Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Хөвсгөлд амиа алдсан биологичийн аав Ж.ТӨМӨРСҮХ: Хүү минь дөрөв дэх удаагаа халдлагад өртөж амиа алдлаа

-ТОСТЫН НУРУУНД ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГ УУЛ УУРХАЙН КОМПАНИЙНХНЫГ ХАРДАЖ БАЙНА-

Ж.Төмөрсүх насаараа байгаль хамгаалагчаар ажиллаж байгаа. Талийгаач аавынхаа мэргэжлийг өвлөжээ

Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэл энэ сарын 5-нд гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд цогцсыг нь Хөвсгөл далайгаас олсон талаар манай сонин мэдээлсэн билээ. Цагдаагийн ерөнхий газраас өчигдөр мэдээлэл хийхдээ талийгаачийг гадны нөлөөгүй нас барсан гэж мэдэгдсэн. Харин УИХ дахь АН-ын бүлэг бүлгийн хуралдаан дээрээ энэ асуудлыг хэлэлцэж, хэргийн цаад учрыг олох ёстой гэж үзсэнээ мэдээлсэн юм.

Талийгаач өмнө нь хэд хэдэн удаа халдлагад өртөж, барьцаалдагдаж байсан гэх мэдээллийг эх сурвалж манай сонинд өгсөн. Талийгаачийн аав Ж.Төмөрсүхтэй ярилцлаа.

Танай гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Хүнд үед ярилцлага авах хүсэлт тавьж байгаад уучлаарай.

-Өнөөдөр хүүгээ сүүлчийн замд нь үдлээ. Дөнгөж сая буяны ажилд оролцсон хүмүүсээ явуулчихаад гэртээ орж ирээд, өөртэй чинь ярьж байна. Талийгаач маань айлын том хүү. Доороо гурван дүүтэй. Манай гэр бүлийн түшиг тулгуур байлаа. Зөвхөн гэр бүлдээ ч биш Монгол Улсад чухал хүн байсан гэдгийг сүүлийн хэд хоногт мэдэрлээ. Олон улсын байгаль хамгаалах байгууллагуудаас маш олон эмгэнэл ирлээ. Өнөөдөр оршуулганд Шведийн байгаль хамгаалагч ирж оролцчихоод буцлаа. Шведээс ирсэн ажлынх нь хамтрагч “Манай ажлын цөм хүн байлаа” гэж хэлэхийг сонсоод хүүгээрээ бахархаж зогссон. Миний хүү 27 насандаа дэндүү ихийг хийж бүтээгээд, арай л эрт буцчихлаа. Ирвэсний судалгааг Монголд байгаагүйгээр хийж байсан юм билээ. Биологийн салбарынхан, “Хүрээлэн амьд ертөнц” төслийнхөн, Өмнөговь аймгийнхны хувьд хүү минь ерөөсөө л “Хуурай хүү” нь байжээ.

Талийгаач энэ сарын 5-ны үүрээр машинаа гараашид тавина гээд гарсан гэдэг. Хөдөө явахаар төлөвлөж байсан юм болов уу?

-Энэ сарын 6-нд ажлынхантайгаа Өмнөговь аймаг руу явахаар бэлтгэж байсан юм билээ. Томилолтоо авчихсан, замынхаа хүнс, очоод хэрэглэх эд зүйл гээд бүх бэлтгэлээ хийчихсэн. Арваннэгдүгээр сарын 6-нд машиных нь дугаар явахгүй өдөр байж. Тиймээс таванд машинаа хотоос гаргаж тавьчихаад ирье гээд гарсан байгаа юм. Тэгээд л сураггүй болчихсон. Манайх Хөвсгөлд байдаг. Хотоос хүүг минь сураггүй болчихлоо гэж 6-нд утсаар ярьсан. Сураггүй болсныг сонсоод “Нөгөө нөхдүүд дахиад барьцаалчихлаа” гэж бодоод би шууд хотод ирсэн. Угаасаа ч би Өмнөговь руу явахыг нь зөвшөөрдөггүй, хориглодог байсан юм.

Ирээд цагдаагийн газарт мэдэгдсэн үү?

-Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст мэдээлэл өгч, тэндээс шалгаж эхэлсэн. Үнэнийг хэлэхэд цагдаа нар тун хойрго ажилладаг юм билээ. Цаагуураа эрэн сурвалжлаад шалгаад байсан байж магадгүй. Бидэнд мэдэгдэхээр ажил хийж харагдаагүй. Танил хүмүүсээрээ дамжуулж хөөцөлдөөд хүүгээ Дархан руу явах замаар хотоос гарсныг нь мэдсэн.

Хэзээ тэр вэ?

-Энэ сарын 8-нд мэдсэн хэрэг. Ерөөсөө л 5-нд гэрээсээ гараад тэр чигтээ явчихсан бололтой юм билээ. Баруун тийшээ явсныг нь мэдээд цагдаад тэр тухай мэдээлэл өгсөн.

Машинд нь талийгаачаас өөр хүн явсан болов уу. Камерын бичлэгт хүнтэй явсан гэх дүрс үлдсэн болов уу?

-Замын бичлэгт мэдэгддэггүй юм билээ. Булганы шатахуун түгээх станцын бичлэгээс харахад урд суудал дээр нь хүн байгаагүй. Хойно юу байгаа нь харагддаггүй юм байна.

Та хүүгээ Өмнөговь руу явахыг хориглодог байсан гэсэн. Ямар учиртай юм бэ?

-Тэнд хүү минь халдлагад өртөж амиа алдах шахсан. Аймгийн цагдаагийн газрын Түмэнбаяр гэдэг байцаагч долдугаар сараас хойш дуудаж байгаа. Гэмт этгээдийг олж хориогүй цагт хүүгээ явуулж эрсдэлд оруулахгүй гээд би явуулахгүй байсан юм. Энэ удаа ажлынхантайгаа явна гэсэн болохоор нь гайгүй байх гэж найдаж байлаа.

Хүүгээ сураггүй болсныг сонсоод “Нөгөө нөхдүүд дахиад барьцаалчихлаа” гэж бодсон гэлээ. Танай хүүд өмнө нь юу тохиолдсон юм бэ?

-Дөрөв дэх удаагаа халдлагад өртөөд байгаа нь энэ. Үүнээс өмнө гурван удаа халдлагад өртсөн. 2014 оны тавдугаар сард 23.00 цагийн орчимд “Залуучууд” зочид буудлын ойролцоо явж байхад нь үл таних дөрвөн залуу дайрч хоолой, гарыг нь хутгалсан байсан. Азаар хүү минь үхээгүй. Нөгөө нөхдүүд үхчихсэн гэж бодоод зугтсан бололтой юм билээ. Хүү минь үүрээр дөрөв, таван цагийн үед ухаан орж арайхийн гэртээ ирээд түргэн тусламж дуудсан. Гэр нь ойрхон л доо. Эмнэлэгт очиж анхны тусламж авч, олон оёо хийлгэсэн.

Цагдаад мэдэгдээгүй юм уу?

-Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэхэд цагдаа бүртгэж авдаг юм билээ. Түүнээс манайхан гомдол гаргаагүй. Хүү минь үнэхээр шоконд орчихсон байсан. Эмнэлгээс гараад Хөвсгөлд гэртээ ирж тэнхрээд буцаж ажилдаа орсон.

Дараа нь бас халдлагад өртсөн юм уу?

-2015 оны нэгдүгээр сард их дэлгүүрээс гэр рүүгээ явж байсан. Тэгтэл тавдугаар сургуулийн урд том хар жийп тулж зогсоод хоёр залуу хүчээр машинд суулгасан байгаа юм. Тэгээд баг өмсүүлээд 20-30 км давхиж, их дуу чимээтэй газарт аваачсан гэсэн. Тэнд багтай гурван хүн дарамталж, заналхийлсэн гэсэн. Нэг нь хаашаа ч юм утсаар ярьчихаад орж ирээд хүүг минь цохиж байсан тухай надад ярьсан. Тэд хүүг минь “Чи хөдөө байхдаа их том том ярьдаг бацаан. Хөдөө ч, хотод ч бидний гараас мултрахгүй” гэсэн байгаа юм. “Хуультай улсад та нар ингэж болохгүй” гэхэд нь “Хууль бидний гарт байгаа. Чи яаж ч чадахгүй. Хуулийнхан манай талд” гээд зодсон тухай ярьсан. Тухайн үед хүү маань бага хэмжээний мөнгөтэй явсан. Танхай нөхдүүд утсыг нь ч, мөнгийг нь ч аваагүй. Шөнийн хоёр, гурван цаг хүртэл дарамталж байгаад машиндаа суулгаад хотын төвд аваачиж хаясан гэсэн.

Машиных нь дугаарыг харж чадаагүй гэсэн үү?

-“Эргэж харвал ална шүү” гэж хэлээд явсан гэсэн. Хүү минь үнэхээр шоконд орчихсон. Нэг хоног хотод нуугдаад шууд Хөвсгөлд ирж байсан. 14 хоног ээжээсээ холдоогүй, гэрээсээ ч гараагүй. Тэгэхээр асар том дарамтад орсон байгаа биз.

Бас цагдаад мэдэгдээгүй гэж үү?

-“Ирвэс хамгаалах сан”-гаас Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт хандсан ч хохирол байхгүй гээд хэргийг хаачихсан гэсэн. Хүү минь айсандаа сар шахам гэртээ нуугдаж байгаад буцсан. Өөрөө ажилдаа үнэхээрийн дуртай, уул хадаар тэнэж явахдаа жаргадаг байсан. Тэгээд ажилдаа дурлаад явсан хэрэг. Гэтэл дахиад халдлагад өртсөн.

Хаана вэ?

-2015 оны дөрөвдүгээр сарын 30-нд Өмнөговь аймгийн Тостын нуруунд судалгаа хийж явсан юм. Тэр өдөр мотоцикльтойгоо явсан. Зам нь хэцүү, хад ихтэй. Хоёр цагийн өмнө явсан замаараа буцаад иртэл багтай хоёр хүн отож байгаад нэг нь толгой руу нь цохиж ухаан алдуулсан. Нөгөө нь гурав хутгалсан байгаа юм. Хүү минь ухаан ороод хутгалуулснаа мэдээгүй юм билээ. Мотоциклио унаад буцаж явж байгаад цус алдаж байгаагаа мэдсэн гэсэн. 30 км-ын зайд гурван цаг гаруй явж байрлаж байсан айлдаа очсон байгаа юм. Хүүгийн минь байсан айлынхан түргэн тусламж дуудаж, онгоцоор хотод авчирч Цэргийн госпиталд хэвтүүлсэн. Тухайн үед мэс засалд орж, сар шахуу хэвтсэн. Сар эмнэлэгт хэвтээд Хөвсгөлд хоёр сар шахам гэртээ байсан юм.

Хэргийг цагдаагийн байгууллага шалгасан биз дээ?

-Өмнөговь аймгийн Гурван тэс сумын цагдаа Төрбат, Бямбаа гэдэг хоёр хүн хэргийн газарт очсон. Тухайн үед хүү минь хот руу явчихсан байсан хэрэг. Тэр хоёр цагдаа хэргийн газарт очоод ул мөр байгаагүй гэдэг дүгнэлт гаргасан.

Юу гэсэн үг вэ?

-Хадан дээр ямар ул мөр үлдэх билээ дээ. Би насаараа байгаль хамгаалагч хийж, хулгайн анчдын араас яваа хүн. Муухан мөрдөн байцаагчаас дээр ажиллана. Амьдралын туршлага дээрээ үндэслээд “Хадан дээр ул мөр үлдэхгүй. Та нар алсуур мөр хайгаад олооч” гэж гуйхад “Та бидний ажлыг заахгүй” гэж уурлаад сүйд болсон. Дараа нь хүүг минь бараг өөрийгөө хутгалсан гэж байцаасан байгаа юм. Тиймэрхүү хандлагаар нэлээд дээрэнгүй байцаасанд хүү минь их гомдсон байсан. Би тэр цагдаа нарыг гэмт этгээдүүдтэй холбоотой учраас хэргийг илрүүлэх сонирхолгүй байсан гэж харддаг.

Яагаад?

-Хүү минь Тост, Тосонбумбын нуруунд уул уурхайн компаниудын өрөм тавиулахгүй гэж тэмцдэг байсан. Гэтэл компаниуд сумын удирдлагуудын зөвшөөрөл бариад ирдэг. Тэр нөхдүүд өрөм тавихаар багийн даргыг хүртэл дагуулаад явдаг байсан гэсэн. Үнэт чулуу хайсан хүмүүс ч цөөнгүй явдаг.

Талийгаачийг хоёр удаа хутгалж, нэг удаа барьцаалж байжээ. Энэ бүхнийг та холбоотой гэж харддаг уу?

-Угаасаа Тостын нурууг тусгай хамгаалалтад авах талаар судалж байгаа. Судалгааны гол ажлыг хүү минь хийж байсан. Тэнд арав гаруй лицензийг уул уурхайн компаниуд эзэмшдэг. Тэд лицензээ алдахгүй, ашигтай байхын тулд юуг ч хийж мэднэ. Тиймээс би гэмт этгээдийг бариагүй цагт хүүгээ Өмнөговь руу явуулахгүй гэж байсан юм. Хулгайн анчид хэзээ ч хүнийг алах гэж ингэтлээ улайрахгүй. Би насаараа хулгайн анчдын араас хөөцөлдсөн хүн занг нь мэдэлгүй яахав. Хүү минь уул уурхайн компанийнхны дарамтад орж амиа алдсан нь гарцаагүй.

Таны ярьж байгааг сонсоход Монголд байж боломгүй хэрэг шиг санагдлаа. Кинон дээр л ийм юм гардаг биш үү?

-Мөнгөний төлөө хүмүүс юуг ч хийж чаддагийг хүүгээрээ мэдэрлээ. Миний хүү өмнөговийнхны хувьд шүтээн байсан. Бүгд төрсөн хүү шигээ ханддаг. Тэндэхийнхэнтэй нийлээд уул уурхайн компаниудыг эсэргүүцдэг болохоор нөхдүүдийн зэвүү хүрсэн байх. Түүнээс хүү минь хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй. Шударга хүн. Арганд нь орохгүйг мэдээд л амь насанд нь заналхийлсэн байх.

Цагдаагийн байгууллагаас талийгаачийг гадны нөлөөгүй амиа алдсан гэдэг мэдээллийг өгсөн.

-Цохиж, зодсон ул мөр байгаагүй. Уснаас гаргаж ирж байгааг нь би өөрөө хараад зогсч байсан. Харин амиа алдах хүртэл дарамтад оруулсан цаад эзэд нь хэн байв гэдгийг цагдаагийнхан шалгаж, олох ёстой. Хүү минь дөрөв дэх удаагаа халдлагад өртсөн гэж би ярьсан шүү дээ. Хамгийн сүүлд дахин халдлагад өртөж, дарамтад орсон баримт олдсон.

Юу гэсэн үг вэ?

-Хүү минь хоёр утастай явсан. Хатгал тосгоны Хүслийн хадны зүүн талаас цагдаа нар машиныг нь олохдоо нэг утсыг нь авсан байна лээ. Дараа нь бид машиныг нь хүлээж авахад нэг утас нь олдсон. Цагдаа нар олоогүй хэрэг. Тэр утсан дээр маш чухал нотлох баримт байсан. Өөрөөр хэлбэл, гэрээсээ гарахын өмнөх өдөр утсаар ярьсан бичлэгээ утсан дээрээ хадгалчихсан байсан. Бичлэгт хүүг минь барьцаалсан, хутгалсан нөхдүүд дахиж ярьсан нь тодорхой байгаа. Хүү минь ч нэлээд шийдэмгий ярьсан байна лээ. Би бичлэгийг цагдаа нарт хүлээлгээд өгчихсөн учраас дэлгэрэнгүй ярьж болохгүй байх. Ерөөсөө утсаар дарамталсны дараа хүү минь айгаад 5-ны үүрээр нутаг руугаа гараад давхичихсан байгаа юм. Тэгэхдээ сим картаа утаснаасаа салгаад дунд хайрцагтаа хийчихсэн байсан. Нутагтаа ирээд тоглож өссөн хадан дээрээ гарсан байгаа юм. Миний тооцоолсноор тэнд гурван цаг зогссон байх. Тэгэхдээ утсаа бичлэг хийдэг тохиргоон дээрээ тавьчихаад суудал доороо хаячихсан бололтой. “Завь ирлээ”, “Завьтай хүмүүс байна”, “Завь байна” гэж гурван удаа хэлээд машинаасаа гарч байгаа бололтой, хаалга хаагдах чимээ утсанд нь үлдсэн байгаа юм. Шөнө дунд завьтай хүмүүс рүү гүйж байгаад давалгаанд татагдаж ус руу орсон байх гэж таамаглаж байгаа.

Талийгаач өмнө нь хэд, хэдэн удаа заналхийлэлд өртөж байхдаа аль нэг компанийнхан, хүмүүсийг хардаж байсан болов уу?

-Таамаг байгаагүй. Би хүнтэй алалцах хүртлээ муудалцаж байгаагүй гэж ярьж байсан.

УИХ дахь АН-ын бүлэг энэ хэрэгт анхаарал хандуулахаар болсон гэж сэтгүүлчдэд мэдээлсэн.

-Би хувьдаа гомдол гаргаагүй. Байгууллагаас нь мэдээлэл өгсөн байж болзошгүй. Би цагдаад л гомдол гаргасан.

Тостын нуруунд ажиллаж байсан хамт олноос нь ийм дарамтад орж байсан хүн байгаа болов уу?

-Би асуусан. Тийм зүйл гарч байгаагүй гэсэн.


Categories
мэдээ цаг-үе

“Янхан” хочтой жолооч нарын бараан амьдрал

Гялалзсан хар өнгөтэй суудлын тэрэг адууны хашаа­ны хажуугаар давхин дааганы хашаанд орж ирээд зогслоо. Машинаас 40 эргэм насны болов уу гэмээр өмнөд монгол эрэгтэй бууж ирээд дөрвөлжин цементэн хавтан дээр гарч зогсоод “Янхнууд аа” гэж чангаар хашгирав. Тэгсэн өглөөний жаварт бээрсэн болжмор шиг хэд хэдээрээ бөөцийгөөд зогсож байсан монгол залуус юу болов гэмээр пирхийтэл гүйлдээд нөгөө эрийг хэдэн талаас нь бүчээд авлаа. Тэгснээ “Хэдэн жолооч авах юм бэ. Та намайг авна гэсэн биз дээ. Хэдэн өдөр машин олдсонгүй. Би явмаар байна шүү дээ. Хөгжилт ах аа, намайг сонгоод авчих” гээд л шуугилдаж гарлаа. “Өнөөдөр ердөө 40 жолооч авна. Хойно уурхай дээр ачаалал ихтэй байгаа гэнэ. Надад 40 янхан л хэрэгтэй шүү. Бусад нь хэрэггүй” гэж дээрэнгүй дуугаар хэлээд, хүмүүсээ сонгож эхлэв. 30 гаруй насны Батсүх гэх залуу ажил олгогч өмнөд монгол нөхрийг царай алдаад л гуйгаад байх. Нөгөөх нь “Чи муу дараа нь цалингаа нэхээд үхчих гээд байдаг биз дээ. Эндээс зайл. Чамайг авахгүй. Дараа нь зодуулж, нүдүүлээд гай болно” гэж загнах. Батсүх тэрийг нь тоож байгаа шинж алга. Тасралтгүй гуйж байна. Бүр нөгөө машинд сууж байгаа хятад эрийн өмнө хүр­тэл очоод сөгдөх нь хол­гүй гуйж гарлаа. Гэвч түүнд ажил олдоогүй юм. Батсүхтэй адилхан 400 гаруй жолоочид мөн машин олдсонгүй. Хэн нэгэн ирж машинаа өгч магад­гүй хэмээн горьдож, баргар царайлан үлдлээ.

