Categories
мэдээ цаг-үе

Д.Тэрбишдагва: Хямралаас богино хугацаанд гарч чадвал тэтгэврийн нас, татвар нэмсэн асуудлуудыг эргэж харах боломжтой

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагватай ярилцлаа.


-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2017 оны төсөвт тодотгол хийх төслийг УИХ-аар баталчихлаа. Төсвийн тодотголоо баталж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь чухал гэж байгаа ч тэдний шаардлагаар тодотгол хийх нь буруу гэсэн хандлага ч байсан. Та ямар байр суурьтай байна вэ?

-Сангийн сайд маань өөрөө ОУВС-гийн шахалт шаардлагаар гэдэг үгийг хэлээд байгаа юм. ОУВС харин “Бид зарлагаа багасгаж, орлогоо нэмэгдүүл гэдэг шаардлага л тавьсан. Хэрхэхийг Монгол Улсын Засгийн газар шийднэ” гэдэг зүйл ярьсан байна лээ. ОУВС-гийн төсөл хөтөлбөр өмнө нь хэрэгжихдээ сайн байгаагүй талаар олон улсад нэлээд шүүмжлэгдэж байсан тул тэд өөрсдийн бодлогодоо тодорхой хэмжээнд өөрчлөлт оруулсан. ОУВС-гийн хөтөлбөрт орох шаардлага байна уу гэвэл байна. Учир нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар бусад орнууд дэмжлэг туслалцаа үзүүлэх гэдэг нөхцөл байх шиг байгаа юм. Тиймээс хөтөлбөрт хамрагдсанаар улс орны нэр хүнд, эдийн засгийн нөхцөл байдал, гадны хөрөнгө оруулалт орж ирэхэд дэм болно гэж үзэж байгаа. Гэхдээ Засгийн газар “ОУВС тэгж шахсан учраас бид хөтөлбөрт орж байна” гээд зарим нэг нь “Бид уулзсан тэгж байна ш дээ” гэж яриад байгаа юм. Монгол Улсын Засгийн газар гэж байдаг юм бол тэр дотроо бүх зүйлээ ярих хэрэгтэй. Дараа нь Их хурал дээрээ хэлэлцээд ийм нөхцөлийг нь авъя, энэ нь бидэнд хүнддэж байна гээд ярих ёстой л доо. Харамсалтай нь ОУВС шахсан юм шиг яриад, тэд “Бид туслах гэж байгаа. Хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлнэ” гэсэн хоёр байр суурь яваад байна. Энэ нь өөрөө ойлгомжгүй байдлыг бий болгоод байгаа хэрэг. Монгол Улс хөтөлбөрт хамрагдахдаа маш сайн тооцоо судалгаа хийж, цаашдаа хямралаас хэрхэн гарах вэ гэдгээ сайтар тооцоолох ёстой. Түүнээс биш ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар зээл авч эдийн засаг сэргэнэ гэдэг чинь логикоороо зөв биш. Анзаарсан бол би хэд хэдэн зүйлийг л хэлээд байгаа.

-Тэр нь юу юм бэ?

-Нэгдүгээрт, бид мөнгө шаардахгүйгээр нь хариуцлагын тогтолцоогоо сайжруулчихъя. Бүгдээрээ илүү цаг ажиллая. Эдийн засгийн хямралтай энэ үед төрийн өндөр албан тушаалтнуудад хөдөлмөрийн цаг үйлчлэхгүй шүү. Төрийн ордон 24 цаг гэрэлтэй байя. Хүн харахад мөнгө шууд орж ирэхгүй юм шиг хэдий ч хариуцлага, сахилга батаар олон зүйлийг бий болгох хэрэгтэй. Төрийн түшээд хариуцлагатай болоод ирвэл нийгэм хариуцлагатай болно.

Хоёрдугаарт, яавал зардлаа багасгах вэ. 2006-2016 оны хооронд төрийн алба 65 мянган хүнээр нэмэгдсэн. Төрийн албан хаагчдыг ажлаас нь халчихаар бүгд ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ гэдэг. Үгүй л дээ. Төрийн албанд ажиллаж байсан чадварлаг хүмүүс хувийн хэвшилд ажиллах боломжтой. Төрөөр ажлаа үнэлүүлж, төрөөс цалин авах нь чухал биш. Өмнө нь агентлагууд гэхэд орлогчгүй, зарим нь нэг орлогчтой байдаг байлаа. Одоо гэтэл гурван орлогчтой болчихсон байх жишээтэй. Тиймээс төр өөрөө данхар бүтцээсээ хэрхэн салах боломж байна, түүнийгээ ашиглах хэрэгтэй. Үүнийг дагасан машин унааны зардал хэмнэгдээд ирнэ.

Гуравдугаарт, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг яагаад нэмэгдэхгүй байна вэ. Тэр байгууллагуудыг бид яагаад үр ашигтай байлгаж болдоггүй юм. Зээл авчихаад өөрсдийгөө санхүүжүүлээд явж байгаа аж ахуйн нэгж байна. Тэр утгаараа төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг цэгцлээд зарахыг нь зарж борлуулаад, үр ашигтайг нь ажиллуулаад явах ёстой. Үүнийгээ хийх хэрэгтэй.

Юм хийж бүтээж байгаа хүмүүсийнхээ тэтгэврийн насыг уртасгах, унадаг автомашиных нь татварыг нэмэгдүүлэх нь зөв үү. Энэ хүмүүс чинь бүтээгчид. Гэтэл цаана чинь алтны төлөө дайн болж байна. Тиймээс алтнаас авах татварыг нь нэмэгдүүлье гэж Засгийн газар байгуулагдсаныхаа дараа зоригтой оруулж ирсэн ч Их хурал дээр дэмжлэг аваагүй. Үүнээсээ айгаад байдаг юм уу эсвэл алтныхны лобби тийм хүчтэй байдаг юм уу, алтны татварыг нэмэхгүй гэсэн. Монгол Улс сахилга хариуцлагыг хэрэгжүүлж л байгаа юм бол гаргасан грамм алт бүрээ тушаа. Тушаасан алтнаас чинь татвар төлнө. Гэх мэтчилэн боломжууд байхад үүнийгээ ашигласангүй. Шулуухан хэлье. Үхэх нь үнэн, татвар төлөх нь үнэн. Татвар авах ёстой хүмүүсээс нь боломжийн хэмжээгээр нь татвар авъя. Татвар хэдий хэмжээгээр хуримтлагдана, төдий чинээ зөв хуваарилалт явагдана.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

-Нэг хэсэг нь бараг л тэр чигтээ татваргүй улс болно гэж зүтгээд нөгөө хэсэг нь татварыг бүр нэмэх хэрэгтэй гээд байх юм…

-Бид ямар ч татваргүй эсвэл халамжийн улс байж болохгүй. Ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. ОУВС хөтөлбөрийг баталчих юм бол манайд мөнгө орж ирэх хандлага байна. Гэхдээ энэ мөнгө нь зүгээр “май” гээд өгчихөж байгаа мөнгө биш. Зээл шүү. Зээлийг аль болох бага хүүтэй аваад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ажлын байр нэмэгдүүлж чадвал бид өрөө төлнө. Бүсээ чангалж, ходоодоо хоосон болгохоосоо өмнө төрд байгаа хүмүүс хийж байгаа ажлаа хоёр дахин илүү хийх л хэрэгтэй юм. Ингэж байж л улс орноо хүнд байдлаас гаргана. Энэ нь хариуцлага л даа.

-Та төсвийн тодотголд тийм ч таатай хандахгүй байгаа юм байна. Хэлэлцүүлгийн шатанд ч гэсэн шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлж байсан л даа. Ард түмнийг унтаж байхад баталсан төсвийн тодотгол ард түмний нуруунд ачаа үүрүүлчихэв үү, төр бүсээ чангалчихав уу?

-Төсвийн тодотголыг ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хүрээнд батлагдсан болохоор ард түмэн төсвийн тодотголыг батлах ёстой гэдэг сэтгэл зүйтэй байсан. Ард түмэн үүнийг ойлгох гэж оролдож байна. Орлогоо яаж нэмэгдүүлж, зардлаа хэрхэн багасгах вэ гэдэг дээрээ дутуу төсвийн тодотгол боллоо. Тиймээс сэтгэл тийм ч хангалуун биш байгааг нуугаад яахав. “Бид хоёр цагийн дотор төсвийн тодотголыг батлахгүй бол ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихгүй боллоо” гэж Сангийн сайд ярьж байсан. “Ингэж цаг хугацаанд шахахаар нэг зүйл буруу болчихдог шүү” гэж шөнөөр хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр хэлсэн. Миний байр суурь цагаан сар, наадам, шинэ жилээр шөнө дүл болтол хуралдаж шийдвэр гаргахдаа алдаа гаргадаг. Намайг байнгын хороогоо хуралдуул гэсэн болохоор хуралдууллаа. Гишүүд ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй гэж хэлээд хурлаа хийсэн. Ингэж цагийг нь тулгаж байхаар намрын чуулганы дараа ээлжит бус чуулганаар хэлэлцэж болох байтал шөнөөр ингэж шахаж хуралдуулах нь буруу гэдгийг нь Сангийн сайдад хэлсэн. Бид ингэж хариуцлагагүй хандаж болохгүй. Богд хаан тамгаа дарчихаад “Би юу хийчихэв ээ” гэдэг шиг араас нь олон юм ярихаасаа илүүтэй батлагдсан төсвийнхөө хэмжээнд яавал хөтөлбөр үр дүнтэй болох вэ гэдгээ ярих ёстой. Хямралаас богино хугацаанд үр дүнтэй гарч чадвал дараа нь тэтгэврийн нас, татвар нэмсэн асуудлуудыг эргэж харах боломжтой. Бид үргэлж болохгүйгээ дуудаад байх юм. Болох хүртэл нь зүтгэх хэрэгтэй.

-Сөрөг хүчний зүгээс хүүхдийн мөнгийг таначихаад өөрсдийн зардлаа 404 тэрбумаар Засгийн газар нэмэгдүүлээд ороод ирлээ гэж шүүмжилж байгаа. Засгийн газар урсгал зардлаа танах боломж байгаагүй юу?

-Бодитой зүйл ярих хэрэгтэй. Хөгжлийн банкин дээр хэрэгжиж байсан төсөл хөтөлбөрүүдийг Засгийн газар дээр авсан тул түүнтэй холбоотойгоор нэмэгдсэн зүйлс бий. Хөгжлийн банкин дээр хэрэгжиж байсан төсөл, хөтөлбөр Хөгжлийн банк, Засгийн газрын алинд нь ч байсан мөнгөө төлөх ёстой. Гэсэн ч Засгийн газар хэмнэх ёстой зүйлсээ хэмнэх хэрэгтэй байсан. Түүнээс биш 404 тэрбум төгрөгөөр нэмсэн гэдэг нь үнэнд нийцэхгүй.

-Долоон төрлийн татварыг нэмэх асуудал олны анхаарлыг татсан. Гэсэн ч татвар нэмэх нь зөв гэж Их хурал үзлээ. Татварууд ард түмний амьдралд дарамт болохгүй гээд байгаа л даа. Үнэн юм уу?

-Татвар нэмж болохгүй гээд байдаг ч үнэндээ бид бараг татваргүй улс болох хүсэлтэй шахам болчихоод байгаа нь буруу. Татвар нэмэх асуудлыг Засгийн газар зөв оруулаад ирчихвэл нэмэх газар нь нэмээд, хасах газар нь хасаад явах хэрэгтэй. Бид гарч байгаа алтнаасаа татвар авдаг болоход л бусад бүх нэмэгдсэн татварын орлогоо бүрдүүлчих боломжтой. Тухайлбал, хадгаламжийн хүүгээс татвар авна гээд байгаа ч ямар хэмжээний хадгаламжтай бол татвар авах юм, ямраас нь авахгүй юм гээд ялгах хэрэгтэй. Сайн, муу ямар нэгэн байдлаар хадгаламжиндаа ихээхэн хэмжээний мөнгө байршуулсан бол татварыг тодорхой хэмжээгээр нэмээд авчихад нэг их хохиролтой ч юм биш. Монгол Улс зээлийн хүүгээрээ дэлхийд тэргүүлдэг. Одоо бид хадгаламжийн хүүгээ харьцангуй багасгах хэрэгтэй. Манайхан хадгаламжийн хүү буурчихвал мөнгөө хадгалуулах хүн олдохгүй гэдэг. Үнэндээ манайхаас өндөр хүүтэй газар өөр байгаа юм уу. Бид хамгийн өндөр хадгаламжийн хүү төлдөг юм бол жаахан бууруулчихад бидний авах зээлийн хүү буурах боломжтой. Түүнээс биш Засгийн газрын оруулж ирсэн болгоныг бид буруутгаж, ус цацаад байж болохгүй. Үүнийгээ ард түмэнд зөв ойлгуулчихад хүлээгээд авчихна. Гэтэл өөрсдөөсөө эхлэх зүйлсээ эхэлчихэж чадахгүй байгаа болохоор ард түмэн дургүйцээд байгаа юм. Ямар ч Засгийн газар магтаал сайшаал хүртээд байх нь ховор байдаг. Бид зөв зүйлийг дэмжээд буруу зүйлийг нь засахын төлөө шахаж шаардах ёстой. Засгийн газрын хийсэн болгоныг болохгүй байна гэж шүүмжилдэг энэ арга барилаасаа ч салах ёстой. Энэ хорвоо дээр хар, цагаан хоёр л өнгө байдаг мэт талцдаг, зааглагддаг. Үнэндээ цаана чинь цэнхэр, ногоон, улаан, шар гээд олон өнгө байдаг юм шүү дээ.

-Бензин шатахууны онцгой албан татвар нэмэгдэх нь. Бензиний үнийн савлагаа ард түмний амьдралд хэрхэн нөлөөлдгийг та хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Та ямар бодолтой байгаа вэ?

-Олон улсын зах зээл дээр нефтийн үнэ бараг өсөхгүй болов уу гэж Засгийн газар тооцож, онцгой албан татварыг нэмэхээр оруулж ирсэн юм билээ. Олон улсын зах зээлд нефтийн үнэ өсөхгүй бол бага зэргийн татвар нэмлээ гэхэд манайд үнийн нөлөөлөл гарахгүй гэж үзсэн юм шиг байгаа юм. Үүнийг сайн мэдэхгүй байна. Бензин, шатахуунаар их оролдох нь сайн зүйл биш. Хамгийн эмзэг сэдэв бензин, шатахуун байдаг. Дуулианаар нь жаахан нэмлээ гэхэд дагаад бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдчихдэг золигийн юм манайд болдог. Бид онцгой албан татварыг нэмэх, нэмэхгүйгээсээ илүү олон жил ярьсан нефть боловсруулах үйлдвэрийн асуудлаа шийдэхгүй юм уу. П.Очирбат гуай газрын тосоор дээлээ мялааснаас хойш хэдэн жил өнгөрөв. Улс төр болохоор л нефтийн үйлдвэр барина, барихгүй гэдэг. Нефтийн үйлдвэр барина гэж ярьсан хүмүүс нь од болдог. Одоо тэр үйлдвэрээ барьчих л даа. Зарим нь нефть боловсруулах үйлдвэр барьж болно гэхээр нөгөө хэсэг нь болохгүй гэдэг. Боломжтой бол бид өөрсдийнхөө нефтиэр өөрсдийн үйлдвэрээ барих ёстой. Болохгүй бол түүхий нефть оруулж ирээд ч хамаагүй бензинээ үйлдвэрлэх шаардлагатай. Алдаршихын тулд нефтийн үйлдвэр ярьж болохгүй л дээ. Үр дүн гаргахын төлөө хийх ёстой.

-Автомашины онцгой албан татвар нэмэгдэж байна. Ялангуяа шингэрүүлсэн хийн болон хос хөдөлгүүрт автомашинуудын татвар илүү нэмэгдэж байна. Насжилтаасаа хамаараад приус машин гэхэд таван сая төгрөгөөр нэмэгдэхээр боллоо. Тавдугаар сарын нэгнээс хууль нь хэрэгжинэ. Ард түмэн унах унаагүй болох юм байна гэж ярьж байна л даа…

-Монгол төр гэж байгаа юм бол цаашид автомашины насжилт дээр анхаарал хандуулах ёстой. Гадны төмрийн хаягдал шахуу болсон машинуудыг оруулж ирсээр байх юм уу. Гэхдээ ард түмний амьдрал ямар байгаа билээ гэдгээ мартаж болохгүй юм. Иргэдийн амьдрал ахуй сайжирчихвал автомашины насжилтыг нь багасгаж болно. Үүнийг сайтар судлахгүй бол эмзэг асуудал юм билээ. Иргэдийн өдөр тутмын хэрэглээ бензин, шатахуун, автомашин руу орох нь зөв үү, алтны татварыг нэмэх нь зөв үү, хариуцлага руу орох нь зөв үү гэдгээ бид ялгаж салгах ёстой. Би татвар төлөх ёстой, байгалиа хамгаалах ёстой гэж ярьдаг хүн. Гэхдээ үүн дээр ингээд хоёрдмол сэтгэлтэй болчихоод байна. Бид хэзээ яаж нэмэх вэ гэдгээ бодох ёстой болчихоод байгаа юм. Нэг зүйлийг шүүрч авах биш Монголынхоо эдийн засгийг хамтдаа хөгжүүлэх хэрэгтэй. Бензин шатахуун, автомашины татварын асуудлыг сөхөөд ард түмэндээ хайртай хүний дүрээр популизм хийгээд явж болно. Гэхдээ би тэгэхгүй. Бид ард түмнээ ажилтай, орлоготой болгочихвол хэн олон жилийн насжилттай хуучин автомашин унахыг хүсэв гэж дээ.

