Categories
мэдээ цаг-үе

Марзан хувцаслалтаараа алдартай залуусын дүүрэг

Японы Гинза, Шибүяа, Шинжикү, Роппонгиг залуусын дүүрэг гэж хэлж болно. Автомат тоглоомын төвүүд, караоке, олон үндэстний хоол, дэлгүүр, массажийн төв, кино театр нэг дор төвлөрсөн зугаа цэнгээний газар. Энд байх үйлчилгээний газар гэхээсээ илүүтэй залуусынх нь өмссөн зүүсэн дээр нүд унаж, дуу алдмаар. Токиогийн шоу цэнгээний гол хэсэг болох Роппонги дүүргийн метроны буудал дээр буухад л шал өөр уур амьсгал угтав. Юбка өмссөн залуу урдуур гараад хэнэг ч үгүй алхаад явах нь содон. Өмссөн юбка нь зүгээр ч нэг урт хормойт биш. Өвдөгнөөс нэлээн дээгүүр урттай, дэрвэгэр хормойтой. Хамгийн марзан нь түүнийхээ дээгүүр цагаан цамц, пиджак өмсчихөөд хээв нэг алхах юм. Ингэж хувцасласан залууг надаас өөр тоож харж байгаа ч хүн алга. Угаасаа энэ хавиар эр, эм гэлтгүй бүгд л иймэрхүү маягаар хувцасладаг болохоор гайхаж хараад байх жигтэй явдал биш ажээ. Метроны буудлын ариун цэврийн өрөөгөөр ортол гоо сайхны салонд яваад орчихов уу гэж эндүүрмээр. Энд хүүхнүүд гадаад төрхөө яаж өөрчлөхийг жинхэнэ утгаар нь харуулах юм. Бүгд л нэг нэг толины өмнө зогсоод өөрөө өөртөө иж бүрэн үйлчилгээ хийх ажээ. Ингэж гоодох охидыг хармаар санагдаад нүүрээ угааж буй охины зэргэлдээх толины өмнө цүнхээ тавиад хэсэг зогслоо. Хажуугийн охин жижигхэн тайрсан үсээ дээш шуугаад боочихсон нүүр гараа угааж байна. Бүр шүдний сойз гаргаж ирээд амаа хүртэл угаав. Ингэж угаасныхаа дараа нүүрээ будаж эхэллээ. Чийгшүүлээд, крем пудр түрхээд л. Юу юу ч давхарлаж түрхээд байгааг нь сүүлдээ ойлгосонгүй. Дараа нь нүүрээ будаж байна. Анзаараад хартал хөмсгөө юу ч үгүй хусаад хаячихаж. Цүнхнээсээ хөмсөгний хэлбэр гаргадаг тусгай хэв гаргаж ирж харж байгаад хамгийн гоё зохиж байгаагийнх нь дагуу буддаг ажээ. Дараа нь уртаа гээчийн баахан саа, шигтгээ болсон хиймэл сормуус наалаа. Хацраа өнгөлж, хамраа өндөрлөсний хойно уруулаа будаад сая нэг дуусах шиг болов. Үсээ яах гэж байгаа юм бол доо гэж бодож байтал мэдсэн юм шиг ууттай хиймэл үс цүнхээсээ гаргаад ирж байна. Үндсэн өнгө нь шар, түүн дээрээ тод цэнхэр, ногоон, улаан, ягаан өнгийн сортой бэлхүүс давсан урт хиймэл үсээ эвтэйхэн гэгч нь тогтоочихлоо. Анх харж байснаас шал өөр, нүд хөмсөг болсон хөөрхөн бүсгүй болоод хувирчих нь тэр. Таних хүмүүс нь ч танихгүй болтлоо өөрчлөгдсөн бүсгүй ингэж хувирахдаа тэгтлээ удсангүй. 15 минут хэрийн хугацаанд л будаж шунхдаад дууссан. Мэргэжлийн гоо сайханчаас ч илүү мэдрэмжтэй, хурдан шаламгай гоодсоныхоо дараа ариун цэврийн өрөөний буланд очоод хувцсаа сэмхэн солих ажээ. Өмсөж явсан даавуун өмд, урт ханцуйтай цамцаа бэлхүүс гарсан богинохон цээживч, дэрвэгэр хормойтой юбкаар солин цүнх рүүгээ хийв. Цүнх ч гэж дээ чемодан гэж хэлэхээр чирдэг том цүнхэнд өмсөж байсан бүхнээ хийгээд метроны буудал дээр байх тээш хадгалах хэсэгт 500 иен төлөөд өгчихдөг юм байна. Ингээд ганган гэж жигтэйхэн, хөөрхөн гэж ярилтгүй болсон бүсгүй Роппонги дүүргийн төв хэсэг рүү алга болж өгөв. Түүнийг ажиглан ариун цэврийн өрөөнд зогсох хооронд яг л энэ маягаар нүүрээ будаж, хувцсаа сольсон хүүхнүүд хөлхөх ажээ. Орж ирсэн хүүхнүүд зуны оройн үдэшлэгт явах гэж байгаа мэт нимгэн хувцастай гараад явчих юм. Гэхдээ доогуураа нимгэн, бүр хөл нүцгэн хүүхнүүд Роппонги гэлтгүй хаа сайгүй таарч байсан. Хэдийгээр цаг агаар харьцангуй дулаан ч гэлээ Токиод өвөл болж байгаа. Өдөртөө 10 хэмийн дулаантай хэрнээ цаанаа л нэг жиндүүхэн. Гэтэл хүүхнүүд төдийгүй хүүхэд, хөгшид ч сандаал, өндөр өсгийттэй яваад байх юм. Хүйтэн газраас ирсэн, эднийг бодвол хамаагүй чийрэг байгаадаа гэж дотроо бодож байвч урт түрийтэй гуталтай хэрнээ даарах маягтай явж байхад Токиогийн хүүхнүүд дэргэдүүр туфльтэйгээ л гунхаад байх нь тэр.

Роппонгид япончуудаас гадна гадныхан их цуглана. Ялангуяа lady man ихтэй. Баар, караоке, массажны газрын үүдэнд нь дандаа иймэрхүү хүмүүс зогсох юм. Бас зүгээр явуулахгүй урд хойно гарч бүжиглээд л. Гар шүүрч аваад хөх, өгзгөн дээрээ тавьж аальгүйтэнэ. “Өөрсдийнхөө ажилладаг баар руу оруулахын тулд ингэж аягладаг байх нь” гэж бодсон нь ташаа байж таарав. Учир нь тэд аль нэг цэнгээний газарт харьяалагддаггүй гэсэн. Зүгээр л өөрсдийнхөө хүсэл сонирхлоор ийн зогсдог ажээ. Яавч эмэгтэй хүнд л баймаар тэгш урт хөл, гоолиг нуруутай lady man эндхийн салшгүй нэг хэсэг болтлоо хөгжжээ. Гадны жуулчид төдийгүй япончууд өөрсдөө хүртэл тэднийг харах гэж, хамтдаа зургаа авахуулахаар Роппонгид ирдэг гэсэн. Бас өнгөт арьстан ихтэй. Өргөн өмд өмсөж бүдүүн гинж зүүсэн тэд гудамжаар зөрөн өнгөрөх хүүхнүүд рүү шүгэлдэнэ. Илт татаж чангаагаад байхгүй ч гэлээ янз бүрээр сэмхэн өддөг бололтой юм. Япон хүүхнүүд нэг хэсэг тэднийг үздэггүй, харьцдаггүй байснаа сүүлийн хэдэн жилээс овоо нааштай харьцах болжээ. Нүд үзүүрлэж байсан шалтгааныг нь хэдэн жилийн өмнө болсон хүчингийн хэрэгтэй холбож тайлбарладаг юм байна.

Энэ гудмаас орон орны хоолыг идэж болно. Хоолны газрууд нь үүдэндээ амталгаа маягийн хэсэгтэй. Тэнд нь нэг нэг хүн суучихаад урдуур гарах хүмүүсийн анхаарлыг татах гэж хэр чадлаараа хичээх юм. Үндэстнийхээ дууг дуулах юмуу, янз бүрийн хөгжим тоглоно. Шөнө оройгоор зугаацаж яваа хүмүүст зориулсан болохоор хамар цоргих шарсан мах, янз бүрийн шорлог байх ажээ. Анзаараад байхад энэтхэг, непал үндэсний хоол байс гээд л таарч байв. Энэтхэг хоолны урдуур өнгөрөхөд сари өмссөн бүсгүй бэлхүүсний бүжиг бүжээд инээмсэглэн зогсоод хоол идэхийг урих юм. Хоолны газраас цаашлаад баар, караокенууд эхэлнэ. Бас дээд давхруудад массажны газар байгааг илтгэх зурагт хаягтай. Тэндхийн үйлчлүүлэгч бололтой залуучууд гудманд хөл нүцгэн, халаад өмсчихсөн тамхилж зогсох ажээ.

Шибүяа, Шинжикүд дэлхийн томоохон брэндийн дэлгүүрүүд бий. Иймэрхүү гадны брэндийн дэлгүүрээр голдуу нас тогтсон хүмүүс үйлчлүүлдэг шиг анзаарагдсан. Бас үйлчлүүлэгч харьцангуй цөөтэй. Харин “109 men”, “109 women” зэрэг Японы өөрсдийнх нь брэндийн хувцас зардаг дэлгүүрт залуучууд нь ёстой нэг бужигнаж байх юм билээ. Хувцас, барааных нь ч үнэ харьцангуй өндөр. Гэхдээ сонголтыг яаж л бол яаж хийхээр өргөн. Өнгө, загварын төрлийг тоолж барамгүй. Иймэрхүү дэлгүүрийн үйлчлүүлэгч охид залуус ганган гэж жигтэйхэн. Охид төдийгүй эрчүүд нь нүүрээ будаад гангалчихсан явна. Хөмсгөө засаагүй эрэгтэй бараг алга. Бүгд л хөмсгөө хэлбэр гаргаж засаад уруулаа өнгөгүй өнгөлөгчөөр будчихдаг юм байна лээ. Бүр метроны буудал дээр, эсвэл хоолны газраас гарахдаа ийн будаж зогсох залуустай олон таарч байлаа.

Энэ хавиар орой болох үед Санта клаусын хувцас өмссөн залуус мотоцикль унан давхих юм. Зул сарын уур амьсгал оруулж ийн төвийн дүүргийн гудмаар баярын жагсаал аятай сүр бадруулан явдаг ажээ. Ингэж явахдаа бүгдээрээ санта клаусын хувцастай. Бүр малгай, бээлий, нүдний шилээрээ хүртэл ижилсэх юм. Зарим нь ардаа том цүнх үүрчихсэн, бодвол тэр дотроо бэлэг хийгээд явж байгаа байлгүй. Бас гудамжинд нүүр амаа будан цасан охин болчихсон зогсоо эрчүүд тааралдана. Нүүрээ цав цагаан болтол кремдээд хацраа улаанаар өнгөлөн, нүдээ цэнхрээр буджээ. Дээгүүрээ санта клаусын хувцас өмссөн байх ч доогуураа дотуур өмдтэйгээ зогсож байна. Бас өндөр өсгийтэй сандалтай. Шибүяад явж байхад ийм залуучуудтай тав алхаад л таарна. Гэхдээ дандаа оройн цагаар. Бас л аль нэг баар, хоолны газар, караокены үүдэнд зогсож байдаг. Юм л бол хажуугаар нь яваа хүмүүсийг дуудаад хамтдаа зургаа авахуулахыг санал болгох юм. Ингэж зургаа авахуулахад ямар нэгэн төлбөр нэхэхгүй. Хариуд нь хацар дээрээ үнсэхийг гуйна. Заримдаа зүгээр л баярлалаа гэж хэлээд явуулах ажээ. Хүмүүс ч тэдний энэ үйлдэлд дуртай. Яасан хөөрхөн болж хувираа вэ гэж хэлээд талархал илэрхийлээд л өнгөрдөг ажээ. Зураг авч өгч байгаа залуу өнөөх зургийг нь газар дээр нь угаагаад хэвлээд гаргаж өгч байв. Яагаад ингэж үнэгүй тараадаг юм бол гээд анзаараад хартал зурагныхаа ар талд караокеныхоо танилцуулгыг наачихдаг юм байна. Ингэж эвтэйхэн аргаар, хөөрхөн реклам хийхээрээ үйлчилгээний газрууд нь өрсөлддөг бололтой юм. Дүрд хувирсан иймэрхүү залуусаас гадна гадуур зугаалж яваа хүүхнүүд нь ч зул сарын уур амьсгалд зохицуулан хувцаслажээ. Голдуу цасан охины хувцас өмсөөд толгой дээрээ гэрэлтдэг зүүлт зүүчихэж. Шинэ жилийн гацуур модны хэлбэртэй үсний даруулга зүүгээгүй хүн ховор. Ингэж яваа хүмүүсийг хараад байхаар шинэ жилийн баярын уур амьсгал эрхгүй төрж байлаа.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Р.Гончигдорж: Үндсэн хууль доог тохуу болгон хэлээд байх зүйл биш

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржтой ярилцлаа.

-Монгол Улс Ардчилсан Үндсэн хуулиа батлаад даруй 23 жилийг үджээ. Ардчилсан Үндсэн хууль манай ард түмний хувьд шинэ зүйл байсан байх. Иргэд хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Монгол Улсын дөрөвдүгээр буюу олон түмний өгсөн хүндэтгэлийн нэр нь Ардчилсан Үндсэн хууль батлагдаад 23 жил болж байна. Уг Үндсэн хууль нэг талаас 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд түүний гол зорилгыг баталгаажуулсан Үндсэн хууль юм. Тэр ч утгаараа ард түмнээсээ Ардчилсан Үндсэн хууль гэдэг нэрийг авсан гэж ойлгодог. 1980-аад оны сүүлчээр гурав дахь Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах шинэчилсэн Үндсэн хуулийг боловсруулах талаар яригдаж байсан. Гэхдээ тухайн үед өөр төрийн үе байсан тул өөр агуулгатай, өөр улс төрийн харилцаатай, эрх чөлөөний өөр хязгаарлалттай байсан цаг үе. Харин 1990 онд хийсэн ардчилсан хувьсгал анхнаасаа ардчилсан хүчнүүдээс түр хурлыг байгуулъя. Түр хурлыг олон намын оролцоотой байгуулж, түр хурал нь шинэ Үндсэн хуулийг батлаад, Шинэ Үндсэн хуулиар бий болж байгаа төрийн тогтолцоондоо өөрийнхөө бүрийн эрхийг шилжүүлж ардчилсан төрийн тогтолцоо, Шинэ Үндсэн хуулийн дагуу шинэ ардчилсан төрийн тогтолцоотой хүний эрх, эрх чөлөө баталгаажсан Үндсэн хуультай байх ёстой шүү гэсэн шаардлага тавьж байсан. Гуравдугаар сард МАН-ын удирдан жолоодох чиг үүрэг бүхий заалтыг хасч олон нам байхыг хүлээн зөвшөөрсөн. Дараа нь тавдугаар сард БНМАУ-ын Үндсэн хуульд хавсралт хууль хэмээн батлагдсан. Түүгээрээ төрийн ерөнхий байгууллагынхаа тогтолцоог өөрчлөх Ерөнхийлөгчтэй байнгын ажиллагаатай парламенттай хуучин Ардын Их хурлын өмнө байхаар төрийн эрх мэдэл чиг үүргүүдийг тодорхой хэмжээгээр салган хуваарилсан. Тухайлбал, Улсын Бага хурал хууль тогтоох, хянан шалгах бүрэн эрхийг өөртөө хадгалж Үндсэн хуулийг батлах асуудал Ардын Их хуралдаа хадгалагдана гэж байлаа. Ингэж Бага хурал батлагдан байнгын ажиллагаатай парламент байгуулагдаад ирэх онд 25 жилийнхээ ойтой золгох гэж байна. Бага хурал маань бидний яриад байдаг түр хурлын үзэл санааг өөртөө шингээж пропорциональ сонгуулиар суудлаа авч Ардын Их хурлаар гишүүд нь сонгогдож байсан түүхтэй. Энэ бүхэн Ардчилсан Үндсэн хуулийн урьдчилгаа нөхцөлүүд байсан.

