Categories
мэдээ цаг-үе

С.Оюун: Ногоон байгууламжид зүтгэвэл өртгийн зөрөөг бусад эх үүсвэрээс босгох боломжтой

УИХ-ын гишүүн С.Оюун АСЕМ-ийн чуулганы үеэр хувийн хэвшлийнхэн олон үйлчилгээ шинээр нээх, мөн Монголд ногоон байгууламжид хөрөнгө босгох боломжтой гэж үзэж байна.

-Та АСЕМ-ийн үеэр хувийн хэвшлийнхэнд олон боломж гарна гэж ярьсан түүнийг тодруулах гэсэн юм?

-Энэ том уулзалт тухайн улс, тэр тусмаа байгуулагдаж байгаа хотдоо ихээхэн боломж олгодог туршлага байдаг юм байна. Мэдээж түүн дотор аялал жуулчлалын салбар орно. Зоогийн газар зочид буудал гээд олон салбарт дэвшил авчирна. Эдгээр салбарт оруулсан хөрөнгөө нэмэгдүүлэх, оруулсан хөрөнгөө чанаржуулах зэрэг ажил хийгдэнэ. Мэдээж нэг их хөрөнгө оруулалт хийж чадахгүй байх. Харин оруулсан хөрөнгөө чанаржуулах, өөрөөр хэлбэл үйлчилгээ барилга байгууламжийн чадавхыг дээшлүүлээд авах хэрэгтэй. Чуулганы үеэр тодорхой хэмжээгээр ажлын байр нэмэгдэнэ. Энэ бүхнийг хувийн хэвшлийнхэн маш сайн ашиглах хэрэгтэй.

-Манай эдийн засагт хэр нөлөөлөх бол?

-Төр, засгийн тэргүүнүүд, дээр тодорхой эрх мэдэл бүхий албан тушаалтнууд ирнэ. Тэдэнд зөв, бодит мэдээлэл өгч чадвал, тэд чинь Монголд ийм боломж байгаа гэдгийг мэдээд өөрийн орны бодлогыг чиглүүлэх чадвартай шийдвэр гаргагчид болохоор одоо байгаа байдлаас гадна шинэ санаануудыг дэвшүүлж болно.

-Шинэ санаа юу байж болох вэ?

-Их хэмжээний хөрөнгө оруулалт шаардахгүй мэдлэг мэдээллийн салбар гэж байна. Жишээлбэл IT салбар байна. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийхгүй программ, апликейшн зохиогоод мөнгө хийж болно. Соёл урлагийн салбарынхан шинэ санаанууд хэлж байна. Монголын урлагийн зөвлөл Ази Европын урлагийн санд санал хүргүүлж байгаа гэсэн. Тэр Ази Европын урлагийн хамтын том бүтээл бий болгох хөтөлбөр. Ази Европын кино фестиваль зохион байгуулах гэх мэт сонирхолтой, хөрөнгө мөнгө бага шаардах боловч цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хэрэг болох олон санал байгаа юм билээ.

-Та Гадаад хэргийн сайд байсан хүний хувьд энэ чуулганыг сайн хийхийн тулд юуг анхаарах хэрэгтэй гэж үзэж байна?

-Ийм том чуулганыг зохион байгуулах нь үнэхээр нүсэр ажил. Аюулгүй байдлыг хангахаас эхлээд дэд бүтэц, хоол хүнс гээд олон асуудал үүснэ. Гэхдээ бид Ардчилсан орнуудын чуулганыг даргалж байхдаа аятайхан зохион байгуулсан туршлага бий. Гэхдээ тэр үед 5-6 орны тэргүүн ирж байсан бол энэ удаа 50 гаруй орны төрийн тэргүүн ирэх гэж байна. Би бас хамаагүй ярьж болохгүй санаа зовоод байна л даа. Гэхдээ хувийн хэвшлийнхэн бид ийм үйлчилгээ үзүүлмээр байна гээд Үндэсний хорооныхонд санал тавих хэрэгтэй. Магадгүй Үндэсний хорооныхон ч дотооддоо ямар үйлчилгээ байгааг мэдэхгүй толгойгоо гашилгаад сууж байж мэднэ.

-Та Байгаль орчин ногоон хөгжлийн сайд байхдаа ногоон хөгжлийн тухай их ярьдаг байсан. АСЕМ-ийг ногоон хөгжилд ашиглах боломж байна уу?

-Ногоон хөгжил гэдэг ойлголт дэлхийд ихээхэн газар авч байна. Энэ манайд харьцангуй шинэ ойлголт. Жишээлбэл байшин барилаа гэж бодоход дулааны алдагдалтай, нүүрс ус нь дийлдэхгүй яаран сандран ордог. Нөгөө байгууламжийнх нь урсгал зардал олон жилийн туршид өндөр болохоос гадна байгаль орчинд ч багагүй хохирол учруулна. Тэрний оронд анхнаасаа эко чиглэлээр үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломжтой байгууламжийг нь зориглоод барьчихвал ирээдүйн үр ашиг өндөр, хор нөлөө нь бага байна гэсэн тооцоо байдаг. Хөрөнгө оруулалтыг энэ зүг рүү хандуулах хэрэгтэй байгаа юм. Миний ойлгож байгаагаар энэ чиглэлээр барилга барьж эхэлж байгаа гэсэн.

-Хаанаа, хэн барьж байна?

-Би Үндэсний хорооны гишүүн биш болохоор сайн мэдэхгүй байна. Ийм мэдээлэл гарсан байсан. Тэр дулаан алдагдал маш бага, заавал уурын зуух барихгүйгээр өөрт дулааныг шийдсэн эко барилга гэж үзэж байгаа юм билээ.

-Эко барилга хөрөнгө оруулалт их шаардана гэж яриад байгаа шүү дээ?

-Үнэн. Гэхдээ миний бодлоор бол хөрөнгө мөнгөгүйдээ биш. Тэртэй тэргүй барилга барихад хөрөнгө гараад л байна. Хүрэн барилга барьж байгаа мөнгөн дээрээ жаахан мөнгө нэмэхэд л ногоон барилга боломжтой болно. Өмнө нь ногоон барилга хүрэн барилгаас 30 хувийн илүү үнэтэй байсан бол одоо технологи хөгжөөд арван хувийн л зөрүүтэй болж байна. Энэ зөрүүг олон улсын Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах сан гэх мэт байгаль орчныг хамгаалах сангуудаас дэмжлэг авах, төсөл хөтөлбөр хэлбэрээр шийдэж болно. Жишээлбэл Япон улстай “Нүүрсхүчил багатай хөгжлийн хөтөлбөр”-ийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Хувийн хэвшилтэй хамтраад нүүрсхүчлийн хийг багасгах хөрөнгө оруулалт хийвэл Японы сан оруулсан хөрөнгийн 50 хүртэл хувийн хэмжээний хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлнэ. Мэдээж барилга барих мөнгө өгөхгүй л дээ. Шинэ технологид нь дэмжлэг үзүүлнэ гэсэн үг. Магадгүй хөрөнгө оруулалт нь эко барилгад 20 хувиар илүү байгаад ирээдүйдээ түүнээс илүү ашиглалтын зардал багатай, байгаль орчинд ээлтэй байх нь хөгжих үндсэн нөхцөл болж байгаа тухай олон баримт байна.

-Энэ бодлого хэрэгжих магадлал хэр байна?

-Энэ жилийн арванхоёр­дугаар сард Парижийн гэсэн нэртэй уур амьсгалын өөрчлөлтийн талаар гэрээ бай­гуулагдах нь тодорхой болж байх шиг байна. Өмнө нь Кио­тогийн гэрээ байгуулагдсан. Түүнээс хойш томоохон гэрээ байгуулагдаж чадалгүй өнөөг хүрсэн.

-Парижийн гэрээ Киото­гийн гэрээнээс юугаараа ялгаатай вэ?

-Киотогийн гэрээнд АНУ, БНХАУ нэгдээгүй байсан. Киотогийн гэрээг Япон, Европын холбоо л урагшлуулж байсан. Гэтэл хамгийн их нүүрсхүчлийн хий ялгаруулдаг улс орон чинь АНУ, БНХАУ, Энэтхэг нийлэхээрээ нүүрсхүчлийн хийн 50 хувьд хүрч байгаа юм. Одоо Парижийн гэрээнд АНУ, БНХАУ нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн. Энэтхэг бас тодорхой амлалтууд өгсөн.

-Буурай орнуудад энэ нь ямар ашигтай вэ?

-Энэ том гүрнүүд гэрээнд нэгдчихээр дэлхий даяараа ногоон хөгжлийн замд орно. Өөрөөр хэлбэл тэдгээр орнуудын буурай орнуудад оруулах хөрөнгө оруулалт нүүрсхүчил багатай, эко үйлдвэрлэл, байгууламж руу чиглэнэ гэсэн үг. Хөгжил багатай орнууд хүрэн байшин барьчихаад түүнийгээ эко болгох гэж дахиад баахан мөнгөний эрэлд гардаг. Тэгвэл өндөр хөгжилтэй хөрөнгө оруулахдаа анхнаас нь эко байгууламж, техник технологи, үнийн зөрүүний дэмжлэг зэрэг асуудалд анхаарлаа хандуулж эхэлнэ.

-Зарим орнууд манайд хөрөнгө оруулах гэхээр сайн төсөл нь байдаггүй гэж ярьдаг. Ногоон төсөл бариад очвол давуу тал болно гэсэн үг үү?

-Тэгнэ. Ялангуяа манайх шиг оронд бол илүү сонирхолтой байх болов уу. Азид анхны эко хот гээд Майдар цогцолбор баригдаж байна.

-Манай улс дэлхийн байгаль хамгаалах сангуудтай хэр холбоотой ажилладаг вэ?

-Нэлээд холбоотой ажилладаг. БОНХАЖЯ-ан дээр “Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах” хөтөлбөр өнгөрсөн жилээс эхэлсэн. Таван жилийн хугацаатай 20 тэрбум төгрөгийн өртөгтэй.

-Тэр их мөнгөөр юу хийх вэ?

-Менежмент гэдэг нь удирдлага, бүтэц, зохион байгуулалтаас үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө оруулал­тын асуудлыг шийднэ. Байгаль хамгаалагчдын унаа, холбооны хэрэгсэл, барилга байшин гээд шийдэх асуудал олон байгаа. Туул голыг хэр­хэн цэвэршүүлэх тухай судал­гааны бичиг баримт гарчихсан байх. ТЭЗҮ гэдэг бичиг баримт хамтраад гаргана. Тэгээд цэвэрлэх байгууламжаа янз­лаад эхлэнгүүт Туул голоо цэвэршүүлэх ажиллагаа хийх байх.

-Цэвэрлэх байгууламж сайжирчихвал Туул гол цэвэршинэ биз дээ?

-Цэвэрлэх байгууламжийн шинэчлэлээр цэвэрлэгдэх ч юм байгаа. Цэвэрлэгдэхгүй ч юм бий.

-Мод тоолсон гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Мод ч биш л дээ. Манайд анх удаа Германы хөгжлийн агентлагтай хамтраад ойн тооллого хийсэн.

-Ямар ашигтай тооллого вэ, дүн нь гарсан уу?

-Энэ тооллогоор ойн ямар хэмжээтэй талбайг ямар мод эзэлж байна, ямар шингээх чадвартай вэ гэсэн дүн гарна. Үүн дэр үндэслээд цаашид ойтой холбогдсон байгаль хамгааллын бодлого хэрэгжүүлэхэд төсөл хөтөлбөрөөр мөнгө босгох боломжтой болно.

-4000 га газар сэргэшгүй, эзэнгүй болсон гэсэн…

-Би хавар нэг хуулийн төсөл санаачлаад явуулсан. Тэр газрыг сэргээхийн тулд хаа нэгэн газраас сан байгуулах хэрэгтэй. Тэр санг нь Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг гурван хувиар бүрдүүлэх саналтай байгаа юм. Нэг уул уурхайгаас болоод сүйдсэн газар болохоор ийм замаар тэр газруудыг нөхөн сэргээе гэсэн юм. Тэгсэн Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг хэмжээг өөрчлөх чинь их хэцүү юм байна. Энэ татварын 70 хувь нь хүний хөгжлийн санд, 30 хувь нь орон нутагт ордог. Дээр эзэнгүй талбай гэж байх ёсгүй эзнийг олоод нөхөн сэргээхгүй юу гэдэг байхгүй юу. Гэтэл эзнийг нь олох гэхээр эсвэл нинжа нар, эсвэл 1990 онд байсан улсын үйлдвэрийн газар байна. Бас өөрөө сэргэнэ гэсэн яриа байдаг. Тийм байсан бол сэргэчих хугацаа болсон.

-Тэгээд таны санаа хэрэгжихгүй болсон уу?

-Тэгсэн чинь Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг өөрчлөх боломж хавар гарч ирсэн. Энэ хуулийг гишүүдийн 66 хувиар өөрчилдөг байсныг зогсоогоод 50 хувиар өөрчлөх боломж бүрдсэн. Тэгээд би даруухнаар ганц хувийг нь л нөхөн сэргээлтэд зарцуулъя гэсэн санал оруулсан.

-Нэг хувь нь тэр их газрыг нөхөн сэргээхэд хүрэлцэх үү?

-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэж жилд 300-400 тэрбум төгрөг ордог гэсэн. Цаашдаа хоёр толгой хөдлөөд эхэлбэл нэмэгдэнэ. Яахав жилдээ багаар тооцоход 3-4 тэрбум төгрөг зарцуулаад яваад байхад ямар ч байсан тодорхой хэмжээгээр багасаад л байна. Харин цаашид эзэнгүй газар гэсэн ойлголтыг гаргахгүй байх хэрэгтэй. Одоо бол компаниудад хатуу хяналт тавьж байгаа. Нэг удаагийн л арга хэмжээ байхгүй юу. Энэ чинь бидний муухай өв болчихоод байна шүү дээ. Гаднаас хүн ирж цэвэрлэхгүй биз дээ.

Х.Баттөгс

Categories
мэдээ цаг-үе

Сумогийн “домог” зодог тайллаа

Монголчууд аль ч бөхийн төрөлд, цаашлаад ямар ч спортод дэлхийн хэмжээнд хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулсаар байна. Үүний нэг тод жишээ бол сүүлийн хэдэн жилд мэргэжлийн сумод гаргасан Монгол бөхчүүдийн амжилт юм. Арлын Японы сумогийн дэвжээг монголын сумочид эзэгнэж байна. Бахархаж байна.

Сумогийн олон ч амжилт, рекордыг манай бөхчүүд эвдэж ёстой нэг хүч чадал, эр зориг, уран зоримог барилдаанаараа аархаж байна гэхэд буруудахгүй биз ээ. Тэгвэл мэргэжлийн сумод домог болж яваа нэгэн Монгол бөх зодог тайлах тухайгаа мэдэгдлээ. Энэ бол гурван жилийн өмнө буюу 38 насандаа мэргэжлийн сумогийн дээд зиндаанд аварга болсон Кёкүтэнхо Н.Цэвэгням юм. Түүний энэхүү амжилт сумогийн түүхэнд тэмдэглэгдсэн. Учир нь мэргэжлийн сумогийн дээд зиндаанд Кёкүтэнхо шиг олон жил барилдаж, аварга болж байсан бөх байхгүй аж. Тиймээс Японы ард түмэн, хэвлэл мэдээллүүд нэг хэсэг манай бөхийн амжилтыг онцлон шагшин магтаж байлаа. Мэдээж энэ түүхэн амжилт бол түүний уйгагүй, нөр их хөдөлмөрийн үр дүн. Сумогийн дэвжээнд олон жил ийн амжилттай барилдаж яваа тэрээр уржигдар Нагоягийн зуны башё дууссаны дараа зодог тайлахаа албан ёсоор мэдэгдсэн билээ.

Сумогийн алтан хараацай

Нямжавын Цэвэгням өдгөө 40 настай. Түүнийг Арлын Японы мэргэжлийн сумод анх зодоглосон алтан хараацайнуудын нэг гэдэг. Анх 1993 онд Н.Цэвэгням аварга болох хүсэл мөрөөдөл сэтгэлдээ тээн Японд хөл тавьжээ. Тэгсэн хэрнээ сумогийн талаар бараг л мэдэхгүй Наритагийн онгоцны буудалд буусан гэдэг. Ингээд Кёкшюүзан Батбаяртай хамт нэг дэвжээнд орж, Ошима дэвжээний бөх болсон байна. Тэр цагаас хойш мэргэжлийн сумод монгол бөхчүүдийн замыг татсан алтан хараацайнууд бол яах аргагүй Кёкшюүзан Батбаяр, Кёкүтэнхо Н.Цэвэгням нарыг хэлнэ. Тэд Асашёорюү Д.Дагвадорж, Харүмафүжи Д.Бямбадорж, Хакухо М.Даваажаргал гээд үе үеийн аваргуудыг араасаа дагуулж гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн сумочид. Монголын сумочид бүгд алтан хараацайнуудын нөлөөгөөр сумод хөл тавьсан байдаг. Арга ч үгүй биз. Залуу бөхчүүдийн итгэл найдвар, үлгэр дуурайл нь шүү дээ, тэд. Тиймээс Кёкшюүзан Батбаяр, Кёкүтэнхо Н.Цэвэгням нарт дүү бөхчүүд одоо ч ихэд хүндэтгэлтэй хандаж заавар зөвлөгөө авдаг гэсэн.

Хүний нутагт харийн спортод амжилт гаргана гэдэг амаргүй даваа

Кёкүтэнхогийн хувьд үеийнхээ бөхчүүдээс хавьгүй хожуу зодог тайлж байна. Н.Цэвэгням анхныхаа барилдааныг ирсэн жилийнхээ гуравдугаар сард хийж байжээ. Түүнд сумогийн хүнд бэрх бэлтгэл сургуулилт нь хэцүү санагдаж нэг бус удаа нутаг буцах бодол тээж байсан гэдэг. Сумогийн дэвжээнд аварга болно гэж ирсэн хүн чинь Монгол Улсын Элчин сайдын яам руу оргож очоод нутаг буцаж байсан гэнэ. Харин Ошима багш нь Монголд ирж, аргадаж ятган Японд аваачиж байсан тухайгаа Н.Цэвэгням дурсаж байсан удаатай. Ингээд багшаараа аргадуулан байж сумогийн дэвжээнд зодоглож 1998 оны арваннэгдүгээр сард анх удаа макүчи буюу дээд зиндаанд барилджээ. Ингэж л дээд зиндаанд дэвшсэн нь түүнийг сумод эргэлт буцалтгүй амьдралаа зориулахад хүргэсэн байна. Түүнээс хойш тасралтгүй дээд зиндаанд барилдаж озеки Кайогийн дээд зиндаанд 1444 удаа барилдсан рекордыг эвдээд байна. Дээд зиндаанд барилдсан цагаасаа хойш аварга болох юмсан гэсэн бодол түүнийг өдөр шөнөгүй чилээх болж. Бүр аварга болж байна гэж зүүдэлдэг байжээ. Зүүд зөнтэй гэж монголчууд ярьдаг. Н.Цэвэгням үүнд итгэдэг. Хүүхэдтэй болчихоод тэрээр нэг шөнө аварга болчихсон, хүүхдээ өвөр дээрээ суулгаад гэр бүлээрээ зураг татуулж байна гэж зүүдэлжээ. Энэ зүүдний дараахан 2012 оны зуны башёд 38 настайдаа түрүүлж эзэн хааны цомыг авчээ. Түүнийг хувь заяа ивээсэн гэдэг. Учир нь сумогийн дэвжээнд ноёрхож яваа аварга Хакухо Даваажаргал тухайн сард тааруухан барилдсан ч хүчтэй өрсөлдөгчдийг нь өвдөг шороодуулж өгсөн байна. Ингэж тэрээр сумогийн түүхэнд хамгийн ахмад настай түрүү авсан бөх хэмээн тэмдэглэгджээ.

Сумогийн амьд домог

Кёкүтэнхо аварга болчихоод дараагийн сарын башёд 13 удаа унасан цорын ганц бөх. Түүхэнд энэ үйлдлээрээ мөн л тэмдэглэгдсэн. Япончууд ч их шуугисан. Гэхдээ тэрээр ясны бөх гэдгээ харуулж дараагийн хоёр сар нь амжилттай барилдсан. Тиймээс япончууд Кёкүтэнхог сумогийн “Legend” буюу “Домог” хэмээн хүндэлдэг. Үнэндээ домог байхаас ч аргагүй бөх. 1998 оноос хойш сумогийн дээд зиндаанд тасралтгүй барилдаж башёд зодоглосон тоогоороо түүнийг гүйцэх бөх одоохондоо алга. Ингэхдээ дээд зиндаанаас буулгүй барилдсан бөх гэдгийг цохон тэмдэглэмээр байна.

