Categories
мэдээ цаг-үе

Кёкүтэнхо Н.Цэвэгнямын ээж Я.Цэвэлмаа: Хүүгээ зодог тайлахыг мэдэж байсан ч их цочирдсон

Монгол Улсын гавьяат тамирчин Кёкүтэнхо Н.Цэвэгнямын ээж Я.Цэвэлмаатай ярилцсанаа хүргэе.

-Таныг өвөлдөө Япон руу явчихдаг гэж хүү тань хэлж байсан. Хэзээ явах гээд бэлтгээд байна даа?

-Ирэх сарын ихээр явна гээд л байж байна.

-Тэнд хэр уддаг вэ?

-“Ээж ирж хүүхэд хараарай” гээд дуудахаар нь явдаг. Өвлийн гурван сар хүүхэд харж байгаад хавар цас ханзраад ирэнгүүт л Монгол руугаа тэмүүлчихнэ шүү дээ.

-Та хэдэн хүүхэдтэй юм бэ. Цэвэгням л гээд байхаас биш бусад хүүхдүүдийг чинь тэр болгон хүн танихгүй байх?

-Гурван хүү, нэг охинтой.Дөрвөн хүүхэдтэй. Хамгийн том нь Цэвэгням. Удаах нь Цэрэнсамбуу гээд хүү бий. Түүний дараагийнх нь охин Хишигсүрэн. Бага нь хүү, Лувсандорж.

-Ямар мэргэжлийн хүмүүс вэ. Хүүхдүүд тань Японд ажиллаж, амьдардаг гэж сонссон юм байна?

-Цэвэгнямын удаах Цэрэнсамбуу Налайх дүүрэгтээ ажиллаж амьдарч байна. Хувиараа бизнес эрхэлдэг. Охин Японд даатгалын компанид ажиллаж байгаа. Бага хүү Лувсандорж мөн Японд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид ажиллаж байна.

-Дүү нар нь ахыгаа бараадаад явжээ?

-Тэгсэн. Хоёулаа л арван жилийнхээ хажуугаар япон хэлний сургалтад явж бага сага хэлтэй болсон. Ах нь сургуулиа төгсөнгүүт л хажуудаа татаад авчихсан.Бага хүү 1999 онд явсан. Охин арван жилийн сургуулиа төгсөөд Япон явсан. Тэндээ их сургуульд сурч төгссөн.

-Бага хүү тань сумод барилдаж байсан гэсэн?

-Бага хүү Лувсандорж 1999 онд ахынхаа араас сумоч болохоор Япон явсан юм. Нэг хэсэг барилдаж байгаад 2007 онд сумогоо орхиод барилгын салбарт орсон л доо.

-Яагаад үргэлжлүүлж барилдаагүй юм бэ?

-Яахав олигтой барилдаж, дээд цолонд хүрч чадахгүйгээ мэдээд зодог тайлчихгүй юу (инээв). Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг юм гэнэ лээ. Миний хүү ах шигээ мундаг сумоч болно гэж хүсч, мөрөөдөж л байсан юм байлгүй. Сумогоо орхиод буруудсангүй ээ. Одоо сайхан ажил төрөл хийгээд сайн л яваа.

-Та Цэвэгнямыг сумод хөл тавихаас нь өмнө гагнуурчин болгохоор сургуульд оруулсан байсан юм билээ. Яагаад гэнэт сургуулиа орхиод сумо барилдахаар хүний нутгийг зорих болов оо. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Хүүгээ наймдугаар анги төгсөхөд нь би хөтөлж яваад Налайхын ТМС-д гагнуурын ангид оруулчихсан. Хүн хоолоо олж идэх мэргэжилтэй байх нь чухал шүү дээ. Миний хүү ч сурч буй мэргэжилдээ их дуртай байсан. Тэгсэн нөхөр маань нэг өдөр телевизийн нэвтрүүлэг үзэж суугаад Монгол бөхийн өргөөнд сумод барилдах хүүхдүүдийг бүртгэж байгаа талаар зар сонссон байсан. Надад энэ тухайгаа хэлээд маргааш нь хүүгээ дагуулаад хот яваад өгдөг юм байна. Удсан ч үгүй тэнцчихсэн гээд ороод ирсэн. Нөхөр бид хоёр ажил төрөлтэй болохоор тэр болгон хүүгээ дагуулаад шалгалт шүүлгийг нь өгүүлээд явах боломжгүй байсан. Тэгсэн манай танил Долгор гээд бүсгүй бидний өмнөөс хүүг маань дагуулж бүх л шалгалтад явсан. Хамаг юмыг нь л Долгор бүтээсэн дээ. Одоо хэр Долгортоо баярлаж явдаг юм.

-Та хоёр хүүгээ хожим ийм сайхан амжилтад хүрэх сумоч болно гэдэгт их л итгэл муутай байж дээ, янз нь…

-(инээв). Залуу байж дээ.Би цэцэрлэгийн багш. Манай нөхөр санхүүгийн мэргэжилтэй. Хоёулаа спортоос хол байхгүй юу. Хүүгийн маань хувь заяа орвонгоороо өөрчлөгдөх гэж байхад нөхөр бид хоёр ажил гээд л ухаан, сөхөөгүй гүйгээд байдаг.

-За тэгээд хүү тань хүний нутаг руу явах нь тодорхой болчихлоо. Тухайн үед юу бодогдож байв?

-Анхандаа хүний нутагт очиж харийн спортоор хичээллэнэ гэхээр сэтгэлд жаахан буухгүй л байсан. Тэглээ гээд бүх шалгалтдаа тэнцээд гараад ирсэн хүүхдийг ямар явуулахгүй гэлтэй биш. Хүүгээ “Аавын бийд хүнтэй танилц, Агтны бийд газар үз” гэж бодоод л явуулчихсан. Цэвэгням маань1992 оны хоёрдугаар сард анх Япон улсыг зорьж байлаа. Гадаад явах гэж байгаа гээд манайхан бүгд л хөөрөөд автобус дүүрэн хүн онгоцны буудал дээр очиж байлаа шүү дээ. Уйлалдаад л. Гаргаж өгчихөөд гэртээ ирэхэд эл хуль оргиод эвгүй л байж билээ.

-Тухайн үед хүүтэйгээ захиагаар л харилцдаг байсан биз дээ?

-Хуудас хуудсаар нь захиа бичилцэнэ. Жаргал зовлон, санагалзсан сэтгэлээ захиагаар л дамжуулна. Одоогийнх шиг ямар интернэт, гар утас гээч нь элбэг байсан биш. Холбоон дээр очиж дугаарлаж байгаад л утсаар ярьдаг байлаа. Ард баахан хүмүүс дугаарлачихна. Хамаагүй чанга ч ярьж болохгүй. Хүнээс санаа зовоод шивнэж ярина. Одоо бол яаж л бол яаж холбоо барих юм байна ш дээ. Юм хөгжинө гэдэг чинь их сайхан юм.

-Тэгсэн хэдхэн сарын дараа оргоод ирдэг…

-Наймдугаар сарын дундуур оргож ирсэн.

-Оргож ирэх тухайгаа танд хэлж байсан уу?

-Хэлж байсан. “Хүнд хэцүү бэлтгэл хийгээд их шантарч байна. Гэрээ маш их санаж байна. Эндээс оргоод очно оо ээж ээ” гэсэн захиа явуулсан.Тэгэхэд нь нөхөр бид хоёр хүний нутагт хэцүү байгаа хүүгээ ямар ирж болохгүй гэлтэй биш хүрээд ир, миний хүү л гэлээ. Тэгсэн наймдугаар сард Япон руу хамт явсан, хамт бэлтгэл хийж байсан таван хүүхэдтэй цуг оргоод ирдэг байгаа. Эхлээд дэвжээнээсээ оргож Японд суугаа Монгол Улсын элчин сайдын яаман дээр очсон юм билээ. Яамнаас нааш нь нутаг буцаасан гэсэн. Энхбатаас бусад нь оргосон гэж байсан.

-Оргож ирсэн хэрнээ эргээд Япон явсан. Тухайн үед та дургүйцэж байсан уу?

-Есдүгээр сард дэвжээний багш нь ирж бүх эцэг, эхчүүдтэй нь уулзаж ярилцсан. Хэсэгхэн хүнд үеийг л давчихвал ирээдүйтэй бөх гэж багш нь хэлсэн. Ингээд миний хүү, Батбаяр хоёр буцаж явсан. Өөрийн нүдээр хараагүй болохоор хүүгээ хичнээн зовж байсныг мэдэхгүй шүү дээ. Тэр үеийг бодвол ч одоо сэтгэл амар, хүүгээрээ бахархаад сууж байна. Амьдрал гэдэг сайхан юм шүү. Хүний хувь заяа гэж их сонин юм.

-Япончууд хүүг тань сумогийн домог гэж нэрлэдэг. Сумогийн домог маань багадаа хэр дүрсгүй хүүхэд байв?

-Нэг их айхтар сахилгагүй хүүхэд байгаагүй. Хааяа л хичээл тасалж надад зэмлүүлдэг байлаа. Аав нь ямар хүүдээ юм хэлэх биш. Би л хаа нэг загнана. Бусдаар ч гайгүй байсан. Гэм хоргүй цагаахан зантай тийм л хүүхэд байлаа. Ер нь манайхан чинь их зөөлөн, уяхан хүмүүс ш дээ. Их бэлэн нулимстай хүмүүс.

-Хүүгээ энэ олон жилийн дараа дээд зиндаанд түрүүлэхэд хүүгээрээ үнэхээр бахархаж байсан биз. Цэвэгням гэлтгүй танай гэр бүлийнхний гол мөрөөдөл байв уу?

-Тэгэлгүй яахав. Миний хүү 17 настайгаасаа л сумо бөхөд зодоглосон хүн. Ид залуу халуун нас нь сумогийн дэвжээнд үлдсэн. Тиймдээ ч барилдаж эхэлсэн мөчөөсөө л нэг ч гэсэн түрүүлчих юмсан гэсэн бодол өөрт нь байсан нь ойлгомжтой. Насан туршдаа хүсч мөрөөдсөн амжилтаа гаргана гэдэг спортын хүний хувьд ямар сайхан зүйл болохыг үгээр хэлэхийн аргагүй болов уу. Хүү маань “Ээж ээ. Хүү нь чадлаа. Төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлалаа” гэж хоолой нь зангирч ирээд л хэлсэн. Бид нар ч их хөөрсөн. Уйлах дуртай юм болохоор уйлж л байлаа. Яахав баярын нулимс юм даа.

-Хэрвээ аав нь байсан бол нулимсаа барьж чадахгүй л байсан байх даа…

-Мэдээж хөгшин минь байсан бол яаж догдолж, хөөрч гүйхийг би мэдэж байна. Аав нь байсан бол энэ олон жил барилдсан хүүгийнхээ үр дүнг нь хараад хүүгээрээ ямар их бахархах байсан гээч. Амьд сэрүүн байхдаа хүүдээ “Нөөц бололцоогоо сайн ашигла, дээд цолонд хүртэл бэлтгэл сургуулилт хий. Гэхдээ бэртэл гэмтлээс болгоомжилж сайн барилдаарай” гэж захидаг байсан. (хоолой нь зангирч, нулимс нь цийлгэнэж хэсэг чимээгүй суув)

-Сая зодог тайлах тухайгаа гэрийнхэнтэйгээ зөвлөсөн байсан уу?

-Яахав цухуйлгаж байсан. “Би дахиж барилдаж чадахгүй, дахиж амжилт гаргана гэдэг хүнд болсон ээж ээ. Би зодог тайлна” гэж утсаар ярьсан. Гэхдээ тийм хурдан зодог тайлчихна гэж бодоогүй. Долдугаар сарын башё дуусаад зодог тайллаа гэхэд нь үнэхээр цочирдсон. Эвгүй л юм билээ. Аливаа нэг юм хэмжээ, хязгаартай шүү дээ. Хангалттай сайхан амжилт гаргасан, хүү минь. Олон ч рекорд эвдлээ.Үүнээс илүү амжилт гэж юу байхав.

-Таны хүүхдүүд ихэнх нь Японд амьдардаг юм байна. Ихэвчлэн аль хүүхдийндээ байдаг вэ?

-Бага хүү, охин хоёр хоёулаа гэр бүлтэй болсон. Бага хүү нэг хүүхэдтэй. Охин хоёр хүүхэдтэй. Гэхдээ ихэнхдээ Цэвэгнямындаа л байдаг. Хүүхэд харна. Барилдаантай сард туслах бөхчүүд нь дагаад л гэрт нь орж гараад л явж байдаг. Цэвэгнямын ээж ийм хүн байдаг гээд бүр андахгүй болчихсон болохоор мэндлээд л явна. Мэндлэхээс цаашгүй юм даа. Ямар ойлголцох биш.

-Хүүгээ харь орны бүсгүйтэй гэр бүл болоход эх хүний хувьд битүүхэн эмзэглэж байв уу?

-Нэг их тийм зүйл бодогдоогүй. Үндэс угсаа л өөр болохоос биш адилхан л хүн. Тэгээд ч барилдааны бэлтгэл гээд гадуур ямар тэр болгон яваад хүн амьтантай танилцаад байх биш. Өөр сонголт байгаагүй байлгүй. Угаасаа нутаг орноосоо хол, хүний нутагт суугаа хүнд цай хоол сайтай, хайр халамжтай хүн л чухал шүү дээ. Ер нь хүүгээ гадаад хүнтэй суучлаа гэж нэг их хүндээр тусгаж аваагүй.

-Ээжүүд манай бэр цай хоол сайтай, ажилсаг гэж ирээд л магтдаг. Танай бэр ямар байна. Ёс заншил өөр хүнийг бас шүүх хэцүү болов уу?

-Манай бэр их ажилсаг. Үр хүүхэд, хань ижилдээ их халамжтай. Гэр орны арын ажлыг нь яв цав авч явдаг. Ер нь япон бүсгүйчүүд их ажилсаг шүү.

-Бэр тань монгол хэлээр хэр ярьж байна. Хэр ойлголцож байна?

-Ганц нэг монгол үгээр ярина. Ямар ч байсан орчуулагч хэрэглэхгүй ойлголцоод л байдаг. Би мэддэг хэдэн япон үгээ хэлнэ, бэр маань өөрийнхөө мэддэг хэдэн монгол үгээ хэрэглэнэ. Ингээд л ойлголцоод хэл авалцчихдаг ш дээ (инээв).

-Цэвэгнямын хүүхдүүд монголоор ярьдаг уу?

-Ярихгүй ээ. Энэ жил зодог тайлсан гээд гэр бүлээрээ ирсэн. Өмнө нь аавыгаа өөд болсны дараахан нэг гэр бүлээрээ ирээд явсан. Том охин нь гарчихсан байсан. Тэрнээс гэр бүлээрээ ирэх нь ховор. Хүү бол жил болгон л ирнэ. Гэхдээ энэ зун гэр бүлээрээ ирээд явсан. Хүүхдүүд нь хэдэн монгол үгтэй болоод буцаж байна лээ. Уг нь хүүхэд амархан хэл сурах юм билээ.

-Худуудтайгаа хэр дотно байдаг вэ?

-Манай худууд Токиогоос зайтай амьдардаг. Хааяа ажлаар Токиод ирэхдээ хүүгийнд ирнэ. Тэр үед нь хүүгээ хажуудаа суулгаж байж л худуудтайгаа хэл авалцана шүү дээ. Бүр Цэвэгням ажилтай ирж амжихгүй бол бэрээрээ дамжуулж ойлголцоно. Гэхдээ л нутаг ус нэг биш болохоор монгол хүмүүс шиг учиргүй сэтгэл санаагаа уудлаад байх яриа өрнөхгүй л дээ.

-Цэвэгням ээжийнхээ гарын хоолыг их санадаг байх даа. Таныг очихоор хамгийн түрүүнд ямар хоол хийлгэж байна?

-Цуйван хийлгэж иднэ. Ээжийнхээ гарын хоолыг их санаснаа гайхна. Дараа өдрөөс нь бууз, хуушуур гээд л хийлгэнэ шүү дээ.

-Японд хэр идээшиж байна?

-Хүүхдүүд дээрээ очдог болохоор нэг их харийн нутаг шиг санагдаад байхгүй. Японы хоол сайхан ш дээ. Гэхдээ л төрж өссөн газар, нутаг усаа их санана. Хавар болов уу үгүй Монгол руугаа тэмүүлнэ шүү дээ, энэ сэтгэл минь. Миний хүү 23 жил сумогоор барилдлаа. Цаг хугацаа гэдэг чинь харвасан сум шиг л өнгөрдөг юм байна. Японы ард түмэн ч гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүс. Үндэсний спортод нь гадны орны бөхчүүд илүүрхлээ, эзэгнэлээ гээд ямар нэгэн байдлаар гадуурхахгүй. Харин ч хайр, хүндлэлээ харамгүй зориулдаг улс юм. Миний хүүг дэмжиж, хүндэлж явдаг болохоор япончуудад баярлаж явдгаа хаана ч хэлж явах юм даа. Одоо ч гэсэн танай сониноор дамжуулж чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Categories
мэдээ цаг-үе

Н.Халиун: Би Монголд болоогүй тоглолтыг хийх ёстой

Хөгжмийн зохиолч, найруулагч Н.Халиунтай ярилцлаа. Түүнийг “Соёл-Эрдэнэ” хамтлагийг үүсгэн байгуулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Наранбаатарын хүү гэдгийг хүмүүс андахгүй. Монголын томоохон хамтлаг дуучидтай 20 гаруй жилийн турш хамтран ажилласан гэх боловч тэрбээр одоо л анхны уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх гэж буй. Түүний “Халиуны ертөнц” тоглолт энэ сарын 13,14-нд “UB palace”-ын концертын их танхимд болно.

-Анхны тоглолтоо хийх гэж байгаа сэтгэгдлээсээ хуваалцаач. Томоохон хамтлаг дуучдын тоглолтын ар талд ажиллаж байсан таны хувьд догдлол хэр их байна?

-Сэтгэгдэл маш их өндөр байна. Догдлох зүйл байлгүй яахав. Бусад дуучдын олон тоглолтын ард гарчихсан учраас ерөнхийдөө бэлтгэл ажил сайн байгаа. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явна. Дээхнэ үед бүх юмыг өөрөө хийдэг байсан, одоо бүхэл бүтэн баг ажиллаж байгаа учраас зохион байгуулалт сайн байна.

-Та уран бүтээлээ туурвиад 20 гаруй жил болжээ. Яагаад өдий болтол нэг ч тоглолт хийгээгүй юм бэ?

-Хүн урьдаар чанартай хийсэн бүтээсэн юмтай байх ёстой. Бүтээлээ сайн хийгээд тодорхой цаг хугацааг туулан хүнд хүргэсний дараа уран бүтээлийн тоглолтоо хийнэ гэж бодсон. Ямар ч байсан 20 жилийн хугацаанд олон дуучинтай ажиллаж, олон тоглолт бүтээлцлээ. Бас миний тоглолтод хамаарагдана л даа. Дуучин Т.Ариунаатай нэлээд хэдэн тоглолт хийлээ. Үүний ард би өөрийн гэсэн хөгжмийн хэлээрээ ард түмэнтэйгээ уулздаг. Яг уран бүтээлч, хөгжмийн зохиолчийн хувьд өдийд тоглох цаг үе нь ирсэн гэж боддог. Найзууд маань ч “Чи тоглох болчихсон хүн. Тоглолтоо заавал хий” гэж хэлдэг. Би өөрийгөө тоглолт хийх хэмжээнд арай дутуу байна гэж боддог.

-Таны тоглолтын урилгыг дуучид баяртай хүлээж авсан байх. Үзэгчдэд ч гэсэн хүлээлт байгаа болов уу?

-Маш сайхан тоглолт болох ёстой. Тэгэхээс өөр арга байхгүй. Бид мэргэжлийн улсууд. Надад өөртөө тавьдаг шаардлага байдаг. Маш өндөр хэмжээний тоглолт болох ёстой. Монголд хийж байгаагүй тоглолтыг хийх ёстой гэдэг бол миний зорилго. Гадны дуучид, одуудын хэмжээний тоглолтыг яагаад хийж болдоггүй юм. Одууд нь байна. Мундаг хөгжимчид нь байна. Хүлээн авах үзэгчид нь байна.

-Тоглолтод ямар гэнэтийн бэлэг хүлээж байна. Хуучны дуучдаас оролцох юм шиг байна?

-Ямар ч байсан ихэнх хамтлаг оролцоно. Миний уран бүтээл дээр хамтарч ажилласан бүх хамтлаг дуучид, найзуудыгаа урьсан. Тоглолтын сурприз тоглолтон дээрээ л байдаг. Дуучин Мягмарсүрэн, Байзада, Минжинсор гээд ойрд тайзан дээр гараагүй олон уран бүтээлч оролцоно.

-Олон улсын хэмжээнд хүрсэн тоглолт хийхийн тулд тайзны засалт гэрэлтүүлэг хамгийн чухал. Энэ тал дээр урьд урьдын хамтлаг, дуучдын тоглолтоос илүү байх уу?

-Бид байгаа савандаа захирагдана. Монголд одоогийн байдлаар “UB palace”-ын концертын танхим хамгийн их багтаамжтай, хамгийн туршлагатай хамт олонтой байгууллага. Тайзны асуудлыг “Оn’n off” продакшны Ононбат бүгдийг хариуцаж байгаа. Цэвэр өөрийнхөө үзэл бодол, фантаз, бүх уран сэтгэмжээ шингээн ажиллаж байгаа.

-Халиуны ертөнц ямар вэ?

-Миний уран бүтээлээр дамжуулж миний ертөнцийг мэдэрч болно. Үгээр хэлбэл их юм байгаа л даа. Тайзан дээрээс хөгжмөөр дамжуулж хүн болгон миний ертөнцийг мэдрээсэй гэж хүсч байна.

-Таныг Монголын хамгийн анхны аранжировк гэх юм?

-Анхны аранжировк гэж арай хэлж болохгүй юм. Миний аавын үеийн “Соёл-Эрдэнэ”, “Өргөө”, “Айзам” гээд бүх хамтлаг өөрийн гэсэн арнжировшк, найруулгатай байсан. Халиун гэдэг арнжировк яагаад гарч ирсэн гэхээр хөгжимд хандах хандлага өөр болчихсон юм.Өөрөөр хэлбэл хөгжмийг бүтээдэг хүмүүсийн үүрэг роль тодорхой болоод ирсэн учраас аранжировк гэдэг мэргэжил товойгоод гараад ирчихсэн. Яг тэр үед нь би үйл ажиллагаа, уран бүтээлээрээ нэлээд хувь нэмэр болчихсон. Тэгээд л аранжировшик Халиун гэдэг нэр сансрын нисгэгч Гүррагчаа гэдэгтэй адил гараад ирчихсэн байхгүй юу.

