Categories
мэдээ цаг-үе

Хэрүүл дагуулсан “Алтан бөмбөг”

Юуны өмнө “Алтан бөмбөг” хэмээх шагнал яаж үүссэн, ямар зорилготой, ямар хүмүүс хэрхэн хүртэж байсан тухай түүх өгүүлье.

Францын “France Football” сэтгүүлийн санаачлагаар бүтэн жилдээ сайн тоглосон европ тивийн европын иргэн хөлбөмбөгчинд энэ шагналыг анхлан олгохоор шийдвэрлэж байлаа. Английн Стэнли Мэтьюз анхны шагналыг хүртэж байсан нь 1956 он. 1995 оноос эхлээд Европын аль нэг лигт тоглож байгаа л бол тэр хүн аль тивийнх байх нь хамаагүй гэсэн нь 2007 оноос хойш дэлхийн аль ч тивийн ямар ч багийн шар хар хэнбугай нь ч хамаагүй шилдэг л бол “Алтан бөмбөг” -ийн эзэн болох нигууртай хэмээн өргөтгөсөн ажгуу. Тийм учраас хөлбөмбөгөөр дагнан бичдэг европ тивийн 52 сэтгүүлчийн саналаар шилдгийг сонгодог байснаа больж шигшээ багийн ахлах дасгалжуулагч, ахлагч нараас гадна олны танил болсон 96 сэтгүүлчийн үзэгний үзүүрээр асуудлыг шийдвэрлэдэг боллоо. Энэ олон сэтгүүлч ОУХХ-ноос нэрлэсэн хөлбөмбөгчид дотроос шилдэг гурвыг нь сонгоод сар орчим хуйвалдан байж шилдгийн нь тодорхойлдог бөлгөө. Энэ жилийн шилдгийг ирэх жилийн нэгдүгээр сарын 12-нд цоллоно гээд оршил хэсгээ дуусгая.

Уг нь энэ шагнал анх үүсч байхдаа их цэвэр, шударга, гэгээлэг гэж хэлж болохоорбайсан юм шүү. Хэн нэгэн хүн, байгууллага, улс гүрэн зэргээс үл шалтгаалан очих ёстой хүндээ очиж чаддаг, сэтгүүлчид ч бусдаас үл хамааран сайныг нь сонгож чаддаг байлаа. Ийм байдалтай удаан хугацаанд оршин тогтносон юм. Үүнийг өндөр жил буюу ДАШТ-тэй жилүүдэд “Алтан бөмбөг”-ийн эзнээр тодорч байсан хөлбөмбөгчдийн нэрс батална. 1962 онд Чехословакын Масопуст, 1986 онд ЗХУ-ын Беланов, 1994 онд Болгарын Стоичков, 2006 онд Италийн Каннаваро нарын хөлбөмбөгчид тэр жилийнхээ улиралын тоглолтын туршид гойд сайн тоглож байсан гэж хэлэхгүй ч гэлээ ДАШТ-д онцгойрч чадсаны үр дүнд “Алтан бөмбөг”-ийн эзэд болцгоож байв. Энэ нь ч зөв. Белановын хурдан довтолгоо, багаа зөв удирдсан Стоичковын авьяас, Каннаварогийн найдвартай хамгаалалт зэрэг нь эдгээр хүмүүсийн үндэсний шигшээг ДАШТ-д дээгүүр байр эзлэхэд асар өндөр үүрэг гүйцэтгэсэн.

2008 оноос эхлээд хөлбөмбөгийн ертөнц туйлтай боллоо. Бүтэн зургаан жилийн туршид үргэлжилж байгаа энэ туйлуудыг Роналду, Месси гэж нэрлэдэг. Мэдээж энэ хоёрыг шилдэг үү гэвэл шилдгээ хэмээн хүлээн зөвшөөрнө. Тийм ч учраас энэ зургаан жилийн хугацаанд Месси дөрвөн удаа, Роналду хоёр удаа “Алтан бөмбөг”-ийг авчээ. Зургаан жил гэдэг хөлбөмбөгчийн хувьд урт хугацаа бөгөөд энэ хугацаанд мэргэжлийн төвшинд бөмбөг өшиглөдөг зургаан сая залуус дотроос энэ хоёртой өрсөлдөх хэмжээний авьяастан төрөөгүй гэж үү. Яагаад Месси,Роналду хоёр клубтээ байхдаа бусдыг “хяргах” шахам тоглоод байдаг мөртлөө шигшээдээ ирэхээр “алга” болчихдог юм бэ. Үүнийг өөрийнхээ хэмжээнд тайлбарлья.

Роналду ч тэр Месси ч тэр дэлхийн агуу багуудад тоглодог. Энэ багууд дээрхи хөлбөмбөгчдийг дэлхийн шилдэг гэж хэлүүлэхийн тулд зөв, буруу бүхнийг хийдэг болсоор удаж байна. Тоглох тактик, бүрэлдэхүүн, санхүү менежмент бүгд дээрхи хоёрыг шилдэг гэж харуулахын төлөө зүтгэнэ. Оны төгсгөл дөхөөд ирхээр “Реал” болон “Барса”-гийнхан өөрийн талын хүмүүсээ хэвлэлүүдээр тараан тэдгээр нь “Месси мундаг” “Роналду гайхамшиг” гэх утгатай ярилцлага мэдээг шидэж өгнө шүү дээ. Албаны томчууд айгаад дуугарахгүй. Ноднин ОУХХ-ны ерөнхийлөгч Блаттер “Мессиг шүтдэг” гэж буруу үед буруу хугацаанд хэлснээсээ болж хичнээн шүүмжлэлд өртөж дараа нь тэрийгээ цайруулах гэж ямар өрөвдөм байдалд орж байлаа даа. Энэ жил Европын хөлбөмбөгийн холбооний тэргүүн Платини “шагналыг Германы шигшээ багийн гишүүн авах ёстой”гэж хэлээд “алуулж л” байна. Ибрагимович, Это, Дэвид Вилла нар мундаг довтлогчид. Гэхдээ бүгд Мессиг шилдэг болоход саад болсон учраас “Барса”-гаас явсан. Одоо тэдний хувь заяаг Суарес үүрээд гүйж байна. Роналду ч адилхан. Түүнийг шилдэг хэмээн хэлүүлэхэд саад болсон Рууд ван Нистелройгоос эхлүүлээд Ди Мария хүртэлх хөлбөмбөгчдийг нэрлэвэл овоо урт жагсаал гарна шүү. Нөгөө талаас нь аваад үзвэл үүнийг ч бас буруутгах аргагүй юм. Дээрх хоёр хичнээн алдартай байх тусам багуудын нэр хүнд өсч үзэгч хөгжөөн дэмжигчид олширно, мөнгө аривжина. Энгийн логик шүү дээ. Харин улсынхаа шигшээд бол шал өөр дүр зураг гарна шүү. Тэнд баг багаас ирсэн тухай байрлал бүрдээ өөрийгээ шилдэг гэж боддог залуусирэх тул тэр бүр Роналду ба Мессигийн “хөгжмийн аясаар бүжиглэхгүй”. Ийм л дүр зураг байна. Одоо 27, 29-тэй эдгээр залуус энэ жилийн “Алтан бөмбөг”-ийг горьлогч гурвын эгнээнд багтаад чимээ чагнаад сууж байна. Тэр хоёрын дундуур Германы шигшээ багийн хаалгач Мануэль Нойерхавчуулагдаад ороод ирсэн байгаа. Хэрвээ хэрүүл уруул хөшигний цаана явагдах луйвраа гээж чадвал энэ жилийн шагналыг хүртэх ёстой хүн нь Нойер яах аргагүй мөн юм. Түүнийг Буффон, Чех, Куртуатай харьцуулвал шалихгүй л гэж дүгнэнэ. Гэхдээ түүний баг энэ жилийн Германы аварга, цомын аварга, Аваргуудын лигийн “заан” хамгийн гол нь дөрвөн жилд ганц удаа тохиох ДАШТ-ий тасархай аварга гэдгийг нь үндэслэж Нойерт “Алтан бөмбөг”-ийг өгөх ёстой юм. Түүний оронд Лам, Мюллер, Швайнтейгер байсан ч ялгаагүй үүргээ умартаад байгаа “Алтан бөмбөг” шагналын эзэд байхаар хүмүүс билээ.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

“Таван толгой”-г популизмд автахгүйгээр хөдөлгөвөл иргэд л хожно

Өчнөөн жил ярьсан чшийдэж чадалгүй өнөөг хүрсэн Таван толгойн стратегийн хөрөнгө оруулагчид тодорчихлоо. Засгийн газар нэгдүгээр сарын 5-ндхөрөнгө оруулагч талтай хэлэлцээ эхлүүлнэ гээд дуугарчихлаа. “Энержи ресурс”, “Шинхуа”, “Сумитомо” бол дажгүй хослол. Таван толгойн менежмэнтийг өлхөн хийчихээр хүч, цараатай компаниуд. Долоон тэрбум тоннын нөөцтэй Таван толгойн ордын түүхийг сөхвөл анхнаасаа хувийн компаниудын мэдэлд байсныг нь харж болно. Дэлхийн уул уурхайн томчуудын нэг BHP энэ ордын эхний эзэмшигч. Азаар 1998 оны эдийн засгийн хямралын үеэр “Майн Инф” гэдэгмонгол компани Таван толгойн лицензийг авч таарсан. Тухайн үеийн Кадастрын удирдлагууд ч Монголын компанидаа энэ лицензийг өгсөн байдаг. Өмнөх Ерөнхий сайд “Ийм том орд газрыг гадаадын компаниас авч мэдэлдээ оруулсных нь төлөө төр засаг талархал илэрхийлэх ёстой” гэж хэлсэн удаатай. Дараахан нь хэд хэдэн компанийн хамтарсан хөрөнгө оруулалттай “Энержи ресурс”-т энэ ордын лиценз очиж байлаа. Тэд Таван толгойн лицензийг өчнөөн жил хадгалсны эцэст төрд булаалгаж байв. Эх орончид ард түмэнд өгнө гээд хувийн компанийн эзэмшиж байсан лицензийг авсан нь тийм ч эртний түүх биш. Ард түмэнд өгнө гэдэг сонсоход гоё үг л дээ. Популистуудын энэ үгийг анх сонссон хэнд ч сайхан байсан. Нуулгүй хэлэхэд гэнэт л өчнөөн мөнгөтэй болох юм шиг сэтгэж хүлээж авсан. Гэхдээ шууд май гээд өгчихдөг эд биш, ингэх ч бололцоо байхгүй гэдгийг нийгэм сүүлийн жилүүдэд хангалттай мэдэрлээ. “Эрдэнэс Таван толгой”-гмэддэг, хариуцдаг байсан хэдэн дарга нар л мөнгөжсөн байх. Өмнөх даргын үед шахсан хэдэн тэрбумын дугуй, Дэнзэнгийн өчнөөн тэрбум гээд төрийн эрх мэдэлтнүүдийн халаас зузаарснаас Таван толгойгоос иргэдэд наалдсан юм лав байхгүй. Иргэн бүрт хувьцаа тараалаа гэж нэг хэсэг шуугиулсныг эс тооцвол Таван толгойгоос гялайж гялтайх юм алга. Өнөө хувьцаа нь өдгөө шилний цаанаас чихэр долоолгох дайны юм болчихсон. Олон улсын зах зээл дээр IPO гаргачихвал хувьцаа асуудалгүй гэсэнганцхан тайлбарыг албаныхан өгсөөр хэчнээн ч оныг үдэв.

Төр хамгийн муу менежер гэж эдийн засагчид хэлдэг. Төрийн өмчийн компаниудаас энэ л гайгүй гялалзаж байна даа гэх компани байдаггүй нь ийм учиртай. Горыг нь өнгөрсөн жилүүдэд амссан учраас Таван толгойн өмчлөл нь төрд хэвээрээ ч, менежмэнтийг нь хувьд өгье гэсэн шийд­лийг засгаас гаргасан. Стратегийн хөрөнгө оруулагч нь тодорхой болсон Таван толгойн ордын хэлэлцээр яг энэ эрчээрээ явбал ирэх хавар гэхэд Өмнийн говьд их бүтээн байгуулалт өрнөнө. Дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гээд бодоход л ямар том хэмжээний бүтээн байгуулалт өрнөхийг багцаалдаж болно. Төмөр зам тавигдана, тэр хэрээр нүүрсний тээврийн зардал багасч үнэ цэнэ нь өснө. Энэ үед л харин Таван толгойн өгөөж иргэ­дэд жинхэнэ утгаараа мэд­рэгдэнэ дээ. Таван толгойд ханган нийлүүлэлт хийдэг компаниудын бизнес өргөжөөд ирнэ. Төмөр замаас эхлээд бүтээн байгуулалт өрнөөд эхэлбэл өчнөөн хүн ажилтай болно. Улсын төсөвт орох тат­варын хэмжээ ихэснэ. Тө­сөв зузаарвал цэцэрлэг, сургууль, эмнэлэг барихаас эхлээд иргэдэд наалдацтай ажлуудыг ч хийх боломж гарна.

Одоо нэг аюул бий. Таван толгой овоо хөдлөх гэж байгаа энэ үед “эх орончид” цээжээ дэлдээд босоод ирж мэднэ. УИХ-д гэхэд хэд хэдэн эх оронч сууж байгаа. Таван толгойг мөнгө болгож харсан эрх мэдэлтнүүд ч саарал ордонд олон. Төдийгөөс өдий хүртэл Таван толгойн стратегийн хөрөнгө оруулагчийг шийдээгүй ньч үүнтэй холбоотой. Таван толгойгоос хэн ахиу юм унагах вэ гэсэн уралдаан өнөөг хүртэл хөшигний ард өрнөсөн нь нуугаад байх зүйл биш. Тэд наанаа Таван толгойг “Ард түмэнд л очих ёстой орд” гэж ярьцгаадаг. “Ганцхан компани баяжих нь. Ард түмэн юу ч үгүй хоосон хоцрох нь” гэж ирээд хашгиралдаж мэдэх нөхөд гудамжинд бол бүр олноороо хөлхөж яваа. “Ард түмний төлөө” гэсэн гоё үгээр бамбай хийдэг энэ эрхмүүдэд бол Таван толгойг хувийн компани зах зээлийн жамаар нь хөдөлгөж, монгол нүүрсийг үнэд хүргэх нь нэг их чухал зүйл биш.

