Category: мэдээ
Он гарсаар улсын хэмжээнд эхний арван сарын байдлаар 4259 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 7025 хүний амь нас, 325 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 2869 нь гал түймэр, 980 нь хүний үйл ажиллагатай холбоотой осол, 273 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 73 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 64 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Гадаадын иргэн, харьяатын газар нь 2024 онд гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх виз зөвшөөрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулсан бөгөөд 2021 оноос хойш 700 мянга гаруй иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлсэн байна.
Тухайлбал, Энэ оны эхний 10 сарын байдлаар цахим визийн evisa.mn cистемээр жуулчин /K2/, соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцогч /K4/, дамжин өнгөрөх /K6/ зэрэг 4 ангиллын визийг гадаадын 84744 иргэнд олгосон нь өмнөх оны мөн үеэс 3,2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Мөн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс визийн зөвшөөрлөөр олгогддог байсан 54 ангиллын визийг цахимаар олгож, гадаадын иргэнийг уригч нь immigration.gov.mn цахим системээр шууд виз мэдүүлэх боломж бүрдээд байна.
Ийнхүү техник технологийн дэвшлийг ашиглан төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж цахимжуулах, мөн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах эрх зүйн үндэс нь 2020 болон 2023 онуудад хийгдсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр баталгаажсан юм.
Нийгмийн сүлжээнд “Дизель түлш тасарна” хэмээн ор үндэслэлгүй худал мэдээлэл тарааж, иргэд, олон нийтийг төөрөгдүүлж буйтай холбогдуулан АМГТГ-аас дараах мэдэгдлийг гаргажээ.
Ашигт малтмал, газрын тосны газар нь долоо хоногт хоёр удаа газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдээс газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл, нөөцийн мэдээллийг авч, тогтмол хяналт тавин ажилладаг.
Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ өсөн нэмэгдсэнтэй холбогдуулан манай улс ОХУ-аас сард 110,000 тонн Аи-92 автобензин, 65,000 тонн дизель түлш импортлох захиалгыг өгч, энэ хүрээнд өдөр бүр хилийн боомтуудаар шатахууны импорт тасралтгүй нийлүүлэгдэж байна. Тухайлбал, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 07-ныг хүртэлх хугацаанд 295 вагон Аи-92 автобензин буюу 18,000 тонн /9 хоногийн нөөц/, 462 вагон дизель түлш буюу 27,700 тонн /9 хоногийн нөөц/ импортоор орж ирээд байна. Нийт нөөцийн хувьд авч үзвэл, улсын хэмжээнд Аи-92 автобензин 22 хоног, дизель түлш 27 хоногийн үлдэгдэл, нөөцтэй байна.
“Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр талууд эцэслэн баталсан юм. Хэлэлцээрийн дагуу Монгол Улсад импортлох шатахууны импортын захиалгыг тасралтгүй, тогтвортой нийлүүлэхээр болсон бөгөөд ОХУ дэлхийн улс орнуудад экспортын хориг тавьсан ч энэ хоригт Монгол Улс багтахгүй учраас шатахууны хомсдол, доголдол үүсэх үндэслэлгүй. Иймд зориудаар худал мэдээлэл тарааж, зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг Ашигт малтмал, газрын тосны газраас анхаарууллаа.
Нийслэлийн автозамын түгжрэлд үүсэх хүчин зүйлийн нэг бол жолооч нарын хоёрын хооронд үйлдлээс үүдэлтэй жижиг сажиг шүргэлцээн, ар өврөөс нь хүрэх төдий болсон авто ослууд болжээ. Тэдгээр жижиг зөрчлүүд дээр цагдаа ирж үзлэг хэмжилтээ хийх, даатгал нь ирэх гэж ядаж л 30 минут болно. Тэр хооронд замын түжрэл дээд цэгтээ тулна.
Энэхүү жижиг шүргэлцээний цаад талд ердөө ганц секунд зогсчихгүй дайрч орсон жолоочийн тэрхэн зуурын л үйлдэл байдаг. Тэртэй тэргүй урд нь машинтай байхад түр зогсоод туслах замаас аль нэг тийш эргэх гэж байгаа машиныг явуулчихад угтаа ямар ч хохиролгүй л дээ. Гэтэл мөнөөх хэн нэгнийг гаргачихвал доошоо орчих гээд байгаа мэдрэмж нь түлхээд урагшлах төдийд л машинууд нь шүргэлцчихэж байгаа юм.
Тэгээд чиний, миний зөв буруудаа тулж маргаан эхлээд тэр хоорондоо цагдаа дуудах гэсээр байтал тэртэй тэргүй нарийхан зам дээр асар урт үргэлжлэх түгжрэл үүснэ. Нэгэнт үүссэн саатал ойр хавийнхаа бүх замд нөлөөлж гамшиг болсон түгжрэл, удаашрал бий болоод байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр жолооч нар ерөөсөө л замын хөдөлгөөндөө аятайхан оролцдог баймаар байгаа юм.
Бас нэг асуудал байна аа. Нийслэлд, тэр тундаа гэр хорооллуудад зам тавьж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ тэр замуудынхаа төв замтай нийлэх хэсгийг инженерийн арай өөр шийдлээр зохицуулахгүй бол болохоо байж эхэлж байна. Баруун тал руу гардаг гол замын нэг Баянхошууны зам.
