Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн 1124 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

2024 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1124 автобус иргэдэд үйлчилж байна.

May be an image of 4 people, tram and text

Categories
мэдээ улс-төр

Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтыг эрчимжүүлэхээр “Чайна Энержи” группийн удирдлагатай тохиролцлоо DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод буцах замдаа БНХАУ-д ажиллалаа.

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцов. Энэ хугацаанд хоёр улс он цагийн түүхэн нугачаа, сорилт бүхнийг хамтдаа туулж, мөр зэрэгцэн урагшилсаар эдүгээ хоёр улсын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч, өргөжин хөгжиж байгааг Ерөнхий сайд онцлоод уламжлалт харилцаагаа улам бататгаж, ирэх жилүүдэд илүү эрчимтэй өрнөх харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ замаа тодорхойлох учиртай гэдгийг тэмдэглэлээ. 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзахдаа хоёр улсын худалдааны эргэлтийг ирэх таван жилд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Өнгөрсөн оны байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 17 тэрбум ам.долларт хүрсэн нь талуудын идэвхтэй хамтын ажиллагааны үр дүн гэлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажиллах үеэрээ “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Люй Гуоюэ-тэй уулзлаа.  2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын гүүр хамтран барих тухай’’ Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан. Хил холболтын бүтээн байгуулалт болон гүүр барих ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ. “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Лю Гуоюэ Ерөнхий сайдын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд Монгол Улстай тогтвортой бөгөөд урт хугацаанд хамтын ажиллагаа хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа тэмдэглэв.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын газрын тос, байгалийн хийн корпораци (CNPC)-ийн ТУЗ-ийн дарга Дай Хоулянтай уулзаж газрын тосны чиглэлээр хамтран ажиллах, байгалийн хий дамжуулах хоолой барих, шатахуун худалдан авах зэрэг асуудлаар санал солилцлоо. Монгол Улсад барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрт тус корпораци түүхий эд нийлүүлэх боломжтойг Ерөнхий сайд хэллээ. БНХАУ-аас импортлох Евро-5 стандартын шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, тус корпорацитай хамтран шинэ талбайд газрын тосны хайгуул хийж олборлолтыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хятадын газрын тос, байгалийн хийн корпорацийн ТУЗ-ийн дарга Дай Хоулян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй дахин уулзаж байгаад талархал илэрхийлээд хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа тэмдэглэв. Ялангуяа талууд хамтарч газрын тосны хайгуул олборлолтын ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй гэдгийг хэллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд тогтсон цасыг хусч, давс цацжээ DNN.mn

А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын 36-38 км-н зорчих хэсэгт шуурч тогтсон цасыг хусч, давс цацах ажил хийгдлээ.Зам даваа саадгүй байна.

May be an image of 1 person, snowplough, arctic, road and text

Categories
мэдээ улс-төр

Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч хатагтай Сюзан Лаянсын албан ёсны айлчлал өндөрлөв DNN.mn

  Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч хатагтай С.Лаянсын албан ёсны айлчлал өндөрлөлөө.

Айлчлалын хүрээнд Сенатын Ерөнхийлөгч С.Лаянс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон УИХ дахь Монгол-Австралийн парламентын бүлгийн гишүүдтэй хоёр талын уулзалтууд хийв. Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүд, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцсон юм.

Түүнчлэн Австралийн Засгийн газрын санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй зарим төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тухайлбал, “Эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх” хөтөлбөрт хамрагдаж буй айл өрхөөр зочилж, Үндэсний номын сангийн үйл ажиллагаатай танилцав.Сенатын Ерөнхийлөгч С.Лаянсын энэхүү айлчлал нь Монгол, Австралийн харилцааг бэхжүүлж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, Иж бүрэн түншлэлийн түвшинд ахиулах хоёр талын зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.Сенатын Ерөнхийлөгч С.Лаянсыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Австралийн парламентын бүлгийн дарга М.Энхцэцэг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Австралийн парламентын бүлгийн дэд дарга О.Батнайрамдал, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Смит болон албаны бусад хүмүүс үдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Авто замын засвар шинэчлэлийн ажлыг түр зогсоож, хавар үргэлжлүүлнэ DNN.mn

Нийслэлийн Замын хөгжлийн газраас Энхтайваны гүүрээс тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замыг өнгөрсөн баасан гарагийн 23 цагаас хааж авто замын засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж буй. Энэ явцад авто замын тэгш байдал алдагдаж долгион үүссэн асуудлыг иргэд олон нийтийн сүлжээнд шүүмжилсэн. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү, НЗХГ-ын дарга Б.Одбаяр болон бусад албаны хүмүүс газар дээр нь ажиллалаа.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: “Хугацаа ёсоор дээрх авто замыг 21-нийн өдрийн өглөө 06.00 цагт нээх ёстой. Шөнийн цагаар авто зам засварын ажлыг гүйцэтгэж байх хугацаанд цас орсон. Үүний улмаас авто замын тэгш байдал алдагдаж хэсэг газар долгион үүссэн байдалтай байна. Тиймээс гүйцэтгэгч байгууллага буюу “Трүйроад” компани өөрсдийн хөрөнгөөр дахин засварын ажлыг үргэлжлүүлнэ” гэв.

