Categories
гадаад мэдээ

Молдавын сонгуулийн эргэн тойронд … DNN.mn

Молдав нь хүн ам цөөтэй ч байршлын хувьд олон улсад стратегийн чухал ач холбогдол бүхий газар нутагтай улс юм. Ялангуяа Оросын хувьд Украинд нөлөөлж чадах маш чухал байршил билээ. Тэгвэл өнгөрсөн ням гаригт энэ улсад ерөнхийлөгчийн сонгуультай хамт тус улсыг Европын Холбоонд элсүүлэх эсэх тухай бүх нийтийн санал асуулга явагдав. Иргэдээс “Бүгд Найрамдах Молдав улсыг Европын Холбоонд элсүүлэхийн тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг та дэмжиж байна уу?” гэсэн асуултад “тийм” эсвэл “үгүй” гэж хариулахыг хүссэн билээ. Энэ удаа нийт сонгогчдын 50.2 хувь нь энэ санал асуулгад “тийм” гэж хариулсан бол ердөө 49.2 хувь нь “үгүй” гэжээ.

Санал хураалтын урьдчилсан дүн буюу Сонгуулийн Төв Хороо саналын хуудасны 98.6 хувийг тоолсны дараа одоогийн ерөнхийлөгч Майя Санду 42, ерөнхий прокурор асан Александр Стояногло 26 хувь санал авч, сонгуулийн ирц 51 хувиас давсан учир арав гаран нэр дэвшигчдээс шалгарч дараагийн шатанд өрсөлдөхөөр болсон байна. Энэ сонгуульд Молдавын нийт нэг сая хагас орчим иргэн саналаа өгсний хагас сая гаруй нь л Сандугийн төлөө саналаа өгсөн аж. Ийнхүү хоёр долоо хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 3-нд одоогийн ерөнхийлөгч Майя Санду болон Социалист намаас нэр дэвшигч, ерөнхий прокурор асан Александр Стояноглу нар өрсөлдөхөөр болов. Хамгийн сонирхолтой нь санал хураалтын дараа сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр Майа Санду “Гэмт хэргийн бүлэглэлүүд манай улсын үндэсний эрх ашигт халдаж байгаа гадны хүчинтэй хамтран манай улс руу олон арван сая евро оруулан үүгээрээ хамгийн ичгүүртэй арга болох худал хуурмаг, суртал ухуулга явуулж, манай иргэд, үндэстнийг тодорхойгүй, тогтворгүй байдалд оруулж байна. Эдгээр гэмт хэргийн бүлэглэлүүд урьд өмнө хэзээ ч байгаагүй их хэмжээний луйвар буюу манай улсын 300.000 саналыг худалдаж авахаар төлөвлөж ажилласан гэсэн тодорхой нотолгоо бидэнд ирсэн. Гэхдээ бид тавьсан зорилгоосоо алхам ч ухрахгүй, ардчилал, эрх чөлөөгөө хамгаалах болно. Бид сонгуулийн эцсийн үр дүнг хүлээж байгаа бөгөөд эдгээр гэмт бүлэгт хатуу шийдвэрээр хариу барих болно” гэж хэлжээ.

Үнэхээр ч Молдавын Тагнуулын алба энэ сонгуулийн өмнө ОХУ-аас мөнгө оруулж буй арга зам болон сонгогчдод авлига өгөх аргыг илрүүлж чадсан билээ. Тухайлбал, есдүгээр сард тус улсад Оросоос орж ирсэн нийт 15 сая гаруй ам.доллар авсан Молдавын 130 мянган иргэнийг Молдавын тусгай хүчнийхэн илрүүлсэн юм. Эдгээр мөнгө “Промсвязбанк” болон “Мир” банкны картаар дамжин Молдавт орж ирсэн бөгөөд Приднестровийн нутаг дэвсгэрт шуудан түгээгчдээр бэлэн мөнгөтэй захидал тараагдаж байсныг мөн илрүүлсэн билээ.