Уг нь сайхан зам. Даанч сүүлийн хэдхээн жилд түгжрэл нь дийлдэхээ байсан. Шалтгаан нь гэр хороолол дундах замаас төв зам руугаа нийлдэг хэсгүүд. Тэдгээр замуудыг гайгүй байгаа дээр нь зөв шийдлээр шийдэхгүй бол ирээдүйн бас нэг том асуудал тэнд үүсээд байгаа юм. Шийдэл нь мэргэжилтнүүдэд бий биз. Дарга нар нь л асуудлыг дориухан шийдээд өгмөөр байна даа
УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Булгантуяатай ярилцлаа.
-Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт зарлагын хэмжээг 35.8 их наяд төгрөг гэж тусгасан. Үүнийг буу руулах боломж бий юү?
-Засгийн газраас “Хамтарсан Засгийн газар мега төслүүд хэрэгжүүлэхэд онцгой анхаарна. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд дор хаяж 3-4 жил шаардлагатай тул энэ удаагийн төсөв төслүүдээ эхлүүлэх, техник эдийн засгийн үндэслэл боловсруулахад чиглэгдсэн төсөв өргөн барьж байна” гэж танил цуулсан. УИХ-ын гишүүд бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн. Эдийн засаг тэлж, иргэдийн амьдралыг сайжруулахад орлого олох үүд хаалгаа нээх ёстой. Дандаа түүхий эдээ гаргаад байдаггүй, боловсруулсан бүтээгдэхүүн экспортлох, дээрээс нь далайц гарцгүй улсын хувьд дэд бүтцээ, эрчим хүчний хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх нь зөв юм гэдэг дээр аль аль намынхан бүх талаар дэмжсэн. Харамсалтай нь үүний хажуугаар урсгал зардлыг маш ихээр нэмэгдүүлж орж ирсэн.
-Төсвийн урсгал зардал 26 их наяд төгрөг гэдэг асар өндөр сонсогдож байсан?
-Тийм ээ. Үүн дээр хэд хэдэн гишүүд хэлж байсан. Бусдаар гүйцэтгүүлэх ажлын төсөв гэхэд хоёрхон жилийн дотор хоёр дахин нэмэгдэж орж иржээ. Ямар эрх зүйн шинэчлэлийн хүрээнд ингэж нэмэгдэж орж ирэв. Хэрэв төр өөрөө хийх ажлуудаа бусдаар гүйцэтгүүлэх эрх зүйн реформ хийсэн бол дэмжинэ. Тэгвэл нөгөө талдаа төрийн албан хаагчдын тоо багасах ёстой. Гэтэл тийм томоохон реформ хийгдээгүй байтал яагаад бусдаар гүйцэтгүүлэх төсөв хоёр жилийн дотор хоёр дахин нэмэгдэв. Төсвийн байнгын хорооны даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, дор нь гурван дэд ажлын хэсэг ажил лаад, “Төсөв дээр зардлаа бууруулах, орлогоо нэмэгдүүлэх болом жууд байна” гэсэн дүгнэлтүүд гаргасан, бүр дүнтэй нь дүгнэлт гаргасан. Харамсалтай нь, энэ нь цаашаа явсангүй. “Зардлаа бууруулна гэхээр гишүүд тойрог дээрээ мөнгө тавиулах гээд байна аа” гэсэн улс төр явсан. Сүүлдээ энэ нь ерөөсөө төсвийг бараг энэ чигээр нь батлах нь зүйтэй юм байна гэсэн чиг рүү явчихлаа. Зарим нэг гишүүд бүр Засгийн газрын төсөв бол бодлогын төсөв, бодлогын төсөвт Улсын Их хурал өөрчилж болохгүй гэж хүртэл ярьж байснаа одоо болохоор сошиалаа дагаад эсрэг юм яриад явж байна. Тийм байж болохгүй.
-Харамсалтай байна…
-Ерөнхий сайд мега төслүүдийг ирэх жил эхлүүлэхгүй бол 2028 онд ашиглалтад орохгүй, энэ том төслүүдийг эхлүүлэхгүйгээр эдийн засаг сайжрахгүй гэдгийг бүрэн дүүрэн дэмжиж байна. Гэхдээ үүнийг даган бараг урсгал зардал ангилал бүрээр 20, 30 хувиар нэмэгдсэнд гишүүд шүүмжлэлтэй байгаа. Нийт төсвийн 70 орчим хувь нь урсгал зардал.
-Урсгал зардлаас хасах боломж бий юү?
-Бий. Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр 6 хувь л нэмэгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр бусад урсгал зардал нэмэгджээ л гэж уншигдаж байна.
-ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсэг төсвийг тэлэх бодлого Монгол Улсын гадаад, дотоод тэнцвэргүй байдлыг нэмэгдүүлнэ. Монгол Улсын төсвийн алдагдал 2029 он хүртэл тогтмол нэмэгдэх төлөвтэй байна гэж анхааруулсан. Ийм эрсдэл бий юу?