“Трүйроад” компанийн ерөнхий инженер Ж.Мөнхсүх: “Бид энэ бямба гарагт хучилтын ажлаа эхлүүлсэн. Ингэх явцад автозамын тэгш байдал алдагдаж хэсэг замд долгион үүссэн. Энэ аравдугаар сард цаг агаар дулаан хучилт хийх боломжтой байвал бид авто  замыг засварлах бүрэн боломжтой. Хэрэв цаг агаар хасах градусд орвол технологи алдагдах учраас бид хучилт хийх боломжгүй” гэв.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т. Даваадалай: “Хасах градуст авто замыг хучих боломжгүй тул авто замын төслүүдийг түр зогсооё. Технологын горим алдагдана. Тиймээс дулааны улиралд буюу хавар авто замын ажлыг үргэлжүүлье” гэв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү: “Өнөөдөр 33 байгууллагын 1000 гаруй ажилчид 217 техник хэрэгслээр гудамж талбайн цасыг цэвэрлэж байна. 85 тонн давс, 18 тонн бодис цацаад байна.  Хотын төв замд авто замын бөглөрөл, түгжрэл их байгаа учраас том автомашинаар давс цацахад хүндрэлтэй байна. Тиймээс шөнийн цагаар давс, бодис цацах ажлыг үргэлжлүүлнэ. Халтиргаа ихтэй байршлуудад бид хайрга, элс байршуулсан байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хан-Уул дүүргийн ЭМТ-ийн эмэгтэйчүүдийн эмч Б.Мэндбаяр: Бид болгоод л байвал эрүүл мэндийн салбар хөгжихгүй DNN.mn

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, ажилчид ажиллах нөхцөл байдал хүнд, даргынхаа дарамтад ажиллаж буй талаараа үзэл бодлоо илэрхийлж, эсэргүүцээд байгаа билээ. Тодруулбал, илүү цагийн цалин өгдөггүй, сүүлийн зургаан сар нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, даргын ёс зүй, эмнэлгийн хэрэгслийн хангамж муу орчинд ажиллаж байгаагаа илэрхийлээд буй юм. Ийнхүү тус эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Б.Мэндбаяртай үүсээд буй асуудлын талаар тодрууллаа.


-Эмнэлэг дээр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодруулаач?

-Манайд өмнө байсан дарга нарын үед иймэрхүү тохиолдлууд гарч байгаагүй. Өмнө нь эмэгтэйчүүдийн үзлэгт хэрэглэдэг бээлий, дэвсгэр, толь, мазок шинжилгээ авахад хэрэглэдэг багаж, хэрэгслүүд хангалттай ирдэг байсан. Есдүгээр сараас эхлээд энэ зүйлүүд доголдоод эхэлсэн. Миний хувьд эмэгтэйчүүдийн эмч учраас үзлэгээ л хийдэг. Харин манай эх баригч нар өглөө шинжилгээгээ авдаг. Нэг өглөө ортол эх баригч нар маань “Дэвсгэр байхгүй, нэг удаагийн халатаа хайчлаад дэвсгэр болгож ашигла гэсэн” гээд байж байсан. Тэгээд би бухимдаад эмнэлгийнхээ эм, хэрэгслийн хангамжийг хариуцдаг газартаа хэлэхэд тоосон шинжгүй, үдээс хойш оруулаад өгчихье гэсэн.

Тэгээд ирж байгаа нь 200-хан ширхэг. Мазокийн шинжилгээг өдөрт 3040 хүн дээр авч байгаа. Дээрээс нь эмэгтэйчүүдийн үзлэг, жирэмсний хяналтын үзлэг тус бүр дээр дэвсгэр хэрэглэдэг учраас өгсөн дэвсгэр нь хоёр гурав хоноод л дуусна. Гэтэл “Одоо байхгүй. 200-гаа ашиглаарай” гэж хэлсэн гэсэн.