Ямар ч байсан Таван толгой хөдлөх нь тодорхой боллоо. Нүүрсний зах зээлдээ том гэсэн компаниуд энэ ордод хөрөнгө оруулна гэсэн мэдээг дэлхий сонсчихлоо. Мөнгөө тас атгачихаад Монгол руу эргэлзэнгүй харж суугаа хөрөнгө оруулагчдын итгэл наашлахад нөлөөлөхөөр сайн мэдээ, эерэг дохио. Хурдан хүлэгтэйгээрээ нийгэмд илүү танигдсан, чуулганы хуралдааны үеэр дуугардаггүй шахам нэг эрхэм УИХ-д бий. Дундговиос сонгогдсон Наранхүү. Энэ эрхэм сүүлд овоо үнэн үг унагана лээ. “Төр засаг нэгэнт л гэрээ байгуулж гарын үсэг зурсан бол тэрэндээ үнэнч баймаар юм. Засаг солигдонгуут л үгнээсээ буцаад эхэлдгээ болих хэрэгтэй. Биднийг ингээд байхаар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл алдраад гараад явчихаад байна шүү дээ” гэсэн үгийг нь Таван толгой дээр онцолмоор байна. Үнэн л дээ. Монголчууд байгуулсан гэрээнээсээ буцсан нь муухай харагдсан учраас, аймаар санагдсан болохооргадаадын хөрөнгө оруулагчид Монголыг орхисон.

Харин одоо төр хэлсэн амнаасаа буцахгүй, энэ эрчээрээ Таван толгойгоо хөдөлгөх хэрэгтэй. Засаг со­лигд­сон ч гэлээ Таван толгой дээр яг энэ бодлогоосоо ух­рахгүй байх учиртай. Тэгж байж л бид улсын дайтай хөгжинө.

Өдийд популистууд “Муусайн олигархиуд” гэж ирээд босоод ирвэл гайхаад байх зүйлгүй. Эх орончдын хувьд Таван толгойн менежмэнтийг компаниуд хийнэ гэсэн засгийн шийдвэр ард түмэнд хайртайгаа харуулах сайхан боломж. Азаар иргэд нэг үеэ бодоход тэднийг таньж эхэлсэн л дээ. Ард түмний нэр барьж хамгийн чанга дуугарсан иргэний хөдөлгөөнийхөн нүдэн дээр нь чинээлэг амьдраад эхэлсэн учраас иргэдэд эргэлзээ төрж эхэлсэн. Уул уурхайн нэг компанийн ажилтан “Иргэний хөдөлгөөнийхөн манай уурхай дээр эхлээд фургонтой очиж байсан, дараа нь суудлын тэрэгтэй очдог болсон. Одоо жип хөлөглөөд ирэх байна. Тэр хөдөлгөөнийг тэргүүлдэг нөхөр нь Зайсанд хаусанд амьдардаг. Ажил хийдэггүй мөртлөө 9911-тэй дугаартай” гэж яриад толгой сэгсэрч байсан.Монголыг хөгжүүлэхгүй гэсэн хэн нэгний, ямар нэг орны түлхээс, санхүүжилтээр өчнөөн мөнгөөр жагсаал цуглаан зохион байгуулаад, бужигнаан шуугиан дэгдээгээд явдаг юм биш үү гэсэн хардлагыг батлахаар энэ мэт жишээ өчнөөн бий. Тэгэхээр эх орончдын худлаа үгэнд ач холбогдол өгөхгүйгээр Таван толгойгоо хөдөлгөх нь л ашигтай гээд бодчих хэрэгтэй. Үгийг нь хэн ч сонсохгүй, үнэлэхгүй, итгэхгүй байхаар эх орончдын тоо цагийн жамаар цөөрөөд ирнэ.

Таван толгой дэлхийн акул компаниудын тоонд зүй ёсоор багтдаг “Шинхуа”, “Сумитомо”, Монголын “Энержи ресурс”-ын менежмэнтээр ажиллаж эхэлбэл ашгаа өгөөд эхлэх нь гарцаагүй. Зах зээлийн жамаар хөдөлсөн ямар ч төсөл ашгаа өгдөг. Тэр дундаа Таван толгой шигкоксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд гайхагдсан орд дээр хэрэгжиж буй төслийн хувьд алдагдал гэсэн ойлголт бүр байхгүй. Ашигтай ажиллаад ирэхээр одоохондоо шилний цаанаас долоох чихэр төдий байгаа Таван толгойн хувьцаа маань ч амь орно. Тавантолгойн хувьд төрд өмчлөл нь үлдсэн учраас хувьцаа эзэмших эрх маань хэвээрээ байгаа.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Эрдэнэбатхааны удам

1921 оны Ардын хувьсгалын дараа Гэгээрлийн яамыг анх байгуулж манай боловсролын салбар үүсэн байгуулагдсан түүхтэй. Жамьян гүнг Гэгээрлийн сайдаар томилсон боловч тэрээр гурван сарын дараа өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ. Түүний оронд Гусиное озёрскоос Хүрээнд ирээд удаагүй байсан Эрдэнэбатхааныг томилсонтухай түүний отгон хүү Э.Агваандорж гуай ярьсан юм. Э.Агваандорж гуай Эрдэнэбатхааны отгон хүү, ардын жүжигчин, төрийн шагналт нэрт зохиолч, орчуулагч Э.Оюуны дүү. Өдгөө 90 шүргэж яваа ч тун ануухан харагдах бууралтай аав, ээж, эгч, ах нарынх нь талаар яриулах завшаан тохиосон юм.

Эрдэнэбатхаан Эрхүүгийн гимнази, дараа нь багш нарын семинарыг дүүргэсэн. Түүний жинхэнэ нэр Никита Федорович Бутуханов. Монголд ирээд Эрдэнэбатхаан хэмээн нэрээ монголчилжээ. 1905 онд Орост ажилчин тариачдын бослого гарснаас хойш улс орны байдал тогтворгүй хэвээр байсан үе. Орост хаант засгийг эсэргүүцэн нэлээд бужигнаж байсан тухайн үед Эрдэнэбатхаан тэрс үзэлтнүүдтэй нийлдэг байсан тул улс төрийн хувьд найдваргүй хэмээгдэж Эрхүүгээс Русино озёрскт цөлөгджээ. Цөллөгт байхдаа Хүрээнээс очсон соён гэгээрүүлэгч Цэвээн Жамсрановтой танилцав.”Монгол тусгаар улс болсон. Нийслэл Хүрээ их гоё байгальтай сайхан газар. Баруун, зүүн талаар нь гол урссан, ой, модтой. ЭхнэртэйгээМонголд очижамьдар. Монголд хийх ажил их байна” хэмээн ятгасаар түүнийг Хүрээнд авчирсан гэдэг. Эхэн үедээ Эрдэнэбатхаан эхнэр Цэцэгийнхээ хамт Судар бичгийн хүрээлэнд өдөр болгон сууж нэг жилийн дотор хуучин монгол бичгийг сурчээ. Олон хэл мэддэг байснаас гадна аргагүй л хэлэнд авьяастай тул хурдан сурсан байх хэмээн Э.Агваандорж гуай ярив. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын анхны дарга байхдаа ч, Гэгээрлийн сайд болсныхоо дараа ч тухайн үеийн Монголын Засгийн газрынбичиг баримт, тогтоол зэргийг тэрээр ихэд нямбайлан бичсэн нь одоо болтол улсын архивт хадгалагдаж байдаг.

Эрдэнэбатхааныг Монголд ирэхэд Бодоо, Догсом гээд боловсролтой хүмүүс байсан аж. Тэр дундаа Бодоо бусдаасаа гойд илүү байсан гэдэг. Орос хэлтэй, Оросын Элчин сайдын яаманд сүрхий нэр хүндтэй. Эрдэнэбатхаан 1929 онд хүртэл Гэгээрлийн сайдын албыг хашихдаагэрийн бараа хардаггүй байсан тухай ээж Цэцэг нь хожим хүүхдүүддээ дурсан ярьдаг байжээ. Батсүмбэр, Мандал зэрэг сумдад анхны сургуулийг байгуулснаар энэ ажлынх нь хүрээ тэлжээ. Хөдөө явахдаа хөтөлгөө морьтой гараад л явна. Гэртээ байхдаа бичгийн ширээний араас салахгүй.Сайд Эрдэнэбатхаан монгол залуус Орост бус, харин барууны өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмших ёстой гэсэн зарчмыг баримталдаг байсан хүн. Үүнийгээ ч хэрэгжүүлсэн. Түүний хичээл зүтгэлээр анх удаа Монголын залуус баруун Европт Франц, Германд суралцахаар явсан. Сайд өөрөө хүүхдүүдээ сонгож, сургуулиудад нь хүргэж,айлуудаар тарааж өгөөд, Берлинд хэсэг хугацаанд ажиллаж, Монголын газрын зураг хэвлүүлэх, сурах бичиг, хэвлэлийн үйлдвэр, бичгийн машин захиалах, киноны тоног төхөөрөмж, цахилгаан дизель станц авчрах зэрэг маш чухал ажлуудыг амжуулаад иржээ.Анхны 29 хүүхдийн хоёр нь Францад, үлдсэн нь Германд сурч, хожмоо Монголын шилдэг сэхээтнүүд болсон.Д.Нацагдорж, Наваан-Юндэн гээд тэднийг монголчууд андахгүй.

ОРОСТ СУРАХААР ЯВААД ЭРГЭЖ ИРЭЭГҮЙ

Гэгээрлийн яамны сайдаар ажиллаж байх хугацаандаа чамлахааргүйихийг хийсэн түүнийг Монгол Ардын Намыг МАХН хэмээн нэрлэсний дараа 1929 оны Их хурлаар “баруунтан” хэмээнбуруутган ажлаас нь халсан байна. Угийн сурч боловсрохыг эрхэмлэдэг байсан тэрээр Ленинградын Дорно дахины дээд сургуульд монгол хэл соёл заах, улмаар философийн ухааны доктор хамгаалахаар явсан байна. Орост суралцаж байхдаа 1931 онд нутагтаа иржээ. Тэгэхэд отгон хүү Э.Агваандорж нь дөрөвхөн настай байжээ.Удаан хугацаагаар хол байсан болохоор бяцхан хүү эхэндээ ааваасаа ихэд бишүүрхэж байжээ. Эрдэнэбатхаан хамгийн сүүлчийн удаа гэртээ ирж, эхнэр хүүхдүүдтэйгээ уулзаж байсныг хэрхэн мэдэх билээ. Удалгүй Орос руу буцсан бөгөөд аймшгийн хэлмэгдүүлэлт түүнийг хүлээж байсан юм. Түүнээс хойш өдөр алгасалгүй хүлээж суусан хань, таван хүүхэд нь түүнийг хилс хэргээр баригдсан гэдгийг огт мэдээгүй гэдэг. Сураггүй болоод 19 жил өнгөрсний дараа буюу 1956 онд нөхрийг ньцагаатгасан бөгөөд түүнээс хожууэхнэрт нь дуулгасан байна. Тэгэхэд лнас барсан гэдгийг нь анх мэдсэн гэдэг.

Эрдэнэбатхааныг 1937 оны есдүгээр сарын 22-ны өдөр баривчилсан аж. Амруулах нэрээр Крымд аваачсан Эрдэнбатхаан,Элдэв-Очир, Мэргэн гүн Гомбожав, Цэвээн Жамсранов, Ц.Дамдинсүрэн, Гэндэн гээд Монголын төр засгийн зүтгэлтнүүдийг Крымд бүгдийг нь цувуулан дуудаж баривчилсан байдаг. Эрдэнэбатхааныг Ленинградын аймшигт гяндангуудаар хоёр жил хагасын хугацаанд эрүү шүүлт тулган байцаасны эцэст 1940 оны хоёрдугаар сард найман жилийн ял өгөхдөө Зөвлөлт засгийг унагаах гэсэн, Сталины амь насанд халдах зорилготой Троцкийн бүлгийн гишүүн, Германы тагнуул, Японы тагнуул, Панмонголизм буюу Японы удирдлагаар Монголын их гүрнийг байгуулахыг санаархсан гэсэн хэргээр яллажээ. Түүнийг олон жил шоронд хорьж, байцаан тамлан яргалж, эцэст нь ГУЛАГ-т явуулж, 1942 оны нэгдүгээр сард нас барсан болохыг нь гуч охин А.Саруул нь 2000 оны эхээр архивт олон хоногийн туршид сууж бүх бичиг баримттай танилцаж мэдсэн аж. Түүнийг Зөвлөлтийн шүүхээс цагаатгасан ба нэгэнт амь насаа алдсан түүний үйлдсэн гэгдэх хэрэг нь нотлогдоогүй гэсэн хагас хуудас цаас л үлджээ. 19 жил сураггүй байх хугацаанд нь гэргий Цэцэгийнх нь чихэнд “Эрдэнэбатхаан өөр эхнэртэй болсон. Орост амьдарч байгаа” гэсэн янз бүрийн цуу яриа хүртэл хүрч байсан гэдэг.

