Categories
мэдээ спорт

С.Чинзориг жүдо бөхийн “Мастерс”-ын дэлхийн аварга боллоо DNN.mn

АНУ-ын Лас Вегас хотноо жүдо бөхийн гранд мастерс буюу ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-7-ны өдрүүдэд болж байна. Тэгвэл уг тэмцээний “М-3” ангиллын 40-44 насны 66 кг-ын жинд Сономдагвын Чинзориг алтан медаль хүртлээ.

Энэхүү тэмцээний эхний өдөр “М-6”, “М-7”, “М-8”, “М-9” ангиллын тамирчид өрсөлдсөнөөс “М-6” буюу 55-59 насны 60 кг-ын жинд Х.Нямдорж алтан медаль, “М-6” буюу 55-59 насны 60 кг-ын жинд Орхон аймаг Эрдэнэт хот “Хангарьд” клубийн тамирчин Г. Баатарсүрэн мөнгөн медаль хүртэв. Мөн “М-9” буюу 70+ насны 66 кг-ын жинд Сэлэнгэ аймаг “Таван Хан” дэвжээний тамирчин Л. Зандан, “М-3” 40-44 насны ангиллын +100 кг-д А.Давааням хүрэл медаль тус тус хүртсэн талаар Монголын жүдо бөхийн холбооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эмэгтэйчүүд хоногт 4.5 цагийг хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байна DNN.mn

“Цаг ашиглалтын түүвэр судалгаа 2023” танилцуулах семинарыг Үндэсний статистикийн хороо, Жендэрийн Үндэсний хороо, Тунгаахуй өгөгдлийн урлан хамтран өчигдөр зохион байгууллаа.

Манай улсад эрэгтэй хүн хоногийн 24 цагийн 343 минутыг хөлстэй хөдөлмөрт зарцуулж байгаа бол эмэгтэйчүүд 220 минутыг зарцуулдаг байна. Харин хөлсгүй хөдөлмөрт эмэгтэйчүүд өдөрт 4.5 цаг, эрчүүд 2.2 цагийг зарцуулдаг. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд эрчүүдээс хоёр дахин их цагийг эмэгтэйчүүд хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байна. Энэ талаар Нийгмийн статистикийн газрын дарга М.Оюунцэцэг “Бид жилийн хугацаанд улсын хэмжээнд 23.394 өрхөд судалгаа хийсэн. Ингэхдээ сар бүр тухайн өрх дээр мэдээллийн ажилтан очиж, мэдээллийг нь авч байсан. Судалгаагаар хоногийн 24 цагт ямар, зүйл хийж байгааг хүн тус бүрээр нь судалсан. Нас, хүйс, ажил эрхлэлтийн онцлогоос шалтгаалан өөр үр дүн гарсан. Хүйсээр нь авч үзвэл эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөлстэй хөдөлмөрт зарцуулж байгаа цаг ялгаатай байна. Жишээлбэл, эрэгтэй хүн хоногийн 24 цагийн 343 минутыг хөлстэй хөдөлмөрт зарцуулж байгаа бол эмэгтэйчүүд 220 минутыг зарцуулж байна. Эсэргээр нь хөлсгүй хөдөлмөрийн хувьд эмэгтэйчүүд өдөрт 4.5 цаг, эрчүүд 2.2 цагийг зарцуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд эрчүүдээс хоёр дахин их цагийг хөлсгүй хөдөлмөрт зарцуулдаг гэдэг үр дүн харагдаж байна. Мөн 12 болон түүнээс дээш насны хүмүүсийн боловсролд зарцуулах цагийг судалсан. 12-17 насны хүүхдүүд өдрийнхөө 263 минутыг боловсролд зарцуулж байна. Энэ насны хүүхдүүдийн хөлстэй болон хөлсгүй хөдөлмөрт зарцуулж буй цаг  бага байгаа учир боловсролд зарцуулах цаг нь өндөр гарсан. Харин 227 минутыг чөлөөт цагтаа зарцуулж байна. 18-24 насны залуус 265 минутыг хөлстэй хөдөлмөрт зарцуудаг. Харин 185 минутыг хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байгаа бол боловсролд зарцуулах цаг нь огцом буурч 84 минут болсон байна. Ид хөдөлмөрийн насныхан буюу 25- 29 насны хүмүүсийн хөлстэй болон хөлсгүй хөдөлмөрт зарцуулах цаг нь өндөр болж боловсролд зарцуулах цаг нь буурч байна. Хүн насан туршдаа сурч боловсрох ёстой. Гэвч хөдөлмөрийн насны хүн амын боловсролд зарцуулж байгаа цаг хангалтгүй үзүүлэлттэй байна. 60-с дээш насны хүн амын хувьд чөлөөт цаг буюу хөлсгүй хөдөлмөрт зарцуулах цаг нь ихэсч, хөлстэй хөдөлмөрт зарцуулах цаг нь бага болно. Олон улс тэр дундаа манайхтай ойролцоо хөгжилтэй орнуудтай харьцуулбал хүн амынх нь хөлсгүй хөдөлмөрт зарцуулж буй зөрүү өндөр байна” гэсэн юм.

