Categories
мэдээ цаг-үе

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгчид цахимаар бүртгүүлнэ

Ашигт малтмалын газар энэ сарын 26-наас хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгчдийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж эхэлнэ. Хайгуулын лиценз олгож эхэлснээртатарчихаад байгаа гадаадын хөрөнгө оруулалт сэргэнэ гэж засаг найдаж байгаа. Хайгуулын лиценз хүсэгчдэд хэрэг болохоор мэдээллийг багцлан хүргэе.

Өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгох учраас АМГ дээр үүсдэг дараалал, хүлээлт, хүнд суртал бүрэн арилна гэж салбарын яам нь онцолж байна. Хайгуулын зөвшөөрөл авахыг хүсэгчид эхлээд АМГ-т биеэрээ ирж бүртгүүлэх шаардлагатай.”Хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн хуулийн этгээдийн бүртгэлийн хуудас”-ыг үнэн зөв бөглөхөд л болно. Бүртгүүлэхдээ улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг хавсаргах юм билээ. Лавлагаанд гадаадын хөрөнгө оруулалтын байдал, хөрөнгө оруулалтын хувь хэмжээ зэргийг тодорхой тусгах шаардлагатай гэж АМГ-аас сануулж байна. Бүртгэлийн хуудсыг АМГ-аас болон www.mram.gov.mn цахим хуудаснаас татаж авах боломжтой. Бүртгэлхийлгэсэн хүмүүсхайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгох системд нэвтрэх VPN төхөөрөмж болон цахим системд нэвтрэх эрхийг худалдаж авах учиртай. VPN гэдэг нь Virtual Private Network гэсэн үгийн товчлол. Монголчилбол хиймэл хувийн сүлжээ буюу давхар хамгаалалт, хяналтын систем гэсэн үг. Дахин хэлэхэд энэ төхөөрөмжийг авч байж өргөдлийн дугаар олгох цахим системд нэвтрэх эрхтэй болно.

VPN төхөөрөмжийн үнэ нь 280 000 төгрөг. Энэ мөнгийг”Аксэнсэ айти суппорт” ХХК-ийн Хас банкин дахь 5000010281 тоот дансанд төлөх аж. Уг төхөөрөмжийг худалдаж авсанзөвшөөрөл хүсэгчийн материалыг кибер халдлага, хэн нэг алба хаагчийн ашиг сонирхлоос хамгаалах давуу талтай гэж АМГ-ын дарга хэлж байна. VPN төхөөрөмжийг худалдан авсан хүмүүс АМГ-ын системтэй шууд харилцах боломжтой болох аж.

Үүнээс гадна цахим системд нэвтрэх эрх буюу өргөдлийн дугаарыг цахимаар авах үйлчилгээний хөлс гэж бий. Энэ мөнгийг Ашигт малтмалын газрын Төрийн сангийн 900018003тоот дансанд төлнө. Долоо хоног нэвтрэх эрх нь хагас сая төгрөг, нэгсар нэвтрэх эрх нь хоёр сая төгрөг гэнэ. VPN төхөөрөмжийн хамт системд нэвтрэх нууцлалын мэдээлэл, зааварчилгааг өгөх юм байна.

Дахин сануулахад зөвхөнVPN төхөөрөмжтэй аж ахуйн нэгж цахим системд нэвтрэн компанийн болон талбайн мэдээллийг оруулан өргөдөл гаргах дугаарыгавна. Цахим системд хэрхэн нэвтрэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. Цахим систем дэх “Байгууллагын регистрийн дугаар” гэсэн цонхонд аж ахуйн нэгжийн регистрийн дугаарыг, “нууц үг” гэсэн цонхонд VPN төхөөрөмж худалдан авахад хуулийн этгээдэд өгсөн нууц үгийг оруулна.”Төхөөрөмжийн нууц үг” гэсэн цонхонд VPN төхөөрөмжийн ногоон гэрэлтэй товчийг дарж программчилсан нууц үгийг оруулансистемд нэвтэрнэ. Энэ систем нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн сантай холбогдсон тул хуулийн этгээдийн нэр болон бусад шаардлагатай мэдээлэл автоматаар бөглөгдөх аж. Байгууллагынхаамэдээллийг буруу, алдаатай оруулсан, мэдээллээ нягталж шалгаагүйгээс зөрсөн тохиолдолд өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй юм байна. Системд мэдээлэл оруулж илгээх товчийг дармагц өргөдлийн дугаар олгогдсон эсэх талаарх хариу дэлгэцэн дээршууд гарах гэнэ. Өргөдлийн дугаар олгогдсон бол таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар өргөдлийн дугаар болон өргөдөл гаргах огноо цагийг тусгасан мэдээлэл ирнэ гэж АМГ-ын цахим хуудсанд онцолжээ. Энэ тохиолдолд мэйл болон дэлгэцэн дээрх холбоосоор орж “Маягт К-1”, “К-4”-ийг хэвлэн “Маягт К-1” дээрх өргөдөл гаргах цагаас15 минутын өмнө АМГ-ын “нэг цэгийн үйлчилгээ”-ний өрөөнд ирж өргөдлөө гаргах аж.

Өргөдөлд хэд хэдэн бичиг баримт хавсаргана.Өргөдөл гаргагчийн албан ёсны тодорхойлолт (маягт К-4),улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан), өргөдөл гаргагчийн талбайн булангийн цэгүүдийн солбицол, аймаг сумын нэр, хилийг буулгасан зураг хоёрхувь, үйлчилгээний хураамж төлсөн баримт эх хувиараа, ажлын туршлага, санхүүгийн чадавхи, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан талаарх мэдээлэл (маягт К-18),Монгол Улсад татвар төлөгч болох тухай нотолгоо (харьяа татварын албанаас), өр төлбөргүй тухай тодорхойлолтууд (ТЕГ, НДЕГ, ШШГЕГ-аас, өргөдөл гаргагч гадаадын хөрөнгө оруулалттай бол хөрөнгө оруулалтын мэдээлэл (маягт К-19) зэргийг хавсаргахшаардлагатай юм байна. Өргөдлийн маягтад хавсаргах баримт бичгийг бүрдүүлж, өргөдөл хүлээн авна гэжзаасан хугацаанд ирээгүй тохиолдолд өргөдлийн дугаарыг хүчингүйд тооцох эрсдэл бий сануулъя.

Ашигт малтмалын газраас зөвшөөрөл хүсэгчдийг бүртгэж эхлэхээс өмнө хоёр удаагийн хурал хийж, иргэд, аж ахуй нэгжүүдэд мэдээлэл өгөхөөр болжээ.Хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтын журмаар олгоно.Сонгон шалгаруулалтыг явуулахдаа үнээр өрсөлдүүлэх гэсэн олон улсад нийтлэг мөрддөг зарчмыг баримтлахаар болжээ. Хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогч нийт үнэлгээний 50 хүртэлх хувийн оноог авах аж.Үлдсэн 50 хувийн оноог тухайн талбайд гүйцэтгэх хайгуулын ажлын төсөл, оролцогчийн мэргэжлийн боловсон хүчний чадвар, техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан байдал зэргийг үнэлж өгөх нь. Сонгон шалгаруулалтыг төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар батлагдсан сонгон шалгаруулалтын комисс зохион явуулах юм байна.

Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлтөөр МЭЭнэ талбайн 13.4 хувь буюу 20.9 сая га талбайд өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор болжээ. Харин 6.5 хувь буюу 10.1 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгохоор журамлажээ.

АМГ-ын экс даргатай холбоотой авлигын хэргээс болж 106 лицензийг хүчингүй болгох шийдвэр шүүхээс гараад удаж байгаа. Лицензтэй талбай дээрээ өчнөөн ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсийн эрхэнд халдсан гэсэн шүүмжлэл өнөө хэр хүчтэй сонсогддог. Гадаадын хөрөнгө оруулалт үргэх болсон шалтгаан гэж үзэх нь ч бий. Харин Засгийн газар өнгөрсөн онд тогтоол гаргаж”Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталснаас хойш энэ асуудал эерэг зүг рүүгээ эргэж байгаа. Угжурмын дагуу өнгөрсөн жилийннаймдугаар сараас өнөөдрийг хүртэл нийт37 талбайддөрвөн удаагийнсонгон шалгаруулалт хийгээд байгаа аж.

Сонгон шалгаруулалтын дүнгээр 15 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ. Тусгай зөвшөөрөл олгосон нийт талбайн 12 нь хуучцуулынх. Тодруулж хэлбэл өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд шалгарчээ.Өнгөрсөн оны сүүлээр 18 талбайд сонгон шалгаруулалт зарласан. Таван талбайд ньүнэлгээний комисс сонгон шалгаруулалтын саналыг үнэлэх ажил хийж байгаа аж. Харин 13 талбайд зөвхөн нэг нэг оролцогч санал ирүүлсэн тул дахин сонгон шалгаруулалт зарлаад байна. Сонгон шалгаруулалтад оролцох саналыг ирэх сарын 11-ний өглөөний 09.00 цаг хүртэл авах юм байна. Шалгаруулалтад оролцох саналыг мөн өдрийн өглөөний 09.30 цагт оролцогч аж ахуйн нэгжүүдийн захирал, итгэмжлэгдсэн төлөөллийг байлцуулан нээнэ гэж салбарын яамнаас мэдээллээ.

Бэлтгэсэн

Ц.СҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Л.Цандэлэг: Валют байхгүй гэчихээд 15 сая ам.доллараар улаанбуудай авч болохгүй

Монголын үр та­риа эрхлэгчдийн хол­боо­ны ерөнхийлөгч Л.Цандэлэгтэй ярилцлаа.

-Засгийн газрын хү­сэл­тээр их хэмжээний улаан­буудай ОХУ-аас оруулж ирэх гэж байна. Энэ тал дээр манай тариаланчид эсэргүүцлээ илэрхийлж бай­гаагаа мэдэгдсэн. Засгийн газрын шийдвэрт ямар байр суурьтай байгаа вэ?

-Саяхан гадны нэг оронд улаан лооль их хэмжээгээр хураачихсан чинь улс нь худалдаж аваад устгаж байна гэсэн. Гэтэл манайд улаанбуудай нь илүүдэлтэй тулзах зээлд борлогдохгүй байна. Өнөөдөр ард түмний амьдрал хүнд байгаа тул гурилын борлуулалт муудсан гэж гурил үйлдвэрлэгчид хэлж байгаа юм. Энэ жил манай улс улаанбуудайгаар дотоодын нийт хэрэгцээгээ хангачихаад байхад импортоор улаанбуудай оруулж ирнэ гэдэг нь үндэсний үйлдвэрлэгчдээ нухчин дарах оролдлого гэж харахаас өөр арга алга. Манай тариаланчид өөрт байгаа улаанбуудайгаа борлуулж дуусаагүй байна. Тариалан эрхлэлтийг дэмжих санд 32 мянган тонн улаанбуудай бий.

Худалдаж авна гэж гэрээ хийчихээд мөнгө төгрөгөө өгөөгүй бэлэн байгаа 60-70 мянган тонн улаанбуудай байж л байна. Ирэх жилийн тариалалт хүртэл энэ 100 гаруй мянган тонн улаанбуудай хангалттай.

-Энэ ер нь ямар учиртай юм бэ. Ямар нэгэн лобби яваад байна уу?

-Монгол Улс өнгөрөгч онд 350 мянган тонн улаанбуудай хураачихлаа. Гэтэл хоёр сая 500 мянган тонн улаанбуудай тээрэмдэх хүчин чадал бүхий гурилын үйлдвэр ашиглалтад орчихсон байна. Ний нуугүй хэлэхэд үүнийг ганцхан хүн зохион байгуулаад байгаа юм.

-Тэр нь хэн гэж?

-“Таван Богд”-ын Ц.Баатарсайхан. Өнгөрөгч намар Улаанбаатар гурил, Ц.Баатарсайханы дүүгийн “Од” гээд гурилын үйлдвэрүүд тариа хураалтын үеэр импортын улаанбуудай оруулж ирнэ гэж маргаан үүсгэсэн. Тэд багахан хэмжээний буудай авсан л даа. Тиймээс үйлдвэрүүд нь одоо сул зогсч байгаа. Сул зогссон үйлдвэрээ ажиллуулахын тулд газар тариаланчдыг нухчин дарах гэж оролдож байна. Тэд салбарын шинэ сайд ирэх бүрт лоббиддог.

Энэ бол ээлжит нэг оролдлого нь. Гэхдээ уг оролдлого нь бүтэлтэй болчихлоо л доо. Ямартаа ч оруулж ирэхээр юмаа хийчихсэн байна. Хамгийн гол нь үүн дээрээ 8-9 компанийн нэрийг биччихсэн байгаагаас хоёр нь голлох үүрэгтэй. Эдгээр компаниуд нь тариаланчдаас улаанбуудайгаа авчихаад мөнгөө өгөөгүй байгаа. Өнөөдөр тариаланчдаасаа авсан улаанбуудайныхаа мөнгийг өгч чадаагүй компаниуд ОХУ-аас буудай оруулж ирнэ гээд сууж байх юм даа. Гурилын үнийг тогтворжуулна гээд Үнэ тогтворжуулах хөтөлбөрт эдгээр компани орсон. Тэд гурилын үнийг тогтворжуулна гэж хөтөлбөрт хамрагдсанаас биш ОХУ-ын гурилын үнийг тогтворжуулна гэж мөнгө аваагүй. Энэ чинь тусгай гэрээ хэлэлцээртэй зүйл.

-ОХУ-ын улаанбуудай нь манайхаас тийм хямд юм уу. Манай улаанбуудайнаас чанартай гэх юм?

-Оросын улаанбуудай манайхаас 20-30 хувийн хямд байх шиг байгаа юм. Бид бодоод үзсэн чинь 15 сая ам.долларын 30 хувь нь гэхээр 3-4 сая ам.долларын ашиг олно. Энэ ашгийн төлөө улайраад газар тариаланчдаа зөнд нь хаяж бүхэл бүтэн салбарыг дампууруулж байна. Тэд бодлого баригчдаас өөрсдийнхөө хүслээр бичиг баримтаа гаргуулж байгаад нь тариаланчид дургүйцээд байгаа юм.

Бид ОХУ-ын олон тариалангийн компаниудтай харилцаатай байдаг. Хойд хөрш будаагаа стратегийн бүтээгдэхүүн гээд 10-20 жилийн нөөцтэй явдаг улс. Тэдний гол хүнсний бүтээгдэхүүн нь талх тул гурилаа ингэж олон жилээр нь хадгалдаг. 10 жилийн хугацаа нь дуусахаар шинэ улаанбуудайгаар нөхөж эхэлдэг. Нөхөөсөнд гарсан улаанбуудайнуудаа зардаг. ОХУ-ын улаанбуудай хадгалах нөөц сав нь маш муу. Модон саванд хадгалдаг тул хорхой шавьж үржих нөхцөл болдог. Учир нь өмнө орж ирдэг байсан улаанбуудайнуудаас их хэмжээгээр өт хорхой илэрч байсан. Гэтэл Монгол Улс улаанбуудайны нэг жилийн ч нөөцгүй. Нэг жил ган боллоо гэхэд ургац алдаад гурилгүй болдог эмзэг улс. Манай Ерөнхий сайд хэдхэн жилийн өмнө ОХУ-аас 100 мянган тонн улаанбуудай өгөөч гээд хадаг бариад явж байсан биз. Яг ингээд хадаг барих үед нь оросууд үнээ өсгөчихдөг. Монгол Улс буудайгүй л бол Орост сайн. Тэндээс ашиг хийж байдаг юм. “Атрын III аян”-ы буянаар Монголын тариаланчид хөл дээрээ зогссон. 2012 оноос АН-ын Засгийн газар гарснаас хойш газар тариалангийн салбар дандаа уруудаж байгаа.