-Аавыг тань “Соёл- Эрдэнэ” хамтлагийн ахлагч Б.Наранбаатар гэдгийг хүн бүр мэднэ. Өдий дайны явахад аавын тус дэм, нөлөө их байсан биз?

-Байлгүй яахав. Миний үзэл бодол, чиг баримтлал бол аав шигээ агуу их зүйлийг бүтээх. Аав маань 70-аад оны эхээр Монголын рок попын үндэс суурь болсон “Соёл-Эрдэнэ” хамтлагийг байгуулсан. Аливаа юмыг шинээр бий болгох гэдэг үнэхээр ач холбогдолтой. Тухайн үед нийгмийн тогтолцоо ямар байсан билээ. Рок поп хөгжим ямар дарамтад байлаа. Тэр бүх зүйлийг сөрөөд тийм хамтлаг байгуулна гэдэг асар том түүхэн гавьяа. Тэр гавьяаг үүрэлцээд, үр удамдаа дамжуулаад дараагийн түвшинд аваачих нь нэр төрийн хэрэг.

-Урлагийн гэр бүлд өссөн хүмүүс бага наснаасаа л бүтээл хийж эхэлсэн байдаг. Танд ч бас багын дурсамж дүүрэн уран бүтээлүүд байдаг биз?

-Хүүхэд байхдаа гитар бариад л сэтгэлийн хөөрлөөр үерхэл нөхөрлөлийн тухай ч юм уу янз бүрийн дуунууд хийнэ л дээ. Тэр маань зөвхөн найзуудын хүрээнд дуулагдаад алга болдог байсан. Пионерын зуслан дээр бас янз бүрийн дуу зохиогоод явдаг хүүхэд байлаа. Тэр бүхнийг санахад хэцүү л дээ. Мартагддаггүй, хүмүүсийн хүртээл болсон анхны дуу гэвэл “Танилцъя охин” дуу. Дуучин Байзада ард түмэнд хүргэсэн. Сэдэв нь одоо бодоход ичмээр л дээ. Гэхдээ хүүхэд залуучуудын дунд үнэхээр хит болж чадсан дуу.

-Та уран бүтээлийн сандаа хичнээн дуутай вэ?

-Дууны тухайд 100 гаруй уран бүтээл бий. Кино, жүжгийн долоон хөгжмийн зохиол байдаг юм. Дуунуудын маань нэлээд хувь нь хит болсон байдаг. Ер нь хүний сэтгэлд хүрсэн сайхан уран бүтээл хийхийг зорьдог.

-Таны сэтгэлд хамгийн дурсамж үлдээж бүтсэн дуу тань юу вэ?

-Миний бүх дуу учир шалтгаантай. Орчноосоо ямарваа нэг сэдэл олж зохиосон байдаг. Бас яруу найрагчидтайгаа маш ойр дотно ажилладаг. Тухайн шүлэгний агуулга гээд бүх зүйлд нь нэвтэрч бүтээхийг хичээдэг. Ялангуяа намрын улиралд зохиосон дуунууд үнэхээр сайхан байдаг.

-Уран бүтээлчидтэй олон жил харьцахаар тэднийхээ зан авирыг андахгүй болчихдог байх?

-Дуучин болгонтойгоо тааруулж харилцана. Манай дуучид их гоё, сэтгэлийн хөдөлгөөнтэй. Үнэн юмыг нүүрэн дээр нь хэлчихдэг. Шүүмжлэл магтаалын алийг нь ч хайрлалгүй хэлдэг. Уран бүтээлчдэд үнэхээр их хайртай. Бүгдээрээ л миний бүтээлийг амилуулж өгсөн.Уран бүтээлчид миний хувьд алт шиг эрдэнэ.

-Таныг их өндөр шаардлагатай хүн гэж байна. Та хэр хатуу хүн бэ. Ааштай юу?

-Шаардлага өндөртэй. Аашлах үедээ аашилж, уурлах юман дээрээ уурлалгүй яахав.Бид нар мөнхийн бүтээл хийхээр ажиллаж байгаа учраас тодорхой хэмжээний зан характерын илрэлүүд байх ёстой. Гэхдээ театрын найруулагчдыг бодоход зөөлөн хүн шүү, би.

-Дуу бичиж, найруулахаас гадна далд авьяас байдаг уу?

-Хүмүүс намайг хошин шогийн мэдрэмжтэй гэдэг. Болж өгвөл найзуудыгаа инээлгэх, өөрөө найзуудаасаа хошин шогийн өнгө аясыг мэдэрч баясах дуртай. Ер нь найзууд маань надтай байх их дуртай л даа. Дандаа инээдэг, их гэгээлэг гэж урам хайрладаг. Энэ зан маань бас нэг талын сэтгэлээс гарч байгаа авьяас юм даа.

-“Хайр хөглөх дуу” шинэ уран бүтээл тань хэдийнэ сонсогчдод хүрээд эхэлжээ. Тоглолтдоо зориулж өөр уран бүтээл хийв үү?

-Тоглолтдоо зориулж дуу бүтээгээгүй. Гэхдээ сүүлийн үеийн шинэ уран бүтээлүүдээсээ хүргэнэ. “Хайр хөглөх дуу” их өвөрмөц ш дээ. Монголын сор болсон дөрвөн хүн дуулсан. Дөрвөн өөр ертөнц. Энэ дөрвөн хүн байгаагаараа л бодь хүмүүс.

-Залуу уран бүтээлчидтэй хэр хамтран ажиллаж байна?

-Ажиллаж байна аа. Гэхдээ одоогоор төслийн хэмжээнд явж байгаа учраас зарлаж болохгүй. Би аль болох залуу уран бүтээлчдийг тэсрэлттэй гаргаж ирэхийг хичээж байна. Түүнээс биш тэр гарч ирнэ гээд дуншаад байхаар сонин биш болчихдог.

-Хүүхдийн уран бүтээлийг дэмжиж ажиллаж байгаа харагддаг. Монголд хүүхдийн уран бүтээлийг дэмжиж ажиллах студи, найруулагч хэр их байна вэ?

-Хүүхдийг би үргэлж дэмждэг. Хүүхэд өөрөө их ариухан, урлаг туурвих маш том эрч хүч болдог. Тийм ч учраас хүүхдийн нэвтрүүлэг, хүүхэд оролцсон урлагийн үйл ажиллагаанд хамтран ажиллах дуртай. Хүүхдийн зохиолууд, хүүхдийн жүжгийн хөгжим. Одоо ч төлөвлөсөн ажил байна. Өдөр болгон шахуу над дээр хүүхдүүд, залуу уран бүтээлчид ирж, зөвлөгөө авдаг. Хойч үеэ бэлдэхэд зөвхөн Халиун гэлтгүй мэргэжлийн уран бүтээлчид салбар салбартаа хичээл зүтгэлтэй ажилладаг гэж хэлж болно.

Categories
мэдээ цаг-үе

Син Хаймин: Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулахаар шийдсэн

Энэ сарын 9-11-ний өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д төрийн айлчлал хийх гэж байгаа. Уг айлчлалын ач холбогдлын талаар болон бусад цаг үеийн сэдвээр БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин мэдээлэл өгөхөөр хэвлэл мэдээллийнхэнтэй уулзсан юм. Түүний сэтгүүлчдийн тавьсан асуултад хэрхэн хариулсныг хүргэе.

Монгол Улсын Ерөнхийлөгч тун удахгүй БНХАУ-д айлчлах гэж байна. Уг айлчлал ямархуу хөтөлбөртэй байх вэ. Хоёр улсын харилцаанд ямар ач холбогдолтой байх бол?

-БНХАУ-ын дарга Си Жиньпинийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 9-11-ний өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийх гэж байна. Уг айлчлал өнгөрсөн онд БНХАУ-ын дарга Си ЖиньпинМонгол Улсад айлчилсны дараа хоёр улсын харилцаанд болох өөр нэг томоохон дипломат үйл явдал болж байгаа юм. Тэгэхээр Хятадын тал өндөр ач холбогдол өгч, дээд түвшинд хүлээж авна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Си Жиньпин дарга угтаж аван албан ёсны хэлэлцээ хийж, хүндэтгэлийн зоог барих болно. Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кечян, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дежан нар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах юм. Мөн айлчлалын үеэр БНХАУ-ын эртний нийслэл болон торгоны замын эхлэл болж байсан Ши Ань хотод айлчлахаар төлөвлөсөн байгаа.

Одоогоор Хятад, Монгол хоёр улс үндэстний хөгжил, бүтээн байгуулалтын зангилаа үед байгаа бөгөөд хоёр талын хүрээнд нэгдсэн стратегийн ашиг сонирхол тасралтгүй нэмэгдэж байгаа. Хятад, Монголын харилцааг ард түмэн дэмжиж байгаа болохоор энэхүү харилцааг улам хөгжүүлэхэд шинэ боломж гарч ирж байгаа юм. Энэ айлчлалын үеэр хоёр улсын удирдагч Хятад, Монголын харилцаа болон бүхий л салбарын хамтын ажиллагаа хөгжүүлэх, өнгөрсөн онд Си Жиньпин даргын айлчлалын үр дүнг бүрэн бүтнээр ажил хэрэг болгохоор санал бодлоо солилцож, зарчмын чиглэлийг тодорхойлно. Мөн хоёр тал улс төр, эдийн засаг, соёл болон бусад олон талт хамтын ажиллагааны талаар шинэ тохиролцоонд хүрч, нэлээд олон чухал бичиг баримт дээр гарын үсэг зурж Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргах болно гэж найдаж байна.

Цаашид Хятад, Монголын харилцаа ямар хэлбэрээр өргөжих боломжтой вэ. Хятад улсаас манай улстай харилцахад ямар бодлого баримталж байгаа вэ?

-1990-ээд оноос хойш манай хоёр улсын өндөр түвшний харилцан айлчлал тогтмолжиж, улс төрийн харилцан итгэлцлийг тасралтгүй бэхжүүлж байна. Өнгөрсөн онд хоёр улсын төрийн тэргүүн нар таван удаа уулзалт хийсэн.

Харин энэ жилийн дөрөв дэх уулзалтаа удахгүй хийх гэж байна. Ер нь хоёр улсын төрийн тэргүүн ойр, ойрхон уулзах нь Хятад, Монголын хоорондын харилцааны чиглэлийг тодорхойлж байдаг. Манай хоёр улсын бодит хамтын ажиллагаа нь тогтвортой хөгжиж ирсэн. Худалдааны хэмжээ л гэхэд 1990-ээд оны эхэн үеэс өнөөдрийг хүртэл 100 дахин нэмэгдсэн тооцоо бий. Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд зорчсон иргэдийн тоо давхардсан тоогоор 1.3 сая хүрсэн.

Өнгөрсөн жил Си Жиньпин дарга Монгол Улсад түүхэн айлчлал хийснээр хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулж хоёр улсын харилцааг түүхэн дэх хамгийн сайн цаг үед гаргасан юм. Мөн “БНХАУ цаг ямагт Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон Монгол Улсын ард түмний өөрөө сонгосон хөгжлийн замыг хүндэтгэдэг” гэж хэлсэн шүү дээ.

Таван толгойн нүүрсний ордын төсөл дээр Хятадууд хамтрах хүсэлтээ удаа дараа гаргасан. Одоогийн нөхцөл байдалд Хятадын тал ямар байр суурьтай байгаа вэ?

-Сайн төсөл байвал найдвартай хөрөнгө оруулалт алга гэдэгт санаа зовох хэрэггүй. Төслөө эхлүүлснээр Монгол Улсын дэд бүтэц, ажил эрхлэлт, ашигт малтмалын бүтээгдэхүүнийг боловсруулах асуудлыг яваандаа шийдвэрлэх болно. Хятад, Монгол хоёр тал Таван толгой төслийн асуудлаар олон жил хэлэлцсэн байна. БНХАУ-ын дарга Си Жиньпин өнгөрсөн онд Монгол Улсад айлчлах үеэр тусгай дэмжлэг үзүүлэн транзит тээвэрлэлт, далайн боомт зэрэг асуудлуудыг шийдвэрлэнэ гэдгээ илэрхийлсэн. Миний бодлоор Таван толгой төсөл хоёр улсын хамтын ажиллагааны үлгэр жишээ болох бүрэн боломжтой, бас үлгэр жишээ болох ёстой. Одоогоор хоёр тал тус төслийг ахиулахаар нягт хамтран ажиллаж байна. Энэ завшааныг ашиглан би санхүүгийн хамтын ажиллагаа, ялангуяа Хятад банк (bank of China) Монголд салбараа нээх талаар дуулгая. Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд Хятад банк Улаанбаатарт салбар нээх асуудлаар ойрын хугацаанд эерэг ахиц гарах болно гэж найдаж байна.

Саяхан Хятад, Монголын анхдугаар экспо боллоо. Уг экспогоос ямар үр дүн гарсан бол?

-Хятад, Монголын анхдугаар экспог Хөх хотод зохион байгуулсан. Энэ үеэр холбогдох талууд 166 хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд 14.8 тэрбум юанийн хөрөнгө оруулалтын тохиролцоо хийсэн. Цаашид хоёр жил тутамд Хөх хотод зохион байгуулах болно гэдгийг хоёр тал хүлээн зөвшөөрсөн.

Та БНХАУ болон Монгол Улсын хооронд олон улс, бүс нутаг дахь хамтын ажиллагааны тал дээр ямар бодолтой байгаа вэ?

-Манай хоёр улс олон улс ба бүс нутгийн олон асуудлаар ижил байр суурьтай байдаг. Монголын талыг олон улс ба бүс нутгийн үйл хэрэгт идэвхтэй оролцохыг Хятадын талдэмжиж ирсэн. Монгол Улсыг олон улс болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд идэвхтэй хувь нэмэр оруулахыг бас дэмжиж байгаа. Монгол Улсыг АПЕК-д элсэхийг манай улс тууштай дэмжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн Зүүн хойд Азийн аюулгүйн байдлын талаарх Улаанбаатарын яриа хэлэлцээр санаачилгыг мөн дэмжинэ.

Мөн Хятад, Монгол, Орос гурван улсын хамтын ажиллагааны тухай онцолмоор байна. Манай гурван улс бол бүс нутгийнхаа чухал улс орон мөн бөгөөд гурван улсын харилцааг хөгжүүлэх нь бүс нутгийнхаа, тэр тусмаа дэлхий нийтийн энх тайван болон хөгжил цэцэглэлтэд өндөр ач холбогдолтой байдаг юм. Сүүлийн жилүүдэд гурван улсын дээд хэмжээний уулзалтын механизм нэгэнт бий болсон. Энэ оны долдугаар сард Оросын Уфа хотод болсон гурван улсын дээд хэмжээний уулзалтын үеэр төрийн тэргүүнүүд харилцаа ба хамтын ажиллагааны талаар олон чухал тохиролцоонд хүрсэн юм. Гурван тал Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөрийг боловсруулахыг шийдсэн бөгөөд гурван улсын хамтын ажиллагааны замын зураг зэрэг чухал баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Г.АРИУНБААТАР: Ханхүү Чарльзийн сэтгэл үнэхээр хөдөлсөн байсан

Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатартай ярилцлаа. Тэрээр Их Британийн хатан хааны ордонд урилгаар дуулаад эх орондоо иржээ.

Их Британийн хатан хаа­ны ордонд дуулаад ирлээ. Хатан хааны ордонд таныг онцолж урьсан шалтгаан нь юу байсан юм бол?

-Дэлхийгээр аялж байгаа аялан тоглолтын маань нэг хэсэг нь Англи оронд дуулах байсан. Тэнд Английн хоёр том концертын танхимд тоглолт маань боллоо. Эхний тоглолтоо алдартай “Carnegie hall” танхимд хийсний дараа өдөр хатан хааны ордноос урилга ирсэн. Яагаад онцолж урих болсныг тэр хүмүүс л мэдэх байх. Дэлхийн алдартай мастерууд, удирдаач, Марийнский театрын оркестр маэстро Валерий Гергиев, нэрт морин хийлч Хакназаряан бид гурав хатан хааны ордонд дөрвөн номер үзүүлсэн. Ордон руу нэвтрэхэд хил гарахаас ч хэцүү юм билээ. Маш чанга харуул, хамгаалалтыг нэвтэрч орсон. Тэнд би нэг ари дуулсан. Орой нь зоогонд орж, халуун дотно яриа өрнүүлсэн их сайхан үйл явдал болсон. Ийм сайхан завшаан тохиосонд их баяртай байгаа.

Английн хатан хааны ордонд тэр бүр хүмүүс ороод байхгүй. Ордны талаарх сэтгэгд­лээсээ хуваалцаач?

-Гурав дөрвөн ордонтой юм шиг байна лээ. Тэнд яг кинон дээр гарч байгаа юм шиг, үлгэрийн ч юм шиг санагдаж байсан. Бидний орсон ордон яг л кинон дээр гардаг хатан хаан, үнсгэлжингийн ордон шиг өндөр таазтай, маш тансаг алтан шармал сийлбэрүүдтэй өргөө байсан. Бүх зүйл нь төгс санагдсан. Тийм байхаас ч аргагүй байх. Хатан хаан чинь албан ёсоор 52 улсын төрийн тэргүүн гэж явдаг юм билээ. Тэнд арваад орны Ерөнхийлөгч, Английн зуугаад ихэс дээдэс ирсэн байсан. Монгол Улсын урлагийн салбараа төлөөлөөд тэр том хүнтэй, түүний гэр бүлтэй уулзсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.

Хатан хааны гэр бүл­тэй оройн зоог барьсан гэсэн?

-Оройн хоолны өмнө бүх хүн босч хатан хаандаа хүндэтгэл үзүүлдэг юм билээ. Хатан хаан суунгуут бүгд суугаад л, зоогоо барингаа хоорондоо ярилцдаг. Хоолоо идэж дуусаад хатан хаан түүний гэр бүл босоод л явчихдаг.

Хатан хааны гэр бүл та бүхний тоглолтын талаар сэтгэгдлээ хуваалцсан байх. Тэд яаж хүлээж авсан бэ?

-Диана гүнжийн нөхөр ханхүү Чарьлз үнэхээр сэтгэл нь хөдөлсөн байсан. Монгол надад их таалагддаг. Монголд ийм дуурийн дуучин байдаг гэхэд их сайхан байна гэж ярьж байсан. Ер нь маш их таалагдсан л даа. Ордны 100 гаруй хүний суудалтай багавтархан концертын танхимд нь дуулсан. Хатан хааны гэр бүл, дээдсүүд нь тэнд тоглолтоо үзчихээд л дараагийн танхим руугаа ордог юм билээ.

Англид “Carnegie hall”-д хийсэн тоглолтоос гадна ямар тоглолт хийв?

-Америкийн Нью-Йорк хотын Метрополитан гээд том тайзан дээр тоглолт хийлээ. Мөн Карнеги Холл гээд ерөнхийдөө дэлхийн урлагт зүтгэж байгаа хүн болгоны хүсч мөрөөддөг тайзан дээр дуулах хувь тохиолоо. Олон улсын санал, том театруудын урилга хүлээн авлаа. Одоо дараа, дараагийн ажилдаа орох гээд байж байна. П.И.Чайковскийн шагналтнуудын гала тоглол­тууд үргэлжлээд явж байгаа. Одоо түр зуур амсхийгээд байна.

Та дэлхийн хэмжээний театруудад гарч дуулж бай­на. Монгол Улсыг төлөөлж тийм том тайзан дээр гарахад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Би П.И.Чайковскийн урал­дааны бүх төрлөөс Гран при шагналыг нь хүртсэн. Ерөөсөө хоёр хүнд л энэ тэмцээний 60 жилийн түүхэнд Гран при гэдэг цол олгож байсан. А зэрэглэлийн дэлхийд хамгийн томд тооцогдох, спортоор бол Олимпийн хэмжээнд тооцогдох тэмцээн. Тэгэхээр тэмцээний нэр хүндийг авч явах, тэр хүмүүсийн хүлээлгэж буй хариуцлага их. Сайхан сайхан тайзан дээр гараад дуулахад юм юм бодогддог ш дээ. Монгол хүн болж төрснөөрөө, ээж ааваараа, хүн болж төрснөөрөө бахархдаг. Хүнд зогсдоггүй шунал гэж байдаг юм шиг байна. Нэг ари дуулчихсан бол энэ тайзан дээр дахиж гараад дуурь дуулах юмсан гэж боддог. Тийм боломж одоо олдож байна.

Марийнский театрын гоцлол дуучнаар ажиллах болсон талаараа яриач?

-Марийнский бол маш том театр. ОХУ-даа нэгдүгээрт орж, дэлхийн улс болгонд сан нь байдаг.Тэрхүү сангаараа дамжуулж Марийнский театрын бүх уран бүтээлч тоглолт, уран бүтээлээ хүргэж Оросын хөгжмийг, дэлхийн сонгодог хөгжмийг сурталчилдаг. Ийм ч учраас үйл ажиллагаа нь маш өргөн цар хүрээтэй. Тэрхүү театрт үндсэн гоцлол дуучнаар ажиллах хувь тохиосон. Үнэхээр их баяртай байгаа. Бас л монгол хүн болсноороо бахархах сэтгэл төрсөн. Тэр их театрын солист болоод дүр бүтээгээд явна гэдэг сайхан зүйл. Маш их хөдөлмөрлөж, хичээх ёстой. Би фэйсбүүк хуудаснаа мэдээллүүдээ маш сайн тавьдаг. Яагаад гэвэл монголчууд мэдэх ёстой. Ер нь сонгодог урлагийн талаар манайхан бага мэдэгдэхүүнтэй байсан. Одоо арай илүү мэдээлэлтэй болчихсон.

Марийнский театрт ажил­ласнаар хувь хүний хувьд, дуучны хувьд ямар дэвшил, мэдлэг шинээр олж аваад байна?

-Ерөөсөө гайхамшиг. Марийнс­кий театрт 200 гаруй гоцлол дууч байдаг. Ерөнхийдөө дөрвөн театртай. Тэр бүрэлдэхүүнд ороод, дунд нь чанагдаад дөнгөж эхэлж байна. Жил, хоёр жилийн дараа ярихад бас нэг юм хэлэх байх. Одоо дүгнэж ярихад эрт байна.

Та дэлхийн хэмжээний хэд хэдэн том тайзан дээр дуулсан хүн. Дэлхийн хэм­жээний хэд хэдэн шагна­луудыг ч авлаа. Та өөрийгөө дэлхийн хэмжээний дуучин гэж үнэлдэг үү?

-Би дэлхийн хэмжээний дуучин биш. Дэлхийн хэм­жээний дуучин ямар байдгийг би мэднэ. Товчхондоо ямар хэмжээнд дуулж байж дэлхийн хэмжээнд хүрэх вэ гэдгийг. Би тэр боломжийг хайж яваа л хүн.

Анх хэзээ олон улсын хэмжээний тайзан дээр гарч байв?

