Categories
мэдээ цаг-үе

Таван толгойн дэлбэрэлтэд Батлан хамгаалахын сайд хариуцлага хүлээх үү гэсэн асуултад хариулсангүй

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэр Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн Очиртолгой гэх газарт гранат дэлбэрч Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн цэргийн хоёр алба хаагч амь насаа алдаж, найман цэрэг хүнд, хөнгөн гэмтэл авсан хэрэг уржигдар гарсан билээ. 350 дугаар ангийнхан батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн бэлтгэл ажлыг хангаж байх үед байлдааны гар гранат дэлбэрсэн юм. Дэлбэрэлтийн талаар өчигдөр Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл хийлээ. Мэдээллийг Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Цэргийн төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Т.Сүхбаатар болон Зэвсэгт хүчний жанжин штабын ажиллагааны удирдлагын орлогч дарга н.Дашзэвэг нар өгсөн юм. ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Б.Бадамбазар “2017 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр болсон ослын талаар мэдээлэл танилцуулах гэж байна. Ослын талаарх мэдээллийг 17: 40 цагт авсан. ЗХЖШ-ын 350 дугаар ангид төлөвлөгөөний дагуу хээрийн сургуулилтын үеэр гранат дэлбэрч хоёр цэрэг нас барж, найман цэрэг шархадсан харамсалтай хэрэг гарлаа. Үүнтэй холбоотойгоор 350 дугаар ангийн Б.Мөнгөншагай, ахлагч Б.Ариунболд нарын ар гэр, төрөл төрөгсдөд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний өмнөөс эмгэнэл илэрхийлж байна. Хууль хяналтын байгууллагуудаар ослын шалтгааныг тодруулахаар шалгуулж байна. Батлан хамгаалахын яам, ЗХЖШ-аас ажлын хэсэг томилогдсон. Эхний ажлын хэсэг нь Таван толгойд очиж ослын шалтгааныг тогтоох үүрэгтэй. Хоёр дахь ажлын хэсэг шархадсан найман цэргийн албан хаагчийг Улаанбаатар хот руу татан гаргах, тэдгээрт эмнэлгийн үзлэг үйлчилгээ хийлгүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа. Шархадсан найман цэргийг Цэргийн төв штабт авчирч шаардлагатай эмчилгээг хийж байна. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас өчигдрөөс хойш шархадсан албан хаагчдын гэр бүлийхэнтэй холбоо тогтоож ажиллаж байна. Өчигдөр шөнө тухайн газарт ажиллаж байсан зарим цэргийн албан хаагчаас цагдаагийн байгууллага мэдүүлэг авсан. Гурван цэргийн албан хаагчийг сэтгэл зүйн шоконд орсон байж болзошгүй гэж үзэн хяналт, шинжилгээнд оруулсан. Тэр гурван цэргийн биеийн байдал сайн байгаа. Амь эрсэдсэн алба хаагч Б.Мөнгөншагай нь 30 настай. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг байсан. Өмнөд Судан, Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан чадварлаг албан хаагч. Б.Ариунболдын хувьд Баян-Өлгийн аймагт төрсөн 24 настай. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг байсан. Өмнөд Суданд мөн үүрэг гүйцэтгэсэн. Шархадсан найман алба хаагч 22-28 настай. Бэлтгэлийг амь эрсэдсэн алба хаагч Б.Мөнгөншагай ахалж байсан” гэлээ.

Т.СҮХБААТАР: НАС БАРСАН ХОЁР АЛБА ХААГЧИЙГ АВРАХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙБАЙСАН

Цэргийн төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Т.Сүхбаатар “Биднийг очиход тэсрэлтийн улмаас галын биет буюу гранатын хэсгүүд гарын сарвуу, гуя, шилбэнд нэвчиж орсон тул цэргүүд цус алдалтын байдалтай байсан. Хагалгаанд орсон хоёр цэргийн биеийн байдал хэвийн байна. Хоёулаа ухаан орсон. Ямар нэг дэмжлэг эмчилгээ шаардлагагүй гэсэн. Байлдааны сургуулилтын үеэр эмч, сувилагч гээд таван хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байсан. Тэд шархадсан цэргүүдэд газар дээр нь яаралтай тусламж үзүүлсэн. Харамсалтайгаар амь насаа алдсан хоёр алба хаагчийн амь насыг аврах боломж байгаагүй” гэв.

“НАС БАРСАН АЛБА ХААГЧИЙН АР ГЭРИЙНХЭНД ҮНДСЭН ЦАЛИНГИЙН АРВАН ЖИЛТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОНО”

Дэлбэрэлт болж хоёр алба хаагч амь насаа алдсан хэргийн талаарх мэдээллийн үеэр Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Цэргийн төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Т.Сүхбаатар болон Зэвсэгт хүчний жанжин штабын ажиллагааны удирдлагын орлогч дарга н.Дашзэвэг нараас сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авсан юм.


-Бэлтгэл сургуулилтын үед байлдааны галт зэвсгийг хэрэглэж болдог юм уу. Осол гарсан шалтгаанаар Таван толгой сургалтын баазын үйл ажиллагааг түр зогсоосон гэсэн үү?

-Сургалт бэлтгэлийн хоёр үе шат бий. Хээрийн сургалт дээр байлдааны сум зэвсэг хэрэглэж болно гээд заасан байгаа. Сургуулилт дүрэм журмынхаа дагуу явагдсан гэж үзэж байгаа. Осолтой холбоотойгоор сургалтын баазын үйл ажиллагааг зогсоосон. Цаашид бусад ангиар явж хяналт шалгалт хийнэ. Тухайн бэлтгэлийг амь эрсэдсэн алба хаагч Б.Мөнгөншагай өөрөө ахалж, удирдан явуулж байсан юм. Хээрийн сургуулилтын үеэр гранат шидэх бэлтгэлээ хангах үед дэлбэрэлт болсон.

-Урьдчилсан байдлаар ослын шалтгаан нөхцөлийг тодруулсан юм болов уу?

-Төв аймгийн цагдаагийн хэлтэс болон хууль хяналтын байгууллагаас шалгаж байна. Үнэхээр гранатыг өөрсдөө алдсан уу, эсвэл хөндлөнгийн хүн оролцсон уу, гранат шаардлага хангахааргүй байсан уу гэдгийг хуулийн байгууллага тогтооно.

-Цэргүүд улсын аварга шалгаруулах марш тактикийн тэмцээнд бэлтгэж байсан гэх мэдээлэл гараад байна лээ. энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ бол ташаа мэдээлэл. Марш тактикийн тэмцээн тавдугаар сарын дунд үеэс зохион байгуулагдах бөгөөд бэлтгэлд энэ сарын сүүлчээр гарах байсан юм. Энэ бэлтгэлээр байлдааны сум, галт зэвсгийг хэрэглүүлдэггүй.

-Амиа алдсан болон шархадсан цэргүүдийн ар гэрт ямар мөнгөн тэтгэмж, тусламж дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн байгаа вэ?

-Тодорхой дэмжлэгүүдийг үзүүлж байна. Цагдаагийн байгууллага, Эрүүл мэндийн яам дэмжлэг туслалцаа үзүүлэхэд хамтран ажиллаж байгаа. Нас барсан алба хаагчийн ар гэрийнхэнд үндсэн цалингийн арван жилтэй тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгоно хэмээн Цэргийн алба хаагчийн тухай хуульд тодорхой зааж өгсөн байгаа. Үүнийхээ дагуу мөнгөн тэтгэмж олгохоор болсон. Түүнээс гадна гэр бүлийн хүн нь хөдөлмөрийн чадваргүй бол тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох хуулийн заалт байгаа.

-Цагдаагийн ерөнхий газраас өгч байгаа мэдээллээр 11 алба хаагч шархадсан гэсэн мэдээлэл байсан. танайхаас болохоор найм гээд зөрүүтэй мэдээлээд байх юм?

-Бэлтгэлийн үед 25 алба хаагч байсан. Тэндээс хоёр нь амь эрсдэж, найм нь шархадсан бол гурван цэргийн алба хаагч шоконд орсон байсан. Тиймээс тэр гурвыг эмнэлгийн хяналтын үзлэгт оруулсан юм.

-Цэргийн хоёр алба хаагч харамсалтайгаар амь насаа алдсан хэрэгт Батлан хамгаалахын сайд хариуцлага хүлээхгүй юү?

-Хууль хяналтын байгууллага ослын шалтгааныг тогтоовол бид хариуцлагаа шууд хүлээнэ. Холбогдох албан тушаалтнууд Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагын бүрэлдэхүүн тухайн анги буруутай юу гэдгийг тогтоогоод шат шатандаа хариуцлага хүлээх байх. Хариуцлагын тогтолцоо зэвсэгт хүчинд маш тодорхой байгаа. Хуулиараа ч тэр, цэргийн нийтлэг дүрмээрээ ч тэр тодорхой заачихсан. Хэрэв цэргийн алба хаагч гэмт хэргийн шинж чанартай зүйл үйлдсэн бол эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг. Одоогоор ослын шалтгаан юу байсныг бид хэлж мэдэхгүй. Тиймээс цагдаагийн байгууллага эцэслэн тогтооно гэв.

БХЯ, ЗХЖШ-ЫН ДАРГА НАР БҮГД ХАРИУЦЛАГААС МУЛТАРЧ ҮЛДЭХ ҮҮ

Тайван цагт хоёр цэргийн алба хаагч харамсалтайгаар амь насаа алдаж, найман цэрэг хүнд, хөнгөн бэртэл гэмтэл авсан. Осол юунаас болж гарсан бэ гэдгийг одоогоор эцэслэн тогтоож чадаагүй байна. Энэ хэрэгт Батлан хамгаалахын сайд хариуцлага хүлээхгүй юү гэсэн асуултад Зэвсэгт хүчний жанжин штабынхан хариулахаас татгалзаж, тодорхой хариулт хэлсэнгүй. Мөн албаны эх сурвалжуудаас авсан мэдээллээр Батлан хамгаалахын сайдаасаа эхлээд удирдах албан тушаалтнууд, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага бүгд хариуцлагааас мултарч ард нь үлдэх гэж тус бүртээ хичээж арга зам хайж эхлээд байгаа гэдгийг онцлон хэлж байна лээ. Сүүлийн үед Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ олон нийтэд нэр хүндээ өсгөхийн тулд янз бүрийн пиар хийх болсон. Улстөрчдийн дунд явуулсан судалгаагаар сайдын рейтинг өндөр гарсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголын ард түмэн Б.Бат-Эрдэнэ сайдыг Ерөнхийлөгч болох хамгийн боломжит хувилбар хэмээн үзэж байна гэх мэдээлэл ар араасаа цувран гарч буй. Тэгвэл 350 дугаар ангийн алба хаагчид амь насаа алдсан хэргийг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийн нэр хүндийг унагаж хорлох зорилгоор зохион байгуулсныг үгүйсгэх боломжгүй гэж улс төр судлаачид үзэж байна лээ. Яагаад ингэж үзэж байна вэ гэхээр монголчууд төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээс цөөн хүн амтай жижиг оронд өндөр албан тушаалд үлдэж, хууль бусаар их хэмжээний мөнгө угаах, албан тушаалд очуулахгүйн тулд юу ч хийж болдог юм байна гэдгийг маш тодорхой харсан. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг илрэхээс өмнө иргэд “Монгол хүн арай ч ийм зүйл хийхгүй байлгүй дээ” хэмээн бодож, итгэдэг байсан. Гэвч энэ итгэл С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг илэрснээс хойш алдарсан гэж хэлж болно. Тэгэхээр бас олны үг оргүй биш ч байж мэдэхээр байгаа юм.

Цэргүүдийг бөөнөөрөө зогсч байх үед ахлагч Б.Ариунболд гранатын хөшүүргийг дарж чагтыг нь мулталсан үедээ газарт алдсанаас болж дэлбэрсэн байж магадгүй гэнэ.

Юунаас болж Таван толгойн сургалтын баазад дэлбэрэлт болсон талаар Төв аймгийн цагдаагийн хэлтэс, Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хэргийг шалгаж байна. Өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаан дээр ч үүнийг ярилцжээ. Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр ослын талаар танилцуулж, Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар асуултад хариулсан байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат амь үрэгдсэн цэргийн албан хаагчдын ар гэрт эмгэнэл илэрхийлж, тэдний болон шархадсан цэргийн алба хаагчдын ар гэрт шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлэх, ослын дүгнэлтийг яаралтай гаргахад шаардлагатай мэдээллээр хангах, дүгнэлтийг үндэслэн хариуцлага тооцох зэргээр шуурхай ажиллахыг үүрэг болгов. Харин Цагдаа нар дэлбэрэлт болох үед байсан цэргүүдээс мэдүүлэг авч эхэлжээ. Хэргийн талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр цэргүүд “Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн Зэвсгийн офицер ахмад Б.Мөнгөншагай, тус ангийн гранатомётчин ахлагч Б.Ариунболд нар 25 цэргийн хамт хээрийн сургуулилт хийсэн. Цэргүүдэд гар гранат хэрхэн дэлбэрдэг талаар сургалт зохион байгуулж байсан. Бидэнд Ф1 гранатыг хэрхэн дэлбэлэх талаар сургалт хийсэн. Бүх цэрэгт ахмад Б.Мөнгөншагай зааварчилгаа өгч, нарийвчилсан сургалт хийсэн. Дэлбэрэлт болсон шалтгаан нь ахлагч Б.Ариунболд алдаа гаргасан. Ф-1 гранат цэргүүдэд үзүүлж байгаад буруу татсан. Ахмад Б.Мөнгөншагай “Чи бурууг нь татчихлаа ш дээ” гээд яваад очсон. Харин ахлагч Б.Ариунболд сандарснаасаа болж гранатаа газарт унагачихсан. Тэгээд дэлбэрсэн” хэмээн мэдүүлэг өгчээ. Цэргүүдийн сургалтад ашиглаж байсан гранат нь давшилтын биш хориглолтын үед нуувчнаас шидэх ёстой гранат аж.

Батлан хамгаалахын их сургуулийн багш нарын хэлж буйгаар дэлбэрэлт болсон шалтгаан нь “Гранат дэлбэлэх хээрийн сургуулилтын үед аюулгүйн ажиллагааг маш сайтар баримтлах ёстой. Бүх хүнийг тарааж нуувчинд байрлуулж байгаад дэлбэлэх ёстой байдаг. Энэ аюулгүй ажиллагаа алдагдсанаас болж олон хүн нэг дор бэртэж гэмтсэн бололтой. Гранат Ф-1 нь дараахь үзүүлэлт шинжүүдтэй. Нийт жин 600 грамм, шидэх зай 50-60 метр, гэмтэл авах гранат дэлбэрэх радиус нь 250 метр газрыг хамардаг. Аюулгүйн зай 280 метр байдаг. Тэслэгчийг авснаас хойш 2.7-4.2 секундын хооронд дэлбэрдэг. Гранатын гаргах тоо 300 ширхэг хэлтэрхий гаргадаг. Бидний таамаглаж байгаагаар цэргүүд бөөндөө зогсч байсан. Гэтэл хэн нэг нь гранатын гал цохигч буюу хөшүүргийг татаад чагтыг нь мулталчихсан. Ингээд сандраад газарт унагаснаас болоод гранат дэлбэрсэн байх. Хэрэв гранатын хөшүүргийг татаж чагтыг нь мулталсан байлаа ч гэсэн гартаа барьж байсан бол дэлбэрэлт болохгүй байсан. Ф-1 гранатын хөшүүргийг нь татаад чагтыг нь мулталж 50-60 метрт шидэхэд агаарт огт дэлбэрэхгүйгээр бүтээгдсэн байдаг. Харин газарт буугаад хоёр секундын дотор дэлбэрдэг юм” хэмээн ярьсан юм.


Categories
мэдээ цаг-үе

Хэрэглэгчдэдээ дуулгалгүй төлбөрөө нэмдэг “Юнивишн”-тэй хариуцлага тооцъё

“Юнивишн” үйлчилгээний төлбөрөө өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс нэмсэн байгаа. Гэвч үйлчилгээний төлбөрөө нэмснийг иргэд саяхнаас мэдэж гомдол гаргах болжээ. Тодруулбал, “Юнивишн”-ий багцууд үйлчилгээнээсээ хамаараад 29900, 39900, 54900, 89900 гэсэн үнэтэй байсан.

Тэгвэл 29900-гийн багц 33900, 39900-гийн багц 43000, 54900-гийн багц 58000, 89900-гийн багц 93000 төгрөг болж нэмэгджээ. Ийн үнээ нэмсэн нь хэрэглэгчдийн бухимдлыг төрүүлэх болжээ. Хамгийн гол нь хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр нэмлээ хэмээн бухимдаж байна. Харин “Юнивишн” тодорхой сонин хэвлэл, өөрийн боломжит сүлжээгээ ашиглан мэдэгдэл гаргасан гээд байгаа. Үүнээс болж олон мянган хэрэглэгч “Юнивишн”-ий 77118811 дугаарт зогсоо зайгүй гомдол гаргаж байгаа бололтой. Манайд ирүүлсэн гомдлын дагуу зарим хэрэглэгчдээс тодруулга авлаа.

ГЭРЭЭГЭЭ ЦУЦАЛЪЯ ГЭЭД ЗАРГАЛДАХААР “ХОЁР САР ХЭРЭГЛЭЭД ҮЗ. БИД ХУУЧИН ҮНЭЭР НЬ ТӨЛБӨРИЙГ ТАНЬ ТООЦЪЁ” ГЭЖЭЭ

Баянгол дүүргийн хэрэглэгч Э:

-Танайх “Юнивишн”-ээс хэдэн төгрөгийн ямар үйлчилгээ авдаг вэ. Төлбөр хэдэн төгрөгөөр нэмэгдсэн гэлээ?

-Манайх хамгийн бага буюу 29900 төгрөгийн төлбөртэй багц сонгож тавиулсан. Гэтэл 33900 орчим болж нэмэгдсэн байсан. Би лавлах дугаар руу нь залгаж яагаад үнээ нэмсэн талаар асуухад гадаад спортын хэдэн суваг нэмэгдсэн гэж тайлбарласан. Манайх өдөржин зурагт үзээд суудаг айл биш. Орой ажлаасаа тарж ирээд хэдэн суваг гүйлгэж мэдээ үзээд л унтдаг. Тэр спортын сувгуудыг сонирхдог ч үгүй. Гэтэл биднээс асууж, санал хүсэлт авах ч үгүйгээр төлбөрөө 4000 төгрөгөөр нэмчихэж байгаа юм. Ингэж шахаж үйлчилгээ үзүүлдэг байж болох уу.

-Хэрэглэгчдэд мэдэгдсэн гэсэн?

-Би лав мэдээгүй. Би ганцхан мэдээгүй юм болов уу гэхэд хажуу хөршүүд ч мэдээгүй бухимдалтай байна лээ. Тэр мэдэгдлээ чухам яаж мэдээлснийг мэдэхгүй. Өөрийн цахим хуудсандаа тавьсан гэсэн. Өдөржин ажилтай хүн тэр цахим хуудсыг нь ухаад сууж байх уу. Интернэтэд ороод байдаггүй хөгшин биднийг орж үзээгүй бол хохь нь гэж байгаа юм уу тэгээд. Хэрвээ үнээ нэмэхээр бол хүн их уншиж үздэг сонин, телевизээр цацах хэрэгтэй шүү дээ. Хэн ч мэдэхгүй, хэдхэн уншигчидтай сониноор шүлс шиг юм гаргачихаад биднийг та нар уншихгүй яасан юм гээд загнаад байж болохгүй биз дээ.

-Санал, гомдлоо хэлж “Юнивишн”-д хандсан уу?

-Хандалгүй яахав. “Танайх яагаад үнээ нэмж байгаа юм. Интернэтийн хурд муу. Заримдаа ганц кино үзье гэхээр дуу дүрс дулимаг гацчихдаг. Ийм үйлчилгээ муутай байж үнээ нэмлээ.Танайхтай хийсэн гэрээгээ яг одоо цуцалъя. Ирж төхөөрөмжөө салга” гэсэн.

-Тэгэхээр юу гэх юм?

-Цаашаа хэд хэдэн хүнтэй холбоод нөгөөдүүл нь уучлаарай суваг нэмэгдсэн, шинэчлэл хийсэн. Та манайхыг дахиад хоёр сар хэрэглээд үз л дээ. Бид хуучин үнээр нь төлбөрийг тань тооцъё” гэж хэлсэн. Хэл ам хийгээд заргалдаад яваад байхаар үнээ буцаагаад хасчихаж байгаа юм. Хэрвээ хэл ам хийхгүй бол чимээгүй л яваад байх нь байна шүү дээ. Ийм хулгайч зантай байж болох уу. Бид талхныхаа мөнгийг олох гэж өдөржин ажиллаж байхад ганц, хоёр цаг зурагт үзсэнийхээ төлөө гурав, дөрвөн талхны мөнгө төлөх шударга гэж үү.

БАЯР ИХТЭЙ САРД ХҮМҮҮСИЙН АНХААРАЛ СУЛ БАЙДЛЫГ АШИГЛААД ҮНЭЭ СЭМХЭН НЭМСЭН ГЭВ

Хан-Уул дүүргийн иргэн Я:

-Та “Юнивишн”-тэй хийсэн гэрээгээ цуцлах гэж байгаа гэсэн. Яагаад?

-“Юнивишн”-ийг анх гарч ирэхэд л манайх хэрэглэгч болсон. Одоо бол залхаж байна. Интернэтийн хурд удаан, ямарваа асуудал гарлаа гэхэд араасаа нэхэл дагуул болж байж шийдэж өгнө. Гэтэл сая үнээ нэмчихлээ. Энэ бүхний араас хөөцөлдөхөөс бүр залхаж байна. Бидэнд “Юнивишн”-ийг сонгохгүй байх эрх бий.

-Таны төлбөр хэд болж нэмэгдсэн бэ?

-39900 төгрөг байсан бол 43000 төгрөг болж нэмэгдсэн. Ер нь багц болгон нь шинэчлэгдээд нэмэгдсэн гэсэн. Эдийн засгийн хямрал гээд айл бүр халаасан дахь мөнгөө бодолцож хэрэглээний төлбөрөө тооцоолдог. Сард утас, байр, хоол, зурагт, интернэтийн мөнгөө яг тооцоолж хуваарилсан байдаг. Би лав тэгдэг.Гэтэл тооцоолсноос мянга ч мянгадахгүй илүү гараад явчихаар бас л хэцүү ш дээ. Анх гарч ирэхдээ суваг ухрааж, нөхөх, интернэт үнэгүй зэрэг сайхан юм яриад гэрээ хийсэн. Харин суваг ухрааж, нөхөж үзэх үйлчилгээ үнэгүй байсан чинь 1500 төгрөг болгосон. Тэгсэн хэрнээ “Авьяаслаг монголчууд” гэдэг ч юм уу, сонирхолтой шоу нэвтрүүлэг гараад ирэхээр ухрааж, нөхөж үзэх боломжгүй болчихдог. Гэрээний дагуу хэрэглэгчдээ хүндэтгэж, санал гомдлыг нь асууж аливаа шинэ үйлчилгээг эхлүүлдэг. Ийм байдлаар үнээ нэмдэг байх ёстой. Манайхан бол сайхан амлаж гарч ирээд овоо хүн сонирхоод ирэхээр одоо эд нар хүссэн, хүсээгүй төлнө гэсэн байдалтай бага багаар үнээ нэмж, хэрэглэгчдийнхээ халааснаас хумслаад сурчихсан. Ялангуяа өнгөрсөн гуравдугаар сард баяр ихтэй байсан. Хүмүүсийн анхаарал сул байдлыг ашиглаад үнээ сэмхэн нэмж байгаа байхгүй юу. Тэгээд сарын эхээр. Дараа сарын эхэнд төлбөрөө төлдөг болохоор тэр болгон хүмүүс мэдээгүй байгаа юм.