Мөн бүс нутгийн хувьд алслагдах тусам хөлсгүй хөдөлмөрт зарцуулах цаг их болж байгааг тус судлагаанд дурдаж байлаа. Энэ талаар Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр “Цаг ашиглалтын судалгааг монгол хүний амьдралын чанарыг тодорхойлох суурь судалгаа гэж харж болно. Судалгааны үр дүнг дүгнэн харахад 12-17 наснаас эхлэн хөвгүүд охидоос  1.8 дахин их цагийг  хөлстэй хөдөлмөрт зарцуулж байна. Харин охид 1.5 дахин их цагийг хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байна. Эмэгтэйчүүд орлоготой байх, эдийн засгийн хувьд хараат бус байх, хүчирхийллээс ангид байх, улс төрд шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгаа нь үүнтэй холбоотой. Тиймээс цаашид салбар бүр дунд, урт хугацааны хөгжлийн бодлогоо жендерийн мэдрэмжтэй төлөвлөх шаардлагатай. Бүс нутгийн хувьд алслагдах тусам зөрүү өндөр гарч байгаа юм. Тухайлбал, хөлсгүй хөдөлмөр эрхлэлт хотод хоёр дахин өндөр байгаа бол алслагдах тусам энэ тоо 2.3 дахин өнсөж байна” хэмээн ярилаа. Нийслэлийн иргэдийн хувьд тодорхой хүчин зүйлсүүдээс болж цаг хугацаагаа үргүй өнгөрөөх нь бий. Тухайлбал, түгжрэлийг дурдаж болно. Тэгвэл нийслэлийн иргэд ажилдаа ирж, очих цаг өмнөх жилүүдээс илүү их болжээ. Энэ талаар Нийгмийн статистикийн хэлтсийн дарга Д.Даваажаргал “Улсын хэмжээнд 27 минутыг ажилдаа ирж очиход зарцуулж байна. Байршлаар нь авч үзвэл нийслэлд ажилдаа ирж очих хугацаа дунджаар 41 минут байдаг бол аймгийн төвийн иргэд хувьд 17 минутыг зарцуулж байна. Харин сумын төвийн иргэд 24 минутыг зарцуулж байна гэсэн үр дүн гарсан. Өмнөх судалгаануудтай харьцуулбал, нийслэлийн иргэдийн хувьд ажилдаа ирж, очих хугацаа бага зэрэг өссөн. Мөн олон улсад хүйсээр нь хөлстэй болон хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байгаа хугацааг судалж, үр дүнг гаргасан. Тухайлбал, Мексик улсад эмэгтэйчүүд нь илүү их цагийг хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байна гэх үр дүн гарсан. Монгол Улсын хувьд энэ ялгаа нь Мексиктэй харьцуулахад бага ч гэсэн 0.33 функтээр л ялгаатай гарч байна. Гүрж, Япон, Мексик зэрэг улсуудад энэ ялгаа нь өндөр харагдаж байна. Мексикт эмэг­тэйчүүд нь 24 цагийн 27.8 хувийг хөлс­­гүй хөдөлмөрт зарцуулдаг бол эрэг­­тэй­чүүд нь ердөө 11.1 хувийг л хөлс­гүй хөдөлмөрт зарцуулдаг” гэсэн юм.

