Categories
мэдээ цаг-үе

Ж.Лхамсүрэн: Геологичдын армийг бэлтгэхэд гар бие оролцож явснаараа бахархдаг

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын ардын багш” цол хүртсэн ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, доктор, профессор Ж.Лхамсүрэнтэй ярилцлаа.


-Геологич мэргэжлийг анх яагаад сонирхох болов. Ажил амьдралын гараагаа эхэлж байсан залуу насаа эргэн дурсаач?

-Би 1953-1959 онд Москвагийн геологи хайгуулын институтэд сурч геологич, инженерийн мэргэжлийг эзэмшсэн. Намайг сургуулиа төгссөний дараахан 1960 онд МУИС-д нутаг ус, газар шорооныхоо геологийн хувьслын түүх, ач тусыг судалдаг өндөр мэргэжлийн геологич, инженерүүдийг бэлтгэх сургууль байгуулах шийдвэр дээд газраас гарч, тулгын чулууг нь тавилцаж явснаараа бахархдаг. Тэр үеэс хойш 55 жил багшилж, үе үеийн 3000 гаруй геологичийг төгсгөсөн. Энэ хугацаанд эрдэмтэн багш нарын хамт геологийн судалгаа явуулах лаборатори, кабинет тохижуулах, хээрийн дадлага хийх суурин байгуулах ажилд гар бие оролцож энэ салбарт нэг насаа зориуллаа.

-Та анхны шавь нар, төгсөгчдийнхөө талаар ярихгүй юу. Тухайн үед геологич мэргэжил их эрэлттэй байсан болов уу?

-Дунд сургуульд байхдаа Ч.Лодойдамбын “Алтайд” романыг уншиж, Намнандорж гуайн яриа лекцийг сонсож геологич мэргэжлийг ч сонирхох болсон оюутнууд их сургуульд элсэн суралцдаг байлаа. 1963 онд анхны 13 геологич, инженер мэргэжилтэнг төгсгөж байсан. Анхны төгсөлтөөс өдгөө ШУТИС-д ажиллаж буй Дашдаваа багш сайн сурдаг, практик ухаан сайтай оюутан байлаа. Тийм ч болохоор төгсөөд л сургуульдаа багшаар үлдэж байв. 1960-1970 оныг хүртэлх хугацаанд элссэн оюутнууд бүгд нэртэй геологичид болсон. Манай төгсөгчид ардын аж ахуйн салбар болон улс орныг үйлдвэржүүлэхэд өөр өөрсдийн хувь нэмрийг оруулж байснаар нь бахархдаг. Төгсөгчдийн дотор төрийн шагналтнууд, аж үйлдвэрийн гавьяат ажилтнууд, эрдэмтэн профессор 30 гаруй төрсөн. Манай сургууль геологичдын бүхэл бүтэн армийг бий болгож чадсан.

-Чухам тэр үеэс л манай геологичид гадныхантай хамтарч нутаг орноо судалж эхэлсэн шүү дээ?

-Тийм. Үүнээс өмнө манай нутаг орны судалгааг Оросын геологичид хийдэг байсан. Манай геологичид 1950 оноос эхлээд нийт нутаг дэвсгэрийн тойм төрхийг судалж, нэлээн олон ордыг олборлож ашиглаж эхэлсэн. Монгол орны нутаг дэвсгэр дээр одоогийн байдлаар алт, мөнгө, зэс, хайлуур жонш, шохойн чулуу гэх мэт 80 гаруй нэр төрлийн ашигт малтмалын 9000 орчим илрэлт орд мэдэгдээд байна. Тэгэхээр аймаг сум бүрт олон төрлийн ашигт малтмалын илрэлт байна гэсэн үг. Эдгээрийг нарийвчлан судлах нь нэлээн төвөгтэй бөгөөд үүнээс нутаг орны геологийн судалгааг орчин үеийн түвшинд улам эрчимтэй явуулах шаардлага урган гарч ирж байна. Энэ бол геологичдын өмнө тулгарч буй том зорилт юм.

-Тэр үеийн шавь нар өнөөгийн оюутнуудын хооронд ялгаа байна уу?

-Олон нийтийн дунд геологич мэргэжлийг өвөл зунгүй хөдөө гадаа явж байдаг, хүнд хэцүү мэргэжил гэсэн ойлголт бий болчихжээ. Сүүлийн үед геологийг чин сэтгэлээсээ сонирхоод геологич болъё гээд орж ирж байгаа хүүхэд, нийт оюутнуудын тал хувийг л эзэлж байна. Ганц нэг оюутан явц дундаа сонирхдог л юм. Дээхнэ үед багш хүн шавь нартайгаа тулж ажилладаг байсан бол өнөөдөр нийт дунд нь нэг лекц орчихоод явдаг болж. Үүнээс болоод ч тэр үү, чанартай боловсон хүчин бэлтгэж чадахгүй байна.

-Геологи хайгуул хөгжлийн хувьд уул уурхайгаас арван жилийн өмнө явах ёстой гэдэг юм билээ?

-Тэгэлгүй яахав. Төр засгаас геологичдыг бодлогоор дэмжиж, геологийн судалгаа түрүүлж явсан бол бид өнөөдөр хавьгүй олон ордыг нээчихсэн байх боломжтой байлаа. Энэ нь бидэнд ямар ач холбогдолтой вэ гэвэл олон орд дундаас сонголт хийж, ойрын арван жилд аль аль уурхайг ашиглаж, хослуулж эдийн засгаа хөгжүүлэх вэ гэдгээ мэдэхэд тустай байсан. Гэтэл өнөөдөр геологи хайгуулын мэргэжлийн яам байхгүй байна шүү дээ.

-Та энэ салбарт ямар чиглэлээр мэргэшиж, судалгааны ажил хийсэн бэ?

-Би эрдсийг судалж эхлээд арав гаруй жил болж байна. Дэлхий дахинд дэлгэрч буй харьцангуй шинэ судалгааны төрөл юм. Эрдэс байгаль дээр яаж бий болдог юм гэдэг генетикийг судалдаг гэсэн үг. Бүх л төрлийн эрдсүүд байгаль дээр мөнх байгаагүй. Хэзээ нэг цагт, аль нэг газарт газрын гүнд эрдсийн үр хөврөл бий болдог. Ургаж, өсч томроод тэжээгч орчин нь алга болоход өсөлт нь зогсдог юм. Насыг нь тогтооход хэдэн зуун сая жилээс хэдхэн сая жилийн настай байдаг. Улирлын эрдэс гэж бас бий. Хоолны давс, хужир, шүү бүгд эрдэс. Байгалийн шинжлэх ухааны судалгааны ажил гэдэг бүх багаж хэрэгслээ өөрсдөө гаргаж авахаас эхлээд маш их хөдөлмөр шаарддаг. Геологийн судалгааны бүх үр дүн судалгааны тайланд байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам тэр тайлан өөрөө үнэт эрдэнийн зүйл болдог. Тэр тайланг нь барьж сууж байгаад орд газар нээх ч боломжтой.

-Геологи эрдэс баялгийн музейд олон сонирхолтой үзмэр байдаг юм билээ. Монгол орны нутаг дэвсгэрээс урьд хожид үзэгдээгүй эрдэс чулуулаг олдож байсан уу?

– Бид оюутнуудынхаа хамт Монгол орны газар нутгаар жил бүр судалгаа хийж явдаг. Онц сонирхолтой, дэлхий дахинд анх олдож буй өвөрмөц шинж чанартай дээж материалуудыг цуглуулж боловсруулаад “Геологи, эрдэс баялгийн музей”-г байгуулж байлаа. Эхэндээ сургалтын хөтөлбөрт хэрэглэж байгаад 1965 оноос олон нийтэд үзүүлдэг болсон. Дэлхий дээр байж болох бүх төрлийн эрдэс чулуу Монголын газар нутагт байдаг. Үүгээрээ манай орны газар нутаг хосгүй юм. Манай музейд Шишгэд голын сав газраас 1970 онд олдсон том ногоон хаш чулуунаас эхлээд олон сонирхолтой үзмэр бий. Монгол оронд анх удаа олдсон шинэ эрдсүүд ч бий. Өмнөговиос урьд хожид үзэгдээгүй армстронгит, монголит гэж нэршсэн шинэ чулуулаг олдож байсан нь ч бий.

-Таны хувьд геологийн эрэл хайгуул хийж яваад олсон хамгийн содон олдвор юу байв?

– Геологийн судалгаа хийж яваа хүмүүс өдөр бүр шинэ юм үзэж, шинэ юм олж харж явдаг сонирхолтой ажил гэж боддог. Би Москвагийн их сургуулиа төгсөхөөс өмнө Төв аймгийн нутагт байдаг Горхийн ууланд ажиллаж байсан геологи шинжилгээний “Болор” хайгуулын ангид практик дадлага хийж байсан юм. Сургуулиа төгсч ирээд 1961 онд Горхийн нэгэн уурхайн магнаг чулуун судлаас 7.5 тн жинтэй асар том болрын талст олоод маш их баярлаж байлаа. Тэнд болор агуулж болох 1200 шахам судлыг илрүүлсэн. Дэлхий дахины геологи, уул уурхай хөгжиж ирсэн түүхийн баримтуудаас үзэхэд тийм том хэмжээний болор олдож байсан тохиолдол дөрвийн зэрэг л байсан юм билээ. Гэхдээ бодит баримт үлдээгүй гэдэг. Байгалийн ховор үзэгдэл юм даа. Тухайн үедээ “босоо хүний дайтай болор эрдэнэ олдлоо” гэж бичээд “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлд өгч байв.

-Тэр болор чулуу одоо хаана хадгалагдаж байгаа вэ?

-Харамсалтай нь одоо байхгүй. Манай экспедицийнхэн ачааны машинаар тээвэрлэж Улаанбаатарт авчраад наадмын талбайд тавьсан. Тэнд хориод жил наадамчдын нүдийг хужирласан боловч нэг мэдэхэд үгүй болсон юм. Төр засгаас ч тэр, бид ч мөн хайрлаж хамгаалж чадаагүй. Туйлын ховор эрдэс шүдэнзний хайрцгийн чинээ байхад л мэргэжилтнүүдийн анхаарлыг татдаг байхад тэр том болорыг харамсалтай нь хамгаалж чадаагүй.

-Геологийн багш хүний хувьд оюутнууддаа юуг голчлон захиж сургадаг вэ?

-Бид өөрийн орны эрдэс чулуулгийн зүйлийг барьж, учир утгыг нь тайлах хэрэгтэй. Манай орны газар нутгийн эрдэс чулуулгууд өөрийн гэсэн онцлогтой, давтагдашгүй байдаг. Дэлхийн бүх улс оронд ийм олон төрлийн эрдэс бодис байдаггүй учраас тэр. Энэ нь Монгол оронд геологийн ухааныг хөгжүүлэх, эх орныхоо эрдэс баялгийг бүрэн дүүрэн оновчтой ашиглахад чухал ач холбогдолтой юм.

-Монгол орны нутаг дэвсгэрээс Оюу толгой, Таван толгой шиг томоохон орд илрэх боломжтой юу?

-Боломжтой. Гэхдээ өнөөдөр төр засаг нь ч тэр, олон нийт ч геологийг ойлгохгүй байна. Геологичдын гаргасан тойм нөөцийг хараад л техникээр ухаж эхэлдэг. Тэдгээр уурхайнууд дээр геологичид ажилладаггүй нь гайхалтай. Уурхайн ажил эхлэхээс хаагдах хүртэл уурхайн геологич ажиллах ёстой юм шүү дээ. Яагаад гэвэл газрын хэвлийг ухах явцад өөрчлөлт гарч болно, шинж чанар нь хувирна, тэр бүхнийг нүд алгасалгүй судалж байх ёстой. Зэс олборлож байтал гүнд нь гэнэт алтны судал гараад ирж ч болно. Үүнээс болж их алддаг.

-Та гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?

-Манай гэр бүлийн хүн Геологийн сургууль төгсөж, геологийн төв лабораторид эрдэс судлаачаар гучаад жил ажилласан. Том охин эдийн засагч. Том хүү геологич. Орост сургууль төгсөөд, Японд очиж докторын зэрэг хамгаалсан. Бага хүү энд физикийн анги төгссөн ч Германд эрдэс судлалын хүрээлэнд ажиллаж байна. Туршилт шинжилгээний ажил хийдэг. Хэдэн жилийн өмнө ердийн шохойн чулуунаас алмаз гаргаж авах нээлт хийж, Нобелийн шагналт эрдэмтний нэрэмжит шагналаар шагнуулж байсан.

Б.НАРАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

АНУ-ын Фулбрайтын мастерын тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?

АНУ-ын Төрийн департаментын санхүүжилттэй 2018-2020 оны Фулбрайтын хөтөлбөр зарлагдлаа. Тодруулбал, Америкийн Нэгдсэн Улсын манай улс дахь Элчин сайдын яам Фулбрайтын мастерын хөтөлбөрийн өргөдөл хүлээн аваад эхэлжээ. Хөтөлбөрийн өргөдлийг тус Элчин сайдын яамны байранд ирэх гуравдугаар сарын 27-ны 12:00 цаг хүртэл хүлээн авах юм байна. Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. АНУ болон бусад орны ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилготой. Тус хөтөлбөр нь АНУ-ын Төрийн департаментын боловсролын солилцооны хөтөлбөрүүдийн хамгийн том хөтөлбөрт тооцогддог бөгөөд одоогоор дэлхийн 150 гаруй оронд хэрэгжиж байгаа юм байна.

АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй энэхүү хөтөлбөр нь манай улсад 1994 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд тухайн үед жилд 4-5 оюутанг уг хөтөлбөрт хамруулдаг байжээ. Харин 2011 оноос манай улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтарсан хоёр дахь Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөрийг эхлүүлснээс хойш АНУ-ын ЭСЯ-наас тус хөтөлбөрийг жилд хоёр удаа зохион байгуулдаг болсон байна. Ингээд нэг жилд дунджаар 13-15 оюутан хамруулсаар иржээ. Хөтөлбөрт хамрагдах оюутнуудыг сонгон шалгаруулах ажил нэг жилийн хугацаанд үргэлжилж, шалгарсан оролцогчид өргөдөл гаргасны дараа жилийн зун нь хөтөлбөрөө эхлүүлдэг байна. АНУ дахь мастерын хөтөлбөрүүдийн дийлэнх нь 1-2 жил үргэлжилдэг, уг хөтөлбөр ч мөн ийм хугацаатай. Гэхдээ Фулбрайтын тэтгэлэгт гэр бүлийн гишүүдийг хамтад нь хамруулдаггүй ажээ.

ФУЛБРАЙТЫН ТЭТГЭЛЭГТ ЯМАР ЗАРДАЛ БАГТАХ ВЭ?

Тэтгэлэгт хөтөлбөрт суралцагчийн амьдрах байр, хоол хүнс болон бусад холбогдох зардлын тэтгэмж, сургалтын төлбөрийг бүтнээр нь, хөтөлбөрийн удиртгал уулзалтанд оролцох буудал, хоол, эрүүл мэнд, сургалтын зэрэг бүх зардлыг даадаг байна. Мөн суралцагчид өөрсдийн хөтөлбөрийн хугацаанд гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалаар бүрэн хангагддаг ажээ. Түүнчлэн визний төлбөрөөс чөлөөлөгдөнө. Үүнээс гадна аяллын тэтгэмж олгодог бөгөөд суралцагчдад ачаа болон аялалтай холбогдолтой бага хэмжээний бусад тэтгэмжийг олгодог ажээ. Мөн хөтөлбөрийн эхний сард нэг удаагийн ном, лаптоп зэргийг худалдан авах тэтгэмжтэй байдаг аж. Фулбрайтын хөтөлбөр нь нийгмийн ухаан, хүмүүнлэг, инженер, эдийн засаг, бизнесийн судалгаа, төрийн болон төрийн албаны судалгаа зэрэг бүх чиглэлээр зарлагддаг ч эрүүл мэндийн салбарт зөвхөн нийгмийн эрүүл мэндийн судалгаа чиглэлээр зарлагддаг байна.

ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАГЧДАД ТАВИГДАХ ҮНДСЭН ШАЛГУУР

Хөтөлбөрт хамрагдах оролцогч Монгол Улсын иргэн бөгөөд Монголд оршин суудаг байх. Мөн хамгийн багадаа 1.5 жилийн ажлын туршлагатай, дээд боловсролтой буюу бакалаврын зэрэгтэй. Англи хэлний TOEFL эсвэл IELTS-ийн хүчин төгөлдөр оноотой байх шаардлагатай аж. Суралцах чиглэлээсээ хамааран IBT 80, PBT/IPT 550, IELTS 6.5 юм уу IBT 90, PBT/IPT 575, IELTS 7.00 зэрэг оноотой байх ёстой юм байна. АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон бол уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад давуу тал болно. Тухайлбал, АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд уг хөтөлбөрт өргөдөл гаргах эрхгүй юм байна.

ФУЛБРАЙТЫН ХӨТӨЛБӨРТ ХЭРХЭН ӨРГӨДӨЛ ГАРГАХ ВЭ?

Нэгдүгээрт, Фулбрайтын өргөдлийн маягт бөглөнө. Ингэхдээ өргөдлийн маягтыг хөтөлбөрийн зарлалд хавсаргах ба зарлал ЭСЯ-ны вэб сайт дээр тавигдсан байгаа юм байна. Хоёрдугаарт, тодорхойлох захидал бүрдүүлэх. Тухайлбал, таны академийн болон мэргэжлийн ур чадварыг гэрчилж чадах хоёр хүнээр тодорхойлолт бичүүлээд захидалд хавсаргана. Тодорхойлох захидлыг зөвхөн англи хэл дээр хүлээн авах ба монгол хэлнээс нотариатаар хөрвүүлсэн баталгаат хуулбарыг нь давхар хавсаргаж болно. Гуравдугаарт, яагаад АНУ-д суралцах хүсэлтэй байгаа, хөтөлбөр дууссаны дараа юу хийхийг хүсэж байгаа талаараа товч буюу хоёр хуудсаас ихгүй эссэг англи хэлээр бичээд материалд хавсаргана. Дөрөвдүгээрт, их дээд сургууль төгссөн дипломын баталгаат хуулбарыг англи хэл дээрх баталгаат орчуулгын хамт хавсаргана. Хөтөлбөрт хамрагдах өргөдлийн материалыг буцаан олгохгүй бөгөөд өргөдлийг Элчин сайдын яам руу зарласан хугацааны дотор илгээх шаардлагатай.

ӨРГӨДЛИЙГ БӨГЛӨХДӨӨ ЮУГ АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

Өргөдлийг англи хэл дээр, электрон хэлбэрээр бүрэн зөв бөглөнө. Мөн өргөдлийн маягт дээрх бүх асуултад хариулах хэрэгтэй. Бүрэн гүйцэд бөглөөгүй өргөдлүүдийг техникийн хувьд шалгуур хангаагүй гэж үздэг аж. Хэрвээ өөрт холбогдолгүй асуулт гарвал N/A гэж бичнэ. Өргөдлийг компьютер дээр бөглөсөн байх. Гараар бичсэн өргөдлийг тэнцээгүйд тооцдог байна. Эссэ нь тухайн өргөдөл гаргагчийн өөрийн санааг тусгасан байх ёстой. Өөр зорилгоор, хаа нэгтээ хэрэглэсэн өргөдөл байж болохгүй. Бусдын ажил, санаанаас тэмдэглэсэн бол заавал дурдах шаардлагатай. Өргөдлийн эссэний хэсгүүдийн үг болон тэмдэгтийн тоог анхаарч, заасан тэмдэгтэд багтааж бичнэ.

ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ХЭРХЭН ЯВУУЛДАГ ВЭ?

АНУ-ын Засгийн газрын бүхий л тэтгэлэгт хөтөлбөр нь сонгон шалгаруулалт дээр суурилсан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн нэр дэвшигчдийн онцгой нөхцөлийг тооцон үзэх ч эцсийн шийдвэрийг өргөдлийн чанар болон ярилцлагын үеэр үзүүлж буй нэр дэвшигчийн ерөнхий чадамж дээр тулгуурлан хийнэ. Хөтөлбөрт хамрагдах өргөдөл гаргасан хүмүүсээс соёлын элч байх, нийгэмдээ буцаад сайн сайхныг хийж, хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл, чадамжтай иргэнийг сонгодог байна. Ингэхдээ эхлээд техникийн шалгалт авна. Техникийн шалгалт гэдэг нь өргөдлийг бүрэн гүйцэд бөглөсөн эсэх, хавсралт материалууд бүрэн байгаа эсэх, өргөдөл гаргагч нь тавигдсан үндсэн шалгуурыг хэр хангасан зэргийг хянадаг байна. Ингээд техникийн шалгуурыг давсан өргөдлүүдийг өргөдөл хяналтын хороонд илгээнэ. Өргөдлийг дор хаяж гурван хүн уншиж шалгана. Ингээд анхан шатны шалгаруулалтаар өргөдөлтэй танилцаж, ярилцлагад дуудах өргөдөл гаргагчдыг сонгоно. Анхан шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг ярилцлагад биеэр ирж оролцохыг урина. Ярилцлагыг ЭСЯ-ны, АНУ-д Засгийн газрын тэтгэлгээр суралцаж ирсэн төгсөгчдийн төлөөллүүд авна. Ингээд ярилцлагыг удирдан явуулсан хүмүүс дэлхийн хэмжээнд өрсөлдүүлэх хөтөлбөрт оролцогчийг сонгон шалгаруулна. Харин эцсийн шалгаруулалтад FSB-ээс зөвшөөрөгдсөн оролцогчдод хөтөлбөрт хамрагдах эрх олгох юм байна.

АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН САНҮҮЖИЛТТЭЙ ФУЛБРАЙТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ДАРААЛАЛ

2-4 дүгээр сард хөтөлбөрийг зарлаж, өргөдөл хүлээн авах бөгөөд дөрөвдүгээр сард техникийн шалгуурыг хийж, өргөдлийг шалгана. Харин тавдугаар сард Фулбрайтын анхан шатны шалгаруулалт буюу ярилцлага хийнэ. 7-10 дугаар сарын хооронд шалгарсан оролцогчид АНУ-ын их дээд сургуулиудад элсэлтийн өргөдлөө илгээх бэлтгэл хийж, IBT, GRE/GMAT зэрэг шалгалтуудыг өгдөг. Ингээд 10-12 дугаар сард АНУ-ын их, дээд сургуулиудад элсэлтийн өргөдлийг илгээнэ. Харин 1-4 дүгээр сард элсэлтийн өргөдлийн хариу хүлээнэ. 5-6 дугаар сард элсэлтийн өргөдлийн хариуг зарлаж, Элчин сайдын яамнаас хөтөлбөрийн өмнөх уулзалт зохион байгуулна. Ингээд 7-8 дугаар сард хөтөлбөр эхэлж, тэнцсэн оролцогчид АНУ-ыг зорино.

Categories
мэдээ цаг-үе

“Өдрийн сонин”-ы албаны дарга Н.Гантулга: Хандивын мөнгийг Засгийн газар хариуцаж, Төв банк хяналт тавих хэрэгтэй

“Өдрийн сонин”-д “Эрвийх дэрвийхээрээ хөдөлж эх орноо өрнөөс гаргахыг “Өдрийн сонин” уриалж байна” хэмээх нийтлэл оны өмнөхөн хэвлэгдсэн билээ. Манай сонины брэнд болсон гуравдугаар нүүрт хэвлэгдсэн нийтлэл монголчуудын оюун санааг залуурддаг юм. Энэхүү нийтлэл маань ч өнөөдөр нийгэмд давалгаа үүсгэж, бодит ажил хэрэг болоод байна. Ингээд уг нийтлэлийг бичсэн “Өдрийн сонин”-ы Урлаг, спорт, чөлөөт цагийн мэдээллийн албаны дарга Н.Гантулгатай ярилцлаа.


-Төрийн түшээд маань улсаа өрийн дарамтнаас гаргахаар дэлхийн улс орнуудаас бадар гуйж яваад амжилт олоогүй. Харин “Өдрийн сонин”-ы дэвшүүлсэн санаачилгыг нийгэм дэмжиж байна. Таны бичсэн нийтлэлийн дараа ард түмэн ийм идэвхтэй давалгаална гэдэгт итгэлтэй байсан уу?

-Үндэсний хэмжээний өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”д сэтгүүлч миний бие нийгэмд төлөөлсөн үүргийнхээ дагуу “Эрвийх дэрвийхээрээ хөдөлж эх орноо өрнөөс гаргахыг “Өдрийн сонин” уриалж байна” нийтлэлийг бичсэн. Бид бүхэн уг нийтлэлээрээ Монгол Улсаа аврахын тулд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг тодотгож, уриалсан юм. Монгол Улс энэ гуравдугаар сараас бондын өрөө төлж эхэлнэ. Эхний ээлжинд 580 сая ам.долларыг төлөх юм. Үүнийг Сү.Батболдын Засгийн газрын үед авсан зээлийн эхний төлөлт. Улс орон маань эдийн засгийн хувьд хүнд байдалд байгаа. Ямартай ч энэ мөнгийг төлнө гэж Ерөнхий сайд амласан. Гэхдээ ямар эх үүсвэрээс яаж босгож, хэрхэн төлөх гэж байгаа тухай тодорхойгүй байгааг УИХын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан. Монголын төр засаг ч энэ өрөө төлөх гэж мөнгөний эрэлд гарсныг бид бүхэн мэдэж байгаа. УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д айлчлах үеэр Оросын тал “Танай монголчууд хэлсэндээ хүрдэггүй. Амласнаа биелүүлдэггүй. Хариуцлага гэдгийг мэддэггүй улсууд” гээд шууд хэлсэн нь айхавтар том цохилт болсон. УИХын дарга цаашаа Кувейт, Катар, Эмират гээд Арабын орнуудаар бадар барьж, мөнгө хайж явсан. Даанч амжилт ололгүйгээр эргэж ирсэн. Мөн Хятадаас дөрвөн тэрбум ам.долларын зээл авах тухай яригдаж байгаа. Хятадын талын өгөх гэж зүтгэж байгаа энэ зээлийг бид авбал бурхан шашнаасаа няцсан явдал болно. “Хятад тэврэлт” гэж айхавтар юм бий. Ингэж бадар барьж, бурхан шашнаасаа няцаж, дэлхий дахинд улсынхаа нэр хүндийг унагаад явах хэрэг байна уу. Тэгэхээр 580 ам.долларыг Монголын ард түмэн өөрсдөө босгоё. Монгол Улсын иргэд Монголынхоо төрд зээл өгье гэсэн санаачилгыг “Өдрийн сонин” уриалсан. Манай нийтлэлийн дараа үнэхээр нийгэм даяар идэвхтэй дэмжиж, ажил хэрэг болж байна. Энэ бол “Өдрийн сонин”ы нийтлэл ингэж монголчуудын оюун санааг залуурдаж, зөв зүйтэй алхмыг эхлүүлсний бодит үр дүн юм.

Монгол Улс гурван сая хүн амтай. 580 сая ам.доллар өнөөдрийн ам.долларын ханшаар төгрөгт шилжүүлэхээр 1,4 их наяд төгрөг болж байна.Манай улс гурван сая хүн амтай гээд үзэхээр нэг хүнд 476.224 төгрөг ногдож байна. Гэхдээ монгол хүнд хөдөлмөр хийх насныхан хэд билээ гэдгийг бодох ёстой. Нийт 800 гаруй мянган өрх айл байна. Тэгэхээр нэг айл нэг сая 785 мянган төгрөг улсдаа өгчихөд энэ өрнөөс гарчихна.

-Таны нийтлэлд ийм хүнд байдалд орсон улс орнууд ард түмнийхээ дэмжлэгтэйгээр хэрхэн асуудлаа шийдэж чадсан жишээ баримтууд дурдсан байсан л даа. Энэ тухай сонирхуулахгүй юу?

-Бид энэ 580 сая ам.долларыг төлж чадахгүй бол Монгол Улс дефолт зарлана. Хэрэв ингэх юм бол гадны зээл тусламж, хөрөнгө оруулалт гээд бүх зүйл зогсоно. Монгол Улс руу орж ирэх бүх боломж зогсоно. Монголын төр хичнээн санал, санаачилга гаргалаа ч хэн ч биднийг үнэлэхгүй. Тэгэхээр бид бүхэн туурга тусгаар үндэстний хувьд дэлхийд булайгаа дэлгээд яахав. Энэ өрийнхөө төлбөрийг Монголын ард түмэн өөрсдөө босгоод өгье гэж байгаа юм. Бид бүхэн дайны үед Орост хичнээн агт морь өгч байлаа. Бас социализмын хүнд хэцүү он жилүүдэд Хойд Солонгос, Вьетнамд зөндөө л тусламжийн гараа сунгаж байлаа. Тэгэхээр яг ийм үед л Монголын ард түмэн минь эрвийх дэрвийхээрээ хөдөлж, эх орноо өрнөөс гаргая гэж уриалж бичсэн байгаа юм.

Англи, Герман, Америк гээд дэлхийн том хүчирхэг орнууд дефолт зарлаж байсан түүх байдаг. Эдгээр улсууд ард түмнийхээ эх орноо гэсэн сэтгэлээр дампуурлаас аврагдаж байсан түүх бий. Мөн Өмнөд Солонгосын жишээ байна. 1998 онд Ази тив эдийн засгийн хямралд нэрвэгдсэн. Энэ хямралд хамгийн их өртсөн нь Өмнөд Солонгос байсан. Өнөөдөр Солонгос Азидаа төдийгүй дэлхийд хөгжил дэвшлээрээ ямар хэмжээтэй байгааг бид бүхэн мэднэ. Тэр үед Солонгосын ард түмэн төв банкныхаа эрдэнэсийн санд үнэт эдлэлээ аваачиж дугаарлаж байгаад тушаасан гэдэг. Тэгэхээр бид ч бас өөрт байгаа ямар л мөнгө болох үнэт эдлэл юу л байна, тэр бүгдийгээ Монголбанкиндаа аваачиж өгч оочир дараалал үүсгэмээр байна. Үүнийг төв банк зохицуулмаар байгаа юм. Долоо хоногийн нэг өдрийг эрдэнэс авах өдөр болгоод зарлачих хэрэгтэй. Монгол хүний эр зориг, эх орноо гэсэн сэтгэл энэ өр зэргийг юман чинээ торохгүй гарчихна. Дэлхийд нэр хүндээ унагаж, бурхан шашнаасаа няцаж “Хятад тэврэлтэд” тэврүүлж, орос баавгайн шахаанд оролгүйгээр өрнөөсөө гарчихвал яасан юм бэ.