Монгол залуус “Янхан жолооч” гэх нэртэй болсон түүх

Хятад, өмнөд монгол эздийн нүдэнд өртөж, машины түлхүүр гардан авсан залуус бөөн баяр хөөр болчихсон зогсож байлаа. Энд тэндгүй хүнд даацын машины асч байгаа дуу чимээ хадаж, тэр хавиар нэг хар утаа суунаг­лав. Ингээд эхнээсээ дааганы хашаанаас адууны хашаа руу хөдөллөө. Машины нүргэл­сэн дуу хадаж, юу болов гэмээр хөл хөдөлгөөнд орох ажээ. Ганц модны боомт дээр нүүрс тээврийн хүнд даацын машины хоёр том зогсоол байна. Мянга орчим машин багтахаар хэмжээтэй, улаан шар өнгийн төмрөөр хашаалсан талбайг дааганы хашаа гэж нэрийджээ. Харин гурван мянга орчим машин эгнүүлээд зогсооход өлхөн багтдаг нүүрсний хөө тортог бужигнасан цэлийсэн том хашааг адууны хашаа гэнэ. Яагаад ингэж нэрлэх болсныг дорвитой тайлбарлаад өгөх хүн алга. Эрчүүд цуглардаг газар болохоор тэгж нэрийдсэн бололтой юм. Хятадууд адуу болон дааганы хашааг машин зогсоох талбай болгон засч тохижуулсан нь энэ аж.

Гурав, дөрвөн жилийн өмнө өдөрт гурван мянган машин нүүрс гардаг байсан хилийн боомтын хөл хөдөлгөөн өдгөө эрс татарчээ. Одоо өдөрт мянга орчим машин нүүрс Монгол Улсын хил даван БНХАУ-ын Ганц модны боом­тоор нэвтэрч байна. Нүүрсний тээвэрлэлт багасаж байгаа­тай холбоотойгоор жолооч нарын тоо цөөрчээ. Гэхдээ Ганц модны боомт дээр огт гэрээ хэлэлцээр хийлгүйгээр хятадуудын нүүрсийг нь тээвэр­лэдэг, хүнд даацын машиныг нь хөлсөөр барьж өгдөг 500 гаруй монгол залуу байна. Монгол жолооч нарыг хятадууд “янхан жолооч” гэж нэрлэх болжээ. Яагаад ингэж нэрлэх болсон шалтгаан нь дараахь учиртай юм байна. Манай улс анх байгалийн баялаг болох нүүрсээ олбор­лож хятадуудад зарж эхлэх үед нэг ч монгол жолооч нүүрс тээвэрлэлтэд явж байгаагүй гэнэ. Урд хөршийн улсын дугаар­тай хүнд даацын машин унасан хэдэн зуун хятад жолооч өмнийн говийг хөндлөн туулж уурхайгаас нүүрс ачдаг байж. Удалгүй Хятад руу нүүрс зөөх тээвэрлэлтийн ажилд монгол компаниуд орж иржээ. Монгол Улсын бүртгэл бүхий тээврийн хэрэгслийн дугаартай, төрийн далбаа бүхий наалтыг салхины шилэн дээрээ наасан арав гаруй машин нүүрс тээвэрлэж эхэлсэн гэнэ. Хил гаалийн байцаагч нар Монголын төрийн далбаатай машин хараад уйлж байсан тухай жолооч нар ярьж байв. Удалгүй салбарын сайд нь “Монгол Улсын нутаг дэвсгэрт нүүрс тээвэрлээд явж байгаа тээврийн хэрэгсэл Монголд бүртгэлтэй байх ёстой. БНХАУ-ын дугаартай машинаар нүүрс тээвэрлэж болохгүй” гэсэн тушаал гаргажээ. Дээрх тушаал ч амжилттай хэрэгжсэн байна. Хятадын нүүрс тээврийн компаниуд шахагдаж эхэлсэн байна.Тэгэхээр нь хятадууд нүүрсний машинаа бүгдийг нь манай улсын компанийн нэр дээр шилжүүлчихжээ. Монголын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд дээр хятадууд очиж уулзаад “Бид танай компанийн нэр дээр 300-500 машин шилжүүлнэ. Та бүхэнд нэрийг чинь ашиглаж байгаа хөлсөнд монгол мөнгөөр 50-80 орчим сая төгрөгийн үнэтэй арван машин өгнө. Тэр машинаар нүүрс зөөгөөд та бүхэн ашгаа хүртэж болно. Бид танай компанийн нэр дээр байгаа машинаа яаж ашиглах вэ гэдгээ өөрсдөө мэднэ. Нүүрсээ тээвэрлэх зөвшөөрлийг хэдэн төгрөгөөр хахуульдаад ч хамаагүй авчихаж болно. Нүүрсээ зарж байгаа уурхай, худалдаж авч байгаа хятад компани хоёрыг зөвшөөрүүлж чадна” гэж тохироо хийжээ. Монголын тээвэрлэлтийн компаниуд ч зөвшөөрчээ. Ингээд хятадууд нүүрс тээвэрлэх гарцаа дахиад олжээ. Гэхдээ энэ удаад аваар осол болоод бусад хууль зөрчсөн асуудал гарлаа гэхэд өөрсдөө хариуцлагаас мултарсан аргыг олсон нь энэ аж. Монголд үйл ажиллагаа явуулдаг компанийн нэр дээр бүртгэлтэй хятадуудын машин нүүрс тээвэрлэлтэд явж эхэлсэн байна. Ингэхдээ дандаа хятад жолооч нар машиныг нь унадаг байжээ. Тэгтэл хууль бусаар барил­га дээр ажиллаж бай­сан хятадуудаас болж хөдөл­мөрийн виз манай улсаас цөөн тоогоор олгох болжээ. Үүнээс үүдэн хятад жолооч нар шахагдаж, монгол жолооч нарт ажлын байрны сул орон зай гараад ирсэн аж. Нүүрс тээвэрлэдэг хятадууд монгол жолооч нараар маши­наа унуулж эхэлсэн бай­на. Ингэхдээ жолооч нар­тай цаасан дээр огт гэрээ хэлэлцээр хийхгүй. Зөвхөн аман гэрээ хийж, “Уурхайгаас нүүрс ачаад хил давуулаад ирэх юм бол 800 юань буюу монгол төгрөгөөр 230 мянган төгрөг өгье. Эхлээд 80 мянган төгрөгийг бэлнээр ав. Нүүрсээ буулгасны дараа үлдсэн мөн­гийг нь өгнө” гээд машинаа унуулаад явуулчихдаг байна. Нэг өдөр машинаа унуулсан бол маргааш нь өөр хүнд өгдөг байна. Ингэж л хятад хүмүүсийн мэдлийн машиныг ээлж ээлжээр унаж, нүүрс тээвэрлэлтэд явсаар байгаад монгол эрчүүд янхан жолооч гэсэн нэртэй болсон аж. Жолооч нар ч энэ нэрэндээ ижил дасал болжээ. Бараг л аав, ээжийнхээ өгсөн нэрийг мартсан гэлтэй. Хэн нэгэн “Хөөе янхан жолооч оо” гэж дуудахад эргэж хараад “яасан бэ хө” гэж хариулах юм.

Гадаад паспортоо хоолны газар, зочид буудалд барьцаанд тавьж байна

Адууны хашаанд багцаа­гаар 300 гаруй машин эгнэн зогсчээ. Хятадууд өөрсдөө монгол жолооч нар­тай харилцаад байдаггүй юм байна. Заавал өмнөд монгол­чуудаар дамжуулж харьцаж, машинаа өгдөг байна. Өмнөд монголчууд хятад эзэд болон монгол жолооч нарыг хооронд нь жуулчилж өгөөд дундаас нь ашиг хүртдэг байна. Хятад нөхрөөс нэг машин тутамд 200 юань, монгол жолоочоос ажил олж өгсөн гээд 20 юань авдаг гэнэ. 100 машины жолооч болж өглөө гэхэд нэг машин тутмаас 400 юанийн ашигтай байдаг аж.

Хятад, монголын хилээр өнөөдөр 300 гаруй машин гарч уурхай руу явахаар болов. Урьдчилгаа мөнгө авсан жолооч нар зочид буу­дал руугаа гүйлдэх аж. Халаа­сандаа ямар ч мөнгө байхгүй учир гадаад паспортоо барьцаанд тавиад 20 юанийн зочид буудалд хоног төөрүүлсэн ажээ. Мөн хоол, унд зээлж идсэн мөнгөө хүртэл өгч байлаа. Урьдчилгаанд авсан юанийг зээлэндээ өгөөд дуусах аж. Ингээд бага үдийн алдад машинууд хилээр гарч эхлэв. Хэдхэн цагийн дотор 300 машиныг хоёр улсын хилээр гаргаж байна лээ. Харин ажилгүй хоцорсон жолооч нар Ганц модны боомтын төв гудамжаар холхилдоно. Ихэнх нь халаасандаа мөнгөгүй болохоор хаана хоол, унд идэж, хонох нь тодорхойгүй. Хий дэмий гудамжаар хэд гурваараа алхаж байлаа. “Хаанахын хоолны газрын эзнийг панаалдаж байгаад хоол олоод иддэг юм билээ” гэж тал бүртээ арга сүвэгчилж, шаналж яваа нь тодорхой. Сү жингийн, Далайсүхийн, Вангийн хоолны газар гээд барилга болгонд цайны газар байх юм. Бүр ресторан ч байна. Бантан 10 юань, гурилтай шөл 16 юань гээд монгол хоолны цэс харагдах. Жолоочид цайны газрын эздийг нь гуйж байгаад нэгнийхээ гадаад паспортыг барьцаанд тавиад хоол идэх аж. Цайны газрын эздээс “Өлсөж үхлээ, хоол зээлээр өгчих” гэж гуйгаад хөөгдөх нэг нь ч таарч байв. Цайны газрын эзэд “Чамд хоол өгөхгүй. Мөнгө байхгүй бол эндээс зайл п… минь” гэж загнаад хөөгөөд гаргах. Хоол олж идэхийн төлөө хүн царай алдаж гуйна гэдэг хэцүү ч гэсэн тэд цөхрөлтгүй цайны газар болгоны хаалга татаж явсаар арай гэж хоолтой золгох юм. Тэр өдөр хоол идэж чадаагүй олон залуу байв. Маргааш аз нь таарч нүүрсний тээвэрт явбал мөнгөтэй болно. Мөнгөтэй болохгүй бол Монгол руу нэвтэрч чадахгүй гэсэн үг.

Их үд өнгөрч байхад дааганы хашаанд дахиад очлоо. Хашааны хаалгаар дөнгөж ортол нүүр нь тэр чигтээ цус болж хувцсаа уруулчихсан залуу өөдөөс хүрч ирэв. Ажлынхаа хөлсийг авахаар очтол хятадууд нийлж байгаад газар унагаад зодчихсон гэнэ. Нэгийг нь газарт унагаад дээрээс нь хятадууд дэвсэлж байхад тэнд байсан монголчууд хараад зогсож байсан гэнэ. Хүний нутагт байгаа болохоор нэгийгээ өмөөрч чадахгүй хараад л зогсож байдаг аж. Түүнийг “Чамд зоос өгөхгүй. Би чамд зоос өгөхгүй гэвэл чи яах юм бэ” гээд зодсон гэнэ. Нүүрс тээвэрлэж ирээд ажлынхаа хөлсийг авч чадаагүй олон жолооч байлаа. Гэрэлт гэх өмнөд монгол нөхрөөс ихэнх нь 500-3000 мянган юань авах ёстой аж. Гэвч Гэрэлт нь ажлын хөлсийг нь огт өгөхгүй алга болчихдог байна. Ганц модны боомт дээрээс хайгаад олдохгүй байгаа гэнэ. Хятадын гүн рүү зугтаачихсан гэсэн сураг гарчээ. Мөн Асралт гэсэн нэртэй өмнөд монгол нөхөр ч гэсэн жолооч нарын ажлын хөлсийг өгөлгүй зугтаачихсан байна. Тэд урьдчилгаа мөн­гийг нь өгөөд жолооч нарыг явуулаад байсан гэнэ. Ажлын­хаа хөлсийг нэхэхээр “Маргааш өгнө, өдөр өгнө. Хятад эзний утас холбогдохгүй байна” гэх зэргээр хуурч бай­гаад алга болчихжээ. Бүр 1500 юань авах ёстой жолоочийг хятадуудтай нийлж хэвтэрт ортол нь зодсон бай­на. Хятадууд монгол залуусыг байнга зоддог гэнэ. Ажлынхаа хөлсийг нэхээд очихоор нь энэ мэтээр зодоод явуулчихдаг байна. Цагдаад хэлэхээр сүйд­тэй арга хэмжээ авч өгдөггүй болохоор тэдний хохь болоод үлддэг аж.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Т.Билгээ: Манай компанийн ажилчдад ажилгүй болох эрсдэл гарахгүй

-“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” МИНИЙ ХУВЬД ШИНЭ ГАЗАР БИШ-

Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр шинээр томилогдсон Т.Билгээтэй ярилцлаа.

-“Эрдэнэс Таван толгой”-н ажилтан өөрийгөө шатаасан нь олны анхааралд байна.“TTJVCO” компанитай хийсэн гэрээнд ажилчдын эрхийг зөрчсөн заалт туссан гэдэг дээр та ямар тайлбар хэлэх вэ?

-Гэрээний талаар ярихын тулд түүх сөхөх хэрэгтэй байх. “Эрдэнэс Таван толгой” ХК Таван толгой ордын Зүүн Цанхийн уурхайд 2011 онд сонгон шалгаруулалт зарлахад Австралийн “Махмахон”компани оператороор шалгарсан юм. Энэ компани Монголд бүртгэлтэй “TTJVCO” гэдэг компаниараа дамжуулж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. “Эрдэнэс Таван толгой” “TTJVCO” компанид олборлолтын өртгийг нь төлдөг байсан юм. Зүүн Цанхид ажилладаг хүмүүс нь манай компанийн ажилчид. Харин оператор компанийн зүгээс техник хэрэгсэл, менежтентийг хариуцаж байсан. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнийн уналт үргэлжилсэн хэвээр байна. Нүүрсний экспорт хийдэг олон компани олборлолтоо зогсоочихлоо. Оператор компанийн хувьд өндөр өртгөөр олборлолт явуулж байсан гэсэн шалтгаан бий. Ийм хүнд нөхцөлд өндөр өртгөөр олборлолт явуулах нь эдийн засаг талаасаа огт ашиггүй гэдэг нь хэнд ч тодорхой зүйл. Оператор компанитай анх байгуулсан гэрээгээ эргэж харах болсон хамгийн том шалтгаан нь энэ. Зах зээл дээрх нүүрсний үнийн уналт, өндөр өртөг бүхий олборлолт зэргээс шалтгаалан Зүүн Цанхийн олборлолт зогсохоос аргагүй байдалд хүрсэн. Өнөөдрийн байдлаар гэхэд 14 сарын зогсолт хийгээд байна.

Зогсолт хийх хугацаанд танай компанийн ажилчид цалингийнхаа тодорхой хувийг авч байгаа юу, эсвэл цалингүй байна уу?

-Цалингийнх нь жаран хувийг өгч байгаа. Нэг ажилтан дунджаар 600-900 мянган төгрөгийн цалин авч байна гэсэн үг.

“Эрдэнэс таван толгой” ХК Зүүн Цанхийн уурхайгаас Хятадын “Чалко” компанид нүүрс нийлүүлэх үүрэгтэй. Өмнө нь энэ компаниас авсан урьдчилгаа төлбөрөө барагдуулж дуусаагүй байгаа. Нөгөө талаас ч гэсэн нүүрсээ нийлүүлээч гэсэн шаардлага тавиад эхэлчихсэн. Нэгэнт авчихсан мөнгөө төлж барагдуулахгүй удах тусам хүү, торгууль, алданги гэсэн том эрсдэл бий. Оператор компанитай удаан хугацаанд хэлэлцээр хийсний эцэст тохироонд хүрлээ. Манай компани гэрээг дангаараа дур мэдэн өөрчлөөгүй. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлт, компанийн санхүүгийн ачаалал зэрэг харгалзаж үзсэн зүйлс бий.Өмнө нь өртөгт тулгуурласан гэрээ байсныг ажлынх нь үр дүнд тулгуурласан гэрээ болгож өөрчилсөн гэсэн үг. Цэвэр эдийн засаг талаас нь харж гаргасан шийдвэр. Энэ гэрээ хэрэгжсэнээр зардал өмнөхөөсөө багасах давуу талтай. Өнгөрсөн сарын сүүлээр хүчин төгөлдөр болсон гэрээ ёсоор бол Зүүн Цанхийн уурхайн олборлолтыг жар хоногийн дотор эхлүүлэх учиртай. Олборлолт эхлүүлэхтэй холбоотой хэд хэдэн асуудлыг шийдэх шаардлагатай болсны нэг нь “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн яриад байгаа ажиллах хүчнийг шилжүүлэх тухай шийдвэр юм.

Цалин хөлс нь багасах, ажлаас халах гэсэн эрсдэлүүдийг нь хааж өгсөн заалт гэрээнд байгаа юу?