-Тэгээд дараа нь яасан юм?

-Эдийн засгийн өмч хөрөнгийн тодорхой хэлбэрийн ардчиллуудыг хийсэн. Тухайн үеийн Үндсэн хууль нь хүлээн зөвшөөрөөгүй ч гэсэн Ардчилсан хувьсгалын үзэл санаа олон түмний хүсэл зоригийн илэрхийлэл байсан. Өмч, бизнес, боловсролын салбарт хувийн сургуулиуд байж болно гээд, Үйлдвэрчний эвлэл, Улс төрийн намуудын хуулийг шинэчлэн баталж намуудыг үйлдвэр дагасан байсан бол төр засгийн нэгж рүү шилжүүлэх гээд маш олон ажил байлаа. Нарийн яривал хуучин Үндсэн хуультайгаа зөрчилдөж байгаа боловч хэн ч үүнтэй маргаагүй. Учир нь бидний явж байгаа чиг тэр байсан. Энэ нь Ардчилсан Үндсэн хуулинд гол улс төрийн харилцаа яаж явах нь вэ гэдгийг Бага хурал ердийн хууль тогтоомжуудаар баталж эхэлсэн. Үүний зэрэгцээгээр Үндсэн хуулийг батлах комиссыг байгуулж тэр үед Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатаар ахлуулж байлаа. Үндсэн хууль боловсруулах комисс тухайн үед “Монгол Улсын их цааз” гэсэн төслийг боловсруулж Бага хурлаар хэлэлцүүлсэн. Бага хурал хэлэлцээд ард нийтээр хэлэлцүүлэх төсөл болгож гаргасан. Ард нийт үнэхээр идэвхтэй оролцсон. Олон мянган санал ирүүлсэн нь ард түмэн Шинэ Үндсэн хуулийг хүлээж байсан гэдгийн илэрхийлэл байлаа. Шинэ Үндсэн хуулиар өөрсдийн эрх, эрх чөлөөг баталгаажуулж, төр яаж ардчилсан, хязгаарлагдсан ард түмэндээ үйлчилдэг, ард түмнээсээ байгуулагддаг ард түмний төр байх ёстой юм бэ. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал яаж халдашгүй байх юм. Газар түүний баялгууд, мал сүрэг эдийн засгийн болон баялгийн болон өвийн харилцаанд яаж орох ёстой юм. Улсын нэр ямар байх юм гээд олон асуудал байсан. Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гээд олон санал ирсэн. Энэ бүгдийг нэгтгээд Улсын Бага хурал дахин хэлэлцэж Ардын Их хурал руу өргөн барих төслөө боловсруулан өргөн барьсан. Улсын Бага хурал олон улсын практикт Үндсэн хууль ямар хэлбэр төрлүүдтэй байдаг. Манайд аль нь зохистой вэ гэдэг дээр олон улсын нэртэй Үндсэн хуульчдыг цуглуулж, тэднийг сонсож, олон улсын харьцуулсан судалгаан дээр үндсэн дээр боловсронгуй болгож Ардын Их хурал руу оруулсан.

-23 жилийн өмнө Ардчилсан Үндсэн хууль шинээр гарч байсан тул хүн бүхэнд сонин байсан байх. Өнөөдөр харин хөгжиж буй манай нийгэмд Үндсэн хууль үндсэн үүргээ биелүүлж чадаж байна уу?

-Би өөдрөгөөр боддог. Олон түмэн Үндсэн хуулийн төгсгөсөн “Мэдэхтүн, сахихтун” гэдэг үг монголчуудын хүлээж авсан сэтгэл зүрх гэж ойлгодог. Тиймээс Үндсэн хуулиа манай ард түмэн судалдаг, мэддэг. Мэдэхийн төлөө, сахихын төлөө байдаг гэсэн өөдрөг үзэлтэй хүн. Үндсэн хуулиа мэдэхгүй бол Үндсэн хууль хөвсөн зүйл болно. Үндсэн хууль гэдэг чинь амьдралд шингэсэн. Яаж шингэсэн гэхээр тэр хүний эрх, эрх чөлөө Үндсэн хуулиар баталгаажсан. Бизнесийн болон улс төрийн сонгох сонгогдох эрхүүд, өөрийн хүсэл зоригоо илэрхийлэх, хамгаалах, шударга ёстой байх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээс эхлээд энэ бүхнийг мэддэг. Өөрийнхөө эрхийг хамгаалах, хөндөгдсөн бол эрхээ хамгаалуулахын төлөө иргэдийн хууль эрхзүйн мэдлэг тэр тусмаа Үндсэн хуулиас үүдэлтэйгээр өргөн хүрээг хамарч байна. Үндсэн хуулийн цэц дээр иргэдээс ирдэг мэдээлэл болон гомдлоор Үндсэн хуулийн зөрчлийн асуудал маш өргөн болж байгааг харж болох юм. Энэ үед нийгмийн харилцаа маань шилжилтийн байсан бол шилжилтийн үе дууслаа. Одоо шинэ үе шатандаа бүрэн орлоо гэсэн агуулга эдийн засаг, улс төрийн харилцаанд харагдаж байна. Энэ нь цаашид Үндсэн хуулиа боловсронгуй болгох нэхэлтийг явуулж байгаа. Тийм ч учраас Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа нь тэр.

-Дордуулсан долоон өөрчлөлт гэдэг зүйл өнөөдрийг хүртэл яригдсаар байна. Та бол харин дордуулсан гэдэгтэй санал нийлдэггүй…

-Би дордуулсан гэдэгтэй үнэхээр санал нэгдэхгүй. Дордуулсан гэж ярьдаг хүмүүс, Үндсэн хуулийн өөрчлөлтөд тааламжгүй овог өгсөн хүмүүст хандаж нэгдүгээрт Үндсэн хууль боловсруулсан Бага хурал, ард нийтийн хэлэлцүүлэг, Бага хурал, Ардын Их хурал гэсэн бүх шатан дээр Үндсэн хуулийн ямар ямар агуулга зүйл заалтууд хаашаа яаж өөрчлөгдөв гэдэг динамикийг үзчихээсэй гэж хэлье. Мөн Үндсэн хуулиа хэрэгжүүлээд шинэ төрийн харилцаанд ороод явж байхад ялангуяа 1996-2000 оны хооронд ямар бэрхшээлүүд тулгарав. Үндсэн хуулийн суурь харилцааны хүрээнд Үндсэн хуулиар тогтоогдсон үндсэн суурь зарчмуудад ямар тулгамдсан асуудлууд үүсэв. Тэр бэрхшээл гүнзгийрвэл ямар зүйл рүү орохоор байна гэдгийг хараарай. Манайхан Үндсэн хуулийн хямрал гэж ярьдаг.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Үндсэн хуулиар бий болсон институци өөрсдөө ажиллах боломжгүй болоод ирнэ. Төр үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно гэдэг чинь ард түмэнд төрийн бүх эрх мэдэл хадгалагдана. Энэ эрх мэдлээ шууд болон сонгон байгуулсан байгууллагаараа эдэлнэ гэсэн суурь эрх алдагдана. Үүний бодит жишээ 1996-2000 он. 1996-2000 оны бэрхшээл тэндээ үлдэг гэж бодоход тэндээс хойших УИХ, Загсийн газрын үйл ажиллагаан дээр нэг анализ хийгээд үз. УИХ-ын хуралдаан дээрх бэрхшээл, мухардлуудыг бодоод үз. Өмнөхөөрөө байсан гээд бодохоор ямар байдалд орохоор байж вэ. Дордуулсан гэж хэлэх гээд байгаа юм бол Үндсэн хуулийн эрх зүйн хэмжээг судалж мэд. Үүн дээр бод, анализ хий. Түүнээс биш Үндсэн хууль гэдэг бол янз бүрийн доог тохуу болгон хэлээд байх зүйл биш. Хэрэв батлаагүй бол 1996-2000 оны Үндсэн хуулийн шинжтэй хямрал бүр гүнзгийрчихсэн, ерөөсөө төр үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болчихсон байх байлаа.

Одоогийн ярьж байгаа өөрчлөлтүүд нийгмийн харилцаа, ардчиллаа улам гүнзгийрүүлэх, Ерөнхийлөгчийн санаачлаад байгаа шууд ардчилал, иргэний оролцооны асуудлыг яаж Үндсэн хуулийн хэмжээнд нэмэгдүүлэх вэ. Үндсэн хуулийн нэг суурь зарчим нь орон нутгийн удирдлага нь төрийн удирдлагыг өөрөө удирдах ёстой хослуулах явдал мөн. Өөрийн удирдлага нь ИТХ, Төрийн удирдлага нь Засаг дарга. Засаг даргаараа дамжаад нэг талаас төрийн төлөөлөгчөө дээд шийдвэрийг хэрэгжүүл. Нөгөө талаас өөрөө удирдах байгууллагын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх шийдвэр гарсан нь том ололт шүү. Үүнийг цаашаа ардчилсан, иргэний илүү оролцоотой, өөрөө удирдах ёс нь илүү давамгай байдлыг хураангуйлсан байх чиглэлийн шинэчлэл өнөөдөр шаардлагатай.

-Давхар дээлийн асуудал ч гэсэн Үндсэн хуулийн дордуулсан долоотой холбоотой гэдэг…

-Манайхан гадаргуу дээр нь ярих юм. Давхар дээлнээс боллоо, Засгийн газар нь Их хурлаас хараат боллоо, Их хурал нь Засгийн газраас хараат боллоо гэх мэтчилэн асуудлыг буруу оношлоод зөөлөн шийдлээр хийх юм шиг бодоод байгаа юм. Үүнийг Үндсэн хууль яаж батлагдаж явсан билээ гэдгийг хараарай. Парламентын бүгд найрамдах улс, Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улсын холимогдуу хэлбэр рүү орчихсон. Энэ нь Засгийн газар дээр гараад ирдэг юм. Цэвэр парламентын бүгд найрамдах улсын хэлбэр бол Засгийн газар нь Ерөнхий сайд. Ерөнхий сайд нь кабинетаа бүрдүүлнэ. Тэгэхгүй Их хурлаар оруулахаар сайд бүр Их хурлаас даалгавартай юм шиг болчихож байна. Эцсийн бүлэгт Засгийн газрын Ерөнхий сайд Их хурлын өмнө хариуцлагаа хүлээнэ. Ингээд явбал давхар дээлнээс боллоо гэсэн яриа гарахгүй. Оношлогоо нь ердөө л энэ. Үндсэн хууль өөрчлөх асуудлуудаа бид ярьж болно. Ерөнхийдөө парламентын бүгд найрамдах засаг гүйцэтгэх эрх мэдэл нь хүчтэй, парламент нь хууль тогтоох эрх мэдлээрээ хүчтэй, шүүх тогтоох эрх мэдэл нь өөрөө гуравдагч эрх мэдэл нь. Ингэснээр Ерөнхийлөгчийн жинхэнэ эрх мэдэл нь үлдэнэ. Тэгвэл магадгүй Ерөнхийлөгч нь парламентаасаа сонгогддог байх юм. Энэ бүхэн Ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцэж байхад гарч байсан санаа. Ардын Их хурал дээр зөвшилцөөд Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс эсвэл парламентын бүгд найрамдах улс байя гэсэн хоёр салсан зүйлийг нийлүүлж байж Үндсэн хууль гарна биз дээ. Энэ бүхнийг үзэх хэрэгтэй. Үүн дээр Үндсэн хуулийн хөгжил явагдах ёстой. Популист хэлбэрээр хэлэгдсэн зүйлээс татгалзаж бид гүн рүүгээ орох ёстой гэж байгаа юм.

-Дордуулсан долоог өнөөдөр хүчингүй гэх юм…

-Тийм юм байхгүй. Түүхээ мэдэх хэрэгтэй. Үндсэн хууль батлагдсанаас хойш байгуулагдсан анхны Засгийн газар УИХ-ын гишүүн сайдтай байлаа. 1996 онд сонгууль болоод анх удаа Ардчилсан холбоо эвслийг байгуулан “Ард түмэнтэй байгуулсан гэрээ” гэсэн хөтөлбөртэй ороод 50 суудалтай олонх болсон. Тангараг өргөсний дараа Засгийн газрыг байгуулах гэж байтал цэц дээр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй гэсэн асуудал үүссэн. Ингэж шийд гарсны дараа сонгуульд өрсөлдөн хүчтэй гарч ирсэн лидерүүд Засгийн газраа толгойлох, засагтаа орох боломжгүй байдал үүссэн. Улс төрийн нам эрх барьж байгаа юм бол гол түүчээ болсон хүмүүс орж байж ажил явуулна. Яагаад Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн гэхээр Засгийн газрын болон УИХ-ын тухай хуульд заасан юм алга гэсэн. Тэгэхээр нь Засгийн газрын хуулинд өөрчлөлт оруулж Их хурлын гишүүдээс бүрдсэн М.Энхсайхан, Ц.Элбэгдоржийн Засгийн газар байгуулагдсан. Үндсэн хуулийн орчин дотор болох юм уу үгүй юм уу гээд асуудал өрнөсөн. Үндсэн хуулинд агуулга нь тодорхойгүй байсан зүйлийг илүү тодорхой болгон оруулж ирсэн.

Өнөөдөр төр болохгүй байна гэдэг үгийг УИХ-ын гишүүд нь хэлээд байна. Тэд үглэж суудаг, ард түмэн рүү цацаж суудаг хүмүүс биш. Болохгүй байгааг нь засах эрхийг нь ард түмэн танд өгсөн. Үүнээс л миний хэлээд байдаг улс төрийн цуурай үүсдэг. Болохгүй байна, тэр муухай байна гэж баахан ярьсныхаа дараа иргэдтэй уулзахад тэр болохгүй байна, тэр муухай байна гэдэг л дээ. Нөгөө гишүүн буцаж ирээд би сонгогчидтойгоо уулзсан чинь болохгүй байна, тэр муухай байна гэж байна гэдэг. Үүн дээрээ бодолцох ёстой. Гишүүн Үндсэн хууль зөрчлөө гэж үзэж байгаа бол хуулиа өргөн барьчих. Хууль санаачлах эрх гэдэг чинь агуу эрх.

