Categories
мэдээ цаг-үе

Урлагт тавь дахь жилдээ зүтгэж яваа хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бадарчийн Бямбабаяр. Энэ хүн бол Монголын орчин цагийн хөгжмийн урлагт өөрийн өнгө аялгууг цацруулж, ард түмний сэтгэлд хоногшсон олон дууны аялгууг бүтээж яваа өнөө цагийн шилдэг хөгжмийн зохиолчдын нэг билээ.

Товлосон ёсоор хөгжмийн зохиолчийнд очлоо. “Морин хуур” наадмын тэргүүн шагналтанд гардуулдаг морин хууруудаа хүндэтгэлтэйгээр хоймортоо байрлуулжээ. Хөгжмийн наадам, уралдаануудаас хүртсэн цом, шагнал, батламжуудаа ч ихэд нандигнан залжээ. Гавьяат маань эхээс долуулаа. Айлын дундах. Б.Бямбабаяр “Би чинь их азтай. Айлын дундах хүүхэд болохоор гэр орны хар бор ажилд нэг их гар хүрдэггүй байлаа. Бага насандаа амьдралын хатуу хөтүүг туулсан гэж хүмүүс ярьдаг. Гэтэл би ерөөсөө тийм юм үзээгүй. Ах, эгч, дүү нар минь бүхнийг хийгээд явчихдаг байлаа. Би болохоор хөгжим тоглоно. Бурхан цаанаас нь тэгээд хуваарилчихсан юм шиг санагддаг. Энэ Бямбабаяраар элдэв ажил битгий хийлгэ. Хөгжмөө л тоглог гээд цаанаасаа зурчихсан байх. Манай том ах, дүү нарынхаа ажил амьдралыг төвхнүүлэхэд их анхаарал хандуулна. Харин хөдөө байгаа дүү маань бид хэдийн мах шөл, цагаан идээг бэлтгэж мал хуйгаа өсгөдөг юм. Эндээс очсон хүмүүсийн хоол цайг бэлтгэдэг ажилтай даа” гэсээр том ах Бямбаа, дүү Баасансүрэн, ээжтэйгээ хамт авахуулсан зургаа үзүүлээд “За нөгөө, ачаалалтай хоёр маань энэ хоёр шүү дээ” хэмээн инээгээд “Дүү маань Өвөрхангай аймгийн Хужирт сумын хоёрдугаар багийн малчин” гэж товч танилцуулав.

Хөгжмийн зохиолчийн аав нь жинхэнэ улаан коммунист хүн байсан гэнэ. Хужиртдаа алдартай. Нам, төр засгаас зохион байгуулсан бүхий л ажилд сум, багийнхнаа хошуучилж, оройлж уриалж дууддаг, нягтлан мэргэжилтэй нэгэн байжээ. Хүмүүс ирж зовлон гунигаа хуваалцаж өргөдөл хүсэлт бичүүлдэг байж. Ардын их хурлын депутат болохоор бусад нь түүнийг ихэд хүндэтгэнэ.

Хот хүрээ рүү хурал семинарт явах хүмүүс аав дээр нь ирж костюм пиджак, цагаан цамц сэлтийг нь гуйж өмсдөг байж. Зохиолч Ц.Гайтавтай хамт Санхүүгийн сургуулийг нягтлангаар төгсч байсан гэнэ. Тэр хоёр нэг өрөөнд амьдардаг байсан бөгөөд Ц.Гайтав гуай шүлэг бичээд хужаагийн гуанзнаас боов, мантуу зэргийг сольж авдаг байсан тухай аав нь дурсч ярьж байжээ. Харин ээж нь их сайхан исгэрдэг байсан гэнэ. Гүүгээ сааж байхдаа исгэрнэ. Ямар нэг дуу исгэрээд байна уу гэхээр ер тийм биш. Өмнө нь сонсч байгаагүй гоё гоё ая сонсогддог байсан болохоор ээжийгээ ая зохиогоод л исгэрдэг байсан болов уу гэж Б.Бямбабаяр гавьяат маань хэлээд “Манай ээж их сайхан исгэрдгээс гадна бэлэн цэцэлдэг байсан юм. Уурласан ч, инээсэн ч толгой холбоод л бэлэн цэцэлнэ дээ. Ээжийн тэр сайхан далд авьяас, билгийг нь би өвлөж авсан байх. Би чинь таван настайдаа хөгжим тоглоод сурчихсан юм. Тэр үед байсан даа, гармошик гэж. Тэрийг тоглоно. Сумынхаа клубт сандал дээр суугаад хөгжмөө дарна. Миний хөл газар хүрэхгүй, тэгсэн хэрнээ өвөр дээрээ том хөгжим тавьчихсан. Яг үүнийг дүрсэлсэн модон сийлбэрийг манай сумынхан гавьяатын найран дээр бэлэглэж билээ” гээд “Надаас урлагт хэдэн оноос зүтгэсэн бэ гэвэл 1967 оноос хойш зүтгэж явна гэх нь байна шүү” гээд инээлээ. Хүүхдүүд нь салхин цэцэг тусчихаж. Салхи савир авахуулахгүй гээд ээжтэйгээ нөгөө өрөөндөө байх. Гэрийн эзэн гадуур дотуур явдаг завгүй ажилтай ч эднийх ер нь тэмдэглэлт баяруудыг гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлдэг юм байна. Танайд цагаан сараар дуучдаас эхлүүлээд таны шавь нар гээд олон хүн ирнэ биз. Хэдэн мянган бууз хийдэг вэ гэж асуувал өрхийн тэргүүн “Үхрийн нэг гуя. Бас хонины нэг гулууз мах гэхээр хичнээн бууз болох вэ. Тав, зургаан зуу орчим бууз гарч байна гэсэн үг үү” гээд инээснээ “Арай тийм биш юм аа. Би нээрээ яг хичнээн бууз хийдгийг мэддэггүй юм байна шүү. Би буузанд хийх өөх сүүлийг нь дөхүүлдэг юм. Би ер нь гэрийн ажлаас хол хүн шүү дээ. Нэг хэсэг ганцаараа амьдардаг байлаа. Тэр үед ах маань хоол хүнс, ахуйн хэрэгцээний зүйлүүдийг минь дөхүүлж өгдөг байсан юм. Намайг уран бүтээлээ тасралтгүй хийж, олон сайхан бүтээл гаргахад хамгийн ихээр тусалж, намайг ойлгож явдаг хүн бол миний ах шүү дээ. Харин гэргийтэйгээ учраад хорвоогийн сайн сайхан бүхнийг мэдэрч явна. Миний гэргий чинь Алунгоо, Мандухай хатад шиг л гэртээ үр хүүхдээ өсгөдөг гэрийн хүмүүнлэгийн их сургуулийн захирал хийж байгаа. Мандухай чинь Багшийн сургуулийг төгсөөгүй, Алунгоо чинь анагаахыг дүүргээгүй шүү дээ” гэж хошигнолоо.

Өдөржингөө ажил төрлөө эмхэлж уулзалт хийж яваад орой чөлөөтэй болно. Хүүхдүүдээ унтсан хойгуур, нам жим болсон хойно төгөлдөр хуурын өмнө сая сууж хөгжмөө зохионо. Гэхдээ нялх хүүхдүүдтэй болохоор ажлынхаа төгөлдөр хууран дээр ихэвчлэн зохиол бүтээлээ туурвиж байгаа аж. Чимээгүй аниргүй цагаар л хөгжмийн бүтээл дээрээ суувал гараас нь юм гардаг гэнэ. Тэгээд нэг мэдэхэд өглөө болж нар мандахад сая нэг өндийнө. Хөгжмөө зохиогоод шөнөжингөө суучихсан байхад маргааш нь ядарна гэж ер байхгүй. Улам л эрч хүч орж, дотор байсан зүйлээ гадагшлуулчихаар сэтгэл нь ч уужирчих шиг санагддаг гэнэ. Яг зохиол дээрээ суусан тохиолдолд тамхи бараг татахгүй. Харин бусад үед тамхийг нэлээд баагиулдаг аж. Уран бүтээлчдийн хувьд зарим үед нэг бүтээл гаргах гэж олон цаг, олон сар бүр хэдэн ч жилээр шаналах үе бий. Энэ тухай Б.Бямбабаяр зохиолчоос сонирхвол “Би ерөөсөө зовдоггүй. Хэзээ ч гараасаа зовж байж бүтээл гаргаж байгаагүй юм байна” гэлээ. Өөртөө итгэлтэй, нээлттэй ямар ч сэдвээр ярьсан түүнтэй холбоотой хөгжилтэй түүх ярьж чин сэтгэлээсээ инээнэ. Дээр үеийн мундгуудтай холбоотой сонирхолтой үүх түүх ярихын зэрэгцээ өөрт тохиолдсон хөгжилтэй явдлаа ярьж дэргэд байгаа хүндээ аз жаргал бэлэглэхийг хичээдэг нь анзаарагдаж байв. Өөрийгөө “Би чинь бас тийм ч сайхан зантай хүн биш ээ. Хямсгардуу хүн шүү дээ” гээд инээлээ. “Аз жаргалтай хүн чанга, тасхийтэл инээдэг гэдэг. Ах нь хүнийг цочтол чанга инээнэ шүү” хэмээлээ.

Та хойно хөгжмийн сургуульд сурч байгаад хаяад ирсэн гэл үү, хөөгдөөд ирсэн гэдэг бил үү. Тиймэрхүү зүйл сонсч байсан юм байна гэвэл “Свердловскт хөгжмийн зохиолчоор сурч байсан юм. Зодоон хийгээд хөөгдөөд ирэхгүй юү” гэлээ. Хэддүгээр курстээ вэ гэж асуутал “Ерөөсөө нэгдүгээр курстээ. Очоод их л гайгүй байсан юм байлгүй. Мэргэжлийн багш маань намайг Монголын Моцарт гэж хөөргөөд л. Би мэргэжлийн хичээлээсээ өөр ямар ч хичээлд суудаггүй, тийм танхай. Монгол оюутнуудтай сургуулиудаар явж уригдаад л гитар барьж дуулаад явдаг. Тэгж яваад согтуудаа хэтрүүлээд зодоон хийгээд хөөгдөхгүй юү. Ирээд Монголд дүүргэсэн ухаантай” гэлээ.

“Би чинь их орой өрх тусгаарласан хүн шүү дээ. Аавынхаа өвөрт байж байгаад л 1976 онд наймдугаар анги төгсөөд Багшийн сургуульд ороод ахынхаа өвөрт шилжсэн хүн. Аавын хайраар халамжилж өдий болтол л явж байна шүү дээ. Миний ах чинь их мундаг. Евразийн шинжлэх ухааны академич, доктор, профессор, НҮБ-ын Шинжлэх ухааны алтан медальтай академич. Малын гавьяат эмч. Нэг хэсэг ахын минь тухай муугаар их шуугьсан даа. ХААИС чинь миний мэдэхийн хонины хашаа шиг хашаатай, хэн ч ордоггүй сургууль байсан юм. Манай ах захирлаар нь очоод сургууль шиг сургууль болгоодохсон чинь эзэн суух хүн нь олон болоод ил далдаар хилс хэрэгт хутгаад балласан ш дээ, муу ахыг минь” гэж өгүүллээ. Б.Бямбабаяр “За ах нь ингээд гэртээ тогтдоггүй юм. Одоо студи руу явахгүй бол болохгүй нь” гэлээ. Ингээд бид түүнтэй студиэр нь орлоо. Дараа нь Соёлын төв өргөөн дэх ажлын өрөөнд нь зочлов. Хоёр дахь гэр нь болсон энэ өрөөний хананд 2014 онд хийсэн “Дэндүү дээ дэндүү” тоглолтын тайзнаа Төрийн соёрхолт Д.Сосорбарам, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар нартай хамт авахуулсан зурагтай жааз, “Морин хуур 96” наадмын тэргүүн байрын шагналын морин хуур, номын сангийн тавиурууд дээр нь дурсамж, бэлэг дурсгалын зүйлс өрөөтэй байв. Ширээн дээгүүр нь ноттой цааснууд, бас В.Э.Мейерхольдын өгүүлэл, захидал, хэлсэн үг, яриатай зузаан ном дэлгээтэй байх. Харин төгөлдөр хуурын нот тавьдаг тавиур дээр “Бүрдийн бөхчүүд” гэдэг нэртэй шүлэг бичсэн цаас байв. Хөгжмийн зохиолч маань уг шүлэгт ая зохиосноо бидэнд сонсгов. Б.Бямбабаяр гавьяатын эгч Б.Баяртогтох нь их сайхан дуулна. Эгч нь тухайн үедээ хит болж байгаа дуунуудыг дуулдаг байсан гэнэ. Эгчийгээ дуулахыг сонсоод л тэдгээр дууг нь сураад авчихдаг байж. Тийм болохоор эгчийгээ өөрийнхөө анхны багш хэмээн боддог гэнэ. Энэ тухайгаа ч гавьяатынхаа найран дээр эгчдээ хэлжээ. “Тэгэхээр албан ёсны бус багш маань миний эгч болж таараад байгаа юм. Сургуульд ороход дуу хөгжмийн багш маань Очирбат гэж ёстой алдартай багш байсан даа. Н.Жанцанноров гуайн багш. Сургуулийн “Хангийн цуурай” чуулгын багш, жүжиг тавина, үлээвэр хөгжмийн дугуйлан ажиллуулна. Ёстой тал бүрийн авьяастай багш байсан. Тэгээд дараа нь бадрангуй алдарт Багшийн сургуульд орлоо. Ангийн багш маань Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг. Дөрөвдүгээр курсээсээ Н.Жанцанноров багш дээр очсон, мэргэжлээрээ. Сургуулиа төгсөөд сургуульдаа үлдэж насаараа багшиллаа даа” гэж өөрийнхөө намтрыг өгүүлэв. Одоо Б.Бямбабаяр гавьяат маань MOSCAP буюу Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн даргын албыг хашдаг. Ажлын өрөөнийхөө хойморт уг нийгэмлэгийнхээ логог байрлуулжээ. Энд буй төгөлдөр хуур дээрээ сүүлийн үеийн олон мундаг зохиол бүтээлээ туурвижээ. “Хязгааргүй” ганц хүний мюзикл, “Хүннү” бүрэн хэмжээний дуурь түүнчлэн олон арван сайхан дууны аялгуу төрсөн ийм ерөөлтэй хуур юм байна.

Гавьяатаас “Морин хуур” наадамд түрүүлсэн болон шагнал авсан бүтээлүүдээ нэрлэхийг хүслээ. Тэгтэл “Замбараагүй ш дээ” хэмээс-нээ эхнээс нь нэрлэв. “1990 онд “Ээжээс ерөөл хүсэх дуу” тусгай шагнал, 1991 онд “Эрийн сайхан хийморь” үзэгчдийн нэрэмжит шагнал, 1992 онд “Орхон түшээ мөрөн” тэргүүн шагнал, 1993 онд “Үйлс цагаан Монгол” дууг поп хатагтай Б.Сарантуяа дуулж үзэгчдийн нэрэмжит шагнал, 1996 онд “Эзэн заяа” дууг Ч.Мөнхшүр эгч дуулж тэргүүн шагнал, 1997 онд “Газрын цэнхэр нүдэн” дуу дэд байр. Их сүртэй. Их шуугиулсан дуу. Талийгаач П.Ганбат гавьяат дуулсан юм. Гадаадаас ирж ганц дуу дуулаад буцлаа гэж бөөн шуугиан дэгдээж байлаа. 1998 онд “Тэнгэрийн хишиг” дуу тусгай шагнал, 1999 онд “Хүйн хайр” бас тусгай шагнал. 2000 онд “Эрхлэхийн заяатай хорвоо” тэргүүн шагнал. 2001 онд “Алтанхан орчлонг хэн гийгүүлэх юм бэ” дэд байр, 2004 онд “Сэрүүн саран дор” тусгай шагнал, 2006 онд дөрвөн номинациар зохиогдоход хоёрт нь түрүүлээд, хоёрт нь дэд байрт орж байлаа” гэлээ.

“Ундааны дээж архийг болбол хө” гэж эхэлдэг “Гунигт сэтгэлийн дуу” 1990-ээд оны эхээр жинхэнэ хит болж хүн болгон л дуулдаг байлаа. Энэ дуутай холбоотойгоор найз нөхөд танилууд нь “Энэ дуу чинь ёстой хит болж хүн бүхэнд хүрсэн дээ. АПУ-г хөл дээрээ бостол нь дуулсан шүү” гэж цаашлуулж байжээ. Энэ мэтээр бөхчүүдийн талаар, Ж.Мөнхбат аваргатай “Сайн байна уу” хэмээн мэндэлтэл өөдөөс нь “Солиор” гэж хэлүүлж байсан тухай, энэ улстөрчид урлагийн мэдрэмжээ сайжруулж хөгжмийг нэгэн том зэвсгээ болгох тухай ч ярилцсаар бид түүний ажлын өрөөнөөс 20 цагийн үед гарахад хөгжмийн зохиолч маань тамхиа татангаа “За дараа баяртай уулзъя” хэмээсээр өрөөндөө, ноттой цааснуудынхаа дунд инээмсэглэсээр үлдсэн юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

С.Бямбасүрэн: С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт эхнэр маань ямар үндэслэлээр буруутгагдаж байгааг олон түмэнд мэдүүлмээр байна

-ЭХНЭР ХОРИГДОЖ БАЙХАД ОХИН МИНЬ АВТОМАШИНЫ ОСЛООР АМИА АЛДСАН. ОДОО БОЛТОЛ ОСЛЫН ШАЛТГААНЫГ МЭДЭЖ ЧАДААГҮЙ ЯВНА-

“30 жил ханилсан эхнэр минь төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр гүтгэгдэж 24 жилийн хорих ял авчихлаа. Ээж нь хоригдоод удаагүй байхад том охин авто машины ослоор амиа алдчихсан. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг нь болчихоод явж байна даа. Бага хүүхдээ төрүүлээд удаагүй нялх биетэй, бие тааруу эмээгээ асарч, гурван хүүхдээ хараад Дорноговь аймагт сууж байсан хүнийг хилс хэрэгт тохож, амьдралаар нь тоглож байна шүү дээ” гэж Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт буруутгагдан 24 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн ярьж байна лээ. Түүнтэй С.Зориг агсны амь насыг хохироосон хэргийн талаар ярилцлаа.


-Анх эхнэртэйгээ хэдэн онд танилцаж байсан бэ. Эндээс ярилцлагаа эхлэх үү?

-Эхнэртэйгээ анх 1986 онд танилцаж байсан юм. 1989 оны тавдугаар сард албан ёсоор гэр бүл болж байлаа. Амьдралаа холбоод 30 гаруй жил болж байна. Би Эрдэнэтийн хивсний үйлдвэрт ажиллаж байсан. Сүүлийн жилүүдэд хувийн компаниудад ажиллаж байна. Бид гурван хүүхэдтэй, хэнээс ч дутахгүй сайхан амьдарч байсан. Эхнэртэйгээ хамт гурван хүүхдээ хүний дайтай хүн болгох гэж, сайхан амьдралыг бүтээн босгох гэж хичээж ирсэн. Гэвч гайтай хилс хэрэгт эхнэр маань холбогдсоноос болж манай гэр бүлийн амьдралд гай зовлон, хүнд хэцүү болгон нүүрлээд байна. Жирийн иргэд бидэнд хууль хяналтын байгууллага ямар хатуу ширүүн ханддаг. Ардчилсан оронд хүний эрх ямар аймшигтайгаар зөрчигдөж байгааг, хэн ч итгэхийн аргагүй аймшигт хэрэгт гэм зэмгүй хүнийг яаж буруутан болгож чаддаг вэ гэдгийг нүдээрээ үзээд л зогсож байна даа. Үнэндээ зовлон шаналал бүрийг яс махаараа мэдэрч байна шүү дээ. Амьдралынхаа 30 жилийг хамтдаа өнгөрөөсөн, гурван сайхан хүүхдийнхээ ээжийг хилс хэргээр шоронд суулгачихаад байж байна гэдэг маш хэцүү.

-Та бүхэн анх Ц.Амгаланбаатараас ирсэн мессежийг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн гэдэг бил үү?

