Categories
мэдээ цаг-үе

Алдарт сагсчин Си Жэй Ватсоны төрсөн дүү Кашиф Ватсон “Шонхор” багт тоглохоор гэрээ хийлээ

Үндэсний
супер лигийн шинэ улирлын тоглолт энэ сарын 28-нд нээлтээ хийх гэж байна. Нээлт Хандгайт дахь Д.Содномзундуйн нэрэмжит Үндэсний сагсан бөмбөгийн ордонд болох юм. Уг лигийн нээлт багуудын тоглогчдын хуваарилалт болон легионерууд ирж амжаагүйгээс хойшлоод байсан. Тэгвэл шинэ улирлын багуудын солилцоо болон легионер тоглогчдын хуваарилалт бүрэн дуусчээ.

Өнгөрсөн
лигийн шилдэг багууд болох “Хасын Хүлгүүд”, “Аравтууд” багууд үндэсний супер лигийн тоглолтын салхийг хагалахаар болжээ. Харин лигийн хоёр дахь тоглолт өнгөрсөн улиралд
финалд шалгарсан “Танан Гарьд”, “Харцага” багуудын өрсөлдөөнөөр үргэлжлэхээр болжээ.

Ингээд
шинэ улиралд Супер лигийн багуудад ирж буй тоглогчдын мэдээллийг хүргэе.

Танзани улсын иргэн 2.21 см
өндөртэй Хашийм Табеет “Лидер”
багт нэгдээд байна. Энэ
нь сагсан бөмбөг сонирхогчдын
анхаарлыг татах боллоо. Учир
нь түүний хувьд өмнө
нь 2009 оны NBA-ийн драфтын
сонголтоор “Мемфис Гризилис”-т
орсон ч солилцоогоор “Оклахамо
Сити Тандер” багт орсон
билээ.

2.09 см өндөртэй NCAA-гийн
хүчирхэг “BIG12
Conference”-ийн “Оклахама Стэйт” болон Арканзасын
Их сургуулийн багт тоглодог Гэри
Гаскинс “Төв Ургац” багт
нэгджээ. Тэрээр 23 настай бөгөөд өсч
яваа сайн тоглогчдын нэг
гэгддэг. Гэри Гаскинс их
сургуулиа төгсөөд удаагүй бөгөөд
түүний тоглож буй анхны
мэргэжлийн лиг нь Үндэсний
супер лиг болж байгаа
бололтой.

Мөн “Төв Ургац” баг
Нигери улсын Үндэсний шигшээ
багийн холбон тоглогч Кэлэчи
Кэй Си Ануна гэх
сагсан бөмбөгчийг багтаа авчээ. 193 см
өндөр 95 кг жинтэй энэ
тоглогч улсынхаа шигшээ багийн өмнөөс
олон улсын томоохон тэмцээнүүдэд
хүчин зүтгэсэн туршлагатай аж. Өнгөрсөн
жил Венесуэлийн Үндэсний лигт тоглосон байна.

Түүнчлэн энэ улиралд “Orlando Magic” багийн холбон тоглогч Си
Жэй Ватсоны төрсөн дүү
Кашиф Ватсон Үндэсний супер
лигт тоглохоор ирчихсэн бэлтгэлээ хангаж байгаа аж.
Түүний ах Ватсон бол
NBA-ийн оноо авах чиглэлийн
довтолгооны хувь өндөртэй холбон
тоглогчдын нэг.

Харин дүү Ватсон шидэлтийн
техникийн ур чадвараар маш
сайн гэдгийг сагсан бөмбөг
сонирхогчид андахгүй. Кашиф Ватсон нь
NCAA-гийн Idaho University-д гарааны
холбогч бөгөөд NBA-ийн хожигдолгүй рекордыг
эвдээд буй “Golden State Wariors” багийн бүрэлдэхүүнд
багтаж “Summer
League”-д тоглож байсан удаатай.
Энэхүү шилдэг тоглогчийг “Шонхор”
багтаа нэгтгэж чаджээ. Тэгэхээр
энэ удаагийн лигийн тоглолтод “Шонхор”-ууд хүчтэй өрсөлдөгч
байх нь дамжиггүй. Ёстой
гал гарсан тоглолтуудыг үзүүлнэ
гэдэгт эргэлзэх хэрэггүй болов уу. Мөн
Жонаттан Блэк, Чу Мадумбум
зэрэг тоглогчид багуудтайгаа эргэн нэгдэхэд ойрхон
байгаа аж. Одоогоор дээрх
сагсчдын мэдээлэл ил болсон байна.
Харин бусад баг тоглолтын
тактикийн үүднээс зарим тоглогчдынхоо
мэдээллийг нууцалж байгаа сурагтай.

Тэгвэл Азийн хүчирхэг төвийн
тоглогчдыг ур чадвараараа тэргүүлдэг,
нуруулаг залуусын тоонд ордог Тийн
Экол болон NBA-ийн шилдэг тоглогчдын
нэг “АВАРГА ХҮН” хочтой
Эндри Браун нар удахгүй
Монголд ирэх юм байна.
Эдгээр тоглогчдыг багууд авах талаараа
аль хэдийнэ тооцоолол гаргасан
байгаа нь ойлгомжтой. Зарим
легионер маргааш ирэх юм
байна.

Д.СҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Д.Сарангэрэл: Сонин бол хаана ч хүрдэг, дуртай цаг хугацаа, орон зайд уншиж болдог мэдээллийн анхдагч хэрэгсэл

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй ярилцлаа.

-УИХ-ын чуулганаар сонгуультай холбоотой хуулиудын төслийг хэлэлцэх үеэр сониноор сонгуулийн сурталчилгаа явуулахгүй гэх мэт зүйлүүд орж ирсэн нь олны анхаарлыг татсан. Харин чуулганы үеэр ойлголцож сониноор сонгуулийн сурталчилгаа явуулахыг нэмж тусгахаар болчих шиг боллоо. Ер нь иймэрхүү санаатай болон санамсаргүй байдлаар сонин руу дайрах явдал нэг бус удаа гарч байсан. Энэ нь ямар учиртай байдаг юм бол оо?

-Сонгуулийн хуулийг өөрчлөх дөрвөн ч төслийг өргөн барьчихаад байна. Тэр дунд эхэлж ажлын хэсэг нь байгуулагдсан Сонгуу-лийн нэгдсэн хуулийн төсөлд сониныг сонгуулийн сурталчилгаанд ашиглахгүй байхаар орж ирсэн. Төслийн 78-ын 2.1-д “…гурван хэвлэлийн хуудас сонин тарааж болно” гэж байгаа юм. Гэхдээ энэ нь СОНИН бие даасан хэвлэл, мэдээллийн хэрэгслийнхээ хувьд сонгуулийн сурталчилгаанд оролцоно гэсэн ойлголт хараахан биш. А4-ийн цаасны эсвэл сонины форматаар нам, эвсэл, сонгуульд нэр дэвшигч сурталчилгааны материал бэлтгэж тараадаг. Үүнд илүүтэй хамаатай, үүнийгээ сонин гэж ойлго гэсэн заалт л даа. Та бидний яриад байгаа асуудал бол Сонгуулийн хуулийн төслийн 83, 84-т радио, телевиз, интернэт орчныг сонгуулийн сурталчилгаанд ашиглана гэж заасантай нэгэн адил сониныг бие даасан хэвлэл, мэдээллийн хэрэгслийнх нь хувьд тусгах тухай юм. Төслийг хэлэлцэх эсэхийг нэгдсэн чуулганаар хэлэлцэх үеэр энэ асуудал яригдаж ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа гишүүн төслийн 78 дугаар зүйлд заасан хэвлэмэл материал ашиглах хэсэгт сониныг нэмнэ гэдгээ илэрхийлсэн. Ажлын хэсэг энэ алдаагаа залруулна гэж итгэж байгаа. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслийг алагчилсан, ялгаварлан гадуурхсан хандлага ардчилсан нийгэмд байж таарахгүй.Тэр дундаа сонгуулийн сурталчилгаанд хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоог жигд бүрэн хангаж өгөх ёстой. Монголын ард түмэн Үндсэн хуульд заасан Төрийн эрхийг барих эрхээ үнэн хэрэгтээ дөрвөн жилд ганцхан удаа эдэлдэг. Энэ эрхээ эдлэхэд нь, сонголтоо хийхэд нь мэдээллээр хангах үүргийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл гүйцэтгэдэг. Би телевизийн сэтгүүлч мэргэжилтэй ч хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд дор бүрдээ өөрийн онцлогтой, нэг нь нөгөөгийнхөө дутууг нөхөөд явдаг давуу талтай, аль нь ч алинаасаа дутахгүй ийм л чухал хэрэгслүүд гэдгийг мэдэх юм.

Тухайлбал, телевиз үзэгчдээс зургаа дахь мэдрэхүйг ч шаарддаг өвөрмөц зэвсэг. Сонин бол хөлтэй. Хаана л бол хаана хүрдэг, олон дахин, дуртай цаг хугацаа, орон зайд уншиж болдог хэвлэл, мэдээллийн анхдагч хэрэгсэл. Энэ үүднээс л асуудалд хандах учиртай. Ер нь хэвлэл, мэдээллийн асуудлыг салбарын гэхээсээ илүүтэй улс орон, нийгмийн хүрээнд авч үзэх ёстой. Хамрахгүй асуудал, хүрэхгүй газар гэж хэвлэлд үгүй. Хэвлэл, мэдээлэл бол нийгмийн тусгал шүү дээ. Таны тавьж байгаа асуултад хэвлэл, мэдээллийн хэрэгслийг сүүлийн үед улстөрчид онилж олонхи хуульд боож хаасан заалт шургуулчихаад байгааг олж анзаарснаа хэлж байна гэж ойлгож байна. Тийм хандлага байгаа. Гэхдээ бүх хүнд бурууг тохож хавтгайруулж болохгүй. Энэ дашрамд хэлэхэд нийгэм, сэтгүүлзүй бүхэлдээ ямар ч асуудлыг хавтгайруулан буруутгах хандлагаар нэвт өвчилжээ. Үүнийг өөрчлөхгүйгээр саараа засаж, сайнаа дэлгэрүүлэх боломж хязгаарлагдмал байсаар байна. Урагшлах замдаа тээг тавиад байна гэсэн үг. Энгийн үгээр сайн муу, буруу зөв хамаагүй болж байгаа юм. Бүх юмыг ганц өнгөөр, тодруулж хэлбэл хараар л харна. Үүнийг далимдуулагчид дагаад завшаад байна шүү дээ. Тухайлбал, манай сэтгүүлчид энэ улстөрчид хэвлэлийг боолоо гэж нэлээд шүүмжилж байгаа. Их хурлын 76 гишүүн бүгдээрээ хэвлэлийн дайсан гэвэл хэтэрхий өрөөсгөл болно. Хэн нь хэвлэлийг гоочлоод байна, хэн хэвлэлийг дуулгавартай зарцаа болгох гээд байгааг илрүүлж байж энэ хандлагыг засна. Ер нь хэн нэг “хэтэрхий ухаантай” нөхөр л хөвөнд чулуу боосон байдаг. УИХ-ын чуулганаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” хэлэлцэгдэхээр энэ долоо хоногт орж ирж байна. Энэ хөтөлбөрт авлигатай тэмцэх соён гэгээрүүлэх ажлыг хэвлэл үнэ төлбөргүй хийх, хэвлэл, мэдээллийн байгууллагын аж ахуйн үйл ажиллагаа, гэрээ хэлцлийг нь ил болгох зэрэг байж боломгүй заалтууд орсон байсныг ажлын хэсэг хасчээ. Алдааг ажлын хэсэг засаад оруулж ирж байгаад талархаж байна. Гэхдээ “Чөлөөт хэвлэл, мэдээллийг хөгжүүлэх, мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг сайжруулна” гэсэн заалт байж л байна лээ. Энэ ярих ёстой асуудал мөн. Гэхдээ АТГ биш мэргэжлийн байгууллагын хийх ажил. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар төр хэвлэл, мэдээллийн хэрэгслийг удирдан чиглүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, тийм байгууллага байгуулахыг хориглосон байдаг. Энэ хуультай зөрчилдөж байна.

-Сүүлийн үед сайтыг л онцолж, сэтгүүлзүйн гол бүрэлдэхүүн мэтээр үзэж ташаардаг болчихож. Гэтэл сонин гэдэг зүйл байж гэмээнэ сайтууд оршин тогтнож цаашилбал сэтгүүлзүйн үндэс суурь болж, гол архив болдгийг мартаж болохгүй байх?

-Мэдээллийн технологийн хөгжлийн давуу тал бидэнд сайтыг бэлэглэсэн. Энэ сайн хэрэг. Харин үүнийг зөв ашиглах нь л чухал. Буруу ашиглавал сул тал болно. Сайт сонины суурин дээр оршдог гэдэг таны дүгнэлттэй санал нэг байна. Түүгээр ч зогсохгүй сонин хэвлэл мэдээллийн анхдагч зэвсэг. Телевиз үзэж, радио сонсохоос өмнө сонин уншиж байсныг хүн бүхэн мэднэ. Хэвлэл, мэдээлэл бол нэг нь нөгөөтэйгөө холбоотой, бие биенээ нөхдөг, түүнээс хамааралтай эрэмбэтэй, хоорондоо салшгүй холбоотой салбар гэж хэлээд байгаагийн учир энэ л дээ.

-Ер нь сэтгүүлчид рүү дайрах, буруушаах үзэгдэл их гарах юм. Манай сэтгүүлчид ажил ажил гэж гүйхээс биш өөрсдийгөө хамгаалж, эрх ашгаа хамгаалуулах тал дээр явдаггүй сул талтай юм шиг. Энэ бүхнээс харахад сэтгүүлчид нэгдэн өөрсдийгөө хамгаалах цаг иржээ гэж харах юм?

-Нэг үеэ бодвол нийтлэг эрх ашгаа хамгаалах, санаа бодлоо нэгтгэх тал дээр дэвшил гарсан шүү. “Өдрийн сонин” үүнд манлайлах үүрэгтэй оролцож байгааг би нэг биш удаа хэлж байсан. Сая хамгийн сүүлд С.Эрдэнэ гэдэг хүн өөрийгөө ил задгай шатаалаа. Тэнд байсан эмэгтэй сэтгүүлчдийн зүрх зүсэм дуу хэн хүнийг сэртхийлгэсэн байх. Хэвлэлийнхэн маань ийм л аюултай нөхцөлд ажилладгийн нэг л жишээ нь тэр л дээ. За энэ үеэр хэвлэлийнхэн рүү хэтэрхий дайрч давшилсан. Хүн шатаж байхад микрофоноо аваад байсан л гэнэ. Энэ айхавтар юм чинь баасан гаригт болсон. Би эмэгтэй хүн, Их Хурлын гишүүнийхээ хувьд маргааш нь гэмтлийн эмнэлэгт эргэж очсон юм. Эмчтэй нь уулзахад “Эрдэнэ гуайг өөрийгөө шатаах үед хажууд нь байсан хүмүүс хурдан арга хэмжээ авсан байна лээ. Хугацаа алдсан бол энэ хүний амь насанд аюул учрах байсан” гэж хэлсэн. ТВ9, NBS телевизийн зураглаачид галыг унтрааж, сэтгүүлчид цагдаа, гал, түргэн тусламж дуудаж шуурхай ажилласан байна лээ. Хэвлэлийнхэн маань иргэний болон мэргэжлийн үүргээ нэр төртэй биелүүлсэн. Би их бахархаж байгаа. Газар дээр нь байсан мэтээр хэвлэл рүү дайрч давшлан нэр хүндэд нь халдах гэсэн оролдлогод манай “Өдрийн сонин”, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн холбоо, бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд няцаалт өгсөн. Энэ нь бас л эв санааны илрэл юм. Цаашид энэ үйл ажиллагаагаа илүү зохион байгуулалттай, илүү бодитой болгох хэрэгтэй. Сэтгүүлзүй өөрийн эрх ашгаа хамгаалж байж бусдын эрх ашгийг хамгаалж чадна.

-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль гэж бий. Уг хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл авах эрх, эрх чөлөөг баталгаажуулах, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдал, хариуцлагатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан байдаг. Таны бодлоор уг хууль хэр хэрэгжиж байна вэ?

-Хэвлэлийн эрх чөлөө манайд хангагдаагүй гэж чадахгүй ээ. Хэвлэлийн хатуу цензуртай хоёр орны дунд байдаг улс гэж үзвэл энэ чиглэлд бид дэвшил гаргасан. Гэхдээ энэ шалгуураар хандвал ухралт болно. Манай улс чинь ардчиллын загвар орон болсон биз дээ. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөний байдлыг газар нутгийн байршлын бус дэлхийн түвшинд авч үзэх ёстой. Эрүүгийн хуулийн гүтгэхтэй холбоотой 111 дүгээр заалт чинь манайхыг хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон болгоод дэлхийн дансанд оруулчихсан юм. Энэ хуулиар сэтгүүлчийн мэргэжлийн алдааг гэмт хэрэгт тооцож олон сэтгүүлчийг торгож, ял эдлүүлснээс болсон хэрэг л дээ. Ихэнх оронд сэтгүүлзүйн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг иргэний хуулиар зохицуулж улмаар эвлэрүүлэн зуучлах арга хэлбэрийг илүүтэй ашиглаж байна. Энэ чиглэлд дэвшил гарч байгаа. Х.Тэмүүжин гишүүн санаачилж, Ц.Оюунгэрэл, Д.Лүндээжанцан зэрэг хэд хэдэн гишүүн идэвхийлэн ажиллаж гүтгэхтэй холбоотой заалтыг засч залруулж байгааг та бүхэн дуулсан байх. Ази, Номхон далайн орнуудын авлигын эсрэг семинар Улаанбаатарт болж олон чухал асуудал хэлэлцээд гаргасан зөвлөмжид “Авлигатай тэмцэхэд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл чөлөөтэй ажиллах хууль эрхзүйн орчныг бүрдүүлж өгөх, эрэн сурвалжлах сэтгүүлзүйг хөгжүүлэхийн тулд гүтгэх, доромжлох хэргийг гэмт хэрэгт тооцохгүй байхыг зөвлөсөн.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэхийг зарим улстөрчид зүйтэй гэж үзэж байгаа ч дахин сайн нягталж асуудал тус бүрээрээ санал асуулга явуулах ёстой гээд байгаа. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Асуудал бүрээр санал асуулга явуулах боломжгүй л дээ. Одоо мөрдөж байгаа хуулиар хоёроос илүүгүй асуудлаар л санал асуулга явуулна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа гэдэг итгэл үнэмшил ард иргэдэд бүү хэл УИХ-ын гишүүдэд ч алга байна. Өнөөдрийн энэ улс төрийн байдал, эдийн засаг, ард түмний аж амьдрал, сэтгэл санааны байдал бүгд Үндсэн хуулиас болоод байгаа гэж хэлээд байгааг би шууд хүлээж авдаггүй. Хүнээсээ, намаасаа, бүлэглэлүүдээсээ болоод байгаа юм биш үү. Эх орноо гэсэн зүрх, элгэн саднаа гэсэн сэтгэл дутаад байгаатай илүү холбоотой гэж хувь гишүүнийхээ хувьд үздэг. Нөгөө талаас баахан хоосон маргаан дэгдээж байхаар Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа юм, тэр өөрчлөлтүүдийг хийснээр ямар дэвшил гарах юм, улс орон хөгжиж, одоогийн энэ тарчиг байдал үгүй болох уу гээд хариулт шаардсан асуудал шил дараалан байж байна. Энэ чиглэлээр ямар ч ажил хийгдэхгүй байна. Ойлгуулж таниулах ажил чухал. Хэдэн хүн толгойдоо болсон болоогүй юм бодчихоод тэрийг нь хүн болгон мэдэж байгаа гэж эндүүрээд байх юм. Тэгсэн мөртлөө ард түмэн тэгж бодож байна гэж өмнөөс нь ярина. Үүний уршгаар хуваагдмал байдал, эцэс төгсгөлгүй, үр дүнгүй маргаан өрнөж, төрд үл итгэх байдал лавширч, иргэдийн сэтгэл санаа үймж тогтворгүй болж байна. Маргаад хэрэлдээд байгаагийн учир нь улс гэхээсээ илүү үзэл бодлын зөрүү, мэдээллийн дулимаг байдлаас үүдэлтэй гэж үзэж байна. Ядаж нэг удаа юуг яах гэж яаж өөрчлөх талаараа элдэв хөндлөнгийн тайлбаргүй телевизийн нэвтрүүлэг, сонины нийтлэл гаргасан уу. Багийн даргаа та нар өөрсдөө сонгоно, Ерөнхий сайд өөрөө сайд нараа томилно гэсэн шум л байгаа.