-Үндсэн хуулийн талаар нэмж хэлэхээр зүйлс байна уу?

-Үндсэн хуулийнхаа баярыг тохиолдуулаад бүх монголчууд тэр дундаа Үндсэн хуулиндаа саналаа өгч байсан, санал нь Үндсэн хуулиндаа тусгагдсан идэвхтэй оролцсон иргэддээ, Ардын Их хурлын депутатууддаа онцгойлон баяр хүргэе.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Францад хэвлэлийн эрх чөлөөний төлөө жагсч, манайд хэлсэн ярьсныхаа төлөө жагсаалаараа шийтгүүлж байна

Францын Парис хотод “Charlie Hebdo” сэтгүүлийн байранд зэвсэгт этгээдүүд халдаж 12 хүний аминд хүрсэн. Амиа алдагсдын ихэнх нь сэтгүүлчид, сэтгүүлийн бодлого тодорхойлогчид байна.Элэглэл, егөөдлийн сэтгүүл буюу “Charlie Hebdo” Исламын зөнч Мухамедын шог зургийг нийтэлсний төлөө лалын шашинтнууд ийн хэрэг өдүүлсэн гэж үзэж байгаа юм. Энэ үйл явдлаас хойш тус хотын оршин суугчид бүх нийтээрээ хэвлэлийн эрх чөлөөний төлөө жагсч эхэлсэн. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний төлөө жагсагч Францын хэдэн мянган иргэд сэтгүүлчдэд, хэвлэл мэдээллийнхэнд хандан “Бит­гий ай” хэмээн урам өгч байна. Тэд дэлхий нийтийг түгшээгч жихадист бүлэглэлийн эсрэг, хэвлэл мэдээллийн байгууллага, хэвлэн нийтлэх эрх чөлөөний төлөө ийм зориг гарган тэмцэж буй.

Дэлхийн бусад орон ингэж хэвлэн нийтлэх эрх чөлөөний төлөө бүх хотоороо тэмцэж байхад манайд хэвлэх бүү хэл хэлж ярьсных нь төлөө жагсаалаар нь шийтгэх жишиг тогтлоо. Төрийн сайд асан, АН-ын нэр нөлөө бүхий хүнд асуудал тавьсных нь төлөө шүүхийнхэн иргэдийг шил дараалан шийтгэв. Шууд хэлбэл Зам, тээврийн сайд асан А.Гансүх “МИАТ-ийн Бизнес хөгжлийн хэлтсийн дарга асан, жиргээч Ц.Бат миний нэр хүндэд халдсан” гэдгээр шалтаглан шүүхэд гомдол мэдүүлэхэд шүүгчид хэлж ярих эрхээ хэтрүүлэн эдэлжээ гээд 100 хоног баривчлах ял шийтгэж байх жишээтэй.

А.Гансүх сайд салбарын­хаа мэргэжилтнүүдийг хууль, хүчнийхэнтэй хавсарч шийтгэсэн тохиолдол үүгээр дуусахгүй. Төмөр зам судлаач, иргэн Л.Даваапилийг твиттерээр асуулт асуух төдийд л дахиад шүүхэд гомдол гаргачихаж байгаа юм. Түүгээр зогсохгүй шүүх хэргийг хэрэгсэхгүй болгоход давж заалдсаар Л.Даваапилийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу есөн сая төгрөгөөр торгуулж байж саллаа.

АН-ын энэ эрхмийн нэр төр яасан ч амархан сэвтчих гээд байдаг юм. Яасан ч их зарга шүүж, ямар ч олон хүнийг шийтгүүлдэг юм. Ер нь манай улсад үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө асар хүчтэй хумигдаж байна. Иргэдийн чөлөөтэй үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн төлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө төлөө хэвлэл мэдээллийнхэн бид л сонор соргог байж тууштай тэмцэхгүй бол үүнээс ч хүнд цаг үе биднийг угтаж магадгүй байна.

Л.ТӨР

Categories
мэдээ цаг-үе

ЗТЯ-ыг эмнэлэг болгох 6.5 тэрбумаар хүүхдийн эмнэлэг тав, цэцэрлэг арвыг барих юм байна

ТҮШМЭДИЙН ОРДНЫГ ТҮМНИЙ ЭМНЭЛЭГ БОЛГОЁ

-БАРИЛГЫН ЗАХЫН НЭГ КОМПАНИ 1.3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЗТЯ-НЫ БАРИЛГЫГ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ЗАСЧ, ЦАГААН САРЫН ӨМНӨ БЭЛЭН БОЛГОЖ ЧАДНА-

Зам тээврийн яамны барилгыг эмнэлгийн зориулалтаар засч тохижуулахад ойролцоогоор 6.2-6.5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог Эрүүл мэндийн яамнаас гаргаад байгаа. Гэтэл Зам тээврийн яамны байрыг эмнэлгийн зориулалтаар засч, тохижуулахад 1.3 тэрбум төгрөг байхад л хангалттай гэдгийг барилгын салбарын инженерүүд ярьж байна. Мөнгийг нь даруй шийдээд өгчихөд барилгын захын нэг компани ажилдаа ханцуй шамлан ороход хоёрдугаар сарын дундуур хүүхдийн шинэ эмнэлэг үүдээ цэлийтэл нээх боломжтой юм байна. Төр нь яамны барилгыг эмнэлгийн зориулалтаар өөрчлөхөд багаар бодоход 6.2 тэрбум төгрөг шаардлагатай гэж мэдэгдэж байхад барилгын салбарт хөлс хүчээ урсган өдөр шөнө, өвөл, зунтай уралдан ажилладаг, бор зүрхээрээ яваа барилгын компанийн захирлууд энэ ажлыг 1.3 тэрбумын өртөгтэй гэж тооцоолж байна шүү дээ. Энэ хоёр тооны хооронд ямар их зөрүү гарч байгааг хэн ч ойлгоно.

Зам тээврийн яамны барилгын нийт талбай нь ойролцоогоор 2850 метр квадрат. 6.5 тэрбум төгрөгөө талбайн хэмжээндээ хуваачихаар нэг метр квадратыг хэдэн төгрөгөөр засах вэ гэхээр 2.5 сая төгрөг гарч байна. Эрүүл мэндийн яамныхан нэг метр квадратыг 2.5 сая төгрөгөөр засна аа гэж байхад барилгын компаниуд энэ ажлыг 500 мянган төгрөгөөр гүйцэтгэнэ гэж байна.

Төрд авлига гэх зүйл хэрхэн бүрэлдэн бий болж, биеждэгийг энэ бүхнээс харж болохоор байгаа юм. 6.5 тэрбумаас 1.3 тэрбумыг хасахад үлдэж байгаа 5.2 тэрбум төгрөг тэгэхээр тэр чигээрээ авлига болж хувирах нь. Төрөөс тэрбумтнууд ингэж л төрдөг юм байна. Зам тээврийн яамныхан байрыг нь хэрвээ эмнэлгийн зориулалтаар засахаар болбол нүүх зардалд багаар бодоход 200-300 сая төгрөг хэрэгтэй гэсэн. Энэ тоо бас ямар ч эдийн засгийн үндэслэлгүй. Нүүлгэлтийн компаниуд дөрвөн давхар оффиссын барилгыг нүүлгэхэд тавилгуудын овор хэмжээнээс хамаарч 6-11 сая төгрөг болно гэж байгаа юм. Үүнээс харахад дээрхтэй адил төрөөс саятнууд ийм аргаар мэндэлдэг байх нь гэх сэжиг төрнө. Хэн дуртай нь мөрөөдлийнхөө тоог хэлээд л, түүнийг нь цохоод өгчихдөг ийм хяналтгүй систем манай төр, эдийн засагт ноёлчихоод байгаа юм уу.

Эрүүл мэндийн яамныхны хэлээд байгаа 6.2-6.5 тэрбум төгрөг гэх тоог хэр үндэслэлтэй, бодит амьдралтай уялдсан эсэх талаар барилга угсралтын “Пром сервис” компанийн захирал Д.Бямбаагаас тодрууллаа. Тэрээр сүүлийн арав гаруй жил барилгын салбарт хүчин зүтгэж яваа нэгэн бөгөөд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газрын даргаар 1996-2000 онд ажиллаж байсан юм.

Конторын барилгыг эмнэлгийн зориулалтаар засахад 6.5 тэрбум шаардлагатай гэж байгаа нь хэр үндэслэлтэй юм бэ?

-Зам тээврийн яамны барилгыг эмнэлэг болгох гэж байгаа шийдвэр нь өөрөө тааламжтай, олон түмэнд нийцтэй байгаа юм. Тус яамаар орж гарч ажил төрөл хөөцөлдөж явсан хүний хувьд надад багцаа төсөөлөл байна л даа. 2850 метр орчим талбайтай барилга. Тэгэхээр нэлээд том хэмжээний эмнэлэг болно. Гэхдээ үүнд засвар хийхэд 6.5 тэрбум төгрөг шаардлагатай гэж байгааг нь дуулаад Монгол төр, төрд ажиллаж байгаа улсууд ямар баримжаагүй болчихоо вэ гэсэн бодол төрсөн. Сүүлийн үед салбарын хэмжээнд шийддэг асуудлууд дээр мөнгө угаалт хэтэрхий явагдаад байна уу. Тэр тусмаа эрүүл мэндийн салбар нэлээд жудаггүй болчихоо юу гэсэн итгэл үнэмшил төрж байна. Энэ бүхэнд шүүмжлэлтэй хандах болсон шалтгаан маань гэвэл би энэ салбарт дөрвөн жил ажилласан. Эрүүл мэндийн салбарын яамны Стратеги удирдлагын төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байхдаа салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогыг зангидаж байсан хүн шүү дээ. Шинэ эмнэлгүүд баригдаагүй нь үнэн. Шинээр эмнэлэг барих хөрөнгө манай засагт байгаагүй юм. Сүүлийн үед төрөх эмнэлэг баригдах гээд дуншаад байж байна. Баригдах гэж байгаа эмнэлгүүдийг хөндлөнгөөс ажиглахад хэтэрхий өндөр зардлууд сонсогдоод байх болчихсон. Эмнэлэг гэхээр л нэг их тусгай обьект гэж ойлгоод туйлшраад байж болохгүй. Эмнэлгийг илүү тохилог болгоё гэвэл өрөө бүрт бие засах өрөө, гар угаагууртай байлгана гэх хэрэгцээ бий. Тусгай тоноглолтой өрөөнүүд ч байдаг. Гэхдээ нийтлэг барилга гэдэг стандарт жишиг дотор баригдах л бололцоотой. Бид Азийн хөгжлийн банкны төслөөр аймгуудын эмнэлгүүдийн өргөтгөлийг бариулж л байлаа.

6.5 тэрбум төгрөгөөр 6500 метр квадрат талбайтай цоо шинэ обьектыг барьж байгуулах боломжтой. Өөрөөр хэлбэл энэ яриад байгаа Зам тээврийн яамны барилга шиг ийм обьектыг хоёрыг шинээр барих мөнгийг засварт зарна гээд яриад байх юм. Хэрвээ үнэхээр тэгж 6.5 тэрбум шаардлагатай гэж яриад байгаа юм бол түүн шиг худлаа тооцоо байхгүй. Салбарын хэмжээнд төсөв хөрөнгийг нь зохиодог аргачлал байгаа шүү дээ. Тоног төхөөрөмж, эд хогшлууд барилгын засварын ажлаас тусдаа явдаг. Барилгатай огт хамаагүй. Сүүлийн үеийн оношилгооны тоног төхөөрөмж авна гэвэл хоёр, гурван сая ам.доллар болно. Магадгүй тэр 6.5 тэрбум төгрөг нь ч хүрэхгүй тийм үнэтэй тоног төхөөрөмжүүд байгаа. Тэгэхээр хүмүүсийн тархийг угааж байгаа юм шиг бүх хүнийг засварын 6.5 тэрбум гэсэн тоон дотор оруулчихлаа. Тэр тооцоонд нь тоног төхөөрөмж нь орсон уу, үгүй юу гэдэг нь тодорхойгүй. Ийм нэг үл бүтэх мэдээллийн цаана асуудал яригдаад байна л даа.

Засварт зарцуулна гээд байгаа 6.5 тэрбум төгрөгөөр иж бүрэн тохижилттой, сүүлийн үеийн засалтай, 100 ортой хүүхдийн эмнэлэг хоёрыг барих боломжтой гэсэн тооцоог зарим мэргэжилтнүүд ярьж байна лээ. Хэрэв танай компанид энэ мөнгийг өглөө гэвэл хэдэн цэцэрлэг, эмнэлэг барих вэ?

-Би багцаа тоо хэлье. Саяхан манай компани зуун хүүхдийн цэцэрлэг хоёрыг ашиглалтад хүлээлгэн өглөө. Канад технологиор баригдсан эдгээр цэцэрлэгүүд нь гаднаа дэд бүтэцтэй. Уурын зуух, худаг, шугам сүлжээ, бохирын цооног, тоглоомын талбай, хашаатай. Иж бүрэн тохижилттой эдгээр цэцэрлэгүүд 600 сая төгрөгт боссон.

Өнгөрсөн онд Улаанбаатар хотын хэмжээнд ийм цэцэрлэг 15 ашиглалтад орсон. Одоо хоёр нь ашиглалтад орох гээд хүлээгдэж байгаа. 570 метр квадраттай барилгыг 600 сая төгрөгөөр босгоно гэхээр нэг метр квадратад нэг сая орчим төгрөгийн зардал орж байж шинэ барилга баригдаж байна гэсэн тооцоо гарч байгаа юм. Яам, тамгын газар дэндүү мэдлэггүй хүмүүсийн цугларал болчихсон юм уу, тийм биш юм бол энэ сансрын тоог хаанаас аваад байгаа юм бэ. Аливаа ажлыг хийхэд хийх ажлын даалгавар гэж гардаг.