Түүнчлэн мөнгө тараах ажилд Оросын үнэн алдартны сүмийн Молдавын Метрополисын 20 гаруй санваартан оролцож байсан нь тодорхой болсон юм. Энэ сарын 8-наас 10-ны хооронд буюу гуравхан хоногт цагдаагийн байгууллагаас улс төрийн намыг хууль бусаар санхүүжүүлсэн, сонгуулийн авлига авсан гэх эрүүгийн хэргийн хүрээнд 115 удаа нэгжлэг явуулж эдгээр хэргийг илрүүлж, Үндэсний мөрдөн байцаах газрын хүсэлтээр тус улсаас гарч зугтсан олигарх Илан Шорттой холбоотой телеграмын таван суваг, 95 чат ботыг хаасан билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бие даалтын долоо хоногт бага анги танхимаар хичээллэхгүй DNN.mn

Бие даалтын долоо хоног(2024.10.28-2024.11.02)-т бага ангийн сурагчид танхимаар хичээллэхгүй гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ хугацаанд музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг сургуулиуд өөрсдөө сонгон зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Залуус” хорооллоос “Номин” худалдааны төв хүртэлх замыг хаана DNN.mn

Таван шарын нүхэн гарцын ажлын хүрээнд “Залуус” хорооллоос “Номин” агуулах худалдааны төв хүртэлх авто замыг өчигдөр буюу 2024 оны аравдугаар сарын 21-ний 23:00 цагаас аравдугаар сарын 28-ны 22:00 цаг хүртэл хааж, засвар, шинэчлэлийн ажил хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

Тархи судлалын том нээлт DNN.mn

BBC-ийн “Fly brain breakthrough ‘huge leap’ to unlock human mind” буюу “Хүний оюун ухааны нууцыг тайлахад “асар том нээлт” хийсэн ялааны тархины судалгаа” нийтлэлийг хүргэж байна.

Ялааны тархины бүтцийн нарийн төвөгтэй байдал нь үнэхээр гайхалтай. Ялааны тархины нийт 130 мянган мэдрэлийн эсүүд хоорондоо маш хачирхалтай байдлаар холбогддог тул мэдрэлийн дохио 50 сая өвөрмөц замаар дамжих боломжтой байдаг. Үүнийхээ ачаар ялаа газарт, агаарт хоёуланд нь төвөггүй хөдөлгөөн хийдэг цөөн амьтдын нэг юм. Эрчүүд нь бүр үерхэх гэсэн найз охиныхоо өмнө “нисдэг серенада бүжиг” хийж чаддаг. Иймээс эрдэмтэд анх удаа 130 мянга орчим мэдрэлийн эсээс бүрдэх ялааны тархины нарийвчилсан гурван хэмжээст загварыг бүтээж чадсан бөгөөд үүний тулд мэдрэлийн эс тус бүрийн байршил, хэлбэрийг нарийн тодорхойлохоос гадна тэдгээрийн хоорондын 50 сая орчим холбоосыг нарийн гаргаж тархины мэдээллийн замыг илрүүлэн тогтоосон байна. Энэ нь нас гүйцсэн амьтны тархинд хийсэн хамгийн гүнзгий бөгөөд нарийвчилсан анхны том судалгаа болж чаджээ. Энэхүү төсөлд оролцоогүй тархи судлалын салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэгэн эрхэм BBC-д “Энэхүү хэвлэгдсэн судалгаа нь хүний тархины талаарх бидний ойлголтод асар том үсрэлт хийсэн байна” гэж хэлжээ. Мөн Кембрижийн их сургуулийн Анагаах ухааны судалгааны зөвлөлийн молекул биологийн лабораторийн профессор Грегори Жеффрис “Энэхүү судалгааны ажлын үр дүн нь тархины сэтгэн бодох механизмын нууцыг тайлахад том тус болно” гээд “Хүн бүрийн толгой доторх мэдрэлийн нарийн төвөгтэй бүтэц, үйлдлүүд эргэн тойрон дахь ертөнцтэй хэрхэн зөв харьцдаг вэ гэсэн асуултад өнөөдөр эрдэмтэд итгэлтэй хариулт өгч чаддаггүй. Тухайлбал, хүний тархиар мэдрэлийн дохио хэрхэн дамждаг вэ, энэ нь яаж бидэнд мэдээллийг боловсруулах боломж олгодог вэ, миний хувьд таны царайг таних, та миний дууг сонсож, сонссон зүйлээ боловсруулан шийд гаргахад таны тархины цахилгаан дохионууд яаж ажилладаг вэ гэдгийг мэдэхийг хүсч байна уу? Тэгвэл ялааны тархины ажиллагааг загварчилсан судалгаа нь бидний тархи хэрхэн ажилладгийг ойлгоход туслах маш чухал ажил болсон байна” гэжээ.