Сонирхуулахад, Манай улсын эмэгтэйчүүд 19 хувь, эрэгтэйчүүд 9.2 хувийг хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байгаа нь судалгааны үр дүнгээр гарчээ. Тиймээс бид эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөрт зарцуулах цагийг багасгах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцолж байлаа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Categories
мэдээ нийгэм

Шингэрүүлсэн шатдаг хий хадгалах сав нь ил байрладаг станцуудад шалгалт хийж байна DNN.mn

Автомашиныг хийгээр цэнэглэх ил савтай станцуудад нийслэлийн Хяналт шалгалтын газраас урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна. Нийслэлийн хэмжээнд 57 автомашин хийгээр цэнэглэх станц үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 33 нь буюу 57 хувийнх нь шингэрүүлсэн шатдаг хий хадгалах сав ил байрладаг байна. Тиймээс тухайн савыг далд байрлуулж, техникийн аюулгүй байдлыг бүрдүүлэхийг нийслэлийн Хяналт шалгалтын газраас зорьж байгаа юм. Энэ талаар НХШГ-ын Газрын тос, хийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Мөнхболдоос тодрууллаа.

Тэрбээр “Суурьшлын бүсэд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх болон аливаа осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Дашваанжил”, “Горгаз”, “Юнигаз” гэсэн 3 компанийн автомашин хийгээр цэнэглэх станцын байршил, үйл ажиллагаа, савны ашиглалт, аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Өнөөдөр мөрдөж байгаа хий хангамжийн барилгын норм дүрмийн дагуу хот сууринд 20 метр хүртэлх газарт ил сав байрлуулахыг зөвшөөрсөн байдаг. Манай байгууллагын зүгээс энэ норм, дүрэмд өөрчлөлт оруулах саналыг холбогдох газруудад хүргүүлсэн.

Тодруулбал, суурьшлын бүсэд ялангуяа сургууль, цэцэрлэг, эмнэлэг, олон нийтийн барилга байгууламж, орон сууцны хорооллын дэргэд шингэрүүлсэн шатдаг хий хадгалах ил савтай үйл ажиллагаа явуулж байгаа станцуудын савыг далд болгох саналыг оруулсан. Энэ санал батлагдсанаар одоо үйл ажиллагаа явуулж байгаа 33 хийгээр цэнэглэх станцын савны байршлыг өөрчилж, техникийн аюулгүй байдал сайжирч, иргэд ч гэсэн айдасгүй амар тайван байх боломж бүрдэнэ. Аж ахуйн нэгжүүдийн хувьд иргэдийн болон техникийн аюулгүй байдлыг хангах үүднээс норм дүрэмд өөрчлөлт орсон тохиолдолд зайлшгүй мөрдөх үүрэгтэй” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна DNN.mn

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр маргааш буюу арваннэгдүгээр сарын 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Иймд: иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;

-Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй байх

– Дулаан хувцаслах, баталгаат зам, гүүр, гармаар хөдөлгөөн үйлдэх,

-Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх,

-Малаа ойрын бэлчээрт хариулах,

-Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Боловсролын сургалтын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглолоо DNN.mn

ДЭМБ-аас хийсэн судалгаагаар электрон тамхи /vape/-ны хэрэглээ нь хүний тархины үйл ажиллагаанд урт хугацаанд сөргөөр нөлөөлж, эрүүл мэнд, амь насанд нь аюул, эрсдэл учруулж, сэтгэл түгших эмгэг, оюуны хомсдол, донтолт, уушги цоорох эмгэг зэргийг үүсгэж буй нь тогтоогджээ. Ялангуяа өсвөр насандаа электрон тамхи хэрэглэсэн хүүхэд утаат тамхи, никотинд донтох эрсдэл эрс нэмэгддэг байна. Иймд Боловсролын сайдын 2024 оны “Боловсролын сургалтын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглох тухай” тушаал гарлаа.

Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг өмчийн хэлбэр үл харгалзан бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын эрхлэгч, захирал, ректор нарт үүрэг болгов. Үүнд:

  • Суралцагчийн өөрийн удирдлагын байгууллага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран электрон тамхины хор уршиг, эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөөний талаар ойлголт, мэдээлэл өгөх сургалт, нөлөөллийн арга хэмжээг насны онцлогт тохируулан тогтмол зохион байгуулах;
  • Электрон тамхи хэрэглэдэг суралцагчтай ганцаарчилсан уулзалт зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээнд хамруулахад эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах;
  • Сургалтын байгууллагын дүрэм, дотоод хэм хэмжээнд сургуулийн орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглосон зохицуулалт тусгах.

