Categories
мэдээ цаг-үе

Э.Энхмаа: Цус ойртолт нь аминчхан, амиа аргацаах сэтгэлгээтэй хүний тоог өсгөдөг

Анагаах ухааны доктор, хүний их эмч, хүн судлаач Э.Энхмаатай цус ойртолтын тухай сэдвээр ярилцлаа.


-Сүүлийн үед цус ойртолт монголчуудад аюулын харанга дэлдэх боллоо гэж их мэдээлж байна. Ер нь энэ төрлийн судалгааг яаж хийдэг юм бэ?

-Өөрөөсөө дээш 3-4 дэх үеийн ах дүү нар хоорондоо гэрлээд байхад илэрдэг тийм түвшний цус ойртолт манай хүн амд илрээд байгаа юм. Сүүлийн жилүүдэд төрөлхийн согог, гажигтай хүүхэд олон төрж байна. Үүнд цус ойртолт нөлөөлж байгаа нь бидний судалгаагаар нотлогдсон.

-Цус ойртолтын үндсэн шинж тэмдэг яаж илэрдэг вэ?

-Хүний генетикийн шинжлэх ухаан цус ойртолтын үндсэн шинж тэмдгүүдийг хэлчихсэн байдаг юм. Тухайлбал, хүний бие бялдрын хөгжил давжаардаг, биеийн дархлаа суларч аливаа өвчинд өртөмтгий болдог мөн удамшлын төрөл бүрийн өвчин, согогтой, оюуны хомсдолтой төрөх хүүхэд олширдог. Өнөөгийн манай нийгэмд эдгээр сөрөг үр дагавар санаа зовоосон түвшинд илэрч байна.

-Цус ойртсон хүн ямар ааш араншин гаргадаг вэ?

-Удамшлын өвчний хэлбэрээр илэрч байгаа бол тухайн өвчний үед гардаг шинж илэрнэ. Мөн цус ойртолтын улмаас хүн амын дотор аминчхан, амиа аргацаах сэтгэлгээтэй хүмүүсийн эзлэх хувь байнга нэмэгддэг. (Аминчхан: ганцагчин, хань болоогүй, зөвхөн амин хувиа бодогч. Амиа аргацаах: Амиа борлуулж довоо шарлуулах. Я.Цэвэлийн тайлбар толиноос). Учир нь цус ойртсон бие махбод бие бялдрын хувьд дорой, өвчинд өртөмтгий байдаг тул байнга өөрийгөө тойглож байх хэрэгтэй болдог. Ийнхүү байнгын дотогшоо чиглэсэн сэтгэлгээ нь зөвхөн хар амиа бодох, бусдыг үл тоомсорлоход хүргэдэг байна.

-Хүнийг шууд хараад цус ойртсон байна гэж оношлох боломжтой юу?

-Боломжгүй. Тухайн хүнд илэрч буй өвчин, согог цус ойртолттой холбоотой юу эсвэл өөр хүчин зүйлээс болсон уу гэдгийг нягтлах шаардлагатай.

-Хүн амын өвчлөл утаанаас болж байгаа гэж тайлбарладаг шүү дээ?

-Яахав, хүмүүс тэгж тайлбарладаг юм. Бас химийн бодисын хордлого, архи, тамхи, баталгаагүй хоол хүнснээс болж согог, гажиг, өвчлөл нэмэгдэж байна гэдэг л дээ. Үнэндээ эдгээр хүчин зүйл хэрхэн нөлөөлж байгаа талаар хийсэн үндэсний хэмжээний судалгаа байхгүй. Онолын хувьд нөлөөлөх үндэстэй. Гэхдээ мэдээж нөлөөлж л байж таараа гээд яриад байж болохгүй. Шинжлэх ухааны судалгааны үр дүнд тулгуурлан ярих ёстой шүү дээ. Бид бол цус ойртолттой холбож судалсан судалгааныхаа бодит үр дүнг яриад байгаа хэрэг. Төрөлхийн согог, гажигтай хүүхэд төрөөгүй аймаг гэж алга. Хэрэв хоёр, гуравхан аймагт илэрч байгаа бол ойр зуурын хүчин зүйлтэй холбож үзэж болно. Гэтэл бүх аймагт энэ үзэгдэл илэрч байна гэдэг нь үүний цаана хүчтэй нөлөөтэй дэвсгэр хүчин зүйл байна гэдгийг хэлээд байгаа юм. Энэ нь хүн ам дахь цус ойртолтын өнөөгийн түвшин.

-Та цус ойртолтын улмаас хүний биеийн дархлаа сулардаг гэлээ. Тэгэхээр цус ойртолт нь хүний өвчлөл, нас баралтад нөлөөлж байна гэсэн үг үү?

-Тийм ээ. Өвчний олон улсын X ангиллын дагуу хүн төрөлхтний өвдөж буй бүх өвчнийг 19 бүлэгт хуваадаг юм. Эдгээр 19 бүлэг өвчин бүрээр монгол хүн өвдөхөд цус ойртолт нөлөөлж байгаа эсэхийг судалсан. Тухайлбал, хорт хавдар, цусны эргэлтийн тогтолцооны өвчин, амьсгалах эрхтэн тогтолцооны өвчин, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин гэх мэт том том бүлгээр нь статистик мэдээлэл гаргадаг. Нэг бүлэг өвчин дотроо олон хэсэг болж задарна. Цус ойртолт нөлөөлөхгүй байгаа өвчний бүлэг гэж алга байна. Мэдээж хүн амын өвчлөл, эндэгдлийн шалтгаан болдог олон хүчин зүйл бий. Гэтэл үүн дээр нэмээд байх ёсгүй үзэгдэл болох цус ойртолтын дарамт орж ирээд байна. Тэгэхээр хүн амыг цус ойртолтоос гаргах, хамгаалах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол өвчлөл, эндэгдлийг дорвитой бууруулна гэхэд их төвөгтэй болчихоод байгаа юм.

-Цус ойртолт оюуны хөгжилд яаж нөлөөлж байна вэ?

-Цус ойртолтын бий болчихсон түвшин монгол хүний хурдан түргэн, хурц сэтгэдэг оюуны гайхамшигтай чадавхийг бууруулаад байгаа нь судалгаагаар тогтоогдож байна. Аливаа үзэгдэл бүдүүнээс нарийн түвшинд оршиж байдаг. Гаднаас нь харахад цус ойртолтын илэрхий шинж тэмдэг мэдэгдэхгүй, эрүүл саруул харагдавч оюуны нарийн чадавхи шаардсан зүйл дээр ялгаа ажиглагдах жишээтэй.

-Судлаачдын зүгээс цус ойртолтоос хамгаалах ямар арга замуудыг дэвшүүлдэг юм бэ?

-Тоймтой хоёр, гуравхан арга байдаг. Нэгдүгээрт, овог хэрэглэх; хоёрдугаарт, гэрийн угийн бичиг хөтлөх; гуравдугаарт, хүн амын хөдөлгөөнийг тэтгэж, хоорондоо чөлөөтэй зорчиж, уулзаж байх нөхцөлийг бүрдүүлэх явдал. Одоо бидний хэрэглэж буй ургийн овог нь цус ойртож гэрлэхээс хамгаалах арга хэрэгсэл байхаа больсон. Учир нь монголчууд 1997 онд овгоо сэргээх үед нэг хэсэг нь хайж байгаад өөрийнхөө жинхэнэ овгийг олж тогтоосон бол ихэнх нь шинээр зохиомол овог авч иргэний үнэмлэх дээрээ бичүүлэхэд нэлээд будлиан үүссэн юм. Тухайлбал, эхнэр, нөхөр хоёрын иргэний үнэмлэхийг харахаар хоёулаа Боржигон овогтой байх, гэтэл төрсөн ах дүү хоёр өөр өөр овогтой байх нь ердийн үзэгдэл болсныг анзаардаг байх. Уг нь овог гэж ураг төрлийн нэг язгуурт хүмүүсийн нэгдлийг хэлдэг. Гэтэл эхнэр, нөхөр хоёр ураг төрлийн холбоогүй, өөр язгууртай хүмүүс байтал ижил овогтой болчихсон, харин ураг төрлийн нэг язгууртай төрсөн ах дүүс өөр өөр овогтой болчихсон байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, гэрлэх гэж байгаа хос бие биеийнхээ иргэний үнэмлэх дээрх ургийн овгийг хараад “Би Боржигон овгийнх, чи Шарнууд овгийнх юм байна. Бид хоёр гэрлэвэл цус ойртохгүй юм байна” гэж ойлгож болохгүйг л яриад байгаа хэрэг. Тэгэхээр цаана нь гэрийн угийн бичиг хөтлөх, хүн амын хөдөлгөөнийг тэтгэх гэсэн хоёр гарц үлдэж байна. Гэрийн угийн бичиг хөтлөхөд бас бэрхшээл байна. Хүн болгон хоёр өвөө, хоёр эмээгээ мэднэ. Үүнээс дээш өвөг эцгийн аав ээж, эмэг эхийн аав ээж гэхээр өөрөөс дээш гурав дахь үе болдог. Элэнц өвөг, эмгийн энэ түвшин рүү ороод ирэхээр бид үндсэндээ өвөг дээдсийнхээ талаар бүрэн мэдээлэлгүй болчихсон. Юун есөн үе битгий хэл өөрөөс дээш гурав, дөрөв дэх үеэ бүтэн мэдэхгүй болсон байна шүү дээ. Ийм нөхцөлд угийн бичиг хөтлөхдөө өөрөөс дээш мэдэх чинээндээ хүртэл бичих хэрэгтэй. Мэдэхгүй бол тааж бичиж болохгүй. Харин доошоо үр хүүхдэдээ одооноос эхлээд таслахгүй өвлүүлээд явах нь чухал байна. Ингэж байж хэдэн үе удмын дараа монгол хүн есөн үеэ бүтэн мэддэг болно. Тэр цагт гэрлэх гэж байгаа хос угийн бичгээ үзээд ураг төрлийн холбоотой эсэхээ шалгах боломжтой болох юм. Мэдээж цаг хугацаа шаардсан ажил. Гэхдээ үүнээс өөр арга байхгүй. Хэрэв цусны шинжилгээ хийгээд цус ойртох гэж байгааг тогтоочихдог бол түүн шиг амархан юм байхгүй. Нөгөө талаар манай улсын засаг захиргааны хэт их жижиглэсэн бүтэц нь хүн амын хөдөлгөөнийг тэтгэхэд ихээхэн бэрхшээл учруулж байна. Хуучин дөрвөн аймгийн тогтолцоотой байлаа. Гэтэл одоо 21 аймаг, 330 сум, 1000 хол давсан багт хуваачихсан. Засаг захиргааны бүтцийг ингэж хэт жижиглэх тусам хүн амын хөдөлгөөн хоригддог. Хүмүүс төрийн үйлчилгээг авахын тулд хүссэн хүсээгүй засаг захиргааныхаа нэгжийн төв рүү очдог. Өөрөөр хэлбэл, хэт жижиглэсэн бүтэц цус холилдох үзэгдлийг түгжчихээд байна гэсэн үг. Иймд Монгол Улсын засаг захиргааны энэ их жижиглэсэн бүтцийг зохистойгоор томсгох бодит алхам хийх цаг нь болчихоод байна. Ингэхгүй бол сүүлийн үед үндэсний эв нэгдэл суларч, үндэсний талцал хэрээс хэтэрлээ. Нэг сум доторх багууд хүртэл хоорондоо талцдаг байдал руу орчихож. Энэ бол их хортой үр дагавартай.

-Аль аймагт цус ойртолт илүү байна вэ?

-Бид үндэсний хэмжээний судалгаа хийхдээ аймаг бүрийн уугуул хүн амд цус ойртолтын түвшинг тооцоолсон. Цус ойртолтыг F гэдэг коэффициентээр хэмждэг ба энэ нь 0-1-ийн хооронд утга авдаг. Хэрэв F=0 бол цус ойртолт байхгүй гэсэн үг. Гэтэл F=0 аймаг гэж байхгүй, бүгд “0”-ээс ялгаатай байна. Өөрөөр хэлбэл, аймаг болгонд цус ойртолт илэрч байна. Иймд бид дор бүрнээ хичээж байж энэ аюулаас гарахгүй бол ямар гаднаас хэдэн мянган доллар зээлээд энэ асуудлыг шийдэх биш.

-Манай улсын хүн амын хэдэн хувь нь цус ойртоод байгаа юм бол?

-Үүнийг шууд гаргах боломжгүй. Хүн амын дотор хэн нь хэнтэйгээ гэрлээд, генийн давтамж хаашаа яваад байна вэ гэдгийг гаргадаг шинжлэх ухааны тооцооллын аргыг бид судалгаандаа хэрэглэсэн. Ингэж тооцоолохын тулд урьдаар хүн амд удамшлын олон системийн генүүдийн тархалтыг гаргасан байх ёстой байдаг юм. Манай хүн судлаач эрдэмтдийн 30 гаруй жилийн хөдөлмөрөөр ийм үр дүнгүүд бий болсон. Цус ойртолт бол хүн амын дотор чимээгүй тахал маягаар, 25 жилийн үечлэлтэй зузаарч явагддаг генетик процесс. Түүнээс биш жил жилд огцом хэлбэлздэг үзэгдэл биш.

-Яагаад заавал 25 жилийн үечлэлтэй гэж?

-Миний үр хүүхэд төрөөд дунджаар 25 насандаа гэр бүл болж үр удам төрүүлэх тэр хугацааг хэлж байгаа юм. Үүнийг хүний нэг үе удам гэж хэлдэг. Хүн бүрийн удмын санд нөхцөл нь бүрдвэл удамшлын өвчин үүсгэдэг генүүд нуугдмал маягаар байж байдаг. Цус ойртсон гэрлэлтээр тэдгээр нуугдмал генүүд ижилссэнээр өвчин болж үр хүүхдэд нь илэрдэг байх нь. Ийм учраас хүний нэг удам буюу 25 жилийн үечлэлтэй хүндэрдэг үйл явц гэж нэрлээд байгаа юм. Цус ойртолтыг хүн ам цөөнтэй хөдөө орон нутагт л байгаа үзэгдэл гэж зарим хүн ойлгоод нийслэлд ороод ирвэл аюулгүй юм байна гэж андуу бодох нь бий. Гэтэл нийслэл рүү ихэнхдээ гэр бүл, ах дүүгээрээ нүүж ирээд нутгийнхнаа бараадаад буучихдаг. Түүнээс хөдөөний хүн нийслэлд ирээд Улаанбаатарын унаган иргэнтэй гэр бүл болж байгаа нь тун ховор. Иймд сая гаруй хүнтэй нийслэлд байвал энэ аюул хол юм байна гэж ойлгож болохгүй. Бид залуустаа хандаж өөрийн уугуул баг, сум, аймгаас болон өөрийн аймаг, сумтай хил залгаа оршдог өөр аймгийн сумаас хань ижлээ сонгохгүй байх, аль болох олон аймаг алгасан сонголт хийхийг зөвлөж байгаа.

