Categories
мэдээ цаг-үе

О.Нямаа: Аав минь Их тэнгэрийн аманд намаг хатааж, Чойбалсан даргад “Алтан гартай хүн” гэж үнэлэгдэж явсан

Г.Одон гэргий Н.Цэрэндуламын хамт. Болгар Барна Хар далайн амралт. 1975 оны VIII сар

Ардын зураач Г.Одонгийн охин Нямаатай ярилцлаа.

-Ардын зураач Г.Одон гуай олон сайхан бүтээлээрээ Монголын ард түмний оюун санаанд хөрөнгө оруулж ирсэн нэрт сэхээтнүүдийн нэг. Уран бүтээлийнх нь талаар яриагаа эхлэх үү?

-Аавын уран бүтээлд хөрөг зураг чухал байр эзэлдэг. Хүний дотоод сэтгэлийн илэрхийлэл болсон нүдийг зурна гэдэг гайхамшигтай зүйл байдаг. Нүдийг нь сайн зурж чадсан бол хаанаас нь ч харсан тэр хөрөг зураг чам руу харна. Миний аав хөрөг зургийг амилуулж чаддаг байсан. Тавиад онд зурсан Д.Ичинхорлоо гуайн эхнэр хувцастай зураг, Л.Цогзолмаа гуайн ид залуугийн зургууд байна. Намайг бол өчнөөн мянга зурсан.

Улс орныхоо нийгмийн хөгжлийг харуулсан сэдэвт зураг их зуржээ. Тэдний нэг бол 2005 онд Монгол Улсын соёлын өвд бүртгэгдсэн таван бүтээлийн нэг болох “Ажлын дараа” зураг юм. Энэ бүтээлээ аав минь дөрвөн жил зурсан гэдэг. Жаран жилийн дараа “Ажлын дараа” зураг өнгөрөгч намар нээлтээ хийсэн “Шүүдэр дундуур” киноны гол сэдэв болж өгсөн нь тэр зургийн үнэ цэнийг харуулжээ гэж бодогддог юм.

Мөн аав сэтгэлийн гүн дэх хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж амьдралынхаа сүүлийн жилүүдэд түүхийн сэдэвтэй зургууд зурж байлаа. Чингис хаан, Чингисийн дөрвөн хүү, өрлөг жанжнууд, Есөнтөмөр хаан гээд олон бүтээл нь өдгөө Цэргийн музейд хадгалагдаж байна.

-Г.Одон гуай “Ажлын дараа” зургийнхаа талаарх дурсамж тэмдэглэл бичиж үлдээсэн байдаг. Энэ мэт уран бүтээлүүд нь хэрхэн бүтсэн талаар сонирхолтой түүх, дурсамж хуваалцахгүй юу?

-Аавын ажил, уран бүтээлийнхээ талаар тэмдэглэл хөтөлж байсан олон дэвтэр бий. Гэхдээ бүгд уйгаржин монгол бичгээр таталж бичсэн болохоор би тэр бүрийг ойлгож чаддаггүй. Кириллээр бичсэн нэг дэвтэрт нь 1951 онд зураг урлалын газрын дарга Чойдог гуайн даалгавраар Жаргалантын сангийн аж ахуй руу томилогдсон талаар тэмдэглэл байсан. Тэр үед атар эзэмших, нэгдэлжих хөдөлгөөний талаар зургийн сэдэв амьдрал дээрээс олох гэж явуулж л дээ. Сангийн аж ахуйн амьдралыг бичиж тэмдэглээд, “Сангийн аж ахуйд” уран бүтээлээ туурвисан.

Аавын минь “Ажлын дараа” зураг бол судлагдаж дуусаагүй уран бүтээл шүү дээ. Аав зуны амралтаараа нутагтаа очиж ээждээ өвс, хадлан тэжээлийг нь бэлдэж өгдөг байж. Гар хадуураар нүдээ боогоод ч хадаж чаддаг байсан гэдэг. Нар шингэх үеэр хадлан дээрээ байж байхад нь эмээ аавыг оройн хоолоо ид гэж дуудаад, яваад очиход нь их гоё дүр зураг харагдсан байна. Эмээ ээж газар зууханд тогоо тавьж хоолоо хийчихээд, хөлөө жийгээд сууж байж. Аргалын утаа үнэртээд, өвсөн овоохойныхоо хажууд ширээ тавьсан байгаа нь сэтгэлд нь хадгалагдан үлдэж л дээ. Тэгээд л янз бүрээр зурсаар байгаад “Ажлын дараа” зураг бүтсэн гэдэг. Энэ зургийн голд суугаа өвгөн бол барилгачин Цогоо гуайн аав, цэнхэр хүрэмтэй эмэгтэй бол барималч Дамдимаа эгч гэх мэтээр бүгд эзэнтэй. Энэ зургийн талаар хэний ч мэдэхгүй, аавын ярьсан нэг сонирхолтой зүйлийг ярьчих уу?

-Тэгэлгүй яахав?

-Аав энэ зургаараа төрийн шагнал хүртчихсэн байсан үе. Яагаад ч юм нэг удаа надаас энэ “Ажлын дараа” зураг чамд ямар санагддаг вэ гэж асуулаа. Би ч “Ямар хачин юм асуудаг юм бэ” гэхэд, “Миний охин ер нь зураг хэр ойлгодог юм бэ. Энэ зургийг сайн хараадах даа” гэж байна. Би юуг нь харах юм бэ гэхэд “Гол дүрийн зэмлүүлж байгаа эрэгтэйг сайн хар” гэсэн. Тэгээд аав нь энэ зургийг хоёр санаатай зурсан юм ш дээ. “Ажлын дараа” гэхээр хүмүүс их ажлын дараа амарч байгаа хүмүүс байна гэж боддог. Тэр үед үзэл суртал чанга байсан болохоор уран сайхны зөвлөлд тэгж хэлсэн юм. Нөгөө талаар би зэмлүүлж байгаа нөхрийг ажлын садаа гэдэг утгаар зурсан. Сайн харах юм бол түүний өвөрт лонхтой юм байгаа. Чи харж байна уу” гэсэн юм. “Юу гэнэ ээ” гээд өврийг нь харахад лонхтой юм байж байдаг байгаа. Тухайн үед уран сайхны зөвлөл ч, өнөөдөр ч хүмүүс үүнийг анзаардаггүй нь сонин шүү.

-Аавын тань удам сударт гарын ур дүйтэй, зураг зурдаг хүмүүс байсан уу. Анх уран зурагт хэрхэн, яаж хөл тавьж байсан бол?

-Манай өвөг дээдсийн түүх их өрөвдөлтэй. Аав минь 1925 оны дөрөвдүгээр сарын 16-нд одоогийн Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт төрсөн. Шарайд овгийн буриад хүн шүү дээ. Өвөг дээдэс маань 1917 онд Орост гарсан иргэний дайнаас дүрвэж Монголд орж ирсэн буриадын удам угсаа. Аавын өвөө Жалсан, миний өвөг эцэг Гэлэг нар гарын уртай хүмүүс байсан гэдэг. Жалсан өвөө аавыг уран хүн болно гээд Одон гэдэг нэр хайрласан юм билээ. Тухайн үед хойд хязгаарт их түгшүүртэй, хүмүүс хүүхдүүдээ сургуульд өгөх нь битгий хэл гэрээсээ холхон гаргадаггүй байсан үе. Гэвч эмээ ээж маань холыг харж 1934 онд зэргэлдээх Баяндунгийн сургуульд шар тэргээр хүүгээ хүргэж өгсөн гэсэн. Тэгж аавын маань эрдэм ном сурах, авьяас билэг нь нээгдэх эхлэл тавигдсан юм билээ. Тэгээгүй бол аав минь нутагтаа нэг буриад баавай насыг барах байсан гэдэг. Улмаар 1937 онд аавыг хоёрдугаар ангид байхад Дашбалбар, Баяндун, Баян-Уул сумдын насанд хүрсэн бүх буриад эрчүүдийг баривчилж Дотоод явдлын яамны тогтоолоор буудан алах ялаар шийтгэхэд өвөө маань багтсан байдаг. 1992 онд буриадуудын хувьсгалын эсэргүүний хэргийг цагаатгасан шүү дээ.

Ингээд аав 1938 онд Баяндунгийн сургуулийг дүүргээд, 1939 онд Улаанбаатар хотод Хөдөө аж ахуйн техникумд суралцаж усан техникч мэргэжил эзэмшсэн юм. Сургуулиа төгсөөд мал тариалангийн яаманд мэргэжлээрээ ажиллахын хажуугаар зураг урлалын газрын дарга Д.Чойдог гуайн зураачдын бүлгэмд явдаг байжээ. 1945 онд тус бүлгэмийн зураачдын уран бүтээлээр үзэсгэлэн гаргахад тухайн үеийн ерөнхий сайд Х.Чойбалсан гуай аавын “Шөнийн айл” зургийг таалж зураачтай нь уулзмаар байна гэжээ. Тэр үед аав малын бойн дээр ажиллаж байж. Маршал дуудсан гэдгийг сонсоод ухаан алдах шахсан гэдэг. Тэгээд л айх, гайхах зэрэгцээд очиход маршал “Чи нөгөө алтан гартай хүн байна ш дээ. Чи бас зураг зурдаг юм уу” гээд таньсан гэнэ лээ.

Г.Одон 1960-аад он

-Маршалтай урьд нь уулзаж байсан гэсэн үг үү?

-Тийм. Урьд жил нь Их тэнгэрийн аманд аав Мал тариалангийн яамны Содномцэрэн гэдэг анхны усан техникчийн хамт намаг хатаах ажил хийсэн юм билээ. Тэр жил хур бороо элбэг, их тэнгэрийн ам битүү намагтай Маршалын гэрт тулаад ирсэн байж л дээ. Тэгээд л Маршал усан техникч нарт намаг хатаах даалгавар өгсөн байна. Намгийг яаж хатаасан талаар ааваас асуухад “Галын үнс хутгадаг төмрөөр тэр хавийн газрыг хатгаад яваад байсан. Тэгж яваад усны судал олсон юм. Хар ухаанаар хэлэхэд тэр төмрөөрөө усны голдирлыг өөрчилсөн” гэсэн юм. Ингээд нэг сар болоход намаг хатсан байна. Чойбалсан дарга “Ингэж намаг хатааж болдог байх нь ээ. Та нар чинь ёстой үнэтэй мэргэжилтэй, алтан гартай хүмүүс байна. Нэр чинь хэн билээ?” гэсэн гэдэг.

-Тэгээд юу болсон бэ?

-Маршал Чойбалсан зураг урлалын газрын дарга Чойдог гуайд “Энэ хүүхдийг Москва руу сургуульд явуул” гэж хэлсэн гэнэ лээ. Аав 1945 оны есдүгээр сард Н.Чүлтэм гуайн хамт Суриковын нэрэмжит уран зургийн ангид очиж суралцсан байна. Ингээд 1951 онд Монгол Улсад сонгодог уран зургийг нэвтрүүлэх анхны мэргэжилтнүүд болж төгсч ирсэн. Төгсч ирээд л Зураг урлалын сургууль, Багшийн дээд сургуулиудад багшилж, нэг насаа Монголын уран зургийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажилд зориулсан. Аавыг хүмүүс зураач, багш гэдгээр нь илүү мэддэг. Гэхдээ аав минь төрийн албанд алба хашиж байсныг тэр бүр мэддэггүй. Би аавынхаа амьдрал, уран бүтээлийн талаар ном бичих ажилдаа орчихоод байгаа.

-Төрийн албанд ажиллаж байсан гэхээр ямар ажил эрхэлж байсан юм бол. Тэр талаар нь намтар түүхэнд нь тодорхой зүйл байдаггүй байх аа?

-Аав 1973 оны нэгдүгээр сарын 6-наас эхлээд Соёлын яамны дүрслэх урлагийн тасагт дүрслэх урлагийн бодлого тодорхойлох ажлыг хийж эхэлсэн байдаг. 1980 он хүртэл. Тэр үед Соёлын яамны орлогч сайдаар С.Лувсанвандан гуай ажиллаж байжээ. Түүхийн хуудсыг сөхөөд үзэхээр аавыг ажиллаж байсан энэ цаг үед соёлын өвийг сэргээх ажил эхэлсэн байдаг. Энэ ажлын хүрээнд Дорнод аймгийн Халхын голд байдаг Тогтохтөр вангийн бүтээсэн хэвтээ Майдар бурхныг ард түмний хамгаалалтад авсан байна. Мөн энэ хугацаанд Урлаг судлалын хүрээлэнг байгуулахад аав хувь нэмрээ оруулж явсан байгаа юм. Тийм болохоор энэ ажлыг нь аавын тухай номонд нэг бүлэг болгож оруулахаар төлөвлөж байгаа. Мөн Баянзүрх дүүргээс сонгогдож, найман жил депутатаар ажиллаж байснаас гадна, цэргийн түүхийн музей байгуулах ажилд гар бие оролцож явсан гэдэг.

-Аав ээж хоёр тань хэрхэн танилцаж байв. Гэр бүлийнхээ талаар дурсамж хуваалцаач?

-Манай ээж эмнэлэгт насаараа асрагч, сувилагч хийсэн хүн. Аавын амьдардаг газар, ээжийн ажлын газар ойрхон байсан болохоор танилцаж дотноссон гэдэг. Бид эцэг эхээс тавуулаа байсан. Би хоёр ах, хоёр эрэгтэй дүүтэй айлын ганц охин болохоор аавдаа их эрх байжээ. Цагийн эрхээр бүгд цуваад явчихдаг юм байна. Одоо ах, дүү бид гурав л байна даа. Миний ах О.Нямдаваа аавын авьяасыг өвөлж киноны зураач болсон. Талийгаач дүү Гандаваа минь мөн л зураач, бурхан бүтээдэг хүн байсан. Даанч 37-ны жил дээрээ бурхан болсон. Харин дүүгийн маань охин Японд хувцасны загвар зохион бүтээдэг.

Ээж бид хэд аавын ар талын ажлыг хариуцна. Зургийн раман дээр зотон даавуу татаж, маш нарийн хадаасаар үрчийлгэхгүй хадах, модны цавуу, цагаан будаг түрхэх ажлыг хариуцаж хийнэ. Аавын бийр арчдаг даавууг удаан жил хэрэглэсэн зөөлөн даавуугаар хийнэ. Орны даавууг дахин дахин угааж, индүүдэж зөөлрүүлээд гоё хэлбэртэй хайчилж, дунд нь нүх гаргадаг байлаа. Энэ бидний хувьд их нандин зүйл байсан.

-Аавтайгаа өнгөрүүлсэн хамгийн сайхан дурсамж гэвэл?

-Монголын зураачид 1962 оноос Хүрхрээгийн аманд зусланд гардаг болсон. Тэр үед би зургаан настай байж. Тэнд олон сайхан дурсамж үлдсэн. Гомбосүрэн ахынх, Чүлтэм, Амгалан, Сэнгэцохио гуайнх гээд л бүгд зусланд гарна. Нэг айл нь мах чанавал бүгд очно. Нэг гэр бүл шиг дотно байсан. Аав минь судалбар зураг их хийнэ. Одоо гэрт аавын хувийн архивт 1500 шахам судалбар зураг байна. Би чинь найман нас хүрчихээд аавдаа үүрүүлээд уул хадаар явдаг байсан. Намайг ганц охин гээд их эрхлүүлнэ. Гэхдээ юмны наад цаадахыг ойлгуулж хэлнэ. Тэр жил зусланд гарахад би ихэд хөөрч уулын бэл рүү очоод баглаа цэцэг түүгээд ирсэн юм. Аав тэгэхэд ямар гоё цэцэг вэ, даанч ээж аав нь уйлж байгааа даа, миний охин. Чи хар даа гэж хэлсэн. Тэгээд нээрээ харсан чинь цэцгийн дэлбээн дээр шүүдрийн дусал дусчихсан байгааг хараад балчир ухаандаа уйлж байна гэж ойлгосон. Яагаад уйлж байгаа юм бэ гэж асуухад “Гуравхан сар амьдардаг цэцгийг тасалчихсан болохоор уйлж байна” гэсэн. Би их хачин болоод “Буцаагаад аваачаад тавьчих уу” гэхэд “Одоо нэгэнт тасалчихсан юм чинь усанд хийчих, хэд хоног амьдрах л байх. Ахиж битгий таслаарай” гэж хэлсэн. Би түүнээс хойш ахиж цэцэг таслаагүй. Цэцгэн дээр ч гишгэдэггүй. Аав бас цэцэгнээс “Чи яагаад ийм хөөрхөн байгаа юм бэ” гээд л “Би богинохон настай болохоор ийм хөөрхөн байдаг юм” гэж цэцэг хэлж байна гэх мэтээр аливаа зүйлийг надад амьдчилж хэлж өгдөг байсан.

-Аавынхаа амьдрал, уран бүтээлийг ном болгох ажилд нь амжилт хүсье?

-Баярлалаа. Бид 2015 онд аавынхаа төрсөн нутаг Дашбалбар сумын 90 жилийн ойгоор гэр музей байгуулсан. Тэнд 250 гаруй зураг, өмсч эдэлж явсан бүх зүйл нь байдаг юм. Тэр жил сумаас санаачилж гэр музейг хотод гаргахаар болж, Бест галлерэйд гаргасан. Хоёрдугаар сарын 2-7-ны ажлын таван өдөр үзүүлсэн. Би дотроо аавыг маань хүмүүс мартсан байх, үзэсгэлэнгийн нээлтэд олон хүн ирэхгүй биз гэж бодоод 50 урилга тараачихаад байж байлаа. Гэтэл маш олон хүн ирж ажлын таван өдөр манай үзэсгэлэн битүү хүнтэй байсан. Эндээс би нэг л зүйлийг ойлгосон. Өнөөгийн нийгэмд уран зургийн маш олон урсгал бий болсон ч реалист сонгодог уран зургийг, аавыг минь битүүхэн үгүйлж явдаг хүмүүс байдгийг мэдэрсэн. Тийм болохоор аавынхаа тухай ном бүтээхийг зорьсон. Энэ жилдээ багтаад гараас гаргачих болов уу гэж бодож байна.

