Categories
мэдээ цаг-үе

Р.Амаржаргал: Хөрөнгө оруулагчид, ажил хэргийн мэдлэгтэй сайд нарыг хүсч байна

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа.

-Та сүүлийн үеийн нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэнгүй. Ер нь өнөөгийн эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг юу гэж дүгнэж байна вэ?
-Томилолтоор ажиллаад ирсэн учраас улс төр яасан гэх мэтээр асуудлын гүн гүнзгий томъёоллыг сайн мэдэхгүй байна. Харин эдийн засгийн хувьд гэвэл Үндэсний баялгийн сангийн институт гэж бий. Энэ байгууллагын Азийн чуулга уулзалт Хонгконгт болсонд урилгаар оролцоод ирлээ. Баялгийн сангийн захирал, удирдах ажилтнуудаас бүрдсэн 100 гаруй хүн оролцсон. Тэднийг ажиглахад нэг триллион гаруй ам.доллартай тэнцэхүйц хэмжээний активыг төлөөлсөн хүмүүс байна. Харин манай улсын нийт бүтээгдэхүүн 10 миллиард ам.доллартай тэнцдэг. “Энд их том зөрүү байгаа ч бид ДНБ-ээ нэмэгдүүлэх бололцоо байгаа. Уул уурхайн салбартаа тулгуурлаад хөрөнгө оруулалтыг их сонирхож байна. Дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, эко аялал жуулчлал, эрүүл мэндтэй холбоотой гэх мэтчилэн олон салбарт хөрөнгө оруулалтыг татаж үр бүтээлтэй ажиллаж чадах юм бол 3-4 жил тутамд ДНБ-ээ нэг дахин өсгөөд байх боломжтой. Энэ хандлагаа 20-25 жил хадгалах боломж бас бий” гэсэн санааг хэллээ.  Миний тэнд хэлсэн дараагийн санаа Монголын хөрөнгө оруулалтын орчны хөгжлийн тухай асуудал байлаа. Монголчууд 1990, 2000, 2010 он гээд хөрөнгө оруулалтын орчны ерөнхий динамикийг ярьж өгсөн. “Бид наашаа харсан бүхнийг хөрөнгө оруулаач гэдэг байсан бол одоо сонирхол, цар хүрээ өргөжиж сонголт хийх боломж нэмэгдсэн гэдгийг дуулгасан. Гуравдугаарт нь “Хөрөнгө оруулалтын орчин, том том төслүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой олон улсын эрх ашгийг тэнцвэржүүлэх асуудал Монголын хувьд томоохон сорилт болж байна. Үүнтэй өмнө нь учирч байгаагүй ч бид шантрахгүй байгаа. Шийдэх арга зам нь бүс нутгийн хамтын ажиллагаа, үүний механизмуудыг бүрэн гүйцэд ашиглах, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох” гэж харж байгаагаа хэлсэн. Ерөөсөө Монголын эдийн засгийг зөв залбал ийм байгаа. 
-Чуулга уулзалтад оролцсон баялгийн сангийн захирлууд өнөөгийн эдийн засгийн тухай юу гэж байх юм, тэд. Хэр сонирхож байна вэ?
-Монголын талаар ихээхэн сонирхож байна. Би 70 орчим нэрийн хуудас аваад явсан. Гэтэл хуралдааны эхний өдрийн үдээс өмнө хүмүүс надтай ирж уулзаад нэрийн хуудсаа солилцоод дууссан нь үүнийг илтгэж байлаа. Ямар ч гэсэн сонирхол бас орчин нь байгаа юм байна. Хамтарч ажиллах боломж нь хэр байгаа вэ гэдэг нь хамгийн их анхаарал татсан асуудал болсон. Тэнд нарийн мэргэжлийн хүмүүс оролцож байсан учраас бидэн шиг хуурай, ерөнхий зүйл ярихгүй байна. Ази гэдэг бүс нутгийн хаана хөрөнгө оруулалт хийвэл ашигтай, хаана өндөр өгөөж байна, яагаад энд хөрөнгө оруулалт хийх ёстой юм гэдгээс эхлээд хөрөнгө оруулалт хийвэл ямар нөлөөлөл байна гэдгийг тодорхой ярьцгааж байна. Мөнгөтэй хүмүүс хөрөнгө оруулалт хийхдээ шаардлага гээд хэлчихэж болох зүйлийг ярьдаг юм байна. Тухайлбал, санхүүгийн тогтвортой байдал. Улсын төсвийн алдагдал нь тодорхой хэмжээнд, валютын хэлбэлзэл бараг хөдөлгөөнгүй, өрийн хязгаарыг зайлшгүй өгөгдчихсөн байх ёстой зүйл гэж ойлгодог. Гэтэл энэ бүхэн Монголд тогтворгүй болчихоод байгаа. Хөрөнгө оруулагчдын хувьд зайлшгүй байх нөхцөл, хангалттай нөхцөл гэж байна. Бид зайлшгүй байх нөхцөлөө бүрдүүлж өгөх нь бүү хэл мэдэхгүй байна.  