Кёкүтэнхо Н.Цэвэгням: Би зодог тайлж “Ошима” дэвжээг өвөлнө

Кёкүтэнхо Н.Цэвэгням мэргэжлийн сумод 23 жил зодоглосон. Тэрбээр сүүлийн өдрийн барилдааны дараа нулимс урсган дэвжээнээсээ бууж харагдсан. Сумо сонирхогчдын хувьд үнэхээр харамсалтай мэдээ боловч тэрээр ирээдүйд сумогийн дэвжээнд олон монгол бөхчүүдийн нэрийг гаргах суурийг тавина гэдэгт итгэлтэй байна. Н.Цэвэгням Япон эхнэртэй. Кейко гэдэг. Япон иргэншилтэй учраас тэрээр зодог тайлж “Ошима” дэвжээг өвөлж авах юм байна. Түүнтэй манай сонины Япон дахь тусгай сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг өчигдөр зодог тайлах тухайгаа мэдээлэх үеэр нь ийн сэтгэгдлийг нь хуваалцжээ.

-Барилдаанаа нулимстай дуусгасан. Яг тэр агшинд юу бодогдож байсан бэ?

-Эргээд бодоход би сумогийн дэвжээнд 23 жил гаруй барилджээ. Энэ барилдаан хамгийн сүүлчийн, дэвжээн дээрээ дахиад хэзээ ч гарахгүй гэж бодохоор л биеэ барьж дийлэхгүй байсан. Бас үзэгч, хөгжөөн дэмжигчдийн дуу, түрлэг, нэрийг минь бичсэн самбар бариад уухайлж байгаа хүмүүсийг хараад өөрийн эрхгүй сэтгэл хөдөлсөн дөө.

-Хакухо аварга түрүүлж, хамт алхаж явахад ямар санагдаж байв. Аваргатай юу ярив?

-Манай дэвжээ аваргынхтай нэг гал болдог. Олон жил хамт бэлтгэл сургууль хийж, аваргатай цуг амьдралынхаа багагүй цагийг өнгөрүүлжээ. Өчигдөр аварга шийдвэрлэх барилдаантай байсан учир нүдээрээ хоёулаа дохилцоод өнгөрсөн. Аваргыг харахаар л цээжин дээр нэг юм тээглээд байсан. Аварга гарыг минь бариад л олон жил та хичээсэн шүү гээд нүдээрээ хэлэх шиг болсон. Аваргатай хамт туг барьж, ялалтын парадад цуг суугаад явахад үнэхээр сэтгэл их хөдөлж, баярлан бахдах сэтгэл төрж байсан.

-Танд одоо юу бодогдож байна вэ?

-Өнөөдөржингөө (өчигдөр. сур) сонин, сэтгүүл, хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөөд тун завгүй л байна. Дөчин нас хүртлээ барилдаж болдог юм байна гэдгийг залуу үеийнхэндээ харууллаа гэж бодож байна. Их л олон юм бодогдож байна даа.

-Цаашид та юу хийх вэ?

-Одоо хоёр жил гаруй “Ошима” дэвжээнийхээ туслах багш хийнэ. Ирээдүйд дэвжээгээ өвлөн авч ояаката болно доо. Тэр хүртэл суралцах зүйл их байна.

-Үсээ авахуулах ёслолын өдрөө товлов уу?

-Ирэх жилийн тавдугаар сард хийхээр ярьж байна.

-Таны тухай ном гарах гэж байгаа гэл үү?

-Тийм ээ. “Бейсбол” хэвлэлийн газраас “Кёкүтэнхогийн намтар” хэмээх ном удахгүй энэ оны есдүгээр сард хэвлэгдэн гарна.

Д.Даваасүрэн

Categories
мэдээ цаг-үе

Улаахан орхимж намируулсан дулаахан сэтгэлт Со минь

Хонгор
намрын өдрүүдээр ус нутгаа орхин нийслэл хотноо ирж С.Жамьянгаравын нэрэмжит
Дорно дахины утга зохиолын дээд сургуулийн оюутан болсон тэртээх ерэн дөрвөн он
санаанд тодхон байна. Хичээл ном жигдэрч ахуй үед бидэнд өрнө, дорнын утга
зохиолын хичээл заах болсон нэрт яруу найрагч О.Дашбалбар багшийн маань “Шүлэг
зохиол сонирхдог хүүхдүүд байвал Ханд вангийн өргөөнд долоо хоногийн лхагва
гараг бүрт болдог “ГУНУ” урсгалын утга зохиолын дугуйланд очиж болно шүү” гэсэн
үг чихэнд нэг л уянгатай, сэтгэлд цаанаа л дотнохон сонстож билээ. Дугуйланд
очвол, Ж.Болд-Эрдэнэ, Б.Одгэрэл, Б.Ичинхорлоо гээд ерээд оныхон бүгд л ирсэн
харагдана. Хүн нэг их танихгүй хөдөөгийн ичингүй хөвгүүн зүс танихаас Дорнодын
цагаан хүү Д.Ган-Очирыг л бараадасхийнэ. Ган-Очир надаас ганц хоёр дүү ч
Дашбалбар багшийг “ах” хэмээн хэвлүүтэж, цүнхийг нь байнга барин сүүдэр нь
аятай дагаж явна. Дугуйланд хэдэнтээ очсоны дараа Ганаа Содномнамжил бид гурав
нэлээд дотно танилцав. Нэгэнтээ Со хэлж байна. “Цэнгэл ээ, хоёулаа гараад ирье.
Энэ замын цаана агуу их Ганхуяг хэвтэж байгаа. Сугадаад ирье” гэнэ.

Цэнхэр
жинсэн хослолтой, шүдээ хавирсан, ширүүн харцтай эр нэлээд халамцуу духаараа
харж “Хар мал аа, чи хаанахынх вэ” гэвэл Со “Хуягаа ах, наад хүү чинь
Баянхонгорын яруу найрагч залуу байгаа юм” гэж аргадсан янзаар хэлж, мөнөөх
“фашист” хэмээх Ганхуягийг оруулж ирж байсан сан. Дугуйлан дээр тэр намуун утга
уянгын шүлгүүдээ зөөлөн хоолойгоор уншихад Аюур ах, Бавуудорж, Б.Одгэрэл нар их
тааламжтай янзаар сонсож суусныг санаж байна. Балбар багш ч Со, яруу найрагч
Д.Цогбадрах нарыг тэр үед ихэд үнэлэн үеийнх нь залууст байнга магтаж ярина.
Ингэж Со-тойгоо танилцсанаас хойш Ж.Болд-Эрдэнэ, Ц.Доржсэмбэ, Ц.Батбаатар бид
нар шүлэг найраг, сэтгэл зүрхээрээ нэг чигийн хүмүүс болохоо мэдэрч эхэлсэн
сэн. Энэ нь Улаан сахиусны овогт Очирбатын Дашбалбар хэмээх Монголын яруу
найргийн үзэгдэл болсон агуу их хүмүүн бидний багш байсантай ч холбоотой биз.
Со манай сургууль дээр үе үе ирнэ. П.Батхуяг бид нар сургуулийн гонхонд цонхны
тавцан түшмэглэн яруу найраг, уран зохиол ярилцан, түүгээр явах охидын гоог
бишрэн зогссон нь олонтаа. Хааяа оюутнууд тарсан хойно, ангид орцгоон ганц нэг
“цэнхэр шувуу нисгэх” зуур шүлэг найргаа уншицгаана.

“Урагдаж
буй ертөнц нь цуурч буй даалимба

Урсаж буй орчлон нь цутган ирэх мөрөн

Хагарч буй ертөнц нь болор тунгалаг мөс

Хагацаж буй орчлон нь борооны дараахь чимээ

Тун
тунгийн бороо нь тунсаг гэгээн өнгөтэй

Тунгалаг ариухан бүсгүй сэтгэлийн дотор чимэг

Цун цунгийн үүлс нь нисэн алслах тогоруу

Цуурга цоожгүй сэтгэлд гоо үзэсгэлэн нь
цуглана…” гэх шүлгийг нь би хувьдаа уншуулах дуртай байсан. Энэ шүлэгт

“Хуучирч
гандсан дэлхий нь хуур ятгын аялгуутай

Хувилгаан багшийгаа санахад нулимс унагам
уяралтай”
гэсэн
мөрүүд бий. Анх танилцах үед багшийг дагаж их ирдэг байсан тэрээр хожим Балбар
багштай юунаас ч болсон юм, бяцхан зөрчилдөж зөрөлдөн байсан санагдана. Тэр л
үедээ эл шүлгээ дотроо өмрөн уншиж явсан болов уу.

“Хаалга
задгай Шамбалын

Хаанаас нь ч орж болно” гэсэн сонгодог мөрийг нь
хэвлэлийн бирж, Цэдэндоржийн цэцэрлэгийн харьяат сэхээтэн туурвигч бүгд л
цээжээр мэддэг байсан. Бүр сэржим өргөх үгээ ч нэгэн үе болгож байсан. Яруу
найрагч Ган-Очирын манайхан ерээд оны төгсгөл хавьд Зуун айлд хөрш хашаанд
амьдарцгаадаг байв. Тэр үед тэдний, манай хоёрынхоор яруу найрагчид, зураачид,
уран бүтээлчид их ирцгээх. Болд-Эрдэнэ ах, Со маань, Ц.Доржсэмбэ, Т.Цолмон,
Ц.Батбаатар нарын алхаж явсан жим зам өнөө ч сэтгэлд бүдгэрээгүй л байна.
Нэгэнтээ Со бид хоёр цас бударсан гэрэлт өдөр Багшийн дээдийн хавьд таарч
алхахдаа

“Гунигтай
ширтэхэд, цонхон цаана

Гудамжнаа, цасан охид бүжицгээнэ.

Гэрэлт мөчрүүдийн дээгүүр, намуухан

Гэгээ цацруулан бужигнацгаана.

Сэмхэн гэтэж гэрээсээ одоод

Сэтгэл догдлон гэрэлт мөчрийн доор зогсоод

Энэхэн ертөнцийн биш тэрхэн охидыг

Эгшиглэх вальсанд урих сан, эгшиглэх вальсанд
урих сан”

гэсэн шүлгээ уншвал, анд минь жаварт жаахан ягаарсхийсэн хацраа илсхийж, нүдээ
онийлгосхийн чагнаснаа

“Гэрэлт
мөчрүүдийн дээгүүр намуухан

Гэгээ
цацруулан бужигнана”

гэж ямар гайхалтай мэдрэмж вэ. Тэр “бужигнана” гэдэг үгийг “бударна” гэчихвэл
зүгээр биш үү хө” хэмээн гилжийсхийн хэлж байсан нь санаанд тодхон байна. Со-гоо “нүдээ
онийлгосхийн, гилжийсхийн” гэж тодорхойлсондоо би сэтгэл нэг их эмзэглэхгүй
байна. Учир нь тэрвээр хүнийг дэндүү анхаарч сонсдог, тэр тааламжтай байдлаа
иймэрхүү дүр төрхөөр илэрхийлдэг хүн байж. Дээхнэ үеийн мундаг эрдэмтэй лам
нар, ухаантай өвгөд маань тэгж гилжийж ирээ л хүний үгийг сонсож байгаа
харагддаг. Монгол ухаанаар үүнийг “чих тавин сонсох”, “найр тавих” гэх мэтээр
тайлж болно. Со маань хүнд тэгж л сэтгэл тавьж чагнадаг билэг-билгүүн төгөлдөр
гэгээн сонортой хүн байлаа.

Зуун
айлд байхдаа нэгэнтээ оройтон гэртээ иртэл буйдан дээр минь нэг юм хөдлөх шиг
боллоо. Хоёр давхар цоожтой хаалга байсаар байтал гэрт, бүүр орон дээр хүн
байхаар хэн ч гэсэн гайхах нь тодорхой. Цочисхийж, гэрлээ асаавал манай Со лам
амарчихсаан хэвтэж байх юм. Гэрэл асуут мань эр өндийж ирснээ “Ган-Очир
дүүгийнд орох гэсэн өөрөө ирээгүй байна. Булгаа л байна. Тэгэхээр нь танайд
иртэл чи бас байдаггүй. Хашаанд чинь гайхаад зогсож байтал салхивч чинь
нээлттэй байлаа. Тэгээд хөгшин чинь орж ирээд овоо сайхан амарчиж” гэсэн шүү юм
ярилаа. “Хувилгаан” Со-гоо гэгээвчээр орж ирснийх гэж хөөрхөн шалтаг зохиож
хоёул болор жүнз тулган, аж төрөл, шүлэг найраг хөөрөлдөн, анд нөхдөө дурсаж
үүр цайтал нойр цэлмэг хоносон сон. Энэ бол гэргий, охид маань нутаг өөд
явчихсан 98 оны зургадугаар сар байлаа. Өглөө нь Со европ хувцсаа бүгдийг
тайлж, шинэ оймс өмсөн, хувраг хувцсаа өмсөн нэгэн хийдэд хурлын ламаар суух
болсноо хэлэн гарахдаа үүргэвчтэй хувцсаа үлдээгээд явж байлаа. Гарахад нь “Анд
минь, Лодон гэвш шиг л улаан шарыг намируулаад гандангийн хүр рүү шогшоод байж
дээ” гэвэл нэг муухан мушийсхийчихээд гараад явсан сан. Модод навчсаар уйлсан
намрын жихүүн өдөр Болд-Эрдэнэ ахыгаа хөдөөлүүлчихээд, удаахь жилийнх нь намар
О.Д багшийгаа нутаглуулчихаад хамтдаа гашуу тайлж сууцгаасан гунигт мөчүүд ч
нүдний өмнө тодхон байна. “Цэнхэр өдрүүд” номтой Өвөрхангайн Сэнгийн Адьяасүрэн
найрагчийг дүн өвлөөр үдээд ирлээ гэж Ган-Очирын хамт орж ирж, тэмээнийх шиг
тунгалаг зөөлөн харцтай нүдэндээ нулимс мэлтэгнүүлж суусныг ч яахин мартаж
чадах.

Гэгээн
хайрын тодотголтой “Хонгорзул” сонинд Со-гийн маань олон сайхан уянгын
зураглал, гүн ухааны зохиомжууд хэвлэгдсэн дээ. Хэвлэлийн бирж дээр тухайн
үеийн сор болсон зохиолч, яруу найрагч, сэтгүүлч, зураач, инженер, эрдэмтэд
гээд сэхээтнүүд их цугларна. Бүгд л нэгнээсээ оюун билэг, сэтгэл зүрхний их
нөмөр нөөлөг, гэрэл гэгээ авцгаасан гэж би хувьдаа боддог. Со маань бичлэгийн
шагналд бодож өгсөн сонингуудыг зарахдаа хүнтэй их нийцтэй учир их л сурмаг.
Мэдээж, зарим сонин дээр бидний нийтлэл, шүлэг зохиол, зураг хөрөг хэвлэгдсэн
үед бол сайн танил, оюун санаагаар мануусын садан нөхөдтэйгөө баяраа
хуваалцана. Бидний хэн хэнийх нь ном хэвлэгдээгүй байсан үе болохоор шүлэг
найраг хэвлэгдсэн сонин маань тухайн үедээ л нэрийн хуудас болж байсан юм даг.
1999 оны нэгдүгээр сарын 9-ний орой Төрийн ордонд МЗЭ-ийн 70 жилийн ойд
зориулсан хүндэтгэлийн зоог барив. Тэндээс би Хонгор нутгийнхаа зохиолч
“банхар” Пүүжээ (төрийн соёрхолт Пүрэвжавын Пүрэвсүрэн) ах “Бурханбогд, аав
хоёр” өгүүллэгээрээ “Утгын чимэг” наадамд түрүүлсэн учир Навчаа эгчид хүлээлгэж
өгөх үүрэг хүлээсэн байлаа. “Намрын дурсамж” дууны найргаараа алдаршсан
зохиолч Намжимын Сүхбат ахын хамт Пүүжээ ахыг хүргэж өгөхөөр зогсож байтал Со,
Ган-Очир хоёр ирж “Нямсүрэн ахтай хэдүүлээ Зуун айл явцгаая. Чи тэр
гайхамшигтай найрагчтай сайхан танилц” гэж байсан сан. Нямсүрэн ах тэр жил
“Болор цом”-д

“Буй
биеэрээ би цас болно

Бүрхсэн их цас болно…

Бүүр том хот тосгодыг ч

Бүгдийг хучсан цас болно

Гуу жалга дүүрэн цас болно

Гуниг зовлонг дарсан цас болно

Энэ биеэрээ би цас болно

Их үс
гэзэг шигээ цас болно

Эргэж
төрөхдөө би цас болно

Эрээнцавынхаа
л цас болно

Эцэст
нь чамдаа гишгүүлж дагтаршсаар

Энгэрийн
бэлд тавьсан

Эрдэнийн
гурвалжин чулууны

Эрхин
цагаан судалд шингэнэ

Тэргүүний
минь үс тэр цагт үсэг болж

Тэнгэрийн
орноо билиг болон одно

Цагийн
жамаар гэзэг минь аясхан бударч

“Цагаан
шүхэрт” ном болно”
гэсэн
алдарт шүлгээ уншиж, хоёрын даваанд уначихаад хээвнэг зогсоход сэтгүүлч
Бадамдоржийн Ганчимэг ахайтан дэвтрийнх нь хуудсаас эл шүлгийг навч шиг тасдан
“Өдрийн сонин”-д хэвлүүлж асан тэр үе билээ. Тэр орой би Нямсүрэн ах, Со,
Ган-Очир нарын Дорнодын фракцыг дагалгүй нутгийнхантайгаа явсан юм. Өнөө нэхэн бодоход нэгэн биеэ хоёр болгон
хувилчихмаар тийм яруухан үе бидэнд олонтаа тохиож байжээ. Түүн лүгээ хүмүүний
энэхэн амьдралыг ахин дахихын ерөөл талбимаар тийм л гэгээн оюут хүмүүн цөөн
таардаг ажээ хэмээн Со-гийнхоо тухай дурсамж нэхэн суунам. Тэгэвч, зөөлөн
сэтгэлт, гэгээн билэгт, ариун ёст, намуун уянгын сод найрагч Тогоонтөмөрийн
Содномнамжил ламтан нэгэн бие нь дүрст лагшингаа гээн одсон боловч тунгалаг
ариун шүлгүүдэд нь оюун сэтгэлийн гэгээн сүнс нь мөнхөд амьд үлдсэн яруухан
хувилгаант билээ. Ай, анд минь!

“Өөрийнхөө
ариун нандин гэрэл гэгээ бүхнийг авч гараад, байгалийн зүг явж чадвал миний
таньж мэдэх охид хөвгүүдээс Т.Содномнамжил, Л.Өлзийтөгс хоёрыг л дэлхийн
дэвжээний барианы газар монголчууд хүлээж авах болно” гэж Эрээнцавын
Нямсүрэн ахынхаа итгэлийг хүлээж байсан анд минь цэл залуухан гучин хэдхэн
насандаа тэнгэр зүг одсон нь гунихралтай. Намуун уянгын гэрэлт найрагч
Т.Содномнамжилын маань түмний нэг тарсан гар бичмэлийг яруу найрагч анд
Магван-Эрдэнийн Саруулдалай, Г.Хүрэлчулуун, орчуулагч Ононгийн Чинбаяр нар
эмхэтгэн “Огторгуйн очир” хэмээх ном баринтагласныг залуу насных нь анд, эдүгээгийн их хурлын
гишүүн Л.Энх-Амгалан ивээн тэтгэж уншигчдын гэгээн мэлмийд толилуулан ариун
сүнсэнд нь хүндэтгэл үзүүлсэн билээ. Сэтгүүлч Пүрэвийн Хашчулуун маань ч
Со-гийнхоо тухай “Сонинд боодолтой юм” дурсамж бичиж, андынхаа
шүлгийн гар бичмэлүүдийг ганц охинд нь гардуулсан нь сайн хүмүүн, сайхан
найрагчаа дээдэлсэн нөхрийн чин сэтгэл буюу

Л. Батцэнгэл

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Бөхийн холбоогоор овоглосон Д.Данзан гавьяатынх

Монголын Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор Д.Данзангийнд өнжихөөр Жигжидийн зусланг зорилоо. Жигжидийн автобусны эцсийн буудал дээр ирээд утсаар холбогдтол тэрээр “Эндээс охиноо унаатай нь явууллаа. Түр хүлээж байгаарай” гэв. Төд удалгүй Д.Данзан гуайн охин Д.Дэлгэрмаа ирж, биднийг авч явлаа. Нэг буудал хэртэй газар яваад, өтгөн ой мод бүхий уулын өвөр дэх, зуслан дээр нь ирлээ. Амралтын өдөр байсан учраас хүүхдүүд нь гэр бүлээрээ ирсэн харагдав. Зээ нар нь бага сургууль, цэцэрлэгийн ахлах бүлэгт сурдаг болов уу гэмээр балчир хэдий ч ширээний теннисээр тун чиг гарамгай тоглоно. Бага охин Д.Гэрэлмаа байшингийнхаа хажуухан дахь гүний худгаас хувингаар ус хутгаж, хашааны гадаа байгаа машинаа нөхөртэйгөө угааж байв.

