үргэлжлүүлье. Одоо зөгийд хатгуулсан нэг хүүхдийг үзнэ. Дахиад нэг хүүхэд могойд хатгуулаад ирчихэж. Нохойд хазуулсан хүнээ бас эмчилнэ. Ингэсгээд өндөрлөх үү дээ” гээд эмчилгээндээ анхаарав. 

Ц.БААСАНСҮРЭН

О.АНХЗАЯА

Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газар орон нутагт хуралдаж олон асуудал хэлэлцлээ

Засгийн газрын 41 дүгээр хуралдаан Булган аймгийн Хутаг-Өндөр суманд өнгөрсөн баасан гаригт болов. Засгийн газар суманд анх удаа хуралдаж буй. Хуралдаанд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нараас бусад нь оролцлоо. Мөн Булган аймгийн Засаг дарга тэргүүтэй холбогдох албаны хүмүүс иржээ. Засгийн газар суманд анх удаа хуралдахдаа Хутаг-Өндөр сумын Уньт багаас Хөвсгөлийн Тариалан хүртэл баригдаж буй замын ажилтай газар дээр нь танилцсан. 2016 он гэхэд бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбохоор төлөвлөсөн бөгөөд энэ жил дөрвөн аймгийн төвийг холбож дуусгах юм. Мөн Засгийн газраас “Сумын төвийн шинэчлэл” төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ жил 16 суманд уг төсөл хэрэгжих бөгөөд тэдгээрийн нэг нь Хутаг-Өндөр сум. Таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай төслийг хэрэгжүүлэхээр болсон Хутаг-Өндөрт болсон Засгийн газрын хуралдааны эхэнд Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, Хутаг-Өндөр сумын Засаг дарга Б.Жаргалсайхан нар аймаг, сумынхаа нийгэм, эдийн засаг болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Түүний дараагаар Хөвсгөл аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлын явцын талаар танилцуулав. Ажлын явц ямархуу байгаа талаар Зам, тээврийн сайд А.Гансүх “Өмнөговь аймгийн зам энэ наймдугаар сард ашиглалтад орно. Бусад замыг гэрээт хугацаанд нь буюу ондоо багтааж ашиглалтад оруулахын төлөө ажиллаж байна.Эдгээр замын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудал бүрэн шийдэгдсэн.Зам барилгын компаниуд ажлаа чанартай гүйцэтгэх хэрэгтэй. Энэ асуудалд Зам, тээврийн яам гол анхаарлаа хандуулж ажиллаж байна. Харин Хөвсгөлийн замыг барьж буй гүйцэтгэгч нартай газар дээр нь ирж уулзлаа. Замаа хурдан дуусгах талаар тодорхой үүрэг, даалгавар өгсөн. Наймдугаар сарын 30 гэхэд тодорхой ажлыг гүйцэтгэж амжихгүй бол өөр компани руу ажлыг нь шилжүүлэхээр болсон” гэв. Ерөнхий сайд Н.Алтанхуяг гүйцэтгэгч компанийн захирал болон салбарын сайдад нь хандаж ажлаа энэ онд багтааж дуусгахыг анхааруулсан юм. 

“Сумын төвийн шинэчлэл” төслийн хэрэгжилтийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан танилцууллаа. Энэ жил 16 суманд хэрэгжих төслийн хүрээнд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон шугам сүлжээний ажлын зураг төсөл боловсруулах даалгаврыг тухайн аймаг, орон нутгийн холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулж, хуулийн дагуу тендер зарлаад буй. Энэ хүрээнд 10 сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулж, 20 гүний худаг, усан сан, цэвэр болон бохир усны шугам, цэвэрлэх байгууламж, дулааны станц барьж байгуулахаар төлөвлөжээ.Төсөл хэрэгжсэнээр төсөлд хамрагдсан сумдын 43 мянга орчим хүн эрүүл ахуйн шаардлага хангасан ундны цэвэр усаар хангагдаж, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, ариутгах татуургын шугамд холбогдохын зэрэгцээ төвлөрсөн дулаан хангамжтай, тав тухтай орчинд ажиллаж амьдрах боломжтой болох юм. Сумын төвийн шинэчлэл төсөлд хамрагдсан Булганы Хутаг-Өндөр суманд л гэхэд цэвэр усны 4270 м, бохир усны 4300 м, гадна цахилгааны 9100 м агаарын шугам, цэвэрлэх байгууламж, гүний худаг, насосны станц, 1,5 км автозам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж болон тохижилтын ажлууд хийхээр төлөвлөжээ.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт арьс ширний гүн боловсруулах болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийг арьс ширний бэлтгэлтэй уялдуулан шуурхай зохион байгуулахыг салбарын сайдад нь даалгав. Мөн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд тус салбарт хэрэгжүүлэх “Сүүний хөргөлтийн төв” байгуулах, “Хөдөө аж ахуйн трактор, техник худалдан авах”, “Үр тарианы элеватор байгуулах” төслүүдийн тусгайлсан гэрээ байгуулах бэлтгэл хангахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт үүрэг болгосон юм.

“Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд аймгуудын Нэгдсэн эмнэлэгт оношилгооны төв байгуулж, аймаг, сумын хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр хөдөө, орон нутгийн иргэд орон нутагтаа өндөр техник технологийн аппарат, тоног төхөөрөмжөөр оношилгоо хийлгэх, эмчлүүлэх нөхцөл боломж сайжирсан нь хот зорин зардал гаргаж, чирэгдэл болох, иргэдийн эдийн засгийн болон сэтгэл зүйн дарамтыг бууруулсан ач холбогдолтой. Нөгөө талаасаа хотын эмнэлэг, төвүүдийн ачаалал тодорхой хэмжээгээр буурч байна гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцууллаа.Танилцуулгатай холбогдуулан яамд, орон нутгийн удирдлага хөдөөгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, Хүн амын эрүүл мэндийн төлөөх түншлэлийн баримт бичигт тусгагдсан өөрийн салбарын ажлыг хэрэгжүүлэн хамтран ажиллахыг сайд, бүх шатны Засаг дарга нарт даалгалаа.

Суманд анх удаа хуралдаж буй  Засгийн газрын хуралдаанд Хутаг-Өндөр болон харьяа сумын ард иргэд оролцсон. Орон нутгийн хөгжлийн сан, Сумын хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар санал сэтгэгдлээ хуваалцсан юм. Зээл авсан иргэд, аж ахуйн нэгжүүд зээлийн хөрөнгөөр сум, багийн хэмжээнд ямар ажил хийж бүтээснээ тайлагнадаг болох нь зүйтэй гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцлов. Харин Булган аймагт тулгамдаж буй гурван гол асуудалтай газар дээр нь танилцахаар болсон юм. Булганд 60 хувийн гүйцэтгэлтэй дулааны цахилгаан станц бий. Түүнийг дуусгаж өгөхийг тус аймгийн Засаг дарга Засгийн газрын тэргүүнээс хүссэн юм. Мөн Тэшиг сумын боомтын үйл ажиллагааг дахин сэргээж өгөхийг хүслээ. Эдгээр асуудлыг ирэх долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болсон юм. 

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Хүний амь Монголд хонины үнэгүй болжээ

Төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Зундуйн Дорж

 “Сод Монгол” группын захирал Анандбазарын хүү, олон улсын хэмжээний дугуйн спортын тамирчин Цэрэн-Өлзийг өнгөрсөн онд 17 настайд нь атаархуу хорлолт яргачид хээр хөдөө аваачин, хутгалж алсан юм. Энэ тухай “Үд дундын алтан гургалдай” тэргүүн ботидоо бичиж ийм нэг зүүлт хийсэн. Ер нь энэ Монголд чинь хүний амь хонины үнэгүй болох нь шив дээ. Хэр баргийн дайн байлдаанд ч ингэж ар араасаа үхэж үрэгддэг бил үү? Энэ цөөхөн хүнээс хаана, яаж үхэж байгааг бодохоор тольт зүрх хаагдаж, толгойтой үс халзармаар болох юм. 

Миний зээ Анандбазарт тэр тоолон хүнд тохиолдоогүй эмгэнэлт явдал тохиолдсон юм. Эрдэмтэй, зоригтой, тэвчээртэй хуульч хүн тулдаа амьд мэнд яваа байх. Хэрвээ миний хэдэн хүүхдийн нэгийг ингэж хөнөөсөн бол би тэр яргачин этгээдийг огцом түргэн дүрэлзэж алаад, шоронд орох байсан. Ананд тэр алуурчинтай нэг машинд суусан байдаг юм. Хүүгээ бүрэлгэсэн хүмүүсийн нэгийг машиндаа суулгаад явж байдаг. 