Хүний тархи энэхүү судалгаанд сонгон авсан жимсний ялаа болох дрозофилоос сая дахин их мэдрэлийн эстэй. Тэгвэл АНУ-ын Принстоны Их сургуульд явуулсан ялааны тархины энэхүү судалгааны нэг хэсгийг ахалсан профессор Мала Мерти “Эрдэмтэд “холбогч” гэж нэрлэдэг тархины мэдрэлийн эсүүдийн хэрхэн хоорондоо холбогдож буй энэ загвар нь судлаачдад өнөөг хүртэл хараагүй байсан шинэ боломжийг нээж өгсөн. Ялааны тархины ажиллагааны энэ загвар нь судлаачдад бидний тархины бүтэц, үйл ажиллагааны зарчмуудыг илүү сайн ойлгоход тусална. Ингэснээр эрүүл тархины ажиллагааг ижил төстэй тархины үйл ажиллагаатай харьцуулснаар уг тархинд ямар нэг зүйл буруу явж байгааг шууд ойлгон эмчлэх боломжтой болно гэж найдаж байна” гэжээ. Энэхүү судалгаанд оролцоогүй Лондонгийн Фрэнсис Крикийн хүрээлэнгийн тархи судлалын бүлгийг удирддаг Люсиа Прието Годино энэ саналтай санал нэг байна гээд “Өмнө нь эрдэмтэд 300 орчим нейронтой энгийн чийгийн улаан хорхойн мэдрэлийн гурван мянга орчим холбогчийг нэгтгэн судалсан. Харин 130 мянган нейронтой ялааны тархины үйл ажиллагааны иж бүрэн холбогчийг загварчилсан нь ердөө л шинжлэх ухааны том ололт амжилт юм. Эрдэмтэд ийм тархины холбогчийг эмхтгэж, холбогдох аргыг илрүүлснээр удахгүй хулганы тархи, магадгүй хэдэн жилийн дараа бидний тархины загварыг гаргах боломжтой болно” гэжээ. Учир нь энэхүү ялааны тархины судалгаа нь биеийн тодорхой үйл ажиллагааг гүйцэтгэхэд ашигладаг мэдрэлийн тодорхой замыг тусгаарлаж, тэдгээр нь хоорондоо хэрхэн холбогдож байгааг харуулж чадсан юм байна. Жишээлбэл, хөдөлгөөнийг хариуцдаг эсүүд тархины ёроолд байрладаг бол харааны мэдрэмжийг хариуцдаг мэдрэлийн эсүүд хажуу талд байрладаг бөгөөд харааны дүрс боловсруулах нь илүү их боловсруулалтын хүч шаарддаг учир нь илүү олон мэдрэлийн эсүүд оролцдог. Эрдэмтэд ийм тусдаа зам байдгийг өмнө нь мэддэг байсан ч тэдгээр нь хэрхэн холбогддогийг мэддэггүй байв. Харин энэ судалгаа үүнийг яаж холбогддогийг анх удаа тодорхой харуулж чадсан байна.

