Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Ардын нам УИХ-ын суудал горилогчдоо эхлээд аймаг, дүүргийн даргад тавьдаг увайгүй аргатай боллоо” гэв DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа “Зэсийн
баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн технологийн шийдлээ бид олчихсон” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • Эдийн засагч Г.Батзориг “Манайх парламентын засаглалтай болохоор л дампуурлаа зарлачихгүй явж байна” гэлээ.
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг үргэлжлүүлэхэд 431 сая ам.долларын нэмэлт санхүүжилт шаардлагатай болжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Ардын нам УИХ-ын суудал горилогчдоо
эхлээд аймаг, дүүргийн даргад тавьдаг увайгүй аргатай боллоо” гэв.

“Баримт, үйл явдал”- ын VII нүүрт ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Энхмаа “Онцгой байдлын байгууллагаас анхааруулж
байна, зөвлөж байна” гэдэг үгийг хүмүүс тоохоо байчихсан. Гэвч тэр хүмүүс л гал алдчихсан байдаг” хэмээн ярилаа.

  • “Алтан гар” Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбооны тэргүүн, МонголсмУлсын мастер үсчин Н.Алтаншагай “Манай улс энэ жил анх удаа Дэлхийн аваргын цом авлаа” хэмээв.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Молдавын сонгуулийн эргэн тойронд …

АРЫН НҮҮР: Унаагаа хуваалцъя


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар хот -100” архивын баримт, биет үзмэрийн үзэсгэлэн гарна DNN.mn

Монгол Улсын Нийслэл үүсэн байгуулагдсаны 385 жил, Нийслэл хүрээг “Улаанбаатар” хэмээн нэрийдсэний 100 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Архивын газраас “Улаанбаатар хот-100” архивын баримт, биет үзмэрийн үзэсгэлэнг гаргах гэж байна.

Үзэсгэлэнг 10 дугаар сарын 23-30-ны өдрүүдэд Монголын Үндэсний музейд толилуулна.

Categories
мэдээ спорт

М.Амилал шатрын залуучуудын Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Филиппин Улсын Тагаятая хотноо аравдугаар сарын 13-20-ны өдрүүдэд шатрын  “U20” хүртэлх насны залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.  Энэ удаагийн Азийн аваргад  “IM”  М.Амилал эх орноо төлөөлөн оролцож,  мөнгөн медаль хүртэж, Азийн аваргын хошой медлальтан болов.

Азийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ, Энэтхэг, Казахстаны хүчтэй шатарчид оролцож, тэмцээн өрсөлдөөнтэй явагдаж өндөрлөсөн байна. М.Амилалын хувьд олон улсын чансаагаа +21 оноогоор ахиулж 2400-ийн босгыг дахин давсан бахархам амжилт үзүүлжээ. Тэрбээр 2024 оны Монгол Улсын өсвөрийн шатарчдын улсын аварга болсон бөгөөд энэ жил шатрын олимпиадад шалгаран эх орноо төлөөлөн амжилттай оролцсон юм

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг: Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын мэдээллийг сонслоо DNN.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2024.10.21/-ийн хуралдаанаар Газрын тосны үйлдвэрийн явцын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээлэл сонсож, гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газраас боловсруулсан, улс орныг хөгжилд түүчээлэх 14 мега төслийн мэдээллийг сонсож, улс төрийн шийдвэр гаргаад явна. Эхний удаад Газрын тосны үйлдвэрийн талаар мэдээлэл сонслоо. Монгол Улс Энэтхэг улсын хамтын ажиллагааны хүрээнд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэж, гэрээ байгуулсан.

Газрын тосны үйлдвэр нь Энэтхэг улсын 1.2 тэрбум ам.долларын зээлийн төсөл, 2019 оноос эхлээд хэрэгжиж байгаа. Үйлдвэрийн бүтээн байгуулалтад нэмэлтээр 431 сая ам.доллараар хөрөнгө оруулалт шаардагдах нөхцөл байдал үүссэн талаар салбарын яамнаас танилцууллаа. Цар тахлын дараа дэлхий дахинд тоног төхөөрөмжийн үнэ өссөн нь нөлөөлсөн гэж үйлдвэрийн захирал Д.Алтанцэцэг танилцуулсан. МАН-ын бүлгийн гишүүд мэдээлэлтэй танилцаад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ГССҮТ: Халтирч унаж, гэмтсэн 86 хүн тусламж, үйлчилгээ авчээ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд авто зам болон явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд үүссэн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр энэ сарын 20-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 86 хүн тусламж, үйлчилгээ авчээ.

