Categories
мэдээ цаг-үе

Б.Баясгалан: Монгол хүнийг л оруулахгүй юм бол казино байгуулаад хэрэггүй

Бизнес эрхлэгч Б.Баясгалантай казиногийн асуудлаар ярилцлаа.

-Монголд казино байгуулах тухай асуудал үе үеийн парламентад яригддаг боловч хууль нь батлагдаагүй. Гэвч нийгэмд нууц байдлаар дэлгэрээд удаж байна. Төр засгийн зарим түшээд казиног эсэргүүцээд байдаг л даа. Харин та гадаад, дотоодын казинод олон жил ажиллаж байсан хүний хувьд энэ бизнесийн зарчим, ашиг зэргийг маш сайн мэдэх байх. Монголд казино байгуулбал ямар ач холбогдолтой вэ?

-Хүн ер нь мэдэхгүй зүйлийнхээ дайсан нь байдаг л даа. Зарим УИХ-ын гишүүдийн ярихыг харж байхад казиног маш ихээр шүүмжилдэг. Тэгээд ч монголчуудын дунд казино гэхээр хар тамхи, архидалт, биеэ үнэлэлт явдаг гэсэн ойлголт түгээмэл. Казино гэж юу байдгийн үнэрийг нь ч мэдэхгүй хүмүүс төрийн түшээдийн эсэргүүцэж байгааг зөвтгөөд л явна. Түүгээр зогсохгүй казино байгуулбал манай улсын эдийн засагт ямар ашигтай, ямар соёлтой, хатуу ёс зүйтэй, хичнээн ач холбогдолтой болохыг мэдэхгүй. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад үйл ажиллагаа явуулдаг казинод дэлхийн баячууд ирж хэдхэн цаг тоглоод мөнгөө өгөөд гардаг гээд энэ бүгдийг мэдэж байвал казиног байгуулахыг дэмжих ёстой. Харамсалтай нь энэ олон улс төрийн бүлэглэлийн цаана олон хүн байгаа болохоор хууль батлагдахгүй явсаар өдий хүрлээ.

Монголд 1997 оны тавдугаар сард казино байгуулагдаж, тухайн үеийн хамгийн том зочид буудал болох “Чингис”-т үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Үүнийг герман хүн Монголын компанитай хамтарч хөрөнгө оруулаад ажиллуулж байсан юм. Ингээд Англиас мэргэжилтэн авчраад биднийг зургаан сарын турш бэлтгэсэн. Казиногийн дүрэм журмаас эхлүүлээд аюулгүй байдал гээд дэлхийн түвшний стандартыг заасан л даа. Бид энэ хугацаанд казиног дэлхийн түвшинд явуулах бүх арга зүй, технологийг нь сурсан. Тэнд 200 орчим монгол залуус ажиллаж байсан. Харуул хамгаалалт нь маш чанга болохоор 100 орчим хүн шалгаруулж авсан санагдаж байна. Харамсалтай нь жилийн дараа тендер шалгаруулалт нь маргаантай болоод хаагдсан. Тэгээд казиногийн хуулийг цуцалсан. Харин нөгөө герман хүн маань 1999 онд Чехэд хөрөнгө оруулаад казино байгуулаад Монголоос 30 гаруй залууг ирж ажиллахыг урьсан. Бид ч дуртайяа саналыг нь хүлээн аваад очиж ажилласан. Зарим нь 5-10 жил ажиллаад зохих хэмжээний мөнгө хуримтлуулаад Монголдоо ирсэн. Тухайн үед “Чингис” зочид буудлын казинод хамт ажиллаж байсан манайхан өнөөдөр дэлхийгээр тарсан байгаа. Америкт усан онгоц дээр, Африк тивд ч ажиллаж байна. Европ тивээр 40-50 залуу ажиллаж амьдарч байна. Монголд 100 гаруй залуу ирчихсэн байна. Хэрэв Монголд казино байгуулагдвал тэдгээр гадаад орнуудад амьдарч байгаа хүмүүс маань эх орондоо ирэхэд бэлэн байгаа.

-Монголд казино байгуулбал ажиллуулах боловсон хүчний асуудалд санаа зоволтгүй байх нь ээ?

-Тэгэлгүй яахав. Бид энэ чиглэлээр ажиллах сонирхолтой залуусыг ч бэлдээд өгөхөд бэлэн байна. Бид казиногийн менежмэнтийг нь аваад явах дэлхийн стандартыг бүрэн эзэмшсэн.

-Та хэд эх орондоо ирээд юу хийцгээж байгаа вэ?

-Хувь хувийнхаа ажил төрлийг хийгээд явж байгаа. Голдуу бизнесийн салбарт хүчээ сорьж байна даа.

-Ер нь казино байгууллаа гэхэд монголчуудыг оруулахгүй гэсэн хувилбар бас яригдаад байна л даа?

-Бидэнд хичээл зааж байсан багшийн хэлснээр казино бол аюулгүй байшин. Нисэх онгоцны буудал руу ороход хүмүүсийг нэвт скайнерддаг шиг тийм өндөр шалгуураар хүмүүсийг оруулдаг. Тэнд хүний аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байдаг. Тэр бүү хэл пүүз, жийнстэй хүмүүсийг оруулдаггүй байх ёс журамтай. Мөн хар тамхи байтугай, согтууруулах ундаа үнэртүүлсэн хүмүүсийг бүр ч ойртуулахгүй. Казино руу орох хүмүүсийг тусгай багажаар шалгаж оруулдаг. Казиног хуульчлаад зөв хэрэгжүүлэхэд аюулгүй байдал нэг номерт тавигддаг. Өнөөдөр казино Монголд нууц далдуур хаа сайгүй байна. Эхний удаад бие биеэ хутгалж, буу шийдэмдээ хүрлээ. Дараагийн удаа хүний амь эрсдэх магадлалтай. Сая буу шийдэмдээ хүрч, хэвлэлийнхний анхаарлыг татсан залуус аргагүйн эрхэнд цагдаад мэдэгдээд ийн ил болсон. “Өдрийн сонин” энэ тухай хөндөж, мөсөн уулсын дөнгөж орой хэсэг нь гэж сурвалжлага бэлтгэсэн байсан шүү дээ. Тэр бол үнэхээр үнэн. Монголд 7000 орчим хүн покер мэддэг гэж нэг ярилцлагаас уншсан. Тэднээс 1000-аад хүн гадаадад очоод тоглох мэдлэгтэй гэсэн байсан л даа. Нэгэнт тэд гадаадад очоод мөнгөө алдаад ирж байна. Тэрний оронд энэ мөнгөө Монголдоо үлдээх хэрэгтэй шүү дээ. Ийм боломжийг нь олгохын тулд монголчуудыг казинод оруулах хэрэгтэй. Монгол хүнийг казинод оруулахгүй гэвэл нутаг дэвсгэр дээрээ байгуулах хэрэг юу байна вэ. Тодорхой хэмжээнд стандарт мөрдөж байж хүмүүсийг казинод оруулах нь зөв. Тэгэхгүй бол цаашаа далд хэлбэрээр явсаар байгаад олон хүн эрсдэлд орох аюултайг дахин хэлье. Гадаадынхан тав тухтай, тансаг орчинд казино тоглоод, монголчууд нь тийшээ орж чадахгүй нууц хэлбэрээр бие биеэ хядаад дуусвал яах вэ гэдгийг хууль боловсруулагчид санах хэрэгтэй.

-Ер нь монголчуудыг оруулахгүй гэсэн шалтгаанаа амьдрал дорой байна гэж тайлбарласан. Эдийн засаг хүнд байхад монголчууд казинод орж хамаг юмаа өгөөд туучихна гэсэн болгоомж хэлж байсан?

-Монгол Улсын Үндсэн хуульд хүнийг ялгаварлан гадуурхахыг хориглосон байдаг. Иймээс монголчуудыг казино тоглуулж болохгүй гэсэн хууль батлагдвал Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно. Тэгээд ч өнөөдөр эдийн засаг хүндэрч, ард түмний амьдрал туйлдаа хүрсэн нь хэний буруу билээ дээ. Төр засгийнхан нь өөрсдөө ард түмний амьдралыг туйлдуулчихаад ийм тайлбар өгч байгаа бол эндүүрэл. Бизнес эрхэлж байгаа бидэнд ч эдийн засгийн хямрал асар их нөлөөлж байна. Энэ хүндрэлээс гарах гарцыг ер нь төрийн түшээд эрэлхийлж байна уу.

Ер нь бол хувь хүн казинод орж тоглох уу, тоглохгүй юу гэдэг нь хүний эрхийн асуудал. Үүнийг хуульчилж, хүчээр зохицуулах нь буруу. Хэрэв тухайн хүн казино мөнгө алдаад байна гэж үзвэл ар гэрийнхнийх нь хүсэлтээр эсвэл өөрөө дахиж орохгүй гэж бодож байгаа бол хар дэвтэрт бүртгүүлж болдог олон улсын жишээ бий л дээ.

-Сүүлд өргөн баригдсан Казиногийн тухай хуулийн төсөлтэй танилцав уу?

-Д.Оюунхорол сайд Казиногийн тухай хуулийн төсөл өргөн бариад Хууль зүйн байнгын хороон дээр явж байгаа юм билээ. Бид казиногийн дотор нь олон ажил буцалж, сайн, саар талыг нь мэдэхийн хувьд зөв мэдээллийг хүргэх сонирхолтой байна. Монгол Улсын эрх ашгийн төлөө, ашигтай хувилбараар ажиллаасай гэдгийг монгол хүний хувьд хүсч байна. Бид яагаад гадаадад арав гаруй жил ажиллачихаад буцаад ирсэн бэ гэвэл өөрийн гэсэн эх оронтой. Үр хүүхдүүдээ эх оронд нь сайхан амьдруулмаар байна. Иймд яах аргагүй казино бол улсын эдийн засагт асар их үр өгөөжтэй салбар гэдгийг мэднэ. Тиймээс хуулийн төслийн ажлын хэсгийнхэнд бүхий л талаар мэдээлэл өгч, тусалж дэмжин хамтран ажиллахад бэлэн. Маркетинг хийх чадвар бидэнд байна.

-Хөрөнгө оруулалтын тал дээр ямар байвал дээр вэ?

-Үндэсний аюулгүй байдлаа бодох юм бол гадны ямар нэгэн улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай байж болохгүй. Ялангуяа хоёр хөршид бол бүр ч дэмий. Оросуудын муухай ааш нь хөдөлбөл нефтийнхээ хоолойг хаачихвал бид хэцүүднэ. Тиймээс хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаад казино байгуулж болж байна. Тэгээд казиногийнхоо орлого, зарлагыг нь шилэн дансаар хөтлөөд явах боломжтой. Ирээдүйд өсч өргөжих ийм хувилбар байж болж байна. Казиногоо монгол хүн хянаж байж цаашид амжилттай явна. Гадныхан бол ашгаа олоод хамаад гарна шүү дээ. Эсвэл гурав дахь хөрш орнуудаас багахан хэмжээний хөрөнгө татвал илүү баталгаатай. Бидний санаа бол багахан хэсэгт гадаадын хөрөнгө оруулаад, нээлттэй хувьцаа хэлбэрээр ажиллаж болж байна. Тэндээсээ ТУЗ-өө сонгоод ашигтай ажиллаж болно. Олон улсын казино яаж ажилладаг талаар хуулийг бид сайн мэднэ. Лицензийг бол 3-5 жилээр өгч болно. Жишээлбэл, германчууд хэзээ ч худлаа ярьдаггүй, авлига, хээль хахуулийн тал дээр хатуу ёс зүйтэй хүмүүс. Тиймээс гадны хөрөнгө оруулалтыг татахдаа сайтар судлах хэрэгтэй. Гэхдээ гадны хөрөнгө оруулалтыг 20 хувиас хэтрүүлж болохгүй.

-Казино байгуулчихлаа гэхэд хэдий хугацаанд ямар ашиг өгөх вэ? -Эхний нэг, хоёр жилийн орлогоор Улаанбаатар хотод метро барих хэмжээний ашиг олно. За тэгээд казиног дагаад дэд бүтэц, эдийн засаг сайжирдаг. Дэлхийн сүлжээ зочид буудал, гольф, дэлгүүрүүд хүүхдийн диснейлэнд зэрэг казиног дагаад манай улсад бий болох боломжтой.

Манай улс жилд 400-500 мянган жуулчин авдаг. Казино байгуулахад аялал жуулчлалын салбарынхны зорилт болсон нэг сая жуулчин хүлээж авах боломжтой. Казино тоглохоор ирэх нэг баян хүний цаана туслах нь, эхнэр хүүхэд нь, бараа бологчид нь гээд өчнөөн олон хүн дагаж явдаг. Ялангуяа эхнэрүүд нь нөхрийгөө казино тоглож байх зуур шоппинг хийж, тансаг ресторанаар үйлчлүүлж мөнгөө үрдэг л дээ. Сүүлийн жилүүдэд арабууд их ирдэг болсон. Тэд маш их мөнгөтэй. Тээр жил “Чингис” зочид буудалд казино ажиллуулж байхад Арабын Шейх ирж тоглож байсан. Өдрийн цагаар казино хаалттай байхад нээлгүүлээд хэдхэн цагийн дотор 100 мянган ам.доллар алдчихаад явж байсан.

Монголд покерын тэмцээн зохион байгуулахад дор хаяж 1000 хүн ирнэ. Тэдний багш, найз нөхөд гээд 3-4 мянган хүн ирнэ. Монголд маш их хөрөнгө үлдэнэ. Дэлхийн бүх өнцгөөс Монголыг үзэх гэж ирнэ. Хичнээн олон буудал, ресторанууд дүүрнэ. Эдийн засгийн мөнгөний урсгал нэмэгдэнэ. Бид тэр тэмцээнийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, хөзрийг нь хольсноороо Монголд маш их мөнгө үлдэнэ шүү дээ.

Ер нь казино байгуулагдахад наад зах нь 1000 хүн ажлын байраар хангагдана. Залуус маань олон орны хэлтэй, соёлтой, харилцааны өндөр боловсролд суралцана шүү дээ.

-Хуучин нисэх онгоцны буудлыг казиногийн чиглэлээр ашиглая гэж байсан. Байрлалын хувьд нийслэлтэйгээ ойр байх нь ямар бол?