Мөн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, электрон тамхины хор нөлөө, эрүүл мэндэд учрах эрсдэлийн талаар ярилцаж, ойлгуулахыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Засгийн газрын ордон руу явдаг автобусны чиглэлийг зогсоохоор болжээ DNN.mn

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Төрийн ордонд ажилладаг 1400 албан хаагчийг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг уриалж АТ:1 “Засгийн газрын ордон-Гэрэлт хотхон-Зайсан”, АТ:2 “Засгийн газрын ордон-Ривер гарден-Хан хилсс”, АТ:3 “Засгийн газрын ордон-Энканто-Хүннү 2222 хороолол чиглэлд автобус үйлчилж байсан.

Өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан үндсэн чиглэлүүдэд автобус нэмэх олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн Засгийн газрын ордон руу явах АТ:1, АТ:2, АТ:3 чиглэлийг маргаашнаас буюу энэ сарын 8-наас зогсоохоор шийдвэрлэв.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын гурван шилжилтэд “Алибаба групп” хамтран ажиллана DNN.mn

БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Ханжөү хотод байрладаг, дэлхийд нэр хүндтэй “Алибаба групп” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компанийн Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал, хатагтай Вэнь Жя Тан түүнийг угтан авч, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
“Алибаба групп” компани худалдаа, технологи, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том группийн нэг бөгөөд өдгөө дижитал медиа, үүлэн технологи, хиймэл оюун ухаан, энтертайнмент, тээвэр логистик, санхүүгийн үйлчилгээ зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамнасан корпораци юм. Үүнээс гадна Ханжөү хотыг түгжрэлгүй, БНХАУ-ын ухаалаг, дэвшилтэт технологийн тэргүүлэх хот болон хөгжихөд тус компани чухал хувь нэмэр оруулжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзаж, төмөр зам, усан цахилгаан станц зэрэг томоохон төслүүдийг хамтарч эхлүүлж байгаагаа дурдаад Шанхай, Ханжөү хотод зориуд зочилж, технологийн шилдэг компаниудын үйл ажиллагаатай танилцаж, шинэ хамтын ажиллагааг эхлүүлэх зорилготой байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын үр дүнд Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн хурдтай хөгжлийн гурван шилжилтийг хийхэд тус компани манай улстай төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хүний нөөц чадавхжуулах, боомтуудын дижитал шилжилт, уул уурхайн ухаалаг тээврийн систем зэрэг хэд хэдэн чиглэлээр тус компанитай хамтран ажиллахаар болсныг ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү хэллээ.
Мөн “Алибаба групп” компанийн Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал Вэнь Жя Тан Монгол Улстай цахим худалдааны платформ хөгжүүлэлт, ухаалаг хотын бүтээн байгуулалт, тус компанийн “Flipig” платформыг түшиглэж хоёр улсын аялал жуулчлалыг шинэ шатанд хөгжүүлэх зэрэг олон талаар Монгол Улсын төр, хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Ч.Баасанхүү начны нэрэмжит барилдааны цахим бүртгэл эхэллээ DNN.mn

Баянхонгор аймгийн Богд сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын улам нэмэх начин Чулууны Баасанхүүгийн нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан энэ сарын 9-нд 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Барилдах бөхчүүдийг 11 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд 10:00-17:00 цагт цахимаар бүртгэж байна.

Уг барилдаанд зодоглосон бөхчүүдээс азтан тодруулж улсын улам нэмэх начин Ч.Баасанхүү хурдан удмын адуугаар мялаах бол барилдааныг зохион байгуулагч Богд сумын ЗДТГ-аас тухайн барилдааныг үзэгчдээс хагас саятан үзэгч хоёрыг, атан тэмээний азтан нэгийг тодруулна гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргаашнаас импортын автомашинд Улаанбаатар хотын дугаар олгохгүй DNN.mn

2024 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөх буюу маргаашаас эхлэн импортоор оруулж ирсэн автомашинд Улаанбаатар хотын дугаар олгохгүй байх шийдвэрийг гаргасан байдаг.

Нийслэлд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход дараах таван шалгуур үзүүлэлтийг баримтлан, бүртгэнэ.

  1. Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх
  2. Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуульд заасан төлбөр, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх. Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу даатгуулсан байх
  3. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх
  4. Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх
  5. Экспортын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх зэрэг шалгуурыг тавьж буй.

