Categories
мэдээ цаг-үе

Ирээдүйг хардаг Элон Маск

“Space X” компанийг үүсгэн байгуулагч Элон Маск АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картертай уржигдар Пентагонд уулзсан тухай Америкийн хэвлэлүүдэд бичсэн. Хаалттай уулзалтын үеэр юун тухай ярьсан нь нууц. Пентагоны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр Батлан хамгаалахын сайд сүүлийн үед дэвшилтэт технологийн салбарт үйл ажилагаа явуулдаг компаниудын удирдлагатай уулзаж ямар шинэ технологи нэвтрүүлэх гэж байгаа талаар сонирхож байгаа гэв. Харин сэтгүүлчдийн ярьснаар Элон Маскийн тэргүүлдэг “Space X” компани нь Америкийн Засгийн газартай хамтран ажиллах шинэ гэрээ байгуулах гэнэ. Тодруулбал, шинэ хиймэл дагуул хөөргөхөөр тус компанитай хамтран ажиллах юм байна.

Шинэ технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын төлөөлөгчдийн нэг бол яах аргагүй Элон Маск юм. Түүнийг XXI зууны хөрөнгө оруулагч, тэрбумтан, шинэ технологийн зохион бүтээгч гэдэг. Өөрөөр хэлбэл, Билл Гейтс, Стив Жобс нарын халааг авах хүн.

Тэрээр төлбөрөө интернэтээр хийх, нарыг эрчим хүч гаргаж авахад ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “SolarCity” зэрэг компаниудыг байгуулсан. Ирээдүйд Ангараг гаригийг бүрэн эзэмшиж, нарны эрчим хүчийг хэрэглэж, байгаль орчинд ээлтэй машиныг улам боловсронгуй болгож, дэвшилтэт технологид суурилан бүтээсэн шинэ тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг нь түүний зорилго.

Элон Маск 1971 онд ӨАБНУ-ын Претор хотод төрсөн. Ээж нь загвар өмсөгч, аав нь бизнес эрхэлдэг инженер мэргэжилтэн хүн байжээ. Гэвч Элоныг багад нь эцэг, эх хоёр нь салж, бяцхан хүү аавтайгаа үлдсэн байна. Эцэг нь түүнийг боловсролтой хүн болгохын тулд чадах бүхнээ хийсэн гэдэг. Элон үеийнхээ хүүхдүүдээс огт өөр, спорт зэргийг сонирхдоггүй байжээ. Сургуульд байхдаа үеийнхээ хүүхдүүдэд дээрэлхүүлж, нэг бус зодуулж байж. Хэд хэдэн удаа сургуулиа сольсон боловч найзтай болоогүй бөгөөд номноос салдаггүй байсан гэдэг. Арван настайдаа анхныхаа компьютерийг бэлгэнд авснаар ирээдүйд бизнес хийх гараагаа эхэлсэн гэж болно. “Commodore VIC-20” компьютер дээр 12 настайдаа анхныхаа программыг зохиож 500 ам.доллараар худалджээ. “Blast Star” нэртэй харь гаргийнхныг лазерын буугаар бууддаг тоглоом зохиосон байна. Үүнээс хойш эмийн үйлдвэрлэл эрхэлдэг компанийн хувьцааг худалдан авч ханш нь ямар байгааг сониноос байнга хянаж байсан гэдэг. Хувьцаагаа нэлээд ашигтай зарж хэдэн мянган ам.доллартай болжээ. Ингээд Канад явахаар шийдсэн гэдэг. Эцэг, эх нь эрс эсэргүүцэж байсан боловч Элон бүгдийг өөрийнхөөрөө хийсэн. Ингээд их сургуульд элсэн орох хүртлээ Канадын Кингстон хотод хамаатныдаа амьдарч тэндээ оюутан болжээ. Стэнфордын их сургуульд шилжин суралцсан боловч төгсөөгүй, бизнес эрхэлсэн. 1996 онд ахтайгаа хамтран “Zip2” хэмээх программын чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг компани байгуулж гурван жилийн дараа “Zip2”-ийг “Compaq” компани 308 сая ам.доллараар худалдан авахад түүнээс долоон хувь буюу 22 сая ам.доллар Элонд оногдсон байна.

Нэлээд ашиг олсон тул “X.com” нэртэй шинэ компани байгуулж тэр нь удалгүй “Confinity”-тай нэгджээ. Түүний нэг салбар болох PayPal нь интернэтээр мөнгөн гуйвуулга хийх ажиллагааг хариуцдаг байв. Гэвч компанийн дотоод зөрчлийн улмаас Захирлын зөвлөлийн хурлаар Элон Маскийг ажлаас нь халжээ. Энэ хооронд тус компанийн үйл ажиллагаа улам хүчээ авч нэрээ өөрчилж “PayPal” болж хувьцаа нь хөрөнгийн бирж дээр борлогдох болсон. Тус компанийг “eBay” 1,7 тэрбум ам.доллараар худалдан авчээ. Энэ үед Элон Макс “PayPal” компанийн хувьцааны 11,7 хувийг эзэмшиж байсан. Өөрөөр хэлбэл 165 сая ам.доллар оногджээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө тэрээр гурав дахь компани болох “Space Х”-ийг байгуулж сансрын тойрог замд гардаг пуужин бүтээх ажлаа эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл сансрын системийн арилжааны оператор болсон гэсэн үг. 2008 оны арванхоёрдугаар сард Америкийн сансар судлалын агентлаг (NASA) нь “Space X” компанитай 1,6 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан юм. Уг гэрээнд зааснаар есөн ширхэг “Falcon 9”-ийг хөөргөхөөр болжээ. Элоны ярьснаар энэ төслийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны зөгнөлт роман, Айзек Азимовын хүн төрөлхтнийг аврахын тулд сансрыг хэрхэн эзэмших талаарх үзэл бодол зэрэг нь нөлөөлсөн гэдэг.

Элон Маск сансарт нисэх зардлыг арав дахин багасгах зорилт тавьсан. Энэ нь “Space X” компанийг байгуулах болсон шалтгаан болсон бөгөөд 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ оны өнгөрсөн нэгдүгээр сард Хонгконгт болсон хөрөнгө оруулалтын чуулган дээр Элон Маск есөн жилийн дараа буюу 2020-2025 онд компани нь Ангараг гариг руу нислэг үйлдэнэ хэмээн мэдэгдсэн.

Өнгөрсөн жил Элон хиймэл оюун ухааныг бүтээх ажилд 10 сая ам.доллар хандивлажээ. Тиймээс ч XXI зууны хөрөнгө оруулагч гэгдэх болсон. Элон Маск нарнаас эрчим хүч гаргаж авах, харь гаригийг эзэмших, байгаль орчинд ээлтэй машин бүтээх гээд дэвшилтэт технологи, өөрөөр хэлбэл дэлхийн ирээдүйтэй холбоотой шинэ технологийг бүтээдэг.

Тэрээр 2013 онд “Hyper­loop” хэмээх тээврийн шинэ хэрэгслээ танилцуулсан. Шилээр гадаад ертөнцөөс тусгаарлагдсан унаа нь дээгүүр тусгайлан барьсан замаар 1200 км/цаг хурдтай давхих аж. Түүнийг бүтээхдээ сансарт хөөрөхөд хэрэглэдэг шинэ технологийг ашиглажээ. Энэ унаа хурднаас гадна хамгийн бага зардалтай. Шинэ тээврийн хэрэгслийг Калифорнид барихад ердөө дөрвөн жил шаардлагатай гэнэ. Үүнд зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй юм. Зарим хүмүүс энэ төслийг хэрэгжинэ гэдгийг төсөөлж чадахгүй байна гэж байж.

Элон Маск энэ тухайгаа анх 2012 онд сэтгүүлчдэд ярьсан юм. Калифорни мужийн захирагч, Ерөнхийлөгч Б.Обама нартай энэ тухай ярина гэдгээ ч хэлж байжээ. Ингэхдээ Сан-Франциско-Лос-Анжелес хоёрыг холбосон зам тавихыг санал болгосон байдаг.

Цахилгаанаар ажилладаг унаа бол түүний анхаарлын төвд байдаг. Анх “Tesla Roadster” цахилгаан машин бүтээхэд хүмүүс түүнийг нь нааштайгаар хүлээн авсан. Компаниуд ч цахилгаан машин захиалаад эхэлсэн. Ихэд урамшин цахилгаан машиныг олноор үйлдвэрлэх гэж үзсэн ч бүтээгүй, дампуурах шахсан гэдэг. Энэ үед “Space X” компани нь “Falcon 1” пуужинг бүтээхээр хөдөлмөрлөж байжээ. Нэг үгээр хэлэхэд хоёр ч том шинэ бүтээл дээр ажиллаж байсан бөгөөд бүгдийг өөрсдөө санхүүжүүлсэн. Тиймээс ч 2008 он гэхэд Элон Маск бараг юу ч үгүй үлдэхээ шахсан. Энэ бол түүний амьдралд тохиосон хамгийн амаргүй үе. Түүний шинэ санаа амжилтад хүрнэ гэдэгт хэн ч итгэхгүй байсан. Гэтэл гэр бүлийн амьдралд нь нэлээд асуудал үүсчээ. Таван хүүхдийг нь төрүүлсэн Жюстинээс салсан. Ингээд өмч хөрөнгөний асуудал дээр нэлээд маргаан үүссэн байна. Тэрбумтан таван хүүхдийнхээ эхтэй мөнгөнөөс болж маргаад байгаа нь ойлгомжгүй байна хэмээн тэр үед хэвлэлүүдээр нэлээд шуугисан. Ингээд эцсийн мөчид тэрээр хөрөнгө оруулагч олж чадсан бөгөөд “Tesla” машин амжилт олж чадна гэдгийг итгүүлсэн. Түүнээс гадна NASA-тай хэлэлцээ хийж сансрын тойрог зам ачаа тээвэрлэх ажлыг гүйцэтгэж чадна гэж итгүүлснээр 1,5 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ.

Ингэж л дахин хөл дээрээ боссон. Хэлсэн амандаа ч хүрсэн. Өнөөдөр “Space X” компани нь нэлээд хэдэн дээд амжилтыг тогтоочихоод байгаа. Элон Маск ч энэ амжилтаар цааш нь улам ахиулах бодолтой байна. “Tesla Roadster” машины борлуулалт муугүй байгаа. Түүнээс гадна үеэлтэйгээ хамтран байгуулсан “So­lar City” компани нь нарны эрчим хүчээр ажилладаг зайг нийлүүлдгээрээ Америкт тэргүүлдэг. Өнгөрсөн жилийн байдлаар тус компанийн үндсэн хөрөнгө нь долоон тэрбум ам.доллараар үнэлэгдсэн юм.

Элон өмнөө гурван том зорилт тавьсан тухайгаа ярьсан байдаг. Нэгдүгээрт, хүн төрөлхтнийг байгаль орчинд ээлтэй унаагаар хангах, нарны эрчим хүчний хэрэглээнд оруулах бөгөөд Ангараг гаригийг эзэмших явдал.