Categories
мэдээ цаг-үе

Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиог иргэд ер тоосонгүй

Өчигдөр 16:00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарлаа. 2011 онд Засгийн газар тогтоол гаргаснаас хойш дуут дохиог жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гаригт дуугаргадаг уламжлал тогтоод байгаа юм. Дуут дохионы үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдах ёстой байдаг. Нийслэлийн хоёрдугаар сургуулийн гадаа очиход сурагчид толгой дээрээ цүнх, номоо тавиад гүйлдэж гарч ирлээ. Багш нар нь хүүхдүүдээ хариуцаад хаана яаж зогсохыг заана. Зарим сурагч “Тийм ээ, хичээл цонхоллоо. Үдээс хойших хичээл орохгүй, гоё оо” хэмээн гүйж харайн хөөцөлдөхөд багш нар нь жагсаалдаа орж толгой дээрээ цүнхээ барихыг сануулна. Сурагчдаас чухам юу хийж байгааг нь, яагаад толгой дээрээ цүнх, номоо барьсныг нь асуувал “Газар хөдөлж байгаа болохоор цүнхээ толгой дээрээ тавьж байгаа юм”, “Газар хөдлөх үед биднийг ингэж толгойгоо хамгаалаарай гэсэн. Бид сургуулиас гарч ирэхээсээ өмнө дохио дуугарангуут ширээн доогуураа орсон”, “Газар хөдлөхөд ингэж хамгаалах ёстой гэсэн” хэмээцгээж байлаа. Энэ үеэр сургуулийг бүгд орхин гарсан ч дотор сурагч, багш нар үлдсэн тохиолдолд тэднийг хэрхэн аврах ёстойг үзүүллээ. Гамшгийн үед авран хамгаалах ажлыг хэрхэн хийх талаар сургалтад сууж мэдлэгтэй болсон багш, ажилтнууд баг болж ажиллаж сургууль дотор үлдсэн хүмүүсийг гаргаж ирлээ. Тэд дотогш орохдоо фэйсбүүкээр лайв бичлэг хийж хүмүүсийг хэрхэн эрж олж аваад үүрч гарч ирж байгааг том дэлгэцээр шууд харууллаа. Тус сургуулийн сургалт хариуцсан ажилтан Б.Туяатай уулзахад “Манай сургуулийн хоёрдугаар ээлжинд хичээллэдэг 22 бүлэг, 103 багш, захиргаа аж ахуйн 34 ажилчин, 775 сурагч аюулгүй байдлыг хангаж гадаа гарч жагслаа. Мөн аюултай бүсэд үлдсэн иргэдийг олж эмнэлгийн анхны тусламж үзүүллээ. Уг арга хэмжээнд 103 багш, захиргаа аж ахуйн 34 ажилчин 775 сурагч хамрагдлаа” гэсэн мэдээлэл өгсөн юм. Гадаа салхилж суусан ахмад настай хүмүүс “Энэ чинь түгшүүрийн дохио юу даа” хэмээн ойр зуураа ярилцана. Харин залуу хүмүүсийн хувьд гамшгийн дохио дуугарч байгааг ерөөсөө анзаарсан шинж алга. Зарим хүмүүс сургуулийн хашааны цаанаас “Эд юу хийгээд бужигнаад унав даа” гэсэн янзтай гайхан зогсох аж. Бага ангийн сурагчдыг сургуулиас нь авах гэж үүдэнд нь зогссон эцэг, эхчүүдийн хувьд гамшгийн дохиог тоож байгаа янз алга. Сургуулийн үүд нээгдэхийг хүлээж хаалган дээр багширч байв.

Сүхбаатарын талбайд очиход хөл хөдөлгөөнтэй байлаа. Онцгой байдлынхан, түргэн тусламж, ус суваг, цахилгаан түгээх сүлжээ, аврах анги, халдварт, хорио цээрийнхэн гээд олон байгууллагынхан хэдийнэ ирчихсэн байлаа. Газар хөдлөлтийн үед үзвэр үзэж байсан иргэдийг тухайн орчноос хэрхэн гаргаж, яаж аврах талаарх сургалт үзүүлж байлаа. Хүчтэй газар хөдлөлт Соёлын төв өргөөний орчимд их хүчтэй мэдрэгдсэнээс тус өргөөний урд хэсэг бүрэн нурж, цахилгаан тасарч, цэвэр бохир ус хальж үзвэр үзэж байсан 100 орчим иргэн танхимаас гарах боломжгүй хашигдаж, дарагдсан нөхцөл үүссэн хэмээн төсөөлж аврах үйл ажиллагааг явуулж байлаа. “Соёлын төв өргөө”-ний газар хөдлөлтийн гамшгийн үед аврах, хор уршгийг арилгах, түр байршуулах байрыг хэрхэн байгуулах схемийг томоор харуулж өлгөсөн байв. Мөн гал түймрийг унтраах, хүн, хүч, техник хэрэгслийг байрлуулсан схем зургийг ч өлгөжээ.

Дотор байсан иргэдийг аюулгүй газар буюу Сүхбаатарын талбайд гаргаж ирэв. Нэг иргэн газар хөдлөлтийн нуралтаас болж нуруундаа хүнд гэмтэл авсан учир түүнийг тусгай хэрэгсэл ашиглан хоёрдугаар давхрын цонхоор буулгаж ирлээ.

Түргэн тусламжийн эмч нар нэн даруй анхан шатны тусламж үзүүлж түргэний машин аваад явчихав. Газар хөдлөлтийн үеэр цэвэр, бохир усны шугам эвдэрч, тог цахилгаанд асуудал үүсдэг. Тиймээс гамшгийн үед зөвхөн Онцгой байдлынхан л ажилладаг гэж ойлгож болохгүй юм. Хүн гэмтлээ гэхэд эмч нар түргэн тусламж үзүүлнэ, тог цахилгаанд масс үүсвэл цахилгаан түгээхийн инженерүүд нэн даруй цахилгааныг нь салгаж хэрэгтэй арга хэмжээ авдаг бол ус сувгийнхан бохир, цэвэр усны шугам хоолойг засч, халдвартын ажилтнууд ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ. Ийм маягаар байгууллагууд маш нарийн уялдаа холбоотой ажиллах ёстойг энэ үеэр харуулж байлаа. Гамшиг ослыг далимдуулаад зарим этгээд хулгай дээрэм хийх тохиолдол гардаг юм байна. Ийм зүйл тохиолдож болзошгүйг иргэдэд сэрэмжлүүллээ. Нэгэн этгээд зурагт хулгайлахыг завдсаныг хэв журам сахиулах албаныхан илрүүллээ. Гамшгийн үеэр иргэдийг бүртгэхэд хоёр иргэн алга байлаа. СТӨ-нд үйлчлэгчээр ажилладаг, 47 настай Д, урлагийн тоглолт үзэж байсан оюутан, 20 настай Б нар алга болсон байлаа. Тэднийг эрэн сурвалжлахад Д нь гамшиг болохоос өмнө дэлгүүр орохоор ажлаас түр гарч явж байсныг харсан хүн байсан бол оюутан Д гамшгаас зугтаж арын хаалгаар гарч аюулгүй газарт очсон байсныг тус тус тогтоосноо зарлалаа. Энэ мэтээр гамшиг ослын үед аврах ажиллагаа, эрэн сурвалжлах ажиллагааг хэрхэн явуулдгийг бас ямар болзошгүй зүйл болдгийг сэрэмжлүүлэх үүднээс ийнхүү үзүүлэх сургалтаар харуулсан юм.

Гал унтрааж, цахилгаан, шугам сүлжээг аюулгүй болгосны дараа гамшигт өртсөн иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа боллоо. Гамшиг ослын үед аюулгүй газарт хүргэх унаа тэрэг ирэхэд хоорондоо уралдаж, тэмцэлдэж бөөн шуугиан болдог. Иргэдийг аль болох тайван амгалан байж автобусандаа суухыг, суудал хангалттай байгаа учир яарч тэвдэхгүй байхыг сануулж байлаа. Бэлх зах дээр иргэдийг байршуулах байр, явуулын эмнэлэг барьж бэлдсэн бөгөөд гамшигт өртсөн иргэдийг автобусаар тийш авч явсан юм. Гамшгийн сургалтын үед иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаа нь анхны тохиолдол болж буйг Штабын дарга, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж хэлж байлаа.

Сургалтыг харж зогссон иргэд “Ёстой үнэмшилтэй юм. Яг гамшиг болчихсон юм шиг л харагдлаа. Хүмүүс шуугилдаад аврагчид хүмүүсийг зөөгөөд гал унтраад ёстой сүртэй юм боллоо”, “Гоё л юм үзчихлээ. Гэхдээ муу ёртой ч юм шиг санагдчихлаа”, “Үнэхээр гамшиг осол болбол мэдлэгтэй л байхгүй бол хэцүүхэн л юм болдог бололтой. Ямар азаар бид амгалан оронд төрчихсөн юм бэ” гэцгээж байлаа. Зарим иргэд ийм сургалтыг албан байгууллагуудад цувралаар зохион байгуулж байх хэрэгтэй юм, дуут дохионы аппаратыг нийслэлийн бүх дүүрэгт аль болох олон тоогоор байршуулахгүй бол захдуу газар, эсвэл том барилгуудад сонсогдохгүй байна гэхчилэнгээр санал бодлоо илэрхийлж байв. Улаанзагалмай нийгэмлэгийн гишүүд ч энэ үеэр гамшиг ослын үеэр иргэд яаж өөрийгөө аврах ёстойг, багаж хэрэгсэл, өмсгөлийг яаж өмсөхийг зөвлөж байлаа.

Гамшиг ослын үзүүлэх сургалт болж байгааг мэдээгүй иргэд “Соёлын төв өргөө шатаад байхад яагаад унтраахгүй байгаа юм. Манайхан ийм ш дээ. Зам талбай нь бөглөрчихсөн байхад гал командынхан яаж ирэх юм. Соёлын төв өргөө шатаад дууслаа ш дээ” гэж хий л бухимдаж гар утсаараа зураг авч байлаа. Энэ үзүүлэх сургалтын үеэр төв талбайн зүүн талын замын хөдөлгөөнийг хаагаад Соёлын төв өргөөний баруун хойд талд утаа тавьчихсан байсныг иргэд ингэж буруу ойлгосон байлаа.

Уг үзүүлэх сургалтыг харсан иргэд ямартай ч газар хөдөлсөн үед ямар арга хэмжээ авдгийг нүдээрээ үзсэн бол бусад иргэдийн хувьд харин юу ч мэдсэнгүй. Яагаад гэвэл дуут дохио дуугарч байхад түүнийг анзаарч сонсч байгаа хүн байсангүй. Ер нь л тоосон шинжгүй алхацгааж байсан нь харамсалтай. Зарим иргэн “Юу, тийм юм болсон юм уу. Би л лав дуут дохио сонсоогүй” эсвэл “Дуугарч л байсан. Дуугарлаа гээд яах вэ дээ” гэсэн байр суурьтай байлаа.

XI хорооллын оршин суугч, өндөр настан Т.Сэрээтэр “Дээр үед ийм гамшгийн дохио сонсоод бид чинь сүнсээ зайлтал айдаг байлаа. Ээжүүд нь үр хүүхдээ хөтлөөд хорт хийн баг зүүгээд хоргодох байр руу гүйдэг байлаа. Миний хувьд сая дуут дохиог эхлээд анзаараагүй юм. Сургуулийн хүүхдүүд гүйлдэж гарч ирэхээр нь сургуулилт болж байгаа юм байна гэж бодлоо. Ер нь хүнд сэрэмж хэрэгтэй. Аливаа улс орон юуны ч өмнө бэлэн л байх ёстой. Ийм сургалтыг үе үе явуулж байхгүй бол ийм дуут дохиог сонсоогүй хүүхдүүд их байх шиг байна” хэмээсэн юм. Гамшиг ослын үзүүлэх сургалтын үеэр Соёлын төв өргөөний дэд дарга, дуучин Б.Сарантуяатай уулзахад ийм төрлийн сургалтыг тогтмол явуулж байх нь зүйтэй. Манай мэргэжлийн албад ямар чадварлаг, хурдан шаламгай байгааг сургалтын үеэр харснаа хэлсэн юм. Тэрээр өнгөрсөн оны аравдугаар сараас энэ албыг аваад шинэ он гарангуут Онцгой байдлын албаныхантай хамтарч ажилчдадаа гамшиг ослын үед хэрхэн ажиллах сургалтыг хэд хэдэн удаа явуулсан юм байна. Ажилчид нь өмнө нь сургалтад сууж тодорхой хэмжээний мэдээлэлтэй болчихсон байсан учир өчигдрийн болсон үзүүлэх сургалтын үеэр үзэгчдээ аль болох сандраахгүй, өөрсдөө ч сандрахгүй бүгдийг нь гадагш аюулгүй гарахад нь тусалсан байна. “Соёлын төв өргөө бол Сүхбаатар дүүргийн томоохон обьектуудын нэг. Өнөөдөр ийм үзүүлэх сургалтыг манай дээр амжилттай зохион байгууллаа. Энэ үзүүлэх сургалтаас надад юу бодогдсон бэ гэхээр манай мэргэжлийн хүмүүс ажилдаа үнэхээр сайн юм байна. Хэрвээ гамшиг осол болвол тэдэнд итгэж болох юм байна гэсэн бодол төрлөө. Мөн байгууллагууд дээр ийм сургалтыг явуулах хэрэгтэй” гэж СТӨ-ний дэд дарга Б.Сарантуяа хэлж байлаа.

Өчигдөр дуугарсан гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио бол иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын газар хөдлөлт, байгалийн ямар нэг гамшигт бэлэн үү гэдгийг нь шалгасан шалгалт байсан. Гэтэл энд тэнд зохиосон үзүүлэх сургалтыг эс тооцвол үнэндээ Улаанбаатарын иргэд, монголчууд газар хөдлөлтөд бэлэн биш гэдэг нь харагдлаа. Гамшгийн дуут дохио дуугарахад ядаж зогтусаад эргэн тойрноо ажиглаж ойролцоо явж байгаа хүнээсээ юу болоод байгааг асуух ёстойсон. Хэрвээ жинхэнээсээ газар хөдөлбөл гудамжинд явж байсан хүн “Энэ чинь юу болж байна аа. Толгой эргээд газар дайвалзаад явчихлаа. Даралт ихэсч багасаад байна уу даа. Халуун цай ууя даа” гээд цайны газар бараадаж мэдэхээр тийм л хэнэггүй байгаа нь өчигдөр анзаарагдав. Ер нь гамшиг ослын үед ганц ч хүн нурангид даруулж, элдэв зүйлд өртөж нас бардаггүй юм гэдгийг Японы ард түмэн дэлхий нийтэд харуулдаг. Гамшгийн үед хүмүүс чухам юунаас болж амьсгал хураадаг вэ гэхээр гэнэтийн ослоос айж цочсоноос зүрх нь хаагддагтай холбоотой. Гэнэтийн осолд бэлэн биш байсан хүний л зүрх айснаасаа болж зогсдог гэсэн үг. Ингэхээр ерөөсөө л аливаа гамшигт бэлэн байх нь л учирч болох эрсдэлийг бууруулдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр 9.9 их наядын төсөвтэй

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар өчигдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ. Уулзалтад нийслэлийн харьяа газар, агентлагуудын төлөөллүүд болон БОАЖЯ-ны мэргэжилтнүүд байлцаж сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өгсөн юм.

Засгийн газрын энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаар баталсан Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр нь таван стратеги зорилт дэвшүүлжээ. 2025 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжих юм байна. Эхнийх нь 2017-2019 он хүртэл, хоёр дахь үе шат нь 2020-2025 он хүртэл нийт 9.9 их наяд төгрөгийн санхүүжилтээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Эхний стратеги зорилтод хот төлөвлөлтийг боловсронгуй болгох, төвлөрлийг сааруулах, дэд бүтцийг нэмэгдүүлэх, бохирдлын хэмжээг бууруулах, хүн амын амьдрах орчны зөв дадлыг төлөвшүүлэх, хүн амын Үндсэн хуульд заасанчлан эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэнэ хэмээн салбарын сайд Д.Оюунхорол онцлов. Тухайлбал, үндэсний хөтөлбөрийн эхний зорилт нь байгаль орчинд ээлтэй үр ашигтай техник, технологийг нэвтрүүлэх замаар бохирдлын эх үүсвэрийг багасгаж түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хязгаарлахад чиглэх ажээ. Харин дараагийн стратеги зорилт нь хот байгуулалт төлөвлөлтийг боловсронгуй болгох, дэд бүтцийн байгууламжийг оновчтой бодлогоор хэрэгжүүлэх, орон нутгийг хөгжүүлэх замаар төвлөрлийг сааруулах юм байна. Мөн утааны хэсгийг бүрдүүлдэг авто тээврийн хэрэгслээс ялгаруулах бохирдуулах бодисыг бууруулахаар тусгажээ. Харин дөрөв дэх зорилтоор агаар орчны бохирдлыг бууруулах, удирдлага зохицуулалт, санхүүжилтийг бүрдүүлэх, хариуцлага урамшууллын тогтолцоог бий болгох аж. Мөн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх үүрэг хариуцлагыг өндөржүүлэхэд сургалт, сурталчилгааны ажлыг түлхүү хийх, хяналтын системийг эрчимжүүлэхэд анхаарах гэнэ.

Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол хөшүүрэг нь санхүүгийн асуудал бөгөөд тооцоо судалгааг гаргахдаа нэлээн нарийвчлалтай болсон гэдгийг албаныхан тодотгов.

Тодруулбал, улсын болон орон нутгаас уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахын тулд 2.2 хувь буюу 201 тэрбум төгрөгийг гаргахаар төсөвлөжээ. Харин 13.7 хувь буюу 1.5 их наяд төгрөгийг гадны зээл тусламжаас бүрдүүлэх аж. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 650 тэрбум төгрөгийг босгохоор тооцсоноо энэ уулзалтаар танилцуулав.

БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган, “Дэд бүтцийн байгууламжийг бий болгох төсөл хөтөлбөрт нэлээн хөрөнгө гарах төсөв гарсан. Тухайлбал, зуны улиралд нийслэлчүүдийн өмнө тулгамддаг цэвэрлэх байгууламжийн үнэрийн асуудлыг шийдэхээр 650 тэрбум төгрөгийн өртгөөр шинэчлэл хийнэ. Нийслэлийн хог хаягдлыг боловсруулах эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрт 350 тэрбум төгрөг, түүхий нүүрсийг халах хийн түлшний үйлдвэрт таван их наяд төгрөгийг төсөвлөсөн. Мөн төвлөрлийг сааруулах ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэх чиглэлээр 10 аймгийн төвд байгальд ээлтэй дэвшилтэт технологиор ДЦС барьж байгуулна. Түүнчлэн гэр хороололд байгаа 220 халаалтын зуухыг татан буулгаж, төвлөрсөн халаалтад шилжүүлэх ажилд 91 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Дээрх хөтөлбөрийн хүрээнд 60 үйл ажиллагаа буюу 120 арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэлээ.

