Categories
мэдээ цаг-үе

ЖЕРРАРД: “Намайг “Юнайтед”-ыг үзэн ядах хүмүүжлээр өсгөсөн юм”

Сүүлийн үед
хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг маш их татаж байгаа “Ливерпүүл”-ийн домогт довтлогч
Стивен Жеррардын намтрыг өгүүлсэн номын хэсгээс хүргэе.

Тоглолт эхлэх тэр
өглөө надад нэг л сонин мэдрэмж төрөөд байсан юм. Бие халаалт хийх гээд талбайд
гарах үед “Юнайтед”-ын хөгжөөн дэмжигчид намайг доромжилдог дуугаа чарлаж эхлэлээ.

Стиви Жеррард,
Жеррард

Санаандгүй байтал
өгзгөөрөө ойчлоо

Демба Бад бөмбөгөө
алдчихлаа

Дэмий юм хийчихлээ
дээ, Стиви Жеррард

Тэд хэсэг ийнхүү дуулж
байснаа залхсан юм байлгүй дуулах дуртай доромжлол руугаа шилжин “Чи бараг л аварга
болсон. Чи бараг л аварга болсон, гэхдээ л чадаагүй, чи аварга болоход жаахан дутсан”
хэмээн дуулах үед уур хилэн дээд цэгтээ тулж байлаа.

Эхний үеийн тоглолт
“Ливерпүүл”-“МЮ”-ийн тулаан гэж хэлэхээргүй тун тайван өрнөж байсныг гайхмаар. Уг
нь бид чинь бие биесээ хяргадаг байхгүй юу. Хоёрдугаар үе эхлэхийн өмнө би биеэ
халаангаа домогт “Энфилд”-ээ тойруулж хараад талбайд гарахаар бэлтгэж эхэллээ. Энэ
миний хувьд хамаг залуу насаа өнгөрөөсөн төрөлх хотынхоо хөлбөмбөгийн ногоон талбайд
заналт дайсныхаа эсрэг сүүлчийн удаа гарч буй мөч юм шүү дээ. Хоёрдугаар үеийн тоглолт
эхлэнгүүт би Хуан Мататай тулж бөмбөг хаашаа ч юм ойгоод алга болов. Эргээд хартал
Андреас Эррера над руу хамаг хурдаараа гүйж орон зайг минь таглах нь ээ. Намайг
дамжуулалт өгөх агшинд түүний хөл гулсаад л хажууханд хүрээд ирлээ. Би тэвчсэнгүй.
Миний бутсын хадаас түүний хөлийн булчингийн хамгаалалт байхгүй хэсэг рүү нь шигдэж
байгаа нь мэдрэгдээд. Мэдээж тэр их л өвдсөн байх. Гэхдээ би гараа өргөж “Юу ч болоогүй
байхад ямар бааштай амьтан бэ” гэх царай гаргахыг хичээн ямар ч мэргэжлийн хөлбөмбөгч
ийм тохиолдолд аюулыг хэрхэн өөрөөсөө зайлуулдаг билээ тийм л аргыг бодож байлаа.
Даанч талбайн шүүгч Аткинсоны над руу шийдэмгий алхах хөдөлгөөн таалагдсангүй, тэр
ч хүрч ирээд шууд л улаан хуудас өглөө. Заналт дайсан “Юнайтед”-ын эсрэг тоглож
буй сүүлчийн тоглолтдоо 38-хан секунд тоглоод улаан хуудас авч хөөгдөж буй би өөрийгөө
“Чи юу хийчих вэ, усан тэнэг чинь” хэмээн хараахаас өөр яах билээ.

Намайг “Манчестер
Юнайтед”-ыг үзэн ядах хүмүүжлээр бойжуулж өсгөсөн юм. Ийм үзлийг бидний тархинд,
зүрхэнд суулгаж “Ливерпүүл”-ийн балиашиг хэмээх онцгой хүмүүс болгосон бөлгөө. Энэ
хоёр баг, энэ хоёр хот хэзээ ч хоорондоо эвтэй найртай байсангүй. Манай “Ливерпүүл”
амжилтаараа өнө олон жилийн туршид тэдний дээр байсан ч харамсалтай нь Алекс Фергюсоны
үеэс энэ давуу талаа алдаж эхэлсэн дээ. Цаг хугацаа өнгөрч би улсынхаа шигшээд дуудагдаж
эхлэх үеэсээ Бекхэм, Невилл, Руни зэрэгтэй мөр зэрэгцэн тоглох болсноор энэ үзэн
ядалт бага зэрэг намжсан ч алга болоогүй. “Юнайтед”-ын эсрэг тоглох бүртээ бид бие
биенээ хурцалж, шүүгчийн шүглийн дуу дуусах хугацааг зарлах хүртэл яс махаа тасартал
үзэлцдэг байлаа. 26 жилийн туршид би энэ замаар явсан. Миний гэрт, миний эсрэг тоглож
байсан олон багийн, олон хөлбөмбөгчийн надтай солилцсон цамц дурсгал болон хадгалагдаж
байдаг. Би маш олон хөлбөмбөгчидтэй тэмцээний дараа футболкоо солилцож байлаа. Гэхдээ
“Юнайтед”-ын нэг ч хөлбөмбөгчтэй солилцож байгаагүй. Тийм ч учраас тэднийхэн надтай
цамцаа сольё гэж санал тавьдаггүй. Тийм ч учраас тэдний улаан цамц манай гэрт байхгүй.

Миний төлөөлөгч Струан
Маршалл нэг удаа надад “МЮ”-ын ахлах дасгалжуулагч Фергюсон намайг багтаа элсүүлэхийн
тулд зальжин арга бэлдэж байгаа тухай санууллаа. Дараахан нь Гари Невилл шигшээгийн
цугларалтын үеэр намайг “Юнайтед”-ын эгнээнд багтвал бүгд баярлах болно, тэсэн ядан
хүлээж байна, түүнийг сэр Алекс явуулсан, чи “за” гэхэд л болно гээд л ятгасан юм.
2004 онд Фергюсон намайг “Английн хамгийн их нөлөөтэй хөлбөмбөгч” гэж зарлаад “Жеррардыг
багтаа багтаахыг ямар ч дасгалжуулагч мөрөөддөг” гээд л ярилцлага өгч байлаа шүү
дээ. Гэтэл 13 жилийн дараа хэвлэгдэн гарсан номондоо намайг байдаг л нэг жирийн
хөлбөмбөгч гээд л бичдэг юм даа. Бидний харьцаа нэг ийм л байсан. Юм үнэнээрээ байх
сайхан. Би дасгалжуулагч Фергюсоныг хүндэтгэдэг.

Заримдаа Скоулз, Кин
нар манайд байсан бол “Ливерпүүл” хэдэн удаа аваргалах байсан бол, би Бекхэмтэй,
төвдөө Кинтэй, зүүн талдаа Гиггзтэй, довтолгоондоо Руд ван Нистелройтой гүйсэн бол
гайхалтай байх байжээ гэж боддог. Ийм багт
би ч нэг их төвөг учруулахгүй тоглож чадах байсан шүү.

Бэлтгэсэн

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Т.Анар: Миний өвөө Цагааны Цэгмид чинь Батсүх гэдэг нэртэй байсан юм

Ардын
жүжигчин Цагааны Цэгмидийн ач, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатарын хүү Анартай
ярилцлаа.

-Таныг Дархан
хотод төрж өссөн гэж сонссон. Сур­гуулиа хэдэн онд төгсөж байв?

-Би 1978 онд Дархан-Уул
аймагт төрсөн. Арван жилдээ их шилжсэн дээ. Нэгдүгээр ангидаа орос сургуульд
байж байгаад хоёрдугаар ангиасаа 7, 9 дүгээр сургуульд суралцаж сүүлд 1994 онд
Тех­никийн их сургуулийн лицей ангид 9,10 дугаар ангиа төгс­сөн. 1996 оноос
хойш Техникийн их сургуулийн барил­гын материал, техноло­гийн ангийг дүүргэсэн.
Сургуу­лиа төгсөөд Мобикомын ерөн­хий гүйцэтгэгч “Буйлан тал” компанид барилгын
инженерээр 2008 он хүртэл гурван жил ажилласан. 2008 оноос хойш кино урлаг руу
орсон.

-Мэргэжлийн
жүжигчин биш юм байна. Яагаад кино урлаг руу орчихов. Хэдэн кинонд тоглосон
байна вэ?

-2008 оны өвөл
Дархан-Уул аймагт найзынхаа буудлыг засварлаж байсан юм. Тэр үед Б.Магсаржав
Замын цагдаагийн ахлах мөрдөн байцаагч байсан Ганхуяг гэдэг залуутай нийлж,
“Зам” киног хийж эхэлсэн юм. Явц дундаа намайг тоглооч гэсэн санал тавьсан. Анх
тэр замын цагдаагийн тухай кинонд тоглосноос хойш кино урлагт өдийг хүртэл
ажилласан бай­на. Энэ хугацаанд 12 кинонд тогложээ. Хамгийн сүүлийн уран бүтээл
гэвэл Л.Сарантуяагийн “Замбуулин дуусах болоогүй” гээд бест­селлэр болсон номыг
кино зохиол болгоод TV5 телевиз 54 ангитай олон ангит кино хийж байна. 14
хоногийн натурт яваад ирсэн. 2013 онд СУИС-ийн кино дэлгэцийн найруулагчийн
ангид элсэн орсон. Одоо ирэх нэг­дүгээр сард төгсөх гэж байна.

-Анх санал
тавихад удмын авьяас байгаа юм чинь чадна гэж бодсон уу?

-Цаанаасаа төрсөн
авьяас байгааг үгүйсгэхгүй. Өвөөгийн үе, аавын үе, авга ах гээд би дөрөв дэх үе
болчихоод байгаа юм. Тэгэхээр би өвөө, аав, авга ах нарын удмын авьяасыг
үргэлжлүүлээд явж байна. Би 2008 онд урлагт хожуу орж ирсэн ч гэсэн авьяас
цаанаа­саа төрдөг шүү дээ. Авьяас байгаа учраас болоод яваад л байна. Гэхдээ
туршлага гэдэг үүнтэй эн тэнцэхүйц зүйл. Миний үеийнхэн Ялалт, Мягмар,
Ариунбямба, Амараа, Болд гээд мундаг жүжигчид намайг бодвол олон жил урлагаар
явчихсан. Тиймээс тэдний туршлага, чадвар арай өөр байгаа. Зөвхөн авьяас дээр
тулгуурлаад чадвар эзэмшинэ гэдэг хэцүү юм билээ. Сурч мэдэх юм байна. Хэлж
зааж өгөхгүй бол шууд дуулж бүжиглээд явчихна гэж юу байхав. Аав, ах хоёр
ямартай ч “Чи номыг нь үзэж шөлийг нь ууж байж хүлээн зөвшөөрөгдөх ёстой” гэсэн
учраас би СУИС-т суралцаад төгсөх гэж байна. Хөдөлмөргүй бол авьяас юу ч биш
шүү дээ.

-Кинонд
тоглохдоо айж, эмээсэн үү?

-Айлгүй яахав.
Аав маань заяа тавилангийн чинь урд аз гэж айхтар зүйл явдаг юм шүү гэж байсан.
Аз гэдэг ер нь нүүрний буян. Би ер нь өөрийгөө азтай хүн гэж боддог. Анх 2008
онд “Зам” кинонд тоглочихоод Улаанбаатарт ирсэн чинь зураач Хүрлээ найз маань
дуудаад “Чонын алтан шагай” киноны бүлэг залуусын толгойлогч болооч гэсэн. Энэ
киноны дараа их азтай, шууд гол дүр авсан шүү. Тэр чинь мэргэжлийн жүжигчин биш
хүнд их хэцүү л дээ. Аранзан ах, Саранцэцэг эгч, талийгаач Ш.Даваадорж ах гурав
Отгонтогос эгчийн санал болгосноор намайг дуудсан юм. Очсон чинь намайг “Улаан
эрэг” гээд 60 ангит хэлмэгдүүлэлтийн киноны эсрэг гол дүрийг өгсөн. Талийгаач
Даваадорж ахдаа их баярладаг юм. Тэр хүний ачаар энэ дүр маань ард түмэнд
хүрсэн гэж би боддог. Даваадорж ах анхны мотор дуугарахад Анарын зургаас эхэлнэ
гэж байсан юм. Би их сандарч байсан. Айгаад чичрээд их эвгүй байдалд орж
байлаа. Зураг дуусаад орой нь Даваадорж ах хурал дээр энэ хүнд өөрт нь юм
байгаа учраас зөв өрвөл цаашаа сайхан явна. Буруу өрвөл буруудах хандлага байна
гэж байсан. Намайг тэр үед их зөв өрсөн юм болов уу гэж боддог.

-Гудамжаар
явахад чинь их таньдаг гэж байна. Ямар хандлага гаргах уу?

-Мангас Мягмарын
дүр хүмүүст их хүрсэн юм шиг байна лээ. Гадуур явж байхад намайг Мангас Мягмар
л гэдэг юм. Хөдөө морьтой залууд хөөгдөж явлаа. Нэг өвгөн намайг алгадаад
авсан. Тэгээд “Би чамайг нэг алгадъя л гэж бодож байсан юм” гэж хэлсэн. Сүүлд
нь 20 литр айраг хоёр литр нэрмэл өгөөд явуулж байлаа. Зайсан толгой дээр
тагнуулын тусгай бэлтгэлтэй хоёр нөхөрт хөөгдсөн. Миний өвөө До яаманд
ажилладаг байсан. Аав НАХЯ-нд ажилладаг байсан. Би Тагнуулын ерөнхий газар
ажилладаг гэж надад үнэмлэхээ үзүүлээд чи миний удам судрыг доромжилсон гэж
дайрч байсан. Тэр хүмүүсийн дургүй зэвүүцлийг хүргэсэн байгаа юм л даа. Энэ
бүхэн маань талийгаач Даваадорж ахын маань мундгийнх гэж одоо болтол хайрлаж
явдаг юм.

-Эсрэг дүрд
тоглох хэр хэцүү байдаг вэ?

-Эсрэг дүр
хүмүүсийн сэтгэлд түрүүлээд хүрчихдэг гэж боддог. Бага байхдаа тэр их зэвүүн
гээд л эсрэг дүрийг ярьдаг шүү дээ. Дамчаа гуайн эсрэг дүр хүмүүсийн сэтгэлээс
гардаггүй. Эсрэг дүр хэр мундаг байна тэр хэмжээгээр нь эерэг дүр тодорч гарч
ирдэг. Кино бол гэрэл сүүдрийн урлаг. Эсрэг дүрийг сүүдэр гэж ойлгож болно.
Сүүдэргүйгээр киног төсөөлөх аргагүй. Ялалт, Ариунбямба хоёрт эсрэг дүр их гоё
зохидог. Ер нь эсрэг дүрд тоглодог хүн ховор шүү, дандаа л Ромео Жульеттанууд л
байдаг.

-Энэ дүрдээ
ханатал тог­ло­чихлоо гэж бодож байв уу?

-“Улаан эрэг”
киноны Мягмар юм болов уу. Яг сэт­гэл­дээ хүртэл мундаг тоглочихсон байна гэсэн
дүр алга. Кино гэдэг нийлмэл урлаг учраас би гэж ярьж болохгүй. Жүжигчин хүн
ханах шаардлага байхгүй л дээ. Болж өгвөл дээшээ авирахаа л бодно уу гэхээс би
тэр дүрийг тултал хийчихсэн гэж ярих жүжигчин байхгүй байх. Сайн мууг нь ард
түмэн шийднэ. Би Цагааны Цэгмид, Төмөрбаатар, Төмөрхуяг гэх мун­даг хүмүүстэй
эн зэрэгцэнэ гэж байхгүй. Анар гэдэг хүн яалт ч үгүй удам дагасан жүжигчин хүн
мөн юм байна гэж хүмүүс намайг хүлээн зөвшөөрвөл өөрийгөө болчихлоо гэж бодно
доо.

-Таныг 22
насандаа цэрэгт явсан гээд байсан. Яагаад явсан юм бэ?

-2000 онд гурав­дугаар
курст байхад жилийн чөлөө аваад 22 настайдаа цэрэгт явсан юм. Хөгшин цэрэг очиж
байлаа. Тэр манай багийн Засаг даргын явуулга байсан юм билээ. Тэр хүн ээжийн
маань найз л даа. Би Дарханд их сахил­гагүй байсан юм. Тэр үед сахил­гагүй
хүүхдүүдийг цэрэгт явуулчихдаг байсан. Тэгээд л Сүхбаатар аймгийн Эрдэнэ­цагаан
суманд хурандаа Жаргалсайхан даргатай 20 дугаар хороонд цэргийн алба хаасан
даа. Цэрэгт явсандаа харамсдаггүй, их юм сурсан. Эр хүн бол явсан нь дээр гэж
боддог.

-Аав, ахаасаа
магтаал, зэм­лэлийг сонсож байв уу?

-Авга ах маань
нэг удаа “Анараа ямар нэг юманд сэтгэл ханаж болдоггүй юм шүү” гэж хэлж байсан.
Би түүнийг байнга санаж явдаг. Ааваас бол зэмлэл их авч байсан. Кинонд нүд,
сэтгэл байдаг юм. Нүдээрээ, сэтгэлээрээ тоглодог гэдэг. Бага байхад сахилгагүй
байсныг хэлэх үү, их зэмлэл хүртдэг байлаа. “Анараа эр хүн өдий насалчихаад
ингэж явж болохгүй” гээд л загнуулж байсан юм байна.

Миний аав, ах
хоёр болох­гүй юмны хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй зантай. Тэрэндээ л аав,
ах хоёр маань адлагдаад явж байна. Ард түмэн хайрладаг боловч урлаг дотроо
хагарал их байдаг байх. Миний авга ах СТА, миний аав гавьяат жүжигчин. Би энэ
хоёрыг Монгол Улсын тэргүүний жүжигчин гэж ойлгоод байгаа. Гэтэл миний аавд
өнөөдөр Ардын жүжигчин өгчихөд яахав дээ. Миний авга ах Монголын урлагийн төлөө
чөмгөө дундартал ажиллаж байгаа нэгэн. Гэтэл тэр хүнд гавьяат өгчихөд юу нь
болохгүй байгаа юм. Эсвэл өнгөрснийх нь хойноос нэхэж шагнах гээд байдаг юм уу.
Үүнд урлагийн доторх хагарал нөлөөлдөг байх.