-Би их хүнд үеийн Сангийн дэд сайд байсан. Манайх ОУВС-гийн хөтөлбөрт ороод, төсвөө бүх талаар танаж, хоёр төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад нэгийг авна гээд маш хатуу бодлого барьсан. Ерөөсөө төрийн албан хаагчдын тоо, урсгал зардлыг огт нэмэхгүй, бүх зардлыг маш их танаж байсан үеийн Сангийн дэд сайд байсан учраас одоо хүртэл төсөв, санхүү дээр тиймэрхүү өнцгөөр хандах гээд байдаг. Бид 2010-2013 онд төсөв, эдийн засаг сайн байхад бүх урсгал зардлаа нэмсэн. Дараа нь хүнд цаг үед хасаж чадахгүй 2014-2016 оны хооронд эдийн засаг огцом хүндрээд, 2016 оны III улиралд Монгол Улсын эдийн засаг хасахтай, цаашид дампуурал ч зарлах эрсдэлд хүрсэн байсан. Тиймээс бид ОУВС-гийн хөтөлбөрт орж, гадаад өр зээлүүдээ төлөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн. 2016 онд гэхээр саяхан шүү дээ. Эндээс бид олон сургамж авсан байх гэж бодож байна. Ирэх онд төсөвт уул уурхайн салбараас төвлөрөх орлого 31 хувийг бүрдүүлэхээр байна. Уул уурхайн салбараас их хэмжээгээр хамааралтай байгаа манайх шиг улсын хувьд урсгал зардлаа нэмэх биш эдийн засгаа төрөлжүүлэх, экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээхэд илүү анхаарах ёстой. Бидний нүүрсний экспортын ирэх жилд 83.3 сая тонн гэж төлөвлөж байгаа нь манай улсын хувьд түүхэн дээд амжилт ч дэлхийн улс орнуудын экспортын хэмжээтэй харьцуулбал өчүүхэн жаахан. Өнгөрсөн өвлийн тогны хязгаарлалт хүртэл бидэнд энэ салбарт яаралтай хөрөнгө оруулалт хийхгүй бол болохгүй байгааг харуулсан.
-Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөлд шаардлагатай санхүүжилт 2024 оны ДНБ-ий 67 хувьтай тэнцэнэ. Ийм хэмжээний санхүүжилтийг 4-5 жилийн хугацаанд босгох амаргүй. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд эдийн засгийн багтаамж, санхүүжилтийн хязгаарлалт тай нүүр тулах юм биш үү?
-Ихэнх мега төслүүд дандаа хувийн хэвшлийн оролцоотойгоор хийхээр тавигдсан. Эдийн засгийн хувьд ашигтай төслүүд дээр төр өөрөө ч заавал оролцох шаардлагагүй. Хувийн хэвшил нь хийгээд, концессын журмаар ч юм уу. 5, 10 жил тэндээсээ ашгаа олоод явах боломжтой. Тийм ч учраас сая энэ олон мега төслийн төсөв тэр чигээрээ улсын төсөв дээр тавигдаж орж ирээгүй. Хувийн хэвшилтэй хамтарч хийх, концессоор хийх байдлаар орж ирж байгаа юм. Заримынх нь ТЭЗҮийг илүү нарийвчлан хийх хэрэгцээ, шаардлага бий. Ийм байдлаар жишээлбэл, Эдийн засгийн хөгжлийн, Сангийн сайд дээр ТЭЗҮ, зураг төслийн бэлтгэл хангахтай холбоотойгоор нэлээд төсөв тавигдаж орж ирсэн.
-Парламент нь төсвөө баталж чадахгүй тарсан түүх дэлхийд байхгүй. Төсөв буцаах асуудал ярьж байгаа нь попрол шүү гэж зарим ажиглагчид дүгнэж байгаатай та санал нийлэх үү?
-Одоо төсвийг татаад, дахин өргөн барихад хуулийн хугацаа хүрэлцэхгүй. Төсөв бусад хуулиудаасаа онцгой, онцгой горимоор ихээхэн хэлэлцүүлэгтэй, байнгын хороо болгон хэлэлцдэг, нэмж хасах, өөрчлөх саналуудаа гаргаад, дахин Төсвийн байнгын хороогоор ороод, гурав дөрвөн шатны хэлэлцүүлэг хийдэг. Улсын их хурлын Дэгийн тухай хуулийн дагуу 10 дугаар сарын эхний 7 хоногт эхний хэлэлцүүлгийг хийх, хэрэв шаардлага хангахгүй байна гэж үзвэл Засгийн газарт буцаан ажлын гурван хоногийн дотор өргөн мэдүүлэх чиглэх өгөх боломжтой. Улсын их хурал улсын төсвийн баталсны дараа орон нутаг 12 дугаар сарын 5-ны дотор орон нутгийн төсвийг батлах ёстой. Ингээд шинэ оны нэгдүгээр сарын 1-нээс улсын болон орон нутгийн төсвүүд хэрэгжиж эхлэх бэлтгэл хангах ёстой. Энэ удаа шинэ тогтолцооны сонгуулиар шинэ парламент бүрдэж, шинэ дэгээр төсвөө хэлэлцэхэд олон зарчмын асуудал дээр нухацтай хэлэлцэх боломж бас муу байлаа. Гэхдээ дотооддоо ардчилалтай, алдаа оноогоо нам үл харгалзан эрүүл харж байна гэж байгаа нь цаашид төсөв болон бусад хууль батлагдах босгыг өндөр болгож байна гэж харж байна.
-Төсвийн хэт тэлэлт Хэмнэлтийн тухай хуулиа зөрчиж байгаа юу?