Тодруулбал, тусламж авсан иргэдийн 37 нь эрэгтэй, 49 нь эмэгтэй, 13 нь 0-18 насны хүүхэд байна. Халтирч унах гэмтлийн хувьд зөөлөн эдийн бэртэл, доргилт, хөхрөлт, няцралтаас илүү мөчдийн хугарал зонхилон тохиолдож байгаа аж. Харин хүнд хэлбэрийн гэмтлийн тохиолдолд гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нуруу, хөлийн шилбэ болон дунд чөмгийн хугарал багтаж байна. Иймд иргэд та бүхэнд эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх, эрүүл аюулгүй байдлаа хангах, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг ГССҮТ-өөс зөвлөлөө.

Categories
гадаад мэдээ

Орос ялагдсан томоохон дайн, тулаанууд DNN.mn

Кремлийн суртал ухуулагчид “Оросууд хэзээ ч бусдын нутагт халдаж байгаагүй. Оросууд хэзээ ч дайнд ялагдаж байгаагүй” гэж сурталддаг болов. Монголчуудын гарт хэдэн зуун жил болсны ачаар улс гэж юу байдгийг харж, ойлгон цагийн эрхээр оросууд өөрийн улсыг байгуулсан билээ. Харин эртний түүхтэй үндэстэн болох гэж “орос” гэдэг үгийг украинчуудаас булаан авсан юм.

