Categories
мэдээ эдийн-засаг

Тяньжинд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 4100 орчим чингэлэг байна DNN.mn

Тяньжин боомтын нөхцөл байдлын мэдээг хүргэж байна.

Аравдугаар сарын 1-нээс 28-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 36 галт тэрэг гарчээ. Харин Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 8200TEU буюу 4100 орчимд чингэлгүүдийн үлдэгдэл хэлбэлзэж байна.

Тяньжин боомт дээр автаар гарахаар хүлээгдэж буй 400 чингэлэг, Эрээн-ээс Замын-Үүд дээрхи автын чингэлэг 500 орчим байна.

2024 оны МУ болон БНХАУ ачаа тээврийн D бичиг дууссан тул олгох боломжгүй гэж АТҮТ мэдэгдсэн бөгөөд холбогдох Яам, газрууд шийдвэрлэхээр ажиллаж байгаа мэдээлэлтэй байна. Мөн хилийн цагийн хязгаарлалтыг буцаагаад 24 цагийн дэглэмд шилжүүлэх талаарх хүсэлтүүдийг бид тасралтгүй тавьсаар байна. Эдгээр асуудлаар Засгийн газрын түвшинд анхаарч ажиллана гэж найдаж байна. Хэрэв хил дээр дахин 24 цагийн үйл ажиллагаа эхэлбэл тээвэрлэлт, нийлүүлэлтийн баланс үүсэж үнийн өсөлтийг тогтворжуулах боломжтой юм. Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 95-150 хонож гарч байгаа бол боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд чингэлэг дунджаар 8-10 хоног, ЗҮ/Улаанбаатар чиглэлд 4-8 хоногт тээвэрлэгдэж байна.

Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайнуудад нийт 1520 чингэлэг байгаагаас Ачаатай: 978, Хоосон: 542 чингэлэг байна.

Categories
мэдээ нийгэм

ДАШТ-д С.Цэрэнчимэд алтын төлөө барилдана DNN.mn

Албанийн нийслэл Тирана хотод болж байгаа чөлөөт бөхийн олимпын бус жингийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн барилдааны медалийн төлөө барилдах бөхчүүдийн нэрс тодорлоо6

59 кг-ын жинд С.Цэрэнчимэд гялалзтал сайхан барилдаж, алтан медалийн төлөө шалгарлаа. Манай бөх эхний тойрогт Мексикийн Ривера Арриагаг 10:0, дараа нь Канадын  Лоуренс Борегарыг 8:8, Азербайжаны Алена Колесникийг 9:0 илт давамгайлж, хагас шигшээд Энэтхэгийн Манси Мансиг 4:1 ялж, финалд шалгарлаа. Түүний өрсөлдөгч нь Японы олимп, дэлхийн аварга Рисока Кавай. С.Цэрэнчимэд 2014 онд дэлхийн аварга болж, 2015 онд мөнгөн медаль авч байлаа.

Categories
гадаад мэдээ

Григорий Тамар: Энэ бол зөвхөн эхлэл DNN.mn

Израилийн армийн бэлтгэл офицер, нэрт зохиолч, нийтлэлч, цэргийн түүхч Григорий Тамарын YouTube дээр тавигдсан “Иранд өгсөн цохилт-том тоглоомын эхлэл” тайлбар болон “Яаралтай мэдээлэл! Өнөөдөр Ираны бүх пуужин, “шахед”-ын үйлдвэр устгагдсан” нэртэй ярилцлагыг нэгтгэн товчилж, орчуулан хүргэж байна.

Гурван долоо хоног хүлээлгэсний эцэст Израиль Иранд хариу цохилт өгөв. Харамсалтай нь энэ цохилтын тухай андуу ташаа мэдээлэл ялангуяа Иран, Оросын талаас хэргээр худал мэдээлэл тарааж, Оросын нэг блогер бүр “Ираны хотын гудамжинд Израилийн нисгэгчдийн шарилыг зөөн авчирч байна” гэж мэдээлэв. Иймээс та бүхэнд энэхүү цохилтын талаар үнэн бодит мэдээлэл өгөхийг хүсч байна.