-2011 онд Глинкийн уралдаанд түрүүлээд төр засгийнхаа хишгийг хүртэж Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэж байсан. Тэгэхэд л анх дэлхийн хэмжээний тайзан дээр гарч байлаа. Тэндээс их том мөрөөдөл, их том хүч, зорилго өвөртөлж ирсэн. Одоо тэр замынхаа дагуу явж байна.

Танд хамгийн гайхалтай санагдсан, сэтгэлд тань үлдсэн дурсамжтай тайз гэвэл…

-Миний хамгийн том тайз Соёл урлагийн их сургуулийн “Оюутан” тайз. “Оюутан” тайзан дээр гарахад одоо хүртэл өвдөг минь чичирдэг. Дээрээс нь мэдээж сайхан тайзуудаар гараад явахад мартагдахааргүй дурсамж их. Танхим дүүрэн үзэгчид, тайзны засал чимэглэл, сайхан дуулчихаад хэдэн мянган хүнээр алга ташуулаад зогсч байх мөч сайхан л даа. Тайз болгон сайхан.

Дуурийн дуу тэр болгон нийтийн дунд хүрээд байдаггүй. Таны хэд хэдэн монгол дуу байдаг юм билээ. Уран бүтээлийн чинь хичнээн хувь нь монгол дуу вэ?

-Би Монголдоо эхлээд дуучин байх хэрэгтэй. Дуучин хүн тал бүрийн дууг мэддэг, дуулдаг байх шаардлагатай. Урлагийн хүн л бол тал бүрийн мэдрэмжтэй байх хэрэгтэй гэж боддог. Би монгол дууны “Илүү ч үгүй, дутуу ч үгүй” гэсэн цомогтой. Нэлээд хэдэн дуутай. Монгол дуугаа, уул усныхаа тухай дуулах их дуртай. Ард түмэндээ урлагаар үйлчлэх гэдэг тангарагтай улс учраас монгол дуу дуулах нь бас нэг үүрэг.

Таныг ирэх арван­хоёр­дугаар сард монголчууддаа зориулан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа гэж сонссон?

-“Монгол сонгодог-2” тоглолтоо арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт хүргэхээр төлөвлөж байгаа. Монгол хүн л юм чинь би өнөөдөр ард түмэндээ шалгалт өгөх болсон. Хүү нь нэг иймэрхүү түвшинд явж байна гэдгээ харуулахыг хүсч байна. Сайхан монгол дуунууд болон дэлхийн сонгодгуудаар аль болох сонирхолтой байдлаар тоглолтоо хүргэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Цэндийн Доржготов: Дэлхийн хэмжээний сэтгэлгээтэй зохиолч олон ч даанч гарч чадахгүй л байна

>>Түрүүч нь “Өдрийн сонин”-ы 266
(5218) дугаарт>>

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч, шог зураач Цэндийн Доржготовын хөөрөлдөөний үргэлжлэлийг хүргэж байна.

-Танай ангийн Казубов гэж мундаг зураач сургуульдаа үлдээд таныг монгол оюутнуудаас их сурагладаг байсан гэж сонссон юм байна?

-Тэр ч мундаг зураач. Тэрнээс чинь том Алексеев зэрэг сүрхий зураачид бий. Би нэг жилийн дараа сэтгүүлчийн ангид яв гэж Цэндийн Намсрай эрхлэгчийг хэлэхэд “Хойтон хөгширчихнө” гээд зургийн ангид явсан хэрэг л дээ. Намсрай гуай намайг хорин дөрвөн настайг сонсчихоод их инээж билээ. Их сайхан хүний төлөө сэтгэлтэй хүн байсан даа. Би “Үнэн” сонины эрхлэгч хэд хэдэн хүний нүүр үзсэн хүн. Тэднээс Намсрай гуай л надад хүнийхээ хувьд сайнаараа үлдэж. Бид хөдөө хамт явна. Зуун грамм татна. Надад их сайн. Төгсөж ирээд Боловсролын яамны харьяа сэтгүүлийн нэгдсэн редакцид ажиллаж байгаад “Тоншуул”-даа ирсэн дээ. Социализмын үед боловсон хүчнийг сайтар сонгож чаддаг байсан юм шүү. Одоо бол мэдэхгүй, мөнгөтэй, танил талтай хүн л өөдөө өгсдөг гэх юм. Энэ ч их муу юм байгаа юм шүү.

-Та уран бүтээлдээ ямар зарчмыг баримталж ирэв?

-Ухаажсан уншигчийн сэтгэлийг уярааж, ходоодыг гижигдэж, инээд нулимс хоёрыг холих дуртай. “Өрөвдөх сэтгэлээ хошин аясаар өнгөцхөөн хучаад үзгээ барь” гэж өөртөө захидаг. Инээхгүй юманд инээх дургүй учраас ухаарч инээцгээе гэж уриалдаг. Уншигч цөөрөөд зохиолч олшроод буйд харамсдаг. Би тэмцэгч биш өчүүхэн мэдрэгч нэгэн. Авьяастай байх томоотой байхаас хэцүү гэж бичсэн удаа бий. Ухаантан олшроод өрөвч сэтгэлтэн цөөрч буйд эмзэглэдэг бөгөөд энэ эмзэглэл зохиолын сэдэв болох нь бий. Амьдрал бол явж явж нулимс. Амьдрал дан инээд биш. Амьдрал нулимсаар төгсдөг. Нас өндөр боллоо. Нэг мэдэхнээ өөрийн эрхгүй энэ сэдвээр бичиж эхэлжээ. Шударга нь шударга бусыгаа дийлээсэй гэж би залбирдаг. Шударга бус нь шударгыгаа дийлэхэд шаналдаг. Энэ шаналал миний уран бүтээлийн эрэл болдог. Тэгээд ч би гол төлөв гарц хайсан шүүмжлэлт зохиол бичжээ. Би хар багаас ямар нэг юм өөд тэмүүлээд буй юм шиг амьдарсан хүн. Юунд тэгтлээ тэмүүлээ вэ гэж эдүгээ тунгаахад “Шударга нь шударга бусыг дийлдэг нийгмийг” энэ яваа насандаа нүдээрээ үзэхсэн гэж тэмүүлсэн бололтой.

Зүүн гар талаас зохиолч
Ш.Жамлийхаа, П.Пүрэвсүрэн, Ц.Доржготов нар. Орон нутагт ажиллахаар томилолт
авсны дараа. 1980 он

Миний уран бүтээлийн өнгө аяс “Тоншуул” сэтгүүлийн нийтлэлийн бодлогод яв цав тохирсон бололтой. Би тус сэтгүүлийн зохиолч нь, зураач нь, эрэн сурвалжлагч-сэтгүүлч нь, дизайнер нь, орчуулагч нь, хянагч нь, нийтлэгч нь болж, залхуу заваан, худалч хулгайч, бэртэгчин луйварчин, хүнд сурталтан, бялдууч матаач нартай үзэж тарж явлаа. “Тоншуул” сэтгүүлийг авьяаслаг тавхан хүн сард хоёр удаа гаргаж, захиалга нь 120 мянгад хүрч, жилд МАХН-ын санхүүд 400-500 мянган төгрөг оруулж явсан учраас бид тав нүгэлгүй орлогоор амьдарчээ. Намайг гучин гуравхан насандаа 64 дүгээр дэлгүүрийн эндэх байрандаа ороход “Монцгоруудын байранд орлоо” гэж байлаа. Тэр үед эхнэр маань хорин наймтай байж.

-“Тоншуул” ч танд буянаа хайрлажээ…

-“Тоншуул”-ын заасан замаар замнасны буянд хэдэн хүүхдээ нялхаас нь, хайрт гэргийгээ залуугаас нь хотын төвд тохилог байранд муугүй амьдрууллаа. Би “Тоншуул”-даа юу бүтээв гэж хааяа боддог юм. Миний шог зураг, хошин өгүүллэг, нийтлэл, орчуулга энэ сэтгүүлийн хуудаснаас дөчөөд жил тасраагүйг тавиас далан насныхан бараг андахгүй биз дээ. Гадаадын уралдаануудаас миний хүртсэн медалиуд “Тоншуул”-ын сан хөмрөгийг баяжуулсан л байх учиртай.

-Гэргий тань хаанахын хүн билээ?

-Миний хань Мягмаржав Булган аймгийн Могод сумын хүн. Хойшоо сургуульд явахынхаа жил би 24-тэй, энэ маань 19-тэй анх танилцаж дотносч байлаа. Оюутан байхдаа би 1967 онд гэргийгээ дагуулаад аав ээждээ очлоо. Тэр хоёр маань хүү, бэр хоёроо үзээд жигтэйхэн их баярласан. Аав ээжээ тэгж хөөрч байхыг үзээгүй. Маргааш нь аав дээл хувцсаа сольж, аль сайн морио унаад Гашууны гол өгсөөд айл хэсэхээр давхилаа. Ээж “Аав чинь манай хүү хөөрхөн охин дагуулаад ирлээ” гэж зарлахаар яваад өглөө гээд шоолж байж билээ. Өглөө эрт адуугаа цуглуулахаар морьтой давхихад өндөр ургасан ногоо өвдөг шүргээд гутал шүүдэрт шал нойтон болдогсон. Морьтой давхисан миний мөрөөр ногооны толгойд хоносон шүүдэр гүвэгдэн унаад, хар ногоон зураас шүүдэрт мөнгөрсөн цэлгэр тал дундуур их тод дурайж хоцорно. Ямар сайхан зун байгаав дээ. Давхиж давхиж гэр өөдөө харахад Мягаа минь миний араас харуулдсаар гадаа зогсож байна. Айлын бэр болсон томоогүй охин надгүйгээр танихгүй хүмүүсийн дунд хоцрох эвгүй л байсан биз дээ. Хань маань намайг оюутан байхад Могоддоо таван жил сургуулийн хичээлийн эрхлэгч, намын гишүүн болчихсон сүрхий л ажилтай албатай хүн байлаа. Ууган охин Оюунгэрэл маань намайг дөрөвдүгээр курст байхад төрсөн юм.

-Баабар гуай таныг “Монголын ганц сэтгэгч зохиолч” гэж жигтэйхэн их хүндэлдэг юм билээ…

-Дэндүү даруу биш боловч өчүүхэн намайг Монголын орчин үеийн хошин зохиол, шог зурагт шинэчлэл хийсэн өвгөн хэмээн бичсэнийг хэвлэлээс үзээд зорьсондоо жаахан ч болтугай дөхсөн юм болов уу гэж мунхарч суудаг. Баабарын тухайд гэвэл тэр түүний л үг. Баабар бол хэзээ ч, хэний ч тухай, юу ч бичсэн одоо байтугай социализмын үед айгаагүй зохиолч. Унаган ийм л зантай хүн байгаа юм. Сэтгүүлч Б.Ерэнтэйг оюутан байхад дэргэдээ ажиллуулж байгаад сургуулиа төгсөнгүүт нь татаж авсан юм. Тэгэхэд л Ерэнтэй “Польшид сурдаг Батбаяр гэдэг залуу таныг бишрэн шүтдэг” ухааны юм хэлсэн. Сүүлд надтай танилцуулахад ёстой нэг улаан эсэргүүтэй л учирчих шиг санагдсан. Би өөрийгөө социалист тогтолцоонд шүүмжлэлтэй ханддаг, өөрөөр сэтгэгч овоо эсэргүү гэж боддог байсан юм. Тэгсэн чинь Баабар гэдэг залуу чинь социалист системийг улаар нь эсэргүүцсэн аугаа бодол санаатай амьтан байж таарсан шүү.

-Та нийт хэдэн ном хэвлүүлсэн байх юм?

-Гуч гаруй ном хэвлүүлсэн байна. Түрүүчээс нь тав зургаан боть болгоод явж байна. Саяхан “Цав цагаан” хэмээх уран зохиолын өгүүллэг, дурсамж эсээ, түүхийн манан буданг сөхсөн нийтлэл бүхий шинэхэн номоо уншигчдад өргөн барилаа.

-Зохиолчид “Ном хэвлүүлээд ер зарагдахгүй юм” гэж эвэр хошуулах нь бий. Таны номууд аль хэр зарагдаж байна?

-Миний ном хэвлэгдээд дэлгүүрт очлоо. Удалгүй л дуусчихлаа гэж утасдах юм байна ш дээ.

-Зохиолч Жагдалын Лхагваа гуайн “Атга чулуу” номыг уншиж байхад та хоёр сэтгэлийн их андууд байсан юм шиг санагдсан шүү?

-Үнэн. Бид хоёр чинь зүс зүсээ харж танилцалгүй, бүтээлээ уншиж, нэгнээ их тоож, хоёр талаасаа хүсэж уулзсан хоёр. Тэр Киевт, би Москвад сурч байлаа. Уулзтал хоёулаа шар айраг уудаг юм байна, хоёулаа ч зуу татдаг юм байна. Ярьж өгсөн дөө, хоёулаа. Хамгийн гол нь Лхагваа маань надад уран сэтгэмжийн их мастер, хошин шогийн өндөр мэдрэмжтэй хүн байх юм. Би яруу найрагчидтай нэг их үерхэж явсангүй, анхнаасаа шүлэг найраг оролдоогүй болохоор их төсөө хүн. Лхагваатай харин их найзална. Лхагваа маань Үнэ стандартын хороонд “Техник технологи” сэтгүүлийн нарийн бичгийн даргаар ажиллана. “Үнэн” сонин дээр Лхагвааг ирэхээр манай жижүүр, тэдний ажил дээр намайг очихоор жижүүр нь “Нэгнээ уруу татах нь, энэ хоёр алга болох нь” гэж их хардана. Манай гэр хотын төвд болохоор хүмүүс их ирнэ. Анх манайд ирэхэд ээж хаалга онгойлгож өгч. Бид нар хойд өрөөнд шуугиад дуулаагүй байгаа юм. Пальтогоо коридорт өлгөх гэхэд ээж “Наана чинь сул өлгүүр байна уу даа. Нил л хувцас байна” гэхэд Лхагваа “Урьд чинь уяа дүүрэн морьтой айлыг сайн айл гэдэгсэн. Одоо өлгүүр дүүрэн пальтотой айлыг ямар айл гэх вэ” гэсэн байгаа юм. Үүнээс хойш Лхагвааг ирэхэд ээж их дуртай нь аргагүй “Лхагваа хөөрхөн ярьдаг юм. Ирэхээр нь хэдэн үг тоншоод авъя байз” гэж хүсэн хүлээдэг болчихсон байсансан. Лхагваа маань их бичиж чадаагүй ч гоё. Тухайн үед өгүүллэг бичиж байсан нөхдөдөө жинхэнэ нөлөөлж чадсан зохиолч доо. Харамсалтай нь тун бага бүтээл үлдээсэн. Жамухын тухай роман бичнэ гэж нүдэнд харагдтал ярьж явсансан. Дорноговийн арван жилд байхдаа орос хэлд сайн байсных дэлхийн сонгодгуудтай эрт танилцчихсан, аль нэг улс, үндэстний төлөө биш үнэний төлөө гэсэн дэлгэр сэтгэлгээтэй, дэлхийн зиндааны зохиолч байсан даа.

-Аав ээжээсээ үлгэр домог сонссоор, өвгөд настны тууль хайлахыг чагнасаар зохиолч болсон гэж ярьцгаадаг. Танд тийм нөлөөлчихөөр юм юу байв?

-Манайханд тийм хүн байгаагүй. Их л нарийн ухааны хүмүүс байсан. Аав ээж хоёрын өглөөний цайгаа ууж суухдаа солих цөөн боловч жинтэй үг хүнийг танихад, миний ертөнцийг үзэх үзлийг бүрдүүлжээ гэж боддог. Миний өгүүллэг, нийтлэлүүд нэг тийм егсөн, ёжилсон маягтай байдаг даа. Тэд маань нэг тиймэрхүү л яриатай хүмүүс байсан. Манай ах хөдөөнийх юм чинь архи ууна л даа. Нэг дарга “Танай хүү архи уудаг юм уу” гэсэн чинь “Америкийн аюул л гэх юм. Атомын аюул л гэх юм. Хятадын аюул л гэх юм. Хөөрхий минь, алийг ч үзсэнгүй ээ. Ганцхан аюул үзлээ. Тэр нь энэ архины л аюул” гэж байсан гэж байгаа юм.

-Зохиолчид уран бүтээлээсээ болж хэлмэгдсэн тухай их ярьдаг. Танд тийм зүйл байх юм уу?

-Ганц нэг үг үсгийн алдаа гаргаж, сануулга ганц нэг авна. Гэхдээ тийм ноцтой юм байхгүй. Одоо чинь энэ сонин, зурагтын урсдаг зар харахад бөөн алдаа л харагдах юм. Бидний үед улаан, хар самбар гаргаад баалж өгдөг байлаа. Би худлаа бялдуучилж бичих дургүй. Чи миний гучин хэдэн номыг хараарай. Бялдуучилсан нэг ч өгүүлбэр байхгүй. Ийм үзэлтэй хүн чинь баригдахаас айна. Чойном эдэн шиг хад мөргөж үхээд яах юм бэ. Далд утгатай их бичнэ. Цэндийн Намсрай эрхлэгч “Далд утгыг мэддэг, мэддэггүй хүн байна. Далд утгандаа анхаараарай” гэж эцэг хүний ёсоор хэлж л байсан. Манайхан Лодонгийн Түдэв эрхлэгчийг сүрхий хүн байсан гээд магтаад байдаг юм. Надад бол Намсрай эрхлэгч л цөлх монгол ухаанаараа агуу хүн санагддаг.

-Та шог зургаараа гадаадын олон улсаас шагнал авчирсан биз?

-Далан хэдэн онд шог зураг дэлхий дахинд их моод болж цэцэглэсэн. Канад, Итали, Турк, Болгар, Голланд зэрэг улс оронд хоёр жил тутамд болдог олон улсын хошин шог зургийн уралдаанууд болдог байсан. Шог зургийн энэ цэцэглэлтийн үед нь соёлын гавьяат зүтгэлтэн Цэвгийн Байды бид хэд үзэж тарсан байгаа юм л даа. ЗХУ-ын Энхтайвны хорооны алтан медаль, Зөвлөлтийн фондын хорооны алтан медаль авч байлаа. Габровын хүндэт медаль хүртсэн. Тайлбаргүй шог зураг зурахад их ухаан ордог. Миний зохиолууд шог зургаас эхтэй юм. Хүн харахад хоёр мэргэжилтэй юм шиг боловч уг чанартаа нэг л юм байхгүй юу.

-Хятадын зохиолч Мо Ян “Дарсны орон” романаараа Нобелийн шагнал авлаа. Үй Хуа гэж баруунд танигдсанаараа Мо Янаас ч дутахгүй зохиолч байна. Зохиол бүтээл нь олон сая хувиар борлогддог болохоор тэд дэлхийн дэвжээнд гараад байна уу, эсвэл сэтгэлгээ нь үнэхээр тийм агуу байна уу гэж хувьдаа гайхаад байгаа. Таныхаар дэлхийн хэмжээний сэтгэлгээтэй монгол зохиолч байх юм уу?

-Сонин асуулт. “Чухам учир юундаа байна” гэж би наад тухай чинь их боддог юм. Жишээлбэл, миний хувьд “Улаан орхимжны давалгаа” романаа одоохондоо хамгийн том бүтээлээ гэж бодож байгаа. Өвөрмонголд хэвлэгдсэн. Наад асуултын чинь хариуг бид бодох хэрэгтэй. Бид мундаг аа, биднийг дэлхий мэдэхгүй байна гэж хэлэхээ больё. Яагаад гэвэл бид мундгаа үзүүлээгүй байгаа юм чинь дэмий шүү дээ. Сайн зохиолч гэдгээ үзүүлэхийн тулд англи юм уу, хятад хэл дээр номоо гаргаж байж явна. Өөр нэг зүйл бол дэлхийн үнэлгээ чинь заримдаа хуурамч. Манайх чинь хүн ам цөөтэй, хөгжиж буй жижигхээн орон ш дээ. Хүчирхэг орны зохиолчдод өөрөөр хандаж байна. Би “Чонон сүлд”-ийг уншаад нэг их гайхалтай гэж бодоогүй.

-Надад ч гэсэн олигтой буугаагүй шүү…

-Номыг хаанаас нь ч сөхөөд харсан тэр хуудсанд гялалзсан афоризм, миний урьд нь бодож яваагүй сайхан дүрслэл, гоё хэллэг ч юм уу байхгүй бол уншилгүй хаячихдаг. Миний “Гичий чонын гиншээ” өгүүллэг маань даруу бусаар өгүүлэхэд “Чонон сүлд”-ээс илүү л бичсэн үү гэхээс санаа ур дутах зүйлгүй. Аягүй бол уран болсон. Монголчуудад гайхамшигтай зохиол их бий. Гунигтай нь биднийг голоод гаргахгүй бол яалтай ч билээ. Том жижиг орны ялгаа, хэлний саад яах аргагүй байна. Тиймээс энэ тал дээр л бид хичээх хэрэгтэй. Уран бүтээлч хүний ололт ч гэмээр бас нэг гол бэрхшээл бол “Би тэрнээс том” гэсэн агуу үзэл байдаг юм. Англи хэлнээ хэн нэгнээ гаргая гэхээр л зуу гаруй зохиолч багсайсан том том юмнуудаа авчраад шидчихнэ шүү дээ. Сонголт хийнэ гэхээр бас их зовлонтой. Монголын зохиолчдын эвлэлийг би дэлхийд монгол зохиолчоо гаргахын тулд анхаарлаа жинхэнэ хандуулж ажиллах ёстой гэж бодоод байгаа. Хэзээ нэг цагт монгол зохиолч дэлхийд гарах өдөр ирэх байлгүй дээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Батзаяа ба түүний нөхөд

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа баривчлагдаад гурав хонож байна. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан түүнийг баривчилсан даруйдаа Зайсан дахь хорих ангид саатуулжээ. Түүнтэй хамт Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг баривчилсан байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэднээс байцаалт аваагүй байгаа бололтой. Б.Батзаяа бол биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, каратэ, таеквондогоор хичээллэдэг хүн. Б.Батзаяа хүмүүст тэр бүр танигдаагүй байх 2011 оны эхээр “Монголын төмөр зам” төрийн өмчит ХК-ийн захирлаар томилогдсон билээ. Тухайн үед “Женко Баттулга өөрийнхөө бие хамгаалагчийг өөд нь татаж, төмөр замд даргын алба өглөө” гэсэн хэл ам дэгдэж байсан юм. Энэ үед Х.Баттулга гишүүн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байв.