-Засгийн газраас Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийг оруулж ирсэн. Энэ хөтөлбөр батлагдсанаар эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт хэр дэм болох бол?
-Өнгөрсөн оны наймдугаар сард төсөвт тодотгол хийсэн дээ. Энэ үеэр УИХ-аас Засгийн газарт чиглэл өгөх санаа гарсан юм. Үүнийг хэлэлцсээр УИХ-ын гишүүд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр анхны төслөө боловсруулж Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Хуулийн дагуу Засгийн газар энэ оны нэгдүгээр сарын 15-ны дотор эргүүлэн өгөх ёстой байлаа. Гэтэл манай Засгийн газар асуудалд ханддагаараа хандаж удаасаар өнөөдрийг хүргэсэн. Өнөөдөр буюу эцэст нь аянга ниргэхээр залбирдгийн үлгэрээр асуудал хурцдахаар тогтоолын төсөл болгон оруулж ирж байна. Миний харж байгаагаар энэ тогтоолын төсөл Монголын эдийн засагт гай болохгүй. Гэхдээ батлагдчихвал бүх зүйл эрчимжих үү гэвэл бас үгүй. Яагаад гэвэл Засгийн газрын өнөөгийн нөхцөл байдал нь ийм дүгнэлт хийхэд хүргэж байгаа.
-Тогтоолын төсөлд хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх тодорхой заалтууд байна уу. Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт анхаарлын төвд байх шиг?
-Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалттай холбоотой заалтаар нь завсарлага авлаа. Ер нь Монгол Улс олон төрлийн баримт бичиг гаргасан, гаргасаар байна. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого гэх мэт. Их хугацаа шаардаж байж боловсруулаад сайн гэж томъёолоод баталсан. Уул уурхайн хууль, ашигт малтмалын хууль гээд элдэв төрлийн баримт бичгүүд бас байна. Энэ баримт бичгүүд маань жинхэнэ төрийн бодлого болж чаддаггүй юм байна гэдгийн илрэл өнөөдөр бий болчихож. Асуудлуудыг харахад учир дутагдалтай, чанаргүй, хоёр сарын нойр даахгүй баримт бичгүүд юм уу, эсвэл УИХ нь ийм хэмжээний юм уу гэж уншигдахаар байгаа юм. Хэрвээ төр засгийнх нь салбар дахь бодлого нь тодорхой байсан бол Засгийн газар, яам, тамгын газар нь бүрэн гүйцэд хэрэгжүүлдэг байсан бол өнөөдөр ийм зүйл яригдахгүй. Нарийн яривал Оюу толгойн асуудлыг шийдэхэд яам оролцох шаардлагагүй. Магадгүй нэг газар агентлаг шийдээд л явчих боломжтой юм. Энэ нь засаг дэндүү сул байгааг илтгэж байна. Ийм сул Засгийн газар Монгол Улсыг цааш нь авч явж чадахгүй. Засгийн газрын ажил, ам хоёрын хооронд том зөрүү гарсан л даа. Амаараа нэг зүйлийг яриад байдаг ажил хийхээрээ хөрөнгө оруулалтын орчинг доройтуулсан, эргэлзээ төрүүлсэн, эргэж буцахад хүргэсэн олон үйлдлийг хийсэн. Тухайн үед хүмүүс хэлж, анхааруулж байсан ч арга хэмжээ огт аваагүй. Би 2013 оны гуравдугаар сард байр сууриа илэрхийлж анхааруулга өгсөн. Дөрөв, тавдугаар сард эдийн засгийн хүндрэл бий болох гээд байна. Удирдаж байгаа хүмүүст нь асуудал байна гэдгийг бас л илэрхийлсэн. Хэн ч, ямар ч хариу өгөөгүй. Явсаар байгаад арваннэгдүгээр сард гишүүнээсээ татгалзъя гэж байгаад дахин асуудлыг хөндсөн. Ингэхдээ “Эдийн засаг хүндэрлээ. Эдийн засаг хүндрэхэд гол нөлөө үзүүлж байгаа хүмүүс нь хариуцлага хүлээх ёстой” гэсэн ч харамсалтай нь миний үгийг аваагүй юм. 