  1. Ливоны дайн (1558-1583 он) Швед улс Оросын сул талыг олж хараад Польш-Литвийн хамтын нөхөрлөлийн холбоонд элсэв. Оросын догшин Иван хааны арми тэднийг дарахаар довтолсон ч эцэст нь 1578 онд Вэндийн тулалдаанд нэгмөсөн ялагджээ. Энэ дайн Орос улс оролцсон хамгийн урт дайнуудын нэг юм. Энэ дайны үр дүнд Москва ихээхэн газар нутгаа алдаж, Швед, Польш-Литвийн хамтын нөхөрлөлийн мэдэлд шилжүүлэв. Энэ дайн үргэлжлэх хугацаанд дайны явц, үр дүнд нөлөөлсөн дотоод, гадаадын олон ноцтой үйл явдал болсон билээ. Үр дүнд нь Англи улс энэ дайныг чадварлагаар ашиглаж, Балтийн тэнгисийн худалдааг хянаж байсан улсуудын холбоог түлхэн унагаж, худалдааны замыг гартаа аван далайн хамгийн хүчирхэг гүрэн болж чадсан юм.Казань, Астраханыг Орост нэгтгэсний дараа догшин Иван хаан бусдын нутгийг эзлэхээр шийдсэн нь ийнхүү эсрэгээрээ эргэсэн юм. Орос улсын эдийн засаг 25 жил үргэлжилсэн дайны үр дүнд бүрэн сүйрч, олон газар нутаг нь эзэнгүйрч, энэ үеийг Оросын түүхчид 1598-1613 оны хооронд үргэлжилсэн “Зовлонт цаг,үе” гэж нэрлэх болсон билээ.
  2. Орос-Польшийн дайн (1609-1618 он) Дайны шалтгаан нь Оросын хаан Василий Шуйский хуурамч Дмитрий II-ийн цэргүүдийг ялахад туслахыг Шведээс хүсэв. Польш улс Орос-Шведийн холбоог өөрийн ашиг сонирхолд заналхийлж байна гэж үзэн Смоленскийг бүслэв. Улмаар Клушиногийн гэгддэг 1610 оны долдугаар сарын 4-ний тулалдаанд Оросын арми ялагдаж, Польшийн цэргүүд Москваг эзлэв. Оросын төрийн задрал эхлэв. Польшууд Оросыг захирч эхэлсэн ч Минин, Пожарский нар цэрэг цуглуулж 1612 онд тэднийг нийслэлээсээ хөөн зайлуулав. Гэсэн хэдий ч дайн үргэлжилсээр Оросын цэргүүд харийнхны довтолгоог арай ядан тогтоож байв. Гэтэл Петр Сагайдачный тэргүүтэй Запорожийн казахууд1618 онд Оросын цэргүүдийн ар талаас цохилт өгөн Елецийг эзлэн авч, улмаар Москвагийн ойролцоо ирж Польшийн армитай нэгдэв. Ингэснээр Оросын хаан Смоленск, Чернигов, Северск мужуудыг Польш-Литвийн хамтын нөхөрлөлд шилжүүлэн, “Деулингийн эвлэрэл” гэх гэрээ байгуулахаас өөр аргагүй болжээ.
  3. Орос-Шведийн дайн (1610-1617 он)Дайны шалтгаан нь Швед “Зовлонт цаг, үе”-ийг далимдуулан Оросын хойд хэсгийн хотуудыг эзлэн авах хүсэл байв. Үр дүнд нь Шведүүд 1611 оноос Оросын газар нутагт довтлон Новгород хотыг эзлэн авч 1617 онд “Столбовогийн гэрээ” байгуулагдаж Орос улс Балтийн тэнгис рүү нэвтрэх эрхээ алджээ
  4. Смоленскийн дайн (1632-1634) он Дайны шалтгаан нь Оросууд “Зовлонт цаг, үе”-д алдагдсан Смоленскийг буцаан авах хүсэл байв. Оросын армийг Шеин удирдаж Польшуудын мэдэлд байсан Смоленскийг бүслэв. Гэтэл Польшийн хаан Владиславын 30,000 хүнтэй арми Смоленск хот руу ойртож, Шеин өөрөө армитайгаа бүслэгдэв. Ийнхүү Оросууд “Поляновскийн энхтайвны гэрээ”-нд гарын үсэг зурахаас өөр аргагүй болж Смоленск Польш улсад үлдэж, Москвад Шейн цаазлагдав.
  5. Орос-Туркийн дайн (1710-1713 он) Дайны шалтгаан нь Оросын I Петр хаан туркүүдийг өөрийн дайсан Шведийн Карл хааныг нутаг дэвсгэрээсээ хөөн гаргахыг шаардсан явдал болов. Учир нь Полтавад ялагдсан Карл хаан Османы Бендерид хоргодож байжээ. Петрийн хатуу шаардлагын хариуд Османы Султан Крымын хааны шахалтаар өөрөө Оростой байлдав. Үр дүнд нь Петр хааны Прутскийн аян дайн бүрэн ялагдал хүлээж Оросууд Азов, Хар тэнгис рүү нэвтрэх эрх болон Запорожийг алдав.