-Яагаад уруудах болсон гэж?

-Бодлогын алдаа гаргадаг. Шинэ сайд гарч ирээд үнийг нь 50 мянган төгрөгөөр бууруулсан. Монголд төр гэж байгаа цагт бусад бизнест оролцолгүйгээр шатахуун, гурил, мах гурвыг барьж байдаг юм байна л даа. Бодлогыг барьж байгаа яамны хүмүүс нь буруу байхаар ашиг сонирхлын зөрчил үүсдэг. Газар тариалангийн салбарт хамгийн их ашиг сонирхол явдаг. 2013 онд газраа боловсруулаад 2014 онд улаанбуудайгаа тариалан намар нь хурааж авлаа. Одоо 2015 он гарчихаад байхад улаанбуудайгаа борлуулж дуусаагүй байна. Нэг жилдээ хамгийн багаар хоёр хувийн хүүтэй зээл авлаа гэж бодоход үр дүн нь маш удаан гардаг салбар. Гурван жил дамжчихаад байхад мөнгөө аваагүй л байна. Монголын ард түмнийг гурил, талхтай нь байлгана гэсэн яав.

-Салбарын шинэ сайд чинь ямар хандлагатай байх юм?

-Р.Бурмаа сайдыг эмэгтэй хүн арай өөрөөр харах байх гэж бодсон. Р.Бурмаа сайд шударга ёс энэ тэр гээд их гоё ярьдаг. Энэ хүн чинь гаднаасаа их сайхан хүн шиг ойлгогдоод байсан чинь үгүй юм байна лээ. Сайд маань тариаланчидтайгаа уулзахгүй хэрнээ гурил үйлдвэрлэгчидтэй уулздаг. Бид уулзъя гэж санал тавьж байж нэг уулзсан. Уулзахдаа “Ашиг сонирхлын зөрчил гэж аюултай юм байдаг шүү. Өмнөх хүмүүс чинь ийм хэл аманд орж байсан шүү. Та голыг нь барьж яваарай” гэсэн чинь “За” гэж хэлчихээд маргааш нь ингэж зангаа хувиргасан тушаал заавар гаргаж болдог юм уу. 40 мянган тонн улаанбуудай оруулна гэсэн бичгийг Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ганибал гээд залуу гаргачихсан байсан. Түүнийг нь шалгаад үзтэл журам зөрчсөн байсан. Зөрчил гаргасан тул түүнийг ажлаас нь халаад, газрын даргыг нь цалингийн хувиар торгосон гэж байгаа юм. Хоёр адуу хулгайлсан нөхрийг “Чи хулгай хийснээрээ нэг адуугаа ав” гэж хэлж болохгүй биз дээ. Хууль бол хууль бол. Тэгсэн хэрнээ дараагийнхаа Төрийн нарийн бичгийн даргад 20 мянган тонныг оруулж ирэхээр бичиг гаргуулсан байна. Энэ нь Монголын ард түмний эрх ашгийг зөрчсөн увайгүй үйлдэл.

-Монгол Улсын эдийн засаг хүнд байгаа тул бүсээ чангалцгаая гэж уриалчихаад, эхчүүд, хүүхдүүдийн мөнгийг хасъя, ам.долларын нөөц шавхагдаж байгаа гэчихээд ингэж болохгүй байх л даа…

-Мөнгө байхгүй гэчихээд, тариаланчдаас авсан улаанбуудайныхаа мөнгийг өгөөгүй байж хоёр гуравхан сая доллар олохын тулд ингэж улайрч болохгүй.

-Яагаад та нарын буудайны мөнгийг өгөхгүй байгаа юм?

-Биднийг ингэж дээрэлхээд болоод байдаг байхгүй юу. Харин оросууд хэзээ ч дээрэлхүүлэхгүй. Тэд бэлнээр л тооцоогоо хийнэ. Ам.доллар байхгүй гэчихээд ингэж 15 сая ам.долларыг гадагш нь гаргаж болдог юм уу. Энэ бол “Нэгдүгээрт хууль зөрчсөн, хоёрдугаарт хууль зөрчсөн, гуравдугаарт хууль зөрчсөн” явдал болж байна.

-Улаанбуудай оруулаад ирвэл та нар цаашид яах вэ?

-Бид сайдтай уулзаад “Та болиоч ээ” гэсэн чинь “Би болихгүй ээ” гээд ашиг хийх гэж байгаа хүмүүсээ өмөөрч байна лээ. Бид албан шаардлага хүргүүлээд нэг хувийг нь Ерөнхий сайд, нөгөө хувийг нь Ерөнхийлөгчид өгсөн. Үүнийгээ зогсоохгүй бол бид жагсаж ойлгуулахаас өөр зам алга. Энэ хүн тэр чигтээ явж болно. Бид жагсаж болно. Эцсийн дүндээ Монгол Улс 2015, 2016 онд юу идэх юм бэ. Тариаланчдаа нухчин дараад устгачих хамаагүй. Салбарын сайд, Ерөнхий сайд нь Оросоос буудай авъя гэж байгаа бол хэдийг ч хамаагүй ав. Бидэнд амьдрах өөр арга байгаа шүү. Тариаланчдыг арай ч ингэж дээрэлхэж болохгүй. Хятадын шар цэцэг (арабс) тарьчихъя. Бид төрөөс санхүүждэг улсын сангийн аж ахуй биш. Хувийн хэвшлийнхэн. Хүмүүсээ ажилтай байлгамаар байна. Эцэст нь би “Хариуцлага хүлээх үү” гэдэг ганцхан юм асууж байгаа юм.

-Та тэгж асуусан юм уу?

-Салбарын сайдаас асуусан чинь “Би хариуцлага хүлээхгүй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хариуцлагыг нь хүлээнэ” гэсэн. “Өдрийн сонин”-оор дамжуулаад асуучихъя. Та нарын хэн нь яг хариуцлага хүлээх юм бэ. Дараа нь ард түмэн хариуцлага тооцъё. Япон улс өнөөдөр Хятадын зах зээлээс хоёр дахин үнэтэй цагаан будаа хэрэглэж байна. Энэ тухайгаа Японы Хөдөө аж ахуйн сайд нь “Дотоодын салбартаа ажиллаж байгаа хүмүүсийг ажлын байраар хангаж байна. Нэг л өдөр Хятад бидэнд цагаан будаагаа нийлүүлэхээ байчихвал яах юм” гэж хариулсан байгаа юм. Ноднин яах вэ нар хур нь тэгширч таараад манайхан сайн ургац авсан. Гэтэл үүнд нь хөөрөөд байгааг ойлгохгүй юм аа.

Тариачдад 100 мянган төгрөгийн урамшуулал олгож байна л гээд байгаа. Үнэндээ тэр чинь урамшуулал биш нөхөн олговор. Дэлхий дээр хамгийн муу нөхөн олговор олгодог улс байж түүнийгээ урамшуулал гээд нэрлэчихсэн. Иргэд “Тариаланчид 100 мянган төгрөгийн урамшуулал авдаг гэнэ” гээд ярьж байна. Бид ийм салбарын сайдтай цаашаа явахгүй ээ. Салбар хариуцсан сайдыг сольж өгөөч ээ. Энэ АН арай дэндүү байна. Боловсон хүчний бодлого муу байна. Хүмүүс нь мэдлэггүй байдаг юм аа гэхэд тариаланчдад ядаж муу юм битгий хийгээчээ гэж хэлье.

Өнгөрөгч онд өсөлт гарсан салбар чинь өнөө муу хэдэн малчид, газар тариаланчдын хөлс хүчээр Хөдөө аж ахуйн салбар ахицтай гарсан. Ахицтай байгаа салбараа татаж унагая гээд яриад явж байгаа сайдаар бид яах юм.

-Яг хэдэн тонн улаанбуудай оруулж ирэх гээд ингэж асуудал болоод байгаа юм бэ?

-Бид тооцоод үзсэн чинь 20 мянган тонн улаанбуудай, 15 мянган тонн гурил болж байгаа юм. Энэ нь дундажлаад үзэхээр 15 сая ам.доллар болж байна. Дахин хэлэхэд бид жагсана. Уур бухимдал нь дээд цэгтээ хүрсэн тариаланчдыг Чингэсийн талбайд цуглуулаад уураа гарга, өөрсдөө үгээ хэл гэж хэлмээр байна. Энэ төр засаг сонсдог юм уу, үгүй юм уу харъя. Ямартаа ч ойлгуулах гэж үзнэ. Болохгүй бол дараагийн арга хэмжээг авна. Хариуцлага тооцуулна. Гуравдугаар сараас тариаланчдын ажил эхэлнэ. Гэтэл бидэнд мөнгө алга.

-Гурилын үйлдвэрүүд ер нь яагаад мөнгөө өгөхгүй байгаа юм?

-Гурилын үйлдвэрүүд мөнгөө доллар болгоод хадгалчихсан. Өдөр өдрөөр үнэ нь өсч байгаа долларын ханш бүр нэмэгдээд 2400 болдог ч юм уу тэр үед нь тооцоо хийх гээд байгаа юм. Ханшийн зөрүүн дээрээс ашиг олох гээд байна. Гурилын үйлдвэрийнхэн чинь ухаантай байхгүй юу. Ханшийн зөрүүний алдагдлаас болж 400 мянган төгрөг бидэнд ирэх байтал одоо 300 мянга болоод ирж байна. Бид хор грипцитээ валютаар авдаг. Ядаж л нэг тракторын боолтоо дотооддоо хийж чадахгүй гаднаас авч байна. Техник хэрэгсэл бүх зүйлээс гаднаас импортоор авдаг. Тийм болохоор тэдэнд валют л өгөхгүй бол монгол төгрөг авахгүй шүү дээ. Манай холбоонд бүртгэлтэй 1000 гаруй компани бий. Эднээс 200 гаруй нь салбарын 60 гаруй хувийг бүрдүүлэх хэмжээний ургац авдаг. Гэтэл эдгээр компаниуд техник хэрэгслийн захиалгаа ч өгч чадаагүй байгаа тул 2015 оны тариалалт бүрхэг л байна.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 20 тэрбум төгрөгийг гурил үйлдвэрлэгчид нь авчихсан. Одоо бол Тариалан эрхлэлтийг дэмжих сан биш гурил үйлдвэрлэгчдийг дэмжих сан болсон гэсэн үг. Хүнс, хөдөө аж ахуйн яам дампуу, дампуу, дампуу байна. Өөр хэлэх ч үг алга. Тэнд мэргэжилтэй боловсон хүчин гэж алга. Гарч ирсэн нөхөр нь найз нөхдийнхөө үр хүүхэд, дүү гээд дандаа шахааны хүмүүсийг ажилд авдаг. Тийм болохоор гэр бүлийн, хамаатны яам болчихоод байна. Нөгөө хүмүүс нь ажлаа мэдэхгүй. Хийж байгаа ажил бүр нь буруу, алдаатай явдаг. Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр тариаланчид өртэй, гурил үйлдвэрлэгчид өргүй байх ёстой байхгүй юу. Гэтэл өнөөдөр тариалан эрхлэгчдээ дэмжих ёстой сан маань биднийг шүүхэд өгөх гээд, устгах бодлого баримтлаад явж байх юм. Хүн бүр янз бүрийн л бодолтой байгаа байх. Оросын хямд буудай авахгүй өөрсдийнхөө үнэтэй буудайг шахах гэж байна гэж бодож байгаа биз. Эцсийн дүндээ Монгол Улс гурилгүй болно шүү гэдгийг хатуу сануулаад хэлчихье. Тэр үед Р.Бурмаа сайд, Ерөнхий сайд нарынхаа хэлснээр Оросоос аваарай. Бодлогогүй зүйл хийснийхээ төлөө Монгол Улс гарах гарцгүй болно шүү.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Ш.Түвдэндорж: Зардлыг өөрсдөөсөө эхлэн хэмнэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндоржтой ярилцлаа.

-Засгийн газар төсвөө хэмнэх үүднээс ард түмний мөнгөнөөс танах хэлбэрээр оруулж ирсэн ч цуцлах бо­лол­той. Ер нь хэмнэлтийг ард түмнээсээ бус дарга нар өөрсдөөсөө эхлэх ёстой гэсэн шүүмжлэл байлаа. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүнийхээ хувиар Завхан аймагт ажиллаад ир­сэн. Иргэдийн зүгээс “Хүүх­дийн болон алдарт эхийн одонгийн мөнгийг битгий танаач. Эдийн засаг хямарсан энэ үед амьдрал ахуйд нэ­мэр болж буй төрөөс өгсөн урамшууллыг битгий хасаач” гэсэн санал, хүсэлт их хэлж байсан. Ингээд өчигдөр АН-ын бүлэг хуралдаад хүүхдийн болон алдарт эхийн одонгийн мөнгийг үргэлжлүүлэн олгох нь зүйтэй гэсэн шийдвэр гар­га­лаа. Хэмнэлтийг өөрсдөөсөө эхлэх ёстой гэд­гийг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ ч үүднээс сайд дарга нарт том машин унахаа больж, утасны зардлаа багасган төс­вөө хэмнэхийг уриалж байна.

-Засгийн газрын оруулж ирсэн танах бодлогоиргэдийн бухимдлыг нэлээд төрүүлсэн л дээ…

-Төсвийн орлого 905.6 тэрбумаар тасрах төлөв байгаа учир олон халамжийг хумьж, төсвийн ажилчдын орон тоог 15 хувиар бууруулна гэсэн шийдвэр гаргасан. Гэхдээ халамж хавтгайрсан байж болох ч, зорилтот бүлгийнхэнд олгодог төрийн мөнгийг багасгаж болохгүй л дээ. Монголчууд удахгүй гурван сая дахь иргэнээ хүлээн авна. Гэтэл яаж ч бүсээ чангалах бодлого барьсан эхчүүд, хүүхдүүдээсээ мөнгө харамлаж болохгүй. Манайх шиг цөөн хүн амтай улс аль болох төрөлтийг дэмжиж, олуулаа болох хөшүүргийг төрийн хар хайрцагныхаа бодлогоор зохицуулах үүрэгтэй. Гол нь, зорилтот бүлгээ зөвтодорхойлж халамжийг өгвөл хамгийн зөв тогтолцоо болно.

-Гэхдээ хүүхдийн 20 мян­ган төгрөгийг зорилтот бүлгийнхэнд олгоё гэсэншийд­вэр гарах юм шиг байна…

-УИХ-ын чуулганаар “Хүний хөгжил сан”-гаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр гишүүдийн 81 хувийн сана­лаар анхны хэлэлцүүлэгт бэлт­гүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Холбогдох байгууллагын судалгаагаар Монголын нийт өрхийн 40 хувь нь хүүхдийн мөнгө авах шаардлагагүй гэж гарсан байсан. Өөрөөр хэлбэл, энэ мөнгийг зорилтот бүлгийн хүүхдэд өгөх нь халамжийг хавтгайруулахгүй гэсэн шийдвэр.