Эхний хоёрыг биелүүлэхэд тун ойрхон байгаа бол гурав дахийг нь хэрэгжүүлэхэд нэлээд хугацаа хэрэгтэй гэнэ. Түүний үзэж байгаагаар Ангараг гаригийг эзэмшихэд халуун цөмийн зэвсэг хэрэглэхийг санал болгож байгаа.

Ирээдүйг хардаг гэгддэг Элон Маскийг XXI зууны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад оруулжээ. Тэрээр долоо хоногт 100-гаас дээш цаг ажилладаг. Бараг ажил дээрээ амьдарч, өөр өөр хотуудад байршилтай компаниудынхаа хооронд үргэлж онгоцоор нисдэг. Харин мөрөөдөл нь гэвэл Ангараг гариг дээр амжилттай газардаад үхсэн ч гомдолгүй аж.


Categories
мэдээ цаг-үе

С.Ариунболд: Брэнд гэдэг нэрийг бараа болгон ашиглаж блохгүй

Манай өнөөдрийн зочноор “Рояал ресурс Монголиа” компанийн захирал С.Ариунболд уригдлаа. Тэрээр “Монгол бараа дэлхийд” гэсэн уриатай ажилладаг. Өнөөгийн байдлаар БНХАУ-д 500 дэлгүүртэй сүлжээний гэрээ хийсэн. Энэ сард арав гаруй дэлгүүрээр монгол барааг борлуулж эхэлнэ. Энэ тухай ярихдаа тэрээр замбараагүй үг хэллэгтэй тул “сайн засах” хэрэгтэйг сануулсан. Мөн “Брэнд” гэдгээ монголчууд ойлгох хэрэгтэй” гэв. С.Ариунболд бизнес эрхлээд чамгүй хугацааг өнгөрүүлсөн. Өөрийн бизнес дажгүй ч бусдынх амжилтгүй байгааг тэр олж харсан.

Монголын зах зээл жижигхэн тул хэн ч ямар ч бизнес эрхэлсэн өндөр ашиг олох боломжгүй тул “Монгол бүтээгдэхүүн”-ийг дэлхийн зах зээлд гаргах нь эх орны хөгжлийн үндэс гэж С.Ариунболд үзэж байна. Түүнийхээр бол монгол бизнесмэнүүд зах зээлийн судалгаанд нэг ч мөнгө зардаггүй. Эхлээд мөнгөө босгодог. Дараа нь бараа үйлдвэрлэдэг. Тэгээд бараагаа борлуулах тухай ярьдаг. Бараа үйлдвэрлэл хэрэгцээнээс үүсдэг болохоос хэн нэгний хүсэл, чадвараас үл шалтгаална. Одоогийн зах зээл эртний нүүдэлчин амьдралын хэрэгцээ биш учраас хөршийнхөө таван гэрийг дээл, гутлаар хангах асуудал биш. Өнөөгийн зах зээл хаана, хэнд, юу хэрэгтэй байгааг судалж байж, юу үйлдвэрлэхээ шийднэ. Монголчууд үйлдвэрлэж байна.

Гэхдээ хаана хүргэхээ мэдэхгүй, чадахгүй байна. С.Ариунболд тэр зах зээлд хүргэж чадахгүй барааг л борлуулах зорилготой. Тэрээр энэ зорилгоо биелүүлэхийн тулд хоёр жил компанийнхаа ажлыг орхиж, судалгаа хийсэн. Судалгааны дүн маш муу гарсан. Учир нь монголчууд үйлдвэрлэж чаддаг боловч борлуулж чаддаггүй. Учир нь зах зээлийн маш том хөшүүрэг болох борлуулалтын сүлжээ Монголд байхгүй. Гэтэл дэлхийн зах зээлд нэвтрэхэд багагүй маркетинг, менежмэнт шаардлагатай. Үүнийг л С.Ариунболд хийх гэж зорьж байна. Түүний судалгаагаар хятадуудын 40 хувь нь амьжиргааны доод буюу дундаж түвшнээс дээд түвшинд шилжсэн. Энэ нь тухайн зах зээлд хүн амын тоо цөөн өрхөд хүүхдэдээ зарцуулах мөнгөний тоог нэмэгдүүлнэ. Сонирхолтой нь БНХАУ-д ч юм уу, Өмнөд Монголд үхрийн мах оруулахыг хориглодог гэнэ. БНХАУ-д “Чингис” нэртэй барааг оруулахыг хориглодог. Өмнөд монголчууд үхрийн мах иддэггүй бөгөөд хятадууд Монголоос авсан үхрийн махаа илжигний махтай хольж зардаг гэнэ.

Монголчууд үйддвэрлэсэн бүх бараагаа брэнд гэж болохгүй. Тухайн бүсдээ хүлээн зөвшөөрөгдсөн барааг л, тэр тусмаа өндөр чанартай барааг л брэнд гэдэг.

С.Ариунболд захирлын уриа нь “Тогтвортой борлуулалт, нийлүүлэлт”. Энэ нь монголчуудыг хариуцлагатай байлгах асуудал юм байна. Түүний хэлж буйгаар нэг үйлдвэрлэгч тухайн хэрэглэгчид таашаагдсан хоёр шаахай үйлдвэрлэдэг байж болно. Түүнийгээ товлосон цагтаа, тогтсон компанидаа л нийлүүлж байвал хамгийн том хариуцлага. Бидэнд дэлхийн зах зээлд холбогдох ийм л зам бий. Монголчуудын үйлдвэрлэл дэлхийн зах зээлд дусал төдий. Дэлхийг ямар ч хямрал нөмөрсөн Монголд үйлдвэрлэлийн хэрэгцээ байдаг гэнэ.

Энэ компани зургадугаар сард цэвэр ус, мах, гурилан бүтээгдэхүүн, шүүс БНХАУ руу гаргана. Өнгөрсөн жил ургац алдсан манай улс өмнөд хөрш рүү гурилан бүтээгдэхүүн гаргана гэхээр сонин сонсогдож байгаа биз.

Тэгвэл энэ тухай захирал С.Ариунболд бэлэн хариулттай. Өнгөрсөн жил Монголд ургац алдсан боловч ОХУ, Казахстанд маш их үр тарианы илүүдэл үүссэн. Энэ нь маш хямд, чанартай буудай импортолж, хямд гурил идэх боломж олгосон. Хэрэв гурил үнэд орсон бол өнөөдөр хэцүү болох байсан.

Япон маш сайн нөхцөл бүрдүүлсэн. Гэхдээ энэ нь хариуцлагагүй байна гэсэн үг биш. Стандартыг хангах тухай асуудал. Энэ компани гадны хөрөнгө оруулалтыг татах, таны үйлдвэрлэсэн барааг гадаадад борлуулахад тусална. Тус компанийн байр Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо 11/1 байр, найман тоотод байрлаж байна.

Х.Баттөгс

Categories
мэдээ цаг-үе

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Түүхэндээ өлсгөлөн, ядуурал ийм хэмжээнд байгаагүй

МУСГЗ доктор, профессор Г.Норовсамбуу

Орчин үеийн улс төрийн байдлыг ажиглахад сонгуулийн бэлтгэл ажил зохих ёсоор явагдаж байна. Гэхдээ сонгуулийн тухайд асуудалтай зүйл ч олон байна, санал нийлж байгаа нь ч бий. Ямар ч байсан 2016 оны сонгууль үр дүнтэй болоосой л гэж бодож байна. Хамгийн гол нь төр засаг нь эвтэй, найрамдалтай, нэгдсэн санаа бодолтой байх шаардлагатай юм. Сонгуулийн дараа шинэ бүрэлдэхүүнтэй болох нь зүйн хэрэг. Ямар ч нам гарсан байлаа улс орныхоо төлөө гэсэн гол санаа, зүтгэлтэй байх учиртай. Төрийн үйл ажиллагаа ард түмнийхээ амьдралд хэрэгтэй зүйлд төвлөрч, чиглэгдээсэй гэж хүсэж байна. Онцлон хэлж буйн учир нь ард түмний минь нэг хэсэг нь урьд нь байгаагүй их өлсгөлөн, ядуурал амсаж байна. Түүхэндээ их бага хаад, манжийн дарлал, Богд хаант Монгол Улс, социализмын үед ч өлсгөлөн, ядуурал ийм хэмжээнд байгаагүй. Тиймээс шинэ төр засаг энэ асуудал дээр нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй. Би Үндэсний төв архивын даргаар 40 гаруй жил ажилласан. Бичгийн мэргэжлийн хүн болоод ч тэр үү, төрийн дээд байгууллагууд, мэргэжлийн хүмүүс төр засгийн болоод хууль зүйн баримт бичгийн найруулгад алдаа байгаа нь ажиглагдлаа. Үндсэн хуулийн найруулгад орсон алдаанаас болоод улс орны хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Тодруулбал Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 18-д Монгол Улсын иргэн улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох эрхтэй гэж заасан байдаг. Үүнээс болж хөдөө орон нутгийн иргэд хэдэн малаа зарж, борлуулж Улаанбаатарыг зорих нүүдэл тасрахгүй болж байгаа нь Үндсэн хуульдаа оруулсан дээрх заалттай холбоотой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэж хэлж байгаа нь тэр дундаа бэрхшээлтэй гэж хэлж байгаа нь тэр хүнийг доромжилсон, айлгасан, сүрдүүлсэн муухай үг. Өөрөөр эрүүл мэндийн сааталтай ч гэдэг юм уу арай зөөлнөөр хэлэх хэрэгтэй.Үгийн утга найруулга алдаатай зүйлүүд төрийн баримт бичгийн найруулгад их бий.

Хэлэх эрхийн индэрт оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 95260351 дугаарын утсаар холбоо барина уу.

Categories
мэдээ цаг-үе

Г.Ганхүү: “Яг түүн шиг” шоуг гарахад “Халтар царайт”-ыг үзэж байсан үе шиг гадаа ганц ч хүн байхаа больсон судалгаа байна лээ

“Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг” цэнгээнт нэвтрүүлгийн шүүгч, НИТХ-ын төлөөлөгч, “Шар айраг” хамтлагийн дуучин, уулын спортын мастер Г.Ганхүүтэй уулзаж хөөрөлдлөө.

-“Яг түүн шиг” цэнгээнт нэвтрүүлэг олны талархлыг багагүй хүлээж байх шиг байна. Байнгын хоёр шүүгчийн нэгээр та ажиллаж байгаа. Энэ шоуныхаа талаар яриач?