Юуны өмнө энэ цохилтод Израилийн цэргийн бүх салбар ямар нэг хэмжээгээр оролцсон гэдгийг онцолмоор байна. Энэхүү агаарын цохилтын үр дүнд Сири, Ираны Агаараас хамгаалах хүчнийг газрын хөрстэй тэгшилсэн. Ийм агаарын цохилт дэлхийн дайнаас хойш болж байгаагүй. Үүнийг 10-хан сая хүн амтай, жижигхэн Израиль улс хийж чадлаа. Энэ ажиллагаанд тагнуул, дайрагч, халхавч, тээвэр, агаарт түлш цэнэглэгч зориулалттай нийт 100 гаруй онгоц оролцож зөвхөн Иран төдийгүй Ливан, Сирид цохилт өгсөн. Ливанд өгсөн цохилтоор Хезболлагийн газар дор байгуулсан хот шиг хэмжээ, сүлжээтэй бэхлэлтийг 400 тн тэсрэх бодисоор бүрэн устгаж чадсан бөгөөд энэ тэсрэлтээр 4,5 баллын газар хөдлөлт бүртгэгдсэн. Манай цэргүүд Хезболлагийн зэвсгийн агуулахыг эзэлж авахад тэнд байсан Оросын шинэ зэвсгийн хэмжээ манай ерөнхий сайдыг хүртэл гайхуулсан. Иран Израильд цохилт өгөх үед Иран, Оросын мэдээллийн хэрэгслүүд “Израилийн тэдэн онгоцыг устгаж, ийм тийм хохирол учрууллаа” гэж огт худал мэдээлэл тарааж байсан. Эдгээр улсуудын нийгмийн тогтолцоо, биологи нь бодит үнэнийг бус зөвхөн худал, хуурмагийг тараах зохилдлоготой. Иймээс үүнд гайхаад байх зүйлгүй.

Энэхүү цохилтын үр дүнд бид Сири, Ираны Агаараас хамгаалах хүчнийг бүрэн устгасан гэдэг нь бүх цэргийг нь устгасан гэсэн үг биш, харин эдгээр улсын агаараас хамгаалах хүчний хэрэглэж байсан Оросын бүх С-300, С-400 пуужингуудыг Израилийн нисгэгчид Америкийн бөмбөг, пуужингаар бүрэн устгасан гэсэн үг юм. Орос хэлээр явуулдаг миний нэвтрүүлгийг сонсож буй хоёр хүний нэг нь Оросууд байдаг гэдгийг би мэднэ. Иймээс би тэдэнд та нарын гайхуулаад байдаг агаараас хамгаалах С-300, С-400 пуужингууд бол зүгээр л хог, новш гэдгийг хэлье. Танай пуужингууд манай онгоцнуудыг сөнөөх нь байтугай ганц ч онгоцонд шалбархай учруулж чадаагүй. Энэхүү цохилт хийсэн нисгэгчдийн дунд манай дөрвөн эмэгтэй нисгэгч оролцсон. Энэ бол бидний бахархал. Энэхүү агаарын цохилтоор манай улсад аюул учруулж буй “шахед” дрон, шингэн түлштэй пуужингийн үйлдвэр болон пуужин, дроны бүрэлдэхүүн хэсгийг нийлүүлдэг бүх үйлдвэрүүдийг Израиль устгаж чадсан. Ираны пуужингийн үйлдвэрлэлийн хөгжил хэдэн жилээр буцаж ухарсан. Иймээс энэ бүхэн бол Украинчуудын хувьд яах аргагүй баярлах ёстой үйл явдал мөн.