ЭРДЭНЭБАТХААНЫ ШАР ОХИН

Эрдэнэбатхаан амьд сэрүүндээ хүүхдүүдээ заавал бичиг үсэгтэй боловсролтой болгохыг захидаг байжээ. Ялангуяа ууган охин Э.Оюуныг юм сурах хүүхэд хэмээн онцолно. Тэрээр Ленинградыг зорихдоо охин Оюуныг аваад явжээ. Гэвч нэг жилийн дараа “гэрээ санаад байна” гэснээр буцаажээ. Нөхрийнхөө захисныг Цэцэг гуай биелүүлсэн. Нөхөр нь сураггүй болсны дараа хөөцөлдсөөр охин Оюуныг Эрхүүгийн Рабфакт явуулсан байна. Догсом, Лосол хоёр ч их тусалж дэмждэг байжээ. Гэвч гурван жилийн сургуулийг Э.Оюун ердөө нэг жилийн дотор суралцаж бүх шалгалтыг нь өгчихөөд буцаад ирсэн гэнэ. Учир нь Ленинградад аавтайгаа байхдаа бүгдийг нь заалгачихсан байжээ. Ингээд Эрхүүгээс эргэж ирэхэд Э.Оюун гуайд сурах газар байсангүй. Өөрөө заавал театрт ажилд орно гэхэд ээж нь “Чи авьяасгүй шүү дээ” гэнэ. Хариуд нь”Би шанз тоглож чадна” хэмээн тайлбар хийдэг байв. Санасандаа хүрч театртаа ч орж. “Хий гэсэн бүхнийг нь хийнэ” гэсэн болзолтойгоор ажилд оржээ. Үнэндээ бол анх цэвэрлэгчийн орон тоон дээр авсан байдаг. Тоос шороогоо арчиж дуусчихаад жүжигчид хэрхэн сургуулилт хийж байгааг хараад суучихдаг байсан жижигхэн шар охин удалгүй сургагч Робинович гэгч театр ажиллахаар ирсэн Зөвлөлтийн мэргэжилтний хэлмэрч болов. Бөмбөгөр ногоон театр дөнгөж нээгдэж байсан тэр үед Цагааны Цэгмид,Цэвээн, Ичинноров, Чимид-Осор, Цэндээхүү гээд манай нэртэй жүжигчидтэй цуг ажиллаж байлаа. Сургагч Робинович нь Оюун гуайг найруулагч болоход нь маш их нөлөөлсөн. Түүний хэлмэрчээр ажиллаж байхдаа анхныхаа жүжгээ орчуулсан гэдэг. Бямбын Ренчин гуай нэг удаа “Эрдэнэбатхааны шар охин юм орчуулна гэж үзүүлэх юм. Бөөсийг нь түүх гэж би их ядарч байна” хэмээн ярьж байсныг Э.Агваардорж гуай дурсан ярихдаа инээж байлаа. Аав шигээ уйгагүй хөдөлмөрч, үргэлж л ном шагайж юм бичиж сууна. Оросын их зохиолч С.Грибоедовын”Горье от ума”-г орчуулахдаа “Ухаантайгаасаа болж их зовж байгаа хүн гэлтэй биш дээ” хэмээн бөөн бодол болж байсан гэдэг. Ингээд “Ухаантны зовлон” хэмээн маш оновчтой орчуулсан бүтээл төрсөн. Бидний сайн мэдэх, үзэх дуртай “Ийм нэгэн явдал”, “Амьдрал нулимсанд дургүй” зэрэг кинонуудыгЭ.Оюун гуай орчуулсан юм. Тэрээр Б.Ренчин зэрэг Монголын нэртэй номын хүмүүсээс ихийг суралцжээ. Намдаг гуайгаас зохиол бичихийг сурна хэмээн Сөгнөгөрт цуг зусланд гардаг байжээ. Э.Оюун гуайг найруулагч болоход нь Зөвлөлтийн мэргэжилтэн, сургагч Уварова ихэд нөлөөлсөн гэдэг. Хожим нь Э.Оюун ГИТИС буюу Москвагийн театр урлагийн дээд сургуульд Данзанравжаагийн бүтээлээр докторын зэрэг хамгаалахаар очсон. Түүний докторын ажилтай танилцсан багш нар нь “Та аль хэдийнэ доктор болчихсон хүн байна шүү дээ” гэж байжээ. Э.Оюун гуайг Намын Төв Хорооны үзэл суртлын дарга бол гэхэд”Би дийлэхгүй” гээд ихэд дургүйлхэж байжээ. Ардын жүжигчин, төрийн шагнал олгосны дараа Хөдөлмөрийн баатар болгоё гэхэд нь “Надад хүндэднэ” гээд аваагүй байна. Одон тэмдэг, шагнал, магтаалд тун дургүй, зөвхөн хийж бүтээхийн төлөө уйгагүй ажилладаг байсан эгчийнхээ тухай Э.Агваандорж гуай ярихдаа “Арай дэндүү ихажилладаг байсан” хэмээж байв.

Эрдэнэбатхааны хүүх­дүүд болох Оюун, Карма, Зандармаа, Раднаа, Агваандорж гуай нар бүгд л салбар салбартаа тэргүүлж явсныг хүмүүс сайн мэднэ. Аав нь “баруунтан” хэмээн буруутгагдан хавчигдаж явсан ч ээж Цэцэг нь хөөцөлдөж байж хүүхдүүдээ сургууль соёлоор явуулсны ач тус юм. Э.Агваандорж гуай ч ялгаагүй. Тэднийх одоогийн Гадаад хэргийн яамны ард байсан бөгөөдЭлдэв-Очир, Догсом, Лосол гуайнхтай айлбайж хүүхдүүдтэй нь цуг тоглож өсчээ. Э.Агваандорж гуай Орост цахилгааны инженер мэргэжлээр сурч ирээд тухай үеийн Гэрлийн хороонд ажилд орж насаараа энэ салбарт ажилласан. III цахилгаан станцын даргаар олон жил ажилласан буурлын зээ охин нь нэрт загвар өмсөгч С.Төгс. Хилийн чинадад Монголын нэрийг гаргаж яваа сайхан бүсгүй. Харин Э.Агваандорж гуай эхнэр Ичинхорлоогийнхоо хамт нэрт загвар өмсөгч зээ охиныхоо бяцхан охиныг хэрхэн өсөн торниж байгааг харж суугаа азтай буурлууд юм.

Ю.ДЭЛГЭРМАА

Categories
мэдээ цаг-үе

Эгшиглэн сийлээч

Улс төрийн өчнөөн олон үйл явдал, дуулиант гэмт хэргүүд, эдийн засгийн хямрал, уул уурхай хийгээд гадаадын хөрөнгө оруулалт татарсан үй түмэн мэдээллийг тэр чигт нь хаяад нэг сайхан аялгуу эсвэл гэрэл гэгээтэй мэдээ сонсохыг хүсэх үе хэнд ч байдаг биз ээ. Энэ оны хамгийн сүүлийн сард болсон нэгэн тийм гэрэл гэгээтэй, сэтгэлд бүлээн дулаан амьсгалыг зөөлөн урсгасан тоглолтыг үзээд сэтгэл ихэд хөөрснөө уншигчидтайгаа хуваалцах юмсан гэж бодогдсоор байсан юм. Энэ бол урлагийн одын эсвэл алдар нэртэй уран бүтээлчийн тоглолт биш. Зүгээр л нэгэн оюутны тоглолт билээ. Гэхдээ цаашид урлагийн тэнгэрт од болон гялалзах, тэгж томоор хэлэхгүй юм гэхэд энгийн үзэгчийн сэтгэлд гайхамшигт эгшиглэнг, бишрэм аялгууг дурайтал сийлэх нэгний тоглолт байсан гэдгийг хэлэхийг хүсч байна. Манайд олон сайхан хуучирчид байсаар ирсэн. Ерээд он гарсаар хуучрыг хятад гаралтай гэж ойлгох болсных уу, яагаад ч юм энэ төрлийн хөгжмийн зэмсгийг тоож хөг аялгуу гаргах хүмүүс ховордсон гэдэг. Дээрээс нь хуучир маягийн хөгжмийн зэмсгээр тоглодог үндэстнүүдээс хан үндэстэн хуучрын өв уламжлалыг сүрхий авч ирсэн учраас тэгж боддог ч байж магад юм. Гэхдээ хөгжим судлаачдын онцолж буйгаар хуучир гэдэг нь ханзаар тайлбал бүдүүлэгчүүдийн хийл гэсэн утгатай, өөрөөр хэлбэлуг гарвал нь монгол хөгжим гэгддэг ажээ. Хуучрыг тоож дуугаргах залуус ховордсон энэ үед хуучраар эгшиг аялгууг сийлээч залуухан бүсгүй гарч ирлээ. Түүнийг Энхтөрийн Цэндсүрэн гэдэг. Хөгжим бүжгийн коллежийн гуравдугаар курсийн оюутан. Арван хэдхэн настайгаасаа энэ хуучир хэмээх хөгжимд дурлаж, өөрөөсөө том хөгжмийг үүрч явсаар өнөөдрийг хүрчээ. Харин тэр цаашид хуучир гэх хөгжмийн урлагийг тэр чигт нь үүрч явах нэгэн болно гэдэгт эргэлзэхгүй байна. Ер нь аливаа хөгжмийн төрөлд хэн нэгэн сайн хөгжимчин, сайн багш гараад ирэхээр олон нийтийн анхаарал тийш хандаж, дагаад зориулсан хөгжмийн бүтээлүүд туурвих нь ч ихэсч хөгжиж эхэлдэг. Манайд морин хуур, ятга яг энэ хэмнэлээр явж ирсэн. Тэгвэл хуучрын хөг аялгууг хүний сэтгэлд сийлэх залуухан хуучирч өөрийнхөө авьяас билгээр энэ чиглэлд ихийг бүтээх нь гэдгийг Улсын филармонийн танхимд суусан хүмүүс өөр, хоорондоо шивэр авир хийн, бахдан ярьж байсан юм. Э.Цэндсүрэн оюутан атлаа бие даасан гурав дахь концерт “Folk meets classic”-аа ийнхүү зохион байгуулж байгаа бас дотоодын болон гадаадын томоохон уралдаанаас тэргүүн байруудыг голдуу эзэлж ирсэн нэгэн аж.

Тэрбээр XVIII-XX зууны Англи, Орос, Франц, Хятад, Унгар, Испанийн хөгжмийн зохиолчдын сор болсон бүтээлүүдийг хуучрын аялгуугаар хүмүүст хүргэж байв. Тэрбээр хуучирчдын урын санд томоохон байр суурь эзэлдэг Испанийн хийлч, хөгжмийн зохиолч П.Сарсатегийн”Кармен-Уран сэтгэмж”-ийг хөгжимдсөнөөс гадна Францын Клауди Дебюссийн бүтээлээс анх удаа хуучирт хөрвүүлж тоглосон. XIX-XX зууны сод төлөөлөгчдийн нэг, имперессинизмийн урсгалыг үндэслэгч түүний байгаль ертөнцийн үй олон өнгө будгийг аялгуулж буулгах гэж оролдсоныг нь хөгжмөөр илэрхийлэхэд ихээхэн ур ухаан, авьяас хэрэг болдог гэдэг билээ. Харин Э.Цэндсүрэн өнгө бүрийн цэвэр дуугаралт, хөгжимчнөөс дотоод мэдрэмж шаарддаг түүний аялгууг хуучирт буулгахаар зориглосноо нэр төртэй биелүүлсэн. Мөн тэрбээр өөрийн орны зохиолчдын бүтээл болох Б.Шаравын “Хуучир-Симфони найрал хөгжимд зориулсан гурван ангит чуулбар-концерт” мөн С.Сансаргэрэлтэхийн “Гүнжийн бүжиг” хийл цохивор хөгжмийн чуулгад зориулсан концертыг анх удаа хуучирт хөрвүүлж тоглосон юм. Түүний аав Ж.Энхтөр, ээж Д.Тэрбиш нар охиныг нь сургаж, хөглөж ирсэн багш П.Мөнгөнцэцэгт талархаж байгаагаа байн байн илэрхийлж байсан нь арга ч үгүй биз. Харин Э.Цэндсүрэнгийн талаар төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Зуун зууны бүтээлүүдээс гуравдугаар дамжааны залуу хөгжимчин зориглон сонгож тоглосон нь сайшаалтай. Тэрбээр авьяаслаг, эрдэмжиж байгаа бас их ухаалаг юм. Ухаалаг нь их анзаарагдаж байна” хэмээн онцолж байсан билээ. Түүнээс “Хөгжим тоглоход ухаан шаардах уу. Авьяас байхад болох юм биш үү” гэхэд “Дэлхийн аварга З.Ойдов дэвжээн дээр барилдахад биеийн хүчээр биш толгойгоор, ухаанаар барилддаг гэж хэлж байсан шиг хөгжимчин хүн ухаанаар хөгжим тоглодог юм” хэмээн хариулсан билээ. Ийм нэгэн авьяаслаг, ухаалаг хуучирч Монголд төрж байна. Ард олныхоо зүрх сэтгэлийг эгшигт аялгуугаар сийлэн баясааж, Монголын гэх аялгууг хуучир хөгжмөөр дэлхийд тамгалан үлдээх их хөдөлмөрт чинь амжилт хүсье.

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

“Ажлын дараа”

-МОНГОЛЫН УРЛАГИЙН СОНГОДОГ БҮТЭЭЛЭЭС ТОЛИЛУУЛЖ БАЙНА-

Монголын урлагийн сонгодог бүтээлийн цувралаар өмнө нь төрийн шагналт, ардын зураач, хөдөлмөрийн баатар Н.Цүлтэмийн “Талын айл”, төрийн шагналт, ардын зураач О.Цэвэгжавын “Азарганы ноцолдоон”, төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч” бүтээлүүдийг хүргэсэн. Энэ удаа төрийн шагналт, ардын зураач Г.Одонгийн “Ажлын дараа” хэмээх бүтээлийг танилцуулж байна. Зураач уг бүтээлийнхээ санааг 1947 онд олж, 1954 онд зурж дуусгасан байна. Урлаг судлаачид энэ бүтээлийг социалист бүтээн байгуулалтын өрнүүн их ажил үйлс, хөдөлмөрчин түмний амьдралыг харуулсан бүтээл гэдэг.

Зургийн хавтгайд сахлаг өвс ногоо жигдэрсэн тал нутаг, хадланчдын майхан, эргэн тойронд морин хадуур, хадлангийн багаж хэрэгсэл харагдана. Хөдөө хээр ажиллаж буй хадланчид майхныхаа урд ширээ тойрон цайлж сууна. Хадланчдын хоол хүнс, аяга таваг сав суулга ихэд тод дүрслэгджээ. Дорнодын Улз нутгийн буриад малчдын аж амьдрал, нэгдлийн хадлан тэжээл бэлтгэх үеийн нэгэн агшин. Ахимаг, залуу янз бүрийн насны найман хадланчийн хувцас хунар, царай зүс ч тодхон. Нүүрний хувирал, сэтгэлийн хөдөлгөөн царайнд нь илэрхий. Ногоон дээлтэй, дээлийнхээ энгэрийг задгайлж, амандаа өвс зажлан ихэд гэмшингүй суугаа залуу бусдаасаа зэм хүртэж сууна. Залуугийн өвөрт шилтэй архи юм уу гэмээр зүйл байна. Хадлангийн бригадынхандаа зэмлүүлэн бас ч гэж буруугаа хүлээх мэт хүлцэнгүй, гэмших ичиж эмээх мэдрэмж царайнд нь илэрчээ. Энэ зурагт дүрсэлсэн найман хүний эх дүр нь наймуул зураачийн төрсөн нутаг Дорнодод амьдарч байсан нутгийн уугуул, бодит хүмүүс гэдэг. Зураач нутгийнхнаа сайн мэдэхийн зэрэгцээ бүтээлийнх нь эх дүр болсон тэр хүмүүсийг зан араншин, амьдралд хандах хандлага, ажил төрөл, нас, намба төрх гэхчлэн олон талаас нь гярхай мэдэрч ажилласан учир зураг дээр тэд яг байгаагаараа буусан байна. Өөрсдөө ч уг зургийн эх дүр болсондоо ихэд сэтгэл хангалуун байсныг зураачийн тухай дурсамж номд өгүүлжээ. Хадлан гэснээс, зураач өөрөө гар хадуураар өвс хадахдаа гаргууд байсан гэдэг.

