“Саусгоби Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал С.Энх-Амгалантай ярилцлаа.
-“Саусгоби сэндс” компанид ажиллаж байсан гадны гурван иргэн Монголын шүүхээс ял сонслоо. Энэ нөхцөл байдалд ямар тайлбар хийх вэ?
-Хэрэг гээд байгаа энэ асуудал нэлээд урт хугацаанд үргэлжилж байна. Бид 31 дэх сардаа буюу бараг гурван жил явлаа. Анх асуудал эхлэхэд би байгаагүй ч “авлига өгсөн гэж” Авлигатай тэмцэх газраар шалгагдаж эхэлсэн байдаг. Авлигын хэрэгт манайх холбогдолгүй нь тогтоогдож тухайн үед хэрэгсэхгүй болсон. Тэгээд Мөрдөн байцаах газраас мөнгө угаасан байж болзошгүй гэж үргэлжлүүлэн шалгасан ч хэрэгсэхгүй болгосон. Мөнгө угаасан хэрэг гэдэг нь 6.1 их наяд төгрөг буюу тухайн үедээ Монгол Улсын жилийн төсвийн хэмжээний мөнгө шүү. Энэ асуудлаар 2013 оны зургадугаар сар болон 2014 оны нэгдүгээр сард мөрдөн байцаагчаас хэрэгсэхгүй болгох санал хоёр удаа гаргасны дагуу прокуророос 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хэрэгсэхгүй болгосон. Харин татварын хэрэг нь үргэлжлэн яригдсаар өнөөдрийг хүрлээ. Эхлээд 234 тэрбум төгрөгийн тухай ярьж эхэлсэн. Ер нь 2007-2011 оны хооронд манай компани 400 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийж 100 гаруй тэрбум төгрөгийг татварт төлсөн байдаг. Гэтэл үүн дээр яриад байгаа 234 тэрбум төгрөгийг нь нэмж тооцохоор 300 гаруй тэрбум төгрөг буюу манай компанийн нийт орлогын 75 хувийг нь татварт авна гэсэн үг.
Тэгэхээр ямар нэгэн тооцоололгүй, зохиомол тоо гаргасан гэдэг нь эндээс харагдаж байгаа болов уу. Манай компанийн зайлсхийсэн гэх татварын хэмжээ хэд хэдэн шинжээчдийн дүгнэлтээр тус тус буурсаар байсан. Нийтдээ дөрвөн удаа шинжээчийн баг орж ажилласнаас хамгийн сүүлд 35 тэрбум төгрөг гэдэг тоог гаргаж ирсэн. Манай компани олон улсын хоёр ч хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, нээлттэй компани. Нээлттэй компаниудын хувьд тавигддаг гол шаардлага бол хувь нийлүүлэгчид нь итгэж болохуйц хөндлөнгийн санхүүгийн аудитын байгууллагаар жил бүр шалгуулж байх. Хөндлөнгийн санхүүгийн аудитын байгууллагаар нь дэлхийд нэр хүндтэй PWC, KPMG гэх мэт байгууллагууд жил бүр ажиллаж, заримдаа давхардсан хяналт ч хийдэг.
Эдгээр байгууллагуудаас татвараас зайлхийсэн тохиолдлыг илрүүлж байгаагүй. “Саусгоби сэндс” компанид хувь нийлүүлэгчид, тэднийг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүд энэ бүх тайлантай танилцдаг.
Тэгэхээр бид Татварын тухай хууль болон Монгол Улсын холбогдох бусад хуульд үйл ажиллагаагаа нийцүүлж ирсэн гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Тиймээс компанийн байр суурь бол 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн гэдгийг огт үндэслэлгүй гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байна.
–НӨАТ, Татварын тухай хуулийн олон зүйл заалтыг зөрчсөн гэж дүгнэлт гарчихаад байгаа. Хуулийнхан ямар заалтыг зөрчсөн гээд, та бүхэн ямар тайлбар хийгээд байгаа вэ?
