Categories
мэдээ цаг-үе

Аюулын өөдөөс амиараа сөрсөн цагдаа

Хууль зүйн яамнаас өчигдөр цагдаа жолооч, Цагдаагийн ахлах ахлагч Н.Энхтүвшинг “Цагдаагийн алдар” тэмдгээр, эргүүлийн офицер цагдаагийн ахмад Ш.Гантулгыг “Хүндэт жуух бичиг”-ээр шагнасан юм. Цагдаагийн алба хаагч Н.Энхтүвшинг энэ удаагийн “Өдрийн зочин” буландаа онцоллоо. Түүний болон мэргэжил нэгт Ш.Гантулгын гавьяаг ард түмэн шагшиж байна. Тэд энэ сарын 3-ны орой 21.30 цагийн орчимд жолоочгүй өнхөрч явсан машиныг албаны машинаараа мөргөж зогсоосон билээ. Энэ үйл явдал Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Долоон буудлын замаас Чингэлтэй рүү салдаг уулзвар замд гарсан юм. “ММС Canter” маркийн том оврын авто машин жолоочгүйгээр уруудан өмнөх T.Prius маркийн авто машиныг мөргөж цааш өнхөрч явах үед Н.Энхтүвшин албаны машинаараа өмнүүр нь орж зогсоосон байна. Хэрвээ тухайн үед ийм шийдвэр гаргаж арга хэмжээ авч чадаагүй бол цааш хэчнээн хохирол учрах байсныг таашгүй. Тиймээс энэ сайн үйлсийг, тэр сайхан сэтгэлийг иргэд сайшаагаад зогсохгүй салбарын яам нь ийн “Цагдаагийн алдар” тэмдгээр шагнасан байна. Баргийн хүн гаргаад байхгүй эр зоригийг Н.Энхтүвшин гаргасан. Тэрбээр хүнд бэртэж гэмтэх, цаашлаад амь эрсдэж болох байлаа. Гэвч тэрээр өргөсөн тангарагтаа үнэнч байж цагдаагийн алба хаагчид иргэдийнхээ эрүүл мэнд, амгалан тайван байдлын төлөө амь биеэ хайхрахгүй ажиллаж чаддаг гэдгийг тод харууллаа.

Н.Энхтүвшин өдгөө Чингэлтэй дүүргийн цагдаагийн II хэлтэст эргүүлийн цагдаа жолоочийн алба хашиж байна. Тэрээр цагдаагийн албанд найман жил зүтгэж яваа туршлагатай нэгэн. Энхтүвшин Сэлэнгэ аймгийн Шаамар суманд Нүрзэд, Охинцэцэг нарын ууган хүү болон мэндэлжээ. Тэрээр дөрвөн дүүтэй, айлын ууган хүү. Айлын том хүү учраас хэдэн дүү нараа хүмүүжүүлэхээс эхлээд аливаа ажилд хариуцлагатай хандаж сурчээ. Түүний энэ нямбай зан өдгөө ажлын талбар дээр нь илэрч байна хэмээн хамт олон нь ярьж байна. Тэрээр 2005 онд ерөнхий боловсролын сургуулиа төгсч, 2006-2007 онд хугацаат цэргийн алба хааж ирээд Цагдаагийн курст сууж Цагдаагийн ерөнхий газар хэмээх их айлд анх хөл тавьж байжээ. Анх ажлын гараагаа цагдаагийн явган эргүүлээр эхэлж байсан гэнэ. Ингээд 2013 оноос эргүүлийн цагдаагийн жолооч албанд хуваарилагджээ. Өдгөө эхнэр Ц.Удвалцэцэг, охин Э.Тэргэл нарын хамт амьдарч байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх машиныг цааш өнхрөх үед зам дээр нэлээд олон хүн, машин байжээ. Хэрэв цагдаа амжиж тухайн машиныг зогсоогоогүй бол хэрхэх байсныг төсөөлөхөд бэрх. Тиймээс амь насаа үл хайхран үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн түүгээр бахархахаас ч аргагүй. Учирч болзошгүй аюулыг эр зоригоороо хааж зогссон тэрээр болсон явдлын талаар “Жолооч нь машинаа газрын уруу тавьж орхиод явчихсан юм билээ. Ослын дараа ирээд түр ачаа буулгачихаад карданаа татсан гэж байсан. 30 орчим насны залуу байна билээ. Согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тухайн үед замын хажуугаар олон хүн байсан. Хүүхдүүд ч явж байсан. Тэр машин чигээрээ явсан бол тэр хүмүүсийг очиж дайрах аюултай байсан. Тиймээс иргэдийг хамгаалахын тулд машинаараа хаах хэрэгтэй гэхээс өөр зүйл бодогдоогүй” хэмээн яриад “Би үүргээ л гүйцэтгэсэн” гэж даруухан өгүүлнэ. Түүний ярьснаар бол жолоочгүй машин 15-20 орчим км цагийн хурдтай урагшилж байсан бөгөөд ердөө хорьхон алхмын цаана хүмүүс байсан гэнэ. Ийм эр зоригтой алба хаагчаараа цагдаагийн байгууллага бахархаж хамт олон нь үлгэр дуурайл авч ажилдаа хандах хэрэгтэй гэх хүн олон байлаа.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

“Монцемент” жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэнэ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уржигдар үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт болсон шинэ үйлдвэрийн туузыг хайчиллаа. Улаанбаатараас 500 гаруй км-ийн зайтай Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт баригдсан “Монполимент” группын “Монцемент” эко үйлдвэрийн нээлтийн арга хэмжээ ийн болсон юм. Тус компани нь жилдээ нэг сая тн нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ. Харин манай улсын цементийн жилийн хэрэгцээ 1.5-2 сая тн байдаг. Барилгын салбар хурдтай хөгжиж байгаа энэ цаг үед цементийн хэрэглээ улам нэмэгдэх нь гарцаагүй. Тиймээс Засгийн газраас 2016 он гэхэд дотоодынхоо цементийн хэрэгцээг бүрэн хангах зорилт тавин ажиллаж байгаа билээ. “Монцемент” эко үйлдвэр ашиглалтад ийнхүү орсноор манай улс жилд нийтдээ гурван сая орчим тонн цемент үйлдвэрлэх боломжтой болж байгаа юм. Хөтөлийн болон Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь үндэсний үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллас­наар дотоодын цементийн хэрэгцээг бүрэн хангахаас гадна валютын урсгалыг дотооддоо шингээх юм. Мөн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа барилгын салбарын хөгжлийг хангах, орон сууцны үнийг тогтвортой барих зэрэг олон талын ач холбогдолтой. Иймд импортын цементийн татварыг нэмэх бодлого хэрэгжүүлэхээр судлан ажиллаж байгааг “Монцемент” үйлдвэрийн нээлтэд оролцсон салбарын яамныхан онцолж байлаа. “Монцемент” эко үйлдвэрийн нээлтэд олон хүндэт зочид төлөөлөгчид, орон нутгийн иргэд хүрэлцэн ирсэн байлаа. Энэ үеэр дэлхийн стандартыг хангасан технологиор шинэ үйлдвэр барьж, олон хүнийг ажлын байраар ханган, эх орондоо том бүтээн байгуулалт хийсэн үндэсний үйлдвэрлэгч “Монполимент” групп, үйлдвэрийн хамт олонд Ерөнхий сайд баяр хүргэж, үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын эдийн засаг, аж үйлдвэр, барилгын салбарт түүхэнд тэмдэглэгдэх шинэ хуудас бичигдэж байна. Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж, хамтран ажиллаж олон том бүтээн байгуулалтыг хийлээ. Монголчууд хамтдаа хөдөлмөрлөж зүтгэвэл амжилтад хүрч болохыг энэ үйлдвэр харууллаа. Монгол Улс дотооддоо “Дэлхийн чанартай Монгол цемент үйлдвэрлэдэг боллоо. Дэлхийн стандарт, тэр дундаа Европын стандарт Монгол нутгийн хөрсөнд бууж, нутагшиж байна. Эх орныхоо бүтээн байгуулалтын хэрэгцээг хангах, импортыг орлох цементээ Монголд бүрэн үйлдвэрлэж чадсан нь зөвхөн барилгын салбар гэлтгүй бусад салбарт техник, технологио өөрчлөх боломжийг олгож байна. Зам тээврийн салбар, тэр дундаа авто зам, төмөр замын салбарт технологио өөрчилж, бетон цементэн дээр суурилсан дэвшилтэт технологи руу шилжих бололцоо Монгол Улсад ойрын ирээдүйд гарах болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэв. Дорноговь аймгийн Сэнжит Худагийн шохойн чулууны ордыг түшиглэсэн “Монцемент” төсөл анх 2006 оноос хэрэгжиж эхэлсэн байна. Төслийн хүрээнд орон нутагт ихээхэн бүтээн байгуулалтын ажлуудыг хийжээ. Тухайлбал, Сайншандад дэд станцаас салаалсан 53.3 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамын дэд станцыг ашиглалтад оруулсан байна. Мөн Өргөн өртөөгөөс салбарласан 3.5 км урттай, нийтийн эзэмшлийн гарам, вагон жин бүхий салбар төмөр замыг барьжээ. Тус суманд 1000 хүний багтаамжтай орчин үеийн тохилог орон сууц, хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төв, спорт заал бүхий иж бүрэн ажилчдын хотхон барьж байлаа. “Монцемент” үйлдвэрт 500-гаас дээш ажлын байр шинээр бий болох юм байна. Ийнхүү Дорноговь аймаг анх удаа барилгын материалын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлээд байгаа юм. Цаашид нутгийн хөгжилд үүнээс ч илүү үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт орон нутгийн удирдлагууд болоод иргэд итгэл дүүрэн байв. Ялангуяа Өргөн сумын иргэд “Монцемент” үйлдвэр манай сумын хөгжлийн түлхүүр боллоо. Өргөн сум одоо байгаагаасаа гурав дахин өргөжин, 280 айлын орчин үеийн тохилог орон сууц, ахуйн үйлчилгээний төв, цэцэрлэг, спорт цогцолбортой болж, бүтээн байгуулалт хийгдэнэ” хэмээн баярлацгааж байсан юм. Уг үйлдвэр нь цемент үйлдвэрлэхдээ байгаль орчинд ямар ч сөрөг нөлөөгүй, эко тоног төхөөрөмжүүдийг суурилуулжээ. Эдийн засгийн эрчимтэй хөгжлийг дэмжиж, экспортыг орлож, импортыг нэмэгдүүлэх тус үйлдвэрийн төслийг Франц, Англи, Австрали, Хятад, Швейцарь улсын салбартаа тэргүүлэгч байгууллага, зөвлөхүүдийн оролцоотойгоор хэрэгжүүлж байгаа аж. Төслийн дүнд Европын стандартыг хангасан олон төрлийн өндөр чанартай чулуунцар үйлдвэрлэж, өсөн нэмэгдэж буй цементийн импортыг орлож, хөрш орнуудад экспортлох боломжтой ажээ. Мөн дотоодын цементийн тээрмүүдийг 170 жил цемент, чулуунцраар хангах найдвартай ажиллагаатай гэнэ.

Ерөнхий сайд болон арга хэмжээнд оролцож буй зочид “Монцемент” үйлдвэртэй танилцсан юм. Эднийх байгаль орчиндоо ихэд анхаарал хандуулдаг бололтой. Усан оргилуур, ногоон байгууламж хүртэл хийжээ. “Монцемент” үйлдвэр эко гэдгийн учир нь хуурай аргын боловсруулах технологийг ашигладаг юм байна. Энэ нь усны хэрэглээ хамгийн бага. Мөн хүлэмжийн хий ялгаруулж, тоосжилт үүсгэх хэмжээ ч хамгийн бага гэнэ. Тодруулбал тоосжилт, азот, хүхрийн ислийн ялгаруулах хэмжээ нь Монгол Улсын болон Европын стандарт, шаардлагыг хангасан байгаль орчинд ээлтэй технологитой. Ахуйн болон үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлэн 90 хувийг дахин ашиглах системтэй эко үйлдвэр юм.

Монгол Улсын эдийн засаг, аж үйлдвэрлэлийн хөгжилд томоохон түлхэц үзүүлж буй “Монцемент” төслийг Хөгжлийн банк болон Евсропын Сэргээн босголт хөгжлийн банк, “Монполимет” группын санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлж байгаа гэнэ. Ямартай ч цементийн үйлдвэрийг байгуулахад “Чингис” бондоос 45 сая ам.долларын санхүүжилт олгосон ажээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Баруунтаах нутгууд баахан жаргалтай

Баянхонгороос Бөмбөгөр сум, Байдрагийн гол, Бууцагаан сум хүртэл зам нэлээд бартаатай, олон салаа. Харин Говь-Алтайн Дэлгэрт ирэхэд шив шинэхэн засмал зам угтав. Алтай хүртэл үргэлжлэх уг зам урамтай. Арвайхээрийг өнгөрөөд зөрөх машины тоо багассаар Дэлгэрийн талд ганц хоёрхон л том машин зөрж өнгөрөв. Баарангийн даваагаар даваад газрын зурагт Ямбатын тал хэмээн тэмдэглэгдсэн газраар давхилаа. Тал гэхээр ойлгомжтой. Уулс газрын хаяанд харагдаад л байна, ер ойртохгүй. Салхи нэг л хэмнэлээр эцэс төгсгөлгүй урсана. Ээвийн буудлын хойхно гурван майхнаа зооцгоов. Ээвийн гүүр эвдэрсэн учир эргэн тойронд нь элдэв зам гарчээ. Борооны үед энд тэнд ачааны том машин шаварт сууж нааш цааш холхиж зам гаргажээ гэдгийг хатсан шавар шавхай илтгэнэ. Шаргын говь, Хүрэнгийн талыг нар дээр хөөрөхөөс өмнө туулъя гэцгээсээр хөдөллөө. Манай машины нумны нэгдүгээр өнгө нь хугарч бид цуваанаасаа хоцорчихов. Говийн тэр нам гүмд хэчнээн ч цаг саатав. Машин тэрэг бараг явахгүй. Хааяадаа л жижиг тэрэг, жийп өнгөрч харагдана. Утасны сүлжээ ч үгүй, сэлбэг байхгүй учир бид яах вэ. Манай аавын хувьд насаараа зам, гүүрийн барилгын салбарт ажиллаж, Монголын өнцөг булан бүрт хүрсэн замын мэргэжилтэй учир хээр хөдөө машин тэрэг эвдэрвэл өөртөө л найдаж, байгаа, гар доорх зүйлсээ ашиглан монголчлоод машинаа хөдөлгөдөг жолооч. Замын хажуугаар явж дугуйны олгой хаймар, тросс, төмөр утас хайв. Говийн олон салаа замын хажууд шатаад буудсан дугуйны өөдөс, хугарсан нумны хэлтэрхийнээс өөр зүйл таарахгүй. Данхраадныхаа доор ивчих алгын чинээ бадриухан чулуу олдсонгүй. Харин хонин гүрвэл л усанд сэлэх загас мэт хөл дор мэлс мэлсхийн өнгөрнө. Тэгж байтал зам ангийн индүү, бас бус юм тээвэрлэсэн ачааны хоёр машинд гар өргөж тусламж гуйв. Залуухан хоёр жолооч бууж ирээд өөрсдийн троссноос тасалж, олгой хаймарнаасаа хайчилж, төмөр утас илүүчиллээ. Тээврийн тэрэгний жолооч нарт байх л “сэлбэг”. Хүйсийн өргөн уудам говь, Дарви, Зэрэг сумаар өнөө л монголчилсон нумтайгаа явсаар Ховд хүрчихэв.

