Categories
мэдээ цаг-үе

Ардын намынхан МАХН-ыг намнахаар орон нутагт яваа юу

Засгийн газрыг толгойноос нь хөл хүртэл муу муухайгаар нь дуудаж, удахгүй “дүүжилнэ” хэмээн мэдэгдэж байсан Ардын намынхан хаана явна вэ. “Ард түмнийхээ өмнөөс ажиллаж чадахгүй байгаа Засгийн газрын ташуур болно” хэмээн ангалзаж явсан нөхдүүд бүгд таг чиг. Ардын намын байраар орлоо. Ардын намынхантай холбоотой хүмүүсийн үс ч алга. Фитнессээр хичээллэхээр ирж буй хэдэн хүн, үүдний харуулаас өөр хүн харагдсангүй. Ард түмнийхээ төлөө ясаа цайтал үзнэ гэсэн уулгамч нөхөд ойрын хэдэн сардаа үзэгдээгүй тухай харуул нь хэлж байв. Засгийн газраас “ЭЗЭН 100” хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхэд “Бид “ЭЗЭН” биш “АРД” хэмээн Засгийн газрын хөтөлбөрийг хянах үүднээс “АРД 100” аяныг хэрэгжүүлж эхэлсэн” гэдгээ УИХ дахь МАН-ын дэд дарга Н.Номтойбаяр чуулганы танхимд зарлаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ханатлаа л өөрсдийгөө рекламдсан. Засгийн газраа хянаж буй “АРД 100”-гийнхан хаачив. Амлалтыг нэхнэ, ажлыг хийлгэнэ гэсэн тус намынхан хаврын чуулган завсарласнаас хойш сураг алдарчээ. Аргаа барсан зарим нэг нь “Хаана яваа юм бол. Утас нь ч холбогдохгүй юм” хэмээн шогшрох аж. Ардын намынхан Тусгаар тогтнолынхоо ордонд байдаггүй юм бол ядаж гишүүд нь Төрийн ордондоо байгаа байлгүй гэтэл бас л алга. Ямартай ч бүлгийн дарга С.Бямбацогт АНУ-д очиж журмын нөхөр Г.Занданшатараа эргээд ирсэн нь тодорхой болсон. Тэгвэл Ардын намын ганц нэг гишүүд нь “Орон нутагт ард түмнийхээ амьдрал ахуйтай танилцаж явна. Үнэхээр хүнд байна” гэхчилэн цөөн үг хэлэхээс хэтэрсэнгүй. 

Ж.Мөнхбат генсекээрээ толгойлуулсан Ардын намынхан орон нутагт МАХН-ын гишүүд, дэмжигчдийг намнахаар, намдаа эргэн элсүүлэх кампанит ажил өрнүүлж байгаа бололтой. “Танай нам улс төрийн тавцнаас арчигдана. Амьтай голтой дээрээ Ардын намаа бараадаа хө. Тэртэй тэргүй МАХН Засгаас гарч бид хамтарч Засгийн эрх барина” ухааны юм ярьж яваа гэнэ. Энэ парламентад сөрөг хүчний байр сууриар сууж буй тус намынхан эрх баригч мэт аяглан “Ардын намдаа орвол албан тушаал өгнө” гээд зарим хүмүүсийн нэрсийг бүртгэж яваа сурагтай. Хүний тархи угаах ухаанд харин ч сайн суралцсан Ардын намынхны үгэнд итгэсэн МАХН-ын зарим гишүүн намаасаа нүүр буруулж эхэлсэн тухай учир мэдэх хүн хэлж байсан юм. МАХН-ын зарим гишүүд ацан шалаанд ороод байгаа тухайгаа нуулгүй ярьцгааж байгаа аж.  

Монгол Ардын намынхан өнөөдрийн нийгэм, эдийн засгийн байдлаас илүүтэй 2016 оны парламентын сонгуульд санаа тавьж байна. Тус намын гэгдэх твиттерчид нь “Ам.долларын ханш 1900 хүрлээ. Удахгүй 2000 хүрнэ” гээд сууж байх юм. Тус намын томчууд нь гадаад, дотоодод зугаалж, МАХН-аа бөөрлөж яваа энэ үед твиттерчид нь үндсэн ажлыг нь хийж байгаа харагдана. Сайн сайхан зүйл ярьж явсан Ардын намынхан минь хаана явна вэ. Ард түмнийхээ амьдрал ахуйд санаа тавихгүй юм уу. Эсвэл 2016 оны дараагийн сонгуульдаа бэлдэж МАХН-аас гишүүд урвуулах ажлаа үргэлжлүүлсээр байх уу. 

Э.БОЛД

Categories
мэдээ цаг-үе

“VIP” такси үйлчилгээнд гарчээ

 “VIP taxi service” гэсэн хаяг бүхий тансаг зэрэглэлийн такси үйлчилгээ иргэдэд үйлчлээд эхэлжээ. Монголд дээд зэрэглэлийн таксины үйлчилгээ нэвтэрсэн гэсэн үг. Тиймээс энэхүү тансаг зэрэглэлийн такси үйлчилгээг сонирхохоор зорчигчдод нь саад бололгүйгээр өдрийн турш үйлчилгээнд хамт явахаар жолоочид нь учирлав. 11.15 цаг: Ингээд бидний суусан таксины жолооч эхний дуудлагаа хүлээж авав. Таксины жолоочийг Ц.Сономцэрэн гэдэг аж. Түүнд төв удирдлагаас нь дуудлагын захиалга өглөө. Учир нь энэ үйлчилгээг “VIP taxi service” ХХК явуулж байгаа аж. Одоохондоо үйлчилгээгээ эхлээд удаагүй байгаа бөгөөд ирэх сараас үйл ажиллагаа нь жигдрэх талаар жолооч ярьж байсан. “Тэнгис” кино театраас “Гранд плаза” төвийн урд буух зорчигч такси дууджээ. Тэрээр дуудлагын дагуу зорчигчоо авах газраасаа суулгаад замдаа гарав. Зорчигчийг машинд суулгаж өгөхөөс эхлээд “VIP” үйлчилгээ ямар байх ёстой түүнийг гүйцэтгэж харагдав. Зорчигч гэрээсээ гарч ирэнгүүт таксины жолооч маань угтаж аваад шаламгай гэгч нь хаалга онгойлгож өгөв. Хаалга онгойлгож өгөхөд хүртэл олон улсад хэрэглэгддэг стандарт гэж байдаг аж. Тэрээр хаалга онгойлгоод нэг гараараа үйлчлүүлэгчээ суухыг урьж нөгөө гар нь хаалганы дээд хэсэгт зорчигч толгойгоо цохихоос нь сэргийлж гараараа барив. Энэ нь үйлчлүүлэгчид ч ихэд таалагдсан бололтой жолооч руу харж инээмсэглээд “Баярлалаа. Яасан сүрхий хүү вэ” гээд суув. Энэ зорчигч 40 орчим насны эмэгтэй байлаа. Тэрээр төмөр замд байрлах хүүгийндээ очих гэнэ. Таксинд суунгуут арын суудалд нойтон сальфетик, хуурай сальфетик, бакус, цэвэр ус зэрэг шаардлагатай үед хэрэглэх ахуйн зүйлсийг зорчигчид зориулж бэлджээ. Үүнийг тухайн зорчигч үнэгүй хэрэглэх гэнэ. Нэг удаа уг таксинд зорчигч суухад нь “Хэрвээ шаардлагатай бол эдгээр зүйлсийг үнэгүй хэрэглэж болно” гэсэн чинь “Нээрээ үнэгүй юм уу” гээд бүгдийг нь аваад цүнхэлчихсэн гэнэ. Бас нэгэн үйлчлүүлэгч “Цэвэр усныхаа мөнгийг таксиныхаа төлбөр дээр нэмээд авчих. Хүний юмыг яаж үнэгүй авах юм” гэх хүн ч таарчээ. Харин жолооч энэ бол таньд зориулсан үйлчилгээний нэг хэсэг” хэмээн тайлбарласан байна. Ийн хөөрөлдсөөр зорчигчийнхоо хүрэх газарт ирэв.

Жолооч өмнө суурилуулсан тоолуураас хичнээн км гарсан гэсэн баримт буюу тооцооны хуулгыг гаргаж үйлчлүүлэгчид өглөө. 5200 төгрөг гарсан байв. Өнөөх 50 орчим насны эмэгтэй 10000 төгрөг өгөөд 4800 төгрөгийн хариултаа аваад “Баярлалаа. Эгч нь найдвартай унааг эрхэмлэдэг. Би замын нөгөө талд гарахдаа ч такси барьдаг. Тэгэхгүй бол хэдэн төгрөг өөрөөсөө харамлаж байж амиа алдахыг үгүйсгэхгүй. Гэхдээ манай таксины жолоочид замын нөгөө талд эргээд буухад “Та яасан ямбатай юм. Юун ойрхон явдаг юм” гэсэн янзтай уурлаж загнах тохиолдол гардаг. Харин танайх ёстой иргэддээ хүрч ажилладаг юм байна” гээд буув. Жолооч мөн л өмнөх шиг шаламгай гэгч нь бууж хаалгыг нь онгойлгож өгөв. Ингээд дараагийн дуудлага ирлээ. Тус такси тарифаа километр бус метрээр тооцдог юм билээ. Тодруулбал, 100 метр газар явахад 300 төгрөг гэсэн үг. Нэг км явахад 3000 төгрөг аж. Тансаг зэрэглэлийн үйлчилгээний хувьд боломжийн үнэ аж. Үйлчлүүлэгчид нь үнэтэй байна гэсэн зүйл ярьдаггүй гэсэн. Харин ч үйлчилгээнд сэтгэл хангалуун үлддэг бололтой. Дараагийн дуудлага Aндуудаас Бөхийн өргөө хүрэх байв. Тав орчим насны хүүхэдтэй эмэгтэй суулаа. Хүүхэд нь таксины жолоочийн өмссөн хувцсыг ихэд гайхаж сонирхоно. Учир нь тус компанийн жолооч нар бүгд нэг өнгийн хувцсаар жигдэрсэн байна. Цагдаагийн малгайтай төстэй хар цагаан өнгийн оруулгатай малгай өмсч, хар өнгийн хослол, цагаан бээлий өмссөн байв. Мөнгөн завъяа орчмын хэсэгт 10 минут түгжрэв. Энэ хооронд жолооч тоолуурын “хүлээлгэ” гэсэн товчлуур дээр дарж км-ын мөнгийг  зогсоож харагдав. Түгжирсэн тохиолдолд км-ын мөнгө гүйхгүй  гэсэн үг. Ингээд төв замаар түгжрээ ихтэй байсан учраас жолооч зорчигчийн хүсэлтээр удирдлагын төвтэйгөө холбогдож хаагуур явбал хамгийн хурдан хүрэх газартаа очих талаар зам асуулаа. Ингээд зорчигчийг хүссэн цагт хүрэх газарт нь буулгалаа. Тус компанийн таксинууд бүгд GPS буюу байршил тогтоох төхөөрөмжтэй гэнэ. Мөн дугуйнд нь тусгай мэдрэгч төхөөрөмж суулгасан учраас жолооч тоолуураас илүү мөнгө зорчигчдоос авах ямар ч боломжгүй гэнэ. Ухаалаг тоолуур суулгасан аж. 

Заримдаа бид цүнхэндээ бэлэн мөнгөгүй тохиолдолд АТМ хайн таксинаасаа бууж мөнгөө авч өгдөг. Тэгвэл ийм тохиолдолд сандрах хэрэггүй болжээ. Тус такси карт уншигч суурилуулсан юм байна. Удахгүй “WiFi” суурилуулахаар бэлтгэж байгаа аж. Ц.Сономцэрэн жолооч тогтмол цалинтай ажилтан. Зарим таксины жолооч нар шиг таксигаа түрээсээр авчихаад тэр мөнгөө хийхийн тулд хүнээ булаацалдаж, зорчигчийнхоо төлбөр дээр мөнгө нэмж хэлэх ямар ч шаардлага байхгүй гэсэн. Удахгүй тус компани хүүхдэд зориулсан “Kids taxi”, эмэгтэйчүүдэд зориулсан “Pink taxi” үйлчилгээнд гаргах юм байна. Таксигаар үйлчлүүлж буй хэрэглэгчдийн 70 хувь нь эмэгтэйчүүд байдаг гэсэн судалгаа гарчээ. Тиймээс эмэгтэйчүүдэд зориулсан тохижилттой, итгэл төрүүлэхүйц эмэгтэй жолоочтой байх аж. Харин хүүхдэд зориулсан такси нь ажлаа амжихгүй эцэг, эхчүүдийн дуудлагаар хүүхдийг нь сургууль, цэцэрлэгээс эхлээд хүссэн газар нь найдвартай хүргэж өгөх юм байх. 

Ингэхдээ эцэг, эхчүүд гэрээ байгуулж болох ба гар утас дээрээ хүүхдийг нь авч яваа такси хаана явж байгааг GPS-ийн тусламжтайгаар харж болох гэнэ. Ийм үйлчилгээ удахгүй нэвтрэх аж. Ер нь үйлчлүүлэгчдийн хувьд тав тухыг дээд зэргээр төрүүлэхүйц үйлчилгээтэй юм. “VIP” таксинууд бүгд тас хар өнгийн “соната-7” маркийн машин. Тансаг зэрэглэлийн такси үйлчилгээ хэдийнэ байнгын үйлчлүүлэгчидтэй болжээ. Зарим зорчигчид үйлчилгээг үнэхээр мэдрүүллээ хэмээн жолооч нарт гарын мөнгө хүртэл өгдөг гэсэн. “VIP taxi service” компани амралтын газар болон нисэхийн урьдчилсан захиалгат дуудлага, дуудлагын жолооч, албан уулзалт болон хуримын цуваанд үйлчлэх машины түрээс зэрэг олон үйлчилгээг иргэдэд хүргээд эхэлжээ. 

Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

П.Тэмүүжин: Хаана ч явсан Монголын урлаг гэдэг өндөр босгыг үргэлж боддог

Морин хуурч Пүрэв­хүүгийн Тэмүүжинтэй ярилцлаа. Тэрбээр 2007 онд Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдсон мэргэжлийн морин хуурчдын улсын уралдаан болон 2009 онд болсон алдарт хуурч Г.Жамъяны нэрэмжит олон улсын морин хуурчдын уралдааны тэргүүн байрын,  2009 онд БНСУ-д болсон Дэлхийн урлагийн анхдугаар олимпиадын алтан медальтай тоглогч юм. 

-Хоёр мянга долоо, найман оны үед нэрт хөгжмийн зохиолч, төрийн шагналт Ц.Нацагдорж танд зориулж Морин хуур, хөөмий, симфони оркестрын концерт бичиж байлаа. Тухайн үед “Алтан намар” хөгжмийн наадмаар тоглогдсон, таны оюутан цагийн тэр тоглолт санаанаас гардаггүй. Морин хуурын зохиолд цоо шинэ үзэгдэл болж орж ирсэн тэр зохиолоор та өндөр зэрэглэлийн тоглогч болохоо харуулж байлаа л даа. Таныг  концертын танхимаас сонсохсон гэсэн үзэгч олны хүлээлт нэлээн байна. Сүүлийн үед та юу хийж, хаагуур байна вэ?

 -Одоо  би  БНСУ-ын “Ённам” Их сургуульд докторантурт сурч байна. Ерөнхийлөгчийнх нь байгуулсан сургууль. Сурахынхаа хажуугаар морин хуур, хөөмийнхөө чиглэлээр уран бүтээлээ хийж байгаа. Тэр концертын тухайд, урьд нь морин хуур, хөөмийн концерт бичиж байсан хөгжмийн зохиолч Монголд байгаагүй. Зөвхөн морин хуурт зориулсан концертууд  л байсан. Нацагдорж багшийн тэр концерт бол тоглогчоос үнэхээр чадал чансаа шаардсан хүнд хүнд техниктэй, тэс өөр зохиол байсан л даа. Морин хуур, хөөмийн зохиол бол хоёр хүний хийдгийг нэг хүн хийж байна гэсэн үг шүү дээ. Хөгжимчин хүнд тулгардаг асуудал бол зохиолыг шууд барьж аваад тоглохдоо биш гол нь хөгжмийн зохиолч бүтээлдээ юуг илэрхийлэхийг зорьсон байна түүнийг зохиолчтойгоо ярилцаж байж, хэрвээ боломжгүй бол тоглохгүй байх гэх мэтийн нарийн юмнууд бий л дээ. 

-Докторын судалгааны сэдэв тань юу вэ?

-Солонгос, Монголын хөгжмийн харьцуулсан судалгаа гэсэн сэдэв. СУИС-д магистраа хамгаалчихаад Солонгос явсан юм.