Зам тээврийн яамны барилгад иж бүрэн засвар хийгдсэн, маш тохилог байр. Тэгэхээр мэдээж түүн дээр нь нэмээд эмнэлгийн зориулалттай болгоход юу хэрэгтэй вэ. Магадгүй өрөө болгонд угаалтуур тавина гэж бодъё. Тэгэхээр сангийн ажлууд хийгдэнэ. Зарим өрөөнд гэрэлтүүлэг нэмнэ гэвэл цахилгаантай холбоотой ажил гарахыг үгүйсгэхгүй. Агааржуулалт, салхивчийг хэсэгчилсэн байдлаар шийдэх, өргөжүүлэх шаардлага гарч ирнэ. Мэдээж эмнэлэг юм чинь ачааны цахилгаан шат хэрэгтэй. Сэхээн амьдруулах, мэс заслын, мэс заслын дараах, хэвтрийн өвчтөнүүдийн, тусгай гээд блокууд бий л дээ. Ийм хэсгүүдэд зориулж аль нэг жигүүрийг нь илүү тохижуулж болно. Энэ бүгдийг бодож тооцоод хийх ажлуудын даалгавруудыг гаргаад ирэхээр яаж ч бодсон тухайн барилгын бодит өртгийн 30 хувиас зардал нь хэтрэхгүй. Шинэ барилга барих нийт зардлын 30 хувиас иймэрхүү ажил хийх зардлын хэмжээ илүү гарахгүй.

Бүтэн барилга нь босчихсон, хана, хаалга, цонх, шал, дээвэртэй, халаалтын систем нь иж бүрэн шийдэгдчихсэн, усан хангамжийн тодорхой хэсэг нь шийдэгдчихсэн барилга байхад жижигхэн засвар, жижигхэн ажлуудын төлөө бүтэн хоёр эмнэлэг шинээр барих мөнгийг зарна гэж яаж байх вэ дээ. Би ингэж л хэлнэ.

Барилгын аль ч ёс зүйтэй компанид тэр 6.5 тэрбум төгрөгийг өгч газрын асуудлыг нь шийдээд өгчихвөл магадгүй тийм эмнэлгийн барилгыг хоёрыг барьчих компани захаасаа аваад олдоно.

Яармагт баригдаж байгаа төрөхийн эмнэлэгт 17 тэрбум төгрөг зарцуулсан ч барилгын ажил нь гацчихаад л байна. Мөнгийг угаадаг, ууршуулдаг энэ юм төрийнхөө систем дээр байгаа улсуудтай нийлсэн ийм луйврын эдийн засаг манайд хөгжчихөөд байгаагийн гамшиг нь өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн хямрал болчихоод байна. Монголд эдийн засаг хямраагүй. Олигархи түвшинд нийлчихсэн төрийн монополь капитализм гэдэг зүйл үүсчихээд байна. Төртэйгээ эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс нь нийлж цөөнхөд үйлчилсэн засаглал үүсгэчихээр төрийн монополь капитализм бий боллоо гэж ярьдаг. Тэдний нөгөө талд эмзэг бүлэг, ядуус нь үржиж байдаг. Энэ тогтолцоо цөөхөн хүн амтай Монголд маань бий болчихоод байна.

Тэр 10, 20 тэрбум төгрөгийн тендерүүдийн сураг нь мань шиг арван хэдэн жил барилгын салбарт ажилласан жижиг компаниа удирдмар болоод явж байгаа жижиг хүмүүст дуулдахгүй өнгөрдөг. Барилгын олон компани байна. Зүрх сэтгэлээр зүтгээд барилгаа бариад их ажлынхаа ард гарчихаар мөнгө нь орж ирдэггүй. Яагаад мөнгө нь орж ирэхгүй байна гэхээр конторт суудаг гарын үсэг зурдаг хүмүүсийн үзэмжээс л болоод тэр. Үүнийг л авлигажсан нийгэм гэж хэлээд байгаа юм шүү дээ. Эрүүл мэндийн салбарын бүтэн төсөв, санхүүг зохиож байхад энэ дуулдаад байгаа 6.5 тэрбумын тоонд хүрдэггүй байсан юм. Энэ чинь их мөнгө. Хэдий инфляци өслөө өслөө гэсэн ч. 6000 метр квадрат талбайтай обьектыг барьж байгуулах, III эмнэлгийн хэмжээний тийм том цогцолборыг шинээр барих ийм л мөнгөний тухай яриад байна.

Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилга чинь өмнө нь конторын зориулалттай байсан юм билээ. Хөдөлмөр, цалин хөлсний улсын хороо хороо байрлаж байсан гэсэн?

-Намайг тус хороонд ажиллаж байхад контор маань эмнэлэгт шилжиж байсан юм. Конторын зориулалттай барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглахад хүндрэл гараагүй гэж хэлэхгүй. Ачааны цахилгаан шат төлөвлөөгүй обьект байсан учраас хэвтрийн өвчтөнүүдийг зөөхөд хүндрэл гардгийг сонссон.

Одоо яригдаад байгаа Зам тээврийн яамны дөрвөн давхар барилгын нэг жигүүрт нь ганц, хоёр лефт угсарна биз. Өөр ямар асуудал байгаа юм бэ. 6.5 тэрбум төгрөгийн дөрөвний нэг нь л байхад хоолой давсан төсөв гэж харагдаж байна.

Зам тээврийн яамныхан хэрвээ байрнаасаа нүүнэ гэвэл багаар бодоход 200-300 сая төгрөг нүүлгэлтэд шаардлагатай гээд байгаа?

-Ямар толгойтой түшмэл ийм тоо хэлээд сууж байдаг байна. Ийм авлигачид, яаманд олон жил болж ялзарчихсан хүмүүс яамны өөрчлөлтөөр цэвэрлэгээнд орох ёстой. 15-аас дээш жил нэг яаманд бугшаад дархлаа үүсчихсэн нөхдийг цэвэрлэгээнд оруулах ёстой. Үнэхээр сайн ажилладаг юм бол өөр салбар руу явуулж ажиллуулах хэрэгтэй. Заавал төрд ажиллах дуртай юм бол өөр ажил хийлгэ л дээ. Нэг газарт олон жил суучихаад нийгмийг хямраасан, сайн сайхны төлөө бус, ард иргэдийн эсрэг тоо баримтыг гаргаж ирээд авлигыг үржүүлээд байж байна. Манай нийгмийг гутааж байгаа хамгийн том зүйл бол авлигал. Авлига гэдэг дээр би нэг л жишээ хэлье. Би сая барилга ашиглалтад өгөх үед ганцхан хүний гарын үсэг зуруулах гэж хэдэнтээ мөргөж, залбирч байж гарын үсгийг нь авлаа. Онцгой байдлын нэг байцаагч гарын үсгээ зурах гэж бидний ажлыг сар шахам гацаасан. Улс нь шийдээд, бариулаад, ашиглалтад ороод туузаа хайчилчихсан байгаа юман дээр л нэг түшмэлд бүхэл бүтэн нэг компанийн хувь тавиланг орвонгоор нь эргүүлэх тийм эрчим хүч байна. Төрд ажиллаж байгаа хүн гэдэг хувийн бизнесийг дампууруулдаг. Татвараас цугласан эдийн засгийн тэр их эрчим хүчийг буруу зүйл рүү зарцуулж тараадаг. Элсэнд асгасан ус шиг, нийгмийн хөгжлийг сааруулдаг ийм улсуудад төр хариуцлага тооцох цаг нь болчихжээ.

Ч.Сайханбилэг сайд аа, таны эхэлж байгаа олон ажлууд тань зөв байгаа. Гэхдээ таны хамгийн том нүүр тулсан асуудал магадгүй мэргэшсэн төсөвчид, мэргэшсэн барилгын инженерүүд, мэргэшсэн компанийн захирлуудыг баригдаж буй обьектууд дээр хөндлөнгийн аудитууд болгон оруулж ирээд задлах, олон тэрбум төгрөг яриад байгаа хүмүүсээс ял асуух үйл явц байж болох юм. Сая саяар нь иддэг байснаа саяа тоохоо байчихаж. Одоо тэрбумаар нь гудардаг болсон байна. Луйварчдыг зогсоогоогүй байгаа цагт Монгол Улсын хөгжил, хямралын тухай яриад ч хэрэггүй. Сайдуудыг ажилла гэж шахах юм бол салбар дотроо тэр хачин тоо тавьдаг нөхдүүдийг эхлээд хаалганы гадна хөөж гарга.

Конторын зориулалттай барилгыг эмнэлгийн зориулалтаар өөрчлөхөд түүн шиг хэцүү бэрх зүйл байдаггүй, маш хүнд ажил мэтээр ард иргэдэд ойлгуулах гээд байх шиг. Үнэхээр хэцүү юм уу?

-Тэгж үлгэр яриад байх юм. Конторын зориулалттай гэдэг чинь коридортой, өрөөнүүдтэй. Эмнэлэг ч адилхан шүү дээ. Тэрэн дотроо жаахан хуваарилалт хий л дээ. Зохион байгуулалтын ажил хийгдэнэ. Тэр сүржигнээд байгаад сантехникийн ажлууд нь ч хийгдэх нь тодорхой. Шинээр баригдаж байгаа барилгын нийт төсвийн 10 орчим хувь нь сантехникт зарцуулагддаг. Яаж ч бодсон засварын ажлын зардал нийт зардлын 30 хувиас хэтрэхгүй. Ямар ч онцгой обьект болгон зассан бай. Тэгэхээр Зам тээврийн яамны барилгыг нэн даруй засч цагаан сараас өмнө бэлэн болгох хэрэгтэй байна. Цагаан сар хүртэл хүүхдийн өвчлөл буурдаггүй. Цагаан сараар харин ч оргил үедээ хүрдэг. Конторын хүнд сурталтнууд хэдэн тоо хэлж толгой эргүүлж өрөөгөө суллаж өгөхгүй байтал эмнэлгүүдийн ачаалал буурахгүй, хүүхдийн өвчлөл нэмэгдсээр л байна. Өнөөдөр бол хүүхдийн өвчлөлийн оргил үед тулсан мөч. Ийм хариуцлагатай үед тоо хөөцөлдөөд л сууж байна гэдэг дэндүү хариуцлагагүйн шинж.

Барилгын аль нэг компанид тохирох мөнгийг нь өгөөд эмнэлгийн барилгыг даруй бэлэн болго гэвэл цагаан сараас өмнө амжих уу?

-Амжина. Засгийн газар нээлттэй, хязгаарлагдмал тендер зарлаад компаниудад “Төсвөө зохиогоод, хугацаатайгаа хийгээд ир” гэвэл ёсзүйтэй компани арваар тогтохгүй гарч ирээд “Үүнийг чинь нэг тэрбумаар хийгээд хорь хоногийн дотор бэлэн болгоё” гээд гараад ирж магадгүй шүү. Уг тендерт тэр яаманд байгаа конторын түшмэдийг оролцуулах хэрэггүй. Монголын төрд идээ бээр шиг шигдчихсэн ёсзүйгүй энэ хувалзнуудаас салаагүй цагт төрийн шинэчлэл, засгийн шинэчлэл явагдахгүй. Манай улс эдийн засгийн биш засаглалын хямралтай байгаа юм. Улстөржсөн энэ системийн үед хэн нэгэн даргын ивээлд орчихсон, өчигдөрхөн гутлыг нь арчаад, цүнхийг нь барьж гүйж байсан нөхөд өнөөдөр төрийн албанд оччихоод хэдэн тоо нэмж хасч чадахгүй орон алдаад сууж байна шүү дээ.

Барилгын компаниуд үндсэндээ үүд хаалгаа барьж, ажилчдаа цомхотгохоос өөр аргагүй байдалд орчихоод байна. Хөрөнгө оруулалт зогслоо. Гэтэл үүний цаана хэрээс хэтэрсэн албан тушаалтнуудаас хамаарсан тендер, луйврын процесс явагдсаар байна. Барилга бариад хүлээлгээд өгөх процесс тэр чигээрээ дарамт болчихсон. Хувийн хэвшилд ажиллаж байгаа хүн ял үүрдэг болчихоод байна.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Хямралын үеийн төсвийн бодлого буюу төсвийн тухай хөндлөнгийн санал

Төсвийн бодлогоор дамжуулан эдийн засагт идэвхтэй нөлөө үзүүлэхийг номлогч Нобелийн шагналт, нэрт эдийн засагч Джон Мейнард Кейнс эдийн засаг өсөх үед төсөв аядуу болж, хомсдох үед төсвийг тэлж эдийн засгийн тогтвортой байдлыг хангах ёстой гэж үздэг. Түүний санаанд суурилсан бодлого явуулсан дэлхийн олон улс амжилтад хүрчээ. Кейнсийн онол дээр суурилсан “Хямралын үеийн төсвийн бодлого” хэмээх хүчирхэг онол бий. Үүний дагуу Монгол Улсын төсвийн бодлогыг дараахь байдлаар шинэтгэж, тодотгох нь зүйтэй болов уу. Эн тэргүүнд төсвийн бодлогыг дараахь зорилгод чиглүүлэх шаардлагатай: Нэгдүгээрт,Эдийн засгийг эрчимжүүлэх. Хоёрдугаарт, 2017, 2018 оны төсөвт нүсэр дарамт үзүүлэх “Чингис”, “Самурай” бондын гадаад өр, төлбөрийг төлж барагдуулах бодлогыг одооноос зарлан хэрэгжүүлж, бэлтгэлийг хангах замаар улс нийтээрээ дампуурах эрсдлээс урьдчилан сэргийлэх, гуравдугаарт, дээрх хоёр бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд нь угтаа макро эдийн засгийн тэнцлийг хангасан, тогтвортой хөгжлийн суурийг тавьсан, урт хугацааны бусад бодлоготой нийцсэн байх зэрэг болно.

Төсвийн бодлогын дээрх гурван үндсэн зорилго юунд хүргэх ёстой вэ?

Нийтлэг эрх ашгийн үүднээс нэгдүгээрт, улс орны хөрөнгө зоорийг боломжийн хэрээр бүрэн дайчилсан байна. Хоёрдугаарт, нөөц боломжоо илүүтэй нээх зорилгыг агуулсанбайна.

Эдийн засгийг эрчимжүүлэх төсвийн бодлого нь А.Төсвийн зарлага санхүүжилтийн бодлого, Б.Татварын бодлого гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Эдийн засгийг эрчимжүүлэх төсвийн зарлага санхүүжилтийн бодлого нь эдийн засаг дахь эрүүл эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихэд чиглэгдсэн дараахь арга хэмжээнүүдээс бүрдэнэ. Үүнд: 1.Төсвийн цалин, тэтгэвэр тэтгэмж, халамжийг 2015 оны эхнээс 50 хувиар нэмэх. 2.Монгол Улсад өртгийн 60-аас доошгүй хувийг бүтээгдэх, эсвэл монгол иргэд 100 хувь хийж гүйцэтгэх эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, ясли, эрчим хүчний шугам, авто замын барилга угсралт, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагааг дэмжих. Энэ хүрээнд төсвийн хөрөнгө оруулалт хийж буй гүйцэтгэгч аж ахуйн нэгжид тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа, чанарын баталгаа зэрэг нийт төсөвт өртгийн 15 хувь орчмыг суутган гурван жилээр царцааж буйг цуцлан, гүйцэтгэгч нарт аль болох санхүүгийн хохирол хүндрэлгүйгээр шийдэх арга замыг тогтоох. 3.Орон нутгийн төсвийн харилцааг бүхэлд нь загварт оруулан шинэчлэлийг гүнзгийрүүлэх замаар орон нутаг өөрийн татвар, орлогоо нэмэгдүүлэх, зарлагаа хэмнэх идэвх санаачилгыг дэмжин, орон нутагт байгаа асар их далд нөөц боломжийг нээн эргэлтэд оруулах зэрэг болно.