-“Боловсрол суваг” телевизээс надад энэ шоуны шүүгчээр ажиллаач гэсэн санал ирсэн. Би зурагтаар “Nostalgie” нэвтрүүлгийг зургаан жил хөтөлсөн. Бас бус хөгжмийн нэвтрүүлгүүд ч хийж байсан болохоор намайг урьсан байх. Анхандаа ийм сүртэй шоу болно гэж төсөөлөө ч үгүй. Өнгөрөгч ням гаригт зургаа дахь дугаараа цацлаа. “Максима” судалгааны байгууллагын судалгаагаар энэ нэвтрүүлэг далан хувьтай байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл “Яг түүн шиг” шоуг Монголын хүн амын гурван хүний хоёр нь бүтэн сайн өдрийн орой үздэг болсон байна. Саяхан би орон нутгаар яваад ирлээ. Тэгэхэд уулзсан хүн бүхэн “Халтар царайт” кино гарч байсан үе шиг болсон. “Халтар царайт”-ыг гарахад гудамжинд нэг ч хүн байдаггүй байсан шиг танай нэвтрүүлгийг үзэж байна. Ялангуяа сум, аймгийн төвд ням гаригийн орой гадуур ямар ч хүн байхаа больсон. Энэ их улстөржилтийн хажуугаар танай шоуг үзэж л таашаал авч байна. Маш их баярлалаа гэцгээж байсан. Шүүлтийн хувьд төслийн удирдлагууд надтай уулзаж “Сайн шүүж байна” гэсэнд баяртай байгаа. Үүнд нь би урамтай шүүгээд явж байна.

-Энэ шоуг албан ёсны эрхтэйгээр гаргаж байгаа гэсэн. Манай улс эрхийг нь авсан хэд дэх улс билээ?

-Дэлхийн урлагийн гайхамшигт одуудыг нэгэн тайзнаа нэгтгэдэг “Яг түүн шиг” шоу төсөл олон улсад амжилттай хэрэгжиж байгаа. Нидерланд улсын “Эндемол Шайн” группийн санаачлан зохион байгуулж эхэлсэн тус шоуг дэлхийн 39 орон албан ёсны эрхтэйгээр өөрийн улсдаа зохион байгуулдаг юм билээ. Манай улс 40 дэх улс нь болсон. Олон улсын продюссерууд нь ирж уулзаж, бидэнд зөвлөгөө өгсөн. Эхний хэдэн дугаарыг үзээд тэд сэтгэгдэл өндөр буйгаа илэрхийлсэн.

-Оролцогчдын хувьд Монголдоо төдийгүй олон улсад ч танигдсан одод байгаа. Тухайлбал, ОХУ-ын Буриадын ардын жүжигчин Б.Амархүү байна. Өөр улс орнуудын хувьд “Яг түүн шиг” шоунд урлагийн одод оролцдог юм уу, эсвэл дурын сонирхогч ч оролцдог юм болов уу?

-Янз бүр л байдаг юм билээ. Улс болгонд өөр байдаг. Манайхан ерөнхийдөө Оросын телевизийн шоуг хардаг. Анхны дугаараасаа л олны танил биш залуусыг цуглуулж оруулдаг. Индонези, Тайландад тухайн улсын одууд оролцох жишээтэй. Латин Америк, Европын хэд хэдэн улсад энэ шоу явагдсан. Манай улсын хувьд олон улсын шоуг албан ёсны эрхтэйгээр авч байгаагийн хувьд эхний шоу амжилттай байх ёстой учир олны танил, чанар чансаатай хүмүүсийг оролцуулах бодлого баримталсан. Энэ нэвтрүүлэг брэнд болоод явна. Тэнд харин залуучууд маань олны танил байх албагүй, авьяастай залуус оролцох үүд хаалга нээлттэй байх болно. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Тиймээс эхний дугаарууддаа чадварлаг дуучид, чадварлаг загвар өмсөгч залуусыг оролцуулсан нь оносон болов уу.

-Оролцогч наймаас та онцолчихоор хамгийн авьяаслаг нь хэнийг гэж бодож байна?

-Би шүүгч хийж байгаа хүний хувьд шоу дуусаагүй учраас үүнийг яг таг хэлж болохгүй. Ёс зүйн хувьд ч зохимжгүй. Бүгд л авьяаслаг залуус. Тэр дундаа мэргэжлийн дуучин биш Энхболд, Сарнай, Мөнхсоёл гэсэн гурван хүн байгаа. Эдний тухайд би маш их баяртай байгаа. Энэ шоунд заавал дуучин хүн оролцох албагүй, үнэхээрийн авьяастай, өөрийгөө сорих хүсэл сонирхолтой залуус оролцож болох юм аа гэсэн үүд хаалгыг нээж өгч байгаагаараа чухал. Ер нь бүх оролцогч маш шаргуу ажиллаж байгаа. Долоо хоног бол шинэ дуу сураад өөрийн болгоод, яг түүн шиг дуулаад хөдөлгөөн, дотоод сэтгэлийг нь гаргана гэдэг тийм амар зүйл биш. Тийм учраас энэ найм үнэхээр мундаг залуус. Миний хувьд наймуулаа л ялагч. Оноо бол тийм ч сонин биш. Энэ шоу долдугаар сарын 10-нд наадмын өмнө өндөрлөнө.

-Нэвтрүүлгийн хөтлөгч жүжигчин Цолмонбаяр өөрийг чинь “Танин мэдэхүйн хичээл орчих юм аа” гээд бахархсан янзтай байсан. Үнэндээ ч үзэгчид таны өргөн мэдлэгтэйг бахархаж байгаа нь нууц биш санагдсан шүү?

-Дууны санд байгаа дуучдын олонхыг би мэдэх юм. “Nostalgie” нэвтрүүлэг маань таван жил гаруй хугацаанд явж байна. Энэ нэвтрүүлгээр би дэлхийн од олон дуучдын талаарх мэдээ, мэдээллийг үзэгчид, сонсогчдодоо өгч байсан. Тиймээс надад их хэцүү байгаагүй. Хамгийн хэцүү нь юу вэ гэвэл энэ сайхан авьяастай залууст оноо өгөх л тун ч бэрх ажил юм байна. Нэг зүйл тодотгоод хэлэхэд “Universe best songs” ч юм уу, “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэгт шүүгчийн хувьд хэн ч танихгүй хүмүүс оролцож байгаа. Тэднийг шүүгээд, шүүмжлээд, хасаад явахад амархан. Энэ найман залуус бол наймуулаа миний маш сайн таньдаг дүү нар. Эд нартаа нэгэнд нь дөрвөн оноо, нөгөөд нь 12 оноо өгнө гэдэг үнэхээр хэцүү ажил. Дээрээс нь цахим ертөнц хөгжчихсөн, нэвтрүүлэг ард түмний нүдэн дээр шууд явж байгаа гэдэг утгаараа маш хариуцлагатай ажил. Дэмждэг хүмүүс ард нь байгаа. Тиймээс бусад шоуг бодвол “Яг түүн шиг” шоуг шүүнэ гэдэг хэцүү хариуцлагатай ажил болж байна даа.

-Нэгэнт цацагдчихсан зургаан нэвтрүүлгийн зочин шүүгчдийн талаар та ямар бодолтой байна?

-Энэ шоу угаасаа зочин шүүгчтэй байх ёстой юм билээ. Цаад стандарт нь тийм байдаг гэсэн. Шоу гэдэг утгаараа энэ нь ч зөв байх. Зочин шүүгчийг сонгон шалгаруулах тал дээр “Боловсрол суваг”-ийнхан өөрсдөө ажиллаж байгаа. Миний санал болгосон Чех улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, зураач С.Саранцацралт нарыг нэвтрүүлгийнхэн маш уриалгахан хүлээж авч шоуны зочин шүүгчээр суулгасан. Зочин шүүгчид энэ шоунд нэг өнгө нэмж байгаа.

-Зургаа дахь шоуны зочин шүүгч Азийн топ модель Г.Оюунгэрэл, шүүгч жүжигчин Н.Онон, та гурав үеэл улсууд гэв үү?

-Хүссэн, хүсээгүй ийм тохиол болчихлоо. Ганхуягийн Оюунгэрэл бид хоёр үеэлүүд. Ах дүүсийн хүүхдүүд. Онон бид хоёр бас хамаатан.

-Ямар хамаатан билээ?

-Их л ойрын хамаатан улс. Нэвтрүүлэгт гурван хамаатан шүүгчийг албаар авчраад суулгачихсан юм биш. Телевизээс, цаанаасаа л сонгосон шүүгч нь Оюунгэрэл байсан. Гэнэт анзаарсан чинь л хамаатан улс гурван шүүгч нь болчихсон тохиолдол гарч байна л даа.

-Та энэ шоунд л зориулж дэлхийн од дуучдын талаар мэдээлэл хуримтлуулж байна уу. Эсвэл таны мэдлэгийн хүрээ тийм өргөн юм уу?

-Миний нэг онцлог нь нэвтрүүлгээ хийхдээ хэзээ ч айхтар юм бэлддэггүй. Олон жил алтан тайзан дээр урлагт зүтгэж яваа хүний хувьд тухайн үеийн нөхцөл, үзэгчдийн эмоциос шалтгаалж өөрийн сэтгэгдлээ л хэлж байгаа юм. Дуучдын талаар бол нэвтрүүлэг бэлдэж байх явцад онц сонирхолтой зүйлс нь сэтгэлд үлдчихсэн байдаг. Тэрийгээ л гаргаж бусадтай хуваалцаж байгаа хэрэг. Би ер нь их олон арга хэмжээ хөтлөх урилга авдаг хүн. Тэр нь үзэгчдээ их мэдэрдэг, мэдээлэл их авдагтай минь холбоотой болов уу. Миний нэг бодож явдаг зүйл бол залуусынхаа тархинд нэг юм үлдээе гэсэн бодол. “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлэг маань ч ийм л бодлоос төрдөг байсан. Сүүлийн үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутнуудад лекц унших урилга ирдэг. Бусадтай өөрийн үзсэн харснаа хуваалцах сайхан санагддаг.

-“Үүргэвчтэй аялал” нэвтрүүлэг чинь гарч байгаа юу?

-Сэтгүүлч З.Алтай ах маань УИХ-ын гишүүн болоод гадаадад Элчин сайдаар томилогдоод явснаас хойш аялал маань өндөрлөсөн. “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлэг маань 25 дугаар суваг телевизийн өмч. Алтай ахыгаа эзгүйд үүргэвчтэй аялал хийгээд нэвтрүүлэг бэлдээд явна гэдэг эрхзүй талаасаа эрх нь хаагдмал. Гэхдээ би үргэлжлүүлээд “Ганхүү далайн гүнд”, “Ганхүү-Метронд”, “Ганхүү Антарктидад”, “Ганхүү Африкт” гэсэн хэд хэдэн нэвтрүүлэг хийсэн.

-Өөрөө аялахаас гадна уулын спортын мастер хүн дээ?

-Дэлхийн зургаан тивийн долоон өндөр уул байдаг. Тэрний гурван оргилд Монгол Улсынхаа төрийн далбааг анх удаа мандуулсан уулчин болсон. Уулчин ч юу байхав дээ, хообийндоо хөтлөгдөж явсаар энэ уулсын оргилд гарсан. Сүүлийн хоёр уулан дээр уулын спортын олон улсын хэмжээний мастер Өсөхбаяр нарын мэргэжлийн уулчдаас зөвлөгөө авч гарсан л даа. Антарктид, Австрали, Африк тивийн гурван өндөр ууланд гарсан. Үүнийг маань төр засаг өндрөөр үнэлж спортын мастер гэдэг эрхэм хүндтэй цол олгосон.