-Монголд жил бүр хэдэн мянган татварын маргаан өрнөж байдаг. Өнөөдрийн байдлаар 60 гаруй мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Энэ аж ахуйн нэгжүүдтэй холбоотой татварын маргаан тодорхой хугацаанд өрнөөд, шийдэгдээд явж байдаг. Татварын маргаан үүсэхэд Татварын маргаан таслах зөвлөлөөр орж шийдэгдэх учиртай. Энэ зөвлөлөөр асуудал шийдэгдэхгүй бол дараа нь захиргааны хэргийн шүүх шийдвэрлэдэг.Ер нь энэ төрлийн хэрэгт татварын улсын байцаагч нар шалгалт хийгээд акт үйлдэх ёстой байдаг. Тэр актыг үндэслээд татварын маргааныг эхлүүлнэ. Гэтэл манай компани дээр татварын шалгалтыг хийгээгүй. Яагаад татварын байгууллага нь шалгалт хийж акт үйлдээгүй байхад татварын хэрэг үүсч байгаа юм бэ гэдэг нэг асуудал босч байгааюм. Тэгэхээр Мөрдөн байцаах газар, прокурор бол татварын шалгалт хийх эрх бүхий субъект биш. Гэтэл ийм байгууллагууд хөндлөнгийн шинжээч томилсон гээд асуудлыг шүүрч аваад яваад байна. Хөндлөнгийн шинжээч гэдгийг би бие даасан дүн шинжилгээ хийх чадвартай байх ёстой гэж ойлгож байгаа. Жишээ нь хоёр хүн хоорондоо өр зээлийн асуудлаар маргахад өөрийнхөө дүүгээр маргааныг таслаад өгөөч гэж болохгүй биз дээ. Дүү нь мэдээж ахынхаа талд асуудлыг шийдэх нь ойлгомжтой. Үүнтэй ижил хэргийн нэхэмжлэгч тал болж байгаа төрийн байгууллагын буюу агентлагийн албан хаагчид нь хөндлөнгийн шинжээчээр ажиллаж дүгнэлт гаргах боломжгүй. Тиймдээ ч тухайн шинжээчдийг бие даасан дүгнэлт гаргасан гэж үзэж болохгүй юм. Ямар нэгэн байдлаар компанийг буруутгасан шийдвэрүүдийг өөрсдийн хөндлөнгийн бус нөхцөл байдалд уялдуулан гаргажээ л гэж харж байна.
–Одоо яригдаад байгаа 35 тэрбум төгрөгийг татвараас ямар замаар бултуулсан гэж үзээд байгаа бол?
-Үндсэндээ 35 тэрбум төгрөгийн 25 тэрбум нь ханшийн зөрүүний бодит бус алдагдал. Монгол орон бол импортлогч. Өөрсдөө үйлдвэрлэдэггүй учраас аж ахуйн нэгжүүд гадаадаас худалдан авалт хийхийн тулд гадаад валют ашигладаг. Ам.доллар, юань гэх мэтээр. Үүнийг шийдэхийн тулд аж ахуйн нэгжүүд валютаа хөрөнгө оруулалт юм уу зээл хэлбэрээр олж ирдэг. Эсвэл өөрт байгаа төгрөгөө валютаар солино. Тэгэхээр ийм ханшийн зөрүү Саусгоби сэндс компани толгой компаниасаа авсан зээлийн бодит бус алдагдлыг үүсгэж байгаа. 2007-2011 оны хооронд мэдээж төгрөг байнга суларч ирсэн. Тэр хугацаанд бид баланс дээрээ төгрөгөөр бичдэг учраас ам.доллараар авсан зээлээ төгрөгт хөрвүүлээд тэр нь жил жилдээ төгрөг суларч байгаагаас шалтгаалаад өсч бичигддэг. Түүнийг хуурамчаар өглөг өсгөсөн гэж үзэж байгаа юм. Бид үүнийг нь гайхаж байгаа. Жишээ нь Чингис бондыг босгосноос хойш төгрөг суларсаар өнөөдөр бараг 300 тэрбум төгрөгийн зөрүү гарчихаад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо Чингис бондыг босгосон хүмүүсийг хуурамчаар өглөг өсгөсөн гээд барьж аваад шийтгэх үү.Монголын олон мянган аж ахуйн нэгжүүдийг мөн адил шийтгэх үү. Дээр нь бид хуулийн дагуу хоёр өөр төрлийн тайлан өгч байдаг. Татварын газарт татварын тайлан, Сангийн яаманд санхүүгийн тайланг өгнө гэсэн үг. Санхүүгийн тайланг Монгол Улс олон улсын нябо бүртгэлийн стандартын дагуу хүлээж авдаг. Манайх хоёр тайланг бодох ёстой аргачлалаар бодож өгдөг. Аль аль нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийн дагуу. Шинжээч нар компанийн анхан шатны баримтууд, тайлангуудыг судлахгүйгээр буруутгах гэж зүтгээд байгаа нь заавал буруутгах сонирхлын зөрчил байна уу гэж хардахад хүргэдэг.Шинжээч нар компанийн анхан шатны баримтууд, тайлангуудыг судлахгүйгээр дүгнэлт гаргаж, буруутгах гэж зүтгээд байгаа нь сонирхлын зөрчил байна уу гэж хардахад хүргэж байна.
