Categories
мэдээ цаг-үе

Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.АЛТАНТУУЛ: “Эмч хүн жаргалын ээж” дууг өөрөө өөртөө л “хүлхэж” явъя гэж зохиосон чинь хүмүүст хүрчихсэн

“Хүж дэлхий амгалан байг”, “Эмч хүн жаргалын ээж”, “Санахын жаргал”, “Бүсгүй заяа” зэрэг олон дуугаараа ард түмний сэтгэлд хоногшсон Үндэсний урлагийн их театрын (УАДБЧ) хормейстр, хөгжмийн зохиолч Д.Алтантуултай ярилцлаа. Тэрээр цагаан сарын өмнөхөн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаасан билээ.


-Та гавьяат жүжигчин Д.Хоролсүрэнгийн дуулснаар түмэнд хүрсэн “Хүж дэлхий амгалан байг” дуугаа хэдэн онд зохиосон юм бэ?

-1977 онд хойно төгсч ирээд 1979 онд л хийсэн шиг санаад байдаг юм. Хоролсүрэн маань харин 1981 онд Монгол хүн сансарт нисэхэд зориулж бүтээсэн гээд байдаг юм.

-Дууны шүлэгт,

Сансарт хүүгээ илгээж байг

Санан ээж нь хүлээж сууг

Эргээд хүү нь ирж байг

Ээж нь тэврээд үнсэж байг ээ гэдэг. Үүнээс нь монгол хүн сансарт ниссэн үйл явдалтай холбож ойлгож болох нь?

-Тэгэхээр энэ яруу найрагчид чинь юмыг урьдчилаад мэддэг юм шиг тэгж бичдэг байна шүү. Энэ чинь Лувсангийн Дагвадоржийн шүлэг. Монгол хүн сансарт нисээгүй байхад л тэгээд шүлэглэчихсэн хэрэг. Тэгж л боддог юм. Би анхны ноорог дээрээ уг нь 1979 он гээд биччихсэн байна лээ л дээ. Үүнээс үзвэл яруу найрагчид чинь бүхний өмнө байна шүү. Тийм л мундаг авьяас байдаг бололтой.

-Хөгжмийн зохиолчид түмэнд түгсэн дуунуудаа их сонирхолтой байдлаар бүтээсэн байдаг шүү дээ. Таны хувьд?

-Ер нь дуу болгон түүхтэй. Дуу болгон үгнээсээ шалтгаална. Үгийг нь бодоод л явна. Автобусанд явж байхад ая нь орж ирнэ. Эсвэл галт тэргэнд. Манайхан нэг удаа Баянбууралд тоглолт хийчихээд байж байлаа. Далантайгийн маань нутгийн хайрхан Отгонтэнгэрт зориулсан “Тэнгэр шүтээн уул” гэдэг гоё шүлэг байсан юм. Тоглолтоо дуусгачихаад галт тэргэнд суухаар гүйцгээлээ дээ. Галт тэрэг хоёрхон минут зогсоно. Амжиж суух гэж гүйж явтал “Тэнгэр шүтээн уул” дууны ая ороод ирж билээ. Бас “Бүсгүй заяа” гэж дуу бий дээ.

-Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалангийн дуулдаг.

-Тийм, тийм. Алтанбулаг руу нэг баярт оролцох гээд л фаз автобусаар явж байлаа. Зам нь гэж айхавтар, энхэл донхолтой. Хөдөөний зам. Жигтэйхэн л донслоод явж байсан чинь “Бүсгүй заяа” дууны хөгжим ороод ирлээ. Тэгэнгүүт нь Түвшинжаргалаас “Алив, цаас цаас” гэж сандраад нэхтэл сонины өөдөс өгдөг юм байна. Тэр цаасан дээр нотыг нь тэмдэглэж авч байлаа. Гэхдээ таван шугам зурж байгаад биш. Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Хаянхярваа багш маань надад тоон нотыг зааж өгсөн. Бүр нэгд нэгэнгүй зааж өгсөн. Шугам хэрэглэхгүй, тоогоор бичээд явчихдаг арга. Тэгж нэг бичиж авч билээ. Ингэж л автобусанд, донсолгоон дунд энэ дуу төрж байлаа. Боломжтой үед орж ирэхгүй байж, тиймэрхүү үед орж ирдэг юм. Хяслантай ч юм шиг (инээв).

Байхуу цай аягалчихаад яг суугаад бичих гэхээр орж ирэхгүй. Эсвэл яг шөнө унтах гээд хэвтэж байхад хөгжим орж ирнэ. Залхуурахгүй тэр дор нь тэмдэглэж авахгүй бол өглөө нь юу ч байхгүй. Хөгжмийн зохиолчид бүгд л иймэрхүү байдалд хөгжмөө хийдэг байх гэж боддог. Гэхдээ манай чуулгын төлөвлөгөөт уран бүтээл гэж бий. “Та заавал тийм юм хийнэ”, “Морины тухай шинэ дуу шүү”, “Тийм тоглолт болох учир тийм сэдэвтэй дуу” гэж даалгавар өгнө. Даалгавар ч юу байх вэ дээ, “Та маргааш хийгээд ирээрэй” гэж ч байж магадгүй. Дууныхаа ангид сууж үлдээд өнөө хөгжмөө зохионо. Ер нь төлөвлөгөөт бүтээлийг шахуу хугацаанд, албаар хийх нь бий. Дандаа тэгж гэнэт орж ирнэ гэж байхгүй.

-“Эмч хүн жаргалын ээж” дууг Монголын эмч нарын сүлд дуу гэчихэд буруудахгүй болов уу?

-Тэгдэг л юм билээ. Хөдөө явж байхад хүмүүс их мэддэг шүү. “Эмч хүн жаргалын ээж” дууг би Л.Дагвадорждоо захиалсан юм. “Эмчийн дуу захиалъя. Хүнд хүрдэггүй юм гэхэд ядахдаа өөрөө өөртөө дуулж явъя даа” гэж захиалж билээ. Зарим нь дуу болно. Зарим нь болохгүй. Өдий төдий янз бүрийн шүлэгт дуу хийгээд байна. Миний бичсэн дуу 200 гарсан. Тэгэхэд тэрнээс хүнд хүргээгүй, хүргэе ч гэж бодоогүй дуу ч бий. Шүлгийг нь тэгж өнгөрүүлсэндээ сэтгэлдээ хүлцэл өчиж явдаг. Бүх дуу дандаа хит болно гэж байхгүй. Ер нь эмчийг хүндэлдэггүй хүн байдаггүй шүү дээ. Хүндлэх байтугай шүтдэг. Хүн болгон л зовж зүдрэхээрээ эмчид очдог. Тэгээд эмчдээ, эмч нартаа баярласандаа энэ дууг хийгээд амандаа өөрөө “хүлхэж” явъя даа гэж бодсон чинь хүмүүст хүрчихсэн. Хүмүүс дуулаад л байдаг юм.

-Хормейстр Алтантуул гэвэл хүмүүс төдийлөн анзаарахгүй. Харин “Хүж дэлхий амгалан байг”, “Санахын жаргал”-ын хөгжмийн зохиолч гэвэл мэдэхгүй хүн байхгүй байх аа?

-Тэгдэг юм. Хошин урлагийн жүжигчин Ундармаа тэгж билээ. “Таны ямар дуу байдаг билээ” гэж асуусан юм. Тэгэхээр нь “Яахав дээ, “Хүж дэлхий амгалан байг” гээд хэдхэн дуу бий” гээд хэлчихсэн чинь “Хөөх та тэрийг зохиосон юм уу” гэж дуу алдаж билээ. Жүжигчин хүн болохоор сэтгэл хөдлөл ихтэй. Их гайхаж, баярлаж хүлээж авч байсан. “Өөр ямар дуу байдаг юм бэ” гэхээр нь “Нөгөө нэг яагаав, бөгж мултраад байна гэдэг дуу” гэлээ (инээв). Тэгсэн чинь “Хөөх тэр чинь ёстой гоё дуу ш дээ” гээд л сэтгэл нь их хөдөлсөн. Их гоёор хүлээж авсан. Хүмүүс “Тэр дуу таных юм уу” гээд мэддэггүй шүү дээ, авторыг нь.

-Та Ховд аймгийн аль сумынх юм бэ?

-Ховдын Булганд төрсөн. Дөрвөн сартайдаа хотод орж ирсэн л дээ. Хотод өссөн. Нийслэлийн хоёрдугаар сургуульд нэгдүгээр ангид ороод дөрөвдүгээр ангиасаа Хөгжим бүжгийн коллежид орсон. Хөгжим бүжгийн ятгын ангид орсон юм. Ятгын анхны 16-гийн нэг шүү дээ. Нөгөө яагаав, элсний 13 гэдэг шиг (инээв).

-Анхны мэргэжлийн ятгачид шүү дээ?

-Бид солонгос багштай байсан. Солонгос багш маань бидэнд долоон жил ятгын хичээл заасан. Тэгээд бид бүгд төгсөөд ҮДБЧ-д орсон. Би тэнд дөрөвхөн жил ятгачнаар ажиллаад хойшоо яваад зургаан жил сураад хормейстр болж ирсэн.

-Аль хотод нь вэ?

-Свердловскийн консерватурт.

-Хормейстр гэхийг хоор дуучдыг удирддаг хүн гэх маягийн талаас нь монголчилж ойлгоод байдаг?

-Тэгдэг шүү дээ. Хормейстр гэдэг чинь дуучдын багш шүү дээ. Тэр үед манай чуулгад хоор гэхээсээ илүүтэй солистууд их байлаа. Дуучин бүртэй тулж ажиллана. Гадаад, дотоодын тоглолтод оролцоход бүгдийг нь бэлдэж өгнө. Ийм орос, ийм монгол дуу дуул гэж зааж өгнө. Шинэ залуу дуучин орж ирвэл дуучин болгох тал дээр ажиллаж хоолойг нь яах уу, ийх үү гээд л. Дээр үеийн алдартнуудтай ажиллаж байлаа.

-Алдартнууд гэхээр манай алтан үеийн дуучид болж таарах нь?

-Би тэдний багш гэхээсээ санаа зовдог юм.

-Та нэрлэнэ үү?

-Би нэрийг нь хэлдэггүй байхгүй юу. Мундаг улсууд шүү дээ. Түмэндэмбэрэл, Норовбанзад, Банзрагч, Оросоо, Адарсүрэн, Хоролсүрэн, Нансалмаа гээд манай ахмадууд намайг багш аа хэмээн хүндэтгэнэ. Хөвсгөлийн Надмид байна. Бас дуучин Боорой байна. Тэднээс хойш үе үеийн дуучид байна. Чуулгадаа ажиллаад сая л, 2013 онд тэтгэвэртээ суулаа шүү дээ.

Хормейстр чинь дуугаа хийчихээд л “За боллоо” гээд хаячихдаггүй. Хаяж болохгүй л дээ. Хормейструуд чинь оркестрийн найруулга маш их хийнэ. Тэр чинь бараг л зохиож байна гэсэн үг. Энгийн хэлбэл, нэг нүцгэн ая байлаа гэхэд тэрийг чинь л олон хөгжимд тарааж найруулаад яаж дуугарах бол гэдгийг хийнэ. Дуу зохиох нэг өөр. Өөрийн зохиосон дуунаас гадна хүний дуунд оркестр найруулга хийнэ.

-Та нэгэн тоглолт дээр өөрийн зохиосон дуугаа дуулсан байна билээ. Муухан дуучнаас илүү дуулдаг юм байна гэж дүгнэсэн?

-Үгүй, үгүй би дуулж чадахгүй. Яахав дээ, дуучиндаа дуугаа хүргэхийн тулд өөрөө дуулж үзүүлнэ. Энэ нотыг ингэж, тэгж ав гэж заана. Задгай, битүү хоолой гэж байна. Тэр болгоныг өөрчлөх шаардлага тулгарна. Гэхдээ өөрчлөхгүй, тэр байдлаар нь байлгах нь илүү зохимжтой юм шиг байдаг юм.

-“Найман сайхан” гэж ятгатай дуу бий. Хятад дуу юм уу?

-Солонгос дуу шүү дээ. Бид солонгос багштай байсан болохоор. Монголд ятга хөгжиж байна. Сайхан сайхан ятгачид зөндөө байна. Мөнх-Эрдэнээс эхлүүлээд Амарбаясгалан, Отгончимэг, Солонгоо мөн “Морин хуур” чуулгын хэдэн сайн ятгачинд байна.

-Хэдий гавьяаныхаа амралтад сууж байгаа ч чуулгаараа орж гардаг байлгүй?

-Тэгэлгүй яахав. Миний бас нэг гэр болсон тэр ягаан байшин. Би тэтгэвэртээ гарчихсан ч гэсэн тэр хавиар явахдаа нүд салгахгүй чуулгынхаа байр руу ширтсээр өнгөрдөг юм. Ганцаараа алхаж явахдаа эсхүл автобусаар явж байхдаа нүд салгаж чаддаггүй. Чуулгаараа дандаа орж гардаг.

-Таныг танай чуулгынхан, хөгжмийн зохиолчид “Уул аа” гэж дууддаг юм билээ?

-Харин тийм ээ. Туул аа гэж дуудахгүй, Уулаа л гээд байдаг юм, үе үеийн бүх дуучид. Дээр өгүүлсэн мундаг дуучдын үеэс л намайг ингэж дуудсаар ирсэн. Амгалан, Сийлэгмаа хүртэл “Уулаа багш аа” гэдэг юм. Их сонин. Дуучин Амгалан маань телевизийн нэвтрүүлэгт орж байхдаа туж “Уулаа багш, Уулаа багш” гэж л яриад байсан тухайгаа хэлж билээ. Тэгэхээр Алтантуул гэж хүмүүс бараг мэдэхгүй шүү дээ. Тийм сонин.


Categories
мэдээ цаг-үе

Б.Бямбасүрэн: Шүхрээ эвхэнэ гэдэг өөрийнхөө амийг өөрөө дааж байна гэсэн үг

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, онцгой байдлын дэд ахлагч Б.Бямбасүрэнтэй ярилцлаа.


