Categories
мэдээ цаг-үе

Д.Алтай: Д.Трамп терроризмыг уг үндсээр нь устгахын тулд ОХУ-тай харилцаагаа сайжруулна

– Д.ТРАМПЫН БОДЛОГО АНУ БОЛОН ДЭЛХИЙ ДАХИНД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ АВЧРАХ ВЭ –

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын хэрэгжүүлэх бодлогын талаарх судлаачийн ярилцлагыг сонирхуулъя. Энэ удаад ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Дэлхийн бодлого судлалын секторын эрхлэгч доктор, профессор Д.Алтайтай ярилцлаа.


-“АНУ-ыг аугаа болгоно” гэж гарч ирсэн Д.Трампын бодлого тус улсад болоод дэлхий дахинд ямар өөрчлөлт авчрах вэ?

-АНУ-ын энэ удаагийн Ерөнхийлөгчөөр насан туршдаа үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж байсан тэрбумтан сонгогдсоныг дэлхий дахинд мэдэж байгаа. Тэрбээр эцгийнхээ үл хөдлөх хөрөнгийн салбарын бизнесийг маш амжилттай үргэлжлүүлж их хөрөнгөтөн болж чадсан. Үнэндээ Д.Трампыг БНН-ынхан өөрийнхөө намаас нэр дэвшүүлэх хүсэлгүй байв. Учир нь түүнийг гарч ирнэ гэдэгт итгээгүй юм. Анхан шатны сонгуулиар БНН-аас олон хүн нэр дэвшүүлэхэд Д.Трамп ялалт байгуулаад байсан болохоор арга буюу түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн хэрэг. Цөөн тооны судлаач, ажиглагчид Д.Трампыг ялна гэж үзэж байсан. Харин АНУ-ын CNN, ABC, NBC зэрэг сувгууд Хиллари Клинтоныг ялна гэж мэдээлж байлаа. Эцсийн дүнд Д.Трамп ялалт байгуулсан. Энэ хүн улс төрийн хүрээнд ажиллаж байгаагүй, бизнесмэн гэдэг утгаараа Америкийн улс төрийн амьдрал болоод тус орны хөгжил ирээдүйг өөр хандлагаар харж байгаа.

Америкийн дотоод амьдралд маш олон тулгамдсан асуудлууд байдаг. Тухайлбал, эдийн засаг, татварын бодлого цагаачлалын асуудал, бусад улс орнуудтай байгуулсан худалдааны гэрээ хэлэлцээрүүдийн алдагдал зэргийг шийдвэрлэхэд Д.Трампын дэвшүүлсэн санаа, амлалтууд нь түүнийг ялалт байгуулахад нөлөөлсөн. Мөн АНУ-ын гадаад харилцааны асуудалдаа хэд хэдэн зорилтыг хэрэгжүүлснээс нь харахад дэлхий дахины, олон улсын харилцаанд нэлээд өөрчлөлт бий болох нь тодорхой байна. Д.Трамп Ойрхи Дорнод болон томоохон их гүрнүүдийн хоорондын харилцаанд өөр өнцгөөр хандаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дэлхий дахины олон улсын харилцааны өнөөгийн байдалд өөрчлөлт гаргахыг хүсч байгаагаа тэрбээр удаа дараа хэлж байсан. Ялангуяа ОХУ-тай таатай харилцаатай байхыг хүсч буй. Мөн дэлхийн номер нэг асуудал болсон терроризмтой тэмцэхэд АНУ нь ОХУ-тай хамтрах бололтой. 2011 оноос хойш үргэлжилж байгаа Ойрхи Дорнодын хямрал, Сирийн дайн, бусад бүс нутгийн зөрчил мөргөлдөөнтэй асуудлуудыг томоохон гүрнүүдийн зайлшгүй оролцоотойгоор хамтарч хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ үүднээс нь аваад үзэхэд Д.Трамп ОХУ-ын удирдлагатай хэл амаа ололцоод тогтоосон харилцаагаа хэвийн болгохын төлөө ажиллана гэдгээ илэрхийлж ирсэн. Тиймээс Д.Трампын энэ бодлого дэлхийн III дайн гарч болзошгүй гэсэн айдсыг өөрчилж чадна гэх найдлагыг төрүүлж байгаа юм.

-Ер нь Д.Трамп олон улсын терроризмтой тэмцэж, Исламын улсыг устгах тухай сонгуулийн кампанит ажлынхаа үеэр нэлээд ярьсан байх аа?

-Тэрбээр “Том, жижиг, гэлтгүй бүх улс орон хамтын хүчээр терроризмтой тэмцэх ёстой. Ялангуяа Аль Кайда бүлгийг устгана. Энэ террорист байгууллагуудыг санхүүжүүлдэг эх үүсвэр болох “Хамас”, “Хезболлах” зэрэг бүлэглэлүүдийг Осама бен Ладенг устгасантай адил үгүй хийнэ. Үүний төлөө АНУ тууштай тэмцэнэ, тэгэхдээ ОХУ зэрэг бусад оронтой хамтран тэмцэнэ” гэсэн. Лалын үзлийн хэт даврагчдыг дэврээхгүйн тулд олон улсын бага хурлыг хуралдуулах санаачилгыг гаргана гэж Д.Тармп мэдэгдэж байсан.

-Д.Трамп АНУ-ыг удирдсанаар олон улсын эдийн засаг болоод улс төрийн харилцаанд ямар өөрчлөлт гарах вэ?

-Д.Трамп гарч ирснээр олон улсын харилцаанд маш их өөрчлөлтүүдийг авчирна. Америкийн төрд эцэг, хүү Бушийн эсвэл Клинтоны гэр бүл ноёрхож байлаа шүү дээ. Тэднээс залхсан Америкийн ард түмэн сонголтоо хийсэн. “Өөр онцгой чадвартай хүн гарч ирлээ” хэмээн түүний хэрэгжүүлэх бодлогод итгэл найдлага тавьж байна. Д.Трамп бол бизнесмэн хүн. Тиймээс худалдаа наймаа, мөнгийг хэрхэн үржүүлж болох ухаан тэр хүнд байгаа шүү дээ.

Д.Трамп АНУ-ыг удирдаж байх хугацаанд тус улс Хятадтай нэлээд түвэгтэй харилцаанд орж магадгүй. Учир нь ам.долларын ханшийг унагахад Хятад валютын манепуляци хийсэн гэж үздэг. Валютын ханш хэлбэлзэхэд Хятад маш сайн тоглож чадаж байгаа юм. Үүнд Д.Трамп бизнесмэн хүн учраас эмзэг хандсан.

Эдийн засгийн хувьд Д.Трамп маш зоримог шийдвэрүүдийг хийхээ амласан. Тухайлбал, гадаадад ашиг олж байгаа Америкийн том, том үйлдвэрүүдээ эх орондоо татахын тулд татварын уян хатан бодлого явуулна. Мөн Америкийн гадаад худалдааны хэлэлцээрүүд ашиггүй байгаа. Тиймээс хойд Америкийн “Чөлөөт худалдааны гэрээ” гэж 1994 онд АНУ, Канад, Мексиктэй байгуулсан гэрээнээс гарна гэдгээ Д.Трамп тодотгосон. Сүүлийн үед Ази, Номхон далайн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах талаар Обама маш их ярьсан. Үүнийг АПЕК-ийн орнууд дэмжиж байсан. Харин Д.Трамп хэрэггүй гэж үзсэн. АНУ олон орнуудтай худалдаа хийдэг. Гэвч эндээс ашиг олж чаддаггүй. Иймд энэ алдагдалтай худалдааг эргэж харна гэж байгаа. Хятадын эдийн засгийн өсөлт саараад байгаа энэ үед Америк тус улстай хийх худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд өөрчлөлт гарч болзошгүй.

-Америкийн Төрийн тэргүүн НАТО-д нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Энэ тухай тодруулахгүй юу?

-АНУ-ын гол түнш бол НАТО, Европын холбоо. Ази, Номхон далайн хамгийн гол түнш нь Япон байгаа. НАТО-г санхүүжүүлэхэд АНУ маш их хөрөнгө мөнгө, цэрэг зэвсэг, хангамж өгч байгаа. Д.Трамп НАТО-д маш их мөнгө зарцуулж байгаад шүүмжлэлтэй хандаж буй.

Мөн тэрбээр НҮБ-ыг юм хийдэггүй улсуудын зугаа цэнгээний газар гэж хүртэл хатуугаар шүүмжилсэн. Харин АНУ-ын үрэлгэн, хөрөнгө мөнгөө зарцуулж байгаа явдалд чанга хяналттай байж, ашиггүй зүйлд санхүүжилт өгөхгүй гэсэн прагматик байр сууринаас хандаж байгаа юм. Бас Солонгост байгаа 30 мянган америк цэргийн зардлыг Солонгосын Засгийн газар гаргах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Д.Трамп бизнесийн хүн байсан болохоор ашиггүй, хэрэггүй зүйлд хэзээ ч хөрөнгө зарахгүй нь ойлгомжтой.

-Тэрбээр Америк дахь хууль бус цагаачдыг эх орноосоо гаргана гэж байсан. Энэ асуудлыг яаж хэрэгжүүлэх бол?

-Америк, Мексикийн хооронд хана байгуулна. Урд зүгээс маш олон цагаач АНУ-д орж ирж байгаа учраас энэ асуудалд өөрчлөлт хийх нь гарцаагүй юм. Өнөөдөр АНУ-д 11 сая хууль бус цагаач амьдардаг гэсэн судалгаа бий. Тэдний тал хувийг ойрын хугацаанд АНУ-аас гаргана гэдэг хатуу бодлогыг Д.Трамп хэрэгжүүлнэ. АНУ-д хэт их цагаач орж ирснээр тус улсын нийгэмд түвэгтэй байдал тулгараад байгаа. Энэ асуудалд Б.Обама өөр бодлого хэрэгжүүлж байсан. Цагаачдын амьдрах эрх олж авах боломжийг нь хөнгөвчлөх арга хэмжээ авсан шүү дээ. Гэтэл Д.Трамп эсрэгээрээ хатуу арга хэмжээ авна. Хэрвээ гадаадын улс орнууд АНУ-д хууль бусаар орогнож буй өөрсдийн иргэдээ буцааж авахаас татгалзах юм бол тэдгээр орнуудын хувьд ч хатуу арга хэмжээ авна гэсэн амлалт өгсөн.

-Тус орны хууль, эрх зүйн бодлого яаж өөрчлөгдөх вэ?

-Д.Трамп энэ асуудалд маш олон шинэлэг зүйлийг ярьж явсан. Жишээлбэл, хар тамхины төрлийн марихуаны бодисыг хууль ёсны болгоно гэсэн. Мансууруулах бодистой тэмцэх бодлого хэтэрхий чанга байснаас хар тамхи хэрэглэдэг хүмүүс нууцаар хэрэглэж, энэ байдал дэлгэрч байна гэж үзсэн. Тиймээс АНУ-д хөнгөн чанарын мансууруулах бодисыг ил болгох, худалдахыг нь зөвшөөрөх юм байна. Холбооны 50 мужийн үзэл бодлоос шалтгаалан худалдаалах зөвшөөрөл олгоно гэж байгаа. Ингэж мансууруулах бодисыг ил худалдаалснаар ашиг олох боломжтой гэдгийг Д.Трамп харсан байгаа юм. Ер нь бол хөнгөн төрлийн хар тамхийг эрүүл мэндийн зорилгоор хэрэглэхийг зөвшөөрсөн Европын өндөр хөгжилтэй орнууд байдаг л даа.

Хууль засаглалын хувьд цаазлах ялыг хэвээр үлдээнэ гэж байгаа. Мөн Б.Обамагийн үед хэрэгжүүлсэн “Иргэд буу, галт зэвсэг эзэмших байдлыг хориглоно” гэсэн санаачилгыг Д.Трамп дэмжихгүй. АНУ-ын хуульд иргэн хүн өөрийгөө болон өмч хөрөнгөө хамгаалахын тулд буу хэрэглэж болно гэдэг заалт байдаг. Энэ заалтыг Д.Трамп хэрэгжүүлнэ гэдгээ хэлсэн. Цаазын ялын тухайд онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, терроризмтой холбоотой хүмүүст үйлчилнэ. Сүүлийн үед АНУ-ын цагдаа нарыг буудаж амь насанд нь халдах хэрэг их гарч байгаа. Хууль сахиулагчдыг хөнөөсөн гэмт хэрэгтнийг цаазлах нь зөв гэсэн байр суурийг Д.Трамп илэрхийлж буй юм. Мөн энэ хүн АНУ-ыг удирдаж байх хугацаанд шоронгуудыг хувьчлах асуудал хэрэгжиж магадгүй. Харин Куба дахь “Гуантанамо” шоронг хувьчлахгүй. Тэнд террорист хэрэгт холбогдсон хүмүүсийг хатуу аргаар байцаах тул хэвээр байлгана гэж үзсэн. Б.Обама энэ шоронг байхгүй болгоно гэж амлаж байсан ч хэрэгжээгүй. Гэхдээ хүмүүсийг нь нэлээд сулласан тал бий.

-Авлига, албан тушаалтай холбоотой асуудалд ямар байр суурь баримтлах бол?

-Төрд байгаа авлигатай хатуу тэмцэж, хууль цаазыг шударгаар биелүүлэхийг амласан. Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн хязгааргүй эрх мэдлийг сулруулна гэсэн. Нэр зааж, CNN, NBC, ABC зэрэг Ардчилсан намын нэр дэвшигчдийг шууд дэмжиж байсан хэвлэлүүдийг онцолсон. Хэвлэл мэдээлэл бол дөрөв дэх засаглал гэдэг утгаараа биеэ даасан байх ёстойг ярьж байгаа юм. Д.Трампын хамгийн гол санаа нь бизнес, улс төр хоёр хэтэрхий сүлэлдэж болохгүй, бизнес бол бизнесээрээ, улс төр нь улс төрөөрөө байх ёстой гэдэг. Үүнд нэг сонирхол татаж байгаа зүйл нь хэдэн ч удаа сонгогдож болдог АНУ-ын Конгрессын гишүүнд тодорхой хязгаар тавихаа хэлсэн. Мөн төрийн албанд хүнд суртал байна, хэт нүсэр байна гэж үзээд тоог нь цөөрүүлэхээ амлаад байгаа. Гэхдээ шууд цомхотгол явуулахгүй. Харин тэтгэвэрт гарч байгаа төрийн албан хаагчдын оронд шинээр хүн авахгүй байдлаар төрийн албан хаагчдын тоог цөөрүүлнэ гэдгийг заасан. Гэхдээ энэ бодлого батлан хамгаалах, аюулгүй байдал, эрүүл мэнд гээд нийгмийн үйлчилгээний чухал салбаруудад хамаарахгүй юм билээ. Авлигын ёс зүйтэй холбоотой асуудалд Конгрессын болон Америкийн засаг захиргааны өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс төрийн албанаас буусныхаа дараа таван жилийн дотор лобби хийж болох албан тушаалд томилогдох явдлыг хална гэсэн. Дээрээс нь АНУ-ын сонгуульд гадаад орны улс төрчид мөнгө цуглуулж, хандивлахыг хориглоно. Саяын сонгуульд Хиллари Клинтонд ийм явдал тохиолдож байсан. Кувейт, Ойрхи Дорнодын сангууд түүний сонгуулийн зардалд мөнгө хандивласан гэдэг асуудал гарсан шүү дээ. Тиймээс энэ байдлыг болиулна гэсэн. Төрийн албатай холбоотой хэд хэдэн ийм багц бодлогыг хэрэгжүүлнэ.

-Тэгвэл АНУ-ын эдийн засаг ямар болох вэ?

-Уул уурхайн зарим олборлолтыг нэмэгдүүлэх, шинээр зам гүүр байгуулах, зарим ажлын шинэ байр бий болгох зэрэг томоохон ажлуудыг дотоод эдийн засагтаа хийнэ. Ингэснээр Америкийн эдийн засаг сэргэнэ гэж үзсэн. Д.Трамп юуны өмнө татварыг бууруулахаа амласан. Өсөн нэмэгдэх татварын шатлалыг гаргасан байна лээ. Үүн дээр хүн амын орлогын албан татварын жилийн орлого хамгийн дээд талын түвшин 39 мянган ам.доллар байсныг 33 мянган ам.доллар болгож бууруулсан. Хүн амын орлогын албан татварын хувьд жилдээ 29 мянган ам.доллараас доош орлоготой бол татвараас бүрэн чөлөөлөх юм билээ. Жилийн орлого нь 29-59 мянган ам.доллар бол 12 хувь, 59-154 мянган ам.доллар бол 25 хувь, 154 мянган ам.доллараас дээш орлоготой бол 33 хувийн татвар төлнө. Орлого багатай хүмүүсийг дэмжих замаар ийм шатлал явуулж байна. Ер нь бол АНУ-ын эдийн засаг 2008-2009 оны хямралын дараа нэлээд суларсан. Б.Обамагийн үед гадаад өр ихэсч, төсвийн алдагдал нэмэгдсэн. Үндэсний орлого 2016 оны эхний хагаст 2,4 хувь байсан. Гэтэл ХХ зууны сүүлийн 30 жилд үндэсний орлого жил болгон 6,3 хувьтай байж. 2008-2010 оны хямралын жилүүдэд бүр ч сөрөг үзүүлэлттэй байсан юм билээ. Тэгэхээр Америкийн эдийн засаг 2000 он гарснаас хойш уналтын байдалтай байгаа. Тиймээс Д.Трамп Америкийг дахин аугаа болгоё гэдэг зорилт дэвшүүлсэн.

-Д.Трамп нийгэм, эрүүл мэнд, боловсролын салбарт шинэлэг өөрчлөлт хийх үү?

-Б.Обамагийн үед хэрэгжиж эхэлсэн эрүүл мэндийн даатгалын хөтөлбөрийг байхгүй болгоно гэдгээ Д.Трамп хэлсэн. АНУ-д 1965 оноос хойш “Эмнэлгийн туслалцаа үзүүлэх хөтөлбөр” хэрэгжиж ирсэн. Энэ хөтөлбөрөөр Холбооны мужууд харьяаныхаа өндөр настай, эмзэг бүлгийнхэндээ ямар халамж үзүүлэхээ өөрсдөө шийддэг. Үүнийг бол Д.Трамп өөрчлөхгүй юм билээ. Харин эмийн үнийг хөөрөгдүүлдэг компаниудтай нэлээд хатуу тэмцэх бололтой. Эрүүл мэндийн салбар нь эмийн компаниудаас эмийг нь худалдаж аваад даатгалын журмаар иргэдэд олгодог юм байна. Тиймээс Д.Трамп эмийн компаниудын үнэ бүрдүүлэх үйл явцыг ил тод болгоно.

Тэрбээр боловсролын салбарт тун сонирхолтой бодлого хэрэгжүүлнэ. Орлого багатай хүмүүс хүүхдүүдээ ямар сургуульд суралцуулахыг хүсч байна, тэрийг нь дэмжинэ гэж байгаа. Үүний тулд холбооны 20 тэрбум ам.долларын грант хандив бий болгоно гэдгээ амласан. Ядуу боломжгүй айлын ухаантай хүүхдүүдийг дээд сургуульд суралцах боломжийг нээх гэж байна. Мөн Америкийн дээд сургуулиуд бизнес хийж байгааг таслан зогсоохоо мэдэгдсэн.

-Энэ сарын 20-нд Д.Трамп тангаргаа өргөж засаг захиргаагаа байгуулна. Судлаач хүний хувьд та Д.Трампын томилгоог хэрхэн ажиглаж байна вэ?

-Саяын сонгуулиар БНН парламентад олонхи болчихлоо. Тиймээс хоёр танхимдаа тус нам олонхи учраас Засаг захиргаагаа шууд бүрдүүлээд явна. АНУ Ерөнхийлөгчийн засаглалтай болохоор Төрийн тэргүүн Ерөнхий сайдынхаа үүргийг давхар биелүүлдэг. Ерөнхийлөгчийн мэдлийн сайдууд, Төрийн нарийн бичгийн дарга нараа нэр дэвшүүлсэн байгаа. Тэднийг Конгрессоор батална. Төрийн нарийн бичгийн даргад нэр нь явж байгаа нөхөр бол нефтийн том компанийн захирал. ОХУ-тай нефтийн асуудлаар нэлээд гэрээ хэлэлцээр хийж байсан хүн л дээ. Оросуудтай гэрээ хэлэлцээр хийж чаддаг хүнийг Төрийн нарийн бичгийн даргаар томилно гэдэг бол нөгөө талаар оросуудтай хэл амаа ололцоход боломжтой гэдэг байдлаар тавьсан байх. Д.Трампын томилгооноос харахад дандаа төрийн ажилд туршлагатай хүмүүсийг сонгосон байна лээ.