-25 тэрбум нь ийм учиртай байж. Тэгвэл үлдсэн 10 тэрбум төгрөгийг нь шинжээчид юу гэж үзээд та бүхэн ямар тайлбар хийж байгаа юм бэ?
-Манай компанийг бусдад бараа бүтээгдэхүүн үнэ төлбөргүй шилжүүлж татвараас зугтаасан гэж буруутгасан. Гэтэл энэ нь гал гарсны улмаас шатсан 17 тэрбум төгрөгний үнэ бүхий экскаватор, 1.5 тэрбум төгрөгийн орон нутгийн сургууль цэцэрлэг, малчдад өгсөн өвс, нүүрсний үнэ зэрэг байгууллагад өгсөн мөнгөн хандив байгаа. Шатсан экскаваторыг Авлигатай тэмцэх газраас газар дээр нь очиж үзээд лацадсан, манай уурхайн талбай дээр байж байгаа. Тэрийг бид ямар нэг байдлаар зарж үрээгүй, ашиглах боломжгүй. Гэтэл яагаад НӨАТ ногдуулж, бид түүнийг төлөх ёстой вэ гэж. Энэ мэтээр элэгдэлд орж балансаас хасагдсан дугуйнууд бас байна.
Уул уурхайн компаниуд тухайн орон нутагтаа дэмжлэг үзүүлэх нь бараг ёс болоод хэвшчихлээ. Сургууль, цэцэрлэг, зам, зөөлөн болон хатуу дэд бүтцийн асуудлыг нь шийдэж өгч байдаг. Үүнтэй ижлээр бид Гурвантэс суманд багагүй ажил хийж өгсний дотор цэцэрлэг барьж өгсөн. Энэ бүхэн дээр буюу хандиваас хүртэл татвар авах тухай асуудал тавиад байгаа. Бид үүнийг нь сайн ойлгохгүй л байна. Тиймдээ ч бид болон манайд хөндлөнгийн аудит хийдэг олон улсын аудитын байгууллагууд ямар ч төрлийн татварыг нэмж төлөх шаардлагагүй гэж үзэж байгаа.
–Анх авлига өгсөн гэдгээр эхэлсэн энэ хэрэг яагаад сүүлд нь татвараас зайлхийсэн гэдэг зүйлчлэлээр ял онооход хүргэв. Цаана нь ашиг сонирхол нуугдаж байна уу?
-Тэрийг би сайн мэдэхгүй юм. Ямартаа ч энэ асуудал авлигын хэргээр анх төрийн албан хаагчид шалгагдахад хэд хэдэн компанийг татан оролцуулж байсан юм билээ. Тэр нь явцдаа нотлогдоогүй бөгөөд харин ч төрийн албан хаагчид албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж компаниудыг дарамталсан нь нотлогдсон. Энэ нь явсаар мөнгө угаасан гэгдсэн бол мөнгөний хэмжээ нь улсын бүтэн жилийн төсөвтэй тэнцүү хэмжээнд хүрсэн байх жишээтэй. Тэгээд тэр нь яваандаа 400 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байхад 300 гаруй тэрбум төгрөгийн татвар авах тухай асуудал болсныг би ойлгодоггүй. Яагаад ингэж урт хугацаанд шалгагдсан юм, гэмт хэрэг үйлдэгдээгүй гэдгийг мэргэжлийн битгий хэл энгийн хүн ойлгохоор байхад шийтгэж байгаа нь гайхашруулж байна.
–Ер нь гурван жилийн явцад ойлголцох боломж гараагүй юм уу?
-Бид өнөөдрийг хүртэл холбогдох байгууллагуудтай нь хэн ямар материал хүснэ түүнийг нь өгөөд хамтарч ажиллаад л яваад байсан. Бид татварын шалгалт хийгээд өгөөч ээ гэдэг хүсэлтийг удаа дараа тавьсан. Актаа өгчихвөл маргах үндэс нь тогтоно гэдгийг ярьсан. Гэтэл энэ хүсэлтэд татварынхан “Мөрдөн байцаалт хийгдэж байгаа учраас бид татварын шалгалт хийхгүй” гэсэн хариултыг өгч байгаа юм. Бид үүнийг нь гайхаад л байгаа. Мөрдөн байцаалт явагдах татварын шалгалт хийх хоёр хоорондоо ямар хамаатай юм. Өөр өөрсдийнхөө ажлыг л хийж байна гэсэн үг биз дээ.
–Өнгөрсөн жилүүдэд өрнөсөн асуудлыг та гайхаж байгаа ч шүүхийн шийдвэр нэгэнт гарчихлаа. Танай компанид ажиллаж байсан гурван ч хүн ял сонсч танай компани 35 тэрбум төгрөгийн татварыг төлөх шийдвэр хүчин төгөлдөр болсон?