-Шүхэрчин-аврагч гэдэг хэн хүний, тэр тусмаа эмэгтэй хүн хийчих амар ажил биш шиг санагдаж байна. Та энэ мэргэжлийг яагаад сонгох болсон бэ?

-Санамсаргүй байдлаар одоогоос найман жилийн өмнө Ардын хувьсгалын баяр наадмаар Хүй долоон худагт шүхрээр бууж буй хүмүүсийг анх харахад надад гүн сэтгэгдэл төрсөн. Түүнээс хойш шүхрээр хичээллэхийг нууцхан хүсч, мөрөөдөж явсаар Онцгой байдлын албанд шүхэрчин-аврагч гэх сайхан алба байдгийг сонссон. Тэгээд л өргөдлөө өгч, хүссэн ажилдаа орсон. Ээж маань цэргийн байгууллагад насаараа ажилласан нь надад энэ мэргэжлийг сонгоход тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх. Намайг бага байхад ээж маань Батлан хамгаалах яаманд энгийнээр ажиллаж байгаад, Онцгой байдлын албанд орж цэргийн хүн болсон. Цэргийн хувцас эмэгтэй хүнийг маш гоё, жавхаатай харагдуулдаг.

-Танай байгууллагад хичнээн шүхэрчин-аврагч бүсгүй байдаг вэ?

-Ер нь бол 40 гаруй эмэгтэй албан хаагчтай. Гэхдээ шүхрийн буулт хийдэг ганц эмэгтэй шүхэрчин байдаг.

-Шүхэрчин-аврагч болоод гүйцэтгэсэн хамгийн хүнд хэцүү үүрэг даалгавар тань юу байв?

-Манай улсын хэмжээнд ганцхан манай ангид л шүхэрчин-аврагчид байдаг. Бид Монгол Улсын хэмжээнд бүх гамшиг ослын голомтуудад аврах ажиллагаа явуулдаг. Шүхэрчин-аврагчдын хувьд газраар, машинаар хүрч очих боломжгүй газарт агаараас эрэн хайх ажиллагаа явуулж, ослын голомтод газарддаг. Буугаад шүхрээ эвхэж хойноо үүрээд, багаж зэвсгээ урдаа бариад гамшигтай тэмцэнэ. Нэг бодлын их хүнд алба. Хамгийн анх ой хээрийн түймрийн дуудлагаар ажиллахдаа холбоочны үүрэг гүйцэтгэж байлаа. Тэр үед түймрийн голомтод гамшгийн үеийн холбоог зохион байгуулна гэдэг их хүнд даалгавар юм шиг санагдсан.

-Шүхрээр буухын тулд ямар бэлтгэл сургуулилт хийдэг вэ. эмэгтэй хүний хувьд шантрах, хүнд хэцүү санагдах үе гарч байсан уу?

-Хамгийн эхлээд онолын мэдлэг маш чухал. Агаарт гараад шүхрээ яаж задлах вэ, салхи хаанаас хаашаа байвал яаж удирдлага хийх вэ, ямар тохиолдолд хаашаа харж газардах вэ гээд бүх мэдлэгийг онолоор заалгана. Дадлагаар шүхэр эвхэлтээ хийж үзнэ, бие бялдрын дасгал, хөлөө халаах, хүчний бэлтгэл хийнэ. Эрэгтэй хүмүүстэй эн тэнцүүхэн бэлтгэл сургуулилт хийнэ гэдэг бол их тэвчээр шаардсан зүйл. Би эмэгтэй хүн, би чадахгүй гээд хойш суух эрх байхгүй. Би энэ ажил, мэргэжлийг маш их хүсч мөрөөдсөн болохоор ард нь гарч чадсан. Байнгын бэлтгэл сургуулилт хийдэг болохоор гоо сайхан жаахан алдагддаг. Ялангуяа хуруу, гар. Буулт хийж, шүхэр эвхэх болоход бүх хуруундаа шархны лент наадаг ч хумснууд хөндлөн хугарч цус гарах үе тохиолддог. Уйлах ч үе гарна, шүд зуух ч үе байна.

-Хамгийн анх шүхрээр буухад танд айдас байсан уу?

-Төрсөн өдрөөрөө анхны буултаа хийсэн маань надад хэзээ ч мартагдахааргүй сайхан дурсамж үлдээсэн. Анхны буултан дээр би огт айгаагүй. Яагаад гэвэл он удаан жил хүсч мөрөөдсөн зүйл минь биелж байгаа болохоор тэгсэн байх. Харин ч бүр догдолсон шүү.

-Тэгвэл шүхрээр буухын юу нь хамгийн гоё вэ?

-Онгоцноос гарах тэр мөч хамгийн гоё санагддаг. Онгоцны хаалгаар нэг алхаад л эрх чөлөө, амьдралын хамгийн сайн сайхан баяр баясгаланг авдаг. Шүхэрчид энэ мэдрэмжийг тэр бүр илэрхийлж чаддаггүй. Ойр дотнынхондоо, найз нөхдөдөө үүнийг ойлгуулах юмсан, мэдрүүлэх юмсан гэж хүсдэг. Тийм болохоор шүхрээр хичээллээч, нэг буугаад үзээч гэж санал тавьдаг.

-Хүссэн хүн бүхэн шүхрээр буух боломж манай улсад бий юү?

-Боломжтой. Батлан хамгаалах техник спорт сургалтын төвд туслах шүхрийн клуб үйл ажиллагаагаа явуулдаг. Тэнд тодорхой хэмжээний төлбөр төлөөд, 10-14 хоногийн сургалтад хамрагдаж, шалгалтандаа тэнцсэн тохиолдолд шүхрээр нэгээс хоёр удаа бууж үзэх боломжтой.

-Шүхрээр хичээллэхийн ач холбогдол, хүнд өгөөжтэй зүйл нь юу вэ?

-Эмх цэгцтэй, журамтай болдог. Яагаад гэвэл бид шүхрээ эвхэнэ гэдэг бол өөрийнхөө амийг өөрөө дааж эвхэж байна гэсэн үг. Тийм болохоор шүхрээ маш журамтай, эмх цэгцтэй эвхэх нь ийм сайн дадлыг суулгаж өгдөг гэж боддог.

-Таны хувьд шүхрээр хамгийн ихдээ хэдэн метрийн өндрөөс буулт хийж байсан бэ?

-Өнгөрөгч оны наймдугаар сарын 22-26-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Элсэн тасархайд ОХУ, Монгол Улсын хамтарсан агаараас эрэн хайх ажиллагаанд оролцож буулт хийсэн. Энэ бол хоёр жилд нэг удаа болдог арга хэмжээ юм. Дадлагын буултаар хоёр удаа буучихаад, дараа нь ОХУ-ын шүхрийн мастертай хамт хоёр хүний шүхэр буюу тандемаар далайн түвшнээс дээш 4950 метрийн өндрөөс чөлөөт уналт хийсэн. Мөн надаас гадна гурван монгол бүсгүй ийм буулт хийсэн нь Монголд анхны тохиолдол юм. ОХУ-ын мастерын хувьд 8000 гаруй буулт хийсэн туршлагатай шүхэрчин байсан.

-Шүхэрчин Бямбасүрэнгийн хамгийн том мөрөөдөл юу вэ?

– Үндэсний баяр наадмын үеэр шүхрээр бууж өөрийнхөө мөрийг үлдээх юмсан гэж боддог.


Categories
мэдээ цаг-үе

“Тохой өндөр” яваа офицерууд

Нэг ангийнхан булангийнхаа хаврын эхний дугаарт Цэргийн их сургуулийн анхны төгсөгчдийг урилаа. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжин орсон тэр цаг үеэс Цэргийн нэгдсэн дээд сургууль статусаа өөрчилж, их сургууль болсон юм. Цэргийн их сургууль 1992 оноос анхны элсэлтээ авч эхлэхэд Монгол орны өнцөг булан бүрээс шижигнэсэн залуус ирж суралцаж байжээ. Тэдний нэг бол Б.Дэнзэнболд захирагчтай Ерөнхий цэргийн команд-Штабын офицер мэргэжлийн курсийнхэн юм. Цэргийн сургууль хосолмол мэргэжилтэй байдаг. Тэгвэл энэ курсийнхэн жинхэнэ цэргийн даргаар төгссөнөөрөө онцлогтой ажээ. Тэднээс хойш тус сургууль дахин ийм мэргэжлээр элсэлт аваагүй юм билээ.

Ерөнхий цэргийн команд-Штабын офицер мэргэжлийн курсэд анх 33 хүүхэд элсэж байсан бол явцын дунд шигшигдсээр 22-уулаа төгссөн байна. Одоо эдний ангийнхнаас нийгэмд нэр хүндтэй алба хашиж яваа олон хүн бий. Бригадын генерал нэг, хурандаа тав, дэд хурандаа дөрөв, хошууч нэг төржээ. Жишээлбэл, Жанжин штабын газрын дарга байсан бригадын генерал Л.Онцгойбаяр байна. Тэрбээр одоо ОХУ-д Жанжин штабын академид суралцаж байгаа гэнэ. Хурандаа Н.Сүхбаатар ЗХ-ний 016 дугаар ангид бригадын штабын дарга, хурандаа Д.Чинзориг Нийслэлийн аврах ангийн захирагч, хурандаа Д.Эрдэнэбат АНУ-д цэргийн академид суралцаж байгаа аж. Хурандаа Б.Товуудорж Төрийн тусгай хамгаалалтын газрын авто баазын дарга, хурандаа В.Нямханд ТЕГ-т ажиллаж байна. Дэд хурандаа Ц.Мөнхтүвшин Төрийн тусгай хамгаалалтын газрын харуулын албанд ээлжийн дарга, дэд хурандаа Н.Батсүх ХСИС-ийн ахлагчийн сургуульд ДШАЗБ дарга, дэд хурандаа Д.Болд ЗХ-ний 123 дугаар ангид дайчилгааны удирдлагын тасгийн дарга, Х.Мөнхтулга “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын аюулгүй байдлын ажилтан, Ж.Эрдэнэбилэг Монгол цэргийн музейн аюулгүй албанд тус тус ажиллаж байна. Мөн хувийн бизнест хүчээ сорьж байгаа хүн ч цөөнгүй гэнэ. С.Зоригоо “Эрдмийн шинэ өргөө” гээд зөөврийн сууц, анги байгууламж барьдаг компанид гүйцэтгэх захирал, С.Алдархишиг “Монголиан Экспедишн” компанийн захирал, Уулын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг байна. Бас орон нутаг дахь цэргийн байгууллагуудад ч тархан ажиллаж байгаа аж.

Энэ ангийнхан спортын таван мастертай, волейболын спортын олон улсын хэмжээний нэг мастертай юм билээ. Тухайлбал, Волейболын олон улсын хэмжээний мастер Х.Мөнхтулга байна. Тэгвэл Э.Бямбажав, Д.Чинзориг, Я.Нэргүй, С.Зоригоо нар спортын мастер цолтой ажээ. Тэд байнга улсын уралдаан тэмцээнд орж, эхний нэг, хоёрдугаар байрыг аван сургуулийнхаа нэрийг гаргадаг залуус байжээ.

Цэрэг хүний амьдрал, эр зориг, авхаалж самбаа, тэвчээр хатуужил энэ бүгдэд сонсогч байх дөрвөн жилийн хугацаанд суралцаж чадсан нь мундаг багш нарынх нь гавьяа хэмээн өдгөө тэд дурсан ярьцгааж байлаа. Андын сайхан нөхөрлөл эхэлсний 25 жилийн ойтойгоо золгож буй офицерууд маань саяхан уулзацгаах үед тэдний оюутан цагийн хөөр баяртай гэгээн дурсамжуудаас хуваалцсан юм.

Тэнхимийн эрхлэгч М.Борбаатар хурандаа гэж мундаг хүн байсан тухай тэд бүгд санал нэгтэй онцолж байлаа. Учир нь энэ хүн тэднийг “Бусдаас тохой өндөр байна шүү” гээд гараа өргөж ирээд л байнга захиж, сургадаг байжээ. Тэр хэрээр илүү их дасгал сургууль хийлгэдэг байсан гэнэ. Үүний муу гэж байгаагүйд төгсөгчид ам нэгтэй байв. Өнөөдөр тэд үнэхээр бусдаас тохой өндөр байж, салбар салбартаа амжилттай ажиллаж байгаагаараа ялгарч чадсан нь түүний гавьяа хэмээн талархаж байлаа. Мөн энэ курсийнхэн сургуулийн захирал хурандаа Я.Мягмарсүрэн, сургуулийн штабын дарга, хурандаа С.Баттулга, курсийн захирагч ахлах дэслэгч Б.Дэнзэнболд, тактикийн багш П.Довдандаш, Н.Лхагвасүрэн, танкийн багш Ч.Баярсайхан, галын бэлтгэлийн багш Жамсранжав, биеийн тамирын багш А.Эрдэнэбат, таэквондогийн багш Ч.Батсайхан, цэргийн байр зүйн багш С.Бэхтулга, холбооны багш А.Энхтөр гээд цэргийн амьдралыг зааж, сургасан гайхалтай эрхмүүдээрээ байнга бахархаж явдгаа яриандаа тодотгож байлаа.

Ерөнхий цэргийн команд-Штабын офицер мэргэжлийн курсийнхны бас нэг онцлог бол зэвсэгт хүчинд байдаг бүх зэвсгийг эзэмшиж сурсан байна. Тухайн үед Ази, Номхон далайн атташе нар манай улсад айлчлахад нь тэд ардын армийн зэвсэгт техникийн байлдааны буудлага хийж үзүүлж, гадныханд харин ч нэг монгол цэргүүдийн ур чадвар ийм байдаг гэдгийг харуулж, гайхшруулаад авчээ. Мэргэжлийн ур чадвар, спорт, биеийн тамираараа бусдаасаа тохой илүү энэ ангийнхан сургуульдаа нэлээд нэр хүндтэй байсан нь ярианаас нь тод харагдаж байлаа. Мөн бригадын генерал Л.Онцгойбаяр, хурандаа Д.Чинзориг, дэд хурандаа Б.Чинзориг, хурандаа Б.Товуудорж, хурандаа В.Нямханд гээд онцын эзэд энэ ангиас олон төгсчээ. 1992 оноос хойш нөхөрлөж байгаа тэдний авууштай тал нь хэзээ ч нэгнийгээ орхидоггүй, байнгын холбоотой байж, ажил дээр ч, амьдрал дээр ч бие биеэ өргөж, дэмжиж явдаг гэдэг нь ажиглагдаж байлаа. Энэ бол жинхэнэ офицер хүний мөн чанар гэлтэй.