-Зөв санаа. Тэнд дэд бүтэц байна. Том заал, нисэх онгоцны буудал байгаа. Хааяа хувийн том, том онгоцууд ирээд буучих боломжтой. Казино байгуулагдлаа бол солонгосчууд воноо, япончууд иенээ, африкчууд доллараа бариад ирнэ. Тэд Монголд ирээд төгрөгөөр солиулна. Валютын зохих хэмжээний хуримтлал шууд үүснэ. Тэгэхээр валютын энэ их хөөрөгдөл аяндаа навс унана шүү дээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Ардын нам Баярыгаа Англи руу баяртай үдэж байхад Ардчилсан нам Алтанхуягаа Ганц худагт гавтай явуулах нь ээ

Шалгуулбал бүгд л шалгуулъя. Бүгдийг нь шалгахгүй гэвэл хорсож занасан хүнээ ингэж ах дүү, амраг садангаар нь хорьж шийтгэхийн оронд урьдын хонзонгоо мартаад цаашаа явах л хэрэгтэй байна даа.

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар гадаад орнуудад суух Элчин сайдуудыг батламжилж томиллоо. Энэхүү томилгооны нэг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад Монгол Улсаа төлөөлж суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын зөөлөн суудалд МАН-ын лидерүүдийн нэг С.Баяр оногдсон байлаа. Одоо намын нөхөд нь түүнийг тэмдэглэн болор хундага харшуулсан тансаг үдэлтийн шоу зохион байгуулж байгаа биз ээ. Харин яг энэ цаг үед Ардчилсан намд арай өөр үйл явдал өрнөж байна. Намдаа С.Баяртай эн зэрэгцэхүйц хувь нэмэр оруулж, ялалтын тугаа мандуулж явсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаа Ганц худагт гавтай нь үдэхэд бэлэн болчихоод байна, тэд. Сүүлийн өдрүүдэд Н.Алтанхуягийн эхнэр хүүхэд, ах дүү, амраг саданг хуйгаар нь Ганц худаг руу ачиж байгаа мэдээ ар араасаа цуврах болов. Эхнэрийг нь хилээр гадагш гаргахгүй буцаалаа л гэнэ. Герман руу эмчлүүлэхээр явж байсан төрсөн дүүг нь баривчиллаа л гэнэ. Төрсөн эгчийнх нь охиныг Ганц руу ачлаа л гэнэ. Араас нь дахиж хэнийг нь ачихаар зэхэж байгааг таамаглах арга алга. Зарим мэдээллээс харахад Н.Алтанхуягийн эхнэрийнх нь дансанд хоёр, гурван тэрбум төгрөг шилжиж орсноос үүдэн ийм баривчилгаа эхэлсэн бололтой. Үүнийг Монголын нийгэм дэх ганц шударга үйл явдал болж байна хэмээн хөөрцөглөж, “Идэж уусан бол шалгуулах ёстой, зөв зөв” хэмээн илт дөгөөж байна. Тэгвэл одоогийн эрх барьж байгаа МАН-ынхны идсэн уусны дэргэд Алтанхуягийн холбогдоод байгаа энэ мөнгө дэндүү өчүүхэн хэрэг юм. Зүйрлэвэл, тогоо дүүрэн махыг тойгны махтай адилхан гэсэнтэй утга нэг үйл явдал юм.

Элчин сайдаар илгээгдээд байгаа С.Баяртай холбоотой хэмээн толгой эргэм их мөнгөний тоо хэвлэл мэдээллээр бишгүй их гардаг. Тэдний заримаас нь иш татаж үзье л дээ.

С.Баярын Засгийн газрын үед үзэглэсэн Оюу толгойн гэрээг Монгол Улсад ашиггүй байдлаар хийсэн хэмээн ард түмэн дургүйцдэг. Мэргэжлийн эдийн засагчид ч дуу нэгтэй шүүмжилдэг. Ийм гэрээ байгуулсныхаа төлөө түүнийг шовгор авсан байж магадгүй гэж харддаг хүн олон бий.

“Жаст”-ын гэгддэг Ш.Батхүү Өмнөд Африкийн Стандарт банкнаас 150 шахам сая долларын зээл авахдаа “Эрдэнэт”-ийг барьцаанд тавьсан дуулиан намдаагүй байгаа. Хэрэг шийдэгдээгүй байгаа бөгөөд “Эрдэнэт”-ийн төрийн мэдлийн 51 хувь аль хэдийнэ гаднын банкны барьцаанд орчихсон. Ийм үйл явдал мөн л С.Баярыг Ерөнхий сайд байх үеэр гарсан билээ. Улсын хамгийн том үйлдвэрийг гаднын банкны барьцаанд тавих хэмжээний том асуудал түүний оролцоотой хийгдсэн гэж яригддаг. Тийм ч учраас ард түмэн түүнийг хариуцлага хүлээх ёстой гэж үздэг юм.

Канадын Хан Ресурст Монгол Улсын төлсөн 70 сая долларыг мөн л С.Баяртай холбон ярьдаг. Учир нь С.Баярын Засгийн газрын үед хууль номоороо ажлаа хийж байсан Хан Ресурсын ажлыг зогсоож, лицензийг нь цуцалсан билээ. Мэдээж, тэд Монголын Засгийн газрыг Арбитрийн шүүхэд өгч, ялсан юм. Тухайн үед С.Баяр сайд нисдэг тэрэг хөлөглөн хойшоо хил гарч, эргэж ирээд Мардай дээр давхин очиж Канадын ураны уурхайн ажлыг зогсоосон гэдэг.

Эдгээрийн хажууд Н.Алтанхуягийн эхнэрийн дансанд орсон гэх хоёр тэрбумын хэрэг арай л жул сонсдож байгаа бус уу. Үүнийхээ төлөө Н.Алтанхуяг Ганц худаг руу ачигдахад бэв бэлэн болчихож. Харин Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр гуай “Жаст”-ын Батхүүгийнхээ хэргийг дарах талаар сэтгэлээ чилээж суугаа биз. Энэ шударга явдал мөн үү. Хуулиа дээдэлж, шударга ёсыг тогтооё гэж байгаа бол хэнийг ч ялгалгүй адилхан шалгаж, зөв бурууг нь нэг талд нь гаргах ёстой.

Н.Алтанхуяг хөдөөний гаралтай, бүдүүлэгдүү ч хүн юмаа даа. Авгай хүүхэд, ах дүү нь бүгд Монголдоо. Тийм болохоор тэд л цувралдан баривчлагдаж, Ганц руу орилолдсоор ачигдаж байна. Харин С.Баярын авгай хүүхэд Америкийн иргэд. Америкийн иргэдийг шалгах гэж оролдоод үзээрэй. Бараг улсаараа бөмбөгдүүлэх байлгүй.

Бүх үйл явдал бидний нүдэн дээр улаан цайм ил цагаан өрнөж байхад Ардчилсан нам загас мэт дув дуугүй сууцгаах юм. Энэ намыг удирдан зургаан удаа сонгуульд ялалт байгуулсан намын даргыг нь илт шударга бусаар дээрэлхэж байхад журмын нөхөд нь яагаад ганц үг ганхийхгүй байна вэ. Харин ч намын даргад өрсөлдөх нэг хүн алга боллоо хэмээн сэм сэм баярлалдаж гүйлдээд байгаа сураг дуулдах юм.

Улс төрд өрнөж байгаа дээрх үйл явц ирээдүйн Путинчуудын хийж байгаа ажил гэж дүгнэх хүн олон байна. Путин Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад Медведевийгээ дөрвөн жил өөрийнхөө оронд тавьсан. Өөрөө Ерөнхий сайд нь. Дараа нь өөрөө дахин Ерөнхийлөгч болж Медведев нь Ерөнхий сайд болсон. Төрийн толгойд гарч, завсаргүй хаанчлах ийм загварыг Монголын улс төрд хэвшүүлэхийн тулд дийлэх нэгнээ Ганц руу ачиж, дийлэхгүй нөгөөг нь Элчин сайд болгон замаа засч байна хэмээн учир мэдэх хүмүүс ярьцгааж байна.

Монголын ард түмний нүдэн дээр өрнөж байгаа шударга бус үйл явдлыг бид харсаар суух уу. Шалгуулбал бүгд л шалгуулъя. Бүгдийг нь шалгахгүй гэвэл хорсож занасан хүнээ ингэж ах дүү, амраг садангаар нь хорьж шийтгэхийн оронд урьдын хонзонгоо мартаад цаашаа явах л хэрэгтэй байна даа.

С.БАТБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Түвдэндоржийн Отгончулуун: Тоолохыг нь мэдсэн бол 10 түрүүлдэг байж гэж аав минь ярьж байсан

Б.Түвдэндорж аварга зурган илэрцүүд

-Б.ТҮВДЭНДОРЖ АВАРГЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ-

Булган аймгийн Хангал сумын харьяат, үндэсний спортын ууган гавьяат, далай, даян, дархан аварга Б.Түвдэндорж агсны 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Түүний охин Т.Отгончулуунтай ярилцсанаа хүргэе.


-Б.Түвдэндорж аваргын мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд ямар арга хэмжээнүүд зохиогдож байна вэ?

-Аавын минь 100 насны ой энэ жил болж байна. Олон сайхан хүмүүсийн тус дэмээр ойн хүрээн дэх ажлууд бараг цэгцэрчихлээ. Бид энэ сарын 20-ны өдөр Монгол бөхийн өргөөнд улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн хүндэтгэлийн барилдаан зохион байгуулах юм. Мөн дунд сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын дунд “Домогт аварга Б.Түвдэндорж” сэдэвт гар зургийн уралдаан, 6-12 дугаар ангийн сурагчдын дунд “Эргэл хайрхны домогт хүчтэн” эссэ бичлэгийн уралдаан, спортын чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд “Дархан аварга Б.Түвдэндорж ба үндэсний бөх” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар болсон. Мөн аавынхаа тухай ном гаргаж байна. Олон ч хүн ирж уулзаж, сайхан хүн байсан талаар нь дурслаа. Аавын минь тухай нутгийнх нь хөгжмийн зохиолч Ц.Санжаасүрэн, яруу найрагч Ц.Чинбат нар “Түвдэндорж аварга” гэж сайхан дуу хийжээ. Бүр олон жилийн өмнө шүү.

“Хуурын аялгууг эгшиглүүлсэн

Хурсан олныг баярлуулсан

Барсын бяртай Түвдэндоржоо

Баярын магнай хүчит аваргаа” гээд ийм сайхан үгтэй. Мөн бид ойд нь зориулж “Эргэл хайрхны домогт хүчтэн” гээд сайхан дуу хийлгэсэн. Ингээд хоёр сайхан дуутай болж байна. Ийм сайхан хүний охин болж төрнө гэдэг их хувь заяа юм даа.

-Б.Түвдэндорж аварга 23 настай байхдаа арслан цол хүртэж байсан гэдэг?

– Хамгийн анх 14 настайдаа нутгийнхаа Эргэл хайрхан уулын овоо, тахилгын наадамд анх удаа зодоглож байсан юм билээ. Аав минь 23-хан насандаа төрийнхөө баяр наадамд түрүүлсэн азтай хүн. Цэрэгт татагдсан жилээ улсын наадамд орсон юм билээ. Барилдах болсон түүх нь их сонин. Цэрэгт ирээд байхад нь жанжин Ж.Лхагвасүрэн гэх хүн аавыг улсын засуул Гончиг гуайтай уулзуулж л дээ. Ухаандаа бие хаа томтой болохоор нь шинжүүлэх гэсэн санаатай. Гончиг гуай хараад ихэд тоож “Энэ хүүг улсын наадамд барилдуулаарай” гэсэн гэдэг. Аав минь 1939 оны улсын баяр наадамд 512 бөх зодоглоход “урт гарт” хэмээх Лхагва арсланг өвдөг шороодуулан, цолгүй бөх арслан цолны болзол хангасан түүхтэй. Аргагүй л ир, бяр гэдэг нь тэр байх даа. Эмээ маш их баярлаж хэдэн өдөр уйлсан талаар хожим ааваасаа сонсож байсан. Одоо бодоход ч бахархам сайхан байдаг юм. Харин аав минь 1941 онд Өлзийсайхан арслангаар ес даван түрүүлж аварга, 1945 онд Цэвээнравдан заанаар ес даван түрүүлж даян аварга, 1946 онд Чимэд-Очир арслангаар арав даван түрүүлж дархан аварга цол хүртсэн. Улсын баяр наадамд хамгийн анх долоо түрүүлж, хоёр удаа үзүүрлэсэн, үндэсний бөхийн ууган гавьяат мастер хүн шүү дээ.

-Улсад долоогоос ч илүү түрүүлэх боломжтой байсан гэж ярьдаг юм билээ?

-Тийм шүү. Аав минь тоолохыг нь мэдсэн бол 10 түрүүлдэг байж гэж ярьж байсан. Миний дуулж байснаар цөөнгүй начин төрүүлсэн л гэдэг юм. Мөн намайг арван жилд байхад “Төв аймагт түймэр гарч гэнэ, Түвдэндорж аварга түй гээд унтраачихжээ” гэж хүүхдүүдийн амны уншлага болж яригддаг байсан. Ухаандаа тийм л бяр тэнхээтэй хүн шүү гэдгийг нь хошин байдлаар зүйрлэж л дээ. Хүүхдүүд “Танай аав чинь тэгсэн юм уу” гээд л асуудаг байж билээ.

-Түвдэн аварга бөхийн удамтай болов уу?

-Аав минь Түшээт хан аймгийн Ахай гүн Лувсанхайдавын хошуу буюу одоогийн Булган аймгийн Хангал сумын харьяат хүн. Хангал суманд Эргэл хайрхан гэж сайхан хангай бий. Эргэл хайрхны Гурван эвэрт гэх газар төрсөн юм билээ. Цэрэндорж гэж ганц дүүтэй. Ядуу тарчигхан амьдралтай өссөн. Тиймдээ ч ээж, дүү хоёроо хүний гар харуулахгүй гэж багаасаа хүнд, хүчир ажил хийж явсан юм билээ.