-“Өдрийн сонин”-ы уриалгын дараа гавьяат эдийн засагч Б.Осоржав хандивын данс нээлээ. Мөн УИХ-ын гишүүд маань ч эхнээсээ энэ дансанд мөнгө хандивлаж байна. Энэ сайхан эхлүүлсэн ажлыг залилан болчих вий гэсэн болгоомж ард түмэнд байгаа…

-Тэгэлгүй яахав. Манай сонины дэвшүүлсэн уриалгын дараа асар олон хүн “Өдрийн сонин”ы редакци дээр ирж, хандаж байна. Жишээлбэл, Баатар гэж уншигч маань алтан аяга, үнэт зүйлээ хандивлана гэлээ. Мөн ахмадууд маань тэтгэврээ өгье, 400 мянга, 800 мянган төгрөг хандивлая гэж “Өдрийн сонин”-ы уриалгыг дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна. Улсаа дампуурлаас гаргахын тулд Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоржав 10 сая төгрөг хандивлалаа. Ардын багш Дүгэр гуай нэгдсэн байна. Мөн сошиал ертөнцөд бидний уриалгыг дэмжиж давалгаалж байна. Улстөрчид, бизнесмэнүүд мөнгө хандавлахаа мэдэгдлээ. Энэ мэтчилэн Монгол Улсын нэрээр дэлхий дахинд алдар хүндийг олсон эрхмүүд Асашёорү Д.Дагвадорж, Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр болон тамирчид, зууны манлай дуучин Б.Сарантуяа гээд Монголын ард түмний татварын мөнгөөр дандаа явдаг урлаг, спортын одод үүнд нэгдэх хэрэгтэй. Мөн төрийн түшээдээс арван тэрбумын хөрөнгөтэй УИХын гишүүн Ж.Ганбаатар, гурван тэрбумын хөрөнгөтэй гэж мэдүүлсэн Л.Гарамжав, дөрвөн тэрбумын хөрөнгөтэй Ундармаа, мөн ийм хэмжээний хөрөнгөтэй Хууль зүйн сайд Д.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, 2,5 тэрбумын хөрөнгөтэй Цэрэнбат нар эх орноо дампуурлаас аварч хандив өгч яагаад болохгүй гэж. Үндэсний том компаниуд нэгдэж, дуугараач ээ гэж уриалмаар байна. 1990 оны ардчиллын буянаар Монголын ард түмэн хувийн өмчтэй болсон. Одоо тэд бүгдээ үүнээсээ илүүчлээч ээ. Оффшор бүсэд Монголын хөрөнгөтнүүдийн олон тэрбум ам.доллар байршиж байгаа гэсэн мэдээлэл бий. Тэд ч бас энэ мөнгөө улсдаа хандивлаж, эргээд улс орноо сэргэхээр авч болно шүү дээ. Иймд энэ мөнгийг хий хоосон ангал руу оруулахгүйн тулд хяналтаа сайн болгох ёстой гэсэн болгоомж хаа хаанаа байх нь мэдээжийн хэрэг. Тэрийг төв банк хариуцаж, ЗГХЭГ хяналт тавих ёстой. Хяналтын зөвлөлд монгол түмний хүндэтгэлийг хүлээсэн улс төрийн харьяалалгүй, нийгэм төрийн том зүтгэлтнүүдийг багтаая. Хяналтын зөвлөл орж ирж байгаа мөнгөн дүнг нийтэд мэдээлж байх хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Сандуй: Хотын тулгамдсан асуудлыг цогц бодлого, төлөвлөлтөөр шийднэ

НИТХ-ын дарга Ц.Сандуйтай ярилцлаа.


-Улаанбаатар хот өвлийг өнөтэй давж байна уу. Гамшгийн хэмжээнд хүрээд буй агаарын бохирдлыг бууруулахад ямар ажлууд хийж байна вэ?

-Өвлийн улиралд Улаанбаатарчуудын хувьд утааны асуудал тулгамдсан асуудал болдог. Утааны асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг дээр гол анхаарлаа тавин ажиллаж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж утаа гамшгийн хэмжээнд хүрсэн байна гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрлөө. Нэг жилийн хугацаанд, нэг өвлийн тухайд биш цогцоор нь бодлого барьж, үе шаттайгаар бууруулах чиглэл тодорхойлогдсон. Иргэддээ уриалга гаргаж хамтран тэмцэх тухай яригдсан. Өнгөрсөн долоо хоногт НИТХ хуралдаж сүүлийн арав гаруй жилд агаарын бохирдлыг бууруулахаар хийсэн ажлуудын тухай мэдээллийг сонсч танилцсан. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт утааг жил бүр 10 хувиар бууруулж, 2020 онд агаарын бохирдлыг 30-40 хувиар бууруулахаар төлөвлөлт хийгдсэн. Иргэдийн Төлөөлөгчдийн саяын хуралдаанаар гурван сарын хугацаанд агаар, орчны бохирдлыг бууруулах төлөвлөгөөг батлан гаргасан. Энэ бол утаа дэгдэлтийн ид үед онцгой горимд ажиллах нарийвчилсан төлөвлөгөө юм. Утааг бууруулах ажлыг эрэмбэлж, эхний гурван сар хийгдэж буй зарим ажлаас дурдвал, цэцэрлэг, сургуулийн доторх агаарыг цэвэршүүлэх тоног төхөөрөмжийг Дэлхийн банктай хамтраад тавьж байна. Маск тарааж байгаа. Дулааны улиралд ч урт хугацааны хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлнэ.

-Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахаар олон ажил хийгдсэн ч үр дүн гарахгүй байна?

-Өнгөрсөн хугацаанд утаатай тэмцэх цогц бодлого, стратегигүй явж ирсэн байна. Тохиолдлын шинжтэй арга хэмжээ авч ирсэн нь үр дүнд тэр бүр хүрсэнгүй. Их мөнгө зарцуулсан ч агаар, орчны бохирдол өмнөхөөс нэмэгдэж, гамшгийн хэмжээнд хүрлээ. Бид хамгийн зөв гаргалгааг олох ёстой. Хуучин зарим арга дээрээ орчин үеийн шинэ технологийг нэвтрүүлж, бохирдлыг бууруулах ажлыг зөв менежмэнтээр явуулахыг зорьж байна. Зөвхөн төр засаг утаатай тэмцэхгүй, иргэд, аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах ёстой. Гэр хороололд амьдарч буй иргэд дулаалгаа хийхээс эхлээд юу түлэх вэ гэдгээ сонгох гэх мэтээр дор бүрнээ агаарын бохирдлыг бууруулахад санаа тавьж, бас төрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллах хэрэгтэй байна.

-Замын түгжрэлийг бууруулахад ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Улаанбаатар хотын тулгамдсан долоон бэрхшээл байна гэж үздэг бөгөөд тэдгээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг хичээх ёстой. Хорт утаа гаргаж буй насжилт өндөртэй автомашины тоог хязгаарлаад эхэлвэл агаарын бохирдлыг бууруулахад эергээр нөлөөлнө. Тодорхой хугацаа зааж баруун жолоодлоготой болон дизель хөдөлгүүртэй, насжилт нь 15 жилээс дээших тээврийн хэрэгслийн тооны өсөлтийг хязгаарлах, тэдгээрийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг иргэдэд дарамт учруулахгүйгээр хийж эхэлнэ. Автомашины тоо цөөрснөөр замын хөдөлгөөний түгжрэл багасч, агаарын бохирдол ч буурна. Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахаас эхлээд зоримог алхмыг хийж байж хотын хөгжлийг урагшаа ахиулахаас аргагүй үе ирж байна.

-Улаанбаатар хотыг нүүлгэхээс аргагүй боллоо гэж зарим нэг УИХ-ын гишүүд мэдээлэл өгч байна. Хотыг нүүлгэх эсэх дээр таны бодлыг сонсъё?

-Улаанбаатар хотын эрх зүйн орчныг сайжруулах ёстой. Тийм учраас НИТХ ирэх дөрвөн жилд Улаанбаатар хотын хөгжлийн суурь хүчин зүйл болсон эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллана. Тодорхой шалтгаан үүсвэл нийслэлийн үүргийг өөр хот гүйцэтгэж болох талтай боловч Улаанбаатар хот нүүхгүй, оршин тогтносоор байх болно. Эрх зүйн орчны зэрэгцээ Улаанбаатар хот бие даасан хөгжих боломжийг нээх, санхүүгийн эрх мэдлийг нь өргөтгөж байж хөгжинө.

-Дагуул хотыг бий болгох, эсвэл энэ байгаа хотын хөдөлгөөнийг хумих тухай саналууд яригддаг. Хот ба дэд бүтцэд ямар бодлого баримтлах вэ?

-Дагуул хот буюу алслагдсан дүүргийг хөгжүүлэх бодлого мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Тэрний дагуу дагуул хотыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Цаашид Улаанбаатар болон дагуул хот, тосгон агломераци хэлбэрээр харилцан хамааралтай, бие биенээ дэмжин хөгжинө.

-ТҮЦ эрхэлдэг хүмүүсийг хоногийн хоолноос нь салгаж байхын оронд ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой юм биш үү гэсэн шүүмжлэл гарсан?

-Хотын хүнсний аюулгүй байдал нэн түрүүнд тавигдана. Ариун цэврийн наад захын шаардлага хангахгүй, зөвшөөрлөө аваагүй ТҮЦ-үүдийг татан буулгах ажил өрнөсөн. Өнгөрсөн 2008-2012 онд ТҮЦ-ийг “Хашаа” арга хэмжээний хүрээнд цэгцэлсэн байсан ч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зөвшөөрөл аваагүй ТҮЦ борооны дараахь мөөг шиг олширсон. Зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг хориглох арга хэмжээг цаашид ч хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотын төв замын дагуу ТҮЦ-ийг байлгахгүй гэсэн бодлого бас бий. Гэхдээ ТҮЦ-ийг буулгаад өөр газар шилжүүлэн байршуулах зэргээр ажлын байртай байлгах талаас нь анхаарч ажиллана.

-Гэр хорооллыг орон сууцжуулах дахин төлөвлөлтийн ажил зогссон гэдэг мэдээлэл бий?

-Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр 2005 оноос яригдаж, 2008 онд Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр батлагдаж, Т.Билэгт даргын үед анхны шавыг тавьж байсан. Гэр хорооллыг барилгажуулах хөтөлбөр маань өнгөрсөн дөрвөн жилд дахин төлөвлөлт хэлбэрээр хэрэгжсэн.

Энэ бодлого цааш үргэлжилнэ. Дахин төлөвлөлтийн явцад гарсан алдаа дутагдлыг засна, Дахин төлөвлөлтийн төслийн хувь заяаг газар эзэмшигч болон компани хоёрын дунд хаяснаас болж олон хүн гэр оронгүй, газаргүй хохирч хоцорсон. Гэр хорооллыг барилгажуулахдаа ахмадын орон сууц барьж тийш нь оруулж дараа нь авсан газар дээрээ орон сууцаа барьсны дараа шилжүүлэн оруулах гэх мэтээр барьж ирсэн бодлого алдагдсан тал бий. Хот баталгааг нь хангадаг байх ёстой. Бид дээр хэлсэн зарим алдааг засч, орон сууцжуулах ажлыг зохион байгуулна.

-Цахим газар өмчлөл яагаад зогссон бэ. Газар хувьчлалд иргэдийг татан оролцуулах ямар ажлууд хийгдэх вэ?

-Монгол Улсын иргэнд газар олгох тухай хууль 2003 онд батлагдаад өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Гэр хорооллын айлуудын газрыг өмчилсөн, шинэ суурьшлын бүсэд газар олголт хийгдэх гэх мэтээр шат дараатай ажлууд хийгдэж ирсэн байна. Цахим өмчлөлийг явуулахдаа зөв аргаар хийх ёстой. Улаанбаатар хотыг тойрсон газрыг хавтгайд нь зураад уул, жалга байх нь хамаагүй өмчлүүлчихсэн. Яг газар дээр нь очиход дэд бүтэцгүй, автозам байхгүй, хүн амьдрах боломжгүй газар цөөнгүй байна. Ингээд гадас, дугуй хатгасан хөндий болж хувирсан. Цахим газар өмчлөлийг түр зогсоосон. Улаанбаатар хотын тэг цэгийг тогтоож, үүнээс цааш хотыг тэлэхгүй байх захирамж гаргасан байгаа. Үүнтэй уялдуулаад одоо байгаа газрын нөөц боломжид тулгуурлан газар өмчлөлийг цааш үргэлжлүүлэн явуулна. Хотын хөгжлийн бодлоготой уялдаад хотыг тэлэх шаардлагатай болбол дахин шинээр суурьшлын бүсийг нэмж тогтоож болно.

-Шилэн дансгүй боллоо гэх мэтээр урьд нь явуулж ирсэн ажлуудыг зогсоож байна гэх шүүмжлэл байдаг. Төрийн бодлого, үйл ажиллагааг залгамжлан үргэлжлүүлэн явуулах тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна?

-НИТХ-ын хувьд санхүү мөнгөтэй холбоотой захирамжууд ил тод шилэн дансандаа тавигдаж байгаа. Зарим нэг хүний улс төр хийсэн асуулгад тухайн үед тайлбар хийсэн. Төрийн бодлогын залгамж чанар хадгалагдана, гэхдээ алдаа дутагдлыг засч ажиллана.

-Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн соёлын болон аялал жуулчлалын төв болгох тухай яригдаж байгаа?

-Ажлын хэсэг гарч, төлөвлөгөө нь боловсруулагдаж байна. НИТХ-д удахгүй өргөн барихаар мэдээлэл ил тод болно.

-Энэ хавраас бүтээн байгуулалтын ямар томоохон ажлууд хийгдэх вэ?

-Бүтээн байгуулалт хийх шаардлага их бий ч санхүүгийн эх үүсвэр, хөрөнгө оруулалт дутагдаж байна. Хот эдийн засгийн хүнд нөхцөлд ажиллаж байна. Олон эх үүсвэрийг эрэлхийлж байна. Концессын жагсаалт удахгүй батлагдана. Ирэх дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хомсдолыг бүрэн шийднэ. Эмнэлгийн анхан шатны үзлэг оношилгоо, эмчилгээг шинэ шатанд гаргана гэх мэтээр иргэд рүүгээ чиглэсэн ажил хийгдэнэ.

Б.ДОЛЗОДМАА

Categories
мэдээ цаг-үе

Да.Ганболд: “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах санаархал нь гадаад ертөнцөд маш муу дохио болж байна, гадны хөрөнгө оруулалтын тухай бодох ч хэрэггүй

Түрүүч нь №022, 023 (5589, 5590) дугаарт

“ЭРДЭНЭТ”-ИЙН БАРИМТ РУУ ГҮН ОРОХ ТУСАМ ЗАРИМ УЛСТӨРЧИД АМИА ТАВИХ ГЭЖ БАЙНА

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн хэвшил авснаар хүн, бараа шахах ажиллагааг тасална гэж ойлголоо. Сүүлийн үед “Монголын зэс” корпораци баахан сургууль, цэцэрлэг барих сурталчилгаа яваад байна.

-“Эрдэнэт- ХХК-д ганц нэг баримт үзэхэд л хэдэн арван цэцэрлэг, сургуулийн мөнгө салхинд хийсдэг механизм тогтсон нь харагдаж байна. Ганц хүн хүүхдээрээ 2-3 тэрбумыг шахдаг ч юм биш. Бүхэл бүтэн бөөн бөөн шахаа хийдэг сүрэг байгаа байхгүй юу. Төрийн албан тушаалд оччихоод түүгээрээ далимдуулж мөнгө хийдэг хамгийн том талбарын бузар булай гараад ирэхээр амиа тавих гэж байгаа биз дээ. Гэхдээ нэг их шударга царайгаар ард түмэнд жүжиглэнэ.

Бусад нь шахаа хийхээр хулгайч. дээрэмчин болдог. Хуулийн сайд нь шахаа хийхээр хүүхдээ бодсон, хүний хайлан эцэг болдог юм уу. Ийм л цагаандаа гарсан юм болж байна шүү дээ.

-Нэг үе үйлдвэр зардлаа хэмнээд, хямралын үед ажиллах зохицуулалт хийж байгаа тухай мэдээлж байсан.

-Хувийн хэвшил аль ч цагт хамгийн бага зардлаар хамгийн өндөр бүтээмжтэй ажилладаг. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд ашиг өндөр байх тусам хулгай нь их, бага бол жаахан буурах жишээтэй. Түүнээс хулгай тасрах тухай ойлголт байхгүй. Одоо тасрах аюул нүүрлэсэн учраас баахан хүмүүс амиа хорлож магадгүй болчихоод байх шиг байгаа юм.

-49 хувийг авсан “Монголын зэс” корпораци цаашдаа ямар бүтээн байгуулалт хийх вэ?

-Та өнөөдөр Монголд юу хэрэгтэй байна гэж бодож байна, тэр бүхэнд хөрөнгө оруулна. Танай сонин арав гаруй жил нефть, зэс, ган, ХАА-н боловсруулах үйлдвэр, V цахилгаан станц барих хэрэгтэй гэж бичиж байгаа биз дээ. Өнөөдрийг хүртэл баригдаагүй. Яагаад гэвэл гадныхан хөрөнгө оруулах гэхээр одоогийн “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах гэж байгаа шиг том албан тушаалтнууд хэдэн талаас нь ноцдог байхгүй юу. Тиймээс өнөөдөр хүртэл олигтой хөрөнгө оруулалт орж ирээгүй. Монголчууд Монголынхоо үйлдвэрийн хувийг эзэмших эрхгүй бол гадныхан манайд хөрөнгө оруулаад ашиг олно гэж байх уу.

-“Эрдэнэт”-ийн агуулах байсхийгээд шатсан мэдээ гардаг. Агуулахын бүртгэл, шахааны хэмжээ, эздийн нэрийг нийтэд зарлаж болох уу.

-Болно л доо. Эхнээсээ мэдээлэл гарч байгаа биз дээ.

-Нийт мэдээллийг гаргаж болохгүй юу?

-Энэ чинь жижигхэн ТҮЦ биш шүү дээ. Бүх баримт, юмнуудыг шалгахад тодорхой хугацаа хэрэгтэй. Олон жилийн хур юм байгаа. Гэхдээ энэ бэрхшээл биш. Олон жилийн хур бузар булай руу ойртох тусам, бидний үйл ажиллагааг зогсоох улайрал, галзуурал яаж туйлдаа хүрч, байгааг харж байгаа биз дээ. “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах нэрийн дор асар том хулгай, луйвар илрэхийг л зогсоох гээд байгаа байхгүй юу.

-Хувийн өмчид халдахыг гадаад ертөнц яаж харж байгаа бол?

-Өндөр хөгжилтэй орнууд, олон улсын хамтын нийгэмлэгүүд, банк, санхүүгийн байгууллагуудад хачин хөгийн юм харагдаж байгаа. Гадны зах зээлд маш муу дохио болж очно.

-Гадныхан дэмжих юм уу, эсэргүүцэж буй талаар ямар нэгэн мэдээлэл байна уу?

-Төрийн өндөр албан тушаалтнууд ийм юм ярьж байгаа нь гадны хөрөнгө оруулалт, зээл, тусламжийг бүрэн зогсооно. Тэд юу юугүй мэдэгдэл, мэдээлэл гаргаад байдаггүй л дээ. Одоогийн шуугиан дэгдээгээд байгаа нөхдөөс гадныхан албан ёсоор асуусан чинь “Наргиж байсан юм аа” гэж ч мэднэ. Тиймээс гадны байгууллагууд тэр болгонд яаран байр сууриа илэрхийлээд байдаггүй л дээ.

-Да 1990 оны өмч хувьчлалаас болж халзан болсон гэдэг онигоо байдаг.

-Яг тэрнээс ч болсон гэвэл худлаа. Угаас халзарч байсан. Гэхдээ тэр үед хувьчлалыг хүмүүс ойлгохгүй эсэргүүцэж байсан. Жишээлбэл, мал хувьчлахыг нэгдлийн дарга тэргүүтэй янз бүрийн мэргэжил, салбарын хүмүүс эсэргүүцэж байсан. “Мал хувьчлахаар нэгдэл байхгүй болчихно. Тэгэхээр малчин, дарга, жолооч бүгд ажилгүй болно” гэж ойлгоод байсан байхгүй юу. Хотынхонд малыг нь хувьчилбал үнэхээр тэд бүгд ажил амьдралгүй болох нь ойлгомжтой. Гэтэл манай өмч хувьчлах бодлогоор өөрсдөд нь хувьчлах зарчимтай байсан. Ингээд хувьчлал явагдсан. Үнэн хэрэгтээ малын хувьчлалаас нэгдлийн албан тушаалтнууд арай илүү хүртсэн байдаг.

-Нэгдлийн дарга нар чамгүй эсэргүүцсэн дээ.

-Тийм л дээ. Гэхдээ тэд улстөржих, мэдээлэл муутайгаасаа болж эсэргүүцэж байсан.

-Өнөөдөр тэр үед хувьчилсан малыг нийгэмчилнэ гэвэл яах бол?

-Нямдорж та хоёроос өөр тийм юм бодож чадах хүн байгаа болов уу даа. 1990 онд дэвшүүлсэн хүний эрх гэдэг чинь өмчөөр баталгаажсан байхгүй юу. Өнөөдөр зах дээр тэрэг түрж орлого олдог хүүхдийн тэргийг булаах гээд үз. Тэнд байгаа цагдаагаас эхлээд наад захын хүн дээрэмчинг буруутгана. Нийгмээрээ хүний өмчид халдаж болохгүй гэсэн сэтгэхүйтэй болсон. Монголчууд 20 гаруй жил хувийн өмчтэй болж, үр шимийг нь хүртэж ирсэн. Хамгаалдаг болсон.

-Гэхдээ албан тушаалтнууд авлига авдаг, хулгай хийдэг гэсэн баримтууд их байгаа шүү дээ.

-Бүх шатанд янз бүрийн хэмжээтэй хулгай байж л байгаа. Жишээлбэл, ажилгүй залуус машины толь, гар утас, арай гайгүй албан тушаалтайнууд нь зам талбай засаж хэдэн төгрөг хусч болно. Дээд шатны албан тушаалтнууд бүр том өмч рүү дайрдаг тогтолцоо үүсээд байна.

ХУВЬЧЛАЛЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ НАДАД УВСААС ЧИРГҮҮЛТЭЙ 130 МАШИН ДҮҮРЭН ТОЛГОЙ, ШИЙР ИРҮҮЛЖ БАЙСАН

-одоогийн зарим уиХ-ын гишүүдийн “Эрдэнэт”-ийн 49 хувийг эсэргүүцэх, 1990 оны нэгдлийн дарга нарын мал хувьчлахыг эсэргүүцэх хоёрын хооронд ялгаа байна уу?

-Маш их ялгаа байна. Тэр үеийн нэгдлийн дарга нар үзэл санаандаа, намдаа үнэнч учраас хувьчлалыг эсэргүүцэж байсан байхгүй юу.

-Тодруулбал?

-Тэдэнд “Хувийн өмч байх ёсгүй, удахгүй социализм байгуулна. Нэгдэл бол социализмын материал техникийн бааз суурийн салшгүй хэсэг мөн” гэж сургасан. Нам нь “Намын гишүүн бол өндөр ёс суртахуунтай. Социалист өмчийг нүдний цэцгий мэт хайрлах” үзэл санааг бараг цусанд нь шингээж өгсөн. Намын гишүүн гэдэг нэрээ үйлдлээрээ батлах сэтгэл нь эсэргүүцэл байсан байх гэж боддог. Өөртөө ч ганц хонь цохож идэхээс цэрвэдэг олон нэгдлийн дарга байсан гэж ярьдаг. Нэгдлийн ганц хонь нэгдлийн даргын хүүхэд нь хулгай хийсэн тохиолдол гарсан байдаг. Нэгдлийн дарга нь өөрөө хүүхдээ цагдаад өгч байсан тухай яриа байдаг. Энэ чинь л шударга ёс биз дээ.

-Яг таны заасан “политэконом” биз дээ. Одоогийн намын гишүүдийг намдаа үнэнч биш гээд бна уу?

-Уулын мод урттай, богинотой гэгчээр аль ч намд сайн, муу хүмүүс байж л байгаа. Хоёр том намын аль алинд нь гишүүдийн таван хувь нь жинхэнэ бодит байдлыг ойлгож, хэрэгжүүлдэг, эрүүл саруулаар сэтгэдэг хүмүүс байдаг гэж би боддог. Одоогийн “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах гээд шударга царайлаад байгаа нөхөр чинь тэр үеийн нэгдлийн дарга нараас шал өөр зорилготой байхгүй юу. Өөрөө хэдэн тэрбумын бараа шахчихаад бусдыг хулгайчаар нь дуудна. Хувийн өмч, намын тухай ямар ч ойлголт байхгүй. Зүгээр л албан тушаалаа ашиглан төрөөс хулгай хийж амьдрах философитой болчихсон байгаа юм.

-1990 оны үед хоёр машин толгой, шийрээр шагнуулсан ч юм уу, торгуулсан ч юм уу нэг мэдээ явж байсан даа. Тэр ямар учиртай толгой, шийр вэ?

-Тэр энд тийм чухал юм уу?

-Чухал шүү дээ. одоогоор бол маш их мөнгө. Гэтэл танд үнэгүй өгдөг.

-Увс аймгийн Засаг дарга л даа. Хувь хүний аймаг, албан тушаал, нэрийг зарлах хэрэггүй байх.

-Яагаад болохгүй гэж, санаатай хийсэн үйлдэл биз дээ. Нууцлах юм байгаа юм уу?

-Нуугаад байх юм байхгүй л дээ. 1990-1992 онд би Бямбасүрэн гуайн Засгийн газарт тэргүүн шадар сайд, өмч хувьчлалын асуудлыг хариуцаж байсан юм. Тэр үеэр хөдөө явж өмч хувьчлалын тухай яриа хийнэ. Бүх аймгуудаар явж өмч хувьчлалын концепцийг олон нийтэд ойлгуулах гэж их зүтгэсэн. Иргэдтэй уулзаад, иргэд зөв юм байна гээд уулзалт тардаг байсан. Дараа нь заавал нэг дарга араас элдэв юм ярина. Эсвэл аль нэг мэдээллийн хэрэгслээр яг эсрэг байр сууринаас мушгиж, гуйвуулсан мэдээ гардаг байсан. Би сүүлдээ мэдрэлээ барахаа болиод тайвшрахыг оролддог болсон.

-Толгой, шийр хэзээ ирсэн бэ?

-Увсад уулзалт хийсний намар. Ордонд Ерөнхий сайд Бямбасүрэн гуайтай уулзаж байсан чинь туслахууд “Тээврийн товчоон дээр таны нэр дээр чиргүүлтэй ЗИЛ 130 дүүрэн толгой шийр ирсэн байна” гэсэн. “Ямар учиртайг шалга” гэтэл тэр аймгийн, тийм албан тушаалтан, таны нэр дээр явуулсан байна гэдэг юм. Тэр үед ачаа бараа чинь падаантай, машин тээврийн зам явах гээд олон баримт бүрдүүлдэг байсан.

-Энэ тухай Ерөнхий сайд Бямбасүрэн мэдээд танд юу гэж хэлсэн бэ?

-Муухан мушийгаад “наадахынхаа учрыг ол доо” гэсэн. Тэр холоос, төсөв мөнгө, бензин тос ховор үед ингэж үзэл суртал хийж байсан даа.

-Одоогийн хэдэн тарбумаар хусдагтай харьцуулбал сүржигнээд байх юм биш байх даа.

-Үгүй шүү. Жинхэнэ хариуцлага тооцно гэдэг чинь тэр үед байсан шүү. Дараа нь тэр нөхрийг Засгийн газрын хуралдаанаар оруулж арга хэмжээ авсан. Тэр холоос ирсэн тээврийн зардлыг хувиас нь төлүүлсэн. Бямбасүрэн гуай ямар ч алдаанд хариуцлага тооцохгүй өнгөрнө гэж байхгүй.

-Тэгээд тэр их толгой, шийрийг яаж далд оруулсан бэ?

-Далд оруулах гэж юу гэсэн үг юм. Тэнд чинь тодорхой хэмжээний мах, арьс шир байгаа биз дээ. Одоо бол яс нь ч мөнгө болж байгаа. Тухайн үед Арьс, ширний нэгдэл гэж том байгууллага байсан юм. Энэ байгууллагын хашаанд жижиг арьс, шир боловсруулах үйлдвэр байсан. Үйлдвэр арьс, ширний өөдсөөр түрийвч, бээлий гэх мэт жижиг эдлэлүүд хийнэ. Энэ үйлдвэрт “Үнэгүй түүхий эд өглөө шүү. Ном ёсоор орлогын баримт бүрдүүлээд үйлдвэртээ ашиглаарай “ гээд өгсөн. Овоо юм хийсэн сураг байсан.

МОНГОЛЧУУД АНХ УДАА ДАВОСТ ОЧИХДОО Ж.ЗАГСЫГ УРЬСАН

-“Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийсэн улсуудтай хариуцлага тооцох уу?

-Тооцно. Шүүх, хууль гэхээс өмнө баримтуудтайгаа сайн танилцах хэрэгтэй байх.

-Оросоос 49 хувийг авахдаа цөөнгүй тооны өрсөлдөгч байсан гэсэн. Тэдний турхиралтаар худалдааг зогсоох оролдлого байж болох уу?

-Би худалдан авах үеийн нарийн процессыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ уул уурхайн хувьчлал, худалдааг шударгаар авсан хүнээс нь буцааж авч байсан цөөнгүй тохиолдол байдаг. Ялангуяа буурай орнуудын уул уурхайн баялгийг авахын тулд дотоодын улстөрчид, иргэдийг ашиглах тохиолдол байдаг. Хууль тогтоогчид шударга оронд бол ийм юм гарахгүй л дээ. Хууль тогтоогч гэдэг чинь ил далд хулгай хийдэг хүнийг хэлдэггүй байхгүй юу. Ямар ч тохиолдолд “Эрдэнэт”-ийн 49 хувийг ард түмний нэрээр төрд авна гэдэг бол монгол хүний санаа биш.

-Яагаад?

-Хэрэв энэ наймааг хүчингүй болговол маш их хэмжээний торгууль, үйл ажиллагааны зардлын тухай ярих болно. Эцсийн бүлэгт оросууд “Та нар авахгүй гэдгээ хэлсэн. Бид гуравдагч этгээдэд зарах эрхтэй” гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл, дуудлагаар худалдах эрх үүснэ. Буурай орнуудын уул уурхайд баруун солгойгүй мөнгө цацаж байгаа өмнөд хөрш байна. Энэ улс л мөнгөөр зодож авах боломжтой. Дээхнэ үед хятадуудтай манай энэ чинь толь бичиг барьчихаад уулзаж л байсан гэдэг байхгүй юу.

-Эдийн засагч ж.Загс та нартай уулзсаны дараа “зүүн Европын орнуудад байхгүй зах зээлийн эдийн засагчид Монголд байна” гэсэн байдаг. Яаж энэ том барууны эдийн засагчтай холбогдов?

-Давосын форумд 1991 онд Сүх-Эрдэнэ, Золжаргал бид гурав явсан. Бид энэ форумд оролцсон анхны монгол хүмүүс. Тухайн үед Монголыг цөөн тооны улстөрчид л мэддэг байсан. Монгол гэж ийм орон байдаг. Хүний эрхийг дээдэлсэн, зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа гэдгээ зарласан. Аливаа форумд оролцож байгаа хүний нэрс, хаяг, бусад мэдээллүүд байдаг. Бид жагсаалтаас эдийн засагч Ж.Загсын хаягийг аваад холбоо тогтоож Монголд урьсан. Ж.Загс Монголд 1991 онд ирсэн. Монгол Улс түүнийг айлчахад өмч хувьчлалын мөрийн хөтөлбөрөө Улсын бага хурлаар баталчихсан байсан. Манай өмч хувьчлал концепцыг үзээд өндөр үнэлсэн. Хөршүүд маань тодорхой тогтсон концепцоо боловсруулж амжаагүй. Зүүн Европын орнуудаар явахад эдийн засагчид улаан марксист юм яриад жаахан сэтгэл дундуур байсан үе нь таарсан байгаа юм. Гэтэл манай улс өмч хувьчлалын тухай зөв бодлого боловсруулаад зогсохгүй төрийн бичиг баримтаа баталчихсан байгаа нь сэтгэлийг нь нэлээд хөдөлгөсөн гэсэн.

-Таныг өмч хувьчлалын тухай ойлголтыг нийгэмд өгөхгүйгээр шууд өмчийг хувьчилж, эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн гэж ярьдаг.

-Нийгмийг сэнхрүүлэх тухай ойлголт чинь үзэл суртал. Нэгдлийн мал чинийх болчихлоо. Зарж үрэх нь бүү хэл дуртай үедээ төр засаг нь юмаа мэдэж байна гээд хөөгөөд гаргадаг байсан орон сууцны эзэн боллоо. Цэдэнбал дарга насаараа унаж үзээгүй барууны тансаг зэрэглэлийн машиныг залуучууд хөлөглөж байна. Дэлхийн аль ч оронд очсон монголчууд хэнээс ч дутуугүй амьдарч байна. Элгээрээ хэвтсэн эдийн засаг ийм байдаггүй биз дээ. Өмчтэй болсон иргэд үүнийг ойлгоно. Тэдэнд элдэв онол чойр, үзэл суртал ярих хэрэг байхгүй. Сонсох ч үгүй.

-Хүн бүр тодорхой хэмжээний өмчтэй болчихоод хувийн өмчийг бруутгасаар л байна шүү дээ.

-Хүн амын тодорхой хувь нь ядуу байдаг. Энэ нь ямар ч өндөр хөгжилтэй оронд байдаг зүйл. Зах зээлийн тухай ойлголт Монголд нэвтрээд 30-аад жил болчихоод байхад Нямдорж мэт нь ойлгохгүй байхад тэр хүмүүс ойлгохгүй байж болно.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ цаг-үе

Хулгайд алдагдсан бурхдын тухай

Түүх, соёлын хосгүй үнэт өв, дэлхийд нарийн хийц ураараа гайхагдсан бурхан шүтээнийг зохион байгуулалттайгаар хулгайлах, түүнийгээ хил давуулан өндөр үнээр худалддаг гэмт хэрэг сүүлийн 30 гаруй жилийн турш ар араасаа цувран гарсан. Хулгайд алдагдаж хууль бусаар Монголоос гарсан бурхад өдгөө дэлхийн зах зээл дээр хамгийн их эрэлттэй байна. Бурхан цуглуулдаг хүмүүс “Монголын гайхамшигт дархчуудын ур ухаанаа шингээж хийсэн бурхан хэзээ дуудлага худалдаагаар зарагдах бол. Хэдэн сая ам.доллар байсан ч үнэ цохиод авчих юмсан” гэж шунаж байна. Энэ төрлийн гэмт хэрэгтнүүдийн хамгийн хурдан аргаар их хэмжээний ашиг олох боломж нь Монгол Улсын музей, сүм хийд, цөөн хэдэн хүнд хадгалагдаж байгаа бурхад юм.

Б.ЭНХБАТЫН МУЗЕЙГЭЭС ХУЛГАЙЛСАН МЯНГА ГАРУЙ ҮЗМЭРИЙН НЭГ НЬ Ч ЭРГЭЖ ИРЭЭГҮЙ

Манай хууль хяналтын байгууллага, Мэргэжлийн хяналт, соёлын хосгүй үнэт үзмэрүүдийг хариуцаж байгаа мэргэжилтнүүдийн ажилдаа хайнга ханддаг, музей, сүм хийдүүдийн харуул хамгаалалт сул, хэн дуртай нь ороод л бурхан хулгайлчих боломжтой байдаг нь хэнд ч нууц биш. Үүнийг бурхан хулгайлагчид олон жилийн турш ашиглаж байна. Үүнээс болж хэдэн мянган бурхан хулгайлагдан хилээр гарч байгаа. Ингээд сүүлийн жилүүдэд бурхан хулгайлсан ноцтой хэргүүдийн талаар уншигч та бүхэнд хүргэж байна. Үндэсний түүхийн музейн сан хөмрөгийн эрхлэгчээр ажиллаж байсан Банзрагчийн Энхбат гэгч хэдэн жилийн турш хосгүй үнэт үзмэрүүдийг хулгайлсан хэрэг Монгол төдийгүй дэлхий даяар дуулиан шуугиан тарьсан.

Тэрээр 2007 оноос хойш 448 төрлийн 1070 гаруй үнэт эдлэлийг хулгайлсан байдаг. Зуны улиралд музейн ажилтнууд ихэвчлэн хөдөө голцуу явдаг байсан гэдэг. Энэ үеэр сан хөмрөгийнхөө бүх түлхүүрийг эзэмшин музейгээ харж хандан хоцордог байсан юм билээ. Дөрвөн жилийн турш түүнийг хулгай хийснийг музейн захиргаа, яам тамгын албан тушаалтнуудаас нь хэн ч мэдээгүй байсан гэдэг. Дээрх мянга гаруй үзмэрийн дунд есөн лхам бурхан хилээр гарсан байна. 1998-2003 онд Америк болон Европын холбооны улсууд руу үзэсгэлэнд авч явсан эртний хүрэл бурхан зэрэг арваад бүтээл бас л алга болсон байдаг. Ийнхүү Үндэсний түүхийн музейн хосгүй үнэт үзмэрүүд ар араасаа цувран алга болсон. Цагдаа нар хэргийг илрүүлэн Б.Энхбатад долоон жилийн ял оноож байсан. Түүний хулгайлсан мянга гаруй хосгүй үнэт өв болсон үзмэрүүдийн нэг нь ч музейдээ эргэж ирээгүй юм.

АЛТААР ЦУТГАЖ ХИЙСЭН АЮУШ БУРХНЫГ ГУУЛИН БУРХАН БОЛГОСОН ХЭРЭГ

Өвөрхангай аймгийн Эрдэнэзуугийн музейн хосгүй үнэт өвд бүртгэгдсэн хоёр ширхэг Аюуш бурхныг сольсон хэрэг гарсан. Гэмт хэрэгтнүүд алтан бурхныг гуулин бурхнаар сольсон байсныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчид илрүүлсэн аж. Алтаар хийсэн Аюуш бурхан хаашаа алга болсон, хэн хулгайлсан гэдгийг цагдаа нар тогтоож чадаагүй юм. Мөн музейн сан хөмрөгт хяналт шалгалт хийдэг мэргэжилтнүүд “Музей, сүм хийдүүдэд хадгалагдаж байгаа бурхан болон бусад үзмэрт 2010 он хүртэл нарийвчилсан бүртгэл хийгээгүй. Тухайн газар л бүртгэсэн бичиг баримт байсан болохоос нэгтгэсэн зүйл байхгүй байсан. Үүнээс болж маш олон үзмэр ор сураггүй алга болсон байсан. Бурхан тахил хулгайлах, дуурайлгаж хийсэн ноцтой зөрчил их олон гарч байсан. Гэвч дуурайлгаж хийсэн бурхан болгоныг шалгаж, шинжээчээр дүгнэлт гаргуулах боломж байхгүй. Үүнээс болоод Монголын соёлын хосгүй үнэт өв болсон бурхан хэдэн мянгаараа хилийн чанадад гарч, дуудлага худалдаагаар зарагдсан байдаг” гэх мэдээллийг өгч байсан юм. 2006 оноос хойш Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн Баруун хүрээ хийд, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Паньдчойнхорлин хийдээс дөрвөн удаагийн үйлдлээр 59 тооны бурхан алдагдсан хэрэг мөн л гарч байсан. Архангай аймгийн иргэн Хурц-Эрдэнэ гэх 30 настай залуу бусадтай бүлэглэж хоёр хийдээс нийтдээ 153 сая төгрөгийн бурхан эд зvйлс хулгайлсныг илрүүлж байсан. Говь-Алтай аймгийн музейд хадгалагдаж байсан хоёр метр өндөр, 200 гаруй кг жинтэй бурхныг хулгайлсан хэрэг 2011 онд гарсан. Гэмт этгээдүүд урьдаас төлөвлөн музейн цахилгааны кабелийг сүхээр цавчиж таслан манаачийг хүлж орхиод бурхныг аваад зугтаасан юм.

ЦАГААНДЭЛГЭР СУМААС АЛДАГДСАН НОГООН ДАРЬ ЭХ БУРХАН

Өндөр гэгээн Занабазарын урласан Ногоон дарь эх бурхан Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт байх Баруун Чойрын хийдээс 2011 онд алга болсон. Одоо болтол цагдаа нар гэмт хэрэгтнүүдийг илрүүлж чадаагүй байна. Мөн Цагаандэлгэр сумын Баруун Чойрын хийдээс өмнө нь манаач эмэгтэйг дээрэмдэж, арав гаруй бурхан хулгайлсан хэрэг гарсан. Дээрх хэрэг ч мөн илрээгүй байгаа юм. Өндөр гэгээн Занабазарын урласан алтадсан Ногоон дарь эх бурхныг 500 сая төгрөгөөр үнэлсэн байдаг. Өмнө нь гурван ч удаа хулгайд алдагдаж байсан юм. 2006 оны хавар Цагаандэлгэр сумын ИТХ-ын дарга О.Батсүх анх бурхныг хулгайлсан байдаг. Нарийн арга сүвэгчлэн эртнээс төлөвлөсөн юм. ИТХ-ын дарга асан О.Батсүх бурхныг хуурамчаар БНХАУ-д хийлгэсэн байдаг. Нарийн ураар хийлгэхийн тулд 1.3 сая төгрөг төлсөн гэдэг. Хулгайлсан бурхнаа гэртээ хадгалж байгаад баригдсан байдаг. Харин хоёр дахь удаагаа хулгайлсан нутгийн гурван залуу бурхныг Соёлын нэн ховор бүтээл байгаад зогсохгүй 250 сая төгрөгөөр үнэлсэн тухай мэдээллийг сонсоод түүнийг хулгайлахаар зориг шулуудсан билээ. Тэд ямар нэг нарийн зохион байгуулалтгүйгээр хийд рүү очсон бөгөөд манаачаас нь гэгээн цагаан өдөр дээрэмдсэн юм. Мөн эрүүгийн ертөнцөд “Хожиндой” нэрээр алдаршсан Б.Батжаргал болон түүний хам хэрэгтэн болох “Дармын улаан” хочит Я.Мөнхбат, С.Пүрэвбат нар хулгайлаад баригдсан түүхтэй. Үүний дараа бурхныг хулгайлахыг завдсан “Хожиндой” хочит Батжаргал болоод хамсаатнуудыг сумын төвөөс холгүйхэн машиных нь мотор цохиод зогсож байхад нь баривчилсан гэдэг. Шүүхээс “Хожиндой” хочит Б.Батжаргалд эрүүгийн хуулийн 147.3-т зааснаар үндэслэн 17 жилийн хорих ялаар шийтгэжээ. Харин түүний хам хэрэгтэн болох “Дармын улаан” хочит Я.Мөнхбат, С.Пүрэвбат нарт тус тус 16 жилийн хорих ял оноожээ. Тэд Дарьтын хорих ангид хоригдож байгаа юм билээ. Ногоон дарь эх бурхныг хулгайлсан гэмт хэрэгтнүүд хилээр гаргасан гэх мэдээлэл байдаг. Өнгөрсөн жил Парист дуудлага худалдаагаар 4.3 сая ам.доллараар зарагдсан Занабазарын хийцийн ногоон дарь эхийг 2011 онд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт байдаг Баруун Чойрын хийдээс алдагдсан бурхан гэх мэдээлэл байдаг. Гэвч энэ талаар холбогдох газрууд ус балгачихсан мэт чимээгүй байсаар өнгөрөөж байсан билээ.

“ЭРДЭНЭ ЗУУ”, ТОСОНЦЭНГЭЛ СУМААС БУРХАН ХУЛГАЙД АЛДАГДАВ

Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах “Эрдэнэ зуу” хийдийн музейд хулгай орж соёлын хосгүй үнэт өв болох долоон бурхан алдагдсан хэрэг хоёр жилийн өмнө гарсан. Хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй Доржсүрэн, Мөнхзул, Хишигбат гэх ах, дүү нар үйлдсэн болох нь тогтоогдсон юм. XVIII зууны дунд үеийн долоон бурхан хулгайд алдагдсан юм. Хулгайлагдсан долоон бурхан хөөмөл жавилтай, их бие болон суурь нь алтан шармал, цутгамал, 22.8 кг жинтэй Дүйнхор бурхан, 1.595 кг жинтэй, гууль цутгамал, алтан шармал Жүгдэрнамжил бурхан, зэс хөөмөл, алт шармал 1.230 кг жинтэй Майдар бурхан алдагдсан. Энэ гурван бурхан нь хосгүй үнэт өвд багтдаг. Мөн зэс хөөмөл, алт шармал 850 гр жинтэй Майдар, 2.2 кг зэс хөөмөл Майдар, хоёр кг жинтэй зэс хөөмөл, алтан шармал Майдар, гууль цутгамал, алт шармал, 765 гр жинтэй Манзушир бурхан хулгайлагдсан юм. Дүйнхор бурхан нь 32.6 см урттай, 20.7 см өргөн, 40.5 см өндөртэй. Доржсүрэн, Мөнхзул, Хишигбат нар хулгайлсан бурхдыг “Урд хөршийн Хөх хотод аваачин өндөр үнээр худалдах гэж байсан” хэмээн мэдүүлсэн билээ. Мөн Булган аймгийн нутаг дэвсгэрт байрлах Дорждамбаа Дашчойлин хийдээс олон тооны цутгамал бурхан хулгайлсан хэрэг гарч байсан. 1994 онд төрсөн (22 настай) Б гэгч хэргийг үйлдсэн гэдгийг тогтоосон юм. Доржшүгдэний таван цутгамал бурхан, Гүрэм дормын судар болон Арван хангалын судар тус бүр нэгийг хулгайлсан билээ. Өнгөрсөн онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Дамчолин хийдээс нутгийн иргэдийн олон зуун жил шүтэж ирсэн “Хар морьт сахиус” алдагдсан хэрэг гарсан. Энэхүү сахиус 1750-иад онд Төвдөөс залж авчирсан түүхийн үнэт өв аж. Тус хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид Орхон, Хөвсгөл аймгийн цагдаагийн алба хаагчидтай хамтран шуурхай ажиллаж илрүүлсэн байна. Энэхүү хулгайн гэмт хэргийг Хөвсгөл аймгийн иргэн “А”,“Б” нар үйлдсэнийг тогтоож, алдагдсан эд зүйлийг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Түүхийн хосгүй үнэт эдлэл хадгалагдаж байгаа Дамчолин хийд дохиолол хамгаалалтгүй байсны улмаас энэ хулгайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон байдаг.

СОЛОНГОСЫН ИРГЭН ЗУРГААН АЙЛААС БУРХАН ХУЛГАЙЛААД БАРИГДАВ

Хан-Уул дүүргийн IV хорооны нутагт дэвсгэр Нүхтийн аманд байрлах зургаан айлын гэрт хулгай орсон хэрэг энэ оны нэгдүгээр сарын 7-ны өдөр гарсан. Гэмт хэрэгтнүүд Нүхтийн аманд байрлах “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатын гэрээс 14 см өндөртэй Занабазарын хийцийн “Жанрайсиг” бурхан, 14 см өндөртэй “Бурхан” багш, очиртой мөнгөн хонх, 15 сая төгрөг бэлнээр, 28 нэр төрлийн алтан эдлэл хулгайлсан бөгөөд нийт хохирлын хэмжээ нэг тэрбум 400 сая төгрөг эд зүйлс хулгайлжээ. Т.Хүрэлжанжин гэгч этгээд БНСУ-ын иргэн Бак Жун Хёонг (Bak Jong Yeo­ng) гэх 46 настай эрэгтэйтэй хамтран хулгай хийснийг нь цагдаагийн байгууллага шалгаж, тогтоосон. Гэмт хэрэгтнүүд зургаан удаагийн үйлдлээр Л.Чинбат, Л.Гүндалай, С.Оргил, Б.Отгонбаярын гэрээс бурхан хулгайлсан гэдгээ мэдүүлсэн байдаг. Мөн УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, зураач Ц.Саранцацралт, “Алтжин”-ийн эзэн Г.Алтан, “Ажнай” группийн эзэн Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нарын нэрс, хаягийг тодорхойлж, хулгай хийхээр төлөвлөж байсан нь тогтоогдоод байгаа юм. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа.

НОГООН ДАРЬ ЭХ 4.3 САЯ АМ.ДОЛЛАРААР ЗАРАГДСАН ТҮҮХ БУЮУ МОНГОЛ БУРХАД ДУУДЛАГАХУДАЛДААГААР ӨНДӨР ҮНЭД ХҮРСЭН НЬ

Энэ мэт бурхан хулгайлсан хэргүүд ар араасаа цувран гараад байна. Манай улсын иргэдийг гар хөлөө болгосон, хил гаалиар хууль бусаар гаргадаг хэдэн улс дамжсан гэмт хэргийн томоохон бүлэглэл бий болоод байгааг эх сурвалж онцолж байлаа. Занабазарын хийцийн Ногоон дарь эх бурхан Парист “Sotheby’s” компанийн дуудлага худалдаагаар 3.467.500 евро буюу 4.3 сая ам.доллараар зарагдлаа. Уг хүрэл цутгамлыг 200-300 мянган еврогоос дуудсан юм. Албан бус мэдээллээр уг бурхныг Тайванийн нэгэн иргэн худалдан авсан гэнэ. “Sotheby’s” компанийнхан дуудлага худалдааны мэдээллийг ихэд нууцалж, ямар хүмүүс уг худалдаанд үнэ хаялцсаныг мэдээлээгүй юм. Тус компанийн дуудлага худалдаагаар сүүлийн жилүүдэд “Монголын Занабазарын хийц, дэгээр бүтээгдсэн” гэх тодотголтой хэд хэдэн бурхан зарагдсан юм байна. 2005 оноос хойш “Sotheby’s”-худалдаагаар “Занабазар сургууль” гэсэн тодотголтой 5-6 бурхан зарагджээ. Уржигдар Парис хотноо зарагдсан Ногоон дарь эхийн 30.7 см өндөртэй, хүрэл цутгамлыг “Sotheby’s” компанийнхан ямар нэг хууль бус аргаар олж авсан эд биш, бүх юм хууль ёсны дагуу болсон гэж тайлбарлажээ. 2013 оны есдүгээр сард “Sotheby’s”-аар Занабазарын хийцийн Буддагийн алтадсан цутгамал 40-60 мянган ам.доллараар дуудагдаж 75 мянган ам.доллар хүрч зарагдаж байжээ. БНХАУ-ын нийслэл дэх Бээжингийн олон улсын зочид буудал (Beijing international hotel)-д энэ сарын 12-нд манай түүх, соёлын хосгүй үнэт бүтээл болох Занабазар бурхныг дуудлагаар худалдлаа. Бид энэ дуудлага худалдаа болохоос өмнө буюу энэ сарын 4-ний дугаартаа “Тус улсын http://english.cguardian.com/ цахим хуудсанд мэдээлснээр энэ дуудлага худалдаанд 52 см өндөр, суурийнх нь өргөн 37 см хэмжээтэй хүрэл цутгамлыг алтдаж шарсан анхдугаар Богд Занабазар бурхныг оруулан худалдахаар товлосон” гэдгийг мэдээлсэн билээ. Бурхныг худалдахаас найм хоногийн өмнө ийнхүү ард түмэн, төр засаг, БСШУСЯ-ныханд мэдээлэл хүргэсэн ч хятадууд 73 сая 25 мянган юаниар борлууллаа. Америк долларт шилжүүлбэл 11 сая 410 мянга, төгрөгт шилжүүлбэл 26 тэрбум 289 саяар зарагджээ. Ингэж л Монголын дахин давтагдашгүй сор болсон соёлын хосгүй үнэт өв бүтээлүүд дэлхийн зах зээл дээр зарагдаж байна.

ОХУ-ын соёлын нийслэл гэгдэх Санкт-Петербург хотын Эрмитажийн музейд Монголын соёлын сор болсон хэдэн мянган үзмэр хадгалаастай байгаа. Хэдэн метр өндөр Жанрайсиг бурхан гээд л шашны олон зуун эд зүйл тэр дундаа Монголын агуу бүтээлүүд болох бурхдыг гэрээгээр авч явсан байдаг. 50 жилийн хугацаатайгаар Эрмитажийн музейд үзмэрт байршуулаад эргүүлэн өгнө гэсэн гэрээн дор ачигдсан сод бүтээлүүд дахин ирээгүй байдаг. Музейд байршуулаад эргүүлэн олгох хоёр улсын нууц гэрээг манай улсын нэгэн түүхч саяхан олсон байна лээ.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Ариунаа: Тархины эдийн цус харвалтын үед бүлэн хайлуулах эмчилгээ хийдэггүй

Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн Харвалтын тасгийн эрхлэгч, Клиникийн профессор, анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч Ж.Ариунаатай ярилцлаа.


-Харвалтын өвчлөл , нас баралт сүүлийн жилүүдэд нэмэгдэж, жилээс жилд залуужсаар байна. Шалтгаан нь юу бол?

-Манай улсад төдийгүй дэлхий нийтэд насжилт уртассантай холбоотойгоор харвалт буурахгүй байна. Өндөр хөгжсөн Япон, Европын орнууд хавдрын эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, хүн амын дундах харвалтын талаарх мэдээллийг сайжруулах, даралт ихсэх өвчний эмийн хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авч байгаа. Харин хөгжиж буй ядуу буурай орнуудын хувьд нийгмийн бодлогоор асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна. Манай улсад харвалтын насны бүтэц залуу байгаа. Харвалт 50 наснаас дээш арван жил тутамд хоёр дахин ихэсдэг. Сүүлийн жилүүдэд 15-45 насны залууст харвалт нэмэгдэж буй шалтгаан нь ахмад настнуудад тохиодог эрсдэлт хүчин зүйлээс өөр юм.

-Эрсдэлт хүчин зүйлүүдийн талаар тодруулахгүй юу?

– Өндөр настнуудын хувьд судас хатууралт, сахарын өвчин, даралт ихсэхтэй холбоотой. Залуусын хувьд эдгээрээс гадна даралт ихдэлтээ хянахгүй байх, цусны өөх ихдэх, амьдралын хэв маяг, стресс голлон нөлөөлж байна. Эрчүүдийн хувьд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, тамхи татах нь судасны хатууралт үүсэх нөхцөл болдог. Харин төрөх насны эмэгтэйчүүд жирэмснээс хамгаалах эмийг байнга хэрэглэх нь харвалтын эрсдэлт хүчин зүйл болдогийг тэр бүр мэддэггүй. Мөн толгой нүцгэн явах нь толгой өвдөх, архаг өвдөлт үүсэх нөхцөл болдог. Мигрен өвдөлт, толгой таллаж, хүчтэй өвддөг хүмүүс харвах эрсдэлтэй.

-Залуус фитнессээр хичээллэх болсон нь сөргөөр нөлөөлдөг гэж сонссон?

-Фитнессийг мөн тохируулах хэрэгтэй. Хүний зүрх минутад 60-80 цохилдог байтал хүчтэй ачааллын үед хоёр дахин ихэсдэг. Үүнтэй холбоотойгоор харвалт өгөх эрсдэлт хүчин зүйл болох магадлалтай. Уураг хэрэглэснээс боллоо, зүрхний ачаалал нэмэгдсэнээс болсон гэх зэрэг бодит онош тогтоож байгаагүй ч тамирчид өөрсдийнхөө даралт, зүрхний цохилтыг хэмжиж дадах хэрэгтэй. Үүнээс гадна залуучуудын харвалтад нөлөөлдөг гол хүчин зүйл бол зүрхний хавхлагийн өвчин юм. Зүрхний хавхлагийн төрөлхийн гажгийг хүүхэд байхад нь хагалгаа хийж эмчлэх боломжтой. Хоолойны ангенна зэрэг өвчнөөс үүдэлтэй олдмол хавхлагийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэх шаардлагатай.

-Шилэн хүзүүгээр хөших нь даралт ихэсч буйн нэг шинж тэмдэг мөн үү. Даралт ихэсч байгааг яаж мэдэх вэ?

-Ер нь даралтын аппаратаар хэмжиж мэдэх нь хамгийн найдвартай. Гэхдээ даралт бага зэрэг ихэссэн тохиолдолд шилэн хүзүүг нүдний угаар хөших, толгой өвдөх, нүд бүрэлзэх, сульдах, нойронд өөрчлөлт орох шинж тэмдгүүд илэрнэ. Даралт бага зэрэг өөрчлөгдөхөд ийм шинж тэмдэг илэрдэг. Даралт хүчтэй өөрчлөгдөхөд толгой хүчтэй өвдөх тохиолдол бий. Тийм болохоор даралтаа хэмжиж хэвших нь хэрэгтэй. Даралт ихэссэн тохиолдолд эмчид үзүүлж, шинжилгээ хийлгээд бие даасан даралт ихсэх өвчин үү, хоёрдогчоор даралт ихсэх өвчин үү гэдгийг эрт оношлуулах нь зүйтэй.

-Хоёрдогчоор даралт ихсэх гэдэг нь өөр өвчнөөс шалтгаалсан гэсэн үг үү?

-Тийм. Бөөрний дээд булчирхайн өвчин, бөөрний судасны нарийсал гэх мэт архаг өвчнүүдээс үүдэж даралт ихэсдэг. Тийм бол энэ өвчнөө эмчлүүлэх хэрэгтэй.

-Тэгвэл харваж байгаа хүнийг яаж мэдэх вэ?

-Дэлхий дээр жилд зургаан сая хүн шинээр харвалтаар өвдөж байна. 2030 он гэхэд энэ тоо 7.5 сая болох хандлагатай байна гэсэн судалгаа гарсан. Харвасан тохиолдолд шинж тэмдгийг нь мэдээд аль болох хурдан эмнэлэгт хандах хэрэгтэй. Харвалт хоёр янзаар явагддагийг иргэд тэр бүр мэддэггүй. Эхнийх нь тархины цус хомсрох харвалт буюу тархины гол артерийн судаснууд бөглөрөх юм. Энэ тохиолдолд хараа өөрчлөгдөх, хэл яриа тультрах, гуйвж дайвах, гар хөлийн мэдээ алдах шинж тэмдгүүд илэрнэ. Ийм шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гурван цагийн дотор манай эмнэлэгт авчрах хэрэгтэй. Тэгвэл бөглөрсөн судсыг бүлэн хайлуулах эмчилгээгээр онгойлгож, эд эсийг үхжихээс сэргийлж чадах юм. Эмчилгээний энэ шинэ арга манайд нэвтрээд гурван жил болж байна.

Нөгөө нь тархины эдийн цус харвах хэлбэр. Өндөр даралтаас болоод судас ачааллаа даахгүй хагарснаас болж тархины эд эс рүү маш их хэмжээний цус юүлэгдэж ордог. Энэ тохиолдолд толгой хүчтэй өвдөх, дотор муухай оргих, бөөлжих, огиулах, татах, ухаан алдах шинж тэмдгүүд илэрнэ. Ийм үед яаралтай түргэн тусламж дуудаад даралт их байгаа бол даралтыг буулгах, бөөлжсийг амнаас нь гаргах зэрэг яаралтай арга хэмжээг авч аль болох ойрын эмнэлэгт очих хэрэгтэй. Гэтэл иргэд эхний гурван цагийн дотор гуравдугаар эмнэлэгт очно гэж ойлгоод хаа холоос тээвэрлэж ирдэг. Налайх, Шувуун фабрикаас ирэх замдаа тухайн өвчтөн маш их цус алдаж өвчин нь даамжирсан байдаг. Ийм үед түргэний эмчийн заавраар ойрын эмнэлэгт хандаж амь насыг нь аврах тусламжийг юун түрүүнд хүргэх хэрэгтэй.

-Иргэдийн дунд тал харвасан, бүтэн харвасан гэх яриа байдаг. Үүнийг яаж ялгах вэ?

-Тал бүтэн харвалт гэж байдаггүй. Манай эмнэлгийн зорилго бол ямар хэмжээтэй, хаана байрласан, ямар хэв шинжийн харвалт байна гэдгийг оношилдог. Тэгээд бүлэн хайлуулах, мэс засал хийх, ангиграфикийн шинжилгээ хийх зэрэг нарийн төрөлжсөн тусламж үзүүлэхийг зорьдог. Тархины гүнд байрласан жижиг харвалтыг дүүргийн эмнэлэгт эмийн эмчилгээгээр эмчлэх бүрэн боломжтой.

-Харвалт бүрэн эдгэрэх магадлал хэдэн хувьтай байдаг вэ?

-Эдгэрэх магадлалыг ярих хэцүү. Харвалтын хэв шинж, байршил, хэмжээнээс хамаарч эдгэрэлт янз бүр байдаг. Захын байрлалтай, том хэмжээний цус тархинд байх юм бол мэс заслын аргаар соруулж авна. Хэл ярианы төв дээр байршсан харвалтаас хэл ярианд өөрчлөлт орохоос биш гар хөл саажихгүй. Гар хөлийн саа, хэл яриа засдаг сэргээн засах эмчилгээ болон эмийн эмчилгээний үр дүн удаан хугацааны дараа харагддаг. Хүний эд эс богино хугацаанд гэмтдэг ч эргэж сэргэхдээ удаан хугацаа шаарддаг. Нэгэнт гэмтсэн эс эргэж сэргэнэ гэж байхгүй. Харин түүнийг орлон ажиллах эсүүдийн үйл ажиллагааг дэмжих эмчилгээ хийдэг. Тухайн өвчтөнөөс болон ар гэрийнхнээс маш их тэвчээр, хичээл зүтгэл шаардана.

-Гуравдугаар эмнэлэгт гадаадад хийлгэдэг стенд тавих эмчилгээг энэ жилээс хийж эхэлсэн. Эмчилгээний үр дүн ямар байна?

– Гүрээний артерийн өндөр зэргийн нарийсалтай үед цусан хангамжийг сайжруулах зорилгоор стенд тавих эмчилгээг хийдэг.Тархинд хийх өндөр хөгжсөн нарийн стендүүдийг энэ жилээс хийж эхэлсэн. Тусгайлсан өндөр нарийн мэргэжлийн эмч хийдэг. Үр дүн сайн байгаа.

-Та анагаах ухааны салбарт хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-Би 32 дахь жилдээ ажиллаж байна. Мэдрэлийн эмчээр 27 жил, гуравдугаар эмнэлэгт 17 жил, анагаах ухааны хүрээлэнд гурван жил ажилласан. Тархины артерийн даралт ихдэлтийн шалтгаант тархины эдийн цус харвалтын эмийн эмчилгээний сэдвээр судалгааг хийж, харвалтын чиглэлээр тодорхой хэмжээний менежмэнт, өөрчлөлтийг хийх зорилготой ажиллаж байна. 2010-2013 онд Мянганы сорилтын сангийн төсөл хэрэгжихэд ажиллаж байлаа.

Б.НАРАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Ханбогд гэдэг том хот байгуулъя

Өмнөговь аймгийн Ханбогд сум гэж хачин сайхан дулаахан нутаг бий. Идэр есийн хүйтэнд тэнд цаг агаар нь хэдэн градус байдгийг та бүхэн анзаардаг уу. Улаанбаатарт гашуун утаа хоолой хорсгож, яс янгинатал тачигнасан жавартай хүйтэн өдрүүд үргэлжилж байхад Ханбогдод яг л хавар шиг байдаг. Тэнд хацар хайрах хахир хүйтэн болоод байдаггүй. Цаг агаарын прогнозыг хараад байх нь ээ, Ханбогдод өвлийн улиралд шөнөдөө -14-18 хэм, өдөртөө -6-7 градус хүрдэг юм билээ. Хамгийн хүйтэн үе нь л энэ. Үүнээс давж чангарна гэж байхгүй. Ийм цаг уурын температурт оросууд наранд биеэ шардаг юм шүү гэж Францын Ерөнхийлөгч Франсуа Миттеран загнаж байсан гэдэг.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс нийт нутгийг шавхуурдсан хатуу өвлийн жавар хурсан өдрүүд өнөөдрөөс уярч байгааг цаг уурчид мэдээлж байна. Хотод шөнөдөө -21, өдөртөө -10 хэм болон хүйтний эрч суларч, нийслэлчүүдийн магнайг тэнийлгэх дулаан өдрүүд ирж буй. Тэгвэл энэ үед Ханбогдод өдөртөө нэмэх хоёр градус болох юм байна. Шөнөдөө энэ сум Улаанбаатарын өдрийн температураас ч дулаан байх ажээ. Ер нь өвлийн саруудад Ханбогдод гадаа хучлагагүй хонуулсан машиныг өглөө ганц дарахад ямар ч асуудалгүй асдаг гэж жолооч нар ярих юм билээ. Ийм л сайхан дулаахан газар хот байгуулмаар байгаа юм. Хэрэв тэнд том хот байгуулбал бидэнд ашигтай. Наанадаж цаг агаарын таатай нөхцөлд амьдарна. Цаашилбал, улсын эдийн засаг, геополитекийн бодлогод ч ач холбогдолтой. Ханбогдоос урагшаа 100 км хүрэхгүй зайнд БНХАУ-тай хил залгадаг. Тиймээс арилжаа наймаа явуулахад бүрэн боломжтой. Урд хөрштэй дөт болохоор эдийн засагт ч тустай. Нөгөөтэйгүүр газар зүйн байршлын хувьд тэнд хот байгуулбал хилийн хаалт болчихно. Ийм таатай бүсдээ бүгдээрээ бөөгнөрцгөөе л дөө.

