Categories
мэдээ цаг-үе

Б.Немцов: Монголчууд уудам нутаг шигээ уужуу сэтгэлтэй ард түмэн байдаг байхдаа гэж санагдсан

Оросын сөрөг хүчний удирдагч Борис Немцов Москвад буудуулж алагдсан мэдээлэл дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Б.Немцовтой одоогоос 17 жилийн өмнө Оросын Засгийн газрын Тэргүүн шадар сайд байхад нь Москвад албан өрөөнд нь уулзсан урлаг судлаач сэтгүүлч Дэ.Мягмарсүрэнгийн хийсэн ярилцлагыг хүргэж байна. Дэ.Мягмарсүрэн тухайн үед “Засгийн газрын мэдээ” сонины Москва дахь сурвалжлагчаар ажиллаж байсан юм.

1998 оны нэгдүгээр сар. Оросын өвөл ид болж байсан цаг. Оросын Засгийн газрын Тэргүүн шадар сайдБ.Немцовтой уулзаж ярилцлага авах хүсэлтээ тавиад удаагүй байтал тун нааштай хариу авлаа. Түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга А.Е.Першин гуай сайхан зантай уриалгахан хүн аж. Түүнтэй холбоо барих бүр тэргүүн шадар сайд үнэхээр ажил ихтэй завгүй байгааг учирлаж, гэхдээ Итали руу явахаас өмнө нь хоёрдугаар сарын эхний арав хоногт заавал уулзуулна гэж амлаж билээ. Тэгтэл нэгэн өдөр утас маань хангинаж, таныг Борис Ефимовичтой уулзуулах боллоо гэлээ. Б.Немцов бол Оросын засаг төрийн өндөрлөгт богинохон хугацаанд оюуны тэнхээ, санаачилга, зохион байгуулах чадвараараа цойлон гарч, Оросын олон нийтийн хүндэтгэл хүлээж чадсан төрийн их ирээдүйтэй залуу зүтгэлтний нэг. Тэрбээр 38-хан настайдаа Оросын Засгийн газрын хамгийн залуухан шадар сайд болсон юм. Бас ОХУ-ын анхны хамгийн залуу губернатор болж байлаа. Б.Немцов 1981 онд Горький хотын Улсын их сургуулийн радио физикийн эрдэм шинжилгээний ажилтнааражиллажээ. 1985 онд физик математикийн дэд эрдэмтэн болсон байна. Түүний нийгмийн идэвхтэй үйл ажиллагаа нь байгаль орчинг хамгаалах хөдөлгөөнд оролцсоноор эхэлж, улмаар Ардын депутатаар сонгогдож явав. 1991 оны наймдугаар сарын хэрэг явдлын үеэр Цагаан ордонг хамгаалагчдын нэг байлаа. Энэ үеэс Борис Ельциний анхааралд өртөж, хожим Ерөнхийлөгчийн сонгуулийн үед Б.Ельциний итгэмжлэгдсэн хүн болсон байна. Доод Новгород мужийн захирагч байхдаа Григорий Явлинскийг урьж, тодорхой мужид капитализм байгуулах өвөрмөц туршилт хийсэн нь ялангуяа нийгмийн хүрээний зарим асуудлыг шийдэхэд бодитой үр дүнд хүрсэн байна. Тухайлбал улсын үйлдвэрүүд үр ашгаа дээшлүүлж, цалин хөлсөө нэмэгдүүлснээр орон сууц болон нийгмийн хүрээнийбусад зүйлд зориулах зардлаас бүрэн чөлөөлөгдсөн нь зах зээлийн нөхцөлд үр өгөөжтэй үйл явдал болсон байна. Доод Новгород мужид ажилгүйдэл байхгүй болсон бөгөөд хүн ардын амьдралын түвшин мэдэгдэхүйц дээшилсэн юм билээ. Б.Немцов өөрийн үзэл бодолтой, шударга зоримог залуу. Мужийн захирагч байхдаа Оросын Засгийн газрыг нэр зааж, Үндсэн хуулийн шүүхэд гомдол гаргаж явсан билээ. Ерөнхий сайд В.Черномырдин, тухайн үеийн шадар сайд Е.Гайдар нарыг тодорхой дурдаж тэдний явуулж байсан шинэтгэлийг хурцаар шүүмжилдэг байв. Ялангуяа Чечений дайныг эрсэсэргүүцдэг байлаа. Тэрбээр уг дайныг эсэргүүцэж сая хүний гарын үсэг цуглуулж байсан. Түүний бие даасан энэ байр суурь Б.Ельциний дургүйг хүргээгүй юм. Харин ч Москвад ажиллахыг Кремлийн зүгээс нэг бус удаа урьж байлаа. Тухайлахад Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллахыг түүнд санал болгож байсан. Гэвч тэрбээр татгалзжээ. Харин Оросын Засгийн газрын тэргүүн шадар сайдаар ажиллана уу гэсэн сүүлчийн саналыг арга буюу хүлээн авсан байна.Оросын засаг төрийн өндөр албанд оронгуутаа залуу хүний омголон халуун сэтгэлээр төрийн үйл ажиллагаагаа тэрбээр тун дайчин идэвхтэй эхэлсэн юм. Орон сууц, ахуйн үйлчилгээний шинэтгэл хийх үзэл санаагаа тунхаглан зарлаж, Примор тэнгисийн хавийн нутагт удаан үргэлжилсэн эрчим хүч­ний хямралыг нааштай шийд­вэрлэж чадсан юм. Япон, Хятадад айлчлан эдийн засгийн үр ашигтай хэлэлцээрүүдийг амжилттай байгуулж том хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулсан юм. Оросын хувь нийлүүлсэн “Газпром” нийгэмлэгийн хүчирхэг дийлдэшгүй удирдагч гэгдэх Р.Вяхиревтэй үг хэлээ ололцож, улсад өгөх өр төлбөрийг нь хүртэл түүнээс салгаж чадсан аж. Б.Немцовын авч хэрэгжүүлсэн эрчимтэй зоримог, шийдмэг алхам, арга хэмжээнүүд түүний нэр хүндийг олны дунд зүй ёсоор улам бэхжүүлж, гэхдээ үүнд нь бас атаархаж жөтөөрхсөн тодорхой эсэргүүцэгч хүчнүүд ч байлаа.Тэд түүний нэр төрийг гутаах сөрөг үйл ажиллагааг идэвхтэй явуулж байв. Б.Немцовоос өө сэв эрж хайсан өгүүллүүд хэвлэлд нийтлэгдэх болж, улмаар ном ч гарлаа. Б.Немцовыг эсэргүүцэгч сөрөг хүчний магнайд Оросын Либерал ардчилсан намын тэргүүн В.Жириновский явна. 2000 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эхний таван хүний эгнээнд орж чадаагүйдээ В.Жириновский улам шаралхаж, олон нийтийн санал асуулгаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүний хоёрдугаарт яваа Б.Немцовт тэрбээр уураа маш их гаргаж байжээ. Борис Ефимовичийн нэр хүндийг гутаасан хэвлэлийн бага хурал хийлгэх, үг яриа гаргах нь энүүхэнд. Ер нь бодитой тодорхой ажил хийж яваа хүн сайн муу үг дуулж яггүй тэмцэл бэрхшээлтэй тулгарах нь жам юм даа. Ямар ч атугай Оросын засаг төрийн өндөр албанд очоод дөнгөж жил гаруйхан болж буй энэ нэрд гарсан залуу удирдагчтай өөртэй нь биечлэн уулзаж санаа бодлыг нь сонсож авсан нь үнэхээр том аз завшаан юм.

Оросын Засийн газрын цагаан ордныг зорьж очиход шадар сайдын ажлын алба­ныхан элэгсэгээр хүлээж авсан. Өрөөнд нь ортол цэлий­сэн том өрөөний голд том алаг нүдтэй сүрлэг ханхайсан эр инээмсэглэн зогсож, гадаадын сурвалжлагч бүсгүй гэрэл зургаа түүний хамт авахуулж байлаа. Яах учраа олохгүй зогстол Та ор ор. Наашаагаа ойрт л доо гэж тун уриалгахан хэлэх нь түүний эгэл энгүүн, гүндүүгүй сайхан орос эрийн занг илтгэнэ. Сурвалжлагч бүсгүй гэрэл зургаа авч дуусмагц нь би тэргүүн шадар сайдад ойртож: “Тантай уулзаж байгаадаа баяртай байна” гэхэд “Надад ч мөн адил таатай байна” гэж тэрбээр урдаас маань хариулав. Ингээд урт том ширээний ард сууцгаалаа.

-Борис Ефимович оо. Та манай Монголын талаар ямар төсөөлөлтэй явдаг вэ?