Эхлээд өөрчлөх гээд байгаа зорилго, гарах үр дүнгийн талаар ойлголт өгч улс төр, олон нийтийн хүрээнд өөрчлөлтийг хүлээн зөвшөөрүүлж байж Үндсэн хуульдаа гар хүрэхэд болохгүй гэх газаргүй. Одоогийн нөхцөл байдалд “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги” гэдэг зарчмаар ажиллах нь чухал байна. Бидний нэрийг нь барьж ярих дуртай ард түмэн чинь модоо бариад эхэлж байна. Хоногийн хоолгүй, түлэх модгүй болчихоод байгааг эхлээд ярьж бодит арга хэмжээ авах нь төр засгийн эн тэргүүнд хийх ажил болсныг нэг л ухаарч өгөхгүй оргиод байх юм.

-Сэтгүүлч Л.Болормаа хорвоог орхилоо. Түүний сүүлд бичсэн болон урьд нь бичсэн нийтлэлүүдийг эдгээр өдрүүдэд нийгэм даяараа уншиж, сэтгүүлзүй гэж ямар хэцүү хүнд, сэтгүүлчийн ажил гэж яасан ярвигтай юм гэдгийг мэдэрч байх шиг байна?

-Сайхан охин байсан.Залуугаас нь мэднэ. Их чадвартай. Бичсэн нийтэлснийг нь хүмүүс их уншдаг байсан болохоор энэ талаар ярих нь илүүц байх. Анх сонсоод их цочирдсон. Харамсаад барахгүй байна. Надад ийм байгаа юм чинь гэр бүл, ойр тойрныхонд нь бүр ч хэцүү байгаа даа л гэж бодож сууна. Манай сэтгүүлчид өөрийгөө боддоггүй өрөөлийн төлөө явж байгаад дуусдаг. Болороо маань ч тэгчихлээ. Ганц хуудас юм бичихэд л хичнээн хөдөлмөр ордгийг мэргэжлийн хүний хувьд сайн мэднэ ээ. Сэтгүүлчийн хөдөлмөр хүнд гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрч судалгааны байгууллага уурхайчны хөдөлмөрийн дараа жагсаасан байдаг нь тохиолдлын хэрэг биш. Болороогийн зохиолын дайтай том том нийтлэлүүд ямар хүч хөдөлмөр, оюун ухаан шаардсаныг төсөөлөхөд шантармаар. Шавилхан биендээ ахадсан авьяас билиг, сэтгэл зүрхтэй сэтгүүлч байсаан. Сэтгүүлчид маань үйлс зорилгыг нь үргэлжлүүлээд аваад явахаа энэ өдрүүдэд хэлж ярьсаар байгаа нь Лунтангийн Болормаагийн салбартаа, нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөж, өөрийн зам мөртэй явсны илэрхийлэл гэж бахархаж байна. Мэргэжил нэгт нөхрийнхөө гэр бүл, үр хүүхэд, ижий аав, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Categories
мэдээ цаг-үе

Д.Ган-Од: Японы компаниуд салбараа нээж хамтран ажиллах санал тавьж байгаа

“Дүйнхэр тэргүүн” ХХК-ийн захирал Д.Ган-Одтой ярилцлаа.

-Япончуудтай хамтарсан үйлдвэр байгуулах тухай мэдээлэл байна.

-Японы хоёр компанитай 2012 оноос хамтран хэвлэмэл хавтангийн үйлдвэр байгуулах гэрээ хийгээд хэрэгжүүлж байна.

-Хэвлэмэл хавтанг юунд ашиглах вэ?

-Энэ хавтанг электроникийн бүх салбарт ашиглана. Жишээлбэл бид өнөөдөр гар утас, компьютер үйлдвэрлэхэд хамгийн гол түүхий эд нь энэ хэвлэмэл хавтан болдог. Гэтэл энэ хавтангийн үйлдвэр алга. Эхний ээлжинд үйлдвэрлэсэн хавтангаа Японд гаргахаар тохиролцсон. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор Монголд электроникийн үйлдвэрлэл хөгжих суурь тавигдана.

-Төслийн хэрэгжилт ямар шатандаа явж байна?

-Тоног төхөөрөмж Японоос удахгүй ачигдана. Нэг сая ам.долларын тоног төхөөрөмжийг хөрөнгө оруулалтад тооцох гэрээтэй.

-Юунаас болж гурван жил алдав?

-Эхний ээлжинд байр савны асуудал дээр цаг хугацаа алдсан. Бусад компаниуд бидэнд байр түрээслүүлэх, эсвэл байшин барилгаа хөрөнгө оруулалтад тооцон хамтрах санал тавьж байсан. Гэхдээ өөрсдөө газар аваад үйлдвэрээ босгох нь зөв гэж үзсэн. Учир нь зөвхөн энэ үйлдвэр байгуулахаас гадна дагалдах үйлдвэрүүд цаашдаа барих төлөвлөгөөтэй байна.

-Төслийн хөрөнгө оруулалт 2.8 тэрбум төгрөг гэсэн?

-Энэ бол зөвхөн хавтангийн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээ. Цаашдаа HI технологийн парк болж өргөжих төлөвлөгөө бий.

-Газрын асуудал шийдэгдсэн үү?

-Замын-Үүдийн чөлөөт бүсээс газар хүссэн. Тэр нь шийдэгдсэн. Сонгон шалгаруулалтаар ороод 1-1.5 га газар манайд ашиглуулахаар болсон.

-Үйлдвэр ямар хугацаанд баригдах вэ?

-Технологийн стандартын үйлдвэр барихад гурван сар шаардлагатай. Гэхдээ одоо 600 орчим сая төгрөг босгох хэрэгтэй байна. Бидний тооцоогоор цаад тал нь зургадугаар сарын 1 гэхэд үйлдвэр ашиглалтад орно. 22 нарийн мэргэжилтэн Японоос ирж ажиллана. Туслах, үйлчилгээний ажилчид цөм монголчууд байна. Дагалдан сургаад манайхан үйлдвэрээ цаашдаа удахгүй өөрсдөө авч явна.

-Хүчин чадал ямар байх вэ, ямар хэмжигдэхүүнээр үйлдвэрийн хүчин чадлыг тооцдог вэ?

-Электроникийн хавтангийн үйлдвэрийн хүчин чадлыг үйлдвэрлэсэн хавтангийн хэмжээг метр квадратад шилжүүлж тооцдог. Япончууд бидэнд анхны үйлдвэрээ нэг их том барих шаардлагагүй гэсэн зөвлөгөө өгч байгаа. Одоохондоо бид сард 3000 метр квадрат хавтан үйлдвэрлэхэд хангалттай гэж үзэж, тооцож байна. Цаашдаа Японы талаас захиалга нэмэгдэхэд 3-5 жилийн дараа сард 300-500 мянган метр квадрат хавтан үйлдвэрлэх боломжтойгоор үйлдвэрлэлээ зохицуулах хэрэгтэй гэж зөвлөж байгаа.

-Зах зээлийн хэтийн төлөв гэж байдаг байх?

-Үйлдвэрийн ноу хау нь Японых учраас дэлхийн аль ч оронд хүлээн зөвшөөрөгдөнө. Эхний ээлжинд Японд дараа нь ОХУ-д. Улмаар Евро зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахаар төлөвлөж байгаа. Зах зээл дэх хэрэглээ ойрын үед улам л нэмэгдэх хандлагатай гэж судлаачид үздэг.

-Нууц биш бол жилийн ашиг хэд байх бол?

-Одоогийн тооцоогоор жилийн ашиг хоёр тэрбум төгрөг гэж тооцоолж байгаа. Гэхдээ тодорхой хэмжээний эрсдэл, тооцоолоогүй саад тотгор энэ ашгийг бууруулж болно л доо. Гэхдээ л ямар ч байсан ашигтай байх нь тодорхой.

-Өөр ямар төсөл хэрэгжүүлэх вэ?

-Японоос зэсийн хавтан боловсруулдаг хоёр үйлдвэр оруулж ирэхэд бэлэн болсон. Одоо тээврийн зардлыг шийдэх гээд ярилцаж байна. Манай Эрдэнэтийн “Эрдмин” гээд зэс үйлдвэрлэдэг үйлдвэр байгаа. Тэндээс зэсийг авч нэг мм хүртэл зузаантай хавтан болгон боловсруулна. Зарим зэс боловсруулах үйлдвэрийн зурган дээр байдаг даа. Зэсийг даавуу шиг хуйлаад ороомог болгочихсон байдаг. Түүн шиг зэсийг боловсруулж бас л бичил хавтандаа ашиглана.

-Хэр их ашигтай үйлдвэр болох бол?

-Миний сонссоноор “Эрдмин” үйлдвэр жилд арван мянган тонн зэс боловсруулдаг гэсэн. Тэд зэсээ кг-ийг нь 4-5 ам.доллараар зарж байна. Харин нимгэн хавтан болгоод зарах юм бол кг тус бүрийг нь 8-15 ам.доллараар зарна. “Эрдмин” компанийн зарж байгаа үнэнд тээврийн зардал бусад татварууд орж байгаа. Харин бид газар дээрээс нь тэр үнээр нь авбал “Эрдмин” компанид ч ашигтай тусна.

-Парк болж өргөжвөл ямар ашиг авчрах бол?

-Японы компаниуд салбараа байгуулж хамтрах санал тавьж байгаа.

-Энэ үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн Японд гарна. Үйлдвэрийн түүхий эдээ хаанаас нийлүүлэх вэ?

-Дотоодоос бүрэн хэмжээгээр нийлүүлнэ.

-Өмнөх ярилцлагадаа малд чип суулгах төсөл хэрэгжүүлэх тухай ярьж байсан.

-Бүх техник тоног төхөөрөжөө туршаад патентаа авчихсан. Энэ технологиор малчид арван км-ийн зайд малаа хянах боломжтой. Суурь төхөөрөмж 50 орчим мянган төгрөг болж байгаа.

-Би одоо захиалга өгч болох уу?

-Туршилт амжилттай болсон. Гэхдээ малд суулгах чип нь өөрөө тодорхой хэмжээний бүрхүүлтэй байдаг. Түүнийгээ олноор нийлүүлэх асуудлыг шийдээд бүх зүйл бэлэн болно.

-Чип нь ямар хэмжээтэй байх бол?

-Хааш хаашаа нэг см-ийн хэмжээтэй, малын аль ч хэсэгт байрлуулах боломжтой. Гар утас, интернэтээр хянах боломжтой.

-Энэ хаанахын технологи вэ?

-Одоохондоо манайхны хийснээс өөр ийм алсын зайны хяналтын технологи байхгүй. Бид шинээр хийж байгаа учраас туршилт хийхэд тодорхой хэмжээний хөрөнгө, хугацаа орсон.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ цаг-үе

Монголын сайхан эрчүүдийн нэг явсан аавыгаа дурсахуй

Би гэж нэг бээлийн чинээ жаахан амьтан аавынхаа ар нуруунд наалдчихаад, нуруугаар нь тас тэврэн улаан “Яав”-н дээр нь давхиж явснаа дурсах дуртай. Ганцхан би ч биш миний эгч, дүү нар бүгдээрээ аавын улаан мотоцикль дээр олон удаа тэгж давхисан даа. Урд банкин дээр хоёр нь, аавын ард гурваараа чихцэлдэнэ. Аав минь тээршаахгүй ээ, харин чиг хэдэн зулзагануудаа тэгж сундалдуулж аваад Хархираагийн амралт руу давхих дуртай байсан юм. Ямар ч хүнд аавынх нь бүх зүйл сайхан санагддаг байх. Надад ч ялгаагүй, өдгөө тавь гарсан над шиг охин нь аавынхаа тамхины үнэрийг ямар их санадаг гээч, тамхиных нь үнэр хүртэл тансаг сайхан санагдах үе ирдэг л юм байна. Зарим хүмүүс “Аав, та наад тамхиа…” гээд ярвайж байгаа байх. Тэгдэггүй л юм даа, өндөр тэнгэрт явчихсан хойно нь аав минь хажууд тамхиа татаад сууж байдаг ч болоосой хэмээн санагалзах үе мөн ч их ирнэ дээ. Миний хувьд хань ижил, үр хүүхэдтэйгээ бужигнаад, мэргэжлээрээ хэний ч дор орохгүй ажиллаж амьдарч л явна.

Гэхдээ бол ааваараа ямагт дутаж явдаг. Үр хүүхдэдээ үргэлж үгүйлэгдэж, тийм том орон зайг үлдээсэн нь аавын минь ямаршуухан том цараатай амьдарч байсных. Мөн Монголын сайхан хөвгүүдийн нэг, сайхан аавуудын нэг явсны илрэл юм. Миний аавыг Нанзадын Данзан гэдэг байлаа. 1921 онд Увс аймгийн Сагил сумын нутаг “Цагаан шувуут” гэдэг газар төрсөн юм. Айлын отгон хүүхэд. Найман наснаасаа 18 нас хүртлээ Увсын Түргэний хийдэд шавилан суусан хүн дээ. Аавтай минь хамт хүүхэд ахуйгаасаа эхлэн бурхан номын үйлд шамдан суралцсан хүн хэн гээч, Гаадан гуай шүү дээ. Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн хамба явсан Гаадан гуайтай цуг 10 жил бурханы ном үзсэн хүн гэхээр миний аавыг хэн бурханы номгүй хүн гэх үү. Бид нар Гаадан гуайд үзүүлж харуулахаар очиход хамбатан “Танай аав надаас илүү номтой хүн.

Та нар надаас юу асуудаг юм” гэж жигтэйхэн цааргалж билээ. Соц нийгмийн үед аавынхаа лам явсныг ярих боломжгүй байлаа. Харин шинэ нийгэмд бол бид аавыгаа номтой, лам хүн байсныг нь ярилгүй яахав. Шашин номынх нь энэ цагаан мөр үр хүүхэд биднийх нь замыг ямагт засч явдаг гэдэгт бид итгэдэг.

Амьдралаас эргүүлж авчирч болдог юм гэж байдаг бол өнөөдөр аавтайгаа нэг ярьж суухсан. Намайг хүүхэд байхын хэл амтай, жортой охин байсан гэж аав ээж хоёр минь ярьдаг. Өнөөдрийнхөө байж байгаагаар бол тийм байсан байж магадгүй ээ. Тийм болохоор аавынхаа өөдөөс аягүй бол биеэ өмөөрсөн юм ярьж магадгүй. Тэр үед харин аав минь “Бүх зүйлд хэвийн хэмжээ байх ёстой шүү, Болороо” гээд тогтуухан хэрнээ нухацтай харцаар ярьж суух байсан болов уу. Миний аавын амьдралдаа баримталдаг алтан зарчим, үр хүүхэд бидэндээ захиж сургасан алт шиг үг нь ерөөсөө л энэ “Бүх зүйлд хэвийн хэмжээ байх ёстой шүү” гэдэг үг нь. Бидний зургаан хүүхэд, тэдний үр хүүхэд, ач зээ нарынх нь оюун санаанд аавын энэхүү “Бүх зүйлд хэвийн хэмжээ байх ёстой шүү” гэсэн үг нэвт шингэсэн юм. Аавын энэхүү данагар үгэнд амьдралын бүх философи багтсан байдаг. Ёс суртахуунтай бай, аливаа зүйлд битгий их шуна, өөрийгөө хянаж сур, цаг нь болбол амьдрал өөрөө бүгдийг зохицуулдаг… гэхчилэн ажил амьдралын маш олон ухагдахуун, гүн ухаан, ойлголт энэ хэдэн үгэнд бий. Бид аавынхаа яг л энэ сургаал үгийн хэмнэлээр ажиллаж, амьдарч яваа. Өнөөдөр энэ улстөрчид, сайд дарга нар, бизнесийнхэн гээд болж бүтэхгүй зүйлд нэр холбогдоод яваа хүмүүсийг зарим нэг хүн хар үгээр дүгнэж хэлэхдээ “Тэр ч карданаа татахгүй явсаар баларлаа даа” гэж байгаа дуулддаг. Энэ нь өөрөө миний аавын “Хүүхдүүд минь бүх зүйлд хэвийн хэмжээ байх ёстой шүү” гэсэн сургаал үгтэй агаар нэг сонсогддог юм.

Аавын шашин номын үйл нийгмийн аясаар 18 нас хүртэл нь үргэлжлээд тэгээд л шар шувталж улс нийгмийн ажилд ухамсарт амьдралаа зориулж эхэлсэн юм. Хүнтэй л ажиллаж сурсан хүн. Эхлээд аймагтаа артелийн нягтлан бодогч хийсэн байдаг юм. Дараа нь артелийнхаа орлогч дарга, жинхэнэ дарга, улмаар хоршоодын холбооны дарга, НААҮГ-ийн дарга, Модны үйлдвэрийн дарга, АДХГЗ-нд хэлтсийн дарга хэмээн өгсчээ. Тэтгэвэрт гарсан хойноо ч өндөр настны үйлдвэрт ажиллаж байсан юм. Зүгээр суухыг харин ч нэг үзэхгүй дээ. Аавын дэргэд байгаа хүн ажиллаж хөдөлмөрлөх л болно. Тааваараа, тэгж ингээд явна гэсэн ойлголт байхгүй.

Аав ээж хоёр маань 1955 онд гэрлэсэн юм. Миний ээж Х.Цэндсүрэнтэй ханилж зургаан хүүхэд төрүүлсэн нь өнөөдөр бүгдээрээ энх тунх, эрүүл саруул, эзэмшсэн мэргэжлээрээ салбар бүртээ амжилттай ажиллаж, хөдөлмөрлөж явна. Сайн эцгийн нэрийг хадгалах, удам угсааг нь сайнаар авч явах гэж айхавтар үнэ цэнтэй зүйл монголчууд бидэнд байна. Сайн эцгийнхээ ясыг өндөлзүүлэх гэсэн юм уу, чи хэмээн ахмадууд зэмлэдэг дээ. Энэ мөн айхавтар хатуу хэрнээ үнэн үг шүү. Сайн эцгийн үр хүүхэд болж төрнө гэдэг тэр чигээрээ ёс суртахуунтай байх асуудал. Амьдралд юу эс тохиолдохов, тэр бүгдтэй тулгарахдаа “Би чинь сайн эцгийн охин шүү дээ” гэж өөрийн эрхгүй бодогддог. Сайн эцэг гэдэг үр хүүхдээ үеийн үед ингэж амьдруулдаг байна. Яг л дэргэд минь байгаа юм шиг.