Тэгээд бид манайд байж болох бүх нэг удаагийн халатаа хайчилж дуусаад, нэг өглөө үзлэг хийх гэтэл дэвсгэр байдаггүй. Хэдэн сарын өмнөөс цаг аваад, ажлаасаа чөлөө аваад ирж байгаа хүнийг дэвсгэрээс болж буцаана гэж байхгүй учраас би аргаа бараад эмнэлгийн хог хаягдал хаядаг хар, шар хоёр уутны хар уутаа хайчлаад дэвсэж байгаа юм. Үйлчлүүлж буй хүндээ “Яана аа, уучлаарай манай дэвсгэр дуусчихжээ” гээд тайлбарласан л даа.

-Эмнэлэгт үзлэг, шинжилгээнд орохоор ирж буй иргэд үүсээд буй асуудлыг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Мазокийн шинжилгээг өглөө авч эхлээд, орой 9 цаг 30 минут хүртэл ажиллаад лаборатори ажилладаггүй. Маргааш өглөө нь зарим хүмүүс цаг аваад шинжилгээ өгөх гээд ирдэг. Тэгэхэд нь манай эмнэлгийн бээлий дуусчихсан гэж хэлэлтэй биш “Лаборатори цэрэг татлагатай холбоотой авахгүй, нэг дэх өдөр хүрээд ирэх үү” гээд тайлбарлаад явуулдаг. Зарим хүнд нь үнэхээр үнэнээ хэлэхээр “эмч ээ, би хэдэн сарын өмнөөс цаг аваад, оочерлож орж ирээд,ажлаасаа чөлөө аваад ирж байгаа юм. Би эмийн сангаас очоод бүгдийг нь аваад ирье” гэж байгаа юм. Би яахав тэр хүнийг явуулаад үзэж болно л доо. Гэхдээ ингээд байвал эрүүл мэндийн салбар хөгжихгүй шүү дээ. Бид болгоод байвал “өө эд нар болдог юм байна. Хувь хүнээс нь аваад үзчихдэг юм байна” гэсэн хандлага тогтоно.

-Өмнө нь энэ талаар эсэргүүцэж байсан уу. Ямар нэгэн дарамт шахалт ирж байвуу?

-Өмнө нь дөрөвдүгээр сард ажлаа аваад удаагүй байхад нь би групп дээр пост бичсэн чинь бас загнуулаад бөөн юм болж байсан.Одоогоор намайг дуудаад дарамталсан зүйл бол алга. Хүмүүсийн дам ярианаас сонсоход ер нь дарамталж байсан гэсэн. Өмнөх даргын үед ажиллаж байсан ажилчдаас 10-20 хүн бол халагдсан. Яаж халагдсаныг нь бол би сайн мэдэхгүй байна.

-Цалин хангамжийн тал дээр ямар асуудал үүсч байна вэ?

-Эмнэлэг чинь эмч, хүн хүчээ нэмээд, эмнэлгийн тусламж үйлчилгээ тасралтгүй, түргэн шуурхай явагдахад санхүүгээ тийшээ чиглүүлэх ёстой. Гэвч ашиггүй зардал гаргаад бидний цалинг нэмсэн үндэслэлээр “Та нарын нийгмийн даатгалыг төлж чадаагүй, эм эмнэлгийн хэрэгслийг авч чадахгүй байна” гэсэн тайлбар тавиад байгаа нь шал утгагүй санагдаж байна. Миний харж байгаагаар энэ дарга жаахан менежмент муутай юм байна л гэж харж байна. Цаанаа эдийн засгийн ямар нэгэн тооцоо, судалгаа хийдэг юм уу бүү мэд. Өмнөх даргын үед үндсэн цалин бага байсан ч давхар 20 хувь байсан. Гэтэл энэ даргын үед тэр 20 хувийг үндсэн цалин руу оруулчихсан учраас нэмсэн ялгаа байхгүй. Бидний эрүүл мэндийн даатгалыг төлөх боломжгүй, эм, эмнэлгийн хэрэгслээр хангах боломжгүй байдал үүсч байгаа бол яах гэж нэмсэн юм бол ойлгохгүй байгаа. “E-Mongolia”-аас харахад өнгөрсөн 5 сараас хойш нийгмийн даатгал төлөгдөөгүй байсан.

-Нийгмийн даатгалын төлөлт тасарснаас үүдэн ямар нэгэн бэрхшээл гарч байна уу?

-Манай ажилчид аппликэйшний зээл авах гэхээр “Боломжгүй байна, манай шаардлагыг хангасангүй” гээд буцаачихдаг. Дээрээс нь тэтгэвэрт гарахад тэтгэмжийн мөнгөө авч чадахгүй байна гэсэн яриа гарсан. Мөн гадаад руу визэнд орох боломжгүй байна гэсэн. Хөнгөлөлттэй эм авдаг хүмүүс эмээ авч чадахгүй байгаа асуудлууд үүсээд байна.

-Эмнэлгийн удирдлагын хувьд ёс зүйн ямар зөрчил гаргасан гэж үзэж байна вэ?