-Монголчуудыг хоорондоо гэр бүл болохыг эсэргүүцэж, эрлийзжүүлэх бодлого явж байна гэх шүүмжлэлүүд гардаг л даа. Судлаач хүний хувьд ямар тайлбар өгөх вэ?

-Хүн ам хэт их эрлийзжээд байвал цус ойртолтоос дутахгүй аюул авчирдаг. Учир нь бид өөртөө тээж яваа монгол удмын сангаар энэ дөрвөн улирлын уур амьсгалд идээшин зохицож эрүүл саруул, тэнцвэртэй амьдардаг. Гэтэл эрлийз хүүхэд өөрийн гэсэн амьдралын унаган орчингүй хүүхэд төрнө. Өөрөөр хэлбэл, эрлийзжилт нь хүн амын удмын сангийн дасан зохицлыг эвдээд байдаг гэсэн үг. Мөн эрлийзжилтээр тухайн улс үндэстний хүн амын удмын санд урьд хожид байгаагүй удамшлын өвчний генүүд ороод ирэх аюул байна. Мэдээж монгол цус балархайтаад байвал эцэстээ монгол үндэстэн орших уу, эс орших уу гэдэг асуудал яригдах шүү дээ. Тэгэхээр бид зөв бодлогоор асуудалд хандах ёстой.

-Гадны зарим улс оронд үеэлүүд, төрөл төрөгсөдтэйгөө гэр бүл болохыг хуулиар дэмжсэн байдаг. Нөгөөтэйгүүр хөрөнгөтнүүд эд баялгаа хамгаалж хоорондоо гэрлэх тохиолдол цөөнгүй байна. Энэ нь нийгэмд нэг цусны хүмүүс гэр болох нь ямар ч аюулгүй гэсэн буруу үлгэр дуурайл болоод байх шиг…

-Интернэт орчинд “Үеэлүүд гэрлэхэд ямар ч аюулгүй гэдгийг эрдэмтэд судлаад тогтоосон байна” гэсэн мэдээлэл их байдаг болжээ. Ийм кино ч байдаг. Энэ мэтээс хүмүүс буруу үлгэр дуурайл авах аюултай. Европын хаан угсааны мөхөлд цус ойртолт шууд нөлөөлснийг эрдэмтэд Хабсбургийн хаан угсааны жишээн дээр судлаад тогтоосон байдаг. Бараг 200 жил хаан төр барьсан Хабсбургийн хаан угсаанд 11 цус ойртсон гэрлэлт байснаас найм нь үеэлүүдийн гэрлэлт. Хааны цус хааны цустайгаа холилдохоос хааны цус харцын цустай холилдох ёсгүй гэдэг үзэл байсан юм болов уу. Нөгөө талаас эд хөрөнгө, эрх ямбаа гэр бүлийн хүрээнд авч үлдэх гэсэн хүсэл байсан шиг байгаа юм. Цус ойртолт бол эцэстээ улс үндэстэн мөхөхөд хүргэдэг үзэгдэл гэдгийг дээрх судалгааны үр дүн хэлж байгаа хэрэг.


Categories
мэдээ цаг-үе

Цэрэнгийн Гэндэнжамц: Япон цэргийн дарга нар юм сурахгүй хүний мөр, толгойн хуйхыг сэлмээр цавчих энүүхэнд

Түрүүч нь №301(5566) дугаарт

Өнгөрөгч зууны гучаад оны үед манай улсын олон айл өрх Өмнөд Монголын нутагт дүрвэн гарсан байдаг. Тэдгээр айлууд Өмнөд Монголын Алшаа, Дархан бэйл гэдэг газарт хэсэг бүлгээр тархай бутархай аж төрж байгаад гучаад оны сүүлчээр Шилийн гол аймгийн Баруун Сөнөд хошуунд бөөгнөрч Дилов хэмээх аймгийг байгуулан амьдарч байжээ. Тухайн үед 600 гаруй айл өрх дүрвэн гарсан тухай яриа байдаг бөгөөд 1945 онд 502 айл эх орондоо буцаж ирсэн байдаг. Тэр үеийн үйл явдлын халуун голомтод байсан хүмүүсээс эдүгээ насны эрхээр гарын арван хуруунд багтам амьд түүхийн цөөхөн гэрч үлдсэн байдгийн нэг 86 настай Цэрэнгийн Гэндэнжамц гуайтай уулзаж сонин хачныг хөөрөлдлөө.


-Дилов аймгийн төв нь ямаршуухан суурин байв?

-Аймгийн захиргааны байшин нь гадна талаараа хашаатай, хашаанд тулгаж барьсан хоёр намхан байшингийн нэгэнд нь бага сургуулийн сурагчид бид эрэгтэй, эмэгтэйгээрээ ялгаран суудаг байсан. Цэргийн түр сургуулийн хэдэн байшинд халхын залуучууд зургаан сарын хугацаатай цэргийн алба хаана. Хөл гарын сургуулийг өдөр, шөнөгүй хийж гутал хувцас нь урагдаж нооройсон хүмүүс байсан. Цэрэг хувцас тавьж өгөхгүй тул монгол дээл, гуталтай, урагдсан гутлаа олс дээсээр боочихсон явна. Улаан бурхан, хижиг гэсэн халдварт өвчин гарч цэргийн сургуулиас маш олон хүн үхсэн. Манай бага сургуулиас харин нэг ч хүүхэд өвдөөгүй өнгөрсөн. Сургуулийн тогооч нахиу Гэндэн гэдэг хүн өглөө бүхэн данхтай улаан ус барьж зогсоод хүүхэд бүрийн хоолойг зайлуулдаг байсан. Бодвол маарганцтай ус байсан юм болов уу. Нэг жил хүүхдүүдийн дунд бөөсний өвчин гараад Даариймаа гэдэг хүүхэд өвдөж үхэхээ шахаад бослоо. Сүүлд сонсох нь ээ, бөөсөн тип гэдэг өвчин юм билээ. Бүх бие нь бөөсөнд битүү баригдсан, чих, хамрын нүх, нүдний хөмсгөнд хүртэл бөөс шигдчихсэн байх юм билээ. Жаахан удсан бол бөөс арьс махыг нь цоолж идэх байсан байх.

-Ёстой нэг бузрын өвчин байж дээ?

-Коно багш л Даариймааг усанд оруулж, бүх хувцсыг нь сольсон. Үстэй дээлийг нь гадаа наранд дэлгэж тавиад нэг шар эм цацсан чинь бөөснүүд тал тал тийшээ ус урсах мэт бэлчиж байлаа. Бид дээл тэрлэгээ нөмрөөд халуун ханзан дээр унтана. Ханз гэдэг нь өвлийн цагт доогуур нь гал түлчихдэг шавар ор л гэсэн үг. Бид япон гэдэг нэрийг огт мэдэхгүй. Наран улс, наран багш л гэж ярьдаг байсан. Цагаач халхчууд, наран багш гэсэн хоёр өөр үндэстэн ястан иймэрхүү янзтай нэг дор амьдарна. Цэргийн сургуульд япон болон өмнөд монгол багш нар орно. Урт сэлэм зүүсэн наран багш нар цэргүүдийг их дарлаж зодно. Уур нь хүрвэл сэлмээ шууд сугалж аваад дүрэх цавчих зэргээр харгислана.

-Япончуудын сэлмэнд өртсөн хүн олон байв уу?

-Дугуйцагаан гэдэг тарган цагаан залуугийн мөрийг цавччихсан, өөх нь цухуйж байсныг цэргүүд утаатай шар навтас эсгий шатааж тавиад байсан чинь сайхан эдгэсэн гэж ярилцдаг байсан. Тэр үед ойр зуур хэрэглэдэг эм тан, үзэж хардаг эмч доктор ч байгаагүй цаг байж. Хосоомий гэдэг дарга халхын бүх цэргүүдийг шарх сорвитой болгосон. Наран багш нарт бялдуучлан долигонож хов зөөдөг хүмүүс ч байлаа. Лав л тагнуулч Нанхүү гэдэг хүнээс хүмүүс их болгоомжилж айдаг байсан. Харин нааш нүүх үймээний үеэр хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болсон доо. Нууц харилцааны хэрэгсэл моорзын аппарат дээр сургууль хийж байгаад ойлгохгүй мунгинасны улмаас наран багшаар толгойгоо цавчуулж хөглөж байснаа Бөнтгөр гэдэг хүн ярьдаг байсан. Бөнтгөр гуай “Хүн гэдэг бол бөх амьтай, зовлон даадаг амьтан. Хуйхны арьсаа эргүүлж наачихаад хичээлдээ боолттой явсаар эдгээсэн” гэдэг сэн.

-Та тэр Хан хугийн сургуульд хэдэн онд сурч байв?

-Жамьяндорж, Жумдаан бид гурав 1942 онд Хан хугийн бага сургууль төгсөөд Баруун Сөнөд хошууны төв Вангийн ордны дэргэд байсан Багачуудын дунд сургуульд шилжин сурсан. Багачуудын сургуулийг японоор “Ю Нэн Ка Ко”, хятадаар “Юненша шо” гэнэ. Одоо бодоход энэ сургууль япон дэг журмаар ажилладаг байсан юм билээ. Өглөө хоол идэхдээ “Эрт оройн идээн бол бүгд тэнгэрийн хайрласан хишиг. Идатакимс” гэж залбираад иднэ. Идатакимс гэдэг нь японоор хүртье гэсэн үг. Вангийн ордноос баруун хойш хорь гаруй километрт Баян-Овоо гэж уул байсан. Энэ уулыг жил бүрийн зун тахиж тэнд янз бүрийн хүн их цуглана. Анх удаа тэнд гэдэс нь урагшаа цүдийчихсэн, нүд нь ногоон, хөнхөр, хамар нь өндөр шовгор, үс царай нь шар европ хүн үзэж “Ийм хачин хүн бас байдаг аа” гэж ахин дахин эргэж тойрч байж билээ. Сүүлд дуулахад хувьсгалаас зугтан оргож очсон орос хүн байсан юм билээ. Багачуудын сургуулийн зүүн талаар том зам явах бөгөөд ердийн хөсөг, хааяа нэг чийчаан явж харагдана. Нэг өдөр энэ замаар үхрийн хар тугал шиг юм жигтэйхэн хурдтай давхиад явчихсан. Тэгсэн тэр нь одоогийнхоор мотоцикль байсан сан. Машиныг хятадаар чи-чан гэх бөгөөд чи гэдэг нь уур, чан гэдэг нь тэрэг гэсэн үг л дээ. Тэр мотоцикльтой давхидаг хүн бол Өмнөд Монголын Дэмчигдонров ноёны туслах Ишням гэдэг өмнөд монгол хүн байсан. Энэ хүн Баянхонгор аймгийн Баянговь сумаас Алшаа нутагт дүрвэж очоод байсан Дорждулам гэдэг хүүхэнтэй ханилан сууж байсан тухай доктор С.Бадралын бичсэн “Өврийн хувилгаан багштай дүрвээд, эргэж ирсэн Ламын гэгээний шавь халхчуудын хууч яриа” гэдэг номд тодорхой дурдсан байдаг.

-Тантай хамт суралцаж байсан нөхдийн тань хувь заяа хэрхсэн бол?

-Би Багачуулын сургуульд элсэн зургаан сар болоод хөдөө мал малладаг эцэг маань нас барсан учир мал дээр гарсан. Жамьяндорж Монгол Улсдаа ирээд нэгдүгээр арван жилийн сургуулийг төгсөж, улмаар ЗХУ-д дээд сургуульд суралцан санхүү, эдийн засгийн мэргэжил эзэмшиж Сангийн яаманд БНМАУ-ын ерөнхий нягтлан бодогчоор олон жил ажиллаж, одоо эрүүл саруул амьдарч байгаа сурагтай. Жумдаан маань 1945 онд Ар Монголын цэрэг очих үед өвчнөөр нас барсан гэдэг.

-Танайхан Монголдоо хэзээ, яаж орж ирэв?

-Цагаач халхчуудын бүх өрхийн тэргүүлэгчид 1945 оны долдугаар сард аймгийн захиргаан дээр цугларан хуралдаж Дилов аймгийг татан буулгаж, Баруун Сөнөд хошуунд харьяалуулах болсон. Ингэж байгуулагдаад зургаа, долоон жил болсон Дилов аймгийн үйл ажиллагаа дуусгавар боллоо. “Ар Монголын цэрэг хориод хоногийн дараа орж ирнэ. Замаас зайлж нүүцгээ” гэж зар тарсны дагуу айлууд тал тал тийш нүүж, манайх Ундрахын элс гэдэг элсэн манхан дунд буусан. Наймдугаар сарын зургаан долооны үед элсэн манхны оройгоос харахад баруун хойд зүгт битүү улаан тоос манараад байсан нь Монголын цэрэг орж ирж байсан нь тэр юм байж. Үүнээс хойш нэг их удалгүй Баруун Сөнөд хошууны төв Вангийн ордон дээр Ар Монголын цэрэг Өмнөд Монголын ард түмнийг Японы эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлсний баярыг тэмдэглэн бөх барилдуулж, морь уралдуулан наадам хийсэн. Энд Ар Монголын дарга нар үг хэлж байсантай манай цагаач халхчууд таарч нутаг ус, ах дүү саднаа сураглан бөөн баяр хөөр, уйлаан майлаан болж байсныг би сайн санадаг. Удалгүй халхчууд нутгийн зүг нүүх болж илүү гэр, овор ихтэй зүйлээ хаяж хойт хилийн зүгт бөөгнөрч эхэлсэн. Яг энэ үеэр Өмнөговиос дүрвэж гарсан Очирдара хувилгаан, жасын нярав цоохор Найдан, Жаал Чанрав, Дагданпунцаг нарын хүмүүс гэр бүлийн хамт оргож алга болсон байв. Арван хэдэн морьтой, ногоон хувцастай цэргүүд давхилдан “Очирдара лам хаа байна” гэж хүн амьтнаас асуусан ч олдоогүй юм.

-Тэд хаашаа явсан хэрэг вэ?

-Сүүлд сонсоход цоохор Найдан насбарж, Дагданпунцаг урд нутагт үлдэж, Очирдара лам, Чанрав нар Энэтхэгт цагаачилж очсон байдаг. Очирдара лам жараад оны үед өөд болж,Чанрав гэр бүл, үр хүүхдүүдийн хамт Монголдоо ирж насан өөд болсон. Хүүхдүүд нь одоо Монголдоо байгаа.

-Цаг цөвүүн үед Ар Монголдоо байхдаа гэмт хэрэг хийсэн хүмүүс урагшаа хил давсан л байгаа даа?