-Манай эхнэр рүү үл таних дугаараас мессэж ирдэг болсон. Манай нагац эгч Цэвэлмаагийн өргөж авсан хүүхэд Ц.Амгаланбаатараас дарамталсан, хэл амаар доромжилсон, С.Зоригийн амь насыг чи хөнөөсөн гэх утга бүхий мессэж ирдэг болсон. Намайг Оюу толгойд ажиллаж байхад эхнэр над руу ярьсан. “Амгаагаас мессэж ирээд байна. Намайг дарамтлах яах вэ. Чи тийм хувцастай тэр замын уулзвараас тийшээ явж байна. Миний гар урт шүү” гэсэн мессэж ирээд байна. Үр хүүхдэд минь гай болчих вий дээ гэж” хэлсэн. Бид хоёр хэд хэдэн удаа мессэж ирэхээр нь ярилцаж байгаад Эрдэнэт хотын цагдаагийн хэлтэст шалгуулахаар өөрсдөө очиж өргөдөл өгсөн. Хорих ангиас ирсэн мессэж болохоор цагдаагийн байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт өгсөн байдаг. Ингээд 2015 оны наймдугаар сарын 30-нд гудамжинд явж байхад нь манай эхнэрийг баривчилсан юм. Бид хоригдсоноос хойш нөгөө Ц.Амгаланбаатарын манай эхнэр рүү дарамталсан мессэжийг өгсөн Мөнхзул гээд хурандаагаас мессэжийг нь авах гэсэн байхгүй гэсэн. Цагдаа дээрээс мөн авах гэсэн боловч байхгүй гэсэн. Бидний энэ дэлгээд байгаа мессэж бол О.Содномдаржаагийнд байсан мессэж юм. Эхнэрийг 2015 оны наймдугаар сарын 31-нд ажилдаа явж байхад нь баривчилсан байдаг. Олон хар машин гэрийн гадаа хүрээд ирсэн. 20 гаруй залуус гэнэтхэн гэрт ороод ирсэн. Тэд надад гэрт үзлэг хийх зөвшөөрөл бүхий хуудас танилцуулсан. Танай эхнэрийг улс төрийн хэргээр шалгаж байна гэж хэлсэн. Ингээд нэгжлэг хийсэн. Тэгээд бид Эрдэнэтийн тагнуулын газарт очиж эхнэрээ хаана хорьж байгааг асуусан. Надад “Хаана байгааг бид мэдэхгүй” гэсэн хариулт өгдөг байсан. Бид араас нь явсаар цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгааг мэдсэн дээ.

-19 жилийн өмнө буюу С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг гарах үед танай эхнэр хаана байсан юм бэ. Энэ хэргийн гол зангилаа болоод байна шүү дээ?

-Анх эхнэрийг баривчлаад аваад явсны дараа нэг л асуулт хариулт нэхэж байлаа. 1998 оны аравдугаар сард бид хаана байлаа. Юу хийж байсан билээ гээд л бодсон. 18 жилийн өмнөх зүйлийг санахад хэцүү байсан. Эхнэртэйгээ уулзахад ч надаас асууж байсан. “Чи бид хоёр 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр хаана байсан юм бэ” гэж асуусан. Тэгээд бодоод байсан чинь манай дунд хүүхэд 1998 онд сургуульд орж байсан байдаг. Манай эхнэрийн эмээгийн бие тааруу байсан. Ингээд 1997 оны өвөл гэр бүлээрээ эхнэрийнхээ эмээг асрахаар Дорноговь аймаг явсан юм. Тэр үед би ойр зуурын ажил хийгээд өглөө гараад орой ирдэг. Манай эхнэр хоёр ой хүрч байгаа болон нэг, гуравдугаар ангийн хүүхдүүдээ хардаг, 82 настай эмээгээ асардаг байсан. Хоёр хүүхдээ байнга сургуульд нь хүргэж өгдөг байсан. Ямар нэгэн ажил хийгээгүй. Бид хоёр хамт амьдарсан 30 жилийн хугацаанд бие биенээсээ хол байж үзээгүй юм байна лээ. Бүх л зүйлд хамт явж, хамтдаа байсан байдаг. Манай эхнэр аалзнаас айдаг хүн шүү дээ. гурван хүүхдэдээ гар хүрч үзээгүй уяхан, сайхан сэтгэлтэй хүн.

-Тантай уулзахдаа хэргийн талаар ямар нэгэн зүйл ярьсан уу?

-Бид хоёр уулзахад хэргийн талаар ярих ямар ч боломж байдаггүй. Энэ талаар асуухаар уулзалтыг шууд зогсоодог. Хэргийн талаар ямар ч зүйл ярьж болохгүй гэх шаардлага тавьдаг. “Намайг эндээс гаргаад ав л даа. Би хүн алаагүй. Хийгээгүй хэргийг надад тохоод байна” гээд л уйлдаг. Сүүлдээ уулзахаасаа эмээдэг болоод байна. Уулзах болгонд тасралтгүй уйлж байгаад л ордог. Ямар нэгэн зүйл хэлэх сөхөөгүй л уйлчихдаг. Гучин жил хамтдаа амьдарсан хүнээ хамгийн сайн мэднэ шүү дээ. Хэрэв хүний амь нас хөнөөсөн бол сэтгэл санааны хувьд тогтворгүй байдаг ч юм уу, ямар нэгэн байдлаар мэднэ шүү дээ. Нэг биений тал болсон хүнээсээ 18 жил нуугаад юу ч болоогүй юм шиг амьдарна гэж байхгүй. Бидний амьдралд нууц зүйл гэж байгаагүй. Амьдралд тохиолдсон бүх зүйлээ л ярьдаг байсан.

-Танай эхнэр Ц.Амгаланбаатар, О.Содномдаржаа нарыг хэзээнээс таньдаг болсон юм бэ?

-Миний нагац эгч Цэвэлмаа гэж эмэгтэй байсан. Өөрөөс нь хүүхэд гараагүй. Тэр хүн манай дүү гансүрэнг өргөж авсан юм. Ингээд 1982 онд хүү гансүрэндээ хань хийхээр Ц.Амгаланбаатарыг өргөж авсан. Харин О.Содномдаржаагийнх 1981-1989 он хүртэл нагац эгч Цэвэлмаагийн хамар хашаанд амьдарч байсан байдаг. Бид 1989 онд Дорноговиос Эрдэнэтэд нүүж ирсэн. Манай эхнэр О.Содномдаржааг огт танихгүй. Таних үндэслэл ч байхгүй. Би харин О.Содномдаржааг бага байхыг нь мэднэ. Намайг цэргээс халагдаад ирэхэд ТМС-т байсан юм. Эхлээд энд тэнд таарахаар огт мэндлэхгүй өнгөрдөг байсан. Сүүлдээ эхнэр хүүхэд авсны дараа л мэнд устай байдаг болсон. Зах дээр зогсож бараа зардаг байсан. Эхнэртэйгээ зах дээр явж байгаад анх О.Содномдаржаатай танилцуулж байсан юм.

-Таны эхнэрийг шалгагдаж байхад том охин тань автомашины ослоор амь насаа алдсан гэсэн үү. Ослын дүгнэлт юу гэж гарсан байдаг вэ?

-Ээжийгээ хоригдсоноос хойш талийгаач охин маань их хөөцөлдөж явдаг байсан. Охиноо дагуулаад л хүмүүстэй уулзаад явдаг байсан юм. Сэлэнгэ аймагт сайн мэддэг мэргэн хүн байна гэж сонсоод ээжийгээ үзүүлэх гээд явсан. Сэлэнгэ аймаг руу ордог эргэх хэсэгт замын хажуу руу уначихсан байсан. Гүнзгий эрэг рүү ойчсон байна лээ. Охин минь газар дээрээ л амьсгал хураасан. Осол юунаас болж гарсан бэ гэдгийг одоо болтол мэдээгүй л явж байна. Осолд орсон уу, эсвэл оруулсан уу гэдэг нь маш эргэлзээтэй. Хурдтай явж байсан гэх зүйл яригддаг. Охин минь өөд болоод бид ажил явдал гээд завгүй байсан. Тэгсэн тагнуулынхан хоригдож байгаа ээжид нь энэ талаар мэдээлэл өгчихсөн байдаг. Уг нь бид энэ хэргийг дуустал хэлэхгүй л гэж бодож байсан юм.

-Хэргийг шалгаж байгаа тагнуулын ажилтнууд ээжид нь охин чинь осолд ороод амиа алдчихлаа гэдгийг анх хэлсэн юм уу?

-Тийм ээ. Бид прокурорт өргөдөл өгсөн юм. Охин нь амиа алдчихлаа. Буяны ажилд нь ээжийг нь оролцуулах гэсэн юм. Буяны ажлыг өнгөртөл батлан даалтад гаргаад өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Тэгсэн бидэнд боломжгүй гэсэн хариу өгсөн. Охиныг бурхан болохоос өмнө огт уулзуулахгүй байсан. Тэгсэн охин бурхан болоод гурав хонож байтал тагнуулын ажилтан гэнэт гар утас руу залгаж “Хүрээд ир” гэсэн. Яваад очтол уулзуулах бичиг өгсөн. Уг нь 15 минут уулзаад л гаргадаг байсан. Тэр өдөр надаар охин чинь нас барсан гэдгийг хэлүүлэхийн тулд тагнуулынхан хоёр цаг 30 минут уулзуулсан. Бид хоёрыг уулзаж байхад гаднаас хянагч нар орж ирээд “Танай аль хүүхэд чинь өнгөрчихсөн юм бэ” гээд асуугаад эхэлсэн. Эхнэр юу яриад байгаа юм бэ. Хэн өнгөрчихсөн юм бэ гээд л асуугаад байсан. Би ч хэлээгүй. Хоригдож байхдаа өмсөж байсан хувцаснуудыг огт гаргаж бидэнд өгдөггүй байсан юм. Тэгсэн хянагч “Чи нөгөө ар гэрийнхэндээ өгч явуулна гээд байсан хувцсаа нөхөртөө өгөөд явуул” гэж хэлээд дагуулаад гарсан. Хоригдож байгаа өрөөнд нь очих замдаа “Танай нэг хүүхэд автомашины ослоор амь насаа алдсан байна” гээд хэлчихсэн байна лээ. Ингээд л эргэж орж ирээд “Хэний тухай яриад байгаа юм бэ. Надад хэл л дээ. Миний хүүхдүүд зүгээр биз дээ” гээд л чанга хашгираад уйлсан. Тухайн үед би энэ бүгдийг хэлэхгүй бол энд байгаа хүмүүс юу гэж худлаа хэлэх юм билээ гэж бодоод арга буюу хэлсэн. Хэлээд л дууссан шууд уулзалтыг зогсоогоод гаргасан. Ерөөсөө л ээжид нь охин чинь амиа алдсан гэдгийг хэлүүлэх гэж тэр уулзалтыг зөвшөөрсөн юм байна гэдгийг сүүлд нь мэдсэн.

-Танай эхнэр Т.Чимгээ 1998 онд 29 настай байсан юм байна лээ. Харин Ц.Амгаланбаатар 16, О.Содномдаржаа 19 настай байсан гэдэг. Энэ нь Т.Чимгээ, О.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар хэргийг үйлдсэн гэхэд эргэлзээ төрүүлж байна. Гэтэл Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хэргийг нуун далдлахын тулд дөрвөн хүнийг гэрт нь шатааж амь насыг нь хөнөөсөн гэж мэдэгдсэн. Энэ талаар?

-Хаанаас нь яаж ч бодсон хэргийг үйлдээгүй гэдэг нь тодорхой. Миний хань хүн алах нь битгий хэл мал нядалж байгааг ч харж чаддаггүй хүн. Улаанбаатар хотыг огт мэдэхгүй. Ганцаараа нэг ч удаа хотод орж ирж байгаагүй. Үнэхээр тэр аймшигт хэргийг манай эхнэр хийчихсэн бол ингээд яваад байхгүй. Энэ хэргийг Ш.Отгонбилэг гэдэг хүнтэй холбож яриад байна. Үнэндээ бид Ш.Отгонбилэг гэдэг хүнийг телевизээр л харж байсан. Нэг ч уулзаж үзээгүй. Бид ядахдаа Эрдэнэтийн гОК-т ажилд орно биз дээ. Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гэх хүн маш хариуцлагагүй худал мэдээлэл цацаж байна лээ. Б.Отгонбаатар гэр бүлийн хамт шатаж амь насаа алдсан байдаг. гал гарсан шалтгааныг галын шинжээчид тогтоосон. гэтэл үүнийг мушгин гуйвуулж байгаад харамсалтай байна.

-Давж заалдах шатны шүүх хурлыг та бүхэн нээлттэй хийх хүсэлт гаргасан гэсэн үү?

-Тэгсэн. Шүүх бүрэлдэхүүн нь энэ хэргийг ийм үндэслэлээр буруутган яллаж байна гэдгээ ил гаргаж чадахгүйгээр явуулж байна гэдэг нотлох баримт байхгүй гэсэн үг. Нөгөө талаасаа гурван хүүхэдтэй айлын эхнэр улс төрийн зүтгэлтнийг хөнөөх үү. Гурван хүүхэдтэй хүнээр хүн алуулах захиалга өгдөг ямар хүн байх вэ. Бид шүүх хурлыг олон нийтэд ил яваасай гэж хүсэлт гаргасан. Бидэнд айгаад байх зүйл байхгүй. С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт хорих ял авсан хүмүүс ямар баримт мэдээллээр буруутгагдаж байгааг бүх хүмүүст мэдэгдмээр байна. Шүүх олон нийтэд нээлттэй болсон гэдэг. Тэгэхээр давж заалдах шатны шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулахыг хүсч байна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Дэлгэрсайхан: Төрж, өссөн нутагтаа сэтгэлийн их өртэй гэж боддог

“Өдрийн сонин”-ы №027, 028 (5594, 5595) дугаараас авч нийтлэв

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Манай улсын эдийн засаг тун амаргүй байгааг хаа хаанаа мэдэж байгаа. Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав хандивын хөдөлгөөнд уриалж байна. Та уриалгыг дэмжиж 100 сая төгрөг өгөхөөр боллоо. Таны хувьд гэнэт ийм шийдвэр гаргасан уу?

-Монголчууд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг. Улсын эдийн засаг үнэхээр хэцүү байна. Үүнээс хэрхэн яаж гарах вэ гэж дор бүрнээ санаа оноогоо уралдуулж байгаа цаг үед бид ажиллаж, амьдарч байна. Манай бизнесийн салбарынхан өнөөдөр хангалуун сайхан явж байгаа юм алга. Ашиг орлого гэхээсээ илүүтэй хэдэн ажилчдынхаа цалинг өгөх, татвар төлөх гэж зүтгэж байгаа нь үнэн. Гэхдээ бид ямар нэгэн байдлаар 580 сая ам.долларын өрийг барагдуулах тал дээр өөр өөрийнхөө боломжоор зүтгэх ёстой гэж ойлгож байна. Ядаж бондын энэ төлөлтийг хийхэд дэм болж чадвал гадны улсуудад “Монголчууд зээл авсан ч гэсэн нэгдээд өр ширээ дарж чаддаг юм байна” гэсэн итгэл найдвар төрнө. Бид авсан зээлээ цаг хугацаанд нь төлөх юм бол улсын зээлжих зэрэглэл нэмэгдэнэ. Монголчууд итгэлтэй хүмүүс гэдэг итгэл үнэмшил төрүүлэхэд тус дэм болох болов уу гэдэг утгаар энэ аянг дэмжиж хандив өргөж байгаа юм.

-Уриалгыг дэмжсэн танд маш олон хүн талархалтай хандаж байх шиг байна. Өмнөд солонгосчууд бас иймэрхүү байдлаар эдийн засгийн хүндрэлийг даван туулж байсан гэдэг?

-Ажилтай, орлоготой болсон иргэдэд үндэсний ухамсар, итгэл үнэмшил сэргэж ирдэг болох нь БНСУ-ын жишээнээс харагдаж байна. Бид солонгос хүнээс юугаараа дутдаг юм бэ. Адилхан л улсаа гэсэн сэтгэл зүрхтэй. Ядаж эдийн засгийн энэ хүнд үед гар нийлээд хамтарч чаддаг байх хэрэгтэй. Тийм эр зориг бий гэдэгт ч итгэж байна. Энэ уриалгыг олон компани дэмжиж нэгдэх болов уу. “Далайд дусал нэмэр” гэгчээр өөрийн чадал чинээгээрээ л хандив өргөх байх гэдэгт итгэлтэй байгаа.

-Өнөөдөр эдийн засаг хүнд байна. Энэ бүхнийг даван туулж ард нь гарах боломжийг та хэрхэн харж байгаа вэ. Эдийн засагт хүнд ачааг нь үүрч яваа бизнесийнхэн хандив өгөх л байх. Гэхдээ төр бизнесийнхэнд эргүүлээд хэр хандах бол?

-Эдийн засгийн хямрал нэлээд олон жил үргэлжилчихлээ. Гэхдээ дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ харьцангуй өсөх хандлага ажиглагдаж байна. Нүүрс, зэсийн үнэ өсч байгаа.

Энэ нь мэдээж эдийн засагт эерэг дохио. Түүхий эдийн үнэ өсөөд ирэхээр уул уурхайн салбарт хөрөнгө оруулах хүмүүс нэмэгддэг, түүнийг дагасан бизнесүүд босоод ирнэ. Тийм ч мөчлөгтэй. Тэр утгаараа жилийн дараа гэхэд Монголын эдийн засаг эрүүлжинэ гэж харж байна. Би хувьдаа сайн сайхан болох цаг удахгүй л гэж боддог. Манайхан өргөс авсан юм шиг шууд л бүх зүйл сайхан болохыг хүлээдэг. Богино хугацаанд энэ бүхэн арилна гэж байхгүй.

-Хүний хэтэвч рүү өнгийлөө гэж битгий ойлгоорой. Та хэр баян хүн бэ. Дорноговь аймагт таны бүтээн байгуулсан сургууль, цэцэрлэг, нутгийн удирдлагын ордон гээд маш их барилга байгууламж байдаг юм билээ. Тэгээд 100 сая төгрөг хандивлалаа шүү дээ?

-Баян нь ч юу байхав. Хүн олсныхоо хэмжээгээр саваа дундлах ёстой. Бурхнаас өгсөн хишгийг дундалж байж амьдрал тэгширнэ гэж бодож явдаг. Хэд насална гэж хурааж, хуримтлуулах билээ дээ. Хүний амьдрал богино. Энэ дэлхийд нүцгэн ирсэн бол нүцгэн л буцна.

Тэгээд ч энэ аймаг, орон нутагтаа төрж өссөний хувьд эргээд сэтгэлийн их өртэй. Үүнийгээ хариулах ёстой гэж боддог. Энэ утгаараа хийх ёстой зүйлээ л хийж байна. Тиймдээ орон нутагтаа барьсан эмнэлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан анги танхимтай хоёр цэцэрлэг болон сум бүрт хийсэн бүтээн байгуулалтын ажлуудыг эргээд аймаг, сум орон нутгийн өмчид шилжүүлсэн.

Одоогийн байдлаар Дорноговь аймагт 1000 айлын орон сууц хөтөлбөрийг эхлүүлээд байгаа. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмч, багш зэрэг зорилтот бүлгийг хамруулж хамгийн хямд өртөгтэй,чанартай орон сууцаар хангахад чиглэгдэж байгаа юм аа.

-Хямддаа хэд юм бэ?

-Энэ орон сууцыг ашиг харж бариагүй. Ингэж хямд барихын тулд төр Улаанбаатарт хэрэгжүүлж байгаа шиг дэд бүтцээ аймгуудад ч гэсэн татаж өгөх ёстой. Дэд бүтэц шийдэж өгч байж үнэ хямдардаг. Мөн Дорноговь аймагт “Монполимет” компанийн хэрэгжүүлсэн Цементийн үйлдвэр ашиглалтад орсонтой холбогдуулан цементийг дэргэдээсээ үнэ хямд авч байна. Барилгын материалаа зах зээлдээ хамгийн ойр Эрээн хотоос татах боломжтой.