Хэрэглэгчдийн дийлэнх нь иймэрхүү гомдол гаргаж байгаа аж. Харин “Юнивишн” чухам юунаас болж төлбөрөө нэмэв. Тус газраас үнээ нэмсэн шалтгаан нь “Шинэчлэлийн давалгаа” нэртэйгээр 25 суваг нэмэгдсэн, хуучин 50 гаруй сувгийг ухрааж үзэх боломжтой байсан бол энэ тоо 100 гаруй болсон, спортын SPS сувгийн багц нэмэгдсэн. Ердөө л энэ.Нэмэгдсэн сувгууд ихэнхдээ гадаадын спортын сувгууд гэнэ. Хүмүүс дэлгүүрт цамц авахаар орлоо гэж бодъё. Худалдагч танаас “Та улаан, шар, хар өнгөний сонголтоос алийг нь сонирхож байна” гэж наад зах нь асуудаг биз дээ. Ядаж л дээрх өнгөнүүдэд дургүй бол цамц худалдаж авахаа болиод дэлгүүрээс гараад явчихаж болно. Эрх нь бий. Тэгвэл “Юнивишн”-д хэрэглэгчдийнх нь сонирхол сонин биш. Хэрэглэгчидтэй байгуулсан гэрээ ч чухал биш. Тухайн айл спортын суваг үзнэ үү, ганц хоёр суваг ухрааж үзнэ үү ерөөсөө ч хамаагүй бололтой. Гадаад спортын сувгийн багцын төлбөр 12000 төгрөг байсан. Төдийлөн хэрэглэгчид сонгохгүй болохоор нийт массын дунд хүчээр шахаж оруулаад “Та спортын суваг нэмэлтээр сонгох уу” гэж асуухын оронд “Таны үзэх хамаагүй. Төлбөр чинь ийм боллоо” гээд сонголт үлдээхгүй тулгачихаж байгаа юм. Ер нь “Юнивишн”, “Скаймедиа”-тай холбоотой гомдол тасардаггүй. “Юнивишн”-ий хэрэглэгчдийн зүгээс зарим сувгууд дээр кино үзэх гэхээр дуу, дүрсний чанар муу гэдэг. Өөрсдийн кино сангаас төлбөртэй кино үзүүлэхийн тулд зориуд ингэж чанар унагадаг ч байж болох. Мөн нөхөж үзэх үйлчилгээ нь хоногийн лимиттэй. Тэр хоногт нь үзэж амжаагүй нэвтрүүлэг, киногоо үзэх гэж бас сандраастай. За тэгээд интернэт хурдны тал дээр хамгийн удаанаараа дуудуулаад сурчихсан. Хэрэглэгчдэд сэтгэл ханамжийн баталгаа байхгүй хэрнээ үнээ нэмэх сонирхолтой нь манайхны монополь компаниудын зан.Тэдэнд нэгэнт зах зээлийнхээ дийлэнх хувийг татсан байхад арав, хорин хүн гомдол гаргаж, хэрүүл уруул хийх хамаагүй бололтой. Тэгвэл нэг тоо бодож үзье. 2016 оны судалгаа гараагүй байгаа учраас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2015 онд хийсэн судалгааг харъя. Нийслэлийн нийт өрхийн 99.8 хувь буюу 375 мянга өрх зурагттай юм байна. Эдгээр айлуудын бараг тал хувь нь интернэт тавиулсан гэх судалгаа бий. “Юнивишн” монополь гэж үзвэл дээрх 375 мянга гаруй айлын 80 орчим хувь нь буюу бараг 300 мянган айл дээрх сүлжээг хэрэглэдэг. Интернэттэй, интернэтгүй нь хамаагүй. Багц тус бүр дунджаар 3000-4000 төгрөгөөр нэмэгдсэн бол дунджаар 3500 төгрөгийг 300 мянган айлд үржүүлээд үзье л дээ. 3500*300.000=1.050.000.000 гэсэн мөнгөн дүн гарч байна. Тэгэхээр үнээ нэмснээр “Юнивишн”-д дунджаар сардаа тэрбум гаруй төгрөг үндсэн төлбөрөөс гадна нэмэгдэж орж ирж байна гэсэн үг. Энэ бол дунджилж бодсон жишээ юм шүү.

Б.Мягмарнаран: СУДАЛГААГААР “ЮНИВИШН” МОНОПОЛЬ ГЭСЭН ТОХИОЛДОЛД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭД ХЯНАЛТТАВИХ БОЛОМЖТОЙ

Хэрэглэгчдийн дээрх санал гомдолтой холбоотойгоор Харилцаа, холбооны зохицуулах хорооны Хамтын ажиллагаа, харилцагчийн хэлтсийн дарга Б.Мягмарнарангаас тодруулга авлаа.


-“Юнивишн” компанийн үйлчилгээний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэд нэлээд гомдол гаргах боллоо. Үнээ нэмэх эсэх талаар танайд урьдчилж мэдэгдсэн үү?

-Харилцаа холбооны зохицуулах хороонд “Юнивишн” компани хэрэглэгчидтэй байгуулсан гэрээндээ өөрчлөлт оруулж байгаа болон хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээний багцын үнэд өөрчлөлт оруулж байгаа талаар мэдэгдлийг хоёрдугаар сарын 16-нд ирүүлсэн. Гуравдугаар сарын 1-нээс гэрээнд оруулсан шинэчилсэн тарифаар явна гэсэн байсан.

-Тухайн газар үйлчилгээний үнээ нэмэхдээ ийм үндэслэлтэйгээр нэмэгдлээ гэсэн тайлбарыг хийдэг үү?

-Тухайн компаниас тийм тайлбар ирүүлсэн л дээ.Хэрэглэгчдэд хүргэж байгаа үйлчилгээний хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа байх.Олон сувгуудыг хэрэглэгчдэд үнэгүй хүргэж байгаа. Үүнтэй холбоотойгоор үнээ нэмсэн тухайгаа тайлбарласан байсан.

-Хэрэглэгчидтэй хийсэн гэрээний дагуу үнээ нэмэхээсээ өмнө мэдэгдэх ёстой байх. Үүнд иргэд их бухимдаж байна?

-Манай зүгээс үйлчилгээний үнээ нэмэх тохиолдолд ч юм уу, гэрээнд ямар нэг өөрчлөлт оруулсан тохиолдолд мэдэгдэх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Тухайн компанийн хэрэглэгчидтэй хийсэн гэрээний дагуу бол үйлчлүүлэгчдэдээ энэ тухай урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Гэрээний 8.2 дахь заалт дээр “Юнивишн компани хэрвээ хэрэглэгчдэдээ хүргэж байгаа үйлчилгээний үнэ тарифтай холбоотой өөрчлөлт орсон тохиолдолд арваас доошгүй хоногт мэдээллийн хэрэгсэл, өөрийн боломжит сувгуудаар хүргэнэ” гэж заасан байдаг. Үүнийхээ дагуу хэрэглэгчдэдээ хүргэсэн гэх мэдээлэл бий.

-Ямар мэдээллийн хэрэгслүүдээр, хэзээ хүргэсэн нь тодорхой бус байгаа. Тухайн компанийн зүгээс бол зарим сонин хэвлэлээр мэдэгдэл гаргасан гээд байгаа. Бас тэр өөрийн боломжит мэдээллийн суваг гэдгийг тодруулахгүй юу?

-Боломжит суваг гэдэг нь тухайн газрын үйлчилгээний цэгүүд байж болно. ”Юнивишн” компанийн лавлах утас байж болно. Мөн өөрийнхөө вэб сайтдаа мэдэгдэл тавьсан гэсэн. Харин олон нийтийн ямар мэдээллийн хэрэгслээр тавьсан эсэхийг бид тодруулахаар бичиг хүргүүлээд байгаа.

-Ер нь зөвхөн “Юнивишн” ч гэлтгүй хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг тухайн салбартаа монополь болчихсон компаниуд анх гарч ирэхдээ элдэв сайхан реклам цацдаг. ингэж хэрэглэгчээ нэгэнт татчихаад эргээд аажмаар үйлчилгээний төлбөрөө бага багаар нэмдэг буруу хэвшил тогтчихлоо. энэ нь хэрэглэгчдийг залилсантай ялгаагүй биш гэж үү?

-Давамгайлагч буюу монополь компанийг тогтоодог байгаа. Харилцаа холбооны зохицуулах хорооноос судалгаа хийж өгөөд энэ компани давамгайлагч мөн учир үнэ тариф, бусад зүйлийг хянана гэсэн шийдвэрийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас гаргадаг. Одоогоор “Юнивишн”-ийг монополь гэхгүй л дээ. Энгийн компанийн дагуу үйл ажиллагаагаа бидэнд танилцуулаад, үйлчилгээний өөрчлөлт хийх бол мэдэгдлээ хүргүүлээд явж байна.

-Гэхдээ монополь гэдэг нь хэн ч харсан ойлгомжтой шүү дээ.

-Давамгайлагч гэдэг бол зах зээлийн гуравны нэгээс дээш хувийг эзэлж байх ёстой.Одоогоор энэ талын судалгааг бид хийгээд явж байна. Удахгүй судалгааны хариу гарах байх.Тэр тохиолдолд ШӨХТГ-аас үйлчилгээний үнийн доод, дээд үнийг тогтоох эрх нь үүснэ л дээ.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Оюундарь: Кино урлагаас түр завсарламаар байна

Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарьтай ярилцлаа.


-Улсын драмын эрдмийн театр ээлжит аялан тоглолтоо Дорнод аймгаас эхлэхээр болжээ. Өөр ямар аймгуудаар явахаар төлөвлөж байна вэ?

-Манай театрынхан жил бүрийн намар аялан тоглолтоо хийдэг байсан. Харин хоёр жилийн өмнөөс хаврын улиралд аялан тоглолтоо хийдэг уламжлалтай болж байна. Бид аялан тоглолтоороо Дорнод, Дархан, Эрдэнэтийн үзэгчидтэйгээ уулзана. Аялан тоглолтоороо үзэгчдэдээ шинэ жүжгүүдээ хүргэх зорилготой байгаа. Тиймдээ ч “Ромео, Жульетта”, “Царцаа намжил”, “Жаргаагүй нар” гээд жүжгүүдээ толилуулна.

Ер нь бол нийслэлийн үзэгчид хүссэн үедээ сонгодог жүжиг үзчихдэг. Харин хөдөө орон нутгийн үзэгчид маань дуртай үедээ үзэх боломжгүй. Тийм учраас уран бүтээлчид бид зорьж очин тоглолтоо хийхийг илүүд үздэг л дээ. Гэхдээ харамсалтай нь бүхий л аймгуудад очиж чадахгүй юм. Зарим аймагт очиход “26 жилийн дараа ирлээ” гэж хэлж байсан ч тохиолдол байдаг шүү. Ямартай ч хөдөө орон нутгийн үзэгчид маань драмын урлагийг ойлгодог болж. Хүмүүсийн жүжгээс авах оюуны таашаал мэдрэмж хүртэл өөрчлөгдөж байна. Уран бүтээлчид бид үр дүнгээ ийн харж байгаа нь сайхан юм даа. Жүжгийн дараа ч гэсэн баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлдэг нь бидэнд маш сайхан урам өгдөг.

-Аялан тоглолтоор явж байх үед хөгтэй явдал их тохиолдоно биз…

-Ер нь их сайхан шүү. Тэр дундаа Монголын минь байгаль хамгийн гайхамшигтай. Мэдээж уран бүтээлчид бид чинь дуу хууртай л явна. Нэг удаа Дорноговь бил үү, Дундговь аймагт бид тоглолтоор явж байлаа. Тухайн үед би хөл хүнд байсан юм. Миний тайзнаа гарах ээлж дуусчихсан болохоор гадагшаа гармаар санагдаад болдоггүй. Гэтэл заавал үзэгчдийн дундуур явж байж гадагшаа гардаг байж таарсан. Тэгэхээр нь арын цонхоор буучихаж билээ. Шаггүй өндөр байсан юмдаг. Манай жүжигчдээс хоёр нь түрүүлж буугаад намайг тоссон санагдаж байна. Яасан ч зоригтой байсан юм. Залуу ч байж дээ. Одоо бол тогоо шиг том гэдэстэй байж цонхоор доош бууж зүрхлэхгүй байх шүү.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр түлхүү ажиллаж байна вэ?

-Хамгийн сүүлд “Царцаа Намжил” жүжигт тоглолоо. Яахав, кинонд тоглох санал цөөнгүй л ирж байгаа. Гэхдээ миний хувьд кинонд тоглохоо түр завсарламаар байна. Ер нь цөөнгүй л кинонд тоглолоо. Одоо хэсэгтээ завсарлаад оюундаа хөрөнгө оруулалт хийж, ном унших бодолтой байгаа. Унших ном маш их байна. Мөн үндсэн ажлынхаа хажуугаар театрын студи болоод “Сити” их сургуульд багшилдаг учраас зав, зай тун бага олдох юм.

-Та театрт орохдоо жүжигчин биш үйлчлэгчээр орж байсан нь их сонин санагдсан. Энэ тухайгаа дурсаач?

-Одоо үед хүмүүс ихэвчлэн шууд л дарга болох хүсэлтэй болж дээ. Гэхдээ хүн бүр бол биш шүү. Аливааг тэгээс нь эхэлж чадах, ядахаараа хичээдэг хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Харин бидний үед бол хүмүүжил нь л тийм байсан. Бидэнд биеэ тоож, онгирч болохгүй, ахмадын үгийг сонсох хэрэгтэй гэж сургадаг байлаа. Ийм үнэ, цэнэтэй үгсийг сонсож өсөн, тийм хүмүүжлээр хүмүүжсэн учраас ямар ч зүйлийг багаас нь эхлэх хэрэгтэй гэж боддог байсан даа. Би гурван жил үйлчлэгч хийсэн. Үйлчлэгчийг цэвэрлэгээний болоод үйлчилгээний гэж хоёр хуваадаг. Намайг Таяа дарга минь үйлчилгээний үйлчлэгчээр авч байж билээ.

Image result for Ж.Оюундарь-Харин дараа нь Драмын театрын жүжигчин болчихоод хамгийн анх тайзнаа гарахад ямар байсан бэ?

-Ер нь театрын тайз гэхээсээ илүү ямар ч тайзан дээр гарах амар биш. Би хамгийн анх Багшийн дээдийн Кино, драмын ангид сурч байхдаа бидний ярьдгаар 311 номерын тайзан дээр гарч байлаа. Тэр бол үе, үеийн оюутнуудын хөлс, хүч хөдөлмөр шингэсэн хамгийн дурсамжтай тайз байсан даа.

-Та өдийг хүртэл театртаа үнэнч хэвээрээ яваа цөөн жүжигчдийн нэг. Энэ сонголтдоо харамсах үе байдаг уу?

-Би театртаа чин сэтгэлээсээ хайртай. Тийм ч учраас би өөрийнхөө амьдралыг нэг талаараа золиосолж театртаа үнэнчээр явж байгаа байх. Түүнчлэн бидний мэргэжил бол тэр чигээрээ зорилго. Оногдсон дүрээ сайн амилуулах зорилгоо биелүүлсэн ч дараагийн дүр нь мөн л шинэ зорилготой болдог. Тиймдээ ч би өөрийгөө өдийг хүртэл зорилготой амьдарсан гэж бодож байгаа. Ихэнх хүмүүс надаас харамсдаг уу гэж асуудаг юм. Би хэзээ ч харамсч байгаагүй. Зорилготой явсныхаа дүнд дуудах нэрийг ээж, аав минь өгсөн хэдий ч дуурсах алдрыг би өөрөө олж авсан. Монгол Улсын гавьяат жүжигчин гэх энэ эрхэм цолыг хүртсэндээ баярлаж явдаг шүү. Зорилготой явсны минь баталгаа юм даа.

-Таны аав Монгол Улсын Ардын жүжигчин Л.Жамсранжав. Жүжигчин хүний хувьд аавынхаа хэмжээнд хүрсэн гэж өөрийгөө боддог уу. Ер нь хэмжээнд нь хүрэхийн тулд хэр их хөлс хүч, хөдөлмөр шаардах бол?

-Аавын хэмжээнд хүрэх нь битгий хэл, ер нь энэ мэргэжлийг гүйцэд эзэмшинэ гэж ерөөсөө байдаггүй. Би жүжигчин хүнийг мэргэжлийнхээ оргилд нь хүрлээ, мундаг боллоо гэсэн мэдрэмжийг авах эрхгүй хүмүүс гэж боддог. Оюутнууддаа ч тэгж хэлдэг юм. Бид үргэлжийн мөнх л суралцаж байх учиртай хүмүүс.

-Аавын тань бүтээсэн дүрүүдийг үзэгчид болоод мэргэжлийнхэн ч тэр үнэлсэн байдаг. Харин таны хувьд аль дүр нь хамгийн шилдэг санагддаг вэ?

-Тэр хүний ажлыг дүгнэнэ гэвэл би балчирдана. Уран бүтээл дээрээ үнэхээр чин сэтгэлээсээ ажилладаг. Аливаад хайнга хандаж, оромдож өнгөрдөггүй. Бүхий л нөөц бололцоогоо дайчилж ажилладаг. Миний хувьд ямар ч зүйлд чин сэтгэлээсээ хандахыг хичээдэг нь аавын минь энэ яс чанар байх.

Ер нь аавын минь бүтээсэн ямар ч дүрийг харсан энэ дүр онцгүй шүү гэж хэлэгддэггүй гэж манай ахмадууд ярьдаг. Надад ч гэсэн. Би багадаа У.Шекспирийн “Отелло” жүжгийн Родриго, Яго, “Лир ван” жүжгийн Францын хаан, “Гамлет” жүжгийн Гамлет, Э.Войнычийн “Овод” жүжгийн Овод зэргийг үзэж байлаа. Тэр дундаа “Овод” жүжигт Ардын жүжигчин Мэндбаяр, Нямсүрэн, Гомбосүрэн гээд манай сор болсон хүмүүс тоглосон. Надад тэр жүжиг хэзээ ч мартагддаггүй. Мөн алдарт “Гамлет” тавигдахад би хэдий жаахан хүүхэд байсан ч гурван цагийн турш гарч байгаа тэр жүжгийг шимтэн үзээд сууж байсан юмдаг. Тэгэхээр жүжигчдийн ур чадвар ямар сайн байсныг илтгэх байх. Хийсэн уран бүтээл бүр нь л их сайхан даа. Бас нэг кино байдаг юм. Бага байсан болоод ч тэр үү, киноных нь нэрийг цээжлээгүй үлджээ. Гэхдээ аав минь гэртээ орж ирээд л “Нөгөө кинонд миний тоглосон хэсгийг хассан гэнэ. Болохгүй байсан юм байх” гэж билээ. Гэхдээ тэр хэсгийг Оюун гуай гайхалтай сайхан дүр болсон байна гэж оюутнуудад хичээл болгон зааж байсан гэдэг юм. Ер нь бол баримтаар үлдсэн, үлдээгүй олон сайхан дүр байдаг. Хүмүүсийн мэдэж байгаа нь л цөөхөн боловч маш сайхан дүрүүдийг бүтээсэн дээ.

-Уран бүтээлч хүнийх нь хувьд уншигчид маань мэдэх байх. Харин аав хүнийхээ хувьд ямар хүн байсан бол?

-Аав минь нийгмээсээ түрүүлж төлөвшсөн хүн байсан юм болов уу даа. Одоо бидний нийгэмд хэрэг болохуйц дадлыг 20, 30 жилийн өмнө хүүхдүүддээ хэлж, сургаж байсан. Наад зах нь цаг барих хэрэгтэй, хог хаяж болохгүй, орцондоо сараачиж болохгүй, энэ бол та нарын орчин гэнэ. Бага ярьж их хий, аливаад сэтгэлээсээ ханд гэх мэтээр л сургадаг байв. Аав, ээж хоёр минь их нямбай хүмүүс. Энэ бүхэн нь бидэнд маш том хүмүүжил болсон юм. Ер нь аав минь хүмүүжил сайтай, уян зөөлөн хүн байсан. Заримдаа гэрийнхэндээ “Ээж, аав хоёр биднийг арай л сайн хүмүүжүүлчихжээ. Одоо үед чинь худлаа ярьж, хулгай хийдэг хүн л сайн явдаг болчихсон юм биш үү. Бага ч гэсэн сурсан бол дээр байхгүй юу” гэж наргиан болгож суудаг юм.

Ер нь тэгээд ээж, аавын тэр хүмүүжил бол хэзээ ч холддоггүй. Үр хүүхдээ ч тэр, яг л тэр жишгээр хүмүүжүүлдэг юм байна. Худлаа ярина гэдэг хулгайчийн дүү нь шүү миний хүү гээд л сургана. Бас л өнөөх цаг баримтлах тухай хэлсээр байгаад сургачихсан. Хүү минь бараг 30 минутын өмнө оччих гээд л зүтгэнэ шүү дээ.

-Ах, дүү нараас тань жүжигчин мэргэжил эзэмшсэн хүн бий юү?

-Байхгүй. Гэхдээ манайхан тавуулаа их авьяаслаг хүмүүс. Аав, ээж хоёр минь сайхан дуулчихдаг, хөгжимддөг, зурдаг тал бүрийн л авьяастай. Тиймдээ ч манайхан найранд гурван дуутай, бас чиг давгүй зурчихдаг шүү. Мөн манай нэг дүү бурхан бүтээдэг. Гэхдээ би тэр дүүгээ маш сайн найруулагч болох байсан болов уу гэж хардаг юм. Уран бүтээлч хандлага, мэдрэмж маш өндөртэй. Мөн аавын минь аливааг найруулан бичих авьяас нь эгчид байдаг. Тэгэхээр бид ээж, аав хоёрынхоо авьяас, билгээс хоосонгүй л төрсөн байгаа биз. Харин гэрийнхнээсээ ганцаараа л аавынхаа мэргэжлийг эзэмших хувь надад тохиосон. Бусдадаа хүртээгээгүй юм шиг байгаа юм. (инээв)

-Хэрэв таны хүү жүжигчин болно гэвэл та яаж хүлээж авах вэ. Зөвшөөрөх үү?

-Жүжигчин болбол яаж хүлээж авахаа сайн мэдэхгүй байна. Гэхдээ саяхан миний хүү “Ээж ээ, би ер нь жүжигчин болох ёстой юм байна. Өвөө, ээж хоёр минь жүжигчин. Тэгэхээр би ч гэсэн жүжигчин болох хэрэгтэй. Энэ удмыг би тасалж болохгүй” гэсэн шүү. Миний хувьд “Заавал тийм шалтгаанаар жүжигчин болно гэж бодох хэрэггүй. Чи л өөрөө хүсч байвал болно. Гэхдээ л дэмий байх даа” гэж хэлсэн. Миний хувьд өөрөө л шийдвэрээ гарга гэж бодож байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Дэлгэрсайхан: Нийтийг төлөөлсөн этгээд уриалсан учраас татвар дээр компаниудыг буруутгахгүй байх үндэслэлтэй

СЭЗДС-ийн багш Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-МҮХАҮТ-аас төсвийн тодотголтой холбоотойгоор мэдэгдэл гаргачихлаа. Тодотголыг энэ хэвээр нь баталбал энэ сарын аравдаас эхлээд татвар төлөлтөө хийхгүй гэж байгаа. Ийм нөхцөл үүсвэл яах бол?

-Төсвийн тодотгол энэ хэвээрээ батлагдаж, аж ахуйн нэгжүүд татвар төлөлтөө зогсоовол эдийн засагт нэлээд хүндрэл үүснэ. Төсвийн орлогын дийлэнх нь татвараас бүрддэг, татварын бус орлого багатай учраас хэцүү л дээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаалийн татвар бол төсөв бүрдүүлэх гол эх үүсвэр. Гэхдээ ийм байдалд хүрэхгүй байх. Татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн эсэргүүцэл буруу зүйл биш. Татварыг нэмэх нь тодорхой шалтгаантай байх ёстой. Татвар нэмэх орчин, цаг хугацаа, нөхцөл бүрдсэн байх учиртай. Манай улсын хувьд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа тэгтлээ сайжраагүй, эдийн засаг төлөвшөөгүй. 20 гаруй жил төлөвшсөн тогтвортой, сайн бүтэц бүхий эдийн засгийг бий болгож чадаагүй харамсалтай үнэн бий. Аж ахуйн нэгжүүдийн орлого сүүлийн жилүүдэд буурсан. Эдийн засгийн уналтаас шалтгаалаад хүнд байдалтай байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэдийн орлого ч сүүлийн хоёр жил дараалаад өндөр хэмжээгээр буурсан. Саяхны статистикаас анзаарахад бага зэрэг өссөн дүн харагдаж байна. Ийм нөхцөлд татвар нэмэх нь таатай үйлдэл биш.