Цагаан эргийн дамжлага баазад ачигч хийдэг байж л дээ. 70 кг-ын шуудайтай гурилыг хоёроор нь үүрээд гүйдэг байж. Эхэндээ хоёр шуудайтай гурилаа даадаггүй байсан гэдэг. Аав “Ажил хөдөлмөр хийснээрээ хүн мууддаггүй юм. Ажилд нухлагдаж явсан минь л надад бяр тэнхээ, ажлын амтыг мэдрүүлж амжилтын минь гараа болсон юм шүү дээ” гэж ярьдагсан.

Харин манай эмээг Сэрээнэн гэдэг байсан. Намайг төрөөд удаагүй байхад бурхан болсон л доо. Нутгийнхан нь “Хайнаг” Сэрээнэн гэдэг байсан гэдэг. Учир нь ихэвчлэн хайнаг хөллөж явдаг байж л дээ. Ер нь хийхгүй юм үгүй. Хар бор ажилд сайн хүн байсан юм билээ. Их л бяр тэнхээтэй, биерхүү хүн байсан гэдэг.

Б.Түвдэндорж аварга зурган илэрцүүд

-Аав тань тайж гаралтай гэсэн үү?

– Аав Бадамдоригийн Түвдэндорж гэж овоглогддог. Бид саяхныг хүртэл аавыгаа айлын бутач хүүхэд л гэдэг байлаа. Гэтэл хүмүүсээс сонсохнээ аавын төрсөн эцэг Лувсанхайдав гэж ноёны хүү Гэндэн гэж хүн байсан гэнэ. Аавыг дөрөв, таван настай байхад эцгийг нь эсэргүү гээд хороочихсон юм билээ. Энэ бүхнийг аав минь их нууж явдаг байж л дээ. Харин ганц, нэгхэн өндөр настай бөх хүнд ярьж хуучилсан байдаг юм билээ. Ном хийх явцад хэд хэдэн хүний дурсамжид энэ тухай үлдсэн байсан.

Угтаа Лувсанхайдав гэдэг ноён нь Гэндэн, Гэмпил, Чойндон гэж гурван хүүтэй хүн байсан юм билээ. Саяхан бид Чойндонгийнх нь үр сад Мядагмаа гэж сайхан хөгшнийг олж уулзсан. Үр хүүхдэд минь гай болох вий гэсэндээ их нууцалдаг байж л дээ. Ямартай ч аавын минь хамаатан садан гэх хүмүүс байгаад их баяртай байгаа.

-Хоёр Мөнх аварга аавын тань шавь нар гэдэг бил үү?

-Аав 1958 онд Спортын төв ордон ашиглалтад орсон цагаас эхлэн үндэсний бөхийн багш, дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн.

Шавь нараас нь үндэсний бөхийн аварга гурав, чөлөөт болон самбо бөхийн дэлхийн хошой аварга хоёр, Олимп, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт арваад хүн байдаг. Ойн хүрээнд хоёр Мөнхтэй уулзаж аавынхаа талаар дурслаа. Х.Баянмөнх аварга их сайхан хүн дээ. Аавын минь бие тааруу, хэвтэрт байх үед нь “Багш аа, би анд явлаа. Танд чонын ходоод аваад ирье” гээд явж билээ. Үнэхээр яалт ч үгүй л бариад ирж байсан. Даанч тэр үед оройтчихсон байсан даа.

-Та эхээс хэдүүлээ вэ?

-Аав цэргийн алба хааж байхдаа ээжтэй танилцсан. Ээж Төв аймгийн Заамар сумын харьяат хүн. Ээж аавтай 16 настай байхдаа танилцаж, цэргээс халагдаж ирээд тоонот гэртээ толгой холбосон түүхтэй юм. Би эхээс арвуулаа юм шүү дээ. Нэг эгч, долоон ахтай, ганц охин дүүтэй. Манайхаар бөхчүүд их цуглана. Ер нь хөл ихтэй айл байлаа. Эрэгтэй хүүхдүүд л болсон хойно ах нар минь сахилгагүйтнэ. Аав минь нэг их үглэж зэмлээд байдаггүйсэн.

Аав залуудаа бас алдаж, эндэж л явсан. 40 нэлээн гарч л архи, дарс балгадаг болсон юм билээ. 1950-иад оны үед хятадуудтай нийлж даалуу тоглож, бас жаахан балгачихдаг, гаанс бол салгахгүй л зуудаг байсан гэдэг. Харин хятадуудтай нийлж даалуу тоглож байгаад баригдан шоронд хэсэг суусан юм. Ээж ч нэг өдөр ундууцаж “Өчнөөн нялх хүүхэдтэй байж архи дарс, даалуугаа боливол яасан юм. Гэр орноо өөд нь татахгүй бол болохгүй л байна шүү” гэж. Тэгж хэлснээс хойш удалгүй л “За Даш минь одоо хөгшин нь больё. Архи, дарс тоглоом наадгай чинь хэмжээтэй байх хэрэгтэй юм байна” гээд л архи, тамхи, тоглоомоо орхисон юм билээ. Хүн архи, тамхинаас гарна л гэдэг. Яг тэгээд зоригтойхон гарсан нь хэд бол, аав минь аргагүй л жинхэнэ эр хүн байж дээ гэж боддог юм.

Ах нар сүүлд ээж, аавыгаа дурсан ярихдаа “Ээж, аав хоёр хаашаа л явна, Отгончулууныг байдгаар нь гоёод аваад явдагсан” гэж билээ. Би их эрх, танхи өссөн. Гэхдээ их л ажилсаг охин байлаа. Олуулаа болоод ч тэр үү зөндөө гурил зуурч, элдэнэ. “Гурилаа зуураад элдчих юм бол гаргаж тоглуулна шүү” гэнэ. Хурдан гарч тоглохын тулд гялс хийхийг хичээнэ шүү дээ. Аав хурдан элдлээ гэж таван төгрөгөөр шагнадагсан. Тэр үед ч таван төгрөг их мөнгө байсан шүү. Би 30 нас гартлаа аав, ээжтэйгээ хамт амьдарсан. Аавын минь хөөрөг надад 30 жил болж байна. Харин зодог, шуудаг, эдэлж хэрэглэж байсан зүйл нь Улсын төв музейд байгаа.

Б.Түвдэндорж аварга зурган илэрцүүд

-Хүүхдүүддээ юу хэлж зааж, сургадаг байв?

-Аавд аархуу, онгироо, сагсуу зан огт үгүй байжээ. Үндэсний баяр наадамдаа түрүүлчихээд л ороод ирнэ. “Өө Даш, мах чаначихсан уу. За сайхан мах идье” гэж хэлж байгаа нь санаанд тод үлдэж дээ. Түүнээс би баяр наадамд түрүүлчихлээ, тэр аваргыг тэгж хаялаа шүү дээ гэж ярьж бардаж, онгирч байхыг нь үзээгүй. Аавын тухай дурсамжид улсын арслан Ц.Бадамсэрээжид гуай “Манай Б.Түвдэндорж арван тавны сар шиг сайхан хүн” гэсэн байна лээ. Нээрээ л миний аав сайхан хүн байсан даа. “Хүүхдүүд минь хөдөлмөрлө” л гэдэг байлаа. “Та нар ажил албаа таслав аа. Ажлаа сайн хийнэ шүү” л гэнэ. Ээж аавтай ханилаад зодог, шуудаг оёж сурсан юм билээ. Бид ч ялгаагүй эр, эм гэлтгүй ээждээ зодог, шуудаг хийхэд нь тусалдаг байлаа. Тиймдээ ч бүгд оёж чаддаг болсон. Аав ч “Зодог, шуудаг оёж сураарай. Алсдаа хэрэг болно” гэсэн. Нээрээ л үнэн байна даа. Аавын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан төрсөн нутагт нь жил бүр болдог. Түүгээр арван зодог, шуудаг аваад очдог юм. Ирээдүйд аавын минь нутгаас алдартай сайхан бөхчүүд гараасай гэж бэлгэшээн бэлэглэдэг дээ.

-Аваргыг залгамжилж бөхөөр хичээллэсэн хүн бий юу?

-Нэг ах минь барилддаг байсан ч аваарт орсны улмаас больсон юм. Харин миний дунд хүү Ундрах Японы мэргэжлийн сумогийн жүрёо зиндаанд 15 жил барилдсан. Одоо Монголдоо гэр бүлийн хамт амьдарч байна. Цаашид үр, удмаас нь болоод нутгаас нь аавыг минь залгамжлах хүчтэн төрнө гэдэгт итгэлтэй байна. Аавын дүү Цэрэндорж гэж хүн байсан. Бас л их сайхан бяр тэнхээтэй хүн байлаа.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ цаг-үе

Мөрөн голын шулам бүсгүй

Мөрөн голын шулам бүсгүй зурган илэрцүүд

НОМЧ БААТАР-

Уран хэл урт хошуундаа дулдуйдан амьдардаг хэрмэл төлөгч И Да Зин “Арван төлгийн ес нь магад муутай” гэж алга дарам таван үсгийг дурайтал бичсэн байх нь хачирхалтай. Тэрбээр дамнуурын булан даахгүй, төрөлхийн болхи бойнго, дөч гаруй настай, шоовондуу туранхай шар нүүртэй, сүр сүлд ч үгүй өдрийн турш унтаахай царайлж явдаг нэгэн аж. Гэвч И Да Зинг хожмоо мөрөн голд алдаршсан номч баатар, шулам бүсгүйн дурлалт залуу болох юм гэж хэн тааварлах билээ. И Да Зин амьдралаа бүхлээр нь өөрчилж чадах амин цэгээ үгүй болгох эрдмийг эзэмшсэн гэдгээ өөрөө ч эс мэднэ. Гагцхүү “Зурхайт ном”-ыг уншиж бясалгахыг чухалчилж, хар хоргүй, шударга зөв сэтгэлээр мэргэ төлгө тавьж, өдрийн хоолоо аргацааж яваагаа дээдийн заяа хэмээн мунхаглана. Гэхдээ энэ бүхэн шулам бүсгүй Жу Сянь Зюнтай учрахаас өмнөх явдал юм.

-МӨРӨН ГОЛЫН НОЁН ОРГИЛ ЖИНЬ ЛУН-

Мөрөн голд хорин жил тутам тохиодог их гай түйтгэр учрах цаг нь нэгэнт ирсэн тул төмөр махбодийн тэргүүн, өвгөн баатар Жинь Кан Лун сэтгэл чилүүрдэн авай. Тэрбээр зэвсгийн эрдмийн ертөнцөд цэгц шударга явдалтайгаараа алдаршсан гал, ус, төмөр, мод, шороо таван махбодийн бүлгийг удирдсан мөрөн голын ноён оргил юм. Жинь Кан Лун насны залууд, хорин жилийн дараа дахин тохиох гай барцдад бэлтгэн, зэвсгийн эрдмээ шамдан сургуулилсаар Дун Тин Ху нуурын эрэг дээрх хуучин амрагаа ор тас мартжээ. Гэтэл түүнд мартагдсан амраг бүсгүй нь хүрэн хулсны гэлэнмаа болж, “Сян Зюний салхи гүйцэгч арван найман илдийн арга”, “Толбот хулсны арван найман цохилт” гэх зэвсгийн эрдмийн үндсэн аргуудыг боловсруулж охин, хүргэн хоёртоо өвлүүлсэн байна. Ийнхүү, Жин Кан Лун өөрийгөө Тэнгэрт тэрслүү бүлгийн толгойлогч Жу Сянь Зюн, номч баатар И Да Зин гэх мөрөн голыг эрхшээсэн шилдэг баатруудын дайсан болгон хувиргасан билээ.

-ШУЛАМ БҮСГҮЙ ЖУ СЯН ЗЮН-

Гар хатуу, сэтгэл чанга, үг хорон Жу Сянь Зюн бол хүн алахыг юман чинээ боддоггүй нэгэн. Тэрбээр уйлах инээхээс гадна хүний амь тонилгохын өмнө нэг дусал сувдан нулимс унагадаг зантай. Хуурамч төлөвгүй, сэтгэлийн мухраас урсан гарсан жинхэнэ нулимс гэдэг бүсгүй хүний хувьд дайснаа ялах очир эрдэнэ байдаг аж. Иймийн тул хүрэн хулсны гэлэнмаа багш нь “уйланхай журамт бүсгүй” хэмээн хочилсон байна. Шулам бүсгүйн баримталдаг зарчим бол мөрөн голын шилдэг баатар эрсийг босоо илдний гурван аргаар, шалдар булдар амьтдыг Сян Зюний салхи гүйцэгч арван найман илдийн аргаар тонилгох юм. Жу Сян Зюн тэр нэгэн өдөр модон махбодийн бүлгийн толгойлогч Му Цин Сягийн мунаар зуун уулзвар амин цэгтээ цохиулсан ч амьд үлдэж чадсан И Да Зинг олохоор гурван сарын турш хайж явдаг. Түүний эрэл талаар болсонгүй. Тоорын цэцэрлэгт суурингаас долоодугаар сарын долооны өдөр дорой төрсөн И Да Зинг олоод “Тонилгоё” хэмээн бодно. Гэвч тэрбээр И Да Зинтэй нүүр тулж, дөрвөн нүд эсрэг ширтэлцэх мөчид чөтгөр үзсэн мэт хиртхийн цочиж, арагш ухраад бүлтийтэл гайхаж хоцрох нь тэр.

“Жу Сян Зюн: Тэр өдрийн төлөгч чинь дөч хол гарсан царай зүс муутай амьтан байсан. Чамтай адил сүр сүлд төгс сайхан номын эр байгаагүй шүү дээ” гэж гэнэн цайлганаар ам алдаж залуу эрийг нүүрэн дээр нь ил магтсанаа даруй ойлгож, өөрийн эрхгүй нүүр нь улайдаг. Харин И Да Зингийн өмнө тэнгэрийн дагина шиг гоо охин, хүн алахдаа нүд цавчдаггүй шулам бүсгүй ээлжлэн тодорно”. Ингэж л мөрөн гол даяархыг эрхшээж чадсан гоо үзэсгэлэн төгс Жу Сянь Зюн, номч баатар И Да Зин нарын хайрын түүх эхэлдэг билээ.

