Categories
мэдээ цаг-үе

Б.Энх-Амгалан: Монгол Улс хариуцлагатай болсон гэдгийг бодитоор харуулж, хөрөнгө оруулалт татах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалантай ярилцлаа.


-Намрын чуулган хаалтаа хийж, гишүүд тойрогтоо ажиллаж байна. Уг чуулганыг үүргээ хэр биелүүлсэн гэж та дүгнэж байгаа вэ?

-Шинэ парламент байгуулагдсанаас хойш чуулганы нэгдсэн хуралдаан 34 удаа болсон байна. Байнгын болон дэд хороод 140 удаа хуралдаж, бие даасан хууль 22, нэмэлт өөрчлөлт орсон хууль 262, зээлийн хэлэлцээр батлах тухай дөрөв, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 31, УИХ-ын 104 тогтоол тус, тус батлан гаргалаа. Мөн эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг нь хангах зорилгоор эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг батлан гаргаж өмнөө тавьсан зорилгоо амжилттай биелүүлсэн гэж үзэж байгаа.

-Намрын чуулганаар гол шийдэх асуудал нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах гарц байсан. Гэтэл дорвитой ажил хийсэнгүй. Батлаад байсан богино хугацааны хөтөлбөрийн хэрэгжилт юу болж байгаа вэ?

-Сэхээнд орсон хүн шууд хөл дээрээ босоод гүйчихдэггүй биз дээ. Түүнтэй нэгэн адил эдийн засаг хүнд байдалд орсон улс орон, өр зээлэндээ баригдсан, гадны хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон, хариуцлага сахилга бат алдагдсан тийм л засаг төрийг МАН хүлээн авсан. Хамгийн түрүүнд төсвийг бүх шатандаа хэмнэх, төсвийн сахилга хариуцлагыг хангаж ажиллахад төрийн бүх шатны байгууллага анхаарал хандуулж байна. Хөгжлийн банкны тухай хуулийг батлан гаргалаа, гадаад өрийг төлөх зам сувгийг эрэлхийлж байна. Ажлын байрыг бодитоор бий болгох үүднээс жижиг дунд үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй 4700 аж ахуйн нэгжийн албан татварыг нэг хувь болголоо, импортоор оруулж ирж байгаа жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлж, 54 мянган ААН-д үйлдвэрлэлээ өсгөх, ажлын байраа хадгалж үлдэх боломжийг бий болголоо, татвар төлөөгүйн улмаас хаагдсан олон олон бизнес эрхлэгчдийн дансыг нээлээ. Энэ бүхэн эдийн засагт үр дүнгээ өгч байна. Төсөв 9.4 хувиар давж биелэлээ, төсвийн зарлага төлөвлөснөөс 173 тэрбум төгрөгөөр хэмнэгдлээ. Ахиц байна.

Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болчихлоо. Үүнийг дагаад гадны хөрөнгө оруулалт нэмэгдэнэ биз дээ?

-Хөрөнгө оруулагчдын итгэл эргэн сэргэх хандлага харагдаж байгаа. Таван толгойн Баруун цанх нээгдлээ. Өнгөрсөн жилүүдэд тонныг нь 25-32 ам.долларт өгдөг байсан нүүрсийг өнөөдрийн байдлаар 71.5 ам.долларт зарж байна. Энэ бол үр дүн. Бид хэлсэн үгэндээ эзэн болж хариуцлагатай, сахилга баттай, тогтвортой байхыг хөрөнгө оруулагчид хүсч байна.

-Та Монгол-Оросын парламентын бүлгийн тэргүүн. Хоёр улсын харилцаанд нэмэр болохуйц ямар ажил хийж байгаа вэ?

-Өнгөрсөн оны аравдугаар сард ОХУ-ын Новосибирск хотод “Монгол-Оросын эдийн засгийн чуулга уулзалт-2016” арга хэмжээ зохион байгуулсан юм. Энэ үеэр Монгол Улсын их хурал, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн хороонд 20 зүйл бүхий хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ баримт бичигт зарим нэг чухал заалтууд бий. Новосибирск бол Ази Европыг холбосон тээвэр ложистик, аж үйлдвэр, соёл, шинжлэх ухааны том төв. Новосибирск Улаанбаатар хоттой найрамдалт харилцаатай хот болсон. Тиймээс хэд хэдэн ажил хэрэгжүүлэхээр ярьж байгаа. Юун түрүүнд Новосибирск-Улаанбаатарын хооронд шууд нислэгтэй болмоор байна. Мөн Тянжинь болон Хятадын бусад нутгаас тээвэрлэгдэж байгаа бараа материалыг Монгол нутгаар дамжуулан Сибирийн нийслэл Новосибирск хүртэл явуулах, Монгол нутгаас тээвэрлэгдэж байгаа малын гаралтай мах, сүү, ноос, ноолуур, арьс ширэн эцсийн бүтээгдэхүүний гаалийн татвар хураамжийг хөнгөвчлөх тал дээр анхаарах гэх мэт зарчмын хувьд өөрчлөлт хийж гадаад худалдааг хөнгөвчлөх талаар яриа хэлцэл болж, эхний алхмууд хийгдсэн. Мөн саяхан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотод ажиллаад ирлээ. Бугат хот Монгол Улсын хувьд стратегийн ач холбогдолтой хот. Бугатын ган төмөрлөгийн үйлдвэрт жилд зургаан сая тонн коксжих нүүрс, 10 сая тонн төмрийн хүдэр шаардлагатай байдаг. Үүнийхээ ихэнхийг Австралиас татаж байна. Уг нь бол хөршөөсөө авах боломж бий. Орос улс мөн мах, махан бүтээгдэхүүнээ Аргентинаас авдаг. Бас л хөрш нь болох манай улс нийлүүлэх боломжтой. Ингээд хараад байвал аялал жуучлал, гадаад худалдаа, олон улсын тээвэр, транзит тээвэр, ложистик, соёлын харилцаа, үзэсгэлэн худалдаа, эдийн засгийн форум, бүс нутгийн хөгжил гээд эдийн засгийг дэмжих олон салбарт хоёр хөрштэй ажиллах боломж бидэнд байна. Наад зах нь л гэхэд Орос Хятадын хооронд хийгдэж байгаа бараа эргэлт жилд 40 сая тонн. Алсдаа 100 сая тонн болох боломжтой. Гэхдээ Монголын нутгаар дамжих нь маш бага байна. Оросууд бараагаа алс дорнодоор дамжуулж тээвэрлүүлэн авахад 45 хоног, Дундад Азиар дамжуулж тээвэрлэхэд 35 хоног зарцуулж байна. Гэтэл Тянжинь боомтоос Эрээн-Замын-Үүд, Ханги-Мандал чиглэлд тээвэрлэхэд автомашинаар гурав хоногт, Монголын урд хилээс хойд хил хүртэл гурав хоног гээд үндсэндээ долоохон хоногт ОХУ-ын хил дээр хүрнэ. Сибирийн бүс нутагт мөн долоо хоногийн дотор ачаа эзэндээ очно гээд бодоод үз дээ. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө аль алинд нь хэмнэлттэй. Үүнийг Монгол Улсын идэвхтэй санаачлагаар ажил болгох ёстой.

ХУ-тай цаашид ямар салбарт түлхүү анхаарал хандуулан хамтран ажиллахаар төлөвлөж байгаа вэ?

-Олон салбарт ажиллах боломж бий шүү дээ. Гадаад худалдаа, соёл боловсрол, шинжлэх ухаан, мал эрүүлжүүлэх, ХАА-д шинэ техник технологи нэвтрүүлэх гээд стратегийн түншлэлийн бүхий л салбарт хамтран ажиллах боломж бий. Бид чинь хоёрхон мөнхийн хөрштэй шүү дээ. Ганцхан жишээ хэлэхэд дээр дурдсан олон сая тонн ачаа Монголыг дайран өнгөрлөө гэж бодъё. Наад зах нь бензин тос хийнэ, засвар үйлчилгээ авна, хоол унд хэрэглэнэ, унтаж амарна, замын хураамж төлнө. Үүнийг дагаад хөгжил явагдана. Уул уурхайн зарим бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээр, урт хугацаанд тогтвортой байнгын хэрэглэгчдэд нь нийлүүлнэ гээд мөнгө олох боломж бий. Харин бид хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх учиртай. Зарим нэг гол орд зэсийн баяжмалаа түшиглээд эцсийн бүтээгдэхүүн хийх хэрэгтэй. Нефтийн ордууддаа түшиглээд боловсруулах үйлдвэр барих ёстой. Малаа эрүүлжүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, үүлдэр угсааг нь сайжруулах ёстой. Малын гаралтай болон ХАА-н гаралтай түүхий эдээрээ дэлхийн брэнд болсон эко, ногоон бүтээгдэхүүн хийж дэлхийн зах зээлд нийлүүлэх учиртай. Аялал жуучлалын томоохон бүтээгдэхүүн бий болгож дэлхийн жуулчдын нүдийг хужирлаж, мөнгийг нь заруулах хэрэгтэй. Бүсчилсэн хөгжилд анхаарах цаг болсон.

-Удахгүй Таван толгойн гэрээ шинэчлэгдэх байх. Цаашид хэрхэн хөдөлгөх хувилбарын талаар МАН-ынхан бүлэг дээрээ ярьсан уу?

-Үгүй. Таван толгой хэвийн ажиллаж байгаа шүү дээ. Баруун цанх ашиглалтад орсон. Үнэ нь өсч 71.5 ам.доллар болсон. Өмнө нь хэзээ ийм үнээр зарж байсан юм бэ. Засгийн газар богино хугацаанд боломжоороо л зүтгэж байна шүү дээ.

-Нүүрсний үнэ өсч байгааг ашиглаад эдийн засгаа богино хугацаанд сэргээх боломжтой биз дээ?

-Ганцхан Таван толгой ч биш, эдийн засагт үр ашигтай бусад төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Дотоодын нөөц бололцоогоо бүрэн дайчилж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, малын гаралтай түүхий эд, ХАА-н гаралтай бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, дотоодын зах зээлээ хангаад экспортыг чиг баримжаатай үйлдвэрлэл үйлчилгээг бодлогоор дэмжих ёстой. Гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, Монгол Улс хариуцлагатай болсон гэдгийг бодитоор харуулж, хөрөнгө оруулалт татах учиртай. Монголчууд бид хамтдаа л зүтгэж байж хямралаас гарна. Өөр хэн ч бидний өмнөөс ажил хийхгүй.

-Та жижиг, дунд үйлдвэрийнхнийг дэмжиж ажилладаг. Тэднийг дэмжих хамгийн бодитой дэмжлэг нь хөрш улсуудад үзэсгэлэн худалдаа зохион байгуулах байдаг. Үүнд хэрхэн анхаарч байна вэ?

-Багтаамжтай том зах зээлд үндэсний үйлдвэрлэгчдээ гаргах, шинэ түнш, шинэ хамтрагч, шинэ техник технологи, шинэ инноваци, шинэ хэрэглэгчээ олоход нь туслах зорилгоор БНХАУ, ОХУ-ын олон хотод “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, “Монголын өдрүүд” эдийн засгийн чуулга уулзалт, соёл урлагийн арга хэмжээг манай хамт олон хийж ирсэн. Одоо ч хийж байгаа. Хүнээс баярлалаа гэдэг үг сонсох сайхан шүү дээ. Монголчууд маань хичээвэл хийж чадахгүй зүйл гэж байхгүй л дээ. Манай үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хоёр хөрш их сонирхдог. Чанартай загвар дизайн сайтай, экологийн цэвэр монгол брэнд үнэ хүрнэ.

-Та өмнө нь Ази Европыг холбосон мэдээллийн технологийн төв байгуулах талаар ярьж байсан. Энэ ажил юу болсон бэ. Үүнийг дагаад дэлхийн томоохон компаниуд манайд салбараа нээнэ гэж байсан. Тэр ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Ази Европыг холбосон өндөр хурдны дахин дамжуулах “Дата” төв барих асуудал манай намын мөрийн хөтөлбөрт ч байгаа, төслийг Ерөнхий сайдад миний бие өргөн барьснаас хойш ажил амжилттай үргэлжлэн явагдаж байна. Монгол Улсад үр ашигтай томоохон төслүүдийг бид хамтдаа төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нэг цонхоор, нэгдмэл зорилго, нэгдсэн зохион байгуулалттайгаар хамтран хийх нь орчин үед хамгийн үр дүнтэй арга мөн. Майкрософт ,Т Интел гэх мэт компаниудын суурин төлөөлөгчийн газар орж ирсэн. Удахгүй Гүүгл орж ирэх байх. Монгол бол олон улсын транзит урсгалын хувьд хамгийн аюулгүй, хамгийн боломжийн, хамгийн үр ашигтай орон байх боломж бий.


Categories
мэдээ цаг-үе

Х.Цогтбаатар: Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг прокурорт өгвөл манай эрдэмтэд гудамжинд гарна

-ШУА-ИЙН ПАЛЕОНТОЛОГИ , ГЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН “АЖЛЫН БАЙРЫГ МИНЬ БУЦААЖ ӨГӨЧ” УРИАТАЙ ТАЙВАН ЖАГСАЛ ХИЙВ-

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн ажилтнууд өчигдөр “Ажлын байрыг минь буцааж өгөөч” гэсэн уриатай тайван жагсаал зохион байгууллаа. Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг Засгийн газрын 2016 оны тавдугаар сарын 23-ны 270 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн Прокурорын газарт шилжүүлэх шийдвэрийг гаргасан байна. Дээрх тушаалыг хүчингүй болгож, Палеонтологи, геологийн хүрээлэнгийн ажилтнуудыг тайван ажлаа хийлгэхийг шаардаж жагсаал хийж байгаа нь энэ аж. Тус хүрээлэнгийн ажилтнууд тайван жагсаалын үеэр “Өнгөрсөн оны хавраас эхлэн ажлаа тайван хийж чадахаа байсан. Эрдэм шинжилгээний ажил хийхийн тулд сэтгэл санаа тайван байх ёстой. Гэтэл байраа Баянзүрх дүүргийн прокурорын газарт алдаж байгаа гэдгийг сонссон цагаас хойш ажлаа тайван хийж чадахгүй болсон. 50 гаруй жилийн түүхтэй Монголын Палеонтологи, геологийн хүрээлэнгийн ажилтнуудыг гудамжинд хөөж гаргаад прокурорын байгууллагыг оруулах гэж байгаа нь байж болзошгүй асуудал” гэв. “Ажлын байрыг минь буцааж өгөөч” гэсэн уриатай тайван жагсаалыг ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн хоёр мянга гаруй эрдэмтэн, судлаач дэмжиж буйгаа илэрхийлж, гарын үсэг зурсан байна. Мөн Засгийн газар Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг Баянзүрх дүүргийн прокурорын газар төгөх шийдвэрээ цуцлахгүй бол Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос ирэх сарын 10-нд “Үлэг гүрвэлийн цурхираан” жагсаалыг төв талбайд зохион байгуулах гэнэ.

“ЭРДЭМТЭД МААНЬ БАЙРАНДАА САНАА ЗОВООД ХЭЗЭЭ ГУДАМЖИНД ГАРЧИХ ЮМ БОЛ ГЭСЭН АЙДАСТАЙ СУУЖ БАЙНА” ГЭВ

Өмнөх Засгийн газар ямар учир шалтгааны улмаас шинжлэх ухааны салбарын байрыг прокурорын газарт өгөх шийдвэр гаргасан талаар Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатартай ярилцлаа.