-Өвөөгийнхөө
талаар яриач?

-1963 онд нас барсан
юм. Эмээгийн ярьдаг байсныг л сонсдог байсан. Хүмүүс мундгийг нь л гайхаж ярина
уу гэхээс хар бараан юм байхгүй шүү. Гарал угсаа нь жаахан маргаантай. Булганы
Сайханых, Баруун Хараагийнх, Сэлэнгийн
Ерөөгийнх гэж ярина. Аав болохоор Булганы Сайханых гэдэг юм. Авга ах Сэлэнгийн
Ерөөгийн сав гэж газар төрсөн хүн шүү дээ гэж ярьдаг. Өвөө маань цэрэгт яваад
нэрээ сольсон юм. Уг нь Батсүх гэдэг нэртэй хүн байсан. Цэргээс халагдаж ирээд
Бөмбөгөр ногоон театрт орсон юм билээ. Одоо 50 мянгатад байдаг гэрийнх нь
гадаа хааяа ах, аав, үеэл ах нар очдог.
Манайхан наа­дам, цагаан сараар өвөөгийн тог­лосон “Сэрэлт”, “Цогт тайж” кино
гарахад цуглаад хүндэтгэл үзүүлж зоог хүртэл бэлтгэдэг. СУИС-ийн багш нараасаа
Цагааны Цэгмид ямар агуу хүн байсан гэдгийг мэдэрдэг. Энэ агуу нэр хүндийг
аятайхан аваад явчих юмсан л гэж хичээж явна.

-Аавынхаа
тоглосон ямар кинонд дуртай вэ?

-Аавыг маань ямар
чадвартай эршүүд хүн бэ гэдгийг бүгд мэднэ. Аавыгаа би эр хүн шиг эр хүн гэж
ойлгодог. Шударга нь дэндчихсэн л эр хүн дээ. Гүргэр. Жар дөхөж байж ууланд
надаас илүү явна шүү. Анхны кино нь “Хүний амь”. Тэрнээс хойш Монголын кино
урлагт зүтгэж бараг бүх л кинонд тоглосон байна. “Амьдралын нахиа” киног нь би
үзэх их дуртай. Ухаарал хайрласан кино. Аав Сарантуяа эгчтэй хамтарч тоглох дуртай.
Бие биеийгээ сэтгэлээрээ ойлгочихсон хүмүүс мундаг тоглодог юм билээ. Алтан
партнёр шүү дээ.

-Аав тань
кинонд явж байх үеэ дурсаж ярьдаг уу?

-Манай аав тэгж
ярихгүй. Дам л сонссон юм. 1989 онд Их дэлгүүрт “Лада-07” машин 18 мянган
төгрөг гэж байхад аав “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд тоглоод 168 мянган
төгрөг аваад өвөр нь түнтийчихсэн явж байсан гэж ярьдаг юм. Дандаа бор халзан
зуутаар авсан юм байх. Тэр үеийн 168 мянган төгрөг одоогийн 168 сая төгрөгийн
хавьцаа очно шүү. Тэр үед дүрийн үнэлгээ асар өндөр байсан. Гэтэл өнөөдөр кино
урлагийн үнэ цэн үнэхээр муудчихжээ.

-Алхам
тутамдаа аав, ахаасаа суралцдаг байх. “Улаан дөрвөлжин”, “Сүүл­чийн шөнө”
кинонд аавтайгаа хамт тоглосон байх аа?

-Би аавтайгаа
дөрөв таван кинонд хамт тоглочихсон. “Зам”, “Сүүлчийн шөнө” кинонд аав,
ахтайгаа хамт тоглочихсон. “Улаан дөрвөлжин” кинонд аавтайгаа. “Зангараг” кино
бараг манай гэр бүлийн кино болсон шүү. Аав, ах, би, миний охин тоглосон юм.
Тэр хүмүүс зураг авалтад биеэ яаж авч явж байна. Тоглолтын ур чадвар хийц ямар
байдаг юм гэдгийг харна. Өвөө, аав, ах нарынхаа тоглосон киног үзэх дуртай.
Камертайгаа харьцаж байгаа, уран чадвар, мэдрэмж гайхалтай. Дээрээс нь олон
жилийн туршлага байна. Ганц хоёрхон удаа зураг авахуулаад л болчихдог. Дандаа
хальсны кинонд явсаар байгаад мэдэрдэг болчихсон хэрэг. Жүжигчин хүний ёс зүй
гэж бий, том жүжигчид байж хүмүүстэй их сайхан харьцдаг. Дээрээс нь тэр хоёрын
тоглолт нь давтагддаггүй. Аавын тоглолтыг ах дуурайх, ахын тоглолтыг аав
дуурайх юм байхгүй. Би тэр хоёроос өөр байх ёстой болчихож байгаа юм. Тэгэхээр
миний хувьд маш их хөдөлмөрлөж толгой ажиллах ёстой болж байна. Жүжигчдийг их
амархан хоолоо олж иддэг гэж боддог. Тийм биш шүү. Маш том золиос гаргадаг.
Хоёр жил тасралтгүй кинонд явахдаа эхнэр хүүхэдтэйгээ 45 л хоносон байдаг юм.
Хүн өөрийнхөө амьдралыг боддог л байх. Тэгэхээр урлагийн хүн өөрийг нь ойлгодог
хүнтэй суух хэрэгтэй болдог. Одоо миний эхнэр И.Алтанчимэг гэдэг охин бий.
Залуухан, бид хоёр олон насны зөрүүтэй л дээ. Бид хоёр суугаад дөрвөн жил болж
байна. Эхнэр маань намайг их ойлгож, дэмждэг юм. Эхнэртээ их баярлаж явдаг.

-Таны ярианаас
сонсоход авга ахтайгаа нэлээд ойр юм аа даа. Ахынхаа тухай яриач?

-Туг ч барьж,
тугал ч хариулж явсан хүн. Урлагийн төлөө чөмгөө дундартал явсан даа, миний ах.
Мандаж явсан үе бий, миний ахад. Чадалтай ч хүн. Тэр хүнийг Монголын кино
урлагийнхан бүгд мэднэ. Бүгд бахархдаг. Зарим нь айдаг байх. 22 насандаа Драмын
театрт уран сайхны удирдаач хийж явсан хүн шүү. Үе үеийнхэн “Байцаагч түшмэл”
жүжгийг Төмөрхуяг шиг удирдсан хүн дахиж гарч ирэхгүй гэдэг. Төмөрхуяг бол
тайзны хүн. Ах өөрөө “Би киноны хүн биш, тайзны хүн” гэж ярьдаг юм. Тайзан дээр
биеэ авч явах тайзыг яаж хүндэлж, яаж эзэмших вэ гэдэг ухаан нь их мундаг.
Театрыг хэнээр ч муулуулахгүй түүний төлөө л төрсөн хүн дээ.

-Та охиноо
жүжигчин болгох уу. Хоёр ч кинонд тоглочихсон байх аа?

-Тэгсэн. “Улаан
пальто”, “Зангараг” хоёрт тоглосон. Одоо энэ TV5-ын “Замбуулин дуусах болоогүй”
киноны Баярмаагийн бага насанд тоглож байгаа. Өөрөө жүжигчин болно гээд
шийдчихсэн бай­на лээ. Энэ удам судрын үргэлжилж байгаа давалгааг зог­соочихгүй
юмсан л гэж бод­дог учраас охиноо дэмжиж байгаа.

-Сургуулиа
төгсөөд хойш­доо найруулагчаар ажиллах уу?

-Жүжигчнээр
ажиллана. Найруулагч хүн жүжигчдээс нэг алхам урд явж байж найруулагч хийнэ
шүү. Миний хувьд кино найруулна гэдэг хэцүү асуудал. Тоглоход хэцүү бай­хад
найруулахад бүр хэцүү. Тэр олон хүний хүчийг баллаж болохгүй. Найруулга,
монтажиас шалтгаалж кино бүтнэ. Тодорхой хэмжээнд амьдрал үзээд ирэх цагт
найруулагч хийх байх. Би одоо дөнгөж 40 хүрэх гээд явж байна. Найруулагчид
амьдралынхаа туршид суралцаад л явж байдаг. Том том найруулагч нарыг хараад
байхад дөч тавин насандаа агуу бүтээлээ хийсэн байдаг юм. Нас ахиж, амьдрал
үзэх тусам найруулга нь чангараад л байдаг. Тэгэхээр тавь хүрч байж л найруулагчаа
хийнэ дээ. Одоо надад 15 жил дутуу байна.

-Ойрын үеийн
төлөв­лөгөөгөө сонирхуулаач. Юу хийхээр бодож байна?

-Түүхэн кино
хийнэ. Хот­гойдын чин ван Чингүн­жавын тухай кино хийнэ. Түүхэн
болоод Арт хаус чиглэлийн кино хийх дуртай. Өвөг дээд­сийн маань агуу их ухаан
байна шүү дээ. Одоо хүүхдийг нь загнавал үсэрч очоод зодоод унадаг. Дээхнэ үед
хүнд загнуулаад “аав энэ ингээд байна” гэхэд хохино яах гэж тэгсэн юм гээд
буцааж хүүхдээ загнадаг байсан. Энэ чинь хүний үг даадаг болгож байгаа юм.
Хүний үг даагаад сурчихвал амьдралаа даагаад явчих ухааныг суул­га­даг. Энэ
бүгдийг би Чин­ван Чингүнжавын кинонд шингээнэ гэж бодож байгаа. Тэр хүний тэмц­лээс
илүүтэйгээр арга барил сургасан хүмүүсийг гаргах бодол байна. Энэ миний ойрын
төлөвлөгөө. Цаашдаа хүн ном гаргах, мод тарих, байшин барих их буян болдог
гэсэн. Өөрөө барилгын инженер юм чинь бие даагаад жижиг барилга барих бодол
бий. Иргэний биш үйлдвэрлэлийн зориулалттай барилга барина. Манай киночдод
павильон их хэцүү байна. Хэрэв надад газар олгоод өгвөл гүрийж байгаад барина
даа. Хэдэн жүжигчдээ ороод ирэхэд дулаахан халуун уух юмтай байлгахсан. Энэ
ажилд Сүмбэр цамхаг ком­панийн Батболд ах надад тусална гэсэн.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Алтангэрэл: Сирийн дайны гол тоглогчид АНУ, ОХУ юм

Сирийн
иргэний дайн ба түүний үр дагавар сэдвээр ШУА-ийн Олон улс харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц. Алтангэрэлтэй ярилцлаа.

Өнөөдрийн
байдлаар Сириэс хичнээн сая хүн дүрвээд байна вэ. Тус улсын тухай товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-Арабын Бүгд Найрамдах Сири
Улс нь газар зүйн
байрлалын хувьд баруун талаараа
Ливан, баруун өмнөд талаараа
Израил, өмнөд талаараа Йордан,
зүүн талаараа Ирак, хойд талаараа
Турк гэсэн таван улстай
хиллэдэг геополитикийн ихээхэн анхаарал татсан
бүс нутагт оршдог улс
юм. Сирийн хүн амын 74 хувь
нь Исламын шашны сунна
урсгалыг дагагч, 13 хувь нь шиа
урсгалыг мөрдөгч. Харин арван хувь
нь христ, гуравхан хувь
нь друз шашинтай. Мөн
Еврей нарын жүүдийн шашны
урсгалууд ч бий.Тус
улс 2013 онд 23.85 сая хүн амтай
байсан бол өнөөдрийн байдлаар
тэдгээрийн дөрвөн сая гаруй
нь дүрвэж 6-8 сая хүн орон
гэргүй болоод байна.

Сири улс 1920-1946 оныг хүртэлх хугацаанд
Францын захиргаанд байсан. Улмаар 1946 онд
тусгаар тогтнолоо зарласан боловч 1958 онд Египеттэй нэгдэн
Арабын нэгдсэн Бүгд Найрамдах
улс болсон түүхтэй. Гэвч
энэ улс удаан оршин
тогтнож чадаагүй. Энэ бүс нутаг
нь эртний Асир, Вавилон,
Перс, Грек Ром, Византи,
Араб, Сельжук, Мамлюк, Монголын эзэнт
гүрэн болон Төмөрийн улс
хийгээд Оттоманы эзэнт гүрний мэдэлд
оршиж шашин, улс төр,
түүх, соёл иргэншлийн томоохон
төв болж байсан.

Ер
нь Сирийн хэдэн сая иргэн дэлхийн ямар ямар улс орнууд руу дүрвээд байна вэ?

-Сирийн иргэд эх орноо
орхин хил залгаа орнууд
болох Турк, Ливан, Йордан,
Ирак зэрэг оронд дүрвэн
гарсан. Мөн мянга мянган
хүн алс
холын Кавказ, Персийн булан,
Хойд Африк, Европ руу
орогнол эрэн зугтаан гарсан
юм. 2015 оны хоёрдугаар сарын
байдлаар зөвхөн Турк улсад
2.1 сая Сирийн дүрвэгсэд орогнох
болсон. Тус улс тэднийг
байрлуулах, хооллох, хувцас олгох зэрэг
бүхий л зардалд зургаан
тэрбум доллар зарцуулсан байна.
2011 оны долдугаар сарын эхээр 15 мянган
сири иргэн Турк улсын
Яладаги, Рейханли, Алтиноозу дүүрэгт майханд орогносон.
Мөн 2011 оны
зургадугаар сарын сүүлээр Ливан
дахь Сири дүрвэгсдийн тоо
10,000-д хүрсэн. Мөн оны
арванхоёрдугаар сар гэхэд нийт
1500 хүн Йорданд дүрвэн гарч
орогнох газраа олсон байгаа
явдал нь Сири улсад
нүүрлэсэн иргэний дайнаас болж
хичнээн сая хүн орох
орон оочих аягагүй болж
толгой хорогдохоор харийн орныг зорин
дүрвэж буй эмгэнэлт үйл
явдал өрнөснийг дээр дурдсан тоо
баримтаас мэдэж авч болно.
Мөн дүрвэгсдийн их нүүдэл цааш
улам газар авч Европ
руу зад тавин цутган
орж байгаа нь олон
улсын хэмжээнд асар том асуудал
үүсгэж байгаа билээ.

Ингэхэд
Сирийн иргэний дайн үүссэн шалтгаан нь юу байв?

-Тунис, Египет, Ливид өрнөсөн
“Аравын хавар” бослого нь
Сирийн ард түмнийг Ассадын
дэглэмийн эсрэг тэмцэлд босох
урам зоригийг сэргээсэн юм. Өнөөгийн ерөнхийлөгч
Башар аль-Ассад нь
Сири улсыг 30 гаруй жил удирдан
жолоодсон эцэг Хафез Аль
Ассадыг залгамжлан 2000 онд Арабын Бүгд
Найрамдах Сири улсын ерөнхийлөгч
болсон. Тэрээр “Арабын хавар”
бослогыг эсэргүүцэгчдийг цэргийн хүчээр нугачин
дарсан нь тус улсад
иргэний дайны гал авалцахад
хүргэсэн юм. Ингээд Сирийн
иргэний дайн 2011 оны хавар “Арабын
хавар” бослогыг эсэргүүцсэн үйл ажиллагаатай холбогдон
гарсан байдаг. Башар Аль-Ассадын засгийн газрын
эсрэг сөрөг хүчин зэвсэглэн
боссон. Башар аль-Ассадын
засаг захиргаа иргэдийн тайван жагсаал цуглааныг
цэргийн хүч ашиглан дарсан
нь хямрал улам даамжрах
шалтгаан болсон л доо.
Сири улсад өрнөсөн иргэний
дайны улмаас 140 мянган хүн амиа
алдсан тоо баримт бий.Тэдний ихэнх нь
босогчдын гарт үрэгдсэн. Иргэний
дайны улмаас 0-10 насны 11 мянган хүүхэд амиа
алдсан харамсалтай тоо бий.

Сирийн
дайн яагаад ийм удаан үргэлжилсээр байна вэ?

-Сирийн ард иргэд бүгд
Башир Ассадын дарангуйллаас салж,
өөрсдийнхөөрөө амьдрахыг хүсч байна. Сирийн
хойд хэсэгт өрсөлдөгч хоёр
армийн цэргүүд тулалдаж байна.
Тэд Башир аль-Ассад
гэсэн ганцхан дайсантай боловч
одоо Аль-Кайда бүлэглэлтэй
холбоотой дайчид, босогчдын талынхан
гэсэн хоёр хэсэгт хуваагдаж
байлдах болсон юм. Нэг
талд нь барууны орнуудын
ар тал болсон цэргүүд
байхад нөгөө хэсэг нь
Лалын шашинт Ирак, Ойрхи
Дорнодын Левант орнуудаас дэмжлэг
авсан Сирийн босогчдын талын
дайчдаас бүрдсэн жижиг бүлэглэл
байгаа юм.

Зарим
эх сурвалжийн мэдээлж байгаагаар Башар Асадын эцгийн үед гарч байсан бослогыг хайр найргүй нугачин дарсан нь өнөөдрийн иргэний дайн үүссэн гэх юм билээ?

-Дөч гаруй жилийн тэртээ
Сирид яг өнөөдрийнхтэй адил
лалын хэт даврагсад эцэг
Ассадын дэглэмийг эсэргүүцэн бослого дэгдээж зургаан
жил байлдан тэмцэлдсэн. Тэр
үед дэлхийн улс төрийн
байдал өөр, ЗХУ ба
АНУ гэсэн хоёр их
гүрэн дэлхийг хуваан ноёрхлоо
тогтоосон байлаа. Сирийн арми
“Лалын ахан дүүс” нэртэй
бүлэглэлийн гишүүд голлосон бослогыг
нисдэг тэрэг, танк, онгоц,
их буу ашиглан аймшигтай
хэрцгийгээр дарж байхад дэлхий
нийтээрээ дуугүй л өнгөрсөн.
Учир нь Сири улс
ЗХУ-ын нөлөөлөлд хүчтэй
орсон байсан бөгөөд АНУ
тэргүүтэй барууныхан босогчдыг зэр зэвсгээр дэмжих
зэргээр тодорхой арга хэмжээ аваагүй
юм. Хама хотыг Сирийн
арми бүсэлж байгаад хайр
найргүй буудаж 20-40 мянган босогчийг хядаж
устгасан. Ийнхүү эцгийн туршлага
хүүд нөлөөлж 2011 оны бослогыг нухчин
дарна гэсэн санаа нь
эсрэгээр эргэж дөрвөн жил
гаруй үргэлжилсэн иргэний дайны гал
асаахад хүргэж ард түмнээ
гашуун зовлонд нэрвэгдүүлээд сууж
байна.