-Би саяхан Монгол улсын дээгүүр нисч Хятад руу зорьж явлаа л даа. Энэхэн зуур онгоцныхоо цонхоор монгол нутгийг тун анхааралтай харлаа. Цэлмэг сайхан агаартай байв. Монголчууд уудам нутаг шигээ уужуу сэтгэлтэй, эрх чөлөөнд тэмүүлсэн ард түмэн байдаг байхдаа гэж санагдсан. Монголчууд эрчимтэй хөгжиж буй соёл иргэншлээс алс зайд аж төрдөг авч, шинэ юмыг амархан тусгаж авдаг эрх чөлөөг эрхэмлэсэн хүмүүс байдаг болов уу гэж бодсон. Ийм өргөн уудам тал нутаг, тэнгэр өөд цойлсон уулстай нутгийн хүмүүсийн ухамсар сэтгэлгээ нь хүртэл эрх чөлөөг хүсэмжлэх хязгааргүй тэмүүлэлтэй байх нь аргагүй юм уу даа гэж надад бодогдсон. Энэ чанар нь монголчуудын хүсэл зоригийг нь олон талаар тодорхойлдог байх. Түүний дотор Монголын өнөөгийн улс төрийн амьдралыг ч тодорхойлж байгаа болов уу. Тухайлахад, Орос оронд дөнгөж арайхийж хэрэгжиж эхэлж байгаа эрх чөлөө, ардчиллын олон үзэл санаа, харин Монгол оронд манайхаас илүү түргэн биеллээ олчихсон байдаг. Энэ нь тодорхой өөрийнх нь ухамсар сэтгэлгээнээс шалтгаалж байгаа хэрэг л дээ. Монголын тухай миний төсөөлөл гэвэл ийм л байна. Үүнтэй холбогдуулан хэлэхэд Монголын шуудангийн маркууд тун гоё үзэмжтэй байдагсан. Сурагч байх үед манай ангийн хүүхдүүд монгол шуудангийн маркуудыг солилцдог байлаа. Би ч гэсэн марк солилцохоор шийдсэн. Ингээд захидал авдаг байсан л даа.

-Чухам үнэнийг хэлэхэд, сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа таагүйхэн цаг үеийг үзэж байна уу даа гэж зарим үед бодогдох юм.

-Энэ нь шилжилтийн үеийн түр зуурын үзэгдэл байх л даа. Сүүлийн хоёр жил гэхэд Орос, Монголын хоорондын бараа солилцоо хоёр дахин багассан байх жишээтэй. Гол нь Орос оронд нийлүүлдэг Монголын экспортын бараа хорогдсон. Энэ нь Оросын талаас ноогдуулдаг гаалийн өндөр татвартай холбоотой гэж манайхан үздэг юм байна лээ.

-Чухам ямар бараанд байх нь вэ?

-Орос оронд нийлүүлдэг Монголын уламжлалт бараа, бүтээгдэхүүн л дээ. Тухайлахад, мах, арьс, шир, хивс гээд олон бүтээгдэхүүн байгаа…

-Ингэхлээр гаалийн татварыг бууруулах талаар эргэж харах бололцоо бий болов уу?

-Дэлхийн худалдааны энэ байгууллагад элсэхэд аливаа татвар түрээсийг бууруулах шаардлага гардаг. Ингэхлээр уг байгууллагад элсэж ормогц гаалийн татвар ноогдуулалтын хэмжээ буурах болно.

-Дэлхий дээр орос барааны чанар чансааг ойлгодог, үнэлдэг ард түмэн гэвэл манай монголчууд л байх. Гэтэл сүүлийн жилд ер нь Оросын бизнесменүүд Монголын зах зээлд тун бага анхаарал тавьж байгаа юм шиг санагддаг?

-Ер нь танай зүгээс манай бизнесменүүдийг татах реклам байхгүйтэй л холбоотой байж болох шүү. Монголын зах зээлийг сонирхох хүмүүс бий л дээ. Үүнийг бодох хэрэгтэй. Танайхан рекламдахдаа муу ажиллаж байгаа байх. Нөгөө талаас Орос улс асар уудам нутагтай Холбооны улс. Иймд хил хавийн муж нутгийхантай хэлхээ холбоог бэхжүүлж, хамтран ажиллах нь хэтдээ ирээдүйтэй болов уу.Тухайлахад, Эрхүү, Читийн муж зэрэгтэй… Энд худалдааг өргөн зохион байгуулж ажиллах нь хялбар юм. Ийм чиглэл, дэг журамд оруулахад бүс нутгийн удирдлагыг хандуулах нь зүй зохистой юм.

-Та тун богино хугацаанд Оросын төр засгийн өндөр­лөгт гарсан хүн. Энэ нь таны хувьд санаандгүй үйл явдал байсан уу ?

-Миний хувьд энэ санам­саргүй, гэнэтийн хэрэг явдал болсон гэж хэлмээргүй юм уу даа. Яагаад гэвэл би урьд нь мужийн захирагчийн алба хашиж байсан.

-Ер нь та албан тушаалд хэрхэн ханддаг вэ?

-Эрх мэдлийн өндөрлөг өөд бүх хүчээ хэрэглэн тэмүүлдэг аюултай хүмүүс байдаг. Ний нуугүй хэлэхэд би хэзээ ч эрх тушаалын оргилд хүрэхийг эрмэлзэж яваагүй. Ер нь эрх мэдэл, өндөр албан тушаал гэдэг чинь эмэгтэй хүнтэй адил зүйл санагддаг. Хэрвээ эмэгтэй хүнд таалагдахыг хүсвэл хүчээ харуулаад байх хэрэггүй байдаг. Бид хүүхнүүдийг хайрлах тусам тэдэнд таалагддаггүй гэж А.С.Пушкин хэлсэн шүү дээ. Үүний нэгэн адил эрх мэдэлд дуртай болох тусам түүнтэй нийцэхээ больдог. Ийм учраас эрх тушаалд хорхойтох нь заавал ялагдалд хүргэж таарна.

-Сүүлийн үед өөрийн чинь талаар хэвлэлд ихэд бичих болж, нэр төрийг чинь гутаах гэсэн оролдлого их гарч байна. Иймэрхүү маягийн өгүүлэл, ном зохиолд та эмзэглэдэг үү?

-Иймэрхүү төрлийн хэв­лэлийн нийтлэлд би аажуу тайван ханддаг. Намайг муу­чилсан элдвийн зүйл гарахад ямар ч байсан би өдөр хоногийг үр ашиггүй өнгөрөөгөөгүй юм байна даа гэж боддог. Иймд тун тайван, уужуухан ханддаг. Иймэрхүү зүйлсийг ойшоож уншдаг ч үгүй. Надад хийж бүтээх өөр ажил их бий.

– В.Жириновский таныг их үзэн ядах юм аа даа.

-Үнэн шүү. Ер нь л Владимир Вольфович мэтийнулс төрийн зүтгэлтнүүд эх оронд маань олигтой ашиг тус хүргэхгүй л дээ гэж үздэг. Энэ хүн миний эсрэг сөрөг хүчний талынх. Намайг шүүмжилж болно. Гэхдээ сэтгэлийн их хөдөлгөөнөө тэрбээр тун хачирхалтай хэлбэрээр илэрхийлдэг зантай.

-Өөрийнхөө гэр бүлийн тухай товч танилцуулна уу?

-Ам бүл маань цөөхүүлээ дээ. Эхнэр Раиса, охин Жанна. Гурвуулаа хамт аж төрдөг. Эхнэр маань номын санчийн мэргэжилтэй. Одоогоор гэрийн эзэгтэй болсон.

-Та жилийн өмнө Оросын засаг төрийн өндөр алба хашиж эхэлсэн. Энэ ганц жилийн хугацаанд юу хийж амжив. Юу амжсангүй вэ?

-Цэвэр эдийн засгийн хүрээнд нэлээд зүйлийг амжиж хийж чадсан. Тухайлахад, төсвийн мөнгийгзүй зохистой хуваарилах нээлттэй дүрэм журам тогтоосон, бүрэн эрхт банкуудаас татгалзсан, газрын тосны салбарыг дэг журамтай болгосон, эрчим хүчийг зөөвөрлөх төмөр замын тарифыг бууруулсан, Оросын түшмэдүүдээр татварынхаа мэдүүлгийг нь бөглүүлж чадсан. Одоо Оросын цэргий­нхэнд зориулсан сууцыг барьж байгуулах хөтөлбөрийг хийж амжлаа. Хэрэгжүүлж амжаагүй зүйлийн хувьд гэвэл, харамсалтай нь нийгмийн хангамжийн талаас хүмүүсийг дэмжих хууль тогтоомжийг өөрчилж чадсангүй, бүх түшмэлийг эх орны үйлдвэрийн “Волга” машинд нь суулгаж чадаагүй дээ.

-Өнгөрсөн онд болсон А.Пугачёвын төрсөн өдрийн баярт зориулсан концерт дээр таныг Алла Борисовнад баяр хүргэж байхыг би харсан. Та шүтэн бишрэгч нь үү?

-Тийм ээ. Алла Борисовна надтай үерхэж нөхөрлөдөг.

-Удахгүй манай үндэсний баяр “Цагаан сар” болно. Өөрөөр хэлбэл шинэ оноо угтаж, бар жилтэй золгох юм. Манай энэ баярыг тохиолдуулж, монгол түмэнд юуг ерөөж хүсмээр байна?

-Много денег и много любви.