Сонин байгаа биз. Надад төдийгүй, өөр хэн нэгэнд ийм явдал тохиосон бол гутарч гуниад архинд орох байсан биз. Манай Ананд эрдэмтэй, холын бодолтой, далай тэнгис шиг хүн болоод л тэвчиж яваа хэрэг. Тийм сайхан хүү халхад цөөхөн төрсөн. Элэг зүрх хоёр нь мах цусны тасархай хэрнээ эдлэх зовлонг даахдаа чулуунаас ч илүү бөх юм шүү. Ер нь би Анандын нагац нь атлаа заримдаа ойлгодоггүй юм. Телевиз сонин хэвлэлээр элдвээр гүтгэн доромжилж байхад ч, хорон атаач жөтөөч нар матаж шоронд суулгаж байхад ч тоодоггүй хүн. Бурхан багшид үнэн сүжигтэй хүн л ингэж тэвчдэг байх.

Categories
мэдээ цаг-үе

Ө.Ганзориг: Бодлогын хүүг тодорхой хэмжээгээр өсгөх орон зай бий

Монголбанкны МБЗ-ийн гишүүн, Санхүү­гийн зах зээлийн хол­бооны ерөн­хийлөгч Ө.Ган­зо­ригтой цаг үеийн асууд­лаар ярилцлаа. 

-Монголбанкны мөнгө­ний бодлогын зөвлөлөөс бодлогын хүүг нэмэхийн зэрэгцээ банкуудын зохис­той харьцаанд өөрчлөлт оруулах шийдвэрийг гарг­сан. Энэ хоёр шийдвэр зэрэгцээд явахаар үр дүн нь хэрхэн харагдах вэ?

-Мөнгөний бодлогын зөв­лөл өөрөө зөвхөн бод­логын хүүгийн шийдвэрийг гаргаж байгаа. Шалгуур үзүү­лэлтийн шийдвэрийг Мон­гол­банк гар­гасан. Ингэснээрээ ямар давуу талтай вэ гэхээр нэг талд нь мөнгөний бодлогыг хатууруулж  байгаа боловч нөгөө талаасаа шалгуур үзүүлэл­түүдээрээ дам­жуулаад банкуудын хөр­вөх чадварын хувьд асуудал үүсэхээс сэргийлж байгаа. 

-Мөнгөний бодлогын хүүнд өөрчлөлт оруулах урьдач нөхцөл нь юу байсан бэ? Үүн дээр дэлгэрэнгүй хариулт өгөхгүй юу?

-Ер нь үүн дээр эдийн засагчид, үзэгчид ч хоёрдмол байр суурьтай байгаа байх. Юу гэж ярьж байгаа вэ гэхээр эдийн засаг хүнд байгаа үед хүүг өсгөнө гэдэг бол буруу шийдвэр гэсэн байр суурьтай эдийн засагчид бий. Нөгөө талаас заавал бодлогын хүүг өсгөхгүй бол болохгүй эдийн засгийн нөхцөл байдал үүнийг шаардаж байна гэж үзэж байгаа хэсэг ч байна. Бид энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Эдийн засгийн хямрал гэдэг нь дотоодын нийт бүтээгдэхүүн хасах буюу сөрөг утгатай болж эдийн засаг агшихыг хэлж байгаа. Монгол улсын хувьд эдийн засгийн өсөлт боломжийн өндөр түвшинд үргэлжилсээр байгаа. Энэ нь ч бодлогын хүүг өсгөх тодорхой хэмжээний орон зай байна гэдгийг харуулж байгаа.Нөгөө талаас өнөөдөр Монгол улсад үүсч байгаа эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал нь гадаад худалдааны балансаас үүдэлтэй. 

Гадаад худалдааны балан­сын алдагдал маань эргээд валю­тын ханш чангарах, ог­цом хэлбэлзэх байдлаар эдийн за­сагт сөрөг нөлөө үзүүл­сэн. Тэгэхээр үүнийг хаах шийд­вэрийг гаргахгүй бол эргээд ха­рин эдийн засагт сө­рөг эрс­дэлтэй нөхцөл байдал үүсгэж магадгүй. 

-Бодлогын хүү эдийн за­сагт хэзээ үр нөлөөгөө өгдөг вэ?

-Ер нь 6 орчим сарын хоц­рогдол­тойгоор эдийн засагт боди­той нөлөөлнө гэж үздэг.  Ми­ний харж байгаагаар тэр даруй үзүүлэх нөлөө бол төг­рөгийн өгөөжийг өс­гөнө. Тэ­гэ­хээр хадгаламж эзэм­шигчдийн хувьд бага хүүтэй дол­ла­раар долларын ханш өснө гэж хүлээж барих уу, эсвэл хад­галамжийн хүү нь өсөөд ирэ­хээр өндөр хүүтэй төгрөг барих уу гэдэг асуудал гарч ир­нэ. Нөгөө талаас долларын ханш гучаад хувиар өсчихөөд бай­гаа. Өсчихөөд байгаа ва­лют маань дахиад цаашаа хэ­дэн хувь өсөх вэ гэдэг дээр нэлээд эгзэгтэй болоод ирнэ. Ингэснээрээ алсдаа дол­лар­жилтыг тодорхой хэм­жээгээр саа­руулна. Хоёр­дугаарт хү­лээл­тийг эерэг чиг­лэлд өөрч­лөх давуу талтай. 

-Сүүлийн нэг жил орчмын хугацаанд бодлогын хүүнд өөрчлөлт ороогүй байсан. Энэ удаагийн шийдвэрийг гар­гахын тулд нэлээдгүй хугацаа зарцуулагдлаа гэж харж байна. -Энэ удаагийн хур­лын дотоод уур амьс­галын хувьд гадаад хүлээт­тэйгээ хир зохицсон уулзалт болсон бэ? 

-Ер нь хүлээлт нийт эдийн за­сагчид, олон нийтийн дунд бүрд­сэн байсан гэж харж байна. Хэ­дэн хувиар өсгөх үү гэдэг дээр асуудал байсан байх. Мон­гол улс сүүлийн хоёр жил хоё­роос гурван том асуудал дээр гол хүлээлттэй байлаа ш дээ. Үүний нэг нь Оюутолгой төс­лийн хоёрдугаар шат болон Зас­гийн газар Оюутолгой ком­пани хоорондоо асуудлаа бү­рэн шийдэх. Хоёрдугаарх нь, нүүр­сний салбар буюу Таван тол­гойн нүүрсний асуудал. Гу­рав­­дугаарх нь, нуруугаа ха­руул­сан гадаадын хөрөнгө оруу­лагч нар хэзээ эргэж ирж эх­лэх вэ гэсэн гурван асуудал дээр хүлээлттэй удаан явсан. Энэ хүлээлт бидний хувьд бас байсан. Гэтэл хүлээлтүүд бие­жихгүй, материаллаг болж чадахгүй байгаа гэсэн эгзэгтэй байдал үүссэн.

-Мөнгөний бодлогын мэ­­дэг­­­дэлд гадаадын шууд хө­рөнгө оруулалт, төл­бөрийн тэнц­лийг сайжруулах арга хэм­жээний үр дүн хан­галт­гүй байна гэсэн ийм дүг­нэлт бай­на. Өнгөрсөн удаагийн хоёр сарын хурал дээр бан­куудын гадаадаад та­тан төвлөрүүлж байгаа гу­рав хүртэлх жилийн хуга­цаа­тай гадаад валютын эх үүсвэрийг заавал байлгах нөө­­цийн шаардлагаас хасна гэсэн байгаа ш дээ. Тэгвэл энэ хугацаанд банкууд дээр ямар ахиц гарсан бэ?