  6. Крымын дайн (1853-1856 он) Цар хүрээ, болсон тулаанууд, дайчлагдсан цэргүүдийн тооны хувьд энэ дайн тухайн үедээ дэлхийн дайн болсон билээ. Учир нь Оросын хаан I Николайн арми Крым, Гүрж, Кавказ, Свеаборг, Кронштадт, Соловки, Камчатка зэрэг хэд хэдэн фронтод тулалдан тэдний талд Болгарын 3000 цэрэг болон Грекийн 800 хүнтэй легион байлдаж байв. Харин тэдний эсрэг Их Британи, Франц, Османы эзэнт гүрэн, Сардиний цэргээс бүрдсэн нийт 750 мянга гаруй цэрэгтэй олон улсын эвсэл тулалдав. Үр дүнд нь Парист болсон олон улсын конгрессын үеэр Австри, Пруссээс гадна бүх дайтаж буй гүрнүүд оролцсон Энхийн гэрээнд 1856 оны гуравдугаар сарын 30-нд гарын үсэг зурав. Энэхүү гэрээний дагуу Орос улс холбоотнуудад эзлэгдсэн Крымын Севастополь, Балаклава болон бусад хотуудын оронд Карскын бэхлэлтийг Туркт буцаан өгч Дунай мөрний ам, Өмнөд Бессарабийн нэг хэсгийг Молдавын ноёдод шилжүүлэв. Хар тэнгисийг төвийг сахисан бүс гэж зарласан бөгөөд Турк болон Орос улс энд тэнгисийн флотоо байрлуулах эрхгүй болов.Энэ дайн Их Британи, Францын бүрэн ялалтаар өндөрлөжээ.
  7. Орос-Японы дайн (1904-1905 он) Оросын II Николай хаан Японтой хийх дайныг ” жижигхэн боловч том ялалт байх болно” гэж итгэж дайран орсон ч үр дүн нь эсрэгээрээ эргэсэн. Оросууд энэ дайнаар Сахалины арлын талыг зэргэлдээх бүх жижиг арлуудтай нь Японы мэдэлд шилжүүлж, Порт Артур, Дальный болон Ляодун хойгийг түрээслэх эрхийг Японд өгч, Солонгос, Манжуурыг Японы нөлөөллийн бүс гэж хүлээн зөвшөөрч, Японд 300 сая алтан рублийн дайнынөхөн төлбөр олгох болсноос гадна энэ дайнд 2,6 тэрбум рубль зарцуулсан нь жилийн төсвөөс нь 700 саяар илүү гарсан байв. Үр дүнд нь Орос улс эдийн засгийн хямрал, хувьсгалд нэрвэгдэв.
  8. Дэлхийн нэгдүгээр дайн (1914-1918 он) Энд нэгэн сонин зүйл болсон нь Оросууд өөрийн нэгдэн орсон эвсэлд ялагдсан Германд бууж өгсөн явдал юм.Герман“Брестийн энх тайвны гэрээ”-ний дагуу 780 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий газар нутгийг Оросоос таслан авав. Оросын эзэнт гүрний хүн амын гуравны нэг буюу 56 сая хүн амтай энэ газар нутагт хувьсгалаас өмнө тариалангийн 27%, төмөр замын нийт сүлжээний 26%, нэхмэлийн үйлдвэрийн 33%, Төмөр, гангийн 73% хайлуулж, нүүрсний 89%, элсэн чихэр 90%-ийг үйлдвэрлэж байжээ.Мөн Оросууд Финланд болон Балтийн орнуудаас өөрийн флотыг татан буулгахаар болов. Хар тэнгисийн флотыг бүх дэд бүтцийн хамт Германы мэдэлд шилжүүлэв. Орос улс Германд учруулсан хохирол хэмээн 500 сая алтан рублийн нөхөн төлбөр төлсөн бөгөөд Зөвлөлт засгийн газар эдгээр нутаг болон Герман, түүний холбоотон улсуудын нутагт хувьсгалт суртал ухуулга хийхгүй байх үүрэг хүлээв. Үр дүнд нь Орос улс задарч, иргэний дайн дэгдэв.
  9. Зөвлөлт-Польшийн дайн (1919-1921 он)Зөвлөлтийн арми Польшийн нутагт цөмрөн орсон ч Варшавын дэргэд бут цохигдов. Ийнхүү Ригагийн гэрээ байгуулагдаж уг гэрээгээр ЗХУ болон бүрэлдэхүүнд нь орсон Зөвлөлт Украин, Зөвлөлт Белорусь улсууд Польшийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч баруун Украин, баруун Беларусь болон Оросын эзэнт гүрний мэдэлд байсан зарим мужуудын нутаг дэвсгэрийг Бүгд Найрамдах Польш улсад шилжүүлэв. Мөн Зөвлөлтийн тал 1772 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш Польшийн Вант Улсын нутаг дэвсгэрээс олзлон авсан цэргийн цом, шинжлэх ухаан, соёлын бүхий л үнэт зүйлсийг Бүгд Найрамдах Польш улсад буцааж өгөхөөр болж, Польш улсад нэг жилийн дотор 30 сая алтан рублийг дайны төлбөр толгох үүрэг хүлээв. Бас Оросын эзэнт гүрэнд Польшийн Вант улсын оруулж байсан хувь нэмрийн нөхөн төлбөр болгож Польшийн талд 18 сая алтан рубль олгохоор болжээ.