-Бизнесээ хүүдээ өвлүүлсэн гэл үү?

-Д.Трамп анхны хэвлэлийн бага хурлаа өнгөрсөн долооо хоногт хийсэн. Гурван хүүхэдтэйгээ хамт ирсэн байсан. Энэ үеэр өөрийнх нь компани тэр чигтээ хоёр хүүд нь шилжиж байгааг дуулгаад “Би компаниа удирдах ажилд огт оролцохгүй, хүүхдүүд нь зөвлөгөө ч авахгүй” гэж хариуцлагатайгаар мэдэгдсэн. Энэ хэвлэлийн хурлаар маш олон зүйл ярихаар төлөвлөсөн байсан ч сэтгүүлчид АН-ын сонгуулийн штабыг оросууд хакердсан тухай асуусан юм билээ. Ер нь мань эр хакер ажиллагаа хийгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ Америкийн тагнуулын газрыг Оросоос муу ажиллаж байна гэдэг байдлаар шүүмжилсэн.

-Ингэхэд америкчууд Тэргүүн хатагтайдаа хэр сэтгэл хангалуун байгаа вэ?

-Америкт төрөөгүй гэдэг утгаар нь ард түмэн сайнгүй хандлагатай байгаа бололтой. Ер нь Д.Трамп америк хүнтэй гэрлэж байгаагүй. Том гурван хүүхдийнх нь эхнэр чех гаралтай байсан. Дараагийн эхнэр нь бас л гадаадын иргэн. Харин одоогийн эхнэр нь словен гаралтай юм билээ. Тэрбээр Европт төрсөн АНУ-ын анхны Тэргүүн хатагтай гэдгээрээ түүхэнд бичигдэж байна.


Categories
мэдээ цаг-үе

Гэмт хэргийн үүр уурхай болсон эзэнгүй Улаанбаатарын шөнө

Сонгинохайрхан дүүрэг Баянхошууны эцсийн автобусны буудал.

23:15 цаг Сонгинорхайрхан дүүргийн Зүүн салааны автобусны эцсийн буудлаас чанх хойшоо шороон замаар орж, хэд хэдэн гудамжаар өгсөж уруудав. Тэгсэн машины гэрэлд хоёр хүн гүйж яваа харагдлаа. Нэг нь нэлээд овортой зүйл барьчихсан явна. Харин нөгөөх нь хувцас бололтой зүйлс хааш яйш тэвэрчихсэн гүйж явлаа. Тэр хоёр нөхрийг гүйцэж очоод машиныхаа цонхыг онгойлгон “Газар асуух гэсэн юм” гэж хэлтэл пар хийтэл гүйлдээд алга болов. Хар хувцастай 40 эргэм насны залуу тэвэрч явсан хувцсаа тэр хавиар цувуулаад л хамаг эрчээрээ зугтаачихдаг юм байна. Том овортой эд зүйлс барьсан нөхөр мөн л биднээс зугтаагаад хэрэндээ л хурдан гүйж гарлаа. Машины гэрэлд харахад нэлээд том инчийн зурагт тэвэрчихсан яваа харагдсан. Ногоон хаалгатай айлын хашаа руу ороод нөгөө хоёр нөхөр ор сураггүй алга болчихлоо. Сандарч тэвдэн, үгийн солиогүй гүйсээр одсоноос харвал тэд айлаас хулгай хийгээд явж байхад нь ийн таарсан бололтой. Бидний шөнийн сурвалжлага эндээс эхэлсэн юм. Нийслэл хот шөнөдөө эзэнгүйдэж, сүүлийн гурван жил гэмт хэргийн гаралт ихэссэн. Хаа сайгүй архидан согтуурч, гэр бүлийн хүчирхийлэл, хулгай, дээрэм гарч байгаа. Энэ талаар нийслэл хотын гудамжаар явж шөнийн сурвалжлага бэлтгэсэн юм. Нийслэл хотын захын гэр хороолол, зуслангийн байруудад сүүлийн жилүүдэд хулгай ихээр гарах болсон. Нэг шөнийн дотор зуслангийн хэдэн эгнээ байшинг тэр чигт нь ухаад бүх эд зүйлсийг нь ачаад явсан хэрэг байсхийгээд л бүртгэгдэж байгаа гэдгийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газраас онцолж байна лээ.

Гэр хорооллын харанхуй гудамж анир чимээгүй, хаа нэгтээ нохой хуцах нь сонсогдох аж. Гудамжаар ганцаараа, хоёулаа явж байгаа, гуйвж дайван алхах, дэлгүүрээс архи барьчихаад хар хурдаараа гүйж яваа бага насны хүүхэд тааралдана.

СОГТУУЧУУДААР ДҮҮРСЭН БАЯНХОШУУНЫ ЭЦЭС

Зүүн салааны гэр хорооллын гудамжаар хэсэг явж байгаад Баянхошууны автобусны буудлын эцэс орлоо. Тэр хавьд архидалт хавтгайрчээ. “Өрнөл”, “Бадмаараг” гэх мэт олон баар үйл ажиллагаа явуулж байна. Баарны үүдэнд хөлчүү залуус тамхи татаад зогсож байх юм. Мөн хажууханд нь бөөн зодоон болж байлаа. Хоёр согтуу эр өвлийн хүйтэнд гадуур хувцсаа тайлчихсан, майктай зодолдож байв. Нэгнийхээ дээр гараад суучихсан, нүүр нүдгүй балбаж байна. Хажууд нь байгаа залуус “Наадхаа алаад өг. Муу … гүйцээчих. Ийм арчаагүй… байсан юм уу” гээд л баахан хараал хэлж, хашгирах ажээ. Харин зодуулж байгаа залуутай хамт яваа бололтой эр “Та нар хүн аллаа шүү дээ. Одоо зодохоо больчих. Би найзыгаа аваад явна. Наадах чинь үхлээ шүү дээ” гээд л гуйгаад байх. Түүний үгийг тоож байгаа шинж ер алга.

Газар унагачихаад л дэвслээд байлаа. Зодуулж байгаа залуу өөдөөс нь эсэргүүцэх нь битгий хэл хөдөлж ч чадахгүй байв. Тэнд зодоон болж байхад уусан архи, пивондоо согтсон хэдэн охин хажууханд нь тамхи татаад чанга чанга инээлдэж байв. Тэр эмэгтэйчүүдэд хажууханд нь хэн нэгэн үхтлээ зодуулж байгаа нь огт асуудал биш бололтой. Хэн нь ч “Болиоч” гэх нь байтугай зодоон хийж байгаа хоёр руу тоож ч харсан шинжгүй.

Тэнд нэгнийгээ хэвтэрт ортол нь зодох, согтуу хөлчүү хүмүүс гудамжаар орилж хашгирч, эзэнгүй хээр талд хэдэн зэрлэг хүмүүс байгаа юм шиг л авирлаж байгааг зогсоох, хууль сахиулах, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах цагдаа нар байсангүй. Баарны хамгаалагчаас “Энэ хороонд цагдаа нар байдаг биз дээ. Эргүүлийн цагдаа ирдэг юм уу. Танайхаар үйлчлүүлсэн хүмүүс зодолдоод байгаа юм биш үү” гэж асуулаа. Тэгсэн өөдөөс “Хаа нэг ирдэг юм. Бид дуудлага өгөх юм бол ирнэ шүү дээ. Бааранд зодолдоод байгаа хүмүүсийг хөөгөөд гаргачихдаг юм. Тэд гудамжиндаа зодолдож байвал бидэнд хамаагүй” хэмээн хариулж байна лээ. Баянхошууны автобусны буудлын эцсийн баар, караоке согтуу хөлчүү хүмүүсээр дүүрчээ. Баянхошууны эцсээс бид Дэнжийн мянга руу явахаар хөдөлсөн юм. Даландавхарын оршуулга дундуур ороод явлаа. Хэдэн жилийн өмнө энд засмал зам тавьсан. Машины хөл хөдөлгөөн ерөөсөө алга. Замын хоёр талаар хааяа хоёр, гурван хүн явж байгаа харагдана. Тэгсэн оршуулгын газраас хоёр хүүхэд дагуулсан эрэгтэй банз тэвэрчихсэн гараад ирдэг юм байна. Бид ч зогсож “Хаанаас банз авсан юм бэ. Танай гэр ойрхон уу” хэмээн яриа өдлөө. 50 гаруй настай тэрбээр “Чи манай гэрээр яах гэж байгаа юм. Энэ хэдийг дулаан хонуулах гээд түлээ олоод л явж байна шүү дээ” гээд уурлангуй хариулав. “Хүүхэд дагуулчихаад оршуулгын газраар явж болж байгаа юм уу. Наад хоёр чинь айж байгаа байлгүй дээ” гээд асуучихлаа. Мань хүн “За үхсэн хүнээс айдаг эр хүн гэж хаа байсан юм. Манай хоёр өдөр эндээс мод зөөж галаа түлчихдэг юм. Энд цөмөрсөн шарил олон байгаа. Хаагуур яаж явахаа мэднэ ээ, бид гурав” гээд инээв. Өөрөө хоёрхон ширхэг банз барьсан мөртлөө дагуулж яваа хоёр хүүхдэдээ дөрөв дөрвөн банз тэврүүлчихсэн байх. Тэгснээ “Хурдан яваач, юу гээд зогсоод байгаа юм, хар хүйтэнд” хэмээн загнасаар цаашлав. Нөгөө хоёр ч банзаа дааж ядсан амьтад түргэн алхалсаар харанхуй гудамж руу ороод бараа нь тасарлаа.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд цахилгаанаас болж айлын байшин шатав

ЦАХИЛГААНЫ УТАСНААС БОЛЖ БАЙШИН НЬ ШАТАВ

“Хүчит шонхор” захын тэр хавиар мөн л согтуу хүн олон байлаа. Бүр замын хажууд тасраад унтчихсан хүн ч тааралдав. Зурагчинтайгаа хамжаад тасарсан эрийг сэрээх гэж оролдлоо. Сэрэх шинж огт алга. Өмдөндөө морь харчихсан бололтой. Хэсэг удвал осгож амь насаа алдах нь тодорхой байлаа. Ингээд 102 дугаарын утас руу залгаж дуудлага өглөө. Тэгсэн өөдөөс “Та 103 дугаар руу залга. Эмнэлэг наад хүнийг чинь хариуцна. Түргэн дууд” гэв. Ингээд Нийслэлийн шуурхай удирдлагын төв рүү залгалаа. Түгжрэл байхгүй, дуудлага бага байсан бололтой арав гаруй минутын дараа түргэний эмч хүрээд ирлээ. “Муусайн архичдыг нь цагдаагийн мэдэлд өгөөд амрах юмсан. Бид ингээд зөөх, эмнэлэг дээр очоод өмхий үнэртүүлээд, агсан согтуу тавиад орилж хашгираад байдаг юм” гэсээр өнөөхийг ачиж аваад Чингэлтэй дүүргийн эмнэлэг рүү яваад өглөө. Дэнжийн мянгын гэр хорооллын тэндээс Хайлаастын эцэс рүү явах санаатай өгсөв. Тэгсэн 17 дугаар сургуулийн баруун талын дэнж дээр айлын гэр шатаж байгаа бололтой улаан гал цоролзож харагдав. Бид ч огцом өөдөө гардаг, нэлээн бартаатай замтай гудамжаар өгссөөр шатаж байгаа айлын гадаа арай гэж очлоо. Нийслэлийн онцгой байдлын гал унтраах аравдугаар ангийн гал сөнөөгчид хэдийнэ ирчихжээ. Даралттай усаар шүршиж галыг унтрааж байлаа. Бага насны дөрвөн хүүхэд, аав, ээжтэйгээ гарч ирээд зогсчихжээ. Гэртээ унтах гээд байж байтал гэнэт салхи шуураад байгаа юм шиг дуу чимээ гарсан гэнэ. Тэгснээ гэнэт гэр рүү нь бөөн хар утаа ороод ирсэн байна. Үүдний амбаараас нь гал гарсан байж. Гэрийн эздийн хэлж байгаагаар цахилгааны утаснаас гал гарсан байж магадгүй хэмээн таамаглаж байв. 7х8 харьцаатай байшин юу ч үгүй болтлоо шатсан байв. Гал сөнөөгчид дуудлага өгснөөс хэдхэн минутын дараа ирсэн гэх. Гэхдээ байшингийн дотор хөөсөнцөр, шилэн хөвөнгөөр хийсэн учир гал амархан тархжээ. Арав гаруй минутын дотор байшин бүхэлдээ гал тархаж шатсан байна. Гэрийн эзэгтэй “Одоо гэр орон байхгүй яаж амьдрах юм бэ. Одоо яана аа” гээд л уйлаад байсан. Гэрээсээ эд зүйл юу ч авч чадаагүй байна лээ. Бүгд л хөхөө өвлийн хүйтэнд өмссөн хувцастайгаа дэрийтэл зогсож байсан. Гал гарч айл шатаж байхад ойр хавийн айлуудаас хувин ус бариад нэг ч хүн гарч ирээгүй. Хамар хашааны айл нь гэрийнхээ тэр хавиар цахилгааны утас гэх мэт хурдан шатаж магадгүй зүйлсээ харж хямгадан, машинаа хашаанаасаа гаргачихсан зогсож байв. Сүүлийн үед гэр хорооллын айл өрхүүдийн гэр, байшин шатах болсон. Яндангаас үсэрсэн цог, цахилгааны утасны гэмтэл, халуун тогоо зэргээс болж гал гарч, иргэд гэр оронгүй болж байгаа билээ.


Дэнжийн мянгын замын хажууд согтуу хүн унтаж байлаа

“ХОЁР ХҮҮХДЭЭ ДЭЛГҮҮРЭЭС АРХИ ЗЭЭЛЖ ИР ГЭЖ ЯВУУЛЖЭЭ”

Долоон буудлын эцэс анир чимээгүй, Чингэлтэйн ам ч хөл хөдөлгөөнгүй нам жим байлаа. Харин Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дамба, Дарь-Эхийн тэр хавьд ёстой л шоу цэнгээн ид өрнөж байв. “Баарны үүдээр нь такси эрийтэл зогсоод хаашаа явах уу, хүргээд өгнө шүү” гээд тэр хавиар явсан хүн бүрээс асуух юм. Тэгсэн 7-8 настай болов уу гэмээр нэгэн хүү цэцэрлэгт явдаг бололтой дүүгээ дагуулчихсан зам хөндлөн гарах гээд зогсож байлаа. Хэд хэдэн машин өнгөрөөгөөд дүүгээ хөтөлсөөр зам хөндлөн гараад гүйлээ. Хоёр хүүхэд шууд нэг дэлгүүр рүү яваад орсон юм. Бид ч араас нь орцгоолоо. Тэгсэн дэлгүүрийн худалдагч эмээд хандаад “Эгч ээ ээж, аав хоёр танаас архи аваад ир гэнэ. Маргааш өглөө мөнгийг нь өгнө. Цалин нь маргааш өглөө эрт бууна гэнэ” гээд архи зээлээр авах гээд зогсож байлаа. Худалдагч “Тэр хоёр уух мөрөөрөө уухгүй. Та хоёрыг тэр холоос гүйлгээд байхдаа яадаг юм. Гэрт байгаа хүмүүс чинь агсам тавихаар хүн байна уу” гэж лавлаж асууж байна. Тэгсэн бага нь “Бороо ах л авгайгаа ална гээд байсан. Аав, ээж хоёр хэрэлдээгүй байгаа” гэж хариулж байлаа. Хоёр шил архи торонд хийлгүүлж бариад гарцгаалаа. Хоёр хүүхдийг хүргэж өгөх санаатай “Ах нь гэрт нь хүргээд өгөх үү” гэсэн чинь танихгүй хүнээс айж байгаа бололтой. Өөдөөс харж байгаад гүйгээд явчихлаа. Дарь-Эхийн автобусны дунд буудлын онц ноцтой хэрэг гардаг гүн жалганы урд талаар гүйсээр яваад өгсөн.

Шар хадны эцэс. 2017.01.11

Баянзүрх дүүргийн Шархадны эцэст залуус бөөгнөрч, арын гудамжинд нь хоорондоо зодолдож байгаа дуу гарах. Бас л эргүүлийн цагдаа алга байв. Шар хадны эмнэлгийн хойд дэнжийн гудамжаар ороод явж байтал хөл нүцгэн эмэгтэй согтуу яваатай таарав. Хар дотуур өмд, цагаан богино цамцтай эмэгтэй гуйвж дайвсаар явж байгаад ногоон өнгийн хаалгатай айл руу шууд яваад орсон юм. Өвлийн хүйтэнд хөл нүцгэн явж байгаагаа мэдэж байгаа юм огт алга байна лээ. Шөнийн цэнгээний газрын үүдэнд энд тэндгүй “Хямдхан архи авах уу. Дэлгүүр хаачихсан байгаа” гэх хүнтэй тааралдах аж. Мөн биеэ үнэлэгчид ч зам дагаад зогсож байв. Нийслэл хотын гэр хорооллын нэгэн шөнийн амьдрал иймэрхүү өрнөдөг ажээ. Гэрэлтүүлэг байхгүй тас харанхуй гудамжинд согтуу хөлчүү хүмүүс л байх. Хэдэн жилийн өмнөөс хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нарыг татан буулгаж, дүүргийн цагдаагийн хэлтэс болгонд эргүүлийн цагдааг хариуцуулж өгсөн. Гэвч цагдаа нар хариуцсан газартаа шөнө эргүүл хийхгүй байгаагаас Улаанбаатар хот эзэнгүй болж, гэмт хэргийн үүр уурхай болжээ.

Төрийн цагдаа нь эзэнгүй хотын гудамж, талбайд хулгайч, дээрэмчид шөнийн “ажилдаа” гарцгааж, айл ухаж, аль нэг гудамжинд ганцаараа яваа хүнийг дээрэмдэж, архи уусан хүмүүс орилолдон хашгирч байна лээ. Ёстой л хууль журамгүй, архидалт, хүчирхийлэл, зодооны үүр уурхай болсон газар мэт байна. Хаа нэгэн газарт хүн амины онц ноцтой хэрэг гарч байгааг таслан зогсоох газар ч байхгүй байна. Биднийг сурвалжлага хийсэн тэр шөнө гэмт хэргийн шинжтэй 310 гаруй дуудлага Шуурхай удирдлагын төвд ирснээс архидан согтуурч танхайрсан, бусдын бие махбодид гэмтэл учруулсан 156 хэрэг, хулгайн 83, дээрмийн 30 гаруй хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс гадна хүн амины дөрвөн хэрэг гарсан байна лээ.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн: “Суурь” гэдэг компаниас болж хавдартай олон хүний амь нас дээсэн дөрөөн дээр байна

“Элэгний” Ж.Чинбүрэн эмч Хавдар судлалын үндэсний төвийн захирал /ХСҮТ/-аар очоод удаагүй байна. Монгол дахь элэгний оношилгоо, эмчилгээ, хагалгааны хамгийн эрэлттэй эмч түүнийг “Хавдар”-ын даргаар очиход зарим хүн “Эмчээ хийж байхгүй” хэмээн харамласан, харамссан аястай байсан. Том даргын ажил хийгээд явчихна гэж бодсон байх. Гэвч тэрээр тэгсэнгүй, эмчээ ч, захирлаа ч зэрэгцүүлэн хийсээр явна. Түүнийг өглөө эрт ажил дээр нь хүлээж байтал “Ажил цуглахаас өмнө амжуулаад 8:00 цагт Эх нялхас дээр 30 хоногтой нярайд элэг тайрах хагалгаа хийчихээд ирлээ. Манай залуус мундаг болжээ, дажгүй сайн боллоо” гэсээр орж ирсэн юм. Ж.Чинбүрэн эмч энэ албан тушаалд очоод Монголд цунами болоод байгаа элэгний хавдрын эсрэг илүү өргөн цар хүрээнд тэмцэж эхэлсэн нь мэдрэгдэж байгаа юм. Энэ талаар бид нэлээн сайн хөөрөлдсөнийг та бүхэн доорх ярилцлагаас уншина уу.


-Та сүүлийн үед хавдрын өвчлөлийг эрт үед нь илрүүлэх тухай их ярьдаг боллоо?

-Хавдрыг эрт үед нь яаж илрүүлэх вэ гэдэг хамгийн чухал асуудал болоод байна. Өнөөдөр хичнээн мундаг хагалгаа хийлээ гээд хожуу үедээ ирчихсэн хүний хавдрыг төгс эмчлэхэд хэцүү байна. Тийм болохоор хавдрыг эрт үед нь илрүүлэх, оношлуулах ажлыг үндэсний хэмжээний ажил болгомоор байна. Нэг хором ч алдмааргүй байна.

-Манайхны хэнэггүй байдал хэвээрээ л байна уу, нийгмийн сэтгэл зүйн хандлага өөрчлөгдсөн үү?

-Иргэдийн эрүүл мэнддээ анхаарах хандлага сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц өөрчлөгдсөн. Энэ нь их сайн. Хүн урт наслах тусам хавдраар өвчлөх магадлал ихэсч байдаг. Хорт хавдрын өвчнөөр хоёр эрэгтэй хүний нэг нь, гурван эмэгтэй хүний нэг нь амьдралынхаа туршид өвдөх магадлалтай байна. Иймд хорт хавдраар өвдөөд эдгэрсэн хүний тоог нэмэгдүүлэх нь чухал. ХСҮТ гэж энэ байгууллагын ажлын гол үр дүнг өвчтөнүүдийн хэдэн хувь нь эмчлүүлээд таваас дээш жил амьдарч байна гэсэн тоон үзүүлэлтээс л харна. Тэгэхээр энэ зорилгод хүрэхийн тулд цогц, системтэй ажил зохион байгуулах ёстой. Нэгдүгээрт, эмнэлгийн тусламж үйлчилгээ. Өөрөөр хэлбэл, энэ эмнэлэгт хандаж байгаа хүмүүст хүртээмжтэй, чанартай, хүндрэл багатай үйлчилгээ үзүүлэх. Дэлхийн ямар ч улсад хагалгаа хийгээд 100 хувь эмчлээд, эдгээгээд гаргачихдаг гэсэн ойлголт байхгүй. Хагалгаа бол тодорхой хэмжээний эрсдэлийг хүлээж байдаг. 3-5 хувь нь эндэх эрсдэл байдаг. Бид тэр үзүүлэлтээс их байгаад байна уу, эсвэл дор байгаад байна уу гэдэг л чухал асуудал юм.

-Тэгэхээр хавдрын өвчлөлийн эрт илрүүлэлт маш чухал юм байна?

-Ерөөсөө л тэр. Эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмч нарын ур чадвараас үл хамаараад хичнээн сайн хагалгаа хийсэн ч дахиад үсэрхийлээд байдаг шатандаа орчихсон байвал эмч нарын хүч хөдөлмөр, эмнэлгийн зүгээс үзүүлж буй нүсэр их хүч хөдөлмөр талаар болно. Үүнийг ярихын учир нь өнөөдөр Монголд оношлогдож байгаа хүмүүсийн бараг 80 гаруй хувь нь 3, 4 дүгээр шат буюу хожуу үедээ орчихсон үедээ эмнэлэгт хандаж байгаа юм. Энэ байдал нь миний яриад байгаа үр дүн гаргах боломжийг хязгаарлаад байна. Тэгэхээр “Чинбүрэн, чи энэ ажлыг аваад энэ их хавдрын өвчлөлийг хазаарлаж зогсоо” гэж байгаа бол би “Яаж эрт илрүүлэх вэ” гэдэг асуудлыг л хамгийн түрүүнд тавина. Тавиад ч явж байна.

-Та ер нь хэдэн жил энэ хавдар гэж аймшгаас хүмүүсийг аврахын төлөө тэмцэж байна вэ?

-Үзлэг оношилгоо, хагалгаа хийсээр 20 жил хавдартай ноцолджээ. Ингэж ноцолдож яваа эмчийн хувьд хэлэхэд сайн хагалгаа хийхдээ биш, мундаг мэс заслын эмч байхдаа гол нь биш, яаж эрт илрүүлж, эрт эмчлэх вэ гэдэгтээ л хамаг утга учир оршино. Энэ нь өөрөө бүхэл бүтэн нийгмийг хамарсан асуудал болоод байна шүү дээ.

-Эрт илрүүлэлтийн сайн жишээнүүдийг яримаар байна?

-Манай улсад сайн жишээнүүд байна. Тухайлбал, Мянганы сорилтын сангийн тусламжтайгаар умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөр 2013 оноос эхэлсэн. Үүний үр дүнд энэ хавдраар өвчлөгсдийн тав болон түүнээс дээш жил амьдрагсдын тоо 40 хувь болтлоо өссөн. Эмэгтэйчүүдэд хамгийн элбэг тохиолддог өвчин. Эмэгтэйчүүд дотроо элэгний хавдар нэгд, хоёрт умайн хүзүүний хавдар ордог юм. Тэгэхээр умайн хүзүүний хорт хавдрын эдгэрэлт 40 хувь гэдэг бол том амжилт, дэвшил юм. Мөн түүнчлэн Хаан банк, МҮОНРТ хамтарсан хавдрын эсрэг аян зургаан жил хэрэгжиж 450-иад хүний хорт хавдрыг эрт оношилсон байдаг. Энэ мэт гадны болон дотоодын санхүүжилт, тусламжтайгаар дээрх үр дүнд хүрсэн. Цаашид хорт хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөрүүдийг төр засгийн нэгдсэн бодлогоор удирдах шаардлага байгааг дээрх жишээ харуулж байна. Мөн сүүлийн гурван жил төрийн болон төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд элэгний тухай мэдээллээр нийгмийг зодлоо шүү дээ. Элэгний С, Д, В вирус гэж ярьсны сайн тал нь хүмүүс В, С, Д вирус чинь аюултай юм байна гэдгийг ойлгоод эхэлсэн нь хамгийн чухал. Хүмүүсийн шинжилгээ өгөх идэвх сайн болсон. Нийгмийн анхаарлын төвд ингэж аваачихад хэвлэл мэдээллийнхэн маань онцгой үүрэг гүйцэтгэлээ. Энэ бол хавдрын эсрэг нэг шат ахисан хэрэг. Одоо төр засгийн оролцоо чухал. Тэгэхгүй бол энэ өвчин гамшгийн хэмжээнд оччихсон. Монголд тохиолдож байгаа элэгний хорт хавдрын өвчлөл дэлхийн дунджаас зургаа дахин их. Монгол дахь нийт хавдрын 40 хувийг дангаараа эзэлж байгаа. Бод доо, элэгний өвчлөлийг бид шийдчих юм бол нийт хавдрын 40 хувийг шийдлээ гэсэн үг. Ганцхан өвчний тухай ярьж байна шүү дээ.

-Нийт хавдраар өвчлөгсдийн эдгэрэлт ямар байна вэ?

-Нийт хавдрын тав болон түүнээс дээш жилд амьдарч байгаа нь 18 хувиас бага байна. Нийт хавдрын хэмжээнд аваад үзэхэд ийм байхад зөвхөн умайн хүзүүний хорт хавдрыг дангаар нь аваад үзэхэд үр дүн нь 100 хүний 40 хувь нь таваас дээш жил амьдарч эдгэрч байна гэсэн үг юм.

-Ер нь манай улсад оношилгоо ямар түвшинд байна вэ. Боломжтойнууд нь гадагшаа л явчих юм байна шүү дээ?

-Монголын эмч нартаа итгэх цаг болсон. Наад захын жишээ гэхэд В,С вирус буюу элэгний хавдар үүсгэдэг шалтгааныг Монгол Улс эмчилж чаддаг боллоо. Эмчилдэг эмийг төр болон төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор 90 хувийн хөнгөлөлттэйгөөр Монголд оруулаад ирчихлээ. С вирусийн эм Америкт 90 мянган доллар. Гурван сар буюу зургаан сарын курс эмчилгээ хийлгэхэд 90 мянган доллар төлдөг бол Монголд хамгийн анх орж ирсэн эмийн сарын эмчилгээ нь 400 доллар буюу гурван сар эмчлүүлэхэд 1200 доллар. Одоо Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “ Элэг бүтэн Монгол” гэж оруулаад, нөгөө л хэвлэл мэдээллээр зодсоны ачаар улс төрийн намууд сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт тусгаж өгсөн. Энэ юуг харуулж байна гэхээр хэвлэл мэдээлэл ямар хүчтэйг, үнэхээр дөрөв дэх засаглал гэдгийг хэлж байна. Ингээд нийгэм даяар ажил болгоод ирэхээр С вирусийн эмийг 2017 оноос эхлээд эмчилгээнд орж байгаа хүн ердөө сард 35-40 мянган төгрөг төлөөд л, нийтдээ 100 000 төгрөг хүрэхгүй мөнгө төлөөд л С вирусээ эмчлүүлээд эхэллээ гэсэн үг. Улсаас мөнгийг нь даадаг болчихсон, эмчилгээний зардлыг нь ч гэсэн. Монголд ийм сайхан боломж бүрдлээ. Тэгэхээр элэгний хавдрын шалтгааныг бид дийлдэг болчихлоо. Дийлдэг болчихоор хүмүүс эмчилгээ хийлгэх гээд эмнэлэгт хандаж үзүүлдэг болчихсон байна. Үзүүлж байгаа зарим хүмүүсийн элгэн дээр жижигхэн хавдар оношлогдож эхэлж байна. Элэг өөрөө дүлий эрхтэн, түүн дээр том хавдар үүсчихсэн байгааг мэдэхгүй явж байдаг. Гэтэл жижигхэн толбо байгаа үед нь илрүүлж чадсанаар энэ жижигхэн хавдрыг гаднаас нь тусгай жижиг төхөөрөмжөөр 120 градус хүртэл халаагаад, түлээд сорви болгочихдог юм. Үүнд ердөө 15 минут зарцуулна. Маргааш нь нөгөө хүн ажлаа хийгээд л явна. Өвдөлт зовуурь байхгүй. Эмчилгээ нь өөрөө өртөг багатай. Бид эрт үед нь илрүүлснээр олон улсын стандартын дагуу ийм өндөр түвшний эмчилгээг амжилттай хийж байгаа. Асар том дэвшил биздээ. Энэ бүх эмчилгээний технологи мэдээж цаг хормоор цааш ахиж дэвжээд явна. Бид ч дэлхийн жишгээс хоцрохгүйн тулд өдөр шөнөгүй л хичээн хөдөлмөрлөж байна.

-Энэ эмчилгээг хэзээнээс манайд хийж эхлэв?

-Энэ эмчилгээг 2009 онд анх Монголд нэвтрүүлсэн. Түлдэг эмчилгээ гэж ярья л даа, хоёулаа. Анх эхэлж байх үед эрт үеийн хавдар оношлогдохгүй, жилдээ 30-хан хүнд хийж байсан. Одоо бол жилдээ 400 гаруй хүнд хийж байна.

-Нэмэгдээд л байгаа юм байна?

-Харин тийм, 2017 онд бүр л ихсэнэ. Тэгэхээр л цаг алдалгүй “Хавдрыг эрт илрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж бага зардлаар, хурдан эмчилж, эдгэрэх магадлалын хувь хэмжээг өндөрсгөмөөр байна. Эрт илрүүлэлтийн хөтөлбөр байх юм бол оношлоод, эмчлэх технологи нь бэлээхэн байна. Одоо бол гаднаас тоног төхөөрөмж гуйх, хүн сургах гэсэн ойлголт байхгүй.

-Элэг шилжүүлэн суулгах хагалгаа манай улсад ямар түвшинд байна вэ?

-Олон жилийн явцад муу болчихсон элгийг сольж байж тэр хүн эдгэрэх боломж бүрддэг. Анагаах ухааны технологи улам эрчтэй хөгжиж байна, элэг шилжүүлэн суулгах хагалгаа технологийн хувьд улам л сайжирч байгаа. Солонгост Их сургуулийн эмнэлэг төдийгүй хоёрдугаар шатлалын эмнэлгүүд хийж байна.

-Элэг солиулах гэдгийг үлгэрийн юм шиг ойлголт өнөөдөр ч нийгэмд байгаа?

-Элэг шилжүүлэн суулгах технологийг ХСҮТ дээр 2011 оноос нэвтрүүлж ажилласаар л байна. Миний хувьд 2011 оноос эхлэн эх орондоо элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийх зайлшгүй шаардлагатай юм байна гэдгийг ойлгосон. Учир нь бид элэгний хагалгаа хийдэг, жилдээ 350-400 хүнд элэг тайрах эмчилгээ хийж байна. Энэ бол маш том тоо. Миний өөрийн туршлага, хийсэн хагалгаа гэхэд 1200 гарчихсан байна. Энэ нь боловсон хүчин манайд байна гэсэн үг. Ингээд л шаардлагатай тоног төхөөрөмжийн тусламж дэмжлэг хайх ажлыг 2011 оноос эхлүүлсэн. Энэ хугацаанд ганцаараа, байгууллагаараа яваад бүтэхгүй юм байна гэдгийг ойлгосон. Олон нийтийн оролцоог бий болгох, шийдвэр гаргах түвшний хүмүүст ойлгуулах нь чухал гэдгийг ойлгосон. Тэгээд 2015 оноос хэвлэл мэдээллийнхэндээ хандсан, найз нөхөдтэйгөө нийлээд “Элэг нэгт монголчууд” сан байгуулж элэгний хавдартай хүмүүст элэг шилжүүлэн суулгах төсөл хэрэгжүүлэхээр мөнгө төгрөг хайгаад явсан нь амжилттай болсон. Оны өмнөхөн нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тэрбум төгрөгийн зардлаар сүүлийн үеийн тоног төхөөрөмж аваад өглөө. Одоо бид боловсон хүчнээ сургаад явж байна. Өнгөрсөн тав дахь өдөр Sam¬sung корпорацийн эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зураад ирлээ. Ийм том хагалгаа хийхэд мэдээж асар туршлагатай гадны зөвлөх баг, эмч нар байх ёстой. Алдаа гаргаж болохгүй. Samsung электроникс корпорацийн зүгээс ХСҮТ-д энэ төсөлтэй холбоотойгоор санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр урьдчилсан тохироонд хүрсэн. Эхний дэмжлэг нь тэндээс ирэх эмч нарын багийн зардлыг даах юм. Олон гишүүдтэй баг ирнэ. Тэдгээрийн зардал гэхэд нэг ирэхдээ л 15000-20000 ам.долларын зардал гарах юм билээ. Монгол мөнгөөр бодоход 30-40 сая төгрөг. ЭМЯ, Солонгос улсад суугаа манай Элчин сайдын яамнаас энэхүү гэрээнд хамтарч оролцож, энэ ажлын ач холбогдлыг үнэлсэн. Цаад байгууллагуудыг энэхүү ажилд туслаач гэдэг дуу хоолойнд төрийн зүгээс хэлүүлнэ гэдэг бол хамгийн чухал байсан.

-Таны ярианаас “Хавдрыг эрт илрүүлэх үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлэх гэж байгаа юм байна гэж ойлголоо?

-Яг тийм. Одоо бол боловсон хүчин нь байна, техник тоног төхөөрөмж нь байна, эмчлэх технологи нь байна, туршлага нь байна, дэмжээд туслаад өгье гэсэн гадна, дотнын улсууд нь байна. Нийгмийн сэтгэл зүй элэгний асуудал дээр нэлээд төвлөрчихлөө. Одоо гурав дахь том зорилт эрт илрүүлэлтийн хөтөлбөрийг эхлүүлж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх л үлдлээ.

-Монголын нөхцөлд элэг шилжүүлэн суулгана гэдэг том хагалгаа байх. Олон баг хамт олны хүч хөдөлмөр, потенциал, энерги бүгд л орж байж амжилттай болно байх?

-Манай нөхцөлд элэг шилжүүлэн суулгана гэдэг нь бүхэл бүтэн эмнэлгийн ажил юм. Нэг хүн хагалгаанд ороход эмнэлэг бүх нөөцөө дайчилдаг. 50-60 хүний баг оролцож байна шүү дээ. Олон сургалт тэгж явагдаж байна. Долоо хоног болгон хуралдаж байна. Элэг шилжүүлэн суулгах хагалгааг ХСҮТ дээр нэвтрүүлснээр ХСҮТ-ийн эмчилгээ үйлчилгээний чанар нэг давхраас есдүгээр давхарт гарлаа гэсэн үг. Нэг хүн биш 60-уулаа суралцаж байгаа юм. Энэ бүхэн чинь нэг өдрийн ажил биш, асар их цаг хугацаа орсон, хүч хөдөлмөр орсон, олон хүний нөөц бололцоог ашиглаж, сургаж, өөрөөр хэлбэл хүний нөөц, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал бүгд нэг дор төвлөрсөн тийм л ажил. Нөгөө хувьсгалын тохироо нь одоо л бүрдсэн хэрэг. Нэмж хэлэхэд, Улсын нэгдүгээр эмнэлэг арвин их туршлага хуримтлуулаад байгаа. Бид дотоодын багаасаа суралцаж байна. Өнгөрсөн бүтэн сайн өдөр элэг шилжүүлэн суулгах мэс засал Улсын нэгдүгээр эмнэлэг хийхэд ХСҮТ-ийн баг хагалгааны явцтай танилцаж суралцлаа.

-Одоо тэгээд элэг шилжүүлэн суулгах ажлыг зогсоо зайгүй хийхгүй юу хүлээгээд байна вэ. Хувьсгалын тохироо бүрдчихлээ л гэнэ. Хүний нөөцөө бэлдчихлээ, шаардлагатай тоног төхөөрөмжөө оруулаад ирлээ л гэнэ…?

-ХСҮТ өргөтгөлөө барьж эхэлсэн байгаа. Түүн дотроо элэг шилжүүлэн суулгахад зориулсан хагалгааны өрөөг зураг төсөл дээр нь тусгаж өгөөд захиалсан байгаа. Австрийн хөнгөлөлттэй зээлээр барьж байна. Хоёр хүн зэрэг хагалгаанд орох зориулалтын өрөө. Үүнд эмнэлэг өөрөө хамаг сэтгэл зүрхээ зориулсан байх ёстой. Миний энэ ажлыг аваад хамгийн гол зорьж байгаа зүйл энэ. Гэтэл энэ өргөтгөлийн барилгын ажил удаашралтай байна. Одоо миний ажлын ихэнх цаг энэ өргөтгөлийн барилгыг яаралтай ашиглалтад оруулж, амь нас нь цаг минутаар хэмжигдэж буй олон зуун өвчтөнөө яаралтай хүлээн авч эмчлэхэд л зориулагдаж байна. Гэтэл ажил урагшаа ерөөсөө явахгүй байна.

-Барилгын ажил удаашрах ч гэж дээ, ерөөсөө зогсчихсон юм биш үү. Яг юунаас болоод байна вэ?

-Үндсэндээ 2011 оны долдугаар сард барилгын ажил эхэлсэн юм билээ. Төр засгаас бол их дэмжсэн байдаг. Энэ барилга олон гүйцэтгэгчтэй. Жишээлбэл, Австрийн хөнгөлөлттэй зээлээр Европын компани тоног төхөөрөмж суурилуулах, хагалгааны өрөө хийх, Монгол компани нь барилгаа барьж дуусгах гээд. Миний ажлаа аваад хийсэн нэг зүйл бол энэ олон гүйцэтгэгчдийн нэг ширээнд урьж суулгаад ярилцлаа. Юун дээр гацаад байна, юу нь болохгүй байна гэдгийг тодрууллаа. Хоорондоо уялдаагүй юм их байна. Зарим ажлыг хэн хийх нь мэдэгдэхгүй эзэнгүй ч явж байх шиг. Бид хүрээд ирсэн шугамыг ингэж залгаад ийм ажил хийнээ гээд л сууж байх жишээний. Гэтэл өнөө шугамыг нь хэн хийж тэнд аваачих нь мэдэгдэхгүй. Энэ эзэнгүй гээд байгаа ажил нь 100-гаад сая төгрөгийн ажил юм билээ. Одоо гүйцэтгэж байгаа монгол компани маань чадлынхаа хэрээр сайн ажиллаж байгаа. Үүнийг ЭМЯ маш сайн дэмжиж ирсэн. Оны өмнө дутуу санхүүжилтийг шийдэж өгсөн. Төсөв хүнд байсан ч гэсэн энэ ажлыг дуусга гэж онцгойлон анхаарч санхүүжилтийг нь шийдсэн Цогцэцэг сайдад баярлаж байгаа. Төрийн нарийн бичгийн дарга Очирбат ч их сайн дэмжсэн. Хөрөнгө оруулалтын газрын дарга хүртэл цахилгааны асуудалтай холбоотой ажлыг яаж хурдан хийх үү гээд л санаа тавиад, анхаарал тавиад ажиллаж байгаа. Энэ бол яам өөрөө захиалагч, яам өөрөө оролцож байгаа нь маш сайн байгаа юм. Бид бас чадлаараа үүнд оролцож байна. Гэхдээ л энэ асуудал чинь их урт хугацаанд тухайлбал, 2011 оноос одоог хүртэл гэдэг чинь зургаа дахь жил рүүгээ ороод явж байна. Одоо энэ өргөтгөлийн ажилд хамгийн саад болж байгаа газар бол “Суурь” гэж компани байна. Энэ компани гүйцэтгээгүй ажлынхаа мөнгө болох 450 сая төгрөгийг урьдчилж аваад алга болчихсон.

-Үүний цаана чинь олон зуун хүний амь нас байгаа шүү дээ. Тэгээд олдохгүй байгаа компани юм уу?

-Хаана ч байгаа юм бүү мэд. Сайдын аудитын зөвлөл хуралдаад “Чинбүрэн одоо та хариуцаж байгаа албан тушаалтны хувьд шүүхэд өгч шийд” гэсэн. Албан тоот явуулчихсан, надад хариуцуулаад өгчихсөн. Энэ бол дэндүү хариуцлагагүй зүйл. Жишээ нь энэхүү өргөтгөлийн гурван давхар байшинд лифт нь хийгдээгүй онгорхой байгаа. Гэтэл энэ “Суурь” гэж компани лифт хийсэн гээд мөнгийг нь аваад арилсан байх жишээтэй. Ийм юм байж болохгүй биз дээ. Гэтэл энэ байшинг ашиглалтанд оруулахын тулд УИХ хүртэл ямар их санаа тавьсан, мөнгө төгрөгийг нь нэмж батлаад л, одоо энэ барилгыг дуусга гээд мөнгийг нь шийдээд л, аль эрт 2013 онд баталж өгөөд, бүр 2016 онд ч ямарч асуудалгүй мөнгийг нь батлаад өглөө шүү дээ. Төр засгийн зүгээс шалтгаалах бүх юмаа хийсэн. Тэгтэл ийм нэг увайгүй хүмүүс, аж ахуйн нэгжүүд хэний ч лоббигоор юм орж ирээд хэдэн зуун хүний амь насаар тоглож байна. Энэ өргөтгөл ашиглалтад ороход бид хавдрын нийт ачааллынхаа 30 хувийг багасгах юм шүү дээ. Хүмүүс хагалгаагаа хүлээгээд нэг сар болдог байсан бол 14 хоногоор наад зах нь наашлах юм. Дөнгөж саяхан фэйсбүүкээр Мөнхбаясгалан сэтгүүлч постолсон байна лээ, “Дашдаваа гэдэг хүн хагалгаанд орох гэж хүлээсээр байгаад тэсэлгүй нас барлаа” гэж. Миний зүрх рүү зүүгээр шивэх л сонсогдож байгаа байхгүй юу. Энэ бол нэг жишээ шүү дээ. Үүний цаана ийм маш олон хүн байгаа юм. Гэтэл бид ичмээр байдалд ороод байгаа юм л даа. Би энэ ажлыг авдаг, энэ барилгыг хурдан ашиглалтад оруулаад энэ хагалгааг хийх гээд байдаг. Цаана нь хүмүүс Чинбүрэн ажил авсан хүн юу хийгээд суугаад байдаг юм гэж бодож байгаа. Энэ бол эвгүй сонсогдохоор байгаа биз. Үнэндээ энэ ажлыг авснаас хойш миний ажлын 80 хувь нь энэ өргөтгөлийн барилгыг яаж хурдан ашиглалтад оруулах вэ гэдэгт зориулагдаж байна. Энэ байшин ашиглалтад орсноор зөвхөн элэгний хагалгаа хийгдэх гээд байгаа юм биш. Монгол Улсад туяа эмчилгээн дээр хувьсгал гарна. Туяа гэдэг чинь радио идэвхт бодисоор хавдрыг эмчилдэг эмчилгээ юм. Энэ бол хавдрыг эмчилдэг салшгүй нэг том хэсэг нь юм. Гэтэл одоо Монголд хуучин систем буюу туяа цацруулдаг бодис кобальт хэрэглэдэг. Энэ нь асар их гаж нөлөөтэй. Гэтэл хуучны технологийг халсан огт өөр технологи орж ирэх гээд байгаа юм. Энэ бол технологийн хувьсгал. Ийм аппарат ашиглалтад оруулах гээд энэ байшинг хүлээгээд байгаад байна даа.

-Тэгэхээр ганцхан элэгний асуудал биш болж таарлаа, олон төрлийн хавдар, туяа эмчилгээ сүүлийн үеийн технологиор энэ байшинд хийгдэх юм байна?

-Бүхэл бүтэн нэг давхар нь химийн тасаг орно, хоёр давхар нь туяаны тасаг орно, бас нэг давхар нь элэгний тасаг орно. Энэ барилга ашиглалтад ороход бид ямар том үсрэлт хийнэ гэхээр нэгдүгээрт, элэгний хавдартай хүмүүст элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийнэ. Хоёрдугаарт, туяа эмчилгээн дээр технологийн өндөр түвшинд асар том хувьсгал гарна. Хажуугаар нь байгаа эрүүл эрхтэн өртөж түлэгдэж гэмтдэг байсан бол одоо зөвхөн өвчтэй эрхтнээ л шарах боломжтой болно. Бүхэл бүтэн долоон сая еврогийн үнэтэй тоног төхөөрөмж суурилагдахаар хүлээж байна. Бид үүнийг хийснээрээ хавдрын тусламж үйлчилгээний чанарт цоо шинэ эрин үеийг эхлүүлэх гээд байна. 2017 онд хийх олон том ажлууд хүлээгдэж байна. Гэтэл энэ барилгатай бүх юм холбогдоод зогсчихоод байна. “Суурь” гэж компаниас болж цаашид хэдэн хүн амь насаа алдахыг бид хэлж мэдэхгүй байна. Надад үнэхээр харамсалтай байна. Энэ компаниас болж олон хүний амь нас дээсэн дөрөөн дээр байна шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

Б.Баттөмөр: Нийгмийн даатгалын тогтолцоо эдийн засгийн алдагдлыг улам нэмэгдүүлж байна

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Та Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдэл, зарцуулалт, хадгалуулсан банк түүний хүүгийн хэмжээ болон цаашид энэ чиглэлээр хийгдэх ажлын талаар Ерөнхий сайдаас асуулга тавьсан. Яагаад ийм асуулга тавих болов?

-Би эдийн засагч мэргэжилтэй хүн. Өнөөдөр Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангахад орлогын зөв хуваарилалт чухал болж байна. Бидний зорьж буй нийгмийн нэг согог гэж хэлж болох өмчийн хуваарилалт дээр тулгуурласан баян хоосны ялгаа ихэссэн. Тэр дундаа дэлхийн улс оронд тухайн улсын баялгийн 90 орчим хувь нь нийт хүн амын 15 хувьд оногддог бол Монгол Улс дэлхийн чихийг дэлдийлгэх хэмжээнд хүрчихсэн. Манайд хүн амын тав хүрэхгүй хувь нь баялгийн 90 орчим хувийг эзэмшиж байна. Тэгэхээр орлогын тэгш бус хуваарилалтыг зохицуулах дунд болон урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх, нийгмийн халамжийн бодлогыг эргэж харах, эдийн засагт хүндрэл учруулж буй засч залруулах боломжтой зарим асуудлаа цаг үетэйгээ нийлүүлэн өөрчилж сайжруулах шаардлага тулгарч байна. Үүний томоохон үндэс нь болох Нийгмийн даатгал татварын томоохон суурь болж байгаа тул анхаарч ажиллахаас өөр аргагүй юм.

-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө иргэдийн анхаарлын төвд байдаг хэдий ч яг хэдий хэмжээний хөрөнгөтэй нь тодорхой бус. Ерөнхийдөө ямархуу орлого, зарлагатай байдаг юм бэ?

-2016 оны байдлаар нийгмийн даатгалын орлого 1.4 тэрбум орчим, зарлага нь 1.9 тэрбум төгрөг байсан байна. 500 гаруй тэрбум төгрөгийн татаас авсан гэсэн үг. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 2.2 хувьтай тэнцэж байгаа юм. 2017 онд бараг 600 орчим тэрбум төгрөгийн татаас авахаар байна. Хөгжингүй улс орнуудын жишгээс харахад нийгмийн даатгалын сан нь алдагдалтай байдаггүй, алдагдал байлаа ч сангийн менежмэнт нь зөв явагдаж, алдагдлаа нөхөж ашигтай гарсан байдаг. Эндээс харахад манай нийгмийн даатгалын тогтолцоо буруу байна. Санг удирдаж байгаа удирдлагын баг зөв менежмэнт явуулж чадаагүй. Энэ байдлаараа цааш явбал энэ алдагдал 2020, 2030 он гээд жил ирэх тутам өссөн дүн харагдаж байгаа.

-Өнөөдөр даатгалд хамрагдагчдын тоо хэд байдаг юм бэ. Төрийн болон хувийн хэвшилд ажиллаж буй хүн амын цөөнх дээр даатгалын сан тулгуурлаад байгаа юм биш үү?

-Яг тийм. Ганцхан тоо баримт дурдахад 2016 оны байдлаар нийгмийн даатгалаас давхардсан тоогоор зургаан сая орчим хүн үйлчилгээ авсан байдаг. Үүний 5.5 сая нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан гэвэл нэг хүн хоёроос доошгүй үйлчилгээ авсан гэсэн үг. Гэтэл нийт хүн амын 31 орчим хувь нь л даатгал төлдөг. Өөрөөр хэлбэл, 10 хүн тутмын гурваас нь даатгалын хураамж аваад буцаагаад 10 хүнд хуваахаар Нийгмийн даатгалын сан алдагдалтай ажиллах нь тодорхой. Энэ бол зохистой харьцаа алдагдаж байгаа хэрэг. Ажил эрхлэх насны хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн дийлэнх нь нийгмийн даатгалд хамрагдаж чадахгүй байна. Тэгэхээр хүн амын нэгдсэн бүртгэлийг сайжруулах, хүн бүрийг даатгалд хамруулах нь чухал.

-Хэрэв хөдөлмөр эрхэлж буй иргэн бүр татвар, даатгалаа төлбөл улсын төсөвт орлого нэмэгдэх үү?

-Хүн бүрийг хамруулж чадвал наанадаж улсаас татаас авахаа болино. Түүнчлэн сангийн мөнгөөр зөв менежмэнт хийж иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, хөдөө орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар ажлын байр бий болгох, үр ашгаа өгөх эргэн төлөгдөх томоохон төсөл хөтөлбөрт эргэлдүүлэх, бонд, хувьцаа худалдаж авах гэхчилэн эдийн засгаа эрчимжүүлэхэд чиглэсэн олон асуудлыг шийдэж болно. Эдийн засаг эрчимжсэнээр даатгалын сангийн бааз суурь нэмэгдэнэ. Сангийн мөнгө бага байгаа нь нэг талаараа цалин орлоготой шууд холбоотой.

Тэгэхээр цалинг нэмэхийн тулд эдийн засгийг эрчимжүүлэх бүтээмжийг нэмэгдүүлэх замаар орлогыг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой. Цалин өссөнөөр даатгал болон татварын хэмжээ нэмэгдэж сангийн чадамж сайжирна. Өнөөдөр манайд нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ 3600 орчим доллар бол Солонгост 26 мянган доллар, Япон 130 сая хүнтэй мөртлөө нэг хүнд ногдох нь 38 мянган доллар буюу манайхаас 10 дахин их байна. Манайд эдийн засгийн өсөлт хангалтгүй байгаа учраас нийгмийн даатгалын сан алдагдалтай байна. Манайхан эдийн засаг гэхээр л улс орны эдийн засаг, уул уурхай, бонд энэ тэр гээд их томоор боддог. Гэтэл иргэдийн ахуй амьдрал, нийгмийг тойрсон энгийн асуудлууд дээр эдийн засаг тулгуурлаж байдаг.

-Ер нь манай улсын иргэдийн дундаж цалин хэдэн төгрөг байдаг юм бэ?

-Өнөөдөр ажил эрхэлж байгаа иргэдийн 16 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгөөс доош цалинтай, 31 хувь нь 192-500 мянга, 38 хувь нь 500 мянгаас нэг сая хүртэл цалинтай, 15 орчим хувь нь нэг саяас дээш цалинтай байна. Цалин бага болохоор сангийн хөрөнгө бага байна гэж ойлгож болно.

-Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг харилцах болон хадгаламжийн хэлбэрээр байршуулдаг гэсэн. Хадгаламжийн хувьд хаана, ямар байдлаар хэдэн хувийн хүүтэй хадгалагддаг юм бол. Гадны банкны нэр сонсогддог юм билээ?

-Надад байгаа мэдээллээр өнөөдөр Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 885 тэрбум байгаагаас 57 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаасанд жилийн 12 хувийн хүүтэй, 577 тэрбум төгрөгийг Төрийн банк, Чингис хаан банк, Улаанбаатар хотын банк, Капитал банк, Капитрон банк, Голомт банк, Хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Худалдаа хөгжлийн банкинд жилийн есөн хувийн хүүтэйгээр хадгалуулж байсан юм байна. Саяхан Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлөөс жилийн хүүг нэмж 15 хувийн хүүтэй хадгалуулахаар зөвшилцөж тохирсон нь сайн хэрэг. Ийм боломж байсан байна.

-Жилийн хадгаламжийн хүүг Үндэсний зөвлөлөөс тогтоодог юм уу. Бас хадгаламж нээх банкийг яаж сонгодог юм бэ?

-Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл гэж есөн хүний бүрэлдэхүүнтэй удирдлага бий. Засгийн газрыг төлөөлөн НХХЯ-ны сайд, ХЗДХ-ийн сайд, Сангийн сайд, даатгуулагчийг төлөөлөн гурван гишүүн, ажил олгогчийг төлөөлсөн гурван гишүүнээс тус тус бүрддэг бөгөөд тус зөвлөлөөс тухайн жилд хадгалуулах мөнгөний хүү болоод банкуудыг сонгож байршуулдаг. Хадгаламжийн хүүний хувьд 2015 онд 11 хувийн хүүтэй хадгалуулж байгаад 2016 оны хавар есөн хувь болгож бууруулсан байсныг сая шинэ удирдлагын баг хуралдаад 15 болгосон байна. Эндээс харахад татвар төлөгч миний хувьд ч ойлгомжгүй зүйлүүд байна. Тэгэхээр энэ сангийн үйл ажиллагааг илүү тодорхой нээлттэй болгох, сангийн мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг олон нийтэд мэдээлж байх, шилэн болгох, татвар төлсөн иргэд дансаа шалгая, мэдээлэл авъя гэхэд тэр нь хялбар байх гэхчилэн нээлттэй бодлого, хяналтын системийг сайжруулах шаардлагатай.

-Нас барсан иргэдийн нэр дээр тэтгэвэр авдаг, барилга байшин засвар үйлчилгээ, техник тоног төхөөрөмж авах нэрээр маш их мөнгө зарцуулдаг гэдэг?

-Яг хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон нь Нийгмийн даатгалын гурван байцаагч бусдын нэр дээр нийт 85.7 сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмжийг хууль бусаар авсныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хохирлыг барагдуулсан гэсэн мэдээллийг албан ёсоор авсан. Энэ бол гэмт хэргийн шинжтэй тогтоогдсон зөрчил болохоос биш таны хэлдгээр Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн зэрэг асуудал байгааг үгүйсгэхгүй. Нийгмийн даатгалын тухай хуулинд тус байгууллагын үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлыг Нийгмийн даатгалын сангийн орлогоос санхүүжүүлнэ гэж заасан байдаг тул үе үеийн шийдвэр гаргагчдын хувьд хэт үрэлгэн зардлыг гаргаж ирсэн нь жилээс жилд өсөж ирсэн зардлын тайлангаас тодорхой харагдаж байна. Дээр хэлснээр Нийгмийн даатгалын санг шилэн болгох, даатгуулагчид сангийн мөнгийг хэрхэн зарцуулж байгааг харж болох тогтолцоог нэвтрүүлэх. Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд татвар төлөгчдийн төлөөллийг түлхүү оруулах шаардлагатай. Өнөөдөр сонгууль болж засаг солигдлоо, өөрийнхөө намын хүмүүсийг томилно оо л гээд байхаас биш үр дүнг харж хянадаг систем алга. Өнгөрсөн хугацаанд ажилласан тайланг нь хэлэлцэх, шүүдэг журам алга. Зүгээр л чөлөөлөөд дараагийн хүнийг нь томилдог жишиг тогтчихсон. Тэгэхээр үйл ажиллагаа, зардлыг биш үр дүнг санхүүжүүлдэг системд шилжих хэрэгтэй гэх мэт зайлшгүй өөрчлөлт, шинэчлэлийг хийх ёстой.

-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр барилга байшин барих, засах гэхчилэн хөрөнгө оруулалтын зардал их гардаг юм билээ. Энэ хэр нийцтэй вэ?

-Нийгмийн даатгалын байгууллагын хөрөнгө оруулалтыг сүүлийн найман жилээр гаргасан тайланг харж байна. Үүнд барилга байгууламж барих, барилгын урсгал болон их засвар гэх мэт зардлууд жил тутам өссөөр 1997 онтой харьцуулбал 20 дахин өссөн. Хөрөнгө оруулалт, ДНБ-ий өсөлттэй зүй ёсоор холбогдох боловч нөгөө талаараа төсөв захиран зарцуулагчдын бодлого шийдвэртэй ч бас холбоотой. Өнгөрсөн хугацаанд бүх аймаг, зарим сумд өөрийн гэсэн байр байшин зарим нь бүр амралт сувиллын газартай ч болсон байна. Энэ бол буруу. Амралт сувилал хэрэгтэй бол тийм үйлчилгээ эрхэлдэг газраас үйлчилгээ авах хэрэгтэй.

-Буруу тийшээ яваад байгаа тогтолцоог яаж зөв чигт чиглүүлэх вэ?

-Өнөөдөр дэлхий нийтээр хүмүүсийн дундаж наслалт нэмэгдэж байна. Монгол хүнийх ч мөн адил. Төрөлт нэмэгдэж дундаж насжилт уртассан нь мэдээж маш сайн үзүүлэлт. Гэхдээ үүнийг дагаад ажиллах хүчний тоо буурч, жилээс жилд олгох тэтгэвэр тэтгэмж, халамжийн хэмжээ нэмэгдэнэ. Тиймээс бид нийгмийн даатгал, түүний санд зөв менежмэнт хийхгүй бол алдагдал улам нэмэгдэнэ. Яриад суух биш хийж эхлэх цаг нь болсон байна. Тухайлбал, тэтгэвэр дээр гэхэд байнга яригддаг тэтгэврийн зөрүүний асуудлаа цэгцэлье, тэтгэвэрт гарах насыг сонголттой болгоё. Нэрийн дансны тогтолцоогоо хэрэгжүүлье. Өнөөдрийн нийгмийн даатгалын тогтолцооноос харахад авч байгаа тэтгэвэр төлсөн тэтгэврийн зөрүү 1-4 дахин алдагдалтай байна. Өгч байгаа татвар, авах тэтгэврийн хэмжээ, насны зохистой харьцаа алдагдсан. Энэ бол тэтгэврийн тогтолцоо буруу явж байгаагийн жишээ юм. Хүн амын олонхийг бүрдүүлж байгаа залуучуудаа ажилтай, орлоготой болгож тэр хэрээр даатгалд хамруулах нөхцөлийг бий болгох шаардлагатай. Нийгмийн даатгалын татвар, хураамжийг татварын байгууллагаар дамжуулан авч, хяналт шалгалтыг нь давхар хийх замаар зардлыг бууруулах боломж байна. Өнөөдөр Нийгмийн даатгалын үйл ажиллагаанд жилд 19-20 тэрбум зардаг. Хэдийгээр 100 төгрөг олоод нэг төгрөг зардаг гэж байгаа ч үрэлгэн төсөв их байсан байна. Цаашид зардлыг танаж, бүтцээ цомхон болгох шаардлага бас байна гэж харж байна. Энэ мэтчилэн эдийн засгийг эрүүлжүүлэх, эрчимжүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулахад энэ салбарт анхаарч ажиллана.


Categories
мэдээ цаг-үе

Хорлоогийн БАЯНМӨНХ: Мөөеө бид хоёр чинь хамгаалдаг мэхтэй бөхчүүд

Монгол Улсын дархан аварга, доктор Хорлоогийн Баянмөнх “Монгол бөхийн барилдааны ов, мэхийн чуулган судар” хэмээх гурван ботийг бүтээн туурвиж монгол түмнийхээ алган дээр тавьж байна. Монгол бөхийн мэхний их судрыг бүтээсэн эрхэмтэй хөөрөлдлөө.


-Та монгол бөхийн мэхийн талаар мундаг судар бүтээж. Энэ гурван ботид чухам хэдэн мэхийн хувилбар багтав?

-“Монгол бөхийн барилдааны ов, мэхийн чуулган судар” хэмээх энэ гурван ботийг бүтээхийн тулд би амьдралынхаа дөч гаруй жилийг зориуллаа. 1971 онд Улсын багшийн дээд сургууль төгсөхдөө л энэ сэдвийг сонгож авсан юм. Энэ хугацаанд бас боловсролын докторын зэрэг хамгааллаа. Ингэж судалсаар монгол бөхийн 725 мэх байдаг юм байна гэдгийг тогтоолоо. Найман анги болгон, бүх шаардлагатай зургийг авахуулж гүйцээлээ. Энэ гурван ботид монгол бөхийн бүх мэх багтсан. Монгол бөхийн мэхийн тухай мянга шахам жилийн судалгаа байна. Арван гуравдугаар зууны Бэлгүтэй, Бүри бөх хоёрын зургийг “Монголын нууц товчоон”-оос эш татаж бүтээлгэн, гурван ботийн анхны дэвтрийн нүүрийг чимлээ.

-“Монголын нууц товчоон”-д “Улсын бөх Бүри бөх” гээд гардаг даа?

-“Улсын бөх Бүри” гэдэг чинь одоогоор улсын дархан аварга гэсэн үг шүү дээ. Тэр Бүри бөх ийм мэх хийдэг байсан гэснээс улбаалж түүнээс хойших бүх мэхийг багтаасан. Энэ 725 мэхээс цааш үсрээ л гурав, таван мэх л нэмэгдэхээс хэтрэхгүй.

-Таны хувьд монгол төрийнхөө наадамд арав түрүүлсэн их аварга хүн. Монгол бөхийн мэхний үлгэр дуурайл болсон хэн таны хувьд хэн байв?

-Гонжоон зааны гучин гурван сүлжээ мэх гэж домог яриа байдаг байсан. Монгол Улсын арслан Ванчинхүү маш олон сайхан угсраа мэхтэй хүн байсан гэж байгаа. Тэрний зургийг аваад, биччихсэн түүх одоогоор алга. Энэ мэхний номыг хийхэд өөрөө ямар бөхөөр ямар нэгэн амжилт гаргаагүй, үр хүүхдэдээ дэг сургууль заагаагүй хүн хийчихнэ гэхэд бас их хүнд. Тийм учраас энэ хүнд хөдөлмөрийг би л хийх ёстой гэсэн үүргийг өөртөө өгөөд хийсэн юм. Миний хүндэлж хайрладаг бөхчүүдээс Бээжин аварга олон сайхан мэхтэй хүн байлаа. Дархан аварга Агваансамдангийн Сүхбат олон сайхан мэхтэйг Монголын ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэднэ.

-Танай хүргэн хүн дээ?

-Сүхбат чинь миний шавь байхгүй юу. Монгол бөхийн манлай мэх гэдгийг наад хүн чинь үүсгэсэн юм. Ерэн дөрвөн оны Ардын хувьсгалын ойн долоогийн даваанд Пунцагийн Сүхбат, Гантогтох хоёрын барилдсан барилдааны мэх бас л сайхан болсон. Энэ бол монгол бөхийн хариу мэх байсан. Арван дөрвөн вариант дамжсан мэх байлаа. Энэ мэхний зураг хөрөг харин энэ номд орсон шүү.

-Мэх бол бөхийн нэг ёсны амжилт гаргах зэвсэг. Та чухам хэдэн мэх ашигладаг байв?

-Мэх болгоныг мэдэж байх нь бөх хүний үүрэг. Тэрнээс мэх болгоныг гүйцээж хийнэ гэдэг үлгэр. Нэг мэхийг нэг хүн насандаа ч хийж сурахгүй. Тийм учраас би зүүн хөл авдаг, халз хутгадаг хоёр мэхтэй, энэ мэхэндээ долоо найман варианттай л байсан. Хүн барьцаа хамгаалж чадахгүй байвал суйлаад хаячихна, дугтраад хаячихна, тойгдоод хаячихна. Миний хувьд цэрвүү барьц, барьц гэсэн хоёр л мэхтэй хүн.

-Монгол Улсын дархан аварга Жигжидийн Мөнхбат та хоёр бол “Үнээ саалгадаггүй хоёр Мөнх” гээд домог болсон хоёр шүү дээ. Та Мөнхбат аваргын эсрэг мэх боловсруулж л байсан байж таараа даа?

-Бид хоёр өрсөлдөгч юм чинь тийм мэхний тактик байлгүй яахав. Бид хоёр хоёулаа пассивный бөхчүүд шүү дээ.

-Пассивный гэдэг чинь хамгаалдаг гэсэн үг үү?

-Хамгаалдаг хоёр бөх. Хүний мэхийг дутуу хийлгэж, үлдсэн нөхцөлд хаядаг тийм аргатай хүмүүс. Тийм учраас удаад байдаг байхгүй юу. Тэрнээс тийм их айхтар мэхийн зөрчилдөөн байхгүй шүү. Нэг аюул нь ямар ч бөх бид хоёрт дутуу мэх хийж болдоггүй юм. Хүн дутуу мэх хийлээ л бол тэрэнд нь асаа л мэхээ гүйцээж, дахиад тэр хүн мэх хийх ч аргагүй, унахаас өөр аргагүй байдалд л оруулдаг хоёр байхгүй юу. Ийм л нэг аргатай хоёр байхгүй юу, бид хоёр.

-Монгол Улсын дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ ид барилдаж байх үедээ учраагаа барьцаар баглаад байдаг байсан даа. Энэ мэхэнд орох уу?

-Тэр барьц мэхэнд орно л доо. Тэгэхдээ жаахан болхидуухан л арга л даа. Тэрнээс чинь болж хаялцах барьц гээч юм гарч ирлээ шүү дээ. Хүн хүний хаялцах арга өөр. Зарим нь унахгүй байж байгаад хаяя гэсэн тактиктай боллоо шүү дээ.

-Олон сайхан мэхтэй бөхчүүд гэвэл Ванчинхүү арслан гээд та нэр дурдлаа. Одоо үеийн залуусаас танд харж явдаг бөх байна уу?

-Байна аа байна. Улсын харцага Баасанхүү байна шүү дээ. Баасанхүү харцага юу л таарна, тэр мэхийг хийнэ. Одоо бөхчүүд мэх хийхээс аргагүй болсон, цаг хугацаанд шахагдаад. Миний энэ ном гарлаа. Ном уншсан бөхчүүд “замбараагүй” их гоё мэхүүдийг хийж эхэлнэ. Монгол бөхийн хувьд урьд өмнө ийм сурах бичиг байгаагүй, харьцуулах юм байхгүй байсан хүмүүс энэ номыг харчихсан байхад, нэг хүн нэг мэх сурчихсан байхад л баллана.

-Нээрээ л тэгэх байх даа. Ушу, кекүшенку карате гэхэд л зурагт сурах бичгүүдээр сураад явчихдаг юм чинь?

-Тийм шүү дээ. Энэ ном чинь шууд багш юм чинь. Заавал би очоод заагаад байхгүй, бүх мэхийг заагаад, сануулж зөвлөчихсөн байгаа юм чинь. Монгол бөхийн 725 мэхээс гадна чөлөөт бөхийн олимпод хэрэглэж болох 102 мэхийг бас оруулсан.

-Бөхийн төрлүүд хэд хэдэн мэхтэй байдаг юм бол. Та судалж үзэв үү?

-Тэр бүхнийг судалсан хүн цөөхөн л дөө. Сумог 82 мэхтэй гэж зарладаг. Бусад төрлүүд далан нэг, далан гурав гэж судалдаг.

-Тэгэхээр таны ном чинь бүр арав дахин илүү мэхтэй болоод явчихав аа?

-Хамгийн наад талдаа л арав дахин илүү. Манай үндэсний бөх чинь босоо барилдааан шүү дээ. Хэвтээ барилдаануудын мэхийг нэмбэл явж өгнө. 725 мэхтэй барилдаан гэдэг Гиннессийн номд л бичигдэнэ л дээ, өөр ямар ч арга байхгүй. Монголын ард түмэн гэдэг чинь ямар гайхамшигтай оюун ухаантай вэ гэдгийг энэ номууд батална.

-Өмнөд Монголын хөл нь хөлтэйгөө, гар нь гартайгаа барилддаг бөхийн мэхийг судалж оруулав уу?

-Би тэрийг судлаагүй ээ. Монгол бөхийн барилдааны өчүүхэн нэг хэсэг шүү дээ. Гар гартайгаа, хөл хөлтэйгөө гэдэг чинь хавсарч цохих, өхийлдөх гээд хэдхэн мэхэнд л эргэлдэнэ.

-Таны ном мэхнээс гадна овоор овоглогдсон байх юм?

-Ов байлгүй яах вэ. Ов мэх гэдэг чинь өөрөө хэлбэл ухаан, суу заль, овсгоо, цовоо сэргэлэн, хийморилог байдал бүгд багтана. Мэх гэдэг нь арга шүү дээ. Ов гэдэг чинь маш шинэ юмыг сэддэг гэсэн үг шүү дээ.

-Мөөеө аварга залуудаа ам мэх хийдэг байсан гэдэг. Энэ яг ямар мэхэнд орох бол?

-Ам мэх монгол бөхөд их байдаг.

-Та тийм мэх хийж байв уу?

-Би тийм мэх хийж байгаагүй ээ. Тэгэхдээ ам мэхэнд хүн итгэх номгүй юм байгаа юм шүү. Ам мэх энэ тэр гээд ярих гээд тэгэнгүүт “Чи битгий донгос” гээд далбаанаас нь дугтраад л, хонгодоод тавьдаг юм. Ярих юм бол тэр хүнтэй яриад л байна шүү дээ. Тийм учраас ярьж л болдоггүй юм. Монгол Улсын арслан Чүлтэмсүрэн гэж байсан юм. Тэр хүн их овсгоотой, сэргэлэн хүн л дээ.

Тэр хүн “Бууж өгөхгүй ч гэсэн эхэлж ам мэх хийх ёстой байдаг юм” гэдэг байсан. “Аварга аа, би давчих уу” гэчихэд хүний сэтгэл санаанд их саад хийдэг гэнэ ээ.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Цагаан сар дөхөхөөр л бэлтгэлээ базаана даа гэсэн хүмүүс олон байв

“Өдрийн сонин”-ы № 010(5577) дугаарын сурвалжлагыг хүргэж байна.

Томоохон зах, худалдааны төвүүдэд мах, гурил, ногооны үнэ ханш ямар байгааг сурвалжиллаа. Өчигдөр 15:00 цагийн үед “Барс” захаар ороход хүнсний ногоо талх, хиам өндөг зэргийг худалдаалдаг хэсгээр хүн ихтэй байлаа. Мөн иргэд ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ бөөнөөр авч яваа харагдсан. Сар шинийн баяр болоход нэг сар хагасын хугацаа үлдээд буй. Тиймээс баяр ёслолын үеэр хамгийн их хэрэглэгддэг мах, ногоо гурилын үнийг сонирхлоо. “Барс” захад монгол төмс 700-800 төгрөгийн үнэтэй, лууван 1000-1100 төгрөг, сонгино 1500-2500, манжин 1300-1500, байцаа 1500, улаан лооль 4000-4500, өргөст хэмх 4500-5000, чинжүү 4500, орос алим 5000-6500, америк алим 7000-8500 зэрэг үнэ ханштай байна. Ер нь зах, худалдааны төвүүдийн борлуулалт тааруухан байгаа гэдгийг худалдагчид хэлж байв. Тухайлбал, хүнсний ногооны захаар ороход худалдагчид “Нааш ир, эндээс ногоо аваарай, гоё шар төмс байна, хамгийн сайныг нь ялгаад өгье, 800 төгрөгийн төмсийг 700-гаар аваарай” хэмээн бие биенээсээ өрсөж зарах гэж их хичээцгээж байлаа.

Барс захын худалдагч Г.Мөнхнарангаас зарим зүйлийг тодруулахад “Худалдан авалт өмнөх жилүүдийг бодвол нэлээд буурсан. Гэхдээ шинэ оны өмнө сайн байсан. Ер нь баяр ёслол дөхөхөөр ахиухан орлого ордог. Бусад үед муухан байдаг юм. Шинэ жилээс хойш орлого тун тааруу байна. Өнөөдөр амралтын өдөр учраас харьцангуй хүн ихтэй байгаа нь энэ. Түүнээс биш, ажлын өдрүүдэд эл хульхан байдаг болсон” гэж байлаа.


Тус захаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ цуглуулж яваа гэх Хан-Уул дүүргийн иргэн Б.Цэцэгээс дараахь зүйлсийг тодрууллаа.


-Танайх хүнсээ Барс захаас авдаг уу, хэд хоноод цуглуулж байна. Хүнсний бүтээгдэхүүний үнэ ямар байна?

-Өнөөдөр угаалгын нунтаг, саван, 00-ын цаас, төмс ногоо, өндөг, талх, боов зэргээ цуглуулахаар гарч ирсэн юм. Мах, гурилаа бөөнд нь авчихдаг болохоор тэр бүр авах шаардлагагүй. Бусад өргөн хэрэглээний бараагаа амралтын өдрөөр ингэж цуглуулдаг. Долоо юм уу 14 хоногт нэг зах ордог. Бараа бүтээгдэхүүний үнэ гайгүй тогтвортой байна. Гэхдээ нарийн ногоо, жимс, жимсгэнийн үнэ харьцангуй нэмэгдээд байгаа юм уу гэж харагдлаа.

-Цагаан сар болоход нэг сар хагасын хугацаа үлдээд байна. Танайх цагаан сарын ууц, өвчүүгээ авах гэж сонирхож байна уу. Цагаан сарын хүнсэнд хичнээн төгрөг зарцуулдаг вэ?

-Одоохондоо цагаан сарын бэлтгэл хийгээгүй байна. Сар шинийн ширээн дээрээ ууц гэхээсээ илүү үхрийн өвчүү авч тавьдаг юм бил үү гэж бодож байгаа. Одоо ч арай болоогүй байна. Хоёр сар гаргаад л цагаан сарын мах, гурилаа бэлтгэнэ дээ. Манайх өнгөрсөн жил сар шинийн баярт гурван сая орчим төгрөг зарцуулсан. Хүмүүс мөнгө бариад золгодог болохоор гар хоосон гаргаж болдоггүй юм. Тэгээд заавал бэлэг өгнө. Мишээл экспод бэлэгний үзэсгэлэн худалдаа гарсан байна лээ. Бямба гаригт очиж, үнэ ханшийг нь сонирхлоо. Монгол үйлдвэрийн бараа нэлээд байсан. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэхээр арай өндөр үнэтэй байх юм. Тэмээний ноосон оймс гэхэд л 5000-8000 төгрөг, ноосон ороолт, бээлий хүртэл 20-30 мянга гэж байх жишээтэй байна гэж ярилаа.

Тус захад хонины ястай мах 5500, цул мах 6500 төгрөгийн үнэтэй байна. Адууны мах 5000-6300 төгрөгийн ханштай байлаа. Харин үхрийн мах 6300-7000 төгрөг гэж байна. Лууван 1000-1200 төгрөг, төмс 600-800 төгрөг, гурил 1100-1400, цагаан будаа 2100-2600 төгрөгийн үнэтэй байлаа.

Махны үнэ хамгийн хямд байдаг “Хүчит шонхор” захаар өчигдөр орлоо. Шинэ жилийн баяр гэж бужигнаад 10 гаруйхан хонож байгаа бөгөөд цагаан сар арай болоогүй байгаа болоод ч тэр үү, тус зах хөл, хөдөлгөөн харьцангуй багатай байна. Гэхдээ ууцны мах цөөхөн тоогоор худалдаанд гарсан байна лээ. Тухайлбал, хонины ууцны мах ихэвчлэн 120-220 мянган төгрөгийн үнэтэй байна. Том сүүлтэй, 40 орчим килограмм жинтэй тарган ууц 180 мянга гэж байна. Эндхийн наймаачдын ярьж байгаагаар иргэд аль болох цэвэрхэн бэлтгэсэн хэлбэр сайтай, том сүүлтэй ууцыг авах гэж хайдаг гэнэ.

Ууцны мах ачааны машин дээр тавьчихсан худалдаалж байгаа иргэдийн ихэнх нь хөдөө орон нутгаас ирсэн хүмүүс аж. Тухайлбал, Булган аймгаас ирсэн гэх Т.Даваасүрэн ярихдаа “Би сүүлийн таван жил хотод ирж ууц зарж байгаа юм. Ирээд хоёр хонож байна. Цагаан сар дөхүүлээд л ирж ууц зардаг. Эртхэн ирж хэдэн төгрөг болгоё гэсэн чинь худалдан авалт муу байна. Хүмүүс ууц хайж эхлээгүй байх шиг байна. Цагаан сар дөхөхөөр ууц үнэд хүрнэ, ууцны мах борлуулах гэсэн наймаачид ч олон болох байх гэж бодсон юм. Уг нь наймаачидтай давхцахгүй, эртхэн ирээд зарчихвал сайн байдаг юм. Ямар ч байсан гурав, дөрвөн өдөр зогсоно доо, би 50 ширхэг ууцтай ирсэн байгаа” гэлээ.

Тус захад хонины мах 3500-4000, ямааны мах 2500-3000, үхрийн мах 4000-4500 төгрөгийн үнэтэй байна. Адууны мах 3000-3500 төгрөгийн үнэтэй байна. Харин үхрийн өвчүүг 5800-6100 төгрөгөөр бодож өгнө гэж байв. Нэг өвчүү 15-30 кг болдог аж.

Тус захын жижиглэнгийн махны худалдагч О.Батцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.


-Мах сайн зарагдаж байна уу?

-Шинэ жилийн өмнө нэг хэсэг худалдан авалт гайгүй болсон. Одоо буцаад муу болсон. Хүмүүс хөдөөнөөс хямд үнээр мах авчихдаг болсон байх. Энэ өвөл зудтай болно гээд малчид нэлээд мал, мах зарсан сурагтай байна. Тиймээс махны үнэ их өсөхгүй, худалдан авалт ч цөөтэй байгаа. Гэхдээ цагаан сар дөхөөд ирэхээр гайгүй болох байх.

-Иргэд ямар малын мах авах сонирхолтой байна?

-Өвлийн хүйтэнд адууны мах сайн авдаг юм. Адууны мах эрүүл мэндэд сайн гээд байгаа үү дээ.

Мах гэхээсээ илүү малын дотор мах буюу дайвар бүтээгдэхүүн авдаг иргэд олон байдаг гэнэ. Элэг, бөөр, умс, хятай зэрэг малын дотор мах кг нь 1500-3500 төгрөгийн үнэтэй юм байна.

Адууны мах худалдан авч байсан иргэн Г.Мөнхөөгөөс дараахь зүйлийг тодрууллаа.


-Та сар шинийн ууцаа худалдан авсан уу?

-Цагаан сарын бэлтгэлээ хийх болоогүй байна. Хоёрдугаар сарын 10-ны үеэр тэтгэврийн зээлээ аваад л мах гурил, бэлгээ авна гэж бодож байгаа. Энэ жил махны үнэ гайгүй байна. 140 мянган төгрөгөнд боломжийн ууц авчих байх гэж бодоод байгаа.

-Жилийн жилд сар шинийн махаа “Хүчит шонхор”-оос авдаг уу?

-Бараг жилийн жилд авдаг. Энэ жил мөн л хүчит шонхороос сар шинийн махаа авна. Дараа долоо хоногоос дахиж гарч ирж махны үнэ сонирхъё гэж бодож байна. Энэ жил махны үнэ нэг их хөөрөгдөхгүй байх гэж бодож байна. Ууц, өвчүүний махны худалдаа жигдрээгүй байна, энэ сарын 20-доос хойш жигд худалдаанд гарах байх гэж худалдаачид ярьж байсан гэв.

Н.ГАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Түвдэнгийн Бор баатар маань зөвдсөн үү, буруутсан уу

Цаг үе үймж, дайн дажин болоход хүн гэдэг амьд үлдэхийг л хүсдэг. Хэцүү хүндхэн дайн дажинтай улс орны хүмүүс хэдэн мянга, хэдэн саяараа дүрвэж гэнэ гэж бид зөндөө л сонсдог болсон. Сири улс дайны өмнөх тооллогоор 22 сая гаруй хүн амтай гэж тоологдож байсан бол одоо 17.8 сая гэсэн тоон дүн гарсан байна лээ. Сирийн дайн улс төрийн хоригдлыг суллах, шинэчлэл хэрэгтэй байна гэсэн дотоодын тэмцлээр эхэлж, сүүлдээ Башар Асадыг унагах улс төр болж, энэ дотоодоосоо хальж, гадаадаас тусламж хүсч даамжирсан. Дайнаас болж олон сая хүн дүрвэсэн бөгөөд зарим нь улс дотроо нүүж, зарим нь гадаад руу дүрвэлээ. Арай гэж дүрвэж чадсан нь ойрын улс болох Иордан, Ливан, Туркийн хил дээр элсэн цөлд дүрвэгсдийн хуаран гэх майханд өдөр хоногийг өнгөрөөж байна. Зарим нь цааш Европыг зорьсоор. Сирийн дүрвэгсдийн цуваа өнөө ч үргэлжилж байгаа. Амь дүйн амар тайван амьдралыг эрэн яваа дүрвэгсдийн урт зам дардан байдаггүй. Тэд дэндүү олон саад бэрхшээлийг туулна. Энэ замаа дуусгаж чадахгүй нь олон. Аз таарч хүссэн газартаа хүрсэн ч цагаачлалын виз гарахыг хүлээж мөн л чамгүй хугацааг үднэ. Европ тэр чигээрээ цагаачдыг хүлээж авахад нааштай хандсан юм биш. Зарим улс орон авахгүй гэж зарим нь авна гэж маргасан. Зарим улс эдийн засгийн хүнд ачаа гэж үзсэн. Мөн иргэд нь дургүйцэж жагсаал цуглаандаа хүрсэн. Герман улс дүрвэгсдэд нааштай хандаж хэт олноор нь хүлээж авснаар канцлер Меркель хэл аманд ороод байгаа шүү дээ.

Хүнд бэрх амьдрал, дайн дажин л хүнийг эх орноосоо дүрвэхэд хүргэдгийг Сирийн жишээ бэлхнээ харуулж байгаа. Түүнээс биш өөрийн босгосон амьдрал эх орноо нэг л өдөр орхиж явмаар санагдаад л яваад өгчихдөг юм биш. Тэр тусмаа амь насаа эрсдэлд оруулан байж, эх орон элгэн саднаа орхиж хүний нутагт амьдрахаар явна гэж юу байхав. Арга ядахдаа л тэд ийм замыг сонгосон. Тэдний зам ямар адармаатай байсан тухай бид байсхийгээд л дэлхийн мэдээллийн сувгуудаас олж хардаг. Дөрөвхөн настай Сири хүүгийн далайн эрэгт амиа алдсан аймшигт дүр зураг сэтгэл өвтгөж, Унгар, Сербийн хилийн орчим цагдаа хилийн хамгаалалтыг сэтлэн ам өрсөн хилийн зурвас давахаар гүйж яваа дүрвэгсдийг дэгээдэж унагасан зураглаач эмэгтэйд гурван жилийн тэнсэн харгалзах ял саяхан оноосон байна лээ.

Хаа холын Сирийн дүрвэгсэд иймэрхүү бол Монголын жишээг авъя. 1930-аад онд цаг төр үймэхэд Монголоос Өмнөд Монгол руу 600 гаруй айл дүрвэн гарсан байдаг. Тэднээс 502 өрх айл эх орондоо буцаж иржээ. Яг тэр үеийн амьд гэрчүүд цөөхөн үлдэж. Тэдний нэг 86 настай Гэлэгжамц дүрвэж явсан үеийнхээ тухай хачин сонин түүхийг манай сэтгүүлч Л.Батцэнгэлд ярьсан нь “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн билээ. Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгийн олон айл харгислалаас болж Хятадын Шинжан нутагт, мөн зүүн хилээр Дарьганга чиглэлээр цөөн тооны айл дүрвэсэн юм билээ. Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь сумын Их Богдын өврөөс Өврийн лам Жамбалзундуйгаар ахлуулсан Ламын гэгээнийхэн, Өмнөговиос Очирдара лам тэргүүтэй Балдан засгийнхан, Дундговиос Ганжуурваа ламаар тэргүүлүүлсэн Түшээ гүнийхэн мөн л Өмнөд Монголд цагаачлан амьдарч. Ар халхаас урд зүгт дүрвэн гарсан их хутагт Дилов Жамсранжав дүрвэсэн халхуудтай уулзан ингэж тархай бутархай зовж явснаас гээд нэгтгэн бөөгнүүлж цагаач 600 гаруй айлыг Муумянган хошуунд бөөгнүүлсэн юм билээ. Сүүлдээ Дилов аймаг хэмээх засаг захиргааны нэгж байгуулагдаж. Гэхдээ л тэд дүрвэснээрээ ямар ч байсан амьд үлдэж. Үр хойч нь амьд сэрүүн өдгөө байна. Гучаад мянган ламыг цаазалсан 1937 оны их хэлмэгдүүлэлтийг санахуйяа хэрэв тэд дээрх хүмүүс шиг хаа нэгтээ дүрвэн гарсан бол өдийд Америкт бүхэл бүтэн Монгол таун үүсчихсэн ч байх байсан юм бил үү. Монгол угсаатай баахан хүмүүс дэлхийн хаа нэгтээ амьдарч явах байж. Дүрвэгсэд гэдэг бол амьд явахын төлөө, амьдрахын төлөө амар тайван амьдрал эрж бэдэрсэн хүмүүс. Гэснээс энэ сонин түүхийг сонсох нь ээ дүрвэгсдийг битгий нутгаасаа яваач гэж ухуулан сэнхрүүлж явсан Түвдэнгийн Бор хэмээх түүхт эмэгтэйн тухай санаанд буув. Тэр олон хүнийг дүрвэхийг болиулаагүй бол… Тэр тэгж тэмцэж гүйгээгүй бол гэсэн бодол хөвөрнө. Хэдэн монгол хүн амьд байхсан бол. Тугийн цохион дээрээс баатарлагаар амиа алдсан гэх тэр хорь хүрээгүй залуу бүсгүйн тухай дуу хүртэл байдаг шүү дээ.

Тугийн цохион дээрээс

Тугийн зэв шиг эгцээрээ

Арван наймтай бүсгүй

Алтан нар луу үсэрсэн юм …..

Хувьсгалын залуу шувуу

Хурмаст тэнгэрт ниссэн юм

Хайртай эх орон нь түүндээ

Хатан жигүүр өгсөн юм гээд л нэгэн үеийнхэн дуулж, сонсч өссөн байна шүү дээ. Дүрвүүлэхгүй гэж тэмцсэн гэх түүнд баатар цол олгосон бол дүрвэгчдийг дэгээдэж унагасан эмэгтэй орчин үед ял сонсч байна.

Ямартай ч Түвдэнгийн Бор хэмээх нэгэн бүсгүй байж. Түшээт хан аймгийн Түшээт гүний хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт 1913 онд төрж, мал маллахын зэрэгцээ хошуу тамгын газарт түр сургуульд орж, 17 насандаа Хувьсгалт залуучуудын эвлэлийн дарга болж, 1932 онд үймээн самуунаас дайжин дүрвэхээр зэхэж байсан ард иргэдийг ухуулан сэнхрүүлж явсан гэж түүний тухай бичсэнийг уншсан. Энэ бүсгүйг хувьсгалын эсэргүү нар Тугийн цохио гэх өндөр цавчим хадан цохион дээрээс буудаж хороосон гэж бичигдэн үлджээ. 1971 онд түүнийг Улсын баатар цолоор нэхэн шагнасан. Шинэ эргэлтийн бодлого гээчийг хэрэгжүүлж яваад Тугийн цохио хэмээх газар амь эрсэдсэн гэх Түвдэнгийн Бор хэмээх энэ бүсгүй маань одоо цагийн өндөрлөгөөс харахад буруутаж байгаа юм биш биз. Яг жинхэнэ баатар мөн үү, үзэл суртлын баатар уу. Социализмын үеийн залуус бол Т.Борын тухай дууг сонсч бахархаад л түүн шиг хүн болохсон гэж мөрөөдлөөр жигүүрлэж байсан тухайгаа хуучилдаг. Ардчиллын үеийнхэн харин хөрөнгөтэй хүмүүсийн эсрэг талд зогсч, дүрвэгсдийг явуулахгүй гэж байсныг юу гэж үзэхэв. Одоо учир мэдэх хүмүүсээс сонсч, үзэл сурталжаагүй гадны хэвлэл энэ тэрээс харах нь ээ, хэдэн учир мэдэхгүй 18, 19-тэй хүүхдүүдийг үсийг нь тайрч, хувцсыг нь солиод таван хошуутай малгай өмсгөөд тухайн үеийн хөрөнгөтэй улсуудыг “Нударган баян, лам нарыг шар хувалзууд. Эд бол ангийн дайсан” гэж ойлгуулаад л “сумлаад” явуулчихсан юм шиг байгаа юм. Нэг ёсондоо шинэ эргэлтийн бодлого гээч Сталины бодлогоор манай төр засгийн удирдлагууд үндэсний хөрөнгөтөн, оюун санааны удирдагчдыг бичиг үсэгт төдийлөн суралцаагүй жаахан залуусын тархийг угаагаад л эсрэг нь босгосон юм шиг байгаа юм. Хөвсгөлийн Бадам баатар ч үүнд хамаарах байх. Яг л Т.Бор шиг хувьсгалын эсэргүү нартай тэмцэж, үзэж тарсан гэдэг.

Бид одоо үзэл суртлын баатар, жинхэнэ баатраа ялгаж салгаж ойлгох хэрэгтэй болж. Бидэнд баатар гэж ойлгуулсан тэр хүмүүс үнэхээр баатар байсан уу, үзэл сурталжсан домгийн баатрууд уу. Барууны ном хэвлэлд манай түүхийн талаар бичихдээ Д.Сүхбаатарыг Данзангийн бие хамгаалагч, Чойбалсанг Бодоогийн дүү гэж л зурвас дурдсанаас биш гол баатрууд нь Данзан, Бодоо, Шагдаржав гэж бичсэн байх юм билээ. Гучаад оноос хойш харин энэ баатруудын нэрс эсрэгээрээ дурдагдах болсон шүү дээ, Монголын түүхэнд.

Тиймээс түүхээ үнэн болгомоор байна. Түвдэнгийн Бор маань зөвдсөн үү, буруутсан уу, үнэхээр баатарлаг үйлстэн мөн үү, эсвэл… Энэ бүхний үнэнийг нэг тийш нь болгоё.

Categories
мэдээ цаг-үе

Хууль зөрчин Туул голын эргийг хашаалсан иргэд, компаниудыг зарлаж байна

“Оюуны ундраа” группийн эзэмшлийн хашаанаас залгуулаад авсан төмөр хашаа хэнийх болох нь тодорхойгүй

Туул голыг Монголын нэр нөлөө бүхий хэдэн улстөрч, бизнесийн салбарын тэргүүлэгч баячууд эрх мэдэл, албан тушаал, авлига хээл хахуулиар дамжуулан өөрийн эзэмшилдээ аваад байна. Эрх мэдэл, авлига, хээл хахуулийн аргаар Туул голын эргийн газрыг авсан хэмээн шуудхан хэлж байгаа нь Төрийн тусгай хамгаалалтын газарт иргэд аж, ахуйн нэгжид газрын зөвшөөрөл олгохгүй. Зөвхөн аялал жуулчлалын чиглэлээр газар түр ашиглах зөвшөөрөл олгодог. Мөн Усны тухай хуулийн гуравдугаар бүлгийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” хэмээн заасан байдаг. Мөн тус хуулийн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” хэмээн заасан байдаг. Гэвч хууль тогтоогч УИХ-ын гишүүд, бизнесийн салбарын томчууд эдгээр хуулийг илтэд зөрчин Туул голын эрэг дагуух газрыг бараг тэр чигт нь хэрхэн өмчилж авсан бэ гэдэг сонин. Дээр нь үүнийг хянах, хязгаарлах, хууль зөрчиж буй үйлдлүүдийг нь таслан зогсоох, аялал жуулчлалын чиглэл гэх худал халхавчийн цаана газар олголт хийгдсээр байгааг олон нийтэд ил болгох нэг ч газар Монголд байхгүй юм гэж үү.

Маршалын гүүрний зүүн талд мөн эзэн нь тодорхойгүй том хашаа хатгажээ

Туул голын эргээр хэн хэн газар өмчилж авсан талаар өмнө нь гурван цуврал сурвалжлага хүргэсэн. Тэгвэл энэ удаад хуулийг уландаа гишгэж, Туулыг бүрэн эзэмшлээ болгосон иргэд, компаниудын нэрсийг нэгтгэн уншигч та бүхэнд хүргэж байна.

Бөөгийн овооны баруун талын том хашааны эзнийг мэдэх төрийн байгууллага байсангүй

Мөн МАН, АН, МАХН-ын гишүүд, Монголын тэргүүн баячууд газрын зөвшөөрлөө өөрсдийнхөө нэр дээр огт авдаггүйг энд цохон дурдах нь зөв байх. Тэд үл хөдлөх хөрөнгө, газар, орон сууц, машин гээд авч болох бүхнийг ах дүү, хамаатан садан, найз нөхдийнхөө нэр дээр авдаг ажээ. Туул голын дагуу аялал жуулчлалын чиглэлээр газар ашиглаж байгаа хүмүүсийн нэрсийг Богдхан уулын захиргаа, Туул голын ай сав газрыг хамгаалах захиргаанаас авахаар олны танил бус, энгийн иргэдийн нэрс зурайтал гаргаад ирэх юм билээ. Тэгсэн мөртлөө их га талбайгаар нь өмчилж аваад, хэдэн сая төгрөгөөр хашаа хатгачихсан байх нь сонирхол татна. Тэр том талбайд хэн хөрөнгө оруулалт хийж, аль компанийн ажилтнууд ирээд хашаа хатгаж, барилга байшин барьж байгаагаар нь эзнийг нь олох боломжтой.Тухайлбал, нийслэл хотын Засаг дарга асан, Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Элеганс” тансаг зэрэглэлийн хотхоныг Сонсголонгийн гүүрний хажууд бариулж байгаа. УИХ-ын гишүүн асан Р.Бурмаагийн дүү Р.Бадрал Богинын ам, Туул голын эрэг дээр уурын зуух барьж, барилга барихаар зэхэж байна. Зайсангийн гүүрнээс Маршалын гүүр хүртэлх Туул голын хойд эргийг “Стандарт групп” эзэмшиж байна. Мөн “Номин Констракшн Девелопмент групп” ХХК хамтарч, “Riv­er Garden” хотхон барьсан. Түүнд залгуулаад Сангийн сайд Ч.Чойжилсүрэнгийн хотхон, MCS группийн “Bel­la vista” хотхон, “Оюуны Ундраа групп”, УИХ-ын дарга М.Энхболдын газар гэгдээд байгаа хашаалсан газар, АПУ-гийн захирал УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн хашаа, “Сод монгол групп”, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн асан С.Баярцогтын Их тэнгэрийн аманд авсан газар, “Могул ибиз” компанийн эзэмшил гээд л цааш үргэжилж байна. Мөн Туул голын эрэг дагаад баригдсан хэд хэдэн “эзэнгүй” хашаа бий. Мэргэжлийн хяналт, цагдаа, Богдхан уулын захиргаа, Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн газрын албаныхан огт хүрч чаддаггүй. Хашааг нь буулгаж, эзнийг нь олж тогтоож чадахгүй олон жилийн нүүр үзэж байна. Тэгсэн мөртлөө тэр хашааг нь харуул хамгаалалтын албаныхан өдөр болгон эргэж тойрч, бүрэн бүтэн байдлыг нь хардаг. Унасан хашааг нь хүмүүс ирж засч сэлбээд явдаг. Өөрөөр хэлбэл, зарим эрх мэдэлтний өөрийн эрх мэдлийн хугацаагаа хүлээн хадгалж буй газар гэж нэрлэж болохоор хашаанууд юм.

Их тэнгэрийн амны хажууханд Туул голд тулгаад барьсан төмөр сараалжин хашааны эзэн тодорхойгүй

Эгэл жирийн иргэд Туул гол руу очиж чадахгүй болж, эцэстээ урин дулааны улиралд иргэд Туулын эрэгт голын урсгал харахын тулд, хүүхэд багачуудынхаа толгойг усаар нь норгохын төлөө мөнгө төлдөг болох цаг ойрхон ирснийг өмнөх сурвалжлагуудаас тодхон харагдсан биз ээ. Гэхдээ манайхаас өөр тусгай хамгаалалттай газар нутагтаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрэм журмаа зөрчин байж хэдхэн хүмүүсийн өмч болгожээ. Нийслэлийн сая гаруй иргэн ч гэсэн Туул голд очих, голын хөвөөнд нь барилга бариад амьдрах ч эрхтэй. Энгийн ч бай, эрх мэдэлтэй ч бай бүгдэнд нь хууль тэгш үйлчлэх ёстой. Мөн алтан Туул гол арваадхан хүний өмч биш, ард түмний өмч шүү гэдгийг сануулж хэлмээр байна.

Баянзүрхийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл (20 км) Туул голын дагууд Усны тухай хуулинд заасан голын онцгой хамгаалалтын бүс (50 метр) дэх газар ашиглалтын мэдээлэл

Нэгж талбарын код

Овог

Нэр

Гэрчилгээний дугаар

Хороо

Гудамжны нэр

Хашааны дугаар

Регистр

Захирамж

Сар/өдөр/он

Дугаар

Талбай м2

Зориулалт

Өмчлөл

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

1

12351

Үнэдсний цэцэрлэгт хүрээлэн. ОНӨААТҮГ

18648308323699

26

222222222.00

9600000

Тодорхойгүй

Тодорхойгүй

2

12492

Цэрэнбалдан

Базаррагчаа

18652308932406

11

Туул 10

3

НЮ71120615

ДЗД

40898

553

699.984

Иргэний ахуйн

Тодорхойгүй

3

8814

Намсрай

Хонгорзул

18653308159404

11

Хүрхрээ 2

7

ХБ78011666

ДЗД

40907

573

545.117

Иргэний ахуйн

Тодорхойгүй

4

8777

Намсрай

Тэмүүлэн

18653308186401

11

Хүрхрээ 2

ХБ79021179

ДЗД

40907

573

543.972

Иргэний ахуйн

Тодорхойгүй

5

8815

18653308188399

0

97.9069

Тодорхойгүй

Тодорхойгүй

6

6683

Цээсүрэн

Баярсайхан

18653308213358

11

Хүрхрээ 2

5

ЧЗ64110777

700.497

Иргэний ахуйн

Тодорхойгүй

7

7161

Гармаа

Намсрай

18653308218397

11

Хүрхрээ 2

8

ХБ53051578

БЗД ЗД

39633

213

699.92

Иргэний ахуйн

Тодорхойгүй

8

3729

Шонхор

Цогзолмаа

18653308245337

11

Хүрхрээ 2

7

СЮ71112001

39687

573.436

Тодорхойгүй

Тодорхойгүй

9

7209

Цэвээн

Ганбаатар

18653308269318

11

Хүрхрээ 1

8

ЦВ63010775

39687

699.954

Тодорхойгүй

Тодорхойгүй

10

4121

Дамбаравжаа

Лхамсүрэн

18653308270344

11

Хүрхээ 1

5

ХА37022875

39687

753.277

Тодорхойгүй

Тодорхойгүй

11

11413

Чулуун

Гантулга

18653308274305

11

Хүрхрээ 1

8 а

ЦБ75102315

БЗД ЗД

40282

124

699.852

Иргэний ахуйн

Тодорхойгүй

12

7037

Лантуу

Сэржмядаг

18653308360269

11

Хүрхрээгийн задгай

ЦБ75032101

400.465

Тодорхойгүй

Тодорхойгүй

13

7035

Дагвадорж

Содбилэг

18653308384249

11

Хүрхрээгийн задгай

УС83060815

400.343

Тодорхойгүй

Тодорхойгүй

14

3939

Жамба

Сонсголон

18653308408231

0

УХ62051618

39209

1716.02

Тодорхойгүй

Тодорхойгүй

15

7231

Лхамсүрэн

Батням

18653308441204

11

Хүрхрээ 3

18

ЦД57040200

39538

560.436

Тодорхойгүй

Тодорхойгүй

16

7894

Цэрэндорж

Бямбасүрэн

18653308465158

11

Хүрхрээ 1

5

ЧБ53092095

ДЗД

39610

192

700.017

Иргэний ахуйн

Тодорхойгүй

17

7994

Бямбасүрэн

Ууганчимэг

18653308490150

11

Хүрхрээ 1

5 а

ЧБ82032761

ДЗД

40325

197

699.986

Иргэний ахуйн

Тодорхойгүй

18

5619

Мягмаржав

Батсайхан

18654308389372

11

ХЙ72070573

39531

50000

Тодорхойгүй

Тодорхойгүй

19

8374

Аялал жуулчлал

Сарлаган поло холбоо

18655308798681

11

Баянзүрхийн товчооны хойно

1051326.00

38989

71541.6

Тодорхойгүй

Тодорхойгүй

Нийт

19

9732033

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

1

57403

Соёмбомээрэн ХХК

18632305907705

9

5097444.00

НЗД

41082

А/455

9999.92

Тодорхойгүй

Тодорхойгүй

2

53511

Нямаа

Энхзаяа

18633305567819

8

Дэнж

ДЮ67021012

ДЗД

39878

144

374.465

Иргэний ахуйн

Тодорхойгүй

3

47578

Лхамсүрэн

Баярсайхан

18633305579799

8

Дэнж 11

3 Б

ГД75090776

39332

608.308

Иргэний ахуйн

Өмчлөгдсөн

4

55324

Дамба

Отгонбат

18633305609785

8

Дэнж 11

ГМ84031016

ДЗД

41036

А/221

305.565

Иргэний ахуйн

Тодорхойгүй

5

54839

Равдан

Нанжид

18633305618765

8

Дэнж задгай

4

ФМ69031215

1

513.887

Тодорхойгүй

Өмчлөгдсөн

6

49849

Өлзийбаяр

Даваадорж

18633305640760

8

Дэнж 11

4 А

ЧС80101379

39555

204.608

Иргэний ахуйн

Тодорхойгүй

7

49714

Гүржав

Бадарч

18633305683770

8

Дэнж задгай

19

ЖВ60092208

1

412.033

Тодорхойгүй

Тодорхойгүй

8

46998

18633305698769

0

104.66

Тодорхойгүй

Тодорхойгүй

9

51189

Оюунцэцэг

Тодгэрэл

18633305718769

8

Дэнж 10

20

ЦД77102261

38633

700.004

Тодорхойгүй

Өмчлөгдсөн

10

52928

Орон сууц

ТМДТ ХХК

18637307654809

3

5158435.00

39682

80000.4

Орон сууц

Тодорхойгүй

11

47373

18637307976735

0

81816.8

Тодорхойгүй

Тодорхойгүй

12

56614

Ар Ий Си ХХК

18638306211565

4

5088763.00

НЗД

40540

877

65669.9

Тодорхойгүй

Тодорхойгүй

13

57511

Үйлдвэрлэл, үйлчилгээ

Пума ХХК

18638306378607

4

2089009.00

48712.2

Үйлдвэрлэл, үйлчилгээ

Тодорхойгүй

14

59730

18638306578950

0

100000

Тодорхойгүй

15

48468

Орон сууц

Хайтоп плюс ХХК

18638307251804

3

ТЭЦ-3 хуучин үнсэн сангийн далан

5232341.00

39652

24999.6

Орон сууц

Тодорхойгүй

16

50200

МСТМ ХХК

18638307451814

3

ТЭЦ-3 хуучин үнсэн сангийн далан дээр

5181607.00

39594

ХУДЗДЗ 189

60000.4

Тодорхойгүй

17

51816

худалдаа үйлчилгээ

ЗИПтрейд ХХК

18638307819830

3

2578328.00

39479

100000

худалдаа үйлчилгээ

Тодорхойгүй

18

57550

Үйлдвэрлэл, үйлчилгээ

Пума ХХК

18639307018117

4

Яармаг /17110/, Наадамчдын зам

107

2089009.00

31288.2

Үйлдвэрлэл, үйлчилгээ

Тодорхойгүй

19

57543

Үйлдвэрлэл

МЕС ХХК

18640308789052

2

Үйлдвэр /17043/

ХД-Г111/2

2579634.00

НЗД

41073

А/417

12236

Үйлдвэрлэл

Тодорхойгүй

20

53233

Дүгэр

Дашхорлоо

18641307640898

2

ЧИ48090506

ДЗД

39760

327

500.021

Тодорхойгүй

Тодорхойгүй

21

53234

Галсан

Элдэвсүрэн

18641307670894

2

ПЮ42070114

ДЗД

39760

327

500.024

Тодорхойгүй

Тодорхойгүй

22

55280

Дугаржав

Ганзориг

18641307776912

15

Үйлдвэр /17041/

ХД-96

ШБ67051511

39822

999.808

Тодорхойгүй

Тодорхойгүй

23

52927

Үйлчилгээ

Уорлдтрэвел ХХК

18641307866297

11

Богины ам

2707152.00

34772.9

Үйлчилгээ

Тодорхойгүй

24

55559

Цолмон

Мандах

18641307924876

15

УЗ67021113

НЗД

40350

415

250.246

Тодорхойгүй

Тодорхойгүй

25

52941

Мишээл групп ХХК

18641308196031

2

2584638.00

НЗД

40654

340

14136.9

Үйлдвэр

Тодорхойгүй

26

47751

Хүрэлбаатар

Бат-Эрдэнэ

18642307249626

11

Зайсан

ЧМ85010916

38478

588.933

Иргэний ахуйн

Тодорхойгүй

27

47195

Дорж

Адъяабазар

18642307273647

11

Зайсан

ЧМ73012878

38478

755.132

Иргэний ахуйн

Тодорхойгүй

28

49208

Самбуу

Гиваа

18642307289660

11

Зайсан

ШЖ20071160

38478

366.685

Иргэний ахуйн

Тодорхойгүй

29

49611

Молом

Баярбат

18642307298666

11

Зайсан

ЧТ46051172

38478

291.77

Иргэний ахуйн

Тодорхойгүй

30

50333

Ганбаатар

Мөнгөн

18642307306672

11

Зайсан

ДД71091414

38478

262.546

Иргэний ахуйн

Тодорхойгүй

31

48312

Цэрэнбалт

Булган

18642307313684

11

Зайсан

ШЖ60051164

38478

483.819

Иргэний ахуйн

Тодорхойгүй

32

47140

Алтангэрэл

Туяа

18642307331690

11

Зайсан

ШЖ52122767

38478

618.159

Иргэний ахуйн

Тодорхойгүй

33

49932

Дамиран

Даалхайжав

18642307349700

11

5-р хэсэг туул 1

12

ШЖ59040374

39652

552.412

Иргэний ахуйн

Тодорхойгүй

34

47036

Дуламсүрэн

Эрдэнэчимэг

18642307357717

11

Зайсан

ЦЖ75121361

38509

293.248

Иргэний ахуйн

Тодорхойгүй

35

46576

Цэнд

Өлмөө

18642307370729

11

Зайсан

НМ29020201

38480

319.532

Иргэний ахуйн

Тодорхойгүй

36

47263

Санжаажамц

Долгор

18642307389736

11

Зайсан

СЮ27070168

38478

287.951

Иргэний ахуйн

Тодорхойгүй

37

49920

Дашпунцаг

Гомбосүрэн

18642307407741

11

Зайсан

ЦБ40043013

38478

418.952

Иргэний ахуйн

Тодорхойгүй

38

56157

Отгонболд

Пүрэв

18642307422742

11

Зайсан

ШБ88031774

38480

230.678

Иргэний ахуйн

Тодорхойгүй

39

49950

Өлзий

Гунгаа

18642307432744

11

Зайсан

ШВ36031317

38478

326.455

Иргэний ахуйн

Тодорхойгүй

40

46658

Дорж

Раднаа

18642307446749

11

Зайсан

ШЗ30060370

38478

375.445

Иргэний ахуйн

Тодорхойгүй

41

48456

Баатарцогт

Мягмардорж

18642307461748

11

Зайсан

ЛЮ82011918

38478

177.847

Иргэний ахуйн

Тодорхойгүй

42

47462

Мөнхөө

Эрдэнэпүрэв

18642307475751

11

Зайсан

СТ66121416

38478

315.977

Иргэний ахуйн

Тодорхойгүй

43

47990

Лхасүрэн

Галсан-Ёндон

18642307496757

11

Зайсан

ХН68070177

38478

599.036

Иргэний ахуйн

Тодорхойгүй

44

46899

Жамсран

Отгонсүх

18642307518762

11

Зайсан

НЬ66092177

38478

261.886

Иргэний ахуйн

Тодорхойгүй

45

47142

Дорж

Жамбалдорж

18642307530766

11

Зайсан

ЧП68070975

38478

329.643

Иргэний ахуйн

Тодорхойгүй

46

48349

Дорж

Жамбалдорж

18642307549772

11

Зайсан

ЧП68070975

38478

360.914

Иргэний ахуйн

Тодорхойгүй

47

50059

Дашдамба

Мөнхцолмон

18642307569776

11

Зайсан

НМ80120700

38478

279.131

Иргэний ахуйн

Тодорхойгүй

48

47280

Худалдаа

Дабу

18642307582726

11

Зайсан

2609991.00

БОЯ

38015

182

10059.4

Худалдаа, үйлчилгээ

Тодорхойгүй

49

49771

Балдан

Бадрах

18642307591779

11

Зайсан

ЦМ50040912

38478

396.253

Иргэний ахуйн

Тодорхойгүй

50

47826

Дашдондог

Санжаажамц

18642307617784

11

Зайсан

НА48080174

38478

416.181

Иргэний ахуйн

Тодорхойгүй

51

48262

Цэрмаа

Алтангэрэл

18642307637783

11

Зайсан

МБ67032014

38478

97.5267

Иргэний ахуйн

Тодорхойгүй

52

46558

Аялал жуулчлал

Мапекс

18642307720744

11

Зайсан

2188588.00

БОЯ

37257

182

14868

Иргэний ахуйн

Тодорхойгүй

53

55105

Лхагвасүрэн

Сансартуяа

18642308451005

15

ХП68041203

НЗД

40773

613

249.826

Тодорхойгүй

Тодорхойгүй

54

53710

Сэргэлэн тал инвест ХХК

18642308992075

11

5379776.00

НЗД

40375

481

20000.4

Тодорхойгүй

Тодорхойгүй

Нийт

54

723691

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

1

423

Мөрөөдлийн орчин ТББ

18634307692000

20

8006199

НЗД

40203

63

500147

Тодорхойгүй

Тодорхойгүй

Нийт

500147

ХҮСНЭГТЭН МЭДЭЭЛЭЛД БАЙХГҮЙ БАЙГАА ГАЗАР

1

43955

0

207131

2

59202

18633305663773

166

3

56023

18639307108906

16065.9

4

59905

18641307522931

9733.5

5

58494

18639307177791

21788.7

6

59478

18644307406947

143863

7

16119

18653308023421

314.8

8

16410

18653308039420

699.6

9

16126

18653308059418

700

10

16127

18653308079417

700

Нийт

10

401162

Categories
мэдээ цаг-үе

Олон ажлыг түүртэлгүй амжуулдаг жүжигчин бүсгүй

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Гончигийн Ундармаагийнхаас энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Түүнтэй уулзах цагаа тохирохоор холбогдоход “Ажил ихтэй байгаа. Хамт явж болно гэвэл хүрээд ир” гэснээр бид “Viva city”-д байрлах “Ariunaа Suri”-гийн урлан дээр очлоо. Тэнд Ундармаа зураг авалттай байсан юм. Г.Ундармааг хүмүүс хошин урлаг, тайз, дэлгэцийн урдаа барьдаг эмэгтэй жүжигчин гэдгээр андахгүй. Түүний менежер “Одоо “Гэгээнтэн” кино театр руу явах цаг боллоо” гэхэд 11:40 цаг болж байв. Ундармаа энэ сарын 2-нд нээлтээ хийсэн “Амьдралоги” киногоо Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны ахмадуудад хөнгөлөлттэй үнээр үзүүлж байгаа юм байна. Тэрээр кино дуусах үед танхим руу орж ахмадуудтай уулзахаар ийн яарч яваа аж. “Гэгээнтэн” явах замдаа “Би багаасаа кино үзэх дуртай байсан учраас жүжигчин болсон. Анх кино яаж бүтдэгийг бага мэдэх учраас туршлага багатай. Монгол кино үзээд шүүмжлэх юм гарна. Тэгээд л би юмыг шүүмжилж байхаар өөрөө хийчихвэл зүгээр юм даа гэж бодсон. Миний шүүмжилдэг зүйл бол обьект, хувцас, жүжигчдийн тоглолт, дүр сонголт. Ийм киног хүмүүс их үздэг гээд дандаа л уйлсан орилсон логик авцалдаагүй кинонууд их хийгдэж байсан. Би кино хийх гэхээр айдастай байсан юм. Гэтэл нөхөр маань чи хийж чадна, киногоо хийчих гэж зоригжуулсан л даа.

Нээрэн ч хийж чадах урам орж анхныхаа киног хийж байлаа. Ер нь бидний насныхан тодорхой хэмжээний чадалтай болсон бол Монгол руугаа хандсан, хүмүүсийн амьдралд чиглэсэн уран бүтээл хийх ёстой. Манай нийгэмд ганц бие эмэгтэйчүүд маш их байна. Тиймээс ч “Single la¬dies 1,2”, “Тютю” кинонуудаа хийсэн. Залуучуудын хариуцлагагүйгээс болж хүүхэд өнчирдөг. Энэ бол томчуудын хамгийн том алдаа. Тэгэхээр би энэ удаад гэр бүл бүхэн аз жаргалтай байгаасай гэж “Амьдралоги” киног хийсэн. Аав, ээж, нөхөр, хүүхэд хариуцлагатай байх ёстой шүү дээ” хэмээн ярьсан юм. Түүний дөрөв дэх уран бүтээл болох “Амьдралоги” киног үзэж суусан ахмадууд Г.Ундармааг гэнэт гарч ирэхэд баярлан урмын үгс хэлж байв. Тэрээр үзэгчдээс гурван азтан шалгаруулж цуглуулгын дээж болсон тансаг үнэртэй лаа бэлэглэсэн юм. Ахмадууд танхимаас гарч ирэн Г.Ундармаатай дурсгалын зураг авахуулан хэсэгтээ яриа хөөрөө өрнүүлэв. Ийн хэсэг саатсаны дараа зураг авалт руугаа буцах замдаа яриа дэлгэн та “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагынхаа хийсэн ажлаар Эрүүл мэндийн тэргүүний ажилтан тэмдгээр шагнуулсан байсан гэхэд “Би энэ ажлыг шагнал авахын тулд хийгээгүй. Тухайн өдөр өөрөө ч мэдээгүй байтал гэнэт шагнал өгөхөд мэдээж сэтгэл хөдөлж байсан. Гэхдээ надтай хамтарч ажилладаг компаниудын бүгдийнх нь шагнал гэж бодож байгаа. Тэр хүмүүст урам өгч дэмжвэл бид бүр л олон зүйл хамтарч хийх байх. Би 2013 онд “Ард Аюуш” гээд нийгэмд тустай ажил хийх реалити шоунд орсон юм. Шоунд өөрөө хувиасаа мөнгө гаргахгүй санхүүжилтээ босгож хийнэ гэж заасан байсан. Тэр шоунд би хүүхдийн төрөх эмнэлгийн хүлээлгийн танхимыг тохижуулж түрүүлсэн. Эмнэлэг тохижуулах туршлагатай болж интерьерийг өөрийнхөө хэмжээнд ойлгодог болчихсон учраас үргэлжлүүлээд хийхэд дөхөм санагдсан л даа. Найз нөхөд маань ч надад их тусалсан учраас хийе гэж дайрсан юм. Хамгийн гол нь нэг зорилготой, хүнд тусалъя гэсэн санаачилгатай хүмүүс нэгдэж ажиллаж байгаа учраас энэ төсөл урт хугацаанд тасралгүй явж байна. Одоо таван эмнэлэг, нэг хүүхдийн ордны гал тогоог тохижуулчихсан байна. Хийсэн ажлынхаа ард гарахад сайхан байдаг” хэмээн ярьсан. Зураг авалтаа дууссаны дараа нэлээд хэдэн ажил амжуулаад авлаа. Гадуур алхахад нь хүмүүс жүжигчин Ундармаа байна, хар даа гэж дуу алдах нь байсан бол зарим нь ирж баяр хүргэх юм. Тэрээр урлагийн бид үзэгчдийн алга ташилт, урмын үгээр л хөг орж урамшина шүү дээ гээд инээмсэглэв. Тэрээр гэртээ харих замдаа “Уг нь би Туул гол руу гүйгээд дасгал хийчихдэг байсан. Сүүлийн нэг жил ямар ч завгүй ажиллаж байна. Өглөө ажилдаа гараад орой гэртээ ороод шууд унтана. Амрах цагаа хасч үзэгчдэд чанартай уран бүтээл хүргэхийн тулд гаргаж байгаа миний хичээл зүтгэл юм даа” хэмээв. Та энгийн, хээгүй зантай юм аа гэхэд “Од болж хямсаганаад байх нь чухал биш. Жинхэнэ од Монголд байхгүй шүү дээ. Одууд чинь тасарцан амьдралтай, хэмжээлшгүй орлоготой хүмүүс. Манайд бол олны танил гэх байх л даа. Бид чинь чардайж ажиллаад мөнгө олдог байж мянга хямсгар байгаад яах вэ дээ” хэмээн инээд алдлаа.

Г.Ундармаа Зайсангийн “Хунгийн хотхон”-д нөхөр Батжаргал, охин Бэрцэцэг болон гэр бүлийн гишүүн болсон нохойтойгоо амьдардаг юм байна. Биднийг очиход нөхөр нь эзгүй байлаа. Зочны өрөөнд нь төгөлдөр хуур, ятга, шанз, мандолин зэрэг хөгжмүүд байлаа. Ундармаа тэднийг нэг нэгээр нь авч тоглох зуураа “Манай ээж Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын бүжигчин байсан. Ээж урлагийн хүн учраас хажууд байгаа зүйл илүү ойрхон харагддаг юм билээ. Би багаасаа л шүлэг уншиж, бүжиглэдэг хүүхэд байсан. Харин аав эмч мэргэжилтэй ч насаараа багшилж, удирдах ажил олон жил хийсэн хүн дээ. Нутаг усаараа яривал аав маань Баянхонгор аймгийн Баянбулаг сумынх. Ээж Говь-Алтай аймгийн Чандмань сумынх. Би Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн юм” гэв. Тэрээр арван жилийн сургуулиа нутагтаа төгсөөд СУИС-ийн кино, драмын жүжигчин мэргэжил эзэмшчээ. Их сургуулиа төгсөөд Эрдэнэтийн хүүхэлдэйн театрт гурван жил ажилласан гэнэ. Г.Ундармаа ажлын гараагаа хэрхэн эхлүүлсэн тухайгаа “Зуны амралтаар “Халтар царайт” киноны Стерлита, Тони, Санта гурав ирнэ гээд тоглолтыг нь үзэхээр аав, ээжээс мөнгө аваад ирж байлаа. Уг нь хотод гурван сар юм үзээд найзуудтайгаа амарч байгаад ир гэсэн ч мөнгөө дуусгачихсан. Аав руу залгаад би буцлаа гэхэд “Аав нь хүнд хэлээд өгье. Наанаа ажилд орчих, тэгээд хамт олонтой бол” гэсэн. Тэгж байхдаа би “АНУН” компанид тавилгын борлуулагчаар ажилд орж байсан юм. Сайн ажилласан учраас үлдэх санал авч тавилгын борлуулагч болохоор шийдсэн. Тухайн үед хошин урлагийн театрт шалгуулаад тэнцсэн. Хэдэн жил ажилласан хойноо “Шинэ үе”-д орж байлаа. Бараг 18 жил ажилласан байх шүү. 18 жил ажиллахдаа Бооёо, Хүрлээ ах, Амбий ах, Лхагваа ах, Эрдэнэзаан гээд гар нийлж ажилладаг олон хамтрагчтай болсон байна. Сая “Амьдралоги” кинон дээр Ж.Мөнхсайхантай их сайхан хосолсон. Би их сэтгэл хангалуун байгаа. Хошин урлагт ажиллах хугацаанд “АНУН” компанид давхар ажиллана. Өдрийн цагаар тавилгын дэлгүүрт ажиллаж орой нь тоглолтондоо орно. Азаар хоёр ажил маань нэг нь өглөө нэг нь орой таардаг байсан” хэмээн ярив. Тэрээр үргэлжлүүлэн “Шинэ үе”-д би олон жил ажилласан. Би өөрийн гэсэн өнгө төрхтэй, үзэл бодлоо шингээсэн уран бүтээл хийхийг хүссэн. Тэгээд ч өдий 40 гарч байгаа эмэгтэй өөрийн гэсэн дуу хоолойгоо гаргах хэрэгтэй биз дээ. Тэгж шийдээд тайз, дэлгэцийн уран бүтээл хийхээр “U film” уран бүтээлийн нэгдлээ байгуулсан юм. Түүнээс хойш дөрвөн кино хийсэн байна. “Тютю” гэх уран бүтээл маань гоо сайхан, эмэгтэй хүний тухай кино. Уран бүтээлээрээ эмэгтэй хүнийг өмөөрсөн юм. Хүмүүс ийм кино гэж юу байдаг юм гэдэг. Үнэндээ аятайхан охин ажилд ороход эрх мэдэлтэй нь ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэх тохиолдол олон шүү дээ. Гэр бүлтэй эмэгтэйг эргүүлэх нь ч бий. Би энэ талаар олон сонсож байсан. Ийм сэдэв санал болгоход нь таалагдаж кино болгосон юм. Кинонд 70-80-аад оноос өдийг хүртэл гарч байгаа асуудлыг хөндсөн. Манай уран бүтээл дандаа л хэн нэгнийг хамгаалсан, бусдад урам өгөх сэдэвтэй байдаг. Ерөнхийдөө миний найзуудад үе үеийн ганц бие эмэгтэйчүүд бий. Бид нийлээд их удаан ярилцана. Би үүнийг л кино болговол гоё юм даа гэж боддог байсан. Дотроо өөрөө кино болгож төсөөлөөд үйл явдлуудыг нь бодно. Ерөнхийдөө толгойн дотроо киногоо үзчихсэн байсан хэрэг. Тэгээд л “Single ladies” гэх ганц бие эмэгтэйчүүдийн түүхийг хөгжилтэй, энгийнээр харуулсан уран бүтээл хийсэн. Кинонд гарч байгаа үг хүмүүсийн зүрх рүү орсон байна лээ. Энэ бол бидний зорилго бүтэж байгаагийн илрэл. Би өөрөө эмэгтэй хүн. 40 хүртэлх насны эмэгтэйчүүдийн бүх үеийг би туулчихсан учраас цаашдаа ч эмэгтэйчүүдийн дуу хоолой болсоор байна гэж боддог” хэмээн хууч хөөрлөө.

Хошин урлагийн тайзнаа од болон гялалздаг Г.Ундармаа нөхөртэйгөө АНУН-д ажиллаад удаагүй байхдаа танилцаж байжээ. Бид хоёр танилцаад суух шийдвэрээ их хурдан гаргаж байсан. Хуримаа хийе гэж товлоод л долоо хоноод хийчихсэн. Манай аавд очиж хэлэхэд аав тал мөнгийг нь өгье гэсэн. Дараа нь хадам аавд хэлэхэд маргаашнаас мөнгө аваад хуримдаа бэлд гэж билээ. Тэгээд л долоо хоног бэлдээд хуримаа хийчихсэн. Бид хоёр хүнсний 50-ийн хажууд 40 мянгатын нэг өрөө байранд тусдаа гарч байсан юм. Тэндээ гурван жил амьдарсан. Бид хоёр цалингаа их цуглуулдаг, хуримтлал сайтай хосууд байлаа. Хоёр талаас цалингаа аваад хадгаламжиндаа хийнэ. Мөнгө нэмэгдэх тусам баярлана. Тухайн үед гараар бичдэг хадгаламжийн дэвтэртэй. Одоо болтол хадгалчихсан байдаг шүү. Хуримтлалаараа хороололд гурван өрөө байр авч, Бээжингээс тавилгаа авч байсан. Дахиж мөнгөө цуглуулаад машин авсан гээд бодоход хоёр талаасаа ингэж босгосон амьдрал сайхан, амттай шүү” гэж ярихад нүдэнд нь нулимс цийлгэнэж харагдав. Үргэлжлүүлэн “Амьдрал учраас зовлон жар-гал их. Эмчилгээнд явах гээд мөнгөө цуглуулж зургаан жил гадагшаа эмнэлгээр явсан. Дөрвөн сар бид хоёр өдөр шөнөгүй хоёр талд ажиллана. Мөнгөө аваад л эмчилгээнд явна. Харьцангуй залуу хүмүүс гэхэд бид хоёр хоёулаа л байвал аз жаргалтай байдаг байсан. Манай охин ч бид хоёр шиг илүү юм хүсдэггүй. Миний уран бүтээл сайхан болбол бидний аз жаргал. Орой гэр рүүгээ хоёулаа яарна. Байнгын л шинэ хосууд шиг байдаг юм. Би их азтай эмэгтэй. Миний эргэн тойронд ах дүү, найз нөхөд, хань ижил, аав ээж гээд дандаа сайхан хүмүүс байдаг” хэмээн нүд нь гялалзлаа.

Г.Ундармаа гэр бүлээрээ их бахархдаг нь илт. Зургийн цомгоо эргүүлэн хөгжилтэй инээнгээ яриагаа үргэлжлүүлэн “Нөхөр маань намайг анхнаасаа хоёр ажил хийдгийг мэддэг байсан болохоор ойлгодог байсан. Би зав л гарвал хоол хийж, гэрээ цэвэрлэнэ гээд айлын эхнэр хүний хийдэг бүхнийг л хийнэ шүү дээ. Тайзан дээр нүүрээ будаж сайхан хувцаслаад их зантай хүүхэн болж тоглодог ч гэртээ хариад хувцсаа тайлж, будгаа арилган үсээ задлаад луувангаа арилгаад л эхэлнэ. Охинтойгоо цуг хоол хийх дуртай. Тийм ээ” гээд инээмсэглэн хоолоо бэлтгэж эхлэв.

Б.Бэрцэцэг охин одоо арваннэгдүгээр анги ажээ. Хичээлдээ сайн бөгөөд сагс, волейбол гээд спортоор хичээллэх дуртай. “Уг нь би багштай болгоод бүжиглүүлдэг байсан юм. Тэгсэн “Single la¬dies 1” киног хийгээд өдөр шөнөгүй завгүй явдаг байхад аавтайгаа нийлж гадаа талбай дээр сагс тоглосоор байгаад сагсчин болчихсон байсан. Аав нь урвуулчихсан байна лээ” гээд “Охин бид хоёр хувцас сонголтын тал дээр бие биетэйгээ их зөвлөлдөнө. Охиноо эмэгтэйлэг байгаасай гэж боддог. Над шиг эрэгтэйлэг болчих вий дээ. Би чинь дандаа яарч яваад сурчихсан. Хүн хувцас өмсүүлэх гэхээр өөрөө шүүрч аваад л өмсчихнө. Яаж ч ядарсан өглөө босоод явчихна. Бүр юмнаас айж цочдог зүйл байхгүй гээд мухай эрэгтэйлэг зан чанартай” гэхэд охин нь “За арай ч дээ ээж” гээд инээлдлээ. Тэрээр энэ зуур нөхөртэйгөө байнга утсаар ярих бөгөөд “Хайр аа юу хийж байна. Би ингэж байна” гэж цаг тутам ярьж эрхлэх аястай. Утсаа таслаад “Манай нөхөр намайг дандаа инээж явах юм гэдэг. Минийхээр бол эмэгтэй хүний аз жаргалтай байх өөрөөс нь л шалтгаална. Эр нөхөр нь гэртээ ирэх дуртай байхад, гэр цэвэрхэн хэрүүлгүй байх сайхан. Хэн ч гэсэн хар яр хийсэн эхнэртэй арчаагүй хүүхэдтэй бол гэртээ ирэхээс залхана. Гэр бүлийн жаргалтай байх суурь нь эмэгтэй хүн гэж боддог. Хэн хэн нь тэвчээртэй байх ёстой. Нэгэнт л айлын охиныг аваад суусан байж зовоогоод явдаг бол утгагүй асуудал. Бусад эхнэрүүдээс илүү өөрийнхөө эхнэрийг жаргаах шалтгааныг бий болгодог нөхөр байх хамгийн гоё. Тэрнээс улбаалаад түүнийг хүүхдүүд дуурайна. Миний хувьд ханьтайгаа суугаад илүү их аз жаргалыг мэдэрдэг болсон. Миний хамгийн зөв сонголт байсан. Би энэ сонголтондоо алдаагүй. Манай нөхрийн хувьд ч тийм байх. Хүн л юм чинь зовлон, жаргал тэнцүүхэн. Тэр бүрт хөтлөлцөөд гараасаа чанга атгаад явдаг. Үргэлж хажууд байж мөрөө өгч халамжилдаг нөхөртөө би хайртай” гэж яриад гэрээ танилцуулахаар бослоо.

Тэдний гэрт 100 жилийн түүхтэй улаан авдар байна. Авдар дээр хуучны зэс домбо тэргүүтнийг өржээ. Г.Ундармаа “Хөдөө ахынд очсон чинь эмээгийн авдрыг амбаартаа тавьчихсан байдаг юм. Тэгэхээр нь энэ авдар ингээд амбаарт байж байдаг юм бол би авна гээд хот руу ачуулчихсан. Одоо өвлийнхөө хувцас, хүмүүсийн өгсөн торгыг хийдэг” хэмээн яриад ажлын өрөө рүүгээ явлаа. Өрөөндөө гэр бүлийнхээ шагналуудыг цуглуулжээ. Ажиглахад өрөө болгонд нь өнгө өнгийн лаа өрөөстэй харагдана. Заримыг нь асаасан байв. Лааг сүүлийн үед ихээр цуглуулдаг болсон гэнэ. Харин хамгийн удаан цуглуулж байгаа зүйл бол сандалнууд ажээ. Тэрээр “Цуглуулдаг сандалныхаа тоог алдчихсан. Одоо манай оффисын өрөө төрөл бүрийн сандалтай болчихсон. Бас энэ дууссан тэмдэглэлийн дэвтрүүд байна. Би өдөр тутмын ажлаа бичиж төлөвлөж хийдэг учраас бүх ажлаа амжуулж чаддаг” гэв. Харин жүжигчин Г.Ундармаагийн хийж чаддаггүй ганцхан зүйл бол юм оёх ажээ. “Яаж ч хичээсэн далий оёчихно. Бүр өмдтэйгөө хамт оёчихож байгаа юм даа” гээд инээв.

Саяхан “Х-түц”-тэй хамтарч ажиллах болсон шалтгаанаа тэрээр “Гурван жил тайзан дээр гарахгүй явлаа. Хүний хийж сурсан юм. Олон жил ажилласан, дуртай ажил гэж байдаг. Тэрэн шиг бүхий л залуу нас, сэтгэл зүрхээ зориулсан хошин урлагийн тайз минь үгүйлэгдэхгүй байна гэж үгүй. Хамгийн гол нь Одноо эгч маань хамтарч ажиллах санал тавьсан юм. Надад хамгийн анх ирсэн санал байсан л даа. Тухайн үед маш их ажилтай байсан. “Амьдралоги” киноны бэлтгэл ажил эд эхэлчихсэн. Эмнэлгийн засварын ажил бас эхэлчихсэн байхад санал тавьсан. Тэгээд би амжуулна чадна гээд зэрэг гурван ажил амжуулж байлаа. Миний давуу тал олон ажлыг зэрэг амжуулах юм даа” хэмээн ярьлаа.

Тэрээр кино театруудаар гарч байгаа “Амьдралоги” киногоо гадаадад амьдардаг монголчуудад үзүүлэхээр ид ажиллаж байгаа юм билээ. Мөн нэгэн эмнэлгийн засвар хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд энэ хавар ажлаа хийж дуусгах гэнэ. Үнэхээр Г.Ундармаа жүжигчин олон ажлыг зэрэг хийх чадвараа харуулж “U film”-ийн тав дахь уран бүтээлдээ орохоор зэхээд байгаагаа дуулгасан. Тэрээр “Би жүжигчин болно гэж багаасаа хүссэн. Энэ мэргэжилдээ хайртай учраас амархан хаячихгүй юмсан гэж боддог” хэмээн гэгээлэг сайхан бодлоо хуваалцан нэг өдрийг бидэнтэй өнгөрүүлсэн юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Автомашины дугаарыг өөрчлөх нь хэний бизнес вэ?

Автомашины улсын дугаарын стандартад өөрчлөлт оруулах тухай яригдаж эхлэв. Манай улсад 84 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. 84 мянган тээврийн хэрэгсэл автомашины дугаараа тайлж, шинээр хийлгэж, хадуулна, лацдуулна, гэрчилгээ солиулна гэхээр хичнээн тэрбум төгрөг ард түмний халааснаас гарах вэ.

Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын яам шинэ бүтэц бүрэлдэхүүн томилогдсон цагаасаа хойш сав л хийвэл ядарсан иргэдийнхээ хармааг ухаж, яаж мөнгө татах боломж байна, түүнд тааруулсан хууль журам гаргах болов. Авто тээврийн салбарт баримтлах бодлого, ойрын ирээдүйд хийж хэрэгжүүлэх ажлаа салбарын сайд Д.Ганбат олон нийтэд саяхан танилцуулахдаа баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах болсноо онцгойлон мэдэгдсэн юм. Мөн автомашины насжилтыг багасгах тухай яригдах болсон. Нийт тээврийн хэрэгслийн дийлэнх нь 12-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа. Сайдын мэдээллээс үзэхэд зургаагаас дээш жилийн насжилттай автомашиныг өндөр насжилттай гэж олон улсад үздэг бөгөөд манай орны хувьд бүртгэлтэй автомашины 90 орчим хувь нь зургаагаас дээш жилийн насжилттай гарч байгаа. Хэрэв насжилтыг найман жилээс дээш гэж заавал 71 хувь нь замын хөдөлгөөнд оролцохгүй болчихоор байна. Энэ мэтээр жолооч нарыг шахах, автомашиныг нь унуулахгүй байх бодлого, дүрэм журмыг боловсруулан гаргах болов. Ямартай ч тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн үнэ тарифыг хоёр дахин нэмж, гуравдугаар сарын 3-наас эхлэн мөрдөгдөхөөр болжээ.

Үүн дээр нэмээд автомашины улсын дугаарыг өөрчлөхөөр ханцуй шамлан оржээ. Зам тээврийн хөгжлийн сайдын зөвлөлийн хуралдаанаар автомашины улсын дугаарыг олон улсын жишигт нийцүүлэн солих тухай санал яригдсан байна. Автомашины дугаарын стандартыг өөрчлөх хэд хэдэн санал байгаа аж. Ард түмнийг таатай хүлээж авахгүйг мэдэж буй учраас үүнийгээ алгуурхан аргаар хийх гэж байгаа бололтой юм. Учир нь энэ талаар холбогдох газраас мэдээлэл авахад “Санал төдий яригдсанаас биш яг ажил хэрэг болсон зүйл байхгүй” гэх битүүхэн мэдээллийг өгч байна.

Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Х.Баярхүү “Сайдын зөвлөлийн хурал дээр хэд хэдэн санал орж ирсэн. Санал төдийхөн яригдаж байгаа зүйл. Автомашины улсын дугаарыг олон улсын жишигт нийцүүлэх шаардлага байгаа ч яг одоохондоо автомашины дугаарыг солих тухай бодит ажил болоогүй. Зөвхөн хэлэлцүүлгийн түвшиндээ яригдаж байна” гэв.

Автомашины улсын дугаарт өөрчлөлт оруулах саналыг Зам тээврийн яамнаас гаргажээ. Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболдоос автомашины дугаарын стандартыг солих одоогийн яригдаж буй саналын талаар тодруулахад “Автомашины дугаарын өөрчлөлтөд дугаарыг лацтай болгоно. “MNG” ялгах тэмдгийг “MGL” болгож өөрчилнө. Монгол Улсын соёмбыг авна. Дөрвөн тоо, гурван үсэг хэвээрээ байна гэх мэт хэд хэдэн өөрчлөлт орно. Бүх автомашиныг нийтээр нь солихгүй. Шинээр дугаар номер авахад болон шилжилт хөдөлгөөн хийхэд автомашины улсын дугаарын стандартын өөрчлөлтийг хийнэ. Манай улс Венийн конвенцид нэгдэн орсон боловч стандарт нь өөрчлөгдөөгүй хуучнаараа яваа учраас олон улсын стандартад нийцүүлэхээр болж байна” гэсэн хариултыг өгсөн юм.

Хэдийгээр өнөөдөр нэг дор бүх автомашины улсын дугаарыг солихгүй гэж буй боловч аажимдаа журам дүрэм гаргаж солихоос аргагүй болгох нь тодорхой. Галт тэрэг нэгэнтээ хөдөлчихсөн цагт нийтээрээ мөрдөхөөс аргагүй болно.

Өнгөрсөн есдүгээр сард гэхэд л Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран улс орон даяар “Хяналт, шалгалт” аянг өрнүүлж ослын гурвалжин, эмийн сан, галын хор байгаа эсэхийг шалгаж жолооч нарын халааснаас улсын төсөвт өчнөөн тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Үнэн хэрэгтээ галын операци ажиллагаагаар БНХАУ-аас оруулж ирдэг галын хор, эмийн сан, ослын гурвалжин 20 мянган төгрөгөөр шажигнатал зарагдсан. Тэр галын хор нь ажилладаг эсэх нь тодорхойгүй, цаг дээрээ жолооч нар яаж ажиллуулахаа мэдэхгүй нэр төдий шийдвэр болоод өнгөрсөн.

Одоо автомашины улсын дугаарын стандартад өөрчлөлт орох шийдвэр гарах аваас эхний ээлжинд дугаар үйлдвэрлэдэг хэдэн компани хөлжинө. Гэрчилгээ солихоос эхлээд ажил ундарна. Өдгөө автомашины дугаар үйлдвэрлэдэг 30-аад компани бүртгэлтэй байсныг сая оны өмнө хяналт шалгалт явуулж “Ихэр авто”, “Альфа солбилцол” гэх мэт 15 компанид үйл ажиллагаа явуулах эрхийг нь хэвээр үлдээсэн аж.

Эрх баригчдын санаачлан гаргаж буй шийдвэр тогтоол иргэдийнхээ аюулгүй байдал, ашиг тусын тулд гэх нэрийн дор боловч ардаа хэн нэгэн дарга даамлын бизнес байдаг. Автомашины дугаарыг олон улсын стандартад өөрчлөлт оруулах тухай урьд нь яригдсаар ирсэн ч өнөөдөр сольж шинэчлэх цаг нь мөн үү. Хэрэгжих явцад хэний эрх ашиг илүү хөндөгдөх вэ. Үүнийг хэрэгжүүлснээр хэний бизнес хүрээгээ тэлэх вэ гэдэг нь анхаарал татаж байна.

Б.ДОЛЗОДМАА