Categories
мэдээ нийгэм

Нам даралтын зуух буудаж, гал гарчээ DNN.mn

Өвөрхангай аймаг, Арвайхээр Согоот нэгдүгээр баг байшингийн нам даралтын зуух буудаж гал гарч байна гэсэн дуудлага 11.20-ны өдрийн 22.32 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 10х10 метрийн хэмжээтэй байшингийн 4х3 метрийн хэмжээтэй үүдний хэсгийн нам даралтын зуух буудаж, дээвэр шатаж байсныг унтраасан байна.

Иймд болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжилж, зуухны бүрэн бүтэн болон аюулгүй байдлаа шалгаж эрсдэлээс хамгаалахыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Цөмийн энергийн тухай хуулийн төслийг баталлаа DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.11.21) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад гишүүдийн 54.8 хувийн ирцтэйгээр эхэлж, Засгийн газраас 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй байдал, гадаад, бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат хууль хэрэгжиж эхлээд ямар хугацаанд үр дүн гарах, “Орано” групп нь манай улсад үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ хамгийн сүүлийн үеийн техник технологи ашиглах талаар баталгаа гаргуулах, олборлох ураныг энх тайвны зорилгоор ашиглах талаар гэрээндээ тусгах, олборлосон тодорхой хувийг борлуулах эрхтэй байх, Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл дээрх хуулийн төсөл болон цаашид хийх гэрээ, хэлэлцээрийн талаар иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, шинжлэх ухааны ойлголтуудыг тодорхой ойлгомжтой хүргэхэд анхаарах талаар асуулт асууж, хариулт авчээ. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед зарчмын зөрүүтэй 1 саналын томьёоллыг гүйцээн боловсруулах, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсөн. Байнгын хороо 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй саналыг гүйцээн боловсруулж, санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурал дахь намын бүлэг болон бүлэгт харьяалагддаггүй Улсын Их Хурлын гишүүдээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу асуулт асуулаа.

Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар, Дорноговь аймгийн Зүүнбаян, Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт үндсэн орд байрлаж байна. Эдгээр сумын иргэдэд нөхөн олговорыг хэрхэн олгох талаар асуухад “Мон-Атом” ХХК-ийн захирал Д.Далайжаргал “2006 оноос эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт 9 тэрбум төгрөг зарцуулсан. Улаанбадрах суманд 700 сая, Зүүнбаян суманд 300 сая төгрөгийн нөхөн олговор  жил бүр өгч байна” хэмээн хариулав. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ө.Шижир нар хог хаягдлыг хэрхэн шийдэх, уран олборлоход их хэмжээгээр шаардагдах хүхрийн хүчлийг хаанаас импортлох талаар асуусан.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, манай орон зэсийн нөөцөөрөө дэлхийд эхний 10 байранд явдаг. Тиймээс эхний ээлжинд “Эрдэнэт” үйлдвэрээ түшиглэн зэс хайлуулах үйлдвэр барихаар төлөвлөж байна. Зэс хайлуулах үйлдвэрлэлээс хүхрийн исэл гарна. Тэрхүү хүхрийг олборлох үйл ажиллагаандаа ашиглана гэв. Харин Цөмийн энергийн комиссын ажлын албаны нарийн бичгийн дарга Г.Манлайжав, төслийн үйл ажиллагааны үр дүнд 250 тонн цацраг идэвхт хаягдал үүснэ. Олон улсын болон Монгол Улсын зохих хууль, журмын дагуу хог, хаягдлын менежмент хийх үйл ажиллагааг хөрөнгө оруулалтын гэрээндээ тусгана. Төслийн явцад 3 төрлийн хог хаягдал гарна. Шатах, тослох материал буюу аюултай хог хаягдлыг устгах үйлдвэр барина, цацраг идэвхт буюу шар нунтгийн сав, бээлий зэрэг хог хаягдлыг булшилна. Ердийн хог хаягдлыг шатаах гэсэн 3 аргаар хог хаягдлыг шийдэхээр тохиролцсон гэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, цацраг идэвхт ашигт малтмал олборлохтой холбогдуулан болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, хүний эрүүл мэнд болон байгаль орчинд нөлөөлөх үнэлгээг хийхээр тусгасан байна. Байгаль орчны үнэлгээг хийсэн атлаа хүний эрүүл мэндэд нөлөөлөх талаарх үнэлгээг тун тааруу байна хэмээгээд хүний эрүүл мэндэд нөлөөлөх үнэлгээг сайжруулах талаар санал хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Сандаг-Очир, хуулийн төслийг богино хугацаанд хэлэлцэн баталж байгааг тэмдэглээд төсөл хөтөлбөрийн ач холбогдлыг нийтээрээ ойлгож, цаг нь ирэхээр аливаа төсөл эхэлдэг гэдгийг харуулж байна гэв. Цаашид гэрээг үр ашигтай байгуулахад анхаарч ажиллах талаар саналаа хэллээ.