-Төрийн албан хаагчдын цомхотголын талаар та юу хэлэх вэ.Нийслэлийн захиргаанд гэхэд л186 хүн цомхотголд өртөнө?

-Засгийн газраас яам, агентлагийн бүтцийг 15 хувиар бууруулахаар шийдвэрлэсэн. Ингэснээр 2015 оны төсөвт яамдын цалин мөнгөтэй холбоотой зардлаас 3.2 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн тооцоо гаргаж байгаа. Мөн төрийн зарим байгууллагыг нэгтгэх, татан буулгах зэрэг өөрчлөлт хийснээр зардлаа 18.5 тэрбум төгрөгөөр, төрийн албан хаагчдын орон тоог 1700 орчим хүнээр бууруулъя гэлээ. Гэхдээ нэг л зүйлийг сайн мэдэж байна. Хүн халж, цомхотгосноор эдийн засаг сайжрахгүй. Төсөв хэдэн төгрөгөөр хэмнэгдэж болох ч, эргээд тэр хүний ажилгүйдлийн тэтгэмж цаашлаад нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлөх ажилгүйдэл, ядуурлын хүрээг л тэлнэ шүү дээ. Нөгөөтэйгүүр, төр орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх, хэм хэмжээнд халдаж, ажилчдаа цомхотго гэж заах ёсгүй юм. Үүнийхээ оронд төрийн албан хаагчдын цалинг тодорхой хэмжээгээр багасгаж, хямралын үед монгол хүн бүрийг ажилтай, орлоготой байлгах нь төрийн үүрэг.

-Яамны төрийн нарийн бичгийн дарга нарыг халж байгаа гэсэн.Энэ нь төрийн албаны тухай хуулиа зөрчөөд байна гэдэг шүүмжлэл гараад байгаа бололтой…

-Яамдын төрийн нарийн болон агентлагийн дарга нарын халаа сэлгээ, томилгоог төрийн албаны холбогдох хууль, дүрмийн дагуу шийдэх ёстой. Гэтэл өнөөдөр улс төр, намын тохиролцоогоор шийдэж байгаа нь явуургүй үйлдэл. УИХ ч өнгөрсөн хоёр жилд сайд, дарга нарын томилгоог шийдэх гэж цаг хугацаа их алдлаа. Гэтэл бидэнд улс орны хэмжээнд шийдэх олон асуудал байхад зөвхөн сандал ширээний л хэрүүл хийж байгаа нь ард түмний дургүйцлийг төрүүлж байна шүү дээ. Энэ байдлаа халъя. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж салбарын сайд нь зөвхөн Ерөнхий сайдад асуудлаа танилцуулаад шуурхай шийдүүлдэг, УИХ нь хууль тогтоох ажлаа хийдэг болбол улс эх орны хэмжээнд яригдах олон асуудлыг шуурхай шийддэг болно.

-ХХААЯ-ыг толгойлж байсан хүний хувьд танаас Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслийн заалтад багтаж буй малын хөлийн татварын талаар асуухгүй өнгөрч болохгүй байх?

-Хөдөө аж ахуйн салбарт бэлчээрийн талбай хумигдаж, хөрсний үржил шим алдагдаж байгаа учраас 1998 онд л малын хөлийн татвар авч байсан юм. Нэг жил хэрэгжээд зогссон уг татварыг сэргээхдээ татвараа хонин толгойд шилжүүлж, аймаг, нийслэл, сумын ИТХ тогтооно гэж хуулийн төсөлд заасан байна лээ. Тэгэхээр татварын хэмжээг бог, бодоор нь ялгавартай тогтоож, орон нутгийн санд мөнгө нь төвлөрдөг, түүнийгээ захиран зарцуулах эрхийг нь өгчих хэрэгтэй. Орон нутгийн захиргаа нь авсан татвараараа бэлчээрээ хамгаалах, хадгалах, усжуулах, хортон шавьж устгах гэх мэт зүйлд зарцуулбал илүү үр дүнтэй. Нэг зүйлийг тодотгож хэлэхэд, малтай иргэн, мал аж ахуй эрхэлж байгаа бүх хүнээс татвар авна гэсэн үг биш. Хуулийн төсөлд ч заавал авна гэж тодотгоогүй учраас төсөв нь хангалттай бол төвлөрүүлэх шаардлагагүй. Ер нь, малын хөлийн гэх бус бэлчээрийн татвар гэж нэрлэх нь зүйтэй байх аа.

-Монгол Улсын нийт мал ойролцоогоор хэдэн төгрөг гэж үнэлэгддэг юм бэ?

-209 мянган малчин өрх 52 сая толгой мал хариулж байна. Сангийн сайд Ж.Эрдэнэбат 52 сая толгой малыг ойролцоогоор зургаан их наяд төгрөгийн хөрөнгө гэж үнэлсэн гэжтанилцуулж байна лээ. Бэлчээрийн татварыг тооцохдоо нэг үхэр, адууг таван хониор тооцоод өрхийн гишүүн бүрт ногдох хонины тоо толгойг 50 хонь байна гэсэн. Тэгэхээр малын бэлчээрийн татварыг малчдын 40 хувь нь төлөхөөр байгаа. Малынхаа ашиг шимээр амьжиргаагаа дөнгөн данган залгуулж буй өрхүүдээс илүүтэй 1000 хол давсан малчдад хамаатай. Яагаад гэвэл, 200 малтайгаасаа илүү 1000 малтай малчин байгалийн ашиг шимийг илүү их хүртэж байгаа шүү дээ. Тэгээд чбэлчээр хомсдож буй өнөө үед олон малтай байх бус мах, сүүний чиглэлийн өндөр ашиг шимтэй хэдэн малтай байхыг зах зээл ч шаардаж байна. Мал тооллогын судалгаагаар малчин өрхөөс гадна аж ахуйн нэгж, гадаадын иргэд мал өмчилж, ашиг шимийг нь хүртэж байгаа учраас малын тоо толгойноос хамаарч татвар ногдуулж буй хэрэг.

-Малчдын тэтгэврийн на­сыг наашлуулна л гэх юм?

-Энэ бол ярих л ёстой асуудал. Малчдын тоо жил ирэх тусам буурч байна. Сүүлийнгурван жилд 17 орчим хувиар буурлаа. Хөдөө аж ахуйн салбар нь түлхүү хөгжиж байгаа манай оронд маш том анхаарлын тэмдэг шүү. Өнөөдөр манай улсын нийт өрхийн 20 хувь нь мал аж ахуйн орлогоороо амьдардаг. Уул уурхайн хөгжил, байгалийн гамшгаас улбаалан амьжиргааны зуулга болсон буянт малаа алдан ядууралд өртсөн 14200 малчин өрх бий гэдэг. Энэ нь, малчдын дунд ядуурал 30 гаруй хувьтай байна гэсэн үг. Нэг ёсондоо, улсын хэмжээгээр ядуурлын түвшин 27,4 хувь байгаа бол малчдынх 34,4 хувь байна гэсэн мэдээллийг холбогдох байгууллага өгч байна. Ингэж малчид нийгмийн даатгалд бага хамрагдаж байгаа нь ядууралд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэсэн үг. Хэрвээ энэ хууль батлагдвал малчид даатгалд хамрагдах нь нэмэгдэж, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ шуурхай авах боломж бүрдэнэ.

-Ардын намынхан малчны тэтгэврийн насыг наашлуулна гэхэд танай нам хамтын тэтгэврийн хуулийг оруулж ирсэн байх аа?

-Бас л чухал асуудал шүү дээ. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн гол санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн нэг нь нас барсан тохиолдолд үлдсэн гишүүнд тэтгэврийнх нь тодорхой хувийг олгоход чиглэж байгаа.Хамтдаа 30 жил амьдран улсад 20 гаруй жил ажиллаж, нийгмийн даатгалаа төлсөн хосуудад энэ хууль үйлчилнэ гэсэн үг. ХАХНХЯ-ны тооцоогоор өнөөдрийн байдлаар 421 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 220 мянга нь бүрэн тэтгэвэрт хамрагддаг. Үүнээс 76 мянган иргэн хамтын тэтгэвэрт хамрагдах урьдчилсан тооцоо байгаа. Эхнэр нь юм уу нөхрийн аль нэг нь нас барсан тохиолдолд үлдсэн нь эхнэр, нөхрийнхөө тогтоолгосон 70 хувьтай тэнцэх тэтгэврийг нь амьдрах хугацаандаа авах боломжийг хуульчилж өгөх юм. 10 ба түүнээс дээш жил амьдарсан хосуудад энэ хууль үйлчилнэ. Гэр бүлийн тогтвортой байдалд нөлөөлөх эрх зүйн том ач холбогдолтой. Гол нь, эхнэр, нөхөр хоёр тэтгэврийн даатгалаа 20-иос доошгүй жил төлсөн байх, Нийгмийн даатгалын сангаас өндөр настны тэтгэвэр авагч Монгол Улсын иргэн бүрт энэ хууль үйлчилнэ. АН-ын зүгээс эл хууль тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхгүй гэж үзэж байгаа.

-Ер нь эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд Оюу толгойн ажлыг урагшлуулах хэрэгтэй юм биш үү. Гэвч өнөөдрийг хүртэл Оюу толгойг, гэрээг үзэглэсэн хүмүүсийг нь шүүмжлэхээс өөрөөр ажил урагшлахгүй байна л даа…

-Тийм шүү. Оюу толгойн гэрээг үнэндээ ганц С.Баярцогттолгой мэдээд хийчихээгүй.Тухайн үед Засгийн газраас АН, МАН-ын гишүүд оролцсон ажлын хэсэг байгуулагдан Канадын “Айвенхоу Майнз” компанитай гэрээ байгуулсан.Гурван үе шаттай хэлэлцээр хийж, хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчийн гэрээний төслийг тохиролцсон. Эдгээр гэрээний төслийг УИХ-ын тогтоолын төслийн хамт тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр их хуралд өргөн барьсан байдаг юм. Хожим С.Батболд сайд үзэглэсэн шүү дээ.Гэтэл үүний бурууг ганц хүнд тохох нь улстөрчдийн хувьд явуургүй үйлдэл гэж хараад байна. Үнэхээр муу гэрээ хийгдсэн бол ганц энэ хүн гэлтгүй тухайн үеийн МАН-ын гишүүд ч гэсэн хариуцлага үүрэх л ёстой. Хамтарсан Засгийн газар байгуулж, эх хэвлийн баялгаа ард түмэндээ хүртээе, улс орноо хөгжүүлье гэж гэрээ үзэглээ биз дээ. Бид Оюу толгойн ордод хийх хөрөнгө оруулалтыг дагаад дэд бvтэц сайжирч, ажлын байр ч нэмэгдэж, ард түмний амьдрал сайжирна гэдэг гэгээн өнцгөөс харж хоёр намын ажлын хэсэг гарч ажилласан. Энэ төсөл ганцхан Оюу толгойн хувь заяаг шийдэх юм биш. Наад зах нь, улс орны эдийн засгийн байдал сайжирч өрийн хэмжээ багасч, банк болон банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа ч дагаж өөдлөх учиртай.

-Одоо Таван толгойн хэлэлцээрт хүмүүс их анхаарал хандуулж байна. Чухам Оюу толгой шиг хэл ам дагуулахгүй гэх баталгаа бий болов уу?

-Стратегийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээ шинэ оны ажлын эхний өдөр эхэлсэн. Засгийн газар болон хөрөнгө оруулагчидтай хийсэн ерөнхий том уулзалтууд дуусч, дэд уулзалтын шатанд шилжээд байна. Ер нь уул уурхайн салбарт гадныхны оруулах хөрөнгө оруулалт буурсан ч, Хятад, Япон, АНУ-ын компаниуд материалаа ирүүлсэн нь Таван толгойн үнэ цэнэ унаагүйг харуулж байна. Ер нь, Засгийн газраас тухайлсан сайд шинээр бий болгож ажил хариуцуулсан нь зөв гэж үзэж байгаа шүү.

-Та УИХ дахь намын бүл­гийн дэд дарга болсон. Яагаад хоёр дэд даргатай болсон юм бол. Та жишээлбэл ямар үүрэгтэй ажиллах юм бэ?

-Улс төрийн намын тухай хуулийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн батлан гаргаж, намын болон намын бүлгийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, боловсон хүчний бодлогыг дорвитой шинэчилнэ дээ.

Я.МӨНГӨН

Categories
мэдээ цаг-үе

Д.Баянбатын “Наран” хонгор чансаа өндөр азаргыг тэргүүллээ

Монголын морин спорт уяачдын холбооноос тухайн жилийн хамгийн өндөр чансаатай азарга, их нас, эрлийз дээд насны морьдын чансааг тодорхойлон гаргадаг. Мөн чансаа өндөр уяач, унаач хүүхдийг тодруулдаг уламжлалтай. Чансааг тодорхойлохдоо тухайн жилд гаргасан амжилтуудыг үндэслэдэг. Харин улс, бүсэд түрүүлж айрагдсан шандаст хүлгүүдийг мөнгөн дүнгээр үнэлбэл чансааг тэргүүлсэн азарга дор хаяж хагас тэрбум төгрөг хүрнэ. Энэ жилийн улсын наадмын хязаалан насанд Дорнод аймгийн Цагаан-Уул сумын уугуул, аймгийн алдарт уяач Т.Батзоригийн сартай хээр түрүүлж торгон жолоо өргүүлсэн. Хээр үрээ 120 сая төгрөг хүрч зарагдсан байна лээ. Харин дааганд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр даага түрүүлж түмэн олноо баярлуулсан. Тод манлай хээр даагаа хоёр өрөө орон сууцаар наймаалсан сураг бий. Тэгэхээр улсын наадамд түрүүлсэн дээд насны морьд даага, хязаалангаас хол илүү үнэлэгдэнэ. Улсын наадамд түрүүлсэн морь давхар бүсийн болон аймгийн наадамд түрүүлж, айрагдсан байдаг болохоор тэр хэрээр үнэлгээ өсөх юм. Тэгэхээр ММСУХ-ноос тодорхойлдог өндөр чансаатай азаргыг тэргүүлсэн доорх алтан тууртууд доод тал нь гурван зуун сая төгрөгөөр үнэлэгдэх нь дамжиггүй. Ингээд энэ жилийн чансаа өндөр азаргыг тэргүүлсэн хурдан хүлгүүдийг танилцуулъя.

Нэгдүгээрт, ММСУХ-ны рейтингийн зөвлөлийн шийдвэрээр Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, аймгийн алдарт уяач Даваахүүгийн Баянбатын “Наран” хонгор азарга бичигдлээ. “Наран” хонгор азарга Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын түрүү, “Их мандал-2014” төвийн бүсийн уралдаанд түрүүлсэн.

Хоёрдугаарт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн алдарт уяач Түвдэндоржийн Болдбаатарынхалиун азарга. Халиун азарга үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын аман хүзүү, “Хотгойдын хурд-III” Хангайн бүсийн уралдааны айргийн гуравт тус, тус хурдалжээ.