Машиныхаа дээврийг багагүй зүлгэж зогссон тэд “Байрны хөгшчүүл цайныхаа дээжийг балкон дээрээсээ өргөөд, доор нь зогсоолд байршуулсан машиныг цагаан алаг болгочих юм. Уг нь гэрээсээ гараад, тэнгэр бурхандаа залбираад өргөвөл зүйд нийцэх юм шиг санагдана. Машин дээр асгарсан цайны дээж, сүү нь арилахгүй юм. Хэд хоногоос машинаа дахин будуулахаас” гэцгээн өөр хоорондоо ярилцаж байлаа.

Биднийг гэрт нь орох үед Д.Данзан гуай “Амралтын энэ өдрүүдэд миний бие Халхын анхдугаар Богд Өндөр гэгээнийхээ ойг үзээд тун чиг сэтгэл хангалуун байна даа. Өндөр гэгээн Занабазарыг Монголын түүхэнд тодорсон дөрвөн аугаа их хүний нэг гэдэг. Үндсэндээ Чингис хаан, Хубилай хаан, Богд Зонхов, Өндөр гэгээн энэ дөрвийг дэлхийн нэртэй эрдэмтэд нэрлэсэн байдаг. Өмнө нь Өндөр гэгээний ойг ингэж ёс төртэй, гол нь Өндөр гэгээн Занабазар хэн бэ гэдгийг олон түмэнд тодотгож өгөх талаар багагүй учир дутагдалтай байсан санагдана. Энэ удаа Монголын төр нь ч, Шинжлэх ухааны академи нь ч Өндөр гэгээнээ байранд нь тавьж өглөө” гэв. Гэрийн эзэн “Зочдодоо цай аягалж өг” гэснээ “Өө нээрээ, саяхан хөдөөнөөс айраг ирсэн шүү дээ. Тэрнээсээ аягалж өг” гэв. Ийнхүү биднийг эхнэрийнх нь төрсөн нутаг болох Архангайн Хотонт сумаас ирсэн чимчгэнэ­сэн сайхан айргаар дайлав. Азарганууд барианд орох үеэр ханын цаг руугаа байн байн харж “Энэ уралдаан 22 км-ийн зайнд болсон. Энэ зайг монгол хурдан хүлгүүд хэр хугацаанд туулж байгааг мэдэх гэсэн юм. Түрүү морь энэ зайг 35 минутанд тууллаа. Энэ мэтчилэн хурдан морьдыг барианд ороход нь уралдааны замаа хэдэн минут секун­дэд туулсан гэдгийг давхар зарлавал зүйтэй санагд­даг. Ингэснээр хурдан морины амжилт үнэмлэхүй баталгаажиж байгаа хэрэг. Бидэнд тэр нь чухал биш юм аа гэхэд жуулчдад энэ төрлийн мэдээлэл нэн хэрэгтэй. Уяачид ч өөрсдийн амжилтаа ахиулахын тулд хичээнэ. Ер нь дан ганц хурдан морины уралдаан гэлтгүй эрийн гурван наадам бол жуулчдыг татах гол арга хэмжээ болсоор удаж байна. Зарим хүмүүс эрийн гурван наадмыг тэр дундаа үндэсний бөхийг олон улсын чанартай болгож, хөгжүүлэхийг санал болгодог. Би үүний эсрэг байр суурьтай байдаг. Яагаад гэвэл үндэсний спорт бол үндэснийх л байх ёстой. Өөрийн гэсэн зүйл­сээ гоочлоод, бүдүү­лэг хоцрогдмол гээд бусдыг дуурайгаад байвал нэг л мэдэ­хэд өөрийн гэсэн зүйл­гүй болчихдог. Олон улсын тэмцээн болгож, шаардлагад нийцүүлэхийн тулд үндэсний өв соёл нь хаягддаг жамтай. Наад зах нь япончууд жүдо бөхөө дэлхий нийтийнх бол­гохын тулд асар их хөрөнгө гаргаж 200 гаруй оронд хувцас хэрэглэл, татами буюу дэвжээгээ байгуулахын сацуу сурах бичиг, мэргэжилтэн багшаар хангаж ажилласан. Ингэж дэлхийд зургадугаарт ордог бөхийн спорт болж хөгжих явцдаа эсрэг дэв­жээ­ний бөх нь цэнхэр өмсгөл­тэй барилддаг болчихсон. Уламжлал ёсоор бол өрсөл­дөгч бөхчүүд хоёул цагаан өмсгөлтэй байх ёстой. Үүнд япончууд хичнээн дургүй байсан ч олон улсынх бол­гохын тулд арга буюу зөвшөөрсөн. Эртнээс жүдо­гийн тамирчид хоёул цагаан өмсгөлтэй байсаар ирсэн нь энгийн мэт боловч нарийндаа бол Японы соёл, өв уламжлалтай нягт холбоотой гэдэг нь ойлгомжтой” гэв. Мөн тэрээр “Дэлхийн бусад бөхийн спортын төрлөөс өмсгөл зүүсгэл, ёс заншил, барилдааны тэсвэр тэвчээр зэргээр үндэсний бөх манлай, төгөлдөр нь” хэмээн давтан хэлсэн юм.

Данзан доктор усан луу жил буюу 1952 онд Засагт хан аймгийн Сүрэн гүний хошуу буюу одоогийн Ховд аймгийн Дарви суманд, хоньчин Довдон­гийн ууган хүүхэд болон мэндэлжээ. 1966 онд буюу түүнийг 14 настай байхад ээж нь отгон дүүг нь төрүүлээд бурхан болсны дараахан сумын төвөө барааджээ. “Ээж минь 32 настайдаа отгон дүүг минь төрүүлээд, өвчний улмаас нас барчихсан. Ингээд л аавыгаа дагаад, зургаан дүүтэйгээ сумын төв орсон. Хамгийн бага нь дөнгөж төрсөн өлгийтэй нярай байсан гэсэн үг шүү дээ. Сумын төвийн хүүхдүүдийн нэгэн адилаар усаа зөөнө, түлээгээ бэлтгэнэ. Том нь учраас дүү нараа харж, хандана. Ингээд л 1972 онд аравдугаар ангиа төгсөөд Монгол Улсын их сургуулийн физикийн ангийн оюутан болох үед бид гэр бүлээрээ нүүж ирсэн. Сургуулиа 1977 онд төгсөнгүүтээ төрөлх сургуульдаа үргэлжлүүлэн багшлах болсон. Тухайн жил Монгол Улсын их сургуулийн захиргаа төгсөгч нараасаа сурлага сайтай 20-иод залуусыг багшаар авч үлдсэн юм. Тэдэн дотор надаас гадна Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж багтсан. Ингээд 1993 он хүртэл бид хоёр их сургуульдаа багшилж байгаад үндэсний бөхийн холбоог байгуулж, тэргүүн, дэд тэргүүнээр нь ажиллах болсон” хэмээн өгүү­лэв. Дарви суманд хэзээнээс Олхонууд овгийнхон амьдарч ирсэн бөгөөд тус нутаг усанд төрсөндөө бахархдаг талаараа бидэнд хуучлав. “Мэргэдийн Чилэдү баатар Олхонууд овгоос Өүлэн хатныг аваад явж байхад нь Есүхэй баатар булаагаад авчихсан гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр Олхонууд овгийнхон бол Өүлэн хатны хойч үр сад гэдэг нь ойлгомжтой. Манай суманд Монгол Улсын хэмжээний эрдэмтэн, улсын аварга малчин, гавьяатууд, баатрууд, ардын хувьсгалын партизан, улсын цолтой бөх, уяач зэрэг алдар цолтой 200 гаруй хүмүүс бий. Алдарт хоньчин баатар С.Цогтгэрэл, “Жалам хар”-ыг бичсэн хөгжмийн зохиолч Э.Чойдог, малын үүлдэр угсааг сайжруулах тал дээр дорвитой ажил хийсэн мал зүйч Ч.Дамдиндорж зэрэг гурван ч төрийн шагналтантай. Олимпийн анхны медальт, самбо бөхийн дэлхийн аварга Н.Бүрэнзэвсэг тэргүүтэй таван ч улсын цолтой бөхтэй. Дээрээс нь гурван академич, 20 гаруй шинжлэх ухааны доктор, 80 гаруй боловсролын доктортой. Ийм олон алдарт­нуудтай сум Дарвиас өөр байхгүй. Тэр ч утгаараа зарим хүмүүс манай сумынхныг “Мон­голын еврейчүүд” ч гэх нь бий” хэмээн сэтгэл хангалуун өгүүллээ.

Биднийг ийн хууч хөөрөх зуур зээ нар нь хэд хэдэн удаа түүний өвөр рүү мацан гарч, үнсүүлчихээд өрөө рүүгээ гүйчихнэ. Тэгснээ зээ хүү нь өөрийн тоглоомыг барьж ирээд, “Өвөө тоглоё л доо” гэвэл зээ охин нь “Хоёулаа гадаа тоглоё” гээд гарнаас нь гулдарна. Д.Данзан огтхон ч төвөгшөөсөн янзгүй “Тэгнэ ээ. Өвөө нь удахгүй завтай болчихоороо тоглоно оо. Харин миний хүүхдүүд гараад тоглож бай” гэвэл тэд уриалгахнаар “За” гэчихээд гараад өгөв. Хашаан дотроо тоглох зээ нараа цонхоороо хэсэг харж зогссоноо “Өөрснөө зусланд амрахаасаа илүү эд нарыгаа цэвэр агаарт цэцэг ногоон дээр тоглуулах гэсэн хэрэг. Бямба, ням гаригуудад эдэнтэйгээ хамт инээж хөхөрч, тоглож наадан өнгөрүүлэхэд жинхэнэ утгаараа амралт болж байгаа юм даа” хэмээв.

Зочны өрөөний хананд Ерөн­хийлөгч асан Н.Энхбаяраас Соёлын гавьяатын цол тэмдгээ авч байх үеийнхээ зургаа өлгөжээ. Хажууханд нь гэргий­тэй­гээ татуулсан зургаас гадна хэд хэдэн сумын засаг ноёдын дурсгасан байгалийн үзэсгэлэнт газруудын зураг харагдав. Зочны өрөө­­нийхөө нэг буланд гал тогоо­гоо байрлуулжээ. Хотын төвийн айл шиг крант онгойлгоод л цэвэр усаа авч байгаа харагдсан, зуслангийн байрандаа боловсон жорлон хүртэл суурилуулсан байна. Байрандаа зочны өрөөнөөс гадна дахин хоёр ч том гэгчийн өрөө гаргажээ. Зуны амрал­таараа зээ нар нь амарч, өөрсдөө амрал­тын хоёр өдрөөр ирж амьдар­даг учраас эдгээр өрөөнүүдэд хувцасны шүүгээ, толь, сандал зэргээс өөр зүйлс харагдсангүй. Тэрээр эхнэртэйгээ 1977 онд гэрлэж, 40-өөд жил амьдрахдаа гурван охинтой болжээ. Харин өнөөдөр охид нь бүгд хүнтэй сууж, таван зээтэй болжээ.

Түүнээс үндэсний бөхтэй амьдралаа холбосон талаар нь асуутал “Бөхийн амьдралыг мэдэхийн хувьд 1990 онд ардчилсан хувьсгал ялсны дараа нам дагалгүй, наймаа худалдаа хийх гэж оролдолгүй шуудхан л үндэсний бөх хэмээх өв соёлыг хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэж эхэлсэн. Тухайн үед бөхчүүд өөрсдийн ажлаа хийж яваад наадам, цагаан сарын барилдаанд оролцдог байсан. Тэд маань ихэвчлэн хар бор ажил хийдэг байсан даа. Үндэсний бөх, жүдо, чөлөөт, самбо зэрэг бөхийн хамтарсан орон тооны бус удирдлагатай, бөхийн холбоо нэр төдий байгууллага байсан. Яагаад нэр төдий гээд байна гэхээр энэ холбоо самбо, чөлөөт, жүдо бөхийн төрлөөр тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын бэлтгэлд голчлон анхаарахаас бус үндэсний бөхийг ойшоодоггүй байсан. Шагнал урамшуулал нь ч багаас гадна бөхчүүд бэртэж гэмтэх тохиолдол элбэг. Дархан аваргыг одон­гоор ч шагнахгүй хэрнээ бөхийн бусад төрлөөр тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцсон бөхийг одон медалиар харамгүй шагнана. Үндэсний бөхийн спортоор дархан аварга үүнээс яав ч дутахгүй гавьяатай, уг нь. Дээр нь социалист нийгмийн үед үндэсний бөхийн барилдаанаас олсон орлогыг Спортын төв ордон хураан авч, багахан хэсгийг түрүү үзүүр бөхөд өгчихөөд өөрийн санхүүжилтдээ зарцуулдаг байсан. Зүй нь бол үндэсний бөхөөр олсон учраас энэ спортыг хөгжүүлэхийн төлөө зарцуулах ёстойсон. Энэ бүхнийг би дэндүү ойроос харж, мэдэрч байсан хүний хувьд “Спортын мэдээ” сонинд долоо найман ч нийтлэл бичсэн. Үндэсний бөхийн спортыг шинэчлэх өөрийн санал санаачилгыг хэрэгжүүлж, ажил хэрэг бол­гох үүднээс өөрийн бич­сэн “Бөхийн хөдөлмөр” хэмээх нийтлэлээ бариад Ардын их хурлын нарийн бичгийн дарга Ц.Готовтой уулзсан юм. Ингэж 1989 онд анх­лан бөхийн асуудлаа шийдүүлэхийн төлөө төрийн ордон руугаа орж байлаа. Бөхийн холбооны дарга Ж.Гүррагчаатай давхар уулзан, бөхчүүдийн эрүүл мэнд хөдөл­мөрийн аюулгүй байдлыг анхаарахаас өгсүүлээд бай шагналыг дээшлүүлье, улсын наадамд зодоглоход албан байгууллагаас нь цалинтай чөлөө өгье гэсэн санаагаа алд хэмжээтэй цаасан дээр бичээд өгчих­сөн. Ингээд төрийн удирдлага, бөхийн холбооны дарга хоёрт хэлчихсэн юм чинь асуудлууд нэг мөр шийдэгдэх болов уу гэсэн чинь нөхцөл байдал өөрчлөгдөөгүй. Тиймээс зайлшгүй өөрийн хувь нэмрээ оруулах шаардлагатай болсон гэх үү дээ. Ер нь ямарваа нэгэн ажлыг санаачилж, сэдсэн хүн л өөрөө түүнийгээ хэрэгжүүлэхгүй бол өрөөл бусдад ингэмээр байна гэж хэлэхээр амны гарз болдог шиг байгаа юм. Үүнтэй зэрэгцэн Улсын заан Р.Давааням төрсөн ах Р.Нямдоржтойгоо үндэсний бөхийн өв соёлыг хамгаалахын тулд дорвитой алхам хийх хэрэгтэй гэсэн зүйлсийг ярьж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан байгаа юм. Ингээд л 1990 оны дөрөв­дүгээр сард Үндэсний бөхийн холбоогоо байгуулсан. Бөхийн холбоог байгуулсны дараахан буюу дөрөвдүгээр сарын 14-ний билэгт сайн өдөр Р.Давааням заан, Р.Нямдорж, Соёлын яамны дэд сайд асан, П.Даваасамбуу, улсын заан Д.Мягмар бид тав тус бүр 100 төгрөг гаргаж, холбооныхоо санг бүрдүүлж байлаа. Ингэж л тамга тэмдгээ хийлгүүлж, төд удалгүй холбооныхоо нэрэмжит барилдааныг зохион байгуулж байлаа. Өнгөрсөн хавар манай холбооны 25 жилийн ой тохиож, хоёр барим­тат кино, мөн төчнөөн ном гаргаж, 1024 бөхийн барилдаан зохион байгуулснаас гадна эрдэм шинжилгээний хурал хүртэл зохиосныг та бүхэн мэдэж байгаа байх. Бидэн шиг ойгоо өргөн дэл­гэр хийдэг байгууллага байх­гүй. Бид л анхлан 6000 бөхийн барилдааныг зохиож, Геннисийн номонд бичүүллээ. Үүнээс үлгэр авч морины холбоо хоёр жилийн дараа морины уралдаанаа Геннисийн номонд оруулсан” хэмээв.

Тэрээр Бөхийн өргөөний барилгын зургийг 1991 оны нэгдүгээр сард холбооны ерөнхийлөгч Р.Нямдоржтой гаргажээ. Тэд бөхийн өргөөтэй болъё хэмээн шийдээд, шуудхан харандаа цаас аваад зурж эхэлсэн гэдэг. Ийн өөрсдийн зурсан 2500 хүний суудалтай, дугариг хэлбэрийн өргөөний гар зургаа мэргэжлийн архитекторуудад өгч зуруулжээ. Ийнхүү зурган дээр бэлэн болсон үндэсний бөхийн өргөөгөө барих газраа тэр даруй хайж эхэлсэн ч багагүй хугацаа алджээ. Анхлан бөхийн өргөөг баруун дөрвөн замд байгуулахаар шийдэн, дүүргийн Засаг даргын тамгын газар хандсан гэнэ. Гэсэн ч өөр барилга байгууламж баригдахаар урьдчилаад төлөвлөчихсөн байсан учраас өөр газар хайжээ. Тус газарт хожмоо Голомт хотхон сүндэрлэжээ. Ийнхүү Их дэлгүүрийн баруун урд тал дахь замын эсрэг талын төв зам дагуух сул газрыг бөхийн өргөөний зориулалтаар ашиглая гэсэн боловч дүүргийн удирдлагууд зөвшөөрөөгүй байна. Энэ газарт өдгөө Улаанбаатар их дэлгүүр баригдсан байгаа юм. Үүний эцэст Хөдөлмөрийн яамны өмнөх, Баянзүрх дүүрэг дэх газрыг олж, зөвшөөрлийг нь авчээ. Газрын хэмжээ төлөвлөснөөс бага байсан учраас 58 орчим метрээр төлөвлөсөн өргөөний тойргийн уртыг хоёр гурван метрээр багасгажээ. Ийнхүү арван эгнээ бүхий найман хэсэг суудалтай, голдоо 34 метрийн диаметртэй дэвжээ бүхий бөхийн өргөөний шавыг 1992 онд тавьжээ. Д.Данзан “Улсын начин, заан цолтой бөхчүүдийг цуглуулаад бөхийн өргөө байгуулах гэж байгаа талаараа дуулгатал тэд нэг их ойшоодоггүй. Тэгэхээр нь бөхийн өргөө гэдэг таван ханатай гэрийн төдий байгууламж биш. Өндрөөрөө найман давхар барилгын дайтай гэдгийг би хэлтэл бөхчүүд дүнгэнэлдээд явчихсан. Дүвчин заан “Өө би тэр 120-д байдаг дугариг байшин шиг жижигхэн гэр юм байх гэж бодоод хаана нь бөх барилдаж, хаана нь үзэгчид суух юм бол гэж гайхаад л сууж байлаа гэсэн. Ингэж бөхчүүд ажлыг минь үнэн сэтгэлээсээ ойлгож эхэлсэн. Түүнээс биш өндөр нь 28 метр, диаметр нь 50 гаруй, дэвжээ нь 40-өөд метр гэхээр бууж өгөхгүй байсан хэрэг л дээ. 520 гаруй бөхийн хорхойтон, хүчит бөхчүүдийнхээ хан­диваар үндэсний бөхийн өргөө барилгын ажил таван жил гаруй үргэлжилсний эцэст 1998 оны арванхоёрдугаар сарын 26-нд Монгол бөхийн өргөө нээлтээ хийсэн” гэсэн юм. Энэ их нөр ажлыг нугалсан учраас холбооны тэргүүн Р.Нямдорж болон Д.Данзан нарыг дөрвөн жил тутам болдог зөвлөлийн хурлаараа улираан сонгосоор байдагт эргэлзэх зүйл алга.

Түүнийг бөхийн холбооны дэд тэргүүн, шинжлэх ухааны доктороос гадна яруу найрагч гэдгийг нь тэр бүр мэддэггүй болов уу. Эл эрхэм найрагч Монголын ард түмний дунд хит болсон олон дууны шүлгийг бичсэн юм. Тухайлбал нэг ус нутаг буюу Ховдын Дарви Сутай хайрханы хүү, ардын жүжигчин Дашийн Мяасүрэнтэй “Түшээт ханы Намхай аварга”, Монгол Улсын гавьяат багш Лувсанцэрэнгийн Галмандах агсантай “Насны хайр”, “Гэртээ ирлээ”, Гомбын Эрдэнэчулуунтай “Монгол эрийн жавхаа” зэрэг дуунуудыг хамтран бүтээсэн байна. Данзан докторын гэргий Чимидын Оюунбилэг нь эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэгэн ажээ. Тэрээр Монгол Улсын заан Гочоосүрэнгийн төрсөн дүү гэнэ. Намуухан яриа хөөрөөтэй намбалаг сайхан эмэгтэй нөхөр, ач зээ нарынхаа хамт биднийг гаргаж өгсөн юм.