Эдийн засгийг эрчимжүүлэх татварын бодлого нь дараахь алхмуудаас бүрдэнэ. Үүнд:

1.Жилд 250 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг 2015 оны эхнээс 2017 он дуустал 3 жилийн хугацаанд орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, энэ хугацаанд эдгээр татварын хялбаржуулсан тогтолцоог хуульчлан бүрдүүлж, 2018 оноос эхлэн тухайн аж ахуйн нэгж нь татварын уламжлалт тогтолцоо, эсвэл хялбаржуулсан тогтолцооны аль нэгийг өөрсдөө сонгон шийдэх боломжийг бүрдүүлэх, цалингийн орлогын албан татвараас чөлөөлөгдөх доод босгыг нэмэгдүүлэх.

2.Орлогын албан татварын 3 тэрбум төгрөгийн босгыг 2015 оноос эхлэн 5 тэрбум төгрөг болгон өсгөх.

3.Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор гаалийн татварыг 5-аас 30 хувийн хооронд ялгавартайгаар тогтоох зэрэг болно.

Бодлогыг хэрэгжүүлэхдээ үндэсний бүтээгдэхүүнээ илүүтэй хэрэглэхийг нийт иргэддээ, харин татварын хөнгөлөлтийн бодлогын үр дүнгийн тодорхой хэсгийг өөрсдийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд ашиглахыг аж ахуйн нэгж, байгууллагуудад хүсэлт болгох нь зүйтэй. Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эдийн засаг дахь эрэлт хэрэгцээ наад зах нь 2 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэж, аж ахуйн нэгжийн борлуулалт тэр хэмжээгээр өснө. Энэ бодлогын дагуу Дотоодын нийт бүтээгдэхүүн тодорхой хувиар өснө. Импортын нэмэлт хэрэгцээ 500 сая орчим ам.доллараас хэтрэхгүй, тэр бүү хэл үндэсний үйлдвэрлэлийг дэмжих энэхүү бодлого нь импортыг орлох, экспортыг дэмжихэд чухал дэмжлэг болж, гадаад худалдааны тэнцэл болон улсын валютын нөөцөд эерэг нөлөө үзүүлэх болов уу.

2015 онд цалин, тэтгэвэр тэтгэмж, халамжийг 50 хувь нэмэгдүүлснээр улсын төсөвт цэвэр зөрүүгээрээ 800 орчим тэрбум төгрөг, жижиг дунд бизнес эрхлэгчдийг 3 жилийн хугацаанд орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлснөөр 60 орчим тэрбум төгрөг, нийтдээ 860 орчим тэрбум төгрөгийн төсвийн дарамт бий болох юм. Харин орлогын албан татварын босгыг өсгөх, гаалийн татварыг ялгавартай тогтоон нэмэгдүүлэх арга хэмжээ нь төсвийн орлогын хувьд өөр хоорондоо тэнцвэржүүлсэн арга хэмжээ болох болов уу.

Хямралын үед баримтлах төсвийн бодлого нь төсвийн байгууллагын ажиллагсдын орон тоог цомхотгохыг зөв алхам гэж үздэггүй. Төсөв хумигдаж байгаатай холбогдуулан аж ахуй, бизнесийн байгууллагууд хаалгаа барьж, ажиллагсдаа цөөлж, бизнесээ царцааж байхтай зэрэгцүүлэн ажилгүйчүүдийн тоог нэмэхийг тийм ч ухаалаг алхам гэж үздэггүй. Тэгээд ч төсөв бол нэгэнтээ “нийтийн эв санааны нэгдлийн мөнгөн сан” учраас олны ашиг сонирхолд хөтлөгдөх ёстой болохоос цөөн хэдэн даргын дутуу дулимаг бодолд захирагдах ёсгүй. Ер нь хямралтай эсэхээс хамааралгүй нийгэмд ач холбогдол багатай зүйлд төсвийг зарцуулж буй эсэхийг байнга хатуу хянаж байх ёстой.

Монгол Улс иймэрхүү төсөв, татварын бодлого, чиг баримжаа, тогтолцоотойгоо явбал 2015 он, цаашдын сорилтоо ч даван туулж чадахгүй. 2017-2018 оны гадаад өр төлбөрийн хүндрэлээ ч давж гарахгүй, улс орны тогтвортой хөгжлийн суурь ч бий болохгүй нь нэгэнт ойлгомжтой болоод байна.

Юуны өмнө татвар, төсвийн орлогын хүрээнд эрс шинэтгэл хийх алхмыг цаг алдалгүй хийх шаардлага тулаад иржээ. Төсвийн бодлогын хамгийн чухал алхам бол татварын тогтолцоог илүү шударга болгон шинэчлэх явдал. Нобелийн шагналт, нэрт эдийн засагч Иосиф Штиглиц энэ талаар авах арга хэмжээг ийнхүү тодорхойлсон: Нэгдүгээрт мөнгө, орлого хаана илүү их байна тэнд илүү татвар ногдуулах, Хоёрдугаарт нийгэмд сөрөг үр дагавар авчирдаг бизнесийн үйл ажиллагаанд илүү өндөр татвар ногдуулах.

Банк, санхүүгийн салбарын чанаргүй зээл, хортой моргейж нь аанай л нэг төрлийн орчны бохирдол юм. Бохирдуулж, хор хохирол учруулж байгаа этгээдэд илүү татвар ногдуулж чадсан цагт л “rule of law” (хуулийг дээдлэх ёс) амьдралд бодитой хэрэгжинэ. Сүүлийн үед банк, санхүүгийн байгууллагуудад илүүтэй татвар ногдуулах санаачилга дэлхий дахинаа гарах боллоо.

Татварын шударга тогтолцоо нь төсвийн орлогыг үлэмж нэмэгдүүлэх тэр л боломж мөн. Хэрэв баян, ядуугийн хоорондын ангал өргөсч, нийгмийн тэгш бус байдал түгшүүрийн харанга дэлдэж байвал баячууд, өндөр орлоготой бүлэгт өндөр татвар оноох нь зүйтэй. Улсын бүтэн жилийн орлогын 20 хувийг олдог нийгмийн цөөнхийн давхаргад ногдуулах татварыг 10 пунктээр нэмэгдүүлэх бодлого баримталбал улсын төсвийн орлого ДНБ-ий 2 хувьтай тэнцэх хэмжээгээр шууд нэмэгдэх боломжтой болно.

Эдийн засгийг эрчимжүүлэх төсвийн бодлогоос хамааран төсөвт ирэх дарамтыг саармагжуулах, гадаад өр төлбөрөөс үүдэн 2017-2018 онд учирч болох эрсдлийг даван туулах, улмаар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд дараахь арга хэмжээг авах нь зүйтэй. Үүнд, 1.Ханшийн өөрчлөлтөөс ашиг орлого нь нэмэгдэж буй банкны байгууллагууд, уул уурхайн экспорт эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн ААНОАТ-ыг 10 пунктээр нэмэгдүүлэх, гэхдээ энэ арга хэмжээг уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн хувьд энэхүү бодлогыг зарласнаас хойш 2 жилийн дараа буюу 2017 оноос эхлэн мөрдүүлэх. 2.Архи, согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн ААНОАТ-ыг 10 пунктээр нэмэгдүүлэх, арилжааны банкуудын зээлийн эрсдлийн санг өртөгт оруулан тооцож буй одоогийн журмыг өөрчлөн татварын дараахь ашгаас энэхүү санг байгуулдаг өөрчлөлтийг 2015 оноос хэрэгжүүлэх. 3.Монгол банкны эмиссийн орлого болон Монгол банкинд байрших Улсын валютын албан ёсны нөөцийн төгрөгтэй харьцах ханшийн зөрүүгийн орлогын тус тус 70 хувийг Улсын төсөвт орлого болгон оруулдаг журмыг 2015 оноос эхлэн хэрэгжүүлэх, урьд жилүүдэд энэ хоёр үйл ажиллагаанаас олсон орлогыг мөн энэ арга хэмжээнд хамруулах зэрэг болно.

Эдгээр арга хэмжээний үр дүнд Улсын төсөвт 2015 онд наад зах нь 2,8 их наяд төгрөгийн орлого оны эхнээс даруй нэмэгдэж орох боломжтой ба цалин, тэтгэвэр тэтгэмж, халамжийг 50 хувь нэмэгдүүлэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олгоход төсөв дээр буух 860 тэрбум төгрөгийн дарамтыг хасан тооцож үзвэл санал болгож буй багц арга хэмжээнүүдийн үр дүнд Улсын төсвийн олох цэвэр орлого 1,9 их наяд төгрөг болох юм.

Төрийн сангаас арилжааны банкуудад борлуулсан Засгийн газрын бондын үлдэгдэл 1,6 их наяд төгрөг болоод байгаа. Эдгээр бондын жилийн хүү 15-17 хувь, 2015 оны төсөвт 300 орчим тэрбум төгрөг эдгээрийн хүүний төлбөрт туссан байх ёстой. Иймээс дээрх төсвийн цэвэр орлогоор нэмэгдэж буй эх үүсвэрийг энэхүү 1,6 их наяд төгрөгийн бондын төлбөрт шууд зарцуулж, үүнээс сулрах бондын хүүний төлбөр 300 орчим тэрбум төгрөгийг дээр дурдсан эмнэлэг, цэцэрлэг ясли, эрчим хүчний шугам, авто замын хөрөнгө оруулалтад ашиглах боломж нээгдэнэ. Дээрх нэн чухал арга хэмжээг авч хэрэгжүүлсний дүнд Улсын төсвийн нийт тэнцэл 2015 онд 300 гаруй тэрбум төгрөгөөр сайжирна.

Монгол Банкинд эмиссийн орлого болон ханшийн зөрүүгийн орлого нь өөртөө хаагддаг тусгай дансуудад бүртгэгдэн Монгол Банкны өөрийн орлогод тусдаггүй гэж ойлгогддог. Монгол Банк дахь эмиссийн орлого буюу гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний үлдэгдэл багцаагаар 3 орчим их наяд төгрөг болж байгаа болов уу. Дэлхийн олон улс оронд энэхүү эмиссийн орлого нь төсвийн орлогын нэгэн голлох эх үүсвэр болдог. Тухайлбал, АНУ-д долларын дэвсгэртийг Сангийн сайд, Төрийн сангийн эрхлэгч нар нь гарын үсэг зуран баталгаажуулж Сангийн яам нь хэвлэн, хадгалдаг. Харин АНУ-ын Төв банк нь гүйлгээнд бэлэн мөнгө гаргахдаа Сангийн яамнаас номинал үнээр нь худалдан авч, орлого нь Улсын төсвийн орлого болдог.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин оны өмнө хууль баталж ОХУ-ын Төв банкны эмиссийн орлогын 75 хувийг төсөвт жил бүр дайчлах болсон. Өмнө нь 50 хувийг төсөвт авдаг байсан. Европын Холбооны Төв банк эмиссийн орлогоо хүн амын тоо ба ДНБ-ий үзүүлэлтээс хамаарсан томъёогоор гишүүн орнууддаа жил бүр хуваарилдаг. Төв Банкны ханшийн зөрүүний орлогыг бараг бүх орнууд төсөвтөө хураан авч тэгшитгэдэг байна.

2012 оны дундуур ам.доллартай харьцах ханш 1300 төгрөг байсан бол одоо 1838 төгрөг болж 500 орчим төгрөгөөр нэмэгджээ. Энэ хооронд Монгол Банкинд байрших улсын валютын нөөц 1500 сая доллараас доошгүй хэмжээгээр хадгалагдаж ирсэн гэж үзвэл өнөөдрийн байдлаар ханшийн зөрүүний орлого наад зах нь 750 тэрбум төгрөг болох юм.

Мөнгөний хэт тэлсэн бодлого нь эдийн засгийг дэмжиж, уналтаас аварч байгаа гэсэн Монгол Банкны тайлбарыг зөв гэж үзвээс дээрх хоёр орлогыг Монгол Банкнаас нийтийн эрх ашгийн үүднээс төсөвт татан авах нь Монгол Банкны бодлогод нийцэж байгаа алхам болно. Олигархиудыг биш харин иргэд, мөн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж байгаагаараа энэ бодлого илүү оновчтой болох болов уу. Цаашид жил бүр Монгол Банкнаас ийм хэмжээгээр улсын төсөвт орлого дайчилдаг тогтолцоо бүрдүүлэх нь зүйтэй. Хяналтыг сайжруулах үүднээс төгрөгийн дэвсгэртийг АНУ-ын жишгээр Сангийн яам хариуцаж, харин гүйлгээнд гаргах тохиодолд Монгол Банк Сангийн яамнаас нүүр үнээр худалдан авч төсвийн орлого болгодог зарчимд шилжих нь илүү зөв алхам болж болох юм.

Эдийн засгийг эрчимжүүлэх, эрсдлээс зайлсхийх төсвийн бодлогыг макро эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой бодлогоор дэмжих үүднээс ойрын хэдэн жилийн хугацаанд Монгол Банк үнэ тогтворжуулах, томоохон зээл олгох чиглэлээр ямар нэгэн арга хэмжээ нэмж авахгүй байх нь зохистой. Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх талаар хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Мянган төгрөг хэмнэх гэж их ухаан зарах мөртлөө хэдэн тэрбумаар нь дэмий юманд үрэхдээ огтхон ч санаа зовдоггүй” гэж дарга нарыг саяхан шүүмжилсэн.

Энэхүү хөндлөнгийн саналыг тавихдаа бусдын нэгэнт ярьж хөөрч, санал гаргаж буйг давтахгүй байхыг хичээв. Төсөвтэй шууд холбоогүй, эдийн засгийн бусад асуудлууд, мега төслүүдийн асуудлыг хөндөхийг бодсонгүй. Гэхдээ “Нийгмийн даатгалын ерөнхий газар”-ын зардлын эх үүсвэр нь нийт шимтгэлийн орлогын 2 хувь байдаг, улсын төсвийн хөрөнгө оруулалтын 2 хувиар зураг төсөл болон барилга захиалагчдын зардал тооцогддог г.м. 90-ээд оны сүүлээр тогтоосон хувь хэмжээнүүд өнөөг хүртэл хэрэглэгдсээр байгаа нь зарчмын хувьд буруу бөгөөд эдгээр байгууллагын зардлыг төсвийн зарчмаар хянан тогтоож, зарлагаас давсан орлогыг улсын төсвийн орлого болгон дайчлан төвлөрүүлж байх талаар хэн ч ам нээхгүй байгаа тул үүнийг анхааруулах нь зайлшгүй хэрэгтэй санагдлаа.

