Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цас орж, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна DNN.mn

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр арваннэгдүгээр сарын 02-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

Иймд:

  • Иргэд, малчид тээвэрчид та бүхэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах,
  • Хувийн болоод өрхийн бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах
  • Хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа хангах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.
Categories
мэдээ улс-төр

Монгол, Италийн парламентын бүлгүүд хамтын ажиллагааг шинэ агуулгаар эрчимжүүлэхээр санал солилцов DNN.mn

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга А.Ундраа, дэд дарга Д.Пүрэвдаваа нар өнөөдөр (2024.10.31) Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Никола Карэ тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Никола Карэ, ирэх оны төсвийн хэлэлцүүлэг ид өрнөж буй энэ үед цаг гарган уулзсанд талархал илэрхийлээд, Итали-Монголын парламентын бүлгийн даргын хувиар хамтын ажиллагааг олон талт хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэх санал, санаачилгуудаас онцлов.

УИХ-ын гишүүн А.Ундраа, хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг шинэ агуулгаар өргөжүүлэхэд хоёр улсын парламентын бүлгүүд идэвх, санаачилгаар манлайлан ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр үргэлжлүүлэн, манай хоёр орон газарзүйн байршлын хувьд хол хэдий ч хүний эрх, ардчиллын нэгдмэл үнэт зүйлстэй тул оюун санааны хөршүүд мөн гэж тодотгоод эдийн засаг, бизнесийн салбарын харилцан өгөөж бүхий боломжуудаас дурдлаа. Түүнчлэн шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, барилга бүтээн байгуулалт зэрэг салбаруудад туршлага судлан, хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа уламжлав.

Уулзалтын үеэр БНИУ-ын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Никола Карэ, хоёр улсын хооронд бизнес, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж буйг тодотгоод ялангуяа ноолуур, ноолууран бүтээгдэхүүний экспортын хэмжээ өсөн нэмэгдэж байгааг тэмдэглэсэн юм. Түүнчлэн талууд агаарын бохирдлыг бууруулах сайн туршлагуудын талаар санал солилцож, ногоон орон сууц, ногоон барилгын стандартыг хэвшүүлэх замаар тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд цаашид хамтран ажиллахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-д суралцаж буй оюутнууд цахим гэмт хэргийн хохирогч, холбогдогч болох нь нэмэгджээ DNN.mn

Хятад улсад суралцаж буй оюутнууд цахим гэмт хэргийн хохирогч, холбогдогч болох нь нэмэгдсээр байна.

Тухайлбал, БНХАУ-д Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг оюутнууд өөрийн дансандаа үл таних Хятад иргэдээс их хэмжээний мөнгөн гүйлгээ авч, Монгол Улсын нэр бүхий иргэд рүү шилжүүлснээс үүдэн тус улсын хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж, дансаа царцаах, хаалгах, цаашлаад цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдол сүүлийн үед нэмэгдсээр байна.

Үүнтэй холбогдуулан БНХАУ-д суралцаж буй оюутан сурагчид болон иргэд, аж ахуйн нэгжүүд нь улс хоорондын мөнгөн гүйлгээ хийхдээ анхаарал болгоомжтой хандаж, өөрийгөө болон бусдыг цахим гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Баруун турууны даваа, Ар гүнтийн давааны халтиргаа гулгааг арилгахаар ажиллаж байна DNN.mn

2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайг 200 гаруй тусгай зориулалтын техник хэрэгслээр, 33 байгууллагын  900 гаруй зам талбайн үйлчлэгч цэвэрлэж байна.

Мөн Баруун турууны даваа, Ар гүнтийн давааны халтиргаа гулгааг арилгахаар тусгай зориулалтын машин техникээр цэвэрлэх ажил үргэлжилж байна.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээж байна DNN.mn

АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Патрик Райдер “БНАСАУ-ын хэдэн мянган цэрэг ОХУ-д ирж тэдний нэг хэсэг Курск мужид очоод байна. Оросууд тэднийг Украины цэргийн зэвсэгт хүчний эсрэг хуурай замын хүчнийхээ нэг хэсэг болгон ашиглаж магадгүй юм. Иймээс бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, Украины түншүүд болон бусад холбоотнуудтайгаа зөвлөлдөж байна” гэж мэдэгдэв. Учир нь АНУ-ын ардчилсан нам угаасаа дайны эсрэг үзэл баримталдаг учир Жо Байдены засаг захиргаа ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоолж эхэлтэл энэ асуудлаар ямар нэг шийдвэртэй арга хэмжээ авахгүй гэдэг нь тодорхой болоод байгаа юм.