Бар жилд эд мөнгө ихээр хурааж, биесээ хайрлан халамжлах сэтгэлээр дүүрэн явахыг бэлгэшээсэн, ОХУ-ын Засгийн газрын тэргүүний шадар сайд Б.Немцовын өлзийтэй энэ ерөөл бат орших болтугай хэмээн дотроо залби­раад ярилцлагынхаа төгсгөлд Борис Ефимович оо! Дурсгал болгож тантай гэрэл зургаа татуулах уу гэхэд маань том биетэй сүрлэг энэ залуу ширээнийхээ цаанаас босч ирээд хажууд минь зогссон юм.

Categories
мэдээ цаг-үе

Орон сууцны зээлийн урьдчилгааны тал хувийг нийслэл даана

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл НИТХ-ын дарга Д.Баттулгад орон сууцны урьд­­чилгааг хөнгөвчлөх жур­мын төслийг өргөн барьжээ. Энэ журмыг боловс­руу­лах­даа нийс­лэлийн 300 шахам цэцэрлэг сургуулийн 12 мян­­ган багш, ажилчдаас су­далгаа авчээ. Энэ журмаар бол нийслэлийн иргэд орон сууцны найман хувийн зээлд хамрагдах боломж нэмэгдэнэ.

Учир нь зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн 30 хувь нь л орон сууцны урьдчилгаа төлбөрийг хийх чадвартай. Харин үлдсэн 70 хувь нь урт хугацааны зээл төлөх чадвартай боловч урьдчилгаа 30 хувийг төлөх чадваргүйгээс зээлд хамрагдаж чадахгүй байгаа юм. Гэтэл нийслэлд орон сууцны нийлүүлэлт эрс нэмэгдсэн боловч худалдан авалт буурч байгаа судалгааны хариу гарчээ. Энэ нь нийслэлээс хэрэгжүүлж байгаа Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд саад учруулна. Ингэснээр дээд цэгтээ хүрээд байгаа утаа, хөрсний бохирдлоос салах хугацааг улам уртасгаж байгаа гэж үзжээ.

Өөрөөр хэлбэл утаа, хөрсний бохирдлыг бууруулах боломж нь орон сууц. Зээлээ төлөөд худалдан авах иргэд бэлэн. Дээрх санал хэрэгжвэл орон сууцны нийлүүлэлт ч нэмэгдэнэ. Гэтэл орон сууцны найман хувийн зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувь л иргэдийн орон сууцны зээлд хамрагдах боломжийг хааж байгаа аж. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл энэ асуудлыг шийдэх гарц олсноо төсөл болгон НИТХ-ын даргадаа ийнхүү өргөн барьж байна. Түүний үзэж буйгаар бол орон сууцны борлуулалтыг дэмжих зорилгоор “Улаанбаатар орон сууцны сан” байгуулна. Тэр сангаасаа иргэдийн орон сууцны зээлийн урьдчилгаа болох 30 хувийн төлбөрийн талыг төлж өгнө. Ингэснээр өнөөгийн борлогдохгүй байгаа барилгын борлуулалт нэмэгдэнэ. Орон сууцны борлуулалт нэмэгдэх тусам барилгын түүхий эдийн хэрэгцээ нэмэгдэнэ. Улмаар ажлын байр нэмэгдэж барилгын компаниуд байнгын ажиллагаатай болж, хүчирхэгжинэ. Барилгын компаниудын ашиг орлого нэмэгдэх тусам татвар төлөлт тэлж иргэдэд үзүүлсэн жаахан хөнгөлөлтөөс илүү хөрөнгө төсөвт төвлөрөх боломжтой. Өөрөөр хэлбэл нийслэл гэр хорооллыг барилгажуулах ажлыг гацаагаад байгаа урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлт иргэдэд үзүүлснээр утаа, хөрсний бохирдлоос салах ажлыг эрчимжүүлнэ. Одоохондоо орон сууцны борлуулалтыг өөр хямд замаар дэмжих ямар ч гарц алга. Гэхдээ барилгын компаниуд хөл дээрээ босчихвол ажилтай, орлоготой иргэдтэй төрийн оролцоогүйгээр борлуулалтаа хийгээд байх нөхцөл бүрдэнэ. Нэгэн барилгын компанийн захирлын ярьж буйгаар бол төлбөрийн чадвартай иргэдтэй, дээр нь барилгын компаниуд капиталтай болсон тохиолдолд иргэдээс 30 хувийн урьдчилгаа авахгүйгээр түлхүүр гардуулах гэрээ хийж болно гэнэ. Өрхийн орлого 800 мянган төгрөг байхад л хоёр өрөө байрны зээлэнд хамрагдах боломжтой. Гэтэл зуны цагт залуусыг өдрийн 25 мянган төгрөгийн цалинтай туслах ажилчин хийхийг уриад ирдэггүй гэнэ. Мэдээж байр нь бэлэн зээлийн шугам ойлгомжтой бол залуус өнөөдөр өдрийн 20 мянган төгрөгөөр ч ажиллах сонирхолтой болно. Харамсалтай нь зарим компаниуд ажлаа хийлгэчихээд цалингаа өгөхгүй гэх мэтийн асуудал тасрахгүй байна. Энэ бүхэнд төр оролцоод байх үндэс байхгүй. Харин түлхүүр гардаж аваад орон сууцанд орсон хүн маш хариуцлагатай болдог тухай засаг дарга Э.Бат-Үүл ярьж байна. Түүний найз нэг өдөр тамхинаас гарчихсан гэнэ. Учир нь тэрээр байрны лизинг төлж эхэлсэн аж. Гурван жилийн дараа буцаад тамхинд орсон гэнэ.Орон сууцныхаа зээлийг төлөөд дууссан учраас мань эр тамхи татаж эхэлсэн юм байх. Энэ жижиг жишээнээс харахад зээл хүнийг хариуцлагатай болгодог байж мэдэх юм. Гэхдээ өөрт нь тохирсон зээл хэн хэндээ өгөөжөө өгнө. Хэрэв нийслэлийн том хурал /НИТХ/ Засаг даргын төслийг дэмжвэл ирэх жилээс байрны борлуулалт эрс нэмэгдэж утаа долоон уулын цаагуур орох биз ээ.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ цаг-үе

Ялтан ШШГЕГ-ын машин жолоодож яваад хүний аминд хүрчээ

-ТЭРБЭЭР УДАХГҮЙ СУЛЛАГДАХ ГЭЖ БАЙСАН АЖ-

ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид ял эдэлж байсан ялтан албаны машин жолоодож яваад хүн дайрч аминд нь хүрчээ. Энэ хэрэг өнгөрсөн пүрэв гаригийн орой гарсан байна. Болсон явдлыг тоймлон хүргэе.

ХҮН ДАЙРЧИХААД ЗУГТЖЭЭ

Цагдан хорих 461 дүгээр ангид ял эдэлж байсан Ч.Ганбуудал ШШГЕГ-ын “Hyundai-Starex” маркийн автомашинтай өнгөрсөн пүрэв гаригийн 18.00 цагийн орчимд хорих ангиас гарчээ. Түүнтэй хамт арав гаруй ялтан, хянагч н.Батболд нар явсан аж. Тэд 100 айлын орчимд ялтнуудыг буулгажээ. 461 дүгээр ангид ял эдэлж байсан иргэд тэр хавьд ажил хийдэг байсан бололтой. Ч.Ганбуудал ялтнуудыг ажиллаж байсан газарт нь хүргэж өгчихөөд хянагчтайгаа хамт буцаж явжээ. Оройн тоондоо бүртгүүлэх цаг дөхсөн учир нэлээд хурдтай явсан бололтой. Ингэж явахдаа Баянгол дүүргийн нутаг “ТЭЦ-4”-ийн зам буюу “Хүн-Од” хиамны үйлдвэрийн урд 50 шахам насны эрэгтэй хүнийг дайраад зугтсан байна. Тэрбээр зугтаж хорих ангидаа очиж төлөөлөгч, хянагч нартаа болсон явдлыг хэлжээ. Улмаар төлөөлөгч, хянагч нартайгаа нэлээд орой ослын газарт ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан аж.

Хэргийн газраас зугтахад нь хамт явсан 461 дүгээр хорих ангийн хянагч хориглоогүй бололтой. Тэд өөрсдийгөө цочролд орсон гэж мэдүүлжээ.

ХОХИРОГЧ СОГТУУ БАЙСАН УУ

Хохирогч осол гарах үед зам дээр дөрвөн хөллөөд мөлхөж байсан тухай гэрчүүд мэдүүлжээ.

Тэр хавийн байгууллагад манаач хийж байсан хүн “50 гаруй болов уу гэмээр насны хүн зам дээр мөлхөөд явж байсан. Бараг л зам дээр унтаж байна уу гэж харсан. Очоод сэрээхийн завдалгүй машинд дайруулсан” гэж мэдүүлжээ. Хохирогчийг дайрсан ялтан ч ийм зүйл ярьсан аж.