Түүний дараа Байнгын хорооны бэлтгэсэн зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулан шийдвэрлээд, хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэх хангуулахаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хуулийн төслийг өнөөдрийн хуралдаанаар эцэслэн батлах санал гаргав. Нэгдсэн хуралдаанаар бусад асуудлыг хэлэлцэж байх  хооронд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэлийг хангасны дараа өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслийг эцэслэн батлахаар тогтов.

Түүний дараа “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тус тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа. 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталсан ардчилсан, шинэ Үндсэн хуулийн оршил хэсэгтээ “Монголын ард түмэн бид Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна” хэмээн тунхагласан нь Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сахин биелүүлэхийн үндэс болсон. Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиа дээдэлж, түүний агуулга, үзэл санааг ойлгож, өрх бүр дээдлэн залахыг уриалж, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг тайлбарлан таниулах, нийт байгууллага, иргэний үйл ажиллагааг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлэх, “Мэдэгтүн, сахигтун!” гэж даяар олноо зарлан тунхагласныг сахин биелүүлэх зорилгын хүрээнд төслийг боловсруулжээ. Улсын Их Хурлын тогтоолын төсөлд төрийн байгууллага, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар Үндсэн хуулийг дээдлэн залах, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг бүх түвшний боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрийн агуулгад тусган, түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулахыг Монгол Улсын Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллагад даалгах; Монгол Улсын иргэн  бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, өрх бүр Үндсэн хуулийг дээдлэн залах, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулж сурталчлахыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалах зохицуулалтыг тусгасан байна. Мөн тогтоолыг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад даалгах, уг тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Үндсэн хуулийг тунхаглалын шинж чанартай биш, залуучууд хойч үедээ Үндсэн хуулийн үзэл санааг бага наснаас нь ойлгуулах, бүх түвшний боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт тодорхой тусгаж, эргэх холбоог нэмэгдүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Үндсэн хуулийн үзэл санаа боловсролын байгууллагын хөтөлбөрт одоо хэрхэн туссан, түүнийг сайжруулах талаар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа эсэх, хэвлэл мэдээллийн байгууллагад уриалах бус үүрэгжүүлэх боломжтой эсэх талаар асууж, хариулт авсан болно. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, О.Алтангэрэл нар Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлүүлэх хүрээнд “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, саналаа хэлсэн.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Үндсэн хуульт ёсоо эрхэмлэн дээдлэж, иргэд нь хуулиа мэддэг, эрх мэдэлтнүүд түүний үзэл санаанд үнэнч зүтгэдэг байх ёстой. Энэ удаагийн парламент Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг тохиолдуулан “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” шийдвэрийг гаргаж буй нь Монгол Улс ардчилсан засаглалтай, хүний эрх, эрх чөлөөг хангах үзэл баримтлалдаа туйлбартай зогсож чадаж буйн илэрхийлэл хэмээгээд төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлсний дараа “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65.6 хувь дэмжиж батлав.

Дараа нь Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найрууллагыг танилцууллаа. Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 74.5 хувь нь дэмжин, баталлаа. Тус хуультай хамт өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг мөн баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тэмбүүгийн өвчлөл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 154 тохиолдлоор өсчээ DNN.mn

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байгааг НЭМҮТ-өөс мэдээллээ.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1%/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9%/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8%/ тохиолдлыг трихомониаз тус тус эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна.

Categories
мэдээ нийгэм

Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн болно DNN.mn

Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсан ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-ны өдөр улс орон даяар эхэлнэ.

Гурван үе шаттай тус тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй (эмэгтэй шатарчдын чансаа 1800 хүртэл), шатрын спортын улсын цолгүй, зөвхөн хөдөлмөрийн насны буюу 25 нас хүрсэн шатар сонирхогч оролцдог.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг нэгдүгээр сарын 13-ны өдрийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхээр заасан байдаг. Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль баталсны 33 жилийн ой 2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиох бөгөөд Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн 13 дахь удаагаа зохион байгуулагдана.