Энэ бол мөрөн голын тэргүүн суудлын төлөөх хурц тэмцлийг өгүүлсэн адал явдалт уран зохиол бөгөөд арга билиг, таван махбодь, дотоод хүч, зурхайт ном, найман хүлс, хулсан лимбэний аялгуутай дорнын соёлыг нэвт шингээсэн бүтээл юм.

Б.НАРАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Ахан дүүсээс бүрдсэн адтай нэг ангийнхан

Нийгэмд өөрийн гэсэн байр сууриа аль хэдийнэ эзэлсэн, хийж бүтээсэн үйлсээрээ салбартаа манлайлагч, олны танил эрхмүүдийн нэг ангийг бямба гариг бүрийнхээ дугаарт онцолдог билээ. Тэдний арван жилийн болон оюутан ахуй үеийнх нь дурсамжуудаас уншигчидтайгаа хуваалцаж, тэрхүү хөгжилтэй он цагуудаар та бүхнийг аялуулдаг нь энэхүү булангийн маань онцлог юм.

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын найман жилийг 1982 онд дүүргэсэн Дорж багштай 8а ангийнхан төгсөлтөөсөө хойш 34 жилийг ардаа орхисон байна. Тухайн үеийн хөдөөгийн тэр дундаа сумын сургуулийн хүүхдүүдийн ахуй амьдрал, орчин нөхцөл төв газрынхнаас газар тэнгэр шиг ялгаатай. Малчид хүүхдүүдээ аль болох мал дээр гаргах сонирхолтой. Хүүхдүүд сургуульд орсон ч дундаасаа завсардах нь цөөнгүй байжээ. Есдүгээр сарын 1-нд танхим дүүрэн хүүхэдтэй байсан ангийн ширээний тал нь хавар гэхэд эзэнгүй болчихсон байх тохиолдол олонтаа. Жилээс жилд хүүхдүүд цөөрсөөр ахлах ангид ороход арав гаруй хүүхэд малчин болсон байх үзэгдэл хөдөөгийн амьдралын нэгэн зураглал мэт. Харин Р.Баярмагнай багштай ангийнхан хамгийн олуулаа төгсч байжээ. Даалимбан тэрлэг, улаан бүч, даавуун уутан цүнхээр жигдэрсэн 39 сурагч анх нэгдүгээр ангид орж бүгд амжилттай найман жилээ төгсөцгөөсөн байна. Эдний ангийн нэг онцлог нь ахан дүүсээс бүрдсэн тун ч хөдөлгөөнтэй, дэггүй моньднууд байжээ. Тухайн үед хүмүүс ойролцоо насны хүүхдүүдээ хамтад нь нэг ангид оруулдаг байсан аж. Дүүгийнх нь сургуульд орох нас болтол ах нь аав, ээждээ тус дэм болоод сурагч болох мөрөөдлөө хойш тавина.

Жишээлбэл, эдний ангийн дарга байсан Ц.Пүрэвдорж гуай арван настайдаа сургуульд орсон байна. Дүү нь найман нас хүрээгүй болохоор аав, ээж нь түүнийг сургуульд явуулахгүй гэж сум орон нутгийнхаа дарга нарыг баахан аргацаадаг байжээ. “Хүүхдээ сургуульд бүртгүүл” гэнгүүт “Манай хүүхэд өвчтэй” гэх зэргээр хойшлуулсаар байгаад хоёр жил өнжүүлжээ. Хаа байсан арав гаруй км-ийн цаанаас сургуульдаа мориор ирж, очдог хүүхдүүдээ ханинд нь явуулж байх гэсэн эцэг, эхийн халамж юм уу даа, янз нь. Нөгөөтэйгүүр нэг айлын хүүхдүүд бусдад дээрэлхүүлэхгүй, бие биедээ элэгтэй гэж боддог биз. Тэр нь ч амьдрал дээр тод харагддаг байж. Бага ангийн дүрсгүйчүүд атаманаа шалгаруулах гэж нударга зөрүүлэхэд ах дүүс хэзээ ч нэгнийхээ эсрэг хөдлөхгүй. Харин ч айлын хүүхдүүдтэй үзэлцэж байхад нь дэмжиж, уухайлна. Ангийн атаманыг тодруулахын тулд хэн нэгэн овгор нөхрийн хамраас цус гаргасан нь баатар болдог байж. Түүний хамраас цус гартал нь цохих чадалтай хэн нэгэн гарч иртэл бүгд атаманаа хэмээн саймширцгаана. Харин охид бол ондоо. Нэг ангийн эгч дүүс ямагт гэр рүүгээ яарцгаана. Гэр орноо ягштал цэмбийлгэж, хичээл номоо чамбай гэгч нь давтсан тухайгаа л ярьцгаадаг байж. Зав гарвал гадаа чирта тоглож, дээс эргүүлнэ. Харин хөвгүүд өдөржин тоос манартал тэвэг өшиглөж, маатиг тоглож байгаад харьцгаадаг байжээ.

Тэр үед одооных шиг боловсон үзгэн балны үнэр ч байгаагүй. Найруулдаг бэхийг үзгэндээ соруулж байгаад л бичицгээнэ. Чанга дарах юм бол үзэг нь баалж, дэвтэр балиартана. Жаахан юм бичингүүт бэх нь дуусчихна. Тэгэхээр хүүхдүүд савтай бэхээ байнга цүнхэлж явах ажилтай. Харин дэггүй моньднууд цүнхэндээ юу хийснээ мартаад хоорондоо байлдаж, нүдэлцэх нь байнга. Хамаг дэвтэр, ном нь бэхээр будагдаж “гахай”-ны эзэн болно доо, хөөрхий.

1974 онд Цэцэрлэг суманд айхавтар зуд болж байжээ. Энэ тухай тэд дурсахдаа “Бульдозероор цасыг түрчихсэн байхад морьтой яваа хүний толгой шовс, шовс гээд л харагддаг байлаа. Тухайн үед малчид бэлтгэлтэй байсан болохоор тийм ч их мал хорогдоогүй. Манай ангийн ах, дүү хоёр хүүхэд 20-иод км-ийн тэртээгээс хичээлдээ явдаг байлаа. Тэгтэл айхавтар тэр зуднаар ах, дүү хоёр гэр рүүгээ алхаж явж байгаад балрах дөхөж билээ. Хэдийгээр том машинаар түрж, зам гаргасан мөрөөр нь явж байсан ч хүүхдүүд болсон юм хойно цасанд сөгдөж унаад унтаад өгч. Азаар уулан дээрээс малаа дурандаж байсан хүн тэднийг хараад гэрт нь хэл дуулгаж эсэн мэнд гарч билээ” гэв. Өвөл цас оронгуут хүүхдүүд уулан дээрээс цана, чаргаар гулгах хамгийн дуртай байж. Тэр үеийн цан тэшүүр гэж үлгэрийн юм байсан тухай тэд дурсан ярьцгаав. Аав, ах нарыгаа шаналгаж байгаад модоор ээтийж, матийсан цан хийлгэж аваад тэрийгээ хөлтэйгөө сураар баглаж байгаад гулгаж гардаг байснаа нүдэнд харагдтал ярилаа. Мөн гол бүрэн хөлдөж амжаагүй байтал мөсөн дээгүүр гулгана гээд халиа руу орж үстэй дээлээ шалба норгодог байснаа санан өгүүллээ.

Сурагчид зундаа үнээний ферм дээр очиж малчдад туслах үүрэгтэй байж. Зун айлууд тэр бүр мах идэхгүй, цагаан идээгээрээ болгочихдог байсан гэнэ. Махтай хоол хийх нь өдрийн од шиг. Айлын тогоо харсан хүүхдүүд хэнийх махан хоол хийх нь үү гээд байнга л отоостой. Хаа нэгтээ айлууд борцтой хоол хийхэд нь бяцхан фермэрчид тэр айлын хаяанаас сална аа гэж гонжийн жоо. Фермийн сүүнийх нь хамаг өрмийг шавхаад авчихсан байдаг болохоор цагаан идээ нь сулхан, шим тааруу, хүүхдүүдэд тэжээл болдоггүй байсан тухай тэд хөгжилдөн ярив. Энэ бол Д.Жамбалдорж, П.Дэлгэрнаран, Ц.Пүрэвдорж гурвын байнга бие биенээ даапаалдаг сэдэв бололтой. П.Дэлгэрнаран том биетэй. Д.Жамбалдорж нь ч чацархуу бөгөөд фермер эрхлэгчийн хүү байж. Харин Ц.Пүрэвдорж нь тэр хоёроос бие жижигтэй. Хоёр том биетэй нөхөр жижгийгээ цаашлуулахад мань эр мөчөөгөө өгөхгүй. “Бид хичээл амрангуут зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-нийг хүртэл гурван сар ферм дээр байж, шим тэжээл муутай хоол идсээр байгаад ийм жижигхэн болчихсон юм” гэнэ. Тэгэхэд П.Дэлгэрнаран нь “Д.Жамбалдорж ч гэсэн ферм дээр байнга байдаг байсан шүү дээ. Тэгээд яагаад ийм том биетэй байгаа юм бэ” гэхэд нь Ц.Пүрэвдорж “Фермер эрхлэгчийн хүү болохоор өрөм, цөцгий нууцаар цохисоор байгаад ийм том биетэй болчихсон биз” гэж ирээд л хөхрөлдөцгөөнө.

Мөн сурагчдад зуны даалгаварт зурамны арьс авчрахыг даалгадаг байж. Зурам барихын тулд нүх рүү нь ус цутгангуут годхийгээд гараад ирдэг гэнэ. Тэгэнгүүт нэг нь хүзүүнээс нь уургалж, нөгөө нь араас нь шилбүүрдэж тоглодог байсан аж. Нэг удаа дүрсгүй жаалууд тэгж тоглож байтал хаанаас ч юм урт шавхуурга орж ирээд тэднийг ороолгожээ. Тоглоомондоо улайрсан хүүхдүүд хажууд нь хүн ирснийг ч анзаараагүй бололтой. Зогтусан хартал нэгнийх нь аав байна гэнэ. “Амьтан тамлалаа” гэж баахан зэмлүүлжээ. “Одоо бодох нь ээ мөн ч томоогүй байж дээ, тэр олон зурамны арьсаар сургууль юу хийдэг байсан юм бол доо” хэмээн хоорондоо гайхаж байв.

Ахлах ангийн сурагчид намрын ажилд явах хамгийн их дуртай байжээ. Анги хамт олноороо солом хураана, өвс хадна, модонд явцгаана. Учир нь охид, хөвгүүд бие биенээ арай өөр нүдээр хардаг болсон үе болохоор тэр биз. Нөгөөтэйгүүр анги хамт олны уур амьсгал сайжирч, хөгжилдөх боломж байсан гэнэ. Бөөндөө хоол хийж идээд л, майхны доогуур шургаж охидоо айлгаж дэггүйтдэг байжээ. Бас болоогүй ээ, бие биедээ сэтгэлийн үгээ илчилнэ ээ. Ангийнхаа даргаар шүлэг зохиолгож байгаад л охид, хөвгүүддээ өгнө. Эхэндээ ч ангийн зарга захиаг бол захиалгын дагуу нягт нямбай бичнэ дээ. Сүүлдээ мань эр залхуурч, үнэд ордог байж. Гэхдээ л энэ нөхөр ангийнхаа хүүхдүүдийн хэн нь хэнд сайн гээд дурлал, шохоорхлын пирамидыг маш сайн мэддэг ганц хүн нь. Дарга бол нэг загвар дээр захианы эзний нэрийг солиод л туучихдаг байснаа сонирхуулан инээв. Захиа зөөгч гэж бас нэг гол үүрэгтэй хүн байжээ. Харин захианы эзэн байшингийн булангаас түүнийг нэгд нэггүй ажиглана. Дурлалт охинд нь захиаг өгч байна уу, нөгөөх нь ямар авир гаргах нь гээд л. Хэрэв тэр охин захиаг авбал бөөн баяр болно. За тэгээд задлаад унших юм бол тэнгэрт хөөрөн бүүр ч догдолно. Зарим охид захиаг авахгүй, зарим нь авангуутаа ураад шидчих тохиолдол цөөнгүй байдаг болохоор тэр торгон агшин хамгийн чухал байдаг бололтой юм.

Тухайн үед ном унших аян их өрнөдөг байсан нь тэднийг номын хорхойтнууд болгоход их чухал кампанит ажил байсан гэж сайшаацгаав. Бие биетэйгээ уралдаад л сургуулийнхаа бүх номыг хамж, шимээд уншчихдаг байжээ. Шөнө оройн цагаар ном уншихаар эцэг, эх нь лаа, дэн дуусгачихлаа гээд дургүйлхэнэ. Харин номонд дурлагсад маань ээж, аавыгаа унтахыг хүлээж байгаад лаагаа асаагаад ном уншдаг байсан гэнэ. Нэг удаа бүр хөнжил дороо лаа бариад номоо уншиж байтал гал авалцаад гэрээ түймэрдэх шахсан хөгтэй явдлаа ч дурссан юм.

Дэггүй моньднууд аавын цээж машиныг дөрвөн талаас нь өргөж байтал сумын цагдаагийн нүдэнд өртчихжээ. Ингээд нийгмийн өмчийг сүйтгэгчид нэр зүүж, ээж, аав нь сэргийлэхийн үүдэнд хэд хоног уягджээ. Тухайн үед тийм л дэг журамтай, худлаа ярьсан хүн шоронд орох аюултай хэмээн аав, ээж нь сургадаг байсан гэв. Ямар сайндаа Ц.Пүрэвдорж хүү радиогоор “Монгол хүн сансарт ниснэ” гэдгийг сонсоод ээждээ хэлтэл “Цөг гэм, тэгж худлаа цуурч байгаад шоронд орох нь уу” гэж банга хүртээд авсан байна. Харин хүүгийнх нь хэлсэн үг үнэн байсныг хэд хоногийн дараа мэдсэн ээж “Минйи хүү ч мундаг сонсголтой юм аа” гээд магтсан гэдэг. Ж.Гүррагчааг сансарт нисэх үед монголчууд бөөн хөөр баяр болж байжээ. Ямар сайндаа сумын төвийн гудамж, байшин барилга гээд хаа сайгүй Ж.Гүррагчаа, Жанебеков нарын зурагт хуудас нааж байсан гэнэ. “Тэднийг сансарт нисдэг өдөр нь бүгд радиогоо чагнаж билээ. Манай радио их пажигнана. Зай нь амархан суучихна. Тэгээд яг чухал мэдээг нь сонсохын тулд радиогоо нэг асааж, нэг унтраагаад л байсан санагдана. Тэгтэл за хөөрлөө гэнгүүт бүгд гадаа гараад л тэнгэр ширтэцгээж, одоо хаана яваа юм бол, бид харагдаж байгаа болов уу гэцгээж байв. Ээж, эмээ нар сүү өргөөд л. Тэгээд тэднийг буух үед нь “Ашгүй дээ, эсэн мэнд ирлээ” гээд л уйлалдаж бөөн хөөр баяр болж байсан” гэж тэр нэгэн он цагийг саяхны явдал шиг тод санан ярьцгаав.