Башир
аль-Ассадыг албан тушаалаасаа огцрохыг босогчид шаарддаг. Харин та судлаачийн хувьд нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа вэ?

-Сири улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт
хүчний ерөнхий командлагч, Баат
намын ерөнхий нарийн бичгийн
дарга Башир аль-Ассад
нь 1965 онд төрсөн. Түүний
эцэг Хазеф аль-Ассад
30 жил гаруй Сири улсыг
удирдаж байсан бөгөөд түүнийг
нас барсны дараа хүү
Башир аль-Ассад 2000 онд
Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэрээр Сирийн ард
түмэн түүний дэглэмийг эсэргүүцэн
буруушааж, өөрчлөлт шинэчлэлийг авчрахыг шаардсан тайван жагсаал хийсэн
боловч жагсагчдыг зэр зэвсгийн хүчээр
нухчин дарахыг оролдож муйхар
арга хэрэглэсэн нь иргэний дайн
гаргахад хүргэсэн. Сирийн босогчид АНУ
тэргүүтэй барууны орнуудын дэмжлэгтэйгээр
Ерөнхийлөгч Башир аль-Ассадыг
албан тушаалаасаа огцрон хөгжил дэвшлийн
ардчилсан замыг сонгохыг шаардаж
байгаа. Гэвч тэрээр Оросын
тусламж дэмжлэгт дулдуйдан сэнтийнээсээ зүгээр нэг мултраад
уначих бодолгүй байгаа юм. Энэ
тухайгаа ч хэвлэл мэдээллийн
хэрэгслээр мэдэгдсэн. Хэзээ энэ эрхэм
ард түмнийхээ эрх ашгийн төлөө
суудлаасаа бууна тэр үед
иргэний дайн эцэс болж
түмэн олон түвшин амар
амьдрах байх гэж бодож
байна.

АНУ,
ОХУ-ын хоорондын таарамжгүй харилцаа Сирийн нөхцөл байдлыг улам хурцатгаж байгаа биз дээ?

-Сири улсад өрнөж буй
иргэний дайн, дүрвэгсдийн асуудал
олон улсын түвшинд яригдаж
шийдэхэд хүнд ярвигтай асуудал
болж хувираад байна. Энэ дайны
гол тоглогчид АНУ, ОХУ юм.
Түүнчлэн 2013 оны зургадугаар сарын
17-19-ний хооронд Умард Ирландад
болсон Их наймын дээд
хэмжээний уулзалтын хэлэлцэх гол асуудал бол
бүхэлдээ Сирийн тухай байлаа.
Өөрөөр хэлбэл, Сирийн асуудлаар
олон улсын бага хурлыг
хуралдуулж тэнд үүсээд байгаа
дайны хурцадмал байдлыг энх тайванжуулах
асуудлыг хэлэлцүүлэх талаар Америк, Оросын
ерөнхийлөгчдийн байр суурь ямар
байгаад дээд хэмжээний уулзалт
гол анхаарлаа
төвлөрүүлж байв.

Сирийн
асуудалд их гүрнүүд ямар бодлого баримталж байгаа вэ?

-Юуны өмнө бүс нутагт
удахгүй дэгдэж магадгүй болоод
байгаа Ираны эсрэг байлдааны
ажиллагааг эхлүүлэхэд нэгдмэл, хүчирхэг Сири улс Америк
тэргүүтэй барууны орнуудад огт
хэрэггүй. Лалын шашны шиа
урсгалыг дагагчид олноор оршин суудаг,
дээр нь Сирийн эрх
баригчид хэзээнээсээ Америк, Барууны орнууд,
Израилд дургүй болохоор Ираны
эсрэг дайн дэгдвэл хэний
талыг баримтлах нь ойлгомжтой хэмээн
цахим ертөнцөөр мэдээлсэн байгаа. Сири улс
нь Оросоос олон жилийн
турш зэр зэвсэг худалдан
авсаар ирсэн, найрсаг харилцаатай,
сайн түнш. Сирийн одоогийн
Засгийн газрыг унагаад авбал
Оросын зэвсгийн үйлдвэрлэлд нэлээд хүндхэн цохилт
болно. Мөн Сири улс
АНУ ба Барууны орнуудын
нөлөөнд орох учраас ОХУ-ын ашиг сонирхолд
огт нийцэхгүйгээс гадна тус бүс
нутагт хяналт, нөлөөллөө алдах
болно. Хятадын профессор Пан
Зонингийн бичсэнээр “Сирийн хямрал нь
зөвхөн тус улсын дотоодын
асуудал төдий бус дэлхий
дахиныг хамарсан асуудал болоод байна”
гэсэн байгаа.

Тэрээр “АНУ Сири улсын
дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцон
“дэлхийг зохицуулагч цагдаа” дүр эсгэдэг
бол Орос улс Сиритэй
цэрэг, эдийн засгийн асар
их харилцаа холбоотой төдийгүй нийгмийн харилцаанд ихээхэн ойр байдаг
улс юм. Харин Хятад
улс АНУ шиг “дэлхийг
зохицуулагч цагдаа” дүр эсгэдэггүй,
Орос шиг ашиг сонирхол
нөлөөлөл байхгүй” гэж бичсэн байна.
Үнэндээ энэ хоёр улс
НҮБ дээр Америк тэргүүтэй
барууны орнуудын бүх л саналыг
үгүйсгэж, Ерөнхийлөгч Башир Ассадыг зэр
зэвсгээр дэмжиж байгаа юм.
Орос, Хятад хоёр Башир
Ассадыг сайндаа ч дэмжээд
байгаа юм биш. Башир
Ассадын оронд гарч ирсэн
хүн тухайн бүс нутагт
явуулж буй өөрсдийнх нь
бодлогыг дэмжинэ гэсэн магадлал
бага болохоор л дэмжээд байгаа.
Ливийн хувьсгалын үеэр Каддафийг дэмжихгүй
байсаар энэ улсыг нөлөөнөөсөө
алдсан алдаагаа давтахыг хүсэхгүй байгаа.

Тэгвэл
НҮБ-ын явуулж буй үйл ажиллагааг сонирхуулахгүй юу?

-“Сири улсад өрнөж буй
хямрал, иргэний дайнд нэг
талаас Алавитын Засгийн газрын цэргүүд
болон шиа бүлэглэлийн дайчид,
нөгөө талаас сунни шашны
босогч бүлэглэлүүд хоорондоо эрслэн тэмцэлдэж байгаа.
Энэ дайнд нийт хагас
сая орчим хүний амь
үрэгдсэн байна” гэж НҮБ-аас мэдээлж байна.
Сирийн засгийн газар асар
их аллага хядлага үйлдэж,
хүний эрхийг зөрчиж байгааг
НҮБ болон бусад олон
улсын байгууллагууд буруушаасаар байна. Энэ хямрал
сөргөлдөөний үед химийн зэвсэг олон
удаа хэрэглэсэн мөн эсэргүүцэгчдийг шоронд
хорьж тамлан эрүү шүүлт
тулгаж байна хэмээн буруутгаж
байгаа.

Эцэст нь хэлэхэд улсын
дотоод дахь шашны олон
урсгал хоорондын зөрчилдөөн нь том улсуудын
бодлоготой нийлэхээр ямар байдал үүсдэг
болохыг Сири манай мэтийн
жижиг улсад харагдаж байгаа
юм. Бид тиймээс тархи
угаалтыг маш идэвхтэй явуулж
байгаа шашны
элдэв урсгалыг эртнээс цэгцэлж байхад
илүүдэхгүй. Эвгүйтвэл 20, эсвэл 30 жилийн дараа Монголын
христийн шашинтан, буддист, лалын шашинтан гэж
гурав талцаж байгаад газрын
баялгаа хэн нь захиран
зарцуулах вэ гээд үзэлцээд,
дээр нь Орос, Хятад,
Барууны орнууд хөндлөнгөөс орж
ирж зохицуулдаг “баатрууд” болчих байдал
үүсэхийг үгүйсгэх аргагүй л юм
.

Их
Британийн Лордын танхимын лорд, Хөдөлмөрийн намын гишүүн Лорд Менад Дисай Европын холбооны шүдний өвчин болсон дүрвэгсдийн асуудлаар мэдэгдэл хийхдээ тэднийг Монгол руу илгээхийг санал болгосон. Манай улсын хувьд тийм боломж бий юу?

-“Солонгос,
афган хүүхдүүдийг асарсан шигээ Сирийн
өнчин жаалуудыг ч өсгөж өгье”
гэж “Өдрийн сонин” уриалан
бичсэнтэй санал нэг байгаа.

Ер нь олон улсын
анхаарлыг татаж байгаа энэ
зовж зүдэрсэн хүмүүст тусалж халуун
гараа сунгах нь зүйтэй.
Манай улсын Засгийн газрын
зүгээс болон ард түмний
зүгээс орон гэргүй болсон
дүрвэгсдэд тусламжийн халуун гараа сунгахыг
уриалж байна.

Categories
мэдээ цаг-үе

Хавар зуныг ч мэдрэлгүй хайртынхаа амь насыг аврахын төлөө тэмцсээр…

“Номин талст”-ынхны
тоглолт энэ сарын 26-нд болохоор зар гарчээ. Тасалбарын үнэ 150 мянган төгрөг бөгөөд
ердөө 300 ширхэг зарагдах юм байна. “Яагаад ийм хязгаарлагдмал хүрээнд, бас ийм
өндөр үнэтэй тоглолт хийж байгаа юм. Бидэнд зориулаагүй юм уу” гэсэн фэнүүдийнхээ
гоморхсон асуултад дуучин Т.Дэлгэрмөрөн “Ах нь эхнэрээ амьдруулах гэсэн юм. Түүнгүй
хорвоо надад наргүй мэт билээ” хэмээсэн хариу өгчээ. Гэргий нь хүнд өвчилсөн юм
байна. “Өөрийн минь төлөө санаа зовох хүнтэй гэж өегхөн бодоход амьдрал сайхан”
гэсэн О.Дашбалбар найрагчийн үг бий. Дэлгэр­мөрөн дуучны маань эхнэр алзахгүй ээ,
сайн ханьтай учраас. Сүүлийн өдрүүдэд бичсэн Т.Дэлгэрмөрөнгийн тэмдэглэлийг уншсан
олон хүн дуучинд болоод гэр бүлд нь урам өгч зоригжуулсан бэлгэ дэмбэрэлтэй сайхан
үгсийг илгээж байна.“Номин талст” болон
дуучин Т.Дэлгэрмөрөн бол нэгэн үеийн залуусын шүтээн билээ. Одоо ч тэдний дуу фэнүүдийнх
нь гэрт, машинд, ажлын өрөөнд, диско зааланд эгшиглэж, тоглолт хийхийг нь анан хүлээж
байдаг олон шүтэн бишрэгчтэй. Хамтлагийнхан байнга уран бүтээлээ хийхээ больсон
энэ цагт Т.Дэлгэрмөрөн ганцаараа болон бусад дуучидтай хослон олон сайхан бүтээл
хийсээр байгаа. Аав ээж, амраг садан, найз нөхөд, эх орон, хайрын тухай гээд тэр
бүгдийг дуулдаг. Дуугаараа бусдад урам өгч, эрч хүч бэлэглэж, ухаарал хайрлаж, дуундаа
өөрөө ч уяран хайлдаг нэгэн. Харахад баахан
сагсуу гэмээр ч дуугаа дуулахаар түүн шиг зөөлөн хүн үгүй мэт харагддаг. Дээгийгийн
дуулдаг дуунууд олон хүнийг уйлуулж, ухааруулж, омогшуулж сэтгэл юуг нь хөглөж байдаг
гайхалтай увидастай. Аялгуу эгшиг нь асрагч аргаддаг гэгэлгэн хөгтэй. Ийм сайхан
дууны эгшиг дуурьсал нь тэнгэрт ч хүрдэг биз гэж бодогдоно. Баяр ёслол элдвийн арга
хэмжээнд очихоосоо илүү асрамжийн газрын хөгшчүүлийг зорин очиж дуулж өгдөг. Хорих
ангид тоглолтоо хийж байгаа тухай мэдээлэл байнга гарч байдаг. Энэ бүхнээсээ тэрбээр
бусдад эерүү зөөлөн сэтгэл төрүүлдэг. Энэ бүх эерэг үйлсээс нь хуралдсан сайхан
энерги түүнд заавал байх ёстой. Түүний үйлс бүтнэ ээ.

Т.Дэлгэрмөрөнгийн
гэргий Жулиана хэмээх хатагтай олны нүдэнд тэр болгон ил гараад байдаггүй. Хар шил
зүүсэн хээнцэр бүсгүй хаа нэг нөхрийгөө даган яваа харагддаг. Харин дуучинг эхнэрээ
зоджээ гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл тарах үед тэрбээр нөхрийгөө өмгөөлөн
хэвлэлийн хурал хүртэл зарлаж байсан удаатай. Дээгий эхнэрээ байнга сарнайгаар “дарж” байдаг тухай найзууд нь ярьсан
байдаг. Мөн хазгай гишгэн төмөр торны цаана хоригдож байхдаа эхнэртээ өдөр бүр шахуу
захидал явуулдаг байсан тухай ч ярьдаг. Тэдний хайран дундаас гарсан хөөрхөн охин
бий. Энэ мэтээр хайртай дуучнаа, түүний гэр бүл, сайхан хайрын түүхийг нь бид бүгд
мэддэг билээ.

Харамсалтай нь, дуучны
маань гэргий хүнд өвдөж, түүнийхээ эмчилгээний зардалд зориулж Дээгий болон “Номин
талст” хамтлагийнхан тоглолтоо хийх гэж байна. Тэрбээр тоглолтынхоо талаар болон
хайртай гэргийнхээ талаар ингэж бичжээ.

“Сайхан хайр гэж
байдаг юм

Олбол түүнийгээ
алдаж болохгүй ээ…
гэж
Лодойдамба гуай зүгээр ч нэг хэлээгүй байсныг мэдрэх тусам бидний хайр бадамлан
гэрэлтэж бусдын сайн сайхны төлөө юу үзэж туулснаа хайрынхаа хүчээр ялж үзүүлнэ
ээ, ах дүүс ээ. Бидэнд та нарын минь сайхан сэтгэл үнэн зүрх маш том урам болно
оо.

Амь алдар нэг ах дүүс
минь бидэнд хүний хорвоог сайхнаар төгсгөх хийморь байгаа гэдгийг би заавал харуулах
болно оо”.

“Номин Талст”-ынхан
маань есдүгээр сарын 26-нд нэгэн сайн үйлсийн аянд та бүгдийг уриалж байгаа юм.
Бид ойрд тоглолт хийгээгүйдээ гол нь биш,ер нь дуунд дуртай хөгжимд хайртай,тэр
дундаа манай хамтлагийг сонсдог жинхэнэ ойр дотныхонтойгоо нэг өдрийг ч гэлээ сайхан
өнгөрүүлэхийг хүссэний гол учир шалтгаан бол манай гэр бүлийн, миний эхнэрийн, та
бүхний бага ч атугай мэдэх хайрын минь төлөө юм аа.

Бидний босгосон тэр
л амьдралын эхлэл агуу хайр минь яг л та хоёрынхтой адилхан. Хэн хүний амьд­ралд
юу эс тохиохыг тэр гэхэв, хэл амнаас хол энд би хамгийг дэлгэрүүлээд юу хийнэ, хайртай
та нар минь мэдрэхэд болно.Хайлган сэтгэлгүй, бодсоноо тунгаадаггүй зарим нэгэн
маань зүрхэнд чулуу зоосоор удаж байна, би айж байна.

Хавар зуны улирлыг
мэдрэлгүй хайрынхаа амь насны төлөө зүтгэсээр тэмцсээр өнөөдөртэй золгож байна.
Ийм урт хугацаанд хайртын минь охин бид хоёроо гэсэн сэтгэл агуу, хамт олны минь
үнэнг мэдэх хайр уудам хэдий ч бид энэ аймшигт өвчинтэй тэмцсээр л байна.

Харамсалтай нь, итгэл
найдвар минь суларч тэр минь миний гарыг атгахаан болих гээд байна.Түүнгүй ертөнц
охин бид хоёрт байгаад хэрэггүй дээ, ядаж харамсахгүйгээр үлдэх хэн нэгний төлөө
бүгдийг хийхийг хүснэ ээ, би бас бид.

За ийм л учраас “Номин
Талст” хамтлаг маань гэнэт ийм шийдэлд хүрсэн юм. Тоглолт маань халуухан болох байх,
харин та бүгдийн тав тухыг бид чанартай бэлдэж байна.

Тоглолтод урилгаар
жинхэнэ супер одууд ирнэ та бүхэн ойрд хараагүй болохоор гоё байна гэдэгт итгэлтэй
байна. Тансаг ширээ, амтат хоол зууш, тайван орчин, тасархай тоглолт, DJ party энэ
бүхнийг бэлдэж байна аа.

Ах дүүсээ намайг бодож
биш өөрсдөдөө сайхан боломжийг зориулж хайртай хамтлагтайгаа хамгаас дотно нөхөдтэйгөө
сайн үйлсийн аянд дуу нийлүүлэн нэгдэнэ гэдэгт би итгэж байна аа. Уйлахгүйг л хичээх
хэрэгтэйдээ би, уяхан амьтан шүү дээ чааваас. Бас гоё хит дуунуудаа хамтдаа дуулахыг
тэсэн ядан хүлээж байна, за хагас сайнд уулзъя. Хаа болохыг билет авсан улс мэдэх
болно, түр баяртай бидэнд амжилт ерөөгөөрэй амны билэгтэй Монгол хүн та”.

Ийм эмзэг, бас тийм
нэг гунигтай ч гэмээр тэмдэглэлийг хүн бүр нулимстай уншлаа. Дуучны хайрынхаа төлөө
зориулж буй энэ тоглолтын тасалбар аль хэдийнэ дууссан гэнэ. Сайн үйлийн үр сайнаар
боловсордог гэдэг. Зөвхөн Дэлгэрмөрөнг сонсдог олон мянган фэнүүд нь энэ өдрүүдэд
түүний гэр бүлд сайныг ерөөж, гэргийг нь эрүүл саруул болохыг хүсч байгаа.