Тэрбээр “”Хүн-Од” хиамны үйлдвэрийн урд замаар зүүнээс баруун тийш явж байтал өөдөөс ирж явсан машины гэрлийн гялбаанд орчихсон. Өөдөөс ирж явсан машинтай зөрж өнгөртөл зам дээр гэнэт дөрвөн хөллөсөн хүн харагдсан. Би машиныхаа тормозыг гишгэсэн боловч зогсоож чадаагүй” гэжээ.

Ч.ГАНБУУДАЛ МАГАДЛАНГААР СУЛЛАГДАХ ГЭЖ БАЙЖЭЭ

Тэрбээр 40 настай. Эхнэр гурван хүүхэдтэйгээ амьдарч байгаад 2013 онд ял шийтгүүлжээ. Тодруулбал, 2013 оны нэгдүгээр сард Сонгинохайрхан дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар гурван жил зургаан сар хорих ял сонссон байна. Ч.Ганбуудал 2011 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр гэртээ согтуу байхдаа эгчийнхээ хүүхэдтэй маргалдаж хэвлий тус газарт нь хутгалж хүнд гэмтэл учруулсан хэргээр ялтан болсон аж. Тухайн үед хохирогч гомдолгүй гэж мэдүүлж байгаад хоёр жилийн дараа гомдол гаргаж хэргийг шалгуулсан байна. Тэд модны захад хамт ажилладаг байжээ.

Ч.Ганбуудал ял сонссон цагаасаа хойш Цагдан хорих 461 дүгээр ангид ял эдэлсэн тухай эх сурвалж мэдээлсэн. Тэрбээр удахгүй магадлангаар суллагдах гэж байжээ. Цагдан хорих 461 дүгээр ангийн Аж ахуйн хэсэгт ял эдэлж байсан юм байна.

ЯЛТНААР АЛБАНЫ МАШИН ЖОЛООДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ

Шүүхийн шийдвэрээр ял эдэлж байсан хүнээр албаны машин жолоодуулж, хотын төвөөр явуулж байсан нь ШШГЕГ-ынхны хариуцлагагүй үйлдэл гэх олон хүн байна. Ял эдэлж байгаа хүнээр машин жолоодуулж, арав гаруй ялтан суулгаад хотын төвөөр явж байгаа нь эрсдэлтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т “Жирийн дэглэмтэй хорих ангийн ялтныг хорих байгууллага өөрийн болон өөрийнхөө хувь нийлүүлсэн, хамтарсан аж ахуйн нэгжид, эсхүл бусад аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан зохих хяналттайгаар хөдөлмөрлүүлж болно” гэсэн бол120.5-д “Жирийн дэглэмтэй хорих ангийн ялтныг гяндан, чанга, онцгой дэглэмтэй хорих анги, баривчлах ял эдлүүлэх болон сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих байрны аж ахуйн үйлчилгээнд ажиллуулж болно” гэж заасан байдаг.

Албаны эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Дахин гэмт хэрэг үйлдэх санаа сэдэлгүй, сайн хүмүүжсэн ялтнуудаар гадуур ажил хийлгэдэг. Суллагдах дөхсөн хүн дахиад хэрэг төвөгт оролцохыг бодохгүй шүү дээ. Харин албаны машин жолоодуулж, хотын төвөөр явуулсан нь асуудал дагуулах байх” гэсэн юм.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

UnionPay Your Way Брэндийн түүх

Categories
мэдээ цаг-үе

Гацууртын ордын ашиглалтын лицензтэй талбайд булш дурсгал илрээгүй

Categories
мэдээ цаг-үе

Идэвхтэй иргэн

Идэвхтэй иргэн гэж хэн бэ? Та идэвхтэй иргэн мөн үү? Идэвхтэй иргэн байх яагаад чухал вэ?

Бид өөр өөрсдийн гэсэн хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэлтэй. Бид эрүүл аюулгүй, утаагүй, замын түгжрэлгүй, авилгалгүй, өндөр хөгжсөн Монгол Улсад амьдрах нийтлэг хүсэлтэй. Өөрөөр хэлбэл бид тус тусдаа арал дээр миний л хэрэг бүтвэл болох нь тэр гээд амьдардаг хүмүүс бус, нэгэн бүс нутагт, нэгэн цаг үед, нэг газар шороон дээр, нэг агаараар амьсгалж буй, нийгмийн нэг хэсэг Монгол улсын иргэд.

Идэвхтэй иргэн байна гэдэг нь иргэний хувиар эрхээ эдлэхийн сацуу үүргээ биелүүлж, өөрийн зорилгоос гадна нийтлэг зорилгод анхаарлаа хандуулж, өөрийн амьдарч буй нийгмийн амьдралдаа хувь нэмрээ оруулах явдал юм.

Бид нийгмийн нэг хэсгийн хувьд хэрхэн үүргээ биелүүлдэг вэ?

Зам гарч яваа өвөөд туслах, гудамжинд хог хаяхгүй байх, энгийн жижиг үйлдлээс эхлээд нийгмийн ажилд оролцох, сонгуулийн оролцоозэргээр иргэдийн идэвхийг дүгнэж болно. Одоогийн бидний нийгэмд тулгарч буй асуудлууд болох замын түгжрэл, агаарын бохирдол гэх мэт асуудлуудыг нэг талаасааа төр засаг шийдвэрлэж өгөхгүй байна гэж буруутгаж байгаа ч нөгөө талаасаа бид л тэдгээр асуудлуудыг үүсгэж байгаашүү дээ. Ниигмийн өмнөх томоохон асуудлууд, дан ганц эрх мэдлээр, эд баялгаар, засгийн газрын шийдвэрээр шийдвэрлэгдэх боломжгүй. Харин идэвхтэй иргэдийн оролцоо дэмжлэгээр нийгмийн хөгжил нэг алхам урагшилж байдаг.

Иргэн бүрийг идэвхтэй иргэн үү үгүй юу гэдгийг дүгнэж цэгнэх боломжгүй ч хамгийн энгийн жишээ сонгуулийн оролцоог авч үзье. Монгол улсын иргэд өөртөө үйлчлэх төр засаг баригчдыг сонгож, шийдвэрийг хянаж, үнэлж, үгээ хэлэх эрхтэй. 2012 оны сонгуульд нийт иргэдийн 65 хувь нь оролцсон нь бидэнд байдаг хамгийн чухал үүргээ 10 хүн тутмын 6 нь хэрэгжүүлсэн байгааг харуулж байна.Үүнээс дүгнэхэд эрх мэдэл, эд баялгаар бүх зүйл шийдэгдэнэ гээд гараа хумхиад, зөвхөн шүүмжлэгч хийгээд суугаад байгаа юм биш биз гэсэн эргэлзээ төрнө.

Асуудал шүүмжлэлийг дэвшүүлээд орхих бус бидбүгд энэ асуудлуудад хамааралтай гэдгээ ухамсарлаж, шийдлийг хамтдаа эрэлхийлдэг, нийгмийн ажлуудад оролцдог, идэвхтэй иргэн байх нь бидний үүрэг билээ.

Миний хийж байгаа зүйл хэзээ нэг цагт үр дүнгээ өгнө, мянга мянган жижиг үйл нэгдэж нэг том үйлийг бүтээнэ гэсэн итгэл үнэмшилтэй Монгол улсын иргэн байхаас таны идэвхтэй иргэн байх эхлэл тавигдана. Таны энэ итгэл үнэмшил сайн үйлс, найзууд, гэр бүлийнхэнд чинь үлгэр дуурайл болж эерэгээр нөлөөлнө. Тэднийг эргэн тойрныххүмүүс нь дуурайж цаашлаад сайл үйлс, эерэн өөрчлөлтүүд дэлгэрэх болно. Яагаад өнөөдрөөс яг одооноос идэвхтэй иргэн байж болохгүй гэж?Эерэг өөрчлөлтийг бий болгох хүч чадал таньд бий шүү дээ.

JCI байгууллагын тухай

1915 онд АНУ-ын Сэйнт Луис хотын бүжгийнклубын гишүүд орон нутгийнхаа үйл ажиллагаандилүү их оролцох зорилгоор “Залуучуудындэвшилтэт иргэний холбоо” хэмээх байгууллагыгбайгуулжээ. Дэвшилтэт иргэний буюу “ИДЭВХТЭЙ”иргэний үзэл баримтлал нь олон иргэдэд нөлөөлж,гишүүдийн тоо ердөө таван сарын дотор 750 болжөссөн байна.

Улмаар энэхүү залуу дэвшилтэт иргэний үзэл баримтлал нь дэлхий нийтээр тархаж, 100 жилийн турш үзэл баримтлал, үйл ажиллагаа нь улам боловсорч, эдүгээ “Эерэг өөрчлөлтийг бий болгох хөгжлийн боломжийг залуучуудад олгох” эрхэм зорилгтойгоор дэлхийн 100 гаран оронд 5000 гаруй салбар байгууллагууд 200,000 гаруй 18-40 насны идэвхтэй гишүүдээрээ дамжуулж 10,000 гаруй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Мөн байгуулагдсан цагаасаа эхлэн НҮБ, Олон улсын худалдааны танхим, дэлхийн эрүүл мэндийн холбоо зэрэг байгууллагуудтай амжилттай хамтран ажилласаар ирлээ.