-Ямар учраас танай хүрээлэнгийн байрыг прокурорын газарт өгөхөөр болсон юм бэ. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Манай хүрээлэнгийн байрыг Засгийн газрын 2016 оны тавдугаар сарын 23-ны 270 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн прокурорын газарт өгөхөөр болсон байсан. Энэ тогтоолыг бид судалж үзсэн. Ямар нэгэн тогтоол гаргахад судалгаа явуулж, яам тамгын газраас заавал асууж, саналыг ёстой байдаг. Засгийн газрын бусд бүх тогтоол ингэж л хийгддэг. Гэтэл тухайн үеийн Боловсролын сайдаар ажиллаж байсан Л.Гантөмөр бидэнд энэ талаар огт мэдээгүй юм шиг зүйл ярьж байсан. УИХ-ын сонгууль болох гэж байсан болохоор өмнөх Засгийн газар янз бүрийн асуудал хийсэн байдаг юм байна лээ. Яагаад гэнэт Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг прокурын газарт өгөх болсон талаар хэд хэдэн тухайн үеийн Засгийн газрын томоохон албан тушаалтнуудтай уулзсан. Тэдгээр хүмүүс “Танай хүрээлэнгийн байр их том зүйлийн өрөнд явчихлаа даа” гэж хэлж байсан. Энэ бүгдээс харахад манай хүрээлэнгийн байрыг прокурор төгсөн асуудал огт судалгаагүй. Хуйвалдааны маягтайгаар тухайн үеийн Засгийн газар прокурорын газарт байр олж өгөх гэж их сандарч байсан зүйл харагдаж байгаа юм. Өнөөдрийг нөгөөтэйгүүр хүний хэрэгцээний хамгийн чухал зүйл болох орон байраар оролдож эхлэнэ гэдэг дэндүү даварсан хэрэг гэж бид үзэж байгаа.

– Та бүх өнгөрсөн жилийн зургадугаар сард Засгийн газрын тогтоолыг эсэргүүцэж байсан байх аа?

-Бид ч байраа булаалгаж байгаатай холбоотойгоор нэлээд эсэргүүцэл үзүүлсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас энэ тогтоолоо татаж авлаа. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг татан буулгаж байна гэж албан ёсоор мэдэгдсэн. Бүр албан тоот бичиг хүртэл манай хүрээлэнд хүргүүлсэн юм. Бид ч асуудал нэг тийшээ шийдэгдлээ гэж үзсэн. Гэтэл дараагийн Засгийн газар гарч ирээд Засгийн газрын 270 дугаар тогтоол хүчингүй болоогүй байна. Засгийн газраас хэрэгжүүлэх ёстой ажлууд дунд явж байна. Үүнийг хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн. Ингээд өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас тогтоолыг хүчингүй болгох үндэслэлүүдийг Засгийн газарт тавьж эхэлсэн.

-Засгийн газарт танай хүрээлэнгээс ямар үндэслэлүүд тавьсан байдаг юм бэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Монгол Улс дэлхийд газар нутгийнхаа хэмжээгээр эхний 20-т ордог орон. Үүнийгээ дагаад манай улсын газар нутгийн геологийн бүтэц, тогтоц гээд бүх зүйл дээр дэлхийн геологийн шинжлэх ухаанд бодитой томоохон байр суурь эзэлдэг. Хэдэн жилийн өмнө гадаадын судлаач нар манай улсад ирээд шинжилгээ хийгээд хэрэгтэй зүйлсээ аваад явдаг байсан. Өөрөөр хэлбэл, манай орны геологийн салбарт хоноцын сэтгэлгээгээр ханддаг байсан. Харин одоо бүх зүйл өөр болсон. Үндэсний эрдэмтэд бий болж, онолын талаас шинжилгээ хийдэг болсон. Геологийн шинжлэх ухааны талаар ярих юм бол олон салбартай. Түүний жижигхэн хэсэг нь суурь судалгаа хийдэг асуудал юм. Мөн байр байшингаас гадна их чухал асуудал нь эрдэмтдийг бэлтгэх асуудал. Одоо л энэ салбар учраа олдог болж байна. 40-50 жил гэдэг нэг хүний л амьдрах нас шүү дээ. Өнөөдөр манай хүрээлэн 200-300 жилийн түүхтэй геологийн хүрээлэнгүүдээс дутахааргүй судалгаа шинжилгээ хийдэг болсон. Санхүүжилтийн асуудлаас эхлээд олон саад бэрхшээлийг даван туулж, өнөөдрийг хүртэл хөгжиж байгаа шинжлэх ухааны газарт халдаж байгаа нь харамсалтай байна.

-Засгийн газар тогтоолоо хэрэгжүүллээ гэхэд Палеонтологи, геологийн хүрээлэнгийн ажилтнууд хаашаа явах вэ?

-Шууд л гудамжинд гарна шүү дээ. Бидэнд очих газар үнэндээ байхгүй Палеонтологи, геологийн хоёр хүрээлэн нийлсэн. Ингээд хоёр байртай юм. Нэг байр нь лаборатори шүү дээ. Тэр лабораторийг Засгийн газар ч бариад өгсөн юм биш. Бид өөрсдөө төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байж гадаадын хөрөнгө оруулалтаар бариулсан юм. Засгийн газраас нэг ч төгрөг гаргаагүй. Тэр газарт Монгол Улсын эртний амьтан ургамлын сан хөмрөг хадгалаатай байгаа. Зай гаргах ямар ч боломж байхгүй. Анхнаасаа хэдхэн хүнс уух зориулалттай байр. Дээр нь тэр болгон олон хүн байх боломжгүй. Палеонтологийн олдворуудыг хүний эрүүл мэндэд хортой химийн элемент ашиглаж янзалдаг. Өөрөөр хэлбэл, хортой нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг. Үе үеийн Засгийн газар тэр лабораторийг өргөтгөж өгнө гэж төсөвтөө оруулдаг. Гэвч өнөөдрийг хүртэл өргөтгөлийн барилгын төсвийг батлаагүй л байна. Олдворуудаар дүүрчихсэн байдалтай л байна. Гэтэл манай хүрээлэн 80 гаруй ажилтантай шүү дээ.

-Байраа прокурорт өгөх гэж байгаатай холбоотойгоор судалгааны ажлуудад нөлөөлж байна уу?

-Шинжлэх ухааны ажлыг маш тайван орчинд хийх ёстой байдаг. Ямар нэгэн хууль дүрэм бусад зүйлээр барилгүй чөлөөтэй сэтгүүлж байж шинжлэх ухааны сод бүтээлүүд гардаг шүү дээ. Гэвч өнөөдөр эрдэмтэд маань байрандаа санаад зовоод хэзээ гудамжид гарчих бол гэсэн айдастай сууж байна. Засгийн газрын 270 дугаар тогтоолоос болж палеонтологийн шинжлэх ухааны салбар ухралтад орох нөхцөл байдал үүсээд байна. Гэтэл бид энэ салбарынхаа судалгаа шинжилгээгээр дэлхийд гуравт ордог хүрээлэн шүү дээ. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүрээлэн байр савны асуудал яриад сууж байх үнэндээ хүнд байна. Энэ удаагийн тайван жагсаалыг ШУА-аас зохион байгуулж байгаа зүйл биш. Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос хийж байгаа гэдгийг онцолж хэлмээр байна. Өмнөх Засгийн газрын гаргасан тогтоолыг одоогийн Засгийн газраас хүчингүй болгож өгөөсэй гэж олон эрдэмтэн хүсч байна.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Алимаа: Ховдын даншигт Балсан тайжийнхны үр удам гэж уригдан оролцсон

Г.ЖАМЪЯН (МУГЗ)

“Ажилчны район”-оороо овоглож явдаг ахмад их эмч Ц.Алимаатай ярилцаж байна. Энэ хүн бол Ховд аймгийн Цэцэг сумын Ард Аюушийн хөдөлгөөний нууц удирдагч Гомбожав тайж буюу олноо Номинаа тайж хэмээн алдаршсан цогт эх орончийн удмын хүн.


-Хоёул яриагаа жаахан дээрээс эхэлмээр байна. Таныг “Цэцэг нуурын дугуйлан”-гийн удирдагч олноо Номинаа тайж хэмээн алдаршсан цогт эх оронч Гомбожав тайжийн гуч гэж сонссон юм байна. Эндээс яриагаа эхэлбэл сонин болов уу?

-Миний аав Цэнд-Аюуш Ховдын Цэцэг сумынх. Ээж Дашзэвэг Ховдын Чандмань сумынх. Аавын тал бол “Цэцэг нуурын хөдөлгөөний” удирдагч, олноо Номинаа тайж хэмээн алдаршсан Гомбожав гэж хүний үр сад юм билээ. Миний өвөг эцэг Балсан тайж бол Номинаа тайжийн хүү. Ховддоо төдийгүй улсдаа нэртэй уяач, монгол адуу судлаач хүн байсан. Балсан тайжийн таван хүүгийн нэг нь миний аав Цэнд-Аюуш. Хамгийн бага хүү нь хүний эмч Б.Норпил гэж байгаад саяхан таалал төгссөн.

-Таны өвөө Балсан тайж нэртэй уяач, хурдан морь судлаач, Монголын хурдан морины анхны судрыг зохиосон хүн гэж дуулсан. Тэр судар та нарт хадгалагдаж байдаг уу?

-Өвөө маань хурдан морины судрыг муутуу цаасан дээр бийрээр бичсэнийг би үзэж байсан. Дүү маань Ц.Дамдинсүрэн гуайн гэр музейд хадгалуулсан гэдэг юм. Одоо тэндээ байдаг эсэхийг мэдэхгүй.

-Хэдийд билээ дээ, саяхан Ховдын даншиг наадмыг Балсан тайжийнхны нэрэмжит болгон өргөн дэлгэр зохион байгуулахад та гэр бүлээрээ уригдаж оролцсон сураг байсан. Энэ тухайгаа сонирхуулах уу?

-Их өргөн дэлгэр сайхан наадам болсон. Олон зуун морь уралдаж, бөх барилдан, газар газрын хурдан хүлгүүд тоосоо өргөсөн. Бөх, сурынхан ч Монгол орны нутаг бүрээс очиж сүр жавхлантай болсон шүү. Балсан тайжийнхны үр удмыг урьдчилан судалж, биднийг урьсан. Бид даншиг наадмын айргийн тавын морь, зарим бөхийг байлсан. Тав хоногийн даншиг наадам өндөрлөсөн ч бид нутагтаа хоргодоод долоо хоног нутаг усаараа аялсан.

-Нутаг сайхан байв уу? Та чинь ер нь хаана төрсөн хүн юм дээ?

-Би Чандмань сумын Алаг-толгой гэдэг газар өвгөн аавынхаа намаржаанд мэндэлсэн гэдэг юм. Нутгийн ах дүү нар миний төрсөн газрыг зааж өгөөд, бууцан дээрээ очиж хөрвөөдөг байгаа. Сүрлэг их уулсын өвөр бэлд, мээмний товч шиг хөөрхөн толгой бий. Дуунд хүртэл мөнхөрсөн тэр хөөрхөн толгой, энгэрийнх нь бууц миний тоонот юм билээ. Нутаг гэдэг сонин шүү. Би ханиад хүрч халуураад тав муутайхан очсон чинь булгийнх нь уснаас балгаад л эв эрүүл болсон.

-Алаг-толгой гэж нэг л их сэтгэлд хоногшсон нэр байх юм, юусан билээ?

-Миний нутаг чинь дуу хуурын орон шүү дээ. “Алаг-толгойн энгэрийг адуу нь бүрхээд гарлаа”… гэх буюу “Барайгаад байсан Баянхайрхан” гэхчилэн, та зөндөө л дуулаа биз дээ. Миний нутаг чинь ардын дуу, алдартай дуучдын өлгий нутаг юм.

-Одоо хоёул Алаг-толгойн охин аймаг сум алгасаад Улаанбаатарт хүрээд ирсэн түүхийг сонсвол сонин болов уу?

-Балсан тайжийнханд би нэлээн энхрий хүн ирсэн юм билээ. Норпил ах над Алимаа нэр хайрлаж, олон хүүгийн дунд охин ирлээ гээд ах дүүс маань бүгд л өвөр гар хоёроо дамжуулж өсгөсөн гэдэг юм. Хүний хорвоод ирээд сар гаруйхан болж байсан улаан нялзрай амьтныг, хөгшин ээж Баярхүү очиж шуудангийн машинаар долоо хоног явж авчирсан гэдэг. Тэгээд л “Хүрээний хүүхэн” болсон доо.

-Таныг “Хүрээний хүүхэн” гэхээсээ илүү “Ажилчны районы Алимаа” л гэх юм билээ. Энд жаахан тогтож ярилцах уу?

-Миний амьдралын дөч гаруй жил энэ Хан-богд хайрхан, хормой залган орших ажилчны районтой холбоотой явж ирсэн болохоор тэгж нэрлэдэг байх л даа. Би энэ олдмол овогтоо хайртай. “Ажилчны” гэхээр нэг л сэтгэлд дулаан, төрсөн гэрээс минь өөрцгүй санагддаг юм даа.

-Сургуулиа хаана төгслөө?

-1972 онд Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмчийн мэргэжлээр төгссөн. Хөдөө ганцхан жил ажиллаад л энэ хонхорт насыг элээж байна даа.

-Хөдөө хаана ажиллаж байлаа?

-Төгссөн жилээ хөдөө явсан. Эрүүлийг хамгаалах яамны боловсон хүчин Өвөрхангай аймгийн Хужиртын рашаан сувиллын эмчээр томилж байгаа юм. Хотод суувал ч суух л байсан байх. Миний аав Цэнд-Аюуш чинь насаараа Боловсролын яамны боловсон хүчний хэлтэст ажиллаж байгаа. Ээж ч бас хотын байгууллагад хариуцлагатай алба хашиж байсан үе. Дээгүүр доогуур хөөцөлдөөд хотод сууя гэвэл болох л байсан байх. Манайхан чинь угаасаа л нам төрийн бодлого дагаж явсан хүмүүс. Аав, ээж хоёр минь: “Эмч болох гэж их дурласан хүн, хөдөө явж амьдрал үзсэн нь дээр” гээд Хужиртын хуваарийг шууд дэмжиж байгаа юм. Би ч өөрөө хөдөөгийн амьдрал үзье гэж шийдсэн. Тэгээд л муу чемоданаа чирээд Хужиртын рашаан сувиллынхны машинд суучихаж байгаа юм даа.

-Хотын охин, хөдөөгийн эмнэлэгт эмчээр очоод ёстой л “Нийслэл хүү” болов уу?

-Арай ч үгүй ээ. Төөргөөрөө их сайн хүмүүсийн дунд очсон. Жилийн дөрвөн улиралд амрагчид цуваад, тэднийг хүлээж авна. Тэдний эрүүл мэндийг хариуцна гэдэг чинь амсхийх чөлөөгүй ажил. Хажууд сум дундын эмнэлэгтэй. Тэнд “бурхан” эмч нар ирээдүйн ардын эмч Нямхүү, их эмч Дашдаваа нар ажиллаж байлаа. Ажлын зав чөлөө л гарвал сум дундын эмнэлэг рүү гүйнэ. Нямхүү эмчиийг дагалдан мэс засалд хүртэл оролцоно. Гар хурууны үзүүрт гэсэн үг. Тэндээс их юм сурсан даа. Нэг үгээр хэлбэл, би танхимд таван жил суралцаж их эмч болоод, Хужиртад нэг жил ажиллаж, амьдралын их сургуулийг дүүргэсэн.

-Хөдөө ажиллаад баймаар байв уу?