-Энэ өгүүлбэрийг маш зө­вөөр томъёолж ойлгох хэрэгтэй. Яагаад вэ гэхээр гадаад худал­дааны баланс нь засгийн газрын буюу сангийн яамны удирддаг баланс байж байгаа. Мөн төсвийн баланс байгаа. Тэгэхээр энэ хоёр тэнцэл дээр засгийн газар Монголбанк гэсэн хоёр үндсэн субект явж байгаа, эдийн засгийн бод­логын хувьд.  Засгийн га­зар, Монголбанк хоёр яг хоо­рондоо уялдаа холбоотой зэ­рэг ажиллаж чадах ёстой. Тэгэхээр зарим талаараа бол гадаадын хөрөнгө оруулалтыг эргүүлж татах хууль эрхзүйн орчны шинэчлэл, энэ бол улсын их хурал дээр гарах асуудлууд. Энэ маань нэлээд хоцрогдолтой гарч байгаа, удааширч байгаа талууд байгаа. Ашигт малтмалын ту­хай хууль байж байна. Энэ нь гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байдаг хууль. Энэ хуулийн шинэчлэлт гэхэд маш удаж байж гарч байх жишээтэй. Иймэрхүү асуудлууд байгаа шүү, ийм санаа агуулагдаж байна гэж тайлж болно. 

-Төлбөрийн тэнцлийн ба­лан­сыг сайжруулахын тулд өөр ямар арга хэмжээ авч хэ­рэгжүүлэх шаардлагатай вэ?

-Миний харж байгаагаар гадаад худалдааны балансын хямрал гэж ярья л даа, энэ бол ерэн оноос хойш манай улсад тав, зургаан удаа тохиолдлоо. Энэ удаагийнхаас өмнө нь 2009 онд тохиолдсон. Манай экспортын хамгийн гол бүтээгдэхүүн болох  зэсийн ханш олон улсын зах дээр 8000 доллараас 2700 доллар хүртэл унахад бид төсвийн асар том хямралд орсон. Одоо энэ удаа зэс гэдэг сэдэв солигдоод нүүрс болж хувираад байна. Нүүрсний ханш Хятадын зах зээл дээр унаснаас болоод гадаад балансын алдагдалд орсон. Тэгэхээр олон нийт юуг ойлгох ёстой вэ гэхээр манайд үүсээд байгаа долларын хэл­бэлзэл, гадаад худалдааны ба­лан­сын алдагдал бол  эдийн засгийн суурь бүтцийн хямрал юм. Суурь бүтэц буруу байгааг харуулж байна. Эдийн засаг 90 хувь нь уул уурхайгаас хамаарч байгаагийн буруу юм. Аливаа засгийн газрын нэг төсөл хө­төлбөр юм уу, мөнгөний бод­логын нэг шийдвэрээр энэ за­сагдана гэж ойлговол маш бу­руу хүлээлт болно. Харин эд­гээр шийдвэр нь огцом шо­кийг зөөлрүүлэх, хөнгөвчлөх л үүрэгтэй шийдвэр. Тэрнээс урт хугацаанд эдийн засгийн бүт­­цийг өөрчилж чадахгүй шүү дээ. 

-Монгол улсын өнөөгийн эдийн  засгийн нөхцөл бай­дал дээр ямар эерэг хүлээл­түүд байгаа вэ?

-Найман сард манай хоёр хөршийн тэргүүнүүд Монгол улсад айлчлах тухай мэдээ байгаа.  Энэ айлчлалаар страте­гийн томоохон хэлэлцээрүүд дээр гарын үсэг зурна гэсэн хүлээлт зах зээл дээр үүссэн. Ялангуяа гадаадын шууд хөрөнгө оруулагчдын хувьд эерэг хүлээлт үүссэн.

Ярилцсанд баярлалаа.

М.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Алтны төлөөх зэрлэгшил (3)


ЦАГДАА НАРЫН ХӨӨЛӨГ БУЮУ НҮХНИЙ ЭЗЭД НҮХЭЭ ОРХИВ

Үдийн наран хэвийсээр төд удалгүй үдшийн бүрий нөмрөв. Нинжа нар
ядрахаа мэдрэхгүй ажилласаар л. Моторын чимээ улам нэмэгдэж зарим нинжа нар шантрав
бололтой зардлаа хийгээд буцах тухай ярьж эхэллээ. Нөгөө хэсэг нь өглөөний долоон
цагаас өмнө жаахан чулуу авчих гэж үзэлцэнэ. Учир нь өглөөний долоон цагт цагдаа
нарын бүрэлдэхүүнтэй хөөлөг ирнэ гэсэн тул юу ч үгүй байгаа нөхдүүд гэнэт сэхээ
авч байгаа нь энэ. Цагдаа нар ирэхээрээ бичиг баримт шалгаад, торгоод балладаг гэнэ.
Хувь заяатайгаа эвлэрсэн зарим нэг нь архи уун хоорондоо цусаа гартал зодолдож байна.
Нэг найзыгаа хайгаад явж байгаад тэдэн дээр очтол шидсэн чулуунд нь золтой л оногдчихсонгүй.

“Амьгүй лалар минь нааш ир дээ” хэмээн хоёр залуу босоод ирэв. Ер нь бол хөлийн
хурдаараа зугтсан нь дээр гэж хэлсэн хүний үг санаанд буув. Зүгээр л зугтчихлаа.
Тас харанхуй шөнө гүйж яваад жижиг нүх рүү унав. Хүмүүс тэр нүхэнд бараг дүүртэл
нь хог хийсэн тул газардахдаа тийм ч сүртэй унасангүй. Харанхуй нүхэнд унасны буянаар
согтуучууд намайг олсонгүй. Цагдаа нарын сургаар олон хүмүүс хөдөллөө. Шөнө дөлөөр
цагдаагийн маяак асаасан хар хаммер жийп ирэв. Алтантогос уулын оройд шахуу ирж
зогсчээ. Олон хоног яваад юу ч олж чадаагүй хүмүүс уйлах нь холгүй зогсоно. Баруунхараагаас
ирсэн хэсэг залуус өөр нүх рүү дээрэмдэн орохын тулд хэлгүй нэг нөхөртөө хутга бариулжээ.
Хэлгүй залуу бодож санах зүйлгүй хатгачихдаг тухай нутгийнх нь залуус хэлж байв.
Өглөө хөөлгийнхөн ирэх сургаар бондгорынхон ч сандралдаж эхэллээ. Бондгорын хагасаар
явна гээд шууд л чирэх янзтай шүү. Хоёр найзын хамт гурав дахь хоног дээрээ хоёр
тавын шуудай чулуутай боллоо. Бидний хувьд олзны бага нь амттай гээд нутаг буцах
болов. Харин жинхэнэ нинжа нар явах янз алга. “Хөөлөг ирж л байг. Үхсэн алалцаад
гарах хэрэгтэй” хэмээн сархад хүртэнгээ дэргэдэх хүмүүсээ хөөргөнө. Төд удалгүй
нинжа нар “Цагдаа нар Баруунхараагаар  салаад
ирж байна” гэх мөчид нэлээдгүй хүмүүс нүхээ орхив. Үнэндээ алтны тэр олон нүхнээс
хоёр гурваас нь л алт гайгүй гарч байсан юм. Тэр нүхнүүд дээр хүмүүс тэдний ярьдгаар
“алалцаж” цус нөжөө гоожуулан нүх рүү орохоор зүтгэнэ.

Ер нь бол нүхэнд орчихсон байхад аргаа олно гэж ярих юм билээ. Бидний
хувьд хоёр шуудай чулуугаа машиндаа ачиж аваад хөдөллөө. Тэр чулуунуудаа тээрэмдүүлнэ
гэдэг том ажил ард үлдсэн тухай найз маань хэлэв.