Н.Данзангийн зургаан охин хүн шиг яваа. Том эгч Д.Алтанцэцэг маань Барилгын зураг төсөл, уул уурхайн үнэлгээний “Золач” компанийн захирлаар ажиллаж байна. Удаахь эгч аялал жуулчлалын “Хариг трейд” компанийн захирал Д.Чимгээ гэж эмэгтэй бий. Дараагийн эгчийг минь Д.Цэцэгээ гэдэг “ЦЭЭТ” компанийг удирддаг. Дөрөв дэх эгч Д.Оюун Канад улсад ажиллаж амьдарч байна. Тэгээд би Д.Болормаа гэж Эрхүүгийн хуулийн сургууль төгссөн өмгөөлөгч, нотариатч хүн, гэр бүл, хүүхэд хөгжлийн төлөө “Нанзан Данзан” сан үүсгэн байгуулж, нийгмийн сайн сайхны төлөө, аавынхаа үйлсийг үргэлжлүүлэхээр буян үйлдэж явна. Отгон дүүг минь Д.Ичин гэдэг нийслэлийн аудитороор ажиллаж байна. Аавын зургаан охины үр хүүхэд, ач зээг тоолбол их тоо гарна.

Өнөөдөр аавынхаа амьдралыг эргээд бодохоор аав ер нь их үндэсний үзэлтэй, эх оронч, хэнхэг хүн байсан юм билээ. Аав одоо сэрүүн тунгалаг байгаад “Та мөн хэнхэг хүн байжээ” гэвэл юу гэх байсан бол оо. Намайг бага байхад ингэдэг байсан юм шүү дээ, улсын баяр наадмын нээлтийг заавал гэр бүлээ дагуулан явж үзнэ. Хэн нэг маань ямар нэг шалтгаанаар үлдэх гэвэл “Яаж байгаа юм, эх орны чинь баяр болж байна” хэмээн ширүүн харна шүү дээ. Наадмын нээлтийг заавал үзэх нь манай гэр бүлд тогтсон ёс. Бусад баяруудад ч тийм ёс төртэй, хүндэтгэлтэй хандана. Аав минь лам хүн байсан ч “Төрийн минь сүлд өршөө” хэмээн бурханчлан залбирдаг хүн байсан. Төрд тийм гүн хүндэтгэлтэй ханддаг хүн байсан. Намрын намарт аав бүх ажилчин, албан хаагчдаа гэр бүл, үр хүүхэдтэй нь дагуулан зугаалгаар хөдөө гарч амарна. Тэр үедээ ажилчдынхаа дунд дотнын найз нөхөр нь байж чаддаг. Энэ чинь Данзан дарга мөн үү гэмээр найралдана даа. Жилд ганц юмаа, тэр үедээ хамт олныхоо зовлон жаргалыг мэдэрч, хэнд нь ямар асуудал байна, түүнийг нь яаж шийдэхэв, яаж туслахав, хэнд нь хэдийд нь амралт чөлөө өгөх вэ гэдгээ хүртэл ойлгож авдаг, сэтгэл зүрхийг нь чагнадаг хүн байжээ.

Миний аавтай хамт ажиллаж байсан үеийнхэн нь, ер нь 1940-1990-ээд онд Улаангом хотод ажиллаж амьдарч байсан бүх хүмүүс аавыг маань сайхнаар дурсдаг. Аавынхаа найз нартай, үеийнхэнтэй нь уулзаж ярилцахаас би хэзээ ч цааргалдаггүй. Ямар ч чухал ажилтай байсан заавал уулзаж ярилцахыг боддог. Аавтайгаа уулзсан юм шиг сайхан байдаг юм. Сэтгэл сэргэсэн уулзалтууд тэр болдог.

“…Алдуул морь шиг гүйгээд ирэхэд

Аавын нутаг адуу шиг сайхан

Найдах хүнгүй халамцуу явахад минь

Найз нь таарах аянга шиг сайхан…” гэж Намсрайн Лутбаяр найрагчийн сайхан дуу байдаг даа. Яг л тийм сайхныг аавынхаа үеийнхнээс мэдэрдэг. Гэхдээ ялимгүй гунигтай. Гунигтай гэдэг нь… яагаад ч юм бэ аавтай минь хамт ажиллаж хөдөлмөрлөж, бужигнаж яралзаж явсан анд нөхдийнх нь тэнхлүүн сайхан явааг нь харахаар “Миний аав ингээд алхаж явахаар л байж дээ, арай ч эрт…” хэмээн бодогддог юм. Аавыгаа эрт үдсэн хэн ч ингэж л боддог биз дээ. Гэхдээ хэн ч бай гарцаагүй ирэх үйлийн үрийг яалтай ч билээ дээ.

Аавтайгаа байсан он жилүүд мөн ч жаргалтай даа. Манай нутагт намар орой болонгуут айл айлаас шинэ ногооны шөл үнэртэж (жаахан түлэнхийдүү) хүүхдүүд бид нар гадаа тоглож, хоолоо идээрэй гэж олон дуудуулж байж ордогсон. Манай Увсад социализмын үеэсээ аймгийнхаа төвд ойрхон, Хархираа, Цүнхэг, Хар Тэрмэс гэсэн амралтын газруудтай. Аав гэрийнхнээ бүгдийг нь дагуулаад баяр бүрээр Хархираагийн амралтад очно. Мартын 8, Майн-1, наадам гээд бүгдээр нь шүү дээ. Галд нойтон гишүү чад пад хийн дуугарч, бид тойроод суучихсан гараа ээн дулаацангаа аавынхаа сонин сайхан яриаг сонсон суудагсан. Хажууд Хархираа голын сүр жавхлант дуу чимээ, харгиа нь сонсогдоод. Жаргалтай хүүхэд нас аа гэж.

Намайг гуравдугаар ангид байхад туранхай юм гээд мотоциклиороо очиж авдаг байв аа, миний аав. Би үнэхээр турь муутай хүүхэд байж билээ. Тэгэхдээ бас онц сурна. Наймдугаар ангид байсан байх аа, миний дээд талын эгч Оюун бид хоёр үзэлцлээ. Хоорондоо хоёр насны зөрүүтэй болохоор үе үе юм болно. Тэгээд аав руугаа утасдана, энэ намайг ингээд тэгээд гэхчилэн. Нэг удаа тийм л нэг маргаан болж хоёулаа аавын ажил руу утасдаж гомдол зарга болов. Гэтэл аав “Би ажилтай байна, орой очоод маргааныг чинь сонсъё” гэв. Орой ирээд аав ажил ихтэй гээд юм бичих зуураа “Та хоёр юу болсноо цөөн үгээр бичээд надад өг” гэлээ. Би өөрийнхөө зөв гэж бодож байсан тул үүнийгээ ойлгуулахын тулд “Миний хайрт аав аа” гэж эхлээд урт юм бичив. Харин Оюун эгч цөөхөн өгүүлбэрээр бичив. Аав уншчихаад “Миний охин яасан мундаг бичив ээ” гээд намайг магтлаа. Үүнд нь миний эгч жигтэйхэн шарлахаж уйлж билээ. Хожмоо намайг Эрхүүд оюутан байхад аав минь надтай байнга утсаар ярьж, захиа бичдэг байлаа. Захиаг нь хадгалсангүйдээ одоо харамсдаг юм. Захианд нь ямар сайхан сургаал үгс халамж, хайр шингээсэн байдаг нь одоо ч санаанд тодхон байна. Манай гэр бүлийн найз Цэдэн-иш ах, Цэвээн эгч хоёр минь тэгдэгсэн, танай аав бол хаштай цагаан гаанс шиг залуу байсан даа гэж. Хамгийн дотнын найз л хүнийг хамгийн үнэн хэлдэг биз дээ. Миний аав тэгтлээ нялцагнуур, зөөлөн, хүүхдээ эрхлүүлсэн хүн байгаагүй. Бидний нэг нь буруу зүйл хийвэл бүгдийг нь зогсоогоод хариуцлага тооцдог байсан. Чи хичээлдээ явахгүй шүү, чи ажилдаа явахгүй шүү гэхэд л бидний үнхэлцэг хагарах шахна. Тэгээд л өнөөх “Бүх зүйлд хэвийн хэмжээ гэж байдаг юм шүү” гэдгээ хэлнэ дээ.

Манай аймгийн даргаар олон жил ажилласан Баасанжав гэдэг дарга байдаг байлаа.Тэр даргын жолооч байсан Баттөмөр ах саяхан надтай таараад танай аав маш цэвэрхэн хүн байж билээ.Машинд суухдаа хоёр гутлаа хавсраад, шавхайгаа арилгаж байж суудагсан гэж байна лээ. Миний ээжийн найз тэр үед оёдлын артельд ажиллаж байсан Сэндэн эгч саяхан аавыг минь дурсахдаа “Би мөн хөгийн хүн шүү, 16 настай охин Давст сумаас гуталгүй долоо хоног явган яваад ирэхэд миний хөл улаан нялга болчихсон байж билээ. Ингээд танай аав дээр орж оёдлын артельд ажилламаар байгаагаа хэлэхэд миний хөл рүү харж инээмсэглэснээ намайг гутлын тасагт оруулж билээ, бодвол намайг хамгийн эхлээд гуталтай болог гэж бодсон хэрэг. Би танай аавд насан туршдаа баярлаж явдаг, үр хүүхдүүддээ ч хэлдэг юм гэж ярьсан.

Ийм л сайхан аавдаа зориулж үр хүүхдүүд бид нар нь 2014 оны есдүгээр сарын 18-нд бид Увс аймгийн Улаангомын хийдэд суварга босгосон юм. Яагаад бид аавдаа суварга босгосон бэ гэвэл би нэг шөнө нойрондоо “Манай гэрт нэг лам хүн ирчихсэн аав ээж аав хоёртой минь ярилцаад, инээлдээд” байгаагаар зүүдэлсэн юм. Энэ үнэхээр зөнтэй зүүд байсан санагддаг. Ингээд ангийнхаа уулзалтад Увсад ирэхдээ Улаангомын хийд шинээр баригдаж байгаатай танилцсан. Хийдийн хашаан дотор байсан 5-6 суваргыг үзэж сонирхож мөргөсөн юм, нөгөө зүүдээ ч бодож аавдаа суварга босгохоор шийдсэн. Улаанбаатарт ирээд Чойжамц хамбатай уулзтал би есдүгээр сарын 18-нд Увсад очно, суварга босговол би аравнайлаад өгье гэлээ. Энэ завшааныг ашиглан Чойжамц гуайд баярласнаа хэлмээр байна. Суварга маань маш сайхнаар саадгүй бүтсэн дээ. Чойжамц хамбын туслах Бүрнээ, Лхагва, Увс аймгийн Улаангомын хийдийн хамба лам Балдорж, лам Хүрлээ, Анхбаяр, ”Зэндмэнэ Суварга” суваргын үйлдвэрийн захирал С.Цэдэвсүрэн нар маань их тус болсон доо. Мөн Увс аймагт амьдардаг хамаатан Цогтоо, Нямсүрэн нартаа баярлаж явдаг. Хоёр найз минь бүх зүйлд сэтгэлээ гарган тусалж, суварга бүтээхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Одоо ч аавдаа зориулсан суваргыг маань байнга эргэж тойрч, санаа тавьж байдаг. Аавын минь суварга өдгөө Улаангомын хийдийн баруун дээд хэсэгт төрөлх Сагил нутгийнхаа зүгт сүндэрлэн байгаа.

Аавынхаа амьдралын замнал, үүх түүхийг бичээд баршгүй. Манай аав Ж.Батмөнх даргын аав Жамба гуайтай их дотно байсан юм гэнэ лээ. Батмөнх даргыг мөн ч даруухан хүүхэд байж билээ, гэрийнхээ хаяанд ном уншаад л суудаг хэмээн ярьдагсан. Аав орон сууцанд амьдрах дургүй. Цаад санаа нь бид нарыг ажилд сургах зорилготойгоор, наанаа бол орон сууцанд агаар таарахгүй юм гэж яриад гэрт гарч билээ. Дэндүү энгийн амьдралаас агуу бүхэн урган төлждөг гэсэн философи миний аавд байлаа. Тэр л зарчмаараа ажиллаж амьдарсан хүн.

Энэ завшааныг ашиглан Увс аймгийн Сагил сумын нутгийн зөвлөлийн дарга Бат-Амгалан, удирдах зөвлөлийн гишүүн На.Сүхбаатар нарт нутаг усныхныгаа нэгтгэж, сэтгэл санаагаар байнга дэмжиж байдагт баярлаж явдгаа илэрхийлье. Нутгийн зөвлөл байх шаардлагагүй гэж үздэг хүмүүст хандаж хэлэхэд нутгийн зөвлөл байснаараа ах, дүү, хамаатан саднаа мэдэлцэж, ус нутаг, ураг садныхаа сайхныг мэдэрдэг юм шүү. Өөр олон сайн ажлыг нутгийн зөвлөлөөс зохион байгуулдаг. Увс аймгийн Сагил сумын нутгийн зөвлөл 18 жил дараалан Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад амьдардаг Сагил сумыхнаа уулзуулсан. Энэ уулзалтад ирсэн хүн бүрийн сэтгэл цэлмэдэг. Маш сайхан энергийг эндээс авдаг. Тэдний дийлэнх нь аав ээжийн минь үеийнхэн. Хэнд ч аав ээжийгээ өтөл насанд нь сэтгэл амгалан байлгах шиг буян байхгүй. Энэ өдрүүдэд миний хувьд чадлынхаа хэрээр нутгийн буурлуудаа баярлуулж буян үйлддэг юм. Бид Сагил сайхан нутагтаа сайхан аав, ээжийн үр сад болж төрсөн азтай хүмүүс. Өдгөө бидний ямар явах нь бидний ухаанаас л шалтгаална. Тэрнээс аав, ээж минь бидэнд эрүүл саруул бие, эрдэм боловсрол бүгдийг өгсөн. Үүнээс илүү юуг бид буурлуудаасаа хүсэх билээ. Ухамсарт амьдралынхаа багахан хэсгийг ч болтугай төрж өссөн нутаг орныхоо сайн сайхны төлөө зориулах хүсэл эрмэлзэл надад бий. Ийм л агаараар миний бие Увс нутгийн зон олондоо хандаж нэг зүйлийг хэлэх гэсэн юм. Тэртээх XVII зуунд байгуулагдаж байсан тэрхүү номын авшигтай газар орон дээрээ эргэн сэргээгдэж байгаа Улаангомын хүрээнийхээ шүтээн бурхадыг бүтээх буяны их үйлсэд зориулан, хувь нэмрээ оруулж, сэтгэл зүрхнээсээ хандиваа өргөөрэй хэмээн уриалж байна.

Улаангомын хийдийн хандивын данс: Хаан банк 5830033988, Хас банк 5001145777 Голомт банк 6200002099, Төрийн банк 160000403280

Харилцах утас: 99452488, 99029675, 95482855

“Нанзан Данзан” сангийн үүсгэн байгуулагч, Увс аймгийн Сагил сумын уугуул, өмгөөлөгч

Данзангийн Болормаа

Categories
мэдээ цаг-үе

Т.Аюурсайхан: Байрны төлбөрт эргэлзээтэй зүйл байвал бидэнд авчирч шалгуулаад хохирлоо барагдуулах боломжтой

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхантай ярилцлаа.

Орон сууцны ашиглалтын төлбөр дээр энэ чиглэлийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд нэмж мөнгө авч байгааг танайх шалгасан байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Орон сууцны төлбөр дээр янз бүрийн төлбөр нэмж аваад байна. Байрны мөнгө их гардаг боллоо” гэсэн иргэдийн өргөдөл, гомдол байдаг. Энэ дагуу хянаж шалгахад үнэхээр тийм асуудал бодит байдал илэрлээ. Одоогийн байдлаар орон сууц, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг “Бадамлах нар”, “Богд асар”, “Тунамал өргөө”, “Тэлмүүн орд”, “Батбаяндулаан” гэсэн таван аж ахуй эрхлэгч дээр зөрчил тогтоогдсон байгаа. Эдгээр байгууллагууд сар болгон ЦТП-ийн мөнгө, насос, тог цахилгааны зардал, ус дулаан дамжуулах төвийн зардал гэсэн нэрээр 2-11 мянган төгрөгийг иргэдээс хууль бусаар авч байсан нь тогтоогдсон. Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны эрх бүхий хуралдаанаар төлбөр тогтоодог. Гэвч аж ахуй эрхлэгчид хуулийн дагуу тогтоогоогүй төлбөрийг дур мэдэж оршин суугчдаас авч байсан байна. Эрчим хүчний тухай хууль, Хэрэглэгчдийн эрхийн тухай хуулийн 12,9 дэх заалтыг зөрчсөн нь тогтоогдсон.

Иргэдийн хохирлыг барагдуулж байна уу?

-Албан шаардлага өгсний дагуу “Бадамлах нар”, “Тунамал өргөө”, “Батбаяндулаан”, “Тэлмүүн орд” зэрэг компаниуд зөрчлөө таслан зогсоосон гэдгээ бидэнд мэдэгдсэн. Манай байгууллага иргэдийн ирүүлсэн баримтан дээр үндэслээд хохирлыг арилгаж байна. Тухайлбал, “Тэлмүүн орд” ХХК иргэдэд мөнгийг нь буцаан олгосон баримт нотолгоогоо бидэнд мэдэгдсэн. Зарим аж ахуй эрхлэгчдээс дараагийн байрных нь төлбөрөөс хөнгөлөлт үзүүлэх байдлаар хохирлыг нь барагдуулсан гэдгээ мэдэгдэж байгаа. Хохирсон иргэд маш их. Зөвхөн дээр дурдсан таван компани дээр 8000 гаруй иргэн айл өрх хамрагдаж байгаа юм. 8000 гаруй иргэдийн хохирлыг тогтоохын тулд нийтээр нь баримтыг нь төвлөрүүлэх ажиллагааг хийж байгаа. Хамгийн шуурхай, богино хугацаанд хийх арга нь энэ учраас иргэд өөрсдөө бидэнд баримт материалаа ирүүлэх ёстой.

Нэр дурдагдсан компаниуд хэр хугацаанд иргэдээс илүү мөнгө авч байсан юм бол. “Богд асаркомпани зөрчлөө арилгаагүй юм уу?

-Таван сараас эхлээд жил гаруйн хугацаанд илүү мөнгө төлж байж. Манай улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу есдүгээр сард нийт аж ахуй эрхлэгчдэд энэ хууль бус төлбөр авахыг зогсоохыг мэдэгдсэн мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Гэвч зарим компани төрийн байгууллагуудын мэдэгдэл албан шаардлагыг тоохгүйгээр иргэдээс хууль бус төлбөрөө авсаар байгаа юм. Жишээлбэл, “Богд асар” ХХК буюу та бидний мэдэх Богд Ар хороолол байна. Тэнд 1730 айл өрх оршин суудаг. Ус дулаан дамжуулах төвийн зардал нэрээр сар болгон 6000 төгрөг хууль бусаар авч байна. Бид үүнийг нь зөвхөн захиргааны хариуцлагад татаад зогсохгүй эрүүгийн хариуцлагад татах ёстой гэж үзэж байгаа. Төрийн байгууллагууд зөрчлөө арилгахыг шаардсаар байхад иргэдэд хүч хэрэглэх, авах ёстой төлбөр мэтээр ойлгуулж их хэмжээний мөнгийг хууль бусаар авч байгаа нь тодорхой эрүүгийн хуульд хамаарах гэмт хэргийн шинж чанартай гэж үзэж байгаа. Тийм учраас Өрсөлдөөний тухай хуулийн 23.1-д заасны дагуу бид цагдаагийн байгууллагад хандсан. Эдгээр таван аж ахуй эрхлэгчээс гадна энэ төрлийн үйлчилгээ явуулдаг нийт 45 компани дээр манай шалгалт үргэлжилж байгаа.