-Хөдөө ажиллахад сайхан байсан. Жилийн дараа намайг дотрын эмчийн нарийн мэргэжлийн курст Улаанбаатарт ирүүлж байгаа юм. Курс төгстөл намайг янз бүрийн газар ажиллуулах яриа гарч Монголын үйлдвэрчний эвлэл болохоор Оргил, Улаанбаатар сувилал хоёрынхоо аль нэгэнд эмчээр ажиллуулах, Эрүүлийг хамгаалах яам болохоор Ажилчны районы эмнэлэгт эмч болгох, янз бүрийн л санал гарсан юм билээ. Тэгээд яам дийлж Ажилчны районы эмнэлэгтээ эмч болгосон. Тэгж л би гэдэг хүн одоогоос 44 жилийн өмнө энэ хайрхан уулынхаа ар хормойд хатан туулынхаа хөвөөнд, чагнуур зүүж цагаан халаат нөмөрсөн өнөр бүлийн нэгэн болж билээ. Энэ бол миний хүсэл биелсэн газар. Хүүхэд байхдаа хүүхэлдэй чагнаж байсан мөрөөдөл минь биелсэн газар.

-Одоо бол Хан-уул дүүргийн эрүүл мэндийн нэгдэл. Монголын анхны эмнэлгүүдийн нэг, ажилчдад зориулагдан байгуулагдаж байсан энэ эмнэлэгт бараг хагас зуун жил ажиллана гэдэг ховорхон хувь заяа байх. Та анх ажилд орсноо одоотой зүйрлэж нэг харвал ямар байна?

-Манай эмнэлэг чинь 1933 онд аж үйлдвэрийн комбинатын ажилчид, анхны том комбинатыг барьж байгаа барилгачдад зориулан баригдсан юм билээ. Нэг бага эмч, нэг асрагчтай хоёулхнаа ажиллаж байсан гэдэг. Бага эмчээр нь орос эмч О.Ф.Сидорова, асрагчаар нь Т.И.Никольская нар ажиллаж байв. Намайг ажилд орох үед эмнэлэг маань их өргөжсөн байсан. Нэгдсэн эмнэлгээс гадна найман хороондоо хэсгийн эмчтэй, том үйлдвэрүүд цехийн эмчтэй болсон байсан. Ж.Сэд, М.Ядмаа дарга нарын үед энэ эмнэлгийн босго алхаж байсансан. Эхлээд Ноосны үйлдвэрийн нэгдэлд цехийн эмч, дараа нь Ажилчны районы яармагийн хэсгийн эмч гэхчилэн эмнэлгийн хамгийн жижиг нэгжээс нь эхэлж ажилласан.

-Ингэж хөдөө ажиллаж, хотын хамгийн захаас нь ажлын гараагаа эхлэхэд таны хэлдгээр амьдралын их сургууль болсон байх даа?

-Тэгэлгүй яахав. Намайг цех, хэсгүүдэд ажиллаж байхад өнөөдрийнх шиг хангалт байсан биш. Бискээ бариад, нохойд хөөгдөөд, Яармагийн харанхуй гудамжаар ч жирийнэ шүү дээ. Яалтай билээ, сонгосон зам, өргөсөн тангараг минь тэр юм чинь. Хэдэн жил ингэж явтал намайг Ажилчны районы нэгдсэн эмнэлэгтээ дотрын эмчээр ажиллуулах болсон. Өвчтөнүүд маань бараг л миний танил даа. Өнөөх л яармагийнхан, нэхмэлийнхэн, үйлдвэрүүдийн маань ажилчид.

-Удалгүй дарга болгоод л дэвшээд явчихаа биз дээ?

-Нэг өдөр манай эмнэлгийн дарга Ядмаа өрөөндөө дуудлаа. Айж хулгасаар орсон чинь шууд л дотрын тасгийн эрхлэгч болгосон тушаал уншаад, ажлаа хүлээж ав гэдэг байгаа. Эсэргүүцэх, тайлбар тавих ч хугацаа өгсөнгүй, “явж болно” гээд гаргачихсан. Дотрын тасаг гэдэг чинь нэр хүндтэй олон эмч ажилтнуудтай, өнөр хамт олон байсан.

-Та чинь миний л мэдэхийн, Ажилчны районы эмнэлгийн дарга байсан. Олон жил болсон байх аа?

-Дотрын тасгийн эрхлэгчээр дөрвөн жил ажиллаж байтал амбулаторийн эрхлэгч, дараа нь эмнэлгийн дарга буюу ерөнхий эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албыг хорин хэдэн жил хашаад тэтгэвэртээ гарсан. Өвчин хууч байхгүй болохоор өөрөө ч зүгээр сууж чаддаггүй. Энд тэндээс бас утасдаад “Хүрээд ир. Гар нийлж ажиллая” гэх юм. Тэгээд “Амарсанаа гүнж” клиник сувилалд гурван жил эмчээр ажиллаж байлаа. Би танд нэг зүйлийг сонирхуулъя. Олон жил уячихсан морь замд хүүхэд нь уначихаад байхад замаасаа гаралгүй, зогсолгүй хурдалсаар барианд орж байдаг даа. Олон жил нэг газар ажилласан эмч хүн чинь яг түүн шиг болчих юм. Тэтгэврээ тогтоолгоод нэг л сайхан амрах юм шүү гэсэн чинь тэгдэггүй юм байна. Өглөө нэг л их ажилтай хүн шиг эртэлж босно. Нэг мэдэхнээ эмнэлэг дээрээ оччихсон байна. Өнөөх тасаг палаатаараа ормоор санагдана. Тэгэж байтал хэн нэг нь “Алимаа эмч минь ирчихэж. Үзээд өгөөч” гэнэ. Өвчин зовлон ярьж баахан хугацаа авна. Тэр нь надад жаргал юм даа. Заримдаа ч, энэ цагаан халаат, чагнуур хоёр, надад өгсөн бурхны хишиг юм болов уу гэж бодно шүү дээ.

-Таны анх ажилд орж байсан Ажилчны районы эмнэлэг таныг даргаар ажилласан хорь гаруй жилийн дотор ямар боллоо гэж бодож байна?

-Шинэ сайхан байртай болсон. Салбар хэсэг, өрхийн эмнэлгүүд биеэ даан томоохон эмчилгээ үйлчилгээний газрууд боллоо. Эмнэлэгийн орчин үеийн тоног төхөөрөмж, лабораторийн багаж хэрэгслээр хангагдсан нэгдсэн том төв болж чадлаа. Эмнэлгийн ажилтнуудын мэдлэг мэргэжил, ёс суртахууны хэм хэмжээнд асар их дэвшил гарсан гэж бодож явдаг. Энэ бүхэн бол зөвхөн удирдаж байсан миний ач гавьяа биш, манай эмнэлэгийн эвсэг, бүтээлч хамт олны нөр их хөдөлмөрийн үр шим гэж бодож явдаг. Энэ ярилцсан завшаанаа ашиглан Хан-уул дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн хамт олондоо, эрүүл энх, ажил хөдөлмөрийн их амжилт хүсэн ерөөе.

-Та бараг зуугийн тал насаа Монголын анагаах ухааны хөгжилд, тэр дундаа ажилчин ангийн өнөр их гэр бүлийн эрүүл энхэд зориулжээ. Таны хөдөлмөрийг төр засаг хэр зэрэг үнэлж байв?

-Бишгүй л шагнуулж байсан даа. Хамгийн сүүлд 2006 онд хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан.

-Гэр бүлийн амьдралаа сонирхуулах уу?

-Миний хань С.Гантөмөр насаараа батлан хамгаалах албанд зүтгээд гавьяаныхаа амралтанд гарсан буурал хурандаа бий. Охин Г.Мөнхзул “Очир ундраа” группт худалдааны захирлаар ажиллаж байна.

-Таны тухай гарсан нэг онигоорхуу юмаар ярилцлагаа өндөрлөе. Яармагийн гэр хороололд сурталчилгаанд явсан нэг нөхөр “Алимаа эмчтэй явах сайхан юмаа. Хашаанаас үсчиж байсан нохой Алимаа эмчийг дуугарахаар боргоохоо болиод цаашаа яваад өгөх юм. Хан-уулынхны нохой нь хүртэл Алимаа эмчийг таньдаг” гэсэн яриа гарсан байсан. (Алимаа эмч инээснээ)

-Би чинь эмч хүн учраас намчирхаад, улстөржөөд байдаггүй юм шүү дээ. Төрийн ажлаар хэнд л бол тус болохыг хичээдэг. Хамт явж ажил үйлсийг нь бүтээлцэх алийг тэр гэхэв дээ. Би Хан-уулынхныхаа нохойд ч юу юм, нялх балчраас нь өтөл буурлуудад нь хүртэл танигдаж, хүндлэгдэж явахсан гэж хичээдэг байлаа даа.

Categories
мэдээ цаг-үе

Д.Адъяасүрэн: Худалдааны хуультай болбол пирамид хэлбэрийн сүлжээний бизнесүүд цэцэглэх боломжгүй

Монгол Улсад худалдааны салбарыг зохицуулах бие даасан хууль гэж байдаггүй. Уг нь энэ салбарын эрх зүйн орчныг хангах хуулийн төслийг мэргэжилтнүүд боловсруулсан боловч өнөөдрийг хүртэл батлагдаагүй аж. Гурван ч Засгийн газрын нүүрийг үзэж буй Худалдааны тухай хуулийн төслийн талаар Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын Экспортыг дэмжин хөгжүүлэх газрын ахлах мэргэжилтэн Д.Адъяасүрэнтэй ярилцлаа.


-Манай улсад худалдааны салбарыг зохицуулах хууль зайлшгүй шаардлагатай байгаа. Гэтэл яагаад өнөөдрийг хүртэл хууль батлагдаагүй юм бол?

-Ер нь Монгол Улс 1921 оноос эхлэн анхны гадаад худалдааны хэлэлцээр хийж ирсэн түүхтэй. Мөн Хоршоологчдын хууль 1950-иад оны үеэр гарч байсан юм билээ. Тэгэхээр худалдааны салбарыг зохицуулах бие даасан хууль гэж өнөөдөр алга. Харин худалдааны салбарын явуулж байгаа үйл ажиллагааны харилцааг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 50 гаруй хууль, эрх зүйн актаар зохицуулдаг. Гэхдээ эдгээрийн уялдаа холбоо нь тийм ч сайн хангагдаагүй. Тиймээс Худалдааны тухай хуулийн төслийг 2008 оноос Худалдаа үйлдвэрлэлийн яам гэж байхад боловсруулж ирсэн боловч батлагдаагүй байна. Тэрнээс хойш 2010 онд Хүнс, хөдөө аж ахуйн яам, Гадаад харилцааны яам Худалдааны тухай хуулийн төслийг боловсруулаад Засгийн газарт өргөн барьж байсан. Дараа нь 2012 онд Аж үйлдвэрийн яам байхад мөн л энэ хууль зайлшгүй шаардлагатай гэдэг үүднээс дахиад ажлын хэсэг байгуулж байв. Ингээд хуулийн төслөө 2015 онд Засгийн газарт өргөн бариад, УИХ-аар хэлэлцэхийг нь дэмжсэн. Тэр үед УИХ-ын гишүүн Я.Содбаатар худалдааны салбарыг зохицуулах хуулийн төсөл өргөн барьсан байсан. Энэ хоёр хуулийн төслийг нэгтгээд нэг төсөл болгож оруулж ир гэсэн үүргийг Эдийн засгийн байнгын хорооноос өгсөн юм. Дахин ажлын хэсэг байгуулагдаж, хоёр хуулийн төслийг нэгтгээд байнгын хороонд танилцуулахад хэлэлцэхийг дэмжсэн. УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтад оруулаад байтал өмнөх парламент хаалтаа хийсэн. Шинэ засгийн газар байгуулагдаж худалдааны салбарыг хариуцсан яам нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгаа. Энэ яам бас өргөн хүрээтэй ажлын хэсэг байгуулж, манай улсад худалдааны хуулийн хэрэгцээ шаардлага ямар байгаа талаар судалгаа явуулж байна. Статистик тоогоор Монгол Улсад 28 мянган аж ахуйн нэгж, хуулийн этгээд худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг. Бид эхний ээлжинд үүний арван хувьд нь орон даяар түүвэр аргаар судалгаа авч байна. Өнөөдрийн байдлаар санал асуулгын хариуг нэгтгэж байгаа. Улаанбаатарт болохоор ажлын хэсгийн нэг бүрэлдэхүүнд багтах МУИС-ийн баг хэрэглэгч талаас нь судалгаа авч байгаа. Тэгэхээр 1000 гаруй санал асуулгыг дүгнэн үзэхэд 98 хувь нь худалдааны салбарыг зохицуулах хууль зайлшгүй шаардлагатай гэжээ. Иймд энэ хуулийг батлуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрж болохоор байгаа юм.

-Хэрэв хууль батлагдвал худалдааны салбарыг хэрхэн зохицуулах вэ. Төслийн тухай товчхон танилцуулахгүй юу?

-Олон улсын практикаас харахад худалдааг зохицуулахдаа энэ салбарт оролцогчдын уялдаа холбоо маш чухал. Өнөөдөр 50 гаруй улс худалдааны бодлоготой, бие даасан хуультай байдаг юм байна. Жишээлбэл, манай хойд хөрш ОХУ гэхэд худалдааны зохицуулалтын том хуультай. Энэ нь аль болохоор хэрэглэгч талыг, дотоодынхоо үйлдвэрлэлийг хамгаалсан байдаг. Тэгвэл урд хөрш маань гадаад худалдаагаа дэмжих зорилготой Гадаад худалдааны тухай хуультай байна. Цаашлаад Япон, Тайланд, Их Британи, Болгар, Австри, Сингапур зэрэг улсууд худалдааны хуультай байна. Бид эдгээр худалдааны харилцаатай байгаа түнш улсууддаа мөрдөгдөж байгаа тэдгээр хуулиудыг нь судалж үзсэн. Энэ тал дээр Гадаад харилцааны яам ч түлхүү ажилласан.

Өнөөдөр манай улсад гар дээрх буюу үүргийн худалдаа, жижиг, дунд бизнесийг эрхлэгчдийн худалдааг зохицуулах ямар ч хууль байхгүй. Тэгэхээр хуулийн төслийн гол зорилго нь Монгол Улсын худалдаанд тавигдах шаардлага юм. Дээрээс нь худалдаа эрхлэгчдийн эрх үүргийг зохицуулна. Мөн тэднийг төрөөс хэрхэн дэмжих, хөнгөвчлөх, хамгаалах зэргийг тусгасан. Бас ТББ-уудын оролцоог хангаж, худалдааны бүртгэлийн системтэй.

-Хэрэглэгчдийн эрх ашгийг яаж хамгаалах юм бэ. Хэрэглэгч бол хаан гэсэн уриатай үйл ажиллагаа явуулдаг худалдаа эрхлэгчид маань “Зарагдсан барааг буцаахгүй” гэсэн хатуу журамтай. Энэ байдлыг яаж шийдэх бол?