Жил бүр давхардсан тоогоор 6000 гаруй шатар сонирхогч оролцдог энэхүү тэмцээний анхан шатны тэмцээн 2024 оны 11 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг болж, сум, дүүргийн аваргуудыг шалгаруулна. Анхан шатны тэмцээнээс сумаас эрэгтэй 2, эмэгтэй 1, дүүргээс эрэгтэй 6, эмэгтэй 3 шатарчин тус тус шалгаран хагас шигшээ шатанд оролцоно. Аймаг, нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн 2024 оны 12 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд болж, аймгийн тэмцээнээс эрэгтэй 2, эмэгтэй 1, нийслэлээс эрэгтэй 12, эмэгтэй 6 шатарчин тус тус шалгаран шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцоно.

Шигшээ тэмцээн 2025 оны 1 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний 13 дахь удаагийн аваргыг тодруулах юм. Энэ шатанд хагас шигшээ тэмцээнээс шалгарсан шатарчид болон Улсын Их Хурал, Үндсэн хууль тогтоогчдын холбоо, Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг буюу Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллага, Төрийн ордонд байрлах бусад төрийн байгууллагаас 30 хүртэл шатарчин урилгаар оролцох юм. Тэмцээнээс медаль хүртсэн шатарчин нь шатрын спортын Дэд мастер цол хүртэх бөгөөд улсын аварга шатарчин нь тухайн жилийн шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шатрын холбоог төлөөлөн урилгаар оролцох эрх авдаг юм.

Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсан ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Олон улсын шатрын холбоо (ФИДЕ) болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулах бөгөөд бүх шатны тэмцээнд үндэсний рейтинг бодогддог байна.

Categories
мэдээ улс-төр

Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн гишүүн ТБХ-г удирдаж байгаа цагт төсөвт өөрчлөлт орохгүй DNN.mn

Монгол Улсын 2025 оны төсөвт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавиад буй. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүд Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Сая төсөв баталсан байдлаар дахиад төсөв хэлэлцвэл ямар ч өөрчлөлт гарахгүй. Ажлын хэсгийн гишүүд шинээр бүрдэхдээ маш анхааралтай, хариуцлагатай хүн ормоор байгаа юм. Төсвийн ажлын хэсгийг Ц.Даваасүрэн гишүүн дахиад ахалбал дахиад энэ асуудал хэвээрээ л явна. Тиймээс Ц.Даваасүрэнг ТБХ-ны даргаас “Зайлуул” гэдэг шаардлагыг тавина. Хэрэв энэ хүн даргаа хийж, төсвийн ажлын хэсгээ ахалбал гишүүдийг “Хуралд нь суухгүй бай” гэж уриална. Энэ хүн ажлын хэсгээ ахалж, ТБХ-г удирдаж байгаа цагт төсөвт өөрчлөлт орохгүй” гэлээ.

Categories
гадаад мэдээ

“Эмгэнэлт өдөр”-т зориулж ээлжит бусаар чуулав DNN.mn

Европын парламент эмгэнэлт өдөр буюу Оросууд Украинд бүрэн хэмжээний дайн эхэлсний 1000 хоногийн өдрийг Брюссельд ээлжит бус чуулган хийж тэмдэглэв. Европын Холбоо болон Украины төрийн далбааг Европын парламентын ордны өмнө мандуулж, депутатууд Украины үндэсний далбааны өнгөтэй энгэрийн тэмдэг, бугуйвч эсвэл хувцас өмсөж, харин зарим нь хар өнгийн хувцас өмссөн байв. Энэ удаа Украины ерөнхийлөгч Европын депутатуудтай биечлэн биш, харин видео холбоогоор харилцав. Европын парламентын дарга Роберта Мецола “Владимир Зеленский дэлгэцэн дээр гарч ирэнгүүт хуралдаан эхэлнэ” гэж зарлав.