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно. Ингэхдээ

  • Дээрх шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд дэс дарааллын эхэнд байх
  • Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар
  • Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх
  • Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноогоор нь буюу үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл өмнө нь байх
  • Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцээгүй буюу баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө зүүн гар талдаа жолооны хүрдтэй байх зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан үзнэ.

Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг дэмжих зорилгоор нийслэл хотын гол гудамж замын хөдөлгөөн, түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд дээрх шалгуур үзүүлэлт хамаарахгүйгээр улсын бүртгэлийн дугаарыг хэвийн олгоно. Тодруулбал,

  • Мотоцикл
  • Механизм
  • Зүтгүүр
  • Чиргүүл
  • Цистерн
  • Тусгай зориулалтын автомашин
  • Автобус зэрэг тээврийн хэрэгсэлд улсын бүртгэлийн дугаарыг хэвийн олгох юм.
Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа DNN.mn

БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр тус улсын Жөжян мужийн Ханжөү хотын дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтууд болох Чяньтан мөрний хоёрдугаар гүүр буюу Пөнбү гүүр, Шиху нуурын дүүрэгт байрладаг Зыжы туннелийн байгууламжтай танилцлаа. Монгол Улсын Засгийн газрын 20 минутын хот Үндэсний хорооноос хэрэгжүүлэх бүтээн байгуулалтуудын чухал хэсэг болох Туул гол дээгүүр тавигдах “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүр, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах зорилтын дагуу Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий 15.3 км автозам, гүүр, гүүрэн байгууламж барьж байгуулах төслүүдийг судлах хүрээнд Ерөнхий сайд, Засгийн газрын холбогдох гишүүд эдгээр байгууламжтай танилцсан юм.

Пөнбү гүүр нь хүчтэй урсгалтай мөрөн дээр баригдсан, авто зам, төмөр замыг тусгаарласан байдлаар хослуулан шийдсэн инженерийн бүтээл гэдгээрээ дэлхийд алдартай. Голын 40 км/ц хурдтай ширүүн урсгалыг тэсвэрлэхийн тулд Хятадад анх удаа ган татлагат аргыг тус гүүрэнд ашиглажээ. БНХАУ-ын Төмөр замын яамны Хятадын зүүн хэсгийг төвтэй холбох төсөлд тус гүүр багтдаг, төмөр замын үндсэн сүлжээний чухал хэсэгт тооцогддог аж. Төмөр зам, авто замын хоёр үндсэн хэсэгтэй. Төмөр замын хэсэг нь хоёр шугамтай, 11.4 метр өргөн, 2,8 км урт, 120 км/цаг хурдны хязгаартай бол авто замын хэсэг нь 19.5 метр өргөн, дөрвөн урсгалтай, 1,3 км урт, 100 км/цагийн хурдны хязгаартай зорчино.
Барилгын төлөвлөгөө батлагдсанаас хойш зургаан жилийн дараа буюу 1992 онд ашиглалтад орсон Пөнбү гүүр инженерийн онцгой шийдэлтэйгээс гадна бүс нутгийг холбодог, төвлөрлийг сааруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж, эдийн засгийн хөгжилд том хувь нэмэр оруулдаг гүүр ажээ.

Зыжы туннел нь Ханжөү хотын хурдны замын “Дөрвөн босоо, таван хэвтээ” төслийн чухал хэсэг. Тээврийн хөдөлгөөнийг хурдан, үр ашигтай болгох зорилготой. Энэхүү туннел үзэсгэлэнт Шиху нуурын доогуур хийгдсэн. Шиху нуур нь дэлхийн өвд бүртгэгдсэн, тус улсын түүхэн дурсгалт, тусгай хамгаалалттай газруудын нэг. Туннелийг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр барьжээ. Туннел нь техникийн өндөр үзүүлэлттэйгээс гадна Ханжөү хотын авто замын ачаалал ялангуяа, Шиху нуурын үзэсгэлэнт газрын замын түгжрэлийг багасгахад чухал хувь нэмэр оруулдаг талаар тус хотын Барилгын хөгжлийн төв, Зам, гүүрийн группийн удирдлагууд танилцуулав. Туннелийн барилгын ажил 2013 онд эхэлж, 2016 онд ашиглалтад оржээ. Нийт 14.4 км урт, 21 метр өргөн уг туннел нь хоёр талдаа гурван урсгалтай авто зам бүхий томоохон бүтээн байгуулалт аж. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян бүтээн байгуулалтын энэ үед Жөжян мужийн даргаар ажиллаж байжээ.