Categories
мэдээ нийгэм

Америкаас УИХ-ын зарим гишүүн рүү ярьж “С.Зоригийг хөнөөсөн хэргийг зогсоох талаар анхаараач” гэжээ DNN.mn

Одоогоос 26 жилийн өмнөх аравдугаар сарын 2-ны үдэш УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг хөнөөсөн хэрэг илэрч, захиалагч гүйцэтгэгч нь ил болоход ойртсон бололтой. Эх сурвалжуудын мэдээлэл, холбогдох хүмүүсийн үйл хөдлөл үүнийг илэрхийлж байна.

Ямартай ч 2017 онд “С.Зоригийг хөнөөсөн этгээдүүдийг шүүхээр эцэслэн шийтгэлээ” гээд байсан нь улс төрийн шоу болж таарсан. Тэр үед энэ хэргээр ялын дээд хэмжээ хүртэл шийтгүүлж байсан хоёр иргэний хохирлыг барагдуулах тухай өнөөдөр яригдаж байна. Ер нь яг энэ хэргийг тойрсон хүний эрх, эрүүдэн шүүсэн асуудлаар УИХ, Засгийн газраас ажлын хэсгүүд байгуулагдсан. Тэд олон улсын байгууллагуудтай мэдээлэл солилцож, хамтран ажиллаад эхэлжээ.

Үүнтэй зэрэгцээд хууль хяналтынхан, ялангуяа мөрдөх байгууллагынхан С.Зоригийг хөнөөсөн этгээд, уг хэргийн захиалагчийг илрүүлэхээр идэвхийлэн ажиллаж байна. Үндсэндээ сүүлийн гурван жилд хийсэн мөрдөн шалгах ажиллагаа нь ахицтай, амжилттай болжээ.

Тийм учраас хууль хяналтынхан мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой зарим мэдээллийг өнгөрсөн хавраас задалж эхэлсэн бололтой. Тавдугаар сард цагдаагийнхан “Эрүүгийн 830142 дугаартай С.Зориг бусдад хутгалуулж нас барсан хэрэгт ТЕГ, ЦЕГ-ын дарга нарын хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Цагдаагийн байгууллагаас 1998 оны аравдугаар сарын 3-ны өдөр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудад АНУ-ын ДНХ шинжилгээний байгууллагын дэвшилтэт технологийг ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж, эд мөрийн баримтуудаас ДНХ мэдээлэл тогтоосон. Хэрэгт 26 жилийн турш тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч ийнхүү анх удаа ДНХ мэдээлэл шинээр тогтоогдож байгаа юм. Энэхүү ДНХ мэдээлэл нь урьд өмнө С.Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан бусад хүний ДНХ мэдээлэлтэй тохироогүй. Өөрөөр хэлбэл, ДНХ мэдээлэл нь хэнийх болохыг тогтоох чиглэлээр хамтарсан ажлын хэсгийнхэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэж мэдээлсэн.

Тэгвэл дээрх шинжилгээнд оруулсан үснээс гадна 1998 оны аравдугаар сарын 3-нд хэргийн газраас, талийгаачийн хувцаснаас авсан гэдэг мэдээлэл бас яригддаг. Улмаар тухайн үед хэргийн газарт байсан асаагуур, үдээс, даавуу, хувцас, сүх, нүдний шил зэрэг дээрээс олдсон ДНХ мэдээллүүдийг Монголд шинжилсэн гэх мэдээлэл бас бий.

Тэдгээрийн заримаас олдсон ДНХ мэдээллийн эзнийг сар гаруйн өмнөөс Интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ. Энэ зарим хүнийг ихэд сандаргаж буй ажээ. Тухайлбал, эх орноосоо дайжиж яваад Америкт амьдрах болсон Монголын экс дарга бий. Тэрээр өнгөрсөн сард дээрх эрэн сурвалжлах ажиллагаа эхлэхэд л “хөдөлгөөн”-д орж, наашаа цаашаа холбогдож эхэлсэн байдаг. Саяхан УИХ-ын зарим гишүүн рүү ярьж “С.Зоригийг хөнөөсөн хэргийг зогсоох талаар анхаараач” гэжээ. Ийм чиглэл авсан нэр бүхий гишүүд удахгүй С.Зоригийг хөнөөсөн хэргийг яриад гарч ирэх бололтой.