-Тэгэхээр Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг хөндөх ёстой гэсэн үг үү?
-Дорж, Дондог, Дулмаа гэсэн субъектдээ асуудал байгаа юм биш. Тогтолцооны хувьд яаж явах юм. Тулгамдсан асуудал чинь юу юм гэх мэтийн зүйл бол удирдлагын ухааны цагаан толгой юм. Өнөөдөр зорилго байна. Тэр зорилгыг хангаж чадах бүтцийг бий болго. Бүтцийг амилуулаад аваад явж чаддаг боловсон хүчнийг шилж сонгоод тавь. Ердөө л энэ. Эдийн засаг микро түвшиндээ ч тэр макро түвшиндээ ч тэр маш хүнд байдалд орчихоод байна. Энэ асуудлыг шийдэх гарц нь тогтоолын төсөл биш. Асуудлыг шийдэхийн тулд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд нэлээд өөрчлөлт оруулах ёстой. Нэгдүгээрт яамдын тоог цөөрүүлж, илүү албан тушаалыг танах хэрэгтэй. Дээрээс нь нэр нүүрээ барчихсан хүмүүсийг байлгах шаардлагагүй. 
-УИХ-аар хагас жилийн турш хэлэлцсэн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг хориглох хууль батлагдсангүй. Таны хувьд 2014 онд хэрэгжихийг дэмжиж эцсийн санал хураалтад оролцсон. Яагаад заавал Засгийн газрыг огцруулах, өөрчлөх санаа агуулаад байгаа юм?
-Засгийн газрыг огцруулах асуудал байсангүй. Гүйцэтгэх засаглалын тогтолцоог арай өөрөөр харах шаардлагатай юм уу гэдэг үүднээс гаргаж тавьсан асуудал байх. Гүйцэтгэх засаглал үр ашигтай ажиллах ёстой. Ингэхийн тулд зохион байгуулалтын ийм шийдэл нь зөв байна гэж Ерөнхийлөгч оруулж ирээд хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлгийн үед улс төрийн өнгө аяс нь давамгайлаад асуудлынхаа агуулга, мөн чанар руу нэг их өнгийсөнгүй. Эцсийн дүнд Засгийн газрыг огцруулах гээд байна гэсэн санааг дэвшүүлж үүнийгээ тойрч шуугисаар байгаад өнгөрлөө. Энэ бол бидний нүүр царай. УИХ-ын байдал, УИХ-ыг бүрдүүлж байгаа намуудынх нь хариуцлагын чанар ердөө энэ. Тангараг өргөсөн УИХ-ын гишүүд нь өөрсдийнхөө эрх үүргийг хэрхэн ухамсарлаж байгаагийн илрэл. Миний хувьд нааштай санал өгсөн. Ийм санал өгөх шалтгаан байсан. Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард байр сууриа илэрхийлчихсэн байсан юм. Би өдөр болгон байр сууриа солиод байдаг хүн биш. 
-Улс төрийн тогтвортой байдал эдийн засагт эерэгээр нөлөөлдөг юм биш үү?
 -Улс төрийн тогтвортой байдал гэж юу юм гэдгийг бид ойлгох ёстой. Алдаа дутагдал гаргаад түүнийгээ нууж хаагаад байгааг тогтвортой байдал гэдэг үгээр халхлаад яваад байх уу. Эсвэл алдаа дутагдлаа ил гаргаж үүнийгээ засч эзэн холбогдогчид нь хариуцлага хүлээлгэх үү. Зарим нэг хүмүүс хөрөнгө оруулагчид тогтвортой байдал хүсч байна гээд байгаа юм. Тэр үнэн. Гэхдээ хөрөнгө оруулагчид ажил хэргийн мэдлэгтэй сайд нарыг хүсч байна. Ажлаа мэддэг, хийж чаддаг, хөрөнгө оруулагчидтайгаа харилцан ашигтай хамтарч чаддаг хүмүүсийг хүсч байна. Ер нь намын эв нэгдэл, намын эрх ашиг гэсэн гоё гоё нэр томъёонуудаар муу муухай бүхнийг хааж, булхайгаа нууж далдалж байгаа бол энэ улсад нэг их тус хүргэхгүй.