Иргэдээс илүү мөнгө авч байсан компаниудад ямар хариуцлага хүлээлгэсэн бэ?

-Аж ахуй эрхлэгчдэд тус бүрт нь 1.211.000 төгрөгийн захиргааны шийтгэл оногдуулсан. Мөн бид иргэдийн өргөдөл гомдол болгон дээр хохирлыг нь барагдуулахад чиглэгдсэн албан шаардлага хүргүүлж байгаа. Хэрвээ албан шаардлагыг биелүүлэхгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нугалсантай тэнцүү буюу 960 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авна. Сар бүр 6000 төгрөг хууль бусаар жилийн турш авсан бол 72 мянган төгрөг болох нь байна шүү дээ. Компаниуд энэ мөнгийг нь буцааж өгөх үү эсвэл 960 мянган төгрөгөөр торгуулах уу гэдэг сонголттой байгаа. Энэ зөрчил ер нь газар авчихжээ. Иргэдээс төлбөр хураамж хүчээр авдаг болсон байна. Өгөхгүй бол тог цахилгааныг нь салгах, дулааныг нь өгөхгүй гэх зэргээр дарамталж шахаж байгаад авдаг. Үүнийг нэлээд ул суурьтай, нэгдсэн байдлаар таслан зогсоож дараа дараагийн аж ахуй эрхлэгчдэд нь анхааруулга болгох ёстой. Зөрчилтэй аж ахуй эрхлэгчдэд хатуу арга хэмжээ авч байж цаашдаа ном журмандаа орно гэж ойлгож байгаа.

Иргэд өөрсдийн орон сууц ашиглалтын төлбөрөө төлдөг компаниуддаа хүсэлт тавиад шалгуулж болох уу?

-Арав орчим аж ахуй эрхлэгчийг шалгаад үзэхэд тав дээр нь ийм зөрчил байгаа нь тогтоогдож байгаа. Тэгэхээр ийм чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг нийт 45 аж ахуй эрхлэгч дээр үргэлжлүүлэх нь зүйтэй гээд шалгаж байна. Мөн иргэд, оршин суугчдадаа хандаж уриалмаар байна. 45 аж ахуй эрхлэгчийн цаана олон арван мянга, зуун мянгаараа иргэд оршин суугчид байгаа. Энэ болгонд хүрч ажиллахад цаг хугацаа их авч, хүн хүч шаардаж байгаа. Тиймээс иргэд маань манай байгууллагатай хамтарч ажиллаад баримт материал дээрээ эргэлзээтэй төлбөр тооцоо байна гэж үзэх юм бол бидэнд авчирч өгөөд шуурхай шалгуулаад, зөрчлөө арилгуулаад, хохирлоо барагдуулаад явах боломжтой.

Өмнө нь орон сууцны төлбөрт даатгалын мөнгийг иргэдийн саналыг авалгүй оруулчихсан явдал гарсан?

-Зөвхөн орон сууцны ашиглалтын төлбөртэй холбоотой биш ер нь байрны мөнгөн дээр аж ахуй эрхлэгч дураараа мөнгө төгрөг нэмдэг байдал байна. Нийслэлийн орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдээр дамжуулж сар бүр даатгалд 1000 төгрөг авдаг. СӨХ-оор дамжуулж сар болгон 1500 төгрөг авдаг зөрчил байсан. Орон сууцны хариуцлагын даатгал бол сайн дурын даатгал юм. Сайн дурынх гэхээр иргэд даатгуулах эсэхээ өөрсдөө шийддэг. Хэрвээ даатгуулах юм бол бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр төлбөрийг нь авах ёстой. Гэтэл иргэдийн зөвшөөрөлгүйгээр төвлөрсөн байдлаар ингэж хүчээр авч байсан “Хаан даатгал” болон “Ард даатгал”-ыг тус бүрийг нь найман сая төгрөгөөр торгосон.

Орон сууцны үйл ажиллагаатай холбоотой өөр ямар гомдол ирдэг вэ?

-Ялангуяа халаалтын улирал эхэлсэнтэй холбоотой оршин суугчдаас байрны халаалт муу, доголдолтой ирээд байгаа мөртлөө халаалтын төлбөрөө бүрэн аваад байна гэсэн гомдол ирж байна. Үүний дагуу бид холбогдох байгууллагуудад шаардлага тавьж ажиллаж байгаа. Хэрэглэгчийн эрхийн хуулийн дагуу хэрэглэгчид чанарын шаардлага бүрэн хангасан бараа, ажил үйлчилгээ худалдаж авах эрхтэй байдаг. Халаалтаа дутуу өгчихөөд мөнгөө бүрэн авна гэдэг хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн асуудал юм. Тийм учраас Улаанбаатар дулааны сүлжээ компани, Орон сууц нийтийн аж ахуйн конторуудад хандаж нэгэнтээ мөнгөө бүрэн авч байгаа бол халаалтаа сайн өгч байх шаардлагуудыг тавьж байгаа. Иргэд маань ч гэсэн энэ тал дээр халаалт нь доголдолтой гэж үзэх юм бол эрхээ хамгаалуулах бүрэн боломжтой. Мөн тухайн байрны шугам сүлжээний труба муудсан, доголдсон асуудал байдаг. Ийм бол иргэд СӨХ-гоороо дамжуулаад шугам сүлжээгээ солиулах, шинэчлэх ажлуудыг бас хийх хэрэгтэй.

Ж.БАЯРСАЙХАН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Д.Уламбаяр: Сирийн улс төрийн удирдлагыг аажмаар шилжүүлэх үйл явцад Б.Обама, В.Путин нар санал нэгдсэн

Их 20” болон АПЕКийн дээд хэмжээний уулзалт саяхан шил шилээ даган болсон билээ. Дэлхийн лидерүүдийг нэгэн дээвэр дор цуглуулдаг эдгээр арга хэмжээний талаар судлаач Д.Уламбаяртай ярилцлаа.

-“Их 20”-ийн дээд хэмжээний арав дахь удаагийн уулзалт саяхан боллоо. Дэлхий дахинд өрнөж буй үйл явдлуудаас хамааран хэлэлцэх асуудал өргөн хүрээг хамрах шиг боллоо. Энэ жилийн уулзалтын эргэн тойрон дахийг тоймлохгүй юу?

-Өнөө жил “Их 20”-ийн уулзалтыг Туркийн Газар дундын тэнгисийн эрэг дээр байдаг Антали хотод зохион байгууллаа. Уг арга хэмжээнд дэлхийн эдийн засгийг хөдөлгөж байдаг 19 орон, Европын холбоо багтдаг. Тэгэхээр “Их 20”-ийн үндэс суурь нь 1999 оны тавдугаар сард Германы Берлин хотноо тавигдсан. Ингээд түүнээс хойш жил болгон уулзалт болдог байв. Харин 2008 оны дэлхийн санхүүгийн хямралыг шийдвэрлэх үүднээс АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушийн санаачилгаар тухайн үед Вашингтон хотноо дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байлаа. Үүнээс хойш АНУ, Канадын Торонто болон Сөүлд дээд хэмжээний уулзалтууд болж байв. Энэ жилийн дээд хэмжээний уулзалт арваннэгдүгээр сарын 13-нд Парист террорист халдлага гарсны дараа болсноороо онцлогтой. Тиймээс “Их 20”-ийн уулзалтад Францын Ерөнхийлөгч оролцож чадсангүй. Тус улсыг төлөөлж Гадаад хэргийн болон Сангийн сайд нар нь оролцсон.

-“Их 20”-ийн уулзалтаар дэлхийн эдийн засгийн асуудлыг хэлэлцдэг. Харин энэ удаад Парист болсон халдлагатай холбоотойгоор терроризмтай тэмцэх асуудалд анхаарлаа хандууллаа

-Тэгэхээр “Их 20” гэдэг бол дэлхийн ДНБ-ий 80 хувь, худалдааны 85 хувь, хүн амын гуравны хоёрыг багтааж байдаг тийм том бүтэц. Дэлхийн эдийн засгийн тулгамдаж байгаа нөхцөл байдалд судалгаа дүн шинжилгээ хийж, ойрын нэг жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа бодлогыг уялдуулан зохицуулж, хамтарсан мэдэгдэл гаргадаг. Энэ жилийн уулзалтаар хоёр мэдэгдэл хийсэн. Мэдээж дэлхийн эдийн засгийн асуудлаар мэдэгдэл гаргасан. Нөгөөх нь дэлхийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байгаа олон улсын терроризмын эсрэг тэмцэхтэй холбоотой. Терроризм нийт хүн төрөлхтөн соёл иргэншилд заналхийлж байна. Иймээс бүх улс орон хүчээ нэгтгэхээр болсон.

Энэхүү дээд хэмжээний арга хэмжээний завсарлагааны үеэр Б.Обама, В.Путин нар албан бусаар 30 минут уулзсан. Тэд юун тухай ярилцсаныг дэлхий нийт чих тавьж байсан л даа. Судлаачийн хувьд та энэ талаар ямар бодолтой байна?

-Энэ арга хэмжээний анхаарал татсан зүйл бол яах аргагүй Б.Обама, В.Путин нарын уулзалт байв. Тэд дээд хэмжээний уулзалтын завсарлагаанаар 30 гаруй минут ярилцсан. Хэдийгээр албан бус ч гэлээ тэдний уулзалтын нэг чухал үр дүн бол Сирийн улс төрийн удирдлагыг аажмаар шилжүүлэх үйл явцад санал нэгдсэн гэж дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Хоёр тал Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэхэд 100 хувь санал нэгдсэн. Зарим нэг тодорхой асуудал дээр өөр өөрийн байр суурьтай байна. Үүний өмнө Парисын аллагын дараа Австрийн Вена хотноо Сирийн асуудлаар урьдчилсан тохиролцоонд хүрсэн. Тэнд дэлхийн 20 орны Гадаад хэргийн сайд нар уулзсан. Үүгээр Сирийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх, Башар Асадын Засгийн газар босогчдын хооронд энхийн хэлэлцээрийг ирэх нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр ярилцсан. Нөгөө нэг асуудал нь Сирид ардчилсан сонгууль явуулж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, тус улсын сэргээн босголтын хандивлагчдын уулзалтыг зохион байгуулах гэх мэтчилэн чухал асуудлууд хөндөгдсөн. Эдгээрийг шийдсэний дараа Башар Асадыг яах вэ гэдэг асуудал гарсан. Үүн дээр оролцогчдын байр суурь ялгаатай байсан л даа. Ингээд Вена хотод болсон уг уулзалтын дараа “Их 20”-ийн уулзалт боллоо. Б.Обама, В.Путин нар энэ асуудал дээр санал солилцсон. Исламын эсрэг цохилт өгөх байр суурин дээр хоёр тал ойролцоо байгаа гэдгээ нотолсон нь чухал. Мөн тэд зүүн Украины асуудлаарх Минскийн гэрээг тууштай баримтална гэдэгт санал нэгдсэн.

-“Их 20”-ийн уулзалтаар дэлхийн эдийн засгийн асуудлыг хэрхэн авч хэлэлцэв. Ямар шийдэлд хүрсэн бэ?

-Өнөөгийн дэлхий дахинаа тулгамдаж байгаа макро эдийн засаг болон улс орнуудын эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгах нь хамгийн чухал асуудал байв. Үүн дээр гол анхаарал тавих ёстой. Энэ үндсэн дээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган дээр баталсан 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чухал зорилт болж байна гэж тэмдэглэсэн. “Их 20”-ийн уулзалтаар анхаарал татсан гол асуудал бол Олон улсын валютын сангийн үйл ажиллагааг шинэчлэхэд төвлөрсөн. Энэ уулзалтад олон улсын валютын сангийн захирал Кристина Лагард оролцсон.

Олон улсын валютын сангийн үйл ажиллагааг яаж шинэчлэх юм бол?

-Зээлийн квотыг өөрчилж, өргөжүүлэх асуудалд анхаарал хандуулсан. Валютын сангийн үйл ажиллагаанд хөгжиж байгаа орнуудын дуу хоолойг өргөжүүлэх асуудал чухлаар тавигдлаа. Дээр нь Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засагт маш чухал нөлөө үзүүлж байна гэж тэмдэглэсэн. Ирэх онд Хятадын эдийн засагт 6.5 хувийн өсөлт гарна хэмээн үзэж байгаа. Хятадын тал үүнийг үзүүлэлт биш гэж тэмдэглэсэн. Өнөөдөр олон улсын худалдаа эдийн засагт Хятадын мөнгөн тэмдэгт чухал байр суурьтай байгаа. Олон улсын валютын сангийн зээлийн сагсанд юанийг оруулах асуудал нааштай гарах төлөвтэй болсон. Энэ ондоо багтаж зээлийн сангийн сагсанд юань орох нь тодорхой боллоо.

Мөн дэлхийн эдийн засагт нөлөөлж байгаа байгаль цаг уур гээд бусад асуудлуудыг хэрхэн хөндөв?

-Дэлхийн эдийн засагт маш их нөлөөлж байгаа хүчин зүйл бол цаг агаарын дулаарал, байгалийн гамшиг. Энэ удаагийн уулзалтын онцлог нь арваннэгдүгээр сарын 30-нд Парис хотноо НҮБ-ын ивээл дор эхлэх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурлын өмнө боллоо. Дэлхийн дахинаа ялангуяа аж үйлдвэржсэн орнууд өөрсдийн хүлэмжийн хийг хоёр дахин багасгах Киотогийн протоколоор хэрэгжүүлсэн үүргээ биелүүлэхийг “Их 20”-ийн уулзалтаар ярилаа. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар авч хэлэлцсэн бас нэг асуудал бол газрын тосны үнэ байлаа. Ялангуяа экспортлогч орнуудын хувьд хүндээр тусч байгаа. Тухайлбал, ОХУ, АПЕК-ийн гишүүн орнуудад хүнд тусч буй юм. Дээр нь нэг гол асуудал бол Ираны хоригт анхаарал тавьж байна. Энэ сарын 18-нд Ираны цөмийн асуудлаар олон талт хамтын ажиллагааны бүтэц тохиролцоонд хүрсэн. Ингэснээр Иран бол дэлхийн газрын тос байгалийн хий дээр маш том оролцогч болоод гараад ирлээ. Өдөрт нэг сая тн баррелль нефть экспортолно гэдэг бол газрын тосны үнэ дээр нөлөө үзүүлнэ. Ер нь эрчим хүчний асуудал “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтаар байнга яригддаг зүйл л дээ. Өнөө жилийн арга хэмжээ Туркт болсон учраас өмнөд урсгалын асуудал яригдаж, үүнийг хурдацтай хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн. Туркээр Европ руу дамжих байгалийн хийн хоолойн асуудал л даа. “Их 20” бол цэвэр олон улсын эдийн засагт анализ хийдэг бүтэц.

Ирэх ондИх 20”-ийн уулзалтыг БНХАУд зохион байгуулахаар боллоо. Сонирхуулахад, даргалагч орнуудын хувьд ямар шаардлага тавьдаг юм бэ?

-Хоёр жилийн өмнөөс саналыг нь авдаг. Бэлтгэл ажил, аюулгүй байдал гээд дээд зэргийн зохион байгуулалт шаардана. Ер нь арга хэмжээг даргална гэдэг бол тухайн улс орны нэр хүндийн асуудал. 2016 оны “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтыг Хятадын аж үйлдвэржсэн бүс болох Ханжоу хотноо зохион байгуулахаар боллоо. Энэ удаагийн арга хэмжээ Парис дахь халдлагын дараа болсон учраас 15 мянган цэрэг цагдаа хамгаалалтад гарсан. Аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байна лээ.

-“Их 20”-ийн уулзалтыг залгаад АПЕКийн уулзалт боллоо. Энэ удаад ямар асуудлуудыг хөндсөн бэ?

-Филиппиний Манелла хотод болсон АПЕК-ийн уулзалтын гол уриа нь “Хүртээмжтэй эдийн засаг, таатай ертөнцийг цогцлоон байгуулах нь” уриан дор явагдлаа. Нийтдээ 21 гишүүн орон багтдаг бөгөөд Ази, Номхон далайд болж байгаа цэвэр эдийн засгийн интеграцийн үйл явц. 1998 онд ОХУ, Перу, Папау, Шинэ Гвиней хамгийн сүүлд гишүүнээр элссэн. Одоогоор манай улс АПЕКТ-т элсэх өргөдлөө өгчихсөн байгаа. 2011 онд АНУ-ын дэмжлэгтэйгээр Энэтхэг анх удаа АПЕК-т ажиглагч статустай улс болсон.

Энэ удаагийн АПЕК-ийн уулзалтын мэдэгдэлд терроризмын эсрэг томоохон заалт орлоо. Ялангуяа Ливанд болсон аллага, Парист болсон террористт халдлага, ОХУ-ын сүйрсэн онгоцны хувьд олон улсын терроризм аюулын харанга дэлдэж байна гэсэн.

-“Хүртээмжтэй эдийн засаг, таатай ертөнцийг цогцлоон байгуулах ньгэсэн уриатайгаар энэ удаагийн АПЕКийн уулзалт өрнөсөн гэлээ. Үүний ач холбогдлыг тодруулахгүй юу?

-Энэ уулзалтаар хүртээмжтэй эдийн засгийг Ази, Номхон далайн бүс нутагт хөгжүүлэх асуудалд гол анхаарал хандуулсан. Өнөөдөр улс орнуудын эдийн засаг өөрсдийнхөө хэмжээнд өндөр өсөлттэй байгаа ч нийт хүмүүст хүртээмжтэй биш байна. Тэгэхээр хүртээмжтэй эдийн засгийг хөгжүүлэхийн тулд гол үйл ажиллагааны баримтлалыг гаргалаа. Энэ хүрээнд таван заалт бүхий мэдэгдэлдээ тодорхой заасан. Нэгдүгээрт, тэнцвэртэй эдийн засаг. Хоёрдугаарт, хүртээмжтэй эдийн засгийг хөгжүүлнэ. Ялангуяа эмэгтэйчүүд, залуучууд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн бусад салбар эдийн засгийн үр ашгаас хүртэх ёстой гэсэн. Хүртээмжтэй эдийн засагт жижиг, дунд үйлдвэрлэлийн оролцоог хөгжүүлэх тухай онцолсон. Улмаар ажлын байрыг нэмэгдүүлж, технологийн шинэчлэл, зээлийн бодлогод хамруулахаар тусгасан байна. Гуравдугаарт, тогтвортой эдийн засгийг онцолсон. Тухайлбал, бүс нутгийн эдийн засгийн өсөлт нь тогтвортой хөгжих ёстой гэж байгаа юм. Дөрөвдүгээрт, шинэлэг эдийн засгийг хөгжүүлэхийг чухалчилсан. Энэ хүрээнд мэдээллийн технологийн, цахим эдийн засгийг хөгжүүлэх зэрэг маш өргөн хүрээтэй асуудлууд орж ирсэн. Тавдугаарт, аюулгүй эдийн засаг. Хятадын эдийн засаг өнгөрсөн наймдугаар сард ихээхэн савлалаа. Тиймээс эдийн засгийн эрсдлүүдийг тооцох хэрэгтэй. Ази, Номхон далай нь газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, далайн хар шуурга, хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх бүс нутаг учраас байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулахад онцгой анхаарах ёстой. Ингээд НҮБ-ын ивээл дор болсон Японы Сандэйн хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлнэ гэж байгаа юм.

Монгол Улс АПЕКт элссэнээр эдийн засагт ямар ач холбогдолтой юм бэ?