Урлагийн бүтээл нь зарим талаар тодорхой нэгэн нийгэм, цаг үеүдийн түүхэн баримт, бодит дүрийг авч үлдэн соёл иргэншлийн түүхэн үнэ цэнийг бүтээдэг. Энэ хандлагаараа Г.Одон гуайн “Ажлын дараа” хэмээх олонд алдаршсан бүтээл нь үнэхээр ч орчин цагийн Монгол орны нэгдэлжих хөдөлгөөн, эв хамтын нийгмийн аж байдал, хүмүүсийг цаг үеийнхээ тусгал болох үүднээс нь онцолсон бүтээл юм. Уг бүтээлийн зөвхөн нэг л тал нь энэ. Монголын урлагийн нэгэн тод үе болох тавь жараад он, далаад оны эхэн үеийг хүртэлх урлагт бүх цаг үеийнхнээс ялгарах нэг онцлог бий. Чухамдаа хүнийг бус хүмүүсийг үзүүлдэг нийтлэг хэв шинжээрээ онцгойрдог. Үзүүлж буй дүрүүд, ахуйг илэрхийлэх юмс, үйл хөдлөл зэрэг нь зөвхөн өөрсдийн цаг үе, өөрсдийн нийгмийн ухамсрын тод тусгал байх жишээтэй. Ихэнхдээ хүний дотоод ухамсраас илүү баатрынхаа нийгмийн ухамсрыг онцолж, хүнийг байгалийн нэгэн деталийнх нь хувьд гэхээсээ илүү тодорхой нэгэн нийгмийн үзэл санааны баатар, тэр нийгмийн тогтолцооны эрэг шураг, деталь болох талаас нь үзүүлсэн байдаг. Тэр хүмүүс нь цаг үе нийгэм хэмээх нэгэн том жүжигт тоглож байна гэсэн үг. Зөвхөн социалист нийгэм бус аль ч цаг үе бай хүмүүс тэр л жүжигтээ хамгийн итгэл үнэмшилтэй тоглож байдаг биз дээ. Өнөөдөр ч мөн адил. Хүний түүхэн дэх алив цаг үеүд нь итгэл үнэмшилдээ суурилсан өөр өөрийн өнгө төрхтэй, алдаа, оноотой, алаг эрээнтэй байхаас биш адгийн муухай цаг үе гэж байдаггүй. Асар олон алдаанууд байлаа ч хав хар цаг үе гэж байдаггүйн адил бас цав цагаан цаг үе гэж хэзээд үгүй. Машид үзэл сурталжсан бүтээл гэж хүмүүсийн үздэг “Ажлын дараа” хэмээх бүтээлийн түүхэн үнэ цэнэ үүгээр тодрохюм. Харин нөгөө талд юу байна вэ. Нөгөө талд хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөн бий. Үүгээр “Ажлын дараа” бүтээлийн урлагийншавхагдашгүй үнэ цэн тодорно. Уг бүтээлийн үзэгчдэд өгөх сэтгэл оюуны өгөөж, туурвил зүйн үнэт зүйл нь хүний сэтгэлийн хөдөлгөөнийг онцолсонд байдаг. Тодорхой нэгэн агшны сэтгэл хөдлөлөөр уран зурагт үйл явдлыг өрнүүлэх бололцоо нээгдэж, өгүүлэмжээ туйлд нь хүргэх боломж гарч ирж байгаа хэрэг. Тухайлбал, “Ажлын дараа” бүтээлийн өрнөл нэг гол дүр дээр төвлөрч байна. Амандаа өвс зажлан, гэмшингүй суугаа ногоон дээлтэй залуу дээр. Энэ ногоон дээлтэй залуу бол гол дүр болж орж ирж байна. Яг л драмын жүжиг шиг үйл явдлын зөрчил өрнөлтэй уран зураг. Үзэгчдэд нийтлэг нэг сонин мэдрэмж төрдөг нь анзаарагддаг. Чухам юу нь тэгтлээ үзэгчдийг нэгтгэнэ вэ гээд үзэхээр илэрхийллээрээ театрт драмын жүжиг үзэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлээд байдаг. Г.Одон гуай энэ бүтээлээрээ зураг зурж сурсан гэж амьд сэрүүндээ ярьсан байдаг. Магадгүй бүтээлээ өөрөө нэлээн өндөр үнэлсэн нь тэр болов уу.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр, зураач “Ажлын дараа” бүтээл дээрээ ажиллахдаа арав гаруй хувилбар эх зураг зурж байжээ. Тэгээд сүүлд ярихдаа “Ажлын дараа” бол зураг зурж сурахад минь тусалсан бүтээл юм шүү. Сэдвийг нь 1947 оны зун олж билээ. Би хадлан тэжээл бэлтгэх, өвөлжөө бууц засах ажилд ээждээ байнга тусалдаг байсан. Нэг удаа оюутны амралтаар Москвагаас ирчихээд ээжтэйгээ хадланд явлаа. Өвс нуруулдчихаад ирэхэд ээж минь газар зууханд аргалын утаа суунаглуулан хоол хийж байв. Тэр үдшийн байгалийн өнгө төрх сэтгэл хөдөлгөж, би хэд хэдэн таталбар хийж билээ. Юуны түрүүнд өвсөн овоохойгоо зурсан. Яаж аятайхан зураг бүтээе дээ гэж бодоод янз бүрийн судалбар хийлээ. Дараа нь түүнээ нэгтгэх болов. Баахан хүний зураг өвсөн овоохойнхоо хажууд байрлуулан зурав. Энэ эх зургаа нөхдөдөө үзүүлэхэд өвсөн овоохойн оронд майхан байвал яасан юм бэ гэсэн санал гарлаа. Би ч зөвшөөрч овоохойг майхан болгосон. Дахин дахин янзалсаар 1958 оны сүүлээр “Ажлын дараа” зураг дуусч 1958 онд төрийн шагнал хүртэж билээ” гэжээ. Улмаар 1975 онд ардын зураач цол хүртсэн байна. Монголчууд бэрхийг даван туулж, “хөмөрсөн тогоон дор”-оосоо гарч, бөөснөөсөө салж, боловсрол олж бас хийж бүтээж орчин үежиж чадсан социалист нийгмийн ид өрнөлийн цаг үеийг урлагт буулган үлдээсэн Г.Одонгийн “Ажлын дараа” бүтээл өдгөө Үндэсний уран зургийн галлерейн сан хөмрөгт буй. Төрийн шагналт, ардын зураач Г.Одонгийн намтрыг үзвэл, тэрбээр Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт 1925 онд төрж, уран бүтээлээ 1942 оноос эхэлжээ. Москвагийн Суриковын нэрэмжит Уран зургийн академи төгсч ирээд 1951 оноос ДУДуС-д, 1958 онд УБДС-ийн дэргэдэх зураг, хөдөлмөрийн ангийг анх нээгдсэнээс 1986 оныг хүртэл багшилсан байна. Г.Одон гуай уран зургийн 200 гаруй бүтээлээрээ Монголын орчин үеийн дүрслэх урлагт хот, хөдөөгийн аж байдал, түүх, заримдаа угсаатны соёлыг ч өгүүлэн өөрийн том орон зайг эзлэн мөнхөлсөн байх ажээ.

Н.ПАГМА

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Өвлийн өвгөнтэй шинэ жилийн үдэш

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Нэргүйбаатар жил бүрийн шинэ жилээр өвлийн өвгөнд хувирч, олон зуун багачууд, албан байгууллагын шинэ жилийн үдэшлэг, цэнгүүнд баяр хөөр нэмсээр гуч гаруй жилийн нүүрийг үзэж буй. Өвлийн өвгөний нэг өдөр хэрхэн өнгөрдгийг “Танай өнжье” булангаараа сонирхуулахаар түүнтэй хамт шинэ жилд явлаа.

Товлосон газартаа уулзацгаалаа. “Бөмбөгөр”-ийн ард байрлах “Хархорум” гэх үйлчилгээний төвийн хоёрдугаар давхарт байрлах ресторанд нэгэн байгууллага шинэ жилээ тэмдэглэж байлаа. Уг баярт Н.Нэргүйбаатар гуай өвлийн өвгөн болж оролцоно. Н.Нэргүйбаатар гуайгаас “Ямар байгууллагын шинэ жил юм бол” гэж асуувал “Ах нь мэддэггүй шүү дээ. Олон байгууллага, хамт олны шинэ жилд уригддаг болохоор нэр усыг нь ер цээжилдэггүй юм. Тэнд төдөн цагаас ирээрэй гэж манай менежер залуу хэлнэ. Тэнд нь очиж өвгөн болчихоод л дараагийн газар руугаа явчихдаг юм” гэлээ.

Энэ удаад тэрээр Монголын дугуйн спортын холбооны шинэ жилд өвлийн өвгөнөөр уригджээ. Үйлчилгээний төвийн тавдугаар давхарт шинэ жилд оролцох хамтлаг, дуучид, хөтлөгч нарт гаргаж өгсөн өрөө байна.

Хөтлөгч залуу орж ирээд “Өвлийн өвөө, би тан руу залгаад хувцсаа өмсөөрэй гэж хэлнэ. Тэгээд дуудна шүү” гэчихээд гараад явчихав. Н.Нэргүйбаатар гуай “Зарим байгууллагын шинэ жилийн номер нь ихдээд би дундуур нь гялс орчих санаатай хүлээнэ ээ. Хааяа ч гайгүй байдаг юм” гэлээ.

Н.Нэргүйбаатар гуай олон цасан охидтой байжээ. Энэ жилээс “Peace dance” студийн бүжигчид цасан охинд нь болсон байна. Тэрээр “Би олон цасан охин сольсоон. Харин сүүлийн хэдэн өдөр энэ хэдэн охидтойгоо тууштай явж байна шүү. Цэцэрлэг дээр бол жаахан жаахан юмнууд цасан охид болно. Бүжиглээд байгаа нь мэдэгдэхгүй, шуураад байгаа нь мэдэгдэхгүй, эгдүүтэй гэж. Шуурга шуурлаа шүү гэхээр эргэж байгаа бололтой л байдаг юм. Дуурийн театрын хэдэн охид байна. Харин одоо эд маань орчин үеийн цасан охин юм даг уу даа” хэмээн инээв. Н.Нэргүйбаатар гуай номер болох хүртэл сонин хачин, хуучны сонирхолтой явдлуудаасаа ярьж өгье гэлээ. Цасан охид өвлийн өвгөний яриаг шимтэн сонсохоор ойртон сууна.

Гавьяат жүжигчин маань гуч орчим настайгаасаа л өвлийн өвгөний дүрд хувилсаар иржээ. “Шинэ жил” гэж Монголын анхны шинэ жилийн баярын тухай кино бий. Тэр үеэс л манайхан Оросын Дед мороз буюу өвлийн өвгөний тухай төсөөлөлтэй болж, Монголд шинэ жилийн баяр гэх тэмдэглэлт өдрүүд бий болсон гэж үздэг аж. Дед мороз бол тундра, цас мөсний орноос ойн ан амьтан, цас мөс дагуулсаар хүүхэд багачууд дээр ирдэг хийсвэр дүр. Н.Нэргүйбаатар гуайгаас “Та ямар ан амьтад дагуулж ирдэг вэ” гэвэл “Амьтан дагуулахаа больсон. Амьтад нь алга болчихсон. Хүмүүс ан амьтнаа хайрлахгүй, алж хядсаар байгаад дуусгачихсан юм уу, хаашаа юм” гэж хошигноно.

Шинэ жилийн баяраар хоёр он солигдох торгон мөчид өвлийн өвгөн ирж, хоёр оныг солилцуулж, сүлд модны наадамд нь баяр жаргал бэлгэдэж, ерөөл дэвшүүлнэ. Ингэж л шинэ жилийн баяр жинхэнэ утгаараа өрнөнө. Гэтэл өвлийн өвгөнгүй шинэ жил нэг л гундуу байдаг. Хэдэн хүн хурал хийж байгаа юм шиг үг хэлээд л бэлэг гардуулж алга ташна. Тэгээд ширээнийхээ ард сууцгааж уувал ууж, идчихээд яваад өгнө. Тэр чинь шинэ жил мөн үү. Ерөөсөө л ийм том ялгаа байдаг юм гэж өвлийн өвгөн Н.Нэргүйбаатар гуай ярилаа.

Цасан охид хувцсаа солихоор өөр өрөө рүү явчихлаа. Баярт дуугаа өргөхөөр ирсэн хамтлагийн залуус гадуур хувцсаа тайлчихаад шинэ жил рүү явчихав.

Н.Нэргүйбаатар гуай том гэгчийн улаан цүнхээ онгойлгоод өвлийн өвгөний малгай, дээл, нөмрөг, сахал зэргээ гаргаж ирлээ. Бас монгол гутал. Бүгдийг нь дэлгэж тавиад нямбайлан зэхнэ.