-Тоглогчийнхоо хувьд дээрх концертоос хойш ямар шинэ бүтээлүүд хийв?

-Хамгийн сүүлд хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатын морин хуур симфони оркестрын концертыг Улсын филармонийн оркестртой, Н.Бүтэнбаяр удирдаачтай тоглосон. Өнгөрсөн 2012 онд Төрийн шагналт С.Соронзонболдын морин хуурт зориулсан гурван ангит концертыг бүтнээр нь тоглосон. Магтаал, хөөмийн чиглэлээр ч бас шинэ бүтээлүүд хийж байгаа. 

-Монгол хөгжмийн сэтгэлгээнд Алтайн магтаал үндсэн суурь нь ч юм шиг, сонгодог оргил нь ч юм шиг санагддаг л даа, сонсогчдод. Таны уран бүтээлд ийм уламжлалыг хадгалсан бүтээлүүд хэр олон байгаа вэ?

– Чингэс хааны магтаалууд, мөн “Халил” гээд миний өөрийн бүтээл байна. Сүүлд  Арь гэгээний магтаал, Далай ламын магтаал гэж хийсэн. “Халил” гэдэг бүтээл маань магтаал гэхээсээ илүү морин хуур, хөөмийн гоцлол зохиол юм. Арван найм, хориод минутынх юм уу даа. 

-Солонгост суралцах хугацаандаа тоглолт хийв үү?  

-Солонгосын “А” зэрэглэлийн хэд хэдэн тоглолтод оролцсон. Сүүлд Азийн хөгжмийн их сургуулиудын хөгжимчин багш нартай тоглолт хийлээ. Ер нь гурван минутын дуу тоглох уу, гучин минутын том зохиол тоглох уу гэдэг хөгжимчин хүн бүрт тулгардаг нэг асуудал байдаг. Аль нь байлаа ч гэсэн мэргэжлийн өндөр түвшинд тоглох, хаана ч явсан Монголын урлаг гэдэг үнэ цэнийг нэгдүгээрт тавьж байх ёстой гэж би боддог. Монголдоо тоглосон ч, гадаадад тоглосон ч ялгаагүй “Монгол урлаг” гэсэн өндөр босго байнга дагалдаж байдаг.  

-Морин хуур, хөөмийн “Халил” зохиолоо та энд тоглосон уу?

-Жижиг хэлбэрээр нэг удаа, бүрэн эхээр нь нэг удаа тоглосон. Төрийн ёслол хүндэтгэлийн зарим нэг арга хэмжээнүүдийн үеэр жижиг хэлбэрээр тоглож байсан. 

-Та суралцаад л байна. Ингэхэд цомог гаргасан уу?

-Яг одоо шинэ цомог дээр ажиллаж байна. Хос цомог гарах юм. Өмнө нь оюутан байхдаа хоёр цомог гаргасан. Дуурийн театрын тенор Б.Гомбо-Очир, баритон Э.Амартүвшин бид нар уран бүтээлийн гэхээсээ илүү их дотно сайхан найзууд. Шинэ цомог дээр тэдэнтэйгээ бас хамтраад бүтээл хийж байгаа. 

-Ямар бүтээлүүд орж байгаа вэ?

-Хос цомгийн нэг нь дандаа морин хуур, хөөмийн зохиолууд байна. Жижиг хэлбэрийн бүтээлүүд, ганц хоёр дуу оруулах санаа бас байгаа. Дандаа том хэлбэрийн зохиолууд тоглоод байх нь олон нийтэд нэг их хүртээмжтэй хүрдэггүй юм шиг байна. Хүмүүсийн мэддэг, сонсдог таашааж хүлээж авдаг дууны болон жижиг хэлбэрийн бүтээлүүдээс бас тоглож байгаач гэж найз нөхөд маань ч хэлдэг. Тэр нь ч зөв юм уу гэж бодоод энэ цомогтоо ганц хоёр дуу оруулж байгаа юм.

-Та хөгжмийн зохиолч­дын морин хуур, симфони оркестрын нэлээн хэдэн өргөн далайцтай зохиол тоглож урын сандаа оруулсан. Тэд бүгд шинэ цомогт багтаж байгаа юу?

– Хэсгээс нь оруулж байгаа юм. Яваандаа бүгдийг нь сэдэвчилсэн байдлаар цуврал цомог болгож гаргана л даа. Юутай ч өвөг дээдсээ магтан дуулсан, эх нутаг, эх соёлоо дээдэлсэн ийм нэг цомог гарах болов уу. 

-Ховд нутаг таны унаган нутаг. Хөгжмийн гүн гүнзгий уламжлал соёлын өлгий болсон газар шүү дээ. Танд язгуурын монгол хөгжмийн соёлын тийм баялаг бөгөөд хүчтэй нөлөө байх нь мэдээж. Өөрөө та нэлээн тод томруун залгамжлагч нь.  Уртын дуу дуулдаг ч юм уу сонирхдог хүн танай гэр бүлд бий юу?

-Миний эмээ баруун монгол уртын дуу их сайхан дуулдаг Ичинхорлоо гэж алдартай хүн байсан. Одоо бол бидний дунд уртын дуу дуулдаг хүн байхгүй. 

-Тэр хүмүүсийн дуулж байсан дууг, ая данг бичиж авч чадсан болов уу?

-Ховор шүү дээ. Ер нь хөдөөгүүр байгалийн сайханд, хөгшчүүлтэй уулзаж ярилцаад явж байхад тэр хүмүүсээс маш их юм сурах юм. Би сүүлийн үед нэлээн явлаа. Сайхан сайхан хүмүүстэй уулзлаа. Агуу хүмүүс чинь тэнд л байж байдаг юм байна шүү дээ. 

-Морин хуур хөгжмийн тухайд манайхан олж мэдээгүй, мэдэгдээгүй үлдсэн зүйл ер нь байгаа болов уу?

-Би хувьдаа дөнгөж суралцаж байна. Хүн ер нь сурч дуусдаггүй гэдэг шүү дээ. Судлаад явахаар улам л өөрийгөө чамлаж, болоогүй байна л гэж боддог. 

-Гэхдээ та бол нэлээн өндөр  түвшинд боловсор­сон тоглогч шүү дээ?

-Хоёр талтай байдаг юм байна л даа. Их гүн гүнзгий, их том соёл гэдэг чинь дэргэд нь хүн өөрийгөө ямар өчүүхэн бэ гэдгийг мэдрээд ирэхээр янз янзын юм хэлж ярихаас айдаг болчихдог. Нөгөө талаар, хүн ямар агуу зүйл бүтээж болдог вэ гэдгийг хараад маш их урам зориг төрдөг юм. 

-Таны аавын эцэг өвгө­дөөсөө өвлөсөн хуучны ширэн цартай хуур, икэл танд байдаг уу?

-Аавын тоглодог хуур бий. Баруун Монголын, өвөөгийн талын тоглож байсан икэл бас байдаг. Икэл гэдэг маань морин хуур хөгжмийн өвөг шүү дээ. Икэлийн тухай нэг домог байдаг. Эрт дээр үед энэ хөгжмийг бүтээчихээд газар газрын мэргэд цуглаад энэ сайхан хөгжмийг юу гэж нэрлэх вэ гэж ном хаялцсан гэдэг юм. Янз янзын сайхан нэр хүмүүс хэлж л дээ. Гэтэл нэг хүн бидний хоорондоо харилцаж ярьж байгаа хэл бол бага хэл юм аа. Бидний ярьсныг гаднын олон улс ойлгохгүй байна. Хөгжмийг болохоор бүгд ойлгоод байна. Тэгэхээр бидний ярьж байгаа хэл бол бага хэл, энэ хөгжмийн хэл бол их хэл юм аа. Энийг “их хэл” гэж нэрлэе гэж хэлсэн гэдэг юм. Одоо манайхан икэлийнхээ тоглолтын янз бүрийн арга барилаас орчин үед бас авч ашиглаж байна л даа.  

-Морин хуур энэ цаг үед хөгжлийнхөө дээд түвшиндээ хүрчихлээ гэж зарим хүмүүс ярих юм. Та энэ талаар ямар баримжаатай яваа вэ?

-Амьдрал үргэлжилж байхад хөгжил эцэстээ тулна гэж байхгүй байх л даа. Миний хувьд, морин хуур ардын байна уу, сонгодог байна уу бүх чиглэлээр мэргэшсэн өндөр түвшиндээ тоглогдож байхыг хүсдэг. Одоо манайд ганцхан тоглогч гэлтгүй хамтлагийн төрөл их өргөн дэлгэр болсон. Маш олон стилиэр, олон хөгжимчид тоглож байна. Аливаа юм аль болох олон талаасаа хөгжиж байж оршин тогтнож цааш нь явдаг. Нөгөө талаас, хүн бол давтагдашгүй гэж би боддог. Тэмүүжин өнөөдөр нэг юмаа маш сайн тоглож болно. Харин нөгөө хүний чаддаг юмыг би чадахгүй гэдгээ хүн дандаа мэдэж байх ёстой. Хүнийг аливааг хийж бүтээж байхад нь шүүмжлэх ч юм уу тиймэрхүү хандлагыг би нэг их сайшаадаггүй. 

-Морин хуурыг үүнээс цааш хөгжүүлнэ гэж байхгүй гэж ярьцгааж байна л даа. Мэргэжлийнхний л санаа бодол. Үнэхээр барууны сонгодог урлаг шиг оргилдоо хүрчихсэн юм уу?

-Тэгж хамаагүй оодорч болохгүй байх аа. Миний бодож байгаагаар төгс түвшиндээ тулна гэдэг асуудал байхгүй. Хөгжил гэдгийг хүмүүс янз янзаар хараад өөр өөрийн бодол санаагаа илэрхийлж байна л даа. Дэлхийн тэр өндөр хөгжилтэй хийл шиг дуугаргаж тоглоно гэвэл тухайн хүний л сонирхол. Морин хуур бол аль хэзээ биднийг төрөөгүй байхад сонгодог хэлбэртээ оччихсон гэсэн байр суурь ч байж л байдаг. Үндэстний хувьд ийм гүнзгий, өөрийн гэсэн оюуны бүтээл гэдэг чинь хувь хүн тийм ч амархан төсөөлөөд хязгаар тогтоочих боломжгүй зүйл шүү дээ. Би бол энийг тэнгэр мэднэ л гэж хэлэх байна. 

-Та ер нь хамтлагт тоглож байсан уу?

-Оюутан байхдаа найзууд­тайгаа нийлээд “Халил” гэж хамтлаг тоглодог байсан. Сүүлд сургуулиа төгсөөд СУИС-ийн багш нарын “Тэнгэр аялгуу” нэртэй хамтлагт бас тоглоод явдаг байсан. 

-Та аавынхаа дуунуудаас ямар дуунд нь дуртай вэ. Одоо ямар бүтээл хийж байгаа вэ. Дан хөгжмийн зохиолоос нь та тоглосон биз дээ?

-Аавын олон дуу байдаг юм аа. “Дэнсээ юу”-гаас эхлээд олон сайхан дуу бий.  Хамгийн дуртай дуу гэхээс илүү одоо надад аялагдаж байгаа “Цэцгийн зун шиг ижий” гэдэг дуу байна. Анх П.Ганбат агсан дуулсан юм. Их гоё дуу. Ер нь баритонууд л дуулдаг юм. Аав одоо хэд хэдэн шинэ бүтээл дээр ажиллаж байгаа. Морин хуурын “Үүлэн бор”, “Икэлийн эгшиг”, “Морин төвөргөөн” гэсэн зохиолууд байдаг. Морин хуур сурч байгаа хүн болгон тоглодог зохиолууд. Энэ хоёрыг бол би заавал тоглодог.

-Гурван минутын дуу тоглох уу, гучин минутын зохиол тоглох уу гэдэг хөгжимчин хүнд тулгардаг нэг асуудал яах аргагүй мөн л дөө. Гэхдээ та аль нь байлаа ч яаж тоглох вэ гэдэг чухал гэлээ. Ер нь аар саар юм руу нэг их ороод хутгалдаад байх тийм таатай гэж үү?   

-Дандаа том концерт тоглоод байхаар өнөөдрийн нийгэмд тийм ч хүртээмжтэй байж чадахгүй, тэр болгон хүмүүс сонирхохгүй ч юм уу тал байна. Тийм учраас цаг үеэ бас мэдрэх хэрэгтэй юм шиг. Хүмүүсийн сайн мэддэг дууны болон жижиг хэлбэрийн гоё гоё бүтээлүүдээс тоглоё гэсэн санаа сүүлийн үед төрж байгаа. Тэгээд ч зохиол хөгжимчнөө голно уу гэхээс хөгжимчин зохиолыг голдоггүй гэж үг бий. Жишээ нь, Ж.Чулуун гуайн Адажио ч юм уу, иймэрхүү гоё гоё бүтээлүүдийг яаж тоглох вэ гэж бодож байна. Яаж тоглох вэ гэдэг хөгжимчин хүнд бас нэг сорилт л доо.

-“Халил” нэртэй морин хуур, хөөмийн зохиолоосоо хойш дахиж юм бичээгүй юу, та. Ер нь зохиомж нэг их сонирхдоггүй юу?    

-Би бага байхдаа “Баавгай бид хоёр” гэж дуу хийж байсан. Телевизээр нэг удаа баавгайны тухай баримтат кино гарсан юм. Америкчуудын хийсэн кино. Тэр киног үзэж байгаад уйлаад тэр дууг зохиож байсан. Тухайн үедээ Хүүхдийн ордонд дуулж байсан санагдана. Одоохондоо бол зохиомж руу орох бодолгүй. Сайхан тоглоё, хөөмийлье гэж л бодож байна.

-БНСУ-д та нэлээд олон удаа тоглосон юм байна. Одоо тэнд чамгүй сонсогчидтой болсон уу?

-Солонгост би хориод удаа тоглолт хийж байсан. Тийм болохоор ахмад дунд залуу үеийн сонсогчид нь намайг ер нь мэднэ шүү. Сая би наашаа ирэхийнхээ өмнө тэндэхийн олон улсын үндэсний хөгжмийн зэмсгийн музейгээр орж морин хуур бэлэглээд ирсэн. Солонгост олон үндэстний хөгжмийн музей гэж байдаг. Тэнд манай Монголоос ганцхан лимбэ байхыг анх хараад их гайхаж байсан л даа. Тэгээд нэг морин хуур бэлэглэчихээд ирсэн. 

-Тоглолт хийх тухайд ямар бодолтой яваа вэ. Таны тоглолтод бол хүлээлт бий болсон байх аа? 

-Ямар ч байсан төгсч ирээд энэ талаар бодно. 

Н.ПАГМА

Categories
мэдээ цаг-үе

Чулууны Цэнджав: Аав минь Халхын голын байлдааны ялалтад онцгой үүрэг гүйцэтгэсэн

 “Халхын гол”-ын байлдааны ялалтын түүхэн ойг тохиолдуулан “Миний аав” булангийнхаа энэ удаагийн зочноор Ч.Цэнджав гуайг урилаа. Учир нь түүний аав Мөнхийн Чулуун нь эх орны гурван удаагийн дайнд оролцож, түүхэн гавьяа байгуулж явсан онцгой хүн байжээ. Түүний дурсамж яриаг толилуулъя.

-Таны аав анх 1921 онд баруун хязгаарыг чөлөөлөх дайнд оролцож байжээ. Аавын тань намтар түүхийн талаарх ярилцлагаа үүгээр эхлүүлье?

-Минийи аав 18 настайгаасаа эхлээд эх орон, тусгаар тогтнолын төлөөх гурван удаагийн дайнд оролцсон хүн. Баруун хязгаарыг чөлөөлөх дайн, ялангуяа Увс, Баян-Өлгий аймгийг чөлөөлөх дайнд 18 настай явж, Равдан гэдэг хүний удирдсан цэргийн салбар ангид хуваарилагдан, гурван жил тулалдсан юм билээ. Энэ хугацаандаа дээрх аймгийн сумдыг харийн эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлөхөөс гадна хилийн цаана байх дайснуудыг устгаж байсан. Тухайлбал, Тагна, Тувагаар дамжиж манайд орж ирэх гэж байсан цагаантныг устгаж байсан гэдэг. Эдгээр дайралтуудад миний аав “газарчин цэрэг”-ээр явж байлаа. Энэ нь одоогийнхоор бол цэргийн тагнуул юм билээ. Аав маань Увс аймгийн Тэс сумын хүн л дээ. Тийм болоод ч тэр үү, хамт явж байсан цэргүүдээсээ нэлээд авхаалж самбаатай, басхүү газар орны байдлыг мэддэг байсан болохоор газарчин цэрэг болгожээ. Тухайн үед миний аавын үүрэг нь дайсны гол хүч хаана байгаа, хэр зэрэг зэвсэгтэй байгаа зэргийг удирдлагадаа мэдээлэх байсан. Тиймдээ ч үүргээ сайн биелүүлж, тэдгээр тулалдаануудад ялалт байгуулахад нөлөөлсөн юм билээ. 