JСI Монгол байгууллагын тухайд 1992 ондбайгуулагдсан бөгөөд эдүгээ Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Капитал, Их хvрээ, УБ Централ, Лидер, Чэйрмэн, Эко, Найрамдал, Прогресс болон Конгрессгэсэн 12 салбар байгууллагатайгаар жил бүр нийгэмд хандсан жижиг том 70 гаруй төслүүдийг хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Одоогийн байдлаар JCI Монгол 600 гаруй гишvvд,

120 гаруй сенаторуудтайгаар дэлхийн хэмжээндvйл ажиллагаа явуулан, манлайлагч байгууллагыннэг болон хөгжсөөр байна. JCI Монгол хөгжилдэвшил, ололт амжилтынхаа энэхvv 22 жилийнхугацаанд дэлхийд нэрээ дуурсгаж чадсан, шилдэгудирдагч, лидерvvдийг төрvvлэн гаргасан vндэснийхэмжээний томоохон байгууллага болж чадсан юм.

JCI залуу хүмүүст өргөн боломж олгодогбайгууллага гэж ойлгож болох бөгөөд гишүүнболсоноор бид өөрт болон нийгэмд юушаардлагатайг олж мэдэн тухайн асуудлуудыг эерэгээр өөрчлөхөөр хамтран ажиллах явцдаахувь хүний, олон нийтийн, гадаад харилцааны, бизнесийн боломжуудыг олж авдаг. Үйл ажиллагаанд сэтгэл зүрхээ, цаг заваа зориулан оролцох тусам өөртөө, өрөөл бусдад үр өгөөжөө өгдөг учраас JCI бол фитнесс гэж манай туршлагатай гишүүд зүйрлэх нь бий.

JCI–н гишүүд 100 жилийн турш дэлхий нийтээр өөрсдийн амьдарч буй орчиндоо нийгмийн сорилтуудтай тулгарч, өөрийн болон нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх идэвхтэй иргэний эерэг үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлсээр өнөөдөрдараагийн 100 жилийн түүхийн хуудсыг нээж, дараагийн 100 жилийн хөгжлийг эхлүүлхэд бэлэн боллоо. Та яагаад нэг нь байж болохгүй гэж?

М.Даваажаргал

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн мэргэжлийн хяналтынхан төрийн ажлыг ингэж л хийдэг юм байна

“Өдрийн сонин”-ы байрны хойно бүх цонхуудыг халхлан “Астра интернэшнл” компанийн “Астра буйлдинг” барилга Барилгын тухай хуулийг зөрчин13 давхар оффис, орон сууцны барилга баригдаж байгаа. Сэтгүүлчид бидний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах үндсэн эрх зөрчигдөөд байгааг бид холбогдох газруудад удаа дараа мэдэгдэж байгаа билээ. Бүр “Цонхоо нээе” хөдөлгөөнийг өрнүүлээд байгаа. “Өдрийн сонин”-ы сэтгүүлчид “Астра интернэшнл” компани хууль бусаар барилга баригдаж эхэлсэн цагаасэнэ талаар мэдээлж, үүнийэсрэг тэмцэж байгаа боловч өнөөдрийг хүртэл МХЕГ болон холбогдох байгууллагууд огт хөдөлсөнгүй. Олон удаа албан бичиг хүргүүлж, хариуцаж байгаа мэргэжилтэн, дарга нарт мэдэгдсэн боловч ямар ч арга хэмжээ авахгүй байсаар өдий хүрч байна. Бид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хууль бусаар барилга баригдаж сэтгүүлч бидний эрх зөрчигдөөд байгаа талаарх гомдлыг 2014 оны аравдугаар сарын 02-нд гаргасан бөгөөд албан бичгийн хариуг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга П.Бат-Эрдэнэ “Өдрийн сонин”-д албан бичиг хүргүүлж “Астра интернэшнл” компанийн барьж байгаа “Астра буйлдинг” барилга “Өдрийн сонин”-ы байрнаас 8.4м байгаа нь “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм” БНБД 30.01.04-ийн 2.11-д заасан /2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондох зай 15 м-ээс багагүй дөрвөн давхар бол 20 м-ээс багагүй. Харин ийм барилгын тууш болон хөндлөн талуудад байрлалтай сууцны өрөөний цонхнуудын хоорондох зай 10 м-ээс багагүй байх ёстой. Хэрэв зэрэгцээ хоёр барилгын сууцны ба гал тогооны өрөө хооронд цонхоор нэвт харагдахгүй байдал хангагдсан нөхцөлд нарны гэрэлтүүлгийн нормын шаардлагад зохицуулан хоёр барилгыг хооронд нь ойртуулан байрлуулж болно/ заалтыг зөрчсөн байна. Иймд барилга барих зөвшөөрөл олгосон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар зураг төслийг дахин хянаж дээрх зөрчлийг арилган 2014 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр манай байгууллагад хариуг ирүүлэхийг мэдэгдье” хэмээн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт мэдэгдсэн.

Дээрх албан бичгийн хариуг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.Уртнасан өгсөн. “Өдрийн сонин”-ы хажууд баригдаж байгаа орон сууцны барилгын захиалагч Л.Зундуй, “Астра интернэшнл” ХХК барилгын ажил гүйцэтгэгч “Тэлмэн констракшн” ХХК дур мэдэн барилгын байршлыг батлагдсан эх загвар зураг төлөвлөснөөс урагш шилжүүлэн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Иймд дээр зурдсан зөрчилд холбогдох арга хэмжээ авч ажиллана уу” гэж 2014 оны арванхоёрдугаар сарын 12-нд мэдэгдсэн. Дээрх хоёр албан бичигт “Астра интернэшнл” компанийг хууль зөрчин барилга барьж байгаа гэдгийг мэдэгдсэн байдаг. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт өгсөн албан бичигтээ хууль зөрчиж барилга барьж байгааг дурдаад хуулийгмөрдөн ажиллахыг сануулсан байдаг. Гэвч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ямар нэгэн арга хэмжээ авалгүй байсаар өдий хүрч байна. НМХГ-аас өмнө нь тус барилгад хяналт шалгалт хийсэн мөртлөө дахин шалгалт хийж эхлэв. Өмнө нь улсын байцаагч шалгалт хийгээд дүгнэлт гаргачихсан байхад дахин шалгалт хийх тушаалыгНМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун гаргасан байна. 2015 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр шалгалт хийгээд одоог хүртэл ямар нэгэн хариу өгөхгүй байгаа юм.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар төрийн ажлыг ингэж л хийдэг юм байна. Өмнө нь барилгын тухай хуулийгзөрчсөн гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар ч хууль зөрчсөн байна гэх албан ёсны хариу өгсөөр байтал ямар шалтгаанаар дахин шалгалт хийх болов. Хагас жил гаруй хугацаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрыг ажлаа хийж, хууль зөрчин баригдаж байгаа барилгыг зогсоож өгөхийг шаардсан боловч одоог хүртэл ямар ч хэл чимээгүйбайна. Бид хагас жил гаруй хугацаанд гомдлын дагуу хийсэн ажлаа дахин эхнээс ньхийх болов.Төрийн байгууллага иргэдэд хурдан шуурхай, хүнд сурталгүй үйлчлэх үндсэн чиг зорилготой. НМХГ бүхэл бүтэн хэвлэл мэдээллийн байгууллагын асуудалд ингэж хандаж байгаа юм чинь энгийн иргэд төрийн байгууллагын хүнд сурталд үнэхээр арга мухарддаг нь эндээс тодорхой харагдаж байна.

Э.БААТАР

Categories
мэдээ цаг-үе

Г.Жаргалсайхан: ЮНЕСКО уйгаржин бичиг биш уран бичлэг буюу каллиграфийг бүртгэсэн

“Монгол хэлний тухай хууль”-ийг саяхан УИХ баталсан билээ. Уг хуулинд уйгаржин үсгийг төрийн бичигт хэрэглэдэг болохоор заасан. Үүнийг НҮБ-ын дэргэдэх ЮНЕСКО-гоос дэмжиж байгаа талаар уг хуулийг санаачилсан гишүүд байнга ярьж байгаа. Энэ талаар ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын ерөнхий на­рийн бичгийн дарга Г.Жаргал­сайхантай уулзаж зарим зүйлийг тодруулсан юм. Дашрамд дурдахад ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс нь Гадаад хэргийн яамны харьяа төсвийн байгууллага аж.

-ЮНЕСКО-гийн дэлхийн өв санд манай уламжлалт соёлоос яг юуг бүртгэж авсан байдаг юм бэ?