Өнөөдөр нийгэмд нэр төртэй, хариуцлагатай алба хашиж яваа эдгээр эрхмүүд оюутан ахуй цагийнхаа тухай хөөрөлдөн суухдаа яг тэр он цагтаа оччихсон юм шиг бүх үйл явдлуудаа тод гэгч нь санан дурсаж байлаа. Нэгэндээ тохиолдсон хөгтэй явдлуудыг нь сануулж, уулзалтад ирж амжаагүй нөхдөө ихэд санагалзаж байв. Жишээлбэл, В.Нямханд нөхрийнхөө тухай нэг хөгжилтэй явдлыг курсийнхээ супер онигоо хэмээн онцолж байлаа. Нэгдүгээр курсийнхэн бүгд шинэ цэргүүд болохоор дээд цолтой хүмүүстээ байнга ёсолж, хүндэтгэх учиртай. Нэг удаа В.Нямхандыг штаб руу юм авчруулахаар гүйлгэж гэнэ л дээ. Тэгтэл ширээн дээр сандал тавиад гэрлийн чийдэн сольж байгаа хэн нэгэнтэй таарчээ. Мань эр хажуугаар нь гүйгээд гарах гэтэл ширээн дээр зогсож байсан хүн “Шинэ цэрэг ингээд гүйгээд явчихдаг юм уу” гэж дуугарсан байна. В.Нямханд ч тэр дороо нам зогсч өнөөх дуудсан хүнийхээ өмнө очоод “Нөхөр” гээд ёслох гэтэл мөрдэс нь харагддаггүй гэнэ. Ширээн дээр сандал тавиад зогсож байгаа хүний мөрөн дээрх цол яаж ч харагдах билээ. Ингээд В.Нямханд “Нөхөр сонсогчийн амрыг эрье” гэтэл нөгөөх хүн “Сонсогч байна уу” гээд гэрлийн шилээ солингоо хэлж гэнэ. Тэгэнгүүт шинэ цэрэг маань ахлагч, хошууч гээд дээшээ ахиулаад явж өгчээ. Гэвч цолыг нь оноож хэлж чадсангүй гэнэ. Дотроо “Хурандаа юм болов уу” гэж бодсоноо “Арай ч хурандаа хүн гэрлийн шил солихгүй дээ” гэж бодоод буцаагаад уруудуулаад хэлж гарчээ. Энэ үед гэрлийн шил сольсон хүн буугаад иртэл ахлах ахлагч цолтой хүн байсан аж. Мань эр тэр цолыг хараад ч хэлж мэдэхгүй баахан будилжээ. Тухайн үед дөнгөж цолны тухай зааж байсан болохоор шинэ цэрэг бүрэн мэдэж амжаагүй байсан бололтой юм. Мөн хичээл дээр нэг нөхөр нь унтаад, хурхирч байгааг багш мэдчихжээ. Тэгээд “Наадахаа сэрээ” гэтэл хажууд нь сууж байсан цэрэг нудартал “Би ахлагч Мягмарбаатар” гээд босоод ирж гэнэ. Дэргэдээс нь нэг нөхөр нь “Дөрвөлжин” гээд шивэгнэтэл унтаад сэрсэн нөхөр чангаар дагаад хэлчихэж л дээ. Энэ үед анги дүүрэн инээд болж байсан тухай тэд хөгжилдөн ярилаа.

Уулзалтын үеэр эдний ангийн Л.Батжаргал нь цэрэг байх үеийн сонин содон зурагнууд гарган ирж, уур амьсгалыг улам халуун дулаан болгов. Одоо тэрбээр “Дүүрэн фүүд” компанийн захирал бөгөөд багаасаа гэрэл зураг авах хоббитой байжээ. Ямар сайндаа цэрэг байхдаа шөнө нь хотын нэг захаас нөгөө зах дахь гэр рүүгээ гүйж очоод зургаа угаагаад өглөө нь жагсаалдаа бэлэн зогсч байдаг байжээ. Түүний архивт маш олон зураг байна лээ. Энэ нь ч олон хүний сэтгэлийг гижигдээд авах шиг болно лээ. Тэр үеийн сургуулийнхан бусад сургуультай шефэлдэг байсан. Эдний ангиас Н.Батсүх, Д.Дамбийням нар шефээс эхнэрээ сонгож, өнөр өтгөн сайхан гэр бүл болжээ.

Ер нь цэргийн хүн болохын тулд хамгийн түрүүнд хатуужилтай болох ёстой. Тиймээс цэргийн тангаргаа өргөхөөс өмнө эхлээд казармд бүтэн сар тэсвэр тэвчээрийн хязгаарыг давах ёстой. Аав, ээжийнхээ гар дээрээс цэргийн амьдралд ирсэн жаалууд их л тэсвэр алдарч, замаасаа буцаж байсан хүн цөөнгүй нь мэдээж. Харин эдний ангийнхан босоогоороо унтан байж тэр бэрх давааг даван туулж чадсан байна. Тасралтгүй бэлтгэл сургууль хийх үед ердөө тавхан минутын завсарлага өгнө. Энэ хугацаанд гутал, хувцсаа тайлаад буцаад өмсөх хооронд бараг гурав, дөрвөн минут нь явдаг байна. Үлдсэн нэг минутад нь дуг хийх тэр агшинд хамаг бие нь хачин сайхан амарсан мэт болдог байсан тухай тэд дурсаж байв. Ингэж тэднийг үүрэг гүйцэтгэх чадавхи, сэтгэл зүйн бэлтгэлтэй болгосноор залуу хойч үеэ бэлдэхэд сургаж байсан нь багш нарынх нь гавьяа гэлээ. Тухайлбал, курсийн дарга ахлах дэслэгч Б.Дэнзэнболд өнөө жил тэтгэвэрт сууж байгаа бөгөөд зэвсэгт хүчний анхны супер офицер болж байсан байна. Тэрбээр хатуу чанга удирдлагын хүн бөгөөд 18-хан настай хүүхдүүдийг аваад өөр шигээ болгох гэж үлгэрлэж байсан нь тэдний амьдралд том хөрөнгө оруулалт болсон хэмээн талархаж явдгаа илэрхийлж байв. Курсийн захирагч Б.Дэнзэнболд одоо байнга тэдэнтэй холбоотой ажилладаг бөгөөд ангийнхны эргэх холбоог улам сайжруулахад нөлөөлжээ.

Ерөнхий цэргийн команд-Штабын офицер мэргэжлийн курсийнхэн жил бүрийн зэвсэгт хүчний баяраар уулзацгаадаг байна. Нэг салбарынхан зонхилдог болоод ч тэр үү ажил, амьдралаа төлөвлөн ярилцацгаадаг ажээ. Энэ удаагийн уулзалтыг Нийслэлийн аврах тусгай ангийн дарга хурандаа Д.Чинзориг удирдан зохион байгуулах бөгөөд тус анги дээр цугларахаар болзов.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Мэнджаргал: Монгол хоолны стандарт Европынхтой таардаггүй

Олон улсын тогооч нарын 15 дахь удаагийн “Истанбул Гастрономи Фестивал” тэмцээнд амжилттай оролцож алтан медаль хүртсэн “Мико сүши” рестораны захирал Ц.Мэнджаргалтай ярилцлаа.


-Та олон улсын тогооч нарын тэмцээнээс алтан медаль хүртжээ. Ямар хоолоор энэ шагналыг хүртсэн бэ?

– Олон улсын тогооч нарын 15 дахь удаагийн “Истанбул Гастрономи Фестивал” тэмцээн Туркийн Истанбул хотноо амжилттай болж өнгөрлөө. Дэлхийн тогооч нарын холбоо, Туркийн тогооч нарын холбоо хамтарч энэхүү тэмцээнийг зохион байгуулсан юм. Нийт 30 орны 2800 гаруй тогооч 70 гаруй хоолны төрөлд өрсөлдлөө. Би япон хоолоор мэргэшсэн. Тиймдээ ч миний хувьд ази хоолны төрөлд өрсөлдөж алтан медаль хүртсэндээ баяртай байна. Энэхүү тэмцээнд Япон, Солонгос, Хятад, Энэтхэг гээд Азийн хүчтэй орнуудын тогооч нар оролцсон. Ази хоолоор энэ хүмүүсээс илүү гарахгүй байх даа гэж бодож байлаа. Гэсэн ч тэднээс дутахааргүй байж чадлаа. Ерөнхийдөө япон, солонгосчууд энэ хоолыг ингэж л хийх ёстой гэсэн зарчимтай. Хийдэг жор, горимоороо л хийнэ. Тиймээс миний хувьд япон хоолны уламжлалт хэв маягийг эвдэж европ маяг руу оруулахыг зорьсон. Ямар ч хүн хийгээд идэхэд хялбар болгосон юм.

Би ролл буюу маки сүшигээр өрсөлдсөн. Япончууд бол далайн байцаан дээрээ будаагаа л тавьдаг. Харин би далайн байцааны оронд будаа ашиглаж, сам хорхой дотор нь шарж бэлтгэсэн. Мөн өнгө, үзэмжинд маш их анхаарсан. Европ маяг руу оруулсан энэ хоол маань алтан медаль хүртсэн юм.

-Та энэ тэмцээнд хэд дэх удаагаа оролцож байна. Өөр ямар төрөлд өрсөлдсөн бэ?

-Би энэ тэмцээнд анх удаа оролцлоо. Надаас гадна ази хоолны төрөлд мөнгөн медаль хүртсэн “Монголын мастер тогоочдын холбоо”-ны дэргэдэх Ахлах тогоочдын академийн захирал, мастер тогооч Ж.Отгонпүрэв, “South Govi sands” ХХК-ийн ерөнхий тогооч, мастер тогооч Б.Баттулга нар оролцсон. Мөн Олон улсын зэрэгтэй анхны монгол шүүгч Монголын мастер тогоочдын холбооны гүйцэтгэх захирал, мастер тогооч Р.Батбаатар оролцсон. Монгол шүүгч олон улсын тэмцээн шүүсэн нь бидний хувьд том ахиц болсон.

Түүнчлэн манай тогооч нар багийн төрөлд оролцож IV байрт орлоо. Багийн төрөл өрсөлдөгч ихтэй, өрсөлдөөнтэй болдог. Зохион байгуулагчдын зүгээс хайрцган дотор хоорондоо зохицох, зохицохгүй хүнс, ногоонуудыг хийж өгдөг. Бид түүнийг мэдэрч хоол хийнэ гэсэн үг. Зохицохгүй хүнснүүдийг ашиглах юм бол оноо буурдаг. Нийтдээ нэг цаг 30 минутын хугацаанд өгсөн хүнсээр халуун зууш, үндсэн хоол, амттан зэргээ бэлддэг. Мөн сүүлийн таван минут үлдэхэд л таваглах ёстой. Түүнээс өмнө таваглах юм бол мөн л оноо хасагдана. Харин ганцаарчилсан төрөлд 30 минутын л хугацаа өгдөг. Ердөө ус буцлах төдий хугацаанд л хоёр хүний порцоор хоол хийнэ. Ер нь амттай хоол хийхээс гадна хувийн зохион байгуулалт, ур чадвар, ариун цэвэр гээд бүх зүйл ном журмын дагуу байхыг шаарддаг.

-Та хичнээн жил тогооч хийж байна вэ?

-Би 18 жилийн турш тогооч хийж байна. Өмнө нь арав гаруй жил АНУ-д тогоочоор ажилласан. Монголд ирснээсээ хойш сүшиний ресторан ажиллуулж байгаа.

-Олон улсын чанартай тогоочийн тэмцээнүүдэд монгол хоолоор өрсөлдөх боломж байдаг уу?

– Урьд нь манай тогооч нар монгол хоолны төрлүүдээр өрсөлдөж байсан. Гэхдээ монгол хоолны стандарт Европынхтой таардаггүй.

-Яагаад таардаггүй юм бол. Мах их хэрэглэдэгтэй холбоотой юу?

-Одоохондоо хүлээн зөвшөөрөгдөөгүй, мэддэггүй юм шиг санагдсан. Ерөнхийдөө монгол хоолны талаар дэлхий дахин нэгдсэн ойлголт муутай байдаг. Тэр нь тогооч бид үндэсний хоолоо сайн сурталчилдаггүйтэй л холбоотой. Тийм учраас л монгол хоолыг ойлгож хүлээн зөвшөөрдөггүй байх. Тэгэхээр яг ч махтай холбож ойлгож болохгүй л дээ. Монгол малын мах 300 гаруй шим тэжээлийг агуулж байдаг. Бусад орны мал тийм биш шүү дээ. Гэхдээ монголчууд малын махаа боловсруулж, хадгалж идэхдээ тааруу юм шиг санагддаг. Удахгүй цагаан сар болох гэж байна. Айл бүхэн бууз, банш чимхдэг. Махандаа элдэв янзын перец, амтлагч хийнэ. Гэтэл амталсан мах маань удалгүй л өнгөө хувиргаад эхэлдэг. Тэгэхээр монгол малын мах маань амталгаа даахдаа муу юм болов уу гэж би бодоод байгаа юм. Ядаж л наад захын ийм зүйлсийг ажиглаж, махныхаа онцлогт тааруулж хэрэглэж сурах нь зүйтэй. Мөн дараа нь чимхсэн буузаа тагтан дээрээ гаргачихдаг. Агаарт буй олон төрлийн химийн бодис өнөөх буузанд нь наалдах аюултай. Ийм энгийн зүйлсийг анхаарах хэрэгтэй.

Миний хувьд буузандаа янз бүрийн амтлагч хийдэггүй. Жамц давс, гоньд, сонгино, хонины сүүл хийдэг. Хонины сүүл холестерин бага байхаас гадна, нүдний хараа, ой тогтоолтод маш сайн. Харин жамц давс элдэв химийн найрлагүй учир мах улайж, өнгө нь хувирахгүй. Ерөнхийдөө монгол амтаараа байлгах нь чухал юм даа.

-Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хөнгөн хоолонд хуушуур, бууз яалт ч үгүй ордог. Энэ нь хөнгөн хоол гэж хэлэхэд бас асуудалтай шүү дээ. Тэгэхээр малын махаа ашиглаад арай хөнгөн чанарын хоол хийж болох уу. Түүнийгээ сүлжээ түргэн хоолны газар болгон өргөжүүлэх боломж бий юү?

-Мэдээж гадны “KFC”, “Piz­zаhut”, “Burger king” гэх мэт сүлжээ түргэн хоолны газрууд Монголд үйл ажиллагаагаа явуулахаас өмнө судалсан байдаг юм. Тэгэхэд монголчуудын хамгийн их иддэг түргэн хоолонд яалт ч үгүй хуушуур, бууз багтдаг. Бидний зүгээс эдгээр түргэн хоолны сүлжээнүүдтэй өрсөлдөхийн тулд хуушуур буузан дээрээ л “тоглолт” хийж өгөх хэрэгтэй байгаа юм. Яагаад заавал буруу халаасан ботгирсон тосонд хуушуураа чанаж, буузаа олон дахин халааж, сайн муу нь мэдэгдэхгүй мах чихэх ёстой гэж. Энэ бол хөнгөн хоол болж чадахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр багахан л сэтгэл гаргачих хэрэгтэй. Гурилаа өнгө оруулж, хүний биед хэрэгтэй зүйлсийг оруулж болно. Би туршиж үзэж байсан л даа.

Хуушуурынхаа махыг гараар татаад, хонины сүүл, өрөм бяслаг багцалж хийгээд хийж үзсэн. Маш сайхан амттай болдог. Шингэцийн хувьд ч тэр. Мэдээж малын махаа ашиглаад монгол хүнд тохирсон хөнгөн хоол хийж болохгүй гэх зүйл байхгүй шүү дээ. Ер нь тэгээд манай тогооч нар энэ тал дээр сүүлийн үед их анхаардаг болсон. Одоо бол япон, франц, америк хүнд тохирсон өглөөний цай гээд л гарах болж. Тэгэхээр монгол хүнд тохирсон өглөөний цай гэж байх ёстой юм байна гэх мэт асуудлыг хөндөж байна. Мөн монголчуудад 180 гаруй төрлийн цай байдаг юм билээ. Нутаг нутгийн онцлогоороо шүү дээ. Тэгэхээр цайг ч мөн ялгаагүй амт, шимт онцлогийг нь гаргаж тухайн зочиндоо зориулж чанадаг болох хэрэгтэй. Би өнгөрсөн оны аравдугаар сард “Дэлхийн ногоон цай”-ны өдөрт яваад ирсэн. Японы ногоон цайг хүмүүс сэтгэлээсээ ямар гоё хийдэг гээч. Тэд жил бүр шилдэг ногоон цай хийж буй хүмүүсээ шалгаруулдаг юм байна. Долоон удаагийн аварга болсон хүний цайг нь амслаа. Маш сайхан амттай байсан шүү. Амт чанар нь тариалалт болоод бүс нутгаараа янз бүр байдаг юм билээ. Мөн 100 грамм нь 120 мянган иений үнэтэй цай ч байдаг юм байна. Маш сайхан санагдаж байлаа. Монголчууд ч энэ жишгээр цайгаа урлаг болгож болно шүү дээ.

-Монголын тогооч нарын салбарын холбоод нэгджээ. Зорилго, зорилтынхоо тухай яриач?

-“Монгол Улсын хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор салбарын мэргэжлийн мэргэшсэн холбоод нэгдэн “Монголын хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо” болж байна. Нийтдээ 20 гаруй мэргэжлийн холбоо нэгдэж байгаа бөгөөд салбарын мэргэжлийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн гарцыг тодорхойлох үүрэг, хариуцлага хүлээн ажиллахаар болж байна. Мөн монгол хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт олон улсын стандартыг нэвтрүүлэх, ажилтан ажиллагсдын ур чадварыг сайжруулж, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх зорилготой юм.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Дун буюу хорго цэвэрлэгч

Шар дун

Гэртээ загасны хорготой айлууд дун хэмээх амьтныг илүүтэй сайн мэднэ. Бөмбөгөр ясан хуягтай, нялцгай биет энэ амьтан нь далай тэнгисийн ёроолд гэрэлгүй бүсэд амьдарна. Ерөнхийдөө далай тэнгисийн ёроолд амьдардаг дун, хясаа, наймаалж, далайн зараа зэрэг хөдөлгөөнтэй болон хөдөлгөөнгүй ийм амьтдыг ёроолынхон гэх нь бий. Далайн ёроолд амьдардаг болоод ч тэр үү, дун нь төдийлөн хүний анхааралд өртөөд байдаггүй. Чигчий хурууны хумсны толионы хэмжээнээс эхлүүлээд аргийн чинээтэй том дунгууд бий. Дун 16 төрлийн хэлбэртэй ч ерөнхийд нь угалзын эвэр дун буюу бор дун, туулайн чихэн дун буюу шүрүүлэн дун, алиман дун буюу шар дун гэж гурав ангилдаг юм байна.

Бор дунг манайхан түгээмэл мэдэх болов уу. Жижиг хэмжээтэй, усанд өндгөө шахаж маш хурдан үрждэг онцлогтой юм байна. Шүрүүлэн дун бол элс, хайрга хөрсөн доороос хоол тэжээл олж иддэг учраас нүдэнд өртөхгүй. Хөрсөнд өндгөө шахаж үрждэг. Шар дун нь нимбэгний хэмжээтэй болтлоо томордог. Зөөлөн хэсгээ хамгаалсан нэмэлт хуягтай учир хэр баргийн загасны хоол болохгүй. Ер нь жижгэвтэр дунгууд ясан хөө хуягтай ч загасны хоол болчихдог нь харамсалтай. Загасны хоргон дахь дунгуудыг манайхан загасны хоолны үлдэгдэл, үхсэн загас, аквариумны замаг, өнгөрөөр хооллодог учир хоргоны цэвэрлэгч гэх нь бий шүү.

Дун бүрээ буюу цагаан лавай

Дун нь нөгөө талаар хөгжмийн зэмсэг болдог. Ялангуяа буддын шашинтнууд шашны зан үйлдээ үлээвэр хөгжмийн зэмсэг хэрэглэдгийн нэг жишээ нь цагаан лавай буюу дун бүрээ. Лавайг доод лусын орон болох их далайгаас гарсан хэмээн үздэг юм байна. Лавайг луу, загас хоёрын дундаас гарсан далайн нэгэн зүйл амьтан гэх бөгөөд лавайн эгшиг нь бүх хөгжмийн зэмсгийн дууг дарж шулмас хийгээд тэрсүүтэн хэн боловч бүгдийг устгадаг шидтэй гэж номлодог. Дунг чихэндээ хүргэвээс далайн татлага түрлэг сонсогддог гэдэг. Энэ нь юутай холбоотой гэвэл ерөөсөө л агаарын урсгалын чимээ гэнэ. Дунгийн бүтэц өөрөө хуйларсан, мушгирсан эрчилсэн эргүүлэгтэй байдаг нь агаарын урсгал, элдэв долгионыг хураан өвөрмөц чимээ гаргадаг нь тэр юм байна. Мэдрэлийн хүнд өвчтэй, гэнэтийн ослоос болж дүлийрсэн өвчтөнүүдэд дунгийн чимээг сонсгох нь нэгэн төрлийн чухал эмчилгээ болдог аж. Тайвшралыг өгдөг уг эгшгийг хөгжмийн хэмнэлд оруулаад бүхэл бүтэн цомог гаргачихсан уран бүтээлчид байдаг юм байна.

Дунг хүнсэнд хэрэглэдэг. Хойд Атлантын нууранд байдаг хоёр талт дунг хүнсэнд хэрэглэх зорилгоор цуглуулдаг. Эдгээр дунгууд нь 7-400 метрийн гүнд амьдардаг бөгөөд хамгийн урт насалдаг нь гэнэ. Одоогоор 375 болон 507 жил амьдарсан дунгууд тогтоогдоод байгаа аж.

Бор дун

Дунгууд дундаас хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог Европын сувдан дун нь цэвэр усны хамгийн ховор төрөл нь. Энэ төрлийн дун маш сайн чанарын сувд ялгаруулдаг болохоор хүмүүсийн олз болох нь их. Оросын эрдэмтэн Валерий Зюганов энэхүү дунг хэзээ ч хөгширдөггүй, ойролцоогоор 210-250 жилийн турш амьдардаг хэмээн нээлт хийсэн нь салбартаа шуугиан дэгдээсэн удаатай. Сүмд шавилан суугаа лам нарын хувьд дун үлээх нь анхны “А” үсэг нь гэсэн үг. Данх, гүцний чинээтэй цагаан дунг өглөө болгон үлээх нь дөрвөн зүг найман зовхист зохист аялгууг тараадаг учир зүг бүрийн цээрийг гаргадаг гэж бэлгэшээдэг юм байна. Дээхнэ үед нийслэл хүрээнд гал түймэр гарах ч юм уу, ямар нэг эрсдэлтэй үйл явдал гарвал харанга цохих, дун бүрээ үлээх зэргээр дохио өгдөг байжээ. Нэг үгээр онцгой байдлын үед дуугардаг түгшүүрийн дохио байсан гэсэн үг. Далайн эргийн орнуудын хувьд дун үлээх нь асар хүчтэй атлаа, сарнишгүй долгионыг цацруулдаг учир дайснаас сэргийлэх том дохио болсоор иржээ. Харин хятадуудын хувьд далайн дун, хясааны ясаар элдэв төрлийн бэлэг дурсгалын зүйл хийж худалддаг ч нутгийн хөгшчүүл нь “Далайн амьтны гавал” хэмээгээд гэртээ байлгахыг цээрлэдэг заншилтай аж.

Дун гэхээр эмгэн хумсыг ярих нь зүйтэй. Нялцгай биетийн томоохон төлөөлөгч бол эмгэн хумс. Дэлхий дээр 60-80 мянга орчим зүйл бүртгэлтэй бөгөөд эмгэн хумсыг дунтай, дунгүй гэж хуваадаг. Дунтай буюу ясан хуягтайг нь дун гэж нэрлэх нь бий. Хэлний тайлбар толиноос үзвэл дун гэдэг нь зөөлөн нялцгай амьтны биеийг хамгаалдаг хатуу бүрхүүлийг хэлдэг бол, дотор байгаа тэр нялцгай биетэнг дун хорхой гэж дууддаг аж.

Гэртээ загасны хорготой айлууд дунгаа үржүүлэхийг хүсвэл үр хөврөл, төрцийг нь тусгайлан авч өөр шилэнд байлгаж томруулаад биежсэнийх нь дараа хорго руу нь хийдэг юм байна. Тэгэхгүй бол загаснууд дунгийн төрцийг идчихдэг. Дун нь ус зөөлрүүлэгч шидтэй учир энэ чанарыг нь ашиглаад Азийн орнуудад гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад дунгийн зунгагийг оруулдаг. Ийм найрлагатай бүтээгдэхүүн нь арьсыг дээд зэргээр чийгшүүлдэг юм байна.

Categories
мэдээ цаг-үе

ОУВС-гийн хөтөлбөрийн ачааны хүндийг хувийн хэвшлийнхэн л үүрнэ

ОУВС зурган илэрцүүд

Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлэх өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр тойрсон яриа хөөрөө ид өрнөж байна. Эдийн засгийг нуруундаа үүрч яваа хувийн хэвшлийнхэнд энэ хөтөлбөр яаж нөлөөлөх вэ гэсэн асуулт удахгүй тавигдаад эхлэх байх. Энэ өнцгийг хөндөхөөс өмнө валютын сан юуны төлөө идэвхийлэн ажилладаг, тэдний манайд хэрэгжүүлэх гэж буй хөтөлбөрт ямар эерэг тал байгааг анзааръя.

Валютын сангийн үүссэн түүх нь ерөөсөө л дэлхийн нэгдүгээр дайнаас улбаатай. Шалтгаан нь эдийн засаг. Нэгдүгээр дайнд ялагдсан Герман дайны төлбөр өгөхийн тулд баахан мөнгө хэвлэж шаралхсан нь хэний ч мэдэх түүх. Үр дүнд нь инфляци, ажилгүйдэл хэмжээгээ алдаж, Гитлер засгийн эрхэнд гарч ирж, өнөөгийн манайх шиг биенээ буруутгаж шүүмжилсэн маргаан өндрөө авч, шинэ удирдлага нь асуудлаа эдийн засгийн аргаар шийдэж чадахгүйд хүрэнгүүтээ еврейчүүдийг хөнөөж, дээрэм хийж, сүүлдээ Европ руу дайрч дэлхийн түүхэнд хүсэмгүй өөрчлөлт авчирсан. Санхүүгийн хямрал дайнд хүргэдгийг анзаарсан улс гүрнүүд өөр зуураа ярилцаж хэлэлцээд “Бага дээр нь дарахгүй бол санхүүгийн хямрал халдварладаг юм байна. Нэг улс валютын хямралд орчихоор бусдыгаа татаж унагачих эрсдэл байна шүү. Дайн үүсгэж, дэлхий даяараа үймэхгүйн тулд валют, эдийн засгийн хямралд орсон улсууддаа тусалж байя” гээд ОУВС-г үүсгэсэн түүхтэй. Энгийнээр хэлбэл, валютын санг эрсдэлээс хамгаалах сан гээд ойлгочихож болно. Энэ санд яг НҮБ шиг дэлхийн бүх улс гишүүнчлэлтэй. Бүх улс саналын эрхтэй. Мөн л бултаараа татвараа төлдөг. Ердөө ийм л клуб. Хардахын тулд хардана гэдэг ч юм уу нөгөө талаас нь харъя гэвэл Америк, Япон, Англи энэ клубт маш их мөнгө төлдөг, сангийн ихэнхийг бүрдүүлдэг. Тэр хэрээрээ нөлөө оролцоо, ямар нэг лобби энэ тэр бий гэсэн хардлага гардаг байж мэднэ. Гэхдээ тэглээ гэж хардахад манайх шиг жижиг улсад сэрэмжлэхээр шалтаг, нөлөө гэж юу байхав.