Дараа нь аав тэр ангитайгаа Ховд хотыг чөлөөлөх дайнд оролцсон байдаг. Аавын хуваарилагдсан ангийг ирэх үед Ховдыг чөлөөлж байсан Хатанбаатар Магсаржавын цэргүүд бүслэлтэд орчихсон учир өлсгөлөн нүүрлэчихсэн, дулаан хувцасгүй зэрэг маш хүнд нөхцөлд байж. Би хожим архиваас баримт, материал цуглуулж, олон хүний дурдатгал ном сөхөж байхад “холбоочин хүү”-гийн тухай мэдээлэл олсон юм. Тэр хүү гадагш буюу ард түмэнтэй холбоо тогтоож, хүнс, хувцас хэрэглэл авснаар цэргүүд хүч орсон гэдэг. Аав маань ч нэг удаа “Би холбоочин байсан” гэж ярьж байсныг санадаг юм. Тухайн үед би залуу байсан болохоор нэг их анзааралгүй өнгөрсөн байх. Одоо бодоход тэр “Холбоочин хүү” нь миний аав байж гэж бодоод байгаа.

-Тэгвэл аав тань цэргийн эрдмийг хаана эзэмшсэн юм бэ?

-Ховд хотыг чөлөөлсний дараа Хатанбаатар Магсаржав дайнд оролцсон бүх цэргүүдээ дуудаад хэсэг цэргүүдийг шалгаруулж авсан байгаа юм. Ингэж Нийслэл хүрээ рүү аваачсан хэдэн цэргүүдийн нэг нь миний аав байлаа. Улмаар тэр үед Хужирбуланд анхны морин цэргийн отръяд байгуулагдаж, Зөвлөлтийн анхны сургагчдаар хүнд, хөнгөн пулёмат болон тухайн үеийн зэвсэг техникийг хэрхэн ашиглах талаар зааж сургаж байсан байгаа юм. Ингэж аав маань монголын анхны армийн шинэ тутам бэлтгэгдсэн офицеруудын нэг болсон гэдэг.

-Бэлтгэгдсэн цэрэг учир 1939 оны дайнд дуудагдсан байх нь ээ?

-Аав маань дайнд бэлтгэгдсэнээсээ хойш үргэлж цэргийн албанд байсан л даа. Учир нь 1932 оныг хүртэл нийслэлийн хот хамгаалах рот гэдэгт салааны дарга, жагсаалын дарга зэрэг цэргийн анхан шатны нэгжийн удирдлагад ажиллаж байлаа. Энэ үедээ хүнд пулёматын наводчик мэргэжилтэй болохоос гадна шинэ бичиг үсэг ч сурсан учир зүүн хязгаарт томилсон байгаа юм. Тухайн үед буюу 1930-аад оны үеэс зүүн хязгаарт хилийн маргаан үргэлжилж байсан гэдэг. Ингэж аав маань 1939 оны дайн эхлэх хүртэл Дорнодын хил орчмоор байх бүх харуул, заставуудад харуулын дарга, морьт сумангийн дарга зэрэг өндөр хариуцлагатай алба хашиж байсан. Тиймээс ч 1935, 1936 оны үеэс эхлэн олгож эхэлсэн цэргийн цолын дагуу бага дэслэгч, ахлах дэслэгч цол хүртэж байсан юм. Харин 1939 оны дайн эхлэх үед ахмад цолтой болчихсон байлаа. 

Аавын маань ярьж байсан дурсамж, архивын мэдээллүүдийг харж байхад миний бодлоор 1939 оны дайн хэдхэн сар үргэлжлээгүй юм. Дайснууд өмнө нь байнга хил зөрчдөг, арван хэдхэн цэрэгтэй, эсвэл дивиз, хороогоороо орж ирдэг байсан гэнэ лээ. Булан дэрсний харуул, Адаг дулааны харуул зэрэг газруудад байнга дайсан нэвтэрдэг байсан гэдэг. Тиймээс ч аав маань харуулд зогсож байгаа цэргүүдийнхээ байлдааны бэлэн байдлыг хангах тал дээр онцгой анхаарч ажилласан байдаг. Морь, зэр зэвсэг зэргийг бүрэн хангаж, бэлтгэл сургуулилт их хийдэг байсан байгаа юм. Тиймээс ч аавын ахалсан харуул, анги байсан хэсэгт дайсан нэвтрэхэд хэзээ ч ялагдаж байгаагүй гэдэг шүү. 

Энэ үеийн нэг сайхан дурсамжийг аав маань ярьж байсныг санаж байна. 1935, 1936 оны үед хилийн нөгөө тал буюу дайсны талаас ямар ч таних тэмдэггүй жижиг онгоц нисч ирээд хилийн харуул, заставууд дээгүүр ажиглалт, тагнуул хийж байгаа юм шиг нисээд байсан байгаа юм. Гэтэл тэр үед Бүх цэргийн жанжны тушаалаар хил дээр буун дуу гаргаж болохгүй гэдэг байж. Хэрэв буун дуу гаргах л юм бол дайн болчих гээд байдаг. Гэсэн ч манай аав цэргүүдэдээ тушаал өгөөд нөгөө онгоцыг буудуулчихжээ. Гэтэл тэр онгоц агаарт ганхаж байснаа манай тал руу нисээд явчихаж. Тэгсэн маргааш нь Чойбалсан хотод байсан отръядын төвөөс машинтай улсууд ирээд аавыг баривчлаад явчихсан гэдэг.

-Тушаал зөрчсөн болохоор тэр үү?

-Тийм юм уу даа. Хэд хоног л “Яагаад жанжны тушаал зөрчсөн бэ” гэдэг асуулттай сахилгад суусан байгаа юм. Аав маань ч хариуд нь “Дайсны талаас, таних тэмдэггүй онгоц тагнуул хийж байгаа юм шиг нисээд байхаар нь буудсан” л гэж. Гэтэл тэр нь цэргийн жанжин Г.Дэмидийн нисч явсан онгоц байж л дээ. Аав ч мөчөөгөө өгөлгүй “Буун дуу гаргахгүй юм бол хил дээр буутай цэрэг байхын хэрэг юунд байна” гэсээр 10 хоног сахилгад суугаад гарсан байдаг. Ингэж сууж байх хооронд хилээр дайсан нэвтрэхэд аавыг орлож байсан н.Гонгор ялалт байгуулж, Монгол Улсын баатар болж байсан гэдэг шүү.

Ингэж л аав маань 1921 оноос эхлэн 1939 оныг дуустал гэр бүл ч үгүй, хил дамжин эх орноо манаж явсан юм билээ.

-1939 оны дайнд таны аав ямар онцгой үүрэг гүйцэтгэсэн юм бэ?

-Аав маань дайн эхлэх үед наймдугаар дивизийн 22 дугаар морьт хорооны хоёрдугаар сэлэмт сумангийн дарга хийж байсан. Энэ дайн эхлэхээс өмнө юм уу, дайн эхэлсний дараахан юм уу хилийн цаана байх “Баргийн богд” ууланд тулалдаан болсон байдаг. Тэнд Япон, Баргийн зэвсэг, техник маш их бөөгнөрч, дивиз цэрэг манайх руу давшихаар бэлтгэж байсан гэнэ лээ. Үүнийг нь хурандаа Д.Нянтайсүрэн гуай дуулаад аавд тушаал өгч, зөвлөлтийн танкийн жижиг сумангаар дэмжүүлээд, нэг сарын хоол хүнс, зэвсэг техниктэйгээр хил давуулсан байгаа юм. Гэтэл аавын өөрийнх нь илтгэх хуудас дээр бичсэнээр сарын хугацаа өгсөн даалгаврыг арав хоногийн дотор гүйцэтгэж дайсныг хөнөөжээ. Тэр бүү хэл нэг, хоёр хоног л тулалдсан байгаа юм. Яагаад гэхээр ойртож очоод тагнуулын үйл ажиллагааг маш сайн явуулсан. Үүнээс гадна цэргүүдийнхээ сэтгэл санааг бэлдэж, байлдах чадварыг маш сайн сэргээн, зэвсэг техникийг нарийн зохион байгуулсан. Ингэж дайсны гол хүч хаана төвлөрч байгаа, хаана нь галын цэг байгаа эсэхийг тодорхой судалсны үндсэн дээр дайралт хийж, их хэмжээний зэр зэвсэг, машин техник, амьд хүч олзолж авсан байдаг. 

-Үүнээс өөр онцгой үүрэг гүйцэтгэсэн үү?

-Дээр ярьсан Баргийн богдын тулалдаанд ялалт байгуулаад эргэж Халх голын орчимд, Бадам ишийн худаг гэдэг газарт гол хүчтэйгээ нийлэх тушаалыг аавд өгчээ. Тиймээс манай хилийн талаас Монгол, Зөвлөлтийн цэрэг давшилтад орох гээд Халхын гол дээр бөөгнөрчихсөн, цаанаас манай аав сумангаа аваад ирж. Ингэж хоёр арми нийлэх гэтэл Халх гол маш их үертэй, зэвсэг техник, морьтой цэргүүд гарах боломжгүй болсон байв. Миний бодлоор аавын маань Халхын голын байлдаанд үзүүлсэн, улмаар тэрхүү дайнд ялалт байгуулахад гүйцэтгэсэн онцгой алдар гавьяа нь энэ байсан юм. Учир нь тэр үед үертэй, цөн түрсэн, маш хүйтэн голд орох хүн байгаагүй. Харин манай аав Увс аймгийн Тэс сумын Тэсийн голд шумбаж өссөн, бүр “Мөнхийн усч хүү” гэдэг нэртэй байв. Нутагтаа усанд унасан мал амьтан, хүнийг ч аварч байсан удаатай. Тиймээс ч аав маань улс төрийн орлогчтойгоо зөвлөж байгаад голыг гаталж, гарам олъё гэсэн байгаа юм. Гэхдээ тэр үеийн дайчид, хамт ажиллаж байсан дарга, цэргүүд их сайхан хүнлэг сэтгэлтэй байж дээ. Ямартаа л улс төрийн орлогч н.Содномцэрэн нь “Бид даргыгаа уснаас гарч ирэхгүй бол суман удирдах хүнгүй болно. Та ус руу орж болохгүй” гэж. Аав харин хариуд нь “Намайг гарч ирэхгүй бол чи суманг удирдаарай” гэж хэлээд гол руу шумбажээ. Ингэхдээ амандаа голтой хулс зуугаад орсон байгаа юм. Улмаар нэг эргээс нөгөө тийш хэд хэдэн удаа нааш, цааш шумбаж, нөгөө талаас гол гатлах Монгол, Зөвлөлтийн цэргүүдэд гарам олж өгчээ. Түүгээр ч зогсохгүй гол гаталж байх зуурт хүнд пулёматын цэрэг пулёматаа чирч гаргаж чадахгүй усны гүн рүү унагахад түүнийг нь хүртэл гаргаж ирж байсан. Гэхдээ ингэж хавар цагийн хүйтэн усанд орсон нь сүүлд дайн дуусах үед өөрт нь хүндээр нөлөөлсөн дөө.

-Эх орныхоо төлөө маш их эр зориг, тэсвэр тэвчээр гаргаж байжээ. Тэр үед аавын тань гавьяаг үнэлж байсан болов уу?

-Харамсалтай нь миний аавын гавьяаг тийм ч өндөр үнэлж чадаагүй гэж би боддог юм. Дайны үе гэдэг мэдээж цаг хугацаанаас хамаарч ялагдах, ялах нь тодорхойлогдох болов уу. Магадгүй аав маань хурдан хугацаанд гарам олоогүй бол юу болох байсан бол. Цэргүүдийг тэгж гол гаталж байх зуур дайсан маш их хүчээр дайралт хийсээр байсан юм шүү дээ. Зөвхөн үүгээр зогсохгүй гол гаталж байгаа цэргүүдийг аавын удирдсан суман галаар хамгаалж, түүхэн гавьяа байгуулж байсан гэсэн. Энэ бол маш том бахархал, түүх гэж би боддог. Халхын голын байлдааныг ялалтаар төгсгөх өөр хэд хэдэн тулаанд аав маань томоохон үүрэг гүйцэтгэж байсан юм шүү.

-Ямар тулалдаанууд вэ?

-Байлдааны үеэр “Элст манхан” чиглэлд давшилт хийх даалгавар дивизээс өгчээ. Тэр үед “Элст манхан”-д Японы маш олон их буу, миномёт, бусад зэр зэвсэг төвлөрсөн гэдэг мэдээллийг өгч байжээ. Тиймээс аавд зөвлөлтийн нэг салаа цэргийг нэмэгдэл хүч болгон өгч, их бууны ангиар дэмжихээ хэлж байв. Энэ даалгавраа ч аав маань маш хурдан хугацаанд гүйцэтгэж, 300 гаруй амьд хүч устгаж, дайсны олон офицер олзолж байжээ. Энэ тухай хожмоо Матадын наймдугаар дивизийн даргаар ажиллаж байсан хурандаа Д.Нянтайсүрэн гуай “Бүгд найрамдах Монгол ард улсын баатрууд” дурдатгал номондоо “Ахлах дэслэгч М.Чулууны суман эрэлхэг зориг гаргаж, байлдааны уран арга, тактик хэрэглэн дайсныг бут цохин, хөөн зайлуулж, амьд хүч, зэвсэг техник, нууц баримт бичиг олзлон авсан нь цаашдын тулалдаанд маш их ач холбогдолтой болсон юм” гэж бичсэн байдаг.

-Тэр үед аав тань морьт хорооны дарга байсан уу?

-Үгүй. Хорооныхоо бус сумангийн дарга байсан. Аав “Элст манхан”-ы тулалдаанд онцгой гавьяа байгуулсан тул наймдугаар дивизийнхээ 22 дугаар морьт хорооныхоо дарга болсон. Сумангийн даргаас тушаал дэвшсэн гэсэн үг шүү дээ. Үүнийхээ дараа Дархан уулын чиглэлд тулалдах тушаал авч, мөн ялалт байгуулж байсан. 

-Та дээр хэлэхдээ хүйтэн усанд шумбасан нь дайны төгсгөлд аавын биеийн байдалд нөлөөлсөн гэж гэсэн. Юу гэсэн үг юм бэ? 

-1939 оны наймдугаар сарын 25-ны өдөр “Баянцагааны” гэх Халх голын дайны шийдвэрлэх тулалдаанд Монгол, Зөвлөлтийн арми нэгдсэн фронтоор давшжээ. Эхний өдрүүдийн давшилтад аав 22 дугаар хороогоо ахалж явсан ч ухаан алдан унасан юм. Энэ нь дайны өмнө буюу 1921 оноос эхлэн байлдаанд оролцож, хил хязгаар дамжин дайн байлдаантай үед амьдарч байсан, хамгийн гол нь хүйтэн усанд удаан хугацаагаар байсан зэрэг шалтгааны улмаас дайсны суманд бус биеийн байдлаас хамаарч унасан хэрэг. Наймдугаар сарын 25 гэдэг дайн дуусахын бараг урд өдөр болов уу. Тэгээд аав маань шууд эмнэлэгт хүргэгдэн очсон. Үндсэндээ ингээд л аав маань мартагдсан. Үүнийг би хэлмэгдсэн гэж боддог юм. 

-Гэхдээ таны аав 1945 оны дайнд мөн оролцсон биз дээ?

-Халх голын байлдаанаас хойш олон сар эмнэлэгт хэвтэж байгаад бэлтгэл офицероор нутагтаа халагдаж очоод хоёр жил боловсролын байгууллагад ажилласан. Гэхдээ дахин армидаа дуудагдсан л даа. Тэр бол 1945 оны чөлөөлөх дайны үе. Тухайн үед аав маань Хэнтийн Өндөрхааны танкийн хороонд ажилласан. Ер нь энэ дайны үед аав ар талд байсан. Сүүлдээ цэргийн эмнэлгийн ажлыг ч хариуцаж байсан юм билээ. 

-Таны аавын дайнд байгуулсан гавьяаг төрөөс огт үнэлээгүй гэж үү?

-Үнэлээгүй гэж хэлж болохгүй. Миний аавыг 1939 оны дайны үе буюу долдугаар сарын 19-нд Баргийн тулалдаанд гавьяа байгуулсан гэж цэргийн гавьяаны улаан тугийн нэгдүгээр зэргийн одонгоор шагнаж байсан. Тэр үед цэргийн гавьяаны одон анх гарч байсан юм билээ. Анх шагнуулсан байсан цөөхөн хүний нэг дээ. Дараа нь цэргийн гавьяаны одон, Халхын голын дурсгалын тэмдэг, чөлөөлөх дайны медалиудаар шагнуулсан. 