-Манай улсад мөн л хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалдаг хуультай. Тэгэхээр энэ хуулийн төсөлд одоо зохицуулагдаж байгаа хуулиудынхаа уялдаа холбоог хангаж өгөхөд чиглэн боловсруулна. Худалдаанд тавих шаардлага гэж байдаг. Улс орон бүр өөрийн гэсэн стандарттай. Хэдийгээр манай улсад стандарт байгаа ч гэсэн өнөөгийн зах зээлийн шаардлагыг хангадаггүй. Энэ бол худалдааны тухай суурь хуулиа боловсруулаад, тодорхой үе шаттай санал асуулга явуулаад ажлын хэсгийн маань хийчих ажил биш. Олон талт хэлэлцүүлэг хийж байж нэгдсэн бодлогоо тодорхойлно. Тухайлбал, жижиглэн худалдаа эрхлэгчид, гадаад худалдаа эрхлэгчид, үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан олон шат хэлэлцүүлэг явуулна. Тэд ямар эрх, үүрэгтэй байхыг хуулиндаа тусгана. Мөн худалдаанд оролцогч томоохон компаниуд, дараа нь ахмад экспертүүдийн дунд хэлэлцүүлэг хийнэ. Хэрэглэгчид, төрийн бус байгууллагуудынхаа саналыг ч хуульд тусгана. Хамгийн гол нь хэрэглэгчдэд худалдааг хөнгөвчилсөн заалтуудыг оруулах юм. Ингээд ирэхээр Худалдааны тухай хууль маань олон талын оролцоог хангасан хууль болж гарч чадна.

Олон улсад мөрдөгдөж байгаа зарчмаар бол тухайн бараагаа хэрэглэгч 24 цагийн дотор буцаах эрхтэй байдаг. Манай томоохон маркетууд үүнийг хэрэгжүүлж байна. Гэхдээ барааг буцааж авахдаа хэрэглэгчээс нэг ч төгрөгийн суутгал авах ёсгүй.

-Хэрэглэгчдэд худалдааг хөнгөвчилнө гэлээ. Үүнийгээ тодруулахгүй юу. Мөн сүүлийн үед онлайн худалдаа нэлээд дэлгэрсэн. Энэ асуудалд хэрхэн анхаарсан бэ?

-Энэ худалдааны суурь хуулиа дагаад Цахим худалдааны хууль, Дистербютерийн хууль, Хамгаалалтын тухай хууль гарч ирнэ. Үүн дээрээ тодорхой зааж өгнө.

-Гадаад худалдааг яаж зохицуулах юм бэ?

-Гадаад худалдааны гол үндсэн зохицуулалт нь тариф, тарифын бус арга хэмжээ байдаг. Үүнийг гадаад худалдааны гэрээ, дэлхийн олон улсын байгууллагуудын хэлэлцээрийн хүрээнд зохицуулна гэсэн үг. Монгол Улсад ердийн, хөнгөлөлттэй, нэн тааламжтай гэсэн гурван төрлийн энэ оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлсэн. Тарифын бус арга нь тусгай зөвшөөрөл, лиценз, эрүүл ахуйн техникийн зэрэг зохицуулалтууд байна. Худалдааны хууль нь дотоодын зах зээлийг хамгаалах бас өөр арга хэмжээг авч болно. Энэ нь тарифын арга хэмжээ байна.

-Манайд нэг ойлгомжгүй жишиг тогтсон. Тэр нь шатахууны үнэ өсөнгүүт өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг. Гэтэл шатахууны үнэ буурахаар тэдгээр нэмэгдсэн бараануудын үнэ дагаж буурдаггүй. Үүнийг зохицуулах механизмыг хуулийн төсөлд тусгасан уу?

-Эрэлт, хэрэгцээ ямар байхаас үнийн бодлого үйлчлэх ёстой. Гэхдээ тодорхой стратегийн бараан дээр хяналт тавина. Тэрнээс үнийг барихгүй.

-Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүн импортын бараанаас өндөр үнэтэй байдаг. Уг нь дотооддоо түүхий эд нь хямд өртөгтэй байхад амандаа орсон үнэ хэлээд сууж байх юм. Энэ байдалд ямар арга хэмжээ авах вэ?

-Тариф, тарифын бус зохицуулалт хийнэ. Үүнийг Хамгаалалтын арга хэрэгслийн тухай хуулиараа зохицуулна. Бид Худалдааны тухай хуультайгаа хамт үүнийг давхар боловсруулна.

-Төрөөс худалдааны салбарыг яаж дэмжих юм бэ?

-Төрийн оролцоог багасгана. Төрийн оролцоог хангахад ямар нэг дэмжих, хөнгөвчлөх үйл ажиллагааг төрийн бус байгууллагуудад шилжүүлнэ. Дээрээс нь төрийн оролцоо ямар тохиолдолд байх вэ гэхээр дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах үүднээс тодорхой бодлого хэрэгжүүлж болно. Тарифын арга хэмжээ авч болно. Мэдээж хэрэг энэ хуулинд олон дэглэмүүд байдаг.

-Сүүлийн үед пирамид хэлбэрийн сүлжээний бизнес цэцэглэх боллоо. Хэрэв манай улс худалдааны тухай хуультай болбол хүмүүсийг хууран мэхэлсэн луйвар орж ирэх боломжийг нь хааж чадах уу?

-Ер нь бол эдийн засгийн хямралтай үед пирамид маягийн мөнгө өсгөх луйвар гарч ирдэг. Учир нь манай зах зээлд худалдааны салбартай холбоотой эрх зүйн зохицуулалт байхгүй учраас хүний тархи угаасан ийм луйвар орж ирэх бүрэн боломж нь байгаад байна. Жишээлбэл, одоо яригдаад байгаа “G-Time” сүлжээ гэхэд хэзээ ч Орос, Хятад руу орж чадахгүй. Учир нь тэнд хуулиараа хориотой байгаа.

Худалдааны хууль батлагдвал бүртгэлийн нэгдсэн системтэй болно. Ингэснээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулах гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдийг бүртгэлжүүлж, стандарт мөрдүүлэн ажиллуулах юм. Ингэснээр ямарваа нэгэн бараа бүтээгдэхүүн солилцдоггүй мөнгө өсгөх маягаар явагддаг сүлжээний бизнесийг хааж чадна.


Categories
мэдээ цаг-үе

Жагдалын Лхагва зохиолчийн охин Нарандулам: Аавынхаа “Толгодын цаана ингэ буйлна” эхний ботийг хэвлүүллээ

Ж.Лхагва охин Нарандуламын хамт. 1982 он

Монголын орчин үеийн утга зохиолын нэрт төлөөлөгч, богино өгүүллэгийн мастер, МЗЭ-ийн шагналт зохиолч Жагдалын Лхагвын охин Нарандуламтай хөөрөлдлөө.


-Таны аав Жагдалын Лхагвааг Монголын богино өгүүллэгийн мастер гэдгээр уншигчид сайн мэднэ. Аав тань говийн бор толгодын дундаас өсөж өндийсөн их л өндөр сүмбэр байж дээ?

-Би хүүхэд байхдаа аавыгаа зохиолч, орчуулагч хүн гэдгээс өөрөөр хардаггүй байжээ. Он цаг өнгөрсөн ч улам тод болдог үнэт зүйлсийн нэг бол миний аавын цөөхөн хэдэн богино өгүүллэгүүд нь юм байна. Бас бусдын сэтгэлээс гардаггүй, мартагддаггүй тийм харахад намхан атлаа давахад барагддаггүй өндөр толгод юм даа гэж би одоо бахархаж сууна даа. Аав маань говь нутагтаа хайртай, тэр дундаа өссөн нутаг усаа маш их бичдэг говийн л хүн байсан.

-Хүн бүхэнд ойр дотныхных нь тухай сайхан дурсамж байдаг. Аавынхаа тухай их л олон дурсамж хадгалж яваа даа?

-Мэдээж аав, ээжийнхээ тухай дурсаж бодох шиг сайхан юм хаана байх вэ. Аав маань их л олонтой, нийтэч манайх гэдэг айл байнга л зочинтой, хөл хөдөлгөөн тасрахгүй, нэртэй том зохиолчид, жүжигчид, дарга, цэрэг, гудамжны архичин ч манайд ирдэг л байсан. Хүнийг их бага, дээр доор гэж ялгадаггүй аав ээж хоёрын минь хаана ч байхгүй чанар гайхалтай. Ээж тэр бүгдэд төвөгшөөхгүй хоол цай хийгээд л байж байна. Өдөр болгон л тогоо дүүрэн мах чанаастай. Хүн дайлаастай. Манай галын өрөөний цонх шиг зузаан цан тогтсон цонхтой айл манай байранд лав байгаагүй санагддаг юм. Аав маань сайхан хоол хийнэ, говийнхны унд гэж нэрлэдэг өтгөн хийцтэй цай чанана. Гэхдээ ер нь иддэг юм нь мах, гурил. Хүмүүс намайг аавтайгаа адилхныг гайхна. Аавыг томилолтоор явсан хойгуур “Үнэн” сонин дээр цалинг нь авахаар очтол нягтлан нь “Энэ чинь харин бичиг баримт шаардахааргүй хүүхэд байна” гээд шууд л өгч билээ. Аав М.Горькийн нэрэмжит сургуульд сурч байх үедээ надад Москваг үзүүлж билээ. Москвад очоод цирк, амьтны хүрээлэн үзэж паркт тоглож, Москва голоор усан онгоцоор зугаалж, амталж үзээгүй жимс зайрмагаар дайлсан гээд хүүхэд насны минь мөн ч сайхан олон дурсамж бий дээ. Аав зусланд дандаа гадаа эвхдэг ороо засаад унтана. Ойд явах дуртай, говийн хүн байж жимс түүхдээ маш хурдан түүдэг байлаа. Шороотой гутал, хиртэй цамцанд үнэхээр дургүй. Дургүй нь хүрвэл духаараа хараад л суучихна, олон юм ярихгүй. Их уян зөөлөн сэтгэлтэй өндөр мэдрэмжтэй хүн байсан даа.

Л.Нарандулам ардын уран зохиолч Б.Баастын хамт

-Аав тань бага насныхаа тухай аль хэр их хуучилдаг хүн байв?

-Говийн жирийн малчин айлын хүү. Ижий ааваасаа наймуулаа. Дээрээ ганц эгчтэй, дороо зургаан дүүтэй байж. “Би аргалчин билээ” өгүүллэг бол ерөөсөө л аавын анхны намтар шүү дээ. Анх сургуульд орсон түүх нь тэр. Адуунд өшиглүүлээд мэдрэл нь муудсан гээд сургуульд явуулаагүй гэдэг. Сурагч болоод харин ч сурлага сайтай байсан гэсэн. Дээд ангийнхаа хүүхдийн тоог бодоод өгчихдөг, бие дааж орос хэл сонирхон сурсан гэж ярьдаг байж билээ. Наймдугаар ангид байхдаа Дорноговь аймгийнхаа “Ялалт” сонинд анх шүлгээ хэвлүүлж байсан байгаа юм. Бас хүүхэд байхдаа нойрондоо их босч зүүдэлдэг байж, тэгэхээр нь эмээ нь их л айж сандардаг байсан гэдэг. Эмээтэйгээ их дотно ойр байсан болов уу. Энэ тухай “Эмээгүй зуны эхэн” өгүүллэгт нь гардаг юм. Аливаа юмыг их л хөгжилтэй хөхиүн байдлаар ярина даа. Ер нь гуниг гутрал ярьж байсныг нь би санадаггүй юм.

-Уран бүтээлээ хэдийд голдуу хийхэв?

-Аав ажлаасаа ирээд хоолоо идчихээд өрөөндөө ороод ихэвчлэн унтаад өгнө. Ах эгчийн хүүхдүүд бага, манайхан олуулаа шуугиж өгнө шүү дээ. Тэр их шуугианд юм хийснээс унтсан нь дээр гэж боддог байсан шиг байгаа юм. Харин шөнө сууж ажлаа хийнэ. Сэрээд харахад аавын өрөөний гэрэл асаалттай, юмаа бичээд суугааг харахад сэтгэлд нэг тийм сайхан тайвшрал өгдөг байсан шиг санагддаг. Өнгөрсний нь дараа би яг тийм гэрлийг их үгүйлж шөнө их сэрдэг байж билээ.

-Та аавынхаа ер нь ямар зохиол бүтээлд нь их дуртай байв?

-Аавын хэдэн сайхан богино өгүүллэг үнэндээ тансаг. Олон сайхан зохиол бүтээлүүд байдаг л даа. Гэхдээ би аавын өгүүллэгүүд шиг тийм сайхан зүйрлэлтэй, жижигхэн атлаа томоос том зангилаатай өгүүллэг ховор уншсан. Уншсан ч яг л аавыг минь дуурайсан мэт санагддаг. Би уран зохиолыг мэргэжлийн түвшинд мэдэхгүй л дээ. Гэхдээ миний өссөн орчин надад жаахан мэдрэмж өгсөн байх. “Би аргалчин билээ” их хөөрхөн, мөн “Зүрхний зүүд”, “Эвэр” зэрэг өгүүллэгүүд хүнд их зүйл бодогдуулна. “Анхны хайрын дууль” киног нь үзэх дуртай, “Анхны хайрын тухай бодол адуунаас унтаж хоцорсон цагаан унага шиг сэтгэлийн манан дундуур янцгаан давхиж айсуй” гээд эхэлдэг “Хайрын зурвас”-ыг уншаад их л дурламтгай хүүхэд байж дээ гэж бодно. “Уулзалт” өгүүллэгийг гавьяат жүжигчин Гомбын Равдан ах шар үс бостол уншдаг нь энгийн хэрнээ маш сайхан. “Уулзалт”, “Дарцаг чамайг үүрд дурсана” гэдэг өгүүллэгүүдээр нь баяжуулж кино болгохсон гэж мөрөөддөг.

-“Толгодын цаана ингэ буйлна” гэж аавын чинь өгүүллэгийн нэр Монголын утга зохиол, яруу найргийнхны дуртай эшлэл болсон байдаг. “Атга чулуу”, “Алаг чулуу” номууд нь ч гайхалтай. Аавын чинь уран бүтээлийн өв аль хэр зүйл байна?

-“Толгодын цаана ингэ буйлна” гэдэг бяцхан шар ном бол тэртээ 1972 онд хэвлэгдэж Монголын их уран зохиолд Жагдалын Лхагваа гэдэг зохиолч байдгийг таниулсан ном юм. Нэр нь хүртэл уянгалаг содон байж дээ. Ямар сайндаа л “Жижигхэн уулын цаана эмэгтэй тэмээ орилно” гэж орчуулагдаж байна гэж хошигнож байх вэ. “Атга чулуу”, “Алаг чулуу”, “Дутуу хөрөг буюу зохиолчдын паян” гээд богинохон дурсамж, ухаарал, хошигнолууд нь одоо дурын сонин хэвлэл дээр, цахим ертөнцөөр дүүрэн, зохиогчийн нэр усгүй яваад байгаад маш их эмзэглэдэг. “Сарны шороо”, “Шөнө ногоо ургадаг”, “Саарал даага” гэх мэт арваад жижиг номыг нь нэгтгэж, мөн номонд хэвлэгдэж амжаагүй хэдэн өгүүллэгийг нь нэгтгэн хэвлэж байгаа. Орчуулгын нилээд ном материал байна. Монголын сэтгүүл зүйд оруулсан хувь нэмэр их. Найруулал, тэмдэглэл, ярилцлага, нийтлэл гээд овоо их юм байгаа .

-Аав, ээж хоёр чинь хэрхэн танилцаж байснаа үр хүүхдүүддээ мэдээж ярьж л байсан байж таараа даа…

-Аав 1966 онд Киевын Политехникийн дээд сургуулийг Дулааны инженер мэргэжлээр төгсөөд Сэлэнгэ аймгийн Дулааны цахилгаан станцад дулааны инженерээр хуваарилагдаж очиход ээж маань Сэлэнгэ аймгийн захиргаанд зааварлагч, мэргэжилтнээр ажиллаж байгаад танилцсан юм билээ. Аав маань ээжийг орос хүүхэн байна л гэж анх бодсон гэсэн. Ээж минь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн хүн. Сэлэнгэ аймагт гал голомтоо асааж 1970 онд хотод шилжиж ирцгээсэн юм.

