Categories
мэдээ цаг-үе

Машины урд талын суудалд, хамгаалалтгүй авч явснаас болж ой хүрээгүй хүүхэд амиа алдлаа

-ХҮҮХДЭЭ МАШИНЫХАА АРД ТАЛД, ЗОРИУЛАЛТЫН СУУДАЛД СУУЛГАЖ ХЭВШЭЭРЭЙ-

Өнгөрсөн баасан гаригт нийслэлд зам тээврийн ноцтой осол гарч, арван сартай хүү, өвөөтэйгөө харамсалтайгаар амиа алдлаа. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг буюу “Дүнжигарав”-ын урд замд энэ сарын 28-ны 10.05 цагийн орчимд “Хьюндай Аксент” маркийн 21-85 УБЗ улсын дугаартай автомашин, “Киа Бонго” маркийн 46-37 УНБ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн. Ослын улмаас “Хьюндай Аксент” маркийн автомашины жолооч Т, хажууд нь сууж явсан арван сартай хүү хоёр нас барсан юм. Эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс болсон явдлыг тоймлон хүргэе.

Өвөө, ач хоёр өглөө бүр тэр замаар явдаг байжээ

Өвөө эмээ хоёр нь ач хүүгээ өдөр гэртээ аваачиж хардаг байжээ. Хүүгийнх нь хотын зүүн талд байдаг учраас өвөө нь ачийгаа өглөө бүр очиж авч, оройд хүргэж өгдөг. Тэгэхдээ Дүнжингаравын урд замаар л явдаг байсан гэнэ. Тэгж явахдаа машиныхаа урд талын суудлыг хойш нь хэвтүүлж байгаад ачийгаа хэвтүүлчихдэг. Бас суудлын бүсээр даруулдаг байжээ. Суудлын бүс бага насны хүүхдэд бол хамгаалалт гэхээсээ илүү даруулсан нэр төдий арга.

Осол гардаг өдөр яг тэр янзаараа урд суудал дээр, хамгаалалтын суудалгүй ачийгаа суулгачихсан явж. Дүнжингаравын урд зам дөрвөн эгнээтэй. Талийгаач Т урдаа явсан ачааны машиныг гүйцэж түрүүлэхдээ эсрэг урсгал руу оржээ. Хурдтай эсрэг урсгал руу ороод өөдөөс ирж явсан “Киа Бонго” маркийн машиныг мөргөсөн байна. Ослыг харсан албан бус эх сурвалж “Урд талынхаа машиныг гүйцэж түрүүлэхдээ маш хурдтай эсрэг урсгал руу орсон. Тормозных нь мөр бараг 20 метр орчим гарсан байна лээ. Суудлын автомашины (Хьюндай Аксент) урд хэсэг тэр чигээрээ шахам чихэгдсэн байсан. Жолооч, урд нь явсан хүүхэд хоёр хавчуулагдсан учраас онцгойгийнхон ирж харагдсан. Хүүхэд уйлах ч чимээ сонсогдоогүй. Битүү доргилт аваад тэр дороо бурхан болчих шиг харагдсан. Тэр ослыг хараад том, бага ямар ч насных бай хүүхэд л бол зориулалтын суудал дээр суулгах ёстойг мэдэрлээ” гэсэн юм.

Ачааны машины жолоочийн бие гайгүй байгаа аж. Гоо сайхны бүтээгдэхүүн импортолдог компанийн түгээгчээр ажилладаг тэрбээр “Гэнэт өөдөөс машин маш хурдтай гараад ирсэн. Зөрөх боломж олдоогүй” гэж мэдүүлжээ. Харин “Хьюндай Аксент” маркийн машины жолооч эмнэлэгт хүргэгдэх замдаа нас баржээ.

Зориулалтын суудал хүүхдийн нас барах, гэмтэх эрсдэлийг 71 хувь бууруулдаг

Бага насны хүүхэд зориулалтын суудалгүй, ялангуяа урд суудалд явахдаа жолоочийн анхаарлыг сарниулах, босох, суудал дээрээ хөдлөх зэргээр гэмтэж бэртэх, зам тээврийн осол гаргах эрсдэлтэй байдаг. Одоогоос хоёр жилийн өмнө нэгэн эмэгтэй “Дэнжийн 1000” захын авто машины зогсоолоос хөдлөхдөө хүн дайрсан. Тэрбээр урд суудал дээрээ сууж явсан хүүхэд нь урагш унаснаас болж сандрахдаа тормозоо биш “хааз”-аа гишгэснээс үүдэж дээрх ослыг гаргасан тухайгаа мэдүүлж байжээ. Өнгөрсөн баасан гаригт ч талийгаач хүүг зориулалтын суудал дээр суулгаж явсан бол гэдэг харамсал төрнө. Учир нь зориулалтын суудал, суудлын даруулга хэрэглэснээр зам тээврийн ослоор нас барах, хүнд гэмтэх эрсдэлийг 0-1 насны хүүхдийг 71 хувь, 1-4 насны хүүхдийг 54 хувь, 4-8 насны хүүхдийг 45 хувь, 8-аас дээш насны хүүхэд болон насанд хүрэгчдийг 50 хувь хамгаалдаг гэж судлаачид үзсэн байдаг. Замын цагдаагийн газраас өнгөрсөн жил хүүхдээ машинд зориулалтын суудалд суулгаж байхыг уриалсан сарын аян ч зохион байгуулж байлаа. Өнгөрсөн жил зам тээврийн ослоор 48 хүүхэд амиа алдаж, 233 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авсны цөөнгүй нь автомашинд зорчиж явсан, зориулалтын суудалгүй байжээ. Өөрөөр хэлбэл, зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 24.4 хувь нь тээврийн хэрэгслээр зорчиж байсан аж. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийг насных нь байдлаар ангилахад 0-7 хүртэлх насны хүүхэд 39, 8-14 насны хүүхэд 48.5, 15-17 насны хүүхэд 12.5 хувийг эзэлжээ.

Хүүхдийг машинд заавал зориулалтын суудалд суулгахыг ихэнх улсууд шаарддаг. Манайд мөрдөж байгаа Замын хөдөлгөөний дүрэмд энэ тухай тусгасан байдаг. Хүүхдийн суудлыг машины ард талд байрлуулбал аюул багатай. Ялангуяа ард талын суудлын дунд хэсэг хамгийн аюулгүйд тооцогддог аж.

Ингэхдээ хоёр хүртэлх насны хүүхдийн суудлыг буруу харуулан бэхэлж, тогтоодог. 2-5 насны хүүхдийн суудлыг урагш харуулан байрлуулдаг. Таваас дээш насныханд суудлын даруулгыг зүүж чадах хүртэл нь өндөрлөгөөтэй суудал ашигладаг. Үүнээс дээш насныханд зориулалтын суудлын бүс хэрэглэдэг. Ингэхдээ бүсний доод хэсэг гуян дээгүүр, босоо бүс нь цээжин дээгүүр таарсан байх ёстойг анхаарна уу. Суудлын бүс хэрэглэж эхлэхэд хүүхдийн өндөр 145 см-ээс дээш байх ёстой ба үүнээс намхан байвал насанд нь таарсан зориулалтын суудалд суулгаж байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

А.Ганхуяг: Ухаалаг системээс ухрахгүй, олон улсын жишигт хүрсэн үйлчилгээг иргэддээ хүргэхийн төлөө явна

Нийтийн тээвэрт нэвтрүүлсэн ухаалаг системийн талаар том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчид ямар байр суурьтай байгаа бол. Нийтийн тээврийн “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуягтай ярилцлаа.

-Иргэд автобусанд смарт картаар үйлчлүүлдэг болоод нэг сарын хугацаа өнгөрлөө. Ухаалаг системийг цааш үргэлжлүүлэн мөрдүүлэх тал дээр хувийн хэвшлийнхэн ямар санаа оноотой байгаа вэ?

-Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нийтийн тээврээс харагддаг смарт картны үйлчилгээ манай улcын хувьд мөрөөдөл байсан нь саяхан. Нийслэлийн удирдлагууд тэр дундаа хотын дарга Э.Бат-Үүл маш зоригтой алхам хийж ухаалаг системийг нийтийн тээвэрт нэвтрүүлж чадлаа. 60 гаруй жил явж ирсэн хуучин системээ орхиж, олон улсын жишигт хүрэх смарт үйлчилгээ рүү хувийн хэвшлийн компаниуд бүгд 100 хувь дэмжээд орсон. Долдугаар сарын 29-нөөс иргэд маань анх удаа автобусанд өөрөө төлбөрөө хийдэг ухаалаг картаар үйлчлүүлж эхэлсэн.Энэ бол нийтийн тээвэрт үгүйлэгдэж байсан маш том бодлого.

Одоо манай улсад хэрэгжиж эхэллээ. Автобусны компаниуд урьд нь орлогын төлөө явдаг байсныг бүгд мэднэ.

Жолооч нь хэдэн хүн суулгачих гээд замын дунд зогсч, буудал дээр удна. Кондуктор нь зорчигчдоо загнаад л. Энэ бол үйлчилгээний доголдол байжээ. Харин ухаалаг системтэй болж иргэдээ хүлээлгэдэггүй, цагтаа явдаг, тэдэнтэй соёлтой, хүндэтгэлтэй харьцдаг олон улсын жишигт хүрсэн зөв үйлчилгээг нэвтрүүлсэнд хувийн хэвшлийнхэн бүгд баяртай байгаа.

-Нийтийн тээврийн маршрут өөрчлөгдөж, богино эргэлттэй болсон. Энэ нь иргэдэд хүндрэлтэй байна. Тодруулбал, дахин дамжилтад илүү мөнгө төлж байгаа. Иргэдийн бухимдал их байгаа болохоор ухаалаг систем цаашид үргэлжлэх боломжгүй гэх мэдээлэл ч тарсан. Асуудлыг яаж шийдэх ёстой вэ?

-Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралын хэлсэнчлэн “Хуучин системээ март” гэснийг дэмжиж байгаа. Энэ ухаалаг системийг цаашид улам боловсронгуй болгож , мөрдүүлж хэвшүүлэхийн төлөө бүгд хамтран ажиллах ёстой. Ямарваа нэгэн шинэлэг систем нэвтрэхэд хүн бүр амархан дасаж чадахгүй, янз бүрийн шүүмжлэл дагуулдаг шүү дээ. Энэ бол цаг хугацааны л асуудал. Смарт картын үйлчилгээг нэвтрүүлсэн компанид жижиг сажиг процедурын алдаа байгаа. Жишээлбэл, иргэдэд смарт картыг борлуулах тал дээр менежментээ хийж чадахгүй байна. Дээрээс нь иргэдийг бухимдуулаад байгаа нь дахин дамжилт, сэлгэлтийн үнийг шийдэж чадахгүй байна. Хотын захын гэр хорооллоос нэг автобусаар хотын төв рүү ороод ирээд сурчихсан иргэд одоо хэд хэдэн автобус дамжиж байгаа нь өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдалтай шууд уялдаж хүндрэлтэй тусаж байгаа. Мөн цаг хугацааны хувьд ч алдагдалтай санагдаж байгаа байх. Гэвч энэ нь хотын төвийн түгжрэлийг бууруулах бодлоготой нягт холбоотой төлөвлөлт юм.

-Сүлжээ төлөвлөлт хийж, богино эргэлттэй болсноор автобус компаниудын орлого нэмэгдэж байна гэх юм?

-Нийтийн тээврийн үйлчилгээний оператор компаниуд өдөр тутамдаа хэдэн төгрөгийн орлого хуримтлуулаад, хэрхэн ажилладгийг ухаалаг систем харуулж байгаа. Урьд нь оператор компаниуд маш их хардалтыг дагуулдаг байсныг энэ систем нэвтэрснээр үйл ажиллагаа нь тодорхой харагдаж, үйлчилгээний орлого нь шилэн дансаар мэдээлэгдэнэ. Одоо бид орлогын араас хөөцөлдөх шаардлагагүй болсон. Хотоос чиглэл маршрутаа зохиогоод ингээд яв гээд замыг нь заагаад өгчихлөө. Тэгэхээр бид зөвхөн иргэддээ аюулгүй, соёлтой үйлчилгээг хүргэх ёстой болж байгаа нь олон жилийн туршид ярьж байсан бодлого хэрэгжиж байгаагийн илрэл. Урьд нь автобусууд орлогын хойноос хүнээ булаацалдаж, буудал дээр нэг нэгнээ шахаж зогсдог байсан цаг ард хоцорч байна. Бүх компаниудын үйлчилгээнээс орсон орлогыг нэг дансанд хуримтлуулаад түүнийг нь явсан гүйцэтгэл цагаар нь эргэн хуваарилах систем юм. Тэгэхээр үйлчилгээний орлогыг оператор компаниуд мэдэхээ больсон гэсэн үг. Тухайн автобус тогтоосон цагтаа ирээд, цагтаа явдаг болно. Жолоочид нь орлого ямар ч хамааралгүй болж байгаа нь замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах нөхцөл бүрдэж байгаа юм. Энэ бол манай нийслэлийн удирдлагуудын нийтийн тээврийн салбарт хийж байгаа том шинэчлэл мөнөөс мөн.

-Смарт карттай иргэн тодорхой хугацаанд амжиж автобус сэлгэн зорчвол 500 төгрөг л төлнө гэж анх яригдаж байсан. Энэ хэрэгжиж байгаа юу?

-Улаанбаатарт өдөр тутамдаа ойролцоогоор 700-800 мянган хүн нийтийн тээврээр зорчиж байгаа. Тэд бүгд ухаалаг системд нэгдчих юм бол дахин сэлгэлтийнхээ 20 юм уу 30 минутыг үнэгүй болгох асуудлыг шийдэхээр нийслэл болон нийслэлийн тээврийн газрынхан тооцооллоо хийхээр хүлээж байгаа. Иргэдийн маань карт худалдан авалт тийм ч сайн биш байгаа нь тооцоолол хийх боломжгүй болгож хүлээлт үүсгэж байна.

-Хуучин системээр явж байхад хувийн хэвшлийнхний орлого сайн байсан. Харин жолооч, кондукторын гар дээр бэлэн мөнгө ирэхгүй байгаа болохоор энэ системээр цаашид явах сонирхолгүй байх шиг…

-“Автобус компаниуд хуучин сэтгэлгээнээсээ салж чадахгүй байна. Кондуктортой системээрээ явах гэж зориудаар смарт картын системийг эсэргүүцэж байна” гэх мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж байгаа л даа. Тодруулж хэлэхэд, хувийн хэвшлийн бүх компани ухаалаг системийг 100 хувь дэмжиж ажиллахаа анхнаасаа мэдэгдэж, албан ёсоор гэрээ байгуулсан. Хувийн хэвшлийнхэн эргэж, буцахгүй. Оператор компаниудын өдөр тутмын үйлчилгээнээс орж байгаа бүх орлогыг Смарт карт компани хүлээн авч байгаа. Хүлээн авсан орлогыг эргэн хуваарилах ажил нь удаашралтай, алдаатай байна. Явсан автобус гүйцэтгэл цаг рейсээ бүрэн гүйцэт гаргаж чадахгүй байгаагаас болоод мөнгө хуваарилалт нь удааширч, үйл ажиллагаанд томоохон хүндрэлүүд гарч ирж болзошгүй.

-Үүнээс болоод та нарын орлого буураад байгаа юм биш үү?

-Шинэ системээрээ сар гаран явлаа. Нийтийн тээврийн 20-иод компани өдөрт 120-140 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Энэ алдагдал нь сардаа дөрвөн тэрбум орчим төгрөг болж байгаа юм. Мөн богино эргэлттэй болоод нийтийн тээврийнхний орлого нэмэгдсэн гэдэг мэдээлэл бол ташаа ойлголт юм.

-Тэгэхээр бүх автобус компаниуд алдагдалтай ажиллаж байна гээд иргэдэд үйлчлэх автобусныхаа тоог цөөлж байгаа юу?

-Үгүй. Харин ч хичээл, сургууль эхлэх гээд хотын хүн амын хөдөлгөөн ихэсч байгаа энэ үед наймдугаар сарын 23-наас үйлчилгээнд явах гаралтын тоогоо нэмэгдүүлсэн.Одоо хувийн хэвшлийнхний өдөр тутмынх нь орлого байхгүй болчихоор бүгд түлшний компаниудад хуримтлагдсан өртэй байна.Тэглээ гээд нэгэнт нэвтрүүлсэн смарт үйлчилгээг буруутгахгүй байгаа.

-Нийслэлийн удирдлагууд ямар чиглэл өгнө бид тийшээ иргэдэд үйлчилнэ гэж та дээр хэллээ. Тэгвэл төрийн өмчит автобусны компани орлого сайтай чиглэлд үйлчлээд, хувийн хэвшлийнхэн нь ашиггүй талдаа ажиллаад байх шиг. Энд өмчийн ялгаа гараад байгаа юм биш үү?

