Categories
мэдээ цаг-үе

Б.Батзориг: Нийгмийн хор аюулаараа гэмт хэргээс бага зөрчлийг 200 гаруй хуулиар зохицуулж байсныг зөрчлийн нэг хуулиар зохицуулдаг болсон

Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулга ирэх долдугаар сарын нэгнээс мөрдөгдөх болсон. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа хууль зүйн доктор, дэд профессор Б.Батзоригоос зарим зүйлийг тодрууллаа.


-Энэ хуулийг шинэчлэх болсон нэг шалтгааныг орчин үеийн нийгмийн амьдралд бий болсон шинэ үзэгдлүүдэд ялгамжтай хандаж, хариуцлага тооцох боломжтой, үр нөлөөтэй тогтолцоо бий болгоход оршино хэмээн хуулийн төслийн үзэл баримтлал заасан байна. Үүнийг тодорхой тайлбарлаж өгнө үү?

-Нийгмийн амьдрал байнга өөрчлөгдөхийн хэрээр хүмүүсийн хооронд үүссэн харилцааг зохицуулах шаардлага бий болсоор байдаг. Гэхдээ бүгдийг нь хуулиар зохицуулах боломжгүй, шаардлагагүй. Өмнөх бөгөөд өнөөгийн нийгэмд үзүүлэх хор хөнөөлтэй үйлдлийг эрүүгийн нэг хуулиар зохицуулдаг. Харин нийгмийн хор аюулаараа гэмт хэргээс бага зөрчлийг 200 гаруй хуулиар зохицуулж байсныг зөрчлийн нэг хуулиар зохицуулдаг болсон. Ингэснээрээ гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх боломжтой болж байна. Салбарын хуулиудаар амьдрал дээр хэрэгжүүлэх механизмыг нь бүрдүүлээгүй зөрчлийг хуульчлах явдал үгүй болно.

-Шинэчилсэн найруулгад тусгаснаар гэмт хэрэг, зөрчил хоёрыг өөр өөр салбарт хамруулан авч үзсэн байна. Үүнийг дагаад тооцох хариуцлага ч өөр болсон гэсэн?

-Их энгийнээр тайлбарлая. Хүнээр яривал мэс засал хийж эмчлэх өвчнийг гэмт хэрэг гэе. Эм, тариагаар эмчлэгдэх өвчнийг зөрчил гэе. Гэмт хэрэг, зөрчил нь өөрөө нийгмийн хорт хавдар, тахал гээд их сүртэй нэршил бас байдаг даа. Хүмүүсийн хооронд үүссэн маргаан, хуулийн хэрэгжилтийг хангахад төрийн хяналт шалгалт, хүмүүсийн хоорондын зан үйлийн горим журмаар зохицуулагдах боломжгүй болохоор зөрчлийн хуулийн зохицуулалтад оруулж торгох, эрх хасах зэрэг шийтгэл оногдуулдаг. Шалгах процесс нь ч энгийн байдаг. Хүний эрхэнд хязгаарлалт бага тогтоодог. Харин зөрчлийн хуулиар зохицуулах боломж хязгаарлагдаад ирэхээр эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж заагаад хорих, албадан ажил хийлгэх, маш өндөр хэмжээгээр торгох гэх мэт ял оноодог. Шалгах процесс нь нарийн. Шалгах явцад цагдан хорих, нэгжих, гүйцэтгэх ажил явуулах гэх мэтийн төвөгтэй арга ашигладаг.

-Зөрчлийн хуулийн нийтийн ёс суртахуун, хэв журмын эсрэг зөрчил гэсэн зүйлд олон нийтийн газар, авто зам, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан байна. ийм зөрчил үйлдэгдэж байгаа эсэхийг хэн, яаж хянах вэ?

-Таны дурдсан зөрчлийг өмнөх хуулиудаар зөрчил гэж тооцоод торгоно гээд заачихсан байдаг шүү дээ. Одоо 200 гаруй хуулиар зөрчил гээд хуульчилсан зөрчлүүдийг нэгтгэхээр хүмүүс гайхаад байна. Ингэж гайхаж байнаа гэдэг чинь энэ зөрчлийн хуулийн ач холбогдол тодорхой хэмжээгээр гарч байна гэсэн үг. Одоо төрийн бодлогоор таны дурдсан зөрчлүүд нийгэмд байх ёстой жирийн үзэгдэл юм уу гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Үнэхээр нус, цэрээ хаях нь байдаг л хэвийн үзэгдэл, үүнийг нийтийн ёс суртахууны хэм хэмжээгээр зохицуулбал ичээд дээрх үйлдэл гаргах нь багасна гэж үзвэл зөрчлийн хуульд тусгахгүй байж болно шүү дээ.

-Нийтийн журам зөрчих гэсэн бүлэгт “Орон сууцанд шөнийн цагаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Тэгэхлээр хөрш айл нь гомдол мэдүүлэхэд торгоно гэсэн үг үү?

-Бас л орон сууцанд шөнийн цагаар бусдын амгалан байдлыг алдагдуулаад байвал хөрш нь ирээд та нар арай их дуу чимээ гаргаад байна гэхэд нь нөгөөдүүл нь ичиж зовоод за одоо болилоо гээд больж байвал заавал торгоод шийтгэдэг Зөрчлийн хуульд тусгаад байх шаардлагагүй. Нийгмийн ёс суртахууны хэм хэмжээгээр зохицуулчихаж болно. Одоо ийм шаардлага тавивал яах бол. Цагдаа ирж байж л асуудал зохицуулах шаардлага гарах байх. Зөрчлийг шалгадаг хянадаг байгууллагуудыг Зөрчил шалган шийдвэрлэх хуулиар тодорхой заагаад, зөрчлийг хэрхэн шалгахыг хуульчилж байгаа.

-Тэгвэл 7.3 дугаарт “Хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтын талаар нэлээд маргаан өрнөсөн. Үүнийг Эрүүгийн хуульд оруулъя гэсэн санал ч УиХ-ын гишүүдээс гаргасан гэсэн. Энэ талаар хуульч хүний хувьд ямар бодолтой байна?

-Сэтгүүлчдийг бичсэн болгоных нь төлөө шийтгэх зохицуулалт биш байх. Таны хэлсэн зүйлээс харахад санаатайгаар бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжлохдоо хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглавал хариуцлага тооцно гэсэн байна. Харин энэ заалтыг сэтгүүлчдийн хууль ёсны ажиллагааг саармагжуулах, шударга сэтгүүлчийг айлгах, дарамтлах хэрэгсэл болгон ашиглаж байна уу гэдэг талаас нь харвал бас өөр. Ер нь нийгмийн сөрөг үзэгдэлтэй тэмцэх ганц арга эрүү, зөрчлийн хууль биш шүү дээ. Нийгмийн элдэв сөрөг үзэгдэлтэй тэмцэх төрийн бодлого үгүйлэгдэж байгаагийн нэг илрэл ингэж харагдаж байгаа юм болов уу. Өөрөөр хэлбэл, ийм зүйл орж батлагдвал сэтгүүлчийн үйл ажиллагааг зохицуулсан, эрх ашгийг нь хамгаалсан хууль нь дагалдаж гарах байх.


Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: ОУВС хүнд шаардлага тавина гэдэг чинь манай эдийн засаг хүнд байгаагийн л шинж

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.


-УИХ-ын хаврын чуулганы эхэнд Монгол Улсын 2017 оны төсвийг тодотгоно. ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болж байгаатай холбогдуулан ийм шийдэлд хүрсэн л дээ. Төсвийн тодотголоор татвар нэмэх асуудлыг оруулж ирлээ гэдэг шүүмжлэл их байна л даа. Та төсвийн тодотголтой танилцсан уу?

-УИХ, Засгийн газар шинээр байгуулагдсанаас хойш төсөв, мөнгөний бодлогыг зөв болгох, төсвийн сахилга батыг дээшлүүлэх, өр зээлийн дарамтаас улс орноо авч гарах тал дээр МАН шат дараатай арга хэмжээ авч байгаа. Ээлжит бус чуулган хийгээд ээлжит чуулганаар хэлэлцсэн асуудлын дийлэнх нь төсөв, мөнгөтэй холбоотой асуудлууд байсан. Нэг хэсэг Монгол Улс хэд хэдэн төсөвтэй явж ирсэн. Монголбанкин дээр Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Хөгжлийн банкин дээр бонд, концессын мөнгө, улсын төсөв гээд замбараагүй явж ирснийг нэгтгэж нэг төсөвтэй болгосон. Ингэснээр төсвийн сахилга батыг сайжруулах, хэмнэлтийн горимд шилжүүлэх тал дээр анхаарсан. Их хуралд оруулж ирсэн төсвийг батлахдаа бараг анх удаа төсвийн алдагдлыг багасгаж баталсан л даа. Өмнө нь Засгийн газраас өргөн барьсан төсвийн алдагдлыг нэмэгдүүлдэг байсныг больсон. Амьдралд нийцсэн гэж харж байгаа.

Сүүлийн дөрвөн жилд гэхэд анх удаа 2016 оны улсын төсөв 500 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Энэ байдлаараа явбал оны эцэс гэхэд төсвийн орлого давж биелэх байх гэж бодож байна. Монгол Улсын Засгийн газар сая төсвийн тодотголыг өргөн барихдаа төсвийн алдагдал 10.3 хувьтай байхаар тооцсон байна лээ. Төсвийн тодотголыг харахад хоёр гурван зүйл ажиглагдаж байгаа юм.

-Тухайлбал, юу гэж?

-ОУВС-тай тохирч “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд татвар нэмэгдүүлж төсвийн тодотголыг өргөн барих нь нэгдүгээр асуудал байсан. Хоёрдугаарт, төсвийн тодотгол хийж зарим гарсан хууль тогтоомжуудтай нийцүүлэх шаардлага гарч байгаа. Тухайлбал, Хөгжлийн банкны тухай хуулийг баталсантай холбоотойгоор тус банк улс төрөөс хараат бус олон улсын банк санхүүгийн стандартад нийцэхээр тусгасан. Энэ хүрээнд төсөв батлахад гуравдугаар жагсаалтаар батлагдсан Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх нэлээд хэдэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх үүрэг нь Сангийн яаман дээр ирж байна. Сангийн яаман дээр ирнэ гэдэг чинь төсөв дээр ирж байна гэсэн үг. Төсвийн тодотгол хаврын чуулганы эхэнд батлагдах болов уу.

-Харин төсвийн тодотголын хүрээнд татвар нэмнэ гээд байна л даа?

-Төсвийн тодотголын хүрээнд татвар нэмэх асуудал яригдаж байгаа. Татвар нэмэхэд хоёр зарчим барьж байна. Эхнийх нь эдийн засгийн хүндрэл бэрхшээлийн сүүдэр ард түмний амьжиргаа, бизнес эрхлэгчдийн халаас руу орохгүй байхаар шийдье гэж байгаа юм. Аль болох хүндрэл, хохирол багатайгаар даван туулах ёстой. Тиймээс иргэдийн амьжиргаатай холбоотой ямар нэгэн татварт өөрчлөлт оруулахгүй. Зөвхөн тансаг хэрэглээний буюу архи, тамхины онцгой албан татварыг нэмэх чиглэлд явж байна. Хоёрдугаарт, татварын шинэчлэлийг хийх суурь бааз нээгдэх юм. МАН засгийн эрх барьж байхдаа 2005 онд 4:10-ын бодлого барьж татваруудыг дөрвөн хувь болгосон. Цаашид өндөр орлого олдог хэсэг нь өндөр татвар төлж, бага орлоготой иргэд багийг төлдөг зарчим руу шилжихийн тулд Хувь хүний орлогын албан татвараас эхлээд зарим татварын шатлалтай болгоё гэж байгаа юм. Нэг үгээр хэлбэл амьжиргааны түвшин арай өндөр хэсэг нь эдийн засгийн хүндрэлийн ачааллыг арай илүү авъя гэж тооцож байна. Энэ нь татварын бодлогын үндсэн зарчим байх болов уу.

Өнөөдөр иргэдийн дунд хамгийн их бухимдал үүсгэж буй асуудал чинь баян хоосны ялгаа. Амьжиргааны эрс тэс өртөгтэй болчихлоо, баян хоосны ялгаа хэтэрсэн тул иргэдийн сэтгэл ханамжийн баталгаа алга болж байна. Тиймээс цаашид чинээлэг дундаж давхаргыг дэмжиж бий болгох хүрээнд татварын бодлогоо уялдуулах ёстой. Энэ хүрээнд татварын бодлогын шинэчлэл явагдана. Төсвийн тодотголын хүрээнд яригдаж байгаа нэг томоохон зүйл нь тэтгэврийн шинэчлэлийн бодлого юм. Энэ тухай үе үеийн Засгийн газар ярьдаг. Нийгмийн даатгалын сан тэтгэврээ тавьж чадахаа болилоо, энэ алдагдал нь төсөв дээр ирж байна. 2021 оноос эхлэн Нийгмийн даатгалын сангийн алдагдал төсөв дээр нэлээд хувийг эзэлнэ.

Улсын төсөвтэйгөө хамтраад ч гэсэн тэтгэврээ тавьж чадахаа болих хэмжээнд хүрэх тул асуудлыг цагийг нь тулгаж биш эртхэн шийдвэрлэе. Тиймээс 2036 он хүртэл буюу 20 жилийн хугацаанд тэтгэврийн насыг нэмэгдүүлэх асуудлыг үе шаттай шийдвэрлэе гээд бүх хүмүүсийн тэтгэврийн насыг 65 болгочихгүй юм. Тухайн ажил, амьжиргааны нөхцөлөөс нь шалтгаалж тэтгэврийн насыг уян хатан байхаар шийдвэрлэнэ. Уг асуудал хаврын чуулганаар хэлэлцэгдэх Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана. Манайхан эдийн засгаа өөрсдөө оношилж байна. Мөн гадны байгууллагууд ч өөрсдийнхөө оношийг тогтоож байгаа. Гадны байгууллагуудын хэлж буйгаар бодлогын алдаатай дотоодын хямралд өртсөн байна. Тиймээс бодлогын алдаагаа зас гэж байгаа юм.

-Энэ тэгээд юунаас эхлэх вэ?

-Ойлгомжтойгоор хэлэхэд сан хөмрөгийнхөө хүүдийг нөхөх хэрэгтэй. Тэгж байж хөрөнгө мөнгө орж ирнэ. Ингэж гэмээнэ хөрөнгө оруулалтууд тогтоно. Тиймээс бид эхний ээлжинд төсөв, мөнгөний бодлогоо зөв болгоё, төр бүсээ чангалъя, зарим тохиолдолд татвар нэмэхээр бол тансаг хэрэглээ, амьжиргааны түвшин өндөр хүмүүст хамаатуулъя гэж байгаа юм шүү. Цалингаас цалингийн хооронд амьдарч буй, амьдрах гэж өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байгаа хүмүүстээ хүндрэл учруулахгүй гэдгийг дахин хэлье. Жирийн иргэдийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой ачаалал ирж байгаа. Сүүлийн 25 жилд хүмүүсийн дундаж наслалт нэмэгдлээ. Ирэх 20 жилд хүмүүсийн дундаж наслалт 70 гарчихна. Мөн амьжиргааны түвшин, нөхцөл ч нэмэгдчих юм. Тэр утгаараа аажмаар тэтгэврийн насыг нэмэхээс бус маргааш тэтгэврийн насыг нэмэх гээд байгаа зүйл байхгүй.

-Төсвийн зарлагаа хасаагүй байж татвар нэмлээ гээд л шүүмжлээд байна шүү дээ. Зарлагаасаа хасчихаж болдоггүй юм уу?

-2004 оноос хойш төсвийн зарлагыг маш олон удаа танасан. Сүүлийн гурван жилийн хугацаанд 5-30 хувь хүртэл зарлагаа жилд хоёроос гурван удаа танаад байгаа. Төрийн захиргаа болон төрийн үйлчилгээний байгууллагуудын үйлчилгээний зардлыг үүнээс илүү танах боломж байхгүй. Хэрэв таначихъя гэвэл тухайн байгууллагууд төсвийн өртэй л болно. Гадаад дотоод томилолт, бичиг хэргээс эхлээд байж болох бүх зардлаа танасан. Одоо харин танж болох зардлууд гэвэл халамж, зээлийн үйлчилгээний хэлбэрүүд буюу өр зээлийн менежмэнтээ сайжруулах байдлаар төсвийн зарлагыг танааж болно. Өөр нэг эх үүсвэл нь цалин, тэтгэвэр болчихоод байна. Танаж болох гурван багцийг нэрлэхэд ийм байна даа. Зээлийн үйлчилгээний чиглэлд нэлээд ажлууд хийгдэж байгаа. Төр эхлээд бүсээ чангалж, зөв менежмэнтээр ажиллах ёстой гэдэгтэй санал нэг байгаагаа хэлье. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд төсвийн тодотголыг шат дараатай тодруулах ёстой. Харамсалтай нь энэ талаар бага ярьж байгаа болохоор төр өөрсдийгөө танахгүй, татвар нэмчихлээ гээд байна л даа.