-Зарим халхчууд дүрвэн гарахдаа хоршоо дэлгүүр тонон дээрэмдэж, хүн алах зэргээр их л будлиан самуун үүсгэсэн юм гэсэн. Тиймэрхүү муу үйл хийсэн Дэлэгсамба, алаг Намнан гэх хүмүүсийн сураг дуулддаг байсан. Гэхдээ бидний амьдарч байсан Баруун Сөнөд хошуунд тэд амьдарч байгаагүй. “Дэл хөнжлөөр нутагладаг уу, Дэлэгсамбатай холбоотой юу” гэсэн байцаалтын асуулт хүртэл байсан гэдэг. Алаг Намнан гэдэг хүн алуулсан гэх бөгөөд түүний эхнэр Хандсүрэн Жамбалцэрэн гэдэг хүнтэй сууж байгаад Өмнөговьд нутагтаа ирж насан өөд болцгоосон юм билээ.

-Чөлөөлөхөөр очсон орос, монгол цэргүүд дүрвэгсэдтэй яаж харьцдаг байв?

-Дайны хажуугаар дажин гэж их үнэн үг шүү. Нааш нүүх санаатай бүх айлууд нэг газар бөөгнөрөөд буучихсан байсан чинь гэнэт хоёр муу морь уначихсан орос цэрэг ирээд айлуудыг дээрэмдэж, гэгээн цагаан өдөр охид хүүхнүүдийг хүчиндэх гэж бөөн юм болов. Хүмүүс цугларч бөөн үймээн шуугиан болж охидоо арай л хүчиндүүлсэнгүй. Тэгсэн нөгөө хоёр орос хоёр муу морио хаяад хэдэн сайхан морийг аваад явчихаж. Жооног Дэндэв гэдэг залуугийн ч хоёр сайхан морийг аваад явсан байв. Дэндэв нөгөө хоёрыг алсаас бараагий нь хараад дагаад байж. Хоёр орос Тамчийн тал гэдэг газар очоод морьдоо чөдөрлөөд шөнө унтаад өгөхөд нь Дэндэв сэмхэн хэдэн морьдоо суллаж тавиад хөөгөөд ирж. Эзэнгүй талд явган үлдсэн хоёр оросын хувь заяа хааш эргэснийг бүү мэд. Морь унаагаар хэдэн өдөр ч яваад гаталж барамгүй арвин тал шүү дээ.

-Монголдоо нүүж ирэхэд байдал ямаршуухан байв?

-1945 оны наймдугаар сард Баруун Сөнөдөд байсан таван зуу гаруй халх айл нэгэн зэрэг хил давж, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Тоодогийн нуур гэдэг газар хэсэг саатаж, хүн малын тооллого явагдсан. Дотоод яамныхан хориос дээш насны бүх хүнээс байцаалт авсан. Эндэх хүмүүсээс Өмнөд Монголд цэргийн түр сургуульд байсан хорь гаруй эрсийг баривчилж тэмээн дээр мордуулан, хөлийг нь доогуур нь холбож уяад, нүдийг нь алчуураар боож, гарыг нь ард нь хүлээд тэмээний бурантгийг хүзүүнд нь эвхэж, таван цэрэг сул тууж аймгийн төвд авчирсан байдаг. Нүүдэлчдийн олонхи болсон Балдан засгийнхан буюу өмнөговийнхон Дорноговь аймгийн Иххэт суманд, Түшээ гүнийхэн буюу Дундговийн цөөн айл Хар-Айраг суманд, баянхонгорынхон буюу Ламын гэгээнийхэн Иххэт суманд арваад жил суурьшин суусан юм. Өссөн төрсөн нутагтаа шилжин суухыг удаа дараа хүсч өргөдөл хүсэлт гаргасныг 1955 онд дээд газраас зөвшөөрсөн ёсоор өөр өөрийн нутагтаа очицгоосон доо. Би Иххэт суманд шинэ үсгийн багшаар анхандаа ажиллаж байлаа.

-Түүнээс хойш ямар ажил алба эрхлэв дээ?

-Иххэт сумынхаа анхны хоршоонд тоо бүртгэгч, мөнгөний нярваар ажиллаж, тавиад онд хоршооны даргын алба хашсан. Ажлаа нэр төртэй хийж Худалдааны техникумд суралцаж төгсөөд ЗХУ-ын Москвагийн Мал эмнэлгийн академийн амьтны гаралтай түүхий эдийн бараа судлалын дээд сургуулийг дүүргэлээ. Эх орондоо ирж ажил албаа гүйцэтгэж байгаад Новосибирск хотын Хоршооллын худалдааны дээд сургуулийн дээд курс, Зөвлөлтийн Шинжлэх ухаан техникийн ордны дэргэдэх Ардын их сургуулийг тус тус дүүргэж сумын анхны хоршооны тоо бүртгэгчээс Хөдөө аж ахуйн дээд сургуульд багш, Худалдаа бэлтгэлийн яамны тасаг, хэлтсийн дарга, газрын орлогч дарга зэрэг албыг хашсан байна даа. Монголын ард түмний гавьяат худалдааны ажилтан, Түүхий эдийн бараа судлалын магистр, Олон улсын ангийн үс судлалын нийгэмлэгийн Азийн салбарын гишүүн, ийм л хүн дээ, би.


Categories
мэдээ цаг-үе

2017 онд хүн төрөлхтний амьдралд нэвтрэх шинжлэх ухааны ололтууд

АВРАГЧ РОБОТ

Италийн Генуе хотын Технологийн хүрээлэнгээс байгалийн гамшиг болон онцгой байдлын үед ажилладаг тусгай роботыг бүтээхээр ажиллаж байна. “Walk-Man” хэмээх нэрлэсэн шинэ робот нь одоогоор туршилтын шатандаа байгаа бөгөөд тун удахгүй хамгийн хүнд нөхцөлд хүмүүсийг аварч тусламж үзүүлэх юм. Эхэндээ хүний удирдлагаар ажиллах боловч ирээдүйд өөрөө өөрийгөө удирддаг болох гэнэ. Ингэхдээ нөхцөл байдал аль хэр эрдсэлтэй байгаа, ямар алхам хийх зэргийг робот өөрөө шийддэг болно. Эрдэмтэд “Walk Man”-ийг улам боловсронгуй болгох бөгөөд ойрын үед уул, хад, овон товонтой газраар явахдаа тэнцвэрээ хадгалж чаддаг болгоход гол анхаарлаа хандуулж байна. Энэ жилийн “Walk-Man”-ийг боловсронгуй болгох ажил үндсэндээ дуусч Италийн онцгой байдлын албанд туршилтаар ажиллах гэнэ. Роботыг хамгийн эхлээд түймэр гарсан газар руу илгээх юм байна. Тухайлбал, байшин шатахад дотор нь хүн байгаа эсэхийг мэдээд олж аврах аж.

ХҮНИЙ ГЕНД ЗАСВАР ХИЙНЭ

Манай дэлхийн тэргүүн баян Билл Гейтсийн дэмжин ажилладаг “Editas Medicine” компани нь энэ жилдээ багтаан хүний генийг засварладаг шинэ технологийг бүтээх гэнэ. CRISPR/Cas9 хэмээн нэрлэсэн уг технологийн ачаар хүнийг удамшлын өвчнөөс салгах юм. Өөрөөр хэлбэл, өвчний эх үүсвэр болсон генийг дөнгөж бүрэлдэж байхад нь олж илрүүлээд засвар хийнэ гэсэн үг. Шинэ технологийг бүтээсэн эрдэмтдийн ярьснаар түүнийг хамгийн эхлээд хорт хавдар, ДОХ буюу ХДХВ өвчинг эмчлэхэд туршихаар төлөвлөжээ. Тодруулбал, хүний ДНХ-ээс өвчилсөн хэсгийг аваад буцааж суулгах гэнэ. Ийнхүү генийг бүрэлдэж амжаагүй байхад нь засвар хийдэг болсноор төгс хүн бий болох үндэс тавигдаж байгааг эрдэмтэд дурдаж байгаа юм.

САРЫГ ЭЗЭМШИХ ТӨЛӨВЛӨГӨӨ

Энэ жил хятадууд сар руу “Чанэ-5” хэмээх нисгэгчгүй сансрын хөлөг онгоц илгээхээр төлөвлөжээ. Уг хөлөг нь сарны хөрснөөс хоёр килограммыг авчирснаар судалгааны ажилд маш их тус дэм болох юм. Анх 1976 онд Оросын “Луна-24” төхөөрөмж саран дээрээс 170 грамм хөрсний дээж авчирсан бөгөөд энэ ажилд долоон сая ам.доллар зарцуулж байсан гэдэг. Түүний ачаар саран дээр ус байсан болохыг эрдэмтэд тогтоосон билээ.

Хятадын эрдэмтэд ирэх 2018 он гэхэд сарны нөгөө тал дээр төхөөрөмжөө буулгаж судалгаа хийх зорилт тавиад байгаа. Тус улсын сарыг судлах хөтөлбөрийг удирдагчийн ярьснаар изотопийн нөөц болох гели-3-ийг саран дээрээс нэлээд хэмжээгээр илрүүлжээ. Изотопийн нөөцөөр ойрын 10 мянган жилдээ дэлхийг цахилгааны нөөцөөр хангах боломжтой гэнэ.

ХИЙМЭЛ ЦУС ҮЙЛДВЭРЛЭНЭ

Тун удахгүй Японд хиймэл цус “үйлдвэрлэхэд” бэлэн болох гэнэ. Тус улсын эрдэмтэд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хиймэл цусыг суурь эснээс гаргаж авсан тухайгаа мэдэгдсэн билээ. 2008 оноос хойш энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж уйгагүй ажилласны үр дүнд ийм амжилтад хүрсэн юм. Японы “Megakaryon” корпорацийн эрдэмтэд шинэ нээлтийг хийхдээ Токио болон Киотогийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран ажиллажээ. Хиймэл цусыг “үйлдвэрлэдэг” болсноор анагаах ухааны салбарын маш том асуудал шийдэгдэх юм. Тодруулбал донорын шаардлагагүй болно. “Mega­karyon” корпорацийн хүчин чадлын улмаас одоогоор хиймэл цусыг их хэмжээгээр “үйлдвэрлэх” боломжгүй аж.

РОБОТ-МАШИН

Цахилгаан машин, жолоочгүй машиныг туршиж байгаа талаар сүүлийн үед нэлээд мэдээлж байна. Тэгвэл хүний оролцоогүйгээр явдаг машиныг ойрын хугацаанд бүтээх шаардлагатай болсон гэнэ. Нэг үгээр хэлэхэд, машин жолоодох гэдэг ойлголт байхгүй болох бөгөөд робот машинууд явдаг болно. Энэ нь нөгөө талаас нийгмийн хөгжлийн шаардлага аж. Тиймээс машин үйлдвэрлэдэг компаниуд шинэ үеийн унаа бүтээх ажилд маш их хөрөнгө зарцуулсаар байна. Робот-машин бүтээхийн тулд тусгай лазерын тоноглол суурилуулж ингэснээр машин эргэн тойрны бүх мэдээллээ өөрөө уншдаг болох шаардлагатай. Гэвч лазерын технологи нь маш үнэтэй, тэгээд ч бороо орох зэрэгт ажиллагаагүй болдог сул талтай гэнэ. Зарим машин үйлдвэрлэгчид видео камер зэргийг ашиглан туршилт хийж байна. Жишээ нь “Мерседес” нь энэ чиглэлээр нэлээд идэвхтэй ажилладаг.

Онолын хувьд асуудлыг шийдэх олон арга байгаа боловч бодит байдал өөр аж. Робот-машиныг хэрэглээнд оруулахын тулд одоогийн зам тийм ч тохиромжтой бус байгаа аж. Түүнээс гадна зорчигчийн аюулгүй байдал хоёр робот-машин мөргөлдлөө гэхэд хариуцлагын асуудал үүснэ. Гэхдээ энэ бүх асуудлыг шийдэх аргыг энэ жилдээ багтаан олно гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна.

КВАНТЫН КОМПЬЮТЕР

Google, IBM гээд компьютер үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг компаниуд нь квантын компьютер бүтээхээр шаргуу ажиллаж байна. Квантын компьютер нь бидэнд ямар хэрэгтэй юм бэ хэмээн та асуух байх. Хамгийн гол нь ердийнхөөс хэдэн сая дахин хурдан ажилладаг аж. Өнөөдөр бидний хэрэглэж буй компьютер нь үйлдэл болон мэдээллийн сангаараа хэрэглэгчдийн шаардлагыг хангаж чадахгүй байна. Энэхүү квантын компьютертой байснаар та интернэтээр дамжуулан гэрийнхээ плитка, хөргөгч, халаалтыг ажиллуулна. Нэг үгээр хэлэхэд гэрийнхээ цахилгаан хэрэгслүүдийг ажлаасаа удирдана гэсэн үг. Энэ бүх мэдээлэл, үйлдлийг түргэн шуурхай гүйцэтгэх нэлээд мэдээллийг агуулах шинэ үеийн компьютер хэрэгтэй болж байгаа гэсэн үг. “Google” нь квантын компьютер бүтээх ажилдаа нэлээд ахиц дэвшил гаргачихаад байгаа. “D Wave” хэмээн нэрлэсэн шинэ үеийн компьютер нь бидний хэрэглэж байгаагаас 100 сая дахин хурдан аж. Түүнийг өдөр тутам хэрэглэдэг болох хүртэл боловрсонгуй болгоход энэ ажил маш их ахиц дэвшил авчирна хэмээн найдаж байгаа аж.


Categories
мэдээ цаг-үе

Таван толгойг хөдөлгөх таван хувилбар

Оны өмнөхөн МАН-ын бүлэг дээр ширүүхэн маргаан болсныг эс тооцвол Уул уурхайн яамны Таван толгойг хөдөлгөх ажлын хэсгийн хувилбар төрийн ордон хавьцаа яригдаж амжаагүй байна. Хэсэг бүлэг хүмүүсийн дургүйцсэн жиргээг алгасаад харвал ордноос гаднах ертөнцөд ч Таван толгойг хөдөлгөхгүй гэсэн сүрхий хүчтэй эсэргүүцэл алга. Ачир дээрээ хоногийн хоолоо гэж яваа олонд халаасан дахь хэд нь цаас болохгүй байх л амин асуудал. Халаасан дахь төгрөг нь долларт дарлуулахгүй байх ганц гарц нь гаднаас ахиухан доллар орж ирэх. Том төслөө хөдөлгөж байж ахиухан доллар олдгийн учир шалтгааныг давтан улиглаад яахав, ингэсгээд зогсъё. Таван толгойд дөрвөн асуудал бий. Энэ ордын лиценз хэнд байх вэ гэдэг нь эхний асуудал. Төслийг хөдөлгөе гэвэл уул уурхайн төслийн компани байгуулна. Бас нүүрсээ зөөх тээвэр ложистикийн компани байгуулах зайлшгүй шаардлага бий. Мэдээж борлуулалтын компани байгуулж байж нүүрсээ зарна. Төдийгөөс өдий хүртэл Таван толгойг хөдөлгөх ямар хувилбарууд яригдаж ирснийг жагсаая.