-Уулын авиралт бол яах аргагүй эр зоригийн спорт. Та анхлан сонирхогчийн хэмжээнд байсан хүн одоо бол мэргэжлийн уулчин болжээ дээ?

-Үнэхээр гайхамшигтай спорт. Ууланд авирч байхдаа “Би чинь ямар тэнэг хүн бэ” гэж бодох үе зөндөө гарч байлаа. Авираад буух үедээ “Дараагийн гарах оргил минь юу билээ” гэж өөрийн эрхгүй бодогддог юм билээ. Уулын спорт гэдэг өөрөө өөртэйгөө өрсөлдөх чадвар юм даа. Ер нь хүн ямар ч зүйлд “Өрөөл бусадтай өрсөлдөөд байна” гэж бодоод байдаг боловч хамгийн чухал нь өөрөө өөртэйгөө өрсөлдөх л байгаа юм.

-Ууланд авирч явахдаа эрсдэлтэй зүйлтэй тохиолдож байв уу?

-Өө, тохиолдолгүй яахав. Хөлдөөд үхчихсэн хүний хажуугаар өнгөрөөд л дээш явна шүү дээ. Антарктидад тийм тохиолдол таарч л байсан.

-Хөлдсөн хүнтэй таарлаа гэхэд тоолгүй орхиод явах уу?

-Өөрийнхөө урд талын оргилд л гарахын тулд хаяад явахаас өөр арга байхгүй. Оргил дээр гарах нь л хамгийн чухал асуудал шүү дээ.

-Далайн ёроол цэвэрлэнэ гэдэг шиг уулын оргилд эндэгсдийн шарилыг буулгаж цэвэрлэдэг хүмүүс байдаг л байх даа?

-Тусдаа цэвэрлэдэг мэргэжлийнхэн байдаг.

-Та НИТХ-ын төлөөлөгч хүн. Энэ сонгуульд яагаад нэрээ дэвшүүлсэнгүй вэ?

-Би ИЗНН-д харьяалалтай хүн. Манай нам энэ сонгуульд АН-ыг дэмжиж сонгуульд оролцох болсон учраас нэрээ дэвшүүлээгүй. Би Чех улсын Либерец хотын Техникийн их сургуулийг инженер-дизайнер мэргэжлээр зургаан жил сурч 1990 онд төгссөн. Тэнд сурч байхдаа л ардчиллыг анхнаас нь дэмжиж, С.Зориг ахынхаа үүрэг болгосны дагуу “Ардчилал” сониныг гадаадад сурдаг оюутнуудад тараадаг сонгуульт ажилтай хүн байлаа. НИТХ-ын төлөөлөгч байхдаа хоёр ч ажлыг нэлээд урагшлуулсан гэж бодож байгаа. Нэг нь Улаанбаатарын метро. Ямар ч байсан гарт барих ТЭЗҮ-тэй болгож авлаа. Метроны техник эдийн засгийн үндэслэлийг гаргасан Японы “Жайка” байгууллагыг онцлон дурдах ёстой.

-Нөгөөх нь ямар ажил байв?

-Нөгөөдөх нь гэвэл рок, попын ордон барих асуудал. Бид гадаадын маш олон хамтлаг, дуучдыг урьж авчирч тоглолт хийж байсан. Хамгийн сүүлийнх нь гэхэд “Бутлик Битлз” хамтлаг байна. Монголд олон улсын стандартад нийцэхээр тоглочих талбай байхгүй байгаа. Тиймээс бид Сүхбаатар дүүргийн Ногоон нуур орчимд 4.5 га газрын асуудлыг шийдүүллээ.

-Ногоон нуурын айлуудтай тохирч газрыг нь чөлөөлөх үү?

-Тэнд 193 нэгж айлуудаас зуугаад айлын нөхөн олговор олгож, нүүлгэн шилжүүлсэн. Одоо дал, наяад айл үлдсэн байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Өмнөговь аймгийн Булган сумын бага сургуулийн гурав дахь төгсөлтийнхөн

Өмнөговь аймгийн Булган сумын бага сургуулийг 1962-1966 онд төгссөн сурагчдыг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа. Эдний ангийнхан Булган сумын бага сургуулийн гурав дахь төгсөгчид юм байна. Төгсөлтийнхөө 50 жилийн ойг тэмдэглэж Чингисийн талбайд 12:00 цагаас уулзахаар товложээ. Уулзалтыг зохион байгуулж буй ангийн дарга П.Ядамдорж, Х.Цэрэндаваа хоёр цагаасаа эртлэн ирж автобус унаа, уулзалтын маршрутыг бэлтгэжээ. Х.Цэрэндаваа “Ангийнхныгаа хүлээж авахад бэлэн боллоо. Сургуулиа төгсөөд 50 жил болсон байна. Ангийнхан маань хөдөө голдуу байдаг ч ажлаа амжуулаад тэмдэглэлт баяртаа заавал ирж байгаа юм” хэмээн ярьж байтал ангийн хэсэг хүүхдүүд ирлээ. П.Ядамдорж “Манайхан цаг барьдаг хүмүүс шүү. Ажил, амьдрал нь сайн уу” гэсээр угтлаа. Нэг нэгнийхээ мэндийг мэдэлцэж хоорондоо хөгжилтэй яриа дэлгэж байх хооронд ангийнхан товлосон цагтаа бүгд цуглажээ. Эдний ангийнхан 26 хүүхэдтэй байсан бөгөөд 11 эрэгтэй, 14 эмэгтэй сурагчтай байсан аж. Жар нэлээд гарсан ч бага ангийн дурсамжаа ярихад сурагч насандаа очиж буй мэт сэтгэгдэл төрж байлаа. Ангийнхан Чингисийн талбай дээр дурсгалын зургаа татуулаад Гандан хийдэд очихоор хөдөллөө.

Эдний ангийнханд төлөвших үндэс суурь тавьсан анхны багш нь н.Төмөр гэнэ. Нэгдүгээр ангид орсон багачуудад үзэг барьж үсэг бичихийг зааж өгчээ. Харин хоёрдугаар ангиас нь дөрөвдүгээр анги төгстөл нь О.Батчулуун багш удирдан чиглүүлжээ. “Ангийн багш нарын бидэнд зөв суурь хүмүүжил өгсөн ач гавьяанд нь талархаж явдаг. Багшийнхаа хүмүүжүүлснээр ангийнхан маань 62-63 настай ч одоог болтол архи уудаг хүн байхгүй” хэмээн Д.Буджав ярив.

1962 онд сургуульд элсэн орсон хүүхдүүд даалимбан таван хошуутай цүнх барьж, эмэгтэй хүүхдүүд нь ногоон дээл, эрэгтэй хүүхдүүд нь цэнхэр дээлээр жигдэрдэг байсан гэнэ. Харин дөрөвдүгээр ангид орох жил буюу 1963 оноос форм өмсүүлж эхэлжээ. Эрэгтэй хүүхдүүд хилэн өмд, бор форм өсдөг байсан бол эмэгтэй хүүхдүүд нь бор даавуун форм, цагаан парчигтай хичээлдээ явдаг болсон аж. С.Лиймаа “Хүүхдүүд хааяа форм, парчиг өмссөн байхыг харахаар сэтгэлд нэг л дотно сайхан харагддаг шүү” гэв. Тухайн үед бага ангийнхан ч гэсэн эцэг, эхчүүд нь малчид учраас дотуур байранд байрладаг байсан аж. Ц.Дарамбазар “Хүүхдүүд л болсон хойно сахилгүйтэх үе байлгүй яахав. Ангиараа лапта матк тоглож гүйлдэж байсан” хэмээсэн юм.

Х.Цэрэндаваа “Манай ангийнхан ихэнх нь онц сурдаг байсан мөртлөө суруулиа төгсөх үед ихэнх нь малчин болж байсан. Дандаа малчдын хүүхдүүд учраас арга ч үгүй биз дээ. Зарим нь аймаг орж сургуульд суралцаж байлаа. Манай анги их онцлог. Бага сургуулийнхан мөртлөө 60 гарсан хойноо ч ангиараа хааяа уулздаг юм. Энэ нь бид нэгнээ ихээхэн хүндэлдгийн илрэл. Бид бага сургуулиа төгссөн ч байнга холбоотой байсан. Энэ уулзалт дээр ганц, хоёрхон хүн ажилтай учраас ирж чадаагүй байна. Бас ангийн Ж.Оролмаа, Ж.Төмөрбаатар хоёр маань ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Бидний энэ уулзалт эртнээс төлөвлөсөн уулзалт болохоор сайхан байна. Бид 50 жилийн ойгоороо хийх ажлын төлөвлөгөө гараад эхний ээлжинд төрөлх сургуульдаа нэг кабинет тохижуулж өгсөн. Тэгээд цугларсных Монголынхоо үзэсгэлэнт байгалийг үзэж 1500 км газар аялна” хэмээн ярилаа.

П.Ядамдорж “Манай ангийнхан тухайн үед монтаж гэж хийлгэж байсангүй. Хэдэн хар зурагтай л төгсөж байсан. Тэдгээрийг нь нэгтгэж байгаад 50 жилийнхээ ойгоор монтаж хийж ангийнхандаа тараасан юм. Монтажинд 50 жилийн өмнөх болоод дараах зургийг харьцуулж дурсгал болгон хийлээ. Хамт олон маань сайхан хүлээж авч байна” гэлээ.

Эдний ангийнхан сургуулийнхаа үлгэр жишээ онц сурлагатнууд байжээ. Энэ тухайгаа А.Чадраа “Манай анги угаасаа х сурлага сайтай. Тэн хагасаас илүү нь онц сайн сурдаг. Сургуульдаа тэргүүний анги байсан юм. Ангийн багш Батчулуун сайн хүн байсан учраас ангиараа л онц төгссөн. Их үлгэр жишээ анги байлаа. Тийм ч болохоор төр засгийн байгууллагад манай ангиас олон хүн ажиллаж байсан одоо ч ажилласаар байна” гэв.

Хөдөлмөрч, хичээнгүй ангийнхнаас малчид, багш, эмч, сувилагч, эдийн засагч, сэтгүүлч, зоотехникч, жолооч гээд салбар салбартаа манлайлан, залуу хойч үедээ үлгэрлэл үзүүлдэг боловсон хүчнүүд болсон юм. Хийж бүтээхээ хангалттай хийсэн тэд өдгөө гавьяаныхаа амралтад гарчээ. Гэхдээ гавьяаныхаа амралтыг авлаа гээд зүгээр суусангүй, ангиараа нийлж гурван жилийн өмнө ангийнхаа Буддоржийг Булган сумын Засаг дарга байхад нутгийн иргэдтэй нийлж Баруунсайхан уулын Сэнжитийн хөөрхөн дэвсэг орой дээр бясалгалын сүм байгуулсан аж. Өнөөдөр нутгийн иргэд амар амгаланг бодож бясалгадаг чухал газар болжээ.