Харин 1957 онд насны тэтгэвэртээ сууж, халагдахад армиас бүрэн хэрэглэлтэй гэрээр шагнаж, машин унаагаар нутагт нь, гэр бүлтэй нь аваачиж өгсөн гэдэг. Энэ бол жирийн хүнд олдохгүй хүндэтгэл байсан биз ээ. 

Түүний дараа 1969 онд АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар “Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн” цол тэмдгээр шагнуулсан. Миний ойлгосноор энэ бол “Баатар”-ын дараахь цол байх аа.

-Дайн дууссаны дараа ч таны аав боловсролын байгууллагад өндөр бүтээлтэй ажилласан тухай намтраас нь уншиж байсан юм байна?

-Дайны дараа аав Тэс сумын “Хар үзүүр”-ийн сургуульд ажилласан. Тэнд ажиллахдаа ч гэсэн цэрэг эрийн хатуужлаараа ажилласан юм. Яагаад гэвэл би тэр бага сургуульд нь сурч байсан. Сургууль маань анх цэлийсэн тал газар дээр байгуулагдаж байсан гэдэг. Харин аав маань тэр сургуулийг одоогийн хотын сургуулийн хэмжээнд хүргэсэн байхгүй юу. Дотуур байр, контор, халуун усны газар, биеийн тамирын талбай зэрэг бүхий л бүтээн байгуулалтын ажлыг хариуцан хийлгэсэн юм. Тэр ч бүү хэл дотуур байрны хүүхдүүдийг хүнсний ногоо, будаа, масло зэргийг идэж сургах, долоо хоногтоо хоёр удаа усанд орох зэрэг ажлыг ч зохион байгуулж чадсан. Тиймээс ч 2005 онд тус сургуулийн захиргаанаас санал гаргаж, Засгийн газрын тогтоолоор аавын нэрэмжит болгосон. Энэ бол хүүхдүүд бидний ааваараа бахархах өөр нэг том бахархал л даа.

-Таны ээжтэй хэзээ гэрлэж байсан юм бэ, та М.Чулуун агсны хэд дэх хүүхэд вэ?

-Аав 1939 оны дайны дараа нутагтаа очихдоо ээжтэй ханилж, гурван хүүхэдтэй болсон. Би аавынхаа том охин нь. Дороо хоёр эрэгтэй дүүтэй. Миний хоёр дүү хоёулаа аавынхаа цэргийн мэргэжлийг эзэмшсэн нь миний бас нэг бахархал. Аймгийн музейд аавын маань нэг булан бий. Тэр музейд биднийг удам дамжсан офирцерууд гэсэн тодотголоор бичсэн байдаг. Учир нь Ч.Цэдэнбалжир, Ч.Отгонбаяр хоёр дүү маань хоёулаа хилийн цэргийн хүмүүс. Гэхдээ одоо тэтгэвэртээ гарчихсан. Цэргийнхэн чинь эрт тэтгэвэртээ суудаг хүмүүс шүү дээ. Нэг нь хурандаа, нөгөө нь ахмад цолтой. Дүү нарын маань үргэлжлэл болж хүүхдүүд нь мөн хилийн цэрэгт ажиллаж байна. Ч.Цэдэнбалжирын хоёр хүүгийн нэг нь л гэхэд Дорноговийн хилийн цэргийн ангид ахмад цолтой ажиллаж байна. 

Миний бага охин ч гэсэн Аюулаас хамгаалахын дээд сургуулийг төгссөн, дэслэгч цолтой. Иймээс л “Манай гэр бүл удмаараа офицерууд” гэж би бахархах дуртай.

Т.ГЭРЭЛМАА 

Categories
мэдээ цаг-үе

Д.Арвин: Валютын ханшийг зориудаар өсгөж Монгол Улсыг самарч байна

УИХ-ын гишүүн Д.Арвинтай ярилцлаа. 

-Ардчилсан хүчний холбооны зүүн бүсийн хурал Дорнод аймагт боллоо. Уг хурлын талаар ярихгүй юу?

-Ардчилсан нам дотор Ардчилсан хүчний холбоо байгуулагдаад олон бил болсон. Уг холбооны тэргүүнээр УИХ-ын дарга З.Энхболд ажилладаг. Өнгөрөгч онд Ардчилсан хүчний холбоо гишүүд, дэмжигчдийнхээ чуулганы дөрвөн бүс болгон зохион байгуулж эхэлсэн. Хэдхэн хоногийн өмнө Зүүн бүсийн чуулган Дорнод аймгийн Халхгол сум Буйр нуурын эрэгт боллоо. 600 гаруй төлөөлөгч оролцсон уг чуулган Буйр нуурыг сэрээх шиг болсон. Нутаг нутгийн залуучууд нэг дор цуглан Монгол Улсын хөгжил, шинэчлэлийн төлөө өөрсдийн санал бодлыг хэлж, хурал зөвлөгөөнөө зохион байгууллаа. Миний хувьд Ардчилсан хүчний холбооны гишүүний хувиар оролцоод ирлээ. Энэ жил Халх голын түүхэн ялалтын 75 жилийн ой тохиож байгаа. Тиймээс З.Энхболд дарга, С.Эрдэнэ, Д.Ганхуяг сайд, Г.Баярсайхан, С.Одонтуяа гишүүн миний бие оролцсон юм. Бид тэнд байдаг Орос Монголын дайчдын хөшөөнд цэцэг өргөсөн. 

-Сүүлийн үед УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах ёстой гэсэн мэдээлэл, уриалга гарч байна. С.Дэмбэрэл, М.Зоригт нарын гишүүд эдийн засгийн асуудлаар хуралдах ёстой гэж байна. Харин Р.Амаржаргал гишүүн ээлжит бус чуулганаар юу хэлэлцэх вэ, хэлэлцэх асуудлууд байгаа юу гэдгээ бодох ёстой хэмээн байр сууриа илэрхийлсэн…

-Энэ сарын 22-ны өдөр БНХАУ-ын төрийн тэргүүн Си Жиньпин айлчилж байгаатай холбогдуулан хүндэтгэлийн чуулган хуралдана. Засгийн газраас төсвийн тодотголыг өргөн барьсан бол ээлжит бус чуулган үргэлжлэн хуралдах ёстой. Монгол Улсын Их хурал хуулийнхаа хүрээнд хуралдах ёсгүй. Чуулган ямар үед хуралдаж, гишүүд ямар үед амрах вэ гэдэг нь хуульчлагдсан. Тиймээс хуулийн хүрээнд л байх хэрэгтэй. Төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэнэ гээд Засгийн газар асуудлаа өргөн барьсан бол чуулган үргэлжлүүлэн хийж болно. 

-Засгийн газрын “ЭЗЭН 100” хөтөлбөрийн үр дүн, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нарын хууль бус үйлдлийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх ёстой гэдгийг МАН-ын генсек мэдэгдээд байгаа л даа?

-Өнөөдөр хуулийнхаа хүрээнд хүндэтгэлийн чуулган хуралдана. Миний хувьд ээлжит бус чуулган үргэлжлүүлэн хуралдах шаардлагагүй гэж үзэж байгаа. Ерөнхий сайд, Хууль зүйн сайдын асуудал бол өөр. УИХ-ын шүүх байгууллага биш.

Ардын намынхан үргэлж ингэж улс төржих юм. Ингэснээрээ Монгол Улсаар удаа дараа тоглож байна. УИХ Ардын намын хүсэлтээр хуралдах ёстой юм уу. МАН-ын зарим гишүүд Хятадын төрийн тэргүүний айлчлалын хүндэтгэлийн хуралдаанаас хойш ээлжит бус хуралдаан хийх ёстой гэж байна гэсэн. Хуулийнхаа дагуу хүндэтгэлийн чуулганаа хийх л ёстой. “ЭЗЭН 100” хөтөлбөрийг дүгнэх цаг ирнэ. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногоо намын бүлгүүд эхлээд ярих шаардлагатай. Энэ бол Их хурал шууд хэлэлцээд явчих зүйл биш. Ээлжит бус чуулган хуралдуулна гэж ард түмнийг самууруулж байх цаг өнөөдөр биш гэдгийг хэлмээр байна. 

-Иргэдийн зүгээс валютын ханшийн өсөлт, эдийн засгийн талаар тэгээд юу гэж байх юм?

-Дэлхий нийтээр л валютын ханш өсч байна. Рубль, юанийн ханш ч дээшилж байгаа. Энэ зовлонг дэлхий нийтээрээ амсч байгаа. Хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч олон орон эдийн засгийн хямрал, дэлхийн өөрчлөлтүүдэд улс орноо зөвөөр аваад явж байна. Бидний зовлонг тэд ч гэсэн туулж байгаа. Валютын ханшийг өдөр өдрөөр зориудаар өсгөөд байгаа юм шиг надад санагдах боллоо. Дахин хэлэхэд ам.долларын ханш  биднээс шалтгаалахгүйгээр өсч байна. Монголын ухаантай хүмүүс үүнийг ойлгож байна. Ухаан муутай нь дагаад л хийсч байгаа юм. Дэлхий нийтээр өсч буй евро, ам.долларын ханшийг бид зогсоож чадах юм уу. Гадаад валютын төлөө Монгол банк байгаа бүх мөнгөө зарцуулах юм уу. 

-Их хурлын гишүүд л өөрсдөө энэ талаар дуугардаг шүү дээ?

-Манай зарим гишүүд ичих хэрэгтэй. Их хурлын зарим гишүүд үнэхээр жижигхэн байнаа. Энэ хүмүүст хандаж “Та нар дөрвөн жил л энэ орныг удирдана. Та нараас цааш монголчууд хэдэн зуун жилээр цааш оршин тогтноно. Дөрвөн жилд Монгол Улсыг ёс зүйн хувьд ард түмнээ битгий доромжлоод бай. Монголын төрийг доромжлохоо боль” гэж хэлмээр байна. Бид валютын ханшийг өсгөхгүйн төлөө байгаа бүхнээ тавих ёстой юм уу. Монголын төр валютын ханшны дайтай үнэ цэнэтэй юм уу. 

-Өнөөдөр (өчигдөр) УИХ-д суудалгүй намуудын зүгээс хоёр орны төрийн тэргүүний айлчлалын өмнө Засгийн газрыг огцруулах асуудлыг авч хэлэлцэх ёстой гэдэг мэдээллийг хийлээ. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Дэлхийн хоёр том гүрний төрийн тэргүүн нэг улсад дараалан айлчилж , Монголын парламентад үг хэлж байгаа нь Монголын парламентийн түүхэнд байгаагүй томоохон үйл явдал. Монголчууд хожих ёстой. Засгийн газрыг огцруулна гэж байгаа хүмүүс Монгол Улсынхаа эсрэг алхам хийж байна гэсэн үг. Нийгэм, эдийн засгийн байдал ямар байна,  энэ асуудлаар намын бүлгүүд дээр ярих цагтаа л ярья. Хоёр хөршийн төрийн тэргүүний дараалсан айлчлал Ардчилсан намаас гарсан Ерөнхийлөгчийн  үед  болж байна. Ардчилсан Ерөнхийлөгч  хоёр хөрштэйгөө гадаад харилцааны хувьд ямар ойр болж байгааг харуулж буй үйл явдал. 

-Харин тийм байна…

-Өмнөх парламент,  Засгийн газруудад хоёр хөршөө хуурч тоглож байсан,  төрийн томоохон айлчлал тоглоом болж байсан.  Энэ парламент төрийн том айлчлал тоглоом биш зөв алхам руу орж буй үйл явдал гэж ойлгож байна. Өмнөх парламентын үед гарын үсэг зурсан гэрээ хэлцлийг дараа нь өөрчилдөг байсан. Энэ нь Монгол Улсын олон улсын тавцанд байдалд оруулж байсан. 

-Айлчлалын хүрээнд ямар асуудлууд биелэлээ олох вэ гэж харж байгаа вэ?

-Хятадтай манай эдийн засаг хамааралтай. Манай орон зах зээлийн нийгэм байгуулах үед тэд визгүй зорчуулж, худалдааны том бодлогоор дэмжиж ажиллаж байсан. Хятад бол Монгол Улсын маш том хөрш, эдийн засгийн түнш. Монгол Хятад аль алинд нь ашигтай найрсаг харилцаа дэд бүтэц, барилга гэх мэт бүхий л салбарт сайжирна гэдэгт итгэж байна. Хятадын төрийн тэргүүнийг даган томоохон төсөл хөтөлбөрүүд, бизнесмэнүүд нь ирнэ байх аа. Бид ОХУ-тай олон жилийн ах дүүгийн найрсаг харилцаатай байсаар ирсэн. Тэд олон жил бидний шатахууныг хангаж, дулаан цахилгаанаар, олон талт олон арга хэмжээгээр бидэнд туслаж байсан. Цаашид олон харилцааны тал дээр нааштай зүйлс бий болох байх. Найрамдалт харилцаагаа улам бэхжүүлэх нь бидний хийх ёстой ажлын нэг. Хоёр том айлчлалын дараа Монгол Улсын харилцаанд олон шинэ зүйл бий болно гэдэгт итгэж байна.

-Дорнод аймагт болсон Ардчилсан хүчний холбооны хурлаар Н.Алтанхуягийн толгойлсон Засгийн газрын хувь заяаг хэрхэх талаар ярилцсан болов уу гэсэн таамаг цахим ертөнцөөр нэлээд явсан. Үнэхээр тэр талаар ярилцсан юм уу?

-Монгол Улсыг дунд нь хагалдаг, хүмүүсийн дунд яс хаяж хооронд нь мууцалдуулдаг бүлэг ажиллаж байгаа нь сайтууд,  мөн эрүүл солиотой нь мэдэгдэхгүй твиттерчид байна. Мэдлэггүй, чадваргүй, ажил хийж чадахгүй хүмүүс сайт, твиттерт орж сэтгэгдэл бичээд сууж байгаа юм. Монголчуудыг доромжилж, бие биенийг нь хагаралдуулж байгаа энэ зүйл рүү хэн хошуурч байна гэхээр ховонд дуртай, худлаа боловсрол олсон тэнэгүүд сууж бие биенээ доромжилж байна. Өөрсдөө нэг юм зохиож биччихээд доор нь өөрсдөө биччихдэг. Ийм зүй бус зүйлээс монголчууд бид салах цаг болсон. Тархи нь ажилладаггүй, биеийн хүчний хөдөлмөр хийж чаддаггүй хүмүүс твиттерт сууж Монгол Улсыг доромжилж байна. Цуваагаараа яваад Ардчилсан хүчний холбооны хурлаа хийгээд л ирсэн. УИХ-ын дарга  З.Энхболдын үед хоёр хөршийн төрийн тэргүүн Парламентад үг хэлж байгаа болохоор түүнд атаархах, атгаг санаатай хүмүүс  энэ яриаг гаргаж байна. Тэр бүү хэл Их хурлын даргыг Хөх нуурт хоноход нь Ардын намынхантай уулзсан мэтээр сайтууд бичсэн байна лээ.  Атаархаг, атгаг санаатай хүмүүс үүнийг зориудаар бичиж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын төрийн түшээд, соёлтой боловсролтой ажил хэрэгч хүмүүс твиттерт орж жиргэх энэ тэрээс татгалзсан байдаг. Манай гишүүд үүнийгээ хэзээ болих юм бол доо. 

-Ардчилсан намын зарим гишүүдийн зүгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд гэж хаяглан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга гуравт мэдэгдэл гаргасан байна лээ. Намынхаа төлөө шударга бус зүйлсээс татгалзаж, шударга байхыг уриалсан байсан…

-Тэр мэдэгдлийг яг уншиж амжаагүй л явна. Төрийн гурван өндөрлөг зангидсан гар шиг байж ажиллах хэрэгтэй. Төрийн гурван өндөрлөг асуудалд бодитой хандаж чадаж байвал улс зөв явна. Өндөрлөгүүд ёс журамтай байвал Монгол Улс ч гэсэн ёс журамтай байна. Аав, ээж нь ухаантай бол үр хүүхэд нь тийм л байдаг. Үүнтэй агаар нэгэн юм. Төрөө доромжилдог хэдэн хүн байхад, төрөө хүндэтгэдэг хүмүүс дийлэнх нь байдаг. Монголчууд төрөө хүндэтгэдэг эртний уламжлалтай. Өөрсдөө ёс зүйтэй, ухаантай байвал ард түмэн аяндаа дагадаг. 

-МАН-ынхан МАХН-ыг улс төрийн тавцангаас арчих бодлого хэрэгжүүлж байна. МАХН-ын гишүүдийг өөрсдөдөө уусгах замаар ажиллаад эхэлчихлээ. Үүнд ямар бодолтой яваа вэ?