Хэд гурван орон тоогоор хөөцөлдөж цаг үрж суухаар эрүүл мэнд, боловсролын төсвийн харилцаанд зоригтой шинэтгэл хийн, одоогийн зардал санхүүжүүлсэн тогтолцоог халж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дэмжих хөтөлбөрт суурилсан, үр дүнд чиглэсэн төсвийн шинэ харилцааг бүрдүүлэхэд цаашдаа анхаарах нь зүйтэй байна. Дээрх арга хэмжээг дагалдуулан “Өрийн удирдлагын тухай хууль”, “Ирээдүйн өв сан (баялгийн сан)-ийн тухай хууль”-уудыг ч мөн ойрын хугацаанд баталж, макро эдийн засгийн хариуцлагатай, ил тод удирдлагын тогтолцоо, загварыг бий болгон, тогтвортой хөгжлийн суурийг тавих зайлшгүй шаардлагатай байна. Энэхүү хөндлөнгийн саналыг илүүтэй сонирхсон хүмүүс Нобелийн шагналт, эдийн засагч Пол Кругманы нийтлэлийн тухай “Улс орон компанитай адилгүй”, Нобелийн шагналт, эдийн засагч Иосиф Штиглицийн “Штиглиц: Тэгш бус байдлын хор уршиг” гэсэн нийтлэлүүдийг www.news.mn сайтын архиваас олж уншиж болох юм. Бүгдээрээ хэлэлцвэл бүруугүй.

Л.ДАШДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Б.Чойжилсүрэн: Эхний ээлжинд бүсээ чангалъя

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй ярилцлаа.

-2015 оны төсвийн тодотголыг Засгийн газраас өргөн барилаа. Ямар байдлаар орж ирсэн байна вэ?

-Манай бүлэг нэгдүгээр сарын 5-нд хуралдаж,бүлгийн ажлын хэсгээбайгууллаа. Ахлагчаар нь намайг сонгосон. Гэхдээ ажлын хэсэг саналаа нэгтгээгүй учраас хувь гишүүнийхээ үүднээс ярья. Энэ бол манай намын байр суурь биш шүү.2015 оны төсвийн орлогыг үнэндээ зохиомлоор баталсан. Харин шинэ Засгийн газар байгуулагдаад төсвийн тодотголыг оруулаад ирлээ. 900 орчим тэрбум төгрөгийн таналт хийнэ. Ингээд ирэх онд эдийн засгийн өсөлтийг 7.1 хувьд барина гэсэн зорилт тавьж байгаа юм билээ. Магадгүй Сангийн яамгоомой хандчихав уу гэдэг бодол байна.

-Таналт багадсан гэж үү?

-Бага байна гэж үзэж байгаа.Засгийн газрын оруулж ирсэн таналтүнэндээ өөдрөг байна.Би зүүний үзэлтэй хүн. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдал биднийг зүүн, баруун гэж ялгаралгүйгээр ажиллахыгсануулаад байна.Тийм учраас хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэн төсөв батлах шаардлага тулгарлаа. 2014 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр манайд 800 гаруй сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж иржээ.Ийм байхад бид онцгой горимд шилжихээс өөр арга байхгүй.Манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 2017 он хүртэл өсөхгүй гэсэн прогноз байна. Тийм учраас бид валютын хомсдлоос гарахгүй байх магадлал өндөр байна шүү дээ.

-Тэгээд юу юу танахаар болчихов оо?

-Засгийн газраас өргөн барьсан төсөлд одонтой эхчүүдэд өгдөг мөнгийг зааг ялгаатай олгоё гэдэг санал орж ирсэн байна. Тэр нь юу гэсэн үг гэхээрбага хүүхэд нь 18 нас хүрсэн бол тэр ээжид одонгийн мөнгө олгохгүй байхаар тусгажээ. Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгоё гэж байна. 2015 онд 500 сая төгрөгөөс дээш санхүүжилт авах обьектуудын санхүүжилтийг хоёр дахин буулгахаар оруулж ирж. Энэ болхүнд шийдвэрүүд.Эдийн засаг хүндэрчихсэн үед өөр яах билээ. Гэхдэээнэ заалтуудыг тэр чигээр нь батлах уу, үгүй юу гэдгийг одоо хэлж мэдэхгүй.Хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдөж ч магадгүй.

-Зөвхөн иргэдийн гар дээр ирдэг мөнгийг хаслаа.Дарга нарын хэрэглээг танасангүй гэдэг шүүмжлэл байна. Үнэндээ бүсээ чангалахаас өөр аргагүй болсон болдээр, дооргүй л таналтад өртөх нь шударга байх.УИХ-ын гишүүн, сайд, дарга, яам, агентлагийнтүвшинд таналт хийж болохгүй юм уу?

-Танах ёстой.

-Жишээлбэл та УИХ-ын гишүүнийхээ хувьд ямар хэрэглээнээсээ татгалзаж чадах вэ?

-УИХ-ын гишүүд утасны төлбөр авахгүй байж болно. Бензин шутахуун, унааны мөнгө гэж шальтай юм байдаггүй юм. Гэхдээ түүнээс татгалзаж болжбайна. Би хувьдаататгалзахад бэлэн байна.Өөрзардлуудыг танаж болно.Дэд сайдгүй байсан ч яахав гэх мэтийнсаналууд гишүүдийн зүгээс гарч байна. Хүслээр болдог болэдийн засгийн хүнд нөхцөлд УИХ-ын гишүүд 2016 оны сонгууль байхгүй шүү гэж бодоод популизм хийхгүйгээр ажиллаж, хүнд байдлаас гармаар байгаа юм.

-Ийм саналуудыг танай намын бүлгээс оруулж ирэх юм байна гэж ойлголоо…

-Магадгүй. Гэхдээ ажлын хэсгийн гишүүд цуглаж хуралдаагүй байна. Мэдээж ийм саналууд гаргахын тулд холбогдох яам тамгын газруудаас судалгаа авна л даа.

-Төсвийн тодотголыг дагалдаад хоёр төрлийн татвар шинээр бий болго­хоор хуулийнтөсөл боловс­руулжээ. Энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Хуучин автотээврийн хэрэгслийн татвар гэж байсан. Үл хөдлөх хөрөнгө, малын хөлийн, бууны татварыг нийлүүлээд ийм томъёололд оруулж байгаа юм байна. Дээд босгыг нь интервалтай тогтооно гэнэ. Жишээ нь үл хөдлөх хөрөнгийн татвар хоёр хувь байсан бол одоо гурав хүртэл хувь байж болно гэдэг байдлаар оруулж иржээ. Бууны татварыг нэмэх нь. Нэг толгой малаас мянга хүртэлх төгрөгийн татвар авахаар төсөлд тусгажээ. Дээрээс нь нийслэл хотын албан татвар гэдэг юм байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүн борлуулалтын үнийн дүнгийнхээ нэг хүртэл хувийг татварт өгөхөөр тусгажээ. Энэ нь инфляцийг хөөргөхөд нөлөөлнө. Тиймээс би хувьдаа энэ татваруудыгдэмжихгүй байна.Татварыг нэмж болно, багасгаж болно. Огт хөдөлгөхгүй ч байсан болно. Гэхдээ ийм хүндрэлийн үед татвар нэмж хямралаас гарч байсан жишээ дэлхийд ховор шүү.

-Татвар нэмж орлогоо өсгөхгээд байгаа байх л даа…

-Ийм татвар бий болгосноор төсөв ямар хэмжээний хөрөнгө төвлөрөх юм гэдэг зарцуулалтыг нь хийгээгүй орхисон байна. Тэгэхээр энэ татваруудыг батлахгүй байхад төсөвт ямар нэгэн нөлөө байхгүй. Тийм учраас эсэргүүцэж байна. Засгийн газраас оруулж ирсэн төсөлд нэг дэвшилттэй зүйл бий. Тэр нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төслүүдийг төсөвт суулгаж байна.

-Өрийн таазыг 70 хувьд хүргэх саналыг МАНдэмжиж байгаа юм шиг байна.Танай намынхан өрийн босгыг хэзээ ч нэмүүлэхгүй гээд өмнөх засгийн үед гэдийсэн. Одоо харах нь ээ, улс орноо бодсондоо биш засагт орохын тулд тэгж барьцаалж байжээ гэж бодогдохоор байна…

-Тийм зүйл байхгүй ээ. Даваа гаригт болсон манай бүлгийн хуралдааны уур амьсгалыг харахад гишүүд бараг бүгдээрээ өрийн таазыг нэмэгдүүлэхийн эсрэг байна лээ.

Хэрэв манай нам өрийн таазыг нэмэхгүй гэдэг байр сууриа хадгалбал УИХ дээр энэ санал дэмжигдэхгүй байх бололцоо бий. Яагаад гэвэл энэ асуудлыг УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын саналаар шийддэг шүү дээ.

Зээл авбал түр зуурын амь тариа л хийнэ. Түүнээс биш эдийн засаг бүрмөсөн сэргэхгүй шүү дээ. Өнөөдөр өрийн таазыг ДНБ-ий 40 хувьд барина гэсэн хуулийн заалттай.Харамсалтай нь өмнөх Засгийн газрын үед Чингэс, Самурай зэрэг бонд гаргасан учраас өнөөдөр Монгол Улсын өрийн хэмжээ хуулиасаа хэтрээд 55 хувьд хүрчихээд байна. Нэгэнт ийм байдал үүсчихсэн учраасөрийн таазыг нэмнэ гээд байгаа бол хуульдаа өөрчлөлт оруулаад өрийн босгыг ДНБ-ий 55 хувьд нь барьчихъя. Үүнээс цааш нэмж зээл авч, өрийн таазыг 70 хувьд хүргэх шаардлагагүй гэдэг асуудал байж болох юм.

2017 онд байдал хүндэрнэ гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Яагаад гэвэл бондын өрийг төлж эхэлнэ. Дампуурлын байдалд хүрч болзошгүй. Одоо жаахан мөнгө орж ирдэг юм бол доллар оруулж ирдэг, оруулсан хөрөнгөө нөхдөг төслүүдэд зарцуулах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг барьж,замтавих нь буруу биш. Гэхдээ үүнийг зээлийн мөнгөөр бий болгож болохгүй. Үүнийгээ ухамсарлаж, алдаагаа засах ёстой.Одоо байгаа 55 хувьд нь барьчихъя. Нэмж зээл аваад яах юм. Нэгэнт хууль зөрчсөн байдалд хүрчихсэн учраас 55 хувьд нь хүргээд хуулиа өөрчилье. Үүнээс цааш нэмж зээл авахгүй гээд байгаа юм.

-Мэдээж танай нам хүлээн зөвшөөрсөн учраас хамтарсан Засгийн газар нь өрийн таазыг нэмэгдүүлэх тухай төслөө өргөн барьсан байх…

-Засгийн газрын гишүүдийн зургаа нь л Ардын намынх. Тиймээс Ардын намын бодлогыг хэрэгжүүлэх боломж хомс шүү дээ.

-Ардын нам эрх баригч болчихсон. Тиймээс танай намынханд шаардах эрх байхгүй, ажил хийх үүрэг л оногдсон гэж ойлгоод байгаа…

-Засгийн газар байгуулагдаад удаагүй байна. Мэдээж тодорхой саналууд гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө явна шүү дээ.

-Та бол зүгээр л танах хэрэгтэй гээд байна.Тэгвэлтаны яриад байгаа ажлуудыг хийхийн тулд мөнгө хэрэгтэй. Энэ мөнгийгзээл авахгүйгээр яаж олох юм бэ?

-Хамгийн амар байдлаас асуудлыг шийдэхийн тулд зээл авахаа л яриад байх юм.Манай зээлжих зэрэглэл муудсан учраас бага хүүтэй зээл ч олдохгүй шүү дээ. Үүний оронд гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Импортоо багасгаж, дотооддоо орлох бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх хэрэгтэй.Валютын хомсдлоос гарах нь чухал байна. Энэ чиглэлд юу хийхээ шийдлийн Засгийн газар танилцуулах хэрэгтэй.Эхний ээлжинд бүсээ чангалъя. Бодит байдалтайгаа эвлэрч таналт хийх хэрэгтэй.Та нарын мөнгөтэй, мөнгөгүй бид амьдарч чадна гэдэг мессежийг гадныханд өгье. Монголдвалют болж үлдэх бүх зүйлээ экспортод гаргая. Түүхий эд, боловсруулсан бүтээгдэхүүн гээд юу байдаг юм тэр бүгдээ гаргаж, хөрөнгө оруулалтыг татъя.Хамаагүй нэг ам.долларыг дөрөв, таван ам.доллар болгож өсгөх төслүүд хэрэгжүүлнэ гэвэл бонд гаргахыг зөвшөөрөхийг үгүйсгэхгүй.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

“CEO” коллеж шинэ элсэлтээ авч эхэллээ

Categories
мэдээ цаг-үе

Гурван сая дахь иргэнийг газар нутгийн байршил үл хамааруулан тодруулна

Гурван сая дахь иргэнийг тодруулах, алдаршуулах талаар ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын гурван сая дахь иргэнийг угтах бэлтгэлийг хангах Хамтарсан ажлын хэсгийн дарга Б.Отгонжаргалаас зарим тодруулгыг авлаа.

-Ойрын өдрүүдэд Мон­гол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулна гэсэн яриа их гарч байна. Монгол Улсын гурван сая дахь иргэнийг угтан авах бэлтгэл ажил хэр хангагдсан бэ?

-Манай улс нь хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлдэг бөгөөд хүн ам өсөн нэмэгдэж 3 саяд хүрэх нь цөөхөн хүн амтай манай улсын хувьд тэмдэглүүштэй үйл явдал мөн. Иймд Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлж, алдаршуулахад чухал ач холбогдол өгч энэхүү ажлыг улс даяар удирдан зохион байгуулах үүрэг бүхий комиссыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар захирамжаар, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан тушаалаар тус тус байгуулж ажилласан. Юуны өмнө Монгол Улсын гурван сая дахь иргэнийг ЭРҮҮЛ ЭСЭН МЭНД хүлээн авахад гол анхаарлаа хандуулсан. Эрүүл мэндийн салбараас эх нярайг эрүүл төрүүлэх, төрөлтийг зөв удирдах, эх барих, нярайн чиглэлээр зохих сургалтуудыг зохион байгууллаа. Эх барих эмэгтэйчүүдийн эмч нарыг жирэмсний үеийн, төрөлтийн үеийн, төрсний дараах үеийн эмнэлэгийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаарх шатчилсан сургалтуудад хамруулсан. Тэднийг ажлын байран дээр нь нарийн мэргэшлийн эмч нарын удирдлагын дор мэргэшүүлсэн. Эх барих, нярайн тасгуудад зохих техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, эмнэлгийн ажилтнуудын үйл ажиллагааг ил тод байлгах, хяналтыг сайжруулах, ёс зүй, хариуц­лагыг өндөржүүлэх үүднээс камержуулж, одоогоор эх барих, нярайн өрөөний 50 хувь нь камержсан байна. Түүнчлэн бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулах журмыг боловсруулж, гурван сая дахь иргэнийг алдаршууланурамшуулах, тэтгэмжийн арга хэмжээ, хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүллээ.

