Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өвлийн ЭЕШ-ын шалгуулагчид суудлын хувиараа ирэх сарын 25-наас хэвлэж авна DNN.mn

2024 оны өвлийн “Элсэлтийн шалгалт”-ын шалгуулагчид “суудлын хуваарь”-аа 2024 оны 11-р сарын 25-ны өдрийн 09:00 цагаас хойш eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аар өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч хэвлэж аваарай.

Суудлын хуваарь гэдэг нь таны шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суух суудал, шалгалтын цагийг зааж өгсөн хуудас юм. b

2024 оны өвлийн “Монгол хэл бичгийн шалгалт” болон “Элсэлтийн шалгалт”-ын бүртгэл 11-р сарын 10-ны өдөр 18:00 цагт дуусна. Та шалгалтад бүртгүүлэх бол eyesh.eec.mn цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож, төлбөрөө төлснөөр таны бүртгэл баталгаажихыг анхаараарай.

Categories
мэдээ нийгэм

Монгол бахархлын өдөрт зориулсан бөхийн барилдаан болно DNN.mn

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд “Их хааны цом”-ыг анх удаа гардуулна.

Барилдаан арваннэгдүгээр сарын 02-ны бямба гарагт 12:00 цагаас Монгол Бөхийн өргөөнд болно. Барилдах бөхчүүдийг аравдугаар сарын 31, 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэх аж.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан улсын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийлээ.

Хоёр улсын төрийн тэргүүн (цаашид “Талууд” гэх) 1992 оны “Дипломат харилцаа тогтоох тухай Протокол” болон 1993 оны “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-гээр бэхэжсэн Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа 1998, 2007, 2008 оны “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хамтарсан мэдэгдэл”-ийн зарчимд тулгуурлан тууштай хөгжиж ирснийг өндрөөр үнэлэв.

Талууд Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, тээвэр, логистик, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарт өргөжин хөгжиж, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжиж буйг сайшаан тэмдэглэв.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын уламжлалт найрсаг харилцааг НҮБ-ын Дүрмийн дагуу, хоёр талын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх тэгш байх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бусад зарчим, хэм хэмжээг хүндэтгэх үндсэн дээр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай хоёр улс төдийгүй Төв Азийн бүс нутаг, олон улсад энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт Талууд санал нэгдэж, хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тогтов.

Талууд “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан 1. Улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах; 2. Худалдаа, эдийн засаг; 3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээллийн технологи; 4. Тээвэр, логистик, аялал жуулчлал, иргэдийн харилцаа; 5. Бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн таван  тулгуур чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэхээр тогтов. 

Нэг. Улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах:

Хоёр улсын төрийн тэргүүн дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний механизмыг тогтмолжуулж, хоёр орны төр, засгийн тэргүүн нарын ойр дотно харилцааг гүнзгийрүүлэн, улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэхээр болов. Мөн хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог бататгаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, хүчний болон хууль сахиулах байгууллага хоорондын харилцааг өргөжүүлэн бүс нутгийн хэмжээнд итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг онцлов.

  • Дээд, өндөр түвшний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, улс төрийн харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хууль тогтоох байгууллага, Парламент дахь найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагааг тууштай дэмжиж ажиллахаар тохиров.
  • Хоёр улсын аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Батлан хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзалтын механизм бий болгох, цэргийн атташег харилцан томилох, цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ хамтарсан хээрийн сургууль зохион байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиров.
  • Олон улсын терроризм, шашны хэт даврах үзэл, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт болон түүнтэй адил бодис, зэвсгийн хууль бус наймаа, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, цөмийн материалын хууль бус наймаа, хууль бус шилжилт хөдөлгөөний эсрэг тэмцэлд хоёр талын түвшинд нягт харилцан ажиллахад бэлэн байгаагаа нотлов. Энэ хүрээнд Талууд хоёр улсын прокурор, шүүх, хууль сахиулах, хил хамгаалах байгууллагууд болон тусгай албадын харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болов.
  • Цөмийн зэвсэг хураах, түүнийг үл дэлгэрүүлэх асуудлаар хоёр улс идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгааг харгалзан цөмийн зэвсэггүй бүсийн асуудлаарх харилцаа, хамтын ажиллагааны хүчин чармайлтаа эрчимжүүлэхээр тогтов.
  • Цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Цөмийн энергийн комисс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Эрчим хүчний яам хоорондын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Монгол, Казахстаны Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн Зөвлөлдөх уулзалт, Консулын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулж, 2025-2027 онд бүхий л салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Гадаад харилцааны яам хооронд хамтын ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн байгуулах, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох механизмыг идэвхжүүлэхээр тохиров.
  • Монгол, Казахстаны орон нутаг хоорондын солилцоо, ах дүү хотуудын найрсаг харилцаа болон хоёр орны залуучууд хоорондын солилцоог өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болов.

Хоёр. Худалдаа, эдийн засаг:

Талууд орчин үеийн техник технологи, хоёр улсын хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Монголын байгалийн арвин нөөц зэрэг Монгол, Казахстаны давуу тал, хөгжлийн нөөц бололцоог ашиглан харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтов. Талууд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д тусгагдсан зорилтуудын хүрээнд хамтран ажиллахаар болов.

  • Монгол, Казахстаны Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг тогтмол зохион байгуулах, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаарх яриа хэлэлцээг бэхжүүлэх, шаардлагатай тохиолдолд тодорхой салбарын хоёр талын ажлын хэсгийг байгуулж ажиллахаар тогтов.
  • Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд хоёр талын хууль, эрх зүйн үндэс суурийг бэхжүүлэхээр тохиров. Талууд “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2025-2027 онд эрчимжүүлэх замын зураглал” байгуулсныг өндрөөр үнэлэв. Хоёр улсын хооронд хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр” байгуулах явцыг эрчимжүүлэхээр болов.
  • Монгол, Казахстаны худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсаас ноос, ноолуур, арьс шир зэрэг бүтээгдэхүүн казахстаны зах зээлд нийлүүлэх, Казахстан Улсаас монголын зах зээлд импортлох жимс, жимсгэнэ, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиров.
  • Хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын арвин нөөц бололцоонд тулгуурлан мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэр болон жижиг дунд үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтов.
  • Монгол Улсын өргөн уудам тал нутаг, бэлчээрийн аж ахуйг үр ашигтай ашиглан хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарсан томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд Талууд идэвхтэй хамтран ажиллахаар болов.
  • Экспорт, импортын үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор хоёр улсын мал эмнэлэг, хорио цээрийн асуудал эрхэлсэн байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, нэгдсэн мэдээллийн системийг үүсгэх, хүнсний бүтээгдэхүүний мал эмнэлгийн гэрчилгээний тоог нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиров.
  • “Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага” (WOAH)-ын олон улсын стандартын дагуу мал амьтны эрүүл мэнд, түүний дотор вакцинжуулалтын чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тогтов.
  • Хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Мал эмнэлгийн Ерөнхий газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн яамны Мал эмнэлгийн хяналт, шалгалтын Хороо хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Олон улсын худалдааны танхимын дэргэд Бизнес зөвлөл байгуулсныг Талууд сайшаан тэмдэглэв. Цаашид аж ахуйн нэгжийн төлөөлөл, баялаг бүтээгчдийн харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, хоёр улсад зохион байгуулагдах үзэсгэлэн худалдаанд оролцох, хоёр талын бизнес форумыг тогтмол, үр дүнтэй зохион байгуулахын чухлыг онцлов.

Гурав. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээллийн технологи: 

Хоёр улсын төрийн тэргүүн орчин цагийн мэдээлэл технологийн эрин үетэй хөл нийлүүлэн боловсрол, шинжлэх ухаан, цахим технологи, харилцаа холбоо зэрэг ирээдүй рүү чиглэсэн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол, Казахстаны соёлын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, улмаар нүүдэлчин соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгдэв.

  • Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газрын тэтгэлгээр Монголын оюутан залуусыг тус улсын их, дээд сургуулиудад суралцуулж буйг монголын тал өндрөөр үнэлэв.
  • Ирээдүйн тогтвортой хөгжлийг хангахын төлөө дээд боловсролын чадавхыг бэхжүүлж, бусад тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг боловсрол, хүний нөөцийн хөгжлийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тогтов.
  • Монгол, казах судлалыг хөгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлж, хоёр улсын хэл, соёл, орон судлалын багш, мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаар тохиров. Мөн Казахстан Улс дахь монгол хэлний боловсролыг түгээн дэлгэрүүлэх, монгол хэлний мэргэжилтэн бэлтгэх чиглэлд хамтран ажиллахаар тохиров.
  • Талууд монгол, казах хэлний багш нарыг харилцан сургах боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлэв.
  • Шинжлэх ухаан, стратеги судалгааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, энэ хүрээнд шилдэг туршлагыг харилцан солилцох, хамтарсан судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, түүх археологийн судалгаануудыг харилцан дэмжих, эсгий туургатны болон нүүдлийн соёл уламжлалыг дэлхий нийтэд таниулах чиглэлээр хамтран ажиллахаар болов.
  • Монгол Улс Түрэг судлалын академитай шинжлэх ухааны байгууллагын түвшинд хэлхээ холбоо тогтоож, хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхлоо илэрхийлэв. Талууд түүхийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв.
  • Мэдээллийн технологи, цахим засаглал, сансрын технологи, цахим хөгжил, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагаа өргөжиж буйг Талууд сайшааж, энэ чиглэлд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, цахим дэд бүтцийн хөгжил, цахим засаглал, эдгээр салбарын хөгжлийг мэдээллийн технологиор дэмжих, мэдээллийн дэд бүтцийн үйл ажиллагааг оновчтой болгох, дэвшилтэт техник, технологи ашиглах чиглэлээр туршлага солилцох зэрэгт хамтран ажиллахаар тохиров.
  • Мэдээлэл харилцаа холбоо, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Монгол, Казахстан Улс нь эрт үеэс түүх, өв соёл, нүүдэлчин уламжлалт зан заншлын гүнзгий хэлхээ холбоотой явж ирснийг Талууд онцолж, энэ чиглэлд хамтарсан соёлын хөтөлбөр хэрэгжүүлэх, монгол, казахын түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт, дурсгалыг судлан тогтоох, монгол, казах судлалыг хөгжүүлэх, соёлын биет бус өвийн чиглэлээр хамтарсан судалгаа хийх, музей хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтойг тэмдэглэв.
  • Соёлын салбарын хамтын ажиллагааг тэлэх хүрээнд соёл, урлагийн асуудал эрхэлсэн яам, холбогдох байгууллага хоорондын харилцааг хөгжүүлэх, хамтарсан Ажлын хэсэг байгуулах, хүүхэд, залуучуудын солилцооны хөтөлбөр, биеийн тамир, спорт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжихээр болов.
  • Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Соёл, мэдээллийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Хоёр орны эрдэмтэн судлаачид Монгол Улсын Булган, Архангай, Хэнтий зэрэг аймагт археологийн малтлага судалгааны ажил гүйцэтгэж, Төв Азийн нүүдэлчдийн аж ахуй, шашин, соёлыг тодотгон харуулах үнэ цэнэтэй олон дурсгалыг нээж илрүүлснийг Талууд сайшаав. Цаашид тус судалгааны ажлыг тодорхой сэдвийн хүрээнд урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэхээр тохиров.

Дөрөв. Тээвэр, логистик, аялал жуулчлал, иргэдийн солилцоо: 

Талууд худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх хүрээнд агаарын тээврийн харилцааг эрчимжүүлэх, Улаанбаатар-Астана чиглэлийн шууд нислэг үйлдэх, тээвэр, логистикийн шинэ маршрутыг шат дараатайгаар бий болгох, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар иргэдийн солилцоог нэмэгдүүлэх, хоёр орны ард түмний хэлхээ холбоог бататган бэхжүүлэхийн чухлыг онцлов.

  • Монгол, Казахстаны зам тээврийн харилцаа, түүний дотор агаарын болон авто тээврийн шууд харилцаа өргөжин тэлж, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буйг Талууд өндрөөр үнэлэв.
  • Хоёр улсын төмөр зам, авто тээвэр, агаарын тээврийн салбарт тулгамдаж буй асуудал, саад бэрхшээлийг бүс нутгийн улс орнуудтай яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх гарц, боломжийг үргэлжлүүлэн эрэлхийлж ажиллахаар тохиролцов.
  • Монгол Улсын Зам тээврийн яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тээврийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Талууд бүс нутгийн хүрээнд хэлхээ холбоогоо бэхжүүлэх, түүний дотор “Транс-Каспийн олон улсын тээврийн маршрут”-ын (Дунд Коридор) хүрээнд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар санал нэгдэв.
  • Цаашид хоёр улс хоорондын шууд нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, тогтмолжуулах зорилгоор Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг үйлдэх боломжийг эрэлхийлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов.
  • Хоёр орны хамтын ажиллагаанд аялал жуулчлалын салбар чухал байр суурь эзэлдгийг Талууд тэмдэглээд аялал жуулчлалын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, аялал жуулчлалын өдөрлөг, арга хэмжээг хамтран зохион байгуулах, улс орноо харилцан сурталчлан таниулах, улмаар нүүдэлчин соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар болов.
  • Аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын дэд бүтэц, байгууламжийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар Талууд санал нэгдэв.
  • Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Аялал жуулчлал, спортын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.

Тав. Бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа 

Хоёр улсын төрийн тэргүүн бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тогтов.

  • Монгол, Казахстан Улс НҮБ, Олон улсын атомын энергийн агентлаг болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, олон улсын байгууллагын сонгуулиудад мөн бие биеэ харилцан дэмжиж ирснийг сайшаав.
  • Хоёр улс олон улс болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар ижил төстэй байр суурьтай байгаагаа тэмдэглэж, цаашид НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, ШХАБ зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагын хүрээнд бие биеийн санаачилгыг үргэлжлүүлэн харилцан дэмжихээ илэрхийлэв.
  • Хоёр улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах, олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллах хүрээнд 2026 онд Монгол Улсад зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал болон Казахстан Улсад НҮБ-ын ивээл дор болох Уур амьсгалын асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалтад тус тус дээд, өндөр түвшинд оролцохоо илэрхийлэв.
  • Хоёр улс нүүрсхүчлийн хийг саармагжуулах буюу тэглэх гэсэн нийтлэг зорилтыг төрөл бүрийн арга замаар хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн санал нэгдэв. Улмаар эрчим хүчний салбар дахь хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааны төслүүд, хоёр улс хоорондын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарч буйг Талууд сайшаав.
  • Монгол Улсын “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг Казахстан Улс дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч тус санаачилгын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа нотлов. Цаашид бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх хоёр улсын хүчин чармайлтын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр Талууд санал нэгдэв.
  • НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг чухалчлан үзэж, ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа Талууд илэрхийлэв.
  • Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, газрын доройтол, ойжуулалт, нөхөн сэргээлтийн чиглэлд тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Казахстан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Хоёр тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг уялдуулан хэрэгжүүлэхээр тохиров.
  • Монгол Улсын санаачилга “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т нэгдэж, энэ хүрээнд идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлж буйг өндрөөр үнэлэв.
  • Монгол Улс Казахстаны олон талт тусгай байгууллага болох Олон улсын биологийн аюулгүй байдлын агентлаг (IABS) байгуулах санаачилгыг сайшаан тэмдэглэв.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев-ын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлж, хоёр улсын харилцааны шинэ түүхэн хуудсыг нээсэн онцгой ач холбогдолтой үйл явдал болов.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын ард түмэнд Казахстаны төлөөлөгчдийг халуун дотно, найрсгаар хүлээн авсанд талархал илэрхийлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тааламжтай цагтаа Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхийг урив.

Categories
мэдээ

Хайнаньд амиа алдсан даргын ар гэрт нэг сая төгрөгийн тэтгэмж олгожээ DNN.mn

БНХАУ-ын Хайнаньд ажиллаж байсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын нэг нь өндрөөс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг аравдугаар сарын 22-нд гарсан.

Уг хэргийг БНХАУ-ын цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд урьдчилсан байдлаар гаднын нөлөөгүй хэмээн дүгнээд буй.

Тэгвэл талийгаачийг өчигдөр албан ёсоор төрийн албанаас чөлөөлж, ар гэрт нь нэг сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас олгосон байна.

May be an image of text

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев-т бараалхлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев-т бараалхав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Казахстан Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйг цохон тэмдэглээд тус улстай худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.
Мөн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн түвшинд 16 жилийн дараа хийгдэж буй энэхүү төрийн айлчлал нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэлээ.
Айлчлалын үеэр хоёр улсын харилцааны түвшинг шат ахиулж, “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд хүргэсэн нь хамтын ажиллагааны түүхэнд тэмдэглэхүйц ач холбогдолтойг онцлоод Казахстан Улс нь Төв Ази дахь манай улсын анхны “Стратегийн түнш” улс болж буйг онцолж хоёр улсын төрийн тэргүүн нарын ярьж тохирсон санал, санаачилгуудыг бодит ажил хэрэг болгох, Монгол, Казахстаны “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд Казахстан Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв.

Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг сайшаагаад цаашид хоёр орны нэрийн хуудас болохуйц харилцан ашигтай, эдийн засгийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжтойг дурдав.
Талууд хоёр улсын харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд тээвэр, логистикийн саад тотгорыг арилгах, шинэ дөт чиглэлийг бий болгох, агаарын харилцааг өргөжүүлэх замаар аялал жуулчлал, иргэдийн солилцоог нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах болсныг сайшаан тэмдэглэлээ.
Бүгд Найрамдах Казахстан Улсад энэ оны дөрөвдүгээр сард болсон шар усны үерийн улмаас эд материалын ихээхэн хэмжээний хохирол учирсан, Монгол Улсын Засгийн газраас 200.000 ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд Казахстаны тал талархал илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нэг, хоёрдугаар саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна DNN.mn

Цаг уурын байгууллагын гаргасан улирлын ерөнхий төлөвөөр буюу ирэх арванхоёрдугаар сард төв болон зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын хойд олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас зүүн аймгуудын нутгаар ахиу орох төлөвтэй байгаа хэдий ч цаашдаа 2025 оны нэг, хоёрдугаар саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, ялангуяа нэгдүгээр сард нутгийн баруун хойд хэсгээр, хоёрдугаар сард зүүн аймгуудын нутагаар ахиу цас орох төлөв ажиглагдаж байгаа тул цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийн тулд өдөр бүрийн цаг агаарын мэдээг хүлээн авч ашиглахын зөвлөж байна.

Арванхоёрдугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Өмнөговийн нутаг, Ховд, Говь-Алтайн ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Дорноговийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын нутаг, Төвийн ихэнх, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим.

Нэгдүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бол нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Өвөрхангайн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Харин хоёрдугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол нийлбэр хур тунадас (цас) Дорнодын нутаг, Хэнтийн зүүн, Сүхбаатарын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Categories
гадаад мэдээ

 Болж өнгөрсөн сонгуулиудын бодит үр дүн DNN.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хэд хэдэн улсад парламентын сонгууль болж өндөрлөв. Гүржийн Сонгуулийн ерөнхий хороо “Санал хураах хэсгийн 99-ээс дээш хувийг тоолоход Оросыг дэмжигч, одоогийн эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам 53.9 хувийн санал авч, Засгийн газар байгуулах боломжтой боллоо” гэж зарлав. Ийнхүү “Гүржийн мөрөөдөл” нам дөрөв дэх удаагаа эрх барьж, парламентад олонхын суудал авсан гэсэн дүн зарлагдав. Энэ сонгуулиар “Гүржийн мөрөөдөл”-өөс гадна сөрөг хүчний дөрвөн хүчин болох “Өөрчлөлтийн төлөөх эвсэл”, “Эв нэгдэл -Үндэсний хөдөлгөөн”, “Хүчтэй Гүрж” холбоод, Ерөнхий сайд асан Георгий Гахариагийн “Гүржийн төлөө” нам таван хувийн босго давж парламентад албан ёсоор орж ирж байгаа аж. Эрх баригч нам хөдөө орон нутагт бүрэн ялсан бол хотуудад сөрөг хүчин бүрэн ялалт байгуулжээ. Үлдсэн 13 нам парламентад суудал авахад шаардагдах босгыг давж чадаагүй байна.Тэгвэл сонгуулийн дүнг зарласны дараа Гүржийн ерөнхийлөгч Саломе Зурабишвили “Би энэ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэрэв энэ сонгуулийг хүлээн зөвшөөрвөл Оросыг энд ирж, Гүрж Орост захирагдахыг хүлээн зөвшөөрч байгаатай адил зүйл болно. Энэ явдлыг манай ард түмэн манай улсын эсрэг явуулж буй эрлийз дайны шинэ хэлбэрүүдийн нэг болох Оросын тусгай ажиллагааны гэрч, хохирогч болчихоод байна гэж хэлж болно” гэж мэдэгдэв. Сөрөг хүчний “Эв нэгдэл-Үндэсний хөдөлгөөн” эвслийн тэргүүн Тинатин Бокучава “Бид энэ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, манай намын сонгогдсон гишүүд парламентад орох бодолгүй байна. Санал хураалтын “Гүржийн мөрөөдөл” намын зохион байгуулсан бүрэн луйвар болсон. Олигарх Иванишвили Гүржийн ард түмний ялалтыг хулгайлж, улмаар бидний Европын улс болох ирээдүйг хулгайлсан гэдгийг нотолсон үр дүн гарлаа” гэж мэдэгдээд ирэх даваа гаригийн орой болох жагсаалд иргэдийг идэвхтэй оролцохыг уриалав. Мөн “Өөрчлөлтийн төлөөх эвсэл”-ийн удирдагч Ника Гварамиа “Манай гишүүд ч парламентад орохгүй” гэж мэдэгдээд “Бид хэсгийн хороодод гарсан зөрчлийн талаар 200 гаруй гомдол гаргасан ч Сонгуулийн ерөнхий хороо ямар ч арга хэмжээ аваагүй” гэж онцолжээ.

Гүржийн сонгуулийн дараа “Transparency In­ternational Georgia”-ийн төлөөлөгч Георгий Ониани “Гүржийн ард иргэд ялангуяа хөдөө орон нутгийнхан ядуу байгаа нь эрх баригчдын тавьсан элдэв авлигын арганд амархан автаж сонгуульд нөлөөлөх нэг гол хүчин зүйл болж байна” гэж анхааруулж, холбогдох баримтуудыг дурдсан бол Олон улсын ажиглагчид хэвлэлийн бага хурал хийж, Гүржийн сонгуулийн олон зөрчлийн жишээг дурдав. Тэгвэл Европын Холбооны Европын Гадаад харилцааны албанаас албан мэдэгдэл гаргаж “Бид Гүржийн Сонгуулийн төв хороо болон бусад холбогдох байгууллагуудыг сонгуулийн зөрчил, гомдлыг нэн даруй, ил тод, хараат бусаар шалгаж, шийдвэрлэх үүргээ биелүүлэхийг уриалж байна. Сонгуулийн үйл явцад итгэх итгэлийг сэргээхийн тулд сонгуулийн явцад гарсан зөрчлийг тодруулж, засах ёстой. Гүржийн ард түмэн сүүлийн саруудад ардчиллын үнэт зүйлс болон улс орноо Европын Холбоонд хүрэх замыг тууштай дэмжиж байгааг харуулсан. Европын Аюулгүй байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан институци, хүний эрхийн албаны гүржийн сонгуулийн талаар гаргах эцсийн тайлан, зөвлөмжийг аль болох хурдан хэрэгжүүлэхийг бид тэсэн ядан хүлээж байна” гэж Брюссель онцолжээ. Үүний зэрэгцээ Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель Гүржийн асуудлыг ирэх сарын эхээр Будапешт хотод болох Европын Зөвлөлийн албан бус дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх асуудалд оруулах болно” гэж мэдэгдэв.

Өнгөрсөн ням гаригт болсон Литвийн парламентын сонгуулийн хоёр дахь шатанд сөрөг хүчин болох Литвийн социал демократ нам(LSDP) тус улсын парламент болох Сеймд олонхын суудал авчээ. Бараг бүх саналыг тоолсны дараа LSDP нам парламентын 141 суудлын 52-ыг авах нь тодорхой болсон байна. Иймээс тус намын удирдлага “Бидний төлөө идэвхтэй санал өгсөн Литвийн иргэдэд маш их талархаж байна. Сонгуулийн үр дүн Литвийн иргэд өөрчлөлт хүсч, тэдэнд огт өөр засгийн газар хэрэгтэй байна гэдгийг харууллаа. Хэрэв Москва Украины эсрэг дайнд ялбал Оросын түрэмгийллийн дараагийн бай нь бид болох болно. Тиймээс Литвийн бүх томоохон намууд Киевт цаашид тусламж үзүүлэх, мөн батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэхийг тууштай дэмжинэ гэдэгт итгэж байна” гэж мэдэгдэв. НАТО-гийн тооцоогоор Литва улс 2024 онд ДНБ-ийхээ гурав орчим хувийг цэргийн салбарт зарцуулахаар төлөвлөж байгаа билээ.

Мөн ням гаригт болсон Болгарын парламентын сонгуулийн дүнгээр баруун төвийн “Болгарын Европын хөгжлийн төлөөх иргэд” нам 26.4 хувийн саналаар ялж Европын төлөө, авлигын эсрэг “Үргэлжилсэн өөрчлөлт-Ардчилсан Болгар” эвсэл 14.9, үндсэрхэг үзэлтэй, Оросыг дэмжигч “Сэргэн мандалт” нам 12.9 хувийн санал авч гуравдугаар байрт орж буй нь тодорхой болжээ.

Японд болж өнгөрсөн сонгууьд тус улсын ерөнхий сайд Шигеру Ишибойн “Комэйто” нам тэргүүлдэг “Лебирал-Ардчилсан эвсэл” олонхын саналаа алдаж парламентад өмнө байсан 279 суудлын оронд 209 суудал авчээ. Харин Японы сөрөг хүчин болох “Үндсэн хуульт ардчилсан нам” парламент дахь төлөөлөгчдийнхөө тоог 98-аас 143 болгож нэмэгдүүлсэн байна. Японы парламентын танхимд үнэмлэхүй олонхыг бүрдүүлэхийн тулд 233 мандат шаардлагатай. Гэхдээ эрх баригч нам олонх болоогүй нь Засгийн газар солигдоно гэсэн үг биш юм. Ройтерс агентлаг “Японы эрх баригч эвсэл сонгуульд ялагдсан нь ерөнхий сайдыг намын бодлогоо хэрэгжүүлэхэд саад болж, дэлхийн гурав дахь том эдийн засагтай улсын засгийн газрын эрх мэдлийн дахин хуваарилалтын дундах тодорхойгүй байдал нь иен болон хөрөнгийн зах зээлийг сулруулах магадлалтай байна” гэж онцолжээ.

Эдгээр бүх сонгууль “Оросын нөлөө” мөн “авлига” гэсэн хоёр зүйлээр адил байна. Литвийн хувьд төр засаг нь улсаа Оросоос шууд тусгаарлах бодлого явуулж, эдийн засгаа хөгжүүлэн хамгийн гол нь татвар төлөгчдийн мөнгө болох улсын төсвийн зарцуулалтын “шилэн данс”-ыг ном ёсоор нь хөтөлж, авлигачдыг хулгай хийх боломжгүй болгосон нь сайн зүйл мөн боловч Оросын шууд аюул оршсоор байгаа нь муу зүйл юм. Харин Японд эрх баригч эвслийг толгойлдог нам нь “хандив” гэх авлигад автсан нь нэр хүндийг нь унагаж, сонгуулийн дүнд эсрэгээр нөлөөлсөн бол “газар нутгийн маргаан” гэх Оросын аюул хэвээр байна. Ер нь ардчилсан улсуудын хувьд “Өөрсдийгөө санхүүжүүлж чадахгүй байгаа нам яаж улсынхаа санхүүг авч явах болж байна” гэдэг асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зөв шийдэх явдал тулчихаад байгаа юм. Учир нь “социал демократ” үзэл нь тухайн үедээ тохируулан шийдвэр гаргана гэсэн үг бол баруун, зүүн, төвийн үзэл нь философи шиг шинжлэх ухаан бус зүгээр л үзэл буюу объектив бус субьектив зүйл гэсэн үг билээ. Харин Гүрж, Болгар улсуудын хувьд иргэдийг нь авлигалаар ядууруулан, үүгээрээ дамжуулан Орос улс дотоод хэрэгт нь шууд нөлөөлж байгаа нь тодорхой болов. Болгарт бүр авлигалын эсрэг эвсэл нь парламентын сонгуульд аман хүзүүдээд байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Б.Эрдэнэ-Очир: Бидний зүтгэлийн үр шимээр нутаг оронд минь хөгжил дэвшил нэгэнт ирснийг харах таатай байна DNN.mn

Өмнөговь аймгийн Ханбогд сумын МАН-ын хорооны дарга Б.Эрдэнэ-Очиртой ярилцлаа.