М.Ууган-Эрдэнэ

Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж

Categories
мэдээ цаг-үе

Д.Дэлгэрцогт: Тавдугаар цахилгаан станцын нэмэлт гэрээнүүд есдүгээр сард зурагдсанаар бүтээн байгуулалтын ажил эхэлнэ

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогттой ярилцлаа.

-Наадмын дараа намар гэдэг. Эрчим хүчний салбар өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн базааж байна даа?

-Манай салбарын хувьд өвөлжилтийн бэлтгэлийг жилийн жилд зуны улиралд хийдэг давтамжтай ажил. Өнөө жилийн хувьд ч мөн адил Сайдын тушаал нэгдүгээр сард гараад, ажлын хэсэг байгуулагдсан. Эх үүсвэр болох станцууд, дамжуулах, түгээх сүлжээний компаниуд өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд хийгдэх ажлуудаа яамаар батлуулдаг. Наадмын дараагаас бид өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгаад явж байна. Одоогийн байдлаар 50 гаруй хувийн биелэлттэй байна. Гол ажлууд нь эрчимтэй явагдаж байгаа. Томоохон ажил гэвэл Амгалангийн дулааны станц юм.

-Өнгөрсөн долоо хоногт энэ станцын ажлын явцтай Ерөнхий сайд танилцаж хөрөнгө мөнгөтэй холбоотой үүссэн асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж, үүрэг даалгавар өгсөн?

-Тэгсэн. Амгалангийн дулааны станц бол зөвхөн дулааных. Гэхдээ 348 мегаваттын килкалор дулаан үйлдвэрлэнэ. Иж бүрнээрээ баригдаж байгаа уг станц гурван зуухтай. Эндээс хоёр гол магистрал шугам гарна. Хойд тал руугаа 800 метр, 700 мм-ийн голчтой дулааны шугам 14 дүгээр хороолол хүртэл гарч байгаа. Харин урд тал руугаа 4.2 км урттай шугам гарсан. Мөн станцыг цахилгаанаар тэжээх Амгалангийн дэд станц бий. Эндээс 350 метрийн цахилгаан дамжуулах агаарын шугам татсан. Түүнчлэн станцын талбай дээр дэд станц байгуулсан. Бохир,цэвэр усны шугам ч татсан байгаа. Дээрээс нь төмөр замын өргөтгөлийг хийсэн. Төмөр замын хуучин шугамыг ачаалал нь нэмэгдэж байгаатай холбогдуулаад зорчих хэсгүүдийг засварлах ажлыг төмөр замын газар, Зам тээврийн яамтай хамтраад хийсэн.

-Хотын зүүн бүсийг дулаанаар хангах Амгалангийн станц өнгөрсөн жил ашиглалтад орно гэж хүлээлт үүсгэж байсан ч амжаагүй. Энэ өвөл бүрэн хүчин чадлаараа ажиллана биз дээ?

-Энд хийгдсэн хамгийн том ажил бол газар чөлөөлөлт байсан. Улаанбаатар хот маш их хүч, хөрөнгө зарсан. Амгалангийн дулааны станцыг барих шийдвэр 2013 оны нэгдүгээр сард гарсан. Тавдугаар сараас нь ажил эхлэх ёстой байсан. Харин газар чөлөөлөлт явагдаад тухайн онд станцын бүтээн байгуулалтын ажил төдийлөн хийгдэж чадаагүй. Наймдугаар сарын эхээр ажил эхэлсэн. Манай зуны улирал бага. Ерөнхийдөө 2014 оны зун бүтээн байгуулалтын ажил явагдсан. Сараар нь тооцох юм бол 18 сард багтааж энэ станцыг барих ёстой юм. Энэ өвөл бүрэн хүчин чадлаараа ажиллана. Одоогийн байдлаар 95 хувийн биелэлттэй байна. Зарим ажлууд нь 98, 99 хувьтай байгаа. Бүтээн байгуулалтын ажил бол үндсэндээ хийгдчихсэн. Одоо тохируулга, дотоод зохицуулалт, зам, бусад засварын холболтын үйл ажиллагаанууд үлдсэн байгаа. Үүнд Засгийн газраас онцгой анхаарал хандуулж, 3.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаж байна. Ерөнхий сайд холбогдох байгууллагуудын дарга нарт үүрэг, чиглэл өгсөн. Энэ станц ашиглалтад орсноор нийгэмд маш том ач холбогдолтой. Хотын зүүн талын дулаан хангамжийг хийнэ. Ингэснээр “ТЭЦ-3”-аас гарч байгаа дулааны ачаалал нь багасна. Төвийн дулаан хангамжийн чанар ч сайжирна.

-Улаанбаатар хотод барилга байгууламж нэмэгдэж, цахилгаан, дулааны хэрэглээ өсч байгаа. Энэ хэрээр өвөлдөө зарим газруудын халаалт муу байдаг зэрэг асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Үндсэн тойруулал өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангана гэж тооцож байгаа. Хотын төвийн зарим хэсэгт дулааны асуудал хүндрэлтэй байдаг. Учир нь шигүү баригдсан тодорхой хэсгүүдэд шугамынх нь даац хүнд гэсэн үг. Түүнээс ерөнхий том утгаараа дулаан хангамж найдвартай болсон.

-Хотоос зайдуу баригдаж буй шинэ хорооллуудад шугам хоолой нь очихгүй, барилгын ажилд саад болж байгаа юм биш үү. Тухайлбал, “Буянт-Ухаа-2” хороололд шугам очоогүй гэж мэдээлээд байгаа?

-2014 онд Засгийн газрын 18 дугаар тогтоол гарч эрчим хүчний салбарт шинэ бүтээн байгуулалтууд хийж эхэлсэн. Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Улаанбаар хот, тэр үеийн Эдийн засгийн хөгжлийн яам хамтраад нэг баг болж удирдах хороогоо байгуулаад нийтдээ 400 тэрбум төгрөгийн өртөгтэй бүтээн байгуулалтын ажил эхлүүлсэн. Дотроо хариуцах хэсгээрээ салсан. Эрчим хүчний салбарт гэхэд 200-гаад тэрбум төгрөгийн өртөгтэй нийтдээ 22 ажил төлөвлөгдсөн. Энэ хүрээнд “ТЭЦ-3”, “ТЭЦ-4” гээд томоохон эх үүсвэрээс гарч байгаа магистрал шугамуудыг шинэчилсэн. Манай улсад 1200 мм-ийн голчтой магистрал шугам байхгүй байсныг анх удаа тавьсан. Буянт-Ухаа, Яармаг гээд шинэ хорооллуудад ерөнхий магистрал шугамууд нь очсон. Тэндээс салбарлаад хорооллууд руугаа явна. Цахилгааны хангамж ч ялгаагүй.

Улаанбаатарын хувьд төлөвлөж байгаа гол юм бол Их тойруу. Энэ Их тойруутай холбогдолтой дэд станцуудын нэлээд хэсэг нь баригдчихсан. Шинэ хорооллуудын төлөвлөлттэй холбоотой хийгдсэн ажил л даа. Баянголын ам руу шинэ хороолол төлөвлөгдөж байсны дагуу тийшээ дэд бүтцийн ажил нь хийгдчихээд байхад барилга нь баригдаагүй л байна. Энэ мэтчилэн зарим хэсэгт их хөрөнгө зарчихсан байхад зарим газарт ачаалал өндөртэй байгаа.

-Эх үүсвэрүүд болох томоохон станцуудын насжилт өндөр. Үүнээс болж цахилгаан, дулаан доголддог. “ТЭЦ-5” буюу Тавдугаар цахилгаан станц гээд шинээр эх үүсвэр барих асуудлууд юу болж байна?

-Эрчим хүчний салбар эх үүсвэрүүдээс гадна дамжуулах, түгээх системдээ ч насжилт өндөртэй. Гэхдээ сүүлийн үед шинэчилж байгаа. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк Германы томоохон төслийн санхүүжилтээр хэсэгчилсэн шинэчлэлтүүд хийсэн. Бидний зовлон бол жилийн жилд засвар үйлчилгээний ажил хийдэг. Ер нь эрчим хүчний салбарын ерөнхий тоноглолуудыг орчин үеийн болгох зайлшгүй шаардлагатай. Шинэ найдвартай ажиллагаатай, барууны орчин үеийн технологид суурилсан шинэ эх үүсвэр барьж, дамжуулах, түгээх сүлжээ үүсгэх ёстой. Энэ хүрээнд хийгдэх хамгийн том ажил бол “ТЭЦ-5”-ын асуудал байгаа. Орчин үеийн шинэ эх үүсвэрүүд бий болчихвол тасралтгүй ажиллана. Манайдаа сайнд тооцогдох дөрөвхөн станцад хангалттай засвар шинэчлэл хийгээд явж байгаа ч хурд технологийн хувьд хуучин оросынх. Тиймээс байнгын засвар үйлчилгээ ихээр шаарддаг. Үүнийг эрчим хүчний энергийн талаас аваад үзэхэд бүтэц нь тун хэврэг болдог. Өөрөөр хэлбэл, зуны улиралд гэхэд манай импорт өсдөг. Өвлийн оргил ачаалалд гайгүй. Яагаад гэвэл бүх эх үүсвэр нь ажилладаг учраас ямар нэгэн аваар ослын онцгой үед холболтуудаа хийдэг. Зуны улиралд эсрэгээрээ засвар үйлчилгээ хийж байгаа учраас импортын цахилгаан хэрэглэдэг. Цаашид томоохон бодлогын үйл ажиллагаанд анхаарах шаардлагатай байгаа. Энэ үүднээс Эрчим хүчний төрөөс баримтлах бодлогод нэлээд зүйлийг суулгаж өгсөн. Мэдээж шинэ эх үүсвэрүүдийг сонирхдог. “ТЭЦ-5”-ын үйл ажиллагаа 2014 оны зургадугаар сард хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрээ байгуулсан. Энэ долдугаар сарын сүүлчийн өдрүүдэд бусад гэрээнүүдийг зурахаар төлөвлөж байгаа. Ерөнхий сайдаас үүрэг даалгавар өгсний дагуу шахуу ажиллаж байна. Одоо хэдхэн хоног үлдлээ. Есдүгээр сард нэмэлт гэрээнүүд нь явна. Цаашдаа санхүү босгох бусад ажлууд нь эрчимтэй явагдаад “ТЭЦ-5”-ын асуудал бүтээн байгуулалтынхаа ажил руу орох бололцоо бүрдэнэ.

-Эгийн голын усан цахилгаан станц барих асуудалд Засгийн газрын зүгээс хөнгөлөлттэй зээлийг ашиглах шийдвэр гаргасан. Ажил нь ямар шатандаа явна. Нэмээд Багануур, Таван толгойн цахилгаан станцуудын ажлын талаар ч асуумаар байна?

-Оюу толгойн асуудал харьцангуй шийдэгдэж байна. Энэ үед Таван толгойн станц баригдах, санхүү босгох ажил гадны хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа. Тийм учраас боломжууд нь өсч, гэрээ хэлэлцээрүүд нь сайжраад, хөрөнгө оруулалт, шалгаруулалтаа хийгээд явах бололцоо бүрдсэн. Төслийн нэгж ажиллаж байна. Эгийн голын усан цахилгаан станц дээр мөн ялгаагүй төслийн нэгж ажиллаж байгаа. Сангийн яам, бусад холбогдох байгууллагуудтайгаа нийлээд Хятадын талтай эрчимтэй ажиллаж байна. Багануурын цахилгаан станц байна. Энэ ажил сүүлийн үед эрчимтэй явагдаж байна. Эхнийх нь гэрээ хэлцлүүд байгуулагдсан. Бусад дагалдах гэрээ хэлцлүүдэд ажлын хэсэг ажиллаж байгаа.

-Манай орон байгалийн шавхагдашгүй нөөц болох нар, салхиа ашиглаж, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж чадвал хөрш орнууд руу экспортлох боломжтой гэж байсан. Ерөнхийлөгчийн зүгээс дэвшүүлсэн “Гобитек” санаачилга хэрхэн ажил хэрэг болж байна?

-Сэргээгдэх эрчим хүч дэлхий нийтэд тун чухал асуудал болоод байгаа. Шавхагдашгүй нөөц гэдэг утгаараа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах томоохон бодлого дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад идэвхтэй явж байна. Монгол Улс ч үүнээс хоцрохгүй бас өөрийн гэсэн санаачилгууд гаргаж байна. Жишээлбэл, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Гобитек” санаачилга гаргасан. Манай говьд нарны болоод салхины асар их нөөц бий. Энэ их нөөцөөр эрчим хүч үйлдвэрлэлээ гэхэд дотоод хэрэглээ бага. Тиймээс бид “Гобитек” хэмээх том санаачилга дээр тулгуурлаж, хэрэглээ өндөртэй Япон Солонгос зэрэг орнууд руу эрчим хүч нийлүүлэх боломжтой. Улмаар Азийн супер сүлжээ гэдэг гольцоо үүсгэх бололцоотой юм. Энэ тал дээр эрдэмтэд ажиллаж байгаа. Мөн БНХАУ-тай экспортын зориулалттай том чадлын станц барих асуудлын хүрээнд хоёр тал ажиллаж байна. Нүүрсэн дээр суурилсан том станц байлаа ч гэсэн тодорхой хувьд нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр байх нь зөв. Бодлогын энэхүү чиг хандлагыг бодит ажил болгох тал дээр гэрээ хэлэлцээр хийхэд нь зайлшгүй анхаарч явах нь чухал. Тиймээс хамтарсан ажлын хэсэг байгуулах асуудал ч яригдаж байгаа. Ирэх наймдугаар сарын 4-нд БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооны эрчим хүчний удирдах газрын удирдах албан тушаалтнууд манай оронд ирнэ. Ажлын хэсгийн хамтын ажиллагааны хүрээнд бид асуудлуудаа ярина.

-Та дээр зуны цагт өвлийнхөөс илүү эрчим хүч импортолж авдаг гэлээ. Гэтэл ОХУ-аас импортолж авч байгаа эрчим хүчний үнэ нэмэгдсэн байна. Импортын үнийг тогтвортой байлгах тал дээр ямар бодлого баримтлах вэ?

-Эрчим хүчний үнийн асуудалд ОХУ-ын Засгийн газар гэхээсээ илүү тэнд тодорхой аж ахуйн нэгж, хувь хүмүүс байгаа. Тэд бизнесийн зорилгоор эрчим хүчээ худалддаг. Бид дотоод боломжоо нэмэгдүүлж байгаа учраас тус улсаас авах эрчим хүчээ багасгасан. Гэтэл Оросын талын компани эрчим хүчнийхээ үнийг өсгөөд байна. Тэгэхээр энд хичнээн багасгаад ч төлөх төлбөр нь адилхан байгаа л даа. Энэ асуудалд нэлээд яриа хэлэлцээр хийх шаардлагатай. Тэгэхээр бид Оросын талтай эрчим хүчний үнийг урт хугацаанд тогтвортой байлгах асуудлыг нэлээд ярьж байна. Үүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УФА-гийн уулзалтад орох үеэрээ ч хөндсөн байна лээ. Тэгэхээр бид бас дэвшил гаргахыг хичээж ажиллах болно. Хоёр талын хичээл чармайлтаар харилцан зөв ойлголцох асуудал юм л даа.

-Эрчим хүчний үнийг чөлөөлөх УИХ-ын 72 дугаар тогтоолыг хаврын чуулганаар Эдийн засгийн байнгын хороо авч хэлэлцэж байсан. Тус байнгын хороо тогтоолыг хэрэгжүүлэхийг дэмжсэн шийдвэр гаргасан байх аа. Эрчим хүчний үнэ чөлөөлөгдвөл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч дагаад өсөх эрсдэлтэй. Энэ асуудалд салбарын яамны зүгээс ямар бодлого баримталдаг юм бол?

-УИХ-ын 72 дугаар тогтоолд Засгийн газрын зүгээс одоогийн эдийн засгийн нөхцөл байдал иргэд аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн хэрэглээний өртөг, амьдрал ахуйд нь сөрөг нөлөө үзүүлэх асуудал учраас болгоомжтой хандаж байгаа. Гэхдээ энэ нь эрчим хүчний үнийг чөлөөлөхгүй гэдэг үг биш. Чөлөөлөх гэдэг ойлголтыг хэрэглэхгүй байгаа. Аль болох зохицуулалт, үр ашиг муутай байдлыг арилгах, эрчим хүчийг хэмнэлттэй ашиглаж, хэрэглэх тал руу, тэрийг урамшуулсан үнэ тарифийн зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлж байгаа. Тийм учраас судалгаа байнга хийгддэг. Хэрэглэгчид хүргэж байгаа дамжуулах, түгээх сүлжээний зардлыг одоогийн мөрдөгдөж буй үнэ тариф нөхөхгүй байна. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчин дээр гэхэд Салхитын 50 мегаваттын цахилгаан станцыг авах нь сайн хэрэг боловч нөгөө талдаа төвийн эрчим хүчний системд нийлүүлж буй үнэ нь хамаагүй өндөр. Тиймээс жилдээ 12 орчим тэрбум төгрөгийн зөрүү гардаг. Үүнийг төр даахаас өөр аргагүй. Эрчим хүчний нэгдсэн зохицуулалтаасаа л хийнэ шүү дээ.

-Саяхан цахилгааны үнэ нэмэгдсэн. Энэ нь эрчим хүчний үнийг чөлөөлөх зохицуулалтын бодлогын хүрээнд хийгдсэн ажил гэж ойлгож болох уу?

-Эрчим хүчний үнэ тарифийг Эрчим хүчний зохицуулах хороо шийдвэрлэдэг. Тус хорооноос ойрын өдрүүдэд зохицуулалтын шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулаад зарим үнэ тариф өөрчлөгдөж байгаа. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг баталлаа. Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбогдуулаад бодлогын хоёр том шийдэл бий. Нэг нь чадлын тариф гэдэг ойлголтыг нэвтрүүлнэ. Томоор нь харвал манай эрчим хүчний хэрэглээнд найдвартай, баталгаатай ажилладаг үйлдвэр цөөхөн байна. Ихэвчлэн ахуйн хэрэглээнд суурилдаг. Энэ нь бүтцийг өөрийг нь хэврэг болгодог. Найдвартай төчнөөн чадлын эрчим хүч авна гэчихээд тэр бүтээн байгуулалт нь хийгдэхгүй байх явдал бий. Тиймээс энергийн баланс нь алдагддаг учраас барууны орнууд ихэвчлэн чадлын тариф хэрэглэдэг. Бид энэ ойлголтыг хуулиараа оруулж ирсэн. Удаах гол асуудал нь Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд дэмжих тариф гэдгийг оруулсан.

Тодруулбал, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих юм. Шаардлагатай бол төр засгаас татаас өгнө. Тэгж байж сэргээгдэх эрчим хүчийг дэмжихгүй бол хөрөнгө оруулагчдад ашиггүй байхаар тэд энэ салбарт орж ирэхгүй. Тиймээс ашигтай байдал үүсгэхийн тулд дэмжих тариф гаргаж ирэх нь зүйтэй. Үүнтэй холбогдсон өөрчлөлтүүд байгаа. Зарим нь бодит өртөг рүү нь дөхүүлэхийг хичээсэн өөрчлөлтүүд ч бий.

-Өнгөрсөн тавдугаар сард цахилгаан станц тэг зогсолт хийж, нийслэл даяар гэрэл тоггүй болсон. Санаатай үйлдэл гэж тайлбарлах нэг хэсэг байхад эрчим хүчний салбар ийм найдваргүй байна гэх шүүмжлэлд ч өртөж байсан. Энэ асуудалд таны тайлбарыг сонсмоор байна?

-Тухайн үед янз бүрийн мэдээлэл гарсан. Гэхдээ эрчим хүчний салбар бол хагас цэрэгжсэн зохион байгуулалттай. Бид цаг тухайд нь ажлын хэсэг гаргаад аваарын нөхцөлд хэрхэн ажилладаг тэр схемээр л ажилласан. Улиастайд байдаг дэд станц дээр гал гарснаас үүсэлтэй л дээ. Бид маш том дүгнэлтүүд хийж байгаа. Одоо болтол зарим зүйлийг задалж үзэж байна. Станцын хувьд тэг зогсолт хийнэ гэдэг бол хүнд. Тийм учраас буцаад бүх хамгаалалтууд ажиллаж байх ёстой. Юуны алдаа байгааг нарийвчилж үзэж байна. Томоохон өөрчлөлт, шинэчлэлт хийх зайлшгүй шаардлага гарна. Мэргэжилтнүүдийн хийсэн дүгнэлтээс харахад тийм санаатай халдлага болсон гэж харагдахгүй байгаа.

