Categories
мэдээ цаг-үе

Б.Баярсайхан: Олон улсын сэтгүүлчдийн байгууллагыг толгойлох болсон нь Монголын хэвлэл мэдээлэлд л ашигтай

Өнгөрсөн сарын 22-23-ны өдрүүдэд Олон улсын хэвлэл мэдээллийн
клубуудын холбоо (IAPC)-ны Ерөнхий ассамблейн чуулга уулзалт Улаанбаатар хотноо болсон. Энэ үеэр Монголын үндэсний
пресс клубын тэргүүн Б.Баярсайханыг тус байгууллагын
Ерөнхийлөгчөөр томилсон юм. Түүнтэй ярилцлаа.

-Олон улсын пресс
клубуудын холбоог монгол хүн удирдах болсон мэдээлэл анхаарал татаж байна. Энэ ямар
учиртай байгууллага вэ?

-Олон улсын пресс
клубуудын холбоо нь 2002 онд Дубай хотноо үүсгэн байгуулагдсан, хэвлэлийн эрх чөлөөг
түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, олон улсын мэргэжлийн сэтгүүлчид улс төр, эдийн
засаг, нийгэм, соёлын мэдээлэл солилцох зорилготой мэргэжлийн байгууллага юм. Эгнээндээ
Америк, Англи, Швейцарь, Герман, Австрали, Итали, Франц, Япон, Австри, Израил, Польш
зэрэг дэлхийн 40 гаруй улсын пресс клубуудыг нэгтгэсэн олон улсад нэр хүндтэй байгууллага.

Өнөөдөр сэтгүүлчийн
мэргэжил хамгийн аминд халтай, хэцүү мэргэжил хэвээр байна. Дэлхийн халуун цэгүүд
дээр жил бүр олон арван сэтгүүлч амь насаа алдаж, хэвлэн мэдээлэх эрх чөлөөгөө эдэлж
чадахгүйгээс болж шоронд хоригдож, үнэнийг мэдээлэх эрхээ хасуулсаар байгаа. Эдгээр
сэтгүүлчдийг өмгөөлж, суллуулахын төлөө манай байгууллага дуу хоолойгоо өргөдөг.

-Та мөн Монголын
үндэсний пресс клубыг үүсгэн байгуулсан. Энэхүү байгууллагынхаа тухай тодруулаач?

-2000 онд АНУ-д байхад
тухайн үед элчин сайд байсан Чойнхор гуай Монголын өдөр болох гэж байна, 20 гаруй
орны сэтгүүлчид цугларах байх, чи мэдээлэл өгч чадах уу гэж асуусан. Энэ бол дөнгөж
хэл сурч байгаа миний хувьд дэндүү ахадсан ажил байсан учир татгалзахад, тэгвэл
чи Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдлын талаарх мэдээллийг олж өгөөч гэсэн
юм. Харин тэр өдөр Харвардад сурч байсан Ц.Элбэгдорж гуай хүрэлцэн ирж, Монголын
улс төр, нийгэм, эдийн засаг, хэвлэл мэдээллийн талаарх мэдээллийг Вашингтоны пресс
клубт цугласан олон улсын сэтгүүлчдэд өгч байлаа. Энэ бол пресс клубын үйл ажиллагааг
харсан анхны тохиолдол байв. Ер нь зүгээр нэг байгууллага байгуулахаасаа илүүтэйгээр
олон улсын байгууллагын салбарыг байгуулж чадвал тэднээс суралцах юм ихтэй, өргөн
цар хүрээтэй үйл ажиллагаа явуулах боломжтой, харилцаа холбоо сайтай гэж үзсэн учраас
Монголын үндэсний пресс клубыг байгуулсан. Бусад орны пресс клубуудын хажууд цоо
шинэ, дөнгөж эхэлж байгаа учир өнөөдөр нэг оффист дөрвөн хүн л ажиллаж байна. Миний
мөрөөдөл бусад улс орны адил олон нийтийн итгэлийг хүлээсэн, үнэн бодитой мэдээ
мэдээлэл түгээдэг, гадаад дотоодын сэтгүүлчдийн ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн газар
болгохыг хүсдэг.Нөгөөтэйгүүр тухайн оронд айлчилж буй төрийн тэргүүнүүд, улс төр,
эдийн засаг, нийгмийн зүтгэлтнүүд пресс клубын индэр дээрээс мэдээллээ өгч, сэтгүүлчдийн
асуултанд хариулж байдаг. Энэ жишиг Монголд удахгүй биеллээ олох байх.

-Энэ томоохон клубын
ерөнхийлөгчөөр монгол хүн сонгогдсоноор олон улсын хэвлэл мэдээллийн тавцанд манай
хэвлэл мэдээл­лийн салбарыг сурталчлах, гаргах том орон зай, боломж гарлаа гэж харж
байна. Энэ чиглэлээр хэвлэлийн байгууллагууд сэтгүүлчидтэй хэрхэн хамт­ран ажиллах
вэ, сэтгүүлч­дийнхээ ур чадварыг хэрхэн олон улсын түвшинд хүргэж чадах вэ?

-Санал нэг байна.
Энэ нь Монголын сэтгүүл зүйг хөгжүүлэх, сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх,
гадаадын мэргэжил нэгт нөхөдтэйгөө санал бодлоо солилцох, суралцах өргөн боломж
гэж харж байна. Саяны хурал дээр МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, Хэвлэлийн хүрээлэнгийн
захирал М.Мөнхмандах, “Глоб интернэшнл” ТББ-ын хуульч Д.Мөнхбүрэн нар Монголын сэтгүүл
зүйн салбарын өнөөгийн төрх, бэрхшээлтэй асуудлууд зэргээр нээлттэй хэлэлцсэн. Цаашдаа
бид гадаадын сэтгүүлчдийг урьж авчрах, сургалт семинар хийх гээд олон талын ажиллагаа,
боломжууд бидний өмнө нээлттэй байна. Ялангуяа дараа жил Монгол Улсад зохиогдох
АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын өмнө би энэ албыг авсандаа бас олзуурхаж байгаа.

-Та Монголын үндэсний
пресс клубыг 2013 онд бай­гуулж, IAPC-ийн гишүүнээр ажиллаж байсан. Ийм богино хугацаанд
энэ том бай­гууллагын ерөн­хийлөгчөөр сонгогдох болсон нь таны ур чадвартай холбоотой
юу. Ямар үнэлэмжээр, ямар чадвараар тань энэ байгууллагын тэргүүнээр сонгох болов?

-Энэ албан тушаалыг
авахаас илүү Ерөнхий ассемблейг өөрийн улсдаа зохион байгуулах эрхийг авна гэдэг
илүү хэцүү, өндөр шалгууртай байсан. 2013 онд Польшийн Варшавт болсон хурлаар анх
нэрээ дэвшүүлж, өнгөрсөн онд Венна хотноо Израил, Женевийн пресс клубуудтэй өрсөлдөж,
зохион байгуулах эрхийг авсан. 2011 оноос хойш Монголын үндэсний пресс клуб олон
улсын пресс клубуудын үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцож, хэд хэдэн үйл ажиллагааг
санаачлан зохион байгуулж чадсан. Мөн энэ хугацаанд бид Монголын нийгэм, улс төр,
эдийн засгийн мэдээллийг гишүүн улс орнуудад хангалттай сайн өгч чадсан. Энэ болгон
нь ерөнхийлөгчөөр сонгогдох хүчин зүйлс болсон болов уу.

-Аравдугаар сарын
6-нд Польшийн Варшав хотод болох “Үг хэлэх эрх
чөлөө” шагналыг гардуулах ёслолын ажиллагаанд оролцоно гэж сонслоо. Энэ талаараа
ярихгүй юу?

-Манай холбоо “Үг
хэлэх эрх чөлөө” шагналыг бий болгоод гурав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна.
Тухайн жилдээ үг хэлэх эрх чөлөөний төлөө тууштай тэмцсэн хувь хүн болон байгууллагад
гардуулдаг уламжлалтай. Энэ шагналыг 10,000 евро дагалддаг, нэр хүндтэй шагнал.
Нэр дэвшигчдэд гишүүн клуб болгон нэг санал өгөх эрхтэй байдаг. Монголын үндэсний
пресс клуб ч бас санал асуулгад оролцсоор ирсэн. Цаашдаа Монголынхоо сэтгүүлчдийг
ч энэ хүндтэй шагналд нэр дэвшүүлэх боломжтойгоос гадна дараа жилээс шагнал гардуулах
ёслолын үйл ажиллагааг Улаанбаатар хотод зохион байгуулах санал тавиад байгаа. Энэ
жилийн хувьд манай клуб Австралийн сэтгүүлч Петр Грестегийн төлөө саналаа өгсөн.
Хэн авах нь одоогоор нууц байгаа.

-Та тухайн үедээ
гадны хөрөнгө оруулалттай “Ийгл” телевизийн анхны монгол захирлаар ажиллаж байсан
хүн. Дандаа гадны захиралтай байсан телевиз таныг захирлаар ажиллуулж байсан. Энэ
туршлага тань нөлөөлсөн бол уу?

-“Ийгл ТВ”-д Америкийн
100 хувийн хөрөнгө оруулалттай байхад нь ажилласан маань гадны хүмүүстэй хамтран
ажиллах, тэдний шаардлага, зарчимд хүрч, нийцэж ажиллахад тодорхой хэмжээгээр туршлага
суусан байх. Хамтран ажиллаж буй хүмүүсийн итгэлийг алдахгүй байх, байгууллагын
бодлогод үнэнч байх нь миний өөрийн хувиршгүй зарчим юм. “Ийгл”-ийн мэдээ мэдээлэл
хараат бус байх ёстой гэсэн бодлогыг хүндэтгэж, тэдний итгэлийг олж, үзэгчдийнхээ
тоог нэмж чадсан. Үүнээс үүдээд реклам сурталчилгааны борлуулалт нэмэгдэж, нөгөө
талаараа мэдээж сэтгүүлчдээ чадваржуулж, ямар нэгэн дарамт шахалтгүйгээр ажлаа чөлөөтэй
хийх боломж олгож байсныг л амжилт гэж хэлээд байгаа байх. Яагаад гэвэл одоо ийм
телевиз, ийм редакц маш цөөхөн. Би тус телевизийн захирлаар ажиллаж байхдаа гадаадын
хэд хэдэн мэдээллийн агентлаг, ТВ-ийн сувгуудтай хамтран ажиллах эхлэлийг тавьсан.
Мөн манай ТВ-ийн сэтгүүлч, зураглаачдын бүтээлийг гадаадын мэдээллийн сувгууд руу
илгээх төслийг амжилттай хэрэгжүүлж эхэлж байсан.

-Ямар ямар орны
хэвлэл мэдэллийн багийнхантай хамтран ажиллаж байв?

-Яг тухайн улсын,
тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн стандартаар сурвалжлага бэлдэнэ гэдэг их туршлага
болсон. Ийм зарчмаар Япон, Швед, АНУ зэрэг орнуудын мэдээллийн агентлагуудтай хамтран
ажиллаж байсан. Түүний дараагаар “Амин Медиа” компаниа байгуулан “National
Geographic”, Францын “TV5”, “Time Inc” зэрэг компаниудтай ажиллаж, хоёр жилийн өмнө
Англиас албан ёсоор “OK!” сэтгүүлийг оруулж ирсэн.

-Олон улсын сэтгүүлчид
хэрхэн ажлаа явуулдаг юм бол. Мэдээ сурвалжлагаа хэрхэн бэлддэг нь сонин байна?

-Гадныхан мэдээ сурвалжлагаа
яаж бэлддэгийг бид өдөр бүр CNN, BBC, Fox TV, AP зэрэг олон арван мэдээллийн сувгуудаар
харж болно. Манайд гэхэд Bloomberg TV орж ирж, үйл ажиллагаагаа амжилттай явуулж
байгаа.

-Танд сэтгүүлч
байх, удирдагч байх хоёрын аль нь хүнд вэ?

-Ер нь хөнгөн ажил
гэж байхгүй. Тултал нь сайнаар хийхэд аль аль нь өөрийн гэсэн зовлон бэрхшээлтэй
тулгарч байдаг. Өнөөдрийн өнцгөөс хэлэх юм бол сэтгүүлчийн мэргэжил илүү хүнд замыг
туулж байна гэж би харж байна. Хэдийгээр мэргэжилдээ сайн, үнэнч сэтгүүлч байлаа
ч гэсэн аливаа редакцийн бодлогоор, өөрийн дуу хоолойгоо заавал тохируулах хэрэгтэй
болчихоод байна. Өөрийн үгээ чөлөөтэй хэлж чадахгүй байна гэдэг бол ардчилсан нийгэмд
байж боломгүй зүйл.

-Таныхаар орчин
үеийн сэтгүүлч хүн ямар ур чадвар эзэмшсэн байх ёстой вэ?

-Мэдээж олон талын
мэдээлэлтэй, үүн дээр нэмээд ёс зүйн өндөр төлөвшил хүмүүжилтэй бас гадаад хэлтэй
бол болж байна. Сэтгүүлчийг зөвхөн үзэг цаас барьснаар төсөөлдөг цаг аль хэдийнэ
өнгөрчээ. Хамгийн гол нь ёс зүй гэж заавал байх ёстой. Хамгийн том зүйлийг суурилуулж
чадах юм бол өдөр тутам олон янзын хүмүүстэй уулзаж, мэдээлэл авч байгаа сэтгүүлчид
тэртэй тэргүй туршлага сууж, ур чадвар нь өсч байдаг. Ёс зүйтэй байх гэдэг хамгийн
том чадвар гэдгийг дахиад хэлмээр байна.

-Сэтгүүлчийн гараагаа
хэрхэн эхэлж байсан бэ. Анх “Өглөө” хөтөлбөр хөтөлж байсныг хүмүүс мэдэх байх?

-МУИС-ийн Хууль зүйн
дээд сургуулийн оюутан байхдаа Үндэсний телевизийн “Өглөө” хөтөлбөрт шалгуулж орж
байсан. Өглөө хөтөлбөрийн хуулийн нэвтрүүлгийг долоо хоногийн таван өдөрт бэлтгэн
хүргэдэг байв. Энэ үедээ би телевизэд дурласан. Заавал мэргэжлийн сэтгүүлч болох
ёстой гэж шийдээд сэтгүүлчээр суралцсан даа.

-Сэтгүүлч байхын
хамгийн жаргалтай үе юу вэ?

-Жаргалтай.Арай л
романтик сонсогдож байна. Бидний мэргэжилд харамсалтай нь ийм үе их цөөхөн тохиолдоно.
Хэн нэгэн сэтгүүлч үнэнийг олж, олон нийтэд хүргэж, өөрсдийнхөө мэргэжлийн үүргийг
хариуцлагатайгаар гүйцэтгэх бүрт баярладаг.Сэтгүүлчдийг муу л гэнэ, муухай л гэнэ,
чадваргүй л гэнэ, худалдагдсан л гэнэ. Эцсийн эцэст сэтгүүлч бид байхгүй бол энэ
нийгэм хэний хяналт дор байх юм бэ? Энэ албан тушаалын хүч хүрдэг юм бол сэтгүүлчдээ
янз бүрийн сургалтад явуулж, мэргэшүүлэх юмсан гэж бодож байна.

-Хамгийн их сэтгэлд
тань хоногшсон сурвалжлага, ярилцлагаасаа хуваалцахгүй юу?

-Хуулийн нэвтрүүлэг
бэлтгэж байх үед илүү хөгжилтэй, хөгтэй явдлууд тохиолддог байлаа. Сүүлийн үед
“ОК!”сэтгүүлийн зарим ярилцлагыг бэлдэж байна. Н.Түвшинбаяр аварга, Харангын Лхагваа
ахтай ярилцсан маань өөрийн эрхгүй хүндэтгэх, бахархах сэтгэгдэл төрүүлсэн мартагдашгүй
ярилцлагууд байлаа. Түвшээ аваргын даруу байдал, Лхагваа ахын эр хүний мөс чанар
үнэртсэн үнэтэй сайхан цаг байсан. Нэг хүн бүх зүйлд хамгийн шилдэг нь байж хэзээ
ч чадахгүй. Чи нэг зүйлээрээ хэн нэгнээс илүү байсан ч өөр хэн нэгэн чамаас бас
нэгэн зүйлээр илүү байдаг. Тэгэхээр би бардам биш даруу байхыг хүсдэг. Мөн ёс жудагтай
байж, хүн чанараа гээхгүй амьдрахыг хүснэ.

Categories
мэдээ цаг-үе

Г.Базарваань: В.Путин, Б.Обама нарын уулзалт бие биеэ хүлээн зөвшөөрсөн өнгө аястай байсан

БНХАУ-ын
дарга Си Жиньпин АНУ-д албан ёсны айлчлал хийж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн
хуралд оролцох үедээ ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин АНУ-ын ерөнхийлөгч Б.Обаматай
уулзсан явдал дэлхийн халуун сэдэв болоод байна. Энэ талаар ҮАБЗ-ийн Стратеги
судлалын хүрээлэнгийн Орос, Төв Ази судлалын төвийн эрхлэгч Г.Базарвааньтай
ярилцлаа.

-Си Жиньпин
Хятадын дарга болсноосоо хойш анх удаа АНУ-д төрийн дээд хэмжээний айлчлал
хийлээ. Түүний айлчлалын ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна?

-БНХАУ-ын дарга
Си Жиньпиний энэ удаагийн айлчлал НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 жилийн ойн арга
хэмжээнд оролцохын өмнө очсоноор нийт долоо хоног үргэлжиллээ. Мэдээж дэлхийн
нийтийн анхаарлын төвд орших хоёр том улсын удирдагчийн уулзалт хоёр талын
харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлыг шийдвэрлэх чухал ач холбогдолтой юм.

-Хоёр талын
хамтын ажиллагааны талаар ямар асуудлуудыг хөндөв?

-Уг айлчлалаар
хэд хэдэн бүлэг зүйл ярьсан хэмээн үзэж болох юм. Тухайлбал, Кибер халдлага,
Хятадын томъёолж байгаа шинэ төрлийн их гүрнүүдийн харилцааг хөндөж ярилаа.
Түүнчлэн дэлхий нийтэд тулгамдаж буй Сири, Орос-Украин, Ираны асуудлыг хэрхэн
шийдвэрлэх талаар санал солилцсон.

-Б.Обама, Си
Жиньпин нар Сири, Украины асуудлаар ярилцсан гэлээ. Тэдний уулзалтаар ямар
нэгэн шийдэл гарах болов уу?

-Сири, Украины асуудал
хялбар шийдэгдэхгүй л болов уу. Эдүгээ дэлхий нийтэд тулгамдсан олон асуудал
байна. Гэвч нэн тэргүүнд ОХУ, Өрнөдийн хооронд үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх
шаардлагатай байна. НҮБ-ын Аюлгүйн зөвлөлийн гишүүн орнууд асуудлыг
шийдвэрлэхдээ өөрийн эрх ашгийг өмнө тавьж байна гэх шүүмж бий. Тиймээс НҮБ-д
шинэчлэл хийх цаг нь болчихсон талаар хөндөх болсон. Энэ байгууллагын гишүүн
193 орны асуудлыг Аюулгүйн зөвлөлийн тавхан улс шийдэж байгаа нь зарим
тохиолдолд учир дутагдалтай харагддаг.

-Гэхдээ НҮБ-ын
Ерөнхий Ассамблейн тэгш ой нь тохиож буй энэ чуулганаар Сирийн тухай чухалчилж
авч хэлэлцэнэ биз дээ?

-НҮБ-ын
хуралдаанаар Сирийн асуудлыг хэлэлцэнэ. Гол нь их гүрнүүд энэ асуудалд санал
нэгдэх нь чухал байна. Сирид Башир Асад гээд хууль ёсны удирдагч байна. Тус
улсад төрийн тогтвортой байдлыг чухалчлах нь зүйтэй. Ер нь исламын шашинтай улс
орнуудад төрийн тогтвортой байдлыг хангахгүй бол улс нь, мөн ард иргэд нь
хохирох хандлагатай байна.