-Бид хэлэлцээнийн явцад ажилчдын эрх ашгийг хамгаалах талаар “TTJVCO” компанитай онцгой ач холбогдол өгч ярилцсан. Өмнө нь өчнөөн асуудал байсан. Ажилтан нь манайх, техник тоног төхөөрөмж нь “TTJVCO” компанийнх байсан гэж түрүүн хэлсэн. Оператор компани ямар нэг хариуцлага алдахад “Танай ажилтнаас болсон” гэсэн тайлбар тавьдаг байсан. Нөгөө талаараа оператор компанийн тавьсан шаардлагын хариуд манай ажилтнууд “Бид танай компанийн ажилчин биш” гэсэн тайлбар хэлэх үндэс ч гараад ирж байгаа юм. Ийм тохиолдолд хариуцлага хүлээлгэхэд хэцүү. Тийм учраас оператор компани нь ажилтнуудыг компанийнхаа нэр дээр авч ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн.Яг энд ажиллаж байсан нөхцөлөөр, авдаг цалинг нь өөрчлөхгүйгээр ажиллуулах манай компанийн саналыг “TTJVCO” хүлээн зөвшөөрсөн. Багадаа 12 сарын хугацаанд тогтвортой ажлын байраар хангаж өгөх, орон тоо, бүтцийн өөрчлөлтөөр хөдөлмөрийн гэрээг цуцлахгүй байх гэсэн асуудлыг тавихад бас хүлээж авсан. Сахилгын юм уу, хөдөлмөрийн аюулгүй үйл ажиллагааны ноцтой зөрчил гаргахгүй л бол ажилтаныг тогтвортой ажиллуулна гэдгээ мэдэгдсэн байгаа.

Жилийн дараа халчихна гэж болгоомжлоод байгаа юм болов уу?

-Ажилчдын төлөөлөл бидэнтэй уулзахдаа ийм болгоомжлол хэлсэн л дээ. Бид үүнийг нь харгалзаж үзээд “TTJVCO” компанитай ярилцсан. Тэгээд өнгөрсөн лхагва гаригт С.Эрдэнэ гуайд “12 сар гэснийг 33 сар болголоо. TTJVCO та бүхэнд 33 сарын хугацаанд ямар нэг зөрчил гаргахгүй л бол орон тооны өөрчлөлт хийхгүй байх баталгаа өглөө” гэсэн хариу хэлсэн.

Үйлдвэрчний эвлэлийнхэн шаардлагыг нь хүлээж авахгүй цаг алдаж байна гэж мэдэгдсэн. Энэ асуудлыг анх шаардлага тавихад нь шийдээд өгөх боломж байгаагүй юу?

-Үйлдвэрчний эвлэлийнхний хувьд байнгын ажлын байран дээр хугацаатай гэрээ байгуулах гэж байна гэсэн шаардлагыг бүр сүүлд хэлсэн. Анх асуудал тавихдаа ийм шаардлага хэлээгүй. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой үүссэн асуудал гэхээсээ компанид хооронд байгуулсан гэрээний асуудлаар болон компанийн гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар шаардлага тавьж байсан. Хөдөлмөрийн хуулиар “TTJVCO” угаасаа эдгээр ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулах учиртай. “Эрдэнэс Таван толгой”-н бүх ажилтан хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй ажилладаг. Би өчигдөр (уржигдар) ажил олгогчдын төлөөлөлтэй уулзахдаа “TTJVCO компани та нартай хугацаагүй хөдлөлмөрийн гэрээ байгуулна, Хөдөлмөрийн гэрээн дээрээ 33 сарын хугацаанд бүтэц орон тооны өөрчлөлт зэрэг ямар нэг шалтгаанаар халахгүй гэсэн заалт оруулна” гэж хэлсэн. Ер нь гэрээн дотор хугацаатай хамаатай ийм зүйлийг тодотгож оруулна гэсэн заалт хуульд байхгүй. Ямар ч бизнес эрхлэгч орлогогүй болчихвол ажилчдаа цомхотгохоос аргагүйд хүрдэг. Эдийн засаг таагүй байгаа сүүлийн хоёр жилд яг ийм шалтгаанаар цомхотголд орсон өчнөөн хүн бий. Харин бид хэцүү байсан ч энэ хүмүүсийг цомхотголд оруулахгүй байж, тогтвортой ажлын байраар ажилчдыг хангахын тулд зарим шаардлагыг “TTJVCO”-д тавьж, зөвшөөрүүлсэн. Ажилчдаа бодож хийсэн алхам.

Эсэргүүцээд байгаа ажилчдын хандлагаас анзаарахад 33 сар гэдэг хугацаанд ч тайвшрахгүй болов уу?

-Сая таны хэлсэн шиг асуудлыг ажилчдыг төлөөлж байгаа хүмүүс тавьсан л даа. Хариуд нь бид нэг үүрэг хүлээхээ амлаад байна. Хэрвээ 33 сарын дараа “TTJVCO” гэдэг компани Зүүн Цанхи дээр ажиллахаа боливол, өөрсдөөс нь хамаарахгүй шалтгаанаар энэ хүмүүс ажилгүй болбол “Эрдэнэс Таван толгой” эдгээр ажилчдыг ажлын байртай болгоход нь дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээсэн. Амралтын хоёр өдөр би ажилчдынхаа төлөөлөлтэй уулзлаа. “TTJVCO” –д ажиллана гэсэн хандлага давамгай байгаа нь анзаарагдсан. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс дөрвөн шаардлага тавьсан. Хүлээж авбал асуудалгүй гэж байна. Ням гаригийн өглөө ажилчдын ээлж солигддог. Тавь гаруй ажилчин амрахаар Улаанбаатарт ирж, мөн энэ хэмжээний ажилчид Өмнөговь руу явдаг юм. Ажилчдын сэтгэл санаа тайвширсан байна.

Үйлдвэрчний эвлэлээс ямар шаардлагууд тавьсан бэ?

-Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй өчигдөр (уржигдар) өглөө 12.00 цагт уулзсан. “Үүссэн асуудлыг олон нийтийг цочролд автуулахгүйгээр эв зүйгээр шийдье, дахин ийм хүний эрүүл мэнд хохирох ноцтой үйлдэл гаргахгүй байхад анхааръя” гээд олон асуудлыг ярилцлаа.Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнийн эрүүл мэндийн байдалд яаралтай анхаарлаа хандуулаач гэсэн шаардлага тавьсан. Бид энэ шаардлагыг бүрэн хүлээж авсан. С.Эрдэнэ гуайг Гэмтэл согог судлалын төвд очиход компанийн төлөөлөл ажилтнуудаа явуулсан. Санхүүгийн шаардлагатай дэмжлэгийг үзүүлж байна.Тогтмол цаг хугацаанд байнга очиж ар гэрийнхэнтэй нь, эмч нартай нь уулзаж байгаа.

Эмч нар биеийн байдлынх нь талаар ямар мэдээлэл өгч байна?

-Өмнөхөөсөө бага зэрэг сайжирсан гэж ойлгосон. Цочролд орсон, шокийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаа гэсэн. Ойрын хоёр хоногтоо эмчилгээ нь дуусаад өөр эмчилгээ рүү шилжих юм билээ. Тэр үед тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалсан хүндрэл гарч болзошгүй гэж эмч хэлсэн байсан.

Хоёр дахь шаардлага нь ….?

-“Эрдэнэс Таван толгой” ХК, “Эв санааны нэгдэл” ҮЭ хооронд хамтын гэрээ яаралтай байгуул гэсэн шаардлага тавьсан. Хамтын гэрээг ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоос өмнө буюу “TTJVCO” компанид шилжихээс өмнө байгуул, ажилтнуудад гаргасан баталгаануудыг бичгээр өг гэсэн. Баталгаануудыг бичгээр өгчихсөн. Ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ дуусахаас өмнө хамтын гэрээ байгуулах тал дээр судалгаа хийж ажиллаж байна. Хамтын гэрээ гэдэг үйл ажиллагаа хууль тогтоомжоор зохицуулагдсан, хуулийн хүрээнд хийгдэх ёстой зүйл. Энэ асуудал дээр хоёр талаас төлөөлөл гаргаад ажиллаж байна. Миний хувьд энэ ажлыг аваад удаагүй учраас зарим нэг зүйлтэй танилцаж амжаагүй байгаа. Хамтын гэрээтэй холбогдолтой зүйлс судлаад сууж байна. Хамтын гэрээг компанийн эдийн засаг, санхүү хөрөнгө оруулалттай нягт холбоотой гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл хамтын гэрээ байгуулсны дараа бид ажилчдын өмнө тодорхой үүрэг хүлээнэ.

Ямар үүрэг?

-Тодорхой ажилтнуудад тэтгэвэр, тэтгэмж, цалин урамшууллын асуудлыг шийдэж таарах байх. Компанийн санхүүгийн нөхцөл байдлын боломж гэх зэрэг судлах, тооцох зүйл байна. Ойрын хугацаанд уулзаад хэлэлцээрээ үргэлжлүүлье, шийдэлд хүрэх боломжуудыг хамтдаа хайя гэсэн байр суурьтай байна. Ажилчдын төлөөлөл компанийн үйл ажиллагаа эрхэлсэн зарим захирлыг менежмэнтийн багаас гаргах шаардлага тавьсан. Зарим хүмүүсийг мэргэжлийн бус, ажил үүргээ гүйцэтгэх чадваргүй, ёс суртахуунгүй гэж үзэж байгаа юм билээ. Бид судалж үзнэ гэсэн хариу өгсөн. Яг таг тогтоож байж шийдвэр гарах учиртай. Тийм учраас шууд хариу хэлэх боломжгүйгээ тайлбарласан. Сүүлийн шаардлага нь ЭТТ, “TTJVCO”-гийн байгуулсан хамтын ажиллагааны гэрээг монгол хэлээр байгуулж хувийг нь өг гэсэн. Энэ гэрээг англи хэлээр байгуулсан. “Эрдэнэс Таван толгой” ХХК нь дотоодын аж ахуйн нэгжээс гадна гадаадын хөрөнгө оруулагч, худалдан авагч олон компаниудтай хамтарч ажилладаг. Хөрөнгө оруулагч, худалдан авагчдын зүгээс гэрээгээ англи хэлээр байгуулах хүсэлт тавьдаг. Олон улсад баримталж байгаа стандарт нь ийм. Бид гэрээний шаардлагатай хэсгийг нь монгол хэлээр орчуулж ажил олгогчдын төлөөлөлд өгсөн. Одоо мэргэжлийн байгууллагаар орчуулгыг хянуулахаар ажиллаж байна.

Асуудал тавиад өчнөөн сар болоход шийдвэртэй хариу хэлээгүй гэж С.Эрдэнэ ярьж байсан. Яг хэзээнээс хандаж эхэлсэн бэ?

-Гэрээ байгуулагдсан цагаас буюу сар хагасын өмнөөс ажилчидын төлөөлөл, үйлдвэрчний эвлэлээс энэ гэрээг буруу, эрх ашиг зөрчиж байна гэсэн шаардлага тавьж эхэлсэн. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс манай компанийн удирдлага, ТУЗ-д сар хагасын хугацаанд тав, зургаан бичиг өгсөн байдаг. Зарим бичигт хариуг амаар, заримд нь бичгээр болон нийт ажилчдын хурал хийж байгаад тайлбарлаж танилцуулсан. Тайлбар өгсөөр ирсэн.Үйлдвэрчний эвлэлээс тавьсан шаардлагуудын хувьд удирдлагуудын зүгээс шууд шийдвэрлэх боломж хязгаарлагдмал байсан болов уу гэж харж байгаа. Нэг ажилтан ажилгүй болчихлоо, хоол хүнс өгөхгүй байна, хувцсаар хангасангүй гэсэн тодорхой асуудал тавьж хөдөлмөрлөх эрхэнд нь саад болсон бол мэдээж тэр дор нь шийдчих байсан. Нэгэнт байгуулчихсан гэрээ хэлцлийн асуудалтай холбоотой шууд шаардлагыг тухай бүрт нь шийдэх боломж мэдээж байхгүй. “TTJVCO”-той маш удаан хугацаанд хэлэлцээр хийж байж байгуулсан гэрээ. Үйлдвэрчний эвлэлээс тавьсан асуудлын хувьд сар хагасын хугацаанд боломжит хэмжээндээ шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Энэ гэрээ бол компанид эдийн засгийн агуулгаараа санхүүгийн ачаалал багатай, үр өгөөжтэй, зардал бууруулж чадсан гэж үзэж байгаа. Нөгөө талаас Зүүн Цанхийн уурхайгаас борлуулалтын гэрээ байгуулсан Хятадын “Чалко” компанийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломж нээгдэж байгаа. Бид “TTJVCO”-д олборлолтын зардал гэж багагүй мөнгө төлөх өртэй. Өр төлбөрийн асуудлыг олборлосон нүүрсээрээ төлнө гэсэн тохироо хийсэн. Өмнө нь олборлолтын зардлыг бэлэн мөнгөөр төлдөг байсан юм. Бэлэн мөнгө муутай учраас банкнаас зээл авч өгдөг байсан. Банкнаас зээл авахаар хүү гэж том зардал бий. Одоо ийм асуудал байхгүй болсон. Нүүрсээрээ өрөө дарна. Энэ гэрээ хэрэгжээд явбал манай нүүрсний борлуулалт нэмэгдэнэ, Чалкогийн өрийг ч тодорхой хугацаанд барагдуулна гэж тооцож байгаа.

С.Эрдэнэ та бүхэнтэй уулзахдаа өөрийгөө шатаана гэж сануулж байсан уу?

-Тэмцлийн өөр хэлбэрт шилжинэ гэж хэлсэн удаа бий. Өөрийгөө шатаана, эрүүл мэнддээ хохирол учруулахаар үйлдэл хийнэ гээгүй. Ийм үйлдэл хийсэнд нь харамсч байна.

Зүүн Цанхийн уурхайн ачилтын хэсгийн 21 оператор ажил хаялаа гэж дуулдсан. Яаж шийдсэн бэ?

-Уржигдар (арваннэгдүгээр сарын 13) ажил хаяхаа мэдэгдээд 18.00 цагаас хойш ажлаа хаясан. “Эрдэнэс Таван толгой” борлуулалтын гэрээнийхээ дагуу олон компанид нийлүүлэлт хийх үүрэгтэй. Тухайн үед ачилт хийлгэхээр маш олон машин ирсэн байсан. Компанийн зүгээс хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах, санхүү, хөрөнгө оруулалтын учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай байсан учраас ажилчдадаа хүсэлт илгээсэн. Ажил хаялт нь хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдах ёстой, ажил хаялт компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах өндөр эрсдэлтэй, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлнэ үү гэсэн хүсэлт тавьсан юм. Энэ хүсэлтийг ажил олгогчдын төлөөлөл, үйлдвэрчний эвлэл хүлээж аваад өчигдрийн (уржигдар) 15.00 цагаас ажил хаялтаа зогсоосон. Одоо компанийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа.

Танай компанид “Эв санааны нэгдэл”-ээс гадна өөр ч үйлдвэрчний эвлэл бий гэж сонсогдсон. Тэр ямар учиртай мэдээлэл вэ?

-“Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийг 2011 оноос байгуулаад ажиллаж байгаа юм билээ. “Эрдэнэс Таван толгой” компанид бүрэн шийдэгдсэн эсэх нь тодорхойгүй хоёр үйлдвэрчний эвлэл байдаг гэж ажилтнууд ярьж байна. Нэгдсэн гэж ярьдаг ч тодруулахаар ажиллаж байна.

Таны хувьд “Эрдэнэс Таван толгой” шинэ газар уу, эсвэл…?

-Би толгой компани “Эрдэнэс Монгол” ХХКд 2008 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байна. “Эрдэнэс Таван толгой”-г байгуулах, Оюу толгойн гэрээ хэлэлцээр хийх бүх л үйл ажиллагаанд оролцож ажилласан. Таван толгойн хэлэлцээр, Таван толгойтой холбоотой тайлбар танилцуулгыг УИХ, Засгийн газарт хийх гээд бүх л ажилд оролцсон учраас миний хувьд шинэ газар биш л дээ.“TTJVCO”-той хийсэн гэрээ хэлцэл үргэлжлэх хугацаанд ч өөрийн зүгээс оролцоотой байсан. Өнгөрсөн тавдугаар сараас “Эрдэнэс Таван толгой”-н ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна.

Ингэхэд “Таван толгой” төсөл ханган нийлүүлэлтээ тооцвол хэчнээн хүнийг ажилтай байлгаж байна?

– Таван толгойг дагасан 4500 гаруй ажлын байр бий. Зүүн Цанхийн олборлолт хийгдэхгүй, нүүрсний борлуулалт зогсонгуут олон ажлын байр байхгүй болж, үйлдвэрлэл үйлчилгээ зогссон. Үүнтэй холбоотойгоор зүүн Цанхийн нүүрс тээвэрлэгч “Монголын тээвэр нэгдэл” компаниас зүүн Цанхийн уурхайн ажлыг хурдан эхлүүлэхийг хүссэн албан бичгийг ирүүлсэн. 900 гаруй машин хагас жил сул зогслоо, 1500 гаруй ажилчид ажилгүй сууж байна гэж мэдэгдсэн.

Categories
мэдээ цаг-үе

Гадаад худалдааны тэнцэл 763.4 сая ам.долларын ашигтай гарав

Үндэсний статистикийн хорооноос аравдугаар сарын нийгэм, эдийн засгийн төлөвийг өнгөрсөн баасан гаригт мэдээллээ.

Монгол Улс энэ оны эхний арван сарын байдлаар дэлхийн 146 оронтой худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 7090.0 сая ам.доллар хүрсэн байна. Үүнээс 3926.7 сая ам.доллар нь экспорт, 3163.3 сая ам.доллар нь импорт.

Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны өдийд эхний 130.4 сая ам.долларын ашигтай гарсан бол энэ онд 763.4 сая ам.долларын ашигтай гараад байна.

Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 677.8 сая ам.доллар буюу 14.7 хувиар буурахад эрдэс бүтээгдэхүүний экспорт 700.6 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ. Импортын хэмжээ өнгөрсөн жилийн өдийгөөс 29.3 хувиар буурсан аж. Нийт экспортын 87.6 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт, импортын 54.3 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт эзэлсэн байна.

Чанаргүй зээл жилийн өмнөхөөс дөчөөд хувиар өсөв

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 11.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 25.3 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеийнхээс 920.3 тэрбум төгрөгөөр буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 860.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 32.1 тэрбум төгрөгөөр, өнгөрсөн жилийн өдийгөөс 410.2 тэрбум төгрөгөөр өсчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 855.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 18.6 тэрбум төгрөг буюу 2.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 249.2 тэрбум төгрөг буюу 41.1 хувиар өссөн байна.

Хоёр саяас дээш орлоготой айл нийт өрхийн 5.7 хувийг эзэлж байна

Гуравдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 937.7 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 24.6 мянган төгрөгөөр буурчээ.