Ангийнхан нийлж говийг хангай болгох төслийн хүрээнд мод тарьж төгөлжүүлж байгаа гэнэ. Мөн өнөө жил төрөлх нутагтаа 10 буга нутагшуулсан байна. Нутагшуулсан буга нь байгальдаа дасан зохицож байгаа гэнэ. Тэдний зорилго Өмнөговь аймгийн Булган сумыг буга, хулан бэлчсэн байгалийн үзэсгэлэнг хэвээр хадгалан үлдээх чин хүсэлтэй байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

“Эрхэм Итгэл”-ийн тод мөр замын эхэн

“За” гэдэг үгийн цаана маш их зүйл багтдаг. Энэ үгийг хэлэхэд нэрэлхэх, зөвшөөрөх, хурдан салахын түүс болох, хоромхон мартахын эхлэл гэх мэт олон янзаар бодлоготой, бодлогогүй амнаас гардаг. Энэ мэтээр энэ үг алба, амины олон ажлыг амжуулна ч, бас алдуулна ч. Эцсийн эцэст энэ үгийн цаана хүний мөс харагдаж байдгийг бодууштай юм шүү.” Энэ үгийг Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн зохиолч, найруулагч Ламзавын Ванган нэгэнтээ хэлжээ. Тэгвэл Ламзавын Ванган агсны намтар уран бүтээлийн “Хүний мөр” хэмээх ном хэвлэгдэн гарлаа.

Энэхүү номыг СУИС-ийн Театр урлагийн сургуулийн Урлаг судлал, Утга зохиолын тэнхимээс эрхлэн гаргажээ. “Хүний мөр” ном нь гурван бүлэгтэй бөгөөд эхний “Суу билигтний замнал” бүлгийг тус тэнхимийн багш Я.Баяраа, “Жүжиг, киноны хүчирхэг зохиолч” хэмээх хоёдугаар бүлгийг мөнхүү тэнхимийн залуу багш Х.Чойдогжамц, гуравдугаар бүлэг “Найруулагч Ламзавын Ванган”-ыг мөнхүү сургуулийн багш Л.Дэмидбаатар нар тус тус гардан бичиглэжээ.

Энэ эрхэм хүний уран бүтээл, авьяас билгийн тухай сонины бяцхан зайд өгүүлэх аргагүй тул зөвхөн нэгдүгээр бүлгийн намтар хэсгээс нь цухас өгүүлье. Аливаа зүйлийг эхээс нь хөөн эхлэх учиртай билээ.

Л. Ванган 1920 онд Засагт хан аймгийн Цэцэн Сартуул хошуу, одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сумын нутагт Долгоржавын Ламзавын ууган хүү болон мэндэлжээ. Ванган гэдэг түвд нэр нь “Эрхэм Итгэл” гэсэн утгатай аж. Түүний эцэг Д.Ламзав нь залуу багш Я.Баяраагийн судалснаар хошууны түшмэл төдийгүй нийгэм, улс төрийн идэвхтэй, улс орны хэтийн хувь заяанд ихээхэн санаа сэтгэл зовнидог сэхээтэн байсан аж. Нийгэм, улс орны сайн сайхны төлөөх олон олон үйл ажиллагаанд идэвхийлэн оролцсон бөгөөд 1924 онд анхны Үндсэн хуулийг батлалцсан нэгэн. Энэ мэт үүх түүх, угсаа гарвалыг нь судлан үзвэл Л.Ванган нь яахын аргагүй “Нэртэй хүний зүстэй хүү” юм. Гэвч энэ бүхэн нь ороо бусгаа цагийн жишүүн салхинд жиндэх, зовох шалтаг шалтгаан болсон гэлтэй. 1934 онд түүний ээж н.Намжим хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь Л.Ванган гэгч нэгэн сод хүмүүн бага залуу насандаа өөд нарын бараа харахгүй зовж зүдэхийн эхлэл болжээ. Учир нь Д.Ламзав 1937 онд их хэлмэгдүүлэлтийн “Анхны 14”-ийн нэг болж, цаазлуулахын даваан дээр асран халамжлах хүнгүй гурван өнчин хүүхэдтэй гэсэн шалтгаанаар 10 жилийн хорих ял сонсчээ. Энэ дүйвээнээр Улаан-Үдэд суралцаж байсан Л.Ванган эсэргүүний хүү гэгдэн сургуулиасаа хөөгдсөн байх юм. Гэртээ буцан ирэхэд нь ханхай гэр, өргөмөл ганц охин дүү нь тормойж угтжээ. Ингээд бүх зүйл Л.Ванганы нуруун дээр буусан байна. Энэ үеийн хатуу бэрх амьдралтай, басхүү зориг тэмүүллээр дүүрэн цэл залуухан Ванганыг номын “Ангиаг эзгүй байхад” хэмээх хэсгээс мэдэж болно.

“Эсэргүүний хүүхэд”-ээс амьдралын гараагаа эхэлсэн ч Монгол Улсын циркийн урлагт төрсөн дүү Л.Нацагийнхаа хамт тод мөрөө үлдээжээ. Мөн чамгүй зураач байсныг нь ч түүх сурвалжууд гэрчлэх аж. Түүний амьдралд тохиолдсон онцгой содон үйл явдлуудын нэг нь А.В.Луначарскийн сургуульд явсан үе. Бага балчир үеэсээ буюу 1934 онд үлгэр жишээ дунд сургуульд мөр зэрэгцэн суралцаж явсан багын найз С.Гэндэнтэйгээ 1946 оны намар нь А.В.Луначарскийн сургуулийн үүдний зааланд таарна гэж хэн санах билээ. Хожмоо Монголын театрын анхны мэргэжлийн найруулагчид болон эргэж ирсэн С.Гэндэн, Л.Ванган нар бол жинхэнэ хувь заяагаар холбогдон нөхөрлөсөн хоёр гэлтэй. Л.Ванган хүнийг таньж, нөхөрлөж, ханилж, хайрлаж чаддаг нэгэн байсан гэдэг. Түүний гэргий Т.Пялзай “Аавынхаа нэрийг дуудуулж муу авав гэж хүүхдүүддээ байнга захиж хэлдэг байлаа” гэсэн нь аргагүй л “том” хүний ухаант ханийн үг буюу.

Монголын театрын урлаг, кино урлаг, утга зохиолд ч өөрийн тод мөрөө үлдээсэн энэ эрхэм 49-хөн насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь харамсалтай. Гэвч тэрээр үр хүүхэд, шавь нар, өөрийн өвөөрөө асар ихийг бидэнд үлдээжээ.

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Зам дээрх хядлага

Нэг зуун далан найм. Энэ бол сүүлийн гурван жил зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн тоо. 2016 он гарсаар зургаан сарын дотор 29 хүүхэд зам тээврийн осолд өртөж, харамсалтайгаар амиа алдсан байна. Ердөө л 2.6 жилийн хугацаанд 178 айл хагацал үзжээ. Зөвхөн зам тээврийн ослын улмаас шүү.

Өглөө хичээлдээ явах гээд цүнхээ үүрээд гарсан хүүхэд хэдхэн хормын дараа замын голд амьсгал хураасан хэвтэж байх. Хичээлдээ онц авсан дэвтрүүд, зурагт ном нь замаар нэг тарчихсан, цүнх, өмсч явсан гутал нь тээр хол шидэгдчихсэн, дайрсан машины цонх нь дотогшоо цөмөрч, хамар, куперний төмөр нь тэр чигтээ хонхойчихсон сэтгэл эмзэглэм дүр зураг харагдах. Машинд дайруулж амь насаа алдсан охины ээж “Тэр жаахан бие нь машинд дайруулчихаад яаж өвдөж, шаналж байсан бол. Охины минь бүх яс хугарч, үйрээд тархи нь бяцарчихсан байсан. Амьсгал хурааж байхдаа яаж зовсон бол гэж бодохоор гол зураад хэцүү байдаг. Хүүхдээ сургуульд нь хүргээд өгөх минь яалаа даа гэж дандаа харамсч, өөрийгөө зүхэж сууна. Аав нь ч ялгаагүй. Охиноо бурхан болсноос хойш манай гэрт аз жаргал, инээд гэж байхаа больсон. Би гэртээ өдөржин уйлж суугаад, нөхөр архи уугаад явдаг болсон доо” гэж ярьж байсан. Мөн Баянзүрх дүүрэгт нэгэн харамсалтай осол хоёр жилийн өмнө гарч байсан. Замын эсрэг талд явж байсан ангийн найзууд руугаа гүйж явсан хүү машинд мөргүүлж амиа алдсан байдаг. Хүү найзуудынхаа нүдэн дээр машинд хүчтэй мөргүүлээд хол шидэгдэж амиа алдсан юм. Энэ мэт олон баримт хэлж болохоор байна.

2246. Энэ бол хоёр жилийн хугацаанд автомашины осолд өртсөн хүүхдийн тоо. Жилд мянга гаруй хүүхэд зам тээврийн осолд өртдөг юм байна. Хэдийгээр амь насаа алдаагүй ч байнгын хэвтэрт орсон, хөлгүй, гаргүй болсон олон хүүхэд байгаа аж. Бүр тархиндаа хүнд гэмтэл авч, сэтгэцийн өөрчлөлттэй болсон хүүхэд олон байгааг ГССҮТ-ийн эмч нар хэлж байна лээ. Хүүхдүүд юунаас болоод авто тээврийн осолд өртөж, амь насаа алдаад байна вэ. Энэ асуултын хариултыг холбогдох албаныхан маш амархан өгөх аж. “Улаанбаатар хотод автомашины тоо сүүлийн жилүүдэд хэд дахин нэмэгдсэн. Үүнээс болоод авто тээврийн осол эндэгдэл буурахгүй байна. Түүнээс хүүхэд авто тээврийн осолд орохоос урьдчилан сэргийлж олон ажил хийж байгаа. Үр дүнгээ ч өгсөн” гэх хариултыг өгөх ажээ.

“БАТЛАГДСАН ХУУЛЬ ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА”

Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Л.Амаржаргалаас хүүхдүүд юунаас болж автомашины осолд өртөөд байгаа талаар тодрууллаа.

-Хүүхдүүд юунаас болоод автомашины осолд өртөөд байна. Энэ талаар Замын цагдаагийн газраас судалгаа хийж үзсэн үү?

-Хүүхдүүд автомашины осолд орох, амь насаа алдах тоо буурахгүй байна. Хүүхэд гэр, сургуулийн хооронд явж байхдаа аваарт өртөж байна. Мөн томчуудын анхаарал болгоомжгүй байдлаас ихэнх осол гарч байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд 0-10 насны хүүхдийг асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын албан тушаалтан харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх. Хэрэв хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулбал асран хамгаалагчид хариуцлага тооцохоор заасан байдаг. Гэтэл өнөөдөр дээрх хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Хүүхдээ харгалзах том хүнгүйгээр явуулдаг. Үүнээс болоод ослууд ар араасаа гараад байна. Таны хүүхдийг та л хамгаалахгүй юм бол хэн ч хамгаалж чадахгүй гэдгийг эцэг, эхчүүд ойлгохгүй байна. Хүүхэд нь осолд өртөж байж л ухаардаг. Энэ тогтолцоог үгүй хийх гэж хичээж байна. Замын цагдаагийн газраас хүүхэд автомашины ослоос урьдчилан сэргийлсэн олон ажлыг хийж байгаа. Гэхдээ энэ бол дан ганц Замын цагдаагийн газрын хийдэг ажил биш. Холбогдох яам тамгын газар, ТББ-ууд болоод эцэг, эхчүүд хамтран ажиллах ёстой. Нэг хүүхэд зам тээврийн осолд өртлөө гэхэд бүгд хэдэн талаас шинжилж үзээд юу нөлөөлж энэ хүүхэд машинд мөргүүлсэн бэ гэдгийг тогтоох, үнэлэлт дүгнэлт хийх ёстой. Үүний дагуу ажиллаж хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх учиртай.