Нийслэлийн агаар, орчинг бохирдуулахад нөлөөлж буй хүчин зүйлс болох арьс шир, ноос ноолуурын үйлдвэр, авто тээврийн захуудыг хотоос нүүлгэн шилжүүлэх, дагуул хотуудыг хөгжүүлэх замаар аж үйлдвэрийн цогцолбор парк байгуулах ажил өрнөнө гэдгийг албаныхан хэллээ. Улмаар гэр хороололд инженерийн дэд бүтцийн байгууламжийг бий болгосноор иргэд амины орон сууцандаа ая тухтай аж төрөх нөхцөл бүрдэх нь ээ. Тодруулбал, 300 айл өрхийг хамарсан 200 инженерийн дэд бүтцийг байгуулахын зэрэгцээ Азийн хөгжлийн банкны гурван сая ам. долларын санхүүжилтээр Монголын нөхцөлд тохирсон ариун цэврийн байгууламжийн жишиг загварыг бий болгох юм байна. Мөн ирэх жилүүдэд шөнийн цахилгааныг тэглэх ажлыг үргэлжлүүлэх бөгөөд байгальд ээлтэй дулаан хадгалах шинэ халаалтын систем худалдан авах нөхцөлийг бүрдүүлэхээр БОАЖЯ, Монголын банкны холбоо, Нийслэлтэй хамтран “Ногоон зээлийн сан”-г байгуулжээ. Эхний ээлжинд Нидерландын Хөгжлийн банкнаас таван сая ам.долларын санхүүжилтийг бүрдүүлж бага хүүтэй зээлийг иргэдэд олгохоор болжээ.

Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг олон нийтэд таниулахаар Драгон төв, Зургаан буудлын Оргил төв, Дүнжингарав худалдааны төв, Сансар мега төвд үзвэрийн танхим байгуулах аж.

Улаанбаатарын гэр хорооллын 60 гаруй хувьд нь судалгаа хийхэд тэдний дийлэнх нь байгаа орчиндоо дэд бүтэцтэй болох сонирхолтой байгаа гэнэ. Орон сууцанд амьдрах нь ашиглалтын зардал өндөртэй болохоор иргэдийн хүссэн чиглэл рүү ажиллана гэдгээ албаныхан тайлбарлаж байлаа.

БОАЖ-ын сайд болон Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Агаарын бохирдолтой холбоотой зуух, гэрийн дулаалга гээд олон ажлыг хийж байсан. Гэвч бохирдол буурахгүй болохоор иргэдийн итгэл алдарсан. Харин өнөө жилээс хотын даргын гаргасан бүсчлэл тогтоосон захирамж, цахилгааны шөнийн тариф зэрэг олон арга хэмжээг авлаа. Эхний ээлжинд агаарын бохирдол жилд ямар хэмжээгээр буурах боломжтой вэ?

-Манай Улаанбаатар хот бол дэлхий дээрх хамгийн хүйтэн нийслэлтэй орон. Яг Улаанбаатар хотод шинжлэх ухааны байгууллага, ТББ-ууд дулаан алдагдлын талаар том судалгаа хийсэн. Хэрэв дулаан алдагдлыг бууруулж чадвал өнөөдрийн нүүрсний хэрэглээг 50 хувь бууруулах боломжтой. Он, онд хуваагаад үзэхээр бүхэл бүтэн нэг том дулааны станц барих мөнгийг хэмнэх ач холбогдолтой. Тиймээс гэрийн дулаалга, зуухны асуудал цаашид үргэлжилнэ. Өнөөдөр гэрийн дулаалга, байшингийн хана ямар зузаантай байх зэрэг стандарт огт байдаггүй. Үндэсний хороон дээр яригдаж байгаа зүйл бол орон сууцны хорооллоос бусад газар амьдрах гэж байгаа айлуудад стандартыг тодорхой болгож өгнө. Шөнийн тарифын хувьд Улаанбаатар цахилгаан түгээх компаниас мэдээлэл авахад 2,1 тэрбум төгрөгийн хөнгөлөлт нийт иргэддээ үзүүлчихсэн байгаа. Нэгдүгээр сарын 1-нээс хойш цахилгааны хөнгөлөлтөд хамрагдаагүй бүсийн иргэд нөхөж хамрагдах боломжтой.

-Дугаарын хязгаарлалт үргэлжлэх үү?

-Замын түгжрэлийг бууруулах гол ажлын нэг бол энэ. Тиймээс цаашид үргэлжилнэ. Өдөр тутамд 320 орчим мянган автомашин нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож байна.

-Авто худалдааны төвүүд, арьс ширний үйлдвэрүүдийг хэзээ хотоос гаргах вэ?

-Ер нь бол цаашид гаргах бодлого байгаа. Өнөөдөр төвдөө автомашин хэдэн мянгаар нь авчирч худалдаж байгаа нийслэл хаа ч байхгүй. Нэлээд том хөрөнгөөр авто худалдааны төвийг хотын баруун захад байгуулсан. Тэгэхээр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй авто захууд тийшээ шилжинэ.

-Хэзээ метротой болох вэ?

-Метроны асуудал өнөөдрийг хүртэл улс төрийн шоу байсан. Замын хөдөлгөөнийг өндөр өртөгтэй метрогоор шийдэх нь зөв юм уу, нийтийн тээврийн асуудлыг шийдэх нь дээр үү гэдгийг салбарын яамтай ярилцаж байгаа.

-Үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд санхүүгийн асуудлаа хэрхэн зохицуулах вэ. Концессын гэрээнд хувийн хэвшлийнхний итгэл алдарсан. Концессын гэрээг шинэ хэлбэрээр явуулах боломжийг хэр судалсан бэ?

-Ер нь хөтөлбөр батлагдаад гарахдаа ямар ч санхүүгийн тооцоогүй гардаг байсан. Бид анх удаа Агаар, орчны үндэсний хөтөлбөрийг батлахдаа ажлынхаа төлөвлөгөөг хамтад нь ярьж байгаа. Тиймээс бодит тооцоо судалгаа гарсан. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг барих ажил бол нийгмийн хүлээлт болсон асуудал. Тэгэхээр энэ ажлыг эхлүүлэх тал дээр тендерийг шалгаруулж, хууль эрх зүйн орчинг бий болгож, төр хувийн хэвшлийн түншлэлээр ажлыг шуурхай хийх шаардлагатай. Үүнд зориулж 650 тэрбум төгрөгийг концессоор хийхээр шийдэж, гадаадын хөрөнгө оруулагчид санхүүжилтийг гаргахаар ажилдаа орж байгаа юм. Улаанбаатарт гурван том төвлөрсөн хогийн цэг байдаг. Эдгээр нь агаар, орчинг ихээр бохирдуулж байна. Бас хогийн үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр бариулна.

М.МӨНХ

Categories
мэдээ цаг-үе

Хагас сарын дараа дуусах Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 45-хан хувьтай байна

Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэннадмидаас ЭЕШ-ын бүртгэлийг тодрууллаа.


-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ямар шатанд явж байна. Шалгуулагчид хэдэн хувьтай бүртгүүлээд байна вэ?

-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл улс орон даяар хоёдугаар сарын 1-нээс эхэлсэн. Бүртгэлийн хугацаа дөрөвдүгээр сарын 14-ний 18:00 цагт дуусна. Хугацааг сунгахгүй. Элсэлтийн шалгалт өгөх хүсэлтэй хүүхдүүд маань энэ хугацаанд амжиж бүртгүүлэх ёстой. Бүртгэлийн явц өмнөх жилүүдтэй ижил хувьтай явагдаж байна. Ер нь жил бүр хүүхдүүд бүртгэлийн хугацаа дуусахаас 14 хоногийн өмнөөс эхлэн эрчимтэй бүртгүүлж эхэлдэг. Энэ нь маш их ачаалал үүсгээд байдаг юм. Өнөөдрийн байдлаар (өчигдөр)шалгалтын бүртгэлийн явц 45 хувьтай буюу 18205 хүүхэд бүртгүүлсэн. 10747 хөдөө орон нутгийн хүүхдүүд бүртгүүлсэн, хөдөө орон нутаг дотроо Баянхонгор аймгийн хүүхдүүд илүү сайн бүртгүүлж байна. Нийслэлийн хувьд 7458 хүүхэд бүртгүүлсэн байгаагаас Баянзүрх дүүргийн хүүхдүүд идэвхтэй бүртгүүлжээ. Энэ жил ЕБС-ын 37000 хүүхэд XII ангийг төгсөнө. Өмнөх оны төгсөгчдөөс элсэлтийн ерөнхий шалгалтыг 3000-4000 мянган хүүхэд өгнө гэж тооцоолж байна. Ерөнхийдөө элсэлтийн ерөнхий шалгалтыг 40000 гаруй хүүхэд өгнө.

-Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтын журамд гарсан өөрчлөлт бий юү?

-Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд хэд хэдэн өөрчлөлт орсон. Нэгдүгээрт, монгол хэл, монгол бичгийн шалгалт босго оноогүй, шалгалт нь нэг удаа явагдана. Боловсролын үнэлгээний төвөөс босго оноо тогтоож өгөхгүй тухайн хүүхдийн элсэн орох сонирхолтой байгаа их дээд сургууль оюутан элсүүлэн оруулах журмандаа монгол хэл, монгол бичгийн шалгалтандаа босго оноо тогтоож өгөх боломжтой гэсэн үг. Хоёрдугаарт, сэдэв даалгаврын хувьд монгол хэл, англи хэл, орос хэл гэсэн гурван хичээлийн шалгалт дээр сонсоод ойлгох чадварын даалгавар нэмэгдэж орж байгаа. Энэ сонсоод ойлгох чадварын даалгавар нь тухайн шалгалтын материалын 11.3 хувийг нь эзэлж орно. Гуравдугаарт, шалгуулагч хариултын хуудсаа хар болон хөх өнгийн үзгэн болон тосон балаар будах ёстой. Дөрөвдүгээрт, бүртгүүлж байгаа хүүхэд маань өөрийн цахим хаягаар бүртгүүлнэ. Өмнө бол ангийн бүх хүүхэд багшийнхаа хаягаар бүгд бүртгүүлдэг байсан бол энэ жил хүүхдүүд өөр өөрсдийн хаягаараа бүртгүүлнэ.

-Хичээл сонголтын төлбөрөө хэрхэн төлөх вэ. Нэг шалгалт хэдэн төгрөг вэ?

-Төлбөрөө онлайнаар төлнө. Онлайнаар төлөхдөө энгийн виза болон мастер картаар төлж болно. Тухайн карт нь интернэт гүйлгээ хийх эрхтэй карт байх ёстой.Шалгуулагч маань ees.mn сайт руугаа орж бүртгүүлнэ. Мөн Элсэлтийн ерөнхий шалгалтын талаарх мэдээлэл авах лавлах 74759498 дугаарын утас ажиллаж байгаа. Нэг шалгалт 5800 төгрөг, батламжийн хуудас 700 төгрөг. Нэг хүүхэд хэдэн ч шалгалт өгсөн нэг л батламжийн хуудастай байна.

-2016 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр шалгалтын даалгавар задарсан талаар маргаан гарч байсан. Шалгалтын материалын нууцлалыг сайжруулахаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Өнгөрсөн жилийн хувьд Элсэлтийн ерөнхий шалгалтын тест, даалгавар ямар нэгэн байдлаар задарсан зүйл байхгүй. Гэхдээ энэ нь бидэнд маш том дохио өгсөн. Тиймээс элсэлтийн ерөнхий шалгалтын тестийг задруулахгүй байх, илүү чангатгах тал дээр илүү их ажиллаж байна. ЭЕШ ил тод, үнэн зөв, нээлттэй байлгахын тулд шалгалтын байруудаа сонсох төхөөрөмж, сүлжээ сарниулагч, камержуулалт, сонсоод ойлгох чадварын ойлгох даалгаврын төхөөрөмжөөр бүрэн хангаж өгсөн. Хөдөө орон нутагт 22 шалгалтын пост, нийслэлд 28 шалгалт постууд тус тус ажиллана. Сэдэв даалгаврын хувьд мэргэжлийн багш нартай хамтарч ажиллаж байгаа. Сэдэв даалгавраа сүлжээ сарниулагч, камержуулсан тусгай постонд гарч боловсруулдаг. Мөн Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамгаалалтан дор хийдэг. ЭЕШ дууссаны дараа шалгалтын материал боловсруулсан хүмүүсээ явуулдаг учир сэдэв задрах ямар ч боломжгүй.

-Шалгалтын хуваариуд гарсан уу?

-Хуваарь гарсан. Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 14, 15, 17, 18-нд явагдана. Зургадугаар сарын 14-нд Монгол хэл, бичгийн шалгалтыг, 15, 17, 18-нд бусад хичээлүүдийн шалгалтыг авна.

Н.ГАНЧИМЭГ

Б.ҮРЖИГ

Categories
мэдээ цаг-үе

МҮОНТ-ээр яривал хууль зөрчдөггүй, бусад хэвлэл мэдээллээр ярьж, бичвэл нууц задруулсан болно гэдэг нь чөлөөт хэвлэлийг дорд үзсэн хэрэг

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой улсын нууцад хамааруулсан зарим баримтыг олон нийтэд ил болгох тухай бичгийг Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцад хэдхэн хоногийн өмнө явуулсан.Үүний дагуу С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэрэгт холбоотой баримт бичигт төрийн нууцыг хуульд заасан хүрээнд ил болгохыг зөвшөөрчээ. Тэгвэл уг зөвшөөрлийн хүрээнд өчигдөр буюу энэ сарын 22-ны МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрт Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн, С.Зоригийн хэрэгтэй холбоотой ярилцлага өгсөн юм. Тодруулбал, тэрээр ярилцлагынхаа эхэнд “Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн нууцын зэрэглэлд хамруулсан хэрэг материалаас тодорхой баримтыг нууцын зэрэглэлээс гаргах зөвшөөрлийг олгосон байгаа. Тэгэхээр би өнөөдөр таны асуусан асуултад энэ хэргийн нууцын зэрэглэлээс гаргасан тодорхой баримт сэлтийг дурдаж, хариулах ийм боломж олдож байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр үүний дагуу дараахь хариултыг би танд өгөх боломжтой. 18 жилийн дараа энэ хэрэг яагаад илэрсэн бэ гэж байна. 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр гэмт хэрэг гарснаас хойш мөрдөн байцаалтын ажиллагааг Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар хамтарч явуулсан.

Энэ ажиллагааны үр дүнд маш олон нотлох баримтад тулгуурлан 2015 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс яллагдаад байгаа Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг. Тэгэхээр өнөөдөр гэнэт илэрсэн биш 18 жилийн хугацаанд шалгаж, цуглуулсан нотлох баримт, мөрдөн байцаалтын үр дүн өнөөдрийн цаг хугацаатай давхцаж байгаа ийм л байдал юм” хэмээн сэтгүүлчийн “Яагаад 18 жилийн дараа гэнэт хэрэг илрэх болов” гэсэн асуултад хариу өгөв. Ингээд үүний дараагаар тухайн хэргийн нууцын зэрэглэлээс гаргасан гэх С.Зориг агсны гэргий Б.Булганы хэрэгтнүүдийг дүрсэлсэн аман зургийн эх хувилбарыг, яллагдагч нар хэргээ хүлээсэн тухай дөрвөн видео бичлэг зэргийг дэлгэв.

Эдгээр зураг, бичлэгүүдийг МҮОНТ-ээс бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацвал нууц задруулсан хэрэгт орж хуулийн хариуцлага хүлээнэ гэлээ

Хамгийн гол нь энэхүү мэдээллийнхээ төгсгөлд Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн нэгэн мэдэгдэл хийсэн нь ардчиллын дархлаа болсон хэвлэл мэдээллийн эрхэнд бүдүүлгээр халдсан зүйл боллоо. Тодруулбал, Ж.Сандагсүрэн “Хэдийгээр бид нууцын зэрэглэлээс гаргаж байгаа тодорхой баримтуудыг дэлгэж байгаа ч гэсэн энэ баримтууд маань өөрөө хэрэг бүртгэх мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн зөвшөөрөлгүйгээр бусдад задруулах, ил гаргах, цааш түгээх тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай учраас цаашаа дамжиж задрах тохиолдолд хуулиар хориотой гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй” гэв. Энэ мэдэгдэл нь үнэндээ хэвлэл мэдээллийнхнийг гайхшруулахад хүрэв. Энэ мэдээллээр бол зөвхөн МҮОНТ-ээр цацна бусдаар нь болохгүй гэж хэнд ч шууд ойлгогдохоор байна. Учир нь нийслэлийн прокурорын ийм өндөр албан тушаалтан тодорхой хэд хэдэн баримтуудыг орон даяар олон нийтийн телевизээр видео бичлэг, зураг хөрөгтэй нь цацсан хэрнээ бусад хэвлэл мэдээллийнхнийг цааш энэ тухай ярьж, бичихийг хориглоно гэж хэлдэг нь ямар учиртай юм бэ. Энэхүү мэдээлэл Youtube хуудсанд хүртэл тавигдсан бөгөөд маш олон мянган хүн үзээд байна. Тэгэхээр бас YouТube-ийг хуулийн хариуцлагад татна гэсэн үг үү. С.Зоригийн хэрэг олон нийтийн анхааралд бий.Тиймээс Монголын бүх л хэвлэл мэдээллийн хэрэгсэл тухайн сэдвээр шинэ бүхнийг мөн л алдалгүй уншигч, үзэгчдэдээ хүргэхийг хүсч байгаа. Гэтэл ганцхан МҮОНТ-ээр тухайн нууцын зэрэглэлд багтах баримт сэлттэй мэдээллийг дэлгэрэнгүй хүргэчихээд бусдыг нь хавьтуулсангүй, хариуцлага хүлээлгэнэ хэмээн сүржин дарамт хийж, илт доромжиллоо.

Энэ мэдэгдэл нь нийт сэтгүүлчдийн үзэг, дэвтрийг булааж, телевизийнхний камер, микрофоныг хурааж авсантай агаар нэг юм. Гэтэл ардчилсан сэтгүүлзүйн үнэт зарчим нь иргэдэд цаг үеийн мэдээ мэдээллийг цаг тухайд нь үнэн бодитойгоор, шуурхай хүргэх юм шүү дээ.

Гэмт хэргийг үйлдэгч тухайн үед С.Зоригийн эхнэр Б.Булганыг ариун цэврийн өрөөнд ингэж амыг нь дарж хүлсэн гэх мэдүүлгийн бичлэгээс

ТУХАЙН ПРОКУРОР НЬ “ЦАГИЙН ХҮРД-ЭЭР МЭДЭЭЛЭЛ ХИЙХДЭЭ ЭХЛЭЭД ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ХЭЛЭХ ЁСТОЙ БАЙСАН

Үнэхээр нэг телевизээр цацчихсан мэдээллийг бусад нь түгээх тохиолдолд эрхийг нь хуулиар хязгаарласан байдаг гэж үү? Энэ талаар Монголын хуульчдын холбооны хуульч, судлаач Л.Галбаатараас тодрууллаа.


-мүонТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр өчигдөр Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн С.Зоригийн хэрэгтэй холбоотой нууцын зэрэглэлд хамрагдах баримтыг дэлгэсэн. энэ үеэрээ энэхүү нууцын зэрэглэлд багтсан мэдээллийг мүонТ-ээс бусад мэдээллийн хэрэгслүүд цааш түгээвэл хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн утга бүхий мэдэгдэл хийсэн. хуульд ийм ялгаварласан зүйл заалт байдаг юм уу?

-Миний ойлгосноор, “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрт Нийслэлийн прокурорын газрын хэлтсийн дарга тодорхой гэмт хэрэгтэй холбоотой зарим баримт, мэдээллийн талаар ярьсан байна. Ингэхдээ прокурорын ярьсан баримтыг прокурор, шүүхийн зөвшөөрөлгүйгээр задруулах, түгээх хориотой, тийнхүү задруулсан буюу түгээсэн бол хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалттай гэж ярьжээ. Энэ нь эрүүгийн хэргийн мэдээ баримтыг задруулахтай холбоотой эрх зүйн асуудал ярьсан гэж ойлгогдож байна.

Эрүүгийн хуулийн 257.1-т хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэргийн мэдээ баримтыг задруулсан бол хуулийн хариуцлага тооцох тухай заасан байдаг. Ингэхдээ эрүүгийн хэргийн мэдээ баримтыг задруулсан гэдэгт тухайн мэдээ баримтыг задруулахгүй гэж үүрэг хүлээсэн буюу гарын үсэг зурсан этгээдийн зүгээс хариуцлага хүлээнэ гэсэн үг. Товчхондоо гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, хөндлөнгийн гэрч, мөрдөн байцаалт явуулахад байлцсан хүмүүст хамааралтай.

Өөрөөр хэлбэл, прокурорын нийтэд мэдэгдсэн мэдээ, баримтыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтэд мэдээлэх нь Эрүүгийн хуулийн 257 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 189 дүгээр зүйлийн зохицуулалттай зөрчилдөхгүй байна.

Хууль тогтоомжоор аль нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан үйл явдлын мэдээг бусад нь мэдээлэхэд ялгаварласан зүйл болохгүй. Бүгд мэдээлэх эрхтэй.

-Энэ хүнийхээр бол бусад хэвлэл мэдээллийнхэн чимээгүй байх ёстой юм шиг. угтаа бидний хэвлэн нийтлэх эрх ашиг зөрчигдөж байна шүү дээ?

-Нөгөө талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэгтэй холбоотой мэдээ, нийтлэлийг олон нийтэд хүргэхтэй холбоотой харилцааг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд зохицуулсан.

Энэ хуулийн 11.1-т “Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нь гэмт хэргийн тухай мэдээлэл хийхдээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүний шалтгаан нөхцөл, хор холбогдлыг олон түмэнд таниулах, сэрэмжлүүлэхийг гол зорилго болгоно”, 11.5-т “Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хүчирхийлэл, аллага хядлага, садар самуун, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, нэвтрүүлэг хийхийг хориглоно” гэж заасан.

Энэ нь прокурорын зөвшөөрснөөр, түүний бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдсэн мэдээ баримтыг аль ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтэд мэдээлэх, түгээхтэй харшлахгүй.

Прокурорын ярьсан зүйл нь эрүүгийн хэргийн мэдээ баримттай танилцсан хүмүүст л илүү хамааралтай л даа. Гэхдээ мэдээллийг цааш түгээх гэж хэлснээрээ бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудад хориг тавьсан мэт ойлгогдож байна.

Нөгөө талаар Эрүүгийн хуульд “өөрийн болон бусдын ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, эсхүл тараалгахгүй байхын тулд сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанд саад хийх”-ийг гэмт хэрэгт тооцсон.

-Түгээж болохгүй юм бол Youtube-тэй бас хариуцлага тооцох уу. олон мянган цахим хэрэглэгч, уг мэдээллийг нь түгээж байгаа жиргээчдэд хариуцлага тооцох уу бас?

-Нэгэнт нийтэд ил болсон мэдээ баримтыг бусад этгээдийн зүгээс аливаа хэлбэрээр, тухайлбал интернэт дэх дүрс бичлэгийг түгээх, хуваалцах нь холбогдох хууль тогтоомжтой зөрчилдөхгүй. Дашрамд хэлэхэд, Youtube, Facebook, Twitter гэх мэт сувгуудын хувьд тухайн нэг улсын хууль тогтоомжийг хүндэтгэн үздэг бөгөөд өөрийн гэсэн дүрэм, журамтай байдаг. Youtube-ээс бичлэг устгуулах зэрэг асуудал нь түүний өөрийн дүрэм, журмаар зохицуулагддаг.

Дахин тодотгоход, прокурорын зүгээс үндэсний телевизээр эрүүгийн хэргийн зарим мэдээ баримтын тухай ярьсан нь зөвхөн прокурорын зөвшөөрснөөр, прокурорын бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэж байгаа хэлбэр гэж ойлгогдож байна. Харин тухайн прокурор “Цагийн хүрд”-ээр тодорхой мэдээ баримт ярихын өмнө прокурорын зөвшөөрлийг танилцуулах, үүнтэй холбоотой хуулийн зохицуулалтыг дэлгэрэнгүй ярих нь зүйтэй байжээ.Үүгээрээ тухайн хүн буруу ойлголт төрүүллээ гэв.

Үүнээс гадна хуульч, өмгөөлөгчид дээрх мэдээллийг хэтэрхий нэг талыг баримталсан төдийгүй хэрэг шийдэгдээгүй байхад зөвхөн яллагч талыг баримталж ярилаа гэх шүүмжлэл ч байна.

Д.СҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Д.Очирбат: Хорт хавдрыг эмчилдэг эм гарч байгаа юм байна

Монгол-Америкийн парламентын шугамаар эрүүл мэндийн салбарын зөвлөлдөх уулзалтад оролцоод ирсэн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбаттай уулзлаа. Хавдар өвчнийг анагаахад гарсан шинэ нээлт, эм гарч буй талаар ярилцсан юм.


-Юуны өмнө танаас явсан газрын сонинг сонсмоор байна?

-Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга УИХ-ын гишүүн Г.Занданшатартай парламентын шугамаар АНУ яваад сая ирлээ. Ажлын хэд хэдэн зорилго, төлөвлөгөөтэй явсан. АНУ-ын Стэнфордын их сургууль дээр таван орны Төрийн нарийн бичгийн даргын түвшний төлөөллүүд хүрэлцэн ирсэн эрүүл мэндийн салбарын зөвлөлдөх уулзалтад оролцлоо. Энэ уулзалтад Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй өнөөгийн асуудлуудаар Монголыг төлөөлж би илтгэл тавьсан. Дэлхийн шилдэг эрдэмтэд болох Стэнфордын их сургуулийн 50 эрдэмтэнтэй уулзах завшаан гарсан. Тухайлбал, монголчуудын сайн мэддэг элэгний С вирусийг устгах “Харвони” эмийг гаргасан эрдэмтний нэг Жепри Глейнтэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааны тухай ярилцлаа. Манай улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр амжилттай сайн хэрэгжиж байгаа.

Энэ хөтөлбөрийн хүрээнд элэгний өвчлөлийг бууруулах, элэгний С вирусийг устгадаг “Харвони” эмэнд дэмжлэг үзүүлэх зэрэг олон ажил тусгагдсан нь бий. АНУ-ын “Гилеад Сайнсес” компанид үйлдвэрлэгддэг, элэгний С вирусийн дөрвөн төрлийн “Харвони” эм маш үр дүнтэй гэдгийг манай монголчууд сайн мэдэж байгаа байх. Манай улс гурван сая хүн амтай. Судалгаагаар хүн амын 430 мянга нь элэгний ямар нэгэн вирусийн өвчлөлтэй байна. Үүнээс 200 гаруй мянган хүн B вирустэй, 150 мянган хүн С вирустэй. В вирусийн 60 хувьд нь D вирус буюу Дельта вирус хавсарсан байна. Дельта вирустэй бол хорт хавдар руугаа шилжсэнийг илтгэнэ. Өвчлөл ийм өндөр байгаа үед “Харвони” эмийн тусламжтайгаар 150 мянган хүнийг эдгээж чадах болсон нь манай улсын эрүүл мэндийн салбарт гарч буй томоохон ололт амжилт юм. Манай улс Эрүүл мэндийн даатгалаасаа буюу төсвөөс 23.4 тэрбум төгрөг гарган, энэ эмийг авч байгаа иргэддээ эм тус бүрт нь 85 ам.доллар буюу 210 мянган төгрөгийн хөнгөлөлт олгосон. Эмчилгээний үр дүн Монголд маш сайн байгаа талаар эм гаргасан, үйлдвэрлэсэн хүмүүс ихэд баяртай байдаг юм билээ.

-“Харвони” эмийн үйлдвэртэй ямар байдлаар хамтран ажиллахаар болов?

-“Харвони” эмийг үйлдвэрлэдэг “Гилеад Сайнсес” үйлдвэртэй танилцаж, компанийн ерөнхий захирал Грег Алтонтой уулзсан. Тэгэхэд “Бидний үйлдвэрлэсэн эмийг хэрэглэсэн монголчууд эдгэж сайн үр дүнтэй байгаад сэтгэл өндөр байна” гэдгийг зориуд цохон хэлж байсан. Энэ үеэр хамтын ажиллагааны хүрээнд нэгэн зүйлийг шийдвэрлэхээр болсон. Манай эрүүл мэндийн салбарт нийт 38 мянган ажилтан, ажиллагсад ажиллаж байгаагийн 5000 эмч нь С вирустэй байдаг. Хүний алтан амийг аврах гэж байгаад С вирусийн халдвар авсан эмч нар олон бий. Магадгүй халдвар авсан эмч нар эрүүл хүмүүст С вирусийн халдвар тараах зөөгч болж болно. Тийм учраас эмнэлгийн 5000 эмч нарыг эмчлэх боломжийг судалж “Гилеад Сайнсес” компанийнханд хүсэлт тавихад Удирдлагын зөвлөлийн хурлаараа шийдэж “5000 хүний доз буюу 15 мянган ширхэг “Харвони” эмийг үнэ төлбөргүй өгөх боломжтой” талаар хариу өгсөн. “Гилеад Сайнсес” үйлдвэр нь “Харвони” эмээс гадна 3D эмийг гаргачихсан байна. Энэ нь А, В, С вируст хамаардаг. Одоо байгаа “Харвони” эм зөвхөн С вирустэй хүмүүст таарч тохирдог. Цаашдаа манай Монголд эдгээр эмүүдийг үйлдвэрлэж, үнэ өртөг багатайгаар гаргах боломжийн талаар ярилцаж амжсан. Ингээд тус үйлдвэрийн ерөнхий захирал Грег Алтонтоныг Монголдоо урьж, ирэх дөрөвдүгээр сард ирэхээр болсон мэдээг дуулгахад таатай байна. Үр дүнтэй болсон энэхүү уулзалтад “Оном” сангийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар цуг оролцсон. “Оном” сан бол хамгийн анхлан “Гилеад Сайнсес” компанитай уулзаж, “Харвони” эмийг Монголд оруулж ирэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

-Дэлхийн анагаах ухаан гэдэг гайхамшигт нээлтүүдээр дүүрэн байдаг. Шилдэг эрдэмтэдтэй уулзахад хамгийн сүүлийн үеийн шинэ сонин юу дуулдаж байна?

-Стэнфордын их сургуулийнхан элэгний D вирусийг устгах эмийг шинээр гаргасан байна. АНУ-ын эм бүртгэлийн албандаа бүртгүүлэхээр өгчихсөн байгаа. Хагас жилийн дараагаар эмчилгээнд албан ёсоор гарна гэнэ. Элэгний В вирустэй манай хүмүүсийн 100 хүн тутмын 60 нь D вирус дагалдаж байгаа үед энэ бол маш сайн мэдээ. Элэгний D вирусийн эмийг шинээр гаргаад буй “EIGER” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Эрүүл мэндийн салбарт ахиц авчирсан энэ эмийг албан ёсоор бүртгэлд орсных нь дараагаар Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ хэлсэн. Элэгний С вирусийг устгадаг “Харвони” эмийг хийсэн эрдэмтдийн нэг Жепри Глейн хорт хавдрыг эмчилдэг эм шинээр гаргасан тухайгаа ярьсан. Хорт хавдрыг эмчлэх энэ эм АНУ-ын эмийн бүртгэлд бүртгэгдэж, эмчилгээнд тун удахгүй гарах юм байна лээ. Бид Жепри Глейн эрдэмтэнг Монголдоо урьсан, энэ хавар ирэхээр болсон.

-Хорт хавдрыг эм уугаад л эмчилдэг болж байгаа хэрэг үү?

-Элэгний хорт хавдрыг эмээр эмчилдэг болж байгаа юм байна. Дэлхийн анагаах ухаанд өдөр бүр шинэ нээлтүүд гарсаар л байна. Манай Монгол Улс энэ гайхалтай нээлтүүдтэй цаг алдалгүй мөр зэрэгцэж, олон хүний амь насыг аврах, эмчлэх бололцоо олдож буйд маш их баяртай байгаа. Хорт хавдрыг эмчлэх эмийг хийсэн эрдэмтэн Жепри Глейн Монголд удахгүй ирэх болохоор илүү дэлгэрэнгүй мэдээллийг нь тухайн үед өөрөөс нь асуух бололцоо олдох байх. Бид Стэнфордын их сургуулийн лабораторид ажилладаг эрдэмтдийн ажилтай танилцсан юм. Зэрэгцээ дөрвөн том барилгад байрладаг. Эрдэмтэд нь эвхдэг ороо тавьчихсан, унадаг дугуйгаа өлгөчихсөн, туршилтын хулганаа тэжээчихсэн ажлын лабораторидаа өдөр шөнөгүй ажиллаж, амьдардаг юм байна. Гадны эрдэмтэд манайхыг “Иргэдээ эрүүл байлгахад анхаардаг Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн байна” гэдгийг хэлж байсан. Энэ нь “Харвони” эмийн төсөл манай улсад сайн хэрэгжсэний үр дүн харагдсан. Бид ч олон улсын эрдэмтэдтэй уулзаж явахдаа Монгол Улс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийнхөө хүрээнд 2020 он гэхэд элэгний С вирусийн өвчлөлийг бүрэн арилгах зорилт тавьсан. Элэгний хорт хавдрын өвчлөлийг бууруулахаар ажиллаж байгаа тухайгаа хэлж байсан.

Б.ДОЛЗОДМАА

Categories
мэдээ цаг-үе

Ш.Гүндалай: Багш хүн нийгмийнхээ соён гэгээрүүлэгч, удирдан манлайлагч байх уламжлалыг хэзээ ч алдаж болохгүй

МУБИС-ийн багш, доктор, профессор Шадавын Гүндалайтай ярилцлаа.


-Та Ш.Гаадамба, Ц.Дамдинсүрэн зэрэг Монголын нэрт соён гэгээрүүлэгчдийн шавь. Тэдний сурган хүмүүжүүлэх ухаан, тэдний сургаалыг тээж хойч үедээ өвлүүлэн үлдээж байгаа. Тухайн үеийн боловсролын салбар, арга барилын талаар ярилцлагаа эхлэх үү?

-Муу хүн гэж байдаггүй. Харин муу багш хүний ирээдүйн гэрэл, итгэл найдварыг бөхөөдөг. 1960-аад он, миний сурагч ахуй үеийн сурган хүмүүжүүлэх ухаан энэ. Би өөрөө Өвөрхангай аймгийн гаралтай. Аймгийнхаа сумдын дунд сургуульд хичээлийн эрхлэгч, МУБИС-ийн профессор багшаар ажилласан. Намайг сурагч байхад сумд аймагтаа, аймгууд улсад, улс өөрөө гадаад орчны боловсрол, мэдлэг мэдээлэл, техник технологийн хөгжилтэй өрсөлддөг байлаа. Энэ өрсөлдөөнөөс жинхэнэ сурган хүмүүжүүлэгч, удирдан манлайлагч багш нар төрөн гардаг байсан. Харин түрүүлж онцгойроогүй бусад багш нар тэр хэрээрээ мэдлэг мэдээллийг цуглуулж удирдах, бусдыг сурган хүмүүжүүлэх ухааныг олж аван өөрийгөө боловсруулдаг байлаа. Миний анхны багш Н.Дэгд гэж гавьяат хүн байсан. Тэр хүн биднийг уншиж, бодоход сургасан. Ер нь нэгдүгээр ангийн боловсрол гэж хүүхдийг уншуулж, тоо бодуулж, яриулж сургах буюу бусадтай харилцуулаад сургачихвал л болдог. Тэр хүн удирдсан ангийнхаа 45 хүүхдийг дундгүй, бүгд онц, сайн төгсгөж байлаа. Энэ бол өдөр бүр өөрийгөө хөгжүүлж суудаг багшийн гавьяа. Багш хүн ийм л байх ёстой. Хужиртад 10 дугаар анги төгсөхөд багшилж асан Монгол Улсын гавьяат багш Санжаа, багш Шарав, Уламбаяр, Бадарч гэх мэтчилэнгээр сумдын ерөнхий боловсролын сургуулийн сурган хүмүүжүүлэгчид бүгд агуу судлаач, шинийг эрэлхийлэгч, заах аргазүйн ноён оргил байсан. Суурь боловсролыг номонд бичсэнээр цээжлүүлэх биш зөв л тавьж өгөх хэрэгтэй.