  10. Халх голын байлдаан (1939 он) Япончууд “Номунханы мөргөлдөөн” гэж нэрлэдэг энэ байлдаан тавдугаар сарын сүүлчээр эхэлж эцсийн шийдвэрлэх тулаан наймдугаар сарын сүүлээр болж, 1939 оны есдүгээр сарын 15-нд ЗСБНХУ-Японы хооронд Энхийн хэлэлцээр байгуулагдсанаар дууссан юм. ЗХУ энэ байлдаанд Японоос хэд дахин олон цэрэг, техникээ алдсанаас гадна Монголын газар нутгаас Японы мэдэлд өгсөн нь өнөөдрийг хүртэл буцаж ирээгүй байна. Иймээс энэ дайныг ялагдал гэхээс өөр аргагүй. Мөн Оросууд өнөөдөр ч “Энэ тулалдаан байгаагүй бол Япон дэлхийн дайны II үеэр ЗХУ-д довтлох байсан” гэж сурталддаг. Энэ бол огт худал зүйл. Учир нь 1904-1905 оны Орос-Японы дайны дараа энэ хоёр улс “Өвөр Монгол Хятад, Японы мэдэлд, Буриад Монгол Оросын мэдэлд, Ар Монгол зааг буюу аюулгүйн бүс байна” гэсэн нууц гэрээ байгуулсан юм. Энэ нь хожим Зөвлөлт, Хятадын “зааг бүс” болж Ар Монгол тусгаар улс болох гол үндэс болсон байдаг. Орос улсад Октябрийн төрийн эргэлт болсны дараа Япончууд Манжуураас цэрэглэн орж ирж большевикуудаар гарын үсэг зуруулж уг нууц гэрээг дахин баталгаажуулж авсан билээ. Иймээс Япончууд тухайн үед Монж Го болон Монгол улсын хилийг баталгаажуулсны дараа дайн хийх нефтийн нөөцтэй болох гэж Номхон далайн зүг цэргийн хүчээ чиглүүлсэн юм.
  11. Зөвлөлт-Финландын дайн (1939-1940 он) Улаан Армийн анги нэгтгэлүүд Финландын хилийг 1939 оны арваннэгдүгээр сарын 30-нд давж, 1940 оны гуравдугаар сарын 13 хүртэл энэ дайн үргэлжилсэн. Энэ дайнд Ленинградын тойргийн ангиуд, Балтын, Хойд усан цэргийн хүчин, Ладог нуурын цэргийн ангийн 1915 их буу, 1131 танк ба 967 онгоц бүхий 1 сая орчим зөвлөлтийн цэрэг оролцсон байна. Зөвлөлтийн арми 72408 хүнээ алдаж, 186129 хүн шархдаж, дарга нар нь цэргийн өвлийн хувцас авах мөнгийг нь “идчихсэн” учир 132213 хүн хөлдөж, 17520 хүн сураггүй алга болсон, эсвэл олзлогдсон байна. Энэ бол ЗХУ-ын гаргасан албан ёсны тоо бөгөөд бодит тоо мэдээж үүнээс өндөр байсан байж таарна. Харин Финийн арми 19576 хүнээ алдаж, 43557 хүн шархдаж, 4101 хүн сураггүй алга болсон эсвэл олзлогдсон байна. Москва хотноо гарын үсэг зурсан энхийн хэлцэл хийсэн өдөр байлдааны үйл ажиллагааг зогсоож хоёр улсын хилийн зурвасыг хойшлуулан Ленинград болон Мурманск хотуудын аюулгүй байдлыг хангах гол зорилтоо зөвлөлтийн тал биелүүлж чадсан юм.Гэхдээ энэ дайн Финландын талд байсан Германд “Зөвлөлтийн цэрэг бол зүгээр л тоо юм байна” гэдгийг ойлгуулсан нь хожим нь ЗХУ-ыг стратегийн том ялагдал хүлээхэд хүргэсэн. Иймээс энэ дайнд Оросыг ялагдсан гэж үзэхээс өөр аргагүй юм.
  12. Дэлхийн хоёрдугаар дайн (1941-1945 он)Германтай байгуулсан Энхийн гэрээ зөрчигдөж хамаагүй цөөн хүн, техниктэй Германы армид Оросууд бут цохигдож эхлэв. Их Британы дэмжлэг, АНУ-ын “Лэнд лиз” тусламжийн ач тусаар ЗХУ Германыг ялсан эвслийн эгнээнд багтав. Ганц л жишээ авахад, Зөвлөлтийн “алдарт” Т-34 танкны гол төмрийг америкчууд зорж бэлэн болгон ЗХУ руу илгээж байсан бол энэ танкны мотор нь америк тракторын хуулбар байв. Дайны үнэнийг мэддэг хүмүүс эрс цөөрсөн үе буюу 1965 оноос Оросууд жил бүрийн тавдугаар сарын 9-нийг “Ялалтын баяр” хэмээн сүр дуулиантай тэмдэглэх болов.