-ХХОАТ, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлнэ. Энэ нь өнөө маргаашаа аргацаан суугаа бизнесийнхэнд хүндээр тусах байх даа?

-Та намайг татвар нэмсэн хүнд талаар нь яриулах гээд л асуугаад байна. Миний хувьд зарим зүйл дээр санал нэг байгаа ч заримтай нь санал нийлэхгүй байгаа, энэ Засгийн газрын. Төсвийн тодотголын хүрээнд хуулиуд батлагдсан. Их хурлаар хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулаад татвар нэмэхээр болчихлоо. Үүнийг хамгийн их шүүмжилж чадах хүн. Нэгэнт олонхиороо шийдээд хууль баталчихсан байхад ганцаарчилсан тоглолт хийх нь надад таалагдахгүй байна. Одоо нэгэнт Их хурал шийдсэн болохоор бушуухан хэрэгжүүлж, ард түмнээ ажилтай болго, олон улсын зээлүүдээ эргүүлэн төл. Олон улсын зах зээлд байгалийн баялгийн үнэ нэмэгдэж байгаа энэ үед боломжийг ашиглаж чадвал үр дүн гарна. Нэмсэн татвар болгоныг эсэргүүцэн ярьж болох ч өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд яахав. Хэд хэдэн боломж байсныг Засгийн газар анхаараагүй ч цаашид хэрэгжүүлэх ажилдаа анхаарах ёстой. Аль болох зөв үйлдэл хийхгүй бол төрийн томчууд тэр бүр ард түмний дунд очиж чаддаггүй болохоор тэдний бухимдлыг олж харахгүй байна. Сонгинохайрхан дүүрэгт иргэдтэй уулзаж байхад итгэл алдарсан нэг хэсэг байхад “Та нар идэвхтэй ажиллаж хонгилын үзүүрт гэрэл биш тэр гэрлээ нааш нь аваад ирвэл бид тэсээд гарахад бэлэн байна” гэсэн хэсэг ч байна. Нэмэгдсэн татвар болгон дээр шүүмжилж ярилаа гээд хууль батлагдсан болохоор үр дүн өөрчлөгдөхгүй. Тийм болохоор батлагдсан хуулиудынхаа хүрээнд л сайн ажиллах хэрэгтэй.

-Төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Засгийн газар Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх байсан ч Ерөнхий сайд эргүүлэн татсан. 800 тэрбум төгрөгийн өртөг бүхий долоон концессыг хэрэгжүүлэх гэж байгаа гэсэн мэдээлэл бий. Та ямар ч байсан ажлын хэсгийг нь ахлахаар болж. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Бид нийгэмд хэрүүлийн алим тарих зүйлсээ өөрсдөө хийгээд байгаа юм. Дахин хэлье, том бодлогоор нь энэ улсыг бид аятайхан аваад явчих юмсан. Тэгэхгүйгээр гэнэтхэн нэг сэдэв гаргаж ирээд шуурдаг боллоо. Концесс гээд баахан шуугиад сүйд хийчихсэн юм шиг л ярьдаг. Оффшор, Эрдэнэт, Таван толгой гээд сэдэв гаргаж ирээд бужигнуулдгаа болих цаг болсон. Манайхан “Нээрээ тэгчихсэн юм болов уу” гэж самгардаж явсаар 28 жил энэ улс дорвитой хөгжсөнгүй. Концесс дээр өөрийн байр суурийг хэлэхэд өмнөх концессууд ямар шугамаар явж ирснийг сайтар шалгах хэрэгтэй. Хоёрдугаарт, энэ концессууд нь хэчнээн тэрбумын өртөгтэй юм бэ гэдгийг тогтоох ёстой. Тэгэхгүй бол янз бүрийн тоонууд ярьж байна. Зарим нь өмнөх концессуудыг үргэлжлүүлж байна гэдэг. Нэг хэсэг нь сургууль, цэцэрлэг барихад концессоос өөр зам алга гэж байна. Засгийн газар нэг тайлбар хэлээд, Их хурлын гишүүд өөр тайлбар хэлээд байгаа байхгүй юу. Манай бүлэг хуралдаад ажлын хэсэг байгуулсан. Миний хувьд аль нь зөв, аль нь буруу юм гэдгийг тогтооход оролцъя гэдэг үүднээс ажлын хэсэгт орох санал гаргасан. Сүүлдээ та ахлаад яв гэсэн. Ажлын хэсэг энэ долоо хоногт шалгаад ирэх долоо хоногийн бүлгийн хурал дээр танилцуулна. Концессын жагсаалтыг Их хурлаар батална гээд байгаа юм. Үүнийг би зөвшөөрдөггүй. Миний хувьд хариуцлага үүрсэн газар нь хариуцлагаа үүрсэн шиг үүр. Ажлаа хийж чадвал дэмжинэ, чадахгүй бол хариуцлага ярина гэсэн байр суурьтай байна.

-Яг ямар ямар концессын ажлууд орж ирээд байгаа юм бол?

-Ажлын хэсэг шалгаж байгаа. Ирэх долоо хоногт мэдээлэл хийнэ.


Categories
мэдээ цаг-үе

Х.Болорчулуун гишүүн концессын асуудлаар Засгийн газрыг огцруулах санал оруулж ирнэ гэжээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрөгч даваа гаригт хуралдсан ч мэдээлэл хийгээгүй. МАН-ын бүлгийн хуралдаанаар намрын чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд орон нутагт ажилласан мэдээлэл сонсож санал солилцсон гэсэн даруухан хариултыг хэлж байсан ч үнэндээ концессоос болж Засгийн газар, УИХ хоёр тал болон муудалцсан байх юм. Бүлгийн хурлаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн долоон төрлийн концессын асуудлыг хэлэлцэх үеэр гишүүдийн хооронд үл ойлголцол үүссэн байна. Засгийн газрын зүгээс оруулж ирсэн автозам, эрчим хүч, сургууль, цэцэрлэг тэргүүтэй долоон төрлийн концессоо үргэлжлүүлэх ёстой гэсэн ч УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Х.Болорчулуун нарын гишүүдээс эхлээд хүчтэй эсэргүүцжээ. Тэдний зүгээс үе үеийн Засгийн газар компаниудыг зүтгүүлэх эрх ашигт нэгддэг. Тэгж болдоггүй юм. Үзэлцэнэ шүү гэдгээ ч хэлээд авсан байх юм.

Нэр бүхий долоон төрлийн концессын ажил арван их наяд төгрөгийн өртөгтэй бөгөөд эрчим хүчний хоёр, автозамын хоёр, эмнэлгийн хоёр гэхчилэн концессууд багтжээ.

Харин бүлгийн гишүүдийн зүгээс “Засгийн газрынхан бидэнд мэдэгдэлгүй ар хударгаар концессуудаа хувааж авсан байна. Бидэнд ямар ч мэдээлэл өгөөгүй” гэхчилэн Засгийн газрын гишүүд болон кабинетын тэргүүнд хаягласан ширүүн үгсээр бөмбөгджээ. Хариуд нь өмнөх Засгийн газрын үед хэрэгжиж байсан дөрөв, шинээр гурван төрлийн концессын ажлыг үргэлжлүүлэх гэж байгаа талаар Засгийн газрын зүгээс тайлбар өгчээ. МАН-ын гишүүдийн уурласан гол шалтгаан нь эдгээр концессуудын жагсаалтад нэр бүхий сайд нартай холбоотой концессын ажлууд байсан тул бухимдсан байх юм. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Зарим концесс өмнөх Засгийн газрын үед хэрэгжиж эхлээд дуусаагүй байсан юм. Одоо үргэлжлүүлэхээр орж ирж байна” гэжээ. Мөнөөх жагсаалтад “МАК” компанийн эрчим хүчний шугам татах концессын ажил багтжээ. Энэ талаар хэвлэлийнхэн ч хэд хоногийн өмнө шуугиад авсан. Үүнийг батлах мэт УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат руу “Чи Монгол Улсын Ерөнхий сайд юм уу, МАК-ийн Ерөнхий сайд юм уу. Ингэж дураараа дургихаа болиорой” гэхчилэн нэлээд ширүүхэн үг хэлсэн талаар эх сурвалжууд хэлж байлаа. Сүүлдээ Засгийн газар, УИХ нь хоёр тал болж байгаад “ална, тална даа” тулсан сураг ч дуулдав. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун концессын асуудлуудад байр суурь нэгдэхгүй байгаагаа илэрхийлэн “Хэрэв Засгийн газар энэ мэтчилэн асуудалд хандаж, концессыг энэ чигт нь зүтгүүлэх юм бол Засгийн газрыг огцруулах санал оруулж ирнэ шүү” хэмээн бүлгийн хурал дээрээ мэдэгджээ. Энэ мэтчилэн бүлгийн гишүүдийн хооронд нэлээд ширүүн маргаан өрнөсний эцэст ямартай ч концессуудыг судалж үзэхээр болж ажлын хэсэг байгуулжээ.

МАН-ын бүлгийн хуралд “Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд мэдээлэл хийжээ. Тэрбээр “Чалко” компанид төлөх ёстой өрийг өнгөрөгч сарын 30-ны өдрөөр тасалбар болгон төлж дууссан талаар ярьсан байна. Олон улсын зах зээлд нүүрсний үнэ өсч байгаа тул гэрээндээ цаашид өөрчлөлт оруулж борлуулах үнийг нь нэмэхээр ярьж байгаа ч “Чалко”-гийн зүгээс тийм ч таатай хандахгүй байгаа гэжээ. Гэсэн ч бүлгийн хуралд суусан гишүүд ашигтай ажиллах хэрэгтэй, 1072 хувьцааны асуудлыг шийдэх ёстой гэдгийг ярьсан талаар эх сурвалж өгүүлэв.

Э.ЭНХ

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн зах зээлд 330 долларт хүрсэн нүүрсээ бид 50 доллараар зарж байна

Австралийн эргүүдэд сайн чанарын коксжих нүүрсний спот үнэ 320-330 ам.долларт хүрч, дээд амжилт тогтоолоо. Коксжих нүүрсний үнэ өнгөрсөн пүрэв гаригт гэхэд 314 ам.долларт хүрч, гангийн Steel Index индекс 4.6 хувиар өссөн мэдээ цацагдсан юм. Австралид болсон хар шуурганаас үүдсэн өсөлт одоогийн байдлаар 330 ам.долларт хүрсэн, цаашид ч өсч мэднэ гэж ажиглагчид дүгнээд эхэлчихэж.

АНУ-ын экспортлогчдын коксжих нүүрсний үнэ ч гэсэн 300 ам.доллар хүртэл өссөн мэдээлэл байна. Дэлхийн зах зээлд 2011 оны хоёрдугаар хагасаас хойш коксжих нүүрсний үнэ ийм түвшинд өсч байсан удаагүй. Өнгөрсөн жилийн сүүлчээр нүүрсний үнэ огцом өссөн ч 300 ам.доллар шүргэж байснаа өнгөрсөн сард эргээд 160 орчим ам.доллар болж буурсан юм. Өөрөөр хэлбэл, коксжих нүүрсний үнэ ердөө ганц сарын дотор хоёр дахин нугарч өсөөд байна гэсэн үг. Энэ удаа Австралиас Ази-Номхон далайн бүсэд нийлүүлдэг 11-12 сая тонн нүүрсний нийлүүлэлт гацаанд орсон нь үнэ ийм түвшинд өсөхөд нөлөөлөөд байна. Австралийн эргийн төмөр зам, дэд бүтцүүд эргэн сэргэхэд сар орчмын хугацаа зарцуулагдана, нийлүүлэлт эргэн сэргэнэ гэдэг утгаараа энэ үнийн өсөлт тийм ч удаан үргэлжлэхгүй. Гэхдээ Австралийн нийлүүлэлт тасалдсан энэ үеийг бусад орны нийлүүлэгчид сайн ашиглаж байна. Байгаль орчны асуудлаас болж уурхайнуудынхаа тоог цөөлөх бодлого баримталж байгаа БНХАУ-ын нүүрсний импорт нэгдүгээр улиралд нэмэгджээ.

2016 оны мөн үетэй харьцуулахад 34 хувиар нэмэгдэж, 64.71 сая тонн нүүрс импортолсныг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас мэдээллээс харж болно.Урд хөршийн Засгийн газар дотоодын хэт олборлолтоо хязгаарлах бодлогоо үргэлжлүүлсээр байгааг дээр дурдсан статистикаас харчихаж болно. Дашрамд дурдахад металлургийн нүүрсний хэрэглээ жилдээ 300 сая тонноор хэмжигддэг аж.

Харин Хятадтай хил залгаа оршдог, үнийн өсөлтөөс хамгийн их ашиг хүртэх боломжтой манай улс энэ боломжийг ашиглаж огтхон ч чадсангүй. Ашиглаж чадахгүй байсаар нүүрсний үнийн богино хугацааны өндөр өсөлтийг алдах нь тодорхой болчихлоо. 2011 оны Австралийн үерийн дараа манай төр засгийн албаны хүмүүс болон төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн зүгээс “Энэ удаа боломжийг ашиглаж чадсангүй. Үнэ уналттай байх үеийг ашиглаад Таван толгойгоос дэд бүтэц, төмөр замаа тавина, нүүрс баяжуулах үйлдвэр барина, тэгээд дараа үнэ өсөхөд бүх юм бэлэн сууж байх болно” гэж дээр дооргүй ярьж, амлалт үүрэг авч байсан ч харамсалтай нь өнгөрсөн зургаан жилийн хугацаанд юу ч амжуулсангүй. Төмөр зам барьсангүй, нүүрс баяжуулах үйлдвэрээ босгосонгүй, бахь байдгаараа шороон замаар сайн чанарын түүхий нүүрсээ гаргаж ашиг биш алдагдал үүрээд сууж байна. Ийм учраас дэлхийн зах зээлд үнэ яаж ч өссөн бидэнд “наалдах” юм байхгүй.

“Чалко”-гийн өр дууссан сайн мэдээ бий. Гэхдээ Цанхийн дөрөвдүгээр давхаргын хамгийн сайн чанарын нүүрсээ маш хямдаар гаргасан хэвээр байгаа юм. Ийм өсөлттэй үед сорчилж авсан сайн чанарын нөөцөө ченжүүдэд зүгээр шахам өгсөөр байна. Нүүрсийг дэлхийн зах зээлийн жишгээр угааж баяжуулж, нэгдсэн стандартаар гаргавал одоо гаргаж байгаа дөрөвдүгээр давхаргын сайн чанарын нүүрс хэд дахин баяжиж, үнэ хүрэх боломжтой. Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ 330 гарсан энэ үед “Эрдэнэс Таван толгой”-н зүүн Цанхи буцаад нээгдсэн ч 57 орчим, ерөнхийдөө 60 хүрэхгүй доллараар үнээ тохирсон сураг мэдээлэл байгааг онцолъё. “Чалко”-гийн өр дууслаа, одоо дэлхийн зах зээлийн үнээр нүүрсээ зарна гэж удирдлагууд нь албан ёсоор мэдэгдсэн ч одоогоор байдал ийм л байна.

“Coal Mongolia” чуулга уулзалтыг манайхтай хамтран зохион байгуулахаар болсон БНХАУ-ын нүүрсний салбарын мэдээллийн хамгийн том бааз суурьтай “Фенвей” компанийн удирдлага саяхан “Монгол Улс нүүрсний их нөөцтэй ч төмөр зам байхгүй, хил гаалийн зохицуулалт муу учраас байгаа хүчин чадлынхаа тал хувийг ч ашиглаж чадахгүй сул талтай. Бид Монголын нүүрсний үнийг дэлхийн зах зээлийн түвшинд хүргэх чиглэлд хамтран ажиллахдаа баяртай байна” гэж байв. Энэ бол хятадууд өөрсдөө хүртэл нүүрсээ үнэ хүргэж чадахгүй суугаа монголчуудыг гайхаад эхэлсний наад захын жишээ л дээ.

“BDSEC” компанийн шинжээчийн хийсэн судалгаанаас харахад манай улсад энэ оны нэгдүгээр улиралд нүүрсний үнэ тонн нь 66.52 ам.доллар байж. Дэлхийн зах зээлийн үнээс хамгийн багадаа 40 хувь доогуур гэж тус компанийн шинжээчид онцолсон байна лээ. Үнэнийг хэлэхэд 66.52 ам.доллараас ч бага ханшаар бид нүүрсээ зарж байсан. Үнэ тэнгэрт цойлсон энэ өдрүүдэд ч үүнээс бага тоо хэлж, хэлэлцэж суугаа нь нуух юмгүй гашуун үнэн. 66.52 гэсэн тоог “Энержи ресурс”-ын угааж баяжуулсан нүүрсний өндөр үнэтэй дунджилж гаргасан гэх тайлбарыг “BD¬SEC” компанийн шинжээчид хийсэн байсан. Бусдаас мөнгө гуйж суугаа энэ өдрүүдэд зарж буйгаасаа ахиу мөнгө олох боломж уг нь нүүрсэнд бий. Таван толгой төслөө зөв хөдөлгөвөл энэ жилдээ нүүрснээс овоо доллар босгох боломж бийг эдийн засагчид онцолсоор байна.