-Бага хүүтэй, богино хугацааны зээл авах, “Ñтэнд бай” хөтөлбөрт хамрагдах гээд манайхны хувьд шийдлээ олж чадахгүй асуудлууд байна. Та “Ñтэнд бай” хөтөлбөр, зээлийн тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-“Стэнд бай” хөтөлбөрийг авах нь зөв гэж боддог. Монголчууд санхүүгийн сахилга сул ард түмэн. Тэр утгаараа эдийн засгийн хямрал бидэнд их зүйлийг ойлгуулж байна. Эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч байх үед бялхаж байлаа шүү дээ. Байгаагаа үрээд дуусгадаг болохоос хадгалж сураагүй. Тиймээс эдийн засаг хүндрээд ирэхээр гаргаад ирье гэсэн ч мөнгөгүй таг суудаг. АН-ын Засгийн газрын үед авсан энэ их зээлийг эргүүлэн төлж таарна. Хар, шар гэлтгүй монголчууд авсан болохоор төлөхөөс зайлшгүй. АН авсан зээлийг МАН төлөхгүй гэж болохгүй. Бид нэг л монголчууд. Зээлээ төлж л таарна. Ухрах зам байхгүй.

-Эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг уул уурхайн салбарын хэтийн төлөвийг та юу гэж харж байна вэ?

-Таван толгойгоо нэн даруй хөдөлгөх хэрэгтэй. 2022 онд Хятад улсад өвлийн олимп болно. Тиймээс хятадууд 2020 оноос эхлэн нүүрс түлэхгүй гэсэн хандлага руу орж байгаа. Төмрийн үйлдвэрлэлийн нүүрс хэрэглэдэг үйлдвэрүүдээ хааж байна. Зах зээл ийм байгаа үед том төслүүдээ даруйхан хөдөлгөх хэрэгтэй. Төмөр замаа бушуухан барих хэрэгцээтэй. Ажлаа хийхгүй улстөржиж улсаа хорлоод байж болохгүй.

-Төмөр зам гэж түүх нь зузаарсаар байгаа эхэлдэг ч үгүй нэг ажил байна. Танай компани чинь 100 км төмөр зам барьсан гэдэг бил үү. Хувийн хэвшил нь хурдан барьж мэдэх юм даа. Төмөр замаар танк орж ирнэ гэж айлгах юм, нэг хэсэг нь?

-Энэ тухай ярих юм бол маш урт түүх болно. Төмөр замаар “танк” орж ирдэг үе өнгөрсөн. Муугаар бодож дайн байлдаан боллоо гэхэд танк хэрэглэхгүй байлгүй дээ. Ийм утгагүй зүйл ярихаа болих хэрэгтэй. Нарийн, өргөн цариг ярьж цаг хугацаагаа нэлээд барлаа. Өөрсдөө төмөр замаа барина гэснээс болж баахан хүн хэрэгт ороод байж байна. Хувийнхан өөрсдөө барьж чадах байсан. 2011 онд “Эм Си Эс” компанид эрхийг нь өгсөн бол хэдийнэ төмөр замтай болох байлаа. Жилд 30 сая биш 60 сая тонн түүхий эд экспортолж байх байсан юм.

-Хувийн хэвшил гээд явахаар “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал сөхөгдөж таарна. “Эрдэнэт” үйлдвэрийг хууль бусаар авсан гэж байхад нөгөө талд нь хоёр орны Засгийн газар хоорондоо тохирч хувийн хэвшил мөнгөө төлөөд авсан гэдэг зүйл ярьж байна. Үнэн чухамдаа аль талд нь байгааг ойлгож байгаа хүн цөөн байна. Ажлын хэсгийн гишүүний хувьд байр сууриа илэрхийлээч?

-“Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлал хууль бусаар явсан уу, үгүй юу гэдгийг хууль хяналтын байгууллага нотлох баримтаар тогтоогоод явах нь зөв. Хуулийн байгууллага нь эцсийн байдлаар шийдвэрээ гаргаагүй байхад хүний өмчийг шууд төр нь аваад явах үзэгдэл байж болохгүй. Ажлын хэсэгт олон гишүүн орж ажилласан болохоор ямар дүгнэлт гаргахыг би одоогоор хэлж мэдэхгүй. Хүн бүр өөр өөрийн гэсэн байр суурьтай л байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг Оросоос авсан учраас асуудал даамжирвал буцаад “эзэн” рүүгээ л явна.

-Эзэн гэж Оросыг хэлээд байна уу?

-Орос руу буцна. Аливаа зүйлийг бодит байдлаар харах нь тун чухал. Оросууд “Уучлаарай, монголчууд дотроо эвээ олдоггүй юм байна. Бид та нарт зарахаа болилоо. Өөр гуравдагч оронд өндөр үнээр зарлаа” гэвэл бид 49 хувь ч үгүй болно. Би ингэж л харж байна.

-Ажлын хэсгийн гишүүдийн байр суурь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд байлгах биш төр мэдэлдээ байлгах чухал гэж байна. Эдийн засгийн тийм боломж байгаа юу?

-Засгийн газар евро бондын эргэн төлөлтийн 580 сая ам.долларыг төлөхөд ердөө 60 хоног л дутуу байна. 60 хоногийн дараа ийм их мөнгө төлөх байж араас нь “Эрдэнэт”-ийг авна гэвэл бид хаанаасаа 500 сая ам.доллар гаргах юм. Ийм худлаа юм ярьж болохгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн мөнгийг нь төлөөд авчихна гэдэгт би л хувьдаа итгэхгүй байгаа.

-Байгаа болоод авъя гээд байгаа юм биш үү?

-Бүх зүйлийг улс төрийн өнцгөөр харж болохгүй. Цаад үр дагаврыг нь бид заавал бодолцох учиртай. Төр шийдвэр гаргаад хувийн хэвшлийг “дээрэмдээд” байх юм бол таны, миний өмчийг булааж авдаг жишиг тогтоно. Ингэж болохгүй. Монгол гэдэг чинь хуультай орон. Тэр утгаараа би ингэж ярьж байна.

-Ямар нэгэн ашиг сонирхол байна гэж танай гишүүд хардаад байгаа юм биш үү?

-Надад ямар ч ашиг сонирхол байхгүй. Худалдаа хөгжлийн банкинд таньдаг хүн ч байхгүй. Хувьчилж авсан хүмүүсийг нь ч танихгүй. “Эрдэнэт”-д ямар нэгэн ашиг сонирхол бий гэж хардаг хүмүүс байгаа бол одоо болих хэрэгтэй. Надад ямар нэг ашиг сонирхол байхгүй.

-Олгой хагаравч тогоондоо гэдэг дээ. Гэтэл манайхан дэвэргэсээр байгаад ажиглагчдын хүрээ томорсон юм шиг байна. Хойд хөршийнхөн харж л байгаа байх даа?

-Тогоон дотроо хагарчихсан. Олон улсын байгууллага, Элчин сайдын яамд манай оронд үйл ажиллагаа явуулдгийн хувьд харж ажиглаж л байгаа.

-“Эрдэнэт”-ийн хувь заяаг цаашид хэрхэх нь зөв юм бол. Хувьчилж авсан хүмүүс нь болохгүй бол Засгийн газар нь мөнгөө төлөөд ав гэж байна шүү дээ?

-Ер нь бол асуудлыг даруйхан шийдэх хэрэгтэй. Хэл амаа ололцохгүй ингээд байгаа бол ард түмэнд нээлттэй хувьцаа хэлбэрээр борлуулах боломжтой. Худалдаж авах хүсэлтэй нэг нь авдаг л юм байгаа биз. УИХ-аар асуудлаа оруулаад хэдэн хувийг нь яаж арилжих юм гээд ярь л даа.

-Энэ бүхнийг ажиглаж байхад өнгөрсөн дөрвөн жилд бизнес, хувийн хэвшлийнхнийг хавчиж байсан цаг үе давтагдах нь гэж харагдах юм. Та хоёр сар гаруй хоригдож байсан байх аа?

-Үнэндээ энэ хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, эмх замбараагүй байдлыг эмхэлж цэгцлэн зөв голдрилд оруулах, улс орныг хүчирхэгжүүлэх гэж л би гишүүн болсон. Хууль бусаар хууль хяналтын байгууллага нь дээрэм хийдэг, төр нь бизнес рүү халдаж булааж авдаг энэ явдлыг зогсоох нь зүйтэй. Бид хувийн хэвшлийнхнээ дэмжиж байж улс хөгжинө үү гэхээс бүгдийг нь нийгэмчилбэл хэн ажил хийх юм. Бид энэ байдлыг өөрчлөх л ёстой. Миний байр суурь энэ.

-Тантай холбоотой хоёр ч оффшор дансны асуудал яригдаж байсан даа. Одоо оффшорын хууль гээд ороод ирлээ. Тэр дансны асуудал юу болсон бэ?

-Би оффшор бүсэд данс эзэмшиж байсан. Бизнес эрхэлж байхад хүссэн хүсээгүй оффшор бүсэд данс нээдэг. Яагаад гэхээр гадны банк томоохон зээл өгөхийн тулд танай улсын банкинд байршуулахгүй гэдэг. Учир нь тэд өөрсдийн мөнгөө хянахын тулд ийм шаардлага тавьдаг. Тэр зээлийн мөнгөний энэ хэмжээнд нь төмөр замын рейс авна, үүгээр нь вагон авна, үлдсэнээр нь тоног төхөөрөмж авна гээд явах гэтэл данс нээ гэсэн. Тэр утгаараа данс нээсэн нь үнэн. Зарим зээлүүд нь төлөгдчихсөн. Би хоёр газар оффшор нэртэй данстай байсан. Одоо бол хоёуланг нь хаалгачихсан. Албан ёсны бичиг нь ирсэн байгаа.

-Хэзээ хаалгасан юм?

-Оффшор данс идэвхгүй байхаар хаагддаг юм билээ. Тиймдээ ч нэг нь 2007 онд, нөгөө нь өнгөрсөн жил хаагдсан. Уг нь дансаа хаалгах хүсэлтийг эрт өгсөн боловч тухайн банк тодорхой хугацаанд шалгаж байгаад хаадаг юм билээ. Шаардлагатай гэвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гаргана. Оффшор дансны тал дээр ямар ч асуудал байхгүй.

-Манайхан оффшор данс гэхээр хадны мангаа шиг ойлгодог. Бизнес хийхэд заавал оффшор данс нээх шаардлага тулгардаг юм байна тийм үү?

-Монгол Улсад хөрөнгө оруулалт хэлбэрээр орж ирсэн 14 тэрбум ам.долларын 10 гаруй тэрбум нь оффшор бүсээс орж ирсэн байдаг. Нийт хөрөнгө оруулалтын 80 гаруй хувь гэсэн үг.

-Танай намын бүлэг оффшорын хуулийн төслийг нь дэмжсэн. Хуулийн зохицуулалтууд дээр нь та ямар байр суурьтай байгаа вэ?

-Нэгэнт төрийн албанд ажиллана гээд сонголт хийсэн бол оффшор дансаа хаалгах хэрэгтэй. Хуулийнхаа хүрээнд ажиллаж, амьдрах ёстой. Зарим зүйлээс татгалзаж байж төрийн албыг хашна шүү дээ. Тиймээс үүнд санаа зовж, эмзэглээд байх юм байхгүй.


Categories
мэдээ цаг-үе

Ш.Жавхлан: “Сайн аав” кинонд тоглож байхдаа аавыгаа их бодсон

“Нөгөө ах” нэрээр олонд танигдсан таксины жолооч Т.Даваасүрэн агсны бодит амьдралаас сэдэвлэсэн “Сайн аав” уран сайхны кино саяхан нээлтээ хийсэн билээ. Уг кинонд эхнэр Д.Амаржаргалынх нь дүрийг бүтээсэн “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлантай ярилцсан юм.


-“Сайн аав” кино нэлээд хүлээлт үүсгэсэн шүү?

-Хамгийн эхлээд энэ кинонд хамтран ажилласан уран бүтээлчдэдээ баяр хүргэе. Баярлалаа гэж хэлье. Ийм сайхан гэгээлэг кинонд оролцсондоо баяртай байгаа. Фэйсбүүк, онлайн орчинд нэг хэсэг шуугиан дэгдээсэн, таксины жолооч Т.Даваасүрэн агсны амьдралаас сэдэвлэсэн уран сайхны кино. Зуун хувь бодит амьдралаас сэдэвлэсэн. Ямар нэг нэмэлт, хачир байхгүй, хасалт ч байхгүй. Энэ киноны зохиолыг эхнэрээр нь яриулж бичсэн юм билээ. Би зохиолыг уншаад хамгийн түрүүлж тэр аавыг үнэхээр их шүтсэн. Энэ кино манай залуу гэр бүл, залууст маш их зүйлийг өгөх юм байна гэж бодогдсон л доо. Нөгөө талаараа тэр тэнгэрт хальсан сайхан хүнд өргөх буян юм болов уу гэж бодсон болохоор кинонд тоглохоор зөвшөөрсөн юм.

-Зохиолыг нь уншчихаад дараа нь зохиолын баатрууд болох эхнэр, хүүхдүүдтэй нь уулзахад ямар сэтгэгдэл төрсөн бэ. Одоо та тэр гэр бүлийнхэнтэй сайн найз болсон байх даа?

-(Инээв). Тийм ээ. Т.Даваасүрэн агсны гэргий Д.Амаржаргал киноны туршид байнга хажууд байсан болохоор хараад дуурайж, үлгэр авч байсан минь их давуу тал болсон. Мундаг, ухаантай, дайчин эмэгтэй байна лээ. Манай нийгэмд өрх толгойлсон эмэгтэйчүүд олон болоод байгаа. Тэдгээр эмэгтэйчүүдэд шантрах хэрэггүй, хүний амьдралд ороо бусгаа янз бүрийн л зүйл тохиолддог. Тэр бүгдийг туулаад гараад ирдэг. Мөнхийн сайн сайхан явна гэж юу байх вэ, тэр болгонд шантралгүй зүтгэ гэж өөрөөрөө хэлж өгсөн сайхан эмэгтэй санагдсан. Үр хүүхдүүд нь ч ээж, ааваараа бахархдаг нь мэдрэгдсэн.

-Кинонд ууган охин нь өөрийнхөө дүрд тоглосон байх аа?

-Том охин Д.Энхжин нь өөрийнхөө дүрд тоглосон. Т.Даваасүрэн ах “Би өөрөө жүжигчин болж чадаагүй юм чинь охиныхоо мөрөөдлийг биелүүлж жүжигчин болгоно. Охиноо жүжигчин болгохын төлөө үхэн үхтэлээ зүтгэнэ ээ” гэж ярьдаг байсан юм билээ. Энэ кинонд тоглосноор Д.Энхжингийн хувьд жүжигчин болох эхлэл нь тавигдаж СУИС-д орж магадгүй.

-Энэ киног үзсэн хэн ч аавынхаа тухай эрэгцүүлж “Миний аав чинь их сайхан аав шүү” гэж бодогдохоор юм билээ дээ?

-Тэгэлгүй яахав. Миний аав бурхны оронд очсон. Ээж маань байдаг юм. Хамгийн гол нь элэг бүтэн амьдарна гэдэг хамгийн том аз жаргал. Бидэнд өнөөдөр юу дутаад байна вэ. Гэр бүл, үр хүүхэд байна, бүх юм байна. Аз жаргал гэдэг бол бидний хажууд л байдаг юм байна гэдгийг энэ киноноос ойлгох болов уу. Эцэг хүн үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө яаж зүтгэдэг юм бэ, ямар ч их ажилтай байсан бүхнээс түрүүнд, нэг номерт гэр бүлээ тавьж чаддаг бол гэр бүлийн аз жаргал, ирээдүй бат оршино гэдгийг ойлгуулсан. Киноны зургийн явцад тавын таван хүүхэдтэй бөөнөөрөө бужигнаж нэг аяга хоолыг тавуулаа хуваагаад идэж байсныг нь харахад муу аав маань бодогдож, сэтгэлдээ аавыгаа үгүйлж байсан (хоолой нь зангирав). Эцэг хүн гэдэг үр хүүхдээ өлсгөхгүйн төлөө юуг л бол юуг хийдэг мундаг хүмүүс.

-Т.Даваасүрэн агсны дүрд жүжигч С.Баттулга тоглосон. Гадаад байдал нь нэлээд дөхсөн байсан?

-Гадаад байдал нь ерөнхийдөө төстэй. Үсний халцархай гээд л (инээв). Үр хүүхдүүдэд нь ч аавтай нь төстэй санагдсан юм билээ, анхнаасаа. Жүжигчний хувьд Тулгаа (С.Баттулга) ахтай эхнэр, нөхөр болж тоглож байгаагүй. Хамтарч ажиллахад түшигтай нөмөртэй, мэдрэмжтэй сайн жүжигчин. Мундаг жүжигчин бас сайн найруулагч хүн шүү дээ.

-Мэдээж тэнгэрт одсон аавынх нь дүрийг гаргахаар хүүхдүүд нь хэцүү, хань ижилд нь ч амар байгаагүй л байх?

-Тийм зүйл мэдрэгдсэн. Д.Энхжин маань өөрийнхөө дүрд тоглосон шүү дээ. Аав нь амьд сэрүүн байхад болж байсан процессыг бид киноны зураг авалтын үеэр гаргахад тэр охинд амьдралынх нь өмнөх үйл явдал давтагдаад байгаа юм шиг мэдрэмж төрөөд түүнээсээ болоод гуниглах, нүдэнд нь нулимс цийлгэнэх гээд сэтгэл зүйн хувьд цочролын гэмээр байдалтай байсан нь хэд хэдэн удаа анзаарагдсан. Д.Энхжинг яг тийм байдалтай байхыг харахад надад үнэхээр хэцүү байсан. Тэр хүүхдэд “За миний охин тайвшир” гэж хэлээгүй л дээ. Тэгж болохгүй байх гээд орхисон. Хүүхэд болохоор тэр түр зуурын гуниглалаа мартаад л буцаад зураг авалтдаа ороод явчихсан. Найруулагч ч яг тэр мөчид тэр зургийн хэсгийг орхиод өөр зүйл хийж сатааруулж байсан шүү. Тиймэрхүү процесс хэд хэдэн удаа болсон.

-Танай “Маск” продакшн хөдөөгүүр явах сурагтай?

-Зүүн болон говийн аймгуудаар тоглох гэж байна. Валентины баяраар МҮЭСТО-д тоглоно.

-Танд ойрд кинонд тоглох урилга ирэв үү?

-Нэг санал ирсэн. Зохиолтой нь танилцаад байж байна.


Categories
мэдээ цаг-үе

Амьд биетийн өвөг буюу амаараа ялгадсаа гадагшлуулагч балар эртний бичил биетэн

Профессор Моррис “Бидний өвөг амаараа ялгадсаа гаргадаг байсан бичил биетэн байсан гэж үү хэмээн гайхах байх. Дейтеростомуудад үр хөврөлийн хөгжлийн шатанд эхэлж үүсдэг нүх нь ам байсан гэдгийг санаарай. Анус огт байгаагүй гэж бид хэлээгүй шүү” хэмээн хэлжээ.

Хятадын төв хэсэгт оршдог Шаньси мужаас нэгэн сонирхолтой олдвор олджээ. Улсдаа нүүрсний олборлолтоороо тэргүүлдэг уг мужийн нутаг дэвсгэрээс археологи болоод палентологийн элдэв сонин олдвор гарч байсан юм. Нэгэн шарилаас 2.4 мянган жилийн өмнөх шөлний үлдэгдлийг археологичид илрүүлж байсан удаатай. Харин энэ удаад 540 орчим сая жилийн настай далайн бичил биетийн чулуужсан олдвор гарч иржээ.

Эрдэмтэд дэлхий дээрх амьд биетийн үүсэл, хөгжлийг тогтоохдоо малтлагаар олдсон олдвор хамгийн найдвартай хэмээн үзэж олдсон амьд биетийн үлдэгдэл, олдворын насыг ихэвчлэн нүүрсхүчлийн изотопын аргаар тодорхойлдог. Энэ аргаар нэг эст организмын хамгийн хөгшин олдвор 3.5 тэрбум жилийн настайг тогтоогоод буй. Шаньсигаас олдсон бичил биетийн хувьд дейтеростом төрөлд хамаарч байгаа аж. Дэлхийн амьд биетийн эволюцийн цагалбараар 590 сая жилийн өмнө Bilateria буюу билатерал тэгш хэмтэй амьтад протостом ба дейтеростом гэж хоёр салаалсан юм байна. Дейтеростомуудад бүхий л сээр нуруутнууд багтдаг бол протостомуудад нь хожим үүсэх бүхий л шавьж, олон төрлийн хорхой багтдаг аж. Үр хөврөлийн хөгжлийн шатанд анх үүсэх нүх нь протостомуудад хошногоны сүв, харин дейтеростомуудад ам болдгоороо ялгаатай юм байна. Энэ үүднээс 540 сая жилийн өмнө үүссэн гэх энэхүү бичил биетийн чулуужсан үлдэгдэл нь сээр нуруутан буюу хүний өвөг хэмээн үзэж байгаа гэнэ.