-Намрын чуулган өндөрлөснөөс хойш Их хурлын гишүүд бөөн бөөнөөрөө гадаадад томилолтоор явж байна шүү дээ. Энэ зугаалгын гэмээр зардлуудаасаа танахгүй юм уу. Өмнөх парламентуудын үед ингэж их бөөнөөрөө гадагшаа явж байгаагүй гэдгийг учир мэдэх хүмүүс нь хэлээд байна л даа?

-Улсын төсвийн хөрөнгөөр УИХ-ын гишүүд гадаад томилолт аваагүй байх аа. Ганц хоёр төрийн айлчлалын хүрээнд зарим нэг нь төсвийн хөрөнгөөр явж байгаа. Гишүүдийн гадаад томилолтыг аваад үзэх юм бол 90 хувь нь олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд шийдэгдсэн. Учир нь шинэ парламент байгуулагдсаны дараа иймэрхүү хандлага гардаг. Манай оронтой хамтын ажиллагаатай байдаг олон улсын байгууллагууд, улс орнууд хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд энэ асуудлууд шийдэгддэг. Улсын төсөв, яамны төсвөөс санхүүжигдээд гадагшаа явж байгаа зүйл байхгүй.

УИХ л гэхэд энэ онд зөвхөн өөрийнхөө төсвийг 20 хувиар таначихсан. УИХ-ын гишүүдийн гадаад томилолтын зардлыг харах юм бол 90 хувь өөр эх үүсвэрээр санхүүжиж томилолтоор явж байгаа. Түүнээс биш гадаад томилолт хумигдсан.

-Бараг танаас бусад гишүүд бүгд гадаадад явж байна. Та аль аль орноор явсан бэ?

-Би гадагшаа томилолтоор яваагүй. Зарим төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд гадагшаа явж байгааг интернэт, сошиал хөгжсөн болохоор хүмүүс хараад байгаа байх л даа. Тиймээс өмнө парламентуудыг давсан гадаад томилолт гэж ёстой байхгүй. Төсөвт ч гэсэн тийм боломж байхгүй.

-ОУВС-гийн зүгээс тавьсан шаардлагуудыг та хэрхэн харж байгаа вэ. Өмнө нь тийм хүнд шаардлагууд тавьж байгаагүй юм биш үү?

-ОУВС хүнд шаардлага тавинаа гэдэг чинь манай эдийн засаг хүнд байгаагийн л шинж. ОУВС бидэнтэй хамтарч хүндрэл бэрхшээлийг даван туулахад хамтарч ажиллахаар дэмжлэг үзүүлж байгаа болохоос өөр зүйл байхгүй. Тиймээс бид энэ байгууллагатай хамтарч тэдний саналыг тусган, өөрсдийнхөө онцлогийг зөв ойлгуулах ёстой. ОУВС манайд шаардлага өндөр тавьж байгаа бол бодлогын алдаа маань хүндэрчээ л гэсэн үг. Тэгж л ойлгох хэрэгтэй.

-2017 оны төсвийг батлахдаа том төслүүдийг хөдөлгөнө гээд төсвөө гурван хувьтай баталсан. Энэ ондоо хөдөлчих томоохон төсөл байна уу. Сангийн сайд Гацууртаас бусад нь дараа онуудад хөдөлнө гэдэг утгатай ярилцлага өгсөн л дөө?

-2017 оны төсвийг батлахдаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн гэрээ хэлцлүүдийг цэгцэлж, хөдөлгөж эхэлнэ гэдгээр нь мөнгөний бодлого болон төсөвт аль алинд суулгасан. Түүнээс биш орлого талдаа том төслүүдээс орж ирэх мөнгө харьцангуй бага шүү дээ. Энэ жил Таван толгойг цогцоор нь хөдөлгөх асуудлыг шийдвэрлэх, Гацууртын ордын гэрээ хэлцлийг эцэслэх, төмөр замын томоохон бүтээн байгууллатын ажлыг эхлүүлэх, томоохон цахилгаан станцуудын тендерийг зарлана гэх мэтээр ажил нь эхэлнэ.

Таван толгой дээр ажлын хэсэг байгуулагдаад тэр хүрээндээ асуудал нь шийдэгдээд явж байгаа.

-Тэгээд Таван толгой хэр урагштай байгаа юм бэ?

-Таван толгойн асуудлыг яаж шийдэх вэ гэдэг дээрээ шийдлээ олохоос бус өнөөдрийн нөхцөлд Таван толгойн ажил сайн явж байгаа. Нүүрсний ханш өсчихлөө. Яаран шийдвэрлэ гээд шахаад байгаа юм алга. Таван толгойнхоо санхүүгийн боломж, үнэ цэнийг нэмэгдүүлэх ёстой. Эхний ээлжинд Чалкогийнхоо өрийг дараад дуусгах хэрэгтэй. Баланс дээр байгаа янз бүрийн зүйлээ цэгцлэх шаардлагатай. Үндэсний эрх ашигт нийцсэн шийдлээ гаргалгүйгээр ойр ойрхон янз бүрийн шийдвэр гаргаад байх нь буруу. Өнөөдөр ч гэсэн төсөвт төвлөрүүлдэг мөнгөө төвлөрүүлээд л явж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Австралийн үер бидэнд боломж олгох уу?

2011 оноос хойш болж байгаагүй асар хүчтэй хар салхи Австралийн нүүрсний үйлдвэрлэлийн гол бүс гэгддэг Куинслэнд мужийг дайраад эхэллээ. Шуурга ид үедээ 300 км/цаг хүрэх учир маш аюултай гэгдэж буй. Тус улсын Засгийн газраас иргэдийг нүүлгэн шилжүүлэх, хоргодох байраар хангах ажлыг зохион байгуулж байна. Гэвч эртнээс мэдээ авч, бэлдсэн учир эрсдэл харьцангуй бага учирч байгааг онцлох учиртай. Одоогийн байдлаар нэг иргэн нас барсан гэх мэдээлэл бүртгэгдээд байгаа юм. Эрдэс баялгийн шинжээч Л.Наранбаатар “Австралийн зүүн эрэгт хэд хоногийн өмнөөс сануулж байсан далайн хар шуурга эхэллээ. Маш хүчтэй шуурга тус улсын нүүрсний нөөц, олборлолтын гол цөм болсон Куйнсланд мужийн Бовен Бассэйнийг ниргэж байна. 2011 онд айхтар шуурга болсноос энэ бүсийн нүүрсний уурхайнууд үерт автаж, коксжих нүүрсний үнэ 400 ам долларт хүрч өсч байв” гэж нүүр хуудсандаа постолсныг онцолъё.

Өчигдөр буюу мягмар гаригт шуурганы гол хэсэг дайрч өнгөрнө гэсэн мэдээлэл цацагдаж байсан. Гэхдээ энэ долоо хоногийн турш Куинслэндэд хүчтэй бороо тасралтгүй орно гэх мэдээллийг цаг уурчид өгч байгаа юм. Энэ мэдээллийг урьдчилж авсан нүүрсний том уурхайнууд эртнээс бэлдэж, уржигдраас эхлэн уурхайнуудаа түр хугацаагаар зогсоогоод байна. Тухайлбал, BHP Bil­liton, Glencore компаниуд тус бүр 1-2 уурхайгаа түр зогсоосныг дэлхийн хэвлэл мэдээллийнхэн онцолж эхэллээ. 2011 онд тохиосон Австралийн үерээс болж уурхайнуудын бүх дэд бүтэц эвдрэн зогсч, коксжих нүүрсний үнэ 300 ам. долларт хүрч тэнгэрт хадаж байлаа. Түүнээс хойш Австралийн уурхайнууд энэ тал дээр маш их бэлтгэлтэй, эрсдэлийн тооцоотой болсныг хэлэх хэрэгтэй. Тус улсын уурхайнууд дэд бүтцийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж, уурхайнуудаа чадавхижуулсан. Ийм учраас энэ удаагийн шуурга хэдий хүчтэй боллоо ч ил уурхайнууд руу ус орж ирэх эрсдэл л байгаагаас биш ачилт болон боомтын дэд бүтцэд төдийлөн хохирол учруулж чадахгүй гэж үзэж байгаа юм. BHP Billiton, Glen­core компаниуд энэ удаагийн түр зогсолтыг уурхайнуудын жилийн үйлдвэрлэлийн гарцад нөлөө учруулахгүй гэж үзэж байгаа аж.

Гэхдээ энэ бол албан мэдээлэл. Хэн ч байгалийн гамшгийг урьдчилж хэлж чаддаггүй. Гамшгийн улмаас том эрсдэл үүрэх нь тодорхой болсон ямар ч том бизнес эрхлэгч “Үүнээс болж ийм алдагдал хүлээнэ” гэж бас хэлэхгүй. Өөрөөр хэлбэл, Австралийн нүүрсний уурхайнуудад хичнээн хэмжээний аюул учрахыг урьдчилж таах боломжгүй гэж хэлэх гээд байна л даа. 2011 оных шиг, тэр жилээс ч аюултай гамшиг боллоо гэхэд “Бид дампуурлаа” гэж зоригтой хэлэх бизнес эрхлэгч одоо лав гарахгүй. Мэдээж аль нэг улсад үер болоод эдийн засгийг нь тэтгэдэг гол сувгийг хаана гэдэг баярлаж хөөрөхөөр сэдэв биш. Гэхдээ энэ удаагийн үеэр бидэнд боломж олгож буйг хэлэхгүй орхиж болохгүй. Австралийн тухайд бодлоготой, ухаантай улс. Тулаад ирсэн гамшгийг мэл гайхаж цэл хөхрөөд өнгөрөөхгүй нь ойлгомжтой. Гэхдээ сүүлийн өдрүүдэд цацагдаж буй мэдээллээс анзаарахад хэлж ирдэггүй хийсч ирдэг байгалийн гамшиг манай гол өрсөлдөгч болсон улс руу чиглэсэн нь тов тодорхой байна. 2011 он шиг “аз” дайрах цаг мөч бидэнд ирж магадгүй гэсэн үг.

Монгол нүүрс хаданд гарах бас нэг шалтгаан нь Хойд Солонгос. Хятад Хойд Солонгосоос нүүрс авахаа зогсоосон нь манай төмөр зам дагуу оршдог жижиг нүүрсний ордуудыг “моодонд” оруулсныг сүүлийн өдрүүдийн мэдээлэл гэрчилнэ. Олон-Овоо өртөөнөөс нүүрс ачсан галт тэрэг урд хөршийн Тяньжиныг зорьсон нь саяхны үйл явдал. Монгол нүүрс далай руу ойртсон, далайд хүрэх боломжтойг баталсан гэдэг утгаараа энэ үйл явдал хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байж чадлаа. Хойд Солонгосоос нүүрс авахаа зогсоосон учраас Хятадын өндөр чанарын нүүрсний нийлүүлэлт энэ жил 20 орчим сая тонноор тасалдаж байгаа. Энэ мэдээ Хятадад нүүрсээ нийлүүлж овоо ам.доллар олдог Австрали, ОХУ, Индонезийн хувьд таатай сонин. Гэтэл манай улсын хүчтэй өрсөлдөгч Австрали байгалийн гамшигтай нүүр тулаад байна. Тэгэхээр бидэнд боломж гарч ирлээ гэсэн үг. Хойд Солонгост тавьсан Хятадын хориг 2017 оныг дуустал үргэлжилнэ. Энэ ондоо нүүрсний үнэ тогтвортой байна гэсэн таамаг голлож буй. Австралийн үерээс үүдсэн уурхайнуудын зогсолт үргэлжлэх хугацаанд нүүрсний үнэ улам өсч, монгол нүүрс моодонд орох нь тодорхой. Өр зээл яригдсан эдийн засагт бол үүнээс таатай мэдээ гэж юу байхав. Нүүрснээсээ төлөвлөж байснаасаа илүү ам.доллар олох нь тодорхой болчихлоо.

Гэхдээ санаж сэрэх нэг өнцөг бий. Австралийг нөмөрсөн 2011 оны үер олон улсын зах зээлд нүүрсний үнийг асар их хэмжээгээр өсгөхүйц том нөлөөтэй байсныг уншигчид мэдэж буй. Тэр үед манай улс төмөр зам, тээврийн дэд бүтэц байгаагүйгээс үнийн өсөлтийг сайн ашиглаж чадаагүй. Төмөр замтайсан бол олсноосоо асар ихийг олох байлаа гэж амаа барьцгааж байсан харамсал өнгөрсөн түүхэнд бий. Гэтэл өнөөдөр, зургаан жилийн дараа Австралид дахиад үер болчихлоо. Харамсалтай нь өнөө л үгээ хэлж, өмнөх харамслаа давтсан шигээ сууцгааж байна. Тодруулж хэлбэл яг тэр үеийнх шигээ төмөр замгүй сууцгааж байна. Зам тээвэр нь тэр үеэсээ дордсон, дэлхийд байхгүй 50-60 км урт дараалал үүсгээд сууж байна. Австралийн үер илүү мөнгө олох боломжийг нээж байгаа нь үнэн. Гэхдээ үүнээс илүүг олох боломж байсан. Боломжоо бид өөрсдөө нураасан нь бас үнэн. Төмөр замаа тавьчихсан байсан бол бид ОХУ, Индонезийг харамстал нүүрсээ үнэлээд өчнөөн ам.доллар халаасалсан шигээ суух байлаа.


Categories
мэдээ цаг-үе

Монголын дундаж давхаргыг манай 200-гаадхан олигархи хувааж идсэн

Монголын эдийн засаг арван тэрбум ам.доллараар хэмжигддэг. Гуравхан сая хүн амтай Монгол Улс дэндүү ядуу байна. Цөөхөн хүн хэт баяжиж, дундаж давхарга бий болохгүй байна. Нийгмийн дундаж давхарга үүсэх тэр боломжуудыг гарын арван хуруунд багтах хэдхэн том компани хаагаад байгаа юм. Тэд бүх салбар руу хүч түрэн орчихоод шинэ бизнес эрхлэгчдэд ямар ч орон зай олгодоггүй. Хүнсний бүтээгдэхүүний худалдаагаар олонд танигдсан хэрнээ цаанаа арав гаруй охин компани байгуулж, үйл ажиллагаагаа тэлсэн байх жишээтэй. Том хөрөнгө зоорьтой эрхмүүд барилга, боловсрол, үйлдвэр, үйлчилгээ, банк санхүү, хэвлэл мэдээлэл, уул уурхай, эрүүл мэнд зэрэг бүхий л салбар руу шургалан дайрч ороод ноёрхлоо тогтоочихдог. Тийшээ шинэ бизнес эрхлэгчид хөл тавих нь эрсдэлтэй. Хэрэв олигархиудын босгосон ханыг цөмлөн орж чадлаа гэхэд цаашид өсөн дэвжиж чадахгүй. Тэр бүх эдийн засгийг нь өнөөх “мангас”-ууд аль хэдийнэ эзэрхийлчихсэн учраас Монголд дундаж давхарга үүсэх нөхцөлийг бүрдүүлэхгүй байгаа юм.

Монголчуудыг ядуу нэрнээс салгах цорын ганц гарц нь дундаж давхаргыг бий болгох. Жижиг дунд үйлдвэрлэл бий болох бүхий л бололцоог эдгээр томчуул тасалж байна. Ард түмэн цалингаас цалингийн хооронд зүдрүүхэн амьдарч байхад баячуудын мөнгө нийгэмд өгөөжөө өгөхгүй байна. Монголд ердөө 200-хан айл баян тансаг амьдралтай гэдэг. Тэд хамаг мөнгөө оффошорт л зузаатгадаг. Энэ нь татвараа төлдөггүй гэсэн үг. Тэрүүгээрээ дотооддоо ядаж нэг томоохон үйлдвэр байгуулчихгүй байж хаа нэгтээ халуун оронд арал худалдан авдаг гэсэн. Дүн өвлийн хүйтэнд утаатай улсаасаа зугтаж, тэндээ жаргалтай амьдарч байна.

Ер нь нийгэм баян хоосноороо ялгарах нөхцөлийг бүрдүүлж байгаа бизнесийн талбар дахь түрэмгийллийг зохицуулах хуультай болмоор байна. Боловсрол бол боловсролоороо, хэвлэл мэдээлэл бол хэвлэлээрээ, уул уурхай бол уул уурхайн салбараараа дагнан үйл ажиллагаа явуулж, бусдадаа боломж олгох хэрэгтэй. Аминчхан үзлээсээ татгалзаж, аль нэг салбартаа манлайлал нь байж яагаад болохгүй гэж.

Монголын эдийн засагт ноёрхлоо тогтоосон арван том компанийг цувралаар танилцуулъя. Хэн, хэн хичнээн салбарт эзэн суусан нь эндээс тод харагдана. Энэ удаад “Номин холдинг” болон “АПУ” группийг тодотгоё.

“НОМИН”-ГИЙН ХЭДИЙГ “НОМИН” ДЭЛГҮҮР НЬ ТЭЖЭЭЖ ЧАДДАГГҮЙ ЮМ БОЛОВ УУ

А.Шагдарсүрэн эзэнтэй “Номин Холдинг” ХХК-ийн үйл ажиллагаа 1992 оноос эхлэлтэй. Анх “Номин-5” хувиараа эрхлэх аж ахуй нэртэйгээр байгуулагдаж байсан тус компани арван жилийн дараа гэхэд “Номин Холдинг” ХХК болж өргөжсөн юм билээ. Өнөөдөр тус компани худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, санхүү, даатгал, аялал жуулчлалын салбаруудад хүч түрэн орж ирсэн. Одоо 12 охин компанитай. Улаанбаатарт төдийгүй орон нутгуудад салбаруудаа нээн ажиллуулж байгаа. “Номин” гэхээр хүмүүс супермаркетаар нь сайн мэддэг. Тэгвэл эднийх Улаанбаатар хотод Улсын их дэлгүүрээс гадна хоёр ч их дэлгүүр, долоон супермаркет, найман хайпермаркет, арван бөөний худалдааны төвтэй. Мөн Дархан, Эрдэнэт, Дорнод, Ховд, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь зэрэг аймгуудад салбар, худалдааны төвүүдээ нээсэн. “Номин” хүрсэн эдгээр аймгуудад хэн дэлгүүр нээж зориглох юм бэ. Учир нь ашиг олохгүй.

“Номин холдинг” санхүү, даатгалын салбарт нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Бүх аймагт салбартайгаас гадна явуулын худалдаагаар сумдад хүрдэг, даатгуулагчдын тоогоор тэргүүлдэг байна. Мөн энэ салбарт “Номин юнион” хадгаламж зээлийн хоршоотой. Хоёр жилийн өмнө нийт хөрөнгө 31.06 тэрбум төгрөгт хүрч, 24.19 тэрбум төгрөгийн хадгаламжтай, 24.13 тэрбум төгрөгийн зээлийн багцтай болж өргөжсөн дүнтэй байсан. Дээрээс нь нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгөтэй “Номин карт” банк бус санхүүгийн байгууллагатай юм билээ.

Харин “Номин Констракшн Девелопмент Групп” нь барилга бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн салбарт тэргүүлэгчдийн нэг. Үйл ажиллагаа нь 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл амжилттай явагдаж байгаа. Сүүлийн таван жилийн хугацаанд өөрийн бүтээн байгуулж буй хотхон хорооллуудын орчны тохижилтыг хийсэн. “Номин”-гийнх энэ салбарт бас “Эрдэнэт хивс”, “Экобус”, “Эко пластик” гэсэн гурван том үйлдвэртэй. 30 гаруй жилийн түүхтэй “Эрдэнэт хивс” компанийг “Номин Холдинг” хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр 2014 онд өөрийн болгосон байдаг. “Эко пластик” үйлдвэрийнх нь тухайд төрөл бүрийн хуванцар бүтээгдэхүүн, гялгар уут үйлдвэрлэхээс гадна хоёрдогч түүхий эд буюу дахиврыг дахин боловсруулдаг гэнэ. “Экобус”-ыг монгол инженерүүдийн ур ухаанаар үйлдвэрлэдэг байгальд ээлтэй нийтийн тээвэр гэдгээр нь монголчууд хэдийнэ мэдэх болсон. Тэгвэл энэ үйлдвэр мөн л “Номин”-гийн мэдлийнх юм байна.

Худалдаа, үйлчилгээний салбарт “Номин Холдинг” 18 жилийн туршлагатай болжээ. Монголд хамгийн анх супермаркетын өөртөө үйлчлэх системийг нэвтрүүлж байсан “Номин”-гийн сүлжээ дэлгүүрүүдээр сард давхардсан тоогоор нэг сая гаруй хүн үйлчлүүлдэг байна. Энэ салбарт ийм өргөн зах зээлийг эзэлчихсэн “Номин”-той зэрэгцээд тэднээс илүү ашиг олно гэдэг тэнгэрээс од шүүрэхтэй адил биз ээ. Бас болоогүй гадаад худалдааны салбартаа манлайлагч. “Номин”-гийн гадаад худалдаа нь цахилгаан барааны “Электроникс”, хүнсний “Фүүдс”, гэр ахуйн тавилгын “Хоум стайл”, бэлэн хувцасны “Фэйшн”, гоо сайхны “Косметикс”, барилгын материалын “Стандарт”, автомашин, засвар үйлчилгээний “Моторс”, эрчим хүчний “Энержи” гэсэн чиглэлээр тэлж, байр сууриа аль хэдийнэ бэхжүүлсэн байна.

Үйлчилгээний чиглэлээр “Номин”-гийнх нийгмийн эрэлттэй бүхий л салбарт хүч түрэн орсон байгаа юм. “Номин Кидс” гэдэг цэцэрлэгтэй. “Соёмбо” харуул хамгаалалтын албатай. Мөн айл гэр, албан тасалгааны цэвэрлэгээний үйлчилгээ, ногоон байгууламжийн тохижилт, цэцэрлэгжүүлэлтийг явуулдаг албатай. “Номин”-гийн үйлчилгээ нь аялал жуулчлалын салбарт “Хөвсгөл усан зам” компанитай. Энэ нь Хөвсгөл нууран дээгүүр “Сүхбаатар” хөлөг онгоцоор аялал зохион байгуулдаг байна. Эдгээрээс гадна “Номин”-гийнх “EMPIRE FIT­NESS”, химийн лаборатори, хөргөлттэй агуулах, ачаа тээвэр, механизмын үйлчилгээ эрхэлдэг. Дээрээс нь олон улсын тээврийн үйлчилгээний “Номин ложистик” компани бий. Бас “Номин”-гийнх мах, махан бүтээгдэхүүний салбар руу ханцуй шамлах болсон. Гахай, тахиа, хонь, үхрийн мах, махан бүтээгдэхүүнийг ангилан савлаж бүх салбар дэлгүүрээрээ нийлүүлдэг байна.

“Номин холдинг”-ийн охин компаниудын нэг болох “Номин Реалтор” обьектын ашиглалт, засвар үйлчилгээ, түрээс зэргийг хариуцан ажилладаг аж. Хуучин болон шинэ орон сууцны худалдаа зуучлал, орон сууцны, оффисын талбайн түрээсийн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг. Ийнхүү “Номин”-гийнх уул уурхайгаас бусад салбарт оршин тогтнож чаджээ. “Номин” хэмээх вант улсыг илэрхийлэх “Өнөр-1” хороололд тус компанийн дэлгүүр, худалдаа, цэцэрлэг гээд бүх үйлчилгээ байдаг. Тухайн хотхонд үйл ажиллагаа явуулж, бизнесээ эхлүүлэх хүсэлтэй хэн ч орох боломжгүй гэсэн үг.

“АПУ”-ГИЙН ЭЗДЭД “АПУ” КОМПАНИ НЬ ХАНГАЛТТАЙ БАЙМААР ЮМ

УИХ-ын гишүүн асан Г.Батхүүг “АПУ”-гаар овоглохоор хүн бүр танина. Архи, пиво, ундаа үйлдвэрлэдэг “АПУ” компани нь 1924 онд байгуулагдсан түүхтэй. Сүүлд эдний үйлдвэр сүү, сүүн бүтээгдэхүүн, ундаа, жүүсний зах зээлд хүч түрэн орж ирсэн. “АПУ” компани Г.Батхүүгийн мэдэлд очсоноор группийн хэмжээнд өргөжин тэлж, 13 охин компанитай болсон байна. Одоо энэ компанийг түүний дүү Г.Батсайханаар овоглох болсон. Харин Г.Батхүү нь хөдөө аж ахуй, эрчим хүч, эрүүл мэнд, гадаад, дотоод худалдаа, уул уурхай, барилга, авто сервис, тээвэр гадаад худалдааны салбарт бизнес эрхэлдэг. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт “Шунхлай агро”, эрчим хүчний “Пауэр юнит”, эрүүл мэндийн салбарт “Интернэншнл медикал сентер” компани, Авто сервесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монгол хюндай киа”, “Хюндай моторс монголиа”, барилгын “Грийн эйр гарден”, “Монголиан роуд констракшн”, “Колбекер эм эн жи”, уул уурхайд “Жи Эс Би Ресурс”, “Шунхлай майнинг”, газрын тосны “Шунхлай групп”, “Шунхлай говь”, “Шунхлай”, “Шунхлай петролиум”, гадаад дотоод харилцааны “Импортант сольюшн”, “АПУ трейдинг” компаниудыг тэднийх гэх юм билээ. Г.Батхүү нийт 24 групп, компанийн 50-100 хувиудыг эзэмшдэг гэж байна. Үүнээс гадна Скаймедиа интернэт, IPTV, Wimax утасгүй интернэтийн үйлчилгээ үзүүлдэг “Скайтел” ХХК-ийн “СКАЙМЕДИА КОРПОРАЦИ” ХХК-ийн томоохон хувьцаа түүний гарт бий. Мөн Г.Батхүүгийн мэдэлд аялал жуулчлал, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр томоохон төсөл хэрэгжүүлдэг “Ван Трейд”, зоогийн газар, үйлчилгээ явуулдаг, “Их Монгол” ресторануудыг багтаасан “Грийт Эмпайр” ХХК, “АПУ”-гийн шил, лааз, баглаа боодол хариуцсан “Депод” ХХК, ноолууран бүтээгдэхүүний салбарт тэргүүлэгч “Блю Скай Кашемир ХХК, ачаа тээврийн “SUN TRANS” ХХК зэрэг багтдаг байна. Хэдэн жилийн өмнө “АПУ”-гийнхан Богд хааны музейн газрыг хүч түрэн авч, өөрийн бизнесээ өргөжүүлэхэд зориулж байгаа. Тухайн үедээ уг үйл явдал нэлээд хэл ам дагуулж, салбарын яам нь хүртэл анхааралдаа авч, хориг арга хэмжээ авсан боловч мөнгөнд хүчин мөхөстсөн юм.

Улстөрчид, эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс хэвлэл мэдээллийн салбарыг өөрийн болгох явдал хэвийн үзэгдэл болсон. “АПУ”-гийн Г.Батхүү нь бүхэл бүтэн медиа групптэй. Тус групп нь “NTV” телевиз, “FM 107” радио, “Гоодаль” сэтгүүл, “Гоодаль” фото студи, “NTV” продакшн, “Нийслэл guide” сэтгүүл, “Time.mn” мэдээллийн сайт, “ONTV” телевиз, “Оранж энтертаймент” гэсэн бүрэлдэхүүнтэй. Медиа группийн 50 хувийг УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, 50 хувийг түүний дүү П.Батсайхан эзэмшдэг байна.

Ийм том хөрөнгө бэлтэй хүмүүс хэвлэл мэдээллийн салбарыг хөгжүүлэх байх гэж горьдмоор. Гэвч хэвлэл мэдээллийг зөвхөн зэвсгээ болгон ашигладаг болохоор цаашдын хөгжил ирээдүйд нь огтхон ч санаа зовдоггүй. Тэд чөлөөт хэвлэл мэдээллийн хөгжилд садаа болохоос хэтрэхгүй байна. Монголд чөлөөт хэвлэл хөгжихгүй байгаа гол шалтгааны нэг бол эзэд нь өөрсдөө хэвлэл мэдээллийг эрхэлдэггүй, түүнийг аливаа бизнес болон улс төрд нэр нөлөөгөө дээшлүүлэх, хамгаалах хэрэгсэл мэтээр ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, дагавар бизнес маягтайгаар байлгадагт байгаа юм. Тэдгээр том олигархиудын хажуугаар салбарын жинхэнэ мэргэжлийнхэн зүтгэн орж, хэвлэл мэдээллийн алба байгуулъя гэсэн ч орон зай байхгүй байна.

Монголын бүх салбарыг хэдхэн компани эзлээд байхаар ямар ч дундаж давхарга бий болох нөхцөлгүй. Хөлд орж байгаа хүүхдийг гүйлтийн тамирчин Усайн Болттой уралдуулж байгаа мэт ялгаатай байхад ямар тэнэг нь бизнес оролдох билээ. Зүгээр хөлсний ажилчдыг л бий болгохоос өөр замгүй харагдаж байна. Том компаниуд хөрөнгө чинээ, улс төрийн нөлөөгөө ашиглаж эдийн засгийг таг барьчихсан ийм жижиг оронд ядуурлаас өөр зам харагдаж байна уу. Ядуурлаас ажил хийж, жижиг бизнесээ хөгжүүлж, томруулж байж гардаг. Гэтэл тэр бүх боломжийг монополио тогтоосон энэ хэдэн том компани тас хориглоод удаж байна.

Үргэлжлэл бий.

Categories
мэдээ цаг-үе

Н.Сувд: “Мандухай”-г 30 жилийн турш үзэж байна гэдэг надад хамгийн том шагнал

Жил бүрийн гуравдугаар сарын 27-нд дэлхийн “Театрын өдөр” тохиодог. Энэхүү өдрийг УДЭТ хэрхэн угтаж байгаа тухай болоод урлаг уран бүтээлийнх нь талаар тус театрын уран сайхны удирдаач, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувдтай ярилцлаа.


-“Театрын өдөр”-ийг угтаж Улсын драмын эрдмийн театр үзэгчдэдээ ямар бэлэг барьж байна вэ?

-1962 оноос хойш дэлхийн “Театрын өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй юм. Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрт байх театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч бүхний баяр байдаг. Манай театрын зүгээс энэхүү баярын өдрөө угтаж жил бүрийн гуравдугаар сарыг “Сонгодог жүжгийн өдрүүд” болгон зарлаж өөрийн урын сан дахь дэлхийн сонгодог бүтээлүүдээс сор болсон жүжгүүдээ дээжлэн авч үзэгч түмэндээ өргөн барьдаг. Энэ жилийн “Сонгодог жүжгийн өдрүүд” маань гуравдугаар сарын 6-наас эхлэн энэ сарыг дуустал тоглогдох болно. Харин баярын өдөртөө зориулж дэлхийн сонгодог бүтээлийн гурван ноён оргилын нэг У.Шекспирийн “Гамлет” жүжиг тайзнаа тоглогдох юм.

Мөн театрын баярын өдрийг тохиолдуулан Дорнод Сибирийн Соёл урлагийн их сургуулийн профессор ОХУ болон Буриад улсын гавьяат жүжигчин Төрийн шагналт “Алтан маск” наадмын шагналт найруулагч Бадагаева Туяна “Орчин үеийн театрын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, “Театрын судлал, шүүмжлэл” сэдвүүдээр сургалт зохион байгуулахаар бэлтгэж байна. Тэрээр манай сонгодог жүжгүүдийг үзэж, мэргэжил нэгт нөхөдтэйгөө дугуй ширээний уулзалт хийн, хамтарч ажиллаж байна. Түүнчлэн ОХУ-ын гавьяат жүжигчин, Буриад улсын ардын жүжигчин, Төрийн шагналт С.Д.Норбосампилович энэ өдрүүдэд манай театрт ажиллах болно. Ер нь бид өнгөрсөн жилээс эхлэн туршлага солилцох сургалтуудыг явуулж байгаа. Хамгийн анх бидэнд Германы мэргэжилтэн ирж сургалт явуулж байсан. Тус сургалтад найруулагч, судлаач, хөдөө орон нутгийн төлөөлөл, оюутнууд маань ирж оролцож байгаа юм. Ийм арга хэмжээнүүд дор театрын өдрөө тэмдэглэж байна.

-Та хэд дэх удаагаа “Театрын өдөр”-ийг тэмдэглэж байна вэ. Ер нь манай Монголын театрынхан энэ баярыг хэзээнээс тэмдэглэх болсон юм бол?

-Манай театр 1992 оноос эхлэн “Театрын өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн. Түүнээс хойш л тэмдэглэж байна даа. Мөн би олон улсын Драмын хороонд Монгол орноо төлөөлөн 1997-2010 оны хооронд дэд ерөнхийлөгчөөр сонгогдож ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа Монголд олон улсын театрын фестивалиуд зохиож байлаа. Энэ фестивалиудын үеэр болон 2001 оноос эхлэн олон улсын сургалтыг зохион байгуулж эхэлсэн. Тухайн үед Олон улсын театрын институтын ерөнхийлөгч ирж манай театрын амьдралтай танилцаж байлаа. Харин манайд 1992 онд Олон улсын театрын институтын Монголын төв байгуулагдсан юм. Ер нь бол олон улсын хэмжээнд Монголын театрыг сайн мэддэг болсон. Манай театр олон улсын сургалтыг зохион байгуулах, гадныхантай хамтарсан уран бүтээл хийх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэх мэт арга хэмжээнүүдийг хийдэг. Энэ ажлыг одоо залуучууд маань маш сайн үргэлжлүүлэн авч явж байна.

– Театрын уран бүтээлчид ирэх сард хөдөө орон нутгаар аялан тоглолт хийнэ гэсэн. Ямар бүтээлүүд тоглогдох вэ?

-Монголын төрөөс баримталж буй соёл урлагийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдэд хүрч үйлчлэх, театрын урлагийг сурталчлах зорилготой “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолтыг 2002 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Энэ удаад Монгол Улсын томоохон хотууд болох Дорнод аймгийн Чойбалсан, Дархан-Уул, Орхон аймагт театрын өдрүүд болох юм. Тодруулбал, Дорнод аймагт У.Шекспирийн “Ромео Жульетта”, Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын “Царцаа Намжил” хүүхдийн жүжиг тоглогдох бол Дархан-Уул, Орхон аймагт оны өмнөхөн нээлтээ хийсэн Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжиг болон “Царцаа Намжил” драмын жүжгүүдээ тоглоно. Бид драмын театрын тайзнаа тавиад удаагүй байгаа энэ том жүжгүүдээ хөдөө орон нутгийнхаа үзэгчдэд халуунаар нь хүргэж байгаа юм. Аль болох хугацаа алдахгүй шинэхэн дээр нь л хүргэхийг зорьж байна. Харамсалтай нь бүх аймагт тоглож чадахгүй юм. Учир нь тайзны бололцоо нөхцөл бүх аймагт ижил биш байна л даа. Бололцоотой газарт бол бид очиж тоглох болно.

-Та сүүлийн үед тайз, дэлгэцийн уран бүтээлд тоглосон уу?

-Би нэг их уран бүтээлд ороод байдаггүй. Ер нь уран сайхны удирдаач гэх ажлыг авснаас хойш тайз дэлгэцийн бүтээлд тоглосон нь их бага. Яахав, ажлынхаа зав зайгаар л цөөхөн жүжигт тоглосон болов уу.

-Та Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг дүүргэсэн. Багш нар тань юу гэж зааж, зөвлөдөг байв?

-Миний мэргэжлийн багш Борис Андреевич Бабочкин гэж ОХУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин хүн байлаа. Манай үзэгчид Чапаевын дүрээр нь сайн мэддэг. Амьдрал дээрээ ч яг Чапаев шиг хүн. Энэ мундаг хүний хатуу гараар хүмүүжсэн учраас гайгүй суурь тавигдсан юм болов уу гэж найдаж байна.

-Таны хувьд тайз, дэлгэцийн бүтээлээс тань хамгийн сэтгэлд үлдсэн дүр аль вэ?

-Сайн ч бай, муу ч бай бүх л дүрүүд маань надад ойр байдаг. Учир нь жүжигчин хүн оюун санаа, сэтгэл зүрх бүх зүйлээ зориулж ажилладаг. Хүн бүхий л зүйлээ зориулж үр хүүхдээ өсгөдөг шүү дээ. Уран бүтээлд ч мөн ялгаагүй дүр бүхнээ ингэж л бүтээдэг. Ингэж чин сэтгэл гаргасан дүрүүд үнэ цэнэтэй байх нь дамжиггүй. Тийм учраас би бүх дүрдээ хайртай байдаг юм. Яахав, зарим дүр минь муугүй болоод шагнал, урамшуулал, магтаал, сайшаал сонсож л байсан. Зарим санаанд хүрээгүй дүрүүд ч бий. Энэ дундаас нийтэд үнэлэгдсэн нь Ибсений “Нора”, В.Вешневский “Үхэвч үнэн ялна”, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн “Атга нөж” жүжгийн Өүлэн эх зэрэг дүрүүдээр шилдэг дүрийн шагнал хүртэж байлаа.

-Харин дэлгэцийн уран бүтээлүүдээс тань “Мандухай” болон “Хань” зэрэг киноны дүрүүд их үнэлэгдсэн гэдэг…

-Тийм шүү. Дээрх тайз, дэлгэцийн дүрүүд маань шагнал авч, олон улсын наадам, фестивалиудад оролцож байсан. “Мандухай” кино 1988 онд хийгдсэн гэхээр одоо бараг 30 жил болох гэж байна. Энэ гучин жилийн хугацаанд үзэгчид энэ киног анхааралтай үзэж, сонирхож байна гэдэг надад ирж байгаа хамгийн том шагнал. Энэ кинонд ажилласан зохиолч, найруулагч, жүжигчид, оператор, нүүр будагч, хувцасны зураач, сийлбэрчин, мужаан гээд бүх л хүмүүсээр бахархаж байдаг юм. Энэ хүмүүсийн ачаар өнөөдөр ч гэсэн “Мандухай” кино маань үзэгчдийн сонирхлыг татсан уран бүтээл хэвээрээ байгаад би баяртай байна.

-Мөн та “Анхны хайрын дууль”, “Моторын дуу” гэх мэт дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн. Тэр үеүдийнхээ тухай дурсаач?

-Тухайн үеийн энэ сайхан бүтээлүүдийг алтан үеийнхэнтэйгээ хамтарч хийж байсан. Тэр л хүмүүсийн ач буянаар бид өдий зэрэгтэй явж байгаа гэж би боддог. Бид ээж, аавыгаа дагаж л хүн болдог шиг тэр мундаг хүмүүсийг харж жүжигчин болсон. Жүжигчин гэх диплом авах нь жүжигчин болчихож байгаа хэрэг биш. Үнэхээр энэ урлагийн гал тогоонд орж загнуулж, уйлж, инээж, магтуулж, зэмлүүлж, унаж, босож байж л сая нэг жүжигчин болдог. Тийм учраас тэр л ахмадууд болоод хамт олны хүчээр бид жүжигчин гэдэг нэр дуудуулах эрхтэй болдог гэж хэлмээр байна. Гэхдээ жүжигчин гэх мэргэжлийг төгс эзэмшдэг гэж хэлж мэдэхгүй юм. Үхэн үхтлээ л сурч байх ёстой мэргэжил болов уу.

-Та театрынхаа залуу уран бүтээлчдийн хувьд ямар үнэлэлт, дүгнэлттэй явдаг вэ?

-Манай залуучуууд мэргэжлийн хувьд зохих түвшинд очсон гэж боддог. Гэхдээ бид залуучуудаа уран бүтээлийн хувьд биежиж, уран бүтээлч хүн болгохын тулд эхлээд театрын дэргэдэх студидээ бэлтгэдэг. Энэ анхан шатны студид жилд арав гаруй жүжигчинг авдаг юм. Харин нэгээс хоёр жилийн дараа жинхлүүлдэг ийм уламжлалтай. Тэгэхээр энэ уламжлалын дагуу олон залуу уран бүтээлч театрт минь ажиллаж байгаа. Харин тэд маань үр бүтээлтэй, сайн ажиллаж байгаа гэж би ам бардам хэлж чадна.

-Та мэдээж залуучууддаа заавар зөвлөгөө өгдөг байх…

-Тэгэлгүй яахав. Заавал хөгшин, залуу, алдар цолтой гэж ялгахгүй. Хэлмээр зүйл гарвал хэлдэг. Ер нь албан тушаал, алдар нэр гэдэг тайзанд огт хамааралгүй. Бүгд л ижилхэн байдаг. Тиймээс бид нэг нэгэндээ хэлж, түүнээс нь сурч байдаг юм.

-Та Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийг хөтөлж байгаа. Нэвтрүүлэг хөтлөх саналыг хэрхэн хүлээж авав?

-Нэвтрүүлгийн хөтлөгч хийх саналыг их удаан хугацаанд тавьсан. Баатар найруулагч өөрийн биеэр ирсэн. Мөн Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн хүсэлтээ тавьсан. Би энэ нэвтрүүлгийг хөтөлж байна гэж ам бардам хэлж чадахгүй л дээ. Миний туршиж үзэж байгаа нэг шинэ алхам. Ер нь бол жүжигчний мэргэжил гэдэг хүнийг болоод хүний амьдралыг судалдаг мэргэжил шүү дээ. Тэгэхээр энэ судалгааны минь ажилд сонирхолтой, нэмэртэй зүйл л гэж би бодож байна.

-Таныг хүмүүс сайхан эмэгтэйн үлгэр жишээ гэлцдэг. Ер нь сайхан эмэгтэй байхын нууц юунд байдаг бол?

-Тэгж боддог бүх хүнд баярлаж байна. Тэр хүмүүсийн итгэл найдвар, хүндэтгэлд би урамшиж явдаг. Гэхдээ сэтгэлд нь нийцдэггүй, таалагддаггүй хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн хүчээр би өөрийнхөө болох, болохгүй зүйлээ олж хардаг. Ер нь хүнд тохиолддог бүхий л эерэг, сөрөг зүйлс надад байгаа. Жаргалгүй зовлон гэж байдаггүй, зовлонгүй жаргал гэж байдаггүйн үлгэрээр амьдрал эрээн бараантай л байдаг. Үүнийг бусдын л адил туулж байна. Бид амьдралаас сайнаас нь ч муугаас нь ч сурах юм бий. Тиймээ ч би амьдралд суралцсаар л яваа хүний нэг.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Ирээдүй гэлтгүй энэ цаг үеийн дуу хоолой Хацүнэ Микү

Хиймэл оюун ухааны талаар хүн төрөлхтөн ярьж эхэлсээр багагүй цаг хугацаа өнгөрчээ. Хиймэл оюун ухаан гэж машины тусламжтай гарах оюун ухааныг хэлнэ гэсэн товчхон тайлбар бий. Гэхдээ тааварлашгүй том хүрээг хамрах салбар болжээ. Хубилайн хаанчлалын үед Европт амьдарч асан филисофич, логик гаргалгаачин, математикч, яруу найрагч Рэймундс Лиллус хиймэл оюун ухааны талаар ярьж бичиж, санааширч суусан бол хүмүүсийн хэрэглээнд хамгийн хүчтэй орж ирсэн нь хүн бүрийн мэдэх тооны машин. Арван есдүгээр зуунаас зөгнөлт уран зохиолын номонд ихээр дүрслэгдэх болсон хиймэл оюун ухааны яриа бага багаар бидний амьдралд нэвтэрсээр ирснийг тэгтэл анзаарахгүй явж иржээ. Бид роботын тусыг авах ёстой мэт, технологийн давуу талуудыг ашиглах албатай мэт явж ирсэн ч хүссэн хүсээгүй хамтрагчдын түвшинд ирж байгаагаа ойрхноос анзаарах болов. Цаашлаад хиймэл оюун ухаандаа ажлын байраа алдаж, хамтрах байтугай хараат байдалд орж магадгүй гэгдэж байна. Хүн өөрийнхөө бүтээсэн бүтээлүүддээ шахагдана гэж хэн санах билээ. Гэхдээ л тэгж байна. Мэдээж, зарим зөгнөлт кинон дээр гардаг шиг роботууд хүн төрөлхтний эсрэг дайтаад л, бид дэлхийгээсээ шахагдана гэж юу байхав гэхэд бага багаар орон зайгаа тэдэнд алдсаар байна. Эрдэмтэд гэхэд эхний шатанд ажлаа тэдэнд алдаж эхлэх ажээ. 2035-2040 он гэхэд эрдэмтэн судлаачдын ажлын байрыг 10-20 хувийг хиймэл оюун ухаан эзлэх аж. Бас инженерүүдэд ч ийм асуудал нүүрлэж байгаа. Гэхдээ чухам юуны инженер гэдгээс нь шалтгаалаад харилцан адилгүй байх гэнэ. Хамгийн эрсдэл багатай нь уран бүтээлчид, урлагийнхан гэгддэг ч бас л асуудалтай. Тухайлбал, Японы “Cryp­ton Future Media” компанийн “дуучид”-ын жишгээр явбал бас л эвгүй. Энэ компанийн дуучид шинэ клип, дууны уран бүтээл гаргахдаа маш хямд зардлаар хийж тэгсэн атлаа олдог орлого нь бусад дуучдаас дутдаггүй. Бас хоолой нь цуцаж, ядарна гэж байхгүй шинэ цомгийг бол үйлдвэрлэж өгнө. Бас үхэшгүй мөнхийн ус уусан юм шиг дандаа залуугаараа. Реклам сурталчилгаанаас ч их мөнгө олно. Хамгийн алдартай нь Хацунэ Микү. Өвдгөө давсан уртаа номин цэнхэр үсээ хоёр хувааж боодог. Япон анимэгийн уламжлалт төрх болох том нүд, шулуун гоё хамартай. 16 настай охины дүртэй. Бас 152 см, 42 кг жинтэй гэж байгаа. Тэрийг нь яаж мэддэг юм байгаа юм. Юутай ч танилцуулга дээр нь тэгж байна лээ. Тайзнаа гарсан арав, хорь бүр гучин жилийн ойгоо тэмдэглэхдээ ч энэ дүрээрээ байна. Бас олсон орлогын тэдэн хувийг авна гээд байх зүйлгүй. Өөртөө нэгийг ч авахгүй. Тэгээд үзэхээр компаниуд ийм дуучинтай болохыг хүсэхээс аргагүй.

Саппоро хотод төвтэй “Crypton Future Media” компани 1995 оноос аудио бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах болж, улмаар CD, DVD нийлүүлж хөл дээрээ тогтсон том компани. Одоо Япондоо төдийгүй дэлхийд гар утас, онлайн дэлгүүрийн хөгжимтэй холбоотой бүх программ, аппликэйшн, тоглоом софтвэр нийлүүлдгээрээ алдаршжээ. Энэ компанийн бүтээгдэхүүнүүдийн үнэнч хэрэглэгчид нь нүдний шилтэй, гүзээлсэн хижээл эрчүүд байдаг гэж япончууд хошигнон ярьдаг нь үнэний ортой. Тэднийх анх 2004, 2006 онд Мэйко, Кайто нарыг тайзнаа гаргасан байдаг. Гэхдээ тэднээс дараахан буюу 2007 онд гарч ирсэн Хацунэ Микү илүүтэй алдаршсан. “Ямаха” корпорацийн воколайд 2, 3 технологийг үндэслэн бүтээгдсэн түүний дуу хоолойд дуртай хүмүүс олон болжээ. Шүтэн бишрэгч олонтой болсон гэсэн үг. Тоглоомын фэнүүд компанийнхаа дуучдад ч хайртай гэгддэг. Ерөнхийдөө дунд сургууль, ахлах ангийхан гэхээс насанд хүрэгчид Хацунэ Микүд дуртай. Түүнийг “Би дэлхийн номер нэг гүнж” гээд дуулаад гараад ирэхэд нь үзэгчид шүгэлдэн хүлээж авч буйгаар төсөөлөн хийсэн клип шиг нь дэмжигчид олон гэж ойлгож болно. Өөрийгөө гайхалтай үзэсгэлэнтэй хэмээн дуулдаг “Энэ дэлхий минийх”дуу нь you tube-д өндөр хандалттай. Японы анимэ киноны дуу оруулагч Саки Фүжитагийн дуу хоолойг ашиглан Хацүнэ Микүгийн дуу хоолойг бүтээсэн бөгөөд хүүхдэрхэг цангинасан хоолойгоор дуулдаг. 2007 оны наймдугаар сарын 31-нд анх олны хүртээл болж, 2013 оронд ахисан түвшний технологиор шинэчлэгдэхдээ англиар бас дуулдаг болсон гэж байгаа. Бас энэ робот дуучид маань хоорондоо нийлж уран бүтээлийнхээ цар хүрээгээ тэлдэг. Хакүнэ Микү Мегүринэ Лука хэмээх өөрөөсөө хоёр жилийн дараа гарч ирсэн эмэгтэй “дуучин”-тай хамтран дуулж байсан бөгөөд эгээ Мариан Кэри, Уитни Хьюстон хоёр хамтран дуулж байгаа мэт. Хакүнэ дуулж эхлээд удалгүй Амазон дээр тавигдсан бөгөөд 57сая 500 мянган иений борлуулалт хийгдсэн нь тухайн үедээ номер нэгт тооцогдож байсан юм. 2007-2012 оны хооронд Хацүнэ Микү нэр орсон бүхий л брэндийн орлого 10 тэрбум иен хүрсэн гэдэг нь урт номин цэнхэр үст охины нэр хүнд хэр болсны баталгаа болдог. “Crypton Future Media” компани 2008 оноос хөгжмийн зохиолчид руу хандаж маркетингаа хийж байсан бол танигдаад ирснийх нь дараа 2011 оноос Америкийн зах зээл рүү чиглэсэн бодлого явуулж иржээ. Виртуал зах зээл зөвхөн Япон биш АНУ-д өргөжсөний баталгаа дээр өгүүлсэн “Энэ дэлхий минийх” дууны амжилт гэж болно. Уг дуу I tune’s-ийн шилдэг 10-ийн долоод нь бичигдэж байв.