-Би орон нутагт болон өөрийнхөө сонгогдсон тойрогт ажилласан. Ардын намынхан аль хэдийнэ ажиллагаагаа эхлүүлчихсэн. “Танай нам удахгүй байхгүй болно. Дарга нар чинь байхгүй. Удахгүй Н.Энхбаяр чинь шоронд явна. Засгийн газраас танайхныг гаргачихна” гэх мэт мессэжийг өгч байна. МАХН-ын жирийн гишүүд дээр ажиллаад эхэлчихсэн байна лээ. Өнгөрөгч онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН бие даан оролцож АН-ыг ялахад маш их үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс анх байгуулсан эвслээ сайн аваад яваасай гэж бодож байгаа юм. Энэ эвсэл анхнаасаа зөв байгуулагдсан эвсэл гэж боддог. Юмыг эвдлээ гэхэд дахин сайжирч гардаггүй гэдгийг бид өнгөрөгч парламентаас харсан. Одоо байгаагаа бид зөв залаад авч явах ёстой. Түүнээс биш хор найруулдаг үе дууссан. Би МАН, МАХН, АН-ын лидерүүдийн хэн нь хэн бэ гэдгийг мэднэ. Хэн нь яаж тоглож байгааг мэдэрч байгаа. Тиймээс өнөөдрийн өндөрлөгт аваачсан ард түмний итгэл, төр улсаараа тоглочихгүй байх аа гэдэгт итгэлтэй яваа.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

“Өүлэн эх” цогцолборт гурван тэрбум төгрөг зарцуулжээ

Цонжин болдогийн Чингэс хааны  морьт хөшөөний замын эсрэг тал буюу зүүн урагшаа Өүлэн хатны 13 метр гаруй өндөр хөшөө наадмын өмнөхөн сүндэрлэсэн. Боржин чулуун хаалгатай томоо гэгчийн хашаанд  энэ хөшөөнөөс гадна өчнөөн бүтээн байгуулалт өрнөж байна. Энд “Сайхан Булган” компани аялал жуулчлалын цогцолбор барихаар гурван жилийн өмнө ажлаа эхэлжээ. “Өүлэн эх” цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг сурвалжлахаар Цонжинболдогийг зорилоо. Хашааны боржин чулуун хаалган дээр Чингис хааны “Төрүүлж өсгөсөн ачтаны сууг тэнгэрт дуулгаж дэлхийд дуурсгая” гэсэн үгийг сийлжээ. Хаалганы орой хэсэгт байрлуулсан соёмбоны хоёр талд хар, цагаан тугны орой, гурван цагийн галыг мөн л боржин  чулуугаар урласан нь содон шийдэл болжээ. 

Биднийг очиход хөшөөт цогцолбор болон замын ажил ид өрнөж байв. “Сайхан Булган” компанийн захирал А.Лхамжав ч байж таарлаа. Аялал жуулчлалын цогцолбортоо одоогоор гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Дахиад арваад тэрбумын хөрөнгө зарж байж аялал жуулчлалын цогцолбор иж бүрнээрээ сүндэрлэх аж. Эхлээд Өүлэн хатны хөшөөг сонирхов. Хөшөө тун нарийн хийцтэй нь хатны ээмэг, бөгжийг харахад л илт юм. Шүрэн хэлхээтэй ногоон өнгийн унждаг ээмэг нь чулуугаар урласан гэмээргүй гоёмсог, шүр бүр нь ялгарч харагдана. Хөшөөг бүхэлд нь саарал боржингоор урлажээ. Хөшөөний доод хэсгийг усан, уулан, үүлэн хээгээр чимэглэжээ.  

А.Лхамжав захирал “Монгол хатны ийм хөшөө одоогоор дэлхийн хаана ч байхгүй. Өүлэн хатан аян дайнаас буцан ирж буй хүүгээ угтаж байгаа бэлгэдлээр бүтээсэн юм. Газрын байрлал нь яг таарсан байгаа биз” гэж сонирхуулав. Нээрээ л Чингэсийн морьт хөшөөний өмнөхөн сүндэрлэсэн Өүлэн хатны хөшөөг  хэн ч хүүгээ угтаж байгаа ижий гэж харахаар юм билээ. Замын аль ч талаас харсан Өүлэн эхийн хөшөө нүдэнд тусч байна лээ. “Женко тур”-ийн морьтой Чингэс хааны хөшөөтэй зохиомж, утга агуулгаараа нэгдэж чадсан бүтээл болжээ. А.Лхамжав  “Өүлэн ээжийн царайг тухайн үеийн хүмүүсийн царайны хэлбэрийг судалж байж гаргасан. Боржин чулуун хаалга болон энэ хөшөөг Энхтайван захиралтай Үүдэн чулуу компанийнхан бүтээсэн юм. Саяхан над руу ярьж байна лээ. Өүлэн хатны хөшөөг урласан бүтээлчээ төрийн шагналд нэр дэвшүүлэх гэж байгаа гэнэ. Их мундаг залуус. Өүлэн ээжийн хөшөөг сэтгэлд тултал урлаж өгсөн дөө. Чулууны урлаг Монголд хэр түвшинд хөгжсөнийг жинхэнэ утгаар нь харуулсан бүтээл болсон. Чулуугаар урлуулсан нь учиртай. Чулуу гэдэг хэдэн мянган жил болсон ч байгальтайгаа цуг оршсоор байдаг эд. Нэгэнт л мөнхийн бүтээл хийж үлдээе гэж зорьсон учраас боржин чулуугаар хийе гэж шийдсэн”  хэмээн яриагаа үргэлжлүүлэв. Өүлэн хатны хөшөөг шүншиглэсэн гэнэ. Шүншиглэсэн болохоор тэр үү ирж мөргөх хүмүүс их байгаа аж. Цогцолборын ажил дуусаагүй ч энд хүний хөл татардаггүй бололтой. 

 Хатны хөшөөний өмнө хэсэгт есөн хатны дүртэй ханан хөшөөг суурилуулжээ. Яг монголчилвол хавтгай хөшөө гэдэг аж. Компанийнхан боржин чулуун шигтгэмэл хөшөө гэж тайлбарласан.  Чулуун дээр хатдын дүрийг товойлгон сийлж урласан энэ хөшөөнд Алунгоо, Бөртэ,  Дөргөн, Огул Хаймиш, Мандухай, Ану зэрэг хатдын дүрийг мөнхөлжээ. Хатдын хөшөөг СУИС-ийн багш Нямхүү урлажээ. Хатад судлалаар нэлээд ажилласан учраас хатдын зураг бүр тухайн цаг үеийнхээ онцлогийг илэрхийлсэн агуулгатай болж чадсан гэнэ. Дөргөн хатны хэсэг дээр гэхэд л Христийн сүмийг товойлгон сийлжээ. Дөрвөн хүү нь бүгдээрээ хаан болсон Сорхугтани хатныг гэхэд л дөрвөн хүүтэйгээ зогсч байгаагаар урлажээ. Алунгоогийн дүрийг домгийн зохиомжоор бүтээсэн харагдав. Таван хөвгүүндээ эвтэй байхыг багцалсан сумаар үлгэрлэсэн домгийн үйл явдлыг эндээс харж болохоор юм. Хатдын дунд мандаж буй нар, Бөртэ чоно, Гоо марлыг дүрсэлжээ.  

Энэ хөшөөний наана том тулга залах юм байна. Монголын хамгийн том тулга болох гэнэ. Таван бүслүүртэй тулга хийлгэж байгаа нь цаанаа учир агуулгатай юм байна.  Дээр үед ихэс ноёд таван бүслүүртэй тулга, энгийн ардууд гурван бүслүүртэй тулга хэрэглэдэг байж. Тулганы нэг, гурав, тавдугаар бүслүүрийг хас хээгээр чимэх аж. Бүслүүр тус бүр 33 хас хээтэй байх нь. Нийлээд 99 хас хээ болсон нь 99 тэнгэрийг бэлгэдсэн хэрэг юм байна. Хоёр, дөрөвдүгээр бүслүүрийг эврэн хээгээр чимжээ. Их Монголын үеийн хаад ноёдын тулганы бүслүүр эврэн хээтэй байсныг бодолцон энэ хээг сонгожээ. Тулганд мөнхийн гал бадамлуулахаар төлөвлөжээ. 

Ханан хөшөөний наахна боржин чулуугаар тайз хийчихэж. Тайзны өмнө мянга гаруй метр квадрат талбайтай юм. Мөн л тэр чигтээ боржин чулуугаар хийж. Энд шоу, ээжийн баяр, хурим найр гээд олныг хамарсан арга хэмжээнүүдийг зохиож болох юм байна. Төрийн ордны өмнөх шиг морьтой баатрын хөшөөг ч байрлуулах гэнэ. Гэхдээ эмэгтэй баатрууд гэдгээрээ онцлог байх нь. Эскизийг нь гаргасан ч урлах ажлыг хөрөнгө мөнгөний шалтгаанаар түр хойшлуулжээ. Хөшөөт цогцолбор руу боржин чулуун шатаар өгсөж гарахаар юм билээ. Биднийг очих үед шат хийх ажил ид өрнөж байв. 

Хөшөөт цогцолборын наад талд гурван одтой зочид буудал барьж эхэлжээ. Каракас нь бэлэн болчихож. Хөрөнгө мөнгөн дээр асуудал гарсан учраас  барилгын ажил зогсчихоод байгаа юм байна. Зочид буудлын хажууд усан оргилуурын суурь цутгасан харагдав. Зочид буудлын барилгын ажилд гадаадын хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж байгаа аж. Хоёр ч компани руу мэйл илгээжээ. 

“Сайхан Булган” компанийн хувьд барилгын салбарт бизнес эрхэлдэг аж. Аялал жуулчлалын салбар руу гурван жилийн өмнөөс л оржээ. А.Лхамжав “Би Монголдоо нэг барьцтай юм үлдээе гэж насан туршдаа бодсон хүн л дээ. Туулсан амьдрал, давсан даваа бүхэн минь энэ цогцолборыг бүтээхийн төлөө байжээ гэж бодож сууна. Манайх дөрвөн хүүхэдтэй. Мөнгө төгрөг, алт, эрдэнэс бэлдэж өгснөөс сайхан амьдрах  ухаан, боловсролыг өгье гэдэг зарчмаар хүмүүжүүлсэн. Бүх зүйл нь бэлэн бол амьдралын зорилгогүй болчихно. Амьдралын зорилгогүй хүнд ажиллах, бүтээх хүсэл төрөхгүй шүү дээ. Сүүлийн хэдэн жил хийсэн бизнесийнхээ мөнгөө энэ бүтээн байгуулалтад зориуллаа. Харамсалтай нь энэ хүртэл яваад  хөрөнгө мөнгөний шалтгаанаар  эрч нь сулрах юм шиг байна. Гэхдээ яаж ийж байгаад хийж дуусганаа. Бүх л гарц, боломжийг хайна гэж бодож байна” хэмээн ярилаа. 

Энэ хашаанд босох бас нэг бүтээн байгуулалт нь 21 дарь эхийн номын өргөө гэнэ. Өндөр гэгээн Занабазарын тэг жаягаар Непальд цэвэр алтаар цутгуулах бололтой. Өргөөгөө  барьсны дараа дарь эхүүдээ бүтээх юм байна. Мөнгөтэй эрхмүүд дарь эх бүтээх ажлыг нь ивээн тэтгэх санаа оноогоо хэлээд эхэлжээ.  

Өөр нэг анхаарал татсан том ажлыг “Сайхан Булган” компанийнхан энд хийгээд амжчихаж. Аялал жуулчлалын цогцолбор байрлах 17 га газрын нүүрэн талыг л төмрөөр хашаалжээ.  Хоёр хажуу, хойд хэсэгт нь хайлаас эгнүүлжээ. 11 мянган хайлаас тарьсан гэнэ. Их сайн ургажээ. Өнгөрсөн жил тарьсан хайлааснуудын бараг 90 гаруй хувь нь ургажээ. Зарим хайлаас нь бүр метр гаруй өндөр ургасан харагдав. Тэгэхээр энэ хавь хайлаас модон хашаатай болох нь. Компанийн захирал “Заримдаа ажил бүтэхгүй болохоор сэтгэл тавгүйтэх үе гарна аа. Яг тийм үед ургаж байгаа моддоо харахаар сэтгэл сэргээд л ирдэг юм. Энэ жил тэнгэр хангай хураа харамласангүй. Модод маань үнэхээр сайхан ургалаа” гэж хэлээд инээмсэглэв. 

Хөшөө, зам талбайн ажилд нийтдээ тавь гаруй хүн ажиллаж байна лээ. Гурван одтой зочид буудал, хөшөөт цогцолбор, 21 дарь эхийн номын өргөө, гэр, байшин, хатдын өргөө сүндэрлэх энэ цогцолборт сэргээгдэх эрчим хүч ашиглана гэж “Сайхан Булган” компанийнхан төлөвлөж байгаа юм билээ. Тэд энэ цогцолборын бүтээн байгуулалтад хамтарч ажиллах түншээ хайж байгаа гэнэ.  


Ц.БААСАНСҮРЭН

У.УУГАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Мөнгөнморьтын тэнгэр аялгуу

Өнөөдөр түүний төрсөн өдөр. Тэр, дөрвөн уулын дундахь мөнгөн үеийн яруу найрагчдын дөрөөн чимээг түүчээлсэн аяны магнай тогоруухай байв. Монголын утга зохиолын мөнгөн үеийн сод төлөөлөгч, намуун уянгын гунигт дуучин Жамьянгийн Болд-Эрдэнэ тэнгэрт дэвшээгүй бол энэ өдөр дөчин есөн насны сүүдэр зэрэгцэх байв. Тэрээр 1965 оны наймдугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо нэгдүгээр төрөхөд армийн хурандаагийн хөвүүн болон мэндэлсэн байдаг. Хожим тэрээр хүүхэд насных нь диваажин болсон Төв аймгийн Мөнгөнморьт сумаар овоглож, Налайхын сургуулийг төгсөн, Дүрслэх урлагийн дунд сургуулийг чимэглэгч зураач мэргэжлээр дүүргэсэн аж. Тэрчлэн Ленинград хотын Театр урлагийн их сургуульд суралцан театрын зураач болсон байдаг. Болд-Эрдэнэ найрагчийн “Гоо марал” хэмээх өөрөө хавтасных нь зураг чимгийг хийсэн бяцхан цэнхэр ном Монголын яруу найрагт гайхамшигт нэгэн авьяастан мэндэлснийг зарлан тунхагласан юм. 

“Чинагш юм бүхэн улирч одно

 Цавцайх үүлс морин харгуйгаар зуларч одно

 Цагаан уул цэцэг хээрийн салхинд сэмэрч одно

 Чинагш юм бүхэн улирч одно

Нарыг зүглэсэн түм түмэн усны модон хорхой

Навчилж өөрчлөгдөхөд хүмүүс ой шугуй гэж нэрлэнэ

Намрын царманд зогсох марал бугын нүдэнд

Магадгүй ямархан гунигаар нулимс цийлэлзэнэ

Ирэх өдөр хоногууд өнгөрч одно

Ижий минь талын хаяа руу алсарч одно

Эцэг минь зоримогхон шийдээд хальж одно

Ирэх өдөр хоногууд өнгөрч одно

Ээжийн загсаасан өрөм шиг шаргал саран

Энгэр тойрмын хоромсогтой сум шиг хэдэн зэгсэнд хононо

Эргийн хайргаа зөөлөн зөөлөн илбэж

Эртний домгоо Хэрлэн мөрөн минь шивнэнэ

Чинагш юм бүхэн улирч одно

Цасан ширхгүүд одны гялгараас чимхэж одно

Чамайг гэсэн хайр минь цагийн эрхээр бүдгэрч одно

Чинагш юм бүхэн улирч одно” 

Тэр нимгэн цэнхэр түүвэр ерээд оны яруу найргийн хүрээнийхний ширээний ном байсан гэхэд хилсдэхгүй. 