Гавьяат маань “Өвлийн өвгөнгүй шинэ жилийн баяраар даргын үзэмжээр хэдэн хүнийг шагнана. Зарим нь намайг шагнах болов уу гэж горьдоно. Гэтэл өвлийн өвгөн шинэ жилд нь орж ирж байна гэдэг шагнуулсан болон шагнуулаагүй бүх хүнд том шагнал, урам болдог. Өвлийн өвгөнийг хараад том хүмүүс хүүхэд шиг баярладаг юм. Бүгд өвлийн өвгөнтэй хамт зураг авахуулах гээд л. Тийм сайхан байдаг юм” хэмээн өвлийн өвгөнтэй шинэ жил тэмдэглэхийн сайхныг ярив. “Хэдэн дуучин ирж дуулж болно. Ямар ч баяраар дуулж л байдаг. Харин өвлийн өвгөн ганцхан шинэ жилээр л орж ирдэг. Түүгээрээ л өвлийн өвгөний утга учир аугаа их” гэлээ. Өвлийн өвгөн цэнхэр нөмрөгөө намируулаад шинэ жилийн баяр болж байгаа танхимд орж ирэхэд хүн бүрийн баярын нүд гялалзаад, өвлийн өвгөнөөс бэлэг авах эсэх нь ч хамаагүй бүгд “Өвөө, өвөө” хэмээн угтана. Энэ мөч л өвлийн өвгөн болохын хамгийн сайхан хэсэг нь гэнэ.

Шинэ жилийн баярт өвлийн өвгөн буцах нь бяцхан гуниг төрүүлдэг. Харин Н.Нэргүйбаатар “Өвлийн өвгөн буцахдаа хуран цугласан хүмүүсийг гуниглуулж буцаж байгаа бол муу өвгөний шинж” гэв.

Өвлийн өвгөн “Дахиад олон хүүхдэд бэлэг гардуулна, очих газар олон, олон хүүхэд хүлээж байгаа, за миний хүүхдүүд наадам цэнгэлээ үргэлжлүүлээрэй, энэ л торгон мөчид наргиж, цэнгэж дуу хуураа өргөж, бүжиг наадмаа хийгээрэй” гэж их аятайхан хэлж уур амьсгалыг нь унагаахгүйгээр, сэтгэлийг нь өргөчихөөд явах ёстой гэнэ. Хүн үгээр урамшиж, үгээр амьдардгийн нэгэн том жишээ нь энэ гэлээ.

Дөчөөд жил кинонд дуу оруулчихсан болохоор Н.Нэргүйбаатар гуайн дуу хоолой ард түмний чихэнд хоногшсон билээ. Байгууллагуудын шинэ жил дээр очоод “Сайн байцгаана уу, миний хүүхдүүд” гээд л мэндлэнгүүт бүгд түүнийг таниад алган ташин баярлаж, хөөр баяр болдог гэнэ. Н.Нэргүйбаатар гуай сарлагийн савгаар хийсэн сахал, хөмсөг зэргээ гаргаж ирээд янзаллаа. Тэрээр гэрийн бүрээсээр хийсэн дээлтэй олон жил явсан гэнэ. Өнөөх нь ихэд муудаж, хуучрахаар нь Гантулга гэдэг шавь нь багшдаа одоо өмсч байгаа энэ дээлийг нь оёулж өгчээ. Тэрээр дээл, малгайгаа янзлах зуураа “Хүмүүсийн баяр дээр баяр нэмэх гэж л ах нь ингэж явдаг юм даа” хэмээнэ. Түүнийг ийн ярих зуур өрөөнд шинэ жилийн баяраасаа хоцорсон нөхөд орж ирж хувцсаа солив. Хувцсаа солих зуураа Н.Нэргүйбаатар гуайн яриаг сонирхон чихээ тавьж, ярьсан зүйлд нь дагаж инээнэ. Баяртаа нэлээд түрүүлж ирээд сэтгэл нь хөдлөөд хэд гурван хундага архи тогтоосон залуус орж ирээд “Өвөө биднийгээ уучлаарай”, “Өвөө бэлгээ авъя”, “Чанга, чанга ярьж анхаарлыг тань сарниулсан бол өвөө минь уучлаарай” гэв. Н.Нэргүйбаатар гуай өвлийн өвгөний хувцсаа өмсчихлөө. Харин сахлаа байзнаж байгаад зүүнэ гэв. Сахал зүүгээд удаан суухаар түвэгтэй, их ядардаг гэнэ. Нэг өдөр гурав, дөрвөн шинэ жилд оролцчихоор орой нь маш их ядарчихсан байдаг гэсэн. “Арванхоёрдугаар сар гараад л цагаан дээл, шар бүс, цэнхэр нөмрөг, том малгай чирч аваад л явж өгнө дөө” хэмээн хуучлав. Н.Нэргүйбаатар гуайг жил бүр урьдаг байгууллагууд байдаг гэнэ. Өмнөх жилүүдийг бодвол энэ шинэ жилээр өвлийн өвгөний захиалга харьцангуй бага байгаа аж.

Хамт олон байгууллагаараа захиалга өгөхөөс гадна хувь хүмүүс гэр орондоо өвлийн өвгөн урьж, үр хүүхэд, ач зээ нартаа бэлэг барих дуртай гэнэ.

Цэцэрлэгүүдээр их явна. Хэдхэн хоногийн өмнө “Титэм” хотхоны цэцэрлэгт ой дөнгөж өнгөрч байгаа хүүхдүүдтэй ангид уригджээ. Цагаан, үс сахалтай, цагаан дээлтэй өвгөнийг орж ирэнгүүт өнөө яслийн хүүхдүүд гайхаж, өвөр дээрээ суулгаад зураг авахуулах гэтэл бүгд уйлаад бөөн уйлаан болжээ. “Юун хүүхдүүдийг баярлуулах, жинхэнэ баларч байгаа юм чинь” гэж хөглөснөө ярилаа.

Радиогийн нэвтрүүлэгч Ганбаатар нэг удаа гэртээ урьжээ. Өвлийн өвгөний хувцсаа орцонд нь өмсчихөөд гэрт нь ороод л “Цасан цагаан орны…” гээд л нэг их сүрхий бэлэг гардуулах санаатай шүлэглээд эхэлж. Тэгтэл дэгдийтэл зогсч байсан гурав дөрвөн жаалхан амьтны хамгийн отгон, ой гарантай нь юун бэлэг сэлт авах ухаан жолоогүй өрөө рүүгээ зугтаад орчихжээ.

Хүүхдүүд тэр дундаа гурав, дөрвөн настай хүүхдүүд өвлийн өвгөнийг байдаг гэдэгт хамгийн их итгэдэг юм байна. Тийм ч болохоор тэр үү төдий насны хүүхдүүд дээр өвлийн өвгөн болоод очихоор чин сэтгэлээсээ хүлээж авдаг юм байна. Өвөр дээр нь суугаад, ер салахгүй. Өвлийн өвгөнийг жинхэнэ гээд итгэчихсэн багачууд өвлийн өвгөнд үнсүүлэх биш өөрсдөө үнсэх гэж дайрна. Жаалууд өвөр дээрээс нь буухгүй, бүр бэлэгний чихэрнээсээ илүүчилнэ. За өвөө нь ингээд буцъя даа гэхээр бүгд дагаж уйлна. Н.Нэргүйбаатар гуай “Өвлийн өвгөн болно гэдэг чинь ийм л сонин ажил юм даа. Би үүнийг тоглоом наадам гэж боддоггүй. Хүмүүсийг баярлуулдаг буянтай хамгийн том ажлын нэг юм байгаа юм” гэнэ.

Айлуудаар уригдаж шинэ жилийн баяр дээр баяр нэмээд явж байхад ная, ерэн настай буурайнууд тааралддаг аж. “Миний хүү өвлийн өвгөн ааваасаа ирж бэлгээ ав” гэхээр өнөө настай хүмүүс “Хүүе яадаг билээ” гэж хүүхэд шиг баярлаад л гялс ирж бэлгээ авч, үнсүүлдэг гэнэ.

Өвлийн өвгөн гэдэг чинь мөнхийн өвгөн. Тийм болохоор нялх балчраас эхлүүлээд ная, ер гарсан ахмадууд хүртэл хүндэлж, бэлэг горьддог юм шүү дээ гэв. Айлд очоод хүүхдүүдэд нь бэлэг гардуулчихаад шууд гарна. Тэгэхгүй бол хоол унд, архи дарс болно. Хүүхдүүд нь жинхэнээсээ гэрт нь өвлийн өвгөн ирчихлээ гэж итгэж байхад нь сахлаа духдуулчихаад л бууз үмхэлж суугаа харагдвал ямар байх вэ. Тэгээд дээр нь дарс залгилж харагдвал тэрэн шиг муухай юм үгүй учир өвлийн өвгөн болсон үедээ ганц хундагыг ч болтугай тогтоохоос зайлсхийдэг болжээ. Яагаад гэвэл өвлийн өвгөн гэдэг бол хүн бүрийн хувьд хүүхэд байхаасаа тэсэн ядан хүлээдэг ганц хүн нь шүү дээ. Тэгэхээр хүүхэд, том хүн гэлтгүй бүгдэд өвлийн өвгөн муухай харагдаж болохгүй гэдэг дээр Н.Нэргүйбаатар гуай хатуу байр суурьтай нэгэн аж. Өвлийн өвгөний нэрийг муу юмтай ерөөсөө холбож болохгүй шүү гэж хожим хойчийнхоо өвгөдөд захия гэлээ. Түүнтэй ийн ярилцаж суутал цасан охид бүжихэд бэлэн болчихсон орж ирэв. Доор хоёрдугаар давхарт шинэ жил ид дундаа орж байгаа бололтой дуу хөгжим цангинана. Бөмбөрийн нүргээнт дуу сонстоно. Өвийн өвгөн, цасан охид хэдийнэ бэлэн болчихсон. Хөтлөгчийг гар утсаар ярьж дохио өгөхийг хүлээнэ. Цасан охид ерөнхийдөө чөлөөт хэв маягийн бүжиг бүжиглэдэг гэнэ. Толины өмнө зогсч бүжгийн хөдөлгөөнөө давтана. “Мундаг жүжигчний хамт шинэ жилд оролцож байгаадаа баярладаг” гэж байлаа. Тэд “Бид хуучны цэмбийсэн цасан охидоос хувцаслалт, бүжгийн хөдөлгөөнөөрөө арай өөр л дөө. Арай шоу тал руугаа. Биднийг залуус, залуу үеийнхэн их таатай хүлээж авдаг” гэж өөрсдийгөө тодорхойлов.

Н.Нэргүйбаатар гуай сахлаа зүүгээд өрвийж сөрвийсөн хэсгүүдийг нь хоёр талдаа наалттай туузаар наалаа. Хөмсгөө ч наав. Хөмсөгнийхөө сүүл хэсгийг малгайндаа тогтоох аж. Дөрвөлжин жижиг толиндоо нүүр хөмсөг, сахал, малгайгаа тольдож засч янзална.

Нэгэн хэсэг манайхан шинэ жилийн баяр гэхээр учиргүй л архи дарс эргүүлж яагаа ч үгүй байхад халамцдаг байв. Харин сүүлийн жилүүдэд энэ байдал бага багаар үгүй болсоор байгаа нь өвлийн өвгөнд мэдрэгдэх болсныг сонирхуулав. Саяхан нэлээд хэдэн байгууллагын шинэ жилд очиход арга хэмжээ нь дундаа орчихоод байхад ирсэн зочид нь ширээн дээрх сархдаа дуусгаагүй, зарим нь хундагандаа уруулаа хүргээгүй юм болов уу гэмээр эрүүл саруул харагдаж. Ширээн дээрх шар айрагнаас жаахан амссан болоод л сууж байгаа нь харагдсан гэнэ.

Хөтлөгч залуу утасдаж байна. Нэг номерийн дараа өвлийн өвгөн орж ирээрэй. Гурван давхрын шатан дээр цасан охидтойгоо байж бай гэлээ. Ингээд бүгд өрөөнөөс гарч зогсч бай гэсэн газарт нь очлоо. Тэгтэл хөтлөгч зарлаж байна, өвлийн өвгөнөө урьж байна гээд. Н.Нэргүйбаатар гуай гараа далласаар цасан охидоо дагуулаад ороод явчихлаа. Хүн бүр алга ташин, “Өвлийн өвөө” гэж хашгирч, баярлацгааж байгаа нь илт. Бүгд босч алга ташин өвгөнөө хүлээж авлаа.

Өвлийн өвгөн

… Цасан цагаан орны

Мөсөн туйлын өвгөн би

Цасан охиноо дагуулсаар

Цайдам хөндийн холыг туулж

Цастай өвлийн жаврыг сөрсөөр

Мөнх жаргал дэлгэрсэн

Монгол оронд ирлээ

Өвгөн буурал аав нь

Өдөр хоногийг товлосоор

Хүүхдүүд та нартайгаа уулзах

Хүсэлт өдрийг хүлээсээр

Цасан охиноо дагуулсаар

Цан хүүргээ савсуулсаар

Хоёр оны босгон дээр

Холын тэртээгээс ирлээ хэмээн мэндчилж улиран одож буй ондоо тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагчдад гарын бэлэг гардуулав. Цасан охид шинэ жилийн дууны попури аянд бүжлээ. Н.Нэргүйбаатар гуайн дуу хоолойг бүгд таньж, түүний ялимгүй хошигносон ярианд бүгд хөгжилдөн инээх аж. Ингээд өвлийн өвөө дараа дараагийн олон газраар орно, олон хүүхэд багачуулд бэлэг өгнө, наадам цэнгээнээ үргэлжлүүлээрэй гээд бүгдэд эрүүл энхийг хүсээд шинэ жилээс гарч ирлээ. Түүнийг гаран гартал бүгд алга ташин баярлацгаав.

Нэг байгууллагын шинэ жилд өвлийн өвгөн болж арван минут хэртэй саатахын тулд бараг гурав дөрвөн цагийн өмнөөс ийн бэлдэж, явдал суудал болдог юм байна. Хүнийг хэдхэн хором баярлуулахын тулд яасан их цаг зав, хөдөлмөр зарцуулдаг юм бэ гэсэн бодол төрж байлаа. Тэрээр өрөөндөө орж ирээд өвлийн өвгөний хувцсаа тайлаад цүнхлэв. Нүүрнийх нь хөлс бурзайж, шанааг нь дагаад урсчээ. Алчуур гаргаж ирж арчина.

Ингэж олны үр хүүхэд, түмэн хүнийг баярлуулж явдаг мөртлөө өөрийнхөө үр, хүүхдэд өвлийн өвгөний дүрээр бэлэг гардуулна гэдэг тун ховор гэнэ. Зээ нартаа нэг удаа бэлэг өгөх гэж баахан л юм болж. Шинэ жил гарахаас өмнө бэлэг өгчихье гэж их л хичээсэн ч замын хөдөлгөөний түгжээнд гацаад арайчүү 31-нд он солигдохоос өмнө гэртээ орж байжээ. Харин зээ нараа цэцэрлэгт байхад нь өвлийн өвөөгийн үүргийг нь нэр төртэй биелүүлдэг байсан гэдэг шүү.