 

Эх сурвалж: www.zms.mn

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Аравдугаар сарын 24-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Аравдугаар сарын 24-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.


2024 оны 10-р сарын 23-ны 20 цагаас 10-р сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 8-13 хэм, Алтайн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул,голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэмийн дулаан, бусад нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.


2024 оны 10-р сарын 25-наас 2024 оны 10-р сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 25-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 26-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, 28-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 25-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм хүйтэн, Хангайн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Оршин суух зөвшөөрлийн хасалт хэрхэн хийх вэ DNN.mn

Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн тус улсаас бүр мөсөн гарах, оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж ирэхгүй, оршин суух хэлбэр, төрлөө өөрчилсөн, тохиолдолд оршин суух үнэмлэхээ хураалгаж, оршин суух зөвшөөрлийн бүртгэлээс хасалт хийлгэнэ.

Гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь уригдагч иргэний Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрлийнх нь хугацаанд гадаадын иргэнийг буцаах үүрэг хүлээнэ. Оршин суух зөвшөөрлийг хасалт хийсэн, хасалт хийхээс татгалзсан тохиолдолд ходбогдох хариу мэдэгдэнэ.

Оршин суух зөвшөөрлийн хасалт хийлгэсэн тохиолдолд Монгол Улсын хилийн боомтоор зорчихдоо хилийн боомт дээр ГИХГ-ын албан хаагчид оршин суух үнэмлэхээ хураалгаж , паспорт дээр тэмдэглэгээ хийлгэж хилээр зорчино. Гадаадын иргэний баримт бичигт хасалт хийсэн өдрийг “Registered” (Бүртгэсэн), тус улсаас гарах эцсийн хугацааг заасан өдрийг “Until” (Хүртэл) тэмдэглэгээ бүхий тэмдэгт тэмдэглэнэ. Гадаадын иргэн нь уг хугацаанд багтаж Монгол Улсаас гарна гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр DNN.mn

Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр билгийн тооллын намрын сүүл сарын хуучны 22-ны өдөр буюу аравдугаар сарын 23-ны өдөр тохиож байна.

Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тус орноо залран, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр эргэж Замбуу тив буюу энэ дэлхий ертөнцөд залран ирсэн хэмээн бурхан багшийн намтар, түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ.

Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг бөгөөд жилд тохиох дөрвөн дүйчин өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг “Эхийн ачийг хариулсан дүйчин өдөр” хэмээн бурхны шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэснээр энэ өдөр эцэг, эхийн ачийг санаж, буян номд шамдах уламжлал тогтсон ажээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 27-ноос иргэдийн дансанд шилжүүлнэ DNN.mn

Энэ оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг 10 дугаар сарын 27-ноос иргэдийн дансанд орж эхэлнэ. Өмнөх улиралд 1,281,757 иргэнд 84.6 тэрбум төгрөгийг буцаан олгож байв. 

НӨАТ-ын буцаалтаар дараах татваруудыг төлөх боломжтой. Үүнд:

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар,
  • Галт зэвсгийн албан татвар,
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар,
  • Газрын төлбөр /газар эзэмшигч/,
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/,
  • Малын тоо толгойн албан татвар,
  • Авто замын байгууламж ашигласны төлбөр тус тус орж байна.
Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн тэргүүний өрх, ахмад тариаланчдыг шалгарууллаа DNN.mn