-Бизнес эрхлэгчид татвараа төлөхгүй бол наад зах нь төрийн албан хаагчдын цалин тавигдах боломжгүйд хүрэх байх. Татвар төлөлт зогссоноор ямар эрсдэлүүд үүсэх вэ?

-Төсвийн нийт зардлын 20, 30 хувийг цалин хөлс эзэлдэг. Цалин хөлс олголт мэдээж зогсоно. Төрийн үйлчилгээ тасалдах эрсдэл бий. Аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээ үзүүлдэг татвар, гааль, тээвэр гээд төртэй холбоотой бүх процесст доголдол үүсэх магадлалтай.

-Өмнө нь ийм тохиолдол гарч байсан уу?

-Манай улсад бол тохиолдож байгаагүй. Хоёр жилийн өмнө АНУ төсвөө баталж чадаагүйгээс болж төрийн албан хаагчдын цалин зогсч, тодорхой хугацаанд төсөвгүй явж байсан тохиолдол бий.

-Татвар төлөх бол компаниудын хуулиар хүлээсэн үүрэг, татвар төлөлт зогссон тохиолдолд хууль зөрчсөн асуудал компанийн захирлуудын түвшинд яригдах байх гэсэн болгоомжлол бий. ийм эрсдэл байгаа болов уу?

-Хууль зөрчиж буй байдал үүснэ. Монгол Улсын хуулиар орлого олсон хэн бүхэн татвар төлөх үүрэгтэй. Төрийн тодорхой шийдвэрийг эсэргүүцэж татвар төлөхгүй байна гэдэг бол хууль зөрчсөн үйлдэл. Тийм үндэслэл байгаа. Тэгэхээр ийм байдалд хүргэхгүйгээр асуудлыг шийдэх нь л хамгийн чухал гэж бодож байна. Хүргэхгүй байх боломж нь ховор. Аж ахуйн нэгжүүд маань ойлгож, хүлээн зөвшөөрөх асуудал байж магадгүй юм. Түүнээс биш нөгөө талаас Валютын сантай тохирсон тохиролцооны хүрээнд татвар нэмэх шаардлага үүссэн гэсэн тайлбарыг нэгэнт тавьчихсан. Зарим татварыг хэсэгчилсэн бага хэмжээгээр гэхээс биш бүх татварыг нэмэхгүй байх боломж бага юм шиг харагдаж байна.

-Танхимын ерөнхийлөгч компанийн захирлууд энэ асуудлыг тавиагүй, би ярьж байгаа учраас хамтын шийдвэр гэж явна. Тиймээс компанийн түвшинд хариуцлага яригдах боломжгүй гэсэн агуулгатай тайлбар хийсэн. Тийм боломж бий юү?

-Нийтийг төлөөлж байгаа этгээд ярьсан, уриалсан учраас тодорхой нэг гишүүний эрх ашиг биш гэж ойлгож болох юм. Гэхдээ бас эргэлзээтэй. Хэдийгээр мэдэгдэж, ярьж байгаа нь Лхагважав ч гэсэн татвар төлөхгүй үйлдэл хийх субьект нь гарцаагүй компанийн захирал.

-Валютын сан татвараа заавал нэм гэсэн үү, үгүй юү гэсэн эргэлзээ, шүүмжлэл сонсогдож байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Валютын сангийн энэ удаагийн хөтөлбөр манай улсын өмнө нь хамрагдаж байсан “Стэнд бай” биш. Өргөтгөсөн гэж нэрлээд байгаа санхүүжилтийн хөтөлбөрийн хувьд харьцангуй боломжийн, урт хугацаатай, цуврал маягаар хэрэгждэг. Санхүүгийн хүндрэлд илүү өртсөн улсуудад хэрэгждэг хөтөлбөр учраас өмнөхөөс илүү шалгуурууд тавьсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ингэж хардах эрх аж ахуйн нэгжүүдэд бий. Тэр дундаа аж ахуйн нэгжүүдийг төлөөлж байгаа субьектын хувьд байж болох хардлага. Учир нь татвар нэмэх шийдвэр өнөөгийн эдийн засагт нэлээд хүнд тусахаар байгаа нь үнэн.

-Эдийн засаг хэцүү үед татвар нэмж болохгүй гэсэн тайлбарыг танхимаас хийж байна л даа. Нөгөө талаас эдийн засгийн үзүүлэлтүүд дажгүй гэсэн тайлбар байна. Эдийн засагч хүний хувьд өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд ямар дүгнэлт хэлэх вэ?

-Он гарсаар эдийн засгийн суурь нөхцөлүүд арай наашилсан, сайжирсан нь үнэн. Валютын сантай хамтрахаар боллоо гэсэн мэдээлэл цацагдсанаар олон улсын түвшин дэх Монголын нэр хүнд сэргэж байна. Эрдэс бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа учраас экспортын орлого нэмэгдэж байгаа. Ажилгүйдлийн түвшин бага зэрэг буурсан. Энэ мэт сайн мэдээ бий. Гэхдээ энэ мэдээллүүд эдийн засаг сайжирсныг илэрхийлэхгүй. Эдийн засгийн төлөв сайжрах суурь нөхцөлүүд харьцангуй эерэг болж эхэлж байна гэсэн нь илүү бодитой тайлбар. Ийм эерэг нөхцөлийг зөв ашиглах ёстой. Харамсалтай нь Валютын сангийн шаардлагаар татвар нэмэх нөхцөл бүрдэж байгаа нь тийм сайн зүйл биш. Гэхдээ өнөөдөр Валютын сантай хамтрахаас аргагүй нөхцөл үүсчихсэн л дээ.

-Хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл компаниудаас гадна иргэдэд хүнд тусна. Иргэдийн амьжиргаа ташраараа хүндхэн байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?

-Санал нэг байна. Нэмэх гэж байгаа татвар, шимтгэлүүд аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр ачаа болохоос гадна тэнд ажиллаж байгаа ажиллагсад, жирийн иргэдийн амьдралд шууд нөлөөтэй. Нефтийн онцгой албан татварын нэмэгдэл ч иргэдэд сайн нөлөө үзүүлэхгүй. Шатахууны үнэ өсвөл нийгэмд эсрэгээр нөлөөлнө. Ингээд харахаар аж ахуйн нэгжүүдийн эсэргүүцлийг буруутгах аргагүй.

-Татвар нэмэх гэх мэт асуудлаас гадна эдийн засгийн нааштай байгаа үзүүлэлтүүд дээрээ дөрөөлөөд том төслүүдээ хөдөлгөх гэх мэт гарц шийдэл хайх ёстой байх, тийм үү?

-Эдийн засгийн өсөлтийг богино хугацаанд түргэсгэх томоохон төслүүдийг хөдөлгөх гэх мэт гарц шийдлүүдийг хайх ёстой. Ингэж байж аж ахуйн нэгжүүд, иргэдэд ирэх сөрөг дарамтыг сааруулна. Харамсалтай нь одоо яригдаж буй төсвийн тодотголын хүрээнд энэ өнцгийг хөндөхгүй байна л даа. Төр яаж зардлаа бууруулах вэ, аж ахуйн нэгжүүдэд буцаагаад ямар бэлэг барих вэ гэдэг нь тодорхойгүй байгаа учраас бухимдал үүссэн тал бий. Жишээ нь төсвийн тодотголын хүрээнд эдийн засгийн өсөлтийг бууруулаад хасах руу оруулаад тавьчихсан. Ийм таамагтай нөхцөлд татвар нэмэх нь нийгэмд сөрөг дохио өгөхөөс аргагүй. Төрийн зардал төсвийн шинэчлэлийг яаралтай эхлэх нь чухал. 2017 оны төсвийн тодотголын хүрээнд энэ шинэчлэлийг хийх эхлэлийг тавьсан бол зөв харагдах байсан. Төрийн албан хаагчдыг аль болох аажмаар цөөрүүлэх бодлого гаргах хэрэгтэй. Төрийн урсгал зардлуудын түвшинд өрийн үйлчилгээнээс бусад зардлыг танахыг хичээх ёстой. Гэтэл тэгсэнгүй л дээ. Бас Сангийн яамны хийж буй тайлбар хангалттай бус байна. Сангийн яамны тайлбараас анзаарахад ипотек, Хөгжлийн банктай холбоотой зээлийн зардлаас болоод төсвийн зардал өссөн гэж байгаа. Гэтэл төсвийн баримт бичгүүдэд тодорхой нэг төсвийн ерөнхийлөн захирагчид дээр хөрөнгө оруулалт болон бусад зардал бага зэрэг өссөн харагдаж байна. Төрийн өссөн зардал бүр тодорхой тайлбар шалтгаантай байх учиртай.

-Валютын сангийн хөтөлбөр хэрэгжсэнээр бидэнд ямар давуу талууд үүсэх вэ. Эсрэгээрээ бидний алдаж буй боломж, хүлээж мэдэх эрсдэл гэвэл юу байна?

-Валютын сангийн хөтөлбөрт хамрагдах нь маш зөв сонголт. Эдийн засгийн өнөөгийн нөхцөлд үүнээс өөр сонголт байхгүй. Валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаар болсон гэх мэдээллийн үр нөлөө аль хэдийнэ ажиглагдаад эхэлчихсэн. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар нүүр тулсан өрийн дарамтыг давж чадлаа. Олон улсын зах зээл дээрх нэр хүндээ сэргээлээ. Сүүлийн үед үүнтэй холбоотойгоор гадны томоохон байгууллага, хэвлэл мэдээллийнхний Монголын талаарх мессэжүүд эерэг болж эхэлж байна. Сүүлийн хэдэн жил Монголын талаар ийм эерэг мессэж гараагүй. Цаашилбал илүү олон эерэг өгөөж бий. Валютын урсгал нэмэгдэнэ, валютын ханшийн хэлбэлзэл тодорхой хугацаанд багасч тогтворжино, олон улсын зах зээлээс багагүй хэмжээний санхүүжилт татах боломж нээгдэнэ. Төсвийн шинэчлэл, өрийн зөв удирдлага гэх мэт хийе гээд хийж чадахгүй өнөөг хүрсэн зүйлүүдээ шийдчих боломжтой. Хөтөлбөрт хамрагдсаны сөрөг тал гэвэл тодорхой үйлдлүүдийг Валютын сангийн хязгаарлалтын хүрээнд шийдвэрлэхээс аргагүйд хүрнэ. Нийгмийн халамж, эдийн засгийн шинэчлэлийн бодлого, өрийн удирдлагын асуудал гэх мэтийг тодорхой хяналтад хийхээс өөр арга байхгүй. Хяналтыг зөв ажиллуулж чадвал бидэнд эерэгээр нөлөөлж ч мэднэ. Мэдээж дураараа авирлах боломж хязгаарлагдана. Дураараа авирлаад ямар байдалд хүрч болохыг өнгөрсөн таван жил баталчихсан.

-Төсвийн тодотголд хүлээн зөвшөөрөхөөс аргагүй ямар шийдлүүд байна вэ?

-Хийвэл зохистой нэлээд хэдэн зүйл байна. Нийгмийн хавтгайрсан халамжаа эргэж харах цаг болсон. Хүүхдийн мөнгөний тухайд байж болох шийдэл. Хуучин машины татвар ба хадгаламжийн хүүгийн татвар ч зөв алхам. Хадгаламжийн хүүнээс татвар авах асуудал цаг хугацааны хувьд яг одооноос хэрэгжүүлэх нь хэр зохистой юм бол гэсэн бодол байна. Бага зэрэг эргэлзээ бий. Монголд санхүүгийн зах зээл төлөвшиж чадаагүй, зээлийн хүүгийн түвшин өндөр, Засгийн газрын хүү хадгаламжийн хүүгээс давсан байгаа ийм үед хадгаламжийн хүүнээс татвар авах нь хуримтлалд хандах иргэдийн сонирхлыг бууруулах сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.


Categories
мэдээ цаг-үе

С.Ламбаа: АН дангаараа төр засгийг тэргүүлж байсангүй

Ардчилсан нам энэ өдрүүдэд 27 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Энэ намын түүхэн замнал хийгээд шинэчлэлийн хүрээнд УИХ-ын гишүүн асан С.Ламбаатай ярилцлаа.


-Монголчууд нэг намын тогтолцоог халж олон намын тогтолцоотой болсноор ардчиллын замд эргэлт буцалтгүй орж байсан цаг саяхан мэт боловч 27 жилийг үдсэн байна. АН-ын ой ч энэ өдрүүдэд болж өнгөрлөө. тэртээ 1990 оныг эргэн санахад ямар дурсамж сэргэж байх юм?

-Би тэр үед Эрхүүгээс ирээд Шинжлэх ухаан дээд боловсролын улсын хороонд ажиллаж байсан л даа. 1989 оны тэсгим хүйтэн өвлийн тэр нэг өглөө хорооны даргын шуурхай зарлаж, яаран сандран иртэл М.Даш дарга урьд шөнө нэр зүс үл мэдэгдэх хүмүүс ард иргэдийг ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэхийг уриалж байшингийн булан, гэрлийн шонд ухуулах хуудас наасан тухай мэдэгдэж их дээд сургуулиуд дээр хатуу хяналт тавих үүрэг өгсөн. Удаж төдөлгүй “Монголын ардчилсан холбоо” гэгч байгууллага байгуулагдсанаа тунхаглан зарлаж нөгөө нэр зүс үл мэдэгдэх залуус маань ил гарч туг, лоозон барьсан залуучууд бүчиж анхныхаа цуглааныг одоогийн хүүхэд залуучуудын ордны өмнө хийсэн. Цогтсайхан, Энхбаяр хоёр “Хонхны дуу”-гаа дуулж, С.Зориг, Ц.Элбэгдорж нарын залуус уур савсуулан үгээ хэлж, туг лоозон барьсан залуучууд уриа хашгираад л сүртэй юм болсон. Үнэхээр энэ цуглаан эр зоригийн, хамгийн содон цуглаан байсан болохоор тэр орчмын уур амьсгал одоо ч нүдэнд харагддаг юм. “Монголын ардчилсан холбоо”-ны залуучуудын дуу хоолой эрч хүчээ авч арванхоёрдугаар сарын 28-нд МУИС, Шинжлэх ухааны академийн физик, математикийн хүрээлэнгийн багш, эрдэмтэд гол цөм нь болсон Бат-Эрдэнийн Батбаярын (Баабар) удирдсан “Ардчилсан социалист хөдөлгөөн” МУИС-ийн танхимд, 1990 оны нэгдүгээр сарын 19-нд Политехникийн дээд сургуулийн Улс төрийн эдийн засгийн ухааны тэнхимийн багш Дамдинсүрэнгийн Батсүхийн тэргүүлсэн эдийн засагчид гол цөм нь болсон “Шинэ дэвшилт холбоо” Политехникийн дээд сургуулийн танхимд үүсэн байгуулагдсан. Жагсаал цуглаан олширч, төр засагт тавих шаардлага ширүүсч, Баабарын “Бүү март, мартвал сөнөнө” товхимол нууцаар тараагдаж хүмүүсийн гар дамжин уншигдаж эхэлсэн. Дээрхи хөдөлгөөнүүд их хуралдайгаа зохион байгуулж, 1990 оны хоёрдугаар сарын 18-нд Монголын Ардчилсан нам, гуравдугаар сарын 2-нд Монголын Социал демократ нам, гуравдугаар сарын 11-нд Монголын Үндэсний дэвшлийн нам байгуулагдсан түүхтэй. Энэ бол Монголд олон намын тогтолцоо бий болох үндэс болсон.

Нийслэлд өрнөсөн тэмцэл монгол орны өнцөг булан бүрт хүрч жагсаал цуглаан тасрахаа больж, гуравдугаар сарын 4-нд байхаа 90 мянга гаруй хүнийг хамарсан Ардчилсан хүчнүүдын анхны хамтарсан цуглаан одоогийн Эрх чөлөөний талбайд эхэлж улмаар жагсаалаар төрийн ордны өмнө ирж хамтарсан мэдэгдлээ эрх баригчдад гардуулж байсан л даа. Эрх баригчид Ардчилсан хүчнүүдийн хамтарсан мэдэгдэлд дурдсан шаардлагуудыг хүлээн авах боломжгүй гэсэн тул мартын наймны урьд өдөр Э.Бат-Үүл, Б.Батцэнгэл, Б.Батбилэгт, Б.Бошигт, Б.Галсандорж, Д.Дорлигжав, И.Жавхлант, Д.Нинж. З.Эрдэнэбат, Д.Энхбаатар нарын 10 хүн их жанжны талбайд өлсгөлөн зарласан. Эцэст нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ж.Батмөнх гуай харуй бүрий болсон тэр нэгэн орой радио телевизийн студид өөрөө очиж, МАХН-ын улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон тухай зарласнаар залуучууд зорилгодоо хүрч, 70 жил төрд дангаар ноёрхсон МАХН-ын дарангуйллыг зогсоож, ардчилсан хувьсгалын ялалтын тугаа тайван замаар мандуулж чадсан.

-1990 онд ардчиллын төлөө дуу хоолойгоо өргөж, жагсаж тэмцэж явсан өдрүүд мэдээж таны сэтгэлд маш тодхон байдаг байх. Энэ хугацаанд 30 насны босго шүргэж явсан залуус эрийн цээнд хүрч Ерөнхийлөгчөөс эхлээд Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн гээд хүрч болох бүх албыг хашлаа. та бүхний тэмцэл өнөөдрийн Монголыг бий болгоход хамгийн гол оролцоотой байсан байх. Анх хүсч байсан тэр зүйлдээ та бүхэн хүрч чадсан уу?

-Өө тэгэлгүй яахав, тэр үеийн үйл явц кино шиг л нүдэнд харагдана шүү дээ. Тэр үед ёстой 30 хүрээгүй залуучууд л тэмцэж, МАХН-ын төрийн томчуудтай хэлэлцээр хийж явсан. Одоо тэд бүгд тавь жар хүрчихэж. Олон хүн төрийн өндөр алба хашсан байна. Гэхдээ тэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн болчихоор бүх юм сайн сайхан болчихно гэж байхгүй л дээ. Хөгжил гэдэг чинь тасралтгүй үргэлжлэх үйл явц болохоор шинэ шинэ зорилтууд аяндаа л урган гарна. Дэлхийн эдийн засгийн байдал, тэр ч бүү хэл их гүрний удирдагч өөрчлөгдөхөд л эдийн засаг, улс хоорондын харилцаанд шинэ уур амьсгал орж байна шүү дээ. Гэхдээ бид тэр үед ярьж, дэвшүүлж байсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж ирсэн. Ардчилсан хувьсгал монголчуудад асар их үнэт зүйлийг бий болгосон. Бидний монголчууд улс орныхоо улс төр, эдийн засгийн тусгаар тогтнолыг жинхэнэ утгаар нь баталгаажуулж, эзэн богд Чингис хаанаараа овоглосон Монгол Улсаа шинэ ардчилсан Үндсэн хуулиараа тунхаглан зарласан нь бидний хамгийн том үнэт зүйл. Дэлхийн хүн Чингис хааныхаа нэр төрийг сэргээж, хөшөөг нь төрийн ордныхоо хойморт залсан. Эцэг өвгөдийнхөө түүх, бичиг, соёлыг сэргээж, дэлхийн сонорт хүргэсэн. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг ард түмэндээ олгосноор монгол гэдэг нэр дэлхийн сонорт хүрсэн. Нам төвтөй төрийн тогтолцоог халж, Парламентын засаглалыг тогтоож, Монгол Улсын иргэн хэн боловч бүх шатны төрийн төлөөллийн байгууллагад сонгох, сонгогдох эрхээ эдэлсэн юм. Түүнчлэн монголчуудад дэлхийн хаана ч явж сурч боловсрох, ажиллаж амьдрах эрх, эрх чөлөөг олгосон. Бас малчдад 20 гаруй сая малыг нь буцаан өгч ардын аж ахуйтан болгож, өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй иргэддээ 200 гаруй тэр бум төгрөгийн үнэ бүхий орон сууцыг нь үнэ төлбөргүй хувьчилсан. Хөгшид буурлууддаа шүтэн бишрэх эрх, эрх чөлөөг нь олгож, нийгмийн гэх эзэнгүй өмчлөлийн харилцааг устгаж, хувийн өмчийг хүн бүхний амьдралын үндэс болгож чадсан.

-Хамт мөр зэрэгцэн явсан, ардчиллын үйл хэргийг эхлүүлэлцэж явсан анд нөхдийнхөө талаар дурсахгүй юу?

-Бид чинь тэр үед мэргэжил боловсрол, нөхөрлөлөө түшиглэж хөдөлгөөн, намд нэгдсэн юм шүү дээ. Би гэхэд Д.Батсүхийнхээ толгойлсон “Шинэ дэвшилт” холбоонд нэгдсэн. Д.Батсүх, Да.Ганболд бид гурав өмнө нь МУИС-ийн Улс төрийн эдийн засгийн ухааны тэнхимд хамт багшилж байсан. Тухайн үед Да.Ганболд Намын дээд сургуулийн багш, би Шинжлэх ухаан дээд боловсролын хороонд хэлтсийн даргын албатай байлаа. Манай “Шинэ дэвшилт” холбоонд эдийн засагчид голлож байсан. Гэхдээ дандаа эдийн засагчид байсан гэж болохгүй л дээ. Манай Шүхэртийн Алтангэрэл гэхэд Орос хэлний дээд сургуулийн багш, ямар сайндаа 1990 оны чөлөөт сонгуулиар орос хэлний дээд сургууль одоогийн Хүмүүнлэгийн их сургуулийн хашаан дотор “Шинэ дэвшилт” холбооны гэрийг барьж, тугаа мандуулчихаад үзэж тарж байхав. Нэрт зохиолч О.Дашбалбар, Л.Дашням гээд олон хүн байсан. Ардчиллын төлөө зүтгэсэн намын журмын олон нөхөд, УИХ, Засгийн газар, яам тамгын газар, аймаг орон нутагт ажиллаж байсан төр, нийгмийн зүтгэлтнүүд гэвэл тоо томшгүй дээ. Тэдний талаар дурсамжаа ярина гэвэл хэдэн боть болох биз.

-Ардчилсан нам энэ хугацаанд хоёр удаа парламентад эрх барьж, зарим тохиолдолд хамтарсан Засгийн газарт орж ажиллаж байсан. Та ч бас сайдаар ажиллаж байсан. Үр дүнд хэр хүрсэн бэ. Ард түмэн бол яахав сайн муугаар ярих л юм. Гэхдээ урагшилсан зүйлс их байгаа байх л даа?

-Ардчилсан нам өнгөрсөн 27 жилд салж бутарч, нэгдэж нийлж, ялж ялагдаж явсан ч улс орныхоо улс төр, эдийн засгийн тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөө, шинэ Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө эргэлт буцалтгүй тэмцэж, сайн муугаар хэлүүлж ирсэн нь түүхэн үнэн. Гэхдээ бид төр түмнийхээ өмнө хийсэн юмтай, хэлэх үгтэй. 1996-2000, 2012-2016 онд Ардчилсан нам УИХ-д олонхийн суудал авч төрийн эрх мэдлийг барьж байсан. Гэхдээ нэг ч удаа дангаараа Засгийн газраа байгуулж ажиллаж байсангүй. Дандаа л Эвслийн Засгийн газар байгуулж байсан. 2004 онд ойролцоо суудалтай байсан болохоор АН, МАХН хоёр Эвслийн Засгийн газар байгуулсан. Бас 2008 онд үнэмлэхүй олонхи болсон МАН (МАХН)-ын Эвслийн Засгийн газарт АН орж ажилласан. Энэ бол АН Монголд хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн хүчин болохоо баталж байгаа хэрэг. 1996 онд УИХ-ын 51 суудал авсан нам эвсэл олонхи болдог хууль үйлчилж байсан. “Ардчилсан холбоо” эвсэл 50 суудал авсан болохоор нэг хүний дутуугаас болж сөрөг хүчний тоглолтод өртөж хийе гэсэн бүхнээ хийж чадаагүй. Гэхдээ энэ дөрвөн жилд Монголын эдийн засаг, нийгмийн шинэчлэлийн олон чухал хууль батлагдаж Засгийн газар хэрэгжүүлсэн. Миний дээр хэлсэн үнэт зүйлийн дийлэнх нь энэ цаг хугацаанд биеллээ олсон гэж хэлж болно. 2008-2012 онд МАХН үнэмлэхүй олонхи болсон ч АН Их хуралд 25 гишүүнтэй, Засгийн газарт зургаан сайдтайгаар ажиллсан. Би энэ хугацаанд Эрүүл мэндийн сайдаар ажилласан. Эрүүл мэндийн салбарт л гэхэд Ерөнхий сайдын санаачилгаар 23 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 10 гаруй аймагт оношилгооны төв байгуулж, элэгний С вирусийг эмчлэх зорилгоор “Харвони”, “Ледвери” зэрэг эмүүдийг эмчилгээнд нэвтрүүлсэн.