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын найман жилийг 1982 онд 100 гаруй хүүхэд төгсч байжээ. Бүгд л гадаад, дотоодын их дээд сургуулиудыг дүүргэсэн байна. Одоо эдний төгсөлтөөс салбар болгонд ажил хөдөлмөрөөрөө манлайлагчид байгаа аж. Эрчим хүчний салбарт гэхэд нэлээд хэд нь байдаг бол эрүүл мэнд, эдийн засаг, боловсролын салбартай ажил амьдралаа холбосон хүмүүс ч бий гэнэ. Сүүлийн жилүүдэд төгсөлтөөрөө уулзацгаадаг болжээ. Тэд нэг өнгийн ижил цамцаар жигдэрсэн нь их анхаарал татлаа. Учир нь олон жилийн дараа уулзахдаа нэг нэгнийхээ хувцас руу ширтэж, тэрүүгээр нь бие биеийнхээ амьдралыг дүгнэхгүй байх үүднээс ингэж хосолсон байна. Хоорондоо сайхан халуун дулаан яриа өрнүүлж, хуучин цагийнхаа дурсамжийг хуваалцах нь хамгийн чухал гэж ийм авууштай санааг хэрэгжүүлжээ.

Categories
мэдээ цаг-үе

“Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын тэргүүн байрт шалгарсан өгүүллэгийг уншигч танаа толилуулж байна.

“Утгын чимэг” богино өгүүллэгийн
наадмын тэргүүн байрт шалгарсан өгүүллэгийг уншигч танаа толилуулж байна.

Мөр өвгөнийх өвөлжөөнөөсөө нүүлээ. Сайхан хөх ямаад нь үүр цүүрээр тургилан хөлнөөс хөглөрсөн хөх бууцаа орхин хөх гол нь бургилан урсдаг хөх уулс нь тэнгэрийн өехийд тулан ихэмсэгхэн дуниарах хангайгаа зорилоо. Нар дээр мандсан хойно Мөр өвгөнийх энд байгаагүй юм шиг алга болсныг мэдэж багагүй сандарсан хүн бол Дамба даргынх гэх эх адаггүй хөглөрсөн айлын тарган шар авгай.

“Залуу хүн гэхэд дандаа нөмгөн явж байх… Айлд нөмгөн орох муу л гэдэг, тэгээд өглөө босох дургүйг нь яав аа”. Мөр өвгөн ингэж дургүйцэнгүй байдаг ч “Олон нялх нойтон хүүхэдтэй ядарсан бүсгүй амьтан… Миний хоёр охиноос ялгаа юу байхав. Бүсгүй хүн ном эрдэм, ажил төрөл муутай байна гэдэг мөн ч тусгүй ээ. Тэгээд энэ хань ижил шүү юм нь Дамба байж таардаг нь ч юув. Дарга ховордсон цагийн дарга даа зайлуул. Багийн дарга гээд л айл хэсэж аяга тагш юм эргүүлэхээс өөр ямар ажил энэ хүнд байна аа. Өөрийнхсөн юм бол ганц сайн ороолгоод авах юмсан. Дарга нэр зүүгээд самбаганаж явахын оронд хэдэн хүүхэд, орон гэр, эхнэр хүүхдээ өөд нь татдаг болоосой” гэж халаглан, хайрлан бодох нь ч бий.

Дамба даргын эхнэр тарган шар авгай сурсан зангаараа тарагны хөрөнгө авах санаатай аминдаа л эрт босоод Мөр өвгөнөөс эмээн хоёр, гурав залгасан хүүхдийнхээ өлгийний бүсээр цулцгар харвингаа ороосон болоод хойд хамар дээрээ аахилан гартал өвөлжөө бууц нь цэмбийгээд өөрийнх нь саяхан боссон ор дэрнээс ч цэвэрхэн харагдаж байлаа.

“Хм… Мөр гуайнх хачин айл шүү. Нүүлээ, энээ тэрээ гэж хэлж болноо доо. Саахалт улс байна даа. Тэгээд ч хаврын хаварт тарагны хөрөнгө залдгийг ямар мэдэхгүй биш…

Одоо ч мөд тараг бүрэхээ өнгөрөв байна. Уул нь мал жилбэтэй тараг байтугай л элбэг байхаар байна санж” гэж бодмоглон гэртээ орвол Дамба дарга гуай хиртэй шар бүсээ хайн хэдэн хүүхдийнхээ ор дэрийг хөглөрүүлж байлаа.

-Чи чинь унтаж унтаж босоод цай цүй ч уусан юмгүй хаачих нь вэ. Ганц удаа ч болов хурга ишиг тавилцаад өгдөг болоосой. Жаахан жаахан саагаад тавихгүй бол цаадуул чинь сүдээд бараг сүүгээр чацга алдаж байна.

-Чи дуугүй бол гэм…Хэдэн хурга ишгээ яахыгаа өөрөө мэд. Мөр гуайнхыг ачаалалцаж өгөхгүй бол оройтох нь…Алив, чи бүс олоод өгөөч. Багийн хурлын зар тараах гэж бас нэг том ажил байна цаана чинь…

Ийм нэг яриа хөөрөө Дамба даргынд өрнөж байхад Мөр гуайн нүүдэл газрынхаа талд ороод хэдэн хөх ямаа нь нүүдэл хөсгөө дагаж биш дагуулж явлаа.

Мөр гуай ганц жаргаж явлаа. “Сайхан амьтад даа, миний хэдэн хөх золигнууд. Та нарыгаа яргуйнд цатгахгүй юм бол Мөр Мөр биш болог” гэж бардам давилуун бодож явахад хөгшин нь аанай л хоёр охиноо эгээ дэргэд нь байгаа адил өхөөрдөн энхрийлж явлаа.

“Зусландаа бууна аа гэдэг охид минь ирлээ л гэсэн үг дээ. Олон л жил сурлаа, яасан ч дуусдаггүй эрдэм ном юм. За тэгээд дууслаа гэхэд ус нутагтаа ирэхгүй л гэлцэх юм.

Энэ өвгөн л их юм мэдэж байдгаараа миний хоёр охины мэргэжил энэ суманд байтугай аймгийн төв дээр ч байхгүй гэх шив. Мөдхөн охидоо сургууль номоо дүүргэхээр нь хот орно оо гээд иш мухаргүй зүтгэх вий дээ. Санаагаар болдог бол нутаг орондоо ирвэл аштай юу даа. За даа, тэгээд Мөрийнх гэдэг айлын явдал суудал ажил төрлийг би ч, өвгөн ч биш энэ хэдэн хөх ямаа л мэддэг болоо шив. Эд хаашаа зүглэнэ. Манайх тийшээ. Хүн өтөлнө гэдэг хачин юм. Малд хүртэл мэдүүлээд…Өнөө муу Дамбынд тарагны хөрөнгө өгч амжилгүй үүр цүүрээр хөдөлсөн нь эдний л аяг аашийг дагаад тэр.

Энэ хэдэн цадиггүй хөх ямаа яргуйнд цадах нь Дамбын хэдэн халтар хүүхэд тараг идэхээс илүү болтой”.

Мөр гуай хөгшнөө ажиглангуй…

“Зайлуул, хоёр охиноо л бодож яваа даа. Зусландаа буугаад хэд хоног хот явуулна байгаа. Охид маань зун ирээ ч үү, үгүй ч үү. Зав зай гэж байх биш. Ээж нь очвол гэр орон нь нүүгээд очсоноос ялгаа юун билээ. Би яахав. Энэ хэдэн хөх золиг байхад хамаг л ажил ундраад байх нь тэр” гэж бахтайхан бодоод хэдэн сөрөвгөр сахлаа хөдөлгөн мишилзэх нь их л сэтгэл хангалуун байгаагийнх.

Ямаандаа мэдүүлсэн ч юм шиг, яргуй нүдлэх урин цагийг дагуулсан ч юм шиг ийм нэгэн нүүдэл хангайгаа өгсөж явахад Дамба дарга хойд хамар дээрээ гараад өвгөний эзгүй өвөлжөөг халшран харж дэмий л шилэн хүзүүгээ гэмшингүй илж зогсоог тарган шар авгай нь хотон дотроосоо доогтойхон харж, “ачаалалцах айл чинь байгаа л биз дээ… Дамба дарга гуай” гэж доогтойхон бодонгоо “Ёстой л нүүж баймаар өдөрсанж. Хэзээ нэг Мөр гуайнх шиг хүүхдүүд томроод санаж бодох юмгүй сайхан айл болж налайх юм бол доо” гэж санаашран сааг…сааг…сүүг…сүүг…гэн асгарах сүүний чимээгээр сэтгэлээ сүлэн тулман хөхтэй халтар ямааныхаа халуун хондлойд нүүрээ наалаа.

Дамба дарга их л ундууцангуй эхнэрийнхээ хажуугаар өтөг бургиулан өнгөрч үг дуу ч үгүй мордоод арилж өглөө.

Яргуй нүдлэх цагийн урь орсон амгалан хөх өдрийн наран дэргэд юм шиг ээж Дамба даргын хэдэн бор хүүхэд хотон дотроо хурга ишгээ ноолон хөглөрнө.

Энэ өдрөөс хойш бараг хагас сар болжээ.

Мөр өвгөн өдөр бүр сэрвийсэн хөх цохионы хэцээс Дамба даргын зуслан өөд дурандаж дэмий л толгой сэгсэрнэ. Санахын аргагүй холоос усны шувууд хүртэл ирээд үүр саваа засчихаад байхад… Мал хуйгаа боддоггүй юмаа гэхэд нялх нойтон хүүхэдтэй бүсгүй амьтныг бодож болмоор доо…Мод толгойных нь хөх утаа тийм гэх шиг суунаглана.

Хариугүй борооших янзтай хөх үүрээр Дамба даргын гадаа тэрэгний хөллөгөө буулгах чимээнээр тарган шар эхнэр нойроо харамлан сэрж ядаад,

-Хэн бэ… Дамба уу… Яв чи цаашаа, тэр чигээрээ яв. Битгий ирээрэй, би эндээ хэдэн хүүхэдтэйгээ хөх өтгөн дотор шигдээд зусъя яадагюм. Хүн амьтан намайг биш чамайг л муу хэлнэ биз гэж үглээд чимээ хүлээтэл дуу гарсангүй. Харин өрхийг нь цэлийтэл хуулаад гэрийн бүс шурдхийн тайлах сонсогдлоо. “Энэ чинь айл хунар хэсэж яваад солиорчихоогүй байлтай” гээд мөн л урд хормойгоо өшиглөн нөмгөн гарвал Мөр өвгөн хөмсгөө өргөн сүрдэм ширвээд туурганы уяа тайлангаа

-Юугаа хийгээд дэмий зогсоод байгаа хүн бэ чи?! Орж тогоо шанагаа янзал. Хүүхдүүдээ хувцасла гэм…гэжээ.

Ачаалаад дуусах алдад Дамба дарга сүнс сүлдгүй болсон амьтан айлын хотны захад чөдөрлөж орхисоор байгаад турж эцсэн хөгшин морио давиран сажлангаа “За байз үүцээ задлаад сайхан өөхтэй хавирга чанаж байхаа өнөөх минь юу л мэдээ аж” гэж бодмоглон урд гүвээн дээрээ гартал яах аргагүй гэр бараа нь ачаалаад хөдлөх янзтай.

Үгүй ерөө, энэ муу эхнэр чинь бүр задрах нээ, эзгүй хойгуур гэр бараагаа сандаагаад, юун нүүж суух манатай, улс нийгмийн ажлын араас явсаар ядарч үхэх гэж байхад мунхаг амьтан ч бол доо гэсээр омог ихтэй давхиж ирээд Мөр өвгөнийг харан хий нь гарсан гүзээ шиг шалчийн толгойгоо илэн мориноосоо буулаа. Мөр өвгөн үг дуу ч үгүй чөдрөөр ар нуруун дундуур нь гөвшиж өгөөд түүчээ тэрэгний хайнагны чөрхийг өөдөөс нь шидлээ.

Дамба дарга ачаагаа хөтлөн Мөр өвгөний аль хэдүйн тоосруулан тууж одсон малынхаа араас “Очихгүй гээд яалтай” гэсэн шиг халшран алхаж явахад эхнэр нь эгээ л зөгий дүнгэнэх адил яршигтайгаар ар өвөрт нь үглэн бас нэг муу хардмар аядан бага хүүгээ бүр нэг сурцтай нь аргагүй алхаан дундаа хөхүүлж явлаа.

Түүчээ хайнаг үе үе чөрхөө чангаан арагш суух нь “тэнэж тэнэж ирчихээд өнгөрсөн хойно юундаа яараав дээ, Дамба дарга минь” гэх шиг, замын хажуугаар үй зайгүй дэлгэрсэн хөх яргуй дөрөөний суранд элэгдэж түрий нь эргэсэн муу банхар гутлыг нь шоолон инээх шиг ч алив бүхнээс жийрхэн халширч явахдаа “Хм, төр улс нь төрхөө алдсан цагийн дарга ч бол доо, ядарсан чавганц ч чамаас арай дөнгүүрсэн” гэх Мөр өвгөний үг чихнээс нь салахгүй нургиж нүүр нь халуу оргиход ичиж нэрэлхсэндээ ойрд бараа нь харагдаагүй эзэндээ эрхлэх аядан урд хойно нь орон бөөвөгнөн гүйх хөгшин нохойгоо “Жов, жов гэм” хэмээн сүр бараа далайлган хөөх дуунаар үглэж гомдоллосоор нэгэнт залхаж байсан эхнэр нь ч бас алхаа сааж сүүлчийн тэргэн дээр эвлэгхэн зассан хашлаганд үүр ноохойндоо эрхлэх гөлөгнүүд шиг шомбойлдон байх хэдэн хүүхдээ бараадан алхлаа.