Тийм ээ, бид энэ удаа Ираны цөмийн болон нефтийн байгууламжид цохилт өгөөгүй. Хэрэв ингэсэн бол дэлхий дээр нефтийн үнэ өсч ХАМАС-ын найз Путин бөөн баяр болох байв. Мөн Ираны иргэд гэрэл цахилгаангүй болох байв. Энэхүү цохилтын зорилго нь Ираны өнөөгийн махчин, фашист удирдлага бодит байдал дээрээ ямар арчаагүй болохыг ард олонд нь нээн харуулах явдал байсан. Бид энэ зорилгоо биелүүлсэн. Энэ цохилт бол байлдааны нэг л шат. Энэ бол зөвхөн эхлэл. Учир нь Иран хариу цохилт өгнө. Тэр цагт Израилийн хариу цохилт Ираны өнөөгийн фашист дэглэмийн бэлгэ тэмдэг болсон улстөрчид болон Ираны хувьсгалыг хамгаалах корпусын удирдлагуудын хувьд тэдний үхэл, дэглэмийнх нь мөхөл байх болно. Харин Ираны арми, ард түмэн бол Тегераны өнөөгийн фашист дэглэмийн бэлгэ тэмдэг биш ээ. Учир нь Израиль Ираны батлан хамгаалах, нийгэм, соёлын бүтээн байгуулалтад тусалдаг байсан тэр сайн цаг эргэж ирээсэй гэж бид хүсдэг. Мөн манай цохилтын дараа бидэнтэй хиллэдэг сунитууд наанаа аргагүйн эрхэнд биднийг муулж байгаа ч цаанаа “Израиль Ираныг байранд нь тавьлаа” гэж бөөн баяр болсон. Үүнд Азербайжан, Йемен, Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб гэх мэт улсууд багтаж байна. Харин Оросуудад хэлэхэд, та нарын магтаад, гайхуулаад байдаг зэвсэг чинь үнэндээ бол гуравдагч зэрэглэлийн улсын зэвсэг. Иймээс та бүхэнд баяр хүргэе! Та нар зөвхөн өөрсдөөсөө муу зэвсэгтэй улсыг л дээрэлхэн довтолж чаддаг. Харин бид та нарын нармайг нэг бус удаа нээж байсан. Энэ удаа бүх зүйл дөнгөж эхэлж байна. Иймээс цаашид юу болохыг харцгаая! Иран төдийгүй зарим улсын том нийслэл бидний өгөх цохилтод чичрэх болно! Ямар ч хоргодох байр та нарыг манай пуужин, бөмбөгнөөс хамгаалж чадахгүй! Эдгээр улсын махчин дэглэм солигдох ёстой! Та бүхэнтэй хамт байсан Григорий Тамар. Баярлалаа. Баяртай.

Үнэхээр ч Израилийн цэргийн түүхчийн энэ тайлбар, мэдэгдлийн дараа Өмнөд Солонгос болон Израилийн цэргийнхэн Украинд очсон гэдэг нь тодорхой болоод байна. Энэ нь Киевийн хувьд маш сайн, харин Москвагийн хувьд хэтэрхий гэмээр муу мэдээ билээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

 Эрчим хүчний тарифыг шинэчлэх эцсийн шийдвэрийг арваннэгдүгээр сарын 1-нд танилцуулна DNN.mn

Засгийн газраас 120 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөж буй 14 мега төслийн багагүй хэсэг нь эрчим хүчний төслүүд юм. Эрчим хүчний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангаж, цаашлаад эрчим хүч экспортолдог орон болох зорилтыг тэдгээр төслүүд бодит болгоно гэж төлөвлөсөн ч орхигдуулж болохгүй анхаарах зүйлс бийг албаныхан онцолж байна.

Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлснээр, оны эхний есөн сарын хугацаанд Монгол Улсын импортолсон эрчим хүчний үнийн дүн өнгөрсөн оны мөн үеэс 3.1 хувиар өсчээ. Улсын хэмжээнд 2023 онд эрчим хүчний нийт хэрэглээ 11 тэрбум кВт/цаг хүрч, үүний 70 гаруй хувийг дотоодоос, 22.3 хувийг импортоор хангасан байна. Бид 2012 онд эрчим хүчний нийт хэрэгцээний 90 гаруй хувийг дотооддоо үйлдвэрлэж, 7.6 хувийг импортоор авч байжээ.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун өчигдөр мэдээлэл хийхдээ “Өнөөдрийн байдлаар нэг кВт.ц эрчим хүчийг дунджаар 280 төгрөгөөр үйлвэрлээд, хэрэглэгчдэд 216 төгрөгөөр борлуулж байгаа нь салбарын алдагдлын үндэс болоод байна. Улмаар нүүрсний уурхай, төмөр замын тээвэр гэх мэтчилэн бүгд алдагдал хүлээдэг. Нийт алдагдал 355 тэрбум төгрөг хүрсэн” гэв.

Эрчим хүчний тарифыг шинэчилж, эхний ээлжинд алдагдалгүй байх хэмжээнд хүргэхээр олон хувилбар тооцоолол хийж буй юм байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг арваннэгдүгээр сарын 1-ний баасан гаригт танилцуулахаар тогтжээ.

Одоогийн байдлаар айл өрхийн сарын хэрэглээний эхний 150 мВт.ц-ын тарифыг 175 төгрөгөөр тогтоож, 300 кВт.ц-аас дээш илүү хэрэглээний тарифыг өртөгт хүргэх хувилбарыг батлах магадлал хамгийн өндөр юм байна. Энэ тохиолдолд хэрэглэгчийн 300 кВт.ц-аас илүү гарсан хэсгийг 280 төг/кВт.ц-аар тооцох нь. Гэхдээ тарифын шинэчлэлтэд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай өрхийг хамруулах юм байна.

 

Д.ЭРДЭНЭТУЯА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эвдэрсэн явган хүний замуудыг нөхөн сэргээн засварлаж байна DNN.mn

Авто зам, инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн хүрээнд эвдэрсэн явган хүний замуудыг нөхөн сэргээн засварлаж байна.

Categories
мэдээ улс-төр

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө DNN.mn

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын төрийн айлчлал өндөрлөлөө.

Эрхэм зочныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Б.Койшибаев нар үдэж мордууллаа.

Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, улс хооронд болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар уламжлалт найрсаг харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэснээ тунхаглан зарлалаа. Ингэснээр Казахстан Улс нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байна.

Айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, тээвэр, логистик, хөнгөн үйлдвэр, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурлаа.  Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өглөө.

Ерөнхийлөгч К.Токаевт Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.

Ерөнхийлөгч К.Токаев төрийн айлчлалынхаа үеэр “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо. Хүндэт зочныг Соёлын сайд Ч.Номин, музейн захирал С.Чулуун нар угтан авч, музейн үйл ажиллагаа, нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт улсаас ХХ зууны эхэн хүртэлх Монголын хаад, төрт улс хүртэлх түүхийг товч танилцууллаа.

 

Ерөнхийлөгч К.Токаевын энэ удаагийн төрийн айлчлал Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа боллоо.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм.

Categories
мэдээ спорт цаг-үе

С.Цэрэнчимэд аваргын алтан медалийн төлөө Японы олимп, дэлхийн аварга Рисока Кавайтай барилдана DNN.mn

Олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албани улсын Тирана хотноо энэ сарын 28-наас 31-ний өдрүүдэд үргэлжилнэ. Тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн жингийн барилдаанаар эхэлсэн билээ.

Монгол Улсаа төлөөлөн эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд өрсөлдсөн “Ташкент-2014” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, “Лас- Вегас-2015” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд финалдлаа.

Манай тамирчин эхний тойрогт Мексикийн Ревера Арриагаг 10:0, үргэлжлээд Канадын Борегар Лоренсийг 8:8 -аар ялж 1/8-д Азербайжаны Алена Колесникийг 9:0 харьцаатай ялж ¼ шигшээд Энэтхэгийн Манси Мансиг 4:1 харьцаатай буулган авч дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 10 жилийн дараа дахин финалдлаа.