Айлуудын орлого буурсны гол шалтгаан хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого буурснаас үүджээ. Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ 893.9 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 68.4 мянган төгрөгөөр буурсан байна. Өрхийн зарлага ч орлогоо дагаад урууджээ. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага энэ оны гуравдугаар улиралд 936.6 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 25.5 мянган төгрөгөөр багасчээ. Хүнсний бус бараа үйлчилгээний зардал буурсан гэж статистикийнхан хэлж байна. 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх нийт өрхийн 12.3 хувийг, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 9.8 хувийг, 300-900 мянган төгрөгийн орлоготой өрх нийт өрхийн 47.5 хувийг, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 49.9 хувийг эзэлжээ. Харин хоёр сая нэг зуун мянган төгрөгөөс дээш орлоготой өрх нийт өрхийн 5.7 хувийг, мөн хэмжээний зарлагатай өрх 5.7 хувийг эзэлсэн тоо гарчээ.

Нялхсын эндэгдэл буурчээ

Энэ оны эхний арван сард улсын хэмжээнд 67003 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 67362 болжээ. Өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 1355 буюу 2.0 хувь, амьд төрсөн хүүхдийн тоо 1402 буюу 2.0 хувиар буурсан байна. Энэ оны аравдугаар сард 6489 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 6513 болсон байна. Амаржсан эхийн тоо өмнөх сарынхаас 300 буюу 4.4 хувиар, хүүхдийн тоо 326 буюу 4.8 хувиар буурчээ.Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 1009 болж, өмнөх оны өдийгөөс гурван хүүхдээр буурсан байна. Тав хүртэлх насандаа 1207 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 27 хүүхдээр цөөрсөн аж. Халдварт өвчнөөр өвчлөгсөд 51866 болж, түрүү жилийн өдийгөөс 23978 тохиолдол буюу 86 хувиар нэмэгджээ. Улаан бурхны өвчлөл огцом нэмэгдсэн нь халдварт өвчний хувь өсөхөд нөлөөлж. Вируст хепатитаар өвчлөгсөд 220 буюу 23.0 хувиар, гахайн хавдраар өвчлөгсөд 263 буюу 64.5 хувиар буурсан ч улаан бурхнаар 22254 хүн өвчилжээ.

Хүүхдүүдэд 204.8 тэрбум төгрөг тараав

Нийгмийн халамжийн сангаас 192.7 мянган хүнд 123.4 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Өмнөх оны мөн үеэс тэтгэвэр, тэтгэмж авагчид 6.1 мянга буюу 3.1 хувиар буурсан бол олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 6.5 тэрбум төгрөг буюу 5.5 хувиар өссөн байна. “Хүний хөгжил” сангаас 18 хүртэлх насны 1023.4 мянган хүүхдэд 204.8 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгожээ.

Улаанбаатарт олон жилийн дунджаас дулаан байжээ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр хамгийн их хур тунадас Дархан-Уул аймгийн Шарын гол суманд оржээ. 17.2 мм-т хүрсэн байна. Баянхонгор аймгийн Шинэжинст суманд хамгийн их температур 28 хэм, Баянхонгор аймгийн Баянбулаг суманд хамгийн бага температур -25.0 хэмд хүрчээ. Салхины хамгийн их хурд Увс аймгийн Улаангом суманд ажиглагдсан байна. Салхи минутанд 32 м/с хурдтай байж. Аймгийн төв болон Улаанбаатар хотын агаарын дундаж хэм олон жилийн дунджаас 1.7 хэмээр, өмнөх сарынхаас 1.4 хэмээр дулаан байсан гэнэ.

Таван хүн уулын ослоор амь эрсэджээ

Аюулт үзэгдэл, осол 4815 удаа гарч, 175 хүн амь насаа алдаж, 163.9 мянган толгой мал, амьтан хорогджээ. Харин объектын түймэр 4007 удаа, мал, амьтны халдварт галзуу өвчин 153 удаа бүртгэгдсэн байна. Ой хээрийн түймрийн улмаас 35.5 тэрбум төгрөг, объектын түймрийн улмаас 10.4 тэрбум төгрөг, хүчтэй салхи, шуурганы улмаас 5.3 тэрбум төрөг, мал, амьтны халдварт галзуу өвчний улмаас 56.7 сая төгрөгийн хохирол учирчээ. Аюулт үзэгдэл, осолд нийт 682.4 сая төгрөг зарцуулсан гэж статистикийнхан мэдээллээ. 92 хүн усанд, 47 хүн объектын түймэрт, 18 хүн бичил уурхайн нурангины осолд, таван хүн уулын ослоос болж амь эрсэдсэн байна. Хүчтэй салхи, шуурганы улмаас гурван хүн, хүйтэн бороо, тарваган тахал, сум, галт зэвсгийн ослоор тус бүр хоёр хүн амиа алджээ.

Categories
мэдээ цаг-үе

Өвчин “үйлдвэрлэдэг” дотор өөх

Өвчин “үйлдвэрлэдэг” дотор өөх

Таны элэг өөхөлжээ, жингээ хасаарай гэсэн зөвлөгөөг маш олон хүн эмчээс сонссон байх. Гэсэн хэрнээ жингээ яаж хасах талаар тодорхой, яг таг зөвлөгөө өгдөггүй учраас ихэнх нь зөвхөн сонсоод л өнгөрдөг. Дотор өөхөө шатаахгүй, арилгахгүй бол алсдаа элэгний чинь ажиллагаа муудна, илүүдэл жингээ тээгээд яваад байвал хавдрын эрсдэлд ч хүргэж мэднэ гэсэн сэрэмжлүүлгийг ой тойнд нь ортол хэлж өгдөг эмч ховор байх шиг анзаарагддаг. Үүнээс болж хэчнээн хүн оройтсон хойно нь амаа барьж байгааг багцаалдах аргагүй. Элэгний хорт хавдрын өвчлөл өндөр байгаагийн бас нэг шалтгаан нь жингийн илүүдэл гэдгийг эмч нар үгүйсгэдэггүй. Ганц элэг ч биш бусад төрлийн хавдар ч удаан хугацаанд жингийн илүүдэлтэй явснаас буюу биед хорт бодис хуримтлагдсанаас үүддэг. Таргалалт хорт хавдраас гадна чимээгүй тахал гэгддэг чихрийн шижин, зүрх судасны эмгэг, харвалт, үений эмгэг, хоол боловсруулах эрхтний эмгэг, церроз, амьсгалын архаг бөглөрөл зэрэг өвчний шалтгаан болдог.

Дотор өөх гэж юу вэ?

Дотор өөх гэдгийг энгийнээр хэлбэл хэвлийн хэсгийн эрхтний эргэн тойрны өөхлөлт. Дотор өөх ихтэй байх эрсдэл нь бүсгүйчүүдийн хувьд эрс өндөр гэж эмч нар хэлдэг. Эмэгтэйчүүд нас ахих тусам, жин нь хэчнээн хэвийн байсан ч дотор өөх ихтэй байх нь элбэг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Дотор өөх буюу хэвлийн хэсгийн өөхлөлтийг багасгаснаар өмнө дурдсан өвчнүүдээс өөрийгөө сэргийлж чадна. Хэт туранхай хүнд бөөр чинь өөхгүй болжээ, жин нэм гэж зөвлөдөг нь бас учиртай. Дотор өөхийг гадны нөлөөнөөс дотор эрхтнийг хамгаалж хэвлийн гүнд байдаг өөхөн эд гэж тодорхойлох нь бий. Дотор өөх хүний биед их хэмжээгээр хуримтлагдвал тун аюултай гэж эмч нар сануулж байна. Дотор өөх арьсан доорх өөхийг бодвол их идэвхтэй. Өөхний хүчлүүд нь цусанд орж, элэгний тусламжтайгаар муу холестеринийг үүсгэдэг юм. Ер нь гэдсээрээ таргалах нь олдмол чихрийн шижин тусах эрсдэлийг хэд дахин нэмэгдүүлдэг гэдэг.

Тарган монголчууд

Насанд хүрэгчдийн талаас илүү хувь нь жингийн илүүдэлтэй гэсэн тооцоо бий. Сүүлийн арван жилд л ингэж огцом нэмэгдсэн гэж байгаа. Насанд хүрэгчдээс гадна хүүхдүүдийн дунд илүүдэл жин буюу таргалалт тогтмол арван хувиас илүү ажиглагдах боллоо гэж эмч нар сэрэмжлүүлж байна. Өөр нэг анхаармаар статистик бий. Намхан, тарган хүүхдүүд нийт хүүхдүүдийн 10-15 хувь нь гэсэн тоог судлаачид гаргачихаж. Намхан байх нь оюуны чадавхийг бууруулдаг, тарган байх нь халдварт бус өвчний суурь шалтгаан болдог гэнэ. Таргалалт ганц Монголын ч зовлон биш, дэлхий даяар жингийн илүүдэлтэй тэмцэж байна. Америкчууд гэхэд л эрэгтэй, эмэгтэй хүний таргалалтаараа нэг, хоёрдугаар байранд орох жишээний. Ямар сайндаа л Америкийн Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн зөвлөх нь таргалалт бол манай улсын хувьд терроризмоос аюултай гэж мэдэгдэхэв. Эрдэмтэд таргалалттай тэмцэхийн тулд тураах элдэв арга хэрэглээд хэрэггүй, ерөөсөө л хөдөлгөөн, зөв хооллолтоор жингийн илүүдлээ шийдэж болно гэж хүн төрөлхтөнд зөвлөж эхэлж. Хүчээр хоолоо хорих, өөх соруулах мэс ажилбар хийх нь тархинд стресс үүсгэдгийг тоо баримттайгаар тогтоочихож. Жин ихтэй хүмүүсийн хувьд дотор өөхний үзүүлэлт өндөр гэсэн үг.

Дотор өөхтэйгөө яаж мэдэх вэ?

Эход харуулаад мэдчихэж болно. Дотор эрхтнээ харуулахаар элэг өөхлөлттэй гэдгээс эхлээд өөхлөлт чинь хэр байгааг эмч нар хэлээд өгнө. Фитнесс клубуудэд ашигладаг танита аппаратаар дотор өөхөө мэдэх боломжтой. Танита аппаратын хувьд дотор өөхний үзүүлэлтийг гаргаад ирдэг. Дэлхийн улс орнуудад түгээмэл хэрэглэдэг энэ аппаратан дээр дотор өөхний үзүүлэлтийг 1-59 гэсэн тоогоор хэмждэг. 1-12 бол эрүүл, 13-59 бол дотор өөхлөлт их гэж үздэг. Ази хүний хувьд есөөс их бол дотор өөх их байна, өндөр эрсдэлтэй гэдэг. Тэгэхээр танита аппаратаар дотор өөхний үзүүлэлтээ хэмжчихэд гэмгүй. Ийм аппаратыг фитнесс клубуудээс гадна жин зардаг дэлгүүрүүдээр ч худалдаалдаг. Үнийн хувьд 90-120 мянган төгрөг байдаг юм билээ. Танита аппаратаар дотор өөхнөөсөө гадна биеийнхээ өөх, булчингийн жин, кальцийн хэмжээ, усны хувь, биологийн нас гээд бүх үзүүлэлтээ мэдчих бололцоотой. Та 30 настай байсан ч биологийн чинь нас 52-ыг зааж мэднэ. Бие чинь бохирдож, илүүдэл жин тээж, бодисын солилцоо чинь хөгшин хүнийх шиг удааширсан гэдгийг сануулж байгаа хэрэг. Хүний биеийн 70 хувь нь ус байдаг гэж анатомийн хичээл дээр заадаг. Зүй нь эмэгтэй хүний биеийн усны хувь 45-60, эрэгтэй хүнийх 50-65 байвал эрүүл гэж үздэг аж. Танита аппаратанд ороход таны биеийн усны хувь энэ хэмжээнээс хамаагүй бага гарвал уух юмаа нэмэгдүүлэхгүй бол горьгүй нь гэсэн дохио. Биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулж, цэвэрлэх үүрэгтэй зүйлсийн нэг нь ус. Тэгэхээр усны хувь багасна гэдэг таны бие хортой бодисоо гадагшлуулж чадахаа байж эхэлсэн гэсэн үг. Усаа нөхөхийн тулд цагт 250 грамм усыг бага багаар шимж уувал усаа нөхнө, тэр хэрээр бие чинь хортой бодисоо хэвийн гадагшлуулж эхэлнэ гэж эмч нар зөвлөдөг. Ер нь хүний биеийн ус, кальци багасч, бодисын солилцооны нас нь паспортын наснаас нь илүү гарч, танита аппаратан дээр биеийнх нь бүх л үзүүлэлт муу гараад эхэлбэл дотор өөхөө хайлуулж илүүдэл жингээ хас гэсний хамгийн том дохио.

Дотор өөхний “мангас”-ууд

Хортой өөхнөөсөө салах хамгийн үр дүнтэй арга бол хөдөлгөөн, эрүүл хооллолт гэж өмнө хэлсэн. Юуны өмнө гурван цагийн зайтай, бага хэмжээгээр хооллох хэрэгтэй гэж эмч нар зөвлөдөг. Ингэж зөвлөдөг нь цаанаа учиртай. Гурван цаг бол хоол шингэхэд хангалттай хугацаа. Тэр үед нь хооллохгүй бол хүний бие өөхөө хуримтлуулж эхэлдэг аж. Тэгэхээр хоолоо сойно гэдэг тийм ч сайн арга биш гэсэн үг. Хүн өдөрт дор хаяж 2-3 литр шингэн уух ёстой гэж үздэг. Гэхдээ кофе, жүүсээ шингэний хэмжээнд тооцож болохгүй. Аль болох цэвэр ус ууж, шингэнээ нөхөхийг хичээгээрэй. Өөхний “мангас”-уудын нэг нь ногоон цай. Ногоон цай нь зөвхөн арьсан доорх өнгөн өөхийг хайлуулаад зогсохгүй хамгийн аюултай гэгддэг дотор өөхийг ч бас хөөдөг. Ногоон цайны найрлаганд байгаа бодисууд бодисын солилцоог сайжруулдаг учраас өөхнөөсөө хялбар салах энгийн арга болно. Байгалийн кофеины өндөр агууламжтай учраас биеийн бодисын солилцоог 15-20 хувиар өсгөдөг гэсэн судалгаа бий. Өдөрт гурван аяга ногоон цай уугаад хэвшсэн хэн ч жингийн асуудлаа шийдэж чадна. Хэвлийн өөхийг хайлуулдаг хүнсэнд гадил, иогурт, өргөст хэмх, папайя жимс багтдаг. Папайя жимсэнд папаин гэдэг цагаан бодис ихээр агуулагддагийг судалгаагаар тогтоожээ. Энэ бодис гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг тогтворжуулдаг аж.

Уураг, уураг бас дахин уураг

Булчинлаг биетэй бол өөх шатаах асуудал биш. Идээд байгаа хэрнээ таргалдаггүйн нууц ердөө энэ. Өөх шатаагч булчин уургаас тогтдог. Уг нь хүний биеийн далан хувь нь булчин байх ёстой. Гэтэл сүүлийн үед өөхний хувь нь ихэсч, булчингийн хувь нь буурсан хүмүүс олшроод байгаа. Тэгэхээр өөхөө шатаахын тулд булчингаа бүтээх учиртай. Дахин хэлэхэд булчингийн хоол нь уураг. Өөхийг биеэс үлдэн хөөх бас нэг “мангас” нь уураг гэсэн үг. Хүн өдөрт нэг кг жин тутамдаа 2.2 грамм уураг хэрэглэх ёстой гэсэн тооцоо бий. Мах, өндөг, тараг, сүү, тахианы цээж мах гэж ирээд жагсаавал уураглаг хүнс олон байгаа. Бас шар буурцганд уураг өндөр хувьтай агуулагддаг. Нэг зүйлийг сануулахад уураг амьтны болон ургамлын гэж хоёр янз байдаг. Амьтны уургийг төгс, ургамлынхыг төгс бус уураг гэж нэрлэх нь бий. Амьтны гаралтай уургийг мэдээж мах, өндөг, сүү гэх мэтээс, ургамлынхыг шар буурцаг, самар зэргээс авна гэсэн үг. Өдөрт хэрэглэж буй нийт уургийн далан хувийг ургамлаас, 30 хувийг амьтнаас авах хэрэгтэй гэж эмч нар зөвлөж байна.

Ханаагүй өөх тосноос татгалз

Дотор өөхөө шатаая гэвэл ханаагүй өөх тосноос татгалзах хэрэгтэй. Өөх тос мэдээж хэрэгтэй. Гэхдээ ханасан өөх нь. Өөх хүний эсийн мембран бүрхүүлийн бүтцэд ордог учраас хүнснээсээ ор тас хасаж болохгүй хоол. Ханасанд нь амьтны гаралтай царцаж хатуурдаг өөх, тос ордог. Малын өөхийг хайлуулж гаргасан тосонд боорцог хайрч идэх нь хүний биед холестерилийн нийлэгжлийг идэвхжүүлдэг. Холестерин судас бөглөж, даралт ихэсгэдэг аюултай. Ханаагүй өөх гэдэгт ургамлын гаралтай тос багтдаг. Omega-3 ангилалд багтах тосны хүчлээр баялаг хоол хүнс хэрэглэвэл дотор өөхөндөө баяртай гэж хэлэх боломжтой. Загас, далайн хясаа, маалингын үрний тос гээд өчнөөн сонголт бий. Маргариныг болж өгвөл хэрэглэхгүй байхыг зөвлөе. Маргариныг энгийнээр хэлбэл химийн аргаар хатууруулсан ургамлын тос. Хүний эрүүл мэндэд жирийн амьтны гаралтай тосноосоо илүү хор хөнөөлтэйг саяхнаас тогтоосон. Нью Иорк хотын мэр ресторанд маргарин хэрэглэхийг хориглосон нь ийм учиртай. Ер нь тос худалдаж авахдаа hydrogenated plant oil, transfat зэргийг агуулсан эсэхийг нь шалгаад үзчихэд гэмгүй.

Эслэгтэй найзал

Дотор өөхийг хайлуулахад гол үүрэг гүйцэтгэдэг зүйл бол яах аргагүй эслэг. Өтгөн нь хатаад гардаггүй хүмүүс жингийн илүүдэл ихтэй байдаг. Ийм зовиуртай хүмүүс эслэгийн хэмжээгээ нэмээд үзээрэй, үр дүн нь тэр дороо гарна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Эслэг уусдаг болон уусдаггүй гэсэн хоёр янз байдаг. Уусдаг эслэг нь цусны холестерилийг бууруулдаг. Өөрөөр хэлбэл цусыг цэвэрлэдэг онцгой зүйл. Уусдаг эслэг нь вандуй, шар буурцаг, хөх тариа, овъёос, арвай, чавга, гадил, алим, чавганы дотор зөөлөн хэсэг, брокколи, лууван, амтат төмс, сонгино, таван салааны үрийн хальсанд агуулагддаг. Уусдаггүй эслэг нь гэдэс цэвэрлэх үүрэгтэй. Үр тарианы бүтээгдэхүүнүүд, буудай, эрдэнэ шишийн хивэг, самар, үр, төмсний хальс, маалингын үр, хулуу, гадил зэргийн найрлагад ордог. Хамгийн энгийн уусдаггүй эслэг бол лууван. Өдөрт 5-7 ширхэг лууванг түүхийгээр нь идвэл уусдаггүй эслэгээ авчихаж байна гэсэн үг. Зарим ургамал уусдаг, уусдаггүй эслэгүүдийг хамтад нь агуулдаг. Чавганы хальс нь уусдаггүй эслэгийг агуулдаг бол доторх зөөлөн жимс нь уусдаг эслэг. Эслэг хамгийн бага хүнс гэвэл дээд гурилан бүтээгдэхүүн, хөндий гоймон. Ийм хүнс ихээр хэрэглэвэл өтгөн гарч бие цэвэрлэгдэхгүй, дотор өөхнөөсөө сална гэж санахын ч хэрэггүй болно гэсэн үг. Эслэгийг тогтмол хэрэглэж заншвал дотор өөхнөөсөө салах шиг амархан зүйл үгүй.