-Жолооч нар хүүхэд дайрч байгаа шалтгаан юу вэ?

-Жолооч нар тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо ямар ч анхаарал болгоомжгүй оролцож байна. Бага насны хүүхэд олон байгаа газраар явахдаа хурдаа сааруулдаггүй. Хүүхэд аль нэг газраас гэнэтхэн гараад ирнэ гэдгийг огт тооцоолохгүй явдаг. Ингээд гэнэтхэн хүүхэд урдуур нь орж ирээд мөргүүлдэг. Жолооч нар ч гэсэн өөрсдөө аав, ээжүүд. Таны хүүхэд ч гэсэн замын хөдөлгөөнд оролцоод явж байгаа. Иймд хурдаа тохируулж явах хэрэгтэй гэв.

ХОЛБОГДОХ ГАЗРУУДЫН ГАЗРУУДЫН АЛДАА БУЮУ ХҮҮХЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ БАЙГААГ ОГТ ТООДОГГҮЙ

Монголд хүүхдийн эрх ашгийг хамгаалсан 200 гаруй байгууллага байдаг ажээ. Дурдвал, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө газар, Нийслэлийн гэр бүл хөгжлийн газар, аймаг, дүүрэг сумдын гэр бүл хөгжлийн төв гээд улсын байгууллага, Хүүхдийн эрх ашгийг хамгаалах төв гээд хувийн маш олон хүүхдийн төлөөх байгууллага байх аж. Гэвч өнөөдөр хүүхэд зам тээврийн осолд өртөж, жилд 112 хүүхэд амиа алдаж, мянга гаруй хүүхэд осол аваарт өртөж байгааг хэн ч, ямар ч албан тушаалтан юман чинээ тоодоггүй бололтой. Тэд гадны аль нэг байгууллагаас төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд хүнд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхэд, гэр оронгүй хүүхэд, асрах газар гээд цөөн хэдэн газарт л тодорхой хэмжээний ажлуудыг хийдэг байна. Харин хүүхэд амь насаа алдаж байгааг авто ослын талаар судалгаа шинжилгээ хийдэг нэг ч байгууллага байдаггүй ажээ. Мөн энэ чиглэлээр мэргэшсэн хуульч ч байхгүй байна лээ. Хүүхдийн төлөө үндэсний газраас хүүхэд осолд өртөж амь насаа алдах тоо яагаад буурахгүй байгаа талаар асууж, энэ талаар ямар ажил хийж байгаа талаар мэдээлэл байна уу гэхээр “Хариуцсан ганцхан мэргэжилтэн байгаа. Тэр хүн хөдөө явчихсан. Энэ талаар өөр мэдэх хүн байхгүй” гэх хариулт өгч байв. Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийнхөнд ч энэ талаар мэдээлэл өгөх хүн олдсонгүй. Яам, холбогдох тамгын газар, төв энэ талаар огт ажил хийж байгаагүй гэдгийг Замын цагдаагийн газрынхан онцолж байна лээ. Эх сурвалжийн хэлж буйгаар “Хүүхэд зам тээврийн ослоор амь насаа алдаж байгаа нь бидэнд огт хамаагүй” гэх утга бүхий зүйлсийг хэлдэг гэсэн. Уг нь сургууль орчимд авто осол гарч байгаа бол Нийслэлийн боловсролын газар, сурагчдын холбоо хамтраад ажиллах ёстой аж. Энэ сургуулийн тэр хавьд хүүхэд автомашины осолд өртөх аюул маш өндөр гээд анхааруулга тэмдэг болоод гэрлэн дохио, явган хүний гарц хийж, эцэг, эхүүдийн төлөөллийг зогсоох ёстой байдаг. Гэтэл энэ талаар хийсэн тодорхой ажил огт байхгүй аж. Мөн эцэг, эхчүүдийн буруугаас болж хүүхэд осолд өртөж байгааг Хүүхдийн төлөө үндэсний газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийнхөн анхаарч ажиллах хэрэгтэй аж. Харин жолооч нарын буруугаас болж гарч буй ослуудыг Замын цагдаагийн газар анхаарч ажиллах ёстой. Гэвч төрийн байгууллагууд энэ дээр огт анхаарал хандуулахгүй байгаагаас болж хүүхдүүд зам дээр “хядуулж”, хэдэн зуугаараа амь насаа алдаж байна.

ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙН АЛДАА

Эцэг, эхчүүд хүүхдээ харгалзах хүнгүй дэлгүүр рүү хүнс авахуулахаар, эсвэл хичээлд нь ганцааранг нь явуулчихдаг. “Манай хүүхэд ганцаараа яваад сурчихсан юм. Би арван нас хүрэх гэж байхдаа ганцаараа явдаг байсан” хэмээн сайрхана. Тэгсэн мөртлөө энэ гудамжнаас гэнэтхэн машин гараад ирдэг юм. Энэ замаар гарч болохгүй. Машин байнга хурдтай явдаг. Явган хүний замтай, гэрлэн дохиотой газраар зам хөндлөн гарч бай. Зам хөндлөн гарахдаа гүйж болохгүй. Хоёр талаа сайн харж байгаад гараа алдалж гарах ёстой. Мөн нэгдүгээр эгнээний машин зогсож зам тавьж өгсөн ч гэсэн хоёр, гуравдугаар эгнээгээр явж байгаа машин дайрах аюултай. Машин ирж байвал өнгөрөөж гар. Зам хөндлөн гарахдаа яарч тэвдэж, гүйж огт болохгүй гээд наад захын энгийн жишээг тайлбарлаж өгөхгүй. Тэгсэн мөртлөө есөн настай хүүхдээ дүүгээ цэцэрлэгт нь хүргээд өг” гээд явуулчихдаг. Үүнээс болоод өнгөрсөн лхагва гаригт нэг айлын хоёр хүүхэд машинд дайруулж, хүнд гэмтсэн юм. Хүүхдүүд зам хөндлөн гарахдаа ирж байгаа машины хурдыг тооцоолон бодож чаддаггүйн улмаас машины урдуур дүүгээ дагуулж гүйгээд мөргүүлжээ. Эцэг, эхчүүд хэнэггүй байдлаасаа болоод нялх үрсээ харамсалтайгаар алдах, насан туршдаа сэтгэлийн зовлон гунигтай явах хувь тавилан хүлээж байгаа юм.

Дайн байлдаантай улс оронд ч амь насаа алдаж байгаа хүүхдийн тоо хэмжээ хязгаартай байна. Гэтэл бид энх амгалан аж төрж байгаа мөртлөө үр хүүхдээ хайр найргүй хядуулж байна. Та бидний хойч ирээдүй болсон танхилхан үрс минь хэнэггүй эцэг эх, дур зоргоороо дүрэмгүй мэт аашилж хааз нэмэн давхисан жолооч нарт мянгаараа хядуулж, хэдэн зуугаараа амь насаа алдах ёстой юу. Салхи татуулан давхих автомашинд бидний ирээдүй болсон хүүхдүүд өөдөсхөн биеэ “тас татуулж”, цардмал зам дээр бүлээн цус нь тунарч, сүүлчийн амьсгалаа татах хувь тавилантай юм гэж үү.

Биенээс нь бие болон ургасан алаг үрээсээ хагацсан ээжийн нулимс, ангаахай бяцхан хүү, охиноо харамсалтайгаар алдах аавын гунигт эмзэглэл, өөрсдийгөө насан туршдаа буруутгах зовлонт гашуун амьдралыг Монголын олон мянган гэр бүл амссаар байх уу. Зам дээрх хүүхдүүдийг минь дайрч хядсан их хядлага хэзээ зогсох вэ.

Автомашинд мөргүүлж гэмтэл аваад хөлөндөө том хадаас нэвт өрөмдүүлсэн олон хүүхэд эмнэлгийн орон дээр өвчиндөө шаналж, тарчилж хэвтэж байна шүү дээ. Тэд амьдрах гэж, амьд байх гэж үхэлтэй тэмцэлдэж байна. Харин томчууд бид тэднийг ингэж тамалж, ингэж хядахгүй байж чадна.

Categories
мэдээ цаг-үе

Таньж, мэдэхгүй сонгоно гэж юу байхав

Сонгуулийн хууль хүнээ танихад хэтэрхий богино хугацаатай байна. Шинээр нэр дэвшиж байгаа хүн бол өөрийгөө таниулж ч амжаагүй байтал сонгуультай золгох нь. Энэ богино хугацаанд нэр дэвшигчийг таниулахад хэвлэл мэдээлэл чухал үүрэгтэй. Зарим хэвлэл огт улс төр явуулахгүй гээд зарлаж байна. Энэ нь нийгмийн өмнө үүрсэн хариуцлагаасаа зугтаж байгаа хэрэг. Угтаа нэр дэвшигчдэд богино хугацаа олгогдсон, сурталчлах эрхтэй телевиз тоотой хэд. Хүнд хүрч уншигдах олон захиалагчтай сонин хэд билээ дээ.

Төр улсыг минь хэн авч явахыг шийдэх хариуцлагатай үе ирчихээд байхад зарим нь улс төрөөс залхлаа гэлцэх юм. Ирээдүйгээ сонгохын тулд мэдэж таньж байж л шийдвэр гаргана шүү дээ. Биднийг төлөөлөх хүнээ сонгоно. Тиймээс надад хамаагүй, хувь заяа нь мэдэг гэсэн байдлаар хандах хэрэггүй. Улс төрийг чи сонирхохгүй ч улс төр чамаар оролдоно гэдэг биз дээ. Юутай чиг нэр дэвшигчдээс хэн нэгнийг сонгох л болно. Тэгэхийн тулд нэр дэвшигчдийн ярилцлага, мэдээ мэдээллийг үзэж, унших л хэрэгтэй. Улс орныхоо ирээдүйд, өөрсдийнхөө ирээдүйд бид санаа тавих ёстой. Бид ирээдүйгээ ямар байлгахаа төлөөллөө болгож төрд илгээсэн хүнээрээ дамжуулж шийддэг. Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал, ирээдүй үе чинь их буугаар буудна гэсэн үг бий. Хүссэн ч, хүсээгүй ч сонгуулийн сурталчилгааны энэ өдрүүдэд улс төр сонирхохоос өөр арга алга. Ядаж ирээдүйгээ хэнд даатгахаа мэдэж сонголтоо хийе. Тиймээс сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Та саналаа өгөөгүй байж, дараа нь муу хүн, буруу хүн сонгочихлоо гэж битгий гоншигоноорой. Хэнд ирээдүйгээ даатгах чинь таны л сонголт шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Н.Болор-Эрдэнэ: Найруулагч Ч.Найдандорж, зураач Г.Дунбүрээ нар манай аавтай ах дүүс

2016 оны “Acade­my awards”-ийн шилдэг зураач шагналыг “Содура” киногоороо хүртсэн соёлын тэргүүний ажилтан Н.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.