-Эмч нартай ямар ч харилцаа хандлага байхгүй. Орж ирээд загнаад, орилоод эхэлдэг. Жишээ нь, манай ургийн бичлэг хийдэг 3 хяналтын өрөө байдаг. Тэрнийхээ нэгийг сулла гэсэн. Яах гэж байгаа билээ дарга аа гэхэд “Орлогч даргыг суулгана” гэсэн. Жирэмсэн ээжүүд тав тухтай үзүүлэх ерөөсөө хамаагүй, даргыг оруулна гэж байгаа юм. Энэ чинь ганцхан зориулалтаар биш нэгдүгээрт, бид жирэмсэн ээжүүдэд сургалт оруулдаг, даралт ихсэхээр цохилтын тоо авдаг. Дээрээс нь зарим жирэмсэн ээжүүд өглөө шинжилгээ өгөх гэж өлөн гараад муужирч унадаг, энэхүү өрөө рүү оруулж хэвтүүлээд хүчилтөрөгч амьсгалуулдаг зэрэг олон зориулалтаар ашигладаг шүү дээ гэсэн чинь “Та нарын яаралтай тусламж авна гэж юу байдаг юм. Доошоо буулгаад яаралтай руу явуул” гэж байсан. Даралт нь 180 хүрсэн хүнийг босгох юм бол тархинд цус харвах, хүүхэд эндэх зэрэг зөндөө олон хүндрэл үүснэ. Тийм үед бид шууд хэвтүүлээд цохилтын тунгаа аваад, дараагийн тусламж руугаа нацистаар өргөөд шатаар буулгаад яаралтайд шилжүүлдэг. Лифт нь ч стандартын биш. Тэгээд бид тэр хүний хэлснээр даралтыг нь үзэж, цохилтын тунгаа авахгүй яаралтай руу доошоо буулгах юм шиг байна лээ. Замдаа тэр хүн явж байгаад ямар нэгэн хүндрэл өгвөл яах вэ гэдгийг бодохгүйгээр шууд ийм ёс зүйгүй үйлдлийг гаргаж байсан. Бид долоон сарын хугацаанд нөхцөл байдлыг хүлээцтэй харж, маш их тэвчсэн. Үнэхээр аргагүйн эрхэнд өнөөдөр тэсэрч байна.

Г.Балгармаа

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өвлийн дугуйтай замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна DNN.mn

Өвлийн дугуйтай замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

21-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваа гүвээнд мөстөлт, халтиргаа, гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2024 оны 10-р сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -5…-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн,

Онон, Улз голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+9 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасана, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -1…-3 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасана, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -2…-4 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасана, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -3…-5 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнгөрсөн долоо хоногт 124 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 124 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 17 иргэний амь насыг авран хамгаалсан.

Нийт дуудлагын 106 нь гал түймэр, 15 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь биологийн гаралтай, нэг нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнгөрсөн шөнө хотын гудамж, замуудад 425 тонн давс, 83 тонн бодис цацаад байна DNN.mn

Өнгөрсөн шөнө хотын гол болон туслах зам цэвэрлэгээнд 500 гаруй албан хаагч, 100 орчим техник хэрэгсэлтэй ажиллаж, 425 тонн давс, 83 тонн бодис цацаж, цэвэрлээд байна. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү болон холбогдох албаны хүмүүс тухайн байршлуудад ажилласан юм. Ийнхүү замд дагтаршсан цасыг түрэх, давс бодис цацах ажлууд үргэлжилж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү “Аравдугаар сарын 20-ны өглөө цас орсноос хойш нийт 33 байгууллагын 1000 гаруй ажилчид 217 техник хэрэгслээр гудамж талбайн цасыг цэвэрлэж байна. Халтиргаа гулгаатай нөхцөлд авто замын түгжрэл их үүссэн учраас том техникүүдээр давс, бодис өдрийн цагаар цацахад хүндрэлтэй байсан. Тиймээс өнгөрсөн шөнө түлхүү давс, бодисуудыг цацаж ажиллалаа. Мөн халтиргаа ихтэй газруудад хайрга, давс, элс шороог байршуулсан. Ялангуяа хот руу орох гарах томоохон даваануудад элс, шороо, хайрга, давс зэргийг савлаж, хажууд байршуулсан. Энэ бэлтгэлийг цас орохоос 7 хоногийн өмнөөс хийсэн. Тийм болохоор жолоочид халтиргаа гулгаа ихтэй өгсүүр газрууд болон хотын ойрхон даваа гүвээний ойролцоо байршуулсан давс, хайрга, элс, шорооноос өөрсдөө аваад хэрэглэж болно” хэмээлээ.