-Бид урт хугацаанд энэ байр сууриа илэрхийлж ирсэн дээ. “Монголын хууль тогтоомж, процессийн дагуу энэ асуудал явах ёстой. Та бүхний яриад байгаа нөхөн татварыг чинь та нар тогтоодог юм биш. Татварын мэргэжлийн байгууллага нь тогтоох учиртай. Тиймээс Татварын ерөнхий газар нь шалгаад асуудал байвал акт тавих ёстой. Процессийн дагуу асуудал явсангүй. Хөндлөнгийн гэсэн нэртэй хөндлөнгийн бус шинжээчдийн тавьсан дүгнэлтүүд л бий” гэж. Татварын хэрэг захиргааны журмаар бүрэн шийдвэрлэгддэг. Ийм асуудлыг зориудаар хүндрүүлээд эрүүгийн хэрэг болгон гадаадын гурван иргэнийг хорьж байгаа нь маш харамсалтай. 2011 оны сүүлийн хагаст Жастин Капла 6 сар, Кажуком 4 сар ажилласан хүмүүс. Тэр хүмүүсийн ажиллаж байгаагүй хугацааны асуудлыг энэ хүмүүст зориудаар холбож байгаа юм. Ер нь ийм хэргээр, Эрүүгийн хуулийн 166-гаар хоригдох ял авсан Монгол хүн байдагт ч би эргэлзэж байна. Гэтэл ийм хэрэг өдүүлсэн гэх ямар ч үндэслэл байхгүй байхад гадны гурван иргэнийг хорьчихлоо.
–Зайлсхийсэн гэх 35 тэрбум төгрөгөөр торгох тухай асуудал яригдаж байсан. Гэтэл яагаад нэгдүгээр сарын 30-нд гэнэт хорих ял сонсгосон юм бол?
-Прокурорын ялын санал торгох байсан юм билээ. Гэтэл ялын саналаа сүүлийн өдөр нь өөрчилсөн байна. Уг нь ялын саналыг эхнээс нь прокурор хэлээд өмгөөлөгчид түүнийг нь үгүйсгэж мэтгэлцдэг.
Мэтгэлцээний зарчмын бүх зүйл дуусчихсан хойно прокурор нь ялын саналаа өөрчлөхөөр бүх зүйл буруу болж байгаа юм. Үндсэндээ өмгөөлөгч талд хамгаалалт хийх боломжийг нь олголгүйгээр ялын саналаа өөрчлөөд түүн дээр нь шүүгч шийдвэрээ гаргасанд бид их гайхаж байгаа. Шүүх хурал хууль тогтоомжийнхоо дагуу явж чадсан уу гэдэг асуулт бас л урган гарч байна. Асуудлын талаар хуульчидтайгаа зөвлөлдөж байна. Тэгээд ч та бүхэн шүүхийн дүрс бичлэг, тэмдэглэлтэй өөрсдөө олж танилцаад энэ бүхэн үнэн эсэхийг харж болно.
–Хоригдох ял сонссон гурван хүн танай компанид ажиллаж байсан. Өнөөдөр ямар хамааралтай байгаа вэ?
-Өнөөдөр бол шууд хамааралгүй. Тухайн үедээ гэрээгээр манайд ажиллаж байсан. Гурвуулаа гадаадын иргэн. Нэг нь 2007-2011 оныг хүртэл, нөгөө хоёр нь 2011 оны дундаас эцэс хүртэл ажиллаж байсан.
–Эдгээр хүмүүсийн намтар хэр цэвэр вэ. Эдийн засгийн гэмт хэрэг өдүүлж байсан нөхөд юм биш биз?
-Тийм зүйл байхгүй. Санхүүгийн хоёр мэргэжилтэн нь Филиппин улсын иргэн. Тэд нутагтаа нэр хүндтэй олон улсын компаниудад мөн бусад улсад мэргэжлээрээ ажиллаж байсан. Саусгоби сэндсийн захирлаар ажиллаж байсан Америкийн иргэн бол уул уурхайн мэргэжилтэй. Мэргэжлээрээ Монголд 2003 оноос хойш ажиллаж байгаад 2011 оны сүүлээр компанийн захирлаар ажиллаж байсан. Бас л мэргэжлийн ур чадвартай, гэмт хэрэгт холбогдож байгаагүй ийм хүмүүс бий.
–Энэ хүмүүс бараг гурван жил Монголын хилээр гарч чадсангүй?