Дотор өөхнөөсөө салахын тулд хүнсээ ингэж засахаас гадна дасгал хөдөлгөөн хийхийг эмч нар зөвлөж байна. Фитнесст явж амжихгүй бол өдөрт 10 мянган алхам хийгээрэй.

Categories
мэдээ цаг-үе

Эцгийн адил өмөг түшиг Эрдэнэцогт сайхан нутаг

Түйн голоо санана

Нутгийнхан маань усны тунгалаг, ургамал цэцэгсийн дунд мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг хүртэн сэтгэл тэнүүн аж төрж сууцгаадаг. Дүнжгэр дүнжгэр буурал уулсын цас цоохортон ханзарч, Түйн гол баринтгаа тайлан цөнгөө түрэхэд манай нутагт хавар болдог.Усны долгис ар араасаа хөөцөлдөн хөвөрч, голын урсгал дээгүүр зэрэглээ татан мяралзахад сүрэг цагаан зээр хөндий уруудан хуйлран давхиж байгаа мэт хичнээн гоёхон харагддаг гээч. Бидний бахархал болсон Түйн гол маань Хөл саяын даваанаас эх аван Үхэгийн гол, Дөрвөн Жаргалант, Өртөмт, Шаргалжуут, Хужирын гол зэрэг гуч гаруй томоохон гол горхи, тавь гаруй булаг шандыг нэгтгэж таван сумын нутгийг дамнан, долоон өртөө газрыг туулан Их Богд уулын ар хормойд Орог нуурыг үүсгэдэг билээ.

Хур ихтэй зун Түйн гол савнаасаа хальж, таван салааг дамжин гарсан эрчүүд “Морины хондлой цохиж байна шүү” гэж ярих нь сүрдмээр. Хүрхрэн, түрхэрч байгаа их голын бараанаар “наадмын морьд тоос татуулан ирэхэд сэтгэл нь хөөрсөн морьтой балчир хүүхдүүд угтан давхих адил” уулсын жижиг голууд огло, огло үсрэн цовхочсоор их голд түрлэг нэмнэ. Зун өвлийн аль ч улиралд хүүхдүүд Түйн голынхоо хөвөөнөөс салахгүй өдөржин тоглож өнжинө. Зун нь ширэг даган гүйж, усанд умбана. Харин өвөл нь эсгий гуталдаа тэшүүр баглаад гулгаж гарна даа.

Манай нутаг (Баянхонгорын Эрдэнэцогт)-төрсөн яруу найрагч Д.Халзан ах маань Түйн голынхоо тухай

“Хадан хар хүрэн хангайн

Хатан хөх сэлэм Түйн гол

Хясаа чулуу омгоороо алгаданхан

Харгилан түргэлэн урсдаг бил үү, чи минь …” гэж дуулж явсан нь тодхон санагдана.

Нар аргадсан хангай

Хангайн нурууны салбар их уулс Эрхэт хайрхан, Хөл сая, Тамч, Дөрвөн Жаргалант, Өртөмтийн уулс, Ямаат, Тагийн овоо, Ар бугат, Гурван Агьтын нуруу, Доромт хайрхан, Баянзүрх хайрхан, Мянган угалзын нуруу, Гэгээн овоон таг, Ар гурван таг, Баяндаваа, Агуйн дарцагт зэрэг царамлаг уулс нутгийн сүрийг гайхуулж тэнгэр баганадан дүнхийнэ. Манай сум хангайн өндөр уулс, ойт хээр хосолсон бүс болохоор ой мод, зүйл бүрийн эмийн ургамал, жимс жимсгэнэ, олон төрлийн рашаан, түргэн урсгалт тунгалаг гол, зэрлэг ан амьтан, жигүүртэн шувууд ихтэй өгөөж баян эрдэнэсийн өлгий нутаг. Ямар эрдэнэ цогцлоогүй нутгийг Эрдэнэцогт гэх вэ дээ. Манай сум таван мянга гаруй хүн амтай, хүн амдаа тохирсон газар нутагтай аймгийнхаа томоохон сумдын нэг нь юм. Сумын төв Түй, Мааньт, Хүрэмт гэсэн гурван голын бэлчир Цагаан дэнж дээр улам хөгжин дэгжиж байна. Хөгшид Мааньтын гол жоншин дундуур урсдаг, Хүрэмтийн гол цармын цэнгэг ус, Түйн голоо рашаан гэж хөөрөлхөнө. Сүрлэгээс сүрлэг “Эрхэт” хайрхан уул маань Завханы “Отгонтэнгэр”, Архангайн “Суварга” хайрхнуудтай бараа бараагаа харалцдаг юм гэж манайхан бахархацгааж, энэ сайхан нутаг усаа бурхан шигээ үзэж, цай сүүнийхээ дээжийг өргөцгөөнө.

Халуун зуны улиралд цас хялмаалж ч мэдэх

Гал үдийн халуунд шамарга тавьж ч мэдэх

Сайхан хангайн сэрүүн лаврин

Санаанд дулаахан Монгол энхжин

Зуны дунд сард голын мөс нь хайлаагүй ч байж мэдэх

Зуслангийн айлууд өглөөд цастай ч золгож мэдэх

Нар аргадсан буурал хангай

Надад заяасан нэгэн диваажин гэж нутагтаа очоод бичсэн минь энэ.

Цармын тарлан сарлаг

Манай хангайнхан мал малын захтай боловч түүний дотроос сарлагаа л бишрэн магтана. Өвөлдөө их уулсын хяр, царам, мухарт өвөлжсөн айлууд зуны дэлгэр цагт уулсынхаа урт, урт ам, хөндийг уруудан голын хөвөөгөөр зусцгаана. Үүлс мөрлөсөн уулсын цаанаас мацаж, мацаж мандсан өглөөний наран үүлсийн сиймхийг самбаачлан их уулсын өвөрт хамаг халуунаа юүлчих шиг толгой дээрээс төөнөх нь гайхалтай. Ар бугатын шигүү модтой дүгнэгэр уул нарны туяатай зэрэг чихэлдэн гэрийн тооноор өнгийх нь сүрдмээр. Дөрвөн бэрхийн шүншигтэй “Дээд”, “Дунд”, “Доод”, “Өвгөн” Жаргалантын уулсын оройд үүлс орооцолдож, их уулсын хормой хотоор өтгөн манан хөглөрөх. Өглөө бүсгүйчүүд өтгөн манан дунд сааль сүүндээ гарцгааж, өвсний шүүдэр туучин сарлагаа хурааж гүйлдэх хүүхдийн цангинасан дууг уулсын цуурай хөглөж, саваг сүүлээ сагсалзуулсан сарлагийн бух хаагчиж, энд тэндгүй үнээ, тугал мөөрөлдөх нь их усны харгиатай нийлэн найрал хөгжим л гэсэн үг.

Уулсын царам өдөр өнжихгүй бороотой. Их борооноос залхсан бүсгүйчүүл цагаан идээ, ааруул хатаахгүй бас л усан бороо гэцгээн аргал, түлшээ базааж гүйлдэнэ. Ханын толгойд өлгөж, унинд хавчуулсан хувцаснаас борооны ус дуслах жаахан залхуутай. Айл бүрийн хөхүүртэй айраг, орон доогуур гүзээ гүзээгээр хураасан тос, тэвш тэвш дүүрэн ааруул, тавиур тавиураар хатаасан өрөм, сав саванд шавж овоолсон өрөм бялхаж, өрөм, тосны өег үнэр тогооны аарцны сэнгэнэсэн үнэртэй хамт хамар цоргин гэр дүүрэн ханхална. Их уулсын дундах хөндийд битүү манан бууж, үе үе бороо шавшиж, хөвд өвсний үнэртэй сэрүүн салхи сэвэлзэх нь аргагүй л манай нутгийн араншин юм даа. Нутгийнхан маань 2013 онд сумынхаа үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойгоор “Гурван түмэн” сарлагийн баяраа тэмдэглэж байсан бол энэ онд “Дөрвөн түмэн” сарлагийн баяраа нижгэрхэн тэмдэглэлээ.

Манай нутагт ус ургамал сайхан гарч, мал сүрэг өсч байгаагийн нэг илрэл нь энэ ажгуу. Өмнөх нийгмийн үеэс л манай сум сарлагийнхаа тоогоор улсад эхний гурван байрыг алдахгүй явсаар ирсэн, өдгөө ч өнгөлсөөр яваад нутгийнхнаараа бахархах сэтгэл аяндаа төрнө. Баярын үеэр хамгийн хөөрхөн, хамгийн содон зүстэй, хамгийн сүү ихтэй, хамгийн урт савагтай, хамгийн хурдан, хамгийн сайхан бух, хамгийн гоё тохош хэрэглэлтэй сарлагаа шалгаруулж, сарлаг, хайнаг булгиулж, сайхан сарлагтай хос, тэргүүний саальчдаа тодруулж, сарлагийн хөсгийн цуваа явуулж, дуутай хурууны наадам, сүү, цагаан идээний үзэсгэлэнгээ гаргалаа.

Баярын тухай явуулсан нэвтрүүлгүүдээс олон сарлагийн үхрийг уулнаас дүүгүүрдэн буулгах нь үзэгчдэд их л сонин содон мэт санагдаж байлаа.

Эргэх дөрвөн улиралд нутгийнхан маань сарлагаа нуруу ачин Хөл сая, Тонгорог, Цагаан хад, Хүслэнт, Мөнхбулаг, Нам, Суу, Илбэх, Хужирт Суварган зэрэг олон алдартай даваагаараа даван өвсний соргог, усны тунгалгийг шилэн нүүдэллэж, ахуй амьдралаа залгуулсаар ирсэн билээ. Манай нутгийн унаган хүү Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Бирваа ах маань хүүхэд ахуй насандаа өсч өндийсөн их уулсын өндөр өндөр даваа, элтэй номхон сарлаг, бага залуу насныхаа тухай дуулсан дууг мэдэхгүй хүн бараг байхгүй дээ.

Цасан хунгарт сульдаагүй

Царам хангайн сарлагаараа

Сарьдах Илбэхийн даваагаар

Сажлуулж явахыг үзсэнгүй ээ

Харгайтын нуруунд хариулаагүй

Хар тарлан сарлагаараа

Харгуй замын бартаанд

Хаагдаж явсан удаагүй ээ…

Нутгийн зүг жолоо залах бүрийд хөөрхий муу ижийн минь “Сарлаг их ухаантай амьтан шүү”, “Манай нутгийн хэдэн бор уулс цагийн хатууд хэдэн хүнээ, мал сүргээ аваад гардаг юм шүү дээ” гэж хэлдэг үг нь бодогдож сэтгэл, зүрхийг минь уяраан догдлуулах юм даа.

Манай өвөө Дамбийгийнд “хүүхдийн хар тарлан” гэсэн нэртэй нэг гуна байсан гэх. Хангайнхан өвсний сөл хөөж, царам өөд нүүх дуртай байдаг хойно өвөөгийнх ч мөн адил “Дээд Жаргалант”-аас “Үхэг”-ийн эх орохоор нүүхдээ ижийн минь хоёр дүү Ханд, Жагз эгч нарыг өөжин үхэгт нь суулгаад хар тарландаа ачин бусад ачаатай гунануудын хамт дөрийг нь эвхээд “Мөнхбулаг”-ийн даваа өөд туужээ. Тэр үед Ханд эгч таван настай, дүү нь гурван ой хүрэх гэж байсан гэнэ. Хэдийгээр намрын сүүл сарын дулаахан өдрүүд байсан ч харьж яваа цаг болохоор давааны оройд цас хялмаалж, үе үе шуурга тавьж байжээ. Өвөө гунануудынхаа араас бог малаа туусаар гарахад даваа дөнгөж өнгийгөөд нэг гуна хадны дэргэд зогсоод үлдсэн байх юм гэнэ. Ойртоод очтол хар тарлан, хүүхэд ачсан тал нь хэлтийгээд унах болчихсон, том үхэр чулуунд ачаагаа тээглүүлээд зогсчихсон, бусад гунанууд нь аль хэдийнэ давааны бэл руу буучихсан байж. Хар тарлангийн үсэнд цас шивээд бууралтчихсан, хоёр хүүхэд нь тайван унтаж байсан гэж өвөө минь ярьдагсан. Сарлаг ийм л ухаантай амьтан.

Миний ижий:

…Үүрээр ачаалсан айлууд нар булаалдаж хөдлөхдөө

“Үхэг”-т суулгасан хүүгээ сарлагийн нуруунд тэгнэж

Сарьдаг өндрийн даваа өөд туугаад явуулдаг нүүдлийг

Сарны дайдаас ээж минь саравчилж харахаар явчихсан

Манцуйтай зээгээ домнож бор халзан туулай болгочихоод

Мянга мянган оддын анивчих гэрлийг тодруулахаар

Магнаг торгон хантаазтай миний хатан ижий

Мяралзах оддын чуулалд цучил нэмэхээр явчихсан…

Гал халуун рашаан

Байгаль ээжийн хосгүй гайхамшигт бүтээл “Шаргалжуут”-ын рашаан зөвхөн манай нутагт л байдаг нь бас л аз шүү. Нар ээсэн “Дорлиг” хайрхны дулаахан өврөөс болоронцор боржин, асган дотроос оргилон гарах халуун, хүйтэн, том жижиг зуун тавь гаруй ундаргатай, +45оС –ээс +96оС хэмтэй рашаан Монгол нутгийн өөр хаана ч үгүй бөлгөө. Байгаль эхийн урласан хүний бие эрхтнүүдийн хэлбэр, дүрс бүхий чулуунаас ундран гарах рашаан маань өвчин, хуучийг засахад үнэхээр зохилдлоготой агаад авралтай гайхамшигтай ажээ. Өглөөний нарны цацрах туяа, үдшээр цайрах сарны гэрэлд Дорлиг хайрхан, Лхамын хад, Сайдоны уулс улам сүрлэг агаад ихэмсэг, халуун рашаанаас савсах уур бие эрхтнийг тайвшруулж, хөлөөр хөглөрөх ногоон замаг, зүйл бүрийн рашааны өнгө үзэмжийг харж нүд баясан, сэтгэл тайвширч, боргилон ундрах рашааны чимээ, анирыг сонсоход үлгэрийн оронд л ийм байдаг байх гэх сэтгэгдэл аяндаа төрнө. Эх нутгийн минь гоо үзэсгэлэн, омог сүр, ижий байгалиас заяасан энэ бүтээлийг хараад сэтгэл догдолж, бахархахгүй байхын аргагүй. Манай нутагт “Шаргалжуут”-ын рашаан шигээ нэрд гараагүй атлаа нутгийн зон олондоо ач буянаа хайрласаар байгаа “Дөрөлж”, “Цагаанбулаг”, “Сонгинот”, “Бага Шаргалжуут” зэрэг олон арван рашаан бий.

Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан Шаргалжуутын рашааны тухай

Аргаль янгир нь сэмжин үүлэн дээр мөргөлдсөн

Аагим зуны үдэд сэлмэн сарьдгийн мөнх цас аарцалсан

Амтат исгэлэн чацаргана хойлгийн жимээр өнхөрсөн

Алтайнхан зүүншээ ШАРГАЛЖУУТ өөд хошуурч байна

Яагаад?

Хотгор нуруутай дэргэр эвэртэй хандгай

Хос хосоороо цээлийн усанд умбахад

Замаг гэж андуураад зогдроос нь загас жараахай дугтардаг

Хөвсгөл, Сэлэнгийнхэн урагшаа ШАРГАЛЖУУТ зорьж байна

Хүдэнт сарьдгийн зулайнаас цаа бугаар бууж байна

Яагаад?

Аянч шувууд нь нуугин нургин бүчихлээр

Арвин цэнхэр мандал нь нуур биш тэнгэр харагдах

Наян хэлийн шувууд нь нисэхээр

Номин цэнхэр тэнгэр нь огторгуй биш нуур үзэгддэг

Найман нуур, Хоргынхон барууншаа ШАРГАЛЖУУТ зорьж байна

Нарсны шилмүүс унаа морьдынх нь дэлийг самнаж байна

Яагаад?

Өнжин хонон давхиад сэжүүрий нь үзэмгүй талтай

Үлэг гүрвэлийн сэрвээг элсэндээ нуусан бүрдтэй

Хавтгайн зогдор загны нь мөчнөөс яндарласан

Гавшгай хулан нь зэрэглээ залгилж ялаархсан

Уудам говийнхон хойшоо ШАРГАЛЖУУТ өөд хөвөрч байна

Улаан зогдортой Галбын атаа тэргээр солин давхиж байна

Яагаад? …

Шатар чулуун хөшөө

Манай нутагт олон арван хөшөө, түүхийн дурсгалт газар бий. Хэдэн арван км үргэлжлэх Эрхэт, Тамчийн хавцал, Тамчийн далан долоон нуур, Түйн голын ай сав газар, Гурван Агьтын Ёлын тогоо, Хачин ламын сүм, Ламын гэгээний хүрээ болон Даяаны хүрээний хийдийн туурь, Тамчийн буган хөшөө, Цагаан хадан давааны уяа, Үхэгийн амны сүг зураг, Урт нарийний буган хөшөө, Жанжин толгой, Дөш толгой зэрэг олон алдартай газар судлаач, сонирхогч, жуулчдын сэтгэлийг татсаар л байна. Мөн Монгол нутагт шатар анх үүссэний нотолгоо гайхамшигт “Шатар чулуу”-ны хөшөөг үзэхэд сэтгэл сэргэж, нүд баясана. Боржин чулуугаар шатрын дүрс сийлж, өөд өөдөөс нь харуулан хөлөг дээр өрсөн мэт энэхүү хөшөө нь монгол хүн хэдэн зуун, мянганы тэртээгээс хөлөгт тоглоом тоглож, бүр хөшөө хүртэл босгож байсан гэж бодохоор бишрэлтэй.Энэ бол монгол хүн оюуны агуу их чадавхитай, түүнийгээ бишрэн шүтэж, хөшөө дурсгал болгон босгосны нэгэн илэрхийлэл ажгуу.