Үнэнийг хэлэхэд бидний зүгээс хардаад байх шалтгаан бага. Учир нь ОУВС биш бид тэдэнд хүсэлт тавьж, гуйж шалж байж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Анхнаасаа хямарсан энэ тэр гэж элдэв дэмий мэдэгдэл хийж зах зээлд сөрөг сигнал өгөхгүйгээр гарцаа хайгаад олчихсон бол боломж байсан уу гэвэл байсан. Гэхдээ нэгэнт тэгээгүйгээс хойш сангийн хөтөлбөрийг залбирч хүлээж авахаас аргагүй. Цагаа олж хэрэгжиж байгаа хөтөлбөр мөнөөсөө мөн. Хэрвээ валютын сангийнхан толгой дохиогүй бол Монгол гэдэг улс дефольт зарлах байсан. Дефольт зарлачихсан бол гадаадын хөрөнгө оруулалт арван жилдээ баяртай болох байсан. Товчхондоо монголчууд хоёр муу сонголтын арай дээрийг нь сонгочихоод байгаа. Нэг бол дампуурлаа зарла, эсвэл одоо байгаа өндөр өртөгтэй богино хугацаатай зээлээ урт хугацаатай хямд зээлээр солиод амь тариа залгуул гэсэн хоёр сонголтын дөнгүүрийг нь хийчихсэн гээд ойлгочихож болно. Алга ташиж баярлахаар мундаг шийдэл биш, аргаа барахдаа гаргасан шийдвэр.

Сангийн хөтөлбөрийн эерэг талд анхааръя. Бидэнд санал болгосон хөтөлбөрийг хэрэгжүүлсэн улсуудын хувьд эхний хоёр жилдээ хүндэрч байгаад гурав дахь жилээсээ эерэг нөлөө мэдрэгддэг гэх тайлбар дуулддаг. Тэгэхээр өнөө жил, ирэх оныг шүдээ зууж байгаад туулчихвал 2019 оноос өр буурч, төсөв алдагдал багатай батлагддаг болж, зээлжих чадвар сайжирч, валютын ханшийн нөөц өсч магадгүй. Валютын нөөц өсөөд, ханшийн эрсдэл буурчихвал хөрөнгө оруулалт дагаад өсөх нь хэнд ч тодорхой зүйл. Хар ухаанаар бодоход л манайд хөрөнгө оруулах сонирхолтой 200 сая ам.доллартай англи эр валютын нөөц багассан, ханшийн эрсдэлтэй үед лав мөнгөө тас атгачихаад алга тэнийхгүй. Доллароо төгрөг болгож бизнес хийгээд баахан ашиг оллоо ч ногоон валют руу хөрвүүлэхдээ ханшийн зөрүүнд хамгаа алдахыг хэн хүсэхэв. Харин валютын ханшийн нөөц дажгүй, долларын ханш савлаад байхааргүй орчинд бол мань эр итгэлтэй нь аргагүй хөрөнгөө оруулна. Ер нь ирэх өдрүүдэд хэрэгжих хөтөлбөрийн гол зорилго нь валютын нөөцийг өсгөх. Энгийнчилж тайлбарлавал одоогийн 1.5 тэрбумыг гурван тэрбум болгоё л гэж байгаа юм. Ингэхийн тулд хөрөнгө оруулалт татах шаардлага байгаа, гэхдээ өнөөгийн нөхцөлд лав итгэж мөнгөө оруулах хүн гарахгүй гэх мэт авцалдаагүй логикууд бий. Ноён доллар номхорно гэдэгт бас нэг эргэлзээ анзаарагдаж буйг хэлэхгүй орхиж болохгүй. Валютын ханшид төв банк оролцохгүй, зах зээлийн зарчмаараа явна гэсэн албан байр суурь бий. Гэхдээ сангийн хөтөлбөрийн хүрээнд валютын ханш тогтворжино гэх таамаг одоохондоо давамгайлж байна.

Өнөөдөр хөрөнгө оруулагчдыг айлгаж байгаа өндөр өрийн дарамт, хомсодсоор буй валют, өрөө төлж хүчрэхээ больсон бодит нөхцөл хоёр жилийн дараа арилбал хөрөнгө оруулалт гэрлийн хурдаар өсөх боломжтой. Валютын сангийн тавьж буй нөхцөлүүдийг биелүүлж чадвал шүү дээ. ОУВС тухайн орны нөхцөл байдлыг мэдрэхгүйгээр стандарт онол чихэх гээд байдаг гэсэн шүүмжлэлийг учир мэдэх улс хэлдэг. Анхаарахад илүүдэхгүй өнцөг.

Валютын сангийн тавьж буй нөхцөлүүд дунд цагаа олсон, хийх учиртай зөв шаардлагууд цөөнгүй байгаа. Тансаг барааны татварыг нэмэх нь зөв. Том мотортой машин, архи тамхины татвар нэмэгдлээ гээд маньд сүйдтэй нөлөө үзүүлэхгүй. Үрэлгэн төсвөө танахаас аргагүй. Цаг нь болсон. Хэтэрсэн, хүрээгээ тэлсэн халамжуудыг ч цэгцлэх ёстой. Тэтгэвэр, цалингийн нэмэгдэл дээр хэсэгтээ бүсээ чангалахаас өөр гарц байхгүй Бусдын хяналт дор л төсөв, халамжаа цэгцэлж авахгүй бол сонгуулиас сонгуулийн хооронд сэтгэдэг улстөрчдөд ийм зориг хэтээсээ төрөхгүй. Тэр үүднээс нь валютын сангийн хөтөлбөрт алга ташмаар байна.

Хамгийн эрсдэлтэй нь шатахуун. Суурь хэрэглээ болчихсон, инфляцийг галзууруулдаг гол өдөөгч болсон бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд эхэлбэл жаахан хэтрүүлээд зүйрлэхэд зах зээлд шуурга дэгдэнэ. УИХ ирэх сарын 5-нд хуралдаад сангийн нөхцөлүүдийг эхнээс нь хуульдаа тусгаад өөрчлөөд эхлэх нь бол ойлгомжтой. Шатахууны үнэ эгэл иргэдэд нэрмээс, ачаа болохоос гадна хувийн хэвшилд ч нөлөөгөө үзүүлнэ гэсэн гаргалгааг эдийн засаг мэдэхгүй хэн ч хийчихнэ. Инфляци өсөнгүүт хувийн хэвшлийнхний зардал өснө. Нийгмийн даатгал нэмэгдэнгүүт хөдөлмөрийн зардал нь цойлно. Бодлогын хүү өндөр хэвээр байхаар зээл олголтод гэрэл гэгээ харагдахгүй. Банкуудаас зээл гарахгүй байхаар эрэлт багасах нь жам. Тэр дундаа жижиг, дунд үйлдвэрүүд бол шүдээ зуугаад урагшлахаас аргагүйд хүрнэ. Нийлүүлэлт талаасаа зардал өртөг нь өсөөд явчихаар худалдан авалт буурна. Тодруулж хэлбэл төрийн худалдан авалт багасна. Хувийн хэвшлийн худалдан авалт ч ялгаагүй, уруудах цикл рүүгээ орно. Иргэдийнх ч мөн адил. Товчхондоо хувийн хэвшил хоёр талаасаа бахинд орчихно гэсэн үг.

Шинээр орж ирэх хөрөнгө оруулагчдад ямар нөлөө үзүүлэх талаар эдийн засагч Ч.Отгочулуу “Монгол эрсдэлтэй орон учраас хөрөнгө оруулагчид заавал нэг зүйл шаарддаг. Тэр нь Засгийн газрын баталгаа. Энэ хөтөлбөрт орчихоор засгийн шинээр баталгаа гаргаж өгөх боломж хумигдчихаж байгаа юм. Тэгэхээр шинээр орж ирэх гэж буй хөрөнгө оруулагчдад хүнд байдал үүснэ гэсэн үг. Дээр нь дотоодын хөрөнгө оруулагчдад маш том эрсдэл үүсч байгаа. 100 сая төгрөгтэй нэг хүн байлаа гэхэд хадгалуулах уу , бизнес хийх үү гэдэг эргэлзээнд орчихож байгаа юм. Бизнес хийхээр зах зээл хумигдвал шатчих болов уу гэх айдас төрнө. Хадгалуулахаар хүүгийн татвар энэ тэр гэсэн асуудал санааг нь зовооно. Бизнес хийлээ гэхэд ямар ч тохиолдолд төр батлан даасан бол, төсвөөс авна гэсэн итгэлтэй бол хэн ч зориглоод орно. Тэр итгэл, найдвар нь алга болчихлоо. Шинээр орж ирэх сонирхолтой хөрөнгө оруулагчдад тодорхойгүй байдал үүсчихлээ л дээ. Логикоор бодоход ийм сонирхолтой хүмүүс наад зах нь 2-3 жил харна, хүлээнэ гэдэг бол тодорхой” хэмээн ярилаа.

Валютын сангийн хөтөлбөр орж ирж байгаад алгаа ташиж суугаа хэсэг бол том зээлдэгчид. Агуулгыг нь жижигсгэж Бат, Дорж хоёр дээр жишээ аваад харъя. Доржоос 100 сая төгрөг зээлсэн Бат өнөө мөнгөө тансаглаж дуусгачихаад энд тэндээс ахиад зээл аваад цацаад байвал мөнгөө зээлүүлсэн нөхөрт эргэлзээ төрнө өө дөө. Бушуухан миний мөнгийг өгөөсэй гэж залбирч суутал өнөөх нь Дулмаагаас бага хүүтэй ахиухан мөнгө аваад өрийг нь дарах нь тодорхой болчихвол мөнгөндөө гонсойж суусан Доржийн магнай тэнийж таарна. Энэ жишээг арай томсгоод харвал “Чингис”, “Самурай”, “Евро” бонд өгсөн нөхдүүд баярлаж суугаа гэсэн үг. Манай улсын хувьд өнөөдрийн зовлонгоо түр хойш тавьж байгаа л нэг арга.

Компаниудад эерэг байж болох хоёр өнцөг бий. Дефольт зарлаагүй учраас хөрөнгө оруулалт татах боломж нээлттэй байгаа. Одоогоор хөрөнгө оруулалт татаж Монгол гэдэг улсыг сэвхийлгэх боломж уул уурхайд л байна. Хятадын зах зээл дээр нүүрс, зэсийн үнэ дажгүй бол, Таван толгой гэх мэт том төслүүдээ ашигтай хувилбараар хөдөлгөж чадвал, хайгуулын төсөл хэрэгжүүлэгчид гэгээтэй мэдээтэй дуулгаад байвал өөр хэрэг. Хүсвэл татгалзаж болох хөтөлбөр учраас асуудал байхгүйгээр эдийн засгаа тэлээд явах гарц нээлттэй. Хөтөлбөр амжилттай хэрэгжвэл эдийн засгийн макро орчин яваандаа сайжирна. Хувийн хэвшилд нөлөөлөх хоёр дахь сайн тал нь энэ. Бусдаар бол Валютын сангийн хөтөлбөрийн ачааны хүндийг үүрэх хэсэг нь хувийн хэвшлийнхэн л байна даа.

Categories
мэдээ цаг-үе

Беларусь буюу ЦАГААН ОРОС

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Беларусийн газар нутагт одоогоос 35 мянган жилийн өмнө анх хүн суурьшсан гэдэг. Харин яагаад Беларусь буюу Белая Русь (цагаан орос) хэмээн нэрлэсэн талаар янз бүрээр ярьдаг юм. Тус бүс нутагт амьдарч байсан хүмүүс даавуугаа өөрсдөө хийдэг тэр нь цагаан өнгөтэй байсан гэдэг. Бүгд цагаан өнгийн хувцастай байжээ. Хүмүүс нь цагаан шар үстэй, нүд нь хүртэл цайвар өнгөтэй, харахад цэвэрхэн, сайхан харагддаг аж. Цагаан орос гэдэг нь үүнээс үүдэлтэй гэж ярьцгаадаг. Харин зарим эх сурвалжид монгол-татарчуудад эзлэгдээгүй тул цагаан орос хэмээн нэрлэсэн тухай бичсэн байдаг. Ингэхдээ харийн дарлалд өртөөгүй эрх чөлөөтэй байсныг нь цагаан өнгөтэй зүйрлэн ингэж нэрлэсэн гэнэ.

Беларусчуудыг багагүй зовлон амссан гэдэг. Эрт дээр үед амьд үлдэхийн тулд зэрлэг амьтадтай нүүр тулж, өлсгөлөнд нэрвэгдэж, даарч байгалийн гамшигт нэрвэгдсэн байна. Яваандаа хэсэг бүлгээрээ амьдардаг болж, газар тариалан эрхлэх болжээ. Ингээд өмч хөрөнгөтэй болсноор ядуу, баян хэмээн хуваагддаг болж хүн төрөлхтний түүхийн жамаар явж ирсэн.

Беларусийн түүхийн талаар ярихад “Повесть временных лет” хэмээх түүхэн судар бичгийг заавал дурддаг. 835 онд бичигдсэн гэгддэг энэ бүтээл нь манайхаар бол “Монголын нууц товчоо” юм. Түүнд Полоцк хэмээх хотын талаар өгүүлсэн байдаг гэнэ. Полоцк хот нь худалдаа, гар урлалын томоохон төв болжээ. Тус хотын анхны захирагчдын нэг нь тайж Роговолд гэгч байсан. Түүнтэй холбоотой нэгэн эмгэнэлтэй түүхээс сонирхуулья. Ханхүү Роговолодын охин Рогнед хэмээх үзэсгэлэнт бүсгүйд Киевийн ханхүү Ярполык, Новогородын ханхүү Владимир хоёр бараг нэгэн зэрэг шахуу гэрлэх санал тавьсан гэдэг. Үзэсгэлэнт бүсгүй Киевийн ханхүү Ярполыкийг сонгоход Новогородын ханхүү ихэд уурлан бухимджээ. Тэрээр Полоцк хотыг дайлаар мордон эзэлж аваад ханхүү Роговолд түүний эхнэр хүүхдүүд гээд бүгдийг нь хороосон байна. Ганцхан охин Рогнедийг нь амьд үлдээж хүчээр эхнэрээ болгосон гэдэг. Беларусчууд үнэн алдартны шашинтай болсон нь ч энэ түүхтэй холбоотой .