-Өөрсдийнх нь ярьдагаар гурван зул сарын баярыг үдсэн. Энэ хугацаанд ар гэрт нь олон гачигдал гарсан. Ойр дотны хүмүүс нь нас барсан. Энэ бүхэн дээр гэртээ очиж чадаагүй. Тиймээс эдгээр хүмүүсийн хүний эрхийн асуудлыг нэлээд хөндөж байгаа. Бидний хэн нь ч байсан гадаадад явж байгаад хилээр нэвтрэх боломжгүй болчихсон үед ар гэрт нь асуудал гарахад очиж чадахгүй байна гэдэг хүний ёсонд хэцүү шүү дээ. Энэ хүмүүсийг эхлээд гэрч гэсэн статустайгаар мэдүүлэг авч байгаад яваандаа сэжигтэн болгож сүүлдээ ялтан болгоод хувиргачихлаа.
–Жастин Капла гэдэг хүн нь Ерөнхийлөгчөөс өршөөл хүссэн байна. Үнэхээр буруутай болоод өршөөл хүсээд байна уу гэж харахаар байгаа?
-Энэ гурван хүнийг гурвуулаа Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн гэсэн мэдээлэл авсан. Мэдээж хэнд ч гэсэн шоронд хоригдох хүсэл байхгүй. Тиймээс хурдан гарах нэг боломж нь Ерөнхийлөгчийн уучлал юм бол тийшээ хандах нь тэр хүмүүсийн хуулиар олгогдсон эрх л дээ. Нэгэнт анхан шатны шүүхээс шудрага бус шийдвэр гарсан тул дараагийн шатны шүүхэд итгэх итгэл тэдэнд үлдээгүй байлгүй дээ.
–Энэ гурван хүн сүүлийн гурван жил Монголд яажшуухан амьдарч байсан юм бол. Жилийн ихэнх өдөрт мөрдөн байцаагчийн хаалгыг сахиж таарсан байх?
-Хоёр нь өөр байгууллагад ажил эрхэлж байсан. Цагдаагийн байгууллагад тогтмол бүртгүүлдэг. Мөн Улаанбаатараас гарах тохиолдолд хэлж бүртгүүлдэг. 60 настай хүн ч бий. Бие муутай ч хүн бий. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьд өнгөрсөн гурван жил тийм амар байгаагүй нь ойлгомжтой.
–Энэ нөхцөлд хүний эрх хуулиар хэрхэн зохицуулагдсан байдаг юм бол?. Судалж үзсэн үү?
-Энэ талаар нарийн судалж мэдсэн зүйл надад байхгүй. Жастин Капла бол өөрийнхөө өмгөөлөгчдөөр дамжуулаад НҮБ-ын Хүний эрхийн комисст өргөдөл гаргасан юм билээ. Зүй бусаар урт хугацаанд хилийн хориг тогтоон хохироож байна гэж. Түүний дагуу НҮБ-ын холбогдох байгууллагаас асуулга ирүүлсэн гэсэн. Би түрүүн хэлсэн дээ. Татварын маргаан бизнес эрхэлж байгаа хүмүүст тохиолддог л зүйл. Түүний төлөө хүмүүсийн чөлөөтэй байх эрхийг нь ийм урт хугацаанд хязгаарлах шаардлага байсан уу гэдэг дээр л хүний эрхийн асуудал яригдаж байгаа байх. Үүний сацуу ар гэрт нь гачигдал тохиолдол гарах бүрт хилийн хоригоор цагдах шаардлага байсан уу гэх асуулт байгаа юм билээ.
–Америкийн тал хүнийхээ хойноос нэлээд хөөцөлдөж байна. Танайхтай уулзав уу?