-Си Жиньпиний
АНУ-д хийсэн айлчлалаар энэ хоёр улсын хооронд таагүй байдал үүсгэдэг хүлэмжийн
хийн ялгаруулалт, кибер халдлагын асуудлуудыг цэгцэлнэ гэж дэлхий нийт чих
тавьж байлаа. Харин энэ тухай хөндсөнгүй бололтой?

-Си Жиньпиний
айлчлалаар эдгээр болон бусад асуудлыг тодорхой хэмжээнд хөндсөн гэж үзэж
болно. Тухайлбал, Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг
хөндсөн юм. Кибер халдлагын хувьд сүүлийн бүлэгт хоёр улсын харилцаанд нэлээд
дурдагдах болсон асуудал. Хятадын зүгээс хүлэмжийн хийг багасгах тухайд
томоохон ажил санаачлан ажиллаж байна.

-Тэгэхээр
Б.Обама, Си Жиньпин хоёрын уулзалтаар шийдвэрлэгдэх түвшинд яриа өрнөөгүй гэж
та дүгнэж байна уу?

-Дэлхийд нөлөө
бүхий хүчирхэг улсын төрийн тэргүүн нар уулзах гэдэг өөрөө маш ач холбогдолтой
юм. Үүний зэрэгцээ В.Путин, Б.Обама нарын уулзалт мөн анхаарал татаж байна.
В.Путины хэлсэн үгийг олон улс нэлээд анхааралтай сонслоо. Тэрбээр улс орноо,
ашиг сонирхлоо хамгаалсан өнгө аястай үгийг эмээлгүй шууд хэлж байна. Нэг үгээр
хэлэхэд 2001 онд В.Путиныг Ерөнхийлөгч
болоход Б.Ельцин “Орос орноо хайрлаарай” гэж захиж байсныг сайн санаж явдаг нь харагдаж байна.

-Б.Обама, В.Путин нар нэлээд удаан хугацаанд уулзсан. Зарим эх
сурвалжууд тэдний уулзалтыг тооцоолсноос удаан боллоо, харьцангуй шууд дайралт
хийсэнгүй гэж байгаа бол зарим нь бие биеэ доош хийсэн өнгө аястай болсон гэж
онцолсон байна лээ?

-Өнөө цагийн дэлхийн хоёр том улсын төрийн тэргүүний уулзалт гэдгийг
санах хэрэгтэй. Тэд 90 минутын турш уулзана гэдэг бол маш олон зүйл ярих бололцоотой хугацаа. Энэ том улстөрчид
бие биеэ доош нь хийхгүй. Ийм ойлголт ч байхгүй. Хэн хэнийгээ хүлээн зөвшөөрөх
соёл энэ хоёр эрхэмд бий. Зарим эх сурвалжид бичсэнээр В.Путин нэлээд
сандарсан, Б.Обама биеэ барьсан байдалтай оролцсон талаар дурдсан байсан. Хоёр
талын харилцаанд үүсээд байгаа тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь чухал.
Ерөнхийдөө В.Путин, Б.Обама нарын уулзалт бол өгүүлбэр өгүүлбэрээр бие биеэ
хүлээн зөвшөөрсөн өнгө аястай байсан.

-Тэдний уулзалтаар яригдсан гол асуудлууд нь юу байв?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Сири, Иран, Иракийн асуудлыг ярьсан гэж
байгаа ч үнэндээ Украины асуудлыг нэлээд хөндсөн болов уу. Энэ хоёр улсын хувьд
ярих гол асуудал бол Украины хямрал. Үүнтэй холбоотойгоор Өрнөд-Оросын хооронд
үүсээд байгаа хоригийн дайныг хэрхэн зохицуулах, эдийн засгийн хамтын
ажиллагаагаа хэрхэн бэхжүүлэх гээд олон асуудлыг хөндсөн гэж ойлгож байна.

-ОХУ эдийн засгийн хувьд АНУ-тай тохироонд хүрч чадсан гэж ойлгож болох
уу?

-Бүрэн тохироонд хүрсэн гэж хэлэхэд бэрх. Хоёр улсын хувьд зөрүүтэй байр
суурь бүхий олон асуудал
бий. Харин нефтийн үнэ тогтворгүй байгаа явдал газрын тосны олборлолтыг
бууруулах, эрэлтийг тогтворжуулах шаардлагыг бий болгоно. Зарим судалгаанаас
авч үзвэл нефтийн үнэ ирэх 15 жилийн туршид унах таамгийг дэвшүүлсэн байна.
ОХУ-ын тухайд нефтийн үнэ унасны дээр рублийн ханш тогтворгүй байгаагаас зөвхөн
2016 оны төсвөө Төрийн Думаар хэлэлцэх болсон. Эдийн засгийн хувьд тийм сайн
үзүүлэлт харагдахгүй байгаа. Харин Монгол Улсын хувьд нефть боловсруулах
үйлдвэр барих асуудлаа шуурхайлах хэрэгтэй юм.

-Украин гэдэг орон үнэндээ дуусчихлаа гэж харамсах хүмүүс олон. Энэ
асуудлыг шийдвэрлэх гарц бий болов уу?

-Хэлэхэд үнэхээр бэрх асуудал. Киев “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх
тухай гэрээ”-нд нэгдсэнтэй холбогдуулж аюулгүй байдлын баталгаа гаргах тухай
санамж бичигт ОХУ, АНУ, ИБУИНВУ болон Украин 1994 оны арванхоёрдугаар сарын
5-ны өдөр Будапешт хотноо гарын үсэг зурсан байдаг. Уг санамж бичигт Украин
улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэх тухай заалт байдаг. Энэхүү
санамж бичгийг ОХУ зөрчсөн хэмээн Өрнөдийн улсууд үзэж эдийн засгийн хориг арга
хэмжээг авах болсон. Тэгэхээр Өрнөдийнхөн Орост хориг тавьсан үндсэн шалтгаан
өөрчлөгдөөгүй хэмээн үзэж байгаа.

-Монгол Улс төвийг сахиулах бодлого баримтална гэсэн асуудал сүүлийн үед
нэлээд идэвхтэй яригдах боллоо. Ер нь манай улс төвийг сахиснаар ямар ач
холбогдолтой юм бэ?

-Төвийг сахих
бодлогыг би хувьдаа дэмжиж байгаа. Төвийг сахих үндсэн зарчим Монгол Улсын
Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлал
суусан байдаг гэж үзэж болно. Тухайлбал, аль улсын цэргийг байрлуулахгүй,
дамжин өнгөрүүлэхгүй байх үндсэн хуулийн заалтад төвийг сахих ухагдахуун суусан
байгааг илтгэдэг гэж үзэж болно. Түүнчлэн хоёр хөрштэйгөө бүхэлдээ энэ тэнцүү
харилцах Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд ч харш биш ойлголт.

-Ямар ч бэлтгэлгүй байж төвийг сахих бодлого руу орчихлоо гэсэн шүүмжлэл
дагуулаад байна л даа?

-Би хувьдаа бэлтгэлтэй байсан гэж ойлгож байгаа. Төвийг сахиснаар бид
хоёр хөрштэйгөө болон “Гуравдагч хөрш”-тэйгөө харилцаа, хамтын ажиллагаагаа
хөгжүүлэх бүрэн боломжтой.

-Ялангуяа улстөрчид үүнийг ашиглаад янз бүрийн байдлаар байр сууриа илэрхийлэх болж…

-Улс орныхоо эрх
ашгийн үүднээс авч үзэх хэрэгтэй. Төвийг сахина гэдэг бол том бодлого. Товчоор
бол хэний ч талд орохгүй, өөрөөр хэлбэл Орос, Хятад болоод “Гуравдагч
хөрш”-ийнхөө талд орохгүй гэсэн бодлого. Бид аюулгүй байдлаа улс төр,
дипломатын аргаар хангахаар Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа тусгасан
улс. Төвийг сахиснаар манай гадаад
бодлогын суурь зарчимд өөрчлөлт орохгүй гэж ойлгож болно. Үүнийг ард түмэн
ойлгож, дэмжих ёстой.

Categories
мэдээ цаг-үе

Сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар эмэгтэйг хардалт, өс хонзонгийн сэдэлтэйгээр хүний ёсноос гадуур хүчирхийлэн доромжилжээ

Төв аймгийн Баянчандмань суманд олныг сэрдхийлгэсэн жигшүүрт хэрэг өнгөрсөн сарын 24-нд гарсан тухай өмнө нь бид мэдээлсэн. Тодруулбал, Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар 24 настай Б гэх бүсгүйг зэрлэгээр зодож, хүчирхийлсэн билээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгаж байна. Жигшүүрт хэргийн талаар сурвалжлахаар Төв аймгийн Баянчандмань сумыг өчигдөр зорьсон юм.

Тус сумынхныг ахмадын баяраа тэмдэглэж байхад нь очиж таарлаа. Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газраас ахмадын баяр зохион байгуулж, сумын ТМС-ийн байранд өндөр настай иргэд бүгд ирцгээсэн байв. Уулзсан болгон Засаг даргын орлогч Б.Ханбаатар нарын үйлдсэн хэргийн талаар толгой сэгсрэн ярьж байлаа. “Энэ хүүхдүүд Монгол Улс даяар сум нутаг орныхоо нэр хүндийг муу муухайтай хутгачихлаа. Яах гэж ийм араатнуудыг сонгов оо гэж харамсаж байна. Эрдэм боловсролтой, цэргийн сургууль төгссөн болохоор нь аливаа зүйлд шударгаар хандах байх гэж итгэж найдаж байлаа. Ийм ч юм болох гэж. Баянчандмань сумын тухай сайн сайхан яриа, үйл явдал л гардаг байсансан. Гэтэл сүүлийн жилүүдэд хүний санаанд багтамгүй жигшүүрт хэргээр түмэнд танигддаг боллоо” хэмээн халаглаж байв. Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нарыг жигшин зэвүүцэх нэгэн байхад “Арай ч ийм хэрэг хийчих хүүхдүүд биш юмсан. Манай сумын урдаа барьдаг том сэхээтнүүдийн үр удам юмсан” гэх хүн ч байлаа.

Жигшүүрт хэрэг үйлдсэн гэх сэжигтэн Б.Ханбаатарын гэр

Аргын тооллын намрын дунд сарын бар өдөр Монголчууд унагаа тамгалж бэсрэг найр наадам хийдэг билээ. Энэ ёс уламжлалаа дагаж сум орон нутагтаа адуучин хэмээн нэрлэгдэх болсон н.Ганзоригийнх унагаа тамгалсан байна. Сумын төвөөс Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нар тамганы найранд ирсэн байна. Тэднийг ирэх үед Ганзоригийнх унагаа тамгалаад дуусчихсан, найр эхэлж байжээ. Айл, саахалтын хүмүүс цугларч хуруудаж, дэмбээдэж байхад дарга нар ирцгээжээ. Гэрийн эзэд сумынхаа дарга нарыг хүрч ирсэнд ихэд бэлгэшээж гэрийнхээ хойморт суулган дуу хуураа эхлүүлсэн байна. Архи, айраг ч элбэг дэлбэг байсан аж. Хэдэн шил архины бөглөө мулталсны эцэст хүмүүс согтож эхэлсэн байна. Гэтэл Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нар хоорондоо муудалцаж, бүр зодоон цохиондоо хүрчээ. Тэр хоёрын зодолдох болсон шалтгаан нь Б гэх эмэгтэйгээс болсон гэнэ. Б.Ханбаатар “Чи миний найз байж яагаад тэгж байгаа юм бэ. Б та хоёр намайг хуурч доромжилсон биз дээ” гээд л дайрч давшилсан гэнэ. Харин Г.Ариунболд “Чи эхнэр хүүхэдтэй юм байж тэр хүүхнээр яах гээд байгаа юм бэ. Тэр надад ямар ч хамаа байхгүй” гэх утга бүхий зүйлс хэлж, маргалдаж зодолдсон байна. Хар багаасаа тоглож өссөн, БХИС-ийн нэг ангид суралцаж байсан андууд нэгнийгээ зодож дийлэхийн тулд яахаас ч буцахгүй авир гаргаж байсныг хүмүүс ярьж байв. Гэрийн эзэд тэдний зодооныг салгаж, тайвшруулсан байна. Зодоон болж өнгөрсний дараа Б.Ханбаатар, Г.Ариунболд нар эвлэрч үнэн мөнийг олохын тулд Б гэх эмэгтэйг сумын төвөөс дуудсан аж.

Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн мэргэжилтэн Б сумын төвд болж байсан хурлын үйл явцыг бичиж тэмдэглэх ажилтай сууж байсан гэнэ. Гэтэл Тамгын газрын дарга Г.Ариунболд гар утас руу нь залгасан байна. Утсаа аваад ярьтал “Ганзоригийн мал гоц халдварт өвчин туссан юм шиг байна. Яаралтай хурдан ир. Цаашаа хүн амьтан руу утасдаж хэл хүргэлгүй хүрээд ир. Чамайг ирсний дараа дээш нь мэдэгдэх юм. Чамайг Эрхэмтөр очиж авна” гэжээ. Б гэх бүсгүй үнэхээр малчин Ганзоригийн малд гоц халдварт өвчин гарсан юм байх хэмээн итгэж шаардлагатай багаж хэрэгслээ бэлдсэн байна. Удалгүй сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан Эрхэмтөр машинтайгаа давхин иржээ. Эрхэмтөр цагдаа нарт мэдүүлэхдээ “Тамгын газрын дарга Г.Ариунболд утасдаж “Б-г аваад хурдан хүрээд ир. Дэлгүүрээс хэдэн шил архи аваад ирээрэй” гэж хэлсэн. Би дэлгүүрээс архи авчихаад Б-г ажил дээрээс нь аваад Сүүж уул руу явсан” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн байна.

Эрхэмтөр хохирогч эмэгтэй Б-г аваад очих үед Б.Ханбаатар, Г.Ариунболд нар авчирсан архийг уулгасан гэнэ. Б-д хэд хэдэн удаа аяга дүүрэн архи өгч согтоосны дараа Б.Ханбаатар машиндаа суулгаад Ганзоригийн гэрээс 200 метр орчим газар холдсон байна. Ингэхдээ Б гэх эмэгтэйг хайр найргүй зодож тархийг нь хүнд гэмтээж ухаан алдуулсан бололтой. Б.Ханбаатар Б-г олон цаг зодсон бололтой шарх сорви, бэртэл гэмтэл биед нь байсан гэнэ. Хохирогч эмэгтэйн биеийн ихэнх хэсэг хөх няц болж энд тэндгүй гэмтэл авсан байна. Бүр уруул нь сэтэрч, тархи нь энд тэндгүй хагарсан байжээ. Б.Ханбаатар бүр ч догширч араатан шиг авирлаж хоолойг нь боомилон ухаан алдуулаад, домкрат /данхраад/-ны иш төмөр ашиглан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангажээ.

Б.Ханбаатарыг жигшүүрт хэрэг үйлдэж, хөөрхий Б аврал эрэн хашгирч байхад Г.Ариунболд, Эрхэмтөр нар айлдаа найрлаж байсан гэнэ. Ингээд Г.Ариунболд Тамгын газрын жолоочоо дуудсан байна. “Машинаа барьж чадахгүй болтлоо согтчихлоо. Энд ирээд авчих” гэсэн аж. Тамгын газрын жолооч даргаа очиж авахаар явах үед зам дээр Б.Ханбаатарын машин зогсож байсан гэнэ. Машины гэрэл асаалттай, хаалга нь онгорхой, хажууханд нь Б газар хэвтчихсэн, тэр хавиар нэлэнхүйдээ цус болчихсон байжээ. Харин Б.Ханбаатар машиныхаа суудал дээр ухаангүй унтаж байжээ. Байдал бишидсэн гэдгийг мэдээд Тамгын газрын дарга Г.Ариунболдод мэдэгдэж нийслэл рүү яаралтай аваад явжээ. Ингэхдээ Б.Ханбаатар зодуулж, хүчирхийлүүлж ухаан алдсан Б-г шууд улсын эмнэлэгт аваачилгүй эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгээр авч явсан гэх яриа Баянчамандмань сумынхны дунд гарсан байв. Гэхдээ тэд УКТЭ-т хүргэсэн байна. Хохирогч Б-ийн биеийн байдал маш хүнд байгаа. Домкрат /данхраад/-ны иш төмөр бэлэг эрхтэн болоод анус руу нь хийснээс болоод их хэмжээгээр цус алдсан гэдгийг эмч нар хэлж байна. Мөн шулуун гэдэс залгах гэх мэт маш олон мэс ажилбар хийж байгаа гэсэн юм.

Баянчандмань сумаас арав гаруй км зайтай Сүүж уулын эсрэг талын уулын энгэрт хэрэг гарчээ

Б.Ханбаатар, Г.Ариунболд нарын маргалдаж, зодолдох болсны учир шалтгааны талаар сумын иргэд ийн ярьж байна лээ. Б.Ханбаатар шинээр ажилд орсон Б гэх бүсгүйтэй янаг амрагийн холбоотой болсон гэнэ. Б-г Б.Ханбаатар албан тушаалаа ашиглан ажлын байрны дарамт шахалтад оруулсан гэх мэдээлэл ч байна. Б.Ханбаатар Б нарыг холбоотой гэдгийг Г.Ариунболд төдийгүй сумынхан мэдэх болсон байна.

Баянчандмань сум намар болгон өвсөө өөрсдийн хүч бололцоогоор хадаж, улсын фондод хадгалдаг. Өнөө жил энэ ажлыг Г.Ариунболд ахалсан байна. Хадлан бэлтгэхээр явахдаа хохирогч эмэгтэй Б-г хоол, цай хийлгэхээр томилж аваад явсан аж. Хадлан дээр Г.Ариунболд Б нар учир ургуулсан талаарх яриа нэгнээс нэгний ам дамжиж явсаар Б.Ханбаатарын чихэнд хүрчихсэн гэх. Үүнээс болоод Б.Ханбаатар Б-г хардаж найзтайгаа муудалцаж ийм байдалд хүрсэн бололтой.

Б.Ханбаатар, Г.Ариунболд нар арван жилийн найз хоёр юм байна. Батлан хамгаалахын их сургуулийн Төрийн захиргаа удирдлагын ангийг ч хамт дүүргэжээ. Г.Ариунболдын аав олон жил Баянчандмань сумын МАН-ын үүрийн даргаар ажилласан нэгэн гэнэ. Хүүгээ өөрийнхөө улс төрийн замналаар явуулахыг хүсэж ийн их сургуульд сургаснаар сумандаа ажилд орсон аж. Харин Б.Ханбаатар Баянчандмань сумын МАН-ын дэд дарга төдийгүй сумын орлогч даргаар ажиллаж байгаа юм байна. Б.Ханбаатар, Г.Ариунболд болон хохирогч Б гэх эмэгтэй нар хэн бэ гэдгийг дараагийн сурвалжлагаараа хүргэх болно.