 

БУХ ОЛСОН ХҮН АЛТНЫ КАРЬЕРАА ДУУСГАДАГ

Насаараа алтанд явсан хүмүүсээс баяжсан нь тун ховор байдаг аж. Тэдний
хувьд алт гайгүй гарсан газраас нэг бурзайгаад дараагийн алт гартал хорвоогийн бор
хоногийг өнгөрүүлдэг гэсэн. Нинжа нараас нэг дор том бух олсон хүн дахин алтанд
явдаггүй аж. Хэдэн жилийн өмнө Завханаас нэг нинжа гэр бүлийн хамт алтанд явсан
юм байна. Нөхөр нь нэг өдөр 25 сая төгрөгийн бух олоод эхнэртээ үзүүлжээ. Эхнэр
нь дахиад нэг нүх рүү орчих жаахан чулуу аваад гараад ир гэсэн байгаа юм. Нинжа
залуу болохоор том бух олсон хүн дахин нүхэнд орвол шороонд даруулдаг гэдэг бичигдээгүй
үнэнд итгэж явсан болохоор өдрийн хагас орохгүй гэж зөрүүдэлжээ. Эхнэр нь чи ганцхан
удаа л орчихооч дээ гэж шалсаар байгаад нүх рүү оруулсан гэнэ. Нөхөр нь нүх рүү
шурган ормогц нүх нурж өнөөх залуу амиа алджээ. Эхнэр нь уйлан хайлан “Хэрэггүй
орууллаа. Зүгээр л явдаг байж” хэмээн 25 сая төгрөгөө нөхрийнхөө шарилтай ачаад
Завхан руу буцсан гунигт явдал болж байжээ. Нинжа нар “Алт хүний шуналыг хөдөлгөдөг.
Хүн шуналаа захирч явах ёстой. Алт ямар ч хүнийг араатан болгож чаддаг. Том бух
олсон хүний алтны карьер шууд дуусдаг. Эсвэл амиа алддаг” гэсэн юм. Мөн байгаль
өгснөө буцааж авдаг болохоор алттай хүн шиг харьцах ёстой гэцгээх юм билээ. Алт
дагаж амьдрал ахуйгаа залгуулж яваа хүмүүсийн дийлэнх нь амь сорьсон зүйл хийдэг.
Ямар ч бэхэлгээ байхгүй нүхэнд үхэлтэй өрсөлдөн алтны чулуу цохидог. Тэдний хувьд
“Энэ төр биднийг ингэж явуулж байна. Төр нь иргэнээ хардаг байсан бол юу гэж ингэж
явах вэ. Зарим гэр бүлүүд удам дамжсан нинжа нар болсон” хэмээн ярьж байсан юм.

Нинжа нарын ордог нүх нурахгүй гэх ямар ч баталгаа байхгүй. Зарим
хүн муутай нөхдүүд нь нүхнийх нь багана чулуунд алт байгааг харчихаад амиа бодон
баганыг нь цохиод авчихдаг аж. Иймэрхүү хүн чанаргүй хүмүүсээс болж олон ч хүн шороон
доор мөнх нойрссон тухай тэд ярьцгаасан юм. Олон зүйл шалгааж асуугаад байсанд нэг
егзөр өвгөн “Чи нинжа биш сэтгүүлч юм биш үү. Нэг л харсан хүүхэд байх юм. Бичих
гэж байгаа бол бичсэн шиг бичээрэй” гэлээ. Хэрэв сэтгүүлч гэдгээ мэдэгдвэл үргэлж
эргэж харж байхгүй бол ер нь хэцүү ш дээ хэмээн анхааруулсан юм. Нинжа нар хамгийн
сүүлд хэзээ сонин уншиж, зурагт үзсэнээ санахгүй байна гэлээ. Нэг өвгөн “Монгол
Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ямар хүмүүс ажиллаж байгаа вэ. Яагаад биднийгээ
харахгүй байна вэ” хэмээн үнэн голоосоо хэлж байлаа. “Элбэгээ ерөнхийлөгч Энхбаяраас
тамгаа авсныг санаж байна. Сүүлийн үед улс төрд юу болж байна. Хот хүрээ хэр тэлж
байна” гэхчилэн түмэн асуултаар булж байсан юм. Энэ өвгөнөөс гадна хичнээн хүн ийм
байдалтай байгаа бол гэж бодохын зуур харамсах сэтгэл төрнө. Алтны нүхнээс нүх дамжин
явсаар ингэж зэрлэгшиж байгаа хүмүүс ирээдүйгээ хэрхэн төсөөлдөг бол.

 

ЧУЛУУГАА ТЭЭРЭМДҮҮЛЭХИЙН ТУЛД АРЫН ХААЛГА

ХЭРЭГТЭЙ

Чулуугаа аваад Зүүнхараагийн тээрэм рүү өглөө эртлэн очлоо. Хүмүүс
оволзож шороонд дарагдсан машинууд гурав хонож байна гэлээ. Тээрмийн очерийг асуутал
“Наймдугаар сарын 22 хүртэл дугаар өгчихсөн. Одоо ямар ч арга алга” гэв. “Манай
цаана дахиад нэг тээрэм байгаа оч” гэхээр нь тийш зүглэв. Эхний тээрмийг бодоход
дугаар алга. 24 дээр нэрээ бичүүллээ. Ямартай ч 4-5 хоногийн дараа орох байх гээд
ярьж байтал аз болж гурав дахь хүн “Маргааш ирж бичүүлье. Дахин нэг ачаа маргааш
ирнэ” гэлээ. Тэр хүн хоёр тэвш чулуутай аж. Тээрэмд нэг удаа ороход зургаан цаг
орчим болж байв. Өдөртөө орчих байх хэмээн найдаж байтал эхний хүний гурван шуудай
чулууг тээрэмд оруулж дуусахад үүр цайж байв. Уг тээрэм шинэ байсан тул тээрэмний
ул нь арзайсан юм харагдана. Хамгийн эхний хүн гурван шуудай чулуунаасаа есөн грамм
алт авлаа. Тэд 500 мянган төгрөгтэй боллоо. Уг нь 2-3 сая төгрөг авна гэж бодож
байсан болохоор их л сэтгэл дундуур байгаа харагдсан. Угаасан чулуугаа дахин угаахаар
алт гардаг аж. Тэд есхөн грамм алт авчихаад юуг нь угаадаг юм гэж уурлан шалмаа
хаяад явчихлаа. Тэдний араас ганц шуудай чулуутай Баяраа ах тээрэмд оров. Түүнтэй
хамт явсан залуу эхний хүмүүсийн орхисон шалмыг угаагаад долоон грамм алт авч
400 мянган төгрөгтэй болчихлоо. Уг тээрмийн чулуу уландаа арзгар тул хамаг алт нь
тэр нүхнүүд рүү орсон аж. Нэгэнт орчихсон алтыг яалтай билээ гээд ярьж зогстол нэг
нь тэвнэ барьж ирээд тээрмийн тогоо руу орчихлоо. Араас нь яваад очтол тэвнээр нэг
нэгээр нь авна гэж байна. Тоглож байгаа байлгүй гэтэл тээрэм дотроо хэвтчихсэн ухаж
эхэллээ. Үнэхээр бух буюу том том алт нь доороо үлдчихсэн байсан юм. Алт гарч ирсэнд
урамшсан уу яасан нүхнээс бүр гарах шинж алга. “Арынхаа хүмүүсийг бодооч ээ” гэж
хэлснийхээ төлөө загнуулаад авлаа. “Үйлээ үзэж олсон алтаа зүгээр нэг тээрэмд ингэж
дээрэмдүүлэхгүй шүү” хэмээн шүд зуув.

Тээрэмний Туяа гэх бүсгүйд хандан есөн грамм алт авсан залуус “Танай
тээрэм ямар муухай хулгайч юм бэ” гээд уурссан үгс чулуудав. Ямар ч хүн жаахан чулуугаа
аятайхан тээрэмдүүлээд авахыг бодох нь гарцаагүй. Тэдний хувьд зургаан цаг тээрэмнийхээ
чулууг долоохоос наагуур юм болов. Нэг нөхөр ирээд “Сайн долоо. Хамаг алт чинь наад
нүхнүүдэд чинь байгаа. Хоосон хоцорвол та нарын хохь болно. Та нар гэртээ шалаа,
аягаа ч ингэж угаадаггүй биз” гээд буцаад явлаа. Ашгүй нэг тэд тээрэмнээс гараад
иртэл уг тээрмийг ажиллуулдаг хүний дүү ирээд бидний өмнүүр долоон шуудай чулуу
оруулав.

Бүтэн өдөржин хүлээсэн болохоор хэл ам хийтэл “Хуцаад бай. Иймээ
тиймээ юм яриад байгаарай” гээд бараг л та нарыг тээрэмд оруулахгүй байж чадна ухааны
юм хэлдэг байгаа. Уг нь орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор төслөөр
барьсан аж. Гэтэл уг тээрэм танил тал, арын хаалгаар хэд хоног хүлээсэн хүмүүсийн
өмнүүр хүн оруулж үйлчилдэг юм билээ. Тэднийг хүлээх бас нэг ажил гарлаа. Өдөр өнгөрч  оройн хэрд хоёр шуудай чулуугаа оруулав. Чулуугаа
тээрэмдүүлсний дараа хүн гуйж алтаа угаалгалаа. 20 грамм алт гарч нэг сая төгрөг
болов. Гурвуулаа өнөө мөнгөө хувааж аваад гэр гэрийн зүг явцгаасан юм. Гурав хоногийн
дотор сая төгрөгийн ажил хийсэн нь энэ билээ.