М.Энхсайханы хувилбар: М.Энхсайханы ахалж байсан ажлын хэсэг Таван толгойн лиценз эзэмшигч нь “Эрдэнэс Таван толгой” гэсэн хувилбар гаргаж байв. Зах зээл дэх нүүрсний үнээс хамаарч 2-8 хувийн рояалти авна гэсэн тохироог хөрөнгө оруулагчидтай хийснийг тухайн үеийн хэвлэлийн мэдээнээс харж болно. Мэдээж улс таван хувийн рояалтигаа авдгаараа авна гэсэн нөхцөлтэйгөөр. Уул уурхайн төслийн компанийн 51 хувийг ММС буюу “Энержи ресурс”, 49 хувийг “Шинхуа” гэсэн хувилбарыг М.Энхсайханы баг санал болгосон юм. Тээвэр ложистик буюу төмөр замын тухайд 100 хувь “Шинхуа” хөрөнгөө гаргаж барихаар за зүй болсныг хэвлэлээр хангалттай мэдээлсэн. Тээвэр ложистик дээр rolling stock гэж бий. Тодруулж хэлбэл, төмөр зам дээгүүр явах зүтгүүр вагон. Үүн дээр “Шинхуа”, “ММС” хамтарна гэж байв. Борлуулалтын хувьд 70 хувь нь “ММС”, 30 хувь нь “Сумитомо” гэсэн тохироо хийснийг мөн л хэвлэлийн мэдээнээс харах боломжтой. М.Энхсайханы багийнхны хувилбарын давуу тал нь гадагшаа өгөх өрөө тэглэж, Монголоос мөнгө гаргахгүйгээр Таван толгойг хөдөлгөх гэж байсан юм.

Л.Эрдэнэчимэгийн хувилбар: М.Энхсайханы ахалсан ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай тохиролцоонд хүрч гэрээнд гарын үсэг зурдгийн даваан дээр УИХ хэлэлцээрийг тодорхойгүй хугацаагаар зогсоож байв. Дараахан нь Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг хувилбараа гаргасан юм. Лицензийн хувьд М.Энхсайханыхтай ижил “Эрдэнэс Таван толгой”-д гэсэн хувилбарыг тэд дэвшүүлсэн. Рояалти биш 51 хувийн ногдол ашиг авна, уул уурхайн төслийн компанийн 51 хувийг “Эрдэнэс Таван толгой”, 49 хувийг “Шинхуа” эзэмшинэ, тээвэр ложистикийн 51 хувь нь “Монголын төмөр зам”, 49 хувь нь “Шинхуа”-д хамаарна, борлуулалтыг “Эрдэнэс Монгол”, “Сумитомо” хариуцна гэсэн уялдаа авцалдаа муутай, бүтэх ямар ч боломжгүй хувилбар нь өчнөөн шүүмжлэл дагуулж байв. Товчхондоо “Энержи ресурс”-ийг жийх хувилбар гэчихэж болно. Учир мэдэх ямар ч засаг Л.Эрдэнэчимэгийн ахалсан багийн хувилбарыг дэмжихгүй л дээ. Гэхдээ энэ хувилбар дэмжигдсэн бол Таван толгой хоёр дахь Эрдэнэт болох байв.

Ч.Сайханбилэгийн хувилбар: Л.Эрдэнэчимэгийн дараа зүтгүүлэх гэж байсан хувилбар. Засаг дээр хэлэлцэгдэж амжаагүй учраас “зүтгүүлэх гэж байсан” гэж тодотголоо. Лицензийн тухайд өмнөх хоёртойгоо адилхан “Эрдэнэс Таван толгой”-д үлддэгээрээ үлдэх хувилбар яригдаж байв. Рояалти авахаас гадна тодорхой хувийн ногдол ашиг авах хувилбар хөшигний цаана яригдсан гэдэг. Хувийнх нь тухайд 34, 17 гэсэн хувилбарууд яригдаж байж. Уул уурхайн төслийн компанийн хувьд 51 хувийг нь хоёр компани хувааж авах хувилбар яригдаж байжээ. 51 хувийг хувааж эзэмших нэг компани нь “Энержи ресурс”, нөгөө нь “Эрдэнэс Таван толгой”. Үлдсэн 49 хувь нь өнөө олны анхааралд буй “Шинхуа”. Тээвэр дээр 51 хувийг нь “Монголын төмөр зам”, 49 хувийг нь “Шинхуа” эзэмших хувилбарыг гаргасан гэдэг юм. Rolling stock дээр ММС байж болох юм гэсэн яриа хөөрөө өрнөж байж. Борлуулалт маркетинг дээр “Шинхуа”, “Сумитомо”, “Эрдэнэс Монгол” гурвын нэр яригдаж байжээ. “Эрдэнэс Монгол”-ын тухайд борлуулалтын арван хувийг гэсэн санаа оноо өмнөх засгийн түвшинд яригдсан гэдэг. Албан ёсны болж амжаагүй энэ хувилбарыг бизнес рүү дөхсөн хувилбар гэж учир мэдэх улс үнэлдэг юм билээ.

Ж.Эрдэнэбат, Ц.Дашдоржхоёрын хувилбар: Энэ засгийн үед Таван толгойн хөдөлгөх хоёр хувилбар яригдаж байна. Нэг нь шууд зарах хувилбар. Хэрвээ энэ хувилбараар явбал Эрдэнэс Таван толгойн лиценз “Таван толгой”-г худалдаж авах талд очно гэсэн үг. Хэрвээ тэгвэл “Эрдэнэс Таван толгой” татан буугдаж таарна. Нөгөө нь “Эрдэнэс Таван толгой”-д үлдэх хувилбар. Гэхдээ ямар нөхцөлд яаж үлдэх талаар тодорхой болсон зүйл одоохондоо алга. Бүх тохироо, хувилбар хөшигний ард байна. Ойрхны баттай мэдээ гэвэл МАН-ын бүлэг дээр өрнөсөн маргаан. Уул уурхай, эдийн засгийн нарийн мэдлэг, ойлголтгүй залуу голдуу гишүүд Таван толгойг зарах нь, үнэгүй болгох нь гэж ирээд сүрхий дуугарсан дуулдаж байна. МАН-ын бүлэг дээр Таван толгойг “Шинхуа”-д таван тэрбум ам.доллараар зарчихъя гэсэн яриа ч өрнөөд авч. Энэ хувилбар шийдэл болбол “Чалко”-гийн томсгосон хувилбар болох өндөр эрсдэлтэй. Юун эдийн засгийн тусгаар тогтнол, улс төрийн тусгаар оршихуй болно. Таван толгойн 49 хувийг “Шинхуа”, 51 хувийг “Энержи ресурс”, “Эрдэнэс Таван толгой” хувааж эзэмших хувилбар ч яригдсан бололтой байна.

Тав дахь хувилбар. Дөрөв дэх засаглалын хувьд эдийн засаг унах эсэх, улс хөгжих, уруудахын нэгнийг шийдсэн том төсөлтэй хамаатай асуудалд гарц, шийдэл гаргах нь хэвлэлийнхний үүрэг. Энэ утгаараа гаргаж байгаа хувилбар. Уг нь эдийн засаг талаас нь, улсад ирэх өгөөж ашиг гэдэг өнцгөөс нь харвал Таван толгойг цогцоор нь хөдөлгөх М.Энхсайханы багийн хувилбар дажгүй. Уул уурхайн том төслийг төрийн компани хэрэгжүүлээд амжилтад хүрсэн түүх дэлхийн хаана ч байхгүй гэдэг утгаар нь дэмжихээс аргагүй хувилбар байсан. Хувийн компани Таван толгой шиг том төслийн удирдлага менежмэнтийг хариуцаад цогцоор нь хөдөлгөөд явчихвал алсдаа ирэх ашиг нь их гэдгийг уул уурхайгаараа хөгжсөн улсуудын түүх бэлхнээ нотолдог. Гэхдээ МАН-д Оюу толгойг хөдөлгөсөн С.Баяр шиг, ядаж л түүнд дөхөхөөр лидер одоохондоо байхгүй. Тэгэхээр энэ засаг М.Энхсайханы багийн гаргасан хувилбараар, Таван толгойг зах зээлийн жамаар нь зоригтой хөдөлгөж чадах эсэх нь эргэлзээтэй. Эргэлзээтэй гээд эдийн засаг хүнд ийм цагт Таван толгойг өмнөх засгууд шиг таг гацаах бүр боломжгүй. Иргэдээ тэгтэл нь туйлдуулах эрх энэ УИХ-д байхгүй.

Шийдэх боломжтой хувилбаруудаа нээлттэй ярилцаад шийдэлд хүрэх л анхаарал татсан асуудал болчихоод байна. Таван толгойн лицензийг “Эрдэнэс Таван толгой”-д үлдээж, Цанхийг зүүн, баруунаар нь хуваан ашиглуулах гарц байж болох юм. Баруун Цанхи дээр “Энержи ресурс”, “Шинхуа”-г оруулж, Зүүн Цанхи дээр Эрдэнэс Таван толгой “ үндэснийхээ операторуудтай ажилла гэвэл болохгүй юмгүй. Энэ хувилбарын сул тал нь “хятадууд зөвшөөрөхгүй” гэсэн эрсдэл бий. Төмөр замаа “Шинхуа”-д өгч, борлуулалтыг “Сумитомо”-той хамтраад өөрсдөө хийх гарц байж болох юм. Төмөр зам гэснээс “Монголын төмөр зам” Таван толгойн тээвэр ложистикт оролцох ямар ч шаардлагагүй гэж уул уурхайн салбарынхан, эдийн засагчид дуу нэгтэй хэлдэг. “Сумитомо”-гийн хувьд анхнаасаа борлуулалтын 30 хувийг хариуцъя гэж дуугарсан ч сүүлд мөнгө гаргая, хувь нийлүүлье гэж хэлсэн сураг дуулдсан. Гэхдээ үнэн, худал нь тодорхой болоогүй мэдээлэл. Дотооддоо тэрсэлдээд учраа олохгүй бол манайх шиг орнуудад туслах зорилготой, мега төслүүд дээр зөвлөгөө өгдөг газар хандаж болох юм. Ингэвэл өмнө яригдсан хувилбаруудаас шүүж, ашигтай хувилбар гаргах гарц уг нь бол бий.

Сүүлд сонссон сонин гэвэл яамны ажлын хэсэг нөхцөлүүдээ хэд хэдэн хувилбараар судалж, консорциумтай хэлэлцээрээ хийж байгаа гэсэн мэдээлэл байна. Одоогоор нөхцөлүүдээ яг эцэслэсэн зүйл байхгүй аж. Талууд нөхцөлүүдээ тохирч, тодорхой байдлаар эцэслэсэн тохиолдолд УИХ-ын хэлэлцүүлэгт оруулах нь ойлгомжтой.

Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: МАН-аас өөр нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж болохгүй гэдэг ганцхан үг л дутуу байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Оны өмнөхөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Ямар өөрчлөлт орохоор болов?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболдоор ахлуулсан Б.Батзориг, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Хаянхярваа нарын гишүүд өргөн барьсан байна лээ. Эд хуулийн төслөө 28-ны үдээс хойш өргөн барьсан. Маргааш (өнөөдөр) Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхэлнэ. Нэг ёсондоо цаг хугацааны хувьд дэндүү хавчигдмал байгаа юм. Би хуультай нарийн танилцаж амжсангүй. Өнгөц харахад хуучнаасаа улам дорджээ. Өөрчлөлт оруулах өнцгөө Ерөнхийлөгчийн болон УИХ, орон нутгийн сонгуулийн хууль нэгдсэн хэлбэрээр байгааг салгая гэж их гоё тайлбарлаж байгаа юм. Яахав ээ, салгаж болно. Хамгийн гол нь олон улсын жишигт сонгууль болохоос нэг жилийн дотор аливаа хуулийг өөрчлөхгүй гэх жишгийг орхигдуулж байна. Зайлшгүй хийх тодорхой өөрчлөлт байна гэж үзэх юм бол зарим нэг жижиг заалтуудыг өөрчилж болох байсан. Жишээлбэл, өмнөх хуулиар 18 хоног сурталчилгаа хийнэ гэсэн байгаа. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Дэндүү бага байна. Манай улс 21 аймагтай биз дээ. Нэр дэвшиж байгаа хүн нэг аймагт ядаж 2-3 хоног ажиллаж, сурталчилгаа хийх хэрэгтэй. Би энэ саналаа ТББХ-ны даргад хэлсэн. Гэтэл нэгэнт Монгол Улсад танигдсан хүн нэр дэвших учраас заавал олон хоног сурталчилгаа хийх шаардлагагүй гэж байна лээ. Ийм давчуу хугацаатай сурталчилгаа явуулахаар МАН, АН-ынхан онгоц хөлөглөж очоод ард түмэнтэйгээ уулзчихдаг. Өмнөх сонгуулиар яг л ийм дүр зураг харагдаж байсан. Онгоцгүй бусад нь сурталчилгааны хугацаанд хавчигдаад ард иргэдтэйгээ уулзаж чадахгүй байлаа. Ерөнхийлөгч гэдэг бол нийт иргэдээс сонгогддог. Тиймээс бүх аймагт очиж ажиллах хэрэгтэй. Энэ бол нэг талаас сурталчилгаа. Нөгөө талаас хүндлэл. Тэгж байж мөрийн хөтөлбөрөө бүрэн таниулна. Хэн, ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлэн ажиллах вэ гэдэг чухал. Түүнээс биш хөөрхөн хүнийг сонгох гээд байгаа зүйл алга. Олонд танигдсан хүнийг нэр дэвшүүлнэ гэвэл хошин шогийн жүжигчдээс сонгох хэрэгтэй. Том нам дарангуйлсан байдалтай сонгууль зохион байгуулах гэж байгаа нь буруу.

-Үндсэн хуультай харшилдахаар зүйл, заалтууд орж уу?

-Үндсэн хуультай зөрчилдсөн, хэзээ ч хүлээн зөвшөөрч болохооргүй хэд хэдэн зүйл бий. Үндсэн хуульд 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болно гэж заасан байдаг. Гэтэл шинэчилсэн хуулийн төслийн 6.3-т “45 насанд хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо амьдарсан хүн байх ёстой” гээд заачихаж. Энэ чинь юу гэсэн үг вэ. Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн хүн хаана ч амьдарч болно гэсэн байдаг. Түүнээс биш Ерөнхийлөгчийн сонгууль болохоос таван жилийн өмнө хаа нэг гадаад улс оронд амьдарч байсан бол нэр дэвшиж болохгүй гэсэн заалт байдаггүй. Шинэ хуульд ингээд оруулаад ирлээ. Мөн заавал аль нэг намын гишүүн байх ёстой. Монгол Улсын төрийн тэргүүн аливаа нэгэн намыг төлөөлдөггүй. Аль ч намд үйлчлэхгүйгээр нийт ард түмнийг төлөөлж эв нэгдлийг хангагч байх ёстой гэсэн байдаг. Гэтэл заавал өөрийнхөө намын хүнийг дэвшүүлнэ, хэрэв нам бус бол өргөдөл авч байж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гээд заачихаж.

Анх Үндсэн хуульд суудал бүхий нам бусад намдаа боломж олгохын тулд аль ч намын гишүүн байсан хамаагүй нэр дээрээ дэвшүүлж болно гэж зааж өгсөн. Ийм жишиг ч бий. Угтаа Монгол Улсын иргэн, 45 нас хүрсэн, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан нь үл хамаарч Ерөнхийлөгчид нэр дэвших ёстой. Ард түмэнд сонгох эрхийг нь олгох хэрэгтэй. Нийт ард түмнээс сонгогдох субьектыг улстөржүүлж, намжуулж байна. МАХН-ыг нухчин дарах гэсэн явуургүй арга хэрэглэж байна. Бас нэг зүйл байгаа. Намууд хамтарч болно гээд заачихаж. Парламентад суудалтай энэ гурван нам яаж хамтрах гээд байгаа юм бэ. МАН ганцаараа хүнээ дэвшүүлнэ гэх санаа л агуулаад байх шиг. АН-ынхан Ерөнхийлөгчид хүн дэвшүүлнэ гээд хэлэх юм бол МАН-д төмсөгдүүлчихээд байгаа. МАН давамгайлсан байдалтай, цаг хугацаагаар шахаж байна. Мөн төрийн албан хаагч нэр дэвшиж болохгүй гэсэн. Сонгуулийн жилд нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаасаа халагдсан байх ёстой гэж заасан. Гэтэл энэ хуулийг нэгдүгээр сарын 1-нд батлаагүй байна. Ийм хууль гарна гэдгийг хэн мэдээд ажлаасаа гарах юм. Тэгээд ч хууль буцаан хэрэглэгдэхгүй, батлагдсан өдрөөсөө эхэлж хэрэгждэг. Дүгнээд хэлэхэд МАХН-ыг хавчин гадуурхах зорилготой л хууль болж. МАН-ыг үг дуугүй даган дууриа, үгүй бол зайл гэсэн гадуурхалт явж байна.

-Парламентад суудалтай гурван намаас бусдад нь ямар боломж гарч ирж байгаа вэ?

-Ямар ч боломж байхгүй. Дэмжиж байна гэдгээ л хэлж болно. Өөрөөр ямар ч боломжгүй. 30.4-т “УИХ-д суудалгүй нам Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг дэмжиж болно” гэсэн байгаа. Хамтраад явж болохгүй. Нэг үгээр хэлбэл, ганцхан МАН-д зориулсан хууль болчихлоо.

-МАХН ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд ямар байр суурьтай оролцох вэ. Танай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ?

-Ард түмэн МАХН-д итгэл хүлээлгэсэн. МАХН Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэх хүсэл, зорилготой. Гэхдээ энэ мэтчилэн Н.Энхбаярын эсрэг санаатай хуулийн зохицуулалт хийгээд байх юм. Дээрээс нь зохиомол хэргүүдээр ял шийтгэл хүлээлгэж магадгүй байна. Шорон руу илгээх гэж оролдохыг үгүйсгэхгүй. Ийм хүнд нөхцөлд бид бууж өгөхгүй. А хувилбар нь бүтэхгүй бол Б гэж байх ёстой. МАН хүчээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах гэж оролдож байна. Энэ өргөн барьсан хуульд нь ганцхан үг л дутуу байна. МАН-аас өөр нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж болохгүй гэж. Бичигдээгүй хуулиар энэ хууль гуравхан намын дунд үйлчилнэ. Гурав дахь намынхаа үгийг сонсохгүй, хавчин гадуурхаж байвал би АН-ынхныг уриална. Та нар битгий сонгуульд оролцооч гэж. МАН ганцаараа өрсөлдөг. Ичихгүй бол ард түмэнд ямар ч сонголт өгөлгүйгээр Ерөнхийлөгчтэй болог. Тэгэхээс өөр гарц үлдэхгүй шинжтэй байна.

-Н.Энхбаяраас гадна таван хүнийг намаасаа нэр дэвшүүлэхээр ярилцаж байгаа гэсэн. Хэн тав бэ?

-Бид хэнийг нэр дэвшүүлэхээ эрт хэлэхгүй. Шоронд орохоос айж байна. Тэр хүний аюулгүй байдлыг бодож байна. Нэрийг нь хэлсний маргаашаас эхлээд хууль, хяналтынхан тэр хүний эсрэг ажиллаад эхэлнэ. АН-ынхан хэлээд байгаа шүү дээ. Ерөнхийлөгчид гэж дурдах л юм бол балраад байна гэж Ж.Батзандан гишүүн хэлж байна лээ. Барын амнаас гараад арслангийн аманд оров гэж үг бий. Ард түмэн энийг л санах хэрэгтэй.

-Оны өмнө С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн гэм буруутанг ялласан. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би коммунизм тогтоогүй биз дээ гэж хэлээд байгаа. Өргөдлийн байнгын хороонд байхдаа 461 дүгээр ангийн дунд шүүх хурал хийдгийг болиулахаар шийдсэн.

Гэтэл өнөө хэр хэвээрээ байна. Дэлхийн бүх улсаас ганцхан манай улс шоронд шүүх хурлаа хийж байгаа. Яагаад иргэний шүүхэд шүүх хурлаа хийхгүй байна вэ. Болж буй нөхцөл байдал ард түмэнд хардлага төрүүлж байгаа. Миний хувьд ч ялгаагүй. Хэрэг хуучирдаггүй гэдэг.

-Он гарчихлаа. Энэ онд эдийн засаг сайжрах болов уу. Гаднаас мөнгө орж ирэх сураг байна уу?

-Мөнгө байгаа ш дээ. Зүгээр л мөнгийг яаж зохицуулах ухаанаа олохгүй байгаа юм. Тэгээд бондын мөнгөнөөс зээл авсан хүмүүсийг өөгшүүлээд яваад байдаг. Тэд бол баялаг бүтээгчид гэж орилдог. Тэгвэл та бид юу юм бэ. Баялаг устгагчид юм уу. Та жишээлбэл цалингийн зээлээ төрөөр тэглүүлж үзсэн үү. Төр таны ипотекийн зээлийг хөнгөлж байсан уу. Ажил хөдөлмөрөө хийж байгаа жирийн иргэдийнхээ зээлийг нэг ч удаа хөнгөлж, эсхүл тэглэж үзээгүй байж төрөөс хэдэн зуун тэрбумаар нь идэж байгаа компаниудыг өөгшүүлээд байдаг. Энийг нь хэлэхээр Баасанхүү үндэсний үйлдвэрлэгчдийг гадуурхаж байна гэж орилоод байгаа. МАН-ынхан улсын эдийн засаг дампуурч байна гэж яриад л байна. Өнөөг хүртэл төрийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн явж л байгаа биз дээ. Бүр нэмээд цалинтай ээж, насны хишиг гэхчлэн баахан халамжийн мөнгө тараах гэж байна. Хэрэв эдийн засаг өөрсдийнх нь яриад байгаа шиг тэгтлээ аймар байгаа юм бол яах гэж ийм олон популист хууль батлаад халамж тараагаад байгаа юм. Ард түмэн юу ч гуйгаагүй байна. Ээжүүдэд цалин өгөхгүй бол Засгийн газар огцор гээгүй байна. Өгч байгаа юм чинь авъя даа л гэж байгаа. Ахмадууд ч ялгаагүй. Улсад мөнгө байгаа. Хамгийн гол нь зөв зохицуулалт, бодлого хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

​Ц.Уранчимэг: Хүнсний харшлын эмчилгээ тухайн хүнсийг идэхгүй байхаас эхэлдэг

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч эрхлэгч, Анагаах ухааны магистр, докторант Ц.Уранчимэгтэй ярилцлаа.

-Ургамлын, хоол хүнсний гээд олон төрлийн харшлууд байдаг. Эдгээрээс аль нь манай улсад хамгийн элбэг вэ?

-Тухайн улирлаас шалтгаалаад янз бүр. Өдийд өвлийн улиралд хүйтний харшил элбэг. Мөн баяр ёслолын дараа хоол хүнсний харшил нэмэгдэх хандлагатай байдаг. Сая баярын өдрүүдэд өдөрт 20-50 хүн хоол хүнсний харшлын улмаас манайд хандсан. Хавар гурван сараас нарны, зургадугаар сараас ургамлын, наймдугаар сараас шарилжны харшилтай хүмүүс олширдог.

-Хоол хүнснээс харшсан хүнд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Харшил хурц илрэлтэй, аажим явцтай гэж хоёр янзаар илэрдэг. Хурц хэлбэр нь харшил үүсгэгчийг хэрэглэснээс 24 цагийн дотор илрэнэ. Аажим явцтай харшил нь харшил үүсгэгчийг анх удаа хэрэглэхэд шинж тэмдэг илрэхгүй. Гэхдээ арьс нь тэр бүтээгдэхүүнд мэдрэгшсэн байдаг тул тухайн бүтээгдэхүүнийг дахин хэрэглэхэд харшлын урвал гарч эхэлдэг. Хүнсний харшил сүүлийн жилүүдэд манай улсад элбэг тохиолдох болсон. Энэ нь бидний амьдралын хэв маяг, хүнсний сонголт, аюулгүй байдалтай холбоотой. Хурц халуун ногоотой хоол идэх, кимчи, цитрус, лемон, апельсин, мандарин зэрэг хүчиллэг жимс жимсгэнэ харшил төрүүлдэг. Хоол хүнснээс харшсан хүний биеэр нь тууралт гарч, загатнах, нулимс гарах, хамар битүүрэх, найтаах, уруул хавдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

-Хүнсний харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Хүнсний харшлын эмчилгээ тухайн хүнсийг идэхгүй байхаас эхэлдэг. Өвчтөн нэг болон цөөн төрлийн хүнсний зүйлээс харшилтай бол тэдгээрийг хүнсэндээ хэрэглэхгүй байх боломжтой. Харин олон төрлийн хоол, хүнсэнд харшилтай бол голлон харшил өгч буй зүйлсийг бүрэн хорьж, бусдыг нь дөрвөөс тав хоногийн зайтай бага багаар идэж болно. Ингэж тухайн хоол хүнсэнд тэвчил үүсгэх юм. Мөн сонгож буй хүнсний бүтээгдэхүүнийхээ орц найрлага, хугацааг сайн харах хэрэгтэй. Манай эмнэлэгт чипснээс харшсан долоон сартай хүүхэд ирсэн тохиолдол бий. Эцэг эхчүүд хийжүүлсэн ундаа, чипс, төрөл бүрийн чихэр жимсийг хүүхдэдээ өгдөг. Энэ нь эргээд харшил үүсгэх магадлалтай тул сонголтоо зөв хийх хэрэгтэй.

-Загатнах, нулимс гарах, биеэр нь юм туурах гэх мэтээр. Харшлын шинж тэмдэг ерөнхийдөө төстэй байдаг. Юунаас харшсанаа чухам яаж мэдэх вэ?

-Эмийн сангуудаар эм тариа элбэг болсноос болоод ч тэр үү, манайхан өөрөө өөртөө онош тавьж эмчлэх гээд байдаг болсон. Харшлын шинж тэмдэг илэрмэгц эмийн сангаас дураараа эм авч уудаг. Энэ нь нэг удаа харшлын шинж тэмдгийг намдааж болох хэдий ч ингээд яваад байвал дахин илрэхдээ илүү даамжирсан байх болно. Тийм учраас харшлын шалтгааныг юун түрүүнд олох хэрэгтэй. Дүүргийн эмнэлгүүд болон манай төвд ирж эмчид хандаж зовиураа хэлээд, шинжилгээ өгч, сорил тавиулах хэрэгтэй. Өвчтөн хэрвээ эмчийн зааваргүй ямар нэг эм дур мэдэн хэрэглэсэн бол сорил тавиулахад үнэн зөв хариулт гардаггүй. Ер нь харшлын эмчилгээ хийлгэсэн ч харшил төрүүлэгчээ хэрэглэсээр байвал харшил хүндэрнэ гэдгийг сайн санах хэрэгтэй.

-Харшлын шалтгааныг олохгүй түр намдаагаад явдаг хүмүүс их байдаг. Ингээд яваад байвал ямар үр дагавартай вэ?

-Харшил хүндэрвэл эмчлэхэд их төвөгтэй. Амьсгалын дээд замын харшил байсан бол даамжраад амьсгалын доод зам руу орно. Сүүлдээ уушгины багтраа ч болох аюултай.

-Би урьд нь ямар ч харшилгүй байсан. Гэнэт нарнаас, ургамлаас харшлаа гэж хүмүүс ярьдаг. Энэ ямар учиртай юм бол?

-Харшил бол шууд удамшдаг өвчин биш. Гэхдээ эцэг, эх хоёр нь хоёулаа харшилтай бол хүүхдэд удамших магадлал 70 хувьтай. Мөн удамшлын урьтал гэж нэг зүйл бий. Хоёр хүн нэг зүйлийг хэрэглэхэд нэг нь зүгээр, нэг нь харшсан байдаг. Энэ бол удамшлын урьтал болон дархлааны байдлаас шалтгаалж байгаа юм.

-Ханиад томууны улиралд эцэг эхчүүд хүүхэддээ антибиотик их уулгадаг. Үүнээс болж эмийн харшил их тохиох болсон. Энэ талаар?

-Дэлхий нийтээр антибиотикоос татгалзах болсон. Эмч нарыг ч антибиотик бичихдээ “Бод, бод дахин нэг бод” гэж хэлдэг. Эмийн харшил хамгийн аюултай харшилд тооцогддог.

-Утаанаас харшсан хүн танай эмнэлэгт хандаж байсан уу?

– Яг би утааны харшилтай, үүнээс болоод өвдчихлөө гэж манай эмнэлэгт хандсан хүн одоогоор алга. Утаанаас харшсан хүмүүст найтаах, хамар битүүрэх, хоолой хорсох шинж тэмдгүүд илэрдэг. Үүнээс гадна гоо сайхны бүтээгдэхүүн, үсний будаг, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, аяга, таваг угаагч шингэнээс үүдэлтэй харшил ихэсч байна. Үсний будагны харшилтай хүмүүс дараагийн удаа илүү үнэтэй, сайн чанарын будаг хэрэглэвэл харшил өгөхгүй байх гэж бодож хэрэглэдэг. Ингээд л харшлаа улам хүндрүүлдэг.

Б.НАРАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Д.Арвин: Намаас хөөх асуудал яригдахад хөөгдвөл хөөгдчихье гэсэн бодол байсан

“Өдрийн сонин”-ы 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны №301(5566) дугаараас авч тавив.

УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Д.Арвинтай ярилцлаа.

-Таны хувьд дөрвөн удаа парламентын гишүүнээр сонгогдон 16 жил төр түшилцсэн эмэгтэй хүн, тэр бүү хэл эрэгтэй хүмүүст ч тэр бүр тохиодоггүй нэг талаасаа хувь заяаны эзэн. Одоо бол харин иргэн Д.Арвиныхаа хувиар ажиллаж, амьдарч байна. 16 жил төр түшилцэж явж ирсэн Д.Арвин, өнөөдрийн Д.Арвин хоёрын хооронд хэр ялгаа гарч байна вэ?

-Хааны алба хүртэл халаатай гэдгийг үргэлж санаж явах ёстой. Ямар ч хүн насаараа дарга, Их хурлын гишүүн байдаггүй. Анх гишүүн болохоосоо өмнө ч гэсэн үүнийг ухамсарлан явж ирсэн юм. Харин амьдралын хэв маягт өөрчлөлт гарсан уу гэвэл би тийм л гэж хэлнэ. Тэр утгаараа гишүүн болно, гишүүнээс бууна гэдэг бол байх л ёстой асуудлыг нэг. УИХ-ын гишүүн Д.Арвинаас илүү “Их өргөө” компанийн захирал Д.Арвин байсан нь надад илүү сэтгэл ханамжийг өгдөг байсан. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө өөрийнхөөрөө чөлөөтэй сэтгэж, хараат бусаар олон ажил амжуулж энэ хэрээрээ хэмжээлшгүй сайхан амьдралыг цогцлоож байсан цаг үе минь “Их өргөө” компанийн захирал байсан цаг хугацаа. Намайг чинь Их хурлын гишүүн болохоос өмнө “Их өргөө”-гийн Арвин л гэдэг байсан шүү дээ.

УИХ-ын гишүүн болсноос хойш алба, амины бүх зүйл хумигдсан. Эрх дураараа юмаа хийж явсан цаг үе шигээ байхаа больсон. Өөрийн дураар хийе гэснээ хийгээд явах эрх нэг талаасаа байхгүй болсон. 2000 онд анх Их хурлын гишүүн болчихоод өмнөх Д.Арвин биш болсноо анзаарч “Энэ юу болчихов оо” хэмээн гайхаж, түүнд дасах гэж багагүй цаг хугацааг зарцуулсан. Зарим үед Төрийн ордноос гарч хотын гудмаар алхахдаа жирийн иргэн Арвин шүү дээ хэмээн Их хурлын гишүүнээ мартан алхдаг байлаа. Их хурлын гишүүн болоод эрх дураараа хийж болох зүйлсээ хийхгүй байхаас эхлээд олон зүйл минь хумигдаж байсан бол өнөөдөр тэр бүхэн эсрэгээрээ болсон. Үүнд л ялгаа бий байх.

-Одоо та юу хийж байна вэ?

-16 жил цалгардуулсан хувийн компанийн ажилдаа ханцуй шуун орж байна. “Их өргөө” компани маань Баянзүрх дүүргийн Сансар хотхонд Гэр хорооллын дахин төлөвлөлтөд батламж аваад орж байсан ч Хятадын талын хөрөнгө оруулагчид маань улс төрийн бодлогоор хөрөнгөө татаад гараад явсан. Энэ ажлаа цаашид үргэлжлүүлэхийн тулд дотоод, гадаадын хөрөнгө оруулагч хайх ажлыг л маш эрчимтэй хийж байна даа.

-Зарим хүмүүс чинь сонгуулийн ялагдлын шокноосоо одоо болтол гараагүй яваа юм биш үү…

-Хүн бүрийн онцлог байдаг байх. Миний хувьд тийм зүйл байгаагүй. Харин ч эрх чөлөөтэй болсон гэж дээр хэлсэн дээ. Би Их хурлын гишүүн байхдаа Баянзүрх дүүрэг болоод Нийслэлийн газар хөдлөлтийн бүст багтсан, акт тавигдсан 100 гаруй байшингийн судалгаа хийж “Хуучин байрыг шинэ орон сууцаар” гэдэг хөтөлбөр гарган Монгол Улсын хэмжээнд эхлүүлсэн. Энэ ажлаа үргэлжлүүлэн хийх бодолтой байгаа.

-Гэр хорооллын дахин төлөвлөлт зогсчихоод байгаа. Танай компани шиг хөрөнгө оруулалт нь зогссон компаниуд цаашид яавал үр дүнтэй байх бол?

-Өнгөрсөн дөрвөн жилд Э.Бат-Үүл нийслэлд Гэр хорооллын дахин төлөвлөлтийг санаачлан эхлүүлсэн гавьяатай. Баянзүрх дүүрэгт гэхэд 5-6 хэсэгт хуучны орон сууцанд маш хүндрэлтэй амьдардаг өрх олон байсан. Энэ хүмүүс надад санал тавьснаар хуучин байшин шинэ байраар солих хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавьсан. Үүнийг нийслэлээс дэмжсэн юм. Гэтэл саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн 10 газарт тендер зарлан маш олон компаниуд орсон. Хамгийн гол нь нийслэлээс хөнгөлөлттэй зээл олгоно гэсэн л дээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд үүнийгээ олгоогүй. Үүнээс болж зогссон юм. Зарим нь хүлээж ядаад Хятадын компанитай хамтарсан компани байгуулан орсон ч хятадууд нь ажлаа орхиод явчихсан.

-Яагаад орхиод явсан юм бол?

-Бид ажлаа эхлүүлэн айлын байшинг буулгуулж орон сууцны суурийг нь ухаад эхэлчихсэн байсан юм. “Их өргөө” компани маань Хятадын компанитай хамтран ажиллаж байтал хөрөнгө оруулалтаа татаад явчихсан тул маш хүнд байдалтай бид ажлаа хийх гээд зүтгэж явна. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэж ийм том ажлыг эхлүүлчихээд зээл олгоогүй нь олон компанид дарамт болсон. Барилгынхан ямар зүгээр мөнгө авъя гэсэн биш хөнгөлөлттэй зээл л авах гэж байсан юм. Тэд өөрсдөө өгнө гэж байсандаа өгсөн бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байлаа. Монгол мэргэжилтэн, тоног төхөөрөмж нь бүгд л бэлэн байна. Үүнд л харамсч байна.

-Улс орны эдийн засаг хүнд байна. Зээл тусламж, Стэнд бай хөтөлбөр гээд ярьж байна. Таны байр суурь ямар байна вэ?

-Би бодлогын хэмжээний том зүйл ярихгүй. Өнөөдөр миний өмнө тулгамдсан асуудал бол иргэд маань байшингаа буулгуулсан иргэдийг л орон сууцтай болгох.

-Ер нь энэ 16 жилийн хугацаанд цохон хэлэхэд ямар ажлуудыг амжуулсан бол. 16 жил гэдэг бага хугацаа биш шүү дээ?

-Их хурлын гишүүн байна гэдэг чинь тийм ч амар ажил биш. Иргэдийн зүгээс ийм, тийм зүйл хэрэгтэй байна гэдэг. Биднийг болохоор төрийн бодлого тодорхойлж, хууль эрх зүйн орчинд ажиллах ёстой гэнэ. Иргэд болохоор тийм зүйл хийсэнгүй гэх жишээтэй. Хэнтий аймгаас гурван удаа сонгогдсон маань тэнд бүтээн байгуулалтын ажлыг хурдан хугацаанд хийсэнтэй холбоотой гэж ойлгодог. 2000-2003 онд гэхэд Хэрлэнгийн гүүрээ засч, сургууль, цэцэрлэг шинээр барьж, авто замтай холбосон байх жишээтэй. Бүх сумдаа цахилгаантай, дэд бүтэцтэй болгосон. Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөрийг дөрвөн аймагт хэрэгжүүлэхэд Хэнтий аймагт түүнд нь багтаж байх жишээтэй. Хэнтий аймгийг замтай болгохын тулд зүүн аймгуудаас сонгогдсон гишүүд нэг баг болж ажиллан, даргыг нь сонгохдоо Дорнодын Баатарзориг, Ч.Улаан нарыг сонгож байсан. Дорнод, Сүхбаатар замтай холбоно гэдэг чинь Хэнтий замтай болно гэсэн үг. Тиймээс тэр хэдийгээ хурдлаарай гээд бүгд ажиллаж байсан гээд ярих зүйл их бий. Ер нь их хөөцөлдлөгөө шаарддаг юм.

Баянзүрх дүүрэг маш олон хүн амтай. Улсын төсвийн хөрөнгөөр Амгалан төрөхийг бариулсан. Үүнийг хөөцөлдөөгүй бол ямар байдалтай байх байсан бол. Зураг төслөөс нь эхлээд бүх зүйлийг нь гардан хийлгэсэн болохоор Баянзүрхийнхэн талархалтай ханддаг. Дүүрэгтээ мөн хог боловсруулах үйлдвэр байгуулах гэж өнгөрсөн дөрвөн жил зураг төслийг нь хийлгэсэн. Хоёрдугаарт, “Хуучин байрыг шинэ орон сууц”-аар гэдэг төслөө дуусгах хэрэгтэй байна. Миний энэ ажлууд дуусаагүй байгаа тул үүнийхээ ард гарахын тулд ажиллах болно.

-Улс төрд эргэн ирнэ гэсэн үг үү. Улс төрд орж байж л ажил явдаг нэг тийм жишиг тогтчихлоо?

-Би чинь улс төрөөс холдоогүй. АН-ын ҮЗХ-ны гишүүнээр ажиллаж байна. Тэр утгаараа улс төрд байгаа гэж ойлгож яваа. Хог боловсруулах үйлдвэр, “Хуучин байрыг шинэ орон сууц”-аар хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд заавал улс төрд орох шаардлага байгаа юм уу. Энэ чинь төрийн бодлогоор хийгдэж эхэлсэн хөтөлбөрүүд. Гэхдээ улс төрийнхнөө түшиж байж энэ ажлын ард гарах байх.

-Ардчилсан намын даргын сунгаа эхэлчихлээ. Намын даргын сунгааны тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Намын даргыг сунгаагаар тодруулна гээд Их хурлаас шийдсэн болохоор үүгээр явах нь зөв.

-Гэхдээ Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан МоАХ, “Шонхор” фракцийн хариуцлагын асуудлыг ярьсаар байна. Тухайн үед Засгийн газрыг огцруулаагүй байсан бол өнөөдөр байдал ямар байх байсан бэ. Таныг гэхэд л эс үйлдлээрээ Засгийн газрыг огцруулсан гэдэг?

-Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан асуудал маш удаан яригдаж байна. Их хурлын сонгуулиар хүртэл үүнийг ярьж, ҮЗХ-ны хурлаар гэхэд “Шонхор”, МоАХ руу дайрч л байна лээ. Одоо болтол энэ зуулт үргэлжилж байгаа нь мэдрэгддэг. Ардчилсан нам цаашаа явахын тулд өнгөрсөн зүйлээ ул дол болтол ухаж гаргаж ирэх биш ирээдүйгээ харж, зөв замдаа орон урагшлах ёстой. МАН-ынхан хүчтэй шүүмжилж байсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын бүтцийн өөрчлөлт хийхээр яригдаж эхэлсэн нь ганхах эхний алхам болсон. Засгийн газрыг огцруулахад зарим гишүүд ирээгүй ч огцруулах санал дээр нэмэгдээд явсан гэж үздэг. Засгийн газрыг огцруулах асуудлыг Их хурлаар оруулахын урд өдөр Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр зохион байгуулж байна гэдгийг худлаа хэлэхээргүй хүний амнаас сонссон. Би Засгийн газрыг огцруулахын эсрэг байсан. Манай бүлгийн шийдвэр ч гэсэн огцруулахгүй гээд гарчихсан байсан. Гэтэл Засгийн газар огцрох нь гарцаагүй боллоо гэхээр нь “Би ийм асуудалд оролцохгүй” гээд яваад өгсөн юм. Зарим гишүүд тэр өдөр мөн ирээгүй юм билээ. Ийм л зүйл болсон. Хэрэв Засгийн газрыг унагах гээд байсан юм бол “Шонхор”-оос Г.Баярсайхан, Д.Ганхуяг ч юм уу хэн нэгэн нь Ерөнхий сайд болчихсон бол тэгж хардаж болноо доо. Хэн нь ч Ерөнхий сайд болоогүй. Сүүлдээ биднийг намаас хөөх асуудал яригдахад хөөгдвөл хөөгдчихье гэсэн бодол байсан. Нуугаад яахав.

Аль аль намд байж үзсэн болохоор хөөгдөөд байхад эмзэглээд байх зүйл байгаагүй. Сүүлд нь МоАХ-ын дарга Х.Баттулгаас “Та нар яагаад Засгийн газрыг огцруулахад дэмжээд кноп дарчихсан юм бэ” гэтэл “Ерөнхийлөгч давхар дээлтэй байж болохгүй. Нэг гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахаар ажил цалгардаад байна гэдэг байсан. Өрөөндөө хүртэл дуудаж уулзаад хэлдэг байсан юм. Нэг хүн хоёр албан тушаалтай байж байхаар мэргэжлийн хүнийг нь сайдаар ажиллуул гэсэн юм. Тэгэхээр нь би Засгийн газрын хуралдаан дээр давхар дээлээ тайлъя гэтэл зориглох хүн гараагүй. Тэгэхээр нь би зориглоод сайдаа өгөөд гарсан. Уг нь миний араас гарах сайд нар байгаа гэж бодсон. Даанч гараагүй. Тийм болохоор Засгийн газрыг огцруулах нэг шалтгаан тэр болсон” гэж байсан. Гэтэл үүнээс болоод биднийг буруутгаад байх юм. Энэ яриагаа одоо зогсоох хэрэгтэй. Засгийн газар огцорч, дараагийнх нь байгуулагдаж л байдаг. Тиймээс хэн нэгнийг буруутгахаасаа илүүтэй урагшаа харж алхах нь зөв гээд байгаа юм.

-Ардчилсан намын гол асуудлыг фракц шийдээд байгаа л даа. Засгийн газрыг огцруулахаас эхлээд асуудал бий. З.Энхболд дарга фракцгүй Ардчилсан намыг бий болгоно гэж байсан ч өнөөдөр бахь байдгаараа л байна…

-Ардчилсан нам фракцтай байхыг би дэмждэг. З.Энхболд дарга намын дарга болоод “Фракцаа татан буулга” гэж бүлэг дээр ярьсан юм. Бүгд л эв нэгдэлтэй байна гээд за гээд л гарцгаасан. Ардчилсан намыг фракцгүйгээр төсөөлж болохгүй юм билээ. Ингэж хэл амаа ололцчихоод нөгөөдөр нь л фракциуд уулзаж байх жишээтэй. Фракцийг ямар түвшинд байлгах ёстой вэ гэдэг асуудал ярихаас биш автоматаар татан буулгана гэдэг зүйл байхгүй. Шинэ намын даргатай болсны дараа фракциудыг намын дүрэм, бодлогын хэмжээнд тодорхой тодорхойлж, хязгаар тавих ёстой. Фракциуд нь нийлж намын эсрэг зүйл хийхгүй шүү гэдэг шалгуур тавьж өгөх хэрэгтэй. Улсынхаа сайн сайхны төлөө, хөгжлийн төлөө үзэл бодлоо уралдуулах хэмжээнд фракциудыг байлгах ёстой. Намын дүрмэндээ албан ёсоор оруулаад явах нь зөв.

-Ардчилсан намын дараагийн дарга ямар хүн байх ёстой вэ. Нэр дэвшигчдээс та хэнийг гэж харж байна вэ?

-Ёстой мэдэхгүй байна. Намын гишүүдээс хэн хамгийн их санал авсан хүн нь л дарга болох ёстой. Би намын дотоод асуудалд оролцохгүй байгаа.

Categories
мэдээ цаг-үе

ЗСБНХУ-ын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч М.Горбачев

Михаил Сергеевич Горбачев нь Зөвлөлт Холбоот Улс, Орост төдийгүй дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн улстөрч. ЗСБНХУ-ын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч тэрээр дэлхийн улс төрийн түүхэнд маш том өөрчлөлт гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн.

Бүгд хүйтэн дайны аюулын тухай ярьж, дэлхийн улс орнууд хоёр хэсэгт хуваагдсан тэр үед М.Горбачев хэмээх харьцангуй залуу улстөрч Зөвлөлтийн Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон юм. Тухайн үедээ эрч хүч дүүрэн, улс төр дэх залуу үеийн төлөөлөл улс орноо удирдахаар болсон нь дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж байжээ. Улс оронд нь томоохон өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай гэдгийг ч тэрээр мэдэрсэн. Ялангуяа улс төр, эдийн засгийн салбар мухардалд орсон тул ингэхээс өөр арга байгаагүй. М.Горбачев зоригтойгоор өөрчлөн байгуулалтыг эхлүүлсэн юм.

ЗСБНХУ болон барууны харилцаа мухардалд орж дэлхийн гуравдугаар дайн хэзээ ч эхэлж магадгүй гэж байхад баруун, зүүнийг заагласан төмөр ханыг нурааж харилцааны шинэ үеийг эхлүүлэхэд М.Горбачев чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүний ачаар дэлхийн улс төрийн уур амьсгал дулаарсан билээ.

М.Горбачев улс орноо удирдаж эхэлсэнээс хойш буюу 1985-1989 оны хооронд Америк, Зөвлөлтийн эрх баригчид дөрвөн удаа уулзаж томоохон хэлэлцээ хийсэн. Энэ нь ч үр дүнгээ өгсөн. 1979 онд Зөвлөлтийн удирдагч Л.Брежнев, Америкийн төрийн тэргүүн Р.Никсон нар уулзсанаас хойш харилцаа мухардалд орчихоод байсан үе. Ингээд 1985 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Женев хотноо болсон М.Горбачев, Р.Рейган нарын уулзалт тухайн үедээ дэлхий нийтийг анхаарлыг хамгийн ихээр татсан үйл явдал болж байлаа. Харилцан итгэлцэл үндсэндээ алдарсан байсан тул Москвад юм уу, Вашингтонд уулзах талаар яриад ч нэмэргүй гэдгийг аль аль тал нь мэдэж байсан. Тиймээс төвийг сахьдаг Швейцарьт уулзахаар тохиролцжээ. Анхын хэлэлцээний үеэр уур амьсгал нэлээд хүнд байсан тухай гэрчүүд дурсан бичсэн байдаг. АНУ-ын Ерөнхийлөгч Р.Рейган Зөвлөлтийн удирдагчид сургаал айлдаад эхэлсэн гэнэ. М.Горбачев нэлээд сонсож байснаа “Ноён Ерөнхийлөгчөө, би сурагч биш, та багш биш, бидний ард дэлхий байна” хэмээн хэлсэн гэдэг. Амаргүй байсан ч талууд эхний уулзалтаар “Цөмийн дайн гаргахгүй байх тухай тунхаг бичиг”-т гарын үсэг зурсан. Хамгийн гол нь М.Горбачев, Р.Рейган хоёр найзууд болж энэ нь хожим стратегийн болон довтолгооны зэвсгийг хязгаарлах тухай гэрээ байгуулахад маш их тус дэм болсон гэдэг. Ингэснээр хүйтэн дайныг зогсоох үндэс суурь тавигдсан. 1988 онд Ерөнхийлөгч Р.Рейган М.Горбачевын урилгаар Москвад төрийн айлчлал хийсэн нь хоёр улсын төрийн тэргүүнүүд ямар найзууд болсны нэгэн илэрхийлэл юм. М.Горбачев ЗСБНХУ-ын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргын албыг зургаан жил хашихдаа АНУ-ын Ерөнхийлөгчтэй 11 удаа уулзсан байдаг.

Улстөрч М.Горбачевын тухай ярихад Герман, тэрдундаа Берлиний ханыг дурдахгүй байхын аргагүй. Баруун, зүүн хоёрыг зааглаж байсан Берлиний ханыг нурааж, хоёр Германыг дахин нэгдэхэд энэ хүний оруулсан хувь нэмэр маш их. Тиймээс ч түүнийг германчууд ихэд хүндлэн, дээдэлдэг. Жил бүрийн аравдугаар сард улс орон нь эргэн нэгдсэнийг тэмдэглэхдээ германчууд М.Горбачевыг заавал дурддаг юм. Тэрээр хоёр Герман нэгдэх явцыг хурдасгахыг тууштай дэмжиж байсныг Их Британийн Ерөнхий сайд М.Тэтчер, Францын Ерөнхийлөгч Ф.Миттеран нар төдийлөн дэмжихгүй байсан гэдэг. Учир нь Герман улс Европт дахин хүчээ авна хэмээн болгоомжилж байжээ.

М.Горбачев католик шашны төв гэгддэг Ватиканд албан ёсоор айлчилсан Зөвлөлтийн нам, төрийн анхны удирдагч. 1989 оны арванхоёрдугаар сарын нэгний өдөр Ромын хамба лам Иоанн Павел II түүнтэй өргөөндөө уулзжээ. Үүний дараахан Зөвлөлтөд шашны баяр гэгддэг Зул сарын баярыг албан ёсоор тэмдэглэж байхаар болсон. М.Горбачевын үед Зөвлөлт Ватикантай анх удаагаа дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

ЗСБНХУ-ын Ерөнхийлөгч барууны орнуудад айлчлахдаа дагалдан яваа сэтгүүлч, эрдэмтэд нартаа зориулан “нөхөрсөг оройн зоог” зохион байгуулдаг байсан гэдэг. Түүн дээр янз бүрийн асуудлаар санал бодлоо илэн далангуй солилцдог байжээ. Ингэхдээ ямар ч хамаагүй сэдвээр чөлөөтэй ярилцана.

Англи хэл мэддэггүй байснаас ялангуяа барууны орнуудын удирдагчтай шууд харилцаж, ойлголцоход маш их саад болж байсан хэмээн хожим нь дурсан ярьсан байдаг. Түүний гэргий Раиса Максимовна гэхэд Их Британийн Ерөнхий сайд М.Тэтчертэй англиар ярилцдагийг дурсан ярьжээ. Тухайн үед Зөвлөлтийн нам, төрийн удирдах байгууллагуудад ажиллаж байсан хүмүүсээс гадаад хэл, тэр дундаа англи хэл мэддэг хүн байгаагүй гэдэг.

М.Горбачевын эхлүүлсэн өөрчлөн байгуулалтын улмаас социалист гэгдэж байсан орнуудыг нэгтгэдэг Варшавын гэрээ, ЭЗХТЗ буюу СЭВ зэрэг байгууллагууд үгүй болсон юм. Энэ нь социалистууд орнуудад томоохон шинэчлэлийг эхлүүлэхэд хүргэсэн. Зөвлөлт нь Афганистан болон социалист гэгдэж байсан орнуудаас цэргээ гаргасан юм. Эдгээр орнуудын нэг нь Монгол Улс. Дашрамд дурдахад М.Горбачев нь манай улсад ч нэг бус удаа ажлаар ирсэн байсан юм.

Зөвлөлтийн анхны бөгөөд сүүлийн Ерөнхийлөгч тэрбээр Ставрополь хязгаарт тариачны гэр бүлд төрсөн юм. Аав Горбачев Сергей Андреевич нь орос, ээж Гопкало Мария Пантелеевна нь украин аж. Хоёр өвөө нь хоёулаа 1930-аад оны үед хэлмэгдсэн. Миша Горбачев нь 13 настайгаасаа сурахын хажуугаар хамтралд ажиллажээ. 1949 онд сурагч байхдаа ургац хураах ажилд маш сайн оролцсон хэмээн Хөдөлмөрийн улаан тугийн одонгоор шагнуулж байсан. 19 настайдаа Коммунист намд элсэн дунд сургуулиа амжилттай төгсч Москвагийн их сургуульд урилгаар орж хуульч мэргэжлээр суралцсан юм. Их сургуулиа төгсөөд Ставрополь хязгаартаа очиж залуучуудын байгууллагад удирдах ажил хийсэн. Ийнхүү ирээдүйтэй боловсон хүчин гэгдэж намын ажил эрхэлсэн байна.

М.Горбачевын талаар өгүүлэхэд түүний эхнэр Раиса Максимовнаг дурдахгүй байхын аргагүй. Зөвлөлтийн удирдагчаас анх удаа гэргийгээ олны өмнө гаргасан улстөрч бол мөн л М.Горбачев. Нөхрийнх нь нэр хүндийг өргөхөд Оросын үлгэр жишээ тэргүүн хатагтай Р.Максимовна чухал үүрэг гүйцэтгэсэн. Зөвлөлтийн түүхэнд өмнө нь тэргүүн хатагтай нь ийнхүү олонд танил байсан тохиолдол үгүй. 1999 онд Раиса Максимовна нь хорт хавдрын улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь М.Горбачевын хувьд маш том цохилт болсон. М.Горбачев улс төрийн өндөрлөгт чимээгүйхэн гарч ирсэн шигээ чимээгүй, гунигтайгаар явсан. Өдгөө “М.Горбачев сан”-гийн тэргүүнээр ажиллаж, дэлхийн улс орнуудад уригдан очиж лекц уншиж, олон түмэнтэй санал бодлоо хуваалцсаар.

М.Горбачевын талаар ялангуяа оросууд янз бүрээр ярьдаг. Зөвлөлтийг тараан бутаргаж, эмх замбараагүй байдал үүсгэсэн хэмээн түүнийг буруутгадаг хүмүүс ч цөөнгүй. Гэсэн хэдий ч М.Горбачев бол дэлхийн түүхэнд өөрийн хувь нэмрийг оруулсан улстөрийн зүтгэлтэн юм. Тиймээс ч түүний зүтгэлийг өндрөөр үнэлж 1990 онд Нобелийн энхтайваны шагнал олгосон байна. Зөвлөлт, Оросын улстөрчдөөс энэ нэр хүндтэй шагналыг авсан хүн түүнээс өөр үгүй билээ.

Categories
мэдээ цаг-үе

Г.Занданшатар: Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Засгийн газар 16 удаа солигдож, дунджаар 1.7 жил ажилласан байдаг

УИХ-ын гишүүн Г.Занданшатартай ярилцлаа.

-Үндсэн хуулийн 25 жилийн ойд зориулсан онол, практикийн бага хуралд та илтгэл тавьж байсан. Ер нь Үндсэн хууль үүргээ хэр гүйцэтгэж байна вэ?

-Улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулж, хүний эрх, эрх чөлөө, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, төрийн хэрэгт чөлөөт сонгуулийн аргаар оролцох эрхийг хангасан, чөлөөт зах зээл, эрх мэдлийн хяналт, тэнцлийн суурь зарчмыг баталгаажуулсан гээд 1992 оны Үндсэн хуулийн ач холбогдлыг дурдвал арвин их. Жил гаруйн өмнө буюу 2015 оны тавдугаар сард “Үндсэн хуулийн өөрчлөлт ба зөвлөлдөх ардчилал” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж Үндсэн хуулийн асуудлаар олон талаас нухацтай хэлэлцсэн. Уг хуралд гадаад, дотоодын олон эрдэмтэн, судлаач илтгэл тавьсан бөгөөд сүүлийн жилүүдэд засаглалын гурван салаа хоорондын зааг ялгаа бүдгэрч, төрийн эрх мэдлийн үр нөлөө, Үндсэн хуулиар тунхагласан хариуцлагын тогтолцоо алдагдаж байгаа талаар сэтгэл зовнилоо илэрхийлж байсан.

-Ер нь сүүлийн үед болж буй хурлуудаас хараад байхад Үндсэн хуульд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байх шиг байна?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах обьектив, субьектив шалтгаан бий. Үндсэн хуулийн удаан үйлчлэх чадвар, хууль ёсны хүлээн зөвшөөрөгдсөн байдал, улс төрийн зөрчлийг зохицуулах чадвар, төр засаг дур зоргоор авирлах боломжийг хязгаарлах, төр засгийг эрх мэдэлжүүлэх зэрэг олон үндэслэл шалтгааныг судалгааны үндсэн дээр нотолсон байдаг. Тоймтойгоос нь дурдвал, обьектив шалтгаан нь нийгэм, эдийн засгийн буюу засаглалын зөрчлийг зохицуулах чадвар, хариуцлагын хямралтай холбоотой. Органик хуулиудаар Үндсэн хуулийн мөн чанарыг амьдруулж баталгаажуулдаг. 1996 оноос хойш буюу нэн ялангуяа 2012 оноос хойш батлагдсан манай олон хуулиуд өөр хууль эрх зүйн бүлээс хуулбарлан хэрэглэснээр төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийн Үндсэн хуулийн эх санааг бүдгэрүүлсэн. Хоёр дахь шалтгаан нь Үндсэн хуулийн Цэц дээр очсон маргааны тоо, санал гомдлын байдал, шийдвэрлэгдсэн байдал. Гуравдугаарт, төрийн тогтвортой байдал. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Засгийн газар 16 удаа солигдсон байдаг. Нэг Засгийн газар дунджаар 1.7 жил ажилласан байгаа. Нэг ёсондоо маш тогтворгүй Засгийн газартай байсан гэсэн үг. Манай үе, үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд институци хооронд үүсэж байсан зөрчилдөөнт байдал. Үүнийг системийн анализын аргаар судалж үзэхэд Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалттай холбоотой. Дөрөвдүгээрт, субьектив шалтгаанууд гэвэл хариуцлага, шударга ёсны талаар судалгааны байгууллагуудын хийсэн иргэдийн санал асуулгын үр дүн, нийгмийн уур амьсгалын байдал.