Н.Нэргүйбаатар гуай хүүхэд ахуйнхаа нэгэн шинэ жилээр болсон явдлыг дурслаа. Тэр үед өвлийн өвгөн болж байгаа хүнд одооных шиг жинхэнэ гэмээр сахал, үс байдаггүй байж. Сахал, дээлний хормой зэргээ хөвөнгөөр л аргална. Сургуулийнх нь зааланд өвлийн өвгөн цасан охидтойгоо ороод ирэв гэнэ. Хүүхдүүд баярлаад л. Цасан охид нь бенгалийн гал барьчихсан. Өвгөн “Амар сайн уу” гээд л спортын заалыг нар зөв тойроод явж байв. Тэгтэл өнөө бенгалын гал нь өвлийн өвгөний хормойнд наасан хөвөнтэй авалцаад тэр хавиар л нэл утаа хиншүү гарчээ. Өвлийн өвгөний хормойноос гал дүрэлзээд, өвгөн хурдалж давхиад. Хүүхдүүд барьж авах гэсэн ч гүйцдэггүй гэнэ. Арай гэж дарж авч галыг нь унтраасан аж. Тэгтэл өвлийн өвгөний нэг гуя нь түлэгдчихсэн байж.

Н.Нэргүйбаатар гуай “Надад бас нэг иймэрхүү юм тохиолдож билээ. Шарын голд шинэ жилд оролцоод явж байлаа. Тэгтэл арай л урт нөмрөг таарчихсан юм. Цасан охид миний хойно явж байгаад нөмрөг дээр гишгээд би золтой л савж унасангүй. Хүмүүс сандраад л хөгтэй юм болж билээ” гэлээ. Өвлийн өвгөн болж байгаа хүмүүс хувцас хунартаа сайн анхаарч, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангах хэрэгтэйг туршлагатай өвлийн өвгөний хувьд зөвлөж байлаа.

Н.Нэргүйбаатар гуайд хөдөө орон нутгаас утасдаж өвлийн өвгөн болох урилга ирүүлнэ. Эрдэнэт, Дархан гээд л аймаг, хотуудаас захиалга ирдэг юм байна. Хөдөө орон нутаг руу явахаар бол гурав, дөрөв хоногийн өмнөөс бэлдэж цаг нараа тохируулдаг гэсэн.

Ийн Н.Нэргүйбаатар гуай Монголын дугуйн спортын холбооны шинэ жилд өвлийн өвгөн нь болчихоод хамаг зүйлсээ цүнхлээд гарлаа. Тэрээр “Би энэ улаан цүнхэндээ өвлийн өвгөний дээл, малгайгаа цүнхлээд хичнээн ч жил алхаж байна гэж бодно. Яах вэ, амьтан хүн баярлуулж явбал боллоо шүү” гэнэ. Зарим захиалга ихтэй үед олон байгууллагын шинэ жилд оролцчихоод гараад ирэхээр авто унаа зогсчихсон байх нь бий. Уг нь хүссэн хүн бүрийн баярт очиж өвлийн өвгөний бэлэг гардуулмаар л байдаг юм. Даанч хотын замын түгжрэл шинэ жилээр оргилдоо хүрдэг болохоор сүүлийн жилүүдэд өдөрт гурваас илүү шинэ жилд оролцохоо байсан гэсээр өвлийн өвгөн Н.Нэргүйбаатар гуай хөлсний тэрэгт суугаад гэр рүүгээ одсон юм.

Д.ГАНСАРУУЛ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

О.Хүрэлбаатар: Тоорил вангийн ариг оросууд үнэхээр сонирхож байсан

ДБЭТ-ын гоцлол дуучин СТА О.Хүрэлбаатар энэ сарын 9-19-ний өдрүүдэд ОХУ-д болсон М.Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байрын шагнал хүртлээ. Тэрбээр 2007 онд ХБК-ийг дуурийн дуучин мэргэжлээр гавьяат жүжигчин А.Бүтэдийн удирдлагад төгссөн, ДБЭТ-ын басс хоолойт дуучин юм.О.Хүрэлбаатар Ким Базарсадаевын нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны Гран при, ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит Олон улсын уралдааны Гран при, УГЗ Б.Шаравын нэрэмжит уралдаанд дэд байрын шагналтай. Өнгөрсөн 2012 онд ОХУ-д болсон Ф.Шаляпины мэндэлсний 140 жилийн ойд зориулсан дэлхийн шилдэг театруудын басс хоолойт дуучдын тоглолтод уригдан оролцож байв. Тэрбээр Ж.Вердийн “Риголетто” дуурийн Монтероне, “Аида” дуурийн Рамфис, Ж.Пуччинийн “Богема” дуурийн Коллен, “Тоска” дуурийн Чезарь Анжелотти, Ж.Бизегийн “Кармен” дуурийн Цунига, Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурийн Хоролдой ноён, Ц.Тараагийн “Чингэс хаан” рок дуурийн Тоорил хаан, Б.Шаравын “Чингэс хаан” дуурийн Мэнлиг эцэгсонгодог болон үндэсний томоохон дуурийн дүрүүдийг бүтээсэн. Түүнтэй ярилцлаа.

-Олон улсын өндөр зэрэглэлийн уралдаанаас басс хоолойт дуучин анх удаа шагнал хүртлээ. Дуурийн басс хоолойгоор ийм уралдаанаас шагнал хүртэх нь олон улсад ч бараг сонсогддоггүй үзэгдэл. Танд баяр хүргэе?

-Би театртаа гурван жил дуулж байна. Өмнө нь Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад есөн жил дуулсан.

-Глинкийн уралдаанд ямар ямар ари дуулав. Уралдааны явцаас сонирхуулахгүй юу?

-Энэ уралдаанд гавьяат жүжигчин концертмейстр Б.Солонго багш мэргэжлийн багш, гавьяат жүжигчин А.Бүтэд багшийнхаа удирдлага дор бэлтгэлээ хийгээд оролцлоо. Баргил буюу басс хоолойтнуудаа төлөөлж анхны том амжилт гаргаж ирсэндээ баяртай байна. Уралдаан их өргөн хүрээтэй, өрсөлдөөнтэй, том тэмцээн боллоо. Ер нь хүмүүсийн ярьж байгаагаар бол урьд урьдынхаасаа оролцогчдын тоогоороо ч, дуучдынхаа чанар чансаагаар ч их том уралдаан болсон. Өмнө нь 120 дуучин оролцдог байсан бол энэ удаа 280 дуучин оролцсон. Дуучдын чанар чансаа өмнөхөөсөө илүү байсан болохоор өрсөлдөөн нэлээн хүчтэй, сайхан тэмцээн боллоо гэж шүүгчид нь ярьж байна лээ. Манай Монголын дуучид бол үнэхээр агуу хоолойтой, үнэхээр сайхан байдаг юм байна гэдгийг тэнд очоод мэдэрлээ. Монгол дуучдаараа, монгол түмэн олноороо бас бахархаж л явлаа. Нэгдүгээр шатанд 280 хүнээс 50 хүн үлдсэн. Эхний шалгаруулалтад хоёр ари дуулсан. “Дон Карлос” дуурийн Филиппийн ари, Дон Жуан дуурийн Лофореллогийн ари дууллаа. Энэ хоёрыг дуулаад хоёрдугаар шатанд үлдсэн. Хоёрдугаар шатанд таван бүтээл дуулсан. Глинкийн нэг романс, Рахманиновын Алеко, Вердийн “Макбет” дуурийн Банкогийн ари дуулсан. Тэгээд Монголынхоо дууриас Шарав гуайн Чингэс хаан дуурийн Тоорил вангийн ари дуулсан.

-Үндэснийхээ бүтээлээс заавал нэгийг дуулдаг уу?

-1975 оноос хойш зохиогдсон бүтээл гэдэг юм. Тэгэхээр заавал гадаадын юм дуулах албагүй шүү дээ. Монголын дуучин Монголоо бас сурталчлах хэрэгтэй. “Чингэс хаан”-ы Тоорил вангийн ариг дуулахад оросууд үнэхээр гайхаж байсан. Монголын дуурийн урлаг техник, хийцийн хувьд мундаг бүтээл гэдэг тал дээрээ явж байгаа юм байна, мундаг бүтээлүүдийг дуулдаг юм байна гэж сонирхсон. Үүнээс гадна “Баатарцогтын нагац” гэдэг ардын дууг хөгжимгүй дуулсан. Тэгээд хоёрдугаар шатнаасаа 50 дуучнаас 14 дуучин шалгарч гуравдугаар шатанд үлдсэн. Тавин дуучинд манай зургаан дуучин үлдсэн. Манай Дуурийн театрын гоцлол дуучин Б.Энхнаран, Б.Гомбо-Очир, Батжаргал, Бат-Эрдэнэ, Бадрал бид зургаа. Гуравдугаар шатанд үлдсэн 14 дуучинд манайхаас гурван эрэгтэй дуучин шалгарч үлдсэн. Бат-Эрдэнэ, Бадрал, бид гурав. Тэгээд финалд үзэгчидтэй, оркестртой хоёр том ари дуулсан. Финалд би “Иван Сузанин” дуурийн Сузанины ари, Россинийн “Севилийн үсчин” дуурийн Дон Базилиогийн ариг дууллаа.

-Хоёр зуун ная гаруй дуучин хичнээн орноос ирж оролцов. Басс хоолойт дуучид хэр олон байв?

-Арван долоон орноос оролцсон. Басс хоолойтой хорь гаруй дуучин оролцсон. БНСУ, Хятад, Орос тэгээд барууны орнуудаас нэлээн олон дуучин харагдсан.

-Улс улсаас очсон басс хоолойт хорин хэдэн дуучин мэдээж бүгд өндөр чансаатай, “би” л гэсэн улс байгаа. Хоолойны төрөл нь өөрөө сүрдмээр шүү дээ. Үнэхээр хүний өөрийнх нь цар хэмжээ гэдэг ч юм уу, жинтэй, хүчтэй дуучин танд мэдрэгдэв үү. Танд хаанахын ямар дуучин сэтгэгдэл төрүүлэв?

-Оролцсон бүх л улсын дуучид бэлтгэлээ сайн хангасан, сайхан дуучид байна лээ.Манайхаас гурван басс явсан шүү дээ. Ерөө багшийн шавь Бат-Эрдэнэ, ардын жүжигчин Жаргалсайхан багшийн шавь бас Бат-Эрдэнэ гэдэг залуу явсан. Ер нь сонсч байхад манай Монголын дуучид бол үнэхээр хүчтэй сонсогдож байна л даа. Мэдээж цаашаа сурах юм их байгаа л даа. Мөн Солонгосын дуучин их сайхан сонсогдож байсан. Сайхан дуучин байна лээ. Казахстаны дуучин, Украины дуучин, Оросын Москвагийн Гнесиний академи, Чайковскийн консерватор төгссөн гээд их сайхан соёлтой, дэгтэй олон сайхан бассууд байна лээ.

-Хэдийгээр та Дуурийн театрт ирээд гурван жил болж байгаа ч гэсэн театрынхаа урын сангийн гол томоохон дууриудад дуулчихсан. Та хэд бол байнгын ачаалал өндөртэй ажилладаг дуучид. Глинкийн тайзан дээр татуршлагаараа ч, зангаргаараа ч арай өөр байгаа даа?

-Авьяас дээр нэмэх нь хөдөлмөр бүгдийг шийддэг гэж багш маань дандаа хэлдэг. Үнэн юм билээ. Дуурийн театртаа ирээд олон сайхан дуурь дууллаа. Мэдээж зангараг бол харагдана. Гадаад дотоодын олон тэмцээн уралдаанд оролцлоо. Ийш тийшээ уригдаж бас дууллаа. Энэ бүгдээс харж байхад ер нь манай монгол дуучид дэлхийн тайзанд гарахад бэлэн болсон харагддаг юм.

-Монголын дуурийн дуучдын хоолойны тембр нь нэг тийм өтгөндүү, арай л даацтай сонсогдоод байдаг, тийм ээ?

-Өөр шүү. Их уянгалаг, тослог, сонсголонтой, хүчтэй, бяртай, хувь хүн нь зохицуулж явж чадах юм бол асар өргөн бололцоотой, их том цар хэмжээнд хүрсэн байдаг. Тэр агуу хоолойтой Пүрэвдорж, Жагаа багш гэхчлэн дээдсийнхээ залгамж халаа болж гарч ирж байгаа залуучуудын хувьд бол энэ багш нарыгаа цааш нь залгамжилж явах үрийг сайн тарьжээ гэж боддог юм. Бид хэлээ сайн сураад англи хэлтэй болоод ирэх юм бол хаана ч очоод дуулах боломжтой.

-Энэ удаад Украины дуучин түрүүлжээ?

-Тэгсэн. Украины тенор хоолойтой дуучин түрүүлсэн.

-Та хоёр жилийн өмнө Шаляпины мэндэлсний ойн тоглолтод уригдаж очиж байсан. Тэр ямар цугларалт байсан юм бэ?

-Дандаа басс хоолойтнуудын цугларалт болсон. Красноярск хотод. Удирдаач А.Чепурной намайг “Аида”-д дуулж байхад Шаляпины уралдаанд оролцуулъя гээд. Тэр хүний итгэлийг алдалгүй сайхан оролцоод ирсэн. Энд тэндхийн театрын дандаа алдар нэртэй дуучид, гавьяатууд, ардын жүжигчид голдуу цугларсан. Мундаг улсын хажууд би айж л байлаа. Тайзан дээр нь дуулах юмаа дуулаад Оросын үзэгчдээс браво гэсэн үнэлгээ аваад, дахиулаад ирсэн. Тэгэхэд хорин бассцугларсан байх шүү. Тэгэхэд надтай цуг дуулж байсан нэг дуучин нь сая Глинкийн уралдаан дээр шүүгчээр сууж байна лээ. Уралдаан дууссан хойно уулзсан. Сербийн гавьяат жүжигчин юм билээ. Тэр цугларалтыг Шаляпины ойгоор нь хийдэг юм. Дандаа том, том театруудын басс хоолойтнуудыг цуглуулаад үнэхээр гайхалтай наадам хийдэг юм билээ.