-Б.Ренчин, Ш.Лувсанвандан, Ш.Гаадамба, Ц.Дамдинсүрэн гуайн гараас муу шавь төрж байгаагүй гэдэг. Тэдний заах арга зүй ямар байв?

-Улсын багшийн дээд сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангид хуваарилагдаж ирэхэд манай улсын уран зохиол, хэл шинжлэлийн гол эрдэмтэд тэнд ажиллаж байсан. Жишээлбэл, Равжааг судалсан Д.Цагаан, О.Дашдорж нийтлэл, орчин үеийн уран зохиол, аман зохиолын шилдэг багш байлаа. Мөн Лодойдамба гуайн эгч Чадраабалын Цэндсүрэн багш шиг гадаадын уран зохиолыг заадаг хүн Монголд ховор байв. Болд, Надмид, Жанчивдорж, Ш.Лувсанвандан, Ш.Гаадамба, Ц.Дамдинсүрэн гээд тухайн үеийн УБИС-ын багш нар бүгд өөр өөрийнхөө судлалын чиглэлээр Монголдоо номер нэг хүмүүс. Энэ хүмүүс 1960, 1970, 1980 оны бүхий л сурах бичгийг зохиосныг бүгд мэдэх биз. Заах арга зүйн тухайд их зохиолуудыг заавал унших, түүнийгээ өөрийн хэмжээнд задлан шинжлэх ажлыг их хийлгэдэг байсан. Д.Нацагдоржийн, Ч.Лодойдамба гуайн гээд Монголын утга зохиолын ноён оргил, сэхээтнүүдийн бүх шилдэг туурвилуудыг заавал уншиж, задлан шинжилж, мэтгэлцээн өрнүүлнэ. Багш хүн улсынхаа тэргүүний хүн, гол сэхээтэн, нийгмийг чиглүүлэгч байна гэдэг нь сурагч, оюутнуудаа сэхээрэл, гэгээрэл рүү л хөтөлдөг. Монголдоо гайхуулдаг багш нараар ийм суурь боловсролыг авсан хүн яагаад ч муу байж болдоггүй. Тиймдээ ч оюутнууд өөрсдөө их хичээдэг. Бас Монголын нийгмийг хөтөлж явсан хүмүүс учраас тэр хүний заасан хичээл оюутнуудад хууль мэт хүрнэ.

-Та ер нь заах аргыг ямар байх ёстой гэж үзэж, зааж сургадаг байсан бэ?

-Онолыг нэгдүгээрт тавьдаггүй байсан. Цаасан дээр байгаа онолыг оюутнууд өөрсдөө ч уншаад ойлгочихно. Хүүхдийг ялгаж харьцах, нэгийг нь салгаж бусдын нүдэн дээр эвгүй байдалд оруулах үйлдлийг хэзээ ч гаргах ёсгүй. Жишээ нь Монголын шилдгүүд боловсролын салбарт ажиллаж байх үед боловсрол эзэмшсэн хүмүүс ЕБС-ийн хичээлийн эрхлэгч боллоо гэж бодъё. Тэр хичээлийн эрхлэгч хэдий шинэ хүн ч гэлээ бусад багш нарынхаа хичээлд сууж “Хавсарсан нийлмэл өгүүлбэр, энгийн нийлмэл өгүүлбэрийг үнэхээр ялгаж чадаж байна уу үгүй юу. Үгийн үндэс, язгуур хоёрыг өөрөө ойлгож уу эсвэл сурах бичгийг хуулж яриад байна уу гэдгийг нь шалгаж алдаа, оноог нь засч, зааж өгдөг байсан. Багш сурах бичгийг хэзээ ч хуулж ярьж болохгүй. Тэр чинь долдугаар ангийн хүүхдэд зориулж гаргасан ном. Тэгэхээр багш нарыг бэлдэхдээ “Мэргэшсэн багш хүн сурах бичиг хуулж яриад сууж байж болохгүй” гэсэн гол концепцыг барих ёстой.

-Таны багш нар бүгд Монголын сэхээтнүүд байж. Өнөөдөр сэхээтнүүд улс төрд, бизнест хүчээ өргөж байна. Тэгвэл одооны багшийн ажил хийж байгаа багш хүн ямар байх ёстой юм?

-Багш хүн бол нэгдүгээрт, эх хэлээ маш сайн мэдэх хэрэгтэй. Монгол хэлээ маш сайн сурсан гэж үзвэл гадаад хэл сур. Ялангуяа Орос хэл. Яагаад гэвэл 1900 оноос хойш Оросын эрдэмтэд л манайхыг судалсан. Нөгөө талаас хятад, тэгээд дэлхийн хэрэглээ англи хэлийг судал. Багш болохыг хүсч л байгаа юм бол өөрийгөө ингэж бэлдэх хэрэгтэй. Боловсрол олгох бодлого ч ийм байх ёстой. Одооны залуу багш нар тухайн нийгмийнхээ соён гэгээрүүлэгч, манлайлан удирдагч байх уламжлалыг хэзээ ч алдаж болохгүй. Дараа нь багш хүн уран чадвартай байх ёстой. Нэг ёсондоо багш хүн жүжигчин байна гэсэн үг. Гэхдээ салбаганаж, онигоо ярьсан хүн бол гэсэн үг биш. Дохионы хэл ашиглахад л хүүхэд ойлгож хүлээж авдаг чадварыг заавал эзэмших ёстой.

-Заах аргазүйн уламжлал яагаад алдагдав. Өнөөгийн боловсролын салбарт шүүмжлэл их бий?

-Ардчилалд шилжсэн нь сайн ч бэлтгэлгүй орсон. Хавсарсан нийлмэл өгүүлбэр, энгийн нийлмэл өгүүлбэрээ сольж ярьж байгаа багшийг би саяхан харсан. Нэгээр тогтохгүй бий. Боловсрол олголтод мэргэшүүлэх, сурган хүмүүжүүлэх ур чадвар хоёрыг бүрэн эзэмшүүлэх явдал орхигдсонтой холбоотой. Үүнийг эзэмших чадвартай хүнийг багш болгохоор сонгох ёстой. Аливааг ойлгоод авчихдаг хэрнээ цааш нь түгээж ярихдаа тааруу хүн байдаг. Ийм хүн багш болно гэж бодох ч хэрэггүй. Багш хүн бичих, найруулах чадвартай байх ёстой. Одоо багш нарын хөтөлсөн сурагчийн хувийн хэргийг унших юм бол шог зохиол шиг юм бий. Зулын гэрэл тосноосоо, шавийн эрдэм багшаасаа гэдэг. Үнэхээр багшлах ур чадваргүй, сонирхолгүй бол битгий бусдын хүүхдийн ирээдүйг алаарай гэж уриалах байна. Хүүхдэдээ энгийн аравтын бутархайг бодох аргыг зааж өгч чадахгүй багш байгаад яах юм. Маш олон багш ийм байна. Чадах ажлаа л хий. Дэлхий дээрх цорын ганц гол ажил бол багш.

-Хүндрэлээс яаж гарах вэ?

-Хүмүүст хэлэхэд мууг дагаж могойн хорлолд бүү өрт. Эцэг эх нь муу багшийг эрт таньж хүүхдээ сайн багшид шавь оруул. Төр нь муу багш бүү бэлд, ирээдүйгээ битгий ал. Багш хүн өдөр, шөнөгүй зүтгэж зүтгэчихээд өөрийгөө хувцаслаж, хооллох мөнгөө олж чадахгүй бол яах юм. Үнэхээр сэргэлэн, овсгоотой нь буюу нөгөө бусдыг удирдан манлайлах, нийгмийг соён гэгээрүүлэх чадвартай хүмүүс нь багшийн ажлаа орхиод хангалуун амьдрах салбар руу урвана. Хүн сайхан амьдрал руу л явдаг. Эцэст нь ур чадваргүй, аравтын бутархайн бодолтыг хүүхдэдээ ойлгуулж чаддаггүй хэсэг нь дэлхийн гол ажлыг манаж үлдэнэ. Ийм байдалд л битгий хүргэ. Ер нь улс орны хөгжилтэй машид хамааралтай асуудал юм шүү. Эдийн засаг тэгээд боловсролоо эн тэргүүнд тавь. Гэхдээ төр рүү хамаг бурууг чихчихээд суугаад бай гэсэн үг бас биш. Дээр хэлсэнчлэн энэ их техник технологийн өрсөлдөөн рүү багш нь шавь нараа дагуулаад орох, судлах, мэдэхийг хичээх, шинийг эрэлхийлэх ёстой.

-Ном уншиж, танин мэдэж чөлөөт цагаа өнгөрөөдөг үе улирлаа. Чөлөөт цагийг наадаж, наргиж зугаатай үдэж болж байна. Одоо хүнээ боловсруулж, сургах юм?

-Аливаа зүйл нийгэм цаг үеэ л дагана. Түүнээс биш өнөөдөр Тунгалаг тамирыг заавал цээжил гээд буу тулгаад байж болохгүй. Үүрийн туяа, Тунгалаг тамир гэх мэтээр хуучны хэллэг ихтэй зохиол, хуучны хэллэгтэй тоо бодлогыг ойлгох нь бүү хэл “ямаагаа самна” гэдгийг ч мэдэхгүй хүүхдүүд Улаанбаатарт олон болсон. Тэгэхээр их зохиолуудыг л гэхэд ОХУ, АНУ зэрэгт ашиглаж байгаа хүүхдэд зориулсан хялбаршуулсан, орчин үеийн хэл рүү шилжүүлсэн аргыг ашиглах хэрэгтэй. Дахиад л багш хүн маш их бэлтгэгдсэн байх ёстой. Үүнийг их дээд сургуулиуд, ерөнхий боловсролын сургуулиуд бүгд хамтарч хийх хэрэгтэй. Өндөр хөгжилтэй орнууд яаж урагш алхаж байна, тэр дундаа боловсролын салбар нь хэрхэн хувьсч байна гэдгийг байнга судлах шаардлага байна. Судалгаа бүрэн орхигдсон. Тиймээс л багш хүн бүр дор хаяж гурван орны хэлийг өөрөө сур, тэгээд судал гээд байгаа юм.

Л.МӨНХӨӨ

Categories
мэдээ цаг-үе

Ц.Туваан: Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой өөрчлөлт намын дүрэмд ороогүй

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваантай ярилцлаа.


-АН-ын шинэчлэл энэ цаг үед олны анхаарлыг татаж байгаа. Анхан шатныхаа үүрүүдээ сонсдог, бодлогын нам болно гэсэн. Энэ реформыг яаж хийж байгаа талаар намын өдөр тутмын гал тогоог хариуцаж яваа хүний хувьд танаас эхлээд асуумаар байна?

-Улс орон даяар АН-ын шинэчлэл эрчимтэй, үе шаттайгаар үргэлжилж байна. 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн дүн “АН-д ард түмэн итгэх итгэл бага болсон” гэдэг дүгнэлтэд хүргэсэн. Сонгууль бол улс төрийн намын дүн байдаг. Ингээд ард түмний АН-д өгсөн дүгнэлтэд анализ хийгээд бүхий л шатандаа эрс дорвитой шинэчлэлийг эхлүүлсэн. Энэ шинэчлэлийн амин сүнс нь нам бүх асуудлыг дээрээ хэдхэн хүний хүрээнд биш, гишүүдээ оруулж шийддэг, гишүүн төвтэй нам байя гэдэг концепцийг дэвшүүлсэн. Үүний эхлэл нь намын даргын сунгаа байв. АН бүх гишүүдээсээ сонгогдсон даргатай боллоо. Хоёрдугаар шат буюу намын даргаас доош сумын намын хороо, үүрийн тэргүүлэгч, намын хорооны гишүүдийг сонгох АН-ын дотоод сонгууль байгаа.

-Намын дүрмийн хувьд нэлээд хаалттай байдлаар явагдсан гэсэн шүүмж дагуулсан. Сая Улсын дээд шүүхээс АН-ын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж аваагүй байна. Үүнтэй холбоотойгоор танай намын зарим гишүүн ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөлийг хуралдуулахыг шаардлаа. Тэдний шаардлагыг биелүүлэх боломжтой юу?

-Улс төрийн нам бол өөрсдийн дүрэмтэй. Энэ дүрмийнхээ дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. АН-ын эрх барих дээд байгууллага болох намын их хурлаар үндсэн дүрэмдээ хоёр удаа өөрчлөлт оруулсан. Зургаа болон долдугаар их хурлаар тус бүр нэг удаа нэмэлт өөрчлөлт оруулж баталлаа.Тэрнээс АН-ын хуучин дүрэм байхгүй болоод шинээр дүрэм баталсан юм биш. Өмнөх дүрэм хэвээрээ байгаа. Намын VI их хурлаар тодорхой өөрчлөлт оруулсныг Улсын дээд шүүх бүртгээд авчихсан. Дараа нь VII их хурлаар оруулсан нэмэлт өөрчлөлтүүд, АН-ын шинээр сонгогдсон С.Эрдэнэ даргыг батламжлуулах хоёр асуудлыг Улсын дээд шүүхэд өгсөн. Улсын дээд шүүх тодорхойгүй шалтгааны улмаас батламжлах асуудал түр хойшлогдоод байгаа. Бид шүүхийг хүндэтгэх үүднээс тогтоолыг хүлээж байна. Ямар үндэслэлээр бүртгэх хугацааг хойшлуулсан нь тун удахгүй тодорхой болох байх. Үүнтэй холбоотойгоор манай намын нэр бүхий гишүүд намын дарга болон миний нэр дээр шаардлага ирүүлсэн. Тэд бол хуучин нэрээр ҮЗХ-ны, УИХ-ын гишүүн байсан түвшний хүмүүс байгаа. Манай Ардчилсан намын мөрдөгдөж байгаа дүрмээр ҮЗХ-ны гишүүн жил бүрийн гуравдугаар сарын 1-ний дотор татвар төлснөөр тухайн хүний саналын эрх нь үргэлжлэн баталгааждаг. Тэгвэл одоогоор дээрх хугацаанаас өмнө татвараа төлж баталгаажсан нэг ч ҮЗХ-ны гишүүн байхгүй. Тиймээс тэдний шаардлагыг намын удирдлагын зүгээс биелүүлэх боломжгүй. Бид ухрах гарцгүйгээр урагшаа хараад ажиллахаас өөр арга замгүй.

-Хэрэв тэдний шаардлагыг биелүүлэхгүй бол АН-ын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй мэтээр хүмүүст мессэж өгч байх юм?

-Манай намын үндсэн дүрмээр Ерөнхийлөгчийн сонгуулийг мөрддөг заалтууд байгаа. Саяын хоёр их хурлаар энэ заалтад ямар ч өөрчлөлт ороогүй. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой нэмэлт өөрчлөлт дүрэмд ороогүй. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлыг АН-ын дотоод сонгуулийн хороо өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай журам батлаад явдаг. Энэ журмаар л явна.

-АН-ын дотоод сонгуульд нэр дэвшигчдийн хураамж, дэнчингийн хэмжээг өндөр болголоо гэж зарим гишүүд эсэргүүцэж байсан. Зөвхөн Үндэсний бодлогын хорооны гишүүнд үзэж буй 511 хүний дэнчин, хураамж гэхэд гурван тэрбум төгрөг цугларсан байна. Ингэхэд дотоод сонгуульд нэр дэвшигчдээс босгосон мөнгийг юунд зарцуулах вэ?

-Мэдээж, улс төрийн намын үйл ажиллагаагаа явуулж, оршин тогтнох хэлбэр бол гишүүдээсээ авсан татвар, хандивын санхүүжилт байдаг. Хуучин нэрээр ҮЗХ-ийн гишүүд жил бүр нэг сая төгрөгийн татвар төлдөг байлаа. Энэ бол 17 жилийн өмнө баталсан дүн. Өнгөрсөн хугацаанд ам.долларын ханш ямар болсныг бүгд мэдэж байгаа. Энэ хэмжээний татвараар нам хэвийн үйл ажиллагаа явуулах, ялангуяа шинэчлэл хийхэд боломжгүй гэдгийг манай намын удирдлага, удирдах түвшний албан тушаалтнууд бүгд мэдэж байгаа учраас санал нэгдсэн. Дэнчин, татвар, сонгуулийн хураамжтай холбоотой асууддлыг намын их хурлаар байгуулагдсан Дотоод сонгуулийн хороо хариуцаад тогтоол шийдвэр гаргасан. Нэр дэвшигчдийн хураамжийн мөнгийг дотоод сонгуулийн үйл ажиллагааны зардалд зориулна.

-Дэнчинг бол сонгогдоогүй хүн нь буцаагаад авчихна биз дээ?

-Хэрэв нэр дэвшигч сонгуульд ялалт байгуулбал төлсөн дэнчин нь татвар болоод намын дансанд үлдэнэ. Сонгогдож чадаагүй хүмүүсийн мөнгө нь буцаад эзэндээ очно. Дээрээс нь манай намын гишүүд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сая их хурлаар батлагдсан шинэ дүрэмд намын лого өөрчлөгдсөн байгаа. Тэгэхээр бланк, тамга тэмдэгнүүд өөрчлөгдлөө. Шинэ сонгогдсон даргад шинэ тамгыг нь гардуулж өгнө. Энэ хүн шинэ тамгаараа дансаа үүсгээд нийслэлийнх нь татварыг нийслэл рүү, аймгийнхыг нь аймгууд руу шат шатных нь төлсөн татваруудыг орон нутгийн намууд руу явуулна. Энэ мөнгөөр нөгөө намууд маань үйл ажиллагаагаа явуулна. Дээрээс нь ҮБХ-ны гишүүдийн төлсөн татвараас 30 хувь нь орон нутгийн намын дансанд нь ороод тэндэхийн үйл ажиллагаанд зарцуулагдана. Саналын эрхээ үүсгэж байгаа гишүүний 1200 төгрөгийн татвар хүртэл бүгд анхан шатны намын данс руу автоматаар буцаж орно. Тэгэхээр намын шинэчлэл, өдөр тутмын үйл ажиллагаа явуулахад зайлшгүй санхүүгийн асуудал тулгарах учраас үүнийгээ шийдэх арга хэлбэр нь татвар.

-Зарцуулалтыг шилэн болгож болох уу?