Маргааш нь техникийн захаас микроавтобусны нэгдүгээр өнгө авчраад тавьсан нь бараг л таарав. Ингээд аяллаа үргэлжлүүллээ. Буянт голд орж сэлцгээе гэтэл үертэй. Ховд хотынхны хувьд Буянт голын эрэг бол зуных нь гол зуслан. Голын хоёр талаар дүүрэн айлууд. Хүүхэд багачууд нь нүцгэн гүйлдэж, настайчууд нь гэрийнхээ гадна сууцгаана. Эрдэнэбүрэн сумын нутгаар явж Хашаатын даваан дээр ирвэл нутгийн улсуудтай таарав. Тэд Алтанцөгц сумын 90 жилийн ойн баяр наадамд оролцохоор Эрдэнэтээс хөдөлсөн нь энэ. Ингээд цуваандаа нийт таван машинтай болчихлоо. Салхитын гармаар гарч Алтанцөгц сумын нутагт хөл тавив. Алтанцөгц нуурын дэргэд аавын маань дүү Баяг ах, эхнэр, хүүгийнхээ хамт биднийг мөнгөн аягатай сүү, хадагтай угтав. Ховдоос хөдөлсөн гэдгийг дуулаад л өдрөөс хойш энд хүлээжээ. Олон жил уулзалдаагүй ахан дүүс учран золгохын жаргал эдэлж бүгд л нүдэндээ баярын нулимс цийлгэнүүлэн тэврэлдлээ. Аавын маань ах нутагтаа ирээгүй 40 жил болсон бол дүү нь 26 жилийн өмнө л нутгаасаа гараад өнөөдөр ийн ирж байна. Нутгаа зүүдлэн, ахан дүүсээ санан санасаар золгож байгаа хүмүүсийн жаргал ийм. Тэд багадаа тоглодог байсан газруудаа ярилцана. Хөх сайраар ингэж давхиад, Хоёр мөсөнд тэднийд очдог байлаа. Хасаг зээрдээрээ энэ хөндийгөөр ч мундаг давхидаг байлаа гэцгээн хорь, гучин жилийн өмнөх дурсамжаа хөглөнө.

Хөх сайраар гарч Эрэгт голоо гатлаад Дунд хясаанд Баяг ахынд буув. Хоёр охин нь хоол, унд цайгаа хэдийнэ бэлдчихсэн, мөн догдлон хүлээж байж.

Цамбагарав хайрхан нут­гийн­хаа хойморт шөнийн нам гүм дундаас ер бусын амгалан налайна. Цаст уулын түргэн урсгалт Эрэгт голын урсгал энүүхэнд сонсогдож, багадаа мэдэрч байсан байгалийн тэр омголон аязыг хорь гаруй жилийн дараа дахин мэдэрсэндээ туйлын ихээр баярлалаа. Өглөө сэрэнгүүтээ л Цамбагарав хайрханаа харж, дотроо зөндөө их залбирлаа.

Сумын наадам гурван өдөр сайхан болж өнгөрөв. Монголын өнцөг булан бүрт амьдран суугаа нутгийн уугуул иргэд бүгд шахуу ирцгээжээ. Арван жилийн найзууд уулзан багын явдлаа дурсан инээлдэнэ. Хөх сайр, Эрэгтийн дунд хясаа, Эхэн хясаа, Эрэгт гол, Хоёр мөсөн, Хоёр сайр, Таван бэлчир, Усаарын хүрхрээ, Хоёр толгой, Хүрэмт, Тэхт, Тэхтийн рашаан, Хагт, Булан, Хоогийн булаг, Өндрийн элэг, Цагаан түнгэ гээд өсч төрсөн сумынхаа газар бүрт нь очиж, ахан дүүстэйгээ үлгэрт л гардаг мэт хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй найрлаж “Гурван цастай Богд”-ыгоо дуулцгаав. Хүй цөглөсөн газрууддаа очиж, сүү өргөж, арц уугиулан төрсөн гэрийнхээ бууринд хөрвөөв.

Ээвийн буудлын гуанзнаас эхлээд л цайны аяга томорч, өнгө аагтан шаргал болж ирж байгаа юм. Хотын цайны газруудын том орцтой хоолны тавагтай дүйхүйц л хэмжээтэй аягаар цай аягална. Эхлээд ганц аягыг арайхийн бардаг байсан бол нутагтаа арав хоносны дараа суурин дээрээ тийм аягаар таван аягыг өндийсхийлгүй уучихдаг болсон. Баяг ахын эхнэр Урнаа бэр “Манай аяганууд ер нь том. Үүнээс багахан аяганд хүнд юм хийж өгөхөөр эвгүй байдаг юм” гэсэн билээ. Баян-Өлгийн монголчууд, урианхайчуудын хувьд зочин орж ирвэл аагтай цайгаа өргөн барина. Шимийн архиныхаа дээжийг өрхийн тэргүүн барих хооронд эзэгтэй нь тогоо тавьж мах чанадаг заншилтай. Тэгээд найр сайхан болохын үед уртын дуугаа дуулж, дуу бүхнээ

…Далай ламын адистай

Даяараа хамт жаргая

Найрлан жаргая аа… хэмээн дуулан жаргаадаг билээ. Манай нутаг өөрөөсөө ахмад хүнийг барагтай бол нэрээр нь дуудахгүй. Нэрээр нь дуудлаа гэхэд жишээ нь манай ээжийг аавын дүү нар Должин бэргэн эгч гэцгээнэ. Нагац, авга нараа ихэд хүндэтгэнэ.

Алтанцөгцөөс аймгийн төв рүү ороход Шүүгийн гүүрээр гарч Чидэлийн хөтөл, Хүйтэн хөтөл, Ургамлын хөтөл гэсэн хөтлүүдийг давна. Хатуугийн голоор гарч Бугат сумын нутгаар өнгөрнө.

Өлгийн төв нам гүм. Зуны налгар, амралтын өдрүүд үргэлжилж байгаа учир тийм байх учиртай. Өлгийн хамгийн том дэлгүүр “Цамбагарав” супермаркетад оров. Ер нь аяллын чанартай гааз, скоч, жижиг савлагаатай будаа, гоймон, хиам мэтийн зүйлс гүйлгээтэй байгаа шинжтэй. Эндхийнхэн Орос, Казахстан, Хятадаас бараа бүтээгдэхүүн, хүнсний ихэнх зүйлээ оруулж ирдэг болохоор юмны үнэ хямд санж. Казахстанаас жимс оруулж ирдэг бололтой. Хотод л харагддаггүй ховор чихрүүд элбэг. Хүнсний барааны үнэ хотынхоос дунджаар 50-300 төгрөгөөр хямд. Халуун усанд том хүн орвол 1500 төгрөг. Түлш, шатахууны үнэ Ховд, Увс, Говь-Алтайнхтай ойролцоо ч олдоцтой.

Өлгийн төвд аймгийн дүү нар, ээжийн ахан дүүсийнх гээд арав гаруй айлаар орох ажлыг хоёр өдөрт л нугалав. Ээжийн ойр төрөл болох авга эгч Шагдар нь биднийг хүлээж ядаад рашаанд явах цаг нь тулсан учир Дэлүүн сум руу Шигэртэйн рашаанд явчихаж. Олон жилийн дараа нутагтаа ирж байгаа дүүд маань өгөөрэй гээд шинэхэн оёсон дээл, шар тос, ааруул цагаан идээний дээжээ бэлтгээд явсныг бэр нь ээжид хүндэтгэлтэйгээр бэлэглэв. Нутгаа хэмээн зориод олон жилийн дараа ирсэн биднийг бүгд л сэтгэлээ дэвсэн угтан бэлэг өгцгөөж “Дараа жил дахин ирцгээ” хэмээн захисан билээ. Цагаан сүүний цацлаар дөрөөгөө мялаалгаад Өлгийн “Петровис”-оос машиныхаа банкыг дүүргэж аваад нааш хөдлөв.

Хаш толгойг жолооч бүр л мэднэ. Ховд голын хаяагаарх замаар явна. Гол нэлээд үертэй гүнзгий ногоорон, хүчтэй урсана. Зарим газраа боргио үүсгэх нь үзэсгэлэнтэй. Тавалтайн хавцлаар явж байтал аав “За энэ хайрханд өнөө ховор ан амьтад бүгд бий. Аргаль, янгирын ус руу орж ирдэг зам бий дээ” гэж хэлж дуусаагүй байтал хоёр гурван зуугаад метрийн зайтай зам дээр нэг амьтан хэвтэж харагдана. Машины хурдаа сааруулаад ажлаа. Янгирын төл үнүх. Засмал зам дээгүүр уулнаас бууж ирсэн амьтны турууны мөрөөр орж ирсэн шороо харагдав. Ус уудаг зам нь энэ аж. Үнүх яахав, залхуураад хэвтээгүй нь ойлгомжтой. Гэмтсэн байж таарна гэж бодоод дэргэд нь шахуу очвол өнөөх чинь цочсон ч нэг их үргэсэнгүй. Хэд гурав яваад л эргээд харна. Машин тэрэг, эсвэл шунахай нөхөд таарчихаж магад гэж бодоод уул руу нь үргээлээ.

Ачит нуур өнгөрөөд Увсын Ховд сумын нутгаар явлаа. Энэ зам жолооч нарын урыг шаардана. Гэнэтийн саад, бартаатай олон эргэлт, нугачаатай, ер нь л болгоомж хэрэгтэй. Шивэрийн гол үертэй бол заримдаа тээврийн жолооч нар намдахыг нь хүлээдэг, тийм хүчтэй. Харин биднийг гатлах үед тунгалаг байлаа. Газрын зураг дээр тэмдэглэгдсэн Шаазгай нуур 1980-аад оны үед нэлээд өргөн талбай хамарсан нуур байж. Гэтэл одоо хэмжээ нь багасчээ. Өлгий сумаар орж машины моторын тос, хиам, талх ундаа худалдаж авав. Наранбулаг сумын дундуур гарч шинэхэн хар зам руу орлоо. Энэ зам Хяргас нуурыг дуустал үргэлжилнэ. Сайхан замаар явах сайхан. Хар тэрмисийн амралтын газрын хашаанд машин тэрэг олон байна. Хяргас нуурын хөвөөнөө амрагчид майхан, тэргээ байрлуулжээ. Бид нуур руу гүйн орж хөлөө норгов. Ус нь бүлээхэн, долгио нь түмэн. Нар жаргахын алдад сая майхнаа зоож, шуузалсан махтай гоймонтой шөл хийж идлээ. Тэргэл саран хөөрч, салхи улам ширүүслээ. Майхнаа машинаасаа татаад уячихав. Майхан шөнөжингөө л салхинаа хөвсөлзөж хонолоо. Маргааш өдөр нь нуураас хөдөлж Завхан аймгийн нутагт орж ирлээ. Сонгино сумын томоохон дэлгүүрт нь орвол талх алга. Худалдагч нь “Талх тасарсан. Хотод гурилын үнэ нэмэгдэх гээд байна” гэнэ. Зурагт, радио, сониноос хол байсан бидний хувьд сүүлийн хэд хоногт сонссон сонин мэдээ энэ байв. Түдэвтэй сумын урд, баахан л тарвага хошгирсон дошны ойролцоо буудаллав. Нумны бэхэлгээ нь тасарчихаж. Авга эгч цай чанаж, борцтой цуйван хийлээ. Түдэвтэй сум орж тасарсан сэлбэгээ сурвал аз болж байв. Ийнхүү бөөн баяр болж сэлбэгээ аваад сумын урдхан, айл бараадаад майхнаа босгоод машинаа засч эхлэв. Тэгтэл айлаас нэг хар машин наашиллаа. Ахимаг насны болон гучин хэдтэй хоёр эр ирлээ. “Манайх руу ирж байгаа юм байна” гэж бодоод баярласныг яана. Тэгтэл хол зогсоод майхан бариад эхлэхээр чинь замд яваа улс байна гэж бодлоо” гэцгээнэ. Машины дугуй тайлалцах зуураа нутгийн сонин содноо хуваалцан ойрын жилүүдэд тохиогоогүй сайхан зуншлага болж байна гэлээ. Өглөө очиж цай уугаарай гэж хэлээд тэд харьцгаав.

Тосонцэнгэлд замын ажил ид өрнөж байна. Ер нь бид гол замуудаар явсан болохоор зам ангийн бригад, замын компаниудын баазтай их таарав. Ирэх жилийн намар гэхэд баруун аймгууд бараг хар замтайгаа холбогдчих боломжтой ч эдийн засгийн байдал иймэрхүү байвал 2017 онтой золгож мэднэ. Гэвч нэг харамсалтай зүйл ажиглагдсан нь баруун чиглэлийн замд гадны тэр дундаа хятадын замын компаниуд түлхүү орж ажиллаж байгаа нь харагдав. Манайхан өөрсдийнхөө замыг бариулахдаа дотоодын компаниудынхаа өмнө давж гарахгүй өндөр шаардлага, нөхцөл тавьдаг. Түүнд нь үндэсний компаниуд бүдэр­чихнэ. Ингэхээр гадны техник, хүчин чадал сайтай компаниуд бут цохиод л ороод ирдэг.

Солонготын даваан дээр үдлэв. Гуанзны хашаан дахь сүүдрэвчинд суулаа. Томоо гэгчийн халуун савтай цай. Хүн бүр л дөрөв, таван аяга цай ууж, цуйван идэв. Том тавагтай цуйван 5000 төгрөгийн үнэтэй.

Архангайн төв Цэцэрлэгийн Нийтийн захаас хонины нэг гуяыг 17 мянган төгрөгөөр авав. Үхрийн мах 5500 төгрөгийн үнэтэй. Цэнхэрийн халуун рашаанд очоод ил гал дээр мах шарж идэхээр зэхэж байгаа маань энэ л дээ.

Цэнхэр сумын нутагт, найзынхаа хүргэн ах Баяраа­гийнд очив. Хорь гаруй хоног бороо орж өчигдрөөс л тэнгэр онгойж байна гэнэ. “Малчин”-гийн шар хөргөгчнөөс эхлүүлээд гаднаа ачааны тэрэгтэй, сааль сүүний ажил ихтэй, нутагтаа ажилтайгаараа магтагдсан залуу малчин айл л даа. Аарцаа хурааж байгаа гэнэ. Намар аарц үнэд орохоор төв оруулна даа гэцгээнэ. Монголчууд амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг. Амьдрал сайхан байна, бүх юм болж байна гэж ярьцгаадаг. Баруун аймаг тийш явах тусам амьжиргааны нөхцөл байдал жаахан доошилж байгаа нь орсон малчин айлуудаас анзаарагдана. Зуны аагим халуунаар өглөөхөн гаргасан малын махыг хөргөгчинд хийхгүй бол орой тийш юу болдог билээ. Үнэр танар оруулчихгүй гээд аргалаар утаж, өлгөдөг. Ингэж махаа нөөцөлдөг аргыг баруун аймгуудын малчин өрх бүр хэрэглэсээр л байна. Харин нааш, төв рүүгээ ойртох тусам малчдын амьдралын нөхцөл байдал илүү тохь тухтай болж, гэрээрээ дүүрэн цахилгаан хэрэгсэлтэй нь анзаарагдах. Цэнхэрийн рашаанд нэг хонож, халуун рашааны ваннд нь орчихоод Улаанбаатар руу хөдөллөө. Замаараа Эрдэнэзуугаар орж гол дуганд хурж байсан хурал номыг даган баясч амжив. Ийнхүү Монголын баахан жаргалтай баруунтаах аймаг, сумдаа тойрч 5200 орчим километр замыг хорь гаруй хоног туулсан тойрон аяллаа тоймолбол ийм буй.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

М.Баярмаа: Сайхан адуу харахаар сэтгэл сэргэдэг

Даншгийн үеэр жороо морь, үндэсний хувцас, гоо үзэсгэлэнгээрээ наадамчин олны нүд, сэтгэлийг баясгаж, олон нийтийн сүлжээнд “гол баатар” болсон М.Баярмаа бүсгүйтэй цөөн хором ярилцлаа.

-Таны бага насны дурсамжаар яриагаа эхэлье. Морь унаж байгааг тань харахад хэзээний адуучин аятай харагдаж байсан. Тэгэхээр багаасаа морь малын дэргэд өссөн бололтой, тийм үү?

-Тийм ээ, би Сэлэнгэ аймгийн Баруунхараа буюу Баянгол суманд хүүхэд насаа үдсэн. Аав, ээж маань багш хүмүүс. Гэхдээ манайх өвөг дээдсийн өвлөж үлдээсэн хурдан удмын адуутай айл болохоор бид багаасаа л адуундаа явах, гүүгээ саах гээд хөдөөгийн хүмүүсийн хийдэг бүх л ажлыг хийж өссөн. Аав маань аймгийн алдарт уяач н.Мижиддорж гэж хүн байдаг. Авга ах маань бас Монгол Улсын алдарт уяач. Тийм болохоор наадамд морьдоо сойж, дүү нар маань унадаг байлаа. Миний хувьд том биетэй хүүхэд байсан болохоор уралдааны морь цөөхөн удаа унасан. Гэхдээ байнга л морь унадаг охин байлаа.