 

БҮТЭН ГАЗРААС АЛТ УХМААР БАЙНА БУЮУ ТӨГСГӨЛИЙН ХЭСЭГ

Гар аргаар алт олборлогчдын тухай хууль батлагдсанд нинжа нар таатай
хандаж байсан бөгөөд заавал уурхайн ухсан нүхэн дээр орох нь тийм ч таатай санагдахгүй
байгааг хэлсэн юм. Тэдний хувьд шинэ газар сэндийчих нь сайхан байдаг гэнэ. За тэгээд
цөөхүүлээ байвал бүр янзтай юм байх. Алтны төлөөх зэрлэгшил, нийгмээс тасарсан хүн
сүрэг алт гарч байгаа газар өсөн өндийж байна. Долоо хоног нүх ухаж хумсны толион
чинээ цаашлаад өндөгний чинээ алт олоод тэнгэрийн умдаг атгасан мэт баярлах. Насны
хоолоо олсон мэт нуруу тэнийн маадгар алхах. Алтаа тушаачихаад явж байхдаа Октъябрийн
алтан дээр явсан залуусаас “Цагдаа нар ирэв үү” гэхэд “Ирсэн. Хөөгдөөд ирчихээд
л байж байна. Удахгүй өөр хамгаалалт ирэх байх. Даваабаатар тэнэг л битгий ирээсэй”
гэж байсан юм. Үнэндээ Октъябрийн алтан дээр хувиараа бизнес эрхлэгчид, төрийн албан
хаагч, банкныхнаас гадна мянгат малчин хүртэл нүх ухаад явж байгааг хараад алт хүчтэй
юм гэдэг нь батлагдах мэт. Алтанд явна гэдэг нь зүгээр очиж газар дээрээс чулуу
шуудайлаад алт авахын нэр огтоос биш. Ямархан тэмцэл, даваа нугачаа, цаг хугацаа,
хүч хөдөлмөр зарж санасандаа хүрдэг зарим нь санасандаа ч хүрч чадахгүй байгааг
хараад нуруу бөгтийх шиг санагдав. Анх ирсэн өдөр уулзсан хүүдээ загнуулж байсан
82 настай эмээ “Төрийн түшээд ирж хараач. Нүдээ нээгээч” гэсэн нулимстай үгээр энэ
тэмдэглэлээ өндөрлөсү.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Браво, Г.УНДАРМАА!

Бүхний танил жүжигчин, цоглог бүсгүй   Г.Ундармаа хүмүүнлэгийн үйлст цахиур хагалж яваа. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн  Хүүхдийн зөвлөх поликлиникийн “Итгэлийн танхим”-ыг бий болгохоор тэрбээр хоёр сарын турш ажиллажээ. “Барилгын  ажилтай учраас биед амраар нь бэлтгэлийн хувцастай, нооройсон юм ирдэг байсан бол даашинзтай ирэх өдөр байдаг л юм байна гэж шатаар өгсч явахдаа бодож байлаа” гэж  Г.Ундармаа хэлсэн. Зөвлөх поликлиникийн үүдэн хэсэг эмнэлгийн орчин гэхээргүй хувирчээ. Суух зөөлөн сандал, гэрэлтүүлэг, хамгийн гол нь тоглоомын хэсэгтэй болжээ. Хананд нь Инээдмийн толь байрлуулсан байна. Бяцхан үйлчлүүлэгчдэд зориулсан эдгээр жижигхэн толь хүнийг агшааж, сунгаж, бүдүүн бас нарийн харагдуулахаас гадна уруу нь харуулах шидтэй. 

12 цагийн үед “Итгэлийн танхим”-ын нээлт хийхээр товлосон байв. ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр “Тууз хайчлах уу” хэмээн жүжигчин бүсгүй руу харвал Г.Ундармаа “Өө, яах юм” хэмээн гүдэсхэн хариулж байна. “Итгэлийн танхим”-ын ажил хугацаандаа багтах эсэхэд  санаа зовсон хүмүүс ч байж. Харин жүжигчин бүсгүй “Би унтлагын өрөөгөө тохижуулах гэж хорь гаруй хоносон юм. Энэ зэргийн ажилд  хугацаа зарцуулалгүй яахав” хэмээн тайвшруулжээ. 

-Би уран бүтээлээ хийхдээ хүнээс мөнгө гуйж үзээгүй. Адилхан ашиг олох гэж байж хүнээс мөнгө гуйгаад яахав гэж боддог. Эмнэлгийн ажил дээр  арай л аймаар  мөнгө гуйдаг гэж Г.Ундармаа ам алдав. Энэ удаагийн “Итгэлийн танхим”-ын хамгийн том санхүүжүүлэгч нь гурван монгол бүсгүй бий. Тэд 10 сая төгрөг хандивлаж, бас тоглоомын өрөөг байгуулсан юм. Америкт амьдардаг Д.Үүрийнтуяа, Австралид амьдардаг Д.Уранбилэг, Францад амьдардаг Д.Үүрцайх нар найз бүсгүйчүүд агаад хамтран  “Гоо баян health” компани байгуулсан аж. Гурван бүсгүй арван хүүхэдтэй, хүүхдүүд тэдний ярианы гол сэдэв. Хүүхдээ эмнэлэгт үзүүлэхдээ тохь тухтай орчинд үйлчлүүлдэг тэд Монголдоо ч бас ийм л байлгахыг хүсчээ. Нээлтэд оролцсон Д.Үүрцайх бүсгүй  хүүхдийн тоглоомыг сонгохдоо  “Хүүхдэд ээлтэй, эко, бас оюун санааг хөгжүүлдэг” гэсэн шалгуураар хандсан гэлээ. Нээлтээс өмнө амжихаар тоглоомуудаа онгоцоор яаралтай авчруулсан аж.  “Францад  эмчийн өрөөнд ихэвчлэн  ийм тоглоом байдаг. Өвдөөд уйлаад ороод ирсэн хүүхэд таван минут ч гэсэн сатаарч тайвшрах болов уу гэж бодсон” гэж Д.Үүрцайх ярив.  Түүний найз Д.Үүрийнтуяа жүжигчин Г.Ундармаагийн  танил байсан учраас бүсгүйчүүд сайн үйлсийн аянд нэгдэхээр шийджээ. 

Тэднээс гадна иргэн Ж.Ундармаа найман сая төгрөг, АПУ компани таван сая төгрөг, Даянжавын гэр бүл гурван сая 500 мянган төгрөг гэх мэтээр хандивлагчдын жагсаалт хөвөрнө. Эмнэлгийн үүдэнд тэдний нэрийг байрлуулснаас гадна хандивын жагсаалтыг  сэтгүүлчдэд өгсөн. Жүжигчин Хүрлээ гэхэд л сая төгрөг хандивласан байна лээ. Зөвлөх поликлиникийн хүлээлгийн танхимыг  засварлаж тохижуулахад  35 аж ахуйн нэгж, иргэд 78.5 сая төгрөг хандивлажээ. Г.Ундармаа дараагийн “Итгэлийн танхим” байгуулах газраа товлосон байна. Гэхдээ “Ажил хэрэг болтол нь одоохондоо нууцалсан нь дээр” гэв.  Итгэлийн танхим байгуулах ажилд нь цалин хөлс нэхэхгүй, сайн дураар тусалдаг дөрвөн хамтрагчтай  болжээ.  Г.Ундармаа ба түүний нөхөд “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан гэнэ.

ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр “Монгол хүмүүс сайхан сэтгэлтэй болж байна. Монгол Улс хөгжихийн тэмдэг” гэсэн юм.

 Г.Ундармааг “Шинэ үе” продакшны жүжигчин гэдгийг хүмүүс мэднэ дээ. “Хүнд муу санахгүй, өмнөх ажлаа хийгээд явбал ажил үйлс аяндаа бүтнэ” гэж тэр  итгэдэг.  СУИС-ийг 1992 онд төгсөөд Эрдэнэт хотын театрт гурван жил ажиллаж байжээ.  Хошин урлагт зүтгэхийн зэрэгцээ “Анун” компанид худалдагчаас эхлээд борлуулалт хариуцсан захирал хүртэл дэвшиж ажилласан үе түүнд бий. Говь-Алтай аймгийн Алтай хотод бага насаа үдсэн. Түүний ээж мөн жүжигчин байж. Г.Ундармааг хүмүүнлэгийн ажил хийхэд нь фэйсбүүкийн найзууд нь ихэд дэмжиж тусалдаг. Энэ удаагийн “Итгэлийн танхим”-ын төсөл дээр ч фейсбүүкийн найзынх нь компани  бүтээн байгуулалтын  зургийг нь хийж өгчээ.  Мөн “Итгэлийн танхим” хэмээх нэрийг найзууд нь хэлэлцэж байгаад өвчтэй хүмүүсээ эдгэнэ гэж хүлээж суудаг танхим хэмээх утгаар “Итгэлийн” хэмээх тодотгол хийсэн юм билээ. 