Тэрээр аваргын алтан медалийн төлөө Японы олимп, дэлхийн аварга Рисока Кавайтай барилдана.

Сонирхуулахад одоогоос 10 жилийн өмнө “Лас-Вегас-2015” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд С.Батцэцэг гавьяат 62 кг-ын жинд Кавайтай финалдан ялж дэлхийн хошой аварга болсон түүхтэй.

Мөн энэ өдөр эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд хүч үзсэн үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Медалийн төлөөх барилдаанууд манай цагаар 10 -р сарын 31-нд 00:30 минутаас.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

Хуралдаанаар:

  1. Оюутолгой төслийн явцын талаар
  2. Байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн талаар
  3. Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар
  4. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг иргэдэд хүртээмжтэй мэдээлж, сурталчлах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан чат бот нэвтрүүлэх талаар
  5. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл-Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн талаар
  6. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн менежментийн багийн сонгон шалгаруулалтын талаар хэлэлцэх юм.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр хур тунадас орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 30-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр хур тунадас орно.

2024 оны аравдугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 0-5 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.


2024 оны аравдугаар сарын 31-нээс 2024 оны арваннэгдүгээр сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-р сарын 01-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 02-нд нутгийн зарим газраар, 03-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 2-нд нутгийн зарим газраар, 03-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 4 хэмийн хүйтнээс 1 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хурандаа Д.Цээсэд: Эрхийг нь зөрччихнө гээд аав, ээж нь ч хүүхдүүддээ үг хэлж чадахгүй болжээ DNN.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хурандаа Д.Цээсэдтэй ярилцлаа. Тэрбээр 2000-2006 он хүртэл Зайсан дахь Насанд хүрээгүйчүүдийн хорих ангийн даргын албыг хашиж байсан билээ.


-Таныг Зайсан дахь Насанд хүрээгүйчүүдийн хорих ангийн даргаар ажиллаж байх үед хүүхдүүд голдуу ямар шалтгааны улмаас хоригдож байсан бэ?

-Манай оронд ардчилсан хувьсгал ялсны дараа бүх зүйл өөрчлөгдсөн. 1990-2000 онд монголчуудын дунд хавтгайрсан архидалт газар авсан. Архи уудаггүй хүн ч архинд орсон. Айлд орсон ч, албан байгууллагад орсон ч “Архи уух уу”, “Пиво уух уу” л гэж асуудаг байлаа. 1990-2000 оны хооронд эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал халамж тавих нь эрс багассан. 1980, 1990 оноос хойш төрсөн, хөдөө орон нутгийн зарим хүүхдүүд сургуулиа орхиж, мал дээр гараад, хот суурин газрын хүүхдүүд эзэнгүйдэж, бага зэрэг зэрлэгшиж эхэлсэн. Намайг 2000 онд “Хүүхдийн хорих” газрын даргаар очиход тэнд 100 гаруй хүүхэд хоригдож байсан. Тэдгээр хүүхдүүдийн тал нь бичиг үсэг мэддэггүй байсан, 70 хувь нь хулгай хийсэн, 20-30 хувь нь танхайрсан гэсэн шалтгаанаар хоригдсон байсан.

-Хүүхдүүд санамсар болгоомжгүйн улмаас хүний амь хохироосон тохиолдол гарч байв уу?

-Хүн амины хэргээр ганц хоёр хүүхэд л ял эдэлдэг байсан. Тухайн үед хулгай хийж амьдрахаас өөр аргагүй нөхцөл байдал бий болчихсон байлаа.

-Тухайн үед хүүхдүүдийн дунд танхайрах гэмт хэргийн гаралт өндөр байжээ. Хоромхон зуурын уураа барьж чадаагүйгээс хэн нэгний эрүүл мэндэд их, бага хэмжээний хохирол учруулах бүр амь насанд хүрэх тохиолдол өнөөг хүртэл байсаар л байна. Энэ нь юунаас болж байна вэ?