Дуучны өөрийнх нь
хэлс­нээр уйлахгүйг хичээж, зовлон­гийн өмнө хатуу зогсоорой. Түүнийхээ гарыг алдалгүйгээр
итгэлтэй атгаж, олон олон жилийг охинтойгоо хамтдаа туулаарай гэсэн гэгээн ерөөл
тавья.

Categories
мэдээ цаг-үе

Монголд тарьсан усан үзэм нэг кг нь 20 мянган төгрөгийн үнэтэй

“Ногоон сор”
ХХК-ийнхан усан үзэм тарьж Монголдоо анхдагч болж байна. Манайд усан үзэм ургаж
байна гэхээр олон хүн гайхаж байгаа биз. Гэхдээ усан үзэмний мод суулгаад,
ургац хураагаад, бүр худалдаанд гаргаж эхэлжээ. Гурван жилийн өмнө Солонгос
улсаас хүрэн усан үзэмний мод авчирч хүлэмжинд суулгасан нь тухайн жилдээ овоо
ургасан гэнэ. Сортоосоо хамаарч ургац өгөх хугацаа нь харилцан адилгүй байдаг
болохоор өнгөрсөн жил анхны жимсээ өгчээ. Дээжээс нь зах зээлд нийлүүлэхэд “Маш
гоё амттай байна” гэх үнэлгээ авч урамшжээ. Гэхдээ эхний жил бага ургац авдаг
болохоор олонд тэгтлээ танигдалгүй өвөлтэй золгосон байна. Харин энэ жилээс
арвин ургац хурааж худалдаанд гаргажээ. Хүрэн усан үзэм нэг кг нь 20 мянган
төгрөгийн үнэтэй. “Барс” захын хажууд байх “Буудай” төв, “Меркури” худалдааны
төв зэрэг газраас худалдаж авч болох юм байна. Амтны хувьд Хятад усан үзэмтэй
харьцуулахын аргагүй. Элдэв гашуун амтгүй. Зөөлөн чихэрлэг амттай юм билээ.

Эднийх усан
үзэмнээс гадна гүзээлзгэнэ, өргөст хэмх, улаан лооль, тарвас тарьж байгаа. Тус
компанийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр БНСУ-д хүлэмжийн аж ахуйд туслах ажилтнаар
ажиллаж байгаад эх орондоо иржээ.

Тэнд найман
жилийн турш ажиллахдаа сурч мэдсэндээ тулгуурлан хүлэмжийн аж ахуйтай болохоор
шийджээ. Анх Баянзүрхийн товчооны зүүн хойд талд дөрвөн хүлэмж барьж
гүзээлзгэнэ тарьж эхэлсэн гэнэ. Хэдийгээр тэнд ажиллаж байхдаа бүх зүйлд
оролцдог байсан боловч нарийн ширийнээс хол явснаа ойлгож мэргэжлийн хүнгүй бол
хэцүүдэх нь гэдгийг ойлгосон гэнэ. Манайд гүзээлзгэнэ тарихад нарийн зөвлөгөө
өгөх мэргэжилтэн ховор байсан учраас Солонгосоос хоёр мэргэжилтэн урьж авчирчээ.
Улмаар заавар зөвлөгөө авч гэр бүлийнхнээ дайчлан гүзээлзгэнэ тарих ажилд
ханцуй шамлан орсон байна. Гүзээлзгэнэ тарих амаргүй гэсэн. Яг л бага насны
хүүхэд арчилж байгаа мэт тордохгүй бол ургацаа өгөхгүй. Өрөөний хэм, чийгшлийг
тогтмол хэмжээнд барихгүй бол болохгүй. Байх ёстой дулаанаас ганцхан хэмээр л
зөрүүлэхэд унжийчихдаг гэсэн. Хэрэв бүх зүйлийг нарийн тааруулж чадвал өгөөжөө
хурдан өгнө. Үрсэлгээгээ суулгаснаас 45-60 хоногийн дараа л гэхэд цэцэглээд
ирнэ. Цэцэг нь жимс болно. Жимсээ хурааж авахдаа мөчрийг тэр чигтээ тасдаж
болохгүй. Хэрэв тасдчихвал жимсээ дахиж өгөхөө болино. Зөв хурааж аваад,
усалгаа болон орчныг нь байх ёстой горимд барьж чадвал бүтэн гурван сарын турш
ургац өгдөг ажээ. Үрийг нь АНУ болон БНСУ-аас авчирдаг. Ургац хэр зэрэг авах нь
үрээсээ бас хамаарна. Тиймээс маш сайн чанарын үрийг оруулж ирдэг гэсэн. Сайн
чанарын үртэй, арчилгаа сайтай, хүлэмжнийхээ чийг, хэмийг зөв тохируулбал
өнжөөд 100 кг гүзээлзгэнэ хураадаг юм байна. Одоогоор гүзээлзгэнээ граммлан
зарж байгаа бөгөөд 300 гр-ын савлагаатай нь 15 мянган төгрөг.

Тус компанийн
хүлэмжний агрономич Ж.Ганхуяг гүзээлзгэнийхээ хүлэмж рүү дагуулан оров. Шинэхэн
жимсний үнэр хамар цоргихын зэрэгцээ зөгийн дүнгэнэх нь сонсогдоно. Эрхий
хурууны хэмжээтэй гүзээлзгэнэ газраар нэг ургажээ. Мэдэхгүй хүн буруу тасдаж
аваад дахин цэцэглүүлэхгүй болгодог тул болгоомжтой байхыг анхааруулав. Зөв
тасдаж авахыг заалгаж аваад хэд хэдийг түүв. Амт гэж янзтай. Солонгос, Хятадаас
оруулж ирдэг амт муутай гүзээлзгэнийг бодвол яг л уулнаас түүсэн мэт час хийж
байна. Ганц нэг хэлбэр муутай жимс таарсан нь зөгийтэй холбоотой гэнэ. Зөгий
эр, эм цэцгийн тоосыг бие биед нь хүртээснээр гүзээлзгэнэ зөв хэлбэрээ олдог
ажээ. Эднийх анхны жил үүнийг мэдэлгүй тариад л байж. Гэтэл нэг л хэлбэр галбир
муутай мөртлөө амттай жимс ургажээ. Харин дараа жил нь Дарханаас 10 мянган
зөгий авчирч тавихад хэлбэр нь засраад арвин их ургац өгсөн гэнэ.

“Ногоон сор” ХХК
гүзээлзгэнэ тарьж болохыг мэдсэн хойноо өргөст хэмх, улаан лооль, тарвас тарьж
эхэлжээ. Анхны дөрвөн хүлэмж багадаад байсан болохоор Төв аймгийн Эрдэнэ сумын
нутагт буюу Цонжин болдогт долоон га газартай болов. Өдгөө гурван га-д хүлэмж
барьж жимс, ногоо тарьж байгаа юм байна. Одоогоор 32 хүлэмжтэй. Чингис бондоос
2.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авч хүлэмжүүдээ барьсан гэсэн. Өргөст хэмх,
улаан лоолийг жилдээ хоёр удаа тарина. Дундаа нэгээс хоёр сарын хугацаатай
амраана. Харин гүзээлзгэнийг жилийн дөрвөн улирлын турш тасралтгүй тарих
боломжтой. Тарвасны тухайд дөрөвдүгээр сарын сүүлээс арваннэгдүгээр сар хүртэл
тарина. Жимс, ногооныхоо төрлийг нэмэгдүүлэхийн тулд гаднаас үр авчирдаг гэсэн.
Тарвас гэхэд гурван төрлийнхийг тарьж байгаа юм байна. Гадна тал нь шар дотроо
улаан, гаднаа хар ногоон боловч дотроо шар өнгөтэй. Нөгөөх нь ердийн тарвас.
Тарвасны мод дээшээ ургадаг бөгөөд жимсээ даахгүй болох үед газарт буулгадаг
ажээ. Усалгааг нь зөв тохируулж чадвал 800 м2 талбайгаас өдөр бүр нэг тонныг
хурааж авдаг гэсэн. Үүнийгээ зах зээлд нэг кг-ийг нь 3500 төгрөгөөр зарж байгаа
ажээ.

Өргөст хэмхний
тухайд урт, богино хоёр төрлийнхийг тарьдаг. Өнжөөд хоёр тоннын ургац авдаг
гэсэн. Ургацаа нэг кг-ийг нь 2000-2500 төгрөгөөр үнэлж байгаа гэсэн. Харин
улаан лооль ердийнхийг тарьдаг. Харин энэ жилээс туршилтын журмаар хүрэн
өнгөтэй үр суулгажээ. Хоёр хоногт 700-800 кг ургац хурааж байгаа бөгөөд нэг кг
нь 3500-4000 төгрөгийн үнэтэйгээр худалдаанд байгаа юм байна. Эднийх жимс,
ногооныхоо үрийг гаднаас авчирдаг. Ихэвчлэн БНСУ-аас оруулж ирдэг бөгөөд зарим
тохиолдолд урд хөршийн хамгийн сайн чанарын үзүүлэлттэй ногооны үр оруулж ирдэг
юм байна. Үрээ авахдаа хамгийн сайн чанарынхыг сонгоно. Сайн чанарын үр өндөр
үнэтэй. Гэхдээ мөнгөө бодоод хямд үр авчихвал богино хугацаанд ургаж, ургацаа
бага өгдөг юм байна.

“Ногоон сор”
ХХК-ийн ажилтнууд өглөөний 05 цагаас ажлаа эхэлнэ. Шинэхэн ургацаа 07 цагт
хотод хүргэдэг юм байна. Нэг ёсондоо өдөр бүр шинэ ургац нийлүүлдэг гэсэн үг.
Гаднаас орж ирж байгаа жимс, ногооноос ялгарах онцлог нь бордоо. Химийн
гаралтай ямар ч зүйлийг ашигладаггүй гэсэн. Зөвхөн хонины бууц, тахианы
сангасаар борддог. Хонины бууцаа хөдөө айлуудаар яваад цуглуулчихна. Малчид
бууцаа яаж цэвэрлэх вэ гээд байж байдаг болохоор хотыг нь цэвэрлэнгээ авчихна.
Бас болоогүй танай хонины бууцаар бид ийм зүйл ургуулж байна гээд
бүтээгдэхүүнийхээ дээжээс өгдөг гэсэн. Тахианы сангасыг ч бас ийм маягаар олно.
Тахианы фермтэй газар очоод хаях гэж байгаа сангасыг нь авчихдаг гэсэн. Ингэж
байгалийн бордоо хэрэглэснээр цэвэр байгалийн гаралтай эко бүтээгдэхүүн авдаг
ажээ. Ашгаа бодоод, гүзээлзгэнээ том ургуулахын тулд янз бүрийн химийн бордоо
ашиглаж болох ч хэрэглэгчдийнхээ эрх ашгийг дээдэлдэг юм байна. Гаднаас орж
ирсэн жимс, тэр дундаа гүзээлзгэнэ том байдаг нь химийн бордоотой холбоотой
ажээ.

Эднийх усалгаагаа
гүний худгаар шийджээ. Хашаандаа гурван гүний худагтай. Системийн тухайд
харилцан адилгүй. Тухайлбал, гүзээлзгэнийг л гэхэд дуслаар усалдаг систем
ашигладаг гэсэн. Өргөст хэмх, улаан лоолийг гаднаасаа төв шугам гүйлгэж байгаад
дотроо шалаанк гүйлгэж задгайгаар усалдаг гэнэ. Өвлийн хүлэмжүүд нь дотроо
паартай юм. Паараа уурын зуухаараа халаачихна. Бас хүлэмж бүрт нэмэлт зуухтай
болохоор шаардлагатай тохиолдолд галладаг ажээ. Уг нь хүлэмжийн аж ахуй газар
тариалангийн бусад салбарыг бодвол ургац алдана гэх зүйл харьцангуй багатай ч
гэлээ маш их арчилгаа шаарддаг юм байна. Бас өвөл цасанд дарагдах тохиолдол
байдаг гэсэн. Гэхдээ байгалийн гамшиг л тохиолдохгүй бол эрсдэл харьцангуй
бага.

Ногоон сор”
ХХК-д 40 гаруй хүн ажилладаг юм байна. Бүгд л шинийг санаачлан Монголд ямар
жимс ургуулж болохыг судалдаг гэсэн. Усан үзэм тарихаасаа өмнө тоор тарьж үзтэл
жимсээ өгч бөөн баяр болжээ. Гэвч тухайн үед шинэ хүлэмж бариад ажил ихтэй
байсан болохоор дахиж тариагүй гэсэн. Ямар ч байсан ургах юм байна гэдгийг
мэдсэн болохоор ойрын хэдэн жилдээ худалдаанд гаргах хэмжээнд тарина гэж
байлаа. Эндхийн мэргэжилтнүүд “Монголд гадил тэргүүтэй халуун орны жимс л
ургахгүй байх. Бусад нь ургах боломжтой” хэмээн ярьж байна.

Categories
мэдээ цаг-үе

Х.Намсрай: Манай нийгэм үргэлжид ийм будлиантай, хачин байх нь гэж санаа зовсны хэрэггүй

Шинжлэх
ухааны гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт,
Чингис хааны одонт академич Х.Намсрайтай ярилцлаа.

-Та лекц унших үеэрээ “Хүмүүс нийгмийн бүхий л харилцаанд орохдоо яарч,
сандарч, нэгэнтэйгээ өрсөлддөг. Хүн урт удаан насалдаг болчихвол юунд ч яарахаа
болиод, бүх юм амар тайван болно” хэмээн дурдаж байсан?

-Энэ бол бүх ертөнцийн зүй тогтол. Яагаад гэвэл хорвоо, ертөнц, хүний
нийгэм бүгд цаг хугацаа, орон зайн дотор цаг хугацаатай өрсөлдөж хөдөлгөөн
хийдэг учраас ийм байгаа юм. Бид хөдөлгөөнгүй гээд нэг бодъё л доо.
Улаанбаатарын бүх юм зогсчихсон, нар, сар хөдлөхгүй гэж төсөөлөхөөр их сонин
байгаа биз. Боломжгүй. Тийм учраас ертөнцийн хөгжлийн зүй тогтол цаанаасаа ийм
хөдөлгөөнд захирагдаж явсан байгаа юм. Тэгэхээр хүн болоод бидний нийгэм бас л
энэ хөдөлгөөний нэг хэсэг болохоороо энэ гайхамшигтай зүй тогтолд захирагддаг.

Амьгүй байгаль, амьтай байгалийн ялгаа, зүй тогтол нь юу байна гэхээр
амьгүй байгаль нь амьтай байгальтай харьцуулснаар мөнхийн маягийн хөдөлгөөнтэй
гэж зүйрлэдэг. Нар байж л байна, гийж л байна. Дэлхий эргэлдэж л байна. Он цаг
хугацаа өөрчлөгдөж л байна. Өдөр хоног солигдож л байна. Хүний амьдралыг амьгүй
байгалийн энэ хөдөлгөөн зүй тогтолтой харьцуулахад өчүүхэн богинохон хугацаанд
болж өнгөрдөг. Ухаан нь манай дэлхий 4.5 тэрбум жилийн настай. Нар бол түүнээс
илүү настай. Хүний 80-100 жилийн настай зүйрлэвэл мөнхийн шахуу байгаа биз. Хүн
олдсон насны хэмжээндээ ийм их юм бүтээх гэж, их орон зай эзлэх гэж, их цаг
хугацааг амжуулах гэж хэмжээлшгүй их хөдөлгөөнд ордог. Энэ бол хүний нийгэм
хөгжихийн хэрээр улам хурдасна. Бидний өвөг дээдсийн үед аажуу уужуу байсан.
Хонь бэлчиж л байна, малаа сааж л байна. Яарч тэвдээд байх юм байхгүй. Хэвийн
амьдрал нь ийм байснаас бидний өвөг дээдсийн амьдрал тайван уужуу, сэтгэл
өндөртэй байсан. Одооны амьдралын хэв маяг яаж байна гэхээр нэгэнт шинжлэх
ухаан техникийн хөгжил, юм хурдсаад ирэхээр хүн түүнд амжихын тулд маш их
хичээл зүтгэл, санаачилга, хурд, хүч хэрэгтэй болж байгаа юм. Бидний хүүхдийг хар л даа. Хуучин бол
найм, есөн настайдаа сургуульд ордог байсан бол одоо тав, зургаан настайдаа
сургуульд ороод ч юмаа амжуулж чадахгүй байна. Нэг талаас хүний нийгмийн
хөгжил, зүй тогтол ийм хурдассан зүйл рүү орж ирж байгаа юм. Энэ нь юутай
холбоотой вэ гэхээр бидний амьдралын утга учир материаллаг ертөнц рүү
сонирхолтой байгаа байхгүй юу. Бидний өнөөдөр барьж байгаа гар утас маргааш юу
болох билээ, гурван жилийн өмнө барьж байсан гар утас ямархуу хэлбэр дүрстэй
болж байна вэ. Үзэж байсан телевиз маань аналог байснаа тоон системтэй болж
байна. Хөгжлийн энэ зүй тогтолтой нийлээд хүний амьдралын утга учир ийм
хурдассан хэлбэрт орж байгаа юм.

Хүн төрөлхтний жам ёсоор бол бид ийм гоё, бүгдээрээ хэлэлцэж зөв буруугаа
шийддэг сайхан ардчилсан нийгэмд шилжлээ шүү дээ. Ардчилсан нийгмийн гол амин
сүнс нь юу байна вэ гэхээр бүх юмыг энэ хөгжлийн зүй тогтолд тааруулж хөгжүүлэх
зорилготой. Манай нийгмийн хөгжил хөдөлгөөн хүн болгоны санаанд тохирно гэж
байхгүй. Ийм хууль байдаггүй юм. Миний хувьд манай нийгмийн хөгжил сайхан явж
байна гэж бодоход нөгөө хүний хувьд ийм буруутай байна, ийм зүй тогтолтой
байна, энэ нь болохгүй байна гэнэ. Байгалийн хууль зүйгээр нийгмийн хөгжил бол
хүн болгоны санаанд тохирсон зүг, чиглэлээр явдаггүй учраас хэлэлцдэг ийм
хэлбэрт орж байгаа байхгүй юу. Бүгдээрээ хэлцдэг. Тэгээд дундаас нь гол чиглэл
гаргана аа даа. Тэрийгээ бүгдээрээ дагаж мөрддөг. Та тэр чиглэлтэй таарахгүй
байгаа ч нэгэнт олон түмэн, нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа учраас бусадтайгаа
адил түүнийг дагаж мөрдөж явна. Энд л манай ардчилсан нийгмийн амин сүнс явж
байна. Бүх дэлхий ардчилсан нийгмийг сонгож байгаа байхгүй юу. Түүнээс биш нэг
хаан юм уу, нэг хүн хүрч ирээд хүчээр ингэж хөгжинө, ингэж явна гэсэн зарлигаар
явна гэвэл боломжгүй. Энэ бол нийгмийн зүй тогтлоос гажиж байгаа хэрэг.