Жүжигчин Г.Ундармаа Улсын клиникийн нэгдүгээр амаржих газрын хүлээлгийн танхимыг   2011 онд тохижуулж байсан агаад, 2013 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн төвд “Итгэлийн танхим” байгуулж өгсөн юм. Олон хүүхдийг дэмжиж, тусалж явдаг цоглог, эрч хүчтэй жүжигчин бүсгүйг хүүхдийн бурхан ивээх болтугай!

Б.ЯНЖМАА           

Categories
мэдээ цаг-үе

Лос анжелосын алдартнуудын гудамжинд хөл гарын хэвээ үлдээсэн анхны Солонгос жүжигчин Ли Бьюн хун

-Ирэх онд нээлтээ хийх Тернинатор цувралын дараагийн ангид гол дүр бүтээнэ- 


•    Нэр: Ли Бьюн Хун
•    Төрсөн өдөр: 1970 оны долдугаар сарын 12
•    Төрсөн газар: Өмнөд Солонгосын Сөүл хот
•    University:  Солонгосын “Chung-Ang”-ийн ахлах сургууль, “Hanyang” их сургууль  
•    Үндсэн мэргэжил: Францын уран зохиол, Театрын урлаг
•    Өндөр: 1 метр 78 cм
•    Цусны бүлэг: O
“Зочид буудлын эзэн” киноны Ким Инхагийн дүрээр монголчуудын хэзээний танил Солонгостоо төдийгүй дэлхийд хэдийн нэр алдар нь түгсэн алдарт жүжигчин Ли Бьюн Хун чинээлэг бизнесмэнийн гэрт төрж өссөн бөгөөд түүний эцэг нь 2000 онд насан эцэслэтлээ Солонгосын нөлөө бүхий бизнес эрхлэгч байжээ. Харин түүний дүү Юэн 1996 оны Солонгосын Мисс бүсгүйгээр өргөмжлөгдөж байжээ. Тиймээс түүний гэр бүлийг салбар бүрт амжилт гаргасан олны танил гэр бүл гэдгээр нь солонгосчууд хүндэтгэлтэй ханддаг юм.
1991 онд тэрээр KBS телевизийн “Asphalt My Hometown” хэмээх телевизийн олон ангит киноны сонгон шалгаруулалтад оролцон, тэнцсэн нь уран бүтээлч болох эхлэлийг нь тавьсан гэхэд болно. Үүний дараагаар 1992-1997 оны хооронд онд KBS телевизийн “Tomorrow Love”,  Son of Wind, “The Sorrow of the Survivor, “Salanaleun Jaui Seulpeum” “ Tomorrow Love”,  “Naeileun Sarang” “Days of Sunshine” болон  SBS телевизийн   “I Want”, “Flower That Never Wilt”, “Dream Racers”, “Scent of Love”, “Police” зэрэг олон ангит кинонуудад өөрийн дүрийг бүтээсээр ирсэн хөдөлмөр ч жүжигчин юм. харин 1998 онд “The Harmonium in My Memory” хэмээх олон ангит драмд гол дүр бүтээсэн нь үзэгч олон, кино шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан юм. Энэ үед нуруулаг, чийрэг, басхүү шалмаг хөдөлгөөнтэй тэрээр адал явдалт кино найруулагчдын анхааралд өртсөн юм. Ийнхүү тэрээр хоёр жилийн дараа буюу 2000 онд найруулагч Чан Вүүк Паркын хүйтэн дайны үеийн хоёр Солонгосын хил дээрх цэргүүдийн тэмцлийг харуулсан “Joint Security Area”-д түрүүч Со Хьюк Лигийн дүрийг бүтээв. Энэ нь түүнд олон ангит савангийн дууриас илүүтэй ганц ангит адал явдалт бүрэн хэмжээний уран сайхны кинонд дүр бүтээх сонирхлыг өдөөжээ. Нөгөө талаас Солонгосын кино урлагт утга уянгын киноны олны танил жүжигчин, дайн тулаант, адал явдалт уран сайхны кинонд тоглох зоримог шийдвэр гаргаж байгаагүйгээс гадна бүр амжилт гаргаж байсан удаагүй. Тийм ч учраас үүнийг кино шүүмжлэгчид “Ли Бьюн Хун шиг бусдыг уйлуулж, уяраасан дүрд тоглосон жүжигчин гэнэт гэмт хэрэг, зодоон нүдээнтэй киноны гол дүрд тоглохоор үзэгчид тэр бүр хүлээж авах нь үгүй. Тэгж ч чаддаггүй юм. гэтэл тэр бол үүнийг хийж чадсан. Чадах чадахдаа бүр Холливүүдэд тоогдохоор шүү” хэмээн үнэлжээ.  

“Beautiful Days” and “All In” “Bungee Jumping of Their Own” адал явдалт уран сайхны кинонуудаараа амжилтаа бататгасан гэхэд болно. 2005 онд түүний дараагийн хит уран бүтээл болох найруулагч Жи Вүн Вооны “A Bittersweet Life” хэмээх мафийн гэмт бүлэглэлийн талаарх кино нь Канийн олон улсын кино наадмаас асар өндөр үнэлгээ авсан юм. Үргэлжлүүлэн 2007 онд тоглосон “Hero”, 2008 онд Америкийн жүжигчин Жош Хартнертай хамтран Вьетнамын найруулагч Ан Хун Траны  “I Come with the Rain” зэрэг уран бүтээлүүд нь түүнийг Холливүүд “тоох” эхлэлийг тавьсан юм. Ийнхүү тэрээр 2009 онд “Paramount” кино компанийн бүтээл “G.I. Joe: The Rise of Cobra” –д Shadow Storm дүрийг гайхалтай чадварлагаар бүтээсэн учраас 2012 онд бүтээгдсэн дараагийн цуврал болох “G.I. Joe: Relalition”-д урилгаар тоглосон юм. “G.I. Joe” цувралын найруулагч Стефан Соммер Солонгост өөрийн биеэр очиж, Ли Бьюн Хунтай хамтарч ажиллах санал тавьсан юм. Энэ үеэр тэрээр Стефан Соммертай сонинд ярилцлага өгчээ. Сэтгүүлчтэй “Сайн байна уу” гэж хэрхэн мэндлэхээ түүнээс “Нанэюн Бабода” гэж хэлж өгч. Түүнийг нь сэтгүүлчид хэлтэлинээдээ барьж ядсан гэдэг. “Нанэюн Бабода” гэдэг нь солонгосоор “Би тэнэг” гэсэн үг болохыг найрууглагч маань бүүр сүүлд нь мэджээ. 2010 онд Азидаа шуугиан тарьсан уран бүтээл болох “Iris” буюу тусгай ажилтнуудын нууц даалгаврын талаар өгүүлэх энэхүү уран сайхны кинонд гол дүрд нь амжилттай тоглосон билээ.
Тэрээр “Summit entertainment”, “lionsgate” интертайнментийн уран бүтээл болох “RED 2”  кинонд Холливуудын алдарт жүжигчин Брьюс Виллес, Катерине Кита Жонс, Хелен Миррен нартай мөр зэрэгцэн тоглосон юм. Тийм ч учраас тэрээр  2014 оны гуравдугаар сард  нээлтээ хийх терминатор цувралын дараагийн анги болох “Terminator: Genesis”-ийн гол дүрүүдийн нэгээр сонгогдсон юм. Арнолд Шварцнейгер гол дүрд тоглох бол Сара коннерийн дүрд эмиле Кларк, түүний хүү Жон Коннерийн дүрд Жасон Кларк тоглохоор болсон
Тэрээр жүжигчин Ли Мин өнгөрсөн наймдугаар сард гэрлэсэн  гэрлэсэн гэдгийг кино сонирхогчид андахгүй сайн мэдэх биз ээ. Тэрээр KBS телевиз 1992-1996 онд шилдэг эрэгтэй жүжигчнээр сонгосон бол ээс шаолгарцуулдаг. 2000, 2005 оны Пусаны наадмаас шилдэг эрэгтэй дүр, 2002, 2003, 2006 онд шиллэг эрэгтэй жүжигчинд олгодог Baek-sang” шагнал, 2012 оны “Daejong Fiim” кино наадмаас гилдэг эрэгтэй жүжигчин, хамгийн нэр хүндтэй жүжигчин хэмээх шагалыг авчээ.  Харин өнгөрсөн онд 34 дэхь удаагийн “Blue Dragon” хамгийн алдартай жүжигчнээр өргөмжлөгджээ.
Түүнийг дэлхийд танигдсан солонгосын алдартан гэдгээр нь сологосчууд ихээхэн талархалтай ханддаг.    Дуучин PSY жүжигчин Ли Бьюн Хун тай дотночлон “Red 2” киноны нээлт Лос Анжелос хотод болох үеэр хоёул хамт дурсгалын зураг татуулжээ. Тэрээр Холливуудын алдартнуудпын гудамжинд 2012 оны зургадугаар сард жүжигчин Ан Сүн Кигийн хамтаар гар болон хөлийн хээгээс үлдээсэн Солонгосын анхны жүжигчид юм.