-Энэ төрлийн гэмт хэрэг их байна. Би залуучуудад бурууг өгдөггүй. Тийм үйлдэл хийсэн нь буруу боловч яагаад тийм зүйл хийх болов, хэн ийм байдалд оруулсан бэ гэдгийг бодолцож үзэх ёстой. Энэ нь бидний амьдарч байгаа нийгэмтэй нягт холбоотой.

Одооны 30-40 насны залуучууд гэдэг шилжилтийн үеийн хүнд нөхцөл байдлыг тойроод биш, туулаад гарсан хүмүүс. Хоёр машин санамсаргүй шүргэлцэхэд л жолооч нар нь машинаасаа бууж ирээд өөрийнх нь нүүр амыг зүсчихсэн юм шиг хүлээн авч хоорондоо зодолдоод, бие биенээ гэмтээх тохиолдол цөөнгүй байна. Ингэж байгаа нь өрөвдөлтэй. Бидний үр хойч ийм ч болчих гэж харамсдаг. Үүний буруутан нь бид өөрсдөө л дөө.

-Та өнөөгийн Монголын нийгмийн сэтгэл зүй ямар байна гэж хэлэх вэ?

-Нийгмийн сэтгэл зүй ямар байгааг хэлэхэд хэцүү л болчихсон байна. Юм бүхэн хоёр талтай байдаг хойно сайн ч юм байна, саар ч юм байна. Хүн хүнээсээ холдсон, хүнийг гэхээс илүү юмсыг хайрладаг тал руугаа орчихсон байна уу даа гэж хардаг. Эмнэлгээр үйлчлүүлэхэд хүртэл ялгамжтай байна. Төрийн эмнэлэгт үзүүлэхээр “Гайгүй дээ. Насных, насных” гэдэг. Хувийн эмнэлэгт очихоор “Та болохоо байчихжээ, хэвт, эмчлүүл” гэдэг.

Энэ хүмүүс мөнгө л бодож байгаа болохоос хүнийг бодохгүй байна. Эцсийн эцэст, энэ нийгмийг мөнгө л удирдаж байна. Нэрт зохиолч Лодонгийн Түдэв “Мөнгө маршал” гэж хэлсэн удаатай. Мөнгө хүнийг удирдах бус, хүн мөнгийг удирдах ёстой. Нийгэм солигдчихоор бүх зүйл өөрчлөгддөг юм байна. Б.Лхагвасүрэн гуайн толгой, хөл хоёрын тогтолцоо солигдсон тухай бичсэн шүлэг байдаг. Одоо яг л тийм болчихоод байна. Нийгмийн хөгжил хөлөө ололгүй, төр засгийн үйл ажиллагаа зүй зохистойгоор явалгүй олон жил боллоо. Дараагийн 30 жилд нийгэм сайхан болно гэж яриад л байна. Гэхдээ бид төр, засгийг хараад суугаад байж хэрхэвч болохгүй.

Ийм нөхцөл байдлаас гарахын тулд юун дээр анхаарвал зохих вэ?

