Category: мэдээ
УИХ-ын пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “давхар дээл”-ийн хуулийн төслийг батлах шаардлагагүй гэж үзсэн билээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ц.Бямбацогтоос тодруулснаа хүргэе.
-Хуулийн төслийг Их хурлаас батлах шаардлагагүй гэж үзлээ. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Ухаалаг төр рүү хурдан шилжье, монгол төр данхайсан байна, нөгөө ард түмэн, татвар төлөгчид жижгэрээд байдаг. Гэтэл төр нь томроод данхайгаад байдаг. Төсвийн орлого бүрдэхээ байсан. Энэ үүднээс ухаалаг төр рүүгээ хурдан шилжье гэж Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийг санаачилсан байх. Харамсалтай нь эрх мэдэл, албан тушаалдаа эрх баригчид дуртай байгаа юм байна. Аргагүй л вакум байгаа юм байна даа л гэж хэлэхээс өөр үг алга даа.
-Г.Уянга, С.Дэмбэрэл гишүүний саналыг яах вэ?
-Дэгийн тухай хуулиар гишүүд ирцэнд орчихоод санал хураалтад оролцоогүй бол татгалзсанд тооцдог. Яах ч арга байхгүй.
Э.ЭНХ
Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж буй шилдэг начингуудын багийн халз барилдаан нөгөөдөр буюу тавдугаар сарын 3-ны өдөр Бөхийн өргөөнд болно. Халз барилдааны тасалбарын үнэ 15 мянган төгрөг бөгөөд өнөөдрөөс Монгол бөхийн өргөөний тасалбарын цэгээр худалдаалж эхэлжээ.
Халз барилдаанд шилдэг 12 улсын начин зүүн, баруун гэсэн хоёр тал болон өрсөлдөх юм.
Зүүн талын начингууд:
1. Э.Энхбат /Булган аймаг, Могод сум/
2. Ду.Батбаяр /Говь-Алтай аймаг, Бугат сум/
3. Б.Амарзаяа /Архангай аймаг, Чулуут сум/
4. Ц.Одбаяр /Өмнөговь аймаг, Булган сум/
5. Р.Пүрэвдагва /Архангай аймаг, Булган сум/
6. Т.Баасанхүү /Увс аймаг, Тэс сум/
Баруун талын начингууд:
1. Ч.Баянмөнх /Сэлэнгэ аймаг, Мандал сум/
2. Б.Сангисүрэн /Өвөрхангай аймаг, Тарагт сум/
3. А.Батмөнх /Хөвсгөл аймаг, Цагаан-Үүр сум/
4. Ж.Чулуунбат /Баянхонгор аймаг, Бууцагаан сум/
5. Б.Пүрэвсайхан /Ховд аймаг, Чандмань сум/
6. Л.Цэрэнтогтох /Говь-Алтай аймаг, Цогт сум/
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол Улс, БНХАУ-ыг хариуцсан товчооны захирал Тим Дэ Мэйэрийг өнөөдөр /2014.05.01/ Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Сайд С.Эрдэнэ ноён Тим Дэ Мэйэрт Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол Улс, БНХАУ-ыг хариуцсан товчооны захирлаар томилогдсонд баяр хүргээд, 1990 оноос эхлэн Монгол Улсын хөдөлмөр эрхлэлт болон хүний эрхийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцуудын хэрэгжилтийг сайжруулах, нийгмийн түншлэлийг Монгол Улсад хөгжүүлэхэд Засгийн газар, ажил олгогч болон үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллаж ирсэнд салбарын сайдын хувьд талархаж байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг сайжруулах зорилгоор ХАХНХЯ, НҮБ-ын Нийгмийн хамгааллын ажлын хэсэг хамтран 2013 оны есдүгээр сард эхлүүлсэн үндэсний хэмжээний хэлэлцүүлгийн гурав дахь удаагийн арга хэмжээг маргааш хийх гэж байгааг мөн дуулгасан юм.
Ноён Тим Дэ Мэйэр, 2002 оноос хойш нийгмийн хамгааллын чиглэлээр салбарын яамтай хамтран ажиллаж ирсэн гээд шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын стандартыг Монголд нутагшуулах чиглэлээр ажиллаж байснаа дурслаа. Монгол Улсыг зорин ирсний зорилго нь эртнээс эхлүүлсэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэмээгээд Хөдөлмөрийн яам болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, малчид, хувиараа болон албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалд хамрагдлыг нэмэгдүүлэх замаар нийгмийн хамгааллын хамрах хүрээг өргөжүүлэх” төслийн нээлтэд маргааш хүрэлцэн ирэхийг урьсан юм.