-Та энэ жил бүтээл арвинтай байна уу?

-Энэ жил амжилт ихтэй жил байлаа. Америкийн Сан Францискод очиж Вердийн “Реквием” гэж алдартай бүтээлийг дуулсан. Гурван зуун хүний хоортой, зуун хүний оркестртой. Сүмд нь дууллаа. Сүмд дуулахад үнэхээр гайхамшигтай юм билээ. Ардын жүжигчин Пүрэвдорж багшийнхаа нэрэмжит уралдаанд оролцож Гран при авлаа, ардын жүжигчин Банди багшийнхаа нэрэмжит гран при авлаа. Төрийн шагналт Б.Шарав гуайн анхны уралдаан болсон. Түүнд хоёрдугаар байрт орлоо. Ер нь амжилттай жил байлаа.

-Таны дуулсан Ц.Нацагдорж гуайн “Үүлэн заяа” дуурийн Хоролдой ноёны ари их гоё санагддаг юм?

-Гоё ари. Би өөрийгөө ер нь булган сүүлтэй юм болов уу гэж боддог юм. 2010 онд олон улсын уралдааны хамгийн анхны гран при-г би Монголд авчирч байсан. Ким Базарсадаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанаас. Түүнээс хойш манай бүх л залуу дуучид олон улсын уралдаанд амжилттай оролцож байна. Хэдийгээр айхтар том тэмцээн биш ч гэсэн түүгээрээ бахархаж явдаг юм.

-Уралдаанд оролцсон 280 дуучдын дунд сопрано хоолойтой дуучид нь ямархуу юм. Нэлээн олуулаа байж таарна?

-Бараг дал наяад сопрано байсан шүү. Оросын сопрано түрүүлсэн. Оросын эмэгтэй дуучид үнэхээр хүчтэй юм билээ. Аргагүй далайцтай юм. Юу л байна Оросын эмэгтэй дуучид л байна.

-Та түрүүн англи хэл сурч эхэлж байна гэлээ. Та нар Итали дуурийг италиар нь, Оросынхыг оросоор нь гээд голдуу эх хэл дээр нь дуулж байгаа. Гэхдээ гадагшаа яваад дуулахаар аялга хэр байгаа вэ. Эндээ бол сайн анзаарагдахгүй байх л даа?

-Гологдохгүй. Сая би итали дуурийн ари дуулахад итали шүүгч нь ирээд баяр хүргэж байгаа юм. Итали хэл хаана сурсан бэ гэж асууж байна. Уучлаарай, би италиар маруухан ярина аа. Би итали хэл сураагүй ээ гэсэн чинь чи итали үгийг их гоё, цэвэрхэн хэлж байна. Ийм уралдаан наадмууд дээр би олон ирж байсан. Чиний итали хэл маш цэвэрхэн сонсогдож байна гэсэн. Тэгэхээр нь бид чинь бас зөв л явж байгаа юм байна гэж бодож байлаа.

Н.ПАГМА

Categories
мэдээ цаг-үе

Нэг удаад 100 грамм архи эсвэл нэг шил пиво уухыг эрүүл хэрэглээ гэж үздэг гэв

Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбогдуулан албан байгууллага, найз нөхдөөрөө архидан сог­туурч улмаар хордлогод орох тохиолдол эрс нэмэгддэг. Нийслэлийн Эрүүл Мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлэг нь 50 ортой ч үргэлж тооноос давсан хүмүүс эмчлүүлж байсан юм. Тэдгээрийн дийлэнх нь анх удаа эмчлүүлж байгаа хэдий ч хоёр болон түүнээс олон удаа хэвтэж байгаа өвчтөн цөөнгүй байлаа. Долоогоос арав хоног хэвтэн эмчлүүлэхэд 20 мянган төгрөгийн төлбөртэй аж. Наркологийн эмнэлгийн их эмч, тасгийн эрхлэгч Г.Бэрцэцэгээс тодруулга авсан юм.

Сүүлийн жилүүдэд архины хордлогод орж, хэвтэн эмчлүүлэгсэд эрс залуужих боллоо хэмээн яригдах болсон нь хэр бодитой вэ?

-Сүүлийн жилүүдэд манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн нас залуужих болсон нь үнэн. Одоо л гэхэд 25-аас 27 насны хоёр гурван ч залуу хэвтэн эмчлүүлж байна. Тэгж яривал 20 настай залуу хүртэл архины хордлогод орж, манайд ирж байсан удаатай. Ер нь Цагаан сар, Шинэ жил, наадам зэрэг нийтийг хамарсан баяр ёслол, тэмдэглэлт ойгоор манайд хэвтэн эмчлүүлэгчдийн тоо эрс нэмэгддэг. Энэ жил ч мөн тийм янзтай байна. Гэхдээ тэдэн дунд эмэгтэй хүн байхгүйд олзуурхаж байна. Өмнө нь бүхэл бүтэн хоёр, гурван тасаг дүүрэн эмэгтэйчүүд хэвтэн эмчлүүлж байхад үнэхээр сэтгэл эмзэглэм байсан шүү. Сүүлийн үед орон гэргүй, архинд донтох өвчтэй хүмүүс нэмэгдэх болсон.

Ачааллаасаа давсан үйлчилгээ үзүүлдэг танай эмнэлгийн барилгыг шинэчлэх тухай яригдаж байсан. Энэ тухайд?

-Манай эмнэлгийн байрыг шинэчлэн, таван давхар 150 ортой болгохоор яригдаж эхэлсэн. Эмнэлгийнхээ хажууд амбулатори хүртэл байгуулах юм билээ. Хэрэв ингэвэл иргэдэд илүү хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлэх боломж нөхцөл бүрдэнэ. Ачааллаасаа давсан үйлчилгээ үзүүлдэг гэдэг нь манай эмнэлгийг зайлшгүй өргөтгөн шинэчлэх шаардлагатай гэдгийг хэлээд байгаа хэрэг шүү дээ. Яг хэдийд ажил хэрэг болох нь тодорхойгүй байгаа ч амбулаторитой болгохоор яригдаж байгаа.

Архи их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд хүний ямар эд эрхтэн илүү гэмтдэг вэ?

-Архи хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд гэмтдэггүй эд эрхтэн гэж байдаггүй. Гэхдээ эдгээрээс элэг, тархи, зүрх түлхүү гэмтдэг. Архи их уувал зүрх өөхөлдөг. Энэ нь яваандаа зүрхний шигдээс өвчин тусгадаг. Бүр цаашилбал тархи гэмтдэг. Энэ тохиолдолд архинд донтох өвчин үүсч, улмаар хүмүүс тэнэгэрч, бие хүнийхээ доройтолд ордог. Элэг хүний бие дэх бүхий л хорт бодисыг шүүгч “лаборатори” учраас архи их уугаад байвал элэг ч мөн гэмтдэг. Элэг 100 грамм архийг нэг цагт хоргүйжүүлэх “хүчин чадалтай”. Гэтэл манайхан баяр ёслолоор ганц хоёрхон хундага архиар тогтдоггүй учраас элэгний шүүх чадвар алдагдаж, архины хор хүний биеэр тардаг. Ийнхүү хэр их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэснээс шалтгаалаад хордлогын үе шат тогтоогддог.

Архины хордлогод орсон тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Олон хоногоор, удаан хугацаагаар хэт их архи уугаад ирэхээр элэг шүүх чадвараа алддаг. Хордлогод орсон тохиолдолд эс доторх эрдэс бодис нь алдагддаг. Архи уусны маргааш шартах буюу дотор муухай оргиж, бөөлжиж байна гэдэг нь бие организм архийг эсэргүүцэж байна гэсэн үг. Удаан хугацаанд архи хэтрүүлэн хэрэглээд байвал дээрх рефлексүүд алга болдог. Ялангуяа бөөлжихөө больдог. Өөрөөр хэлбэл архины хоронд бие организм дасан зохицдог. Энэ байдал удаан үргэлжилбэл нойргүйдэх, хар дарах цаашлаад гар хөл салгалж, зүрх нь дэлсэж, татаж унадаг болдог. Зарим тохиолдолд солиорол буюу сонсголын болон харааны хий зүйлс хардаг болно. Тэгэхээр ийм хордлогод ортлоо архийг хэрэглэхгүй байх ёстой. Архинд донтох гэдэг бол бие сэтгэц, оюун санааг бүхэлд нь хамааралд оруулдаг өвчин. Тиймээс архинд донтсон арван хүн тутмын долоо, найм нь гэр бүл, ажил төрөлгүй байдаг.

Согтууруулах ундааны зүй зохистой хэрэглээ гэдгийг дэлхий нийтээр юу гэж ойлгодог юм бол. Өөрөөр хэлбэл хэр хэмжээний архи хэрэглэвэл хүний биед хоргүй гэж үздэг юм бэ?

-Дэлхий дахинаа нэг удаад 100 грамм архи эсвэл нэг шил пиво уухыг эрүүл хэрэглээ буюу хүний биед хоргүй гэж үздэг. Эсвэл 60 мл ликёр юм уу 120 мл вино ч ууж болно. Дээрх хэмжээнээс хэтрүүлж хэрэглэх тоолонд эд эрхтэн гэмтэхийн хажуугаар архинд донтох өвчний суурь тавигдаж байдаг. Энэ нь бие организм архинд дасан зохицоод, цаашилбал үгүйлдэг болно гэсэн үг. Гадаадынхан бол ганц хундага вискийг бүтэн оройжин шимж суудаг бол манайхан мөстэй ч холилгүй бүтэн шилээр дор нь хөнтөрчихдөг.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Чуулганы энэ оны отгон хуралдаанаар юу хэлэлцэв?

УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс өмнөх хуралдааны эхэнд спикер мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр “Хурал эхлэхийн өмнө би залруулга хэлье. Өчигдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдээр дөнгөж томилогдсон хүмүүст хандаж хэлсэн үг заримд нь буруу ойлгогджээ. Миний үгийг сайн харвал 100 хүнтэй телевизийн хийдэг ажлыг 700 хүнтэй МҮОНТ хийдэг гэж харьцуулсан. Түүнээс 700 хүнийг архи уудаг тухай яриагүй юм. Тэр архидалт, аймшигтай, замбараагүй байдал гэдэг бол МҮОНРТ-ийн М.Наранбаатар тэргүүтэй дарга нар, түүнийг тойрон хүрээлэгчийн тухай ярьсан хэрэг. Олон жилийн түүхтэй, хүчирхэг уран бүтээлчидтэй энэ байгууллагад сүүлийн хэдэн жил ахиц гарах нь бүү хэл уруудсан. Тэр нь өчигдөр долоогийн долоон хүн нь солигдож байгаа Үндэсний зөвлөл, энэ байгууллагыг удирдаж байгаа М.Наранбаатар болон түүнийг тойрон хүрээлж байгаа дарга нартай холбоотой юм. Тийм учраас энэ байдалдаа анхаарч ажиллахыг сануулж, Үндэсний зөвлөлийн шинээр сонгогдсон гишүүдэд хандаж ийм үг хэлсэн. Энэ үг уран бүтээлч та бүхэнд буруу ойлгогдсон бол уучлал гуйж байна. Харин миний хэлсэн үгийг ашиглаж өөрсдийнхөө эрх ашгийн төлөө та бүхнийг бослого тэмцэлд уриалж байгаа удирдлагуудынхаа санаархалд бүү автаарай гэдгийг сануулж байна. Би хэлсэн үгийнхээ төлөө МҮОНРТ-ийн удирдлага, түүнийг тойрон хүрээлсэн хэсэг бүлэг хүмүүсээс уучлал гуйхгүй. Үүгээр өчигдөр орой МҮОНТ-ээр мэдэгдсэн шаардлагын хариуг өгч байна” гэлээ. Үүний дараагаар “Тогтоолын хавсралтуудаднэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хурааж, гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээв. Энэхүү тогтоол нь Зүүнхараа дахь алтны үндсэн ордыг ашиглах тухай юм. Уг ордыг ашигласнаар гурван их наяд төгрөгийн алтыг Монголбанкинд тушаахаар гэрээ хийгджээ. Мөн 1000 хүн ажилтай болох аж. Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Мөн хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай шинэчилсэн найруулга болон бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хороо Ажлын хэсгээс гарсан саналыг хэлэлцэн, зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллуудаар санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Гишүүд дээрх төслийг хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

Баасан гаригт хуралдсан УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг баталлаа. Уг тогтоолоор УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн О.Содбилэг, Ц.Цолмон, Ж.Эрдэнэбат нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Б.Чойжилсүрэн нарыг Өргөдлийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Р.Бурмаа, Д.Эрдэнэбат нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Д.Хаянхярваа нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д.Оюунхорол нарыг Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөв. Тэгээд УИХ-ын гишүүн О.Содбилэгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ч.Хүрэлбаатар, С.Оюун нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазарыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Арвин, Ж.Батсуурь, Д.Хаянхярваа нарыг Өргөдлийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Х.Тэмүүжин, О.Содбилэг нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Б.Чойжилсүрэн нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ё.Отгонбаяр нарыг Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр баталлаа. 2012 оны сонгуулийн дараа бүрэлдсэн УИХ-д МАН-ын бүлэг бүлгээ байгуулж чадаагүй учраас гишүүд нь байнгын хороонд тэнцвэртэй хуваарилагдаж чадаагүй. Үүнийг залруулж, байнгын хорооны бүрэлдэхүүнд ийнхүү өөрчлөлт оруулав бололтой.

Үүний дараа Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбаттамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах талаар хуулийн төсөлд тусган 2014 оны зургадугаар сард өргөн мэдүүлсэн юм. Энэ дагуу төслийг хэлэлцэх явцад гишүүд тамхи татах цэгийн байршлын талаар тодруулж байлаа.Тухайлбал, төсөв, нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар болон аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчинд тамхи татах цэгийг хэрхэн байгуулах, дотоод орчинд тамхи татах цэг байгуулахад төсвөөс мөнгө гаргах эсэх талаар асууж байсан. Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, дотоод орчинд тамхи татах цэг байгуулахад төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй гэв. Харин гадаа нийтийн эзэмшлийн талбайд тамхи татах цэг байгуулах болбол тус цэгийн байршил, төсвийг сум, дүүргийн ИТХ шийдвэрлэдэг байхаар төсөлд тусгасан байна. Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.Үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцсэн сүүлчийн асуудал нь Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байв. Хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийг “Эрүүл мэндийн даатгалын хууль” гэж нэрлэх санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авч байлаа. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалыг албан журмын болон сайн дурын даатгал гэсэн төрөлтэй болгох санал ч дэмжигдсэн юм. Гишүүд байнгын хорооны хуралдаанд танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалагдах байнгын хороонд шилжүүлэв.