Зэсийн хувьд олборлолт ихэссэн гэх мэдээлэл байна. Олон улсын зэсийн судалгааны группийн тайлангаас харахад зэсийн олборлолт 5.3 хувь буюу нэг сая тонноор өсч 20.16 сая тоннд хүрсэн аж. Перу, Канад, Индонези, АНУ, Мексикийн уурхайнуудын үйл ажиллагаа, хайгуул өргөжсөн нь олборлолт ингэж нэмэгдэхэд нөлөөлж. Зэсийн олборлолт ихэссэн учраас үнэ нэмэгдэнэ гэсэн хүлээлт одоогоор алга.

Алтны тухайд 1300 дөхөж эхэлсэн нь энэ зах зээл өнгөтэй явааг илтгэж байна. Олон улсны зах дээр алтны үнэ 1295 ам.долларт хүрээд байгаа юм. Энэ бол сүүлийн хагас жилээр харвал хамгийн өндөр үнэ.

Categories
мэдээ цаг-үе

Н.Амарзаяа: Таван толгойг зөв хөдөлгөж чадвал иргэдэд 1072 ширхэг хувьцааны ноогдол ашиг олгох боломжтой болно

УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай ярилцлаа.

-УИХ-аар төсвийн тодотголыг хэлэлцэж баталлаа. Тодотголыг ОУВС-гийн шаардлагаар хийж байгаа. Зардлаа тана гэсэн шаардлагад хэр нийцүүлэв. Танасан гэж ярьж байгаа ч гэлээ наад зах нь сайдуудын багц нэмэгдсэн байна лээ.

-ОУВС-тай хамтарч ажилласнаар бид төсвийн сахилга батаа сайжруулж хөгжлийн зөв замд ороход нэг алхам хийлээ л гэсэн үг. ОУВС-гаас төсвийн зардлаа хас, орлогоо нэмэгдүүл, алдагдлаа бууруул гэсэн шаардлагыг тавьсан. мөн арилжааны банк, концессын гэрээнүүд, монголбанкинд олон улсын аудит хийлгэх шаардлагыг тавьсан байгаа. Эдгээр шаардлагыг хангахын төлөө ажиллаж байна. Сайдын багц 400 сая төгрөгөөр нэмэгдсэн асуудал бол Хөгжлийн банкнаас олгогдсон зээлийн асуудлыг төсөв дээр татан авч сайдуудын багцад нэмж тусгасантай холбоотой. Бидний боломж, бололцоо ийм байгаа нь нөхцөл байдалд их нөлөөлж байна.

-Ингээд төсвийн тодотголоо баталчихаар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах урьдчилсан бэлтгэлээ хангалаа гэсэн үг үү. Хөтөлбөр хэзээнээс албан ёсоор хэрэгжиж эхлэх бол, мөн эхний хөрөнгө оруулалт хэзээ орж ирэх вэ?

-Энэ сарын 28-нд ОУВС-тай тохиролцох захирлуудын хурал болно. Эхний ээлжинд Японы Засгийн газраас хөнгөлөлттэй нөхцөлөөр 850 сая ам.доллар зээлж байгаа. Энэ зээл 30 жилийн хугацаатай, 1.5 хувийн хүүтэй байх юм. Үүнийг төсвийн алдагдлыг нөхөхөд зориулна. Харин ОУВС-гаас орж ирэх 400 сая гаруй ам.долларыг манай улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд ашиглах юм. Харин бусад донор орнуудаас орж ирэх зээлийг тодорхой төсөл, хөтөлбөрт зарцуулахаар төлөвлөж байгаа.

Японы зээлийг УИХ-ын дарга өнгөрсөн сард тус улсад айлчлах үеэрээ шийдвэрлэсэн. Японы төрийн дээд удирдлагуудын хувьд ОУВС-д заавал хамрагдах, олгох гэж байгаа зээлийг авч, эдийн засгаа тогтвортой байлгах, төсвийн алдагдлыг бууруулах талаар анхаарч ажиллах чиглэл өгсөн. Мөн улс төрийн тогтвортой байдал, гадаад улс орнуудтай хийсэн гэрээ хэлцэлдээ эзэн болж ажиллах хэрэгтэй гэдгийг сануулж байна лээ. Одоо бид энэ тал дээр анхаарч ажиллахаас өөр аргагүй. Хаа хаанаа хичээх хэрэгтэй.

-Манай хоёр улс иж бүрэн түншлэлтэй. Ойрын хоёр жилд хамтран аижллах төсөл, хөтөлбөрийн талаар яригдсан уу?

-Энэ жил хоёр орны найрамдалт харилцаа тогтоосны 45 жилийн ой болж байна. Манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд гуравдагч хөрш болох Япон улстай тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааны түвшинг улам гүнзгийрүүлэн, бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхээр тусгасан байдаг. Монгол Улсын тогтвортой хөгжил, Монголын ард түмний сайн сайхан ирээдүйн төлөө эрхэм үйл хэрэгт Япон улс хувь нэмрээ оруулсаар байх болно гэдгийг айлчлалын үеэр илэрхийлж байсан. Бидний харилцаа стратегийн түвшинд хүртлээ өргөжин хөгжиж байгаа. Тиймээс үр ашигтай олон сайхан төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломж нээгдлээ хэмээн ойлгож байна. Тухайлбал, нүүрс, химийн цогцолбор үйлдвэр байгуулах, нар салхи, хүрэн нүүрсний нөөцөд тулгуурлан зүүн хойд Азийн сэргээгдэх эрчим хүчийг судлах боломж Монголд бий. Тав, арван жилийн дараа эдийн засгийн үр ашиг өгөх боломжтой төсөл хөтөлбөрт хамтран ажиллах асуудлуудыг хөндсөн.

-Японы айлчлалын дараа Бангладешт олон улсын парламентын холбооны чуулганд оролцоод ирсэн. Тэнд ямархуу хурал, уулзалт болов?

-Эмэгтэйчүүдийн санхүү, бизнесийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чуулга уулзалт болсон. Манай улсын зүгээс хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийг төрийн болон төрийн бус байгууллагын санхүүгийн үйлчилгээ, дэмжлэгт өргөн хамруулах нь тогтвортой хөгжлийн зайлшгүй шаардлагын нэг байдаг. Тиймээс мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх замаар нийгмийн ядуурлыг бууруулах шаардлагатай гэсэн санал оруулсан. Уг хуралд манайхаас гадна 14 орон өөрсдийн саналыг дэвшүүлэн хэлэлцэхэд бидний дэвшүүлсэн санал дэмжигдсэнд баяртай байгаа. Мөн энэ арга хэмжээтэй давхцаад эмэгтэй парламентчдын 25 дугаар чуулган болсон юм. Үүнд би УИХ-ын эмэгтэй гишүүдээ төлөөлөн оролцоод ирсэн.

-Өнгөрсөн сард манай улс “Чалко” компанийн өрийг төлж дууссан. Одоо Таван толгойн уурхайг яаж хөдөлгөх юм бэ?

-Олон жилийн хугацааны өр төлбөрийг барагдуулсан. Одоо Таван толгойн зүүн цанхийн нүүрснээс орж ирэх ашиг, орлого цэвэр улсын төсөвт орж ирнэ. Өнгөрсөн хугацаанд нэг тонн нүүрсний үнэ 71.5 ам.доллар хүрсэн. Энэ бол тендер нэрээр биш ил тод нээлттэй сонгон шалгаруулалтаар, зөв менежмэнтээр нүүрсний үнийг өсгөж, нээлттэй зарчмыг баримтлах нь зөв гэдгийг харуулсан гэж бодож байгаа. Гэхдээ одоогоор уурхайн асуудал гишүүдийн хэлэлцэх асуудлын хүрээнд орж ирээгүй байгаа учраас яаж хөдөлгөх талаар мэдээлэл алга байна.

-Таван толгой дотоодын мэдэлд байхаар дэд бүтэц, төмөр замын асуудлаа шийдэж чадах болов уу?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт таван мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан шүү дээ. Тэдгээрээс гол ажил нь дэд бүтэц, төмөр зам. Одоо төсвийн алдагдлаа нөхөх хэмжээний зээл авч байна. Эдийн засаг сэргэх байх гэсэн найдлагатайгаар төсвийн тодотголоо баталлаа. Иймээс мега төслүүдийг энэ жилээс эхлэх бол яалт ч үгүй хөрөнгийн эх үүсвэр чухал шаардлагатай болно. Ямар эх үүсвэрээр хэрхэн яаж баригдах асуудлыг нээлттэй ярилцах байх. Мэдээж ямар нэгэн байдлаар дотоодын мэдэлд байх асуудлыг чухалчилна. Гэхдээ нөөц боломжоо сайтар тооцох чухал болчихоод байна.

-МАН 1072 ширхэг хувьцаанд ашиг ноогдуулах талаар ярьсан. Энийг яаж хэрэгжүүлэх юм бол?

-Тухайн компани хэдий хэмжээний ашигтай ажилласан байна, түүнийгээ компанийнхаа ирээдүйн үр ашгаа өгөх хөрөнгө оруулалтад зарцуулах уу эсвэл ноогдол ашиг хэлбэрээр хувьцаа эзэмшигчдэдээ хүртээх үү гэдэг асуудал ТУЗ-ийн шийдвэрээс хамаарна. Ямар ч байсан “Чалко” компанийн өрийг барагдууллаа. Одоо гэхдээ “Эрдэнэс Таван толгой” өөрөө маш их хэмжээний өртэй юм билээ. Тэр өрөө барагдуулах байх. Түүнээс давсан илүү хэсгийг нь төрд хувьцааны ноогдол ашиг хэлбэрээр хуваарилах болов уу. Хэрвээ ингэж чадвал иргэддээ 1072 ширхэг хувьцааны ноогдол ашиг олгох боломжтой болно. Хэрвээ нүүрсний үнэ гадаад зах зээл дээр боломжийн байгаад урт удаан хугацаанд тогтвортой ажиллаж чадвал сайхан ирээдүй харагдаж байгаа. Бас гол асуудал нь компанийн үрэлгэн зардлыг танах, зогсоох, бууруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх нь юу юунаас илүү чухал.

-Таван толгойн үндсэн үйлдвэрлэл хөдлөх үед улсын төсөвт яаж нөлөөлөх бол, мөн үүнийг дагаад орон нутагт ямар хэмжээний ашиг өгч ажлын байр яаж нэмэгдэх вэ?

-Орон нутагт ажлын байр нэмэгдэх асуудлыг байнга ярьж байгаа. “Эрдэнэс Таван толгой”-г түшиглэсэн ажлын байр бараг нэмэгдэхгүй байна. Орон нутгийн иргэд “Эрдэнэс Таван толгой”-н үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг. Таван толгойн үндсэн үйлдвэрлэлийн асуудлыг авч үзэх ёстой. Хэрвээ энэ хөдөлбөл мэдээж улсын болон орон нутгийн төсөвт нөлөөлөлгүй яахав. Одоо гэхдээ орон нутгийн төсөв улстөрчдийн хараанд байгаа. Төсвийн тогтвортой байдал, доороос дээш чиглэсэн төсвийн бодлого, төсвийн төлөвлөлтөд бид анхаарлаа хандуулах цаг болсон.

-Уурхайн жолооч нар Хятадаас оруулж ирсэн мими гэх мансууруулах бодис хэрэглээд байгаа. Бараг дийлэнхийнх нь хэрэглээ болсон шиг байна лээ. Үүнийг цаашид хэрхэх вэ?

-Миний УИХ-ын чуулган дээр хөндөн ярьж, анхаарлаа хандуулж буй асуудлын нэг нь мими. Зөвхөн жолооч гэлтгүй иргэдийн ердийн хэрэглээ болж байгааг бид зогсоох хэрэгтэй. Чуулганы хуралдаан дээр яриад зогсохгүй ажил хэрэг болгож гүйцэтгэл үр дүнг тооцох хэрэгтэй. Манай аймгийн ЗДТГ-аас санаачлан бүх хууль хяналтын байгууллагуудыг оролцуулан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ хэлэлцүүлэгт би өөрөө очиж оролцсон. Шат, шатны байгууллагаар дамжуулан хууль эрх зүйн орчинд тусгах, мансууруулах эмийн жагсаалтад оруулах хэрэгтэй. Энэ түвшинд Засгийн газар, Эрүүл мэндийн яаманд хүсэлт тавиад ажиллаж байна. Үүнийг бүрэн хориглох, хууль эрх зүйг сайжруулах хэрэгтэй.

-Өмнөговьчуудын санааг зовоож буй бас нэг асуудал нь Тост, Тосон бумбын нуруу. Б.Чойжилсүрэн сайдын уурхай дархан цаазат газарт үйл ажиллагаа явуулж байна гэж шуугиад байгаа биз дээ?

-Тост, Тосон бумбын нурууг 2015 онд Засгийн газрын шийдвэр гарч хилийн цэсийг 100 мянга орчим га талбайгаар нэмэгдүүлсэн. Уг шийдвэрт би төдийгүй манай нутаг орныхон их талархалтай байгаа. Хэдий ийм ч уурхайн асуудал иргэдийг бухимдуулж байна. Би өнгөрсөн долоо хоногт Гурвантэс сумын иргэдтэй уулзаж Тост тосон бумбын шийдвэрийг танилцуулсан. Аймаг, сумын удирдлагууд Байгаль орчин, Аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас төлөөлөл очиж хамтдаа газар дээр нь ажилласан юм. Иргэдийн хувьд уурхайн олборлолт шинээр эхлэхтэй холбоотой асуудлыг эсэргүүцэж байгаа. Санал бодлоо ч бидэнд хэлсэн.

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгч хэн ч биш болж, Ерөнхий сайд улсаа удирдана

-ҮНДСЭН ХУУЛЬД ИЙМ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУВИЛБАР ЯРИГДАЖ БАЙНА-

УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг явуулах тогтоолыг баталсан билээ. Санал асуулга зургаан сэдэвтэй. Эхнийх нь УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт тэнцлийг хангах тухай ажээ. Энэ дотроо Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлөх эрхийг Ерөнхий сайдад олгохыг тусгасан байна. Мөн Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь УИХ-ын гишүүн байж болохоор хязгаарлах аж. Санал асуулгын хоёр дахь сэдэв нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой. Монгол Улсын Төрийн тэргүүний эрх мэдлийг хумьж, зөвхөн бэлгэ тэмдэг төдий байхаар санал оруулжээ. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна. Улиран сонгогдохгүй. Төрийн тэргүүнийг бүх ард түмнээс биш УИХ-ын өргөтгөсөн хуралдаанаас сонгодог болох хувилбар санал асуулгад тусгагджээ. Төрийн тэргүүний зарим бүрэн эрхийг өөрчлөх саналд түүний хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг хасах юм байна.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зөвлөлдөх санал асуулгын гурав дахь сэдэв нь улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэхэд чиглэгджээ. Төрийн албаны зөвлөлийг улс төрөөс хараат бус болгож, Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага болгох гэнэ. Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал, төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, шатлан дэвших зарчимд шилжүүлэх нь ээ. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээс хамаарч ажлаас халах, хуульд зааснаас бусад үндэслэлээр албан тушаал, зэрэг дэвийг бууруулахыг хориглосон заалтыг Үндсэн хуульд нэмж оруулах юм байна. Мөн дөрөв дэх санал нь засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх.

Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хотод (орон нутгийн харьяалалтай), сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдахаар тус тус Үндсэн хуульд бэхжүүлэх гэнэ. Баг, хороо, тосгоны Засаг даргыг улсын чанартай хот болон сум, дүүргийн Засаг дарга шууд томилдог болох аж. Мөн санал асуулгад төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах асуудлуудыг тусгасан байна. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах ёстой Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох гэнэ.

Санал асуулгад багтсан бас нэг сэдэв бол хоёр танхимтай парламент байгуулах асуудал. Төрийн эрх барих дээд байгууллага нь АИХ, хууль тогтоох байгууллага нь УБХ гэсэн хоёр танхимтай байх асуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцөлийг хангах юм байна. Ингээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгагдсан дээрх саналуудын талаар Үндсэн хууль судлаач, УБХ-ын гишүүн Д.Ламжавтай ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зөвлөлдөх санал асуулгыг зургаан сэдвийн хүрээнд явуулахаар болсон байна. Санал асуулгыг ямар байдлаар хийхийг эхлээд сонирхъё?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад заавал зөвлөлдөх санал асуулга явуулах ёстой. Зөвлөлдөх санал асуулга бол Монгол Улсын практикт хэрэглэж байгаа анхны алхам. Үүний тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн санамсаргүй түүврийн аргыг хэрэглэж байгаа. Улсын хэмжээнд 1570 орчим хүнийг сонгосон. УИХ-аас баталсан санал асуулгын зургаан сэдвийн асуултыг Статистикийн үндэсний хороо боловсруулсан. Санал асуулгад оролцсон 1570 орчим хүнийхээ талыг нь дахин санамсаргүйгээр сонгоно. Ингээд 750-иад хүний дунд мэдээлэл солилцох уулзалтыг энэ сарын 29, 30-нд зохион байгуулна. Тэд зургаан сэдвийг гурав, гурваар нь энэ хоёр өдөрт хэлэлцэх юм. Санал асуулгад оролцогчдод хэлэлцэх сэдвийн дагуух материалуудыг урьдчилж өгч, мэдээллээр хангасан байна. Ингээд эхний сэдвээр илтгэгч танилцуулсны дараа 750 орчим хүн 15-аараа хэсэг болоод хэлэлцүүлэг явуулна. Тэгэхээр 50 орчим жижиг хурал болж, мэтгэлцээн өрнүүлнэ. Дараагаар нь санал асуулгад оролцогчдын асуултад экспертүүд хариулах юм. Харилцан мэдээлэл солилцсоны үндсэн дээр харанхуй тавьсан асуулгад 750 хүн хариулна. Бэлэн болсон материалыг тусгай программынхаа дагуу Статистикийн үндэсний хороо эцсийн дүнг нь гаргана. Олон нийтийг төлөөлөх Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн маань тус байгууллагаас гаргасан тайланг үндэслэн УИХ-д зөвлөмж, санал хүргүүлнэ. Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн санал гарах юм бол УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах том комисс байгуулах юм. Энэ комисс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах жинхэнэ текстийн бичнэ. Агуулга нь ерөнхийдөө энэ зургаан сэдвийн хүрээнд тодорхойлогдоно. Комисс байгуулагдах юм бол төслөө боловсруулж таарна. Төслийг УИХ батална.

-Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө энэ бүх ажлыг зохион байгуулах уу?

-УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдгийг баталбал Ерөнхийлөгчийн сонгуультай хамтад нь нийт ард түмэнд санал асуулга явуулах юм. Хэрэв нийт ард түмний 50-иас дээш хувь нь зөвшөөрөх юм бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна.

-Манай улс парламентын тогтолцоотой. Санал асуулгад Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх хувилбар яригдаж байгаа юм байна. Үндсэн хууль судлаач хүний хувьд та энэ саналд ямар байр суурьтай байгаа вэ?

-Манай гүйцэтгэх засаглалын эрх мэдэл хомс байна. Янз бүрийн давхцалууд их байгаа. Судлаачид ч үүнийг хэлдэг. Амьдрал дээр ч харагдаж байна. Жишээлбэл, манайх парламентын засаглалтай улс гэдэг утгаар Ерөнхий сайдаа УИХ нь томилдог. Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг сулруулж байгаа хамгийн ноцтой зүйл нь бусад сайд нарыг толгой дараалан Их хурлаар хэлэлцэж томилдог явдал. Энэ эрх мэдлийг Ерөнхий сайдын гарт нь өгье гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, кабинетаа өөрөө мэдэж бүрдүүлдэг байх асуудал л даа. Харин батламжлах эрх нь Ерөнхийлөгчид байна. Сайдуудаа томиллоо гээд оруулахад Ерөнхийлөгч батламжилдаг байх. Хамгийн чухал зүйл бол эрх мэдлийг тэнцвэржүүлэх замаар бага эрх мэдэлд нь их эрх мэдэлтэйгээ тараах. Тэрэндээ хариуцлага тооцох тухай механизм байдаг л даа. Тэгэхээр Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай холбогдоод дараагийнхаа Ерөнхий сайдыг томилж чадахгүй удвал Ерөнхийлөгч парламентыг тараадаг механизмыг бүрдүүлье гэдэг санаа явж байгаа юм. Гүйцэтгэх засаглалын эрх мэдлээс Ерөнхийлөгч зулгаагаад байдаг асуудал бий. Ялангуяа парламент Ерөнхийлөгч хоёр нэг нам давамгайлбал бие биедээ хайртай байдаг. Хуваарилсан эрх мэдлийг Ерөнхийлөгч рүү өгчихдөг. Ийм асуудал байна. Ялангуяа Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч бүх шийдвэрт хориг тавьдаг эрх мэдэлтэй. Тийм болохоор хууль санаачлаад давхиад байдаг. Үүнийг нь хасъя гэж байгаа юм. Өөр нэг яригдаж байгаа зүйл бол Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх эрхтэй байна. Энэ тохиолдолд улс төрийн хавчилга үүсэх эрсдэлтэй. Тиймээс Ерөнхийлөгч чиглэл өгдгийг болиулах тухай санал асуулгад явж байгаа.

-Ерөнхийлөгч хэн ч биш, зөвхөн бэлгэ тэмдэг төдий болж, Ерөнхий сайд улсаа удирдах хэмжээний бүрэн эрх мэдэлтэй болох нь ээ?

-Тийм. Парламентын бүгд найрамдах улсын шинж маягтай болно. Ерөнхийдөө бүх эрх мэдэл Ерөнхий сайдад очно. Гэхдээ Ерөнхийлөгчид ч тодорхой хэмжээний эрх мэдэл үлдэх болов уу. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, ҮАБЗ-ийн даргаа хийх байх.

-Ерөнхийлөгч шүүх засаглал талдаа шууд томилгоо хийх эрхтэй байдаг. Энэ эрх мэдэл нь хэнд шилжих вэ?

-Санал асуулгад шүүхийн томилгоог тодотгох асуудал байгаа. Шүүхийн томилгоог нэг улстөрчийн гарт өгөхгүй байх асуудал яригдана. Өөрөөр хэлбэл, ганцхан Ерөнхийлөгч өөрөө мэдээд томилоод байх биш. Механизмыг сайжруулах хэд хэдэн санал байгаа л даа. Нэгдүгээрт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүний тухайд тэнд хэн, хэн байх ёстой юм бэ гэдэг асуудал бий. Одоо шүүгчдийг УИХ-д танилцуулаад л томилчихдог. Тэгвэл шүүгчдийг парламентад танилцуулахад Их хурал дэмжсэн нөхцөлд томилдог асуудлыг хөндсөн санал байгаа.

-Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай нэг удаа сонгох санал байна лээ. Энэ хувилбар нь манай улсын нөхцөлд хэр тохиромжтой вэ?

-Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатайгаар нэг удаа сонгоно. Тухайн иргэн төрийн тэргүүнээр нэг удаа л сонгогдоно. В.Путин, Д.Медведев хоёр дундаа түр завсарлагаатай сонгогдоод байдаг шиг байдал гаргахгүй гэсэн үг л дээ.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналд Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгохыг нь болиулах заалт орсон байна лээ. Тэгэхээр олонхи болсон намаас Төрийн тэргүүн шууд сонгогдох юм биш үү?

-Санал асуулгад байгаа нэг эгзэгтэй зүйл нь энэ юм. Их хурлын 76 гишүүн, аймаг нийслэл, хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийт гишүүд гээд өргөтгөсөн бүрэлдэхүүнээс Ерөнхийлөгчийг сонгох хувилбар орж ирсэн. Үүний муу тал нь Ерөнхийлөгч аль намаас сонгогдох нь тодорхой болчихож байна. Сонгууль явуулаагүй байхад аль намаас дэвшсэн Ерөнхийлөгч сонгогдох нь тодорхой болох дутагдалтай. Сайн тал нь гэвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал гээд томоохон хөрөнгө гарахгүй байж болох юм.

-Улс төрийн тогтолцооны замбараагүй байдлыг улс төрийн намууд бий болгосон. Үүнийг яаж засч, сайжруулах уу?

-Санал асуулгад төрийн албаны хариуцлагыг дээшлүүлэх тухай сэдэв бий. Энэ бол нэлээд маргаан дагуулах, болгоомжтой хандах асуудлын нэг. Парламентын эрх мэдлийг өөр тийш нь шилжүүлэхэд үүний хариуд хуулиар хамгаалагдсан өндөр албан тушаалтнуудыг мөрдөн шалгах тогтолцоог УИХ-д бүрдүүлэх эрхтэй гэсэн яриа байсан. Энэ асуудал бол ойлгомжгүй хэлбэрээр санал асуулга дотор ороод ирсэн. Их л сайн боловсруулагдсан юм орж ирж байна гэж бодож болохгүй. Алийг нь дэмжих үү, алийг нь хасах уу гэдэгт болгоомжтой хандах хэрэгтэй.

-Манай улс хоёр танхимтай парламентын тогтолцоонд шилжвэл иргэдийн хяналттай төр бий болно гэж судлаачид үздэг. Санал асуулгад дээд, доод танхимтай байх асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явуулах сэдвийг багтаасан байна лээ. Харин та ямар бодолтой байна?

-Монгол шиг хүн ам цөөтэй, их газар нутагтай оронд засгийн ажиллах чадвар хурдан байх шаардлагатай. Энэ бол чухал үзүүлэлт. Харин ийм бие биеэ хүлээсэн хоёр танхим зохисгүй. Ард түмний санаа бодлыг тандъя гэсэн зорилгоор хоёр танхимтай парламентын тухай сэдвийг санал асуулгад оруулсан байх. Хоёр танхимтай парламентын түүх бол төлөөлөгчдийн танхим нь нийтийн эрх ашгийг хамгаалдаг нь. Түүхэндээ дээд танхим гэдэг бол нэлээд нөлөөтэй, баячуудын эрх ашгийг хамгаалах зорилготой бий болсон байдаг. Тиймээс хоёр танхимтай болоход Үндсэн хуулийг шинээр бичихээс өөр арга байхгүй. Нэг танхимтай байлаа гээд нийтийн эрх ашиг хохирно гэдэг нь өрөөсгөл юм.

-Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх сэдвээр санал асуулга явуулах юм байна. Энэ тухай тодруулахгүй юу?

-Үндсэн хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэр аймаг, нийслэлд хуваагдана. Аймаг нь дотроо суманд, сум нь баг болж задардаг. Нийслэлийн хувьд дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана. Үндсэн хууль батлагдахаас өмнө Дархан, Эрдэнэт нь улсын чанартай хотын статустай байсан. Улаанбаатарын дараа орох энэ хоёр том хот аймгийн дотор байрладаг. Эрдэнэт бол Булган аймгийн, Дархан нь Сэлэнгэ аймгийн нутагт багтдаг. Байгалийн баялгийг ашиглах асуудал үүсч байсан болохоор 1992 оны Үндсэн хуулиар нутаг дэвсгэрийг нь одоогийнхоор хуваасан. Аймгийн төвүүд жижиг ч гэсэн хотууд мөн шүү дээ. Гэтэл одоо сум нэртэй болсон. Тосгоныг бүр мартсан. Тэнд суурин иргэншлийн элементийг ямар нэгэн байдлаар орхигдуулсан. Одоо үүнтэй холбогдуулаад санал асуулгад улсын чанартай хотыг санал болгож байна. Дархан, Эрдэнэт хоёрыг улсын чанартай хот болгоно гэж байна. Энэ бол 1992 оныхоо зовлон руу эргээд очъё гэж байгаа юм. Харин аймгийн төвүүд бол хот байх ёстой. Нэг аймагт хэдэн ч хот байж болно гэдэг ийм асуудал ороод ирсэн байх жишээтэй. Энэ бол Их хурал дээр ороод ирсэн санал. УИХ хагалуулъя гэдэг байдлаар уг санал асуулгыг оруулж ирсэн байх. Ер нь санал асуулгад багтсан зургаан сэдэв бол Үндсэн хуулийг ингэж өөрчилье гэсэн санааг агуулаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, учир зүйг нь олоод аль болох зөв сонголт хийх нь ач холбогдолтой.


Categories
мэдээ цаг-үе

Б.Жагар: Туул гол руу жирийн иргэд очих ямар ч боломжгүй болчихсон. Ганц очдог байсан ард түмний талбайг хүртэл булаагаад авчихлаа шүү дээ

Б.Жагар зурган илэрцүүд“Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд шаардлага хүргүүлээд байгаа. Тус хөдөлгөөнөөс Туул голын эрэг дагуу хууль бусаар газар олгосон. Нам бүлэглэл дамжсан төрийн томоохон албан тушаалтнууд Туул голын эрэг дагуух газрыг өмчилж аваад байгааг эсэргүүцэж, газрын зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авахыг шаардаж байгаа аж. Энэ талаар “Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн”-ий тэргүүн Б.Жагартай уулзаж ярилцлаа.


-Та бүхэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд Туул голтой холбоотой асуудлаар гурван төрлийн шаардлага хүргүүлээд байгаа юм байна лээ. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Туул гол таван аймгийн 37 сумын нутгаар дайран өнгөрч, 700 гаруй километр газарт урсдаг. Нийслэлчүүдийн ундны усны 90 гаруй хувийг хангадаг. Монгол Улсын хүн амын 50 гаруй хувийн ундны усыг бүрэн хангаж байна. Эрт цагаас өнөөдрийг хүртэл Туул гол түүхийн хуудсаар холбогдож ирсэн ач холбогдолтой гол. “Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн”-өөс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд Туул голтой холбоотой гурван төрлийн шаардлага хүргүүлээд байна. Туул гол Монголын ард түмний дундын өмч. Жилийн дөрвөн улиралд Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэд Туул голын эрэгт очиж чөлөөтэй агаар амьсгалж, амарч зугаалах, гэр бүл, найз нөхдөөрөө тоглож, цагийг өнгөрөөх газар байх ёстой. Гэтэл нийслэлчүүд бид Туул голд очиж амрахын тулд хэн нэгэн компанийн өмчилж авсан газар, хашаагаар давж орж байна. Эрх мэдэл албан тушаалтай хүмүүсийн хууль зөрчиж өмчилж авсан газраар дамжиж орж байна. Нийслэлчүүд Туул голдоо сүүлийн хэдэн жилд очиж чадахгүй болчихсон. Хүн орох зай завсаргүй болтол нь эрх мэдэл бүхий хүмүүс хашаа хатгаад газрыг нь хууль бусаар өмчлөөд авчихсан байдалтай байна. Монгол Улсад өмчилж болдоггүй хэдхэн зүйл байдаг. Энэ нь газар нутаг. Хуулиар иргэн бүрт 0.7 га газрыг үнэ төлбөргүй эзэмших гэрчилгээ олгодог. Ингэхдээ тусгай хамгаалалттай бүс нутаг, Туул голын сав газраас өөр газарт амины зориулалтаар газар олгодог. Гэтэл Туул гол өөрөө гурван хамгаалалтын бүсэд хуваагддаг. Онцгой хамгаалалтын бүс 50 метр, эрүүл хамгаалалтын бүс 100 метр, Энгийн хамгаалалтын бүс 200 метр. Энэ гурван бүсэд хамаарсан газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно гээд маш тодорхой хуулиндаа заагаад өгчихсөн. Туул голын эрэг дагуу гурван хамгаалалтын бүсийн самбар зоочихсон байдаг. Гэтэл үүнийг зөрчөөд холбогдох албан тушаалтнууд газрын гэрчилгээ олгочихсон. Туул голыг хэдхэн хүний өмч болгочихсон байдалтай байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.ОюунхоролдТуул голыг чөлөөл гэсэн үндсэн шаардлага тавьж байгаа. Хэн нэгэн компанийн эрх ашигт халдаж хуулийн дагуу авсан газрыг нь булааж авах гээд байгаа зүйл огт биш. Нийтийн эзэмшлийн газрыг иргэдэд буцааж олгоё гэж шаардаж байгаа юм.

-Туул голын хойд эргийг тэр чигт нь Монголын томоохон компаниуд авчихсан. Хүн орох газаргүй болтол нь орон сууцны барилга барьчихсан байдаг юм байна лээ?

-Туул голын хойд эрэг дагуу “Номин холдинг” компаниас эхлээд олон зуун га газарт орон сууцны барилга баригдчихсан байна. “Номин холдинг” компани гэхэд их том хэмжээний газар хууль зөрчин авсан байдаг юм. Мөн Туул голд маш их байгаль, экологийн хохирол учруулсан. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр тэр хавийн хэдэн мянган бургасыг огтолсон. Бургасны доор ундны усны нөөц хадгалагдаж байдаг. Байгалийн хуулиар туул голын ус татарлаа гэхэд бургасны доор байгаа нөөц ус тэжээл өгч байдаг. Хүнээр ярих юм бол Туул голын нэг судас бургасан дор байсан гэсэн үг. Энэ мэт Монголын нэр нөлөө бүхий компаниуд тэр чигт нь авчихсан. Орон сууцны барилга хүн орох зайгүй барьчихсан. Харин Туул голын урд эргээр гэхэд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон Амарсайхан гэх эзэнтэй “Оюуны ундраа” компаниас эхлээд хууль бусаар газар аваад барилга барьчихсан. “М Си Эс” групп гэхэд Зайсангийн гүүрний хажууд тансаг хотхон барьчихсан. Тэр хотхонд нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тэргүүтэй улстөрчид амьдарч байна. Туул голын урд эргийг МАН, АН, МАХН-ын нэр нөлөө бүхий бүлэглэл хуваагаад авчихсан. Тэгвэл бид Байгаль орчин, аялал жуулчлалын яам Туул голын эрэг дагуух газрыг чөлөөлж, ард түмэнд хэрхэн үйлчилдэг вэ гэдгийг харах юм. Мөн Туул голын эрэг дагуух газрыг өмчилж аваад байгаа улс төрийн томоохон бүлэглэл бүхий хүмүүсийн нэрсийг ч гэсэн ил болгохыг шаардаж байгаа. Хэрэв яамны зүгээс олон нийтэд ил болгож чадахгүй бол бид тэр мэдээллийг ил болгож хүмүүсийн нэрсийг ил тод зарлана.

-Туул голын эрэгт хүрдэг ганцхан газар байсан. Хүмүүс “Ард түмний талбай” гэж нэрлээд байгаа газрыг нэгэн компани хувьдаа авчихсан гэсэн үнэн үү?

-Тийм ээ. Гурван сүүдрэвчтэй, жижигхэн тэгш талбайтай хэсгээр Туул гол руу ороод залуус эрэг дагуу зугаалдаг байсан. Өвөл, зунгүй хүмүүсээр дүүрэн байдаг газар. Тэгвэл тэр газрыг “Илчит хангай” гэх компани 800 метр газрыг авчихсан гэх мэдээлэл ирсэн. Бүр А.Намхай гэх хүн 2008 онд газрын зөвшөөрлийг нь өгчихсөн байсан. Түүнийг нь саяхан дахин сунгасан гэх мэдээлэл бидэнд ирсэн. Удахгүй ард түмний талбай дээр барилга байшин баригдах юм гэсэн. Энэ хавар хашаа хатгана гэж байна лээ. Өнгөрсөн намар тэр газарт хэд хэдэн удаагийн өрөмдлөг хийсэн байсан.