Мөн Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёлтой утсаар ярьсны дараа “Оросууд Украин руу довтлоход Умард Солонгосын цэргийн оролцооны талаар ярилцсан. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч БНАСАУ-ын гурван мянган цэргийг байлдааны бүсийн ойролцоох Оросын сургалтын полигонд шилжүүлж, тэдний тоог ойролцоогоор 12 мянгад хүргэх гэж буй шинэ мэдээллийг надад өгсөн байна. Бид тагнуулын мэдээлэл, туршлага солилцох ажлыг бэхжүүлэхээр тохиролцсон. Эндээс зөвхөн нэг л дүгнэлт гарна. Энэ дайн олон улсын шинж чанартай болж, хоёр улсын хилийг давж байна” гэж мэдэгдсэн бол Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ажлын албанаас “Өмнөд Солонгос, Украины ерөнхийлөгч нар Москва, Пхеньяны хууль бус цэргийн хамтын ажиллагаа, тэр дундаа Хойд Солонгосын цэргийг Украинд байршуулсан явдалд хамтран хариу арга хэмжээ авахын тулд стратегийн зөвлөлдөх уулзалт хийхээр тохиролцсон” гэж мэдээлсэн байна. Энэ нь мөн л хоёр тал АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээж байна гэсэн үг юм. Харин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн долоо хоногт үүнийг энэ зун Пхеньянд гарын үсэг зурж, намар Төрийн Думаар соёрхон баталсан “иж бүрэн стратегийн түншлэл”-ийн гэрээний хүрээнд явагдаж буй ажил гэдгийг дурдаад “Бид энэ гэрээний хүрээнд юу хийх нь бидний хэрэг” гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл Израилийн ерөнхий сайд, ОХУ-ын ерөнхийлөгч нар 2012 онд “Хоёр тал бие биендээ дайсагнаж буй хүчинд цэргийн зэвсэг нийлэхгүй” гэсэн гэрээ байгуулсныг Кремль зөрчиж ХАМАС, Хезболла, Иранд зэвсэг нийлүүлсэн нь батлагдаад байгаа юм. Гарсан алдааг цаг алдалгүй засаж байхын тулд Израиль амь үрэгдсэн цэрэг бүрт эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг хуультай. Гэтэл Израилийн ерөнхий сайд ОХУ дайсагнагч талд их хэмжээний зэвсэг нийлүүлсэн гэдгийг олон нийтэд мэдээлсэн ч ямар арга хэмжээ авах тухай дурдаагүй нь мөн л АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээж байна гэсэн үг юм. Харин цэргийн шинжээчид энэ явдлыг юу гэж дүгнэснийг нэгтгэвэл “Путин Трампыг ерөнхийлөгч болно гэдэгт бүх бооцоогоо тавьж, түүнийг энхийн гэрээ хийлгэнэ гэдэгт хэтэрхий найдаж байна. Иймээс Оросын цэргүүд сүүлийн саруудад Украины суурингуудыг эзлэх гэж ганц сард л 60-70 мянган цэрэг устгуулж цэргийн нөөцгүй болсон учир Умард Солонгосын цэргүүдийг оруулж байна. Хэрэв Путин Батлан хамгаалах яамныхаа шаардаж байгаагаар бүх нийтийн цэрэг татлага зарлавал дайн хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, ОХУ-ын Үндсэн хуулийн заалтаар үндэсний эрх ашигт аюул учруулсан гэмт хэрэгтэн болно. Хамгийн гол нь ихэнхи нь ганц хүүхэдтэй байдаг Оросын бүх гэр бүл энэ шийдвэрийг шууд эсэргүүцнэ. Мөнгөөр дайнд явах, мөнгөгүй цэрэгт татагдах хоёрыг Оросын ард түмэн огт өөрөөр хүлээж авна. Иймээс тэрээр Хойд Солонгосын цэргийг Украины дайнд татан оруулж байна. Гэтэл энэ нь Өмнөд Солонгосын эрх ашигт шууд заналхийлэл учруулна. Бас ОХУ ХАМАС-ын гэнэтийн довтолгоог зохион байгуулж, Хезболла болон Иранд зэвсэг нийлүүлсэн нь тодорхой болчихсон. Өмнөд Солонгос, Израиль хоёр зэвсгийн үйлдвэрийн хүчирхэг гүрэн бас ямар армитай билээ. Бас Хойд Солонгос дайнд оролцох нь Японы эрх ашгийг шууд хөндөнө. Сая болсон сонгуулиар Япон улсыг зэвсэглэж, Азийн НАТО-г бий болгож, хүчирхэгжүүлэхийг уриалдаг ерөнхий сайд Засгийн газрыг тэргүүлэхээр болчихлоо. Иймээс энэ бол Путины хувьд хэтэрхий алдагдалтай наймаа. Гэхдээ түүнд өөр арга байхгүй” гэсэн байна. Энэ бүхэн Хойд Солонгосын цэрэг болон Украины дайн төдийгүй Путины дэглэмийн хувь заяа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээж байгааг нотолж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхболд: Эрүү шүүлт бие махбодод халдахаас илүүтэйгээр сэтгэл санааг нь шаналган зовоох хэлбэрээр үйлдэгдэж байна DNN.mn

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын гишүүн Б.Энхболдтой ярилцлаа.


-Монгол Улсад хүнлэг бус, хэрцгий хандах, эрүүдэн шүүлтийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Манай улсад эрүүдэн шүүлтийн нөхцөл байдал төдийлөн сайн биш байна. Өөрөөр хэлбэл, эрүүдэн шүүлт гарсаар байна. Үүнийг хууль, хяналтын байгууллагууд шалгаж, шүүхээр шийдэж байна. Жилд дунджаар эрүү шүүлттэй холбоотой 100 орчим гомдол мэдээлэл бүртгэгдэж, шалгагддаг. Үүнээс хоёр гомдол нь шүүхээр шийдвэрлэгдсэн тохиолдол бий. ХЭҮК эрүүдэн шүүлттэй холбоотой асуудлыг байнга анхаарлын төвдөө байлгаж, шүүхээр ямар хэргүүд шийдвэрлэгддэгийг тусгайлан судалж, тогтолцооны хувьд дүн шинжилгээ хийсэн. 2016-2023 оны хооронд шүүхээр энэ төрлийн 14 гэмт хэрэг шийдвэрлэгдсэн байна. Эдгээр хэргүүдийг гурван шатны шүүхээр хэлэлцсэний үндсэн дээр хэрэг маргаан нь эцэслэгдсэн. Хэрэгт холбогдсон хүмүүс хууль зүйн өндөр мэдлэгтэй төрийн алба хаагч нар байдаг учраас эрүү шүүлтийн хэрэг, маргаан удаан шалгагддаг. Нөгөөтэйгүүр хохирогчид нь дандаа эмзэг, ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдсон, сэрдэгдсэн, эсвэл огт гэмт хэрэг үйлдээгүй хүн байх тохиолдол ч бий.

-Та эрүүдэн шүүлттэй холбоотой хоёр тохиолдол шүүхээр шийдвэрлэгдсэн гэж ярилаа. Эрүүдэн шүүлтийг илрүүлэхэд ямар хүчин зүйлүүд саад болж байна вэ?

-Зарим гомдол, мэдээлэл үндэслэлгүй, тийм үйл явдал огт болоогүй учраас хэрэгсдэггүй. Дийлэнх нь эрүүдэн шүүлт мөн гэж нотлогддоггүй учраас л хэрэгсэхгүй болдог. Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг мөрдөн шалгах тогтолцоо яаж ажиллах, нотлох баримтыг хэр цуглуулах, үүрэг хүлээсэн байгууллагуудын камерын хяналт, иргэд өөрсдийгөө хамгаалах, өмгөөлөгч авах боломж нөхцөлийг бүрдүүлснээр нотлоход нэмэр болно.

-Эрүү шүүлт ямар шинж байдлаар, хаана үйлдэгдэж байна вэ?

-Хүний эрх чөлөөнд халдах, зодох, хууль бусаар мөрдөн мөшгөх гэх мэт бие махбодод халдсан эрүү шүүлтийн хэлбэр байна. Тухайлбал, бидний хийсэн дүн шинжилгээнээс харахад эрүү шүүлтийн улмаас нэг хэрэг дээр хүнд гэмтэл, гурван хэрэг дээр хүндэвтэр гэмтэл, зургаан хэрэг дээр хөнгөн гэмтэл учирсан. Эрх чөлөөнд нь халдаж, зодсон боловч гэмтлийн зэрэг гараагүй долоон тохиолдол байна. Сүүлийн үеийн нэг хандлага бол бие махбодод халдахаас илүүтэйгээр сэтгэл санааг нь шаналган зовоох хэлбэрээр үйлдэгдэж байна. Энэ нь дарамтлах, хорих, мөрдөн мөшгөх, гэр бүлд нь дарамт учруулах, өөр хэргийг нь илчилнэ гэж сүрдүүлэх гэх мэт янз бүрийн хэлбэрээр илэрч байна.

-Өөрөөр хэлбэл, эрүүдэн шүүлт бие махбодын шинжтэй байдгаас гадна хүний сэтгэл зүйд нөлөө үзүүлж, албадах шинжтэй болсон гэсэн үг үү?

-Тийм ээ. Иймд энэ төрлийн эрүү шүүлтийг нотлох, мөрдөн шалгахад хүндрэл үүсч байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа газруудыг авч үзвэл цагдаагийн газар, хэлтсүүд, гудамж, талбай, олон нийтийн газар, гэмт хэрэгтний байгаа газар байх нь түгээмэл байна. Хорих анги, цагдан хорих төвд үйлдэгдсэн хоёр тохиолдол байгаа нь илүү ноцтой. Яагаад гэвэл нэгдүгээрт, харуул хамгаалалттай, иргэдийн аюулгүй байдлыг хангах объект дотор үйлдэгдэж байна. Хоёрдугаарт, энэ газар луу хүссэн болгон нь нэвтрэн орж, эрүүдэн шүүх ажиллагаа явуулах боломжгүй. Энэ хэрэг дээр олон байгууллага нэгдсэн, прокурорын хяналт алдагдсан, нууц мөрдөн шалгах ажиллагаа болон гүйцэтгэх ажил явагдсан учраас цаашид цагдан хорих байруудад гүйцэтгэх ажил явуулах хүрээ хязгаарыг боловсронгуй болгох шаардлагатай. Ингэснээр хүний эрхийн зөрчил арилах, эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзэж байна.

-Эрүү шүүлт тулгах гэмт хэрэгт ихэвчлэн ямар хүмүүс холбогдож байна вэ?

-Эрүүдэн шүүлт тулгасан хэргээр хариуцлага хүлээсэн албан тушаалтнуудын дунд цагдаагийн байгууллагын хамгийн олон хүн буюу 21 алба хаагч байна. Үүнээс гадна тагнуулын байгууллага, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, прокурор гэсэн байгууллагуудын алба хаагчид хариуцлага хүлээсэн.

-Хохирогчийн асуудал мэдээж яригдана. Хохирлыг хэрхэн барагдуулж байгаа талаар ярихгүй юу?

-Хохирогчид нэг талаараа гэмт хэрэгт холбогдсон, сэрдэгдсэн хүн байдаг учраас гэмт хэрэг үйлдсэн хүн гэдэг утгаар дэмжлэг үзүүлэх хандлага сул байдаг. Эрүү шүүлтийн хохирогчийн бие махбодын болон сэтгэл санааны шаналал зовуурийг тэр хүнээс өөр хэн ч мэдэхгүй, тэр хүн л бүх зовлон бэрхшээлийг давж туулсан даван туулагч байдаг. Нийт 14 гэмт хэрэгт 15 хүн хохирсон байна. Хохирогчдын 13 нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй хүн бол хоёр эмэгтэй хохирогчийн нэг нь хүүхэд. Хохирогч нарт хуульд заасны дагуу нөхөн олговор олгодог. Тэдэнд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бий. Гэсэн хэдий ч эрүүдэн шүүгдэж хохирсныхоо дараа эрүүдэн шүүгдсэн гэдгээ батлах нотлох баримтуудыг олохын тулд дахиад хууль хяналтын байгууллагуудын олон шаталсан, хүнд системтэй нүүр тулах хэрэгтэй болдог. Үүний улмаас хохирогчид хохирлоо барагдуулж чадахгүй, сэтгэл санааны шаналал зовуурьт орж, сэтгэлээр унаж байгаа тохиолдлууд байна. Цаашдаа хохирогчийг хамгаалах, хохирогчид нөхөн төлбөр олгох хууль эрх зүйн орчныг шийдвэрлэх ёстой. Энэ хүмүүст нөхөн төлбөр олгох асуудлыг тэдгээрийн гэр бүлийн гишүүдтэй хамт шийдвэрлэх хэрэгцээ шаардлага үүссэнийг ХЭҮК-т ирсэн гомдол мэдээллээс харж болно.

-Цагдан хорих байгууллага дахь эрүү шүүлтийг илрүүлэхэд камер маш чухал. Камержуулалтын талаар танай комиссоос хийсэн ажиглалт, судалгаа байдаг уу?

-Манай байгууллага хорих ангиудад үзлэг шалгалтыг тогтмол хийдэг. Тэнд камерын хяналт харьцангуй сайн байна. Хорих ангиуд огт камергүй, харанхуй өрөө тасалгаатай, хүнийг эрүүдэн шүүхэд зориулсан булан тохой байдаг гэсэн явган ярианууд ХЭҮК-ын хяналт шалгалтын үр дүнгээр болон ял эдэлж байгаа иргэдтэй хийсэн ярилцлагаар худлаа болох нь тогтоогдсон. Хоригдол байгаа өрөө бүхэн 100 хувь камержсан. Нийтийн эзэмшлийн бие засах газраас бусад өдөр тутмын ажил хөдөлмөр эрхэлдэг хэсгүүд бүрэн камертай болсон. Өөрөөр хэлбэл, хүнийг эрүүдэн шүүж, хүнтэй хүнлэг бус харьцаж болзошгүй бүх газрыг зохих хэмжээгээр камертай болгосон. Гэсэн хэдий ч булан тохой, ил задгай газрыг бүрэн камержуулж хараахан амжаагүй байна. Тиймээс камерын хяналтыг илүү өргөжүүлэх, камерын чанарын шаардлагыг хангах, бичлэг хадгалах хугацааг урт болгох тал дээр анхаарч, төсөв санхүүг нь шийдэх шаардлагатай. Мөн хорих ангийн алба хаагч нарт энгэрийн камер нэвтрүүлсэн. Хоригдож байгаа иргэдтэй харьцахад энгэрийн камер байнга ажиллаж байх бөгөөд дараа нь асуудал гарахад энгэрийн камерын тусламжтайгаар юу болсныг мэдэх боломжтой болсон. Камерын бичлэг хоригдогсдын эрхийг хамгаалахад, мөн алба хаагчдын аюулгүй байдлыг хангахад чухал нөлөөтэй байдаг. Тиймээс ХЭҮК-ын зүгээс хорих байруудад “Камерын системийг бүрэн нэвтрүүл” гэсэн шаардлага тавьж, үүнийг үе шаттайгаар шийдэж байгаа. Бүх хорих ангийн камерыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төв дээр хянаж байдаг учраас тус байгууллагын удирдлагууд дурын хорих ангийнхаа нөхцөл байдлыг хянах боломжтой.

-Эрүүдэн шүүлт тулгаж, хүнлэг бус харьцсан хүнд ямар хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалттай байдаг вэ?

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд зааснаар эрүүдэн шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн хүнд таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх, 5.400.000-27.000.000 төгрөгөөр торгох, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Хүндэвтэр болон хөнгөн гэмтэл учруулсан бол зохих хэмжээнд хүндрүүлж хорих, хүнд гэмтэл учруулсан бол 12 жил хүртэлх хугацаагаар хорих, эрүүдэн шүүлтийн улмаас хүний амь нас хохирсон бол бүх насаар нь хорих ялаар шийтгэхээр хуульд заасан.

-Эрүүдэн шүүлт нийгэмд байсаар байгаагийн цаад учир шалтгаан, уг үндэс юу вэ?

-Үүнд хэд хэдэн шалтгаан, нөхцөл байна. Нэгдүгээрт, мөрдөн шалгах ажиллагааны тогтсон практик, хандлага бага багаар өөрчлөгдөж байна. Гэхдээ хадгалагдаад л байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс мэдүүлэг, ярилцлагад суурилсан гэмт хэргийг өөрөөр нь нотлуулах гэсэн хандлагаар маш олон жил явж ирсэн. Энэ хандлага 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хууль, сүүлд батлагдсан хэд хэдэн Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуультай холбоотойгоор үзэл баримтлал, хууль эрх зүйн орчны хувьд өөрчлөгдсөн. Гэтэл энэ хуулийг хэрэгжүүлэх явцад алба хаагчдын мэдлэг, хандлагатай холбоотой асуудал үүсч байна. Нөгөө талаас алба хаагчдын ажлын ачаалал их байна.

-“Төсөв санхүү, ажиллах орчин нөхцөл муу байна гээд хүний эрхийг зөрчиж болохгүй” гэсэн шаардлага тавьдаг юм байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Тийм. УИХ, Засгийн газар, яамнаас бодлогын түвшинд мөрдөн шалгах ажиллагааны орчин нөхцөлийг сайжруулах, хэргийг аль болох богино хугацаанд шалгаж, шийддэг болох, иргэдийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрхээ яаж хамгаалах талаар мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх гэх мэт олон хүчин зүйл нийлснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүсдэг хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

-Дэлхийн бүх улс оронд эрүү шүүлт тодорхой хэмжээгээр байдаг. Монгол Улс энэ чиглэлээр ямар түвшинд байгаа бол?

-Хүний эрхийн мэдлэг, хандлага, мөрдөн шалгах ажиллагааны арга барил, тухайн улс орны хөгжлөөс хамаараад эрүүдэн шүүлтэд хандах хандлага улс орон бүхэнд өөр байдаг. Хүнд хэлбэрийн улс орнууд ч байна. Бидний хүний эрхийн зөрчил гэж харахааргүй үйлдлийг ч эрүүдэн шүүлт гэж үздэг улс орон ч байна. Монгол Улсад бүртгэгдсэн эрүүдэн шүүлтийн тоон үзүүлэлт харьцангуй гайгүй. Тийм ч доройтсон зүйл байхгүй. Гэхдээ НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо, дэд хороодоос эрүүдэн шүүх үйл ажиллагаа явагдах эрсдэл танай улсад байна гэсэн зөвлөмжийг удаа дараа өгсөн. Удахгүй Женев дэхь Эрүү шүүлтийн хороон дээр манай улсын талаар авч хэлэлцэнэ. Энэ хэлэлцүүлгийн дараа Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж ирэх байх гэж бодож байна. Сонирхуулахад, арваннэгдүгээр сарын 20-нд УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилгаар “Монгол Улс дахь эрүүдэн шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх эрхийн хэрэгжилт” гэсэн парламентын нээлттэй хяналтын сонсгол болно. Энэ сонсгол дээр эрүүдэн шүүлт ямар түвшинд байгааг ярилцаад өнгөрөхгүй. Хохирогчийг хамгаалах, хууль сахиулах, хүчний байгууллагуудынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, алба хаагчдын дунд сургалт явуулж, хүний эрхийн зөрчлийг таньж, мэдүүлэх чиглэлээр шийдвэрүүд гарна гэж бодож байна. Мөн эрүүдэн шүүлтийн хохирогчтой холбоотой хэд хэдэн тохиолдлыг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд авч үзэж, тодорхой шийдвэр гаргаж, хохирогчдын зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр арга хэмжээ аваасай гэж хүсч байна.

-Эрүү шүүлтийг таслан зогсооход хувь нэмрээ оруулж чадах хүмүүс болон төрийн болон төрийн бус байгууллагуудад хандаж юу хэлэх вэ?

-Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход төрийн бүх байгууллага үүрэг хүлээсэн байдаг. Энэ байгууллагууд хуулийн хэрэгжилтээ маш сайн хангах ёстой, хүний эрхийн мэдлэг, хандлагаа дээшлүүлэх, гарсан зөрчил дутагдлыг анхааралтай хэлэлцэж, дахин энэ төрлийн зөрчил гаргахгүй байхад анхаарч ажиллах ёстой. Үүний хажуугаар ажил явуулахад хүндрэлтэй, хүний эрхийг зөрчих нөхцөл байдал үүсч байгааг Засгийн газар, Хууль зүйн яам, УИХ-д бодитоор танилцуулах хэрэгтэй. Ингэснээр энэ асуудлуудыг шийдвэрлэхийн тулд тал талаас нь ярилцдаг, бодлогын хувьд бодитой шийдвэр гаргадаг болж, урьдчилан сэргийлнэ гэж хэлэх байна.

Ө.АНХЗАЯА

 

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг: “Ардчилсан сонгууль: Алдаа, сургамж” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг эхлүүлж байна DNN.mn

Монгол Улс 1992 оны ардчилсан Үндсэн хуулиар парламентат ёс, олон намын тогтолцоонд шилжсэнээс хойш 9 удаа парламентын, 8 удаа Ерөнхийлөгчийн, 9 удаа орон нутгийн сонгуулийг зохион байгуулаад байна.

Улсын Их Хурлын сонгуулийн мөчлөг бүрд өөрийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж ирсэн ба 7 удаагийн сонгуулийг дийлэнх/олонхын тогтолцоог, 2 удаад холимог тогтолцоогоор зохион байгуулсан. Ийнхүү тогтолцоог солихын зэрэгцээг олонхын тогтолцоонд ч тойргийн хэмжээ хүрээ, процессын чухал асуудлуудыг байнга өөрчилж ирсэн.

Түүнчлэн жилээс жилд сонгуулийн кампанит ажлын санхүүжилт өсөж, ил цагаан төсвийн мөнгөөр сонгуульд нөлөөлөх хандлага нэмэгдэж, чөлөөт мэдээллийн урсгал, сурталчилгааны боломжуудыг хумьснаар улс төрийн намууд, нэр дэвшигчдийн тэгш өрсөлдөх боломж алдагдсаар байгааг иргэний нийгмийн байгууллагууд, судлаачид сануулсаар байна.

Сонгуулийн эдгээр асуудлуудын улмаас улс төрийн намууд сонгуульд бэлтгэх, тэгш шударгаар өрсөлдөхөд саад учруулж, иргэд сонгох эрхээ тэгш, мэдээлэлтэй эдлэх боломжийг хумьж байгаа нь иргэдийн ардчиллын үйл явцад итгэх иргэдийн итгэлд эргэлзээ төрүүлэх, ардчилсан засаглалын тогтолцоог сулруулах аюултай билээ.

Иймд УИХ дах Ардчилсан намын бүлгээс ардчилсан сонгуульд тулгамдаж байгаа эдгээр асуудлуудыг сонирхогч талууд, улс төрийн намын гишүүд, судлаачид, иргэний нийгмийн хүрээнд нухацтай хэлэлцүүлж, цаашид хууль тогтоомжийн өөрчлөлтийг хийх зорилгоор эхний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Categories
гадаад мэдээ

Сахарын элсэн цөлд бороо оржээ DNN.mn

Марокко Улсын зүүн-өмнөд бүсэд орших Сахарын элсэн цөлд бороо оржээ. Сахарын цөл бол дэлхийн хамгийн хуурай, үржил шимгүй газруудын нэг юм.  Түүнчлэн энэ газарт жилд хэдхэн инч бороо ордог байна.  Тус бороо нь аравдугаар сарын 28-ний өдрөөс эхлэн 48 цагийн турш үргэлжлэн орсон.

Энэ нь  Сахарын цөлд сүүлийн 40-80 жилийн ган гачгийн дараа орсон бороо буюу 200 мм-ээс давсан хур тунадас орж, ширгэж алга болсон цөөрөм дахин сэргэжээ.

Categories
мэдээ нийгэм

Зайсангийн хуучин гүүрийг арваннэгдүгээр сарын 8-наас хааж, бохирын шугамыг шилжүүлнэ DNN.mn

Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй, ашиглалтын хугацаа дуусаж, хэзээ ч нурж магадгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Тиймээс уг хуучин гүүрийг 2025 онд буулгаж, шинээр барих гэж буй билээ. Үүнээс өмнө арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл Зайсангийн хуучин буюу зүүн талын гүүрний хөдөлгөөнийг хааж, Зайсангийн иргэдийн хэрэглэж байгаа бохир усны шугамыг шинэ татсан шугамтай холбох ажлыг гүйцэтгэх юм. Энэ талаар НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр “2022 онд Зайсангийн хос гүүрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар баруун талын шинэ гүүрний барилгын ажлыг дуусгаж хөдөлгөөнийг нээсэн. Харин зүүн талын хуучин гүүрийг 2025 онд буулгаж, шинээр барина. 2024 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл хуучин гүүрний хөдөлгөөнийг түр хааж, Зайсангийн иргэдийн хэрэглэж байгаа бохир усны шугамыг шинэ татсан шугамтай холбох ажлыг гүйцэтгэнэ. Бохир усны шугамын холболтыг хийж дуусаад арванхоёрдугаар сарын 1-нээс хуучин гүүрний хөдөлгөөнийг нээнэ. Оргил ачаалал дууссаны дараа буюу 2025 оны нэгдүгээр сард хуучин гүүрний хөдөлгөөнийг эргүүлэн хааж, буулгаж шинээр барих ажлыг эхлүүлнэ” гэв.

 

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүд Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид ажиллажээ DNN.mn

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд болон Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, О.Номинчимэг, У.Отгонбаяр, Х.Тэмүүжин, Д.Энхтуяа нар өнөөдөр (2024.10.30) Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид ажиллав.

Хүний эрхийн дэд хороо 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа 2024-2025 оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг баталсан бөгөөд 19 зорилт бүхий тус төлөвлөөний дагуу ийнхүү гишүүд, холбогдох албан тушаалтнуудын хамтаар Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид ажиллаж байгаа юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор, тус газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн дарга, хурандаа С.Ганбат болон тус ангийн бие бүрэлдэхүүн Хууль зүйн байнгын хорооны дарга, Хүний эрхийн дэд хорооны дарга болон Улсын Их Хурлын гишүүд, албаны хүмүүсийг хүлээн авав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд эхлээд гишүүдэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ерөнхий мэдээллийг танилцуулж, тулгамдаж буй асуудлуудынхаа талаар мэдээлэл өгсөн. Өнөөдрийн байдлаар 14 аймаг баривчлах байргүй бөгөөд холбогдох зардлыг төсөвт тусгах санал өгсөн ч хасагдсан гэв. Тус байгууллагын чиг үүрэгт яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ нэмэгдсэн. Энэ нь зорчих эрхийг хязгаарлах ялаас ялгаатай гэдгийг тэрбээр танилцуулгынхаа явцад онцлоод таслан сэргийлэх тус арга хэмжээг авахдаа хяналтын төхөөрөмж ашиглах шаардлагатай бөгөөд холбогдох төсөв, хөрөнгийг шийдвэрлэх шаардлагатай байгааг дуулгасан. Мөн тус байгууллагын орон тоо нэмэх, алба хаагчдын цалин хөлс, нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагын талаар танилцууллаа.

Дараа нь Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн дарга, хурандаа С.Ганбат ангийн нөхцөл байдал, үйл ажиллагааны талаар танилцуулга хийв. Тэрбээр ангийн бүтэц, орон тооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулж, хоригдогсдын эрхийг хангах чиглэлээрх үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Тус хаалттай хорих анги нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан; сэжигтнээр 48 цагийн хугацаагаар баривчлагдсан; шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болоогүй шүүгдэгчийг хүлээн авах; шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон хоригдогсдыг хуваарилагдсан хорих ангид нь хүргэх зэрэг дөрвөн чиг үүргийг хэрэгжүүлдэг хэдий ч хүний нөөцийн дутагдалтай байгаа гэв. Тус ангид бүх насны хоригдогсод, жирэмсэн, нялх хүүхэдтэй эмэгтэйчүүд ч ирдгийг онцолж байв.

Нийт хоригдогсдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлдэг арга хэмжээ, нөхцөл байдлын талаар хурандаа С.Ганбат танилцуулаад, үргэлжлүүлэн эрхийг нь хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээ танилцууллаа. Тухайлбал, шинэ хоригдогсдод хүний эрхийн талаар мэдээлэл өгч, хэвлэмэл материал тараадаг байна. Мөн хууль, эрх зүйн сургалт мэдээллийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, сургалт, нөлөөллийн ажлын хүрээнд хууль эрх зүй, түүх, уран зохиолын мэдлэг олгох, өсвөр насны хоригдогсдын сурах эрхийг хангах олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм байна. Монгол Улсын Үндэсний номын сантай хамтран хөтөлбөр хэрэгжүүлдэг аж. Түүнчлэн эмэгтэйчүүдэд 0-3 насны хүүхэдтэйгээ уулзах, нялх, нярай хүүхдээ хөхүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн хүүхдийн өрөөтэй болжээ.

Эргэлт, уулзалтын товыг цахимаар шийдвэрлэдэг болсон нь иргэдийн цагийг хэмнэсэн дэвшилтэт шийдэл болсон байна. Сэжигтнээр 48 цагийн хугацаагаар баривчлагдсан хоригдогсдын талаар мөрдөгч болон харьяа дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд мэдээлэл хүргэдэг тусгай дугаартай болжээ. Тус ангид ТҮЦ машин байрлуулсан, хоригдогсод И-Монголиа цахим системд хандах боломжийг бүрдүүлснээр төрийн үйлчилгээг цахимаар авдаг болсныг мөн танилцууллаа.

С.Ганбат хурандаа ангийн нэгдсэн эмнэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулав. Эмч нарын орон тоо сул байгаа бөгөөд байгууллагын үйл ажиллагааны онцлогоос үүдэн нөхөх амаргүй байдгийг дурдсан. Хоригдогсдод үзүүлдэг эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлээд, тус ангийн эмнэлэг болон хамтын ажиллагааны хүрээнд бусад эмнэлгээс тусламж, үйлчилгээ авсан хоригдогсдын 69.3 хувь нь эрүүл мэндийн даатгал төлөөгүй, үүнээс үүдэн өр хуримтлагдаад байгаа юм байна. Түүнчлэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодист хордсон хоригдогсдод хордлого тайлах эмчилгээ, үйлчилгээг зайлшгүй үзүүлэх болдог ч холбогдох зардал, төсөв огт байдаггүй хэмээгээд энэ асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтээ гишүүдэд хэлж байв. Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих анги нь үйл ажиллагааны онцлогоос үүдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх бусад ангиасаа онцлогтой, ачааллын хувьд 5-10 дахин их байдаг нөхцөлийг харгалзан алба хаагчдын нийгмийн асуудалд зохих хэлбэрээр анхаарах хүсэлтийг хурандаа С.Ганбат танилцуулсан.

Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хорооны гишүүдийн хүсэлтийг шуурхай хүлээн авсанд С.Эрдэнэболд гишүүн талархал илэрхийлээд Улсын Их Хурал 2024-2028 онд хүн төвтэй үзэл санаа бүхий, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх стратегийг баримтлан ажиллахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл өгч, Хүний эрхийн дэд хорооны 2024-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцууллаа. Түүнчлэн Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж буй талаар, төсөлд  шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төсвийг хэрхэн тусгасан талаар мэдээлэл өгсөн.

Ийнхүү холбогдох танилцуулга, мэдээлэл хийсний дараа Улсын Их Хурлын гишүүд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн удирдлагуудаас асуулт асууж, зарим асуудлаар санал солилцов.

Хууль зүйн байнгын хорооны дарга, Хүний эрхийн дэд хорооны дарга болон Улсын Их Хурлын гишүүдийн хамтаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, тус Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Т.Мөнхбаяр, Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Б.Билэгсайхан болон холбогдох албан тушаалтнууд ажилласан юм.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, алба хаагчид долоо хоногт нэг өдөр, прокурорын байгууллагын алба хаагчид долоо хоногт хоёр өдөр Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид ажилладаг байна. Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комисс болон Улсын ерөнхий прокурорын газраас авч хэрэгжүүлдэг арга хэмжээ, нөхцөл байдал, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, монгол төр иргэнийхээ эрхийг хангах чиглэлээр алхам алхамаар ахиц дэвшил гаргаж байгааг тэмдэглээд “Хорих ангиудад ял эдэлж, хоригдож байгаа иргэний эрхийг хангахын зэрэгцээ энд ажиллаж буй алба хаагчдын эрхийг хамгаалах, хангах асуудлыг орхигдуулж болохгүй. Орон тоо дутуу байгаа нь хоригдогсдын эрх зөрчигдөх эрсдэлийг нэмэгдүүлэхээс гадна энд ажиллаж байгаа алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн зөрчил үүсгэж байгаа. Энэ мэтчилэн төсөв, санхүүгийн асуудал нь хүний эрхийг хангахтай шууд хамааралтай. Тиймээс та бүгдийн танилцуулж буй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэхийн төлөө ажиллах болно” гэлээ. Төрийн байгууллагыг хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлэхэд нь шийдвэр гаргагчид төсөв, санхүүжилтийг шаардлагатай хэмжээгээр нь хуваарилж байх ёстой гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлж, Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд болон Хүний эрхийн дэд хороо энэ чиглэлд дэмжин ажиллана гэлээ. Х.Баасанжаргал гишүүн, хоригдогсдын суралцах эрхийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар, хоригдогсдын хөдөлмөрлөх эрхийн асуудал, үүнд прокурорын байгууллагаас хэрхэн хяналт тавьдаг талаар, хорих байранд ээжийнхээ хамт байгаа бага насны хүүхдүүдийн эрхийг хамгаалах хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тодруулж, хариулт авсан юм.

У.Отгонбаяр гишүүн, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаагаа дуулгаад, хоригдогсдын эрүүл мэндийн даатгалын талаарх эрх зүйн зохицуулалт, үүнээс үүдэн үүсч байгаа асуудлыг шийдвэрлэх гарц шийдлийн талаар тодруулж, санал солилцсон. Х.Тэмүүжин гишүүн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хууль эрх зүйн орчныг сайжруулах, мөн шаардлагатай бүтээн байгуулалтуудын хөрөнгө оруулалтуудыг төсөвт тусгах талаар санал хэлж, эцсийн дүндээ энэ нь Монгол Улсын иргэний эрхийг хангахад төрөөс хүлээх үүргийн нэг гэдгийг онцолж байлаа. Түүнчлэн хорих байгууллага бодлогын түвшинд, нэн тэргүүн салбарынхаа хэмжээнд зохион байгуулалт хийж дотооддоо явуулж буй үйлдвэрлэлийнхээ бүтээгдэхүүнүүдийг албан хэрэгцээндээ заавал худалдан авах замаар эдийн засгийн эргэлтэд оруулж, санхүүждэг гадны туршлагын талаар хуваалцсан юм.

Хорих байгууллага буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төсөв нь хоригдогсод болон алба хаагч нарын эрхийг хангах, хамгаалахтай шууд хамааралтай гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар энэ үеэр тэмдэглэж байсан юм.

Ийнхүү талууд танилцуулга, мэдээллийн хүрээнд ярилцаж, санал солилцсоны дараа Хууль зүйн байнгын хорооны дарга, Хүний эрхийн дэд хорооны дарга болон Улсын Их Хурлын гишүүд, албан тушаалтнууд Цагдан хорих төвийн шалган нэвтрүүлэх байр, нэг цэгийн үйлчилгээ, нэгдсэн эмнэлэг гэх зэрэг тус хаалттай хорих ангийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай биечлэн танилцсан юм.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд болон Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, О.Номинчимэг, У.Отгонбаяр, Х.Тэмүүжин, Д.Энхтуяа нар Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид ажиллах үеэрээ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс авсан зөвшөөрлийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, тус Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нарын хамтаар шүүгдэгч Н.Өнөрцэцэгтэй уулзсан юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.