Б.Батзаяа ч өөрийгөө Х.Баттулгын хүн гэдгээ нуудаггүй. Нэгэн ярилцлагадаа “Би Монголд их зүйлийг бүтээсэн, бас илүү ихийг бүтээх Х.Баттулгын багийн гишүүн. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлын, дараа нь Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын аль алинд Х.Баттулга гишүүний санал болгосны дагуу ажилласан” гэж ярьсан билээ. Тэрбээр Х.Баттулгын туслах, хамгаалагч, цүнх баригч бүгдийг хийснийг хүмүүс мэддэг. Мань эр нэлээд хэдэн жилийн өмнө Удирдлагын академид суралцаж төгссөн юм байна лээ. Б.Батзаяа нь анх бол Цагдаагийн тусгай тасагт ажиллаж байгаад, 1999 оноос мэргэжлийн бие хамгаалагчдыг бэлтгэдэг Олон улсын холбоонд элсэж, бүх шатны сургалтуудыг нь дүүргээд, олон улсын сургагч багш болжээ. 2000 онд гэрээт харуулын компани байгуулж, “Женко” болон түүний охин компаниудын хамгаалалтыг хариуцаж эхэлж. Үүнээс өөр намтарт нь тодорхой зүйл байдаггүй. Эндээсээ “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал, залгуулаад Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сэнтийд суухдаа ч яамныхаа вэб хуудсанд бусдын адил CV-гээ тавиагүй юм. Ямартай ч түүнийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын төрсөн эгчийнх нь хүүхэд гэдгийг хүмүүс нь мэднэ. Түүнийг баривчлагдсанаас хойших цөөн хоногт П.Очирбат гуай түүнийг батлан даалтад гаргах талаар хичээнгүйлэн явж байгаа сурагтай. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар түүнийг ойрын хугацаанд батлан даалтад гарчих нь гэж байна. Мэдээж ороо бусгаа ийм цаг үед Б.Батзаяа бусдын адил амьдрах гэж яваа эр хүн. Тэр энд тэнд танил тал олонтой, зарчимтай, гүйлгээ ухаантай, бас дээр нь бие бялдрын хөгжил сайн, хэний ч нүдэнд дүүрэн харагдах учраас хүмүүс түүнд сайн байх нь тодорхой. Гэтэл мань залуу энэ цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж чадсангүй бололтой. Орчин үед хүмүүс маш их мэдээлэлтэй, ухаалаг, боловсролтой… ер нь л мундаг болсон. Гэтэл төрийн өндөр алба хашиж, улс орноо удирдалцаж яваа хүмүүс нийгмийн сэтгэл зүйгээ мэдрэхгүй байна. Үүнээсээ болж энэ залууг баларлаа гэж ярьцгааж байна.

Ер нь бол хуулийн хүмүүс шударгадуу байдаг. Хууль зөрчсөн үйлдлийг хараад тэвчих муутай. Өршөөлийн хуулийг харсан байдал, ирэх сонгуулийн дүн, ирж яваа улс төрийн нөхцөл байдлыг бүгдээрээ харж байна. Тэгээд л хөдөлж эхэлж байгаа жишээ бол Б.Батзаяагийн баривчилгаа болов уу. Өчигдөр Х.Баттулгын зүгээс “Батзаяа зарчимтай хүн, тийм юм хийхгүй байх” гэж мэдэгдсэн. Яагаад энэ хэрэг рүү АТГ орсонгүй вэ. Учир нь АТГ шалгаад зүгээр гэж зарласан хэрэг. Энэ газар С.Баярыг ч бас шалгалаа, зүгээр байна гэж зарласан юм. Нэг талаас харахад Таван толгойг гацаасны хариу гэж харж бас болно. Ер нь бол хууль хүчнийхэн өөрсдийн санаачилгаар ийм хэргийг илрүүлж, эзнийг нь олоод бариад хорьчихдог практик манайд бий шүү дээ. Алдарт “Гааль”-ийн Баатарыг барих, гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хуулийнхны өөрсдийнх нь цэвэр, ямар ч захиалгагүй, шударга хуульчдын хийсэн үйлдэл байсныг хүмүүс төдийлөн мэддэггүй юм. Дээр нь энэ хэргийг хэвлэл мэдээллийн байгууллагууд асар их тархи угаалтаар хийсэн. Мэдээллийн хэрэгслүүдийн оролцоотой энэ их шуугиан хүний эрхийг ноцтой зөрчих гээд байдаг. Үүн дээр онцгой анхаарах хэрэгтэй. Өдрийн сонин хүний эрхийг хөхиүлэн дэмжигч, гарсан цагаасаа хойш үргэлжид хүний эрхийг дээдэлж, хамгаалж ирсний хувьд өнөөдөр Монгол дахь хүний эрх дээр онцгой анхаарч, үйл ажиллагаагаа чиглүүлэх болно.

Б.Батзаяаг цагдан хорьсны дараа УИХ-ын гишүүн Х.Баттулга байр сууриа илэрхийлэхдээ, “Таван толгойн ордтой холбоотой асуудлууд цааш, цаашаа хөвөрч гарах байх. 2010 оны зургадугаар сарын 24-нд УИХ-аар Төмөр замын бодлого батлагдсанаас хойш энэ асуудал дээр эсрэг, тэсрэг байр суурь тулгарч эхэлсэн. Тийм учраас энэ асуудал цаашдаа зохион байгуулалттайгаар хөврөх болов уу” гэж байна. Зохион байгуулалттайгаар цааш хөвөрнө гэж юуг хэлэв. Батзаяаг барьж хорьсон асуудлыг ч хэлсэн байж болно. Улс төр-Эдийн засаг еэвэнгийн хоёр тал. Энэ уялдаагаараа бол өнөөдрийн улс төр, Б.Батзаяа хоёр заавал уялдана. Х.Баттулга хүчтэй сууж байгаа нь Таван толгойн эзэмшлийн 51 хувьд төр байх дээр УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зурснаас харагдана. Одоо Х.Баттулга “Батзаяаг даалтад гарга, үгүй бол Засгийн газрыг огцруулна” гэсэн тулгалт хийвэл яахав. Ч.Сайханбилэгийн Засгийн газар хөдлөх эсэх нь сөрөг хүчин, өрсөлдөгч талуудаас бус АН-ынхан дотроо үл ойлголцох энэ байдлаас шалтгаалах вий гэсэн яриа ч байна.

Тэрбээр энэ өдрийг сонгож Таван толгойн асуудалд гишүүдийн дийлэнх нь гарын үсэг зурж байгааг мэдээлсэн нь ч учиртай! Х.Баттулга “Баялагтай холбоотой. Баялгийг хэн хаашаа зарцуулах вэ гэдэг асуудал яваад байна. Баялгаас болж л юм юм болж байна. Хэн баялгийг барьж, удаан суух асуудал дээр тэмцэл болж байгаа юм. Б.Батзаяа зарчимтай хүн, А.Гансүх хуульч хүн. Миний хувьд энэ зарчимтай хүнээс янз бүрийн юм гарахгүй болов уу. Гэхдээ мөрдөн байцаалтын явцад янз бүрийн мэдэгдэл хийж болохгүй” гэлээ. Би ч шалгуулна гэдгээ бас хэлсэн юм.

2012 оны сонгуулийн дараа Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахад “МоАХ” фракцийн А.Гансүх Зам, тээврийн сайдаар томилогдоод Б.Батзаяаг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга болгов. Энэ томилгоо мөн л хэл ам дагуулав. УИХ-ын Байнгын хорооны хуралдаанд Б.Батзаяа ирдэггүй, том толгой гаргадаг, цаг хоцордог, ер нь том толгой гаргадагтаа ч биш, гишүүдийн асуултад хариулж чадахгүй учраас ирдэггүй юм байна гэх зэргээр чихэндээ үе үе хонх уяулж байлаа. Түүнтэй холбоотой ноцтой хоёр зүйл яригдсаны нэг нь БНХАУ-аас худалдаж авсан вагон зүтгүүрүүд байв. Тэрээр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа Хятадын “China CNP Corporation Lim­ited” корпорациас 60 сая доллараар вагон зүтгүүрүүд, засварын машин, өргүүр худалдан авсан нь Монгол Улсад ашиглагдах боломжгүй гэсэн дүгнэлт гарч, олон сая долларын хохирол учрууллаа гэж буруутгагдаж байв.

Нөгөө нь П.Бат-Эрдэнийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар томилон ажиллуулахдаа Тавантолгой- Гашуунсухайтын төмөр замын төсөлд 487 сая,1800 км төмөр замын зураг төсөл хийлгэхэд 11,8 сая, хуулийн үйлчилгээнд 4,5 сая, эдийн засгийн зөвлөх үйлчилгээнд 1,9 сая, хяналтын зөвлөх үйлчилгээнд 5,5 сая, нийтдээ 510 сая ам.долларын гэрээ хийлгэж гарын үсэг зуруулсан явдал байлаа. Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, шинэ төмөр зам барих ажлыг эдгээр нөхөд долоон жил саатууллаа. Тэгсэн одоо “Чингис” бондын мөнгөөр энэ төмөр замыг барина гээд сууж байх юм. Төмөр замын урьдчилсан судалгаа гэдэг зүйл хийлгэнэ гэж 2-3 жил болчихоод гурван вагоноо ХААН банкинд барьцаанд тавьж байж 12 сая ам.доллар зээлсэн. Одоо тэр мөнгө нь байхгүй болсон. Энэ асуудлыг ярихаар би үнэхээр ганцаарддаг. Манай МАН-ынхан үүнийг ярихгүй байгаа. Шулуухан байх хэрэгтэй. АН-ынхан энэ тухай тас нуудаг. Хэзээ энэ асуудлаар хариуцлага тооцох юм бэ? гэж УИХ-ын Байнгын хорооны хурал дээр асууж байлаа.

Б.Батзаяаг буруутгасан бас нэг зүйл нь Ухаахудаг-Гашуунсухайтын төмөр замын ажлыг бүрэн зогсоосон явдал. Уг нь энэ төмөр замыг 2016 онд ашиглалтад оруулснаар манай улс 2018 онд коксжсон нүүрсний экспортын хэмжээг 30 сая тн-д хүргэхээр төлөвлөж байсан гэдэг. Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн 267 км төмөр замыг “Энержи ресурс” компани хувийн хөрөнгөөр барихаар төлөвлөж байсан боловч эрхийг нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга “Монголын төмөр зам” ТӨХК-д авч өгсөн юм. Ингээд тус компани ерөнхий гүйцэтгэгчээр Өмнөд Солонгосын “Samsung C &T”, “SCTEM” компаниудыг сонгон гурвалсан гэрээ хийж, 267 км төмөр замыг бариулах болжээ. Одоо энэ замын газар шорооны ажил л 80 хувьтай байгаа гэлцдэг. Үүнд “Чингис” бондоос гаргасан 200 сая ам.долларын зарцуулалтыг хууль хяналтын байгууллагууд шалгах ёстой ч гэж бичигддэг юм.

Шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг “Ажлаа хийж чадахгүй бол чаддагт нь өг” хэмээн зэмлэж, сануулж, цалинг нь тодорхой хувиар хасаж шийтгэж байсан ба 2014 оны наймдугаар сарын 08-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас Б.Батзаяаг ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Харин Б.Батзаяа энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, өөрийг нь хууль бусаар чөлөөлсөн, улс төрийн золиос болголоо гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байдаг.

Шинэ төмөр замын трассыг баталлаа. “Монголын төмөр зам” ТӨХК -иас хийсэн урьдчилсан ТЭЗҮ, Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газраас судалгаа хийж боловсруулсны үндсэн дээр трасс тогтоох зургуудыг нэгтгэжээ. Энэ трасс батлагдсантай холбогдуулан ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, тус яамны Зам тээврийн бодлогын газрын дарга Б.Махбал, сайдын зөвлөх Ч.Ганбат, Төмөр замын газрын дэд дарга Л.Пүрэвбаатар, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал А.Батболд, трассын зургийг гүйцэтгэсэн “Гео мастер”, “Эко гедрогео” компанийнхан шинэ төмөр замын трассыг танилцуулсан юм. Танилцуулгаас үзвэл, Таван толгойгоос Сайншанд-Чойбалсан хүрэх төмөр замын трасс бэлэн болжээ. Трасс гэдэг нь төмөр зам барихаар батлагдсан чиглэлийн дагуу уул толгод, ус горхи, хөрс зэргийг харгалзан хаагуур зам тавихыг тодорхой судалсны дараагаар баталж буй нарийвчилсан чиглэл юм. Трасс тогтоох судалгааны бэлтгэл ажилд Орос, Солонгосын мэргэжилтнүүд оролцсон аж. Төмөр замын эхний шатанд барих суурь бүтцийн трассын төлөвлөлтийн зургийг 1:100000 масштаб бүхий зураг дээр батлуулах ажлыг “МТЗ” ТӨХК гүйцэтгэхээр болжээ.

Засгийн газрын тогтоолоор “МТЗ” ТӨХК-д төмөр замын эхний шатны суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг олгосон байна. Тиймээс төмөр замын суурь бүтэц барих геологи, геодезийн судалгааны ажил болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээний ажлыг ийнхүү эхлүүлж байжээ. Ингээд явчих л юм бодсон тэгсэнгүй төмөр замын ажил зогсоод удлаа. Зөрүүлээд төмөр замын ажилд идэвхтэй оролцсон баахан хүн л шоронд явж дуусах нь дээ. Тиймээс л өнгөрсөн оны дөрөвдvгээр сараас эхэлж нэр бүхий хэд, хэдэн эрхэм Б.Батзаяаг зөвхөн дээрх шийдвэртэй нь холбоотойгоор шалгах хангалттай vндэслэл бий хэмээн хэлж байсан удаатай. Юутай ч Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг “Шинэ төмөр зам” төсөлтэй холбоотойгоор хэрэг vvсгэн шалгаж нэлээд олон албан тушаалтан уг хэрэгт татагдан шалгуулах нөхцөл байдал бий боллоо.

Б.НЯМАА

Categories
мэдээ цаг-үе

И.Энхсайхан: Чихрийн шижин чихрээс болдоггүй юм

“Диабетс клиник”-ийн эмнэлгийн ерөнхий эмч И.Энхсайхантай чихрийн шижингийн талаар ярилцав.

-Чихрийн шижин гэж ямар өвчин бэ?

-Нойр булчирхай инсулин гэх дааврыг хангалттай боловсруулж чадаагүйтэй холбоотой үүсдэг эмгэг. Хүний цусанд сахар тодорхой хэмжээнд байх ёстой. Түүнийг дээрх даавар зохицуулж байдаг. Тэр алдагдсанаас цусанд чихэр ихэсч, олон эрхтэнд нөлөөлдөг. Хэт ихэсвэл комд ч ордог, амь насанд аюултай өвчин.

-Чихэр их идвэл шижинтэй болдог гэж хүмүүс үздэг бололтой?

-Чихэртэй ямар ч холбоогүй. Цусан дахь сахар бидний иддэг шиг чихэр биш. Тэр чинь глюкоз байхгүй юу. Цусанд сахар багасвал бас аюултай. Муурч унах, амь алдах эрсдэлтэй. Чихрийн шижингийн гурван төрөл байдаг юм. Нэгдүгээр хэлбэрийн шижин нь, нойр булчирхайн инсулин “үйлдвэрлэдэг” эсүүд гэмтсэнээс болдог. Хоёрдугаар хэлбэр нь, инсулин ялгаравч эсийн дотор орж, үүргээ гүйцэтгэж чадахаа байдаг. Энэ хоёр хэлбэр хослох нь ч буй. Заримдаа жирэмсэн эмэгтэйчүүдэд олдмолоор шижин үүсэх нь бий. Төрсний дараа 95 хувь нь эдгэдэг. Харамсалтай нь үлдсэн хувь нь шижин болох талтай.

-Шижинтэй болж буйгаа мэдэх арга бий юу?

-Сахараа хянуулж байвал сайн. Хэт цангах, ам хуурайших, ойрхон шээх, эцэж ядрах, байнга өлсөх, гэнэт турах, шарх шалбархай удаан эдгэх, ханиад хүрэмтгий болох, хараа бүрэлзэх нь шижингийн шинж юм.

-Зарим өвчинтэй адил удамших уу?

-Тийм тал бий.

-Хэрхэн сэргийлэх вэ?

-Илүүдэл жингүй, байнга хөдөлгөөнтэй байвал сайн. Элэг, цөсний эмгэг нойр булчирхайг өвчлүүлдгийг анхаар. Хорхог, боодог мэт хурц хоол, архи нийлбэл нойр булчирхайн жинхэнэ дайсан шүү дээ. Манайхны дуртай хоол байгаа биз. Нойр булчирхай үрэвссэнээс инсулин ялгаруулдаг эсүүд гэмтдэгт учир нь байгаа хэрэг.

-Хоолны дэглэм тустай гэх юм?

-Янз бүрийн онол бий. Нэг дор их идэх хэрэггүй. Цусны сахар өсөөд ирнэ. Ойр, ойрхон багаар идвэл ямар ч хоол аюулгүй. Цагаан будаа, төмс аюултай гэдэг. Хятадууд будаагаа, оросууд төмсөө идэлгүй яадаг юм. Иддэг юмаа л ид. Харин багаар ойр, ойрхон гэдгийг л бүү март.

-Энэ өвчин ерээд оноос хойш гэнэт ихэссэн гэдэг байх аа?

-Хотжилт, хүнсний аюулгүй байдал алдагдсан нь онц аюултай. Хэт таргалалт ч хортой. Шижингийн суурь тавьдаг юм. Суурин амьдрал, хөдөлгөөний хомсдол шижин, хавдар, бусад өвчинд ч нөлөөлдөг.

-Эмчилгээний зарчим нь юу вэ?

-Сургалт, хоолны дэглэм, хөдөлгөөн, эмийн эмчилгээ, инсулин гэсэн дарааллаар явна.

-Нойр булчирхайг шилжүүлэн суулгаж болдоггүй юм уу?

-Харамсалтай нь анагаах ухаанд одоохондоо тийм боломж алга.

ТАРХАЛТ

Өнөөдөр дэлхий дээр энэ өвчнөөр өвдсөн хүний тоо 347 саяд хүрээд байгаагаас Монголд 7000 байдаг гэсэн тоо баримт байдаг аж. Гэхдээ албан бус тоогоор манай улсад 60000-80000 өвчтөн байдаг гэж үздэг.

• Жил бүр энэ өвчнөөр дэлхийд долоон сая хүн шинээр оношлогддог аж.

• Энэ өвчний улмаас жилд 3,8 сая хүн хорвоог орхиж буй.

• Чихрийн шижин өвчний өвчлөл өндөртэй 10 орны долоо нь хөгжиж буй улсууд.

• Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн тал нь 40-59 насныхан. Тэдний 70 гаруй хувь нь хөгжиж буй оронд амьдардаг аж.

Ийм байдлаар цаашид үргэлжилбэл 2025 он гэхэд энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо 380 саяд хүрнэ гэсэн тооцоо байдаг гэнэ.

Гарч болох шинж тэмдгүүд

• Ам цангах, хатах

• Ойрхон шээх

• Ядарч сульдах, турах

• Шарх удаан эдгэрэх, өвчлөмтгий болох

• Хараа муудах

• Нойронд муу болох

• Арьс загатнах

Эмчилгээ

• Сургалт

• Хоол

• Идэвхтэй хөдөлгөөн

• Сахар бууруулах эмийн эмчилгээ

• Инсулин эмчилгээ

I хэлбэрийн чихрийн шижний эмчилгээний үед идэвхтэй хөдөлгөөн, хоол эмчилгээ, сургалт, инсулин эмчилгээг хавсран явуулна. Хоол эмчилгээний ерөнхий зарчимд хурдан шингэцтэй хоолыг хориглодог байна. Үүнд, нүүрс ус агуулсан хүнснүүд буюу элсэн чихэр, зөгийн бал, чихэрлэг ундаа, бялуу жигнэмэг зэрэг ордог аж.

ХҮНДРЭЛ

Хурц хүндрэл гэдэг нь

• Сахар ихдэлт-Сахар ихдэлтийн ком гэдэг нь уг өвчин оношлогдохгүй, тухайн хүн мэдэхгүй эсвэл хоолны дэглэм барихгүй, сахар бууруулах эмчилгээ хийлгэхгүй байгаа тохиолдолд сахар ихэсч комд орж ухаан алддаг байна.

• Сахар багадалтын комууд-сахар багадалтын ком гэдэг сахараа хяналгүйгээр сахар бууруулах эмийн тунг хэтрүүлж уух, удаан өлөн байх зэргээс шалтгаалан комд орохыг хэлнэ. Энэ хоёр хүндрэлийн тухай шижинтэй хүн болон ар гэрийнхэн заавал мэдэж байх ёстой. Архаг хүндрэлүүд

• бөөр, бөөрний архаг дутагдалд орох

• нүд сохрох

• хөлний хүндрэл орно.

Судасны хүндрэлийн улмаас хөлөө тайруулах, зүрхний шигдээс болох зэрэг хүндрэлүүд үүсдэг.

Урьдчилан сэргийлэх

• Эрүүл зөв хооллох хоолны жор хийж мөрдөх

• Идэвхтэй дасгал хөдөлгөөн, иог хийх,

• Илүүдэл жингүй байх, илүүдэл жинтэй бол түүнийгээ хасах

• Хорт зуршлаас татгалзах

АРДЫН ЭМЧИЛГЭЭ

-Хэрэв өглөөдөө өлөн элгэн дээр жигнэсэн сонгино идвэл цусан дахь сахарын хэмжээ буурна. Бүтэн сонгиныг хальстай нь шарах шүүгээнд жигнэнэ.

Мөн хайруулын тавганд ч болно. Шарахгүй, жигнэнэ гэдгийг анхаараарай. Дунд хэмжээний сонгино байхад яг таарна. Жигнэсэн сонгино жаахан чихэрлэг, зөөлөн амттай. Та сарын турш жигнэсэн сонгино өглөөдөө идвэл цусан дахь сахарын хэмжээ аажмаар буурна. Бас та турах болно.

-Намар байцаа дараад өвөлжингөө шүүсийг нь уу. Өдөр бүр 0,5 аяга байцааны цэвэр шүүс уугаарай.

-Сонгинотой ус чихрийн шижинтэй хүмүүст сайн. Нэг ширхэг сонгиныг цагариг хэлбэртэй хэрчиж, литрийн шилэн саванд хийнэ. Дээр нь хүйтэн ус нэмсээр дүүргэж таглаагаар таглаарай. Ингээд дулаан газарт долоо хоног байлгаж, дараа нь шүүж авна.

Тэгээд өдөр бүр өлөн элгэн дээрээ 50 граммыг ууна. Мөн хусны чага мөөг нь элэг цөс буюу чихрийн шижин, өвчнийг илааршуулдаг байна.