Л.МӨНХТӨР


Categories
баннер нүүр-хуудасны-баннер нүүр-хуудасны-баннер-2

Баннер 2

Categories
баннер нийтлэлийн-баннер нүүр-хуудасны-баннер нүүр-хуудасны-баннер-3 онцлох-нийтлэлийн-баннер энгийн-нийтлэлийн-баннер

Баннер 3

Categories
мэдээ улс-төр

С.Бямбацогт: Эрх баригчид албан тушаалдаа дуртай байгаа юм байна

УИХ-ын пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “давхар дээл”-ийн хуулийн төслийг батлах шаардлагагүй гэж үзсэн билээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ц.Бямбацогтоос тодруулснаа хүргэе. 

-Хуулийн төслийг Их хурлаас батлах шаардлагагүй гэж үзлээ. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Ухаалаг төр рүү хурдан шилжье, монгол төр данхайсан байна, нөгөө ард түмэн, татвар төлөгчид жижгэрээд байдаг. Гэтэл төр нь томроод данхайгаад байдаг. Төсвийн орлого бүрдэхээ байсан. Энэ үүднээс ухаалаг төр рүүгээ хурдан шилжье гэж Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийг санаачилсан байх. Харамсалтай нь эрх мэдэл, албан тушаалдаа эрх баригчид дуртай байгаа юм байна. Аргагүй л вакум байгаа юм байна даа л гэж хэлэхээс өөр үг алга даа. 
-Г.Уянга, С.Дэмбэрэл гишүүний саналыг яах вэ?
-Дэгийн тухай хуулиар гишүүд ирцэнд орчихоод санал хураалтад оролцоогүй бол татгалзсанд тооцдог. Яах ч арга байхгүй.  

Э.ЭНХ

Categories
мэдээ спорт

Начин цолтнуудын халз барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж буй шилдэг начингуудын багийн халз барилдаан нөгөөдөр буюу тавдугаар сарын 3-ны өдөр Бөхийн өргөөнд болно. Халз барилдааны тасалбарын үнэ 15 мянган төгрөг бөгөөд өнөөдрөөс Монгол бөхийн өргөөний тасалбарын цэгээр худалдаалж эхэлжээ.

Халз барилдаанд шилдэг 12 улсын начин зүүн, баруун гэсэн хоёр тал болон өрсөлдөх юм.