-Та 2012 оноос хойш аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллахдаа тавьсан алсын хараа нэгэнт биеллээ олсон Ханбогдыг бид харж байна. Анх төлөөлөгчөөр сонгогдоод ажлаа хаанаас эхэлж байв?

-Миний бие Ханбогдчуудынхаа итгэлийг хүлээж, гурван удаагийн сонгуульт хугацаанд Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож ажиллалаа. Энэ нутагтаа төрж өсөж, амьдарч байгаа хүний хувьд Өмнөговь аймаг Монгол Улсын өнгийг тодорхойлох эдийн засгийн том бүс нутаг болох ёстой гэж боддог. Бизнесмэн хүний хувьд нутагт маань үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг уул уурхайн эдийн засгийн эргэлттэй холбох нь чухал гэж үздэг. Үүнд суурилсан ирээдүйн хөгжлийг нутагтаа бий болгохыг зорьж, бодож явдаг. Анх намайг аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдоход буюу 2012 онд Оюутолгой компанитай ханган нийлүүлэгчийн гэрээтэй Ханбогд сумын 2-3 компани байсан. Тухайн үеийн сум орон нутгийн удирдлагууд бүс нутгийн хөгжлийн асуудалд Оюутолгой компанитай харилцан ойлголцож, хамтран ажиллах нь зүйтэй гэж үзээд ажлын хэсэг байгуулахад миний бие тухайн ажлын хэсгийг ахалж ажиллаж байлаа. Үр дүнд нь Ханбогд сум Оюутолгой төсөл “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулж “Говийн Оюу” хөгжлийг дэмжих сан байгуулагдсан. Гэрээ хэрэгжиж эхэлснээр зөвхөн Ханбогдын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд Оюутолгойгоос зарласан тендерт давуу эрхтэй оролцох боломж бүрдсэн. Ингэснээр одоо Ханбогдын 100 гаруй ханган нийлүүлэгч компани тогтвортой үйл ажиллагаа явуулдаг болсон байна. Үүнийгээ дагаад орон нутгийн төсөвт үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт, эдийн засгийн урсгал орж ирсэн байна. Энэ нь өөрөө Ханбогдын хөгжилд асар том хувь нэмэр болсон.

-Та бүхний хүчин чармайлтаар Оюу толгойтой хамтын ажиллагааг эхлүүлснээр зөвхөн орон нутгийн компаниудад ээлээ өгөөд зогсоогүй суманд олон бүтээн байгуулалт хийснээс дурдвал?

-Бид бүхэн ард иргэдийнхээ санал бодлыг тусгасан мөрийн хөтөлбөрийг боловсруулж, өнгөрсөн хугацаанд Ханбогд суманд олон бүтээн байгуулалтын ажлууд хийлээ. Энэ их ажлыг нугалахад татварын орлого, төсвийн орлого хангалтгүй юм. Оюутолгой компанитайгаа маш сайн ойлголцож хамтран ажилласны үр дүнд “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”, сүүлийн жилүүдэд Оюутолгой-Ханбогд сумын хамтын ажиллагааны хүрээнд “Хөгжлийн хурдасгуур” санг байгуулж маш их хөрөнгө оруулалтыг төвлөрүүлж, Ханбогд хотыг хөгжүүлэх бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүллээ.

Энэ нь Оюу толгой, Рио Тинто компанийн зүгээс Ханбогд хотыг сүндэрлүүлэх асар том бодлогын дэмжлэг билээ.

Өнгөрсөн хугацаанд тухайлбал, Оюутолгой-Ханбогдыг холбосон 35 км-ын хатуу хучилттай засмал зам, цахилгааны шугам сүлжээ, инженерийн шугам сүлжээ, цэвэр усны хангамжийн төв, цэвэрлэх байгууламж болон боловсролын салбарт 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг бүхий цогцолбор, ХАА-н салбарт малын эрүүл мэндийн төв гээд дурдвал олон. Мал эмнэлгийн лаборатори бүхий Малын эрүүл мэндийн төв байгуулсан явдал бол зөвхөн Ханбогд сум биш Өмнөговь аймгийн зүүн бүс болон Дорноговь, Дундговийн сумд эрүүл ахуйн шаардлага хангасан мал экспортлоход чиглэсэн гол бүтээн байгуулалт болсон. Түүнчлэн сүүлийн үед хийж буй бүтээн байгуулалт гэвэл орчин үеийн хотын жишигт нийцсэн “Галба” цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолборыг нэрлэж болно. Хүүхэд залуусынхаа хөгжилд зориулсан олон ажил төвлөсний нэг нь энэхүү спорт цогцолбор байсан.

-Орон нутгийн хөрөнгө оруулалтаар бас цөөнгүй бүтээн байгуулалт хийж байгаа юм билээ?

-Сум орон нутагтаа тулгамдаж байгаа асуудлыг шийдэх хүрээнд орон нутгийн төсвийн татварын орлогоор цөөнгүй ажил хийсний нэг нь 18 Мв-ийн дулааны станц. Энэ станцыг ирэх оны 1 дүгээрт сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Ер нь өнгөрсөн хугацаанд орон нутгийн төсвийн хөрөнгө, Оюутолгойн хөрөнгө оруулалт зэрэг санхүүгийн олон эх сурвалжаар сумын төвийн авто замын ажлыг нэлээд анхаарч хэрэгжүүлсэн. Ингэхдээ хот болон хөгжүүлэх төлөвлөгөөнийхөө дагуу ус зайлуулах шугам, дугуйн зам, гэрэлтүүлэг бүхий хотын стандартад нийцсэн зам барьж байгаа.

-Таны санаачлан эхлүүлсэн ажлуудаас хувийнхаа хөрөнгөөр эрсдэл үүрч эхлүүлсэн орон сууцны хотхоны ажлыг дурдахгүй өнгөрч болохгүй.

-Ханбогдыг хот болгох ажлыг эхлүүлэхэд анх гадна, дотнын хөрөнгө оруулалт татах ёстой гэдэг бодлоор гаднын олон хөрөнгө оруулагчийг урьж авчирч, уулзалт хийсэн. Тухайн үеийн төр засгийн бодлогод хөрөнгө оруулагч нарт итгэл бага байсан. Дотоодын компанийнхныг авчраад ч болоогүй. Үүний цаана юу харагдсан бэ гэхээр энэ нутагт өсөж төрсөн, ажил амьдралаа холбож яваа хүн л эхлүүлэх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Тэр утгаараа орон сууцжуулах ажлыг өөрөө эхлэх ёстой юм байна гээд найзынхаа компанитай хамтран анхны барилгуудыг барьж эхэлсэн. Тухайн үедээ маш их эрсдэлтэй тулгарч байсан. Энэ цаашаа ямар зам туулж, хаана очихыг мэдэхгүй үе байсан ч энэ бүхнийг давж гарсан. Өдгөө 700 орчим өрхийг орон сууцжуулаад байгаа бөгөөд тэр дундаа намын мөрийн хөтөлбөрт тусгасан төрийн албан хаагчийг ая тухтай амьдрах орчныг хангах хүрээнд 60 төрийн албан хаагчийн орон сууцны асуудлыг шийдвэрлэсэндээ сэтгэл тэнүүн байна. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсантай холбоотойгоор одоо ажлууд үе шаттайгаар хийгдээд явж байна.

-Таны хэлсэнчлэн Монгол Улсын Засгийн газар “Ханбогд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г баталсан нь та бүхний олон жилийн хичээл зүтгэл байсан. Үүнтэй холбоотой бүтээн байгуулалтын ажил ямар шатандаа явна вэ?

-Хот болох зорилт бол нутгийн бид бүхний олон жил хөөцөлдөж ирсэн асуудал. Хот болгох ажлыг өчигдөр яриад өнөөдөр бүтээчхэж байгаа явдал биш ээ. Үе, үеийн Ханбогд сумын удирдлагууд, хурлын төлөөлөгчдийн хүчин зүтгэлийн үр дүнд Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ кабинетынхаа хамт манай нутагт хүрэлцэн ирж Ханбогд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг соёрхон баталж, хүлээлгэн өгсөн билээ. Ханбогд хотын эдийн засаг, бие даасан хөгжил дан ганц уул уурхайг түшиглэсэн бус мал аж ахуй, аялал жуулчлалын салбарын хөгжилтэй уялдсан солонгорсон бүтэцтэй байхыг бид Засгийн газраар батлуулсан хөгжлийн төлөвлөгөөндөө тусгасан. Бид Ханбогд хотын суурийг зөв оновчтой тавихын тулд нэн тэргүүнд газар доорх байгууламж, дэд бүтцийн асуудлыг эхэлж хийх ёстой гэдэг зарчмыг барьж 35 мянган хүнд хүрэлцээ бүхий инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж гээд бүгдийг нь хийж чадсан. Одоо харин газар дээрх байгууламжуудаа бүтээж айл өрх, албан байгууллагуудтайгаа энэ дэд бүтцээ холбож өгөх дараа дараачийн ажлууд эхлээд явж байгаа.