-МАН-ын нөхдийн ярьж байгаагаар хавдарын эсрэг тэмцэл Монголд одоо л эхэлж байгаа юм биш үү. Таныг сайд байх үед нэг их анхаарал тавиагүй юм уу?

-Өнөөдөр хавдрын эсрэг тэмцэл эхэлж байгаа юм шиг ярих нь инээдэмтэй л дээ. Энэ асуудалд олон жил төр засаг анхаарч ирсэн. Би хувьдаа хоёр жил яригдсан Элэгний С вирусийн дээрх эмүүдийг Эрүүл мэндийн даатгалд хамруулсанд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд талархаж байгаа. Монголчууд ядуу учраас хичнээн хямд ч гэсэн төлбөр төлөх чадваргүй байсан болохоор хамралт сайнгүй байсан. Одоо сайжрах байх. Өнөөдөр энэ эмүүд, өндөр өртөгтэй оношилгоо, эмчилгээ даатгалд хамрагдах болсон нь бидний өмнөх парламентаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг батлуулж, даатгалын санг нэмэгдүүлсэнтэй холбоотой гэдгийг ч хэлэх хэрэгтэй. Бид 2016 оны хавар В гепатитын таван эмийг даатгалд хамруулсан. Ер нь хавдрын өвчлөлтөй тэмцэх ажил өнөөдөр биш 2009 оноос эрчимжсэн. Хавдар судлалын үндэсний төвийн хамт олон ХААН банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр МҮОНТ-тэй хамтарч “Хавдрын аян”-г эхлүүлж, урьдчилан сэргийлэх үзлэгийг орон даяар өрнүүлж, өвчинг эрт илрүүлж эмчилж эхэлсэн. Эрт илрүүлгийг хийж чадахгүй цаг алдсанаас хорт хавдраар олон зуун хүн нас барж байсан. 2009 онд Тэргүүн хатагтай Болормаа “Хавдаргүй Монгол” төрийн бус байгууллага байгуулж өнгөрсөн хугацаанд олон ажлыг хийж байна. Мөн Эрүүл мэндийн яам А гепатитын эсрэг вакциныг 2011 онд анх удаа Монголд оруулж, улмаар УИХ-аас дархлаажуулалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, энэ вакциныг хүүхдийн товлолд оруулж төсвийн хөрөнгөөр жил бүр хийдэг болгосон. Ингэснээр “шар өвчин” гэж хүүхдүүдийг нөмөрч байсан аюул алга болж байна.

-Монгол Улсын хөгжил, хүн ардын маань амьдрал нэг л сайхан болж өгөхгүй, зогсонги байдалтай байгаад ч байгаа юм шиг. Таны бодлоор ямар байна вэ?

-Хүмүүс өмнөхөө мартахдаа амархан юм. Бас 1990 оноос хойш төрж өсч байгаа залуу үе маань өмнө нь ямар байсан тухай огт мэдэхгүй, зарим талаар хуучин нам маань мэдүүлэхийг ч хүсэхгүй байх шиг. Монгол Улс өнгөрсөн 27 жилийн дотор улс төрийн хүрээнд асар том өөрчлөлтүүдийг хийсэн гэдгийг би дээр хэлсэн. Хөгжлийн тухайд өнөөдөр улаанбаатарчууд зөвхөн эргэн тойрноо харахад л ойлгомжтой байгаа шүү дээ. Хэзээ л ийм сүрлэг өндөр байшин барилга, машин тэрэг, зам харгуй байлаа. Чөлөөт эдийн засаг гэдэг хөгжлийг дагуулдаг. Хамгийн гол нь бид хөгжлийн алсын хараагаа тодорхойлсон урт хугацааны төлөвлөлтгүй намуудын “ялалтад” зориулсан хоосон амлалт бүхий мөрийн хөтөлбөрөөр явснаас цаг хугацаа их алдлаа. Дандаа улс төрийн хожоо бодож бие биенээ үгүйсгэнэ. Үүнийг ойлгоод байгаа хэрнээ одоо ч гэсэн МАН 65 суудал авчихаад өмнөх дөрвөн жилд хийсэн бүтээснээ харлуулж, тэр бүхнийг нэр солих маягаар өөр дээрээ наах ажлыг хийж байран дээрээ эргэлдээд л байна. Ингэхлээр яаж улс орон хөгжиж ард иргэдийн амьдрал дээшлэхэв. Үүний оронд сөрөг хүчинтэйгээ хамтарч парламентын засаглалаа бэхжүүлэх хүрээнд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үнэндээ Үндсэн хуулийн зарим заалт өнөөдрийн шаардлагад нийцэхгүй болчихоод байна. Бидний өмнө олон асуудал байна. Яагаад монгол хүн гадагшаа явахгүйгээр эх орондоо өндөр цалин, орлоготой ажиллах, сурч боловсрох, эмнэлгийн тусламж авах нөхцөлийг бүрдүүлж болохгүй гэж. Яагаад олон нам ард түмнийхээ өргөн хүрээтэй зөвшилцөл дор байгальд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж болохгүй гэж. Яагаад намынхаа эрх ашгийг умартаж, улс орны хөгжил, ард түмний нийтлэг эрх ашгийн үүднээс асуудлыг зоригтой шийдэж болохгүй гэж.

-Өнөөгийн АН-ыг бий болгоход ардчиллын төлөөх үзэл баримтлалтай намууд нэгдэж байсан. Харамсалтай нь нэгдсэн намууд өнөөдөр фракцын зарчмаар нам дотроо хуваагдан сууж байгаа. Үүнээс гарах зам бий юү. Фракцыг хална гэдэг ч үнэндээ хэцүү юм шиг байна?

-1996 онд “Ардчилсан холбоо” эвсэлд нэгдэж хамтын хүчээр 50 суудал авч ялалт байгуулсан намууд маань задарч 2000 оны сонгуульд МАХН-тай биш хоорондоо өрсөлдөж МАХН-д 72 суудал бэлэглээд 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд ардчиллын таван нам Ардчилсан намын туган дор нэгдсэн. Энэ бол ардчилсан хүчний намуудын хувьд том шийдвэр байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд эв нэгдлийг эрхэмлэж ирсэн хэдий ч нам толгойлж байсан хүмүүсийн төдийгүй тэдэнтэй барьцаж гарч ирсэн манай намын зарим лидерүүдийн байгуулсан бүлэглэлүүд нам дотор хоорондоо толхилцож, сүүлдээ УИХ-д нэр дэвших, албан тушаал хуваарилах асуудал тэдний мэдэлд шилжсэн. Энэ нь нам доторх фракцуудыг хүчирхэгжүүлж, ийм зохион байгуулалтад орохгүйгээр, аль нэг фракцыг дагахгүйгээр улс төрд байр сууриа эзлэх боломж манай намын гишүүдэд хаалттай болсон. УИХ-ын дарга З.Энхболд намын дарга болоод АН-ыг фракцгүй нам болгоно гэж зарлаад бодлогын зөвлөл байгуулсан ч бүх юман дээр нөгөө фракцын байр суурь байсаар л байсан. Сая намын даргад өрсөлдөхөд нам доторх фракцын төлөөллүүд гарч ирсэн гэдгийг бүгд л мэдэж байгаа. Тийм учраас намын дарга З.Энхболд таван нэр дэвшигчид таван сум атгуулаад явуулсан. Дараа нь болсон намын дотоод сонгуульд ч ялгаагүй хуучин фракцын сонирхлоор хандаж эцэстээ зарим фракцын төлөөлөл сонгуульд оролцсонгүй үлдлээ. Ингээд бодохоор нэгэнт бий болсон фракц гэдэг юмыг алга болгоно гэдэг хэцүү юм шиг байна. Гэхдээ Монголын ардчиллын баталгаа, дуу хоолой болж явах ёстой АН ингэж салж бутарч хоорондоо тэмцэлдэх нь бусдын “идэш” болно л гэсэн үг.

-Ардчилсан намын ойн баяр өндөрлөсний дараа та бүгдийн журмын нөхөр С.Зориг агсны мэндэлсэн өдөр энэ сарын 22-нд болно. Өнөөдөр манайхан бүгд түүнийг сайн хүн байсан хэмээн ярьдаг. Тухайн үедээ яг ямархуу залуу явсан юм бол?

-Намайг 1983 онд Москвагийн их сургуульд аспирантурт суралцахаар очиход С.Зориг агсан оюутан байсан. Монголдоо ирээд МУИС-ийн Шинжлэх ухаан коммунизмын онолын тэнхимд багш болсон. Ерөнхийдөө дуу цөөтөй тамхи нэлээн татдаг, дөлгөөхөн шар залуу байсан. Ардчилсан хувьсгалын үед нэг их дотно нөхөрлөж байгаагүй ч энд тэнд уулзалдаж явсаар 1996 оны УИХ-ын танхимд хамт тангараг өргөж орсноор нэг ангийн хоёр болсон. Миний өмнөх ширээн дээр сууна. Хааяа нэг Ла багш аа гээд зарим нэг зүйлийг тодруулж асууна. Нэг их зузаан баримт бичгийг цүнх саванд хийхгүйгээр барьж орж ирээд ширээн дээрээ овоолчихоод уншиж сууна. Чуулган дээр хааяа л нэг жинтэй дуугарахаас биш олон юм ярихгүй, сөрөг хүчний нөхөдтэй хоёр гараа дэвж байгаа бөх шиг өргөж микрофонгүйгээр маргаж мэтгэлцээд хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж мөрөө хавчаад инээмсэглэнэ. Бас хошигнох дуртай, ийм л улстөрч байсан. Албан тушаалын төлөө би чи дээ хүрээд байсныг нь би л хувьдаа санахгүй юм. Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажилласан. Өөрийнхөө дотнын нөхөдтэй л ярьж хөөрч суудаг байсан байх. Түүнээс биш олонтойгоо бужигнаад ууж идээд явдаг тийм нээлттэй хүн байгаагүй. Харин шатар их тоглодог болохоор тэдний өрөөнд их хурлын шатарчид нэлээд орж гардаг байсан.

-С.Зориг агсан амиа алдаад 18 жил өнгөрсөн байна. Түүний амь насыг хороосон хэмээн гурван хүнд шүүхээр ял оноосон. Ер нь энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Хэвлэл мэдээллийн хэмжээнд мэдээлэлтэй байгаа болохоор юу ярихав. Шүүхээр явж байгаа асуудлыг хэн нэг хүн тайлбарлаад байх нь онцгүй л дээ. Үнэнийг хэлэхэд сүүлдээ учрыг нь ч олохоо байчихаад л байна. Олох гээд байх ч юу байхав. Гэхдээ нэг л үнэмшил багатай сонсогдоод байгаа. Захиалагч байгаа гээд байгаа мөртлөө түүнийг хэлэхгүйгээр гүйцэтгэгч гээд хэдэн хүнийг шийтгэчих шиг боллоо. Сонин хэвлэлээр шүүх прокурор, улстөрчид, сэтгүүлчид, шүүхийн ерөнхий зөвлөлийн мэтгэлцээн болж байна. Тэгж байгаад учраа олох байлгүй дээ. С.Зоригийн аллагыг хэрэгтэнг олох гэж байна гэж улс төрд ашиглаад 18 жил боллоо. Одоо буруу зөв гэж мэтгэлцээд 18 жил болчих вий дээ. Хурдхан шиг нэг тийшээ үнэн зөвөөр шийдэгдээсэй гэж хүсч байна.

-Ардчилсан нам шинэчлэгдэж байгаа гэдгийг танай намын амтай болгон ярьж байна. Ачир дээрээ маргаан ч байна. Намын шинэчлэлийг хаанаас нь эхлэх ёстой вэ?

-Ямар ч байсан ардчиллын түүчээ болж явдгийнхаа хувьд АН-ын хоёр удаагийн Их хурал хуралдаж намын дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулж хэл ам, хэрүүл шуугиантай ч дотоод сонгуулиа хийж шинэтгэлийн салхийг хагалсан. Намын удирдах байгууллага, бүх шатны намын дарга нараа гишүүдийнхээ саналаар сонголоо. Харамсалтай нь томоохон шинэтгэл хийе гэхлээр Улс төрийн намын тухай хууль гацаа болж байна. Тэгэхлээр Монгол дахь улс төрийн намын шинэтгэлийн асуудал хуулиасаа эхлэх ёстой болж байна. Ганц АН шинэчлэгдээд улс төрийн намын хуучин тогтолцоог халж чадахгүй. АН хичнээн хөрөнгө мөнгө босгож, дарга нараа солилоо гээд намуудын тухай хууль нь хэвээрээ байхаар нөгөө л хуучин бүтцээрээ, хуучин арга барилаараа ажиллахаас өөр аргагүй болно. Тийм байхад төрийн тогтолцооны шинэчлэл огт явагдахгүй. Энэ талаар сая Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын хаврын чуулганд хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэсэн. Уг нь өмнөх парламент олон намын суудалтай байх үедээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан “Улс төрийн намын тухай” хуулийг парламентын гадна байгаа намуудтай зөвшилцөөд баталчих байсан юм. Одоо МАН 65 суудалтай үнэмлэхүй олонхи болсон ч гэсэн дангаараа энэ хуулийг батална гэхэд хэцүү. Энэ хуулийг өөрчилж намуудын бүтэц зохион байгуулалт, санхүүгийн тогтолцоог нэг голдрилд оруулж хариуцлагыг чангатгаж өгөх хэрэгтэй гэж боддог.


Categories
мэдээ цаг-үе

Нүүрсний үнийг 286 ам.долларт хүргэж цойлуулсан Австралийн “хямрал” наад зах нь сар үргэлжилнэ

НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛ ЭНЭ ЖИЛИЙНТУРШ ӨӨДРӨГ БАЙХ ТААМАГ ГАРЧЭЭ

Австралийг дайрсан хар шуурга коксжих нүүрсийг хаданд гаргаж байна. Түрүү долоо хоногт коксжих нүүрсний үнэ 86 хувиар өссөн юм. Зөвхөн өнгөрдөг баасан гаригт гэхэд л нүүрсний ханш 34 хувиар цойлж, 286 ам.долларт хүрлээ. Энэ долоо хоногт ч нүүрсний зах зээл өнгөтэй байх нь. гол зах зээл Хятад, Японы боомтууд дээр коксжих нүүрсний арилжаа эрчимтэй, эрэлт өндөртэй байгаа учир спот буюу гэрээний үнэ улам өсөх хандлагатай байгаа аж. 2011 оны их үерийн үеэр Австралийн нүүрс тухайн үедээ 330 ам.доллар даван рекорд амжилт тогтоож байсан удаатай. Энэ удаагийн үнийн өсөлт тэр үеийнхийг арай гүйцэхгүй ч нүүрсний үнэд чамгүй өндөр өсөлт үзүүлж чадлаа. Нүүрсний зах зээлийн шинжээчид өнөө жилийн үнийн таамгаа өөдрөгөөр хэлээд эхэлсэн таатай мэдээ байна.

Австрали улс үерийн аюул, байгалийн гамшгийн эсрэг бэлтгэл, эрсдэлийн менежмэнтийг өндөр түвшинд авч хэрэгжүүлсэн ч олон хоног үргэлжилсэн Дебби хар шуурганы улмаас багагүй хохирол амсаад байна. Энэ аюул дэлхийн далайгаар тээвэрлэгддэг коксжих нүүрсний бараг 50 хувийг дангаар нийлүүлдэг Куинслэнд мужийг дайрсан юм. Нүүрсний уурхайнуудын амссан хохирол 2011 оны үерийнхтэй зүйрлэхээргүй боловч уурхайнууд багагүй хэмжээний усанд автсан гэж хэвлэлүүд мэдээлжээ. Усанд автсан уурхайнуудаас гадна гол төмөр замууд үйл ажиллагаагаа түр зогсоохоос аргагүй болсон гэх зовлон австралид байна. Австраличууд боомтын төмөр замаа бүрэн засварлаж дуусахад ойролцоогоор 30-35 хоног зарцуулна гэх мэдээллийг эх сурвалжууд өгч буй.

BHP Billiton, Peabody, Glen­core зэрэг тус бүсэд ажилладаг томоохон компаниуд одоогоор бүгд “давагдашгүй хүчин зүйл” гэсэн шалтгаанаар уурхайнуудаа зогсоожээ. Stan­dard and Poor’s үнэлгээний фирмийн хийсэн судалгаагаар энэ удаагийн хар шуурганы улмаас ойролцоогоор 15-20 сая тонн коксжих нүүрсний нийлүүлэлт тасалдаж байгаа аж.

ЗҮҮН ЦАНХИЙН НҮҮРСИЙГ 50-ИАДХАН АМ.ДОЛЛАРААР ЗАРНА ГЭВ ҮҮ?

Нүүрсний зах зээлийн шинжээчид энэ орон зайг нөхөх боломжтой улсын нэгээр манай улсыг нэрлээд эхэлчихэж. Хятад, Япон гэх мэт гол импортлогчид Америк, Монгол, Оросоос нөхөх байх гэсэн таамаг голлож буй. Бүр тодруулж хэлбэл Австралийн коксжих нүүрсний нийлүүлэлт тасалдаж буй энэ хугацаанд Хойд Америк, Монгол, ОХУ-ын нийлүүлэлт өсч, үнээ өсгөх өндөр боломжтой гэдэг дээр олон улсын шинжээчид ам нэгтэй байна. Харамсалтай нь төмөр зам, тээврийн дэд бүтэцгүй, экспортын ухаалаг цогц бодлогогүй манай улс энэ боломжоос ашиглах нь бүү хэл алдагдлаа нэмээд сууж байгаа нь гашуун ч гэлээ үнэн. Үүнийг ч олон улсын таваарын шинжээчид түрүүчээсээ шүүмжилж эхэлжээ. BdSEC-ийн гадаад шинжээчид гэхэд л ийм агуулгатай шүүмжлэл бичээд байна.

Коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 300 ам.доллар шүргэж галзуурсан энэ өдрүүдэд Таван толгойн ордыг эзэмшигч төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компани үнийн өсөлтийн цонх үеийг ашиглах болов уу гэсэн хүлээлт үүсэх нь мэдээжийн хэрэг. Одоогоор Таван толгойн өндөр чанарын коксжих нүүрсний дээд үнэ 70 гаруй ам.доллар байгаа. 70 ам.доллараас ч өсөх бололцоо байгааг Автралид тохиолдсон таагүй явдал баталчихлаа. Гэтэл нүүрс хаданд гарсан энэ үед 70 ам.доллараас ч бага үнэ яригдаж байгаа бололтой. “Эрдэнэс Таван толгой” зүүн Цанхи дээрээ “Чалко”-той 50 гаруй ам. долларын үнэ хэлэлцээд сууж байгаа гэх мэдээлэл байна. Далайн боомтын ханштай өөрсдийн зарж буй нүүрсний үнээ шууд харьцуулах боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ бүх зардал, өртгийн тооцоог хийгээд үзэхэд “Эрдэнэс Таван толгой”-н үнэ өсөлтийн энэ үед дор хаяж 80 ам.долларт хүрэх бүрэн боломжтой гэсэн судалгааг шинжээчид хэлж байна. Саяхан нүүрсний үнэ эргээд уруудах үед баруун Цанхийн нүүрсний үнийг 71 ам.доллар болгосон. Хэвлэлүүд сүүлийн үед дуулдсан цөөхөн эерэг мэдээний нэг боллоо гэж ирээд мэдээлж байлаа. Дэлхийн зах зээлийн үнэ уруудах үед нүүрсний үнээ өсгөсөн хэр нь ханш огцом өссөн өдийд зүүн Цанхийнхаа нүүрсийг 70 ч хүрэхгүй ам.доллараар худалдах яриа үүсгээд суугаа нь үнэн бол хэцүү л байна. “Зүүн Цанхи”-ийн хувьд Чалкогийн өрнөөс саллаа гэсэн хэр нь 50-иадхан ам. доллараар нүүрсээ зарсаар байвал баруун Цанхийн нүүрсийг хэн 71 ам.доллараар авах вэ гэсэн асуулт тавигдаж таарна. Хар ухаанаар бодоход, зүүн баруун Цанхи энэ тэр гэлтгүй нэг цэгцтэй бодлогоор, үнээ ахиухан тогтоохгүй бол “Эрдэнэс Таван толгой” өрөөлийг төдийгүй өөрөө өөрийнхөө борлуулалтыг хорлох эрсдэлтэй. Эдийн засаг гадарлахгүй хэн ч бодоод олчих гаргалгаа. Зэрэгцээ хоёр дэлгүүрийн нэг нь бараагаа хямдруулаад байвал хэн ч үнэтэй бараатай дэлгүүрээр шагайхгүйтэй л агаар нэг явдал.

Тэгэхээр нүүрсний зах зээл өндийж сэргэсэн, үнэ нь 300 шүргэж цойлсон энэ өдрүүдэд баруун, зүүн Цанхийн аль алиных нь нүүрсийг дор хаяж 80 ам. долларт хүргэж байж бид коксжих нүүрсний наймаанаасаа овоохон ногоон олно. Урд хөрш рүү нүүрс экспортолж буй бусад компанид ч нүүрсээ ахиу үнээр зарах боломж ингэж байж л олдоно.

ТӨМӨР ЗАМГҮЙ УЧРААС ОЛДСОН БОЛОМЖОО АХИАД АЛДАХ НЬ

Нүүрсний үнэ өөдөө гэж жигтэйхэн энэ өдрүүдэд урд хөршийн наймаачид ханасан ханш хэлж их хэмжээгээр авъя гэж дуугарсан ч дэд бүтэц гэсэн том асуудал өмнийн говьд бий. Төмөр замтай бол төлөвлөснөөсөө асар их ам.долларыг нүүрснээс олох боломж байгаа. Харамсалтай нь өнөөг хүртэл төмөр замын төсөл дэмий яриа, хоосон улстөржилтөөс хэтэрсэнгүй. Нэг тонн коксжих нүүрс 330 ам.доллар давж өссөн Австралийн их үерийн үеэр яг ийм шалтгаанаар бид нүүрснээс өчнөөн сая ам.доллар олох боломжоо алдаж байв. Өнөөдөр ч яг тэр зовлонгоо хэлээд сууж байна.

Хувийн хэвшил нь төмөр зам барья гэж дуугарсан 2008 оноос хойш төр төмөр зам дээр яаж улстөржиж, эргэж хургасныг он цагаар нь тоймлоё. Таван толгойн Ухаа худагт уурхай ажиллуулдаг “Энержи ресурс” компани төмөр замыг өөрийн хөрөнгөөр, төсвөөс нэг ч төгрөг гаргуулахгүйгээр барьж, төрд хүлээлгэн өгнө гэж анх дуугарсан түүх бий. Тэд 2009 оноос ажлаа эхлүүлээд байсан ч 2010 онд Төрөөс төмөр замын салбарт баримтлах бодлого гаргаж, гацаанд оруулсныг хэвлэлийн шарласан хуудаснаас харж болно. 2012 онд эргээд концессоор бариулахаар боллоо гэсэн шийдвэрийг төрөөс гаргаж “Энержи ресурс”-тай концессын гэрээ үзэглэж байв. Гэвч мөн ондоо концессийг цуцалж, төр өөрөө барихаар боллоо хэмээн мэдэгдсэн юм. “Энержи ресурс” эхлүүлээд байсан бүх ажлаа 2013 онд төрд албан ёсоор хүлээлгэж өгсөн нь мөн л тухайн үеийн хэвлэлийн хуудаснаа дурайж буй. 2013-2014 онд төр өөрөө төмөр зам барина гээд газар шорооны ажлыг нь эхлүүлсэн ч сүүлдээ хуурамч гүйцэтгэгч, мөнгө төгрөг идсэн уусан болоод замхарсан. Одоо ч уг хэрэг эцэслэн шийдэгдээгүй, шүүхийн түвшинд явж байна.