-Манай намын зарим гишүүдээс ийм шаардлагууд тавьж байгаа. Гэхдээ улс төрийн нам гэдэг бол тодорхой дүрэм журамтай байгууллага. Гишүүдийнхээ татвар, хандиваар үйл ажиллагаа явуулдаг. Мөн улс төрийн намууд хоорондын өрсөлдөөн гэж байна. Хэрэв бүх намууд ярилцаад Улс төрийн намуудын тухай хуулинд дансаа шилэн байлгахаар тусгая гэвэл дагахаас өөр замгүй. Дээр нь АН-ын хувьд дансаа нууж хаагаад байх зүйлгүй.

-Нийслэлийн намын хорооны даргад нэр дэвшигчид 90 сая төгрөгийн хураамж төлж байгааг хэт өндөр байна хэмээн шүүмжилж байгаа. Мөн АН-ын намын даргад өрсөлдсөн хүмүүс 250 саяыг төлж байсан. Сонгогдоогүй нэр дэвшигчдэд энэ мөнгийг нь буцааж олгосон уу?

– АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчдээс 250 сая төгрөгийг авахад шударга бус байна, өндөр байна, мөнгөөр хаалаа гэдэг асуудал гарч байсан. Үнэндээ нэр дэвшигчид маань сунгаандаа яваад ирэхээр тэр мөнгө эргээд өөрсдийнх нь сонгуулийн үйл ажиллагааны зардалд зориулагдаж байгаа гэдгийг бүгд ойлгоод хүлээн зөвшөөрсөн. 21 аймаг, есөн дүүргээр явах сонгуулийн зардал, пиар, уулзалтыг зохион байгуулахад оролцож байгаа бүх хүмүүсийн хоол унаа, цалин гэх мэт зардал их гарсан.

-Нам эрх баригч болбол төр болж харагддаг. УИХ-ын сонгуулийн үеэр МАН-тай холбоотой 60 тэрбум төгрөгийн мэдээлэл албан тушаалыг мөнгөөр үнэлж байна гэсэн хандлагыг ард түмэнд төрүүлсэн. Гэтэл АН мөнгөний асуудлаа хэтэрхий ил тавиад буйд хүмүүсийн анхаарал яах аргагүй татагдаад байгаа бололтой?

-АН-ын хувьд аливаа бүх асуудал ялангуяа дотоод асуудал ил явдаг. Дотроо маш их шүүмжлэлтэй, бие биетэйгээ хатуу байдлаар зөрчилддөг. Ер нь нууц гэх юм багатай нам. Зарчмын зөрүүтэй асуудал дээр дотроо ч хамаагүй тэмцэлдэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, ширүүн үзэлцдэг. Бусад намуудын тухайд бол хаалттай байдаг.

Бид намын шинэчлэл ярьж байгаа учраас шинэ залуу боловсон хүчнээс хэрэг эрхлэх аппаратаа бүрдүүлнэ. Дээрээс нь тодорхой зардлуудыг шууд аймаг, дүүргийн хэрэг эрхлэх газрын данс руу явуулна. Мөн төв намын хэрэг эрхлэх газраас 21 аймаг, есөн дүүргийн хэрэг эрхлэх газрын дарга нарын цалингийн асуудлыг шийдэх зэрэг зардлууд гардаг. Дээрээс нь ирэх жилийн татвар төлөлт хүртэл хүмүүсээ цалинжуулж, клендарчилсан арга хэмжээнүүдийг зохион байгуулах төсөв зайлшгүй шаардлагатай. Бас Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулахыг оролцуулаад хагас жил орчмын дотор гурван удаа намын их хурлыг хийх онцлог жил болж байгаа. Тиймээс ҮБХ-ны гишүүдэд нэр дэвшигчдээс авч буй гурван сая төгрөгийн хураамжийн тухайд их мөнгө биш.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил ямар байна. Зардлаа яаж босгох вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын тухайд урьд урьдын жишгээр явна. Эхлээд Ерөнхийлөгчид нэр дэвшигч тодорно. Тодорсон хүн хувиасаа болон хандиваар үйл ажиллагааныхаа зардлыг олдог. Энэ бол төрийн сонгууль учраас бүх процесс нь хуулийн дагуу явагддаг. Намын тухайд бол нэр дэвшигчээ үндсэн намынхаа схемээр дэмжиж, бүх бүтэц боловсон хүчнээ дайчилж ажиллана.

-Хуучин аймаг, дүүргийн намын хорооны дарга байсан хүмүүсээ дэвшүүлсэнгүй. Энэ нь намын доторх фракц хоорондын дайн байв уу?

-АН фракцгүй нам байя гэдэг тал дээр бодлогоо илэрхийлээд явж байгаа. Гишүүдээсээ зөв мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд, тодорхой хэмжээний санхүүгийн шаардлага шалгуураа хангаад, олонхийн санал авч байсан хүмүүсээ аль фракцийн гаралтай гэлгүйгээр урагшаа хараад 2020 оны УИХ, 2017 оны ерөнхийлөгчийн сонгууль руугаа чиглэсэн байдлаар ажиллана. “Гишүүн төвтэй учраас гишүүдэд таалагд, тэдний саналыг авсан хүн нь сонгуульдаа оролц. Сонгуульдаа оролцоод зөв менежмент, зөв баг болж ажиллаж чадвал үргэлжлээд ажлаа хий. Чадахгүй бол шууд ажлаа өг” гэж байгаа. Тэрнээс заавал дарга байх ёстой гээд он удаан жил суугаад ялагдлууд хүлээгээд байх шаардлагагүй. Тэгэхээр шинэчлэлийн бодлогын гол нь энд байгаа.

Намын гишүүн гээд тэр намын үзэл баримтлалыг дагаж гишүүн болж орчихоод эргээд намаа шүүмжлээд, гутаагаад, дуртай үедээ намаасаа гараад, буцаад орж ирдэг ийм хариуцлагагүй байдлыг халж байгаа. Дээрээс нь дарга гэдэг бол бас хариуцлага гэсэн үгтэй уялдах ёстой. Хариуцлагаа хүлээгээд дараагийн хүндээ зайгаа тавьж өгөх ёстой. Энэ удаагийн сонгуулийн нэр дэвшүүлэлт дээр баримталсан зарчим бол ялагдсан намын дарга хариуцлагаа хүлээгээд нэр дэвшихгүй гэдгийг аль аль түвшиндээ баримталсан. Цаашид ч баримтална.

-С.Эрдэнэ намын дарга болохоор түүний хүмүүс намын аппаратад томилогдох уу. Таны хувьд дотоод сонгууль явагдсаны дараа албан тушаалаа үргэлжлүүлээд хаших боломжтой гэж бодож байна уу?

-Миний хувьд АН-ын том өрх айлын тогоонд ороод 20 гаруй жилийн нүүр үзэж байна. Намын анхан шатны үүрээс сонгогдоод, дүүргийн намын хороо, аймгийн намын хороонд ажиллаж байлаа. Тодорхой шалгууруудад унаж, босч өрсөлдөж байгаад ҮЗХ-ны гишүүн болсон. Намаас өгсөн үүрэг даалгавруудыг биелүүлж, нэлээд олон удаагийн сонгуульд менежер хийлээ. Энэ мэт олон шат шалгуурыг даваад өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн. Өмнө МоАХ-ны гишүүн байсан. Сүүлд нь “Ардчисан хүчний холбоо” ТББ-ын гишүүнээр элсээд зүтгэж явж байлаа. Дээрээс нь МоАХ-ын партизанууд гээд бүх үеийн төлөөллүүдтэй ажиллаж байсан. Өөрийгөө АН-д тодорхой хэмжээгээр танигдсан хүн гэж үздэг. Намын генсек хэмээх хариуцлагатай хүнд ачаа ирсэн. Чадах чинээгээрээ оюун ухаан бүх чадлаа дайчлаад намынхаа журмын нөхдийн дэмжлэгтэйгээр хашихаар зүтгэнэ. Үнэхээр гишүүд маань дэмжээд үр дүн гарвал цаашаа ажиллаад явна. Хэрэв гарахгүй бол дараагийн ажиллаж чадах хүнд нь энэ албан тушаалыг өгөөд явахад бэлэн байгаа.

-АН-ын бодлого болсон “Сайн” хөтөлбөрүүдийн гол авторыг таныг гэх юм билээ. Хэдийгээр АН өнөөдөр төрийн эрх бариагүй ч цаашид энэ хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах уу?

-Өнгөрсөн дөрвөн жил АН засгийн эрхийг авч ажилласан. Энэ хугацаанд Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Хүн амын хөгжил,нийгмийн хамгааллын яам, Нийгмийн халамжийн ерөнхий газарт тодорхой албан тушаалд төрийн даалгаврын дагуу ажилласан. Энэ хугацаанд “Сайн” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх Засгийн газрын ажилд ард иргэдийнхээ төлөө гар бие оролцох хувь тохиол надад таарсан. Одоо ялсан нам бодлогоо хэрэгжүүлээд явах ёстой. Магадгүй 2020 онд АН ард түмнийхээ итгэлийг аваад сонгогдвол “Сайн” хөтөлбөрүүд маань шинэ бодлогуудаар баяжигдаад үргэлжлээд явна.

-АН-ын дотоод сонгууль бүх нийтийнх биш. Тэгэхээр саналаа өгөөгүй гишүүдэд хариуцлага тооцох механизм бий юу?

-Дөрөвдүгээр сарын 2-нд дотоод сонгууль намын гишүүдийн дунд явна. 1200 төгрөгөө төлөөд гишүүнчлэлийнхээ татварыг төлсөн саналын эрхтэй гишүүд сонгуульд оролцоно. Өрсөлдөөн ширүүн байгаа. Намынхаа гишүүдэд хандаад хэлэхэд, нэр дэвшигчдийнхээ мөрийн хөтөлбөртэй танилцаж саналаа өгөөрэй. Сонгуульдаа идэвхтэй оролцож, намынхаа шинэчлэлийн үйл ажиллагаанд гишүүнийхээ хувиар идэвхтэй оролцохыг уриалъя.


Categories
мэдээ цаг-үе

Г.Сампил: Би малын хөлийн тоосон дунд өссөн хүн

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Сар шинийн өмнөхөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм алдрыг хүртсэн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын малчин Г.Сампилтай ярилцлаа.


-Хөдөлмөрийн баатар болчихоод эргээд харахад юу бодогдох юм бэ. Оргилд хүрэхийн төлөө олон саад нугачааг давсан байж таарна?

-Хөдөлмөрийн баатар гэдэг энэ хүндтэй алдарт амар хялбар хүрчихдэггүй юм болов уу даа. Хөшүүргийн хүчийг зохистой ашиглахын тулд тулах цэг хэрэгтэй байдаг шиг Хөдөлмөрийн баатар болоход өөрийн гэсэн цэгтэй, орон зай, цаг хугацаа, шалгуур болзолтой юм гэж бодож сууна. Би ажил хөдөлмөр хийж эхлэснээс хойш 60 гаруй жил болж, үүний гуч гаруй жилийг мал маллаж, малын буян хишиг түшиж амьдарчээ. Өвөг дээдсийн арга ухаан, тэр дундаа бэлчээрийн мал аж ахуйг эрхэлдэг уламжлалт технологийн дагуу малаа маллах ажлыг голчилж хийсэн байна. Бас тодорхой үр дүнд хүрч, нутгийн өлчир омог хэвшлийн 4000 гаруй мал сүрэг бий болгожээ гэдгийг генетикийн лабораториор шинжлэх ухааны үүднээс тогтоосон. Бас тийм зөрчилгүй ч шийдэгдчихдэг биш юм байна л даа. Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхэд мал эмнэлгийн шинжлэх ухааны үүднээс олон шаардлага тавигддаг. Заримтай нь зам нийлдэг, магадгүй ихэнхид нь урсгал сөрж байлаа. Өлчир омог хэвшлийн мал сүрэг хүйтэн цаг агаарт тэсвэртэй, ашиг шим, төлөрхөг чанар өндөртэй. Өвчин эмгэг тусах нь бага байгааг амьдрал дээр тогтоохын тулд мал эрүүлжүүлэх мал эмнэлгийн төлөвлөгөөт арга хэмжээнүүдээс нэг хэсэг татгалзах хэрэгтэй болдог. Хавар бүр хийдэг угаалга, туулга, янз бүрийн өвчнөөс сэргийлэх олон төрлийн тарилгуудыг хийлгэдэггүй. Эхний арваад жил сумын малын эмч нар, удирдах хүмүүс таатай биш хүлээж авсан. Гажиг сожиг хүн гараад ирлээ, ингэж байгаад өвчин эмгэг дэлгэрвэл яах юм гээд аль аль талаас нь бодсон байх л даа. Хашаагүй технологиор, тэр дундаа талын задгай жавар салхинд маллаж байж л мал өлчиржнө дөө. Эрт төллүүлэх хэрэгтэй болно. Салхи жавар сөргүүлж маллана. Хамгийн энгийнээр хэлэхэд даардаггүй болгоно гэсэн үг шүү дээ.

-Өлчир омгийн мал нэг өдөр бий болчихоогүй байх. Ямар арга ухаанд үндэслэж ийм омгийн мал бий болгоё гэж шийдсэн бэ?

-Язгуур үндэс нь аав ижий, буурал дээдсийн маань арга ухаан. Би малын хөлийн тоосон дунд өссөн хүн. 1950-иад оны эхээр Дэлгэрхаан суманд бага сургуулийн дөрөвдүгээр ангийг төгсөөд, цаашаа сургуульд явалгүй аав, ижийнхээ дэргэд мал аж ахуй дээр гарсан. Манайх мал олонтой айл байлаа. Тэр олон малыг дулаан хашаа саравч, тэжээлээр хангаж, цагийн хатуу хөтүүг давна гэдэг үнэн хэрэгтээ 1950-иод онд шийдэх асуудал огт биш байсан. Аав, ээж маань малаа сайхан маллаж, маршал Х.Чойбалсангийн мянган малтны шагнал эрээн майхан, гурван мөнгөн бүслүүртэй агар зандан хувин гээд том шагнал, хайр хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс. Мөн л мал, байгаль хоёрын шүтэлцээнд түшиглэсэн арга ухаанаар л өлчиржүүлж байсан. Хашаа саравчгүй задгай нөхцөлд малласан. Бага насанд сонссон аав ижий, буурал дээдэс, нутгийнхны яриа хөөрөө айхавтар хүчтэй хадгалагддаг юм билээ. Гэтэл социализмын үед дулаан хашаа хороо, хүрэлцээтэй тэжээл өвс, нөмөр газар байлгахаар мал аяндаа бээрэг, давжаа болж ирдэг юм байна. Үс ноосных нь гарц хүртэл багасдаг. Яагаад гэхээр байнга хашдаг ямааны ноолуур задгай салхи жаварт байдаг ямааны ноолуурын гарц өөр. Жишээ нь манай нэг эр ямаанаас 700-780 гр ноолуур гардаг. Дунджаар 500 гр байх жишээтэй. Харин орон нутгийн дундаж 300-350 гр байна л даа. Байгалийн хүйтнийг тэсч гарахын тулд мал их хэмжээний ноолуур үйлдвэрлэж гаргадаг. Хонины ноос ч өөрцгүй. Ингээд мал маань байгальтайгаа дасан зохицож, байгалийн өнгө араншин, хүйтэн хатуу хөтүүг давах нөхцлөө өөрөө бий болгодог. Энэ байгалийн шалгарал болж гарч ирсэн. Эндээс л эх авсан. Социализмын үед би хөдөө аж ахуйн нэгдэлд ширээ сандлын ард суудаг алба хашиж явлаа. Тэгэхэд урьдын арга ухааныг авч хэрэглэсэн бол ийм их зардал, чирэгдэл гаргахгүй байсан даа гэж санагдах үе байсан. Ардчиллын ач буянаар малыг малчинд гэдэг том бодлого хэрэгжүүлж, 60 гаруй толгой бог голдуу мал өмч хувьчлалаар манайд ногдсон юм. Надад хоёр зам байсан. Дулаан хашаа саравч шүтэх үү, аав ижий, дээдсийн арга ухаанаар явах уу гэдэг. Уламжлалт арга ухаанаар ажиллаад үзье гэж бодогдсон юм. 1996-2000 онд Монгол даяар нэг их сайхан зөөлөн уур амьсгалтай, дулаахан, өвс ургамалын гарц арвинтай жилүүд байлаа. Малаа олон болгохыг хүссэн. Аймгийн төвөөс баруун тийш Чандгана тал гэдэг газарт нутаглаж байв. Тэр дөрвөн жилд бог малаа жилд хоёр төллүүлж байлаа шүү дээ. Хавар нэг төллүүлээд, аравдугаар сарын арвантавдаар дахин төл хүлээж авдаг. Нэг хониноос хоёр хурга авч байгаа юм. Цаг агаар, бурхан тэнгэр ивээсэн дээ.

-Г.Сампил гуай, та өлчир омгийн мал өсгөх арга ухаанаа бусад малчдад өвлүүлэх, туршлага судлуулах ажил хийдэг үү. Дээхнэ үед Хөдөлмөрийн баатар, аварга малчдын арга туршлагыг их л сурталчилж түгээдэг байсан?

-Яриан байхгүй тийм байсан. Тэр бол орон нутаг, төр засгаас зохион байгуулдаг бодлого байж. Сургалт явуулдаг, туршлага судалдаг, хол ойрын хүмүүс багш, шавийн холбоо үүсгэдэг байлаа. Дээр нь илгээлтийн эзэн гээд янз бүрийн нэр хаягтай, мал аж ахуйд гарч ирсэн хүмүүсийг дагуулдаг байсан. Одоо бол орон нутагт тийм зохион байгуулалттай юм үнэндээ бага. Хүмүүс хараад дагаж дуурайгаад бие биенээсээ асууж сураад хамтарч ажиллаж байгаа юм өч төчнөөнөөрөө бий. Манай Хэнтий аймагт Хан Хэнтийн мянгат малчин холбоо гэж байдаг. Би тэр холбоог 1998 оноос эхлээд хариуцсан. Манай Хан Хэнтийн мянгат малчид гэвэл одоо мянга шахам малчин бий. Тэдний ихэнхи нь ялангуяа тал хээрийн бүс нутагт хамаарагддаг Хэрлэнгийн хойд урд, талын малчид тэжээл бордоог шүтэхгүйгээр бэлчээрийн нөхцөлд зун намартаа сайн тарга хүч авахуулж, задгай жавар салхинд дасгаж байгаад малаа өлчиржүүлэх аргыг хэрэглэдэг. Малд гал илч гэдэг юм бий. Биед нь, үсэнд нь байдаг. Хөгшид ярьдаг байсан даа. Үсний галыг нь бууруулчихаар мал турж, онд орох чадваргүй болоод, салхи шуурганы үзүүрээр уруудаад эхэлдэг. Үснийх нь галыг хадгалах хэрэгтэй гэдэг. Хашаатай нөхцөлд малын үс шарлаж, бөөгнөрч үлтэрээд эхэлдэг.