М.Мөнхцэцэг

Categories
булангууд мэдээ цаг-үе эх-орон-сумаас-эхэлнэ

Дөрвөлжлөн харагдах Алаг уултай Дөлгөөн цэнхэр нууруудтай Дөргөн нутаг минь

1750-аад оны үед Зүүн гар улс задарсны дараа Гулз хайнагийн
сүм, Тэнгэр уул, Ил тарвагатай, Чингэл цагаан гол орчмоор нутаглаж байсан дөрвөдүүд
Алтай даван бараг 2000-аад км нааш нүүдэллэж, одоогийн байгаа нутагтаа суурьшсан
юм билээ. Энэ тухай нэгэн домог яриа байдаг. Нэгэн төмрийн дархан хийдэг дотор хүн
галтай нүүрсээ илжгэнд ачаалан явж байгаад ачаатай илжиг нь алдагдаж, утаа татуулан
гал манарган давхисныг галтай алаг даага ирж явна гэж шуугилдаад, тэр шуугиан нь
галтай аюултай дайсан ирж явна гэдэг цуу дэгдээд дүрвэн нүүсэн гэдэг. Манай сум
цэнгэг устай хоёр том нуур, дэлхийд сонин тогтоцтой Алаг хайрхан, уул толгод ус
хөдөөтэй Агваш аралтай, хэдэн сайхан элсэн манхантай учир ирсэн очсон хүмүүс тухлан
саатах ийм нутагт төрсөн бидэнд омогшил төрөх нь зүйн хэрэг ээ. Гижиг сайхан, Агвашийн
баруун цахир, Цагаан үнээт, Чаргат, Уургат, Баян овоо, Баян хайрхан, Тээрмийн чулуун,
Аргалант, Чихний хар, Бурхад, Ёл эдгээр өндөр уулсын хооронд тал хөндий хоолойнуудад
хармаг, хатуу хар, шарилж, таана, ерхөг, хулс, зэгс зэрэг ургамал цэцэг алагласан
412.0 мянган км/кв нутагт таван хошуу мал нь тааваараа бэлчээрлэж байдаг. Зэгс шагшуурга
ус уулсын нөмөр нөөлөг нь цаг агаар хүндэрсэн үед өгөөжтэй билээ. Байгалийн хүнд
үед хавь ойрын сумдын малчид ирж өвөлжин баяр хөөртэй буцдаг юм. Хар нуур, Хар ус
нуур, домогт Чоно харайхын гол, Завхан голын нэг хэсэг нь манай сумын нутагт байдаг
ийм л уул ус тэгширсэн нутаг даа. Монголын хамгийн том Агваш аралд намар өвөл хавартаа
малчид тааваараа нутагладаг. Зундаа нуурын ус ихдэж, гарам гарцгүй болно. Ялаа шумуул
дэгдэж дуртай ч дургүй ч малчид нь сэрүүн уулсаа бараадан нүүдэг юм.

Миний багад
1960-аад оны үед Хар ус нуурын доор нефть байгаа, Харайх гол дээр УЦС баригдана
гэсэн яриа байсан. Энэ асуудал биелэлээ олохгүй болохоор мөрөөдөл мэт санагдаж байсан.
2000 он гарсан хойно 40-өөд жилийн дараа УЦС баригдлаа гэхдээ байгалийн нөөц боломжийг
бүрэн ашиглаагүй гэсэн. Бүх боломжийг нь ашигласан бол баруун гурван аймгийн цахилгааны
хэрэгцээг ОХУ-ын хараат байдлаас гаргах байсан гэж тухайн үед ажиллаж байсан хүмүүс
нь ярьдаг юм билээ. Манай сум цахилгааны гачаалгүй, ард түмэн нь сайхан амьдарч
байна. Орчныхоо хэдэн сумдыг цахилгаанаар хангаж байна. Одоо л их нууруудын хотгорт
нефьт байна гэсэн асуудал яригдаж байна. Манай сум байгалийн шохой, нефть, алт эрдэнэс
хүнсний давс, цахилгааны эх үүсвэртэй цэнгэг устай нууруудтай болохоор загас шувуу
ургамал амьтнаар дутуугүй юм. Бидний өвөг дээдэс зөвийг сонгож ихийг үлдээсэн байна.

1960-аад оны үед сумын төвд гүний худаг гаргаж байшинг нь
барьж мотор насос тавьж бэлэн болгосон. Гэвч ус нь тостой гараад худаг хаагдсан.
Бид цонхоор нь орж тоглодог байлаа. Тэгэхээр тэнд нефть байх магадлалтай гэж бодогдох
юм. Одоогийн манай сумын ард түмэн болбоос Дөрвөд Далайхан аймгийн харьяалалд байсан
замба, зуутраг, хондого, тайчууд, таргад, тугтан, яргай хүмүүс дээр шилжин ирж суурьшсан
бусад овгийн хүмүүс амьдарч байна. Манай сумаас Улаангомын хүрээнд эрдэм чадалтай
лам нар олон байжээ, тэднээс ихэнх нь хэлмэгдэлд өртөн баригдаад эргэж ирээгүй гэдэг.
Баярын Равсал УГЗ гэдэг цолыг манай сумаас анх авч байжээ. Энэ хүн 1990-ээд оны
үед сумынхаа 20-иод залууд төвд үсэг зааж,
цаашид эрдэм сурах замыг нээж өгчээ. Мөн тэр үед энэ хүний эхнэр УГЗ Б.Цэрмаа
нь хэсэг охид, бүсгүйчүүдэд уран хатгамал хийх арга ухааныг заасан байна. Энэ хоёр
хүний заасан эрдмийнх нь үр дүн одоо байгаа байх аа. Ө.Цагаанбилэг гэдэг хүн Орос
улсад цэргийн сургууль төгсөж холбооны цэргийн удирдах бүрэлдэхүүнд ортлоо дэвшин
бригад командлан захирагч цолтой ажиллаж байгаад хэлмэгдэлд өртөн шийтгэгдээд хожим
цагаадсан байна. Улс орондоо оюуны хөрөнгө оруулалт хийж бүх хүүхдүүддээ дээд боловсрол
эзэмшүүлсэн Га.Даш, Г.Бямба эгч нартаа талархаж байна. Манай сум бол харьцангуй
залуу сум. Увс аймгийн Өмнөговь, Завхан сумаас салж газар нутгийн хуваариар Ховд
аймагт харьяалагдсан байдаг. Бас Мянгад сумтай нийлж хэсэг хугацаанд бүдгэрч явсан
үе бий. 1979 оны нэгдүгээр сар шиг санагдаж байна. Сум дахин байгуулагдаж Сандаг
дарга ажлаа авч ард түмэн хурлаа хийсэн. Тэр өдөр аймгаас хоёр машин гарсан юм.
Аймгийн дарга Б.Насанжаргал хажуудаа хоёр хүнтэй, нөгөө машинд нь соёлын хэлтсийн
дарга Цахиуртай Равсал ах Хүүхлээ ах миний бие явлаа. Би сонирхогчийн журмаар ажлаасаа
чөлөө авч явсан юм. Загийн тойруу өнгөрч угталтын самбар харагдаж сэтгэл нэлээн
хөдөлж байсан. Сумандаа очилгүй 10-аад жил болсон байсан. Тэгтэл машинууд замаас
гарч Загийн цагаан толгой руу явцгаасан юм. Равсал ах энд манай сумын их эрдэмтэй
хүнийг оршуулсан газар, би зүгээр өнгөрч болохгүй гээд сан тавьж ном тарниа уншин
сүү цагаан идээ өргөсөн юм. Бид бүгдээрээ мөргөцгөөсөн юм. Энэ нь анги Содов гэдэг
лам хүнийх юм гэсэн. Цагаан толгойн орой дээр шарилын хамгаалалтын үлдэгдэл бололтой
моднууд байсан. Сум дахин байгуулагдсантай холбогдуулан хоёр хүний нэрийг мартаж
болохгүй юм.

1. Аймгийн дарга Б.Насанжаргал энэ хэдэн дөрвөдүүдийг тусгай
сум болгох нь миний үүрэг юм шүү гэж замдаа ярьж явсан. Тэр үед сум болоогүй бол
хөгжил хэдэн жилээр хойшлох нь ойлгомжтой, бүр сум болох эсэх нь эргэлзээтэй.

2. Сум байгуулагдсан даруйд хүн эмнэлгийн шинэ УАЗ 469 машиныг
хувиасаа авч өгч байсан малчин Г.Бямба гэдэг хүн байна. Энэ машин сумын хүн амын
эрүүл мэндийн төлөө олон мянган км явсан байх.

1940-50-иад оны үед улсын сайн малчны зөвлөгөөнд О.Ням Х.Зэгэв
нар оролцож одон тэмдгээр шагнагдаж байжээ. 1960-70-аад оны үед улсын хошой аварга
тэмээчнээр Б.Юнгэрэн шагнагдаж АИХ-ын депутатаар сонгогдож байжээ. Мал хувьд шилжсэнээс
хойш улсын сайн малчнаар Н.Пүрэвжав шалгарч сумынхаа нэрийг гаргаж байжээ. Манай
сумынхан зах зээлийн өөрчлөлтөд харьцангуй хурдан шилжиж, ард иргэддээ үйлчилгээг
зохих журмын дагуу үзүүлж байгаа сум болсон. Цаашид сумын нэр хүнд үйл ажиллагаа
ямар байх нь сумын ард түмэн, хүүхэд залуучууд, төр захиргааны ажлаас шууд хамааралтай.

2016 онд сумын ой болно. Улаанбаатарт байгаа ард иргэд гавьяат
багш Ц.Түвшинтөгс Р.Дүгэрсүрэн нарын зөвлөмжөөр хийх ажлаа ярьцгааж байна. Манай
сумын залуучуудын үүсгэн байгуулсан “Хөгжил” трейд ХХК Ургамал, Урангоо “Гарьд зам” ХХК Н.Батбаяр “Тайгын булаг” ХХК Я.Мягмарсүрэн “Өгөөмөр ерөө” ХХК Б.Жаргалсайхан “Тунгалаг буянт зам” ХХК Д.Намжав, “Хариах” трейд ХХК Н.Насанжаргал нарын захиралтай байгууллагуудын
ажил нь тогтмол сайн байна. Төрийн албанд Д.Идэрзаяа, Д.Давааням, М.Дашзэвэг, Д.Санжаа,
З.Эхбаяр, Ч.Сүрэнжав, Г.Хандмаа, Д.Мөнхболор, Л.Цэдэн-Иш, Ц.Мөнхдорж,
Д.Нямжав, Б.Батцоож, нарын залуучууд ажил
үүргээ сайн гүйцэтгэж байна. 1979 онд Сумын конторын хоёр давхар барилга баригдсан,
уг байрны зураг схемийг инженер Т.Ням гаргаж техникч Т.Халтархүү удирдан бариулсан.
Сум өөрийн хөрөнгөөр аж ахуйн аргаар барьсан барилга 35 жил болсон. Цаашид ч олон
жилийн насжилт байгаа байх. Т.Ням энэ барилгаар сайн инженер гэдгээ харууллаа. Энэ
барилгыг сумын үйлдвэр бригадын хүчээр барьж Т.Ёндонжамц, М.Даваажав Б.Нямдаваа,
С.Цэнджав нар сайн оролцсон гэдэг.Өмч хувьчлалын хувьд нэгдлийн даргаар ажиллаж
байсан Ц.Пүрэвийн малыг малчдад гэсэн зарчмаар хурдан шуурхай ажилласны үр дүнд
аливаа ажил амжилттай зөв явагдсан гэж малчид Ц.Пүрэв даргадаа ам сайтай байдаг
юм билээ. Энэ ч утгаараа сум зах зээлд хурдан шилжсэн байх.

2012 оны олимпод эх орноо төлөөлж эмэгтэй байт харвааны төрлөөр Б.Урантунгалаг
шагналт байранд орсон байна. 1960-аад оны үед Л.Бандихүү улсын начин цолтой сайн
барилдаж байсан учир манай суманд бөхийн удам байгаа.

Нутаг орныхоо үндэс угсаа, түүх соёлын талаар ном гаргасан
Ц.Цэдэн ах О.Бөхчулуун Г.Басангаа нарт номын цагаан буян ерөөл нь ирнээ. Мэдээ харж
суутал ачаатай цагаан тэмээд гарч ирэв энэ юу билээ гэтэл Агни эгч маань талдаа
100 гаруй км газар судар номоо ачаалан гороо хийж явсан байна. Энэ бол түүхэн үйл
явдал, ер нь Агни эгч маань нутаг орноо гэсэн сэтгэлтэй ардын зан үйлийн талаар
үргэлж шинийг эрэлхийлж явдаг сүүн сэтгэлтэй эмэгтэй юм. Энэ хүн сумынхаа ойг тэмдэглэх
талаар дотроо нэгийг бодож л яваа. Төрийн ордны орчмоор явахаар П.Нямаа ах маань
санаанд ороод байх юм. Энэ хүн ордны хамгаалалтын даргаар олон жил идэвх зүтгэлтэй
ажиллаж байсан. Энэ хүний оролцоотой манай
сумын залуус ордны хамгаалалтад орж ажиллаж байлаа. Энэ хүн удмын гарын дүйтэй
дархан хийдэг. Нэг сонин тохиолдол байна. Улаанбаатар хотын захуудад хөөрөгний
наймаа эрхэлдэг хүмүүсийн дунд Нямаа нуух, Даваа толгой гэж ярьцгаах юм. Манай
сумын хоёр хүний ур ухаан шингэсэн эд юмс ийм нэршил авчээ. Л.Даваа ах гүйлгээ
ухаантай, морин хуур сайхан тоглоно, ерөөлч магтаалч дөрвөд ардын уртын дуу
дуулчихдаг, шатар сайн нүүнэ, ийм л авьяастай хүн дээ. 1990-ээд оны үед
Улаанбаатар хотын иргэд ажилдаа явах ирэх гэж унаагаар гачигддаг хүнд үе
байсан. Тэр үед Х.Галмандах нь өөрийн мэргэжлээрээ хийж байсан ажилдаа
тулгуурлан Монголын хувийн автобусны эздийн холбоог байгуулж тэргүүнээр нь
ажилласан юм. Энэ шинэлэг санаачилгад жолооч нар нэгдэн шаардлагатай чиглэлд
шугам нээн ажилласан нь хотын нийтийн тээвэрт үр дүнгээ өгсөн. Х.Галмандах одоо
ч санал санаачилга гарган ажиллаж байна. Өөрийн сумандаа 16 жил удирдах ажил хийхдээ
Т.Сорогжав ард иргэдийн ёс заншил, соёл уламжлал, сурч боловсрох орчинг дээшлүүлэх
талаар нэлээд ажил хийснийг хэлэх хэрэгтэй. Сумандаа анх хоршоо байгуулж ард иргэдийн
хүнсний болон бусад хэрэгцээг хангаж зах зээлд шилжих эхлэлийг тавьсан Г.Ганболдын
нэрийг дурьдах нь зүйтэй.

Сүүлийн жилүүдэд Н.Цогзолмаа, С.Өлзийсайхан нар өөр өөрсдийн
мэргэжлээр докторын зэрэг хамгаалж эрдэмтдийн тоо нэмэгдэж байна. Мянган цагаан
ямаат хэмээн алдаршиж байсан Бу.Пүрэв ах монгол гайхамшигт оролцож байсан. Улсын
наадамд морь уралдуулна гэдэг амаргүй ажил юм билээ. Бүр цаашилвал морь айрагдуулна
гэдэг нь бахархалтай үйл явдал. Уяач Н.Батбаярын хүчин чармайлтаар сумын нэр олны
сонорт хүрсэн.

Зүүдэнд ирэх нутаг

Дэлхийд соньхон уул нь үзэгдээд

Дээвэр шүргэн үүл нь нүүгээд

Дөрөө давсан зэгэс нь найгаад

Далан хөшөөтөд давалгаа цохиод

Дэрс хужиртаа тэмээнүүд цувсан

Дөрвөн зүгтээ түмнээ ивээсэн

Дөргөн нутаг монгол нутаг
аа

Аялан явахад тухлан саатмаар

Агваш арал нь намартаа налайна

Аялгуут хууранд шувууд нь
чимээлэн

Ардын биелгээнд нуур нь долгиотон

Бадам цэцэг нь бөлбөөндөө
дэлбээлсэн

Дөрвөн зүгтээ түмнээ ивээсэн

Дөргөн нутаг монгол нутаг
аа

Сүүдэр талд нь адуу багшран

Сэрүүн энгэрт нь багачууд
тоглосон

Салхиар хээлсэн манхны оройд

Санчиг буурал өвгөд нь хуучлан

Саравчлан суухад санаа тэлмээр

Дөрвөн зүгтээ түмнээ ивээсэн

Дөргөн нутаг монгол нутаг аа

Зуны бороо шивэрч солонго
татсан дариуд

Завхан голын дэнжээр зэрэглээ
тогтоод байна

Таанын үнэр шингэсэн тааваараа
бэлчээрлэх сүрэгтэй

Талын салхи үлээж цээж дүүрэн
амьсгалуулсан

Аав ээжээс заяасан алтан нутгаа
хайрлая

Дөрвөн зүгтээ түмнээ ивээсэн

Дөргөн нутаг монгол нутаг
аа

Зуутраг овогт Ё.ЦЭВЭЭНЖАВ

Categories
мэдээ цаг-үе

Жулиус Прайсын аялал ба хүрээний хөөрхөн Дулмаа

Зуун жилийн цаанатай л гэлүү, бүсгүй минь ээ

Зураг болоод дүрээрээ даллах, хонгор минь ээ

Ч.Дагвадорж

1890 оны дөрөвдүгээр сар. Их Британийн зураач залуу Монголын нийслэл Өргөө хотоор зугаалж яваад гоёл зүүлтээ бүрэн агссан сурвалжит язгууртан монгол бүсгүйг харуутаа нүд алдан дурлана, мөн бүсгүйг зурна. Үүнээс 120 жилийн дараа нэгэн монгол эр бүсгүйн зургийг Америкийн бяцхан мухлагаас олж авна. Таван жил хадгалсны эцэст зургаа дотны найрагч ахдаа үзүүлнэ. Монгол найрагч зургийг үзүүт бийрээ гарган шүлэг тэрлэнэ. Зураг шүлэг хоёр энэ удаад эргээд Өргөө хотдоо (Хот харин Улаанбаатар нэртэй болсон байна) ирнэ. Зургийг үзэж, шүлгийг уншсан хөгжмийн зохиолчийн толгойд ая орж ирнэ. Зуун жилийн өмнө британи залуугийн дурлаж асан монгол бүсгүй ийнхүү дуу болон ахин амьдарна.

Кино мэт ярьвал бичих гэсэн зүйл маань товчдоо энэ, одоо харин учгийг хөвөрдөн, үүх түүхийг эхнээс нь өгүүлье.

Ноордэншээлд (Карынтэнгис үү, Хар далай юу)

Монгол бүсгүйн зураг 125 жилийн дараа дуу болон амилсан түүхийн уг эхийг хөөвөл Фин-Шведийн нэрт аялагч, геологич, ургамал судлаач Барон цолт Адолф Эрик Ноордэншээлдийн аялал, нээлттэй холбогдоно. Шинжлэх ухааны энэ олон төрлөөр мэргэшээд зогсохгүй Финланд улсынхаа эрх чөлөөний төлөө Хаант Оросын эсрэг тэмцсэнийхээ улмаас цөлөгдөж хүртэл байжээ. Тэр үед Финланд Оросын харьяанд байв. Ноордэншээлдийнхэн гэж сурвалжит угсаатай, эрдэм оюуны баялаг өв уламжлалтай цуутай сэхээтэн гэр бүл байжээ. Эцэг Нилс Густав нь нэрт эрдэс судлаач байсан бол нэг хүү нь Өмнөд Америкийг судлаач эрдэмтэн, нөгөө нь алдарт аялагч болсон байна. Адолф Ноордэншээлд өөрөө хожим Шведийн Парламентийн гишүүн, Шведийн Академийн жинхэнэ гишүүн болжээ. 1863 онд Анна Мариа Маннерхэймтэй гэрлэсэн, гэргий нь хожмоо Финландын эрх чөлөөний хөдөлгөөнийг удирдан, эх орноо Оросоос чөлөөлж, анхны Ерөнхийлөгч нь болсон Карл Маннерхаймын авга эгч нь гээд бодохоор түүний үзэл бодол, нөлөө түүхэнд хэр чухал байсан нь харагдана.