Гуравдугаарт, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Содномцэрэнгийн Цэмбэлийн сартай хүрэн азарга эрэмбэлэгдлээ. Сартай хүрэн азарга үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын айргийн дөрөв , “Дорнод талын хурд-2014” зүүн бүсийн уралдааны айргийн тавд тус, тус хурдалсан.

Дөрөвдүгээрт, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул Эрдэнэ-Очирын Тамирын хүрэнхалзан азарга бичигдлээ. Хүрэнхалзан азарга үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын айргийн гуравт хурдалжээ.

Тавдугаарт, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат Бадамын Оргилынхалтар азарга эрэмбэлэгдэв. Халтар азарга үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын айргийн тавд хурдалсан.

Зургадугаарт, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн алдарт уяач Дуламын Сугарын хул азаргабичигдлээ. Хул азарга үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын зургаа, “Дорнод талын хурд-2014” зүүн бүсийн уралдаанд түрүүлсэн юм.

Долдугаарт, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул аймгийн алдарт уяач Бундийн Бүрэнтөрийн хүрэн халзан азарга оржээ. Хүрэн халзан азарга “Ламын гэгээн мэндэлсний 375 жилийн ой” говийн бүсийн уралдаанд түрүүлсэн.

Наймдугаарт, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул Навааны Энхболдын хүрэн азарга. Хүрэн азарга “Дүнжингарав-2014” хаврын бүсийн уралдаанд түрүүлсэн байна.

Есдүгээрт, Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Начингийн Баасанжавын хул азарга эрэмбэлэгдлээ. Хул азарга “Галдан бошигт хаан мэндэлсний 370 жилийн ой”баруун бүсийн уралдаанд түрүүлсэн юм.

Аравдугаарт, Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул Төмөрпүрэвийн Ганзоригийн загал азарга. Загал азарга “Өвөрхангай-2014” хаврын бүсийн уралдаанд түрүүлсэн байна.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Шүүхийн ерөнхий зөвлөл анхан болон давж заалдах шатны шүүгчийн сонгон шалгаруулалтыг зарлалаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 тоот тушаалаар анхан болон давжзаалдах шатны шүүхийн шүүгчийн 16сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа.

Шүүгчид нэр дэвшигч нь 2015 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 09 цаг 00 минутаас 03 дугаар сарын 13-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэлх хугацаанд www.shuugch-songon.mn хаягт хандан бүртгүүлнэ.

Нэр дэвшигчдээс шалгалт авч, үнэлгээ өгөх ажиллагааг 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 04 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Шүүхийн мэргэшлийн хороо хэрэгжүүлнэ.

Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь хуульд заасан дараах бол­зол, шаардлагыг хангасан байна. Үүнд:

-Хууль зүйн дээд боловсролтой;

-Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан;

-Ял шийтгүүлж байгаагүй;

-Шүүгчид нэр дэвших үед гэмт хэрэгт холбогдоогүй буюу сэжигтэн яллагдагчаар татагдаагүй;

-Бусдад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй;

-Шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй;

-Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй /гэрчилгээ авсан өдрөөс хойш 3 жил болсон/

-Мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдлэх, бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах чадвартай;

-Мэдээллийн технологийн хэрэглээний програмыг ашиглах чадвартай;

-Шүүгчээр ажиллах тухайн дагнасан шүүхийн салбар эрх зүйн мэдлэг, туршлагатай;

-Бусдын саналд хүндэтгэлтэй хандаж, шүүмжлэлийг бодитойгоор хүлээн авч, өөрийн байр суурийг ойлгомжтой тайлбарлах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай зан чанартай байх.

Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь анхан шатны шүүхийн шүүгчид тавигдах болзол шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна: Үүнд:

-Анхан шатны шүүхийн шүүгчээр гурваас доошгүй жил ажилласан, шүүн таслах ажиллагааны туршлагатай;

-Шийдвэрлэсэн хэргийн хүрээнд судалгаа, дүгнэлт хийх чадвартай;

-Мэргэшсэн чиглэлээр хэрэглэгддэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал гаргах, хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглэх талаар мэргэжлийн хэвлэлд өгүүлэл бичин, нийтлүүлсэн байх /Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Шүүх эрх мэдэл”, Улсын дээд шүүхийн “Монголын төр, эрх зүй”, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хууль дээдлэх ёс”, Монгол улсын их сургуулийн “Эрх зүй” зэрэг мэргэжлийн хэвлэлд хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал дэвшүүлэх эсхүл эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх талаар 1500-аас доошгүй үгтэй 2 буюу түүнээс дээш өгүүлэл нийтлүүлсэн хэвлэлийн эх хувийг Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албанд ирүүлнэ/.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь өргөдөл дараах баримт бичгийг бүрдүүлэн, шүүгчийн сонгон шалгаруулалтын системийн www.shuugch.songon.mn хаягаар бүртгэлийн хэсэгт хавсарган оруулна уу.

1. Өргөдөл /Хуудас тус бүрт гарын үсэг зурж, огноог бичсэн байна/;

2. Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар /Нотариатаар гэрчлүүлсэн байх/;

3.Мэргэжлийн боловс­ролын дипломны хуулбар /Нотариатаар гэрчлүүлсэн байх/;

4. Нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөр эрхэлж байгааг нотлох бусад баримт бичиг, тэдгээрийн хуулбар /Нотариатаар гэрчлүүлсэн байх/;

5. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар /Нотариатаар гэрчлүүлсэн байх/;

6. Өөрийн намтар бүхий анкет /www.judcouncil.mn/burtgelhtml гэсэн хаягаар орж Төрийн албан хаагчийн анкет татаж авах боломжтой/;

7. Шүүгчийн албан тушаалд томилогдоход харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт /www.judcouncil.mn/burtgelhtml гэсэн хаягаар орж Эрүүл мэндийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2014 оны 41/20 тоот тушаалаар батлагдсан “Шүүгчид нэр дэвшигчийн эрүүл мэндийн тодорхойлолт гаргах журам”-ыг татаж авах/, /Эрүүл мэндийн үзлэгийн маягтыг татаж авах боломжтой/;

8. Байнга оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт, ам бүлийн болон эд хөрөнгийн байдал, бусдад хугацаа хэтэрсэн өр, зээлгүй тухайгаа бичгээр гаргасан мэдэгдэл:

•Оршин суугаа газрын болон ам бүлийн тодорхойлолт;

•Өр зээлгүй тухайгаа бичгээр гаргасан мэдэгдэл;

• Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийг сүүлийн 30 хоног дотор гаргасан байх ба хуудас тус бүр дээр гарын үсэг зурж баталгаажуулна /www.judcouncil.mn/burtgelhtml гэсэн хаягаар орж Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийн маягтыг татаж авах боломжтой/;

9. Ажиллаж байгаа бол эрхэлсэн ажлын байдал, хамт олны доторх нэр хүнд, зан төлөвийн тухай аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны тодорхойлолт;

10. Нэр дэвшигчийн мэ­дээл­лийн хүснэгт /Нэр дэв­шигч мэдээллийн хүснэгтийг үнэн зөв бөглөх үүрэгтэй бөгөөд нэр дэвшигчийг үнэлж дүгнэхэд ашиглана/, /www.judcouncil.mn/burtgelhtml гэсэн хаягаар орж Нэр дэвшигчийн мэдээллийн хүснэгтийг татаж авах боломжтой/;

11.Зөвшөөрлийн хуудаc /www.judcouncil.mn/burtgelhtml гэсэн хаягаар орж Зөвшөөрлийн хуудасны загварыг татаж авах боломжтой/;

Жич:Тус сонгон шалгаруулалтад бүртгүүлэхийг хүссэн иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгийн хуваарийг 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 02 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар мэдэгдэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Иргэд оролцож байж л хөгжих боломжтой

Ховд аймгийнхан олон шинэ зүйлийг санаачлан хийж бүтээн, 2013 онд шилдэг аймгаар шалгарсан. Ховд аймгийн Жаргалант сумын “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” төслийн Орон нутгийн зохицуулагч С.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

Жаргалант сум иргэний оролцоог хөгжүүлэх асуудал дээр Азийн сантай хамтран ажиллаж байгаа.

-Манай төслийн хүрээнд сумын иргэдийн боловсрол, оролцоо, нийгмийн хариуцлага, сумын иргэний танхимын үйл ажиллагаа, нөлөөллийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын Төсвийн тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, хэрэгжиж эхлээд байгаа Шилэн дансны тухай зэрэг хууль дүрэм, Иргэдийн оролцоо, иргэдийн хяналт, Иргэний танхимын үйл ажиллагааны тухай сургалтуудыг зохион байгуулж ирлээ. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хэлэлцүүлгийг хуулийн хугацаанд Жаргалант сумын ИТХ болон Засаг даргын Тамгын газартай хамтран баг тус бүрд зохион байгуулж, сумын иргэдээ оролцуулан, гаргасан саналуудыг нь шийдвэрт тусган ажиллалаа.

Үр дүн ямар байна?

-Аливаа сургалт, хэлэлцүүлгийн үр дүн тэр дороо, шууд харагддаггүй, тодорхой хугацаа шаарддаг. Орон нутгийн хөгжлийн сангийн хэлэлцүүлэг гэхэд өмнөх оны 5, 6 сард хийгдэж, иргэдийн гаргасан санал дараа онд хэрэгжиж эхлэх жишээтэй. Төсөв санхүү танагдах, цаг хугацааны байдлаас хамааран иргэдийн санал дэмжигдэхгүй, эсвэл удаашрах үед иргэд бухимдаж, төрийн үйл ажиллагаа, төрд итгэх итгэл сулардаг нь анзаарагддаг. Тиймээс аливаа үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг иргэдэд нээлттэй, ил тод, цаг хугацаа алдалгүйшуурхай хүргэх нь чухал. Мэдээлэл өгөөгүйн улмаас иргэд хэлэлцүүлэг, Багийн Иргэдийн нийтийн хурал ч юм уу, төрд хяналт тавих санаачилга, идэвх сулардаг байх гэж боддог.

Иргэний оролцоог хэрхэн хүлээн авдаг болсон бэ?

-Жаргалант сумын иргэдийн идэвхи, оролцоо өнгөрсөн онуудтай харьцуулахад эрс нэмэгдсэн. Төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, санал бодлоо илэрхийлэх, олон нийтийн эрх ашгийн төлөө санаачилга гаргах зэрэг дээр оролцоо нь нэмэгдэж, манай Жаргалант сум өдрөөс өдөрт өнгө нэмж байна. Баг бүрд идэвхтэй иргэд олон бий. Өмнө нь төр болон “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” төслөөс зохион байгуулж буй сургалт, хэлэлцүүлэгторолцож байгаагүй иргэд дараагийн хуралд ирэх идэвх нь нэмэгдсэн. Харин залуучуудын оролцоо төдийлөн сайн биш, ажил зохион байгуулахад голдуу дундаас дээш насны хүмүүс оролцдог. Залуучуудын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай.

Өнгөрсөн оны ОНХС-ийн зарцуулалтын хэлэлцүүлгээс жишээ татна уу?

-2014 оны ОНХС-ийн хөрөнгийг иргэдээс авсан санал, хэлэлцүүлгүүдээс гарсан саналын дагуу Бичигт багийн иргэдэд зориулан нийтийн халуун ус шинээр байгуулж, Мал бүхий иргэдийн хороололд гэрэлтүүлэг, цахилгаан шугам сүлжээ, дэд бүтцийн ажлууд, Алагтолгой багт хүүхдийн тоглоомын талбай зэрэг олон ажил хийсэн, одоо ч хийж байна. Өнгөрсөн оны 5, 6 сард 2015 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэг зохион байгуулахаас өмнө Жаргалант сумын 12 багийн бүх айл өрх, иргэдэд нийт 13000 ширхэг саналын хуудас тарааж, урьдчилсан байдлаар эрэмбэлж, хэлэлцүүлгүүд зохион байгуулж,баталгаажуулсан.

Цаашдын төлөвлөгөөний талаар?

2015 оны эхний улиралд Жаргалант сумын иргэдийн дунд хууль, эрх зүйн мэдлэг, мөн шийдвэр гаргах түвшинд яаж оролцох талаар цөөнгүй ажил зохион байгуулахаар сумын ИТХ, Засаг даргын Тамгын газартай хамтарсан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн өнгөрсөн намар АНУ-ын Азийн сан, Шууд Ардчилал Хүрээлэнтэй хамтран “Хөтлөх урлаг”-ийн 4 өдрийн сургалтыг амжилттай зохион байгуулсан. Сургалтын нэг зорилт нь “Ховд хотын дүрэм”-ийн хэлэлцүүлэг зохион байгуулах байсан. Сургалтанд оролцсон төрийн албан хаагчид, иргэд “Ховд хотын дүрэм”-ийн саналыг нийт иргэдээс авах, хэлэлцүүлэх, батлуулах ажилд оролцож, дүрэмтэй болох ажлаа эхлүүлээд байна. Манай сумынхан иргэний оролцоо бол маш чухал, улам илүү хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг сайн ойлгож, цаашид өөрсдийн эрхээ эдлэн, орон нутгаа хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Иргэний оролцоо, нийтийн зар мэдээний хууль батлагдвал оролцоо улам илүү эрчимтэй хөгжих боломжтой учир энэ хуулийг бид хүлээж байна. Ер нь бол иргэд оролцож байж л хөгжих боломжтой. Өөрийн оршин суугаа газарт юу хэрэгтэйг иргэд л илүү сайн мэднэ.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Categories
мэдээ цаг-үе

Г.Гантулга: ХААИС-ийг “Эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг их сургууль”-иар өргөмжилсөн нь их итгэл хүлээлгэсэн хэрэг

Эрдэмтэдийн судалгааны аж­лын үр дүн хүмүүсийн амьд­ралд хэр хүрч очдог вэ. Үйлдвэрлэл болж улс ор­ны хөгжилд түлхэц болохгүй юмаа гэхэд аливааг хөнгөвчлөх арга, технологи, жор норм нь хүмүүст хүрч, хэрэглээнд нэвтэрч чадаж байна уу. Цаашилбал, Төрөөс тусгай бодлоготойгоор за­хиалгаар хэрэгжүүлдэг судалгааны төслийн үр дүн хаана хүрч ямар бэрхшээлтэй нүүр тулаад зогсдог вэ… Хүний нөөц, лабораторийн орчин нь дэлхийн жишигийн хаана нь явна. Энэ мэт эхлэл төгсгөлгүй олон асуулт шинжлэх ухааны салбарт бий.

Судлаачдынх нь бүтээл хамгийн их үйлдвэрлэлд нэвтэрэх боломжтой салбар бол Хөдөө аж ахуй. Тиймээс дээрх асуултад хариулт авч, ХААИС-ийн эрдэм шинжилгээ, судалгаа хөгжлийн чиглэлээр баримталж байгаа бодлогыг сонирхохоор тус их сургуу­лийн Эрдэм шинжилгээ эрхэл­сэн дэд захирал, профессор Г.Гантулгатай ярилцлаа. -Судалгааны үр дүн цаасан дээр үлдэхээргүй болох нь гэх нааштай мэдээ яригдаж байна. Судлаачдын судалгааны үр дүн хөрсөн дээр буух эрх зүйн хийгээд бусад хүчин зүйл манай улсад хэр бүрдсэн бол. ХАА-н салбар шинжлэх ухаанд ийм боломж хэр байна вэ?