-“Содура” киногоор “Academy awards”-ийн шилдэг зураач номинацид шалгарлаа. Сэтгэгдлээ хуваалцаач?

-Анх удаа “Academy awards”-д оролцож “Содура” киногоороо шилдэг зураачийн шагнал хүртсэндээ маш их баяртай байна. “UBS” телевизийн ивээн тэтгэсэн, бүх ажилчдынх нь сэтгэл зүрх шингэсэн энэхүү кино гарсан даруйдаа л хүмүүсийн хүртээл болж чадсан. “Содура” кино маань уран бүтээлчдэдээ шилдэг нүүр будалт, эффект, эрэгтэй, эмэгтэй туслах жүжигчин, зураач, шилдэг гран-при гээд долоон шагналыг авчирлаа. Кино бүрэлдэхүүн, “UBS” телевиз, тэдний хамт олонд баярласнаа илэрхийлье.

-Таны гэр бүлд зурах авьяастай хүн бий юу?

-Миний өвөө нутаг орондоо уран Авирмэд гэж нэртэй хүн байсан. Тэр хүний хийсэн зодог, шуудаг, монгол гутал тухайн үеийн бөхчүүдэд байдаг талаар сонссон. Ямартай ч Х.Баянмөнх аваргад монгол гутал байдаг талаар аав минь хэлж байсан. Миний аав А.Найданням инженер мэргэжилтэй бас илбэчин, гарын дүйтэй хүн байдаг. Багадаа илбэ шидийн ертөнцөд л амьдарч өссөн дөө, ааваараа их бахархдаг. Тийм болоод ч тэр үү уран сэтгэмж илүү байдаг болов уу. Аавын талд гарын ур дүйтэй авьяаслаг хүмүүс их бий. Аавын минь төрсөн дүү найруулагч Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч. Найдандорж, мөн Урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Г.Дунбүрээ гуай гээд сайхан хүмүүс байна. Энэ мундаг хүмүүсийн цус миний судсаар урсаж байгаа болохоор бага ч гэсэн авьяас өвлөгдсөн болов уу. Миний төрсөн ах дүү нар сэтгүүлч, тогооч, дизайнер, дууны найруулагч мэргэжилтэй, кино зураач мэргэжилтэй хүн бүр хоёр ч байдаг.

-Кино зураачийн мэргэжлийг яагаад сонгох болов. Энэ чиглэлийн онцлог нь юунд байна вэ?

-Би 2006 онд КУДС-ийг П.Цогзол багшийн удирдлага дор төгссөн. Хүүхэд байхдаа кино үзэх дуртай байсан болоод ч тэр үү кино зураач болох юмсан гэж их боддог байлаа. Санасандаа хүрсэндээ баяртай байдаг. Анх оюутан байхдаа япончуудын хийсэн Чингис хааны тухай “Зах хязгааргүй тэнгис” кинонд жижиг хэрэглэлийн зураачаар ажилласан. Тэр кинонд ажилласан нь маш их туршлага болж энэ мэргэжилд эргэлт буцалтгүй татан оруулсан. Түүнээс хойш өөрийгөө бага багаар хөгжүүлж энэ чиглэлээрээ дагнан ажиллаж байна. Кино зураачид бусад зураачдаас өөр л дөө. Зураач хүн юу зурах тухайгаа сэтгэж, бодож, аливаа зүйлийг хараад дуурайлгаад ч юм уу уран бүтээлээ туурвидаг. Кино зураач зохиолоо уншиж танилцаад дүр, үйл явдал, газар, орон нутаг, эдэлж хэрэглэх хэрэгсэл гээд бүгдийг ургуулан бодож түүнийгээ урлаж бодит зүйл болгон гаргадаг. Зурах авьяастай л бол кино зураач болчихно гэвэл өрөөсгөл ойлголт. Гүйлгээ ухаан, түргэн сэтгэх чадвар дээрээс нь гарын ур дүйтэй, дархны ажил хийж чадахаар тийм чадваруудтай байхыг шаарддаг. Мөн гол зэвсэг нь судалгаа байдаг. Судалгаа шинжилгээгүйгээр кино зураачийг төсөөлөхийн аргагүй. Хэдэн зууны өмнөх түүхийг харуулахын тулд археологич нартай хамтран ажиллаж, шинээр олдсон олдворуудын талаарх мэдээллийг цаг алдалгүй авч байдаг. Түүхийн музей, үзэсгэлэн зэргийг үзэж судалж байх шаардлага гарна. Маш сонирхолтой мэргэжил. Энгийн зураачаас ялгагдах бас нэг онцлог нь баг бүрэлдэхүүнтэй хамтарч ажилладаг хамтын бүтээл байдаг.

-Хамгийн их цаг хугацаа шаардсан бүтээл чинь ямар бүтээл байв?

-Маш их цаг хугацаа, хөдөлмөр шаардсан бүтээл минь “Содура” уран сайхны кино байсан. Одоогоос гурван жилийн өмнө “Ану хатан” киног хийж дуусаад амарч амжаагүй байхад “Содура” киноны ерөнхий зураачаар ажиллах санал ирсэн. Кино зохиол нь 1950-1980-аад оны үеийн цаатнуудын амьдралын талаар байсан. Түүхэн болоод цаатнуудын талаарх сэдэв байсан болохоор маш их таалагдсан. Зохиол уншиж байхад л хийх санаанууд төсөөлөгдөж бууж байлаа. Зураачдын баг хоёр жил гаруй хугацаанд маш их хөдөлмөрлөсөн, басхүү кайф авч чадсан уран бүтээл байлаа. Кино бүрэлдэхүүний хувьд ч гэсэн жилийн дөрвөн улирлын турш үргэлжилсэн, цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан бүтээл болсон. Өвлийн цастай үеийн зураг авах үед зуугаад хүний бүрэлдэхүүнтэй хоол хүнсээ бэлдээд Хөвсгөлийг зорьсон ч цас ороогүй байсан тул эргээд ирж байлаа. Гэсэн хэдий ч олон уран бүтээл дээр хамтарч, бие биенээ мэддэг залуучууд, хамт олон ажилласан болохоор сайн уран бүтээл болсон гэж боддог.

-Урин дулаан цаг ирээд уран бүтээлчид шинэ уран бүтээлдээ бэлдээд завгүй байх шиг байна. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Бид 2006 онд “Movie art” кино зураачдын хорь гаруй гишүүнтэй урланг нээсэн. Одоогоор “Movie art” урлан маань бүрэн бүрэлдэхүүнээрээ Хятад улсад хийгдэж буй “Чингис хааны эрдэнэ” гэсэн нэг ангит кинон дээр ажиллаж байна. 2017 онд нээлтээ хийх тус кинонд АНУ, ОХУ, БНХАУ, БНӨСУ, ӨМӨЗО, Япон гэсэн орнууд хамтарч ажиллаад нэг жил болох гэж байна. “Movie art” урлангаас Монгол Улсаа төлөөлж байгаа болохоор хичээж байна. Гадаадын зах зээлд гарч байгаа учраас хувцас, эд хэрэгсэл дээр түүхэн талын судалгаа шинжилгээ байх боловч уран сайхны талаасаа бага зэргийн хэтрүүлэгтэйгээр хийж байгаа. Кино багийн зүгээс уран сайхны хэтрүүлэгтэй байхыг илүүд үздэг юм байна лээ.

-Уран бүтээлчид киноны ашиг орлогын хувиас цалинждаг уу. Эсвэл анхнаасаа тогтсон цалинтай байдаг уу?

– Анх гэрээ хийхдээ цалин, хөлсөө тохирдог. Ажиллаж байх хугацаандаа гэрээнд заасны дагуу цалингаа авна.

-Гэр бүлийнхээ хүнтэй нэг мэргэжилтэй гэсэн. Уран бүтээл хийж байхдаа танилцаж байсан уу?

-2009 онд “Мөрөөдлийн зүгт” гэдэг кинон дээр хамтран ажиллаж байхдаа эхнэртээ дурлаж байсан. Гэр бүлийн хоёр хүн нэг мэргэжилтэй болохоор ажил хийхэд түүртэх зүйлгүй, бие биенээ ойлгож байдаг нь сайхан байдаг. Одоо хоёр хүүтэй. Ханьтайгаа “Мөрөөдлийн зүгт”, “Намрын синдром”, “Содура” кинонуудад хамтран ажилласан. Мөн Хятад улсад хийгдэж буй “Чингис хааны эрдэнэ” кинонд хамтран ажиллаж байгаа, саяхан амралтаа авж гэртээ ирээд байна. “Содура” киноны тавь гаруй хувцсыг миний хань оёж урласан. Бид хоёр сайн аав, ээжийнхээ буянд хүүхдэдээ санаа зовохгүйгээр л ажилдаа сэтгэл зүрхээ зориулаад явж байна. Сүүлийн таван жилд бараг 10 хоног ч амраагүй байх шүү. Гэхдээ завгүй байна гэдэг их сайхан л даа. Хүн завтай байх тусмаа л өвдөж, стресстэж байдаг байх.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Австралийг айлгасан үер монгол нүүрсийг “моод”-нд оруулж магадгүй нь

Герман, Франц, Австрийг айлгасан их үер Австралийг сандаргаж байна. Европыг хамарсан энэ зуны үер гамшгийн хэмжээнд хүрснийг Парисаас харж болно. Сена мөрөн эргээ даван үерлэж, найман мянга гаруй оршин суугч онцгой байдлынханд ханджээ. Цаг уурчид өнгөрсөн тавдугаар сарыг Францын хэмжээнд сүүлийн 150 жил тохиолдоогүй их хур тунадастай үе хэмээн онцолсон бол Сиднейн түүхэнд сүүлийн 100 жил тохиогоогүй үерийн гамшиг тохиосон гэж Австралийн Онцгой байдлын яам мэдээлсэн юм. Эндээс харахад Австралийн үер 2011 оных шиг гамшгийн хэмжээнд хүрч мэдэх юм. Өнгөрсөн бямба гаригаас эхэлж орсон бороо ням гаригийн үүрээс ширүүсч үргэлжлэн орсоор байгаа юм. Үерт Канберра болон баруун Сидней хотууд илүүтэй өртжээ. Үерт автсан Куйнслэнд, Шинэ Өмнөд Уэйлс гэхэд л Австралийн уул уурхайн гол бүс. Энд Австралийн нүүрсний хамгийн том 29 уурхай оршдог. Австралийн сайн чанарын коксжих нүүрс Куйнслэнд мужийн Bowen басейн, Cla­rense Moreton басейн болон Шинэ Өмнөд Уэйлс мужийн баруун хэсэгт тархсан байдаг юм.