Ноордэншээлдийн олон аяллаас хамгийн алдартай нь Атлантын далайгаас гарч Хойт мөсөн далай, Карын тэнгисээр дамжин Берингийн хоолойгоор Номхон далай хүрсэн томоохон нээлт юм. Карын тэнгис хүрэх л хамгийн чухал байж. Оросуудын “Северный морскойпуть” хэмээдэг тэр замын хамгийн чухал холбоос нь Карын тэнгис болно. Энэ тэнгисийн нэрийн гарал их сонирхолтой. Оросууд Карскоеморе хэмээн харьяалахын тийн ялгалаар холбож байгаа нь “Кар, Кара” хэмээх үгийг жинхэнэ нэр хэмээн үзэж буй хэрэг юм. Тэгээд ихэвчлэн нэнэц хэлний “мөс” гэсэн үгтэй холбон тайлбарладаг. Харин Барууны хэлнүүдэд Kara Sea хэмээн шууд үндсээр нь холбож байгаа нь тэмдэг нэр хэмээн үзэж байгаагийнх нь илэрхийлэл бөгөөд монгол, түрэг хэлний “кара” буюу “хар” гэсэн үгээс гаралтай хэмээн олон судлаач тайлбарлаж байна. Монгол-Түрэгийн зүг чигийн уламжлалт бэлгэдэлд Хойд зүгийг ямагт хар өнгөөр төлөөлүүлдгийг бодвол энэ тайлбар оновчтой мэт. Тэгж үзвэл энэхүү тэнгисийг Карын тэнгис биш, Кара буюу Хар тэнгис хэмээн оноох нь монгол хэлнээ илүү тохиромжтой. Гэвч энэ тохиолдолд бас Крым зүгт орших Хар тэнгистэй андуурах гэм буй, үүнд нэгийг нь Хар тэнгис, нөгөөг нь Хар далай хэмээн тогтоож болох юм.

“Лондоны зурагт мэдээ” сэтгүүл

Хоёр ч том усан онгоц Карын тэнгис, Горлог мөрнийг зорин хөдлөх гэж буйг Лондоны хэвлэл мэдээллийн хамгийн чухал хэрэгсэл болох Illustrated London News буюу “Лондоны зурагт мэдээ” сэтгүүл зүгээр хараад суусангүй, аяллыг сурвалжлахыг, Сибирийн аж амьдралыг уншигчдадаа хүргэхийг зорьжээ.

“Лондоны зурагт мэдээ” болбоос 1842 онд анхны дугаар нь гарснаас хойш 1971 оныг хүртэл тасралтгүй долоо хоног тутам гарсан (130 шахам жил шүү дээ), түүнээс хойш дугаар нь цөөрсөөр 2003 онд сүүлчийн удаа цаасан дээр гараад онлайн сэтгүүл болон шилжсэн, Английн арвин баялаг түүхтэй, эртний сэтгүүлүүдийн нэг юм. Мэдээгээ зурагтай гаргаж эхэлснээрээ алдартай, тийм ч учраас тухайн үеийн хамгийн шилдэг зураачдыг редакцидаа ажиллуулахыг хичээдэг байжээ. “Лондоны зурагт мэдээ”-гийн өрсөлдөгч сэтгүүл болох “График”-т суут Ван Гог зургаа өгдөг байсан гээд бодохоор өрсөлдөөн хэр ширүүн, зураач сурвалжлагч нар нь хэр чадварлаг байсан нь тодорхой. Тус сэтгүүлийг Хэрбэрт Инграм гэж хүн үндэслэсэн бөгөөд түүнийг хүү Уиллиам Инграм нь залгамжилсан байна. Мөнөөх хоёр усан онгоц Горлог мөрний зүг хөдлөхөөр зэхэж байсан үе буюу 1890 онд Уиллиам Инграм сэтгүүлийн эзэн байлаа. Тэрбээр сурвалжлагч, зураач нараасаа хамгийн чадварлаг, бичих зурахыг хослуулдаг, адал явдалд дуртай, аялах сонирхолтой, зоригтой нь болох Жулиус М.Прайсыг өрөөндөө дуудаад “Лондоны зурагт мэдээ”-гийн “тусгай зураач”-ийн үүргийг гүйцэтгэн, Оросыг зорих уу хэмээн асуужээ. Прайсын хожим дурсан бичсэнээр “Би тэр үед адал явдал эрэлхийлэн хаашаа л бол хаашаа аялахад бэлэн байсан юм. Ноён Инграм надаас Сахарын цөлийг унадаг дугуйгаар туулах уу гэж асуусан ч бай, би дуртайяа зөвшөөрөхөөр байлаа” гэсэн байдаг. Сибирийн зүрхэнд орших Енисейск хотыг зорихоосоо өмнө Жулиус Прайс даргаасаа, өөрөөр хэлбэл аяллыг нь ивээн тэтгэгч Инграм эрхлэгчээс “Тэнд хүрсэн хойноо би хаашаа явбаас зохилтой вэ” хэмээн асууж. Инграм ч хэвлэл мэдээллийн эрх чөлөөг сайн ойлгодог удирдагч байсан тул “Манай сэтгүүлд зураг, мэдээгээ ирүүлсээр байсан цагт хаашаа явах нь таны л хэрэг” хэмээн хариулжээ. Бичих зурах эрх чөлөө, цаг хугацааны хязгаар үгүй аялал. Уран бүтээлч хүнд өөр юу хэрэгтэй сэн билээ. Чухам энэ үг Жулиуст бөглүү боловч адал явдлын эх орон болох Монголд хүрэх урам зоригийг өгсөн бөлгөө.

Жулиус М.Прайс гэж хэнбэ?

Ингээд Прайс 1890 оны долдугаар сарын 18-ны өдөр Темза мөрний боомтоос Норвегийн Бискаяа хэмээх уурын онгоцонд суун Горлог мөрнийг зорин хөдөлжээ. Аяллын тухай бичихээсээ өмнө Прайсын хэн болохыг уншигч авгайд танилцуулах нь зүйтэй. “Лондоны зурагт мэдээ” сэтгүүлийн зураач Жулиус М.Прайс нь юуны өмнө дайны сурвалжлагч-зураач гэдгээрээ түүхэнд алдаршин үлдсэн хүн юм. Эцэг нь Польшид төрсөн жүүд гаралтай хүн байсан боловч Англид ирж, Их Британийн иргэн болоод Рачел гэж англи бүсгүйтэй гэрлэснээр Жулиус ууган хүү нь болон мэндэлсэн байна. Бидний өгүүлж буй аяллаас өмнө Өмнөд Африкт тус сэтгүүлийн зураачаар ажиллаж байсан бол дараа нь Герег-Түрэгийн дайны үед Герегийн талд, Орос- Японы дайны үед Оросын талд дайны сурвалжлагч-зураачаар ажиллаж байжээ. Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд ажлаа үргэлжлүүлэн 1914 онд Францын фронтоос, 1915-1916 онд Италийн фронтоос зураг мэдээгээ “Лондоны зурагт мэдээ”-д ирүүлж байв. Дайны дараа байгуулсан гавьяаг нь үнэлэн Италийн Ван “Эр зоригийн загалмай” одонгоор шагнасан байдаг. Ийм нэгэн зориг зүрхт эр Енисейск хотыг зорин хөдөлсөн ба тэндээсээ Инграм эрхлэгчийн дуртай газар луугаа явж болно хэмээсний дагуу Монголоор дамжин Бээжин хүрэхээр шийджээ.

Эрхэм уншигчийн цагийг хэмнэх үүднээс Прайсын аяллын олон сонин, Горлогт хэрхэн хүрсэн, Эрхүүд шоронгоор зочилсон, цөлөгдөгсөд, хоригдлуудтай уулзсан, Байгал нуураар аялсан, Хиагт орсон зэрэг бүхий л дуртгалыг алгасаад шууд Өргөө хотноо хүрье.

Жулиус Прайс Монголд

Жулиус Монголоор явахдаа ажлаа хийсээр, “Лондоны зурагт мэдээ”-д зураг сэлтээ илгээсээр явлаа. Ингэхдээ олон сонирхолтой ажиглалт дүгнэлт хийсэн байдаг. Тухайлбал монголчуудын ирээдүй, үндэсний үзлийн талаар “Хэдийгээр тун өвөрмөц үндэстэн боловч монголчууд Хятадад уусан, аажмаар үгүй болж байна. Гэвч Чингис хааны удмынхны дунд их өвгийнх нь үеийн агуу цаг эргэн ирнэ, Чингис хаан шиг удирдагч ахин төрж, улс үндэстэн нь сэргэнэ гэсэн итгэл үнэмшил буй” хэмээжээ. Өргөөд ядуус маш олон боловч Красноярск, Эрхүү хийгээд Оросын бусад хотод байсантай нь харьцуулахад гуйлгачин нэг ч таараагүйг гайхан дурссан байдаг. Орост бол гуйлгачид дэргэд нь даган, гар хөлөөс нь татан зовоодог байсан аж. Монголчууд гэтэл үгээгүй ядуус нь хүртэл бардам байх нь сонирхолтой байж.

Богдуудын талаар, тэднийг яагаад их залуудаа насан өөд болдог талаар тодорхой бичсэн боловч эхний болон сүүлчийн Богдыг арай өөр болох талаар ийн өгүүлж: “Богдууд дотроос хорь илүү насалсан нь цөөн. Харин хоёр зуун жилийн тэртээх анхны Богд далан насыг зооглоод жам ёсоороо хальжээ. Биеэ зөв авч явдаг хүн байсан бололтой. Хорин хоёр настай одоогийн Богд бас миний сонссоноор бусдаасаа өөр гэнэ. Эрдэм мэдлэгтэй, орчин үеийн эд юмс, шинэ нээлт зэрэгт их дуртай хүн аж. Ордондоо гэрэл зургаа авахуулснаас гадна Оросын түрүүчийн консулын бэлэглэсэн төгөлдөр хуурыг залсан байна”. Прайс тэр ч бүү хэл тун санамсаргүй байдлаар Богдтой уулзан, үл ойлголцсоноо бичжээ.

Прайсын бас нэг гайхсан зүйл нь Монгол хэдий Хятадын (Манжийн) харьяаны улс боловч бүх юм нь орос байсан явдал юм. Мөнгөний оронд хэрэглэдэг цай, хадгаа хүртэл хятад мөнгөөр биш орос рубль, копейкоор жишин бодно. Консул асан М.Шишмарев гэхэд Өргөөд хамгийн нөлөөтэй, амбанаас ч чухал хүн байсан гэх мэтээр дүгнэжээ.

Өргөөгийнгоо

Жулиус Прайс Өргөө хотноо олон зүйлд, бохир заваанд нь, зэрлэг нохдод нь сэтгэл дундуур байснаа нуусангүй. Огт өөр ертөнцөд ирсэн түүнд бүхий л юм харийн, үл мэдэх, үл ойлгох зүйл байлаа. Гэвч тэрбээр “дэлхийн аль ч буланд адил тохиох, бүхий л улсад ижил байх, дундын хэлийг” олж харсандаа ихэд баярласан байдаг. Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Майдар эргэх ёслол болсноор нэгэн хэвийн уйтгарт хот хэмээн залхаж байсан өнөөх Өргөө нь өнгө орон, хүн зон нь ч сэргээд иржээ. Ялангуяа охид бүсгүйчүүд хамгийн өнгөлөг дээлээ өмсөн, гоёл зүүлтээ агсан, сайхан морь унан давхилдах нь бахархалтай байсан аж. Залуус тэднийг хоргоон өдөхүй, бүсгүйчүүд ч нүүр тал өгөн, хошин сэцэн үг солилцон сээтгэнэн аальгүйтэхийг хараад Прайс ертөнцийн хаа ч зарим зүйл эгээ л адил байдгийг мэдрэн баяссан ч нөгөө талаар тэдний дунд орон, залуусын хөгжил цэнгэлээс хуваалцаж чадахгүйдээ хөнгөн гуньжээ. Даарин дээр нь давс гэгчээр чухам энэ үед өөрийнх нь дүрсэлснээр “сувдан цагаан шүдтэй”, сайхан бүсгүй давхин өнгөрсөнд амьсгаа ч авч чадахгүй болтлоо алмайран, “Арабын алдарт шөнүүд”-д айлчилсан мэт болж, хэд хоног хоол ч идэж чадахгүй болсон байна. Хожим харин тэр бүсгүйгээ хэрхэн олсныг мэдэхгүй, ямар ч байсан зургийг нь зурж, нэрийг нь сийлэн баримтжуулж авчээ. Зургаа тэрбээр “Өргөөгийн гоо” хэмээн нэрийдэж. 1891 оны дөрөвдүгээр сард зурснаа бичээд гарын үсгээ ч тавьж. Давхраатай нүдтэй, бөөрөнхийвтөр эрүүтэй, яг л “монгол маягийн гоо үзэсгэлэнгийн” илэрхийлэл болсон бүсгүй байх юм. Булган малгай тавьж, дэргэр үсэндээ дөрвөн хавчаар хатгасан ба үснийх нь туйв, гэр нь дан мөнгө байгаа нь нэлээд чинээлэг айлын охин болохыг харуулна. Унжуулсан санчиг нь гоёмсог эд санж. Жулиус Прайс мэргэжлийн зураач хүний ёсоор тэгш хэмт хоёр талын нэгийг нь нэн нарийн зурж, хавчаар, туйв, санчиг зэргийн хээг тодотгоод нөгөө талыг нь харин хялбарчилжээ. Хамгийн сонирхолтой нь зургийн дэргэд Дулмаа хэмээн нэрийг нь бичсэн байна. Прайс нэг сарын дотор монгол бичиг сурна гэж үгүй, тэгэхээр бүсгүй өөрөө нэрээ бичиж өгсөн нь тодорхой. Дулмаа гэж тэр үеийн монгол эмэгтэйчүүдийн хамгийн түгээмэл нэр учраас хэн гэж сурвалжтаны охин байсныг сурвалжлан мэдэхэд үнэхээр хүнд юм.

Дулмаа Английн сэтгүүлд, дараа нь номонд

Юутай ч энэ явдлаас хойш зургаан сарын дараа Дулмаагийн тэр зураг “Лондоны зурагт мэдээ” сэтгүүлд заларчээ. Дөрвөн сарын сүүлчээр зурсан зураг, мэдээ тус сэтгүүлийн 10 сарын 24-ний дугаарт гарсныг бодоход Жулиус Прайсын мэдээ, зураг ямар хугацаанд Лондонд хүрдэг байсныг тооцоолж болно. Хагас сайн өдөр гардаг тус сэтгүүлийн 2740 дэх дугаарын зочин нь Өргөөгийн гоо бүсгүй Дулмаа болсон байна. Сэтгүүл зургаан мөнгөний үнэтэй гардаг байж. Жулиус Прайсын мэдээ, зураг нэн сонирхолтой байсан тул “Лондоны зурагт мэдээ” сэтгүүл цувралаар тавьсны эцэст ном болгон, нэгтгэж хэвлүүлэх нь зүйтэй болохыг түүнд зөвлөсөн байна. Ингээд 1891 онд аяллаа дуусгаж ирээд Лондоны нэгэн хэвлэлийн газартай ярилцан тохирсноор 1892 онд аяллынхаа бүх материалыг эмхэтгэн ном болгон гаргасан аж. Номын нэр “Хойт мөсөн далайгаас Шар тэнгисийг хүртэл”. Давхар гарчиг нь “Сибирь, Монгол, Говь цөл, Умард Хятадаар аялсан нь”

Ийнхүү энэ удаад Хүрээний хөөрхөн Дулмаа маань номын баатар болох нь тэр. Миний бие хожим дээрх сэтгүүлийн уг эхийг болон энэ номын ахин хэвлэсэн хувийн аль алиныг олж чадсан, гэхдээ хамгийн эхэнд Дулмаагийн тэр салангид зургийг АНУ-ын хуучин номын жижиг дэлгүүрээс тун санамсаргүй олж билээ. Тэгээд л цааш нь судлан сурвалжилсаар байж, ямар ном, сэтгүүлд гарсныг нь, үүх түүхийг нь мэдэж авсан хэрэг. Миний олсон тэр зураг болбоос бичгийн цаасны хэмжээтэй, мэдээж яг Жулиус Прайсын зурсан эх бол биш, харин номд хэвлэхэд зориулан хуулбарласан тэр эх нь юм. Номд зориулсан гэдгийг нь хэрхэн мэдэж байна гэхээр баруун доод буланд нь “299-р хуудасны өөдөөс харуул” гэсэн тэмдэглэгээтэй. Сэтгүүлд мэдээж тийм тэмдэггүй гарсан байгаа. Тэртээ 1891 онд англи зураачийн анхны харцаараа дурлан зурсан, Өргөөгийн хамгийн үзэсгэлэнт бүсгүйн хуучирч шарласан энэ зургийг ертөнцийн нөгөө мухар дахь бяцхан мухлагаас олж авсан миний сэтгэл бас хөдлөхгүй ч байж болсонгүй, олсон даруйдаа хаана ийм зураг, юунд хэвлэгдсэн байх вэ, хэн билээ энэ хэмээн битүүхэндээ хайн явах болсон юм. Олж авсан мэдээ сэлт маань харин ийм нэгэн нийтлэл болоод танаа хүрч байна.

Дулмаа дуунд мөнхрөв

Тэгж байтал АНУ-д, бидний зохион байгуулдаг Олон улсын Монгол судлалын бага хуралд оролцохоор Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиол судлаач шүүмжлэгч Чойсүрэнгийн Дагвадорж багш маань хүрэлцэн ирлээ. Дагвадорж нэртнүүд цөөн биш тул утга зохиолын хүрээнд багшийг Буурал Дагвадорж, Будантай юу-гийн Дагвадорж гэхчлэн ялган авгайлна. Нэгэн үдэш Дагваа багш бид хоёр Вашингтоны тэнгэр дор элдвийг хуучлан суутал багш анх Америкт хөл тавьсан тухайгаа, хөдөөний нэгэн тосгонд их цасан шуурганаар алхаж байтал нь Сузанна гэж сайхан сэтгэлт бүсгүй зогсоод унаагаараа хүргэж өгсөн тухай өгүүлэв. Тэгээд тэр бүсгүйн тухай

…Тоотой насны мишээл

Тосгоны ганган Сузанна

Гэндүүтэй хорвоон гэгээ

Гэрэлтийн чимэг Сузанна… хэмээн шүлэглэсэн гэнэ. Үүнийг сонсуут өнөө Дулмаа маань санаанд орон, зургийг нь ухан гаргаж багшид харууллаа. Үүх түүхийг нь ярьж өгөөд, та энэ Дулмаад бас нэг шүлэг бичиж өгөөч хэмээн хүсэв. Багш ч зургийг хараад уриалгахан зөвшөөрсөн, шүлгээ ч тэрлэсэн, гэтэл тэр нь шүлэг болоод тогтсонгүй, хөгжмийн зохиолч Р. Оюунбат ая хийн, дуучин Мөнхжаргал дуулснаар Дулмаа өдгөө дуунд мөнхөрсөн билээ.

Төгсгөлийн оронд

Даяаршил гэж юу вэ гэж асуух нь олон. Тэгвэл би ийн хариулна. Польшид төрсөн жүүд гаралтай хүний хүү Их Британийн иргэн болж, Лондонд ажиллах нь, тэртээ хол орших Монголд очиж, гоо бүсгүйд дурлах нь, түүнийгээ зурах нь, тэр зургийг нь 100 жилийн дараа далайн чанад дахь АНУ-аас Өөлд Монгол залуу олох нь, Хотгойд Монгол найрагч ах нь шүлэг зохиох нь, Халх Монгол хөгжмийн зохиолч ая зохируулан, дуу болгох нь. Дэлхий гэж энэ гариг юутай бяцхан, хүний тавилан учрал гэж ямар жигтэй, улс нутгаараа, яс үндсээрээ талцан эвдрэлцэх бус талархан золгох нь даяаршил бөлгөө.

“Өдрийн сонин”-ы Вашингтон дахь тусгай сурвалжлагч Мягмарын Саруул-Эрдэнэ

Categories
мэдээ цаг-үе

Б.Мөнхболор: Нийтийн тээврийн бүх л үйл ажиллагаа, орлого шилэн болно

Нийтийн тээврийн салбарт цахим төлбөрийн системийг нэвтрүүлэх ажил амжилттай боллоо. Өнгөрсөн баасан гаригаас эхлэн Улаанбаатар хотод үйлчилгээнд явж буй бүх автобуснууд цахим төлбөрийн системд шилжин иргэдэд үйлчилж эхлээд байгаа. Үүнтэй холбогдуулан цахим төлбөрийн систем болон төслийн талаар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболортой ярилцлаа.

-Нийтийн тээвэрт төлбөрийн цахим систем нэвтрүүллээ. Гэхдээ давуу тал нь юу болохыг хүмүүс төдийлөн мэдэхгүй байгаа. Энэ талаар сонирхуулаач?

-Манай Ухаалаг автобус төсөл бол цогц төсөл. Төсөл маань автобусны менежментийн систем, удирлагын төв буюу мэдээллийн систем болон цахим төлбөрийн систем гэсэн гурван хэсгээс бүрдэж байгаа. Үүнийг хэрэгжүүлснээр сүүлийн 50 орчим жил нэг хэвийн явж ирсэн нийтийн тээврийн бодлогод шинэ өнгө аяс, өөрчлөлт, маш том эргэлт гарна. Тухайлбал, хамгийн эхэнд нийтийн тээвэртэй холбоотой төсөв санхүү шилэн болох юм. Мөн нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдийн мэдээлэл бодитой болно. Түүнчлэн орлого нь ч тодорхой болох юм. Энэ мэтээр автобус компанийн захирлууд өөрийнхөө өмчийг, төр нөхөн олговрынхоо мөнгөний зарцуулалтыг 100 хувь хянадаг болох зэрэг олон давуу талтай.