-Мэдлэгийг баялаг бол­гох гол суурь болсон Ин­но­­вацийн тухай хууль 2012 онд батлагдсан. Хуу­лийг хэрэгжүүлэхийн тулд дагалдах 20 гаруй жу­рам бо­ловсруулагдах шаард­лага байгаа. Эдгээрээс судлаачдын хувьд хамгийн их хүлээлт үүсгэсэн нь эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани бай­гуулах тухай журам байлаа. Уг журам өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлээр батлагдсан. Ингэснээр судлаачдын су­далгааны үр дүн баялаг болж, хэрэглээнд нэвтрэх эрх зүйн орчин бүрдэж байна гэж хэлж болно.

Нөгөө талаар манай суд­лаачдад зах зээлийн нийгэмд судалгааныхаа үр дүнг шууд үйлдвэрлэл,бизнес болгоод аваад явах туршлага бага байдаг нь гол хүндрэл болж байна. Тиймээс судалгааны үр дүнг хөрсөн дээр буулгаж, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд зуучилдаг байгууллага байх хэрэгцээ байсан. Энэхүү хэ­рэгцээг үндэслэн ХААИС-ийн Шинжлэх ухааны зөвлөлийн дэргэд судлаачдын бий бол­госон туршилт, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвт­рүүлж, мэдлэгийг баялаг бол­гох зорилготой ХАА-н Экс­тейншний төвийг 2005 онд Канад Улсын олон ул­сын хамтын ажиллагааны агент­лагийн дэмжлэгтэйгээр байгуулсан юм. Уг төв өнөөдрийг хүртэл судлаачдын туршилт, судалгааны үр дүнг хэрэглэгчдэд хүргэх, сайн туршлагыг түгээх чиглэлээр багагүй ажлыг хэрэгжүүлсэн хэдий ч санаанд хүртэл үр дүнтэй ажиллаж хараахан чадахгүй байгаа. Ер нь бизнес сэтгэлгээтэй, зах зээлийн нөхцөлд мэдлэгийг баялаг болгох чиглэлээр тодорхой туршлагатай, мэргэжлийн баг байж л судалгааны үр дүн үйлдвэрлэлд нэвтэрнэ. Түүнээс эрдэмтэд өнөөгийн нийгэмд судалгаагаа ч хийдэг, үр дүнгээ ч үйлдвэрлэлд нэвтрүүлж амжилтанд хүрнэ гэдэг хүндрэлтэй. Гэхдээ зарим эрдэмтэд ийм эхлэлийг тавьж байна. Цаашид судлаачид маань мэдлэгээ баялаг болгох арга ухаанд суралцах, эсвэл энэ чиглэлийн хүмүүстэй хамт­ран ажиллах шаардлага бий.

Өмнөх нийгэмд төрийн бод­лого, дэмжлэгтэйгээр манай судлаачдын судалгааны үр дүн шууд үйлдвэрлэлд нэвтэрч үр ашгаа өгдөг байсан. Энэ байдал зах зээлийн нийгэмд шилжсэн үеэс эхлээд тодорхой хүндрэл бэрхшээлүүдийг даван туулж, өнөөдрийг хүрч байна. Гэхдээ манай хөдөө аж ахуйн салбарын хувьд голчлон хэрэглээнд тулгуурласан судалгаа хэрэгжүүлдэгээрээ онцлогтой. Тухайлбал, дэл­хийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөг бууруулахтайхолбоотойгоор ганд тэсвэртэй, богино болцтой та­рималуудын сортыг сорьж турших, нутагшуулах, шинэ сорт бүтээх, хөрсний үржил шимийг хамгаалах технологи боловсруулж нэвтрүүлэх, малын тоо толгойн өсөлт, бэлчээрийн даац нэмэгдэж, малын бэлчээр, тэжээлийн нөөц ховордож байгаатай хол­богдуулан нэг малаас авах шимийг нэмэгдүүлж, өн­дөр ашиг шимтэй мал бий болгох, үржүүлэх. Мөн орчин үеийн биотехнологи, нанотехнологийн ололтыг ма­лын генетик, үржил селекцийн ажилд ашиглах, бэлчээрийн зохистой ашиглалт, тэжээлийн ургамлын сорт бий болгох тарималжуулах гэх мэт ХАА-н салбарын өмнө тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэхэд чиглэгдсэн салбарын хөгж­лийн цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн олон туршилт, судалгаа, хөгжлийн ажил хийгдэж байгаа.

Мөн мал эмнэлэгийн салбар шинж­лэх ухааны судалгааны түвшин харьцангуй бэхэжсэн, гадаадын өндөр хөгжилтэй орны жишигт хүрсэн гэж хэлж болно. Мал эмнэлгийн хүрээлэнгийн судлаачид л гэхэд жилд дунджаар малын төрөл бүрийн өвчнийг онош­лох оношлуур, эмчлэх эм, био бэлдмэлийн 10 орчим технологи бий болгож байна.

-ХАА-н салбарт одоогоор хэчнээн судалгааны төсөл хэрэгжиж байна. Захиалгат төслийн үр дүн үйлдвэрлэлд нэвтэрч чаддаг уу?

-Манай салбарт хэрэг­жүүлж буй судалгааны төслийн үндсэн захиалагч нь Хүнс, хөдөө аж ахуйн яам. Жилд ойролцоогоор 60 орчим Шинжлэх ухаан тех­нологи, инноваци, цөм технологийн болон онолын суурь судалгааны гэх мэт төсөл хэрэгжиж байна. Сүүлийн жилүүдэд инновацийн төслийг төрөөс бодлогоор дэмжиж байгаатай уялдан салбарын онцлогоос хамааран мэдлэгийг баялаг болгоход чиглэгдсэн эдгээр төслийн тоо, санхүүжилт нэмэгдэх хандлагатай байгаа.

Үүний зэрэгцээ дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй асуудлууд болох байгалийн нөөцийг зохистой ашиглах, хүрээлэн буй орчныг хамгаалах, экологийн тэнцвэрт байд­лыг хадгалах, хүн амын хүнсний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах зэрэг асууд­лыг хамтын хүч, оюунаар оновч­той, цаг алдалгүй шийд­вэрлэх зорилготой га­даадын болон олон улсын байгууллагатай хамтран хэрэг­жүүлж буй төслийн тоо, хамрах хүрээ эрс нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар манай салбарын судлаачид олон улсын хамтарсан судалгааны 30 орчим төсөл хэрэгжүүлж байна. Монгол орны хувьд хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл нь бүхэлдээ байгаль, хүрээлэн байгаа орчноос шууд хамааралтай. Байгаль дэлхийн болон биологийн нөөцтэй маш ухаалаг харьцахыг шаарддаг. Тиймээс энэ эмзэг байдлыг хохирол багатайгаар хэрхэн даван туулах, салбарын тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр бид гадаадын судлаачидтай илүү үр дүнтэй хамтран ажил­­лах шаардлагатай болж байгаа юм. Тогтвортой хөгжил гэдгийг зарим хүмүүс хөгжлийн үзүүлэлтүүдийн өсөлт гэж ташаа ойлгодог. Энэ бол өнөөдрийн үйлдвэрлэл, хэрэглээгээ хангахын тулд ирээдүйнхээ нөөцийг шавхахгүйгээр ухаалаг, үйлд­вэрлэл үйлчилгээ явуулахыг хэлдэг.

ХАА-н салбарын судлаач­дын судалгааны үр дүн хэр хөрсөн дээр буудаг вэ гэхээр өмнөх нийгмийн үед буюу 1990 оноос өмнө манай судлаачдын су­далгааны ажлын үр дүнгийн 70-аас дээш хувь нь үйлдвэрлэлд нэвтэрдэг байсан. Одоо энэ үзүүлэлт эрс буурч 30 орчим хувь нь хэрэглээнд нэвтэрч үр дүнгээ өгч байгаа. Гэхдээ энэ нь бусад салбартай харьцуулахад бага­гүй үзүүлэлт боловч мэдээж чамлалттай тоо.

Захиалгат төслийг хэрэг­цээтэй гэж захиалсан бол үйлдвэрлэлд нэвтрүүлж, хэ­рэг­лээ болгон, үр ашгийг нь хүртдэг байх хэрэгтэй юм. Энэ асуудал санхүүжилт, хөрөнгө мөнгөнөөс хамааралтай ч ин­новацийн дэд бүтэц зах зээлийн өнөө­гийн нийгэмд хараахан төлөвшиж амжаагүйтэй хол­боотой байж болох юм. Тухайлбал ямар ч аргаар хамаагүй ургац л авч байвал болно гэсэн сэтгэхүйгээр хан­даж байна. Нөгөө талаар бид үр хойчдоо эх орныхоо хөрсний үржил шимийг хэдэн зууны дараа ч хүртэх хувь заяаг нь хязгаарлаж болохгүй. Байгалийн асар их нөөцөө өнөөдөр бид ухаалгаар ногоон хөгжлийн бодлого, үйл ажиллагаагаар зохистой ашиглах ёстой. Хураасан тонн тутамд нь биш ашигласан технологид нь урамшуулал олгодог байвал ирээдүйгээ харсан зөв бодлого байх болно. Ийм бодлого хэрэгжүүлж амжилтад хүрч байгаа туршлага бидэнтэй зах зээлийн тогтолцоонд нэг гараанаас гарсан хөрш Казахстан зэрэг оронд байна. Энэ мэт манай орны хөдөө аж ахуйн салбарт ухаалаг, шинжлэх ухаанч шийдэл маш ихээр үгүйлэгддэг. Дээрх асуудлыг шийдэх мэдлэг, оюу­ны чадамж манай салбарын суд­лаачдад хангалттай бий. Харамсалтай нь салбарын бодлого тодорхойлогчид эдгээр болон бусад асуудлыг ойшоох, санах, сэдэх чадамж, чин хүсэл зориг дутуу байна уу гэсэн бодол төрдөг.

-Хүрээлэнгүүдийг сал­­барыг нь харгалзан их сургуульд нэгтгэх ту­хай Ерөнхий сайдын үг эрдэмтэдийг ихээхэн бухимдуулаад байна.Энэ асуудалд Та ямар байр суу­ринаас хандаж байна вэ?

-Эдийн засгийн хэмнэл­тийн горимд шилжих, хүрээ­лэнгүүдийг их сургуулиудтай нэгтгэх асуудлаархи Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэн үгтэй холбоотой янз бүрийн хэлэлцүүлэг, мэтгэлцээн болж байна. Зах зээлийн нийгэмд олон ургальч үзлийн уралдаан байх нь зүйн хэрэг. Манай салбарын хувьд Засгийн газрын 1997 оны 31-р тогтоолоор ХАА-н толгойлох эрдэм шинжилгээний хү­рээ­лэнгүүд ХААИС-ийн ха­рьяанд нэгдсэн бодлого үйл ажиллагаагаа уялдуулан ажиллаж байгаа. Салбарын эрдэм шинжилгээний хү­рээлэнгүүдийн үндсэн үйл ажиллагааг ХАА-н Шинжлэх ухааны академи, ХААИС шинжлэх ухаан, инновацийн бодлого, үйл ажиллагааны менежментээр хангаж ажиллаж ирсэн. Хүрээлэнгүүд нь ХААИС-ийн захиралтай менежерийн үр дүнгийн гэрээ байгуулж өдөр тутмын бие даасан үйл ажиллагаа явуулдаг. Ерөнхий сайдын хэлсэн энэ санал 1997 оноос манай их сургууль дээр хэрэгжээд явж байна гэж ойлгож болно. Миний хувьд тийм ч алдаатай зүйл биш гэж бодож байна. Манай орон жижигхэн улс. Улс орны нийгэм, эдийн засгийн тулгуур салбарын хөгжлийн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй ухаалгаар, алсын хараатай шийдвэрлэхэд бидэнд салбар, салбарын судлаачдын бүтээлч хамтын ажиллагаа юу юунаас чухал. Хөдөө аж ахуйн дээд боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын хувьд ойрол­цоо чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хэрнээ нэг зүйлийг өөр өөрийн өнцөгөөс харж, тайлбарлах нь үр дүнгүй юм.Нийлээд, хамтараадяривал холыг харсан, зөв шийдвэр гарч, илүү үр дүнд хүрэх боломжтой. Тэгээд ч өнөөдөр дэлхийн асуудлыг нэг лаборатори, нэг эрдэмтэн, сургууль хүрээлэн тус тусдаа шийдэж чадахгүй. Олон шинжлэх ухааны уулзвар дээрээс хэд хэдэн их сургууль, хүрээлэн тэр байтугай бүс нутаг, олон орны хэмжээнд ярилцаж, их хүчээр хамтран ажиллаж шийдвэрлэж байна. Тэгэхээр үүнийг оновчтой шийдэл гэж үзэж байгаа.

-ХААИС-ийн бэлт­гэн гаргаж байгаа мэргэжилт­нүүдээс ХАА-н салбарын ирээдүй яах аргагүй ха­мааралтай. Чадварлаг, нийг­мийн эрэлт хэрэгцээнд нийцсэнмэргэжилтэн бэлт­гэхийн тулд ямар зорилт дэвшүүлэн ажиллаж байна вэ?

-Чадварлаг хүний нөөц нийгмийн хөгжлийн тул­гуур юм. Ялангуяа ХАА-н са­л­барын хөгжлийг тодор­хойлоход онцгой ач хол­бог­долтой. Бид дээд боловс­ролын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх алхмуудаа то­­дор­хойлохын өмнө “гиш­гэ­сэнээ эргэж харах” шаард­лага зайлшгүй гарсан. Бака­лаврын хөтөлбөрийн хувьд маш их тэлэлт бий болсон байсан. Тухайлбал 50 гаруй мэргэжлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Гэвч ахисан түвшин буюу магистрт 32, докторт 20 гаруй хөтөлбөрөөр суралцагсадыг мэргэшүүлж байлаа. Үүнийг бид дэлхийн жишигт нийцүүлж, бакалаврын түвшинд ерөнхий чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхээр хө­төлбөрийн шинэчлэл хийсэн. Тухайлбал, малын эмч, аг­ро­номч, мал зүйч гэх мэт суурь чиглэлээр бакалаврыг бэлтгэх, харин ахисан түв­шинд үйлчлүүлэгчдэд на­рийн мэргэших боломж ол­гох үүднээс магистр, док­торын хөтөлбөрийн тоог нэмэгдүүлсэн. Энэ мэт үйл ажиллагаандаа бодитой дүг­нэлт хийсний үндсэн дээр хамт олны санал, бодолд тул­гуурлан чанарын шинэч­лэлийг хэрэгжүүлж ажиллаа. Шинэчлэлийн бодлогын хү­рээнд цаашид хэрэгжүүлэх зорилго, зорилтуудаа тодор­хойлж түүнд хүрэх оновчтой бүтцийг боловсруулж бат­луулан хэрэгжүүлж ажиллаж байна. Мөн сургалтын болон эрдэм шинжилгээ, инноваци, бизнесийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг шинэчилж, багш, судлаач, оюутны бүтээлчээр сэтгэх, академик эрх чөлөөг хангах нөхцлийг тодорхой түвшинд бүрдүүлээд байна.