Украины ерөнхийлөгчийг дэлгэцэн дээр гарч ирэхэд урт удаан алга ташилтаар угтав. Тэрээр англи хэлээр Европын парламентад хандан Оросыг хүчээр шахаж, дайныг шударгаар дуусгахад хэрэгтэй бүхнийг хийхийг уриалаад “Мянган өдрийн дайн бол аймшигт гамшиг. Украnны хувьд ирэх жил энх тайвны жил болох ёстой. Та бүхэн Оросын цохилт бүрийн эсрэг хатуу хориг арга хэмжээ авах ёстой. Нефть зарах замаар Оросын дайныг санхүүжүүлэх нь Путины дэглэмийн амин сүнс юм. Түүний сүүдрийн флот түүнийг амьд байлгаж байгаа бөгөөд эдгээр танкерууд нефть зөөж байхад Путин бусдыг алсаар байх болно. Путин хүмүүсийг ч, хууль ёсыг ч үнэлдэггүй гэдгийг та бүхэн сайн мэднэ. Тэр зөвхөн мөнгө, эрх мэдлийг эрхэмлэдэг. Иймээс түүнийг дайн хийх мөнгөгүй болгох нь энх тайвныг сэргээхийн тулд түүний эсрэг авах ёстой арга хэмжээ” гэж хэлэв. Украины ерөнхийлөгчийг үгээ дуусгахад депутатууд дахин удтал алга ташив. Хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 14-нд Европын парламент Путины дайн хийх санхүүгийн гол эх үүсвэр болж байгаа Оросын далд флотын эсрэг хориг арга хэмжээ авах тогтоол баталсан бөгөөд үүний зэрэгцээ ОХУ-ын эсрэг авах 15 дахь хориг арга хэмжээг боловсруулж байгаа билээ.

Европын парламентын дарга Роберта Мецола “Манай парламент анхнаасаа л Украиныг дэмжсээр ирсэн. Украины улс төр, санхүү, хүмүүнлэг, цэргийн тусламжийг энэ удаагийн парламент тэргүүлэх чиглэл болгож байгааг би үргэлж бахархаж байх болно. Шударга ёс, нэр төр, “Украингүй бол Украинтай холбоотой асуудлаар юу ч ярихгүй” гэсэн зарчимд суурилсан энх тайвны төлөө бид үргэлж зогсох болно” гэсэн бол түүний дараа Германы депутат, Европын парламентын хамгийн том, Христийн ардчилсан намын бүлгийн дарга Манфред Вебер “Киевт туслахын тулд юуны өмнө бид америк найз нартайгаа ярилцах ёстой. Украины дайн бол зөвхөн бүс нутгийн асуудал биш. Украины дайн бол эрх чөлөөт ертөнц ба харгис дарангуйллын хоорондох тэмцлийн шугам юм. Иймээс Украиныг дэмжихэд Европын Холбоо илүү хариуцлага хүлээх ёстой. Украинд оруулсан бидний нэг евро нь Европт ирэх олон дүрвэгчдийг санхүүжүүлэхээс бага зардал байх болно. Орос өөрчлөгдөхгүй, бүх европчуудын аюулгүй байдалд заналхийлсэн улс хэвээр байх болно. Украин байлдааны талбарт ялалт байгуулах ёстой. Европын арми Украnны цэргүүдтэй хамтарч Европын зүүн хилийг урт хугацаанд хамгаалах Европын бат тулгуурыг бий болгож чадна. Украин удахгүй Европын Холбоонд элсэх бөгөөд НАТО-д ч бас гарцаагүй элсэх болно.