  13. Афганистаны дайн (1979-1989 он) Нийт 10 жил байлдсан цэргийн үйл ажиллагаа үр дүнгүй болж ЗСБНХУ-ын эдийн засгийн нөхцөл байдал муудсан тул цэргээ Афганистанаас татан авахаас өөр аргагүй болов.Арми нь зэвсэглэсэн энгийн ардуудтай байлдан ялж чадахгүй арчаагүй гэдгээ харуулж, коммунизм бол огт худал үзэл, суртал гэдгийг иргэд нь ойлгон, үр дүнд нь ЗХУ задрав.Харин ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин саяхан “Орос янхан байдгийг харуулсан “Интердевушка” кино дэлгэцэнд гарснаас болж ЗХУ задарсан” гэж мэдэгдэв.
  14. Чечений нэгдүгээр дайн (1994-1996он) Энэ дайн үнэндээ Чеченийн тусгаар тогтнолыг бодитоор хүлээн зөвшөөрсөн явдлаар өндөрлөж, ОХУ-ын нэр хүнд унав.
  15. Чечений хоёрдугаар дайн (1999 оноос өнөөг хүртэл) ОХУ-ын анхны ерөнхийлөгч Борис Ельциний “алдааг засаж” өөрийн нэр хүндийг өргөхийн тулд Владимир Путин 1999 онд Чечений хоёрдугаар дайныг эхлүүлж энэ ард түмнийг хүүхэд, хөгшидгүй нь цусанд хутгаж, нийслэлийг нь газрын хөрстэй тэгшлэв. Чечений эх орончид амийг нь егүүтгэсэн Путины тавиулын хүү аавыгаа залгамжлан санаанд багтамгүй их мөнгө жил болгон Оросын төсвөөс авдаг болов. Кадыров өөр мужаас ирсэн хуулийнхныг нам буудаж, ОХУ-ын өөр бусад муж улсад дуртай үедээ аллага үйлдэх болж, ОХУ дотор илүү эрхтэй Чечений тусгаар улс бий болов. “Хойд Кавказын нутаг дэвсгэрт явуулж буй терроризмын эсрэг ажиллагаа” гэх албан ёсны нэртэй энэ дайн албан ёсоор дуусалгүй өнөөдөртэй золгоод байгаа билээ.
  16. Уулын Карабахын дайн (1992-2023 он) Орос цэргийн тусламжтай өрнөсөн 1992-1994 онд болсон Карабахын дайнд 30 мянга гаруй хүний амь насыг авч, нэг сая гаруй хүн дүрвэгсэд болжээ. Карабахын энэ дайны дараа Уулын Карабах болон түүний ойр орчмын долоон бүс нутагт нэг ч азербайжан иргэн үлдээгүй юм. Оросууд Арменд тусалсан энэ дайны гол зорилго нь 11 сая хүн амтай Азербайжан улсыг Ираны мэдэлд байгаа 25 сая ахан дүүс, хамаатан садантай нь шууд хиллүүлэхгүй байх, энэ хоёр улсыг өөрийн цэргийн хяналтад байлгах явдал байв. Азербайжан улс 2023 оны есдүгээр сарын сүүлээр “Цэргийн тусгай ажиллагаа” эхэлснийг зарлаж, газар нутгаа бүрэн буцааж авав. Жилийн дараа Оросын “Энхийг сахиулагч” цэргүүд Азербайжан,Армен улсуудаас хөөгдөн гарав.
  17. Орос Украины дайн (2014 оноос өнөөдрийг хүртэл) “Гурав хоногт нийслэл Киевийг нь, долоо хоногт Украины бүх газар нутгийг нь эзэлж, НАТО-г холдуулан хөөнө” гэсэн “Цэргийн тусгай ажиллагаа” нэртэй энэ дайн эсрэгээрээ эргэж, гурав дахь жилдээ үргэлжлэн Путин Украиныг ялахгүй гэдэг нь тодорхой болов.
  18. Израилийн эсрэг Оросын дайнууд Израилийн эсрэг хийсэн орос цэргүүд оролцож, ялагдсан дайнууд гэвэл нэлээд урт жагсаалт гарна. Хамгийн сүүлд гэхэд л Украинд өгөх барууны тусламжийг сааруулах гэж Оросууд өөрсдийн бий болгосон ХАМАС-ыг Путины төрсөн өдрөөр Израиль руу гэнэдүүлэн дайруулсан нь яг эсрэгээрээ эргэж, ХАМАС төдийгүй Ливаны Хизболла бүр Ираны дэглэмийн хувь заяаг дээсэн дөрөөн дээр дэнжигнүүлж орхив.