-Та айлын хэд дэх хүүхэд вэ. Эцэг эхээс хэдүүлээ билээ?

-Би нэг ах, нэг эгчтэй айлын бага охин. Ах эгчээсээ нэлээд хол зайтай төрсөн хүн. Ах эгч хоёрынхоо хүүхдүүдийг харахдаа хараад тоглохдоо тоглоод зэрэгцээд өссөн. Аав ээж хоёр танилцахад ах долоон настай, эгч маань гурван настай байж. Би 1976 онд төрсөн л дөө.

-Их уулын нөмөр нөөлөгтэй тэр сайхан хүнээ буцах үед орчлон хорвоо ч хөмөрчих шиг л санагдах нь хэцүү. Найз нөхөд нь ямаршуухан хандаж байв. Догмид зохиолч л лав “Би Лхагваадаа Алтан-Өлгий дэх өөрийн газраа өгсөн” гэж ярих юм билээ?

-Аав сүүлийн үед их өндөр даралттай явдаг байлаа. Талбайн сааданд харвачихаад байхад нь төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав гуай таарч эмнэлэгт хүргэж өгсөн байдаг юм. Тэр үед бидэнд маш хүнд байсан. Ах эгч мэдээж тусдаа гараад явсан, ээж бид хоёр их л өнчирч хоцорч билээ. 1997 онд би СЭЗДС-ийн оюутан, ээж тэтгэвэрт, хөлөө явганаас гэмтээгээд суугаа болсон байсан даа. Аав уран бүтээл болон үндсэн ажил болох “Үнэн” сонины ажлынхаа хажуугаар хувийн “Мөрч” сонинг эрхлэн гаргадаг байлаа. Аавыг өнгөрсний дараа сэтгүүлч, зохиолч Гүрсэд гуайн тусламжаар нэг хэсэг сониноо эрхлэн гаргаж амьдарч үзсэн. Мэдээж өнөөх тасрахгүй орж гардаг хөл хөс эрс багассан, зарим нэг хүнийг ороод ирээсэй гэж ээж бид хоёр их л харсан даа. Алтан-Өлгий дэх газрыг Б.Догмид ах авч өгсөн нь үнэн байх аа, тийм яриа байдаг юм. Догмид ах аавын минь найз, нутгийнх нь дүү, уран бүтээлийнх нь анд юм. Догмид ах бол миний ухаан орох цагаас манайд байж л байдаг, ээжээр минь цамцаа угаалгаад, шараа тайлуулаад, бусдыг шоолж инээлгээд, халамцахаараа “Хөх торгон дээл”, “Гоолингоо”-гоо дуулаад, аавтай говио ярьж инээж уйлаад манайд л байдаг байсан даа.

-Монголын утга зохиолын “Дөмөн” нэгдлийнхэн гэж нэгэн гарын таван хуруу шиг нөхөд байсан гэдэг дээ. Бавуугийн Лхагвасүрэн, Д.Урианхай, Л.Дашням, Дарма.Батбаяр, танай аав тав байх аа?

-Энэ эрхэм буурлууд бол аавын минь уран бүтээлийн анд нөхөд, мөн гэр бүлийн халуун найз нөхөд байлаа. “Дөмөн” нэгдлийн талаар миний мэдэх юм гэж юу байх вэ. Гэхдээ ийм өөр өөрийн өнгө аястай, Монголын уран зохиолыг нэгэн үеийн өнгө төрхийг тодорхойлсон томоохон зохиолчид байсан гэхээр “Дөмөн” нэгдэл хэр их даацтай нэгдэл байсан нь тодорхой байх аа. Харин гэр бүлийн хүрээнд тэд байнга уулзалдаж, нэг нэгнийдээ ээлжлэн цуглаж уран бүтээлээ ярьж, маргаж мэтгэлцэж, уйлж дуулж нэг нэгэндээ дэм өгч байсан юм аа. Миний хүүхэд нас ийм гайхалтай хүмүүсийн хажууд өнгөрсөнд би бахархаж явдаг. Аав ээжүүд уулзалдаж хүүхдүүд бид наана нь тоглож байдаг сан. Б.Лхагвасүрэн ахын Хасар “Цаг хугацаа хурдан юм аа, Нараа минь. Одоо бид тэдний насан дээр оччихлоо” гэж билээ. Д.Урианхай ахтай бол байнга холбоотой байдаг юм. Учир нь манай худ, ахын хадам аав юм. Б.Лхагвасүрэн ах, Баасан эгч, Л.Дашням ах, Золзаяа эгч, Д.Батбаяр ах, Мөнхтөмөр эгч эд нартай холбоотой байж цагаан сараар очиж золгодог доо. Аав маань тэнгэрийн орныг зориод яг хорин жил өнгөрчээ. Аавд минь тэр үед ширхэг ч цагаан үс байгаагүй. Өөрийгөө ч, бид ч тийм амархан явчихна гэж зүүдлээ ч үгүй байсан даа. Энэ хэдийг харахаар аав минь байсан бол ийм нэгэн сайхан намбатай буурал болсон байх байж дээ гэж өөрийн эрхгүй боддог юм.


-Аав чинь уран бүтээлч найз нөхдийнхөө дунд хүний хайлан болсон хүн байсан гэдэг дээ?

-Аавыгаа дурсах бүрийд миний санаанд олон сайхан хүмүүс дурсагддаг юм. Бага байхад С.Дашдооров ах манайхаар байнга ирнэ. Намайг “Нарны дурмаа” гэж дууддаг байлаа. Хамгийн сүүлд 1997 оны өвөл аавтайгаа соёлын төв өргөөнд “Болор цом” үзэж яваад Дооров ахтай таарсан билээ. Бие нь бас нилээн ядруу байсан. Саяхан хүүтэй нь танилцахад Дооров ах тал цус харвасан бие нь тааруу байхдаа нэг өглөө сонин харж байгаад гэнэт маш муухай орилоод уйлсан гэнэ. Гэрийнхэн нь сандралдаад гүйж очиход сониноос аавын минь эмгэнэл гарсныг харсан байж. Энэ яриаг сонсоод би ч тэсэхгүй уйлж билээ. За тэгээд П.Бадарч гуай, Ц.Доржготов, И. Цэрэнжамц ах гээд л манайд орж гарах хүн их. Шил архи хувааж ууна гэдэг уран бүтээлч хүмүүст байдаг л юм. Эмэгтэй зохиолчдоос С.Оюун эгчийгээ дурсахгүй байх аргагүй ээ. Замын-Үүдэд ажлаар ирэхдээ намайг сурсаар яруу найрагч А.Эрдэнэ-Очирын хамт эргэж ирж билээ. Москвад амьдардаг яруу найрагч Ж.Оюунцэцэг эгч байна. Бас аавтай минь их л дотно байсан . “Үнэн” сонинд аав соёл урлаг хариуцсан редактор байсан тэр үед болж байгаа томхон тоглолт, концерт юу л байна би аавтай явж үздэг байлаа. Б.Лхагвасүрэн ахын “Нарны домог” бүжгэн жүжгийг хэд ч үзэв. Аав маань Л.Түдэв гуайг маш их хүндэлдэг, эмээдэг байсан санагддаг юм.

Д.Намсрай ах байна тэр хоёр М.Горькийн сургуульд байхдаа их л дотно болсон юм. Аавыг өнгөрсний хавар Д.Намсрай ах нилээн халамцуу талбайн урд талын сааданд байдаг том хонхны өмнө аавтай минь цуг авахуулсан зургаа хадчихсан уйлаад сууж байсан гэдгийн. Аав маань Б.Лхагвасүрэн ахын найз, бас Л.Саранхөхөө ахын ч найз байлаа. Энэ тухай Саранхөхөө ах хөгжилтэй юм их ярьдаг юм.

-Зохиолынх нь бүрэн түүврийг гаргаж байгаа гэл үү?

-Тийм ээ, энэ жил аавын минь мэндэлсэний 75 насны ой тохиож байгаа юм. Тэнгэрт халиад 20 жил болжээ. Тийм болохоор үр хүүхэд бидний хувьд заавал хийх ажил юм даа. Яруу найрагч А.Эрдэнэ-Очиртой хамт эмхэтгэн, редакторлож “Толгодын цаана ингэ буйлна” нэртэйгээр уран бүтээлийн нэг боть болгон хэвлүүлж байгаа. Удахгүй уншигчдын хүртээл болно. Мөн “Толгодын цаана ингэ буйлна”, “Яргуйн эрэлчин” нэртэй 22 өгүүллэг орсон хоёр цомог “сонсдог ном” бэлэн болж байгаа. Аавын маань зохиол бүтээлүүд уншигчдын дунд маш их хүлээлттэй байдаг юм байна гэж ойлгосон. Энэ хоёр цомогт нь сэтгэл маш өндөр байгаа. Өгүүлэхүйн урлагийн мастеруудтай зөвлөлдөж тэднээр уншуулж, мэргэжлийн студид бичүүлсэн. Одоо чинь ном бариад суух завтай хүмүүс бага болж. За тэгээд машиндаа ихэнх цагаа өнгөрөөж байгаа хүмүүст хань болох байх, их ухаарал өгөх байх гэж найдаж энэ сонсдог номуудыг хийсэн. Дараагийн ээлжинд хоёр дахь ботийг нь орчуулгуудаар нь хийх юм. Хосе Мартийн “Янагийн өвөр, хүүгийн өлгий”, “Японы яруу найраг”, Р.Фраерман “Зэрлэг нохой Динго” гэх мэт олон орчуулгын бүтээлээс нь дээжлэн гаргана. Аав маань орос, украйн, испани хэлнээс орчуулга хийдэг байлаа. Одоо санахад их л түүртэхгүй орчуулга хийдэг байжээ. Ямар сайндаа “Чишш чимээгүй, Лхагва ах чинь ажлаа хийж байна” гэхэд аавын дүүгийн хүүхэд “Ажил гэнэ шүү, зүгээр л орос ном хуулаад сууж байна шүү дээ” гэж билээ. Гурав дахь ботийг сэтгүүлзүйн чиглэлийн бүтээлүүдээр нь хийнэ. Үүнд харин ажил их орох шинжтэй. Бид архив шүүж байгаа. Ганц хоёр жилийн өмнөх зүйл биш, хорь гучин жилийн өмнөх юмыг шүүнэ гэдэг амаргүй байдаг юм байна. Олон сайхан нийтлэл, ярилцлага байдаг.

Дөрөв дэх ботийг дурсамж дурдатгалаар бүтээнэ. Аавын минь тухай ямар олон хүн дурсаж бичдэг юм бэ. Миний хараагүй, уншаагүй олон дурсамж байдаг шиг байгаа юм. Тэр бүгдийг олж нэг ном болгоно. Энэ завшааныг ашиглаж аавтай минь холбоотой захидал, дурсамж, зураг хөрөг байдаг бол надтай холбогдож өгөөрэй гэж найз нөхөд, сайн санаат хүмүүст дуулгая. Би дуртайяа хүлээн авч номонд оруулна аа.

-Номын баярыг хэзээ, хаана хийх гэж байна?

-Гуравдугаар сарын 18-нд аавын төрсөн өдөр байдаг юм. 1942 онд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Мөнх гэдэг газар мэндэлсэн гэдэг. Номын баяраа гуравдугаар сарын 18-ны үед Монгол Улсын Үндэсний номын санд хийх бодолтой байна даа.

-Та одоо хаана аж төрж байна?

-Би одоогоор Дархан дахь Гаалийн газар гаалийн улсын байцаагч хийдэг. Дарханд ирээд хоёр жил гаруй болжээ. Нөхөр, гурван хүүхдийнхээ хамт амьдардаг. Хоёр бага маань Дарханд сургууль, цэцэрлэгт явдаг. Том охин энэ жил оюутан болох юм. Нөхрийн минь өвөө ардын уран зохиолч Бөхийн Бааст юм. Цагаан сараар зуу насалж байгаа өвөөдөө очиж золгоно доо, бид.


Categories
мэдээ цаг-үе

Дотоодын хэрэгцээг 100 хувь хангах бор цаас дахин боловсруулах үйлдвэр ажиллаж эхэллээ

Дотоодынхоо бор цаасны хэрэгцээг 100 хувь хангах үйлдвэр бүтээгдэхүүнээ албан ёсоор гаргаад долоо хоног болж байна. “Сайн цаас” ХХК-ийн уг үйлдвэр нь өдөрт 20 тонн цаас үйлдвэрлэх хүчин чадалтай. Эдний гаргаж байгаа бор цаас нь цаасан хайрцагны үйлдвэрийн гол бүтээгдэхүүн. Картон цаасыг зүсч үзэхээр гурван давхаргаас бүрдсэн байдаг. Гадна тал нь гөлгөрдүү, дээр нь хаяг, шошго бичих зориулалттай байдаг бол голд нь цавуутай болон цавуугүй долгиотсон давхарга бий. Эдний гаргаж байгаа бор цаас нь тэр дундах хэсгийн цаас юм байна.

“Сайн цаас” компани 2014 оны есдүгээр сард байгуулагдсан бөгөөд 2015 оны зургадугаар сард бор цаас үйлдвэрлэж эхэлжээ. Үйлдвэрлэсэн бор цаасныхаа нягт, чанарыг сайжруулах зорилгоор үйлдвэрлэлээ түр зогсоож тоног төхөөрөмжийнхөө хүчин чадлыг нэмэгдүүлж үйлдвэрлэлээ өргөтгөжээ. Ингээд жилийн дараа буюу 2016 оны зургадугаар сараас үйл ажиллагаагаа дахин эхлүүлж улмаар өнгөрсөн долоо хоногоос сайн чанарын бор цаас үйлдвэрлэж эхэлсэн нь энэ юм. Хаягдал картон цаас, бор цаас боловсруулах үйлдвэр нь 1000 м/кв талбайтай бөгөөд түүхий эдээ хадгалах агуулахтай. Манайд үйл ажиллагаа явуулж байгаа хайрцагны дөрвөн үйлдвэр байдаг бөгөөд тэдний хэрэгцээг зуун хувь хангах аж.

Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, шат дамжлагаа нэмэгдүүлж, шинэ технологи нэвтрүүлж номны цаас, цагаан цаас зэргийг үйлдвэрлэхээр төлөвлөснөө тус компанийн гүйцэтгэх захирал Б.Билгүүндарь хэллээ. “Сайн цаас” компани Сонгинохайрхан дүүргийн Сонсголонд байрладаг хаягдал бор цаас болон картон цаас дахин боловсруулах үйлдвэрийнхээ өргөтгөлийг ямар нэгэн гадны хөрөнгө оруулагчийн тусламжаар бус цэвэр өөрсдийн хөрөнгөөр босгосноороо онцлогтой юм байна. Үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл 40 хүний ажлын байр бий болох гэнэ.