-АПЕК-ийн уулзалтаар нэг чухал зүйл тавьсан байгаа. Богорын зорилтуудыг тууштай хэрэгжүүлэх үндсэн дээр олон улсын худалдаа хөрөнгө оруулалтуудыг хэрэгжүүлнэ гэж байгаа. Саяхан гарын үсэг зурж хүчин төгөлдөр болсон чөлөөт худалдааны хэлэлцээртэй хамтарч ажиллана гэдгийг заасан. Чөлөөт худалдааг хөгжүүлэх, худалдаа хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөхөд Дэлхийн худалдааны байгууллагын зарчмын үйл ажиллагаан дээр зохицуулна гэж байгаа. Монгол Улс одоогийн нөхцөлд АПЕК-т элсэхэд эрт байгаа юм.

Яагаад?

-Манай хоёр хөрш бол АПЕК-ийн гишүүн. Тэгэхээр Богорын уулзалтын гол зорилго бол 2020 он гэхэд 21 орны гаалийн тарифыг үе шаттайгаар тэглэх юм. Монгол Улс гаалийн тарифыг тэглэчихвэл бусад орны бараа бүтээгдэхүүн манайд ямар ч татваргүй орж ирнэ. Энэ үед үндэсний үйлдвэрлэлүүд зах зээлээ яаж хамгаалах вэ. Өрсөлдөөнд яаж тэсч үлдэх вэ гэдэг асуудал ургана. Тэгэхээр бид маш их бэлдэж, экспортынхоо чадавхийг нэмэгдүүлэх хэрэгтэй.

Уг нь чөлөөт худалдаа давуу талтай биз дээ?

-Тиймээ. Олон улсын худалдаанд тарифын болон тарифын бус саад тотгорыг арилгадаг. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд экспортын чадавхи султай улс орнуудын хувьд бэлтгэл хийх шаардлагатай.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Ерөө: Аав маань бүхий л эрүүл ухаан, саруул биеэ цэргийн хөгжимд зориулсан

Миний аав” буланд СУИС-ийн дуулаачийн тэнхимийн багш, дэд профессор, соёлын тэргүүний ажилтан Ц.Ерөө уригдан аавынхаа талаар дурсан ярьж байна. Түүний аавыг хүмүүс “Монгол маршийн хаан”, найрал хөгжмийн удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн хурандаа Навааны Цэрэнпил гэдгээр нь таних билээ. Энэ онд Н.Цэрэнпил гуайн 100 насны ой тохиож буй юм.

Энэ жил Н.Цэрэнпил гуайн зуун насны ой тохиож байна. Таны аавын тухай дурсамжаар яриагаа эхлэх үү?

-Миний аав Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул иргэн. Бага насандаа эмээ, өвөө хоёр дээрээ өссөн. Учир нь аавын маань аав миний өвөө тайж язгууртай, эмээ маань харц язгууртай байсан учраас гэрлэхийг зөвшөөрөөгүй юм гэдэг. Тийм ч учраас аав маань ээжийнхээ ааваар Навааны Цэрэнпил гэж овоглогдсон түүхтэй. Эцэг нь Дашлин мэргэн гэж сур харвадаг, барилддаг мундаг хүн байж. Аав маань бага насаа хөдөө нутагт өнгөрөөсөн. Тухайн үед Ерөө сумынхан хүүхдүүдээ заавал усчин болгож сургадаг байжээ. Түүний дагуу аав хар багаасаа усанд сэлж сураад, 13 настайгаасаа салчин хийдэг болжээ. Улмаар 18 настайдаа сайн дураараа Дотоод яамны цэрэгт ирж, 1933 онд Зөвлөлтийн мэргэжилтэн цэргийн хөгжимд хүн шалгаруулахад аав маань тэнцэж орсон түүхтэй. Аав багаасаа хуучир, морин хуур сонсголоороо тоглодог, урлагт дуртай хүн байж л дээ. Зөвлөлтийн мэргэжилтэн аавын шүдийг нь үзээд л, турбо хөгжим үлээлгэж шалгаж авч байсан гэдэг. Тэгж аавын маань хөгжимтэй холбогдсон амьдралын замнал нь эхэлсэн түүхтэй.

Монголын бүхий л цэргийн марш болон томоохон маршуудыг таны аавыг л бичсэн. Н.Цэрэнпил гуайгаас хойш марш бичих хүнгүй болсон гэж ярих юм?

-Ер нь тийм шүү. Аав маань бүхий л эрүүл ухаан, саруул биеэ цэргийн хөгжмийн хөгжил, цаашдын хувь заяа, цэргийн үлээвэр хөгжмийн уран бүтээл зохиолд зориулсан хүн л дээ. Дээр нь гадаад, дотоодын хөгжмийн зохиолчдын том том симфони, тухайлбал хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Д.Лувсаншарав гуайн “Ханбогд” симфони гэх зэргээр бусдынхаа бүтээлийг үлээвэр хөгжимдөө найруулж бичсэн. Аав маань зөвхөн марш бичсэнээрээ биш янз бүрийн бүжгийн аялгуу, биеийн тамирын марш, салбар салбарын ажилчдын марш, хөгжим бичсэнээрээ танигдсан. Тэр битгий хэл манай аав чинь хөгжмөөрөө спортын мастер цол авч байсан. Ямар юмаараа гимнастик хийж, уран нугарч, хүндийг өргөх вэ дээ. Тэр үед наадмаар хүүхэд залуус гимнастикийн элдэв цэцэг навчтай үзүүлбэр үзүүлдэг байлаа. Тэрүүнд аав хөгжим бичдэг. Дээр нь хүүхдийн дуу их бичдэг байсан. Тухайн үед аавыг ид ажиллаж байхад Улаанбаатар хотын ихэнх сургууль үлээвэр хөгжмийн хамтлагтай байлаа. Тэр болгонд аав хүрэлцэн очиж хуучин хөгжим бэлэглэж, хүүхдүүдэд нь зааж, ажиллаж байгаад гарсан хүмүүсээ хөгжмийн багшаар тэнд нь оруулдаг байж л дээ. Х.Чойбалсангийн нэрэмжит нэгдүгээр арван жилийн үлээвэр хөгжим хамгийн мундаг нь гэж явдаг байлаа. Бид нар 1959 онд Монголын залуучуудын анхдугаар их наадамд Кармен дуурийн Уверьтюрээр алтан медаль авч байсан. Энэ мэтчилэн сургуулиуд хооронд аавын тэр маршийг нь авчихаж, тэднийх энэ маршийг нь тоглочихож гэх зэргээр их өрсөлддөг байсан. Би аавыгаа зөвхөн марш гэлтгүй Монголын үлээвэр хөгжмийн хөгжлийг авч явсан гэж бардам хэлнэ. Үлээвэр хөгжмийн сургууль гэж байгаагүй үед аав маань цэрэг хувцастай жижигхэн хүүхдүүдийг оруулж хөгжим заадаг байсан. Мөн аав маань олны хүүхдийг сургадаг, асардаг, амьдралд нь хүргэдэг хүнийг өөд татдаг хүн байжээ, одоо эргээд бодоход. Тэр байтугай манайд хамаатан ч биш янз бүрийн хүмүүс байж л байна. Ээжийн дүү ч юм шиг, аавын дүү ч юм шиг байж байгаад авгай аваад тусад нь гаргаад явуулдаг байсан.

Тухайн үед, тодруулбал 1990 он хүртэл Н.Цэрэнпил гуайн маршгүй нэг ч баяр ёслол жагсаал цуглаан болж байгаагүй гэдэг юм билээ. Баярын жагсаал ч их болдог байсан байх?

-Тэгэлгүй яахав. Тийм ч учраас аав жилээс жилд “За нисэгчдэд нэг марш хийе, аяны марш хийе, эмч нарт хийе” гээд л бичдэг байсан. Казах марш хүртэл бичсэн байдаг. “Аяны 1,2,3” “Угтах марш”, “Тугийн марш”, “Нисэгчдийн марш” гээд төрөл төрлөөр нь хийдэг. Ухаан нь жагсаалаар эмнэлгийнхэн гээд л явахаар эмнэлгийнхэнд зориулсан марш, нисэгчдийг явахаар нисэгчдийн марш тавина гэж л боддог байсан шиг байгаа юм. Манай аав бас урлагийн том том зохиолчдын үнэлгээгээр хөрвүүлэг бичихдээ их мундаг байсан гэдэг юм билээ. Одоо бол эвийг нь олж бичдэг хүн тэр бүр байхгүй гэж ярьдаг юм. Би тэрүүгээр нь ааваараа их бахархдаг. Дамдинсүрэн гуайн “Хасбаатар” симфони оркесторт бичсэн зохиолыг үлээвэрт буулгаж бичих, Намсрайжав гуайн “Баярын удиртгал”-ыг ч байдаг юм уу үлээвэрт хувиргаад бичнэ гэдэг өөр асуудал л даа.

Нийтдээ хичнээн марш бичсэн байдаг юм бол?

-Аав маань 115 марш бичсэн гэдэг юм. Ер нь бүх цэргийн ангийн хөгжимд аавын маршийг тоглохгүй хөгжим одоохондоо байхгүй л байна. Хэдийгээр миний аав өнгөрөөд 30 гаруй жил болсон ч марш нь одоо ч явж байгаа нь тэр хүний уран бүтээл хэрхэн мөнхөрсөн бэ гэдэг нь харагдаж байгаа юм.

Цэргийн хөгжмийн ангид орсныхоо дараагаар хөгжмийн боловсролоо дээшлүүлэхээр гадагш, дотогш сургуульд явж байсан юм болов уу?

-Цэргийн хөгжмийн ангид л явж боловсрол эзэмшсэн. 1960-аад оны үед юм уу даа, ядахнаа хоёр жилийн сургалтад ч болов явъя гэсэн юм. Гэтэл цаанаас “Чиний ажлыг хийх хүн байхгүй. Чи одоо юу сурах гээд байгаа юм” гээд явуулаагүй. Хүн л болсон хойно юм мэдье, үзье гэж бодсон байх л даа. Аав тэгээд үлгэр жишээ хөгжмийнхөө анхны дарга, анхны хурандаа, анхны урлагийн гавьяат зүтгэлтэн нь юм. Тухайн үед партизаны дараа ахмад зүтгэлтэн гэж цол өгч байсан. Анхны дөрвөн ахмад зүтгэлтний нэг нь. Нэлээд хэдэн анхны гэсэн тодотголтой. Ёстой хөгжмийн төлөө гэж зүтгэсээр яваад л дууссан хүн дээ.

Тэр үед баяр, ёслолыг алгасахгүй биз. Та аавыгаа хэр дагаж явдаг байв?

-Нэг их дагаж явахгүй. Аав их завгүй. Бэлтгэл сургууль хийнэ гэж бөөн юм болно. Баяраас хоёр гурав хоногийн өмнө өглөө бүр 03.00,04.00 цагт явна. “Майн нэгэн”, “Мартын 8”, Октябрийн баяр, наадмын өмнө жагсаалын сургууль хийнэ. Тэгж байж жагсана. Би яахав ажлаараа жагсаалд явахад, аав гараа дохиж байгаа л харагдана. Стадионд наадмын нээлт ёслол болоход аавыг дагаж явдаг байсан. Аав сүүлд ач нараа голдуу дагуулж явдаг болсон. Манай хүүхдүүдийг маш их эрхлүүлдэг. Ач нартаа ёстой амь байсан даа.

Цэргийн хүмүүс ерөнхийдөө түс, тас гэсэн хүмүүс байдаг. Таныг хэр эрхлүүлдэг байв?

-Би чинь айхтар эрх охин байсан ш дээ. Долдугаар ангиа төгсөөд Орос улс руу сургуульд явсан. Тэгэхэд айлын улсууд “Өө, Цэрэнпилийн эрх шар төгсөхгүй дээ. Эрхлээд хүрээд ирнэ” гэж байсан гэдэг. Ижий аав дээрээ ганцаараа өсчихсөн болохоор тийм эрх болчихсон. Гэхдээ хүний хувь тавилан байх. Яаж ийгээд буцаж ирэлгүйгээр төгсөөд ирчихсэн дээ. Тэрнийхээ хүчинд л одоо өдий чинээ явж байна. Аав, ээж хоёр маань нялх охиноо зүрх зориг гаргаад сургуульд явуулалгүй, 20 гартал нь эрхлүүлээд явсан бол би ямар ч байх байсан билээ. Гэхдээ хагас бүтэн сайн болгон аав ээжтэйгээ утсаар ярина. Тэр үед ямар утас байх биш шуудан орж ярина. Аав, ээж хоёр маань сүүлд нь “Чамтай утсаар ярьчихаад л бид хоёр кино үзээд гэртээ харьдаг байсан” гэж ярьж байсан. Зайлуул утсаар яриад л санаа нь амардаг байж л дээ. Бараг л шувуу явсан ч далавчинд нь юм дүүжлээд явуулна ш дээ. Өөр айлын хүүхдүүд гэрээсээ бараг юм авахгүй байхад би эрхийн тэнэг л байсан байхгүй юу. Тийм ч учраас миний хүүхдүүдийг ч их эрхлүүлдэг байсан. Би урлагийн хүн болохоор гэртээ бараг байхгүй. Байнга гадагшаа дотогшоо явна. Ааваас хойш ижий маань л миний хүүхдүүдийг өсгөж хүн болгож өгсөн дөө.

Аав тань дөнгөж 13 настайгаасаа л ажил хийж эхэлсэн гэхээр их амьдралын төлөө зүтгэдэг хүн байж дээ?

-Тэгэлгүй яахав. Манай аавын өвөөг “Хар Наваан” гэдэг байсан гэнэ лээ. Би тэгээд ааваас “Танай өвөө чинь хар царайтай хүн байсан юм уу” гэж асууж байсан удаатай. Үгүй, харц ард хүн байсан юм байна. Тийм айлд чинь ямар л олигтой мал хуй байхав. Ямар сайндаа л би 13 наснаасаа салчин хийж байхав дээ. Цалин авдаг л байсан байлгүй. Хар багаас хөдөлмөрт нухлагдаж, амьдралын төлөө зүтгэж ирсэн. Бүхнээ гэр бүлдээ зориулсан хүн байсан. Аав залуудаа цалингаа буухаар шинелийнхээ энгэрийн халаасан дээр гараа тавиад л ирдэг байсан гэдэг. Ээж холоос хараад мэдчихдэг. Ирээд бүх цалингаа ээжид өгчихнө. Тэгээд л ээж өглөөд “Цэрэнпээл, цонхон дээр тамхийг чинь тавьчихсан шүү. Оймсоо, майкаа солиорой” гэнэ. Аав “За” гээд л сууж байна. Ерөөсөө гэр орны юм мэдэхгүй. Тэр өгсөн мөнгө төгрөгийг нь ээж хүргэж байна уу, зээлж байна уу, хаясан уу ерөөсөө хамаагүй. Зөвхөн л цалингаа оруулж өгдөг. Ээжийн авч өгснийг зүүгээд, өмсөөд л явж байдаг хүн байсан.

Та бас ааваасаа их татвар хураана биз?

-Аа тэгнэ, тэгнэ. Би өндөр үнэтээс тийм юм авч өмсмөөр байна ш дээ гээд л хошуугаа унжуулна. Аав “Миний хүү хөгжмийн зохиолчдын холбоон дээрээс очоод миний маршийн мөнгийг авчих”л гэнэ. Тухайн үедээ хүн чинь эрхэлж байгаагаа ойлгодоггүй юм билээ. Тэгээд аав ч уначихлаа.

Бүх юм ээж, бид хоёрын толгой дээр ирж байгаа юм. Тэр үеэр бас дөрвөн хүүхдийн маань эцэг хаяад явчихсан. Тэгээд ирэхээр сайн ажиллаж, цалин авч байж л дөрвөн хүүхдээ, ээжийгээ тэжээх хэрэгтэй болж байгаагаа ойлгож байгаа юм.Тэгэхэд л би “Би чинь ямар муухай дураараа байсан юм бэ” гэж ойлгосон доо. Дуурийн театрт бас ч гэдгээ гайгүй цалин авдаг байсан. Аав, ээждээ нэг ч удаа өгч байгаагүй ш дээ. Нэг л сайхан ганган амьтан ажлын хүүхнүүдээ “Улаанбаатарт хоол идье. Найз нь өгчихье” гэдэг л авгай байв. Сүүлд ааваас хойш өөр болоод ирж байгаа юм. Тэгэхэд л би дэндүү эрх өссөн гэдгээ ойлгосон.

Та эхээс хэдүүлээ билээ?

-Хоёулаа. Би дороо нэг эрэгтэй дүүтэй. Гэхдээ би ганцаараа шахуу аав, ээж дээрээ өссөн л дөө. Аав цэргийн хөгжмийн дарга болчихсон байхдаа ногооны зоорь ухаж даараад хатгаа болоод хүндэрчихжээ. Сүүлдээ шинелээ ч даахгүй болчихсон байсан гэдэг. Тэгээд нутаг усандаа гар гэж зөвлөсний дагуу Ерөө сумандаа очоод үнээний бүлээн сүүгээр эмчилгээ хийж гайгүй болж л дээ. Тэр үеэр би ч олдож сэтгэл санаа нь өөдрөг болсон байх. Энэ хоёр маань суугаад таван жил болж би гарсан юм. Ээж хүүхэд өргөж авъя гэсэн аав өөрт заяагаагүй юмыг яах юм гэсэн гэнэ лээ. Тэгтэл би долоон сартай дутуу гараад, дөнгөж хоёр гурван сар болж байхад ээж ахиад жирэмсэн болсон гэсэн үг. Гэтэл дүүг төрөх гээд өвдөж байх үеэс нь эхлээд саахалтынх нь хоёр хөгшин гуйсаар байгаад авчихсан юм билээ. Хүүгээ алдаад удаагүй байхад нь лам хүн танай саахалтын айлд холоос ирсэн хүмүүст хүү чинь төрнө гэж хэлсэн юм билээ. Тэгээд дүүг төрсний дараа тувт орж ирж ээлжилж тэвэрсээр байгаад авчихсан гэдэг. Тэгж бид хоёр тусдаа өссөн юм. Сүүлд манайхыг хот руу нүүсний ард тэр хоёр хөгшин захиа ирүүлсэн. Тэгээд аав тэр гуравт Гандан дээр хашаа байшин авч өгөөд авчирсан юм.

Айл болгон зурагт гэж байхгүй дээр үеийн хүмүүс хүүхдүүдээ дагуулаад л кино, жүжиг их үзэж явдаг байсан. Танай гэр бүл тэгж явдаг байв уу?

-Явна, явна. Тэр үед Зөвлөлтийн цирк, Хятадын цирк гээд их ирдэг байсан. Алиалагч Данзан ахынх айл болохоор билет захиад л их үзнэ. Аав маань театрт их очдог, маш гоё хоолойтой хүн байсан. Ямар сайндаа театрын хүн болно гэж байхав дээ. Аав маань бас анд их дуртай. Амралтаараа нутаг руугаа заавал явна. Нутагтаа очихоороо аав ан агнана. Аав Ерөө сумаас урагшаагаа ой дотор бэрлэг ялбаг гээд отогтой байсан. Өөр хүн очсон ч гэсэн идэх юм бэлдээд тавьчихдаг байсан. Тэгэхэд Ойдовжамц ах, “Энэ хүүхнүүд үү” киноны Дорж буюу Д.Дамдинсүрэн анх, Намсрай гуай нартай нийлээд л явдаг хүн байсан. Загас барина.

Гэрийн эзнийхээ хувьд хэр ноён нуруутай хүн байв. Таныг ямар ухаанаар өсгөж хүмүүжүүлсэн бэ?