-Хэмнэлтийн хуулийг шууд зөрчсөн зүйл нь гайгүй. Хэмнэлтийн хуульд төрийн байгууллагууд дэд даргатай байж болохгүй, ашиг олох зориулалтын төсөл хөтөлбөр байж болохгүй гэх мэт зүйл байсан. Хэмнэлтийн тухай хууль гэхээсээ илүүтэйгээр үрэлгэн зардал ихтэй байна гэдгийг гишүүд тойрч яриад байгаа юм. Хуулиас илүүтэйгээр эдийн засгийн үр нөлөөн дээр л бид санаа зовж байна. Энэ нь инфляцийг өдөөх вий. Бидний хэрэглээний сагсны 60 орчим хувь гадаадын импорт байгаа цаг үед инфляци өсөх вий. Урсгал зардал хамгийн хэцүү нь нэг тэлвэл буцаад багасгахад маш хэцүү. Тэгэхээр дараа нь эдийн засаг хүндэрвэл танаж чадах уу, үгүй юү. Дэлхийн эдийн засаг энэ олон сонгуулийн дараа 2024, 2025 онд хэрхэхийг бид таах аргагүй юм.
-Хэмнэлтийн тухай хууль хэвлэл мэдээллийн байгууллагад хүнд туссан. Ковидын үед түр батлагдсан энэ хуулийг цуцлах уу?
-Би энэ хууль үр дүнгээ өгсөн гэж боддог. Яваандаа органик, суурь хуулиуддаа сууж өгөх ёстой. Төсвийн тухай хуулиндаа, зарим нь Төрийн албаны тухай хуульд байхаар зүйл, заалтууд бий. Тиймээс Төрийн албаны тухай хуулиндаа, Төсвийн тухай хуулиндаа орон нутгийн өмч дээр бүртгэж болохооргүй, ашиг олох төсөл хөтөлбөрийг улсын төсвөөс санхүүжүүлж болохгүй гэсэн заалтууд бий. Тэр бол зөв. Бяслагны үйлдвэр байгуулж болохгүй байхгүй юу. Ийм зүйлүүдийг Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль гэх мэтчилэн том хуулиуддаа суулгаад, дагаж мөрдөх л үүрэгтэй. Ковидын хүнд үед төсөв нэмэгдсэн. Тэрийгээ дагаад төр өөрөө өөрийнхөө гарыг барих, төсвөө хэмнэх том хөдөлгөөн давхар өрнүүлэх шаардлага үүссэн учраас ийм хуультай болсон. Нүдээ олсон, үр дүнгээ өгсөн. Бусад эх хуулиуддаа суугаад, энэ хууль яваандаа байхгүй болох байх аа гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хууль болгон төрийн мөнгийг давхар хэмнэх агуулгатай л байх ёстой, ганц хэмнэлтийн хууль биш.
-Халамжийн төсөв гэж 4.6 их наяд тавигдсан. Ингэхээр Монголд ажил хөдөлмөр эрхлээд, идэвхтэй амьдрах хүний тоо улам буурах болов уу?
– Халамжийн мөнгө дотор хамгийн их дүнтэй нь хүүхдийн мөнгө. 1.5 их наяд байгаа. Халамж дотроо халамжаас салгах ёстой зүйлүүд бас байгаад байна. Тэрэн дотор хүн амын өсөлт, насжилтыг дэмжсэн бодлогууд бий. Жишээлбэл, “Одонтой ээж”-ийн мөнгө халамжийн мөнгө биш. Өнөөдөр боломжтой айлын эхнэр ч Одонтой ээж”-ийн мөнгө авч л байна. Мөн хүүхдүүд нь 18 нас хэдийнэ хүрсэн, сайхан амьдарч байгаа настан буурал ээжүүд ч энэ мөнгийг авч байна. Манай эмээ 105 хүрсэн, найман хүүхэдтэй байсан болохоор “Одонтой ээж”ийн мөнгө авч л байсан. Энэ халамж гэдэг ангилал дотроо яваад байгаа боловч халамжийн мөнгө биш. Энэ бол гурав, дөрөвхөн сая хүн амтай Монгол Улсын хувьд хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого. Дээрээс нь “Насны хишиг” байна. Урт наслалт, эрүүл амьдралыг дэмжсэн бодлого. Хүн наслах тусам эрүүл мэндийн үйлчилгээнээс авахуулаад зардал өсч, үр хүүхдүүд дээр нь ачаалал ирдэг учраас олгодог болсон. “Цалинтай ээж”-ийн мөнгийг төрсөн л бол бүгд авч байна. Баян ээж ч, хүнд хэцүү амьдралтай ээж ч авч байна. Эд бүгд халамжид ороод байгаа учраас их өндөр харагдаад байгаа юм. Бид ялгах ёстой. Тиймээс Халамжийн тухай хуулийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас УИХ-д өргөн барих ёстой. Сайдаар ажиллах хугацаанд Нийгмийн даатгалын багц хууль ороод, Халамжийн тухай хууль арай орж амжаагүй. Мөн ахмад настны тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтраад Гэр бүлийн тухай хуулийг өргөн барьсан. УИХ-аар Нийгмийн даатгалын тухай багц хуулийг батлуулсан. Хамгийн чухал нь, цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээг бид авч чадсан. Яг халамж авах ёстой зайлшгүй иргэд байна. Нэг гэр бүл дотор нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, том хүн байхад л тэр айлын нэг хүн ажил хийж чадахгүй гэртээ сууж байна. Тэр чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг төрийн бүтэц өнөөдрийг хүртэл дутмаг байгаа нь үнэн. Байнгын асаргаа үзүүлдэг 60 мянга орчим хүн байна. Жилд 60-70 мянга орчим ээж төрдөг. Төрөлт гэхдээ багасаад байна. Нийт айл өрхүүдийн 60 гаруй хувь хоёр хүүхэдтэй л байна. Тэгэхээр бид яг юу нь халамж вэ, юу нь хүн амын өсөлтөө дэмжсэн бодлого вэ, юу нь хүн амын эрүүл наслалтыг дэмжсэн бодлого вэ гэдгийг ялгаж авч үзэх ёстой.