-Хоёр орон хоёулаа л хүнийхээ хойноос, иргэнийхээ эрхийг хамгаалахаар ажиллаж байгаа. Филиппинээс Монголд Элчин сайдын яам байхгүй. Бээжингээс консул нь ирж нэлээд хэд хоног ажилласан. Байнга л өмгөөлөгчтэй нь холбоотой байгаа. Үүнтэй холбоотой хэвлэл мэдээллээр бичсэн, сэтгэгдэл үлдээсэн, зарим хүмүүсийн ярьж байгааг сонсоход америкчууд даварч байна гэж байна. Аль ч улсын иргэн хаана ч асуудалд ороход иргэнийхээ эрхийг нь хамгаалахын төлөө явж байвал сайн биз дээ. Манайхнаас ч гэлээ гадаадад явж байгаад асуудалд орооцолдоход манай Элчингийнхэн эргэж тойроод, юу болов гээд явж байвал баярлана биз дээ. Тэр ажлаа хийснийх нь төлөө бид “Том гүрний дээрэнгүй зан гаргаж байна” гэж шүүмжлэх шаардлагагүй болов уу. Элчин сайд нь байна уу, консул нь ч байна уу “хүнийхээ асуудлыг шүүхээр үнэн зөв шийдүүлье” гэж ярьж байгаа болохоос “хүнээ авч явмаар байна. Энэ хэргийг танай шүүхээр шийдүүлэхгүй” гэж хэлээгүй шүү дээ. Бас “Шүүгчийн тавьсан асуултыг зөв ойлгосон уу. Өөрийнх нь хэлсэн үгийг зөв орчуулсан уу” гэдэг асуудлыг Элчин сайдын яамныхан нь хөндөж байгаа нь их энгийн ойлголт гэж бодож байгаа. Хүнлэг ардчилсан нийгэмд хүн бүр өөрийнхөө эрхийг хамгаалах боломжтой байх ёстой. “Тэр эрх нь хангагдсан байна уу. Энэ хүнийг Монголын хууль тогтоомжийн хүрээнд шалгаж байна уу. Шүүх хурлын явц хуулийнхаа хүрээнд процедурын дагуу явж чадаж байна уу” гэдэгт аль ч орны Элчин сайд санаа зовних нь энгийн л ойлголт. Тэгээд ч Америкийн ЭСЯ-ныхан өөрсдөө шүүх хуралд бүтэн 3 өдөр суусан бүхнийг харсан. Филиппин Улсын тухайд Элчин сайдын яамны зүгээс хэвлэлтэй ажиллаагүй. хэвлэл мэдээллийн хэрэгсэлд одоогоор мэдээлэл өгөөгүй байна. Гэлээ ч ялгаагүй л хүмүүстэйгээ уулзаад, тэднийхээ эрхийг хангахаар явж байгаа. Түүнээс биш америкчууд нь давуу эрх эдэлж филиппинчүүд нь дутуу эрх эдлээд байгаа юм биш.
–Одоо танай байгууллагын зүгээс хэрхэх бол. Мэдээж давж заалдах уу?
-Давж заалдана гэж байгаа. Ялын тогтоолоо хүлээж аваад удаагүй байна. Тогтоолтой танилцаад, шүүх хурлын тэмдэглэлтэй танилцаад 14 хоногтоо багтаагаад давж заалдах өргөдлөө өгнө.
–Компанийн эзэд гэдэг юм уу, хөрөнгө оруулагчид ямар байр суурьтай байгаа бол?
-Манай компанийн хувьд Канадад бүртгэлтэй. Монгол дахь Саусгоби сэндс гэдэг нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани. Сүүлийн үед хүмүүсийн дунд сонин үзэл газар авч байх шиг байна. “Гадаад хүмүүс Монголын баялгийг зөөж байна” гэж. Тэгэхээр зарим тоон дээр түшиглээд ярихад манай компанийн гадны хөрөнгө оруулагчид гээд байгаа хүмүүс 1.4 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр шууд оруулчихсан. Энэ компани ажиллах хугацаандаа 1.2 их наяд төгрөгийн дотоод худалдан авалт хийсэн. Уул уурхайг дагасан олон бизнес байдаг даа. Тоног төхөөрөмжөөс эхлээд ажилчдын хувцас, хоол хүртэл. Уул уурхайн салбар Монголд хүчтэй хөгжиж байх үед буюу 2010-2011 онд шилдэг татвар төлөгч байсан. Үүний зэрэгцээ энэ компанид сайн үед 700 гаруй хүн ажиллаж байсан бол өнөөдөр 400 хүн хөдөлмөрлөж байна. Энэ компанийн ажилчин 400-гаар яригдаж байгаа ч харилцан хамааралтай байдаг бусад компаниудыг оруулж тоолбол хэдэн мянган айлын амьжиргаа Саусгоби сэндсийн үйл хэрэгтэй хамааралтай. Мэдээж энэ компанид хөрөнгөө оруулсан тэдгээрийг төлөөлсөн ТУЗ-ийн байр суурь тодорхой. “Бид ямар нэгэн хууль зөрчөөгүй л юм бол давж заалдах нь зүйтэй” гэж. Хууль зөрчөөгүй гэдгийг юунд үндэслэж хэлж байгаа вэ гэхээр жинхэнэ утгаараа хөндлөнгийн аудитын тайлагнасны дагуу. Энэ аудитын байгууллагууд яагаад худлаа ярихгүй вэ гэвэл тэдний бизнес нь итгэлцэл дээр тогтдог. Хөрөнгө оруулагч мөнгөөр нь бизнес хийж байгаа менежментийн ажлыг дүгнүүлж өөрийнхөө мөнгийг зохистой зарцуулж байна уу гэдгийг шалгуулахын тулд тэднийг хөлсөлдөг. Хэрвээ энэ байгууллагууд худлаа хэлдэг бол тэднээр шалгуулах хүн олдохгүй. Нэг л худлаа дүн гаргадаг гэсэн муу нэрийг аудитын байгууллага зүүвэл дампуураад л алга болдог. Тэгэхээр аудиторуудын хоолоо олж иддэг хэрэгсэл нь аудит. Харин манайхны шинжээч гэж нэрлээд байгаа хүмүүсийн хоолоо олж иддэг арга нь аудит биш. Тэгэхээр тэр хөрөнгө оруулагчдын хувьд хоолоо олж иддэг хүмүүс үнэн хэлэх үү, ямар нэгэн байдлаар томилогдсон хүмүүс үнэн хэлэх үү гэдэг асуултын хариулт ойлгомжтой байх. Урт хугацаанд энэ аргаар хоолоо олж идье гэсэн хүмүүс л үнэн хэлнэ биз дээ. Тиймээс манай компанийн дээд удирдлагууд нэгэнт Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй юм чинь давж заалдах нь зүйтэй гэж үзэж байгаа.