-Стратегийн томоохон бүтээн байгуулалтаас гадна та боловсрол, урлаг соёлын салбарт багагүй анхаардаг. Жишээ нь “Үлэмжийн чанар” соёлын төвийг таны санаачилгаар барьсан гэдэг байх аа?

-Урлаг соёлоор дамжуулж монгол үндэстний уламжлал соёлыг хадгалахыг эрмэлзэж явдаг хүний хувьд 2012 онд ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоны дараа санаачлан улмаар 2015 онд шавыг нь тавьж, 2017 онд 400 хүний суудалтай энэ соёлын төвийг ашиглалтад оруулж байсан. Түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд говь нутгийн онцлогийг харуулсан “Галба говь” музейн барилгын зураг төсвийг боловсруулж, хоёр бөхт тэмээний үзмэр голлосон улсын чанартай музейн үзэл баримтлалыг батлуулаад байна.

Харин боловсролын салбарын тухайд багш өвөөгийнхөө нөлөөгөөр энэ салбартай ойр байдаг. Ардын боловсролын тэргүүний ажилтан өвөөгийнхөө ажил үйлсийг мөнхжүүлэх үүднээс Б.Чогдовын нэрэмжит “Багшийн хишиг” хөтөлбөрийг багш нарын дунд хэрэгжүүлж байна. Анх нэг сургуульд хэрэгжиж байсан бол одоо өргөжсөөр 2 сургууль, 3 цэцэрлэгийн хэмжээнд цар хүрээ нь өргөжсөн байна. Мөн салбарын шилдэг залуусыг шалгаруулдаг “Оюу” наадам, сумын залуучууд, оюутны чуулга уулзалт, “Одонгоо зүүцгээе ээжүүдээ”, “Ахмадаа сонсъё” арга хэмжээ, “Хүүхэд бидний ирээдүй”, “Эмэгтэйчүүд нийгмийг манлайлна”, “Алтан нутгийн бэр”, “Нутгийн сайхан хүргэчүүл” чуулган зэрэг нас насны хүмүүсийн хөгжилд зориулсан ажлыг уламжлал болгон зохион байгуулдаг.

-Танд хүүхдийн байгууллагаас “Хүүхдийн итгэмжит элч”-ээр удаа дараа тодруулсан байна лээ. Энэ нь таныг энэ чиглэлд багагүй ажил хийсний баталгаа биз ээ?

-Хүүхдийг дэмжинэ гэдэг бол ирээдүйдээ хөрөнгө оруулж байгаа хэлбэр. Тиймээс хүүхдийн авьяас билгийг хөгжүүлэх, тэдний оролцоо, хамгааллын чиглэлээр дэмжиж ажилладаг. Жишээ нь улс, тив дэлхийн чанартай уралдаан тэмцээнд оролцуулах, олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд амраах, хүүхэд хөгжүүлж байгаа багш нарыг шагнаж урамшуулах, шилдэг 100 сурагчийг хүлээж авч, хүндэтгэл үзүүлэх гэх мэт ажлыг дурдаж болно.

-2012 оноос хойш аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр ажилласан хугацаагаа та товч дүгнэж хэлээд ярилцлагаа өндөрлөе.

-Нутгийн хүний хувьд Өмнийн цэнхэр говь, тэр дундаа Монгол Улсын эдийн засгийг тодорхойлж буй бүс нутаг Галбын говио хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүрх, гар биеэ зориулж явааг минь итгэн дэмжиж, Ханбогдчууд маань намайг аймгийн ИТХ-д гурвантаа сонгон илгээлээ. Ард иргэдийн маань итгэл надад нутгийнхаа хөгжлийн төлөө хийж бүтээх, бодлого шийдвэрээ няцахгүй хамгаалах урам зориг өгч ирлээ. Тиймээс ч эргээд харахад нүдэнд харагдаж, гарт баригдахуйц дорвитой тодорхой ажлыг гүйцэтгэжээ. Энэ том бодлогын шийдвэрийг гаргуулж, бүтээн байгуулалт өрнүүлэхэд хамтран ажилласан сумын ИТХ, ЗДТГ, төр, хувийн хэвшлийн байгууллагууд ахмад буурлууд, залуус дүү нар, нутгийн зон олны маань оролцоо их ээ. Бидний зүтгэлийн үр шимээр нутаг оронд минь хөгжил дэвшил нэгэнт ирснийг харахад туйлын таатай байна.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Галбын сайхан нутагт тань их хот сүндэрлэхийг ерөөе.

-Тэр ерөөл удахгүй биелэх болно оо.

Д.ПҮРЭВСҮРЭН

 

 

Categories
мэдээ нийгэм

Цэргийн алба хаах гэж хошуурдаг болгохсон …

 -БАГШ СУДЛААЧИЙН СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ УХААНЫ ТЭМДЭГЛЭЛ-

Саяхан “Батлан хамгаалахын сэргэлт” гэсэн Батлан хамгаалахын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд цугларалт болж олон чухал, чухал асуудлуудыг хөндөн ярилцаж тодорхой шийдвэрт хүрч одоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа ид өрнөж эхэллээ.

Уг зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн оролцож, батлан хамгаалах салбарын шинэ сэргэлтэд Засгийн газраас онцгой анхаарал хандуулна гэдгээ илэрхийллээ. Тэрбээр батлан хамгаалах салбарын сэргэлт нь удирдах бүрэлдэхүүний ажилдаа хандах хандлага, манлайлал, хүний нөөцийн чадавхыг сайжруулахаас эхэлнэ.

Түүнчлэн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Сөрөн тэсвэрлэх чадавх-Батлан хамгаалах тогтолцоо”-г бэхжүүлэх зорилт туссаныг онцолж, салбарын алба хаагчдын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх талаар засгийн газар дэмжин ажилласнаар Зэвсэгт хүчнийхний 20 жил хүлээсэн шийдвэр албажиж, алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 25 хувь болгон нэмэгдүүлж ирэх оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжих болсныг албан ёсоор мэдэгдсэн юм. Мөн монгол хүн бүрт эх оронч үзэл төлөвшүүлэхэд энэ салбараас төсөв харамлахгүй гэдгээ ч хэлсэн. Гагцхүү батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд хүний эрхийг дээдлэн ажиллахыг удирдлагуудад анхаарууллаа.

Ингэж Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Батлан хамгаалах салбарыг чухалчлан авч үзсэн нь тохиолдлын зүйл биш юм.

Орчин үеийн дайны мөн чанар нь, үйлдвэрлэлийн хүч чадал, командлал, хяналт, харилцаа, холбоо тагнуулын системийг хослуулсан өрсөлдөөн болжээ. Орос, Украины цэргийн мөргөлдөөн нь амин чухал дэд бүтэц, хот, суурин руу чиглэсэн хэвээр байгаа төдийгүй цаашид энэ байдал улам хурцатах шинжтэй.

Олон улсын байдал тийм ч амгалан, энх тайван ч бус байна. Украин, Оросын зэвсэгт мөргөлдөөн, Ойрхи Дорнодын байлдаан, Япон улс Азид шинэ НАТО үүсгэх санаархал, хөрш Орос, Хятад улсууд цэргийн зардлаа хэд дахин нэмэгдүүлсэн төдийгүй дотооддоо ч бас шуугиантай байгаа байдал. Энэ бүхнийг илтгэн харуулж байна.

Энэ бүхнийг манай засгийн газар, Батлан хамгаалахын яам анхаарч бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байгаа нь судлаачийн хувьд нэн сайшаалтай зүйл хэмээн үзэж өөрийнхөө саналаа илэрхийлж байна.

Энэхүү Батлах хамгаалах салбарын удирдах ажилтны цугларалт, зөвлөгөөний үеэр Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт” Батлан хамгаалахын сэргэлт”-ийг жинхэнэ утгаар нь авчрахад нэн түрүүнд хугацаат цэргийн албаны сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах замаар цэргийн албаны нэр хүндийг өргөж, алба хаах, амьдрах орчныг сайжруулж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй. Түүнчлэн иргэний цэргийн үүргээ биелүүлж хугацаат цэргийн албанд ирсэн залуус маань алба хаах хугацаандаа цэргийн эрдмээс гадна англи хэл, компьютер зэрэг нийгэмд хэрэгцээт мэдлэг чадварын анхан шатны сургалтад хамрагдаж, цэргийн албанаас бүгд жолооны болон бусад мэргэжлийн үнэмлэхтэй халагддаг тогтолцоог бүрдүүлэх асуудлыг судалж ажил хэрэг болгох асуудлаар тодорхой үүрэг чиглэл өглөө. Батлан хамгаалахын сайдын энэхүү маш чухал бодлогыг дэмжиж хэрэгжүүлэхэд дэм тус болж юуны магад хэмээн үзэж хугацаат цэргийн сургалтын асуудлаар 30 гаруй судалгаа, туршилт явуулж ажилласан. Энэ чиглэлээр Эрдмийн зэрэг хамгаалсан судлаач, багш хүний хувьд доорх саналуудыг дэвшүүлэн тавьж байна.Авах, гээхийн арга ухаанаар хандана гэдэгт итгэж байна.