Беларусийн түүхтэй салшгүй холбоотой Полоцк хотын тухай ярихад ханхүү Всеславаг дурдахгүй байхын аргагүй. Түүнийг хаан ширээнд заларч байхад Полоцкийн хөгжил цэцэглэлийн оргил үедээ хүрсэн гэдэг.

Зүүн өмнөд талаас нь монгол-татарчууд довтолж, үүний дараа баруун талаас Загалмайтны аян дайныг эхлүүлэхээр зэхэж байсан үе нь тус улсын түүхэнд нэлээд нөлөөлсөн юм. Тус бүс нутгийн олон жижигхэн вант улсууд харийн дарлалд автахгүйн тулд нэгдэн нэг улс болохоос өөр сонголт байгаагүй. Ингэж л Литовийн агуу вант улс байгуулагдахад Беларусь нэгдсэн түүхтэй.

Беларусийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн Полоцк хотод амьдардаг байсан худалдаачны хүү Франциск Кориныг улс орондоо агуу хэмээн ихэд дээдэлдэг аж. Тэрээр Библийн судрыг эртний беларусь хэл дээр хэвлэсэн юм. Энэ нь беларусчуудын үндэсний бахархлыг бий болгосон гэдэг.

Түүх өрнөсөөр 1569 онд Речь Посполитая хэмээх улс байгуулагдсан нь өнөөгийн Беларусь аж. 1791 онд тус улсыг Орос, Австри, Прусс гурав хуваан авсан байдаг. Үүнээс хойш Оросын эзэнт гүрний нэгэн хэсэг болсон. Беларусчууд ядуу зүдүү амьдарч байсан тул XVIII зууны эх болон төгсгөлөөр эрх баригчдыг эсэргүүцсэн томоохон хөдөлгөөн өрнөсөн боловч төдийлөн амжилт олоогүй.

XIX зууны сүүлч XX зууны эхээр үндэсний эрх чөлөөний төлөөх тэмцэл нэг бус удаа гарсан байдаг. Эдгээр тэмцлүүдийг удирдсан, беларусчуудын бахархал болсон хүмүүсээс Янка Купала, ах дүү Луцкевич, Якуб Колос нарыг дурдах нь зүйтэй болов уу.

XX зуунд Зөвлөлтийн нэгэн хэсэг болсноос хойд беларусчууд амаргүй замыг туулсан. Дайн, өлсгөлөн, хэлмэгдүүлэлт зэргээс дэлхийн II дайныг тус улсын түүхийн хамгийн эмгэнэлтэй үе нь. Брестийн цайз, Хатынь гээд аймшигт дайныг сануулсан газруудыг хүмүүс мэднэ.

1991 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр ЗХУ задарсан тухай тогтоолд гарын үсэг зурснаар Беларусийн нэн шинэ түүх эхэлсэн. Энэ үеэс дахин тусгаар улс болжээ. 1994 онд тус улсын түүхэнд хоёр том үйл явдал болсон. Беларусийн Ерөнхийлөгчийн сонгууль болж А.Лукашенко ялалт байгуулсан бөгөөд тэрээр өнөөдрийг хүртэл төрийн тэргүүний албыг хашиж байгаа. Мөн тэр жил тус улс нь Үндсэн хуулиа баталжээ. 2004 онд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийн албыг хаших хугацааг хязгааргүй болгосон.

Өнөөдөр Беларусь нь есөн сая 500 мянган оршин суугчтай. Газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 84 дүгээрт ордог.

2015 онд Нобелийн утга зохиолын шагналыг Светлана Алексиевич хэмээх зохиолч эмэгтэй хүртсэн нь тухайн үедээ нэлээд шуугиан тарьсан. Светлана Алексиевич нь 2000 оноос Итали, Герман, Францад амьдарч байгаад 2013 оноос Минскт эргэн очиж суурьшжээ. Баримтат зохиол туурвидаг зохиолч бүсгүй эх орныхоо нэрийг дэлхий дахинаа гаргасан гэж болно. Түүний багш нь Зөвлөлтийн үед олны танил болсон зохиолч Василий Быков мөн л беларусь хүн.

Ингээд уншигч танд Беларусийн тухай сонирхолтой баримтуудаас дурдья.

-Европын орнуудаас Беларусь нь Европын зөвлөлд ороогүй цорын ганц улс. Тиймээс тус улсын иргэд нь Страссбург дэх олон улсын хүний эрхийн шүүхэд хандах эрхгүй юм байна.

-Беларусийн рубль нь дэлхийн хамгийн ханш муутай арван мөнгөн тэмдэгтэнд ордог.

-Хэдийгээр ард иргэдийнх нь авдаг цалин бага ч гэсэн орон гэргүй, ядуу хүн байдаггүй гэнэ.

-Тус улсын иргэдийн иргэний үнэмлэх нь мөн гадаад паспорт нь болдог. Тиймээс гадаадад зорчих нөхцөлд тусгайлан паспорт авдаггүй.

-Беларусь хэлээрээ сургалт явуулдаг нэг ч их, дээд сургууль байдаггүй.

Categories
мэдээ цаг-үе

Хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилтот цогцолбор программын хэрэгжилтийн явцыг эргэн дурсахад…

Өвөө минь амралтаараа Төв аймгийн нутагт. 2008 он

МАН (МАХН)-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Сайд нарын зөвлөлийн Нэгдүгээр орлогч дарга асан Монгол Улсын гавьяат эдийн засагч, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Түмэнбаярын Рагчаагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулж Зорилтот цогцолбор программыг хэрэгжүүлэх комиссын орлогч дарга асан, техникийн ухааны доктор П.Баасанжав энэхүү дурсамжийг бичжээ.

МАХН-ын Төв хорооны 1985 оны X бүгд хурлаар баталсан хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилтот цогцолбор программыг хэрэгжүүлэхэд аймаг, хотын нам, захиргааны байгууллага, яамдын ажлыг уялдуулан зохицуулах байгууллага зайлшгүй шаардлагатай болсон юм. Энэ байдалд дүгнэлт хийж Сайд нарын зөвлөлийн Хөдөө аж ахуй, хүнсний хангамжийн асуудал эрхэлсэн байнгын комисс байгуулж уг комиссыг Намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, СнЗ-ийн нэгдүгээр орлогч дарга Т.Рагчаа удирдах болсон.Энэ комиссын орлогч даргаар миний бие томилогдож БНМАУ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилтот программыг боловсруулж хэрэгжүүлэн, аймаг, хот, сум, районы зорилтот программаа боловсруулахад аргачлал заавраар хангаж ажилладаг байв.

Дээрх ажлыг хэрэгжүүлэн зохион байгуулахад Т.Рагчаа дарга биечлэн оролцож үнэлэлт дүгнэлт өгөн, цаашдын ажлын талаар чиглүүлэн удирдаж, үүрэг даалгавар өгч байлаа.

Тус комисс нь Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ албан байгууллага, иргэдийн туслах аж ахуйг хөгжүүлэх, дотоод нөөц бололцоо, байгалийн өгөөжийг өргөнөөр ашиглан хүн амын хүнсний хэрэгцээг хангах ажлын явцыг түргэтгэх зааварчилгааг холбогдох яам, тусгай газруудтай хамтран боловсруулж Намын төв хороо, Сайд нарын зөвлөлд оруулж шийдвэрлүүлж байв. Программын биелэлтийн явцыг яам, аймаг, хотод шалган, удирдлагын илтгэл сонсголыг нь хэлэлцэх, үзүүлэх сургууль, үзэсгэлэн худалдаа, сургалт семинар зохион байгуулж байлаа. Зорилтот цогцолбор программд дэвшүүлсэн зорилтыг хангахад чиглэгдсэн “Хөдөө аж ахуйн таримлын үрийн аж ахуйн талаар авах зарим арга хэмжээний тухай”, “Гахай, шувуу, туулайн аж ахуйг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” зэрэг тогтоол гарч байв. Тэдгээр тогтоолын заалт бүрийг хэрэгжүүлэхэд тус комиссын үйл ажиллагааг чиглүүлэхийн зэрэгцээ мөрийн хөтөлбөр болгон ажиллаж байв. Эдгээр ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Г.Рагчаа даргын маань зарчимч шаардлага, нэр хүнд ихээхэн түшиг тулгуур болж байсан юм. Үүний зэрэгцээ дараах яам, тусгай газрын үйл ажиллагааг удирдан, ажил төрлийн уялдааг нарийн уялдуулан зохицуулдаг байсан учраас тус комиссын ажил бүтэмжтэй байсан юм.

Тухайн үеийн:

-Улсын төлөвлөгөөний комисс, ХАА, Усны аж ахуй, Худалдаа бэлтгэлийн яамд, ХАА-н Нэгдлийн холбооны дээд зөвлөл, Ардын хянан шалгах хороо, Хөдөлмөр цалин хөлсний хороо, Ус цаг уурын албыг удирдах газар, Стандарт жин хэмжүүрийн газар, Улсын статистикийн төв газар, НТХ, СнЗ-ийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газар.

Мах, сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн нэг хүнд ногдох хэрэглээг зохистой хэмжээнд хүргэх талаар зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг товч дурдъя.

1. Мал бордох механикжсан талбай байгуулж малын тоо, жинг өсгөн нэмэгдүүлэх техник эдийн засгийн тооцоог хийж холбогдох яам, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтарч боловсруулан нэгдсэн бодлого, чиглэлтэй ажиллав. Мал бордох цогцолборт хамруулсан малын тоо 1987 онд 1986 оныхоос 53,9 хувиар өсч, түүнд хамрагдсан малын амьдын жин 54,5 хувь буюу 2913.1 тонноор нэмэгдэж байв. Мөн Дорноговь аймгийн Сүмбэр сумын каракул хонины аж ахуйд хурганы зөвхөн арьсыг авч ашиглаад махыг нь хаяж байсныг зогсоож махыг нь хүнсний зориулалтаар ашиглахаар Сайншандын мах боловсруулах үйлдвэрт туршсан юм. Ингэж дотоод нөөц бололцоог ашиглан 80 хувийн хурганы мах, 20 хувийн гахайн толгойн махны орцтой царцаамаг, 5-20 хувьд нь хурганы махны орцтой хиам үйлдвэрлэж хүнсэнд хэрэглэсэн нь амжилттай болж үйлдвэрт нэвтэрч байлаа.

2. Махан бүтээгдэхүүний хүнсний хэрэглээний нэр төрөл, нөөцийг нэмэгдүүлэхээр ЗХУ-ын “Байгаль-рыбпром” нэгдэлтэй протокол үйлдэж 1986-1987 онд пельд, омуль загасны 12 сая гаруй түрс авч Дархадын Цагаан, Завханы Улаагчин, Өвөрхангайн Найман нуурт үржүүлэх ажлыг Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулсны үр дүнд дээрх омгийн загас нутагших болсон нь 1988 онд явуулсан хяналтаар батлагдсан юм. Энэ ажлыг Доктор А.Дулмаа гуай гардан зохион байгуулж манай комисс бүх талын туслалцаа үзүүлж байлаа.

3. Саалийн механикжсан фермүүдийн үйл ажиллагаа, зохион байгуулалтад дүн шинжилгээ хийж фермийн барилгад засвар, тохижилт хийлгэх, тохилог зуслантай болгох, тэжээлийн ургамал тариалж ногоон бэлчээр бий болгох, шүүслэг тэжээлийн таримлыг өргөжүүлэн даршны ургамал тариалах, даршлах байгууламж барих ажлыг холбогдох яам, газруудтай хамтран хэрэгжүүлсний үр дүнд төвлөрсөн хэрэгцээнд нийлүүлсэн сүүний хэмжээ 1987 онд 1985 оныхоос 4.7 сая литрээр буюу 15,7 хувиар өссөн юм. Мөн өвлийн улиралд сумын төвийн хөдөлмөрчид, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн сүүний хэрэглээг хангахын тулд сум бүрт үнээ, ингэний энгийн ферм байгуулж дотуур байрны сурагчид, цэцэрлэг, яслийн хүүхдүүд, эмнэлгийн ажилчид, эмчлүүлэгчдийг сүү, аарц, цагаан идээгээр хангах нөхцөлийг бүрдүүлж байсан билээ. 1987 онд нийт сум, нэгдлийн 80-аад хувь нь ингэ, үнээ болон ямааны сүү сааль ашиглаж байсан юм. 1988 онд сүү үйлдвэрлэлийн хэмжээ 311 сая литрт хүрч өмнөх оноосоо 20, 5 сая литр буюу 7,1 хувиар өсч улсын төвлөрсөн бэлтгэлд 49,2 сая литр сүү нийлүүлж байлаа. Ингэснээр нэг хүнд ногдох сүү улсын дунджаар 156 литр болж Улаанбаатар хотод 74, Дарханд 73, Эрдэнэтэд 72, Чойбалсан хотод 80 литр байсан юм. Аймгуудын төвийн хүн амын хэрэгцээнд саалийн механикжсан 17 ферм, 30 гаруй аж ахуйгаас 14,1 сая литр сүү нийлүүлж байсан юм. Энэ үед хуурай сүү импортоор авах хэмжээ эрс буурч, үндэсний үйлдвэрлэл хөгжиж байв. Зөвхөн 1988 оны статистикийн судалгаагаар үзэхэд ингэний сүү 2 сая, гүүний сүү 17,6 сая, бог малын сүү 30,7 сая литрийг ашиглаж хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээнд өөрчлөлт гарч байсан нь хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах ажлыг хариуцсан байнгын комиссын үйл ажиллагаатай салшгүй холбоотой юм.