“Nature” сэтгүүлд нийтлэгдсэн шавьжны тархины диаграмм зургууд нь архитектурын нарийн төвөгтэй байдал гэхээсээ ялааны гоо үзэсгэлэн гэмээр тархины мэдрэлийн бүтцийг бидэнд харуулж байна. Энэхүү загвар ийм жижигхэн эрхтэн яаж ийм асар олон тооны нарийн төвөгтэй үйлдэлтэй ажлыг гүйцэтгэх чадвартай байна вэ гэсэн гол асуултад хариулж байгаагаараа онцлог юм. Орчин үеийн шинжлэх ухаан өндөр хөгжсөн гэдэг ч намуу цэцгийн үр шиг хэмжээтэй ялааны тархи шиг ийм өндөр чадвартай компьютер бүтээх яагаа ч үгүй байгаа билээ. Гэхдээ эдгээр эрдэмтдийн хийсэн ялааны тархины мэдрэлийн холболтын хэвлэгдсэн загваруудыг бусад судлаачид аль хэдийнэ ашиглаж эхэлжээ. Жишээлбэл, ялаа яагаад цохиж алах, барьж авахад хэцүү байдгийг тайлбарласан байна. Ялааны харааны мэдрэлийн эсүүд нугалсан сонин аль зүгт нисч байгааг илрүүлж, тэр даруй ялааны далавчны булчинд хаашаа хөдлөх ёстой тухай дохио дамжуулж байгааг загварчлан гаргажээ. Энэ дохио нь бидний бодлын хурдаас ч хурдан явагддагийг тодорхойлжээ. Энэ нь бид тэднийг цохиж алахад яагаад хэцүү байдгийг тайлбарлаж чаджээ.

Ялааны тархины ажиллагааны нарийвчилсан загварыг бий болгохын тулд ялааны тархийг микроскопын зүсүүрээр нямбайлан нимгэн зүсэж 7000 болгон хувааж, зүсмэг бүрийн зургийг тусад нь авч, нийт гэрэл зургуудыг дижитал хэлбэрт шилжүүлсэн байна. Үүний дараа Принстоны эрдэмтдийн баг хиймэл оюун ухааныг ашиглан авсан гэрэл зургуудаас тодорхой эс бүрийн хэлбэр, тэдгээрийн хоорондын холболтын талаар мэдээллийн загварыг гаргаж авчээ. Гэсэн хэдий ч хиймэл оюун ухаан нь эрдэмтдэд зөвхөн хэсэгчлэн тусалж байжээ. Учир нь уг ажлын явцад хиймэл оюун нийт гурван сая гаруй алдаа гаргасан бөгөөд судлаачид алдаа бүрийг өөрсдөө илрүүлж, засах шаардлага гарч байжээ. Анагаах ухааны судалгааны зөвлөлийн молекул биологийн лабораторийн гишүүн, доктор Филипп Шлегел “Тархины тодорхой мэдрэлийн хэлхээ яг юуг хариуцаж байгааг тайлбарлаж чадахгүй бол энэхүү диаграмм нь ямар ч утгагүй зүйл болно. Үүнийг “Google”-ийн газрын зурагтай зүйрлэж болно. Харин эдгээр газрын зураг нь тархины үйл ажиллагааны зураг гэдгээрээ л газрын зурагнаас ялгаатай юм. Мэдрэлийн холболтын түүхий загвар нь газрын зураг гудамж, тэдгээрт байрлах барилга байгууламж ямар бүтэцтэй байгааг ойлгох боломжийг бидэнд олгодог. Гэхдээ эдгээр мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагааг дүрсэлсэн нь газрын зураг дээр гудамж, хотуудын нэр, ажлын цаг, утасны дугаар гэх мэт хэрэгтэй зүйлсийг нэмж бичсэнтэй адил зүйл” гэж тайлбарлажээ.