С.АРИУН

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарын шилдэг өрх, угтаа малчин Балсангийн СҮХЭЭГИЙНХ

“Хөхүүрийн ам цаашилж хүйтний ам наашилжээ. Энэ өвөл их хүйтэн болох юм гэсэн. Малчдад л хүндхэн байх байх даа. Хотын бид ч яахав паартай байшин, паа­лантай жорлонтой хүмүүс. Юу ажрахав” гэж үгээ ч дуусгалгүй араас нь “Тариаланчид тариа ногоогоо хурааж дууссан байгаа болов уу. Сая айхтар цас орлоо шүү” хэмээн нийслэл хотод суугаа нэгэн айлын тэргүүн санаа зовнин ярина. Түүний бие Улаанбаатарт байгаа хэдий ч сэтгэл санаа нь аль хэдийнэ хөдөө хээр малын захад, тариалангийн талбайд бэлчинэ. Энэ эрхэм бол “Танайд өнжье” булангийн маань зочин Балсангийн Сүхээ юм. Эднийх өнгөрсөн долоо хоногт “Нийслэлийн шилдэг өрх” өргөмжлөлийг хүртсэн билээ.Хашаандаа ногоон бай­гуу­ламжийг бүрдүүлж чад­сан нь гол шалгуурыг дав­сан хэрэг. Гэрийн эзэн Б.Сүхээ гуайтай мэнд мэдээд хашаа руу орлоо. Хотын төвд багшралдсан барилга байгууламж харсаар байгаад бүр нүд дасал болчихож. Сүхээ гуайн хашаанд оронгуут уужим тал, ургаа мод түшээд авах шиг мэдрэмж төрөх. Өөдлөх айл үүднээсээ гэдэг дээ. Сүхээ гуайнх их хөдөлмөрч айл бололтой. Аж ахуйн багаж хэрэгсэл нэлээд харагдана. Улаан тоосгон байшингаа тойруулаад мод тарьчихаж. Түүнчлэн байшингаас нь зуун метрийн зайд банзаар тусгаарласан хашаанд дан чацарганы мод тарьсан байв. Олон жилийн өмнө тарьсан болохыг гэрийн эзэн хэлсэн. 300 гаруй чацарганы мод бий гэнэ. Энэ намар 10 литр чацаргана хураажээ. Ер нь ургац сайтай жилдээ 80 литрийг хураадаг байна. “Та нар мод, цэцэг унаж дууссан намрын гундуу үед ирлээ. Навч цэцэг нь дэлгэрч жимс жимсгэнэ боловсрох үед нь ирвэл ямар сайхан гээч. Ёстой байгалийн гайхамшиг гэж тэр дээ” гэж хажуугаас Сүхээ гуай уулга алдана.Энэ зуур гэрийн эзэгтэй “Хөгшөөн, ороод ир. Цай уу” гэж дуудав. Гэрийн эзэгтэйг Зунравын Зурмаа гэдэг юм байна.

“Үгүй хань минь ирсэн зочдыг гэртээ оруулж аяганы амсар ч зуулгахгүй. Музейн тайлбарлагч аятай гараа гозгонуулаад л яваад өгөх юм аа” хэмээн хэлэхэд Сүхээ гуай “Нийслэл тэргүүний өрхөөр өргөмжилчихөөд байхад юу хийж, бүтээснээ харуулахгүй бол буруутах байлгүй” гээд нааш нүд ирмээд авав.Гэрийн эзэгтэй цай хийж өгөнгөө “Нохойн хошуугаар хандалж чанасан цай. Манайх хашаандаа нохой хошууны мод тарьдаг юм” гээд нөхөр рүүгээ инээмсэглэж “Ханиа шүүмжлээд байсан хүн чинь өөрөө өвс ургамлаа ярьчихсан явж байна уу” гэж хэлээд гал тогооны өрөө рүү яваад орчихов. Хүүхдүүд нь ирчихсэн байгаа бололтой. Зээ охин Б.Нандин нэг настай. Тэрээр өвөө, эмээгээ хаашаа л явна тийшээ дагаж гүйнэ.

Сүхээ гуайн хүүхдүүд бүгд хоёроос дээш их сургуульд сурчээ

Сүхээ гуайнх нэг хүү, гурван охинтой аж. Одоо бүгд өрх тусгаарлажээ. Хүү Энхбаатар нь Техникийн их сургуулийг инженер мэргэжлээр төгссөн бөгөөд Удирдлагын академийг мөн дүүргэжээ. Охин Нямхүү МУИС-ийн анхны электроникийн ангийг төгссөн бөгөөд хожим “Мандах” дээд сургуульд нягтлан бодох мэргэжлээр сурчээ. Удаах охин Нэрэнхүү МУИС-ийг химийн ангиар төгсч Австралид мэргэжил дээшлүүлсэн юм байна. Бага охин Мягмарнаран “Хан-Уул” дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсч, Англид мэргэжил дээшлүүлсэн аж. Нэрэнхүү өдгөө Австралид нөхөртэйгөө хамт алтны томоохон компанид шинжээч хийж байгаа бол охин Мягмарнаран Англид гэр бүлийнхээ хамт ажиллаж амьдарч байгаа аж. Харин биднийг Сүхээ гуайнд очих үед хүү Энхбаатар, охин Нямхүү нар хүүхдүүдтэйгээ ирсэн байлаа. Түүний дөрвөн хүүхэд өдгөө өнөр өтгөн сайхан гэр бүл болжээ. Зурмаа гуай “Хоёулахнаа байсан хориулаа болчихоод байна” хэмээн хананд өлгөөтэй харагдах гэр бүлийн хөрөг зураг руу зааж ярих. Харин нөгөө талын хананд байрлах шүүгээнээс Сүхээ гуай өргөмжлөл гаргаж ирэв.

Нийслэлийн шилдэг гэр бүл

Тэрээр “Нийслэлийн хөгжил дэвшилд тодорхой хувь нэмрээ оруулж, хойч үедээ үлгэр жишээ болсон Балсангийн Сүхээ таны гэр бүлийг “Нийслэлийн тэргүүний өрх”–өөр өргөмжлөв” хэмээн өмнөх өргөмжлөлөө дуудаад “Манайх Улаанбаатар хотод 55 жил амьдарч байна. Нийслэлийн тэргүүний өрх болно гэдэг чинь их сайхан юм байна. Яахав өнгөрсөн хугацаанд миний хийж бүтээсэн зүйл өнөөдрийн энэ өргөмжлөлийг хүртэх хувь заяаны үндэс байж” гээд магнай дахь хөлсөө арчаад их л бахдалтайгаар цайгаа оочлов. Эднийх хашаандаа чацаргана, нохойн хошуу, тэхийн шээг, давжаа алим, улиас, тошлой, булцуу цэцэг зэрэг олон зүйлийн бут сөөг тарьдаг юм байна. Ялангуяа гэрийн эзэгтэй эрүүл мэндэд сайн л гэж сонсвол үрийг нь олж ирээд хашаан дотроо тарьчихдаг байна. Одоогоор хашаанд нь 500 гаруй мод ургасан байгаа гэв.Мөн хүнсний ногоо хүртэл тарьдаг юм байна. Уг нь хөдөө газар тариалангийн талбайтай байж. Гэвч сүүлийн хэдэн жил хоёр хөгшинд туслах хүнгүй болсон учраас зөвхөн хашаандаа тарьдаг болж. Жижигхэн хүлэмж харагдана. Энэхүү хүлэмжиндээ өргөст хэмх, улаан лооль тарьж ургуулаад дарж хадгалаад хүүхдүүддээ өгдөг байна. З.Зурмаа “Нэг их овойж оцойтол тарихгүй ээ. Гэхдээ л дэлгүүрээс жимс, ногоо авдаггүй. Цагаан сараар л хамаг дарсан ногоо, жимс маань дуусна шүү дээ” хэмээн инээмсэглээд “Манай хөгшний исгэсэн чацарганы ундаанд ирсэн зочид ямар их дурлана гээч” гэж ирээд л ярив.

Монгол фермерийн Сүхээ

1948 онд Увс аймгийн Малчин суманд мэндэлсэн тэрээр амьдралын шаардлагаас үүдэн хоёрдугаар ангид орох жилээ нэгдлийн малчин болсон байна. Түүний ээж дөрвөн хүүхдээ хоосон хонуулахгүйн тулд насаараа мал малласан нэгэн байжээ. Ээждээ тусалж, мал маллаж яваад хожим Налайхын арван жилийн сургуулийг дүүргэсэн гэдэг. Ингээд МУИС-д физикийн багш, Германы чөлөөт залуучуудын дээд сургуульд суралцсан байна. Ингэж яваад хөдөө аж ахуйн салбарт хөл тавьсан түүнийг хөдөө аж ахуй эрхлэгчид төдийгүй боловсролын салбарынхан “Монгол фемер”-ийн Сүхээ гэдгээр нь андахгүй гэнэ. Учир нь тэрээр 1990 онд анх Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төвийг санаачлан байгуулжээ. Тэрээр “Би монголчууд мал ахуйгаа дагавал хэзээ ч хоосон хонохгүй. Харин ч сайхан амьдрах гарц бий гэдэгт итгэдэг. Энэ ч үүднээс тус төвийг анх санаачилж яамнаас хүртэл дэмжиж байлаа” гэж ярив. Түүний хувьд “Монгол бол бэлчээрийн мал аж ахуйг уламжилж ирсэн. Гэхдээ уламжлалын зэрэгцээ шинэчлэл гэж байдаг. Уламжлал, шинэчлэл хосолж байж энэ салбар хөгжинө” гэж үздэг байна. Энэ ч утгаараа анхны Хөдөө аж ахуйн төв байгуулж, улмаар 1998 онд хувьчилж яг энэ хашаандаа “Монгол фермер” хэмээх анхны хөдөө аж ахуйн хувийн дээд сургуулийг байгуулж байсан түүхтэй. Хөдөө аж ахуйн яамны харьяа төв байхад ч тэр, сургууль болгосон хойноо ч тэр Сүхээ гуай мал аж ахуйг зөв хөгжүүлэхийн тулд гадаадын олон ч байгууллагатай хамтарч ажилладаг байсан аж. Түүнийг сургууль байгуулах үед Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Аварзад “Танайх хамгийн баян сургууль” гэж хэлсэн гэдэг. Учир нь тухайн үедээ хүнд баялаг хэрхэн бүтээхийг сургадаг, хэрхэн амьдарч сурах ухаанд суралцуулдаг байсныг олон ч хүн онцлон бичсэн байдаг аж. Тэрээр амьдардаг байшингийнхаа баруун талд байрлах сургуулийнхаа байрыг танилцуулав. Модоор барьсан хуучны улаан хүрэн нэг давхар хоёр байр байна. Хичээлийн нэг, хоёрдугаар байр гэсэн хаягтай юм. Эзэнгүй цэвдэг даах эдгээр байранд энэ жилээс бусад жил хот, хөдөөгөөс ирсэн оюутнууд ёстой л нэг бужигнаж байжээ. Харин энэ жил Сүхээ гуайг сургуульдаа 40 хүн элсүүлэх квоттойг БШУЯ-наас дуулгажээ. “Харж байгаа биз дээ. Би 40 оюутан авчихаад яаж энэ хүйтэн байшинд суулгаад байхав. Манайх МСҮТ учраас төрөөс санхүүждэг. Эдийн засаг хямралтай үед төрөөс ийм ч мөнгө, тийм ч мөнгө гээд нэхээд байх хэцүү ш дээ. Ядаж би ч гэсэн хэдэн төгрөг нэхэлгүй хямралын үед үйл ажиллагаагаа түр зогсоосон нь дээр биз дээ” хэмээн санаа алдана.

Монгол Улсын аварга тариаланч, малчин шавьтай багш Сүхээ

Түүний байгуулсан “Монгол фермер” сургуулийг 1218 оюутан төгсчээ. Эдгээр оюутнууд хаана юу хийж явааг Сүхээ гуай нэг бүрчлэн мэднэ. Бүр овог, нэр, ажиллаж байгаа байгууллагынх нь нэртэй хэлнэ гээч. Гадаадын аж ахуйг судалж туршлагжихын тулд өөрөө интернэтээр орж, охидынхоо тусламжтайгаар гадаадын байгууллагатай холбоо харилцаа сайн тогтоож чаддаг байж. Тиймээс тус сургуулийг төгссөн оюутнуудаас өдгөө Англид 60, Ирландад 10, Өмнөд Солонгост таван хүн ажиллаж амьдарч байгаа аж. Сүхээ багштайгаа ч байнга холбоотой байдаг байна. Ийн ярих зуур гаднаас нэг залуу орж ирэв. Гэрийн эзэгтэй их сайн таньдаг бололтой. “Сайн, Сайн байна уу, хүү минь” хэмээн ихэд дотно мэндлэв. Сүхээ гуайн шавь юм байна. Хэнтий аймгийн Батширээт сумаас “Монгол фермер” сургуульд ирж суралцаж байгаад цэрэгт татагдсан Батдэлгэр гэх шавь нь аж. Тэрээр цэргээс халагдангуутаа багшийнхаа мэндийг мэдэхээр ирсэн нь энэ аж. Түүний шавь нар өдгөө эх орныхоо өнцөг булан бүрт хөдөө аж ахуйн чиглэлээр манлайлж явна. Бүр гадаадын зарим нэртэй фермерүүдэд хүртэл гол ажлыг нь нугалдаг том дарга нар гэсэн. Ямартай ч Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Л.Батцэнгэл Монгол Улсын аварга тариаланч бол Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Х.Мөнхболд улсын аварга малчин. Шавь Б.Галбадрах Хөвсгөл аймгийн ХАА-н газрын даргын албыг хашдаг гээд энд дурдвал багтахгүй биз ээ.

Оюутнуудаа санагалзах сургуулийн ректор

Ингээд түүний ажлын өрөөнд хэсэг саатлаа. Өрөөнийхөө хойморт бурхан тахил залсан байх бөгөөд өмнө нь Монгол Улсын төрийн тэргүүн явсан Н.Багабанди, Н.Энхбаяр болон өдгөө төр барьж буй Ерөнхийлөгч Ц.Элбэрдоржийн зураг байв. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар гэрэл зураг дээр ухаа шаргал дээлтэй, хээр халзан морь унасан харагдав. Тус тусдаа гэрэл зураг мөртлөө яагаад адилхан дээлтэй байгааг асуухад “Би сургуулийнхаа комьпютерийн ангийн нэг хүүгээр фото шоп хийлгэж адилхан дээлтэй болгохгүй юу” хэмээн зальтай инээгээд цааш “Сонирхол юм уу. Н.Багабанди, П.Очирбат гуай хоёрын зургийг бас ийм дээлтэй, ижил зүсмийн морьтой болгож янзлах гэж байсан чинь нөгөө оюутан маань сургуулиа төгсөөд надад олдохгүй завгүй хүн болсон” гэв. Тэрээр аливаа нэг зүйлд баригддаггүй нь түүний зан байдал, амьдарч буй орчин тойрноос нь бэлхнээ харагдах юм гэсэн бодол төрж байлаа. Халаалтгүй, галлагаагүй учраас нэг их удаан суусангүй. Ажлын байрны эсрэг талд оюутны дотуур байр нь байдаг аж. Өнөө жил оюутангүй байгаа болохоор нэг л эл хуль байгаагаа ярьж байлаа. Хүү Энхбаатар тус байрны хаана нь ус гоожиж байна, хаана юу нь эвдэрч гээд аж ахуйн бүхий л ажлыг хариуцдаг бололтой. Насаараа оюутны шуугиан дунд амьдарч ирсэн Сүхээ гуай ажлынхаа өрөөнөөс дуртай дургүй дүнсийн гарна. Хашааны баруун буланд байрлах сургуулийн байр руу эргэн эргэн харж “Манай сургууль хүнийг амьдрах ухаанд сургадаг. Хойтонгоос аймаг, сумдад сургуулиа нээх бодол байна” гэж зөөлхөн шивнээд нуруугаа үүрэн гэрийн зүг алхлаа. Сүхээ гуай 1998 оноос хойш энэ хашаандаа амьдарч байгаа аж. Анх сургууль байгуулсан жил байранд амьдардаг оюутнууд нь байнга шахуу архидан согтуурах болж. Амьтны хүүхэд сургах гэсэн биш архинд живүүлчих вий гэж ихэд сандарч III хорооллоос нүүж сургуулийнхаа хашаанд гэр барьж эхнэртэйгээ амьдрах болж. Ингэж арай гэж залуусыг буулгаж авч, хараа хяналттай болохоор нөгөө хэд нь ч намжиж. Гэтэл хойтон жил сургуулийнх нь ихэнх охин давхар биетэй болчихож. Ямар ч сургуулиас дутахааргүй мэдлэг, боловсрол олгож байсан түүний хувьд энэ мэт оюутнуудын хувь асуудал санааг нь чилээж байсан гэдэг. Гэхдээ л тэрээр тэмүүлсэн зорилгынхоо төлөө зүтгэж олон ч хүнийг хоолтой нь залгуулсан ачит “аав”. Түүний гэргий З.Зурмаа нийгмийн ухааны институт, СУИС зэрэгт ажиллаж явсан бичгийн хүн. Гэвч нөхрийнхөө мөрөөдлийн төлөө хамаг бүхнээ орхиод гэр хороололд мал маллаж, ногоо тарьж амьдарч байхдаа харин ч сэтгэл хангалуун байсан гэдэг.

Сансрын нисэгч Гүррагчаа, “Их засаг”-ын Ням-Осор тэргүүтэй түүний найзууд

“Монгол фермер” сургуулийг байгуулах санааг одоогийн “Их Засаг” олон улсын сургуулийн захирал Ням-Осороос авсан байна. Учир нь 1985-1990 оны хооронд Сүхээ гуай Дорнод аймгийн ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байхад Ням-Осор Хэнтий аймгийн ХЗЭ-ийн дарга байсан аж.Товчхондоо олон насны зөрүүтэй ч тэдний дунд сайхан нөхөрлөл байж. Анд нөхрийн журмаар Ням-Осор нэг удаа “Та энэ том талбайгаа ашиглаад аж ахуйн чиглэлээр сургууль байгуулбал ард түмэнд ч хэрэгтэй” гэж хэлж байсан нь ийн хожим ажил хэрэг болсон түүхтэй аж. Ингэж сургууль байгуулах шипигээ нэг найзаасаа авч байсан хэмээн ярих зуураа зургийн цомгоо эргүүлнэ. Түүний зургийн цомогт Сансрын нисэгч Гүррагчаатай хамт авахуулсан гэрэл зураг нэлээд хэд харагдав. Учир нь Цэргийн 065 дугаар ангид хамт алба хаасан нэг оны цэргүүд гэнэ. Тэрээр Гүррагчаатай хамт татуулсан гэрэл зургаа харуулаад “Золбоотой аавын хүү дээ. Цогтой ч, овтой ч эр” гээд дотроо нэгийг эргэцүүлсэн бололтой толгой сэгсрэн инээмсэглэж үзэгдэв. Мөн МУИС-ийн физик, математикийн ангийг хамт төгссөн Даваа, Баатархүү зэрэг хэдэн нөхдийнхөө зургийг үзүүлэв. Тус ангийг 16 оюутан төгссөн бөгөөд 15 нь эх орныхоо боловсрол болоод шинжлэх ухааны салбарт манлайлагчид нь болсныг онцлов. Харин нэг нь бурхан болжээ. Ялангуяа Давааг МУИС ректороор олон жил ажилласан болохыг мэдэх буй за. Ер нь Сүхээ гуайн гэрт олон төрлийн ном харагдсан. Тэрээр өөрөө ч фермерийн аж ахуйн чиглэлээр олон ном гаргасан хүн. Тухайлбал, 2004 онд “Фермерийн Монгол аж ахуйн шинэ боломж”, “Фермерийн аж ахуйн зохион байгуулалт, туршлага, тулгамдсан асуудал, хэтийн төлөв” зэрэг цуврал ном гаргаж байсан юм.

Хашааныхаа газраас хороондоо илүүчилжээ

“Хүүхдүүд том болоод бид хоёрыг зүгээр л сууж бай, элдэв юм хийж өөрсдийгөө ядраах юм гээд байх юм. Угаасаа гараа хумхиад сууж сураагүй хүн чинь хэцүү юм” хэмээн Сүхээ гуай телевизийн удирдлага барингаа хөөрөлдөв. Тэрээр сонин уншиж, телевиз үздэг хоёр чухал ажилтай гэнэ. Сүхээ гуай “Саяхан би хороо орохоор очтол үүдэн дээр нь “мэргэжилтэн нь байхгүй учраас дүүрэг орно уу” гэсэн зар байна. Намайг уншиж зогсох үеэр 30 орчим насны хоёр гурван хүн ирээд гар утсаараа зургийг нь дараад явсан. Бичиг үсэг мэдэхгүй юм гэнэ. Гэртээ хариад эрх биш эхнэр хүүхдээрээ уншуулдаг юм байлгүй. Би бүр гайхаад жаахан судаллаа. Тэгсэн огт бичиг үсэггүй олон мянган хүн байдаг бололтой. Үнэхээр эмгэнэл биш гэж үү” хэмээн эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө санаа зовнин хэлж байв. Тэрээр одоо чинь гурван гадаад хэл мэдэхгүй л бол гайгүй ажил хийж чадахгүй болчихоод байхад энэ чинь юу гэсэн үг вэ гээд ихэд нухацтай өгүүлэв. Харин эхнэр Зурмаа гуай цаг харангаа ухасхийн босов. Учир нь эднийх ганц, нэг гахайн торой тэжээдэг байна. Ядаж л эднийхээ хоолыг цагтаа өгнө, будааг нь буцалгана гээд ажил гарах юм хэмээн эхнэр хэлээд гарав. Эднийх нам даралтаар халдаг бөгөөд гэртээ халуун, хүйтэн устай яг орон сууцны айл шиг. Сонгинохайрхан дүүрэгт хоёрхон халуун устай өрх байдгийн нэг нь Сүхээ гуайнх аж. Нам даралтаар халаах зуухны өрөөнд орвол гал дээр нь тэжээлийн будаа буцалгахаар саванд хийгээд тавьчихаж. Мөн шувууны сангас, халгай зэргийг нэмэлт тэжээл болгохоор хадгалжээ. Том хашаатай учраас олон жилийн өмнө тариа, ногоо тарихаас гадна саалийн хэдэн үнээтэй, тахиа хүртэл үржүүлдэг байж. Харин нийслэлд мал байлгахгүй гэснээс хойш эдгээр малаа бүгдийг заржээ. Мөн хашааныхаа газраас дүүрэгтээ үнэгүй өгсөн нь өдгөө тэр газар дээр 23 дугаар хорооны байр баригдсан юм байна. Ийн ярьж зогстол түүний ач охин Э.Энхдэлгэр гүйж ирэв. Өвөөгөө гадаа хүйтэнд даарчихна гээд санаа тавьж гадуур хувцас авчирсан нь энэ. Гэрт орж зураг авахуулах болов. Гэрийн эзэгтэй авдарнаасаа ногоон үйтэн хуар дээл гаргаж ирээд өмсүүлэнгээ “Дээл өмсөхөөр махлаг хүний гэдэс тулаад байх юм. Гэдсээ тат” хэмээн хошигноод авав. Харин Сүхээ гуай хариуд нь “Зовж байж олсон гүзээ шүү” хэмээн бөөн наргиан болов. Мэдээж тэрээр өнөөдрийн амьдралаа босгохын төлөө хичнээн зүтгэж, хөдөлмөрлөснийг хэн мэдэх билээ.

Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж

Categories
мэдээ цаг-үе

Б.Чулуудай: Ёс зүйгүй гэж буруутгах бол намайг буруутга

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн хүү, “Гранд лайн” компанийн захирал асан Б.Чулуудайтай ярилцлаа.

Сүүлийн үед тантай хол­боо­тойгоор аавыг тань ихээр буруутгаж, бүр огцруулах хүртэл асуудлыг сөхөх болсон. Харин энэ бүх “хэргийн эзэн” та дуугүй яваад л байх юм. Энэ бүх явдалд хамгийн бодитой мэдээллийг өгөх хүн бол та шүү дээ…

-Миний нэрийг оролцуул­сан хэл яриа гараад бас нэлээд удлаа. Дуугарч, юу болж байгааг хэлмээр санагддаг байсан ч зорьж төлөвлөсөн ажлынхаа ард гараад, хийж бүтээсэн ажлаа­раа хариуг нь үзүүлье гэж бодож байлаа. Юу юуны духанд хүрэлгүй тайлбар тавиад явснаас ажлаа сайн хийе гэж бодож ирсэн. Нөгөө талаас яг надаас ярилцлага авмаар байна, та хариулт өг гэж сонин хэвлэлийнхэн хандаагүй л дээ. Би өнөөдөр л тантай уулзаж байна. Харин ч нэг ний нуугүй ярьчихъя гэсэн бодолтой таны өмнө сууж байна. Ингэхэд танд эхлээд асуулт тавьчихвал болох уу. Та ингэхэд дахин төлөвлөлтийн талаар ямар бодолтой явдаг вэ. Энэ ажил цаашдаа үргэлжлээд яваасай гэж боддог уу?

Манай нийслэлийнхний асуудал болгож ярьдаг хэт төвлөрөлт, утааны асууд­лыг шийдэж, гэр хороололд амьдарч байгаа иргэдийн тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх чухал гарц нь дахин төлөвлөлт гэж бай­гаа биз дээ. Миний хувьд энэ асууд­лууд түр­гэн шийдэгдээд цаашлаад хуучны орон сууц­ны байшин­гууд ч дахин төлөвлөлтөд орж, шинэч­лэгдэхийг хүлээж байдаг.

-Тийм ээ. Дахин төлөв­лөлтийн талаар ярьж эхлэхэд хүмүүс тэр бүрийд ойлгодоггүй байлаа. Аав маань анхлан үүнийг ярьж эхлэхэд хүмүүсийн санаанд буухгүй байсан байх. Бага багаар хүмүүс учрыг нь ухаж эхэлсэн. Тэгээд аав болоод түүний багийнханд хүмүүс итгэл хүлээлгэж, аав ч хотын захирагч болсныхоо дараа энэ ажлыг зохион байгуулалттайгаар эхлүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг өрнүүлснийг хүмүүс мэдэж байгаа. Энэ ажлыг эхлүүлсэн нь ч, цаашдын олон арга хэмжээ нь ч бүгд НИТХ-ын баталсан тогтоол журмын дагуу явж ирсэн, явдаг гэж би ойлгодог. Уг тогтоол журмын дагуу иргэдийн өөрсдийнх нь гаргасан санал санаачилгаар эхний ээлжинд найман байрлалд дахин төлөвлөлтийг эхлүүлсэн. Энэ санал санаачилга, дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд манай “Гранд лайн” компанийн оролцсон консерциум Амгалангийн Жанжин клуб орчмын 15,4 га газарт дахин төлөвлөлтийг хийхээр шалгарсан юм.

Харин энэ шалгаруулалтад хотын даргын хүүгийн компани багтсан концерциум шалгарсан нь буруутаад байгаа юм биш үү?

-Энэ шалгаруулалтыг манай аав ч юм уу, хотын аль нэгэн албан тушаалтан хийдэггүй юм. Үүнийг тэр газар нутагт оршин сууж байгаа иргэд өөрсдөө хийдэг. Үүнийг хүмүүс мэдэж байгаа ч зориуд мэдэн будилж байгаа юм уу, шийдвэрийг иргэд биш эцэг нь гаргасан мэтээр яриад байгаад асуудал байгаа юм. Манай “Гранд лайн” компанитай салбартаа олон жилийн туршлагатай “Зуншин”, “Сайрам булаг” гэсэн компаниуд ажлын төлөвлөгөө, зураг төслөө гарган шалгаруулалтад хамт оролцсон. Тэгэхэд энэ 15.4 га газрын дахин төлөвлөлт дээр 14-15 компани өрсөлдөж, гурав нь шалгарч үлдэж байлаа. Харин энэ гурван компаниас иргэд өөрсдөө сонголтоо хийсэн юм. Санал асуулгаар манайх 90 санал, дараагийнх нь 30, 20 санал авч, өрсөлдсөн компаниуд маань иргэдийн өгсөн энэ саналыг хүлээн зөвшөөрч байгаагаа батламжилж гарын үсэг зурсан баримт бичиг нь ч энэ байна. Бүх зүйл хууль журмын дагуу явж ирсэн гэдгийг батлах баримт бичгүүд миний өмнө байна. Та аль дуртайгаасаа аваад надаас асууж болно. Иргэд бол биднийг хийж чадна гэдэгт итгэсэн учраас саналаа өгсөн, бид ч тэдний итгэлийг дааж ажиллаад өгнө гэсэн итгэл үнэмшилтэйгээр ажилдаа орж байлаа. Манай тэнд оршин суудаг 228 өрхийн 215-тай нь бид гэрээ хийж чадсан. Энэ бас мундаг үзүүлэлт шүү. Нийт айл өрхийн 75 хувьтай нь тохиролцож чадвал ажлаа эхлүүлдэг байхад бид 95 хувьтай нь ойлголцож чадсан.

Гэвч 2013 оны сонгуулийн үеэр улстөржих болж Э.Бат-Үүлийн хүүгийн компани үүнд оролцоод явж байгааг буруутгаад эхэлсэн юм. Сүүлдээ хамтрагч хоёр компани маань хэл амнаас түвэгшээж энэ төслөөс гарахаар шийдсэн. Үнэндээ бизнесийн хүмүүс ийм хэл амнаас болгоомжилдог, зүгээр л урд байгаа ажлаа хийхийг эрхэмлэдэг хүмүүс. Гэтэл зүгээр бизнесээ хийгээд явж байгаа тэр хүмүүс надаас болоод асуудалд орохыг хүсээгүй. Одоо үүнийг хэлж байгаа нь зөв ч юм уу, буруу ч юм уу мэдэхгүй байна. Дахиад тэднийг хэл аманд оруулчих вий гэхээс санаа зовж байна. Туршлагатай, сайн компаниуд байсан. Надад үнэхээр харамсалтай байлаа. Бизнес хийж, ажлын ард гаръя гэсэн тэр хүмүүс яах аргагүй байдлаас болж төслөөс гарсан.

Тэгээд танайГранд лайнХХК ганцаараа үлдсэн юм уу. Ингэхэд танай энэ компани хэзээ байгуулагдсан, үйл ажиллагааны чиглэл нь ямар компани вэ. Та өөрөө байгуулсан уу, хэн нэгнээс дамжуулж авсан уу?

-Ингээд ганцаараа үлдсэн. Энэ компани маань 2012 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн компани. Би танилаасаа энэ компанийг шилжүүлэн авч, брокер дилерийн үйл ажиллагаагаар гадны компанитай хамтран ажиллаж байсан. Манай “Гранд лайн” компани бол хөрөнгө оруулалт зуучлалын компани. Хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын банк гэж байдаг шиг хөрөнгө оруулалт зуучлалын компани. Тухайлбал, энд байгаа Бат гэдэг хүний газар дээр би хөрөнгө оруулалтын зуучлал хийгээдДорж гэдэг хүний хөрөнгийг бас өөрийнхөө хөрөнгөтэй нийлүүлээд бүтээн байгуулалт хийгээд Батдаа, Дорждоо бас өөртөө ч ашигтай ажиллахыг хэлээд байгаа хэрэг л дээ. Ийм төрлийн бизнес дэлхийн хаа ч байдаг. Сөүл, Бээжинд ч газар зохион байгуулалт ийм зарчмаар явагдаж, дахин төлөвлөлт хийж ирсэн. Тэр зарчмаар би энэ ажил руу орсон юм. Үнэндээ би ялаад, шалгараад үлдчихнэ гэж бодоогүй энэ шалгаруулалтанд орсон юм шүү.

Түрүүлнэ гэж бөх барилд­даг шиг ялна гэж шалгаруулалтад ордоггүй юм уу?

-Чин үнэнийг хэлэхэд би шалгарчихна гэж бодоогүй байсан. Ямар ч байсан залуу хүн байна энэ шалгаруултад төсөл төлөвлөгөөгөө бэлдээд ороод үзье, өөрсдийгөө сориод үзье л гэж орсон юм. Бас нөгөө талаас аавынхаа хүү нь учраас эхлүүлж байгаа, санаачилж байгаа ажлыг нь дэмжээд өрсөлдөж байгаа олон компанийн нэг нь болж хүч нэмье гэж санасан. Гэтэл манай хорооны иргэд бидэнд, манай компанид итгэж байгаагаа илэрхийлж, бусдаасаа тасархай санал аваад гараад ирсэн. Та бүхэн санаж байгаа бол үүний дараа аав очоод тэр иргэдтэй уулзаад, энэ компанийг больчих оо, өөр компанийг сонгочих гэж хэлсэн ч ам руугаа алгадуулаад буцсан.

Тухайн үед телевизээр гарч байсан санагдаж байна. Хүмүүс бараг хотынхоо даргыг загнаад буцааж байсан даа

-Тийм ээ. “Таны мэдэх асуудал биш ээ, бид өөрсдөө асуудлаа мэдье” л гэсэн. Аав уг нь манай компанийг биш өөр компанийг сонгочих гэж ятгаж очсон юм шүү дээ. Гэтэл иргэд бидэнд итгэсэн, түүнийгээ аавд, хотын даргад хэлж, түүний хэлснийг хүлээж аваагүй. Тэгэхээр нь би ч урам орж улаан галзуу дайрчихсан. Үнэндээ манай компанийн залуус, би, бид бүгдээрээ энэ ажлын ард гарах гэж хичээн зүтгэсэн дээ. Гэтэл даанч болдоггүй юм байна. Гүжир гүтгэлэг, дайралт үнэндээ хүнийг туйлдуулдаг юм байна (санаа алдав).

Та нар иргэдэд ямар санал тавьсан бэ. Тэр олон хүний хүсэл таашаалд нийцүүлнэ гэж амаргүй биз дээ?

-Мэдээж, иргэдтэй тохиролцоно гэдэг амаргүй ажил. Хамгийн их цаг хугацаа, хүч хөдөлмөр авдаг ажил нь энэ. Тэнд 0.07 га газартай иргэдэд бид 120 м/кв орон сууцыг санал болгосон. Брокер дилерийн чиглэлд ажиллаж байсан болохоор манай залуус тооцоо судалгаанд гаргуун. Тэгээд бид нарийн тооцоо гаргаж, бас газраа өгч байгаа иргэдээ ч хохироолгүй тав тухтай амьдруулах үүднээс 120 м/кв орон сууцыг өгөхөөр шийдсэн. Үнэндээ 120 м/кв бол бага хэмжээ биш. Аавыг маань дахин төлөвлөлт гээд ярьж эхэлж байхад хашаа байшингийн үнэ тун бага байсан юм шүү дээ. Газраа барьцаалаад зээл аваад сайхан байшин барих боломжийг судлахад газар нь ямар ч үнэгүй болохоор барьцаа болж чаддаггүй байлаа. Биднийг гэрээ хийх үед орон сууцны м/кв-ын ханш одоогийнхоос өндөр, манай санал болгосон байраар бодоод үзэхэд бид нэг айлын хашааг 200 гаруй сая төгрөгөөр үнэлж байсан. Одоо м/кв-ийг 1.5 сая төгрөгөөр бодлоо гэхэд 144 сая төгрөг шүү дээ. Гэтэл тэр үед хашаа таван сая төгрөг, ихдээ 20-30 сая төгрөг байлаа. Харин одоо газрын үнэ тэнгэрт хүрсэн нь дахин төлөвлөлтийн ажлын үр дүн юм аа. Банкинд барьцаанд тавих хөрөнгө болж чаддаггүй байсан айлын газрыг үнэд хүргэх аавын минь бодол биелсэн. Бид гэрээ хэлцэл хийж явахдаа иргэдийнхээ хүсэл бодлыг сайн тусгаж явсан. Тэдэнд анх 60 м/кв байр өгнө гэхэд тэд боломжгүй гэдгээ хэлж байлаа. Тэр хашаанд ганцаараа биш, үр хүүхэд, бэр хүргэнтэйгээ амьдардаг улсууд, бидэнд жижиг метр квадрат байр аваад амьдрахад багтаж шингэхгүй хэцүү гэсэн. Тэгээд бидний зүгээс 40, 40м/кв-аар нь гурван байр авч болох саналыг тавьж, иргэд ч саналыг маань дуртай хүлээж авсан. Дээрээс нь хашаанд байгаа тоосго байна уу, мод, палк байна уу бүх байшинг нь тодорхой хэмжээгээр үнэлж м/кв-ын хэмжээг нь нэмээд өгч байгаа юм.

Тэндхийн иргэд маань зөвхөн байртай болоод дуусмааргүй байна, орлогын эх үүсвэртэй болохыг хүсч байна гэснийг ч бас бодолцсон. Тэндээ худалдааны төв барихаар болж, улмаар өрх бүрт таван м/кв лангуу үнэ төлбөргүй ашиглах эрхийг өгсөн. Бид тэдний үгийг сонсч, тэдэнд бас санал маань таалагдсан учраас учиргүй ажил уях хүн байгаагүй. Тэгээд ч иргэд маань ухаантай учраас дахин төлөвлөлтийг дэмжээд ажлыг түргэн урагшлуулсан. Мэдээж шүү дээ, хэн тохилог орон сууцанд дээрээс нь орлогын эх үүсвэртэй амьдрахыг хүсэхгүй байх вэ дээ. Яахав, заримдаа хэлэлцээ хүндрээд ирэх үед нь би нэмэгдэж ороод тавыг нь тав гэлтгүй кв-ыг нь нэмээд, нэмээд ажлаа явуулж л байсан. Ингээд маш хурднаар энэ ажлынхаа ард гарсан. 30 гаруй тэрбум төгрөгөөр 15 га газрын худалдан авалт хийгдсэн гэсэн үг. Үүнийгээ га-д нь хуваагаад үзвэл хоёр тэрбум төгрөг болж байгаа нь Зайсангийн газрын үнэлгээтэй бараг дөхөж очиж байгаа юм. Цаашлаад бид хөрөнгийн зах зээл дээрээс ч брокерын үйл ажиллагаагаар мөнгө босгох төлөвлөгөө байсан. Газрыг эргэлтэд оруулж, проперти бизнес хийх гэж үүнийг хэлж байгаа юм. Тэр үед залуус маань үнэн эрч хүчтэй, ажиллах, хийж бүтээх гүн эрмэлзэлтэй байсан. Би тэднээрээ одоо ч бахархдаг.

Танай хажууханд дахин төлөвлөлтийн ажил руу орсон барилгын компанийнхан хүмүүстэйгээ 100 м/кваар тохирч байсан ч Б.Чулуудайд чирэгдээд 120 м/квыг өгөхөөр болсон. Аавынхаа ажлыг дэмжээд ханш өсгөөд байсан гэж таныг буруутгангүй ярьж байхыг сонсч л байсан юм байна

-Бид нарийн тооцоо хийсэн гэдгийг дээр хэлсэн. 120 м/кв бол иргэддээ ч ашигтай, компаниудад ч ашигтай. Хоёр тал аль, аль нь сэтгэл ханамжтай үлдэх ёстой. Манай гэр хорооллынхон цахилгаантай л болохоос аль XIX зуун, бүр түүнээс өмнөх зуунаараа л амьдарч байна шүү дээ. Тэгвэл энэ бүхэн өөрчлөгдөх цаг болсон. Үүний төлөө аав маань бас олон, олон хүн зүтгэсэн. Үүний хүчинд гэр хорооллынхны газрын үнэлэмж өөр болсон. Дахин төлөвлөлтийн ажил маань улам өргөжөөд 30 гаруй компани шалгараад явж байгаа гэж сонссон. Тэр хүмүүс бас яах гэж ингэж зүтгэж байгаа юм. Эцсийн үр дүнд гэр хороололд маш том бүтээн байгуулалт босч, дэд бүтцийн хувьд таатай, эрүүл ахуйн хувьд аюулгүй тийм орчинд амьдрах явдал шүү дээ. Үүнийг ач холбогдлоор нь үзвэл маш том ажил юм.

Өөрөө яагаад бизнесийн салбар руу орсон юм бэ. Тэгээгүй бол энэ бүх хэл ам үүсэхгүй байсан гэж боддог уу?

-Би хүүхэд байхаасаа улс төрийн амьдрал гэж юу болохыг сайн мэддэг байсан. Бараг манай гэрт анхны нам байгуулагдаж байлаа шүү дээ. Ардчиллын партизанууд чинь манайд цуглаж хурлаа хийдэг байсан. Ээжийн маань ганзаганд яваад олж ирсэн хэдэн төгрөгийг аав хурааж аваад намын байраа тохижуулж байсныг би харж л байсан. Ардчиллын мөн чанар гэж юу болохыг би үеийнхнээсээ хамаагүй эрт ойлгосон байж ч магад. Тэр үеэс л би улс төр хатуу, ар гэрийн амьдрал золиосонд байдаг гэдгийг мэдэрсэн. Тиймдээ ч би бизнесийн салбарт хүчээ үзэж амьдрахыг хүссэн. Одоо ч хүсч байгаа. Жинхэнэ улс төр гэдэг бол элдвийн наймаа, худал хуурмагт оролцож болдоггүйг яс махаараа мэдэрсэн. Би 19 нас хүрээд ээжийнхээ ажилд туслах болсон. “Сонор” дуу бичлэгийн студиэ ажиллуулж, хамтлаг дуучидтай хамтарч дараа нь “Инфо” радиогоо байгуулж, бүр анхны интернэт радиог ч үүсгэж байлаа. “Сонор”-ын таван жил гэж тэр үедээ л үндэсний том баяр болж хамтлаг, дуучид бүгд л стадион дүүрэн уухайлж дуулж байсныг санаж байна. Бас хамтлаг, дуучдыг амьдаар нь дуулуулж, шууд радигоор цацдаг паб маань гурван жил дараалж АПУ компанийн шилдэг харилцагч болж байсан гэхээр сүрхий л байж гэмээр байна. Бид анхны хүүхдийн аудио үлгэрийн номын цоморлигийг хэвлэж гаргаад гурван жил дараалан хамгийн шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлж л байлаа.

-“Татархамтлагийг продюсерлэж гаргаж ирсэн дээ. Бараг хамтлагийг бүтээж, гаргаж ирэх анхны оролдлого байх шүү?

-“Татар” хамтлагаараа би их бахархдаг. Дэнжийн 1000-ын хүүхдүүд шүү дээ. Бас л гэр хорооллынх. Бид үзэгчдээр битүү дүүрсэн хэд хэдэн тоглолтуудыг сайхан хийж байлаа. Улаанбаатар паласт 25 мянган хүнтэй тоглолт хийж, Японд очиж тоглолт хийгээд “Sony music”-тэй хамтран ажиллах гэрээ байгуулж байсан. Мөн бид “Татар” хамтлагийн “Аз жаргал Bad boy” киног хийгээд сар хагасын дотор 360 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, шинэ монгол киноны сэргэлтийг эхлүүлж л явлаа. Тэр үед би 25-26-тай байж дээ. Ингэж явж байсан хүн яаж бизнесээс ангид байх билээ. Нэг хэсэг нэлээд амжилттай явж байсан дуу бичлэг, CD борлуулалтын бизнес маань аяндаа унаж эхэлсэн дээ. Технологийн хөгжилд нэг ёсондоо чирэгдэх болсон. МР3 гарснаар хүмүүс дуугаа бие биенээсээ, компьютероос хуулаад авчихдаг боллоо. Яг энэ үед миний дотнын ах надад хатуу зөвлөсөн юм. “Би аав, ээжийг чинь мэднэ ээ. Энэ гэр бүлдээ чи ирээдүйтэй, зөв нэр төртэй бизнес хийх хэрэгтэй шүү гэж зөвлөсөн юм. Тэгээд би гадагшаа явж сурахаар шийдсэн. Сингапурт хоёр жил бизнесийн удирдлагаар суралцлаа. Энэ үедээ хөрөнгө оруулалтын бизнесийн талаар чамгүй судалсан юм. Хөрөнгө оруулалтын зуучлал хэрэгтэй юм байна, хөрөнгө оруулалтын бизнес ашигтай ажилладаг юм байна гэдгийг ойлгож аваад ирсэн дээ.

Ирээд ямар ажил хийсэн бэ?

-Тэнд суралцаж байх үеэсээ эхлээд газар, уул уурхайтай холбоотой төсөл, барилга хөдөө аж ахуйн чиглэлд нэлээд судалгаа хийсэн. Хөрөнгө оруулалт салбар бүрт байж болох учраас бүгдийг судалсан. Төгсч ирээд “Samsung”-ийн хөрөнгө оруулалтын банкны Монгол дахь төлөөлөгчөөр ажиллав. Энэ үедээ бас чамгүй сайн ажилласан гэж боддог. Харамсалтай нь толгой компани маань хөрөнгө оруулалтын банкны чиглэлд ажиллахгүй болсон учраас Азийн орнуудад, Монголд байсан салбараа татан буулгасан. Энэ хооронд би 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Монголдоо оруулж ирж чадсан. Үүний дараа хувийн компанийн ажилдаа ороод явж байтал 2012 онд дахин төлөвлөлтийн ажил эхэлсэн дээ.

Дахин төлөвлөлтийн автор бол яах аргагүй танай аав. Одоо сонгууль дөхөж байгаа болохоор аавтай чинь холбоотой сөрөг таагүй мэдээлэл эсрэг намынханд хамгийн чухал. Ийм байдал үүснэ гэдгийг мэдэж л байсан байх. Яах гэж аавтайгаа хол­боо­той энэ ажил руу орсон юм бэ. Үлдэж болоогүй юм уу?

-Одоо аавыг маань ёс зүйгүй үйлдэл хийсэн гэж сөрөг хүчний намын аппарат тэр чигээрээ, ер нь бүх нам, тэр дундаа өөрийн намаас нь ч нийлчихсэн буруутгаж байна.

Хотын дарга ямар ч ёс зүйгүй үйлдэл хийгээгүй ээ. Миний аав ёс зүйгүй байгаагүй. Ёс зүйгүй гэж буруутгахаар бол намайг буруутга. Ёс зүйгээ алдсан хүн олоод ир гээд байгаа бол би 100 хувь буруугаа хүлээе. Хуулийн хариуцлага хүлээх ёстой бол би хүлээнэ.

Гэхдээ яг юуг ёс зүй гээд байгаа юм бэ. Надад 2012 онд хүмүүс хэлж байсан. “Чи энэ ажилд орохоор бол ард нь нуугдаж ор оо. Хүмүүс хэл ам гаргана” гэж байсан. Яагаад гэвэл урьд нь хэн нэг даргын хүү, аль нэгэн эрх мэдэлтний хүү нь, дүү нь, хамаатан ах дүүс нь ингэж л яваад ирсэн учраас тэд надад тэгж хэлээд байжээ. Харин би ингэж нуугдаж орвол жинхэнэ ёс зүйгүй хэрэг болно гэж бодсон. Надад нуугдаж ажиллах шаардлага байхгүй, би ил тод, бизнесийн зарчмаар шударгаар ажиллах болохоор нэрээ хэлж байгаад, Бат-Үүлийн Чулуудай гэж зарлуулж байгаад энэ ажлыг сайн хийнэ л гэж бодсон. Дээрээс нь надад аавынхаа санаачилсан энэ ажлыг хүүгийн хувьд гар бие оролцоод дэмжчих юмсан гэсэн чин хүсэл байсан. Аав маань гэр хорооллын хүмүүсийг таатай, тохитой орчинд амьдруулмаар байна, газрыг нь үнэтэй болгомоор байна гэж хэдэн жил хоолойгоо сөөтөл ярилаа. Цаад ач холбогдол нь чухал учраас иргэн хүнийхээ хувьд ч би хараад суумааргүй байсан. Харин гар бие оролцож, гэр хорооллыг сайхан бүтээн байгуулалт болгох тэр их ажилд хүчин нэмэр болмоор санагдсан юм.

Тэгээд ч би хэн нэгнээс газар авчихаад хүний араар нуугдаад бизнес хийгээд явахыг хүсдэггүй, хүсэх ч үгүй байна. Ийм нийгмийг миний аав бий болгосон юм. Би бол яах аргагүй энэ нийгмийн, ардчилал, чөлөөт зах зээлт нийгмийн үр шимийг хүртэж яваа, тэр үзлээр хүмүүжиж бий болсон хүн байж бусдаас нуугдаж, хулгайч шиг явахыг хүсэхгүй. Хэрэв тэгсэн бол жинхэнэ ёс зүйгүй хэрэг болох байсан юм. Гэвч болдоггүй л юм байна даа.

Э.БатҮүл дарга ярилцлагадааБи хүүгээ энэ төслөөс гаргасангэж хэлсэн. Таныг их шахсан уу, та дурамжхан байв уу?

-Би үнэхээр дургүй байсан. Яагаад гэвэл эхлүүлсэн энэ ажлынхаа ард нь гарахыг хүсч байсан. Гүжир гүтгэлгийн эсрэг хийсэн ажлаа харуулъя гэж санаж байсан. Гэвч болсонгүй.

Газрыг олгох шийдвэр танай аавынх биш, иргэдийнх байсан юм байна. Тэгвэл дэд бүтэц, шугам сүлжээ татах нэрийдлээр танай компанид олгосон таван тэрбум гаруй төгрөгийн асуудлыг та юу гэж тайлбарлах вэ. Хотоос танайх руу өгсөн байх аа?

-Дэд бүтэц, шугам сүлжээ татах нэрийдлээр биш татуулахаар хотоос гаргаж байгаа мөнгө. Амгалангийн Жанжин клуб орчмын тэр хавийн дэд бүтцийг шийдэхээр хот өөрөө гаргаж байгаа хөрөнгө. Манай дансаар орж ирсэн болохоос биш, тэр ажлыг гүйцэтгэж байгаа компаниудад очсон хөрөнгө. Тав ч биш 11 тэрбум юм. Өнөөдрийн байдлаар үүний зургаан тэрбум орчим нь ажилдаа зарцуулагдсан байгаа. Дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлсэн бүх компаниуд руу дэд бүтэц, шугам сүлжээний хөрөнгийг НИТХ-ын гаргасан тогтоол журмын дагуу шилжүүлсэн байдаг. Энэ чиглэлд ажилладаг компаниуд нь өөрсдөө хийгээд, манайх шиг өөрсдөө хийддэггүй нь бусад гүйцэтгэгч компаниар хийлгүүлсэн. Та манай дансны хуулгыг харж байна. Тэр яригдаад байгаа таван тэрбум чинь дандаа зарлага болоод бусад компаниуд руу гарсан байгаа биз дээ. Манайх үүн дээр ажил хийгээгүй учраас нэг ч төгрөг аваагүй, гүйцэтгэгч компаниудад өгсөн.

Таны нэг бичлэг интернэтээр цацагдаад байсан. Гүйцэтгэгч компанийн хүмүүстэйгээ ойлголцохгүй байгаа бололтой

-Ажлаас болж хүмүүс маргалдаж л байдаг. Ажлаа сайн хийж, ажлаа урагшлуулахын төлөө хүмүүсбүгд тэгдэг байх. Тэр бичлэгийн хувьд нийслэлээс хөрөнгө оруулалт авахын тулд НИТХ-ын гаргасан тогтоол журмын дагуу бид таван хувийн барьцааг урьдчилан байршуулах ёстой байсан. Үнэндээ шугам сүлжээ тавих ажлыг бид хийхгүй учраас бид мөнгө авахгүй. Тиймээс би гүйцэтгэгч компаниуддаа урьдчилгаа төлбөрийн баталгаагаа өөрсдөө хариуцаад яваарай гэдгийг хэлсэн байсан. Цагаа тулахад мөнгө гаргах газрууд байгаагүй. Би тэдний өмнөөс барьцааны мөнгийг өгч, гэрээ байгуулсан учраас манай компанитай гэрээ байгуулаад явах талаар мэдэгдэл хүргүүлсэн юм. Манайх тэдний өмнөөс барьцаа өгчихсөн байдаг, тэд ажлаа хийхгүй алга болчихвол би хариуцлагад унана. Тиймээс тэднийг барьцаагаа өг гэж хэлсэн. Гэтэл тэрнийг мушгиж тайлбарлаад, зориудаар гүтгэж байна лээ. Манай энэ хорооны дэд бүтэц, шугам сүлжээнд зарцуулагдах 11 тэрбум төгрөг бол нийт дахин төлөвлөлтийн найман байршлаасаа бараг багад нь тооцогдох байх. Зарим компаниуд бүр 50-60 га газарт дахин төлөвлөөд явж байгаа. Энэ компаниудын аль нь ч төслөөс гараад явлаа гэхэд тийшээ яваад очсон дэд бүтэц, шугам хоолойг чинь тэврээд явахгүй шүү дээ. Тэндээ үлдэх юм. Тэр хавийн хүмүүст ач тус, үнэ цэн нь ирж, газрыг нь бүр үнэтэй болгох л юм. Ер нь аль хотын даргын үед гэр хорооллынхны төлөө ингэж хөрөнгө гаргаж, анхаарч байсан юм бэ. Одоо Амгалангийн хүмүүс бэлэн 150 саяыг өгвөл өг гээд сууж байдаг болсон. Энэ чинь жинхэнэ үр дүн, жинхэнэ ёс зүй биш юм уу.

Та тэр туркуудтэй яаж яваад холбогдсон юм бэ. Тэд луйвардуулсан гээд гомдолтой байгаа шүү дээ?

-Би энэ ажлаа амжилттай явуулахын төлөө олон газраар явсан. Хятад, Япон, Солонгос, Турк гээд олон орны хүмүүстэй хөрөнгө оруулалтын чиглэлээр уулзаж, судалгаа хийж явсан. Япон, солонгосчууд дахин төлөвлөлтөөр маш их туршлагатай хүмүүс. Туркуудыг ч сонирхох шалтгаан байсан. Тэд барилгыг маш хурдан сайн барьдаг, мөн гэрээ хэлцэлдээ мөнгө төгрөгийн тухайд итгэл төрүүлсэн учраас хамтрахаар болсон юм. Энд бид Турк улсын тухай яриагүй юм шүү. 216 Япи Үрэти нэртэй ХХК-ийн тухай л ярьж байна. Үүнийг уншигчид маань ялгаж салгаж ойлгоорой.

Энэ компанитай хийсэн гэрээндээ бид Монголын тал 55 хувь, Туркийн тал 45 хувийн санхүүжилтийг гаргана гэж заасан. Эхний ээлжийн 365 айлын орон сууцын барилгын ажлыг эхлүүлэхэд есөн сая ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэж үзээд үүнийг дээрх хувиараа тооцсон. Гэхдээ хөрөнгө оруулалтаа бэлэн мөнгөөр буюу валютаар хийнэ гэдгийг нарийн заасан байдаг юм. Нэмэлт заалтаар Б тал нь гарын үсэг зурж, гэрээнд заасан ажлаа гүйцэтгэснээр А талын хувьцааны 50 хувийг эзэмшинэ. Ингэхдээ А талын урьд нь гаргасан хөрөнгө оруулалтын 50 хувийг гаргана. Хэрвээ гэрээнд заасан хугацаанд хөрөнгө оруулалтаа хийхгүй гэрээнээс буцвал нөгөө талдаа хувийг нь буцааж олгоно гэж заасан. Энэ гэрээг 2013 оны арванхоёрдугаар сарын 16-нд хийсэн.

Тэгээд юу болсон бэ?

-За ингээд гэрээгээ байгуулаад Компанийн тухай хуулийн дагуу хувь хувьцаагаа бид шилжүүлсэн байдаг юм. Гэтэл туркууд ажлаа эхлээд явж байх зуур гэрээн дээрх тохиролцоогоо зөрчиж эхэлсэн. Туркт намайг аваачаад цахилгааны ажлыг энэ компани хийнэ, энэ манай найзын компаниас цахилгааны тоног төхөөрөмжөө авна. Бид энэ хүмүүстэй өөрсдөө мэдээд гэрээгээ хийгээд явна. Энэ бүхэн манай талаас оруулж байгаа хөрөнгө оруулалт, чи зөвшөөрөх ёстой гээд яриад эхэлсэн. Нөгөө бэлэн мөнгөөр хөрөнгө оруулах гэрээний заалт зөрчигдөх болсон. Би тэдэнд “Та нараас оруулж ирсэн хөрөнгийг би өөртөө байршуулахгүй, та нар дансандаа байрлуул. Баруун, зүүнээрээ хөрөнгө оруулалтаа хийгээд явъя. Гэхдээ худалдан авалтыг “Гранд лайн” компанитай хийгээд явах ёстой” гэдгийг хэлсэн. Яаж ч бодсон тэдний нөхцөлийг зөвшөөрөх боломжгүй байсан. Энэ үеэс бидний маргаан эхэлсэн юм. Ирээд байж байтал нөгөө хэд аль хэдийнэ баахан газартай гэрээ хийгээд найман контейнер бараа явуулсан, аваарай гэлээ. Түүнийгээ 800 гаруй мянган ам.долларын хөрөнгө оруулалтад тооцно гэсэн. Би түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй, гэрээнд зааснаараа хөрөнгө оруулахыг шаардаж эхэлсэн юм. Өнгөрсөн бүх хугацаанд миний нэг талд барилга хариуцсан мэргэжилтэн, нөгөө талд нягтлан нь тэгээд орчуулагчтайгаа байдаг байлаа. Би гэж хүн хоногийн 24 цагийн турш байнгын дагуулуудтай. Байнгын хяналт дор байдаг байлаа. Миний алхам бүрийг мөшгинө. Дээрээс нь намайг гарын үсэг зурах эрхээ өг гэж шахах болсон. Би энэ ажлаа явуулахыг хүсч байсан болохоор тэдний аяглалуудыг хүлцэж байлаа. Компанийн удирдах эрхийг авна гээд байхаар нь өгөөд холдож ч үзсэн. Гэтэл бүх хүмүүсийг маань дуудаад зайлах нь зайлаарай гэсэн байгаа юм. Нягтланг маань дуудаад хоёр тайлан хөтлөх даалгавар өгсөн. Нэгийг нь өөрсдөдөө зориулж, нөгөөг нь татварт зориулж. Манай нягтлан над руу утасдаад “Намайг хоёр тайлан хөтөл гэж байна. Би ийм юм хийж ч үзээгүй, хийх ч үгүй. Энэ ажлыг нь өгье дөө. Танд мэдэгдэх ёстой гээд залгалаа гэсэн”. Арай ч дээ. Нутаг дээрээ бид ингэж доромжлуулж байж болохгүй биз дээ. Тэгээд би “Та нар гурван тайлан гаргах юм байна. Нэг нь өөртөө, нэг нь татварт бас дахиад нэгийг Чулуудайд гаргаж өгөх юм байна. Монголд ийм юмыг зөвшөөрдөггүй юм. Хууль бус ажиллагаа, залилан гэдэг юм. Таны нягтлан энэ бүхнийг чинь баримтжуулаад өгөхөд та шоронд суудаг юм” гэхэд “Би мэдээгүй” гэж байгаа юм. Ингээд л мөр мөрөө хөөе гэсэн дээ. Тэгээд гэрээ анхнаасаа хэрэгжээгүй учраас би гаргасан мөнгийг чинь өгье, та нар надаас авсан хувиа шилжүүлж өг гэсэн шаардлага тавьсан. Гэвч тэд нутаг руугаа буцаад хэдэн сар алга болж, ажил гацаасан. Байдал иймд хүрсэн учраас би өнгөрсөн жилийн наймдугаар сард Арбитрийн шүүхэд хандсан юм.

Танай талаас гомдол гаргасан юм уу?

-Тийм ээ. Уг нь манай тал гаргаж, манай гомдлын мөрөөр 2015 оны дөрөвдүгээр сард Арбитрийн шүүхээс шийдвэр гарсан юм. Гэтэл Туркийн талыг өмгөөлж байгаа өмгөөлөгч Б.Оюунбилэг “Туркууд гомдол гаргасан. Тэдний гомдлын мөрөөр мөнгө гаргуулах болсон чинь хулхидсан” гэж сонин хэвлэлээр ярилцлага өгөөд яваад байгаа.

Арбитрийн шүүхээс ямар шийдвэр гарсан юм бэ?

-Туркуудын оруулсан гэж байгаа 400-н хэдэн мянган ам.долларыг би буцааж өгөх, харин туркууд авсан 50 хувийн хувьцаагаа буцааж өгөх гэсэн шийдвэр гарсан. Дээрээс нь татварыг нь төлөөд оруулж ирсэн бараагаа дундаа хэрэглэх, эсвэл тохироод аль нэг тал нь авах тухай шийдвэр гарсан. Гэтэл туркууд өөрсдийгөө хохирсон гээд 1,3 сая ам.доллар нэхэмжилж байгаа. Тэд Монголд ирээд амьдарч байсан зардал, бүр хоолонд орсон мөнгөө хүртэл нэмээд надаас нэхэмжилж байгаа. Гурван инженер ажиллуулсныхаа төлөө надаас сар хагасын цалинд 98 000 ам.доллар нэхэмжилсэн. Өндөр үнэтэй бараа материалыг өөрийн компанийн нэр дээр шахсан гэх мэтчилэн, манай компанид Турк талын хувьцаа эзэмшигч нар бүдүүлгээр хандаж улмаар бид шүүхэд хандахад хүрсэн. Энэ чинь өөрөө Монгол Улсын Компанийн тухай хуулийг зөрчиж байгаа хэлбэр учраас шүүх үүнийг тогтоогоод хувьцааг буцааж Монгол талд бүрэн шилжүүлсэн. Манай энэ хурал чинь Арбитрийн шүүхийг найм хоног хуралдуулсан гээд их алдартай хэрэг ш дээ. Их урт болсон болохоор. Хоорондоо өгсөн авсан гэх төлбөр мөнгөний баримтыг нэг бүрчлэн шалгаж байж дүгнэлтээ гаргадаг. Арбитрийн шүүхийн шийдвэр гарсны дараа тэд нэхэмжлэл хүргүүлсэн. Дараа нь Арбитрийн шүүх хуралдаад хүлээн авах үндэслэлгүй гэж тавдугаар сард шийдвэрээ гаргасан юм. Арбитрийн шүүх шийдвэрээ нэг удаа л гаргасан бол давж заалдах эрх байдаггүй.

Өмгөөлөгч Б.Оюунбилэг гэдэг хүний ярианаас арай өөр юм ойлгоод байсан л даа. Гэхдээ та Туркийн талд мөнгө өгөх ёстой юм байна, тийм үү?

-Тийм ээ. Надад учруулсан хохирлыг хасаад үлдсэн мөнгийг нь би өгнө. Арбитрийн шүүхийн шийдвэрийн дагуу СХД, БГД, БЗД-ийн шүүхээс ШШБГ-т албан бичиг хүргүүлж, шилжүүлэн авсан 50 хувийг буцааж надад өгөх шийдвэрийг гүйцэтгэхийг даалгасан. Энэ хүрээнд ШШБГ-аас Бүртгэлийн ерөнхий газарт хандаад явсныг нөгөө өмгөөлөгч Б.Оюунбилэг маань нөлөөлөлтэй гэж хардаад АТГ-т өгчихсөн байгаа дуулдсан. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн төрийн албан хаагчдыг шалгуулахаар өгчихсөн байна лээ. Хуульч хүн байж шүүхийн шийдвэрийг илт гуйвуулан ярьж, шүүхийн шийдвэрийг үгүйсгэж байгаа нь харамсалтай. Заримдаа ийм тохиолдолд уур ч биш инээд хүрэх юм. Эмгэнэлт инээдэм гэдэг шиг л. Би өнгөрсөн бүх хугацаанд энэ хүнийг яахыг нь хараад сууж байлаа. Одоо бол тэгэхгүй. Би түүнийг шүүхэд өгөх болно. Би бодит байдлыг яаж гуйвуулж, яаж улстөржүүлжаав руу минь хамаатуулж байгааг өнгөрсөн хугацаанд дуугүй хараад сууж байсан. Одоо тэгэхгүй. Шалгадаг газраар нь шалгуулж үнэн мөнийг нь тогтоолгоно. Надад шүүхээр нэг бүрчлэн шалгуулж үзүүлсэн баримтууд маань энд байна. Шүүхэд шалгуулж байхад баримтаа нэг нэгээр нь тулгуулж, тэр дэд бүтцийн мөнгө төгрөгт холбогдоогүй гэдэг нь гараад л ирсэн. Одоо дахиад шалгуулахад ч бэлэн байна. Худлаа улстөржүүлж, цээжээ дэлдэж байгаа тэр улс цаана нь газраа байраар солино гээд итгэж найдаад хүлээж байгаа хүмүүсийн хувь заяаг огтхон ч бодохгүй юм.

Нээрээ тэр хүмүүс одоо яах вэ. Та төслөөс гарчихсан. Удахгүй орон сууцанд орно гээд хүлээж байгаа хүмүүсийн өмнө хэн хариуцлага хүлээх вэ?

-Надад үнэхээр амаргүй байна. Би тэр хүмүүст хэлж ярьж байснаараа сайхан орон сууцанд амьдруулахыг хүсч байсан. Гэтэл үйл явдал ингээд өрнөчихлөө. Гэхдээ би ажлаас гарчихлаа гээд тэднийг орхиогүй ээ. Би өнгөрсөн цаг хугацаанд энэ төслийг маань аваад явчих, миний төлөвлөснийг гүйцэлдүүлэх газруудыг эрж хайж, судалж бас гуйж нэлээд гүйлээ. Үнэндээ том ажлынхаа ард гарчихсан байсан юм шүү дээ. Бидэнд гэнэтийн бэрхшээл ч гарч ирж байсан. Барилгын ажлаа эхлэхээр зургийн дагуу ажлаа эхлээд явж байтал нэг төрлийн бодис тэндхийн хөрснөөс илэрсэн. Шалгуулахаар болтол манайд шалгадаг лаборатори байхгүй байх жишээтэй. Үл мэдэгдэх цагаан бодисыг Чех улсаас шинжилгээний багийнхан ирж шинжлэхээр аваад явсан. Гэтэл энэ нь пестицид байсан. Бүр социализмын үед тэнд устгалд оруулахгүй аваачаад хаясан нь энэ ажлын үеэр мэдэгдэж байгаа юм. Ингээд БОЯ-наас хөрсний цэвэрлэгээ хийтэл барилгын ажлыг явуулахгүй шийдвэр гарчихсан. Хэзээ хүн ирж цэвэрлэхийг хүлээгээд ажлаа явуулахгүй байлтай биш төлөвлөлтөө өөрчлөөд цутгалтаа эхэлж байлаа.

Энэ бүх хэл ам гарч эхлэхэд аав намайг төслөөс гар гэсэн. Би жаахан хүлээж байгаач, хариуцлагатай сайн компани олж өгөөд гаръя гэж гуйсан. Турк талынхан маань бол худлаа сайхан царай гэдгийг ойлгосон. Хятадын компаниуд байсан ч больсон. Харин саналыг маань үндэсний бүтээн байгуулагч “Бэрэн” хүлээж авсанд баяртай байгаа. Тэднээс манай зүгээс айлуудтай хийсэн гэрээний нөхцөлийг өөрчлөхгүй хэвээр нь авч явахыг хүссэн. Тэгээд л боллоо, надад. Би өөрийн хувь, бас туркуудээс буцааж авсан хувь гээд бүгдийг “Бэрэн”-д шилжүүлсэн. Надад одоо ашиг хамаагүй, өөрийн гаргасан хөрөнгө мөнгө ч яамай. Үнэндээ өнгөрсөн хугацаанд надад яваагүй банк, ломбард гэж байхгүй дээ. Байр, машинаа ч ломбарданд тавьчихаад явж байна. Өөрийн хөрөнгө, хавийн хүмүүсийн хөрөнгийг тавьчихаад айлуудынхаа түрээс, банкны зээл, гүйцэтгэлийн мөнгөө өгөөд явж байлаа. Татварын өр, банкны хүү гээд байгаа ч хорооныхоо хүмүүсээ л хүссэн байранд нь оруулах болсон маань чухал байна.

Түрээсний мөнгө гэж юуг хэлээд байна вэ?

-Нүүлгэн шилжүүлсэн айлуудынхаа түрээсний мөнгийг сар бүр бид төлнө шүү дээ. Айлууд маань байраа олно, бид төлбөрийг нь төлнө. Дунджаар сард 500-600 мянган төгрөг төлдөг. Эхний ээлжинд 41 айл нүүсний түрээсийг нь бид төлж байсан. “Бэрэн” манай цутгалт дээр 16 давхар байшингаа барихаар зураг төслөө бүрэн гаргаж дууссан байна лээ. Зарим айлуудаа өөрсдийн бэлэн байрууд руугаа оруулахаар тохирсон гэж дуулдсан. Тэгэхээр айлууд маань хохирсон зүйлгүй байгаа.