-Морь унаад давхихаар яг ямар мэдрэмж төрдөг вэ?

-Тэр чинь л хамгийн гоё доо (инээв). Сэлэнгэ нутгийн олонхи гэр бүлийн нэгэн адил манайх газар тариалан эрхэлдэг. Тариан талбайгаа сүйтгүүлчихгүйн тулд хүний, өөрийн адуу мал орохоос хамгаалж, морьтойгоо эргүүл хийж, тойроод давхидаг байлаа.

Тэр үед өөрийн эрхгүй л “Адуучин би жаргаж явна” гэсэн дууны үг санаанд орж ирээд аялчихдаг, нэг л тийм үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрдөг. Сайхан адуу харахаар самсаа шархирна, сэтгэл сэргэнэ, ер нь “дурлачихдаг” гэж хэлж болно доо.

-Даншиг наадамд оролцоход тань юу нөлөөлсөн бэ, хэн нэгэн санал болгосон уу, эсвэл өөрөө шийдэв үү?

-“Монголын жороо морины уралдаан” төрийн бус байгууллага хориод жилийн өмнөөс наадмын сүүлийн өдөр жороо морины тойргийн уралдаан зохион байгуулдаг болсон. Миний хувьд энэ жил анх удаа оролцлоо. Моринд хорхойтой болохоороо л оролцъё гэж шийдсэн. Түүнээс хэн нэгний ятгалгаар орсон зүйл байхгүй.

-Жороо морь, дотроо бас олон янзын явдал байдаг уу. Та хэр сайн мэдэх бол?

-Тийм ээ, жороо морийг явдлаар нь уран, усан, тэлмэн гэж гурав хуваадаг. Мөн төрөлхийн болон олдмол ч гэж хуваадаг. Жороо явдал нь өвөг дээдсийн үеэс адуу унаж эдлэх соёл маллагааны үр дүнд бий болсон гэж үздэг юм билээ. Сайн жороо моринд эмээл хазаараас гадна эзэн нь гологддог гэсэн үг ч бий.

-Таны зургийг олон нийтэд анхлан дэлгэсэн хүн бол УИХ-ын гишүүн М.Зоригт. Тэр бас ирэх жилийн даншгаар жороо морины уралдаанд бүсгүй хүн түрүүлбэл 50 сая төгрөгөөр байлна гэдгээ зарласан. Үүнийг олон нийт янз бүрээр л хүлээж авч байна. Таны хувьд?

-М.Зоригт гишүүн бол сошиал ертөнцөд хамгийн нээлттэй, бас постолдог зургуудыг нь харахад монгол ахуй соёлыг хадгалж авч үлдэх, залуучуудад уламжлуулах чин сэтгэлтэй хүн шиг санагддаг. Тэр утгаараа л миний зургийг авч постолсон байх, үүгээр дамжуулаад тэрхүү агшинг минь гэрэл зурагт мөнхөлж, түмэнд түгээсэнд талархаж байгаагаа илэрхийлье.

Тавин сая төгрөгийн шагналын тухайд би хувьдаа дэмжиж байгаа. Ингэснээр ирэх жил илүү олон хүн, түүний дотор бүсгүйчүүд үндэснийхээ дээл хувцсаар гоёж, сайхан морь унаад энэ наадамд оролцох байх гэж найдаж байна. Аль болох олуулаа сайхан монгол дээл, хувцсаа өмсөөд, морио унаад явбал гоё шүү дээ. Тавин сая төгрөг гэдэг бол бага мөнгө биш. Үүнийг авахын тулд залуус маань хөдөлмөрлөнө. Морь унаж чаддаггүй хүн хүртэл морь унаж, адуу эдлэх соёлд суралцахыг үгүйсгэх аргагүй. Бас үндэсний хувцсаа өмсөнө гэдэг өв соёлоо тээх нэг хэлбэр. Тэгэхээр ийм сэдэл төрүүлж байгаагаараа М.Зоригт гишүүний энэ шийдвэр ихээхэн ач холбогдолтой гэж бодож байна.

-Та оролцох уу?

-Оролцоно гэж бодож байгаа.

-Тэгвэл нэлээд олон бас хүчтэй өрсөлдөгчидтэй болох нь ээ дээ…

-Тийм ээ, тэр тусмаа сонирхолтой шүү дээ. Энэ дашрамд залуучууддаа хандаж хэлэхэд, жилд ядаж хоёрхон удаа, цагаан сар болон наадмаар үндэснийхээ хувцсаар гоёж байя гэж уриалахыг хүсч байна.

Миний эмээ маш уран бас ажилсаг хүн байсан. Тиймдээ ч жил бүр цагаан сараар бидэнд шинэ дээл оёж өгдөг байлаа. Дөрөвдүгээр ангид сурч байсан жилээ би цагаан сарын дараа хааяа хичээлдээ дээл өмсч явдаг байсан. Тэр үеийн зураг ч байдаг.

-Та өөрөө үйлэнд хэр вэ?

-Би эмээгийнхээ дэргэд өссөн, дээл оёход нь дандаа тусалдаг байсан болохоор гадарлана аа. Эмээгийн маань хөдөлмөрч хичээнгүй чанар үр хүүхэд бидэнд нөлөөлж, ажил үйлээр хэнээс ч дутахгүй хүн болж өссөн гэж боддог.

-Адуучин охин хэзээнээс хотын хүн болов?

-1999 онд оюутан болоод хотод суурьшиж үлдсэн. Гэхдээ жил бүр нутагтаа очиж наадамладаг. Бид ерөнхийдөө хотжиж, монгол ахуйгаасаа нэлээд холдож байна. Үүнд сэтгэл эмзэглэж явдаг хүний хувьд хүүхдүүдээ аль болох хөдөө авч очиж, ахуй, соёлтойгоо танилцуулж байхыг эрмэлздэг дээ. Малын дэргэд өссөн хүүхэд морь унаж, борви бохисхийлгүй ажилладаг болохоор булчин шөрмөс нь чангардаг. Энэ нь хүүхдийн өсөлт бойжилтод эергээр нөлөөлдөг л дөө.

-Тэгэхээр “Даншгийн мисс” маань гэр бүлтэй байх нь ээ…

-Тийм ээ, би гэрлэсэн.

-Орчин үед санаатай болон санамсаргүй байдлаар олон нийтийн сүлжээнээс “од” төрдөг болчихсон. Таны хувьд даншиг наадамд оролцож жороо морь унаснаараа энэ талбараас төрсөн бас нэгэн “од” боллоо. Сэтгэгдэл бичсэн хүмүүс 100 хувь өөрийг тань дэмжиж, сайшаасан байсан. Найзын хүсэлтэд дарагдсан л байх, тийм үү?

-Тийм ээ, таних, танихгүй маш олон хүн найзын хүсэлт илгээж, зургийг маань постолж, бас шэйрлэн, урмын үг харамгүй хайрлаж байна. Хүмүүсээс маш их бахархаж, хүндэтгэсэн хандлагыг мэдэрч байгаа. Сумын наадамд бол бүсгүйчүүд морь унах нь байдаг л зүйл. Харин хот газар энэ нь ховор тохиолдол болохоор олны нүдэнд содон тусч байгаа байх л даа. Ямар ч байсан ийм олон хүний бахархлыг сэргээж, дараа жилийн наадмаар ингэж гоёх юм шүү гэсэн сэдэл төрүүлж байгаадаа би бас баяртай байгаа.

-Адуучин бүсгүйтэй уулзсаных олон нийтийн дунд маргаан үүсгэдэг нэг асуудлаар саналыг тань сонсмоор байна. Бага насны хүүхдээр морь унуулах, мөн хүйтний улиралд морь уралдуулахад шүүмжлэлтэй ханддаг хүмүүс цөөнгүй бий. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

Энэ бол хоёр талтай асуудал. Нэг талаас ярих нь өрөөсгөл болно. Би багадаа байнга морь унадаг байсан гэдгийг түрүүн хэлсэн. Миний зулай дээр гишгэж төрсөн дүү тавхан настайдаа улсын наадамд оролцоод түрүүлж байлаа. Бид долоо хоногийн турш адуугаа туугаад улсын нийслэлд ирж байсан. Эргээд бодоход маш дурсамжтай санагддаг.

Нөгөөтэйгүүр, аливаа зүйлд эрсдэл заавал байдаг, унаж бэртэх аюул байна. Өвлийн морин уралдааны тухайд өнтэй жил бол зохион байгуулахад болохгүй зүйлгүй, зудтай жил хэцүү байх болов уу даа.

М.Мөнхцэцэг

Э.Ирэхбаяр

Categories
мэдээ цаг-үе

Он гарснаас хойш 12 оронтой ашигтай арилжаа хийжээ

2015 оны эхний долоон сарын нийгэм, эдийн зас­гийн үзүүлэлтийн талаар өчигдөр Үндэсний статистикийн газраас мэдээл­лээ. Нэгдсэн бод­лого, хамтын ажилла­гааны газрын дарга Б.Бадам­цэцэг, Хүн ам, ний­гэм статис­тикийн газрын дарга Д.Оюунчимэг, Макро эдийн засгийн статис­тикийн газрын дарга Э.Эрдэнэсан нар мэдээлэл хийлээ.

Төрөлт багасав

Энэ оны эхний долоон сарын байдлаар манай улсад нийтдээ 47083 ээж амаржиж, 47358 хүүхэд эсэн мэнд төрсөн байна. Амаржсан эхийн тоо болоод амьд төрсөн хүүхдийн тоог өмнөх оныхтой харьцуулбал амаржсан эхийн тоо 196-гаар, хүүхдийн тоо 229-өөр цөөрсөн үзүүлэлттэй байгаа аж. Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд төрөлт өндөр байсан нь энэ тоотой харьцуулахад бага хэмжээний бууралттай байгаа гэнэ.

Судалгаанд бүртгэгдсэн иргэдийн 97.1 хувь нь ажилгүй иргэд байгаа аж

Манай улс гурван сая хүн амтай. Үүнээс 1.2 сая хүн ажил хөдөлмөр эрхэлж байгаа эдийн засгийн идэвхтэй хүн ам. Эдийн засгийн идэвхгүй хүн ам 740 мянга байдаг байна. Нийлбэрээр хоёр сая орчим хүн эдийн засгийн идэвхтэй болоод идэвхгүй хүн ам гэсэн судалгаанд орсон аж. Эдийн засгийн идэвхтэй 1.2 сая хүнээс 1.1 сая орчим нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Нөгөө талдаа 97.1 хувь нь ажилгүй иргэд. Энэ оны эхний долдугаар сарын байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 31 мянгад хүрсэн байна. Ажилд зуучлагдаж орсон иргэдийн тоо 13 мянгад хүрчээ.

Дотоодын нийт бүтээгдэхүүн гурван хувиар өссөн байна

ДНБ 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2015 оны эхний хагас жилд 7047.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 205.6 тэрбум төгрөг буюу гурван хувиар өсчээ. Өмнөх оны эхний хагас жилийн эдийн засгийн өсөлт 8.2 хувьтай байсан бол одоо гурван хувь байгаа нь ДНБ-ий өсөлт буурсан үзүүлэлт юм. Мөн энэ оны эхний улиралд манай эдийн засгийн өсөлт 4.3 хувь байсан бол одоо гурван хувьтай байгаа нь сааралттай буйг гэрчилнэ. Ерөнхийдөө өмнөх оны түвшин­гээс саарч байгаа гол шалтгаан нь үйлдвэрлэл талаасаа хөдөө аж ахуйн салбар, уул уурхайн салбарын гол цөөн бүтээгдэхүүний үйлд­вэрлэлттэй холбоотой аж.

Өөрөөр хэлбэл, дотоодын голлож байгаа цөөхөн үйлдвэрлэлээс хамааралтай эдийн засгийн өсөлт гарч буй юм. Эдийн засгийн өсөлтийг доош нь татаад байгаа өөр нэг шалтгаан нь үйлчилгээний салбаруудын бууралт хасах тэмдэгтэй болж эхэлсэнтэй холбоотой аж. Жишээ нь, худалдааны болон тээврийн салбар дээр бууралттай гэнэ. Үүнийг гадаад хэрэглээний нийт хэрэглэлт буурсантай холбон тайлбарлаж буй. Үүнд импорт бараг 916 болсон ч дахиад буурсан байгаа аж. Манай орон 100 хувь үйлдвэрлэгч орон биш учраас гаднаас орж ирж байгаа үйлчилгээгээр дотоодын үйлчилгээний салбар хөгждөг онцлогтой. Гаднаас орж ирж байгаа импортын хэмжээ багассан нь нөгөө талдаа экспорт багассантай холбоотой гэнэ. Үүнийг дагаад худалдааны болон тээврийн салбарын бууралт дагаж орж байна. Нөгөө талаар ДНБ-ий тооцоонд ордог татварын бууралтууд бас нөлөөлж буй.

Харин ашиглалт талаасаа гадаадын хөрөнгө оруулалт шууд нөлөөтэй байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн оны эхний хагас жилийн эдийн засгийн өсөлт найман хувиар өсч байхад гадаадын шууд хөрөнгө оруулалт эерэг, мөн онуудаас бага байсан хэдий ч 400-гаад сая ам.долларын хөрөнгө оруулалт манайд орж ирсэн. Одоо бол хасах тал руугаа орж байна. -24 рүү орсон гэнэ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт зогсонги байдалд байгаа нь манай эдийн засгийн сааралтад бас нэг гол хүчин зүйл болж буй гэнэ.

Хэрэглээний барааны үнэ өмнөх оныхоос 6.9 хувиар өсөв

Сүүлийн саруудад инфляцийн түвшин харьцангуй тогтвортой байгааг дуулгав. Өнгөрсөн сарын хувьд инфляцийн түвшин 3.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь өмнөх сараас 0.3 хувийн өсөлттэй гэсэн үг юм. Энэ өсөлтөд голчлон дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт нөлөөлжээ. Өнгөрсөн сарын хувьд ургацын ихэнх хувийг алдах сургаар зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байна. Энэ нь инфляцийг 0.3 хувиар өсөхөд голчлон нөлөөлсөн гэв. Ховд аймгийн хувьд бусад аймгуудтай харьцуулахад инфляцийн хэмжээ нь хамгийн их буюу өнгөрсөн сараас 1.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Төсвийн тэнцэл 640 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай байна

Улсын нэгдсэн төсвийн хувьд алдагдал харьцангуй өндөр байгаа аж. Энэ оны эхний долоон сарын байдлаар 7.1 триллион төгрөгийн орлого бүрдсэн бөгөөд орлогоос давсан зарлагын санхүүжүүлэлт 7.8 триллион төгрөг болсон байна. Орлогоос давсан зарлага төсвийн тэнцлийг алдагдалтай болгодог бөгөөд алдагдлын хэмжээ 640 орчим тэрбум төгрөг болсон аж. Өнгөрсөн жил алдагдлын хэмжээ харьцангуй бага буюу 160.9 тэрбум төгрөг байжээ. Алдагдлын гол шалтгаан нь орлого төдийлөн сайн нэмэгдэхгүй байгаагаас гадна зарлага гардгаараа гараад явж байгаатай холбон тайлбарлаж байв. Улсын орлогыг татварын орлого, татварын бус орлого бүрдүүлдэг байна. Татварын орлого нийт улсын төсвийн голлох үндсэн бүрдүүлэгч хэсэг бөгөөд энэ оны эхний долоон сар өмнөх онтой харьцуулахад бараг 70 гаруй тэрбум төгрөгөөр буурсан байгаа юм. Үүний үндсэн шалтгаан нь аж ахуйн нэгж байгууллагуудаас авдаг нэмэгдсэн өртгийн орлого 180 тэрбум төгрөгөөр доошилсонтой холбоотой аж. Нөгөө талаас зарлага 115-116 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэнтэй холбоотой гэнэ. Бараа үйлчилгээ, улсын шилжүүлэг, хөрөнгийн, хүүгийн гэх мэт зардлууд тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна. Үүнээс болоод төсвийн тэнцэл өндөр алдагдалтай явж байгаа юм байна.

Валютын хадгаламж өсчээ

Mөнгөний нийлүүлэлт 2015 оны долдугаар сарын эцэст 9.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 177.9 тэрбум төгрөг буюу 1.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 214.8 тэрбум төгрөг буюу 2.1 хувиар буурчээ. Зээл болон өрийн үлдэгдэл 12 триллион төгрөг, хадгаламж 7.2 триллион төгрөг байгаа аж. Хадгаламжийн хувьд төгрөгийн хадгаламж буурах хандлагатай байгаа бөгөөд валютын хадгаламжийн хэмжээ нэлээд хэмжээгээр өсөх хандлагатай байгаа гэнэ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад төгрөгийн хадгаламж долоон хувиар буурсан валютын хадгаламж 31 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт байна. Зээлийн өрийн үлдэгдлийг дотор нь салгавал хугацаа хэтэрсэн зээл болоод чанаргүй зээлийн нийлбэр дүнгээр 1.3 тэрбум төгрөгт хүрсэн байна. Нийт зээл 13 хувьтай байгаа бол энэ нь өмнөх онд 9.4 хувьтай байсантай харьцуулахад 3.5 орчим нэгжээр өндөр байгаа үзүүлэлт аж.

Төгрөгийн рубльтэй харьцах ханш чангарчээ

Төгрөгийн гадаад валютуудтай харьцаж байгаа ханш сүүлийн хэдэн сар харьцангуй тогтвортой байсан бол өнгөрсөн долдугаар сараас сулрах хандлагатай болсон байна. Рублиэс бусад валют төгрөгтэй харьцаж байгаа ханш дунджаар 1-3.9 орчим хувиар суларсан дүнтэй байгаа. Онцолж хэлбэл төгрөгийн рубльтэй харьцаж байгаа ханш чангарч байгаа бөгөөд өмнөх жилийнхтэй харьцуулбал 35 хувиар чангарсан байна.

Он гарснаас хойш 12 оронтой ашигтай арилжаа хийжээ

Манай улс он гараад эхний долоон сард 131 оронтой гадаад худалдаа эрхэлснээс 12 оронтой нь гадаад худалдааны тэнцлийн хувьд ашигтай арилжаа хийсэн байна. Эхний долоон сарын байдлаар таван тэрбум ам.долларын гадаад худалдааны эргэлт хийсэн байна. Үүнээс 2.8 тэрбум доллар нь экспортын худалдаа байгаа бол үлдсэн 2.2 тэрбум доллар нь импортын худалдаа байгаа аж.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 17.2 хувь, үүний дотор экспортын хэмжээ 4.3 хувь, импортын хэмжээ 29.3 хувиар буурчээ. Энэ оны долдугаар сард экспорт дөрвөн сая ам.доллар, импорт гурван сая ам.доллар болж, өмнөх сарынхаас экспорт 11.6 хувиар, импорт 5.5 хувиар буурсан байна. Харин гадаад худалдааны тэнцэл энэ оны долдугаар сард 72.6 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 36.5 сая ам.доллараар буурчээ.

Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 4.3 хувиар буурахад эрдэс бүтээгдэхүүний экспорт нэг сая ам.доллар, нэхмэл бүтээгдэхүүнийх хоёр сая доллараар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин үнэт чулуу, металл, алтных 48.1 сая ам.доллар, үндсэн төмөрлөг бүтээгдэхүүнийх 34.3 сая ам.доллар, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн экспорт 15.2 сая ам.доллараар өссөн байна. Импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 29.3 хувиар буурахад эрдэс бүтээгдэхүүний импорт хоёр сая доллар, авто, агаар, усан замын тээврийн эд ангийнх нэг сая доллар, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл тэдгээрийн эд ангийнх нэг сая доллар, үндсэн төмөрлөг бүтээгдэхүүнийх есөн сая доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.

С.Ариунжаргал

М.Мишээл

Categories
мэдээ цаг-үе

“GUYS” хамтлагийн дуучин А.Төгсбаяр: Бид тоглолтоороо амьдрал үргэлж сайхан, гэгээлэг, олон өнгөтэй гэдгийг харуулна

“GUYS”
хамтлагийн “Хайрын бүжиг”, “Хөөрхөн охин”, “Амьдрал
үргэлж сайхнаараа” “Нулимс”, “Навч”, “Цас”,
“Чамдаа зориулъя” гээд бүхий л дуу нь хүүхэд залуусын дунд өнөөдөр ч
хит хэвээрээ байгаа. Тэгвэл тус хамтлагийнхан удахгүй тоглолтоо хийх гэж байна.
Энэ талаар “GUYS” хамтлагийн дуучин А.Төгсбаяртай ярилцлаа.

-Танай хамтлаг
фэнүүддээ зориулж томоохон шоу тоглолт хийх гэж байгаа юм байна. Тоглолт хэзээ
вэ?

-Манай хамтлаг
энэ сарын 28-нд “CROCUS event hall”-д тоглолтоо хийхээр ерөнхийдөө бэлтгэл
ажлаа хангаад дуусч байна.

-Хэдэн цагт
вэ?

-20.00 цагт
тоглолт эхэлнэ.

-Энэ тоглолт
танай хамтлагийн хэд дэх бие даасан тоглолт болж байна вэ?

-“GUYS”
хамтлагийн бие даасан зургаа дахь тоглолт болж байна.

-Энэ удаагийн
тоглолтын онцлог юу байх вэ?

-Зохион
байгуулалтын хувьд үнэхээр гайхамшигтай байх болно гэж амлая. Тоглолтын тайз
засалт, хөгжмийн дуугаралт гээд олон шинэлэг зүйлийг зохион байгуулагчид маань
сэдсэн байгаа.

-Тоглолтын нэр
юу билээ?

-“Амьдрал үргэлж
сайхнаараа” гээд дууныхаа нэрээр нэрлэсэн.

-Тэгэхээр
сайхан бүхнийг мэдрүүлэх нь ээ?

-Тэгэлгүй яахав.
Та бүхэн мэдэж байгаа, өнөөдөр хэвлэл мэдээллээр, олон нийтийн сүлжээгээр
дандаа л нийгмийн хар бараан, болж бүтэхгүй асуудалтай бүхнийг цацдаг. Хүмүүст
түгээдэг. Тиймээс бид нэг удаа ч гэсэн тоглолтоороо дамжуулж хүмүүст, залууст
баяр баясал, сэтгэл хөдлөл, амьдралын гэрэл гэгээтэй зүйлийг мэдрүүлэхийг зорьж
байна. Товчхондоо бол дуу хөгжим өнгөлөг гоё амьдралыг татдаг гэсэн утгатай л
даа.

– “Хайрын
бүжиг”, “Навч”, “Цас” гээд танай хамтлагийн сайхан
дуунууд бий. Эдгээр хуучны уран бүтээлээсээ дуулна биз дээ?

-Мэдээж тэгэлгүй
яахав. “GUYS” хамтлаг анх гарч ирснээс хойш өдийг хүртэл гаргасан уран бүтээл
бүрийг маань үзэгчид тоглолт бүр дээр дуулуулахыг хүсдэг. Тиймээс бид энэ удаа
28 дуу дуулах бодолтой байна.

-Шинэ уран
бүтээл бий юу?

-Байгаа.
Тоглолтод нэлээд хэдэн шинэ уран бүтээл дуулагдана. Одоохондоо нууцалъя.
Үзэгчид тоглолтыг маань үзээд “GUYS”
хамтлаг ямар шинэ уран бүтээл хийсэн болохыг мэдэх болно. Тиймээс залуусыг
өнгөлөг, гэгээлэг бүхнийг мэдрүүлэх тоглолтдоо ирээрэй гэж урья.

-Тасалбарын
үнэ хэд бол?

-35 мянган
төгрөг.

-Тоглолтын
дараа гадаадад аялан тоглолт хийнэ гэж сонссон?

-Тоглолтоо
хийчихээд европын орнуудаар аялан тоглолт хийхээр төлөвлөж байна. Европын
орнуудад ажиллаж амьдарч буй монголчууддаа зориулж манай хамтлагийнхан уран
бүтээлээ хүргэх зорилготой ажиллаж байна. Түүнчлэн Японд тоглоно. Он гаргаад
Америк, Австралиар мөн аялан тоглоно.
2008 онд “Сайн уу амьдрал минь” кинонд ажилласнаас хойш дахиж уран
бүтээл хийгээгүй. Манай хамтлагийн төлөвлөгөөгөөр 2015 оныг аялан тоглолтын жил
болгоно. 2016 онд киноны уран бүтээлд орно. Харин 2017 онд “Guys” хамтлагийн 20
жилийн ой болно. 20 жилийн ойгоо угтаад цаг наргүй шахуу хөтөлбөрөөр ажиллаж
байгаа.

-Танай
хамтлагийн “Зун орсон цас” тоглолтыг тухайн үедээ хамгийн үнэтэй
тоглолт гэж шуугиж байсан.

-2005 онд
тоглосон тоглолт. Театрын номонд “Монголын анхны рок попын мюзикл”
гэж бичигдсэнд баярладаг. Энэ бол манай хамтлагийн хувьд нэр төрийн хэрэг. Бүх
дуунуудаа оруулах, хөгжмийн найруулгыг нь шинэчлэх, жүжиглэлт, тайз засалт гээд
их л хөдөлмөр зарсан тоглолт л доо. Яг “Валентины баяр”-ын өдөр 1000
ам.доллараар тоглосон. Нийтдээ 16 хос ирж үзсэн. Харин маргааш нь 100
ам.доллараар тоглосон. Тэрний дараа нэлээд их шүүмж ирж байлаа. Тухайн үед ямар
ч тоглолтын тасалбар 5000-8000 төгрөг л байсан.Ингээд шүүмжлүүлснийхээ дараа 10
мянган төгрөгөөр бүтэн сарын турш тоглосон. “Зун орсон цас” шиг бүтэн
сарын турш танхим дүүрэн үзэгчидтэй тоглосон тоглолт ховор шүү.

-“Guys”
–ынхан оюутан байх хугацаандаа хоёр ч тоглолт хийсэн байх аа?

-Оюутан байхдаа
манай хамтлаг хоёр тоглолт хийж амжсан. Бид 2001 онд СУИС-ийг Жигжидсүрэн,
Уртнасан, Ганхуяг гэсэн гурван багшийн удирдлаган дор төгссөн. Манай анги нэг
кино, хоёр жүжигтэй төгсч байлаа. “Бидний найзын дурлал” гэж кино
найруулаад, тэрнийхээ “Хайрын бүжиг” гэж дууг зохиож байсан. Кино
маань театрт гарч, “Гамлет”, “Цаг өөр болжээ” гэж хоёр
жүжиг тавьж байлаа.

-Ер нь
“Guys”-ынхан хэрхэн нэгдэж хамтлаг байгуулж байв. Дурсамжаасаа
хуваалцахгүй юу?

-Манай хамтлаг
анх “Зүгээр л”, “Сонсч бай” зэрэг дуугаа гаргаж байлаа. Би
анх СУИС-д орохоосоо өмнө “Нэг хороолол”, “Хэт даврагсад”
зэрэг хамтлагт дуулж байсан. Тэгээд СУИС-д оюутан болсны дараа манай ангийн
Лхагваа надтай их төстэй юм сонсоод байгаа харагдлаа. “East 17”,
“2Рас”, “TLC” гэх мэт тухайн цаг үеийн арай хэмнэлтэй
дуунуудыг сонсоод байна. Тэгэхээр нь Лхагваагаас “Би нэг ийм хамтлагтай
байсан. Тэгээд энэ дуунаасаа холдож чадахгүй байна. Чи надтай хамтлаг байгуулах
уу” гээд л асуучихлаа. Тэгсэн зөвшөөрч байна шүү. Ингэж л хамтлаг бүрдсэн.
Дараа дараагийн гишүүд ч хурдан нэгдсэн.

-Тэгэхээр
танай хамтлагийн анхны сонсогчид бол ангийнхан байж таарна биз?

-Яг л ангийнхан.
Бид хэд муу гитартайгаа ч дуулна, арай гэж хийлгэсэн фонограммтайгаа ч дуулна.
“Элькондор” хамтлагийн Амараа ах, Болорхүү ахаар бичлэгээ хийлгэнэ.
Тэд биднийг оюутан юм чинь гээд харж үзээд 10 мянган төгрөгөөр хийж өгнө. “Залуу нас”, “Дурсамж” дуугаа
гаргасны дараа ангийнхандаа сонсгосон чинь сайхан хүлээж авсан. Удалгүй
“Дурсамж” дуу маань FM радиогийн хитэд гурван долоо хоног тэргүүлээд
систем хөгжмөөр шагнуулж байлаа шүү дээ.

-Сүүлийн үеийн
шинэ уран бүтээлийнхээ талаар…?

-Бодсон ажил
байна. Цаг хугацааг зарлах болоогүй. Одоогоор өнгөрсөн хугацаанд гаргасан уран
бүтээлээ хүмүүст хүргэх нь чухал байна. Гэхдээ мэдээж шинэ уран бүтээл гаргана.
Илүү их цар хүрээг хамарсан буюу 18-45 насны бүх хүмүүст таалагдах уран бүтээл
хийнэ.

Д.Даваасүрэн

М.Мишээл

Categories
мэдээ цаг-үе

Ч.Алтанцэцэг: Соёлын өвийг бүртгүүлээд л жаазанд хийгээд орхиж болохгүй

СУИС-ийн дэд захирал, доктор Ч.Алтанцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр хувцас судлаач хүн. Ажлын өрөөнд нь зузаан гэгчийн боть ном олж харлаа. Энэ бол түүний “Хүн хувцас орчин системийн хүрээнд дулаан хувцас зохион бүтээх онолын үндэс ба технологи” сэдэвтэй докторын ажил нь юм байна. “Доктор болохын тулд ийм их тоо боддог юм байжээ” хэмээн сонирхоход маань Ч.Алтанцэцэг хувцас судлаачийн ажлын тухай сонирхуулав. Функцлаг хувцас гэж ярьдаг даа. Олон үүрэг зэрэг гүйцэтгэдэг, материал нь амьсгалдаг. Даарч, халууцахад биеийн температурыг нэг түвшинд байлгаж чаддаг түвшинд хүрсэн, мембран бүтэцтэй, сансрын технологид хэрэглэдэг төлөв өөрчилдөг материал НАСА гаргаж авсан юм. Сансарт, цэрэгт хэрэглэж байсан технологиуд ахуйн хэрэглээнд их нэвтэрч байна. Гэхдээ хямд биш. Цэрэгт хэрэглэж байсан технологиудаа спортын хувцсанд хэрэглэж эхэлсэн. Дэлхий даяарчлагдаж байна. Бид бүх хувцсыг үйлдвэрлэхгүй байж болно. Хувцас үйлдвэрлэлийн бүтэн сүлжээ ажиллаж байгаа үед монголчууд бүгдийг оёх гээд чичрэх шаардлагагүй. Урд хөрш материал үйлдвэрлэгч, хойд хөрш том зах зээл байна. Монголчууд ядаж ажлынхаа хувцсыг яг ийм материалтай, стандарттай ийм өнгө будагтай байх ёстой гэсэн шаардлага тавихад тэр хувцсыг хаана л бол хаана хийгээд нийлүүлэх боломжтой болсон. Тэр шаардлагыг л миний энэ ажил гаргаж байгаа ухаантай хэмээн доктор тайлбарласан.

-Цагдаа нарын хувцсыг сонгохдоо хувцас суд­лаач­дын саналыг авсан уу?

-Цагдаа хувцсандаа их анхаардаг. Ээлж дараатай шинэчилсэн. Хувцас хэ­рэглэлийн нэр төрөл хан­галт сайн. Түүндээ их хариуцлагатай ханддаг. Ядаж гутал гэхэд тийм гутал байна гээд шаардлагыг нь гаргаж өгдөг. Нийлүүлсэн гутлыг гэхэд л зүсч шинжлүүлнэ. Хэдэн удаагийн алхалт даах вэ, ус чийг яаж нэвтрүүлэх талаар ч судалдаг. Хятадад захиалаад авчирсан гутал гэхэд л хоёр технологи алгассан тохиолдол ч гарсан. Гаднаас нь хараад энэ бүхнийг тодорхойлох аргагүй л дээ. Цагдаа нар өөрсдөө мэдээж судалгаа хийгээгүй. ШУТИС-ийн Хувцас судлалын төвд материалыг нь шинжлээд гадаад дотоодын хувцас ямар байдаг юм гээд судалсан.

-Сурагчийн дүрэмт хувц­сыг судалж шинжилсэн юм байдаг уу?

-Байгаа шүү дээ. Хувцас судлалын төвийнхөн материалынх нь шинжилгээг хийсэн. Оёдлын үйлдвэрийн холбоо, “Шилмэл загвар”-ынхныг оролцуулсан баахан комисс ажиллаж байгаад загварыг нь гаргасан. Загвар дээр нь Хувцас судлалын төв юу хийсэн гэхээр хэдэн настай хүүхдэд ямар хэмжээтэй хувцас хийх вэ гэдгийг зөвлөсөн. Хүүхдэдээ хавар дүрэмт хувцас худалдаад авчихвал намар таарахаа байчихна шүү дээ. Тийм учраас жаахан тавилт хийж өгдөг, биед эвтэй байх талаас нь дээр нь материал нь ямар байх ёстой хэдэн хувийн ноос, хөвөнтэй байх талаар зөвлөнө. Эцэг эхчүүд худалдаж авч дийлэхээр, эрүүл байх хувцасны стандарт гаргаж өгсөн. Стандарт гаргана гэдэг нэг асуудал. Стандартаа мөрдүүлнэ гэдэг өөр хэрэг.

-Монголчууд уламжлалт хувцасны соёлтой ард түмэн гэдэг?

-Монголчууд өөрийнхөө нөхцөлд тохирсон хувцсыг ухаалгаар хийж байсан.

Ер нь монгол дээл дөрвөл­жин захтай, мөөрөлжин энгэртэй байна уу, лам захтай байна уу гэдэг хамаагүй. Зах гэдэг зүгээр л элемент. Харагдах үзэмжийн асуудал. Гэтэл дээл гэдэг хувцасны нууц нь хийцэндээ л байгаа юм. Өөрөөр хэлбэл урт, дав­хар энгэртэй, сул чөлөөтэй, бүсэлчихдэг хувцас. Сулын хэмжээ гэж байдаг. Дээл бие хоёрын хоорондох сулын хэмжээ нь оновчтой байдаг. Монгол дээл өвөл хавар намар зунгүй адилхан хэлбэртэй юм өмсч харагддаг ч хувцасны сонгодог хэлбэрийг л олоод авсан хэрэг. Гайхамшигтай хувцас, монгол дээл гэдэг. Монгол хувцасны талаар бичигдсэн бүх материалыг уншиж үзсэн. Миний хувьд хувцасны бүтцийн инженерчлэлийн чиглэлээр ажилладаг учраас хүний биед яавал эвтэйхэн гэдэг талаас нь илүү хардаг. Материалын төрөл хийц нь ижил мөртлөө сонгодог хийцийг монголчууд бий болгосон.

-Соёлын үйлдвэрлэлд хувцас загвар том байр суурьтай байх?

-Соёлын бүтээлч үйлд­вэрлэл хөгжөөд олон жил болоогүй ч эрчтэй хөгжиж байгаа салбар. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг улс орон болгонд янз бүрийн чиг хандлагаар хөгжүүлж байна. Хамгийн хүчтэй хөгжиж байгаа газар АНУ, Англи. Англичууд саяхан бүтээлч үйлдвэрлэлийнхээ салбарыг авч үзээд ерөнхийдөө 12 ангилсан байна лээ. Түүний нэг нь хувцас загвартай холбоотой сэдэв. Fashion гэд­гийг манайхан хувцас загвар гэж ойлгоод байдаг. Fashion бүх юманд бий. Жишээлбэл буйдангийн бүтээлэг ч fashion байдаг. Загварын бизнес гэж ойлгох ёстой шиг байгаа юм. Загварлаг гэж манайхан хэлдэг дээ. Дээр дурдсан 12 ангиллаас эрчтэй хүчтэй яваа нь кино урлаг. Тэд “Харри Поттер”-оор гэхэд л маш их мөнгө олж байна шүү дээ. Соёлын үйлдвэрлэлийнх нь ДНБ-д эзлэх хувь 3-4 хувь гээд байгаа. Дэлхийн аялал жуулчлалд соёлын аялал жуулчлал 41 хувьтай байна гэсэн судалгаа байна лээ. Гэхдээ соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдгийнхээ учрыг нь ололгүй шууд дайрч орох оновчгүй шиг байгаа юм. Зарим орон бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлээд аялал жуулчлал дэндүү хөгжөөд ирэхээр уламжлалт соёлоо устгаж байна гэсэн хандлага бий. Аялал жуулчлал их хөгжихөд байгаль орчин сүйтгээд байна гэх ч юм уу эсвэл чамин гар хийцний урлалаа дэндүү масст зориулж үйлдвэрлээд уламжлалаа алдаж байна гэх мэт шүүмжлэл явдаг. Хоцорч хөгжихийн давуу тал бидэнд бий. Саяхан болсон Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чуулганы үеэр Монгол аль чиг хандлагаар яаж хөгжих вэ гэж ярилцаад Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөтөлбөр хийхээр болсон. ЮНЕСКО-д бүртгэгдсэн баахан соёлын өв байна. Бүртгүүлээд жаазанд хийгээд орхиж болохгүй. Хамгийн түрүүнд судлах хэрэгтэй шүү дээ. Дүрслэх ур­лаг дизайны хэлэлцүүлгийн үеэр Монголыг илэрхийлэх дизайныг бий болгох тухай ярьсан. Тэгэхийн тулд судлах ёстой гэж үзсэн. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил чухал. Тухайн соёлын өвөө сайтар судлаад, яг ийм байсан юм гээд ориг эхийг нь авч үлдэх амин чухал. Дараа нь түүнийгээ хөгжүүлээд хувьс­гаад өөрчлөөд явж болно. Соёлтой холбоогүй салбар гэж үгүй. Соёлын статистик гэдэг чухал. “Монголын соёлын статистикийн хүрээг тогтоох нь” гээд ЮНЕСКО-гийн судалгаа хийсэн. Тоо баримтаар яг өнөөдөр ямар байна гэдгийг тогтоох хэрэгтэй юм билээ. Соёлын бүтээлч үйлдвэрлэлээ зургаа ангилаад явж байна. Түүн дотор загварын бизнес, аудио видео урлагийн тоглолт, соёлын өвийн асуудал, аялал жуулчлал, спортын хэсэг хүртэл дагалдах салбарт орж яваа. Монголын бүтээлч үйлд­вэрлэл хөгжүүлэх гарааны үед бид ямар түвшинд байна вэ гэдгээ дүгнэх учиртай.

-Монголчууд юу үйлд­вэрлэх вэ гэхээр заримдаа мухарддаг?

-Монголд юу үйлдвэрлэх вэ гэдгээ тодорхойлохын тулд түүхий эд хаана байгааг бодох ёстой. Гадаадаас түүхий эд оруулж ирээд бусдын тэртэй тэргүй хийгээд байгаа юмыг дуурайгаад нэмэргүй. Монголд байгаа түүхий эд ноос ноолуур, арьс шир л байгаа биз дээ. Монгол гэдэг брэндийг бий болгоё гэж байгаа юм. Бид алхам тутамдаа мон­гол брэндийн хомсдолд орж байдаг. Гадаад явлаа, нэг газар руугаа хоёр гурав явбал хэцүүднэ. Нэг бэлэг дурсгалаа дахин дахин өгөөд байлтай биш. Юмыг цогцоор нь хөгжүүлэх чухал.

-СУИС-ийнхан торгон алчуур гэх мэт бэлэг дурс­галын хөөрхөн юмнууд хийсэн байсан?

-Манайх торгон дээр зураг зурдаг төхөөрөмж оруулж ирсэн. Цөөхөн тоогоор хэв­лэдэг, гар ажиллагаатай, торгон дээр барлаж хийдэг жинхэнэ урлагийн бүтээл. СУИС дотроо бүтээлч үйлд­вэрлэл хөгжүүлье гэж бодоод гарааны компани байгуулах бэлт­гэл ажлаа хийгээд юу хийж болох вэ гээд судалж байна. Бүх юм цоо шинэ болохоор хамгийн анхны эх загварыг СУИС хийх болоод байгаа. Худлаа юм хийж болохгүй. Бүтээлч үйлдвэрлэлийг хөг­жүүлэхэд оюуны өмчийн асуудал маш чухал. Судалгаа хийж дуусаад үйлдвэрлэл эхэлнэ гэж байхгүй зэрэгцээд хийж байх ёстой. Соёлын өвүүдээ судлах, оюуны өмчийн асуудлаа шийдэх ёстой.

-Соёлын аялал жуулчлал хөгжүүлэхэд хангалттай брэнд бүтээгдэхүүн гаргаж болно доо?

-Жишээлбэл Соёлын яам байхдаа нутаг болгон өөрийн брэндтэй байя гэсэн санаачилга гаргасан. Брэнд бүтээгдэхүүнтэй байхын тулд худлаа юм ярьж болохгүй. Судалсан байх ёстой. Соёл урлаг судлалын хүрээлэн гэж байдаг. 40 жил болж байгаа хүрээлэн. Тодорхой хэмжээгээр нэлээд юм хий­сэн 12 хүнтэй хүрээлэн байсан. Сая хүрээлэнгүүдийг нэгтгэх явцдаа СУИС-ийн бүрэлдэхүүнд өгчихсөн. СУИС тэр хүмүүсийг цалин­жуулж авч явах хэрэгтэй болж байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, улсдаа мөнгө олж өгнө гэж мундаг юм яриад байдаг. Суурь үндэс нь судалгаа гээд байгаа. Урьд нь төсөл санал болгоод яам түүнийг нь санхүүжүүлж ирсэн. Бид хоёр төсөл өгсөн. Гэтэл мөнгө төгрөггүй гээд зогссон. Монголчууд хаашаа яваад байна. Солонгосыг дуурайгаад байна уу. Монголын гэр бүлийн орчин дахь соёл юу болсон бэ, үндэсний уламжлалаа хаанаа яаж авч явах юм бэ гээд сэдэв өгсөн. Судалгааны санхүүжилт батлагдаад гарч ирэхдээ 100 гаруй сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байхад зүгээр л 10 сая төгрөг өгсөн. Гурван жилийн хугацаатай, 30 сая төгрөгөөр гэр бүлийн орчин дахь соёлын судалгааг хийх ёстой болж байна. Хийх хэцүү, хийхгүй байх хэцүү болсон. Судалгаа хийж байж соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжинө гэж яриад байдаг. Сан­хүүжилт нь хаана байна вэ. Гадаадын их сургуулиудын санхүүжилтийн 60-70 хувь нь төсөлт ажлаас орж ирдэг юм билээ. Улсын захиалгаар хийж байгаа эрдэм шинжилгээний ажлаас сургууль санхүүжээд явдаг жишиг байна. Багш, оюутнууд нь судалгаа хийдэг, сургалтаа ч хийнэ, эрдэм шинжилгээ, шинэ бүтээлээ ч хийнэ. Улс санхүүжүүлнэ. Манайд тэр систем нь байхгүй.

Нэг үеэ бодвол их сургуульд олон нөөц бололцоог гаргаж өгч байна л даа. Тэгж болох­гүй ингэж болохгүй гэх биш та нар гарааны компани бай­гуулж болно гэдэг. Га­рааны компани байгуулбал тодорхой хэмжээгээр мөнгө олно. Тэр мөнгөөр нь Соёл урлаг судлалын хүрээлэнг магадгүй авч явах байх. Соёлын үйлдвэрлэлийн хувьд жижиг цех жижиг үйлдвэр бий болгохоор нэлээд эр­чимтэй судалсан, тооцоо хийсэн. Бүхэл бүтэн систем бүрдүүлэхгүй бол болохгүй. Хэд хэдэн чиглэл барих, уран дархан, урлагийн график, урлагийн бүтээгдэхүүн, янз бүрийн нэвтрүүлгийн контент ч гэдэг юм уу, тоглолтуудын зохион байгуулалт, менеж­мент хийж мөнгө олж бо­лох юм гэж харж байгаа. Соёлын үйлчилгээ, соёлын бүтээгдэхүүний чиглэл гээд хоёр гарааны компани бий болгохоор төлөвлөж байна.

-Соёлын мэргэжилтнээ яаж бэлтгэж байгаа вэ?

-Соёл судлал аялал жуулч­лал музейн анги манайд бий. Үнэндээ амин чухал мэргэжил. Аймаг болгон брэнд бүтээгдэхүүнтэй бол­но гэхэд л музейд байгаа үзмэрээ соёл судлаач хүн л тэддүгээр зууны ийм үзмэр гэдгийг тодорхойлно шүү дээ. Энэ ийм домог дээр үндэслэсэн, ийм бэлгэдэлтэй гээд гаргаж ирэх ёстой. Ийм мэргэжилтэн хэрэгтэй гэхэд л энэ мэргэжлийн хүмүүс бэлтгэгдээгүй байгаа юм. Сургаж байх явцдаа хээрийн судалгааны экспедицээр явж бай­даг, орон нутгийн музейтэй хамтарч ажиллаж, угсаатан судлалыг зайлшгүй авч явах учиртай. Үүнтэй уялдуулаад сургалтын технологийг нэлээд өөрчлөх шаардлагатай болж байгаа юм. Бид шинэ хөтөлбөр бий болгохоор маш их ажил хийсэн.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

“Люмино” хамтлагийн ахлагч Д.Тэмүүжин буюу MCBeatz: “Монголын 100 шилдэг дуу”-нд хип хоп ганцхан дуу орсон нь манай хамтлагийн “Намайг дагаад цэнгэ”

Нэгэн үе “Намайг дагаад цэнгэ”, “Хүнийх”, “Сэмбий” зэрэг олон дуугаараа залуусыг байлдан дагуулж байсан “Люмино” хамтлаг энэ сарын 21-нд “Хэмнэл нэрэгч” бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Ингээд тус хамтлагийн ахлагч Д.Тэмүүжин буюу MCBeatzтэй ярилцсанаа хүргэе.

-Танай хамтлагийн тоглолт энэ сарын 21-нд “Crocus Event Hall”-д болох гэж байна. Тоглолтынхоо талаар манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ удаагийн тоглолт “Люмино”- хамтлагийн хувьд их онцлогтой. Учир нь бид есөн жилийн дараа тоглолтоо хийх гэж байна. Бид 2006 онд “Lumino-Yahuu” нэртэй тоглолтоо “UB Palace”-д хийж байсан. Түүнээс хойш манай хамтлаг бие даасан томоохон тоглолт хийгээгүй. Харин жижиг хэмжээний хип хоп шоу маягийн тоглолтууд нэлээн хийсэн юм байна. Тэгвэл энэ удаа концерт гэдэг утгаараа тоглолт маань зохион байгуулагдаж байгаа бөгөөд тоглолтын найруулгыг “On’n Off” продакшн хариуцан ажиллаж байгаа. Тоглолт зохиомжийн дагуу тавигдана гэсэн үг.

-Тоглолтын нэрний тухайд…

-Манай хамтлагийнхан ярилцаад арай өвөрмөц тэгсэн хэрнээ сонсголтой содон нэр өгье гэж нэлээд ярилцсаны эцэст “Хэмнэл нэрэгч” гэсэн нэр өгөхөөр шийдсэн. Манай шинэ цомгийн нэр л дээ. Шинэ брэнд үг. Цагаан идээг боловсруулж нэрдэг шиг бид аялгуу, хөгжмийг дахин нэрж илүү чанартай, өөр зүйл болгож хүмүүст хүргэж байгаа гэдэг утгаар ийм нэр сонгосон.

-Хэд хэдэн удаа танай хамтлаг тоглолт хийнэ гэж байгаад сураг тасарсан санагдаж байна. Энэ удаа тийм зүйл болохгүй биз дээ?

-Тийм ээ. Хүмүүс санаж байгаа бол манай хамтлаг тоглолт хийх гэж байгаад хэд хэдэн удаа больсон. Бүр тоглолт хийх талаар реклам цацчихсан тохиолдол ч байсан. Тухайн нөхцөл байдлаасаа шалтгаалаад тоглолт цуцлагдах тохиолдол бий. 2008 онд гэхэд л хамтлаг байгуулагдсаны 10 жилийн ойн тоглолт хийхээр нэлээд хэдэн телевиз, ФМ, радиогоор реклам, мэдээлэл цацагдчихсан байсан. Тэгсэн гэнэт гахайн ханиад гараад нийслэлд карантилчихсан. Хоёр ч удаа шүү дээ. Ингээд тухайн үедээ яалт ч үгүй улс орон даяар үүссэн асуудлаас болоод тоглолтоо хийж чадаагүй. Хоёр жилийн өмнө мөн л 15 жилийн ойгоо тэмдэглэж тоглолтоо хийх гэсэн чинь хамтран ажиллахаар ярилцсан хоёр, гурван байгууллагууд тодорхойгүй шалтгааны улмаас тоглолтын маань товыг хойшлуулсаар байгаад больсон. Харин энэ удаа бид тийм асуудал гарахгүй гэдгийг итгэлтэй хэлмээр байна. Яагаад гэвэл энэ тоглолтыг үзэгчдээс илүү бид өөрсдөө ч их хүсэн хүлээж байна.Тэгээд ч тоглолтыг сүүлийн үед томоохон шоу тоглолтыг чадварлаг зохион байгуулдаг мэргэжлийн “On’n Off” продакшн зохион байгуулж байгаа учраас бид ч сэтгэл хангалуун байгаа.

-Есөн жил гэдэг багагүй хугацаа. Энэ хугацаанд танай хамтлагийнхан юу хийв?

-Манай хамтлаг уран бүтээлийн хувьд зогсолт хийгээгүй. Шинэ уран бүтээлүүд мэр сэр хийж л байсан. Яахав хэсэг хугацаанд бид гэр бүл зохиож, нийгэмд байр сууриа олохын тулд уран бүтээлдээ цаг зав бага гаргасан байж магадгүй. Гэхдээ бүр дуугаа дуулахгүй хөндийрсөн юм бол байхгүй.

-Хамтлаг анх байгуулагдаж байсан дурсамжаасаа яриач…?

-Яг энэ асуултыг энд нууц үлдээе.

-Яагаад?

-Яагаад гэвэл “Люмино” хамтлаг хэрхэн байгуулагдаж байсан тухай бяцхан хорин минутын баримтат киног “TJ Entertaiment” студид хийгээд дөнгөж сая дууслаа. Өнөө орой (өчигдөр) юм уу маргаашнаас (өнөөдөр) олон нийтэд цацагдана. Тиймээс фэнүүдээ манай хамтлагийн баримтат киног заавал үзээрэй гэж хэлмээр байна. Бид энд ярьснаас илүү сонирхолтой байх болов уу.

-Хамтлаг анх таван гишүүнтэй байгуулагдаж байсан. Сүүлд хоёр нь хасагдаад гурван гишүүнтэй болсон. Ямар учраас хамтлагийн бүтцэд өөрчлөлт орсон юм бэ?

-Манай хамтлаг 1998 онд анх байгуулагдахдаа таван хүний бүрэлдэхүүнтэй байсан. 2000 оны сүүлээс хамтлаг гурван гишүүнтэйгээр уран бүтээлээ хийх болсон. Ямарваа нэгэн нөхөрлөл, үйл ажиллагаа явцын дунд шигшигдээд л үлддэг. Бүх л салбар дээр ийм байдал харагддаг. Анх тавуулаа нийлж хамтлаг байгуулсан боловч Чинзо маань Англи явж, Хөлөгөө маань тусдаа уран бүтээл хийнэ гээд гарсан. Тэгээд л Д.Анхбаатар буюу Skitzo, Б.Батхишиг буюу Baji бид гурав хамтлагтаа үнэнчээр үлдсэн дээ. Өнгөрсөн хугацаанд бид гурав өөрсдийнхөө хэмжээнд нэлээд уран бүтээл хийсэн гэж бодож байгаа. Давтагдсан тоогоор 150 гаруй бие даасан болон шоу хэлбэрээр тоглолт олон улсад болон орон нутагт хийсэн,”Танихгүй охины захидал” уран сайхны кино, долоон диск, 40 орчим видео клипийг хийж үзэгч сонсогч түмнийхээ хүртээл болгосон байна.

-Мөн гадаадад амьдарч, ажиллаж буй монголчууддаа зориулж нэлээн тоглолт хийсэн санагдаж байна?

-2005 оны дөрөвдүгээр сард Бээжин хотод анх тоглолт хийж байсан. Түүнээс хойш Вашингтон, Чикаго, Денвер, Юта, Санфранциско, Лос Анжелес зэрэг хотуудад очиж тэнд ажиллаж амьдарч байгаа монголчууддаа зориулан тоглолт хийж байсан. Мөн 2006 онд Солонгосын Сөүл хотод “Монгол туургатан-2006” урлагийн наадамд оролцсон, мөн онд Европын улсуудаар явж тайлан тоглолтоо хийсэн. Швейцарь улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын урилгаар Женев хотод ажиллаж амьдарч байгаа монголчууддаа манай хамтлаг хоёр өдөр тоглолт хийгээд үргэлжлүүлэн Лондон, Ирландын Дүблин хотод тус тус тоглолтоо хийж байсан юм байна. ОХУ-ын Улаан-Үд хотноо Оросын болон Буриад, Хөх хотод “Надтай цуг баяс” бүрэн хэмжээний тайлан тоглолт хүртэл хийж байлаа.

-Уран бүтээлээ хийж эхэлснээс хойш нийт хэдэн цомог гаргасан бэ?

-Бие даасан зургаан цомог гаргасан. 2001 он “Энд гарч ирэв” гээд анхны цомгоо гаргаж байсан. Мөн “Ирээд буцсан хайр минь”, “Гэрэлт хорвоод”, “Ламбугайн нулимс”, “Хуучин сургууль”, хамгийн сүүлд 2006 онд “Lumino & yah-uu” цомгоо гаргасан. Түүнээс хойш хамтлагийн гишүүд тус тусдаа хэд хэдэн уран бүтээл хийсэн. Миний хувьд хоёр цомог, нэг ном бичсэн байна. Анхаа маань дан хөгжмийн цомог гаргасан байгаа “Nomads” гээд. Бажи болохоор олон клип гаргасан гээд ер нь бид уран бүтээлийн хувьд завсарлаагүй. “Сэмбий” дуу аль 2009 онд хийгдсэн хэрнээ 2013 онд олны хүртээл болсон байх жишээтэй.

-“Намайг дагаад цэнгэ” дууг мэдэхгүй хүн ховор. Нэг хэсэг залуусын амнаас гардаггүй дуу байлаа. Сүүлд гарсан “Сэмбий” бас л нэг хэсэг хит болсон шүү?

-Бид диско клубт дуулдаг байх үед төрсөн дуу бол “Намайг дагаад цэнгэ”. Бараг бааранд байхад санаа төрсөн гэхэд болно. Клубын хоёр давхарт гараад харахад хүмүүс үсэрч бүжиглэж байгааг хараад л шууд “хөөрхөн охин тэр доор шоволзож байна” гээд л нүдэнд харсан зүйлээ бичиж бүтсэн дуу. Тухайн үедээ дуу маань гарсан үеэсээ л фм, радиогийн хит парадыг байнга тэргүүлдэг байсан. “Монголын 100-н шилдэг дуу”-ны нэгээр ганцхан хип хоп дуу шалгарсан нь “Намайг дагаад цэнгэ”. Тэр ч утгаараа караоке энэ тэрд одоо хүртэл дуулагддаг юм билээ. Караокед орсон хүн тэр дууг дуулахгүйгээр гардаггүй гэсэн (инээв). Одоо хүртэл хит дуу хэвээрээ байгаа биз. Энд тэнд дуулахаар очиход энэ дуугаа дуулаач л гэдэг. Хааяа их санаа зовдог л доо, дандаа дуулсаар байгаад ичээд гэх үү дээ. Гэхдээ яахав дуулах ёстой л юм чинь. Харин “Сэмбий” дууны тухайд гэвэл энэ монголчуудын дээр үеэс хэрэглэж ирсэн хэлц үг. Дээшээ босоо бай гэсэн утгатай. Монгол хэлний хар ярианд бол цэмбэгэр, сэмбэгэр гээд цэвэрхэн зүйлийг хэлдэг. Тэр утгаар нь нэрлэсэн. Мэдээж сонсоход л ойлгомжтой, сэргэлэн бай цовоо бай босоо бай гэсэн бэлгэтэй үг. Нэрнээсээ ч бас хамаараад хүмүүсийн сонсох дуртай дуу болсон байх.

-“Люмино” рэп хэв маягаар дуулдаг цөөхөн хамтлагийн нэг гэхэд улагийн салбараас чамгүй олон шагнал хүртэж байсан. “Пентатоник” наадмын шагналыг дөрвөн ч удаа хүртсэн билүү?

-Тийм. “Люмино” хамтлаг Монголын хөгжмийн ертөнцийн дээд шагнал Пентатоник шагналыг дөрвөн удаа хүртэж байсан. 2000 оны “Шилдэг хип хоп хамтлаг”, 2003 оны шилдэг дуу “Намайг дагаад цэнгэ”, 2005 оны шилдэг хип хоп хамтлагийн дуу “Freestyle”, мөн оны шилдэг этник дуугаар “Ламбугайн нулимс” зэрэг дуу маань тодорч байсан. Түүнчлэн манай хамтлагийн уран бүтээл 2003 онд “Алтан микрофон” хөгжмийн наадмын “Шилдэг шинэ давалгаа,шилдэг хамтлаг”-аар, 2004 оны “HIT awards” наадмын оны шилдэг цомог, шилдэг клипээр тодорч байсан бөгөөд “UBS music video awards” наадмаас хэд хэдэн удаа шагнал хүртэж шилдэг хамтлагаар шалгарч байлаа.

– Хамтлагийн гишүүд урлагийн сургууль төгссөн үү. Таны хувьд ямар мэргэжилтэй вэ?

-Би МУИС-ийг төгссөн. Монгол хэл судлаач мэргэжилтэй. Манай хамтлагт урлагийн сургууль төгссөн хүн байхгүй, бид цэвэр хоббигоороо өөрсдийнхөө мэдрэмжээрээ л уран бүтээл хийж яваа. Олон жил уран бүтээл хийгээд ирэхээр эзэмшсэн мэргэжил шиг л болчихдог юм байна. Ингээд бодоход мэргэжлийн сургууль төгссөн гэхээсээ илүүтэйгээр хүн өөрийнхөө авьяас, чадвар, зорилгыг олж түүнийгээ лавшруулан сурч амжилт гаргасан хүмүүс л нийгэмд их юм шиг.

-Цаашдаа “Люмино” хип хоп чиглэлээр уран бүтээл хийсээр л байх уу. Энэ урсгалд хөгшдөх юм биш биз?

-Яалаа гэж (инээв). Бид дахиад шинэ цомог хийнэ, өмнө нь “Люмино” яаж идэвхтэй уран бүтээл хийдэг байсан яг тэр цаг үе рүүгээ эргээд очно. Ер нь олон шинэ юм хийгээд эхэлчихсэн байгаа. “Сэмбий” дуунаас хойш хийгээд эхэлсэн гэх үү дээ. Шинэ цомог гаргах гээд бичлэгэндээ ороод явж байна. Мэдээж анх уран бүтээл хийсэн урсгалаараа л уран бүтээл гаргана. Ямар гэнэт поп стилиэр дуулалтай биш. Чадах ч үгүй. Цаашдаа манай хамтлаг продюсер чиглэлээр түлхүү ажиллана. Шинэ хамтлаг дуучид гаргах, шоу зохион байгуулах гээд хийх олон ажил байна.

-Тоглолтынхоо үзэгчдэд хандаж юу гэж хэлмээр байна?

-Мэдээж тоглолтод манай хамтлагийг сонсох дуртай үзэгч, фэнүүд маань ирнэ. Тиймээс дууны үгнүүдээ бүгдээрээ сайн цээжлээрэй гэж хэлмээр байна. Бид үзэгчдээ дуулуулдаг хамтлаг. Өмнө нь олон ч тоглолтод энэ уламжлалаар явж ирсэн. Манай хамтлагийн дууг ч хүмүүс андахгүй мэднэ. Мөн “On’n Off Production” тоглолтыг маань маш сайхан найруулж байгаа болохоор тоглолтод ирсэн хүмүүст илүү сонин содон зүйлийг үзүүлнэ гэж бодож байна.

Д.Даваасүрэн

М.Мишээл

Categories
мэдээ цаг-үе

Р.Бат-Эрдэнэ: Эрэлттэй хөтөлбөрүүдийн төлбөр байгалийн ухааныхаас өндөр байгаа

МУИС-ийн захирал, доктор Р.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Намар болохоор их сургуулиудын төлбөр анхаарал татаж байна. Сургалтын төлбөр нэмэгдсэн гэх мэдээлэлтэй зэрэгцээд, чанар сайжирсан уу гэсэн асуулт дагаж байна. Танай сургуулийн хувьд байдал ямар байгаа вэ?

-Сургалтын төлбөр сургуулийн үйл ажиллагааг санхүүжүүлдэг гол эх үүсвэр. МУИС-ийн хувьд сургалтын төлбөрөөс гадна бусад орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх санаачилгууд гарч байгаа. Ийм учраас 2016 оны санхүүгийн төлөвлөлтийг хийхдээ МУИС-ийн нийт орлогод сургалтын төлбөрөөс олох орлогын хэмжээ 51 хувь орчим байхаар тооцсон. Одоогоос дөрвөн жилийн өмнө энэ хэмжээ 78 хувь байсан. Энэ нь сургалтын төлбөрөөр дамжиж суралцагчид очих дарамтыг хэт өсгөхгүй байх чиг барьж байгаагийн илэрхийлэл.

-Сургалтын төлбөрөөс бүрэн хамааралтай байдал харьцангуй буурч байгаа гэсэн үг үү?

-Хамаарал буурч байгаа. Гэхдээ нэг хүний төлдөг төлбөрийн хэмжээ буураагүй. Үнэ тарифийн өөрчлөлт, шинээр бий болох үйлчилгээ, шаардлагатай үйл ажиллагааг өргөтгөх хэрэгцээнээс үүдэлтэйгээр зардал өсч байна. Их сургуулийн бүрдүүлж буй орлого үндсэндээ оюутны суралцах үйл ажиллагааг дэмжихэд шууд болон шууд бусаар зарцуулагддаг. Төлбөрийн хэмжээг тогтоохдоо бодит зардлыг бүхлээр нь оюутны нуруун дээр үүрүүлээгүй юм. Гэтэл зардал гаргахгүйгээр чанар аяндаа бий болохгүй. Ер нь сургалтын төлбөр гэдэг сургууль ашиг олж байгаа хэрэг ерөөсөө биш. Гарч байгаа зардлаа үйлчилгээ авч байгаа хүмүүстэй хувцаалцах хэлбэр.

-Энэ жил МУИС оюутнууддаа шинээр юу санал болгож байгаа вэ?

-Орж байгаа орлогын ихэнх нь үйл ажиллагааны санхүүжилтэд явдаг. Сургалтын орчинг сайжруулахтай холбоотой нэлээд хөрөнгө оруулалтыг БСШУЯ, Засгийн газраас хийсэн. Зөвхөн энэ онд гэхэд Засгийн газрын шугамаар тэрбум гаруй төгрөгийн лаборатори, тоног төхөөрөмж энэ сургуульд нийлүүлсэн байна.13 лаборатори шинээр байгуулсан. Гэх мэтчилэн төр үүсгэн байгуулагчийн хувиар их сургуулиудад оруулж байгаа хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд огцом нэмэгдлээ. Улсын төсвөөс, олон улсын байгууллагын гарал үүсэлтэй зээл тусламжийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Ийнхүү шинээр байгуулж буй лабораторийг ажиллуулахын тулд ашиглалтын зардлыг өсгөх шаардлага гарч байна. Нөгөө талаас МУИС хамгийн шилдэг багш нарыг ажиллуулахыг хичээдэг. Энэ хүмүүсийг тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай. Хувийн сургуулиуд юм уу гадны хөрөнгө оруулалттай томоохон сургуулиудад багшийн цалин хэд байна? Монгол Германы технологийн сургуулиар жишээ авч болно. Тийм сургалт явуулахын тулд багшид хэдийг төлж байна. Нэг багшид хэдэн оюутан ногдож байна. Түүнтэй харьцуулбал МУИС түүнтэй адилтгах төрийн өмчийн их сургуулиуд маш бага зардлаар ажиллаж байна. Энэ нь шилдэг мэргэжилтнийг татаж ажиллуулах өрсөлдөх чадварыг бууруулж, эргээд чанарт их нөлөөлж байна л даа.

-Тэрбум гаруй төгрөгийн лабораторитой болжээ. Эдгээр нь оюутнуудад яаж үр ашгаа өгөх юм?

-Их сургуулиудад ерээд оноос хойш хөрөнгө оруулалт хийгдээгүй юм шүү дээ. Сүүлийн хоёр, гурван жилд их сургуулиудад хөрөнгө оруулалт хийгдэж байна. Лабораториудын ихэнх нь байгалийн ухааных.Суурь судалгаа хийнэ. Сургалтад ашиглагдана. Энэ лабораториудыг ашиглаад манай багш нараас олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлэгдэх бүтээл гарах нөхцөл бүрдэнэ. Хамгийн гол нь энд оюутнууд өөрсдөө ажиллана. Зөвхөн ном хэвлэлээр дамжуулж бус хүүхдүүд өөрсдөө туршаад чадвар суух, мэргэжлээ гүн бат эзэмших салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь энэ лабораториуд.

-Суурь судалгаа гэснээс МУИС ямар судалгаа эхлүүлж байгаа вэ?

-Энэ лаборатори дөнгөж суурилагдаад ажиллаж эхэлж байна. Үүн дээр судалгааны янз бүрийн ажлууд хийгдэнэ. Түүнээс гадна лаборатори маань их сургуулиас гадна байгаа эрдэмтэн судлаачдад ч нээлттэй байх юм. Одоогоор МУИС-ийн багш нарын бэлтгэсэн үйлдвэрлэлд нэвтрүүлээд тодорхой ашиг өгч болох 22 судалгааны чиглэл бий. Мянган инженерийн хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн багш нар Японы профессоруудтай хамтран 10 чиглэлээр хамтарсан судалгаа эхлүүлсэн. Энэ хүрээнд бий болсон мэдлэг их сургуулийн сургалтад шингэх юм. Өнөөдөр МУИС судалгааны их сургууль болно гэдэг. Үүний тулд энд хийж байгаа сургалтын шинжлэх ухааны түвшин ч өндөр байх учиртай. Ийм учраас сургуулийн зардал нэмэгдээд байна.Өнөөдөр манай залуучуудын дунд байгалийн ухааны чиглэлээр суралцах сонирхол харьцангуй бага байна. Энэ жил БСШУЯ-наас МУИС-д 3500 оюутан элсүүлэх хяналтын тоо өгсөн. Үүнээс Шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбарт 540 орчим оюутан элсүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 240 хүүхэд элссэн байна. Энэ өөрөө зардал өндөртэй сургалт байдаг. Энэ чиглэлээр мэргэших сонирхол их биш. Тиймээс зах зээл дээр эрэлт ихтэй байгаа, өрсөлдөөн ихтэй хөтөлбөрүүдийн төлбөрийг өндөр тогтоож,их сургуулийнхаа нийт үйл ажиллагааг дэмждэг нөхөн шилжүүлэлтийн систем бүх сургуульд байдаг. Энэ жишгээр явж байна. Энэ агуулгаараа өрсөлдөөн ихтэй, хүмүүс ихээр сонирхдог Олон улсын харилцаа, хууль, бизнесийн чиглэлийн хөтөлбөрүүдийн төлбөр байгалийн ухааныхаас өндөр байгаа. Энэ бол энэ сургуульд явж байгаа нийт хөтөлбөрүүдээ дэмжих, энэ зардлаас хуваалцаж байгаа хэрэг. Нөгөө талаас бид их сургуулийн хөтөлбөрийг өргөн суурьтай болгосон. Ерөнхий сууриараа нийт оюутанд хүртээмжтэй хичээлүүд явж байгаа. Тэр дундаас нийт оюутнууд сонголт хийнэ. Их сургуулийн шинжлэх ухааны түвшин дээшилнэ гэдэг сурч байгаа нийт оюутанд өгөөжөө өгөх өөрчлөлт.Аль болох хичээл хоорондын уялдаа холбоог сайжруулж, суралцагчид хувьсан өөрчлөгдөж буй эрэлт хэрэгцээг хангах, энэ түвшинд ойртсон боловсрол эзэмшихэд нь туслахад чиглүүлэн зохион байгуулсан хөтөлбөрт шилжиж байна.Хөтөлбөрийн шинэчлэлт хийж байгаа учраас зардал нэлээд өсч байна. Нөгөө талд нь МУИС аль болох технологид суурилсан, сургалтыг өргөтгөх чиг барьж байна. Номын сангаа цахимжуулж байна. Багш нарынхаа хичээлийг цахим хэлбэр рүү шилжүүлж эхэлж байна. Энэ нь оюутан сургууль дээр ирж лекцийн танхим лабораторид сууж хичээллэхээс гадна шаардлагатай бол гэрээсээ, байгаа газраасаа сургуулийн систем рүү нэвтэрч хичээлээ татаж, нөхөж үзэх боломжийг нээх юм. Олон улсын хэмжээнд дэлхийн тэргүүлэх сургуулиуд лекцүүдээ онлайн нээлттэй болгож байна. Үүнд МУИС бэлтгэж байна.

Өмнө нь их сургуульд элссэн, бидэнтэй сургалтын төлбөр, сурах нөхцөлийн талаар гэрээ байгуулсан оюутнуудын төлбөрийн өөрчлөлт 12 хувь байгаа. Сургуулийн Удирдах зөвлөл зургадугаар сард хуралдсан. Манай сургуулийн Удирдах зөвлөлд оюутны төлөөлөл дөрөв байдаг. Дээр нь Монголын оюутны холбооны төлөөлөл байдаг. Ингэхээр үндсэндээ нийт 21 гишүүний маань тав нь шууд оюутны төлөөлөл болдог. Сургалтын төлбөрийн асуудал дээр ялангуяа энэ хүмүүс маань маш идэвхтэй оролцдог. Зургаан сарын эхээр маш нухацтай хэлэлцүүлэг болсон. Ямар ч байсан үргэлжлэн сурч байгаа оюутнуудын төлбөрийг огцом нэмэгдүүлэхгүй, аль болох боломжийн хэмжээгээр хязгаарлая гэж тогтсон.

-Шинэ оюутнуудын хувьд төлбөр хэдэн хувиар нэмэгдсэн бэ?

-Өмнөх жилтэй харьцуулбал нэлээд өссөн. Уг нь тэрнээс ч илүү өсөх байр суурь үндэслэлийг Удирдах зөвлөлийн гишүүд олон талаас нь хэлэлцсэн. Үнэхээр Монгол Улсын шилдэг их сургууль болох гэж байгаа бол үйл ажиллагаагаа бүрэн хэмжээгээр санхүүжүүл. Хойш нь битгий тавь. Хувийн сургууль, цэцэрлэгээс бага төлбөртэй МУИС гэж байх нь хэр зохимжтой юм бэ. Хамгийн сайн хүмүүсийг энд ажиллах сайхан нөхцөл бүрдүүл гэж шаардлага тавьсан. Удаан хэлэлцсэн. Энэ бүхний дүнд өнгөрсөн жилээс нэлээд нэмэгдсэн. Өнгөрсөн жил нэг багц цагийн төлбөрийн хэмжээ 57 мянган төгрөг байсан. Энэ жил 74 мянга болсон. Хамгийн өндөр өсөлт түрүүний нэрлэсэн өрсөлдөөн ихтэй сургуулиуд дээр байгаа. Бизнесийн сургууль дээр гэхэд нэг багц цагийн төлбөр 96 мянга, Олон улсын харилцааны сургууль дээр 91 мянга болсон.

-Гадны өндөр төлбөртэй нэр хүндтэй сургуулиудын хувьд мөнгөтэй суралцахыг хүссэн хүмүүсээс өндөр төлбөр аваад үнэхээр толгой сайтай ч төлбөрийн чадваргүй оюутнуудаа тэтгэлгээр сургах арга зам байдаг юм билээ?

-Өнгөрсөн жил их сургууль 200 гаруй сая төгрөгөөр дотоодын тэтгэлгийн сан бүрдүүлсэн. Гэхдээ бид нэгнийх нь төлбөрөөр нөгөөг нь тэтгэнэ гэхээсээ гадны эх үүсвэр бүрдүүлэхийг чухалчилж байгаа. Ялангуяа МУИС төгсөгчдөөс сургуулиа дэмжих, тэтгэлгийн сан бүрдүүлж эхэлж байна. Тухайлбал 1997 онд МУИС төгссөн хэсэг залуус өнгөрсөн хавар 53 сая төгрөгтэй их сургуулийн оюутан, багш нарт зориулсан Сургууль хөгжүүлэх сан байгуулсан. Үүнийг бусад төгсөгчид дэмжиж байгаа юм билээ. МУИС-д зориулсан гадны эх үүсвэртэй сангууд нэлээд байдаг. Япон, Солонгосын эрдэм шинжилгээ, судалгааны ажил, оюутны авьяас чадварыг дэмжсэн тэтгэлгүүд бий. МУИС-ийн оюутанд зориулсан стипенд гэж бий.

-Судалгаанд суурилсан их сургууль байна гэцгээдэг. Төрөөс судалгаа захиалж санхүүжүүлдэг үү эсвэл энэ зөвхөн лоозон юм уу?

– Монгол Японы хамтарсан мянган инженерийн хөтөлбөрийн хүрээнд Японы эрдэмтэдтэй хамтарсан арван чиглэлийн судалгааны ажил санхүүжих юм. Энэ нэлээд том дэмжлэг болно. Судалгааны чиглэлийг манай багш нар санал болгосон. Монгол Улсын байгаль, түүхэнд түшиглэсэн судалгааны ажлууд байна. Зах зээлд ашиг олж болох бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи боловсруулах чиглэлээр ажиллаж байна. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр судалж байна. Сүү цагаан идээний найрлага, эмчилгээний чанарыг тодорхойлох үүндээ үндэслээд Монголд төдийгүй бүс нутаг олон улсын зах зээлд борлогдох шинэ бүтээгдэхүүний технологийн шийдлүүд ч явж байна. Нефть, сансрын судалгааны төслүүд ч бий. Байгаль орчны бохирдолтой холбоотой судалгаануудыг Шинжлэх ухаан технологийн сангаас ч, БОНХЯ-наас ч захиалж хийлгэж байгаа. Төрийн байгууллагуудын захиалгаар ч хийж байгаа ажлууд байна. Сүүлийн үед аж ахуйн нэгжүүдийн захиалга орж ирж байгаа. Оюу толгойнхонтой ойрын үед уулзах байх. Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль гэж харьцангуй шинэ сургууль бий. Үүнийг Монгол Улсын гадаад бодлого, дотоод төрийн бодлогын үндсийг судалж дүн шинжилгээ хийдэг, төр засгаас явуулж байгаа бодлогуудад анализ дүгнэлт хийж, олон нийтэд танилцуулдаг, бодлого боловсруулагчдад бодлогын зөвлөмж өгөх чадавхитай сургууль болгож хөгжүүлэх юм.

-Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлт хийгдэж байна. Шинэчлэл МУИС-иас эхэлсэн болохоор ч тэр үү эсэргүүцэл шүүмжлэл их байдаг. Эсвэл шинэчлэл хийхдээ багш оюутнуудаа төдийлөн сонссонгүй юу. Хэтэрхий гадныхныг хуулбарлах замаар явсан юм болов уу гээд асуулт их байна?

-Шинэчлэл судалгаанд үндэслэсэн. Их сургууль өөрөө 2012-2013 онуудад томоохон судалгаа хийсэн байдаг. Үүндээ их сургуулийн багш нарыг оролцуулсан.Энэ судалгаанд суурилсан юм. Хамгийн гол нь Монгол Улсын хөгжлийн нүүр царай болсон тэргүүлэх сургууль олон улсын хэмжээнд байр сууриа эзлэхийн тулд тогтсон жишиг стандартаас дутахгүйгээр өөрийгөө хөгжүүлэх ёстой. Тэнд байгаа ерөнхий соёл энэ их сургуульд суух ёстой. Тэгж байж энд яваа процесс үр дүн олон улсын хэмжээний хамтын нийгэмлэгт ойлгомжтой, байж хүлээн зөвшөөрүүлнэ. Энэ чиглэл рүү явж байгаа. Энэ нь өөрөө зайлшгүй хийх ёстой хөгжлийн сонголт байсан.Сургуулийн хэмжээнд маш олон хэлэлцүүлэг явсан юм билээ. Энэ шинэчлэлийг хийх шийдвэрийг Удирдах зөвлөл гаргасан. Удирдах зөвлөл гэдэг МУИС-ийн парламент. Тэгэхээр энэ бол тухайн үед сургуулийг удирдаж байсан нэг хоёр хүн дур зоргоороо дангаараа гаргасан шийдвэр гэж яагаад ч хэлж болохгүй.

-Өмнөх захирлын үед ч их эсэргүүцэл шүүмжлэл өрнөсөн. Дээд боловсролын шинэчлэлийн асуудлаар маш удаан ажиллаж байгаа хүнийг МУИС-ийн захирлаар тавихыг бодоход энэ сургуулийн шинэчлэл амин чухал байсан юм болов уу?

-МУИС-д явж байгаа процесст олон хүн ач холбогдол өгч байгаа. Л.Гантөмөр сайд, яамныхан, сургуулийн гадна байгаа хүмүүс ч сургуулийн хувь заяаг сонирхож, санаа зовж байгаа шүү дээ.Энэ ажилд томилогдсоны дараа олон хүн уулзаад их сургуулийн хөгжилд ямар тус дэмжлэг хэрэгтэй байна. Их сургууль үүргээ гүйцэтгэх ёстой, хөгжих ёстой гэдгийг мэдрүүлж байсан. Тэр хүмүүсийн дэмжлэгийг татаж авчирч үйл ажиллагааны зардлын бүтцийг өөрчлөх гээд байна. Гадны дэмжлэгийг бодитой оруулж ирж энэ сургуулийн хөгжилд ашиглах нь их сургуулийг удирдаж байгаа хүний үүрэг. Миний хувьд дээд боловсрол их сургуулийн шинэчлэлийн ажилд ямар нэг байдлаар оролцож ирлээ. Л.Гантөмөр сайд ажлаа авсны дараа Дээд боловсролын бодлогын зөвлөл гэж байгуулсан. Тэнд ажиллаж байсан учраас энэ сургуульд өрнөсөн үйл явцын талаар баримжаатай, мэдээлэлтэй явсан. Шинэчлэлийн бодлогыг тасалдуулахгүй авч явах үүрэг өгч энэ ажилд томилсон.

-12 жилийн сургалтад шилжсэний дараа элсэгчдийн тоо буурсан нь их дээд сургуулиудын санхүүжилтэд сөргөөр нөлөөлж байна гэсэн яриа явж байна. Энэ танай сургуульд мэдрэгдсэн үү?

-Тиймэрхүү нөлөө бий. Гэхдээ энэ нөлөө нэг жилийн л асуудал. Ирэх жилээс дахиад төгсөгчдийн тоо нэмэгдэнэ. МУИС-ийн хувьд цаашдаа тэлэлтээ зогсоож байгаа. Аль болохоор шигшмэл хүүхдүүдийг сургана. Тийм учраас суралцагчдын тоо одоогийнхоос буурна.Оюутны тоогоор өөрийгөө авч явдаг сургууль биш, хамгийн авьяастай хүүхдүүдийг шигшиж авдаг сургууль болно. Өнгөрсөн жилийнхээс суралцагчдын тоог бууруулна гэж төлөвлөж байна. Яг элсэлт явахад зарим салбарт бидний бууруулсан тооноос ч цөөн оюутан элсч байна. Жишээлбэл байгалийн ухааны чиглэлээр гэхэд бидний төлөвлөснөөс ч цөөн хүүхэд элссэн учраас нөхөн элсэлт зарлаж байгаа.

Б.Янжмаа

Categories
мэдээ цаг-үе

Я.Санжмятав: Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад Монголын 50 хүүхэд оролцоно

УИХ-ын гишүүн Я.Санжмятавтай ярилцлаа.

-Зургаан сайдыг өргөн барих асуудал анхаарлын төвд байсаар байгаа. МАН-ын зургаан сайдыг чөлөөллөө гээд л янз бүрийн яриа гарч байна. Та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Их л сүрхий дэвэргэж яриад байгаа болохоос аль ч улс оронд сайдууд нь огцорч, чөлөөлөгдөж л байдаг шүү дээ. Засгийн газар нь бүрэлдэхүүнээрээ огцорчихсон биш МАН-ын зургаан сайдыг чөлөөлж, орных нь сайд нарыг томилох асуудал яригдаж байна. Энэ бүхэн процедурын дагуу явах ёстой. Одоо цаг бага үлдсэн тул ажил хийх хүнээ даруйхан сонгоод цаашаа явах нь хамгаас чухал байна. Сандал суудлын төлөө биш санаандаа хүртэл ажиллаж чадах хүнээ суудалд нь тавих л үлдлээ шүү дээ.