-Өнөөдөр бид орлого гэдгийг мартаж үйлчилгээг чухалчлах ёстой оператор компанийн төлөөлөл. Сүүлийн 60 жил хөдлөөгүй сүлжээ төлөвлөлтийг хотын удирдлагууд маань маш шийдэмгий хөдөлгөж, олон улсын жишигт нийцсэн маршрутаа тогтоож чадлаа. Энэ бол маш том шинэчлэлт. Дэлхийд ийм шинэчлэлтийг богино хугацаанд зоригтой хийсэн улс бараг байхгүй. Ямар сайндаа “Танайх мөд сүлжээ төлөвлөлтөө хийж чадахгүй” гэж хэлж байсан олон улсын мэргэжилтнүүдийг гайхшруулсан шинэчлэлтийг манай хот хийсэн. Энэ сүлжээ төлөвлөлтийг хийснээр Энхтайвны өргөн чөлөө рүү автобус гурав, дөрвөн зуугаараа бөөнөөрөө ордог байсан нь болилоо. Нийтийн тээврийн энэ том шинэчлэлтэд хувийн хэвшлийнхэн ямар ч маргаангүйгээр дэмжээд орсон. Гэтэл манай төрийн өмчит автобус компанийн захирал, НИХТ Ц.Одонтунгалаг буруу ойлголттой яваа бололтой.ТӨК хэвтээ, босоо тэнхлэгт өмчийн ялгаа гаргаж маршрутаа авсан. Тэгсэн атлаа нэг тогоонд төвлөрсөн орлогыг нийт компаниудад явсан цагаар нь тооцоолж өгөх ёстойг эсэргүүцэж байна. Өөрөөр хэлбэл, хуучин системтэйгээ андуураад байгаа бололтой. Өөрсдийнхөө орлогыг өөрсдөө авна, бусадтай хуваалцахгүй гэж дайрч байна шүү дээ. Ц.Одонтунгалаг дарга маань Нийслэлийн удирдлагуудын санаачлан нэвтрүүлсэн ухаалаг системээс өөрөө ухраад эхэлчихлээ. Сүлжээ төлөвлөлт задлахад хотын маршрутыг нийслэлээс тогтоогоод өгсөн байтал өмчийн ялгаа гаргаад бүх ашигтай чиглэлүүдийг төрийн өмч авсан. Тэгсэн хэрнээ бид орсон бүх орлогоо авна гэдэг чинь ардчиллын зарчим биш байлтай. Тэрээр “Бусад компаниуд алдагдалтай ажилладаг юм бол төр нь өгдөг юм байгаа биз” гэж байна. Тэгвэл бид энэ систем рүү орсны хэрэг юунд байна вэ. Хувийн хэвшлийн компани алдагдалтай байвал тэр л биз, ямартай ч төр нь ашигтай байя гэсэн өмчийн ялгаа гаргах юм бол энэ систем унана. Бидний орлогын төлөө явахгүй, маршрут булаацалдахгүй гэсэн итгэл маань алдарч эхлэх нь байна. Бид Э.Бат-Үүл даргыг ардчиллыг байгуулчихаад өмчийн ялгаа гаргаж, ингэж хувийн хэвшлийнхнийг нүд үзүүрлэн ялгаварлаж байна гэдэгт итгэхгүй байгаа. Харин Ц.Одонтунгалаг дарга өөрөө буруу ойлголттой яваад байх шиг байна. Улс орон мөнгөгүй хамгийн хүнд үед хувийн хэвшлийнхнийг явуулчихаад төрийн өмчит компани парк шинэчлэлт хийнгүүтээ ашигтай чиглэлүүдээ булаагаад авчихаж байна. Энэ чинь үндсэндээ хувийн хэвшлийнхнийг шахаж эхэлж байна гэсэн үг. Харин ч төр тэртэй тэргүй төрийн компанидаа татаасаа өгдөг юм чинь орлогогүй чиглэл рүүгээ явуулж яагаад болохгүй гэж. Нэгэнт нийслэлээс маршрут тогтоогоод хотын захад юм уу төвд очоод үйлчил гэвэл бид очно. Ганцхан тэнд соёлтой, аюулгүй үйл ажиллагаа явуулах ёстой. Орлогын төлөө биш болохоор өрсөлдөөн гэж байхгүй болно.

-Ухаалаг систем нэвтрүүлж байгаатай холбоотойгоор мөнгө хураагч нарын ажлын байр хөндөгдөж байна. Энэ асуудлыг яаж зохицуулах вэ?

-Нийтийн тээврийн салбарт олон жил, үе дамжаад ажиллаад ирсэн 1800-гаад мөнгө хураагч бий. Тэднийг шууд шинэ системд орсноор ажлаас нь халах үндэслэл байхгүй. Учир нь бүгд ар гэрээ авч явдаг, цалингийн зээлтэй, дийлэнх нь өрх толгойлсон эмэгтэй хүмүүс байдаг. Манай компани гэхэд смарт картын үйлчилгээнд шилжлээ гээд нэг ч мөнгө хураагчийг ажлаас нь халаагүй. Харин ч эдгээр хүмүүсийн хүчийг зөв ашиглаж, төвлөрөхгүй байгаа орлогыг бүрдүүлэх хэрэгтэй. Шинэ систем анх нэвтэрч эхлэхэд зорчигчид маань их идэвхтэй, картаа уншуулаад, мөнгөө төлөөд явдаг байсан.Эхэндээ кондукторууд ч хяналт тавиад ажиллаж байлаа. Харин сүүлийн өдрүүдэд орлого асар их унасан үзүүлэлттэй гарсан нь иргэд мөнгөө өгч байгааг хянах механизм байхгүйтэй холбоотой. Бид ухаалаг системд шилжчихлээ гээд ганц жолоочид энэ асуудлыг хариуцуулчихаар хотод алдагдалтай. Ядаж хүмүүсийг энэ шинэ системдээ дасаад зорчдог ухамсартай болтол нь мөнгө хураагч нарыг хяналтын ажилтан болговол хот эрсдэл багатай байна. Тэгээд ч хүмүүс хаанаас смарт карт авахаа тэр бүр мэдэхгүй байна. Кондукторууд автобусанд смарт картыг борлуулж болж байна. Одоо ухаалаг систем нэвтэрсэн юм чинь тухайн жолооч, кондукторын орлогоор ажлыг нь дүгнэх боломжтой. Нэг чиглэлд үйлчилгээ үзүүлдэг хоёр автобусны орлого газар тэнгэр шиг ялгаатай гарвал тэр нь мөнгө хураагчийн ажилтай холбоотой гээд хариуцлагын асуудал хөндөгдөж болно. Мэдээж зорчигчдыг бүрэн төлөлт хийлгэсэн, шаардлагаа зөв тавьсан, хяналтаа сайн хийж чадсан автобусных нь орлого ахиу байна. Энэ мэт бүх орлого шилэн данстай болж байгаа болохоор хяналтыг сайн хийж, хариуцлагыг зөв тооцож чадвал орлого бүрэн төвлөрнө. Тэрнээс өнөөдөр ухаалаг системд шилжлээ гээд мөнгө хураагч нарыг бөөн бөөнөөр нь ажлаас халж болохгүй. Ядаж 1-2 жилдээ тэднийг цалингийн зээлээ төлж дуусгах , дараагийн ажлын байраа олох хүртэл нь нийгмийн баталгааг нь хангах хэрэгтэй.

-Одоо жолооч, кондукторын цалин хэд байхаар болсон бэ?

-Тэд хэдэн төгрөгөөр цалинжих нь одоохондоо тодорхой биш байгаа. Ийм тооцоо ч гарч ирээгүй. Хотын захиргаанаас энэ бүх тооцоогоо хийгээд хурдан ухаалаг системийг бүрэн хэрэгжүүлэх, шийдвэрлэгдэхгүй байгаа олон асуудлуудыг зоригтой шийдвэрлэх хэрэгтэй.

-Ямартай ч нийслэлийн удирдлагууд зоригтой алхам хийж олон улсын жишигт нийцсэн ухаалаг систем рүү шилжчихлээ. Одоо энд парк шинэчлэлтийн асуудал хөндөгдөх байх?

-Хөгжлийн банкнаас зам тавина гээд зээл авдаг шүү дээ. Тэрэнтэй ялгаагүй оператор компаниудад 400, 500 автобусыг нь зээлээр олгочих хэрэгтэй байгаа юм. Ганц ТӨК-д гэхгүйгээр хувийн хэвшлийнхэнд өгчихвөл элэгдэл хорогдлынхоо мөнгөөр парк шинэчлэлт хийгээд явах нь шударга зарчим. Өнөөдөр иргэд маань хиртэй, тоос шороотой, хөлдүү хүйтэн автобусанд суумааргүй байна. Ухаалаг систем дээр хамгийн их дутагдаж байгаа зүйл бол парк шинэчлэлт. Цэвэрхэн сайхан ухаалаг системтэй, интернэттэй автобусанд ямар ч иргэн баяртайгаар үйлчлүүлнэ.Хотоор дүүрэн ийм автобус иргэдэд үйлчилбэл нийслэлийн удирдлагуудын нөгөө замын түгжрэлийг бууруулах гэсэн арга хэмжээ биелэлээ олно. Хэн машиндаа түгжрээд явахыг бодох билээ дээ. Хурдан шуурхай, цэвэр цэмцгэр нийтийн тээврийг л сонгоно. Одоо энэ дутагдаад байгаа зүйлээ хотын дарга яаралтай шийдэх хэрэгтэй. Эсвэл хувийн хэвшлийнхэн бидний цуглуулсан хөрөнгийг хот үнэлж аваад энэ салбарыг орхи гэвэл болж байна. Ингэж өмчийн ялгаагаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Төрийн компани гэхээр ивээл дор яваад байдаг. Ороод ирсэн шинэ автобус болгоноо өгч, алдагдлыг нь даадаг байж болохгүй. Харин хувийн хэвшлийнхэн банкнаас зээл аван байж энэ зэрэгтээ явж байхад хариуцлагыг нөгөө талдаа өндрөөр үүрүүлсээр байдаг.

-Манай улс смарт картыг нэвтрүүлснээр олон улсын жишигт хүрсэн үйлчилгээ үзүүлдэг болоход хэдий хэр хугацаа шаардлагатай вэ?

-Смарт карт ХХК нь процедурынхаа алдаануудыг хурдан шийдэж чадах юм бол гурван сарын дараа ард иргэд маань энэ системээрээ яваад сурчихна. Нийтийн тээврийн салбарынхаа бодлогыг хамгийн сайн шийдэж чадсан улс бол өмнөдСолонгос. Дэлхийд байгаагүй энэ ухаалаг системийг 2002-2004 онд нэвтрүүлсэн.Тухайн үеийн хотын дарга буюу одоогийн экс Ерөнхийлөгч Пак Гын-Хэ нийтийн тээвэрт явдаг хувийн хэвшлийн бүх компанийн удирдлагуудаа тойруулан суулгаж байгаад “Одоогийн орлого хөөцөлдөж маршрутаа булаалцалддаг системээ март” гэж хэлээд шинэчлэлтийг зоригтой хийсэн. Солонгосын нийтийн тээврийн үйлчилгээ урьд нь яг манай улс шиг орлогын төлөвлөлттэй, маршрутын зохион байгуулалт муутай байсан. Харин хотын дарга нь ард иргэддээ хүрч чадсан маршрут зохиож түүгээрээ үйлчилгээнд явахыг оператор компаниуддаа санал болгож, түүнээс гарах алдагдлыг нь төр даахаар тохиролцсон. Эхний жилдээ 800 сая долларын алдагдалтай гараад бөөн шүүмжлэлд өртөж байлаа. Харин өнөөдрийн байдлаар 100 сая долларын алдагдалтай ажиллаж бууруулж чадсан. Автобус нь ухаалаг болоод үйлчилгээ нь сайжраад ирэхээр бүх хүн автобусаар үйлчлүүлдэг болсон. Ингээд орлого нь нэмэгдээд нөгөө талдаа татаас нь багассан. Манайх хүссэн хүсээгүй энэ системийг хотын удирдлага хийсэн л бол татаас гэдэг асуудал гарч ирнэ.

-Сэдвээс хазайсан асуулт байна. Танай компани “МТ 150” гэдэг станцыг нэг дор олноор нь жижиг машинд суурилуулаад хуурамч рейс бүртгүүлдэг байсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Одоогоор энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Нэг л зүйлийг хариуцлагатайгаар мэдэгдмээр байна. Энэ юу вэ гэвэл манай компани олон улсын жишигт хүрсэн үйлчилгээ үзүүлэхийн төлөө өнөөдрийг хүртэл тууштай үйл ажиллагаа явуулж байгаа, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх үзүүлэлтээрээ ч өнгөрсөн жил дэлхийн чанарын тэмдэг авсан. “МТ 150” станцыг бөөнөөр нь жижиг машинд суурилуулаад рейс уншуулсан гэх мэдээлэл манай компанитай холбоотой асуудал биш, харин ч бид үүний эсрэг байдаг гэдгийг хэлмээр байна. Иргэн хүнийхээ хувьд Монгол Улсын шүүхээр гэм буруутай эсэх нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүжирдэх, дайрч доромжлон нэр хүнд болоод сэтгэл санааны хохирол учруулдаг байдал сүүлийн үед түгээмэл болсонд харамсаж явдаг.


Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Анхны Ерөнхийлөгчийн нэг анги

Нийслэлийн арвандөрөв­дүгээр бүрэн дунд сургуулийн анхны буюу 1960 оны төгсөгч­дийг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа. Тэд эх орныхоо хөгжил дэвшилд өөрсдийн үнэ цэнтэй хувь нэмрээ оруулсан, гавьяатай эрхмүүд. Энэ ангид Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат, Монголын нефть хангамжийн салбарыг өөд нь босгосон ууган мэр­гэжилтэн Маньбадар, 200 гаруй сум суурингийн зохион байгуулалтыг төлөвлөсөн эдийн засагч Дарьчулуун, Эрдэнэт, Бүрэнцогт, Мардай зэрэг уурхайн төслүүдэд эх орны нүд чих болж ажилласан аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Цогт-Очир, ШУТИС-ийн доктор, багш О.Батмөнх, Шараа нар сурч байжээ.

Товлосон цаг, болзсон газартаа анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат тэргүүтэй арваад хүн цугларчээ. Нэгнийхээ амар мэндийг мэдэлцэхийн сацуу ирж амжаагүй бусдынхаа тухай бие биеэсээ сураглацгаана. “Байнга уулзалдаж, холбоо харилцаатай байхыг хичээдэг ч жилдээ ганц хоёрхон л уулзалдах юм. Нас өндөр болоод явах суухаа үр хүүхэд, ач зээ нараараа заалгадаг болоод байна шүү дээ. Харамсалтай нь уулзах бүрт ширээ тойрсон хоосон сандлууд нэг нэгээр нэмэгдээд …” гэцгээснээ дор бүрнээ чимээгүй болцгоов. П.Очирбат “Бурхан болсон гэдгийг нь дуулаад сүүлд нь 20, 20 мянган төгрөг цуглуулж ар гэрийнхэнд нь өгөх биш, амьддаа л аль болох олон уулзалдахыг хичээх юм” гэвэл бусад нь “Тэр ч ёстой үнэн шүү” гэцгээн толгой дохив.

Тэд 1960 онд аравдугаар ангиа 32-уулаа төгссөн бөгөөд өдгөө 17 нь сэрүүн тунгалаг, насны намартаа сууна. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат “Хар хилэн формоо өмсөөд, улаан бүчээ зүүгээд дэгж, дэрвэж явсан нь өчигдөрхөн мэт санагдавч өдгөө хагас зуун жил өнгөрчээ. Бараг хоёр хүүхэд тутмын нэг нь бурхан болж. Хорвоогийн жам юм даа. Тэднийхээ гэгээн дурсгалыг хүндэтгэе” гээд өндийвөл бусад нь ч мөн адил босч зогсон, хэсэг дуу хураалаа. Тэдний сургуульд 1958-1959 оны хичээлийн жилд нийт 70-аад сурагчтай есдүгээр ангийн хоёр ч бүлэг хичээллэдэг байсан ч аравдугаар ангид тэн хагас нь л тэнцэн, элсэн оржээ. Тэр ч утгаараа эдний ангийнхан бүгд хичээл сурлагадаа жигд сайн байсан талаар ангийн дарга Эрдэнэ-Очир “Өнөөдөр бол бага, дунд, дээд гээд аль ч шатны сургуульд элсээд, төлбөрөө төлсөн л бол төгсдөг. Бидний үед тэгдэггүй байсан. Сахилга бат сул, хичээл сурлагадаа тааруу сурагчдыг үг дуугүй улираана. Хичээл сурлагаас гадна зан суртахууныг давхар шалгана. Энэ өндөр шалгуурыг давж манай ангийнхан төгсөх жилээ бүрэлдсэн юм. Харин П.Очирбат наймдугаар ангиасаа шууд арав руу дэвшиж орж ирсэн. Шалгалт дээр бүгд онц сайн авдаг байсан учраас дүнгээрээ бус шалгалтын материалыг хэн хэдэн минутад хийхээрээ өрсөлддөг байлаа шүү дээ. Шалгалтын хугацаа 40 минут байтал ангийнхны маань талаас илүү нь 30 минутын дотор хийчихнэ. Хичээл завсарлатал ангийн гадаа хүлээх зуураа “Би 28 минутад өөрийн вариантынхаа таван даалгаврыг хийчихээд багшид хураалгасан” гэвэл “Би тэрнээс чинь ч өмнө хийж дуусчихаад, материалаа хянаж байсан юм. Хэрэв багшид шууд хураалгасан бол чамаас түрүүлэх байсан. Хэн гурав дөрөвт орлоо” хэмээн ярилцах зуур шалгалтын хугацаа дуусч, хонх дуугарахад ангид үлдсэн хүүхдүүд хажуугийн вариантаа давхар хийгээд хугацаа алдчихлаа” гэсээр гарч ирдэгсэн” гэвэл бусад нь “Үнэхээр тийм шүү” гэцгээн толгой дохив. Бүгд сурлагадаа жигд сайн байсан учраас хоёр хүүхэд тутмын нэг нь тухайн үеийн ЗХУ буюу хойд хөршид суралцан, мэргэжил эзэмшжээ.