Үргэлжлэл бий>>

Categories
мэдээ цаг-үе

Д.Энхтөгс: Би Оюунболдыгоо барилдахын өмнө зарах хонио хариулуулж л байдаг хэнэггүй хүн шүү

>>Түрүүч нь “Өдрийн сонин”-ы № 237(5189), 238(5190) дугаарт>>

Улсын арслан Оюунболдын аав Д.Энхтөгсийнхөөс сурвалжлага бэлдэж явахад уулзсан хүн бүр бахтай, үг яриа бүрийг нь баярын инээмсэглэл дагадаг болох нь анзаарагдав. Тэд өмнө нь ямар байсныг мэдэхгүй ч лав өнгөрсөн долдугаар сараас хойш ийм байгаа бололтой. Тэгээд ч Хэнтий нутагт наадмын чимээ саяхнаас л намжиж байгаа ажээ. Улсын арслан Э.Оюунболдын алдрыг тэмдэглэх баярыг баг, сум, аймаг нь тус тусдаа хийсэн нь энэ гэнэ. Төрсөн баг болох Өмнөдэлгэр сумын Хэнтий баг наймдугаар сарын 10, Хэнтий аймаг наймдугаар сарын 13, Өмнөдэлгэр сум есдүгээр сарын 1-нд улсын арслантай болсноо тэмдэглэжээ. Наадмын сүүлийн өдөр буюу долдугаар сарын 12-ны орой Өмнөдэлгэр сумын иргэд бүгд машин, мотоциклио асаан сумаа гороолж баярлалдсан тэр эрчээрээ энэ зун, намрын турш л хөл хөөр болцгоосон байна. Намрын ажил, хичээл сургуулийн цаг болтол Хэнтий аймаг тэр дундаа Өмнөдэлгэр сумын иргэдийн дунд улсын баярын бөхийн барилдаан халуун сэдэв хэвээрээ байсан гэж байгаа. Монголчууд олимпийн алтан медаль хүртэхэд яалаа, яг л тийм үйл явдал долдугаар сарын 12-нд тэнд давтагдаж баярын тэр шокноос хэнтийчүүд одоо ч бүрэн гараагүй мэт. Хэнтийн АН, МАН-ынхан шинэ арслангаа булаацалдах хандлага бас байгаа л бололтой.

Нутгийн иргэд ийн баярлаж байхад улсын арслан Э.Оюунболдын ээж А.Алимаасүрэн хүүгээ аймгийн арслан, улсын харцага, арслан болоход нь нулимс унагаагүй. Сүүлд Хэнтий багийн иргэд хүүгийнх нь алдрыг тэмдэглэхэд л анх баярын сувд хэлхжээ. “Яагаад. Хүүгээ төрийн наадмын түрүү бөх болсон гэдэгт Хэнтий багийнхан чинь хүлээж авахад л итгэж байгаа хэрэг үү” хэмээн хошигноход гэрийн эзэгтэй А.Алимаасүрэн түлээ оруулах зуураа “Юу гэж дээ. Хамгийн их баярласан хүн нь би байх. Гэхдээ бөх үзнэ, хүүгээ барилдахыг харна гэдэг чинь тэс өөр зүйл байдаг юм билээ. Хамаг сэтгэл хөдлөлөө барилдаж байхад нь гаргачихаад давчихаар нь тайвширчихаж байгаа юм. Тийм болоод ч тэр үү яагаад ч юм тухайн үед уйлаагүй юмдаг. Хамгийн их санаа зовж яах бол доо хэмээн хүлээж байсан барилдаан нь энэ наадмын дөрвийн даваа. Тэгэхэд найз Ш.Мөнгөнбаатартайгаа тунаж барилдсан юм. Нэг нь цолонд хүрчихсэн, нөгөө нь цол ахих зорилготой болохоор өөрийн эрхгүй яах юм бол доо гэж бодогдсон шүү” хэмээнэ.

Эндээс улбаалан цолны найрааны тухай сэдэв рүү бидний яриа эргэлээ. Э.Оюунболдын аав Д.Энхтөгс найраа гэдгийг байж болохгүй үзэгдэл хэмээнэ. Яахав цол авах сонирхолтой олон хүн байдаг бол цолондоо хүрчихсэн бөхчүүд ч байгаа. Ингээд л эдийн засаг, санхүүгийн асуудал болдог биз гэсэн дүгнэлтийг тэрээр бас хийнэ. Улсын арслан Э.Оюунболд 2012 онд Хэнтий аймагт арслан болдог наадамд аавтайгаа хамт очжээ. Тэд халаасандаа 200 мянган төгрөгтэй. Хүү нь цол авах зорилготой. Гэлээ ч өөрийнхөө ур чадварыг мэдээгүй залуу байсан учраас байн байн “яах бол” хэмээн босч суухыг нь Д.Энхтөгс гуай анзаарчээ. Тэгээд хүүгээ зандарч бас захиж “Тайван л барилд. Миний хүү цолыг хэзээ ч гуйж авдаггүй юм шүү” хэмээн сургажээ. Аав, хүү хоёр Хэнтий аймгийн 2012 оны баяр наадмын өмнө иймхэн байсан ч тэр өдрүүдийн барилдаанаар Э.Оюунболд аймгийн арслан болж анхны цолоо авсан түүхтэй. Энэ зуны улсын баярын үеэр ч найрааны тухай яриа энэ гэр бүлийг тойроогүй сурагтай. Нэг ёсондоо нутгийн ах нар нь улсын заан цолонд хүрэх мөнгийг нь гаргая гэсэн санал тавьсан бололтой. Э.Оюунболд энэ асуудлыг яаж шийдвэрлэхийг ааваасаа л асууна. Д.Энхтөгс гуай ч эрс татгалзаж “Хүн өөрийнхөө хүч тэнхээнд тохирсон амжилтаа л үзүүлдэг. Цолыг, тэр дундаа улсын цолыг худалдаж авна гэж юу байхав” гэхэд хүү нь ч үгнээс зөрөлгүй өөрийнхөөрөө барилдсан нь оносон ч байж мэдэх. Хэрвээ шийдвэрийг эсрэгээр нь гаргасан бол даваа нь ханачихаж мэдэх байсан гэж одоо ч бөхчүүд, бөх судлаачид ярьдаг ажээ.

Яриа үргэлжилсээр 2015 оны улсын баярын үзүүр, түрүү булаалдахын өмнөх сэтгэгдэл, үйл явц, тэр мөчийн тухай хөөрөлдлөө. Олон ч хүн “Монгол Улс нэг туургатай ч гэлээ дотроо аймаг болон задардаг. Увс нуур дууг сүүлийн хэдэн жил сонслоо. Энэ жил Хэнтийн сүлд дуу Төв цэнгэлдэхэд хангинавал сайхан байна. Тайван, өөрийгөө болоод өрсөлдөгчөө мэдэрч барилд гэж Оюунболдод хэлээрэй” гэсэн мессежийг найз нөхдөд нь ирүүлсээр байсныг эцэг, эх нь сүүлд мэджээ. Наадмын өмнөх өдрүүд энэ гэр бүлд бүр ч тод дурсамжийг үлдээсэн байна. Аймгийн начин Д.Энхтөгс эхнэр А.Алимаасүрэн, охин Э.Оюунсувдаа дагуулан Улаанбаатар орж хүүгийнхээ барилдахыг харахаар Өмнөдэлгэрээс хөдөлжээ. Явдлын далимаар хэдэн мал зарж мөнгө хийх санаа өвөрлөн машиныхаа тэвшин дээр хэдэн хонь холбочихож. Бас болоогүй “Юмыг яаж мэдэхэв” гээд зодог шуудгаа бүсэлсэн байна. Долдугаар сарын 7-ны орой хөдөлж 8-ны өглөө Налайх руу орж иржээ. Ачиж ирсэн хонь малаа өлдүүлэхгүйн тулд өвс ногоо хазуулахын зэрэгцээ шөлний хонь хайж яваа нэгэн таарвал тохирсон үнээр ганц нэгийг нь зарсан шигээ байтал үд хэвийж. Тэр үед Э.Оюунболд Сүүж уулын бэлтгэлээсээ бууж Төр хурахад багш, улсын начин Б.Адъяахүү, штангийн багш Б.Хосбаяр болоод бусад бөхчүүдийн хамт байрлаж байсан байна. Аав, ээжийгээ ирснийг сонссон Э.Оюунболд ч төд удалгүй давхиж ирээд мал зарах ажилд нь тусалжээ. Зарагдаагүй хонио ч хариулан гүйж харайж байтал гар утсанд нь завсар чөлөөгүй дуудлага ирсэн нь багш нар, найз нөхөд, нутгийнх нь ахан дүүс байсан бөгөөд түүнийг хаана байгааг сураглан залгасан нь тэр. Э.Оюунболд ч үнэнээ хэлэн “Налайхад хонь хариулж явна” гэтэл бөөн хэрэг мандаж. Хүн бүр л “Барилдах гэж байж чи яасан саваагүй хүүхэд вэ” гэх мэтээр анхаарал хандуулсан нь мал зарж мөнгө болгохоор ирсэн Д.Энхтөгс гуайн зорилгыг тасалдуулахад хүрчээ. Тэрээр “Би Оюунболдыгоо барилдахын өмнө зарах хонио хариулуулж л байдаг хэнэггүй хүн шүү. Харин сүүлд хүүд минь нутаг усны ахан дүүс халуун хошуутай мал олныг өгсөн. Одоо ах нь хүүгийнхээ малыг хариулсан шигээ л явна даа” хэмээн нээлттэй, цагаахнаар өгүүлж сууна.Түүнтэй хүүгийнх нь тухай, Э.Оюунболдын амжилт, ирээдүйн талаар цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.

-Хүүгийнхээ малыг хариулж явна гэлээ. Улсын өндөр цолонд хүрсэн бөхчүүдэд томоохон бэлэг ирдэг нь нээлттэй болсон. Бэлэг өгсөн бусад хүмүүсийг дурдалгүй өнгөрч болохгүй байх?

-Миний муу хүүд олон ч сайн хүн тусалж дэмжиж, хань болж явна даа. Заавал хэнтийнхэн гэхгүй аймаг бүрээс найз, ахан дүүстэй болчихож. Сайхан л байдаг юм. Юуны түрүүнд энэ хүмүүст байнга баярлаж талархаж явдгаа хэлэх хэрэгтэй байх. Хүү минь өдий зэрэгтэй явахад энэ хүмүүсийн тус дэм их. Яахав хүн зон бэлэг дурсгал өгч л байдаг бололтой. Амьдрал ахуйд нь ч сайнаар нөлөөлж байгаа. Хэнтий аймаг, Эрдэнэт үйлдвэр, Ч.Энхтайван, Их засаг сургуулиас байр бэлэглэсэн. Түрүү бөхийн унаа гэж ч ирсэн. Олонтой явах, олны талархлыг хүлээх ийм сайхан юм даа.

-Б.Бат-Эрдэнэ аваргатай сайн яривал садан төрөл юм байна. Хүүд чинь тус дэм болно биз?

-Зааж сургадаг гэсэн. Тэр их хүнээр заалгаж, зөвлүүлж, сургаалийг нь сонсоно гэдэг бас том завшаан шүү. Хүүг минь тоож зөвлөгөөгөө хайрлаж яваа нь таатай л санагддаг юм.

-Танай удмынхан ачих мэх хийдэг гэсэн. Танай хүү энэ мэхийг хэр хийдэг юм бол?

-Биднээс дээш барилдаж явсан хүмүүсийн маань нэр нь хүртэл “ачаа” гэх болсон. Би ч нэг муу ачдаг санаатай. Хүн надад зааж өгөөгүй. Нэг мэдэхэд л ийм мэхтэй болчихсон байсан. Би ч хүүдээ зааж өгөөгүй. Миний муу хүү хааяа нэг ачиж байгаа харагддаг юм. Өнгөрсөн жил улсын заан М.Өсөхбаярыг, дээхнэ Л.Лха-Очирыг нэг аччихаж байгаа харагдана билээ. Бас тэр бүхэн хийгээд байдаггүй юм билээ.

-Хүүгээ яаж барилдана гэж бодож байв?

-Цолоо батлаасай гэж хүсч байлаа. Баталчихаар нь цаашаа явах юм байна гэх бодол орж ирсэн. Ц.Содномдорж харцагтай долоогийн даваанд таарч заан болоод Б.Гончигдамба гарьдтай наймын даваанд тунаад цаашаа өгсч барилдсан. Бэлтгэл сургуулилт сайн байсных болов уу.

-Та зодоглохоор очсон гэв үү. Яаж барилдсан билээ?

-Би нэгийн даваанд Ш.Мөнгөнбаатарынд хүүтэйгээ очоод байтал дуудаад байсан. Нэрээ бичүүлснээ бодоод бас улсынхаа баярыг хүндлээд очих гэсэн ч үнэхээр амжаагүй. Түүнээс хойш цэнгэлдэхэд дээлийг нь бариад л сууж байлаа. Зургаагийн даваанд баруун асарт халуун савтай цай бариад очдог юм. Би гэлтгүй манай аймгийн бөхчүүд тэнд очсон. Б.Адъяахүү начин ч тэнд байсан.

-Үзүүр түрүү булаалдахаар гарахад нь та юу гэж захив?

-Ер нь бол яах бол доо гээд л хүлээдэг юм билээ. Миний муу хүү ч өөрөө дайчин сайн барилдсан даа. Би ч гарахад нь юм захисангүй. Багш нар нь битгий их яараарай. Тайван барилддаг юм шүү гэж захиж байсан.

Адъяахүү, Батбаяр начин, Одхүү начингаас гадна аймгийн арслангууд олон байсан.

-Хүүгийнхээ ирээдүйг хэлж, ярихыг цээрлэдэг бололтой. Гэхдээ ер нь шинжинэ биз?

-Ер нь явж л байгаа нь энэ. 2012 онд аймагт түрүүлээд тэр жилдээ хоёрын даваанд Ц.Мягмарсүрэн зааныг орхиж гурав дээр Д.Лхагвадорж начинд унасан санагдана. Тэр жилээс барилдаан нь задарсан даа.

-Ер нь аймагт ч тэр улсад ч тэр барилдахдаа ам авахаар болбол тантай зөвлөх үү?

-Саяхан Б.Соронзонболд зааныг амлаж авчихаад уналаа гэсэн. Ер нь ам авна гэдэг их төвөгтэй. Ахмад хүн авчихвал загнана, залуу нь занана. Тийм учраас ам авахдаа учрыг нь сайн хараарай гэж л захидаг юм.

-Өнгөрсөн баярын учраа бөх, ам авалт, туналтуудыг нь яаж харж суув?

-Гуравт хэнийг авах вэ гэж байсан. Өөрөө мэд дээ, аймгийн начин, арслан, заанууд байгааг хэлсэн. Тэгээд Өвөрхангайн П.Ганхүү начинг авсан байсан. Дөрөв дээр Ш.Мөнгөнбаатартай таараад тав дээр аймгийн арслан М.Бадарчийг авсан байсан. Зургаа дээр Э.Дашийг амлана билээ. Долоо дээр хэнтэй тунах гэдэг л байсан. Гэтэл Ц.Содномдоржтой таарсан ч сайхан л барилдсан. Уг нь Ц.Содномдоржид хэд хэд уначихсан юм шүү. Бас Р.Пүрэвдагва начинтай хэд дээр тунах бол гэж байтал дөрөв дээр унасан. Ам авахад нь гайгүй тунах юм уу, оноолт тааруулахад л сэтгэл их чилдэг юм.

-Та өөрөө ингэхэд сүүлийн хэдэн жил ямар амжилттай байгаа хүн бэ?

-Би 2013 онд сумынхаа ойгоор шөвгийн дөрөвт үлдэж Болдоо хүү маань түрүүлсэн. Бас 2012 онд нэг удаа түрүүлсэн. Одооноос жаахан морь оролдож байгаа ч түрүүлж, айрагдуулж үзээгүй ээ.

Улсын арслан Э.Оюунболдын аав Д.Энхтөгсийнд саатан хуучлахад ийм сонин, ийм хууч яриатай. Гэгээлэг, нээлттэй нэгэн гэр бүл юм. Д.Энхтөгс, А.Алимаасүрэн нар мэндтэй угтсан шигээ сүүтэй үдлээ. Энэ гэр бүлийн цаашдын зам, ажил үйлсэд сайн сайхныг ерөөе.

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийнхэн зөвхөн өдрийн хоол идсэнийхээ төлөө төрд таван тэрбум төгрөг зүгээр өгөх нь

Долларын ханшийн дөчин хувийн өсөлтийг дааж ядан яваа нийслэлчүүд өнөөдрөөс идсэн хоол, уусан шар айраг, амарсан амралтын газрынхаа хөлсөн дээр нэг хувийн татвар нэмж төлнө. Ногоон валютын өсөлтөөс болж халаасан дахь 100 мянган төгрөгийнх нь үнэ цэн аль хэдийнэ 60 мянга руу уруудчихсан иргэдэд энэ татвар ахадсан ачаа мөнөөсөө мөн. НИТХ-ын төлөөлөгчдийн хоёр өдрийн өмнө баталсан Нийслэл хотын татварын хувь хэмжээг тогтоох шийдвэрийг хэлээд байна л даа. Хотын удирдлагууд иргэдийнхээ халааснаас авах мөнгөндөө нийслэлийн татвар гээд гоё нэр өгчихсөн. Нэг хувь гэдэг сонсоход өчүүхэн бага юм шиг хэрнээ жилдээ нэг иргэнээс 100 мянган төгрөг татчих юм билээ. Тэдний хийсэн тооцоо л доо. Яг нарийндаа нэг иргэнээс жилдээ үүнээс ч илүү мөнгө төвлөрөхөөр зураг харагдаж байна. Хүүхдүүдийг хасаад, хотод амьдарч байгаа оюутнуудаа нэмээд багцаалдаж тооцлоо гэхэд энэ татварыг дор хаяж сая иргэн төлж таарна. Хөдөөнөөс хотод ирээд ресторанд хооллоод гарсан иргэд, Улаанбаатарт ажлаар, аяллаар буусан гадныхныг тооцвол татвар төлөх иргэд элбэг сая дөхнө.

Улаанбаатарын ресторанд хооллож, зочид буудлаар үйлчлүүлсэн иргэн бүр нэг хувийн татвар төлнө гэж бодоход наад зах нь 100 тэрбум төгрөг төвлөрөхөөр зураг харагдаж байна. Нийслэлийнхэн нэг хувийн татвараас жилд 13 тэрбум төгрөг хотын төсөвт орно гэж тооцсон байна лээ. Хэтэрхий танасан тооцоо. Гэхдээ 13 тэрбум төгрөг байлаа ч бага мөнгө биш. Жирийн иргэдийн халааснаас гарч байгаа гэдэг утгаараа ихээс их мөнгө. Нийслэлийн дарга нар энэ татварыг зөвхөн амьдралын боломжтой, тансаг хэрэглээтэй иргэд төлнө гэсэн тайлбар хийнэ лээ. Тэд тансаг хэрэглээнээс л татвар авна гэж учирлаж байгаа. Тансаг хэрэглээ гэдэгт нь архи, тамхи орж буй. Бас зочид буудал, баар, ресторан ч багтана.

Амралтын газраар ихэнхдээ гадаадынхан үйлчлүүлдэг тул эгэл жирийн иргэдэд дарамт болохгүй гэж хотын удирдлагууд тайлбарлаж харагдсан. Тийм биш л дээ. Нийслэлчүүдийн ихэнх нь гэр бүлээрээ хагас, бүтэн сайнаар салхинд гардаг болсон. Тэр дундаа утаа униартай өвлийн өдрүүдэд цэвэр агаар амьсгалах гэж амралтын газар бараадах иргэдийн тоо эрс өсдөг. Тэгэхээр амралтын газрыг тансаг хэрэглээ гэхэд хэцүү. Амралтын газар очиж алжаалаа тайлдаг гэр бүлүүд мөнгөө багтааж ядсан хэсэг лав биш. Сарын цалингаа байр, машины лизинг, хоол унд, хувцас хэрэглээндээ арай гэж хүргэдэг хотынхон амралтын газрын ор хоногийн мөнгөнөөс эхлээд тэндээс худалдаж авсан хоол, үйлчлүүлсэн үйлчилгээ бүрийнхээ хөлсөн дээр нэг хувийн татвар нэмж төлнө. Батаа сард нэг удаа гэр бүлээрээ амралтын газарт очиж амардаг. Хүү, охиноо хотын утаанаас холдуулах гэж жирийн нэг амралтын газар амарлаа гэхэд л Батаагийн халааснаас 150 мянган төгрөг өлхөн гарна. Нэг гэрийн хамгийн хямд хөлс гэхэд л 60 мянган төгрөг. Тэнд очоод хооллоно, шатахууны хэдэн төгрөг гээд багагүй зардал хэрэгтэй. Жилээр тооцвол нэг сая 800 мянган төгрөг. Энэ мөнгөний нэг хувь нь 18 мянган төгрөг болно. Нийслэлийн 50 мянган гэр бүл Батаагийнх шиг аж төрдөг гэж бодъё. Нэг хувийн татварыг нь нэмээд үзэхээр 900 сая төгрөг. Нийслэлчүүд сард нэг удаа алжаалаа тайлах гэж гэр бүлээрээ амралтын газраар үйлчлүүлснийхээ төлөө бараг тэрбум төгрөгийг хотын төсөвт зүгээр л хийчихэж байна.