-Өнөөдөр нийгэмд тулгамдаж буй хамгийн гол асуудал эрчим хүчний үнэ тарифыг нэмэх. Эрчим хүчний шинэчлэл хийх цаг мөн үү. Иргэд сөхөрчих юм биш байгаа?
-Яг сөхөрчихөөр хэсгүүд угаасаа байгаа. Үнэ тарифын өөрчлөлтөө дагаад нэн ядуу хэсэг дээр татаасууд нь давхар орж байгаа юм. Яг үйлдвэрлэлүүд дээр яваад очихоор юмны үнэ нөгөө талдаа бас нэмэгдэнэ. Төсөв дээр миний санаа зовоод байгаа зүйл бол хуучин хатуу түлш буюу нүүрс, шингэн түлш, хавар махны үнэ гэсэн гурван зүйл инфляцид нөлөөлдөг байсан. Сайжруулсан түлшний үйлдвэрийг төрөөс татаасаар дэмжиж үнийг барьсан. Зөндөө боловсруулалт хийсний дараа түүхий нүүрснээс илүү гарахааргүй байгаа. Бензиний үнэ дээр онцгой албан татвараар тохируулга хийдэг, гэхдээ л үнийн өсөлт нь шууд инфляцид нөлөөлдөг. Тэгэхэд манай инфляци дандаа хоёр оронтой тоон дээр байсаар ирлээ. Ганц хоёрхон жил нэг оронтой тоо руу орсон. Одоо энэ гурав дээр тогны үнэ нэмчихвэл талхнаас авахуулаад бүх юмны үнэ нэмэгдэнэ. Яг үүний хажуугаар төсвөө тэлнэ гэж байна. Энэ хоёрыг яг зэрэг хийх нь маш хэцүү сонсогдоод байгаа юм. Инфляци юу болох бол гэдгийг манай Монголбанк тооцож л байдаг байгаа даа гэж би бодсон. Зургаан хувийн цалин, тэтгэврийн өсөлтөөс даваад инфляци 10 гаруй болоод нэмэгдчихвэл юу болох вэ, тийм биз дээ. Энэ хамгийн санаа зовох асуудал.
-АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль дэлхийн улс төр, эдийн засагт өндөр нөлөөтэй. Энэ сонгуулийн үр дүн Монгол Улсад ямар байдлаар нөлөөлөх бол?
-Бид АНУ-тай гуравдагч хөршийн харилцаатай. Хоёр улсын хоорондын худалдааны хэмжээ их бага. Харин АНУ-ын гадаад худалдаа, гадаад харилцаанд баримтлах бодлого нь шууд бусаар манай улсад нөлөөлдөг, ялангуяа манай хоёр хөрштэй баримтлах бодлого. Бид бензин шатахууныхаа 90 гаруй хувийг Орос улсаас авч байна. Манай гадаад худалдааны 90 гаруй хувь Хятад улстай явагдаж байна. Дэлхийн даяар дэлхийн дайн дажин намжаасай., энх тайван цаг ирээсэй зэрэгт санаа зовож байна. Цар тахал, ковидын дараа Америк ч гэсэн өндөр инфляцитай байна. Энэ удаагийн сонгуульд америкчууд эдийн засгаа харж сонголт хийлээ гэж мэдээлж байна. Тиймээс эдийн засгаа өсгөх, иргэдийн амьжиргааг дэмжих том бодлого явуулах байх гэж бодож байна. Тэр нь дэлхийн худалдаанд ч эерэгээр нөлөөлж манай улсын хувьд ч нааштай байх болов уу гэж бодож байна. Дэлхий даяар энэ жил олон сонгууль болсноос эрх баригч намууд ер нь ихэнхдээ ялагдлаа. Гурав, дөрөвхөн улсын эрх баригч нам ялсны нэг нь Монгол Улс байлаа.
-Монгол Улсын парламент түүхэнд анх удаа 126 гишүүнтэй болсон. Тоо нэмэгдээд, чанарт өөрчлөлт оров уу?
-Миний хувьд эерэгээр тусч байна гэж бодож байна. Хувь гишүүнийхээ хувьд харахад, нам улс төрийн гэж хайрцаглахдахгүй үг хэлдэг гишүүдтэй болж байгаа нь, нарийн мэргэжлийн хүмүүс орж ирж байгаа нь сайшаалтай. Хуучин манай парламентад эрүүл мэндийн салбарын Ж.Чинбүрэн, Б.Бейсен гэж хоёр гишүүн л байлаа. Бид эрүүл мэндийн олон асуудал дээр энэ хоёр хүний үгийг сонсдог байлаа. Их түшиг болдог байсан. Өнгөрсөн хугацаанд улстөрчид эрүүл мэндийн салбарт олон байгаа олоогүй шийдвэрүүд гаргасны горыг иргэд л амсаж байна. Бид эрүүл мэндийн даатгалаа төлөөд байдаг, нөгөө талдаа эрүүл мэндийн үйлчилгээ юу болов. Одоо Монголын хамгийн бухимдалтай салбарын нэг болсон байна. Энэ парламент эрүүл мэндийн салбарын таван хүнтэй боллоо. Анагаахын сургуулийн багш Б.Саранчулуун, Харвардын их сургуулийн багш Д.Ганмаа, Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан. Том эмнэлгийн захирлаар ажиллаж байсан хүн. Ийм хүмүүсийн оролцоог хангах нь зөв гэж боддог. Нарийн мэргэжлийн хүмүүс салбар, салбарынхаа бодлогыг л сайн болгоход иргэдийн амьдрал шал өөр болно.
-Анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөлөлтэй болсон?
-Манай хөгжлийн бэрхшээлтэй иргэд анх удаа УИХ-д төлөөлөлтэй болсонд баяртай байна. Их хурлын тамгын газар хүртэл сандарч байна. Яагаад вэ гэвэл ийм гишүүнтэй байж үзээгүй. Өрөө хуваарилах дээр хүртэл хэрэгцээ шаардлага нь ямар байдаг вэ, нойлоо яах ёстой вэ гэдгээс авахуулаад асуудал гарсан. Тангаргаа өргөх гэхэд манай их заал хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй биш юм байна гэдгээ анх удаа бараг мэдэрлээ. Их зөв гэж бодож байна. Олон янзын дуу хоолойтой байх ёстой. Энийгээ аль аль нам нь хангаж чадаж байна. Ажил хэрэгч, хэлний мэдлэг сайтай, салбар салбарын төлөөллийн тоо ч нэмэгдсэн байна.
Бид бие биенээ бараг танихгүй. Энэ бол зөв гэж бодож байна.
Гадаадад 300, 400 гишүүнтэй. Тэр хүмүүсийн нэг байх гэж хүн их мөнгө зарцуулж зүтгээд байхгүй, тийм олон хүнийг лоббидно гэдэг хэцүү. Аль нэг сайд орж ирээд төсвөө 300, 400 хувааж өгч лобби хийнэ гэдэг бараг боломжгүй шүү дээ. Тэгэхээр нэг бодлын парламент дотор ардчилал бий болно гэсэн үг.
32 эмэгтэй гишүүнтэй болсон байна. Хуучин арван хэдүүлхэнээ байхад өмссөн зүүснээс нь эхлээд шүүмжилдэг байсан. Одоо биднийгээ тийм асуудлаар шүүмжлэхээ ч байчихаж. Би эдгээрийг сайн өөрчлөлтүүд гэж бодож байгаа юм. Хувь гишүүн рүү дайрахаас илүүтэйгээр бодлогын мэтгэлцээн болдог талбар болж байгаа нь илүү зөв юм аа гэж бодож байна.
-Саяхан Эмэгтэй парламентчдын чуулга уулзалт боллоо. Гурав дахь удаагаа уулзалдлаа. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо нэмэгдсэнээр ямар үр дүнгүүд гарч байна вэ?
-2012 оноос эхлээд сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд рүү нэлээд хөрөнгө оруулалт шуурхай хийгдлээ. Энэ цаг үеэс эхлээд эмэгтэйчүүд парламентад олноороо орж ирсний үр шим гарсан. Азын сугалаагаар явдаг байсан цэцэрлэг байхгүй боллоо. Аав, ээж нь шөнөжин өдөржин оочерлож байж, арын хаалгаар хүүхдээ цэцэрлэгт өгдөг байдал байхгүй боллоо. Энэ бол маш том дэвшил. Анх бид 2012 онд 11 эмэгтэй гишүүнтэй, 2016 онд 13 эмэгтэй гишүүнтэй болсноор Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Ахмад настны тухай хуультай боллоо. Түүнээс өмнө Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль гэж илүү тунхагийн шинж чанартай хуультай байсан. Хүүхэд хамгааллын тухай хууль маш хатуу, процессын хууль болсон. Хүүхдийн эрх зөрчигдвөл яг хэн хэн оролцох вэ. Энэ дээр аймаг, дүүрэг, хорооны Засаг дарга, хамтарсан багийн гишүүд гэж ямар хүмүүс байх вэ. Тэд ямар дүгнэлт гаргадаг вэ гээд нарийн хуультай болсон. Жендерийн эрх тэгш байдлын тухай хуультай болсон. Ганцхан эмэгтэйчүүлийн эрхийн тухай асуудлыг ярьдаггүй. Нийгмийн асуудлыг хөндсөн, иргэдийн нэн чухал гэсэн олон асуудлыг эмэгтэй г ишүүд санаачилдаг, хэрэгжилтэд нь анхаардаг, төсөв санхүүгээр дэмждэг. Түүний жишээ нь анх удаа 2016 онд сонгуулийн дараа хүүхэд хамгаалах мөнгө төсөвлөдөг болсон. Өмнөх парламент нь хуулиа батлуулсан ч хэрэгжүүлж эхэлж амжаагүй байсан. Шинэ парламент гарч ирээд, хүүхэд хамгааллын агентлагтай, бүтэцтэй, төсөвтэй болсон. Энэ бүгдэд эмэгтэйчүүдийн оролцоо чухал үүрэгтэй байсан. Урт зам, өндөр байшин иргэдийн эрх ашиг хангаж байна уу гэвэл үгүй. Эмнэлэгт бухимдаад, сургууль нь гурван ээлжээр хичээллэж байгаа цагт хэн сэтгэл хангалуун байх вэ дээ. 2012 оноос хойш хатуу бодлого барьж, гурван ээлжээр хичээллэдэг байдлыг халах арга хэмжээнүүд авсан. Түүний үр дүн ч гарсан гэж бодож байна.