-Аав хэзээ ч надад гар хүрч үзээгүй. Барагтай бол хатуу үг хэлэхгүй. Ижий ч гэсэн загнаж, зоддог ч үгүй байсан. Би ч гайгүй сурдаг байсан юм шиг байгаа юм. Аав надаа баян хөгжим, төгөлдөр хуур заана. Дутуу гараад их сул биетай байсан болохоор намайг аль болох биеийн тамир, гимнастикаар хөгжүүлэхийг хичээнэ. Хүнд хэлэхээс ичмээр болохоос би чинь муу ч үгүй спортын мастер хүн шүү дээ. Аав минь миний хувьд их утга учир болж байсан хүн л дээ. Аав маань “Миний хүү үнэнч хөдөлмөрөөрөө олж идсэн хоол чинь их амттай байдаг юм шүү дээ” гэж их ярьдаг хүн байсан. Ер нь тэгээд их хэнхэг байлгах гэнэ. Тоглолтгүй үеэр л “Хөөе чи өнөөдөр тоглолт байхгүй юм уу. Зүгээр байхаар очоод нотоо хараад сууж байхгүй юм байх даа” л гэнэ. Өөрөө тийм хүн чинь. Өөрөө өглөө цэрэг босохоос өмнө очоод л, орой цэргээ унтуулаад ирдэг байсан.

Та ээжийнхээ тухай дурсаач?

-Миний ээж Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат хүн л дээ. 16 настайдаа хотод ирж ажиллаж байгаад аавтай танилцсан юм билээ. Манай ээж насаараа төмөр замын цэцэрлэгт дарга хийсэн. Анхны орос цэцэрлэгтэй байж байгаад монгол цэцэрлэг болоход анхны дарга нь болсон юм.

Categories
мэдээ цаг-үе

Одтой найрагч Чойсүрэнгийн Дагвадоржийнд од түгтэл уянгаар жигүүрлэсэн өдөр

Бямба гаригийн үдээс хойхно Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын хорьдугаар байрны зургадугаар давхрын нэгэн хаалганы хонхыг дарахуй нас хэдий дал гарсан ч мөнгөлөг цагаан тэргүүнтэй залуу хүн шиг шалмаг хөдөлгөөнтэй эрхэм өтгөс үүд дэлгэн гэртээ урилаа. Энэ айл болбоос Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооны “Мөнгөн цом” наадмын тэргүүн шагналт найрагч, хэл бичгийн шинжлэх ухааны доктор Чойсүрэнгийн Дагвадоржийнх болой. Олон түмнээ “буурал” хэмээн алдаршсан өвгөн багш тэртээ хориод жилийн өмнө анх танилцахад ямар байсан тэр л жавхаа золбоогоо хадгалан, цогтой сайхан үгсээр мэнд амар мэдэх нь сэтгэлд нэг л дотно. Орон байр нь үүднийхээ өрөөнөөс эхлээд жаазалсан уран зураг, хатгамал нүднээ тусаж, том өрөөний нэг талын ханыг дүүргэн үргэлжлэх номын сан цогцлоожээ. Зэрвэсхэн харвал номын санд нь орос, англи, монгол том том ботиуд ярайх нь мэддэг нэгэнд мэргэн цоохор санагдаж, хорхойсох сэтгэл төрүүлэх нь лавтай. Гэрийн эзэн бурхан тахил, эрдэм номын авшиг шингэсэн том өрөөнийхөө буйданд тухлахыг урьж байна.

Гэрийн эзэгтэй аагтай шаргал цай аягалж, тун удалгүй шар тос мэлтгэнэсэн халуун хайлмаг таваглан ирлээ. Хотгойдууд хүндэт зочиндоо шинэхэн өрмөөр хайлмаг хайлан дайлах ясны дуртай гэнэ. Хайлмагийг холио гэж нутагт нь ярьдаг аж. Мөнгөн тэргүүнт найрагч маань Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 1942 онд мэндэлсэн хотгойд ястан ажээ. Хөвсгөлийн хүн амын далан хувь нь буюу 11 сум нь хотгойд ястнууд гэнэ. Дэлгэр мөрний зүүн, баруун хөвөөнд төрж өссөн хотгойдуудаас ардын билэг зүйч, дууны их найрагч Жамцын Бадраа, Монголын их түвдэч, хэл бичгийн шинжлэх ухааны доктор Лхамсүрэнгийн Хүрэлбаатар, нэрт уртын дууч Ичинхорлоогийн Цоодол, “Бодлын цагаан хун”-г зохиосон яруу найрагч Дүгэржавын Амгалан нар Дагваа багштай нэг нутаг усны хотгойдууд. Хотгойдын гэгэлгэн дуу нулимс мэлтэсхийлгэм уянгатай.

Тэр л дууны эгшигт уярч өссөн болохоор эгшиг дууны хорвоод хэлний эрхшээлт эрдэмтэн мэргэд, утгын ярууд шүтэгч уяхан найрагч, аялгууны гайхамшгийг өргөсөн тэнгэрлиг хоолойт дуучин төрдөг биз ээ гэсэн сэтгэгдэл төрж байна. Тийм ч учраас Чойсүрэнгийн Дагвадорж хэмээх эл хотгойд

“Дэлтэй цэнхэр зовно уу, яана

Дэлгэр мөрөн бооно уу, яана

Өндөр цэнхэр зовно уу, яана

Өргөн Тэс нь бооно уу, яана

Яваад л яваад л барагддаггүй

Яасан ч арвин хөндий вэ хө

Явуулын хүнээр хэлүүлсэн

Ямар ч үйлтэй сэтгэл вэ хө” гэсэн нутгийнхаа дууг цовоо цолгин хоолойгоор аялан сонсгохдоо хүүхэд ахуйн энхэр хайртай нутгаа газрын цэнхэр диваажин болгон оюун бодолдоо тунгаана уу гэлтэй яльгүйхэн бодлогошроод авав. Тэгснээ

“Зураг саарал морь нь

Зуслангаас юундаа уйдаав

Зул шиг гэрэлтэй дүү минь

Надаас юундаа уйдаав” гэж сайхан дуу байна. Манай хотгойд дуу чинь хүнийг дандаа хайрласан сэтгэлээс төрсөн дуу байдаг. Ямар сайндаа л эхнэртээ хаягдсан нэгэн эр “Миний борлог морийг

Хүлгийн дээд гээрэй

Миний сайхан ханийг

Хүний дээд гээрэй” гэж зохиож дуулах билээ дээ” гэж яриагаа үргэлжлүүлэх аж. Энэ хүний цээжинд хэдэн мянган дуу, ардын сэцэн билэг багтаж байгаа бол гэх бодол төрнө. Хүний уруул угзрах гэж ирсэн биш ардын сайхан дуунуудын тухай ярианд нь уяраад, ухаажаад гарах төлөвтэй.

Бидний яриа хотгойд дууны тэр л гэгэлгэн шинжийн тухай, хүний сэтгэлийг бөмбөрүүлэн татах увдисын тухай үргэлжилсээр. Хотгойдууд дуундаа дотоод сэтгэлээ уусган шингээж, уянгалуулан дуулдаг учраас чихэнд сонсголонтой, сэтгэлд наалдацтай байдаг талаар аргагүй л эрдмийн хүний зиндаагаар тайлбарлах нь бахархмаар. Дэлгэр мөрнөө хөвөөлөн суугч Хотгойдын гэгэлгэн дуу маш олон нугалаатай гэнэ. “Дэлтэй цэнхэр” дууг сайн дуучин бол 17 нугалаа гарган дуулдаг гэж байгаа. Тиймээс хүний баярласан, гуньсан сэтгэлийг тэр чигээр нь илэрхийлдэг онцлогтой аж. Түүний төрсөн дэнж Дэлгэр мөрөн, угаасан ус нь Дэлгэр мөрнийх, амьсгалсан агаар нь ч тэр нутгийнх болохоор Дэлгэр мөрнийхөө чулуугаар хөөрөг хийлгэчихээд, хүмүүстэй тамхилж явдаг аж. Монгол түмнийхээ сэтгэлд хэдэн зуунаар домог болсон хүн бол Манжийн хааныг эсэргүүцэн тэмцэж, есөн зоосны нүхээр цувиулж нөхчсөн Хотгойдын Чингүнжав вантан. Үр удмаараа хиартал устгагдсан энэ чин зоригтон хэдийгээр цэргийн том жанжин, гүрнийг эзэлсэн хаан байгаагүй ч Монгол Монголоороо байхын бэлгэдэл болон хүн ардынхаа сэтгэл зүрхэнд мөнхөрсөн дөө гэж буурал эрдэмтнийг өгүүлэхэд нүдэнд нь харамслын ганц дусал гялтасхийгээд шингэх шиг санагдав. Хотгойдууд хонь олонтой болохоор “Хотгойдууд хонинд дуртай. Хон хэрээ нүдэнд дуртай” гэсэн үг хүртэл гарчээ.

Дагвадорж найрагчийнд хижээл насны нэгэн эр дайлуулж суусан нь Америк орноо сурахаар одсон зээ Сэрадарынх нь хадам аав Ж.Гүрбазар гэргийтэйгээ амралтынхаа өдрөөр зээнцэр Мөрөнгоог нь өндөр өвөө, эмээ хоёрт нь зочлуулж яваа аж. Хоёрхон ойтой Мөрөнгоо ч дураараа нэгэн бололтой. “Халуун савтай цай татчих вий. Халуун холионд амаа түлчих вий” гэсэн эмээ өвөө нараа үргэлжид хөөрхөн дэглээстэй. Сэтгэл дэгэлзүүлж догдлуулах үр ачтай байна гэдэг айл гэрийн баяр баясгалан гэлтэй. Өндөр өвөө нь хэвлэлээс саяхан гараад буй “Монгол голомт минь” номоо дэлгэн барих зуур зээнцэр охиндоо зориулсан “Мөрөнгоо” шүлгээсээ унших нь уянгатай. Тэрээр удмын улаачдаа

“Угаасан усаа ширтэнхэн суутал маань

Угтаад мишээсэн юм аа, Мөрөнгоо

Урсгал торгон жирэлзээн дундаас

Уяруулах эгшиг сонсогдсон юм аа, Мөрөнгоо

Мөрөнгоо, мөрөөдлийн минь оргил

Мөрөнгоо, Мөлхөж босох охин үр минь

Зүгээр чиг нэг өгсөн нэр биш шүү, Мөрөнгоо

Зүрхний дуудлага шингэсэн юм шүү, Мөрөнгоо

Зүйлийн хорвоод зүйтэй яваарай, Мөрөнгоо

Зөвшиж, бас өршөөж яваарай Мөрөнгоо

Дээдсийн чинь аршаалсан ус Дэлгэр мөрөн шүү, Мөрөнгоо

Дэвтэрлэн нандигнах удам чинь хотгойд яс шүү, Мөрөнгоо

Дээшилж мандлаа ч, доошилж гундлаа ч

Дэлгэр мөрөн ээжээ дуудаад өндийнө шүү, Мөрөнгоо” гэж аялгуулан уншихад цовоо сэргэлэн бяцхан охин үр нь цолмон нүдээ гялалзуулан сонсож инээмсэглэх нь өхөөрдмөөр.

Буурал найрагч тоодон бяцхан охиндоо зориулсан сургаал шүлгээ уншиж ахуйдаа хурга тугал хариулсан Ямаат уулынхаа энгэрт гүйж яваа тоодон бяцхан насандаа зочилж очив уу гэлтэй бодлогошролын гэгээ цацруулж сууна. Ч.Дагвадорж гуай гэргий Б.Чулуунтайгаа алдрай жаахан арван найман наснаасаа ижилдэн дасаж, өдгөө тавь гаруй жил ханилан амьдарчээ. Хань нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул хотгойд бүсгүй, таван сайхан хүүхдийг нь төрүүлж, хорь гаруй ач зээгийн өвөө эмээ болон аж төрж байна. Хөдөлмөр технологийн багш мэргэжилтэй гэргий нь намын ажил хийж, сэтгүүлч мэргэжлээр ч ажиллаж байж. Дагваа багш “Далийн цэцэг” анхны номдоо оруулсан “Дөлгөөн Дэлгэр мөрөн” шүлгээ ханьдаа зориулан идэр насандаа бичсэнээ дурдав.

“Дөлгөөн Дэлгэр мөрөн минь

Торгоны хээ шиг артай

Дөлгөөхөн ханьтайгаа учирсан

Энэхэн хорвоод жаргалтай” гэж уншихад хань нь “Бид хоёр ч одоо өвөл хавартаа Америк, Солонгост амраад, зун нь Хөвсгөл, Дэлгэр мөрөндөө очиж тарайгаад нүүдэлчин монгол гэдгийг амьдралаараа жинхэнэ баталж явна” гэж жаргалтайхнаар инээмсэглэж сууна. Мянга есөн зуун жаран нэгэн онд аавыгаа оюутан болох жил төрсөн ууган охин Цэцэнчимэг нь монгол үндэсний хувцасны уран оёдолчин мэргэжилтэй бөгөөд аав ээждээ ойр Монголдоо байдаг ганц үр нь гэж байгаа. Биднийг очих өдөр ч эл охин нь хоол унд бэлдэлцэн аав ээждээ туслахаар хүрэлцэн ирсэн байв. Удаахь хүү Энхбаяр Монголын тэшүүрийн холбооны ахлах дасгалжуулагч спортын мастер хүн юм. Тамирчдаа олон улсын тэмцээн уралдаанд бэлдээд огтхон ч зав зайгүй явдаг нэгэн. Эрхүү хотод химийн инженер технологич мэргэжил эзэмшсэн Туяа охин АНУ-д мэргэжлээрээ ажиллаж амьдарч байгаа аж. Түүний удаахь Цэцэнтуяа охин зураач мэргэжилтэй юм байна. Харин отгон хүү Энхбаатар нь Цагдаагийн академийг дүүргэж, Өмнөд Солонгосыг зорьсоор арваад жилийн нүүр үзжээ. Ач зээ нар нь бүгд л гадаадад аж төрдөг гэнэ. Тухайлбал, зээ хүү бизнесийн удирдлагын инженер Батчулууны Баярбаатар, эм зүйч Б.Ерөөлт, эдийн засагч Б.Баттүвшин нар нь Америк тивд аж төрж буй бол загвар өмсөгч Энхбаярын Түмэнжаргал Канад улсад амьдарч байгаа аж. Мөн зээ улс төр судлаач Балжийн Жамц, компьютерийн техник хангамжийн инженер Б.Содномдаржаа, утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй Ц.Сэрэдара нар АНУ-д ажиллаж сурч байгаа бол ач Энхбаатарын Чингүлэн нь БНСУ-ын Сонгнамын их сургууль дүүргэжээ. Генетикийн биологич Э.Дарасүрэн Солонгост ажиллаж байна. Тиймээс ч хоёр хөгшин Солонгос оронд очиж сайхан амарч байгаад Америк тив рүү тааваараа аялдаг заншилтай болсоор арав гаруй жилийн нүүр үзжээ.

Гэрийн эзний хувьд МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийг 1966 онд төгсөж, “Монголын уран зохиол дахь ажилчин ангийн дүрийн хөгжил” сэдвээр хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн хүн. Уран бүтээлээ 1966 оноос эхэлж “Цэргийн албаны гоо зүй”, “Утга зохиолын шүүмжлэлийн тухай” зэрэг ганц сэдэвт зохиол, “Номоос төрсөн бодол”, “Зохиолч, цаг үе, уран бүтээл” шүүмжлэлийн түүврүүд, “Монголын нэвтэрхий толь”, “Дэлхийн уран зохиолын бага хураангуй толь”-д зохиогчоор оролцож, 1988 оноос яруу найраг бичиж “Далийн цэцэг”, “Далайн цэнхэр салхи”, “Ээж минь дээ”, “Атга шороо”, “Сэтгэлийн амраг”, “Нугас алаг нүд”, “Сэтгэлийн эгшиглэн”, “Хотгойд аялгуу”, “Богд нь уулын сүндэл” номуудаа хэвлүүлжээ. Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооны “Мөнгөн цом” шагналыг 2008 онд “Алаг тавилан” номоороо авсан авьяастай, онгодтой найрагч бол Чойсүрэнгийн Дагвадорж. Утга зохиолын шүүмжлэгчдийн олон улсын холбооны гишүүн гэж байгаа. Их сургуульд зохиолч Чинагийн Галсан, Говь-Алтай аймгийн Бугат сумын даргаар олон жил ажилласан хөдөлмөрийн баатар О.Ядамхүү нартай нэг ангид суралцсан. Ч.Галсан нь нэгдүгээр курсээ төгсүүт Герман улсад сургуульд сурахаар оджээ. Ч.Дагвадорж сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн Хатгал сумын найман жилийн сургуульд хичээлийн эрхлэгчээр найман сар ажиллаад, аймгийнхаа “Эрх чөлөө” сонинд утга зохиолын ажилтан-захидал харилцааны эрхлэгчээр дэвшин ажиллаж байгаад их номч Чой.Лувсанжав багшийнхаа англи-монгол толь бичгийн туслах ажилтнаар татагдан Улаанбаатар хотын айл болон шилжиж ирсэн түүхтэй.

Түүнээс хойш “Ардын арми” сэтгүүлийн эрхлэгчийн алба хашиж, дэд эрдэмтний зэрэг хамгаалан, “Монголын нэвтэрхий толь”-ийн секторын эрхлэгч, ерөнхий редактороор томилогдсоноос хойш хорин найман жилийн дараа Монгол Улс нэвтэрхий тольтой болжээ. Эл тольд Монголын сор болсон 435 эрдэмтний хөдөлмөр бүтээл шингэсэн гэхээр ямархан ланжгар бүтээл болох нь ойлгогдоно. Ер аливаа соёлт улсын тусгаар тогтнолын нэгээхэн бэлгэдэл нь үндэсний театр, их сургууль, нэвтэрхий тольтой эсэхээр хэмжигддэг хэмээвээс Монгол Улсаа тэр нэвтэрхий тольтой болгох гэж олон жилийн нөр хөдөлмөрөө зарцуулжээ. Франц улсад анх нэвтэрхий толь нь хэвлэгдэхэд төрийн хүндэт харуул жагсаж байсан бол Японд бүтэн арав хоног улс орон даяар албан ёсны амралт зарлаж байсан гэдэг. Түүний үс цэл залуугаасаа цал буурал болсон нь чухамдаа энэ их нөр ажилтай ч холбоотой байж мэдэх юм. Нэвтэрхий толио бахархан үзүүлэх зуур элбэг баян эрдэнийн далай болсон номын сантай нь танилцав. Зургаан мянган номтой баялаг сайхан эрдмийн сан аж. Ном нь гэртээ багтахаа байгаад тагтан дээрээ бас номын сан хийж тавьжээ. Ер нь эрдэмтэн найрагч маань номоо цөөлж “Гурван-Эрдэнэ”, С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургууль, Хөвсгөл аймаг болон Арбулаг сумынхаа номын сангуудад бэлэглэж номын цагаан буян үйлджээ. Дагваа багшийн хойморт байгаа яруу найргийн охин тэнгэр Янжинлхамаас адис авч, айл гэрт аз жаргал бэлэглэгч амгалан тайвны бэлгэдэл заануудын цуглуулгыг үзсээр цаг нэлээд оройтсоныг анзаарахад бидний яриа дөнгөж эхэлж буй мэт санагдах нь хачин.