Мөн тэрбээр нийгмийн даатгал, тэтгэврийн хуулийн өөрчлөлтийн талаар сайдаас тодруулсан. УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, “Нийгмийн даатгалын шинэтгэлийн ажлыг гурван үе шаттай явуулахаар төлөвлөж байгаа. Эхний ээлжинд эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилж, үргэлжлүүлээд тэтгэврийн даатгалын, мөн тэтгэмжийн даатгалын шинэтгэлийг эхлүүлнэ. Эрүүл мэндийн даатгалын тухай тухай хуулийн төсөл Засгийн газраас дэмжлэг авсан учир удахгүй УИХ-д өргөн барихаар төлөвлөөд байна. Түүний араас удахгүй эхлүүлэх нийгмийн даатгалын шинэтгэлийн чиглэлээр Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас санал санаачилга гаргавал хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн сайд хэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Шилдэг залуу эмч нарт жил бүр олгодог Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны шагналын эзэд өнөөдөр тодорлоо. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний мэс заслын клиникийн эмч Мэндбаярын Эрдэнэсайхан, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нярайн нэгдсэн тасгийн эмч Дүгэрсүрэнгийн Оюун-Эрдэнэ,Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн эрхлэгч, их эмч Хүрэлбаатарын Мөнгөн-Өлзий нар энэ оны шилдгүүд болсон байна. Төрийн тэргүүний нэрэмжит шагналыг тэдэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулан өгөв.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний мэс заслын клиникийн эмч Мэндбаярын Эрдэнэсайханбөөр шилжүүлэн суулгах болон бөөрний хавдрын мэс заслын арга барилыг чадварлаг эзэмшиж, ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд түргэн шуурхай хүргэн олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулсан бол Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нярайн нэгдсэн тасгийн эмч Дүгэрсүрэнгийн Оюун-Эрдэнэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, чадварлаг үзүүлж, жин багатай, амьсгалын хямралтай нярайд сурфактант эмчилгээ хийх аргыг эмнэл зүйн практикт анхлан нэвтрүүлж эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд өндөр амжилт гаргасан байна. Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн эрхлэгч, их эмч Хүрэлбаатарын Мөнгөн-Өлзий зүрхний хэм алдагдлыг бууруулах төхөөрөмжийг өвчтөний биед суулгах, хянах, шинэчлэн програмчлах аргачлалыг нэвтрүүлэх, хөдөө орон нутагт ажиллаж буй эмч нарт алсын зайнаас теле зөвлөгөө өгөх зэрэг эмчилгээ, оношилгооны орчин үеийн арга технологийг үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлэн ажиллажээ.
Шилдэг залуу эмч нарт өргөмжлөл, шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тэдэнд хандан товч үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтгая. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэн гурван залуу эмчид халуун баяр хүргэе. Бөөр, зүрх, хүүхэд зэрэг чухал гурван салбарын эмч шагналын эзэд боллоо.
Монгол Улс өнгөрсөн 20 гаруй жилд олон зүйл дээр амжилт олсон. Түүний нэг нь монгол хүний дундаж наслалт 5-6 жилээр уртассан байна. Энэ амжилтад хүрэхийн тулд Монгол Улсын иргэд эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэж, биеийн тамир спортоор хичээллэдэг болсноос гадна мэдлэг, чадвартай эмч нар олширсонтой холбоотой.
Ерөнхийлөгчийн энэ удаагийн шагналыг гардан авч байгаа гурван залуу эмчдээ баяр хүргэж, та бүхэнтэй хамт ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынхан, залуу эмч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Нэрт зохиолч Д.Нацагдоржийн шүлэгт :
“Жаргалан, жаргалан, жаргалан
Энэ ертөнцийн түмэн жаргалан
Түүний дотроос чухам жаргалан
Эрүүл энхийн нэгэн жаргалан” гэсэн байдаг.
Алтан гартай, шилдэг эмч нарын тоо та гурваар нэмэгдэж байгаад баяртай байна. Ажлын амжилт, хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэхээр болсон ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тав хоногийн завсарлаг авч байгаагаа мэдэгдсэн юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авлаа. Завсарлагыг нэг хоногийн хугацаатай авч байгаагаа УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг мэдэгдлээ. Ингэх болсон нь тогтоолын төсөлд тусгасан асуудлуудыг нягтлах шаардлага үүслээ хэмээн онцолсон юм.
Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх чухал асуудлуудаас ямар шийдвэр гарахыг нийгэм даяар хүлээлттэй байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу сайд нарын “давхар дээл” тайлах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн дуу нэгтгэж, төслийг санаачилсан субъект нь болох Монгол Улсын Ерөнхийлөгчид буцаахаар боллоо. Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн төслийг санааачлахдаа үйлчилж эхлэх хугацааг нь 2016 оны долдугаар сарын 1 байхаар тусгаад байсан юм. Засгийн газрыг огцруулах талаар хуулийн төсөлд байгаагүй билээ.
Өнөөдрийн УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хамгийн сүүлд хэлэлцсэн асуудал нь “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх байлаа. Тогтоолын төслийн талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал танилцуулав. Энэхүү бодлого нь 2014-2018 онд эм зүйн салбарын хөгжлийн чиглэлийг тодорхойлох, хүн амыг эмчилгээний өндөр идэвхтэй, чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хангах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэжээ. Төсөлд Монгол Улсад хэрэглэгдэх эмийг улсын бүртгэлд бүртгэх, эмийн хяналтын лабораторийн хүчин чадлыг олон улсын түвшинд хүргэх, хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, эмчилгээний өндөр идэвхтэй эмээр хангах нөхцөлийг бүрдүүлэхээр тусгажээ. Түүнчлэн эмийн зохистой хэрэглээ, жор бичилтийг төлөвшүүлэн, эм хангамжийн үр ашигтай, нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, төрөөс төлбөрийг нь хариуцах болон эрүүл мэндийн даатгалаас эмийн үнийн хөнгөлөлт олгох тогтолцоог боловсронгуй болгох талаар мөн тусгасан байна. Гишүүд эмийн үнэ, эмийн зохистой хэрэглээ, эмийн жор бичилт, төрөөс үзүүлж буй эмийн үнийн хөнгөлөлт, эмийн худалдаа, эм ханган нийлүүлэлтийн тендертэй холбоотой асуудлаар төсөл санаачлагчаас асууж тодруулан, саналаа илэрхийлсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэнээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.