-Ардчилсан социал демократ эмэгтэйчүүдийн холбооны 30 жилийн ой боллоо. Та бүхэн өнгөрсөн хугацаанд хөгжлийн төлөө юу юу хийсэн бэ?
-Манай улс төрийн намуудын дийлэнх нь хажуудаа эмэгтэйчүүдийн байгууллагатай байдаг. МАНын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага 1994 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр “Эмэгтэйчүүд, хөгжил, хөдөлгөөн” нэртэйгээр байгуулагдсан. Анхны даргаар гавьяат багш Д.Алтай, дараа нь УИХын гишүүн Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа, Д.Сарангэрэл нар ажиллаж байсан. 21 аймаг, 9 дүүрэгт салбар, зөвлөлтэй 115 мянган эмэгтэйчүүдийн эгнээндээ нэгтгэсэн улсын хамгийн т ом эмэгтэйчүүдийн байгууллагын нэг болж хөгжжээ. Холбоо нь эмэгтэйчүүдийг дэмждэг бүтэцтэй байх, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, улс төрд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, дээрээс нь гишүүн, дэмжигч эмэгтэйчүүд, нам бус эмэгтэйчүүд болон МАНын дунд гүүр, дуу хоолой болох зорилготой. Бид энэ зорилгоо ч тодорхой хэмжээгээр биелүүлсэн гэж боддог. “Цалинтай ээж”, өрх толгойлсон эцэг эхчүүдэд улирал тутам олгодог мөнгөн тэтгэмж зэрэг олон төсөл, хөтөлбөрүүд СДМЭХ-н санал санаачилга байсан. Ц.Цогзолмаа гишүүн холбооны ерөнхийлөгч байхдаа эмэгтэйчүүдийн аж байдлын том судалгааг 21 аймаг, 9 дүүрэгт хийсэн. Тэгэхэд эмэгтэйчүүд эрүүл мэндийн үйлчилгээ их хүнд байна, хөдөлмөр эрхлэлт их хэцүү байна. Хөдөлмөр эрхлээд, дахиад хажуугаар нь ажил хийнэ гэдэг хэцүү байна. Ажлын байран дээр бэлгийн дарамт их байна. Хөдөлмөрийн тухай хууль үүнийг шийдэж чадахгүй байна зэрэг шүүмжлэлүүд судалгаагаар их гарсан. Эмэгтэйчүүд жаахан гундуу байна гэдэг дүгнэлт хийсэн. Эмэгтэй хүн хэзээ аз жаргалтай байдаг вэ гэхээр гэр бүлийн гишүүн болгон аз жаргалтай байвал бид аз жаргалтай байдаг шүү дээ. Бид Хөдөлмөрийн тухай хуулинд том өөрчлөлт хийж, ажлын байран дахь бэлгийн дарамт, цагаар болон зайнаас ажиллах, ажил амьдралын балансыг хангах зэргийг хуульчилж чадсан. Дээрээс нь эмэгтэйчүүд рүү чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг нэлээн сайжруулсан. Төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүллээ. Үүний үр дүнд ЖДҮС-гийн зээлийн 50 гаруй хувийг эмэгтэй бизнесүүдэд олгогдог болсон. Энэ нь манай эмэгтэйчүүдийн байгууллагын үр нөлөө. Өнгөрсөн жилүүдэд нам үл харгалзан парламент доторх эмэгтэйчүүдийн хамтын ажиллагаа сайн байсан. Манай нам ингэж үзэж байна, танай нам юу гэж үзэж байна вэ гэхээр эмэгтэйчүүдийн бодлого хоорондоо нэг их зөрдөггүй. 2012-2016 онд Л.Эрдэнэчимэг гишүүн УИХ-ын эмэгтэйчүүдийн бүлгийн даргаар ажиллаж байсан. Энэ хугацаанд энэ олон хуулиудыг батлан гаргаж байж. 2016 оноос хойш Д.Оюунхорол гишүүн, 2020-2024 онд Д.Сарангэрэл даргаар нь ажиллаж байсан. Эмэгтэйчүүдийн санаачилж өргөн барьсан хуулиудын 50 орчим нь батлагддаг. Эмэгтэйчүүд асуудлыг нэг бариад авбал араас нь маш ажил хэрэгч зүтгэдэг. Үүний үр дүнгүүд гарсан гэж бодож байна. Өнгөрсөн пдарламентад Боловсрол, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын багц хуулиудыг батлуулахад эмэгтэйчүүд байнгын хороо ахлах, хуулийн ажлын хэсгийг ахлах зэрэг гол ажлыг хариуцсан байдаг.
1992 оноос нийт 9 удаагийн парламент 73 эмэгтэй гишүүнтэй байснаас 41 нь МАН-аас сонгогдсон гишүүд байсан. 30 жилийн түүхтэй эмэгтэйчүүдийн байгууллага ийм олон төрийн зүтгэлтэн эмэгтэйчүүдийг төрөн гаргажээ. Сая орон нутгийн сонгуульд манай намын 800 гаруй эмэгтэйчүүд шат шатны иргэдийн төлөөлөгчдийн хуралд ялалт байгуулжээ.