Хаврын цэнхэр зэрэглээнд хучуулан үлдэх говийн бор уулсаас алхам алхмаар алсарч их нүүдлийн сүүлчийг мушгин хөдөлсөн ийм нэгэн нүүдэл Дамба даргын ухааны үүдийг нээж хөдөлсөн юм болов уу.

Бүсээ засаж бүслээд дориун дуугаар хөөг хөөг хэмээн залхуутайхан алхах нүүдэл хөсөгт хүч нэмээд тооно даруулсан уяаг ягштал чангаллаа.

Тэгээд эхнэрээ дуудан морио өгч ачаа хөсгөө хөтлүүлээд сүү үнэртсэн сөөвгөрхөн хүүгээ гар тосон авч өвөртөө хийн өхөөрдөн үнэрлэх зуур “Миний хүүхдүүд ээ, томоотой суугаарай, хашлага даваад унав” хэмээн овоо нэг эцэг хүн шиг зоримог чанга алхав.

Зохиолч Балсангийн ЛХАГВАСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Меланья Трамп

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч тэрбумтан Дональд Трамп ялалт байгуулсан тухай мэдэгдсэн даруйд шинэ тэргүүн хатагтайн тухай яригдсан. Тус улсын түүхэнд хоёр дахь удаагаа хожим нь Америкийн иргэн болсон бүсгүй тэргүүн хатагтай болж байгаа юм. XIX зуунд Ерөнхийлөгч асан Жон Куинс Адамсын эхнэр Луиза Жонсон нь англи эмэгтэй, АНУ-д төрөөгүй анхны тэргүүн хатагтай байсан. Харин Меланья Трамп 2001 онд ногоон карт авч, арван жилийн өмнө АНУ-ын иргэн болжээ.

Меланья Трампын жинхэнэ нэр нь Меланья Кнавс. Тэрээр хуучнаар Югослав, одоогийн Словенийн Севнице хэмээх хотод 1970 онд төржээ. Аав нь хуучин машин засч зардаг, ээж нь хүүхдийн хувцасны үйлдвэрт ажилладаг тарчигхан амьдралтай айл байсан гэдэг. Харин охин Меланья нь аливаа юманд шаргуу, зорьсондоо хүрэхийн тулд тууштай хөдөлмөрлөдөг байсан хэмээн цуг сурсан найзууд нь хожим дурсан ярьжээ. Тэрээр маш эелдэг зантайгаас гадна муухай үг хэлдэггүй байсан гэнэ.

Америкийн шинэ тэргүүн хатагтайг тэрбумтан нөхрийнхөө ачаар олны танил болсон гэж зарим нь боддог. Үнэндээ бол тийм биш. Меланья нь Д.Трамптай танилцаж гэр бүл болохоосоо өмнө олны танил болчихсон байжээ. 16 настайгаасаа загвар өмсөгчөөр ажиллаж нэлээд амжилтад хүрсэн. Түүгээр ч зогсохгүй кино урлагт хүчээ сорьсон. Хичээлдээ маш сайн Меланья дунд сургуулиа дүүргээд Любянскийн их сургуульд архитекторч мэргэжлээр суралцсан. Оюутан байхдаа нэгэн гэрэл зурагчинтай танилцаж царайлаг бүсгүйг загвар өмсөгч болохыг ятгажээ. Ингээд л Меланья сургуулиа орхисон. Загварын ертөнцөд хүчээ сорихоор Италийн нэгэн загварын агентлагтай гэрээ байгуулж Миланыг зорьсон байна. Удалгүй Парист ажиллахаар болжээ. Тэр үед хамар, урууландаа гоо сайхны мэс засал хийлгэж хөхөө томруулсан. “GQ”, “Max” сэтгүүлийн эхний нүүрэнд түүний зураг гарсан нь тухайн үедээ нэлээд шуугиан тарьсан гэдэг. Ингэж Меланья барууны загварын ертөнцөд алдаршчээ. “Vogue”, “Glam­our” зэрэг сэтгүүлтэй гэрээ байгуулан ажиллаж байсан боловч Европт загварын ертөнц санхүүгийн хувьд уналтад орсон тул Америкийг зорьжээ. 1990-ээд оны дунд үеэс Нью-Йоркт суурьшиж 1999 онд түүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн үйл явдал тохиосон юм. “Allure” сэтгүүлд зургаа авахуулж байхдаа тэрбумтан Дональд Трамптай танилцсан байна. Д.Трам 52, Меланья 28 настай байсан үе. Бүсгүй тэрбумтанд ихэд таалагдсан тул шууд л утасных нь дугаарыг гуйсан гэдэг. Эхэндээ Меланья нүүр өгөөгүй бөгөөд хожим нь энэ талаараа “Тухайн үед Дональд Трампын талаар би тийм ч сайн мэддэггүй байсан. Би өөрийн гэсэн амьдралтай, ертөнцтэй байлаа. Тиймээс түүний ямар амьдралтай талаар ойлголтгүй байсан” хэмээн дурсан ярьсан байдаг. Д.Трамп нэлээд хичээл зүтгэл гаргаж байж залуухан бүсгүйн сэтгэлийг эзэмдсэн.

Нэртэй загвар өмсөгч бүсгүйд хайртай болсноо Дональд өөрөө олон түмэнд зарлаж байсан түүхтэй. Нэгэн радиогийн нэвтрүүлэгт оролцохдоо үлдсэн амьдралаа цугтаа өнгөрүүлэх хайр сэтгэлтэйгээ учирсан тухайгаа ярьжээ.

2004 онд залуу хосууд сүй тавьж, Меланья 12 кратын алмаазан шигтгээтэй, 1,5 сая ам.долларын үнэтэй бөгж бэлгэнд авсан. 2005 оны нэгдүгээр сарын 22 бол тэдний амьдралын хамгийн баяртай өдөр. Тэд Флоридагийн “Bethesda-by-the-Sea” сүмд хуримласан юм. Тухайн үедээ нэлээд шуугиан тарьсан хурим болсон талаар одоо ч яригдаж бичигддэг. Арнольд Шварценеггер, Билли Жоэл, Рудольф Жулиан зэрэг алдартнууд гээд нийтдээ 350 зочин цайллагандаа урьсан.

Дашрамд дурдахад, саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар Д.Трампын өрсөлдөгч асан Хиллари нөхөр Билл Клинтоны хамт тэрбумтны цайллаганд оролцсон байдаг. Тухайн үед хэвлэл мэдээллийн бүх л хэрэгслээр энэ хуримын талаар мэдээлсэн гэнэ. Ёслолын ажиллагаанд зориулсан баялууг 3000 сарнайгаар чимсэн аж. Харин сүйт бүсгүй Меланьягийн 200000 ам.долларын үнэтэй хуримын даашинз онцгой сэдэв байлаа. 20 кг жинтэй даашинзыг урлахад 550 цаг зарцуулсан байна. Гэхдээ яг хэдэн ам.доллараар захиалан хийлгэсэн талаар янз бүрээр ярьцгаадаг. Меланья Трамп нэгэн ярилцлагадаа 100000 ам.доллар төлсөн гэжээ. “Christian Dior”-ийн загвар зохион бүтээгч Жон Гальяно даашинзыг 100 метр цагаан атласаар урлаж сувд зэрэг эрдэнийн чулуугаар гоёжээ. Меланьягийн хуримын даашинзтай зургийг “Vogue” сэтгүүл эхнийхээ нүүрэнд тавьж тэр дугаартаа “Тэрбумтантай гэрлэх арга” гарчигтай нийтлэл гаргасан юм. Энэ бол Дональдын гурав дахь гэрлэлт байсан.

Одоогоос арван жилийн өмнө Меланья хүүгээ төрүүлж Бэррон Уильям Трамп гэдэг нэр хайрласан. Хүү 10 настай хэдий ч хослол өмсч, аавтайгаа гольф тоглож, заавар, тушаал өгөх дуртай аж. Бэррон Уильямыг бага Трамп ч гэдэг. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп цагаачдын талаар ямар бодлого баримтлахаа сурталчилгааныхаа үеэр маш тодорхой ярьсан байдаг. Меланья ч энэ бодлогыг нь бүрэн дэмжиж байгаа гэнэ. Үүнийг сонссон олон хүн гайхаж байгаагаа илэрхийлээд хэдхэн жилийн өмнө Меланья өөрөө АНУ-ын иргэншилгүй байсныг сануулжээ. Дональд Трамп улс төрийн чухал асуудлаар ч эхнэртэйгээ зөвлөлддөг гэнэ.

Дональд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд словенчууд хамгийн их баярласан гэнэ. Словен бүсгүй Америкийн тэргүүн хатагтай болно хэмээн тус улсын иргэд ихэд бахархаж байгаа гэнэ шүү.

Ирэх онд албан ёсоор АНУ-ын тэргүүн хатагтай болох Меланья Трамп ямар асуудал дээр анхааран ажиллахаа саяхан мэдэгдсэн билээ. Олон нийтийн сүлжээгээр ялангуяа насанд хүрээгүй хүүхдийг доромжлох явдалтай шийдэмгий тэмцэх аж. Өөрөө арван настай хүүтэй болохоор хүүхэд ямар эмзэг болохыг сайн мэддэг гэнэ. АНУ-д олон нийтийн сүлжээгээр дамжин сэтгэл санааны хохирол амссан хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд 88 хувиар нэмэгдсэн байна. Ийм асуудлаар олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах “Childline” байгууллагад нэг жилд гэхэд 4500 хүүхэд ханджээ.

Нэг хэсэг өөрийн загвараар гоёл чимэглэл болон цаг зах зээлд гаргаж байсан Меланья удахгүй нөхөр, хүүхдийнхээ хамт Цагаан ордонд нүүж очно. Словен, серби, англи, франц, герман гээд таван гадаад хэлтэй түүнийг дээд сургууль төгсөөгүй хэмээн нэг хэсэг өөлсөн. Өнгөрсөн долдугаар сард Меланья Трампын 1995 оны үед авахуулсан нүцгэн зургийг нь “New York Post” сонин хэвлэсэн. Үүнд Дональд тайлбар хийхдээ “Тэр үед Европт ийм зураг моод байсан” гэсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн явуулсан санал асуулгаар нэр дэвшигч Хиллари Клинтон ялна гэсэн дүн гарч байсан. Гэтэл Бүгд найрамдах намаас нэр дэвшигч ялалт байгуулсан нь америкчууд төдийгүй дэлхий нийтийн гайхшралыг төрүүлсэн билээ. Шинэ тэргүүн хатагтай юу хийхийг одоогоор урьдчилан хэлэхийн аргагүй. Ямар ч байсан энэ сарын 10-ны өдөр Цагаан ордонд Дональд Трамп, Барак Обама нар уулзахад Меланья Трамп, Мишель Обаматай ярилцсан юм. Энэ үеэр удахгүй тэргүүн хатагтай болох тэрээр Цагаан ордны дотоод ажилтай танилцсан байна. Америкийн түүхэн дэх хамгийн үзэсгэлэнтэй гэгдэж буй тэргүүн хатагтай удахгүй Цагаан Ордонд нүүн ирж нарийн бичгийн дарга, тогооч, бие хамгаалагчтай болно. Харин тэргүүн хатагтайн хувьд юу хийхийг цаг хугацаа л харуулах байх.

Categories
мэдээ цаг-үе

Хайлуулагч бодис чанаргүй учраас цас хайлахгүй мөстөж, халтиргаа үүсч байна

“Өдрийн сонин”-ы 11 дүгээр сарын 19-ны дугаарт гарсан нийтлэл

Нийслэл хотод их хэмжээний цас орж байна. “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-аас өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж буй. Цас орж замын халтиргаа гулгаа нэмэгдэж, их цасыг хайлуулахаар цас хайлуулагч бодис цацсан гэх мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өгч байгаа. Гэвч хотын төвийн замууд мөстөж, халтиргаа гулгаа хэд дахин нэмэгдээд байна. Замын цагдаагийн газарт өчигдөр гэхэд зам тээврийн осол аваарын 500 гаруй дуудлага ирсэн байна. Ихэнх нь замын халтиргаа гулгаанаас болж гарчээ. Замын цагдаагийн газраас бидэнд өгч буй мэдээллээр “Өнгөрсөн жилүүдэд цас орсон ч гэсэн замын халтиргаа гулгаа бага байсан. Энэ жилийн арваннэгдүгээр сард хэд хэдэн удаа цас орсон. Халтиргаа гулгаа ч сүүлийн жилүүдэд байгаагүйгээр хэд дахин нэмэгдээд байна. Арав гаруй жилийн өмнө зам дээр элс, давс цацдаг байсан. Өдөр нь хайлж байгаад шөнө нь мөстөөд каток шиг болчихдог байсан. Хотын төвийн замууд элс, давс цацчихсан юм шиг л болчихоод байна” гэв. Бид Замын цагдаагийн газраас хөдөлж, хотын төвийн замууд ямар гулгаатай байгаа талаар сурвалжлага бэлтгэсэн юм. Замын цагдаагийн газраас хойш хотын төвийн зам тэр чигтээ мөстөж гялайсан байна. Жолооч нар явж ядах ажээ. Зайгаа барьж явахгүй л бол тоормос барих ямар ч боломжгүйгээр гулгаж очоод л урд явж байгаа машинаа мөргөчихөөр гулгаатай байв. Сүхбаатарын талбайн зүүн, баруун хэсэг, Боловсролын их сургууль, МУИС-ийн орчмын зам мөн л каток болжээ. 100 айл, 32-ын тойрог, Баянбүрд, Гандан, III, IV хороолол, Баруун дөрвөн зам, Зүүн дөрвөн зам гээд л хотын төв хэсгийн аль ч замын цас дагтаршиж мөстөөд гулгаа үүсчээ.