-Манайхан эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлнэ гэж ярьцгаадаг. Гэтэл тэжээлээр бордсон малын мах хүнд сөргөөр нөлөөлдөг тухай барууныхан ярьж эхэллээ. Жин ихэсгэдэг, эрүүл мэндэд муу гэнэ. Малыг байгалийн зөнгөөр нь бэлчээрийн аргаар маллах нь зөв юм байх аа. Харин монголчууд маань бэлчээрийн мал аж ахуйгаа сурталчилж чаддаггүй?

-Бэлчээрийн малаас гарч байгаа мах, сүү эрүүл, цэвэр. Хүний биед шингэц сайтай. Би бүх малчдыг төлөөлж чадахгүй. Гэхдээ миний амьдардаг хялганат, сайр хээрийн тал тэр дундаа манай Баян-Улааны хээр талд 40 гаруй төрлийн бэлчээрийн ургамал ургадаг гэдгийг ургамал судлаачид тогтоосон. Тэдний 16 төрөл нь эмийн ургамал. Шар дэгд, морин дэгд, хунчир, чихэр өвс гээд олон эмийн ургамал бий. Бэлчээрт байгаа эмийн ургамлуудыг хамгийн ашигтай үед нь мал олж идээд, мах сүүндээ нөөцөлчихдөг. Юугаар ч сольшгүй чанартай мах, сүү тэнд үйлдвэрлэгдэж байна. Тэжээл бордооны мал бол хэдхэн төрлийн тэжээл иднэ шүү дээ. Цөөхөн төрлийн тэжээлээр шахаж бордохоор мах сүү арвинтай ч хүний эрүүл мэндэд тустай байж чадах уу. Нэг дор тодорхой тооны малыг хөдөлгөөн хязгаарлаж, байнга тэжээхээр өвчлөмтгий болдог. Түүнийг нь дарж байхын тулд олон төрлийн вакцин, эм тариа шахах болно. Тэр нь мах сүүгээр дамжиж хүний биед шингэхээрээ эерэг сөрөг олон нөлөө үзүүлэх жишээтэй. Хөгжсөн орнуудад ч эрчимжсэн аж ахуйгаас татгалзаж, айхавтар хэт төвлөрлийг задлах, мал байгаль хоёрын шүтэлцээнд аж ахуй эрхлэх, эрүүл хүнс бэлтгэхээр ярьж байна. Нэг хэсэг тахиаг найман хөлтэй болгож ч үзлээ шүү дээ.

-Тухайлбал танай хотноос мах, сүү авдаг хэрэглэгчид байдаг уу. Малчин Г.Сампилын хотонд жинхэнэ органик хүнс үйлдвэрлэж байгааг хэр олон хүн мэдэрдэг бол?

-Хувийн журмаар идэш ууш авъя гэсэн захиалга ирдэг. Нэг их том аж ахуйн сүлжээнд ороод, гадаадаас, Улаанбаатарын өндөр зэрэглэлтэй буудал, зоогийн газраас захиалга өгдөг юм байдаггүй. Тэр ч яахав, хямдчилах сэтгэлгээ байна. 200 гаруй км давхиж очоод Г.Сампил гуайн хотноос мах авах, “Хүчит шонхор” зах дээрээс авах хоёр зардал чирэгдлийн хувьд ялгаатай л байх. Бид жилдээ хийдэг борлуултаа захын ченжүүдтэй ярьдаг. Манайх ийм учиртай гэдэг. Тэд ч ойлгодог, авах дуртай. АСЕМ-ын үеэр гадны зочдын хоол хүнсэнд хэрэглэх мах, сүүний захиалга авъя гээд өлчир хэвшлийн мал малладаг малчид УИХ-ын гишүүн энэ тэрээр дамжуулаад зохион байгуулах алба руу хэлж үзсэн л дээ. Бага хэмжээний захиалга авч нийлүүлсэн. Аятайхан болсон юм бий.

-Малын жаргалыг хөөх гэхээр хүн нь бас салхи, жавар сөрж явах нь байна шүү дээ. Малчны хөдөлмөрт сэлгээ байх уу?

-Миний гурван хүү, гурван айл өрх малаа маллаж байна. Дээр нь мал төллөх үе, ноос ноолуурын цагаар гэрээ түрээсээр ажилладаг малчид бий л дээ. Арай түрүүхэндээ нэг, хоёр жил ажиллаж, тодорхой тооны малтай болоод, гэр орноо сайжруулаад явсан хүмүүс бий. Сүүлийн жилүүдэд ингэж ажиллах хүн цөөрчээ. Ямаа самнах үеэр тав, зургуулаа ирээд, манай бэлтгэсэн гэрт байрлаж, нэг ямааг 3000-3500-гаар самнах маягаар хэсэг хүн ажиллаж байна. Ямаа самнах хөлсөнд сая гаруй төгрөг гаргах жишээтэй. Ялангуяа хүйтэн сэрүүний улиралд, мал төллөх үеэр өөрсдөө л дагнаж ажиллана. Үр хүүхэддээ мал маллах арга ухааныг өвлүүлэх учиртай. Бага хүү Амгаланбаяр маань хоёр жилийн өмнө аймгийн сайн малчин болсон.

-Ингэхэд гэргийдээ өгсөн хамгийн том бэлэг тань юу байв?

-Аятайхан дээлийн өнгө, хуруу, гар, чих толгойн гоёл чимэглэл мэтийн энгийн юм бэлэглэдэг. Ер нь л бидний амьдрал энгийн дээ. Нүүдэлчин хүмүүс шүү дээ. Нарны эрчим хүч нэвтрээд, хөдөлмөрийг нь хөнгөвчилсөн угаалгын машинтай болсон. Дээхнэ үед олон хүүхдийн хувцсыг яаж ч угааж байсан юм. Олон хүүхэд хүн болгоно, цаана нь олон малыг гардах тордох юм их гарна. Мал төллөх үед хөөрхий минь аргагүй л хүндийг нь үүрдэг дээ. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эх хүний агуу чанар ч юм уу гэж бодогддог. Эх нь гүйцэд хооллоогүй төлийг “Харангадчихаж мэднэ. Энийг угжих хэрэгтэй, жилбэ сайтай хонинд хөхүүлье” гээд чимхлүүр юм хийж явдаг хүн. Эрхбиш өглөөг үзчих байлгүй дээ гэмээр. Хурга, ишиг нэмж хөхүүлэх гээд шөнө дунд хүртэл хотон дотор явж байдаг хүн. Миний хань О.Бадам гэж эмэгтэй бий. Жаран жил айл болж амьдарч байна даа.

-Хөдөлмөрийн баатар болсон өглөө нар өөрөөр мандах юм уу?

-(инээв) Гэнэт сонсоход л амаргүй байсан. Юм бас их сонин. Би жараад жил шагай харваж байгаа хүн ш дээ. Шагай харвах гэж үндэсний том соёлын өв бий дээ. Миний хэдэн хүү бүгд шагай харвана. Ахмадын чөлөөт холбооны дэргэд Ахмад шагайчдын клуб ажилладаг юм. Үдээс хойш хэдэн өвгөн дээрээ ирээд мэнд ус мэдээд, шагай харваад сууж байтал гэнэт утас дуугараад Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярилаа. “Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Танд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ” гэж байна. Гэнэт ийм мэдээ сонссон чинь дуугарч болдоггүй. “Баярлалаа” гэж эвтэйхэн хэлэх гэсэн чинь хоолой цэхэртчихээд дуу гарч өгдөггүй. Нөгөөдүүлээс бас жаахан зовж байгаа юм. Зайдуу сууж байгаад “Баярлалаа”-гаа хэлсэн байх. Шагнал хүртэх өглөө Багануураас ирсэн. Тэр өглөө тунгалаг сайхан байсан даа. Би ихэнхдээ нарнаас өмнө босдог. Нарандаа идээ цагаа өргөдөг, мөргөдөг. Нар, долоон бурхандаа залбирч явдаг хүн дээ.

Categories
мэдээ цаг-үе

Адуучийн Басхүү: “Монголын чөлөөт бөхийн холбоог та хагалан бутаргасан” гэж ардын багш Ч.Дамдиншаравт гавьяат тамирчин Ц.Цогтбаяр уйлаад хэлж байсан

Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч, Зууны манлай шүүгч, “Алтан шүгэл”ийн эзэн Адуучийн Басхүүтэй ярилцлаа.


-2016 оны Риогийн олимпод Монголын тамирчид дэндүү үхээнц, арай ч дээ гэмээр оролцсон. Хоёр алтан медаль, мөнгө, хүрэл нийлсэн тав зургаан медаль авах бүрэн боломжтой гэж хэн хүнгүй ярьж, бүгд л хөөрцөглөж байв. Ялангуяа, чөлөөт, жүдогийнхонд ихээхэн найдлага тавьж байсан. гэвч сумъяагийн мөнгөн медалийг эс тооцвол ганзага хоосон ирсэн. Яагаад ийм байдалд хүрэв гэдгийг танаас асуумаар байна. Та олимпоос хойш бараг л ам нээсэнгүй?

-Тийм ээ, би олимпоос хойш дуугараагүй байгаа. Одоо бол дуугарах цаг нь болсон гэж бодож байна. Риогийн олимпод манай баг тамирчдыг өндөр амжилт үзүүлнэ гэж Монголын төр, ард түмэн хүлээж байсан. Тэр бүх итгэл найдвар талаар болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч “Та бүхнээс их зүйл хүлээж байгаа шүү. Халаасандаа байгаа сүүлчийн мөнгөө та бүхэнд зориулж гаргаж өгч байна. Хоёр дахин илүү амжилт гаргаарай, олимпийн алтан медалийг авчрах ёстой” гэж баг тамирчдаа үдэхдээ захиж хэлсэн. Сүүлд М.Билэгтээс аваад Их хурлын гишүүд ч чуулганы танхимд айхтар үг хэлж байна лээ.

“Риогийн олимпод Монголын тамирчид ерэн оных руугаа эргээд ухарлаа” гэж хатуу мэдэгдсэн. “Сумын спартакиадад оролцох гэж байгаа юм шиг олимпод бэлдсэн нь харамсалтай” гэж танай сонин бичсэн. Энэ бүхний үр дүнг одоо бид хэлэлцэх ёстой. 2012-2015 оны хооронд улсын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч байсны хувьд, Риогийн олимпод оролцох баг тамирчдыг олимпийн мөчлөгийн эхнээс удирдсаны хувьд учир байдлыг тайлбарлая. Миний бие 2012 оны Лондонгийн олимпийн дараа Монгол Улсын үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар томилогдсон. 2008 онд төрсөн олимпийн хоёр аваргаа бид дараагийн Лондонгийн олимпод алдсан, өмнөх амжилтаасаа ухарсан байв. “Бид гаргасан амжилтаа алдаад байна. Дахиад олимпийн аваргатай болохын тулд та ажиллах хэрэгтэй байна” гэж тухайн үеийн Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар шавь минь надад итгэл хүлээлгэсэн юм.

Мөн шинжлэх ухааны доктор Г.Лхагвасүрэн “Улсын шигшээ багийн голдрил алдагдсан шүү. Чи үүнийг хийх цаг нь болсон. Чамд бүх боломж нь байна. онолын талаасаа ч, практик талаасаа ч…” гэж зөвлөсөн. Ингээд би үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилго тавьж, онол арга зүйн хичээл зааснаар ажлаа эхэлсэн. Монголын спортын байгууллагын сор болсон шинжлэх ухааны эрдэмтдийг урьж сургалт семинар явуулсан. Гадны нэртэй эрдэмтдийг ч урьсан байгаа. Тавь гаруй жил хийгдээгүй сургалт, дасгалжуулалтын олимпийн циклийн төлөвлөлтийг багш нартайгаа боловсруулж хэрэгжүүлсэн. Олон улсын жишигт нийцүүлж хийхийг эрмэлзэж ажилласан. Гэвч олимпоос нэг жилийн өмнө энэ ажлыг маань таслан зогсоосон. Үндсэндээ намайг ажлаас минь чөлөөлсөн. Яамны дарга даамал хэн нэгнийг өөрчилж болно. Гэхдээ сургалт дасгалжуулалтын ажил гэдэг хэн дуртай нь ирээд хийчихдэг юм биш л дээ. Зөвхөн Басхүү гэж ганц хүнийг нухчин дарахын тулд Монгол Улсын эрх ашгийг умартсан. Хүн төрөлхтний их баяр олимпийн дэвжээнд эх орныхоо нэрийг өндөрт мандуулахаас илүүтэйгээр Басхүүг гарт нь орсон ажлаас нь салгаж, нэр бүхий нөхөд атаа жөтөө, өш хонзонгоо авах нь ашигтай юм байна гэдгийг нүдээр үзэж, биеэр амссан.

-Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаас таныг мулталж, сургалт онол зүйн аргыг удирдлагагүй болгосноор Монголын баг тамирчид Риогийн олимпод ийм арчаагүй байдалтай оролцлоо гэж та хэлээд байна. Танаас өөр хүн энэ ажлыг чинь үргэлжлүүлээд явж болоогүй юм уу. Ер нь яагаад таныг олимпийн өмнөхөн ажлаас чөлөөлсөн юм бол?

-Сургалт дасгалжуулалтын ажил гэдэг хэн дуртай нь хийчихдэг юм биш гэж би дээр хэлсэн. Тэр бол үйлдвэрлэл юм. Бүтээгдэхүүн нь тамирчин. Тэгэхээр бүтээгдэхүүнийг маш нарийн сайн боловсруулж, дэлхийн зах зээл буюу олимпийн дэвжээнд борлогдохыг нь харна. Үндсэндээ бүтээгдэхүүнийг дээд зэргийн шаардлагад нийцүүлсэн, брэнд болгох хэрэгтэй. Ийм л нарийн төлөвлөгөөг спортын төрөл бүр дээр боловсруулж, спортын шинжлэх ухааныг цогцоор авч үзэж байж, тэр бүгдийг нэг дор зангидаж байж бид ажлаа явуулж байлаа. Түүний үр дүн ч гарсан. 2013 оны дэлхийн аваргад манай жүдо, чөлөөтийн баг тамирчид ямар амжилт гаргасныг хүн бүр мэдэж байгаа. Жүдогоор М.Уранцэцэг алт, Д.Амартүвшин мөнгөн медаль авсан. Чөлөөтийн эмэгтэй баг таван медаль авч, багаараа хоёрт орсон. Өмнөх олимпийн дөрвөн жилийн циклд 30 дугаар байр хүртэл ухарч элгээрээ хэвтээд байсан чөлөөтийн эрэгтэй баг багаараа наймд орж, Г.Мандахнаран медаль авсан. Дараа жил нь буюу 2014 онд Риогийн олимпийн өнгийг тодорхойлох Азийн спортын наадамд манай баг тамирчид таван алтан медаль хүртсэн. Нийтдээ 12 медаль хүртсэн. Энэ бол түүхэн амжилт. Шигшээгийн дасгалуулагчидтайгаа хамтарч хийж буй бидний ажил зөв голдрилдоо орж эхэлснийг Азийн наадмын түүхэн амжилт харуулсан. Үнэхээр багш нар, маань хөдөлгөөнд орж эхэлсэн. 2015 онд дөчин жилийн өмнөх амжилтаа чөлөөтийн эрэгтэй багийн тамирчид давтаж, багаараа дөрөвдүгээр байрт шалгарсан. Ингэж чөлөөтийн улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, дасгалжуулагч О.Пүрэвбаатар, Б.Баяраа, Л.Энхбаяр нарын удирдсан баг гурван медаль хүртэж бахдам амжилт гаргасан. Атаа жөтөө дагуулдаг спортын байгууллагыг цэл залуухан дарга Б.Наранбаатар тун чадварлаг удирдаж богино хугацаанд амжилт гаргасныг хэлэх ёстой.

-Үр дүн нь гарчээ. Гэхдээ хамгийн том үзүүлэлт болох олимпод манай тамирчид өрсөлдөгч бөхийнхөө гарыг ч нугалж чадалгүй унаж байсан нь үнэн биз дээ. Ингэхэд таныг яагаад ажлаас чөлөөлөв гэдгийг сонирхоод байна л даа?

-Олимпод улс орнууд нэгдсэн бодлоготой, баг тамирчдаа нэгдсэн удирдлагаар хангаж, зохион байгуулалттайгаар бэлддэг. Жүдо, чөлөөт, буудлагынхан мэдээж дор бүрнээ мэргэжлийнхээ бэлтгэл сургуулилтыг хийх нь ойлгомжтой. Харин онол арга зүйн талаас нь өөр өнцгөөс харж, алдаа дутагдлыг нь хэлж, засч залруулж явах учиртай. Энэ гол холбоос Риогийн олимпод алдагдсаныг би хэлээд байна. Үүнийг би гэнэт ухаан орсон юм шиг өнөөдөр хэлж байгаа юм биш. Хэн ч ингэж хэлж, айхтар шүүмжилж болно. Риогийн олимпод спортын төрөл бүр дээр тус тусад нь бэлдэж боловсруулсан олимпийн циклийн төлөвлөлтөө харахаар надад үнэндээ харамсах сэтгэгдэл төрдөг. Гол зангилааг удирдаж байсан таныг явчихаар бид дур дураараа л явсан. Таны шаарддаг, шахдаг, харамгүй юм хэлж өгдөг хүн байхгүй болсон гэж жүдогийн О.Балжинням, чөлөөтийн Ц.Цогтбаяр, буудлагын Л.Ундралбат, боксын Д.Батсүрэн гээд ахлах дасгалжуулагчид хэлж байв.Тэд намайг ажлаас чөлөөлөгдсөний дараа аргаа барахдаа тухайн үеийн Эрүүл мэнд, спортын сайд байсан Г.Шийлэгдамбад өргөх бичиг барьсан. Спортын төвийн дарга болсон Бат-Эрдэнэ гэж хүн намайг ажлаас чөлөөлснийхөө хоёр хоногийн дараа, “За би буруу юм хийжээ, энэ хүнийг ажилд нь буцаан томилох нь зөв юм байна” гээд томилох гэтэл өглөө нь шууд болиулсан байдаг.