“Зуны шөнийн зүүдээ томж, ганцхан шүлэг биччихээд

 Зуун жилийн цаана намайг хүлээх нэг л хүнд бэлэглэх сэн” гэх яруухан мөрөөдөл түүнийг хөглөж, буй бие сэтгэлээрээ тэр уй гуниг, уянга найргийн элч болж энэ орчлонд ирсэн мэт төсөөлөгдөнө. Монголын нэрт соён гэгээрүүлэгч Сүрэнхорын Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургуульд элсэн орсны намрын нэг өдөр О.Дашбалбар багш “Шүлэг бичдэг оюутнууд Ханддорж вангийн өргөөнд лхагва гараг бүрт болдог “ГУНУ” яруу найргийн дугуйланд очиж болно шүү” хэмээсэн нь Хургаагийн Сүглэгмаа, Анандын Байгалмаа бидэнд диваажингийн хаалга нээгдсэн мэт санагдсан сан. Лхагва гаригт дугуйланд очвол ерээд оны зүс таних найрагч залуус ирсэн харагдана. Хар хөх дээл, гахай ширэн шар гуталтай жаахан халамцуу Болд-Эрдэнэ найрагч нүд рүү нь унжин орж ирэх үсээ зураач хүний уран хуруугаар самнан хойшлуулж суутал яруу найрагч Л.Өлзийтөгс орж ирэв. Боогий ах Өлзийг дуудан өвөр дээрээ суулган хацар дээр нь үнсэхэд киноноос л гагц ийм уянгын байдлыг харж байсан хөдөөгийн шүлэгчийн сэтгэлд бяцхан ичингүйрэл төрж байж билээ. Түүнийг анх харснаас хойш гурван жилийн дараа тэрээр М.Амархүү, Ц.Доржсэмбэ нартай манай сургуулиар ирж сургуулийн захирал, яруу найрагч С.Батмөнхийн өрөөгөөр үе үе морилно. Захиралд хэлж намайг хичээлээс дуудуулан, лонх дарсанд гүйлгэх ч үе гарна. Хөгжмийн зохиолч Сангидорж, Бямбабаяр, Мөнхбат нартай ч их ирнэ.

Доржсэмбэ бидэнд “Монголын яруу найрагт “Жимсний бөөр” Дамдиндорж бид хоёроос ондоо том яруу найрагч алга” гэж хирдээ томрон омойтох нь ч бий. Хүний шүлгийг маш анхааралтай сонсоно. Өөрөө голдуу 

“Уйт намрын ханшийг дагаж шувуу бидэн

Умар өрнө зүгт салан одовч

Удаах жилийн эсэргэн урийн цагаар

 Ус нутаг минь чамдаа эргэн эргэн ирнэ” гэсэн шүлгээ унших. Нүдээ онийлгосхийн, үсээ илбэн илбэн шүлгээ дуудахдаа нисэх гэж буй бүргэд мэт цээжээ урагш түхийлгэж, хундагатай дарсаа нямбайхан цомбогордуу барьж байгаад уншина. Шүлгээ тэр бүр тохиолдлын нэгэнд уншаад сүйд болоод байхгүй. Шүлэг уншиж байхад хүмүүс ярилцахад ёстой ясны дургүй нь хүрч буй янзтай ярвайсхийгээд чимээгүй дүнсийж орхино. Ийн дүнсийснийх нь дараа яруу найргийг үл ойшоогч ямар ч бөх зүрхтэн гарахгүй нь сайхан. Манайхыг ерэн долоон оны намар орон гэртэй болсноос хойш Боогий ах шөнө орой ч гэхгүй олонтаа ирж хонох болсон сон. Зуун айлын Барилгачдын 14-ийн хоёр тоот тэр бяцхан байшингийн хана хэрвээ үг хэлдэгсэн бол олон сайхан дурсамж өгүүлэх байсан биз. Яруу найрагч Доржсэмбэ нутгаас ирж “Ламын гэгээн” хэмээх архи, цэнхэр хадагтай Боогий ахад өргөн барьж шавь барилдан, гэргий маань бууз жигнэн, ээж маань айраг сөгнөн төгөлдөр сууцгааж байсан түүх бидэнд бий. Сэмбэ маань жаахан халамцчихаад хадаг барьсан багшдаа “Та бид адил зиндааны л найрагчид” хэмээгээд ээжид зэмлүүлж байсан хөг ч санаанд тодхон. Охин Саранзаяаг минь улаан нялзрай амьтан байхад Боогий ах “Хар усан гахай” гэж их өхөөрдөнө. “Хар усан гахай гэж та хүүхэд доромжлоод байна уу” гэхээр “Усан гахай чинь ёстой хөөрхөн амьтан байгаа юм. Чи заавал хараарай” гэж үнэн голоосоо хэлнэ. Хожим тэр усан гахайг нь зах дээр олж хараад “Аргагүй хөөрхөн амьтан юм” гэж хүлээн зөвшөөрсөн удаатай. Ган-Очирын, Сүглэгмаагийнхан манайхтай ойролцоо болохоор Тогоонтөмөрийн Содномнамжил, Боогий ах бид нийлж, гэргийгээс чөлөө аваад хөдөөний айл хэсэж байгаа юм шиг шөнө дөлөөр ч хамаагүй шүлэг зохиолоо уншин явцгаасан минь юутай сайхан дурсамж хөглөнө вэ.

Манайд амьдрах багын анд Бөлтүүшийг суулгаж байгаад харандаагаар зурах нь ч бий. Тохойгоо эргүүлэн шөрмөсийг нь харуулаад “Миний энэ гар чинь их учиртай. Хүн бүхэнд ийм шөрмөс байдаггүй юм” гэснээ “Ленинградын цас чинь яг ил захидлын зурагт байдаг шиг талстын ширхэгтэй байдаг юм ш дээ” гэхэд үнэхээр гайхамшигтай санагдаж, оюутан ахуй цагаа өнгөрөөсөн тэр хотод нь очиж цагаан шөнийг нь үзмээр хорхой хүрнэ. Заримдаа хэдэн номыг маань онгичиж Гонгорын “Халх товчоон”-ы хоёр дэвтрийг бариад суучихна. Тэр үед “Зөн” цувралаар гарсан Л.Өлзийтөгсийн “Тэргүүн бүлэг” шүлгийн номыг ирэх болгондоо л уншина. Гэргий Туяатайгаа ирэхдээ хоёр охинд минь баахан чихэр жимс базаачихсан, бас ч болоогүй  намайг дүү гэхгүй лонх дарс өврөөсөө гаргахаа мартахгүй. Ирэх бүртээ л Монголын урлаг, яруу найргийн шинэ сонин сайхныг тээж орж ирнэ. “Манай Ганхуяг Галдан бошигтын хөшөөний эх загварыг ёстой янзтай гаргасан байна” гэх юм уу “Маргааш “Севилийн үсчин” дуурьт Долгор эгч тоглох гэнэ. Хоёулаа очиж үзнээ хө” гэнэ. Тоглолт дуусахад хөшигний ар руу дагуулж очиж, урлагийнхантай танилцуулж, өөрөө бүгдтэй нь ах аа, эгч ээ болон уярам сайхан харьцана. 1998 оны цагаан сарын шинийн хоёронд Амархүү зураачтай нэлээд шөнө ирлээ. Бурхны өмнө, хоёр охинд маань мөнгө өгөөд л. Гэргий, бид хоёрт аяга, хоргой өгч ч байх шиг. Сургуулиа дөнгөж төгсөөд байсан болохоор ганзай дарс жаахан хомсхон. Ганц лонх юм гаргалаа. Сайхан халж ирээд “За хар, шар хоёр усан гахай, бурханд чинь тавьсан мөнгөө эргүүлээд зээлчихнээ хө” гээд гурвуул Зуун айлын дэлгүүр рүү алхаж явсныг хэрхэн мартах билээ.

Тэр цагаан сарын дараахан “Эх орон таймс” сонинд данстай би вээр өглөө бүр Боогий ахыг дагаж гаран, үдэш хоёул халамцуухан Насааг яаж аргадан аргалахаа тохирон ордог сон. Бид хоёрын хийдэг ажил юу байв гэвэл төрийн шагналт зохиолч Жа.Пүрэв гуайнд зочлон хууч хөөрч, улсын заан Бямбадорж найзаар нь дайлуулахдаа шавь Хатансайханаар нь архи зөөлгөж, төрийн шагналт бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатарынд очин жижиг Амараагаар нь концерт тоглуулах зэрэг тухайн үедээ аар саархан мэт боловч одоо бодоход гайхамшигтай цаг мөчүүдийг үдэж өнгөрөөжээ. Нэгэнтээ, Хүүхэд Залуучуудын театрын найруулагч И.Нямгаваагийн өрөөнөөс “Тамхи татлаа” хэмээн хөөгдсөн удаа ч бас буй. Түүнд үнэндээ Монголын урлаг соёлынхноос танихгүй, мэдэхгүй хүн гэж үгүй байв.                 

“Амьдрал би чамд хэтэрхий хайртай байснаас

Амсах ёстой жаргалаа цагаас эрт хүртлээ

Амар амгалан нөгөө ертөнц

Аяар аяархан дуудаад байх боллоо…

…Од одны дууг сонсох дуртай байсан

Олон сайхан охидод чинь би дурласан

Орог саарал үүлэнд ч би хайртай байсан

Орчлон чамд би дэндүү хайртай байсан шүү

Ширхэг өвсөөр чинь ишиг тэжээсэндээ жаргалтай

Шумуул ялаанаас чинь цусаа харамласан л нүгэлтэй

Эцэслэхэд дээр минь өвс ногоо ургана, гэвч

Эхлээд лууль шарилж, хожим нь цэцэг л ургана шүү

Амар амгалан нөгөө ертөнц

Аяар аяархан дуудаад байх боллоо

Хайрлаж дурлаж явсан бүгдээсээ

Хагацна гэхлээр нулимс бүрхээд байна”.

Есенин, Блокыг шүтэн биширч, Нацагдоржийнхоо богинохон тавиланд гуньж явсан түүнийг цэл залуухан гучин гуравхан насандаа тэнгэрт халина гэж үнэндээ хэн ч зүүдлээгүй. Төв талбайн хажуугийн цэцэрлэгт яруу найрагч Доржсэмбэтэй алхаж яваад яруу найрагч анд Б.Эрдэнэсолонготой тааралдсан сан. Солонгоо нэг л гунигтай, бид хоёрт ямар нэг зүйл хэлж чадахгүй дүлэгнэж байснаа “Боогий ах өнгөрчихөж” гэж палхийтэл хэлэхэд л модод навчсаа гүвж байгаа Монгол нутгийн хүйтэн намар хаяанд ирснийг мэдэрсэн сэн. Хэдхэн хоногийн өмнө эмнэлэгт эргэж очиход “Улстөрчдийн шаарз зурж эмчилгээнийхээ мөнгийг олж байна” гэж инээмсэглээд зургаа үзүүлж зогссон хүнийг тэнгэрт дэвшсэн гэхэд яагаад ч үнэмшиж чадахгүй байсан. Орой нь гэртээ ирэхэд яруу найрагч Ган-Очир анд минь орж ирэн яруу найрагчийн зургийн өмнө сөхөрч суугаад “Хайран найрагч ах минь” гэж асгаруулж байсныг ч мартаж үл чаднам. Оросын яруу найрагч Борис Пастернак “Яруу найрагчид минь ээ, үхлээ бүү зөгнөөч” гэсэнчлэн Болд-Эрдэнэ найрагч ч “Далан давхрын энгэрээс  Даллаж аав минь дуудаад байна…” гэсэн ёр совингийн шүлгээ тайзнаа уншиж байснаас хэдхэн оны дараа монгол шүлэгч тэнгэр зүг одов. “Цагаан уул цэцэг хээрийн сэмэрч одно” гэсэн шүлгийнх нь мөрийг сийлсэн даруухан чулуун хөшөө л Далан давхарт үлдсэн дээ. Мөнгөнморьтын тэнгэр аялгууг мөнх ардынхаа сэтгэлд сийлсэн яруу найрагчийн нэрийг цагийн салхи хэзээ ч арчиж үл чаднам зээ.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Данзангийн Нямаа: Хайр байгаа цагт хүн гэрэлтэж оршдог шүү дээ

МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Данзангийн Нямаатай ярилцлаа.


-Дөрвөн улирлын хамгийн таатай сайхан зун цаг таны онгодыг хэрхэн хөглөж байна даа. Шүлэг найргийн сониноосоо хуваалцахгүй юу?

-Зун бол өөрөө цэцэглэсэн их гоё улирал шүү дээ. Монгол хүн улирлаа дагаж сэргэдэг, улирлаа дагаж гуньдаг улирлаа дагаж ургадаг ийм л улс. Энэ зун миний хувьд уран бүтээлийн сайхан хуртай нэгэн зун үргэлжилж байна. Монголын радиогийн маань наян жилийн ой энэ жил тохиож байгаа. Би радиод гучин дөрвөн жил ажиллачихсан байна. Радиод хийсэн найруулал, тэмдэглэл, сурвалжлага, радио жүжиг, радио хөрөг, радио зураглалуудаа сонсогчдод хүрдэг радиогийн яг тэр хэлбэрээр нь хөгжимтэй нь, ярианых нь бичвэрийг бүтнээр нь эмхэтгээд нэг ном бэлэн болгочихлоо. Үүнээс гадна би нэг их сайхан, баяртай гэдэг юм уу өөдрөг хийдэг нэг ажилтай болсон. Тэр бол “Улирал ба зохиолч” нэртэй улирал тутам гардаг уран зохиолын шинэ сэтгүүл эрхлэн гаргаад эхний хоёр дугаарыг нь уншигчдадаа хүргэчихээд байна.

Эхний дугаарыг нь хавар гаргасан. Зуны дугаараа сая гаргалаа. Үүндээ нэлээн хөөрхөн цаг зав зарцууллаа. Бас их баяртай байгаа. Уншигчид маань үнэхээр уран зохиолыг шимтэн унших ийм сайхан айсуй цаг ирж яваа нь илт мэдрэгдэж байна. 

-Тийм гэж үү?

-Яагаад гэвэл, “Улирал ба зохиолч” сэтгүүл маань гараад удаагүй ч гэсэн сая захиалгад орсон. Юуны өмнө сэтгүүлийг маань захиалсан хорин нэгэн аймаг, нийслэлийн номын сангуудын захирлуудад талархсанаа илэрхийлье. Номын сангуудын хувьд үйлчлүүлэгч уншигчдадаа барьж байгаа бас нэг сайхан бэлэг болж байгаа байх гэж би бэлгэшээж байгаа юм. Цаашид манай зохиолчид, уран зохиолд дуртай уншигчид нэлээн хүлээдэг, дуртай сэтгүүл болох байх аа гэж бодож байгаа. Зохиолчид маань нэлээн ам сайтай байна. Туужаа, шинэхэн найраглалаа өгч байна. Ховор нандин зургаа өгч байна. Бие биедээ бичсэн, уншигчдаас өөрсдөд нь ирсэн өвөрмөц нандин захидлуудаа өгч байна. Нэлээн сонирхолтой сэтгүүл гарахад зохиолчид өөрсдөө их хувь нэмэр оруулж байгаа. Эхний дугаарт гэхэд л манай Очирбатын Дашбалбарын захидал гарсан. Их гоё захидал. Арван долоохон настай, Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн ажилчин хүү Монголын радиогийн сэтгүүлч, яруу найрагч Бямбажавын Хүрэлбаатарт захидал бичиж, найман мөрт, найман шүлгээ явуулж байж. Тэгэхдээ арван долоотой хүү “Яруу найргийг дүү нь зүгээр нэг сонирхсон биш, амьдралынхаа жинхэнэ утга учир болгохоор зорьсон” гэж бичсэн байгаа юм. Арван долоотой ажилчин хүү хөдөөнөөс яруу найрагчид тийм захидал бичээд тэр захидлынхаа хэлсэн үнэ цэнд хүрч амьдарна гэдэг үнэхээр гайхамшигтай. Магадгүй тэр үед Дашбалбартай уулзаад тэгж ярьсан бол бид үнэмшихгүй ч байсан байж мэднэ. Гэтэл тэр яг хэлсэндээ хүрч яруу найргийн төлөө амьдарч, бадарч, гэрэлтэж, ая эгшиг болж цуурайтаж явсан ийм амьдралтай хүн шүү дээ. Энэ мэтчилэн сонин содон ховор нандин захидлуудыг хүмүүс бидэнд өгч байна.

-Өөр ямар захидлууд танд байна? 