СДМЭХ 30 жилийн ойгоороо хэд хэдэн ажил хэрэгч ажил эхлүүлж байгаан нэг нь гэр бүлийн сэтгэл зүйн төвүүдийг 21 аймаг, 9 дүүрэгт байгуулах. Энэ манай нийгэмд нэн тулгамдсан асуудал болж байна. Байгууллага маань мэргэжлийн сэтгэл зүйчидтэй ажиллаж стандартын дагуу төсвийг нь гарган эхлүүлэх гэж байна.
Энэ завшааныг ашиглан манай холбооны үе үеийн ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, удирдах зөвлөлийн гишүүд, салбар, зөвлөлийн дарга, тэргүүлэгчид гишүүд дэмжигчиддээ түүхт 30 жилийн баярын мэндийг хүсэн ерөөе.
-УИХ-ын дэд даргын ажлын ачаалал их байх. Танд чөлөөт цаг гарч байна уу, амрах зав олдож байна уу?
-Би ч ачаалалтай ажиллаад сурчихсан. Гүйцэтгэх засаглалын ажил бүр илүү их, цаг наргүй. Дээрээс нь гишүүн байсан учраас чуулгандаа 4, 5 дахь өдрүүдэд сууна. 1 дэх өдөр бүлгийн хуралдаа сууна. Байнгын хороон дээр дуудагдана. Засгийн газрын хуралд 3 дахь өдөр өдрийн тал сууна. Заримдаа Ерөнхий сайд, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ томоохон байгууллагуудтай уулзана. Тэгэхээр орой үдшийн цагаар ажлаа хийгээд, нойртой нойргүй яваад бараг сурчихдаг юм билээ. Гадаадад байхаасаа авахуулаад, жишээ нь Японд жил гаруй болохдоо 5 цагийн л нойртой явдаг байсан. Ачаалал аваад, даах чадвартай болсон. Хажуугаар нь спортоо хаяхгүй, олигтой амжилт гаргахгүй ч бэлтгэлээ хийгээд л байна. Гэхдээ заримдаа боддог юм. Хамаг залуу насандаа ингэж их ажиллаад, дээр нь маш их шүүмжлүүлээд зүтгээд байдаг гээд. Гэхдээ эерэг өөрчлөлтүүд гаргахын төлөө бид зүтгэх л ёстой гэж боддог. Хүүхдүүд минь нэг үеэ бодвол том болжээ. Бүр хөхүүл хүүхэдтэй, үс нь унаж байсан үеэ бодвол одоо их аятайхан болчихжээ. Гэхдээ л ээжийн орон зай гэрт үргэлж үгүйлэгдэнэ. Олон хоног байхгүй, гэртээ анхаарал тавихгүй бол бүгд нэг л царай алдсан харагддаг.
-Нөхрийн нэрээр орж, эхнэрийн нэрээр гардаг гэдэг үг бий. Эмэгтэй хүн айл гэрийн амьдралыг чиглүүлж явдаг. Та ажил ихтэй, гэр бүлийн хүн тань сайн түшиг болдог байх?
-Тэгэлгүй яах вэ. Намайг энэ бүгдэд дэмждэг нөхөртэй тулдаа л явж байна. Тиймгүй очоод л муудалцаад байдаг бол энэ ажлаасаа болино шүү дээ. Гэр бүл нь амгалан тайван биш байхад хүн ажилдаа амжилт гаргана гэж юу байх вэ. Эмэгтэй хүнд ар гэрийн амьдрал асар их үнэ цэнэтэй. Аав ээж, гэр бүл минь маш их тусалдаг тулдаа төрийн ажлыг сэтгэл дүүрэн хийж явна.
Д.Эрдэнэтуяа
2024.11.10 / НЯМ ГАРИГ
ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН ГАХАЙ САРЫН
ХОЁР ХАР ШАР БАР ӨДӨР
Үс засуулвал: Өвчин өчүүхэн ирнэ.
Наран ургах, шингэх: 07.51-17.21
Барилдлага:
Түлэх
Шүтэн барилдлага:
Сэрэхүй
Суудал: Төмөр
Аргын тооллын 11 сарын 10, Адъяа гараг. Билгийн тооллын 9, Чөдөр одтой, шар бар өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:51-17:21. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -11…-16 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар -2…+3 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -3…-8 градус хүйтэн, Увс нуурын хотгор, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2…+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +10…+15 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +1…+3 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
Улсын хэмжээнд 2024 оны аравдугаар сараас нийт 28 багшийн туслах ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж эхэлжээ.
Багшийн хөгжлийг дэмжих тухай хуульд 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар ангид, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд суралцагчийн ялгаатай хэрэгцээнээс хамаарч багшийн туслах ажиллуулах талаар заасан.
Энэ хуулийн дагуу улсын хэмжээнд нийт 28 багшийн туслах ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж эхэлсэн үүний 12 нь ялгаатай хэрэгцээ бүхий хүүхэдтэй ангид, 16 нь 44 буюу түүнээс дээш хүүхэдтэй бага ангид багшийн туслахаар ажиллаж байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.
2024 оны арваннэгдүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 3-8 хэм хүйтэн, Увс нуурын хотгор, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.