-Хамгийн гол нь иргэн бүр ахуй амьдралаа сайжруулахын төлөө зүтгэх хэрэгтэй. Монголын нийгэмд хүн, юу ч хийгээд амьдарч болохоор байна. Яагаад гэвэл манай улсад дайн самуун дэгдээгүй, элдэв дарамт шахалт багатай, тайван амгалан байна. Харамсалтай нь, бид нийтээрээ ингэж чадахгүй байна. Хүүхэд багачуудыг хар нялхаас нь баяр ёслол, шоу цэнгээн, өргөмжлөл, одон медальд дуртай болгож байна. Үүнээс болж хүүхэд залуучууд хоорондоо муудалцаж, хэлэх хэлэхгүй үгээр нэгнээ хэлж байна. Энэ нь тэдний ирээдүйг харлуулж байна гэсэн үг. Өвөл болохоор хүмүүс “Хот утаа ихтэй байна” гэж ярьдаг. Энэ нь ч үнэн. Гэтэл сэтгэл санаа, оюун ухааны утааг өөрсдөө үйлдвэрлээд, үр хойч руугаа цацаж байна. Нүүрсний утаа багасаж болно. Харин хүүхэд, залуучууд руу цацсан хар утаа нэг хэсэгтээ арилахгүй, аюултай зүйл. Энэ утаанд хордоогүй хүмүүс зөв сайхан явж байгааг нийтээрээ харж байна. Хүмүүс нэгнээ шүүмжилж, шалгаж, хянаж болно. Гэхдээ соёлтой, зөв, баримт нотолгоотой байх хэрэгтэй.

-Монголын ирээдүй болсон хүүхдүүд эрхээ хасуулаад, өргөст торны цаана суухыг харах танд амаргүй байсан болов уу. Тэдний өмнөөс халаглах тохиолдол их гардаг байв уу?

-Тухайн үед ихэнх хүүхдүүд хулгай, танхайн хэргээр ял авдаг байсан. Тэдний дунд хүчингийн, хүн амины хэргээр ял авсан хүүхдүүд ч байсан. 14-17 насны хүүхэд манай хорих ангид ирдэг. Тэр хүүхдүүд 18 нас хүрээд л насанд хүрэгчдийн хорих анги руу шилждэг. Насанд хүрэгчдийн хорих руу явуулчихвал архагуудын муу нөлөөнд автах тохиолдол байдаг учраас зарим хүүхдүүд 20 нас хүртлээ хүүхдийн хориход хоригддог. Нэг хүүд тохиолдсон явдлыг ярья. Их томоотой хүү байсан юм. Хүү гэртээ ганцаараа унтаж байтал үеэл ах нь орж ирээд, хүүг сэрээх гэтэл босоогүй юм билээ. Угз татаад босготол унтаж байсан хүүгийн уур гэнэт хүрээд, ширээн дээр байсан хутгыг авч, үеэл ахынхаа гуя руу дүрчихсэн. Хүний гуя дотор артерийн судас гэж байдаг. Харамсалтай нь, дүрсэн хутга нь яг артерийн судсыг нь дайраад тэр дороо цус алдаад нас барчихсан. Тэр хүү 15 жил хоригдох ял авсан. Нойр нь сэрсэн, сэрээгүйн зааг дээр санаандгүй хийчихсэн үйлдэл шүү дээ. Үүндээ хүү өөрөө ч их харамсдаг. Өмнөөс нь бид ч их харамсдаг. Их сайн хүү байсан учраас мужаан, сийлбэрчин болоод, хугацаанаасаа 2-3 жилийн өмнө суллагдсан.

-Та хоригдож байсан хүүхдүүдэд хандаж юу хэлж захидаг байв?

-Би хүүхдийн хорих ангийн дарга байхдаа тэнд байсан хүүхдүүддээ “Та нар санаатай, санамсаргүй байдлаар гэмт хэрэг үйлдээд, төрийн хуулийн дагуу шийтгүүлээд, энд ирж байна. Хийсэн хэрэгтээ харамсах хэрэггүй. Өнгөрсөн зүйлийг яая гэх вэ дээ. Харин дахиад гэмт хэрэг хийхгүй, сайн сайхан явахыг л бодож, хичээх хэрэгтэй. Ингэхийн тулд нэгдүгээрт, биеэ бодоод, эрүүл саруул байж байгаад суллагдахыг бод. Хоёрдугаарт, энэ цагаа ашиглаад юм сур” гэж захиж хэлдэг байсан.