Малчин Мөнхийн лоозон

Эрдэнэцогтынхон хэзээнээс зовхи нь өөдөө, аливаад оройлон оролцож ирсэн онцлогтой. Түүнээс ганц нэгхэн жишээ дурдахад Агуу эх орны дайны жилүүдэд улс орон даяар Зөвлөлтийн улаан армид туслах хөдөлгөөн өрнөж байсан тэр ажилд нутгийнхан маань ханцуй шамлан оролцож, 200 гаруй морь , сарлаг үхрээ үнэгүй бэлэглэж, 332 шилдэг сайн морьдоо худалдаж, улаан армийн хоол хүнсэнд 1163 адуу илгээж байсны зэрэгцээ малчин ард н.Мөнх Зөвлөлтийн улаан армид бичсэн захидалдаа “Герман хэмээх зэрлэг дайснууд аюултай хор нүгэл үйлдэж байна. Өвгөн малчин би үнэнч нөхөр, ах дүү нартаа өөрийн цөөн буурай сүргээсээ шилж сонгон энэ удаа 15 морио бэлэг болгон барья. Миний 15 агтын ган туурайд өстөн дайснууд өндийхгүй болтлоо сөнөх болтугай гэсэн лоозон тавья” гэж бичиж байжээ. Манай нутгаас үеийн үед олон арван тэргүүний хүн төрөн гарч, тэд маань улс орныхоо бахархал болсон билээ. 370 жилийн тэртээ ламын гэгээний анхдугаар дүр их номч Лувсанданзанжанцан одон зурхайгаа бясалгаж, агуу бүтээлээ туурвиж байжээ.

Манай хошууны Буурал ноён буюу Гүргэмжав ван 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд идэвхтэй оролцож байв. Хатанбаатарын цэргүүд Жанжин толгойд буудаллаж, Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамдинсүрэнгийн цэрэгт нутгийн ард Д.Зэгвэ, Жү.Готов нарын 20 орчим эр элсэж, Улиастай, Улаангом, Ховдын хязгаарыг Манж, Хятадын цэргээс чөлөөлсөн гэж бодоход бахархалтай.

Нутгийн яруу найрагч Д.Хүүхнээ:

“…Жанжин тойрмын нутаг маань

Жаахан ч нутаг биш дээ хө…” гэж дуулж явлаа.

1939 оны Халх голын, 1945 оны чөлөөлөх дайнд манай сумаас олон цэрэг оролцож явсны нэг нь ахмад дайчин Д.Сэдбазар гуай юм. Түүний тасгаас БНМАУ-ын баатар Л.Аюуш, С.Дампил, Дашдондог зэрэг эрэлхэг баатрууд төрөн гарсан гэж бодохоор нутгийн ахаараа бахархахгүй байхын аргагүй байдаг аа.

Түүнчлэн БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Б.Дорж, Г.Очирбат, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт Г.Бирваа, Монгол Улсын Ардын жүжигчин Б.Мөнхдорж, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, доктор профессор Д.Цэдэв гээд тоолно.

Монгол Улсын гавьяат багш шинжлэх ухааны доктор, Профессор Г.Лхагвасүрэн, Самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын начин, доктор Г.Батсүх, гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, гавьяат нэгдэлчин В.Пүрвээ, гавьяат тээвэрчин Д.Сономдорж гээд нэрийн цуваа хөвөрнө.

Манай сумаас хоёр хошууч генерал Ч.Пүрэвдорж, З.Болдбаатар нар төрөн гарсан нь бахархалтай. Монгол Улсын аварга малчин Р.Бүтэд, Г.Чойдог, Ц.Сономдорж, Х.Цэрэнпил, В.Алтанцэцэг, Д.Балжинням, Д.Батболд, Б.Бямбаа, Ц.Пэлжид, Н.Цэвэлмаа, Б.Бямба… гээд бас л сайчуул. Эрдэмтэн доктор профессорууд: Т.Лхагвасүрэн, Г.Лхагвасүрэн, Б.Түдэв, Ү.Нямдорж, Н.Надмид, Ц.Маам, Ш.Балжинням, Т.Доохүү, Ё.Доржбат, Л.Даваадорж, Г.Батсүх, А.Базаррагчаа, Ч.Жигжидсүрэн…гээд бахархана.

Төр нийгэм, шашны нэрт зүтгэлтэн: Д.Сэр-Од, З.Болдбаатар Д.Чимэддагва, С.Рагчаа, Л.Ойдовсамбуу, Ч.Тогоо, З.Очирбат, Т.Гомбосүрэн, Ч.Тогоо, О.Загдсүрэн, С.Ичинхорлоо, Д.Мандах, О.Мишиг, Т.Пүрэвжав, Д.Юндэнбазар, Ц.Эрдэнэ-Очир, Д.Гомбо, С.Рэнцэнцэдэв, Ц.Төмөрбаатар Д.Цэвэгдорж, Х.Рэгсүрэн М.Зундуйдаваа…

Ламын гэгээнтэн, маарамба Д.Доржжанцан, гэлэн санваартан Ж.Цэрэннамжил, Жигмэд, Гомбо, Уул, Рэнцэн, Ч.Готов Л.Юндэнбат, Чүлтэм, Цэрэндорж, С.Сономдагва, Б.Рэнцэнсамбуу, Г.Дамбийбалжир, Н.Насанбуян, Б.Отгондалай, Ж.Лхагвасүрэн, Ж.Батбаяр, Л.Отгондалай Г.Юмчинсүрэн … гээд л нэрлэж гарна даа.

Мөн улсын заан Д.Төмөрбатар, улсын начин С.Шагдар, Л.Дамдин, Г.Батсүх нараас гар бөмбөгийн нэрт мастер М.Долгорсүрэн, Ц.Алтанцэцэг … гээд л нутгаас минь төрөн гарсан нэртэй тамирчид, яруу найрагчид, зураачид, урчууд, бүжигчид, дуучид, хөгжимчид зэрэг бусад алдартнуудыг нэрлээд, нэрлээд баршгүй.

Хан хорвоод хүн болж мэндлэхдээ би

Хангайн нурууны өвөрт төрсөн юм

Эцэг минь өвлийн шөнө адуугаа манасан

Ирвэст уул тэнд бий

Ижий минь өглөөн нарнаар сүүгээ өргөсөн

Цаст оргил тэнд бий

Улаан шунхтай

Цагаан хүйг минь дарсан хөх чулуу тэнд бий

Унаган туурай хэлбэртэй

Гэрийн минь онгин буурь тэнд бий

Морь гадаа нь аргамжаатай хонодог

Эцгийн минь гэр тэнд бий

“Монгол айл” гэж

Төрд данслагдсан нэр нь тэнд бий

Түмд нэг тохиох

Хүн заяаг олж төрсөндөө би азтай

Түйн голынхоо хөвөөнд

Галаан асааж зулаан бадраасан нутгийнхан минь буянтай.

Төрсөн нутаг минь шүтээн юм. Сэтгэл, зүрхний шүтээн өндрөөс өндөр өө.

МЗЭ-ийн яруу найрагч

Цэнд-Аюушийн Ичинхорлоо

Categories
мэдээ цаг-үе

Сагсан бөмбөгчдийн 60-н хувь нь зодог тайлаад удалгүй дампуурдаг

-“Майами Хит”-ийн од Дуэйн Уэйдийн ээж Жоллинда 2001 он хүртэл хар тамхины архаг донтон байжээ. Тэр героин, кокаин зэрэг хар тамхи хэрэглэхээс гадна нэг бус удаа шоронгийн хаалга татаж байв. Гэхдээ хүүгийнхээ амжилтад урамшсан эх 2001 оноос эхлэн засарч, сүүлдээ сүмийн номлогч болсон гэдэг.

-Сагсан бөмбөгийн тэмцээний дундуур бүжиглэдэг хөгжөөн дэмжигч хүүхнүүд буюу черлидэрши нарын жилийн цалингийн дундаж нь 56000 ам доллар.

-“Сан Антонио Спэйрс”-ийн Тим Данкан усанд сэлэх дуртайг хүн бүхэн мэднэ. Тэгвэл тэр есөн насандаа чөлөөт сэлэлтээр АНУ-ын аварга болж байсныг мэдэх үү. 1992 оны олимпийн наадамд оролцохоор түүнийг бэлтгэл хийж байх үед Хьюго нэртэй шуурга дэгдэж бэлтгэлийн танхимыг нь нураасан гэдэг. Хэрвээ тэгээгүй бол дэлхийд цуурайтсан усанд сэлэгч ч болох байсан юм бил үү, хэн мэдлээ. Эвдэрсэн заалыг застал гадаа сагсан бөмбөг тоглож байгаад урвачихсан гэдэг юм билээ.

-“Атланта Хоукс”-ын төвийн тоглогч Пол Милсэппийн гэр бүл асар их шүтлэгтэй гэсэн. Тийм учраас түүний аав, ээж Пол Милсэппийн ах дүүст Элайдж, Абрахам, Жон гээд библийн судрын нэрсийг хайрлажээ.

“Индиана Пэйсерс”-ийн холбогч Жорж Хилл их хожуу буюу 14 наснаасаа эхлэн сагсан бөмбөг тоглож эхлэсэн. Түүнээс өмнө америкчуудын соккер гэж хэлдэг Европын хөлбөмбөгт ухаангүй дурлаж гайгүй өшиглөчихдөг байлаа.

-“Денвер Наггетс”-ын Кеннета Фаридаг лесби эмэгтэйчүүдийн гэр бүлд өсчээ.

*Винс Картер дунд сургуулийнхаа хөгжмийн хамтлагт бөмбөрчин байсан.

*“Чикаго”, “Индиа­на”, “Лейкэрс” зэрэг багуудад дүрсгүйтэж явсан “Сахилгагүй залуу” Метта Уорд Пис дөнгөж мэргэжлийн сагсан бөмбөгч болоод талбайд гарч байх үедээ Жорданыг шүтэн “23” номерын майк өмсөн тоглодог байснаа хожмоо Родманныг дуурайж “91” дугаарыг сонгосон. Уг нь гоц авьяастай, сайн хамгаалагч ч гэлээ сэтгэл зүйн хувьд тогтворгүй нөхөр гэж байгаа юм. Ямар сайндаа л төрөлх нэрээ нэг хэсэг Рон Артест болгон өөрчилж байснаа хэдэн жилийн өмнөөс Метта Уорд Пис гээд сольчихсон шүү дээ.

*NBA-д тоглож байсан сагсан бөмбөгчдийн 60 хувь нь зодог тайлснаасаа хойш таван жилийн дотор дампуурдаг гэх судалгаа гарчээ.

*NBA-ийн удирдлага өөрийнхөө тоглогчдыг зуны амралтаараа хар тамхи хэрэглэж байна уу, үгүй юу гэдгийг шалгадаг байснаа хожим зогсоосон. Хүний эрхийн асуудал энээ тэрээ гээд.

*“Финикс Санс”-ын Амере Стадемайер 2010 оны хавьцаа гэнэт өөрийнхөө цусанд еврей хольц байгааг мэдэж жүүд хэлийг шургуу судалж эхэлсэн гэнэ. Тэр одоо Израилийн сагсан бөмбөгийн Хапоэль багийн хувьцааг эзэмшдэг.

*NBA-ын лого дээр бөмбөг залаад гүйж байгаа дүрс бол Жерри Уэстийнх.

*Хойд Америкийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн лиг буюу WNBA-ийн тоглогчдын сарын дундаж цалин 107000 ам. доллар.

Д. БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

А.Баярцэцэг: Миний сошиал дахь санал асуулга өндөр хандалттай байгаа

Австрийн нийслэл Вена хотноо “Эх дэлхийн мисс-2015” тэмцээн энэ сарын 18-нд эхлэх юм. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн мисс А.Баярцэцэг өрсөлдөж байна. Тэмцээн нийт 12 шалгууртай бєгєєд үүнээс хоёр нь интернэт орчин дахь санал асуулга юм. Тодруулбал, тухайн мисс өөрийн улс орныхоо эко танилцуулга бүхий видео болон фото зургаа интернэтэд байршуулсан байх ёстой. Дээрх хоёр тєрлєєр фэйсбүүк, твиттерт хамгийн олон дагагчтай, олон санал авсан оролцогч тэргүүлэх юм байна. Хэрвээ сошиал дахь санал асуулгад тэргүүлчихвэл шилдэг 16 оролцогчид үлдэх боломж нээгдэх аж. Тэгвэл Монголын мисс А.Баярцэцэг одоогоор сошиал дахь санал асуулгыг тэргүүлж байна. Энэ жилийн хувьд “Эх дэлхийн мисс” тэмцээн цаг уурын өөрчлөлт сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа. Мисс А.Баярцэцэгийн Монголын үзэсгэлэнт байгаль, ахуй амьдралыг танилцуулсан бичлэг “youtube” сайтад хандалтаараа тэргүүлж эхэлжээ. Одоогоор түүний бичлэгийг 75 мянга гаруй хүн үзээд байна. Дашрамд дурдахад, тус тэмцээнд түрүүлсэн улсын мисс тухайн жилийн хугацаанд байгаль орчин, экологийн болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх тєсєл хөтөлбөр хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд “Miss Earth” сан болон НҮБ-ын байгаль орчны төсөл хөтөлбөрийн элч төлөөлөгч болдог байна.

Ингээд мисс А.Баярцэцэгээс тодруулга авснаа хүргэе.

-“Miss Earth” тэмцээнд хичнээн орны мисс оролцох вэ?

-“Miss Earth” тэмцээнд нийтдээ 95 орны мисс оролцоно гэсэн.

-Энэхүү миссийн тэмцээнд оролцох эрхийг хэрхэн авсан бэ?

-Өнгөрсөн долдугаар сард зохион байгуулсан “Miss world mongolia-2015” тэмцээнд оролцсон. Энэ тэмцээнд мисс Н.Ану үндэсний ялагчаар тодорч, би тэргүүн миссээр шалгарсан юм. Түүний дараа “Mисс Монгол аялал жуулчлалын холбоо”-ны тэргүүн, мисс Б.Гантогоо эгч маань холбогдож санал болгосноор “Miss Earth 2015”-д эх орноо төлөөлөн “Монгол” гэж дахин дуудуулах болсондоо маш их баяртай байна. Монгол гэж нэрээ дуудуулахаас илүү сайхан мэдрэмж байдаггүй. Би өнгөрсөн жил Япон улсад болсон 54 дэх “Miss International” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байхдаа хуучин монгол бичгээр “Наран” гэж бичиж байсан. Тухайн үеийн үзэгчдийн алга ташилт, магтаал, бишрэл надад биш Монголын маань соёл уламжлал, агуу түүх, ёс заншилд дуу алдсан бахархал байсан. Тэр мөчид эх орныхоо нэрээр дахин дуудуулах юмсан, нэрийг нь өндөрт өргөх юмсан гэдэг хүсэл эрмэлзэл өөрийн эрхгүй төрсөн. Тиймээс “Miss world mongolia-2015” тэмцээнд оролцсон.

-Бэлтгэлээ хэр хангаж байна. Хэзээ эх орноосоо мордох вэ?

-Энэ сарын 18-нд явна. Тэмцээн ирэх сарын тавныг хүртэл үргэлжилнэ. Тиймээс хувцас, чимэглэл гээд материаллаг бэлтгэл, бие бялдар, авьяасын үзүүлбэрээс гадна тэмцээн дээр ярих илтгэл, шийдэл санаагаа маш сайн бэлтгэх шаардлагатай. Сэтгэл зүйгээ болон оюун санаагаа сайн бэлтгэж оролцохоор төлөвлөж байна.

-Эх дэлхийгээ хамгаалж, хайрлах зорилготой уг тэмцээнд ямар сэдвээр төсөл бичихээр төлөвлөж байна вэ?

-Өнөө жилийн тэмцээний хувьд гол ярилцах үндсэн сэдэв нь “Байгаль орчны өөрчлөлт”. Юуны өмнө уг асуудал зөвхөн манай улсад ч гэлтгүй дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа асуудал. Судлах тусам уг асуудал улам ихээр сонирхол татаж байгаа. Яагаад гэвэл энэ нь зөвхөн мод тариад шийдчихдэг асуудал биш юм байна. Мэдээж далайд дусал нэмрийн учир хүрээлэн буй орчинд тустай хэдий ч байгаль орчны өөрчлөлтийн хамгийн том суурь асуудал нь “Хүн чанар” байдаг юм байна. Хүний шунал, буруу шийдвэр, хариуцлага, ёс зүй, хүнлэг чанараас хамаарч дэлхийн дулаарал нэмэгдэх үндэс болж байгаа гэдгийг юун түрүүнд ойлгох хэрэгтэй. Энэ нь эргээд манай улсад, олон зууны туршид уламжлагдан ирсэн нүүдэлчин ахуйд хүртэл сөргөөр нөлөөлж, өвөл нь дулаахан, хонь ноос муутай, өвс олигтой ургахгүй, мал тэжээл багатай, хавар энддэг, зун нь илүү халуун, хуурай, намар шиг шар өнгөтэй, тэнгэр ажиж хараад байгалиа шинжихэд хүртэл хэцүү болж байна. Өнгөрсөн хавар соёлын өв уламжлалаа хайрлан хамгаалах “Язгуур лугаа” гэдэг баримтат киногоо хийхээр Архангай аймагт хоёр сар мал хариулж, ахуй соёлтойгоо танилцаж, монгол хүн эх дэлхийгээ хэрхэн хайрладаг, хорвоо дэлхийн бүх зүйл бие биедээ нөлөөлдөг учир байгаль тэнгэрээ хэрхэн дээдлэн шүтдэгийг биеэрээ мэдэрсэн. Ийм ч учраас тэмцээний төсөл хөтөлбөрөө нэг удаадаа зохион байгуулах хүмүүнлэгийн арга хэмжээ, бэлгэ тэмдэг байдлаар биш илүү ул суурьтай, ёс зүй, хүнлэг чанар талаас нь хэрхэн шийдэл гаргаж, сурталчилж болох талаас нь бодож төлөвлөж байна.

-Таны “Miss Earth Mongolia 2015 Eco-Beauty” видео youtube-д хамгийн их хандалттай байсан. Ер нь өөртөө хэр итгэлтэй байна вэ?

-Ер нь энэ тэмцээнд түрүүлэхийн төлөө хичээх болно. Гол нь интернэт дэх хоёр санал асуулгад тэргүүлж чадвал шилдэг 16 оролцогчид үлдэх боломж бүрдэнэ. Тиймээс “Miss Earth-2015” гэсэн фэйсбүүк, твиттер хаяг руу ороод намайг дэмжээд видео, зураг, постуудыг лайк, шэйр хийж, коммэнт үлдээгээрэй гэж монголчууддаа хандаж хэлмээр байна. Ямар ч байсан би та бүхнийхээ итгэлийг алдахгүй, эх орныхоо нэрийг гаргах болно.