4. Цөцгийн тосны үйлдвэрлэлд ч ахиц өөрчлөлт гарч, 1988 онд цөцгийн тосны 229 завод, 190 тасаг, сүү хүлээн авах 1410 тасаг ажиллаж, 4722 тонн цөцгийн тос үйлдвэрлэж байлаа. Мөн мах, сүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлэн үлгэр жишээ бааз аж ахуй болгохоор Төв аймгийн Баяндэлгэр сум-нэгдлийг сонгон хамтран ажиллах 5 жилийн төлөвлөгөөтэй ажиллаад, тус нэгдлийн саалийн механикжсан фермийн үнээг зохиомол хээлтүүлэгт бүрэн хамруулж хээл авалт, тугал бойжуулалт, нэг үнээнээс саах сүүний хэмжээг нэмэгдүүлэв. Сувай үхрийг бордож таргалуулах ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулахад Хөдөө аж ахуйн дээд сургууль, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд, ЭША болон багш оюутнуудыг татан оролцуулж хамтран ажиллалаа. Тус нэгдлийн саалийн механикжсан фермийн 100 үнээнээс бойжуулсан тугал 7-гоор нэмэгдэж, нэг үнээнээс саасан сүү 2355 литр, маханд тушаасан үхрийн амьдын жин 338 кг-д хүрч уг нэгдлийн ашиг орлого эрс нэмэгдэж байлаа.

5. Газар тариалангийн үйлдвэрлэлд эрчимжсэн технологи нэвтрүүлж томоохон Сангийн аж ахуйнуудад инженерийн хийцтэй услалтын систем барьж байгуулснаар 1986 онд 7200 га, 1987 онд 30400 га, 1988 онд 62700 га-д эрчимжсэн технологиор үр тариа, төмс, хүнсний ногоо тариалсан нь нэг га-гийн ургац жирийн талбайнхаас 5-17 центнерээр илүү болж 1986-1988 онд хураан авсан газар тариалангийн бүтээгдэхүүн 1981-1985 оны дундажтай харьцуулахад үр тариа 210 000 тонн, төмс 42, 2 мянган тонн, хүнсний ногоо 16,2 мянган тонноор буюу 25,7-46,2 хувиар нэмэгдсэн юм. Мөн өрөмдмөл худаг, булаг шандыг түшиглүүлэн төмс, хүнсний ногоо тариалах, хүлэмж байгуулж хүнсний нарийн ногоо өргөст хэмх, улаан лооль тариалах ажлыг өргөтгөх, хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуй, эмнэлэг, сургууль, албан байгууллагуудыг мах, ногоо, хадгалах зоорьтой болгоход тус комисс анхаарч ажилласны дүнд 1987 онд 1443 албан газар, 4823 айл өрх төмс, хүнсний ногоо тариалж хүнсэндээ хэрэглэдэг болов.

6. Зорилтот цогцолбор программыг эрчимжүүлэхэд нам, улс, олон нийтийн байгууллагын оролцоог идэвхижүүлж хот суурин газар, хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуйд хүнсний өдөрлөгийг жил бүр зохион байгуулж аймаг, хотын төвд хүнсний зах ажиллуулж байсан нь зохих үр дүнгээ өгч байв. 1986-1987 онд яам, тусгай газар, аймаг, хот, сум, дүүрэг, албан байгууллага зэрэг 250 гаруй газарт зорилтод программын хэрэгжилтийн явцыг комиссоос холбогдох яам, олон нийт, хяналтын байгууллагуудтай хамтран шалгаж ололтыг бататгаж дутагдлыг арилгах ажил зохион байгуулж байв. Мөн аймаг, хотын комиссын тайланг жил бүр авч дүгнэн туршлагыг дэлгэрүүлэх, дутагдлыг арилгах ажил зохиож байв.

7. Засгийн газрын комиссоос зохион байгуулж хэрэгжүүлсэн ажил, нийт иргэдийн хүч чармайлтын үр дүнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн материаллаг бааз бэхжиж байв. Зөвхөн 1988 онд гэхэд л хөдөө аж ахуйд 774.3 сая төгрөгийн хөрөнгө оруулж 460 мэгж бүхий гахайн байр, 13 мянган өндөглөгч бүхий шувууны байр, 400 үнээний саалийн механикжсан ферм зэрэг томоохон обьектуудыг ашиглалтад авч 671.6 сая төгрөгийн үндсэн фондыг шинээр ашиглалтад оруулснаар хөдөө аж ахуйн салбарын үндсэн фонд өмнөх оныхоос 1,4 миллиард төгрөгөөр нэмэгдэж,1986-1988 оны дундаж хэмжээ өмнөх 5 жилийнхээс 15.4 хувь, мал аж ахуйн бүтээгдэхүүн 13.5 хувь, газар тариалангийн бүтээгдэхүүн 19.7 хувь өссөн юм.

Энэхүү зорилтот цогцолбор программ нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж хүн амын хүнсний хангамжийг сайжруулахаас гадна үйлдвэр, худалдаа, үйлчилгээ, эрүүлийг хамгаалах, нийтийн аж ахуй зэрэг нийгэм соёлын өргөн хүрээтэй асуудлыг хамарч байсныг тэмдэглэх нь зүйтэй юм. Хүнсний үйлдвэр, худалдаа, нийтийн хоолны байгууллагуудад дотор мах, дайвар бүтээгдэхүүнийг ашиглах, ундаа, зайрмаг, сүү, цагаан идээ, гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар ахиц өөрчлөлт гарч байсан. Тус комиссоос санаачлан 1987 онд Өмнөговь, Дундговь, Говь- Алтай, Хэнтий аймгийн төвд хүнсний шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулж Өлгий хотод мах боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлж байв. 1987 онд амтат ундааны үйлдвэрлэлийг 17.4 сая литрт хүргэж өмнөх оныхоос 400 мянган литрээр, цагаан идээг 55 тоннд хүргэж 2.2 мянган тонноор, төрөл бүрийн талх, нарийн боовны үйлдвэрлэл 200 тонноор тус тус нэмэгдэж байв.

8. Хөдөөгийн хүн амын нийгэм аж ахуйн нөхцөлийг сайжруулах зорилтын дагуу 1987 онд Дорноговь, Сүхбаатар аймагт ахуйн үйлчилгээний комбинат, бусад аймагт ахуйн үйлчилгээний 19 төвийг ашиглалтад оруулж хөдөөд ахуйн үйлчилгээний ажлын байр 436-гаар нэмэгдэв. Хөдөөд амины орон сууц барихад шаардагдах материалыг холбогдох яамны захиалгыг үндэслэн жил бүрийн төлөвлөгөөтэй уялдуулан хуваарилж барилгын зарим чухал материалыг хөнгөлөлттэй үнээр худалдах, банкны зээл олгох ажлыг хэрэгжүүлж байв. Гэрийн мод, мотоцикль, цув, үстэй дээл, халуун сав, радио хүлээн авагчийн зай, жижиг оврын цахилгаан үүсгүүр зэрэг 54 нэрийн барааны 61.2-100.0 хүртэл хувийг малчдын хэрэгцээнд зориулан “Малчдын зориулалттай бараа” гэсэн тусгай тэмдэг бүхий падаантайгаар орон нутгийн худалдаа бэлтгэлийн ангид тээвэрлүүлж байв. Зөвхөн 1987 он гэхэд л хөдөөд Ерөнхий боловсролын 6.3 мянган суудалтай 18 хичээлийн байр, 1.5 мянган ортой 16 дотуур байр ,1.0 мянган ортой 14 цэцэрлэг ашиглалтад орж байлаа. Тухайн үед дотуур байранд суух шаардлагатай малчдын хүүхдийн 90.2 хувь буюу 67 мянган хүүхэд дотуур байранд хамрагдаж байв.

Энэ бүх ажлыг уялдуулан зохицуулж зохион байгуулах, үр дүнд хүргэх, ард иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэхэд Т.Рагчаа даргын удирдаж байсан Хөдөө аж ахуйг хөгжүүлэх хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилтот цогцолбор программын хэрэгжилт хариуцсан байнгын комиссын үйл ажиллагаа онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.

Жич:

Мах, сүүний анхдугаар аянг зохион байгуулж буй өнөөгийн Засгийн газар, хэрэгжүүлэгч эрхмүүд, тухайн үеийн Хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилтот цогцолбор программ– ын хэрэгжилт хариуцсан байнгын комиссын үйл ажиллагааг, холбогдох хүмүүстэй нь уулзаж сонирхон судалж, авах гээхийн ухаанаар хандаасай хэмээн мунхаглав.

Дурсамжийг нийтлүүлсэн үр хүүхдүүд нь

Categories
мэдээ цаг-үе

А.Нямдолжин: Орос, Монголын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхэд төмөр замын асуудал чухал

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Хөрш орон, стратегийн түншлэлийн салбарын эрхлэгч, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, док-тор профессор А.Нямдолжинтой ярилцлаа.


-Монгол, Оросын найрамдалт харилцааг сэргээхэд ямар ажлууд хийгдэж байна?

-1990 онд ЗХУ задарч, манай хоёр улс ардчилал, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбоотойгоор харилцаа, хамтын ажиллагаа зогсонги байдалд орсон. 2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчилсны дараа хоёр ул-сын харилцаа нэлээд эрчимтэй сэргэж эхэлсэн.Энэ нь Монголын уул уурхайн салбар дэлхийн томоохон гүрнүүд, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж эхэлсэнтэй холбоотой. Ийнхүү Асгатын мөнгөний орд, Таван Толгойн нүүрсний орд, Дорнодын ураны ордыг ашиглах, зөвлөлтийн үеийн нөлөөг сэргээхэд анхаарлаа хандуулах болсон.

Өнөөдөр Монгол-Оросын харилцааны стратегийн түншлэлийн түвшинг тодорхойлсон дөрвөн тулгуур баримт бичиг байна. Тухайлбал, 1993 оны нэгдүгээр сарын 20-нд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын ОХУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол, Оросын хооронд байгуулсан “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2000 оны арваннэгдүгээр сард Монгол Улсад айлчлах үеэр байгуулсан “Улаанбаатарын тунхаглал”, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2006 оны арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлах үеэр байгуулсан “Москвагийн тунхаглал”, 2009 оны наймдугаар сарын 25-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад айлчлах үеэр байгуулсан “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд стратегийн түншлэл хөгжүүлэх тухай Тунхаглал” юм. Хоёр орны харилцааны эрх зүйн үндэс болсон эдгээр тулгуур баримт бичиг нь хоорондоо нягт харилцан уялдаатай, бие биеэ дэс дараалан нөхөн баяжуулж ирсэн.

Монгол, Оросын өндөр дээд хэмжээний айлчлалууд тогтмолжин, улс төрийн түвшний харилцаа маш сайн явж байна. Гэвч хоёр орны харилцаанд шийдвэрлэвэл зохистой хэд хэдэн тулгамдсан асуудлууд бий. Тухайлбал, эдийн засгийн харилцаа байна. Гэтэл манай хоёр орны эдийн засгийн харилцаа нь улс төрийн түвшний харилцаа шиг сайн байж чадахгүй байна. Сүүлийн 25 жилийн хугацаанд Оростой хийсэн худалдаа тасрахгүй алдагдалтай явж ирсэн. Зөвхөн 1993 онд эерэг гарсан байдаг. Худалдааны алдагдалд нөлөөлж байгаа нэг хүчин зүйл бол Монгол Улс Оросоос нефтийн бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг импортлон авдаг явдал юм. Монголоос гарч байгаа экспортын бүтээгдэхүүн цөөн нэр төрлийн бараа гардаг. Иймд бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, Монголын экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох махны экспортыг нэмэгдүүлэх нь чухал. Сибирийн хүн ам Монголын махны гол худалдан авагч, хэрэглэгч байсаар ирсэн ба ойр байгаа энэ боломжоо бүрэн хэмжээнд ашиглахын тулд мал эмнэлэг, хорио цээрийн асуудлыг боловсронгуй болгож, стандартын шаардлагыг хангах явдал чухал. Украины хямралтай холбоотой Оросын эсрэг өрнөдийн орнуудын авсан хориг арга хэмжээг ашиглахад ч оройтойгүй байна. Түүнчлэн Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулан тариф болон тарифын бус саадыг арилгах замаар худалдааны алдагдлыг бууруулах боломжтой. Энэ хүрээнд Монголын Талын зам, Оросын Евразийн эдийн засгийн холбоо, Хятадын Торгоны замын эдийн засгийн бүсийг уялдуулан эдийн засгийн коридорт хамтран ажиллах зэрэг олон шинэ боломжууд гарч ирж байна.

-Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон асуудал олны анхаарлын төвд байгаа. ОХУ-ын зүгээс “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд шилжүүлсэн асуудалд ямар байр суурьтай байгаа бол?

-“Эрдэнэт” бол эрт орой хэзээ нэгэн цагт Монголд ирэх нь тодорхой байсан. Олборлолт хийгдэж байгаа, хэвийн ажиллаж байгаа үйлдвэрийг хувь заяагий нь шийдүүлэхээр өгч байгаа нь Оросын талд ашигтай байх, нэр хүндээ бодсон ч гэсэн нөөц нь шавхагдсаны дараа хаяж гарснаас дээр л дээ. Тэгээд ч тийм үнэтэй худалдаагүй, Орос улсын эдийн засаг хүнд байгаа өнөөгийн нөхцөлд гадаадад байгаа зарим жижиг үйлдвэрүүдээ зарах шийдвэр гаргасан тэрний нэг нь энэ болов уу. Ер нь бол Орос улс 2000 онд үйлдвэрт оруулсан хөрөнгөө, ашгаа хийчихсэн. Тэгэхдээ 49 хувь шилжсэн цаг хугацаа, арга зам, дараах үйл ажиллагаанууд урьдаас төлөвлөгдсөн байх магадлалтай.

-Тэгвэл төмөр замын асуудлыг яаж шийдэх ёстой вэ. Оросууд төмөр замаа хятадуудад зарна гэж яригдаад байна?