-Хүүхдүүд санаатайгаар гэмт хэрэг үйлддэггүй байх. Төлөвшөөгүй насан дээр нь ухааруулахын оронд бүхнээс тусгаарлаад хорих ч зөв шийдвэр биш болов уу. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Хүүхдийг шоронд хорьж болохгүй. Тиймээс би хөдөлмөр, хүмүүжил, сэтгэл зүйн тусгай сургалт явуулдаг сургууль байгуулах хэрэгтэй гэж бодоод, зөвшөөрлийг нь аваад, хорих ангид Хан-Уул дүүргийн 110 дугаар тусгай сургууль гэсэн статустай сургууль байгуулж, сургалт явуулсан. Хэрэв ингэвэл хүүхдүүд ямарваа нэгэн зүйлийн цаадах, наадахыг ойлгодог болж, элдэв хэрэгт орохгүй байх дархлаа бий болно гэж бодсон юм.

-Та ахмад хүний хувьд хүүхэд залуустаа юуг аминчлан анхааруулах вэ?

-Залуучууддаа захиж хэлэх зүйл минь гэвэл нэгдүгээрт, биеэ эрүүл байлгах хэрэгтэй. “Эрүүл биед саруул ухаан оршино” гэдэг. Элдэв муу зуршлаас татгалзаж, эрүүл амьдралын хэв маягтай байх хэрэгтэй. Хоёрдугаарт, сэтгэл санааны хувьд эрүүл байх хэрэгтэй. Гуравдугаарт, ном сонин уншиж байх хэрэгтэй. Ном уншдаггүй хүн ганцхан өөрийнхөө амьдралаар л амьдардаг бол ном уншдаг хүн мянган хүний амьдралаар амьдарсан байдаг гэж үг бий. Эцэст нь хэлэхэд, хамгийн чухал нь өөрийгөө таньж мэдэх, өөртэйгөө ажиллах явдал. Манай ард түмэн “Би дотор хүнтэйгээ нэг зөвлөлдчихье” гэж хэлдэг. Нарийн яривал, бурхан хүний дотор оршдог, амьдардаг. Хүн бүхэн өөрийнхөө өмнө, гэр бүлийнхээ өмнө, улс орныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагатай байдаг. Хүн хүнээ хүндэлж, хайрлаж, хүн хүндээ тус дэм болж амьдарвал хүний сэтгэл санаа амар амгалан, сайн сайхан байна. Хүнийг харааж, доромжилно гэдэг өөрийнхөө сэтгэлийг булингартуулж байна гэсэн үг. Тийм ч учраас өөрөө өөртэйгөө сайн “ноцолдох” хэрэгтэй.

Түүнчлэн хүүхэд, залуучууд уур уцаараа багасгах тал дээр өөртэйгөө ажиллах хэрэгтэй байна. Ухаанаа урд нь, уураа ард нь тавьдаг байх хэрэгтэй. Хүний амь насанд хохирол учруулна гэдэг хүний амьдралын болоод хүн чанарын эсрэг үйлдэл. Одооны залуучууд үг даахгүй, ачаа даахгүй, ааруул даахгүй гэж хүмүүс хэлдэг. Тухайн хүүхэд бие физиологийн онцлог болон төрж өссөн орчин нөхцөлөөсөө шалтгаалаад зарим нь ачаа битгий хэл ааруул ч даахгүй байна. Эрхийг нь зөрччихнө гээд аав, ээж нь ч хүүхдүүддээ үг хэлж чадахгүй болжээ. Хүүхдийнхээ өөдөөс ганц чанга дуугарчих л юм бол цагдаа сэргийлэх болоод явчихдаг. Энэ нь нүүдэлчин удамтай, хүүхэд хүмүүжүүлэх өвөрмөц зан заншилтай манай ард түмний шууд хэрэглэх арга биш. Харин ч хүүхдийн эсрэг, хүүхдэд буруу хүмүүжил олгож байгаа явдал. Хүүхдүүдийг хүнлэг бус, бусад хүнийг бүү хэл аав, ээжийгээ ч хүндэтгэдэггүй хачин араншинтай хүн болоход хүргэж байна гэж боддог.

Ө.Анхзаяа