Categories
мэдээ нийгэм

Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа DNN.mn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2024.10.22/ хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Ирэх 2025 он нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны бүтэн жил учраас төсвийн бодлогыг бүсчилсэн хөгжилд зайлшгүй шаардлагатай суурь дэд бүтцийг шийдэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглүүлснээрээ өмнөх жилүүдээс ялгаатай хэмээн Сангийн сайд тодотгосон. Тэрбээр, шинэ 30 жилийн хөгжлийн суурийг тавих томоохон төслүүдийг эхлүүлэх, төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэсэн 2025 оны төсөвт нийгмийн бодлогын чиглэлээр тусгасан онцлог арга хэмжээг дурдсан.

Монгол Улсын Засгийн газраас нийт төрийн албан хаагчдын цалинг 2023 оны 7 дугаар сарын 1-нээс дунджаар 40 хувиар, 2024 оны 4 дүгээр сарын 1-нээс төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 20 хувиар, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар тус тус нэмэгдүүлсэн.

Мөн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутгийн төрийн захиргаа, төрийн үйлчилгээ болон улс төрийн албан тушаалын албан хаагч сум, тосгонд ажиллаж байгаа бол 40 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байгаа бол 20 хувиар үндсэн цалингаас тус тус тооцож 2024 оны 4 дүгээр сарын 1-нээс олгож байгаа юм.

Ирэх 2025 онд 226.2 мянган төрийн албан хаагчдын цалин хөлсийг инфляцын түвшинтэй уялдуулан 6 хувиар нэмэгдүүлэхээр тооцсон хэмээн танилцуулав.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт төвийн бүсийг “Эрчимжсэн хөдөө аж ахуй, аж үйлдвэржилт, эрчим хүчний дэд бүс”-ээр тодорхойлж энэ хүрээнд хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, судалгаа, хөгжлийн төв байгуулж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг үе шаттайгаар нүүлгэх зорилт тусгагдсан. Энэ дагуу хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг харьяа байгууллагуудын хамт Дархан хот руу 2025 онд нүүлгэх ажпыг зохион байгуулна гэлээ.

Монгол Улсын 2025 оны төсвийн бодлого хэрэгжсэнээр нэгдсэн төсвийн нийт орлогын хэмжээг 36.8 их наяд, төсвийн нийт зарлага 35.8 их наяд, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 1.9 их наяд төгрөгийн ашигтай байхаар байгааг тэрбээр онцоллоо.

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулсан юм.

Тэрбээр, аудитын зорилго нь Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төслийг арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэйгөөр боловсруулж, төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулан, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн эсэхийг хянаж, үнэлэхэд чиглэсэн.

Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эдийн засгийн тулгамдсан болон хугацаа шаардсан суурь асуудлуудыг шийдвэрлэж эхлэх, бүсчилсэн хөгжлийн цогц реформын эхний шат болон нийслэлийн төвлөрлийг сааруулах том төслүүдийг эхлүүлэх зорилт тавьсан байна хэмээлээ.

Монгол Улсын Ерөнхий аудитор, Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлого 33,864.7 /гучин гурван их наяд, найман зуун жаран дөрөв, аравны долоон/ тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.6 хувь, нийт зарлага 35,795.2 /гучин таван их наяд, долоон зуун ерэн тав, аравны хоёр/ тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь, төсвийн суурь тэнцэл 1,909.5 /нэг их наяд, есөн зуун ес, аравны таван/ тэрбум төгрөгийн ашигтай, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,930.5 /нэг их наяд, есөн зуун гуч, аравны таван/ тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэж байхаар төлөвлөжээ.

Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2025 оны төсвийн төслийг 2024 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад Монгол Улсын Ерөнхий сайдын багцын Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас төсөвт төвлөрүүлэх орлогыг 0.4 тэрбум төгрөгөөр, харьяа төсөвт байгууллагын өөрийн орлогыг 0.34 тэрбум төгрөгөөр, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын даргын харьяа төсөвт байгууллагын өөрийн орлогыг 0.1 тэрбум төгрөгөөр, Төрийн албаны зөвлөлийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 0.2 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн төлөвлөсөн байна хэмээсэн.

Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан шалгуурыг хангасан гэж дүгнэсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Номинчимэг, 20 минутын хот Үндэсний хорооны даргын 2025 оны төсвийн төсөлд автомашингүй гудамж, авто зогсоол, явган хүн энгийн болон цахилгаан хөдөлгүүрт дугуйн замын байгууламжийн техник, эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах асуудал тусгажээ. Автомашингүй гудамж болон явган хүний, дугуйн замыг хаана байгуулах вэ. Энэ ажил нийслэл хотод хийж буй бусад ажлуудтай уялдсан уу хэмээн асуусан.

Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Улаанбаатар хотын төв бүсэд хэд хэдэн газар автомашингүй гудамж бий болгох асуудлыг ярьж байгаа. Одоо автомашины зогсоол байгаа газруудад давхар зогсоол байгуулж, аль болох олон машины багтаамжтай болгоод автомашингүй гудамжийг бий болгохоор тав, зургаан газрыг төлөвлөсөн. Энэ асуудлыг нийслэлийн бүтээн байгуулалттай уялдуулахаар ярилцаж байгаа гэсэн хариултыг өгсөн. Тэрбээр, “Москва” хорооллоос нааш хотын төв рүү чиглэсэн дугуйн замыг байгуулах төлөвлөгөөг тухайн үеийн “Гудамж” төслийнхөн гаргасан юм билээ. Энэ төлөвлөгөөг үргэлжлүүлэн дугуйн зам байгуулах ажлыг гүйцэтгэх боломжтой юм байна гэж бид үзсэн. Хотын удирдлага дэмжиж байгаа хэмээлээ.

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсөвт Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээг Хөшигийн хөндийд байгуулахаар тусгасан байна. Нэг цэгийн үйлчилгээнд хүрэх хүн амын урсгалыг хэрхэн тооцсон бэ. Өчнөөн хөрөнгө зарцуулаад барьсан ч  хүн нь зорьж очдоггүй газар болчих вий хэмээн тодруулсан.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын албан үүргийг түр гүйцэтгэгч Б.Солонгоо, УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Номтын аманд төр, захиргааны нэгдсэн байр, төрийн үйлчилгээний нэгдсэн цэг цогцолборыг байгуулах ажил эхэлсэн. Энэ оны төсвийн тодотголоор 100 тэрбум төгрөгийг суулгасан. Энэ цогцолбор 680 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд жил бүрийн төсөвт тодорхой хөрөнгө төсөвлөж явна. Энэ цогцолборыг 2027 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан УИХ-аас баталсан тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн. Цаашдаа Засгийн газар болон төрийн захиргааны төв байгууллагуудыг шилжүүлэн суурьшуулахаар төлөвлөж байна. Бүсчлэлийн хувьд Шинэ зуунмод хотын эдэлбэр газарт цогцолбор байрлана хэмээн хариуллаа.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан, 2025 оны төсвийн төслүүдийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтолоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын нийт газар нутгийн 23.8 хувь сүлжээтэй байна DNN.mn

Монгол Улсын хүн амьдрах боломжтой нийт газар нутгийн 23.8 хувь нь газрын болон үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн ба үлдсэн газар нутаг нь ямар нэг сүлжээнд холбогдоогүй байна.

Хэрэв нийт газар нутгийн зөвхөн 60 хувийг хөдөлгөөнт холбооны сүлжээнд холбоно гэж үзвэл:

1. Үүрэн холбоогоор тооцвол 4G сүлжээний 28,278 баз станц байгуулах шаардлагатай бөгөөд хөрөнгө оруулалтын зардал нь ойролцоогоор 11 их наяд төгрөг болох ба жил бүр ашиглалтын зардал 1,7 их наяд төгрөг зарцуулахаар байна.

2. Орон нутгийн түвшинд ажиллаж буй засаг захиргааны анхан шатны нэгжүүд буюу 1639 багийг шилэн кабелаар холбоход сумаас баг хүртэлх зай дунджаар 29.7 км байх ба 1 км шилэн кабелийн одоогийн суурилуулалтын зардал 8 сая орчим төгрөг гэж тооцоход нийт 292 тэрбум төгрөг, нийт малчин өрхийг шилэн кабелийн сүлжээнд холбоход  29 их наяд төгрөг шаардлагатай болно гэсэн тооцоо тус,тус байдаг.