-Монгол Улсын гурван сая дахь иргэнийг яг хэдий­гээр тодруулах бол? Өмнө нь Монгол Улсын хүн амыг нэг сая, хоёр сая болоход тодруулж байсан уу?

-Энэ шинэ ажил бишээ. Монгол Улс 1962 оны 10 дугаар сард 1 сая, 1988 оны 7 дугаар сард 2 сая хүн амтай болсон гэж тэмдэглэгдэн үлдсэн нь сая сая дахь иргэнийг тодруулж байсныг гэрчилж байна. Харин ГУРВАН САЯ дахь иргэн2015 оны 1 дүгээр сард төрөхөөр байгаа.

-Гурван сая дахь иргэ­нийг хэрхэн тодруулах вэ?

-Монгол Улсын ГУРВАН САЯ дахь иргэнийг Үндэсний статистикийн хорооны даргын 2014 оны А/162 дугаар тушаалаар баталсан “Монгол Улсын гурвансая дахь иргэнийг тодруулах журам”-ын дагуу тодруулна.

-Хэдэн иргэнийг гурван сая дахь иргэнээр өргөмжлөх вэ?

-Монгол Улсын гурвансая дахь иргэн нэг хүүхэд байна. Харин гурвансая дахь иргэн мэндэлсэн тухайн өдөр төрсөн хүүхдүүдийгтүүний чацуутан гэж үзнэ.

-Гурвансая дахь иргэ­нийг аймаг,хотын хаана тодруулах бол. Энэ талаар танилцуулахгүй юу?

-Бидний баримтлах журмаар энэ оны эхнээс мэндэлсэн хугацаагаар нь дараалуулсан Монгол Улсын харьяат хүүхдүүдийн жагсаалт, тухайн хугацаанд ногдох нас баралтыг тооцон Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулна. Энэ нь Монгол Улсын харьяат хүүхдийг газар нутгийн байршлаас үл хамааран тодруулна гэсэн үг юм.

-Тэгвэл гадаадад төрсөн Монгол хүүхэд Монгол Ул­сын гурван сая дахь иргэ­нээр тодорч болно гэсэн үг үү?

-Тиймээ. Хэрэв Монгол Улсын иргэн гадаадад төрсөн бол түүний мэдээллийг батлагдсан маягтаар зөвхөн тухайн өдөрт багтаан бүртгэж, графикт хугацаанд ирүүлсэн баримтыг үндэслэн тооцно гэж журамд заасан байгаа.

-Гурван сая дахь иргэнийг хэрхэн алдаршуулж,ямар урамшуулал үзүүлэх вэ?

-Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тус тус алдар­шуулна. Гурван сая дахь иргэн, түүний чацуутнуудад батламж, тэмдэг гардуулна. “Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулах, алдаршуулах тухай” Засгийн газрын 2014 оны 400 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын гурван сая дахь иргэнийг 70,0 /далан/ саяхүртэл төгрөгийнүнэтэй орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнана. Харин Монгол Улсын гурван сая дахь иргэний тухайн өдөр төрсөн чацуутнуудад 3/гурван/ сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгон, алдаршуулах арга хэмжээ авна. Энэхүү арга хэмжээнд ойролцоогоор 250 гаруй хүүхэд хамрагдах болов уу гэж тооцож байна. Түүнчлэн уг тогтоолоор Монгол Улсын гурван сая дахь иргэний мэндэлсэн цаг хугацаанд хамгийн ойр мэндэлсэн нэг чацуутанг 70,0 /далан/ сая хүртэл төгрөгийн үнэтэй орон сууц буюу түүн­тэй тэнцэх хэмжээниймөн­гөн шагналаар шагнах, АЛДАРШУУЛАХ ажлыг орон нутагтаа зохион байгуулахыгаймаг, нийслэлийн дүүргийн Засаг дарга нарт зөвшөөрсөн байгаа.

-Гурван сая дахь иргэн орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, 3 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг хоёуланг нь нь авах уу?

-Үгүй. Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутнуудад олгох 3 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг орон сууцбуюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналтай давхардуулан олгохгүй.

-Таны ярианаас бидМонгол Улсын гурван сая дахь иргэнийг угтахад бэлэн гэж ойлгож болох уу?

-Бид Монгол Улсын гурван сая дахь иргэнийг эсэн мэнд өлгийдөн авах бэлтгэл ажлыг үнд­сэндээ хангасан. Энэ ажилд эрүүл мэндийн салбар, ста­­тис­тикийн ажилтнууд, хол­­богдох бүх шатны бай­гуул­лагын удирдлага, ажилт­нууд идэвхтэйажиллаж байна.

Б.НЯМДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

ШУА-ийнхан 500 мянган төгрөгийн тэтгэмжээсээ салахгүйн тулд хөгжлөөс ухарч байна

-ШИНЖЛЭХ УХААНАА АШИГЛАХ, ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦЭЖ ХӨГЖИХ САНААЧИЛГЫГ ЭМЗЭГ БҮЛГИЙНХЭН ШИГ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА НЬ АРЧААГҮЙ ХЭРЭГ

МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн секторын эрхлэгч, профессор С.Буднямтай ярилцлаа.

Математикийн хүрээлэн МУИС-ийн харьяанд очоод багагүй хугацаа өнгөрсөн. Танай хүрээлэнг их сургуулийн бөөрөнд очоод ажиллахаа больсон гэж ярих эрдэмтэд байна. Үнэн үү?

-Тийм сонин, худлаа мэдээллийг УИХ-ын зарим гишүүн, Шинжлэх ухааны академи (ШУА)-ийнхан ярих боллоо. Тэд ийм утгагүй зүйл ярьсныхаа төлөө уучлал гуйх ёстой. Математикийн хүрээлэн өнгөрсөн жил 40 жилийнхээ ойг тэмдэглэлээ. Манайх 1997 онд МУИС-ийн харьяанд очсон шүү дээ. Хуучин класик чиглэлээр хөгжиж байсан бол орчин үед шинэ салбаруудаар эрчимтэй хөгжиж байна. Англи, Япон, АНУ-д сурч ирсэн залуус энд ажиллаж, залуу боловсон хүчнээр байнга сэлгэгдэж байгаа. Хүрээлэнгийн захирал, профессор Р.Энхбат Төрийн шагнал хүртлээ. Академич Т.Жанлав Дубна дахь Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтийн хүндэт доктор боллоо. О.Чулуунбаатар доктор Дубнад секторын эрхлэгч хийж байна. Ч.Алтаннар АНУ-д доктороо хамгаалаад Англид ажиллаж байгаад ирлээ. Өнгөрсөн жилийн шилдэг бүтээлийн шагналыг хоёр ч залуу авлаа. Гадаад, дотоодод үнэлэгдэж байгаа хамт олныг ингэж үгүйсгэсэнд харамсч байна.

Танай хүрээлэн Их сургуулийн харъяанд очоод эерэг өөрчлөлт гарсан уу?

-Шилжилтийн үед ШУА-аас салгаж байсан учраас нэг үе боловсон хүчин, гадаад харилцаа доголдсон нь үнэн. Харин сүүлийн жилүүдэд доголдлоо нөхөж, үйл ажиллагаа сайжирсан. Их сургуулийн дэргэд байгаа учраас залуу боловсон хүчнээр байнга нөхөгдөж, тэр хэрээр хөгжижбайна. Багшилж байгаа залуучуудаас сонгох, тэднийгээ гадаадад сургаж авахад ойр байдаг. Ахмад эрдэмтэд мэдлэгээ залуу үед дамжуулдаг. Ингэж эргэх холбоотой, цусаа сэлбэж хөгждөгийг олон улсын жишиг харуулж байна. Багш хүн өөрөө эрдэмтэн байх учиртай. Барууны “профессор, оюутан” гэдэг нь өөрөө шинжлэх ухааныг хөгжүүлэх сонгомол загвар шүү дээ.

Их сургуулиудаас тасарчихсан академид энэ бол боломжгүй, удирдлагууд нь ч хүн сургах гэдгийг мартчихсан. Тийм ч учраас ШУА өнөөдөр маш хүнд байдалд орчихсон.

Их сургуулиудын харъяанд эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвүүд байх нь оюутнуудад ч ашигтай болов уу. Олон улсын нэр хүндтэй сургуулиуд ийм жишгээр хөгждөг.

-Чанартай боловсон хүчин бэлтгэгдэх үндэс нь болж байгаа юм. Барууны сургуулиудын харьяанд биеэ даасан судалгаа хийдэг төвүүд бий. АНУ-ын Харвард, Калифорнийн Технологийн их сургууль гэх мэт сургуулиуд дотроо том лобараторитой. Тэнд ажиллаж байгаа эрдэмтэд нээлт хийгээд Нобелийн шагнал аваад байна шүү дээ.

Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг их сургуулийн харьяанд өгнө гэсэн Ерөнхий сайдын саналыг ШУА-ийнхан эсэргүүцэж, жагсаал хүртэл хийсэн. Ер нь олон улсын жишиг ямар байдаг юм бэ?

-Хуучин социалист, социализмын чиглэлтэй орнуудын шинжлэх ухааны хөгжил хоцрогдсон шалтгаан нь их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн хоёрыг эртнээс салгасанд байгаа юм. Манайх ОХУ-ын загварыг авч хэрэглэсэн шүү дээ. Петр-I хааны байгуулсан академид гаднаас уригдаж ирсэн хүмүүстэй нь Ломоносов муудалцаад тусдаа их сургуулиа байгуулж байсан түүхтэй. Түүнээс хойш Орост их сургууль, академи хоёр 300 гаруй жилийн турш салангид байсан түүх бий. Харин их сургууль төвтэй шинжлэх ухааны загварыг Германы Гумболд бий болгосон. Тэр хүн шинжлэх ухаан бол их сургуульд төвлөрсөн байх ёстой гэдгийг тодорхойлж өгснөөрөө ач холбогдолтой. XX зууны эхэн, дунд үед Германы том мэргэжилтнүүд их сургуульдаа байсан. Шинжлэх ухаан нь ч дэлхийд тэргүүлэх байр суурьтай болсон. Харин дэлхийн II дайнаас болж Германы олонхи том эрдэмтэд нь Америк руу гарч, дэлхийн шинжлэх ухаанд тэргүүлэх байр сууриа алдсан л даа. Ер нь их сургуулийг түшиглэж хөгжсөн шинжлэх ухаан хамгийн өгөөжтэй, сонгомол загвар гэдгийг олон улсын жишээ харуулж байна. Техникийн хувьсгал, нийгмийн бүх л өөрчлөлт шинжлэх ухаантай холбоотой. Шинжлэх ухааны том том нээлтүүд хүн төрөлхтөнд дэвшлийг авч ирдэг. Харин тэр дэвшлийг хэн хурдан хүлээн авч, улс орныхоо хөгжилд ашиглаж байгаа нь бусдаасаа тэргүүлж байна. Шинжлэх ухааныг төр, эдийн засгийн бодлогодоо зөв тусгаж байгаа улс хөгжиж чадаж байна шүү дээ. Газар нутаг багатай, хүн ам цөөтэй Сингапурын хурдтай хөгжлийг цогцлоогч Ли Куан Ю “Хөгжил бол ард түмний толгойтой холбоотой. Ард түмний ухамсарт юу байгаа нь хөгжлийн хөшүүрэг байх ёстой” гэж тийм бодлогоор улсаа хөгжүүлсэн шүү дээ.

Барууны орнууд их сургуульдаа түшиглэн шинжлэх ухаанаа хөгжүүлдэг юм байна. Харин социалист байсан орнуудад ямар өөрчлөлт гарсан бэ?

-Бид шилжиж байгаа нийгмээ муу мэдэрч, өнгөрсөн 25 жилийн турш ихэнх асуудлыг туршилтын байдлаар шийдлээ. Харин одоо өнгөрсөндөө дүгнэлт хийж хөгжлийн гарц нь сайн боловсролтой иргэд, шинжлэх ухааныг хүлээж авдаг чадавхитай болох ёстой. Инженер, эрдэмтэд, зохион бүтээгчид ийм чадвартай байвал дэлхийн шинжлэх ухаанд гарч байгаа том том нээлтийг хүлээж авах чадвартай, бэлэн байна шүү дээ. Өмнө нь газар, хөдөлмөр, байгалийн баялаг эдийн засгийн хөгжлийн хүчин зүйл байсан бол одоо хүний оюуны багтаамж шингэсэн технологи, бүтээгдэхүүн хөгжлийн тулгуур болж байна. Хуучин социалист орнууд үүнийг мэдрээд бүгд шинжлэх ухааны хуучин менежментээ өөрчилсөн. ОХУ-ын эрдэмтдийн нээлт дэлхийн шинжлэх ухааныг тэтгэж байлаа. Харамсалтай нь шилжилтийн үед үүргээ шинэ нөхцөлтэй уялдуулж чадаагүй. Тиймээс өнгөрсөн жил дээрээс нь Шинжлэх ухааны хүрээлэнг татан буулгаж “Та нар эрдэмтдийн клуб. Бид та бүхнээс зөвлөгөө авна. Та нар их, дээд сургуулийн судалгаанд дүгнэлт хийж, дэлхийн шинжлэх ухааны хөгжлийн чиглэлийг нөхцөл байдалдаа тохируул” гэдэг чиглэлийг өгчихсөн.

Манай загвар болсон ОХУ өөрчлөлтийг хийчихэж гэж ойлголоо. Харин манай эрдэмтэд яагаад энэ өөрчлөлтийг хүлээж авахгүй гээд эсэргүүцээд байгаа юм бол?

-Үе, үеийн Засгийн газар зохицуулалт хийхийг оролдсон. Харин ШУА-ийнхан өөрийгөө хамгаалаад, социализмын үеийнхээ нэрийг ашиглаад өөрсдийгөө бөөцийлж байсан хэрэг. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн санаачилга үнэндээ мөнгө хэмнэх, эдийн засгийн хямралтай ямар ч холбоогүй. Харин хөгжилд нийцүүлж боловсрол, шинжлэх ухааныг ашиглах хэрэгцээ гарсан учраас олон улсын жишигт нийцүүлэхийг зорьсон. Нүүрс, зэсээ зарсан эдийн засгийн өсөлт чанарынх биш хөөсөн байж гэдгийг хүлээн зөвшөөрч зөв гольдиролд оруулах гэсэн бодлого гэж ойлгож байгаа. Гэтэл энэ саналыг хямралтай холбож эмзэг бүлгийнхэн шиг хүлээж авч байгаа нь арчаагүй хэрэг. Харин ч ШУА-ийнхан өөрсдөө “Таны санал зөв байна. Бид ийм байдлаар хүчээ нэгтгэж эдийн засгийг өөрчлөхөд шаардлагатай судалгаа хийж ажиллах хэрэгтэй” гэдэг санал гаргаж, Засгийн газрын дэмжлэгийг авах ёстой байсан. Ерөнхий сайд энэ ажлаа хөгжлийн нөөц гэдэг талаас нь шийдвэртэй хийгээсэй гэж хүсч байна. Үүний тулд ШУА-ийн хүрээлэнгүүдийг БСШУ-ны яамандаа авах ёстой. ШУА-ийн 64 гишүүний сар бүр авдаг 500 мянган төгрөгийг хасах хэрэгтэй. Тэдэнд ямар агуулгаар тэтгэлэг өгч байгаа нь ойлгомжгүй. Дэлхийд хоёрхон улс академийнхаа гишүүдэд тэтгэлэг өгдөг. Манайх тийм баян улс биш. Жилд 400 гаруй сая төгрөгийг ШУА-ийн гишүүдэд тэтгэлэг болгон өгч байна. Гишүүд нь энэ тэтгэлгийнхээ хажуугаар цалин, тэтгэврээ бас авна.