-Манай улсаас монгол уран бичлэгийг ЮНЕСКО-ийн өвийн санд бүртгэж авсан.Хоёр зүйлийг ЮНЕСКО-д бүртгүүлэх хүсэлт гаргасан байдаг, нэг нь монгол уран бичлэг, нөгөө дэх монгол гэрийг урлах уламжлалт арга. Монгол уран бичлэг буюу каллиграфийг бүртгүүлэхэд нэлээд хугацаа орсон. Ер нь өдөртөө бүтдэг зүйл биш л дээ. Доод тал хоёр жил болдог. Нэр дэвшүүлнэ, судална, зөвлөлдөнө, хэлэлцэнэ гээд үе шаттай, дэс дараалалтай арга хэмжээ. Монгол уран бичлэгийг яагаад яаралтай хамгаалах болсон юм бэ гэхээр 1990 он хүртэл тасарч байна гэж үзсэн. Түүнийг авч явдаг, заадаг мэргэжлийн хүмүүс нь цөөрсөнтэй холбоотой. Хоёр ч удаа манайх бүртгүүлэхээр өгөөд буцаагдаж эцэст нь бүртгэсэн.

Уйгаржин монгол бичгийн хувьд бол өөр. Нэгдүгээрт, түүнийг уран бичлэгтэй хольж болохгүй. Хоёрдугаарт, эрт дээр үеэс уламжлагдаад ирсэн боловч тасарсан бичгийг дахин сэргээх түвэгтэй байдаг. Тиймээс ЮНЕСКО-гийн соёлын өвд ийм бичгүүдийгбүртгэх боломжгүй. Харин уран бичлэг бол арай амь тавьчихаагүй болохоор үүнийг дэмжих асуудал дээр тусламж хүсэх эрх нээлттэй. Зөвхөн ЮНЕСКО-гоос төдийгүй өөр газраас ч тусламж дэмжлэг хүсэх боломжтой. Харин уйгаржин бичгийг сургуульд заах зэрэг дээр бол ЮНЕСКО-гийн зүгээс ямар ч юм яригдаагүй. Ер нь энэ бол өөр асуудал.

-Тэгэхлээр “Монгол хэл­ний тухай хууль” батлагд­сантай холбоотой ЮНЕСКО-гоос ямар нэгэн тусламж дэмжлэг үзүүлэхгүй гэж ойлгож болох уу?

-Уйгаржин бичгийг заах, хэрэглэдэг болохыг хууль­чилсан зэрэг нь манайхтай ямар ч хамаагүй. Бид ЮНЕСКО-дмонгол уран бичлэгийг бүртгүүлсэн тул хадгалан хамгаалах, сэргээх, өвлүүлэх үйл ажиллагаа явуулах тодорхой үүргийгхүлээсэн байдаг.

Харин уйгаржин бичиг үүнд хамаарахгүй.

-ЮНЕСКО-г төлөөлөн ажиллаж байгаа хүний хувьд “Монгол хэлний тухай хууль”-ийг баталсан талаар та ямар бодолтой байна?

-Миний хувийн бодол гэвэл уйгаржин бичгийг сэргээгээд ард иргэдээр бүгдээр нь эзэмшүүлэх гэж хавтгайруулж заавал сурах ёстой гэдэг нь өрөөсгөл гэж бодож байна.Бичиг соёлоо мартахгүй гэсэн үүднээс бол зөв л байх л даа.

-Энэ хуулийг санаачлан өргөн барьсан УИХ-ын гишүүн М.Батчимэг нь үүнийг ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр хийгдэж байгаа гэж ярьсан байна?

-Тэрийг би мэдэхгүй байна. Тэр хүнтэй уулзаагүй, юу бодож ярьсныг нь мэдэхгүй. ЮНЕСКО бүртгэж аваагүй өвийг бид дэмжлэг үзүүл гээд тулгаад шаардаад байх боломжгүй шүү дээ.

-ЮНЕСКО зөвхөн бүртгэж авсан соёлын өвийг хамгаалахад тусламж үзүүлдэг гэсэн үг үү?

-Тиймээ. Жишээ нь бид монгол туулийг бүртгүүлсэн. Ингэхдээ манай улс тодорхой үүрэг хүлээдэг. Нөгөө талаас ЮНЕСКО тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Гэхдээ бас заавал тусламж дэмжлэг үзүүлнэ гэсэн үг биш. Хэрвээ манай тал тусламж хүсвэл ЮНЕСКО дүрэм журмынхаа дагуу хэлэлцээдоруулж ирсэн төслийгдэмжих эсэхээ санал хурааж шийддэг.

Ю.ДЭЛГЭРМАА

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Чойномын шүлгээр амьсгалж “чонын авд” буугүй гарцгаасан нэг ангийнхан

11-ийн А ангийнхан сургуулийнхаа 90 жилийн ойгоор

Монголд сайн бүхний, шинэ бүхний үндсийг тавьсан нэгдүгээр сургууль руугаа очиж явна. Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит үлгэр жишээ лаборатори нэгдүгээр сургууль хэмээн нэрлэгдэж байж билээ. Энэ сургуулийг Монголын нэрт сурган хүмүүжүүлэгчид, гавьяат багш Д.Гомбосүрэн, Ж.Ичинхорлоо, Э.Раднаа, Н.Норов, Л.Цэрэндорж нарын зэрэг гавьяатнууд, эрдэмтэн мэргэд удирдаж байж билээ. Эндээс Монгол Улсын гавьяат багш С.Цагааны нэрэмжит математикийн олимпиад орон даяар дэлгэрсэн түүхтэй. 1961 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоол гарч ерөнхий боловсролын дунд сургуулиудыг 8, 11 жилийн хугацаатай болгон, цөөн хэдэн сургуулийг туршилтын журмаар хичээллүүлэхэд Улаанбаатар хотоос хоёрхон сургуулийг сонгож авсны нэг нь нэгдүгээр дунд сургууль. Туршилтыг амжилттай биелүүлж, 1965 онд анхны төгсөлтөө хийж байсан 11 дүгээр ангийн А, Б, В гурван бүлгийнхэнтэй уулзаж байна. Энэ ангийнхнаас Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Адилбиш, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор, профессор Д.Баяр, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ш.Долгормаа, доктор Р.Нарантуяа, Д.Сарантуяа, Ж.Мандахбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын төрийн ёслолын асуудал хариуцсан шинжээч, ахлах шинжээч, төрийн ёслолын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан хурандаа Д.Нямбаяр, Монгол Улсын зөвлөх инженер С.Должин, салбарын тэргүүний ажилтан С.Тунгалаг, Ц.Батжаргал, Л.Батсүх, Г.Болдбаатар, Г.Доржготов, А.Бямбасүрэн, Б.Гомбосүрэн, Ч.Цогбадрах, ахмад инженер Д.Бямбасүрэн, нисгэгч Ц.Даваасүрэн нарын зэрэг олон алдар цуутан төрж гарсан юм. Энэ ангийнхнаас төрийн дээд шагнал хүртээгүй хүн бараг байхгүй байх. Үлгэр жишээ сургуулийн үлгэр жишээ төгсөгчид гэгддэг юм. Сурагчийн амьдралын сураг тасардаггүй дурсамжуудаас сөхье.

АДУУН ЦАГААН ШҮДТЭЙ, АРАЙ Л ЯНЦГААДАГГҮЙ БАГШ

Арван жилийн хүүхдүүд багш нараа их сонжино. Даан ялангуяа шинэ багш хүрээд ирвэл бараг л хөлөөс толгойг нь хүртэл харж багшдаа “дүн” тавина. Нэг өглөө Монгол хэл, уран зохиолын багш Намжимын Очирбат гэж залуу ороод ирж. Улсын их сургуулийг дөнгөж төгссөн, шүлэг зохиол бичдэг, “Хан хурмаст” номоо хэвлүүлчихээд хаа хамаагүй уншиж яваа, шүлгийн донтон”. Гуалиг тэгшхэн нуруутай, алхаж гишгэх нь хүртэл бараг бүжиг хийж байгаа юм шиг санагдана. УИС-д байхдаа Улаанбаатар хотын нийтийн бүжгийн аварга болчихсон юм чинь аргагүй шүү дээ. Н.Очирбат багш програмт хичээлээ заачихаад заавал тав арван минут үлдээнэ. Тэр минутандаа, Монгол, Оросын голдуухан яруу найрагчдын шүлэг уншиж сонирхуулна. Голдуухан, Р.Чойном мэтийн яруу найрагчдын “хориотой” шүлгээс уншина. Шавь нар нь ангайтал чагнаж, хичээл тараад явахдаа цээжилчихсэн байдаг гэнэ.

…Өө хэлбэл би өнгөгүй хүн

Өвөртөө би мөнгөгүй хүн

Тэгэвч би зүрхтэй хүн

Түүнд дурлах эрхтэй хүн… гэхчлэн шүлгийн мөрүүдийг тавин жилийн дараа Санжидын Тунгалаг цээжээр уншиж байна. Энэ ангийнхан бараг бүгдээрээ шүлэг бичнэ. Эмхтгэвэл томоо ном болох байх. 11-ийн “Б” бүлгийн сурагч С.Тунгалаг нь ангидаа ном их уншдаг, өргөн цар хүрээтэй сэтгэдэг, сайн зохион байгуулагч гэдгээрээ онцгой хүүхэд байв. Тэрээр Анагаах ухааны дээд сургуулийг эрүүл ахуйч их эмч мэргэжлээр төгссөн анхдагчдын нэг. Эрүүл ахуй халдвар нян судлалын улсын институт, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газарт олон жил үр бүтээлтэй ажиллан, эрүүлийг хамгаалахын болон мэргэжлийн хяналтын тэргүүний ажилтан болсон юм.