Ресторан ч яг нарийндаа тансаг хэрэглээ биш. Үдийнхээ хоолыг ресторанд идээд гардаг хүмүүсийн ихэнх нь цалингаас цалингийн хооронд амьдардаг эгэл иргэд. Хотын дарга нар энэтхэг, хятад, солонгос, монгол хоолны ресторануудаар явж тэнд хоолож байгаа хүмүүсийг нэг харчихад гэмгүй. Мөнгөө багтааж ядсан, толгойноосоо хөл хүртлээ брэнд болсон нь цөөхөн дөө. Нэг хувийн татварыг хэлэлцэх үеэр “Эдийн засаг хүнд байгаа энэ үед” гэж НИТХ-ын зарим төлөөлөгч эсэргүүцсэн байна лээ. Тэдний эсэргүүцсэний учрыг захын ресторанд ороход л ойлгоно.

“Шангрила” энэ тэр гэж томроод яахав. Жирийн иргэд ордог дундаж рестораны нэг хоолны дундаж үнэ гэхэд л дор хаяж арван мянган төгрөг. Ажлын таван өдөртөө ресторанд хооллодог Батаа долоо хоногт 50 мянган төгрөг хоолондоо зарцуулдаг гэж бодъё. Сард 20 өдөр хооллолоо гэхэд 200 мянган төгрөг халааснаас нь гараад явчихна. Жилээр тооцвол хоёр сая 400 мянган төгрөг. Энэ мөнгөний нэг хувь нь 24 мянган төгрөг. Батаа шиг 200 мянган эгэл жирийн ажилтны зөвхөн өдрийн хоолондоо төлөх татвар гэхэд л дөрвөн тэрбум 800 сая төгрөг болж байна. Төр эдийн засаг хүндэрсэн таагүй үед иргэдийнхээ халааснаас энэ хэмжээний мөнгийг зүгээр л “дээрэмдчихэж” байна гэсэн үг. Зөвхөн өлсөж ядрахгүйн тулд хооллосных нь төлөө шүү дээ.

Үргэлжлүүлж тооцъё. Батаа өдөрт нэг хайрцаг тамхи татдаг. Нэг хайрцаг парламент 4000 төгрөг. Ингэж тооцоход сард 30 хайрцаг, жилд 360 хайрцаг тамхи татна. Батаагийн жилд тамхиндаа зарцуулдаг мөнгө нь 144000 төгрөг болж байна. Энэ мөнгөний нэг хувь нь 14400 төгрөг. Батаа шиг 500 мянган хүн байлаа гэж бодоход 70 сая төгрөг. За тэгээд архи, шар айрагны хэрэглээг тооцвол үүнээс хэд нугарсан их мөнгө хотын төсөвт орох нь тодорхой.

Баар ресторан дээр нэг жижиг тооцоо хийе. Хотын төвийн дундаж рестораны цэсийг сонирхож үзлээ. Нэг шил архи авлаа гэхэд л 50000-135000 төгрөг. Нэг хувийн татвар нь 500-1350 төгрөг гэсэн үг. Хамт олноороо төрсөн өдөр, амралтын үе, элдэв баяраар ширээ тойрч суугаад нэг архи захиалахад л энэ хэмжээний мөнгө нэмж төлөх нь. Виски энэ тэр гээд ахивал 140000-420000 төгрөг. Нэг хувийн татвар нь 1400-4200 болоод явчихна. Ямартай ч зүгээр л найз нөхөд, ажил, хамт олноороо ширээ тойроод суусныхаа төлөө захиалсан архи, шар айрагныхаа ширхэг тутамд төрд иймэрхүү татвар төлөөд явах нь тодорхой болчихлоо.

Татварыг тансаг гэж онцолсон баар, ресторан, амралтын газар, архи тамхи зарж байгаа дэлгүүрүүд төрд дамжуулна. Иргэдээс авч өгнө гэсэн үг. Тэгэхээр тэд үйлчилгээнийхээ хөлсийг нэмж таарна. Зардаг хоол, шар айраг, архиныхаа үнийг нэг хувиар нэмэх нь гарцаагүй. Амралтын газрууд ч гэр, хоол, үзүүлдэг үйлчилгээний үнээ ч нэмнэ. Тэгж байж төрд татвараа төлнө. Товчхондоо энэ сараас сая дурдсан газрууд үнээ нэмэх нь тодорхой болчихлоо.

Нийслэл учиргүй мөнгөгүйдсэндээ ийм шийдвэр гаргалаа гэхэд бас хэцүү. Наадамчдыг Хүй долоон худаг руу үнэгүй автобус гаргаж зөөлгөөд автобусны компаниудад тэрбум тэрбумаар нь төлдөг нийслэл шүү дээ. Баярлаж наадах хүмүүс автобусанд 500 төгрөг төлөөд явахыг эсэргүүцнэ гэж байхгүй. Иргэдийнхээ өмнөөс, хүсээгүй байхад нь ийм “гэнэн” шийдвэр гаргадаг нийслэлийн удирдлагууд мөн л хүсээгүй байхад нь хоол идэж, амарсных нь төлөө иргэдээсээ татвар авч эхлэх нь тодорхой болоод байна даа.

“Нийслэл хотын албан татвар тооцох үнэлгээг харьяалах татварын алба тухайн үеийн зах зээлийн бодит үнэд үндэслэн тодорхойлно”, “Нийслэл хотын”, “Албан татвар суутгагч нь нийслэл хотын албан татварыг бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрт суутган авч, төлбөрийн баримт дээр нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг тусгана”, “Албан татвар суутгагч тухайн сард борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор төсөвт төлж, тайланг батлагдсан маягтын дагуу дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд тушаана” гэх мэт хатуу заалтуудтай НИТХ-ын шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

М.Энхболд: Хариуцлагын тухайд намайг зөөлөн хүн гэж битгий бодоорой

УИХ-ын дэд
дарга, МАН-ын дарга М.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын ээлжит
бус чуулган нэг зун хоёр удаа хуралдлаа.
УИХ-ын даргын захирамж хууль бус гэдгийг МАН-ын бүлгийн гишүүд хэлж
байсан. Та харин ээлжит бус чуулганы талаар ямар бодолтой яваа бол?

-2013 оны
наймдугаар сард улс орны эдийн засагт амаргүй нөхцөл байдал бий болсон. Чуулган
эхлэхийг хүлээх аргагүй болсон тул “Төсвийн тодотгол хийе. 2012 оны сүүлээр их
хэмжээний өр зээл тавьсан нь эдийн засгийг хүндрүүлэх шинжтэй боллоо” гээд бид
УИХ-ын даргад “Ээлжит бус чуулган зарлаж өгөөч” гэхэд “шаардлагагүй” гээд
хүлээж аваагүй. Гэтэл энэ жил их ойрхон, хууль бус, эрх мэдлээ хэтрүүлсэн
ээлжит бус чуулганыг зарлалаа. Ээлжит бус чуулганаар МАН-ын сайд нарыг засгаас
гаргах болон Өршөөлийн хуулийг хэлэлцсэн. Эдийн засгийн ил тод байдлын тухай
хууль хамт явлаа. Энэ хуулийн төсөл дээр хоёр үндсэн асуудал байв. Эдийн
засгийн ил тод байдал гэдэгт хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн албан хаагчдыг
хамруулахаар заасан байсан. Түүнчлэн бизнес
эрхлэгчдийн хөрөнгийн дахин хуваарилалтыг бий болгохоор тусгасан.
Эхнийхийг нь бид эсэргүүцсэн. Зөвхөн бизнес эрхлэгчдийн хүрээнд хэрэгжүүлэхээр
болсон. Хуулийг зөв хэрэгжүүлбэл эдийн засагт нааштай үр дүн өгнө. Засгийн
газрын гишүүдийг гаргах тухай асуудлыг зургадугаар сарын сүүлчээс л ярьж
эхэлсэн. Биднийг өнгөрсөн арваннэгдүгээр сард Засгийн газарт хамтарч ажиллахыг
урьж залж, Ерөнхий сайд манай бүлгийн хуралдаанд сууж “Та нарын мэдлэг,
туршлага бидэнд хэрэгтэй байна” гэж тав, зургаан цаг ярьсан. МАН-ыг засгийн эрх
мэдлээс гаргаад парламентад суудалтай бусад намуудтай нийлж улс орныг бодсон
гэхээсээ илүүтэй ирэх сонгуулийг бодсон сонголт хийсэн нь илт харагдаж байна. Ээлжит бус чуулган зарласан нь хууль бус гэдгийг
бид эхнээс нь хэлж байсан. Зургаан сайдаа томилох гэж эрх баригчид ямар их ажил
болов. Төр засгийн ажлыг ингэж унтаад сэрж байгаа аятай хайнга хийж болохгүй.
Төрийн ажил явдаг ёс жаяг гэж байдаг. Түүнээс биш хэн нэгэн хүн төрийн эрхэнд
гарч ирээд улс орныг бужигнуулж болохгүй. Өршөөлийн хуулийг ард түмэн сайн
мэдэж байгаа. МАН Өршөөлийн хуулийг батлагдсаны дараа хамгийн түрүүнд
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаа мэдэгдсэн. Өршөөлийн хуулийн албан
тушаал, авлигатай холбоотой заалтыг хүлээж авч болохгүй, харин төрөөс иргэндээ
өршөөл үзүүлэх зарчмыг дэмжиж байна гэсэн. 2006 онд Их Монгол Улс
байгуулагдсаны 800 жилийн ойгоор Өршөөлийн хуулийг гаргахад би Ерөнхий сайд
байсан. Тэр хууль зарчмын хувьд өөр байв. Харин энэ удаагийн Өршөөлийн хууль
албан тушаал, авлигатай холбоотой асуудлыг хамруулсан. Манай намын бүлэг аргаа
бараад Өршөөлийн тухай хуулийн төслийн хамгийн сүүлийн хэлэлцүүлэгт оролцоогүй.
Одоо ч гэсэн бид зарчмын байр сууриндаа баттай зогсож байгаа.

-Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг танай нам хүлээж
авсан. Хэдийгээр УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах шийдвэр гаргасан ч
өнөөдрийг хүртэл энэ асуудлаар нэг талд гарч чадахгүй байгаагийн шалтгаан юу
вэ?

-Хориг тавих, хоригийг хүлээж авах нь бүгд хуульд заасан хугацаатай.
Хориг хүлээж авах санал хураалт болсноос хойш нэг процесс тасарч байгаа юм.
Одоогоор Өршөөлийн хуулийн тодорхой заалттай холбоотой хоригийг УИХ хүлээгээд
авчихсан. МАН хүлээж авсан нь шуугиан тарилаа гэж байна. Манай нам шуугиан
дэгдээе гэж хоригийг хүлээж аваагүй. Би энэ талаар өмнө нь “Гурван жил
дураараа дургичихаад дөрөв дэх жил дээр нь Өршөөлийн хуульд албан тушаал,
авлигын хэргийг хамруулаад өөрсдийгөө засаг барьж байна гэж болохгүй ээ, ард
түмэн харж байгаа шүү” гэж хэлсэн.

-УИХ-ын дарга З.Энхболд нэгэн ярилцлагадаа “МАН-ыг эрх барьж байхад
эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч байсан нь худлаа” гэсэн байна лээ?

-Тэгж хэлснийг би өөрөө сонсоогүй. Үнэхээр тэгсэн бол маш хариуцлагагүй
үг хэлжээ. Ер нь өнөөгийн эрх баригчдад статистик тоо баримтыг сэмхэн засчихдаг
арга барил бий. Ядуурлын түвшинтэй холбоотой тоо баримтыг хөдөлгөчихөөд
“Тооцдог аргачлал өөрчлөгдсөн” гэж тайлбарладаг. Эдийн засаг 17.6 хувьд хүрсэн
нь манай улсын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн өсөлт. Олон улсын хэмжээний аль ч
судалгаанаас харахад тэр 17.6 хувийг хэлээд өгнө. Өнөөдөр эдийн засгийн өсөлт
гурван хувь болчихоод байгаа нь ч үнэн. Энэ байдлыг засч залруулахгүй бол
цаашид ч үргэлжилж мэднэ. Өнөөдрийн хүндрэлтэй байдалд дэлхийн эдийн засгийн
хямрал онцгой нөлөөлөөгүй. Харин улс төрийн буруу бодлогоос үүдэлтэй. Энэ уналт
2012 оноос эхэлсэн. Хэмжээ хязгааргүй асар их өр зээл тавьсан. Зах зээл дээр
эргэлдэж байгаа мөнгөнийхөө бараг 30 хувьтай тэнцэх мөнгийг үнэ тогтворжуулж
байна гээд цөөн хэдэн компанид өгчихсөн. Эдийн засгийн тэнцвэрт байдлыг
алдагдуулсан. Энэ савлагаагаа зогсоож чадахгүй байна. Тэгэхээр АН,
“Шударга ёс” эвсэл, Эдийн засгийн болоод Сангийн сайд байсан хүмүүс
хариуцлага хүлээх ёстой. Засч залруулах алхам хийх учиртай.

-МАН-ын зүгээс Үндэсний зөвшилцлийг санаачлан уулзалтууд хийсэн. Үр дүн
гарч байх юм уу. Нийгэм бүхэлдээ бухимдалтай байгаа бол зөвшилцөх амаргүй
байгаа байх…

-Манай орон 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл олон намын тогтолцоотой явж
ирлээ. Бидний талцал хэрээс хэтэрч орон нутагт ажил албатай явахад хүнд боллоо
гэж байгаа нь үнэн. Өнөөдрийнх шиг хэмжээ хязгаар хэтэрсэн ийм байдалд хүрч
байсангүй. Энэ талцал хуваагдлыг зөвхөн олон нам байгаатай холбон тайлбарлах нь
учир дутагдалтай. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэлцдэг.
Дээрээ суудлаа олохгүй байгаа учраас л иргэдийн дундах талцал хуваагдал
тасрахгүй байна. Үүнийгээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж засна гэж ярьж байгаа
нь буруу. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах өөр асуудлууд бий. Үндэсний
зөвшилцлийг 2013 онд Монголын улс төрийн ууган хүчний даргын хувьд санаачилсан.
Бид өнгөрсөн есдүгээр сард “Үндэсний зөвшилцөл”-ийн 12 дахь удаагийн
уулзалтаа хийлээ. 22 намын удирдлагуудад урилга хүргүүлсэн. Энэ удаа бид
Сонгуулийн хуулийн талаар ярилцсан. МАН өнгөрсөн онд Засгийн газарт орохдоо
Сонгуулийн хуулийг өөрчлөх тухай ярьж байсан. Гэвч биднийг засгаас гарсны дараа
энэ асуудал тун бүдэг бадаг боллоо. Тиймээс бүх намуудаас хуульчид оролцсон
ажлын хэсэг байгуулж Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг бэлэн
болгоод байна.

-Хэдийгээр намууд өөр үзэл баримтлалтай ч гэсэн монголчууд нэг л эрх
ашигтай. Үндэсний зөвшилцлийн хүрээнд яриад ямар нэг асуудалд үнэхээр нэгдсэн
ойлголтод хүрч чаддаг уу?

-Ажлын хэсэг гол гол зарчмын асуудалд санал нэгдсэн. Сонгуулийн
тогтолцоонд санал нэгдээгүй. МАН-ын хувьд ард түмэн төрийн эрх барьдаг гэдэг нь
үнэн юм бол иргэд төрөө хэрхэн эмхэлж цэгцлэх вэ гэдгээ санал асуулгаар шийдэг
гэсэн санал гаргасан. Өнөөдөр болтол энэ тогтоолын төслийг хэлэлцэхгүй чимээгүй
байгаа. Намууд нэгдсэн ойлголтод хүрээгүй учраас одоогийн холимог системээрээ
явах нь зүйтэй гэж ярилцсан. Харин сонгуулийн хар машины хяналт дээр улс орон
даяар, уулзалт болгон дээр иргэд хөндөн ярьж байна. Эдийн засаг, нийгмийн байдал
ийм хүнд болсон үед 2012 оны сонгууль шиг хар машин ашиглах юм бол сонгуулийн
дараа ямар үр дүн гарснаас шалтгаалахгүйгээр амаргүй байдал үүсч мэднэ. Тиймээс
иргэн хүний өгсөн санал баталгаатай гэдгийг нотлохын тулд хар машины тооллогыг
100 хувь гараар тоолох ёстой.

-МАН холимог тогтолцоог дэмжээд байгаа юм биш үү. Сүүлийн үед МАН нэр
дэвшигчдээсээ 100 сая төгрөг авч байгаа гэсэн мэдээлэл гараад байна. Энэ үнэн
үү?

-Бид ийм тогтолцоо зөв гэдэг хатуу байр сууринд хүрээгүй байгаа. Өмнө нь
жижиг 76-гаар олон удаа сонгууль явж байсан учраас МАН үүнийг дэмжиж байгаа гэж
таамаглах нэгэн бий байх. Бид ард нийтээсээ санал асуух байр суурьтай хэвээрээ
байгаа. 14 хоногийн дотор зохион байгуулаад асуучихаж болно. Сонгуульд бүх нам
бэлдэж байгаа. МАН ч ирэх сонгуульд хариуцлагатай бэлдэх ёстой. Монголын
тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хэн хангаж чадах вэ, бий болсон
нөхцөлийг хэн засч залруулж чадах вэ гэдэгт ард түмэн хариуцлагатай сонголт
хийх учиртай. Сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ, яаж бэлдэх вэ зэрэг тодорхой
асуудлуудыг намынхаа хүрээнд шийднэ.

-УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж
байгаа. Танай намын гишүүд ч гарын үсэг зурсан байна лээ. Ер нь энэ сард
Ерөнхий сайдыг огцруулах юм байна гэсэн мессеж яваад байна?

-Г.Уянга гишүүн Дубайд байгуулсан гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайдыг
огцруулах асуудлыг хөндсөн. Манай намын бүлгээс хоёр ч гишүүн гарын үсэг
зурсан. Тэд УИХ-ын гишүүнийхээ хувьд өөрийн үзэл бодлоор Оюу толгойтой
холбоотой шийдвэр санаанд нь нийцэхгүй байна гээд гарын үсэг зурсан гэдэг. Оюу
толгойн гэрээнд өөрчлөлт орсон асуудлаар Ерөнхий сайдаас асуух, тодруулах зүйл
байгаа. Дубайд гарын үсэг зурсан талаар гишүүд асуух гээд зунжин намаржин
хөөцөлдөөд Ерөнхий сайд УИХ-д олдсонгүй шүү дээ.

-Монгол Улсын эдийн засаг улам л хүндрэх төлөвтэй байна гэдгийг олон
улсын шинжээчид хэлээд байгаа. Цаашилбал 2017 онд дампуурлаа зарлаж магадгүй
улсын тоонд орчихсон байсан. Үнэхээр тийм зүйл болох уу?