Шаньси мужийн байршил

Малтлагыг хийж байсан Хятад, Их Британи, Германы эрдэмтэд эхлээд жижигхэн хар цэг төдий зүйлийг олоод микроскопоор татаж харжээ. 1-1.5 мм-ийн хэмжээтэй уг зүйлийг судалж үзээд шууд дейтеростомын төрөлд хамаарна гэдгийг тогтоож. Кембрижийн их сургуулийн профессор Моррис Конвей “Бид балар эртний бичил биетэнг илрүүллээ. Энэ амьтныг илрүүлж судалснаар бид маш том нээлтийн эхлэлийг ч тавьж байж мэднэ. Өмнө нь дейтеростомын төрлийн биетийн бодит зургийг гаргаж байгаагүй. Бид олдвороо сайн судалсны эцэст биеийн ерөнхий бүтэц, гадаад байдлыг гаргаж чадлаа” гэж хэлжээ.

Энэ бичил биет нь гаднаасаа нэг л их том амтай. Амныхаа дээд талд нүд гэмээр олон товруутай. Амыг нь ангайлгавал ярзайсан давхар давхар шүд, арааг илтгэмээр хурц товруутай байх. Амнаас өөр ямар нэг нүх, сүвгүй уутан хэлбэртэй учир идсэн хоолоо боловсруулаад хаагуураа гаргадаг бол хэмээн эргэлзмээр. Үүнийг судлах явцдаа эрдэмтэд энэ бичил биетэнг “Толгой, анусгүй том амт” гэж гэж хоорондоо тодотгож ярьж байжээ. Биеийн хэлбэр, бүтцийг нь ажиглавал амнаас өөр нүх, сүвгүй учир гургалдай хэлбэртэн ч гэж нэрлэж байгаа аж. 540 сая жилийн турш чулуужин хадгалагдаж ирсэн уг бичил биетэн далайн ёроолын элс, ургамлын завсарт амьдардаг байжээ. Амаараа залгисан хоолоо боловсруулаад буцаад гаргах сүвгүй учир ялгадсаа амаараа буцаагаад гаргадаг гэдэг хувилбар дээр эрдэмтэд санал нэгдэж байгаа юм байна. Тиймээс “Саккаоритус” гэж шинжлэх ухааны нэрээс гадна “Амаараа ялгадсаа гадагшлуулагч” гэж ч “цоллогдоод” байгаа юм.

Кембрижийн их сургуулийн судлаачид энэ амьтныг ангилал зүйн хувьд дейтеростом төрлийнх гэж баталж байгаа бөгөөд үүнийг үгчилбэл грекээр “Хоёр дахь ам” гэсэн утга илэрхийлдэг аж.

Профессор Моррис “Энэ бичил биетэн зөвхөн ганцхан том амтай. Идсэн хоол тэжээлээ боловсруулаад ялгадсаа буцаагаад амаараа гаргадаг гэдэг дээр бид бүгд санал нэгдэж байгаа. Гэхдээ энэ амьтан хоол хүнсээ идэхдээ өөр амьд организмыг хамт залгиж ялгадсаа шимүүлдэг байсан ч байж болно. Бид эл амьтны боловсруулах эрхтэн болоод ялгаруулах эрхтэн ямар зарчмаар ажилладаг байсныг судалж байна” гээд энэ бичил биетэн одоогоор амьд биетүүд тэр дундаа сээр нуруутнуудын хамгийн эртний өвгийн чулуужсан олдвор гэдгийг тодотгожээ.

Манай өвөг иймэрхүү дүр төрх, биетэй бичил биетэн байсан гэж дүрсэлсэн байна

Далайн нялцгай биетэн гэж шууд хэлэхгүй ч арьс нь уян хатан байсан нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд үүнээс улбаалаад ялгадсаа арьсаараа гадагшлуулдаг байсан байх гэдэг хувилбарыг зарим эрдэмтэд дэвшүүлээд байгаа юм. Амаа маш том буюу биеийнхээ диаметртэй ойролцоо ангайлгаад хоол тэжээлээ иддэг байсан бөгөөд эрүүний булчин нь маш сайн хөгжсөн байж болзошгүй аж.

Судалгааны ажилд оролцсон доктор Жиан Хан бичил биетийн чулуужсан олдворыг гаргаж авахын тулд гурван тонн шохойн чулууг зайлуулсан талаар ярьж “Энэ бол хүн төрөлхтөн, амьд биетийн түүхэн хувьсгалын чухал олдвор. Үлэг гүрвэл үүсэхээс ч өмнө балар эртний үед амьдарч байсан ер бусын биетэн. Бидний балар эртний өвөг гэдэгтэй маргахгүй” гэжээ. Том амтайгаас гадна уутан хэлбэрийн битүү бие нь идсэн хоол тэжээлээ булчингийн агшилт, сулралтаар шингээдэг байсан учир бүхэлдээ булчинлаг биетэн байсан гэдэг дүгнэлтийг ч дэвшүүлсэн байна.


Categories
мэдээ цаг-үе

Хотын утаанаас зугтсан ээж, хүүхдүүдийн зорьж очих дуртай “Хусхан”-ы нэг өдөр

Хотоос 52 км-т байрлах “Хусхан” эх, хүүхэд, гэр бүлийн амралтыг өглөө эртлэн зорилоо. Засмал замаас салаад километр гаруй давхиад л хүрчихэв. Хусан ой, битүү цасан дунд болоод ч тэр үү, амралтын газар гаднаасаа цэмцгэр, гоё гэж. Хоёр давхар томоохон хаус гэмээр барилга юм. Үүдээр нь оронгуут ягаан хувцастай бүсгүй “Шинэ зочин уу?” гэсээр угтав. Учраа хэлтэл “Юу ч гэсэн хувцсаа тайлж, углааш өмсөөд ороод ир” гэж байна. Яг л айл мэт тохитой орчинд ороод явчихав. Чамин хээтэй цагаан бүтээлэгтэй саарал буйдан, ханын том оо телевизор, хоолны ширээ сандал, хөлд оруулдаг тэрэг, хүүхдийн ортой энэ өрөөний цонх таазнаас шал хүртэл цэлгэр том гэж жигтэйхэн юм. Цонхоор цастай, хусан ойтой уул сүрлэг харагдана. Дөрөв, тавтай болов уу гэмээр хоёр охин хөөцөлдөж тоглоно. Хоёр настай жаахан охин эгчтэйгээ Dreambox-оор хүүхэлдэйн кино үзсэн шигээ сууж байна. Захирлыг нь хүлээнгээ талх, нэрсний чанамлаар дайлуулав. Бидэнд үйлчилсэн бүсгүй жимсний чанамалаа өөрсдөө хийдэг гэж сонирхууллаа.

Хорь орчим минутын дараа хорин долоо, наймтай болов уу гэмээр залуухан бүсгүй ирж, өөрийгөө захирал нь гэж танилцуулав. С.Баярцэцэг анхны охиноо олохдоо л хотын утаатай нүүр тулж. “Өвөл жирэмсэн болсон учраас их түгшүүртэй байсан шүү. Телевизээр утаанаас болж ургийн гажигтай болжээ гэх мэт мэдээ гарах бүрт эход харуулж байж санаа амардаг байлаа. Цэвэр агаартай газар хайхаар үнэ нь боломжийн газрууд тав тухын хувьд таалагдахгүй, илүү тохилог газар нь үнэтэй санагдаад сонголт хийхэд хэцүү байсан л даа.

Жирэмсэн болоод аав, ээжүүдийн зовлонг ойлгож эхэлсэн. Охиноо төрүүлчихээд байрныхаа гадаа салхилуулахаар ээжүүд зовлон, асуудлаа их ярина. Тэгээд л боломжийн үнэ хөлстэй, тохитой ээж хүүхдийн амралтын газар барья гэж шийдээд 2013 оноос ажиллуулж эхэлсэн. Энэ газрыг манай хүн авчихсан байсан юм. Зундаа гэр барьж амьдардаг байсан газартаа хүмүүст хэрэгтэй амралтын газар барьж бүтээсэндээ баяртай явдаг” гэж ярилаа. Нөхрийнхөө АНУ-д ажиллаж хуримтлуулсан мөнгөөр амралтын газраа байгуулсан гэнэ. Нөхөр нь гарын дүйтэй учраас амралтын газрынхаа барилгын хэдэн залуутай хамтраад барьжээ. Гүний худагтай, нам даралтын зуухтай, цахилгааны трансформатортой учраас дэд бүтэц талаасаа асуудалгүй болж.

“Хусхан” амралтын байгаа газрыг Өргөн булагийн ам гэдэг аж. Дээр үед энэ газарт өргөнөөс өргөн булаг оргилон урсдаг байж. Одоо бол зундаа л шандтай гэнэ. Амралтын газраас мод руу орох хийц сайтай гүүр барьжээ. Захирал бүсгүйн нөхрийн бүтээл гэнэ. Ой дундуур алхах жижигхэн зам барьчихаж. Ойн дунд амрах сандал ширээ харагдана. Өвөл энд цас их унадаг юм байна. С.Баярцэцэг цонхны дэргэд зогсч амралтын орчноо сонирхуулсныхаа дараа “Өнөөдөр наргүй бүүдгэр өдөр болохоор хүүхдүүдийнхээ бариаг массажны өрөөнд хийнэ. Нартай өдөр хүүхдүүдийнхээ массажийг нарны гэрэлд, энд хийдэг юм” гэж сонирхуулав.

“Хусхан” ээж хүүхдийн амралтын газарт тогооч, массажист, хүүхэд асрагч, цэвэрлэгч гээд дөрөв таван хүн ажилладаг юм байна. Ээж, хүүхдүүд хоёр давхрын зургаан өрөөнд хуваагдаж байрлана. Нэг өрөөнд нэг ээж амардаг аж. Гэр бүлээрээ ирэх тохиолдол ч цөөнгүй гэнэ. Нэг сараас дээш настай хүүхдүүдийг хүлээж авдаг гэж захирал бүсгүй ярив. Амрах өрөөг сонирхлоо. Дулаахан, тохитой гэж жигтэйхэн юм. Амрах буйдан, хөргөгч, зурагт гээд дутуу юм алга. Люкс өрөө нь дотроо ариун цэврийн өрөөтэй юм байна. Өвөл захиалга эрс ихэсч, дугаар дараалал үүсдэг гэнэ. Аав, ээжүүд хотын утаанаас хол цэвэр агаартай орчинд хүүхдээ амраах гэж их ханддаг болжээ. Гурав, тав, долоо, арав гээд янз бүрийн хугацаатай захиалга ирдэг аж. Биднийг очиход люкс өрөөнд байрласан гэр бүл өрөөгөө суллаж, дараагийн зочдоо хүлээж авч байлаа. Аав, ээжүүд ам дамжсан яриагаар эднийхийг зорьж ирэх нь олонтоо гэнэ. Нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын захиалгаа авч эхэлжээ. Хоёрдугаар сар бүтэн захилгатай болчихож. Люкс өрөөний хажуугийн өрөө нь хоёр ортой юм. Найз ээжүүд, эгч дүү ээжүүд, өвөө эмээ, асрагчтайгаа ирсэн хүүхдүүд голдуу ордог юм байна.

Хоол нь бусад амралтын газраас онцлогтой аж. Хөхүүл ээжүүд голдуу зорьж ирдэг учраас элдэв амтлагчгүй монгол хоолнууд хийдэг байна. Ээжүүд ногоо идэхгүй, давс ихтэй, багатай иддэг гэх мэт шалтгаануудаа хэлээд л тусдаа хоол бэлдүүлчих боломжтой гэнэ. Хоолны цэсээ долоо хоногоор гаргачихдаг гэж тогооч бүсгүй ярилаа. Өглөөний цай шар будааны зутан, шар будаатай цай, зайдас, өндөг, жимсний чанамал, талх, гэрийн боорцог гэх мэт сонголттой. Сонирхуулж хэлэхэд “Хусхан”-ы тогооч жимсний чанамалаа өөрөө бэлддэг юм билээ. Гурваас доош насныхныг “бантангийнхан” гээд өхөөрдөж, тусад нь цэс гаргажээ. Бяцханууд өглөө кааш, луувантай ээдэм, арванхоёр цагаас бантан, нэг цагаас ээжүүдээ хооллох үеэр хоёрдугаар хоолноос нь идэх сонголттой. За тэгээд дөрвөн цагаас ногооны зутан, гурил, будаатай шөл идэцгээнэ. Үдийн хоолны дараа гурван цагийн аньс чацаргана нэрсний ундаанд ээж, хүүхдүүд дуртай гэнэ. Жимс бүрээс 150 литрийг намарт нь Завханаас захиалаад авчруулдаг юм байна. Вакумдаад хөлдөөчихөөр жилээ даадаг гэж захирал бүсгүй ярив.Дөрвөн цагаас хооллосон жаалууд зургаад бас хоолтой. Амрагч хүүхдүүдийнхээ нас насанд тохирсон хоолыг хийгээд өгчихдөг аж.

Өдрийн хоолны цаг болжээ. Ээжүүд хүүхдүүдтэйгээ дээд давхраас бууж ирэв. Энэ өдрийн нэгдүгээр хоол далайн байцаа, үхрийн махтай шөл бол хоёрдугаар хоол нь зраз. Ногоон цай болон сүүтэй цайг халуун саванд хийж тавьжээ. С.Баярцэцэг хооллох үеэр “Хоол иддэггүй хүүхэд байдаг даа. Ийм хүүхдүүд манайд ирэхээрээ хоолны дуршилтай болдог. Агаарт гарахаар хүүхдийн хөдөлгөөн ихэсч, тэр хэрээр хоолны дуршил нь ихэсдэг шиг байгаа юм” хэмээн ярив.

Амрагч ээжүүд массажинд нь их ам сайтай юм. Гурваас доош насныхныг хар цай, ясны шөлөнд өдөр бүр ээлжилж оруулж массажилдаг аж. Үдийн хоолны дараа массажны өрөөг нь сонирхлоо. Хүүхдийг усанд оруулж массажилдаг болохоор дулаахан энэ өрөөнд нэмээд тень залгажээ. Бариа засалч Б.Энхцэцэг “Ээж, аав, хүүхэд гээд бүгдэд нь бариа хийдэг. Бариа хийлгэснээр цусны эргэлт сайжирч, ядаргаа тайлагддаг. Ээжүүд хүүхдээ хөхүүлдэг болохоор алжаал ядаргаа тайлах бариа хийдэг. Хүүхдүүдэд биеийн эсэргүүцэл сайжруулах, дархлаа дэмжих бариа хийнэ. Нялх хүүхэд байнга хэвтдэг, үргэлж хувцастай учраас хөшингөтэй байдаг. Тийм учраас чангарсан булчинг суллаж өгөх массаж хийдэг” гэж ярив. Биднийг яриа дэлгэх үеэр таван сартай хүүдээ массаж хийлгэх ээж орж ирлээ. Ш.Болормаагийн хүү дуртай гэгч нь бариулж байна. Энхцэцэг сүүлний тос гартаа бүлээсгэж хүүг барих зуураа “Хүүхэд бариулах их дуртай байдаг. Манайд ирж байгаа хүүхдүүд хөлөрдөг, рахитны шинжтэй, сульдаатай гэсэн зовиуртай ирдэг юм. Массажаа хийлгээд унтаад өгнө шүү дээ. Орой хар цай, шөлөнд оруулдаг. Бас их дуртай. Хар цай хөлөрдөг хүүхдүүдийг тайвшруулж өгдөг. Шөлний хувьд нойронд муу сэрвэлзээд байгаа хүүхдүүдэд тустай. Цээж доргиох массаж хийдэг. Цээжинд нь шуухитнаа байвал тустай” гэж ярилаа.

Дөрөвдүгээр өрөөнд Мягмарсүрэн гэж бүсгүй ээж, дөрвөн настай охин, нэг сартай хүүтэйгээ амрахаар иржээ. Тэрээр “Олон газрыг судлаад эднийхийг сайн гэхээр нь ирлээ. Орчин нь их тохилог юм. Дулаахан, цэвэрхэн болохоор хүүхдүүдэд таатай зүгээр санагдлаа. Ийм гоё агаарт хүүхдэдээ санаа зовохгүй сайхан байна” хэмээн ярив. Мягмарсүрэн долоо хоног амрахаар ирсэн гэнэ. Хажуугийнх нь өрөөнд хүүгээ массажинд оруулсан Ш.Болормаа амарч байв. “Үйлчилгээ сайтай юм. Хотын агаарын бохирдлоос зугтаж хүүгээ хэд хоног ч гэсэн цэвэр агаартай орчинд байлгая гэж ирлээ. Миний хүү сэрж чадахгүй унтаж байна. Хотод байранд болохоор салхилуулах боломж бараг гарахгүй юм. Нүүрсний утаанаас гадна автомашины утаа гэж айхавтар асуудал байна. Арчилгаа сувилгаа, үйлчилгээ нь сайн гэж дуулаад ирсэн. Үнэхээр өөр юм байна. Хусан ойтой газар уушги их цэвэрлэдэг” гэж байв.

Аавууд ирэхээрээ өнжөөд нэг орох эрх өгдөг саунд нь их дуртай гэнэ. Бас бариа нь их таалагддаг аж. Ээжүүдийн хувьд хооллох, бариа хийлгэх, саунд орох үед хүүхдийг нь хараад өгдөг үйлчилгээнд ам сайтай байдаг гэнэ. Захирал бүсгүй “Саун, массаж гээд бүх үйлчилгээ өрөөний төлбөрт багтдаг. Энгийн өрөө 88 мянган төгрөгөөс эхэлдэг. Люкс өрөө нь 110 мянган төгрөг. Бүх үйлчилгээ багтсан гэхээр хэнд ч боломжийн үнэ. Аав, ээж, хүүхэдтэйгээ амарвал аавууд өрөө харгалзахгүй 58 мянган төгрөгөөр амрах боломжтой. Зургаан сар хүртэлх насны хүүхдүүд үнэгүй амарна. Хоолонд орсноос хойш цэцэрлэгийн нас хүртэлх хүүхэд өдрийн 15 мянган төгрөгөөр үйлчлүүлдэг” гэж ярилаа.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ахлах дэслэгч Г.Ганбаяр: Ямар ч монгол эр хүн тийм нөхцөл байдалд бусдад туслах л байсан

Галын аюулаас дөрвөн хүний халуун амийг аварсан цагдаагийн ахлах дэслэгч Гантулгын Ганбаяртай уулзаж ярилцлаа. Түүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, ЦЕГ-ын дарга, Улаанбаатар хотын дарга нарын албаны хүмүүс хүлээн авч уулзаж, баатарлаг гавьяа байгуулсанд нь баяр хүргэж, шагнал урамшуулал олгож байгаа билээ. Г.Ганбаяр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд саяхан Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цол нэмж, цагдаагийн ахлах дэслэгч болжээ.


Танд юуны өмнө баяр хүргэе?

-Баярлалаа.

-Та Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст хичнээн жил ажиллаж байна?

-Би 2014 онд Хууль сахиулахын их сургууль төгсөөд өөрийн төрж өссөн нутаг дээрээ ажиллах болсондоо баяртай байдаг. Манай гэр Баянхошууны хоёр ам байдгийн нэг нь буюу хуучнаар лам нарын зуслангийн газар гэж нэрийддэг газарт байдаг. Ажил маань гэрээсээ ойрхон. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэстээ нийтийн хэв журмыг сахих тасагт ажиллаж байгаад эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байна.

-Гэр бүлийнхнийгээ танилцуулаач. одоо хэнтэйгээ амьдардаг вэ?

-Би аав, ээжтэйгээ амьдардаг. Аав Гантулга мужааны чиглэлийн ажил хийдэг. Ээж маань Улаанбаатар Төмөр замын депод ажилладаг. Би хоёр эгчтэй. Тэд маань их сургуулиа төгссөн, гэр бүл зохиож өрх тусгаарлан тусдаа амьдардаг.