Найрагчийн зохиосон “Ээж минь дээ” дууг найман настай балчраас эхлээд наян настай буурлууд хүртэл аялах дуртай. Наяад оны сүүлээр олонд түгсэн энэ дууны шүлгийг бичсэн даруй ая зохиогч, дуучин С.Цэрэнчимэд агсан аялгуу зохиосноор түмний хайртай дуу болон түгжээ. Энэ тухай тэрээр “ Ээж минь дөчин тавхан насалсан хүн. Манайх жаахан ядмагдуу амьдралтай айл байсан ч уяан дээр морьд багширч, олон бужигнасан айл байлаа. Ээж маань тийм олонтой хүн байж. 1965 онд миний ээж насан өөд болсон юм. Түүнээс хойш 1988 оны сүүл хүртэл ээждээ зориулан нэг шүлэг бичих юмсан гэж хорь гаруй жил бодоод л явсан. 1989 оны дөрөвдүгээр сарын 18-ны өглөө ажил дээрээ ирээд ширээнийхээ ард суусан чинь гэнэтхэн шүлэг бичмээр санагдаад. Тэгээд л

“Газар холоос санахад

Гаднаа бүртийж харагдах юм

Галуу шувуу ганганахаар

Таныгаа дуудмаар, дуулмаар болох юмаа

Тун чиг холоос санахад

Тоосон дундаас торолзох юм

Тогоруу шувуу буцахаар

Таныгаа дуудмаар, дуулмаар болох юмаа

Нутаг холоос санахад

Нулимсан дунд минь бүрэлзэх юм

Нуурын шувууд ганганахаар

Таныгаа дуудмаар, дуулмаар болох юмаа” гэсэн мөрүүд, өөрөөр хэлбэл, дууны маань дахилтууд эхэлж санаанд орж ирээд, дараа нь

“Будантай юу буурал хорвоод нь

Бүүвэйлж өсгөсөн ээж минь дээ хө

Буруу юу, зөв хоёрыг минь

Ухааруулж өсгөсөн ээж минь дээ хө” гээд л үндсэн бадгууд ороод ирсэн.

“Ээж минь дээ” дууны шүлгийг ингэж зохиосон юм. Тэр үед манай авьяастай сайхан дуучин, ая зохиогч Самдангийн Цэрэнчимид агсан Зохиолчдын хорооны “Үлгэрийн танхим”-д дуучин байлаа. С.Цэрэнчимид надаас шүлгийг аваад, ээждээ зориулж ая хийгээд энэ дуу төрсөн түүхтэй. “Ээж минь дээ” дуу намайг дууны яруу найрагт хөтөлсөн. Утга зохиол шүүмжлэгч, судлаач хүн атлаа яагаад дууны яруу найраг руу орсон бэ гэхээр би ерөөсөө багадаа хотгойд дууны аялгуунд өссөн хүн. Ийм дууг би их багадаа дуулж, дуулсан ах, эгч нарыг сонсч өссөн. Тийм болохоор ер нь үүн шиг л ганц дуу зохиохсон гэж бодсон юм. Яахав “Ээж минь дээ” дуу бол Ази, Европт дуулагддаг л юм. Америкт ч бас дуулж байгаа хүнийг сонссон. Дундад улсад бол бүр дүрстэй, хятад хэлээр орчуулж дуулдаг. Ер нь дэлхийн монгол туургатан бараг бүгдээрээ “Ээж минь дээ” дууг дуулсан. 2000 онд БНХАУ-ын баруун хойт үндэстний дээд сургуулийн тэнд айлд байж байхад түвдээр орчуулаад дуулж байна гэсэн мэдээ ирж байсан. Тэгээд бодохоор “Ээж минь дээ” дууг ямар ч байсан тэрбум хүн дуулжээ. Намайг сургуульд явахад ээж минь “Миний хүү олны дунд эвтэй яваарай” гэж захьсан. Хүн ээжийнхээ хайрыг хэзээ хойно их мэдэрдэг. Дэргэд байхад нь түшиг тулгуур, хайр энэрлийг нь ухааралгүй гомдоочихдог хэрнээ хорвоогоос явсан хойно нь үгүйлэн дурсдаг шиг санагддаг” гэж гунигтайхан өгүүлсэн юм.

Тэрээр бас оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” наадамд “Атлантын далайн хөвөөнд ээжийгээ их саналаа” шүлгээ уншиж айргийн тавд орж байснаа дурдлаа. Хайрт ээждээ зориулж Арбулагийнхаа Ямаат уулын энгэр дэх өвөлжөөний ханан хаднаа уртаашаа есөн метр, өндрөөшөө арван метр эзлүүлэн “Ээж минь дээ” дууныхаа шүлгийг, аялгууны дүрстэй нь хамт сийлэн, ээжийнхээ хөргийг бүтээн шүншиглэснээ ярихдаа хоолойдоо бөн бөн гунигтай, хоёр нүдэндээ цэн цэн нулимстай уярч суувай. “Будантай юу буурал хорвоо”-д буянт ээжээ дээдэлсэн буурал найрагчийнхаас гарахын цагт одод тэнгэрт түгж, олон түмэн гэр гэрийн зүг яаран алхацгаах нь хүмүүний аж төрлийн нэгэн өдөр өнгөрөн одсоныг илтгэнэ.

Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж

Categories
мэдээ цаг-үе

“Эрдэнэс Тавантолгой”-г хоёр дахь “Хан ресурс” болгочихгүйн тулд гэрээгээ шинэчилсэн

-Ажлыг нь үргэлжлүүлэн хийлгээд гагцхүү цалингаа өөр компаниас авчих гэсний төлөө өөрийгөө шатаалаа-

“Эрдэнэс таван толгой” компанийн захирал асан Б.Батбилэгтэй ярилцлаа.

-Хэдхэн хоногийн өмнө та өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдлөө. Ямар шалтгааны улмаас ийм шийдвэр гаргах болсон бэ?

-Би “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд өнгөрсөн тавдугаар сард томилогдохдоо компанийн хэвийн үйл ажиллагааг хангаж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлж, алдагдлыг багасгах үүрэг хүлээсэн. Манай компанийн удирдах албан тушаалтнууд нүүрсээ хэрхэн зах зээлийн үнээр борлуулах, олборлолтын зардлаа яаж бага түвшинд нь барих зэрэгт анхаарч, үүнийг шийдвэрлэхийн төлөөх бодлого боловсруулж ажиллах ёстой. Бусад ажилчид ч мөн компанийн өмнө өөрсдийн хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатай. Үүн дээр зөвхөн мэргэшил, ур чадварын асуудал яригдахаас бус улс төр яригдах ёсгүй. Ингэснээрээ би ажилчдынхаа үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаагаагүй. Харин хязгаараас хальж, улстөржөөд эхэлбэл албан тушаалаасаа чөлөөлөгдөж, талбайд , гадаа гудамжинд улстөржиж болно гэдэг шаардлагыг тавьж ажилласан. Энэ байр сууриа гүйцэтгэх захирал болуутаа компанийнхаа ажилчдад хэлж ойлгуулсан. “Эрдэнэс Тавантолгой”-д 2009 оноос эдийн засагчаас авахуулаад гүйцэтгэх захирлаар нь ажиллаж, улс төрийн буруу оролцоо компанийн үйл ажиллагаанд асар их хохирол учруулдгийг мэддэгийн хувьд ингэж яриад байгаа юм л даа. Миний баримталж байсан зарчим ердөө энэ. Энэ зарчмыг компанийнхаа үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн төлөө ажилласан ч харамсалтай нь хэрэгжүүлж чадаагүй учраас өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Компанийн ҮЭ-ийн зарим гишүүд, удирдлагууд аливаа асуудлыг цэвэр эдийн засгийн өнцгөөс, ажилчдын эрх ашиг, компанийн ашигтай ажиллагаа талаас харалгүй шууд улстөржүүлчихнэ.

Манай 600 гаруй ажилчин дунд маш олон “улстөрчид” бий. С.Эрдэнэ даргын хувьд гэнэтийн, олныг цочроосон үйлдэл хийсэнд би харамсч байна. “Эрдэнэс Тавантолгой” компани жил бүр 100 сая гаруй ам.долларын хэмнэлт гаргах гээд байтал нөгөө талдаа хүний амь насны асуудал хөндөгдсөн. Би өмнө нь хэлсэн дээ. Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдохдоо компанийн хэвийн үйл ажиллагааг хангаж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлж, алдагдлыг багасгах үүрэг хүлээснээс бус ажилчдын амь насыг хариуцаагүй. Энэхүү хүлээсэн үүргийнхээ дагуу TTJVCO-той байгуулсан гэрээний дагуу ажилах гэтэл үүнийг ажилчдын цөөнх эсэргүүцэн, өөрийнхөө амь насанд хүрэх оролдлого хүртэл хийхээр гүйцэтгэх албан тушаалд ажиллаж буй хэн бүхэнд маш хүнд тусна. Ингээд л ухамсарт, эрх зүйт нийгэмд амьдарч байгаа хүний хувьд би албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн.

-“Эрдэнэс Тавантолгой” компани жил бүр 100 сая гаруй ам.долларын хэмнэлт гаргах гээд байтал нөгөө талдаа хүний амь насны асуудал хөндөгдсөн гэж та ярилаа. Үүнийгээ дэлгэрэнгүй тайлбарлаач?

-Үүнийг ярихын тулд анх ажлаа хүлээж авахад “Эрдэнэс Тавантолгой” компанийн эдийн засгийн нөхцөл байдал ямархуу байснаас гадна энэ сард ажлаа өгөх хооронд хэрхэн өөрчлөгдсөнийг ярих хэрэгтэй болов уу. Магадгүй намайг энэ компанийн удирдлагаар сонгогдсоныхоо дараа “бантан хутгаж” хаячихаад өөрөө хариуцлагаас мултрахын тулд албан тушаалаа өглөө гэх өнцгөөс харах хүн цөөнгүй байж магад. Өнгөрсөн тавдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдох үед нүүрсний үнийн уналт аль хэдийнэ эхэлчихсэн, нэг тонн нүүрсийг 32.6 ам.доллараар зарах гээд чаддаггүй байлаа. Борлуулалт өдөр ирэх тусам багассаар байсан. Тиймээс энэ ажилд томилогдоод дээрх үүссэн нөхцөл байдлын шалтгааныг тодорхойлж, үүнд нь тохирсон арга хэмжээг авах зарчмаар ажилласан. Тодруулбал борлуулалтын үнэ тогтох механизм тодорхойгүй байсныг зах зээлтэй нь уялдуулж, компанийнхаа ТУЗ болон экспортын үнэ тогтоох комиссын саналыг үндэслэн журам боловсруулсан. Журам хэрэгжүүлснээр борлуулалт өссөн. Өмнө нь манайхыг нэг тонн нүүрсийг 32.6 ам.доллараар зар гээд ТУЗ-өөс үнийг нь тогтоодог байсан. Гэтэл тухайн үед нүүрсний үнэ 20 гаруйхан ам.доллар болтлоо буурчихсан байсан учраас ийм өндөр үнээр “Эрдэнэс Тавантолгой” компаниас нүүрс худалдаж авах газар олдохгүй байсан. Одоо бол үнийг ТУЗ-өөс тогтоох бус зах зээлийн горимоор шийдэгдэх болсон.

Хоёрдугаарт “Эрдэнэс Тавантолгой” компанийн орлого зарлага цаг хугацааны хувьд асар зөрүүтэй байсан. Зүй нь олборлолт явагдаж байхад, өмнөх борлуулсан нүүрсний мөнгө нь орж ирэх ёстой. Компанийнхаа үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд мэдээж байнгын санхүүжилт хэрэгтэй. Өнгөрсөн тавдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” компанийн хашаанд хоёр, гурван сая тонн нүүрс овоолоостой байсан гэдэг нь тухайн үеийн ханшаар 60 орчим сая ам.доллар. Энэ хэмжээний нүүрсийг олборлох зардлыг аль хэдийн гаргачихсан гэсэн үг шүү дээ. Гэтэл нүүрс борлогдохгүй болохоор компанийн санхүүжилт зогссоноор хэвийнэ үйл ажиллагаа алдагддаг нь угаас компанийн зарчим. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдоод борлуулалт дээрээ анхаарч, олборлолтоо багасгасан. Үүний дүнд хоёр сая гаруй тонн нүүрсний тэн хагасаас илүүг нь борлуулж, чанар муутай сая хүрэхгүй тонн нь үлдсэн. Мэдээж үүний хажуугаар давхар олборлолт явагдаж байгаа. Гэхдээ ажилчдадаа цалинг нь өгөөд, машин тоног төхөөрөмжиндөө түлш шатахууныг нь хийх зэргээр зарлага гаргаад чанар муутай гэгдэх сая тонн нүүрсийг чанар муу гээд хаях учиргүй. Зах зээлийн зарчмаар үнийг нь хямдруулж борлуулахыг хичээсэн ч хагас жилийн дотор амжуулж чадсангүй.

-Тэгэхээр дээрх үүссэн нөхцөл байдлаас үүдэн TTJVCO-той байгуулсан гэрээгээ өөрчилсөн …

-Ердөө л тэр шүү дээ. “Эрдэнэт таван толгой” компани өнөөгийн санхүүгийн хүндрэлтэй үед ашигтай ажиллана гэдэг маш хэцүү. Одоо дан ганц уул уурхайн компани гэхээсээ илүү бүх аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллах зорилт тавих бус жигд үйл ажиллагаагаа хэрхэн хангах тал дээр анхаарлаа хандуулах үе. “Эрдэнэс Тавантолгой” бүү хэл хэд дахин том уул уурхайн акул компаниуд хүртэл дампуурч байна. Тухайлбал Австралид олборлолт явуулж байсан 800 сая ам.доллараар үнэлэгддэг Японы “Сумитомо” гэдэг компани 2012 онд нэгхэн ам.доллараар зарагдсан. Энэ нь ердөө дампуурсан гэсэн үг. Манай компанийн хувьд дэд бүтэц хөгжөөгүй учраас тээврийн зардалд их мөнгө зарцуулна, худалдан авалт эрс багассан, баахан өр зээлтэйгээс гадна тэдгээрийн хүүнд байнга мөнгө төлнө. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд ашигтай ажиллах хүртлээ хэрхэн компанийн алдагдлыг багасган, шинээр өр тавилгүй, үйл ажиллагааг нь доголдуулалгүй авч явах тал дээр анхаарч ажиллахын тулд манай компанийн ТУЗ, Австралийн “Макмахон” компанитай зүүн Цанхийн уурхайд гэрээт олборлогчоор шалгарсан. Хэдхэн сарын дараа “Макмахон” компани өөрийн эзэмшлийн эрхийг 100 хувь “TTJVCO”-д шилжүүлснээр тус компани “Эрдэнэс Тавантолгой”-той хамтран ажиллах болсон.

Тухайн үед “TTJVCO”-той гэрээ байгуулах үед нүүрсээ хил давуулаад 100 сая гаруй ам.доллараар борлуулдаг байсан бол өдгөө хоёр гурав дахин уначихсан учраас өмнөх гэрээг өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн. Ингэхийг Эдийн засгийн байнгын хорооноос ч шаардсан. TTJVCO-той хэлэлцээр хийж, олборлолтын өртгийг баруун Цанхид олборлолт явуулж буй бусад операторуудын түвшинд хүргэсэн.

Өөрөөр хэлбэл 40 гаруй ам.долларын өртгөө 20 орчим ам.доллар болгох нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ нь жилдээ таван сая ам.долларын нүүрс олборлодог “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд 100 сая ам.долларын хэмнэлт хийнэ гэсэн үг. Ингэж “Эрдэнэс Тавантолгой” компани олборлолтын өртгөө хоёр дахин багасгасантай холбоотойгоор тэдгээр ажилчдыг зүгээр л ажлаас нь халаад явуулчихаж болох байсан ч бид тэгж зүрхлэлгүй TTJVCO-д ажиллуулахаар болсон. Ажиллах нөхцөл, цалин нь өөрчлөгдөхгүйгээр. Олборлолтын өртгийг нь хоёр дахин бууруулчихаад бас болоогүй 200 гаруй ажилчнаа TTJVCO-д ажиллуулна гэдэг бараг боломжгүй. Ямар ч компанийн үйл ажиллагааны өртгийг бууруулчихаад, нэмж ажилчид ав гэвэл хэн ч дургүйцнэ биз дээ. Уг нь бол “TTJVCO” компани өөрийн ажилчид дээрээ хүн авах байсан бол заавал “Эрдэнэс Тавантолгой” биш өөр хүн авч болох байсан. Энэ эрх нь тэдэнд нээлттэй.

-Тэдгээр ажилчдыг ажлаас нь халчихаж болох байсан гэж та хэллээ. Тэгэхээр 600 гаруй ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй болсон гэсэн үг үү?

-Чалкод 145 орчим сая ам.долларын өртэй байснаас өнгөрсөн хагас жилийн хугацаанд 30 орчмыг нь төлчихөөд байсан. “Хаан” банкинд 14 сая ам.долларын өртэй байснаас талыг нь л барагдуулсан. Бас Хөгжлийн банкинд ч өртэй. Нүүрсний үнэ өдөр ирэх тусам хямдарч байгаа өнөө үед энэ их өр зээлийг хүүгийн хамт төлнө гэдэг бэрхшээлтэй.

“Оюутолгой” компани 300 хүнийг саяхан ажлаас нь халсан. Ямар ч асуудал үүсээгүй. Хувийн аль нэг компани ажилчдаа халбал хэн ч юу ч хэлэхгүй. Гэтэл “Эрдэнэс таван толгой” компани шаардлагатай бол ажилчдаа тэдний жишгээр халж болно биз дээ. Гэтэл мэргэжлийнх нь дагуу, хийж байсан ажлыг нь үргэлжлүүлэн хийлгээд гагцхүү цалингаа өөр компаниас авчих л гэсний төлөө өөрийгөө шатаалаа. Гэрээтэй танилцсан өмгөөлөгч нар “Та нар холуур өнгөрөх гайг өөрсөд дээрээ дуудчихсан байна шүү дээ. Ажлаас нь халаад л явуулахын оронд өөр компанид ажиллуулахаар болж, ажилчдынхаа эрх ашгийг бодсон юм байна шүү дээ, уг нь” гэж хүртэл хэлсэн. Маш энгийн байгаа биз.

-Эрдэнэ өөрийгөө шаатаасны дараа гэрээн дээр нэмэлт өөрчлөлт оруулж, 12 сарыг 33 болгож, бас өөрийн буруугүйгээс ажлаасаа халагдвал “Эрдэнэс Тавантолгой”-д эргүүлэн ажилд авна зэрэг зүйлсийг нэмж тусгасан. Эдгээр нэмэлт заалтыг эртхэн хийчихэж болоогүй юм уу. Заавал хэн нэгэн нь эрүүл мэндээрээ хохирсны дараа хийдэг нь яаж байгаа юм гэж шүүмжлэх хүмүүс байна л даа.

-“Эрдэнэс Тавантолгой” жилдээ 100 сая ам.доллар хэмнэж, 200 гаруй ажилчны ажиллах нөхцөлийг сайжруулах гэрээг хийхгүй байж болох байсан. Энэ тохиолдолд тонн нүүрсийг 40 гаруй ам.доллараар олборлож, 30 хүрэхгүй ам.доллараар зарна. Тонн тутамд 20-иод ам.долларын алдагдал хүлээнэ. Энэ жишгээр “Эрдэнэс Тавантолгой” удаан ажиллаж чадахгүй. Энэ тохиолдолд 200 биш компанийн бүх 600 гаруй ажилчин ажилгүй болно. Эсвэл бүр TTJVCO-той байгуулсан гэрээгээ цуцалж ч болно. Энэ тохиолдолд TTJVCO компани олон улсын арбитрын шүүхэд хандан, гэрээ цуцалсны төлбөрөөс авахуулаад эдийн засгийн үүднээс алдагдсан боломжоо хүртэл биднээс нэхэмжилнэ. Алдагдсан боломжоо хэдэн сая ам.доллараар үнэлэхийг бид мэдэхгүй. Ингэх юм бол Зүүн Цанхийн орд дээр олборлолт явагдахааргүй болж, “Чалко” биднээс давхар мөнгөө нэхнэ. “TTJV­CO” олборлосон нүүрсээ “Чалко”-д зардаг юм чинь. Бид “Чаько”-гоос 350 сая ам.доллар аваад, оронд нь нүүрс нийлүүлэх гэрээ хийсэн. 200 гаруй сая ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрсийг нь нийлүүлээд, 100 гаруй сая ам.долларын өртэй яваа. Ингээд гэрээгээ цуцалбал гадаадын хоёр ч компани биднийг олон улсын арбитрын шүүхэд өгөх болчихоод байгаа биз. Тэдний нэхэмжилсэн хэдэн зуун сая ам.долларыг төлөх мөнгө “Эрдэнэс Тавантолгой”-д ч Засгийн газарт ч байхгүй. Тэгвэл гэрээ хийснээр энэ эрсдэлийг бүрэн хааж, дээрээс нь ажилчдаа тогтмол ажлын байртай нь үлдээсэн.