-Саяхан Дэлхийн банк “Монголын өр сэрэмжлүүлэх хэмжээнд хүрчихлээ” гэсэн
дүгнэлт гаргасан. Английн Жубилей Дэпт Кампайний саяхан гаргасан судалгаанд
эдийн засаг нь хүндэрсэн улс орнуудын долдугаарт Монгол бичигдсэн байна. Энэ
бүгд дэлхий нийт, биднийг харж, сонирхож байгаа хүмүүс нэг зүйлийг хэлээд байна
гэсэн үг. Үнэхээр өрийн асуудлаас болж Монгол Улс маш хүнд байдал руу явахаар
болчихлоо. Сүүлийн жил гаруйн хугацаанд бид ганцхан зүйлийг хийчихээч гэж үе
үеийн Сангийн сайд, Ерөнхий сайд нарт хэлээд л байгаа. 2017 оноос өр төлж эхлэх
нь үнэн л юм бол Өр барагдуулах санг эдийн засаг хүнд байгаа ч гэсэн өнөөдрөөс
бага багаар хуримтлуулж эхлэх ёстой. Тэгэхгүй бол 2017 онд гэнэтхэн хаанаас ч
юм бөөн мөнгө орж ирээд энэ асуудлыг шийдчихнэ гэж байхгүй. Үүнд Засгийн газар
анхаарал тавихгүй байна. Валютын ханшийн хүндрэл бэрхшээл, үндэсний мөнгөн
тэмдэгтийн үнэ цэнийн асуудал, үндэсний компаниудын үйл ажиллагаа явуулах
нөхцөл бололцоог сайжруулах зүйл дээр огт юм хийхгүй байна. Оюутолгой,
Тавантолгой хоёрыг хөдөлгөчихвөл Монгол сэхнэ, хөдөлгөж чадахгүй бол энэ
байдлаасаа гарч чадахгүй гэсэн нэг л зүйл дээр тулгуурлачихаад байгаа нь буруу.
Аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа явуулах нөхцөл, боломж бололцоог
нээж өгч болно. Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс наймдугаар сарын 31 хүртэл
төрийн болон орон нутгийн өмчит компани, төсөвт аж ахуйн тооцоотой 119
байгууллага шинээр байгуулагдсан байна. Энэ 119 компани хувийн секторын хийж
байсан ажлыг булааж авч хийгээд байна. Баруун бүс нутгаас 128 мянган тонн мах
гаргах боллоо гээд байгаа. Өнөөдөр л баруун бүс нутгаас гаргана гээд шийдчихсэн
юм биш. 2010 онд Олон улсын хүнсний байгууллагатай Монгол Улсыг гурван бүс
нутаг болгож хуваагаад шүлхийгүй эрүүл бүсээс нь мах нийлүүлж байя гэж ярьж
тохирсны үр дүн л одоо гарч байгаа юм. Мах гаргахаар зургаан компани сонгон
шалгаруулж байгаа мөртлөө дээр нь төрийн өмчит компани менежментийг нь хийх
гээд сууж байна. Тэр компани байгуулсан хүмүүсээс нь би “Хөргөлттэй вагоноор
хүргэж очсон махны чанарт асуудал үүсвэл энэ байгуулагдсан төрийн өмчит компани
хариуцах уу?” гэж асуусан. Тэгсэн “Үгүй. Мах нийлүүлсэн зургаан компани
хариуцна” гэж байгаа юм. “Тийм л юм бол төрийн өмчит компани байгуулж яах юм
бэ. Хариуцлагыг нь үүрэхгүй бол” гэхэд “Зөвшөөрлийг нь өгнө” гэдэг. Зөвшөөрөл
өгөхөд заавал төрийн өмчит компани байгуулах шаардлага байхгүй. Ингэж бизнес
эрхлэгчдийн хийж байгаа ажил, олж байгаа орлогын хажуунаас хумслахаа болих
хэрэгтэй.

-Эдийн засагчдын урьдчилсан таамгаар 2016 оны эхэнд ам.долларын ханш
2500 төгрөгт хүрнэ гэж байна. Долларын ханш өссөнөөр ард түмний нуруун дээрх
ачаа улам л нэмэгдэнэ. Үүнээс гарах гарц байгаа л байх?

-Валютын ханшид улс төрийн нөхцөл байдал нөлөөлдөг жишээг би хэлье. МАН
засагт хамтарсан үе буюу тавдугаар сарын сүүл зургадугаар сарын эхээр 1900
төгрөг байсан валют 1860 төгрөг болж буурсан. Хөрөнгө оруулагчид хууль зүйн
таатай орчин, улс төрийн тогтвортой нөхцөл байдлыг л хүлээж байна. Өмнө нь
хөрөнгөө оруулчихаад эргээд татаад авчихсан хүмүүс биднийг ажиглаад сууж байна.
Харамсалтай нь, улс төрийн нөхцөл байдал амаргүй тал руугаа явчихсан болохоор
одоо өнгөрөх шиг боллоо. Нөгөө талаас валютын ханшийг өсгөөд байгаа гол асуудал
бол орон сууцны зээл юм. Бид өмнө нь зургаан хувийн хүүтэй зээлийг улсын төсөвт
20 тэрбумыг суулгаад байр авч байгаагүй 5-8 мянган айл өрхийг нэг жилд байртай
болгоё гэж ажилласан. Дөрвөн мянган төрийн албан хаагчийг эхний ээлжинд оруулж
байртай болгоод “Болж байна, энэ ажлаа цаашаа үргэлжлүүлэх нь зүйтэй юм байна”
гэдэг шийдвэрт хүрсэн. Сая манай намаас томилогдсон сайд 30 хувийн урьдчилгааг
10 болгох гэж ажиллаад эцсийн байдлаар амжсангүй. Хэрэв Д.Цогтбаатар өнөөдрийг
хүртэл ажиллаж байсан бол энэ ажлынхаа цаана гарчих байв. Гэхдээ эрх зүйн
орчныг нь бүрдүүлээд, суурийг нь тавиад өгчихлөө. Инфляцийг тодорхой түвшинд
барьж байхын тулд хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангаа дэмжсэн бодлого
явуулах ёстой. Хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахын тулд зайлшгүй
зүйлүүдийг хийх л ёстой. Харамсалтай нь, өнөөдөр хөдөө аж ахуй, мал аж ахуйд
үзүүлж байсан төр засгийн дэмжлэг бүрэн зогссон. Ноос, ноолуурт 20 тэрбум
төгрөг тавиад, улаан буудайнд урамшуулал өгдөг байсан бол өнөөдөр тийм зүйл
байхгүй болжээ.

-Оюу толгой, Таван толгойн төслөө хөдөлгөөд эдийн засгаа аврах боломж
бий юу. Ялангуяа Таван толгой төсөл дээр улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн хоёр
хуваагдчихсан юм шиг харагдаж байна?

-Таван толгойн хувьд Засгийн газар төсөл өргөн барьсан. УИХ-д танилцуул
гэдэг дээр би, УИХ-ын дарга, нөгөө хоёр дэд дарга гарын үсэг зурсан л даа.
Засгийн газар УИХ-д танилцуулах шаардлагагүй, шууд явах ёстой гээд байсан.
Таван толгой шиг стратегийн ач холбогдолтой том ордын гэрээ хэлцэлтэй УИХ
танилцах ёстой гэдэг байр сууринаас “Өнөөдрийн мөрдөж байгаа хууль эрх зүйн
орчинд нийцэж үү, үгүй юу гэдгийг нь үзээд нийцээгүй зүйлийг нь засаад УИХ-д
оруулаад цааш нь явуул” гэдэг чиглэл өгөхийн тулд л зурсан. Гэтэл нөгөө талд
засаж залруулаад явъя гэдэг бодол байгаагүй. Шуудхан хэлэхэд зарим нэг хүмүүс
зогсооё л гэдэг бодолтой байсан юм билээ. Ажлын хэсэг байгуулсан ч дарга нь
хурал ерөөсөө хийдэггүй. Өргөн барьсан төсөл дотор зарчмын хоёр засвар хийх
ёстой гэж би бодож байсан. Төмөр зам олборлолт, тээвэрлэлт хийж байгаа
компаниасаа тусдаа байх ёстой. Энэ нь өнөөдрийн барьж ажиллаж байгаа Төмөр
замын бодлого, Төмөр замын хуульд орчихсон байгаа. Хоёрдугаарт, Монголын ард
түмний 1072 хувьцааг хариуцсан Эрдэнэс тавантолгой гэж компани бий. Монголын
тал 51 хувь гэж байгаа бол тэр 51 хувьд нь Эрдэнэс Таван толгой компани ороод
цаашаа явах ёстой. Хамгийн гол нь 1072 ширхэг хувьцаа, Монгол Улсын 51 хувь
баталгаатай байх ёстой. Ингэж засаж цаашаа явуулах ёстой гэж бодож байлаа. Харамсалтай
нь цаашаа явсангүй.

-Сүүлийн жилүүдэд Монгол Улсын нэр хүнд гадаад ертөнцөд маш ихээр унах
болсон. Тэдний нүүрээ буруулах болсон шалтгаан улс төрийн тогтворгүй байдал гэж
ойлгож болох уу?

-2011-2012 онд гадаадын хөрөнгө оруулалт 4.6 тэрбум америк доллар
байсан. 4.6 тэрбумаас 50 сая руу бууна гэдэг гадаадын хөрөнгө оруулалт
үндсэндээ зогсож, эргэж татах үйл ажиллагаа явагдаж байна гэж ойлгох үзүүлэлт.
Үүнд улс төр, эдийн засаг, хууль эрх зүйн орчин нөлөөлсөн. Гадаадын хөрөнгө
оруулагчид гэлтгүй, ер нь бизнес эрхлэгчдийг яаж дарамталж болдгийг өнгөрсөн
гурван жилийн хугацаанд эрх баригчид маш тод томруунаар үзүүллээ. 11 мянган аж
ахуйн нэгжийн захирлыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, байцааж, хянаж байлаа. Нэг
өрхийн тэргүүн компанийн захиралд хэрэг үүсгээд шалгагдлаа гэхэд тухайн өрхийн
эзэгтэй эсвэл хүү нь компанийнхаа ажлыг үргэлжлүүлээд явж чадахгүй. Иймэрхүү
нөхцөл байдлаас болж тэр компанийн үйл ажиллагаа шууд зогсож байх жишээтэй. Энэ
мэтчилэн улс төрийн өнгө аястай шалгасан, хянасан байдал эцэстээ эдийн засгаа
татаад унагачихсан. Одоо үүнээсээ гарахын тулд бизнес эрхлэх орчноо сайжруулж
өгөх ёстой. Ер нь Азийн бар болсон улс орнуудыг хараад байхад аж үйлдвэр нь
өндөр хөгжихөөсөө 5-10 жилийн өмнө захын бүс нутгуудаа хөгжүүлсэн байдаг.
1950-иад оны сүүлч 1960-аад оны эхэн үе гэхэд Өмнөд Солонгос шинэ эдийн засгийн
бодлого хэрэгжүүлээд орон нутаг, хөдөө аж ахуй, тариа будааны үйлдвэрлэлээ
хөгжүүлсэн. Ингэж өсөлтөө таван хувь болгож байгаад аж үйлдвэр рүүгээ орсон
байдаг юм. Гэтэл өнөөдөр эрх баригчид сэхэж ядаж байсан хөдөө аж ахуйгаа
зогсоочихлоо. Хурааж авах ургацынхаа 50 хувийг алдчихаад байгальдаа буруугаа
чихээд сууж байна. Хаврын тариалалтын үеэр хөдөө аж ахуйг дэмжсэн ямар ч
бодлого яваагүй. Үр тарианы дэмжлэг, эргэлтийн хөрөнгийн зээл, шатах тослох
материалын зээлээр дэмжиж байж хаврын тариалалт явагддаг. Гэтэл ийм дэмжлэг
үзүүлээгүй.

-Энэ болохгүй бүхнээс гарах гарц нь юу вэ. Тийм гарцыг л эрх баригчид
гэлтгүй та бүхнээс хүлээж байна?

-Өнөөдрийн эрх баригчид энэ хүнд нөхцөл байдлаас гарч чадахгүй нь
ойлгомжтой боллоо. Тэдний ярьж байгаа, хийж байгаа байдлаас нь эрүүлжих нөхцөл
ердөө ч харагдахгүй байна. Наад захын жишээ гэхэд л 1.5 тэрбум төгрөгөөс доош
орлоготой аж ахуйн нэгжийн албан татварыг нэг хувь болгоё гэдэг хуулийн төслийг
бид санаачлаад гурав, дөрвөн сар болж байна. Уг нь энэ хуулийг баталчих л
ёстой. Энэ нь эдийн засагт сөрөг гэхээсээ эерэг талууд бий болгоно. Жижиг дунд
үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд жаахан өөрчлөлт оруулж мал аж ахуйн салбарт
ажиллаж буй хүмүүсийг хамруулаад хуулийн төсөл санаачилсан. Мөн ялгаагүй МАН-ын
гишүүд дангаараа санаачилсан байна гээд л унагаачихсан. МСҮТ-ийн тухай хуульд
нэмэлт өөрчлөлт оруулъя, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх, нэмэгдүүлэх аятайхан
арга байна гээд л санаачилсан. Ялгаагүй, МАН дангаараа санаачилсан байна гээд л
унагаасан шүү дээ.

-МАН-ыг улс төрийн ууган хүчин учраас гишүүд, дэмжигчид нь бахархаж
явдаг. Гэтэл энэ намын бүтээсэн түүхийг үгүйсгэх хандлага гарах боллоо хэмээн
танай намын гишүүд ярьцгаах болсон байна?

-МАН бол XX зууны түүхийг бүтээсэн улс төрийн хүчин. 1921-1990 оны
хооронд болсон үйл явдлуудыг аль болох бүдгэрүүлэхээр оролдож байна. Энэ цаг
хугацаа нь Монголын түүх, бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, газар тариалан
хөгжиж, хот суурин бий болж монголчууд суурин соёл иргэншилтэй болсон үетэй
давхацдаг. Олон хот байгуулан үйлдвэрлэл хөгжиж, хүн ам нь эрүүлжин, бичиг
үсэгтэй болсон гээд л бүгд XX зууны Монголын бодит түүх. Үүнийг ганц намын түүх
мэтээр ойлгож, бүдгэрүүлэхээр оролдож байгаа нь маш буруу. Ийм өнцгөөр
тайлбарлах гэж хичээх тусам өөрөөр харагдах болно. Монголчууд дэлхийн
хоёрдугаар дайнд оролцсоны үр дүнд “Бид тусгаар тогтносон орон мөн” гэсэн
санал асуулга явуулах боломжийг нээсэн. Дараа нь 1961 онд НҮБ-д гишүүнээр элсч
олон улс гүрэнтэй дипломат харилцаа тогтоосон. Энэ бүгд өнөөгийн Монгол орны
хөгжлийн үндэс суурь болсон. Гэтэл үүнийг дурдахгүйгээр бараг л сүүлийн 25 жилд
Монгол Улс бий болчихсон юм шиг ярьж болохгүй. Ингэж бүдгэрүүлж, дарсан ганц
жишээ хэлэхэд, 2013, 2014 оны Үндэсний их баяр наадмаар “Ардын хувьсгал” гэдэг
үгийг бүх арга хэмжээнээс хасч байв. Үүнийг эсэргүүцсэн МАН-ын бүлгийн зарим
гишүүд баяр наадмын зарим арга хэмжээнд оролцохгүй гэдгээ хэлж, энэ шалтгаанаа
Ерөнхийлөгчид танилцуулж байсан. Ардын хувьсгал, Их Монгол Улс байгуулагдсан
түүхт ойг тэмдэглэх явдал нь Үндэсний их баяр наадам байна гээд хуульчилсан
байтал хасч л байдаг. Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чам руу их
буугаар буудна гэсэн үгийг санахад илүүдэхгүй. Болсон үйл явдлыг баталгаажуулж,
дараа үеийнхэндээ үнэн зөвөөр үлдээх нь бидний үүрэг.

-МАН-ын намын удирдах түвшинд ажиллаж байсан хүмүүсээс МАХН-д элсэх
хандлага илт ажиглагдах боллоо. Энэ нь сонгууль дөхөх тусах эрчимжиж байна.
Хэдхэн хоногийн өмнө Ж.Сүхбаатар МАН-аас гарч байгаагаа зарлалаа. МАН-ын даргын
хувьд намын дотоод эв нэгдлийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-МАН 200 мянган гишүүнтэй Монголын ууган улс төрийн хүчин. Яахав нэг,
хоёр гишүүн гарах, өөр намд орох нь хувь хүний өөрийнх нь хүсэл, сонирхлын
асуудал. Ж.Сүхбаатарын хувьд манай намын нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн
гээд хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүний хувьд ийм шийдвэр гаргасныг
нь би зөвтгөж чадахгүй. Нам дотроо байж болохгүй, хавчигдсан, шахагдсан зүйл
огт байхгүй. МАН-ын удирдлага дотроо зөрчилтэй гэсэн зүйл хэвлэлээр багагүй явж
байгаа. Манай нам бүтэц зохион байгуулалт, эв нэгдэл дээрээ 94 жил явж ирсэн
түүхтэй. Хэн нь ч байсан эрх ашгийг эрэмбэлж чаддаг. Намын удирдлагад байсан,
байгаа, ирээдүйд бас байж болох хүрээлэлдээ эв эеийг эрхэмлэж, улс орны эрх
ашиг, намын эрх ашиг хаана байх вэ гэдгийг эрэмбэлж чадна.

-Гаднаас нь ажиглахад МАН-ын дунд шатны байгууллагууд, тэр дундаа орон
нутгийн намын хороодын дунд хагарал их санагддаг. Олонхи болсон аймагт
удирдлагаа алдсан хэд хэдэн тохиолдол гарлаа. Та намын даргын хувьд нэг талаараа
зөөлдөөд гэсэн шүүмжлэл байна?

-Дархан-Уул аймагт болж байгаа зүйлийг асуугаад байна уу. 2012 оны
сонгуулиар Дархан-Уул аймгийн иргэд, сонгогчид МАН-ын нэр дэвшигчдэд итгэл
хүлээлгэсэн. Өнөөдөр Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга нь АН-ын хүн, Засаг дарга нь
нам бус хүн болчихсон байгаа. Манай намын дотоод асуудал. Хоорондоо таарахгүй
тохиролцохгүй, санал зөрөлдөх хүмүүс байна. Ийм үр дүнг АН-ын хэсэг нөхөд манай
намын хэсэг нөхөдтэй нийлээд л бий болгочихож байгаа юм. Ард иргэдийнхээ өгсөн
итгэл, сонголтыг хүчингүй болгочихлоо. Намын удирдлага үүн дээр хариуцлага
тооцно. Намайг хэт зөөлөн талаасаа хандаад байна уу гэж байна. Би сүүлийн хоёр
жил Намын даргын ажил хийж байна. Аймгийн намын хорооны даргыг, ИТХ-ын даргыг
намаас хассан дарга надаас өөр байхгүй байх. Алдаатай үйлдэл хийсэн бол
хариуцлага тооцох ёстой. Хаашаа явах бол, яах бол гэж айж ичих зүйл байхгүй.
Хариуцлагын тухай ярих юм бол намайг зөөлөн хүн гэж битгий бодоорой. Би Ерөнхий
сайдаар ажиллаж байхдаа хариуцлагагүй ажиллалаа гээд кабинетийнхаа дөрвөн
сайдыг огцруулах санал өргөн барьж байлаа. Та бүхэн санаж байгаа байх. Аливаа
зүйлд итгэл үзүүлэх ёстой, ажил дээр нь туслах ёстой. Үнэхээр болохгүй байвал
хариуцлага тооцох ёстой. Болохгүй байгаа бол өөрөө ч бас хариуцлагаа хүлээж
болно.