-Ерөнхийдөө нийтийн тээврийг 100 хувь хянадаг болох нь ээ?

-Тийм. Нэг автобусанд дөрвөн камер суурилуулна. Ингэснээр иргэд эрсдэлгүй зорчих боломж нээгдэж байгаа. Тодруулж хэлбэл, автобусанд суугаад эд зүйлээ хулгайд алдах, автобус хурд хэтрүүлэх, жолооч автобусанд тамхи татах зэрэг зөрчил үгүй болно. Камертай болсноор иргэд аюулгүй зорчих боломжтой. Камерийн бичлэг манайд долоо хоног хадгалагдана. Хулгайд эд зүйлсээ алдсан хүн цагдаагийн байгууллагад хандаад камерийн бичлэг шүүх боломжтой. Мөн орлогын мэдээлэл манай дээр жил гаруйн хугацаанд хадгалагдана.

-Цахим картыг худалдаанд гаргаж эхэлсэн. Бас автобусуудад бэлэн мөнгөний хайрцаг байрлуулсан байна лээ. Яг хэзээнээс картаар төлбөрөө хийдэг болох юм бэ?

-Бид эхний ээлжинд карт цэнэглэх 280 орчим цэгтэй гэрээ хийсэн байгаа. Яваандаа картыг улам боловсронгуй болгож бэлэн мөнгөний машин болон интернэт банкаар цэнэглэдэг болгоно. Одоохондоо цахим төлбөрийн системийг дөнгөж нэвтрүүлж байгаа болохоор иргэд бүгдээрээ картаа авч амжаагүй байна. Тиймээс ирэх лхагва гариг буюу долдугаар сарын 28-ны өдрийг хүртэл кондукторууд билетээ тасалж явна. Гэхдээ ухаалаг картаа авсан хүмүүс автобусанд картаа уншуулж явах боломжтой. Харин картаа авч амжаагүй хүмүүс билетээр зорчихоос гадна бэлэн мөнгөний хайрцагт мөнгөө хийж болно. Хайрцагт мөнгөө хийсэн тохиолдолд бэлэн мөнгөний баримт өгнө. Энэ мөн л цахим төлбөрийн системийн нэг онцлог байгаа юм. Ерөнхийдөө бол ирэх лхагва гаригаас зөвхөн цахимаар төлбөрөө хийж зорчино гэж ойлгож болно.

-“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн талаар асууя. Энэ байгууллага цахим төлбөрийн системийг нэвтрүүлсэн. Цаашдаа нийслэлийн Тээврийн газартай хамтарч нийтийн тээвэрт хяналт тавина гэж сонссон. Үнэн үү?

-Бид автобусанд төлбөрийн цахим төхөөрөмж, байршил тогтоогч болон камер суурилуулсан байгаа. Тиймээс нийслэлийн Тээврийн газартай хамтран цогц хяналт тавина. Тодруулбал, тухайн автобусанд зорчиж байгаа иргэд болон төлбөрийн мэдээлэл тухай бүртээ манайд ирж байгаа гэсэн үг. Байршил тогтоогчийг камерууд давхар хянах учраас аливаа автобус маршрутаас хазайсан тохиолдолд бидэнд дохио ирнэ. Ерөнхийдөө нийтийн тээврийн салбарт гардаг бүхий л зөрчлийг хянах юм. Мөн манай удирдлагын төвд нийтийн тээврийн бүх автобусны үйлчилгээнд гарч байгаа цаг, минут, хаана явж байгаа зэрэг бүх мэдээлэл нь очиж байх юм. Мөн хаана автобусны хүлээлт үүсч байна вэ гэдэг мэдээлэл ч очих юм. Харин үүн дээр тулгуурлаад нийтийн тээврийн бодлогоо тодорхойлно. Цэвэр шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитой мэдээлэл дээр тулгуурлан бодлогоо тодорхойлно гэсэн үг шүү дээ.

-Зорчигч ихтэй чиглэлд автобусны тоог нэмэх зэрэг арга хэмжээ авах нь ээ?

-Жишээ нь Дамбадаржаагаас өдөрт хичнээн хүн автобусаар зорчиж байна вэ гэсэн бодитой мэдээлэл гарах юм. Улмаар ачаалал ихтэй байвал автобусаа нэмье, харин ачаалал багатай хэсэгт автобусаа цөөлье зэрэг арга хэмжээ авах юм. Мөн манай мэдээлэл дээр тулгуурлаад маршрутын шинэ төлөвлөлтөө хийнэ.

-Танай компани Солонгос улстай хамтран ажиллаж байгаа. Энэ талаар?

-Бид олон орны системийг судалж үзсэн. Тэр дундаас хамгийн оновчтой бөгөөд үр дүнгээ өгч байгаа нь солонгосын төлбөрийн систем байсан. Энэ систем нь манай улсад ашиглахад боломжтой бөгөөд Зүүн өмнөд Ази, Европ, Америк тивийн зарим улсуудад хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл дэлхийд үнэлэгдсэн систем юм. Ер нь бол дэлхийн хотууд нийтийн тээврээ хэдийнэ цахим төлбөрийн системтэй холбосон. Харин манай улс нэлээд хоцрогдолтой байгаа. Гэхдээ бид дэлхийд өндрөөр үнэлэгдсэн системийг нэвтрүүлж байгаа. Туршилт хийгээд, хэрэглээнд нэвтрүүлчихсэн төхөөрөмжийг нэвтрүүлж байна шүү дээ. Тэгээд ч бидний суурилуулж байгаа тоног төхөөрөмжүүд бүгд олон улсын код, сертификаттай. Манайд суурилуулж байгаа төхөөрөмжийг одоо солонгост суурилуулах гэж байгаа. Тэдний одоогийн ашиглаж байгаа төхөөрөмж иргэддээ мэдээлэл өгөх дэлгэцгүй. Харин манайх картны үлдэгдэл болон цэнэглэсэн дүнгийн мэдээллийг ч өгч байгаа.

-Бусад хамтран ажиллаж байгаа байгууллагуудаа танилцуулаач. Мөн цахим төлбөрийн системийг нэвтрүүлэхэд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулав. Энэ талаарх мэдээлэл цацагдах үеэр нийслэл дэмий зүйлд хөрөнгө зарж байна гэсэн шүүмж нэлээд гарсан. Одоо ч яригдаж байгаа?

-Анх Дата карт консерциум гэж байгуулагдаад энэ төсөлд шалгарсан. Нийслэлийн удирдлагууд шинэ технологи буюу ноу-хау нутагшуулах журам гэж баталсан. Үүний хүрээнд олон улсын хэмжээнд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Гадны болон дотны олон компаниуд

сонгон шалгаруулалтад өрсөлдсөн. Ингээд манай Монгол, Солонгос, Худалдаа хөгжлийн банк, Жи мобайлтай хамтарсан түншлэл ялалт байгуулсан. Бидний хөрөнгө оруулалт 14 орчим сая ам.доллар байгаа. Үүнийг нуугаад байх юм байхгүй. Гэвч зарим хүмүүс манай төслийг гуйвуулж, янз бүрийн мэдээлэл цацаж байгаа. Хамгийн гол нь энэ хөрөнгө оруулалт эко хөрөнгө оруулалт юм. Хөрөнгө оруулалтыг бид улс, нийслэлийн төсөв дээр суулгаж дарамт өгөхгүй. Мөн автобусаар зорчих үнийг ч нэмж дарамт өгөхгүй. Компанийн өдөр тутмын орлогоосоо маш бага хэмжээний шимтгэл авч 4.8 жил, эрсдэлээ тооцоод зургаан жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхнө гэж тооцож байгаа. Бидний гол хөрөнгө оруулагч маань Сөүл хот буюу Korea smart card. Тэгэхээр Сөүл болон Улаанбаатар хот дундаа хамтарсан компанитай болж байгаа юм. Хотоос төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй. Анхны хөрөнгө оруулалтыг нь өгсний дараагаар Монголын талын хувь нь өсөөд солонгосын талын хувь буурна.

-Цахимаар төлбөр хийхэд эхний удаад 500 төгрөгөөр, дараагийн сэлгэн суултад үнэгүй зорчих гэх мэт асуудлын талаар ярилцаж байгаа гэсэн. Энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар сонирхуулаач?

-Энэ асуудалтай холбоотой шийдвэр удахгүй

гарна. Ямартай ч нийслэл хот нийтийн тээврийнхээ салбарт ухаалаг системийг нэвтрүүлчихлээ. Харин одоо маршрутын төлөвлөлтийн асуудлыг ярина. Өнөөдөр Шар хаднаас хөдөлсөн автобус Толгойт хүрдэг. Үүнээс үүдээд замын хөдөлгөөний ачаалал үүсэх, иргэд хугацаа алдах гэх мэт асуудал үүсдэг. Харин автобусны маршрут богино рейст шилжсэнээр ийм асуудал үүсэхгүй. Тухайлбал, Шар хаднаас хөдөлсөн автобус Офецирийн буудал дээр зорчигчдоо буулгаад буцаад Шар хад руу явах юм. Ингэснээр автобус хүлээх асуудал үүсэхгүй.

Зорчигчид автобусны урд хаалгаар орж картаа уншуулаад буухдаа арын хаалганд мөн л картаа уншуулна. Хойд хаалганд картаа уншуулах нь бас учиртай.

-Тодруулахгүй юу?

-Хойд хаалганд картаа уншуулснаар бид зорчигчдоо бодитой тоолж байгаа юм. Мөн дамжин суулт буюу сэлгэлтийн хөнгөлөлтийг үзүүлэх юм. Солонгост нэг буудлаас автобусанд суугаад буусан хүнд дараагийн буудлаас өөр автобусанд дамжин суух 20 орчим минутын хугацааг өгдөг. Харин тухайн зорчигч 20 минутандаа багтан дараагийн автобусанд суух юм бол хөнгөлөлттэй үнээр зорчдог. Эсвэл үнэгүй зорчдог. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг хотын удирдлагууд гаргана. Гэхдээ хамгийн түрүүнд бид уг системээ нутагшуулах, хүмүүсийн хэрэглээ болгох нь л чухал байгаа юм.

-Цахим төлбөрийн системийн нээлтийн үеэр картаа гээсэн болон гэмтээсэн тохиолдолд яах вэ гэдгийг хүмүүс лавлаж байсан. Энэ тохиолдолд хаана хандах вэ?

-Манайх картын системтэй холбоотой гэмтэл дээр баталгаат хугацаа өгч байгаа. Харин механик гэмтэл дээр баталгаа өгөхгүй. Хэрэв картаа хугалсан зэрэг ноцтой гэмтэл гарсан бол тухайн карттайгаа манай байгууллагад хандаад үлдэгдэл мөнгөө өөр шинэ картанд шилжүүлүүлж болно. Харин манайд бүртгэлгүй картыг гээгдүүлсэн тохиолдолд арга хэмжээ авах боломжгүй.

-Бүртгэлтэй карт гэдгийг тодруулахгүй юу?

-Нөхөн олговроор зорчигчид буюу цагдаа, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутны карт манайд бүртгэлтэй. Энэ хүмүүс картаа гээсэн тохиолдолд мэдэгдсэн даруй тухайн картыг хааж, өөр карт олгоно.

-Тэгвэл энэ хүмүүс картаа хаана хандаж авах вэ?

-Ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн картыг хороогоор нь дамжуулан тарааж эхэлсэн байгаа. Халамжийн төв дээр нь тухайн хорооны бүх иргэдийн мэдээлэл байгаа шүү дээ. Үүний дагуу л картыг нь өгч байгаа. Тиймээс тухайн хүмүүсийг өөр газар руу явуулж чирэгдэл учруулахгүй гэдэг үүднээс өмнө нь зохицуулалт хийсэн юм.

-Удирдлагын төвийн нээлтийн үеэр хотын дарга цахим төлбөрийн системийг төмөр замын автобус гэх мэтэд суурилуулна гэж байсан. Энэ талаар?

-Бид эхний ээлжинд нийтийн тээврийн бүх автобусанд суурилуулна. Харин дараа нь такси үйлчилгээнд суурилахаар төлөвлөж байгаа. Ингэснээр таксинууд камер, байршил тогтоогчтой болох ба картаар төлбөрөө хийдэг болох юм. Мөн орон нутгийн автобуснуудад суурилуулахаар төлөвлөж байгаа. Түүнчлэн картаа улам хөгжүүлж кредит карт болгох юм. Ингэснээр зогсоолын төлбөр болон ойр зуурын хүнсний бүтээгдэхүүн авахдаа ч картаараа тооцоо хийх боломж бүрдэнэ. Нэг үгээр бол уг карт банкны карт болох хэмжээнд хүрэх юм.

-Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн байгууллагууд шатахуунаа өдөр бүрийн орлогосоо авдаг. Гэтэл төлбөрийг цахим болгосноос ингэх боломжгүй хүндрэл үүсээд байна гэж байгаа. Холбогдох хүмүүс энэ асуудлыг удахгүй шийднэ гэсэн?

-Иргэн Мөнхболор автобусанд суулаа гэхэд төлбөр нь банк руу шилжээд, банкнаас тухайн байгууллага руу л хуваарилдаг байхаар төлөвлөсөн. Тиймээс цаашдаа төлөвлөсний дагуу орлогыг шилжүүлнэ. Гэхдээ эхний нэг сар системийг бүрэн нутагштал доголдол үүсэх байх. Шинэ ажил хийж байгаа учраас хүндрэл гарахыг үгүйсгэхгүй. Харин яваандаа доголдохоо болино. Өдөр бүр тухайн байгууллагууд руу орлогыг нь хуваарилж байх юм.

-Мөн кондукторууд ажилгүй болно, жолооч ачаалал ихтэй боллоо зэрэг асуудлыг ч хөндөж байгаа?

-Жолоочид бага зэргийн ачаалал нэмэгдэнэ. Өмнө нь зөвхөн жолоогоо л барьдаг байсан бол одоо орж байгаа зорчигчдоо хянана. Мөн байнгын камерийн хяналт дор ажиллах учраас бага зэргийн стресстэй байна байх. Гэхдээ бид олон улсын жишгийг дагаад соёлтой байх ёстой. Цөөнхийн төлөө биш бид иргэддээ соёлтой үйлчилгээ үзүүлэхийн төлөө байх ёстой шүү дээ.

Кондукторын хувьд шууд ажилгүй болчихгүй. Жил хагасын хугацаанд кондукторууд хянагч болон зөвлөх үйлчилгээ үзүүлээд цалингаа аваад л явна. Энэ хугацаанд нь нийслэлийн удирдлагууд кондукторуудыг дараагийн ажлын байранд нь зуучлах арга хэмжээ авах байх.

-Шинэ төхөөрөмжийг засварлах багаа бүрдүүлсэн үү. Магадгүй уншигч төхөөрөмжид эвдрэл гарах байх?

-Энэ системийг нэвтрүүлж суурилуулахад Монголын туслан гүйцэтгэгч компаниуд сайн оролцоотой байгаа. Одоогийн байдлаар дотоодын найман компанийн 100 гаруй ажилчин туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Тиймээс бид засвар үйлчилгээний төв байгуулж байгаа. Энэ төв нь эвдрэл гарсан тоног төхөөрөмжийг шуурхай засварлах 24 цагийн ажиллагаатай байх юм. Бидний зүгээс ч шинэ тоног төхөөрөмжийг хангалттай нөөцөлсөн байгаа. Ер нь бол систем нутагших хүртэл засвар үйлчилгээ зэрэг бүх асуудлаа манай компани хариуцна.

-Ажлын байрыг бас нэмэгдүүлж байгаа юм байна?

-Манай байгууллагад л гэхэд 60 орчим хүн ажиллаж байна. Үүн дээр засварчид нэмэгдэнэ. Мөн ирэх есдүгээр сараас эхлээд ухаалаг картаа бид дотооддоо үйлдвэрлэж эхэлнэ.

Ж.САЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Пайпэр Энн Уинд Кэмбэлл: Хөрөнгө оруулалтын орчны хувьд хууль зүйн хүрээнд шийдэх учиртай асуудлууд бий

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэллтэй ярилцлаа.

-Та улсаа төлөөлж Монголд ажиллах хугацаандаа аль салбарт онцгойлж анхаарсан бэ?

-Би нэг зүйлд их олзуурхаж байгаа. Намайг анх 2012 онд ирэхэд Монгол, Америк улсуудын хооронд дипломат харилцаа тогтсоны 25 жилийн ой тохиож байсан. Буцах жилд минь Монгол Улс ардчиллын замыг сонгосны 25 жилийн ой тохиож байна. Миний хувьд хоёр орны эерэг, тогтвортой харилцааг илүү гүнзгийрүүлж хөгжүүлэх үүрэгтэй.Иргэд хоорондын харилцаа, хэрэгжээд явж буй хамтын ажиллагааны хөтөлбөрүүд, эдийн засаг гэсэн гурван ерөнхий чигт түлхүү анхаарч ажиллалаа.

Иргэд хоорондын харилцааны салбарт гэхэд Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд өмнө нь ирж байгаагүй олноороо ирлээ. Энэ жил Монголд 150 гаруй сайн дурын ажилтан ажиллаж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хоёр орны хоорондын өндөр дээд хэмжээний айлчлалуудын тооноос хоёр орны харилцаа хэр эрчимжиж байгааг харж болно. Сүүлийн жишээ гэхэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д айлчилж дэд Ерөнхийлөгч Ж.Байдентай уулзсан. Мөн саяхан Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн АНУ-д айлчлахдаа төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзлаа. Засгийн газрын түвшнээс гадна бусад салбарт ч онцлохоор айлчлалууд болсон.

-Хоёр орны эдийн засгийн харилцаанд нөлөөлөхөөр ямар шийдвэрүүд таныг элчингээр ажиллах хугацаанд гарсан бэ. Лав л Америкийн бизнес эрхлэгчдийн хувьд бизнес хийхэд ил тод байх орчныг бүрдүүлсэн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа…?

-Намайг анх ирэхэд Монголын эдийн засаг эрчимтэй өсч байсан ч сүүлийн жилүүдэд Монголын эдийн засаг томоохон бэрхшээлүүдтэй тулгарсныг танай уншигчид мэдэж байгаа байх аа. 2014 оны арванхоёрдугаар сард Америк, Монголын хоорондын ил тод байдлын хэлэлцээрийг УИХ баталсан нь цагаа олсон зөв шийдвэр болсон шүү. Энэ шийдвэрт сэтгэл хангалуун байгаа. Ингэснээр хөрөнгө оруулагчид Монголын бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулахад ил тод байдал бүрдсэн. Ганц Америк ч биш, олон улсын бизнесийн донор, хөрөнгө оруулагчдыг татахад эерэг нөлөө үзүүлэхээр шийдвэр гэж бид харж байгаа.Мөн хоёр орны хооронд сэргээн хэлэлцэгдэж буй Худалдаа хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрт оролцохоорАмерикийн Худалдааны төлөөлөгчийн газрын Дэд дарга Монголд айлчиллаа.Мөн хоёр орны худалдааны харилцааг өргөжүүлэх зорилготой Эдийн засгийн бодлогын хэлэлцээрийг засгийн газрын төрөл бүрийн агентлагуудын төлөөллүүдийг оролцуулан явууллаа. Энэ мэтээр онцолж хэлэх алхмууд эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн.

-Та хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд хэд хэдэн удаа шүүмжлэлтэй хандаж байсан. Манай улсын хувьд хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд анхаарч тодорхой шийдвэрүүд гаргаж байгаа. Хөрөнгө оруулалтын орчны талаарх таны байр суурь зөөлөрсөн үү?

-Саяхан Монголын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдад хандаж хийсэн алхмууд, мөн тэдэнд хандсан харилцаанууд маш чухал зүйл болсон гэж бодож байгаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Нью-Иорк, Вашингтонд очиж бизнесийн төлөөлөлтэй уулзахдаа маш тодорхой, шууд яриа хэлэлцээр хийсэн. Лондонд очихдоо ч тэгсэн байх. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хоёр дахь шатны санхүүжилттэй холбоотой шийдвэр ч хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд эерэг нөлөө үзүүллээ. Гэхдээ хууль зүйн хүрээнд шийдэх учиртай асуудлууд бий. Хоёр орны Засгийн газрын түвшнийхэн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлсэн хэвээр байгаа. Ямар ч бизнест тогтвортой байдал хамгийн чухал байдаг. Монголд бизнесийн үйл ажиллагаа явуулахад Засгийн газраас тогтвортой байдлыг хэрхэн яаж хангаж өгөх юм бэ гэдгийг маш тодорхой ойлгуулж, харуулах хэрэгтэй.

-Хоёр тал зарим нэг асуудал дээр шийдэлд хүрэх гээд ажиллаж байна гэж та хэллээ. Цаг алдахгүйгээр эхэлж шийдэх асуудал гэвэл юуг онцлох вэ?