-Тэр өдөр юу болсон тухай яриач?

-Өглөө найман цагт гэрээсээ гараад ажилдаа явж байсан. Өдөр болгон ажилдаа явдаг замаараа алхаад явж байтал утаа гарч байх шиг харагдсан. Хөлдсөн машинаа асаах гэж байгаа юм болов уу гэж эхлээд бодсон. Ер нь цагдаагийн албан хаагчид ажил мэргэжлийн онцлог болоод ч тэр үү, илүү ажигч, сонор сэрэмжтэй байдаг байх. Хашаа руу дөхөж очоод завсраар нь харсан чинь байшингийн үүдний амбаараас гал гарч байсан. Хаалга нь цоожтой учраас хашааг давж ороод цонхыг нь хүчтэй балбасан. Найманжин гуай, Алтанзул нарын дөрвөн хүн унтаж байсан. Тэд гал гарч байгааг мэдэнгүүтээ нэг нь хаалгаа нээж ус цацахыг завдтал агаар солилцоо явагдаж гал нэлэнхийдээ тархсан. Нүдэн дээр л бүх зүйл хурдан өрнөсөн.

Та ямар арга хэмжээ авав?

-Гал арай бага гарч байгаа хэсгийг сонгон очиж цонхыг нь шууд хагалсан. Цонхны шил хагарахдаа айхтар иртэй, үзүүртэй, хагарангуут гараараа авч хаян хүмүүс гарахдаа бэртчих вий гэж бодож амжсан. Ингээд модон хүрээг зад зад татаад хамгийн эхний хүн болох Алтанзул гэдэг эмэгтэйг гаргасан. Найманжин ах, хөл нь өвчтэй хүнийг гаргасан. Хамгийн сүүлд хаалга онгойлгох гээд угаартаж, түлэгдсэн хүнийг гаргасан. Тэр хүн хэлэхдээ бараг л ухаан алдаад уначихсан байсан гэсэн. Ер нь дөрвөн хүн маань бүгд шоконд орчихсон байсан. Тэднийг галын аюулаас гаргаж, цасан дээр хэвтүүлсэн.

-Автомашин дэлбэрчих вий гэж сандарсан гэж сонссон?

-Байшинд байгаа хүмүүсийг гаргангуутаа байшингийн өмнө, ойрхон автомашин байсан учраас дэлбэрэх вий гэж санаа зовнисон. Ингээд Найманжин ахыг жолоон дээр суулгаад Есөнжин ах бид хоёр машины араас түрч аюулгүй газарт, хол аваачсан. Иргэд маань галаас яарч сандран гарч ирсэн болохоор зарим нь хувцасгүй нүцгэн, өрөөсөн гуталгүй гэх мэтээр даарж хөлдөх эрсдэл байсан учраас нөгөө дөрвөн хүнээ машин дотор суулгаж, яаралтай түргэн тусламж дуудаж хүргэсэн. Тэр хавьд үзэгдэх орчин сайн харагдахгүй маш их утаатай байсан.

-Тэр дөрвөн хүний биеийн байдал одоо хэр байна?

-Хоёр хүн түлэгдэлтийн зэрэгтэй байгаа гэсэн. Хаалга онгойлгосон хүний түлэгдэлт нэлээн их байсан.

Та өөрөө гэмтэж түлэгдэв үү?

-Би зүгээр ээ. Савхин бээлийтэй байсан болохоор гар маань бэртэж, түлэгдээгүй. Хувцас маань жаахан түлэгдсэн. Тухайн үед нэг ч гэсэн хүнийг аваръя гэсэн бодолтой байснаас өөр зүйл бодоогүй. Гал маш хурдан дүрэлзэж асч байсан л даа.

Таны баатарлаг үйлсээр Монголын ард түмэн одоо бахархаж байна?

-Би ийм сүр дуулиантай зүйл болно гэж бодоогүй. Хийх ёстой зүйлээ хийлээ дээ гэж нэг их сайхан гүнзгий амьсгаа авчихаад сэтгэл санаа маань сайхан болчихсон ажил руугаа явдгаараа явсан. Ажил дээрээ очоод удаагүй байтал манай дарга мэдээд баяр хүргэсэн. Надад олон хүн баяр хүргэж байгаа. Баяр хүргэж байгаа Та нартаа маш их баярлаж байна.

-Аав, ээж чинь таны хийсэн сайн үйлсийн тухай яаж мэдэв?

-Би юу ч хэлээгүй байсан. Ер нь би аавыгаа дуурайсан дуу цөөтэй, дуугүй талдаа хүн. Ээж маань утсаар яриад “Миний хүү баатарлаг гавьяа байгуулжээ. Хүүгээрээ маш их бахархаж байна” гэж хэлээд л уйлаад байсан. Ээж хажуугийн дэлгүүрт ороод худалдагчаас миний тухай сонссон гэсэн. Ээж маань надад бас санаа зовнисон шиг байна лээ.

-Аав нь юу гэж байна?

-Аав маань олон таван үггүй, дуу цөөтэй хүн. Маш их баярласан гэсэн.

-Та цагдаагийн мэргэжлийг яагаад сонгосон юм?

-Өсвөр насандаа цагдаагийн ажилтан болъё гэж дурлаад сонгосон. Би Баянхошууны 76 дугаар сургуулийг төгссөн юм. Арван жилийн сургуулиа төгсөөд Цагдаагийн академид шалгалт өгч их сургуульд суралцсан даа.

-Сая Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс танд өргөө цагаан гэр бэлэглэлээ. Тагэрээ хэрэгтэй байгаа хэн нэгэнд өгөх болно гэж хэллээ. Яагаад ингэж шийдэх болов?

-Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс “Нигүүсэл” одон, өргөө цагаан гэр бэлэглэсэнд маш их баяртай байна. Мөн галд өртсөн хүмүүст өргөө цагаан гэр өгч буйд баяртай байна. Миний хувьд аав, ээжтэйгээ цугтаа амьдардаг болохоор надад тусдаа гэр барьж амьдрах шаардлага одоогоор алга. Би цагдаа хүн болохоор амьдарч буй хороогоороо байнга эргэж тойрч явдаг. Ингэж явахдаа амьдрал нь хүнд хэцүү хүмүүстэй их тааралддаг. Манай Сонгинхайрхан дүүргийн 25 дугаар хороо хотоос захдуу, амьдралын боломж тааруу айлууд олон. Ийм учраас өнчин өрөөсөн эсвэл өрх толгойлсон аав, ээжүүд, өндөр настнууд гээд өргөө цагаан гэр хэнд хамгийн их хэрэгтэй байна, тэр хүнд бэлэглэе гэж бодож байна.

Аав ээжтэйгээ зөвлөхгүйгээр гэнэтийн шийдвэр гаргачихав уу?

-Аав, ээж маань дэмжинэ байх аа. Миний бодлоор тусламж хамгийн хэрэгтэй хүнд туслах нь чухал гэж бодож байна. Цагдаагийн албан хаагчид бид хүнд туслах нь, амь нас аюулгүй байдлыг нь сахин хамгаалах нь бидний ажил үүрэг байдаг. Өвөлдөө осгож хөлдөхөөс сэргийлэн олон хүнийг гэрт нь хүргэх, аюулгүй дулаан газар аваачиж байсан зэргээс дурдаж болно. Бидний ажил өдөр бүр хүмүүсийн аюулгүй ажиллагаанд санаа тавих байдаг. Тийм болохоор миний хийсэн зүйл гавьяа гэж бодохоос илүүтэй цагдаагийн албан хаагчийн хийх ёстой үүрэгт ажил, монгол эр хүний туслах ёстой чанар гэж бодож байна.

-Хэрэв та галын аюулаас авраагүй байсан бол дөрвөн хүний амь нас хохирох эрсдэл өндөр байлаа. танд тэд баярласнаа илэрхийлсэн үү?

-Амь насыг маань аварсанд маш их баярлалаа гэдгээ илэрхийлсэн. Маш сайхан санагдсан.

-Таны цаашдын зорилтыг сонирхъё?

-Ажиллаж байгаа газартаа өсч дэвжиж, цагдаагийн байгууллагадаа сайн ажиллахыг хүсч зорьж байна. Үүний тулд цаашид сурч боловсорно гэж боддог.

-Найз бүсгүйтэй юу?

-Байхгүй.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Ажил дээрээ ажлын цаг дууссан ч сурч мэдэх зүйл байвал тэрэндээ цаг заваа гаргаж суух дуртай. Чөлөөт цаг зав гарвал гэртээ аль болох сайн амрахыг боддог. Хамгийн сайхан амралт бол гэртээ амрах юм даа.

-Та бусдад туслахыг юу гэж боддог вэ?

-Ямар ч монгол эр хүн байсан тийм нөхцөл байдалд бүгд туслах л байсан. Тусламж хэрэгтэй хүнд сайхан сэтгэлийн үүднээс байнга тусалж байгаарай гэж хэлье. Хамт ажиллаж байгаа хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлье. Гэр бүл, найз нөхөд, хамаатан садан, ажлын хамт олон маань өөрсдөө шагнал авч байгаа юм шиг миний өмнөөс баярлаж байгааг харах сайхан байна.

Б.ДОЛЗОДМАА

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгч Д.Трампын хана

Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето энэ сарын 31-ний өдөр АНУ-д төрийн айлчлал хийхээр төлөвлөсөн байсан. Гэвч айлчлалаа цуцалснаа мэдэгдлээ. АНУ, Мексик хоёр ойрын жилүүдэд хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцээр байгуулах ёстой байсан боловч ханын асуудал нь төрийн айлчлалыг цуцлахад хүргэв.

Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөж байхдаа л хэрвээ ялчихвал Мексикийн хил дагуу хана барина гэдгээ мэдэгдэж байсан. Тэрээр амлалтаа биелүүлэхээр өнгөрсөн долоо хоногт улсын хилийг хамгаалах тухай тогтоолд гарын үсэг зурсан юм. Ингэхдээ энэ ажлын зардлыг Мексикийн талаас гаргуулна гэсэн. Мексикийн Ерөнхийлөгч айлчлалаа цуцлах болсон шалтгаан нь энэ. Тодруулбал ханын санхүүжилтийн асуудал. Д.Трампын мэдэгдлийн дараахан Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето телевизээр ард иргэддээ хандан үг хэлэхдээ Мексик үүнд ямар ч мөнгө гаргахгүй гэсэн. Үүний хариуд Д.Трамп “Зайлшгүй шаардлагатай байгаа ханыг барих ажилд Мексик мөнгө гаргахгүй бол айлчлалаа цуцлах нь дээр” гэжээ.

АНУ, Мексикийн хил 3145 км урт. Хана босгох асуудал нэлээд хэдэн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Билл Клинтоныг Ерөнхийлөгч байхад хилээр хууль бусаар мансууруулах бодис оруулж ирэх явдалтай тэмцэх хүрээнд дээрх арга хэмжээг авах талаар яригдсан байдаг. Бага Жорж Буш 2006 онд “Secure Fence Act” баримт бичигт гарын үсэг зурж 1100 км урт хаалт босгосон. Үүнд зургаан тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн боловч ажлыг дуусгаагүй. Өнөөдрийн байдлаар хил дагуух хаалтын өндөр нь янз бүр. Харин Ерөнхийлөгч Д.Трамп нь 1600 км урт хана босгохоор төлөвлөжээ. Тэрээр энэ ажилд 10-12 тэрбум ам.доллар зарцуулна гэсэн тооцоо гаргасан байна. Анх сонгуулийн сурталчилгааны үеэр дөрвөн тэрбум ам.доллар хэрэгтэй хэмээн ярьсан байдаг. Харин мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар 25 тэрбум ам.доллар шаардлагатай гэнэ. Америкийн CNBC телевизийн сэтгүүлчид тооцоолж үзээд Д.Трампын засаг захиргаа үүнд 15-25 тэрбум ам.доллар гаргана гэв. Ханыг босгосон хойно техникийн үйлчилгээнд нэг жилд 2,1 тэрбум ам.доллар шаардагдах аж. “Washington Post” сонины судалгаагаар мөн л ийм дүн гарсан байна.

Ханыг босгох ажил тийм ч амар юм биш. Хил залгаа орших Техас мужийн Эль-Пасогоос баруун хэсэг нь элсэн цөл. Хоёр улсын хилээр урсах Рио-Гранде голоор ханыг хэрхэн барих нь бас л асуудал. Учир нь голын урсгал өөрчлөгдөх гээд сөргөөр нөлөөлөх аюултай хэмээн байгаль судлаачид мэдэгджээ. Түүнээс гадна Аризона, Нью-Мехико мужийн газар нутгийн дийлэнх хэсэг нь улсын мэдэлд байдаг. Харин Техас мужийн газар бараг тэр чигээрээ хувийн эзэмшил. Энэ нь газар эзэмшигчид болон Засгийн газрын хооронд нэлээд зөрчил үүсгэж шүүхдэхэд хүргэх эрсдэлтэй хэмээн Техасын их сургуулийн Хууль эрх зүйн сургуулийн мэргэжилтнүүд үзжээ.


Хана барих болсон хамгийн гол шалтгаан нь хууль бус цагаачдыг АНУ-д нэвтрүүлэхгүй байх явдал хэмээн Д.Трамп тайлбарласан. Тус хоёр улсын хил дээр байдал үнэхээр хүнд байгаа гэнэ. Хууль бус цагаачдаас гадна мансууруулах бодис байнга Америк руу зөөдөг.

Америкийн хэвлэлүүдэд бичсэнээр хана барих нь хоёр улсын харилцаа төдийгүй АНУ-ын дотоодын улс төрийн нөхцөл байдалд нөлөөлнө. Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньетогийн нэр хүнд унаснаар тус улсын зүүний үзлийг баримталдаг улстөрчид гарч ирэхэд хүргэх аж. Хамгийн гол нь улс орных нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх аюултай хэмээн мексикчүүд ихэд эмзэглэж байна.

Чухам ямар хана босгох нь одоогоор тодорхойгүй байгаа. Хана барих уу эсвэл аюулгүй байдлыг хангах янз бүрийн системийг ашиглах эсэхээс шалтгаална. Хэрвээ бетонон хана босгох юм бол нэлээд өндөр зардалтай. Маш энгийн барилгын материал ашиглахад ямар зардал гарахыг зарим шинжээчид тооцоолон гаргасан байна. 3.2 мянган километр урт, ханын зузаан нь 25.5 см гэж бодоход 700 сая ам.доллараас давна. Энэ бол зөвхөн барилгын материалын зардал. Түүнээс гадна ханыг хэнээр бариулах вэ гэдэг асуудал байна. Ерөнхийлөгч Д.Трампын хэлснээр хууль ёсоор амьдарч байгаа хүмүүсээр бариулах гэнэ. Хуулийн дагуу бичиг баримттай, барилга дээр ажиллаж байгаа хэдэн мянган хүн олно гэдэг нэлээд хугацаа шаардана. Учир нь Техаст барилга дээр ажиллаж байгаа хүмүүсийн дийлэнх нь хууль бус цагаачид.

Д.Трампын багийнхан энэ ажлыг санхүүжүүлэх өөр нэг хувилбарыг санал болгосон. Хоёр улсын хилээр өдөр бүр 1.6 тэрбум ам.доллартай тэнцэхүйц бараа орж байдаг. Тиймээс Мексикээс импортоор орж ирж буй барааны татварыг 20 хувь болгож нэмэгдүүлэхэд нэг жилдээ 10 тэрбум ам.доллар олно. Гэхдээ энэ хувилбарыг АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааныхан судалж байгаа гэнэ. Д.Трамп хэлэхдээ “Би ийм шийдвэр гаргах эрхтэй. Хэрвээ хүсвэл татвартай болгоно” гэжээ.

Түүнээс гадна Д.Трамп NAFTA буюу Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээний заалтыг эргэн харна гэнэ. Энэ бол Мексикийн хувьд тун ашигтай баримт бичиг бөгөөд 23 жилийн өмнө байгуулсан. Энэ гэрээ АНУ, Мексик нь найрсаг харилцаатай хөршүүд болохыг илэрхийлдэг.

АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлсэнээр ханыг барих ажлыг санхүүжүүлэх өөр ч аргууд бий гэнэ. Жишээ нь, АНУ-ын виз хүсэгчдийн хураамжийг нэмэгдүүлэх, Америкаас Мексикийн цагаачдын ар гэрийнхэндээ шилжүүлж байгаа мөнгөний зарим хэсгийг хураан авах гэх зэрэг.

Харин мэргэжилтнүүд ханыг зөвхөн бариад л болчихгүй, нэлээд зарлагатай гэдгийг анхааруулсан.

Ерөнхийлөгч Д.Трампын хэлснээр АНУ, Мексикийн хил дээр байдал үнэхээр хүнд байгааг онцолсон юм. Тиймээс ханыг ямар ч байсан барина гээд “Өөрийн гэсэн хил хязгааргүй үндэстэн бол үндэстэн биш” гэжээ. Ийнхүү мэдэгдэл хийсэн арга хэмжээндээ хууль бус цагаачдын гарт амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг урьж оролцуулсан байна. Вашингтон дахь Катоны Хойд Америк судлалын хүрээлэнгийн судлаачдын ярьснаар Д.Трамп сонгуулийн сурталчилгааны үеэр амласнаа биелүүлэхэд бэлэн гэдгээ ийнхүү илэрхийлсэн гэдэг.

АНУ-ын Ерөнхийлөгч Мексикийн хил дээр хана барихаас гадна хууль бус цагаачдыг гаргах ажлыг чангатгах тогтоолд гарын үсэг зурсан. АНУ-д амьдарч буй хууль бус цагаачдын дийлэнх нь мексикчүүд юм. Одоогийн байдлаар 5.9 сая Мексикийн цагаач хууль бусаар АНУ-д амьдарч байна гэсэн судалгаа бий бөгөөд сүүлийн жилүүдэд харьцангуй цөөрсөн гэдэг.

Ю.Дэлгэрмаа

Categories
мэдээ цаг-үе

УИХ-ын гишүүн О.Батнасан: Зээлийг зээлээр төлдөггүй юм

УИХ-ын гишүүн О.Батнасантай ярилцлаа.


-Хямралтай байгаа эдийн засгийг даван туулах гарц юу байх бол. Одоо бол Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрийн талаар манайхан ярьж байна. Валютын сангийн төлөөлөгчид ирчихсэн ажиллаж байгаа юм билээ. 580 сая ам.долларын бондын эргэн төлөлтийг хийнэ. Боломж юу байна вэ?

-Улс оршин тогтнохын гол үндэс нь хил хязгаарын тусгаар тогтнол, эдийн засгийн тусгаар тогтнол. Үүний гол хөдөлгөгч нь хүн. Иргэд ажилтай, орлоготой байх хэрэгтэй. Улс орны нийгэм, эдийн засгийн байдал яагаад ингэж доройтов гэдгийг би ганц зүйлээр л тодорхойлж байгаа. Тэр нь албан тушаалтнуудын хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. Ажлыг төлөвлөдөггүй, нэгдсэн системгүй, улс орны эдийн засгийн бодлого алдагдсантай л холбоотой юм. Түүнээс жирийн ажлаа хийгээд явж байгаа хүнд цалин өгснөөр эдийн засаг муудчихаад байгаа юм биш. Үүнд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг заавал ярих ёстой. 2011-2013 оны хооронд дэлхийн эдийн засаг сэргэлтийн үедээ ирчихсэн байсан. Харамсалтай нь бид боломжоо ашиглаж чадаагүй. Улсын эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр сүүлийн 2-3 жил тасралтгүй уналаа. Энэ байдал эдийн засагт нөлөөлсөн нь бий. Гэхдээ уудам нутагтай, байгалийн баялаг, хөдөө аж ахуйн салбар тэр дундаа 61.5 сая малтай, гурван сая хүн амтай улсын хувьд тартагтаа тултал хямарчихлаа гэдгийг би л хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй. Эдийн засаг хямарч, сэргэх нь аль ч нийгмийн үед байдаг. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд эдийн засаг сэргэлээ гэхээсээ илүүтэй хямарлаа гэдэг зүйлийг манайхан их ярих болсон.