-Хоёр дахь дугаарт маань манай Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч хэмээх Данзангийн Нямсүрэн соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Даваадаш гуайд бичсэн захиа гарсан. Энэ захиандаа Нямсүрэн Зохиолчдын эвлэлд элссэн тухайгаа сэтгэл хөдөлмөөр бичсэн байгаа юм. Зохиолчдын эвлэлд элсэнэ гэдэг зохиолч хүнд ямар их өндөр босго, ямар их баяр хөөр, ямар их аз жаргал, ямар том урам байдгийг тэр захиандаа бичсэн байна. Ухаандаа, Нямсүрэн, өгүүллэгийн нэрт мастер Дашзэвгэ, Балжирын Догмид гурав нар хамтдаа нэг өдөр элсч байсан байна шүү дээ. Гэх мэтчилэн сонирхолтой баримтууд их байх юм. Туужууд гэхэд л эхний дугаартаа Санжийн Пүрэвийн “Аргагүй амраг” гэдэг сайхан тууж нийтэлсэн бол, хоёр дахь дугаартаа До.Цэнджавын “Өнцөгдсөн сэнтий” гэдэг тууж нийтэллээ. Найраглал мөн тавьж байгаа. Өнөөдөр утга зохиолд найраглал, тууж хоёр жаахан ховордчихоод байгаа учраас энэ хоёр төрлийг дэмжих үүднээс би байнга сэтгүүлдээ найраглал, тууж нийтлээд байгаа л даа. Гадаадын уран зохиолын шилдэг бүтээлүүдээс нэлээн сайн тавьж байгаа. Нобелийн шагналтнуудын өгүүллэгүүд, утга зохиолд шинэчлэл хийсэн, янз бүрээр хэлүүлж явсан зохиолчдын бүтээлээс Жойсоос эхлээд тавьж байна. Манай орчуулагч нар бас сайн хамтарч ажиллаж байна. Сонгодог зохиолчдын зөвхөн ярилцлагуудаас бас тавиад эхэлсэн. Маш сонирхолтой ярилцлагууд байна. Далан дөрвөн онд дэлхийн уран зохиолын том том сэтгүүлд тухайн үедээ өгч байсан ярилцлагуудыг өнөөдөр уншихад цоо шинээрээ байна. Уран зохиолын тухай гайхалтай үгсийг, чиг хандлагыг тодорхойлж байгаа. Тэр чиг хандлага өнөөдөр ч бидэнд хэвээрээ байгааг тэр захидлуудаас харж болно. Эхний дугаараа гаргах гэж байх үед Нобелийн шагналт Габриэль Гарсиа Маркес нас барсан, тэр их зохиолчийг үдэх үдэлтийн өдрүүд үргэлжилж байсан. Энэ  үйл явдлыг тохиолдуулаад Маркесын ярилцлагыг тавьсан.  Маркесын сэтгүүлчийнхээ хувьд хийсэн сүүлчийн ярилцлага нь. Японы нэрт кино найруулагч Курасаватай хийсэн их сонирхолтой ярицлага л даа. Тэр хоёр том хүний ярилцлага гэдэг чинь гайхалтай сонин. Хоёр дахь дугаарт Жан Поль Сартрын ярилцлага гарсан. Америкийн “The New York times book review” сэтгүүлд 1975 оны наймдугаар сард өгсөн энэ ярилцлагадаа Сартр Камюгийн тухай ярьсан байгаа шүү дээ. “Камю бол миний сүүлчийн сайн найз байжээ” гэж. Ер нь би утга зохиолын нэлээн мэргэшсэн сэтгүүл гаргая гэж бодоод байгаа. 

-Хайрын шүлгүүд тань хэрхэн үргэлжилж байгаа вэ. Данзангийн Нямаагийн хайрын шүлгүүд гэж таны уран бүтээлийг хүмүүс бүхэлд нь онцолдог?

-Нэгэн насны маань, надаас салшгүй оршигч тийм зүйл байна л даа. Зарим хүмүүс шүлэг минь баяртай л гэдэг. Янз янзаар ханддаг. Би бол тэгж чадахгүй юм шиг байна. Өнгөрсөн оны сүүл, энэ оны эхээр би “Зүрхэн тольтын цаглабар буюу хайрын шүлгүүд” гэж гучин жил бичсэн хайрын шүлгийн эмхэтгэлээ гаргасан. Уншигчдадаа бас л хөөрхөн хүрчихлээ. Манай үеийнхэн ч, утга зохиол судлаачид намайг голдуу хайрын шүлэгч гэж онцолж бичих юм. Энд тэнд уулзалт дээр ч хайрын шүлэгч л гэдэг юм. Ер нь ч миний шүлгүүд гол төлөв хайрын шүлгүүд л дээ. Хайр гэдэг бол хүн төрөлхтөн оршихуйн учир шүү дээ. Хайр байгаа цагт хүн гэрэлтэж оршино гэж би боддог юм. Хайр гэдэг бол гайхалтай юм шүү дээ. 

-Бүсгүй хүнд сэтгэл алдрах тохиол танд олон байв уу? 

-Олон дурлахаас илүүтэй олон бүсгүйн гоо сайхныг мэдэрсэн, тэднээс гэрэл гэгээг олж авсан, гоо сайхныг олж харсан бүсгүйгээр дамжуулж өөрийгөө нээсэн, бүсгүйгээр дамжуулж энэ ертөнцийн сайхныг мэдэрсэн гэж хэлбэл илүү зохино. Ер нь бүсгүй хүн бол энэ ертөнцийн гоо сайхны тодорхой илэрхийлэл, тусгал шүү дээ. Бүсгүй хүнээс би энэ ертөнцийн гэрэл гэгээ, гоо сайхан, ая данг олж авдаг. Олж авах болгондоо шүлэг бичдэг. Бичсэн шүлэг маань тухайн агшны үзэгдэл, тухайн агшны хөгжим, тухайн агшны таталбар болж сэтгэлд буудаг л даа. Хайрын шүлгүүд хэзээд маш хүчтэй сэтгэл хөдлөлөөс гарч байдаг. Тийм учраас хайрын шүлэг хүнд их сайн хүрдэг байх. Хайрын шүлгийг олон хоног бодож бичдэггүй. Нэг тийм хайрын шүлэг бичнэ дээ гэж бодож байж бичихгүй шүү дээ. 

-Зохиолч Б.Золбаяр уран зохиолын нөхөдтэйгөө Богд уулнаа аялсан тухай нэгэн тэмдэглэлдээ таныг гайхалтай торгомсог нарийн зураглаж бичсэнийг санаж байна уу. Тэр дүр дүрслэл, агаар амьсгал санаанаас ер гардаггүй. Таны тэр эмзэг нандин дотоод ертөнцийн гадна орхигдох юмс ер нь бий юу?  

-Ер нь их л хүүхдээрээ хүн л дээ, би. Ихээхэн сониуч. Юмыг жигтэйхэн шинээр харна. Амархан баярлана, тэгээд жигтэйхэн догдолно. Хаврын улиралд гэхэд үргэлж л гэгэлзэнэ. Догдлонгуй л хүн юм уу даа. Заримдаа уярна, уйлна. Байж байгаа маань өөртөө төвөггүйгээр л байдаг гэх юм уу даа. Шаналлаа ч гэсэн ямар нэгэн юмнаас дандаа гэрэл гэгээг олж харж байдаг ийм л хүн шүү дээ. Би ер нь гунихаасаа илүү баяр хөөр гэх юм уу, юм  бүхнээс л гэрэл гэгээ олж хардаг юм. Амьдралаас дандаа сайн сайхан нь надад түрүүлж мэдрэгддэг. Сүүдэр гэж байдаг бол түүнийг нь сүүлд нь олж харна даа. Шууд муу талыг нь, сүүдрийг нь, шүүдрийг нь олж харахгүй шүү. 

-Сэтгэлийн хөдөлгөөн хүний нас дагаж өөрчлөгд­дөг болов уу. Яруу найраг­чийнхаа хувьд та юу гэж бодож байна?

-Нас ахихаар сэтгэл хөдлөл багасдаг гэдгийг би ойлгодоггүй. Шинжлэх ухаанаар тэгж дүгнэдэг байж болох юм. Харин ч нас ахихын хэрээр сэтгэл хөдлөл илүү торгон нарийн болдог. Залуу насандаа бичиж байсан хайрын шүлгээс одоо бичиж байгаа хайрын шүлэг арай илүү нандин болоод байгаа юм уу гэж бодож байгаа юм. Нандин, эрхэмсэг, мэдрэмж гүнзгий. Магадгүй, өөрөө гоё сайхнаас алсрахын хэрээр гоё сайханд илүү их татагддаг бололтой юм, хүн. Тийм учраас сэтгэл хөдлөл өөрөө улам тунгалагшдаг. Залуу цагийн сэтгэл хөдлөл өнгөцхөн гэх юм уу даа.. Одоогийнх харин илүү тунгалаг тодорхой, илүү хөгжимлөг болж байгаа байхгүй юу. Магадгүй, миний дотор байгаа гэрэл гэгээ, тэр хөгжимлөг анир чимээ надаас өдөр тутам холдож л байгаа. Тэр холдож байгаа бүхнийг би сайхан бүсгүйчүүдээс, цэцэг ногоо, тэнгэрийн цэлмэгээс, үүлсийн бужгараас нөхөж аваад байгаа байх. Тиймдээ нас ахих тусам сэтгэл хөдлөл улам илүү болж байгаа юм болов уу даа. Хүн туулсан амьдрал, зам мөрөөсөө дандаа шинэ юм олж харж байдаг. Урдаасаа ч хойноосоо ч шинийг л олж харна. Тиймдээ хүмүүсийн дурсамж болгон үргэлж өнгөлөг байдаг шүү дээ. 

-Хүмүүсийн ховор нандин захидлуудын тухай та сая сөхлөө. Танд өөрт тань захидал хэр олон бий вэ?

-Би арваад жилийн өмнө “Захидал  бүхэн хариутай” гэсэн нэртэй захидал ойллого гэж ном гаргасан юм. Шүүмжлэгч нар захидал дурсамж гэсэн нэр томъёо өгөөд байгаа юм. Тэр ном маань уншигчдад маш хурдан хүрсэн. Надад ирсэн захидлуудаар бичсэн ном л доо. Гэхдээ тэр захидлуудаас үүдээд бичихгүй юу. Ер нь тэнд би нэг ийм гаргалгаа хийсэн л дээ. Хүн бол бурхнаас ертөнцөд илгээсэн захидал юм байна. Бидний амьдарч яваа маань тэр бурхан юм уу тэнгэрт илгээж байгаа хариу захидал юм аа. Тэгэхээр бидний амьдрал бол их гүн утга учиртай шүү. Бид тэнгэр бурхандаа бичиж байгаа энэ захидлаа утга учиртайхан бичих ёстой гэсэн санааг гаргаад, тэгээд захидлын тухай орсон байгаа. Миний анх зургадугаар ангийн жаахан хүүхэд анхны хайрын захидал бичиж байгаа тухай, тэр захидлын тасархай нь хүртэл байх жишээтэй. Миний анхны номыг уншсан уншигчдаас ирсэн захидал, ээждээ бичсэн захидал гээд бүх захидлуудаа эвлүүлээд дурсамж маягийн ном гаргасан минь тэр. 

-Европт залуучууд ч гар бичмэл захидлыг цахимаас илүүд үзэх болсон нь чамгүй хэдэн жилийн өмнөөс анзаарагдаж эхэлсэн л дээ. Манайхан харин нэг их тоодоггүй?   

-Ер нь ингээд та бид хоёрын ярьж суугаагаас илүү захидлаар харилцан ярилцах нь илүү гүн гүнзгий, утга учиртай, илүү элгэмсэг дотно байдаг. Яагаад захидал бичихдээ хүн тийм илэн далангүй, тийм өөрөөсөө, тийм зүрхнийхээ аглагаас байдгийн утга учрыг бид ойлгохгүй байх. Гэхдээ ямар ч хүн ярьж сууснаасаа илүү нандин зүйлсийг, хамаг байдгаа нээдэг. Одоо бол даанч цаг хугацаанаасаа болоод хүмүүс бие биедээ захидал бичихээ больсон байна. Цахим шуудангийн захидлыг  цаасан дээр бичдэг тийм дотно, тэр бичиг үсгийн хэв маяг, цаасны үнэр, холоос нисч ирсэн тэр олон хоногийн хүлээлт тээсэн гар бичмэлтэй яаж зүйрлэх билээ. Тэгээд зарим нь захидлаа бичиж байгаад уйлах нь хүртэл бэх нь нүүчихээд ирдэг шүү дээ. Бэх нь нүүсэн үгийг уншиж байгаа хүнд үгийг нүдээрээ, зүрх сэтгэлээрээ мэдэрч байгаа тэр зүрх сэтгэл ямар байх вэ, тийм ээ. Цахим захидал бол хүнд хүрэх нь хүрдэг л байх. Гэхдээ би бол бие биедээ гоё захидал бичиж байхыг уриалмаар санагддаг юм. Захидал бичнэ гэдэг чинь өөрийгөө нээнэ гэсэн үг шүү дээ. 

Н.ПАГМА

Categories
мэдээ цаг-үе

И.Штрауссын “Сарьсан багваахай”-г хөдөөгийн театрт тавина гэдэг том үзэгдэл

Дуурийн найруулагч, хөгж­­мийн  зохиолч Г.Эрдэнэ­баатартай ярилцлаа.


-Энэ зун та ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Иоханн Штрауссын “Сарь­сан багваахай” гэж дэлхийн сонгодог оперетта байдаг. Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт энэ опереттаг тавих гэж байна. Дуурийн театрт би энэ жүжгийг  2009 онд тавьж байсан юм. Хөгжмийн урлагийн цоо шинэ төрөл. Монголд анх удаа оруулж ирсэн. Манайх энэ төрөлд бэлтгэгдээгүй байсан ч бид тодорхой түвшинд тавьсан  юм. Энэ оперетта Монголын зүүн хязгаарын хөгжимт драмын театрт тавигдах гэж байна гэдэг үнэхээр энэ жаранд гарч байгаа том үзэгдэл. Хөдөөгийн театрт дэлхийн сонгодог оперетта тавина гэдэг манайхан анзаа­рахгүй байж магадгүй ч дэлхийн бусад орны хүмүүс үнэмшихгүй байж мэдэх асуудал. Гэтэл манайд үүнийг тавих нөхцөл нь  хэдийгээр хүн хүч багатай ч гэсэн байна. Зургадугаар сард Дорнодод очиж, дуурийнхаа сургуулилтыг хийгээд, уран бүтээлч, удирдаач нар нь бүх ойлголтуудаа аваад, үндсэндээ бэлтгэл хангагдсан. Тэгээд есдүгээр сард Дорнодод тавихаар төлөвлөгдсөн юм. Дорнодын театрынхан ажилдаа орчихсон байгаа. Би бол есдүгээр сар гаргаад тавих гэж очно. Энд ганц асуудал байгаа нь хүн хүч дутмаг. 

-Хөдөө орон нутагт заа­вал дуурийн дуучин бэлт­гэх шаардлагатай юу. Бэлт­гэгдсэн хүмүүс нь тодорхой хугацаанд урилгаар очиж ажил­лах хэлбэр байж болох уу?

-Аймаг болгонд дуурь тавих боломж байхгүй. Боломжтой цорын ганц аймаг Дорнод юм билээ. Дорнод аймагт симфони оркестр үүсч хөгжөөд гучин таван жил болж байна. Хөгжимчдийн бүрэлдэхүүн, дуучид багатай. Найрал дуучид байхгүй. Бүжигчид төрөл бүрийн бүжиг бүжиглэж байгаа ч сонгодог бүжиг бүжиглэж байгаа бүжигчин ховорхон. 

-Яагаад “Сарьсан багваахай”-г Дорнодын театрт тавихаар сонгов?

-Энэ сонголтыг би хийгээ­гүй. Энэ сонголтыг театрынхан өөрсдөө хийсэн юм л даа. Надад санал болгосон юм. Би бол одоо Монголд ажиллаж байгаа мэргэжлийн ганц хүн шүү дээ. Хүлээж авахгүй гэх эрх надад байхгүй л дээ.  Авахдаа итгэл муутай байсан. Гэхдээ энэ бол жинхэнэ опера  буюу дуурь биш. Оперетта гэдэг маань дуулдаг ярьдаг, холимог хэлбэр. XIX  зуунд гарсан  дуурийг хөнгөвчилсөн хөгжмийн жүжиг. Дуурийг ахуйн болгож өгсөн. Дуурь голдуу түүхэн баатарлаг домог туульсын сэдэвтэй байдаг.   Энэ бол ахуйн сэдэвтэй нийгэмд байгаа хүмүүсийн амьдрал, гэр бүлтэй холбоотой хөгжмийн төрөл. 1850 онд баруун Европт орж ирсэн төрөл байгаа юм. Монголд энэ төрлийг мэддэггүй, огт байхгүй байсныг  бид 2009 онд оруулж ирснээс хойш хүмүүс мэддэг болсон. Ялангуяа хөдөө орон нутгийнхан, зүүн бүсийнхэн энэ бүтээлийг үзэхэд ямар ч хүн ойлгох боломжтой хөнгөн бүтээл учраас би дэмжээд ажиллахаар зөвшөөрсөн юм.

-Дутуу байгаа уран бүтээлч­дээ яаж нөхөж байгаа вэ?