Эдгээр нь томчилж түүсэн Орос ялагдсан дайн, тулаанууд юм. Кремлийн суртал ухуулагчид өнөөдөр эдгээрийн ихэнхийг огт дурддаггүй, эсвэл “Оросууд ялсан” мэт болгож, худал сурталддаг. Ерөөс Орос улс зэвсэггүй ард түмнийг эзэлж ийм том нутагтай болсон бөгөөд харин зэвсэг сайтайд нь хэрээ мэдэхгүй довтолж, байнга л ялагдаж байсан байдаг. Харин энэ бол бодит үнэн билээ.

 

Бэлтгэсэн

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өчигдөр осол хэргийн шинжтэй 622 дуудлага бүртгэгджээ DNN.mn

Өчигдөр буюу аравдугаар сарын 20-нд нийт нутгаар их хэмжээний цас орсны улмаас Тээврийн Цагдаагийн Албанд зам тээврийн ослын 758 дуудлага мэдээлэл, осол хэргийн шинжтэй 622 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Энэ талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодрууллаа.

Тэрбээр “Өчигдөр ирсэн дуудлага мэдээллийг ангилахад зуны улирлын дугуйтай замын хөдөлгөөнд оролцсоноор зогсоох арга хэмжээ авах боломжгүйгээс үүдэн урдах тээврийн хэрэгслийг мөргөх дуудлага мэдээлэл зонхилж байв. Мөн өгсүүр, уруу замд зуны улирлын дугуйтай тээврийн хэрэгслүүд өгсөж, уруудаж чадахгүйгээс зохиомол түгжрэл, саатал бий болсон. Энэ хүрээнд 12 автомашин мөргөлдсөн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Иймд жолооч, иргэд та бүхэн тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, явах эд анги буюу тос маслоныхаа үйлчилгээг авч, өвлийн улиралд тохирсон засвар үйлчилгээнд идэвхтэй хамрагдах болон өвлийн улирлын дугуйгаа сольж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна” гэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны гишүүнээр сонгогдлоо DNN.mn

Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 149 дүгээр чуулга уулзалт Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2024 оны 10 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн чуулга уулзалтад дэлхийн 130 орчим гишүүн орны 630 гаруй парламентчид оролцлоо. Монгол Улсын Их Хурлыг төлөөлж Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Г.Хосбаяр, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцсон юм.

2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан ОУПХ-ны Удирдах зөвлөлийн хуралдаанаар ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны 3 гишүүнийг сонгох сонгууль болж, нийт 8 гишүүн орны 9 парламентчид өрсөлдсөнөөс Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны гишүүнээр сонгогдлоо.

Тус хороо нь 10 гишүүнтэй бөгөөд 3 гишүүний бүрэн эрхийн хугацаа энэ оны 10 дугаар сард дуусгавар болж, шинээр сонгогдсон 3 гишүүн /Монгол, Серби, Уганда/ 2024-2029 онд ажиллах юм. Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг тус хороонд ажиллах Монгол Улсын анхны парламентч болж байна.

ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны гишүүд нь чиг үүргээ бие даан хэрэгжүүлэх ба ард түмний дуу хоолой болсон парламентчдын эсрэг халдлага, зөрчлийг хянан шалгах, тэдний эрхийг хамгаалах чиг үүрэгтэй олон улсын цорын ганц бүтэц юм. Түүнчлэн, тусгай хороо нь одоогоор 47 гишүүн орны 760 гаруй парламентчдын эрхийн зөрчлийн талаар хянан шалгаж байгаа бөгөөд үүний дотор парламентч асан С.Зоригийн хэрэг багтсан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Томуугийн вакцинжуулалт өдөр бүр хийгдэж байна DNN.mn

Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотой иргэд тэр дундаа бага насны хүүхдүүдийн дунд ханиад томуугийн өвчлөл нэмэгдэж байна. Тэгвэл “Интермед”, “Гурван гал”, “Үрхэн” эмнэлгүүд дээр томуугийн вакцинжуулалт өдөр бүр хийгдэж  байгаа юм байна. Тус вакцин нь ДЭМБ-ын урьдчилан баталгаажуулалтад орсон буюу тусгай гэрчилгээтэй, Солонгос Улсын “Green Cross” компанийн вакцин бөгөөд нэг хүн тунд зориулагдсан савлагаатай гэдгээрээ давуу талтай. Мөн гурван сараас дээш насны хүүхдүүд болон бүх насныхан хамрагдах боломжтой.  Вакцин хийлгэснээр 98 хувийн дархлаа тогтох бөгөөд ханиад томуу хүрсэн ч хатгалгаа болж хүндрэхээс сэргийлдэг нь тогтоогджээ.  Үнийн хувьд нэг хүнд 65 мянган төгрөгөөр хийгдэж байна.  Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд дундаж зардал нь 300 мянган төгрөг байдаг тухай мэдээлэл байсан.  Тэгэхээр урьдчилан сэргийлж эрүүл мэндээ хамгаалах мөн санхүүгийн хувьд ч хэмнэлттэй зэрэг олон давуу талтай талаар мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна. Заавал бага насны хүүхэд гэлтгүй үйлчилгээний байгууллагын ажилчид, жирэмсэн, хөхүүл эхчүүд хамрагдах шаардлагатай зорилтот бүлэг гэж ДЭМБ-аас тодорхойлсон байдаг.  Албан байгууллагууд ч гэсэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажилчдаа урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулахыг  уриалж байна.