-Гэхдээ бас Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байгаа хүмүүс байх шиг байна шүү дээ?

-Үндсэн хуулийн эх баригч, гол архитектор Б.Чимид багш “Үндсэн хуулиа өөрчлөх шаардлага байна уу гэсэн асуултад “Өөрчлөгдөхгүй хууль гэж үгүй” гэсэн байдаг. Филисофийн ухагдахуунаар нэг үе дараагийн үеэ ямар нэгэн өөрчлөлт хийхийг хориглож болохгүй гэж үздэг. 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш бүхэл бүтэн үе солигдчихож. Хорин долоон жил гэдэг хүний амьдралын нэг үе. Нэгэн бүтэн үе солигдсон. Дараа үеэ юу хийхийг өнөөдөр хориглож цоожилж болохгүй. 27 жилийн дараа техник, технологи, нийгэм, эдийн засаг яаж ч хөгжиж болно. Тэрийг тааж мэдэшгүй. Нийгэм, эдийн засаг, технологи, нийгмийн ухамсар, хөгжлийн үе өөрчлөгдсөн учраас Үндсэн хуульд ч зарим нэмэлт, өөрчлөлт хийх шаардлагатай болсон байна гэж үзэж байна.

-Өөрчлөлтийг юунаас эхлүүлэх вэ?

-Хариуцлагын тогтолцооноос эхлэх ёстой. Хариуцлага, сахилга батгүйгээр амжилтад хүрсэн улс орон битгий хэл иргэн хүн ч байдаггүй гэж Сингапурын Ерөнхий сайд Ли Куан Ю хэлсэн байдаг. Монголд өнөөдөр хариуцлагын тогтолцоо гэж алга. Хямралаас гарахад бидэнд хариуцлага, сахилга бат хэрэгтэй байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх хэрэгтэй байгаа. Хариуцлагын тогтолцоо бэхжүүлж буй сонгодог аргыг эдийн засаг нь хурдацтай хөгжиж буй улсуудаас жишээ авч Азийн таван эрх мэдлийн загварыг санал болгож байгаа. Хариуцлагын тогтолцоог сайжруулдаг механизм нь төрийн хяналт шалгалтын Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага бий болгох явдал юм. Энэ байгууллага Ерөнхийлөгч, УИХ, улс төрөөс бүрэн хараат бус мэргэжлийн байгууллага ажиллана. Мөн төрийн алба элит алба байх ёстой. Элит гэдэг нь нэр хүндтэй, шударга, тогтвортой, залгамж чанартай байна гэсэн үг. Гол нь чадварлаг мэргэжлийн боловсон хүчин байх ёстой.

-Эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцэл алдагдсан гэдэг. Үүнийг хэрхэн өөрчлөх вэ?

-Ард иргэд бүгд бурхад биш учраас зохицуулах төр байх ёстой. Үүний тулд төр байдаг. Төрд ч дандаа бурхад ажиллахгүй учраас хяналт, хариуцлага хэрэгтэй. Төрд ажиллаж байгаа хүмүүсийн эрх мэдлийг хязгаарлах, хариуцлагатай байлгахын тулд Үндсэн хуультай байдаг.Үндсэн хууль бол “stop sign” юм. Судалгаагаар эрх мэдлийн харилцан хяналт алдагдсан байгаа нь харагдаж байна. УИХ бүхнийг хянах ёсгүй. УИХ-ыг хянах институци гэж байх ёстой. Өөрөөр хэлбэл, УИХ хариуцлага алдаж алдаа гаргавал тараадаг механизм байдаг. Улс оронд маш чухал асуудал шийдвэрлэж чадахгүй бол ард түмнээрээ шийдүүлнэ гээд УИХ-ыг тарааж болно. Иймэрхүү байдлаар төрийн эрх мэдлүүд УИХ, Засгийн газар, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч харилцан хянагдаж байх ёстой.

-Ер нь манай улсад засаглалын хямрал нүүрлэчихсэн юм биш үү?

-Өнөөдөр манай улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд тод харагдаж буй гажуудал, хүндрэлүүд нь угтаа төрийн үйл ажиллагааны доголдол, хариуцлагын тогтолцооны завхралаас эхтэй засаглалын хямрал нүүрлэсэн байна гэж олон судлаач, шийдвэр гаргагчид дүгнэж байгаа. Энэ хямрал эдийн засаг, төсөв, засаглалын бүхий л салбарт гүнзгийрээд байна. Засаглалын хямралын үндсэн шалтгаан юу вэ гэдгийг тодорхойлох ёстой. Манай улсад өнөөдөр гүйцэтгэх эрх мэдэл Үндсэн хуулиараа төрийн эрх мэдлийн гурван институцид гурвууланд нь хуваарилагдсан байгаа. Сонгодог парламентын засаглалтай орны Ерөнхий сайдад байвал зохих Засгийн газрын гишүүдээ өөрөө томилох, чөлөөлөх маш чухал эрх мэдэл өнөөдөр манай УИХ-д байна. Шүүх эрх мэдэл ч гэсэн харилцан хяналттай байх зарчим алдагдсан. 30 гаруй ардчилсан орны жишээн дээр харьцуулсан судалгаа хийж үзэхэд, өнөөдрийн байдлаар зөвхөн Монгол, Ирланд, Словен гэсэн гурван оронд ийм тогтолцоо оршин байна. Засгийн газарт Үндсэн хуулиар олгосон эрх мэдэл, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах Үндсэн хуулийн хамгаалалт аль, аль нь манайд бусад улстай харьцуулахад маш сул. Өнгөрсөн 25 жилийн турш Монголын улс төрийн тогтвортой байдлыг маш хангалтгүй гэж хэлэхээс өөр аргагүй.

-Тэгэхээр тогтворжуулахын тулд яах ёстой вэ?

-Ерөнхийдөө гүйцэтгэх эрх мэдлийн хоёр том баталгаа байдаг. Нэгдүгээрт, томилгооны эрх мэдэл буюу гүйцэтгэх засаглалын тэргүүн өөрөө танхимаа бүрдүүлэх эрх. Хоёрдугаарт, төсөв мөнгөний эрх мэдэл. Манайд парламентын засаглал гэхээр УИХ нь бүхнийг шийддэг газар мэт ташаа ойлголт хүчтэй оршиж байна. Манайд тогтолцоонд хариуцлагын зааг ялгаа засаглалын институци хооронд маш тодорхойгүй, гүйцэтгэх эрх мэдэл нэг дор төвлөрөөгүй байна. Монгол Улс парламентын засаглалтай орон учир зүй ёсоор Ерөнхий сайдад гүйцэтгэх эрх мэдэл төвлөрөх учиртай. Гэтэл Ерөнхийлөгч гүйцэтгэх эрх мэдлийг нэлээд хуваалцдагаас гадна Үндсэн хуулиар УИХ-д гүйцэтгэх зарим эрх мэдэл их хэмжээгээр хуваарилсан байдаг. Иймээс өнөөдөр Монгол Улсад гүйцэтгэх эрх мэдэл хэнд байна вэ гэдэг асуултад хариулахад бэрхтэй, нэг дор төвлөрсөн ойлгомжтой босоо тогтолцоотой гүйцэтгэх эрх мэдэл тэнд байна гэж хэлэхэд төвөгтэй байна. Мөн органик хуулиудаар Үндсэн хуулийн мөн чанарыг амьдруулж, баталгаажуулдаг бол манай хуулиуд олон өөр хууль эрх зүйн бүлээс хуулбарлан хэрэглэснээр төрийн эрх мэдлийн хуваарилалтын Үндсэн хуулийн эх санааг бүдгэрүүлсэн. Ерөнхий сайд өөрөө сайд нараа томилох, чөлөөлөх эрхгүй, сайд нарыг нь УИХ, өөрөөр хэлбэл УИХ-д суудалтай нам, фракцууд томилдог тул Ерөнхий сайд бодит амьдрал дээр танхимын жинхэнэ тэргүүн байх, танхимынхаа өмнөөс дангаараа хариуцлага хүлээх аль, аль нь ор нэрийн төдий зүйл болж байна.

Categories
мэдээ цаг-үе

П.Сайнзориг: Цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлын болон үйл ажиллагааны асуудлыг нэг мөр шийднэ

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригтой цагдаагийн албаны тухай хуулийн талаар ярилцлаа.


-Цагдаагийн албаны тухай хуулийг шинэчлэн найруулж, Засгийн газарт хүргүүлээд байгаа. Чухам ямар шалтгаанаар уг хуулийг эргэж харах болсон талаар ярилцлагаа эхлэх үү?

-Одоогийн мөрдөгдөж байгаа Цагдаагийн албаны тухай хууль 2013 онд батлагдаж, 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Хуулийг хэрэгжүүлэх явцад тодорхой хэмжээний хүндрэл бэрхшээл гарч байна. Цагдаагийн албаны хуульд цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг тус тусын хуулиар зохицуулахаар зааж өгсөн байдаг. Тухайлбал, хууль сахиулагчийн эрх зүйн байдал, хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулахаар хуульчилсан боловч одоо хүртэл батлагдаагүйн улмаас цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, өдөр тутмын хууль сахиулах үйл ажиллагаа тодорхой стандарт, дүрэм, журамгүй явахад хүрч байна. Эдгээр асуудлыг шийдэх үүднээс шинэчилсэн найруулга хийх, нөгөөтэйгүүр төрөөс баталсан бодлогын бичиг баримтуудад туссан төрийн үйлчилгээг хүнд сурталгүй үзүүлэх, төрийн албыг мэргэшсэн тогтвортой байлгах шаардлагыг биелүүлэх, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Цагдаагийн албаны тухай хуулийг шинэчлэн найруулж, иргэдэд ойртсон, чирэгдэлгүй болгох зорилтыг дэвшүүлсний хүрээнд уг хуулийг эргэн харж байна.

-Хуулийн төсөлд цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлыг дэмжиж, үйл ажиллагааг нь хуульчилсан зүйл заалтууд орсон гэсэн биз дээ?

-Цагдаагийн албаны хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль эсвэл сайдын, агентлагийн даргын баталсан журмын хэмжээнд үйл ажиллагаа нь зохицуулагдан, иргэдэд хууль сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа. Жишээлбэл, иргэдийн орон, байранд нэвтрэх, хууль ёсны шаардлага тавих зэрэг нь манайд хуульчлагдаагүй учир үл ойлголцол гардаг. Эдгээр асуудлыг хуульчлаад хэрхэн ажиллахыг журамлаж, стандарт дүрэм, журмыг зааж өгч байгаа. Ер нь эрх зүйн байдлын тухай хуулийг энэ хуулиар нэг мөр шийдэж өгье гэж байна. Учир нь, цагдаа онцлог алба болохоор тухайлсан асуудлыг нарийвчлан зохицуулах шаардлага зайлшгүй үүсэж байгаа юм. Эрх зүйн байдлын болоод үйл ажиллагааны асуудлыг Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж, боловсруулаад Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Засгийн Газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн.

-Алба хаагчдын эрх зүйн байдлын талаар шинэчилсэн найруулгын төсөлд хэрхэн тусгаж байгаа вэ. Хамгийн гол нь энэ хууль гарснаар цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа иргэнд чирэгдэлгүй хүрэх зам хэр нээлттэй байж чадах юм уу?

-Яг энэ асуудлыг шийдэх хүрээнд хуулийн төслийг боловсруулсан гэж хэлж болно. Нөгөөтэйгүүр иргэдэд цагдаагийн үйл ажиллагааг хүртээмжтэй хүргэхээс гадна, тэдний тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг яаж хангах, нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг үе шаттайгаар эрх зүйн зохицуулалтын хувьд боловсронгуй болгох, тогтвор суурьшилтай, чадварлаг, мэргэшсэн цагдаагийн байгууллагыг байгуулах нөхцөлийг бүрдүүлэхэд энэ хуулийн төсөл чиглэсэн. Хөдөө орон нутагт томилогдож байгаа алба хаагчдын ар гэрт үүсдэг бэрхшээлийг боломжийн хэмжээнд шийдсэнийг хуулийн төслөөс харлаа. Цагдаагийн алба хаагч хөдөө орон нутагт ер хаана ч томилогдсон ар гэрийнхэн нь дагаад л явдаг. Тиймээс тэдний ар гэрийг ажлын байраар хангах зэргээр нийгмийн асуудлуудыг шийдэхээр тодорхой хэмжээнд тусгаж өгсөн.

-Зарим тохиолдолд цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад бурууддаг. Хууль зүйн яамнаас энэ асуудалд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Энэ бол анхаарах ёстой чухал асуудал. Цагдаагийн алба хаагчийн тодорхой үйл ажиллагаа хийх дэс дараалал, журам нь хуулийн хүрээнд зохицуулагдаагүй учир хууль хэрэгжүүлснийхээ төлөө буруутдаг, хариуцлага хүлээдэг асуудал байдаг. Журам тодорхойгүйгээс иргэдийн эрх чөлөөнд хэтрүүлэн халдах асуудал ч байна. Тиймээс эдгээр асуудлын тэнцвэрийг олоод хууль сахиулах ажиллагааг аль хүрээнд, ямар дарааллаар явуулах гээд бүгдийг тусгаж байгаа. Иргэдийн эрх чөлөө, алба хаагчдын эрх ашиг үйл ажиллагааны мөрдөх журам, хязгаарыг тодорхойлж өгч байна гэсэн үг.

-Алба хаагчдыг дахин мэргэшүүлэх, чадваржуулах тухай асуудал хэрхэн хуульчлагдаж байгаа вэ?

-Тогтвор суурьшилтай ажиллах боловсон хүчний нөөцийг бэлдэх, түүний бодлогыг хэрхэн тодорхойлох нь чухал асуудал. Энэ талаар хуулийн төсөлд тусгасан. Алба хаагчдыг давтан сургах, мэргэшүүлэх, олон улсын байгууллагад сургах, энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулах, бусад орны туршлагыг судлах, чадваржуулах чиглэлийн зохицуулалтуудыг ч бас тусгасан байгаа гэв.

Э.Баатар