-Өршөөлийн тухай хууль манай нийгэмд хүчтэй хэлэлцэгдлээ. Эсрэг тэсрэг
байр суурь илэрхийлж санал бодол хуваагдаж байсан ч эцэст нь хэрэгжиж байна. Ер
нь хүн хүнээ уучилж, өршөөхийн ухаан гэж том зүйл байдаг байх аа?

-Энэ л манай энэрэнгүй нийгмийн гол амин сүнс байхгүй юу. Бидний өвөг
дээдсийн шүтэж ирсэн бурханы сургаалын гол санаа. Хүн хазгай гишгэж болно,
халтирч унаж болно, буруу замнаж болно, тийм ээ. Бие биеэ дэмжиж, бүгдээрээ нэг
нэгнээ баясгаж, дэм болж, муу сэтгэлгээг нь зөв болгож муу санааг арилгаж явах
ёстой юм. Уг нь бид ийм хувь тавилантай. Гэтэл бид энэхэн борхон амьдралын
хөгжлийн шаардлагаас болоод бие биетэйгээ өрссөн, уралцсан, нэгнээ түлхсэн,
нэгэндээ атаархсан, сайн юм хэлэхээсээ дургүйцэж , түүнийгээ дотроо нуусан ийм
нэг уралдаант нийгмийн буруу зүйл байна. Энийг өршөөнө, тэр нь сайн байна, энэ
нь муу байна гэдэг чинь дээр ярьсан шиг Өршөөлийн тухай хууль хүн болгонд
таалагдахгүй. Хүн болгонд таалагдахгүй, хүн болгон сайн боллоо гээд алга ташин
баярлахгүй. Энэ чинь нийгмийн хөгжлийн нэг зүй тогтол байхгүй юу.

Бүх гишүүдэд нь таалагдах албагүй, энэ Өршөөлийн тухай хууль. Гэхдээ
үүнийг бүгдээрээ, УИХ-аараа хэлэлцэж, Ерөнхийлөгчийн санаа бодлоор шүүлгэж гарч
байгаа учраас хөгжлийн улаан утас юм уу, нэг чиг хандлага гарч ирж байна шүү
дээ. Тэрийгээ бүгдээрээ дагах нь зүйн хэрэг. Хөгжил их олон шаттай.

-Бид аль шатандаа яваа юм?

-Эхэн, дунд, боловсронгуй, төгс гээд олон шаттай. 25 жил гэдэг тодорхой
нэлээд удаан хугацаа. Гэхдээ 250 жилийн хугацаанд хөгжсөн улсын хэмжээнд бол
багахан. Тийм учраас бидний хөл, гараа олохгүй ч байгаа юм уу, санаа сэтгэлийн
үймээнтэй байгаа нь хөгжлийн анхан шатны өсөлтийн өвчин гэж нэрлэж байгаа юм.
Бас чиг өвчин гэхгүй юм, ийм нэг хэв маяг байхгүй юу. Оросоор поведение,
англиар behave гэдэг. Тэгэхээр манай нийгэм үргэлжид ийм будлиантай, хачин байх
нь гэж санаа зовсны хэрэггүй. Энэ одоо ингээд дарагдана. Яваандаа алга болоод
Швейцарь, Швед, Финланд шиг айвуу тайвуу, бүгдээрээ бүтээлч ажиллагаатай тийм
байдал руу дөхөөд л байна гэсэн үг.

-Мөхөл рүүгээ явж байгаа гэж уйтай боддог хүмүүс бий шүү дээ?

-Өө, үгүй, үгүй. Тэгэхгүй. Ямар ч мөхөл байхгүй. Харин эхний энэ шатанд
өсөлтийн зүй тогтол нь, юмнууд нь ингэж илэрч гарч байгаа нь сайн байгаа
байхгүй юу. Сэдэрч байна гэсэн үг. Тэгэлгүй нуугдмал байгаад байсан бол ёстой
өнөө Арабын орнууд шиг юм болох ч юм билүү. Тийм биз дээ.

-Арабын орнууд шиг гэнэ ээ…

-Тийм ээ. Тэгэхээр энэ чухал зүйл. Бодит зөрчил нь ингээд хүмүүсийн
нүүрэн дээр харагдаж байна. Нүдэнд харагдахгүй айхавтар юм бугшаад байж болно
шүү дээ. Тэрийг мэдэхгүй, бид. Тэр нь дэлбэрэлт маягаар хорт хавдар шиг юм
болно. Харин бид бол нийгмийн хорт хавдрыг эхлээд таньж мэдчихэж байгаа байхгүй
юу. Тэгэхээр энэ чинь арилна.

Манай нийгэмд айхавтар хүчтэй хувьсгал маягийн юм гарах ёсгүй. Яагаад
гэвэл бид зөв, ардчилсан замаа сонгосон. Бүгдээрээ хэлэлцдэг, бүх юм ил тод.
Жишээлэхэд, алттай уурхайг ухна гэхэд ухуулахгүй гэсэн хүн гарч ирээд л байдаг.
Хэрвээ чимээгүй байж байгаад ухуулах юм бол тэр чинь жинхэнэ аюултай юм
болгоно. Яагаад гэвэл бүгдээрээ хэлэлцсэн учраас зөв юмаа олсон учраас тэр чинь
эмчлэгддэг. Олон санаа мөргөлдөж байж тэрний дундаас бодит үнэн гардаг нь сайн
хэрэг. Бид шүүмжлэлтэй хандаад байна. Дундчуул маань ядуураад, нэг хэсэг хүмүүс
дээш гараад байна. Энэ бол физикийн хэлээр харьцангуй ойлголт байхгүй юу. Яг
үнэндээ тэд баяжаад жигтэйхэн юм болоод байна уу, бид нар ядуураад байна уу
гэдэг чинь хоорондоо шүтэлцээтэй, харьцангуй чанартай. Хүн болгон машинтай
шахуу, хүн бүр компьютер, гар утастай. Хөгжил дэвшил байгаа л биз дээ.
Хөндлөнгөөс харахад нэг их ядуураад байгаа юм шиг. Тэгсэн мөртлөө зарим
орныхонтой жишвэл бүгд hybrid машин уначихсан. Бусад орнуудтай харьцуулбал
нэлээд тансаг, гоё байгаль, нөхцөлтэй сайхан орон юм гэж харагдахаар байгаа
байхгүй юм. Аливаа юмыг харьцангуй ойлгох ёстой. Харьцангуйн онол бол
гайхамшигтай онол. Бодит үнэн мөн үү, биш үү гэдгийг тодорхойлоход хэцүү. Нэг
хэсэг баячуултай, нөгөө хэсэг нь доошоо ороод байгаа биш. Энэ бол ямар нэгэн
зүй тогтлынхоо хэлбэрт орох ёстой. Хөгжлийнхөө жам ёсоор, горимоороо орно гэсэн
үг. Энийг манай хөгшчүүл амны билгээс ашдын бэлгэ гэж ярьдаг шүү дээ. Юм
болохгүй, бүтэхгүй байна гэж нэг хэсэг нь ярьж байдаг. Нөгөө хэсэг нь зүй тогтлоороо гарч ирээд
устаад үгүй болоод зөв зам руугаа явж байгаагийн нэг хэлбэр гэж үзэж байгаа нь
бий. Гэхдээ засч залруулах юм зөндөө бий.

-Баячуудыг үзэн ядах сэтгэлгээ манай нийгмийн бас нэг өвчин. Социализмын
үед баячуулыг үзэн яддаг байсан тэр хандлагын ул мөр, үзэл бодол явсаар л
байгаа нь олон зүйл дээр харагддаг?

-Миний сая хэлдгээр энэ чинь харьцангуйн онол. Манайд чөтгөрийн нэг
үлгэр байгаа. Овоо гайгүй дээш нь гарснаа доош нь татаад тамын ёроол руу
оруулчихдаг. Энэ яагаад ингэв гэхээр бидний олон мянган жилийн мал маллагааны
арга туршлагаас болоод ийм нэг сэтгэлгээ цусанд шингэсэн байж мэдэх юм. Энэ бол
миний өвөлжөө, энэ хэсэг бол минийх. Энэ бол миний хаваржаа, энэ бол миний мал
усалдаг горхи гээд ерөнхийдөө бид иймэрхүү гоё шүтэлцээтэй ш дээ. Зун хангай газар руугаа нүүчихээд өвөл
болохоор өвөлжөөндөө буучихна. Үүний
хажуугаар “Би чиний өвөлжөөг авна. Энэ газарт малаа бэлчээнэ” гэх тэмцэл
өрнөсөн явдалгүй олон мянган жил явчихсан улс чинь одоо гэнэт ийм юманд
орчихоор самгарддаг байхгүй юу. Тийм учраас л “Өө, энэ их баян нөхөр юм гэнэ”,
“Бидний мөнгийг идээд байдаг юм байна” гэцгээнэ. Яахав зарим нь үнэхээр тийм
байж болно л доо. Гэхдээ энэ бол цөөхөн, мянганы хэдхээн хувь нь буруу замаар
хөлжсөн байж болох юм. Гэвч ихэнх нь зүтгэл хүчээрээ явж, овсгоо самбаа гаргаж
ухаанаа уралдуулж ингэж л гарч ирсэн байгаа. Энэ бол харьцангуй ойлголт.

-Монголчууд эзний сэтгэлгээтэй. Тэр нь замын хөдөлгөөнд оролцоход л
анзаарагддаг. Ийм зантай болсноо бахархмаар үүх түүхтэй өвөг дээдэстэйгээ
холбодог шүү дээ?

-Олон мянган жил тэгээд сурчихсан, бүх юмны эзэн. Бүх юмнаас
хамаарахгүй. Тэнд улс төр болж байна уу, яаж байна хамаагүй. Мал, арьс шир,
цагаан идээ нь байж л байна, тийм учраас монгол хүн чинь бие даасан нэг монгол
хүн байхгүй юу. Би бол ерөөсөө л Чингис хаан гээд л (Инээв). Ийм сэтгэлгээ олон
мянган жил өвлөгдөж ирсэн учраас хамтын юманд орж сураагүй.

-Бид бокс, бөхөд амжилт үзүүлдэг хэрнээ багийн спортоор явдаггүй нь
үүнтэй холбоотой юу?

-Багаараа болохоороо муу болчихдог, ганцаараа болохоороо товойгоод
гараад ирдэг. Нэг нэг уулын өвөрт амьдардаг, тэндээ олон мянган жил
амьдарчихсан хүний сэтгэлгээ байхгүй юу. Үүнд буруу юм байхгүй. Одоо бол яаж
байна вэ гэхээр мангасын ходоод гэдэг энэ том дөрвөн уулынхаа дунд бүгдээрээ
шахцалдаад хүрээд ирэхтэй зэрэг сэтгэлгээний хувьд хямрал болж байгаа биз дээ.
Би энэ дунд ганцаараа эзэн байх ёстой гэсэн маягийн. Тийм учраас бие биеэ
хүндэтгэх, зан харьцааны хувьд хүндэтгэж харьцах, нэгэндээ туслах харилцаа
яваандаа бүрэлдэж эхэлнэ шүү дээ.

Хэдхэн жилийн өмнө манай хотын энэ гудам ямар их түгжрэлтэй, хэцүү
зовлонтой байлаа. Одоо ямар сайхан болж байна вэ. Автобусанд ороход бөөн л хог
байдаг байлаа. Одоо ямар ч хог алга. Бүгдээрээ цэмцгэр. Хөгжлийн шат чинь
ингээд л яваад байна. Гэнэт хөгжчихнө гэж байхгүй. Хүний сэтгэлгээ гэнэт
мундаг, гайхамшигтай болно гэж байхгүй. Манай залуучууд хаалгаар гарахдаа ард
нь ямар хүн байна, хөгшин хүн байна уу, тэр хүн гараа хавчуулах нь уу гэдэг нь
падгүй хаалгаа хаагаад гараад явчихдаг. Хаалгаа бариад дараачийн хүндээ
хүлээлгэж өгдөг ийм сэтгэлгээ жижигдэхгүй. Та нар хараарай, манай оюутан
залуучууд хаалгаа саваад саваад л гараад явчихна. Хойно нь профессор багш байна
уу, хүүхдүүд байна уу хамаагүй. Ийм жижигхэн сэтгэлгээний үр дүнд юм хөгжиж,
дэвшиж байдаг зүй тогтолтой. Энэ бас цаг хугацааны асуудал.

-Дэлхийн хаан болох амархан. Монголын хаан болох хамгийн хэцүү гэдэг?

-Монгол хүн бүр өөрийн сэтгэлгээ, санаа бодлоороо явдаг.

-Ийм байх нь алсуураа муу зүйлд хүргэх үү?

-Муу юм болно гэж байхгүй. Сэтгэлгээний хөгжлөөрөө хамтын сэтгэлгээ рүү
шилжинэ. Шилжихэд хугацаа шаардана. Тодорхой хугацаа шаарддаг юм. Тэр шаарддаг
юм тав, зургаан настай хүүхдүүдийн хүмүүжлээс л эхэлнэ шүү дээ, ер нь. Энэ бас
юутай холбоотой байна вэ гэхээр бидний материаллаг хангамжтай холбоотой. Зарим
нь гурав, дөрвөн байртай. Хачин хачин үзэгдээгүй жийп машинуудтай. Зарим нь
автобуснаас өөр унаагүй. Жижигхэн бор гэртэй. Тэгш бус эд материалын энэ
хангамж чинь хүний сэтгэлгээнд яг тэр хэвээрээ буудаг. Хорч, атаархах сэтгэл
эндээс л ургаж гарч ирдэг. Нийгэм хөгжиж жигдрээд дундчуулын эзлэх хувь 75-80
хувьд болоод ирэхээр бүгдээрээ нэгэн ерөнхий сэтгэлгээний зүй тогтолд орно шүү
дээ. Бид социализмын үед хот хөдөөгийн ялгаа гэж баахан ярьдаг байсан.

Өнөөдрийн байдлаар зам харгуй тавиад ирэхээр тэр ялгаатай байдал
ерөнхийдөө алга болоод ирж байна. Мянгат малчин хотын дунд хэрийн сэхээтний
амьдралын түвшинд жигдрээд ирж байна. Ийм юм гарч ирдэг юм.

-Хэдий бид нийслэлдээ төвлөрдөг ч зуны улирал эсвэл амралтын өдрүүдээр
Улаанбаатараас зугтдаг хандлагатай болсон. Аль болох хүнгүй, сүлжээ харилцаагүй
газарт очиж амрахыг илүүд үзэх нь элбэг?

-Энэ бол техникжсэн нийгмийн гол өвчин. Маш их мэдээлэлтэй, маш их
хурдан ийм үед залхдаг байхгүй юу. Япончууд хээр хөдөө хоноод од харагдсан
цэлмэг тэнгэрийг харахсан гээд Монголд ирж байна. Өглөө босоод л ажил дээрээ
суудаг, нэгэн хэвийн амьдрал, унаа уншны энэ их бухимдал нь хүнийг оюун ухааных
нь хувьд ерөнхийд нь залхааж байна. Биеийн залхалтаас гадна, оюун ухааны
ядаргаанд ордог. Тийм болохоор бид анхныхаа ахуй амьдралд тэмүүлж байгаа биз
дээ. Хөдөө хээр талд, шувууд жиргэсэн, ногоон дэнж дээр өнжиж хэвтэхсэн гээд.

-Хүмүүс аз жаргал гэхээр өнгөрсөнд болж дууссан дурсамжуудаа ихэвчлэн
ярьдаг. Бүх сайхан юм яагаад өнгөрсөн цаг дээр болчихсон байдаг юм?

-Яагаад гэвэл дамжиж ирсэн учраас тод үлдэж байгаа байхгүй юу. Ялангуяа
багын ахуй амьдрал илүү тод. Тэр байхад тийм байж билээ, саахалт айл маань тийм
байж билээ, нүүж байхад цай өгдөг байж билээ, одоо ийм ч юм байхгүй. Настай хүн
“Нохойгоо хорь оо” гэхэд гүйж гараад морийг нь барьж өгч буулгаад, гэртээ
оруулдаг байсан энэ сайхан зан чанар хаачив, яачихав гэж байгаа. Тэр үеийн
нийгмийн хөгжлийн ийм үе хөгшчүүлийн хувьд алтан үе нь. Тэр байсан үе нь одооны
бидний асар их техникжсэн нийгмийн хөл хөдөлгөөн, хурдыг даахгүй учраас
тэрийгээ бодож байгаа юм. Одооны залуучууд энэ үедээ илүү дасч байгаа шүү дээ.
Танай тэр үе яасан бүдүүлэг юм, одооны бид нартай яаж зүйрлэх юм. Тэр чинь юу ч
биш гэх маягаар.

Нэг гэртээ арвуулаа амьдардаг байлаа. Аав, ээж, хүргэн, бэр гээд бүгд л
нэг гэрт амьдарцгаана. Тэр байдлыг одооны сэтгэлгээгээр харвал их сонин, яаж тэгж
чихэлддэг байна аа гэцгээнэ. Тэр үеийн энэ байдал одооны хүүхдүүдийн тархинд
буухгүй.

Хөгжлийн шат нь хойтох юмаа үгүйсгэж байж нарийн хөгждөг байхгүй юу.
Одооны энэ шатыг үгүйсгэж дараачийн шинэ шатанд гарна. Дараачийн шатанд очоод
байсан бүх юмаа үгүйсгэж түүний дараачийн шатанд очдог ийм зүй тогтолтой.
Ерөнхийдөө хөгжил төгс төгөлдөр юм руу л яваад байгаа юм. Хуучныхаар бол
коммунизм маягийн юм руу, бүгдээрээ
баахан жаргалтай, сайхан хоол унд, байртай, өвчин зовлонгүй, урт удаан настай.
Социализмын үед, капитализмын үед ч, одоогийн энэ үед ч гэсэн бидний тэмүүлэл
тэр л байгаа юм. Бүгдээрээ жаргалтай, хөгжилтэй, санаа нийлсэн, бие биеэ
хайрлаж хүндэтгэсэн. Энэ чинь бурханы сургаалаар бол диваажин. Гэхдээ үүнийг
нийгмийн амьдралд тулгаад ирэхээр маш их хэцүү, айхавтар даваа байх нь байна
шүү.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Уулчин Г.Өсөхбаяр: Хэрвээ эвгүйтсэн бол тав битгий хэл 25 хүн бүгд амиа алдахаар аймшигтай нөхцөл байдал угтсан

Монгол
Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяртай ярилцлаа.