-Олон улсын миссийн тэмцээнд сайхан биенээс гадна гадаад хэлний мэдлэг чухал үүрэгтэй. Учир нь өөрийгөө бүрэн илэрхийлэх гол шалгуур болдог шүү дээ…

-Би англи хэлийг маш сайн эзэмшсэн. Сая “Марко Поло” кинонд тоглохдоо англиар ярьдаг хэсэгт тоглосон. Мөн испани хэлтэй. Франц хэл бас сурч байна.

-Ямар мэргэжилтэй вэ?

-Би ШУТИС-ийг маркетингийн удирдлагаар төгссөн. Гэхдээ одоогоор жүжигчний мэргэжилд түлхүү ажиллах сонирхолтой байгаа. Одоо 24 настай. Тиймээс надад цаг ч бий. Амжилтад хүрэх боломж ч бий гэж бодож байна.

-“Марко Поло” киноны хоёрдугаар бүлэгт Монголоос гурван жүжигчин туслах дүрд тоглоод ирсэн. Нэг нь та. Энэ кинонд тоглосон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Монгол жүжигчдийн ур чадварыг олон улсад таниулан сурталчилж буй АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” киноны зураг авалт Малайз улсад болсон. Миний хувьд энэхүү зураг авалтад оролцоод өнгөрсөн сарын 24-нд эх орондоо ирлээ. Зураг авалтгүй үед харьцангуй чөлөөт цаг гардаг ч дүрээ судлах, бэлтгэл хийх, багштайгаа англи хэлний ярианы дуудлагын хичээлээ давтах гээд өдөр хоног маш хурдан өнгөрсөн дөө. Үнэхээр сайхан уран бүтээлд тоглосон.

-Кино багийн бүрэлдэ­хүүнд холливудын алдартай уран бүтээлчид нэлээд багтсан гэж сонссон?

-Кино багийнхан үнэхээр бахархам сайхан хүмүүс бий. “Spirit”-ээр Оскарт нэр дэвшиж байсан зохиолч Жон Фуско найман жилийн өмнө Монголд мориор аялж байхдаа уг киног хийх санаагаа олсон юм байна лээ. Тухайн үед талын Монголтой танилцуулж байсан хөтөч Бямбаа ах маань уг киноны соёлын зөвлөхөөр ажилласан. “Бөгжний эзэн”, “Game of Thrones” зэрэг киноны найруулагч, продюсерууд ажиллаж байна. Хувцасны хувьд “Гэтэж буй бар, унтаж буй луу” киногоороо Оскарын шагнал хүртэж байсан хувцас зохион бүтээгч Тим Ип, тайз засал дээр “Сүүлчийн Самурай” киногоороо Оскарт нэр дэвшигч Лили Килверт зэрэг гайхалтай хүмүүстэй ажиллаж байгаа. Очихоосоо өмнө нэрийг нь сонсоод сүрддэг байсан ч маш энгийн, хөгжилтэй, нөхөрсөг хүмүүс намайг угтаж авсан. Уг кино төсөл дээр 20 гаруй орны дэлхийн шилдэг баг хамтран ажиллаж байна. Эхний бүлэгт жүжигчин Б.Амарсайхан Ариг Бөхийн дүрийг бүтээж, “Алтайн Оргил”, “Хөсөгтөн” хамтлагийн гишүүд мөн оролцон тоглож байсан. Харин хоёрдугаар бүлгийн зураг авалтад Монгол талын үйл ажиллагааны продюсероор жүжигчин М.Оргил ах ажиллаж, илүү олон хүн оролцох боломжийг бүрдүүлж өгсөн нь үнэхээр бахархууштай. Хоёрдугаар бүлэгт Монголоос жүжигчин Ц.Цэрэнболд, Эрхэмбаяр хүү бид гурав туслах дүр бүтээж байгаа. Мөн Монголын киноны орлон тоглогчид, морьтон, олны хэсэгт тоглох ард түмэн, мэргэжлийн жүжигчдээс А.Цэгмэд эгч хөгжимчин, бүжигчин, уртын дуучин, бөх гээд нийт 25 монгол уран бүтээлчийн баг хамтран ажиллалаа.

-Та ямар дүр бүтээсэн бэ?

-Бэлэвсэн, залуу монгол эмэгтэйн дүрийг бүтээсэн. Киноны талаар хамаагүй мэдээлэл дэлгэж болохгүй.

-Цаашдаа кино уран бүтээлд ажиллах бодол бий юу?

-Цаашдаа мэдээж дэлгэцийн урлагаар дагнана. Миний их сургуульд эзэмшсэн мэргэжил маркетингийн удирдлага. Энэ мэргэжилдээ ч хайртай. Гэхдээ би өмнө нь үргэлж толгойгоо ажиллуулдаг байсан юм шиг санагддаг. Харин жүжигчний ажил намайг илүү ажигч, гүн бодогч, бага шүүмжлэгч болгосон юм шиг. Одоо зөвхөн толгой ажиллахаас гадна зүрх сэтгэл маань давхар ажиллаж байгааг мэдрэх болсон. Англи хэл сайн эзэмшсэн давуу талаа ашиглан ялангуяа АНУ-ын кино уран бүтээлд хүч үзэх сонирхолтой байна. Энэ тэмцээндээ амжилттай оролцчихоод гадны уран бүтээлийн шалгаруулалтад оролцож өөрийгөө сорино гэж бодож байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Р.Отгонтулга: Үйлчлүүлэгчид баримтаа цуглуулаад НӨАТ-ын хоёр хувийг буцааж авахаас гадна сугалаанд оролцох боломжтой

Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем төслийн нэгжийн захирал Р.Отгонтулгатай ярилцлаа.

-Ирэх 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтын хууль хэрэгжээд эхэлнэ. Бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна?

-Нэлээд урагштай явж байгаа. Хууль хэрэгжихэд 50 хоног үлдлээ. Өнөөдрийн байдлаар Татварын ерөнхий газар дээрх НӨАТ-ыг цуглуулах системийг бүрэн хийж дуусаад байна. НӨАТ-ын паданыг цахим хувилбар руу шилжүүлэх ажлыг гүйцэтгэж бэлтгэл хангаж байгаа. Хуулийн шинэчилсэн найруулга дээр аж ахуйн нэгж, иргэн гэсэн хоёр гол субьектийг оруулж ирсэн. Хуулиараа манай улс анх удаа иргэдийн төлсөн татварын хоёр хувийг нь тэдэнд эргүүлэн өгөх гэж байна. Мөн хоёр аж ахуйн нэгжийн хооронд хийгдсэн худалдан авалтын 10 хувийг буцааж олгодог. Тэгэхээр энэ хоёр асуудлын бэлтгэл ажил технологийн түвшинд дуусч байна. Хамгийн гол нь технологийг ашиглах аж ахуйн нэгж, иргэдэд зориулсан сургалтуудыг хийж байгаа.

-Аж ахуйн нэгжүүдийн хоорондын гүйлгээг цахимжуулах нь ямар давуу талтай юм бэ?

-НӨАТ төлөгч аж ахуйн нэгж хоорондоо худалдаа наймаа эрхлэхэд 10 хувийн буцаан авалтыг хийдэг. Тэгэхээр өнөөдрийн энэ хасалтыг систем дээр хийнэ гэсэн үг. Тухайлбал, хоёр компани байлаа гэхэд Татварын ерөнхий газрын албан ёсны веб сайт руу ороод аж ахуйн нэгжийнхээ дугаар, худалдсан барааныхаа дүнг нэг оруулаад явуулахад таныг НӨАТ төлөгч болохыг баталчихна. Тэгэхээр “Та НӨАТ төлөгч мөн үү, биш үү” гээд л чирэгдэл болоод байдаг нь арилах юм.

-Иргэдийн хувьд НӨАТ-ын хоёр хувиа яаж буцааж авах вэ?

-Юун түрүүнд худалдаа наймаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд баримтаа хэвлэнэ. Энэ нь албан ёсны логотой, татварын бодолт хийсэн байх ёстой.Тухайлбал, нийслэл хотын татвар, НӨАТ төлөх дүн зэрэг байна. Ийм баримтыг албан ёсоор хэвлэж аж ахуйн нэгжүүд танд өгөх ёстой. Одоо баялаг бүтээгчид улс орныг нуруун дээрээ авч явдаг гэж байгаа. Гэтэл иргэд маань өндөр оролцоотой татварын системд оролцдог.Таны төлж байгаа татвар аж ахуйн нэгжүүдээр дамжаад улс руу төвлөрдөг. Харин таныг төлсөн татвараасаа хоёр хувийг нь буцаагаад авах боломжийг хуулиар хангаж өглөө.

Ер нь иргэд дэлгүүрээс авсан баримтаа хогийн саванд л хаядаг. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс энэ зуршлаа засах хэрэгтэй. Иргэн та авсан бараа болгоныхоо баримтын талоныг үйлчлүүлсэн газраасаа заавал нэхэж авч байх ёстой. Тэгээд татвараа цуглуулаад оны эцэст, НӨАТ-ын хоёр хувиа улсаас буцааж авах юм. Манайд ийм хяналтын систем байхгүйгээс зарим аж ахуйн нэгж худлаа тайлан бичиж, далд эдийн засгийг өөгшүүлдэг. Тэгэхээр төр энэ хууль бус явдлыг цэгцлэхийн тулд иргэдтэйгээ, аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтарч байгаа юм.

-Иргэд үйлчилгээний газруудаас авсан баримтаараа сугалаанд оролцох боломжтой гэж байсан. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Монгол Улсад маш олон үндэсний сугалаа явдаг байсан. Тэгвэл төрөөс албан ёсоор лото явуулах юм. Иргэд худалдан авсан барааныхаа баримт дээрх дахин давтагдашгүй дугаараар сугалаанд оролцоно. Үүгээрээ иргэддээ мөнгө урамшуулж өгнө. Татварын хоёр хувиа авахаас гадна сугалаанд оролцох боломжтой.

-Сугалааны шагналын сан хэр зэрэг байх вэ. Хаанаас яаж санхүүжүүлэх үү?

-Төсөвт суулгана. 2016 оны төсвийг ид хэлэлцэж байна. Энэхүү үндэсний лотод зориулж 22 тэрбум төгрөгийн шагналын сантай байхаар Сангийн яаман дээр яригдаж байгаа. Ямартай ч төсвөөс зарцуулах чиглэл байгаа.

-Нэг ёсондоо иргэдийг үйлчлүүлсэн газар болгоноосоо заавал баримт нэхэх хөшүүрэг гэж ойлгож болох уу. Нөгөөтэйгүүр аж ахуйн нэгжүүдийг хянах том механизм энд үйлчлэх нь ээ?

-Яг тийм.

-Тэгвэл гэр хорооллын хүнсний мухлагууд, найман нэрийн жижиг дэлгүүрүүд баримт өгдөг байх боломжоор нь яаж хангах вэ?

-Аж ахуйн нэгжүүдийг энэ тогтолцоо руу шилжүүлэх ажлыг төслийн нэгж маань зохион байгуулж байгаа. Эхний ээлжинд 34 топ аж ахуйн нэгж буюу баримт хэвлэдэг газруудтай уулзалт зохион байгуулсан. Энд сүлжээ дэлгүүрүүд, үүрэн холбооны оператор, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ зэрэг байгууллагуудыг хамгийн их хамрууллаа. Дараагийн ээлжинд дунд шатны аж ахуйн нэгжүүдийг дуудаж уулзана. Татварын ерөнхий газрын http://vatps.mta.mn албан ёсны сайт ажиллаж байгаа. Энд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголттой холбоотой иргнэ, аж ахуйн нэгжүүдэд зориулсан гарын авлагууд бий. Өнөөдөр хүн болгон гар утастай, интернэт ашиглах боломжтой болсон. Тэгэхээр энэ сайт руу ороод аж ахуйн нэгжийнхээ дугаарыг бичээд нууц үгээрээ ороод үйлчлүүлэгчдээ баримт хэвлэж өгч болно. Хэрэв интернэтгүй бол кассын машин ашиглаж болно. Энэ нь гурав хоног интернэтгүй байж байгаад автоматаар албан ёсны вэб сайт руу илгээгддэг механизм нь байгаа. Аль болохоор уян хатан байхаар зохицуулсан.

Ирэх нэгдүгээр сарын 1-нээс энэ систем албан ёсоор үйлчлээд эхэлнэ. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд маань ийм баримт хэвлэж өгөхөөсөө битгий түвэгшээгээсэй. Бага насны хүүхдүүдийг битгий хуураасай. Ямар ч үнэ цэнгүй, албан бус баримт битгий өгөөсэй. Олон улсын туршлагаар ялангуяа өндөр настнууд энэ баримтыг их цуглуулдаг юм байна. Тэгэхээр тэр хүмүүстээ хүндэтгэлтэй хандаж, энэ соёлтой үйлчилгээг нэвтрүүлээсэй.

-Бараа бүтээгдэхүүний худалдан авалтын баримтын систем нь Ил тодын хуультайгаа холбогдож байгаа биз дээ?

-Ирэх онд тоглоомын дүрмээ өөрчилж, шударга тоглоно. Хэн шударга байсан нь л хол явна. Хэрэв бульхайтай хэн нэгний бизнес хэдхэн сарын настай байх болов уу. Яагаад гэвэл хэрэглэгчид НӨАТ-ын хоёр хувиа авахыг бодно. Тиймээс баримт өгдөггүй дэлгүүр, үйлчилгээний газруудыг сонгохоо больчихно. Ингээд харахад хүн бүрт хоёр хувийн НӨАТ-ын буцаан олголтыг өгнө гэж байгаа ч үнэн хэрэгтээ төрийн институциудын томоохон өөрчлөлт, систем тогтолцоон дээр гараад байгаа асуудлуудыг шийдэх, хүнээс гараад байгаа байдлуудыг автоматжуулснаар далд эдийн засаг хумигдана. Хүмүүсийн шударга бус үйлдлийг системээр хааж өгөхийг хүсч байгаа юм. Энэ эрүүл тогтолцоон дээр тайван амгалан стресс багатай амьдрах нийгмийг санхүүгийн эрх чөлөөгөөр олж авч, тогтолцоог өөрчлөх шийдлийг нэвтрүүлж байна.

-Нийт массын үйлчлүүлдэг автобус, зах, нийтийн хоолны газрууд байна л даа. Тэдгээрт худалдаа наймаа эрхлэгчид бас борлуулсан барааныхаа баримтыг өгөхөд амаргүй байх болов уу. Энэ тал дээр судалгаа хийсэн зүйл байна уу?

-Манай төслийн нэгж дээр программ хөгжүүлдэг 40 шажигнасан залуу нойр хоолгүй ажиллаж байна. Бид бүтэн жил ажиллаж байгаа болохоор олон талаас нь бодсон. Баянзүрх зах дээр долоо хоног туршилт хийсэн л дээ. Гайхам амжилт гарсан шүү. Лангууны ард сууж байгаа хүмүүсийн 80 хувь нь ухаалаг утастай байсан. Манай залуус захын үүдэнд зогсоод иргэдийг “Та бүхэн худалдаж авсан барааныхаа баримтыг заавал аваарай. Эндээс азтан тодруулаад гарын бэлэг өгч байгаа шүү” гэж зарласан. Тэгэнгүүт худалдаа эрхлэгчид гар утсан дээрээ манай вэб сайтыг нээгээд тухайн зарж байгаа барааныхаа нэрийг оруулаад үнийн дүнг нь бичингүүт баримтын дугаар гараад ирж байгаа юм. Яг тооны машин шиг хялбархан систем. Баримтын дугаар дээрх дөрвөн оронтой код гарч ирнэ. Ингээд дундын баримт хэвлэгч машинд тэр кодоо оруулаад авсан барааныхаа баримтыг хэвлээд авчихаж байгаа юм. Энд заавал тухайн худалдагч кассын машин юм уу, хэвлэгч дэргэдээ тавьчихаад зардал чирэгдэл гэж түвэгшээгээд байх шаардлагагүй. Иймд бид Баянзүрх захад дундын баримт хэвлэгч машин байрлуулсан байсан юм. Тэндээс иргэд баримтаа аваад сугалаанд оролцсон. Бидэнтэй хамтран ажилладаг арилжааны 17 банкны гарын бэлэг өгсөн юм. Гуравхан цагийн дотор наймаа эрхлэгчид өөрсдөө гар утсан бариад манай ажилтнууд дээр хүрээд ирсэн. “Эгчдээ наадахаа заагаад өг. Тэгэхгүй бол биднээс хүмүүс бараа худалдаж авахгүй байна” гэж байсан л даа. Худалдаачид орлоготой байхыг хүсэх нь гарцаагүй шүү дээ. Мөн автобуснууд смарт карттай болчихлоо. Манай системтэй холбогдоход бүр амар. Таны дансны аккаунттай манай систем холбогдчихно. Тэгэхээр асуудалгүй.

Таны худалдаж авсан барааны баримт НӨАТ-ын хоёр хувийг буцааж өгөөд зогсохгүй тухайн дэлгүүрийн бүтээгдэхүүний чанарыг хөндөнө. Бараа бүтээгдэхүүн болгон дээрх нэгдсэн бар кодын систем дэлхий дахинд үйлчилж байдаг. Тэгэхээр энэ кассын системд манай систем холбогдсон байгаа. Тухайлбал, үйлдвэрээс дэлгүүрт нийлүүлэгдсэн хиамны хэмжээ, эцсийн хэрэглэгчид хүрсэн он сар гээд бүгд бүртгэгдэнэ. Мөн бараа, бүтээгдэхүүний хугацааг хүртэл илрүүлж болох тогтолцоо харагдаж байгаа. Системийг бид тэгж томоор сэтгэж, өгөгдлийн сан, энэ зохион байгуулалтыг нарийн тогтож хийсэн. Та бидний эрүүл мэндийг төр анхаарах үүргээ маш сайн биелүүлэх боломж нь мэдээлэл дээр тогтох юм.

-Дэлгүүр, цайны газар гээд үйлчилгээний газруудад баримт хэвлэдэг кассын машиныг 1.5 сая төгрөгөөр шахаж байна гэсэн мэдээлэл байсан. Төр ямар нэгэн шинэ ажлыг санаачлахад хэн нэгний бизнес давхар явж байдаг гэсэн иргэдийн хардлагыг төрүүлээд байна л даа?