2014 онд УИХ-аас “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх тухай” 34 дүгээр тогтоол гаргаж, Таван толгойгоос Хятадын хил хүрэх төмөр замыг төсвийн бус хөрөнгөөр буюу ахин концессын гэрээгээр шийдэхээр болсон юм. Мөн ондоо царигийн асуудлыг төрөөс нэг мөр шийдэж, 1435 мм буюу нарийн царигтай барих дээр толгой дохисон. 2014 оны арванхоёрдугаар сард Засгийн газрын 268 дугаар тогтоолын дагуу Таван толгойд хөрөнгө оруулалт татаж, сонгогдсон хөрөнгө оруулагчийн хөрөнгөөр төмөр замын ажлыг бүрэн гүйцэтгүүлэх шийдэлд хүрсэн ч мөн л гацаанд орж таг зогссоныг уншигчид санаж байгаа байх.

Монгол гэдэг улс өнөөдөр төмөр замаа “Монголын төмөр зам” хэмээх төрийн өмчит компаниар бариулна гэж буй. Гэсэн хэдий ч хэний ямар хөрөнгөөр барих нь өнөө хэр тодорхойгүй. Голоод, хардаад байсан урд хөршөөсөө зээл авна гэсэншүү яриа үүсгээд сууж байна.


Categories
мэдээ цаг-үе

Хотынхон мартамхай, цочмог ууртай болсны цаад шалтгаан нь хар тугалгад хордсоноос болсон уу

-ХАР ТУГАЛГАД ХОРДСОН ХҮҮХДҮҮД ХИЧЭЭЛДЭЭ ТААРУУ СУРЧ БАЙГААГ СУДЛААЧИД ТОГТООЖЭЭ-

Хэн нэгний хэлж, ярьсан зүйлийг хэдхэн хормын дараа мартчихдаг болсон. сая надад юу гэж хэлсэн билээ гэж дахин дахин бодоод ч санадаггүй. Эд зүйлсээ хаана тавьснаа эргээд олдоггүй хүмүүс ойр тойрныхон дунд чинь байдаг биз. бүр гар утсаа гартаа барьчихаад гэртээ хэдэн цагийн турш хайгаад байдаг. Мөн машиныхаа түлхүүрийг гартаа барьчихаад хайгаад байдаг. Хүнтэй танилцаж нэрийг нь асуусан ч хэдхэн хормын дараа мартчихдаг хүмүүс олон. Хүүхэд, залуусын дунд мартах өвчин ихэсч, сэтгэцийн эмчид хандах нь түгээмэл болсон гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар хэлж байна. Мөн ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа хүүхдүүд цочмог ууртай болсон. Хүн уурлахаар зүйл огт болоогүй байхад дүрсхийтэл уурлаж, өөрийнхөө хийж буй үйлдэл, хэлж байгаа үгээ хянаж чадахгүй болтлоо цухалдаж, уурсдаг. Хэт их уурлахаараа амнаас нь цагаан хөөс сахарч, таталт өгдөг хүүхэд олширч байгаа аж. үр баянзүрх дүүргийн сэтгэцийн эмчид нэгэн гэр бүл хандсан байна. Хүүхэд нь хичээлдээ тааруу сурдаг. багш нь хичээлийг нь ойлгуулах гээд ганцаарчилсан сургалт хийж зэмлэхээр уурлаад суучихдаг. бүр багшийгаа зодох гэж дайрсан тохиолдол ч гарсан байна. таван настай хүүгээ аав, ээж нь загнахаар өөдөөс нь уурлаж, гэрийнхээ эд зүйлсийг авч шидэж, эвдсэн тохиолдол гарчээ. Энэ мэт хүүхэд залуусын дунд сэтгэцэд нөлөөлөх уур бухимдал их байгаа аж.

Докторын зэргээ Хар тугалгын бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлөх хор хөнөөлийн талаар хамгаалах зорилгоор г.батсайхан гэх эмч сүхбаатар, баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 160 хүүхдээс шинжилгээ авсан байна. Судалгааны багийнхан гэрийн даалгавраа хийхгүй залхуурдаг, өгсөн үүрэг даалгаврыг байнга мартчихдаг, цочмог уурладаг хүүхдүүдийг сонгон шинжилгээнд хамруулсан юм байна. гэтэл хичээлдээ тааруу сурдаг, цочмог ууртай 160 гаруй хүүхдийн цуснаас их хэмжээний хар тугалга илэрсэн гэнэ. судалгааны багийнхан хүүхдүүд хар тугалганд хордсоноос болоод мэдрэлд нь нөлөөлдөг юм байна. Үүнээс болоод хичээлдээ тааруу сурч байна гэх дүгнэлтэд хүрчээ.

Өнгөрсөн жил Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Орчны эрүүл мэндийн сургуулиас нийслэлийн таван цэгт амьдардаг хүүхдүүдийн цусанд хийсэн хар тугалгын агууламжийн шинжилгээний дүнг танилцуулсан. АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч Д.Нарансүх “Бид 0-5 насны хүүхдүүдийн цусанд агуулагдах хар тугалгын агууламжийг тогтоохоор нийслэлийн Баянхошуу, “Да хүрээ”, “Нарантуул”, хотын төв болон Зайсан гэсэн таван цэгээс хүүхдүүд сонгон шинжилгээнд хамрууллаа. Шинжилгээний хариугаар хүүхдийн цусанд огт байх ёсгүй хар тугалганы агууламж 22 мкг/дп гарсан. Хар тугалга нь 5 мкг/дп-ээс их байвал хүүхдийн сэтгэхүйд нөлөөлдөг гэдгийг олон улсын стандартаар хэмжээ тогтоож өгсөн байдаг.

Мөн хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж 45 мкг/дп-ээс их байвал желатин эмчилгээ хийх ёстой гэсэн зөвлөмж байдаг. Харин бидний судалгаагаар орон сууцанд амьдардаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ 3.7 мкг/дп гарсан бол агаарын бохирдол харьцангуй ихтэй орчин буюу гэр хорооллын бүсээс сонгогдсон хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын дундаж хэмжээ 10.8 мкг/дп буюу олон улсын зөвлөмж хэмжээнээс хоёр дахин их хэмжээтэй байна гэсэн үг юм. Энэ судалгааны дүнгээс өгөх гэсэн гол мессэж бол агаарын бохирдол харьцангуй ихтэй бүсэд буюу гэр хороолол, түүний ойр орчимд амьдарч байгаа хүүхдүүд болон орон сууцны хороололд амьдарч байгаа хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээнээс их байгаа юм” хэмээн мэдэгдсэн.

Зөвхөн хүүхдүүд гэлтгүй насанд хүрсэн хүмүүсийн дунд сэтгэцийн өвчин их хэмжээгээр илрэх болсон. Байнга бие махбод дархлаа нь сулардаг хүмүүс байх. Бүгд л зүрх судасны өвчтэй гэх оноштой. Мөн залуус зэрлэг араатнаас дор авчир гаргаж байгаатай хотын гудамжинд өдөр бүр шахуу тааралддаг. Тэр тусмаа өвлийн улиралд танхайн гэмт хэрэг хэд дахин нэмэгдэж байгааг Цагдаагийн ерөнхий газраас хийсэн судалгааны дүн нотлох аж. Нийслэл хотод жилд 20 гаруй мянган гэмт хэрэг бүртгэгдэж байна. Үүний ихэнх хувийг хулгай, дээрэм, танхайн хэрэг эзэлдэг гэдэг. Танхайн хэрэг юунаас болж үйлдэгдээд байгааг судлаад үзэхээр залуусын уур омог, бусдын хэлж байгаа үгийг тэвчиж чадахгүйгээс болж хэрэг гарч байгааг цагдаа нар онцолдог. Тухайлбал, замын хөдөлгөөнд оролцож байгаа хоёр жолооч зам дээр зодолдоод нэгэндээ хүнд бэртэл гэмтэл учруулдаг. Яагаад хоорондоо зодолдсон бэ гэхээр “Энэ миний урдуур шахаж орсон. Тэгэхээр нь би урдуур нь орсон. Гэтэл өөдөөс дунд хуруугаа гаргасан. Ингээд машинаасаа буугаад зодолдсон” хэмээн мэдүүлэг өгдөг. Харин машины цонхыг хагалж, машиныг хэдэн талаас нь өшиглөж дотогш нь цөмлөх болсон талаар асуухаар “Уурандаа тэгчихсэн байна лээ. Тэр үед их уур хүрсэн болохоор машинд нь уураа гаргасан байх” хэмээн мэдүүлдэг байна. Нэгнийхээ тархинд хүнд гэмтэл учруулж, эрүүгийн хуулийн 182.2-т зааснаар эрүүгийн хэрэгт шалгагдсан залуус Чингэлтэй дүүргийн цагдаад “Гудамжинд чанга чанга яриад байхаар нь уур хүрээд шууд зодолдсон. Өөр санаа зорилго байхгүй. Бие биенийгээ огт танихгүй” гэх мэдүүлэг өгсөн байна лээ. Энэ мэт хэргүүд ар араасаа цувран гарч байгаа. Улаанбаатар хотын гудамжаар инээд хөөр цалгисан, ямар нэгэн зүйлд яаралгүйгээр аажуухан алхаж яваа хүн цөөхөн харагддаг. Дандаа л уур уцаартай, хөмсгөө зангидсан хүмүүс тааралддаг. Мөн манай улсад гарч байгаа онц ноцтой хэргийг 85 хувийг Улаанбаатар хотод гарсан гэмт хэрэг эзэлдэг.

УЛААНБААТАР ХОТ ХАР ТУГАЛГАД БОХИРДОЖ БАЙГАА ШАЛТГААН ЮУВЭ

Тэгвэл монголчууд бид яагаад бага насны хүүхдээс эхлээд ахмад настан хүртлээ уур уцаартай, мартамхай, ядарч сульдсан байдалтай байдаг болчихсон юм бэ гэх асуулт гарч ирнэ. Үүний хариулт нь Улаанбаатар хот тэр чигтээ их хэмжээний хар тугалгын бохирдолд орчихсон. Иргэд хар тугалгад хордож, эрүүл мэндээрээ хохирч байна гэдгийг эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүд хэлж байна. Бүгд өөр өөрсдийн чиглэлээр хийсэн судалгаа шинжилгээ, баримт нотолгоон дээр тулгуурлан олон нийтэд анхааруулан ярих аж. Эмч нарын хэлж буйгаар Улаанбаатар хотын иргэд хар тугалгад хордсоноос болоод иргэд маш их уур уцаартай болсон. Мөн сэтгэн бодох чадвар нь муудаж, мартах өвчтэй болж байна гэж ярьж байна лээ. Нийслэл хотыг хар тугалгаар бохирдуулж байгаа зүйлсийн жагсаалтыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан байна. Тээврийн хэрэгслүүдээс ялгарсан утаа, хуучин дугуй шатаах үед гарсан утаа тортог, хуучин байшингийн доторх будаг, авто засварын газрын орчин, төрөл бүрийн зай, техникийн захын орчин, телевиз, компьютер засварын цэг, кабель утас засдаг хэрэглэдэг газрууд, будгийн үйлдвэр, хоолны сав суулга (зэвэрдэггүй, дотор талыг нь өнгөлөх), барилгын материал (будаг), хөргөх төхөөрөмж, бензин, хүүхдийн тосон будаг, харандаа, хүүхдийн резин болон бусад тоглоомын будаг, тугалган мөнгөлөг цаас хэрэглэдэг бараа материал, гоо сайхны зарим будаг (нүд, үсний), гэр ахуйн шилэн эдлэл (улаан, шар өнгө гаргах), хүнсэнд чихрийн үйлдвэрлэл, усны хоолой бүрэх материал зэрэг нь бүгд хар тугалга их хэмжээгээр агуулж байгаа аж. Дээр дурдсан хүчин зүйлүүдээс шалтгаалж, Улаанбаатар хот тэр чигтээ хар тугалгаар бохирдож, иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулаад байгаа аж.

ХАР ТУГАЛГАД ХОРДСОН ХҮНД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

Тэгвэл УКТЭ-ийн эмч Г.Мөнхтүвшин “Хар тугалга нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг ба архаг болон хурц хордлого үүсгэдэг. Хар тугалга нь мэдрэлийн тогтолцооны өөрчлөлт, хөдөлгөөний өөрчлөлт, мэдрэхүйн хямрал, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өөрчлөлт, зүрх судасны тогтолцооны өөрчлөлт, бөөр, нөхөн үржихүй зэрэг олон эрхтэн системийг хордуулах нөлөө үзүүлдэг.Толгой өвдөх, толгой эргэх, амархан ядрах, уцаарлах, нойр муудах, ой санамж муудах, хордлого хүндэрсэн үед эпилепси хэлбэрийн уналт, яриа харааны өөрчлөлт, ухаан самуурах, комын байдалд орж болох ба энцефалопати гүнзгийрнэ. Энэ нь хурц хордлогын үед илэрнэ.Мэдрэлийн системд нөлөөлөх механизм нь кальцийн оронд нь хар тугалга холбогдож, кальцийн дотоод орчны тэнцвэрт байдал алдагдах, митохондрийн зөөвөрлөх сүв нээгдэх, митохондрийн болон митохондрийн мембраныг шууд гэмтээх исэлдэлтийн эсрэг фермент дарангуйлагдах, липидийн бодисын солилцооны өөрчлөлт, цайр болон бусад төрлийн цайр агуулсан бүтээгдэхүүнийг орлож дамжуулах үйл ажиллагаанд оролцох, тархины астроцит эсэд хуримтлагдах, бодисын солилцооны явцад хар тугалга яснаас дайчлагдах, тархинд хар тугалгын хуримтлал үүсэх (тархинд хар тугалгын хагас задралын хугацаа хоёр жил) зэрэг үйл явцыг дамждаг байна.Хар тугалгын хордлогод өвчтөний гар хурууны тэнийлгэгч булчингийн хатангиршлаас үүсэх гар, тавхай унжих шинж илэрдэг.Хөнгөн ба нууц хордлогын үед мэдрэхүйн хямрал илэрнэ. Энэ үед мэдрэлийн судал даган өвдөх, гар хөл сулрах хүчгүй болох өөрчлөлт ажиглагдана. Аманд эвгүй үнэр амт амтагдах, хоолны дуршил буурах, ходоод гэдэс өвдөх зэргээр илэрнэ. Мөн хэл буйл харлах, шүд хэврэгших үрэвсэх зэрэг салстын судасны хананы шүлтлэг фосфатаза ферментийн идэвх суларснаас үүсдэг. Ходоод гэдэсний өвдөлт нь базлаж, өтгөн хаталт, даралт ихдэлт гэсэн гурван хам шинжээр илэрнэ. Зүрх орчмоор өвдөх, зүрхний хэм алдагдах, дэлсэх, судасны цохилт удаашрах зэрэг шинж илрэх бөгөөд энэ зүрхний булчингийн ферментийн солилцооны хямралаас үүсэлтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр хүүхдэд таван мкг/дл, насанд хүрэгчдэд 5-10 мкг/дл гэж заасан байдаг. Зарим тохиолдолд рентген туяаны флюресценцийн шинжилгээгээр ясанд хуримтлагдсан хар тугалгыг тодорхойлсноор архаг хордлогыг илэрхийлнэ.Мөн шээсэнд уропропирин аминолевулины хүчил тодорхойлох бөгөөд архаг өртөлтийг илрүүлдэг” хэмээн зөвлөгөө өгч байна.

НЬЮ-ЙОРК ХОТ ХАР ТУГАЛГЫН БОХИРДЛООС САЛЖ ЧАДСАНААР ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ

Хар тугалгын хор хөнөөлийн талаар АНУ-ын эрдэмтэд сүүлийн 40 гаруй жилийн турш эрчимтэй судалж, шинжлэх ухааны бодит дүгнэлтүүдийг олон жил хийсэн судалгааны үр дүнгээр гаргаж байна. Хар тугалгын хор хөнөөлийн талаар судалж, шинжилгээ хийж буй эрдэмтдийн хамгийн том жишээ нь Нью-Йорк хотын талаарх бодит түүх юм. 1993 он гэхэд дэлхийн онц ноцтой гэмт хэрэг хамгийн их гардаг газар нь АНУ-ын Нью-Йорк хот болоод байсан гэнэ. Хотын иргэд бүгд уур уцаартай, байсхийгээд л онц ноцтой хэрэг ар араасаа цувран гарч, иргэдийг айдаст автуулдаг, айдаст автуулсан газар болон хувирсан байна. Тэр үеэр хотын даргын сонгуульд Руди Жулиан нэр дэвшихдээ гэмт хэргийн тоог бууруулахаар амласан байна. Түүний амлалт нь айдаст автсан хотын иргэдийн олонхийн саналыг авахад хүргэжээ.Тус хотод 1960 оноос хойш хүчирхийллийн хэрэг дөрөв, хүн амины хэрэг тав, дээрмийн хэрэг 14 дахин өсөөд байсан гэдэг. Харин Руди Жулиан хотын дарга болсноос гурван жилийн дараа буюу 1996 онд хүчирхийллийн хэрэг 17, хүн амины хэрэг 49, дээрэм 42 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Гэмт хэрэг буурсан шалтгааныг хүмүүс олон янзаар тайлбарладаг байна. Гэвч тус хот хар тугалгын бохирдлоос бүрэн гарч чадсан байна.

Өөрөөр хэлбэл, хар тугалганд хордоод байсан иргэдийг эрүүлжүүлж чадсан аж. Ингэснээр иргэд хотын гудамжаар сэтгэл тэнэгэр алхаж, уурлаж бухимдаж явдаг царайнд инээд хөөр цацарч эхэлсэн байна. Үүнийгээ дагаад гэмт хэргийн гаралт хэд дахин буурчээ. Дэлхий нийтээр хар тугалгатай шатахууныг өргөн хэрэглэдэг байв. Хар тугалга хүний биед хортой, цаашлаад тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг болохыг эрдэмтэд нотолсноос хойш АНУ 1978 онд хар тугалга бүхий будаг, 1995 онд хар тугалгатай шатахуун хэрэглэхийг хуулиараа бүрэн хориглосон байна. Гэтэл хар тугалгатай шатахууны хэрэглээ нэмэгдэх тусам гэмт хэргийн тоо өссөн, буурахад нь дагаад буурсан зүй тогтлыг эрдэмтэд анзаарчээ. Тэгвэл манай улсад гэмт хэргийн гаралт жил бүр нэмэгдэж байгаагийн хамгийн наад захын шалтгаан нь манай улсад импортоор ирж буй шатахуунд их хэмжээний хар тугалга агуулагдаж байж болох. Учир нь автомашины зам дээр гарч байгаа гэмт хэрэг хэд дахин нэмэгдсэн байна лээ. Нийслэл хотын энд тэндгүй зай хаяж, авто засварын газрууд тос масло асгаж, хоёрдогч түүхий эд авч байгаа газрууд хуучин аккумулятор хагалж, өвлийн улиралд дугүй түлж байгаагаас Улаанбаатар хот тэр чигтээ хар тугалгад бохирдох нь аргагүй юм.

Categories
мэдээ цаг-үе

Д.Амарбаясгалан: Эцсийн хариуцлагыг сонгогчид намтай л тооцдог

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай ярилцлаа.


-МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын алба олон нийтийн анхаарлын төвд байдаг албан тушаал. Та энэ албыг хүлээн авснаас хойш хэвлэлд анх удаа ярилцлага өгч байна. Тиймээс нэлээд өргөн хүрээнд ярилцана гэж ойлгож байна. Ингэхэд өөрөө ууган энэ намын хэд дэх генсек болж байгаа билээ. Бас яах аргагүй залуу ерөнхий нарийн бичгийн даргын нэг болох байх?

-Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Улс төрийн ууган хүчин гэдэг утгаараа ч, уламжлагдан ирсэн дотоод тогтолцооныхоо хувьд ч манай намын ерөнхий нарийн бичгийн даргын ажил бусад улс төрийн хүчнээс илүү анхаарлын төвд байдаг гэдэгтэй санал нэг байна. Үүнд мэдээж түүхэн шалтгаан бий л дээ. Шинэ Үндсэн хуулиас өмнөх тогтолцоонд намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг албан тушаал төрийн тэргүүний ажил байлаа шүү дээ. Юмжаагийн Цэдэнбал, Жамбын Батмөнх гээд төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд бүгд л манай намын ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг албан тушаалаар овоглодог байсныг та мэднэ. Шинэ нийгэмд шилжсэнээс хойш ч 2000 он хүртэл намын ерөнхий нарийн бичгийн дарга намын даргын үүргийг гүйцэтгэдэг байсан. Тиймээс энэ бүх түүхэн сэжим өнөөдрийг хүртэл үргэлжилж үе, үеийн манай намын ерөнхий нарийн бичгийн даргын алба чухалд тооцогддог, тэр хэрээрээ бүгд л энэ эрхэм үүргийг нэр төртэй хашихыг хичээсээр ирсэн. Миний хувьд ч мөн адил үүргээ ухамсарлаж байгаа. Насны хувьд залуудаа орно оо. Энэ нь удахгүй 100 жилийн ойгоо тэмдэглэх ууган нам хэрхэн шинэчлэгдэж залуусаа дэмжиж чаддагийн нэг нотолгоо болох болов уу.

-Та намаа сөрөг хүчин байх үед нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Ер нь сөрөг хүчин байх үед намын аппаратад байх, эрх баригч байх үед генсек байхын хооронд хэр зөрүү байдаг вэ?

-Маш их. 2015 оны арванхоёрдугаар сард МАН-ын сонгууль хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдож байлаа. Манай нам анх удаа сонгууль хариуцсан нарийн бичгийн даргатай болсон. Жижиг 76 тойрог учир тойрогт нэр дэвших намын удирдлагуудын орон зайг нөхөхийг хичээсэн шийдэл байсан. Оновчтой ч алхам байсан гэж боддог.Сөрөг хүчний байр сууринаас ажиллах заримдаа амаргүй ч заримдаа эрх баригч байхаас амар байдаг.

Харин эрх баригч намын тэр дундаа 65 суудалтай намын ерөнхий нарийн бичгийн дарга байна гэдэг өөр асуудал. Эрх баригч намын Удирдах зөвлөлийн шийдвэр Монгол Улсын төр засгийн бодлого болж хэлбэршдэг. Нөгөө талаасаа 2016 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хяналт үнэлгээг намын Удирдах зөвлөл хийх ёстой болно. Иргэд өнөөдрийн төр засаг гэхээс илүү Монгол ардын нам л гэж ханддаг, харьцуулдаг. Тиймээс бид хичээж ажиллах хэрэгтэй байгааг алхам тутамдаа мэдэрч байна. Дээр хэлсэнчлэн 65 гишүүнтэй бүдүүн бүлэгтэй улс төрийн намын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал бол амар биш. Би өнгөрсөн долдугаар сард үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, арванхоёрдугаар сард албан ёсоор болсон гэж үзвэл энэ албыг аваад бараг арван сар болж байна. Цаг мөч өнгөрөх тусам амаргүй алба гэдгийг мэдэрч, тэр хэрээрээ хичээн ажиллаж байна.

-Орон нутгаар явж ажиллаад байгааг тань анзаараад байгаа л даа. Ер нь Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийгээд яваад байна аа даа?

-Тэгж ойлгож болно оо. Намын дэргэдэх стратеги академи, хөндлөнгийн судалгааны байгууллага, төр засгийн шийдвэр гаргагчдын төлөөлөл гээд томоохон баг ажилласан. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн бухимдал, цаашдын чиг хандлага гээд олон зүйлийг газар дээр нь мэдрэх хэрэгтэй. Ингэхгүй бол нөгөө алдарт вакумжих гэдэг өвчинд эрх баригчид дорхноо л нэрвэгддэг. Өнөөдрийн төрийн бодлогын хэрэгжилтэд намын Удирдах зөвлөл дүгнэлт өгөх үүрэгтэй. Маш энгийнээр тайлбарлахад иргэдийн хүлээлт төр засгийн бодлого хоёр нийцвэл намын нэр хүнд өсч, зөрвөл унадаг шүү дээ.Тиймээс мөрийн хөтөлбөрт хяналт үнэлгээ хийж, болохгүй тохиолдолд хариуцлага тооцохоос өөр сонголт байхгүй. Үүнийг ч сонгогдсон, томилогдсон бүх албан тушаалтнуудаас шаардана.Намаас сонгогдсон хийгээд томилогдсон хүмүүстэй ёс зүйн хариуцлагын гэрээ байгуулж ажиллах болно. Томилолт бол хариуцлага. Нам дотор хариуцлагын асуудлаа ярьж байж ард түмний өмнө дүнгээ тавиулна. Томилсон бол бас татаж болно гэдгийг шат шатандаа анхаарч ажиллах нь зүйтэй. Нам сонгогчдоос санал авдаг, эргээд дүнгээ тавиулдаг. Эцсийн хариуцлагыг сонгогчид намтай л тооцдог.

“Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг. Нэг хүн ажилдаа эзэн болж чадахгүй бол тэр хүн гэхээс илүү МАН л гэнэ. Тиймээс энэ бол хамтын хариуцлагын зарчим, нөгөө талаас нийтийн эрх ашиг.

-Зоримог сонсогдож байна. Албан тушаалтнуудын ажлыг дүгнэж, хариуцлага тооцно гэхээр. Улс төрийн намын шинэчлэлийн хувьд олон асуудал цаашид гарах байх. Шинэчлэл гэснээс МАХН МАН болж нэрээ сольсноос болж ялагдсан, энэ нь хэлбэрийн асуудал байсан гээд олон шүүмжлэл байдаг…

-Парламентын тогтолцоотой улс орнуудын хувьд нам сонгуульд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн оролцож, төрийн бодлогыг тодорхойлдог. Тиймээс намын шинэчлэл өөрөө улс орны хувь заяатай холбогддог. Манай намын хувьд цаг үетэйгээ хөл нийлүүлэн шинэчлэхийг эрмэлзсээр ирсэн улс төрийн хүчин. Мэдээж алдаа онооны аль, аль нь бий. Гэхдээ Монгол Ардын Нам болсон нь хэлбэрийн биш агуулгын шинэчлэл байсан гэдэгт итгэдэг. Ерээд оноос хойш ардчилсан нийгэмд хүн болж төлөвшсөн залуу хүний хувьд өнөөдрийн нийгэмд Хувьсгалт намын Социалист үзэл баримтлал хэр хол явж чадах байсныг төсөөлдөггүй. Мэдээж шинэчлэл өөрөө төлөөстэй. Гэхдээ хэн нэгэн хийх ёстой. Энэ дэвшилтэд өөрчлөлтөд тухайн үед намын хэлтсийн даргын хувьд оролцсондоо сэтгэл хангалуун байдаг.

Ер нь аливаа нам олон нийтээс алсрах тусам суларч, иргэдийн сэтгэлзүйг бодитоор мэдрэх тусам хүчирхэгжин бэхэждэг. Цаашдаа эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлж, “Олон нийтэд суурилсан (people based), бодлогод тулгуурласан (policy ori­ented ) дэвшилтэт (progres­sive) улс төрийн хүчин болж төлөвшинө. Энэ талаар төлөвлөж, хийж байгаа олон ажил байгаа. Дэлхийн бусад социал демократ чиглэлийн намуудтай ч санал бодлоо солилцсон, ирэх сард олон улсын томоохон хурал хийхээр ажиллаж байна.

-Эрх баригч намын генсек байх амаргүй нь тодорхой ч эрх мэдлийн хувьд тун нөлөөтэй албан тушаал гэдгийг та хүлээн зөвшөөрөх байх. Томилгоонууд дээр их оролцдог, бүх төрийн албаныхан, сайдуудад нөлөөтэй байж чаддаг. Гэхдээ элдэв томилгоонууд дээр өөртэй чинь холбоотой яриа төдийлөн сонстоогүй. Анхнаасаа томилгоонуудаас ангид байхаар бодсон юм уу, эсвэл үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан үе таарсан учраас боломж гарсангүй юу?

-Би ямар ч тохиолдолд эхлээд зарчмаа барих ёстой гэж боддог. Угаасаа миний баримталж ирсэн зарчим ч тэр, нөгөө талаас шинэ залуу үеийн төлөөлөл болж намын өндөр албан тушаалыг хашиж байгаа хүний хувьд зарчим барьж хичээн ажиллах ёстой гэж ойлгодог. Аливаад зарчмаа барьж, шударга, илүү хөдөлмөрлөсөн нь амжилтад хүрдэг тэр боломжийг нээлттэй байлгах үүднээс хандаж ирсэн, тэгэх ч болно. Өнөөдөр хэн ямар ч эрх мэдэлтэй байсан байж болно, ямар ч албан тушаалд хүрсэн байж болно. Гэхдээ намын өмнө бүгд эрх тэгш хариуцлага хүлээнэ гэдгийг л ойлгох ёстой.

-Намын удирдлагад байгаа хүмүүс эрх мэдлийнхээ хүрээнд бусдад боломж олгож, эргээд өөрийнхөө багийг бүрдүүлдэг жишиг байдаг л даа. Харин та бол арай өөрөөр зарчим гээд яриад байх юм…

-Заавал надаар томилгоонуудад ямар оролцоотой байсныг хэлүүлэх гээд байна аа даа. Үнэнийг нь хэлье. Сонгуулийн үр дүн бидний бодож байснаас ч өндөр гарсныг хүлээн зөвшөөрөх ёстой. Хэдийгээр сонгуулийн үеэр судалгааны дүн өндөр гараад байсан ч тэрэнд итгээд тайвшрах эрх байгаагүй. Дандаа дарж, тооцоолж байсан. Гэтэл үр дүн бодсоноос ч өндөр гарсан. Үүний дараа хэсэгтээ хөл толгойгоо олохгүй үе байсан нь бас үнэн. Зөвхөн УИХ-ын сонгуулийн дараах биш аймаг нийслэл гээд зэрэгцээд олон сонгуулийн дүн гардаг болохоор эмхлэх цэгцлэх том ажлууд үүссэн. Богино хугацаанд бүх зүйл бужигнаад л өнгөрсөн. Намын Удирдах зөвлөл, ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс бүх зүйл дээр ороод ингэнэ тэгнэ гээд яваад байх боломж ч байгаагүй, хугацаа ч гараагүй. МАН бүх түвшний ерөнхийлөн захирагчид, аймгуудын шинэ Засаг дарга нар, нийслэлийн Засаг дарга цаашлаад Ерөнхий сайдад баг бүрэлдэхүүнээ бүрдүүлээд ажиллах боломж нөхцөлийг олгосон. Харин ингэж олгосон шигээ хариуцлагыг нэхэх болно. Эрхийг нь авсан шигээ үүргээ ухамсарлаж, биелүүлэх ёстой гэсэн үндсэн зарчмаар асуудалд хандана.

Тухайн албан тушаалд хэн гэдэг хүн яаж, хэний дэмжлэгтэй томилогдсон гэдэг чухал асуудал биш. Гагцхүү тэр хүмүүс МАН-ын өмнө хариуцлага хүлээж ажиллах нь чухал. Сонгуульд МАН оролцсон, дараагийн сонгуулиар МАН ажлаа дүгнүүлнэ. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө, намаас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө бүгд хамтран ажиллах ёстой. Одоо бүгд нэг завин дээр суучихсан явна, бид. 2020 гэхэд энэ завьтайгаа хүрэх газраа хүрч чадах уу, сонгогчдын өмнө амласан амлалтаа биелүүлэх үү. Тэр газраа хүрэхийн тулд сонгогдсон, томилогдсон хүмүүсийн хэм хэмжээ, ёс зүй ямар байна, тэд үүргээ биелүүлж байна уу гэдэг чухал. Нэг албан дээр очоод чадсан, чадаагүй хадаастай юм шиг байдаг нь буруу. Хэрэв чадахгүй бол хариуцлагаа хүлээгээд ажлаа өгдөг байх хэрэгтэй. Түүнээс завьтайгаа бүгдээрээ живж болохгүй биз дээ. Тийм ч учраас үнэлэлт өгч, эргээд хариуцлага тооцдог тогтолцоог хэрэгжүүлнэ гээд байгаа юм шүү дээ.

-Сүүлийн сонгуулиудад гардаж оролцлоо. Ямар учраас ийм адармаатай ажлаа танд даатгаад байдаг юм бэ. Ямар зан чанарт чинь итгэдэг хэрэг вэ?

-Би 2004 оны сонгуулиас эхлээд ямар нэг байдлаар сонгуулийн үйл ажиллагаанд ороод эхэлжээ. 2004 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвшигчтэй ажиллаж, 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ажлын хэсэгт орж ажиллаж, 2006 оны нөхөн сонгуулиар ч ажилласан. 2008 онд өөрөө НИТХ-д нэр дэвшиж, бас УИХ-ын сонгуулийн багт орж ажилласан гэвэл бас нэлээд хэдэн сонгуулийн нүүр үзжээ. Тэр дундаа хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чиглэлд голлон ажиллаж ирсэн. 2012 онд сонгуулийн хэвлэл мэдээлэл, пиарыг хариуцан ажиллаж байлаа, 2016 онд сонгууль хариуцсан нарийн бичгийн даргаар ажилласан. Сонгуулийн кампанит ажлыг намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга удирдаж чиглүүлдэг юм. Өнгөрсөн сонгуулиар ч тэгсэн. Манай дарга нар аль аль нь тойрогт нэр дэвшиж өрсөлдсөн болохоор би голлосон харагдаж байгаа байх л даа. Төв штабт суурин ажиллаж, удирдах хүн хэрэгтэй байсан болохоор намайг туршлагатай гэж үзсэн байх. Надад яагаад итгэдэг юм гэж үү. Би ажлын гүйцэтгэлийг өндөр түвшинд тавьдаг. Энэ бол гэр бүлийн хүмүүжил, миний унаган зан. За бол за, ёо бол ёогүй л байх хэрэгтэй. Чадахгүй бол чадахгүйгээ хэлэх ёстой. Тэгвэл дараагийн арга замаа хүмүүс олно. Миний зарчим ийм. Тэгж ч ажилладаг, хамт байгаа хүмүүстээ ч тийм шаардлага тавьдаг. Ажлын гүйцэтгэлтэй холбоотой надад итгэдэг байж болох юм. Таныг асуухад ингэж л бодогдож байна даа.

Ер нь аливаа хийж байгаа ажил, гаргах шийдвэртээ өөрийн хувийн ашиг сонирхол, улс төрийн агуулгыг шингээхгүйгээр нийтийн буюу төр, намын үндсэн зорилгоо бодож ажиллах ёстой. Тэр дунд миний жижигхэн эрх ашиг хамаа ч байхгүй. Тэгээд ч нийтийн эрх ашиг хангагдаж чадвал тэр дунд миний эрх ашиг ч хангагдана биз дээ.

-Сонгуульд хэвлэл мэдээллийн чиглэлд түлхүү ажиллаж байсан гэлээ. Өөрөө инженер мэргэжилтэй хүн байх аа. Яаж яваад хэвлэл мэдээллийн салбар руу орчихсон юм бэ?

-Тийм ээ би инженер хүн. Мэдээлэл хэмжлийн электроник, цахилгаан холбооны инженер гэсэн хос мэргэжлээр төгссөн ШУТИС-ийн анхны гурван оюутны нэг. Оюутан байх үеэсээ бусдын адил ажил хийдэг байлаа. Манай гэр бүлийнхний бизнес бол хэвлэлийн салбартай холбоотой. Ерээд оны сүүлээс ах нартайгаа нийлж эхлүүлсэн бизнестээ идэвхтэй оролцож явсаар инженерээр төгссөн ч мэргэжлээрээ ажиллаагүй. Харин хэвлэлийн салбарын хүн болж хувирсан. Хэвлэлийн компанийнхаа үйл ажиллагааг өргөтгөх зорилготой явсаар чөлөөт хэвлэл эрхлэх болж, улмаар өдөр тутмын сонин хүртэл гаргаж энэ гал тогоонд чанагдах болсон. Энэ ч утгаараа сонин хэвлэл, пиар улс төрийн намын сонгууль гэж явсаар сүүлдээ сэтгүүлч гэж андуурах болтол хэвлэлийн хүн болж хувирсан юм уу даа.

-Яагаад МАН-д элссэн юм бэ. Танай үеийнхэн ардчиллыг дэмжиж тийшээ хошуурч байсан баймаар юм?

-Манай аав Говь-Алтай 60 жил гэсэн хоршооллын намын үүрийн даргаар олон жил ажилласан. Ээж маань насаараа боловсролын салбарт ажилласан хүмүүс л дээ. Би дөрвөн хүүхэдтэй айлын отгон нь. Манай ах, эгч нарын хэн нь ч улс төрийн намын харьяалал байхгүй. Хамаатан саданд маань ч улс төр, нийгмийн зүтгэлтэн байгаагүй. Намайг 18 нас хүрдэг жил одоогийн МҮОНРТ-ийн хойхно байдаг БГД-ийн МАН-ын үүр дээр ээж маань дагуулж очоод намын гишүүн болгосон юм. Одоо бодоход намын сонгуулийн кампанит ажлын хүрээнд идэвхжүүлэлтэд ороод аав, ээж яриад аваачиж элсүүлсэн байх. Насаараа намын үзэл бодлыг түгээн дэлгэрүүлэхэд оролцож явсан хүмүүс ядаж нэг хүүгээ намд элсүүлье гэж бодсон байлгүй дээ. Эхний 4-5 жилд намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож явсангүй. Оюутан бас хажуугаар нь бизнес эрхэлдэг хүн. Гэвч аандаа намынхаа мөр зэрэгцэн зүтгэж яваа ах нар, найз нөхөдтэйгөө нөхөрлөж, үзэл бодлоо нэгтгэн улс төрийн үйл ажиллагаанд оролцоод эхэлсэн. 2007 оны сүүл гэхэд БЗД-ийн 37 дугаар үүрийн дарга болж, 100 гаруй гишүүн удирдаж байлаа. Цаашлаад нийслэлийн намын хорооны гишүүн, намын бага хурлын гишүүн, намын хэлтсийн дарга, нарийн бичгийн дарга гэж шат шатаар нь дамжиж явсаар ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байна. Хэдийгээр би нас залуу ч намын гишүүн болоод 17 жил болчихсон бас ч хуучны хүн, намын шат шатны ажлын туршлага чамгүй зузаан гэгдэх учраас ерөнхий нарийн бичгийн даргын албанд залуудна гэж бодохгүй байгаа. Зүгээр ч явж байгаад генсек болчихсон гэж боддоггүй юм аа.

-МАН-ыг хуучинсаг нам гэж үзэх хүмүүс бий. Залуу хүмүүсийг ийм намыг сонгох үед хачирхах хүмүүс ч байдаг?

-Хүмүүс янз янзаар л хардаг байх. МАН-ыг хуучинсаг гэж хардаг хүмүүсийг буруутгах арга байхгүй. Гэхдээ МАН-ыг өөрчлөлт шинэчлэлийг зоригтой хийдэг гэж хүлээн зөвшөөрдөг хүмүүс ч бий. Ерэн оны ардчилсан өөрчлөлт шинэчлэл болох үед би есөн настай байлаа. Тэгвэл тэр есөн настай хүү 27 жилийн дараа тэр хуучинсаг гэгдээд байгаа намын ерөнхий нарийн бичгийн дарга болчихсон байна. Харин 1990 онд Ардчилсан намын толгойд байсан хүмүүс бас тэндээ л байна. Тэр үеийн есөн настны хэд нь энэ намд эрх мэдэл, хариуцлага хүлээх албанд байгаа вэ. Ингээд бодоод үзвэл МАН өөрчлөлт шинэчлэлийг хамаагүй хурдтай хийдэг нам гэж би хэлнэ. Ерээд оноос хойшоо хэд хэдэн үе солигдчихсон, социал демократ үзэл баримтлалаа тодотгочихсон, МАХН нэрээ анхны байгуулж байсан МАН нэрээрээ сольчихсон. Ер нь өөрчлөлтийг бол хамаагүй хурдтай хийж байна шүү дээ.

-Та НИТХ-д гурав дахь удаагаа төлөөлөгчөөр сонгогдлоо. Өнгөрсөн дөрвөн жилд цөөнхийн бүлгийг ахалж, Э.Бат-Үүл даргатай нэлээд тулж байсныг санаж байна…

-Нутгийн өөрөө удирдах байгууллага бол маш өндөр хариуцлагатай байгууллага. Иргэдийн хурлын гаргаж байгаа шийдвэрүүд шууд хүний амьдралд нөлөөлж байдаг. Тэр ч үүднээсээ Иргэдийн хурлын шийдвэр улстөрждөггүй, прагматик шийдвэр байх ёстой. Би НИТХ-д намаа олонхи байхад нь ажиллаж байлаа, цөөнх байхад нь ч бүлгээ ахалж ажиллаж үзлээ. Сая бас даргаар ажиллаж байгаад ерөнхий нарийн бичгийн даргын албатай хавсарч хийхэд цаг хугацааны боломж бага байсан тул даргын ажлаа шилжүүлсэн. Э.Бат-Үүл даргыг шүүмжилж, багагүй тулдаг байсан нь өнөөх зарчимтай л холбоотой. Манай нам ч байна уу, өөр нам ч байна уу. Худлаа дүр эсгэсэн байдалтай эвлэрч чаддаггүй. Түүнтэй зөрөлдөх болсон шалтгаан тийм асуудлаас эхтэй. НИТХ-ын шийдвэр хүмүүсийн амьдралтай шууд холбогддог байхад олон жил улс төр хийж, тийм тавцанд явсан хүн хотын дарга болсноор бодит байдлаасаа гажаад ирсэн. Эрхгүй бид шүүмжилж, алдаа дутагдлыг нь хэлэхээс аргагүй болсон. Хотын парламент бол УИХ биш. Тэнд улстөржиж, ард түмэнд таалагдах гэж худлаа хэлж болдоггүй. Гаргасан шийдвэр болгон амьдрал ахуй дээр нь очиж тусдаг. Авлигачдыг чангаар дууддаг хүн өөрөө ч тийм байх ёстой. Тиймээс би ам ажлын зөрүүг нь нэхэх болсон. Хүүгийнх нь барилгын компани дээр хүртэл очиж, хөшигний ард байгаа дүрийг нь ил болгож эхэлсэн. Гэвч бидний шүүмжлэлийг хүлээж авах байтугай үл тоож, асуудал байхгүй мэтээр ажлаа явуулсан. Дагалдагчдад нь хурал дээр усны саваар шидлүүлж, хэлж ярьж байгаа маань хад мөргөх мэт болдог байлаа. Олонхийн хүчиндээ дулдуйдаж, цөөнхөө үл тоосон. Уг нь энэ хүмүүс яагаад ингээд байна, ямар асуудал байна гэж анхаарч үзэхийн оронд Амарбаясгалангийн амнаас гарсан үг бүрийг эсэргүүцэх бодлого барьсан. Энэ бүхэн тэдний алдаа байсан болов уу. Би зарчим барьж шүүмжилж явсан болохоос Э.Бат-Үүл даргын нас намба, улс төрд өнгөрүүлсэн цаг хугацааг нь хүндэтгэдэг. Түүнийгээ ч хэлдэг байлаа. Гэвч цөөнхөө үл тоож, хүч түрэмгийлсэн. Үүнийхээ горыг ч 2016 оны сонгуулиар хүртсэн.

-Олноороо хүч түрэмгийлж яаж асуудал шийддэгийг нийслэл гэлтгүй УИХ дээр ч харж байсан. Одоо АН-ынхан биш та нар тэгэх эрсдэлт нөхцөлд байна. Энэ талаар бодолцож байгаа юу?

-Бодохоор барах уу. Ер нь ямар ч үед сөрөг хүчний үгийг ард түмэн илүү сонсдог. Эрх баригчид ард түмэнд таалагдах, таалагдахгүй олон шийдвэрийг гаргахаас аргагүй байдалд орж байдаг. Сөрөг хүчний үгийг анхааралтай сонсох ёстой юу гэвэл тийм. Үгэн дотроос нь авахаа аваад явдаг. Түүнээс дандаа улстөрждөг гээд үл тоогоод байж болохгүй. Манай намын дарга, УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ сөрөг хүчнийхээ дуу хоолойг сонсч, хүндэтгэж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Тэр зарчмыг бид баримтлах болно. Сөрөг хүчнийхээ үгийг дөрвөн жил сонсоогүй АН өнөөдөр ямар байдалтай байгааг бид харж байна. Ганц АН, МАН биш ард түмнээрээ, улс орноороо хохирчихоод сууж байна. Өндөр хүүтэй бондыг ямар ч төлөвлөгөө бодолгүй гаргаж, зарцуулалтын тал дээр сөрөг хүчний шүүмжлэлийг нэг ч тусгаж аваагүй. Сөрөг хүчний үг бүрийг аваад байх боломжгүй ч ажил хэрэгч саналыг анхааралтай сонсч, шүүмжлэлийг нь үйл ажиллагаандаа тусгах ёстой. Бид тэгж ажиллах болно.

-Нам албан тушаалтнуудыг шахаж ажиллуулж, хариуцлага тооцно гэдэгтэй санал нийлж байна л даа. Гэхдээ гишүүд, сайд албан тушаалтнуудад намаас шахалт үзүүлнэ гэхээр мөнгө босгоход шахалт үзүүлчих вий гэсэн айдас давхар байна. Гаалийн Х.Баатарыг намаас нь шахаад мөнгө босгуулсан гэдэг дээр генсек нь гарын үсгээ зурсан түүх бий?

-Улс төрийн нам хуульд тодорхой заасны дагуу гишүүд, дэмжигчдийн татвар, хандив, хураамжийн дэмжлэгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Хувь хэмжээ нь ч тодорхой. Энэ байдлаар намын санхүүжилт босч байдаг. Алдаа гарч байсныг үгүйсгэхгүй. Бид илүү нээлттэй, ил тод зарчмаар ажиллана. Ер нь нам, олон нийтийн ажил гэдэг мөнгө гэхээсээ илүү чин сэтгэлийн ажил байдаг юм шүү. Мэргэжлээрээ ажиллах, гэр бүл үр хүүхэд, найз нөхдөдөө зориулах цаг хугацаагаа улс төрийн үйл хэрэгт зориулан ажиллана гэдэг бас их сэтгэлийн хат шаардсан ажил байдаг. Албан тушаалаа ашиглан мөнгө босгодог, албан тушаал зардаг, мөнгө хийдэг тэр байдлыг хаах ёстой. Манай намд албан тушаал зарж, нам дээрээ мөнгө төвлөрүүлж байгаа зүйл байхгүй гэдгийг би бардам хэлнэ.

-Өнгөрсөн сонгуулиар 60 тэрбум босгох төлөвлөгөөний талаар бичлэг явсан даа. Та түүнийг юу гэх вэ?

-Тэр бол сонгуулийн үеийн ядмаг зохиол байсан. Гэхдээ нэг зүйл тодорхой болж байна. Өнгөрсөн дөрвөн жилд АН өөрөө тийм схемээр ажиллажээ гэж. Нөгөө зүүдээ ярих гээд хулгайгаа хэлэв гэдэг шиг. Мэддэг, гардан хэрэгжүүлсэн хүмүүст ийм зохиол гаргахад амар байсан байх. Сая болж өнгөрсөн АН-ын дотоод сонгуулиар юу болов. Сошиалд хүмүүсийн ил гаргасан тооцоогоор бол АН-ынхан дотоод сонгуулиараа 60 тэрбумыг босгочихсон байна лээ. Албан тушаалаар мөнгө яаж босгодгийг АН-ынхан төгс эзэмшжээ гэж ойлгогдохоор байна. Төрийн албыг хэн төрлийн алба болголоо доо. Бид ийм байдлыг даган дуурайж болохгүй.

-Гэхдээ нэг засаг солигдохоор бүх албан хаагчид солигддог бурангуй байдал газар авлаа. Сайд дарга нь яамай гэхэд энгийн мэргэжилтэн хүртэл ажилгүй болж байна. Завханы Идэрт гарсан хэрэг явдал ийм байдал хэрээс хэтэрсний баталгаа боллоо. Төрийн мэргэшсэн алба хаагчдыг дөрөв, дөрвөн жилээр солиод байх буруу биз дээ?