Иймээс манай бүлэг Украины Зэвсэгт хүчинд барууны бүх зэвсгийг хэрэглүүлэх, Киевт “TAU­RUS” пуужин нийлүүлэхэд тавьсан бүх хязгаарлалтыг цуцлахыг уриалж байна. Бид Украиныг дэмжиж байгаа, тийм ээ, бид ялах болно!” гэж мэдэгдэв. Мөн Европын парламент дахь Социал демократ намын дарга, Испанийн иргэн Иратже Гарсиа Перес “Манай бүлэг Украиныг эцсийн ялалт хүртэл бүх шаардлагатай тусламж үзүүлэхийн төлөө ажиллах болно гэдгийг амлаж байна. Ерөнхийлөгч Зеленский болон Украины ард түмэнд чанга алга ташилт, урам зориг, зориг, тэсвэр хатуужлын тухай сайхан үгс хэрэггүй, Украинд зэвсэг хэрэгтэй, учир нь дайныг зөвхөн агаарын довтолгооноос хамгаалах систем төдийгүй нисэх онгоц, пуужин, танк бас сумаар ялж дуусгадаг. Барууны улсуудын “өөртөө зориулсан” улаан шугам бүрийг Украины ард түмэн амь, насаараа төлж байна. Украины ялалт бол Европ тивийн аюулгүй байдлын хамгийн сайн баталгаа юм” гэж хэлэв. Германы депутат Терри Рейнтке мөн Европын парламент дахь “ногоон” бүлгийг төлөөлөн Украинд үзүүлэх цэргийн дэмжлэгийг нэмэгдүүлж, аюулгүй байдлын найдвартай баталгааг яаралтай өргөжүүлэхийг уриалаад “Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон учир Европын Холбоо шинэ шийдэмгий алхмаар урагшилж, Путинд өөрсдийн нэгдмэл хүч чадлаа харуулах ёстой” гэж хэлжээ. Харин Европын парламентын Унгарын гишүүн Кинги Гал “Дональд Трамп сонгогдсоны дараа Украины зөрчлийг дипломат аргаар шийдвэрлэх боломж урьд өмнөхөөсөө илүү их болсон. Унгар улс түүхэндээ хамгийн том хүмүүнлэгийн тусламжийн ажиллагааг Украинд явуулсан. Дайн манай хөршид болж байгаа тул мөргөлдөөн хурцадсан нь бидэнд ноцтой үр дагавар авчрах болно. Ийм учраас бид Украинд зэвсэг нийлүүлэхэд оролцохгүй бөгөөд хурцадмал байдалд хүргэж болзошгүй энэ саналыг эсэргүүцэж байна” гээд үүний оронд тэрээр гал зогсоож, энхийн хэлэлцээг аль болох хурдан эхлүүлэхийг уриалав. Харин Европын парламентын зүүний хүчний бүлгийг төлөөлж Германы депутат Мартин Ширдеван “Олон улсын хамтын ажиллагаа, олон улсын хамтын нийгэмлэгийн Орост үзүүлэх улс төрийн дарамтыг байнга нэмэгдүүлэх замаар мөргөлдөөнийг дипломат аргаар зохицуулахыг уриалаад “Бид Путины хамгаалалт, цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор, түүний олигархиуд болон хязгаарлалтыг тойрч гарахын тулд ашигладаг сүүдрийн флотын эсрэг чиглэсэн, үр дүнтэй хориг арга хэмжээ авах замаар эдийн засгийн дарамтыг нэмэгдүүлэх ёстой” гэж хэлжээ. Европын парламентын “Шинэчилж буй Европ” бүлгийг төлөөлж Францын депутат Валери Айе цэргийн болон санхүүгийн тусламжаа нэмэгдүүлэн Украинд барууны зэвсгээр Оросын нутаг дэвсгэр дэх цэргийн бай руу довтлохыг зөвшөөрч, Путины сүүдрийн флот зэрэг барууны хориг арга хэмжээг тойрч гарах бүх цоорхойг бүрэн хаахыг уриалаад “Тийм ээ, ерөнхийлөгч Зеленский, таны ялалтын төлөвлөгөө зөв. Учир нь энэ бол урт удаан, эрх чөлөөтэй, шударга энх тайвны төлөө төлөвлөгөө юм. Тиймээс та наргүйгээр бид юу ч хийх ёсгүй” гэж хэлээд “Украины ирээдүй бол Европын Холбоо болон НАТО юм” гэж мэдэгдсэнээр Европын парламентын ээлжит бус чуулган өндөрлөв.

Categories
мэдээ нийгэм

“Монгол Улсын нийслэл-385, Үндсэн хууль-100, Улаанбаатар хот-100” архивын баримт, биет үзмэрийн үзэсгэлэн үргэлжилж байна DNN.mn

Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны 385 жил, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жил, Нийслэл Хүрээг “Улаанбаатар хот” хэмээн нэрийдсэний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг  нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Архивын газар, Улаанбаатар хотын музей хамтран 11 дүгээр сарын 18-27-ны хооронд зохион байгуулж байна.