99 тонн цас

хайлуулагч бодис цацсан гэв

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-аас цас хайлуулагч бодис цацаж байгаа эсэхийг тодрууллаа. Тус газраас “Арваннэгдүгээр сарын 17-ны 21:30 цагаас бодис цацахаар тоноглогдсон портер машин хоёр, Зил-130 гурав, камаз долоо нийт 12 машин, 24 жолооч, инженер техникийн ажилтантайгаар хуваарьт 337 км замуудад цас хайлуулах бодис цацсан. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар ажлын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, тус газрын дарга, орлогч дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан. Хуваарьт замууд буюу Яармагийн гүүр, Баянзүрхийн товчоо, XIX хороолол, “Хурд” хорооллын урд, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Тасганы овоо, Шар хад, Энхтайваны өргөн чөлөө, Таван шараас Офицер хүртэл, Зурагтын уулзвар Баян хошуу, Хөтөл, Жанцан, Энхтайваны гүүр, Зайсан, Чингисийн өргөн чөлөө, Гадаад харилцааны яам, Их Монголын гудамж, Маршалын гүүр, Их тэнгэр, 32-ын тойрог, Сансарын тунель өгсөх уруудах зам, Нарны зам, Халдвартын уулзвар, IV дэлгүүр, СУИС, Яармагаас Нисэх Сонсголонгийн гүүр, Монос, Нарны гүүр, “Гэсэр” сүм, Гандигийн гудамж, Дунд гол, Эрчим хүчний гудамж, Саппоро, Сөүлийн гудамж, Баянзүрх дүүрэг Нохойтой хөшөө, Богд уулын зам, ХАА-н уулзвар, Гурвалжингийн гүүр, Гэмтэл, 25-аас дээш өгсөх, Модны хоёр өгсөх зам, саппорогоос дээш өгсөх, нэгдүгээр хорооллын арын зам, Замын цагдаагийн урд, төмөр замын призер, Соёолж, Баянмонгол хорооллын нүхэн гарц, Багшийн дээдийн уулзвар, 100 айл, 17-гийн буудал, Долоон буудлын эцэс, Дарь эх, Дамба, Бэлх, Сэлх Дөлгөөн нуураас Их тэнгэр хүртэл, Хан-Уул дүүргийн уулзвар, ХАА-н уулзвар зэрэг хариуцдаг бүх уулзвар, уруу өгсүүр замд нийт 99 тн бодис, давс цацсан байна. Есөн гудамж талбайд 12 машин, явган хүний замын цасыг 350 гаруй хүн цэвэрлэж байна” гэв. Мөн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын ахлах деспетчер Ч.Зориг “Хуваарьт замууд мөн Замын цагдаагийн газрын дуудлагын дагуу хальтиргаа гулгаатай газруудад нийт таван удаагийн цас оролтоор бодис цацаж, одоо 385 тонн бодисын нөөцтэй байна. Цаашид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нэмж бодис нийлүүлнэ” гэх мэдээллийг сэтгүүлчдэд өгч байсан юм.

Чанарын шаардлага хангахгүй, хямд үнэтэй цас хайлуулагч бодис цацаад байна

Цас хайлуулагч бодисыг тендерээр шалгаруулж худалдаж авдаг. Мөн хэдэн тэрбум төгрөг улсын төсвөөс гаргадаг. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зарласан тендерт ямар компани шалгарч, хэдэн тонныг нөөцөлсөн бэ гэдгийг тодруулах гэсэн боловч энэ талаар тодорхой мэдээлэл бидэнд өгсөнгүй. Иргэдийн зүгээс “Чанарын шаардлага хангахгүй цас хайлуулагч бодис оруулж ирсэн. Үүнээс болоод замын халтиргаа гулгаа нэмэгдэж, осол аваар гараад байна” хэмээн нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ талаар нэгэн эх сурвалж бидэнд ярилцлага өгсөн юм.

-Цас хайлуулагч бодис чанаргүй байна. Үүнээс болоод халтиргаа гулгаа нэмэгдэж, осол их гарч байна гэж иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-Өнгөрсөн дөрвөн жил Улаанбаатар хотын зам цас орсон ч халтиргаа гулгаа маш бага байсан. Энэ нь чанартай цас хайлуулагч бодис цацаж байсантай холбоотой. Гэтэл өнөөдөр цас ороод маргааш нь замын нөхцөл байдал ямар байгааг хүн бүр харж байгаа байх. Замын цас мөстөөд гулгаа үүссэн байна гэдэг нь чанаргүй цас хайлуулагч бодис цацаж байгаатай шууд холбоотой. Тэгэхээр тендерт шалгарсан компани болоод холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох нь зүйтэй. Тэдний буруугаас болж нийслэлийн олон иргэн эд хөрөнгөөрөө хохирч байна. Хэрэв тэд чанарын шаардлага бүрэн хангасан бодис оруулаад ирсэн бол замын халтиргаа гулгаа ийм аюултай хэмжээнд хүртлээ үүсэхгүй байсан. Чанартай бодис замын цасыг хайлуулаад зогсохгүй, дагтаршихаас сэргийлж чаддаг.

-Цас хайлуулагч бодист химийн ямар бодис ордог юм бэ?

-Найрлагад нь ордог бодисыг хатуу хяналт дор оруулж ирдэг. Энэ бодисын найрлагад хүнсний давс, магни хлорид, кальци хлорид, хүхэр хүчлийн магнийн давс, сульфат кальци, кальцийн гидро карбонат, кальцийн карбонат болон усанд үл уусах бодис агуулагддаг.

Үйлдвэр бүр цас хайлуулах бодисын найрлагыг өөр өөрөөр хийдэг ч ерөнхийдөө химийн эдгээр бодисыг их, бага ямар нэг хэмжээгээр агуулдаг юм. Зарим нь натри хлорид түлхүү агуулдаг байхад үндсэн найрлагынх нь 70 хувь нь кальци хлоридоос бүрддэг бодис ч бий. Үүнээс үзвэл цас хайлуулах бодисыг төрөл бүрийн давснаас бүрддэг гэж үзэж болно. Гэхдээ 100 хувь тийм бус. Туулганд хэрэглэдэг бодис хүртэл байгааг анзаарахгүй байх аргагүй. Эдгээр химийн бодис орж байж цасыг хайлуулж чаддаг юм. Чанаргүй цас хайлуулагч бодис гэдэг нь дээр дурдсан химийн элементүүдийн орлуулагч, эсвэл бага хэмжээгээр хийснээс болдог. Үүнийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулагч, гарал үүслийн дагуу чанарыг нь шалгаж болдог. Биднийг хотын захиргаанд ажиллаж байх үед зарим дүүрэгт чанарын шаардлага хангахгүй цас хайлуулагч бодис цацсан байна гэх асуудал яригддаг байсан. Шалгаад үзэхээр маш хямд үнэтэй, БНХАУ-д үйлдвэрлэсэн цас хайлуулагч бодис байдаг байсан. Бид тендерт шалгарсан компанийг сайн чанарын цас хайлуулагч бодис үйлдвэрлэж байгаа газраас бодисоо худалдаж авах шаардлага тавьдаг байсан. Энэ жилийн цацаж байгаа цас хайлуулагч бодисыг тендерт шалгарсан компани ашгаа бодоод хямд үнэтэй, чанаргүй бодис авчихсан байх. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгах хэрэгтэй. Энэ өвлийг нийслэлчүүд мөстсөн гулгаатай замтай давах болоод байна гэв.

Э.БААТАР

Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Экспортын бүтээгдэхүүний үнэ ирэх жил өсөх хандлагатай гэх судалгаа гарсан

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-Улс тунхагласны баяр буюу жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ны
өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох тухай хуулийн төсөл өргөн барьсан. Уг
төслийнхөө талаар ярихгүй юу?

-УИХ-ын гишүүд хамтарч нийтээр тэмдэглэх баярын өдөр болон тэмдэглэлт
өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Энэхүү
өөрчлөлтөөр хаант засгийг халж бүгд найрамдах засаглалд шилжсэн 1924 оны арваннэгдүгээр
сарын 26-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хууль санаачилж байна.
Ер нь шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа арваннэгдүгээр сарын 26-ныг нийтээр тэмдэглэх
баярын өдөрт тооцдог байсан. Үүнийг 2012 онд болиулсан юм. Нийтээр тэмдэглэх биш
тэмдэглэлт өдөр болгосон байдаг. Ингэснээр тухайн түүхэн үйл явцын ач холбогдлыг
бууруулах, олон улсын жишигт үндсэн хуульт бүгд найрамдах улс болсон өдрөө тэмдэглэдэг.
Энэ утгаараа түүхэн ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, өндөрт өргөх, түүх уламжлалын
үндэсний ухамсрыг сэргээхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

-Энэ жилийн арваннэгдүгээр сарын 26 амралтын өдөр таарч байгаа. Тэгэхээр
өмнө юм уу хойно нь нөхөж амрах уу?

-Хэрхэн амрах тухай шийдвэрийг УИХ гаргана. Хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх
талаар Засгийн газар хөтөлбөр боловсруулж ажиллах байх.

-Та эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгай хөтөлбөрийн УИХ
дахь ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Засгийн газрын саналд өөрчлөлт оруулна
гэсэн. Яаж өөрчлөх вэ?

-Бодлого, эрхзүйн талаас юу хийх, ямар арга хэмжээ хэрэгжүүлэх асуудлаар
60 чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр орж ирсэн. УИХ дахь МАН-ын бүлэг дээр ярилцаж
байгаад энэ хөтөлбөрийн ажлын хэсэг байгуулъя гэсэн. Гарах үр дүнг тодорхой болгоод
математик загварчлалд оруулах нь зүйтэй, арга хэмжээ авснаар эдийн засагт ахиц дэвшил
гарах боломжтой эсэхийг дахин судалгаа хий гэсэн чиглэл гарсан. Энэ дагуу холбогдох
яамдаас мэдээлэл авч салбарын мэргэжилтэн, судлаачидтай хэлэлцүүлэг зохион байгуулж
байна. Ерөнхийдөө яамнаас санал болгож буй төсөл хөтөлбөр ямар эх үүсвэртэй, хэрэгжүүлэх
төслийн ТЭЗҮ болон бусад судалгааны ажил дууссан эсэх, хэрэгжүүлснээр хэр хэмжээний
ажлын байр нэмэгдэх зэрэг асуудлыг судалж байна. Мөн хөтөлбөрийн үр дүнд гарах валютын
урсгалын хэмжээ яаж нээгдэх, төлбөрийн тэнцэлд ямар эерэг нөлөө үзүүлэх вэ гэхчилэн
тооцоо судалгаа нарийвчлан авч байгаа. Эдийн засаг хүнд байна. Одоогоос дөрвөн жилийн
өмнө жилдээ дөрвөн тэрбум гаруй ам.доллартай тэнцэх гадаадын хөрөнгө оруулалт орж
ирдэг, 4.6 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй, эдийн засаг 17.5 хувь өсөлттэй,
аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг идэвхжиж байсан. Гэтэл өнөөдөр эдийн засгийн өсөлт
13 хувиар буурсан, гадаад валютын нөөц хомсдолтой байна. Энийг дагаад монгол төгрөг
үнэгүйдэх, ажлын байр багасах, аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа хаах зэргээр хямралд
өртлөө. Эдийн засгийн хямрал цаашлаад нийгмийн, санхүүгийн хямрал болох аюул нүүрлэж
байна. Хүндрэл учирч буй гол зүйл нь гадаад өрийн дарамт. Энийг бууруулах чиглэлээр,
валютын урсгалыг сэргээх чиглэлээр томоохон төсөл хөтөлбөр хөдөлгөх шаардлага байна
гэж харж байгаа.

-Чухалчилж буй гол гарц юу вэ?

-Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх асуудал нэн чухал
болчихлоо. Хамтарч ажилладаг олон улсын байгууллагын итгэлийг сэргээхийн тулд эрхзүйн
орчноо маш тодорхой, ойлгомжтой болгох ёстой. Зарим гадны үл ойлголцлыг тодорхой
болгох хэрэгтэй. Итгэл сэргээх үүднээс бодлогын, үйл ажиллагааны эрхзүйн тогтвортой
байдал бий болгох ёстой. Тэгж байж гадны хөрөнгө оруулалт орж ирнэ. Хоёрдугаарт,
хэлсэн ярьсандаа байдаг болъё. Өнгөрсөн жилүүдэд гаднаас яаж ийж байгаад хөрөнгө
оруулалт татаад байсан. Гэвч хэрэгжүүлэх үедээ дотоод улс төр, нийгмийн эсэргүүцэлтэй
тулгарч урагшилдаггүй байлаа. Энэ нь өөрөө гадна талдаа ойлгомжгүй, монголчууд л
гэхээр итгэхээ больчихсан байсан. Дээрээс нь хэтэрхий ойлгомжгүй, гэнэтийн шийдвэр
гаргаж байлаа. Тэр бүхэн эргээд гадны хөрөнгө оруулагчдыг үргээх үндсэн нөхцөл болж
байсан. Бидний авч буй мэдээллээр олон улсын эдийн засгийн гол прогнозыг хийдэг
байгууллага Монголын экспортын бүтээгдэхүүний үнэ ханшийг ирэх жил өсөх чиг хандлагатай
байна гэх чиглэл гаргасан байна лээ. Тиймээс бодлогын өөрчлөлтүүдээ зөв хийж чадвал
бидэнд боломж бий.

-Тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх салбараа хумьж болохгүй юу. Хэтэрхий
олон салбар хамарчихаар аль ч үгүй болох юм биш үү?