-Төрийн албыг мэргэшсэн, тогтвортой байлгах ёстой гэдгийг МАН сонгуулийнхаа хөтөлбөрт оруулсан. Үүнийг хатуу хуульчлахгүй бол аль нэг улс төрийн хүчин ялахаар төрийн албан хаагчдыг өөрчилдөг байдал байсаар байна. Завханы Идэр суманд 28 жил төрийн санд ажилласан эмэгтэйг АН-ын суманд ялсан дарга гарч ирээд өөрчилснөөр шоконд орж, түүнээсээ гарч чадахгүй байсаар амиа хорлосон эмгэнэлт хэрэг гарлаа.

-Энэ удаад АН-ын засаглаж байгаа газарт гарсан нь үнэн ч гэсэн тэр энэ гэлтгүй хольж, сольж байна. Тэгэхээр энэ байдлыг яаж өөрчлөх вэ. Намын харьяаллаас бус мерит тогтолцоогоор төрийн албаныхныг үлдээдэг болохын тулд яах хэрэгтэй вэ?

-Хуульчлахаас өөр аргагүй. Одоо Төрийн албаны тухай хууль хэлэлцэгдэж, хаврын чуулганаар батлах гээд явж байна. Энэ хуулийг олон талаас нь сайн бодож хийх ёстой. МАН-ынхан өөрсдөө гарчихаад өөрсдийнхөө хүмүүсийг үлдээхээр хуульчилж, хуулиар хамгаалах гэж байна гэж сөрөг хүчин ярьж байгаа. Гэхдээ үүнийг өнөөдөр хуульчилж төрийн мэргэшсэн алба тогтвортой байх бодлогыг баталгаажуулж авахгүй л бол энэ цааш үргэлжилсээр байх болно. Монгол Улсын Ерөнхийлөгч ч хэлсэн үгэндээ хариуцлагыг хуульчлах ёстой гэсэн. Хуулиар баталгаажуулж явахгүй бол байнга ийм тогтворгүй байдал үргэлжлэх болно.

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ ямар зарчмаар тодруулах вэ?

-Ерөнхийлөгчид намаас хэрхэн яаж нэр дэвшдэг талаар эргээд харахад 2013 онд намын дарга Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ гишүүн хоёр өрсөлдөж байсан. 2009, 2005 онд намаас нэг хүнийг буюу Н.Энхбаярыг нэр дэвшүүлж байсан. 2001 онд мөн нэг хүнийг өрсөлдөгчгүй нэр дэвшүүлж байжээ. Голдуу намын дарга нарыг өрсөлдөгчгүй дэвшүүлдэг байсан нь харагдана. Энэ удаад хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг нам дотроо ярилцана. Намын жирийн гишүүд олноороо санал бодлоо хэлж байна. Нэлээд нь 2016 оны сонгуульд намаа үнэмлэхүй олонхийн ялалт байгуулсан намын дарга М.Энхболд байх ёстой гэж байгаа. Бас УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг дэвшүүлмээр байна гэсэн санал зарим гишүүдээс ирсэн. Өөрийнхөө зүгээс албан ёсоор илэрхийлсэн хүн одоогоор байхгүй. Бид бүхий л саналыг тусган, судалгаанд үндэслэн намынхаа Бага хурал дээр асуудлаа шийднэ. Өөрөөр хэлбэл, манай Бага хурлын 310 гишүүн Ерөнхийлөгчийн сонгуульд хэн дэвшихийг шийднэ.

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь тодорхой, цаашлаад намын дараагийн хуваарилалт Намын их хурлын талаар танай дотор яригдаад эхэлчихсэн байна лээ. Бүр арваннэгдүгээр сард гэж хүртэл тов сонстсон шүү..

-Монголчуудын дунд алаагүй баавгайн арьсыг арав хуваах тухай үлгэр бий дээ. Улс төрийн намын хувьд хамгийн чухал асуудал бол Ерөнхийлөгчийн сонгууль. Энэ том сонгуульд бид бэлтгэлээ сайн хангаж, сайн оролцох ёстой. Тэр ч утгаараа бүсчилсэн зөвлөгөөнүүдийг хийгээд явж байна. Түүнээс Намын их хурлын талаар яригдсан зүйл байхгүй.

-Өөрийг тань залуу Б.Даш-Ёндон гэж онцолсон байсныг харж байсан юм байна. Ахмадуудаасаа дуурайл авна биз?

-Б.Даш-Ёндон дарга намынхаа ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан 1992-1996 онд манай нам мөн төр барьж байлаа. Тэр үед бас л эдийн засгийн хувьд маш их хямралтай, дээрээс нь 72 гишүүнтэй буюу бүдүүн бүлэгтэй байсан. Нөхцөл байдлын хувьд өнөөдрийнхтэй адил гэмээр юм уу. Тэр утгаар нь адилтгасан байж болох юм. Б.Даш-Ёндон дарга бол манай намын уураг тархи нь болсон гайхалтай хүн. Түүний үгийг үе, үеийнхэн сонсч, зөвлөгөөг нь авсаар ирсэн байдаг. Би ч гэсэн Б.Даш-Ёндон даргыгаа улс төрийн бодлогын зөвлөхөө болгоод өдөр тутмын бодлого, чиглэлээ зөвлөлдөөд явж байна даа. Энэ бас манай намын соёл, төлөвшил, үнэт зүйл юм да.

-Сонгуулийн дараагаас танай намынхан АН-ын хийсэн болгоныг үгүйсгээд, тушаал шийдвэрийг өөрчлөөд явсан. Ингэх шаардлага байдаг юм уу, сайныг нь үргэлжлүүлээд саарыг нь засаад явж болдоггүй юм уу?

-АН-ын Монгол Улс, МАН-ын Монгол Улс гэж байхгүй. Бид нэг л эх оронтой. Тиймээс тэгж бүх зүйл дээр хандаж, айхтар өндөр авсан зүйл гэж бодохгүй байна. Сайн зүйлсийг цааш үргэлжлүүлээд явуулах нь аль нэг нам гэлтгүй монгол хүн бүрийн үүрэг байх. Түүнээс АН-ын эхлүүлсэн зүйл гээд унагаадаг байж болохгүй. Үүнийг манай намын нэрээр сонгогдсон хийгээд томилогдсон албан тушаалтнууд ч анхаарч ажиллах ёстой. Энэ бол улс эх орны эрх ашиг. Хэрэв асуудалд тэгж хандаж байгаа хүн байвал намын нэр хүндийг унагаж байна гэж хэлнэ. Дахин дахин хэлэхэд сонгогдож, томилогдсон бүх нөхөд эргээд МАН-ын өмнө үүрэг хариуцлага хүлээсэн гэдгээ ухамсарлах ёстой шүү.

-Төрд бизнесийнхэн бөөнөөрөө орж ирсэн талаар парламентаас парламентад ярьж шүүмжилдэг. Энэ талаар ууган намын залуу генсекээс бодлыг нь сонсмоор санагдчихлаа…

-Бизнесээ явуулахын тулд улс төрд орж ирж болохгүй ээ. Улс төрд орчихоод бизнес хийж болохгүй. МАН-ынхан бол мэргэшсэн төрийн хүмүүс гэж бид бахархан ярьдаг байсан. Тэр итгэл үнэмшил, байр сууриа олж авах ёстой. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Та мөнгө хиймээр байгаа бол бизнесээ хий. Төрд ажиллаж байгаа бол төрийн албан тушаалтан гэдгээ ухамсарлаж ажиллах хэрэгтэй” гэсэн үнэхээр үнэн. Тэгж л ажиллах ёстой. Төр мөнгө хийдэг газар биш. Үүнтэй МАН-ынхан тэмцэх ёстой. Бид албан тушаалтан аливаа хэрэгт холбогдвол туйлын анхааралтай хандана. Хэдийгээр шүүхээс гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй байхад бид хариуцлага хүлээлгэх боломжгүй ч томилсон хүнээ буруу зөрүү ажиллаж байгаа эсэхийг нь хянаж, шаардлага тавих хүмүүс байдаг юм шүү гэдгийг сануулчихъя.


Categories
мэдээ цаг-үе

Эрсдэлтэй үргэлж нүүр тулдаг эгэл баатрууд

Монгол орны өнцөг булан бүрт хүрч аврах үйл ажиллагаа явуулдаг цорын ганц бие бүрэлдэхүүн байдаг. Энэ бол Онцгой байдлын ерөнхий газрын харьяа, хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Цэргийн гавьяаны улаан тугийн одонт тусгай анги юм. Тэд сүүлийн таван жилийн хугацаанд 200 гаруй эрдэнэт хүний амийг аварсан ажээ. Энэ цагийн эгэл баатар хэмээн ард түмэндээ хүндлэгдсэн аврагчдын хуарангаас “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ.

Хурандаа д.Намсрай захирагчтай аврах тусгай ангийн хаалгаар ортол яг л ажилчин шоргоолжнуудын дунд ороод ирсэн мэт санагдаад явчихлаа. Энд ч нэг хэсэг нь зүлэг услаад л, тэнд ч бөөн хүн мужаан, засварын ажил өрнүүлнэ. Ангийн хашааны хойхно талд трактороор залуус хэмжилт хийж байгаа харагдана. Спортын талбай байгуулахаар газрыг нь бэлдэж буй аж. Тус ангийнхан дор бүрнээ л ажил ихтэй байв. Штабын байрны ханан дээр “аврах тусгай анги 1967” гэж уйгаржин монгол бичгээр том гэгч бичсэн нь нүдэнд тод туслаа. Хагас зуун жилийн түүхийн жимийг сонирхуулбал, Монгол ардын цэргийн төмөр замын тусгай батальон нэртэйгээр байгуулагдаж байсан байна. Тухайн үедээ чиг үүргийн хувьд манай улсын тэргүүлэх зэрэглэлийн дэд бүтэц байсан төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцоод зогсохгүй засвар үйлчилгээг нь хариуцдаг байжээ. Төмөр замын дэр мод солих, аюултай, огцом эргэлтүүдийг засварлаж байсан гэнэ. Ингээд 1969 оноос БХЯ-ны харьяа Иргэний хамгаалалтын инженерийн тусгай батальон болсон байна. Тэр үед нийгэм, улс төрийн зүтгэлтэн, дипломатч, хурандаа генерал С.Равдан гуай “ОХУ-д иргэний хамгаалалтын цэрэг гэж байна. Ер нь бол ямарваа нэгэн дайны цагт иргэнээ хамгаалдаг цэрэг байх нь зүйтэй” гэж үзээд онцгой байдлын албаны суурийг нь тавьж, салбарынхаа хуулийг санаачлан аИХ-аар батлуулсан байна. Тус анги Иргэний хамгаалалтын механикжуулсан тусгай хороо нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаад зах зээлийн нийгэмд шилжсэн 1991 оноос Зэвсэгт хүчний 122 дугаар анги гэгдэх болжээ. Харин 2004 оноос буцаад Гамшгаас хамгаалах тусгай анги, 2005 оноос ОБЕГ-ын харьяа тусгай анги болсон байна. Ингээд 2006 онд хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит болж, 2014 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулжээ. Тусгайгийнхны онцлог бол агаараас, газар дээр, усан доогуур гээд ямар л гамшиг осол болно, тэр бүгдэд эрэн хайх, аврах ажиллагаа явуулдаг. дээрээс нь тэд онцгой байдлын салбарынхаа урлагийн бүх үйлчилгээг хариуцдаг байна. Тиймээс ангийн захирагч хурандаа Д.Намсрай бие бүрэлдэхүүнээ “4D ангийнхан” гэж нэрлэх дуртай ажээ.

ГАРЫН УР ДҮЙТЭЙ АВРАГЧИД

Аврах тусгай ангид өмнө очиж байсан хүмүүс одоо дахин босгыг нь давбал гайхна. Ажилсаг “шоргоолжнууд”-ын ачаар ангийн өнгө төрх хачин гоё сэргэсэн байна лээ. Балгас байсан, ашиглагддаггүй байшин савнуудаа бүгдийг нь тохижуулчихаж. Цайны газрын үүдний хүйтэн, зэвхий даасан хэсэг байсныг өвөрмөц шийдлээр засварлаж, гэрэл зургийн үзэсгэлэнгийн танхим болгожээ.

Хугацаа нь дуусч ашиглалтаас гарсан шүхрийн материалаар таазаа урлажээ. Мөн өнгө өнгийн модон абажурыг өөрсдөө хийсэн байна. Шалнаас тааз хүртэл шүхрийн уяаг холбож үүн дээрээ гэрэл зургуудаа тогтоожээ. Ханаа цоолж муухай болгохгүйн тулд ийм шийдлийг сонгосон гэнэ. Зургийн жаазнаас авахуулаад энэ бүгдийг аврагчид, аж ахуйн албаныхан хийжээ. Үзэсгэлэнгийн танхимыг тус ангийн ажилтан, албан хаагчдын баярт үйл явдлын сонирхолтой гэрэл зургууд чимнэ. Нийт 200 гаруй зургийн фондтой гэсэн. Энэ танхимтай залгуулаад билльярд, караокены VIP өрөө байгуулжээ. Үүгээр зогсохгүй цайны газрын танхимыг шинэчилж, тайз зассан харагдав. Бас тус ангид ашиглалтын жагсаалтаас гарчихсан байсан жижигхэн байшинг засварлаж, япон маягийн саун болгожээ. Мөн ангийн хашаанд мод суулгаж, цэцэрлэгжүүлсэн байлаа. Бас гадаа ил гал дээр шорлог хийх боломжтой хоёр ч хэсэг газрыг зориулалтынх нь дагуу тохижуулчихаж. Аврагчдын хувьд хөдөө орон нутагт олон хоног үүрэг гүйцэтгэдэг болохоор ямар ч тогоочоос дутахааргүй гал тогоо барьж чаддагаараа давуу талтай. Одоо бүр эднийх япон хоолны хоёр тогоочтой болсон гээч. Ангийн захирагч Д.Намсрай аврагчдаа японы хоолны алдарт тогооч Микогийн сургалтад хамруулжээ. Тэд сүшиг ёстой мэргэжлийн өндөр түвшинд хийдэг болсон аж. “Сүшиний тогоочтой болсон биш хутганы өрөнд орчихлоо” гээд Д.Намсрай хурандаа инээх нь тэр. Биднийг штабын байр руу ороход тэрбээр японоор хэн нэгэнтэй утсаар удаан ярьж дууссаныхаа дараа ингэж хэлсэн юм. Ер нь сүшиг хийхэд зориулалтын гурван төрлийн хутга хэрэгтэй гэнэ. Тэр нь Монголд байхгүй болохоор ангийн захирагч Япон руу найздаа захижээ. Сонирхуулахад, сүшиг зөвхөн эрэгтэй хүн хийдэг байна. Эмэгтэй хүний биеэс их дулаан ялгарч байдаг болохоор загасны амт өөрчлөгдөхөд нөлөөлдөг аж.

ХОРИН ЖИЛИЙН ДАРАА “АМИЛСАН” ТАЙЗ

Штабын байрандаа энэ ангийн суурийг тавьсан Сандивын Равдан гуайн гэгээн дурсгалд зориулсан өрөөтэй юм билээ. Тэр хүнтэй холбоотой түүх намтар, байгуулсан гавьяа, гэр бүл, үр хүүхдүүдийнх нь тухай хүртэл сонин содон баримтууд байв. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Равдан гуай Дорнод аймгийн харьяат хүн юм байна. Гадаадын 20-иод оронд Элчин сайдаар ажилласан, өндөр боловсролтой нэгэн байжээ. Түүний үр хүүхдүүд одоо болтол Аврах тусгай ангитай холбоотой байдаг гэнэ. Жил бүр шилдэг аврагчийг шалгаруулж, мянган ам.долларын шагнал гардуулдаг аж. Тэнд С.Равдан гуайн ач хүү Б.Баяр ирсэн байлаа. Тэрээр өвөөгийнхөө нэрэмжит ангийн Соёлын төвийн нээлтийн арга хэмжээнд уригдан ирсэн нь энэ аж. Бүхэл бүтэн 20 жилийн турш хаалттай байсан Соёлын төвийн тайзны хөшиг өнгөрсөн баасан гаригт нээгдсэн юм. ЗХЖШ-ын харьяа, МУСГЗ хурандаа Ч.Гансүх даргатай Үлгэр жишээ үлээвэр хөгжмийнхөн бүрэлдэхүүнээрээ ирж, урлагийн бүрэн хэмжээний тоглолт үзүүлж, амьд хөгжмийн тоглолтоор танхимын жаврыг үргээлээ. Ёслолын ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, НОБГ-ын Тамгын газрын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Нийслэлийн аврах ангийн дарга, хурандаа Д.Чинзориг нар ирсэн байлаа. “Түүхт 50 жилийнхээ ойн босгон дээр ирсэн Аврах тусгай ангийнхан гаднах тохижилтоос эхлээд олон ажлыг зохион байгуулсан байна. Тайз нь нурж унах дөхсөн Соёлын төвөө хоёр сар гаруйн хугацаанд өөрсдийнхөө хүч хөрөнгө, санхүүгийн боломжоор өөд нь татаж, үйл ажиллагаа хэвийн явуулах бололцоо бүрдсэнд ОБЕГ-ын удирдлагуудын зүгээс талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье” гэж Г.Ариунбуян дарга хэллээ. Тус анги амьд хөгжмийн “Тэнгэр” хамтлагтай аж. Хамтлагийн ахлагч нь ангийн захирагч Д.Намсрай хурандаа юм билээ.

Аврагчид энэхүү соёлын төвийнхөө бүх заслыг өөрсдөө хийсэн байна. Шоо хэлбэрийн уналттай тааз нь өвөрмөц харагдаж байв. Соёлын төвтэйгөө залгуулаад зочид хүлээн авах монгол гэр хэлбэрийн өргөө барьж, саяхан ашиглалтад оруулсан байна. Бас хонгилын давхрын харанхуй хэсгийг фитнесс танхим болгож, бүхий л тоног төхөөрөмжөөр хангасан харагдав. Энд аврагчдын бэлтгэлийг Улсын харцага Д.Батболд хийлгэдэг юм байна. Аврагчдын гол онцлог ур чадвараас гадна тэсвэр тэвчээр, бие бялдрын хөгжил сайтай байх ёстой. “4D” ангийн залуучууд тэр аяараа тэвхийсэн ханхар цээжтэй, эрүүл чийрэг, булчинлаг залуус байсан нь дасгалжуулагч багштай яах аргагүй холбоотой юм. Бас аврагчдын биеийн байдлыг тогтмол хянадаг эмч нар, тэдэнд мэргэжлийн холбогдолтой номууд болон сонгодог уран зохиолуудаар хангадаг номын сан ч тус ангид бий.

Ангийн захирагч хурандаа Д.Намсрай

“ДАРЬ ҮНЭРТСЭН ХҮН”

Аливаа албан байгууллагын даргын арын өрөө зөөлөн буйдантай, амралтын маягийнх байдаг. Тэгвэл тус ангийн захирагч албан өрөөгөө хурлын танхим, арын өрөөгөө “cof­fee break” болгосон байв. Харин Д.Намсрай хурандаа өөрөө жижигхэн өрөөнд сэтгэл хангалуун сууж байна лээ. Ер нь штабын байр, түүний өрөө, үзэсгэлэнгийн танхим зэргийг ажиглахад Д.Намсрай хурандаагийн хобби шууд харагдана. Тэрбээр гэрэл зураг авах, тэмдэг цуглуулах сонирхолтой ажээ. Түүний 20 гаруй жилийн хөдөлмөр шингэсэн арвин цуглуулга штабын байрны ханан дээр ярайж, олны нүдийг хужирлана. Тэнд бүх улсын цэрэг, цагдаа, нисэх болон зэвсэгт хүчний байгууллагуудын тэмдгүүд хэдэн зуугаараа тоологдохоор арвин юм билээ. Харин ажлын умгар өрөөнийх нь хана гэрэл зургийн цомгоор битүү бүрхжээ. Хоймортоо Монголын алтан соёмбот бүхий ханцуйн тэмдгийг нандигнан байрлуулсан байна. Энэ бол Маршал Х.Чойбалсангийн өмсч байсан цэргийн формны ханцуйны тэмдэг ажээ. 1939 оны Халх голын дайнд оролцож явахдаа Х.Чойбалсан гарандаа шарх авч, нэгэн сувилагч эмэгтэйгээр эмчлүүлсэн байна. Сувилагч бүсгүйн гар тун ч эв дүйтэй, Маршалд өвдөлт бага мэдрэгдсэн бололтой. Х.Чойбалсан гуай түүнд талархаж, ханцуйн дээрх тэмдгээ хуу татан өгч байсан ажээ. Хожим энэ тэмдгийг сувилагч эмэгтэйн хүү Ганболд гэж хүн Д.Намсрай хурандаад дурсгасан юм байна.

Аврагчид, албан хаагчдын ярьж байгаагаас сонсоход Д.Намсрай хурандаа ёстой хамт олныг бүрдүүлж, аливаа шинэлэг зүйлийг санаачлан хэрэгжүүлэхэд өөрөө үлгэр дуурайл болдог хүн ажээ. Тиймдээ ч ангийн өнгө төрх, аврагчдын ажиллах нөхцөл боломж сайжирсан гэж байлаа.

Д.Намсрай хурандаагийн хувьд 1993 оноос хойш энэ салбартай холбогджээ. Уг нь мэргэжлийн десантын цэрэг аж. Тэрбээр зэвсэгт хүчний 084 дүгээр ангид цэргийн алба хаагаад ОХУ-д Агаар десантын дээд сургуульд таван жил суралцаж төгссөн байна. Түүнийг энэ салбартай холбосон хүн бол Иргэний хамгаалалтын дарга байсан Г.Дамдинсүрэн генерал гэнэ. Ер нь Д.Намсрай хурандаагийн онцгой байдлын салбарт ажилласан он жилүүдийн ихэнх хугацаа нь Аврах тусгай ангитай салшгүй холбоотой юм билээ. Энэ ангийн салбарын дарга, штабын дарга хийж байгаад захирагчаар нь томилогдсон хоёрхон хүний нэг нь аж. Зуд үзсэн мал гэдэг шиг Д.Намсрай хурандаа бол жинхэнэ “Дарь үнэртсэн хүн” гэж Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга хурандаа Б.Мандахгэрэл тодотгон хэлэх нь ёстой л нэг байгаа оносон үг шиг санагдав. Учир нь Д.Намсрай хурандаа 2001 онд Увс аймгийн Малчин суманд унасан нисдэг тэрэгний ослоос амьд үлдсэн цөөхөн хүний нэг юм. Бүх биеийнх нь 40 хувь нь түлэгдэж үхэл амьдралын зааг дээр ирж байсан хүн. Мөн 2007 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд үүрэг гүйцэтгэж явсан “Ми-8” нисдэг тэрэг осолдоход тэрбээр амьд үлдсэн хүмүүсийг очиж аварч байсан юм. Эрхэм хурандаа энэ тухай ярихдаа “Одоо энэ ослоос амьд үлдсэн хүмүүсийн гурав нь энэ ангидаа ажиллаж байна. Харамсалтайгаар амь үрэгдсэн нөхдийнхөө гэгээн дурсгалыг мөнхжүүлэхийн тулд хийж байсан ажлыг нь үргэлжлүүлж байгаа алба хаагчид нь сайн ажиллаж байна. Би өөрөө ч үхчих гээд, хамт зүтгэж байсан нөхдөө ч алдаад юм юм л үзсэн дээ” гэж нам дуугаар өгүүлэв.

Д.Намсрай хурандаа Монголын шүхрийн спортын холбооны тэргүүн. Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаярыг “Пепси” ундааны рекламанд тоглоход нь түүнийг шүхрээр буулгажээ. Энэ үйл явдалд дурсгал болгож аваргын зүгээс өөрийнхөө зургийг Д.Намсрай хурандаад бэлэглэснийг ажлын өрөөнийхөө хананд өлгөжээ. Мөн түүний өрөөнд сумо бөхийн алдартнууд болох Асашёорү аварга, Кёкүшюүзан, Цэвэгням нартай авахуулсан зураг ханыг нь чимнэ. Түүний зураг бүхэн түүхтэй. Тэр дундаас хамгийн хөгжилтэй түүхийг өгүүлэх зураг нь Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном гуайтай авахуулсан зураг байлаа. Д.Намсрай хурандаагийн овог нь Д.Содном гуайнхтай адил Думаа аж. Мань эр ОХУ-д сурч байхдаа сургуулийнхаа захиргаанаас банга хүртжээ. Ингээд захиргааны хурлаар орох гээд байж байтал улс төрийн орлогч нь дуудаад “Чи чинь Думаагийн Содномын дүү биз дээ” гэхэд нь “Дүүрсэн хэрэг гэж бодоод, тийм” гээд хариулчихжээ. Тэгэнгүүт өнөөх хатуу чанга багш нар нь түүний “толгойг илээд” өнгөрөөсөн байна. Сүүлд Д.Содном гуайтай Оросын Элчин сайдын яамны хүлээн авалт дээр таараад “Сайн байна уу ах аа” гэтэл ихэд гайхжээ. Түүний овгийг зээлсэн тухай хөгтэй явдлыг ярьтал Д.Содном гуай бөөн инээдэм болж “Алив нааш ир үнсье” гээд сүйд болж байсан гэдэг. Тэгснээ “Думаа чиний ээж үү, аав уу” гээд Д.Намсрай хурандаагаас асуутал “Ээж” гэж. Д.Содном гуай “Минийх ч бас ээж” гээд түүнийг тэвэрч аван зургаа хамт татуулсан ажээ.