3. Түүнчлэн жилд гадны хиймэл дагуулын түрээсэнд 9.6 сая ам.доллар төлж байна. Үүнийг 15 жилээр тооцвол 144 сая ам.доллар төлөх тооцоолол бий.

Иймд бүс нутгийг бүрэн хамарсан үндэсний харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөх нь техникийн боломж болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2024 оны өвлийн Монгол хэл бичгийн шалгалт болон Элсэлтийн шалгалтын хуваарь DNN.mn

2024 оны өвлийн Монгол хэл бичгийн шалгалт болон Элсэлтийн шалгалтын хуваарийг танилцуулж байна.

 Шалгалтын бүртгэл 2024 оны 10-р сарын 10-наас 11-р сарын 10-ны хооронд eyesh.eec.mn цахим хуудсаар явагдана. Шалгуулагчид англи хэл, биологи, газар зүй, математик, монгол хэл, нийгэм судлал, орос хэл, түүх, физик, хими зэрэг хичээлээс хоёроос дээш хичээл сонгох бөгөөд бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөрөө төлснөөр бүртгэл баталгаажихыг анхаарна уу.

Шалгалтын суудлын хуваарь 11-р сарын 25-наас хойш гарна.

Шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна.

Бүртгэлийн хуудас /Таны бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Бүртгэлийн хуудас” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авна/

  • Суудлын хуваарь / Шалгуулагч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Суудлын хуваарь” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авна/
  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
  • Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
  • Шалгуулагчид шалгалтын хуваарьт заасан цагаас нэг цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ба анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Б.Загдсамбар: СӨХ газрын зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбайг хашаалж, хаалт тавих эрхгүй DNN.mn

“Хашаа” нэгдсэн арга хэмжээний хүрээнд өнөөдрийн байдлаар 244 байршилд 9900 метр хашаа, хайсыг буулгажээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж буй уг ажил 92 хувьтай байгаа бөгөөд энэ сардаа багтаж нийт байршлын хашаа, хайсыг буулгаж, газрыг чөлөөлж дуусах юм.

Цаашдаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хашаа, хайс, орон сууцны хорооллын хаалтыг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн баривал хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Тухайлбал, Газрын тухай хуульд “Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй хашаалсан бол албадан чөлөөлж, шаардлагатай тохиолдолд гарсан зардлыг буруутай этгээд нөхөн төлнө” хэмээн заажээ. Эдгээр асуудлаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбараас зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр “Оршин суугчид хотхон, хорооллуудын орц гарцыг хаасан хаалтын асуудлаар “Бидний эрхэнд халдлаа” хэмээн гомдол их өгдөг. Бидний зүгээс зөвшөөрөлгүй хашаа, хаалтыг буулгаж ажилладаг. Тухайн хашаа, хаалт зэрэг нь эзэмшил газраасаа хэтэрсэн буюу зөвшөөрөлгүй ашигласан, Газрын тухай хуулийг зөрчсөн бол манай байгууллагаас буулгах эрхтэй. Харин газрыг өөрийн эзэмшлийн эрхийн дагуу ашигласан бол буруутгах боломжгүй” гэдгийг хэллээ.

Түүнчлэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орон сууцны хотхон, аж ахуйн нэгжийн хашааны стандартыг холбогдох байгууллагууд мөрдүүлж, стандартад хяналт тавьж ажилладаг байна. Харин орон сууцны хотхон, хорооллын хаалтыг Сууц өмчлөгчдийн холбоо хариуцах нь түгээмэл. Ингэхдээ СӨХ нь тухайн хотхон, хорооллын газрыг тэр чигээр нь ашиглах эрхтэй. Эсвэл автомашины зогсоол, хаалтын хэсгийг оруулахгүйгээр газрыг ашиглах эрхтэй ч байдаг. Гэхдээ СӨХ болон хувь хүн, байгууллагууд, тэдгээрийн удирдлагын зүгээс газрын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн нийтийн эзэмшлийн зам талбайг хашаалж, хаалт тавих эрхгүй. Нийтийн эзэмшлийн зам талбайг зогсоолын зориулалтаар ашиглах эсэх асуудлыг хариуцсан төрийн байгууллагаас шийдвэрлэдэг байна.

Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын болон бэлчээрийн мэдээллийг гар утасны мессеж хэлбэрээр шуурхай хүлээн авах боломжтой DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчид та бүхэн өөрийн амьдарч байгаа болон ажиллаж байгаа нутаг, орныхоо цаг агаарын  болон бэлчээрийн мэдээллийг гар утасны мессеж хэлбэрээр шуурхай хүлээн авах боломжтой.

Тус системийн тусламжтайгаар мэдээлэл авах хүсэлт гаргахдаа 130-105 дугаарт мессеж илгээнэ.

Үүнээс гадна  код ашиглан аймаг, сумынхаа цаг агаарын мэдээллийг http://sms2.nema.gov.mn/ сайтаас хүлээн аваарай. Ингэснээр цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, ажил, амьдралдаа хэрэгжүүлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Онцгой байдлын ерөнхий газраас  “Мерси Кор” олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд иргэд цаг агаарын урьдчилсан мэдээг гар утасны мессеж хэлбэрээр шуурхай хүлээн авах  үйлчилгээг нэвтрүүлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш “Бурхан багшийн эхийн ачийг хариулсан онцгой дүйчин өдөр” DNN.mn

Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр билгийн тооллын намрын сүүл сарын хуучдын 22-ны өдөр тохиодог юм.

Энэ өдөр нь аргын тооллоор аравдугаар сарын 23-ны өдөр тохиож байна.

Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тус орноо залран, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуу тив буюу энэ дэлхий ертөнцөд залран ирсэн хэмээн бурхан багшийн намтар, түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өвөрхангай, Дундговь, Дорнодын хойд хэсгээр 0.0-18.0 см цасан бүрхүүл тогтжээ DNN.mn

Өнөө өглөөний  /2024.10.22/ цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгэ, Дархан, Говьсүмэр, Хэнтийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завханы зарим газар, Өвөрхангай, Дундговь, Дорнодын хойд хэсгээр 0.0-18.0 см цасан бүрхүүл тогтсон.

Үүнээс хамгийн их нь

  • Завханы Цагаан-Чулуут, Булганы Баян-Агт, Сэлэнгийн Бугантад 18.0 см,
  • Баянхонгорын Баянбулагт 16.0 см,
  • Баянхонгорын Гурванбулаг, Архангайн Чулуутад 14.0 см,
  • Баянхонгорын Жаргалант, Хэнтийн Биндэрт 13.0 см, бусад хэсгээр 0.0-12.0 см цасан бүрхүүл тогтсон байна
Categories
мэдээ спорт цаг-үе

Монголын баг тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ DNN.mn

2024 оны аравдугаар сарын 18-21-ний өдрүүдэд Тайвань улсын Тайпэй хотод болсон муай тай боксын Азийн цомын тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож, 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал, Э.Ариунзаяа (вайкру), Б.Амгаланбаяр элит ангилал 60 кг, Н.Алтанбаяр элит ангилал 71 кг-д алтан медаль хүртлээ. Харин Б.Санчир элит ангилал 57 кг, Э.Ариунзаяа U23 насны 54 кг-д мөнгө, Н.Цогтгэрэл элит ангилал 51 кг-д хүрэл медаль хүртлээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Нийтийн албанд нэр дэвшсэн 609 хүний мэдүүлгийг шалгажээ DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны аравдугаар сарын 14-18-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 609 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 372 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Одоогоор ажиллагаанд 237 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 62 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 14 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 4 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Categories
мэдээ улс-төр

Л.Мөнхбаясгалан: Ерөнхий сайдтай мэтгэлцэхээр боллоо DNN.mn

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Л.Мөнхбаясгалан энэ баасан гаригт болох УИХ-ын чуулганд Ерөнхий сайдтай мэтгэлцэхээр болсон талаараа өөрийн цахим хуудастаа бичжээ.

Энэ талаараа тэрбээр “Ерөнхий сайдтай мэтгэлцэхээр боллоо. Энэ баасан гариг буюу аравдугаар сарын 25-нд УИХ-ын нэгдсэн чуулган дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээлэл хийх үеэр  Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар сөрөг хүчнээ төлөөлж 20 мин мэтгэлцэхээр боллоо. Хоёр талын микрофоныг 20 мин турш нээж ярилцах юм байна. Иргэдээс ирсэн асуултыг асуух хүрээнд явагдаж АН-ын бүлгийн гишүүд бас асуулт асуух дэгтэй ажээ” хэмээн мэдээлсэн байна.