Тэгвэл ШУА-ийн гишүүд 500 мянган төгрөгийн тэтгэмжтэйгээ үлдэхийн тулд эсэргүүцээд байна уу. Эсвэл ажилгүй болохоос айгаад байгаа хэрэг үү?

-500 мянган төгрөгөөсөө салчихна гэж айж байна. Бас их сургуульд очоод юу зааж, юу сургаж чадах вэ гэдэг нь толгойны өвчин болчихож. Бэлэн болсон зүйл дээр гарын үсэг зурах, зөвлөгөө өгөх нь их сургуульд ажиллахаас огт өөр. Их сургууль дээр оюутнууд тэднийг зүгээр суулгахгүй. ШУА-ийн гишүүдийн олонхи нь их сургуульд багшилж үзээгүй, оюутнуудад уншчих лекц бичээгүй, сургалтын системээсээ тасарчихсан хүмүүс.

Эрдэмтэд 500 мянган төгрөгийн тэтгэмжтэйгээ үлдэхийн тулд тэмцэж байна гэхэд өрөвдөлтэй санагдаж байна. Олон улсад эрдэмтэд бизнес эрхлэгчдэд мэдлэгээ зардаг, хамгийн орлоготой хүмүүс байдаг шүү дээ. Манайд тийм боломж байхгүй юу?

-Ажиллаж чадвал тийм боломж байгаа. Дэлхийн зах зээлд өрсөлдөхийн тулд компаниуд шинжлэх ухааны бодлого боловсруулдаг төвүүдтэй байх шаардлага гарч байна. Шинэ технологи, патентийн мэдээллийг судалж, дүгнэлт хийн бизнестээ ашиглах шаардлага гарчихаад байна. АНУ-д инновацийн менежер ажиллаж байна. Нэг судлаачид есөн менежер ажиллаж байна шүү дээ. Үүний хүчинд технологийн шинэчлэлээ цаг алдалгүй хийж чадаж байна. Манай бизнес эрхлэгчид энэ тал дээр дутуу ажиллаж байгаа учраас бүтээгдэхүүн нь өрсөлдөх чадваргүй байгаа хэрэг. Хөдөө аж ахуй, эрдэс баялгаа боловсруулах үйлдвэр хөгжүүлэхэд эрдэмтдээ ашиглах хэрэгтэй. Газ гаргах, коксжуулах технологи дээр хөрөнгө оруулагчидтай хатуу тохирвол хөгжил ойр байна.

Эрдэмтэд оюутнуудаа ашиглаад өөрийнхөө онолыг хөгжүүлэх боломж байгаа. Технологитой холбоотой судалгаа хийдэг эрдэмтэн бизнес эрхлэгчдийг өөртөө татах шинэ санаа гаргавал тэтгэмж байтугай мөнгө олно. Барууны зарчим ийм. Эрдэмтэн судалгаагаа л хийнэ. Шинжлэх ухааны нээлт бүх нийтийн хүртээл. Тэр технологийг дамжуулж, өөртөө нутагшуулах чадвар өндөртэй нь хөгжиж байна шүү дээ. Шинжлэх ухааны хүрээлэнгүүд цусаа сэлбэж, дэлхийн нээлтийг нутагшуулбал хөгжил аяндаа ирнэ.

Эрдэм шинжилгээний байгууллагуудыг их сургуулиудад шилжүүлбэл хэр хугацаа хэрэгтэй бол?

-Их сургуулиудад бие даасан төвүүдийг яаж байршуулж, хөгжүүлэх вэ гэдэг загвараа гаргана. Дараа нь ШУА-ийн хүрээлэнгүүдийг хаана нь байршуулах шийдвэрээ гаргах ёстой. Төрийн статуст авсны дараа алийг нь их сургуульд аажмаар өгөх вэ, алийг тусад нь байлгах вэ гэдгийг шийдэх учиртай. Түүнээс их сургууль руу шууд механикаар хийж болохгүй шүү дээ. УИХ-ын зарим гишүүн “Их сургууль чинь 17 настай “охин”. Ийм байхад юм нэмж “жирэмслүүлэх” хэрэг байна уу” гэж ярьсан гэнэ лээ. Их сургууль дотор шинжлэх ухааны төвүүдийг бойжуулах гэж байгаа бол эхлээд бэлтгэж байгаа мэргэжилтнүүд нь эргээд төвөө тэжээх байдлыг харгалзах ёстой. Энэ бүхэнд гурван жилийн хугацаа хэрэгтэй болов уу. Засгийн газрын хугацаанд амжихгүй гээд битгий орхиосой гэж хүсч байна. Үндсэн хуульд шинжлэх ухааны бодлого, хөгжлийг Засгийн газар хэрэгжүүлэх тухай тодорхой заачихсан. Үүнийгээ хийг л дээ. Шинжлэх ухааны салбарт олонхиороо асуудлыг шийддэггүй. Хэн зөв сэтгэж, хэн онол гаргаж байгаа нь хүлээн зөвшөөрөгддөг. Санал хураалтаар, эсвэл хэсэг улстөрчдийг худалдаж авах замаар хийгддэггүй. Ардчилал нь тэргүүлж байгаа цөөнхдөө байдаг. Түүнийг хүлээж авах нь ёс зүйн асуудал.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Шинжлэх ухааны байгууллагыг их сургуультай нэгтгэх нь салбараа үгүй хийх эрсдэлтэй

Монголын шинжлэх ухааны байгууллагуудыг татан буулгаж их сургуулиудын харьяанд шилжүүлэх талаарх Засгийн газрын тэргүүний мэдэгдлийг эсэргүүцэн, шинжлэх ухааны академийн ажилтнууд өнгөрсөн долоо хоногт Чингисийн талбайд жагссан билээ. Улс орны эдийн засаг хүндхэн байгаа өнөө үед улсын төсвийн орлого их наядаар тасарсан учраас ШУА-ийг татан буулгаж, төсөв хэмнэх гэж байгаа гэвэл эндүүрэл гэдгийг жагсагчид хэлж байсан билээ. Өөрөөр хэлбэл энэ онд БШУЯ-ны төсвийг танаагүй атал сайд Л.Гантөмөр бүтцийн өөрчлөлт хийх нэрийдлээр зөвхөн шинжлэх ухаанд зарцуулах ёстой хөрөнгийг танах гэж байна гэдгээ тэд жагсаалын үеэр онцолж байсан юм.

ШУА-ийнхан их сургуультай нэгдэлгүй, тусдаа үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэж байгаа бөгөөд дэлхийн өндөр хөгжилтэй улс орны жишиг ч ийм гэдгийг хэлж байгаа юм. ШУА-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, академич Т.Галбаатартай энэ талаар ярилцлаа.

Шинжлэх ухааны академийг дэлхийд байхгүй нүсэр бүтэцтэй хэмээн сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэх боллоо. Энэ хэр бодитой вэ?

– Шинжлэх ухааны академи Европын сэргэн мандалтын үед буюу XVII-XVIII зууны үеээс эхтэй. Тэдгээрээс Германы Леополдын ШУА, Английн хааны нийгэмлэг, Оросын ШУА зэрэг байгууллагууд одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулахдаа бүтэц, орон тоогоо өөрчлөөгүй. Өөрөөр хэлбэл бүхий л цаг үед шалгагдсан сонгодог бүтэц байхгүй юу. Түүнчлэн Европ, Америк, Азийн улс орнууд оюуны хөгжлийн тодорхой үе шатанд хүрсэн үедээ буюу XIX-XX зуунд Шинжлэх ухааны академи гэдэг байгууллага байгуулсан түүхтэй. Тухайлбал Голланд1808 онд, Австри 1847 онд, АНУ 1863 онд, Хятад 1926 онд тус тус ШУА-аа байгуулсан.

Харин манай орны хувьд 1924 онд ШУА-аа Судар бичгийн хүрээлэн нэртэйгээр байгуулж, ” … энэхүү хүрээлэн нь ирээдүйд бүх шинжлэх ухаан болон урлагийг хамарсан Шинжлэх ухааны академи болох буй заа” гэж хүртэл үүрэг чиглэлийг нь тодорхойлж өгсөн байдаг. Гэхдээ үүнээс өмнө Монгол орон харанхуй, бүдүүлэг байсан юм биш. Тэгж яривал аугаа түүхт Монголын ард түмэн ихээхэн оюунлаг учраас хэдэн зууны өмнөөс буюу Их Монгол Улсын үед ч эрдэмтдийн байгууллагатай байсан. Нью Йоркийн Колумбийн их сургуулийн нэрт монголч эрдэмтэн Мoррис Россаби Хубилай хааны намтрыг олон жил судалсан. Тэрээр Хубилай хаан 1275 онд “Мэргэдийн хүрээлэн” гэдэг байгууллагыг байгуулсан тухай “Хубилай хаан” бүтээлдээ тусгасан. Тэр ч бүү хэл, тэрхүү академийнзарим гишүүдийн нэрийг ч мэднэ гэж Россаби хэлсэн удаатай. Тэгэхээрманай ард түмэн эрдэм мэдлэгийг эртнээс дээдэлж ирсэн уламжлалтай юм шүү.

Тэгэхээр Шинжлэх ухааны академи гэдэг нь хойд хөршийн хэдэн арван жилийн өмнөх буюу социализмын үеийн бүтэц гэдэг нь ташаа болж таарах нь ээ дээ?

-Юуных нь социализмын үеийн бүтэц байх билээ дээ. Интернетийн тусламжтайгаар өнөө цагт ямар ч мэдээллийг олж авахад их хялбар болчихсон. Хуучны Зөвлөлт Холбоот улс, тэр байтугай социализм гэдэг үг бидний үгийн санд орж ирэхээс хавьгүй өмнө буюу Шинжлэх ухааны академиуд байгуулагдаж байж шүү дээ. Үүнийг мэдэхгүй хүн байна гэхэд нэг л итгэж өгөхгүй л байна шүү.

Шинжлэх ухааны академи нь судалгааны хүрээлэнгүүдтэй байх нь мөн л Зөвлөлт маягийн буюу хуучны бүтэц учраас их дээд сургуулиудтай нэгтгэх замаар шинэчлэх хэрэгтэй гэцгээх болсон. Энэ тал дээр?

-Ухаандаа ШУА-ийн хүрээлэнгүүдийг их сургуулиудтай нэгтгэх нь хуучин хэв маягийг халж, орчин үеийн сонгодог бүтэц рүү шилжүүлж байна гэх гээд байх шиг байна. Энэ ч бас үндэслэлгүй худлаа юм л даа. Өнөөдөр дэлхий дахинаа эгнээндээ судалгааны хүрээлэнтэй ШУА байхад хүрээлэнгүй нь ч бий. Тухайлбал Европын 40 гаруй улсын ШУА-уудыг нэгтгэсэн холбоо байдаг юм. Тэдгээрийн талаас илүү нь судалгааны хүрээлэнгүй бол бусдад нь бий. Зүүн Европын хуучин социалист гэгдэж байсан орнууд болох Чех, Словак, Польш, Унгарт тус бүр 50 гаруй хүрээлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бол Австри, Голланд, Швед зэрэг өндөр хөгжилтэй орнууд тус бүр арав гаруй шинжлэх ухааны хүрээлэнтэй. Тэгэхээр ШУА нь хүрээлэнтэй байх нь Зөвлөлт засаг, социализмтай ямар ч холбоогүй, зөвхөн уламжлалын асуудал юм.

Барууны өндөр хөгжилтэй орнуудад ШУА-ийг байгуулж, хөгжүүлэх бус зөвхөн их сургуульд л шинжлэх ухааныг хөгжүүлдэг болсон юм биш үү?

-Энэ бол бас л өрөөсгөл ойлголт. Жишээлбэл АНУ-ын Холбооны төсвөөс ШУ-ны судалгаанд зарцуулж буй хөрөнгийн дийлэнх хэсэг нь их сургуулиас гадуурх судалгаанд зарцуулагддаг. Америкт Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн гэж 20 гаруй хүрээлэнгээс бүрдсэн судалгааны газар бий. Японд мөн л ШУ-ны үндэсний хүрээлэнгүүд байдаг бол Германд 80-аад хүрээлэнгээс бүрдэх Макс Планкийн, Лайбницийн, Хельмхолцын, Фраунхоферын зэрэг хэд хэдэн нийгэмлэг бий. Францын CNRS 80 хүрээлэнтэй бол Италийн CNR 100-аад хүрээлэнтэй. Эдгээр хүрээлэнгүүдийн үндсэн зорилго нь зөвхөн судалгаа хийх. Товчхондоо бол барууны орнуудад их дээд сургуулиудаас гадна ШУА, Төв лаборатори, хүрээлэн, нийгэмлэгүүд дээрээ шинжлэх ухааны судалгаа хийдэг юм.

Тэгвэл манай оронд шинжлэх ухааны байгууллагуудаа их сургуультай нэгтгэлгүй тусад нь хөгжүүлснээр ямар ач холбогдолтой вэ?

-Ер нь манай дээд боловсролын түүх бол их богино юм шүү дээ. Гэхдээ их амжилттай хөгжиж ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Их сургуулиуд одоо судалгаанд анхаарах цаг нь болж байх шиг байна. Тиймээс манай их сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэн зэргийн аль алиных нь судалгааны загвар оновчтой, боломжтой юм шиг санагддаг. МУИС дээр цөмийн физик, биологийн, математикийн шинжлэх ухааны зарим чиглэлийг сайн хөгжүүлсэн туршлагатай. Иймд нэг нэгнийгээ нөхсөн, давхардалгүй судалгаа хийх хэрэгтэй. Дээрээс нь их дээд сургуулийн багш нар таваас зургаан жил багшилсныхаа дараа нэгээс хоёр жил шинжлэх ухааны хүрээлэнгүүд дээр ажиллаж яагаад болохгүй гэж. Үүнийхээ дараа эргээд багшилж болно. Түүнээс биш ШУ-ны байгууллагыг төсөв мөнгө хэмнэх нэрийдлээр механикаар нэгтгэвэл шинжлэх ухааны салбараа өөрсдийн гараар самрах эрсдэлтэй.

М.УУГАН-ЭРДЭНЭ