Эдний ангийнхан Н.Намнан багшийгаа дурсах дуртай. Анх “А” үсэг нүдлүүлсэн багш нь. Намнан багш хичээлээ заачихаад төгсгөлд нь заавал нэг сонин ном зохиол уншиж өгнө. “Айболит доктор”-ыг уншиж өгсний нь дараа, маргаашийг тэсч ядан хүлээдэгсэн гэж шавь нар нь одоо хирнээ дурсана. Намнан багш нь бяцхан шавь нартайгаа хэдэн арван жилийн дараа уулзахад, бүгдийг овог нэрээр нь асууж байдаг онцгой ой ухаантай хүнсэн.

11-ийн “Б” ангийнхан сургуулиа төгсгөөд их, дээд сургуульд орох нь орцгоож, нэг хэсэг нь алсын моринд дөрөөлж байж билээ. Бүжинлхам, Сэлэнгэ нар Москва руу, Пүрэв, Сарантуяа нар Бухарест руу, Бямбасүрэн Будапешт рүү, Шийтэр Герман руу, Төмөрхуяг Киев рүү, Доржготов Одесс руу, Төмөрбаатар Даваасүрэн нар Югослав руу гэхчлэн эрдмийн моринд дөрөөлөөд, эргэж уулзахын билэгтэй сайхан ерөөл тавьцгаагаад, уйлалдан, дуулалдан холдоцгоож байснаас хойш тавин хаврын цэцэг дэлбээлж, тавин намрын цэцэг гандаж дээ.

Энэ ангийг, шаазгай шиг хорин нэгэн охид, хөвгүүд төгсөөд, гар гараасаа хөтлөлцөн инээж хөхөрч явсан дунд Шаравын Долгормаа охин, тас тас инээгээд алхаж л байсан. Өнөөдөр тэрээр Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, өндөр дээд хүндэтгэлийн эзэн болсон байна. Тухайн үеийн Найрамдлын районы эмнэлэгт хүүхдийн эмчээр ажлын гараагаа эхэлж байсан тэрээр, районыхоо эмнэлгийн ерөнхий эмч, Нийслэлийн эрүүлийг хамгаалах газарт мэргэжилтэн, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн 13 дугаар төвд ерөнхий эмч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн орлогч дарга… гэхчлэн албыг хашиж, очсон газар болгондоо ажил сайжруулж, тэргүүний хамт олны зэрэгт хүргэж байсан, аргагүй л гавьяатай нэгэн. Тэрээр, миний өчүүхэн амжилт бол биднийг ажил амьдралын их замаар хөтөлж явсан хайрт багш Цэгмид, Намсрайжав, Нэргүй, Дашжамц, Олзвой нарын олон багшийн минь ач гавьяа гэж ярих дуртай.

Үйлдвэр сургалттай анхны 11 дүгээр ангийнхнаас олон хүн барилгын зураг архитекторийн мэргэжил эзэмшсэн байдаг. Тэдний нэг ньРумын улсын Бухарест хотын Ион Минкугийн нэрэмжит архитекторийн их сургууль төгсгөж ирээд архитекторч, хот төлөвлөгчөөр ажиллаж байсан доктор Д.Сарантуяа агсан юм. Тэрээр Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Шинэ Яармаг хорооллын ерөнхий төлөвлөгөө, сумуудын ерөнхий төлөвлөгөө зэрэг асар их ажлыг амжуулж докторын зэрэг хамгаалсан буянтан билээ. 11-ийн “Б” бүлгийнхний амжилт бүтээлийг багтаана гэвэл, цаг цаас хүрэхгүй биз ээ.

НОГООРСОН БООРЦОГ ИДЭЖ, НОХОЙТОЙ АНД ЯВЛАА

Би, энэ ангийнхныг даргаас нь эхэлье гэж бодсон юм. Зураас зурдаг л хүн бол та, Зургийн институтын Должинг мэднэ дээ. Энэ ангийнхан хэд хэдэн онцлогтойг би түрүү цухас дурдсан. Гол нь 11 дүгээр анги төгсөхдөө сурагч бүр нэг мэргэжил эзэмшдэг байсан юм. Батжаргал будагчны 3, Болдбаатар мужааны 3, Должин радио засварын техникчийн 3 гэх мэт мэргэжлээр төгсч байв. Нөгөө нэг онцлог нь энэ сургууль, ангийнхан бүгд шеф газруудтай. Зуныхаа амралтаар тэндээ очиж практик дадлага хийнэ. Должингийнхон Хэнтийд очсон нэг дадлага сонирхолтой болов уу. Хүүхдүүдийг хоёр хоёроор нь хадланчдад хуваарилж 11-ийн “А”-гийнхныг Хэнтийн Биндэр суманд хуваарилсан юм. С.Должинг, гавьяат багш Далхжавын охин Ганчимэгтэй хамт Биндэр сумын Сэрүүн-Галтад ардын уран зохиолч С.Эрдэнэ агсны ах адуучин Сэнгээгийнд хуваарилав. Эндхийн хүмүүс, тарвага алж идчихээд, тараг, сүү голдуухан хооллоно. Хүүхдүүд очсон өдрөө л амьдралын сонинтой учирлаа. Хоолных нь хоёр тарвагыг алж ирээд, дадлагын сурагч Должингоорөвчүүлэх болов. Анх удаа тийм “хөөрхөн” амьтантай учирч байгаа. Амьгүй ч гэсэн нүд нь бүлтийгээд ямар өрөвдмөөр санагдсан гээ. Аргагүйн эрхэнд урж тасчин байж, өвчсөн болов. Шөнө нь тарваганы хоёр нүд харагдан хар дарж орилж сэрээд, халуурч бие нь муудлаа.

11-ийн “А” ангийнхан сургуулиа төгсгөхөд бүгд нэг нэг мэргэжилтэй болсон тухай түрүү өгүүлсэн. Х.Адилбиш бол радио техникийг их сонирхдог, зүүдэндээ “Радиогоосярьж байна” гээд босоод ирдэг хүүхэд байсан. Тэгээд ч сургуульд байхдаа 50, 100-втын радио өсгөгч угсран, “Эх орон-52”, “Люкс” хүлээн авагчуудыг засчихдаг болсон юм. Бас машин судлалын дугуйланд суралцаж, Лингафоны кабинет байгуулах зэргээр техникийн их сонирхолтой хүүхэд байв. Тэр ч чанараараа цахилгаан эрчим хүчний мэргэжил эзэмшиж, Эрчим хүчний салбарт 42 жил ажиллаад, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолтой, энгэр дүүрэн одонтойгоор гавьяаныхаа амралтанд гарч билээ. Х.Адилбиш маань ангийнхаа охин П.Долгортой амьдралаа холбон, олон хүүхэд төрүүлж өсгөн, олонтойгоо шуугиж дуугисан буурал яваа. Тэрээр тэтгэврээ тогтоолгосон ч зүгээр сууж чадахгүй “Бүтээлч” бүлэг байгуулан “Жишиг” гудамжаа тохижуулж 300 гаруймод бут тарьж, хүүхдийн тоглоомын талбай, цэцгийн мандал байгуулаад байгаа. Бас хашаагаа 200-гаад мод буттай, жимсний цэцэрлэгт хүрээлэн болгосон зэрэг зүтгэл бүтээлийг нь тоочиж барахгүй. Ангийнхан нь: “Гавьяат хүн, хаа ч явсан гавьяатай л байдаг юм байна” хэмээн магтана. Энэ ангиас төрж гарсан ч, өнөөдөр бидний дунд байхгүй байгаа нэгэн суу алдартан бол Довдойн Баяр юм. Бяцхан жаал байхдаа “Алтайд” романыг уншаад хайгуулч шинжээч болно хэмээн сэтгэлдээ тангараг өргөж байсан энэ хүү УБДС-ын түүх-газар зүйн ангийг дүүргэж археологич болон их бүтээлийн “эрэлд” гарсан хүн. Тэрээр Монголдоо доктор профессор цол хүртэж, ХБНГУ-ын археологийн хүрээлэнгийн сурвалжлагч гишүүнээр сонгогдож байв. Түүний зүтгэл бүтээлийг төр засгаас өндөр үнэлж Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртээсэн юм. Монголчууд, зарим нэгнийг “хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж явсан хүн” гэдэг. Тийм л хүний нэг нь Баяр байлаа. Олон улсын 30 гаруй төслийн хээрийн шинжилгээний ангид оролцон археологийн үнэт дурсгалуудыг олж илрүүлсэн гавьяатай хүн байлаа. Ийм гавьяатан, эгэл жирийн хүмүүс энэ ангиас олноороо төрж гарсан юм. Газар зүйн шинжлэх ухааны доктор Ж.Мандахбаяр, ахмад багш Л.Дариймаа, биеийн тамир, спортын зүтгэлтэн П.Сампилноров, статистикч Ч.Надмид… гээд урт цуваа үргэлжилнэ.