Монголчууд бол ядуу. Тийм болохоор дэлхийн бусад орны ядуучуудын хүндрэл бэрхшээлийг сайн мэднэ. Гэхдээ бидэнд гадны ямар ч улсын ядууст байдаггүй зовлон бий. Тэр нь бөмбөрцгийн хаана ч болдоггүй хатуу өвөл. Жавар хургасан хүйтэн өдрүүдэд ядуу монголчууд өлсч зүдрэхийн зовлон дээр даарч, бээрэхийн зовлонтой нүүр тулдаг. Өвлийн гурван сард ард түмэн бул чулуунд даруулсан мэт зүдэрдэг. Тиймээс хүн ардынхаа нуруун дээрх тэр хүнд ачааг нь нимгэлж, ангижруулахын тулд Монгол орны хамгийн дулаахан нутаг болох Ханбогдыг суурьшлын том хот болгоё. Хавар, намар шиг урьхан дулаахан хотод ард түмэн маань ядаж л даарч, бээрэхийн зовлонгүй ажин түжин амьдарвал аятай юу даа.


Categories
мэдээ цаг-үе

Да.Ганболд: Намайг Ерөнхий сайдад нэр дэвшихэд “Эрдэнэт”-ийн асуудлаас болж Багабанди долоон удаа буцаасан

“Өдрийн сонин”-ы №022, 023 (5589, 5590) авч нийтлэв

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшлээс төр авах тухай яриа шуугиан дэгдээж байгаа. Энэ талаар “Монголын зэс” корпорацийн 49 хувийг төлөөлсөн “Эрдэнэт” ХХКийн ТУЗийн гишүүн Да.Ганболдтой ярилцлаа. Тэрээр Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсчээ. Монгол Улсын тэргүүн шадар сайд, УИХын гишүүн, Оюу толгой компанийн ТУЗийн гишүүн байсан ажлын туршлагатай.


ЭРДЭНЭТ ШИЛЭН ДАНС ХӨТӨЛНӨ

-Та “Монголын зэс” корпорацид хувьцаа эзэмшдэг үү, ямар нэгэн албан тушаал хашдаг уу?

– Би энэ корпорацид ямар нэгэн хувьцаа эзэмшдэггүй, албан тушаал хашдаггүй.

-Тэгээд яагаад “Эрдэнэт”-ийн ТУЗ-д тус компанийг төлөөлөн сууж байгаа юм бэ?

-Хувийн хэвшил хэн нэгэнд санал тавиад өөрийн төлөөлөгч болгож, гэрээ байгуулж ажилладаг жишиг дэлхий даяар байдаг. Тэр дагуу л ажиллаж байна.

-Та дандаа хэл амтай, халуун цэгүүдэд ажиллах юм. 1990 оны өмч хувьчлал, Оюу толгойн хоёр дахь хөрөнгө оруулалт, “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлал гэх мэт.

-Хувь заяа юм байлгүй дээ. Гэхдээ өнөөгийн өндөрлөгөөс харахад би буруу зүйл хийгээгүй гэж боддог. 1990 онд манай улс 22 сая малтай түүнээс хоёр сая хүрэхгүй нь хувийнх. Мянга хүрэхгүй хувьдаа машинтай иргэд, инженерийн байгууламжид холбогдсон хувийн орон сууц гэж байгаагүй. Өнөөдөр 60 сая мал хувийнх, иргэд өөрийн хашаа байшин, орон сууцаа барьцаалаад хувийн банкнаас зээл авч болно. 600 мянга шахам хувийн машин. Олон улсад өрсөлдөх чадвартай хувийн компаниуд Монголд байна. Энэ бүхэн хувьчлалын үр дүн. Намайг Оюу толгойн ТУЗ-д байхад хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Үүний үр дүнд 5000 шахам ажилчин шинээр авсан. Оюу толгой 2016 онд 400 гаруй тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн. “Монголын зэс” корпорацийн хувьд миний ажлын туршлагыг харж хамтран ажиллах санал тавьсан байх.

-Оюу толгойг загнаж байгаад тайланг нь авчихдаг. “Эрдэнэт” шилэн дансаа ч хөтөлдөггүй. Энэ байдал өөрчлөгдөх үү?

-Хуулийн хүрээнд шилэн данс хөтөлнө.

-49 хувь хувийн хэвшилд очоод ямар дэвшил гарав, танд данс тооцоог үзэх эрх бий юү?

-Бий. Хувийн хэвшил ТУЗ-д орсноор олон юм өөрчлөгдөнө. Одоогоор ашгийн 30 шахам хувь нь элдэв замаар алга болдог нь тогтоогдож байна. Хэдэн арван цэцэрлэг, сургууль барих мөнгө шүү дээ.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг төр авах талаар зарим УИХ-ын гишүүд ярьж байна?

-Тогтсон онол, үзэл баримтлал байхгүй, төрийн албан тушаал эд хөрөнгийг завшиж сурсан хүмүүс түүнийгээ баталгаажуулах гэж улайрч байна. 1990 онд бид “Даахгүй нохой булуу хураана гэдэг шиг төр их өмчтэй байх хэрэггүй” гээд хувьчлал явуулсан. Үр дүн нь тодорхой. “Эрдэнэт”-ийн 49 хувь төрд очно гэдэг нь төрд алба хашиж байгаа этгээдүүд дуртай үедээ шахаа хийж, өмч луйвардах замаа л тавьж байгаа юм. Тийм замаар амьжиргаагаа залгуулах сонирхолтой байгаа юм.

-ОХУ-ын мэдэлд байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдаа хуулийн дагуу явагдсан уу?

-Оросууд зарах тухайгаа манайд мэдэгдээд Монгол Улсын Ерөнхий сайд кабинетаараа хэлэлцээд гаргасан шийдвэр. Энэ нь албан ёсоор гарын үсэг тоотоор баталгаажсан. Бид мөнгө байхгүй учраас авахгүй гэдгээ мэдэгдсэн. Харин ч манай хувийн компани Монголоо худалдан аваад ирсэн нь сайн хэрэг биз дээ.

-Өмнө нь бас хувьчлах оролдлого хийж байсан түүнээс юугаараа ялгаатай юм бэ?

-Монголын ардчилсан холбоо эвсэл 1996 онд ялсны дараа Энхсайхан, Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулсан. Дараагийн Ерөнхий сайдыг тавих гэж ямар их юм болсныг та нар мэдэж байгаа. Тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди Ганхуяг, Бат-Үүл нарыг нэг удаа, намайг долоон удаа буцааж байсан. Элбэгдоржийн Засгийн газар огцорчихоод хэдэн сар болсон. Ялсан нам Ерөнхий сайдаа тавьж чадахгүй байсан.

-Эрх баригч намаас санал болгосон Ерөнхий сайдыг хориглох эрх Ерөнхийлөгчид байсан уу?

-Үндсэн хуульд зөвшилцөнө гэсэн заалт байсан. Түүнийг ашиглаад л гацаагаад байсан.

-Ерөнхий сайдыг буцаахдаа ямар нэгэн шалтгаан хэлнэ биз дээ?

-Хүн бүр дээр нэг хачин тайлбар хийгээд буцаагаад байсан.

-Яг юунаас болоод буцаагаад байсныг хэлж болох уу?

-Тухайн үед манай намынхан “Эрдэнэт”-ийн захирал Ш.Отгонбилэгийг огцруулсан юм. Түүний оронд Дорлигжавыг тавьсан. Гэтэл Ерөнхий сайдад нэр дэвшигчид Отгонбилэгийг зургаахан сараар л болов буцаагаад “Эрдэнэт”-ийн захирлаар тавих шаардлагыг Ерөнхийлөгч Багабанди манай намаас нэр дэвшигчдэд тавьдаг байсан. Бид намаараа ярилцаад энэ саналыг хүлээж авахгүй байхаар тохирсон.

-Жишээ нь танд яг тийм болзол тавьсан уу?

-Надад бас тавьсан.

-Тэгээд яагаад Наранцацралтыг зөвшөөрсөн юм бэ?

-Наранцацралт Отгонбилэгийг буцааж тавих болзлыг зөвшөөрсөн байгаа юм.

НАРАНЦАЦРАЛТЫН ОРОСУУДАД ЯВУУЛСАН ЗАХИАНЫ ХУУЛБАР НАДАД БИЙ

-Ерөнхий сайд Наранцацралт “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчлах зөвшөөрөл өгсөн захидал оросуудад бичсэн хэргээр огцорсон биз дээ?

-Таны асуусан хувьчлах оролдлого гэдэг чинь үүнээс үүдэлтэй байхгүй юу. Мань эр Ерөнхийлөгчийн болзлыг хүлээж аваад Ерөнхий сайд болсон. Гэтэл Отгонбилэгийг буцааж тавих асуудал нь шийдэгдэх боломжгүй болчихсон байхгүй юу. Галт тэрэг хөдөлсөн түүнийг зогсоох аргагүй гэдэг шиг Дорлигжавыг Отгонбилэгээр солих ямар ч боломжгүй болчихсон байсан. Тухайн үед Оросын талаас өөрийн мэдлийн 49 хувийг хувьчлах ажиллагаа зохион байгуулсан юм билээ.

-ОХУ-ын засгийн газар уу?

-Та нар тухайн үеийн ОХУ-ын байдлыг санаж байгаа байх. Оросын эдийн засаг хүндрээд, төр засаг нь бүх салбартаа хяналт тавьж чадахаа больсон, ерөнхийдөө мафи, хулгай газар авсан тийм үе шүү дээ. Хүчирхийлэл газар авсан. Хэн хүчтэй нь юу дуртайгаа хийдэг. Хөл толгой нь мэдэгдэхээ байсан улс болж хувирсан. Зэрлэг капитализм, анархизм ноёлж байсан.Тухайн үед манай “Эрдэнэт”-ийн 49 хувь нь “Зарубежцветмет” гэдэг төрийн компанийн мэдэлд байсан байгаа юм. Тэр байгууллагын хэдэн нөхөд “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчлах лобби хийж эхэлсэн байдаг. Төр нь ч биш, тухайн салбарын бодлого ч биш. Зүгээр л хэдэн нөхөд төр засгийн хяналт суларсныг далимдуулж ийм ажиллагаа зохион байгуулж байсан байдаг. Анзаарч байгаа биз. Хувь хүмүүсийн явуулсан үйл ажиллагаа шүү. Энэ лоббиг хэрэгжүүлэх ажиллагаанд Отгонбилэг оролцсон юм шиг байгаа юм. Энэ үеэр Ерөнхий сайд Наранцацралт Отгонбилэгийг буцааж тавьж чадахгүй учраас Оросын талын хувьцааг зарахыг зөвшөөрсөн захидал явуулсан байгаа юм.

-Тэр захидал нь ямар утгатай байсан бэ?

-Оросууд өөрсдийн хувиа зарахыг Монгол Улс зөвшөөрч байна гэсэн утгатай.

-Танд хуулбар байдаг гэсэн, үзүүлж болох уу?

– Болно л доо. Архив ухах ажил гарна.

-Сайханбилэгийн Засгийн газар хувьчлах зөвшөөрөл өгч болдог, Наранцацралтын газар өгч болдоггүй нь ямар учиртай юм бэ?

-Тэр үед захидлыг далимдуулаад оросууд 49 хувийг зарчихсан бол өдийд Нямдорж шиг юугаар пиар хийж суухав дээ. Монголд падлий байхгүй болчихсон хэн нэгэн мөнгөтэй харийн хүний мэдэлд оччихсон байхгүй юу. Наранцацралт ганцаараа өөрөө мэдээд захидал явуулсан хэн авах гэж байгааг ч мэдээгүй байх. Харин Сайханбилэгийн Засгийн газар кабинетаараа ярилцаад шийдвэр гаргасан. Тэгээд ч монголчууд авах гэж байгааг мэдээд шийдвэр гаргасан. Засгийн газарт мөнгө байхгүй энэ үед монголчууд өөрсдөө мөнгөө босгоод аваад ирж байхад буруутгана гэдэг чинь ёстой солиорол биз дээ. Эсвэл өөр улсын хэн нэгэн тэрбумтан юм уу, компани авах ёстой гэж үзээд байгаа юм уу.

-Наранцацралт огцрохдоо “социал демократуудын тусламжтайгаар огцорлоо” гэж хэлсэн шүү дээ?

-Тэр бол Наранцацралтын өөрийнх нь үг. Буруугаа хүлээгээд өөрөө огцроогүй байхгүй юу. Кабинетад нь байгаа сайдууд “Бид энэ Ерөнхий сайдтай ажиллаж чадахгүй” гээд л огцорсон шүү дээ.

-Наранцацралт ганцаараа шийдсэн гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Би бас энэ тухай анх сонсоод гайхаж байсан. Засгийн газрын гишүүд нь мэдэж байж энэ үйлдлийг зогсоосон. Засгийн газрын сайд нарын 50 хувь нь огцрох өргөдлөө өгвөл Ерөнхий сайдаас хамааралгүй огцордог хуультай. Тэр ёсоор л болсон. Гэхдээ энэ бас Наранцацралтын дангаараа хүлээх буруу биш. Дотоод гадаадад хийж байсан лоббины нэг хэсэг байхгүй юу.

-С.Зориг амь насаа алдаагүй байсан бол Ерөнхий сайд болох магадлал хэр байсан бол?

-Биднийг яахав янз бүрийн шалтгаанаар хориг тавьж болно. Харин Зоригт хориг тавих ямар ч шалтгаан шалтаг байхгүй учраас мэдээж болох л байсан.

-Та нарыг Ерөнхийлөгч Багабанди яг ямар шалтаг хэлээд буцаагаад байсан юм бэ?

-Ганхуягийг архичин, Үүлийг хулигаан, намайг эдийн засгийг элгээр хэвтүүлсэн ч гэх шиг юм яриад байсан. Харин Зоригт ямар шалтаг тавих боломжгүй байсан.

-Тухайн үед Отгонбилэг тантай уулзаж байсан уу?

-Уулзаад “Намайг зургаан сараар ч хамаагүй тавьчих” гэж гуйж байсан.

-Өнөөдөр дахиад л “Эрдэнэт” том улс төр болж хувирлаа. Энэ үйлдвэр яагаад ингээд байнга улс төрийн талбар болоод байна?

-Энэ үйлдвэр Монголын эдийн засагт чухал нөлөөтэй үйлдвэр. Өнөөдөр Оюу толгойг эс тооцвол Монголд дэлхийн хэмжээнд тооцогдох ганцхан энэ үйлдвэр л байсан гэж хэлж болно. Олон жилд Монголын эдийн засагт маш их хувь нэмрээ оруулж ирсэн. Цаашдаа ч 20-30 жил маш их нөлөөтэй хэвээр байна. Монгол Улсын төсвийн тал хувийг бүрдүүлж байсан үе бий. Улс оронд хүн хэцүү үе тохиож байсан. Таатай сайхан үед ч энэ үйлдвэр л Монголын төсөвт хамгийн их орлого оруулж байсан. “Эрдэнэт”-ийн тал нь Монголын төрийн мэдэлд, тал нь оросуудын мэдэлд байсан. Оросууд хяналт тавьсан нэртэй ч үндсэндээ монголчууд л энэ үйлдвэрдээ тоглолт хийсээр ирсэн. Монголын төр гэхээсээ илүү эрх барьсан намын гишүүд тэнд очиж элдэв шахаа хулгай хийдэг хамгийн том талбар болсон. “Эрдэнэт”-ийн дарга байсан хүмүүс ядуу байна гэж сонссон уу. Тэгэхээр энэ чинь хүн баяжуулдаг үйлдвэр болчихсон байгаа биз дээ.

-“Эрдэнэт” эдийн засагт асар их хувь нэмэр оруулсан нь үнэн. Гэхдээ авлигын том уурхай гэдэг биз дээ?

-Хэрэв 49 хувийг хувийн хэвшил авч “Эрдэнэт”-ийн дотоод ажилтай танилцаагүй бол энэ үйлдвэрээс хэдэн тэрбумыг улстөрчид идэж уусныг мэдэх аргагүй байсан. Үйлдвэрийн орлогын нэг хэсэг татвар төлбөр хэлбэрээр төрд очиж байна. Үлдсэн нь ашиг болж үйлдвэртээ үлдэнэ. Цалин цаваг, урамшуулал гээд зардлаа хасна. Тэгээд юм үлдэнэ биз дээ. Түүнийгээ яаж хуваарилдаг байсныг харж болно. 30 шахам хувь нь шахаанд явсан байна. Хэдэн арван цэцэрлэг сургууль барих мөнгө хэдэн арван жилийн турш ийм маягаар үрэгдсэн байна шүү дээ.

-Та өнөөдөр зэсийн худалдааны гэрээг үзэх эрхтэй юу?

-Эрхтэй.

ХЭДЭН ТЭРБУМЫН АЛДАГДАЛТАЙ ГЭРЭЭ ХИЙДЭГ ХҮН ЭНЭ ЕРТӨНЦ ДЭЭР БАЙДАГ ЮМ УУ

-Хэн гэрээ хийж, гэрээний ашиг гэж хэдэн хувийг авч байна?

-Одоохондоо бүх нарийн ширийн зүйлтэй танилцаж амжаагүй байна. Удахгүй танилцана.

-Шахааны эзэд тодорсон уу, тодорхой баримтыг гаргаж тавих уу?

-Өөр олон зүйлтэй танилцаж амжаагүй байна. Баримт хайгаад давхиад байх хэрэггүй шүү дээ. Эхнээсээ тороод л байгаа биз дээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хүүхдийнхээ тухай асуудлыг үнэн гэдгээ хэлж байгаа биз дээ. Ялсан нам өөрийн гарын хүнээ тавина. Тэгээд л сайд, дарга нар утасдаад элдэв шахаа хийдгийн сонгодог жишээ мөн биз дээ.

-Эцэг хүний ёсоор хүүхдэдээ дэм болсон. ашиг гараагүй гэсэн тайлбар өгсөн шүү дээ?

-Алдагдалтай, хэдэн тэрбумын алдагдалтай наймаа хийдэг тэнэг хүн энэ ертөнц дээр байдаг юм уу. Ганц хоёр төгрөгийн алдагдал гарахад хэн ч гэсэн наймаагаа зогсооно биз дээ. Нийгмийг тийм тэнэг яриагаар итгүүлнэ гэж бодож байгаа юм уу. Та “Эрдэнэт”-д хэдэн бээлий шахах гээд үз. Тэр шахаад байгаа улсуудаас хямд. Тэгэхдээ өөртөө жаахан ашиг унахаар үнээр өгөх гээд үз дээ. Сайд, дарга нарын л шахаа дуулдахаас иргэн Дорж нэг хонио гайгүй үнээр өгсөн гэсэн баримт гарахгүй л дээ. Ийм л том авлигын талбар байсан. Харин хувийн хэвшил 49 хувийг эзэмшиж тогоо руу нь өнгийснөөр захаасаа хэдэн тэрбумын юм гарч ирж байна. Гэхдээ энэ нь эхлэл төдий л зүйл. Цаашдаа юу гарахыг хэлж мэдэхгүй байна.

-ТУз-ийн гишүүн юм чинь найзыгаа гайгүй албан тушаал дээр тавьчих эрхтэй биз дээ. Танилууд чинь тань руу утасдаж байна уу?

-Одоогоор хэн нэг нь намайг ажилд оруулж өгөөч гэж гуйгаагүй байна. Гуйгаад ч нэмэр болж чадахгүй. Учир нь өмнө “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн гишүүн ямар эрх, үүрэгтэй заасан зохицуулалт байхгүй байсан. Хэн дуртай нь юу дуртайгаа хийх боломжтой. Харин орчин цагийн хувийн компани бол хэн, юунд оролцож болох, болохгүйг нарийн зааглаж өгсөн байдаг. Жишээ нь, ТУЗ-ийн гишүүн ямар албан тушаалтныг томилох, огцруулах, ерөнхий захирал ямар үйл ажиллагааг, ямар хүрээнд, түвшинд явуулах гээд нарийн зааглаад өгчихсөн дүрмээр ажилладаг. Удахгүй ийм менежмэнт хэрэгжээд эхлэхээр элдэв барааны шахаа арилна.

Үргэлжлэл бий

Х.БАТТӨГС

Categories
мэдээ цаг-үе

Давосын цоо шинэ сэдэв “Блокчейн” хэмээх банкны систем байлаа

2017 оны нэгдүгээр сарын 17-20-ны хооронд Швейцарь улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцоод ирлээ. Энэхүү чуулга уулзалт нь анх 1971 оны нэгдүгээр сарын 29-нд профессор Клаус Шваб гэдэг хүний санаачилгаар ашгийн бус байгууллага бий болж одоог хүртэл 46 дахь жилдээ зохиогдож байна. Уг чуулга уулзалтад улс орны тэргүүнүүд урилгаар оролцдог бол дэлхийн тэргүүлэх том корпораци, компанийн төлөөлөл болон бизнесийн нэрт зүтгэлтнүүд тодорхой хэмжээний төлбөр төлж оролцдог байна. Альпийн нурууны энэ жижиг тосгонд жилдээ нэг удаа дэлхийн томчууд цугларч дэлхийн эдийн засаг болон бусад тулгамдсан асуудлуудыг бодлогын түвшинд ярилцаж, шийдэл олох гэж, өнгөрсөн жилийн ажлаа тайлагнах гэж, ирэх жилийнхээ хийх ажлыг тодорхойлох гэж гурван өдрийн турш хуралдаж нэгэн дээвэр доор цуглардаг билээ.

Давост Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт болдгоос гадна Швейцарь улсын хамгийн том цанын бааз байдаг тул аялал жуулчлал болон өвлийн спорт өндөр хөгжсөн юм. Хажууханд орших Сайнт Мориц тосгонд хоёр ч удаа өвлийн олимп зохиогдож байсан. Сайнт Мориц болон Давос хот байрлах Альпийн нурууны үзэсгэлэнт байгалийг дэлхийн өв соёл хэмээн үзэж 2008 онд ЮНЕСКО-д албан ёсоор бүртгэсэн юм.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын гол зорилго нь хувийн хэвшил болон Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж дэлхийд тулгамдсан асуудлуудыг шийдэхэд оршдог юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, профессор Клаус Шваб, түүний гэргий хатагтай Хилда Шваб нарын хамт

Энэ жил Давост дэлхийн 99 орноос 3000 зочид төлөөлөгч ирсэн. Үүнд шинээр сонгогдсон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Антóнио Гутэррэс, БНХАУ-ын дарга Си Жиньпин, Дани улсын Ерөнхий сайд асан, Дэлхийн хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын гүйцэтгэх захирал хатагтай Хэллэ Торнинг-Шмидт, Афганистан улсын анхны эмэгтэй найрал хөгжмийн удирдаач, мөн Колумби улсын алдарт дуучин Шакира, Америкийн Нэгдсэн Улсын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трампын ойрын туслах ноён Антоны Скарамуцци, БНХАУ-ын тэрбумтан “Алибаба” группийн үүсгэн байгуулагч Жак Ма, Сири улсын дүрвэгч, Бразилийн Рио де Жанейро-2016 зуны олимпийн усанд сэлэлтийн төрөлд “Дүрвэгчдийн багаас” өрсөлдсөн 18 настай Юсра Мардини гэх мэт дэлхийд танигдсан, алдартай хүмүүс оролцсон юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри 11 дэх жилдээ Давосын Эдийн засгийн чуулганд оролцож байгаа боловч энэ жил тэрээр нэгдсэн улсын төрийн нарийнаар сүүлийн удаа орж байгаа юм байна. Тэрээр “Дэлхийн хэцүү үе дэх дипломат ёс” хэмээх сонирхолтой илтгэл тавьсан. Харин өмнөд хөршийн тэрбумтан, “Алибаба” группийн үүсгэн байгуулагч Жак Ма “Америк хүчирхэг гүрэн хэдий ч тэр их хүчиндээ асар их хөрөнгө мөнгө зарцуулж байна. Сүүлийн 30 жилийн дотор улсынхаа дэд бүтцэд биш терроризмтой тэмцэх дайнд 14 их наяд ам.доллар зарцуулсан” гэж хэлнэ лээ. Мөн тэрээр олимпийн хороотой 2028 он хүртэл хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Яагаад олимпийн хороог, тэр дундаа багийн спортыг сонгосон юм бэ гэж асуусан сэтгүүлчийн асуултад “Сүүлийн 30 жил Хятад улс нэг хүүхдийн бодлоготой явж ирсэн, айлын ганц эмэгтэй хүүхэд яг л хатан шиг, эрэгтэй хүүхэд нь хаан шиг өсдөг юм. Тэд багаар ажиллах чадваргүй болж өсөж хүмүүждэг, тэднийг багаар ажиллуулж сургаж байж манай улс хүчирхэг, тэр дундаа нэг Хятад бодлого илүү хүчтэй болно гэж үзээд багийн спортыг Хятадад илүү хөгжүүлэх хэрэгтэй” гэж хариулж байсан. Харин Сирийн дүрвэгч 18-хан настай Юсра Мардини охин, “Намайг Юсра Мардини гэж бүү дууд. Миний нэрийг “Дүрвэгч” гэдэг, эх орноосоо дүрвэж өөр улсад цагаачилж амьдрах нь сонголт биш ээ. Гэхдээ Сирид гэртээ нас барахаас илүү” гэж хоолой зангируулан илтгэлээ эхлүүлж байсан.

Алдарт дуучин Шакирагийн хувьд хүүхдэд суурь боловсрол чухал, боловсролоор нь дамжуулж тухайн хүүхдийг сайн хүн болгож хүмүүжүүлж болдог, энэ тал дээр тэрээр байр сууриа илэрхийлж байсан. Мөн Холливүүдийн алдарт жүжигчин Мэтт Демон Давосын индэр дээрээс дэлхий нийтийг цэвэр усны хэрэглээндээ анхаарлаа хандуулна уу хэмээн уриалж байна лээ. Дэлхийн 170 оронд үйл ажиллагаа явуулдаг IBM буюу “International Busi­ness Machines” корпорацийн гүйцэтгэх захирал хатагтай Гинни Рометты хиймэл оюун ухааны талаар тун сонирхолтой ярилцлага хийсэн нь Давосын бас нэгэн онцлох үйл явдал байлаа.

Банк санхүүгийн нэгэн систем болох блокчейн Давосын хувьд цоо шинэ сэдэв байлаа. Блокчейн нь энгийнээр тайлбарлахад ямар нэгэн санхүүгийн гүйлгээ хийхэд гуравдагч итгээд буюу банк санхүүгийн байгууллагын оролцоо байхгүй, А-гаас Б рүү шууд гүйлгээ хийгдэнэ. Тэгэхээр уг аргачлал нь хоёр хүний харилцан итгэлцэл дээр суурилснаараа онцлог юм. Энэхүү шилжүүлгийн түүх цахим орчиндоо хадгалагдан үлдсэнээр блокчейны хэрэглэгч бүрт хэзээд ил харагдана. Үүнээс гадна блокчейн систем нь мөнгө угаах, авлигын хөрөнгө мөнгийг шилэн, ил байлгадаг гэнэ. Уг системийг цаашлаад сонгуульд санал өгөхөд ч ашиглаж болно мөн татвар төлөх дээр ч ашиглаж болох юм байна. Энэхүү санхүүгийн систем нь банкны хөгжлийн дараагийн үе хэмээн судлаачид үзжээ.

Давос-2017 Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт нь “Хариуцлагатай манлайлал” сэдвийн дор зохиогдсон юм. Хариуцлагатай манлайлагчдад тулгарч буй дөрвөн гол шалгуур бол Дэлхийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, Эдийн засгийн өсөлтийг сэргээх, Капитализмыг шинэчлэх, мөн Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал буюу “Дижитал эрин” юм. Эдийн засгийн чуулга уулзалтад нийт 400 хурал зөвлөгөөн болсны дийлэнх нь буюу 200-гаад уулзалт хурал нь дээр дурдсан Хариуцлагатай манлайлалд тулгарч буй дөрвөн хүчин зүйлийг хэлэлцэж байсан юм.

Оролцогч улс орнуудын төлөөллийг харж байхад манай урд хөршөөс 92, хойд хөршөөс 62, Казахстан улсаас тав, хамгийн өргөн фронтоор оролцож байгаа нь АНУ-аас 836 оролцогч байх жишээний. Манай орноос хоёр оролцогч байсны нэг нь мэдээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нөгөөх нь хувийн хэвшлээс оролцож байна лээ.

Монгол Улсын хувьд Давосын эдийн засгийн чуулга уулзалтанд жил болгон идэвхтэй оролцдог. Энэ жилийн Давос-2017 чуулга уулзалт онцлог ихтэй болсон. Хамгийн ихээр яригдсан сэдэв бол дэлхийн манлайлалд байдаг АНУ-ын шинэ Ерөнхийлөгч тангараг өргөсөн явдал байлаа. Америкийн шинэ засаг захиргааны цаашдын баримтлах бодлого, дэлхийд манлайлах улс гүрний хувьд яах ийх нь чуулганд оролцогсдод тун чухал, мөн түүхэндээ анх удаа манай урд хөршийн төрийн тэргүүн, коммунист намын дарга Си Жиньпин оролцож нээлтийн үг хэлсэн, зүгээр ч нэг нээлтийн арга хэмжээний үг хэлсэнгүй, 45 минутын илтгэлээ тэрээр ямар нэгэн бэлдсэн тэмдэглэл харалгүйгээр ярьсан юм. “Си Жиньпин Дэлхийн эдийн засаг, чөлөөт худалдаа, глобалчлалыг дэмжиж Хятад улс дэлхийн гол тоглогч улс, манлайлах гүрэн гэдгээ баталлаа” хэмээн дэлхийн том хэвлэлүүд шуугив.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд өнгөрсөн жилийн АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг хэрхэн зохион байгуулсан тайлангаа тавин, өөрсдийн бүс нутгийн тогтмол оролцдог хурлууддаа Ерөнхийлөгчийн хувиар сүүлийн удаа амжилттай оролцоод ирлээ. Манай улсын хувьд НҮБ-ын чуулга уулзалт, Давосын эдийн засгийн чуулга уулзалт хоёрт идэвхтэй оролцдог. Энэ нь Монгол Улс дэлхий нийтэд тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэдгээ жилдээ хоёр удаа, Нью-Йоркийн Манхэттан дахь нэгдүгээр өргөн чөлөөнөөс нөгөө нь Альпийн нуруунд орших Давос хотоос дэлхий нийтэд сануулдаг байх гэж боддог. Том хоёр гүрний дунд байдаг манайх шиг жижиг буурай орны хувьд тусгаар тогтнолоо хадгалж бүрэн эрхт улс гэдгээ харуулахын тулд олон улсын хурал чуулганд тогтмол идэвхтэй оролцогч байх нь тун чухал билээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүс нутгийн эрчим хүчний төслүүд болон торгоны зам, дэлхий дэх хариуцлагатай манлайлал, байгаль орчны хамгааллын бодлого, 2030 он хүртэл дэлхийн тогтвортой хөгжил, аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал гэх мэт олон арван хурал зөвлөгөөнд Монгол Улсын баримтлах бодлого, байр суурийг илэрхийлж үг хэлсээр, нэг хурлаас нөгөө хурлын хооронд улс эх орныхоо нэрийг гаргаж, зарим нэг таарч уулзсан төлөөлөгчид нь Монголд заавал очиж үзэх улсынхаа жагсаалтанд ортол нь сурталчилж яваа харагдах юм.

“Торгоны зам” хэлэлцүүлэгт хэлсэн үг нь Давост хэрэндээ шуугиад өнгөрсөн. Тэрээр Торгоны замыг манай өвөг дээдэс их хаадын үед тэдний оролцоотой Еразийг холбосон худалдааны зам бий болгож байсан. Тиймээс Монгол Улс үүнд нэгдэн орох том амбицтай байна” хэмээн хэлсэн юм.

Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн болон бусад гадаад харилцааны яамны нөхдүүд мөн хамт явсан сэтгүүлчдийн багийнхан гээд бүгд л тэнд эрвийх дэрвийхээрээ эх орноо сурталчилж яваа харагдсан.

Эцэст нь хэлэхэд, Давос Монголоор дутахгүй ээ, харин монголчууд Давост илүү олон хүний бүрэлдэхүүнтэй очиж, бид энэ дэлхийн нэг хэсэг шүү гэдгээ жил ирэх тусам хүчтэй сануулж байх хэрэгтэй гэж санагдаж билээ.

М.БАЯНБУЛАГ