Түүний үүсгэн байгуулсан “BH Entertainment”-аас Хью Со, хан Жим Мин зэрэг олон Солонгосын кино од төрөн гарсан юм.

М.Ууган-Эрдэнэ

Categories
мэдээ цаг-үе

Алтны төлөөх ЗЭРЛЭГШИЛ (2)

Түрүүч нь ¹181(4821) дугаарт

АМЬСГАА МИНЬ НИНЖА БОЛОХ ГЭЖ БАЙГАА ЮМ БОЛ НИНЖА ШИГ БАЙ

Цахилгаан моторын чихэнд чийртэй дуу, хүмүүсийн хараал цухлын үгс, тачигнатал инээх инээд нарийн шар тоостой тэнгэрт хөөрөх гэснээ газар унах мэт тэр хэсэгхэн газарт чимээ тасарна гэж огтоос үгүй. Тийм ч байхын аргагүй. Очсон газрынхаа орчин тойрныг нүдээрээ дахин нэгжиж суутал “Амьсгаа минь нүхний амнаас зайл” гэх дуу чихэн дээр тасхийтэл дуулдав. Эргээд хартал “Чи нинжа юм уу” гэхээр нь “Тийм” гэтэл “Харагдаагүй нүүрний арьс байна. Чам шиг ганган нинжа байдаггүй юм. Нинжа болох гэж байгаа юм бол нинжа шиг бай” гээд амнаасаа чихээ хүртэл ямар нэгэн зүйлд зүсүүлсэн сорвитой залуу хэллээ. 

Алтан дээр дуугүй байгаа хүн хэн ч биш. Дуугүй байсныхаа шанд бондгор ч үгүй үлдэнэ. Махлаг байрын эгч нэг бондгор газраар чирээд явж байна. Чулуун дээгүүр чирсээр байгаад өнөө бондгор нь ч шуудайны цоорхойгоор урсаж байсан юм. Өнөө эгчийн чулууг үүрээд хүүгийнх нь мотоцикл руу хүргэж өглөө. Хүү нь нүхэн дотроос нэг бондгор гаргаж өгөөд өөрөө буцаад орсон нь энэ аж. Ганц бондгор зөөж өгөхөд л өмссөн хувцас шороо шигж ерөнхийдөө нинжа нараас дутахааргүй болж эхэлж байгаа юм. Нинжа нарт хамгаалалтын хэрэгсэл гэж огт байдаггүй. 10 гаруй метрийн гүн рүү молдокоо бариад орно. Гайгүй алтны чулуутай газраа булаацалдан бие биенээ алах дөхнө. Тэнд очоод олон жил уулзаагүй нутгийн ах нар, хамаатнууд, 10 жилийн нэг ангийнхантайгаа таарав. Ер нь бол уулзаагүй хүмүүстэйгээ уулзах газар ч гэж хэлж болохоор аж. 

Алтны нүхэнд гар барин мэндийн үг солилцов. Алтандаа хүрсэн нүхнүүд бүгд газар доогуур судлаа дагаж явсаар байгаад нийлчихсэн. Халган халган нүх рүү ортол харин ч сэрүүхэн аж. 

Цаашаа мөлхсөөр арай гэж багтах нүхээр гулсан дахин гурван метр гаруй доошоо орлоо. Амьсгал давчдаад ирлээ. Тэнд хичнээн ч хүн байгаа юм бүү мэд. Алт сайн гарч байгаа судал дээрээ маргалдаж байна. Бие биенээ байж болох бүхий л хараалаар харааж байх юм. “Чи нинжа юм бол нинжа шиг байгаарай. Наад жаахан юм аа хувааж авч чадахгүй бол нэвт сүлбэнэ шүү” гэж сүрдүүлнэ. Харин нөгөөх нь айж байгаа ч юм алга. Хорь орчим минут болоод нүхэнд удаан байж сураагүй мань мэт нь бушуухан гарахын түүс. Агаар тун бага газар тэд байгаад сурчихаж. Тамхи татдаг хүмүүс нь тамхиа татах гэж шүдэнзээ хавирсаар байгаад арай гэж асаах юм билээ. 

Агаар муутайгийн нэг тод жишээ нь толгой өвдөх. Нүхнээс татуулж гараад халуунд ч гэсэн дээрээ сууж байх нь жаргал юм. Гэхдээ нүх рүү орж чулуу нүдээгүй хүмүүстээ бусад нь тийм ч таатай хандахгүй. Учир нь нүхэн дээрээс чулуу татаж гаргаснаас газрын гүнд молдок бариад хөлсөө цувтал чулуу балбах амаргүй ажил. Газрын гүнд бага багаар нь чулуугаа овоолж аваад шуудайны тал болгоод дээш нь татуулахад өөрийнх нь бригадын хүн байхгүй бол өөр хүний олз болно. Хүмүүс газрын гүнд амьдарч байна. Тэндээ хуушуураа зөөлгөн, архиа уугаад нүхээ ухаж байна. Нүх рүү нэг орсон бол 4-5 цаг болж байж гарвал арай их чулуутай болчихно. 

Арай сэргэлэн нэг нь хүмүүсээр ажил хийлгээд тэндээс нь тавин хувийг нь авна. Баруунхараагийн “тэсэргээ” хочит Энхболд тэндээ нэлээд хэдэн нүх эзэмшдэг юм билээ. Өөрөө ухахгүй хэрнээ бусдаар ухуулан шороогоо гаргаж ирэхээр нь тэдэн бондгор авна гээд тэрийгээ аваад явна. Бие томтой болоод ч тэр үү хүмүүс түүн рүү халдахгүй. 

Нударга зөрүүлэхээс өмнө алтны нинжа нар ам зөрүүлнэ. Хэн илүү хэрэлдэж амаараа айлгасан нь ялалт байгуулах маягтай. Бүр болохгүй бол түмний нүдэн дээр хэн нь атаман болохоо харуулна. Атаман болсон бол нүхний босс болно л гэсэн үг. Энэ өдрийн орой улаан шороо боссон шуурганы дараа тэнгэр нүргэлсэн чимээтэй цахилгаан цахиж аадар асгав. Бороо ширүүсэх тусам хүмүүс үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг цахилгаан цахих гэрэлд харагдаж байсан юм. Зарим нэг нь нүх рүү унаж байгаа харагдав. Усан хулгана болтлоо норон машиндаа ирээд бороо намжихыг хүлээлээ. Зарим нэг хүмүүс нүхнээсээ огт холдохгүй усан борооноор ч гэсэн ажиллаж байгаа нь тэдний духан дээрээ тогтоосон гэрлээс илтэд мэдрэгдэж байсан юм. Бороо намжих үед машин руугаа уралдаж байсан хүмүүс нүх рүүгээ дахин уралдацгаав. Тэдний дунд орон солих хувцасгүй очсоны гайгаар норсон хувцсаа сольж чадаагүй тэр хүмүүстэй зэрэгцэн нүх ухах ажилд ханцуй шамлан орлоо. Өглөөний наран уулын сугаар гэгээ цацах мөч хүртэл нойтон хувцсаа хаттал ажиллацгаалаа. Тэдэнд амралтын цаг гэж байхгүй. Хэн өрсөж хөдөлсөн нь алтандаа хүрэх тул нойргүй олон хоног ажилладаг юм билээ. Ядарлаа гэж нэг нь ч хэлэхгүй юм. Монгол орны бүтээн байгуулалтад ингэж оролцдог бол гэх бодол төрнө. 