–Энэ асуудлыг гадаад ертөнц ихээхэн сонирхож байгаа бололтой. Ер нь Монгол гэдэг орон гадны хөрөнгө оруулалт, гадаад иргэдэд халтай гэж бичиж, нийтлэгдээд байх шиг байна?
-Манай компани гадны 100 хувийн хөрөнгө оруулалттай ч 99 хувь нь монголчууд ажиллаж байна. Бид Монгол хүн байж Монголынхоо нэр хүндийг унагаах сонирхолгүй. Биднээс болж Монголын нэр хүнд унаж байна гэвэл өрөөсгөл ойлголт болох байх. Шалгагдаж байгаа хүмүүс гадаадын иргэд байж таарсан. Гадаадын иргэд мэдээж эрх ашгаа хамгаална. Тэдний ар гэрийнхэн хийгээд бүр Америкийн зарим мужийн сенаторууд нь иргэнийхээ эрхийг хамгаалахад ихэд анхаарч байна. Тэд асуудлыг илүү өргөн хүрээнд том тавцанд гаргаад тавьчихаж байгаа юм. Тиймээс дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэлсэн. Гадаад хүмүүсийг нь цагдахын зэрэгцээ хөрөнгө оруулагчдын итгэдэг аудитын дүгнэлт манай дотоодын шинжээчдийн дүгнэлт хоорондоо зөрчилдөөд байгаа учраас ямар зүйлд үндэслэж ял оноосон бэ гэдэгт эргэлзэж байна. Дэлхий дахинд итгэл үнэмшил төрүүлсэн нэр хүндтэй байгууллагын дүгнэлтэд итгэх үү, Монголд төрийн байгууллагад ажиллаж байгаа ашиг сонирхлын зөрчил бүхий янз бүрийн дүгнэлт гаргадаг шинжээчдийн дүгнэлтэд итгэх үү л гэсэн асуудал. Ийм учраас мэдээж олон улсын хэвлэл мэдээллийн байгууллага сенсаци хөөж мэдээлж байгаа. Мэдээлэх эрх нь тэднийх. Энэ компанид хөрөнгө оруулагчид болоод хэрэгт холбогдсон хүмүүсийн ар гэрийнхэн хаана ярилцлага өгөөд явах вэ гэдэг нь тэдний эрх чөлөөний асуудал байх. Манайх харин компанийнхаа байр сууринаас нэг мэдэгдэл гаргасан. Өнөөдрийг хүртэл би гадны хэвлэлд ярилцлага өгөөгүй. Монголынхоо хэвлэлд энэ тухай ярих бодолтой байсан учраас “Өдрийн сонин”-д энэ бүхнийг ярьж байна.
–Гол нь хөрөнгө оруулалт буурсан, хямарсан энэ үед шүүхийн шийдвэр ухаалаг бус байлаа гэсэн шүүмжлэл гарч байгаа юм л даа?
-Анх Монголын Эзэнт гүрний үед Pax Mongolica тогтоож эзэнт гүрний нутаг дэвсгэр дээр гадны худалдаачид хэнээс ч айхгүйгээр, манайхаас өгсөн пайзаар худалдаа наймаагаа чөлөөтэй эрхлээд явж байсан. Үүнийг анх монголчууд санаачилсны ачаар өрнө, дорнын хооронд технологийн нээлт ололтууд чөлөөтэй солилцогдож дэлхий дахины хөгжил хурдассан гэж ярьдаг. Гэтэл чөлөөт худалдааг мянгаад жилийн тэртээ эхлүүлж, зарлан тунхаглаж байсан монголчууд өнөөдөр яг эсрэгээрээ гадны хөрөнгө оруулагчдаа хөөж тууж байгаа нь их харамсалтай юм даа.