-Таны хувьд
энэ жил нэг зорилгоо биелүүлсэн гэсэн. Аль тивийн ноён оргилд гарсан бэ?

-Миний хувьд
дэлхийн тивүүд дэх ноён оргилуудад бүгдэд нь гарч үзэх зорилго­той. Энэхүү
зорилгоо бие­лүү­лэхийн тулд олон жил төлөвлөж байна. Цаг хугацаа, хөрөнгө
мөнгө ч их шаардагдах юм. Ямартай ч энэ зун Австрали тивийн ноён оргил
Коскиусзкод дөрөвдүгээр сарын 21-нд гарч чадлаа.

-Энэ удаагийн
авиралт бусдаас юугаараа онцлогтой байв?

-Би өмнө нь Хойд
Америкийн ноён оргил Маккенлиа, Африкийн дээвэр Килиманжаро уулын оргил зэрэгт
дандаа л ганц, хоёроороо гарч байсан. Харин энэ удаа зөндөө олон монголчуудтай
гарсан. Австралид амьдарч буй монголчууд хамт гарсан. Бараг 20 гаруй хүн гарсан
байх. Миний хувьд энэ удаагийн авиралт үнэхээр сайхан дурсамж үлдээсэн гэдгийг
хэлмээр байна. Нутаг нэгтнүүдтэйгээ, олуулаа нэг ч гэсэн тивийн оргилд
гарсандаа баяртай байна. Аяллын тухай нэвтрүүлэг удахгүй телевизээр цацагдах
байх. Одоо Өмнөд Америкийн Аконкагуагийн оргил, Антарк­тид тивийн Винсон Массиф
оргилд гарах үлдээд байна.

-Монголдоо
ямар ави­ралт хийв. Аль аль ууланд авирав?

-Ерөнхийдөө Алтай
Таван богд ууланд гарсан.

-Хэдэн удаа?

-Алтай Таван
богдод гурав… бараг дөрвөн ч удаа гарсан юм байна. Монголын ууланд зуны
гурван сар гарахад л цаг агаарын хувьд ч тэр хамгийн тохиромжтой үе байдаг. Нэг
авиралт хийхэд дунджаар 10 хоног зарцуулдаг.

-Сошиал дахь
хүмүүсийг хараад байхад бараг амрал­тын өдрөө тааруулаад ийм ууланд авиралт
хийгээд ирье гэж харагддаг. Тийм боломж бий юу?

-Ямар ууланд
авиралт хийхээс шалтгаална. Хотоос урагшаа Богд ууланд явган алхах, мөс, цастай
Алтай Таван богдод авиралт хийх хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаа бий.
Ялангуяа мөсөн голтой ууланд авирна гэдэг маш их эрсдэлийг дагуулж байдаг.
Яахав манай монголчуудад нэг давуу чанар байдаг. Маш их эрч хүчтэй, тэвчээртэй.
Харамсалтай нь үүнийгээ буруу ашигладаг. Гадныхан бол ууланд гарахаар
төлөвлөвөл дүрэм журмынх нь дагуу олон хоног, сар сургалтад хамрагдаж, хувийн
бэлтгэлээ хангадаг. Харин манайхан бол шууд л өнөөдөр шийдээд маргааш явчихдаг
байх жишээний. Энэ нь наад зах нь эрүүл мэндээрэй хохирч үлдэх хор уршигтай.
Нэгэнт алдсан эрүүл мэндийг хэзээ ч нөхөж авч чадахгүй шүү дээ. Цаашлаад амь
насаараа хохирох аюулыг дагуулж байдаг.

-Өнгөрсөн зун
Алтай Таван богдод Монголын таван уулчин эндсэн харамсалтай явдал болсон. Дээрх
хүмүүс мөн л сошиалд нэг­дэж, ямар ч бэлтгэл сур­гуу­лилтгүй явсан гэсэн?

-Фэйсбүүкээр
нэгдсэн хүмүүс гэсэн. Энэ зун үнэхээр монголын түүхэнд, уулчдын түүхэнд хар
бараанаар тэмдэг­лэгдэх том гарз тохиож, таван хүн эндлээ. Энэ тухай дурсахаас
ч бэрх байна. Уулчдын хувьд үнэхээр эмзэг асуудал болоод байгаа. Олон жил
ууланд авирсан, манай туршлагатай уулчин
МУ-ын гавьяат тамирчин Болд­баатар ах уг ууланд авиралт хийж яваад эндсэн.
Даанч манайхан анзаараагүй. Одоо ч анзаарахгүй хайнга хандсан хэвээр л байна.
Хэрвээ энэ чигээрээ замбараагүй яваад байвал энэ жагсаалт улам л уртсах болно.
Дараагийн ээлжинд би ч байж болно. Хэн ч мэдэхгүй. Осол хэлж ирэхгүй шүү дээ.

-Тухайн
хүмүүсийн зарим нь мэргэжлийн уулчид байсан гэдэг. Та таних уу?

-Нэг эгч, нэг
залуу хоёрыг нь л зүс танина. Хаа нэг уулч­дын цугларалт дээр таарч байсан.
Тэрнээс сайн мэдэхгүй. Бусад нь бол бараг анх удаа ууланд авирсан хүмүүс гэсэн.
Нэг залуу нь бүр гадаадад сурдаг. Монголд ирэнгүүтээ шөнөдөө ууланд авирах гээд
гараад явчихсан гэж сонссон. Гэрийнхэн нь ч мэдээгүй байсан. Тухайн үед
“Монголиан экспедишн” компаниас зохион байгуулсан уулчдын багт ороогүй сайн
дураараа баг бүрдүүлж явсан хүмүүс юм билээ. Ер нь сүүлийн үед фэйсбүүкээр
хараад байхад ууланд гарахыг их уриалдаг болж. Гэхдээ ямар ууланд гарах гэж
байгаагаа ядаж судлах хэрэгтэй. Мэдээлэлтэй байх хэрэгтэй. Ядаж л авирах гэж
байгаа уулынхаа зүг наанадаж хоёр хоног харж, бүх зүйлээ тооцоолох ёстой шүү
дээ. Ялангуяа мөсөн голтой ууланд авирна гэдэг тэр чигээрээ эрсдэл.

-Алтай Таван
богд ууланд хичнээн мөсөн гол байдаг вэ?

-Монголд мөсөн
голтой уул хэдхэн бий. Үүний нэг нь Алтай Таван богд уул. Мөнх хайрхан бага
зэрэг мөсөн голтой. Бас Увс аймагт байрлах Цагаан дэглий уул байна. Ууланд
авирагчдын хувьд хамгийн хэцүү эрсдэл бол мөсөн гол. Ийм төрлийн ууланд авирах
тусам халширдаг, айдаг бол­чих­дог. Уулчид ууланд авирах тусам л өөрийгөө
жижигхэн гэдгийг мэдэрдэг. Ялангуяа мөсөн голтой ууланд авирахын тулд уулаа маш
их мэддэг, дадлага, туршлагатай байх ёстой.

-Хүйтний
оргилд гарах тогтсон зам байдаг уу?

-Алтай Таван богд
ууланд авирах гурван ч зам байдаг. Бүр олон жил яваад дадал болчихсон зам.
Ихэвчлэн уулынхаа ар шилээс өгсөж гардаг. Өдөрт зургаан цаг авиралт хийнэ гээд
бодохоор Хүйтний оргил дээр гарахад гурав хоног зарцуулагддаг.

-Осол болохоос
өмнө­хөн таныг амиа алдсан уулчид­тай замд таарсан гэсэн?

-Нэг л замаар
явдаг учраас ууланд авирах үед авиралт хийж буй бусад хүмүүстэй таардаг. Тухайн
үед ч бас тэдэнтэй таарсан. Нэг л замаар өгсөж, уруудаж байгаа юм чинь
таарахаас аргагүй.

-Хэдэн цагийн
үед таарсан юм бэ?

-Үдээс хойш замд
зөрсөн. Уулын бичигдээгүй дүрэм байдаг. Ямар ч ууланд өглөө эрт авиралт хийгээд
үдээс хэтрэхгүй оргил дээр нь гараад хурдхан бууж орой­ноос өмнө отогтоо хүрсэн
байх ёстой. Үдээс хойш болчихоор цаг агаарын хувьд таагүй болчихдог. Миний
хувьд тухайн өдөр 12 хүний бүрэлдэхүүнтэй хоёр багтай өглөө эрт оргилд нь
хүрчихээд бууж явсан. Тухайн хүмүүстэй явсан багийнхны хувьд хэтэрхий оройтсон
болов уу.

-Та хэзээ нь
ослын талаар мэдсэн бэ?

-Буусан хойно
мэдсэн. Араас таван хүнтэй нэг багийнхан олдохгүй байна, төөрчихлөө гэж хэлсэн.
Үнэ­хээр харамсаад ч барахгүй байна. Цасан шуурга шуурч байсан болохоор буцаад
явж хайх ямар ч боломжгүй байсан.

-Тогтсон зам ч
гэсэн төөрөх магадлалтай юу?

-Цасан шуургатай
үед хэцүү. Төөрөх бол энүүхэнд. Таван метрийн зайтай явж байгаа хүн харагдахгүй
бол­тол цасаар шуурах тохиолдол ч бий. Ийм үед нэг алхам ч хазгай гишгэхгүй,
өмнөх хүнийхээ мөрөөр явах хэрэгтэй.

-Ер нь оргил
хүртэл зам хэр бартаа ихтэй вэ?

-Маш их. Гишгэсэн
мөрөө­рөө эргэж бууна шүү дээ. Мөсөн голтой уулын хамгийн гол эрсдэл бол цасан
шуурга, мөсөн ангал. Хэрвээ 50 метрийн ангал руу нэгийгээ алдахад дэлхийн
хамгийн шилдэг уулчин байгаад ч татаж гаргаж чадахгүй. Бусдыгаа эрсдэлд
оруулахгүйн тулд орхиод явсан тохиолдол зөндөө байдаг.

-Таны хувьд
эрлийн багийн­хантай хамт ажилла­сан хүн. Талийгаачдыг ангал руу унаагүй,
эрлийг эрт эхлүүлсэн бол аврах боломжтой ч байсан гэсэн яриа тухайн үед гарч
байсан. Үнэхээр тийм боломж байв уу?

-Ангал руу
унаагүй. Одоо хэлэхэд хэцүү л дээ. Үнэхээр аймшигтай газраар явсан байсан. Тэд
Хүйтний оргилд гарчихаад буух замдаа төөрсөн юм шиг байна лээ. Цасан шуургатай
үед хэцүү шүү дээ. Шуурганаар асар том хунгарлаад тогтчихсон цасны яг доогуур
багийнхан бүгд явж өнгөрсөн байсан. Эхний багийнхан явахад цас бага багаар сууж
ан цав үүссэн байх. Ингээд яг сүүлийн баг гарах үед цас нурж дээрээс нь унасан
юм шиг байсан. Сүүлийн хүмүүс л дарагдсанаас биш эвгүйтсэн бол тэнд явсан 25
хүн бүгд амиа алдаж болохоор тийм аймшигтай нөхцөл байдал угтсан. Осол болох
үед өмнөх багийн хүмүүс бусдынхаа орилох дууг сонссон гэж ярьж байсан.

-Төөрснөө
мэдсэн бол ямар арга замыг сонгох нь зүйтэй байсан бол оо?

-Ямар ч үед
оргилоо буцаад олох хэрэгтэй.

-Хүйтний оргилоос
хэр зайнд осол болсон байсан бэ?

-200 метр орчим
юм уу даа. Төөрөлтийн гол шалтгаан цас. 2009 онд санагдаж байна. Ерөнхийлөгч Н.Энхбаяр уг ууланд
авираад буух замдаа төөрөөд эргэж оргилоо олох шийдвэрт хүрсэн байгаа юм. Бид
нар очих үед оргилоос 50 метрийн зайтай байсан. Тэр хооронд л хэдэн цаг холхиод
бүр мөр гаргачихсан байсан. Хажууд нь явсан ахмад уулчид яахаа мэдэхгүй байхад
тэр хүн ууланд хэрхэн гарах, төөрсөн тохиолдолд яах вэ гэдгээ уншчихсан
мэдээлэлтэй байгаа байхгүй юу. Хэрвээ ууланд төөрвөл оргилоо олох нь хамгийн
зөв шийдэл.

-Ер нь Алтай
Таван богдод цаг агаар байнга сэрүүвтэр байдаг уу?

-Янз бүр. Майк,
богино өмдтэй гарчихмаар дулаахан өдөр байна. Куртиктай гар­чихаад байхад
даарах өдөр ч байна. Гэхдээ өглөө эрт гараад оргилд нь хүрлээ, зургаа
дарууллаа, эргээд шууд буух ёстой. Гэтэл манайхан архи, сүү өргөх болоод
явчихна. Зарим нь бүр дуулна. Манайхан багахан найр хийчих гээд байдаг. Тэгж
болохгүй шүү дээ. Цаг агаар яаж ч өөрчлөгдөж болно. Хурдхан л буух ёстой. Миний
хувьд ихэвчлэн гадныхантай гардаг. Гадаадын уулчид бол дүрэм, журмын дагуу
явдаг. Тэгж болохгүй гэсэн л бол шууд хүлээж авна. Наад зах нь Хүйтний оргилоос
буух замд дөнгөж авирч яваа хүмүүс ч таардаг. Тухайн үед та нар хэтэрхий
оройтсон учраас эрсдэлтэй, маргааш авир гэж хэлдэг. Харамсалтай нь төдийлөн
хүлээж авдаггүй. Гадныхан бол шууд л хүлээж аваад бууна. Монголчууд “Энэ Өсөхөө
өөрөө оргилд нь гарчихаад биднийг ингэж хэлээд. Өсөхөө гарч байхад яагаад би
гарч болдоггүй юм” гэсэн байдлаар ханддаг. Үнэндээ ууланд авирах бүр уулын
бүтэц хүртэл өөрчлөгдчихсөн байдаг.

-Хэзээ хамгийн
таатай үе вэ?

-Мэдээж цаг агаар
тогтуун үед гарахад байгалийн хувьд үнэхээр үгээр илэрхийлэмгүй үзэсгэлэнтэй.
Зөвхөн тавхан оргил байдаггүй. 50, 60 уулын оргил харагдана ш дээ. Үнэхээр
гайхамшигтай. Би гарах болгондоо л дуу алддаг. Найман сарын дундуур оргилд нь
гарахад нар сар зэрэг гарчихсан харагддаг. Гэхдээ жил, сар болгон уулын бүтэц
өөр. Зургаан сард мөсөөр хучигдсан хөрс хатуувтар байсан бол долдугаар сард
суларчихсан байна. Энэ өнгөлөн далдлалтыг хүмүүс мэддэггүй. Харин наймдугаар
сард бүх ангалууд нь ил гарч ирдэг. Тиймээс наймдугаар сард нэлээн олон удаа
авирч үзэх хэрэгтэй. Гэхдээ тэр ангалуудыг
нүдээрээ харсан хүн тэр болгон уул руу зүглээд байдаггүй.

-Таны хувьд
тийм ангал олон харж байсан уу?

-Доошоо харахад
ёроолгүй харанхуй ангал ш дээ. Алтай Таван богдод тоолохын аргагүй тийм ангал
бий. Олон жил ууланд авирсан мэргэжлийн уулчин учраас туршлагаараа л явна. Ангалтай газрын цасны
өнгө ямар байх, хаанаас нь ямар судал орж ирсэн байна гээд нарийн ажиглана.
Тэрнээс энд нэг ангал байдаг, энд бас гээд тойроод гүйгээд байхгүй ш дээ. Мөсөн
голын эрсдэлүүд хамгийн аймшигтай. Алтай Таван богдын мөсний зузааныг 150 метр
гэдэг байх аа. Японы эрдэмтэд, Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийнхэнтэй
хамтраад мөсний судалгаа хийж байгаа. Мөс маш их хайлж байна гэсэн мэдээлэл
байгаа. Мөс хайлна гэдэг уулчдын хувьд улам их эрсдэл хүлээж байна гэсэн үг.
Жил ирэх тусам аюул нэмэгдээд л байна.

-Ер нь ууланд,
тэр дундаа мөсөн голтой ууланд гарахдаа ийм багаж хэрэгсэл, тийм хувцастай явна
гэсэн стандарт байдаг биз дээ?

-Байлгүй яахав.
Яахав сошиал ертөнц дэх хүмүүсийг хараад байхад Алтай Таван богд руу бараг
дээлтэйгээ гүйгээд гарчихлаа. Пүүзтэй гараад ирлээ би гээд л ярьдаг. Мэдээж
ууланд гарч байгаа нь сайн байна. Ууланд гарах тусам эр зориг нэмэгдэнэ.
Туршлагатай болно. Гэхдээ нэн тэргүүнд аюулгүй байдлаа хангах нь чухал.
Стандартаараа бол наад зах нь гурван төрлийн гуталтай байх ёстой. Доор амрах
үедээ сандаал, тавчиг, авирахдаа өөр гутал, оргилд гарахдаа бас нэг гуталтай
байх шаардлагатай. Гэвч манайхан ганцхан гутал­тай явчихаад доор шавар
шалбааганд гутлаа норгочихдог. Чийг авсан гутал дээш гарах явцад хөлдөнө,
хайрна. Ингээд хөлөө хөлдөөх тохиолдол хүртэл гардаг.

-Мэдээж мөсөн
голтой ууланд авч явах ачааны тогтсон жин байдаг байх?