-Таны санаачилсан нэгэн томоохон ажлын талаар мэдээлэл авах гэсэн юм. Өнгөрсөн жилийн есдүгээр сард Завхан аймгийн 24 суманд “Өсвөрийн 9999 монгол шатарчид”-ын тэмцээн болсон. Энэ үеэр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов ирээд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан. Тэгвэл хэдхэн хоногийн дараа Монголын нийслэлд өсвөрийн дэлхийн шатрын олимпиад болох гэж байна?

-Энэ жил Монгол Улсад 16 нас хүртэлх хүүхдүүдийн шатрын дэлхийн олимпиад болох гэж байна. Уг тэмцээн нь олон улсын шатрын холбооны календарт орчихсон төсөв санхүү нь улсын төсөвт суучихсан төлөвлөгөөт арга хэмжээ. Сүүлийн үед монгол хүүхдүүд шатрын спортоор хичээллэн үр дүн нь сайн гарч байгаа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль авч байна. Нас насныхаа ангилалд рейтинг нь өсч байгаа гэдгийг манайхан анзаарсан байх. Хүүхдүүд шатар тоглон тодорхой хэмжээний үр дүнгүүд гараад байгаа хэдий ч олон улсын томоохон тэмцээнүүдэд олноороо орох боломж тааруу байгаа юм.

-Зардал хөрөнгөтэй холбоотой юу?

-Олон улсын тэмцээнд явахад тухайн орон нэг багийн зардлыг л даадаг. Манайхан гурван багтай явах гэхээр хоёрынх нь зардлыг өөрсдөө олох шаардлага тулгардаг. Тиймээс тэмцээнд оролцох таван тамирчин нэг дасгалжуулагчаас бусад хүмүүс тэмцээнд оролцоход эдийн засгийн хувьд хүнд болдог. Монгол хүүхдүүд бусад орнуудын хүүхдүүдээс оюун ухааны чадамж, сэтгэлгээ муутай биш эдийн засгийн асуудлаас болж хохирч үлддэг л дээ. Энэ байдлаас гарах гарцыг би хувьдаа эрж хайдаг юм. Ноднин 9999 хүүхдийн шатрын тэмцээнийг Завхан аймагт зохион байгуулж, дараа нь Улаан-Үдэд хүүхдүүдээ тэмцээнд оруулсан. Мөн Завханы хүүхдүүд БНСУ-д тэмцээнд оролцоод ирсэн. Монгол хүүхдүүдийн хувьд бусад орны олон жил системтэй бэлтгэгдсэн хүүхдүүдээс илүү байна уу гэхээс дутахааргүйгээр тэмцээнд оролцдог. Тийм болохоор манай орноос хол болдог байсан дэлхийн аваргын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хүсэл төрсөн хэрэг. Тиймээс ноднин 9999 шатарчдын тэмцээний үеэр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Илюмжиновт санал тавьсан юм.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах орнуудын дунд өрсөлдөөн хэр байсан бэ?

-Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад гурван орон өрсөлдөж Монгол Улс эрхээ авсан. Учир нь 9999 хүүхдийн шатрын тэмцээнийг нэг аймагт зохион байгуулж чадсан юм чинь Дэлхийн аваргыг танай улс зохион байгуулж чадна гэж үзээд эрхийг олгосон. Дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулах Засгийн газрын шийдвэр, Эрүүл мэнд спортын яамнаас тушаал гарсан байгаа. Миний хувьд Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч гэсэн сонгуульт ажилтай хүн. Тиймээс Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулах хорооны даргаар томилогдсон.

-Энэ удаагийн Дэлхийн аваргад хичнээн орны өсвөрийн шатарчид өрсөлдөх юм бэ?

-Одоогоор 24 орны 32 гаруй баг тэмцээнд оролцоно гэдэг мэдүүлгээ өгчихөөд байгаа. Манай орны хувьд дээрх багууд дээр нэмж 10 баг оролцуулах юм. 10 удаагийн Дэлхийн аваргад оролцох зардлыг хэмнэж энэ тэмцээнд оролцуулж байгаа гэж ойлгож болно. Би мөнгөгүй улмаас Дэлхийн аваргад оролцож чадсангүй дээ гэдэг харууслыг үр хүүхдүүд минь сэтгэлдээ тээж, доголон нулимстай үлдээхгүй гэдэг утгаар нь бүх хүүхдүүдээ ижил гараанаас оролцуулахаар болсон юм. Монгол Улсын хөгжлийн түлхүүр нь мөнгө санхүү гээд олон зүйлийг манайхан ярина. Хамгийн чухал үндсийн үндэс нь хүн байдаг. Тэр дундаа улс орны ирээдүй болсон хүүхдүүд байдаг юм. Бид зөв монгол хүүхдийг төлөвшүүлэх, чадамжтай Монгол Улсыг бий болгохын тулд хүүхдүүдийн сэтгэн бодох, хөгжил дэвшил рүү явах бололцоог нь шатрын спортоор олгоё л гэж байна. Сумын хүүхдүүд аймагтаа, улсдаа уралдаад медалийнх нь тоо нэмэгдээд байдаг. Ер нь монголдоо хичнээн медаль авсан бай тивийн аваргад ядаж оролцохгүй байгаа нь харамсалтай байгаа байхгүй юу. Тэр хүүхдийн оюун санааны хөгжилд нь олон улсын тэмцээн их нөлөөлнө биз дээ. Дэлхийн түвшний тэмцээнд оролцох хүүхдүүдийн хүслийг гүйцэлдүүлж эх оронд минь болж буй дэлхийн аваргад хэнийгээ оролцуулах вэ гэж толгой өвтгөх асуудалгүй боллоо. Энэ тэмцээн болсноор Дэлхийн хэмжээний ринг дээр Монголын 50 хүүхэд өрсөлдөх боломжтой болж байгаа юм. Гадаад дотоодын үеийн нөхдөөсөө өөрийнхөө чадвар хэр байгааг мэдрэх боломж бүрдэж байгаагаараа энэ тэмцээн онцлог болно.

Ирэх оноос Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг авах хүсэлтэй байгаа. Мөн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээ эх орондоо зохион байгуулмаар байна. Магадгүй 2020 онд Монголд дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг авах боломжтой. 2020 он гэхэд манай орон дэлхийн шатрын аваргатай болохыг үгүйсгэхгүй. Миний хүсч байгаа зүйл бол 2022 оноос өмнө дэлхийн шатрын аваргатай болох.

-Тэмцээнд ямар рейтингтэй хүмүүс оролцох бол?

-Дэлхийн аварга гэдэг утгаараа тааруу тамирчин оролцохгүй. Тэмцээнд оролцох тамирчид 2000-аас дээш рейтингтэй супер мастер 10 оролцоно. Шатрын спорт өндөр хөгжсөн орнуудаас маш олон мастерууд хүрэлцэн ирнэ. Тэр хүмүүс Монголын хүүхдүүдэд шатрын спортын чадамжийг мэдрүүлж өгнө гэдэг нь маш чухал. Дэлхийн олон шилдэг шатарчид ирснээр манай орны хүүхдүүдийг дасгалжуулах бэлтгэлийг нь хангуулах боломж бүрдэнэ. Чадварлаг шатарчин хүүхдүүдийг гадаадын сургуульд сургах бололцоо эндээс бүрдэнэ гэж харж байгаа. Тиймээс гурван сарын өмнөөс бэлтгэл ажил хийгдэж эхэлсэн болохоор ажил дуусч байна. Тэмцээн маш сайн болно гэдэгт итгэлтэй байгаа. Мөн дэлхийд монголоо сурталчлах юм.

-Монголоо сурталчлах ямар боломж байгаа юм бэ?

-Олон улсын шатрын холбоо дэлхийн 181 оронд салбартай. 181 оронд 10 өдрийн турш үргэлжлэх тэмцээнийг онлайнаар шууд үзэх юм. Тэмцээн наймдугаар сарын 19-нд эхэлж 29-нд дуусах өдөр хүртэл тэмцээний дундуур монгол гэж ямар орон бэ гэдгийг харуулна. “Найрсаг Улаанбаатар” гэдгээ сурталчилж өгмөөр байна. Монгол гэдэг улсад уул уурхайгаас гадна хөгжих боломж байна, хөрөнгө оруулах бололцоо бий гэдгийг мэдрүүлэхийн тулд ажиллаж байгаа. Эдийн засгийн форум гээд хоёр өдөр хуралддаг. Тэгвэл монголд хөрөнгө оруулалт хийж байгаа компаниуд бидэнтэй хамтарч ажиллаад арван өдөр компаниа дэлхийд сурталчлах юм. Үүгээрээ давуу талтай тэмцээн болно. Өдөрт 4-5 цагийн тэмцээн болох тул үүнийг дэлхийн орнууд шууд үзнэ. Тэмцээнд ирсэн орнууд манай улсыг сонирхож таарна. Тэр үеэр нь танай компанийг болон ямар салбарт хөрөнгө оруулалт хүсч байгаа талаар нь сурталчилна. Бид эдийн засгийн хүндрэл байна гээд гараа хумхин суулгүй гарц гаргалгаатай, хөрөнгө бага зардаг хэрнээ илүү үр өгөөжтэй төсөл хэрэгжиж байгааг дуулгамаар байна.

Миний хувьд хаврын чуулган завсарлахаар тойрогтоо ажиллаад, дараа нь эх орондоо хэрэгтэй нэг зүйл хийе гэсэн нь энэхүү Өсвөрийн дэлхийн шатрын олимпиадыг зохион байгуулах ажил байлаа. Ямартай ч тодорхой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа.

-Сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхдүүдээ гар утас, компьютерийн тоглоомоос хэрхэн холдуулах вэ гэдэг асуудал толгойны өвчин боллоо. Хүүхдийг үүнээс хол байлгах нэг арга нь энэхүү шатрын спорт ч юм шиг. Өнгөрсөн жил Завханы 9999 хүүхдийг шатар тоглож сургасан нь тус аймгийн хүүхдүүдэд оюуны том хөрөнгө оруулалт болсон гэж тус аймгийнхан ярьдаг юм билээ?

-Эцэг эхчүүдийн сэтгэлийг зовоосон нэг зүйл бол хоолгүй, хувцасгүй байх биш тоглоомонд донтсон хүүхдүүдээ яах вэ гэдэг асуудал болоод байгаа нь үнэн. Хүүхдүүдийг шатраар дамжуулан арай өөр зүйл рүү анхаарлыг нь хандуулах хэрэгтэй байна. Манай Завханы хүүхдүүд аялалд явах юм уу хэд хэдээрээ нийлээд ийшээ тийшээ явахдаа “За ганц нүүчих үү” гэдэг болсон. Бидний үед бол барилдчих уу, тэвэг тоглочих уу гэдэг байсан бол охидууд нь матик, черта тоглох уу гэдэг байлаа. Одоо бол Завханы хүүхдүүд морин хуураа нэг хөглөчихье, шатар нүүчихье гээд сэтгэхүй нь өөр болсон байгаа. Тиймээс эрүүл хүүхэд өсч торних нэг боломжийг нээж өглөө хэмээн дотроо сэтгэл хангалуун байгаа.

-Энэ удаагийн дэлхийн шатрын олимпиадын үеэр нас харгалзахгүй оролцох “Mongolia open” тэмцээн болно гэсэн мэдээлэл байгаа. Тэр нь ямар учиртай тэмцээн юм бэ. Хүссэн хүн бүхэн оролцож болох юм уу?

-“Mongolia open” нээлттэй тэмцээн нас, зэрэглэл харгалзахгүй. Гэхдээ зэрэглэлийн хувьд өндөр рейтингтэй хүмүүс нь 40 ам.доллар төлөх бол рейтинг багатай оноогоо нэмэх гэж байгаа хүмүүс 100 ам.доллар төлж оролцох юм. Одоогоор 122 хүн бүртгүүлээд байна. Ноднин 9999 шатарчдын тэмцээнийг зохион байгуулсан хүний хувьд энэ тэмцээнийг өөрийнхөө ивээл дор зохион байгуулж байгаа. Энэ тэмцээн маань мөн л наймдугаар сарын 19-29-ний хооронд 10 хоног үргэлжилнэ. Мастерт дэвшиж оноо цуглуулж байгаа хүмүүс оролцож оноогоо ахиулах боломжтой л доо. Хожсон тохиолдолд зургаан сая төгрөг авах юм. Үндсэндээ бооцоот тэмцээн маягийн зүйл явах юм. Тиймээс энэ өдрүүдэд хоёр тэмцээн зэрэг явна гэсэн үг.

Тэмцээний үеэр манай тамирчин бусад орны шилдэг тамирчидтай найз нөхдийн, багш шавийн барилдлага тогтоох боломжтой. Энэ тэмцээн “Хүннү молл” цогцолборт болно. Тэр утгаараа бид “Хүннү молл”-ыг сурталчилж өгөх үүрэг авч байгаа юм. 181 оронд бид “Хүннү молл”-ын үйл ажиллагааг сурталчилж өгнө. Үүний дүнд “Хүннү молл” бидэнд үнэгүй талбайгаа ашиглуулж байгаа. Бид ингэж л хэн хэнийхээ дутууг нөхөж ажиллах ёстой. Нямдаваа захиралтай “Хүннү молл”-ынхондоо талархаж байгаагаа хэлмээр байна. Тэмцээнд оролцохоор ирсэн хүмүүс шатар тоглохоос гадна олон үйлчилгээг монголд авна. Энэ нь бас л эдийн засаг шүү дээ. Эдийн засагт тодорхой эргэлтийг бий болгох юм. Хүнээ хөгжүүлж, нөхөрлөлөө бий болгож, эдийн засагтаа бага гэхгүй эргэлт бий болгож, монголоо сурталчилсан арга хэмжээ болно. Мэдээллийн спонсороор ТВ9 телевиз ажиллана.

-Нэг зүйлийг лавлахад дэлхийн шатрын холбооны гишүүнээр монголын маш олон хүүхэд элсэхээр болсон гэв үү?

-Ноднин 9999 тэмцээнд оролцсон хүүхдүүд дээр нэмэгдээд 10182 хүүхэд Дэлхийн шатрын холбоонд гишүүнээр элсэх юм. Монгол Улс шатрын орон гэдгийг, монгол хүүхэд цаашид дэлхийд хүчтэй өрсөлдөгч болон гарч ирнэ гэдгийг тунхаглаж байгаа нэг зүйл энэ байх болно. Дэлхийн өнцөг булан бүрт шатар сайн тоглож байгаа хүүхдүүдээс дэлхийн нэртэй компаниуд ирээдүйн боловсон хүчнээ сонгон шалгаруулдаг дэлхийн жишиг байна. Тэдгээр компаниуд Монголын хүүхдүүд яахаараа ийм мундаг байдаг юм бэ гээд түрүүлж санал тавьдаг болгохын тулд хийж байгаа ажил. Дэлхийн шатрын холбоонд гишүүнээр элссэн хүүхэд жилд 24 мянган төгрөг төлнө. Сард 2000 төгрөг гэсэн үг. Тэр хүүхэд дэлхийн хаана ч болж байгаа тэмцээнийг үзэх боломжтой болохын сацуу ямар ч тэмцээнд онлайнаар оролцох боломжтой. Шатрын тухай шинээр гарсан бүх номуудыг өөрийнхөө картаар хуулаад авах бололцоотой гээд давуу тал ихтэй. Хүүхдүүд комьютерийг тоглох хэрэгсэл гэдэг нүдээр биш арай өөр чиглэлд ашиглаж сурахад нөлөө үзүүлнэ. Дэлхийн шатрын холбоонд гишүүн элсүүлэхэд заавал бүгдийг нь хотод дуудах шаардлагагүйгээр хөдөө малын бэлчээрт байгаа хүүхэд модемоор интернэтэд холбогдон өөрийн анкетыг өгөөд л гүйцээ. Гишүүн болсон бүх хүүхдийн картыг тэмцээн дууссаны дараа хүргүүлнэ. Эхний ээлжинд 24 мянган төгрөгийн асуудлыг шийдсэн байгаа.

Э.ЭНХБОЛД