Зүүн талын начингууд:

        1. Э.Энхбат /Булган аймаг, Могод сум/

        2. Ду.Батбаяр /Говь-Алтай аймаг, Бугат сум/

        3. Б.Амарзаяа /Архангай аймаг, Чулуут сум/

        4. Ц.Одбаяр /Өмнөговь аймаг, Булган сум/

        5. Р.Пүрэвдагва /Архангай аймаг, Булган сум/

        6. Т.Баасанхүү /Увс аймаг, Тэс сум/

Баруун талын начингууд:

        1. Ч.Баянмөнх /Сэлэнгэ аймаг, Мандал сум/

        2. Б.Сангисүрэн /Өвөрхангай аймаг, Тарагт сум/

        3. А.Батмөнх /Хөвсгөл аймаг, Цагаан-Үүр сум/

        4. Ж.Чулуунбат /Баянхонгор аймаг, Бууцагаан сум/

        5. Б.Пүрэвсайхан /Ховд аймаг, Чандмань сум/

        6. Л.Цэрэнтогтох /Говь-Алтай аймаг, Цогт сум/

Categories
мэдээ улс-төр

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол Улсыг хариуцсан товчооны захирлыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол Улс, БНХАУ-ыг хариуцсан товчооны захирал Тим Дэ Мэйэрийг өнөөдөр /2014.05.01/ Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Сайд С.Эрдэнэ ноён Тим Дэ Мэйэрт Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол Улс, БНХАУ-ыг хариуцсан товчооны захирлаар томилогдсонд баяр хүргээд, 1990 оноос эхлэн Монгол Улсын хөдөлмөр эрхлэлт болон хүний эрхийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцуудын хэрэгжилтийг сайжруулах, нийгмийн түншлэлийг Монгол Улсад хөгжүүлэхэд Засгийн газар, ажил олгогч болон үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллаж ирсэнд салбарын сайдын хувьд талархаж байгаагаа илэрхийллээ. 

Тэрбээр нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг сайжруулах зорилгоор ХАХНХЯ, НҮБ-ын Нийгмийн хамгааллын ажлын хэсэг хамтран 2013 оны есдүгээр сард эхлүүлсэн үндэсний хэмжээний хэлэлцүүлгийн гурав дахь удаагийн арга хэмжээг маргааш хийх гэж байгааг мөн дуулгасан юм.

Ноён Тим Дэ Мэйэр, 2002 оноос хойш нийгмийн хамгааллын чиглэлээр салбарын яамтай хамтран ажиллаж ирсэн гээд шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын стандартыг Монголд нутагшуулах чиглэлээр ажиллаж байснаа дурслаа. Монгол Улсыг зорин ирсний зорилго нь эртнээс эхлүүлсэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэмээгээд Хөдөлмөрийн яам болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, малчид, хувиараа болон албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалд хамрагдлыг нэмэгдүүлэх замаар нийгмийн хамгааллын хамрах хүрээг өргөжүүлэх” төслийн нээлтэд маргааш хүрэлцэн ирэхийг урьсан юм. 

Мөн тэрбээр нийгмийн даатгал, тэтгэврийн хуулийн өөрчлөлтийн талаар сайдаас тодруулсан. УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, “Нийгмийн даатгалын шинэтгэлийн ажлыг гурван үе шаттай явуулахаар төлөвлөж байгаа. Эхний ээлжинд эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилж, үргэлжлүүлээд тэтгэврийн даатгалын, мөн тэтгэмжийн даатгалын шинэтгэлийг эхлүүлнэ. Эрүүл мэндийн даатгалын тухай тухай хуулийн төсөл Засгийн газраас дэмжлэг авсан учир удахгүй УИХ-д өргөн барихаар төлөвлөөд байна. Түүний араас удахгүй эхлүүлэх нийгмийн даатгалын шинэтгэлийн чиглэлээр Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас санал санаачилга гаргавал хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн сайд хэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Шилдэг залуу эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа

Шилдэг залуу эмч нарт жил бүр олгодог Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны шагналын эзэд өнөөдөр тодорлоо. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний мэс заслын клиникийн эмч Мэндбаярын Эрдэнэсайхан, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нярайн нэгдсэн тасгийн эмч Дүгэрсүрэнгийн Оюун-Эрдэнэ,Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн эрхлэгч, их эмч Хүрэлбаатарын Мөнгөн-Өлзий нар энэ оны шилдгүүд болсон байна. Төрийн тэргүүний нэрэмжит шагналыг тэдэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулан өгөв. 