-Зарим хүмүүс би
уулын оргил руу 40 кг ачаатай гарлаа ш дээ гэдэг. Мэргэжлийн хүмүүсийн хувьд
үнэхээр инээд­тэй хэрнээ сонин санагддаг. Өөртөө мундаг санагдаж байгаа боловч
ямар ч хэрэггүй ачаа яах гэж үүрдэг юм бэ. Тийм ачаатай гарч байгаа нь өөрийнх
нь л буруу. Стандартын дагуу 20 кг ачаатай л байх ёстой. Ууланд таван кг
нэмэгдэнэ гэдэг аймшигтай зүйл байхгүй юу. Манайхан хэрэгтэй, хэрэггүй баахан
юм цүнхэндээ хийчихсэн байдаг. Цүнхнийхээ аль талд ямар ачаагаа хийхээс эхлээд
цүнхний нэг бүч хүртэл нарийн учиртай байдаг байхгүй юу. Жижигхэн алдаанаас
болж өөрийгөө, цаашлаад бусдын амийг хамт аваад явах тийм эрсдэлийг өөрсдөө бий
болгодог. Би Эверестийн оргилд 21 удаа гарч Гиннесийн номонд бичигдсэн нэгэн
уулчинтай хамт Монголын Бүргэд хайрхан гээд ууланд хамт авирсан. Би түүнтэй
өмнө нь далайн түвшнээс дээш 8848 м-т орших Эверестэд хамт гарч байсан юм.
Гэтэл 4100 метрт орших ууланд гаран гартлаа амандаа маань мэгзэм тасралтгүй
уншиж байсан. Тэр хүн тийм өндөр ууланд олон удаа гарчихаад биеэ тоогоод энэ юу
байхав гэж болох шүү дээ. Үүнийг сүүлийн үед уулын спорт сонирхож буй залуус
сайн ойлгох ёстой. Уул чихтэй, нүдтэй, амьтай гэдэг. Би үүнд 100 хувь итгэдэг.
Хэзээ ч уулыг бүү бас.

-Сүүлийн үед
ганц, нэг удаа ууланд явган аялал хийсэн хүмүүс өөрсдийгөө уулчин гэдэгт итгэж
энэ нь эргээд эрсдэл дагуулж байх шиг…

-Миний хувьд би
хэдий мэргэжлийн уулчин ч гэлээ байнгын бэлтгэл сургуулилт­тай байдаг. Алхана,
хүчний бэлтгэл хийнэ. Ууланд авира­хад сэтгэл зүйн бэлтгэл бас хамгийн чухал.
Алтай Таван богдод авирах явцад ажиглагддаг л даа. Саяхан нэг явахад цасаар
шуураад өнгөцхөн дарагдчихсан ангалын хажууханд хүний мөр байсан. Үнэхээр ганц
нэг ууланд явган аялал хийгээд, эсвэл ганц удаа хүн дагаж авирчихаад дараа нь
“өө би мэднэ, амархан” гээд баахан чадахгүй хүн дагуулаад явчихдаг. Ядаж
олсныхоо зангилааг зөв зангидаад сурчихгүй байж шүү дээ. Олсны нэг зангилаа
хүртэл чухал. Яахав сүүлийн үед мэргэжлийн багаж хэрэгсэл их орж ирдэг болж.
Мөнгөтэй байлаа гээд яаж ашиглахаа мэдэхгүй баахан багаж авчихдаг. Очоод нэгийг
нь ч ашиглаж чадахгүй байх тохиолдол зөндөө гардаг. Тэгэхээр мэргэж­лийн
хүмүүст хандаж, зөвлөгөө авч сургалтад хамраг­дах ёстой. Өөрийнхөө аминаас
гадна бусдын амийг аюулд учруулж байна гэдгээ хүмүүс ухамсарлах хэрэгтэй байна.

-Нэг олсонд
хэдэн хүн явах стандарттай байдаг юм бэ?

-Мөсөн дээр явж
байгаа тохиолдолд нэг олсонд хоёрхон хүн л явах ёстой. Олсны диаметр, замаасаа
шалтгаалж олсонд хэдэн хүн орохоо тооцоолдог. Дунджаар олсныхоо диаметрээс
хамаарч 5-6 хүн л нэг олсонд ордог. Харин манайхан нэг олсонд 10, түүнээс дээш
хүн чихчихдэг нь хамгийн аймшигтай алдаа. Олсны хоорондын зай таван метр байх
ёстой. Гэтэл 50 метрийн олсонд арван хүн оруулсан байдаг. Гэтэл нэг, хоёр эгнээ
явлаа, дараагийн хүмүүс татагдаж доошоо унах эрсдэл маш их. Хэдий таван метрийн
зайтай ч аюул арилчих юм биш. Амь алдах эрсдэл чинь өндөр болж байна гэсэн үг.
Миний хувьд сайн итгэсэн хүндээ нэг багаа хариуцуулаад тав таван хүнтэй хоёр
олсонд хуваадаг. Түүнээс илүү бол би хяналт тавьж чадахгүй шүү дээ. Тиймээс
залуустаа олсноосоо хэзээ ч гарч болох­гүй, ахлагчийнхаа үгнээс гарч болохгүй
зэрэг уулын бичигдээгүй алтан дүрмээ л дага гэж захимаар байна.

Categories
америкийн-монголчууд булангууд мэдээ цаг-үе

Элчин сайд Женнифер Зимдалл Галт тангаргаа өргөв

Тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа

2015 оны есдүгээр сарын 14-ний өдөр, АНУ-ын Төрийн Департаментийн Франклины танхимд Монгол Улсад суух шинэ элчин сайд Женнифер Зимдалл Галт элчин сайдын тангараг өргөлөө. Ёслолын эхэнд Төрийн Департаментийн нарийн бичгийн даргын орлогч Патрик Кэннеди Женнифер Галтыг танилцуулав.

Женнифер Зимдалл Галт нь Төрийн Департаментийн Олон Нийтийн Албаны зөвлөх, АНУ-ын НАТО дахь Төлөөлөгчийн газрын олон нийтийн албаны зөвлөх, Зүүн Ази, Номхон далайн орнуудын хэлтсийн орлогч дарга зэрэг албыг хашиж байсан ажээ. Монгол Улсад томилогдохоосоо өмнө БНХАУ-ын Гуанжоу хот дахь 450 гаруй ажилтантай Консулын газрын даргаар ажиллаж байв. Анх 1989 онд Югославын Белград хот дахь Элчин Сайдын Яаманд ажилласнаар дипломат ажлын гараагаа эхэлсэн тэрбээр хятад, франц, испани, итали, серби-хорват хэлээр ярьдаг ажээ. Женнифер Зимдалл Галт нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Түүний нөхөр Фритц Галт хорь гаруй роман бичсэн, нэртэй зохиолч хүн аж. Тагнуул, адал явдлын сэдвээр голчлон бичдэг бөгөөд зохиолынх нь үйл явдал ихэвчлэн гэргий Женнифер Галтынх нь ажиллаж байсан улсуудаар өрнөдөг нь санамсаргүй тохиолдол биш юм. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Монгол Улсаас АНУ-д суугаа элчин сайд Булгаагийн Алтангэрэл, АНУ-аас Монголд сууж байсан элчин сайдууд болох Марк Минтон, Жонатон Аддлтон, Памела Слуц болон албаны бусад хүмүүс оролцов. Женнифер Зимдалл Галт есдүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсыг зорьж, албандаа орно.

“Пирамидын цом” хөлбөмбөгийн тэмцээн

АНУ-ын Вашингтон хотноо “Пирамидын цом” Монгол туургатны хөлбөмбөгийн тэмцээн болов. “Пирамидын цом” гэж нэрийдсэний учир нь тус тэмцээнийг АНУ-д монголчуудын үүсгэн байгуулсан “Пирамид Гранит” компани зохион байгуулдагт оршино. Монгол туургатны тэмцээн болтлоо өргөжсөн спортын баярт Монгол Улсаас гадна Буриад, Халимагийн баг тамирчид оролцон өрсөлдлөө. Хоёр өдөр тэмцэлдсэний эцэст зохион байгуулагч “Пирамид” баг аварга болж, Буриадын “Хара морин” мөнгө, Мон Юнайтед баг хүрэл медаль хүртлээ.

Хүрэл медальт Мон Юнайтед баг

Америкийн кино театрт анх удаа монгол кино

Найман сард Виржиниа мужийн Фоллс Чөрч хот дахь “Анжелика” хэмээх кино театр “Ар хударга” киног албан ёсоор гаргалаа. Өмнө нь Монгол Улсын уран бүтээлчдийн хийсэн баримтат кинонууд Үндэсний Газарзүйн Хүрээлэн, бусад албан газрын кино танхимд болон төрөл бүрийн кино наадмын хүрээнд гарч байсан бол энэ удаад Америкийн олон нийтийн кино театрт, бүрэн хэмжээний уран сайхны кино анх удаа гарснаараа онцлог байв. 150 суудалтай танхимд нийт дөрвөн өдөр (өдөрт нэг удаа) гарснаас дүгнэхэд Вашингтон хот орчмын 600 шахам үзэгч “Ар хударга” киног үзсэн байна. Киноны нээлтэд зохиогч, продюсер Дашдоржийн Болдбаатар оролцлоо.

Америкийн монголчууд чөлөөт бөхчүүдээ дэмжив

Америкийн монголчуудын ДАШТ-д монголчуудаа дэмжиж хийлгэсэн футболка

Чөлөөт бөхийн ДАШТ есдүгээр сарын 7-12-ны өдрүүдэд Лас Вегас хотноо болсон билээ. Чөлөөт бөхчүүдээ хөгжөөн дэмжихээр АНУ-ын өнцөг булан бүрээс монголчууд Лас Вегаст очлоо. Цэнгэлдэх хүрээлэнд хаа сайгүй Монгол улсын далбаа намирч, С.Батцэцэгийг алтан медалийн тавцан дээр зогсоход заал тэр чигээрээ Монгол Улсын Төрийн дууллыг даган дуулсан юм. Америкийн монголчууд мөн тэмцээнд болон тамирчдадаа зориулан тусгай футболка хийлгэж иржээ. Харь улсад болж буй тэмцээн дээр зочин багийнхан хөгжөөн дэмжигчгүйгээсээ болж сэтгэл санааны хувьд өрсөлдөгчөөсөө дутуувтар байдаг нь ямар ч спортын бичигдээгүй хууль. Тэгвэл энэ удаад Америкийн монголчууд баг тамирчдаа тийм байдалд оруулсангүй. Тэр нь ч бас багийн өндөр амжилтад зохих хэмжээгээр нөлөөлсөн буй заа.

“Өдрийн сонин”-ы Вашингтон хот дахь сурвалжлагч

М. САРУУЛ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Хүү маань бэлгэтэй сайн өдөр аавынхаа гар дээр ирсэнд баяртай байгаа

Энэ сарын
16-ны өглөө Маршалын гүүрэн дээр нэгэн эх машинд амаржиж нөхөр нь хүүгээ эх
барьж авсан явдал гарсан. Хүүгээ өөрөө эх барьж авсан Ц.Хатанбаатартай
ярилцлаа.

-Та өөрийгөө
болон гэр бүлийнхнийгээ танил­цуулахгүй юу?

-Би хотод төрж,
өссөн. Аав, ээжээрээ яривал Өмнөговь аймгийн харьяалалтай хүн дээ. “М-Ойл”
группын санхүүгийн албанд менежер хийж байна. Эхнэрийг маань Дархижав гэдэг.
МУИС-ийг санхүү нягтлан бодох чиглэлээр төгссөн хүн бий. Өмнө нь “Хас” банкинд
хамт ажиллаж байхдаа эхнэртэйгээ танилцаж байлаа. Тэгээд 2009 онд гэр бүл
болсон. Өнгөрсөн хугацаанд гурван хүүтэй боллоо. Том хүү Тэмүүлэн маань
нэгдүгээр анги, дунд хүү Хантүшиг цэцэрлэгийн ахлах бүлэгт суралцдаг. Танай
сониноор дамжуулаад эхнэртээ маш их баярлалаа гэж хэлье дээ. Сайхан гурван хүү
төрүүлж өглөө.

-Яаж яваад
эхнэр тань Маршалын гүүрэн дээр амаржчихав аа?

-Манайх
Улаанбаатар сувиллын хажууд байдаг. Урд өдөр нь эход харуулахад хүүхэд арай
доошлоогүй байна, төрөх болоогүй, арваад хоног дутуу гэж байсан. Тэр өдөр эхнэр
өвдөөд “Өчигдөр баахан гадуур явчихсан болохоор базалж өвдөж байх шиг байна”
гэж байлаа. Төрөх гээд өвдөж байна гэж санаагүй юм билээ. Тэгээд жаахан тайван
хандсан. Сүүлдээ өвдөлт нь ихэсч 103-т дуудлага өгсөн л дөө. Түргэн тусламжийнхан
“Буянт-Ухаад явж байна энэ дуудлагыг авчихаад очъё” гэсэн. Манай машин явдаггүй
өдөр байсан. Тэгээд одоо яахав дээ машинаа асаагаад гарсан даа. Түрүү долоо
хоногт Европын хамтын ажиллагааны олон улсын хурал боллоо шүү дээ. Тэр хурлаас
болоод зам хаачихсан. Гэрээсээ гараад л таг бөглөрчихсөн. Төв замаар болохгүй
юм байна гээд аваарын гэрлээ асааж хашлаганы наагуур цаагуур явж байгаад
Зайсангийн урдуур тойрсон. Ингээд Маршалын гүүрэн дээр ирэхэд манай хүн төрсөн
л дөө.

-Хоёулаа л
яваад байсан уу?

-Тийм ээ. Гэхдээ
103-ынхан дундуур нь утасдаад одоо яаж байна гээд байсан л даа. Тэд Нисэхээс
ирэх болохоор нэлээд зайтай байсан. Тэгээд л би өөрөө эх барьж авсан. Замаа
чөлөөлж ч зогсоогүй. Явж байгаад аваараа асаагаад зогссон. Цагаа тулахаар
хүүхэд эх бариад авчихдаг л юм байна. Би санхүүгийн мэргэжилтэй. Эмнэлгээс хол
хүн шүү дээ. Харин төрснөөс нь хойш 10 минут орчмын дараа түргэн тусламж хурдан
ирсэн шүү.

-Эмнэлгийн
хэрэгсэл байсан байжээ?

-Төрөх гэж явсан
болохоор ариун цэврийн хэрэглэлээс эхлээд байсан л даа. Хүүхдийн өлгийгөө
аваагүй байсан. Монголчууд чинь төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэж ярилцдаг шүү
дээ. Төрсний дараа нь хүүхдэдээ өлгий авъя гэж бодоод явсан хэрэг. Тэгээд
хүүгээ ор хөнжлийн даавуунд өлгийдөөд эхнэрийн хэвлий дээр тавьчихсан. Харин
түргэн тусламж удалгүй ирж хүйг нь тасалсан. Нэлээд ч сандарсан. Яалт ч үгүй л
зам дээр төрж таарсан даа. Азаар ямар нэгэн хүндрэл гараагүй. Хэрвээ машин
дотор янз бүрийн юм болбол хэцүү шүү дээ.

-Хүүдээ нэр
хайрласан уу?

-Одоогоор
амжаагүй байна. Ирэх долоо хоногт нэр өгнө дөө. Эх, хүүхдийн бие сайн байгаа.
Өглөө 8:30 цагийн алдад төрсөн болохоор жаахан даарсан. Ажлын цагтай
давхацчихаар зам бүр айхтар түгжирчихсэн хэрэг. Нэгдүгээр төрөх дээр очоод
маргааш нь манай хоёр эмнэлгээс гарсан. Ингээд эхнэр маань дархан бэр
болчихлоо. Тэр өдөр бас намрын дунд сарын шинийн гурван гээд хурим найр их
болсон сайн өдөр байсан юм билээ. Тийм өдөр аавынхаа гар дээр ирсэнд нь их
бэлгэшээж байгаа.

-Эмч нар юу
гэж байна?

-Ийм тохиолдол
гардаг юм биш үү. Гэхдээ хотод төв суурин газар машин дотор төрнө гэдэг ховор
байх. 103-т буруу юм байхгүй л дээ. Үнэхээр ажлын ачаалал их, машины хүрэлцээ
багатай юм шиг байна лээ. Харин ч хойноос утасдсаар байгаад ирж хүйг нь
тасалсан. Хүйг нь таслалгүй, эхэс нь гарахгүй удвал амь насанд нь ч аюултай юм
билээ.

-Ар гэрийнхэн
нь юу гэж байна?

-Эгч дүүсдээ
загнуулсан. Яасан баларсан юм та хоёр хүнээ боддоггүй юм уу гээд.

-Даавууны
долоо хоногоо аваагүй юм уу?

-Тэгж байгаад
авна даа. Бид хоёр хоорондоо шууд авах уу, хэсэг байж байгаад авах уу гээд ярилцаад
байна. Хоёр ээж хэд хоногтоо байгаа болохоор гайгүй байх.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Би гаргаагүй шийдвэрийнхээ төлөө хэрэгтэн болохгүй

УИХ-ын
гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-Өршөөл
үзүүлэх тухай хуулийн хоригийг Их хурал хүлээж авсан ч уг хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэж амжилгүй
хаалтаа хийлээ. Нийгэмд маш их хүлээлт үүсгээд буй уг хуулийг хэзээ хэлэлцэх
вэ?

-Уг хуулийг
хамгийн ихээр хүлээж байгаа хүн бол ард түмэн. Өршөөл үзүүлэх тухай хуульд
Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсныг Их хурал хэлэлцээд хүлээж авсан. Гэсэн
ч ажлын хэсэг байгуулан ажиллаад ч нэмэлт, өөрчлөлтөө хэлэлцэн шийдвэрлэж
чадсангүй. Долоо хоногийн дараа намрын чуулган эхэлнэ. Тэр хүртэл Өршөөлийн
хууль хойшилж байна.

-АТГ хоёр
гишүүн шалгагдаж байгаа гэж байсан ч Ё.Отгонбаяр гишүүнд хэрэг үүсгэх
үндэслэлгүй гэлээ. Хоёр гишүүний нэг гэгдэж байсан таны талаар юм хэлэлгүй
өнгөрсөн. Тэгэхээр таныг шалгаж байгаа гэж ойлгох уу?

-Би нэг зүйлд л
харамсаад байгаа юм. Хувь хүнийхээ үүднээс Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж
байгаа. Үнэхээр авлигач, албан тушаалтнуудтай холбоотой хэрэг байгаа бол өршөөж
болохгүй. Авлига авлаа гээд ямар гавьяа байгуулсан биш дээ. Энэ талаар АТГ 120
гаруй авлигачтай холбоотой 350 гаруй тэрбум төгрөгийн асуудал байна гэсэн.
Үнэхээр тийм их хохирол учруулсан бол өршөөж болохгүй. Ямар ч эрүүл ухаанаар
бодсон тийм авлигачдыг өршөөж байдаг Их хурал байж болохгүй. Тийм ёс суртахууны
эрх байх уу.