-Орос улсын хувьд төмөр зам бол хэзээнээсээ стратегийн өндөр ач холбогдолтой салбар байсаар ирсэн. Монголын төмөр зам баригдах гол шалтгаан ч гэсэн энэ геополитикийн өндөр ач холбогдолтой. Тиймээс Хятадад зарах гэж байгаа гэж ярьж байгаа нь үндэслэлгүй, зарвал маш юмаар сольж таарах байх. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ч муугаар нөлөөлөх асуудал. Монгол орны хөгжил төмөр замтай шууд холбоотой учир төмөр замын шинэчлэлийн асуудал их яригдаж байна.ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины 2014 оны есдүгээр сарын 3-нд Монголд Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр УБТЗ-ын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, хамгийн багадаа 890 сая ам. долларын өртөгтэй төмөр замын салбарын шинэчлэл, бүтээн байгуулалт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, цахилгаанжуулах, хос болгох ажлыг 2020 он гэхэд дуусгахаар тохиролцсон.

-Хоёр улсын төмөр замын гэрээний шинэчлэлд юу, юу тусгах вэ?

-БНМАУ-ын Засгийн газар ЗХУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дэх ямар ч татвар төлдөггүй цорын ганц аж ахуйн нэгж юм. Тиймээс юуны түрүүнд гэрээнд өөрчлөлт оруулж татвар төлдөг аж ахуйн нэгж болох хэрэгтэй. Манай улсын төмөр замын өнөөгийн байршил маш тохиромжгүй байдаг. Хот дундуур явсан төмөр зам нь Улаанбаатарын дэд бүтцийг тэлэхэд саад учруулдаг. Тэгэхээр төмөр замыг Богд уулын араар тавиад хотын байршлыг томруулж, чөлөөлөх асуудал яригдана. Техникийн шинэчлэлүүд хийгдэж байгаа ч гэсэн одоогийн түвшинд хүрсэн хангалттай шинэчлэлүүд хийгдэхгүй байгаа. Энэ талын шинэчлэлийг хийх нь хамгийн тулгамдсан асуудал. Төмөр замыг хос болгох, цахилгаанжуулах, бараа эргэлтийг нэмэгдүүлэх ёстой. Ингэснээр Орос, Монгол, Хятадыг дамнасан эдийн засгийн коридорын үр өгөөжтэй болоход нөлөөлөх нэг хүчин зүйл болж чадна.

-Монгол Улс Хятадын “Нэг бүс-нэг зам” бодлогын гадна үлдчихээд байгаа юм биш үү?

-Монгол Улс маань хоёр хөрштэйгөө газар нутгийн маргаангүй. Шашин хоорондын мөргөлдөөн байхгүй. Далай ламын айлчлал, дуучин С.Амармэндийн оросуудтай муудалцсан асуудал зэрэг нь хэдийгээр жижиг асуудал мэт боловч энэ нь цаад улсдаа үндэстэн, ард түмний дургүйцлийг төрүүлж магадгүй. Манай улс хоёр хөрштэйгөө харилцах дараа дараагийн харилцаанд нөлөөлж байгаа нь харагдаж байна. Тухайлбал, зээл тусламж болон уулзалтын товууд тодорхой хэмжээгээр хойшилж байна. Аливаа асуудал гарахад сошиал ертөнцийнхөн дураараа цуурч, сөрөг мэдээллүүдийг цацахгүй байх нь зүйтэй.

-Эгийн голын усан цахилгаан станцыг барихад Хятадын тал хөрөнгө мөнгийг нь шийдээд өгье гэдэг. Харин Оросын талаас Байгал нуурын экологийн асуудлыг хөндөн тавьдаг. Сая Ц.Мөнх-Оргил сайдын айлчлалаар хоёр улсын эрдэмтдийн зөвлөл байгуулж, асуудлыг шийдэх нь зүйтэй гэж тохиролцсон байна. Манайх ямар бодлого баримтлах ёстой вэ?

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин жил бүрийн арванхоёрдугаар сард Холбооны хуралд илгээлт тавьдаг. 2016 оны илгээлтдээ В.Путин Байгал нуурын экологийн асуудлыг анхаарч үзэх хэрэгтэй гэж улсынхаа түвшинд тавьсан. Эндээс харахад манай баруун бүсийг хангаж байгаа цахилгааныг Орос хангаад өгье. Эгийн голын усан цахилгаан станцаа барихаа больчих гэсэн хандлага ажиглагдаж байна л даа. Хэрэв ийм тохиролцоонд хүрвэл маш хөнгөлөлттэй үнээр баруун аймгуудаа цахилгаанаар хангачих юм бол заавал Эгийн голын усан цахилгаан станцыг барих шаардлагагүй. Эгийн голын усан цахилгаан станцыг барьснаар Байгаль нуурын усны түвшин багасна гэдэг асуудал яригдаж байгаа нөхцөлд аль аль талдаа ашигтай байх үүднээс шийдэх нь зүйтэй.

-Орос Хятад руу нийлүүлэх хоолойгоо Монголоор тойруулчихлаа.Одоогийн тавьж байгаа шугамаар дамжуулж буй хий Хятадын хэрэгцээг хангаж дийлэхгүй тохиолдолд гурав дахь хувилбар нь Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах гарц байгааг зарим судлаачид ярьдаг. Манай улс энэ тал дээр ямар идэвх санаачилга гаргах ёстой вэ?

-Хийн хоолойн хамгийн сүүлийн хувилбар бол Алтайн хязгаараас Казахстан Монголын хооронд 56 км-ийн зайтай нутгаар Шинжаан Уйгар луу тавих хийн хоолойн асуудал байгаа. ОХУ-ын бодлого бол тэр хавийн газар нутаг нь түвэгтэй, хад асга ихтэй. Техникийн талаас нэлээд асуудалтай. Бодлого талаас нь харахад хийн хоолой тавих асуудал Монголыг тойрсон нь Оростой ямар нэг асуудлыг тохиролцоход манай төр засгийн удирдлагуудын хэлсэн амандаа хүрэхгүй, тэдний итгэлийг алдчихсан юм болов уу гэж харж болохоор.Оросын хувьд Монголын ашиг сонирхлыг харж үзэхээс илүү Хятад хийгээ хаагуур яаж авна гэдгээс шалтгаалах байх. Хятад улс 2020 он гэхэд Баруун бүсээ ядуурлаас гаргах том зорилт тавьчихсан байгаа.

-Д.Трамп ялснаар Орос, Америкийн харилцаа сайжирна гэж байгаа. Монголд ямар өгөөжтэй байх бол?

-Оросууд бол Д.Трампын ялалтыг нааштайгаар хүлээж авсан. Манай улс бол хоёр хөршийнхөө харилцааны тэнцвэр дээр оршин тогтносоор ирсэн. Хэрэв Орос, Америкийн харилцаа сайжирлаа гэхэд Орос, Хятадын харилцаа сулрах хандлагатай. Орос, Хятад сүүлийн 20-иод жилд маш нягт харилцаж ирлээ шүү дээ. Энэ харилцаа сулрах юм бол манайд таагүй нөлөө үзүүлж болох хандлагатай. Мэдээж хэрэг хоёр орны харилцааны тэнцвэрийг хадгалж үзэх, Америкийн зүгээс Хятадын талаар, Ази Номхон далайн бүс нутгийн баримталж байгаа бодлогоос харж байж энэ асуудал яригдах байх.

-Орос, Монголын боловсролын салбар хэрхэн өргөжиж байна вэ?

-Монгол Улсаас ОХУ-д анх оюутан суралцуулж эхэлсний 95 жилийн ой, Орост сургууль төгсөгчдийн “МАВСУЗ” холбоо байгуулагдсаны 45 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ер нь ОХУ-аас Монголын оюутнуудад тэтгэлгээр суралцуулах квотынхоо тоог жил ирэх тусам нэмж байгаа. 1995 онд Орос, Монголын хоорондын боловсролын салбарын хэлэлцээрийг байгуулж эхлэхэд 34 оюутан тэтгэлгээр суралцуулж байсан бол өнөөдөр энэ тоо 450 болсон байна. ЗХУ-д 60-аад мянган оюутан сурч, өндөр боловсрол, мэргэжил эзэмшсэн. Үе үеийн монголчуудын нийгмийн бүх салбар дахь ололт амжилт, их үйлс, бүтээл улс орноо хөгжил, дэвшлийн шинэ шатанд гаргасныг энд тэмдэглэн хэлэх нь зүйтэй болов уу.


Categories
мэдээ цаг-үе

Шведүүдийг талцуулсан Трампын зөгнөл

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Шведийн талаар хэлсэн зөгнөл нь биелсэн хэмээн www.dailymail.co.uk-т онцолжээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Флорида муж улсын иргэдэд хандан үг хэлэхдээ “Лалын шашинтай долоон орны иргэдэд виз олгохоо зогсоохгүй бол Европын орнуудад болсон аймшигтай үйл явдлууд манайд ч нүүрлэж мэднэ” гэв. Тэрээр ийн ярихдаа Европын орнууд дахь дүрвэгсдийн хямралыг жишээ болгожээ. Д.Трамп “Та бүхэн эргэн тойрноо хар даа. Герман улсад юу болж байна. Өнгөрсөн шөнө Швед улсад яав. Тус улс олон дүрвэгч хүлээн авснаар аюултай байдалд ороод байна. Брюссель хотноо юу болсныг бид мартаж болохгүй. Мөн Парист ч гэсэн. Галт зэвсгээр зэвсэглэсэн этгээдүүд галзуу мэт аяглаж, олон хүний аминд хүрснийг санах хэрэгтэй. Дүрвэгсдээс болж дэлхий даяар юу болж байна” хэмээсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгчийн уг мэдэгдлийн дараа шведүүд олон нийтийн сүлжээгээрээ дамжуулан нутагт нь болсон үйл явдлын талаар жиргэж эхэлжээ. Тэд Д.Трампын хошин шогийн өндөр мэдрэмжтэйг онцолж байв. Харин Шведийн Гадаад хэргийн яамнаас “Манайд нөхцөл байдал тайван байна. Д.Трамп ямар ч баримт нотолгоогүйгээр худал мэдэгдэл хийлээ” гэжээ. Мөн АНУ-ын Төрийн департаментаас Д.Трампын хэлсэн үгийн талаар албан ёсны тайлбар хийхийг шаардсан байна. Шведийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч К.Акселсон “Д.Трампын гэнэтийн мэдэгдэл нь манай улсын нэр хүндэд маш сөргөөр нөлөөлсөнд бид сэтгэл дундуур байна” гэжээ.

ҮЙЛ ЯВДАЛ ХЭРХЭН ӨРНӨВ?

Д.Трампын хэлсэн үгийг батлав гэлтэй Шведийн нийслэл Стокгольмын дагуул хот болох Ринкебю дүүрэгт өнгөрсөн даваа гарагт үймээн дэгджээ. Дүрвэгсэд замдаа таарсан дэлгүүрүүдийг тонож, галдан шатаасан хэрэг хэд, хэд бүртгэгдсэн байна. Мөн зарим этгээд хэв журам сахиулагчид руу чулуу шидэж, танхайрчээ. Жагсаалыг тараах үүднээс цагдаа нар нулимс асгаруулах хий ашигласан аж. Цагдаагийнхан Ринкебю хотын метроны буудал орчмоос олон улсад эрэн сурвалжлагдаж байсан хойд африк гаралтай этгээдийг баривчлах үеэр дүрвэгсэд эсэргүүцэл илэрхийлснээс үймээн дэгджээ.

Эрх баригчдынх нь “толгойны өвчин” болоод буй Ринкебю дүүрэгт сомаличууд олноороо амьдардаг аж. Тус дүүргийг “Жижиг Могадиша” гэх нь бий. Түүнчлэн “Аль-Шабаб” бүлэгт элсэгчдийн гол төв ч гэдэг. Ринкебю дүүрэгт 2010 онд үймээн дэгдэж байжээ. Тухайн үед цагдаагийн газар руу дүрвэгчид халдсан байна. Шуурхай арга хэмжээ авч чадсанаар хурцадмал байдал намжсан юм. Харин энэ удаагийн үймээнд хичнээн хүн оролцсон нь тодорхой бус аж. Ямартай ч тус улсад байдал хурцадмал байгаа. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын зөгнөл биеллээ гэж зарим нь үзэж байгаа ч өөр нэг нь энэ нь өдөөн хатгасан хэрэг гэж шүүмжилжээ. Үүнтэй зэрэгцэн Д.Трампын зөгнөлийн талаар интернэт хэрэглэгчид янз бүрээр бичих болсон байна. Зарим нь “Бид Д.Трампын мэдэгдлийг шоолсон. Гэтэл тэр үнэн ярьжээ. Хэрвээ бид илүү ухаантай байсан бол түүний хэлснийг анхаарч, аюулгүй байдлаа хангах ёстой байв. Одоо бүгдээрээ Д.Трампын мэдэгдлийг үргэлж чих тавин сонсож байя” гэжээ. Гэтэл түүнийг шүүмжлэгчид ч олон байгаа аж. Тухайлбал, нэгэн интернэт хэрэглэгчийн онцолсноор “Д.Трамп л дүрвэгсдийг буруу зүйлд өдөөн турхирсан. Швед улс дүрвэгчдийг хүлээн аваад олон жил болж байна. Гэтэл тэд өнгөрсөн хугацаанд ганц ч удаа биднийг гонсойлгох зүйл хийж байгаагүй. Гэтэл Д.Трампаас болж тэд илүү зоригтой, өөрсдийгөө батлан харуулахыг хичээж байна” гэжээ.

Статистик судалгаагаар 9.5 сая хүн амтай Швед улсад 200 мянган орчим дүрвэгч амьдарч байна. Дүрвэгчдийн тоогоороо ч тус улс Европтоо тэргүүлсээр буй. Мөн “Лалын улс” бүлэглэлийн гишүүн болсон жихадистуудын тоогоороо ч эхний байранд жагсчээ. Зөвхөн 2015 онд гэхэд 160 мянган дүрвэгч хүлээн авсан аж. Цагаачдын урсгал нэмэгдсэнээр Швед улсад гэмт хэрэг газар авах болсон байна. Мөн шведүүд эрх баригчдынхаа бодлогыг эсэргүүцэн нэг бус удаа жагсаал зохион байгуулаад буй. Харин цагаачдын урсгалыг бууруулах үүднээс хилийнхээ харуул хамгаалалтыг чангалсан байна. Мөн сайн дураар тус улсыг орхих хүсэлтэй дүрвэгчдэд мөнгө төлж байгаа аж.

Бэлтгэсэн Д.ЦЭРЭНДОЛГОР