БШУЯ-наас баталсан сургалтын хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлагын дагуу хөтөлбөрийг шинэчилэн боловсруулсан. Мэдээж сайн мэргэжилтэн бэлтгэхийн тулд хүний нөөцөө чадваржуулах хэрэгтэй. Нөгөө талаар сур­галтын орчныг шинэчлэх, үйлд­вэрлэлд ажиллах, дадлагын хувийн жинг нэмэгдүүлэх шаардлагатай. Хөтөлбөрийн шинэчлэлийг хийхдээ бид манай төгсөгчдөөс ажил олгогч нар ямар мэдлэг, ур чадвар, дадал, чадамж эзэмшсэн шинжүүдийг шаардаж байна вэ гэдгээс эхэлсэн. Хөтөлбөр хэдий чинээ сайн байна. Бид төдийчинээ чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэнэ гэсэн үг. Ер нь багш заадаг, оюутан сонсдог биш аль аль нь бүтээлч, хариуцлагатай, чиглэл зорилготой байх хандлагыг бий болгохыг зорьж байна. Тиймээс манай сургуулийг төгсөгчид надад ийм диплом байна. Намайг ажилд аваач гэж нэг компаниас гуйх биш өөрсдөө хоршиж, хамтраад үйлдвэрлэл байгуулж, баялаг бүтээдэг, өөрөө өөртөө ажлын байр бий болгодог ийм л чадвартай мэргэжилтэн бэлтгэхийг зорьж байна. Мөн үүний зэрэгцээ бакалаврын зарим мэргэжлийн хөтөлбөрийг гадаадын их сургуулийн ижил төрлийн хөтөлбөрийн төвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Тухайлбал, Швейцарын хөгжлийн агент­лагаас хэрэгжүүлж буй “Ма­лын эрүүл мэнд” төслийн “Мал эмнэлгийн боловсрол” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд мал эмнэл зүйн бакалаврын хөтөлбөрийн шинэчлэлийн асуудлыг Английн Лондонгийн их сургуулийн Хатан хааны мал эмнэлгийн сургуультай хамтран шийдвэрлэхээр ажил­лаж байна. Ингэснээр манай мал эмнэл зүйн хөтөлбөр олон улсын түвшинд хүрэх боломж бий болж байгаа юм.

-Сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болох зорилтын хүрээнд бодитой ямар ажил хийв?

-Сургалт голлосон их сургуулиас судалгааныих сургууль болох зорилго дэв­шүүлж, 2014 онд туршилт, судалгааны орчныг шинэч­лэх, багш судлаачдыг чадав­хижуулах зорилт дэвшүүлж, ажиллан багагүй амжилтанд хүрлээ. Үүнийг ч салбарын яам Монголын оюутны холбоо үнэлж манай их сургуулийг “Эрдэм шинжилгээ, судалгааны шил­дэг их сургууль”-иар өргөмжилсөн. Энэ нь БШУЯ бидэнд том итгэл хүлээлгэж байгаа хэрэг.

Сургалт, судалгааны орч­ныг бэхжүүлэх чиглэлээр сур­гууль дотоод, гадаад түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд Биохими, Биотехнологи, Бү­тээг­дэхүүний хяналт үнэлгээ, чанарын баталгаажуулалт, Машин судлал, трибологийн чиглэлээр орчин үеийн су­дал­гааны таван иж бүрэн ла­бо­раторийг байгуулж ашиг­лалтанд оруулаад байна.

Мөн Япон Улсын ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Малын эрүүл мэнд, Мал аж ахуй, мал эмнэлгийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр нийтдээ 4.8 сая долларын санхүүжилт бүхий хамтарсан хоёр төслийн амжилттай эхлүүллээ.

Судлаачдын маань тур­шилт, судалгааны ажлын үр дүн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн импакт фактор бүхий эрдмийн бүтээлүүдэд тоогдож хэдэн арваараа нийт­лэгдэн дэлхийн мэдлэгийн зах зээлийн эргэлтэнд орох боломж бүрдлээ. Багш суд­лаачдын оюуны бүтээл биз­несийн эргэлтэнд орох, гарааны компани байгуулагдах сайн эхлэл тавигдсан. Тухайл­бал, профессорын багийн ахлагч Б.Мөнхбат Сэлэнгэ аймгийн Зүүнхараад Био нүүрсний үйлдвэр байгуулж, үйлдвэрлэлийнхээ анхны бүтээгдэхүүн болох 10 тонн био нүүрсийг Оюутолгой компанид нийлүүлээд байна.

Багш, судлаачдын ака­демик эрх чөлөө өргөжиж, 19 профессорын баг байгуу­лагдан, тэдний оролцоо санаа­чилгаар хэрэгжүүлж буй төсөл, судалгааны ажлын тоо, чанар өмнөх жилүүдийнхээс эрс нэмэгдэж, одоогоор Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр 11 судалгааны төсөл хэрэгжүүлж байна.Энэ нь манай салбарын эр­дэм шинжилгээний хүрээ­лэн­гүүдийн төвшинд хүрсэн буюу давсан үзүүлэлт боллоо.

Ахисан төвшинд суралцаг­садын тоо, эзлэх хувь жилээс жилд өсөж, 2013 онтой харь­цуулахад10 хувь өсөж өнөө­дөр нийт суралцагсадын 25 хувьд хүрсэн гэх мэт үр дүнг товчлон хэлж болох юм.

-Хүний нөөц, лабора­торын орчин нь дэлхийн жишигийн хаана нь явна. ХАА-н салбарын эрдэмтэд дэлхийн эрдэмтэдтэй мөр зэрэгцэн ажиллаж чадаж байна уу?

-Манай салбарын суд­лаачдын хувьд мэдлэг, оюун, авьяас чадвараараа бусад орны судлаачдаас хол дутахааргүй төвшинд хүрсэн гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар салбарын эр­дэм шинжилгээний хүрээ­лэнгүү­дийг оролцуулахгүйгээр зөвхөн бүрэлдэхүүн сургуулиудын хэмжээнд 90 орчим залуу багш, судлаачид өндөр хөгжилтэй орны их, дээд сургуульд ахисан төвшинд суралцдаг. Жилд ойролцоогоор 10-15 багш сургуульдаа буцан ирж, сургалт, судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Дээр дурдсан судалгааны орчныг шинэчлэх ажилд олзуурхууштай ахиц гарсан. Зөвхөн өнгөрсөн 2014 онд манай сургуулийн бүрэлдэхүүн сур­гуулиудын хэмжээнд судал­гааны орчин үеийн таван иж бүрэн лабораторийг байгуулж, ашиглалтанд орууллаа. Манай ха­рьяа хүрээлэнгүүдийн ху­вьд мөн тооны туршилт, су­далгааны лабораторийг ши­нээр байгуулж ажиллаа.

Үүнээс гадна ХАА-н сал­барын судлаачид байгалийн нөөцийн үнэлгээ, ашиглалт, бэлчээрийн мониторинг, ме­нежмент, малын эрүүл мэндийг хамгаалах, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой, ногоон хөгжил зэрэг чиглэлээр гадаадын өндөр хөгжилтэй орны суд­лаачидтай хамтран олон арван судалгааны төсөл амжилттай хэрэгжүүлж байгаа нь дэлхийн эрдэмтэдтэй мөр зэрэгцэн ажиллах түвшинд хүрсэнийг харуулж байгаа юм.

-Таны ярианаас Монгол Улсын хөдөө аж ахуйн хөгж­лийн зөв хандлага, чиглэлийг тодорхойлоход салбарын судлаачид маш их ашиг тустай, үнэ цэнэтэй судалгааны ажил гүйцэтгэжээ гэж ойлгогдож байна. Тэгвэл салбарын бод­лого, шийдвэрт эрдэмтэдийн са­нал, дүгнэлтийг хэр тус­гадаг вэ. Эрдэмтэдийн дуу хоолой төрийн бодлогод хүрч байна уу?

-Манай салбарын суд­лаачид Монгол орны нийгэм, эдийн засгийн чухал салбар болох хөдөө аж ахуйн салбарын хөгж­лийн бодлого,үндэслэлийг тодорхойлогчид, хөгжлийн стратеги, чиг хандлагыг тог­тоочид байсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Харамсалтай нь Монгол орон зах зээлийн харилцаанд шилжсэн үеэс энэ байдал олон хүчин зүй­лээс шалтгаалж үндсэндээ алдагдсан. Харин өнөөдөр энэ байдал сэргэх, нааштай ахиц гарах бодит боломж бүрдсэн гэж үзэж байна. Жишээлбэл, газар тариалангийн салбарын судлаачид экологижсон, бай­гальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тариаланг хөгжүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах технологи нэвтрүүлэх зэрэг тулгамдсан асуудлаар олон арван жилийн туршилт, су­далгааны ажлын үр дүнд тул­гуурлан тодорхой асуудлыг боловсруулж бодлого тодор­хойлогчдод хүргэдэг. Харамсалтай нь бодитой бод­лого, үйл ажиллагаа болж хэрэгжихгүй байгаа нь үнэн. Дэлхийн аль ч улсад давтагдашгүй онцгой шинжтэй, Монгол орны байгалийн болон биологийн нөөцийг шинжлэх ухааны үндэслэлтэй, оновчтой ашиглах зах зээлийн эргэлтэнд оруулах, “чулуу болгох”, мэдлэгийн эдийн засгийн хөгжүүлэх зэрэг чиглэлээр олон арван бүтээл, туурвил гардаг. Гэвч ихэнх ньбодлого, шийдвэр болж чадахгүй байна. Товч­хондоо манай салбарын эрдэмтэн, судлаачдын мэд­лэг, оюуныг ашиглах, зах зээ­лийн эргэлтэнд оруулах зөв, оновчтой механизм, тогтолцоо тогтож чадваас уул уурхайгаас илүү асар их нөөц бий.Зөв бодлогоор хөгжүүлж чадвал Монгол улс маш хурдацтай хөгжих боломж байгаа гэж боддог.

Categories
мэдээ цаг-үе

Төрийн банк, “Нэйшнл лайф даатгал” компани хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

-ТӨРИЙН БАНК, “НЭЙШНЛ ЛАЙФ ДААТГАЛ” КОМПАНИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНД ИРЭЭДҮЙДЭЭ ИТГЭЛТЭЙ, ХУРИМТЛАЛТАЙ ИРГЭДТЭЙ БОЛНО-

Төрийн банк “Нэйшнл лайф даатгал” ХХК-ийн “Тэнүүн амьдрал-Тэтгэврийн даатгал” бүтээгдэхүүнийг Монгол Улсад анх удаа зуучлан борлуулахаар боллоо.Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өчигдөр болсон юм. Ёслолын ажиллагаанд хоёр талын албаны хүмүүсээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцсон.

Гарын үсэг зурах ёслолын өмнө “Нэйшнл лайф даатгал” компанийн гүйцэтгэх захирал Г.Монголхүүгээс компанийх нь талаар сонирхлоо. Тэрээр “Манай компани байгуулагдаад долоо дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Даатгалын салбарт компаниуд ердийн болон амьдралын даатгал гэсэн хоёр чиглэлд ажилладаг. Манай компани бол амьдралын даатгалын компани. Тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгал, хувь хүнтэй холбоотой даатгалын бүтээгдэхүүнийг гаргаж, үйлчилгээ үзүүлдэг. “Тэнүүн амьдрал-Тэтгэврийн даатгал” бүтээгдэхүүн бол хувийн, тэтгэврийн даатгал. Уг даатгалыг манай компаниас гаргаад Төрийн банкны салбаруудаар борлуулах юм. Энэ даатгал нь бидний мэддэг Нийгмийн даатгалаас огт өөр. Энэ даатгалаа даатгуулагчид маань өвлүүлж болдог эсвэл хуримтлалаа үүсгээд хүссэн үедээ зарцуулж болдог. Мөн гэнэтийн ослын хамгаалалтууд багтсан гэх мэт онцлогтой бүтээгдэхүүн” гэсэн юм.

Төрийн банк даатгалын зуучлалын үйл ажиллагааг бүх салбар, нэгжээрээ дамжуулан хэрэгжүүлж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байгаа аж. Тус банк иргэд, харилцагчдадаа даатгалын зуучлалын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Энэ удаад “Нэйшнл лайф даатгал” компанийн тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд хүргэхээр болж байна. Уг бүтээгдэхүүн нь даатгуулагчийн нэр дээр бодит хуримтлал үүсгэх бөгөөд даатгуулагч үүссэн хуримтлалаа шаардлагатай үедээ буцааж авах, ар гэртээ өвлүүлэх боломжтой юм байна. Түүнчлэн эл даатгалд хамрагдсанаар даатгуулагч гэнэтийн осолд орсон тохиолдолд хуримтлалаа даатгалын компаниас хоёр дахин өсгөж авах бололцоог нээж байгаагаараа даатгалын онцлог бүтээгдэхүүн болж байгаа аж.

Ийнхүү гарын үсэг зурах ёслол болохын өмнө хүрэлцэн ирсэн хүндэт зочдод Төрийн банк болон “Нэйшнл лайф даатгал” компанийн товч танилцуулгыг хүргэсэн юм. Төрийн банкийг төлөөлж тус банкны Тэргүүн орлогч захирал Б.Ганболд, “Нэйшнл лайф даатгал” ХХК-ийг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал Г.Монголхүү нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.

Ёслолын үеэр Б.Ганболд захирал “Төрийн банкны хувьд 2013 оны наймдугаар сараас даатгалын компанийн бүтээгдэхүүнийг салбар, нэгжүүдээрээ зуучлан борлуулдаг үйлчилгээг эхлүүлээд амжилттай явж байна. Банк зөвхөн банкны үйлчилгээг үзүүлэхээс гадна даатгалын үйлчилгээг өөрсдийнхөө салбар нэгжүүдээр дамжуулаад иргэдэд хүргэдэг үйл ажиллагаа хэдийнэ эхэлсэн. Манай банкны хувьд даатгалын зургаан компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, даатгалын бүтээгдэхүүнүүдийг нь өөрийн салбар нэгж байгаа сум суурин гээд бүхий л газруудад, иргэддээ борлуулж байна. Өнөөдрийн хувьд бид “Нэйшнл лайф даатгал” компанийн даатгалын цоо шинэбүтээгдэхүүнийг Монгол Улсад борлуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ бол онцлог үйл явдал. Тэтгэврийн хуримтлалын даатгалын бүтээгдэхүүнийг манай улсад хувийн даатгалын компани ингэж гаргаж байгаагүй. Анх удаа бий болж байгаа бүтээгдэхүүн. Арилжааны банк зуучлан борлуулах эрхийг нь авч хамтран ажиллахаар болж байгаа нь бас нэг онцлог нь. Төрийн банкны хувьд бүх сум суурин газарт салбар нэгжүүдтэй.Тэтгэврийн хуримтлалын даатгалын бүтээгдэхүүнийг бид эх орны орныхоо өнцөг булан бүрт зуучлан борлуулах боломж бүрдэж байна. “Нэйшнл лайф даатгал” компанийн хувьд даатгалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа хамт олон. Эдний хамт олон амьдралын даатгалын бүтээгдэхүүнээ нэвтрүүлсэн бол одоо тэтгэврийн хуримтлалын даатгалаа гаргаж байна. Одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа даатгалын компаниудын даатгалын бүх бүтээгдэхүүн нь нэг жил хүртэлх хугацаатай байгаа. Гэтэл тэтгэврийн хуримтлалын даатгал нь харьцангуй урт хугацааных. Амьдралын даатгалын бүтээгдэхүүн ч гэсэн урт хугацааных. Бусад орнуудад урт хугацаатай ийм даатгалууд байдаг. Манай улсад хараахан бий болоогүй байсан. Гэтэл эдний хамт олон гаргаж ирлээ. Манай банк үүнийг нь дэмжин хамтран ажиллаж салбаруудаараа зуучлан борлуулах үйлчилгээ явуулж байгаа юм гэдгийг тэмлэглэе” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.