-Хөгжимчдийн бүрэлдэ­хүүн дутуу байна. Байгаа бүрэлдэхүүн тодорхой түв­шинд дуугарч чадна. Дээр нь хөгнүүд дутагдаж байгаа.  Найман хийл байх ёстой байхад дөрөв ч байдаг юм уу  үлээвэр хөгжим гэхэд зургаа байхаас гурав нь байгаа. Хөгжим бүжгийн  коллежийнхон зун тэнд дадлага хийдэг юм байна. Хөгжим бүжгийн коллежийнхон Дорнодын театртай хамтарч маш сайхан ажил хийж байгаа юм билээ. Хүүхдүүдээ зун аймгийн театрт дадлага хийлгэдэг. Тэнд байгаа хүүхдүүд аймгийн театрын уран бүтээл дээр хамтарч ажилладаг.  Энэ жилийн хувьд дуурийн ажил ороод ирсэн учраас  маш том дадлага  болсон. Хөгжмийн ангийн зургаан хүүхэд  дуулаачийн ангийн 19 хүүхэд тэнд очиж дадлага хийсэн. Дуулаачийн ангийн 19 хүүхэд дуурийн арын  найрал дууны бүрэлдэхүүнийг бүрэн орлож чадах нь харагдсан. Хөгжим бүжгийн коллеж тэр хүүхдүүдийг дуурьт  тоглуулахад анхаарах учиртай. ССАЖЯ тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна лээ. 

-Дуурийг олон нийтэд хүргэх гэж хичээх ёстой юм уу эсвэл дуурь үздэг хэсэгт зориулаад уран бүтээлээ хийх ёстой юу?

-Дуурь өөр рүүгээ юуг татдаг юм гэхээр элит ухамсартай, элит түвшний оюунтай хүмүүсийг татдаг. Элит гэхээр манайд буруу ойлголт явдаг. Эсвэл удам угсаагаараа  язгууртан юм уу эсвэл мөнгөтэй баян хүнийг элит гэж ойлгодог. Маш буруу ойлголт. Элит хүн гэдэг нь нийгэм дотор өөрийн ухамсар,  оюун ухаан бүх юмаар өндөр түвшинд явдаг хүнийг хэлж байгаа юм. Малчин гаралтай элит хүн байж болно. Амьдралын түвшнээр бус толгойн түвшнээр элит гэдэг. Элит гэдэг маань ёс суртахуун гоо зүйн мэдрэмж, харьцааны соёл гэх мэт маш олон чанарыг шаарддаг.   Энэ урлаг ийм элитүүдийн дунд л үүссэн. Өмнө нь элитүүд ихэс дээдсийн хүрээнд л байсан  даа. Энэ түвшинд үүссэн урлаг учраас өндөр  түвшний зохион байгуулалт, оюун шаарддаг урлаг.  Энэ хүрээнд орж ирсэн хүмүүсийг энэ урлаг гадуурхахгүй.  Орж ирээгүй хүнийг гуйж гүйхгүй урлаг. Гудамжны урлагтай энэ урлагийг хольж хутгаж болохгүй. Сая маш том андуурал ташаарал гарлаа. Үүнийг хэлэх  хүн гарсангүй. Энэ урлаг талбай дээр гараад тоглож байхад энэ буруу гэж хэлсэнгүй.  Сонгодог урлагийг ард түмэнд ойртуулна гээд гудамжинд гаргаж болохгүй шүү дээ. Моцарт  Бетховен, Гайдн, Чайковский, Верди, Пуччини  гудамжны урлаг бүтээгээгүй. Энэ урлагийн үнэ цэн асар өндөр. Энэ урлагийн туулсан зовлон их. Энэ урлагт өөрийгөө зориулах гэж олон суутан амьдралаа золиосолж байсан. Энэ урлагийг гудамжинд гаргачихаад юм хийж байна гэж болохгүй.

-Та одоо хөдөө орон нутгийнханд зориулж уран бүтээл хийж байна.  Сонгодог урлагийг хүлээж авах хүн хэр олон байх бол?

-Мэргэжлийн хүмүүс оролцсон үед зохион байгуулалт нь зөв болно л доо.  Их урлаг гэгдэх сонгодог урлагт бас гудамжинд тоглож болох номер байдаг. Хүн төрөлхтөнд хүрсэн. Гудамж гэдэг чинь агаар, чийг шүү дээ. Гадаа тохирдог тохирдоггүй хөгжмүүд байна.  Бүтэн бүрэлдэхүүнээр нь гадаа тоглуулж болохгүй. Тодорхой нөхцөл бүрдүүлж байж тоглож болно. Улаан талбайд тоглож байсан. Барууны оронд сонгодог урлагийг гадаа тоглосон байдаг. Цаг агаар, нөхцөл асар олон юмыг тооцоолж байж гудамжинд тоглодог юм билээ. Мэргэжлийн хүмүүсээр нь шийдүүлэх учиртай. Миний тавьсан жүжиг сонгодог урлаг дотроо олон нийтэд хүргэх боломжтой урлаг.   Пуччинийн “Чио чио сан”-г би хаа хамаагүй газар тавьж болохгүй. Тэртэй тэргүй хүн ирэх ч үгүй. Түүхэн баатарлаг явдал энд байхгүй. Нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн ёс суртахууны асуудал энд хөндөгддөг. Гэр бүлийн харилцааны хэсгийг харуулсан.  Маш  гоё хөгжимтэй, дундаа драмын хэсгүүд, бүжигтэй. Тэгсэн мөртлөө хүн төрөлхтөнд сонгодог гэж хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл. Энэ бол дэлхийн ямар ч хүнд хүрч болох урлаг учраас дорнодчууд хүлээж авна. Наана нь Сүхбаатар, Хэнтий аймаг бий.  Зөв сайн хүргэж чадвал олон нийтэд хүрдэг төрөл. 

-Сонгодог урлагийг гудамжинд гаргахдаа  урлагийг ардчилахыг хүссэн байж болно. Элитийн урлагийг  жирийн олонд ийм юм байдаг гэж харуулахыг хүссэн сайхан санааны үүднээс ийм шийдвэр гаргасан байж магадгүй?

– Бид олон нийтэд хандаж байсан. 1980-1990 он хүртэл манай дуурийнхан бүгд гардаг байлаа. Дуурийн жижиг хэсэг, ари, жижиг үзэгдлийг аваад Улаанбаатарын бүх үйлдвэр албан газрууд, сургуулиар тоглож явдаг байлаа. Тэр чигээр нь тойрч байсан. Голдуу хөдөө орон нутгийн театрууд, нэхмэлийн үйлдвэр энэ тэрээр тоглож байсан. Сонгодог урлагийг тэр хүмүүст аваачсан  нь үнэн. Тэр хүмүүст үнэхээр хүрсэн бол театр руу ирэх л ёстой байсан. Ирээгүй л байхгүй юу. Өөрийгөө элит түвшинд хүргэсэн хүмүүс театрт ирээд байгаа юм. Тэдний үр хүүхэд удам угсааныхан  үнэ цэнийг нь мэдрээд, үнэлээд ирдэг болсон байхгүй юу.  

-Та уран бүтээлч хүний хувьд хийхийг мөрөөдөж байгаа ажил байгаа юу?

-Дуурийн найруулагчийн­хаа хувьд би тухайн үед засгийн бодлогоор бэлтгэгдсэн хүн. Ерээд оноос хойш тэр бодлого байхгүй болсон л доо. Бүх насаараа сонгодог урлагт зүтгээд, чаддаг юмаа хийнэ гэж бодсон. Тухайн үеийн улс төр нийгмийн байдлаас болоод болохгүй бүтэхгүй юм асар их байсан л даа. Би өөрөө уран бүтээлч хүн, эрх мэдэлтэй биш боло­­хоор хайхрахгүй унаж, эсрэгээрээ эргэж явсан юм зөндөө бий. Эцсийн эцэст энэ Дуурийн театрын мэргэжлийн бүтэц зохион байгуулалтыг  дэлхийн стандартын дундаж хэмжээнд хүргээд миний хугацаа дуусах юм байна гэж тооцоолж байсан. Дуурь дээр ажилладаг бүтэц зохион байгуулалт гэж байх ёстой. Тэр зохион байгуулалтыг арай л хийж амжаагүй дээ.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Бээжингийн гудамж ийм өнгө төрхтэй болох нь

ШУТИС-ийн уулзвараас 11 дүгээр хорооллын уулзвар хүртэлх авто зам огт өөр өнгө төрхтэй болох гэж байгаа. Хоёр урсгалдаа дөрвөн эгнээтэй байсан авто зам нийтдээ зургаан эгнээтэй болох гэж буй. Нэг талдаа гурван урсгалтай болно гэсэн үг. Хуучин Сансар руу арваннэгдүгээр хорооллоос өгсдөг байсан зам энэ удаа нуман хэлбэртэй гүүр болох юм. Энэ хэсгийн зам ийм хэлбэртэй гүүр болчихоор доогуурх замаар нь машинууд чөлөөтэй зорчино гэсэн үг. Нарны зам шиг замын түгжрээг зохих хэмжээнд  шийдэж чадсан  хэсэг нийслэлд нэмэгдэх нь ямар ч гэсэн тодорхой болчихож.  Тэр хэрээр хотын түгжрээ тодорхой хувиар шийдэгдэнэ гэж албаныхан үзэж байна. 

Бид энэ удаа өнгөө бүрэн шинэчлэх гэж байгаа Бээжингийн гудамж бүтээн байгуулалтын явцыг сурвалжиллаа. Зам, барилгын болон гүүрийн ажил одоогоор 65 хувийн явцтай явж байна. Биднийг очиход далангийн доод суурь үе, дээд үеийн ажлууд дуусчээ. Авто замын хоёр талын хашлагууд аль хэдийнэ тавигдсан харагдав. Өчигдрийн байдлаар гэхэд замын доод суурийн хучилтын  ажил хийгдэж байлаа. Манайхны хэлж заншсанаар харлуулсан чулуу буюу том ширхэгтэй асфальт тавих ажил гараас гарсан гэсэн үг. Энэ хучилтан дээр суурийн болон өнгөт асьфалт тавих юм байна. Замын ажлыг “Бээжин констракшн инженеринг” групп гүйцэтгэж байгаа аж.

Хуучин гүүр 40 метр урттай байсан бол шинэ гүүр 74 метр урттай байх нь. Төмөр бетонон хийцтэй гэж албаныхан онцолж байна. Хэлбэрийн хувьд арк буюу хагас нуман хэлбэртэй байх талаар өмнө өгүүлсэн. Америк элчингээс уруудаж байгаа зам болон  Арслантай гүүрнээс хойшоо Сэлбийн баруун эргээр тавигдсан шинэ замууд нуман гүүрний доод талаар огтлолцох аж. Өөрөөр хэлбэл хойноос уруудсан зам буюу урдаасаа ирж байгаа зам Бээжингийн гудамжтай огтлолцохгүйгээр шууд доогуур нь гараад явна гэсэн үг.

Ийм хэлбэрийн давхар гүүрнүүд манайд нэгээр тогтохгүй бий. Хуучнаар Энх тайвны гүүр байна. Доогуур нь машин сүлжилдэж л байдаг. Дамдинсүрэнгийн гудамжны гүүрийг бас дурдаж болно. Сүүлд гэхэд л япончуудын барьж өгсөн Нарны гүүр бий. Яг үүн шиг нийслэлийн түгжрэлийг шийдэх бас нэг гүүрний бүтээн байгуулалт  Сансар хавьцаа өрнөж байна.  

Зам барилгын ажил дээр гүйцэтгэл хийж буй өчнөөн Монгол компани  бий аж. Жишээ нь, Аръяа компани гэхэд дотооддоо асфальт  үйлдвэрлэж байгаа гэнэ. 2009 оноос хойш энэ чиглэлийн үйлдвэрлэл явуулжээ.  Зам барилгын ажил хийхэд ашиглаж буй тоног төхөөрөмж гэхэд л Хятадаас ирээгүй юм байна. Зөвхөн дотоодын компаниудын  тоног төхөөрөмжүүдийг түрээсэлжээ. Мөн барилгын түүхий эд болон бусад материалыг дотоодоосоо авч байгаа аж. Далд инженерийн шугам сүлжээнд хэрэглэгдэж байгаа труба  яндан хоолой, борооны ус зайлуулах хоолой, замын хашлагууд нь ч  урдаас иржээ. Бусад түүхий эд материалууд дотоодоос нийлүүлэгдэж байгаа гэнэ. Туслах ажилтнуудыг мөн дотоодоос авч ажиллуулж  байгаа юм байна. Асфальтын  ажил дээр дотоодын ажилчид  тусалж байгаа аж. 

Авто замын хувьд борооны ус зайлуулах иж бүрэн шугам сүлжээ тавьж байгаагаараа өмнө өрнөсөн замын ажлуудаас онцлог аж.  Хуучин шугам сүлжээний ус зайлуулах шугам 50-70 метрийн зайтай байсан бол шинэ сүлжээ 25-30 метрийн хооронд борооны ус хүлээж аваад дамжуулах салбар шугамуудтайгаар хийгдэх  юм байна.

Замын хоёр захаар явган хүний замтайгаас гадна гэрэлтүүлгийг нь иж бүрэн шийдэж өгч байгаа гэнэ. Ногоон байгууламжийг нь ч тусгайлан шийдэж өгч байгаа гэж Нийслэлийн авто замын газрын мэргэжилтэн тайлбарлав. 

Бээжингийн гудамжны ажлын яриа хөөрөө бүр өмнө нь хийгдэж байжээ. Хоёр улсын Засгийн газрын гэрээгээр зураг төсөл, судалгааны ажлууд хийгдэж 2012 онд дуусчээ. Өнгөрсөн онд  Хятадын тал сонгон шалгаруулалтаа явуулж “Бээжин канстракшн инженеринг” групп шалгарсан юм байна.  Дулааны шугам сүлжээний хувьд нэг олзуурхам ажил энэ төслийн хүрээнд хийгджээ. Өмнө нь дулааны шугамыг газар сэндийчиж байж зассан бол одоо хонгил дундуур яваад л засч янзлаад байх болж. ШУТИС, МУИС хоёрын дундах хэсэгт хонгилоор яваад дулааны шугамыг засах боломж бүрджээ. Дулааны шугам сүлжээг хонгил маягийн тунельд шийдэж өгсөн. Энэхүү бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сард эхлэх боломж байсан ч зарим нэг шалтгаанаар тавдугаар сар өнгөрөөж байж шийдлээ олжээ. 

Энэ жилийн хувьд зам, гүүрийн ажил цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад удсан тал бий гэж албаныхан онцолж байна. Гэхдээ аравдугаар сарын дунд гэхэд Бээжингийн гудамжны ажил дуусна гэсэн баталгааг тэд өгч байгаа юм. Гэрэлтүүлэг чимэглэлийн ажил хойшлогдож магадгүй ч замын ажил иж бүрнээрээ дуусах гэнэ. Биднийг очиход замын ажилд гэхэд хорь гаруй техник оролцож байв. Гүүрний ажил ид дундаа байлаа. Гүүрний онцлог нь дөрвөн алгасалтай юм байна. 

Гэрэлтүүлгийн шугам нь сувагчлалаар явагдаж байгаа аж. Өмнө нь замынхаа хоёр талаар газар доогуур булах маягаар шугам сүлжээг нь шийдэж байсан бол энэ удаа хоолой маягийн труба дундуур утсыг нь гүйлгэж өгч байгаагаараа онцлог аж. Ямар нэг асуудал гарлаа гэхэд сугалж аваад гэмтлийг нь засчих юм байна. Биднийг очиход гэрлийн шонгууд нь аль хэдийнэ ирсэн байлаа. Удахгүй суурилуулах гэж байгаа аж. 

Тэр хавьд Лхагвасүрэн жанжны хөшөө байдаг. Жанжны хөшөөг одоо байгаа газраас нь 25-30 метрийн зайд шилжүүлэх нийслэлийн удирдах байгууллагын тогтоол гарчээ. Хэрвээ ингэж шилжүүлэхгүй гэвэл жанжны хөшөө яг гүүрэн дундуур орох гээд байгаа аж. Албаны хүмүүсийн өгч байгаа мэдээллээр Бээжингийн гудамж арваннэгдүгээр сарын сүүлээр ашиглалтад орно гэж байгаа ч Нийслэлийн авто замын газрынхны хэлснээр зорчих хэсэг нь аравдугаар сарын дунд гэхэд нээгдчих юм байна. Нийслэлийн авто замын газрын авто замын  хяналтын мэргэжилтэн С.Түмэндэмбэрэл өдөр бүр энд ирдэг гэнэ. Технологи талын хяналтыг өдөр бүр тавьдаг аж. Замын ажлыг гүйцэтгэж буй “Бээжин инженеринг констракшн”-ний хувьд манай улсад хэрэгжиж буй долдугаар хороолол гэх мэт том төслүүдэд гүйцэтгэгчээр ажилладаг компани юм байна.

Ц.БААСАНСҮРЭН