Ялааны тархины эдгээр загвар нь өөрийн судалгаанд ашиглах хүсэлтэй бүх эрдэмтэнд нээлттэй байгаа аж. Эдгээрийн тусламжтайгаар мэдрэл судлаачид ойрын хоёр жилд олон чухал нээлтүүд хийнэ гэдэгт доктор Шлегел итгэлтэй байна. Харин хүний тархи ялааныхаас хамаагүй том учир одоогоор хүний тархины нарийн бүтцийн талаарх бүх мэдээллийг цуглуулах технологи бидэнд хараахан гараагүй байна. Гэсэн ч 30 жилийн дотор хүний тархины холбогчийн загварыг гаргах боломжтой гэж судлаачид үзэж байна. Мөн ялааны тархины үйл ажиллагааны эдгээр загвар нь бидний оюун ухаан хэрхэн ажилладаг талаар илүү гүнзгий ойлголттой болох үндэс суурь болсон гэдгийг онцолжээ. Ялааны тархины үйл ажиллагааны энхүү загварыг олон улсын “FlyWire” консорциумд нэгдсэн дэлхийн олон орны шинжлэх ухааны багууд хамтарч хийсэн юм байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа DNN.mn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2024.10.22/ хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Ирэх 2025 он нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны бүтэн жил учраас төсвийн бодлогыг бүсчилсэн хөгжилд зайлшгүй шаардлагатай суурь дэд бүтцийг шийдэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглүүлснээрээ өмнөх жилүүдээс ялгаатай хэмээн Сангийн сайд тодотгосон. Тэрбээр, шинэ 30 жилийн хөгжлийн суурийг тавих томоохон төслүүдийг эхлүүлэх, төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэсэн 2025 оны төсөвт нийгмийн бодлогын чиглэлээр тусгасан онцлог арга хэмжээг дурдсан.

Монгол Улсын Засгийн газраас нийт төрийн албан хаагчдын цалинг 2023 оны 7 дугаар сарын 1-нээс дунджаар 40 хувиар, 2024 оны 4 дүгээр сарын 1-нээс төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 20 хувиар, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар тус тус нэмэгдүүлсэн.

Мөн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутгийн төрийн захиргаа, төрийн үйлчилгээ болон улс төрийн албан тушаалын албан хаагч сум, тосгонд ажиллаж байгаа бол 40 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байгаа бол 20 хувиар үндсэн цалингаас тус тус тооцож 2024 оны 4 дүгээр сарын 1-нээс олгож байгаа юм.

Ирэх 2025 онд 226.2 мянган төрийн албан хаагчдын цалин хөлсийг инфляцын түвшинтэй уялдуулан 6 хувиар нэмэгдүүлэхээр тооцсон хэмээн танилцуулав.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт төвийн бүсийг “Эрчимжсэн хөдөө аж ахуй, аж үйлдвэржилт, эрчим хүчний дэд бүс”-ээр тодорхойлж энэ хүрээнд хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, судалгаа, хөгжлийн төв байгуулж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг үе шаттайгаар нүүлгэх зорилт тусгагдсан. Энэ дагуу хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг харьяа байгууллагуудын хамт Дархан хот руу 2025 онд нүүлгэх ажпыг зохион байгуулна гэлээ.

Монгол Улсын 2025 оны төсвийн бодлого хэрэгжсэнээр нэгдсэн төсвийн нийт орлогын хэмжээг 36.8 их наяд, төсвийн нийт зарлага 35.8 их наяд, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 1.9 их наяд төгрөгийн ашигтай байхаар байгааг тэрбээр онцоллоо.

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулсан юм.

Тэрбээр, аудитын зорилго нь Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төслийг арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэйгөөр боловсруулж, төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулан, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн эсэхийг хянаж, үнэлэхэд чиглэсэн.

Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эдийн засгийн тулгамдсан болон хугацаа шаардсан суурь асуудлуудыг шийдвэрлэж эхлэх, бүсчилсэн хөгжлийн цогц реформын эхний шат болон нийслэлийн төвлөрлийг сааруулах том төслүүдийг эхлүүлэх зорилт тавьсан байна хэмээлээ.

Монгол Улсын Ерөнхий аудитор, Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлого 33,864.7 /гучин гурван их наяд, найман зуун жаран дөрөв, аравны долоон/ тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.6 хувь, нийт зарлага 35,795.2 /гучин таван их наяд, долоон зуун ерэн тав, аравны хоёр/ тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь, төсвийн суурь тэнцэл 1,909.5 /нэг их наяд, есөн зуун ес, аравны таван/ тэрбум төгрөгийн ашигтай, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,930.5 /нэг их наяд, есөн зуун гуч, аравны таван/ тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэж байхаар төлөвлөжээ.

Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2025 оны төсвийн төслийг 2024 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад Монгол Улсын Ерөнхий сайдын багцын Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас төсөвт төвлөрүүлэх орлогыг 0.4 тэрбум төгрөгөөр, харьяа төсөвт байгууллагын өөрийн орлогыг 0.34 тэрбум төгрөгөөр, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын даргын харьяа төсөвт байгууллагын өөрийн орлогыг 0.1 тэрбум төгрөгөөр, Төрийн албаны зөвлөлийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 0.2 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн төлөвлөсөн байна хэмээсэн.

Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан шалгуурыг хангасан гэж дүгнэсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Номинчимэг, 20 минутын хот Үндэсний хорооны даргын 2025 оны төсвийн төсөлд автомашингүй гудамж, авто зогсоол, явган хүн энгийн болон цахилгаан хөдөлгүүрт дугуйн замын байгууламжийн техник, эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах асуудал тусгажээ. Автомашингүй гудамж болон явган хүний, дугуйн замыг хаана байгуулах вэ. Энэ ажил нийслэл хотод хийж буй бусад ажлуудтай уялдсан уу хэмээн асуусан.

Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Улаанбаатар хотын төв бүсэд хэд хэдэн газар автомашингүй гудамж бий болгох асуудлыг ярьж байгаа. Одоо автомашины зогсоол байгаа газруудад давхар зогсоол байгуулж, аль болох олон машины багтаамжтай болгоод автомашингүй гудамжийг бий болгохоор тав, зургаан газрыг төлөвлөсөн. Энэ асуудлыг нийслэлийн бүтээн байгуулалттай уялдуулахаар ярилцаж байгаа гэсэн хариултыг өгсөн. Тэрбээр, “Москва” хорооллоос нааш хотын төв рүү чиглэсэн дугуйн замыг байгуулах төлөвлөгөөг тухайн үеийн “Гудамж” төслийнхөн гаргасан юм билээ. Энэ төлөвлөгөөг үргэлжлүүлэн дугуйн зам байгуулах ажлыг гүйцэтгэх боломжтой юм байна гэж бид үзсэн. Хотын удирдлага дэмжиж байгаа хэмээлээ.

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсөвт Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээг Хөшигийн хөндийд байгуулахаар тусгасан байна. Нэг цэгийн үйлчилгээнд хүрэх хүн амын урсгалыг хэрхэн тооцсон бэ. Өчнөөн хөрөнгө зарцуулаад барьсан ч  хүн нь зорьж очдоггүй газар болчих вий хэмээн тодруулсан.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын албан үүргийг түр гүйцэтгэгч Б.Солонгоо, УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Номтын аманд төр, захиргааны нэгдсэн байр, төрийн үйлчилгээний нэгдсэн цэг цогцолборыг байгуулах ажил эхэлсэн. Энэ оны төсвийн тодотголоор 100 тэрбум төгрөгийг суулгасан. Энэ цогцолбор 680 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд жил бүрийн төсөвт тодорхой хөрөнгө төсөвлөж явна. Энэ цогцолборыг 2027 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан УИХ-аас баталсан тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн. Цаашдаа Засгийн газар болон төрийн захиргааны төв байгууллагуудыг шилжүүлэн суурьшуулахаар төлөвлөж байна. Бүсчлэлийн хувьд Шинэ зуунмод хотын эдэлбэр газарт цогцолбор байрлана хэмээн хариуллаа.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан, 2025 оны төсвийн төслүүдийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтолоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын нийт газар нутгийн 23.8 хувь сүлжээтэй байна DNN.mn