Өдгөө автын инженерээр ажиллаж буй Нарангэрэл ангийнхаа Тогостой гэрлэжээ. Тэд энэ ангиас төрсөн хос. Бүр, нэг ширээнд тохой нийлүүлэн суудаг байжээ. Ангийн хөвгүүд нь Нарангэрэлийн захиаг, охид нь Тогосынхыг өөр хооронд нь зөөдөг байснаа дурсан ярилцана. “Тэр үед одоогийнх шиг гар утас бүү хэл гэртээ телевизор, радиотой айл ховорхон байлаа. Сэтгэлээ илчлэхдээ бүгд захиа бичнэ. Манай ангид дан захиа бичдэг, түүгээрээ “мэргэшсэн” хүүхдүүд ч байлаа. Бүр захианы төрлөөрөө шүү. Хайрын захиаг бол Цэрэнханд, хэн нэгнээс уучлал хүссэн захиаг Дамдинсүрэн бичдэг байлаа” гэцгээв.

Тэд бол сургуулийнхаа анхны төгсөгчид бөгөөд төгсөлтийн баярынхаа үеэр сургуулийнхаа гадаа мод тарьжээ. П.Очирбат “Одоогоос 55 жилийн өмнө тохой хэрийн урттай зулзаган хус, хайлаас тарьсан. Сургуулийн жижүүр, манаач нар сайн усалж тордсоны хүчинд хэдхэн жилийн дотор сагсайтал ургасан. Одоо бид өвгөрч, хөгшрөөд жижгэрсэн бол бидний тарьсан зулзаган модод сургуулиас өндөр ургасан харагдана лээ. Багахан цэцэрлэгт хүрээлэн болчихсон юм уу даа. Хааяа салхинд гарахдаа, сургуулийнхаа хажуугаар, тарьсан моддынхоо доогуур алхах юутай сайхан. Сургууль руугаа орвол хана тааз, ширээ сандлаас өгсүүлээд шатны гишгүүр бүрт шингэсэн нандин дурсамж сэргэдэг байсан. Хэрэв тэд бүгд хэл амтай байсансан бол мөнчиг сайхан түүх өгүүлэх байсан даа. Таван жилийн өмнө бид ангийнхаа ширээ сандал, шал зэргийг иж бүрнээр нь шинэчилж өгч байлаа. Харамсалтай нь хоёр жилийн өмнө сургуулийн барилга нурж магадгүй гэсэн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гараад, орохыг хориглочихсон. Сурагчид нь ойр хавийн гурав, дөрвөн сургуульд хуваагдаж очсон сурагтай байна лээ. Сургуулийн барилгыг шинэчлэх ажил эхлэхгүй удсан учраас саяхан Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй биечлэн уулзсан. Сайд ирэх жилээс шинэ сургууль барих төсөлд хамруулж өгөхөөр амласан” гэв. Тэд төрөлх сургуулиа барихад гар бие оролцжээ. Тоосгыг нь зөөж, элсийг нь шигшиж байсан гэнэ. Тэр ч утгаараа сургуульдаа элгэмсүү байдаг бололтой.

Тэгтэл нэг нь “Ангиараа олон ч удаа жүжиг давтаж, түүнийгээ хөдөө малчдад тоглодог байснаа санаж байна уу” гэвэл “Яалаа гэж мартах билээ. Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын “Нэг анги” зохиолыг өдөр шөнөгүй бэлтгээд, Хэнтий аймгийн Давшил нэгдлийн малчдад сонирхуулна. Муухан жүжигчнээс хавьгүй дээр. Ямар сайндаа малчид өөр хоорондоо “Ажилд туслуулахаар сурагч хүүхдүүд явуулна гэсэн чинь жүжигчид илгээсэн юм биш үү”, “Харахад хүүхдүүд хэрнээ жүжиглэж байгаа нь томчуудаас ялгаа алга” хэмээн ярилцаж байсныг тодоос тод санаж байна” гэсэн юм.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат наймдугаар ангиа төгсөөд, есдүгээр ангиа алгасаад, шууд аравдугаар ангид элсэн оржээ. Сурлага сайтайгаас гадна наргианч, хүнээр тоглоом хийхдээ элдэвтэй гэдгийг ангийн нөхөд нь хуучилна. Түүнчлэн “Ерөнхийлөгч болсон ч гэсэн бидэнд бол ангийн хүүхэд хэвээрээ” хэмээн Төөдөө хэлэв. Тэрээр “Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байхдаа П.Очирбат ажил хэргийн шугамаар Ховд аймаг орсон. Би тухайн үед Ховдод малын эмчээр ажилладаг байв. Олон жил уулзалдаагүй ангийн хүүхэдтэйгээ уулзаад мэндийг нь мэдчихмээр байсан ч улсын тэргүүнд амар ойртуулахгүй нь мэдээж. Ямар ч байсан холоос ч болтугай бараа сүрийг нь харчихъя гэж бодоод яваад очлоо. Тэгтэл цугласан олны дундаас намайг таниад, танихаар барахгүй гар бариад тэвэрсэн. Бүр хэсэг зуур ярилцаж зогссон. Чи минь хэзээний хар хэвээрээ шив дээ гээд надаар тоглоом хийхээ мартаагүй. Тэгэхэд ангийн анд минь мөн дөө гэсэн өөриймсөг бодол төрж байсан. Одоо ч хэвээрээ” гэв. П.Очирбат “Манай ангид надаас гадна дуурсах алдар, бүтээсэн гавьяатай эрхмүүд олон бий. Наад зах нь 60, 70-аад онд Тээврийн яаманд ганцхан газрын тосны мэргэжилтэн байсан нь манай Маньбадар. Тэрбээр 1978 онд нефть хангамжийн бааз болон 1992 онд НИК-ийг толгойлон байгуулж явсан нэгэн. Эдийн засагч, ангийн анд Дарьчулуун бол Монголын бараг бүх сум суурингийн зохион байгуулалтыг төлөвлөсөн. Эрдэнэтээс авахуулаад Мардай зэрэг уурхайн төслүүдэд ажилласан аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Цогт-Очир болон доктор, О.Батмөнх, Шараа нар бий” гэв.

Тэд сургуульдаа анх удаа “Анд нөхөрлөлийн зөвлөл”-ийг байгуулжээ. Уг зөвлөлийн хурал долоо хоногт нэг удаа, хичээлийн бус цагаар болох бөгөөд ангийнхан бүгд гишүүд нь. “Хичээлээ тасалж, муу сурч, сургууль завсардан, хэн нэгнийг дээрэлхэн, үг хэлээр доромжилж, зодоон цохион хийдэггүй их л “дэгтэй” байсан та бүхэнд ийм зөвлөл байгуулах хэрэг байсан юм уу” гэвэл “Хурлаараа бид хэн нэгнийгээ шүүмжилж, шийтгэдэггүй байсан нь үнэн. Тэгэх ч шаардлага байдаггүй байсан юм чинь. Харин бид хичээлээс гадуур ямар ном зохиол унших, гэрийн даалгавраас гадна нэмэлт дасгал хичээл хэрхэн хийх, хүн бүл дутмаг нэгнийдээ хэзээ ус түлээг нь бэлдэлцэж өгөх зэргийг ярина. Бас хөдөө орон нутагт илгээлтээр очиж, тэндхийн малчдад толилуулах жүжгээ ч бэлдэнэ” хэмээн тэд хариулцгаасан юм.

М.Дорж “Ангийнхантайгаа уулзана гэсэн чинь манай ач нар мэл гайхчихсан. Хөгширчихсөн хэрнээ одоо ч нэг анги хэвээрээ юм уу гэж хүртэл асуусан. Тэгэхээр нь өвөө нь та нар шиг жаахан байхдаа сургуульд сураад, ангийнхантайгаа та нарын нэгэн адилаар хөөцөлдөж тоглож байлаа. Түүнээс биш өвөө нь төрөлхийн ийм хөгшин байгаагүй юм шүү гэхээр нээрээ тийм шүү дээ гээд инээлдээд байгаа юм. Тэгснээ бас ангийнхан чинь бүгдээрээ ирэх үү, бас тантай адилхан хөгширчихсөн үү гээд элдвийг шалгааж гарсан даа” гэвэл бусад нь “Бид нар ч мөн ялгаагүй. Ангийнхныхаа уулзалтад явлаа гэхээр гайхаад байдаг юм. Одоо өвгөчүүл, эмгэчүүл болоод алхаж гишгэх, хаашаа явахаа хүүхдүүдээрээ цагдуулдаг болоод байна. Арга ч үгүй биз дээ, автобусанд 15 мөнгөөр зорчдог байх үеийн сурагчид юм чинь. Одоо бол ач зээ нараа дагаад тоглоомын талбай л ордог ажилтай” гэцгээв.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Марийнскийн театрт урилгатай хэрнээ Цэргийн чуулгаа санагалзаж яваа нь гайхмаар

Олон улсын уралдааны шагналт манай залуу баритонуудын нэг Чулуунбаатарын Бадрал ээлжит чихэнд чимэгтэй мэдээгээ энэ долоо хоногт дахин дуулгалаа. Тэрбээр энэ сарын 18-25-ны өдрүүдэд Санкт-Петербург хотод болсон Оросын нэрт дуучин, ардын жүжигчин Елена Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд оролцож дэд байрт шалгарлаа. Хорин улс орны 220 гаруй дуучин оролцсон энэ уралдаанд Ч.Бадрал Б.Монголхүү нар оролцжээ. Бадрал өдгөө ОХУ-ын Москвагийн Гнисений нэрэмжит академид сурч буй. Энэ уралдаанд Монголынхоо дуучдаас анх удаа оролцоод ийнхүү дэд байрт шалгараад байна.

Монголын гайхалтай сайхан баритонуудын нэг тэрбээр өнгөрсөн жил мөн Орост болсон дуурийн залуу дуучдын нэгэн томоохон уралдааны тайзан дээрээс дэлхийн сонгодог дуурь дахь томоохон дууриудын гол гол ариг хэрхэн бахархалтайгаар дуулж байсныг санаж байна. Тэгэхэд Оросын сонгодгууд дотроос А.С.Рахманиновын Алеко, Бородины “Игорь ван” -г дуулахад нь Монголынхоо дуучдын ид хавыг харж, үнэхээр сэтгэл ханаж байлаа. “Игорь ван” бол орос дуурийн сор. Түүнд дуулсан Оросын нэртэй баритонуудыг бодож, манай дуучид тэр Игорийг нь ямар гайхалтай дуулж байгааг харьцуулсхийн харахад сэтгэл үнэнхүү ханаж байж билээ. Тэрбээр уг уралдаанд мөн Вердийн “Риголето” дуурийн Риголетогийн ари, “Травиата” дуурийн Жермоны ари гэхчлэн баритонуудын хүчээ сорьдог томоохон бүтээлүүдийг дуулсан юм. Бас нэгэн сэтгэл хөдлөм мөч Б.Шаравын “Чингис хаан” дуурийн их хааны ариг дуулсан нь байлаа. Игорь ванг нь мартахын аргагүй бол Чингис хааны ариг дуулахад нь танхимд өчүүхэн ч чимээ аниргүй байв. Их хааны ари:

“Зовлон бэрхийг даваад гарах

Зоригийг өөртөө чангалъюу би

Золгож ээждээ очоод үнсүүлээд

Зол жаргалыг эрьюү би

Хасар Бэлгүтэй дүү нар минь

Хайртай ээжээ хүндлэн асраарай

Хатуу бэрхийг туулах хатан зоригоо чангалаарай

Өөдгүй муу Хирилтуг улс гэрийг минь бусниуллаа

Эцгийн үгийг басамжилж элэг зүрхийг минь шархлууллаа

Хуруу гартаа гавтай өвдөг хөлдөө дөнгөтэй ч

Өөдгүй муу Хирилтугаас өсөө заавал авч

Өрлөг эцгийнхээ их үйлсийг хураана би, хураана би…” хэмээн цааш үргэлжилдэг. Монгол дуурийн Европынхоос ялгарах ялгаагаар нь, үндэсний онцлогоор нь, оркестрынх нь сүрлэг дуурьсал тэгээд Бадралын дуулах цараагаар Монголын дуурийн урлагийг олон улс орон өнгөрсөн жилийн зун тийнхүү амьсгаа даран чагнасан. Харин өнгөрсөн өдрүүдэд болсон олон улсын уралдаанд тэрбээр Вердийн “Риголетто”, “Трубадур” , Чайковскийн “Мазеппа” зэрэг дууриудын гол дүрийн ари, мөн Орос болон баруун Европын романсуудаас дуулжээ. Ч.Бадрал энэ намар Москвагийн Гнесиний нэрэмжит хөгжмийн академийг төгсөх аж. Дэлхийн тэргүүлэх театруудын нэг Санкт-Петербургийн Марийнскийн театрт дуулах урилга өвөртлөөд буй тэрбээр сургуулиа төгсөөд эх орондоо ирж, нөгөө л Цэргийн дуу бүжгийн чуулгадаа уран бүтээлээ хийнэ гэсэн юм. Марийнскийн театрт урилгатай хэрнээ Цэргийн чуулгаа санагалзаж яваа нь гайхмаар.


Categories
мэдээ цаг-үе

Чөлөөлөх дайнд оролцсон ээжийнхээ тухай “Тэр жилийн тэр өдөр” кино хийжээ

Хятадыг
чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой тохиож
байна. Чөлөөлөх дайнд оролцсон ээжийнхээ тухай охин нь ийнхүү дурсав.
Б.Батчулуун БЗД-ийн дөрөвдүгээр хорооны иргэн. Ноос ноолуурын үйлдвэрт ажиллаж
байгаад тэтгэвэрт гарчээ. Эхээс зургуулаа гэнэ.

-Ээж, аавынхаа
тухай яриач?

-Ээж, аав хоёр
маань 1939 оны Халх голын, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан юм. Аавыг
маань Л.Бадарч гэдэг. Миний ээж Д.Норовдаваа гэж хүн байлаа. Дайнд оролцсон нийт
эмэгтэйчүүдэд зориулж, ээжийгээ төлөөлүүлэн элсэн цөлийг туулж, тушаал аваад
явж байсан эмэгтэйчүүдийн төлөөлөл болгоод “Тэр жилийн тэр өдөр” кино хийсэн
юм.

-Та ээжийгээ
дайнд оролцсон гэж хэзээнээс мэдэх болов. Ээжийнхээ түүхийг судлахад юу нөлөөлсөн бэ?

-Ээж маань дайнд
оролцсон тухайгаа сурвалжлагчдад ярьж байсан. Сонин сэтгүүлд тухайн үедээ
бичигдэж байлаа. Ээжийн маань намтар түүх номонд янз янзаар бичигдээд, музейд
янз бүрээр тавигдаад, толь бичигт алдаатай тусгагдаад байхаар ээжийнхээ түүхийг
судалж эхэлсэн. Хэнтий аймгийн Галшар сумын хүнийг Дорнод аймгийн Матад
сумынх гэх мэтчилэн ташаардаг. Түүнийг
зөв болгохын тулд би “Галын шугамын байлдагч Галшарын охин” гэж Хэнтий аймгийн
Галшар сумын хүн гэдгийг баримтаар нотолсон.
Галшар сумын нутгийн зөвлөлийн дарга, “Хасу мегават” компанийн
Ж.Түмэн-Аюуш гэдэг хүн киног маань ивээн
тэтгэсэнд гүн талархал илэрхийлье. С.Пүрэв гуай тууж бичиж, Нагнайдорж
найруулагчийн хийсэн киноны зураг авалт дуусаад, эвлүүлгийн ажилдаа ороод явж
байна. Хятадыг чөлөөлсөн дайны ялалтын 70 жилд зориулсан кино.

-Ээж тань
яагаад дайнд явсан юм бол. Эмэгтэй хүнийг цэрэгт татаагүй байлгүй дээ?

-Монгол айл гэр болгоноос л насанд хүрсэн хүмүүс нь дайнд
явж байсан. Ах дүүтэйгээ цэрэгт явах нь энгийн үзэгдэл. Гэсэн ч миний ээж
долоон ахтайгаа дайнд явсан хүн. Нөхөр нь хошууч цолтой. Бас дайнд явсан хүн.
Миний аав бол байлдагчаас хошууч хүртэл
явсан хүн.

-Дайны үед ээж
тань ямар үүрэг гүйцэтгэж байсан бол?

-Ээж маань ариун
цэврийн зааварлагчаас авахуулаад сувилагчийн үүрэг гүйцэтгэсэн. Ариун цэврийн зааварлагчаар томилсон 528 дугаар ангийн 1936 оны аравдугаар сарын
23 гэсэн баримт байна. Өөрөө 1945 онд жолооч болъё гэсэн хувийн өргөдөл армид
өгсөн байдаг.

-Дайны үед
ээж тань хэдэн настай байв?

-Миний ээж
16-17-той л байсан. Дорнод, Хэнтий дайны
голомтод ойрхон байсан. Цэргийн алба хаасан ах нартайгаа ойрхон байсан байх.
Монгол Улсаа хамгаалах хүсэлт өргөдөлд
нь туссан байдаг. Музейд тавигдсан. Монгол бичгээр бичсэн байна лээ. “Дайны хар
балгийг би бие сэтгэлээрээ мэдэрч
яваагийн хувьд жолоочийн мэргэжилд
сураад, эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэхэд бэлэн байна” гэсэн
өргөдөл байсан.

-Шархдаж
байсан уу. Дайны үед юу үзэж туулсан бол?

-Шархдаж
байгаагүй. Дайны үед усыг хордуулсан эсэхийг өөрөө амсч, хоол унд үзэж
шалгаж байсан талаар хамт явж байсан
хүмүүс нь ярьдаг юм. Байлдааны үүрэг гүйцэтгэж, хүн эмчилж, эм найруулж байсан. Эм хангамж хүрэлцээгүй
үед давшилтад орсон цэргүүдийн
хойноос явахад их хүнд байсан
гэдэг юм.

-Дайнаас буцаж
ирсэн эмэгтэй хүний амьдрал яаж өрнөсөн
бол?

-Би ээжийнхээ
38-тайд гарсан хүүхэд нь. Гэхдээ дээр үеийн улсууд чамбай байсан. Ээж маань
дайнаас ирээд Гэмтэл согогийн больницод насаараа ажилласан. 1939 оны цэргийн ангиудыг татан
буулгалгүйгээр бэхжүүлээд чөлөөлөх дайнд оруулсан бололтой. Ном бичихдээ архивт
суусан. Цэргийн улсуудын хүүхдүүд аав ээж хаана томилогдоно тэр газар сургууль соёлд орж гарч байдаг жамтай. Ялалтын баяраар ахмад дайчдын
хоёрдогч амь болсон бид дуу хоолойгоо нийгэмд хүргэх ёстой.

-Та багадаа
аав ээж чинь дайнд оролцсон хүмүүс гэдгийг хэр мэдэрч өссөн бэ?

-Мэдрэлгүй яах
вэ. Дайнд оролцож байсан ахмад дайчид, дайны баатрууд манайд зочилдог байлаа. Зургууд
дээрээ ч тод харагдах байх аа. Ээж маань дал гаруй настай үедээ ангийнхаа
байлдагч нартай авахуулсан зургууд. Батлан хамгаалахын эмэгтэйчүүд, ангийн
дарга Нянтайсүрэнтэй авахуулсан зураг.

-Дайны хүнд
бэрхийг үүрсэн ч урт насална гэдэг сайхан хэрэг?

-Гэмтэл
согогийн больниц дайны үеийг
санагдуулахаар хүнд ажил. Осол гэмтэлтэй
хүмүүстэй ажиллана гэдэг амаргүй.
Цэргийн хатуужил насан туршдаа хэрэг болсон байх. Армиар хүмүүжсэн хүмүүс шаргуу үнэнч
хөдөлмөрлөдөг.

-Хүүхдүүдээ
яаж хүмүүжүүлдэг байв?

-Манай ээж зүйр
цэцэн үг их хэлдэг. Эмэг ээжийг маань Шүхэртийн Жалхаасүрэн гэдэг. Эмэг ээж маань бас агуу хүн. 13 хүүхэд
төрүүлээд, долоог нь дайнд явуулна гэдэг амар юм биш. Нэг л хүүхэд нь дайны
талбарт нас барсан гэдэг.

Гэмтлийн эмнэлэгт
өвчтөн яаралтай ирэхэд ээжийг боосон үед
бол эмч задалж үздэггүй итгэл хүлээлгэдэг. Хүний гар хөл хугарч гэмтсэн үед ч
хэвийн байдалд нь хурдан оруулдаг.
Үрэвсэж, идээ бээр болсон хөл гартай хүний хөл гарыг нь тайруулахгүйгээр үлдээж,
эдгээж байсан гэж нүдээр харсан хүн дурссан юм. Одоогийнх шиг
эм тариа хангалттай биш үед
боолтын сайнаар л эдгэж байсан гэдэг.

-Ахмад дайчдын
ярианы сэдэв юу байдаг бол?

– Энэ зураг таны
асуултын хариу болог. Энэ зургийг авахуулах үед би дэргэд нь байсан юм.
“Эмэгтэйчүүд дайнд оролцоход нэг баатар төрөх байлгүй дээ. За Норов минь ээ,
100 наслаарай, баатар болоорой” гэж дайчин нөхөр нь хэлэхэд ээж “Хүн болгон
намайг 100 наслаарай, зургаадай таяг тулаарай” гэж ерөөдөг юм чинь би 100
наслах байх аа гэж инээж байсан даа.


Categories
мэдээ цаг-үе

Л.Гантөмөр: Их сургуульд элссэнээс хойш сургалтын төлбөр нэмдэг байдлыг халж байгаа

Өнгөрсөн зуны хугацаанд тасарсан “Сайдын цаг” уулзалтыг өчигдөр зохион байгууллаа. Энэ удаа БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцож цаг үеийн мэдээллийг өгсөн юм. Түүний хэлснээр улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 250 мянган хүүхэд байгаа аж. Харин 218 мянга орчим хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамрагдуулж 32 мянга гаруй хүүхэд гэртээ үлдэх бололтой. Ер нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо хоёр жил тутамд 30 гаруй мянгаар нэмэгдэж байгаа нь цэцэрлэг, сургуулийн барилга барих хугацаа хүүхэд төрөх, сургуульд элсэх хурдаас удаан байна гэсэн статистик гарахад хүргэжээ. Энэ үзүүлэлт буурах бус эсрэгээрээ нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд одоогийн байдлаар жилд 80 мянган хүүхэд төрж байгаа бол удахгүй монголчууд жилд 100 мянган хүүхэд өлгийдөн авч эхлэх нь байна. Энэхүү ачааллыг даван туулах гол арга зам нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль гэдгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр онцолж байна. Уг нь хууль 2016 оны нэгдүгээр сараас хэрэгжинэ. Гэхдээ энэ хичээлийн жилээс хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд 2015 оны төсвийн тодотголд тодорхой хэмжээний санхүүжилт суулгахаар ажиллаж байгаа юм байна. Асуудал шийдэгдчихвэл цэцэрлэгт орж чадалгүй үлдсэн хүүхдүүдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулснаар бүх хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдана гэж үзжээ. Харин сургуулийн өмнөх боловсролын хичээлийн хуваарийн тухайд “Цөм” хөтөлбөрийг нэвтрүүлж буй гэнэ. Энэ нь хүүхдийг сонирхолд нь тулгуурлан хөгжүүлэх ойлголт аж. Ингэснээр хүүхдүүд өөрийгөө илэрхийлэх, бие даах чадвараа хөгжүүлдэг дэлхийн фрактикт үздэг байна.

Бага боловсролын тухай мөн л “Цөм” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажээ. Энэхүү хөтөлбөрийг өнгөрсөн онд хэд хэдэн сургуульд туршиж, бүрэн шинэчилсэн байна. Энэ жилээс эхлэн улсын хэмжээнд хэрэгжүүлж эхлэх бөгөөд 20 мянга гаруй багшид энэхүү хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар сургалт явуулчихаад байгаа гэнэ. Түүнээс гадна сургуулиудын менежментэд өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлжээ. Тухайлбал, олон ангитай цөөн элсэгчтэй сургууль хүүхдүүдээ хөгжүүлэхийн тулд сул ангиудаа хэрхэн ашиглах вэ гэдгийг эрт тодорхойлж үр дүнтэй ашиглах ёстой гэж үзжээ. Хэт олон хүүхэдтэй, цөөн ангитай сургуулиуд номын сан, музейг ашиглах болно. Үүнтэй холбогдуулан номын сан, үзвэрийн газруудыг ерөнхий боловсролын сургалтад ашиглахаар төлөвлөж байгаа юм байна. Байгаль шинжлэлийн ухааны зарим хичээлийг Байгалийн түүхийн музейд, Түүхийн музейд Түүх, нийгмийн ухааны хичээл заадаг цаг гаргахаар ажиллаж эхэлснийг Л.Гантөмөр сайд дуулгаж байв.

Харин төлбөрийн тухайд мушгин гуйвуулсан нэг асуудал яваад байгааг анхаарах ёстой байгааг өгүүлэв. Юу вэ гэвэл хоёр, гурав, дөрөвдүгээр курсын хүүхдүүдийн төлбөрийг 10-аас илүү хувиас нэмээгүй гэдгийг албан ёсоор салбарын сайд нь мэдэгдэв. Ер нь сургуульд орсных нь дараа төлбөр огцом нэмдэг байдлыг төрийн өмчийн сургуулиуд халж байгаа гэдгийг ч сайд өгүүлэв. Зөвхөн өндөр төлбөр гээд яригдаад байгаа нь нэгдүгээр курсын хүүхдүүдэд гарсан асуудал гэнэ. МУИС, Анагаахын сургуулиуд дээр 20-иос дээш хувиар нэмэгдсэн байна. Энэ хоёр сургууль руу төлбөрөө бууруулж, оюутнуудын суралцах орчныг сайжруулах чиглэлийг өгснөө тэрээр дуулгалаа. Мөн МУИС Байгалийн ухаан, Шинжлэх ухааны чиглэлээр суралцаж байгаа нэгдүгээр курсын оюутнууддаа 30 хувийн тэтгэлэг өгье, дотуур байрныхаа төлбөрийг 100 мянгаар хямдруулъя гэсэн саналыг ирүүлсэн ажээ.

Түүнийг ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчид дараахь асуултад хариулт авав.

-Яг ямар шалтгаанаар их сургуулиудын төлбөр нэмэгдээд байгаа юм бэ?

-Тайлбар нь “Чанартай боловсрол авсан хүнийг нийгэм хүлээж байна” гэдэг. Ялангуяа МУИС-ийн тавьж байгаа асуудал нь “Бид хөтөлбөрөө олон улсын түвшинд магадлан итгэмжлэл хийлгэлээ. Олон улсын түвшинд магадлан итгэмжлэл хийлгэсэн хөтөлбөрийг цаашдаа тэр Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд нь хадгалахын тулд бидэнд сургалтын төлбөрийн үндсэн бааз хэрэгтэй байна. Олон улсын түвшинд ажиллахын тулд ажиллаж байгаа багш нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн баймаар байна. Сурах бичиг, лаборатори, сургалтын технологи олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Тийм учраас төлбөр хүрэлцэхгүй байна. Өөрөөр хэлбэл чанар өгөхийн тулд төлбөрөө нэмэх шаардлагатай байна. Нөгөө талд огцом нэмэгдэж байгаа нэг хэсэг нь багш нараа хадгалах, сургалтынхаа чанарыг хадгалах шаардлагатай байна. Хуучин 40 мянган хүүхэд элсдэг байсан бол өнөө жил 20 мянган хүүхэд элслээ. Элсэгчдийнх нь 50 хувь байхгүй болчихоор тухайн сургууль дээр ажиллаж байгаа багш нараа цөөлөх хэрэг гарч байна. Зарим багш нараа чөлөөлөх ажил зохион байгуулахаар буцаад сайн багш олж чадахгүй. Нөгөөтэйгүүр сайн багш нараа гадагшаа алдах магадлалтай байгаа учраас бид төлбөрөө нэмэхээс өөр арга байхгүй” гэсэн тайлбарыг өгч байгаа.

-Цэцэрлэгт бүртгүүлэхэд арав хоног дугаарлаж зогсоод хүүхдээ оруулж чадалгүй харьж байгааг юу гэх вэ?

-30-аад мянган хүүхэд цэцэрлэггүй үлдлээ. Гэхдээ нөгөө талд нь 210 гаруй мянган хүүхдийг цэцэрлэгтэй болгож байна. Ард үлдэж байгаа хүүхдүүд эхний ээлжинд он гараад Хүүхэд харах үйлчилгээний хуулиар өөр, өөрийн гэсэн сургалтын орчинтой болно. Дараагийн ээлжинд концессын 72 сургууль, цэцэрлэгийн комплекс ашиглалтад орох юм бол 2016-2017 оны хичээлийн жилд сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал нэг тийшээ цэгцэрнэ. Гэхдээ дахиад 100 мянган хүүхдийн элсэлт гэсэн том тоо хүлээж байгаа.

-Жуулчны визтэй гадаад хүн орж ирээд хувийн дунд сургуульд багшилж байна. Салбар яам нь үүнд хэрхэн анхаарах юм?

-Гадаад хэл, гадны хөрөнгө оруулалттай сургуульд үйлчлэх дүрэм журмыг гаргасан. Хяналтын ажил бол мэргэжлийн хяналт дээр хийгдэнэ.

-Зарим дунд сургууль гурван ээлжээр хичээллэдэг. Энэ асуудал энэ жил шийдэгдэж байгаа юу?

-Гуравдугаар сургууль 16 дугаар сургууль дээр хичээллэж байсан. Гуравдугаар сургууль ашиглалтад орж байгаа учраас 16 дугаар сургуулийн гурван ээлжийн асуудал шийдэгдэж байна. 31 дүгээр сургууль дээр байсан 11 дүгээр сургууль 10 дугаар сараас өөрийнхөө байранд орчихно. 73,38,14 дүгээр сургуулийн концесс хийгдсэн. Энэ жил ажил нь эхэлбэл дараа жил ашиглалтад орчихно. Сургууль, цэцэрлэгийн комплекс 13 ашиглалтад орж байгаа.

Л.Мөнхөө

Categories
мэдээ цаг-үе

Д.Хаянхярваа: АН Ерөнхий сайдаа морь унасан толгойгүй хүн болгочихлоо

УИХ-ын
гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.

-Сүүлийн үед
олны анхаарлын төвд байгаа зүйл мэдээж Өршөөлийн хууль болчихоод байна. Уг
хуулийг гаргах нь зөв гэж байгаа ч Ерөнхийлөгчийн хоригийн асуудал дээр байр
суурийн зөрүү ажиглагдаж байна л даа. Та харин уг хуулийг хэрхэн хүлээн авч
байгаа вэ?

-Монгол Ардын
намын бүлгийн байр суурь анхнаасаа тодорхой байсан. Манайхан бол уг хуулиар
цагаан захтнуудад өршөөл үзүүлж болохгүй гэдгээ илэрхийлж ирсэн. Эдийн засгийн
ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдан гарч байхад би өөрийн саналыг хэлж
байлаа. Учир нь өмч хөрөнгөө нуун дарагдуулсан хүмүүсийн дунд бизнесмэнүүд
байна гэдэгт би итгэхгүй байгаа л даа. Учир нь бизнесмэн хүн аль болох хөрөнгө
санхүүгээ ил байлгаж, нэг төгрөгийг 10 төгрөг болгохын төлөө явдаг тул өмч
хөрөнгөө нуугаад байх шаардлагагүй.

Тэгэхээр тодорхой
хугацаанд ажил албан тушаалаа ашиглаж ил далд хөрөнгөтэй болсон хүмүүст
чиглэгдсэн хууль гэж бодож байна.

Өршөөлийн хуулийг
хэлэлцэн батлахын даваан дээр авлига, хээл хахуулийг сүүлийн хэдэн жил авсан
байж магадгүй бүх хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор өөрчилсөн. Ингэж
авлига авсан хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийг оруулж ирж болдог юм
уу. АТГ-т шалгагдаж буй 400 гаруй хэрэг, авлига авсан гээд шүүхээр таслагдах
гэж байгаа гэх мэт томоохон хэргүүд бүгд Өршөөлийн хуулиар өршөөгдөх гэж байна.
Өршөөлийн хуулийн гол зорилго үүн рүү биш, одоо хоригдож буй жижиг зүйлээс болж
эрх чөлөөгөө хасуулсан хүмүүст зориулан энэ хуулиа гаргах ёстой. Энэ хүмүүсээ
Монголын төр нэг өршөөж, дахин алдаж эндэхээс нь сэрэмжлүүлэх хэрэгтэй. -Төрийн
тэргүүний зүгээс хориг тавиад байгаа. Уг хоригийг та хэрхэн хүлээж авч байна
вэ?

-Монгол Улсын
Ерөнхийлөгч Өршөөлийн хууль батлагдсаны дараа өөрийн үгээ хэлж хориг тавьж
байгаагаа мэдэгдсэн. Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьж буй хоригоо ч гэсэн Их
хуралд хүргүүлээд байна. Миний хувьд Ерөнхийлөгчийн хоригийг бүрэн дүүрэн
дэмжиж байгаа. Манай бүлгийн зүгээс ч гэсэн хэвлэлийн бага хурал хийж
Ерөнхийлөгчийн хоригийг дэмжинэ гэдэг байр сууриа илэрхийлчихсэн.

-Гэхдээ
хоригийг хүлээгээд авчихвал шинэ Өршөөлийн хуульд хамрагдах боломжтой хүмүүсийн
тоо цөөрч анх удаа алдаж эндсэн хүмүүс хүртэл шоронгоос суллагдах боломжгүй гэж
байна?

-Тийм зүйл
байхгүй. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн зүйл заалтуудыг уншсан. Төрийн
тэргүүний зүгээс зөвхөн авлига, хээл хахуультай холбоотой заалтууд дээр хориг
тавьсан. Бусад зүйл заалтууд өршөөлдөө хамрагдаад явна гэж ойлгож байна.

-Зүйл заалтууд
дээрээ авлига, хээл хахууль, хулгай гээд бүх зүйлийг нь нэг заачихсан юм билээ.
Тэгэхээр тусдаа өршөөлд хамрагдах боломжгүй байх аа. Энэ л асуудал болчихоод
байна л даа?

-Хууль нь өөрөө
агуулгын хувьд маш зальтай орж ирсэн. Өнөөдөр Монголын төр гэж байгаа л бол
үүнийг ялгаж, салгаж хуульд тодорхой өөрчлөлтүүдийг оруулж болно.

-Тэгэхээр Их
хурал хоригийг хүлээж авсны дараа Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулна гэсэн үг үү?

-Үнэхээр
шаардлагатай гэвэл нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

-“Шударга ёс”
эвслийн бүлгийн зүгээс Засгийн газраас анх өргөн барьсан хуулийн төслийг
шантаажлах маягаар өөрчилсөөр байгаад Н.Энхбаяр даргадаа зориулчихлаа гэдгийг
хэлээд байгаа. Хэлэлцүүлгийн шатанд МАХН-ынхан, “Шударга ёс” эвслийн бүлгийн
зүгээс хуульд нөлөөлсөн үү?