Хайрцаг үйлдвэрлэдэг манай дотоодын компаниуд маань бор цаасаа Хятадаас оруулж ирдэг байсан бол одоо дотоодоосоо 20 хувийн хямд үнэтэй цаасаар түүхий эдээ бүрдүүлж эхэлж байгаа гэсэн үг. Монгол Улс сард 110 мянган кг цаасан бүтээгдэхүүнийг гаднаас оруулж ирдэг бөгөөд БНХАУ руу хаягдал цаасаа кг-ыг нь 5-50 төгрөгөөр гаргаад буцаагаад нэг тонныг нь 2.3 сая төгрөгөөр худалдаж авдаг гэнэ. Ингэхээр ядаж бор цаасныхаа хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаад байна гэдэг чинь энэ хямралын үед яалт ч үгүй сайн мэдээ болж таарч байна. Үйл ажиллагаа нь жигдрээд улам дэвжээд ирвэл дотооддоо үйлдвэрлэсэн, цаас, дэвтэртэй болно гэсэн өөдрөг зүйл харагдаж байна. Ийм үйлдвэр байгуулагдсаныг дуулаад иргэдийн хувьд “Хаягдал цаас авах уу”, “Ямар цаас авах вэ”, “Кг-ыг нь хэдээр тооцож авах вэ” гэж асууж байгаа гэнэ. Эдний үйлдвэр одоогоор зөвхөн хаягдал картон болон бор цаас хүлээж авч байгаа бөгөөд бөгөөд бохирдлоосоо хамаарч худалдаж авах ханш нь өөр өөр. Нэлээд муудаж, салбарсан хог хаягдалтай картон цаасыг кг-ыг нь 10-20 төгрөгөөр худалдаж авах бол цэвэрхэн картон хайрцгуудыг кг-ыг нь 30-40 төгрөгөөр үнэлж байгаа юм байна. Яваандаа хотод хэд хэдэн газар хаягдал цаас хүлээн авах цэг байгуулах гэнэ.

Манайхан хаягдал картон цаас, бор цаасыг ихэвчлэн шатаадаг. Эсвэл газарт булах маягаар устгалд оруулдаг. Бичгийн цагаан цаас болоод картон цаасыг шатаахад их ялгаатай. Картон цаасыг шатаахад цавуу болон нэмэлт бодистой учир шаталт муутайгаас гадна хурц үнэртэй, утаа тортог их гаргадаг. Газарт булахад ялзрах явцдаа өвчин үүсгэгч нян ялгаруулдгийг эрдэмтэд тогтоожээ. Тиймээс хаягдал картон цаасыг устгалд оруулахаас илүүтэй дахин боловсруулах нь байгаль экологид эерэг нөлөөтэй гэдгийг Б.Билгүүндарь захирал яриад “Манай үйлдвэрлэл бол экологид ээлтэй. Хаягдал картон болон бор цаасыг дахин боловсруулахад олон талын хэмнэлт бий болохын зэрэгцээ байгаль орчны доройтлоос сэргийлж, агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой” гэлээ. Нэг тонн бор цаас гаргаж авахад 17 ширхэг мод ашигладаг гэнэ. Тэгээд тэр 17 ширхэг модноос цаас гаргаж авахын тулд 26500 литр ус зарцуулдаг юм байна. Ингэхдээ 4100 Квт цахилгаан хэрэглэж агаарт их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг аж.

Харин мод тайрч цаас гаргаж авахгүйгээр хаягдал картон цаасаа ингэж дахин боловсруулснаар нэг тонн цаас үйлдвэрлэхдээ дээрх хэмнэлтийг бий болгоно гэсэн үг. Нэг тонн картон цаасыг газарт булахад гурван м/кв талбайг эзэлдэг. Тэгэхээр “Сайн цаас” компанийн үйлдвэр хүлээж авсан хаягдал цаасныхаа тонн тутамдаа гурван м/кв бүхий талбай газрыг цэвэр байлгахад ач тусаа өгч байна гэж дүгнэж болно. Нөгөөтэйгүүр модоо хэмнэж байгаа том буян.

Хаягдал цаасыг боловсруулах шат дамжлагыг ерөнхийд нь дүрсэлж хэлбэл хаягдал цаас хүлээж аваад хог хаягдал, бохирдлоос нь салгаад усанд дэвтээж зутан болгоно. Дараа нь түүнийгээ цэвэршүүлээд хоёроос гурван дамжлагаар шүүнэ. Шүүгээд гарсан зутан нь бантангийн гурил маягийн юм болчихоор дахин усаар цэвэршүүлээд индүүднэ. Үүний дараа хатаагч дамжлагаар явуулаад цавууны хэсэгт хүргэнэ. Цавуугаар шүршсэний дараа дахин хатаана. Ингээд бэлэн болсон цаасаа хуйлж орооно. Хоёр талаас нь хэрчиж өөлөөд ингээд дахин боловсруулсан бор цаас бэлэн болж байгаа юм. Захиалагч болон хэрэглэгчдийнхээ хүсэлтээр 100-200 гр-тай цаас гаргаж байгаа гэдгээ тус үйлдвэрийнхэн хэллээ.


Categories
мэдээ цаг-үе

Т.Доржханд: ОУВС санхүүгийн секторыг эрүүлжүүлэх зорилготой. Түүнээс ард түмний амьдрал муудахгүй

Эдийн засагч Т.Доржхандтай ярилцлаа. Тэрээр Японы Сангийн яаманд дадлагажигчаар ажилласныхаа дараа Сангийн яамны Санхүүгийн бодлого өрийн удирдлагын газрын дарга, НҮБ-ын “Түмэн бүс” бүс нутгийн хөтөлбөрийн захирал, Азийн хөгжлийн банкны Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөрийн удирдагч, ОУВС-гийн бүс нутаг хариуцсан захирлын зөвлөхөөр ажиллаж байжээ.


-Өнгөрсөн зунаас эхлэн ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах талаар ярьсан. Харин “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах болсон нь гэнэтийн мэдээлэл байлаа. Яагаад уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болчихов?

-ОУВС-тай хийх хэлэлцээрийн шатанд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн талаар ярьсан шүү дээ. Ард түмэнд хэлсэн нь өнгөрсөн ням гариг болохоос биш. ОУВС маш олон хөтөлбөртэй. Тэдгээр хөтөлбөрөөсөө аль нь тухайн улсад тохирох вэ гэдгийг харилцан ярилцаж шийддэг. Эдийн засаг нь тогтворгүй байгаа улс орны Засгийн газрынх нь хүсэлтээр хөтөлбөрөө хэрэгжүүлдэг байгууллага. Түүнээс биш дэлхийн цагдаа шиг энэ зээлийг ав, тэр чинь болохгүй байна гэж тулган шаарддаггүй. Өнөөдрийн манай улсад хэрэгжүүлэх гэж буй хөтөлбөр “Стэнд бай”-г бодвол илүү өргөн хүрээг хамарна. Нэг ёсондоо олон асуудлыг хамардаг гэдгээрээ “Стэнд бай”-гаас ялгаатай. “Стэнд бай” богино хугацааны хямралыг шийддэг. Харин манайд үүсээд байгаа нөхцөл байдлыг богино хугацаанд шийдэх боломжгүй. Дунд болон урт хугацаанд шийдэх асуудал болчихсон. Өвчнөөр яривал хүндэрсэн гэсэн үг. Ханиадаа эмчилж чадахгүйгээс болоод хатгаа болгочихсон асуудал яригдаж байгаа. Эмчлэхэд илүү урт хугацаа шаардана. Ерөнхийдөө өргөн хүрээнд асуудлыг шийднэ гээд ойлгочих. Зөвхөн төсөв, төлбөрийн балансаас илүүтэй эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, үр ашиг талаас нь харна. Ялангуяа санхүүгийн секторын бүтцийн өөрчлөлтөд нэлээн анхаарал хандуулна. Түүгээрээ бусад хөтөлбөрөөсөө ялгаатай. Хугацааны хувьд ч гэсэн 3-4 жилийн хугацаанд хэрэгждэг.

-Манайхан зөв хөтөлбөрөө сонгож чадсан уу. Хэр тохиромжтой хөтөлбөр вэ?

-Уг нь хоёр жилийн өмнө буюу намайг ОУВС-д ажиллаж байхад “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж 1.5 тэрбум ам.доллар авах тухай ярьж байсан. Тухайн үед эдийн засгийн хямралыг бага дээр нь эмчлээгүйгээс болж өвчин хүндэрсэн байна. Монгол Улсын төсөв нэг үеэ бодвол гайгүй болчихож. Төсвөөс гадуурх зардал хумигдаж төсөвтөө суудаг болсон. Энэ бол сайн үр дүн. Тэгэхээр одоогийн хэрэгжүүлэх хөтөлбөр төсөвтэй айхтар зөрчилдөхгүй. Мөнгөний бодлого тал дээр асуудал бий. Гэхдээ бүр илүү асуудалтай нь санхүүгийн сектор. Санхүүгийн секторын 96 хувийг банк эзэлж байгаа. Гэтэл банкуудын активыг үзэхээр чанаргүй зээл маш их. Саяхан л гэхэд “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой асуудлаар ч банкны үйл ажиллагааны асуудал сөхөгдөж олонд харагдлаа. Ийм нөхцөл байдалтай байгаа учраас бид яаралтай арга хэмжээ авахаас өөр аргагүй. Гэтэл Засгийн газарт үүнийг шийдэх боломж алга.

-ОУВС-гийн уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гадныхны хараат болох нь гэх болгоомжлол иргэдийн дунд бий. ОУВС ил биш ч гэлээ далд байдлаар манай улсыг удирдах уу?

-Зээлийг зөв ойлгох хэрэгтэй. Хятадаас, эсхүл Япон, Орос, Солонгосоос зээл авч болно. Хоёр улс хоорондын зээл хатуу нөхцөлтэй байдаг. Жишээлбэл, манайх АНУ-аас “Мянганы сорилын сан”-гийн зээл авсан. Хариуд нь тус улсын энхийг сахиулах бодлогыг дэмжиж Ирак руу цэргээ явуулсан шүү дээ. Япончууд манай улсад жилдээ 50-60 сая ам.долларын зээл өгдөг тогтсон журамтай. Гэтэл шинэ нисэх онгоцны буудал барихад зориулж ямар учраас зээл өгсөн бэ. Тэднийг НҮБ-ын Аюулгүй байдлын хороонд ороход нь манай улс дэмжсэн болохоор тэр. Гэтэл ОУВС ч юм уу Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллага зээл өгөхдөө ганцхан нөхцөл тавьдаг. Сахилга баттай, эрүүл бай гэдэг ганцхан нөхцөл тавина. Мөн улс хоорондын зээл ихэвчлэн төсөл хэлбэрээр орж ирдэг. Харин олон улсын байгууллагаас орж ирж буй мөнгө манай улсын төсөв рүү ам.доллараар орж ирнэ. Үүгээрээ маш их ялгаатай.

-Хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд урьдчилсан байдлаар нэлээн хэдэн нөхцөл, шаардлага тавьж байна. Үүнээс улбаалж ард түмний нуруунд хэр их ачаалал ирэх вэ?

-Улсын төсвөөр дамжуулж татварын орлого өсөх ёстой. Нөгөө талдаа бидний хэрэглээг бууруулах шаардлага харагдаж байна. Бид өмнөх хэдэн жил үрэлгэн төсөвтэй, эдийн засгийн сахилга батгүй явж ирлээ. Өнөөдөр харин нийтээрээ үүрэг хариуцлагаа ухамсарлах цаг. Засгийн газар Засгийн газар шиг сайн ажиллах хэрэгтэй. Ард түмэн ч гэсэн нөхцөл байдлыг ойлгож хэцүү байдлаас гарахын тулд хичээж ажиллах хэрэгтэй байна. Засгийн газар ч тэр, иргэд ч тэр ачааллыг үүрээд явахаас өөр арга байхгүй.

-Манай улсад тавьсан нөхцөл хэр хатуу шаардлага вэ. Бусад улс оронд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ямар жишигтэй байдаг юм бол?

-Эдийн засгийн онол гэж бий. Энэ онол их тодорхой стандарт, зарчимтай. ОУВС-гийн тавьж буй шаардлагууд эдийн засгийн онолд тулгуурласан. Тиймээс уг хөтөлбөрийг дэлхийн аль улсад хэрэгжүүлж байгаагаас болж нөхцөл өөрчлөгдөнө гэж байхгүй. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж буй улс оронд яг л ийм нөхцөл тавина гэсэн үг. ОУВС гэдэг бол дэлхийн эдийн засгийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилготой. Ядарч буй улс орнуудад туслалцаа үзүүлэх үүрэгтэй байгууллага. Дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүрэг нь тэр. Түүнээс биш мөнгө хийдэг, аль нэг улсад бодлогын дарамт үзүүлдэг байгууллага огт биш. Ер нь эдийн засаг сайн ойлгодог хүмүүс Засгийн газарт тавьж буй гэрээний нөхцөлийг их эерэг хүлээж авч байгаа байх. Ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй гэдгийг мэдэж байгаа.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдчих юм бол тухайн улс орон дампуурдаг гэсэн яриа бий. Үнэхээр хөтөлбөр хэрэгжүүлээд дампуурсан улс байдаг юм уу?

-Сөрөг яриа гарч л байна. Гэхдээ бодит байдлаа харах хэрэгтэй. Бид гаднаас зээл авч мөнгө босгох тухай л ярьж байгаагаас биш системийг эрүүлжүүлэх талаар дорвитой арга хэмжээ авахгүй байна. ОУВС тодорхой сахилга баттай санхүүгийн дэглэмийг тухайн оронд хэвшүүлээд буцаад гардаг байгууллага. Манай улс 2009 онд “Стэнд бай” хөтөлбөрийг маш богино хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн. Явахдаа бүр Монгол дахь оффисоо буулгаад “Үүнээс хойш танай улсад ирэхгүй байх. Амжилт хүсье” гээд явсан. Гэтэл хэдхэн жилийн дараа эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихлээ. Засаглаж чаддаггүй, бодлогоо хэрэгжүүлдэггүй, мэргэжлийн бус байгаагийн жишээ юм болов уу гэж дүгнэж байгаа.

-Дэлхийн хэмжээнд уг хөтөлбөрийг хэрэгжүүлээд амжилт олоогүй улс байдаг уу. Ер нь амжилттай хэрэгжсэнийг илэрхийлсэн тоон үзүүлэлт бий юү?

-Өнөөдрийн байдлаар “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлээд явж буй арав гаруй улс бий. Манайх 12 дахь улс нь болж байгаа юм билээ. “Стэнд бай” хөтөлбөрт найман улс хамрагдаж байгаа. Бүгд амжилттай хэрэгжүүлж байгаа. Ер нь ОУВС-гийн түүхэнд маш цөөн тохиолдолд үр дүн гарч байгаагүй. Ямар тохиолдолд үр дүн гарч байгаагүй вэ гэхээр тухайн улсын улстөрчид болон олигархиудын ашиг сонирхолтой холбоотой. Үр дүн гараагүй улс орон ОУВС-гийн буруу гэж ард түмнийхээ тархийг угаагаад байх шиг байдаг.

-Манай улсын бодлогод шууд нөлөөлөөд эхлэх үү?

-Ажлын хэсэг манай улсад ажиллаад гурван нөхцөл урьдчилан тавьж байна. Ипотекийн зээлийг Монголбанк хариуцаж байсныг болиулж Засгийн газрын мэдэлд өгөх нь зүйтэй гэсэн. Монгол Улсын төв банк мөнгөний бодлогыг барьдаг болохоос биш Засгийн газар шиг ажилладаггүй. Тиймээс үүнийгээ зогсоо гэсэн. Хоёрдугаарт, улсын төсөвтөө тодотгол оруулж үр ашиггүй зардлаа хэмнэж орлогын боломжоо нэмэгдүүл гэсэн. Гуравдугаарт, санхүүгийн секторт чинь шинжилгээ хийе. Бүх мэдээллийг ил болгооч гэсэн. Шинжилгээ хийсний үр дүнд ямар бохирдол, зүй зохисгүй зүйл байгааг тогтоож өөрчилье гэх гурван нөхцөл тавьсан. Эдгээрт ард түмэн дургүйцээд байх зүйл байхгүй. Улсын бодлогод ч нөлөөлөөд байх зүйлгүй. Яахав цөөн хэдэн тооны шалгуулах, мэдээллээ өгөх дургүй хүмүүс дургүйцэх байх.