Нэгэн зүйл: Хугацаат цэрэг юунд суралцаж хэрхэн цэргийн алба хаах ёстой вэ? гэсэн асуултад маш товчоор хариулахад зөвхөн цэрэг-дайнд хэрэг болох зүйлд маш богино хугацаанд заавал төгс суралцаад дайчилгаанд нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн, орон нутгийн хамгаалалтад цэргийн тодорхой үүрэг гүйцэтгэх чадвартай бие бялдар нь чийрэгжсэн байх ёстой. Өөр илүү дутуу олон юманд сургаж байна гэж цаг хугацаа алдаж, хөрөнгө мөнгө үрэх шаардлага байхгүй. Чадвал Монголын бүх эрчүүдийг БНСУ, Израиль шиг цэргийн алба хааж үндсэн хуульд заасан иргэнийхээ журамт үүргээ биелүүлдэг байх нь бүхнээс чухал. Швейцарь, Швед, Финланд зэрэг зарим улсын бүх иргэд дөрвөөс зургаан сарын хугацаанд цэргийн алба хааж цэргийн хэрэгт суралцаж цэргийн ямар ч үүргийг биелүүлж, сайн буудаж, 10км-д ажрахгүй гүйж, цэргийн нэг бүрийн зэвсгийг эзэмшиж чаддаг байна. Энэ мэт олон жишээ туршлагыг дурдаж болмоор байна. Энэ нь Улсаа Батлан хамгаалахад иргэдийн оролцоо эрс дээшилж иргэндээ цаг хугацаа хэмнэсэн ашигтай төдийгүй бие бялдар, эрүүл мэнд нь сайжирч иргэнлэг, эх оронч үзэлтэй болж төлөвшиж байна.

Орчин үеийн дайнд байлдаанд олон өөрчлөлт гарч бараг “Цельгүй”, “Цэрэггүй” иргэдийн амьдрал оршин ахуйд хотын дотор иргэд ихээр оролцсон байдлаар явагдаж байна.

Иймээс өнөөдөр хугацаат цэргийн алба хааж цэргийн алба хааж буй сургалтад энэ бүхнийг харгалзан үзэх учиртай. Хугацаат цэрэг нь цэргийн алба хаах энэ хугацаандаа цэрэг байлдагч нэг бүрийн зэвсэг, хэрэгслээ бүрэн эзэмшсэн чадварлаг хэрэглэж чаддаг, бие бялдрын болон гардан тулаан зэрэг хөдөлгөөнт цэрэг спортын бүх дасгал дадлагыг сайн гүйцэтгэж мэргэн буудаж 10, 20 км-ийн маршид алзахгүй гүйдэг зэргийг цэргийн мэргэжлийн тодорхойлолтод тусгаж заавал заавал сургаж дадлагажуулах шаардлага тавигдаж байгаа юм. Саяхан халагдаж байгаа нэг байлдагч (Н…) би 1 жил цэргийн алба хаахдаа 2 удаа 6 сумаар буудсан оносон оноогүйгээ мэдэхгүй юмдаа. Харин шал зүлгэж, хоосон склад манаж хог, аккурак түүж сайн сурсан шүү. За нэг иймэрхүү байдлаар цэргийн алба хаалаа. Харин танай оюутан цэрэг 100 гаруй сумаар буудаж тодорхой бага мэргэжил эзэмшдэг зав чөлөөгүй гэж сонслоо. Энэ зүгээр юм гэж манай найз ярьж байлаа гэж өгүүллээ. Энэ нь тохиолдлын жишээ мэт боловч байдаг асуудал шүү. Нэгэн аав хүүгээ цэрэгт явуулах гэсэн юм. Тэр англи хэл, компьютер сурах нь яах вэ. 3 дугаар ангиас нь англи хэлийг мэргэжлийн багш 9 жил заасан гайгүй болсон байлгүй. Угаасаа хүүхдүүд утас, кино, хүүхэлдэй үзэсээр байж одоо хоорондоо англиар ярьдаг болчихсон. Манай хүү компьютер, PC game тоглоомд донтоод байгаа юм. Цэрэгт явуулаад гайгүй болох болов уу гэсэн тэнд бас тэр тоглоом нь байх юм байна даа Цэргийн хэрэгт сургах юмаа сайн сургаад төлөвшүүлээд өгөөч, аль эсвэл цэрэгт сургах зүйл байхгүй бага болчихоод слесарь, цахилгаанчин, бас элсэлтийн шалгалтад бэлтгэнэ, магистрт сургана гээд политехникийн сургалтын болон курсээр сурчихдаг зүйл яриад байх юм. Зарим нь сайшаагаад л байна лээ. Саяхан ТV-ээр цэргийн штабын дарга энэ жилийн шинэ-цэрэг та нарыг англи хэл, компьютерт сургана бүгдийг чинь жолооч болгоно гэж ярьж байна. Тийм мэргэжлийн багш, тоног төхөөрөмж нь байгаа юм уу? Энэ нь цэрэгт тийм их хэрэг болох зүйл мөн үү? Зарим нь тэнд очоод цэргийн хуаранд англи хэл сурах биш баахан PC game тоглоомчид болчих бий. Тэр цэрэгт хэрэгтэй юмандаа сургаад бие бялдрыг нь сайжруулаад, улс орноо Батлан хамгаалах чадвартай ухамсартай төлөвшсөн хүн болгонд өгөхийг ард түмэн хүсч байна гэж их л гомдонгуй ярьсан бэлтгэл дэд хурандаа аавын яриаг тэмдэглэн авч орууллаа. Бодууштай юм.

Хугацаат цэргийн албаны нэр хүндийг өргөж олон залуусыг хамруулъя гэвэл богино хугацаанд зөвхөн цэрэг дайнд хэрэгтэй зүйлд нь сургаад дайчилгааны бэлтгэл үүрэгтнээ бэлтгэвэл богино хугацаанд хурдан яваад ирье иргэнийхээ үүргээ биелүүлье гэж залуус хошуурах байх шүү. Энэ нь хүндээ ч хэрэгтэй наалдастай, цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэж улс орны Батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх биз. Иймээс хугацаат цэргийн албыг олон хувилбартай сургалтын тогтолцоогоор цэрэг алба хаалгах эрэлт хэрэгцээ байх шиг байна.

  1. Орлоготой цэрэг нэг жилийн хугацаат цэргийн албаар Цэргийн эрчимтэй сургалтаар сургагдсан дайчилгааны нөөцийн бэлтгэл хүчинтэй байх. Энэ цэргийн бэлтгэл хүчнийг эхний 6 сар цэргийн эрчимтэй сургалтаар цэргийн хэрэгт сургаж үлдсэн 6 сард нь эх орны бүтээн байгуулалтад оролцуулбал “Орлоготой цэрэг” цэрэг-эх оронч хөдөлмөрч иргэнийг төлөвшүүлж, цэргийн зардлыг 2 дахин багасгах боломж байна. Цэрэг татлагын жилд 1 удаа 10 сард татаад цэргийн хэрэгт сургаж 4 сар гэхэд бүтээн байгуулалтад шилждэг байх боломжтой. Энэ цэргүүдэд зөвхөн цэрэг-дайнд хэрэгтэй зүйлд маш богино хугацаанд сургаад халдаг илүүдэл сургалт хэрэггүй, харин бүтээн байгуулалтад оролцох мэргэжлээр нэг сарын мэргэжлийн курст суралцаж болох юм.
  2. Оюутан цэрэг сургалтыг дөрвөн сарын эрчимтэй сургалтаар өнөөгийн мотобуудлагын цэргийн нэг жилийн турш судалж байгаа 1171 цагийн хичээлийг 658 цагт бүрэн судлуулж суралцаж буй мэргэжилд нь тулгуурлах цэргийн 11 төрлийн бага мэргэжил эзэмшүүлэн сургаж байгаа бидний 10 жилийн туршлага харуулж байна.

Энэхүү сургалтын явцад сургалтын хөтөлбөрийг бүрэн багтаасан хоёр сурах бичгээр вакумжуулсан эрчимтэй сургалтаар сургагдсан оюутан-цэрэг нь өнөөгийн Зэвсэгт хүчний хугацаат цэргийн албан хаагчдын адил түвшинд бэлтгэгдсэнийг энэ хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж буй хүний хувьд ам бардам хэлэх байна.

  1. Орон нутгийн хамгаалалт бол Батлан хамгаалах бодлогын цөм асуудлын нэг юм. Иймээс орон нутгийн цэргийг орон нутаг, хөдөөгийн цэргийн насны залуучуудыг хийж буй ажил мэргэжлээс нь хөндийрүүлэхгүйгээр цэргийн алба хаалгаж орон нутгийн хамгаалалтаар үүрэгжүүлэн гурван сарын хугацаатайгаар цэргийн алба хаалгах боломжийг судалж хэрэгжүүлж болмоор. Орон нутагт ажиллаж байгаа багш, эмч, малчид, зарим чухал үйлдвэрийн ажилчид зэрэг цэргийн насны залуучуудыг хамруулж болох юм. Жилд хоёр, гурван удаагийн сургалтаар бэлтгэж цэргийн алба хаалгаж болно.

Ялангуяа залуу малчдыг малчин цэрэгт “Сурган бэлтгэх шаардлага байна. Монгол Улс 70 сая малтай”. Малаа маллах малчингүй шахуу байна. Надад хөдөөгийн малчдаас ирсэн 10 гаруй захидал байна. Малд жаахан дөртэй болсон залуус цэрэгт явдаг. Харин тэр малчин залуус ямар нэг мэргэжил эзэмшээд эргэж ирэхгүй, ирсэн ч малаа маллахгүй хот бараадаад дараа нь эцэг, эх, төрөл төрөгсөдөө татан авсаар хөдөө эзгүйрлээ Монгол Улс. Хятад малчидтай болох юм уу. Говийн зарим аймгууд хятад малчидтай болоод эхэлчихжээ. Малаа маллах монгол залуу олдохгүйнээ.