Тэгээд ч Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанийг хоёрдахь “Хан ресурс” болгочихов гэж хүртэл анхааруулж байсан.Ингэчихгүйн тулд л TTJVCO-той гэрээ байгуулсан. “Эрдэнэс Тавантолгой” бол “Хан ресурс”-ээс хэд дахин том шүү дээ.

-Таны хувьд манай дэлхийн нүүрсний зах зээлийн гол нийлүүлэгч болохын тулд яах ёстой вэ?

-Өнөөдөр бидний худалдан авагч ганцхан Хятад улс. Хятад руу нүүрсээ экспортлохын тулд Гашуун Сухайтын боомт хүртэл 240 гаруй км-т ачааны автомашинаар нүүрсээ тээвэрлэдэг. Тээврийн зардал тонн тутамд 17-20 ам.доллар.Хэрэв төмөр замаар тээвэрлэвэл долоогоос найман ам.долларын өртөгтэй. Гашуун сухайтаар жил бүр гарч буй зургаан сая тонн нүүрсийг ийм хямд өртгөөр зөөвөл 60 орчим сая ам.доллар хэмнэнэ. Өнөөдөр бол Хятадын баруун хойд хэсгийн Өмнөд Монголын хэдхэн гангийн үйлдвэрт л зарж байна. Гэтэл арван гангийн үйлдвэр тутмын ес нь далайн эргээр байдаг. Энэ хэмнэсэн мөнгөөрөө бид Хятадын далайн эрэг дагуух гангийн үйлдвэр рүү нүүрсээ хүргэх боломжтой буюу Өмнөд Монголоос цааш тал тал тийш 300 гаруй км тээвэрлэх боломжтой. Хэрэв ингэвэл Өмнөд Монголын ойр орчим дахь 300 км-ийн радиуст нүүрсээ зарна гэсэн үг. Энэ нь 70-100 сая тонн нүүрсний эрэлттэй том зах зээл шүү дээ. Хамгийн багадаа энэ их эрэлтийн 10 гаруй сая тонныг нийлүүлэх боломжтой.

Гангийн үйлдвэрлэлтэй Зүүн өмнөд Азийн улсууд болон Япон, Солонгос, Тайвань зэрэг улс манайхаас нүүрс авах сонирхолтой байдаг. Өнөөдрийн байдлаар эдгээр улс Хятад болон Австралиас нүүрсээ авч байгаа. Харамсалтай нь Монголоос авч чадахгүй байна. Яагаад вэ гэхээр манайхаас авах гэхээр зардал нь их болох гээд байдаг. Манайх нэг тонн нүүрсээ уурхайгаас ачаад Хятад руу гаргаад угаагаад тээвэрлээд Солонгос, Япон руу нүүрс хүлээн авдаг боомтод хүргэж өгөхөд л ойролцоогоор 150-160 орчим ам.доллар болж байгаа юм. Энэ нь татвар орсон дүн. Гэтэл нөгөө талд нь Австралиас дээрх улсууд руу нүүрсээ зөөхөд 100 хүрэхгүй ам.доллараар нүүрсээ зөөх жишээтэй. Тиймээс өнөөдрийн зах зээлд манай нүүрс Хятадаас өөр улсууд руу гарах боломж байхгүй болчихоод байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Т.БАТСАЙХАН: Сонгодог тоглолт хийхийг олон хүн надад санал болгосон

“Ханьсахын жаргал”, “Бодолд өнжсөн хайр”, “Зүрхэнд буйлсан говь” хэмээх олны сэтгэлд хоногшсон сайхан дуунуудтай дуучин Т.Батсайхан “Миний… сонгодог” тоглолтоо хийх нь. Тэрбээр тенор буюу нарийн цээл хоолойтой мэргэжлийн дуучин юм. Энэ удаагийн тоглолтоороо тенор хоолойн чадлыг харуулсан олон дуугаа сонсогч, үзэгчдэдээ толилуулах ажээ.

-Дуучин Т.Батсайхан “Миний… сонгодог” тоглолтоо хийнэ гэхээр сонирхолтой санагдлаа. Сонсох дуртай дуучнаа өөр өнцгөөс харах боломж үзэгчдэд олдох нь байна?

-Нийтийн дуу дуулдаг хүн сонгодог дуулна гэхээр зарим хүнд сонин санагдах байх л даа. Энэ яах гээд байгаа юм бол гэж зарим хүн бодож магадгүй. Үнэндээ би СУИС-ийг 2004 онд дуурийн дуулаачийн мэргэжлээр Монгол Улсын гавьяат жүжигчин, профессор О.Ичинхорлоо багшаараа дуулах урлагийг заалгаж төгссөн. Би СУИС-д ороод дуурь гэж ямар агуу юм байдгийг мэдэрсэн. Энэ урлагаар явъя гэж их боддог байлаа. Тухайн үед амьдралын шаардлагаар нийтийн дууны урсгал руу орчихсон юм. Манай үеийнхэн, багш нар ерөнхийдөө намайг оюутан байхдаа яаж дуулдаг байсныг гадарлана.

-Оюутан байхдаа та “Хөхөө Намжил” дуурьт дуулж байсан гэл үү?

-Тийм ээ. Хилийн цэргийн ойгоор манай тайзны уран чадварын багш, Монгол Улсын ардын жүжигчин А.Дашпэлжээ багш маань “Хөхөө Намжил” дуурийг найруулаад Хөхөөгийн дүрд тенор хоолойтой дуучин олох шаардлага гарч надад санал тавьсан юм. Гуравдугаар курст байхдаа энэ дүрд тоглосон доо. Миний анхны бүтээсэн дүр Хөхөө Намжил.

-СУИС-д орохдоо яагаад дуурийн дуулаачийн ангийг сонгосон бэ?

-Тэр үед дуулаачийн анги дотроо гурван төрлийн анги байсан. Эстрад дууны анги, уртын дууны анги, мэргэжлийн опера дууны анги гэж байлаа. Би эстрад дуу, уртын дуу дуулж чадахгүй. Надад дуурийн дуулаачийн анги нь арай дөхөм байсан. Одоо бол ардын дууны анги гэж нээгдсэн. Тухайн үед ардын дууны анги гэж байсан бол тэрэн рүү нь давхиад орчих байсан биз.

-СУИС-д орохоосоо өмнө Өмнөговийн театрт дуулж байсан гэсэн үү?

-1997 онд Өмнөговь аймгийн хөгжимт жүжгийн театрт дагалдан дуучнаар юу ч мэдэхгүй хүүхэд орж байлаа.

-Аравдугаар анги төгсөхдөө та дуучин болно гэж бодож байсан уу?

-Надад тийм бодол байгаагүй. Тухайн үедээ сургууль ч олдоогүй, конкурст ч ороогүй. Төгсөөд жил гаруй хугацаанд сайхан налайгаад явж байлаа. Булган сумандаа нэг жил ногоо тарилаа. Дараа жил нь сумынхаа Залуучуудын холбооны дарга хийлээ. Тэгээд л аймгийн театрт дагалдан дуучнаар орсон. Чи дуучин болбол зүгээр юм байна гэдгийг анх О.Ичинхорлоо багшийн шавь, Өмнөговь аймгийн театрын дарга хийдэг байсан Хишигбаяр ах маань ойлгуулж санал тавьсан юм. Хамт хөдөө явж байхдаа машин дотор дуулахыг маань сонсоод “Аймгийн театрт дуучнаар орох уу” гэсэн л дээ. Орчихвол зүгээр юм болов уу гэж бодоод очиж шалгуулсан. Шалгуулаад тэнцээд жил гаруй ажилласан.

-Тэнд ямар дуу дуулж байв?

-Миний дуу гэж ямар юм байхав. Голцуу Г.Эрдэнэбат гавьяатын дууг л дуулдаг байв. Энэ хүмүүс шиг гоё дуучин болох юмсан гэж бодно.

-Аравдугаар ангид байхдаа багш чинь дуул гэхээр анх тайзан дээр гарч байсан гэж та ярьсан байна лээ. Багш чинь таны дуулах авъяасыг олж харжээ?

-Яахав, аав, ээж дуулдаг болохоор энэ дуулж л таараа гээд намайг хүчээр тайзан дээр гаргачихсан байхгүй юу. Тухайн үедээ “Хонхны дуу” дуулсан. “Арван жилийн хичээлийн хонх” гээд. Нэлээд бүрэг хүүхэд байсан. Тайзан дээр гарч дуулах, хүний өмнө гарахаас их ичдэг байлаа. Аав, ээж маань сайхан дуулдаг хүмүүс байсан.

-Нийтийн дуу руу орох саналыг дуучин Г.Эрдэнэтунгалаг өөрт чинь тавьсан гэдэг?

-Сургуулийн коридорт явж байхад Г.Эрдэнэтунгалаг “Баагий ах аа, хоёулаа ээжийн өрөөнд орж нэг дуу сонсоодохъё” гэсэн. Тэр дууг дуулаад л явчихсан шүү дээ.

-“Ханьсахын жаргал”, “Бодолд өнжсөн хайр” гэх мэт сайхан дуунуудаа хамт дуулахыг чинь харахыг хүссэн хүмүүс их л байгаа байх?

-Тиймэрхүү санал ирдэг юм аа.

-“Зүрхэнд буйлдаг говь” гээд таны сайхан дуу байдаг?

-Бүх дуулсан дуунуудаа эргээд харсан чинь говийн тухай арав гаруй дуу болчихсон байна лээ.Түүгээрээ “Их говийн дуун” гээд цомог гаргасан. Говь нутгийн хүн говийн тухай дуугаар цомог гаргасан хүн өөр байхгүй юм билээ.

-Дуучин Т.Батсайхан хаана, юу хийж байгаа бол гэж таны дуунд дуртай хүмүүс сонирхох болов уу?

-Би хэсэг хугацаанд нэг их айхавтар уран бүтээл хийсэнгүй дээ. Ер нь бол дуулаад л яваад байгаа ш дээ.

-Та ямар нэг байгууллагад харьяалагдаж байна уу?

-Байхгүй. Чөлөөт уран бүтээлч.

-Таныг чимээгүй болохоор бизнест хүч үзэж байгаа юм болов уу гэж бодлоо?

-Хааяа Эрээн л явдаг ш дээ. Тоглосон юм аа.

-“Миний …сонгодог”-т ямар уран бүтээл дуулагдах вэ?

-ДБЭТ-т арванхоёрдугаар сарын 3-нд “Миний …сонгодог” тоглолт маань болно. Би өөрөө арав гаруй дуу дуулна. Үүн дээр ардын жүжигчин А.Долгортой хамтарч дуулна. Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянгатай хамт дуулна. Миний дуулж байгаа бүтээлүүд дотор хоёр л монгол дуу байгаа. Бусад нь дандаа итали, орос дуу. Н.Жанцанноров гуайн “Хүний заяа”, “Жаргалын зам” дуурийн Чулуунбатын ариг дуулна.

-Дандаа ари, романс дуулагдана гэхээр өөрийг чинь нийтийн дуучин гэж сонсч дадсан үзэгчдийн хувьд нэлээд сонин санагдах байх?

-Би сонгодог тоглолт хийх юмсан гэж бодож явдаг байлаа. Түүнчлэн ийм тоглолт хийгээч гэж олон хүн санал тавьдаг байсан. Энд тэнд баяр ёслол дээр дуулахаар “Чи сонгодог чиглэлээрээ яагаад дуулдаггүй юм бэ” гэж хэлдэг хүмүүс зөндөө байдаг.

-Сонгодог тоглолт хийгээд дуурийн дуулаачийн мэргэжлээрээ явах бодол байдаг уу?

-Нэг их айхавтар бодол байхгүй. Уг нь энэ чиглэлээр уралдаан тэмцээнд оролцох юмсан гэж боддог л байсан. Оюутан байхад МУГЖ Банди багшийн нэрэмжит уралдаан манай сургууль дээр боллоо. Хоёрдугаар хэсэгт шалгарч ороод дуулж байхдаа орос романсынхаа үгийг мартчихсан. Зогсчихоогүй юм аа, янз янзын үг хольж хэлээд дуусгасан. Мэргэжлийн багш нар “Сайхан авдаг гар байна даа” гэж бодсон байх. Тэгээд хасагдаж байлаа. Түүнээс хойш уралдаан тэмцээнд ороогүй. Нийтийн дуугаар янз бүрийн уралдаан тэмцээнд орж л байсан.

-Бүтээхийг хүсдэг дүр байдаг уу?

-Байгаа байгаа. Пуччинийн “Богема” дуурийн эрэгтэй гол дүр болох Рудольфын хэсгээс тоглолтын үеэрээ дуулах юм. Энэ дуурийн дүрийг бүтээчих юмсан гэж боддог.

-Та их тайван амгалан хүн шиг байна. Эхнэр тань гялалзуур хүн үү?

-Би тайван алгуур хүн. Болно доо, болгочихно доо гээд явж байдаг хүн. Өнөөдөр хийгээд болчих юмыг маргааш болчихно доо гээд хойшлуулдаг алдаа бий.

-Говьд их халуун болохоор хүмүүс нь ч үсчиж цовхчоод байдаггүй тайван налгар байдаг юм биш үү. Аав ээжийнхээ тухай яриач?

-Говийнхон тайван хүмүүс байдаг. Манай аав сум нэгдлийн дарга насаараа хийсэн. Ээж ахуйн үйлчилгээнд ажилладаг байв. Аавыг хөдөө явахаар нь цуг явахыг боддог. Хааяа намайг аваад явчихна. Ажил төрлөө амжуулчихаад хөдөөнийхөн орой хоол унд, айраг цагаа болно. Тэр үед аавынхаа дуулахыг сонсоход гоё байдаг сан. Уртын дуу сайхан дуулдаг хүн байлаа. Жаахан халчихаад нүүрэнд нь улаан туяа суучихаад дуулахдаа янзын дуулна.

-Та уртын дуу дуулдаг уу?

-Дуулдаггүй. Дуулбал болох л байх. Нэг уртын дуу сурчихъя гэж боддог юм.

-Дуулахаас өөр хобби байдаг уу?

-Ан ав хийдэггүй, морь мал сонирхдоггүй. Спорт жаахан сонирхдог.

-Уран бүтээлээс бусад ихэнх цагаа юунд зарцуулдаг вэ?

-Гэртээ, гадуур дотуур, наана цаана ажил байна.

-Хоёр охинтой гэсэн. Охиддоо зориулсан дуу байдаг уу?

-Бий. 2003 онд том охин маань мэндэлж, аав болж байлаа. Юун төлөө дуучин хүн билээ. Охиндоо зориулж нэг дуу хийлгэхээр яруу найрагч Ц.Бавуудорж дээр очиж шүлэг захиалсан. Ер нь Ц.Бавуудоржийн шүлэгт дуртай. Ц.Бавуудоржийн “Тэнгэрийн бүсгүй”, “Үр минь” гээд шүлгүүдээр дуу хийгээд дуулсан. Сүүлд “Гурван тэс” суманд зориулсан шүлэг хийлгэхдээ “Засварлах хэрэгтэй байна” гэсэн юм. Засварлаад маш гоё дуу болсон. Хөгжмийн зохиолч Хатанбаатараар ая хийлгээд маш сайхан дуу төрсөн. Дараа нь олуулаа ээжийн тухай дуулъя гээд шүлгийг нь Ц.Бавуудоржоор хийлгэсэн. Ц.Бавуудорж эхлээд нэг шүлэг хийгээд ирэхээр нь жаахан голчихсон юм.

-Ц.Бавуудоржийн шүлгийг голдог өндөр шаардлагатай хүн байх нь ээ?

-Голох ч юу байхав дээ. Жаахан засвал зүгээр байна аа гэсэн. Ц.Бавуудорж “Батсайхаан, Ш.Сүрэнжав, Б.Лхагвасүрэн гуай миний шүлгийг голдоггүй шүү” гэж дуугарч байна лээ. Би голоогүй ээ, жаахан жаахан засвар хийлгэх гэсэн юм аа гэсэн. Ц.Бавуудоржтой хамтарч ажиллахад сайхан байдаг. Маш гоё шүлэг гардаг.

-Хэр сайн аав бэ. Дуучин хүн болохоор ээжээс илүү бүүвэйн дуу дуулж өгдөг үү?

-Яахав хүүхэд жаахан байхад унтуулах гээд аялдаг л байсан байх.

-Багшийнхаа тухай яриач?

-Манай багш О.Ичинхорлоо гэж Завхан аймгийн Сонгино сумын харьяат. Олноо “Цагаан Ихо” гэж алдаршсан хүн дээ. Дуурийн дуучин байгаад багшилсан хүн. Олон шавьтай. Гавьяат жүжигчин Алтанцэцэг, “Элькондр”-ын Жаргалсайхан, Ариунбаатар гавьяат, Гантулга, Чулуунбаатар гээд олон шавьтай л даа. Манай багш Болгарт төгссөн. Шавь нарынхаа төлөө зүтгэдэг. Сурсан мэдсэнээ шавь нартаа заахдаа сэтгэл зүрхээ зориулдаг хүн. Анх багшийнхаа нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан зарлая гэж шавь нар нь нийлж байгаад “Багш шавь” холбоо гэж байгуулсан. Хоёр дахь удаагаа уралдаан зохион байгуулсан. Дөрвөн жилд нэг удаа болдог. Энэ уралдаанаас түрүүлсэн дуучид нь бас л мундаг дуулаад явж байгаа. Манай багшийн нэрэмжит уралдаан олон сайн дуучны замыг зассан гэж бид боддог. Манайд болдог ямар ч уралдаанд ар, өврийн хаалга их байдаг. Бид багшийнхаа уралдааныг шударга шүүдэг. Уралдаанд түрүүлсэн дуучид мундаг амжилттай яваа.

-Эхнэр чинь тантай гэрлэхээсээ өмнө таны шүтэн бишрэгч байсан уу?

-Намайг нэг их айхавтар дуулж хуурддаггүй байхад айл болсон. Оюутан байхдаа ханьтайгаа танилцаж байлаа.

-Гэргийдээ зориулсан дуу байдаг уу?

-Ер нь миний дуулсан дуунууд бүгд эзэнтэй байдаг. Аав ээжийн дуу, үр хүүхэд, нутаг ус бүгд л эзэнтэй.

-Ханийн дууг ханьдаа зориулаад дуулчихсан юм байна шүү дээ?

-Бүх л ханиуддаа зориулаад дуулсан. (инээв).

Дашрамд дурдахад миний тоглолтыг зохион байгуулж байгаа “Apple” продакшн, дэмжиж ажиллаж байгаа Өмнөговь аймгийн нутгийн зөвлөл, Улсын филормонийн оркестр, удирдаач урлагийн гавьяат зүтгэлтэн Туулайхүү гээд хамтран ажиллаж байгаа хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.