Австралийн коксжих нүүрс олборлолтын гол бүс нутагт хүчтэй үер болсон нь дэлхийн зах зээл дээр шалдаа унасан нүүрсний үнэд нөлөөлж мэдэх нь гэсэн таамаг хөвөрч эхэллээ. Сая дурдсан газруудад 2010, 2011 онд үер болоход уурхайнууд нь хаагдаж байсан юм.

Дэлхийн нүүрсний экспортын нийлүүлэлтийн наяас дээш хувийг Индонези, Австрали, ОХУ, АНУ, Колумби, Өмнөд Африк гэсэн зургаан улс хангадаг. Гэхдээ манай улсын нүүрсээ зардаг Хятадын зах зээлийн гол тоглогч Австрали. Эрчим хүчний нүүрсний зах зээлийг Атлантын болон Номхон далайн бүс гэж ангилдаг бол Таван толгойгоос урд хөрш рүү экспортолдог коксжих нүүрсний зах зээл ганц том нийлүүлэгчтэй. Тэр нь Австрали. Коксжих нүүрсний нийлүүлэлтээрээ толгой цохидог Австрали 2011 онд үерт автахад манай нүүрс хаданд гарсан нь ийм учиртай. Дэлхийн коксжих нүүрсний хэрэглээний тал хувийг энэ тив хангадаг. Таван толгойн ордын нийт нөөц нь 6.4 тэрбум тонн, үүнээс 1.8 тэрбум тонн нь коксжих нүүрс юм.

АВСТРАЛИЙН КОКСЖИХ НҮҮРСЭНД ҮЕРЭЭС ӨӨР АСУУДАЛ Ч БАЙНА

Үерээс өөр зовлон ч Австралийн нүүрсний салбарт тулгараад байна. Энэтхэгийн “Адани майнинг” нүүрсний нөөцөөрөө дэлхийд нэгдүгээрт бичигддэг Кармайклын бүтээн байгуулалтаас гарч магадгүй байдал үүсчээ. Австралийн Засгийн газар өнгөрсөн оны сүүлээр удаан хугацаанд сунжирч маргаан дагуулсан энэ ордыг хөдөлгөх шийдвэрийг гаргасан юм. Зургаан жилийн өмнө эхэлж байсан Кармайклын төсөл 16 тэрбум австрали доллар буюу, 12 тэрбум ам.долларын өртөгтэй. Энэ уурхайгаас жилдээ 60 сая тонн нүүрсийг Энэтхэг болон бусад орнууд руу гаргах боломжтой гэсэн аварга тоо дуулддаг. Кармайклын бүтээн байгуулалтыг төдийгөөс өдий хүртэл шүүмжилсээр ирсэн хүмүүсийн эсэргүүцэл ширүүссэн нь хөрөнгө оруулагчийг айлгасан гэх мэдээлэл цацагдаж байна. Даарин дээр давс гэгчээр нүүрсний зах зээл тааруухан байгаа гэсэн шалтгаанаар “Glencore” Тахмур дахь уурхайгаа хаана гэж төлөвлөснөө зарлаад байгаа юм.

МОНГОЛЫН ЭКСПОРТЫГ ОГЦОМ ӨСГӨСӨН ХОРИГ

Монгол нүүрс моодонд орох өөр нэг том шалтгаан нь БНХАУ Хойд Солонгосоос нүүрс авахаа багасгасан шийдвэр. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс БНАСАУ-д хориг тавих тухай 27 дугаар тогтоолыг өнгөрсөн хоёрдугаар сард баталсан. Энэ тогтоолыг БНХАУ дэмжиж байгаа юм. Урд хөрш Хойд Солонгосоос авах нүүрснийхээ хэмжээг хоёр сарын өмнөөс эрс багасгасан нь ийм учиртай. Гуравдугаар сард 2.1 сая тонныг авсан бол дөрөвдүгээр сард 1.53 сая тонныг импортолсон. Хойд Солонгосоос дөрөвдүгээр сард Хятад руу экспортолсон нүүрсний хэмжээ 1.53 сая тонн болсон нь гуравдугаар сарынхаас 35 хувь, өмнөх оны мөн үеэс 20.5 хувь буурсан дүн гэсэн мэдээг Хятадын Гаалийн ерөнхий газраас гаргаад буй. Манай нүүрсний экспорт ганцхан сарын дотор 1.98 саяас гурван сая тоннд хүрч огцом өссөн нь энэ шийдвэртэй холбоотой. Хятадад экспортолсон өмнөх оны мөн үеийнхээс 34.7 хувиар өснө гэдэг бол яах аргагүй онцолж хэлэхээр статистик. Ямартай ч Хойд Солонгосын дэглэмийн эсрэг урд хөршийн худалдааны хатуу хориг манай улсын нүүрсний экспортод эерэг нөлөө үзүүлээд эхэлчихлээ.

Хятадад хамгийн том нүүрс нийлүүлэгч Австралийн нүүрсний экспорт ч буурсан дүнтэй гарсан байна. Австралийн дөрөвдүгээр сарын нийлүүлэлт нь 5.74 сая тонн. Өмнөх оноосоо 12.9 хувиар буурчээ.

КОКСЖИХ НҮҮРС, ВИНОГ НЬ ДЭЛХИЙ АНДАХГҮЙ

Коксжих нүүрсний экспортын дэлхийн захын гол тоглогч Австрали зургаан муж, хоёр бүсэд хуваагддаг. Нийслэл хот нь Канберра. Уул уурхайн орд олонтой Викториа муж нь Австралийн зүүн өмнөд хэсэгт байрладаг. Мужийн нийслэл нь Мельбурн. Энэ мужийн цаг агаар баруун болон зүүн хэсгээрээ халуувтар. Бага зэрэг хувьсамтгай цаг агаартай гэж цаг уурчид онцолдог. Уул уурхайн гол бүс гэгддэг Куйнслэнд муж Австралийн зүүн умард зүгийн захаар байрладаг. Үзэсгэлэнт байгалиараа жуулчдын сонирхлыг татдаг газрын нэг юм байна. Уур амьсгалын хувьд халуун, чийглэг. Австраличууд амьжиргааны түвшнээрээ дэлхийд дээгүүрт ордог. 180 гаруй орны хүмүүс суурьшин амьдардаг энэ улсын зургаан хүн тутмын нэг нь гаднаас ирсэн, гадаадад төрсөн хүмүүс байдаг. Газар зүйн хувьд дэлхий дээрх хамгийн том арал бөгөөд хамгийн жижиг тив. Газар нутгийн хэмжээгээрээ Орос, Канад, Хятад, Америк, Бразилийн дараа дэлхийн хамгийн том улсуудын жагсаалтад зургаад бичигддэг. Номхон далай болон Энэтхэгийн далайгаар хүрээлэгдсэн. Бүр тодруулбал, баруун талаараа Энэтхэгийн далайтай, хойд талаараа Тимор, Арафура, Коралийн тэнгисүүдтэй, зүүн ба өмнөд хэсгээрээ Номхон далай болон Тасманийн тэнгистэй хиллэдэг. Далай дэлхийн уур амьсгалд нөлөөлдөг гэдэг дүгнэлт далайтай ойрхон улсуудад илүү хамаатай. Номхон далайд Эль нино, Ла нина гэсэн цаг уурын хоёр үзэгдэл үүсдэг гэж цаг уурчид онцолдог. Эль ниногийнх нь үед улс орнуудад ган гачиг болох эрсдэл үүсдэг, харин Ла нинагийн үед хур ихтэй, үерийн эрсдэл өндөр хэмээдэг. Эль нино дуусч Ла нина эхэлж байгаа нь Австралийн хувьд тийм ч сайн мэдээ биш. Энэ улсын экспортын гол бүтээгдэхүүн уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боловсролын салбарт хамаарагддаг. Өмнөд, баруун Австралийг виноны эх орон гэдэг. Виноны зах зээл дээр Франц, АНУ-ын дараа дэлхийд гуравт жагсдаг. Уул уурхайн бүтээгдэхүүний хувьд өмнө дурдсанчлан коксжих нүүрсний дэлхийн гол нийлүүлэгч.

АВСТРАЛИЙН НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛ

Австралийн олон улсын нүүрсний зах зээл дээр хамгийн том экспортлогч байсан үе нь 2011 он хүртэл үргэлжилсэн байдаг. Харин 2011 оноос хойш Индонези бүх төрлийн нүүрсний экспортоороо тэргүүлж эхэлсэн юм. Гэсэн хэдий ч коксжих нүүрсээрээ бол өнөөдөр ч голлох тоглогч хэвээрээ. Азийн дийлэнх зах зээлд ойрхон байршилтай, нүүрсний их нөөцтэй гэх мэт давуу талууд бий. Австралийн хувьд нүүрсний экспорт төмрийн хүдрийн дараа ордог. Цаг агаарын өөрчлөлтөөс ихээхэн хамааралтай байдаг нь Австралийн нүүрсний салбарын эмзэг тал. Таван жилийн өмнө Куйнслэнд муж үерт автахад Австралийн коксжих нүүрсний нийлүүлэлт тасарч байсныг өмнө дурдсан. Үүнээс болж гангийн үйлдвэрт ашигладаг нүүрсний үнэ 330 ам.доллар хүрч “галзуурч” байв. Австралийн коксжих нүүрсний экспорт 2018-2019 он гэхэд 195 сая тоннд хүрнэ гэсэн таамаг бий. Төмөр зам, боомтын хүчин чадал дутмаг байгаа нь нүүрсний экспортод нь саад болдог гэдэг. Боомтод ирсэн нүүрс түгжрэх нь энгийн л үзэгдэл, манайхаар бол Таван толгойн нүүрс ачсан машинууд Хятадын хил дээр дугаарладаг шиг асуудал үүсдэг бололтой. Гэхдээ дэд бүтцээ сайжруулах олон төсөл хэрэгжүүлж байгаа, эхнээсээ үр дүнгээ өгөөд эхэлсэн мэдээлэл бий.

АВСТРАЛИЙН ӨРСӨЛДӨГЧ МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛ

Монголын хувьд Австралитай өрсөлдөх боломж уг нь бий. Коксжих нүүрсний том нөөцтэй орд нь Хятадын хилд ойрхон байрлана гэдэг бол том давуу тал. Гэхдээ нүүрсээ тээвэрлэх зардал нь хэтэрхий өндөр, шороон замаар автомашинаар зөөдөг гэсэн болхидуу тээвэртэй учраас дэлхийн зах зээлээс өчнөөн хямд үнээр коксжих нүүрсээ зарахаас аргагүйд хүрдэг. Төмөр зам тавьчихвал коксжих нүүрсний нийлүүлэлтээрээ Хятадын зах зээлд дажгүй тоглоод байх боломжтой. Австрали шиг байсхийгээд үер болно гэх зовлон байх биш. Төмөр замтай болж, нүүрсээ хямдхан тээвэрлээд эхэлбэл нүүрснээсээ тогтвортой ашиг олоод амар жимэр амьдрах уг нь тийм ч толгой өвтгөсөн асуудал биш. Австрали үерт автсан 2011 онд Хятадын коксжих нүүрсний импортод Таван толгойн нүүрсний эзлэх хувь бүр 40 давж байсан удаатай.