-Ю.Цэдэнбал агсны 99 жилийн ой энэ жил тохиож МАН, МАХН хоёр өрх
тусгаарласнаас хойш анх удаа хамтарч цэцэг өргөсөн. Мөн таныг Н.Энхбаяр
даргатай уулзсан гэсэн яриа гарсан…

-Н.Энхбаяр дарга Төрийн ордонд намаржих шиг боллоо. Би Н.Энхбаяр
даргатай нэг удаа уулзсан. Мэнд мэдсэн тийм уулзалт болсон л доо. МАХН бол яах
аргагүй манай намтай нэг байсан. Манай намд байсан нөхдүүд л олонхийг нь
бүрдүүлж байгаа улс төрийн хүчин. Гэхдээ өнөөдөр энэ нам засгийн эрхийг барьж
байна. Бид сөрөг хүчний байр сууринаас сонгуульд орох гэж байгаа улс төрийн
хүчин. Сөрөг хүчнийхээ байр сууринаас сонгуульд хариуцлагатай орох ёстой л гэж
бодож байгаа. Үйл явц хаашаа яаж эргэхийг хэн ч тааж хэлж чадахгүй.

-Улс төрийн намуудын рейтинг унасан. Харин сүүлийн үед танай намын
рейтинг бага зэрэг өсч байгаа ч бие даагчдын энд хүрэхгүй байгаа судалгаа
гарсан байна лээ?

-Эрх баригчдын ажиллаж байгаа байдал, энэ зун, намар болсон бүх үйл
явдалд ард иргэд дургүй байна. Хөдөө орон нутагт явж байгаад захын хүнтэй
уулзаж ярилцахад “Арай ч дээ, даанч дээ” л гэж байна. Эрх баригчдын хоорондоо
учраа олохгүй байгаа байдалд Монголын ард түмний өгч байгаа үнэлэлт, дүгнэлт
гэж ойлгож байгаа. Бие даагчид, популист зүйл их ярьдаг хүмүүсийн рейтинг өндөр
байгаа нь зарим судалгаагаар харагдаж байна. Эцсийн дүндээ улс орны өмнө, ард
түмний өмнө, парламентын засаглалтай улс орны хувьд хариуцлагыг нам хүлээдэг.
Тиймээс буух эзэнтэй, буцах хаягтай гэдэг шиг улс төрийн намууд хариуцлагаа
хүлээж, хийх зүйлээ ярьж, засаж залруулж чадаж байгаа нь цаашаа яваг, чадахгүй
байгаад нь ард түмэн хариуцлага тооцож үнэлэлт дүгнэлтээ өгөх байдлаар л
асуудалд хандаасай. Хувь хүн бол яах вэ, их сайхан сайхан зүйл бодогдож л
байдаг юм. Улс гүрэнг авч явна гэдэг бол тийм амар ажил биш. Наад захын жишээ
гэхэд Улаанбаатар хот, 21 аймагт нэг бие даагчийн бодлогыг хэн хэрэгжүүлэх вэ.
Монголын улс төрийн амьдралд 25 жил явсан Ардчилсан нам төр засгийн ажлыг бүрэн
аваад явчих хэмжээнд боловсроогүй, төлөвшөөгүй байна гэдгийг ард түмэн
анзаараад л судалгаанд оролцсон хүмүүс саналаа өгсөн байх гэж бодож байна.

-Та Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн. 2012 оноос хойшхи
Засгийн газар, Ерөнхий сайдад ямар дүгнэлт өгөх вэ?

-Н.Алтанхуяг Ерөнхий сайдын Засгийн газрын хувьд Монголын улстөрчид ч,
Монголын ард түмэн ч үнэлэлт, дүгнэлтээ өгчихсөн. Сайн ажиллаж чадаагүй, эдийн
засгийн хүнд нөхцөл байдалд оруулах үндэс суурийг нь тавьсан. Ч.Сайханбилэг
Ерөнхий сайдыг гарч ирээд засаж, залруулах талд нь дорвитой ажиллачих болов уу
гэж бодсон. Харамсалтай нь, тэгж чадахгүй байна. Тэгж чадуулах ч үгүй байх шиг
байна, зарим нэг хүн. Эдийн засаг, орон нутаг, ард иргэдийн хувьд үүсээд байгаа
асуудлыг Ерөнхий сайд өөрийн эрх мэдлээр зохицуулах, цэгцлэх боломж байгаа.
Түүнийгээ гаргаад, дайчлаад ажиллаж чадахгүй байна. Төсвийн орлого өнөөдөр 660
орчим тэрбум төгрөгөөр тасарчихлаа. Төсвийн зарлага 1.2 их наяд төгрөгөөр дутуу
хийгдлээ. Эндээс харахад төр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна гэсэн үг.
Хөрөнгө оруулалт 800 тэрбум төгрөгөөр тасарч байна. Засгийн газар
Монголбанктайгаа уялдаж ажиллахгүй байна. Мөнгө санхүүгийн бодлого, Засгийн
газрын бодлого хоёр хоорондоо уялдаа холбоотой явах учиртай. Зөвхөн нэг жилийн
дотор банкны хугацаа хэтэрсэн зээл 250 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдчихлээ.
Чанаргүй зээл 245 орчим тэрбум болчихлоо шүү дээ. Энэ бол санхүү, банкны салбар
улам муудаж байгааг илтгэж байгаа хэрэг. Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа
тухайн үед тулгамдаж байсан асуудлуудыг нэг ч төгрөгийн өр тавиагүй шийдэж
байсан. Цалин, тэтгэвэр нэмэх асуудалд нэлээд анхаарал хандуулж хоёр жилийн
дотор цалин, тэтгэврийг гурав дахин нэмсэн. Үүнийг Монголын ард түмэн мэднэ.
“Үдийн цай” гэж нэлээд зардалтай хөтөлбөр байсан, түүнийг хэрэгжүүлж эхэлсэн.
Хүүхдийн мөнгөний “автор” нь АН боловч яг өгсөн хүн нь бол би. Энэ бүгд их
зардал шаардсан ажлууд байсан. Гэсэн мөртлөө бид тэр хөрөнгийг зээл тавилгүй
олж болоод л байсан. Тиймээс Засгийн газар өөрийнхөө нөхцөл бололцоог дайчилж
ажиллах ёстой юм. Өнгөрсөн гурван жил цалин тэтгэвэр хэдэн хувиар нэмэгдсэн бэ.
Цалин таван хувь хүрэхтэй үгүйтэй. Тэтгэвэр 7-8 хувиар л нэмэгдсэн. Тэгвэл
Сү.Батболд гэдэг хүн Н.Алтанхуяг гэдэг хүнд 658 төгрөгийн “Атар” талх хүлээлгэж
өгч байсан. Өнөөдөр энэ талх 1130 төгрөг болчихсон байна. Талхны үнэ нь хоёр
дахин нэмэгдчихээд байхад цалин тавхан хувиар нэмэгдэхээр ард түмний амьдрал
дордох нь аргагүй. Тэгээд статистик нь болохоор ядуурал 27 хувиас 21 хувь болж
амжилттай сайхан буурч байна шүү гэж яриад байдаг. Хэн ийм юманд үнэмших юм бэ.
Муу юм нь дээшээ өсчихсөн, болмоор царайтай юм нь нэг бол байрандаа, үгүй бол
доошоо уначихсан ийм л цаг үе болчихоод байна.

-Нэгэнт үүсчихсэн хямрал, нүүрлэчихсэн аюулаас Монгол Улс, ард түмнийг
туйлдуулчихгүй шиг аваад гарчих гарц байж л таарна. Энэ гарц нь оюунтай толгой
юу, Оюу толгой юу гэдэг дээр эрдэмтэд маргаж байна. Таныхаар бид ямар замаар
замнавал зөв зам руугаа орох бол?

-Монгол Улс үндсэндээ 10-15 жил хоёр толгой тойрч маргасаар байгаад өдий
хүрлээ. Оюу толгой, Таван толгой Монголыг хөгжүүлнэ гэж маш их ярилаа. Үнэн
хэрэгтээ оюунтай толгой л Монголыг авч явна. Оюу толгой ганцаараа авч явж
чадахгүй шүү дээ. 2007 оны дөрөвдүгээр сард Оюу толгойн гэрээ хийгээд УИХ-д
өргөн барьж байсан. Өнөөдрийн байгуулсан гэрээнээс, Дубайн тодотголоос хамаагүй
дээр гэрээ байсан л даа. Монголд ногдох хувь нь 56 хувь, 2014 он гэхэд
хайлуулах үйлдвэр бариад дуусах гэрээ байлаа. Хоёр толгой тойрч маргаад улс
орон хөгжихгүй. Одоо үүнээсээ жаахан салах хэрэгтэй. Хийж чаддаг байсан
зүйлүүдээ сэргээх, чадахгүй байгаагаа чаддаг болохын төлөө зүтгэх юм бол Монгол
Улсад хөгжих боломж, гарц бий.

Categories
мэдээ цаг-үе

Тангадын ГАЛСАН: Чөтгөр шимбэн бурхны гүнгэрваанд ороод нуугдчихдаг шиг луйварчид төр засагт шургалчихжээ

>>Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №238 (5190) дугаарт>>

Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсан гуайн хөөрөлдөөний үргэлжлэлийг хүргэж байна.

-Та “Монголкино” үйлдвэрт ажиллаж байхдаа анх ямар кино зохиол бичив?

-Эрдэнэтийн тухай “Эхлэл” гэдэг баримтат кино бич гэж Донров дарга даалгавар өгч байлаа. “Инээдмийн киноны төрөл зүйл дутаад байна. Чи бич” гэсний дагуу “Мөнгөн буйл”-ыг бичиж байлаа. Р.Доржпалам хэмээх мундаг найруулагч найруулж, “Тунгалаг Тамир” киног гэрлээр зурсан Д.Баттулга зураглаачаар ажилласан юм. “Тунгалаг Тамир”-ыг хийчихсэн, дэлхийн киноны нэвтэрхий тольд Монголоос анх удаа бүтээл нь бүртгүүлсэн Равжирын Доржпалам өмнө нь “Морьтой ч болоосой” кино хийчихсэн. Доржпалам гуай чинь гаминг салам хөөсөн, Богд хаант Монгол Улсын баатар Сумъяа бэйсийн хүү шүү дээ. Сумъяа бэйсийг хэлмэгдүүлэн хөнөөсний хойно Равжир хэмээх авга ахаараа овоглосон байдаг. “Гурван До-гийн үе” гэж монгол киноны хөгжлийн оргил үед “Мөнгөн буйл” түмэн олонд хүрсэн юм даа. Монголкино үйлдвэрт арван найман жил ажиллахдаа хэдэн зуун кино мэдээний тайлбар бичин, тавь гаруй баримтат кино бүтээлцэж, “Эхлэл”, “Дэгдээхэй нас”, “Мөнгөн буйл”, “Уяа” уран сайхны киноны зохиол бичжээ. Мөн цэцэрлэг, бүх шатны сургуульд үзэх 280 диафильм бүтээж, “Монголкино” үйлдвэрийн 40 жилийн ойд зориулж “Өндөг” хэмээх Монголын анхны зурган кино гаргажээ. Кино үйлдвэрт ажиллаж байхад тэр байтугай кинонд тоглуулах гэж үзэж байлаа.

-Ямар кинонд тоглов оо?

-“Ичээнд нь” уран сайхны кино хийж байсан үе. Сумхүү найруулагч нэг өдөр өрөөнд орж ирээд “Мөн байна” гээд “Явна аа, хувцаслана аа” гэлээ. Толгой дээр гэзэг залгаад, жирийн харцын бор дээл, хүрэм өмсгөн бичгийн түшмэлийн хувцас бүрдүүлдэг юм байна. Цаанаас Дамбийжаагийн талынхан ирнэ, наанаас Ардын засгийнхан очно, урдаас нангиадууд, хойд талаас улаантан, цагаантан ирэх хэсэгт зочдыг хүлээж авдаг гагцхүү монголоороо бичиж суудаг, ганц үг дуугарахгүй мөртлөө харцаараа ярьдаг хүний дүрийг надад өглөө. Орой нь манай киноны найруулагч “Чи ч мөн золиг юм аа. Нүдээр ярихыг хангалттай сайхан гаргалаа” гэж баяр хүргээд л. Киног Кино үйлдвэрийн уран сайхны зөвлөл, Соёлын яамны уран сайхны зөвлөл баталчихсан. Тэгтэл захиалагч нь Нийгмийг аюулаас хамгаалах яамны ойд зориулсан кино байж таараад үзүүлж. Нөгөөдүүл үзээд “Кино сайхан болжээ. Улс төрийн хувьд л харин та нар сонор сэрэмжгүй байна. Аюулаас хамгаалахын кинонд төр засгийн эсэргүүн хүртэл зөв сайхан талын дүрд тоглоод байж байдаг л тусгүй байна” гэж дээ. Кино батлагдахгүй хоёр гурав хоноход л улирлын төлөвлөгөө тасарна, улирлын төлөвлөгөө тасарвал хамт олны таван зуу гаруй хүний амь, амьдралд барцад гарна. Тэгээд яахав, миний дүрстэй хэсгийг ганцхан хайчлаад хаячихаж байгаа юм. Сумхүүгийн авгай Батгэрэл гэж шударга, ил үгтэй хүүхэн “Муу эсэргүүнээс болоод киногоо тайрахад хүрлээ” гэж байсан. Бүрэн хэмжээний хийгдчихсэн киног тайрна гэдэг нь хүний таван цулыг авч хаяад улаан хоолойг нь жонгойтой нь шууд холбочихож байгаатай ялгаагүй зүйл байхгүй юу. Тэгж тайрсныг соёлтой үзэгчид сайн мэднэ, жирийн үзэгчид бол анзаарахгүй л дээ. Би ч бас хоржооноо тавихгүй хэдэн үг хэлчихнээ.

-Сумхүү гуайн гэргийд үү?

-Сумхүү чинь нөгөө сүрхий зүүнтэн Бадрахын хүү байхгүй юу. “Тэгж ярих юм бол чи эсэргүүний хүүгийн авгай, би ч жинхэнэ эсэргүүн” гээд наргиан даргиан болдог байлаа.

-Тайрсан хальсыг нь хадгалахаар аваагүй юу?

-Ямар юмных нь тийм юм байхав. Тайраад газар дээр нь шууд шатаадаг байхгүй юу. Түүхийн хуудаснаас хэчнээн сайхан хүмүүсийн амьд баримтат зураг алга болсон гэх вэ. Төмөр-Очир, Лоохууз, Цэнд нарын түүхэн хүмүүсийн зургийг түүгээд шатаадаг байлаа. Өнөөдөр түүх үнэнээрээ гарахад тэр дүрс зургууд үгүйлэгдэж л байна. Өвчин бүхэн түүхтэй, түүх бүхэн өвчтэй учраас тэр бүхнийг одоо хэн нэгэнд нөмөргөн зэмлэх аргагүй. Ер нь алдаа завхрал, намчирхлын өвчин, үзэл суртлын хэнээд Монгол минь уусаж автахгүй байх болтугай гэж залбирах учиртай.

-“Мөнгөн буйл” кинонд жүжигчин Дорлигжав гуай мөн ч наалдацтай тоглосон шүү…

-Киноны зохиолыг найруулагч Доржпалам гуайд хүлээлгэж өгөхдөө “Баянхонгороос дөрвөн хүн тоглуулбал би зохиолоо өгнө” гэж аваргад аархсан юм. Тэгсэн мань хүн духаа нэг алгадаж, хонгоо нэг алгадаж нааш цааш явж байснаа “Дөрөв нь ч юу юм, гурван хүн тоглуулъя” гээд саалийн тасгийн ингэний саальчин Должинд Баянхонгорын “Тэмүжин” хүүхдийн театрын дарга Ваахүүгийн Ганчимэг, Гочоод Дорлигжавыгаа, Хилийн цэргийн дуучин Дашзэгвийгээ саалийн фермийнхэнд эсгийнд боолгоод, хамар дээр нь ялаа суухад хамар нь мурчийгаад байдаг дүрд тоглуулсан. Намайг Жинстэд тэмээ хариулж байхад их нөмөр болж байсан ердийн хөсгийн дарга Ваахүүгийн урлагийн сургууль төгсөөд ирсэн охиныг саальчинд тоглуулж байлаа. Хүн хүний ачийг хэзээ ч ерөөсөө мартаж болохгүй. Манай Дорлигжав байгалиас заяасан хольцоо нь үгүй шижир байсан. Дорлигжавт их дээд сургууль төгссөн гэх мэт намтар байхгүй. Монголжуу биш монголоо алдаж яваа хүн дотроос монголоороо байгаа хүнийг манай урлагийнхан олж хараад, жүжгийн хүрээлэн олзолж, кино үйлдвэр жилд гурван кинонд тоглуулдаг байсан. Дорлигжав дүрийг амьдралын итгэл үнэмшлээрээ шууд аваад явчихдаг жүжигчин. Киноны хөгжмийг нь төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуай бичсэн юм. Мөрдорж гуай түүхэн киноны хөгжим, түүхэн дууг сайхан туурвидаг. “Дайсны цэргүүд сонсоцгоо” киноны дууг бод л доо. Хэчнээн гайхамшигтай билээ. Тийм сайхан түүхэн киноны дууг халгиж цалгиж бичсэн атлаа инээдмийн киноны хөгжимд цуцах шинжтэй байсан. “Мөнгөн буйл” киноны зохиолд маш олон дуу байлаа.

-“Азын тэнгэр байвал даа Гочоо минь ээ хө” гээд Дорлигжав гуай ч үзэгчдийн сэтгэлд хоногштол дуулдаг шүү?

-Дорлигжав тэр дууг чинь

“Азын тэнгэр тэтгэлээ дээ, гоогоо минь ээ хө

Ааваасаа бусдыг оллоо доо, Гочоо минь ээ хө” гээд ардын дууны аян дээр аваад явчихаж байгаа юм. Тэр хэсгийн урьд нь зориод явж байхдаа

“Нарийн ухаан байвал даа, гоогоо минь ээ хө

Нарнаас тамхиа асаана даа, Гочоо минь ээ хө” гэж дуулдаг шүү дээ. Тэр бүхэн Мөрдоржийн хөгжим биш Дорлигжав өөрөө л тэгж дүрээ тодотгон авч явж байгаа нь тэр. Хошин инээдмийн киног уран сайхны зөвлөлөөр баталж өгөхгүй байх, төрийн хошой шагналтны нэр байж байхад батална гэсэн үзэл суртлаас залхчихсан манайхны нэг муу арга байсан шиг байгаа юм. Тэрнээс биш Доржпалам найруулагч инээдмийн киноны бүх дууг бичсэн хөгжмийн зохиолч Гончигийн Бирваа ахыг авна биз дээ. Бирваа ах

“Харласан бүтэлгүй толгой би

Хаагуур явсныг мэдсэнгүй” гэсэн үгийг хүртэл аялгуугаар амилуулж шүншиглэсэн авьяастан шүү дээ. Энэ дууны үгийг сонсоод шүлгийг бичсэн Бунтар гуайг би “Ийм бүдүүлэг үгтэй дуу огт үзсэнгүй ээ. Харласан, бүтэлгүй, хохимой хаагуур доншуучилсныг чёрт не знаю” гэж тоглоом хийнэ. Хэмнэл нь үгтэйгээ яг таардаг дуу шүү дээ. Аугаа хүмүүс бол аугаа л байдаг. Уурлаад, юмаар шидэхийн оронд “Галсан гуай, та уянгын дуу болон улс төрийн дууны үгийг мэдэх юм байна. Киноны дууны үгийн онцлогийг л мэдэхгүй байна даа. Тэр баатрын тухайн үеийн сэтгэгдлийг аялгуутай хэлэхийг киноны дуу гэдэг юм шүү дээ” гэж аман дээр атны тавхай тавьж байлаа. Кино үйлдвэрийн бүх уран бүтээлчид мэргэжилдээ өнөөдрийнхөөр жинхэнэ академичид байжээ.

-Санжийн Пүрэв гуайн зохиол “Загийн алим” кинонд та ёстой яруухан дуу бичсэн дээ?

-Манай Жигжидсүрэн чинь “Анхны алхам”-аасаа хойш киноны инжеан болчихсон үедээ хийсэн кино нь. “Загийн алим” батлагдсан ч дуу нь гологдож. Манай хянагчид үзэл суртал харахаас гадна урлагийн амин сүнсийг мэдэрдэг мундаг байсан байгаа юм шүү. Монгол баатрын хувцсан дээр гамингийн нэг муу хантааз өмссөнтэй ялгаагүй юм болохгүй юу. Найруулагч нь хөгжмийг сонсголоо. Жамсранжавын хөгжим. Их сайхан аялгуу юм. Говьд хоорондоо уулзаж чадахгүй, бие биесээ мөрөөдөж байгаа цэвэр ичимтгий ааш нь эвдрээгүй залуусын сэтгэлийн уянга, улирлын аяс хоёр байх ёстой юм байна гэж бодоод

“Яруухан хаврын гурван сардаа

Яргуйгаа дагаад сүрэг минь жаргалтай

Цэрвүү алсаас чамайгаа санахад

Цээжний гүнд наран ургаастай” гэж эхлүүлэн дөрвөн улирлын аясаар бичсэн. Кино үйлдвэрийн төлөвлөгөө тасрах гэж байхад аминд нь орсон дуу даа.

-Мишигийн Жавган гэж мундаг зохиолчийг хүмүүс нэг их яриад байхгүй юм даа. Тантай хамт ажиллаж байсан гэл үү?

-Дундговийн Дэрэнгийн өөлд хүн байгаа юм. Жавган маань хүн нүдээр хараад доогломоор дэндүү эгэл хүн байсан. Яагаад ч дандаа богино өмд өмсдөг байсан юм шагай нь байнга гялалзаж явдаг, Кино үйлдвэрт даргаас нь бусад албыг хашсан мундаг амьтан. Дарханы бүтээхүйн эрдмийн сургуулийг төгссөн, цахилгаан, тайз засал гээд бүгдийг шийддэг, таван зуун хүний хувь тавиланг шийддэг боловсон хүчин, зургийн дарга ч хийж байсан даа. Жавганы зохиолоор хийсэн кинонуудаас хамгийн алдартай нь “Нийслэл хүү” байна. Гадны киноны хуулга биш цэвэр монгол шог байсан. Хувь хүний хувьд маш их онцлогтой. Хээрийн зурагт явж байхад нь хайрханы дээгүүр гэнэт хар үүл гарч ирээд аянгатай аадар асгалахад нарлаж байсан хүүхнүүд дуу алдан хувцас хунараа дутуу хагас цуглуулан гэртээ ирчихсэн байхад Жавган ганцаараа байдаггүй. Жавган аянганд ниргүүллээ гэхэд тэр их аадар дундуур явчих хүн байдаггүй. Аадар гэнэт шаагисан шигээ гэнэт татрах үед мань хүн хув хуурай ороод ирэх жишээтэй. Яав гэхэд “Яахав жаахан бороо ороод би хариулчихлаа” гэнгүүт нөгөөдүүл нь биширч сүйд болж. Яг нарийн учрыг нь сүүлд асуутал “Бороо асгуут л эд нар гүйгээд явцгаасан. Би үлдээсэн түмпэнг нь авч хувцсаа тайлан дотор нь хийгээд толгой дээрээ тавиад цүнхээл дотор суучихсан. Наранд бүлээссэн ус сайхан байна. Бороо арилуут биеэ арччихаад хуурай хувцсаа өмсөөд ороод ирсэн” гэж байсан сан. Жавган “Шинэ танилууд”, “Мартагдашгүй намар”, “Шинэ хотын гэрэл”, “Тууврын замд” зэрэг олноо нэрд гарсан уран сайхны кинонууд бүтээсэн давтагдашгүй сонин сэтгэлгээтэй, басашгүй сайхан авьяас билигтэй зохиолч байлаа. “Есөн хүсэл” роман тэргүүтэй олон сайхан бүтээлүүд нь байгаа даа. Ер нь манайхан алдарт гарсан хүмүүсийн араас шогшоод, эсвэл тааруухан зохиолчийн үр хүүхэд нь баян бол хөшөө дурсгал гэж мод чулуу энд тэнд овоолоод л, хэн ч уншихгүй юмыг нь ахин дахин хэвлэж гаргаад байх юм. Уг зүй нь монгол утга зохиолын том овоонд ивээс нь болж байсан тулгуур чулуунуудаа, дээш нь шидэхэд доошоо нурахгүй тогтоод байсан жижиг чулуунуудаа аль алийг нь бодож баймаар санагддаг.

-Тоогдохгүй тулгуур чулуунууд олон байна уу?

-Тэр байтугай аугаа их С.Дашдооровын наян насны ой таширлаад байхад хөөрхий муу Дарма Батбаяраас өөр дуугарч байгаа хүнгүй л байна ш дээ. Би нэг дурсамж бичсэн. Манайхан чинь идэж ууж явснаа л бичээд байх юм. Тэр дурсамж биш л дээ хө. Би бол муу нэрт, луу данст Галсанд ямар их авралын бурхан байсан талаар л бичсэн. Хэвлэх газар олдвол хэвлүүлчихнэ дээ. Урамгүй нь билиг авьяастны хөдөлмөрийг үнэлэхгүй биеэ үнэлэгчдийг л өндөрт мандуулаад байх юм. Капитализм чинь хүнийг урамшуулж шагнаж байж хөдөлмөрийг нь шударга үнэлдэг юм шүү дээ. Энэ бурууг залруулах ёстой. Цэдэвдоржийн Базаррагчаа гэж гайхамшигтай хэл найруулгатай зохиолчийг огт ярихгүй юм. Чойжамцын Ойдов гэж төрийн шагналт мундаг зохиолч байлаа. Архичин гээд амьдаар нь булшилчихсан. Дөнгөж дөчин хоёрхон насалсан байдаг. “Ардын элч” киног бичсэн. Энэ кино чинь сонгодог найруулгатай бүтээл шүү. Ойдов гуайн ерэн насны ой удахгүй болно. “Далан худалч” жүжгийг битгий тоглооч, орлогынх нь мөнгийг манай улс гаргая гэж урд хөрш гуйж байсан тийм зохиолч Монголд даанч ховор. Ойдов тэгэхээр олон улсын хэмжээний сонгодог зохиолч байгаа биз дээ. Ийм сайхан хүмүүсээ огоот дурсахгүй байна. Мартах чинь хоёр янз байх шиг байна. Нэгдүгээрт, өөрсдийгөө өргөмжилж бусдыг мартахуйн мананд гээх гэсэн явуургүй арга. Тэр дэмий. Он цаг өнгөрөх тусам жинхэнэ сонгодгууд булавч бултайгаад, даравч дардайгаад гараад ирнэ шүү дээ. Хоёрдугаарт гэвэл хорвоогийн гачлангаар дэндүү эрт буцаад бүтээл туурвил нь ард түмэнд түгэлгүй хайчлагдчихсан авьяастнууд бас байх юм даа. Пүрэвийн Гантөмөр гэж хэд хэдэн кинонд дүрээ мөнхөлсөн царай нь хар ч хүн чанарын их гэрэл гэгээт шударга сайхан найрагч байлаа. Ламжавын Лувсандоржийг бурхан болоход пайлуурын чулууг нь үүрчихсэн, хөлс нь гоожоод ирж байхыг би харж байлаа. Одоо чинь хүн биш байтлаа өөрсдийгөө яруу найрагч гэж цоллосон залуус мэр сэр байна шүү. Некрасов “Яруу найрагч та иргэн байх хэрэгтэй” гэсэн. Би бол “Яруу найрагч хүн байх ёстой” гэж боддог. Хүний ертөнцөд хүн байх шиг гайхамшиг үгүй юм даа.

-Хүн байхын утга учир тэгвэл юунд орших бол?

-Монгол маань хүн төрөлхтнөөс хоншоор дутуугүй, аль ч ард түмнээс аз жаргал яндаагүй байх аз одонд заяасан ард түмэн. Социализм гэдэг суваргаа нураах нь зөв байсан ч буруу нураасны хар гайгаар, Дэн Сяопин аваргын эдийн засгаа эвдэхгүй үзэл суртлаа эвдэх аргыг хэрэглэлгүй бүгдийг нь буулгаснаас болоод гадаадынхны гар хөл болсон нэгдүгээр зэргийн луйварчид төр засагт шургалчихаж. Тэгснээс болоод гурван сая хүнд хүртэх аз жаргал гурван зуухан хүнд оччихоод байна. Үүний буруутан нь манай ард түмэн. Энэ алдаагаа л залруулчихвал ганц Галсанд тустай биш нийт монгол түмэнд ачтай юм. “Манай нам, танай нам” гэж улаантан цагаантан болж талцаад ах нь дүүгээ, айл нь саахалтаа үзэж чадахаа больсноос хамаг гай үүдэлтэй. Жаахан хэрүүлтэй уруултай, харанхуй бүрэнхий үеэр чөтгөр шимбэн бурхны гүнгэрваанд ороод нуугдчихдаг жамаар л энэ луйварчид төр засагт шургалчихсан. Энийг залруулах хүч чадал, эрдэм билиг Монголын ард түмэнд бүрэн бий.

Categories
мэдээ цаг-үе

Доллар өсөх бодит шалтгаан байхгүй учраас ногоон валютын ханш урууджээ

-Худалдаа хөгжлийн банкны гаргаж буй бондын 500 сая ам.доллармаргааш шийдэгдэнэ-

Өнгөрсөн долдугаар сараас өнөөг хүртэл ам.долларын ханш 1970-1997 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Гурван сарын турш 27 төгрөгийн хооронд хэлбэлзсэн гэсэн үг. Долларын ханш хоёр мянга дөхөж, давж байсан ч сүүлийн өдрүүдэд бууж эхэллээ. Ханш яагаад уруудсан шалтгааныг учир мэдэх хүмүүс “Эдийн засагт угаасаа долларын эрэлт байгаагүй. Ам.доллар сүүлийн өдрүүдэд өндрөө авч байсан нь эдийн засаг хямарна, сүйрнэ гэсэн буруу хүлээлтэд удирдагдсанаас болсон” гэж тайлбарлаж байна. Өнгөрсөн оны аравдугаар сараас өнөөдрийг хүртэл гадаад худалдаа ашигтай гарсан нь ам.долларын ханш өндрөө авахгүй байх суурь шалтгаан гэж эдийн засагчид онцолдог.

Гадаад худалдаа 2006 оноос хойш анх удаа тэнцвэржиж өнгөрсөн онд 538 сая ам.долларын ашигтай гарсан юм. Бид гадагш урсгадгаасаа илүү ам.доллар олсон гэсэн үг. Энэ оны эхний найман сард гэхэд л 705 сая ам.долларын ашигтай гараад байгаа. Оны эхний найман сарын гадаад худалдааны тэнцлийг 2011-2013 оны дундажтай харьцуулахад гадаад худалдааны тэнцэлд 2.8 тэрбум ам.долларын эерэг өөрчлөлт гарсан гэсэн статистик бий.

Төлбөрийн тэнцэл алдагдалгүй гарах нөхцөл бүрдэж байгаа. Удаан эдэлгээтэй хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт оны эхний найман сард 27 хувиар буурчээ. Тэр дундаа авто машины импорт 31 хувиар, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, тавилгын импорт 26 хувиар буураад байна. Гутал, хувцас цүнх гаднаас худалдаж авдаг маань мэдрэгдэхээр танагджээ. 18 хувиар буурсан гэх мэдээллийг статистикийн хорооноос өгч байна. Хэрэглээний импорт 21 хувиар буурсан мэдээ бий. Гаднаас авдаг бараа, бүтээгдэхүүнийхээ хэмжээг 30 хувиар багасгана гэдэг том таналт.

Мөн эдийн засгийн өсөлт саарсан нь долларын бодит эрэлт буурахад нөлөөлжээ. Товчхондоо бизнесийн идэвхжил буурсан учраас ам.долларын хэрэгцээ багассан гээд ойлгочихож болно. Нэг гэгээтэй мэдээ дуулгахад долларын ханш тогтворжих суурь нөхцөл бүрдэж байгаа гэдгийг шинжээчид дуу нэгтэй хэлж байна.

Сүүлийн үед доллар уруудахад нөлөөлсөн шууд бус шалтгаанууд бас бий. Богино хугацаанд доллар орж ирэх хоёр суваг байна. Эхнийх нь Худалдаа хөгжлийн банкны гаргахаар ажиллаж байгаа 500 сая ам.долларын бонд. Эх сурвалжийн мэдээлснээр бол энэ мөнгө маргааш шийдэгдэх юм билээ. Арваннэгдүгээр сард Оюу толгой төслийн шугамаар орж ирэх 350 сая ам.долларын сураг ч ханш буух бодит бус шалтгаан болж байна. Урт хугацаанд орж ирэх долларын сувгийн нэг нь мөн л Оюу толгой. Ирэх оны хавраас Оюутолгойн дараагийн санхүүжилт болох 1.1 тэрбум ам доллар орж ирнэ гэсэн эерэг хүлээлт байгаа. Дараагийн том найдлага бол Таван толгой. Таван толгойн хэлэлцээр өнөө хүртэл үргэлжилж буй. Хэлэлцээр амжилттай болж коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог энэ ордын төслийг төмөр замтай нь цогц байдлаар хэрэгжүүлэх суурийг тавиад өгчихвөл ирэх дөрвөн жилд тав орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн тооцоо бий.

Ам.долларын ханштай холбоотой ийм эерэг мэдээнүүдээс гадна болгоомжлохоос аргагүй бодит шалтгаанууд байгаа. Эдийн засагт цэвэр дүнгээр орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээгүй хэвээр байж. Энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр гадаадын шууд хөрөнгө оруулалт 44 сая ам.доллар буюу ДНБ-ий ганцхан хувьтай тэнцэх хэмжээнд болж буураад байна. Эдийн засгийг урт хугацаанд тогтвортой, эрүүлээр өсгөе гэвэл гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дор хаяж ДНБ-ий 15-20 хувьтай тэнцэх хэмжээнд байлгах учиртай гэж эдийн засагчид онцолдог. Хөрөнгө оруулалтын бүтцэд анхаарах хэрэгтэй гэсэн зөвлөгөө ч сонсогддог. Дан ганц уул уурхайн хөрөнгө оруулалтад биш өөр салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн санаа. Гадаадын хөрөнгө оруулалт өнөөдөр, маргаашдаа шууд ороод ирдэг зүйл биш. Хөрөнгө оруулагчдад бүрэн итгэл төртөл хугацаа хэрэгтэй гэдгийг хөрөнгө оруулалт тэг рүү уруудсан өнөөгийн нөхцөлөөс харчихаж болно. Гаднаас хөрөнгө оруулалт орж иртэл гадаад валютаа зээл, багцын хөрөнгө оруулалт зэрэг замаар шийдэхээс аргагүй гэж шинжээчид хэлж байна. Хөрөнгө оруулагчдын хүлээлт ирэх онд ч үргэлжилнэ, дэлхийн эдийн засаг таагүй хэвээр лав л нэг, хоёр жил болно гэсэн муу мэдээ сонсогдоод удаж байна. Наад захын том жишээ гэхэд л Хятадын эдийн засгийн бодит өсөлт долоон хувиас буурах нь тодорхой болчихсон.

ОХУ-ын эдийн засаг ч ялгаагүй гундуу зурагтай байна. Энэ оны хоёрдугаар улиралд 4.6 хувиар агшаад байгаа. Ирэх өдрүүдэд үүнээсээ уруудаж оны сүүлийн хагаст 3.5-3.6 хувиар агшина гэсэн таамаг бий. АНУ, Евро бүс, Японы эдийн засгийн суурь асуудал шийдвэрлэгдээгүй хэвээр байна. Өнөөдөр нэгэнт үүсчихсэн тодорхой бус байдал цаашид ч үргэлжилнэ гэсэн гутранги таамгийг шинжээчид хэлсээр байгаа юм. Гадаад эдийн засгийн орчин сайжирч гадаад эрэлт нэмэгдэхгүй, эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгал, тэр дундаа гадаадын шууд хөрөнгө оруулалт сайжрахгүй, төсөв алдагдалтай хэвээр үргэлжилбэл эдийн засаг хэцүүднэ гэсэн сануулгыг эргэж харахаас аргагүй.

Гадаад валютын улсын нөөц энэ оны долдугаар сарын байдлаар 1.7 тэрбум ам.доллар буюу сүүлийн гурван сарын дунджаар тооцсон импортын 5.3 сарын хэрэгцээг хангах түвшинд байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

А.Түмэн-Өлзий: Жүжигчин хүний хамтрагчийн хувьд чадлынхаа хэрээр жүжиглэнэ дээ

Соёлын тэргүүний ажилтан, дуучин А.Түмэн-Өлзийтэй ярилцлаа.

-Таныг жүжигчин Л.Сөрөлттэй хамтран тоглолт хийнэ гэж дууллаа…

-Тийм ээ. СТА, жүжигчин Л.Сөрөлт бид хоёр хамтран ирэх сарын 9-нд Монгол бөхийн өргөөнд “Хайрын тэнгэр диваажин” тоглолт хийхээр төлөвлөөд байна.

-Мэргэжлийн дуучин, жүжигчин хоёр хамтарч тоглолт хийнэ гэхээр их сонирхол татаж байна?

-Л.Сөрөлт бол мэргэжлийн жүжигчин. Харин миний хувьд мэргэжлийн дуучин. Жүжигчин хүнтэй хамтарч дууны тоглолт хийнэ гээд бодохоор үзэгчдэд ч гэсэн сонирхолтой байгаа болов уу. Энэ утгаараа бид хоёрын тоглолтыг тэсч ядан хүлээж буй хүн олон байна. Тиймээс бид хоёрын хувьд тоглолтоо илүү сонирхолтой, гэнэтийн бэлэг ихтэй, үзүүштэй зүйлээр дүүрэн байлгахыг хичээж байгаа. Сөрөлтийн хувьд дуулахаас гадна жүжиглэнэ гээд олон авьяасаа дэлгэх байх.Үнэхээр сайхан тоглолт болно гэдэгт итгэлтэй байна.

-Та жүжиглэх үү?

-Бид тоглолтдоо Дархад ардын харилцаа дуу дуулна. Харилцаа дуу дуулахад жүжиглэлт, нүүр хувиралт шаарддаг. Тэгэхээр тодорхой хэмжээний жүжиглэлт гаргаж л таарна даа. инээв/

-Тоглолтод сүүлийн

үеийн Монголын урлагийн нүүр царай гэгддэг уран бүтээлчид урилгаар оролцож байгаа гэж сонссон?

-Рок попын өнөө цагийн өнгө аясыг тодорхойлж буй залуу дуучин П.Баярцэнгэл, нийтийн дууны нүүр царай болсон СТА дуучин Э.Төрмандах эхнэр О.Гансувдын хамт тоглолтод маань ая дуугаа өргөнө. Мөн Азийн томоохон шоунд амжилттай оролцож эх орныхоо нэрийг өндөрт өргөөд ирсэн “Хөсөгтөн” хамтлаг, бүжгийн “Улаан сарнай”, “Маршал” хамтлагууд оролцоно. Түүнчлэн манай тоглолтод “Шинэ үе” продакшны уран бүтээлчид оролцохоос гадна циркийн уран бүтээлчид сонирхолтой үзүүлбэр толилуулахаар бэлтгэж байна. Тоглолтыг үзэгчдэд хүртээмжтэй, үзүүштэй болгох тал дээр их анхаарч байгаа. Энэ ч үүднээс урлагийн салбарт манлайлж буй бүхий л уран бүтээлчдийг нэгтгэхийг зорьж байна.

-Таны хувьд жүжигчин Л.Сөрөлттэй хамтран хичнээн уран бүтээл хийгээд байна вэ. Шинэ гэсэн дуу болгоныг хамт дуулж харагддаг?

-Бид хоёр дөрвөн ч дуу хамтарч дуулсан байна. “Хөөрхөн”, “Хайрын тэнгэр диваажин”, хамгийн сүүлд “Нандин” гээд дууг хамт дуулсан. Клип нь цацагдаад эхэлчихсэн. Хүмүүст нэлээд хүрч байх шиг байна.

-Жүжигчин Л.Сөрөлтийг та дуунд уруу татчихав уу. Анх хамт дуулах санааг хэн гаргаж байв?

-Сайн яривал бид хоёр чинь Хөвсгөл аймгийн нэг нутгийн хүмүүс л дээ. Би Завхан аймгийн Улиастай хотод төрсөн ч аав, ээж маань Хөвсгөлийн уугуул. Жүжигчин Л.Сөрөлт анх надад хамт дуулах санал тавьсан. Бид хоёр хамт уран бүтээл хийхэд нэлээд тохирч байгаа. Хоолой сайхан нийлж, хэд хэдэн дуу гаргачихлаа. Гаргасан дуу болгон маань ард түмэнд ч сайхан хүрч байна. Сөрөлт жүжиглэхээс гадна бурханаас заяасан их сайхан хоолтой залуу.

-Хамтын бүтээлийн анхны гараа “Хөөрхөн” дуу байсан байх аа?

-Тийм. Сөрөлт анх “Хөөрхөн” гээд их аятайхан дуу байна. Хоёулаа хамт дуулъя гэсэн.

-Ер нь та хоёрын дуулсан дуунууд их хөнгөн хэрнээ гэгээлэг өнгө аястай байдаг. Та хоёрын хоолойны өнгө, онцлогтой холбоотой юу?

-Тэгж хэлж болно. Бид хоёрын хувьд залуучуудад хандсан гэгээлэг уран бүтээл хийхийг зорьдог. Нийгэмд тэртэй тэргүй бусад нь бараг хар бараан зүйл ярьж, нийгмээ шүүмжилж байна шүү дээ. Тэгээд ч жүжигчин хүнтэй уран бүтээл хамтарч хйиж байгаа нь нөлөөлж байгаа байх л даа.

-Ингэхэд одоогийн нийгэмд иймэрхүү гэгээлэг, хөнгөн кино, дуу үзэгчдэд илүү хурдан хүрч байх шиг. Үүнтэй та санал нийлэх үү?

-Тэгэлгүй яахав. Өнөөгийн залууст гэгээлэг, хөнгөн хэмнэлтэй, үг, ая нь амархан цээжлэгдэх тийм л уран бүтээл хурдан хүрч байна. Дагаад дуулахад хялбар. Энэ зөвхөн дууны уран бүтээлд ажиглагдаж байгаа зүйл.

-Саяхан цацагдсан “Нандин” дууг Сөрөлт та хоёрт зориулж бүтээсэн үү?

-“Нандин” дууг бид хоёрт зориулж аяыг нь саяхан Монгол бөхийн өргөөнд “Жаргалтай явна хоёулаа” тоглолтоо хийсэн хөгжмийн зохиолч О.Эрдэнээ ах бичиж, шүлгийг нь Э.Түдэв гэдэг хүн тэрлэсэн байгаа.

-“Хөөрхөн” дууг уран бүтээлчдээс нь зөвшөөрөл авалгүй дуулсан гээд та хоёрыг нэлээд шүүмжилж байсан. Үнэхээр зөвшөөрөл аваагүй дуулсан юм уу?

-Анх Сөрөлт Өвөрмонголд тоглолтоор явж байх үедээ “Хөөрхөн” дууг сонссон юм билээ. Тэгээд энэ дууг хэний дуу болохыг асуусан чинь мэдэхгүй байсан гэсэн. Тэгсэн хэрнээ хүмүүс маш их сонсох дуртай дуу болчихсон байсан юм билээ. Ингээд эх орондоо ирээд надад хамт дуулах санал тавихад нь би дуртай хүлээж авсан. Тухайн үедээ Өвөрмонголын хаанаас гэж уран бүтээлчдийг нь хайж олох билээ гэж бодсон. Бид хоёр энэ дууг дуулаад клип нь цацагдаад эхэлсэн чинь Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан гуай утасдаад “Та хоёр хүний уран бүтээлийг зөвшөөрөлгүй дууллаа” гэж загнасан.

-Д.Данзан гуай үг, аяыг нь бичсэн хэрэг үү?

-Олон жилийн өмнө Д.Данзан гуай шүлгийг нь бичиж, Ховдод амьдардаг Хүрэлбаатар гээд ах аяыг нь хийсэн байж таарсан.

-Тэгээд уучлал гуйгаагүй юу?

-Бид хоёр албан ёсоор МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан, Хүрэлбаатар нараас уучлал гуйсан. Үнэхээр эндүүрэл гарлаа. Өвөрмонголчуудын уран бүтээл гэж бодсон гэдгээ хэлсэн. Хөгжмийн зохиолчтой нь дараа дахин холбогдсон. Бид хоёрыг ч дэмжсэн. Дараа бид хоёрт зориулж уран бүтээл хүртэл хийж өгөхөөр болсон.

-Та хоёрын “Хайрын тэнгэр диваажин” дууг мөн л хүний дуу гэх юм?

-“Хайрын тэнгэр диваажин” дууг хөгжмийн зохиолч Т.Сэр-Од багш олон жилийн өмнө хоёр оюутанд өгч дуулуулж байсан юм билээ. Бид Т.Сэр-Од багшид хэлж байгаад дуулсан дуу. Хүмүүс буруугаар ойлгоод байх шиг. Ер нь энэ дууг хэн дуулж, ард түмэнд хүргэж чадаж байна гэдэг нь чухал шүү дээ. Манайхан нэгнийгээ дэмжихээс илүүтэйгээр муулахаа урдаа барьдаг. Үнэндээ хүн хүнээ урмаар тэжээж байж амьдардаг хорвоо ш дээ.

-Таны хувьд драмын “Бүүвэй” жүжгийн дууг дуулсан. Ер нь сүүлийн үед нийтийн дуучдын дунд өөрийн өнгө аясаа тодорхойлж буй цөөхөн дуучдын нэг. Энэ эрчээ алдахгүйн тулд цаашдаа хийх уран бүтээлээ ч төлөвлөсөн байх гэж бодож байна?

-Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав ахын ая, УГЗ Н.Ганхуяг багшийн шүлэг “Хайртай бүхнээ” гээд “Бүүвэй” жүжгийн дууг дуулж олонд хүргэсэн. Уран бүтээлч хүн дандаа шинийг эрэлхийлж, содон зүйлийг олж харах ёстой. Тиймээс өөрийгөө аль болох илүү олон зүйлд сорихыг хичээдэг. Үүний нэг нь энэхүү драмын жүжгийн дууг дуулсан явдал байсан.

-Цаашид уран бүтээлийн ямар төлөвлөгөө байна?

-Би СУИС-ийг мэргэжлийн уртын дуучин мэргэжлээр төгссөн. Тиймээс дан уртын дуунаас бүрдсэн цомог гаргахыг төлөвлөж байна. Ойрын үед энэ удаагийн тоглолтоос эхлээд мэдээж олонд чиглэгдсэн уран бүтээлээ хийгээд завгүй л явна.

-Өнгөрсөн жил өөрийг тань нэгэн хэвлэлийн компанийн захирал дотно харилцаа үүсгэхийг хүсч дарамталсан гээд нэлээд шуугиан тарьж байсан. Үнэхээр тийм явдал болсон юм уу?

-Тухайн үед “Хөх Монгол” хэвлэлийн компанийн захиралтай ярилцаад миний тоглолтыг ивээн тэтгэхээр болсон юм. Тус компани миний 21 аймгаар аялан тоглолт хийх талаарх мэдээлэл бүхий рекламны самбарыг бэлэн болгочихсон байсан. Би яг маргааш нь Архангай аймгаас тоглолтоо эхлэх гээд бүх бэлтгэлээ хангачихсан хөдлөхөд л бэлэн байлаа. Гэтэл орой нь надад тэр хүнээс “Хоёулаа илүү дотно харилцаатай баймаар байна” гэсэн утгатай мессеж ирсэн.Юу вэ, маргааш нь миний тоглолт эхлэх гэж байхад ийм юм ирэхээр ёстой гайхна биз дээ. Үнэндээ шоконд орсон. Голдоо ортол гомдсон.

-Өмнө нь таньдаг байсан юм уу?

-Ажил хэргийн журмаар л танилцсан хүн. Урлагийн хүмүүст тоглолтын ивээн тэтгэгч хамгаас чухал. Үүнд дөрөөлж хүнийг тэгж шантаачилж болохгүй биз дээ. Би чинь бас хүн ш дээ. Хүнд дээрэлхүүлээд доромжлуулаад баймааргүй санагдсан. Тэгээд фэйсбүүкт мессежийг нь тавьсан юм. Гэхдээ би өөрөөс нь асуулгүй тавиагүй. Та надад ингэж хандаж байгаа бол би таны мессежийг олон нийтийн сүлжээгээр цацлаа шүү. Эхнэр чинь харна биз гэж хүртэл хэлсэн. Тэгсэн өөдөөс асуудалгүй, өшөө олон хүнд түгээ гэсэн. Тухайн үед үнэхээр шар хөдлөөд фэйсбүүкт тавьчихсан. Гэхдээ таван минут болоод л хүний мууг үзээд яахав дээ гэж бодоод устгах хооронд олон хүнд хүрчихсэн байна лээ.

-Дараа нь танаас уучлал гуйсан болов уу?

-Үгүй. Харин ч хэвлэл мэдээллийнхэнд намайг огт танихгүй гэж ярьсан байсан. Миний хувьд уран бүтээлийн төлөө зүтгэж яваа, тэр дундаа эмэгтэй хүмүүсийг ингэж доромжилж болохгүй л гэж санасан. Тийм үйлдлийг нь хүлээн зөвшөөрмөөргүй санагдаад л нийтэд илчилсэн хэрэг. Би ер нь их шартай хүн шүү дээ, бас. Тэгээд ч цаашдаа эмэгтэй уран бүтээлчдийг ийм өнгө аясаар битгий хүлээж аваасай гэсэн үүднээс асуудалд хандсан.

-2013 онд таныг “Баясгалантай сайхан” тоглолтоо хийх гэж байхад тантай ярилцаж байлаа. Тухайн үед та хараахан гэр бүлтэй болоогүй байна гэж байсан. Харин өнгөрсөн хугацаанд ханьтай болж, амаржаад ч амжсан байна…?

-Сайхан ханьтай болсон. Баруун аймгийн уугуул. Дархан хотод сурч, амьдарч байгаад гадагшаа явсан байсан. Тухайн үед миний хань харийн нутагт байсан. Би ханийгаа удаан хүлээсэн. Бид хоёр хоорондоо хэдий харилцаатай байсан ч хүний амьдралыг тааж мэдэхгүй шүү дээ. Тиймээс нууцалж байлаа. Одоо бид хөөрхөн охинтой болсон.

-Охин тань хэдэн сартай вэ?

-Одоо гурван сартай. Эх хүн болно гэдэг үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй жаргал байдаг юм байна. Хором бүрийг охинтойгоо өнгөрүүлмээр байгаа ч залуу насандаа илүү сайхан олон бүтээл хийхийг хүсч, яалт ч үгүй уран бүтээлдээ ороод л явж байна. Хөгшрөх тусам намайг сонсох хүний тоо цөөрнө шүү дээ. Тиймээс залуу насандаа амьдралаа ч, ажлаа ч амжуулах гээд завгүй л явна даа.

Categories
мэдээ цаг-үе

Бүгдийг анагаах чадвартай Бөднийн өндөг

Энэ удаагийн сав шимийн буландаа бөднө шувуу болон бөднийн өндгийг онцолж байна. Бор шаргал өнгөтэй зуу гаруйхан грамм жинтэй энэ бяцхан шувуу биедээ баймгүй их шим тэжээлтэй амьтан. Сүүлийн үед бөднө шувууны өндөгний ач тусыг мэддэг болсон хүмүүс зах худалдааны төвөөс ихээр худалдан авах болжээ.

Бөднө шувуу нь тахиатны овгийн хамгийн жижиг шувуу бөгөөд гургуулын багт багтдаг. Манай орны Хангай, Хэнтийн нуруу, Хэрлэн, Улз, Онон, Сэлэнгэ, Орхон гол, Буйр, Халхын гол, Хянганы нуруу, Нөмрөг, Дэгээ, Азарга голд голцуу тархан амьдрах бөгөөд наран бөднө, эгэл бөднө гэсэн хоёр зүйл нь нутаглана. Өндөглөн зусдаг нүүдлийн ховор шувуу юм. Олон улсын нэршил нь “япон бөднө” буюу наран бөднийн биеийн урт нь 160-200 мм, далавчны урт нь 90-102 мм. Энэхүү зүйл нь хамгийн томдоо 150 грамм хүрдэг бөгөөд бор шаргал өнгөтэй. Хүрэн, хар, цагаан алаг толбонуудтай. Эр наран бөднө нь шанаа, хүзүү улаавтар хүрэн өнгөтэй, харин эмийнх нь шанаа хүзүү цайвар хүрэн, цээжин хэсэгтээ хар толботой, биеэр харьцангуй том байдаг аж. Наран бөднийн өлгий нутаг нь зүүн Ази болон Орос юм. Тэр дундаа Энэтхэг, Солонгос, Япон, Хятад, Монгол, Вьетнам, Камбожид амьдардаг. Харин эгэл бөднө бол Азийн унаган шувуу ажээ. Биеийнх нь урт 18-21 см, 90-130 грамм жинтэй. Наран бөднийг бодоход харьцангуй хар бараан өнгөтэй. Эм бөднө 30 хонож бие гүйцдэг бол, эр бөднө 40 хоногтоо бие нь томорно.

Бөднө шувуу чийглэг нуга, голын хөндийгөөр амьдарч өвсөн дунд үүрээ засдаг. Зундаа 8-17 удаа өндөг гаргах бөгөөд өндөг нь арван грамм жинтэй байна. Энэ бяцхан өндөгнөөс чихэр шиг жижигхэн дөрөвхөн грамм жинтэй ангаахай төрдөг аж. Ангаахайг нь лөтнө гэнэ. Хэдийгээр ийм жижигхэн турьхан биетэй боловч бөднө шувуу их өлчир чийрэг амьтан. Энэхүү шувуу нь хоорондоо харьцахдаа өвөрмөц үнэр гаргадаг байна. Биеийнх дундаж дулаан 45 хэм байдаг тул шувууны ханиад тусдаггүй ганц шувуу гэнэ. Энэ ч үүднээс бөднө шувууны өндгийг түүхийгээр нь идэхэд аюулгүй бөгөөд харин ч сайн хэмээн шувуу судлаачид хэлэлцдэг аж.

Бөднө байгаль дээр ийн амьдрах боловч мах, өндгийг нь хүнсэнд хэрэглэх зорилгоор эртнээс хүмүүс гэршүүлэн тэжээж эхэлжээ. Тухайлбал, XI зууны үед япончууд анх энэ шувууг гаршуулж, гэрийн тэжээмэл болгосон юм. Улмаар 1900 оны эхэн үеэс өндөгний чиглэлээр төрөлжүүлэн өсгөжээ. Анх тэжээж эхэлснээрээ япончууд бөднө шувууны өндөгний ач тусыг хамгийн түрүүнд мэдэж, хүнсэндээ хэрэглэх болжээ. Япон эрдэмтдийн судалж баталснаар энэ шувууны өндөг элэгний А, В, С вирус болон олон төрлийн хортой, хоргүй хавдрыг эдгээж, цөмийн хорыг саармагжуулдаг болох нь тогтоогджээ. Сонирхолтой баримт дурдахад, 1945 онд дэлхийн хоёрдугаар дайны үеэр Хирошимад хаясан цөмийн бөмбөгийн уршгаар ихэд хордсон япончууд эмчилгээндээ маш олон бүтээгдэхүүнийг туршиж байжээ. Энэ үеэр бөднө шувууны өндөг хорт цацрагийн нөлөөг сааруулж байгааг тогтоосон аж. Мөн япончууд бөднийн өндөг хэрэглэснээр биеийн дундаж өндөр нь хоёр сантиметрээр өссөн гэсэн судалгааны үзүүлэлт байдаг. Хүн төрөлхтөн устаад сансарт амьдрахаар болбол ямар амьтан авч явах вэ гэхэд япончууд бөднө хэмээн хариулдаг гэх хошин яриа ч бий.

Тэжээмэл бөднийг Монголд анх удаагаа оруулж ирсэн Д.Гансүхээс бөднө шувуу болоод түүний өндөгний ач тусын тухай тодруулсан юм. Тэрээр 2010 оны үед анх бөднө шувууг Оросоос оруулж ирж байжээ. Д.Батсүх бөднө шувууны ач тусын талаар “Ер нь бөднө их үр ашигтай шувуу. Нэг метр квадрат гаруйхан талбайд 200-300 ширхэг бөднө тэжээж болдог. Өдөртөө 25-30 грамм л хоол иддэг. Өндөг, мах нь бүх төрлийн өвчин эмгэгт тустай. Эдийн засгийн хувьд их ач холбогдолтой шувуу. Нэг бөднийг жилийн хугацаанд тэжээхэд 265 кг мах авах боломжтой гэсэн тооцоо байдаг. Гаргасан өндөг бүрийг нь дэгдээхэй болгож тэжээвэл ийм хэмжээний мах авна гэсэн үг л дээ. Бөднийн өндөг гэхэд элэгний А, В вирусыг устгах чадвартай, мөн ходоодны 12 нугалаа гэдсэнд маш чухал хэрэгтэй. Өндгийг нь тасалгааны температурт сар хадгалж болдог. Түүхийгээр хэрэглэхэд хамгийн аюулгүй ганц өндөг. Шувууны биеийнх нь температур 42 хэм тул шувууны ханиад тусахгүй. Гэдэсний халдварт сальмонеллёз өвчин тусахгүй, түүний эсрэг дархлаатай” гэж ярьж байна. Өсгөж үржүүлэх орчин нөхцөлийн хувьд ерөнхийдөө тахианыхтай ижил ажээ.

Бөднө шувууг гэрийн нөхцөлд үржүүлж байгаа үед инкубаторт 15-17 хоноод ангаахай нь гардаг. Ангаахай нь 10 хоногийн дараанаас өдлөх бөгөөд 20 хоноход эр эм нь мэдэгдэж, 30 хоноод бие нь гүйцнэ. Харин өндөглөснөөс хойш 50 хоноход бүрэн бие гүйцэж дахин өндөглөдөг байна. Эргэлт хурдантай шувуу тул амархан өсдөг аж.

Монгол Улсын зөвлөх инженер, хоол судлаач, профессор Ж.Октябрийн бичсэн “Монголчуудын хүнс хоол” номонд бөднө шувууны өндөгний талаар “Бөднө шувууны өндөг нь аминдэм, аминхүчил, бичил элементээр баялаг. Бактерын болон хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, ходоод гэдэс, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж хүний бие махбодоос радионуклид, хүнд металлыг гадагшлуулна. Мөн идэвхтэй хэлбэрээр агуулагдсан Д аминдэм нь хүүхдийн рахит өвчнөөс сэргийлнэ. Эрчүүд бөднийн өндгийг түүхийгээр нь тогтмол хэрэглэж заншвал биеийн тамир тэнхээ, чалх, бэлгийн чадавхид сайн” хэмээн бичжээ. Үе мөч, ясны өвчтэй, радикулит өвчтэй хүнд бөднийн өндгийг хальстай нь 2-3 сарын турш идүүлэхэд өвчин илааршдаг байна. Мөн атеросклероз буюу цусан судас хатуурсан (зүрх, тархины) болон артерийн даралт ихсэх, хоол боловсруулах замын өвчтэй, чихрийн шижин, диатезтай хүүхдийг бөднийн өндгөөр амжилттай эмчилж болно.

Бөднө шувууны өндгийг хүүхэд хоногтоо 2-6 ширхэг, насанд хүрэгчид 4-6 ширхгийг хэрэглэх нь зүйтэй аж.