Монгол Улсын хүн амьдрах боломжтой нийт газар нутгийн 23.8 хувь нь газрын болон үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн ба үлдсэн газар нутаг нь ямар нэг сүлжээнд холбогдоогүй байна.

Хэрэв нийт газар нутгийн зөвхөн 60 хувийг хөдөлгөөнт холбооны сүлжээнд холбоно гэж үзвэл:

1. Үүрэн холбоогоор тооцвол 4G сүлжээний 28,278 баз станц байгуулах шаардлагатай бөгөөд хөрөнгө оруулалтын зардал нь ойролцоогоор 11 их наяд төгрөг болох ба жил бүр ашиглалтын зардал 1,7 их наяд төгрөг зарцуулахаар байна.

2. Орон нутгийн түвшинд ажиллаж буй засаг захиргааны анхан шатны нэгжүүд буюу 1639 багийг шилэн кабелаар холбоход сумаас баг хүртэлх зай дунджаар 29.7 км байх ба 1 км шилэн кабелийн одоогийн суурилуулалтын зардал 8 сая орчим төгрөг гэж тооцоход нийт 292 тэрбум төгрөг, нийт малчин өрхийг шилэн кабелийн сүлжээнд холбоход  29 их наяд төгрөг шаардлагатай болно гэсэн тооцоо тус,тус байдаг.

3. Түүнчлэн жилд гадны хиймэл дагуулын түрээсэнд 9.6 сая ам.доллар төлж байна. Үүнийг 15 жилээр тооцвол 144 сая ам.доллар төлөх тооцоолол бий.

Иймд бүс нутгийг бүрэн хамарсан үндэсний харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөх нь техникийн боломж болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2024 оны өвлийн Монгол хэл бичгийн шалгалт болон Элсэлтийн шалгалтын хуваарь DNN.mn

2024 оны өвлийн Монгол хэл бичгийн шалгалт болон Элсэлтийн шалгалтын хуваарийг танилцуулж байна.

 Шалгалтын бүртгэл 2024 оны 10-р сарын 10-наас 11-р сарын 10-ны хооронд eyesh.eec.mn цахим хуудсаар явагдана. Шалгуулагчид англи хэл, биологи, газар зүй, математик, монгол хэл, нийгэм судлал, орос хэл, түүх, физик, хими зэрэг хичээлээс хоёроос дээш хичээл сонгох бөгөөд бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөрөө төлснөөр бүртгэл баталгаажихыг анхаарна уу.

Шалгалтын суудлын хуваарь 11-р сарын 25-наас хойш гарна.

Шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна.

Бүртгэлийн хуудас /Таны бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Бүртгэлийн хуудас” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авна/

  • Суудлын хуваарь / Шалгуулагч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Суудлын хуваарь” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авна/
  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
  • Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
  • Шалгуулагчид шалгалтын хуваарьт заасан цагаас нэг цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ба анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Б.Загдсамбар: СӨХ газрын зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбайг хашаалж, хаалт тавих эрхгүй DNN.mn

“Хашаа” нэгдсэн арга хэмжээний хүрээнд өнөөдрийн байдлаар 244 байршилд 9900 метр хашаа, хайсыг буулгажээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж буй уг ажил 92 хувьтай байгаа бөгөөд энэ сардаа багтаж нийт байршлын хашаа, хайсыг буулгаж, газрыг чөлөөлж дуусах юм.

Цаашдаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хашаа, хайс, орон сууцны хорооллын хаалтыг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн баривал хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Тухайлбал, Газрын тухай хуульд “Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй хашаалсан бол албадан чөлөөлж, шаардлагатай тохиолдолд гарсан зардлыг буруутай этгээд нөхөн төлнө” хэмээн заажээ. Эдгээр асуудлаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбараас зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр “Оршин суугчид хотхон, хорооллуудын орц гарцыг хаасан хаалтын асуудлаар “Бидний эрхэнд халдлаа” хэмээн гомдол их өгдөг. Бидний зүгээс зөвшөөрөлгүй хашаа, хаалтыг буулгаж ажилладаг. Тухайн хашаа, хаалт зэрэг нь эзэмшил газраасаа хэтэрсэн буюу зөвшөөрөлгүй ашигласан, Газрын тухай хуулийг зөрчсөн бол манай байгууллагаас буулгах эрхтэй. Харин газрыг өөрийн эзэмшлийн эрхийн дагуу ашигласан бол буруутгах боломжгүй” гэдгийг хэллээ.

Түүнчлэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орон сууцны хотхон, аж ахуйн нэгжийн хашааны стандартыг холбогдох байгууллагууд мөрдүүлж, стандартад хяналт тавьж ажилладаг байна. Харин орон сууцны хотхон, хорооллын хаалтыг Сууц өмчлөгчдийн холбоо хариуцах нь түгээмэл. Ингэхдээ СӨХ нь тухайн хотхон, хорооллын газрыг тэр чигээр нь ашиглах эрхтэй. Эсвэл автомашины зогсоол, хаалтын хэсгийг оруулахгүйгээр газрыг ашиглах эрхтэй ч байдаг. Гэхдээ СӨХ болон хувь хүн, байгууллагууд, тэдгээрийн удирдлагын зүгээс газрын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн нийтийн эзэмшлийн зам талбайг хашаалж, хаалт тавих эрхгүй. Нийтийн эзэмшлийн зам талбайг зогсоолын зориулалтаар ашиглах эсэх асуудлыг хариуцсан төрийн байгууллагаас шийдвэрлэдэг байна.

Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын болон бэлчээрийн мэдээллийг гар утасны мессеж хэлбэрээр шуурхай хүлээн авах боломжтой DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчид та бүхэн өөрийн амьдарч байгаа болон ажиллаж байгаа нутаг, орныхоо цаг агаарын  болон бэлчээрийн мэдээллийг гар утасны мессеж хэлбэрээр шуурхай хүлээн авах боломжтой.

Тус системийн тусламжтайгаар мэдээлэл авах хүсэлт гаргахдаа 130-105 дугаарт мессеж илгээнэ.

Үүнээс гадна  код ашиглан аймаг, сумынхаа цаг агаарын мэдээллийг http://sms2.nema.gov.mn/ сайтаас хүлээн аваарай. Ингэснээр цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, ажил, амьдралдаа хэрэгжүүлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Онцгой байдлын ерөнхий газраас  “Мерси Кор” олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд иргэд цаг агаарын урьдчилсан мэдээг гар утасны мессеж хэлбэрээр шуурхай хүлээн авах  үйлчилгээг нэвтрүүлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш “Бурхан багшийн эхийн ачийг хариулсан онцгой дүйчин өдөр” DNN.mn

Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр билгийн тооллын намрын сүүл сарын хуучдын 22-ны өдөр тохиодог юм.

Энэ өдөр нь аргын тооллоор аравдугаар сарын 23-ны өдөр тохиож байна.

Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тус орноо залран, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуу тив буюу энэ дэлхий ертөнцөд залран ирсэн хэмээн бурхан багшийн намтар, түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ.