ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэлтэй ярилцлаа. Тэрбээр 1983-1989 онд ШУА-ийн Математикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1998-2015 онд ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвд орлогч дарга, эрдэмтэн нарийн бичгийн дарга, захирлаар тус тус ажилласан. 2015 оноос Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирлаар томилогдон ажиллаж байгаад хэдхэн хоногийн өмнө ШУА-ийн Их чуулганы хуралдаанаар ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе?
-Их баярлалаа. Энэ завшааныг ашиглан ШУА-ийн Их чуулганаас итгэл хүлээлгэн сонгосон эрхэм хүндэт академичдадаа талархал илэрхийлье. Энэ итгэлийг дагаад том хариуцлага ирж байгааг ухамсарлаж байна. Бүхий л нөөц бололцоо, мэдлэг чадвараа дайчлан ажиллах болно.
-ШУА-ийн Их чуулган амжилттай болж өндөрлөсөн. Өрсөлдөөн хэр байсан бэ?
-Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгчийн сонгууль өөрийн гэсэн журмаар зохицуулагддаг. Энэ журмын дагуу академийн ерөнхийлөгчөөр сонгогдох хүн өөрөө нэр дэвших эрхгүй байдаг. Аль нэг эрдэм шинжилгээний байгууллага тэр хүнийг нэр дэвшүүлэх боломжтой гэж үзвэл хамт олны хурлаа хийж, нууц санал хураалтаар олонхын санал авсан хүнийг нэр дэвшүүлдэг. Бусад байгууллагуудын сонгуулиас ялгарах гол зүйл нь энэ. Манай Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдмийн хамт олон намайг нэр дэвшүүлсэн. Бусад эрдэм шинжилгээний байгууллага их сургуулиас өөр гурван академичийг нэр дэвшүүлсэн байсан. Ер нь төрийн өмчийн томоохон их сургуулиудад сонгууль зарласан, Их чуулган болох гэж байгаа тухай, ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх санал байгаа тухай албан бичиг явуулдаг уламжлалтай. Сая болж өнгөрсөн Их чуулганаар ШУА-ийн ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр шатны санал хураалт болж, миний бие нийт академийн гишүүдийн 61.1 хувийн саналаар сонгогдлоо.
-Их чуулганаараа өмнөх ерөнхийлөгч нь мөрийн хөтөлбөрийн биелэлтээ хэлэлцүүлсэн гэсэн. Биелэлт нь хэр байсан бэ?
-Өмнөх ерөнхийлөгч Д.Рэгдэл академич маань сүүлийн найман жил ШУА-ийн ерөнхийлөгчөөр ажилласан. Өнгөрсөн зургадугаа сард болсон УИХ-ын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдоод УИХ-ын анхны чуулганыг удирдсан нь манай салбарынхны бас нэгэн бахархал байлаа. Юуны өмнө УИХ-ын эрхэм гишүүн Д.Рэгдэл академичдаа Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн удирдлага, академичид, нийт эрдэмтэн судлаачдынхаа өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүсье. Их чуулганы үеэр өнгөрсөн дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийн биелэлтээ танилцуулсан.
Үүнд, ШУА-ийн менежментийн чадавхыг бэхжүүлэх, шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэлийг шинэчлэн тодорхойлж, судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, хүний нөөцийг хөгжүүлж, гадаад харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх зэрэг долоон багц асуудлын хүрээнд 41 томоохон зорилтыг дэвшүүлэн ажилласан. Их чуулганаар хэлэлцээд Д.Рэгдэл академичийг мөрийн хөтөлбөрөө амжилттай сайн биелүүлсэн гэж дүгнэсэн. Хамгийн түрүүнд материаллаг бааз, санхүүжилт нэмэгдсэнийг онцгойлон дурдах нь зүйтэй. Өнгөрсөн найман жилд ШУА-ийн тэргүүлэгчдийн газар 60 жилийн түүхэндээ өөрийн гэсэн байртай боллоо. Хоёрдугаарт, шинжлэх ухааны ажилтны анхдугаар болон хоёрдугаар их хурлыг зохион байгууллаа. Төрийн гурван өндөрлөгийн хувьд “шинжлэх ухааны салбарт хандах хандлагаа өөрчилнө” гэсэн байр суурьтай байсан. Түүнийгээ ч хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бол шинжлэх ухааны салбарт ажиллагсдын урам зоригийг бадраасан явдлууд боллоо. Хандлага өөрчлөгдөхөөр ажилд тодорхой ахиц гардаг нь сүүлийн жилүүдэд харагдаж байна. Үүнийг батлах нэг зүйл нь Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн цогцолборыг барьж байгаа явдал юм. Мөн сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны үр дүнд Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар батлуулсан зэрэг томоохон ажлуудыг нь онцолж байна.
-Таны хувьд салбарынхаа цаашдын хөгжил, дэвшлийн төлөө ямар ажлыг хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан бэ?
-Миний хувьд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн үе үеийн ерөнхийлөгчдөөс уламжлагдан ирсэн ёс жаягийг хүндэтгэж, академичдынхаа зөвлөмжийг дагаж, ирээдүйн хөгжил рүү тэмүүлэх залуу судлаачдаа манлайлан дагуулж “Сайхан үйлсийг үргэлжлүүлэн бадраая, Саатан хоцорсныг нь сэргээн хөгжүүлье” гэсэн уриатайгаар “Шинжлэх ухааны сэргэн хөгжилт” мөрийн хөтөлбөрийг боловсруулан Их чуулгандаа танилцуулсан.
Миний мөрийн хөтөлбөрийн гол зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, Шинжлэх Ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Инновацийн тухай хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” үйл ажиллагааны хөтөлбөр болон бусад бодлогын эрх зүйн баримтуудын хэрэгжилтийг хангахад Шинжлэх Ухааны Академийн үйл ажиллагааг чиглүүлнэ. Мөн Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөц, дэд бүтэц, судалгаа хөгжүүлэлтийн чиглэлийн ажлыг цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тусгасан байгаа. ШУА маань Засгийн газрын шийдвэрээр Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяалалд байсан буйраа сэлгэсэн. Ирэх жилүүдэд Эдийн засаг, хөгжлийн яамны бүрэлдэхүүнд үйл ажиллагаагаа явуулна. Үүнтэй холбогдуулан шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагааг Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн хурдасгуур, хүч болгон ашиглана. Үүнд чиглэсэн бодлогыг нарийвчлан боловсруулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр УИХ, Засгийн газар, Эдийн засаг, хөгжлийн яам (ЭЗХЯ) болон бусад байгууллагуудтай хамтран ажиллана гэж төлөвлөсөн байна.
-ШУА нь Эдийн засаг, хөгжлийн яам (ЭЗХЯ) -ны харьяанд очсон юм чинь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд дэх эрдэмтдийн оролцоо нэмэгдэнэ гэж ойлгох уу?
-Тийм шүү. Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын чадавх, нөөц бололцоог улсын нийгэм эдийн засгийн хөгжилд бүрэн ашиглаж, салбарын бүтээн байгуулалтыг түргэтгэх чиглэлээр ажиллана. Мөн салбар дундын хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх санал боловсруулж, Засгийн газарт хүргүүлэн бодит ажил болгохын төлөө төрийн болон төрийн бус бүхий л байгууллагатай хамтран ажиллана гэж төлөвлөж байна. Тодруулбал, их дээд сургуулиуд, яамдын шинжлэх ухаан, технологи, инновацийн салбар зөвлөл, аймаг, нийслэлийн шинжлэх ухаан, технологи, инновацийн дэд зөвлөлүүд, төрийн ба төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачидтай хамтран үр бүтээлтэй ажиллах механизмыг бий болгоно. Энэхүү механизм нь салбарын төрөлжсөн академи болон бага чуулгануудын бүтэц дээр суурилсан, нарийн мэргэжлийн судлаачдаас бүрдсэн байна. Мөн яам, нийслэл, орон нутгийн үйл ажиллагаа дахь шинжлэх ухаан технологи, инновацийн эрэлт хэрэглээ, сонирхолд нь нийцүүлэн монгол хүний амьдралын чанар, улс эх орныхоо нийгэм эдийн засгийн өсөлтийг бий болгох, Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадварыг сайжруулах үйл ажиллагаанд эрдэмтэн судлаачдын идэвхтэй оролцоог нэмэгдүүлнэ гэж зорьж байна.
-Тусгай стратеги төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлнэ гэсэн үг үү?
-Юуны түрүүнд Их чуулган, салбар академи, бага чуулганы бүтэц, хүрээлэн төвүүдийн оролцоотойгоор төлөвлөгөө боловсруулж байна. Үүнд, 2030 он хүртэлх ойрын ирээдүйн “Эргэн сэргэлтийн бодлого”, 2040 он хүртэлх дунд хугацааны “Хөгжлийн баталгаажуулалтын бодлого”, 2050 он хүртэлх урт хугацааны “Тогтвортой хөгжлийн суурь” хөгжлийн баримт бичгүүдийг Монгол Улсын “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” зэрэг урт, дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан боловсруулж, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Их чуулганаар хэлэлцүүлэн батлуулна гэж бодож байгаа.
-Та бүхэн ирэх дөрвөн жилийн хугацаанд ямар томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ?
-“Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” хөгжлийн дунд хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд ШУА-ийн эрдэмтэн судлаачдын идэвхтэй оролцоог хангаж ажиллана. Мөн “Эгийн голын усан цахилгаан станц”-ын төслийн Байгаль нуур болон хүрээлэн орчинд үзүүлэх нөлөөллийн судалгааны ажлыг гүйцэтгэх талаар Засгийн газраас чиглэл авч ажиллана. Энэ судалгааны ажлыг ОХУ-ын эрдэмтэн судлаачидтай хамтран гүйцэтгэж, хоёр орны судлаачдын байр суурийг нэгтгэн хамтын зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэхээр төлөвлөж байна.Дэлхийн шинжлэх ухааны сан хөмрөгт хувь нэмрээ оруулж буй Монголын эрдэмтэн судлаачдын уламжлалт академик судалгааг дэмжих, олон улсын эрдэмтдийн сонирхлыг татсан шинэлэг суурь судалгааг өргөжүүлэх, гадаадын тэргүүлэх эрдэмтэдтэй хамтарсан судалгааны төслийг хэрэгжүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллана гэж бодож байна. Мөн ШУА-ийн хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхжуулах чиглэлээр нэгдсэн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлнэ.
Салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр гадаадтай хамтарсан судалгааны чиглэл, цар хүрээг нэмэгдүүлнэ. Үүнд, Хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэмтэн солилцох, судалгааны хамтарсан лаборатори, төвүүд, ажиглалтын цэг, полигон байгуулах, судалгааны шинэ техник технологийг судалгаандаа нэвтрүүлэх, судалгааны техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр гадаадын түнш байгууллагуудтай хамтран ажиллана. Нийгмийг соён гэгээрүүлэх, эрдэм дэлгэрүүлэх үйл ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргана зэрэг олон ажлуудыг төлөвлөөд явж байна. Мөн надтай хамт ШУА-ийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн академич нарынхаа дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс зарим томоохон ажлуудыг нь хамтран хэрэгжүүлнэ гэж бодож байна даа.
-Өнгөрсөн хагас сайн өдөр Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган болж өндөрлөлөө. Ерөнхий сайд энэ чуулган дээр Бүсчилсэн хөгжлийн реформ болон ирж буй он жилүүдэд Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн өнгийг тодорхойлох 14 мега төслүүдийг танилцуулсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?
-Өнөөдөр аливаа улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн ирээдүйг тодорхойлох гол хүчин зүйл нь тухайн улс орны шинжлэх ухаан технологийн потенциал, нөөц бололцоо гэдэгтэй бүгд санал нийлнэ. Манай Засгийн газраас улс эх орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө, ард олныхоо сайн сайхан амьдралын төлөө ихийг бодож төлөвлөсөн,олон ажлуудыг хэрэгжүүлж эхлэх гэж байна. Зарим өнцгөөс харахад эдгээр төслүүд нь ихийг бодож төсөөлсөн, хэрэгжүүлэн гүйцэтгэхэд нэн амаргүй мэт харагдавч өнөөдөр бид энэ төслүүдийг хэрэгжүүлж эхлэхгүй юм бол хэн хэзээ гэж хүлээх вэ. Мөрөөдөлтэй байх, түүнийг ажил хэрэг болгохын төлөө сэтгэлээ зориулан ажиллах нь бидний ирээдүйнхээ өмнө хүлээсэн үүрэг шүү дээ. Миний хувьд Монгол Улсын Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Бүсчилсэн хөгжлийн реформ” болон 14 мега төслүүдийг хэрэгжүүлэхийн төлөө ШУА болон Монголын эрдэмтэн судлаачдаа манлайлан ажиллана. Өнгөрсөн сарын хугацаанд зарим мега төслүүдийг урагшлуулах чиглэлээр тодорхой ажлуудыг хийж гүйцэтгээд байна.
-Үндэсний хиймэл дагуулыг хөгжүүлэх тухай ямар төсөл, хөтөлбөрийг төлөвлөөд байна вэ?
-ШУА болон Их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид аравдугаар сарын 24-ний өдөр сансрын технологийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог хангасан “Үндэсний хиймэл дагуул ба түүний хэрэглээ” хэлэлцүүлгийг ШУТИС дээр зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт оролцогсод Монгол Улсад сансар судлал, сансрын техник технологийг хөгжүүлдэх цогц арга хэмжээг Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр эрчимтэйгээр хөгжүүлэх нь зүйтэй гэдэгтэй санал нэг байсан. Үндэсний хиймэл дагуулыг, түүний дотор холбооны болон зайнаас тандан судлах хиймэл дагуулыг хөгжүүлэх, турших, хөөргөн ашиглах ажиллагааг өндөр хөгжилтэй орнуудтай хамтран цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх нь чухал гэдгийг онцолсон. Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжөө “Үндэсний сансрын үндэсний зөвлөл”-д хүргүүлсэн юм. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Үндэсний хиймэл дагуул” төсөл нь ирээдүйг харсан шинжлэх ухаан, технологийг Монгол Улсад хөгжүүлэх томоохон алхам гэж харж байна.
-Атомын цахилгаан станцыг Монголд хөгжүүлэх талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Миний хувьд атомын цахилгаан станцыг Монголын ирээдүйд хэрэгтэй гэж үздэг. Орчин үед атомын цахилгаан станцын техник технологи өндөр хөгжсөн. Бусад улс орнууд мини атомын цахилгаан станцыг хөгжүүлж байна. Ураныг ашиглаад үлдэгдлийг нь булшлах гэж том асуудал байна. Тэгтэл орчин үеийн технологиор булшлах ч шаардлагагүй. Нэг үгээр хэлбэл, ураныг бүрэн гүйцэт ашигладаг тийм технологи гарч ирсэн байна. Технологи өндөр түвшинд хүрнэ гэдэг нь аюулгүй ажиллагаа дээд цэгтээ хүрч байгаа гэсэн үг. Монгол Улс ураны нөөц ихтэй учраас, том биш юм аа гэхэд мини атомын цахилгаан станцын төслийг хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ чиглэлээр манай олон эрдэмтэн судлаачид ойрын үед хэлэлцүүлгийг хийх нь зүйтэй байна.
Г.Балгармаа