Өөрөө багагүй хэрэг явдлын ард гарчээ. Энэ ажил руу хэрэггүй ордог байж гэж харамсдаг уу?

-Бизнес хийж байгаа хүн унадаг, босдог. Тэр утгаараа би энэ удаад шатжээ, хамаагүй. Гэхдээ сэтгэлдээ надад уучлалт гуйхаас аргагүй хэдэн хүн байна.

Юуны өмнө би ааваасаа уучлал гуймаар байна. Бүр танай сониноор дамжуулж байгаад өршөөл эрье. Би чөлөөт иргэн, ардчилсан орны хүн юм байгаа биз дээ гэж байгаад энэ ажил руу орж байсан. Тэгж байхдаа улс төр гэж асуудлыг ийм утгагүй, ийм хошин шог шиг болгочихно гэж ерөөсөө санаагүй. Аав маань залуугаасаа энэ орны төлөө, ардчиллын төлөө зүтгэсэн. Хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн аавынхаа нэр хүндэд, байгаа бүгдэд нь хар толбо суулгасандаа үнэхээр шаналж байна. Очиж, очиж хүү нь болсон би аавыгаа ийм байдалд хүргэсэндээ үнэхээр хэцүү байна. Аав маань над руу загнаад хашгирдаг ч дотроо өмөрч л байгаа. Дээр нь би ээжээсээ, настай болсон эмээгээсээ уучлалт гуймаар байна. Тэд миний төлөө сэтгэлээ хамгийн их зовоож, ширгээж байгаа хүмүүс. Ээж маань энэ яриа гарсан цагаас хойш бүтэн нойртой хонож үзээгүй. Намайг хамгийн их сонсож ойлгодог хүн. Эмээ маань дээр гарсан настай. Телевизээр гарсныг үнэн ч юм уу, худлаа ч юм уу мэдэхгүй, хөөрхий. Санаа зовж л суугаа. Миний хувьд энэ хүний хүү, тэр хүний ач гэдгээрээ нэр төртэй амьдрах ёстой (хоолой нь зангирав).

Гэр бүлийн хүмүүжил, өвөөгийн маань сургаал намайг тийм байх ёстой гэж ойлгуулж сургаж ирсэн. Бас надад итгэж, манай компанид саналаа өгч байсан иргэдээсээ уучлал гуймаар байна. Тэдэндээ хэлж ярьж байснаараа хамтдаа их ажлынхаа ард гарч амжаагүйдээ уучлал гуйя. Тэр хүмүүс намайг гаргах гээд аавыг очиход бид мэдэж байна гээд буцааж байсан хүмүүс шүү дээ. Д.Сумьяабазар иргэдийг хулхидаж байгаа талаар худлаа нэвтрүүлэг цацаж байхад тэр дунд манай хорооны иргэдээс хэн ч байгаагүй. Бодвол намын гишүүдээ авчраад яриулсан юм байлгүй. Харин манайхан надад итгэж байсан.

Одоо та юу хийх вэ. Бизнесээ хийх үү, эсвэл шантарчихсан уу?

-Яг үнэндээ юу хийхээ мэдэхгүй л сууна. Гэхдээ бизнес хийж баялаг бүтээж байж улс орноо хөгжүүлэх ёстой. Амаа биш гараа хөдөлгөж амьдрах ёстой. Түүнээс биш цүнх барьж, хийж бүтээсэн зүйлгүй мөртлөө худлаа ярьж байгаа залуусыг харахаар би ичдэг юм. Би тэднийг өрөвдөж байна.

Энэ гэр хорооллын дахин төлөвлөлт бол ганц Э.Бат-Үүлийн ажил биш юм шүү. Үүнийг хоосон улстөржүүлж байгаад нураачих вий гэдгээс би айдаг. Гэр хорооллын иргэд өөрсдийнхөө сайхан амьдралын төлөө тэмцээрэй. Тэр компаниудаа дэмжиж ажиллаарай. Мэдээж иргэдийн эрх ашиг нэгдүгээрт байна гэхдээ нөгөөдүүлээ ч бас бодолцож байгаарай. Энэ ажлын ард гарах гэж зүтгэж байгаа олон компани, олон хүн бий. Би өнгөрсөн хугацаанд НИТХ-ын дарга Д.Баттулга ахыг үнэхээр биширсэн. Тэр хүн энэ бүхнийг жинхэнэ ажил болгож, ард нь гарах гэж ямар мундаг зүтгэж байгаа гээч. Мундаг удирдагч юм байна гэдгийг ойлгосон.

Одоо танд хийхээр төлөвлөж байгаа ажил байхгүй гэж үү?

-Надад өр ширнийхээ асуудлаас эхлээд шийдэх асуудлууд байна. Туркуудэд ямар ч байсан ялагдахгүй. Захын нэг турк ирчихээд монголчуудыг ингээд байдаг, аавын минь нэр хүндийг унагаад байж болохгүй биз дээ. Би аавынхаа ажлыг дэмжих хүсэлтэй байна. Гэхдээ ямар нэг аж ахуйн хэлбэрээр оролцохгүй. Гэр хорооллынхонтой уулзахад нь дагаж яваад ч болов дэм болж, тэр хүмүүст хэлж, тайлбарлаж зөвлөж өгөх юм сан гэж санагддаг. Үнэндээ бас улс төр болоод буруутчихдаг юм болов уу. Одоо нэг ийм айдастай болчихоод л байна шүү. Би хүүхэд байхаасаа л зах дээр хүртэл зогсч, ажиллаж байсан болохоор зүгээр суухаар сонин санагддаг л юм байна. Бүх хүнээ тараачихсан, одоо ганцаараа л байна. Мэдээж, ямар нэг ажил хийж л таарна. Ажил хийвэл бараг хилийн бүсээс гарч байж хиймээр юм уу. Урам үнэхээр хугарч байна. Дугуй түгжигчийг миний бизнес гэж ирээд баахан бичсэн. “Сонор Плаза” ч гэнэ үү энд тэнд баригдаж байгаа байшинг минийх гэж ярьдаг гэсэн. Гэтэл би тэрийг нь харж ч байгаагүй. Үүн шиг миний огт мэдэхгүй, дуулж ч байгаагүй зүйлтэй холбоод л байдаг. Үнэн үнэнээрээ ялгарах өдөр ирнэ ээ. Би ярианыхаа төгсгөлд нэг зүйл хэлмээр байна. Саяхан би такси барьсан юм. Жолооч залуу намайг танимхайраад зөндөө зүйл ярилаа. Тэгсэн их хөөрхөн. “Ах аа, би их азтай ш дээ” гэж байна. Тэгээд “Би саяхан хөдөөнөөс ирсэн юм. Тэгээд таксинд явах болсон, бас нэг хүүхэнтэй танилцаад гэр бүл болсон. Бид хоёр мөнгөө цуглуулаад Ханын материалын тэнд хашаа байшин таван саяар аваад байж байтал ашгүй тэр газар маань дахин төлөвлөлтөд ороод байранд орохоор болж байна. Бүр ганц өрөө ч биш гээд бод доо. Би аймаар азтай байгаа биз” гэж тэр залуу ярьсан. Би тэр машинаас буухдаа сэтгэл жигтэйхэн сайхан болчихсон байсан. Хэдийгээр энд муу хэлүүлээд явж байгаа ч тэнд хүний амьдралд ингэж л нөлөөлж байна шүү дээ. Тэгэхээр энд аавыг минь, бас намайг хүртэл хавчуулаад муулж байгаад гомдоод ч байх юм алга, тийм ээ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Золбоо: Си Жиньпиний айлчлалыг Хятад, Британийн харилцаанд алтан үе эхэллээ гэж тодорхойлсон

БНХАУ-ын дарга Си Жиньпин өнгөрсөн долоо хоногт Британид дээд хэмжээний айлчлал хийсэн билээ. Түүний айлчлалын эргэн тойрон дахь сэдвээр ШУА-ийн ОУХХ-гийн Бүс нутаг, олон улсын байгууллагын салбарын эрхлэгч Д.Золбоотой ярилцлаа.

БНХАУ-ын дарга Си Жиньпин Их Британид айлчилсан үйл явдал дэлхий нийтийн анхаарлыг татсан. Ямар зорилготой айлчлал болов?

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улс болон БНХАУ-ын харилцаа түүхэн судар бичгүүдэд анх 1596 онд суурь тавигдсан гэж тэмдэглэгдэн үлдсэн нь бий. Энэ хоёр улсын харилцааны түүх олон арван амжилт, сорилтыг туулж ирсээр өнөөдөртэй золгосон. Хятадын өрнөдийн улс орнуудтай харилцахад хүний эрх, Тайвань, Хонгконг, Түвдийн асуудал зэрэг эмзэг сэдвээс гадна 2012 онд Британийн Ерөнхий сайд Далай ламыг хүлээн авч уулзсан нь хоёр талын харилцаанд зарим талаар үл ойлголцлыг бий болгоод байсан билээ. Энэ бүх байдлыг даван туулж өндөр дээд хэмжээний айлчлалыг амжилттай зохион байгуулсны гол учир холбогдол нь эдийн засгийн асуудал гэж дүгнэж болохоор байна. Учир нь 2005 онд тухайн үеийн Хятадын удирдагч Ху Жинтаог Британид айлчилснаас хойш Хятадын эдийн засаг ихээхэн хурдацтай өссөн. Тухайлбал, гадаад валютын нөөц нь 3.5 триллионд хүрч, өнгөрсөн арван жилийн хугацаанд зөвхөн Британид л гэхэд нийтдээ 30 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

Си Жиньпин Их Британид нэлээд олон хоногоор айлчиллаа. Энэ хугацаанд юу юу амжуулав?

-БНХАУ-ын дарга Си Жиньпин 2012 онд төрийн өндөр дээд албан тушаалд сонгогдсоноос хойш анх удаагаа Британи улсад айлчлахдаа дөрөв хонолоо. Тэрбээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Британид айлчилж буй анхны Хятадын дарга болж байна. Дэлхийн улс орнуудын төрийн дээд хэмжээний айлчлалын цар хүрээ, ач холбогдлыг хэд хоног үргэлжлэхээс нь гадна зөвхөн тухайн улсдаа зорьж очоод, өөр улс орноор дамжилгүй шууд эх орондоо буцаж байгаагаас нь харж болдог. Энэ практикаас хоёр тал хэр хэмжээний ач холбогдол өгч байсныг нь харж болно.

Дээд хэмжээний зочид тухалдаг Букингемийн ордон дахь Белгийн харшид Хятадын удирдагч тэргүүн хатагтайн хамтаар буудалласан. Британийн хэвлэлүүд энэ тухай бичихдээ ханхүү Уильям болон гүнж Кейт нар тэдний буудалласан өрөөнд хуримынхаа шөнийг өнгөрүүлсэн хэмээн тодотгосон байгаа юм. Мөн тэрээр Манчестер хотын Etihad Stadium цэнгэлдэх хүрээлэнгээр зочилсон байна. Си Жиньпин Хятад улсын дарга болохоосоо өмнө дэвшүүлж байсан үндсэн гурван зорилгын нэг хөлбөмбөгийн ДАШТ-ийг өөрийн эх орондоо зохион байгуулах бөгөөд хэзээ нэгэн цагт Хятадын баг аваргын титэм хүртэх болно гэдэгт итгэж явдаг нэгэн гэдэг. Түүнийг Хятадын удирдагч болсноос хойш хөлбөмбөгийн хичээл дунд сургуулийн сурагчдын заавал үзэж суралцах хичээлийн хөтөлбөрт багтсан.

Хятадын өнөөгийн тэргүүн хатагтай нөхрөө олонд танигдаж нэрд гарахаас өмнө алдартай болсон нийтийн дууны томоохон од юм. Одоо бол нөхрийнхөө албан ёсны дээд хэмжээний айлчлалд оролцож, хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байж, чимдэг болсныг та бүхэн харсан байх. Сонирхуулахад удирдагчийн анхны эхнэр нь өнөөг хүртэл Британид амьдардаг бөгөөд 1980-аад оны үед Хятадаас Лондонд сууж байсан элчин сайдын охин.

Айлчлалын эхний өдөр Си Жиньпин Букингемийн ордонд болох дайллагад оролцож, Вэстминстерт парламентын гишүүдэд хандаж үг хэлсэн. Энэ үеэр тэрээр Их Британи болон БНХАУ-ын харилцааг стратегийн иж бүрэн түншлэлийн түвшинд аваачих “алтан үе”-д хоёр тал хамтдаа шилжинэ гэж найдаж байгаагаа онцолсон юм. “Хятад, Их Британи улсууд Евразийн эх газрын хоёр талд оршдог хэдий ч хамтын ажиллагааны өргөн боломжууд байгаа нь энэ удаагийн айлчлалын эхний өдрөөс харагдаж байна” гэсэн.

Их Британийн зүгээс Си Жиньпиний айлчлалын үр дүнг хэрхэн тодорхойлж байгаа вэ. Энэ үеэр талууд ямар тохироонд хүрч чадсан бол?

-Британийн Ерөнхий сайд Дэвид Камерун “Хятадын даргын айлчлалыг хоёр орны хооронд хийгдэж буй томоохон алхам боллоо” гэж онцолсон бөгөөд хоёр орны хувьд “алтан үе” эхэллээ гэж тодорхойлжээ. Цөмийн энерги, гангийн үйлдвэрлэл, хүний эрх, цахим довтолгоон гээд цөөнгүй сэдвээр төрийн тэргүүнүүд ярилцсан байна.

Британи нь Хятадын баруун дахь хамгийн дотно түнш байхыг эрхэмлэж буй хэмээн Британийн Сангийн сайд Жорж Озборн өнгөрсөн сард Хятадад айлчлахдаа мэдэгдэж байсан юм.

Си Жиньпин гэргий Пэн Лиюангийн хамт Лондонгийн Букингемийн ордонд болсон хүлээн авалтад саатсан. Хүлээн авалтын үеэр хатан хаан II Элизабет болон Си Жиньпин дарга нар үг хэлсэн л дээ. Хятад Их Британийн харилцаа тасралтгүй хөгжиж буй нь хоёр орон түүнчлэн дэлхий нийтэд үр өгөөж хүртээж байхыг өндрөөр үнэлжээ. Мөн хоёр орны бүх талын стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэхийг хоёр төрийн тэргүүн санал нэгтэй онцолжээ. Тухайлбал, Си Жиньпин “Энэ онд Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон фашизмын эсрэг дэлхийн ард түмний дайны ялалтын 70 жилийн ой, мөн түүнчлэн НҮБ байгуулагдсаны 70 жилийн ой тохиолоо. Манай хоёр орон дэлхийн хоёрдугаар дайны талбарт хамт байлдаж явахдаа үхэж сэхэхээ хамтатгаж явсан чин журам, нөхөрлөл мөнхрөх ёстой. НҮБ-ыг үндэслэгч гишүүн орон ба Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд манай хоёр орны мөрөн дээр дэлхийн энх тайван хөгжлийн ариун үүрэг тавиастай байна. Тиймээс Хятад, Британийн харилцаа урагшлан хөгжих нь тухайн хоёр оронд ашигтай бөгөөд дэлхий нийтэд өгөөжтэй юм” хэмээн хэлснийг Хятадын Олон улсын радио, телевизийн хуудсанд онцолсон байна.

Хятад, Британийн худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал ямархуу үзүүлэлттэй байгаа вэ?

-Сүүлийн жилүүдэд Хятад, Британийн худалдаа эдийн засгийн харилцаа эрчимтэй хөгжиж байна. Британи бол Хятад улсын хувьд Европын холбоон дахь хоёрдогч том худалдааны түнш. Мөн хоёрдогч том бодит хөрөнгө оруулалтын эх үүсвэр болон хөрөнгө оруулалтын зорилтод орон юм. Хятад улс бол Британийн дөрөвдөгч том худалдааны түнш бөгөөд 2014 онд Хятад, Британийн хоёр талт худалдааны хэмжээ 80.87 тэрбум ам. доллар болж, өмнөх оныхоос 15.3 хувиар нэмэгдсэн. Энэ үзүүлэлт нь Хятад болон Европын холбооны голлох худалдааны түншүүдийн дотор хамгийн түрүүнд бичигдэж байна. Хоёр талт хөрөнгө оруулалтын талаар, энэ оны наймдугаар сарын сүүлч хүртэлх байдлаар Британиас Хятадад хөрөнгө оруулалт хийсэн төсөл 7992 байгаа бөгөөд нийт 19.61 тэрбум ам.долларын бодит хөрөнгө оруулалт хийгдсэн дүнтэй байгаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятадын хөрөнгө оруулалтыг хамгийн их хүртсэн орон нь АНУ байсан бол 2012 оноос Британи, Австрали энэ байр суурийг эзлэх болоод байна. Өнгөрсөн жилийн эхний хагасын байдлаар Их Британид 24 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан нь Европын бусад оронтой харьцуулбал тухайлбал, Францаас хоёр дахин их байгаа юм. Одоогийн байдлаар Их Британид Хятадын 500 компани хөрөнгө оруулалт хийгээд байгаа.

Хятад улс нь хэдийгээр Британийн хамтын нөхөрлөлийн гишүүн улсад багтдаггүй боловч Британид суралцаж буй гадаад оюутны тоогоор Хятад улс 90 мянга гаруй залуус төрөл бүрийн мэргэжил, түвшинд суралцаж байгаагаараа тэргүүлдэг юм. Харин 2001 оны Британийн хүн амын тооллогоор 247 мянган хятад гаралтай иргэн амьдардаг хэмээн бүртгэгдсэн байдаг нь нийт хүн амынх нь 0.4 хувийг бүрдүүлдэг байна.

Англичууд хятад иргэдэд олгодог визний журамдаа өөрчлөлт оруулахаа мэдэгдлээ. Өмнө ямар нөхцөлөөр виз олгодог байв?

-Айлчлалын үеэр Британийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Хятадын жуулчдад олгодог визнийхээ нөхцөлийг хөнгөвчлөхөө мэдэгдсэн нь Хятадын дунд давхаргынхны жуулчлалын урсгалыг өөртөө татах, аялал жуулчлалын салбарт томоохон хөрөнгө оруулалт болно гэж найдаж байна. Тухайлбал, өнөөдөр Хятад иргэдэд 130 ам.долларын үнэтэй зургаан сарын виз олгодог байсныгаа үнийн ижил нөхцөлөөр хоёр жилийн хугацаатай олон удаа орж гарах виз олгохоор болж байх шиг байна. Энэ хугацааг нь цаашдаа 10 жил хүртэл олгодог болгох төлөвлөгөөтэй гэж бичиж байна. Өнгөрсөн 2014 оны байдлаар ойролцоогоор 185 мянга орчим жуулчин Британид зочилж, 500 сая орчим фунт стерлингийн орлого оруулсан нь нэг жуулчин ойролцоогоор 2700 орчим фунт стерлингийг зарцуулсан гэдэг тооцоог “Ройтерс” агентлаг дурдсан байгаа юм.

Си Жиньпиний энэхүү айлчлалын хүрээнд эдийн засаг, санхүүгийн үр дүн ямар байв?

-Айлчлалын үеэр Хятадын гадаадтай гэрээт төслөөр харилцах худалдааны нийгэмлэг, Британийн худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий газар хамтран “Дөрөв дэх удаагийн Хятад, Британийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт болон хамтын ажиллагааны чуулга уулзалт” зэрэг багц арга хэмжээ зохион байгуулагджээ. Си Жиньпиний албан ёсны айлчлалд Хятадын 100 гаруй бизнес төлөөлөгч дагалдаж байгаа юм. Төрийн болон бизнес уулзалтуудын үеэр талууд 46 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий эрчим хүч, санхүү, үл хөдлөх хөрөнгө, эрүүл мэнд автомашин тоног төхөөрөмжийн салбарын 150 гаруй гэрээ, хэлцэлд гарын үсэг зурсан байна.

Бээжинд ирэх 10 жилийн хугацаанд Лондонд 105 тэрбум фунт стерлинг (ойролцоогоор 163 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулалт хийнэ гэж шинжээчид таамаглаж байна. Хоёр улс цөмийн эрчим хүч, өндөр хурдны төмөр зам зэрэг томоохон төслүүд дээрх хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байгаа. Иймээс ч энэ удаагийн айлчлалаар хийгдэх хамгийн том гэрээ нь Британид цөмийн эрчим хүчний станц барих төсөлд хөрөнгө оруулалт хийх, мөн хуучин цөмийн цахилгаан станцын тоног төхөөрөмжийг шинэчлэх гэрээ. Британийн хүрээлэн буй байгаль орчинг хамгаалагчид энэхүү гэрээний эсрэг байгаа ч Засгийн газрын эрх баригчид олон тэрбум фунт стерлингийн гэрээг хийх болсон тухайгаа мэдэгдсэн.

Хятадын удирдагч Британийн хамгийн том дэд бүтцийн төслүүдийн нэг болох Лондон-Манчестер өндөр хурдны замын төсөлд хөрөнгө оруулалт хийхээр хүлээгдэж байна. Британийн эрчим хүч, эрүүл мэнд, технологи, санхүү, агаарын тээвэр, боловсролын салбарт хийсэн хөрөнгө оруулалтын үр дүнд нийтдээ 3900 ажлын байр бий болохоор төлөвлөсөн байна лээ.

Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр бүхэлдээ энэхүү айлчлалыг “Алтан үе” гэж тодотгосон. Тэгвэл Түвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид эсэргүүцэн тайван жагсаал, цуглаан зохион байгуулсан үйл явдал боллоо. Үүнийг талууд хэрхэн хүлээж авсан бэ?

-Хятадын удирдагчийн төрийн дээд хэмжээний албан ёсны айлчлалыг дээр дурдсан цөмийн цахилгаан станц барихыг эсэргүүцсэн байгаль хамгаалагчдаас гадна хүний эрхийн төлөө тэмцэгчид болон Түвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид эсэргүүцэн тайван жагсаал, цуглаан зохион байгуулсан. Тухайлбал, хүндэт зочдыг төрийн ёслолын хүндэтгэлийн сүйх тэргээр хааны ордонд хүрэлцэн ирэх замд Түвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид үзэл бодлоо илэрхийлэн эсэргүүцэж байгааг телевизүүдийн гэхдээ ихэнхдээ барууны телевизүүдийн дэлгэцнээс харсан байх. Эдгээрээс гадна сар гаруйн өмнө Британийн гадаад хэргийн сайд Хятадад хийсэн аяллынхаа үеэр Шинжаан Уйгарын бүс нутгаар очиж, нөхцөл байдалтай нь танилцаж байгаа талаар мэдээлсэн нь исламын шашинт зарим нэгэн улс орнуудаас Британийн байр суурийн талаар эргэлзсэн байр суурь илэрхийлж байсныг дурдах хэрэгтэй болов уу.