“АМЬГҮЙ ЛАЛАРУУД МИНЬ ЗАЙЛЦГАА” БУЮУ ШОРОНГИЙНХНЫ ДЭЭРЭМ

Алтны нинжа нарын хамгийн түгээмэл хэрэглэдэг үг нь “амьгүй лалар” юм билээ. Том жижиг, хөгшин залуугүй уурлахдаа ч, зүгээр хоорондоо харьцахдаа ч ингэж ярьцгаана. Зургаа долоо хоног нүх ухаад алтны судалдаа хүрээгүй хүмүүс цагдаа нарын хөөх сургаар хөдөлгөөнд орж олон хоног үйлээ үзэж ухсан нүхнийхээ үр шимийг үзэж чадалгүй өөр нүхнээс атга шороо гуйхаар гүйлдэнэ. Нар буух үед халамцуу голдуу арав гаруй хүн ирж манай ухаж буй нүхний хажуугийн алтны судал сайтай гэгдэж байсан нүхний дэргэд ирж хүмүүстэй маргалдав. Сүүлд нь халзан нөхөр толгой дээрээ ногоон алчуур тавиад алхаж явна. Нинжа нар Зүүнхараагийн шоронгийн атаман “Маам” хочит Т.Эрдэнэбаатар болохыг таньцгаав. Шоронгийн 400 хоригдлын ахлагчаар ажиллаж байсан юм байна. Түүний араас цээж нүцгэн шорттой нөхөр ирээд таарсан хүн болгонтой маргаж байсан нь “Том Болор” хочит Салхитын Болорсүх байв. Энэ мэтчилэн шоронгоор олон жил явсан нөхдүүдээр эгнээгээ бүрдүүлсэн нэг бригад ийн нэмэгдэв. 

Тэд аль сайн гарч байгаа нүх рүү шууд орно гээд өөрсдийн гарын доорх хүмүүсээ нүх рүү илгээв. Төд удалгүй нэг нүхнээс 10 гаруй залуу п…… дуудсаар гарч ирлээ. Шоронгийн атаманы хүмүүс алттай хэсэгт очиж хөөсөн хэмээн үглэцгээнэ. “Том Болор”, “Маам” нарын далбаан дор дагаж яваа нөхдүүд мөн ядарсан иргэдээ дээрэлхэх маягтай байна. Зарим нинжа нар дургүйцлээ илэрхийлэн ганц нэг алгадуулах юм билээ. Тэд шоронгоор нэлээд олон жил явсан тул хүмүүс айдаг аж. Алт гайгүй гардаг нүхэн дээр хоёр өдөр овоорч байсан хүмүүс шоронгийнхны сүр бараанаар холдож эхэллээ. Тэдний ноёрхол ингээд үргэлжлэв. Алт ихтэй нүхэн дээр энэ мэт үйл явдал үргэлжлэх бөгөөд судал багатай, судалдаа арай хүрээгүй нүхэн дээр “хурган” дээрэм явагдана. Барьсан болгоноороо “ална” хэмээн сүрдүүлэх бөгөөд нүх рүү ордог 10 гаруй настай жаалууддаа “Ингэж байхгүй бол давардаг юм амьгүй лаларууд. Хэнээс ч айж болохгүй. Сантиметрт хуульгүй байдаг юм” гэхчилэн олон муу зүйлийг зааж байсан юм. Монголын ирээдүй алтны нинжа нарын дунд ингэж л өсч байна. Амь амиа бодохын хуулиар нэг бригадын нөхдүүд нүхэнд байгаа хэсгээ хаяад шууд гэрийн зүг машинаа асаагаад хөдөлж байгаа харагдав. Хаа очиж настай, ядарсан иргэд нь бусдаасаа арай дөнгүүр юм билээ. 10 жилийн сурагч байхдаа үерхлийн зурвас атгуулж явсан бүсгүй минь нинжа болжээ. Зүгээр ч нэг нинжа биш нэлээд дээгүүр зиндааны том гарын нинжа болсон байлаа. Нэг нүхэн дээр нэг хүүхэн учиргүй орилж хашгичин уурлаж байгаа дуу хадахаар нь яваад очтол тэр байлаа. Ойр орчмоо анзаарах сөхөөгүй хэрүүл хийнэ. Нэлээд дөхөөд очтол гайхсан байртай нэг харснаа чимээгүй болон суугаад өгөв. Малгайгаа доош нь дарлаа. Амандаа маск зүүлээ. Магадгүй ичиж байгаа байх гэж бодоод мэнд мэдэх гэж байснаа больсон юм. Ер нь алтны нүх болгон нэг эмэгтэй хүнтэй бөгөөд нүхэн дээр маргаан гарах үед эмэгтэйчүүд нь хэл амаа билүүдэн хэрэлдэх л ганц үүрэгтэй. Харин эрчүүд нь нүхэнд орж алтаа ухна.  

БОНДГОРЫНХОН

Алт гарсан газар бүр “бондгорынхон” гэж хэсэг эмэгтэйчүүд бий гэнэ. Бондгорынхон гэдэг нь тал шуудай алттай шороогоор биеэ үнэлдэг хүүхнүүд аж. Манай нүхний дэргэд нэг “Ах аа чулуу өгөөч” хэмээн бүсгүй ирэв. “Чулуу алга аа. Нүхээ л ухаж байна” гэхэд хэзээ гарахыг нь асуув. “Болоогүй” гэтэл дөхүүлээд ирнэ ээ” гээд яваад өглөө. Гэтэл хажуу нүхний ах “Бондгорынхноор яах нь уу” хэмээн жоготой асуув. Тэгснээ “Эд чинь нэг бондгороор биеэ үнэлдэг хүүхнүүд байхгүй юу” гэв. Тэд хоёр цагийн нэг бондгор бөгөөд бүтэн шөнийг өнгөрүүлэхэд 50 кг-ын шуудайтай чулуугаар явдаг гэлээ. Тэднийг ажиж суутал өөр нэг нүхнээс нэг залуугаар бондгор үүрүүлэн нэг нь дагуулан одлоо. Хэсэг алга болж байгаад буцаад ирэв. Сүрхий дотно болох маягтай шүү. Өнөө хүүхэн нь нөгөө залуугийнхаа бугуйнаас тас атган инээд алдаж байна. Дахин нэг бондгорыг өнөө залуу үүрэн одлоо. Харин нүхнээс гарч ирсэн залуу нь бондгорынхны нэгтэй нэг шуудай чулуу аваад явсныг дуулаад нэлээд уурлав бололтой хэд хараагаад араас нь чулуу өшгичин явлаа. 

Дэргэд тамхи татаж суусан гурван залуу “Энэ муу дөрөв Дарханы өмнөх гурваас миа юм байна. Яасан гэж бондгороор явдаг юм” гэхчилэн өнөө бүсгүйчүүдийг толгойноос хөл хүртэл нь морь шинжиж буй аятай нэгд нэгэнгүй ярьцгааж байв. Бондгорынхон жижиг тэрэгтэй ирсэн байсан бөгөөд зарим залуустай машин дотроо учраа олж байсан юм. Харин алтны нинжа нарын дээхэн талд Дарханаас ирсэн гэр, майхан байсан бөгөөд тэнд бүх үйлчилгээ явагдана даа хэмээн нинжа нар ярьцгаана. Энэ үед нэг бүсгүй ирээд яриа хөөрөө дэлгэх үед хамт яваа найз минь “Ингэж явах сайхан байдаг юм уу. Ажил хий” гэсэнд “Үүнээс өөр ажил алга. Тийм л сүрхий юм бол ажил олоод өг л дөө чи” гээд амаа ар дээрээ гартал алгадуулав. Энэ мэтчилэн хэд хоног гэрээсээ хол яваа зарим нэг эрчүүд хөлсөө дуслуулж олсон бондгороо хөнжлийн хүүхнээр солих нь дэмий ш дээ хэмээн үглэх хүн ч байсан юм. Бондгорынхон бондгор л авч байвал хөгшин залуу гээд нас хамаагүй, харин бондгор дээрээ мурихгүй байх хэрэгтэй гэж байв. 

Э.ЭНХБОЛД

Үргэлжлэл бий>>