 

Эх сурвалж:www.polit.mn  

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Өдөрт 4-5кг-аас дээш шахмал түлш хэрэглэвэл зуух дэлбэрэх аюултай” гэв DNN.mn

Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд яндангаа хөөлөхгүй байх, өрхөө бүтээх зэргээр угаарын хийн хордлогод орж амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал цөөнгүй гарч байна. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-аас гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар ярилцлаа.


-Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн хэчнээн дуудлага мэдээлэл ирээд байна вэГал түймэр гарч буй шалтгаан нөхцөл нь юу вэ?

-Нийслэлийн хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар объектын гал түймрийн 1493 удаагийн дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж ажилласан. Дээрх дуудлагаар иргэд аж ахуйн нэгж байгууллагын 298 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалаад буй.  Галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан ахуйн гал түймрийн дуудлага мэдээлэл нэмэгдэж байна. Гал түймэр гарч буй хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал гэр хорооллын айл өрхүүд яндангийн хамгаалалт хийгээгүй, үнс нурмыг тагтай саванд хийгээгүй, цахилгааны хэт ачаалал үүсгэж, олон зэрэг хүчдэл залгаж байгаа нь гал түймэр гарах хүчин зүйл болдог. Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан айл өрхүүд цахилгаан халаагуур, халаагчийг гэр байшин, аж ахуйн нэгж байгууллагадаа суурилуулахаар сонгосон бол цахилгаан ашиглалтын дүрэм журмыг мөрдөх нь зүйтэй.

-Иргэд дор бүрнээ өвөлжилтийн бэлтгэл байдлыг хэрхэн хангах ёстой вэ?

-Өвөлжилтийн бэлтгэлийг зөвхөн албан байгууллага хийх бус иргэд ч мөн бэлдэх хэрэгтэй. Нэн тэргүүнд зуух, яндан, пийшингийн битүүмжийг сайтар шалгаж, яндангаа хөөлөх, яндангийн залгаа, хэмжээг сайжруулах, угаарын хийн мэдрэгчээ тогтмол ажиллуулах хэрэгтэй.

-Хүйтэн сэрүүний улирал эхэлсэн учраас шахмал түлшний хэрэглээ нэмэгддэг. Гэвч энэ үед пийшин, зуух дэлбэрэх явдал цөөнгүй гардаг. Иймд иргэд юунд анхаарах ёстой вэ? 

-Сайжруулсан түлшийг өдөрт 4-5 кг-аас илүүг хэрэглэж болохгүй. 4-5 кг-аас дээш шахмал түлш хэрэглэсэн тохиолдолд зуух, пийшинд хэт халалт үүсэж дэлбэрэх аюултай. Уг нь шахмал түлшийг зориулалтын зууханд түлбэл илүү тохиромжтой. Харамсалтай нь хотын ихэнх өрх энгийн зууханд шахмал түлшийг түлж хэрэглэж буй. Ингэхдээ их хэмжээгээ түлсний улмаас халалт үүсэж дэлбэрэх, гал алдах эрсдэл учирч буй. Айл бүхэн заасан хэмжээнээс хэтрүүлэлгүй дулаанаа тохируулж хэрэглэх, алхам тутамдаа хяналт тавьж бага насны хүүхэд, тусгай хэрэгцээт иргэд, хөгшин настай хүмүүсийг хараа хяналтгүй орхихгүй байх хэрэгтэй. Галлагааны улиралд иргэн та өөрийн болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, зуух, яндан, пийшингийн битүүмжийг сайжруулж, угаарын хийн мэдрэгчээ ажиллуулахыг уриалж, гал түймрийн аюул, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.