-Өршөөл үзүүлэх
тухай хуулийг нэг хүнд зориулсан гэж хэлж чадахгүй. Харин нэжгээд хүмүүст
зориулсан хууль юм аа гэдгийг хүлээн зөвшөөрнө. Н.Энхбаяр даргатай холбоотой
асуудал Өршөөл үзүүлэх тухай хуульд яаж орж ирсэн гэхээр өршөөх бус цагаадна
гэж байгаа. Хэрэв ингээд эхэлбэл тус бүлгийн зүгээс тодорхой нөлөөлөл үзүүлсэн
байхыг үгүйсгэхгүй гэж бодож байна.

-Гэхдээ нэжгээд
хүмүүс гэдэгт танай намын нөхдүүд ч гэсэн багтаж өршөөгдөх юм байна лээ?

-Өршөөлийн
хуулийг нам эвслээс салгаж харамгүй байгаа юм. Уг хуулийг батлан гаргахдаа
Ардын намын хүн өршөөгдөх нь больё. Ардчилсан намын хүн өршөөгдөх гээд байна
гаргахгүй гэсэн өнцгөөс хараад байх юм бол энэ хууль биш болно. Хууль
батлагдаад гарсан л бол хэний хэнбугай ч бай хамрагдаад, ялаа хөнгөлүүлэх нь
хөнгөлүүлээд, шоронгоос гарах нь гараад явах нь энэ хуулийн мөн чанар байх
ёстой.

-Уг хуулийг
ард түмэн үнэхээр хүсэн хүлээж байгаа. Урин дулаан цагт иргэддээ өршөөлөө
үзүүлэхгүй бол хүйтний улирал эхэлсэн үед эдийн засгийн асуудлаас эхлээд
хүндрэл гардаг гэж байна. Хориг юмаа бушуухан хэлэлцээд иргэддээ эрх чөлөөг нь
өгөхгүй бол хорих газарт байгаа хүмүүс бослого гаргах хэмжээнд хүрнэ гэдгийг ч
ярьж байна?

-Мэдээж хууль
гарсан л бол хэзээ хэрэгжиж эхлэх тэр хугацаанаасаа хэрэгжих ёстой. Хууль урин
дулаан цагт гарснаар эдийн засгийн хэмнэлт гарна гэж бодохгүй байна. Хугацаа
уртаслаа гээд хорих газруудын зардал өгөгдөөд явах байх. Өөрөөр нэг их
өөрчлөгдөөд байх юмыг харахгүй л байгаа. Өршөөлд хамрагдан шоронгоос гарч ирсэн
залуус бүгд ажилтай болно гэдэг юу л бол.
Манайд нэг дутагдалтай зүйл байдаг. Өмнө нь манай улс таван удаа
Өршөөлийн хуулийг батлан гаргасан. Гэсэн хэдий ч шоронгоос гарсан хүмүүсээ
нийгэмшүүлэх ажлыг хийж байгаагүй. Социализмын үед хорихоос гарч ирсэн
хүмүүсийг албан байгууллагуудад хариуцуулаад ажил хийлгэн амьдруулах гэж
ноцолддог байсан. Одоо бол тийм зүйл байхгүй. Өршөөлд хамрагдсан ч бай,
хамрагдаагүй ч бай хорих газарт орчихоод гараад ирэхэд нь зөв төлөвшүүлэх
төрийн ажил үгүйлэгдэж байгаа.

-Өмнөх таван
удаагийн хуульд хориг тавьж байгаагүй хэрнээ энэ удаагийн Өршөөлийн хуульд
хориг тавьж байгаа нь Н.Энхбаяртай холбоотойгоор ийм байдалд хүрлээ гэх юм.
Ерөнхийлөгчийг Прокурорын байгууллагын хурал дээр үгээ хэллээ гэсэн шүүмжлэл
байна?

-Энэ цаг үе нь
өөрөө сонин цаг үе юм байна гэж харж байгаа. Ялангуяа сүүлийн хоёр гурван
жилийн хувьд улс төр гэдэг зүйл Монгол Улсад тахал мэт буруу замаар явлаа.
Бизнесийн, иргэдийн гээд бүх талд улс төрийн талцлыг дээд цэгт нь тулгалаа. Энэ
нь гарцаа байхгүй улс төрийн хүчнүүдтэй холбоотой. Тэр дундаа Засгийн эрхийг
тэргүүлж байгаа АН-тай салшгүй холбоотой л доо. Тэдний хувьд Ардын намынхан
хоморголон халдаг л гээд байгаа. Гэхдээ анзаарч харвал 2012 оных шиг хоморголон
халалт хийж байгаагүй. Яг энэ өнцгөөс нь харвал Өршөөлийн хуулийг улс төрийн
талаас тайлбарлаж байна. Иргэдийн оюун санаа юунд бузарлагдаж байна вэ гэхээр
улс төрийн хийрхэл гээч нь савнаасаа халиад хэрээс хэтэрчээ, төр нь төр шиг
чадахаа байж. Улс төрийн нам нь улс төрийн нам шиг байхаа больчихож. Энэ өвчин
чинь төрөөс гарч буй бүх шийдвэрийг улс төрийн өнцгөөс тайлбарлаж, нийгэмд
буруу мэдээлэл өгдөг гажгийн илэрхийлэл байхгүй юу.

Гэхдээ Монгол
Улсын Ерөнхийлөгч баярын хурал дээр нь байна уу, ямар хурал дээр байна үгээ
хэлэхийг бид заахгүй. Төрийн тэргүүний хувьд хаана юу хэлэхээ мэдэж л хэлж
байгаа байх.

-Их хурлаар
Өршөөлийн хуулийн хориг ороод ирвэл УИХ дахь МАН-ын бүлэг хүлээж авах уу?

-Манай бүлэг
хоригийг хүлээж авна гэдэг дээр санал нэгдсэн.

Тэр ч утгаараа
хэвлэлийн бага хурлынхаа үеэр сэтгүүлчдэд мэдээлсэн. Манай бүлэг анхнаасаа
Өршөөл үзүүлэх тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль
дээр байр суурийн асар зөрүүтэй явж ирсэн. Цагаан захтнуудад зориулж энэ
хуулийг батлан гаргахгүй шүү гэдгийг үргэлж хэлээд байгаа.

-Өршөөлийн
хуулийг хоригдож буй хүмүүсээс гадна ар гэрийнхэн нь хүлээж байгаа. Эрх
чөлөөгөө хасуулсан хүмүүс хэзээ нар харах вэ?

-Эрх баригчдаас хамаатай. Ээлжит бус чуулган хуралдуулж, Өршөөлийн
хуулийг батлан гаргана гэсэн. Гэтэл гэнэтхэн Засгийн газрын хэвлэл мэдээллийн
албанаас нь болилоо гээд унасан. Аравдугаар сард ээлжит чуулганаар хэлэлцэнэ
гэсэн ч саяхнаас есдүгээр сарын зургааны дотор хэлэлцэх гэж байна, ээлжит бус орж
магадгүй шүү гээд Хуралдаан зохион байгуулах албанаас мессэж ирж байна. Одоо
бол эрх баригчид өөрсдөө энэ төрийн ажлыг жонхуу болгочихоод байгаа юм. Нэг
үгээр хэлбэл АН Ерөнхий сайдаа морь унасан толгойгүй хүн болгочихсон. Хаврын
чуулганы өмнө Ерөнхий сайд “Би Оюу толгой, Таван толгойг хөдөлгөнө” гээд
томоохон мэдэгдэл хийсэн. Гэтэл маргааш нь Их хурлын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга бут
цохиод, хэрэв тэгвэл огцруулна шүү гэсэн чинь хаячихсан. Тэгснээ “Би МАН-ын
зургаан сайдыг өргөн барихгүй. Хэрэв зургаан сайдыг өргөн барих юм бол би өөрөө
дагаад огцорно” гээд орилсон. Дараа нь гэтэл яав. Өөрөө зургаан сайдаа
огцруулах нэрээ өргөн бариад өөрөө ч огцорсон юмгүй үлдсэн. Сая яав. Ээлжит
чуулганаар асуудлаа шийднэ гээд хэлчихсэн чинь есдүгээр сарын зургааны дотор
ээлжит бусаар шийднэ гэчихсэн. Монгол Улсын энэ Ерөнхий сайд чинь алиа салбадай
болж дууслаа. Тэр хүнд хуулийн зөвлөх гэж байна уу. Төрийн ажлыг яаж явуулах
ёстой вэ гэдгийг зааж зөвлөж байгаа хүн байна уу гээд үзэхээр хүүхдүүдийн
хэлдгээр лөөлөө болж таарлаа. Ингэж алиа салбадай шиг, өөрийн толгойгүй юм шиг
яваад, хэн нэгэн хүн намынхаа даргын шантаажинд төрийн албыг залгуулж явна
гэдэг хэцүү. Ингэж Засгийн ажил явахгүй ээ. Үүнийг АН-ынхан маань ойлгож л
байгаа байх даа гэж бодох юм.


Categories
мэдээ цаг-үе

Э.Мөнхжин: Туркийн компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй

Гэр
хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Грандлайн” ХХК-тай холбоотой
сөрөг мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон билээ.
Тодруулбал, тус компаниБаянзүрх дүүрэгт “Түмэн Амгалан”цогцолбор хорооллын
төслийг хэрэгжүүлэхдээ БНТУ-ын “216 Япи Үрэти Худалдаа” компанитай хамтарч
Монгол-Туркийн хамтарсан “Грандлайн” ХХК-ийг байгуулсан гэх. Гэтэл Монголын тал
гэрээгээ зөрчин Туркийн компанид их хэмжээний хохирол учруулж эцэстээ Арбитрын
шүүхэд дуудагдсан ч хохирлоо барагдуулахгүй өнөөг хүрч байгаа талаар Туркийн “216 Япи Үрэти Худалдаа” компанийн
өмгөөлөгч Б.Оюунбилэг сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тиймээс бодит нөхцөл
байдлын талаар “Грандлайн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Мөнхжинтэй ярилцсанаа
хүргэе.

-“Грандлайн”
ХХК Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл дээр
Турк улсын “216 Япи Үрэти Худалдаа” компанитай хамтарч ажиллахдаа үл
ойлголцож, эцэстээ Арбитрын шүүхээр асуудал нь шийдэгдэж буруутан болсон тухай
мэдээлэл явж байна. Гэхдээ энэ тухай ярихаас өмнө “Грандлайн” компанийн талаар
товч мэдээлэл өгөх нь зөв болов уу. Танай компаниГэр хорооллыг орон сууцжуулах
төсөлд ямар шалгуураар орж, эрх авсан юм бэ?

-Манай компани
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд
2013 оны гуравдугаар сард орсон юм. Тухайн үед Баянзүрх дүүргийн
арванхоёрдугаар хороо буюу Амгалангийн 15.4 га талбар дээр дахин төлөвлөлтийн
төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалт явсан. Үүнд нийт 12 компани
оролцохоор хүсэлтээ өгсөн байлаа. Ингээд эхний шалгаруулалтаар таван компанийг
сонгож, тэд ч иргэдэд хэрэгжүүлэх төслөө танилцуулсан. Дараа нь иргэдийн дунд санал
хураалт явуулахад урьдчилсан байдлаар манай компанитөсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан.
Тиймээс иргэдтэй гэрээ байгуулсны үндсэн дээр
2013 оны тавдугаар сард “Грандлайн” ХХК нийслэлээс төсөл хэрэгжүүлэгч
гэсэн албан ёсны батламжаа авсан байдаг. Мэдээж хувийн хэвшлийн компаниуд ийм
том төсөл хэрэгжүүлэхэд ихээхэн
хэмжээний хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг шаардлагатай шүү дээ. Тийм
учраас бид төслөө хэрэгжүүлэхийн тулд хамтарч ажиллах гадаадын компаниудыг
судалж эхэлсэн юм. Ингээд Туркийн “216 Япи үрэти худалдаа” компанитай хамтарч
ажиллахаар болж, гэрээ байгуулсан. Хамтрахын тулд бид хэд хэдэн зүйлийг нөгөө
талтайгаа тохиролцсон.

-Ямар тохироо хийж байв?

-Турк
улс бол барилгын салбарт асар их туршлагатай, эрчимтэй хөгжиж байгаа орон. Тэр
утгаар нь Туркийн барилга угсралтын шинэлэг технологийг эх орондоо нэвтрүүлж,
Монголдоо чанартай, орчин үеийн жишиг хороолол барьж байгуулъя гэдэг зорилго
бидэнд байсан. Тийм учраас “216 Япи үрэти худалдаа” компанитай төсөлд
шаардлагатай эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг валют хэлбэрээр хийнэ. Мөн
Туркийн тал манайд хөрөнгө оруулалт хийхдээ хувьцаа эзэмшигч байдлаар
явъя гэдэг тохироог хоёр тал сайтар ярилцсаны үндсэн дээр хийж, энэ
саналуудаа тусгасанхамтын
ажиллагааны гэрээ байгуулсан.
Өөрөөр хэлбэл Туркийн компани
“Грандлайн” ХХК-ийн албан ёсны хувьцаа эзэмшигч болж, гэрээгээ 2013 оны арванхоёрдугаар
сард байгуулсан юм. Гэвч уг гэрээ мааньцаашдаа бидний хүссэн үр дүнд хүрч
үргэлжилж ажиллахад хүндрэлтэй болсон.

-Туркийн компани танайд туршлага болоод тоног төхөөрөмж,
эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн хөрөнгө оруулалт хийнэ гэсэн юм байна. Энэ
хөрөнгө оруулалтыг мөнгөн дүнгээр тооцвол
хэдий хэмжээнд байхаар тохирсон юм бэ?

-Энэ
тухай гэрээнд тодорхой заасан байгаа. Өөрөөр хэлбэл, төсөлд шаардлагатай нийт
мөнгөн дүнгийн 50 хувийг Туркийн компани гаргана гэдэг заалт гэрээнд бий. Тийм
учраас бид гэрээгээ биелүүлж, “Грандлайн” компанийн хувьцааны 50 хувийг Турк
компанийн талд шилжүүлсэн байдаг. Ингээд хамтын ажиллагаа эхлээд явж байтал
айлын тал“Турк стандартын орон сууцны хороолол барих учраас зураг төслийг шинэчлэх хэрэгтэй байна”
гэдэг саналыг гэнэт тавьсан.

-Зураг төсөл аль хэдийнэ гарчихсан хойно…

-Харин
тийм. Бид бүх зураг төслөө аль 2013 оны арванхоёрдугаар сард гаргачихсан шүү
дээ. Гэтэл тэд манай хийсэн зураг төслийг үгүйсгэж, үүнийгээ шинэчил гэдэг тулган шаардлагыг тавьж эхэлсэн. Ажлаа
гацаагүй явуулахын тулд бид энэ саналыг нь хүлээж авахаас өөр арга байгаагүй.
Ингээд тэдний тал барилгын зураг төсөлтэй холбоотой бүх ажлыг хариуцан хийхээр
гэрээнд тусгасан юм. Харамсалтай нь тэдний яриад байсан шилдэг, шилмэл зураг
төслийн ажил нь удааширсаар 2014 оны
зургадугаар сард л бэлэн болж гарч ирсэн.

-Энэ хооронд хамаг ажил гацаанд орсон байж таараа…

-Тэд
зураг төслөө гаргах гэж үнэхээр их цаг алдсан. Гэхдээ бид тэднийг хараад зүгээр
сууж чадаагүй. Олон хүний итгэл хүлээгээд том ажил авчихсан хүмүүст тэнгэр
ширтээд суух эрх ч байгаагүй. Тиймээс айлуудтайгаа гэрээ байгуулж, газар
чөлөөлөлтийн ажлыг хийсэн.Тухайлбал,нийт өрхийн 95 хувьтай гэрээ байгуулсан.
Барилгын ажил эхлүүлэх боломж нөхцөлийг бий болгох, Монгол талаас хамаарах барилгын
ажлыг гүйцэтгэх багаа бүрдүүлэхээс эхлээд бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажилласан.
Ингээд эцэст нь 2014 оны зургадугаар
сард манай компани барилгынхаа ажлыг
эхлүүлсэн юм. Тухайн үед төсөлд шаардлагатай мөнгөн хэлбэрийн санхүүжилтээ
гэрээний дагуу хийхийг Турк компанийн талаас бид хүссэн. Гэтэл тэд “Мөнгөн хэлбэрээр санхүүжилт хийх
боломжгүй, мөнгө бус хэлбэрээр 1.3 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг бид аль
хэдийнэ танайд өгсөн байна” гэдэг зүйл ярьж эхэлсэн л дээ.

-Тэр нээрээ ямар учиртай юм бэ. Танайхыг “216 Япи үрэти
худалдаа” компаниас 1.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт авч үрэн таран хийсэн
гээд байна лээ. Бараа, материал авчихсан
юм уу?

-Бидэнд
ийм иххэмжээний бэлэнмөнгө аваад идчихсэн асуудал огт байхгүй ээ. Бодитүнэнийг
л хэлье.“Түмэн амгалан” цогцолбор хорооллын зураг төслийн ажлыг тэд хийсэн
гэдгийг дээр хэлсэн. Үүнийгээтуркууд 600
мянган ам.доллараар үнэлсэн. Манайд
нийлүүлсэн барилгын хэв хашмалаа 700 орчим мянган ам.доллараар үнэлсэн. Ингээд
нийтдээ 1.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийчихсэн гээд байгаа хүмүүс шүү
дээ. Гэтэл гэрээнд төсөлд шаардлагатай эргэлтийн хөрөнгийг Туркийн талаас
мөнгөн хэлбэрээр хийнэ гэсэн хатуу заалт бий. Бараа материалаар хөрөнгө
оруулалт хийнэ гэсэн тохироо анхнаасаа байгаагүй. Үүнийг нь ч арбитрын шүүхийн
шийдвэрээр тогтоосон шүү дээ.