–Танай компанийг авах цаад санаатай явуулга үргэлжлээд байна гэх таамаглал ч гарах болж?
-Би “Саусгоби сэндс”-ийн захирлаар 2013 оны долдугаар сараас хойш ажиллаж байгаа. Уурхайн үйл ажиллагаа бүрэн зогсоод жилийн дараа 2013 оноос үйл ажиллагаагаа сэргээсэн байдаг юм. Миний гол зорилго бол компанийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахадтөвлөрч ажилласан. Би улстөрч биш. Ямар нэг улс төрийн ажил хийж үзээгүй. Цэвэр бизнесийн чиглэлээр Монголын томоохон компаниудад ажиллаж байсан. Нүүрсний салбар ихээхэн хүндэрсэн учраас компанийнхаа үйл ажиллагааг тогтвортой явуулахыг эрмэлзэж ирлээ. Толгой компани болох “Саусгоби Ресурс” компанийн ерөнхий захирлаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард томилогдлоо. Тэр цагаас хойш энэ ажилд илүү их оролцоод эхэлж байна. Хэн юу сонирхож байсан бэ гэдгийг хэрэг анх үүсэхэд байгаагүй учраас хэлэхэд хэцүү. Өнөөдрөөс хараад дүгнэхэд ч бас хэцүү. Гэхдээ миний бодлоор энэ хувь хүмүүсийн хоорондын асуудал байна уу, бизнес хоорондын асуудал байна уу тэр нь чухал биш. Хамгийн чухал зүйл бол Монгол Улсын шүүх яаж ажиллах ёстой юм бэ. Үнэхээр дотоодын болон гадаадын иргэдэд тэгш хандаж чадаж байгаа юу. Гадаадын компани, дотоодын компанийн хэргийг шударгаар шүүж чадаж байна уу гэдэг асуудал л их чухал. Тийм ч учраас шинжээчид гээд байгаа хүмүүсийн дүгнэлтийг эсэргүүцэж байгаа. Яагаад ийм дүгнэлт гаргачихав. Миний өмнө байгаа асуудал бол ерөөсөө л энэ. 35 тэрбум төгрөгийн зохиомол дүнгийн асуудлыг шийдэх нь илүү чухал байна.
–Асуудал урт хугацаанд үргэлжилсэн, бас ч үгүй ихээхэн ээдрээтэй байна. Шат шатны шүүх одоогийн ялын нөхцөлийг хэвээр нь үлдээгээд байх юм биш биз?
-Бид энэ асуудлыг хуулийн дагуу шударгаар шийдвэрлүүлэхийн тулд эцсийг нь хүртэл явна. Давж заалдах хоёр шат байна. Тэнд үнэн мөн нь тогтоогддоггүй юм бол хаана ярих боломжтой байна тийшээ хандах байх.
–Маргааны тухайд ийм тайлбартай байна. Тэгвэл эцэст нь нэг зүйлийг тодруулахад хямарсан, эрдэс баялгийн үнэ буурсан энэ үед Саусгоби сэндс компанийн нөхцөл байдал ямар байна?
-2007 оноос өнөөдрийг хүртэл 700 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийгээд 200 тэрбум төгрөгийн татварыг улсын орлогод төвлөрүүлсэн. Бидний төлсөн татвараар бүрэн хэмжээний 200 сургууль барьж болох мөнгө. Хэлсэнчлэн 1.2 их наяд төгрөгийн дотоодын худалдан авалт хийсэн байдаг. Энэ нь Монголын эдийн засагт томоохон хувь нэмрийг оруулсан гэж бодож байгаа. Үүний зэрэгцээ найман тэрбум төгрөгийн хандив, хөрөнгө оруулалтыг орон нутгийн хөгжилд зориулсан байдаг. Нүүрс олборлож, борлуулж байгаа хэмжээгээрээ ч тэр эхний 4 уул уурхайн компанийн нэг юм. 2013 онд манайх 3.2 сая тонн нүүрс борлуулсан бол 2014 онд 2.1 сая тонн болж буурсан. Гэхдээ үйл ажиллагаагаа тасалдуулаагүй. Харин өнөө жил төлөвлөгөө зорилтоо өндөр тавиад ажиллаж байна. Ингээд эцэст нь нэг зүйлийг хэлэхэд нэгэнт 1,4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулчихсан байж юу гэж л хууль зөрчих бодол өвөрлөх вэ дээ. Тийм тэнэг хүн байхгүй биз дээ.
Л.МӨНХТӨР
Э.ЭНЭРЭЛ