Залуу малчин залуусыг сайн урамшуулаад малжуулаад хөнгөлөлт үзүүлэх бодлого хэрэгтэй байх шиг. Тэр оюутан цэрэг бэлтгэдэг шигээ цэргийнхэн хэрэгт сайн сургаад 20 минутын шуурганд малынхаа хажууд зогсчихдог тэсвэр хатуужилтай эр хүн болгоод өгчих боломж нөхцөлийн талаар судалж асуудал болгон тавиач гэж хүссэн байсныг энд чухалчлан бичлээ. БХЯ-нд энэ талаар хийсэн судалгаа, хуулийн төсөл байгаа болов уу.

Ийм залуусыг орон нутагт нь ойрхон Ховд, Эрдэнэт, Зүүнбаян, Дорнодод байгаа цэргийн ангиудаа түшиглэн сургалтын төвүүд байгуулан гурван сарын хугацаагаар ийм цэргүүдийг бэлтгэж дайчилгааны бэлтгэл хүчний нөөцөө нэмэгдүүлж улс орныхоо БХ чадавхыг бэхжүүлэн олон залуусыг цэргийн алба хаалгах боломж байгаа мэт. Ингэж цэргийн алба хааж байгаа залуус ажлаасаа хөндийрөхгүй, цалин мөнгөө аваад цэргийн албаа хаах боломж бүрдэж болох юм. Яагаад гэвэл гурван сарын хугацаа бол хуульд заасан хамгаалалттай хугацаа юм. АНУ-д цэргийн хэрэгт төгс боловсорсон Рейнжер цэргийг 60 хоногт бэлтгэж байна. Эхний 20 хоногт (мөлхөх) цэргийн ерөнхий бэлтгэл 2 дахь 20 хоногт (алхах) мэргэжлийн бэлтгэл сүүлийн 20 хоногт (гүйх) жижиг бүлэг, тасаг, салаанд үүрэг гүйцэтгэх чадварт сургаж биеийн тамир, цэрэг спортын иж бүрэн бэлтгэл хийлгэж сургадаг туршлага байгааг судалж үзүүштэй. Ийм Сайн сургалтыг Монголын Зэвсэгт хүчний онцлогт тохируулсан ялангуяа мотобуудлагын цэрэгт хэрэглэх боломжтой. Тийм судалгаа, хөтөлбөр бидэнд байна.

  1. Дүйцүүлэх болон мөнгөн төлбөрөөр цэргийн алба хаалгаж байгаа өнөөгийн тогтолцоог үндсээр нь өөрчилж цэргийн хуарангаар цэргийн сургалтад хамруулж цэргийн алба хаасанд тооцдог баймаар байна. Хэдэн жилийн өмнө судалгаа хийж дүйцүүлэх алба дүйцэхгүй байгаа тухай сонинд бичсэн хэн ч анхаарсангүй. Дүйцүүлэх алба хааж байна гэж 2 жил цэргийн штабын даргын үүд манаж, хааяа даргынхаа гарын үзүүрт нь зарагдаж, эхнэр хүүхдэд нь үйлчилж, сургууль соёлд хүргэж өгсөн шиг, онц сурсан зүйлгүй худал, үнэн шалтаг тоочин цэргийн алба хааснаар тооцож байгаа нь харамсалтай. Ийм дүйцүүлэх албыг хуулиар зогсоох шаардлага байгаа юм шиг.

Мөнгөн төлбөрөөр 26 нас хүрээд 1 жилийн цэргийн нэг цэргийн зардлын 10 орчим хувийг төлөөд мөнгөн төлбөрөөр цэргийн алба хаасанд тооцож байгаа нь бүрч зохимжгүй. Хэрвээ цэргийн алба хаахгүй байгаа бол 1 жилийн нэг цэргийн зардлыг 2 дахин нэмэгдүүлж төлбөр аваад цэргийн алба хаасанд тооцож болох юм. Ийм байдлаар дүйцүүлэх албаны шаардлагаар цэргийн алба хааж байгаа залуусыг мөнгөн төлбөрт албанд шилжүүлэн тооцож шударга ёсыг тогтоож болох юм.

Цэрэг унтаж цэргийн алба явж байна гэдэг шиг хугацаа тоолж цэргийн алба хаах биш өндөр ачаалалтай, эрчимтэй бонино хугацаагаар цэргийн хэрэгт шамдан суралцаж эзэмшсэн мэргэжил дадлагаараа тооцуулж цэргийн алба хаадаг журамд шилжмээр байна.

Нэгэн зүйл. Цэрэгт татагдаж буй залуусын эрүүл мэнд тааруухан байна. Цэргийн эрүүл мэндийн үзлэгт орж буй залуусын бараг гуравны нэг нь эрүүл мэндээр тэнцэхгүй байгаа сурагтай. Энэ бол ноцтой анхаарах ёстой асуудал мөн. Хүүхэд залуусын эрүүл мэндийн асуудлыг бага наснаас эхлэн бодлогоор дэмжиж ажилламаар байна. Ялангуяа ахлах сургуульд сурах 3 жилд нь бүр илүү анхаарч нийтийн биеийн тамирын тогтолцоогоор тусгайлан хичээллүүлж цэргийн алба хаах бэлтгэл болгон явуулбал илүү дүнтэй болох байх.

Ахлах сургуульд сурч буй хүүхдүүдэд “Улсыг батлан хамгаалахад бэлхэн” гэсэн биеийн тамирын хөтөлбөр, болзол, нормитив гарган биеийн тамирын хичээлээр тусгай хөтөлбөрөөр судлуулж Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Батлан хамгаалах яамууд хамтран санамж бичиг байгуулж ажиллавал үр дүнд хүрч юуны магад. “Улсын батлан хамгаалахад бэлхэн” биеийн тамирын болзол хангасан залууст цэрэгт явах, цэргийн сургуульд ороход нь хөнгөлөлт үзүүлэх, элсэлтийн шалгалтад нь оноо өгдөг гэх мэт урамшууллын тогтолцоо ч хэрэгтэй байна. Ингэж хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө дээр дооргүй хамтарч ажилламаар байна.

Нэгэн зүйл. Сүүлийн үед Монголчуудын эх оронч үзэл хүмүүжлийн асуудлыг дээр дооргүй ярьдаг боллоо. Би энэ бүхэнтэй санал нэг байна. Монгол иргэдэд тодорхой үзэл, хүмүүжлийн хоосон орон зай бий болоод байна. Шавь нартайгаа хамтраад иргэд, залуучуудад эх оронч үзэл, хүмүүжлийг олгох, арга зам төлөвшүүлэх асуудлаар гурван удаа судалгааны ажил хийлээ. Бидэнд “Чингисийн Монгол” гэсэн иргэд залууст эх оронч үзэл хүмүүжил олгох зориулсан үндэсний хөтөлбөр байна. Энийг авч үзээч гэж олонтаа ярьсан боловч “За” гээд орхидог. “Монголчуудын бахархал”, “Эх оронч-суралцагч”, “Эх оронч-Монгол” зэрэг судалгаа хөтөлбөрүүд явагдаж иргэд залуучуудад эерэг нөлөө үзүүлж байгаа боловч тодорхой систем, тогтолцоо байхгүй цаг үеийн урсгал шинжтэй байна. Бидний судалгааны явцад нэг ажиглагдсан зүйл бол эх оронч хүн гэж хэнийг хэлэх вэ гэвэл иргэнийхээ үүргийг яс биелүүлдэг иргэн хүнийг хэлэх ёстой юм билээ. Хуулиа биелүүлдэг, татвараа төлдөг, шударга хөдөлмөрлөдөг, үр хүүхэд гэр бүлээ сайхан авч явдаг эх оронч зүтгэл бүтээл, эх оронч үйл хэргээрээ тодорч байгаа иргэншсэн монгол хүнийг жинхэнэ эх оронч хэмээн нэрлэж болмоор. Ийм иргэнийг сургаж, хүмүүжүүлэх нь эцэг эх, сургууль, байгууллага хамт олны нэн тэргүүний зорилт болж байна. Цэргийн алба хаах нь залуусыг ингэж хүмүүжүүлж төлөвшүүлж өгч байгаа нь амьдрал практикт харагдаж байна.

Бид оюутан цэргийн сургалтын явцад 3 үе шаттайгаар эх оронч иргэн бэлтгэх соёл хүмүүжлийн ажлын тусгай хөтөлбөрөөр байнга явуулснаар нэлээд үр дүнд хүрч байна. Судалгаанаас үзэхэд, 10 жилийн хугацаанд оюутан цэргийн сургалтад 8000 гаруй залуус хамрагдсан энэ залуусаас гэмт хэрэгт холбогдсон, элдэв ёс зүйн дутагдал гаргасан оюутан бараг байхгүй. Харин ч оюутан цэргийн алба хаасан залуус хичээл сургуульдаа сайжирч, ёс суртахууны хувьд төлөвшиж хамт олноо сайн манлайлж байна гэж олон нийт, эцэг эх, сургуулийн удирдлагууд ихэд ам сайтай байна. Иймээс оюутнуудаа оюутан цэргийн сургалтад явуулах хүсэл сонирхолтой “Брэнд” цэргийн алба болон хэрэгжиж байна.

Аль ч хэлбэрээр цэргийн алба хаах явцад цэрэг-эх оронч үзэл, хүмүүжил төлөвшил суух “Цөм” газар нь цэргийн анги байгууллагууд болсоор байна. Энэ уламжлалаа хадгалж цэргийн алба хаах үед нь “эх оронч Монгол” иргэн болон төлөвшүүлэхэд англи хэл комптьютерт сургахаасаа илүү харин “Монгол цэргийн түүх”, “Уйгаржин монгол бичиг” хоёрыг тусгай хөтөлбөр, төлөвлөгөө гарган судлуулж эзэмшүүлэх нь ийм үзэл хүмүүжлийн үндэс суурь болж өгнө гэж үзэж байна. Тэрчлэн цаг зав байдаг юм бол монголын газар зүй, мал маллах арга зүй гэх мэт нэмэгдэл хичээл сургалт явуулбал эх оронч үзэл хүмүүжил аяндаа төлөвшин бий болж эх орноо Батлан хамгаалах үндсэн хуулийн журамт үүргээ ухамсарлан итгэл үнэмшилтэйгээр цэргийн албаа хааж жинхэнэ эх оронч монгол иргэн болох нигууртай. Цэргийн алба хаасан хүнийг амьдралын их сургууль төгссөн гэж ард түмэн үзэж хүндэтгэн бахархдаг юмаа. Бид ингэж ажиллавал залуучууд цэргийн алба хаах гэж хошуурсан “Жинхэнэ эх оронч-Монгол” иргэнийг цэргийн хуаранд төлөвшүүлэн бүтээж чадах болмой.

 

Үндэсний батлан хамгаалах их сургуулийн тэргүүлэх профессор, “Оюутан цэрэг” сургалтын ерөнхий зохицуулагч, шинжлэх ухааны доктор, профессор Ардын багш, хурандаа Гэрэлийн Мягмаржав

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

СТРАТЕГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ”-Д МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ К.Ж.ТОКАЕВ НАР ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
  • Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тогтсоныг төрийн тэргүүнүүд тунхаглан зарлалаа. Монгол Улс нь Төв Ази дахь чухал түнш Бүгд Найрамдах Казахстан Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан хамтын ажиллагаагаа улс төр, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээллийн технологи, тээвэр, логистик, аялал жуулчлал, иргэдийн харилцаа, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг нийгмийн бүхий л салбарыг хамарсан чиглэлүүдэд өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо.

Мөн

1. ТЭТГЭВРИЙН АСУУДЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-Т
  1. Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тэргүүн шадар сайд Роман Скляр,
  • Хоёр улс өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр тогтоохдоо нөгөө талын нутаг дэвсгэрт ажилласан хугацааг нэгтгэн тооцож, тэтгэвэр тогтоох, тэтгэврийг харилцан шилжүүлэх асуудлыг зохицуулсан. Хоёр улсын иргэд Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсад ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн, өндөр насны тэтгэвэр тогтоолгох, одоогоор тус улсад албан ёсоор хөдөлмөр эрхэлж буй 3 мянга гаруй Монгол Улсын иргэд хуримтлалын тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдэж, ирээдүйн нийгмийн баталгаа сайжрах чухал ач холбогдолтой. Хэлэлцээр шинээр байгуулах чиглэлээр 2018 оноос хойш ажиллан, 17 удаа хэлэлцээ хийсний үр дүнд хэлэлцээрийг ийнхүү эцэслэн байгууллаа.
  1.  “МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ХООРОНД ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЭХ ТУХАЙ 2025-2027 ОНУУДЫН ЗАМЫН ЗУРАГЛАЛ”-Д

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тэргүүн шадар сайд Роман Скляр,

  • Худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал болон бусад салбарт 2025-2027 авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгаж, хамтарч ажиллахаар тохиролцлоо.
  1.  “НИСЭХИЙН ЭРЭН ХАЙХ, АВРАН ТУСЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-Т

    Монгол Улсын Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тээврийн сайд Марат Карабаев,

  • Эрэн хайх, авран туслах байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр улсын нутаг дэвсгэрт аюулд нэрвэгдсэн иргэдийг богино хугацаанд эрэн хайх, аврах, тусламж үзүүлэх зорилгоор яаралтай мэдээлэл солилцох, өөрийн харьяаллын бүсэд нөгөө талын агаарын болон газрын эрэн хайх, авран туслах байгууллагыг ажиллуулж, иргэдэд түргэн шуурхай тусламж үзүүлэх боломж бүрдлээ.
  1.  “МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ТЭЭВРИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-Т

    Монгол Улсын Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тээврийн сайд Марат Карабаев,

  • Олон улсын хоёр талын болон дамжин өнгөрөх тээврээр зорчигч болон ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах замаар хоёр улсын хоорондын авто замын харилцааны үр ашгийг нэмэгдүүлэх, хуурай боомтын үйл ажиллагааны чиглэлээр харилцан туршлага солилцох, олон улсын зорчигч, ачаа тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, Монгол-Казахстаны чиглэлийн тээвэрлэлтийг хөгжүүлнэ. Энэ нь тээвэрлэлтийн түргэн шуурхай, тогтвортой байдлыг хангах, экспорт, импортын хэмжээг нэмэгдүүлэх, бүс нутгийн худалдаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг чухал ач холбогдолтой.
  1. “МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН 2025-2027 ОНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НД

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсын Мурат Нуртлеу,

  • Монгол, Казахстаны Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх хүрээнд 2025-2027 онд хоёр улсын Гадаад харилцааны яам тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллахаар тусгалаа. Тухайлбал, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлал зохион байгуулах, харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар Гадаад харилцааны яамдын удирдлагын түвшний яриа хэлэлцээг тогтмолжуулах зэргийг харилцан тохиролцлоо.
  1.  “СОЁЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН СОЁЛ, МЭДЭЭЛЛИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-Т

    Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин, Бүгд Найрамдах Казахстан Улсын Соёл, мэдээллийн сайд Аида Балаева,

  • Соёл, урлагийн үзэсгэлэн, урлагийн тоглолт, кино үзвэр хамтран зохион байгуулах, соёлын өвийг хамгаалах, соёлын биет бус өвийг сэргээн засварлах чиглэлээр судалдаа хийж, соёлын солилцоог нэмэгдүүлнэ. Түүх, өв соёл, нүүдэлчин уламжлалт зан заншлын гүнзгий хэлхээ холбоотой улсуудын хувьд соёлын хөтөлбөр хэрэгжүүлэх, монгол, казахын түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт дурсгалыг судлан тогтоох, монгол, казах судлалыг хөгжүүлэх, соёлын биет бус өвийн чиглэлээр хамтарсан судалгаа хийх, музей хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдлээ.
  1. “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, СПОРТЫН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-Т

    Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаев,

  • Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, аялал жуулчлалын өдөрлөг, арга хэмжээ хамтран зохион байгуулах, улс орноо харилцан сурталчлан таниулах, улмаар нүүдэлчин соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлнэ. Аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын дэд бүтэц, байгууламжийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

  1. “ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ БОЛОН МАЛ ЭМНЭЛЭГ, ХОРИО ЦЭЭРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-Т

    Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн сайд Айдарбек Сапаров,

  • Арьс шир, ноосны боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, талуудын инженер, техникийн ажилтан, төрийн болон аж ахуйн нэгжүүдийн холбогдох мэргэжилтнүүдийг бэлтгэх болон арьс шир, ноос гүн боловсруулахад хөрөнгө оруулалт татах, технологи нутагшуулах, нэвтрүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцож, хамтарч ажиллана. Малын арьс шир, ноос боловсруулах хяналтын тогтолцоо, стандарт, лабораторийн байгууламжийг хөгжүүлэх, боловсронгуй болгоход харилцан дэмжлэг үзүүлэхээр тохиролцлоо. Цаашид хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой юм.
  • Мал эмнэлэг, хорио цээрийн асуудал хариуцсан байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, нэгдсэн мэдээллийн систем үүсгэх, хүнсний бүтээгдэхүүний мал эмнэлгийн гэрчилгээний тоог нэмэгдүүлж, энэ салбарт мэдээлэл солилцохоор тохиролцлоо. Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээгээр мал эмнэлэг, хорио цээр, ариун цэврийн шаардлагыг харилцан тохиролцох замаар мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаанд дэмжлэг үзүүлэх боломж бүрдлээ.
  1. “МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, САНСРЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-Т

    Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Цэндийн Баатархүү, Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрлэлийн сайд Жаслан Мадиев,

  • Үндэсний хэмжээнд тулгамдсан асуудлуудыг мэдээлэл, харилцаа холбооны технологи ашиглан тодорхойлох, дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх чиглэлээр туршлага хуваалцана. Энэ салбарын жижиг, дунд үйлдвэрлэл, инновац, гарааны бизнес эрхлэлтийг дэмжсэн хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хамтран ажиллах, хиймэл оюун ухаан дээр түшиглэсэн шийдлийг улсын байгууллагуудад нийлүүлдэг платформыг харилцан туршлага судлахаар тохиролцлоо. Мөн хоёр улс мэдээллийн технологийн эрин үетэй хөл нийлүүлэн алхаж, улс орныхоо хөгжилд шинэ үеийн технологи, шинжлэх ухаан, өндөр технологийг түлхүү ашиглах чиглэлээр хамтран ажиллана.
  1. “ЦӨМИЙН ЭНЕРГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИСС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ ХООРОНДЫН САНАМЖ БИЧИГ”-Т

    Монгол Улсын Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Гун-Аажавын Манлайжав, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаев нар гарын үсэг зурлаа.

  • Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах хүрээнд ураны олборлолт, тусгай зөвшөөрөл, цацрагийн аюулгүй ажиллагаа зэргээр туршлага солилцох, хамтран ажиллах, мэргэжил дээшлүүлэх зорилгоор хамтарсан онол, практикийн сургалт, семинар, уулзалтыг зохион байгуулах зэргээр хамтарч ажиллана.