Энэ нь иргэд ажлын байргүйтэй холбоотой. Ажилгүй хүн бараа бүтээгдэхүүн худалдаж авах боломжгүй болж, бэлэн мөнгөний хомсдол үүссэн гээд олон шалтгаан бий. Тиймээс улс орны эдийн засгийг сэргээхийн тулд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь зүйтэй. Өнөөдөр банкнаас зээл авч ажил хийнэ гэдэг жирийн үзэгдэл болсон л доо. Харин авсан зээлээ үр ашигтай зарцуулж баялаг бүтээх ёстой гэдгийг хэлдэг. Гэхдээ авсан зүйлээ эргүүлж төлдөг жамтайгаас хойш хариуцлагатай ажиллах ёстой.

-Хариуцлагын асуудал бүгд ярьдаг л даа. Хэрэгжиж байгаа нь тийм ч үр дүнтэй биш…

-Ялсан, ялагдсан, ховордсон гээд “Чингис”, “Самурай”, “Мазаалай” бонд гээд хаан, ховордсон амьтнаараа нэрлэсэн бонд босгосон. Бондын зарцуулалтын хүрээнд Хөгжлийн банкинд шалгалт оруулсан. Хөгжлийн банкны шалгалтын дүнгээс харахад эдийн засгийн тооцоололгүй зарцуулагдсан хөрөнгө нэлээд байна лээ. Гэм буруутайг нь тогтоож, хариуцлага тооцдог субьект нь УИХ-ын гишүүн биш. Хууль хяналтын байгууллага зарцуулалтыг нь тооцож хариуцлага тооцох хэрэгтэй. Ер нь бол төрийн албанд ажиллаж буй албан тушаалтнууд иргэдийн сайн сайхны төлөө, нийгмийн сайн сайхны төлөө, Монгол Улсын хөгжлийн төлөө чин шударгаар ажиллаж өөд нь татах ёстой. Энэ үүргээ умартсан хэн боловч хуулиас гадуур явна гэж байж болохгүй. Удирдлагын, хариуцлагын тогтолцоо нь алдагдсан байна л гэж байгаа юм.

-“Стэнд бай” хөтөлбөр хэзээнээс хэрэгжиж эхлэх бол. Яахав, зээл, тусламж гээд авч болох ч манайхны эдийн засгийн дотоод нөөц боломж хэр байгаа вэ?

-Би нэг зүйл дээр хатуу байр суурьтай байдаг. Зээлийг зээлээр төлдөггүй юм. Зээл авна гэдэг бол баялаг бүтээгээд эргүүлж төлж байх ёстой. “Стэнд бай” хөтөлбөрийн мөнгөнөөс 580 сая ам.долларыг төлнө гэвэл өрөөсгөл. Засгийн газрын түвшинд сайд нарын ярьж байгааг сонсоход Таван толгойн нүүрс гардгаараа гарч уул уурхайн гол түүхий эдийн ханш өсч байна. Мэдээж улс гэдэг том айл гэр байгаа юм чинь санхүүгийн гол бодлогоо алдаагүй гэж бодож байгаа. Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар удаа дараа мэдээлэл хийлээ. Тэд өрөө төлнө гэж байсан. Харин “Стэнд бай” хөтөлбөрийг аваад төлнө гэдэг ойлголт байхгүй байх.

-Аливаа улс орон эдийн засаг, хил хязгаарын тусгаар тогтнолоо алдаж болохгүй гэдэг. Та Хилийн тухай хуулийн ажлын хэсэгт ажилласан. Хууль хоёрдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн л дээ…

-Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс гэж баримт бичиг байдаг. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэж бий. Үндсэн хуульдаа “Монгол Улсыг тусгаар тогтносон улс байна” гээд заачихсан. Тусгаар тогтнолын баталгааны хувьд эрх зүйн орчин нь хангагдсан, гадаад улс орнууд хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Батлан хамгаалах бодлогын үндэс, батлан хамгаалах салбарын баримт бичиг болох Хилийн тухай хууль хоёрдугаар сарын нэгнээс хэрэгжиж байна. Миний хувьд уг хуулийн төсөл дээр нэлээдгүй удаан ажилласан. Хил гэдэг Монгол Улсын халдашгүй дархан байдлыг хангадаг гол үзүүлэлт. Хилийн зурвас, бүсийн асуудал орсон. Хилийн тухай хуулийг нэлээд чамбай хууль болсон гэж бодож байгаа.

Би хилтэй ойрхон өссөн хүний хувьд хуулийн төсөл дээр ажиллаж, үе үеийн хилчдийн санаа оноог сонсож, мэргэжлийн хүмүүсийн үзэл бодол, хөрш орнуудын туршлага ямар байна гэдгийг тусган уг хуулийг УИХ баталсан. Энэ хуулиар хилийн дархан байдал, хилчдийн нийгмийн баталгаа нэлээд хангагдсан хууль болсон.

-Өмнөх хуулиасаа юугаараа онцлог болсон юм бэ?

-Өмнөх хуульд байсан үзэл санааг гажуудуулаагүй. Хилийн тухай хууль 1993 онд батлагдсанаас хойш 13 удаа нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Тэр үеийн нийгэм, эдийн засгийн байдал өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал тэнгэр газар шиг болсон. Тэр утгаараа хилчдийн нийгмийн баталгааг сайжруулахаар суулгаж өгсөн. Мөн хилчдийн эрх зүйн орчныг сайжруулсан. Уул уурхайн баялгийн үнэ өссөнтэй холбогдуулан хил дээр дараалал үүсч, маргаан гардаг байсан. Ямар үед галт зэвсэг хэрэглэж болох вэ, ямар үед нэг удаагийн хэрэгсэл хэрэглэх вэ гэдгийг нь зааж өгсөн.

-Хилийн цагдаатай болох нь гээд хэсэг шуугиад авсан даа. Үнэхээр хилийн цагдаа гэж байсан юм уу?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамгийн их шуугиан тарьсан асуудал нь хилийн цэргийг хилийн цагдаа болгох гэж байна гэсэн яриа байлаа. Мөн хилийн бүсгүй болгох нь гээд баахан шуугьсан даа. УИХ-ын гишүүн өөрийн санал бодлоо илэрхийлэх бүрэн эрхтэй. Тэр утгаараа гишүүд байр сууриа илэрхийлсэн. Хилийн цагдаа гэдэг бол байдаг ойлголт. Тэнгис далайгаар хүрээлэгдсэн орнуудад хилийн цагдаа байдаг. Манай орны хувьд Хятад, Оростой 8253.5 км зурвасаар хиллэдэг орны хувьд хөрш орнуудынхаа жишгийг харах хэрэгтэй. Манай хоёр хөршид ч гэсэн хилийн цагдаа гэдэг ойлголт байдаггүй. Хөрш орнуудынхаа практикийг харж хуульдаа суулгаж өгсөн нь зөв болсон гэж бодож байгаа. Хил хамгаалах байгууллагын шалган нэвтрүүлэх албыг өмнөх Засгийн газрын үед Гадаадын иргэн харьяат, шилжилт хөдөлгөөний газарт шилжүүлсэн байсан. Хөрш орнуудтай хилийн уулзалт хийхэд тэд Гадаадын иргэн харьяат, шилжилт хөдөлгөөний газартай уулзалт хийдэггүй, хил хамгаалах байгууллагынхантай уулздаг. Галт тэргийг хянах хяналтын механизм байхгүй болчихсон байсан. Цэргийн албан хаагчийн эрх зүйгээр нийгмийн баталгаа нь хангагдаж байсан хүмүүс энгийн албан хаагчаар ажиллаж байсныг хуульд тусгаж өгсөн.

-Хилийн зурвасын асуудал нэлээд маргаан дагуулж байсан. Ямар байдлаар шийдэгдсэн бэ?

-Хилийн шугам, хилийн зурвас, хилийн бүс гэж тусдаа ойлголт бий. Хилийн шугам бол Монгол Улсын сүлдэт хилийн баганыг хооронд нь холбосон тэр зураасыг хэлнэ. Хилийн зурвас гэдэг бол хилийн шугамнаас дотогшоо буюу Монгол Улсын газар нутаг руу 15 км газрыг хэлдэг. Энэ бол тусгай бүс. Хилийн зурвас харин янз бүр байдаг. Монголын баруун зүүн хязгаарт хилээс дотогш 15 км-т хүн амьдардаггүй хамгаалагдсан зурвас бий. Замын-Үүд, Алтанбулаг боомт гэтэл 300 метр л хүн амьдарч байдаг л даа. Хилийн зурваст аж ахуйн үйл ажиллагаа явуулах процесс Замын-Үүд, Алтанбулагт явдгаараа явж байгаа. Үүнийг Хил хамгаалах байгууллагын шууд хяналтад байдаг. Хил хамгаалах байгууллагын шууд хяналтад байдаг бас нэг зүйл нь хилийн бүс. Маргаан дагуулсан сэдвийн нэг нь энэ. Хилийн бүс 1993 оны хуульд байснаараа 100 км-ээс илүүгүй байхаар туссан. 100 км дотор хилтэй холбоотой будилаан, хил зөрчигч нэвтэрсэн ч байдаг юм уу, тэр үед хяналт тавих үүрэг нь хил хамгаалах байгууллагадаа үлдсэн. 10 км дотор гадаадын жуулчид очих зэрэг асуудлыг хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлтэй хийнэ. Харин ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах, орд газрыг ашиглах, аж ахуйн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газар, харьяа агентлагууд олгодог.

-Дотоодын цэргийн тухай хуулийн ажлын хэсэгт бас ажилласан бил үү. Өмнөх Засгийн газрын үед татан буулгасан байсныг эргүүлэн сэргээхээр болж байна л даа. Дотоодын цэрэг байх нь зөв гэдэг яриа их байна?

-Дотоодын цэрэг чинь 90 гаруй жилийн түүхтэй байгууллага. Өмнөх хуулиараа дотоодын цэрэг ЦЕГ-ын удирдлагад хамаарч байсан. 2014 оны дөрөвдүгээр сарын нэгний өдөр Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангиудыг татан буулган ЦЕГ-т чиг үүргийг нь хамаатуулсан. Одоо дотоодын цэргийг байгуулснаараа үндсэн чиг үүргээ хангах боломжтой болсон. Цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн чиг үүрэг хоёр тусдаа асуудал гэж би л хувьдаа ойлгодог. Дотоодын цэрэг улсын онц чухал обьектуудыг хамгаалах, нийтийн үймээн самууныг зохицуулах, гамшиг аюулт үзэгдлийн үед ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх гэх мэт олон чиг үүрэгтэй. Үймээн самуун гарсан үед цагдаагийн байгууллагатайгаа хамтраад ажилладаг.

-Та хуульч, эрхзүйч мэргэжилтэй хүн. Танай Засгийн газар шинэ оны өмнө 34 хуулийн төслийг бөөндөж өргөн барьсан асуудлыг хэрхэн харж байгаа вэ. Ямар ашиг сонирхол ард нь байгаад ийм тулгуу өргөн барьсан юм бол. Засгаас өргөн барьсан хуулиуд түүхий байна гээд байгаа?

-Би эрхзүйч мэргэжилтэй. Багагүй хугацаанд багшилсан. Түүхийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг. Хууль санаачлах эрх өнөөдөр УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, Засгийн газар гуравт байгаа. Засгийн газар хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд нэлээд олон хуулийн төслийг оны өмнө өргөн барьсан, шаардлага байсан гэж л ойлгож байгаа. Монгол Улсын Засгийн газрын бодлого гэдэг бол иргэдийн өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой байдаг тул хууль эрх зүйн орчинд шийдвэрлэвэл зохих асуудлууд нэлээн хуримтлагдсан байсан байна гэж харж байгаа.

Хуулийг чамбайруулж гаргах ёстой гэдэг дээр санал нэг байдаг. Хууль тогтоомжийн тухай хууль хэрэгжээд явж байна. Уг хуулиар хуулийн төсөлд зургаан шалгуур тавьсан. Зарим хуулиудыг хараад байхад эдийн засгийн, хэм хэмжээний шалгуур тавигдаагүй байгаа нь анзаарагддаг. Хуулийг сайжруулах тал дээр хүч чармайлт гаргах нь Их хурлын гишүүн бидний үүрэг.

-Та Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг өргөн барих гэж байгаа гэсэн. Засгийн газар яг энэ хуулийг өргөн барьсан байна лээ. Концепцийн хувьд хэр зөрүүтэй байна вэ?

-Энэ хуулийг ярихаасаа өмнө Монгол Улсын мал аж ахуйн хөгжлийн хөндөх нь зүйтэй. Манай орон өргөн уудам нутагт хүн амын нягтаршил бага, мал аж ахуй дээр суурилсан. “Малын буян байхад монголчууд алзахгүй” гэдэг чинь учиртай үг шүү. Гадаад орнуудын туршлагыг харахад уул уурхай, мал аж ахуй хосолсон орнуудын туршлагаас судлах хэрэгтэй. Манай улс уул уурхайг шүтээд хөгжилд хүрнэ гэдэг хэцүү. Жинхэнэ баялаг бүтээгчид болсон мал, малчин хоёрыг хэзээ ч орхигдуулж болохгүй. Миний хувьд мал аж ахуйн салбарын бодлого нэлээд алдагдсан гэж боддог. Салбарын хөгжлийн бодлогыг зөв тодорхойлбол зах зээлийн үнэтэй капиталыг бий болгоно. Бид 61.5 сая малтай боллоо гэж хөөрцөглөхөөсөө илүү мал аж ахуйн салбарын хөгжил хаана явна гэдгийг бодох ёстой. Энэ салбар манайд уналтад орсон. Энэ салбарыг уналтаас гаргахын тулд эхлээд малаа эрүүлжүүлж, махаа эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг ярих хэрэгтэй. Дараа нь үүнтэйгээ уялдуулаад малын үржлийн асуудлыг ярих нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Миний хувьд энэ салбарын эрдэмтэн мэргэжилтнүүдийн санаа оноо, гадаад орнуудын туршлага зэргийг судлаад Малын эрүүл мэндийн тухай хуулийг боловсруулж, төслөө бэлэн болгосон байсан боловч Засгийн газар өргөн барьчихсан. Чиг хандлага, зорилго нь нэг л дээ. Тиймээс ажлын хэсэгт нь ороод ажиллаж байна.

Засгийн газраас өмнө нь байсан хуулийг Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын үржил генетикийн тухай хууль гээд хоёр хууль болгон өргөн барьсан байгаа.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хувьд бид Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын шалгуурыг хангуулах тал дээр нэлээн ажиллах ёстой. Манай улсын хувьд мал, махаа экспортолно гэвэл хоёр хөрш рүүгээ л гаргана. Хоёр хөршийн хувьд Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын шалгуурыг л харгалзах ба тэдний шалгуурт нийцээгүй нэг кг ч мах, нэг ч ширхэг арьс, шир гаргаж чадахгүй. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын хувьд “мал эмнэлгийн тогтолцоогоо сайжруул” гэдэг л зөвлөмжийг удаа дараа ирүүлж байгаа ба 61.5 сая малтай хэрнээ махаа экспортолж чадахгүй байгаагийн гол шалтгаан энэ байгаа юм.

Тэгэхээр Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдсанаар “мал эмнэлгийн сайн тогтолцоо”-г бий болгох, улмаар малаа эрүүлжүүлэх бодлого хэрэгжих эрх зүйн орчин бүрдэх боломжтой. Мал эмнэлгийн үйлчилгээг хувийн хэвшил үзүүлдгээрээ үзүүлээд явна, харин түүний үйлчилгээний стандартыг тогтооно, түүнд хяналт тавьдаг, бодлого удирдлагаар хангадаг төрийн босоо тогтолцоо ажиллана.

-Манайд малын вакцины мафийн сүлжээ ажилладаг хэмээн байнгын хороон дээр гишүүд ярьж байсан. Тиймээс малын өвчнийг зориудаар тараадаг гэх юм?

-Зориудаар өвчин түгээж байгаа асуудлыг мэдэхгүй байна. Харин малын өвчин түгээмэл байна уу гэвэл тийм гэж хэлнэ. Малыг эрүүлжүүлэх, вакцинжуулах төрийн бодлого алдагдчихсан. Хариуцлагын асуудал байх ёстой. Энэ хууль батлагдаад улсын мал эмнэлгийн сайн тогтолцоотой болох юм бол яам, агентлаг, аймаг, суманд байгаа мэргэжилтнүүдийн хариуцлагын асуудал яригдаж эхэлнэ. Хоёрдугаарт, малчдын хариуцлагын асуудлыг ярина. Үнэхээр мянган малтай малчин малаа зах зээлийн эргэлтэд оруулах гэж байгаа бол төрийн бодлогоор малаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах наад захын хариуцлагыг ухамсарладаг байх хэрэгтэй. Хуулийн төслийг харж байхад хариуцлагын тогтолцооны асуудал сулхан байгааг гишүүд шүүмжилж байна. Иргэн Дорж мянган малтай байлаа гэхэд жилийн өмнөөс судалгаа шинжилгээний ажлыг хийх ёстой. Хүний эрүүл мэндийн дэвтэр гэдэг шиг иргэн Доржийн 1000 мал ядаж нэг эрүүл мэндийн дэвтэртэй байх шаардлагатай. Өмнө нь ямар халдварт өвчин гарч байсан. Цаашид ямар өвчин гарах магадлалтай байна вэ гэдгийг дэвтрийн хөтлөлт судалгааны ажил дээр тулгуурлан гаргах юм. Доржийн малд өмнө нь шүлхий өвчин гарч байсан бол дахин гарах магадлалтай гээд жилийн өмнөөс Биокомбинатад вакцинаа захиалах ёстой. Тийм тогцолцоо байхгүйн улмаас Биокомбинат гэдэг газар өнөөдөр ямар вакцин хийх вэ гэдэг ажлаа мэдэхгүй байгаа юм уу гэж ойлгодог. Энэ нь Биокомбинатын ажилчдын буруу биш.


Categories
мэдээ цаг-үе

С.Батболд: Улаанбаатар хотоо цэгцэлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сундуйн Батболдтой ярилцлаа.


-Нийслэлд хэрэгжүүлэх томоохон ажлуудын талаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо. Хотод 300 гаруй төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. гол, гол ажлуудаасаа сонирхуулахгүй юу?

-Хотын Засаг даргын хувьд тухайн жилд нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлээ НИТХ-аар баталдаг. Энэ үндсэн чиглэлд 300 гаруй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Тэгэхээр 2017 он гэдэг бол дөрвөн жилд хотын даргын хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн эхний хариуцлагатай жил юм. Тиймээс энэ эхнийхээ жилд мөрийн хөтөлбөрөө эхлүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Нөгөө талаас төсөв санхүүгийн хувьд хүндрэлтэй жил болж байна. Хотын даргын хувьд бага зардлаар бүх ажлаа хийнэ. Тиймээс төсвийн болон зээл тусламж гээд бүх эх үүсвэрийг дайчилж, нэг төгрөгийг ч үр дүнтэй зарцуулах зорилт тавьж эхлээд байна. Мэдээж хотын дэд бүтэц, нийтийн аж ахуй гэдэг гол ажил байдаг. Үүнийг эдийн засаг хямралтай байна гээд хойшлуулах ямар ч бололцоо байхгүй. Энэ рүү чиглэсэн ажлуудаа эхлүүлэх бөгөөд гадны санхүүгийн байгууллагын зээлийн хөрөнгөөр хийж байгаа. Улаанбаатар хотын гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах төслийг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй хийх юм. Баянхошуу болон Сэлбэ хэсгийг төвийн дэд бүтцийн системд холбох ажлуудыг үргэлжлүүлэн хийнэ. Үүнд Монголын талаас гарах 30 гаруй тэрбум төгрөгийг заавал шийдэж, төлөвлөсөн ажлаа энэ жилдээ багтаана. Энэ нь өөрөө хотыг олон төвтэй болгох, дэд бүтцийг тэлэхэд маш чухал төсөл. Дээр нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төслүүд байгаа. Тухайлбал, хотын төв дулааны магистралыг шинэчлэх төслүүд байна. Бас хотын хөрөнгө оруулалтаар салбар шугамуудаа шинэчлэх ажлуудыг зайлшгүй хийх ёстой. Мөн хотын хувьд автозамын асуудал чухлаар тавигддаг. Нийслэлийн автозамын санд хуримтлагддаг 30 гаруй тэрбум төгрөгөөр автозамын засварын ажлуудаа гүйцэтгэнэ. Нэг явган хүний гүүрэн гарцыг Сансарын тойрогт хийнэ. Дарь-Эхийн гэр хорооллыг Дэнжийн мянга, Хайлаастын чиглэлтэй холбодог Сэлбийн голд барих гүүрийн ажлыг энэ жил барихаар төлөвлөж байгаа. Улаанбаатар хотод 2-3 уулзварыг шинэчлэх, нийтдээ 30 гаруй км зам засварын ажлуудыг энэ жил хийнэ. Үндсэн чиглэлд бас нэг тусгагдсан асуудал бол Улаанбаатар хотын Туул гол дээгүүрх гурван том шинэ гүүр барих ажил юм. Сонсголон, Баянзүрх, Яармагийн орчимд гурван гүүр барина. Мөн Замын цагдаагийн уулзвар дээр гүүрэн гарц барих ажлыг эхлүүлнэ. Улаанбаатар-Налайх-Чойр чиглэлийн автозамыг ч шинэчилнэ. Энэ мэтчилэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Нийгмийн зорилтын хувьд эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулъя гэсэн бодолтой байгаа. Улаанбаатар хот 1.3 сая хүн амтай болсон. Нийгмийн эрүүл мэндийг иргэдэд хүргэх асуудал чухлаар тавигдаж байна. Тиймээс гурван дүүргийн эмнэлгийн мэс заслын тасгийг иж бүрэн тохижуулна. Мөн нийслэлд 100 ортой хүүхдийн эмнэлгийг энэ ондоо багтаагаад ашиглалтад оруулна. Дээр нь нэмээд Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн барилгын ажил энэ онд эхэлнэ. Засгийн газар дээр яриад шийдсэний дагуу Улаанбаатар хотын 31 сургуулийг өргөтгөх буюу шинээр барих асуудлыг концессын гэрээгээр, цэцэрлэгийн 11 барилгын ажлыг шинээр барина. Хэдийгээр хөрөнгө мөнгөний асуудалтай ч амин чухал ажлуудаа эхлүүлэхээр төлөвлөсөн байгаа.