ОЛОН УЛСАД УР ЧАДВАРААРАА ДЭЭГҮҮРТ ҮНЭЛЭГДСЭН АВРАГЧИД

Аврах тусгай анги 220 гаруй албан хаагчтай. Тэдний 20-иод нь энгийн ажилтнууд. Эрэн хайх, агаарын ажиллагааны, тусгай чиг үүргийн гэсэн гурван салбартай. Тусгай чиг үүргийн салбар нь химийн хортой, цацраг идэвхт бодис, хүн малын гоц халдварт өвчин, сум, галт хэрэгсэл зэргийн гамшгийн үед ажилладаг байна. Хамгийн сүүлд гэхэд зүүн аймгуудад дэгдсэн малын шүлхий, Налайхад гарсан хонины цэцэг өвчний голомтод ажилласан байна. Энэ ангийн бас нэг онцлог нь хөгжмийн тусгай бүлэгтэй. Цэргийн ёслол хүндэтгэл, урлаг соёлын үйл ажиллагаанд тэд оролцож, салбарынхаа нүүрийг тахалдаг авьяастнууд юм билээ. Тэгвэл холбооны тусгай бүлэг нь аливаа гамшиг ослын үед аврагчидтайгаа хамт үүрэг гүйцэтгэж, мэдээлэл солилцож, дамжуулах чухал хүмүүс. Техникийн тусгай бүлэг нь болохоор тээвэрлэлт, тусгай зориулалтын техник төхөөрөмжийг хариуцдаг ажээ.

Хаана гамшиг, аюулт үзэгдэл болно эдний аврагчид хамгийн түрүүнд үүрэг аваад морддог. Тэд улс орны хэмжээнд төдийгүй хилийн чанадад ч ажилласан туршлагатай. Таван жилийн өмнө Японы цунами, үүний дараа ОХУ-ын Буриад улсад дэгдсэн түймэр очиж ажилласан бөгөөд аврагчдын ур чадвар олон улсад үнэлэгдэж чаджээ. Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Аврах тусгай ангиас хамгийн олон алба хаагч амжилттай оролцдог юм байна. Аврагчдын хувьд ОХУ, Солонгос, Ази Номхон далайн орнуудад очиж, хамтарсан сургалт хийж, бусад орны туршлага судалж, ур чадвараа нэмэгдүүлэхэд анхаардаг ажээ. Аврагчид дандаа л хүн осолдсон газарт хүрч ажилладаг. Тэгэхээр өөрсдийнх нь ч амь нас эрсдэлд орох аюултай. Гагцхүү аврагч хүний онцлог нь ур чадвар, овсгоо самбаа, бэлтгэл сургуулилт байдаг. Мөн багаж, тоног төхөөрөмжүүдээ чадамгай эзэмшсэн байх ёстой гэнэ. Одоо тус албаныхан 5000 гаруй багаж, тоног төхөөрмжийг аврах үйл ажиллагаанд ашигладаг бөгөөд байнгын засвар үйлчилгээ хийдэг гэнэ. Ер нь аврагчдынхаа болоод ард түмнийхээ аюулгүй байдлыг хангахад хамгийн чухал нь сүүлийн үеийн дэвшилтэд технологи зайлшгүй байх шаардлагатайг тэд ярьж байлаа. Улсын хэмжээнд аврах үйл ажиллагаа явуулдаг цорын ганц энэ ангийн хувьд багаж хэрэгслээр тийм ч хангалттай биш бололтой.

Аврах тусгай ангийн бас нэг бахархал бол Чехэд 4200 метрийн өндрөөс чөлөөт уналтын дасгал хийж шүхрээр буусан залуус аж. Тэднийг М.Билгүүдэй, Г.Тэлмэн гэдэг. Саяхан ОХУ-д мастерын зэрэг аваад ирсэн байна. Онцгой байдлын албанд арав гаруй жил ажиллаж байгаа тэд Монголын шүхрийн спортын шигшээ багийн тамирчид бөгөөд хэт хөнгөн онгоцны нисгэгчээр бэлтгэгджээ. Харин онгоц нь энэ ангид хараахан байхгүй гэнэ. Уг нь ийм онгоцоор үүрэг гүйцэтгэвэл түймэр гарлаа гэхэд тандалт хийж, бага дээр нь барьж авах бүрэн боломжтой юм байна. Одоохондоо тус анги 2000 метрийн өндөрт гарах хүчин чадалтай панатомаар гамшиг аюулт үзэгдлийн тандалтыг агаараас хийдэг ажээ.

Аврагчдын хувьд гүний шумбалтын дээд рекорд нь 50 метр гэнэ. Тэд хэдэн жилийн өмнө шатахуун тээврлэж явсан хоёр хүнд даацын машин Хөвсгөл нууранд живж, манай улсын хамгийн том цэнгэг усны ай сав бохирдох аюул учраад байхад гүний шулбалт хийж аврах ажиллагааг амжилттай явуулсан байна. Ийм гүнд шумбасан аврагчийн хялгасан судаснууд нь хагарчээ. Өөр нэгнийх нь чихний хэнгэрэг гэмтсэн гэнэ. Энэ мэтчилэн эрсдэлтэй үргэлж амь өрсөн тэмцдэг эгэл баатрууд юм, тэд.

Түүхт 50 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа тус ангийн удирдлагуудын зүгээс аврагчдынхаа тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг хангаж, байнга анхаарал тавьж ажилладаг нь илт харагдаж байлаа. Мөн ангийн ойтой давхцан нэгэн түүхэн үйл явдал тохиож байгаа нь төр, нийгмийн зүтгэлтэн, дипломатч, хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 110 жилийн ой болж буй юм байна. Аврах тусгай ангид эрчимтэй өрнөж байгаа бүтээн байгуулалтууд бол дээрх түүхэн ойнуудад зориулагдсанаараа онцлог гэнэ. Энэ бүгдийг хандив тусламж, дотоод нөөц бололцоогоо ашиглан цогцлоож чаджээ. Цаашид ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ умарталгүй нэр төртэйгөөр биелүүлж, татвар төлөгчдийнхөө урмыг хугалахгүйн төлөө хичээж зүтгэхээ аврагчид маань амлаж байна лээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ц.Дэлгэрням: “Говь повер” компани Г.Дэнзэн болон түүний эхнэртэй хамааралгүй гэдэг нь хангалттай тогтоогдсон

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хурал өнгөрсөн долоо хоногт таван өдөр үргэлжлэн, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Дэнзэнд 3.6 жил, Я.Батсуурьт хоёр жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид биечлэн эдлүүлэх, Г.Дэнзэн, “Говь повер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярмаа нараас 5.5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэх шийдвэр гаргасан. Энэ талаар Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямтай ярилцлаа.


-Анх 17 тэрбум төгрөг хувьдаа завшсан гэх үндэслэлээр Г.Дэнзэн нарыг шалгаж эхэлсэн байдаг. Шүүхийн гаргасан шийдвэрийн талаар ярилцлагаа эхлэх үү?

-Улс орон даяар 17 тэрбум төгрөгийн гэх тодотголтойгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Дэнзэнг өөрийн эхнэр Г.Уянгын нэр дээр “Говь повер” гэх ХХК-ийн хувьцааны зарим хэсгийг шилжүүлж, улмаар “гаалийн хяналтын бүс шалгаруулах тендер”-т хууль бусаар шалгарч, онц их хэмжээний мөнгө завшсан … гэх мэдээлэл олон нийтийн хэрэгслээр нэлээд дуулиан шуугиан болсон гэдгийг та бүхэн санаж байгаа байх. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан таван өдрийн турш үргэлжилж, миний үйлчлүүлэгч Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, дээр дурдсан ял шийтгэл оногдуулсан. Шүүх бүрэлдэхүүний гаргасан шийдвэр нь шүүхийн бүрэн эрхийн асуудал гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Нэгэнт энэхүү шүүх хуралдаан олон нийтэд нээлттэй буюу шүүхийн нээлттэй танхимаар шууд дамжуулагдсан. Тус шүүх хуралдааныг хэвлэл мэдээллийнхэн хангалттай ажиглаж, бичлэг хийж байгаа харагдсан. Миний үйлчлүүлэгч Г.Дэнзэнг дараахь хоёр асуудлаар буруутгасан байдаг. Эхнийх нь 2010 онд Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Тэргүүн шадар сайдын тушаалаар “Замын-Үүд” Эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгслийг жинлэх 150 тоннын даацтай хэмжилтийн пүүг худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдож, албан тушаал, эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглан, өөрийн хамаарал бүхий “NIDB” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулсан гэж.

Дараагийнх нь Г.Дэнзэнд ямар ч хамааралгүй, Д.Баярмаа гэх эзэнтэй “Говь повер” ХХК-ийн хувьцааны зарим хэсгийг өөрийн эхнэрийн нэр дээр шилжүүлж, тендерт хууль бусаар шалгаруулан, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэж тус тус буруутгасан. Эхнийх нь үйлдлийн хувьд Г.Дэнзэнгийн гэм буруутай гэх үйлдэл огт тогтоогдоогүй. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа хэт нэг талыг барьсанд өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байгаагаа илэрхийлэх нь зүйтэй. Жишээ нь, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ” гэж хуульчилсан байдаг байтал улсын яллагчаас тус хэрэгт холбогдон, сэжигтнээр шалгагдаж байсан Н.Э гэх хүнээс авсан гэрчийн мэдүүлэг болон түүний сэжигтнээр өгсөн мэдүүлгийг яллах дүгнэлтдээ Г.Дэнзэнг буруутгах эх сурвалжаа болгосон нь дээрх хуулийг зөрчсөн үйлдэл болсон. Мөн Замын-Үүд чөлөөт бүсэд “ГХ” ХХК-иас 179 сая төгрөгөөр буюу үнийн хувьд илтэд зөрүүгүйгээр нийлүүлэгдсэн адил чанар, стандарт бүхий пүү байсаар байтал зөвхөн Г.Дэнзэнг буруутгаад байгаа нь ойлгомжгүй байсан.Хоёрдугаар буруутгаад буй үйлдлийн хувьд, хамгийн гол нь Г.Дэнзэнгийн гэм буруугүй, “Говь повер” ХХК-тай харилцаа холбоогүй, хэн нэгнээс ямар нэгэн мөнгө, хөрөнгийг хувьдаа авч ашиглаагүй гэдгийг нотлох баримтууд хавтаст хэрэгт хангалттай авагдсан байдаг. Жишээ нь, бид бүгдийн маш сайн мэддэг нэг зүйл бол “Нотлох баримт эх хувиараа эсвэл эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн тохиолдолд л нотлох баримтын шаадлагаа хангадаг” гэх процесс юм. Гэтэл яг л энэхүү шаардлагыг хангаагүй, хаана, хэнээс хуулбарласан нь тодорхойгүй “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г мөн л Г.Дэнзэнг буруутгах гол нотлох баримт болгосон нь ЭБШ хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т заасан “Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэх заалтыг зөрчиж, тус нотлох баримтын шаардлага хангаагүй гэрээний хуулбарыг нотлох баримтандаа шинжлэн судалсан.

-“Говь повер” компанийн захирал эмэгтэй Г.Дэнзэнг өөрийн компанитай холбоогүй гэдгийг хэлсэн байдаг юм уу?

-“Говь повер” ХХК-ийн албан ёсны эзэн, хөрөнгө оруулагч бөгөөд тус ХХК-ийн гүйцэтгэх захирлаар өнөөдрийг хүртэл ажиллаж буй Д.Баярмаа гэх эмэгтэй “Говь Повер” ХХК нь миний компани, би энэ компаниа өөрийн төрсөн дүү Баярхүү, мөн өөрийн төрсөн дүүгийн эхнэр Ч.Уянгаагийн нэр дээр анх нэг тэрбум төгрөгөөр Хятад улсын иргэнээс худалдаж авсан, тендерт албан ёсоор зохих журмын дагуу оролцсон, “ЭТТ” ХК-иас өөрсдийн үйл ажиллагаагаа өргөтгөх болсонтой холбогдуулж, манай компаниар гурван тэрбум гаруй төгрөгийн ажил хийлгэсэн, тус ажлыг би өөрийнхөө 47 ажилчин, албан хаагчтай хамтран дээр нь мэргэжлийн чадвартай байгууллагуудаар туслан гүйцэтгүүлж байсан, Монгол Улсад ганцхан байдаг 40 метрийн урттай пүү болон түүнээс гадна 200 тоннын даацтай хоёр пүү, 150 тоннын даацтай хоёр пүү, нийт таван пүү суурилуулж, тусгай захиалгаар угсруулсан найман ширхэг цоо шинэ ковш маркийн хүнд даацын машиныг захиалан авсан, газар маань өөрөө онцгой сайхан байршил бүхий 13,5 га газар байсан бөгөөд тойруулаад өндөр төмөр хашаа, салхины хаалт, газрын доод уландаа нүүрсээр ул дэвссэн байсан. Мөн замын сайжруулалтыг өндөр түвшинд хийсэн, ажилчдын болон гаалийн ажилтан, алба хаагчдын байр, оффисын байр болон тоног төхөөрөмжүүдийг бүгдийг нь чанарын өндөр түвшинд бэлтгэсэн талаараа өнгөт фото зургийн үзүүлэлтүүд болон тэдгээрт зарцуулсан мөнгийг зөвхөн банкаар шилжүүлсэн албан ёсны нотлох баримтуудаа гарган өгсөн. Гэтэл ийм их ажил, үйлчилгээг өчнөөн сарын турш “Говь повер” ХХК-иар “Эрдэнэс Таван толгой” ХК хийлгэчихээд, дараа нь “танайхтай хамтран ажиллах гэрээгээ цуцаллаа” гэсэн утга бүхий мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Байгаа бүхнээ “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгынх нь төлөө зориулсан. Байхгүйгээ бусдаас зээл тавьж, хоёргүй сэтгэлээ зориулсан “Говь повер” ХХК-ийнхан энэ аймшигт гэнэтийн мэдэгдлийг хүлээж аваад, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг болж, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Батсуурийн өрөөнд Д.Баярмаа уйлаад орсон байдаг. Захирал Я.Батсуурь “Та шүүхэд хандсан нь дээр биз дээ, бид танай компанийн гаргасан мөнгө, хөрөнгийг гаргаж өгч чадахгүй” гэж луу унжсан байдаг. Иймээс өчнөөн хүний амьдрал хувь заяаг нуруундаа үүрч, Монгол Улсдаа хангалттай татвараа төлж, эх орондоо ихийг хийж бүтээж явна гэсэн дэврүүн хүсэлтэй явсан энэ компанийн захирал эмэгтэй арга буюу иргэний шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргасан байдаг. Тус нэхэмжлэл нь Иргэний хууль болон бусад хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байсан тул шүүгч захирамж гаргаж, Иргэний хэрэг үүсгэн, улмаар хариуцагч тал болох “Эрдэнэс Таван толгой” ХК-иас хүсэлт гарган, шүүх хүсэлтийг хүлээн авч, шинжээч томилж, үнэлгээ хийлгэж, тус үнэлгээг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн гэх эрх бүхий байгууллагаар албан ёсны дүгнэлтээ гаргуулсан байдаг. Түүний дараа шүүх хуралдаан болж, тус хурлын сүүл хэсэгт талууд ойлголцож, “Говь Повер” ХХК-иас нэхэмжилсэн үнийн дүнг хасуулж, эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. Тус эвлэрлийн гэрээг шүүх баталж, ийнхүү асуудал хуулийн дагуу болж өрнөсөн байдаг. Гэтэл “Эрдэнэс Таван толгой” ХК нь эвлэрлийн гэрээгээр төлөх төлбөрөө төлөлгүй гурван сар болсон тул арга буюу “Говь повер” ХХК-иас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандан, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дөрвөн удаа явагдаж, тус мөнгөө “Говь повер” ХХК авсан болох нь хавтаст хэргийн материал болон бусад баримтаар хангалттай нотлогддог. Шүүх хуралд оролцоод эвлэрлийн гэрээ байгуулж байгаа хоёр компанийн хувьд мөнгөн дээрээ тохиролцоод эвлэрэх эрх нь нээлттэй. Цаашилбал, компанийн актив хөрөнгийн 25 хувиас доош үнийн дүнтэй хэлцэл болон маргааныг заавал ТУЗ-д мэдэгдэж, зөвшөөрөл авах шаардлага байхгүй болох нь компанийн тухай хууль, “Эрдэнэс Таван толгой” компанийн дүрэм гэх мэт олон төрлийн эрх зүйн актуудад тусгагдсан байдаг.

-Тэгэхээр улсад учруулсан хохирол гэгдээд байгаа 5.5 тэрбум төгрөг чинь шүүхийн шийдвэрийн дагуу “Говь повер” ХХК-ийн дансанд шилжсэн мөнгө болж таарч байна уу?

-Тийм ээ. “Говь повер” ХХК-ийн захирал Д.Баярмаа гэх эмэгтэй “Эрдэнэс Таван толгой” компаниас шүүхийн шийдвэрийн дагуу орж ирсэн мөнгөө хаана хаана, ямар гүйцэтгэлд төлсөн тухайгаа маш дэлгэрэнгүй тайлан гаргасан, дансаар мөнгөө шилжүүлсэн байдаг. Үүнийгээ АТГ-д гаргаж өгсөн. Энэ мөнгөн гүйлгээн дотор Г.Дэнзэнд нэг төгрөг ч шилжүүлсэн зүйл байхгүй. “Эрүүгийн хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэнэ” гэх заалт ч байдаг. Иймээс Г.Дэнзэнгийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцож, ял шийтгэл ногдуулсанд гомдолтой байгаа. Давж заалдах гомдлоо гаргах болно. Мөн “Говь повер” ХХК шүүхийн шийдвэрийн дагуу өөрийнхөө дансаар мөнгөө шилжүүлээд авчихсан. Г.Дэнзэн нэг ч төгрөг аваагүй нь тодорхой байхад “Говь повер” ХХК-тай хувааж төл гэсэн шийдвэр гаргаад байгаа нь ойлгомжгүй байна.

-Г.Дэнзэнгийн эхнэр “Говь повер” ХХК-д хувьцаа эзэмшиж байгаа гэх нотлох баримт байдаг гэсэн биз дээ. Гол буруутгаад байгаа зүйл нь энэ гэж яригдаж байсан?

-Ямар ч нотлох баримт байхгүй. Нэг канондчихсон гэрээ гэх зүйл үзүүлээд байдаг. Канондчихсон гэрээ хууль ёсны дагуу нотлох баримтын шаардлага хангахгүй гэдгийг хууль хяналтын байгууллагад ажиллаж байгаа хуульчид битгий хэл жирийн иргэн ч мэднэ. Үгүй ядахдаа нотариатаар батлуулах ёстой. Гэтэл огт тийм биш. Канондсон цаасыг техник, тоног төхөөрөмж хөгжсөн өнөө цагт хэн дуртай нь хийх боломжтой байх. Өөрөөр хэлбэл, Г.Дэнзэнгийн эхнэр Г.Уянгыг “Говь повер” ХХК-ийн эрх шилжүүлсэн гэрээ хийсэн гэж үзээд, буруутгаад байгаа гэрээ нь өөрөө албан ёсны нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар юм.

Ер нь “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна. 284.2.Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ. 284.3.Шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ” гэх Эрүүгийн хуулийн 284 дүгээр зүйлд заасан заалтын шаардлагыг хангаагүй шийдвэр гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа.

-Шүүх хурлын үеэр Шүүх шинжилгээний хүрээлэнгийн гаргасан дүгнэлтийг биш хувийн үнэлгээний компанийн гаргасан дүгнэлтийг шийдвэр гаргах гол үндэслэл болгосон. Тэр газрын үнэлгээчин өөрсдийн гаргасан үнэлгээ бүхий дүгнэлтээ хамгаалж чадахгүй байсан гэх мэдээлэл гараад байсан. Энэ талаар?

-АТГ-аас Шүүх шинжилгээний хүрээлэнгээс гаргасан дүгнэлтийг “хууль бус дүгнэлт” гэж үзээд ашгийн төлөө байгууллага болох “Хөрөнгийн үнэлгээний төв” нэртэй хувийн байгууллагаар гаргасан дүгнэлтээр үнэлгээ тогтоолгож, түүнийг туйлын үнэн гэж үзсэн нь харамсалтай. Дээрх ашгийн төлөө хуулийн этгээдийг төлөөлж, үнэлгээ гаргасан үнэлгээчин н.Соёлмаа гэх эмэгтэй нь сүүний технологич мэргэжилтэй, эд хөрөнгийн үнэлгээчин гэх мэргэжлээ курсээр эзэмшсэн гэх, тэрээр 2015.06.24-ний өдөр үнэлгээ хийсэн боловч, тусгай зөвшөөрлөө үнэлгээ хийснээс хойш буюу 2015.12.18-ны өдөр авсан, өөрөөр хэлбэл үнэлгээ хийх үедээ албан ёсны эрхгүй этгээд байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Мөн хөрөнгийн үнэлгээчин н.Соёлмаа “Говь повер” компанитай холбоотой асуудлаар үнэлгээ, дүгнэлт хийхдээ Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн тухай хуулиа огт уншаагүй гэдгээ өөрөө мэдүүлсэн. Хоёрдугаарт, үнэлгээ гаргахдаа зах зээлийн үнэлгээгээр тогтоосон гэж мэдүүлсэн боловч хэрхэн, ямар аргачлалаар үнэлгээ тогтоосон нь тодорхойгүй. Үүнийгээ өөрөө хамгаалж чадаагүй. Мөн “Та үнэлгээ гаргахдаа хаана хаанаас үнэ аваад, дундаж үнийг нь гаргасан юм бэ” гэх асуултад хариулж чадахгүй байсан. АТГ-ын мөрдөн байцаагч “Та үнэлгээндээ оруулаарай” гээд холбогдох бичиг баримт өгсөн байдаг. Гэтэл дур мэдээд тэр жагсаалтын заримыг нь хасаад үнэлгээ хийгээгүй орхигдуулсан. Хэрэв энэ үнэлгээчин зөв зүйтэй “Эд хөрөнгийн үнэлгээ” тогтоосон байсан бол Эрүүгийн хуулийн 80 дугаар зүйлийн хэргийн талаар нотолбол зохих асуудлууд гэж байдаг. Энэ хуулийн хамгийн гол зүйл заалт буюу 80.1.5-т заасан гэмт хэргийн улмаас хохирсон хохирлын хэмжээг зөв тогтоох боломжтой байсан боловч харамсалтай нь тэгж бодитой үнэлгээ тогтоож чадаагүй.

-“Эрдэнэс Таван толгой” компанийн тендер шалгаруулах комиссын таван гишүүн байсан. Зөвхөн нэг хүнийг нь буруутгаж, дөрвөн гишүүний хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн үү?

-“Эрдэнэс Таван толгой” хувьцаат компани өөрөө ашгийн төлөө компани. Тус компани нь Компанийн тухай хууль, өөрсдийн компанийн дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйл анги руу оруулж, гэм буруутайд тооцоод байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болоод байгаа юм. Үүгээрээ миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаад байгаа үйлдэл болсон гэж үзэж байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалтыг шүүх хэрэглээгүйг дурдмаар байна. Шүүхээс гаргасан шийдвэр болон бусад нотлох баримтуудын талаар санал бодлоо солилцож байгаа нь зөвхөн өмгөөлөгч миний хувийн бодол, дүгнэлт гэдгийг хэлэх нь зүйтэй байх.