-Бидэнд уг хөтөлбөрийг хугацаанаас нь өмнө зогсоох боломж бий юү?

-Төсвөө тана, мэдээллээ ил болго гэдэг ч юм уу, тавьсан шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд хөтөлбөр зогсдог.

-Хөтөлбөр хэрэгжиж байх хугацаанд эдийн засгаа сэргээж чадвал ОУВС манай улсаас гарах уу?

-Цоорхой уутыг оёсны дараа мөнгө хийх хэрэгтэй. Улс мөнгөтэй болох эсэх нь тийм ч чухал биш. Хамгийн гол нь санхүүгийн сектор эрүүлжих.

-Өнгөрсөн ням гаригт урьдчилсан байдлаар нөхцөлөө танилцуулсан. Ирэх сард Захирлуудын зөвлөлөөр батлагдсан тохиолдолд нөхцөл өөрчлөгдөх үү?

-Эхлээд одоо өгсөн гурван нөхцөлөө биелүүлэх хэрэгтэй. Дараа нь гурван жилийн хугацаанд төсөв, мөнгөний бодлогодоо ямар арга хэмжээ хэрэгжүүлэхээ тохирно. Цаг хугацаатай уялдсан нөхцөлүүд гаргаж ирнэ гэсэн үг.

-Захирлуудын зөвлөл хөтөлбөрийг баталчихвал эхний санхүүжилт хэзээ орж ирэх вэ. Мөн ямар шат дараалалтай орж ирэх бол?

-Засгийн газар ОУВС-гийн тохиролцооны л асуудал. Ямартай ч төлбөрийн балансыг дэмжих зорилгоор орох байх. Захирлуудын зөвлөлөөр хөтөлбөр баталсны дараа Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хэлэлцээр хийж санхүүгийн эх үүсвэрээ хэрхэн татахыг ярих байх.

-Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэнэ, хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авна, шатахууны онцгой татварыг нэмэгдүүлэхээр үнэ өснө гэхчилэн иргэдэд дарамт үүсэх байх. Хамгийн хүнд үе хэзээ байх вэ?

-ОУВС хөтөлбөрөө хэрэгжүүлснээс болоод шатахууны үнэ өснө гэж ярьж болохгүй. Өмнө нь өсөж л байсан. Ер нь нэг зүйлийг ойлго. Хөтөлбөр хэрэгжсэнээр ард түмний амьдрал муудахгүй. Улсын эдийн засгийг сэргээх үндсэн зорилготой. Түүнээс биш ард түмэнд нь ачаалал үүрүүлж улсыг дампууруулах гээгүй. Иргэд хэсэгхэн хугацаанд л тэсчих. Нэгээс хоёр жилийн дараа үр дүн гарч эхэлнэ. Хөтөлбөр хэрэгжүүлэхгүй бол үүнээс дор байдалтай болно шүү дээ.

-Хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл ажиллагааг ямар хүмүүс гардах юм бэ?

-Ажлын хэсэг гарна. Олон улсын төлөөллөөс баг бүрдэж ажиллана. Шаардлагатай бол манай улсад ирж ажиллана. Монгол дахь суурин төлөөлөгчийн газар мэдээлэл боловсруулах үүрэгтэй. Цаг тухай бүрт мэдээллээ солилцоод явчихдаг юм.

-ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихээр ам.долларын ханш буурдаг жишээ бий. Энэ удаад яах бол?

-Санхүүгийн тогтвортой байдлыг бий болгохыг зорьж байгаа шүү дээ. Тиймээс ханшийн хувьд ч гэсэн тогтвортой байлгах гэж зорино. Айхтар савлахгүй байх гэж бодож байна. Өмнөх удаагийн ам.долларын ханш буурсан нь хөтөлбөртэй уялдахаас илүү экспортын бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой. Энэ удаа гадаад нөхцөл байдал өөр байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Гарамжав: Намрын чуулганаар эдийн засгийн өөрчлөлтүүдийг хийж чадсан

УИХ- ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжавтай ярилцлаа.


-Намрын чуулган хааж гишүүд тойрогтоо ажиллаж байна. Чуулганыг хэр үр дүнтэй ажилласан гэж та дүгнэж байна вэ?

-Намрын чуулганы өмнө цаг үеийн тулгамдсан олон асуудал байсан. Ер нь хариуцлагыг мэдрүүлсэн, ухамсарлуулсан чуулган болсон гэж үзэж байна. Хамгийн түрүүнд эдийн засгийн хүндрэлийг даван туулах гарцыг олох хариуцлага хүлээж байлаа. Өр зээлтэй, гадаадын хөрөнгө оруулалт зогссон хүндхэн эдийн засгийг хүлээж авсны дараа бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй болсныг бүгд мэдэж байсан. Эдийн засгийг тогтворжуулах өсөлтийг хангах зорилгоор хөтөлбөр баталлаа. Гэсэн ч өнөөдөр байдал хүнд байгааг бид харж байна. Төсвийн байгууллага бүх шатандаа сахилга хариуцлагатай, хэмнэлтийн горимд ажиллаж байна. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь хамгийн чухал. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийг дэмжиж жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй 4700 аж ахуйн нэгжийн татварыг нэг хувь болгож тоног төхөөрөмжийг нь гаалийн татвараас чөлөөллөө. Ахмад настны тухай хуулийг шинэ оны өмнө баталсан. Уг хууль батлагдсанаар хаврын тэргүүн сарын шинийн нэгэн болон Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан жилд хоёр удаа ахмадуудад “Насны хишиг” олгох юм. Удахгүй болох сар шинийн баярын өмнө 122 орчим мянган ахмад настан 20.5 тэрбум төгрөгийг гар дээрээ авч эхэллээ. Мөн тэтгэврийн зээлийн хүүг 18 хувь байсныг 15 болгож бууруулсан гээд эдийн засгийн хүндрэлийн үед иргэддээ чиглэсэн шийдвэрүүдийг гаргаж чадсан үр дүнтэй чуулган болсон. Хэдийгээр эдийн засгийн хүндрэлтэй, улс орны санхүү сайн биш байгаа ч нааштай зүйл ажиглагдаж байна. Манай улсын төсвийн орлого, тусламж энэ оны эхний сард 440 тэрбум, зарлага 465 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад төсвийн алдагдал 30 тэрбумаар буурсан. Гадаад худалдааны тэнцэл 151 сая ам.долларын ашигтай гарч экспорт 30, импорт 40 хувиар нэмэгдсэн байна. Боловсруулах аж үйлдвэр 20 орчим хувиар өссөн тооцоо бий. Ингэснээр хямралаас гарлаа гэсэн үг биш. Хүндрэл, хямралыг богино хугацаанд арилгачих зүйл биш гэдгийг бид харж байна.

-Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны намрын чуулганы явцад нэлээд ачаалалтайажилласан гэж байсан.Хэлэлцсэн хуулиудаа бүгдийг нь батлуулж амжив уу?

-Намрын чуулганы хугацаанд манай байнгын хороо дунджаар 63.15 хувийн ирцтэйгээр 10 удаа хуралдаж, давхардсан тоогоор 27 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл тавыг, сайдын мэдээлэл гурвыг сонсч, Улсын Их Хурлын тогтоол хоёрыг батлуулсан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Мал амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хэнтий Хаан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай гээд салбарын томоохон хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Түүнчлэн гурван томоохон хэлэлцүүлгийг хийлээ. Мэргэжлийн байгууллагын төлөөллийг бүгдийг нь оролцуулан гарц шийдэл хайсан хэлэлцүүлэг хийснээр өнөөдөр асуудал шийдэгдэх боломж бүрдэж байгаа. Тухайлбал, “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг хийсэн. Энэ хэлэлцүүлгээр тулгамдаж буй асуудал, бэрхшээл, хүндрэлүүдийн талаар үнэлэлт, дүгнэлт өгч цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар “Зөвлөмж” гарган холбогдох газруудад хүргүүлсэн. Ямар боловч манай байнгын хороо нийслэлчүүдээ шинэ цэвэрлэх байгууламжтай болтол шахаж шаардаж ажиллах болно. Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтран“Ариун цэврийн байгууламж-Нүхэн жорлон”, “Монгол орны бэлчээрийн төлөв байдал, тулгамдсан асуудал” хэлэлцүүлгүүдийг хийсэн байна. Бэлчээрийг хамгаалахын тулд бие даасан хууль гаргах нь оновчтой эсэх, хуулиар зохицуулах бол бүс нутгийн онцлогийг хэрхэн харгалзах, уул уурхайн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоог багасгах, малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн зөв эргэлтэд оруулах, газрыг ашиглах, эзэмших харилцааг нарийвчлан зохицуулах хэрэгтэй байгаа гээд салбарын олон асуудалд мэргэжлийн байгууллагынхан санал нэгдсэн.

-Танай байнгын хорооны хувьд Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг анхаарлын төвд авчирч чадсан. Цэвэрлэх байгууламжийн талаарх хэлэлцүүлгийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг байнгын хороогоорсонсоход үр дүн хангалтгүй байгаа нь харагдсан. Ер нь шинэ цэвэрлэх байгууламжтай болох найдвар хэр байна?

-“Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал-хөрөнгө оруулалт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, мэргэжлийн байгууллагуудад хандсан зөвлөмжийндагуу хэрэгжүүлж байгаа арга хэмжээний мэдээллийг байнгын хороогоороо сонссон юм. Байнгын хорооноос гаргасан зөвлөмжид шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлд үнэлгээ өгч, ажлын хэсэг байгуулах, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийг судалж, зураг төсөлд тусгах, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд заасан холбогдох журмуудыг боловсруулах, шугам сүлжээний үйл ажиллагаанд технологийн хяналт, шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг хохирол багатай, цаг алдалгүй арилгуулах, цэвэрлэх байгууламжийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд магадлагаа хийж, технологийн горимыг мөрдүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг тусгасан. Гэтэл ажлын хэсгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд удаашралтай. Дээр нь төв цэвэрлэх байгууламжид байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийг судалж, зураг төсөлд тусгасан, судалсан нь хангалтгүй байсан юм. Мөн уулзалтаар Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүд Япон улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй уулзах үеэр Ёкохама хотын цэвэрлэх байгууламжтай танилцаж туршлага судалсан талаараа мэдээлэл өгсөн. Уг цэвэрлэх байгууламж тун энгийн зарчимтай бөгөөд байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологитой. Тухайлбал, өтгөн лагийг исгэж метан хий, эрчим хүч, барилгын материал болгон хувиргаж үйлдвэрээ төдийгүй бүтээгдэхүүнээ борлуулж ашгийг бий болгож байгаа үлгэр жишээг танилцуулж судлахыг зөвлөлөө. Гишүүдийн хувьд төв цэвэрлэх байгууламжийн ажлыг эрчимжүүлж, энэ жилдээ багтаан барилгын ажлыг эхлүүлж 2020 он гэхэд ашиглалтад бүрэн оруулсан байх шаардлагатайг ажлын хэсгийнхэнд анхааруулсан.

-Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Сар шинэ, Мартгээд олон баяр дараалаад дуусахад дулаараад утаа арилна. Өвөлтэй золгоход дахиад л агаарынбохирдлоо ярина. Сүүлийн үед хийж байгаа ажлууд хэр оновчтой гэж харж байна?

-Гамшгийн хэмжээнд хүрсэн утааныхаа асуудлыг монголчууд бид хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт тодорхой шийдэлд хүрэхээр санал санаачлага өрнүүлсэн өдрүүд өнгөрлөө. Энэ бол төр, иргэн, бүх талын оролцоонд тулгуурлаж үр дүнд хүрэх ажил. Утаа нь хариуцлагатай холбоотой гэдгийг бид хүлээн зөвшөөрөх учиртай. Ирэх өвөл дахиад л утаагаа яриад суух бус оновчтой шийдвэр, тодорхой ажлуудыг хийсэн байхыг иргэд хүсч байгаа. Нэгдүгээр сарын 01-нээс Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн шөнийн эрчим хүчний үнийг тэглэхээр Засгийн газраас шийдвэр гаргасан. Энэ боломжийг иргэд зөв ашиглах ёстой. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг яаралтай хийж, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, түүхий нүүрсний хэрэглээг бууруулахын тулд шинэ дэвшилтэд технологиудыг нэвтрүүлэх хэрэгтэй байна.

-УИХ-ын үр дүнд парламентад 45 гишүүн шинээр орж ирсэн. Та тэдний нэг. Таны бодлоор шинэ гишүүд хэрүр бүтээлтэй ажилласан бэ?

-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан хуваарьт тусгасан асуудлыг хэлэлцэж, бие даасан 22 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 175, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 15, гэрээ конвенц соёрхон батлах тухай хууль гурав, УИХ-ын 59 тогтоолыг баталсан байгаа юм. Парламентын гишүүдийн талаас илүү хувь нь шинэчлэгдсэн ч чадварлаг залуучууд орж ирсэн нь бахархууштай байгаа. Хууль тогтооно батлана гэдгийг гишүүдээс оюуны болон ажлын туршлага, чадвар шаарддаг. Тухайн хуулийг дарамт бус амьдралд эерэгээр нийцүүлэх, хөгжил дэвшилд хөтлөгч болгохын төлөө их зүйлийг уншиж судалж байна. Хуучин туршлагатай гишүүд шинэ гишүүдийнхээ туг, ноён нуруу нь болж ажиллалаа. Тэдний туулсан туршлага үг, үйлдэл бүрээс нь суралцах зүйл их байна.

-Намрын чуулган завсарлахаар гишүүд тойрогтоо ажиллаж байна. Та энэ хугацаанд ямар ажил амжуулав?

-УИХ-ын чуулган хаасны маргаашнаас тойрогтоо ажиллаж байна. Намрын чуулганы хугацаанд баталсан хууль, тогтоолыг сурталчилж, сонгогчдынхоо үгийг сонслоо. Улаанбаатар хотын хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн хувьд эрүүл мэнд, сургууль цэцэрлэг, цахилгаан, усан хангамжийн хүрэлцээ дутмаг гээд тулгамдсан асуудал ихтэй. Цэцэрлэгийн өргөтгөл, ус, цахилгаан хангамжийг сайжруулах, зам талбай засах, барих гээд олон ажлыг шат дараатай хийхээр төлөвлөсөн. Тойргийнхоо 110 дугаар цэцэрлэгийн сэрүүн өрөөний дээвэр, шал, дулааныг иж бүрэн засварлаж ариун цэврийн өрөөний санг шийдэж ашиглалтад хүлээлгэж өглөө. Ингэснээр 50-80 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломж бүрдлээ. Цаашдаа ийм зураг төслөөр баригдсан цэцэрлэгүүдийн сэрүүн өрөөг засварлаж өргөтгөхөөр ажиллаж байна. Мөн монгол түмний уламжлалт сар шинийн баяр тохиож байгаа үед тойргийнхоо ахмадуудад хүндэтгэл үзүүллээ. Энэ дашрамд Монгол түмэндээ XVII жарны Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилдээ хотол олноороо дүүрэн жаргалтай, төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Э.БОЛД

Categories
мэдээ цаг-үе

Б.Баасанхүү: Хөдөө орон нутгийн хүүхдүүдийн сэтгэлгээний цар хүрээ маш сайн байдаг

Д.Сүхбаатарын нэрэмжит II дунд сургуулийн бага ангийн багш, Ардын боловсролын тэргүүний ажилтан Б.Баасанхүүтэй ярилцлаа.


-Та хэдэн жил багшилж байна вэ?

-Би Ховд аймгийн уугуул хүн л дээ. 1986 онд Улаанбаатарт Багшийн дээд сургуулийг бага ангийн багш мэргэжлээр дүүргэсэн юм. Түүнээс хойш 30 гаруй жил аав, ээжийн алаг үрсэд сурсан мэдсэнээ түгээж явна. Нийт 400 гаруй шавьтай болсон байна. Миний гэр бүлд багш мэргэжилтэй хүн байдаггүй л дээ. Харин бага ангийн багш минь намайг энэ мэргэжилд дур сонирхолтой болгосон юм. Надаар хүүхдүүдийн тооны, цээж бичлэгийн гэх мэт дэвтэр засуулдаг байсан. Хүүхэд болохоор багш болчихсон юм шиг төсөөлөөд л засна. Энэ нь намайг багш гэх эрхэм хувь заяанд хүргэж дээ гэж бэлгэшээж явдаг.

-Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

-Тухайн үед оюутнуудад томилолт өгдөг байлаа. Би Ховд аймгийн Манхан суманд хуваарилагдсан. Тэнд очоод бага ангийн багшаас гадна байрны багшийн үүргийг давхар гүйцэтгэж эхэлж билээ. Шинэхэн багш самбарын өмнө гараад л тэр олон бүлтгэнэсэн нүднүүдийг хараад би ямар их үүрэг хариуцлагатай мэргэжил эзэмшээ вэ гэж бодогдож байсан. Нэг бодлын би чадах болов уу гэсэн айдас төрж байсан шүү. Манай нэг багш “Эмч хүн нэг алдахад нэг хүн л ална, харин багш хүн нэг алдахад олон хүнийг алдаг” гэж хэлсэн нь санаанаас ердөө гараагүй.

Тиймдээ ч алдахгүйн тулд маш их хичээдэг байлаа. Шөнө конспектоо биччихээд л толины өмнө зогсож байгаад л ганцаараа ярина. Хүүхэд болгонд зориулж төлөвлөгөө боловсруулна. Хэн юун дээр анхаарах ёстой, хэнд юу гэж хэлэх зэргээ бэлдэнэ гэх мэт. Тухайн үеийн багш нар ч их сайхан хүмүүс байж. Залуу багш болохоор бүгд л туслахыг хичээдэг. Энэ хичээл дээр ингэдэг юм шүү, тэр аргыг хэрэглэвэл үр дүнтэй гээд л зөвлөдөг байж билээ. Би Манхан суманд хоёр жил ажилласан. Дараа нь Ховд аймгийн хуучнаар I найман жил буюу IV арван жилийн сургуульд багшлахаар болсон юм. 1988-2006 он хүртэл энэ сургуульд багшилж олон сайхан шавьтай болсон доо. Би 1992, 2003 онуудад багш нарын ур чадварын уралдаанд тогтмол II, III байр эзэлдэг байлаа. Мөн 1996 онд аймгийнхаа аварга багшаар шалгарч байсан. Би багш мэргэжлийг их сайхан цагаан мөртэй гэж боддог. Тиймдээ ч ажил үйлс минь бүтэмжтэй өөдрөг явдаг болов уу хэмээн баярлаж явдаг даа.

-Харин хэзээнээс энэхүү сургуульд багшлах болов. Хот, хөдөөгийн хүүхдүүд ямар ялгаатай байсан бэ?

-Би 1999 онос өнөөг хүртэл МННХ-ийн Соросын сангийн “Алхам алхам”-аар хөтөлбөрийн сургагч багшаар ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Ховд аймгаас хоёр багшийг шалгаруулж Улаанбаатарт багшлуулахаар болж байсан юм. Би энэ хөтөлбөрт шалгарч 2006 оноос эхлэн II сургуульд багшилж байна.

Хот, хөдөөгийн хүүхдүүд мэдээж ялгаатай байсан. Анх энэ сургуульд ирээд нэгдүгээр анги дааж аваад хичээл зааж эхлэхэд хамгийн их ажиглагдсан зүйл нь сэтгэлгээний цар хүрээ нь хөдөө орон нутгийн хүүхдээс ялгаатай байсан юм. Хөдөө орон нутгийн хүүхдүүдийн сэтгэлгээний цар хүрээ маш сайн байдаг юм билээ. Миний төсөөллөөр төв газрын хүүхдүүд сэтгэн бодох чадвар, цар хүрээ нь илүү байгаа болов уу гэж бодсон ч үгүй байсан л даа. Хөдөөний хүүхдүүд уул ус, цэлгэр тал нутагтайгаа ойр байгаа учир сэтгэх чадварт нь нөлөөлдөг байх. Харин хот газрын хүүхдүүд маань хаашаа л харна өндөр барилга, хотоос цааш юу байгаа нь тодорхой биш байдаг юм шиг. Энэ нь эргээд төсөөлөх, сэтгэн бодох чадварт нь нөлөөлдөг байж болзошгүй. Би буруу ажиглалт, дүгнэлт өгөөд байна уу гэж бодоод энэ тухай ахмад багш нартай ярилцсан л даа. Ихэнх багш нар маань хөдөө орон нутгийн хүүхдүүд илүү байдаг талаар хэлж байсан.

-Багш бүр өөр, өөрийн гэсэн арга барилтай байдаг. Таны хувьд?

-Багш хүн хичээлийг үр дүнтэй заахын тулд сургалтын аргуудыг маш сайн, оновчтой хэрэглэж байх ёстой. Хичээлийн аль үед нь ямар арга хэрэглэвэл үр дүнтэй вэ гэдгээ бодох хэрэгтэй. Миний хувьд багаар ажиллуулах арга хэрэглэхийг зорьдог. Хамтдаа аливаа зүйлийг хийж сурах, сэтгэх, эвтэй байх дадлыг бий болгохыг хичээдэг дээ. Мөн сургалтын идэвхтэй аргуудыг хэрэглэх сонирхолтой.

Ер нь багш хүн ямар ч хичээлдээ сэтгэл зүрхээ шингээж сайн бэлдэх хэрэгтэй. Нэгэнт энэ мэргэжлийг сонгосон бол энэ хэдэн хүүхдийн төлөө бүхий л зүйлээ зориулж чаддаг байх ёстой гэж боддог. Залуу багш нар ч үүнийг санаж явбал зүйтээ болов уу. Монголын боловсролын төлөө хамгийн их хувь нэмэр оруулж чадах хүмүүс бол сурган хүмүүжүүлэгчид бид шүү дээ.

-Сурагчдынхаа хувьд хамгийн их санаа зовниж явдаг зүйл юу байна вэ?

-Багш хүн ер нь ээжээс өөрцгүй л дээ. Шавь нарынхаа хойноос үргэлж л сураг, ажиг тавьж суудаг юм. Миний хамгийн анхны төгсөлтийн хүүхдүүд одоо 40 хүрч яваа хүмүүс байна. Гадаад, дотоодод мөн эх орондоо ч тэр ихийг бүтээж яваа залуус цөөнгүй бий. Яахав, багш хүний хувьд сайхан мэдлэг боловсрол, ур чадвартай хүн болж төлөвшөөсэй гэж үргэлж бодож явдаг. Ерөнхий боловсролын сургууль төгсөх гэж буй шавь нартайгаа таарах юм бол хичээл номоо хийж байна уу, ямар мэргэжилтэй болох гэж байна гээд бас зааж, зөвлөөд авна. Ерөнхий шалгалтаа өгчихөөд шавь нар минь гүйгээд ирнэ л дээ. Сайхан сургууль авсан бол баярлана, үгүй бол сайн хийхгүй гэж зэмлэнэ. Гэхдээ бас урам өгөх, сэтгэлээр дэмжихээ ч мартахгүй. Аав, ээжийн өврөөс гараагүй жаахан амьтад л бидэн дээр ирдэг болохоор их ойр, дотно болчихсон байдаг юм. Багш хүний чин хүсэл шавь нараа л сайн сайхан явахыг харах байдаг юм даа.

-Та одоо хэддүгээр анги дааж авсан байна вэ?

-Одоо нэгдүгээр ангитай байна. 46 сурагчтай л бужигнаж байна даа. Гэхдээ анх зургаан настнууд сургуульд орж байсныг бодвол хамаагүй өөр болсон шүү. Анхны зургаан настнуудынхаа гутал, хувцсыг нь өмсүүлэх, бие засуулах гээд бүхий л зүйлд нь хамт. Яг л цэцэрлэгийн багш шиг байдаг байлаа. Одоо бол өөр шүү. Надаас шалтгаалахгүй бүх зүйлээ зохицуулчихна. Тов хийтэл үзэл бодлоо илэрхийлчихнэ гээч.

-Хичээлээ ойлгож, тогтоох нь ямар байдаг бол?

-Зургаан настнууд мэдээллийг маш хурдан хүлээж авна. Энэ хэрээрээ маш хурдан мартдаг. Нэг шинэ хичээл заагаад л хоёр, гурав хоногийн дараа эргээд асуухад яг цоо шинэ юм сонсож байгаа мэт л харна шүү дээ. Тэгэхээр эцэг, эхчүүд маань хүүхдүүдийнхээ хичээлийг сайн давтуулж, ажиллах нь чухал. Хичээлийг нь сайн давтуулаад л байх юм бол хүүхэд чадваржина л гэсэн үг. Харин найман нас хүрээд ирэхээрээ аливаа зүйлийг гүн гүнзгий хүлээж авч, мартах нь удаан болчихдог. Мөн тэвчээртэй суугаад ч сурчихдаг. Зургаан настнууд дээд тал нь 25-30 минут сууна. Тэгээд л хөдөлгөөнд ороод, үймүүлэх гээд эхэлнэ дээ. Энэ үед нь л тоглоомын болоод алжаал тайлах аргуудыг ашиглаж байж дараагийн хичээлдээ орох хэрэгтэй.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөлдөө танигдсан Ц.Энхтуяа багштай, Д.Цанлигренчин даргатай “супер” ангийнхан

Ц.Энхтуяа багштай ангийн хамт олон

Хөвсгөл аймгийн “Ирээдүй ХХI Зуун цогцолбор” сургуулийг 2008 онд төгссөн Ц.Энхтуяа багштай 11а ангийнхныг энэ удаагийн нэг анги буландаа онцолж байна. Нийтдээ 38 сурагчтайгаас 26 хөвгүүн, 12 охинтой төгссөн энэ ангийнхан математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги байсан гэдгээрээ нэлээд онцлогтой, сурлага сайтай хүүхэд олонтой байжээ. Мөн математикаас гадна бусад бүх л хичээлд идэвхтэй оролцдог, урлаг спортын төрөлдөө ч аймагтаа тэргүүлдэг анги байв. Тухайлбал, математикийн хичээлээр Б.Баярцэнгэл, Д.Цанлигренчин, Д.Энхболд нар аймаг болон бүсийн олимпиадуудад алт мөнгө хүрэл медалиудыг олонтоо хүртсэн, багшийнхаа гарын шав нар нь.

Мөн Б.Алтаншагай аймгийн физикийн олимпиадад оролцох бүртээ тасралтгүй түрүүлж, Б.Мөнхбат нь хүрэл медаль, тусгай байрын шагналыг олонтоо хүртэж байжээ. Харин монгол хэлний хичээлийн аймгийн олимпиадуудад Ичинноров өндөр амжилт гаргаж, улсын олимпиадаас мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй. Мөн Д.Чинбилэгт аймгийн олимпиадад хошой алт, улсын олимпиадаас хүрэл медаль, Эрдэнэсүх хүрэл медалиудын эзэд болсны сацуу англи хэл, орос хэл, хими зэрэг хичээлүүдээр сургууль хамт олноо төлөөлөн аймгийн олимпиадад оролцон тусгай байрын эздээр тодорч байлаа.

Аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Б.Алтаншагай, Д.Цанлигренчин нар алт, мөнгөн медалийг хүртсэн. Мөн ширээний теннисний Аймгийн аваргын шалгаруулах тэмцээнд М.Мягмардалай хүрэл медаль хүртэж байсан. Эдний ангийнхан маш спортлог байсны нэгэн тод жишээ гэвэл “Ирээдүй цогцолбор” сургуулийн гар бөмбөгийн шигшээ багийн тамирчдын ихэнх нь буюу таван тамирчин нь гэхэд л энэ ангиас гардаг байж. Тиймдээ ч тухайн үед тоглолтын болоод хөгжөөн дэмжих ёс зүйгээрээ хойч үеийн дүү нартаа үлгэр жишээ болж байсан дурсамжтай. Хожим нь тус сургуулийн үе үеийн төгсөгчдийн дунд зохион байгуулагдсан гар бөмбөгийн тэмцээнд хоёр жил дараалан алт болон мөнгөн медалийн эзэд болж, багаараа дараалан цомын эзэн болсноос тус анги спортоор ямар хүчтэй баг хамт олон байсныг харж болох ажээ.

Спортоос гадна эдний анги урлагаар ч тэргүүлнэ, тухайлбал, “Edelweiss” гэдэг бүжгийн хамтлагтай байсан нь сургуулийн аварга шалгаруулах “Улаан сарнай” бүжгийн тэмцээнд алт болон мөнгөн медаль хүртэж, тухайн жилдээ Хөвсгөл аймгийн хүүхдийн харшийн сүлд модны наадамд урилгаар оролцож байсан аж.

Энэ ангийн Б.Баттуяа болон Б.Оюунчимэг нар нь гоцлол дуу, гоцлол ятга хөгжмийн төрлөөр аймгийн Хүүхдийн урлагийн Яргуй наадамд тэргүүлэн улсын Хүүхдийн наадамд амжилттай оролцож байжээ.

Ингээд төгсөх жилээ буюу 2008 онд сургуулийнхаа “Шилдэг анги” болж тухайн жилдээ Элсэлтийн ерөнхий шалгалтыг амжилттай өгч, ангиараа буюу 100 хувь нь улсын чанартай томоохон их дээд сургуульд элсэн суралцацгаасан байна. Энэ их амжилтын дараа ангийн багш Ц.Энхтуяа нь тухайн жилийнхээ аймгийн “Шилдэг багш” болж байсан юм байна.

Өнөөдөр тус ангийнхан маань Монголынхоо өнцөг булан бүрт өөрсдийн сурсан мэргэжлээрээ амжилттай ажиллаж амьдарч улс орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байгаад ангийнхан нь бие биенээрээ ихэд бахахдаг гэнэ.

Тухайлбал, “11а”-гийн ангийн дарга Д.Цанлигренчин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн туслахыг олон жил дараалан амжилттай хийж байсан, одоо Барилгын хөгжлийн төвд ахлах мэргэжилтэн гэх алба хашиж буй. Ангийн хөвгүүн Ч.Ганбат гэхэд л Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвд эдийн засагч судлаач хийдэг. Б.Баярцэнгэл ТЭСО корпорацид мэргэжилтэн, Л.Батцогт Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг дарга болчихсон байх жишээний. Ангийн охин Е.Мягмарсүрэн ангийн теннисний аварга, волейболчин шилдэг хөвгүүдийн нэг М.Мягмардалайтай гэр бүл болоод Хөвсгөл аймгийнхаа МСҮТ-ийн нийгмийн ажилтнаар ажиллаж байгаа. Харин чадварлаг дайчин сэтгэлтэй, зүтгэлтэй Д.Энхтуяа багш нь одоог хүртэл төрөлх сургуульдаа амжилттай багшилж байна. 2015 онд ангийнхаа нэрэмжит аймгийн математикийн олимпиадыг зохион байгуулсан гээд эдний ангийн амжилт дундаршгүй их.