Энэхүү үзэсгэлэнгийн үзмэр нь хэсгээс бүрдэх юм. Тодруулбал,

  • 1639 онд Өндөр гэгээн Занабазарын “Шар бөсийн орд” байгуулагдаж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын шав тавигдсанаас эхлээд Өргөө, Их Хүрээ, Нийслэл Хүрээ хэмээн нэрлэгдэж байсан үед холбогдох үзмэрүүд тавигдсан. Үүнд, Өндөр гэгээн Занабазарын хөрөг зураг, Өндөр гэгээн хийгээд Эрдэнэ зуугийн хийдийн түүхэнд зориулсан сурвалж зохиолын хуулбар, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн “Анхны Өргөө”, “Хүрээний нүүдэл” уран зураг, хутагтын “Ривогэжайганданшаддувлин“ хийдийн уран зураг, Их Хүрээг Сэлбийн хөвөөнд суурьшуулсан, Хүрээний хурал номын гол хэсгээс Хятад худалдаачдыг нүүлгэн шилжүүлсэнд холбогдох архивын баримтыг байрлуулжээ.

  • 1924 онд нийслэл хотын Түр, Жинхэнэ захиргааны анхны дарга М.Баярын гэрэл зураг, Нийслэл Хүрээг Улаанбаатар хот хэмээн нэрийдэх, хотын түр захиргааг жинхэнэ захиргаа болгох тухай Улсын Анхдугаар Их Хурлын тогтоол, нийслэлийн Түр Захиргааны дарга, гишүүдийг сонгож томилсныг баталсан Хороодын төлөөлөгчдийн хурлын тогтоол, Түр захиргааны дүрмийг баталсан Ардын Засгийн газрын хурлын тогтоол, Монгол Улсын хотын түр захиргааны дүрэм, Улаанбаатар хотын захиргааны газрын дагаж явах дүрэм, Улаанбаатар хотын олон хороодын дарга нарын дагаж явах дүрмийн бичмэл болон хэвлэмэл эх, Нийслэлийн Түр, жинхэнэ захиргааны тамга, 15 дугаар хорооны захирлагын тэмдэг, Нийслэлийн хороодын төлөөлөгчдийн анхдугаар хурлын тогтоол, Хотыг сайжруулах комиссын хурлын тогтоол, хотын жинхэнэ харьяат болохыг хүсэгчид, хотын амьдралыг харуулсан баримт, гэрэл зургийг байрлуулсан байна.

  • 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хууль, Үндсэн хууль зохиох бэлтгэл ажил, Анхдугаар Үндсэн хуулийн төсөл зохиох комиссыг томилсон тогтоол, Д.Бодоо, Ж.Цэвээн нарын боловсруулсан Үндсэн хуулийн төсөл, Анхдугаар Үндсэн хуулийг баталсан Улсын Их Хурлын тогтоол, Үндсэн хууль зохиох комиссын гишүүд болон Үндсэн хуулийн төслийг боловсруулах, баталсантай холбогдох гэрэл зургийг байрлуулжээ. Үзэсгэлэн Хангарди ордны  “Б” байрны нэг давхарт энэ сарын 27-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн 1128 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

2024 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 11:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1128 автобус иргэдэд үйлчилж байна.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймгийн Ханх суманд 3.2 магнитуд хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 20-ны 21:50:40 цагт 3.2 магнитуд хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 51.17 100.37

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Т.Мөнхсайхан: Нэн яаралтай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зогсоосон зүйл огт байхгүй DNN.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ЭМД-ын асуудлаар мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ” Бүх эмнэлэг ЭМД-ын сантай. ЭМД сан хязгаарлагдмал хөрөнгөтэй. Ялангуяа томоохон эмнэлгүүдэд гэрээ хэтэрсэн зүйл бий. Тухайлбал, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Гуравдугаар эмнэлэг, УНТЭМонгол-Японы эмнэлгүүдийн ЭМДЕГ-тай хийсэн гэрээ дууссан. Гэсэн хэдий ч тухайн эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалаар яаралтай тусламж үйлчилгээнүүдээ хэвийн  үзүүлж байгаа. Тиймээс, нэн яаралтай тусламж үйлчилгээг зогсоосон зүйл огт байхгүй. Рашаан, сувиллын эмчилгээ буюу архаг хууч өвчлөлийн оношоор хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрээнд заасны дагуу ирэх он руу шилжүүлж, тусламж үйлчилгээ үзүүлээрэй гэдэг зохицуулалт хийсэн.

ЭМД-ын санд 2023 оны байдлаар 1.93 их наяд төгрөг төвлөрсөн. 11, 12 сард зарцуулах ёстой мөнгийг эхний улирлуудад зарцуулсан учраас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн” гэлээ.