-Тэр машиныг авах авахгүй нь тухай аж ахуйн нэгжийн асуудал. Манай вэб сайт руу ороод бүрэн мэдээлэл авах боломжтой. Интернэтээр баримт хэвлэх ч боломжтой шүү дээ. Тэр байгууллага өөрийнхөө бололцоогоор шийдэх хэрэгтэй. Татварын ерөнхий газар дээр технологийн шийдлүүдийг зааж өгч байгаа. Энд ирээд шоу рүүмтэй танилцах нь нээлттэй.

-Нэг гэр бүр жилдээ НӨАТ-ын хоёр хувийн татвараар хэдэн төгрөг буцааж авах бол?

-Хамгийн өргөн хэрэглэдэг барааг хаанаас аваад хэрэглэхэд нэг өрх сардаа хэдэн төгрөгийн НӨАТ цуглуулж болох нь уу гэдгийг бид тооцож үзсэн. Сардаа хоёр сая төгрөгийн орлоготой өрх байлаа гэж бодъё. Эднийх сардаа 34-50 мянган төгрөгийн НӨАТ-ын хуримтлал бий болгох боломжтой. Сугалаандаа азтай байх юм бол машин, байр, мөнгөн хонжворуудын эзэн болно. Мөнгөн хонжворыг шатлалтайгаар боловсруулна. Нэг өрх хожих магадлал өндрөөр байхаар тооцоолж байгаа. Аль болох олон хүнд хүртээмжтэй байдлаар, 20 мянган төгрөг хүртэл хождог байхаар тохирол хийнэ.

-Одоогоор худалдан авалтын баримтын системд холбогдсон аж ахуйн нэгжүүд байна уу?

-37 аж ахуйн нэгж бидэнтэй холболтоо хийгээд бэлтгэлээ хангаад явж байна. Тэд ирэх 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлээд явуу­лахад бэлэн болсон гэсэн үг.

-Худалдан авалтын баримтыг хуурамчаар хэвлэхээс яаж сэргийлэх вэ. Төслийн нэгж энэ зэрэг эрсдэлээ хэрхэн тооцоолсон бэ?

-Технологи дээр суурилж байгаа болохоор QRQ кодын системээр албажуулж байна. Дуурайж хийх ямар ч боломжгүй. Шинээр үүсгэж хийх ч боломжгүй. Хэрэв хуурамчаар зургийг нь аваад хэвлэвэл амархан баригдана. Иргэд худалдан авсан барааныхаа талон дээрх дугаарыг татварын вэб сайт руу шивж оруулах ёстой. Тэгэнгүүт ийм мөнгөн дүнтэй та оны эцэст ийм хэмжээний татвараа буцаан авах боллоо гэж танд мэдэгдэнэ. Мөн татварын маргаан таслах баг ажиллана. Хэрэглэгчийг хуурахаас бүрэн сэргийлэлт хийж чадсан.

-Хэрэв хэрэглэгч авсан бараагаа буцаах тохиолдол гарвал яах уу?

-Баримт дээрх кодыг кассан дээр уншуулчихна. Төв системээс ийм борлуулалт хийгээгүй байна гээд хасчихна. Хэн нэгнийг буруутан гэмтэн болгохгүйгээр уян хатан системийг хийж байгаа. Технологийн хувьд дэлхийд байхгүй шийдэл болж байна. Ер нь бол иргэд маань санхүүгийн боловсролтой болно. Хэдэн төгрөгөөр юу авч, хэдийг нь татварт төлж байгаагаа хянана. Энэ бүхнийг систем харуулах юм.

-Манайхтай ижил ийм татварын хяналтын систем нэвтрүүлсэн олон улсын туршлагаас хуваалцахгүй юу. Далд эдийн засгийг илрүүлэхэд хэр зэрэг амжилттай байсан бол?

-Словак, Тайвань улс том амжилт гаргаж чадсан. Словак ийм систем нэвтрүүлснээр далд эдийн засаг нь 23 хувьтай байжээ гэж гарсан байсан. Тайвань энэ хавьцаа байх болов уу гэхэд 75 хувьтай гарсан байгаа юм.

-Татварын тогтолцоо эрүүл­жээд системтэй болоод ирвэл манай улсад гадны хөрөнгө оруулагч­дын сонирхол хэр зэрэг нэмэгдэнэ гэж харж байгаа вэ?

-Бизнес эрхлэгчид бүгд шударгаар татвараа төлдөг болоод ирэнгүүт гадаадын томоохон сүлжээ манайд орж ирэх сонирхолтой болно. Нэг нь татвар төлөөд, нөгөө нь төлдөггүй ийм орчинд гадны ямар хөрөнгө оруулагч орж ирэх билээ. Манайх дэлхийд хамгийн бага татвар авдаг гурван орны нэг. Тэгэхээр манайд үйлдвэрээ байгуулах сонирхол гадны томоохон компаниудад бий. Хоёр том их гүрний дунд оршиж байгаа Монгол Улсад хөрөнгө оруулж, Хятадын зах зээл рүү орох сонирхолтой Европын компаниуд байж болно.

Categories
мэдээ цаг-үе

Оакланд хотод сүндэрлэсэн монгол “ГЭР” буюу Монголоо хадгалах гэсэн их эрмэлзэл

“Гэр” Хүүхдийн төвийн хамт олон

-АНУ-ын баруун эргийн нэгэн монгол сургуулийг сурвалжилсан тэмдэглэл-

2015 оны арваннэгдүгээр сарын нэгний өглөө. “Өдрийн сонин”-ы Вашингтон хот дахь сурвалжлагч миний бие Атлантын далайн эрэгт шахуу гэрээсээ гараад Номхон далайн хөвөөнд орших Сан-Франциско хотноо бүтэн тивээр гулд явсаар буучихсан, Оакланд хотын Азийн соёлын төвийн байрнаа ирээд байгаа маань нэгд, тус хотын “Би монгол” сургууль, “Гэр” хүүхдийн төвийг сурвалжлах, хоёрт, тус төвөөс зохион байгуулж буй “Монгол бахархал- 2” арга хэмжээнд оролцох гэсэн зорилготой, өөрөөр хэлбэл, “нэг сумаар хоёр туулай буудан” яваа хэрэг билээ.

Азийн соёлын төвийн хоёрдугаар давхарт гарваас монгол хүүхдүүд бужигнан гүйлдэж, эцэг эхчүүд нь хэд гурваараа ярилцан зогсох их сонирхолтой монгол орчин угтан авав. Нэгдүгээр цагийн хичээл эхэлчихсэн, харин дараагийнх нь цагийн хичээлд бүртгэлтэй хүүхдүүд тийн наадаж байгаа аж. Ангиудынх нь хаалга босоо нарийхан цонхтой юм. Нэг хаалганы тийм цонхоор шагайн харваас Ю. Цогтчимэг багш бага ангийн хүүхдүүдэд монгол хэл зааж байна. Цогтчимэг багшийн нөхөр доктор Я. Баатар анги дундуур алхан, хүүхдүүдэд туслана. Утга зохиол судлаач Баатар ахтай миний бие бүр Монголд байхын сайн танил, нэг хүрээний улс тул энэ дүр зураг надад тун дотно буусан юм. Гэргийдээ туслан ингэж хичээл дээр нь ирдэг аж. Хаалга руу нэг хараатахвал толгой дохичих санаатай нэлээд харж зогссон боловч хүүхэд бүр дээр очин, наашаа огт харахгүй явах нь хичээлдээ тэгтлээ их анхаарсных биз ээ.

Цааш алхаж явтал “Нэг хоёр гурав, одоо бүгдээрээ баруун хөлөө… өө яг, нэг хоёр гурав” гэсэн тод цээл хоолой хонгилоор нэг цуурайтсан нь бүжгийн багш Д. Батзориг хичээлээ зааж байгаа нь аж. Батзориг багшийн анги харин зай ихтэй заал, бас бүжгийн хөдөлгөөн их, халууцах хөлрөх тохиол их гарах тул хаалга нь цэлийтэл нээлттэй, тиймээс багшийн дуу тэгж тод сонстдог юм байна.

Бүжгийн багш Д. Батзориг хүүхдүүдийнхээ хамт

Гадаа хүүхдээ хүлээн суугаа эцэг эхчүүдтэй хэд гурван үг солилоо. Тэд сургуулийн үйл ажиллагаанд, ялангуяа багш нарынх нь чанарт сэтгэл өндөр байдгаа хэлж байна. Тухайлбал бүжгийн багш Батзориг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, мэргэжлийн бүжиг дэглээч бол монгол хэлний багш Цогтчимэг Боловсролын тэргүүний ажилтан, олон жил ажилласан туршлагатай багш, шатрын багш Уянга гэхэд л шатрын спортын мастер цолтой, АНУ-даа нэлээд дээгүүр түвшинд өрсөлддөг тоглогч ажээ. Ийнхүү шатар мөн зургийн хичээл энэ сургуульд ордог тухай эцэг эхчүүдээс мэдэж авлаа. Залуу зураач М. Гансүх зургийн хичээл заадаг гэнэ.

Ингээд орой болох “Монгол бахархал-2” үйл ажиллагааг хүлээх зуураа хэд гурван хүнтэй уулзаж, сурвалжиллаа. Эхлээд “Гэр” хүүхдийн төв болон “Би Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Монгол Улсын Боловсролын тэргүүний ажилтан Түйзэнгийн Эс-Олдохтой уулзаж ярилцав.

Түйзэнгийн Эс-Олдох: Монгол хҮҮхдҮҮд ӨсӨж томболсон хойноо монгол хэлээ мэдэхгҮй бол их харамсана

М. С: –Ийм сургууль, байгууллагыг байгуулах санаа анх хэзээ төрөв? Ямар бэрхшээл тулгарч байв?

Т. Э: -Анх 2007 оны хүүхдийн баяраар надад эндхийн хүүхдүүдийн дунд дууны тэмцээн явуулах үүрэг ноогдсон юм. Тэгэхэд ганцхан хүүхэд монгол дуу, бусад нь англи дуу дуулсан. Тэгэхэд өөрийн мэддэг монгол дуунаасаа эдгээр хүүхдүүдэд зааж өгөх юмсан гэдэг бодол төрж байв. Орой нь гэртээ ирээд охин Б.Урангоодоо бодлоо ярьсан юм. Охин маань санааг минь дэмжиж, дизайныг хийхээр болж бид хоёр хамтдаа “Би Монгол” гэдэг жижиг сэтгүүл бэлтгэж, түүндээ монгол дуу, шүлэг, аман зохиол, түүхийн талаар оруулан, улиралд нэг удаа хэвлээд үнэгүй тарааж эхэлсэн. Дараахан нь нэг айлд очоод хүүхдийнх нь нэрийг монголоор асуухад “Чиний юу хэлээд байгааг ойлгохгүй байна” гэж англиар хариулсан. Багш хүний хувьд энэ бүхнийг хараад зүгээр сууж чадаагүй. Ингээд л сэтгүүлээ сургууль болгон өргөжүүлж нээлтээ 2009 оны аравдугаар сарын 11-нд хоёр багш (Д.Батзориг, П.Сэлэнгэ), 13 сурагчтайгаар хийж байлаа.

Ер нь бэрхшээл гэвэл “байхгүй юмыг бий болгох” гэж зүтгэж байгаад оршино. Хичээлийн хөтөлбөр боловсруулах, байр сав олох, сургууль, байгууллагын төлөвлөлт, зохион байгуулалт, маркетинг, санхүүжилт, бодлого боловсруулах зэрэг дотоод ажлуудыг бид өөрсдөө хийдэг. Өөрсдийнхөө боловсролыг дээшлүүлэх, тоглож наадах, амрах, гэр бүлдээ зориулах цагаасаа илүүчилж байж л эдгээр ажлуудыг амжуулдаг. Манай хамт олон их чадварлаг, тиймээс тэдэнд санаа өгч бүтээл хийхэд нь дэмжиж тусалдаг, бид хамтдаа үргэлж шинийг санаачилж ажилладаг. Бид хүүхдийн төлөө нэгдэж, хүчээ нэгтгэж чаддаг. Би хамт олноороо үргэлж бахархаж явдаг. Бас үр хүүхдэдээ эх хэл соёл, зан заншлаа өвлүүлэхийг хичээж бидэнтэй хамтран ажиллаж байгаа аав ээжүүд бол бидний бахархал.

Удирдаж байгаа хүний хувьд миний барьдаг гол зарчим бол “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” байх явдал. Энэ нь нэгдүгээрт, сургалтын төлбөрийг хямд байлгах (цагийн 5-12 доллар), хоёрдугаарт, багш ажилчдаа урамшуулж, дэмжих (багш нарын цалин цагийн 25 доллараас дээш, туслах ажилчид, УЗ-ийн гишүүдэд сар бүр төлбөрийн хөнгөлөлт өгдөг) гуравдугаарт, сургалтыг чанартай хүргэх. Ийнхүү сурагч, багш, ажилчид, эцэг эхийн хоорондын харилцаа сайн, тэд нэгдэж ажиллаж чадсан цагт сургалт үр дүнтэй явагдана гэж үздэг.

М. С: –АНУ-д байгаа монгол хүүхдүүдийг яагаад монгол хэл соёлоо хадгалаасай гэж та хүсдэг вэ? Олон эцэг эх хүүхдээ зөвхөн англиар яриулж сургахаар чармайж байна. Тэдэнд юу гэж зөвлөхсөн бол?

Т. Э: -Ер нь хаана ч амьдарч байгаа монгол хүүхдүүд монгол хэл, соёлоо мэддэг, монголдоо сэтгэл ойр, монголоо хайрлаж хүндэтгэдэг хүмүүжилтэй болох нь зөв гэж би боддог. Энд төрж өсөж байгаа хүүхдүүд ирээдүйд өндөр мэргэжил эзэмшээд, том том компанид ажилладаг сэхээтнүүд болж өснө. Тэд англиар цэвэр сайхан ярина. Тэр үед удам судар, эх түүх, хэл соёлоо мэддэг байвал бусдыг бишрүүлнэ. Мэдэхгүй бол тэд харамсана. Хоёрт, гадаадад байгаа монгол хүүхдүүд монгол хэлээ сурах нь тэдний хувьд бас нэгэн гадаад хэл сурч байгаагаас ялгаагүй. Яагаад гэвэл тэднийг өлгийдөж авч байгаа хэл нь англи хэл. Хүүхдийг багаас нь хоёр хэлэнд сургах нь хүүхдийн тархины үйл ажиллагааг сайжруулж, сэтгэн бодох, бүтээлч сэтгэлгээг идэвхжүүлдэг гэдэг. Хүүхдэдээ хэл сургая л гэвэл эрт эхэлсэн нь дээр, бүүр багаас нь, гурван настайгаас нь эхэлж сургах хэрэгтэй гэж эрдэмтэд үздэг юм билээ. Гурван настай хүүхэд юу ч ойлгохгүй гэж бодож огт болохгүй, яриад л байхаар тухайн хэлний өнгө аялга чихэнд нь хоногшдог гэдэг. Үүнийг орчин үеийн ээж, аав нар судалж үзээсэй гэж бодож байна.

М.С: –Та бүхний энэ үйл хэрэгт, Монгол Улс, Засгийн газар, Яам тамгын газраас хэр тусалдаг вэ. Бодитой дэм тус болсон жишээ байна уу. Бусад улсад бол маш тодорхой төсөв мөнгө байдаг.

-За, өнгөрсөн жилээс эхлээд Монголын Засгийн газар, Гадаад хэргийн яам, Боловсролын яамд гадаадад байгаа хүүхдүүд, сургуулийн үйл ажиллагаатай танилцаж эхэлсэн, хэд хэдэн хурал зохиож, биднээс нэлээн их мэдээлэл авсан. Энэ бол эхлэл. Дараагийн таван жил гэхэд гадаад дахь сургуулиудад Монголын Засгийн газраас бодит туслалцаа, дэмжлэг үзүүлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Бидний саяхан хэвлэсэн Миний монгол хэл-1 сурах бичгийг Боловсролын яам анхааралдаа авна гэдэгт, ирээдүйд төсөв гаргаж, хэвлэлтийн асуудлыг шийдэн, гадаадад монгол хэл сурч байгаа 500 хүрэхгүй хүүхдээ үнэгүй сурах бичгээр хангана гэдэгт итгэж байна. Мөн тус сургуулиудад тулгарч буй хамгийн хүнд асуудал болох хичээлийн байрны түрээсийн төлбөрт зохих хэмжээний тусламж үзүүлэх боломжийг судалж хэлэлцэнэ байх гэж найдаж байгаа. Сан Франциско хот дахь Ерөнхий Консулын Газрын хамт олон манай сургуулийг ном сурах бичгээр хангах тал дээр анхаарал тавьж, дэмжиж ажилладаг.Ер нь төрийн бодлого Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын боловсрол дээр гадаад дотоод гэж ялгалгүй анхаарах ёстой, гадаадад сурч, амьдарч байгаа хүүхдүүдээрээ гүүрлэж улс орноо сурталчлах, хөгжүүлэх ёстой гэж боддог.

М.С: –Ингэхэд та Монголд ямар ажил эрхэлж байв? Монгол дахь ажлын тань туршлага энэ Гэр хүүхдийн төвийг ажиллуулахад тус дэм болж байна уу?

Т.Э: -Би Эрхүүгийн Багшийн дээд сургуулийг төгсөөд Зүүнхараа хотын 10 жилийн сургуульд хичээлийн эрхлэгчээр дөрвөн жил ажилласан. Сургууль шинэхэн төгссөн миний бие мэргэжил, мэдлэг өндөр, туршлагатай багш нарыг удирдаж, хамтран ажиллахдаа олон зүйл сурснаас нэг чухал зүйлийг бүр ч илүү ойлгосон юм. Тэр бол хүнийг буюу хүний хийсэн ажлыг дүгнэхдээ эхлээд сайн талыг нь харж сурах. Энэ зарчмыг мөрдлөг болгож ажиллахыг хичээдэг дээ.

Дараа нь Монголын Хүүхдийн ордонд англи хэлний багшаар ажиллахын зэрэгцээ Энх тайвны Корпусын сайн дурын ажилтнууд, АНУ-ын ЭСЯ-ны ажилтнуудад монгол хэлний хичээл зааснаар гадаад хэлийг зааж сургах арга барилд суралцсан. Энэ туршлагаасаа саяхан хийсэн номдоо бас ашиглалаа. 2001 онд АНУ-д ирснээсээ хойш рестораны үйлчлэгч, орон сууцны менежер, ашгийн бус байгууллагад(АББ) нягтлан бодогч гээд олон төрлийн ажил хийж байлаа. Эндээс сурсан бүхэн маань монгол хүүхдүүддээ зориулсан байгууллага, сургууль байгуулж, түүнийг санхүүгийн хувьд тогтвортой болгох, хөгжүүлэх, өндөр мэргэжилтэй, чадварлаг багш нарыг удирдан, хамтран ажиллах зэрэгт ихээхэн нэмэр болж байна гэж бодож байна.

М.С: -За баярлалаа.

Үргэлжлэл бий>>