-УИХ-ын гишүүдээс эхлээд улстөрчид Туул голыг бүхэлд нь авч болж байгаа юм бол эгэл жирийн иргэдэд ч гэсэн газраас өгмөөр байна. Хэн ч байсан хуулийн өмнө тэгш эрхтэй биз дээ?

-Тийм. Өөрсдөө хууль баталдаг хүмүүс нь хуулиа зөрчөөд газар эзэмшиж болоод байхад яагаад жирийн иргэд авч болохгүй гэж. Туул гол авлига, хээл хахууль авагчдын нэг хэрэгсэл болчихоод байна шүү дээ. Гэхдээ жирийн иргэн бид Туул голын эрэг дагуу газар эзэмших хүсэлт өгөх юм бол та хууль зөрчиж байна гээд халгаахгүй шүү дээ. Иргэд бид ч хуулиа зөрчихгүй гээд газар авах хүсэлт ч гаргахгүй. Гэтэл төрийн томоохон албан тушаал хашиж байсан, одоо хашиж байгаа эрх мэдэлтнүүд эрээ цээрээ алдаж хуулийг уландаа гишгэж байна. Одоо Туул гол руу очдог нэг ч газаргүй болчихоод байна шүү дээ.

-Танай хөдөлгөөн Туул голыг аварч хамгаалах талаар хэдэн жил ажиллаж байгаа. Ямар нэгэн үр дүнд хүрсэн үү?

-Манай “Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн” арав гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Өмнө нь ч бас үе үеийн тэмцэгчид Туул голыг хамгаалах талаар тодорхой ажлуудыг хийгээд явдаг байсан. Манай хөдөлгөөний зүгээс олон жилийн турш Туул голыг хамгаалах талаар тэмцэл хийсэн. Энэ тэмцэл маань ч үр дүнгээ өгсөн. Хийсэн ажил, тэмцсэн тэмцлийн маань тод жишээ нь төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг бүрэн шийдвэрлүүлж чадсан. Хоёрдугаар асуудал гэвэл 2013 онд Засгийн газрын тогтоол гарч, нийслэл хот Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй арьс, ширний үйлдвэрүүдийг нийслэлээс гаргахаар болсон. Тогтоолыг бид бүхэн гаргуулж чадсан. Мөн нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл хоёр захирамж гаргасан. Энэ нь Засгийн газраас гаргасан тогтоолыг хэрэгжүүлэх, Туул голын хамгаалалтын бүсэд хууль зөрчсөн тусгай зөвшөөрлийг шууд цуцлах захирамж гаргасан. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 84 компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар болсон. Харамсалтай нь төр засаг солигдож өнөөдрийг хүртэл Засгийн газрын тогтоол, нийслэл хотын Засаг даргын захирамж хэрэгжээгүй байна. МХЕГ-ын улсын байцаагч өнгөрсөн жилийн зургаан сарын дундуур арьс ширний үйлдвэрүүдэд шалгалт хийж, бүгдийнх нь үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргасан. Гэтэл улсын байцаагчийн тавьсан актыг зөрчөөд одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Тиймээс Засгийн газрын тогтоол, Засаг даргын захирамжийг биелүүлж арьс, ширний үйлдвэрүүдийг хотоос гаргахыг Д.Оюунхорол сайдаас шаардаж байгаа.

-Туул голын эрэг дагуу хайрга олборлож байгаа компаниудын үйл ажиллагааг зогсоохоор болсон гэсэн. Үүнийг та юу гэх вэ?

-Цаасан дээр хэрэгжиж байгаа олон зүйл байна. Харамсалтай нь амьдрал дээр хэрэгжиж байгаа зүйл алга. Тогтоол захирамж шийдэгдэхгүй байгаа гол шалтгаан нь нам дамжсан бүлэглэлүүдийн гишүүд өөрсдийнхөө нэр дээр газар авдаггүй. Тодорхой хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр эсвэл өмнө нь хамааралтай байсан аж ахуйн нэгжүүдийн газар өмчилж авдаг. 2001 оноос эхлээд Туул голын эрэг дагуу ашигт малтмалын лиценз болон газар ашиглах, эзэмших гэрчилгээ авсан байдаг. Одоогоор Туул голын хамгаалалтын бүсэд зөвшөөрөл авсан 80 гаруй иргэн, компани байгаа. Эдгээр иргэн, компаниуд газраа түрээслээд явчихдаг. Ингээд зуу гаруй иргэн, компани байсан. Хайрга дайрга олборлож байгаа компаниуд горим журмын дагуу огт ажилладаггүй. Ашигт малтмалын газар гэх мэт эрх бүхий газраас хайрга, дайрга олборлох зөвшөөрөл авахдаа гэрээ байгуулдаг. Энэ нь зөвшөөрлийн талбайд 70 градус ухах ёстой байдаг. Гэтэл компаниуд 100 градусаар ухчихдаг. 70 градус ухсан тохиолдолд эргүүлээд техникийн боилогийн нөхөн сэргээлт хийж унаган төрхөнд нь оруулж болдог. Харин 100 градус ухахаар эргүүлээд нөхөн сэргээлт хийж болдоггүй. Ерөөсөө л ухсан нүх үлддэг. Ухсан нүхэнд барилгын хог хаягдал хийж булшилдаг. Байгальд хортой аргаар эргүүлэн булж байна. Туул голын эрэг дагуу яагаад лиценз авах дуртай байдаг юм бэ гэхээр олборлолт хийхэд зардал маш бага гардаг. Ерөөсөө л Туул голын хэвлийгээс шууд олборолт хийчихэж байгаа юм. Ингэж хэдхэн компани зардал хэмнэж хэдхэн төгрөгийн ашиг хүртэж байгаагийн цаана маш том экологи эдийн засгийн хохирол амсч байгааг хэлмээр байна. Хайрга өөрөө байгалийн хуулиар усаа шүүж байдаг шүүлтүүр нь. Туул голын хэсэг газарт бохирдсон усыг шүүх шүүлтүүр байхгүй байгаагаас болж бохирдсон ус урсаад байна. Ингээд Хан-Уул дүүргийн биокомбинат, Төв аймгийн Алтанбулаг, Өндөрширээт, Лүн сумын нутгаар онц аюултай бохирдсон ус урсаж байна. Ерөөсөө л хүн, амьтан мал унданд хэрэглэж болохгүй болтлоо бохирдсон ус гэсэн үг. Бохирдсон уснаас мал ууж байна. Малын мах, сүү цагаан идээг нийслэлчүүд хүнсэндээ хэрэглэж байна. Энэ нь эргээд үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн асуудал болон хувирч байна. Хуулиар хориглосон газарт зөвшөөрөл авна гэдэг цаанаа албан тушаал, авлига, хээл хахуулийн асуудал шууд яригдана. Өнгөрсөн сарын 29-ний өдөр нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын дарга тэргүүтэй холбогдох албан тушаалтнууд Туул голын эрэг дагуу хайрга олборлож байгаа компаниудын үйл ажиллагааг зогсоож байгаа талаарх мэдэгдэл хийсэн. Үүнийг дараа УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Г.Сарангэрэл Туул голын асуудлыг бүрэн шийдсэн мэтээр иргэдэд буруу ухуулга сурталчилгаа хийсэн. Төр засаг Туул голыг авран хамгаалахын төлөө юу ч хийхгүй мөртлөө улс төрийн хэрэгсэл болгон ашиглаж байна. Туул гол дээр ямар ч нөхөн сэргээлт хийгдээгүй. Зөвхөн компаниудын үйл ажиллагааг зогсоох талаар дөнгөж яригдаж эхэлж байхад асуудлыг бүрэн шийдчихсэн мэт ярьж байна. Энэ нь МАН Г.Сарангэрэл гишүүнээр дамжуулан Туул голоор улс төр хийж байгаа нь шууд харагдаж байна.

-Та бүхний тавьсан шаардлагыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам биелүүлэхгүй бол яах вэ?

-Бид олон жил Туул голыг аварч хамгаалах талаар тэмцэл хийсэн. Бүр суулт хүртэл хийсэн. Бидний өгсөн гурван шаардлагыг биелүүлж Туул голын эрэг дээр байгаа албан тушаалтнуудын нэрсийг ил болгохгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно. Бид цөхөрсөндөө тэмцлийн хурц хэлбэрийг сонгож байгаа зүйл огт биш гэдгийг хэлмээр байна.


Categories
мэдээ цаг-үе

Н.Оюундарь: Оффшорын хууль сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудад хамааралтай

УИХ-ын чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль буюу бидний хэлж заншсанаар оффшорын хуулийг баталсан. Уг хуулийн ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.


-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдсан. Гэхдээ уг хуульд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 39800 албан хаагч түүний хамаарал бүхий этгээдүүд хамрагдсан. Ингэснээр хуулийн үйлчлэл нь өргөн цар хүрээг хамарч байгаа болохоор хэрэгжихэд нэлээд түвэгтэй болчихов уу?

-Аливаа хууль батлагдсаны дараа хэрэгжих болов уу яах бол гэдэг яриа гардаг. Өмнө нь Тамхины хяналтын тухай хууль шинэчлэгдэн батлагдахад “Энэ хууль хэрэгжихгүй” хэмээн ярьсан ч уг хууль амьдрал дээр хэрхэн сайн хэрэгжсэн билээ дээ. Ямартай ч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг УИХ баталчихлаа. Тиймээс цаашаа хэрэгжээд явна. Уг хуульд дөрвөн гол өөрчлөлт орсон юм.

-Тэр нь юу гэж. Засгийн газрын зүгээс өргөн барьсан хуулийг УИХ дээр тэс өөр болгоод баталчихлаа гэсэн шүүмжлэл байна л даа?

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөл дээр аймаг, дүүргийн дарга, газрын дарга нараас дээш албан тушаал бүхий хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 301 хүнд хамаатуулахаар оруулж ирсэн. Сонгогдсон болон төрийн захиргааны төв байгууллагын цөөн хүнд хамаарах болчихоод байсан тул шүүх, прокурор, цагдаагийнхан гээд эдгээрээс бусад албан тушаалтнууд уг хуульд хамрагдахгүй байсан тул хуулийн үйлчлэлийн хүрээг өргөтгөсөн юм. Тиймээс хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 39800 хүн уг хуульд хамрагдахаар болсон. Төрийн албанд алба хашиж байгаа бол уг хуульд хамрагдах нь зөв.

Дараагийн алхам нь төрийн албан хаагч болон түүний гэр бүл гэж байсан л даа. Хууль бусаар мөнгөтэй болсон хүмүүс өөрийнхөө болон эхнэр, хүүхдийнхээ нэр дээр данс нээлгэж мөнгөө хийдэггүй. Тиймээс хамаатан садныхаа нэр дээр данс нээж нуудаг. Тэр утгаараа уг хуулийн үйлчлэлийн хүрээг тэлж өгсөн.

-Гэхдээ хамаарал бүхий этгээд гэдэг нь тодорхой бус байгаа юм биш үү. Яг тэр тэрийг хамаарал бүхий этгээдэд хамруулна гэсэн зүйл байхгүй хууль болчихлоо гэх юм?

-АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг хүснэгтэд өөрийн төрсөн ах, эгч, дүү, аав, ээж, эхнэр, нөхөр, хүүхэд, нөхөр болон эхнэрийн ах, дүү нар гэж байдаг. Тэр хүрээгээрээ орж байгаа юм. Ингэснээр татвараас зугтаалгасан мөнгийг нуух газаргүй болгож байгаа хэрэг л дээ.

Засгийн газрын зүгээс өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд хууль хэрэгжиж эхэлснээс хойш зургаан сарын дотор оффшор данстай бол дансаа хаалгаж, оффшор бүст байршуулсан мөнгөө эргүүлэн оруулж ирнэ гэсэн заалттай байсан. Үүнийг ажлын хэсэг дээр ярилцаж байгаад хариуцлагыг нь дээшлүүлэх үүднээс зургаан сар гэсэн хугацаа байсныг гурван сар болгож өгсөн.

Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Уг хууль жижиг дунд бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхэнд огт хамааралгүй. Тэд өмнө нь хийж байсан бизнесээ хийгээд явах боломж хэвээрээ байгаа. Уг хууль сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудад л хамааралтай гэдгийг дахин хэлье.

-Тэр бизнес хийж байгаа хүмүүс нь ХОМ гаргадаг 39800 этгээдийн хэн нэгний хамаатан садан, найз нөхөд байвал яаж зохицуулах юм бэ?

-Харилцан хамаарал бүхий хүмүүст найз нөхөд хамаарахгүй. Тухайлбал, төрийн албанд ажиллаж байгаа хүний найз нь оффшор бүст данс эзэмших, эзэмшихгүй байх нь тухайн хүмүүсийн хоорондын асуудал. Харилцан хамаарал бүхий гэдэгт нэг аж ахуйн нэгжид хамтдаа хөрөнгө оруулсан, тэндээс хамтдаа ашгаа хүртэхийг харилцан хамааралтай гэж байгаа юм. Тэр аж ахуйн нэгж нь оффшор бүст данс эзэмшиж байгаа бол найз нөхөд, хамтрагч нь энэ хуульд хамаарна. Түүнээс нэлэнхүйд нь найз нөхөд гээд хамруулан ойлгож болохгүй.

-39800 албан хаагчийн ах, эгч, дүү, аав, ээж, эхнэр, нөхөр, хүүхэд, нөхөр болон эхнэрийн ах, дүү гээд явахаар хэчнээн хүн уг хуульд хамаарах болчихоод байгаа вэ?

-Нарийн тоог нь яг хэлж мэдэхгүй байна. Өөр дээрээ жишээ авахад Оюундарь гэдэг хүний нөхөр, үр хүүхэд, ах дүү, нөхрийн ах, дүү, гээд тооцоод үзэхээр 10 гаруй хүн оффшор бүст данс эзэмшиж болохгүй болчихож байх жишээтэй. Татвараас зугтаалгасан, терроризмоос олсон, мөнгө угаасан мөнгийг л оффшор бүст хадгалж болохгүй. Ариун шударгаар бизнес хийж байгаад олсон мөнгөний талаар огт яригдах ёсгүй. Мөрөөрөө бизнесээ хийгээд явж байгаа хүн оффшор бүст мөнгөө нуух шаардлага байхгүй. Засгийн газраас гадаад улс оронд данстай байж болохгүй гэж оруулж ирснийг ажлын хэсэг дээр ярилцаж байгаад олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагуудаас оффшор бүс гээд зарласан давхцлыг нь түүгээд 42 орныг оффшор бүс гэж хамааруулахаар болсон. Гэхдээ жагсаалтыг Засгийн газар батална. Монгол Улс хамтын ажиллагаатай, хөрөнгө оруулалт татдаг, манай орны зүгээс дипломат төлөөлөгчийн газартай, Монгол Улсын иргэд ихээр зорчдог Англи, Финлянд, Швейцарь, Хонгконг ч гэдэг юм уу, эдийн засаг, улс төрийн хүрээнд ойрхон ажилладаг орнуудыг оффшор бүсийн оронд хамруулахгүй байх эрх нь Засгийн газарт бий. Түүнээс шууд энэ 42 орныг хамааруулна гээд байгаа юм байхгүй.

-Ядаж л Швейцарьт очоод ганц цаг, гар утас авахад л оффшорын хуулийг зөрччих хэмжээнд батлагдсан хууль боллоо хэмээн зарим гишүүд ярьж байна л даа?

-Уг хуульд хөдлөх, үл хөдлөх хөрөнгө орно гээд тусчихсан юм. Үл хөдлөх хөрөнгөд байшин барилга ороод явчихна. Хөдлөх хөрөнгө гэхээр гар утас, цаг, завь, машин, хувцас ч байдаг юм уу ороод явчихна. Бид яагаад хөдлөх хөрөнгийн талаар ярьсан бэ гэхээр 2-3 сая ам.долларын үнэ бүхий автомашин худалдан авч оффшор бүст хамааран оронд тавьчихаж болно. Татвараас нуугдуулсан мөнгөөрөө тэр машиныг авчихсан байж болно оо доо. Тэр утгаараа зарим гишүүд ингэж яриад байгаа юм.

-Уг хуулийн хариуцлага нь хэрхэн суусан юм бол?

-Ямар нэгэн байдлаар алдаа гаргасан сонгогдсон албан тушаалтан албан тушаалаа өгнө. Томилогдсон бол мөн л албан тушаалаа өгч хариуцлагаа хүлээх заалттай.

-Гэхдээ уг хуулийн үйлчлэлийг өмнөх цаг хугацаанд хамаатуулах гэж зарим гишүүд нэлээд зүтгэж байх шиг байсан. Хуулийг нөхөн хэрэглэхгүй гэдэг шүү дээ?

-Өмнө нь төрийн албан хашиж байхдаа оффшор бүст данс эзэмшсэн хүмүүст хариуцлага тооцох ёстой гэдэг иргэдийн хандлага их байсан. Хуулийг буцааж хэрэглэхгүй гэдгийг манайхан сайтар ойлгох ёстой. Хууль батлагдсанаас хойш төрийн албанд ажиллаж байгаа, төрийн ажиллах хүмүүст хамаарна. Сахилга, баттай улс төр, төрийн албаны ажлаа хий. Эсвэл төрийн албан хамааралгүйгээр бизнесээ хийгээд оффшор бүст дансаа нээнэ үү, байна уу хамаагүй. Өмнөх хүмүүст хариуцлага тооцсонгүй гээд байгаа ч нотлох баримтаар татвараас нуусан, буруу замаар мөнгө олсон, түүнийгээ оффшор бүст байршуулсан нь тогтоогдвол Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиар хариуцлага хүлээнэ.