Зөвхөн дуу ч гэлтгүй Хацүнэ хаа сайгүй танигдаж, олон зүйлийн дүр төрх болж иржээ. Уралдаанч Микү болж бас цасны Микү ч болж үзэв. Саппоро бол цасан мөсний бэлгэ тэмдэг болсон хот. Тэр ч утгаараа жил бүрийн хоёрдугаар сард болдог цасны баяр нь дэлхийд томоохон аялал жуулчлалын арга хэмжээ болсон. Харин 2010 онд компани нь уг арга хэмжээг ивээн тэтгэхэд хотын автобус бүр дээр цасны Микүгийн зураг тавигджээ.Тэр цагаас хойш бүр өөрийн гэсэн тусдаа цасны фестивалийн арга хэмжээтэй болжээ. Өнөө жил ч бас цасны Микү битүү харагдсан. Цаашлаад манга зургийн гол дүр болсон. Ерөөсөө виртуал энэ дүрээр компани нь жинхэнэ брэндинг хийж чадсан. Мэдээж гол мэргэжил нь дуучин. Тайзнаа гараад гуравхан жил болоход нь түүнд зориулсан 22 мянган дуу бичигдсэн байсан гэхээр одоо хэд ч болсон юм. 2011 оны байдлаар түүний нэр дээр баталгаажсан 100 мянган дуутай гэж байсан. Ёстой хязгааргүй орон зайд, цуцаж ядрахыг мэддэггүй дуу хоолойгоор дуулдаг болохоор болдог байх. Манай дуучид сүүлийн үед цахим орон зайг ашиглахад анхаарлаа хандуулж эхлээд байгаа. Ерөөсөө интернэтэд байршуулаад цацаад байна, өмнөх шигээ их зарлага гаргаж телевиз, ФМ-д мөнгө төлөхгүй. Тэр нь илүү ашигтай гэсэн тооцоо гаргаад байгаа юм билээ. Үүнийг хамгийн сайн хэрэгжүүлж байгаа нь дуучин “Киви”-гийн Ука гэж дуучид өөр хоорондоо ярьж байна лээ. Манай дуучдын одоо ухаарч ойлгоод байгаа аргаар Хацүнэ Микү хэдийнэ алдаршжээ.

Хацүнэ Микү гэдэг нь Ирээдүйн анхны дуу хоолой гэсэн утгатай үг юм билээ. Ирээдүйд ийм дуучид байж, ийм хөг аялгууг хүмүүс эрхэмлэнэ гээд ч байгаа юм шиг. Цаашлаад дуу дуучин гэлтгүй бүхий л ажил мэргэжил хиймэл оюун ухаантнуудын мэдэлд очно гээд ч байгаа юм уу. Хиймэл оюун ухаан хүмүүн бидний бүтээл. Гэхдээ хүний хийсэн бүтээл нь эргээд тэднийхээ орон зайд хүчтэй орж ирж байгаа энэ цаг үеийнхээ гэрч нь бас бид юм даа.


Categories
мэдээ цаг-үе

С.Бямбацогт: Төрийн алба оффшортнуудын орогнох газар биш

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогттой ярилцлаа.

-Оффшорын тухай хуулийг ард түмэн маш их хүлээж байна. Тэдэнд хариуцлага тооцох ёстой гэсэн хандлага ч хүчтэй болж эхэллээ. Уг хууль маань батлагдах болоогүй юу?

-Оффшорын асуудал бүр 2013 оноос л яригдаж эхэлснийг та бүхэн мэдэж байгаа. Харамсалтай нь өмнөх парламент шийдэх гээд чадаагүй. Үнэндээ бол тухайн үеийн эрх баригчид шийдэхийг ч хүсээгүй. Харин манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа хулгайн мөнгөө, хууль бус орлогоо оффшор бүсэд нуусан этгээдүүдэд хариуцлага тооцох нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдыг оффшор бүсэд банкны данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулах асуудлыг хориглох зорилгоор “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан.

Хуулийн төслийг өргөн мэдүүлсэн цагаас л олны анхаарлын төвд орж, янз бүрийн хэл ам, хардлага сэрдлэг гарч байгаа нь ч үнэн. Бас хоосон шүүмжлэлээр халхавч хийж байгаад энэ хуулийг яаж ийгээд гаргахгүй байх, хуулийн нударга, төрийн илднээс амиа хоохойлж үлдэх атгаг санаархал ч ил далд цухалзаж байгаа. Гэхдээ ямар ч байсан энэ хууль батлагдах ёстой, батлагдахдаа хэрэгжих амьтай, хийрхэлээс ангид голтой чамбай хууль байх ёстой гэсэн нэгдсэн шийдэлд бид нэгэнт хүрсэн.

Нэгэнт төрд алба хашъя, түмнийхээ төлөө зүтгэе гэж байгаа бол өөрөө ч тэр, гэр бүлийн гишүүд нь ч тэр оффшор данснаас татгалзах ёстой л болж таарч байна. Хэрэв үүнтэй санал нийлэхгүй байгаа бол төрийн албанаас татгалзах нь хэнбугайд ч нээлттэй байгаа шүү дээ.

-Хууль батлагдлаа л гэдэг. Тэгээд үр дүн гарах юм уу даа? Цаасан дээр үлддэг хуулийн нэг болох вий гэсэн болгоомжлол байна?

-Үр дүн гарна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Гарах ч ёстой. Жил бүр дэлхийн нийт бүтээгдэхүүний 6-8 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө оффшор бүсэд эргэлддэгийн хамт нэг их наяд ам долларын татвар төлөлтөөс зайлсхийдэг тухай тоо баримтууд бий. Монгол Улс хэдий хэмжээний татвар төлөгдөхгүй оффшор бүсээр дамжаад байгааг, хэдий хэмжээний хууль бус мөнгө тэдгээр бүс нутагт байршиж байгааг тогтоох болно.

Олон улсын валютын сангаас 52 улс, бүс нутгийг оффшор бүс гэж зарласан байдаг юм. Үүн дээр үндэслэж Монгол Улсын Засгийн газар оффшор бүсэд ийм улс орнууд, энэ бүс нутаг хамаарна гэдгийг тодорхойлж гаргана. Хууль батлагдсаны дараа Монголын төр оффшор бүсэд хувьцаа, данс эзэмшиж байгаа болон хууль бусаар хөрөнгөжсөн, хөрөнгөө нуусан, авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан хүмүүсийг тодорхой хугацааны дотор ийм мөнгөө улсдаа яаралтай оруулж ир гэдэг шаардлага тавина. Тодруулбал, гурван сарын дотор оффшор бүсэд хадгалсан, байршуулсан хөрөнгөө Монгол Улсад оруулж ирэх, эсхүл тухайн албан тушаалаас татгалзах зэрэг арга хэмжээг авч энэ талаар 30 хоногийн дотор холбогдох байгууллагад мэдүүлэх үүрэгтэй байхаар хуулийн төсөлд тусгасан байгаа. Ингээд байхад мөнгөө оруулж ирэхгүй бол тэдэнд төрийн хуулийн төмөр буулга ямар байдгийг үзүүлэхээс өөр арга байхгүй. Тэдний энд тэндхийн оффшор бүсэд нуусан хөрөнгө мөнгийг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд илрүүлж, хүчээр хураан авах болно гэдгийг хэлчихье.

Би удахгүй Интерполын олон улсын форумд оролцоно. Энэ үеэр уг форумын оролцогч 50 орчим улсын Дотоод хэргийн сайд, мэргэжил зорилго нэгт нөхөдтэйгөө оффшорын асуудлаар харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах талаар ярилцахаар төлөвлөж байна. Мөн Интерполын удирдлагатай ч энэ талаар санал солилцоно. УИХ-д удахгүй өргөн барих Прокурорын тухай хуулийн төсөлд прокурорын байгууллага гадаад улсын гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагатай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлыг тодорхой тусгаж, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааныхаа хүрээг тэлж байгаа нь энэ асуудлыг шийдвэрлэхэд томоохон ахиц болох юм. Дахин хэлэхэд Монголын төрд зүтгэх гэж байгаа юм бол зарим эрхээсээ татгалзах нь зарчим байх ёстой. Төрд хоёргүй сэтгэлээр холбиролгүй зүтгэдэг, ёс зүйтэй, шударга тийм л хүмүүс хэрэгтэй. Түүнээс биш илүү харж билүү долоодог, төрийг түрийвчээ түнтийлгэх боломж, эдийн шунал, адын хүслээ гүйцэлдүүлэх талбар гэж харж байгаа бол том эндүүрэл. Төр, ард түмнийхээ төлөө шударгаар зүтгэнэ, цалингаараа амьдарна гэсэн бол тийм л ёсоор амьдрах ёстой. Хэрвээ бизнес эрхлэх, гадаадад данс эзэмших эрхээ эдлэхийг хүсч байгаа бол тэр сонголтоо дагах боломж нь чөлөөтэй байгаа. Төрд өндөр албан тушаал хашиж байгаа бол тодорхой хэмжээнд эрхээ хязгаарлуулж, үүргээ биелүүлж, хариуцлагаа ухамсарлан ажиллах зайлшгүй шаардлагатай гэдгийг хэн ч мартаж болохгүй. Түүнээс биш төр оффшортнуудын орогнох газар биш.

-Өнөөдөр манай орны залуучуудын дунд аюулын харанга дэлдэж байгаа зүйл нь яалт ч үгүй хар тамхины асуудал болоод байна. Хар тамхи хэрэглэсэн үедээ амиа алдах, хэрэглэж байгаад баригдлаа гэх мэдээлэл их гарах боллоо. Монгол Улсын хилээр хар тамхи тээвэрлэх явдал их байна гэх юм. Яамны зүгээс ямар бодлого баримталж байна вэ?

-Энэ асуудалд би ХЗДХ-ийн сайдын хувьд ч, жирийн эцэг хүний тухайд ч үнэхээр их санаа зовниж явдаг. Цагаан тахал гэгддэг хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлтэй цаг хугацаа алгуурлалгүй тэмцэж байж л үр дүнд хүрнэ. Сүүлийн үед хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой асуудал нэмэгдэх хандлагатай байна.

Цагдаа, хил, гаалийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээс үзвэл Монгол Улс руу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус нийлүүлэлт БНХАУ, ОХУ болон зүүн өмнөд Азийн орноос амфетамин, метамфетамины төрлийн бодисыг оруулж ирж байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн тоо 20 гаруй хувиар, холбогдогч шалгагдаж буй этгээдийн тоо 37 орчим хувиар өссөн байна. Энэ бол үнэхээр сэтгэл түгшээсэн асуудал.

Уг гэмт хэргийн гаралтад газар зүй, геополиткийн нөхцөл байдал, мансууруулах төрлийн ургамал хяналтгүй ургадаг, түүнийг устгах ажил хангалтгүй, хүүхэд, залуучууд бие биеэсээ сонсох, даган дуурайх, цахим сүлжээнд энэ төрлийн мэдээлэл хяналтгүй цацагдаж байгаа гээд сөрөг хүчин зүйлс их байна. Нөгөө талаар энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх орчин үеийн техник, технологи шаардлага хангахгүй, хэрэглэгч, донтогч болсон тохиолдолд үзүүлэх эмнэлгийн болон сэтгэл зүйн, нийгмийн тусламж үйлчилгээ стандарт байхгүй зэрэг нь нөлөөлж байна.

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан, холбогдох судалгааг хийсний үндсэн дээр би Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон даруйдаа хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулах ажлыг эхлүүлж 2017 оны гуравдугаар сарын 7-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батлууллаа. Ийм хөтөлбөртэй болж байна гэдэг маань ямар аргаар яаж тэмцэх вэ гэдэг арга хандлага, зөв зүг чигтэй боллоо гэсэн үг. Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол урьдчилан сэргийлэх явдал. Хөтөлбөрийн хүрээнд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд төрөөс баримтлах бодлого, эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.

Түүнээс гадна мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд төрийн байгууллагуудыг нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалтаар хангах ажлыг оновчтой болгох, чиг үүрэг бүхий байгууллагын үүргийн давхардлыг арилгаж, уялдаа холбоог сайжруулна. Тэрчлэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийн талаар иргэдийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн

үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах болно. Аливаа гэмт хэрэгтэй тэмцэхэд мэргэшсэн боловсон хүчин нэн чухал. Үүний тулд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий хууль сахиулах, эрүүл мэнд, шүүх эрх мэдлийн байгууллагуудын алба хаагчдыг мэргэшүүлж, орчин үеийн шинэ технологи нэвтрүүл эхээр төл өвл өж байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийг 2017-2019, 2019-2021 оны хооронд хоёр үе шаттайгаар зохион байгуулах юм. Үндэсний хөтөлбөрийн нэгдүгээр шатны үйл ажиллагааг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг ирэх долоо хоногт батална.

-Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр олны хүлээсэн үр дүнд хүрэх болов уу?

-Хөтөлбөрийн үр дүнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлд ахиц гарч, гэмт хэрэг, зөрчлийн тоо буурна. Түүгээр ч зогсохгүй хүүхэд, залуучуудын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг дээшилж, нөхөн үржихүй, хүн амын удмын санг хамгаалах нөхцөл бүрдэнэ гэж тооцоолж байна. Мөн донтсон болон хэрэглэгч болсон иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн болон нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлэх тогтолцоо бий болсноор дахин хэрэглэгч болохоос урьдчилан сэргийлэх, нийгэмд үзүүлэх хор уршиг буурах нөхцөл бүрдэнэ.

-Энэ төрлийн гэмт хэргийн гарал төсөх болсон үндсэн шалтгааны нэг нь хууль эрхзүйн орчин боловсронгуй биш байгаатай холбоотой гэж үзэж болох уу?

-2002 онд баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль нь тухайн үеийнхээ нийгмийн харилцааг зохицуулах үүргээ гүйцэтгэсэн. Харин өнөөдрийн түвшинд уг хуулиар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой эрх зүйн харилцааг зохицуулахад эргэж харах шаардлагатай асуудлууд тулгарч байгаа. Тиймээс Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулаад дуусч байна. Дээрх хуулийн төслийг боловсруулахдаа хэд хэдэн зүйлд анхаарлаа хандуулж байгаа. Тухайлбал хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын нэр томьёо, найрлага, үзүүлэх үйлчилгээ хор уршиг, тунгийн их, бага болон онц их хэмжээг нарийвчлан тодорхойлж оногдуулах ялыг тогтоох, хэрэглэгч, донтогч болон ашиг олох зорилгоор худалдаалсан, тээвэрлэсэн, дамжуулсан, бэлтгэсэн, тарьж ургуулсан этгээдэд ногдуулах хариуцлагын асуудлыг чангатгах, уг гэмт хэргийн хор хөнөөлөөс насанд хүрээгүй хүнийг хамгаалах, хэрэглэгчдийн хүрээг хязгаарлах, шинээр хар тамхи мансууруулах бодис хэрэглэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор, бусдыг өдөөн хатгах, уриалан дуудах, турхирах болон хууран мэхлэх замаар дээрх бодисыг хэрэглүүлсэн бол хүндрүүлэн авч үзэхээр тусгаж байна.

-Танай яам өнгөрсөн намрын чуулганы хугацаанд нэлээн идэвхтэй ажиллалаа. УИХ-ын Хаврын чуулганаар танай салбараас ямар гол хуулиуд хэлэлцэгдэх гэж байна?

-Өнгөрсөн намрын чуулганаар хууль сахиулах үйл ажиллагаатай холбоотой олон чухал хууль батлагдлаа. Хилийн тухай, Цагдаагийн албаны тухай гээд сүүлийн хорь гаруй жил цогцоороо шинэчлэгдээгүй байсан хуульд батлагдан гарав. Энэ Хаврын чуулганаар Эрүүгийн, Зөрчлийн, тэдгээрийг хянан шийдвэрлэх процессын, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Прокурорын гээд цар хүрээ, ач холбогдолоороо Үндсэн хуулийн дараа орохуйц томоохон хуулиуд багцаараа хэлэлцэгдэн батлагдана. Дээрх хуулиудыг батлан гаргаснаар гэмт хэрэг зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах, хүний эрх хууль бусаар, үндэслэлгүйгээр хөндөгдөх, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хохирлыг нөхөн төлүүлэх, шүүх прокурор, өмгөөлөгч, мөрдөн байцаагчийн эрх үүргийг нарийвчлан зохицуулах асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх болно. Хийдэлгүй тодорхой, хүний эрхийг дээдэлсэн байх гол зарчмыг эдгээр хуулиудын төслийг боловсруулахдаа баримталлаа. Чуулганы завсарлагааны үеэр УИХ- ын Хууль зүйн байнгын хороо, манай яамныхан өдөр алгасалгүй эдгээр багц хуулиудын төсөл дээр ажилласан. Хүний эрхэнд хуулиас гадуур халдах аливаа оролдлогыг тэвчихгүй. Нэг талд нь хүний эрх, нөгөө талд нь хуулийн хүчийг тэнцүүлж байж гэмт хэрэгтэй тэмцэнэ. Хүний эрхээр бамбайлж хуулийн цээрлэлээс зугтаах боломж олгох ёсгүй. Хууль сахиулагчид ч хуулийн хүчээр айлгаж хүний эрхэд дур зоргоор халдаж дарамтлахыг өөгшүүлэх ёсгүй. Дээрх багц хуулийн гол амин сүнс нь ийм байгаа. Түүнчлэн бүртгэлийн багц хуулийн төслүүдийг хэлэлцүүлнэ. “Нэг иргэн-Нэг бүртгэл” зарчмыг баримталж улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралыг үнэн зөв мэдээллийн үндсэн дээр залан чиглүүлэх боломж бүрдэнэ гэж найдаж байна.

-Сөрөг хүчний хувьд МАН-ын Засгийн газар маш муу ажиллаж байна гэсэн дүн тавиад байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-Бодоод үз дээ. 2012 онд бид тэдэнд ямар улс орон хүлээлгэж өглөө. Эдийн засгийн өсөлтийн хурдаараа дэлхийд тэргүүлж, монгол төгрөг олон улсад хамгийн их ханш нь чангарсан валютаар тодорч, улс орноороороо урагшлан дэвжиж, унаа тэрэгтэй, орон байртай иргэдийн тоо огцом нэмэгдэж, иргэдийн итгэл сэтгэл ямар их урам зоригтой байлаа даа. Тэр бүхнийг өчигдрийн эрх баригчид, өнөөдрийн сөрөг хүчин болох АН-ынхан зүгээр л үрэн таран хийж, үнс нурам болгож орхисон. Эдийн засгаа” эмээлээ гэдсэндээ хийсэн эмнэг адуу шиг” булгиулж хаячихаад өнөөдөр эрээ цээргүй ингэж гулгиулж суух эрх тэдэнд бий гэж үү? Тийм ёс суртахууны эрх байхгүй. Хүн ухаантай юм бол гадны хөрөнгө оруулалт яагаад дайжив, Монгол Улс яагаад ийм их өртэй болов, ард түмний амьдрал яагаад ингэтлээ ядууран доройтов гэдгийг эрх биш ойлгож л баймаарсан. Улсынхаа эдийн засгийг, хүн зоныхоо амьдрал ахуйг ийм байдалд оруулчихаад гаргасан алдааг нь засах гээд мачийж байгаа Засгийн газрыг шүүмжлээд байх шаардлага үнэндээ тэдэнд байхгүй. Ууж идэхдээ уургын морь шиг болсон тэдэнд ингээд шүүмжлээд суух нь амархан байж магадгүй л юм.

Categories
мэдээ цаг-үе

Бурхантын-Арын бууцны хавар

Бурхантын-Арын бууцанд Ж.Мөнхсайханых хаваржиж байна. Энэ бол Төв аймгийн Аргалант сумын нутаг, хүмүүсийн мэдэхээр Хустайн нурууны ар, Молцог элсний зүүн хавирга. Сүүлийн хэдэн өдөр тасралтгүй уясан хавсарга салхинд өвлийн их цас урагдаж, ханзраад бараг дуусчээ. Зөвхөн толгодын ар, гуу жалганд хайлж халтартсан цас, цаг зүтгүү орсныг гэрчлэн байна. Хавар ирдгээрээ л ирж. Цаг агаар хувирамтгай, мал сүрэг туранхай. Өнгөрсөн баасан гаригт ч хүйтэн хавсаргатай, хөхөмдөг, зэвэргэн байлаа.Хууччуулын хэлдгээр “шар тос, ногоон цас” гэгдэх саяын хур Улаанбаатарын ижлээр энд дусаа ч үгүй байна.

Үе үехэн ширүүсэх салхиар боссон шар бууц Бурхантын-Арыг нөмөрч гэрийн эзэн үхэр, тугал, уядаг морьдоо бэлчээрт тууж, гэрийн эзэгтэй хотны мухарт хургалсан хонь, ямаагаа түшгирэн,тойглосоор угтлаа. Малчин Мөнхсайханых гал голомтоо асааснаас хойш сүүлийн хориод жилийн хаврын өглөөг яаж угтсан, яг л тэр хэмнэлээрээ өнөөдрийг эхлүүлж байгаа нь энэ.Өөдлөх айл үүднээсээ гэдгийг үлгэрлэж яваа өрх бололтой. Хонины хашааныхаа ард залгаж хөх блокоор адууны жүчээ, автомашины гарааш барьсан бол өөрсдөө улаан тоосгон байшинд төвхнөжээ. Хуучин амьдарч байсан их таван ханатаа хотондоо шахаж барин ишиг, хурганы пүнзний зориулалтаар ашиглаж байна. Хавар цагийн хот айл гэж овоорсон их ажил, ноолорч навсайсан аж байдал гэж төсөөлдөг бол энэ айл тиймгүй нь хэзээнээсээ хөдөлмөрч улс гэдгийг нь илтгэнэ. Хэдхэн хормын дотор үхэр тугал, хонь хурга, уядаг морьдын өглөөний ажлын ард гарч төл малаа ялгаж хонин сүргээ бэлчээрлүүлэв. Бүл муутай, мал сайтай айл юм. Хоёр настай охин Буяндэлгэр ч эцэг, эхийгээ хормойдож зовооно гэж үгүй. Ишиг, хургаар тоглож хошуу амаа нийлүүлэн эрхэлсээр хотны мухарт өдрийг бардаг хүн бололтой. Эдний мал нь төллөж эхлээд дөнгөж долоо хонож байгаа ч хэдийнэ 70 гаруй ишиг 20 гаруй хурга авчээ.

Нар баруун ханын элгэнд буух үед түр амсхийх боломж олдоно. Ийнхүү гэрийн эзэдтэй хэсэг зуур цагийн байдал, малчны амьдралын талаар хөөрөлдлөө. Мөнхсайханых Бурхантын-Арын бууцанд сүүлийн 20-иод жил өвөлжиж, хаваржиж байгаа. Удахгүй тариалалт эхлэхээр Цагаан хөтөл, Хүй долоон худаг тийш нүүхгүй бол мал аж ахуй, газар тариалан хоёр нэг дор байж таарахгүй. Гэрийн эзэн Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул. Сумын алдарт уяач, сумын хөдөлмөрийн аварга малчин ажээ. Тэрээр Улаанбаатар хотод наймдугаар анги хүртлээ сургуульд суугаад 1990 онд Барилгын цэргийн158 дугаар ангийн туслах аж ахуйг эрхлэн Атарт ирсэн байна. Эхнэр Г.Гэсэржумаа энэ нутгийн уугуул. Том охин, хоёр хүү нь сургуульд сурч байгаа. Өнгөрсөн өвөл цас их, цаг зүтгүү болсон ч хот айлын тухайд малын гарзгүй. Хар, сартай хар, шарга халзан борлонгийн тамир муудаж сүргийн хөл гүйцэхээ байсан тул хотондоо үлдээн тэжээж байна. Хавар ирсэн ч дуусах яагаа ч үгүй. Одоо л “Ногоо идэх үү, нохойнд өгөх үү” гэдэг шийдэгдэнэ дээ хэмээн ирэх цагт санаа зовнин буйгаа илтгэнэ.

Түрүүхэн хөдөлсөн хонь аль хэдийнэ Бурхант уулын баруун сугаар ороон далд оржээ. Мөнхсайхан ч хурганы уутаа үүрэн өглөөнөөс хойш уяан дээр байсан шарга мориндоо мордлоо. Хонины бэлчээрт хүрээд төд удалгүй шинэ төлийн цангинах дуу сонсогдов. Хонины хойд захад хэвтэж босоод байсан шар халзан хонь хургалжээ. Бас мухар хар ямаанаас бор ишиг хүлээн авлаа. Хургалсан хонь, ишиглэсэн ямааг алсаас ажихгүй бол төлөө орхиод хониныхоо хойноос давхичих учир ойртож төвдсөнгүй. Ийн хонины бэлчээрт морио идүүлж, алсыг дурандан суухаас өөрийг хийхгүй тул хот, хөдөөгийн шинэ сонин мэдээллийг хавсаргатай өдрийн хууч болгоно.

Ж.Мөнхсайхан 1995 оноос хойш морь уяж байгаа бөгөөд ойролцоо сумдын наадмаас 30-40 айраг түрүү хүртжээ. Өнөө жил Аргалант сумын 4О Жилийн ойд уралдуулахаар 10 гаруй хурдан морь тэжээж байна. Эднийх таван азарга адуутай бөгөөд Хэнтий, Сүхбаатар, Дорнодын адуугаар цус сэлбээд авчээ. Харин хонь нь Баргын илүү нугаламт, ямаа нь Говийн улааны удам угшил болжээ. Ер нь Мөнхсайхан мал аж ахуйн уламжлал, заавал бэлчээр сэлгэж нүүдэг байна гэхээсээ илүүтэй орчин үежсэн мал аж ахуйг нэлээд сонирхдог хүн бололтой. Мотоциклиор мал маллахыг байж болох үзэгдэл гэнэ. Австралиас эхлээд олон орон онгоцоор малаа хариулж байхад монголчууд яагаад морио мотоцикль, машинаар юүлж болохгүй гэж гэсэн асуултыг ч тавина. Гэхдээ Ж.Мөнхсайхан төдийгүй тэдний гэр бүлийн хамгийн эрхэмлэдэг мал нь морь, адуу. Энэ гэр бүлд хамгийн эхэлж айраг амсуулж, малгай мялаалгасан хурдан буян гэвэл Төв аймгийн баруун бүсэд алдартай Сармай халзан гэх морь. Сармай халзан морио 25 наслуулж сумандаа амжилт тогтоожээ. Ер нь цаг өнгөрөх тусам яс хэврэгшиж, мөс нимгэрч байна гэж үздэг. Яс хэврэгшинэ гэдэг нь хуучин цагт адуу мал 20-иос дээш наслахад гайхах зүйлгүй байсан бол одоо 15-аас дээш наслахад л мөн ч буянтай мал юм гэх болсон. Мөс нимгэрч буй тухайд гэвэл эднийх жилдээ 1-2 адуу, бусад бог мал хулгайд алддаг болжээ. Өнгөрсөн өвөл л гэхэд Дорнодоос мөнгө хайрлалгүй авсан хурдан азарга бас нэг үрээгээ хулгайд алдсан байна. Арав гаруй хоног эрэлд хатсаны дараа адууныхаа бэлчээрээс цусны толбо л олсон гэж байгаа. Ингээд асуудал тодорхой болсон учир зөнд нь орхиж. Гэтэл садангийнх нь залуус Улаанбаатар хотод авто угаалгын газар машинаа цэвэрлүүлж байхдаа тэнд ажилладаг залуусаас шөнө болгон цус болсон делика машин ирдэг тухай өгүүлснийг цагдаад мэдэгджээ. Асуудлын мөрөөр малын хулгайтай тэмцэх тасгийнхан ажиллахад Ж.Мөнхсайханы хурдан азаргыг буудаж алаад ачиж явсан гэдгээ хүлээжээ. Нийт 60 гаруй адууны хэрэгтэй нөхөд гэнэ. Түүнээс хойш юу болж байгаа нь сураггүй. Ерөнхийдөө бол “хулгай хийсэн хүмүүс төлбөрийн чадваргүй юм байна” гэсэн захиаг л холбогдох байгууллагаас нь ирүүлдэг бололтой.

Ийм сонин дуулсаар шар халзан хонийг хургатай нь үлдээж, мухар хар ямааны ишгийг аваад гэрийн зүг эргэлээ. Гэрийн гадаа Мустанг-5 мотоцикль байсан нь эзэгтэй Гэсэржумаагийн аав Ганбүргэд түүний найз Лантуу нарынх байв. Тэд Хустайн нуруу руу бугын эвэр түүхээр өчигдөр яваад ганзага хоосон иржээ. Үнэ ханшийн тухайд нэг килограмм бугын эвэр 40 мянган төгрөгөөс дээш байдаг бөгөөд өрөөсөн эвэр гурав, дөрвөн килограмм татдаг байна. Хустайн нурууны сонин гэвэл ойр тойрны хүмүүс бүгд л тэнд эвэр түүхээр хонон, өнжин яваа сурагтай. Гэвч бугын сүрэг бараа сураггүй гэнэ. Хүйтэн салхинд уруудан Хустайн нурууныхаа өвөр рүү орсон бололтой. Нэгэнт урагшаа явсан бугын сүргийг тэр хавийн айл өрхүүд адгуулж хариулаад эврийг нь унахыг хүлээж байгаа мэдээллийг ч тэд авчээ.Төд удалгүй Марк-2 машин ирсэн нь Мөнхсайханы авга дүү Батаа байв. Тэрээр жижиг тэргээр адуугаа хайж явна. Түүний араас саахалтын Нямаа гэх мэтээр хот айл нэг хэсэгтээ л хүний хөлд дарагдав.

Тэдний ярианы гол сэдэв нь ноолуурын ханш, ямаагаа самнах тухай. Айл, саахалтынхан нь эр ямаагаа самнаад эхэлсэн бөгөөд бүгд л өнөө маргаашгүй энэ ажлаа эхлүүлэхээр боллоо. Үнэтэй байгаа дээр нь өгөхгүй бол ноолуур элбэгшихээр үнэ хямдарч өрх айл эдийн засагтаа алдагдал хүлээнэ.Ямаа самнах гэдэг том ажил. Нэг хэсэг залуу малчид нийлэн айл саахалтынхаа ямааг самнаад өгчихдөг байсан бол өдгөө амин хувиа хичээж дан биеэр энэ ажлыг нугалахыг оролддог болсон сурагтай. Сумын удирдлагаас амьжиргаа дор хүмүүсийнхээ нэрийг жагсааж тодорхой цалинтайгаар ажилдаа туслуулахыг уриалан малчдадаа тараажээ. Гэвч ийм хүмүүст итгэлтгүй болсон цаг гэнэ. Өнгөрсөн жил хэд хэдэн айлд туслахаар очсон хүмүүс ноолуураас нь шамшигдуулж байгаад баригдсан аж. Үүнээс хойш өөрсдөдөө итгэхээс өөр аргагүй болсон бололтой. Гийчдийн хөөрөлдсөн дараагийн сэдэв нь шилэрч ирээд ботголсон ингэ. Хоёр хоногийн өмнө энэ нутаг гэнэт л тэмээтэй болжээ. Аргалант сумын хоёрдугаар багийнхны хувьд энэ бол содон үзэгдэл. Ботго байтугай тэмээ ховор тааралддаг учраас тэр. Малчдын барагцаалсан яриагаар шилэрч ирсэн ингэ Лүн сумынх байж магадгүй гэнэ. Эндээсээ ангийн сэдэв рүү яриа эргэлээ. Нутагт ан гөрөө хөөдөг хүн ховордсон сурагтай. Харин хотоос хүчит унаа, хурдан буугаар зэвсэглэсэн хүмүүс намрын цагт энэ хавийг эзэгнэх болсоор уджээ. Чоно үргээгээд ашигтай ч намрын хайлган үеийн малд тусгүй байдаг байна. Дорнодынхон чинь хотон дахиа чононд идүүлээд өөрсдөө хээрээс зээр барьж иддэг юм гэх чинь билээ гэх ч дуулдав.