Би Байнгын
хорооноос албан ёсны бичиг аваад судалгааг нь авсан. Тэр жагсаалтыг гишүүд ч
хэлж байна. АТГ-ын мэдэгдэл байнга өөрчлөгдөж байна. Анх хоёр гишүүний асуудал
байгаа гэчихээд дараа нь нэг гишүүн байгаа гэж мэдэгдсэн. Хурлын явц дунд
ингээд өөрчлөөд байж болдог юм уу. Өөрсдөө 350 тэрбум төгрөгийн хохирол
учруулсан гэж ярьчихаад одоо болохоор бид тийм зүйл яриагүй. 32 тэрбум
төгрөгийн асуудал байгаа гэж байна. Гурван Засгийн газрын өмнө Боловсролын
сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр гишүүнтэй холбоотой улиг болсон зүйлээ
ярьсаар ирсэн. Энэ их хугацаа өнгөрчихөөд байхад шийдчихгүй өнөөдрийг хүртэл
шалгаад л байдаг юм уу. Гурван Засгийн газрын өмнө Батлан хамгаалах яаман дээр
байсан хоёр төслийг шалгасаар л байдаг юм уу. Өчнөөн жил мөрдлөг, мөшгилт хийж
олон хүнийг ажил, амьдралгүй болтол нь шалгасан. Гэтэл олон зуун тэрбумаар
яригддаг өнөө том хэргүүд юу ч байхгүй байна. Бидний яриад байгаа авлигатай
тэмцэх тэмцэл чинь Өршөөлийн хуультай ямар ч хамаагүй юм байна. Бид ямар ч
авлигачийг өршөөгөөгүй юм байна.

-Өршөөлийн
хуулиар өөрсдийгөө аваад гарах нь гэсэн хардлага байгаа шүү дээ?

-Ё.Отгонбаяр
бидний хувьд Өршөөлийн хууль ямар ч хамаа байхгүй ээ. Энэ бүхний цаана тодорхой
захиалгат ажиллагаа яваад байна гэдэг нь ажиглагдаад эхэлчихлээ. Хурлын үеэр
хамгийн сонин нь анх надад Эрүүгийн хэрэг нээгээд, түүнийгээ прокурорт
шилжүүлээд прокурор нь түр түдгэлзүүлсэн гэсэн бичиг ирж байгаа байхгүй юу. Бид
ардчилалд шилжээд 25 жил болж байгаа. Гэтэл өөрт нь мэдэгдэлгүйгээр янз бүрийн
гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, мөрдөөд, прокурорт шилжүүлдэг явдал больчихсон
шүү дээ.

-Тухайн хүн нь
өөрөө мэдээгүй байхад хэрэг нээсэн тохиолдолд ямар хуулийн хариуцлага байдаг юм
бол. Цаашид та яах бодолтой байна?

-Чуулган дээр
тодорхой мэдээлэл өгсөн. Хууль бусаар хэрэг нээгээд хүний эрх зөрчигдсөн үед
яадаг юм бэ гээд асуусан чинь Прокурорт ханддаг гэж байсан. Тийм болохоор би
иргэн хүний хувьд гомдол гаргахаас өөр зам байхгүй.

Н.Алтанхуягийн
Засгийн газрыг огцруулах үед л яригдаж байсан. 2014 оны аравдугаар сарын 28-нд
“Батлан хамгаалах яаман дээр өөр хүмүүсийн нэр дээр хууль зөрчсөн үйлдэл
гарсныг шалгаж байгаа. Та ирж тайлбар өг” гэсэн. Би очиж тайлбараа өгсөн. Гэтэл
өөр хүний хэрэг дээр “Та нэг сэжигтэн шүү” гэж хэлж байсан юм. Тэр үед би
үнэхээр гайхсан.

-Яагаад
сэжигтэн гэж үзсэн юм бол?

-Би өөрөө ч
гайхаад өнгөрсөн. Сайд байсан үед гарсан зөрчил дутагдал бүхэн тухайн үед
сайдаар ажиллаж байсан хүмүүст хамаатай болж, сэжигтэн болох нь л дээ. Ийм зүйл
байж болохгүй гээд бүх мэдээлэл, материалуудыг нь гаргаад, тэнд гарсан
асуудлуудыг тодорхой болгосон. Гэтэл өнөө л Өмнөд Суданд цэрэг илгээсэн, Энхийг
сахиулах цогцолбор, нэг байрны асуудал байсан. Эдгээрийн талаар холбогдох
газруудаас нь мэдээлэл авч дэлгэрэнгүй тайлбар өгсөн. Арваннэгдүгээр сарын 5-нд
Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах санал хураалт явагдсан. Яг энэ өдөр
АТГ-ын удирдлагаас “Энэ Засгийн газрыг байлгах шаардлагагүй. Унагаах ёстой”
гэсэн дарамтууд ирсэн. Энэ бүхэн бүгд гэрч, баримттай болохоор би яриад байгаа
юм.

-Яг яагаад
хэрэг нээх болсон юм бол. Гэхдээ таныг дмпломат дархан эрхтэй гэсэн байсан
гэлүү?

-Би тэр Засгийн
газарт ажиллаж байгаад бүтцийн өөрчлөлтөөр гарсан ч гэсэн заавал эсрэг санал
өгөх албагүй. Тэр утгаараа Их хурлын гишүүнийхээ эрхийг эдлээд би Засгийн
газрыг унагаахгүй гэдэг санал өгсөн. Тухайн үед унагаах кноп дарсан нь олонхи
болоод явсан. Намайг сэжигтэн болгож, надад дарамт үзүүлэх хөшүүрэг байсан юм
билээ. Арваннэгдүгээр сарын 12 буюу түүнээс долоо хоногийн дараа надад хэлэлгүйгээр
нууцаар над дээр хэрэг нээгээд прокурор нь нэгдүгээр сарын 27-нд “Их хурлын
гишүүн дипломат дархан эрхтэй” гэдэг хачин тайлбар өгөөд түдгэлзүүлсэн байгаа
юм. Надаас нэмж авах тайлбар үндсэндээ байхгүй.

Үнэхээр зөв үү,
буруу юу гэдгийг нь мөрдөн байцаагч үзээд шүүх дээр очоод тэр үнэн нь гарч ирэх
ёстой. Гэтэл энэ хэргийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан. УИХ-ын гишүүнд
зохиомол хэрэг нээж түүгээрээ дарамтлах, шийдвэрт нь нөлөөлөх гэж байгааг
тухайн үед би ойлгоогүй явсан юм билээ. Албан бичгийг нь аваад үзтэл ийм
аймшигтай юм болгосон байгаа юм даа. Монголын хуулийн байгууллага болохгүй
байна. Энэ бол авлигатай тэмцэх тэмцэл биш байна аа.

Авлигатай тэмцэх
гэсэн ариун зорилтын цаана тодорхой хэсэг бүлэг хүний, хэсэг бүлэглэлийн ашиг
сонирхол яваад байна. Өөр ашиг сонирхлын төлөө хүмүүст иймэрхүү зүйлийг пайз
мэт зүүдэг байж болохгүй. Хэсэг хүмүүсийг шалгаж, тэд барьцаанд нь ордог. Гэтэл
зарим хүмүүс нь дархлагдсан эрхтэй цаана нь байх юм. Авлигатай тэмцэх тэмцэл
чинь хамгийн зөв тэмцэл байхгүй юу. Өнөөдөр хамгийн буруу тэмцэл болгоод
хаячихлаа. Тодорхой хэлмэгдлийн эх үүсвэр болгож болохгүй. Жинхэнэ утгаараа
авлигын хэрэг нь шалгагдаж, үнэн мөн нь тогтоогдох ёстой хүмүүс нь цаана нь
гарчихаад байна. Өөрөөр хэлбэл авлигагүй төр нь авлигачтай тэмцдэг биш. Жинхэнэ
авлигачид нь авлигагүй төрөө дарамталдаг боллоо. Юм орвонгоороо эргэчихээд
байна. Энэ бүхнийг ээлжит бус чуулганы хугацаанд ойлгож авлаа.

-Бодвол
шинжээчийн дүгнэлт гарсан байдаг байх. Түүн дээр л нарийн утга учрыг нь
гаргасан байдаг байлгүй дээ?

-Хүнийг түмэн
янзаар гүтгэж болохоор байна. Шинжээчийн дүгнэлт гээд юм байгаа. Түүнийгээ
даанч надад танилцуулахгүй байгаа юм. Үнэхээр хэрэг нээсэн бол би дүгнэлттэй нь
танилцах ёстой. Одоо мөрдөгдөж байгаа хүмүүсээс асуухаар шинжээчийн дүгнэлт гэж
хаа хамаагүй худлаа дүгнэлт гаргуулдаг. Эсвэл хэн нэгнийг дарамталж байгаад хэн
нэгний эсрэг худлаа мэдүүлэг авдаг. Монголын эрх зүйн шинэчлэл хамгийн
хоцрогдсон зам руугаа орж байгаа юм байна. Хууль зүйн эрх зүйн шинэчлэлийг
Хууль зүйн байнгын хороон дээрээ сайтар ярьж, нэг мөр цэгцэлж авахгүй бол бид
үр хүүхдүүддээ ямар улс үлдээх гээд байна аа. Энэ бол дэндүү аймшиг болсон
байна гэдэг нь харагдаад байгаа л даа.

-Хоёр
гишүүнийг шалгаж байгаа гэчихээд нэгийг нь хэрэг үүсгэх шалтгаангүй гэж
тайлбарлах юм. Хоёулаа биш яагаад нэг хүнийг нь онцлоод үлдээчихэж байгаа юм
бол. Энэ тал дээр ямар бодолтой яваа вэ?

-Харин тиймээ,
гайхаж л сууна. Л.Гансүх зөвлөхийн шүүх хурлыг шоронд хаалттай хийх дөхлөө.
Харин тэр шүүх хурал нээлттэй явагдсанаар хаана, юу байгаа нь хүмүүст илүү
ойлгомжтой болж байгаа биз. Гэтэл надад холбоотой гээд байгаа хэргийг хэн, ямар
шалтгаанаар нуугаад байгаа нь ойлгомжгүй. Өмнөд Суданд цэрэг явуулсан, энхийг
сахиулах байрны асуудал байгаа гээд тэд өөрсдөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр
хангалттай зарласан. Үүнд нууц юм гэж байхгүй, үндэсний аюулгүй байдалд харшлах
юм байхгүй. Түүнийгээ болохоор Батлан хамгаалах яамтай холбоотой гэж байгаад
далд шүүгээд хүнийг хэлмэгдүүлж, тэр хэцүү газраасаа мөлхөөд гарч байвал болоо
гэсэн зорилго тээж, эрүү шүүлтийн зам руугаа орох гээд байна. Авлигатай тэмцэх
тэмцэл нь хүнээс өшөө авах, хүнийг залхаан цээрлүүлж, тодорхой хэсэг бүлэг
хүмүүсийн өш хонзонгийн хэрэгсэл болгочихоор үүний цаана хүний амь үрэгдээд
эхэлчихэж байгаа л даа. Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан гэдэг хүн
амиа алдсан. Бие нь тааруу байсан болохоор л амиа алдаж байгаа шүү дээ. Гэтэл
зүв зүгээр байсан хүн гэнэт нас барчихлаа гэж яриад байгаа. Тийм зүйл гэж
байдаггүй юм. Батлан хамгаалах яамны гэм зэмгүй тодорхой албан тушаалтны бие
тааруу байж байгаад амиа алдсан явдал ч бий. Авлигатай тэмцэнэ гэдэг хамгийн
ариун тэмцлийг цустай хутгаад байгаа юм. Ийм байж болохгүй. Хүний амь настай
холбоотой ийм зүйлийг үндэсний хэмжээнд авч үзэхгүй бол болохгүй болчихлоо.
Хэлмэгдэл чинь хэзээ ч алаад өг гэдэггүй. Эхлээд ард түмний дайснаар зарлаад
жигшил зэвүүцлийг төрүүлж байгаад устгадаг.

-Өнөө цагт
хэлмэгдүүлэлт байгаа гэж харж байгаа юм уу?

-Хуучин бол Японы
тагнуул гэж хэлүүлэхээс айдаг байлаа. Энэ Японы тагнуул гээд хэлэнгүүт тэр
хүнийг өчиггүй бууддаг байсан. 20 жилийн дараа эргэн харахад хөдөө хээр малаа
маллаж явсан хүнийг л буудчихсан байдаг байсан юм. Эхнэр хүүхэд, мал хуйг нь
авах гэсэн зорилгоор буу барьсан алуурчин хийдэг байж. Социализм ярьж байгаа
үед үндэсний соёл урлагаа хөгжүүлсэн гээд манай аав хэлмэгдэж явсан. Ажлаас нь
халж, гэрийн хорионд байлган зохиол бүтээлийг нь шатааж, гадагшаа явах
томилолтыг нь болиулж байлаа. Ар гэрийнх нь байдлыг үнэхээр хэцүү байдалд
оруулдаг байсан. Зургаан хүүхдийн минь ирээдүй хэцүү боллоо гээд аав минь тухайн
үед айж л явсан. Манайд ЕАБХАБ-ын хурал болсон доо. Хельсинкийн процесс гэдэг
чинь ядаж үх хүүхдийг нь устгадаггүй байх, зохиол бүтээлийг нь шатаалаа гэхэд
өөрийг нь битгий шатаа гэдэг ч юм уу ийм зөөлөн уур амьсгал руу 1970-аад оны
дундуур орж эхэлсэн. Монгол Улс энэ их зовлон дундуур явсных монголоо шинэ
Хельсинк болгоод явах хэрэгтэй. Шоронгийн түлхүүр шажигнуулсан бүлэг хүмүүс
бүхнийг айлгаад хүн л байвал хэрэг нь олдоно гэсэн байдлаар 1930-1940 оны
хэлмэгдүүлэлтийн нөхцөлдөө эргээд очвол эмгэнэлтэй л байна. Хэлмэгдүүлээд
байгаа хүмүүс нь ч яг үнэндээ жаргаад байгаа юм байхгүй. 1930 оны
хэлмэгдүүлэлтийг явуулсан хүмүүс дараа нь өөрсдөө хэлмэгдсэн. Тэр бүү хэл
тэдний үр хүүхэд хэлмэгдсэн байдаг. Тийм хүмүүс өөдөлдөггүй л байхгүй юу. Энэ
нь аль аль талдаа хэрэггүй л дээ.

Нийгэмд хуулийн
засаглал тогтоогоод авлига, албан тушаалын буруу зүйлийг жигшсэн нийгмийн
соёлыг бий болгоод эрүүл саруул ирээдүй рүү явах ёстой.

-АТГ гэдэг
байгууллагаас айдаггүй хүн гэж алга. Энэ бүхнийг засаад явах боломж байгаа юм
уу. Таныг ингэж ярих тусам өөрөө но-той болоод ингээд байна гэж нэг хэсэг нь
хараад байх жишээтэй. Тэр утгаараа Өршөөлийн хуулийг дэмжсэн гэх юм…

-Би Өршөөлийн
хуулийг нэг гарц гэж харсан. Энэ хууль чинь авлигачдыг өршөөж байгаа юм биш.
Харин ч авлигачдыг илчлэх хууль байхгүй юу. Мөрдөж, шалгаад байхаар нөгөө хүн
чинь “Би хэрэг хийсэн ч гэсэн намайг өршөөе гэж байна” гээд бүх зүйлээ илчлээд,
хохирлоо нөхөн төлөөд нийгмийн өмнө ил болох асуудал л даа. Нэгэнт ингээд ил
болчихсон хүн дахин Их хуралд сонгогдоод явна гэж байхгүй. Ухаандаа энэ нийгэм
цэвэршиж эхлэх процесс байхгүй юу. Хохирлоо төлүүлээд, хүмүүсийн өмнө тэр хүн
хэн бэ гэдгийг гаргаад өгчихөж байгаа юм. Тэр утгаараа бүх зүйл байр байрандаа
очно л гэж ойлгосон. Гэтэл энэ хуулийг авлигачдыг өршөөсөн хууль гээд байх юм.

Ер нь бол гадаад
харилцааны салбараас хоёр дахин их буюу 100 тэрбумын төсөвтэй АТГ гурван
Засгийн газрын өмнөх Батлан хамгаалах яаман дээр хэрэгжсэн хоёр жижиг төсөл,
Боловсролын сайдын эхнэртэй холбоотой нэг хардлага гэх мэт зүйлийг өнөөдөр Их
хуралд өргөн барьж байна. Авлигатай тэмцэх тэмцлээ нийгмийн үзэл санааны тэмцэл
болгох, үл тэвчих уур амьсгалыг хүн бүрт хэвшүүлэх том шинэчлэлээ хийх цаг нь
өнөөдөр мөн юм байна гэдгийг харлаа.

-Өршөөлийн
хууль тэгэхээр танд ямар ч хамаагүй юм байна гэж ойлголоо…

-Ямар ч хамаагүй
ээ. Надад холбоотой гээд байгаа гурван зүйл дээр би шийдвэр гаргаагүй. Би
гаргаагүй шийдвэрийнхээ төлөө хэрэгтэн болно гэж байхгүй. Яаман дээр шийдвэр
гаргасан тодорхой албан тушаалтныг буруутгалаа гэхэд тэр нь яавч Эрүүгийн хэрэг
биш. Магадгүй тодорхой хэмжээнд Сангийн яамны дүрэм, журам зөрчсөн зүйл байдаг
юм боловуу, сайн мэдэхгүй байна. Ямартай ч дээрээсээ авахуулаад бүхий л
шатандаа зөвшөөрлөө аваад явсан. Ямар нэгэн байдлаар үүнийг гуйвуулан зөвшөөрөл
авсан ч байсан буруу гэж буруутгах гээгүй юм бол хууль, журмынхаа дагуу болсон.
Хууль дүрэм тэр тусмаа Эрүүгийн хууль зөрчсөн зүйл орж ирсэн бол би юу гэж
анхнаасаа зөвшөөрөх юм.

Дахин хэлэхэд
Өршөөлийн хууль надад хамаагүй. Зүгээр л нийгмээ цэвэршүүлэх томоохон реформ
шинэчлэлийг хийхэд зохих үүргээ гүйцэтгэнэ гэдэгт итгэж байгаа. Авлигалын
асуудлыг тусад нь авч үзэх ёстой.