БАГШИЙГАА БАНДААШТАЙ ӨНЖҮҮЛСЭН “В” БҮЛГИЙНХЭН

Хүүхэд ахуй насанд аль дүрсгүйтэхийг тэр гэхэв. Эдний ангийнхан Ерөөгийн сангийн аж ахуйд дадлага хийж байв. Г.Болдбаатар нарын хэдэн эрэгтэй хүүхэд Сангийн аж ахуйн төв рүү, бага сага хүнсний зүйл авахаар алхаж байсан чинь Ж.багш араас морьтой давхиж ирээд, буцааж туугаад явсансанж. Хүүхдүүд дотроо таагүй л бодолтой байв. Тэгээд хэдүүлээ “Багшийгаа нэг чадна даа” гэж бодоод л явсансанж. Нэг өдөр багш нь бүх хувцсаа угаагаад гадаа тохчихсон, нүцгэн гарч ороод байх юм гэнэ. Хувцас яг хатахын үед хүүхдүүд очоод бүх хувцсыг нь пошиктой усанд дүрээд буцаагаад өлгөчихөж. Багш нь байсхийгээд л гарч хувцсаа үзээд байдаг, нойтон. Ингэж багшийгаа өдөржин “бандааш”-тай гүйлгэсэн гэдэг.

Энэ ангийнхнаас хэлбичгийн ухааны доктор Р.Нарантуяа, Клиникийн профессор Х.Туяа, банк санхүү, геологи эрчим хүчний тэргүүний ажилтан Г.Болдбаатар, хурандаа Д.Нямбаяр, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Ц.Батжаргал нарын олон сайчууд төрөн гарсан юм. Та бүхэн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргыг хаа ч явсан, өндөр нуруутай, бууралдуу халимагтай хүн дагаж явдгийг лав харсан байх. Энэ бол Нямбаяр хурандаа. Ёслолын албанд “Ёо” гэлгүй зүтгэж, өнөөдөр гавьяаныхаа амралтанд суугаа, энэ “саарал шинелиэ тайлаагүй буурал хурандаа” бол амьдралын ихийг үзэж, монгол төрийн амьд нэвтэрхий толь болсон хүндтэй хүн. Эхнэр нь сэтгүүлч та бидний хэзээний танил “Радио телевиз”-ийн Батсүх.

11-ийн “В” бүлгийнхэн дунд “Хойд зүгийн чимэг” болсон хэдэн охид байв. Хойшоо гэртэй, үргэлж хамт явдаг хэдэн гоо охидыг ангийнхан нь ингэж нэрлэнэ. Тэдний нэг нь Ц.Батжаргал. Батжаргал маань сургуулиа төгсөөд эмч болсон. Хотын нэр хүндтэй том эмнэлгүүдэд хүүхдийн эмчээр ажиллаж байгаад сувиллын 42 дугаар ясль-цэцэрлэг байгуулж эрхлэгч-эмчээр нь олон жил ажилласан. Аав, ээж нар бол түүнийг “Саажилттай хүүхдийн сахиусан тэнгэр” гэдэг юм.

Энэ төгсөлтөнд нэр нь бичигдэх олон багш, сурагчид дотроос би нэг хүнийг онцлон “Нэг ангийнхан” дурсамжаа жаргаамаар байна. Энэ бол ахмад багш өнөө жил 90 сүүдэр зооглож байгаа Я.Намсрайжав гуай.Шавь нараасаа өчнөөн олон гавьяат, алдар цуутныг төрүүлсэн энэ буурай, өнөөдөр бие чилээрхүү байдаг юм билээ. Шавь нар нь “манай Намсрайжав багш бол аль хэдийнэ гавьяат байтугай, ардын багш болохоор гавьяатай хүн” гэх юм билээ. Төрийн тэр хайр хүртээгүй ч, түм буман шавийн тань хайр хүндэтгэл таныг өргөж яваа шүү, багш минь!

Categories
мэдээ цаг-үе

“Ардчилал гэж юу вэ”

“Ардчилал гэж юу вэ” гэдэг номыг 1990 оны арванхоёрдугаар сарын 10-нд нэгэн улстөрч надад бэлэглэжээ. Тухайн үед Төв аймгийн МоАХ-ны гишүүд Зуунмод хотын төв талбайд өлсгөлөн зарлаж байсан юм. Өлсгөлөнгийн дараа энэ номыг уншиж хөдөө орон нутгаар баахан мэдэмхийрсэн санагдана. Тэр үед номыг ярих нь бүү хэл, ойлгоход ч түвэгтэй байсныг нуух хэрэггүй биз. Харин өнөөдрийн өндөрлөгөөс харахад энэ номыг ойлгоод зогсохгүй, амьдрал дээр олон зүйл зөрчигдсөнийг шүүмжилж болно. Анх номыг уншиж байхад ойлгосон ардчиллын зарчмаас бидний монголчууд багагүй гажуудсан мэт санагдана. Номын “Ардчиллыг тодорхойлох нь” бүлэгт “Ардчилал гэдэг үгийг бараг хүн бүр мэднэ. Гэвч дарангуйлагч дэглэм ч ардчилсан нэр зүүчихээд ард түмний итгэлийг хүлээж байгаа мэтээр сурталчилсаар байгааг” сануулжээ. Мөн А.Линкольны “Ардчилал нь ард түмний өөрөө удирдсан, ард түмний төлөө Засгийн газар юм” гэсэн үг байна. Олонхийн гаргасан улс төрийн шийдвэрт цөөнх захирагдах боловч, 51 хувь нь олонхи нэрээр 49 хувийг дарангуйлах нь ардчилал биш. Засгийн газар бол нийгмийг бүрдүүлэгч нам, мэргэжлийн холбоо, ТББ зэрэг байгууллагатай ижил эрхтэй нийгмийн нэг л эд эсэд тооцогдоно. Ардчилсан нийгэмд Засгийн газар ард түмэндээ болон нийгмийг бүрдүүлдэг бүх байгууллагуудад тайлан тавих үүрэгтэй. Харин дарангуйлагч дэглэмд эсрэгээрээ ард түмэн болон нийгмийн эд эс болсон байгууллагуудыг Засгийн газар хянана.

Ардчиллын тулгуур баганад хүн ардынхаа итгэлийг хүлээсэн Засгийн газар, хуулийн өмнө адил тэгш эрх эдлэх, шүүх ажиллагааг шударгаар явуулах, засгийн эрх мэдлийг хуулиар хязгаарлах зарчмууд тооцогдоно.

Энэ номын “Хүний эрх” бүлэгт “Аливаа ардчиллын лугших судас нь хүний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” хэмээн тодорхойлжээ. Энэ эрх нь зөрүүтэй саналаа илэрхийлэх, хуран цуглах, мөргөл үйлдэх, шударга ёсыг шаардах, мэдээлэл хүлээн авах хэлбэрээр хангагдана. Ардчилсан Засгийн газар иргэний бичлэг, хэлсэн үгийн утга агуулгыг хянаж, зааварлаж, үнэлж дүгнэдэггүйгээрээ дарангуйлагч Засгийн газраас ялгаатай. Засгийн газар нь ард түмэндээ үйлчлэхээс бус ард түмэн нь Засгийн газарт үйлчлэх ёсгүй. Төр иргэдийн амьжиргааг илүү сайжруулж, хариуд нь ард түмнээсээ итгэл хүлээж баталгаатай оршин тогтноно. Засгийн газрын оршин тогтнох хөрс нь ардчилсан сонгууль. Сонгууль нь эрх баригч, сөрөг хүчнээс үл хамааран тэгш өрсөлдөөнтэй байх ёстой. Сөрөг намууд ба тэднээс нэр дэвшүүлсэн хүмүүс Засгийн газрыг ил тодоор шүүмжлэх, шинэ хөтөлбөр дэвшүүлэх, радио долгионоор хангагдах ёстой. Ардчилсан нийгэмд мэдээллийн хэрэгсэл нь ард түмэнд үнэ зөв мэдээлэл хүргэх, соён гэгээрүүлэх үүрэг хүлээнэ. Мөн Засгийн газар болон төрийн байгууллагуудыг хянах, мэдээллийн нуугдмал агуулгыг илчлэх замаар албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэдэг. Ардчилал нь хэн нэгэнд ямар нэгэн баталгаа болдоггүй. Харин дэвжин дээшлэх эсвэл аз сориод алдах боломжийг л олгоно. Ардчилсан үйлс амжилттай өрнөх эсэх нь зөвхөн ард иргэдээс өөрсдөөс нь л шалтгаална. Ард түмэн өөрсдөө Засгийн газар байгуулна гэдэг ард иргэд Засгийн газрын ололт амжилт, алдаа оноог хамт үүрэлцэнэ гэсэн үг юм. Нобелийн шагналт, оросын яруу найрагч И.Бродский “Эрх чөлөөт хүн алдаж, доройтвол өөрөөсөө өөр хэнийг ч буруутгадаггүй” гэжээ.

Х.БАТТӨГС