Гагцхүү бид хий хоосон хардах биш, нотлох л ёстой болчихоод байгаа юм.

Манайхан 17 тэрбум ам.доллар оффшорт байна гэж яриад байгаа. Хэн, хэзээ, хаана хэлсэн юм бэ. Яг 17 тэрбум ам.доллар оффшор бүст байгааг хэн мэдээд байгаа юм. Хамгийн гол нь нотлох баримт чухал. Цагдаа, прокурор, тагнуул, АТГ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулан шүүгээд тогтоох хэрэгтэй. Цаанаа хардаж, сэрдүүлээд байгаа хүндээ ч гэсэн амар шүү дээ. Худлаа бол “Уучлаарай, таны нэр хүндийг гутаасан байна” гээд гаргаад ирэх хэрэгтэй.

-Хуулийн хэрэгжилт хэзээнээс эхэлж байгаа вэ. Батлагдсан өдрөөсөө даган мөрдөж байгаа юу?

-Их хурал хуулиа баталчихсан. Одоо соёрхон батлаад, Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэн өдрөөсөө хүчин төгөлдөр болох учиртай. Өмнө нь Ардчилсан нам засгийн эрх барьж байхдаа оффшорын хуулийг батлах гээд оруулж ирсэн ч баталж чадаагүй.

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэх мэдээлэл гарах боллоо. Үнэхээр Үндсэн хууль зөрчсөн хуулийг Их хурал баталчихав уу?

-Зарим хүмүүсийн ойлгож байгаагаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хүний эрх зөрчсөн гэж байгааг дуулсан.


Categories
мэдээ цаг-үе

Драмын театрын залуу гэр бүл

Гэгээн дарь эхийн сүм гэгддэг драмын театрт Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр болон Б.Жаргалсайхан, Г.Урнаа нарын хоёр сайхан гэр бүл бий. Тэгвэл драмын театрын тайзнаа гурав дахь гэр бүл гал голомтоо бадраагаад байна. Драмаар овоглосон шинэ айл бол залуу жүжигчин Г.Алтангэрэлийнх. Түүний гэргий залуу жүжигчин Г.Номуун. Г.Алтангэрэлийг “Зангараг”, “Ану хатан”, “Аав” зэрэг киногоор нь үзэгчид андахгүй биз ээ. Харин гэргий Г.Номуун өнгөрсөн жил ганц хүний жүжгээр “Гэгээн Муза”-гийн шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хүртэж байсан бөгөөд “Ромео Жульетта” жүжгийн Жульетта гэдгээр нь үзэгчид мэдэх байх. Ингээд энэ удаагийн “Танайд өнжье” булангийнхаа зочидтой уулзахаар Улсын драмын эрдмийн театрыг зорилоо. Театрын үүдээр ормогц дээл өмсч, монгол гутал жийсэн залуу жүжигчид хүнгэнэсэн дуугаар амандаа текст уншиж зөрнө. Харин тайзнаас орчин цагийн Ромео гэгддэг залуу жүжигчин Б.Шинэбаяр гар утсаа барьсаар яаран гүйж гарч ирэв. Тэрээр шатны хажууд очиж “Байна уу. Хайрт минь…” гэж утсаар ярих нь тод сонсогдов. Хэсэг чимээгүй цаад хүнийхээ яриаг сонссоноо шатны бариул тас атгаж нулимсаа тэсч ядан гаргаж мэгших нь харагдав.Ахин утсаа шүүрч “Бие нь яаж байна. Чамдаа хайртай шүү” гэж хэлээд утсаа салгав. Юу тохиолдсоныг нь мэдэхгүй ч хэрэгт дурлаж хэсэг түүнийг харж зогслоо. Жүжигчин залуу орос бакал холхигнуулан өмссөн агаад хонгилоор пар пар хийтэл чимээ гарган алхаж басхүү хоёр тийш хана цохин үсрэх.

Харин царайд нь ялимгүй инээмсэглэл тодорно. Энэ зуур жүжигчид өрөөнөөсөө цуварч гарч ирэн “За яасан төрчихсөн үү” гэж асуухад “Тэглээ” гээд нулимсаа арчив. Жүжигчид дуу дуугаа авалцан Б.Шинэбаярыг тэвэрч “За аав болсонд баяр хүргэе” гэсээр ард хоцров. Дашрамд дуулгахад энэ цагийн Ромео бүл нэмж шинэ хүнтэй болсон баярт мэдээг уншигч та бүхэндээ дуулгахад таатай байна. Ингээд бид түүнд баяр хүргэх олны дундаас “Танайд өнжье” булангийнхаа зочдыг олж уулзаад өрөө рүү нь алхав. Жүжигчин Алтангэрэл, Номуун нар драмын театрт ид мандаж яваа залуу жүжигчдийн төлөөлөл. Тэд нэг хүүтэй. Уран бүтээлдээ ч, амьдрал дээр ч өөрсдийн гэсэн бүхний эхлэлийг тарьж ургуулж яваа залус юм. Биднийг очих үеэр Их Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн түүхэн эмгэнэлт “Жаргаагүй нар” жүжиг мөн “Царцаа намжил” жүжгийн сургуулилт явагдаж байв. Жүжигчин Шинэбаярыг аав болсон гээд найруулагч уран бүтээлчдэд арван минутын завсарлага өглөө. Энэ хооронд бид танилцаж, уран бүтээлийн яриа өрнүүлэв. Жүжигчин Алтангэрэлийн аавыг Ганболд, ээжийг Амарбаясгалан гэдэг. Түүний аавыг хөгжмийн зохиолч Түзэлийн Ганболд гэдгээр нь ард түмэн андахгүй биз ээ. Алтангэрэл эхээс гурвуулаа. Аавынхаа зам мөрийг дагаж урлагийн мөр хөөсөн нь Алтангэрэл гэнэ. Тэрээр “Би аав, ээжээ дагавал Баянхонгор аймгийн уугуул. Удам угсаагаа хөөвөл Архангай аймгийн хүн. Манай өвөг, дээдэс хэлмэгдүүлэлтийн үеэр Архангай аймагт нутаглаж байсан гэдэг. Аав, ээж маань Орост сурахаар явахдаа намайг хөдөө эмээ, өвөө рүү “цөлсөн”. Намайг багадаа төмөр орны хөлөөс уяатай өнждөг хүү байсан гэж эмээ ярьдаг.Хоёр хөгшинд багын элэгтэй болохоор сургуулийн амралт эхлэнгүүт л хотын хүүхдүүд шиг зуслан гэж ярихын оронд хөдөө өвөөгийндөө очдог байлаа. Бас болоогүй ээ, айл саахалтын хөвгүүд дунд эмнэг сургадгаараа дээгүүрт бичигддэг байлаа ш дээ” хэмээн хүүхэд ахуй насаа дурсав. Тэрээр нийслэлийн Эрдмийн ундраа цогцолборыг төгссөн бөгөөд 2007 онд СУИС-д шалгалт өгч Б.Мөнхдорж багшийн удирдлага дор жүжигчний ангид оржээ. Түүнийг төгсөх жил Улсын драмын эрдмийн театрт “Тэнгэрийн хүү” жүжиг тайзнаа тавигдаж дөнгөж төгсөж буй оюутанд арван баатрын нэгд тоглох завшаан олджээ. Хэдий олны хэсгийн дүр ч уран бүтээлийн хамгийн том ордны үүд хаалгыг нээж өгсөн болохоор их олзуурхдаг гэнэ. Энэ тухайгаа Алтангэрэл “Намайг төгсөх жил театрын 80 жилийн ой тохиож “Тэнгэрийн хүү” жүжгийг тайзнаа тавьсан юм. Тус жүжигт аравтын баатруудын нэгэнд тоглосон. Баатрууд зэрэг дуугаар “Хүн, хүн, хүн” гэж ухайлдаг хэсэг байдаг. Гурван удаа энэ үгийг хэлдэг. Олуулаа хэлэхээр их сүрлэг сонсогдоно. Гэтэл нэг тоглолт дээр би ганцаархнаа нөгөө хэдээсээ зөрөөд орилчихсон.Их л сонин сонсогдсон байх. Тайзан дээрх жүжигчид шоолж инээж буй нь мэдэгдээд, би ч их эвгүй байдалд орж байсан юм. Би тэр жилдээ театрын дэргэдэх студид дагалдан жүжигчнээр орж хоёр жил ажилласан. Тухайн үед таван жүжигчин байсан. Баярмаа, Дөлгөөн-Аюуш, Баяржавхлан, Цэнгэлжаргал бид тав байсан.Бид “Солиотой” жүжгээр шалгалтаа өгч үндсэн жүжигчнээр орсон” хэмээн хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаад амжив. Хэн нэгэн хаалга их хүчтэй татаж “Тайзан дээр гарах цаг чинь боллоо” гэв. Алтангэрэл ч яаран сандран гарч одлоо. Харин гэргий Номуун бид хоёрын яриа цааш үргэлжлэх. Номууны хувьд нөхрийгөө бодвол арай хожуу театрын гэр бүлд багтжээ. Номууны аав Гантөмөр Сэлэнгэ аймгийн харьяат бол ээж нь Төв аймгийн харьяат аж. Тэрээр нийслэлийн 31 дүгээр сургуулийг төгссөн байна. Төгссөн жилээ л багаас мөрөөдөж ирсэн жүжигчний мэргэжлээр СУИС-д шалгалт өгсөн хэдий ч тэнцээгүй байна. Гэвч тэрээр жүжигчин болох хүсэл, мөрөөдлөөсөө няцахгүй дараа жил нь дахин шалгалт өгч. Хоёр дахь оролдлого нь бүтэлгүйтсэнгүй. Тэрбээр хүссэн ангидаа орж чаджээ. Бүр хүндэлж явдаг Л.Дэмидбаатар, Л.Чаминчулуун багшийн ангид орсондоо их баярласан гэдэг. Номуун “Би сургуулиа төгсөөд “Эмоци продакшнд найман сар ажиллаад театрын босгыг алхсан. Гэхдээ нөхөр бид хоёр бусдын л адил хоёр жил дагалдан жүжигчнээр ажиллаж байгаад шалгалт өгч тэнцээд жинхэлсэн” гэв. Энэ зуур хаалга тогшив. Нэгэн эмэгтэй “За миний охин дажгүй юу. Хүү тайз руу гарчихав уу” гэсээр орж ирэв. Энэ эмэгтэй Номууны ээж Байгалмаа аж. Байгалмаа театрын эмэгтэй жүжигчдийн хувцасны эрхлэгч юм байна. Тиймээс Номуун ухаан орохын л энэ театрт ээжийгээ дагаж ирдэг байж. Тэрээр “Хүүхэд байхдаа үзсэн жүжгийнхээ дүрд одоо өөрөө тоглоод явж байна гэж бодохоор их сайхан мэдрэмж төрдөг. Миний мөрөөдөл театрын жүжигчин болох. Энэ мөрөөдөл минь биеллээ олсонд маш их баяртай байдаг” хэмээн ярив.

АНХНЫ ҮНСЭЛТ

Цаг мөч бүр театрын тайзнаа ажиллаж, амьдарч буй хосуудад нэгнийгээ хардахаас эхлээд хүнд хэцүү зүйл бишгүй л байдаг болов уу. Наад зах нь жүжигт өөр хэн нэгэнтэй үнсэлцэх ч юм уу, гэж сониучирхан асуухад Алтангэрэл “Бид уран бүтээлч. Тиймээс учиргүй хардаж сэрдээд байх зүйлгүй.Гэхдээ “Ромео Жульетта” жүжигт эхнэр маань Шинээтэй үнсэлцэхийг хажуунаас нь хараад зогсч байхад их сонин мэдрэмж төрдөг. Бидний анхны үнсэлт санаанд ордог.Бас болоогүй ээ, эхнэрийгээ хөлөө жаахан өргөвөл гоё харагдана даа гэж бодох үе бий шүү” хэмээн наргив. Хоёулаа хамт ажилладаг болохоор уран бүтээлийн алдаа оноогоо дэнслээд явахад их амар гэнэ. Басхүү өөрсдийн багш нараасаа үлгэр дуурайл авна. Алтангэрэл “Залуу жүжигчид багшдаа хадаг тавьж багш, шавийн барилдлага тавьдаг байсан. Харин энэ жаяг хэсэг мартагдаад яг намайг театрт орох үед эргэж сэргэсэн. Би Цэрэндагва багшдаа хадаг барьж багш шавийн барилдлага тавьсан. Харин манай хүн Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарь эгчийн шавь. Ер нь багштай байна гэдэг их аз шүү” гэв.Харин амьдралын үлгэр дуурайлыг Ардын жүжигчин Цэрэндагва, Мэндбаяр гуай нараас авдаг гэнэ. Хосууд “Дагва ах, Мэндээ эгч хоёр их сайхан хосууд. Залуус бидний хувьд жинхэнэ үлгэр дуурайл санагддаг. Тэд гэрээ ч, театрыг ч их гоё гэгээлэг гэрэлтүүлж чаддаг. Бид яг л тэдэн шиг гэр бүл болохыг хичээдэг” хэмээн хэлэв.

ҮЗЭГЧДИЙН ӨМНӨ ЭХНЭРТЭЭ ГЭРЛЭХ САНАЛ ТАВЬЖЭЭ

Ингээд жүжигчдийн нэг өдрийн сургуулилт дуусч тэдэнтэй хамт гэрийнх нь зүг хөдлөв. Залуус харих замдаа дурлалын түүхээсээ хуваалцав. Алтангэрэлийн аав хөгжмийн зохиолч учир тэдний гэрээр тухайн үед О.Дашбалбар, Т.Галсан, Бирваа гуай зэрэг алдар нэртэй хүмүүсийн хөл тасардаггүй байж. Аав нь шинэ ая бичихээрээ хүүдээ сонсгож хоёул гэртээ хөгжмийн аянд хөгжилдөн бүждэг байсан нь одоо хэр санаанаас нь гардаггүй аж. Хүүхэд ахуйн хамгийн нандин мөч хэмээн жүжигчин залуу ярих. Тиймдээ ч дуучин болно хэмээн боддог байж. Наймдугаар анги төгсөх жил нь аав нь түүнд жүжигчин болбол зүгээр гэж зөвлөжээ. Хүү ч аавынхаа зөвлөсний дагуу СУИС-д шалгалт өгч тэнцсэн байна. Харин түүнийг дөрөвдүгээр курст орох жил Г.Номуун оюутан болж орж иржээ. Нэгдүгээр курсийн оюутанд харц, сэтгэл алдарсан залуу дурлалынхаа төлөө их ч явсан гэнэ. Тэднийг оюутан байхад телевизийн олон ангит хилийн цэргийн тухай өгүүлэх “Босго тотго” киноны зураг авалт явжээ. Залуу жүжигчид нэг нь османы дүрд тоглож нөгөө нь цэргийн албан хаагчийн эхнэр Янжинлхамын дүрд тоглосон байна. “Энэ кино л биднийг бие биедээ дотносох боломжийг олгосон доо” хэмээн хоёр биен рүүгээ инээмсэглэн харах аж. Тэгсэн Номуун “Манай хүн анх надад гэрлэх санал тавихдаа хэзээ ч мартагдахааргүй гэнэтийн бэлэг барьсан. Тэр өдрийг би хэзээ мартдаггүй” гэв. Харин Алтангэрэл “Би “Хэлж амжаагүй хайр” жүжгийг тайзнаа тоглох үеэр найруулагч, уран бүтээлччидтэй хуйвалдсан юм. Тэгээд жүжгийн төгсгөлд оюутнууд гар гараасаа барилцаад амьдралын их зам руу хамтдаа гээд хэлдэг яг тэр үед манай хүн ганцаараа тайзан дээр үлдэхэд нь би эхнэртээ гэрлэх санал тавьж бөгж бэлэглэсэн. Үзэгчид шуугилдаад эхнэр маань ч их баярласан. Бидний амьдралын хамгийн анхны дурсамжтай өдөр тэр байсан” гэв.