-МАН энэ жил УИХ-ын сонгуульд оролцохдоо ард иргэдэд эдийн засгийн
чиглэлээр үндсэн дөрвөн салбарт анхаарал хандуулна гэдгээ зарласан. Мөрийн хөтөлбөрийн
үндэс сууриа ч дөрвөн салбарт тулгуурласан. Нэгдүгээрт, мэдээж хэрэг уул уурхайн
салбар. Уг салбарыг дагасан томоохон төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөх асуудал бий. Хоёрдугаарт,
эрчим хүчний салбар. Дотоодын эрчим хүчний хэрэгцээгээ хангахаас гадна зүүн хойд
Ази руу экспортлох зорилго тавьж байна. Энэ хүрээнд Таван толгойн цахилгаан станцын
асуудлыг чухалчилж байгаа. Тэгэхгүй бол Оюу толгой л гэхэд жилдээ 100 гаруй сая
ам.долларын тог гаднаас авч хэрэглэж байна. Цаашид энэ тоо нэмэгдэнэ. Тэгэхээр цахилгаан
станцын асуудлыг шийдэхгүй л бол валютын асуудлаа алдсаар явна. Гуравдугаарт, хөдөө
аж ахуйн салбарыг хөгжүүлнэ. Малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийг тогтворжуулах,
энийг дагаад 21 аймагт 100 хөнгөн үйлдвэр байгуулахаар ярьж байгаа. Малын гаралтай
түүхий эдээ зүүн хойд Азийн зах зээлд гаргах зорилго тавьж байна. Тиймээс холбогдох
хууль, эрхзүйн орчинг тодорхой болгохоор төлөвлөсөн. Дөрөвдүгээрт, дээрх төсөл хөтөлбөрийг
дагасан дэд бүтцийг хөгжүүлэх ёстой. Төмөр зам, барилгын зах зээлийн шинэчлэл өөрчлөлтийн
асуудал яригдаж байгаа.

-1.8 жилийн хугацаатай хөтөлбөрийг явцын дунд дүгнээд явах уу?

-Дүгнээд явна. Тодорхой үр дүнг нь мэдээлнэ. МАН 2009 онд Засгийн
эрх барьж байх үедээ эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөр баталж байсан.
Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралыг хамгийн хурдан хугацаанд даван туулсан улс
орон болж байлаа. Тухайн үед эдийн засгийн өсөлтийг -1.3-аас +17.5-д хүргэж байсан.
Тэгэхээр энэ удаагийн хөтөлбөрийг оновчтой, зөв шийдлээр хэрэгжүүлэхийг Засгийн
газраасаа шаардаж ажиллана.

-Ам.долларын ханшийн өсөлт замбараагаа алдаж байх шиг байна. Төр
засгийн зүгээс ямар бодлого баримталж байна вэ. Ханш бууруулах арга бий юу?

-Мэдээж гурав, дөрвөн чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай. Нэгдүгээрт,
ам.долларын ханшийг тогтворжуулахын тулд валютын дотогшлох урсгалыг нээх. Гадны
хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж валют олж ирэх хэрэгтэй. Валют олдог, оруулж ирдэг
салбаруудаа төрийн бодлогоор дэмжье. Хоёрдугаарт, бодлогын хувьд бодлого зохицуулалтад
тодорхой хяналт шалгалтаа сайжруулах ёстой. Зохион байгуулалттай хөөсрүүлж буй,
ченжилж буй зарим хүн болон арилжааны банктай холбоотой мэдээлэл ирж байна. Үүнийг
шалгаж хяналт сайжруулах хэрэгтэй. Мөн ам.долларжих хөдөлгөөнд хяналтаа сайжруулах
ёстой. Иргэдийн ам.долларын хадгаламжид хязгаар тавих хэрэгтэй. Гэхдээ одоохондоо
маш хүнд байна. Валютын 4.6 тэрбум ам.доллар байсан нөөцийг интервенц хийсэн нэрээр,
гадаад худалдааны алдагдлыг нөхөх байдлаар хасах болгочихлоо.

Categories
мэдээ цаг-үе

Г.Цэвэлсүрэн: Дубнагийн цөмийн институтид найман монгол залуу ажиллаж байна

Дубна зурган илэрцүүдЭнэ өдрүүдэд ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн 55 жилийн ойн арга хэмжээ болж байна. Энэ талаар тус хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Г.Цэвэлсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр химич мэргэжилтэй, доктор цолтой, шинжлэх ухааны салбарт 23 жил ажиллаж байгаа аж.

-Танай хүрээлэн хэзээ, ямар зорилгоор байгуулагдсан бэ?

-Монгол Улсад 1961 онд ШУА байгуулагдсан. Тухайн үедээ Академийн харьяа 3-4 хүрээлэн байгуулагдсан юм. Тэдний нэг нь Байгалийн ухааны хүрээлэн нь одоогийн Физик, технологийн хүрээлэн, Химийн технологийн хүрээлэн, Математикийн хүрээлэн гэх мэт байгалийн шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн суурь болж байгуулагджээ. Манай хүрээлэнгийн зорилго бол физик, технологийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх. Дэлхийн жишгээр үйл ажиллагаа явуулж, үр дүнг амьдралд нэвтрүүлэх, турших, нийгэмд танин мэдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Орчин үеийн физик, технологийн ололт, дэвшлийг ч амьдралд нэвтрүүлнэ.

-Хүрээлэнгийн нийгэмд үр ашгаа өгсөн ямар ажлууд байдаг вэ?

-Манай хүрээлэн байгуулагдсанаар улс ардын аж ахуйд хувь нэмрээ оруулсан олон жишээ дурдаж болно. Зарим нэгээс хэлье. 1976 онд анхны тооцоолон бодох машин буюу одоогийн бидний нэрлэдгээр компьютер М222 нэртэйгээр хүлээж авсан. Энэ бол манай улсын шинжлэх ухааны хөгжилд гарсан маш том дэвшил. Энэ үйл явдлыг информатик, мэдээлэл зүйн хөгжлийн суурь тавигдсан үе гэж үздэг. Мөн 1979 онд манай улсад Эрдэм шинжилгээний багаж, тоног төхөөрөмжийн үйлдвэр нээгдсэн. Энэ үйлдвэр 1981-1983 онд ЗХУ-ын ШУА-ийн захиалгаар зургаан төрлийн багаж, төхөөрөмж үйлдвэрлэж нийлүүлсэн байдаг. Энэ удаа манай улс электрон тоног төхөөрөмжийг экспортолсон үйл явдал байсан.

-Ямар зориулалтын багаж гаргасан бэ?

-Биологи, химийн чиглэлээр туршилт хийх, хэмжих зориулалттай төхөөрөмжүүдийг нийлүүлсэн. Удалгүй монголчуудын сайн мэдэх “МОНЭЛ” үйлдвэр байгуулагдсан. Энэ үйлдвэр компьютер, өнгөт телевизор үйлдвэрлэж байсныг монголчууд санаж байгаа байх. Манай хүрээлэнгийн бас нэг том ажил бол монгол хүн сансарт нисэхэд зориулж бид олон төрлийн ажил хийсэн. Маш том судалгааны баг ажилласан. Жингүйдлийн нөхцөлд хийх томоохон туршилтын ажил болох “Алтай 1”, “Алтай 2” төслийг хэрэгжүүлсэн.

-Нийгмийн хөгжилд инженерүүд, өөрөөр хэлбэл, байгалийн ухааны мэргэжилтнүүд дутагдаад байна гэдэг. Гэтэл залуус маань нийгмийн ухаан буюу эдийн засагч, хуульч, хэлний мэргэжил рүү тэмүүлж байна гэсэн судалгаа байна.

-Товчхон хэлэхэд бид электроникийн ертөнцөд амьдарч байна. Таны хэрэглэж байгаа дуу хураагуур, гар утас бүгд физик, технологийн орчинд бүтээгдсэн эд зүйлс. Бидний амьдралын салшгүй хэсэг физикийн үзэгдэл. Эдгээр зүйлсийг онолын түвшинд судалж амьдралд хэрэгжүүлдэг. Энэ судалгааны үндэс суурь нь физик, математик. “Сони”, “Аппле” компани яагаад дэлхийд хүчирхэг байгаа вэ гэвэл тэд физик, математикийн хүчтэй суурь судалгаа хийдэг төвүүдтэй.

-Энэ салбарт боловсон хүчин сул байгаа учраас бид буурай хөгжилтэй орны тоонд орж байна гэж үзэж болох уу?

-Харамсалтай нь тэгж үзэж болно. Учир нь бидний үеийнхэн аравдугаар ангиа төгсөж байхад нэг ангид 3-4 хүүхэд л математик, физикийн хичээлд маш сайн сурдаг байсан. Тэнд тухайн салбарт элсэж, амжилт үзүүлнэ. Үнэхээр сонирхолтой, авьяастай байж л сайн инженер төрнө шүү дээ. Тийм шалгуураар инженерүүд бэлтгэгдэж, төрдөг байсан. Харин өнөөдөр боловсрол, мэргэжилтэй болоход мөнгө нөлөөлөхөөс гадна толгой ажиллуулах шаардлагатай байгалийн ухааны түүн дотроо физик математикийн салбараас залуус зугтах хандлагатай болжээ. Нуулгүй хэлэхэд энэ салбарт мэргэжилтэн дутагдаж байгаагаас гадна бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийн зарим нь шаардлага хангахгүй байна.

-Манай физик, технологийн хөгжлийн түвшинг дэлхийтэй харьцуулахад хаахна яваа бол?

-Энэ салбарыг онолын болон хэрэглээний түвшнээр хэмждэг. Онолын түвшинд бол монголчууд дэлхийн түвшнээс хоцроогүйгээр барахгүй зарим талаар илүү алхсан жишээ олон бий. Жишээлбэл, манай хүрээлэнгийн Намсрай гуай байна. Дэлхийд танигдсан хүн. Хүн болгон танихгүй байж болно л доо. Гэхдээ энэ агуу салбарынхаа томчуултай эн зэрэгцэнэ гэдэг монгол хүний бахархал. Харин хэрэглээ, судалгааны түвшинд бид хоцрогдож байгаагаа хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ нь өнөө л хөрөнгө, мөнгөтөй холбоотой.

-Физик, технологичид бизнесмэнүүд, үйлдвэрлэгчидтэй хэр холбоотой ажиллаж байна?

-Бараг байхгүй дээ. АНУ болон өндөр хөгжилтэй орнуудад яагаад технологи хурдтай хөгжөөд байна гэхээр тэнд том корпорациуд шинжилгээ, судалгаанд асар их мөнгө хаяж байна. Аливаа судалгаа, тэр тусмаа нарийн технологийн судалгаа 15-25 жил болж байж үр дүн гардаг. Энэ хэрээр хөрөнгө, хугацаа шаардагдана. Гэтэл манай компаниудад ийм боломж алга. Манай компаниудын судалгааны төв байхгүй. Тэд ямар захиалга өгөөд, хэзээ үр дүнг харах гэж хэдэн эрдэмтэн тэжээгээд сууж байх юм бэ. Тэгснээс шууд гадны технологийг ашигласан нь хөрөнгө, хугацаа хожно гэж үздэг.

-Танайд захиалга өгөөд хийлгэсэн ажил байна уу?

-Цөөнгүй байгаа. Гэхдээ энэ бүхнийг дурдах цаг одоохондоо алга.

-Инженерүүд бэлтгэх суурь бааз манайд байна уу?

-Би бол байна гэж харж байна. Манай МУИС, надад зааж байсан багш нар, гадаад, дотоодод төгссөн өндөр түвшний багш нар хангалттай бий. Гэтэл энэ салбарт шимтэн суралцах, үнэн санаанаас зүтгэх залуусын тоо бага байна. Гэхдээ үнэн сэтгэлээс зүтгэх залуус огт байхгүй гэсэн үг биш. Байна. Тэд гадаад дотоодод чамгүй мэдлэг эзэмшээд цол, зэргээ хамгаалаад ирж байна. Гэтэл манай хүрээлэнгийн цалин тэдний сонирхлыг татах уу, Оюу толгойн тавьсан санал татах уу гэдэг асуудал үүснэ. Мэдээж хувь хүн сонголтоо хийх эрхтэй. Залуусыг буруутгах аргагүй. Бас цалин хангамж биднээс өндөр өгч боловсон хүчнээ татаж байгаа компанийг буруутгаж болохгүй. Олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцоод амжилт гаргасан залуус шууд гадагшаа гарч байгаа. Үүнд хэн нэгнийг буруутгах хэрэггүй. Яахав бидний үе нэг иймэрхүү хүндрэлтэй тулгарч байна. Удахгүй бид энэ бүхнийг даван туулж манай залуус эх орондоо ихийг бүтээнэ гэдэгт би итгэлтэй байгаа.

-Танайхан залуусыг гадагш гаргаж байна уу?

-Миний мэдэхийн манай хүрээлэнгээс явуулсан 20 шахам залуу энэ салбарт суралцаж эхнээсээ төгсөөд ирсэн. Бидний мэдэхгүй цөөнгүй залуус энэ салбарт суралцаж байгаа байх.

-Сургууль төгссөн манай залуусын чадвар ямар түвшинд байгаа бол?

-ОХУ-ын Дубнагийн цөмийн институтэд манай найман залуу ажиллаж байна. Энэ байгууллага чинь дэлхийн шилдгүүд ажилладаг байгууллага шүү дээ.

-Тэд ямар зорилгоор ажиллаж байна?

-Гурав нь Монгол Улсад цөмийн реактор байгуулсан тохиолдолд шинжээч, мэргэжилтэн байх ёстой гэдэг утгаар ажиллаж байгаа. Хоёр нь шинэ материал, технологи зэргийг хэрхэн гаргаж авах талаар ажиллаж байна. Нэг нь онолын физикчээр ажиллаж байгаа.

-Тэд хэний хөрөнгөөр ажиллаж байна?

-Дубна олон улсын байгууллага. Засгийн газар хоорондын гэрээгээр ажиллаж байгаа.

-Залуус эргэж ирээд танайд ажиллах уу?

-Хэлж мэдэхгүй байна. Гэхдээ тэдний “Энд ажилла” гэж шахах эрх, ёс зүй ч байж болохгүй байх. Саяхан манайхаас гадаадад суралцаад ирсэн хоёр залуу Герман-Монголын хамтарсан Технологийн дээд сургуульд багшлахаар болсон. Цалин нь нэлээд өндөр юм шиг байна билээ.

-Ойгоо тохиолдуулаад олон нийтэд хүргэх үг байна уу?

-Нийт физик, технологичдодоо баярын мэнд хүргэе. “Буян” компанийн захирал Жаргалсайханд баяр хүргэж болох уу.

-Болох байх. Гэхдээ яагаад?

-Цөмийн физикч мэргэжилтэй шүү дээ. Ой тэмдэглэх арга хэмжээнд хандив өргөсөн юм.

Х.БАТТӨГС