ЧУУЛГАН ХААЛТТАЙ ГОРИМД ХУРАЛДАВ

Баасан гаригийн чуулганы үдээс хойших хуралдаан хаалттай горимд шилжсэн юм. Энэ өдөр Төрийн ордонд утасны сүлжээ хаав. Ингээд чуулганы үеэр Ерөнхийлөгч мэдээлэл хийсэн байна.Эдийн засгийг сэргээх тухай ярьсан гэх мэдээлэл байна.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар гишүүдэд мэдээлэл өгсөн байна. УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлж байгаагаар мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн аж.

Чуулганы нэгдсэн хуралдаан 18 цаг 40 минутад нээлттэй горимд шилжиж, Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Ц.Оюунбаатар нарыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд нэмж оруулахаар шийдвэрлэснийг гишүүдийн 89.4 хувь нь дэмжлээ. Мөн баасан гаригт хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг сонгосныг УИХ-ын даргад танилцуулав. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат энэ оны санхүүгийн жил дуусч буйтай холбогдуулан төсвийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс Төрийн сангийн гүйлгээг энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл саадгүй хийх болно гэдгийг мэдэгдлээ. Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаан нь УИХ-ын 2014 оны отгон хуралдаан гэдгийг онцлоод Монголын нийт ард түмэнд шинэ оны мэндчилгээ дэвшүүлж ирж буй ондоо эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөлөө.

М.МӨНХ

Categories
мэдээ цаг-үе

Тэнгэр мэт сүрлэг “Алтайн уулс”

Төрийн шагналт, ардын зураач Лувсангийн Гаваагийн “Алтайн уулс” бол Монголын дүрслэх урлагийн сонгодог бүтээл юм.Л.Гаваа гуай энэ бүтээлээ 1958 онд туурвижээ. 200×400см-ийн хэмжээтэй. Үзэл санаа, өгүүлэмж, дүрслэлийн хэлээрээ асар өргөн цар хүрээг илэрхийлсэн туульсын уран зураг юм. Байгалийн уран зургийн гол онцлог нь өнгө бичилтдээ байдаг. Байгаль ертөнц дээр байгалиас өөрөөс нь өөр төгс бүтээл үгүй учраас тэр. Байгалийн бодит төгс төгөлдрийг уран сайхны сэтгэлгээнд буулгахдаа өнгөний хэллэгээрээ хэр зэрэг өргөн орон зайг бүтээн бий болгоход хэргийн учир байна. Хөгжмөөр зүйрлэн үзвэл, симфони хөгжимд дээд зэргийн өндөр нарийвчлалтай оркестровкыг(найралжуулга) бүтээнэ гэсэн үг юм.Үүгээрээ сонгодог бүтээл нь хүний оюуны мөнхийн тэжээл болдог. Л.Гаваа гуай “Алтайн уулс” бүтээлдээ Монгол Алтайн нуруудын байгалийн төгс үзэсгэлэнг хүүрнэн өгүүлэхдээ өнгөнүүдийн найралжуулгыг тийм өндөр нарийвчлалтайгаар бичсэн харагдана. Одоо та эл агуу уран зургийн өнгөний найралжуулгыг харна уу. Байгалийн уран зургийн сод бүтээл дэх өргөн дэлгэр утга, гүн санааг өгүүлсэн баян тансаг хэллэгийг “өнгөний зохицол” гэх төдийгөөр илэрхийлэх аргагүй. Өнгө зохицох төдийгүй найрал үүсгэж байж хүүрнэн өгүүлэх өргөн цар хүрээнд хүрч очдог. Тиймээс “өнгөний найралжуулга” нь зураачийн туурвих зарчмыг, мастерствог илүү тодорхой ойлгомжтой харуулж чадах юм.

“Алтайн уулс”-ын зохиомж дахь симфони маягийн өнгө бичилт нь түүнд багтаасан өгүүлэмжийнхээ хамт оршихуйн тухай монголчуудын гүн ухааны үзэл дээр төвлөрч байна. Манай монголчууд эрэгтэй хүүхдийг “Уул шиг өндөр эр болоорой” гэж ерөөдөг. Ялангуяа хүүхдийн даахь үргээхдээ. Хуруун чинээ бяцхан хөвгүүдээ ийн ерөөсөөр ирсэн нь өндөр нуруутай болоорой гэсэн утга биш гэж бүгд мэднэ. Мянга мянган жил хөвгүүддээ хандан хэлж ирсэн энэ үгс өнгөн дээрээ жирийн л сонсдох боловч өрх гэр хийгээд улс гэрээ залж авч явах ноён нуруу, ухаан саруул, сэтгэл уужуу, эрдэм чадал төгс эр хүн болоорой гэсэн утгыг агуулж байдаг ажээ. Амьдралын ноён нуруу болоорой л гэсэн үг юм. Үр хүүхдээ “уул шиг өндөр эр болоорой” хэмээсэн энэ хэдхэн үгэнд монголчууд амьдралынхаа гүн ухааныг шингээжээ. Яагаад тал шиг уужуу эр болоорой гэж ерөөгөөгүй вэ.

Байгаль ертөнцтэйгөө зэрэгцэн оршигч монгол хүний сэтгэлгээгээр бол уулс нь ямагт алслан тэлэх уудам орон зайг илэрхийлдэг. Чухамдаа уудам орон зайд л амьдрал өргөн дэлгэр бөгөөд цаглашгүй оршдог байна. Монголчууд оршихуйн мөн чанарыг ингэж үзжээ. Энэ үзэл санааны хамгийн тод илэрхийлэл нь “Алтайн магтаал” хэмээх туульсын хөгжим байна. “Алтайн уулс” сонгодог зураг, “Алтайн магтаал” туульсын хөгжим хоёр үзэл санаагаараа агаар нэг. Санаагаа илэрхийлсэн туульсын хэл, уран сайхны сэтгэлгээгээрээ ч нэгдмэл юм. Гаваа гуайн сонгодог зургийг хармагц үзэгчийн сэтгэлд “Алтайн магтаал” сонсогдох шиг болдог билээ. Энэ бол уг хоёр бүтээлийг сонгодог хэв шинжээрээ төрөлсөж буйг нотолно. “Алтайн магтаал”-ыг сонсоогүй юм уу мэдэхгүй монгол хүн нэгээхэн бээр ч үгүй биз. Хүний сэтгэлийг соронзон мэт татаж, уярах, хайрлах, бахархах, алмайран гайхах, бишрэх, сүрдэх гээд бүхий л мэдрэмжийг өдөөж сэтгэл хөдлөлийн туйлд хүргэгч “Алтайн магтаал”-аар монгол хөгжмийн сэтгэлгээ төлөвшин тогтсон болов уу. Алтайн магтаалыг сонсч байхад цаг хугацаа зогсчихсон юм шиг мэдрэмж төрдөг. Улмаар цаг хугацааны вакуум орчноос гараад гадна талд нь буйгаа мэдэрдэг. Ихэнх хөгжим сонсогчоо урагшаа хурдлуулаад л байдаг бол Алтайн магтаал хүнийг цаг хугацааны “лонх”-ны дотроос хөтөлж гаргаад мөнхөд оршигч ертөнцтэй нэгдмэл нэгэн эс болгож орхидог ид шидтэй. Тэгээд хөгжим өндөрлөхөд сонсогч бээр мөнөөхөн ид шидээсээ аажмаар гарч цаг хугацааныхаа “лонх”-нд эргэн газарддаг билээ. Тэнгэр баганадан оршигч баян тансаг Алтайн уулсын бэл хормойноос зүүгдэн төрж, бэлийнх нь чулуунд бүдэрч, унаж босон хөлд орсон түмэн олны оюун сэтгэлээс энэ шидэт хөгжим дуурьссан бол “Алтайн уулс” сонгодог зургийг бүтээн туурвигч нь говь нутагт төрж өссөн байх аж.

Зураач энэ бүтээлээ туурвихдаа олон жилээ зориулж, олон ч судалбар зурсан гэдэг. Тэрбээр 1953 онд Ховд аймгийн Булган суманд очиж судалгаа хийжээ. Нутгийн оршин суугчидтай танилцаж, өвгөд настнуудтай байнга ярилцаж, угсаатнуудын аж байдал, зан заншилтай танилцаж явсан байна. Ийнхүү бараг гурван жил судалгаа хийж, өдрийн бодол, шөнийн зүүдэндээ амилуулсаар сэтгэл оюундаа их уулсын дүрийг бүтээн босгосон гэдэг.Алтайн уулсыг заримдаа эрдэнэсийн өнгөөр зүүдэлж байсан тухайгаа ингэж ярьжээ. “Аялж явах хугацаанд Цаст цагаан Алтай байн байн зүүдэнд үзэгдэж, нүдгүй исгэрсэн салхи шуурган дунд сарьдаг орой нь торолзоод л, заримдаа тувт эрдэнийн чулуугаар бүтсэн болохоор түүнээс нь түүж өвөртлөөд их л таатай өег байтал гэнэт нойр цэлмэж, бахь байдаг төмөр орныхоо толгойг тас атгачихсанаа мэдэрнэ. Зүүд нойрондоо мөнөөх л Алтайн сүр жавхааг усанд туссан үзэсгэлэнт байдлаар харж, түүнийгээ зурах гэж оролдоно. Ховд аймагт уран бүтээлийн томилолтоор ажиллаж явахдаа сэтгэлд уяатай нэгэн дүртэй болчихжээ. Хүссэн бүхэн санаснаар бүтдэггүй хорвоод харин ч санамсаргүй байтал мөнөөх л дүрүүд эрээлжлэн үзэгдэж, Алтайн уулс сэтгэлд зурсхийн бууж, бийрээ аван зурж татлаад эхэлнэ. Ингэж хэдхэн хормын дотор хар зураг татагдаж, уулсын дүр дүрслэл нүднээ тодорч, өнгө зүс, хүүшилсэн сүүдрийг хэрхэн гаргаснаа ч өөрөө анзаараагүй. Нэг л мэдэхэд энэ зураг бэлэн болсон байлаа” гэж уран бүтээлийн нөхдөдөө ярьсныг зураачийн тухай Л.Батчулууны номд тэмдэглэн үлдээсэн байх юм. Нэрт зураач Л.Гаваа гуай амьдралынхаа ихэнх цаг хугацааг театр урлагт зориулсан. Орчин үеийн театрын урлагийг үндэслэгчдийн нэг тэрбээр хөгжимт драмын театрууд, Дуурь, бүжгийн эрдмийн театрынурын сангийн жүжгүүдийн тайзыг хийсэн. ДБЭТ-ын Ерөнхий зураачаар ажиллаж байсныг нь хүмүүс илүү сайн мэдэх байх. Тэрбээр 150 гаруй жүжгийн тайз, хувцас чимэглэл, 20-иод киноны зураачаар ажиллан 300 гаруй уран зураг туурвисан. Ховд, Баян-Өлгий аймгийн театруудад томилолтоор очиж ажиллах бүртээ “Алтайн уулс”-ынхаа судалгааг уйгагүй хийж явсан байдаг. Хожим ньЛ.Гаваа гуай ингэж бичжээ. “Алтайн уулын том зураг миний сэтгэлд хадаатай явсан болохоор зураач М.Амгалангийн хамтаар ердийн уналга хувийн боломжоор Алтай Таван богд ууланд гарахаар зориглов. Холбоо нуурын чигээс зүүн тийш ташиж, Алтай хангайг тойрон аялж, Потийн даваа, мөсөн гол хүртэл аялж, үнэнхүү гайхамшигт бишрэн явах зуураа уран сэтгэмж, үнэн бодит амьдрал хоёрын мөн ялгааг биеэр туулж, нүдээр үзэж сэтгэгдэл өндөртэй цаст Алтайгаас бууж ирээд зургаа зурсан ч Алтайдаа дахин авиран мацсан юм. Ингэж явах зуураа цаг ямагт зургийн хоёр дахь хувилбарыг бодсоор Таван богд, Алтайн дүрийг гэрэл зурагт янз бүрийн байдлаар буулгаж байлаа. Миний зурсан зураг илүү сайхан тод томруун аятай байв. Эцсийн эцэст асар өндөр ууланд хэт ойртож тулсан харцаар зурахад зөвхөн сарьдгийн оргил харагдаж, уран дүрслэлийн гол гогцоог ерөнхийлөн урлах зөв хараа чухал байв. Алтайн ууланд үзсэн харсан бүгдийг сэтгэл зүрхэндээ тогтоон ирж, зургаа дуусгах ажилд орлоо. Алсад хэцрэн манарах их уулсын цуваа, түүний ам, салаа бүрийн айсуй тогтоц бидэнд тулж, их хавцлын эрс тэсийн ялгавар, бэл хормой дахь ой модод, дүнсгэр нуруу, нуга, гол ус эд бүгдийг ялган зааглах, эсвэл уран сайхны ерөнхийлөлд хүргэхэд манан будангийн өнгө төрхийн дагавар, хөнгөн бичлэг, таталбарлалт бүгд нь уулыг уулс болгох, толгодыг уулс болгох, байгаль хорвоогийн өнгө үзэмжийг уран зураг болгох, будаг шунхыг хөг аялгуунд хувьсгаж, их дүрслэлийн байц тогтоцыг хийсвэрлэл, айзам хөдөлгөөнөөр нийлүүлэн, яруу тунгалаг найрлын зэрэгтхүргэж, хүн олны ой тойнд нэвтрэн орших үлэмжийн чанарт хүргэх хүслийг өвөртлөн зургаа дуусгав” гэж бичжээ.

Яг л тэнгэр мэт сүрлэг энэ бүтээлээрээ зураач 1958 онд Москвад нээгдсэн социалист орнуудын урлагийн үзэсгэлэнгийн шагнал хүртсэн. Л.Гаваа гуайн “Алтайн уулс” бол дэлхийн сонгодог урлагт монголчуудын нэмсэн байгаль ертөнц, хүний амьдралын сүр жавхлант дүр, амьдралыг үзэх гүн сэтгэлгээ, урлагийн сод туурвил юм.

Н.ПАГМА