“БИД ӨӨРСДИЙНХӨӨ ТҮҮХИЙГ ДӨНГӨЖ БИЧИЖ ЭХЭЛЖ БАЙНА”

Уран бүтээлч гэр бүлийн хувьд бүхий л цаг мөчид хамтдаа байдаг хэдий ч ар гэрийн амьдрал орхигдох гээд байдаг тухай гэрийн эзэгтэй Номуун ярьсаар гэртээ ортол өөдөөс нь хүү нь бөөн хөл хөөр болсоор гүйж ирэв. Нүдээ гараараа дарж ээж, аавдаа эрхлэн тоглоно. Хүү өдгөө хоёр ой хүрч байгаа аж. Хүүг өвөө, эмээ нар нь нүүрний хувирал сайтай жүжигчин болно хэмээн өхөөрддөг байна. Гэрийн эзэгтэй хөргөгчнөөс хөлдөөж бэлдсэн бууз гаргаж харагдав. Тэрээр “Бид хоёр амралтын өдөр бууз, банш чимхээд хөлдөөчихдөг.Ажлын өдрүүдэд гэртээ хоол хийж амжихгүй бол бэлдсэн буузаа жигнэнэ, ажилдаа авч явна. Харин завтай үедээ сайхан жигнэсэн гурилтай шөл хийнэ. Нөхөр маань их дуртай. Бас эрчүүд болсон хойно цуйванд нугасгүй. Завтай үедээ аль болох нөхрийнхөө захиалсан хоолыг хийнэ. Харин ажил ихтэй бол цаг бага зарцуулдгаар нь будаатай хуурга хийчихдэг юм” хэмэн инээмсэглэнгээ “Аав ээж нар аль болох шөлтэй устай хоол ид. Дандаа хуурч хайрсан хоол идээд байвал ходоод муутай болно гэдэг юм. Даанч тэр болгонд даалгаврыг нь биелүүлэхгүй юм даа” гэв. Хосууд байрандаа нүүж ирээд удаагүй байгаа бололтой. “Хараахан төвхнөж амжаагүй л байна” хэмээн санаа зовнингуй хэлэв. Харин уран бүтээлийн үеэр тайзнаа авахуулсан зураг хананд хэд хэд өлгөөтэй харагдах. Гэрийн эзэн чөлөөт цагаараа нум сум харвах, сагс тоглох дуртай бололтой спортын хэрэгсэл харагдав. Харин эзэгтэй зураг зурах хоббитой юм байна. Гэрийн эзэн Алтангэрэл “Бид залуу гэр бүлийн жишгээр л явж байна. Өөрсдийнхөө түүхийг бичээд явж байна. Бид хоёрын амьдрал маш сайхан эхлээд үргэлжилж байна. Дагва ах, Мэндээ эгч хоёр шигээ залуу үедээ үлгэр дуурайл болсон айл болно гэж боддог. Хамгийн гол нь эрүүл саруул, элэг бүтэн байх нь чухал. Энэ бүхний ард бидний эцэг эх, хамаатан садан яг л асаалттай арван танк гэдэг шиг тусалж дэмжиж байна. Мөн уран бүтээлийн ах, эгч нар найз нөхөд маань байна” гэсэн юм.

АМЬДРАЛ ДЭЭРХ ХОСУУДЫН УРАН БҮТЭЭЛ ДЭХ ХАМГИЙН АНХНЫ ХОСЫН ДҮР

Уран бүтээлд тоглосон зургийн цомгоо үзэх зуур хосууд хоёулаа нэг театрт ажилладаг уран бүтээлч гэдэг утгаараа дотроо нэгэн зүйлийг битүүхэн хүсч явдаг тухайгаа ярив. Энэ нь хамтдаа дурлалт хосын дүрд тоглох. Гэхдээ хүслээ биелүүлнэ гээд хамаагүй уран бүтээлд тоглохыг хүсдэггүй гэнэ. Өөрсдийн гэсэн уран бүтээлийн цензур тэдэнд бий. Хосуудын дүрд тоглох кино уран бүтээлийн санал мэр сэр ирдэг ч уран бүтээл дэх анхны хосын дүрээ их сайхан, бусдад үлгэр дуурайл болох тийм дүр байгаасай гэж хүсдэг байна. Ялангуяа түүхэн хаан, хатны дүрд тоглох бодолтой гэнэ. Харин саяхан “Царцаа намжил” хүүхдийн жүжигт буга, согоо хоёрын дүрд тогложээ. Тэд “Бид хоёрын уран бүтээл дэх хамгийн анхны хосын дүр гэх үү дээ” гэж хошигноод авав. Хүүхдийн уран бүтээлийн санг арвижуулах зорилгоор Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлч хамт олон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хүүхдэд зориулсан уран бүтээлийн төслийн уралдаан явуулсан бөгөөд үүнд Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын зохиол “Царцаа Намжил” хүүхдийн жүжиг тэргүүлсэн учир ийн тайзнаа амилуулаад байгаа аж. Тэд жүжигчин хүний дүрд тоглох шунал барагдахгүй байх л даа. Уран бүтээлч хүний сэтгэл нь байнга “өлөн” явж байдаг хэмээн инээлдэв. Уран бүтээлийн тухайд гэвэл Номуун өнгөрсөн жил моно жүжгийн төрөлд “Гэгээн муза” хүртсэн билээ. Түүний хэлснээр бол ганц хүний жүжгийн давуу тал нь жүжигчин өөрийгөө задалж, өөртэйгөө ажиллаж сурахад маш онцлогтой гэнэ. Тиймээс ганц хүний жүжгийн төрлөөр цаашдаа уран бүтээлд тоглох төлөвлөгөөтэй байгаа бололтой. Мөн театрын хуваарийн дагуу энэ сарын 21-23-ны хооронд Дорнод аймагт, 27-нд Эрдэнэт, Дарханд тоглогдох “Жаргаагүй нар”, “Царцаа Намжил” зэрэг уран бүтээлд тоглохоор бэлтгэл сургуулилт хийж байгаа аж.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Г.Ганболд: “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Таван толгой” компаниуд ашигтай ажиллаж, иргэн бүр ногдол ашиг хүртэх боломжтой болно

“Эрдэнэс Монгол” болон охин компаниудын санхүүгийн болон хөрөнгийн удирдлагын талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд захирал Г.Ганболдтой ярилцлаа.


-“Эрдэнэс Монгол” компанийн хувьд эдийн засгийн хүндрэлтэй үеийг хэрхэн даван туулах ёстой гэж харж байна вэ?

-“Эрдэнэс Монгол” бол Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудад болон “Эрдэнэс Таван толгой” ХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК болон бусад охин компаниудад төрийн төлөөллийг хэрэгжүүлэн ажилладаг. Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд “Эрдэнэс Монгол” болон түүний охин компаниуд голлох нөлөө үзүүлсээр ирсэн. Энэ ч утгаараа нэгдэл компанийн хэмжээнд алдагдлыг бууруулах, хуримтлагдсан өрийг төлж барагдуулах, өөрийн хөрөнгөд суурилсан томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт татах, хэрэгжүүлж буй төслүүдийг эрчимжүүлэх ажилд анхаарлаа хандуулж байна. Компанийн дунд хугацаанд хэрэгжүүлэх стратегийн хүрээнд мөнгөн хөрөнгийг оновчтой удирдах, хөрөнгө оруулалтыг зохистой төвшинд захиран зарцуулах замаар өр төлбөр болон ашигт ажиллагааны харьцааны тэнцвэрт байдлыг сайжруулж тогтворжуулах, нийт нэгдэл компанийн хэмжээнд 2017 онд тооцоолсон 1.6 их наяд төгрөгийн орлого, 400 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар бизнес төлөвлөгөө батлуулан ажиллаж байна. Мэдээж ийм үр дүнд хүрэх гол зүйл нь зах зээл дэх нүүрсний үнийн тогтвортой байдал болон төрөөс баримтлах түүхий эд худалдах гэрээний тогтвортой үнэ юм. Монголын хувьд нүүрсний экспортын гол зах зээл нь Хятад. Коксжих нүүрсний үйлдвэрлэл болон хэрэглээгээрээ Хятад улс дэлхийд тэргүүлдэг.

-Коксжих нүүрсний үнэ энэ жилдээ ямаршуу байх бол. Төлөв, таамаг хэлэх боломжтой юу?

-Урд хөршийн Засгийн газар гангийн үйлдвэрлэлийнхээ хэмжээг нийт 150 сая тонноор, тодруулж хэлэхэд 2017 онд 50 сая тонноор багасгах төлөвтэй байгаа нь коксжих нүүрсний үнэ буурахад нөлөөлж магадгүй. Гэхдээ Австралид тохиолдсон үерийн гамшгаас болж энэ оны хоёрдугаар улиралд нүүрсний зах зээлд 15-20 сая тонны хомсдол үүсэхээр байгаа нь өнөө жил нүүрсний үнэ харьцангуй тогтвортой байх төлөвийг харуулж байна. Иймээс бид 2017 онд нүүрсний экспортын хэмжээ төлөвлөснөөс илүү байх бололцоотой гэж үзээд төрийн холбогдох байгууллагуудтай хамтран хилийн боомт болон Гашуунсухайтын зам, талбай, дэд бүтцийг хөгжүүлэхэд илүү анхаарч ажиллаж байна. Нүүрсний олборлолт, экспортыг нэмэгдүүлснээр манай компанийн ашигт ажиллагаа, улсад төвлөрөх татвар хураамжууд нэмэгдэх, үйлдвэрлэлийн нэгж зардал багасах, худалдан авагчдын хувьд нүүрсний ачаа тээвэрлэлт нэмэгдэж хурдан шуурхай болох боломжтой. Мөн компанийн хэмжээнд эдийн засгийн үр ашигтай төсөл хөтөлбөрт гадны хөрөнгө оруулалт татах, төр хувийн хэвшлийг бэхжүүлж, хамтарсан төсөл хэрэгжүүлэх тал дээр голлон анхаарна. “Эрдэнэс Монгол”-ын хувьд эдийн засгийн хүндрэлтэй үеийн доод цэгийг даван туулаад өсөлтийн шатанд явж байгаа гэж үзэж байна.

-Та алдагдлыг бууруулах, хуримтлагдсан өрийг төлж барагдуулах талаар дурдлаа. Төрийн өмчит компаниуд алдагдалтай ажилладаг гэх шүүмжлэл байнга сонсогддог. Алдагдлыг бууруулах ямар арга хэмжээ авч байна вэ?

-Сүүлийн жилүүдэд ашигт малтмалын зах зээл дэх үнийн огцом бууралт, макро эдийн засгийн ханшийн савлагаа зэрэг үүссэн нөхцөл байдалтай уялдуулж нэгдэл компанийн хэмжээнд зардлаа бууруулах, төсөв хэмнэх, хөрөнгө оруулалтын зөв оновчтой бодлого хэрэгжүүлж ажиллалаа. Үүний үр дүнд “Шивээ Овоо” компани 2016 онд 2.1 тэрбум, “Багануур” компани 1.6 тэрбум, “Эрдэнэс Монгол” компани 51 сая төгрөгийн ашигтай ажилласан. Он дамжсан хуримтлагдсан зарим өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн, ОУНББ-ийн стандарт журмын дагуу компанийн санхүүгийн тайланд тусгах үйл ажиллагаа зэрэг нь энэхүү ашигт ажиллагаанд нөлөөлсөн. 2017 онд охин компаниудын томоохон хуримтлагдсан өр төлбөрийг цэгцлэх бодлогыг үргэлжлүүлнэ.Төрийн өмчит компанийн хувьд бизнесийн ерөнхий зарчмаа баримталж ашигтай ажиллах, ноогдол ашгийн хуваарилалтыг бий болгохыг зорьж байна. Мөн нэгдэл компанийн 2017 оны төлөвлөгөөнд өртөг зардал бууруулах, уурхайн үйл ажиллагаатай холбоотой машин тоног төхөөрөмж, тусгай программ хангамжийн шинэчлэлийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх зэрэг ажлуудыг тусгаж, мөрдлөг болгон ажиллаж байгаа.

-“Чалко”-д төлөх өрийг барагдуулсан үйл явдал өнгөрсөн сард болсон. Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайд “Одоо компани ашигтай, дээр нь иргэдийнхээ 1072 хувьцаанд ногдол ашиг хуваарилах боломжийг бий болгохыг зорьж ажилла” гэсэн чиглэл өгсөн. Энэ чиглэлийн хүрээнд ямар ажлууд хийгдэж байгаа бол?

-Зургаан жилийн турш сунжирсан “Чалко” компанийн өр төлбөрийг 100 хувь бүрэн төлж дууссан нь “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Таван Толгой” компаниуд Засгийн газартай нягт уялдаа холбоотой ажилласны үр дүн л дээ. “Эрдэнэс Монгол”-ын зүгээс “Эрдэнэс Таван Толгой”-н уурхайн хамтын ажиллагааны холбогдох гэрээнүүдэд өөрчлөлт оруулах хэлцлүүдийг амжилттай хийснээр тонн тутамд 27 ам.доллараар борлуулж байсан нүүрсний үнийг өнгөрсөн оны аравдугаар сард 33 ам.долларт, дараа нь 50 ам.долларт хүргэсэн. 2017 оны нэгдүгээр сард 59.3 ам.долларт хүргэсэн. Түүнчлэн Цанхийн баруун уурхайгаас олборлосон нүүрсийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлан борлуулснаар үнийг 72.5 ам.долларт хүргэж өмнөх үнээс 169 хувиар өсгөж чадсан. Одоо Цанхийн баруун болон зүүн уурхайгаас олборлосон нүүрсний орлого Монгол Улсын орлого болж, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдлээ. Нэмж хэлэхэд “Чалко”-гийн өрийг барагдуулсан Цанхийн зүүн уурхайн үйл ажиллагаа хэвийн явж байгаа.

Иргэдийн дунд 1072 ширхэг хувьцаагаар дамжуулж ашиг хүртэх хүлээлт их байгаа. “Эрдэнэс Таван Толгой” компани Монголын эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулж, энэ жилээс эхлэн төлөвлөгөөний дагуу жил болгон ашигтай ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Таван Толгой”-н зүгээс Сангийн яамтай хамтарч, хувьцааны бүртгэлийн асуудлыг Засгийн газраар шийдвэрлүүлэх хүрээнд идэвхтэй ажиллаж байгаа, холбогдох шийдвэрийг хоёрдугаар улиралдаа багтаан гаргана гэж тооцоолсон. Үүний үр дүнд холбогдох газруудын процессын чанартай ажлууд бүрэн хийгдэж “Эрдэнэс Таван Толгой” компанийн хувьцааны бүртгэл дуусч, иргэн бүрт эзэмшүүлсэн 1072 хувьцааны ноогдол ашгийг 2018 оноос эхлэн жил болгон хүртээх боломжтой болно.

-“Эрдэнэс Таван Толгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд “2018 онд гадаадын хөрөнгийн биржид IPO хийх боломж бүрдлээ” гэж мэдээлсэн. Энэ талаар тодруулга тайлбар өгөөч?

-“Эрдэнэс Таван Толгой” компани IPO хийх нь гарцаагүй зүйл. IPO хийх нь компанийн хувьд санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлээс санхүүжилт авч хөрөнгө босгох боломжийг бүрдүүлэх давуу талтай. “Эрдэнэс Таван Толгой”-н хувьд эхний ээлжинд хувьцааны бүртгэлээ хийж дуусгах, 2018 оны дундуур зарим урт хугацаат өр төлбөрийг цэгцэлж IPO хийх үйл ажиллагаандаа орох байх. Засгийн газрын зүгээс “Эрдэнэс Таван Толгой” компанийн хувьцааны 20 хүртэлх хувийг олон улсын болон дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах, хөрөнгө татах тухай тогтоолуудыг гаргаж, чиг үүргийг өгсөн. Эдгээр ажлууд ирэх онд бодит ажил болох үндэс суурь бүрэн тавигдана гэж харж байна. Мэдээж IPO хийхийн тулд санхүү болон үйл ажиллагааны тодорхой шалгууруудыг хангасан байх шаардлагатай. “Эрдэнэс Таван Толгой”-н хувьд ихэнх хөрөнгийн биржүүдийн шаарддаг санхүүгийн үзүүлэлтүүдээ сайжруулах нь нэн тэргүүний ажил. Ийм учраас IPO хийх үйл ажиллагааг хангахын тулд тодорхой цаг хугацаа зайлшгүй хэрэгтэй.

-“Эрдэнэс Монгол” болон охин компаниудын өр төлбөрийн хэмжээ ямар байдалтай байгаа вэ? Өр төлбөрийг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлсэн ажлуудын талаар болон цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?

-“Эрдэнэс Монгол” болон охин компаниудын хувьд нийт өрийн хэмжээ 2016 онд 1,37 их наяд төгрөгт хүрч, өмнөх онтой харьцуулахад 190 тэрбумаар буюу 14 хувиар өссөн. Үүнд “Багануур”, “Шивээ Овоо” компаниуд төсвийн хөнгөлөлттэй зээл болон арилжааны банкны богино хугацаат зээлүүдийг авч төлөвлөгөөт хөрөнгө оруулалтын санхүүжилтийг нөхсөн, валютын ханшны өсөлтөөс үүдэлтэй дотоод, гадаадын харилцагчдаас авсан өр төлбөр төгрөгийн илэрхийллээрээ нэмэгдсэн зэрэг нь шууд холбоотой.

2017 онд “Эрдэнэс Монгол” болон охин компаниудын нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа 900 гаруй тэрбум төгрөгийн хуримтлагдсан өрийн гэрээг шинэчлэх, бэлнээр төлж барагдуулахаар зорилт тавин ажиллаж байна. Үүний дотор “Багануур” болон “Шивээ Овоо” компаниудын техникийн шинэчлэлийн хүрээнд 1996-1998 онуудын хооронд Дэлхийн банк, Японы Засгийн газраас Сангийн яамаар дамжуулан авсан зээлийн үлдэгдэл, “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Таван Толгой” компаниудын Хөгжлийн банкнаас авсан зээл, бусад богино хугацаат өр төлбөрүүдийг шийдвэрлэхэд Эрчим хүчний яам, Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яам, Сангийн яам болон Хөгжлийн банктай хамтран, боломжит хэлбэрээр шийдвэрлэхийг голчлон анхаарч ажиллана.

-Эрдэнэс Монгол болон охин компаниудын хэмжээнд хяналтын тогтолцоо хэрхэн хэрэгждэг вэ? Дотоод, гадаад болон хөндлөнгийн аудит яаж хийгдэж байна?