-Ийм өндөр үнээр зураг төслийн ажил хийнэ, үүнийгээ
хөрөнгө оруулалттаа тооцно гэдгээ танайд хэлээгүй хэрэг үү?

-Туркийн
талаас энэ асуудалд биднийг оролцуулахгүй, бие даан шийдэж, гэрээгээ зөрчиж
асуудал үүсгэсэн. Уг нь бол хоёр тал
гэрээний дагуу шийдвэр гаргах ёстой. Тодруулбал, “Грандлайн”
компани сонгон шалгаруулалт явуулж, хоёр талын гарын үсгээр гэрээ хэлцэл
хийгдэх учиртай байсан. Гэтэл бараа,
материалаа зах зээлийн ханшаас хэд дахин илүү үнээр бидэнд шахах гэсэн. Ингэж
болохгүй биз дээ.

-Тэгэхээр “216 Япи Үрэти Худалдаа” компани хэлсэн
тохирсноосоо буцаж, хамтарч байгаа монгол компаниа дорд үзэж, дураараа
авирласан юм биш үү?

-Яагаад
тийм байдлаар хандсаныг нь мэдэхгүй. Ямар ч байсан бид бүх ажил болон гэрээ
хэлэлцээрүүдээТуркийн талаас томилогдож ирсэн захирлуудыг нь оролцуулж хийдэг
байсан. Учир нь бид хамтарч ажиллах гэрээ байгуулсан талууд шүү дээ. Тийм
болохоор аливаа асуудал дээр заавал тэдний саналыг авч байж Монгол талын
Гүйцэтгэх захирал болон Ерөнхий захирал гарын үсэг зурдаг байсан. Харамсалтай
нь тэд хариуд нь маш бүдүүлэг авир гаргаж байлаа. Жишээ нь гаалийн мэдүүлгээ
хуурамчаар бүрдүүлнэ гэдэг, санхүүгийн бүртгэлээ хоёр дансаар бүртгэнэ гэх
мэтээр зүй бусаар авирлана. Үүгээр ч барахгүй Турк талын захирал Билент
Дундарынх нь орчуулагч хийж байсан “Монгол-Туркийн Бизнес Консул”-ын дарга
Ганбаяр гэх залуу “Түмэн Амгалан” хорооллын орон сууцны борлуулалтыг нууцаар
дур мэдэн хийсэн нь илэрч, цагдаагийн байгууллагаар шалгагдаж, эцэстээ шүүхэд
шилжсэн байдаг. Энэ бүхэнтуркуудын өгсөн
зөвшөөрлийн дагуу хийгдсэн гэх юм билээ.

Тухайн
үед Турк талаас гурван инженер манайд ирж ажилласан. Уг нь тэр ажилчдынхаа
зардлыгТуркийн тал бүрэн хариуцна гэж гэрээндээ тусгасан боловч эцэстээ өнөө
гурван ажилтныхаа 45 хоногийн цалин болох 96000 ам.долларыг манай компаниас
нэхэмжилж байх жишээтэй. Гэхдээ дээрх
нэхэмжлэлийг хууль бус гэж үзээд шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Энэ мэтчилэн маш
олон хууль бус үйлдлүүдийг хийж, Монгол Улсын хуулийг уландаагишгэхээр оролдож
байлаа. Нэг ёсондоо бидэнд хоноцын
сэтгэлээр хандаж, дээрэлхэж эхэлсэн. Тийм учраас зөрчил улам гүнзгийрсэн л дээ.

-Танай талаас асуудлыг нааштайгаар шийдэх арга хэмжээ авч
байв уу?

-Бид
асуудлыг аль болох нааштайгаар шийдэх үүднээс Турк руу явж “216 Япи Үрэти
Худалдаа”компанийнхантай хэд хэдэн удаа уулзалт хийсэн. Чулуудай захирал
тэднээс гэрээгээр хүлээсэн үүргээ
биелүүлж,МонголУлсынхуулийнхүрээндхамтранажиллахыг сануулж, төсөлд шаардлагатай эргэлтийн хөрөнгийг
мөнгөн хэлбэрээр оруулахыг удаа дараа хүссэн. Гэвч тэд “Бид хөрөнгө оруулалтаа хэдийнэ
хийчихсэн” гэдэг нэг л тайлбар хэлж,
гэдийсээр байлаа. Байдал нэгэнт ийм болсон учраас манай компани Туркийн
“216 Япи Үрэти Худалдаа” компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг
шаардаж Арбитрын шүүхэд өгсөн юм.

-Турк компанийн өмгөөлөгч Б.Оюунбилэг “Грандлайн” ХХК-ийн
захирал Б.Чулуудай эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Туркийн талд их хэмжээний
хохирол учруулсан болохоор түүнийг Арбитрын шүүхэд өгсөн”гэж мэдээлэл хийж
байсан шүү дээ. Тэгэхээр хэн нь хэнийгээ шүүхэд өгсөн юм бэ?

-Тийм
ээ, Оюунбилэг гэдэг өмгөөлөгч тийм зүйл ярьсан байна лээ. Гэтэл бодит байдал
дээр манай тал 2014 оны аравдугаар сарын 20-нд шүүхэд нэхэмжлэл гаргасаншүү
дээ. Нэхэмжлэлийн шаардлагадаа “…Турк улсын “216 Япи Үрэти Худалдаа” компани
нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний
үүргээ ноцтой зөрчсөн тул уг гэрээг цуцлуулах, гэрээ цуцалснаас үүдэн
гарах хохиролд 726.933.507 төгрөг,
арбитрын зардалд төлсөн 10.054.335 төгрөгийг хариуцагч Турк Улсын “2016 Япи
Үрэти Худалдаа” компаниас гаргуулах…” тухай дурдсан байдаг.

-Энэ асуудлыг арбитр яаж
шийдвэрлэсэн бэ?

-Өнгөрсөн
гуравдугаар сард арбитрын шийдвэр гарч, Монгол Улсын “Грандлайн” ХХК болон Турк
Улсын “216 Япи Үрэти Худалдаа” компаниудын хооронд байгуулсан 2013 оны
арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-г цуцалсан шүү дээ.
Мөн гэрээг цуцалсантай холбогдуулан “Грандлайн” ХХК-ийн 50 хувийн хувьцааг
буцаан шилжүүлэхийг “216 Япи Үрэти Худалдаа” компанид даалгасан байдаг. Мөн
“Грандлайн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Чулуудайн нэхэмжилсэн төлбөрийн 50
хувийг “216 Япи Үрэти Худалдаа” компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн юм.

-Тэгэхээр танайх “216 Япи Үрэти Худалдаа” компанийг эхлээд шүүхэд өгч, Туркийн тал
буруутай нь тогтоогджээ. Хохирогч нь туркууд биш танайх юм шив дээ…

-Тиймээ.
Үнэхээр өнгөрсөн хугацаанд манай компани
маш их хохирол амссан. Гэлээ гээд бид зүгээр суугаагүй. Иргэдтэйгээ
хамтран ажиллаж, өөрсдөө төслийнхөө санхүүжилтын асуудлыг хариуцажбарилгын
суурийн ажлыг хийж, төслөө зогсоохгүй үргэлжлүүлэх боломжийг хайсан.

-Бас нэг асуудал нь Туркийн талаас “Грандлайн” ХХК-ийн
хувьцаа эзэмшигч Б.Чулуудайг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, компанийн гүйцэтгэх
удирдлагыг гартаа авсан. Мөн “216 Япи Үрэти Худалдаа” компанид мэдэгдэлгүйгээр
банкнаас есөн тэрбум төгрөгийн зээл авсан гэдэг зүйлийг яриад байгаа. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?

-Тийм
зүйл огт байхгүй. Гэрээгээр тохиролцсоны дагуу хоёр тал тэнцүү хэмжээний
хөрөнгө оруулалтыг тогтмол хуваариар хийхээр болсон. Чулуудай захирлын хувьд
төслийн санхүүжилтийг зогсолтгүй хийсэн шүү дээ. “Грандлайн” ХХК-ийг үүсгэн
байгуулагч нь Б.Чулуудай. Тэр хүн анхнаасаа энэ компанийн захирал байсан, одоо ч байгаа. Компанийнхаа 50 хувийн
хувьцааг Туркийн компани руу шилжүүлсэн нь үнэн. Гэхдээ энэ нь хамтын
ажиллагааны гэрээ, тохиролцооны хүрээнд явсан ажил. Тухайн үед туркуудын зүгээс компанийн
захирлыг солих эсэх талаар ямар ч санал гаргаагүй мөртөө одоо ийм зүйл ярьж
байгааг нь гайхаж байна. Хамтарсан
компани байгуулсныхаа дараа Б.Чулуудай захирал Ерөнхий захирлынхаа хувиар
компаниа төлөөлж, бүх ажилчидтайгаа гэрээ байгуулсан байдаг. Тэдний нэг нь би
байна. Тэр үед ямар нэгэн санал, хүсэлт
туркуудын зүгээс гарч байгаагүй. Харин
төсөл эхэлчихээд явж байхад Туркийн
талаасбарилгын инженер гэх хоёр хүнийг явуулж,
бидэнтэй хамт офисст суулгах
болсон. Мөн нэмж гурван хүнийг
ирүүлсэн. Тийм учраас төслийн бүх ажил болон гэрээ хэлэлцээр дээр Туркийн тал
хяналт тавиад л явдаг байсан. Гэтэл одоо Б.Чулуудай захирлыг хамтарсан
компанийнхаа нэр дээр есөн тэрбум төгрөгийн зээл авсан тухай ярьж байна. Тийм
зүйл байхгүй ээ. Тэр зээлийг Б.Чулуудай
захирал аваагүй. Яасан гэхээр гэрээний үүргээ биелүүлэхийн тулд өөрийнхөө нэр
дээр 3.2 тэрбум төгрөгийн зээлийг банкнаасавч, хууль журмынхаа дагуу компанидаа
хөрөнгө оруулалт хийсэн. Түүнээс биш компанийн нэр дээр есөн тэрбум төгрөгийн
зээл авсан асуудал огт байхгүй. Бүх баримт, материал нь байгаа. Гэтэл Туркийн талаас нэг ч төгрөгийн хөрөнгө
оруулалт хийгээгүйгээр барахгүй зах зээлийн ханшаас хэт дээгүүр үнээр бараа нийлүүлэх шударга бус
шаардлага тавьсан. Үүнээс болж бидний хооронд зөрчил үүсч, хамтарсан төсөл зогсоход хүрсэн.

-Өмгөөлөгч Б.Оюунбилэг танайхыг нийслэлийн хөрөнгө
оруулалтын газраас 11 тэрбум төгрөгийн дэд бүтцийн ажил авсан. Энэ нь хууль бус гэсэн байна лээ…

-Туркуудтэй
гэрээ байгуулах үед гэр хорооллындахин төлөвлөлт хийх байшлын дэд бүтцийн ажлын
зураг төсөл болон гүйцэтгэлийн сонгон шалгаруулалтын ажлын гэрээ нь аль хэдийнэ
хийгдээд дуусчихсан байсан. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр,
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил гүйцэтгэх журмын дагуу тухайн байршилд
инженерийн дэд бүтцийг гүйцэтгэх компаниудтай гэрээ хэлэлцээр хийх эрхийг төсөл
хэрэгжүүлэгч компаниудад олгочихсон байсан. Үүний дагуу бид 16 компаниас
шалгаруулалт хийгээд үүнийг нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газаргэрээгээр
баталчихсан байлаа.Дэд бүтцийн ажлын төсөв болох 11 тэрбумаас таван тэрбум
төгрөгийн гүйцэтгэлийн төлбөр хийгдсэн. Ажил нь 60 орчим хувьтай явж
байгаа. Харин энэхүү үйл явцыг бид
иргэдтэйгээ нээлттэй, тэдний оролцоотойгоор хамтран зохион байгуулсан.
Гүйцэтгэлийн төсвийг шууд гүйцэтгэгч компаниудад шилжүүлдэгучраас бид түүнийг
захиран зарцуулах эрх байхгүй. 11 тэрбум төгрөгийг гарын салаагаараа
урсгачихсан юм байхгүй. Тэгж ярьж байгаа болгүжир гүтгэлэг. Бид захиалагчийн
хувьд дэд бүтцийн ажлыг зөвхөн хянах
үүрэгтэй. Үүнийгээ хийж байгаа. Мөн дэд бүтцийн ажлынхаа явцын талаар тухайн гүйцэтгэгч компаниудын зүгээс иргэдэд нээлттэйгээр
тайлагнадаг. Энэ нь хууль журмынхаа дагуу явж байгаа, баримт нь ч бий. Бид энэ
ажлыг Туркийн талд тухайн үед нь тайлагнаж байсан. Тэд ч “манайд ийм жишиг бий” хэмээн сайшааж
магтаж л байсан шүү дээ.

-Олон улсын жишгээр л ажил явсан гэсэн үг үү?

-Тэгэлгүй
яахав. Бид судалж үзсэн. Олон улсын жишгээр бол төрөөс орон сууцжуулах үйл явцад маш олон дэмжлэгийг
иргэдэд болон газрын эздэд үзүүлдэг. Жишээлбэл, урт хугацааны маш бага хүүтэй
орон сууцны зээлийг иргэдэд олгох,
мөнгазрынэздэдгазраар нь барьцаалж урт хугацааны хөнгөлөлттэй зээл
олгох, татварын таатай нөхцөлүүдийг бүрдүүлдэг.
Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг төрийн дэмжлэгтэйгээр хийдэг гэх
зэргээр олон хэлбэр байдаг юм билээ.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал ийм шийдвэрийг гаргаж гэр хорооллын
дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн нь олон түмний талархлыг
хүлээсэн ажил болсон шүү дээ.

-Танайх айлуудын газрыг чөлөөлөхдөө ямар тохиролцоо хийж
байсан бэ?

-Манай
компани иргэдтэй 0.07 га газрыг 120 метр квадрат орон сууцаар солих байдлаар
гэрээ хийж, газрыг нь чөлөөлүүлсэн. Нэг хашаанд 2-3 өрх амьдарч байгаа нь бодит
үнэн. Тийм учраас айлуудын олонхи нь 60 метр квадрат бүхий хоёр орон сууц авах
сонирхолтой байсан. Бид үүнийг нь хүлээн зөвшөөрч, гэрээгээ байгуулсан.
Хэдийгээр манай барилгын ажил тодорхой хугацаанд удааширсан ч гэлээ бидний ажил
хэвийн явагдаж байгаа.Хоёр компанийн хоорондын асуудлаас болоод иргэд хохирох
учиргүй. Тийм учраас бид ажлаа чанартай хийж гүйцэтгэхийн төлөө, ирэх хавар
гэхэд эхний ээлжийн орон сууцнуудаа ашиглалтад оруулахын тулд хичээж ажиллаж
байна. Энэ хугацаанд Туркийн тал Монгол
Улсын хууль журмыг илтэд зөрчиж, компанийн үйл ажиллагаанд хохирол учруулаад
зогссонгүй. Нөхцөл байдлыг олон түмэнд эсрэгээр ярьж ухуулж, буруу мэдээлэл
өгч,ажил саатуулж, манай компанийн нэр
хүндэд бүдүүлгээр халдсан Монголын өмгөөлөгч Оюунбилэгт харамсаж байна. Бид энэ
асуудлаар хууль хяналтын байгууллагад хандах болно. Олон улсын арбитрын шүүх,
Монгол Улсын шүүхийн шийдвэр гарсаар байтал энэ бүхнийг үл ойшоон олон нийтийн
хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж,
монголчууд бидний нэр хүндэд халдаж, энэ төсөлд хамрагдсан манай иргэдээр
даажигнаж, “Грандлайн” компанийн үйл ажиллагаанд онц ноцтой хохирол учруулж,
Монгол Улсын хуулийг уландаа гишгэж, биднийг илтэд доромжилж байгаа “Турк
Улсын “216 Япи Үрэти Худалдаа” компанид
харамсаж байна.

Ц.Эрдэнэ

Categories
мэдээ цаг-үе

З.Баянсэлэнгэ: Хоригийг хүлээж авбал нэг ч хүн өршөөгдөхгүй

УИХ-ын гишүүн, Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэтэй ярилцлаа.

-Улс төрийн нөхцөл байдал тодорхойгүй, зарим асуудлууд шийдэгдэхгүй хугацаа алдах төлөвтэй байна. Өршөөлийн хууль, Засгийн газрыг бүрдүүлэх тухай асуудлууд үүний жишээ. Та асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Төрийн ордон, ордны өрөөнд улс төрийн амьдрал өрнөдөг гэж дүгнэх нь бий. Тийм л зүйл өнөөдөр явж байна. Бид улс төрийн нөхцөл байдлыг гэнэт савалж байгаа гэж ойлгож болохгүй. Энэ бужигнаан, засаг төрийн тогтворгүй байдал Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулснаас үүдэлтэй гэж би үздэг. Н.Алтанхуягийн Засгийн газрыг сайн, муу ажилласан гэхээсээ илүү унагах зорилго нь юу байсан юм гэдгийг харах ёстой. Ер нь бол улс төрийн нөлөөллөөс болж унасан нь тодорхой харагдсан байх. Тиймээс Ерөнхийлөгч төрийн тэргүүнийхээ хувьд аль болох эв нэгдлийг илэрхийлж, Үндсэн хуулийн зарчмаар ажиллах хэрэгтэй байгаа. Улс төрийн тогтворгүй байдал үүсэх болсон шалтгааныг бас хайх хэрэгтэй. Үүний цаана Оюу толгой, Таван толгойн асуудал бий. Оюу толгой, Таван толгойг явуулахын тулд МАН-ын дэмжлэг илүү их хэрэгтэй болж жин дарж байсан учраас өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн процессийн эхлэлийг улстөрчид тавьсан. МАН засагт орж ирсэн даруйд л тогтворгүй байдлыг үүсгэсэн хүмүүсийн санасан ажил эхэлсэн. Дубайн гэрээ зурагдсан нь үүний нотолгоо. Харин, Таван толгойн асуудал урагшилсангүй. Тэдний тааллаар Таван толгойн асуудал явалгүй унасан нь засаг төр дахин бужигнах үндэс болсон гэж харж байгаа. Ард түмэн бодит үнэнийг л мэдэх ёстой.

-Яг өнөөдрийн нөхцөлд Өршөөлийн хуульд хориг тавьчихаад байна. Хоригийг хүлээгээд авчихвал МАХН-ын дарга Н.Энхбаярын ялын хугацаа хэвээрээ үлдэх учраас танай намынхан сайд нарынхаа нэрийг өргөн барихгүй байгаа гэсэн ойлголт бий?

-Шударга ёс эвслийн үүсгэсэн шалтгаантайгаар Засгийн газрыг бүрдүүлэх ажил гацаанд ороогүй гэдгийг албан ёсоор хэлье. Гацаанд оруулсан шалтгаан нь дээр хэлсэн Таван толгой. Таван толгой, төмөр замтай холбоотой асуудал Зам тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтаж байгаа учраас томилгоо хийгдэж чадахгүй байна гэж ойлгох хэрэгтэй. Түүнээс биш Шударга ёс эвсэл олон сайдын суудал нэхээд, Өршөөлийн хуулиар барьцаалаад байгаа юм биш. Асуудал эсрэгээрээ байгаа. Ер нь Өршөөлийн хуулийг би өмгөөлж, хамгаалах бус ажлын хэсэгт нь орж ажилласан гишүүнийхээ хувиар бодит үнэнийг хэлж байгаа. Засгийн газрын өргөн барьсан Өршөөлийн хуулийн ажлын хэсэгт бүх намын төлөөлөл оролцсон. Ажлын хэсэг гарч ажиллаад УИХ-ын чуулганы дэгээрээ хөндөгдсөн асуудал, саналыг олонхийн зарчмаар дэмжээд л явсан. Ингээд байнгын хороогоор асуудлыг хэлэлцэж санал тус бүрийг дэмжсэн, дэмжээгүйгээр нь УИХ-ын чуулган руу оруулж хэлэлцээд батлагдсан.

-Өршөөлийн хуульд туссан авлига, албан тушаалтантай холбоотой заалт хуулийн хэрэгжих эсэхийг шийдэхээр болчихож байна уу?

-Үнэхээр тийм асуудал бий юу гэвэл, тийм. Гэхдээ авлига, албан тушаалтан гэдэг хэргийг яаж тодорхойлоод, хэнийг нэрлээд байгаа вэ гэдэг нь бас л сонин. Яагаад гэвэл манайх “авлигын индексээрээ дэлхийд дээгүүрт орж байна” гэх хэрнээ авлигын сүлжээ нь эмч, багш нарын местенд илүү байдаг. Авлигад хамгийн их өртдөг нь эмч, багш нар гэсэн үг. Гэтэл хүмүүс улс төрийн тогоонд эргэлдсэн, АТГ-аар шалгуулж байсан хэдэн хүнийг гэж ойлгоод “тэднийг л суллах гэж байна” гэж яриад байгаа юм. Нөгөө талаар авлигач нэр зүүсэн хүмүүс яагаад шалгагдав гэдгийг судлаад үзэхэд зарим нь огт үндэслэлгүйгээр хэрэгт гүтгэгдсэн байдаг. Жишээ нь, нэг яамны Төрийн нарийн бичгийн даргыг “Авлигач гэж зарлаад, нэг их том зүйл ангиар шалгаж шалгасны эцэст ХОМ-ээ буруу бичсэн байна. Хариуцлага тооцоорой” гээд явуулсан байх. Хэрэг хийснийг нь шүүх л тогтоодгийг мэдсээр байж, Үндсэн хуулиар хэнийг ч ялгаварлаж болохгүй гэж заасан хэрнээ “Чи төрд албан тушаал хашиж байсан хүн. Чи өмнө Ерөнхийлөгч байсан” гэж ялгаварлаж гадуурхаж хуулийг гаргадаггүй.

-Тодруулбал, Өршөөлийн хуулийн 4.1, долдугаар зүйл дээр хориг тавьсан. Яагаад хэсэгчлэн хориг тавьж байхад Өршөөлийн хууль тэр чигээрээ хэрэгжихгүй гэж яриад байгаа юм?

-Өршөөлийн хуулийн 4.1 дэх заалт бол хорих ял эдэлж байгаа хүмүүстэй холбоотой заалт гэсэн үг. Шууд хэлбэл хоригдож байгаа хүмүүсийн өршөөлд хамрагдахгүй хэсгээс бусад нь энэ заалтаар суллагдах учиртай буюу энэ заалт хэрэгжсэнээр л өршөөлд хамрагдсан бүх хүн суллагдана гэсэн үг. Долдугаар зүйл нь мөрдөн байцаалтын шатанд яваа хүмүүст хамааралтай байсан. Харин хүндрүүлсэн заалттай хэрэгтнүүд л өршөөлд хамрагдахгүй. Энэ заалтуудыг бүгдийг нь хаачихаар Өршөөлийн хууль бүхэлдээ хэрэгжихгүй л гэсэн үг.

-Тавьсан хоригоос гадна бас өөрчлөх санал ирсэн гэсэн. Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналууд одоо хуульд тусах боломжтой юу?

-Ерөнхийлөгчийн хориг дотор орсон саналаар буюу тухайн долоон зүйл заалтаар санал хураалгах боломжгүй. Учир нь тус хориг доторх зүйлүүдийг харахад Засгийн газраас өргөн барихдаа оруулж ирээгүй зүйлүүдийг Ерөнхийлөгч хоригтоо тусгасан байгаа. Дээр нь хоригийг тавихдаа бас л заль хэрэглэсэн байгаа юм. Би ийм зүйлүүдийг оруулах саналтай байна гэсэн хэрнээ хуулийн 4.1, долдугаар зүйлд хориг тавьсан. Хүн харахад хэсэгчлээд хориг тавьсан мэт харагдаж байгаа боловч хорих газар ял эдэлж байгаа хийгээд мөрдөн байцаалтын шатанд байгаа хүмүүсээс нэг нь ч өршөөгдөхгүй. Шууд хэлбэл, хорих байгууллагаас нэг ч хүн суллагдахгүй, мөрдөн байцаалтаас нэг ч хүн өршөөгдөхгүй. Тэгэхээр энэ хуульд хэсэгчилж хориг тавьчихаад байгаа юм биш, Өршөөлийн хуульд бүхэлд нь хориг тавьчихсан гэсэн үг. Уг нь бүх зүйлийг тэглэж, бүхнийг шинээр эхлэх хэрэгтэй байгаа юм. Намрын чуулганаар хэлэлцэгдэх Эрүүгийн хууль сая батлагдсан бол хэзээ ч ийм зүйл яригдахгүй байсан.

-Яагаад?

-Жишээ нь хүн ялтай байх асуудал гэж бий. Таван жилийн ял эдлээд гараад ирсэн хүнийг дахиад таван жил ялтайд тооцож явдаг. Магадгүй шоронгоос суллагдсан хүн тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргаж, эд хөрөнгийн хохирол учруулсан байх аваас дахиад л хоригдох болдог. Ийм заалт Эрүүгийн шинэ хуулиар байхгүй болж байгаа. Шууд хэлбэл, хүн нэгэнт ял шийтгэлээ эдлээд гараад ирсэн бол түүгээр далимдуулж хувь хүний нийгмийн харилцааг дордуулдаг заалтыг хэрэглэхгүй байя гэсэн зүйлийг ярьж байгаа. Дээр нь хөнгөн, хүнд, хүндэвтэр гэсэн ялын төрөл зүйл байхгүй болно. Тухайн хүн ямар гэмт хэрэг өдүүлснээсээ шалтгаалаад хуульд заасан хариуцлагаа хүлээх ёстой. Гэтэл өнөөдөр 4-7 жил хорих юм уу, зургаан сар хүртэл баривчлах, эсвэл хөдөлмөрийн хөлсийг тэд дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгоно гээд ойлгомжгүй заачихсан.

Энэ нь шүүгч авлига авах боломжийг олгож байгаа хэрэг. Ийм замаар буюу ялгүй байх зарчимтай нийцүүлж Өршөөлийн хуулийг гаргасан. Гэтэл өнөөдөр авлига албан тушаалын хэрэгтэй хэдхэн хүнээс болж амьдралдаа алдаа гаргасан хоёр мянга 500 орчим хүнийг авлигач мэтээр ойлгуулж, тайлбарлаж байгаа нь харамсалтай. Яг үнэндээ авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, ял эдэлж байгаа хүн 20 хүрэхгүй шүү. Бас залилангийн хэргийг үе үеийн Өршөөлийн хуульд орсонгүй гэж шүүмжилдэг. Залилангийн хэрэг гэдэг нь зүсээ хувилгаж, нэрээ өөрчилж бусдад их хэмжээний хохирол учруулсан тохиолдлыг хэлнэ. Харин нэгнээ мэддэг, ойлголцоод мөнгө зээлэлцэж, өгөлцөж, авалцсан ч хугацаандаа төлж чадаагүй хүнийг залилан хийсэн гэж хавтгайруулан ойлгож болохгүй. Өнөөдөр таньдаг хүндээ зээлүүлсэн их хэмжээний мөнгөө буцаан авахын тулд цагдаад гомдол мэдүүлдэг. Мөрдөн байцаагч нь эрүүгийн хэрэг болгох уу, иргэний хэрэг болгох уу гэдгээ толгой даан шийддэг. Мөн л бидний яриад байгаа авлига өгөх боломж хуулийн энэ заалт дээрээс урган гарч ирж байгаа биз. Ийм зүйлүүдийг ялгаж салгаж ойлгоё гээд Эрүүгийн шинэ хуулиар ярьж байгаа. Ингэж Эрүүгийн хуулийн шинэ орчин бүрдэх учраас түүндээ нийцүүлж Өршөөлийн хуулийг гаргасан. Түүнээс биш Өршөөлийн хуульд тэр хамрагдах ёстой гэдэг байдлаар ажиллаагүй юм шүү.

-Бас авлига өгснийг өршөөж авсныг шийтгэх тухай яриа байна уу. Ингэж ялгаварлах нь хэр зохимжтой вэ?

-Авлига өгсөн хүнийг гэмгүйд тооцохоор болж авлигад зуучилсан, авсан хүнийг гэмт этгээд гэж нэрлэх шинэ ойлголт гарч ирэх гээд байна. Гэхдээ гүтгэх гэдэг зүйлчлэл байдгийг огт мартаж болохгүй. Эрүүгийн шинэ орчин бүрдэхэд хүнийг гүтгэх хэрэг зөрчил рүү орно. Гүтгэсэн этгээдийг нэг сая төгрөгөөр торгоно гэж байгаа. Яг энэ заалт сонгуулийн үед хамгийн их сөрөг нөлөөтэй. Учир нь нэр дэвшигчийг гүтгэвэл сая төгрөгөөр торгоод гүтгүүлсэн хүн нь сонгуульдаа нэр дэвшиж чадалгүй хуулийнханд ороогдож нэр хоч зүүгээд үлдэнэ.

Үүнээс улбаалж хэнийг УИХ-д нэр дэвшүүлж, хэнийг дэвшүүлэхгүй байх вэ гэдэг тоглоом бий болж гүйцэтгэгч нь АТГ болох гээд байгаа байхгүй юу. Хэрвээ авлигын асуудал яригдах юм бол өгсөн, авсан, зуучилсан бүгдээрээ ижил хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй.

-Н.Энхбаяр гэдэг хүн 2017 он хүртэл ялтайд тооцогдоно. Танай намын дарга өршөөлд хамрагдаж, ирэх сонгуульд өрсөлдөх боломж бүрдэх байсан уу?

-Өршөөлийн хуульд ч тэр, шинээр батлагдах Эрүүгийн хуулиар ч тэр хүнийг ялтайд тооцдог зохицуулалт байхгүй болж байгаа. Өнөөдөр Өршөөлийн хууль хэрэгжиж байж л ялгүй болно гэсэн ойлголт байхгүй болох нь ийм учиртай. Дараа нь гарах Эрүүгийн хуулиар ч энэ асуудал зохицуулагдана. Гэхдээ бид заавал манай дарга Өршөөлийн хуульд хамрагдах ёстой гэдэг үүднээс ажиллаагүй. Бид намын даргын өмнө нь ял шийтгүүлсэн байдлыг цагаадах ёстой гэж үздэг болохоос биш өршөөгдөх ёстой гэж үздэггүй.

-УИХ хоригийг хүлээгээд авчихвал ард нь ямар процесс өрнөх бол. Өршөөлийн хууль хүчин төгөлдөр хэрнээ хориг тавигдаж хэн ч суллагдахгүй нь байна шүү дээ?

-Өршөөлийн хууль хэрэгжихгүй л гэсэн үг. Гэхдээ хоригийг хүлээж аваад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Өршөөлийн хууль хэрэгжихгүй байвал тун сонирхолтой дүр зураг буух нь ойлгомжтой. Өмнө нь таван удаа Өршөөлийн хууль гарахад нэг ч Ерөнхийлөгч хориг тавьж байгаагүй. Өнөөдрийн хориг наанаа хэсэгчилсэн нэртэй ч цаанаа бүхэлд нь хорьсон. Үүнийг ил цагаан ярих ёстой. Ер нь бол гэмт хэргүүдийн ихэнх нь санамсаргүйгээс үүддэг. Санаатай хүн хохироосон хэрэг тун бага байдаг юм шүү. Санаатай ч, санамсаргүй ч гэмт хэрэг үйлдэх нөхцөл нь мөн л төрийн буруутай холбогддог.

Ядуурал, ажилгүйдэл, архидалт гээд төрийн буруу бодлоготой холбоотой нийгэмд үүссэн эмзэглэл л гэмт хэрэг болж байна. Тэгэхээр төр буруугаа засч залруулаад алдаа гаргасан иргэдээ нэг удаа нигүүлсэхэд гэмгүй. Хэрвээ Ерөнхийлөгчийн оруулсан саналаар УИХ санал хураавал энэ хууль нэмэлт өөрчлөлт рүү орно. Өршөөлийн хуульд хэзээ ч нэмэлт, өөрчлөлт орж байгаагүй. Бид өнөөдөр 2009 оны Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя гэж болох нь ээ. Ийм шинэ ойлголтыг бас бий болгочихлоо.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Зэсийн үнэ төсөвт төлөвлөснөөс 2000 ам.доллараар унажээ

Монгол Улсын уул уурхайн зөвлөх инженер, техникийн ухааны доктор Д.Галсандоржтой ярилцлаа.

-Зэсийн үнэ уруудаад бүр 4900 ам.доллар руу орчихлоо. Металлын зах зээл дээр яг юу болоод байна вэ, зэсийн үнэ буурсан шалтгаанаар яриагаа эхэлье?

-Дэлхийн эдийн засаг саарч байгаа учраас ганц зэс ч биш нүүрс, төмрийн зах зээлийн үнэ унаад их хүнд байна. Эрдсийн гол хэрэглэгч Хятадын хэрэглээ саарч байгаа. Хөрөнгийн биржүүдэд өнгөрсөн даваа гаригт огцом уналт боллоо. Хятадын бирж дээр алдагдал гарсан. Ялангуяа томоохон биржид тооцогдох Шанхайн бирж дээр том алдагдал боллоо. Хятад Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн. Энэ байгууллагын өмнө хүлээсэн үүрэг гэж бий. Зэсийн үнийг Лондон, Нью-Иоркийн металлын бирж зарладаг. Европын үйлдвэрлэгч, худалдан авагчид Лондонгийн биржийн зарласан үнийг хэрэглэдэг бол Нью-Иоркийн металлын биржийн үнийг хойд, өмнөд Америкийнхан ашигладаг. Шанхайн биржийн үнийг Хятад, Азийн худалдан авагчид хэрэглэдэг. Тэр дундаа Шанхайн металлын бирж дээр зарагдаж байгаа алт, мөнгө, бусад эрдсийг Хятадын дотоодын худалдан авагч гэхээс илүү бусад бүс нутгийнхан нь авдаг. Дэлхийн худалдааны байгууллага болон бусад улсууд Хятадын юань, дотоодын ханш нь хэтэрхий өндөр гэж шүүмжилж байсан. Эдийн засгийн байдалтай уялдаж байгаа эсэхийг анхаарах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн л дээ. Тэгээд Хятадын төв банк юанийн ханшаа сулрууллаа. Ингэж сулруулсан нь Хятадын экспорт, импортын үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлсөн. Ялангуяа металлын бирж дээр. Лондонгийн металлын бирж дээр зарагддаг цэвэр зэсийн үнээс Шанхайн металлын бирж 100-300 ам.доллараар өндөр байдаг. Учир нь хятадууд зэсийг стратегийн түүхий эд гэж их хэмжээгээр нөөцөлдөг. Их хэмжээний худалдан авалт хийж зэсийн нөөц гэж байгуулдаг байсан. Хэрэглээ өндөр, бас юаниар үнийг нь тогтоодог учраас валют руу шилжүүлэхээр өндөр гардаг байсан юм. Харин сүүлд үнийг нь тэгшитгэх арга хэмжээ авсан. Хятадын эдийн засгийн өсөлт зургаа, долоон хувьтай, бодит байдал дээр түүнээс ч доошоо явж байна. Санхүүгийн хүндрэлд орсон учраас өнгөрсөн оны сүүлээс ганц зэс ч биш нүүрс, төмрийн салбарын худалдан авагчид багасчихлаа.