Г.Монголхүү захирал “Төрийн банк “Нэйшнл лайф даатгал” компани хамтран тэтгэврийн хуримтлалын даатгалын бүтээгдэхүүнийг Монгол Улсад анх удаагаа нэвтрүүлж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь амьдралын даатгалын үйл ажиллагааг иргэдэд таниулахаас гадна даатгалын салбарын үйлчилгээг харилцагчдад ойртуулахад өндөр ач холбогдолтой гэж үзэж байна. Бидний хамтын ажиллагааны үр дүнд ирээдүйдээ итгэлтэй, хуримтлалтай иргэдийг бий болгоно. Ингэснээрээ иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь Монгол Улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр болно гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэж тодотгосон юм.

Д.САРНАЙ

Categories
мэдээ цаг-үе

Д.Батмөнх: МХЕГ-ын даргаар бурхан ажиллаж байсан ч шүүмжлүүлнэ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнхтэй цаг үеийн асуудлаарярилцлаа.

-Та МХЕГ-ын даргаар томилогдож, ажиллаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хэрхэн ажилласан бэ. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-МХЕГ-ын даргын албан тушаалд 2014 оны нэгдүгээр сард томилогдсон. Эхэндээ даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад, дараа нь сонгон шалгаруулалтад оролцоод хамгийн өндөр оноо авсан.

Ингээд МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагчаар томилогдсон юм. Мэргэжлийн хяналтын байгууллага олон жилийн түүхтэй.Намайг энэ ажилд томилогдож ирэхэд төрийн ажил явдгаараа л явж байсан. Одоо ч явж байна.Гэхдээ нийгэмд мэргэжлийн хяналтын байгууллагын нэр хүнд уначихсан, иргэд тэр тусмаа аж ахуйн нэгж, байгууллагуудын энэ байгууллагад итгэх итгэл буурчихсан, хүнд хэцүү нөхцөл байдалтай байсан.

Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгана. Хэлтэс хэлтсээр нь яамдад тараана гэсэн улс төржсөн асуудал намайг ирэх үед яригдаж байсан. Гэхдээ цөөн тооны улсын байцаагчийн ашиг сонирхлын зөрчил, авлига хээл хахуультай холбогдсон, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдыг шахаж дарамталснаас үүдэлтэй асуудал байсан. Мөн албан ёсны удирдлага байхгүй хоёр жил болчихсон байсан. Ажилтан албан хаагчдын урам зориг, итгэл найдвар унтарчихсан. Тухайн үед байсан нэгжийн удирдлагууд ажилдаа сэтгэл гаргахаа больчихсон, хоноцын сэтгэлээр ажилдаа ханддаг байсныг олон зүйл гэрчилнэ. Тэд хэзээ шинэ дарга ирж, ажлаа хүлээлгэж өгөх бол гэсэн хүлээлттэй сууцгааж байлаа. Үнэндээ мэргэжлийн хяналтын байгууллага маш хүнд байдалд орчихсон байсан. Гэсэн ч бид бүхэн 2013 оноос хойш хийж хэрэгжүүлсэн олон ажлаараа нийгэмд унаад байсан нэр хүнд, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын итгэлийг эргүүлэн олж авсан гэж хэлж болно. Ажлаа авсан даруйдаа ажилтан албан хаагчдадаа итгэх итгэл урам зориг өгч, хуулиар хүлээсэнүүргээ биелүүлж чадаж байвал хэн нэгнийг ажлаас нь халж өөрчлөх шаардлага байхгүй гэсэн байр суурийг баримтлан ажиллаж эхэлсэн. Төд удалгүй ажилтнууд ч сэргээд ирсэн.

-Хянаж шалгахаас гадна аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллаж эхэлсэн байх шүү?

-Тийм ээ. Миний хувьд аливаа эрсдлийг бууруулахын тулд хянаж шалгаад байхдаа гол нь биш, харин алдаа дутагдлынхаа талаар санал бодлоо хуваалцаж, төр, иргэн аж ахуйн нэгж хамтарч ажиллах нь чухал гэсэн бодлого барьсан. Мөн хуучин арга барилаас аль болох татгалзахыг хичээсэн. Аж ахуйн нэгжүүдийг шалгалт нэрээр далайлгадаг, айлган сүрдүүлдэг, торгодог, шийтгэдэг, хүнд суртал гаргадаг механизмыг эрс өөрчилж, хамтран ажиллах, болохгүй байгааг нь зөвлөж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгдөг, тухайн байгууллагын хөгжлийг дэмжсэн хяналтын үйл ажиллагаа бий болгохыг зорьсон. Ингэснээр бид Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа, төсвийн орлогыг бүрдүүлж байгаа аж ахуйн нэгж, бизнесийнхнийг дэмжсэн хяналтыг зохион байгуулж, шинэ механизмуудыг санаачилж ажилласан. Тухайлбал, урьдчилсан хяналт, хяналт шинжилгээ, үнэлгээ, тандалт судалгаа гэх мэт. Энэ хяналтыг хийхдээ бид зөвлөн туслах, арга зүйн зөвлөгөө өгч ажилласнаараа эрсдлээс сэргийлэх бүрэн боломжтой гэж харж ажлаа эхлүүлсэн. Тийм ч байж чадсан.

-Шалгадаг, торгодог, хянадаг байгууллага гэнэт зөвлөнө, хамтарч ажиллана гээд ирэхээр тухайн үед хүмүүс гайхаж байсан л даа. Хүмүүс болон аж ахуйн нэгжүүд хэрхэн хүлээж авсан бэ?

-Хуучин бол бүгдийг хянаж шалгадаг, тэр чинээгээр үргүй зардал их гаргадаг төрийн машин байсан. Үүнийг бид өөрчилж, иргэдэд хамгийн ойр, итгэж болох, мэдэхгүй, болохгүй байгаа, тулгамдаж байгаа асуудлаа асууж, хамтран шийдэж болдог, итгэлцэл бүхий байгууллага байх ёстой гэж үзсэн. Хамгийн чухал нь мэргэжил аргазүйн талаас нь туслалцаа үзүүлдэг, хамтарч эрсдлээ бууруулдаг болсон. Гэхдээ бид хяналт, шалгалтаа бүрэн зогсоочихоогүй. Шинэчлэлийн энэ ажил маань бидний хийж буй ажлын 30-40 хувь нь байсан. Үлдсэн хувьд нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус шалгалтаа хийнэ, бусад хяналтаа тавина, гүйцэтгэлийн хяналт хийнэ, иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлж байгаа өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалтаа үргэлжлүүлж байсан.

-Томоохон шалгалтуудаас дурдвал?

-2014 онд өмнө нь хийгдэж байгаагүй цогц хэмжээний том шалгалтыг нэлээд газарт хийсэн. Үүний нэг нь эрүүл мэндийн салбарт хийсэн шалгалт. Монгол Улсын хэмжээнд эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн үйлдвэрлэл эрхэлж байгаа байгууллагууд, эмийн сангууд, эмнэлгийн тусламж үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлж байгаа газруудад улсын хэмжээнд шалгалт хийсэн. Мөн савлагаатай цэвэр ус үйлдвэрлэгчид, “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр, Ойн сан бүхий 14 аймагт Ерөнхийлөгчийн зарлигийн хэрэгжилтийг хангуулах, модны хулгайтай тэмцэх тухай хяналт, шалгалтыг зохион байгуулсан.”Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрт гэхэд зөвхөн уул уурхайн талаас биш, хийх ёстой бүх шалгалтыг тухайн обьектод хийж байснаараа онцлог.

-Сүүлийн үед таныг АТГ-т шалгагдаж эхэлсэн тухай мэдээлэл хэвлэлээр гарах болсон. Мөн МХЕГ шинэ даргатай болох нь, тус байгууллагын ажилтнууд нэлээд бужигнаж эхэллээ гэх мэт мэдээлэл гарч байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Шийдлийн Засгийн газар байгуулагдаж, сайд, дарга нар шинээр томилогдож, ажлаа хүлээж авсан. Үүнтэй холбоотойгоор асуудал хариуцсан Шадар сайдтайгаа уулзаж, ярилцсан. Ер нь асуудал ойлгомжтой учраас ямар нэг шахалт, шаардлагагүйгээр, өөрийнхөө мэдрэмжээр ажлаа өгье гэсэн. Өгөхдөө өөрөө гэмтэй мэт, авлига, хээл хахуульд орооцолдсон мэт, айснаасаа болж ажлаа өгч байгаа мэт ойлголт хүмүүст төрүүлэхгүй байхыг хүсч байна. Гэвч харамсалтай нь Шадар сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх нь бараг өдөр тутам байгууллагын дотоод асуудалд оролцох, холбогдох болон холбогдохгүй асуудлуудаар тодорхой үүрэг чиглэл өгөх,бүр тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын агентлагийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах хэмжээнд нөлөөлж байна. Тухайлбал, бүх тушаал, шийдвэрээ зогсоо, нэг ч шийдвэр, тушаал гаргаж болохгүй. Аливаа төв, орон нутгийн мэргэжлийн хяналтын газар болон нэгжийн удирдлагуудыг хамруулсан төлөвлөгөөт цуглаан, зөвлөгөөнөө хойшлуул гэсэн. Мөн Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын зар, товуудыг зогсоож, буцааж татуулсан зэрэг эрүүл бус байдлаар хандаж байгаад хувьдаа харамсаж байгаа. Уг нь бол дарга, цэргийн хэн нь ч солигдсон төр хэвийн, тогтвортой ажиллаж байх ёстой.Би ажлаа өгөхгүй гээд сандал,ширээтэйгээ зууралдаад байсан бол иймэрхүү дур зоргоороо ааш гаргаж болох талтай. Гэтэл өөрийн санаачилгаар, мэдрэмжээрээ мөн хувийн шалтгаанаар, тодруулбал, гэр бүлийнхээ хүнийг удаан хугацаанд гадны оронд эмчлүүлэхээр МХЕГ-ын даргын албан тушаалыг өгөх хүсэлтээ өгчихөөд байхад төрийн ажилд иймэрхүү байдлаар хандаж байгаа нь өрөвдөлтэй байна. Ажлаа өгөхгүй биш өгнө гээд байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээрилт гүтгэж, доромжилсон худлаамэдээллүүд нийтлүүлж байгаа нь харамсалтай юм.

-Бүр МХЕГ-ын удирдах зөвлөлийн хурал дээр ирж, дотоод асуудлыг чинь ярьж, нэлээд бужигнуулсан мэдээлэл гарсан байсан. Энэ талаар мэдээлэл өгөх боломжтой юу?

-Тухайн хурал дээр байсан хүмүүс өөрсдөө хэлж ярих байх. Тэр өдөр болсонхурал дээр уг нь Монгол Улсын Шадар сайдын өгсөн ажил үүргийг танилцуулах байх гэж ойлгож байсан. Гэтэл ажилтан албан хаагчдаас зүй зохисгүй асуулт асуух, хооронд нь хагалан бутаргасан,муудалцуулах гэдэг ч юм уу ийм зохисгүй байдлаар хандах асуудал байсан.

-Ахлах зөвлөх Д.Батбаатар өөрөө энэ байгууллагыг удирдаж байсан зовлон жаргалыг мэдэх хүн байх аа. Таныг тэр үед ажлаа өг гэж шахсан гэх мэдээлэл байсан. Энэ үнэн үү?

-Одоогоор надад учиргүй дарамт шахалт үзүүлээд, сүйд болоод байгаа зүйл байхгүй. Гэхдээ Шадар сайдтай уулзаж, асуудлыг тодорхой ярьж хэлээд, хүсэлтээ өгчихөөд байхад “Өргөдлөө өг,яг одоо бичиг өг” гэж хэд хэдэн удаа шаардаад байгааг нь гайхаж байна.Үнэхээр Шадар сайд тэгж яаруулаад байгаа юм уу, эсвэл энэ нөхөрямар нэг ашиг сонирхлын зөрчлөөр дунд нь ингээд байгаа юм уугэдгийг ойлгохгүй байгаа.

-Таныг их хэмжээний мөнгө авч хүнийг ажилд томилсон гэх мэдээлэл гарсан байсан. Тийм зүйл бий юу?

-Өнөөдрийн байдлаар АТГ-аас намайг шалгасан асуудал байхгүй. Харин ашиг сонирхлын зөрчлөөр томилгоо хийсэн байх магадлалтай байна. Үүнд албан бичгээртайлбар өг гэсэн. Үүний дагуу бүх хийгдсэн томилгоо, халаа сэлгээ зэргийн тайлбарыг албан ёсоор өгсөн. АТГ-аас дуудаад, албадан хянаад байгаа зүйл байхгүй. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар худлаа мэдээлэл цацсан байсан. Гэхдээ МХЕГ-ын даргаар бурхан ажилласан ч шүүмжлүүлнэ гэж хүмүүст би хэлдэг юм шүү.

-Таныг халаа сэлгээ их олон удаа хийсэн. Өөрийнхөө гэгдэх хүмүүсийг ажилд авсан гэсэн мэдээлэл бас байсан?

-Халаа сэлгээ огт хийгээгүй гэж хэлэхгүй. МХЕГ-ын даргын ажилд томилогдож ирээдтөв болон орон нутгийн мэргэжлийн хяналтын газруудад чиглэл өгсөн. Мэргэжлийн хяналт мэргэжлийн байх ёстой. Ямар нэгэн танил тал, улс төрийн хүчнээр дамжиж ирсэн хүн байх ёсгүй гэсэн. Намайг ирэх үед мэргэжлийн хяналтын газарт мэргэжлийн бус хүн олон байсан. Мэргэжлийн бус ажилтнуудыг ажлаас чөлөөлөхдөө таван жил ажилласан,ажилдаа мэргэшсэн бол авч үлдээд, таваас доош жил ажилласан, мэргэжлийн бус хүмүүсийг ажлаас нь чөлөөлсөн. Хоёрдугаарт, ажлаа огт хийдэггүй, ажилдаа ирэхгүй таслаад алга болчихдог, ашиг сонирхлын зөрчилтэй, авлигын хэргээр шалгагдаж байгаа, иргэд, аж ахуйн нэгжийг чирэгдүүлдэг, бусдыг дарамталдаг айлгадаг хүмүүсийг нэгжийн удирдлагын саналыг үндэслэн чөлөөлсөн асуудал байгаа. Миний ажлаас халсан хүмүүс олон байсан уу, цөөн байсан уу гэдгийг Шадар сайдын ажлын албаны дарга, ахлахзөвлөх нь ирээд он оноор нь орсон хүмүүсийг гар хөлийг өргүүлээд халагдсан солигдсон хүмүүсийн мэдээллийг аваад явсан.Тэр мэдээллийг авахад дийлэнх нь хуучин ажиллаж байсан, 2007 оноос хойш ажилд орж, ажлын байран дээрээ мэргэшсэн улсын байцаагчидбайсан.

-МХЕГ сүүлийн үед ажлаа сайн хийж байгаа гэж иргэд ярьж байна лээ. Алдсан оносон зүйлс байгаа байх?

-Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарчажиллаж байсан иргэд, аж ахуйн нэгж бизнесийнхэн биднийг хэрхэн ажилласан бэ гэдгийг дүгнэх байх. Миний хувьд шударга ажиллахыг хичээж эрмэлзэж, зорилго зорилт тавьж ажилласан. Нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн олон ажил байгаа ч цаана нь бодож төлөвлөж байсан олон ажил байсан. Гэхдээ удахгүй ажлаа өгөх болчихлоо. Намайг дэмжиж, нэг баг болж, гар нийлж ажиллаж байсан шударга улсын байцаагч нар миний эхлүүлсэн ажлыг хийж дуусгах байх гэж найдаж байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагад ажилласан хугацаанд нэг л зүйлийг маш сайн ойлгосон. Тэр нь юу гэхээр үнэт зүйл. Мэргэжлийн хяналтын газрын үнэт зүйл нь мэдлэгтэй, мэдрэмжтэй, чадвартай, сэтгэлтэй зүтгэлтэй, хариуцлагатай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн улсын байцаагч юм байна гэдгийг ойлгосон доо.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ цаг-үе

Малын индексжүүлсэн даатгал төслийн захирал Я.ӨЛЗИЙБОЛД: Монгол орны хөдөө аж ахуйн салбарын эрсдэлийг даатгалын тогтолцоогоор хамгаалах суурь тавигдсан

Малын индексжүүлсэн даатгал төслийн захирал Я.Өлзийболдтой ярилцлаа

Малын индексжүүлсэн даатгал төслийн хэрэгжилт ямар үе шатандаа явж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр МИД төслийг хэрэгжүүлж эхлээд 10 жил болжээ. Өнгөрсөн хугацаанд мал аж ахуйн салбар, малчдын амьжиргаанд учирч буй эрсдэлийг даатгалаар хамгаалах тогтолцоог тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлж үндэсний хэмжээнд бүх аймаг сумдад Малын индексжүүлсэн даатгалд малаа даатгуулах орчин нөхцлийг бүрдүүлж өгсөн. Энэхүү ажлыг зохион байгуулахад олон чиглэлийн ажлууд хийгдэж төрийн болон хувийн хэвшлийн ажилтан, албан хаагчид, малчид, ард иргэд гэх зэргээр олон хүний хүч хөдөлмөр, оюун ухаан хичээл зүтгэл шингэж бодитой ажил хэрэг болж ирлээ. Өнгөрсөн хугацааны үр дүнг тоймлон хэлвэл бид давхардсан тоогоор 83 мянга 500 орчим малчин өрхийг даатгалд хамруулж 15 мянга 619 малчин өрхөд 3.2 тэрбум төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг олгосон байгаа. Төслийн хэрэгжилтийн хүрээнд орон нутаг аймаг сумдад урт хугацааны болон түр ажлын байр 8500 гаруйг бий болгожээ. Төсөлд оролцогч арилжааны даатгалын компаниудын Малын индексжүүлсэн даатгалаас олсон ашиг 1.4 тэрбум төгрөг байна. Малын хорогдлыг нөхөн барагдуулах зориулалт бүхий хамтын эрсдэлийн санд төвлөрүүлсэн хөрөнгө, олон улсын давхар даатгалд тархаасан эрсдэлийг хариуцах хэмжээ зэргээс харахад МИД-ын зээлийн бус хөрөнгөөр эрсдэл даах чадвар 5.6 тэрбум төгрөгт хүрсэн нь энэ хэмжээгээр зуд байгалийн гамшиг тохиолдсон үед төрийн үүрэг ачаа хөнгөлөгдөж байгаа гэсэн үг юм. Олон улсад нэр хүнд бүхий давхар даатгалын компаниуд МИД-ыг сонирхож 5 дахь жилдээ давхар даатгаж, бид зуд байгалийн гамшигаас үүдэлтэй их хэмжээний мал хорогдох үед хохирлыг бүрэн барагдуулах чадавх улам нэмэгдээд байна. Төслийн хэрэгжилтийн явцад анх дэвшүүлсэн зорилтоо үндсэнд нь хангаж цаашид төслийн эрхлэн явуулж байсан үйл ажиллагааг уламжлан хэрэгжүүлэх хувийн хэвшил, төрийн байгууллага тус бүрт үүрэг чиглэлийнх нь дагуу үйл ажиллагааг шилжүүлэх шилжилтийн үйл явц явагдаж байна. Төслийг хариуцан ажиллаж байгаагийн хувьд миний бие хэрэгжилтийг нь “оргил шатанд”-аа явж байна гэж хэлмээр байна даа.

Аймгуудад төслийн зарим үйл ажиллагаа өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор төсөл дуусч байна гэсэн ойлголт төрж байгаа бололтой?

-МИД төсөл нь 21 аймаг тус бүрт төслийн салбар нэгжийг ажиллуулж байсан. 2014 оны намраас аймгуудад Төсөл хэрэгжүүлэх нэгжийн салбар ажиллах шаардлагагүй гэсэн шийдвэрийг Төслийн удирдах хороо гаргаснаар аймгийн төвд төслийн салбар нэгж ажиллахгүй болсон. Гэхдээ төслийн салбар нэгж ажиллахгүй болсноор тухайн аймагт мал даатгахаа больчихож байгаа хэрэг огтхон ч биш юм. Төсөлд оролцогч даатгалын компанийн аймгийн салбарууд бие дааж даатгалын сурталчилгаа хийж борлуулалтаа явуулах болно. Төрийн байгууллагын зүгээс тавих хяналтыг аймгийн ХАА-н газар, сумдын засаг даргын орлогч, МЭҮТ-ын мэргэжилтэн зэрэг хүмүүс өөрсдийн ажлын чиг үүргийн дагуу гүйцэтгээд явна. Хамтын эрсдэлийн сангийн удирдлага хяналтыг Засгийн газраас байгуулсан ХАА-ын давхар даатгал ХК хариуцан ажиллана, Санхүүгийн зохицуулах хороо хяналтын чиг үүрэгтэй оролцоно гэх мэтээр төслийн хүрээнд хийж гүйцэтгэж байсан үйл ажиллагаанууд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн дагуу бүх чиг үүргийнхээ хүрээнд хариуцаж ажиллах субъектүүддээ шилжиж байгаа юм. Ийнхүү шат дараатай явагдаж байгаа шилжилтийн процессын талаар ойлголт дутуу байгаа мэр сэр хүмүүс төсөл дууссан, малын индексжүүлсэн даатгал гэж цаашид хийгдэхгүй мэтээр ойлгож байгаа нь ташаа ойлголт юм.

Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль батлагдлаа. Энэ хуулийн ач холбогдол?

-“Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль”-ийг батлан гаргасан нь олон талын ач холбогдолтой. Юун түрүүнд мал сүрэг төрийн хамгаалалтанд байх талаар хуульчилсан Монгол Улсын Үндсэн хуулийн заалт хангагдсан. Улмаар малчин малаа сайн дурын үндсэн дээр даатгуулах, малын төрлөө өөрөө сонгох, малын хорогдлыг сумын хэмжээний индекст суурилан тогтоох зэрэг малын индексжүүлсэн даатгалын суурь зарчмуудыг хуульчилсан. Хамгийн гол ач холбогдол нь Малын индексжүүлсэн даатгалын тогтолцоо цаашид үргэлжлэн тогтвортой оршин тогтнох баталгааг хангаж өгсөн явдал юм. Ингэснээр дан ганц мал аж ахуйн салбарыг индексжүүлсэн даатгалын тогтолцоогоор хамгаалаад зогсохгүй МОНГОЛ ОРНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ЭРСДЭЛИЙГ ДААТГАЛЫН ТОГТОЛЦООГООР ХАМГААЛАХ СУУРЬ тавигдаж байгаагаараа ч ач холбогдолтой.

Хуулийн ямар заалтуудыг малчид анхааран үзэх шаардлагатай вэ?

-Хууль бол малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаатай холбоотой бүхий л харилцааг зохицуулна. Иймээс дан ганц малчид гэлтгүй даатгалын компани, тэдгээрийн төлөөлөгч нар, төрийн холбогдох байгууллага албан тушаалтнууд гээд МИД-тай холбоотой бүхий л хүмүүст хамааралтай. Эдгээрээс мэдээж гол оролцогч, хуулийн хэрэглэгч нь малчид юм. Малчдад шууд хамааралтай хэд хэдэн заалт хуульд бий л дээ. Тухайлбал, малчид сайн дурын үндсэн дээр малаа даатгана, сумын түвшиний хорогдлоор малын хорогдлыг тооцно, нөхөн төлбөрийг тооцохдоо индекст суурилна, өвөл хаврын улиралд гарсан зүй бус хорогдлыг тооцно, даатгуулах малынхаа үнэлгээг малчин өөрөө сонгож, хураамжаа тогтоосон хугацаанд бүрэн төлөх үүрэг хүлээнэ гэх мэт малчдад хамааралтай хэд хэдэн заалт хуульд бий. Хамгийн чухал нь хуульд заасан эрсдэлийн бага түвшин буюу сумын хэмжээнд тухайн төрөл малын хорогдол 5-6% хүрээгүй тохиолдолд тэр түвшний эрсдэлийг даатгуулагч малчин өөрөө хариуцах хуулийн зохицуулалт байгаа.

Малын даатгалын тухай хуулийг бүрэн эхээр нь малчдад хүргэх боломжтой юу?

-“Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль” Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн №26 /839/-д албан ёсоор хэвлэн нийтлэгдсэн. Төсөл хэрэгжүүлэх нэгжээс Төрийн мэдээлэл эмхэтгэлийн дээрх дугаараас төслийн гол оролцогч талууд болох яамдууд, ҮСХ, аймаг сумдын ЗД, түүний тамгын газарт гэх мэт төрийн байгууллагуудад албан ёсоор хүргүүлж хууль сурталчлах ажлыг хийсэн. Шаардлагатай гэж үзвэл хуулийг бүрэн эхээр нь хэвлэж малчдад хүргэх бүрэн боломж бий. Дашрамд дурьдахад олон нийтэд тэр дундаа малчдад хууль сурталчлах зорилгоор УИХ-ын БОХХААБХороотой хамтран хуулийн зарим заалт, үзэл санааг эмхэтгэн хялбаршуулсан агуулга бүхий сурталчилгааны хуудсыг гаргаж үндэсний хэмжээнд малчин өрхийн тоогоор 140 гаруй мянган хувийг тараасан.

Монгол Улсад Хөдөө аж ахуйн давхар даатгалын компани байгуулагдаж байна. Энэ компанийн үйл ажиллагаатай Малын индексжүүлсэн даатгал хэрхэн уялдаж явах вэ?

-Малын индексжүүлсэн даатгал төслийг хэрэгжүүлж эхлэхдээ Монгол орны мал аж ахуйн салбарын эрсдэлийг хамгаалах даатгалын шинэ тогтолцоог бий болгон суурьшуулах, улмаар энэхүү тогтолцоог цаашид тогтвортой оршин тогтнох эрх зүйн орчныг бүрдүүлэн баталгаажуулж хуульчлахыг гол зорилгоо болгон ажилласан. Багагүй хугацаанд олон талт ажлыг шат дараалан зохион байгуулж чамлахааргүй үр дүнд хүрч МИД төслийн үндсэн зорилт хангагдан Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль батлагдлаа. Хуульд тусгагдсанаар Малын индексжүүлсэн даатгал төслийн хүрээнд арилжааны даатгалын компаниудтай хамтран хэрэгжүүлж байсан үйл ажиллагааг цаашид Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК хариуцан хэрэгжүүлнэ. “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК нь давхар даатгалын үйлчилгээ үзүүлэх замаар манай улсын хөдөө аж ахуй, даатгал, санхүүгийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах эрхэм зорилготой. Энэхүү зорилгодоо хүрэх, давхар даатгалын компанийн үйл ажиллагаа цаашид өргөжин тэлж цар хүрээгээ нэмэгдүүлэх зэрэг бүхий л асуудал нь Малын индексжүүлсэн даатгалтай маш нягт уялдаж явна.

Энэ онд малын даатгал хэдэн сараас эхлэн мал сүргийг даатгалд хамруулж эхлэх вэ?

-2015 оны 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 30-ны хооронд орон даяар бүх аймаг сумдад малын индексжүүлсэн даатгалд малаа даатгуулах ажил зохион байгуулагдана. Малчид маань энэ хугацаанд амжиж малаа даатгуулан ирэх өвөл хаварт учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь зүйтэй.

Малын индексжүүлсэн даатгалын бүтээгдэхүүнд энэ жил өөрчлөлтүүд орсон уу?

Одоогоор малын индексжүүлсэн даатгалын бүтээгдэхүүнд өөрчлөлт орохоор хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн зүйл байхгүй. Өнгөрсөн 2014 оныхтой адилхан нөхцлөөр малаа даатгуулна. Зах зээлийн үнэ ханшнаас шалтгаалаад малын үнэлгээнд өөрчлөлт орох гэх мэт бага сага зүйлс өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Энэ нь жил бүр тогтмол хийгдэж байдаг өөрчлөлт юм.

Даатгуулагч малчиддаа хандаж юуг онцлон хэлмээр байна?

-Малын индексжүүлсэн даатгалын бас нэг онцлог бол “Төрийн ивээл-Малчны итгэл-Даатгагчдын зүтгэл” гэсэн нэгдэл дээр оршин тогтнодог. Нэг ёсондоо “төр-хувийн хэвшил-иргэн”-ий түншлэлийг төгс хангадаг ч гэж хэлж болох юм. Төр маань үүргээ биелүүлээд ямарч хэмжээний эрсдэл тохиолдсон хорогдол хохирлыг чинь бүрэн даахад бэлэн хүлээж байна, Даатгалын компаниуд маань ч үүргээ ухамсарлан элч төлөөлөгч нарыгаа илгээн малыг чинь даатгахад бэлэн байна. Одоо малчин таны сонголт л үлдлээ. Та даатгуулах малын төрлөө, үнэлгээгээ, даатгуулах компаниа зэрэг өөрт байгаа сонголтуудаа хийгээд малаа даатгуулах үүргээ биелүүлэх л үлдэж байна. Малынхаа буянаар орж ирж буй орлогоосоо багахаан хэмжээний мөнгийг буянт малаа эрсдэлээс хамгаалах даатгалын үйлсэд зарцуулаад малаа даатгуулж хэвшихийг л малчин түмнээсээ хүсэж, уриалж байна.

Ярилцсан Н.ГАНТУЛГА