-“Эрдэнэс Монгол” болон охин компаниудын санхүүгийн тайланд жил бүр төрийн болон хөндлөнгийн аудит хянан баталгаажуулалт хийж байна. 2014, 2015, 2016 онуудад дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Эрнст энд Янг” компаниар аудит хийлгэж, олон улсын аудитын компаниар баталгаажсан нэгтгэсэн санхүүгийн тайлангаа гаргаж авсан. Санхүүгийн тайлангаа олон улсын стандартад шилжүүлэх чухал алхам болсон үйл явдал гэж харж байгаа. Олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт, санхүүжилт авахад нэн тэргүүнд аудитлагдсан санхүүгийн тайлан үндсэн шаардлага нь болдог. Өөрөөр хэлбэл, охин компаниудын үйл ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг босгох бэлтгэлийг хангах ажиллагаа явагдаж байна. Мөн “Эрдэнэс Монгол” болон охин компаниудын хэмжээнд НББ-ийн нэгдсэн бодлогын баримт бичиг, нэгдсэн санхүү бүртгэлийн цахим программыг 2017 онд багтааж бий болгохоор зорилт тавин ажиллаж байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Эрдэнэс Монголын компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж Санхүүгийн үйл ажиллагааны аудит, мониторингийн хэлтсийг шинээр байгуулсан. Энэ нэгж нь охин компаниудын үйл ажиллагааны бүхий л цар хүрээнд дотоод хяналт явуулж, гарч болзошгүй эрсдэлийг илрүүлэх, бууруулах, зөрчил дутагдлыг цаг тухай бүрт нь засч сайжруулах зорилготой.

-Одоогийн байдлаар танай компанийн хөрөнгийн бүтцэд ямар компаниуд байгаа вэ? Толгой компанийн хувьд охин компаниудын менежмэнтэд хэрхэн анхаарч, ямар ажлуудыг хийж байгаа талаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Манай компани “Оюу Толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувь эзэмшигч “Эрдэнэс Оюу Толгой” ХХК, “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцаа болон Тавантолгой -Гашуунсухайт автозамыг эзэмшдэг. Мөн “Мон Атом” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК болон “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК зэрэг компаниудыг нэгдлийн бүрэлдэхүүндээ багтаасан. 2017 оноос төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж “Эрдэнэс Ашид”, “Эрдэнэс Стийл” хамтарсан компаниудыг байгуулаад байна. Эдгээр компани бүр ашигтай ажиллах, өмнөх жилүүдэд хуримтлагдаад буй өр төлбөрийг барагдуулах зорилготой 2017 оны төсөв, төлөвлөгөөгөө батлуулан ажиллаж байгаа. Үүнээс “Эрдэнэс Таван Толгой” компани энэ онд 1.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, 280 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллана. “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Таван толгой” компаниудын хувьд Хөгжлийн банкны зээлийн хуримтлагдсан хүүгийн өглөгийг өөрсдийн хүчээр төлж барагдуулахаар энэ ондоо хүчин чармайлт гарган ажиллах болно.

Өнөө жилийн батлагдсан төлөвлөгөөгөөр нэгдлийн томоохон компаниуд болох “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Таван Толгой”, “Шивээ Овоо”, “Багануур” компаниуд бүгд ашигтай ажиллана. Ашигт ажиллагааг хангаж ажиллах тал дээр толгой компанийн зүгээс дэмжлэг туслалцаа, чиглэлүүдийг өгч, охин компаниудад төрийн зүгээс зайлшгүй шаардагдах шийдвэрүүдийг гаргуулах тал дээр шуурхай ажиллах болно.

Толгой компани нь “Багануур” болон “Шивээ Овоо” компаниудын нэмэлт хувьцааг гаргах, төрийн мэдлийн хувьцааг Засгийн газрын тогтоолын дагуу тогтсон хувь хэмжээгээр арилжаалах, санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгох үйл ажиллагааг зохион байгуулах, холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж шаардлагатай шийдвэрүүдийг гаргуулан хөрөнгө босгоход дэмжлэг үзүүлж, улмаар компаниудад шаардагдах үйлдвэрлэлийн шинэчлэл, тоног төхөөрөмж механизмийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх тал дээр хяналт тавин ажиллана.

Мөн “Эрдэнэс Монгол” болон охин компаниудын үйл ажиллагааг сайжруулах, сайн засаглалыг бий болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх, алдагдлыг багасгаж ашигтай ажиллуулах, санхүүгийн болон үйл ажиллагааны менежмэнтийг чадавхижуулах зорилгоор Азийн хөгжлийн банкаас техникийн туслалцааны төслийг авч хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд гадны мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, үйл ажиллагааны бүхий л чиглэлд нь удирдлагын менежмэнтийг сайжруулах, мөн нэгдсэн “ERP” системийг нэгдэл компанийн хэмжээнд шат дараатайгаар нэвтрүүлэх болно. Мөн бид охин компаниудын ордын үнэлгээний ажлыг энэ онд эхлүүлнэ.

-Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх энэ төсөл төрийн эзэмшлийн компаниудын алдагдлыг багасгаж, ашгийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх боломжтой гэж ойлгож болох уу?

-Тэгж хэлж болно. Уг төслийг хэрэгжүүлснээр нэгдэл компанийн хэмжээнд нэгдсэн санхүүгийн удирдлага, ханган нийлүүлэлт, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын болон төслийн менежмэнтийг бүхэлд нь хамарсан цогц удирдлагын системийг бий болгох юм. Үүний хүрээнд нэгдлийн хэмжээнд бизнесийн үйл ажиллагааг үр ашигтай удирдах зориулалттай нэгдсэн ERP системийг нэвтрүүлснээр нэгдсэн санхүүгийн систем болон худалдан авалтын нэгдсэн бодлоготой болох, төлөвлөлтийг бодитоор хийх, удирдлагын шийдвэр гаргалт сайжрах, ажлын бүтээмжийг үнэлэх, төслийн менежмэнтийг үр ашигтай ашиглах, төлөвлөх, охин компаниудад хэрэгжих төслүүдийг хамтран оновчтой удирдах зэрэг маш олон давуу талыг бий болгоно.

-Өнгөрсөн онд танай нэгдлийн хэмжээнд хэдий хэмжээний татвар, хураамжийг улсын төсөвт төвлөрүүлсэн бэ?

-“Эрдэнэс Монгол” болон охин компаниудын хэмжээнд 2015 онд улсын төсөвт нийт 60.7 тэрбум төгрөг төвлөрүүлснээс 53 хувийг “Эрдэнэс Таван Толгой” дангаараа эзэлсэн. 2016 онд “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Таван Толгой” компаниудын борлуулалт нэмэгдсэнээр улсын төсөвт төвлөрүүлэх татвар, хураамжийн хэмжээ нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, улсын төсөвт 96 тэрбум төгрөгийг төвлөрүүлж өмнөх оны үзүүлэлтээс 58 хувиар өссөн амжилт гаргалаа. 2017 онд 284 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхийг зорьж байна. Энэ онд “Эрдэнэс Монгол” компанийн 10 жилийн ой тохиож байгаа юм. Бидний зүгээс анх удаа ашигтай ажиллаж, дангаараа улсын төсөвт 4.06 тэрбум төгрөгийг төвлөрүүлж Шилдэг татвар төлөгчдийн 14-дүгээрт жагслаа.

2017 онд уг амжилтаа бататган улсын төсөвт хамгийн их мөнгөн хөрөнгө төвлөрүүлдэг байр суурийг тогтвортой хадгалах, Монголын иргэн бүрт төрийн эзэмшлийн компаниудаас нэгдсэн ашиг хувь хүртээх тал дээр чармайн ажиллах болно.

-Ярилцсанд баярлалаа.


Categories
мэдээ цаг-үе

Б.Алтантуул: Морин хуурын чуулгыг ханийнхаа нэрэмжит болгох санал гаргана

“Морин хуурын чуулга”-ын ёочин хөгжимчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Алтантуултай ярилцлаа.


-Таны хань бол “Морин хуурын чуулга”-ыг үүсгэн байгуулсан, Ардын жүжигчин Цэндийн Батчулуун гуай. Түүний сэтгэл, оюунаа чилээн байж хөл дээр нь босгосон тус чуулгын 25 жилийн ой болох гэж байгаа гэж сонслоо. Ойн хүрээнд ямар үйл ажиллагаа зохиогдох вэ?

-Бид 25 жилийнхээ ойн хүрээнд зориулсан тоглолтуудаа хийгээд эхэлсэн. Өнгөрсөн гуравдугаар сарын 7-нд киноны хөгжмөөр дагнасан тоглолтоо хийсэн. Харин дараагийн тоглолт маань орчин үеийн, шинэлэг бүтээлүүд байх болно. Энэ тоглолт дөрөвдүгээр сарын 16-нд болох юм. Энэ өдрийг сонгох болсон учир нь “Морин хуурын чуулга” маань байгуулагдчихаад анхны тоглолтоо 1993 оны эл өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт хийж байсан түүхтэй.

Манай чуулгынхан энэ сарын 17-нд ханийн минь төрсөн нутаг болох Дорноговь аймгийн Мандах суманд очиж тоглолтоо хийнэ. Мөн дурсгалын хөшөөнийх нь шавыг тавих юм. Үүнээс гадна орон нутгийн удирдлагуудтай хамтран Морин хуурын чуулгыг 25 жилийн ойгоор нь ханийнхаа нэрэмжит болгох тухай санал гаргана гэсэн бодолтой байгаа.

-“Морин хуурын чуулга” үүсгэн байгуулагдсан тухай та яриач?

-Хань минь 1985 оноос Хөгжим бүжгийн коллежид багшилж эхэлсэн. Тэр үеэс л чуулга байгуулах тухай бодож, зорьж байсан гэж болно. Ингэж явсаар 1992 оны долдугаар сарын 9-нд Д.Бямбасүрэн гуайн Засгийн газар хамгийн сүүлчийн хуралдаанаараа Морин хуурын чуулга байгуулах шийдвэр гаргасан юм. Чуулга ч албан ёсоор байгуулагдаж нээлтийн тоглолтод Ж.Чулуун, Х.Уртнасан, Б.Зангад, Н.Норовбанзад гээд томчууд уригдаж, тухайн үедээ алдаршиж байсан Д.Сосорбарам, Г.Эрдэнэбат, Б.Нармандах, А.Энхтайван зэрэг уран бүтээлчдийг урьж оролцуулж байсан санагдана. Ингээд уламжлалт болон орчин цагийн гэсэн хоёр чиглэлээр уран бүтээлээ хийж эхэлсэн дээ. Хамгийн анх 1996 онд Улаан-Үүд, Хөх хотод тоглож, дараа жил нь Японы үзэгчдэд морин хуурын эгшгээ хүргэсэн түүхтэй юм. Энэ тоглолтууд л манай залуу уран бүтээлчдэд урам зориг хайрлан, Морин хуурын чуулгыг хөгжүүлэхэд гол түлхэц болсон гэж хань минь ярьж байсан. Ер нь бол чуулга анх 28 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан юм шүү дээ. Өөрийнхөө шавь нартаа түшиглэн байгуулж байлаа. Мөн төгөлдөр хуурын багш Уртнасан, ятгын багш Цолмон, миний бие тэргүүтэй хүмүүс чуулгад орсон доо. Нийгэм солигдчихсон хүнд үед бид Хөгжим бүжгийн нэг ангид бэлтгэлээ хийдэг байсан. 1997 оноос хойш уран бүтээл жигдэрч, эхэлсэн гэхэд болно. Ер нь тэгээд манай чуулга байгуулагдсан цагаасаа эхлэн олон улсад Монголынхоо өв соёлыг сурталчилж, эх орныхоо нэрийг чамгүй гаргасан.

-Ц.Батчулуун гуай бол Г.Жамьян хуурчийн эрдэм ухааныг өвлөн авсан азтай хүмүүсийн нэг. Багшийнхаа тухай юу гэж дурсдаг байв?

-Тийм шүү. Г.Жамьяан багшийн олон шавь нарын нэг нь. Энэ хүний удирдлага дор морин хуурын эрдэм мэдлэгийг сурч, боловсорсон. Харин 1971 онд төгсөөд Хөгжим бүжгийн дээд сургуулийг Улсын ардын дуу бүжгийн чуулгад морин хуурчаар ажилласан юм. Дараа нь Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт хөгжмийн багш, удирдаачаар ажиллаж байгаад Хөгжим бүжгийн дээд сургуульдаа багшаар ажиллаж эхэлсэн. Энэ үеэс хойш өөрийн шавь нараа бэлдэж, Жамьяан багшийнхаа эрдэм мэдлэгийг шавь нартаа түгээсэн гэж хэлж болно. Харин 1992 оноос бурхны оронд очин очтолоо Монгол Улсын “Морин хуурын” чуулгадаа сэтгэл, зүрхээ зориулсан даа.

Миний хань Жамьяан багшийгаа үргэлж хүндэлж, хайрлаж, үйл хэргийг нь үргэлжлүүлэх, үндэслүүлэх тухай ярьдаг байсан. Багшдаа буян хийх юмсан ч гэж их ярьдаг байлаа. Энэ хүслээ биелүүлж багшийнхаа тухай өөрийнхөө гар бичмэлээр ном болон уран бүтээлийнх нь цомгийн хамт гаргаж байсан.

-Ер нь морин хуурч болох сэдэл нь юунаас үүдэлтэй юм бол?

-Багын найз нь Хөгжим бүжгийн коллежид морин хуурын багш байсан юм билээ. Тэр найз нь л морин хуурч болоход уруу татсан гэдэг юм.

-Одоогоор морин хуурын чуулгад хичнээн уран бүтээлч ажиллаж байна вэ?

-Одоо чуулга маань 35 хүний бүрэлдэхүүнтэй. Ханийн минь гарын шавь Түвшинсайхан чуулгыг удирдаад явж байгаа. Мөн олон сайхан шавь нар нь ажиллаж байгаа даа. Одоогоор Улсын филармонийн байранд Морин хуурын чуулга уран бүтээлээ туурвиж, ард түмэндээ хүргэсээр байгаа.

-Та тус чуулгад хэзээ орж байв?

-Би Монгол Улсын гавьяат багш Гүнчингийн Дашдаваагийн удирдлага дор Хөгжим бүжгийн дээд сургуулийг ёочин хөгжимчнөөр 1975 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Улсын ардын дуу бүжгийн чуулгад хөгжимчнөөр ажиллаж эхэлсэн юм. Харин Морин хуурын чуулга байгуулагдсан цагаас эхлэн чуулгадаа өнөөдрийг хүртэл тасралтгүй 25 жил ажиллаж байна даа. Г.Дашдаваа багшийнхаа шавь нараас тарсалтгүй хөгжимчнөө хийж байгаа хүн нь би байгаа юм. Үүндээ их баярлаж явдаг. Дашрамд сонирхуулахад Г.Дашдаваа багшийн 80 насны ой энэ онд тохиож байгаа. Ингээд энэ жил байгуулагдсан Монголын ёочин хөгжимчдийн холбоо санаачилж ойн арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Ойн хүрээнд шавь нар нь багшдаа зориулж “Багш дор мөргөмүй” гэсэн хүндэтгэлийн тоглолтыг дөрөвдүгээр сарын 16-нд хийхээр төлөвлөж байна. Мөн багшийнхаа нэрэмжит танхимыг Хөгжим бүжгийн коллежид хийхээс гадна намтар, уран бүтээлийн тухай болоод сургалтад зориулагдсан нот, гарын авлага зэргийг эмхэтгэн гаргах юм. Манай багш 1962 онд Хөгжим бүжгийн коллежид багшаар ирсэн. Тэр үеэс хойш мэргэжлийн ёочин хөгжмийн анги нээн сургалтын үндсийг тавьсан гавьяатай хүн юм.

-Та ханьтайгаа танилцаж байсан тухайгаа дурсаач?

-Бид хоёр Улсын ардын дуу бүжгийн чуулгад хамт ажиллаж байсан юм. Тэр үед танилцаж гэр бүл болцгоон басхүү уран бүтээл дээрээ ч тэр хамтдаа явсаар ирсэн дээ. Хань маань мэдээж маш сайн хөгжимчин, олон сайхан шавь нарыг бэлтгэн гаргасан гавьяатай хүн. Чуулгынхаа өнөөдрийг хүртэл амжилттай, сайн сайхан явах замыг тэгшитгэж, түшиг тулгуур нь болсон. Мөн сайн хань, аав хүн байсан юм шүү. Энгийн, даруу их сайхан хүн байсан даа миний хань.

-Б.Бат-Эрдэнэ аваргатай их ойр байсан гэдэг…

-Миний хань спортод их дуртай хүн байсан л даа. Теннис, бокс, шатар, ялангуяа үндэсний бөхөд их хорхойтой. Баяр наадмаар бөхөө үзэх гээд л ажлаасаа чөлөө аваад явна. Бөхөд дуртай байсан болоод ч тэр үү, бөхчүүдтэй их ойр. Дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй их нөхөрлөнө. Аварга наадамд түрүүлчихээд эсвэл өмнө нь юм уу “Би ийм гайхалтай морин хуурч хүнтэй нөхөрлөж байгаагийн хэрэг юу билээ. Хуураа хөглүүлж гэрийн жавраа үргээлгэнэ” гээд л гэртээ аваачдаг байсан. Бөх хүн учраас морин хуураараа хийморь сүлдээ сэргээхийг эрхэмлэдэг байсан болов уу. Ер нь олон сайхан хүмүүсээр хүрээлүүлж байсан шүү. Зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзад гуайтай уран бүтээл дээр их сайхан гар нийлдэг байлаа. Улсын ардын дуу бүжгийн чуулгад хамт ажилладаг байхдаа сайн морин хуурч байсан учраас хамтран ажилладаг байсан болов уу. Ганцхан Монголын тайзан дээр ч гэлтгүй дэлхийн тайзанд хамтдаа гарч томоохон шагналууд хүртэж явсан. Н.Норовбанзад гуай “Хамт явахад түшигтэй. Даруу төлөв” гэж их үнэлдэг байсан даа.