Энэ өдрийн бас нэг үйл явдал бол сурагчдын хаврын амралт эхэлж байгаа. “Хэдэн хүүхдээ бушуухан олж ирж хэсэгтээ нуруугаа амраагаад авъя” хэмээн гэрийн эзэгтэй сумын төв орохоор зэхлээ. Бага охин Буяндэлгэрийн хамтаар төв орж хүүхдүүдээ авах гэнэ. Эднийх Аргалантаас чанх урагшаа 10 километрт, бартаа саадгүй учир машинаар явахад 10 гаруйхан минутын дотор хүрнэ. Сумын төв ороход Аргалантынхан субботник хийж таарлаа. Хоёр банди нь дотуур байрандаа, том охин нь ангийнхантайгаа их цэвэрлэгээ хийж байв. Болормаа багш “Хог түүж дуусахаас нааш хүүхэд авч явахгүй шүү” гэсэн ч зориод ирсэн тул аваад явахаас өөр аргагүй. Хүүхдүүд “Миний хонь хургалсан уу, миний ямаа ишиглэсэн үү” хэмээн асуусаар эх өөдөө гүйж ирцгээв. Том хүү Дэлгэрсайхан утсаа алдсан сонинтой бол бага хүү Дэлгэрмөрөн өчигдөр (өнгөрсөн пүрэв гаригт) болсон сумын сунгаанд хүний морь гуйлгаар унаж түрүүлжээ. Дэлгэрмөрөнг удахгүй Улаанбаатараас хамаатных нь хүн ирж авах бөгөөд дөрөвдүгээр сарын 2-нд Гачууртад болох уралдаанд морь унуулахаар болсныг дуулаад бөөн баяр. Том охин Дэлгэрзаяа нь ангийн дарга, гурван настайгаасаа хурдан мориор уралдсан, одоо онц сурлагатан. Дээхнэ үеийн дотуур байрны хүүхдүүд “өвдөг тохой нь цооронхой, өмссөн хувцас нь нооронхой” хэмээн хочлуулж нэгнээсээ боов, боорцогхон зээлж өдөр хоногийг бардаг байсан бол өнөөдөр өөр болжээ. Утас барьж, нэгж, дата өөр хоорондоо шилжүүлж, фэйсбүүк, чат ашигласан шигээ сэргэлэнтэж явна. Бага хүү Дэлгэрмөрөн бол уяачдын дунд алдартай нэгэн. Сумынхаа шилдэг унаач хүүхэд болсны дээр дуучин Н.Баасандоржийн дуулсан “Далай зээрд” болон “Уяачдын алдар”, “Гангараа” зэрэг дууны клипэнд уралдаанч хүүгийн дүр бүтээжээ. Бас энэ хот айлыг дөрвөн жилийн өмнө Цагаан хөтөлд зусч байхад “Малчин” телевизийнхэн ирж уяачдын тухай нэвтрүүлэг хийхэд гол дүрийг Дэлгэрмөрөн хүү бүтээсэн байна.

Буцаж ирэхэд нар гудайж мал хотлох цаг ойртжээ. Хүүхдүүд цай ч уулгүй хот руу гүйлдлээ. Ууган ишиг, ууган хургаа сурсаар. Буурал чихтийн, бор түрийтийн хурга алив, угждаг ишиг бий юү хэмээн хот хороо, хонь малын ажилд уралдацгаав. Ийнхүү үхрийн баасаа цэвэрлэж дуусаагүй шахам байхад хонь хотолж, залгаад уяа морьд нь хивэг тэжээлдээ ирж малчин айлын оройны их ажил ундарлаа. Хэдийнэ хөрвөжсөн хурга давхиж ирсэн эхийгээ хэсэг нудчин хөхөөд сүрэгт уусах бол ишиг, ямаагаа уулзуулах гэж их ажил болно. Мөнхсайханы ямаа гурван бүлэгт хуваагддаг ажээ. Ишгээ голсон арав гаруй ямаа байна. Тэдгээрийг таван ханатай гэртээ оруулж аваад, тойглон уяраах ажил хамгийн хэцүү нь. Нэг бүрчлэн дэлэндэж суугаад хөхийг нь шувтарч, ишгийг хөхүүлнэ. Гологдсон ишиг доожоогүй байдгийг хэлэх үү, эхийгээ ивлэтэл хөхөж огтоос чадахгүй. Бас хүйтэн өдөр ишгээ хөхүүлдэггүй 20 орчим ямаатай. Зөвхөн ийм нэг ямаанд ишгийг нь хөхүүлэхээр дөрөв, тав оролдсоны эцэст ажлын үр дүн гарч хивж, ивлэж үзэгдэнэ. Харин үлдсэн 40 гаруй ямааны ишгийг нэг бүрчлэн эхэд нь угтуулан ойртуулж өгөхгүй бол нэгнээ хайгаад олдог тохиолдол тун ховор юм.

Цас ханзарч доороос нь өвс борго ихээр гарсан тул одоохондоо малын жилбэ, сүүний гарц тун сайн байгаа ажээ. Гэсэн ч шинэ зусаг ямааны ишгийг угжихгүй бол өлдөх хандлагатай. Харин сагилаас дээш ямааны ишиг угжуулахааргүй байна. Оройн хонь хурганы ажлаа арай гэж амжуулсан хот айлынхны хийх дараагийн ажил нь хурдан морины овьёос, тэжээлийн борлонгийн хивэг, хөгшин үнээний өвс өгөх ажил. Үүнийг хүүхдүүд төвөггүйхэн хийчихнэ. Харин нар шингэж бүрий буухаас өмнө ишиг, хургаа барьж гэрт хийхгүй бол шөнө осгож үхэх аюултай. Түүний хажуугаар энэ өдөр ихээхэн хүйтэн байсан учир ердийн үеэс арай эрт уг ажлыг амжуулахаар боллоо. Нэг, хоёроор нь тэвэрч зөөсөөр дулаан байранд нь оруулна. Сүү сайтай малын ишиг, хурга андашгүй. Сүрэгтээ сүлжиж давхиад баригдана гэж үгүй.

Хаврын өдөр уртасч байгаа ч малчдын их ажилд богинодмоор юм. Өглөөн нарнаас оройн нартай уралдаж мал төллүүлэх, ямаа самнах, цаашлаад сааль сүүний их ажил ийнхүү Монголын хөдөөд эхэлж байна. Хавар урсгасан хөлстэй бол намар таргалсан малтай гэдэг. Ийм л онолоор борви бохисхийлгүй хаврын хавсарга, хүйтний эрчийг үл ажран хөдөлмөрлөж явна. Ж.Мөнхсайханы хот айл, Бурхантын-Арын бууцны хаврын нэг өдөр ийн өнгөрлөө.

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Б.Сарантуяа: Самар хатныг би л бичихгүй бол он цагийн тоосонд дарагдаад үлдэх юм шиг санагдсан

Зохиолч, сэтгүүлч Бямбаагийн Сарантуяатай ярилцлаа.


-Хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн “Самар хатан” роман 2000 хувь хэвлэгдээд дууссан гэж сонссон. Та маркетингийн ямар нэгэн онцгой арга хэрэглээд байна уу?

-Надад янз бүрийн маркетингийн арга гэж байхгүй. Өмнөх номууддаа ч ямар нэгэн реклам хийлгэж байгаагүй. Эрхбиш шинэ номоо хэвлэгдсэний дараа өөрийнхөө цахим хуудаснаа номынхоо тухай танилцуулга тавьдаг төдий. Тэгж их рекламдсанаар уншигчид тухайн номыг шуурч авах нь юу л бол. Ном бол өөрийгөө таниулдаг зүйл гэж ойлгодог. Үнэхээр чиний номыг хүмүүс сонирхож байвал түүнийг унших, дараагийн номыг нь хүлээх хүлээлт аяндаа бий болно. Түүнээс биш миний номыг аваарай гэсний зоргоор хүн авна гэж байхгүй шүү дээ. Авлаа ч гэсэн таалагдахгүй бол дахин нээж харах хүсэл төрөхгүй. Сая давхардсан олон баяр таарлаа. Эхний хэвлэлт дууссан нь үнэн. Одоо дахин хэвлэгдээд дэлгүүрүүдэд тараагдаж байгаа.

-Та эмэгтэй хүн учраас эрчүүдийн талаар бичихээсээ илүүтэй эмэгтэй хүний талаар бичвэл арай ойрхон байх болов уу гэж бодоод хатдын тухай бичиж эхэлсэн гэсэн. Гэхдээ дараа нь Бат хааны тухай бичсэн. Яагаад хааны тухай бичих болсон юм бэ?

-Мэдээж надад эмэгтэй хүний дотоод ертөнц мэдрэмжийг бичихэд илүү дөхөм байсан. Тийм ч учраас “Сорхугтани” романаа зориглон бичсэн. Энэ номонд XIII зууны Монголын түүх, тэр дундаа хатдын түүхийг уран зохиолоор дамжуулан өгүүлсэн маань уншигчдад номонд дурлах, цаашлаад эх түүхээ үргэлжлүүлэн судлах сонирхол сэдлийг төрүүлсэн гэж боддог. “Сорхугтани” хэвлэгдэн гарсан цагаас хойш таван жилийн хугацаа өнгөрсөн ч энэ ном шилдэг борлуулалттай номын жагсаалтад байсаар л байна. Мөн энэ номоор дамжуулан эмэгтэй хүн, эх хүний үүргийг гаргаж ирэхийг чармайсан маань бас уншигчдад хүрсэн юм болов уу. Харин дараагийн романы хувьд зохиогчийн зүгээс өөрийгөө сорьсон бүтээл байсан. Үнэндээ чадашгүй зүйлийг чадахын төлөө явах нь уран бүтээлчийн нэг суурин дээрээ тогтож мөлийхөөс сэргийлдэг гол чанар гэж боддог.

Эрэгтэй хүний өнцгөөс, тэр тусмаа умардын тэнгэр дор ид хаваа гайхуулж явсан их хүн Бат хааны тухай роман бичих маань дээрхийн адил өөрийгөө, чадал боломжоо сорьсон хэрэг болсон. “Сайн хаан Бат” романд өмнөхөөс илүү гол дүр, түүхэн үйл явдлуудыг тодотгох уран зохиолын туслах дүрүүдийг гаргаж өгсөн. Мөн л монгол эр хүний мөн чанар, хүмүүс бахархан дуурайж болох эр хүний хэв шинжийг гаргахыг хичээсэн. Ер нь хийж байгаа бүтээл бүхэндээ өөрийнхөө өмнө туулж барамгүй хүнд сорилтыг тавихыг хичээдэг. Энэ бүхнийг даван туулж чадсан цагт зохиолчийн хувьд мэдрэх сэтгэл ханамж, уншигчдаас ирэх талархал аль аль нь бодитой санагддаг. “Самар хатан” романы хувьд миний олон жилийн өмнөөс бичихийг хүсч байсан сэдэв л дээ. Хэрвээ би л бичихгүй юм бол хэн нэгэн хэзээ нэгэн цагт энэ түүхийг сөхтөл он цагийн тоосонд дарагдан үлдэх гэж байгаа юм шиг харамсалтай санагддаг байсан болохоор зориглон авч бүтээл болгохоор хичээн сууж ийнхүү уншигчдадаа барьж байна. “Сорхугтани” роман хэвлэгдсэн цагаас хойш хүмүүс тухайн үеийн түүхийг илүү сонирхон судлах болсон шиг санагддаг. “Самар хатан” романыг уншсан хүмүүс бага хаадын үеийн түүхийг илүү сонирхон судалж алдаа онооноос нь сургамж аваасай гэж хүссэн. Энэ бол бидний л түүх. Эмгэнэлтэй, гашуун үнэн амьдрал бол бидний өвөг дээдсийн туулж ирсэн зам. Миний өмнөх хоёр романд монголчууд эв нэгдлийн хүчээр дэлхийн дайдыг эзэлж явсан баатарлаг түүхийн тухай өгүүлэх боловч “Самар хатан” роман бол монголчууд эв нэгдэлгүйдээ хэрхэн уруудан доройтож байгааг харуулсан түүх юм. Хүмүүс ирээдүйг бүтээхийн тулд өнгөрснөөс суралцах хэрэгтэй. Өнгөрсөн цаг үед бидний өвөг дээдэс бодитой олон жишээг хожмын бидэнд үлдээгээд явсан. Энэ бол түүх юм. Харин “Сорхугтани”, “Самар хатан” романы гол дүрийн бүсгүйчүүдийн хувьд ялгаагүй жаргал, зовлон ээлжилсэн амьдралын ямар ч цаг үед эмэгтэй хүн үндэс угсаа, үйлс зорилгынхоо төлөө хэрхэн амьдарч болдгийг харуулаад буцсан түүхт хүмүүс.

-“Самар хатан” романы Батула хааны Бахаму хүү Тогоон нэртэй болсон түүх үнэхээр сонирхолтой. Үнэхээр тийм түүх байдаг юм уу?

-Тийм ээ, эх сурвалжуудад ингэж бичсэн байдаг. Түүх, түүхэн уран зохиол хоёрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй гэж үздэг ч зохиолч хүн түүхэн үйл явдлаас сэдэвлэн уран зохиол бичихдээ ямар нэгэн байдлаар түүхийг гуйвуулж өөрийн зүгээс дур мэдэн шийдвэр гаргаж болохгүй гэж би боддог. Миний бичсэн гурван романд аль алинд нь түүхийг гуйвуулсан зүйл байхгүй. “Сорхугтани” романд ганц хоёр шүүмж бичигдэн гарсныг харахад шүүмж бичиж байгаа хүмүүс маань өөрсдөө түүхээ судлаагүй, эх сурвалжаа мэдэхгүй байгаа юм уу гэж анзаарагддаг. Хүнийг гүтгэх амархан шүү дээ. Ийм юм байгаагүй, энэ худал ярьж байна гэж хэлэхэд шүүмж бичсэн хүнд хүмүүс үнэмшинэ. Миний хувьд зав чөлөө байдаггүй учраас тэр бүрд хариу өгч амждаггүй. Жишээ нь Сорхугтани романы эхэнд Чингис хаан өөрийн голомтод бодисадвагийн хувилгаан төрүүлж өгөх хүсэлтээ бурхны шашны Манзушири ламтанд илгээдэг болон Сорхугтани хатны зүүдэнд ирсэн дөрвөн алтан шумуул аль аль нь Лувсанданзангийн “Алтантовч”-д тодорхой бичигдсэн. Энэ бол баримт.

1219 онд Чингис хаан бомбын шашны арш Чан Чун Бомбод уулзах хүсэлтээ илэрхийлэн захидал илгээхэд өвгөн арш 73 насандаа 19 шавиа дагуулан Сартуулын нутагт суугаа Чингис хаантай очиж уулзан Даогийн буюу Бомбын шашны тухай сургаал номлолоо айлдаж байсан тухай эх сурвалжууд дурддаг. Үүнийг Чингис хаан Даогийн шашин шүтдэг байсан гэж хэн ч хэлэхгүй шүү дээ. Самар хатны хүү Бахаму урдын нэгэн өш хонзонгийн эргүүлгээр Аргутайн гарт очиж, тогоон дор хөмрүүлэн Тогоон нэрийг авч байгаа нь мөн л түүхэнд дурдагддаг. Түүний өмнө Тогооны эцэг Батула Аргутайг муучлан зарж, араг үүрүүлэн Аргутай хэмээн нэрлэсэн нь ч бодит явдал. Хамгийн сайн зохиол гэж юу вэ гэсэн асуултад “Хамгийн сайн зохиол бол болсон явдал” гэж хариулсан байдаг юм билээ. Харин түүхийн сурвалжуудад огт дурдагдаагүй ямар нэгэн байдлаар эх сурвалж үлдээгүй хоосон орон зайд зохиолч өөрийн таамгийг дэвшүүлэх нь бий. Жишээ нь, Элбэг хаан Ойрадын Хуухай Тэйюүгийн хүү Батулад уучлалын бэлэг болгон Самар охиноо өгсөн нь баримт. Харин Батула Самар гүнжийг хэрхэн хүлээж авсан, ер нь өс хонзонгийн тайлал болсон тэр гэр бүл хэрхэн амьдарч байсан нь тодорхойгүй. Дараа нь эр нөхөр нь болох Батула Үгэчи Хасахатай нийлж, Элбэг хааныг хороосон. Энд Самар хатан яавч зүгээр хараад сууж байгаагүй болов уу. Ер нь түүхэнд хатдын тухай их бүдэг үлдсэн байдаг. Дараа нь Адай хаан Батулаг хороож, Самар хатныг нь авсан. Энэ бас түүх. Харин энэ бүхний уялдаа холбоог чухам яагаад гэдгийг зохиолч л гаргаж дэвшүүлнэ. Уран зохиол учраас заавал яагаад гэдэгт хариулах хэрэгтэй болно. Харин судалгааны бүтээлд яагаад гэдэгт хариулах албагүй.

-Тогоон Ойрадын Чинсан болсон хийгээд Самар хатан Адайн хатан болохыг асуусан зэрэг үйл явдал нэгхэн хуудсанд өрнөж дууссан. Цаана нь бичих олон үйл явдал хангалттай байсан учир ингэж хурдтай өрнүүлсэн үү?

-Самар хатан романы хувьд XV зууны эхэн үеийн жараад жилийн үйл явдал, энэ хооронд нийт долоон хаан солигдож буй түүхийг өгүүлсэн. Үнэхээр таны хэлдгээр бичих зүйл, багтаах үйл явдлууд хэтэрхий их байсан л даа. Харин зориудаар Адай хааны хатан болсон тэр үйл явдлыг хэтэрхий сунжруулахыг хүсээгүй юм. Энэ нь гол дүрийн маань үзэл бодол өөрчлөгдсөнтэй холбоотой. Хүний амьдрал ч адилхан. Гэнэн залуу насандаа хайр сэтгэлийнхээ төлөө бүхнийг хийх хүсэл мөрөөдөлтэй байдаг ч цаг хугацаа улирч, юмс хувьсан өөрлөгдөхийн хэрээр хүний бодол санаа, хүсэл зорилго өөрчлөгддөг. Аль хэдийнэ дөчин нас давсан Самар хатны хувьд анхны хайрын тухай дэврүүн хүсэл мөрөөдлөөс илүү улс орны хувь заяа чухал болчихсон үе шүү дээ. Гэнэн бага насны тэр догдлол дөч гаруй настай эмэгтэйд төдийлөн илрэхгүй л болов уу.

-Ойрадын Тогоон чинсан охин Сэцэнээ алтан ургийн Тогтобухад өгсөн. Уг нь бол Сэцэн нагац ахынх нь ач шүү дээ. Тэгэхээр ураг төрлийн цус ойртолт гэдэг айхтар зүйл явагдахгүй юу?

-Та гярхай ажиглаж. Түүхээс харахад Тогооны охин Ажайн хүүтэй гэрлэсэн хийгээд дараа нь Эсэнгийн охин Агваржин жононгийн хүүтэй гэрлэж Баянмөнх жонон төрсөн зэргийг харахад гурав, дөрөв дэх үе дээрээ ураг төрлүүд хоорондоо гэрлэсэн мэт харагдаж байгаа юм. Гэвч түүхэнд энэ үйл явдлыг ямар нэгэн хэмжээгээр буруутган шүүсэн бичвэр таарсангүй. Энэ үед эхийн цусыг биш эцгийн цусыг дагасан юм болов уу гэж бодсон. Ер нь бол ойрад монгол, баруун зүүн түмний эв нэгдлийн зангилаа болгож л энэ хүмүүс хоорондоо гэрлэсэн байдаг. Үнэхээр эхийн цусыг чухалчилдаг байсан бол эхийн талаас бодоход Тогоон чинсан ч тэр, Эсэн тайж ч тэр алтан ургийн цустай. Гэтэл тэдэнд алтан ургийн ядаж ганц дусал ч атугай цус байгаа гэж түүх дурдаагүй. Ойрадын чинсан л гэж дурдагдаж байгаа юм.

-Та “Сорхагтуни хатан”, “Сайн хаан Бат”, “Самар хатан” романуудаа 2012 оноос хойш хоёр, хоёр жилийн зайтай бичжээ. Ингэж хурдтай ажиллах нь таны ажлын арга барил уу, бусад зохиолчдоос суралцдаг уу, голчлон хэнээс их үлгэр дуурайл авдаг вэ?

-Хоёроос гурван жилд нэг ном гаргасан байна. Зарим зохиолчид жилд нэг ном гаргадаг. Харин зарим нь бүр жилд арваад ном гаргах нь ч бий. Харин миний хувьд хэтэрхий удаан, залхуу байна уу гэж өөрийгөө шүүмжилдэг шүү дээ. Надад бол энэ нь хурдтай санагдахгүй байгаа. Миний хувьд зохиолчдоос суралцах үлгэр дуурайл авах гэдгийг ном унших л гэж ойлгодог шүү дээ. Өөртөө цаг гаргаж ном их уншдаг, цуглуулдаг. Өөрөө ном бичиж байгаа үед тэр чиглэлийн ямар л ном байна бүгдийг нь олохыг хичээдэг. Уншдаг, харьцуулдаг, гаргалгаа хийдэг. Харин бичихдээ зөвхөн дотоод ертөнцөөсөө гарч буй анирыг барин авч бичдэг. Зохиолчид нэг их бие биенээ дуурайдаггүй байх аа.

-Цаашдаа хатдын тухай үргэлжлүүлэн бичих үү, нууц биш бол ямар зохиол бичихээр төлөвлөж байна вэ?

-Миний бичих ном үргэлжид өөрийгөө сорьсон, чадах эсэхээ мэдэхгүй эргэлзээг өмнөө нээн удаад нь түүнийгээ таягдан хаяж, уншиж судалж, зүтгэж ард нь гардаг сэдвүүд байдаг. Хоёр жилийн өмнө “Самар хатан” романаа эхлүүлэхийн урд домгоос сэдэвлэсэн нэгэн ном эхлүүлж байгаад орхисон байгаа. Ойрноос түүнийгээ эргэж харах санаатай байна. Энэ номыг бичихэд бас л их мэдлэг хэрэгтэй. Унших, судлах хэрэгтэй. Энэ бол бодитой хэрнээ бодитой биш сэдэв л дээ. Тийм болохоор ил, далд ухаан судлаачидтай уулзах, энэ тухай өгүүлэх бүхий л ном товхимлыг шүүн харах олон ажил хүлээж буй. Одоогоор ганц хоёр сар амрах санаатай байна. Бие сэтгэл, зүрх зориг, хүсэл мөрөөдөл цэгцрэн жигдрээд ирэхийн цагт бичих хүсэл төрж, тэр нь бодитой болж ирдэг болохоор түүнээ хүлээнгээ амарч байна. Түүхэн сэдвээр зохиол бичихэд хариуцлага үргэлж дагалдаж явдаг. Харин одоо сонирхон судалж буй уран сэтгэмж төсөөллийн ертөнцөөр аялах домгоос сэдэвлэсэн энэ зохиол маань сэтгэлгээний эрх чөлөөг мэдрэн бичиж болох таатай зүйл шиг санагдах хэдий ч бас л уламжлалгүй шинэчлэл гэж байхгүйн адил энэ ертөнц дээр танин мэдсэн, бичиж үлдээсэн ил далд мэдлэггүйгээр цааш үргэлжлэхгүй болохоор судлах зүйл ихтэй л болоод байна даа.


Categories
мэдээ цаг-үе

О.Чойдог: Өвдөг, түнхний мэс засалд орж буй хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байна

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хэрх, үе судлал, үе сэргээх төвийн мэс заслын эмч О.Чойдогтой ярилцлаа.

-Сүүлийн үед өвдөг болон түнхний үе солих мэс засал нэлээд хийгдэж байгаа юм байна. Ямар тохиолдолд энэ хагалгааг зайлшгүй хийх шаардлагатай байдаг вэ?

-Хөгшрөлт болон өвчний улмаас хүний өвдөг болон түнхний үе, үений хэвийн бүтэц алдагдаж, эргэшгүй өөрчлөлтөд ордог. Алхахад их өвдөлттэй болно. Ингээд өвдөлт нэмэгдсээр үргэлж өвдөлт намдаах эм хэрэглэдэг болно. Энэ үед өвдөг болон түнхний үеийг хиймэл үеэр солих мэс засал хийх үе шатанд байна гэдгийг энгийнээр ойлгож болно. Ийм зовуурь илэрвэл нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.

-Ихэвчлэн хэдэн насны ямар хүмүүст дээрх өвчлөл зонхилж тохиолдож байна вэ?

-Ихэвчлэн өндөр настай эмэгтэй хүмүүс өвдөгний үе солих мэс засал хийлгэж байна. Мөн жингийн илүүдэлтэй хүмүүс байна. Ер нь манай эмнэлгээр үйлчлүүлж, энэ төрлийн мэс засалд орж буй хүмүүсийн 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд.

-Дээрх өвчний гол шалтгаан нь юу вэ?

-Нэгдүгээрт биеийн жин. Биеийн жин ихтэй, ясны сийрэгжилттэй бол өвдөг, түнхний яс өвчлөх магадлал өндөр. Манай улсын нийт хүн амын 90 гаруй хувь нь Д витамины дутагдалтай байна. Д витамин бол кальцийг ясанд суулгаж өгөх онцгой үүрэгтэй витамин. Гэтэл кальци уусан байлаа ч Д дутагдалтай бол яс сийрэгжиж олон төрлийн ясны өвчлөлд өртөнө гэсэн үг. Хоёрдугаарт энэ өвчин удамшлын гаралтай байх тохиолдол цөөнгүй бий. Мөн эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхдээ маш их кальци алдаад, эргээд алдсан кальциа нөхөж чадалгүй эрдсийн дутагдалд ордог нь энэ төрлийн өвчин үүсэхэд хүргээд байна. Уг нь өвдөж эхэлмэгц эмчид хандаад, өвчнөө бага дээр нь эмчлүүлбэл хагалгаанд орохгүйгээр анагаах боломжтой. Хиймэл үе нь хоёр, гурван жил болоод сулрал өгч болно. Мөн ясны бат бөх чанар багасах буюу яс их сийрэг, биеийн жин их байвал хүний биед суулгасан хиймэл үе яс руугаа шигдэж суудаг. Ингэснээр өвдөлт зовуурь нэмэгдэж хөдөлгөөн хязгаарлагдана. Суулгасан хиймэл үе хөдөлгөөн ороод ирэхээр дахин сэргээн засах мэс засал хийдэг.

Спортоор хичээллэж байсан хүмүүсийн зөөлөн эдийн гэмтэл, сүрьеэ, спиртний хэт их хэрэглээ, бруцеллёз зэрэг үе гэмтээдэг халдварт өвчин зэргээс их шалтгаална. Хүмүүс үе солих мэс засалд орчихоод энэ үеийг насан туршийн зүйл гэж боддог. Энэ үе маань насан туршийнх биш шүү. Гамтай байлаа гэхэд 10-15 жил болох боломжтой үе байгаа юм.

-Өвдөгний үе солих мэс засал ямар үнэтэй хийгддэг вэ?

-Өвдөгний үе солих мэс засал 1 сая 500 орчим мянган төгрөгөөр хийгдэж байгаа. Үнийн дүнгийн 80 орчим хувь нь даатгалаар, улсаас гараад, үлдэгдлийг нь төлөхөд ийм мөнгө болдог. Харин давтан хагалгаанд ороход үнэ өөр өөр байна.

-Өвдөгний үе өвдөөд, алхаж, гишгэж чадахгүй болсон хойноо хүмүүс эмнэлэгт хандаад, мэс засалд орох болж байна. Хэрхэн яаж урьдчилан сэргийлэх вэ. Мөн ясны сйирэгжилт, өвдөгний үе өвчилсний анхны шинж тэмдэг яаж илэрдэг вэ?

-Шатаар гарахад, дасгал хөдөлгөөн хийхэд хөл өвдөж байвал эмчид хандаж үзүүлээд өвдөгний рентген зургаа авахуулах хэрэгтэй. Өвдөгний үен дээр ирж байгаа ачаалал их болоод ирэхээр хүний хөл майга болоод ясны дотор талын гадаргуу нь их үрэгддэг. Энэ үед тэнхлэгийг нь засчихаар дөрөв, таван жил явах боломжтой. Үүнээс гадна ясны зөөлөрсөн, зөөлөн эдүүдийг өөлж аваад сэргээх мэс засал хийж болно. Хамгийн эцсийн сонголт бол үе солих мэс засал. Гэхдээ манай эмнэлэг мэс заслын ачаалал ихтэй, орны хүрэлцээ муу учраас тэр бүр бүх хагалгааг хийгээд байж амжихгүй байна. Одоогийн байдлаар гэхэд л долоодугаар сар хүртэл мэс заслын хүлээлттэй байгаа.

-Өвдөгний үе солих мэс засалд орсны дараа хөлөнд зовиур байх уу, хэр хугацааны дараа хөл дээрээ явах боломжтой болох вэ?

-Манайд ирж үйлчлүүлж буй хүмүүсийн 90-ээд хувь нь мэс засалд орсны маргаашнаас нь алхчихдаг. Орчин үед эмч нарын судалгаа, арга барил чадавхжаад мэс заслын дараа өвдөлтгүй байлгахыг эрхэмлэдэг болсон.

-Настай хүмүүс хөл өвдөхөд наалт наагаад, тос түрхээд яваад байдаг. Энэ нь эмчилгээ болж чадах уу?

-Энэ эмчилгээнүүд бол зөвхөн тухайн үеийн өвдөлтийг намдаадаг. Мөн хүмүүс рашаанд явлаа, уламжлалт эмчилгээ хийлгэх болон нэгэнт өвдөгний үе эргэшгүй өөрчлөлтөд орсон үед зарим эмнэлгүүд өвдөлт намдаах зорилгоор үенд тариа хийж байгаа нь урт хугацаанд үр дүнгүй эмчилгээ юм. Нэгэнт л ясанд өөрчлөлт орсон бол биеийнхээ жинг хасах хэрэгтэй. Биеийн жин их байх тусам л хоёр хөлний ясанд ачаалал өгөөд өвчлөхөд хүргэдэг. Мөн эмчид хандаж, эмчилгээ хийлгэж, эрдсийн дутагдлаа нөхөх хэрэгтэй.

-Энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Эртнээс кальци болон Д витамин, эрдэс амин дэмийн дутагдалтай эсэхээ хянаж байх ёстой юу?

-Эрдсийн дутагдалтай эсэхээ үзэж байх хэрэгтэй. Д витамин дутагдаад ирэхээр хүмүүс таргалдаг, стресс ихтэй, нойрондоо муу болдог. Монгол хүн дөрөвдүгээр сард шорт майктай явбал Д витаминаа нөхөх боломжтой. Өргөрөг уртраг, байгалийн нөхцөлөөс шалтгаалаад Монголд дөрөвдүгээр сард л Д витаминаа нарнаас авах боломжтой гэдэг цогц судалгаа гарчихсан. Өсвөр насны хүүхдийн өвдгөөр янгинахад манайхан өсөж байгаа гэдэг буруу ойлголттой байдаг. Энэ нь Д амин дэм дутагдаж байгаа шинж. Зөвхөн бага насны хүүхдүүдэд өрхийн эмч Д витамин бичиж өгч, тогтмол уулгадаг. Уг нь хүн насан туршаа Д витаминыг урьдчилан сэргийлэх тунгаар уух ёстой юм. Үүнийг хоол хүнснээс авъя гэхээр манайд Д витаминаар баяжуулсан хүнсний бүтээгдэхүүн гэж байдаггүй. Гэтэл гадныхан энэ мэт витамины хэрэгцээгээ хоол хүнснээсээ авчихдаг. Тэгэхээр хүн болгоны хэрэглэдэг гурил зэрэг бүтээгдэхүүнийг Д амин дэмээр баяжуулчих ёстой юм. Шинжилгээ өгч байж Д, Кальцийг зохих тунгаар тогтмол ууж байх хэрэгтэй.