Нийслэлийн 385 жилийн ойг тохиолдуулан “Нийслэлийн тэргүүний өрх”, “Нийслэлийн тэргүүний тариаланч”, “Бүтээлч ахмад”, “Ахмадад ээлтэй байгууллага”-г шалгаруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Тодруулбал, нийслэлийн хөгжил дэвшилд тодорхой хувь нэмрээ оруулсан, өөрсдийн хүч хөдөлмөрөөр өрхийн аж ахуй эрхлэн, хүнсний хангамжаа нэмэгдүүлж, нийгэмд баялаг бүтээгч хойч үедээ үлгэр жишээ болж буй

  • Есөн өрхийг “Нийслэлийн тэргүүний өрх”
  • Есөн иргэнийг “Нийслэлийн тэргүүний тариаланч”
  • Есөн иргэнийг “Бүтээлч ахмад”
  • Нэг байгууллагыг “Ахмадад ээлтэй байгууллага”-аар шалгаруулж, Хүндэт тэмдэг, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнасан юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Ахмадууд та бүхнээсээ залуучууд бид сургамж, сургаалаа авч, туршлага солилцон ирээдүйн Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж, хамтдаа зүтгэж буйдаа баяртай байна. Нийт тэргүүний өрх, ахмад буурлууддаа эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээв.

Нийслэлийн тэргүүний тариаланч С.Эрхэмбаатар, М.Дагвадай “Бид 2018 оноос хойш газар тариалангийн ажил эрхэлж байна. Өнөөдрийн байдлаар хашаандаа 10 гаруй нэр төрлийн хүнсний ногоо, 400 орчим жимсний мод, бут тариалаад байна. Үүний зэрэгцээ ногоо тариалах хүсэл сонирхолтой иргэдэд заавар зөвлөгөө өгдөг. Өнөөдрийг хүртэл уйгагүй ажилласны үр дүнд хөдөлмөрөө үнэлүүлж, энэхүү хүндтэй шагналыг хүртсэндээ сэтгэгдэл өндөр байна” гэлээ.

Нийслэлийн тэргүүний өрхөөр шалгарсан Х.Чулуунбат “Манай гэр бүлийн хувьд дүүрэг, хорооноос зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвх, санаачилгатай оролцохыг хичээдэг. Мөн амьдарч буй орчноо эко болгох хүрээнд мод, ногоо тарих, зүлэгжүүлэх ажлыг тууштай хийдэг. Биднээс үлгэрлэн хүү маань ногоо тариалдаг болж, энэ чиглэлд ажиллаж байна. Түүнчлэн ойр орчмын иргэдийг ногоо тарих үйл хэрэгт татан оролцуулж, хашаандаа байх худгаас цэвэр ус нийлүүлэн дэмжлэг үзүүлдэг” гэсэн юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Цахимжуулалт, ногоон хөгжил, хүний нөөцийн шилжилтээр эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлнэ DNN.mn

“Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд албан даалгавар гаргалаа. Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах салбар болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгдүгээрт, цахимжуулалт, хиймэл оюун ухаан, технологийн шилжилт, хоёрдугаарт, ногоон шилжилт, гуравдугаарт, хүний нөөцийн шилжилт хийх чиглэлээр стратеги, төлөвлөгөө боловсруулахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Энэ хүрээнд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулахыг төрийн бүх байгууллагуудад уриалах, стратеги, төлөвлөгөөг салбар, улсын хэмжээнд нэгтгэн Засгийн газрын хуралдаанд 2025 оны нэгдүгээр сарын эхний долоо хоногт танилцуулах, албан даалгаврыг биелүүлээгүй, хангалтгүй хэрэгжүүлсэн Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтанд хууль тогтоомжийн хүрээнд зохих хариуцлага тооцохыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд, албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярт даалгав.

Товч мэдээ

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөлд багтсан Орхон-Онги, Хэрлэн-Тооно усны төслийг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох яам, агентлагийн удирдлагуудаас бүрдсэн ажлын хэсгийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрөөр ахлуулан шинэчлэн зохион байгуулав.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны аравдугаар сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Монгол Улс 1972 оноос хойш Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ, Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээтэй холбогдсон баталгааг хэрэглэх тухай хэлэлцээр, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц, Цөмийн ослын талаар шуурхай мэдээлэх тухай конвенц, Цөмийн террорист үйлдлийг хориглох тухай конвенц зэрэг олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орсон бөгөөд эдгээр олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсээр ирсэн.

2009 онд УИХ-аас баталсан Цөмийн энергийн тухай хууль нь 8 бүлэг, 51 зүйлтэй бөгөөд нийт 15 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 8 бүлэг, 38 зүйлийн хэсэг, заалтад өөрчлөлт оруулж байжээ. Хууль хэрэгжих хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, эрх зүйн харилцаанд гарсан томоохон өөрчлөлтүүдийг харгалзан холбогдох өөрчлөлтийг эдгээр хууль тогтоомжид оруулах зүй ёсны шаардлага үүссэн байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Загасчилж байсан иргэн тогонд цохиулж амиа алджээ DNN.mn

Ховд голын эрэг дээр загасчилж байсан иргэн тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал Ховд голоос загас барихаар очсон 35 настай иргэн өндөр хүчдэлийн шугамд өлгөгдсөн загасны уургыг татаж буулгах үедээ цахилгаан гүйдэлд цохиулж, амиа алдсан байна.

Энэ тухай дуудлага мэдээлэл тухайн өдрийн 17:00 цаг орчимд цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд одоогоор шалгаж байгаа аж. Иймд иргэд амарч, зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, аливаа төрлийн болзошгүй эрсдэл, ослоос сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Архангай аймагт гарсан ноцтой ослын талаар эх сурвалжууд ингэж мэдээллээ DNN.mn

Орон нутгийн замд зорчиж байсан тээврийн хэрэгсэл гэрлээ шилжүүлээгүйгээс замын хажууд зогсож байсан мотоциклтой хүмүүс өртөж, нэг нь амь эрсэдсэн ноцтой осол өнгөрсөн долоо хоногт гарчээ. Учир нь Архангай аймагт нэг гэр бүлийн хоёр, цагдаагийн ажилтны дуудсан цагт амжиж очин жолооны үнэмлэхээ авахаар явахдаа ийнхүү амиа алдсан байна. Энэ бол хууль хүчний байгууллагын ажилтнуудын дарамт жирийн иргэд дээр ямар хүндээр тусч байгаагийн нэгэн тод жишээ гэж нутгийн иргэд ярьж байгаа юм. Хэргийн талаар эх сурвалжууд ингэж мэдээлж байна.


Шөнийн замд гэрлээ шилжүүлээгүй жолоочийн буруугаас гурван хүүхэд өнчирч үлдэв

Архангай аймгийн Чулуут сумын иргэн Ц “Манай сумын залуу гэр бүлийн төлөөлөл эхнэр, нөхөр хоёр зам тээврийн осолд өртсөн харамсалтай хэрэгт нутгийн иргэд бид туйлын гашуудаж байна. Нөхөр нь өнгөрсөн жил жолооны эрхээ хасуулсан юм билээ. Түүнээс хойш жолооны эрхээ сэргээхийн тулд байн байн сургалтад сууж байсан юм уу даа. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт үдээс хойш 16:00 цагийн орчимд аймгийн цагдаагийн газраас түүн рүү залгаад “Маргааш ирж үнэмлэхээ аваарай. Өглөө 09.00 цаг гэхэд бэлэн байгаарай” гэжээ. Манай сумаас аймгийн төв хүртэл 130 км зайтай. 65 км шороогоор явж байгаад засмал руу нийлдэг. Аймаг ортол бараг 3-4 цаг явдаг. Тэр өдөр сумаас аймаг орох машин байгаагүй тул эхнэр, нөхөр хоёр мотоциклтойгоо гарахаас өөр сонголт байгаагүй гэж нутгийн иргэд ярьж байна.

Яагаад гэвэл цагдаагийн дуудсан цагт буюу өглөө 09:00 цагт бэлэн байх ёстой. Машинтайгаа явах гэхээр жолооны эрхээ хасуулчихсан хүн мотоциклтойгоо хөдөлсөн бололтой. Ингээд тэднийг засмал руу нийлэх үеэр харуй бүрий болсон байж.

Гэтэл өөдөөс нь гэнэт мэлийсэн цагаан гэрэлтэй машин гараад ирсэн гэсэн. Тэгэхэд нөхөр нь “Мотоциклын гэрэл олигтой тусахгүй болохоор гялбаанд орох юм байна. Өнгөрөөж байгаад хөдөлье” гээд замын хажуу руу гараад дөнгөж зогсоод байтал ард нь явж байсан приус маркийн машин хамаад шидчихсэн гэсэн.

Тэр мөчид хурц цагаан гэрэлтэй машин ч хажуугаар нь өнгөрч, түүний араас явж байсан машиныг мотоциклтой хоёр мөргөөд унасан юм билээ. Ингээд эхнэр нь газар дээрээ амьсгал хурааж, нөхөр нь хүнд гэмтэл авсанд үнэхээр сэтгэл өвдөж байна. Орон нутгийн замд тээврийн хэрэгслүүд гэрлээ шилжүүлдэггүйгээс болж ийнхүү сайхан гэр бүл хагацлын зовлонд унасан нь орон нутгийн иргэдэд хүнд цохилт боллоо” гэв.

Өөр нэг эх сурвалж Б “Осол гаргасан приус машиныг 21 настай залуу жолоодож явсан юм билээ. Түүнтэй хамт 19 настай найз эмэгтэй нь, бас нэг найз нь гээд гурвуулаа явж байсан гэсэн. Тэд ч бас хурц тод гэрлийн гялбаанд орсон гэж ярьсан байна лээ. “Гэрлээ шилжүүлээгүй орж ирсэн тээврийн хэрэгсэл нь автобус байсан. Өөдөөс нүд гялбатал тусахаар нь тоормосоо гишгэж хурдаа хассан. Ингэхдээ урд мотоциклтой хоёр хүн явж байгаа даа гэж бодоод хурдаа хассан. Гэтэл яаж ч тоормос гишгэсэн зогсож чадалгүй явсаар осол гаргачихлаа” гэж ярьсан тухай талийгаачийн ойр тойрныхон нь ярьж байгаа юм. Уг нь мотоциклтой хоёр хүн замаас гараад, тээврийн хэрэгсэл хажуугаар нь хангалттай зөрөх зай тавьсан байсан гэсэн. Гэтэл тэр приустэй залуучууд тэднийг хараагүй мөргөснийг бодоход гэрлийн гялбаанд давхар орсноос гарцаагүй байх” гэлээ.

Чулуут сумын иргэн Х “Талийгаач эмэгтэй их сайхан дөлгөөхөн хүн байсан. Зан ааль сайтай. Эднийх гурван хүүхэдтэй. Том нь наймдугаар анги. Бага нь энэ жил нэгдүгээр ангид орсон. Ослын улмаас нөхөр нь хөл, гар нь хугаралттай, тархи толгой нь хүнд гэмтсэн сурагтай. Томографикийн шинжилгээгээр сайнгүй л гарсан гэсэн. Цагдаа дуудсаны дагуу цагтаа амжих гэж яваад өөрөө хүнд гэмтээд, эхнэрээ алдчихаар ямар олиг байхав. Ах дүүс нь цагдаад “Яах гэж жолооны үнэмлэх ирж ав гэсэн юм бэ. Ингэж хүнд суртал гаргах хэрэг байсан юм уу. Та нарыг ингэж ир гэж дарамтлаагүй бол энэ гэр бүл ингэж хагацаж салахгүй байх байсан” гэж хандсан юм билээ. Тэгэхэд цагдаа нь “Жолооны эрхгүй байж яах гэж мотоцикл жолоод гэсэн юм бэ” гээд бурууг тэдэнд тохох янзтай ярьсан гэсэн шүү. Үнэхээр цагдаа нар жирийн иргэдээ дарамтлаад сурчихсан нь эндээс тод харагдаж байгаа биз дээ. Бүх юм цахимжиж байгаа гэчихээд алгын чинээ цаас ирж ав гэсэн цагдаагийн албадлагаас болж бага насны гурван хүүхэд өнчирч үлдлээ шүү дээ. Автобусны ард явж байсан машинтай залуус хүртэл хохирогч болчихож байгаа юм. Тэд Увс аймгийн залуус юм билээ. Урд нь том автобус явж байсан. Гэнэт өөдөөс нь мотоциклтой хүмүүс шидэгдээд ороод ирсэн. Манай машин ч бас эвдэрсэн. Гэхдээ бид мөнгө төгрөг нэхэхгүй. Харин ослын талаар цагдаад мэдүүлэг өгөхөд бэлэн байгаа шүү гэж хэлсэн байна лээ” хэмээн хоолой зангируулан ярив.

Өөр нэгэн эх сурвалж болох иргэн О “Ийм харамсалтай осол гарсанд их цочирдож байна. Ер нь жолооч нар маш хурц гэрлүүд машиндаа нэмэлтээр тавьсан байдаг. Энэ нь эсрэг урсгалаас ирж байгаа машинд урдах зам нь харагдахгүй байх эрсдлийг үүсгээд осол гаргах хамгийн том шалтгаан болдог гэж бодож байна. Шөнийн замд орон нутгийн замд зорчиж байгаа жолооч нар ихэнхдээ холын гэрлээ шилжүүлж явдаг. Гэтэл 150 метрээс багагүй зайд явж байвал ойрын гэрлээ асаах ёстой гэдгийг жолооч нар ихэнх нь мэддэггүй. Тийм учраас бусдыгаа хүндэлж, гэрлээ заавал шилжүүлж, хол ойрын гэрлээ зөв тохируулж сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэдэн хүний амь нас, эрүүл мэндээр хохирч байж энэ бүхнийг ойлгох юм бүү мэд” гэсэн юм.

Ноцтой ослын талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Тухайн дуудлага мэдээлэл 19:00 цагийн үед ирсэн. Цагдаагийн газрын шуурхай бүрэлдэхүүн хэргийн газар очиж үзлэг хийсэн. Осолтой холбогдох тээврийн хэрэгслийг тогтоож, одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Ер нь орон нутгийн замд манай жолооч нар шөнийн цагаар ихэвчлэн гэрэл шилжүүлдэггүй тохиолдол их гардаг. Үүний улмаас гэрэлд цохиулаад, эсрэг урсгалын машин осолд өртөж хүний алтан амь хохирч байгаа харамсалтай дуудлагууд ирдэг. Замын гадаргууд гулгаа их үүссэн учраас жолооч нар тээврийн хэрэгслийнхээ дугуйг солиогүй байгаатай холбоотой ослын дуудлага мэдээлэл ирж байна. Манай аймгийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногоос цасан бүрхүүл тогтож, даваа гүвээнд халтиргаа гулгаа их үүсээд байгаа. Үүнтэй холбогдуулан мотоциклын хөдөлгөөнийг өвлийн улиралд тодорхой хугацаагаар хязгаарлах талаарх саналаа аймгийн Засаг даргад хүргүүлэх гээд бэлтгэн ажиллаж байна. Халтиргаа үүссэн үед мотоцикл аваар осол гарах нөхцөлийг бүрдүүлдэг” гэсэн мэдээлэл өглөө.

Г.Балгармаа