БАЯНЗҮРХ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГҮҮДИЙГ ХУВААХ БОДИТ ШААРДЛАГА БИЙ

-Улаанбаатарын дагуул хотуудыг яаж хөгжүүлэх вэ?

-Хотын гэр хорооллын хязгааргүй тэлэлтийг зогсоох зорилгоор нийслэлд улаан шугам татсан захирамж гаргалаа. Дахиад гэр хороолол үүнээс цааш тэлэхгүй. Мэдээж нийслэлийн хүн ам өсч байгаа учраас хотод дахиад шинэ суурьшлын бүс хэрэгтэй. Үүнийгээ дагуул хотууддаа бий болгох шаардлагатай. Улаанбаатар хотдоо газар эзэмшиж, хашаа байшинтай болъё гэвэл энэ дөрвөн уулын дунд эзэмших газар байхгүй. Багахангай, Багануур, Налайх дүүрэгт шинэ суурьшлын бүс бий болгоно. Ингэхдээ утаатай, мухар, тахир гудамжтай гэр хорооллыг бий болгохгүй. Орчин үеийн хот төлөвлөлтийн дагуу зам, ус, дэд бүтцийнх нь асуудлыг шийдсэн шинэ төлөвлөлтийг бий болгоно. Улаанбаатарт шинэ гэр бүл болоод хашаа байшингийн хэрэгцээ гарч байгаа айлуудаа тэнд очиж суурьших бололцоог олгоно. Тэгэхээр шинэ суурьшлын бүсүүд, дагуул хотуудын хүрээнд дэд бүтцийг нь хөгжүүлэх шаардлагатай. Тэндээс маш хурдан хугацаанд хотын төв рүүгээ ирдэг бололцоог нь хангах хэрэгтэй. Үүнийг давхар шийдэх учиртай. Улаанбаатар хот бол Төв аймагтайгаа хамтарч хөгжих зайлшгүй шаардлагатай. Улаанбаатар хотод байгуулагдах үйлдвэр аж ахуйн газар юм уу ажлын байр бий болгох асуудлыг Төв аймагтай хамтарч шийднэ. Нийслэлтэй хаяа нийлдэг Батсүмбэр, Баянчандмань, Аргалант, Алтанбулаг, Сэргэлэн, Эрдэнэ зэрэг суманд үйлдвэр аж ахуйн газруудыг нүүлгэн суурьшуулах, тэнд ажлын байр бий болгоно.

-Хотын захын дүүргүүд болох Сонгинохайрхан, Баянзүрх хамгийн их хүн амтай хэсэг. Энэ хоёр дүүргийг задалж, хуваах уу?

-Ийм санаа бол гардаг. Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний нэгжийг шинээр бий болгох асуудал бол УИХ-ын шийдэх асуудал. Хэрэв шаардлагатай гэж үзээд НИТХ-аар асуудал шийдэгдвэл Засгийн газарт өргөн барьж шийдүүлж болно. Үнэхээр захын хоёр дүүрэг маань 300 гаруй мянган хүн амтай болсон. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд хоёр хуваах бодит шаардлага гарч байгаа.

-Хотын тулгамдсан асуудлын нэг бол замын түгжрэл. Та түрүүн хэд хэдэн гүүрэн гарц, зам барих тухай дурдлаа. Шинээр хичнээн гүүрэн гарц, туннел, давхар зам, хурдны зам барих вэ. Мөн автомашинуудын зогсоолын асуудлыг хэрхэн шийдэх бол?

-Ер нь бол Улаанбаатар хотыг нэвт гарсан хурдны зам барих зайлшгүй шаардлагатай. “Туулын хурдны зам” нэртэй 35 км замын төсөл бэлэн болсон байгаа. Бид энэ асуудлыг Засгийн газарт тавьсан. Концессын гэрээгээр үргэлжлүүлэх хэрэгтэй. Улаанбаатар хотыг нэвт гарсан хурдны замгүйгээр нийслэлийн замын ачааллыг шийдэх боломжгүй. Концессын гэрээгээр энэ ажлыг эхлүүлэхийн тулд НИТХ-аараа баталж, зарлана. Хоёрдугаарт, баруун, зүүн дөрвөн зам дээр давхар гүүрэн гарц барихыг концессын гэрээгээр хийхээр төлөвлөж байна. Улаанбаатараас Хөшигийн хөндийн онгоцны буудал хүртэл шинэ хурдны зам баригдана. Цаашдаа Улаанбаатарын их тойруу гэсэн хурдны замтай болно. Улаанбаатар өөрөө нэг төвтэй хот. Яагаад их, бага тойрууг тойроод хэдэн зуун автомашин эргэлдээд байдаг юм бэ гэхээр нэг төвтэй болчихоод байна. Олон төвтэй болгож, иргэд төрийн болон бусад үйлчилгээг маш хурдан ирж авах бололцоог бүрдүүлэх гарц нь хурдны болон давхар замын систем. Төмөр зам доогуур нүхэн гарц бий болгох төсөл бий. Гэхдээ энэ жил нэмж хийхгүй. Өмнө хийсэн замууд нь төдийлөн үр дүнтэй биш, түгжрэл улам нэмээд байгаа. Тэгэхээр нэлээд сайн бодож тооцоолж байж хийх шаардлагатай юм байна. Цаашдаа түгжрэлийг бууруулах хүрээнд Улаанбаатар хотыг тойруулан Богдхан төмөр замыг тавих асуудал нэлээд хөндөгдөж байгаа. Засгийн газар болон нийслэл дээр ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Энэ хүрээнд хотын төвөөр зорчих тээврийнхээс бусад галт тэрэг явдаггүй байх зохицуулалтыг хийх юм. Бас төмөр замын дээгүүр гүүрэн гарц болон нүхэн гарц хийхээр төлөвлөсөн байгаа. Дээгүүр гүүрэн гарц хийх нь нэлээд зардалтай. Иймд одоогийнхтой адил жижиг тэрэг зорчдог биш том тэрэг орох нүхэн гарц хийхээр Гудамж төсөл, хот төлөвлөлтийнхөн дээр яригдаж байна. Хамгийн гол нь санхүүжилтийг шийдэж болно. Метроны хувьд Жайкагийн шугамаар 2025 оноос баригдахаар төсөл нь хийгдсэн байгаа. Одоогийн хүн амын тоо, нягтралаа аваад үзэхээр ашигтай ажиллахааргүй юм билээ. Тиймээс энэ ажлыг одоохондоо хойш тавьчихаад байна. Өртөг нь нэлээд өндөр юм билээ. Үүний оронд тусгай замын автобусны төслөө хэрэгжүүлнэ. Бололцоо гарвал баганатай, тулгууртай скайтрэйн, рейлтрэйн гэх зэрэг төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

Зогсоолын тухайд Канад, Голландаас энэ чиглэлээр ажилладаг компаниуд ирээд судалгаа хийж үзсэн. Заримтай нь санамж бичиг байгуулаад явж байна. Улаанбаатар хот зогсоолгүй. Энэ нь иргэдийг их бухимдуулж байгаа. Тэгэхээр НИТХ-аараа нийслэлийн авто зогсоолын асуудлаар хөтөлбөр боловсруулж оруулах юм. Тэгээд нийслэлд хаана нь ямар хэмжээний зогсоол барих юм, хаана нь давхар зогсоол барих юм гэдгийг хувийн хэвшлийн түншлэлийн асуудлаар шийдвэрлэнэ. Үүнийг хийхийн тулд бодлогоо гаргаж, газраа олох хэрэгтэй. Төлбөрийн асуудлыг бас шийдэх хэрэгтэй. Зогсоол барьчихаад төлбөргүй байж болохгүй. Улаанбаатар хотын иргэд маань үүнийг ойлгох хэрэгтэй. Том хотод амьдрах нь ихээхэн өртөгтэй. Тэрнээс сумын төв дээр байгаа мэт хаа хамаагүй газар машинаа тавиад явж болохгүй шүү дээ. Бүх л том хотууд төлбөртэй зогсоолоор асуудлаа шийддэг. Том үйлчилгээний төвүүд өөрийнхөө үйлчилгээний газрууд дээр зогсоол байгуулахыг дэмжиж байгаа. Тэнд нэг хүний ажлын байр бий болно. Одоо дэлгүүрийн худалдагч гаднах талбайдаа машинаа авчраад өдөржин тавьчихдаг. Үйлчлүүлэгчид нь зам дээр машинаа орхисноос олон асуудал үүсч байна. Энэ байдлыг халж, дэлгүүрүүд гаднах зогсоолоо хүнтэй болгож, хураамжаа ав гэж байгаа. НИТХ-аар хураамжийн хэмжээг тогтооно. Бас гуравдугаар эмнэлгийн зогсоолыг тохижуулсантай адилхан улсын төв эмнэлгүүд болон дүүргүүдийн эмнэлгийн зогсоолын асуудлыг шийднэ. Иргэд эмнэлгийн үйлчилгээ авах гэхээр машины зогсоол байхгүй. Түргэн тусламжийн машины орц, гарц хаасан байдаг учраас энэ асуудлуудыг шийдэж, тохижуулах ажлыг эхлүүлнэ.

Дараагийн нэг хийх ажил бол оршин суугчид, СӨХ-дтой хамтарч, орон сууцны дундах эдэлбэр газарт ногоон байгууламж, хүүхдийн талбайг нь эвдэхгүйгээр газар доорх зогсоолыг барина. Ингэснээр хотын түгжрэлийг тодорхой хэмжээгээр багасгана гэж үзэж байгаа.

-Нийгмийн захиалгат үйлчилгээ болсон нийтийг хөгжүүлнэ гэж хотын дарга нар амлаж байсан ч бахь байдгаараа байгаа. Таны хувьд энэ салбарт ямар бодлого баримтлах вэ. Хэрэв нийтийн тээврийг хөгжүүлбэл замын түгжрэл буурах байх?

-Нийтийн тээврийн асуудал бол бас л толгойн өвчин болсон. Улаанбаатар хотод 20 гаруй компани нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг. 1.3 сая хүн амтай хотод ийм олон аж ахуйн нэгж иргэдэд үйлчилнэ гэдэг бол дэлхийд байхгүй жишиг. Энэ салбарыг хоёр, гурван компани аваад явах боломжтой. Нөгөө талаас яагаад 20 гаруй компани байгаа юм бэ гэхээр нийтийн тээвэр ашигтай байна гэсэн үг. Нийслэлийн төсвөөс 50 гаруй тэрбум төгрөгийн татаас өгдөг. Нийтийн тээврүүд орлого олж, үйлчилгээгээ сайжруулъя гэхийн оронд оюутны, ахмад настны, цагдаагийн албан хаагчдын гээд хөнгөлөлтийг аваад үйлчилгээ үзүүлсэн болоод явж байна. Тэгэхээр энэ байдлыг зайлшгүй өөрчлөхгүй бол хотоос их хэмжээний мөнгө өгчихөөр нийтийн тээвэр үнэтэй ч юм шиг, үнэгүй ч юм шиг байж болохгүй л дээ. Энэ асуудалд бодлого боловсруулах ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Мөн цахим төлбөрийн системийг боловсронгуй болгоё гэж байгаа. Үүнийг нэвтрүүлэх нь зөв зүйтэй ажил. Одоо автобусанд мөнгө төлдөг хүнгүй боллоо. Ийм үйлчилгээ нэвтрэнгүүт нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа компаниуд орлогын араас явах шаардлагагүй болчихсон. Хоёр талын эцсийн буудал дээр очиж бүртгүүлээд мөнгөө авчихаж байна. Энэ технологийг боловсронгуй болгох шаардлагатай. Нийтийн тээвэрт маш том сүлжээ бий болчихсон. Үүнийг задалж, шинэчлэхэд нэлээд хугацаа орно. Гэхдээ бид шийдэхийн тулд зоригтой хөдөлж байгаа.

-Гудамж төсөл нэлээд үр дүнгээ өгсөн. Цааш үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үү?

-Төслийн нэгж нь Сангийн яаман дээр очоод хөгжлийн хөтөч төсөл болоод явж байгаа. Тийм учраас тэдний зураг төслийг хот ашиглана. Гудамжны уулзваруудыг орчин үеийн уулзвар болгох, шинэчлэх ажлууд хийгдэнэ.

-Хотод дугуйн зам хэзээнээс барих вэ?

-Одоо маршрутаа гаргаж байгаа. Хотыг тойрон дугуйгаар аялаад явах том замуудыг хийх төлөвлөгөөтэй байгаа.

-Нийслэл баруун, зүүн тийшээ Баянзүрх, 22-ын товчоо гэсэн хоёрхон гарцтай. Энэ чиглэлд гарц нэмэгдүүлэх боломжийг хэрхэн судалж байна вэ?

-Одоо зүүн тийшээ таван аймаг, нийслэлийн гурван дүүрэг гардаг. Гэтэл Улаанбаатар, Налайхын зам нарийхан. Осол аваар их гардаг. Эхний ээлжинд Налайхын замыг өргөтгөж, дөрвөн эгнээ болгоно. 2019 оны эхэнд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Баруун тал руу харьцангуй гайгүй, дөрвөн эгнээ урсгалтай болсон. Дээр нь нэмээд Баянзүрхийн гүүрнээс 22-ын товчоо хүртэл хурдны зам барьчихвал маш сайн гарц бий болно. Урагшаа бол хоёр гарц бий болчихно. Улаанбаатар-Зуун мод-Мандалговь-Даланзадгадын чиглэлийн зам хуучнаараа байна. Үүн дээр нэмэх нь нисэх буудлын хурдны зам баригдчихаар хотын замын ачааллыг хөнгөвчилнө.

-Сонгинохайрхан дүүрэгт шинэ эмнэлэг барина гэлээ. Төрөх эмнэлгүүдээ нэмэх үү?

-Сонгинохайрхан дүүрэг дэлхийн жишигт нийцсэн 250 хүний ортой эмнэлэгтэй болно. Азийн хөгжлийн банкны зураг төслөөр хийгдэж байгаа. Эхлээд Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдэд барина. Дээр нь нэмээд хоёр дүүргийг сонгож барина. Мөн өрхийн эмнэлгүүдийг шинэчилнэ. Орчин үеийн өрхийн эрүүл мэндийн төв ямар байх ёстойг харуулсан жишиг арван өрхийн эмнэлэг барихаар төлөвлөж байгаа. Төрөх эмнэлгүүдийн хувьд II амаржих газрыг шинэчилнэ. Улаанбаатар хотод IV төрөх буюу Эх нялхасын төвийг Засгийн газар дээр барихаар төлөвлөж байгаа. Ямартай ч хотын зүгээс II төрөхөө шинэчлэхээр зураг төсөл нь хийгдсэн. Газар нь бэлэн байгаа. Хөрөнгийн асуудал шийдэгдэх юм бол барилгын ажлыг нь эхлүүлнэ.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэхээр болсон. Өмнөх засгийн үед хэрэгжүүлж байсан энэ ажлын алдаа оноо нь юу байв?

-Гэр хорооллыг дахин төлөвлөж орчин үеийн орон сууцны хороолол болгох асуудал нийслэл хотыг байгуулсан цагаас эхлээд бүх л даргын мөрөөдөл байсан. Мэдээж утааны асуудлыг шийдвэрлэх хотын хоцрогдлыг арилгахад орчин үеийн дэд бүтэц бүхий хорооллуудыг зайлшгүй бий болгох шаардлагатай. Өмнө гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжихдээ хэт том талбайд цөөхөн компанид өгөөд дэд бүтцийн хөрөнгө оруулалтдаа маш их хөрөнгө зарсан нь алдаа байсан. Арван мянган айлын орон сууц барина гээд том шугам татчихаар цаад талд нь мянга ч биш, зуун ч биш айлын орон сууц ашиглалтад орохгүй байгаа юм. Компаниуд том газар аваад айлуудаа чөлөөлчихсөн. Бас иргэдэд нөхөн төлбөр өгчихсөн байдаг. Гэтэл санхүүгийн дутагдалд ороод компаниуд барилгаа үргэлжлүүлж чадахгүй зогсонги байдалд хүргэсэн. Одоо 24 талбар дээр төлөвлөлтөө үргэлжлүүлнэ. Дотор нь жижигсгээд бололцоотой олон компанид өгнө. Татчихсан дэд бүтцийнхээ хөрөнгө оруулалтыг хурдан нөхөх хэрэгтэй байгаа юм. Тэрнээс нэг компани арван жилд 10 мянган айлын орон сууц барина гээд сууж байх биш энэ ажлыг арван компани хувааж аваад богино хугацаанд дуусгах ёстой. Тэгэхгүй бол дэд бүтцийн ашиглалт байхгүй болно. Хотын төсвөөс үүнд маш их мөнгө зарчихсан байгаа. Мөн дэд бүтцийн шугам хүрээгүй байгаа газруудад хэсэгчилсэн инженерийн байгууламж байгуулна. 200 айлын дунд дахин төлөвлөлт хийнэ. Айлууд нэгдээд нөхөрлөл байгуулж, бохир, дулаан, усных нь асуудлыг шийдсэн сервес центрүүдийг байгуулах замаар гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Одоо төлөвлөчихсөн төв хэсгийн газрууддаа орон сууцны хороолол байгуулна. Дараагийн бүсчлэлд нь тохилог амины орон сууцны хороолол, бүүр цаад талд байгаа боломжгүй гэр хорооллууддаа нар салхины эрчим хүчийг ашиглая гэж байгаа юм. Гадна талд ногоон төслүүд нэлээд санхүүжилт татаж байна. Улаанбаатар хот ногоон хот болох зорилт тавьчихсан. Бид ийм асуудлуудыг ингэж шийдэх гэж байна гээд санхүүжилтийн эх үүсвэрээ гаднаас хайх юм бол захын хорооллуудыг утаа гаргахгүйгээр нар, салхины эрчим хүчээр халаах боломжтой.

-Та шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан захирамж гаргасан. Нийслэлд ирэх иргэдийн хөдөлгөөнийг хорьчихоор эдийн засгаа хумьчих юм биш үү?

-Ингэж хязгаарлалт тавихгүй бол хот нь өөрөө замбараагүй, дэд бүтэцгүй гэр хорооллоор хүрээлүүлсэн хот болж болохгүй. Мэдээж хүн ирэх юм бол хөгжилд нэмэртэй. Дэлхийн аль ч хотууд ирсэн хүмүүсийнхээ асуудлыг шийдэх чадвартай байдаг. Гэтэл манай хотын чадавхи нь шавхагдчихаад байна. Тэгэхээр ирж байгаа хүмүүсийн болоод энд амьдарч байгаа хүмүүсийнхээ эрхийг хамгаалах үүднээс шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахаас өөр арга байхгүй. Энэ гэхдээ удаан үргэлжлэхгүй. Хэрэв Улаанбаатар хот хөгжлийнхөө тодорхой түвшинд хүрээд орон сууц, дэд бүтцийнх нь хангамж дээшилчих юм бол хөдөөнөөс хүмүүс маань ирээд амьдарч болно. Гэхдээ бүхэлд нь хязгаарлаагүй. Хамгийн гол нь энд ирлээ гэхэд дэд бүтэцгүй газар суурьшихгүй байх ёстой. Тиймээс та бүхнийг хотод ирэхэд хотын даргын хувьд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг тань хангаж чадахгүй байна, уучлаарай.

-Таны гаргасан шийдвэрүүдэд иргэд бухимдаж байна. Шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан дээр нэмээд ТҮЦ-ийг буулгаж байна. Хотоо сайхан харагдуулна гээд ТҮЦ-үүдээ булгаж байснаас хоолтой байлгаад муухай харагдаад сууж байсан нь дээргүй юү?

-Ер нь би хэнийг ч хоолноос нь салгахгүй байгаа. ТҮЦ-ийн ард нэлээд олон асуудал байдаг. Үнэхээр амьжиргаагаа залгуулж байгаа хүн ТҮЦ ажиллуулж байна уу гэвэл тэр нь цөөхөн. ТҮЦ-ийг маш цөөхөн хэдэн хүн түрээсэлдэг. Нэг ТҮЦ-ийг 300 гаруй мянган төгрөгөөр түрээсэлж байна. 30, 40 ТҮЦ түрээсэлж байгаа ч хүн бий. Мөн ТҮЦ-т маш олон хориглосон зүйл худалдаж байгаа. Архи, тамхи зарж байна. Мэдээж хүний амьжиргааны асуудал чухал. Дээрээс нь хотын тохижилтын асуудал ч байх ёстой. Гэхдээ дотроо 00-гүй учраас ТҮЦ-үүдийг буулгаж байна гэдэг асуудал өрөөсгөл. Өнгөрсөн сонгуулийг далимдуулаад замбараагүй ТҮЦ тавигдаж эхэлсэн. Нэг автобусны буудал дээр гэхэд 5-6 ТҮЦ байрлуулсан. Гэтэл ар талд нь хүнсний дэлгүүрүүд хоосон байгаад байдаг. Хүнсний дэлгүүрийн лангуу 250 мянган төгрөгийн түрээстэй байхад ТҮЦ-ийн түрээс илүү үнэтэй байгаад байдаг. Тиймээс зөвшөөрөлгүй тавьсан бүх ТҮЦ-ийг цэгцэлж байгаа. Гэхдээ зөвшөөрөлтэй нь үлдсэн. Одоо НИТХ-аараа цэг зааж өгнө.

ХОТОО БОХИР БОЛЧИХЛОО ГЭЭД ХАЯАД ЯВЖ БОЛОХГҮЙ

Улаанбаатар хотын Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу, Бээжингийн гудамж, Сөүлийн гудамж гэсэн төв хэсгүүдээрээ ТҮЦ байрлуулахгүй. Бусад газруудад байрлуулна. Бүх дүүрэгт ТҮЦ-ийн байрлалыг гаргаж байгаа. НИТХ-аар журам батлагдчихвал одоо энэ байгаа ТҮЦ-нүүдээ шинэ байрлал руу нүү гэсэн шаардлага тавина. Мөн ТҮЦ-тээ гал түлж болохгүй, баталгаагүй хүнс зарж болохгүй, гадна орчноо цэвэрлэж байх ёстой гэсэн шаардлагуудыг журмаар заагаад өгнө. Тэрнээс хэн нэгнийг хөдөлмөр эрхлэхийг нь хориглоод байгаа юм биш. Би хүмүүсийг уйлуулаад хөдөлмөр эрхлэхийг нь зогсоосон асуудал ерөөсөө байхгүй. Эсэргүүцээд байгаа хүмүүс бол ТҮЦ түрээслэгчид.

-Та Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга. Саяхан агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсан байна. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр хэдий хугацааны дараа агаарын бохирдол багасах вэ?

-Хотын утаа нэг, хоёр жилийн дотор арилчихгүй. Утааны цаад мухарт амьжиргааны асуудал байгаа. Иргэд сайн дураараа нүүрс, хог түлээд байгаа хэрэг биш л дээ. Утаатай тэмцэх хамгийн гол арга нь ядуурлыг бууруулах. Тэгэхээр ажилтай, орлоготой хүн цахилгаан халаагуур авах нь мэдээж шүү дээ. Утаанаас салахад бүхий л том хотууд захиргааны хориглох арга хэмжээ авч байсан. Бүгд хязгаарлалтын бүсээ тогтоож, хориглож байсан. Бид хэд хэдэн арга хэмжээ авсан нь Байгаль орчин аялал жуулчлал, ногоон хөгжлийн сайдтай хамтраад хязгаарлалтын бүс тогтоосон. Миний бие саяын гаргасан гурван захирамжийнхаа хүрээнд арга хэмжээг эрчимтэй авч чадвал утааны бохирдлыг бууруулах боломжтой гэж үзэж байгаа. Ирэх жил хэрэв чулуун нүүрсийг худалдвал утаа буурна. Энэ асуудлыг шийдэх тодорхой бодлогууд хэрэгжүүлнэ. Мөн хотын төвийн бүсүүдэд ямар ч тохиолдолд утаа гаргахгүй байхаар зохицуулж байгаа. Хэрэв та бүхэн хотын төвд газар эзэмшдэг, тэрийгээ хүнээр мануулж байгаа бол заавал био жорлон хэрэглэж байх ёстой. Мөн энгийн зуух хэрэглэж болохгүй. Хэрэв хотын төвд ТҮЦ ажиллуулж байгаа бол гал түлэхгүй. Иймэрхүү хязгаарлалтын арга хэмжээ авна. Хамгийн захын дөрөвдүгээр бүс дээрээ гэхэд Багануурын нүүрс түлүүлэхгүй. Бүх нүүрсийг хориглож чадахгүй л дээ. Орлого багатай өрхүүдэд нийслэлээс хөнгөлөлт үзүүлдэг. Тэрэндээ нүүрс биш утаагүй түлш өгнө. Мөн Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 1-нээс энгийн зуух заруулахгүй. Стандартад нийцсэн зуух борлуулах ёстой. Хотын даргын хувьд авч чадах бүх захиргааны арга хэмжээг авчихсан. Миний шийдвэрийг шүүмжлэхээс илүү яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт хүн бүрийн оролцоо чухал. Бүгд л шаардлага, хяналт тавих ёстой. Бүх л хотууд ингэж утаанаасаа салсан туршлага бий. Өнөөдөр нэг иргэн хаймар түлж дулаацаж байхад нөгөө талдаа хичнээн айлын хүүхэд өвдөж байгааг бодох ёстой.

-Хотод хүн амьдрахын аргагүй бохир, заваан байна, нүүе гэдэг асуудлыг зарим төрийн түшээд тавьж байна. Дэлхийн буурал хотууд жорлон, цэвэр ус, дулаан гээд дэд бүтцээ хотоо байгуулахдаа хамтад нь шийдчихээгүй. Өнөөдрийн Улаанбаатар хот шиг уламжлалт байдлаар явсаар хөгжилд хүрсэн байх. Үүн дээр та ямар бодолтой байна?

-Муудчихаар нь хаяад явъя гэдэг нь манай нүүдэлчин сэтгэхүй байх л даа. Хэдэн мянган жилийн настай хотууд байна шүү дээ. Тэдний дэргэд манай Улаанбаатар бол хамаагүй залуу хот. Швейдийн Стокгольмд арваад жилийн өмнө очиж байлаа. Тэдний цэвэрлэх байгууламжтай танилцаж байхад ХХ зууны эхэн үе гэхэд бохир нь хот дундуураа урсдаг байсан гэж байгаа. Саяхан япон хүнтэй уулзаж байхад “Миний бага насанд Токио тун бохирдолтой байсан” гэж ярьж байсан. Хөгжлийн үе шатанд энэ бүх зовлонг дайраад л гардаг. Хөгжлийн тодорхой түвшинд хүрэхээр шийдэж чадна. Тэрнээс бохир болчихлоо гээд хаяад явж болохгүй. Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ижий минь гэдэг дээ. Улаанбаатар бол бидний л хот шүү дээ. Бид л өөд нь татаж гоё болгох хэрэгтэй. Хэдэн яам өөр цэвэр газар очоод суучихдаг юм байж. Энд үлдсэн хүмүүс нь яах юм бэ. Засаг захиргааны нэгжийг нүүлгэнэ гэдэг бол өөр асуудал. Тэрнээс хотоо муухай болчихлоо гээд нүүдэг улс орон хаана ч байхгүй. Тэгэхээр би Улаанбаатар хотоо цэгцэлж авна. Цэвэр хот болгоно. Энэ дөрвөн уулын дундах Улаанбаатар хотдоо дахиж арьс, ширний, химийн, бетон зуурмагийн үйлдвэр байгуулахгүй. Бүгдийг хотоос гаргана. Одоо байгаа үйлдвэрүүддээ экологийн шаардлага тавьж эхэлнэ. Өнөөдөр хотод хуучин машин явж байгаа. Хүмүүсийн амьжиргаа дээшлээд ирэхээр машины насжилтыг нь тооцоолж өгөх хэрэгтэй. Гэх мэтчилэнгээр хотоо цэвэр болгоно.

-Хотын ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх үү?

-Туул, Сэлбэ голын дагуу олон нийтийн амралтын газар байгуулна. Туул голын дагуу аж ахуйн нэгжийн газрын тооллого явагдаж байгаа. Сэлбэ голын эхээс дунд голыг оруулаад Туул гол руу нийлдэг хүртэл соёл амралтын хүрээлэн болгоход урьдчилсан байдлаар 50 гаруй тэрбум шаардлагатай. Гадна, дотнын хөрөнгө оруулагчдад санал тавина. Дүүрэг болгонд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна. Бололцоотой бүхий л газарт ногоон мод тарина. Ингэхдээ дандаа шилмүүст маягийн том мод тарих юм. Сайн арчлах юм бол сайхан ургадаг. Мөн Богд уулын тодорхой хэсгүүдийг хамгаалалтын хэсгээс гаргаж, иргэдийн аялал зугаалгын бүс болгох ёстой. Манай хот байгалийн сайхан өгөгдөлтэй хэрнээ харамсалтай нь хэдэн компани уулын амыг авч хашчихаад байгаа. Энэ байдлыг халж, иргэдийн амралт зугаалгын бүс болгох шаардлага тавина. Ингэхдээ Засгийн газартай хамтарч ажиллах юм. Салбарын яам нь л асуудлыг мэддэг байх биш хот бас мэдэж байх ёстой. Тэгэхгүй бол хоёр өөр хот бий болчих гээд байгаа.

-Туул голын эрэг дагуух газрыг цөөхөн хэдэн баячууд авчихаад иргэдийг очихын аргагүй болгосон тухай “Өдрийн сонин” хөндөн бичсэн. Энэ асуудлыг хотын даргын хувьд цэгцлэх үү?

-Тухайн аж ахуйн нэгж барилгаа барьж болно. Хувийн өмчөөс нь салгахгүй. Газрынхаа 30 хувийг иргэд чөлөөтэй нэвтэрдэг, машины зогсоолтой, амралт зугаалгын орчин болгох ёстой.

-Иргэд ам сайтай байсан цахимаар газар өмчлөх ажлыг яагаад зогсоох болов. Өмнөх хотын дарга нарын үед захирамж нь гарсан газрууд хотод бий. Та хот өөрийн мэдлийн газруудаа авна гэлээ. Тэдгээр газруудыг хот мэдэлдээ буцааж авах уу?

-Цахим газар өмчлөл явагдсан нь сайн хэрэг. Гэхдээ яг хэрэгцээтэй байгаа хүмүүстээ газар нь очоогүй. Гадаадад байгаа иргэд, нярай хүүхэд гээд хэн ч хамаагүй газартай болж байсан. Бас сансрын зураг харж байгаад ямар ч төлөвлөлтгүй газар уул, хадан дээгүүр олгосон. Энэ нь эргээд гэр хорооллыг улам тэлэх шалтгаан болно. Тэгээд ч тийшээ дэд бүтэц очих боломжгүй газруудыг өмчилсөн нь гажуудал. Рекламны маягаар төрийн ажлыг хийж болохгүй. Мөн хууль бусаар олгосон бүх газрыг хянаж байгаад буцааж авна. Олон жил ашиглаагүй бол хураана. Улаанбаатар хот газрын фондтой болоод түүнийгээ үнэд хүргэж дуудлага худалдаагаар зарах юм бол хот өөрөө амьдрах боломжтой болно. Гадны том компаниуд надаас газар байна уу, салбар сүлжээгээ танай хотод байгуулъя гэдэг. Гэтэл хотын даргын мэдлийн ганц ч газар байдаггүй. Бүгд эзэнтэй болчихож. Хэрэв бид өөрсдөө газрын фондтой бол тэрийгээ худалдаж, том зочид буудал бариулаад орсон мөнгөөр нь дэд бүтцээ сайжруулж болно. Гадны хотууд яагаад баян байдаг вэ гэхээр их газартай учраас баян байдаг. Улаанбаатар хот баян байхын тулд газрын фондтой байх хэрэгтэй.

-Зах зээлд борлогдохгүй байгаа маш олон тооны орон сууц байна. Гэр хорооллын айлуудын газрыг шууд орон сууцаар сольж, газрыг нь эргээд эргэлтэд оруулах замаар асуудлыг шийдэх гарц бий юү?

-Ерөнхий сайдын санаачилгаар Хятадын зээлээр 1000 айлын орон сууцыг барихаар газрыг нь чөлөөлчихсөн байгаа. Тэр орон сууцыг газраар солино. Ногоон нуурын хойд дэнж дээр баригдах энэ орон сууцанд орох хүсэлтэй айлууд газраа солилцох боломжтой. Энэ хавраас хэрэгжүүлэх ёстой гээд Барилга хот байгуулалтын яам үүрэг авсан байгаа. Эхний баригдсан байруудаа худалдахгүй. Шууд газраар нь сольж аваад, газрыг нь үнэлж зараад, дараачийн орон сууцаа бариад явчих бүрэн боломжтой. Хотод одоо газар чухал байна.

-Улаанбаатарт жуулчдыг татах ямар ажлууд хийх вэ?

-Манайх Зүүн хойд Азийн аялал жуулчлалын төв болно гээд төлөвлөж байгаа. Улаанбаатар хот өөрөө жуулчдыг татах шөнийн амьдралтай байх хэрэгтэй. Эхний ээлжинд тодорхой нэг гудамжийг шөнийн амьдралтай болгохоор судалж байна. Тэнд шөнө нь автомашин явдаггүй. Ресторан клубууд нь ажилладаг. Цагдаа нь хяналтаа тавина. Улаанбаатар хотын тусгай бүстэй болъё гэж байгаа. Тэр нь жуулчдыг татдаг байх юм. Одоохондоо энэ нууцыг задлахгүй (инээв).

-Нийслэл нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт зарласан нь шинэлэг санагдлаа. Сонгон шалгаруулалт шударга явагдаж чадах уу?

-Төрийн албыг хүмүүс төрлийн алба болгосон гэж баахан шүүмжилдэг. Би төрийн албанд насаараа ажилласан хүний хувьд, УИХ-ын гишүүн байхдаа Төрийн албаны тухай хуулийг санаачилж байсны хувьд энэ асуудлыг хүмүүст нээлттэй байлгая гэдэг санаачилгыг гаргасан юм. Хүмүүс маш их мөнгө зарж гадаадад өндөр үнээр сургаж байна. Гэтэл эх орондоо буцаж ирээд ажиллах гэхээр ямар нэгэн намын харьяалалгүй, танил талгүй бол төрийн албанд орж чадахгүй байна гэх гомдол их ирдэг. Хот бол төрийн албаны том орон зай. Тиймээс гадаад, дотоодод магистр хамгаалсан шаардлагатай нарийн мэргэжлийн жагсаалтыг гаргасан. Үүнд хүн өөрийн чадлаараа орно. Ямар ч арын хаалга байхгүй. Айхавтар өндөр шалгуур тавихгүй. Цаашдаа ч энэ ажлын байрыг нээлттэй зарлаад явах бодолтой байгаа.

-Та бүхэн Улаанбаатарыг аз жаргалтай хот болгоно гэж байсан. Хотын иргэдийг яаж аз жаргалтай байлгах юм бэ?

-Аз жаргалыг хүн өөрөө бий болгодог. Өнөөдөр манай нийгэм яарч, сандарсан бухимдалтай байна. Тиймээс хотын иргэд маань аз жаргалтай байхын тулд илүү хөдөлмөрлө, илүү сайхан сэтгэлтэй бай, бие биедээ хүнлэг хандаж бай гэж байгаа юм. Хүн өөрөө өөртөө аз жаргалыг бий болго. Төрийн зүгээс иргэдээ аз жаргалтай байлгах бүх зүйлийг бололцооны хэрээр хийнэ. Хотын зүгээс иргэдээ эрүүл байх, ажилтай байх нөхцөлийг хангая. Ажилтай, орлоготой эрүүл иргэдийнхээ төлөө хийх ажлууд маань тэднийг аз жаргалтай болгох.

-Ярилцлагынхаа төгсгөлд таны улс төрийн гараагаа яаж эхлүүлж байсан тухай асуумаар байна. Мөн таны аав мундаг уяач хүн байсан. Та аавынхаа энэ уламжлалыг өвлөж авч явж байна уу?

-Би дээд сургуулиа төгсөөд л төрийн алба хашсан. Улс төрийн карьер маань төрийн албанаас эхэлсэн. Өөрийнхөө ажлыг сайн хийж, хүмүүст танигдсан. “Энэ залууг нэр дэвшүүлж ажиллуулах юм бол итгэл даах юм байна” гэсэн тэр итгэл үнэмшлийг өөрийнхөө ажил амьдралын замналаар олж авсан даа. Одоо бол улс төрийн карьерийг өөрөөр эхэлдэг болжээ. Миний өөрийн амьдрал, улс төрийн амьдрал маань ч Төв аймгаас эхлэлтэй. Намайг ажил амьдралын хувьд өдий зэрэгт хүргэсэн манай Төв аймгийн төрийн захиргааны ахмадууд, хамт ажиллаж байсан улсууд, намайг удирдаж байсан хүмүүсийн хичээл зүтгэл байгаа гэж боддог. Мэдээж сайн эцэг, эхийн нэр байгаа. Тэд маань нутаг орондоо нэр хүндтэй улсууд байлаа. Энэ бол миний улс төрийн карьерт нөлөөлсөн. Одоо миний морь уях гэж юу байхав дээ. Зав болохгүй юм. Миний том хүү ах нартайгаа нийлээд морио уядаг. Би бол зүгээр хошуу нэмэрлэнэ. Наадам зохион байгуулах ажил хийдэг болохоос яг мориныхоо уяан дээр сууж чадахгүй байгаа. Би өөрөө уяач хүний хүүхдийн хувьд юу боддог вэ гэхээр морь уях эрдэм соёл, монгол уламжлалыг авч явах ёстой. Төрийн албан тушаал хашиж байгаа хүний хувьд энэ соёлыг зөв голдрилоор нь өвлүүлж үлдээх ёстой гэсэн бодол сэтгэл тээж явдаг даа. Морь уях эрдэм бол хэдхэн хүний дунд биш, нийт монголчуудын эв нэгдлийн бөгөөд өөрсдийнх нь хүсэл сонирхлын баяр байгаасай гэж хүсдэг. Унааны ганц морьтой нь ч, мянган адуутай нь ч уралдаж болдог байх үндэсний хэмжээний спорт хэвээрээ байх ёстой. Морь уядаг эрдэм бол монгол өв соёл, монгол эр хүний шинж чанартай салшгүй холбоотой. Үүнийг монголчуудад хэвээр нь үлдээж, өв соёлыг нь дэлгэрүүлэхийн тулд энэ спортын төлөө зүтгэж явдаг даа.