-Хэн болиулсан байх уу. Нэр устай нь хэлчихэж болно биз дээ?

-Чөлөөт бөхийн холбоог удирдаж байсан Д.Дагвадорж, Д.Сумъяабазар хоёр болиулсан юм билээ. Миний бие их спортдоо эргэж ирээд элгээрээ хэвтэж байсан чөлөөтийн эрэгтэй багийн амжилтыг дахин сэргээсэн. Түүхэн амжилтад нь хүргэсэн. Үүний төлөө худлаа ч гэсэн надад “Баярлалаа” гээд хэлчихэж болно доо. Гэтэл энэ хүн яах аргагүй ажиллаад байна, татаж унагая гээд зүтгэсэн нь харамсмаар. Ийм байж болох уу, ийм төрийн түшээ гэж байх уу. Сумъяабазар энэ хэд надад дургүй байж болно. Цаана нь Монгол Улсын нэр хүнд гэж юугаар ч хэмжишгүй зүйл бий юмсан. Шийлэгдамба сайд хэрэгт орооцолдохынхоо урд өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт “Басхүү дасгалжуулагчийг ажилд нь буцааж тавина. Олимп хаяанд ирлээ. Гол судсыг нь атгаж байсан хүнийг бид явуулсан нь алдаа болжээ” гэж хэлсэн байна лээ. Сүүлд би сонссон. Даанч тэр орой Шийлэгдамба хэрэгт орооцолдсон. 2016 оны тавдугаар сарын сүүлчээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг спортын ордонд ирж олимпийн бэлтгэл ажилтай танилцаж байхдаа Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Спортын хөгжлийн төвийн захирал Д.Жаргалсайхан нарт үүрэг болгосон. “Ерөнхий дасгалжуулагчийн асуудлыг шийд” гэсэн. Тэгэхэд шийдсэн бол үлдсэн хугацаанд нь би зангидчих бүрэн боломж байсан.

Ерөнхий сайд нь үүрэг өгчихсөн байхад Дагваа, Сумъяа хоёрын үгэнд ороод хулчийж суудаг ийм арчаагүй төрийн сайдтай байгаад яахав дээ гэж эрхгүй бодогдсон. Өмнө нь би С.Ламбаа сайдад “Миний гадаад явах, олимп үзэх хор арилчихсан. Мөн алдар цол хүртэх гэсэн хор ч арилсан. Ардын багшийг нь, гавьяат дасгалжуулагчийг нь авлаа, надад өөр зүйл хэрэггүй. Харин Риогийн олимпоос хоёр олимпийн аварга төрүүлнэ, 5-6 медальавна” гээд өнөө нарийн нягт төлөвлөгөөгөө үзүүлсэн. Тэгэхэд нэг айхтар том харснаа “Та үнэхээр мундаг, цогц төлөвлөлт гаргажээ” гэсэн. “2013-2015 оны улсын шигшээ багийн тогтвортой амжилтын эцсийн үр дүн Риод гарах ёстой. Монголын ард түмний хүсэн хүлээгээд байгаа энэ үр дүнг нь би гаргаад өгье. Танд хэрэгтэй, эх оронд минь хэрэгтэй” гэж дахин дахин хэлсэн, ойлгуулсан. Тэр бол 2016 оны гуравдугаар сард болсон явдал. Салбарын сайд нь ойлгосон хэрнээ, түүнийг хэрэгжүүлэхийг, олимпийн дэвжээнд Монголын тамирчид гялалзсан амжилт гаргахыг үнэндээ хүсээгүй нь гайхалтай. Уул нь Ламбаа сайд эхэлсэн ажлынхаа эцсийн үр дүнг үзье гэж хэлдэг хүн л дээ. Ингэж салбар хариуцсан сайд нь, спортын хөгжлийн төвийн захирал нь эх орноо бодоогүй. Риогийн олимпод ийм байдалтай оролцсон нь баг тамирчдаа нэгдсэн бодлогоор хангаж чадаагүй эрх мэдэлтнүүдийн арчаагүй байдлын үр дүн гэж би шууд хэлнэ. Түүнээс биш багш, дасгалжуулагч нар үнэндээ “бор зүрх”-ээрээ л зүтгэсэн. Тэдэнд буруу байхгүй.

-Монголын чөлөөт бөхийн холбоо, дэлхийн бөхийн холбоо руу бичиг явуулж таныг олимпийн зэрэглэл бууруулж, Лондонгийн олимпийн шүүгчээс хасуулж байсан. Бусад улс орнууд олимпийн зэрэглэлийн шүүгчтэй болох гэж зүтгэдэг бол манайх эсрэгээрээ таныг болиулах гэж дайрсан. Энэ ямар учиртай юм бэ. Тухайн үед та бас л тодорхой тайлбар өгөөгүй санагдана?

-Хувь хүнд өөрт нь ирүүлдэггүй нууцын зэрэглэлтэй материалыг дэлхийн бөхийн холбоо надад явуулж байсан. Намайг хасуулах тухай бичгийг шүү дээ. Манайхан олон улсын бөхийн холбоонд “Наад хүнийхээ зэргийг бууруулаад өгөөчээ” гэж явуулсан байдаг. Дэлхийн бөхийн холбоо гурван удаа “Болохгүй ээ” гэсэн хариу өгсөн байгаа юм. Тэгээд бүр сүүлдээ цөхрөнгөө бараад “Наад Адуучийн Басхүү гэдэг хүн чинь монгол хүн мөн үү” гэсэнтэй адил зүйл асуусан байдаг. Тодруулбал, “Басхүү Монголын шүүгч хэвээрээ юу гэдгийг та нар нотолж чадах уу. Үгүй гэх юм бол одоо яая гэхэв дээ” хэмээн асуусан байна. Түүний хариуг одоо хэр нь өгөөгүй байна. Дэлхийн бөхийн холбоонд явуулсан бичгийг үзсэн хүн “Басхүү минь чи яаж тэвчиж болоод байна” гэж асуудаг. Хэрвээ гучин долоон он байсан бол намайг шууд буудан хороох юм байна л даа. Гэхдээ намайг амьд мэнд байхад, миний ухамсарт амьдралаа зориулж ирсэн Монголын чөлөөт бөхийн холбоо, эх орныхоо нэр төрийг өндөрт өргөх гол үзүүлэлт болсон олимпийн зэрэглэлийг минь бууруулж өгөхийг хүссэн энэ үйлдлийг нүдээр үзсэн минь надад буудуулснаас хүнд, хэцүү туссан. Хэрвээ дэлхийн бөхийн холбоо тэрхүү бичгийг над руу явуулаагүй бол би амьдаараа хад мөргөх байсан. Учир нь чөлөөт бөхийн холбооныхон үнэнээ надад хэлэхгүй. Намайг ярихаар худлаа ярьж байна гээд хүлээж авахгүй, ийм л байх байсан. Би дэлхийн бөхийн холбооны тэргүүнээс “Ноён ерөнхийлөгч өө, та худлаа хэлээд байна уу, Монголын чөлөөт бөхийн холбооныхон худлаа хэлээд байна уу. Манайхан болохоор тийм бичиг явуулаагүй, бид таныг оролдоогүй” гээд байх юм гэж арга ядахдаа асуусан. Өөдөөс “Монголын чөлөөт бөхийн холбоо чинь галзуурчээ” гэж орилж чарлаад,над руу тэр бичгийг явуулсан. “Гацуурт”-ын Чинбат холбооны ерөнхийлөгч байх үед түүний гарын үсэг зурагдсан байдаг. Би Чинбатаас асуусан, аргагүйн эрхэнд би зурсан гэж хэлсэн. Чинбатыг шахаж шаардсан хүмүүс нь Д.Сумъяабазар, гавьяат тамирчин Буяндэлгэрийн Болд нар юм билээ. Энэ бол аймшигтай хэлмэгдүүлэлт. Энэ хэлмэгдүүлэлт надаар дуусаагүй. Миний дүү А.Баасанхүү дээр бас давтагдсан.

-Яаж тэр билээ?

-Миний дүү олон улсын шилэгдмэл шүүгч байсан. Дараа нь олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч болсон. Гэвч энэ бүхнээс дүүг минь ямар ч тайлбаргүйгээр, нууцаар хасуулсан нь аймшигтай. Одоо дүү маань гэртээ сууж байна. Ингэж ах дүүгээр нь хэлмэгдүүлж байна. Тэр ч бүү хэл талийгаач болсон дүүг минь хүртэл оролдон ясыг нь өндөлзүүлж, түүхэн амжилтыг нь баллуурдсан нь аймшигтай. Тодруулбал, миний дүү, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын начин А.Баатархүүгийн амжилтыг үгүй болгосон.

Чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх чөлөөт бөхийн тавин жилийн ойн ном хийнэ гээд надаас ирж зурагнууд авсан. Надтай огт харилцдаггүй хүн чинь гэнэт хэрэг болохоор гэрт минь хүрээд ирсэн. Тавин жилийн ой юм даа гээд чөлөөт бөхдөө хайртай хувьд би тусалж 66 зургийг скайнердуулж хувилаад тус бүрт нь тайлбар бичээд файлаар өгсөн. Тухайн үед би ажилгүй, гудманд хөөгдөөд гарчихсан ч тэр бүгдэд мөнгө зарж, сэтгэл гаргаж Баянмөнхөд өгтөл тавин жилийн түүхэн номдоо миний дүү Баатархүүгийн зургийг ганцааранг нь оруулалгүй үлдээсэн байсан. 1979 онд Монголд болсон залуучуудын дэлхийн аваргад миний дүү Монголын ард түмний зүрхийг буцалтал баярлуулж байсан. Ганцаараа алтан медаль хүртэж дэлхийн залуучуудын аварга болсон. Хуучин ЗХУ-ын 22 орон орсон агуу тэмцээнд Баатархүү маань мөн л ганцаараа мөнгөн медаль хүртэж байсан. Гэтэл энэхүү түүхэн амжилтуудыг нь ялангуяа дэлхийн залуучуудын аварга болсныг 50 жилийнхээ түүхэн номонд оруулаагүй шууд хассан. Баатархүүгийн дараа, сүүлд хоёр хүн залуучуудын дэлхийн аварга болсон байдаг. Тэр хоёрыг нэртэй устай, зурагтай хөрөгтэй нь оруулаад, тэр ч бүү хэл, мөнгө, хүрэл медаль авсан тамирчдыг нь хүртэл оруулсан байгаа юм. Ганцхан миний дүүг л хассан. Үүнийг хараад би голоо тасартал гомдож байлаа. Энэ бол үнэндээ эмгэнэл, Баянмөнхийн хийсэн хамгийн аймшигтай яргалал юм.

-Чөлөөт бөхийн холбооныхон, нэр бүхий нөхдүүд яагаад таныг ингэж өстөн дайсан мэт боддог юм бэ. Дэлхийн тавцанд дэндүү их нэр хүндтэй, Дэлхийн бөхийн холбооны “Алдарын танхим”-д өргөмжлөгдсөн ганц хүн болохоор атаархаж үхэх гээд байдаг хэрэг үү. Эсвэл та тэдний зэвүү, дургүйг нь хүргээд байдаг юм уу, ойлгохгүй байна?

-Миний нутгийн ах, Монгол Улсын заан Дасрангийн Мягмар надад хэлж билээ. Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан тэргүүтэй нөхөд миний тухай яг энэ сэдвээр ярилцаж байлаа л даа. Тэгэхэд Мягмар заан “Чамайг энэ холбоо үнэндээ баллаж дууслаа. Чи бусдаас дэндүү хол илүү ажиллаад, бусдаас илүү гараад байх юм. Тэр чинь л алдаа болоод гай болж байна” гэсэн. Олимпийн зэрэглэлийн шүүгчээс хасуулсан хэлмэгдүүлэлт, энэ бүх асуудлыг би удахгүй баримттайгаар дэлгэнэ. Би тэгж бусдад дарлуулаад, дуугүй сууж чадахгүй. Багагүй хугацаанд бие сэтгэлээ уруулж, хүн л юм болохоор тарчиллаа. Монголын чөлөөт бөхийн спортын төлөө бага балчраасаа хоёргүй сэтгэлээр зүтгээд өнөөдөр ийм байдалд орлоо. Одоо болсон, юманд хэмжээ гэж бий. Хүний жаргалд ч зовлонд ч хэмжээ байдаг. Гэхдээ би нэг ч хүнийг гүтгэхгүй. Бүх зүйлийг баримт нотолгоотой хэлнэ. Миний энэхүү үйлдэл дараа дараагийн үед хэрэгтэй. Өнөөдөр аргаа барахдаа зарим хүмүүс өөрийгөө шатаана гэж хүртэл хэлж байна. Аминдаа хайргүйдээ биш. Тийм л аргагүй байдалд чөлөөт бөхийн холбоо, нэр бүхий нөхөд хүргэж байна.

-Таныг ингэж айхтар зуух, тэгтлээ үзэн ядах зүйл яагаад Д.Дагвадорж, Д.Сумъяабазар хоёрт байдаг юм бол. Тэд Монгол төрийн түшээ, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс. Үүнд бас хариулт өгөөч?

-Д.Сумъяабазар сонинд өгсөн ярилцлагадаа “1990 онд байгуулагдсан Залуучуудын улсын шигшээ багт орсноороо миний бөх болох замнал эхэлж, суурь тавигдсан” гэж хэлсэн байна лээ. Тэгж ярихдаа залуучуудын улсын шигшээ багийг байгуулсан хүн нь намайг гэж мань эр бодоогүй байх л даа. Залуучуудын шигшээ багийн тамирчид анх удаагаа цалинтай болж байсан. “Бөхийн ирээдүйг ингэж бэлдэхгүй бол болдоггүй юм” гэж тэр үеийн олимпийн хороог удирдаж байсан С.Болд даргаас аваад олон хүнтэй уулзаж, хөөцөлдөж байж энэ шигшээг миний бие байгуулж байсан түүхтэй. Дасгалжуулагчаар нь Ганбаатар гэж Сумъяабазарын унаган багшийг томилсон. Би тэгэхэд улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч байсан юм. Тэгээд Сумъябазар, Өсөхбаяр нарын багш болох “хар” Ганбааг дасгалжуулагчаар нь бусадтай маргаж байж тавьж байсан юм. Бусдыг нь орхиё, үүнийг хэлэхэд Сумъяабазар нэг юм бодох байх. Мөн түүнд миний дүү Баасанхүү мөн ч их тус болсон доо. Ингээд хэлчихэд цаад чинь сайн ойлгоно. Өөр бидний хооронд ямар ч асуудал байхгүй. Нэг түүх хэлэхэд, Сумъяабазар, Дагвадорж нарын аав Долгорсүрэн заан миний шавь юм. Насаар бол надаас арваад ах хүн. Би 1975 онд 22 настай “Замчин” нийгэмлэгийн дасгалжуулагчаар очсон. Улсын шигшээ багаас хорин хоёрхон настай дасгалжуулагч болсон хүн бол ганцхан би. Тэнд Долгорсүрэнтэй учирсан. Намайг очсоны дараа улсын аваргаас чөлөөт бөхөөр хүрэл медаль хүртсэн.

Миний гар дээр байхдаа самбо бөхийн улсын аварга болсон, спортын мастерын зэрэг хамгаалсан. Мастерын анкетыг нь би бөглөж өгч байлаа. Далан зургаан оны наадмаар ажлаас нь түр чөлөөлж, хоол байрыг нь бэлдээд Сонгинын амралтад “Замчин” нийгэмлэгийн бөхчүүдтэй хамт бэлтгэлд авч гарсан. Тэр жил Долгорсүрэн улсын заан цол хүртсэн. Миний ардын багш цолны хүндэтгэлийн цайллагын үеэр олны хүртээл болсон баримтат кинонд Долгорсүрэн заан ямар сайхан үг хэлэв. Намайг үнэхээр хүндэтгэдэг. Нэрээр минь дуудахгүй. “Багшаа” л гэдэг юм. Энэ бүгд бодит үнэн юм. Гэхдээ би яг нарийндаа Сумъяабазар, Дагвадорж нарт нэг их буруу өгөхгүй. Харин энэ залуучуудын дэргэд тулхтай, ноён нуруутай, зарчимтай хүн байсан бол ийм айхтар алдаа гаргахгүй байх байсан болов уу. Өнөөдөр чөлөөтийн холбоо ямар байдалтай байна. Ийм байхгүй байх байсан. Тэднийг дандаа хувийн өс хонзон өвөрлөсөн, атаа жөтөөний үүр уурхай болсон нөхөд хүрээлж байна. Б.Болд, Ч.Дамдиншарав нарыг хэлж байна. Ер нь чөлөөт бөхийн энэ их хагарал бутрал бол Ч.Дамдиншарав гэж хүний хийсэн гай юм. Сая чөлөөтийн хурал дээр гавьяат тамирчин, дасгалжуулагч Ц.Цогтбаяр Дамдиншаравт “Танаас болж чөлөөт бөхийн холбоо ийм хагаралд хүрлээ” гэж уйлж байгаад хэлсэн. Ахмадууд залуучууддаа зөв нөлөө үзүүлэх учиртай.

Би Д.Сумъяабазарт “Бөхөөр ярьвал би уначихсан хүн. Чөлөөтөөр бол дээшээ хараад хэвтчихсэн хүн. Гэтэл холбооныхон чинь надтай ноцолдоод байх юм” гэж хэлсэн. Ер нь тэгээд бодоход өнөөдөр чинь хувийн үзэл бодол дээр төрийн ажил явдаг болжээ. Улс орон ядуу буурай болсны гол зүйлийг би ямар ч удирдлагагүй, хууль хэрэгжихээ больж, дур дураараа ажлаа хийдэг болсонтой холбоотой гэж бодож байна. Гэр бүл, ах дүү, нутаг нуга, жалга довны үзэл хаана хаанаа хавтгайрсан нь Монголын нийгмийн аймшигтай хоцрогдол. Энэ бүхнээс ангижирч байж Монголын спорт хөгжинө. Монголын тамирчид дэлхийд мандана. Үүнийг хатуу хэлье.