-Зэсийн нөөц их байсан нь ч бас нөлөөлчих шиг болов уу?

-Сүүлийн хоёр, гурван жилд зэсийн нийлүүлэлт хэрэглээнээсээ ихээхэн өндөр байсан талтай. Ялангуяа Лондон, Нью-Иорк, Шанхайн металлын биржийн агуулахуудын нөөц байнга өсч байсан. Одоо нөөцийн хэмжээ дээд цэгтээ хүрлээ. Нөөц өссөн нь зэсийн үнэ уруудах бас нэг шалтгаан болсон. -Монгол Улсын төсөвт зэсийг бараг долоон мянга дөхүүлээд тавьчихсан. Төсөвт том дарамт ирэх нь тодорхой боллоо гэдэгтэй та санал нийлэх үү?

-Өнгөрсөн жил Сангийн яам зэсийн үнийг 6900 ам.доллараар төлөвлөж улсын төсөвт оруулаад батлуулсан. Эрдэнэт үйлдвэр арай бодитойгоор 5900 ам.доллараар төлөвлөсөн юм. Харамсалтай нь сүүлийн хоёр, гурван сард цэвэр зэсийн үнэ зах зээл дээр нэг тонн нь 5000, одоо 4900 болчихлоо. Эрдэнэтийн төлөвлөгөөнөөс тонн тутамд 1000 ам.доллараар, улсын төсвийнхөөс бүр 2000 ам.доллараар доошоо орчихоод байна. Ийм том зөрүү гарчихаар төсөв яах нь тодорхой л доо.

-Зэсийн баяжмалын үйлдвэрлэл, экспорт анх төлөвлөснөөсөө 60 хувьтай, орлого бол бүр эрс буурчихлаа. Тэгэхээр төлөвлөгөөний үндэслэл хэр сайн байв аа, үндэслэлгүй баахан тоо тавьчихсан юм биш үү?

-Өнгөрсөн онд төсөв хэлэлцэхийн өмнөхөн Засгийн газрын асуудал яригдаж байсан шүү дээ. Уг нь Эдийн засгийн хөгжлийн яам төлөвлөгөө хийдэг. Сайд нь яах нь мэдэгдэхгүй байж байгаад төлөвлөгөөгөө хийж чадаагүй. Ийм шалтгаанаар Эрдсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт, орлогын төлөвлөгөөг Сангийн яам хийчихсэн л дээ. Монголын зэсийн баяжмалын экспорт 2014 оны гүйцэтгэлээр нэг сая 380 мянган тонн болсон юм. Харин 2015 онд нэг сая 250 мянган тонноор төлөвлөсөн. 120 мянган тонноор бага төлөвлөсөн. Ганц зэс ч биш, нүүрсийг бас буулгаж төлөвлөсөн. Сангийн яам зах зээлээ мэдэрсэн үү, экспортын төлөвлөгөөг бага авсан. Харамсалтай нь экспортын үнийг өндөр авсан. 6900 бол том тоо. Гэтэл энэ оны эхний долоон сарын дундаж 5000 орчим ам.доллар байна. Зэсийн баяжмалын үйлдвэрлэл, экспортын төлөвлөгөө тоо хэмжээгээр бол биелнэ. Оюу толгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Ганц зэсийн баяжмалаар ч биш алтаар нэмэгдэж байна. Энэ жил 20 тонн алт гаргана. Экспортоос олсон зэсийн баяжмалын орлого, нөөц ашигласны төлбөрийг эхний найман сарын байдлаар аваад үзвэл ойролцоогоор 90 сая ам.доллар орсон байгаа. Үүний 60 хувь нь Эрдэнэт, 40 хувь нь Оюутолгойгоос орсон.

-Эрдэнэт үйлдвэрийн хүнд байдалд орсон шалтгаанаар яриагаа үргэлжлүүлье?

-Эрдэнэт үйлдвэр үндсэн нөөц ашигласны төлбөр таван хувь дээр нэмээд 11-12 хувийн татвар төлж байгаа. 16-17 хувийн татвар төлж байгаа гэсэн үг. Харин Оюу толгой таван хувийн татвар төлдөг. Татварын хувь ачаалал болж байгаа. Бас Эрдэнэт үйлдвэрийн нэг тонн цэвэр зэс гаргах зардал нь маш өндөр.

-Зэсийн үнийн одоогийн бууралт Эрдэнэт үйлдвэрийн зэс үйлдвэрлэх зардлаас уруудчихсан. Үйлдвэрийн хувьд одоохондоо зардлаа хэмнээд ажиллаж байна. Зэсийн үнэ дахиад мэдрэгдэхээр уруудвал Эрдэнэт яах бол?

-Эрдэнэт нэг тонн цэвэр зэс гаргахад 5300-5600 ам.долларын зардал гаргадаг. Гэтэл өнөөдөр 4900 болсон гэхээр дор хаяж 400 ам.долларын алдагдалтай болчихсон. Гэхдээ зардлаа бууруулах талаар ажиллаж байгаа. Энэ тал дээр Эрдэнэтийн удирдлагын баг бас ч гэж сайн ажиллаж байна. 2012 онд нэг тонн цэвэр зэс гаргах зардал 6000 ам.доллар гарч байсныг бууруулаад байгаа нь энэ. Импортын худалдан авалтын, үйлдвэрлэлийн бус зориулалттай нэгжүүдийн, гадаад томилолтын, эрчим хүчний гэх мэт зардлуудаа хасч байна. Цалингаа нэмэхгүй тогтвортой барьж байгаа. Гэхдээ дэлхийн зах зээл дэх зэсийн үнийг харахаар зардлаа дахиад ч буулгах ёстой. Эрдэнэтийнхэн зах зээл дээр үнэ унаж байгаатай тэмцэх төлөвлөгөөгөө гаргачихсан. 4500 ам.доллар хүртэл унасан ч ажиллана гэсэн төлөвлөгөө хийсэн. Нэг сайн мэдээ бий. Өнгөрсөн долдугаар сард Эрдэнэт үйлдвэр зэсийн хүдэр олборлох, баяжмал үйлдвэрлэх хүчин чадлаа нэмсэн. 26 сая тонн баяжмалын хэмжээгээ жилд 32 сая тонн хүргэе гэж байгаа. Шинэ үйлдвэрийн туршилт тохируулгыг хийж байна. Тэгэхээр энэ ондоо нэмэгдэх баяжмалын хүчин чадал сайндаа л 15 мянган тонноор нэмэгдэх байх.

-Эрдэнэтийнхэн 4500 ам.доллар хүртэл тэсч ажиллана гэж ойлголоо. Зэсийн үнэ энэ хэмжээнээс буувал ямар байдал үүсэх бол?

-Төлөвлөгөө хийсэн учраас зэсийн үнэ 4500 ам.доллар хүртэл уруудвал ажиллах нь тодорхой. 4000 ам.доллараас ч доошилж магадгүй гэсэн үнэ яригдаж байгаа. Дэлхийн зах зээлийн томоохон шинжээчид, банк, хүрээлэнгүүд нарийн прогнозоо гаргахын завдалгүй сүүлийн хэдэн долоо хоногт л ийм шок боллоо. 5500-гаас зуу зуугаар буусаар байгаад 4900 рүү орчихлоо. Ингэж огцом буурна гэж хэн ч хэлээгүй байхад 4500 руу буурвал ингэнэ, үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг түр хугацаагаар багасгана гэсэн арга хэмжээг Эрдэнэтийнхэн аваад эхэлчихсэн нь сайн тал. Би эрдэс баялгийн эдийн засагчийн хувьд Эрдэнэтийн татварын асуудал дээр нь анхаарч, санхүүгийн туслалцаа үзүүлэх цаг болсон гэж бодож байна. Тэртэй тэргүй алдагдалтай ажиллаад ирвэл татвараа төлж чадахгүй нь тодорхой. Алдагдалтай ажиллавал найман жилийн турш ч татвараа төлөхгүй байж болохыг ашигт малтмалын хуулиараа зөвшөөрчихсөн. Монгол Улсын төсвийн орлогын бараг 60 хувийг зэс хийж байгаа. Байдал энэ хэвээр үргэлжилбэл төсвийн орлого тасарна гэсэн үг.

-Зэсийн үнэ огцом уруудаж эхэлсэн ийм үед Эрдэнэтийн авч байгаа арга хэмжээ хэр зөв бэ?

-Цэвэр зэс гаргаж байгаа олон улсын томоохон компаниудын авдаг арга хэмжээг л авч байна. Зардлаа бууруулж, хүчин чадлаа нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа нь зөв. Зардлаа бууруулаад байгаа ерөнхий аргыг нь харахаар хэлэх зүйл бий. Импортын тоног төхөөрөмжийг хасч байна. Томилолтынхоо зардлыг хасч байна. Энэ мэтээр өнгөц хараад байна л даа. Сайн ажиллаж байгаа ч олон улсын өрсөлдөх чадвар тааруу гэж хэлнэ. Нэгдүгээрт зардал өндөр байна. Хоёрдугаарт технологийн шинэчлэл тааруу. Уг нь технологийн шинэчлэлийг иж бүрнээр нь хийх ёстой. Эрдэнэт бол 1978 оноос ажиллаж байгаа хуучин үйлдвэр. Баяжуулах үйлдвэрийнх нь шинэчлэлтийг олон удаа хийсэн. Өнөөдөр Эрдэнэтийн баяжуулах үйлдвэрт Америк, Финлянд, Хятад, Орос зэрэг арав гаруй орны тоног төхөөрөмж байдаг. Секц тус бүрд нь янз бүрийн орны үйлдвэрийн баяжуулах тоног төхөөрөмж ажиллаж байгаа. Технологийн бодлогоо оновчтой болгох, үр ашгийг нь дээшлүүлэх цаг болсон. Зэсийн баяжмалын агуулга 26-28 хувь байх ёстой. Гэтэл Эрдэнэтийнх 22 хувь байх жишээний. Баяжуулах үйлдвэрийн өрсөлдөх чадварын гол үзүүлэлт бол металл авалт өөрөөр хэлбэл зэс авалт. Эрдэнэт үйлдвэр дээр 86 хувьтай, Оюу толгой дээр 88-90 хувьтай байна. Дэлхийн шилдэг үйлдвэрийнх Оюу толгой хавьцаа байдаг. Тийм учраас зэс авалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Металл авалтыг нэмэгдүүлж байж баяжуулах үйлдвэрийн зардлыг ихээхэн бууруулах боломжтой.

-Эрдэнэтийн баяжмал хэр үнэтэй зарагддаг вэ, дэлхийн зах зээлийн дундажтай харьцуулбал…?

-Ний нуугүй хэлэхэд Эрдэнэт баяжмалаа дэлхийн зах зээлийн дунджаас бага үнээр зарж байгаа. Тийм учраас түрүүн ярьсан хоёр асуудлыг л ажил болгомоор байгаа юм. Технологио цогцоор нь шийдэхээс гадна зэсийн баяжмалын экспортын маркетинг дээр ажиллах хэрэгтэй. Орлого мөнгөн урсгалын менежмэнтийг цогцоор нь удирдах учиртай. Түүнээс биш зүгээр нэг зарим төрлийн зардал хасаад шийдэх асуудал биш. Импортоо хасахын зэрэгцээ баяжмалын экспортынхоо үнэлгээг нэмэх хэрэгтэй. Тийм боломжууд бий. Энэ дашрамд нэг зүйл хэлмээр байна. Ер нь Монгол, Оросын хамтарсан үйлдвэрийг удирдах асуудал дээр анхаарах зүйл бий. “Эрдэнэт”, “Монросцветмет”-ийн удирдах зөвлөлийн хурал сүүлийн хоёр жилд болсонгүй. Шалтгаан нь төрийн яамдын бүтцэд орсон өөрчлөлт. ТӨХ, “Эрдэнэс МГЛ”-ын уялдаа холбоо гэсэн том шалтгаан бас байгаа. Оросын талтай ажлынхаа уялдаа холбоог идэвхжүүлэхгүй байгаа тал бий. Зах зээлийн өөрчлөлттэй холбоотой үйлдвэрлэл, санхүүгийн зэрэг маш олон асуудал байна. Энэ асуудлуудыг шийдэхгүй, төлөвлөгөөг нь албан ёсоор баталж өгөхгүй яваад байна л даа. Хамтарсан үйлдвэрүүдийг удирдах асуудлаар төрийн байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх хэрэгтэй.

-Ирэх онд Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилнэ гэсэн хүлээлт бий. Хүлээлт ажил болбол зэсийн салбар ирэх жилүүдэд дажгүй өнгөтэй байх болов уу. Та юу гэж бодож байна?

-Далд уурхайг ашиглах төлөвлөгөө гэж хийсэн байгаа. Төлөвлөгөө цаашдаа хэрэгжиж, хөрөнгө оруулалт нь орж ирж, Оюу толгойн далд уурхай 2018 оноос ажиллаад эхэлбэл Монголын зэсийн салбар өөр болно л доо. Эрдэнэтийн үйлдвэрлэлийн буурч байгаа хэсгийг Оюу толгойгоор нөхөх боломж гарч ирнэ. Цаашлаад Цагаан суваргын орд газрыг ашиглалтад оруулах асуудлыг шийдвэл Монголын зэсийн салбар өнөөгийн түвшнээ хадгалаад цаашаа явах найдлага бий.

-Зэс хайлуулах үйлдвэр барих асуудал дээр таны байр суурийг сонсъё?

-Аж үйлдвэрийн яамнаас аж үйлдвэрийн салбар, тэр дундаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлье гээд концепци баталсан. Зэс хайлуулах үйлдвэр байгуулах асуудалтай холбогдуулаад нэгж байгуулчихсан. Зэс хайлуулах үйлдвэрийг Бор-Өндөрт байгуулах Засгийн газрын шийд гарсан байгаа. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Өнөөдөр 22 хувийн агуулгатай зэсийн баяжмал гаргаж байна. Үүнийг 99.99 хувийн агуулгатай болгочихвол экспортын орлого дөрөв дахин нэмэгдэнэ. Олон арван жил ярьсан. Өнөөдөр ажил болгох тал руу хандах цаг болсон. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргаж ирж байж л зах зээлийн уналтад өртөхгүй амьдарч чадна.

-Манай гол зах зээл Хятадын хувьд баяжмалаар нь авах сонирхолтой. Зэс хайлуулах үйлдвэр дээр энэ асуудлыг харгалзаж үзэж таарах байх…?

-Хятадад баяжмалаар авах сонирхол байгаа гэдэг нь үнэн. Үүнтэй уялдуулаад зэс хайлуулах үйлдвэрийнхээ хүчин чадлыг бодох хэрэгтэй. Үндэсний үйлдвэр байх уу, гадаадын компанитай хамтрах уу гэдгээ ч ярих учиртай.

-Бидний бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл дээр Оюутолгойтой өрсөлдөхөөр, ойрын хугацаанд ашиглалтад орох том орд байна уу?

-Ойрын хугацаанд ашиглалтад орох ордууд бий. Сибирьт байгаа Удоканы орд газар. Нөөц нь цэвэр зэсээр 25 сая тонн. Оюу толгойтой бараг ойролцоо. Эрдэнэтээс гурав дахин их. Энэ ордыг ашиглах асуудал олон жил яригдсан. Саяхан сэргээд, Хятадтай хамтарч ажиллая гэсэн яриа хэлэлцээ явж байгаа. Хятадын хилтэй их ойрхон л доо. Удоканы ордын хувьд технологи, хөрөнгө оруулалтын асуудал бий. Энэ асуудал нь шийдэгдчихвэл удахгүй ашиглалтад орно. Манай Оюу толгой, Эрдэнэт, Цагаан суваргатай өрсөлдөх томоохон орд гараад ирнэ гэсэн үг. Удокан ажиллаад эхэлбэл манай зэсийн экспортын үнэлгээ буурах, хятадууд Монголоос худалдан авах баяжмалын хэмжээгээ багасгах эрсдэлтэй. Үгүйсгэх аргагүй болгоомжлол. Ганцхан Оросын орд ч биш, Чили, Аргентин, Өмнөд Африкийнх ч байна. Олон орд газрууд хөрөнгө оруулалтаа хайж, зах зээлээ хүлээгээд байж байгаа.

-Дэлхийн зах дээр зэсийн үнэ цаашид яах бол, шинжээчдийн таамгийг багцлаад харахаар ямар чиг харагдаж байх юм?

-Зэсийн үнэ энэ жил өсөх найдлага байхгүй. Ирэх онд ч ялгаагүй. Зэсийн бараг 50 хувийг хэрэглэж байгаа Хятадын эдийн засаг доошиллоо. Худалдан авалт багасчихлаа. Зах зээл дээр илүүдэл гарчихсан, үнэ өсөхгүй бодитой хандлага харагдаад байхад үнэ өснө гэж таамаглах аргагүй л дээ.

Ц.Баасансүрэн