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний мэс заслын клиникийн эмч Мэндбаярын Эрдэнэсайханбөөр шилжүүлэн суулгах болон бөөрний хавдрын мэс заслын арга барилыг чадварлаг эзэмшиж, ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд түргэн шуурхай хүргэн олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулсан бол Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нярайн нэгдсэн тасгийн эмч Дүгэрсүрэнгийн Оюун-Эрдэнэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, чадварлаг үзүүлж, жин багатай, амьсгалын хямралтай нярайд сурфактант эмчилгээ хийх аргыг эмнэл зүйн практикт анхлан нэвтрүүлж эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд өндөр амжилт гаргасан байна. Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн эрхлэгч, их эмч Хүрэлбаатарын Мөнгөн-Өлзий зүрхний хэм алдагдлыг бууруулах төхөөрөмжийг өвчтөний биед суулгах, хянах, шинэчлэн програмчлах аргачлалыг нэвтрүүлэх, хөдөө орон нутагт ажиллаж буй эмч нарт алсын зайнаас теле зөвлөгөө өгөх зэрэг эмчилгээ, оношилгооны орчин үеийн арга технологийг үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлэн ажиллажээ.

Шилдэг залуу эмч нарт өргөмжлөл, шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тэдэнд хандан товч үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтгая. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэн гурван залуу эмчид халуун баяр хүргэе. Бөөр, зүрх, хүүхэд зэрэг чухал гурван салбарын эмч шагналын эзэд боллоо.

Монгол Улс өнгөрсөн 20 гаруй жилд олон зүйл дээр амжилт олсон. Түүний нэг нь монгол хүний дундаж наслалт 5-6 жилээр уртассан байна. Энэ амжилтад хүрэхийн тулд Монгол Улсын иргэд эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэж, биеийн тамир спортоор хичээллэдэг болсноос гадна мэдлэг, чадвартай эмч нар олширсонтой холбоотой.

Ерөнхийлөгчийн энэ удаагийн шагналыг гардан авч байгаа гурван залуу эмчдээ баяр хүргэж, та бүхэнтэй хамт ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынхан, залуу эмч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Нэрт зохиолч Д.Нацагдоржийн шүлэгт :

“Жаргалан, жаргалан, жаргалан

 Энэ ертөнцийн түмэн жаргалан

 Түүний дотроос чухам жаргалан

 Эрүүл энхийн нэгэн жаргалан” гэсэн байдаг.

Алтан гартай, шилдэг эмч нарын тоо та гурваар нэмэгдэж байгаад баяртай байна. Ажлын амжилт, хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Хууль зүйн сайдын асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэхээр болсон ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тав хоногийн завсарлаг авч байгаагаа мэдэгдсэн юм.

Categories
мэдээ улс-төр

“Давхар дээл” тайлах хуулийн төслийг санаачлагчид нь буцаав

Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх чухал асуудлуудаас ямар шийдвэр гарахыг нийгэм даяар хүлээлттэй байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу сайд нарын “давхар дээл” тайлах хуулийн төслийн  эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн дуу нэгтгэж, төслийг санаачилсан субъект нь болох Монгол Улсын Ерөнхийлөгчид буцаахаар боллоо. Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн төслийг санааачлахдаа үйлчилж эхлэх хугацааг нь 2016 оны долдугаар сарын 1 байхаар тусгаад байсан юм. Засгийн газрыг огцруулах талаар хуулийн төсөлд байгаагүй билээ.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний асуудлаар “Шударга ёс” эвсэл завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авлаа. Завсарлагыг нэг хоногийн хугацаатай авч байгаагаа УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг мэдэгдлээ. Ингэх болсон нь тогтоолын төсөлд тусгасан асуудлуудыг нягтлах шаардлага үүслээ хэмээн онцолсон юм.