-Нэг шийдвэр гэж онцлохоос илүү олон салбарт зэрэг үйл ажиллагаа явуулж эхлэх нь чухал гэж бодож байна. Жишээ нь татварын салбар байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын бизнесийн байгууллагуудын татварын нөхцөл байдлыг зохицуулах асуудал бий. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Америкийн бизнес эрхлэгчдэд тулгарч буй татварын асуудлын талаар Засгийн газарт тодорхой мэдээллүүдийг хүргүүлсэн. Монгол Улс илүү олон, илүү том бизнесийг өөртөө татах сонирхолтой байгаа, гэхдээ Монголд бизнес хийхээр орж ирэх гэж буй гадаадын компаниуд орж ирээд үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн компаниудаас бизнес хийхэд ямар байгааг асууж сонирхдогийг мэдэж байх хэрэгтэй болов уу. Гадны бизнес эрхлэгчид мөн нэг зүйлийг онцолж харж байгаа нь Монголын Засгийн газрын зүгээс арбитрын шийдвэр зэрэг олон улсын стандарт, хэм хэмжээг хэр чухалчилдаг, олон улсын гэрээг хэр дагаж мөрддөг зэрэг юм. Монголын эдийн засгийн ихэнх нөөц нь байгалийн баялаг. Тийм учраас хөрөнгө оруулагчид энэ салбарыг зохицуулж, зөвшөөрлийг нь өгч байгаа хууль дүрмийг илүү сонирхоно. Хуулийг хэрэгжүүлж буй гүйцэтгэх байгууллагууд хэр нээлттэй шударга ажиллаж байгааг бас харна. Үүнтэй холбоотой хууль, дүрэм, байгууллагуудын хувьд нээлттэй байхаас гадна ойлгомжтой, тодорхой байх нь их чухал.

-Америкийн том хөрөнгө оруулагчид Монголыг хэр сонирхож байна. Уул уурхай ч юм уу, дэд бүтцийн салбарт….?

-Намайг элчин сайдаар ажилласан сүүлийн гурван жилд Америкийн бизнес эрхлэгчдийн Монголд ажиллах сонирхол анзаарагдахуйц нэмэгдсэн. Том, жижиг компаниуд төлөөлөгчдөө ирүүлж байна. Ер нь группээрээ болон ганц нэгээрээ ирж Монголыг сонирхож байна. Гэхдээ одоогоор сонирхон харах түвшинд байгаа. Яг ирээд үйл ажиллагаа явуулахын тулд түрүүний миний онцолсон салбаруудад орчин нөхцөл яаж өөрчлөгдөхийг хараад байна. Монголд Америкийн хүчтэй хоёр том байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Нэг нь Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөл. Нөгөө нь дөрөв дэх жилийнх нь ой саяхан тохиосон Монгол дахь Америкийн худалдааны тэнхим. Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөлийн хувьд Америк, Канадын бизнес сонирхлыг дэмжиж ажилладаг. Монголд урт хугацаанд ажиллаж байгаа газар.

-Таван толгой дээр Америкийн “Пийбоди” сонирхлоо илэрхийлсээр ирсэн. Таван толгойг хэн яаж ашиглах эцсийн шийдэл гараагүй байна. “Пийбоди”-гийн хувьд Таван толгойг сонирхсон хэвээр үү?

-Монголын Засгийн газар 2014 оны арванхоёрдугаар сард “Пийбоди”-той өрсөлдөж байсан “Шинхуа” болон“MCS”-ийн консорциумыг шалгаруулсан. Үүний дараахан “Пийбоди” оффисоо хааж, Монголоос гарах шийдвэр гаргасан. Таван толгойн баялгийг яаж ашиглах талаар УИХ-аар дахин хэлэлцэж байгаа.

Албаны зарим хүмүүстэй ярилцаж суухад “Пийбоди”-д дахин нэг боломж гарсан байж мэднэ гэсэн утгатай үг хэлж байсан. “Пийбоди”-гийн хувьд ирээд ажиллалаа гэхэд ордын нөөц нь хэр бол, цаашид засаг ямар процессоор шийдвэр гаргах вэ гэх мэт нэмэлт мэдээлэл хүсээд хариу хүлээж байгаа.

-АНУ руу зорчих монголчууд хэр нэмэгдэж байна. Визийн шалгуур хангах тал дээр ямар байгаа бол?

-Намайг элчин сайдаар ажиллах хугацаанд АНУ-д зорчих монголчуудын тоо жил ирэх тутам нэмэгдэж байгаа нь сайн мэдээ юм. Визэнд материал мэдүүлж байгаа хүмүүсийн тоо өндөр байна гэдэг бол Америкт зорчих сонирхолтой хүмүүсийн тоо ихэссэнийг харуулж буй хэрэг. Виз мэдүүлэгчдийн хувьд ч виз олгогдсон тоо өссөн. Өөрөөр хэлбэл виз авах боломжтой,шаардлага хангасан мэдүүлэгчдийн тоо ихэсч байна. Бизнесийн шугамаар, сурах, аялах зорилгоор Америкт зорчоод Монголдоо эргэж ирэх эрмэлзэлтэй хүмүүс өмнөхөө бодоход илт сайжирсан.

-Монголд ажиллах хугацаанд тань гүн сэтгэгдэл төрүүлсэн агшин өчнөөн л тохиосон байх. Онцолж хэлэх агшин гэвэл…?

-Хожим Монголд өнгөрүүлсэн сайхан цагаа харж, дурсахын тулд би маш олон зураг авсан. Гайхалтай олон сайхан зүйлсийг Монголд үзсэн шүү. Шинэ жилийн өглөө Говьд нар мандахыг харлаа. Хөвсгөлд мөсний баярт оролцож, Баян-Өлгийд бүргэдээр ан хийхийг үзлээ. Наадмын нээлтийг жил бүр алгасалгүй сонирхсон. Монголын тухай сэтгэлээс гарахгүй агшнуудыг эргээд бодохоор их энгийн зүйлс байх юм шиг санагддаг. Монголд анх ирээд морь унасан агшин санаанаас гарахгүй байх. Миний охин Монголд анх тэмээ унаж үзсэн тэр дурсамж. Эдгээр нь яах аргагүй миний амьдралын онцгой агшнуудын нэг.


Categories
мэдээ цаг-үе

Бүх ард түмний урлагийн их наадамд “Өргөө” хамтлагтай цуг шалгарч явсан авьяастнууд

Нийслэлийн гуравдугаар сургуулийн төгсөгчдийн 30 жилийн ойн уулзалт өнгөрөгч амралтын өдрүүдээр тохиолоо. Хүүхдийн ордны баруун талын автомашины зогсоол дээр нэгээс найм хүртэл дугаарласан автомашинууд эгнэн зогсчээ. Хамгийн эхний автомашины урд хэсэгт “Нийслэлийн гуравдугаар бүрэн дунд сургуулийн 1983 оны 8В, 1985 оны 10В ангийнхны 30 жилийн ойн уулзалт” гэсэн томоо гэгчийн зурагт хуудас өлгөжээ. Тэд өглөөний есөн цагт уулзахаар товложээ. “Улаанбаатараас гадна хөдөө орон нутагт, тэр бүү хэл Польш Улсад ажиллаж амьдарч байгаа М.Дэлгэрмаа, Ц.Алтанхуяг нар өглөө нь онгоцноос буусан гэсээр ирж байлаа. ангийн дарга Н.Адьяабат “Ангийн хүүхдүүдээс минь хоёр гурав нь ирж яваа сурагтай. Бусад нь цөм бүрэн” гэж байна. Д.Нямбилэг “Ангиараа цуглалгүй, уулзалдалгүй 30 жил болж” гэж байв. Уулзалтад дөрөвдүгээр ангиас бүрэн дунд сургуулиа төгстөл тус ангийг дааж авсан монгол хэл, уран зохиолын багш Ч.Оюунбилэг, математикийн багш Наранхүү болон дуу хөгжмийн багш Рэгзэн нар хүрэлцэн иржээ. Ангийн багш Ч.Оюунбилэг 1974 онд Улсын багшийн дээд сургуулийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр дүүргээд, гуравдугаар сургуульд багшилжээ. Түүний анхны даасан анги нь 10В байж. Тэрээр “Би сурч байсан сургуульдаа багш болж очсон. Тухайн үед анги даасан багш Банзрагч монгол хэл, уран зохиолын багш байсан юм. Багш маань ягаан дээлээ намируулж орж ирээд намуун хоолойгоор сургамжит өгүүллэг уншиж, биднээр цээж бичиг хийлгэж, монгол хэлний дүрэм заах надад их сайхан санагдаж “Ерөөсөө багш л болъё” гэж бодсон хэрэг. Багш мэргэжлийг эзэмшээд хамгийн анхны дааж авсан анги энэ анги юм.

Урлагийн авьяастайгаас гадна сурлагадаа ч сайн байсан учраас хүүхдүүдээрээ их бахархана. Тэр нь ямар их хувь заяагаар багш мэргэжлийг сонгосон юм бэ. Би их азтай хүн юм аа гэсэн бодлыг давхар төрүүлдэг байсан юм шүү. Шавь нар минь одоо ч гэсэн эзэмшсэн мэргэжлээрээ, салбартаа тэргүүлж явааг нь харахад сайхан байна” хэмээн хуучилсан юм.

Тэд ангийн анд Л.Энхбаттайгаа сүүлийн 20-иод жил холбоо тогтоож чадаагүй байж байгаад саяхан сургийг нь гаргажээ. Босч чадахгүй учраас уулзалтад оролцохоор охиноороо тэргэнцэр дээр түрүүлэн ирсэн ч хилийн цэргийн дүрэмт хувцасны мөрөн дээр нь дэд хурандаагийн мөрдэс гялтганаж, энгэрт нь одон медалиуд ярайж, цаанаа л жавхаалаг харагдана. Тэрээр заставын даргаар ажиллаж байгаад дөрвөн мөч нь мэдээгүй болжээ. Дээрх харамсалтай мэдээг дуулаад тэд дундаасаа мөнгө гаргаж, нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэж, гуравдугаар эмнэлгийн зөвлөх эмч нарт үзүүлжээ. Эмч нарын зөвлөснөөр яаралтай эмчилгээнд оруулсны үр дүнд 20 гаруй хоногийн дараа Л.Энхбатын хөл гар нь мэдээ орсноор үл барам бараг л тэрэгнээсээ буух хэмжээнд хүрчээ. Энэ бол 30 жилийн ойн уулзалтын хамгийн том бэлэг байсан юм.

Энд бөөндөө цугларч аваад, Чингисийн талбай болон Зайсан толгой дээр гарч зургаа татуулчихаад, хотоос холгүйхэн амралтын газар руу явах хөтөлбөрөө аль хэдийнэ гаргачихжээ. Ийнхүү Чингисийн талбай руу хөдөллөө. Чингисийн хөшөөний өмнө бөөндөө зургаа татуулчихаад шатаар уруудаж явтал Д.Нямбилэг “Ордны өмнөх цэцгийн мандлыг харсан чинь нэг хөгтэй явдал санаанд орчихлоо. 1984 оны наймдугаар сарын 31-нд Ц.Алтанхуяг, П.Үнэнбаяр бид гурав хичээлийн шинэ жилийн нээлтээр багшдаа цэцэг бэлэглэх гээд хайгаад олддоггүй ээ. Тухайн үед одоогийнх шиг энд тэндгүй баглаатай цэцэг зардаггүй байлаа. Тэгэхээр нь төрийн ордны өмнөх цэцгийн мандлаас цэцэг тасдаж, сонинд ороож байгаад ордны харуулд баригдсанаа санаж байна уу. Тэгсэн өнөөх харуул чинь биднийг шоронд хорино гэж хэсэг айлгаж байснаа “Багшдаа бэлэглэх гэж байсан гэж үнэнээ хэлсэн болохоор чинь явуулъя. Гэхдээ хичээлдээ сайн нь яваад, муу нь үлдэнэ дээ” гэснээ “Улаанбаатар хотын хүн ам хэд вэ?” гэдэг байгаа. Алтанхуяг “160 мянга” гэсэн чинь “Тийм бага уу?” гэхээр нь би сэргэлэнтээд “Хагас сая орчим” гээд туучихлаа. Тэгтэл “За чи яв” гэдэг байгаа” гэвэл Д.Үнэнбаяр “Д.Нямбилэгийг явуулчихаад бид хоёрыг үлдээх гэж байгаа юм байх даа гэж бодоод барайгаад л явчихлаа. Тэгтэл ашгүй өнөөх харуул чинь “За дахиад нэг асуулт асууя. Цахилгаан цахихад гэрэл эхэлж үзэгдэх үү, дуу нь түрүүлж сонсогдох уу” гэхээр нь бид хоёулаа нэгэн зэрэг “Гэрэл” гэж хэлээд “суллагдсан” даа гээд хөхрөлдөцгөөв. Ангийн багш Ч.Оюунбилэг “Өө та нар чинь бас тэгж хөглөсөн юм уу. Багш нь одоо л дуулж байна” гэвэл “Танд хэлбэл хулгай хийлээ гээд загнуулах байх гэж бодоод тас нуучихсан” гэв.

Тус ангийнхан урлаг спортынхоо амжилтаар сургуульдаа төдийгүй нийслэл, улсын хэмжээнд манлайлдаг байжээ. Энэ тухайд ангийн багш Ч.Оюунбилэг “Дөрөвдүгээр ангиас арваа төгстөлөө тасралтгүй долоон жил сургуулийнхаа урлагийн үзлэгт түрүүлж байсан. Урлагийн үзлэгээр ангийн маань 16 хөвгүүн бүгд банзан гитараа бариад дуулна. Нийслэлийн 52 дугаар сургуулийнхантай л аливаа уралдаан тэмцээнд ана мана үзэлцдэг байлаа. Тэдний хамтлагт гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа хүртэл багтаж байсан юм. Дээрээс нь бүгдийнх нь бичгийн хэв нэг хүнийх юм шиг цэвэрхэн, гаргацтай байлаа. Одоо ч хэвээрээ. Ямар сайндаа өнөөдрийн уулзалтын урилга дээр нэрийг минь бичсэн хүнийг “хайгаад олдоггүй” гэв. Дуу хөгжмийн багш Рэгзэн “Ангийнхны урлагийн амжилт зөвхөн сургуулийн урлагийн үзлэг төдийхнөөр хязгаарлагдахгүй. Тэд 1980 онд зохиогдсон Бүх ард түмний урлагийн анхдугаар их наадамд “Ундраа“гэсэн хамтлаг байгуулж ороод, хүрэл медаль хүртсэн. Тухайн үед эд маань тавдугаар ангийн сурагч байлаа. Энэ тэмцээнд орохын тулд районоос шалгарч байж хотын хэмжээнд оролцсон. Тэндээсээ шалгарч байж улсын хэмжээний бүх ард түмний урлагийн наадамдаа орно. 1984 оны бүх ард түмний хоёрдугаар уралдаанд орж, “Өргөө” хамтлагтай цуг гуравдугаар байрт дахин шалгарч байлаа. Эхний наадамд хамтлагийн гишүүд зөвхөн гитар тоглодог байсан бол хоёрдугаар уралдаанд гитараас гадна төгөлдөр хуур, баяан, аккордион, үлээвэр хөгжим тоглосон. Хамтлагийн бүрэлдэхүүнд Н.Адьяабат, Ц.Алтанхуяг, Э.Батсайхан, Л.Од, Мөнхболд, П.Үнэнбаяр, Д.Нямбилэг багтаж байсан” гэвэл Од “Уг нь бид Москвад болох олон улсын наадамд оролцох эрхтэй байсан ч хамтлагийн гишүүд хэтэрхий олон, улсын төсөвт “шаталттай” гэсэн шалтгаанаар хасагдаж байлаа” гэв. Э.Батсайхан “Медаль авсан баярт мөчөө улаан ус уугаад ээжээрээ нийслэл салат хийлгэж идээд, нэгнийхээрээ айл хэсэж тэмдэглэж байлаа. Улаан ус гэдэг чинь ундаа байхгүй юу” хэмээв.

Хамтлагийн ахлагч Н.Адьяабат “Тавдугаар ангидаа Лениний мэндэлсний 100 жилийн ойгоор Пионерийн ордон буюу одоогийн Хүүхдийн ордонд зохиогдсон тоглолтод “Ундраа” хамтлагаараа оролцсон. Тэгтэл тоглолтод оролцож байсан том ах нар тайзан дээр зоочихсон байсан цахилгаан хөгжим дээр тоглоод байсан байхгүй юу. Тэгэхээр нь дуу хөгжмийн багшаасаа бид нар цахилгаан хөгжимтэй тоглочихъё гээд гуйсан чинь “Яах юм бэ, миний хүүхдүүд. Банзан гитартайгаа л тоглочих” гэсэн. Тэгэхээр нь уриалгахан “За” гэж хэлснээ тайзан дээр гаруутаа томчуудын барьж тоглож байсан цахилгаан хөгжим дээр шууд тоглоод, дуулчихсан. Өмнө нь цахилгаан хөгжим дээр огт тоглож үзээгүй байсан шүү дээ” гэвэл дуу хөгжмийн багш Рэгзэн “Өө нээрээ тэгсэн шүү дээ. Цахилгаан хөгжмөөр хаана ингээд сайн тоглоод сурчихдаг билээ гээд бүр гайхаж орхисон шүү” гэсэн юм. Бас Н.Адьяабат, Л.Од, Э.Батсайхан, Ч.Ганболд, Д.Нямбилэг нар үлээвэр хөгжим тоглодог байж.Тэдний үлээвэр хөгжмийн багш нь хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч Долгорын Сандагсүрэн агсан юм байна. Эд Сандгаа багшийгаа энэ өдөр ихэд үгүйлцгээх аж. Д.Сандагсүрэн багшийн шавь болсноор тэд хөгжмийг жинхэнэ мэргэжлийн талаас нь суралцдаг байж. Тиймдээ ч өнөөдөр тэдний бүх үйл хөдлөл дуу хөгжим наргиан цэнгээн бүгд л мэргэжлийн өндөр зэрэгтэй зохион байгуулагдаж байлаа. “Хүүхэд ахуйдаа Соёлын төв өргөөнөөс бусад тайзан дээр гарлаа. Тэр бүү хэл төрийн ордонд хүртэл урилгаар тоглож байсансан. Яагаад гэвэл биднийг хүүхэд ахуйд Соёлын төв өргөө баригдаагүй байсан юм” хэмээн Л.Од өгүүлэв.

Эдний ангийнхан сургуулийн урлагийн заалны хөшгийг өөрсдийн санаачилгаар байнга угаадаг байж. Дунд ангид байхдаа хөшгөө угаахаар бөөнөөрөө дунд гол дээр очоод, тэндээ өдөржин тоглоно. Гэтэл нэг удаа хөшгөө угаахаар авч яваад гол дээр мартчихаж. Ангийн багшаас нь захирал хөшгөө “нэхэж”. Багш нь гэртээ утастай ганц хоёр хүүхдийнх рүү залгатал гэрийнхэн нь ирээгүй байна гээд байдаг. Нар жаргахын алдад тэд гэртээ ирцгээж, багш нь утсаар холбогджээ. Гэтэл тэд хөшгөө гол дээр мартсанаа санаад дунд гол руу, тоглож байсан газар руугаа гүйцгээж гэнэ. Азаар цагаан торонд ороогоод тавьсан хөшгийг нь хог гэж андуурсан уу, эзэн нь ойр байгаа байх гэж эндүүрсэн үү, байрандаа бахь байдгаараа байжээ. Бас дунд ангид байхдаа хавар шалгалтдаа бэлтгэнэ гэж эцэг эхдээ хэлээд гэрээсээ эртлэн гарна. Билетээ уншилгүй өдөржин тоглож байгаад харьцгаадаг байсан тухайгаа мөн тэд дурсацгаана. Баттулга “Ахлах ангид ороод бол шалгалтдаа жинхэнэ утгаараа бэлтддэг болсон” гэвэл бусад нь толгой дохицгоов. Элдэв уралдаан тэмцээнд түрүүлж, сургуулийнхаа биеийн тамирын зааланд тоглох эрхээр шагнуулдаг байсан нь тэдний хувьд хамгийн том бэлэг байжээ.

Наадмын өмнөхөн 30 жилийн ойг зохион байгуулах комиссын дарга Н.Адьяабат Алтангадас одонгоор энгэрээ мялаасанд ангийнхан нь ихэд бэлгэшээж байлаа. Учир нь түүний нэр ангийн журналын хамгийн эхэнд байдаг аж. Тэрээр гавьяат барилгачин эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Н.Эрдэнэтуяа “Журналын нэрсийн хамгийн эхний хүүхэд маань Алтангадас одонгоор шагнуулсан юм чинь удахгүй өөр хэн нэгний маань хийж бүтээснийг төрөөс өндрөөр үнэлэх болов уу” гэж байлаа.

М.Ууган-Эрдэнэ

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн