Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: Х.Баттулгын асуудлаар Засгийн газрын хуралдаанаар эхлээд хэлэлцэнэ

Ардчилсан намын бүлгийн хурал өчигдөр бүтэн өдрийн турш
хуралдаж 20 цагийн үед өндөрлөсөн. Тэгвэл энэ талаар өнөөдөр АН-ын бүлгээс
мэдээлэл хийлээ. Тус
бүлгийн хуралдаанаар эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолтой холбогдуулан орж ирж
буй хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэн батлах ёстой гэдэг дээр байр сууриа
нэгтгэжээ. Мөн эдийн засгийг эрчимжүүлэхтэй холбогдуулан 16 хуулийн төсөл
УИХ-аар батлагдах ёстойгоос одоогоор гурван хуулийн төсөл өргөн баригдсаныг
онцлов. Тиймээс цаашид орж ирэх хуулийн төслүүдийг ирэх зургадугаар сарын
1-нээс өмнө өргөн барьж, хаврын чуулганы хуралдаанаар батлах ёстой гэдэг дээр
АН-ын гишүүд саналаа нэгтджээ.

Тус бүлэг өчигдөр
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Хяналтын тухай хуулийн
шинэчилсэн найруулга, Төрөөс боловсролын салбарт баримтлах бодлого зэрэг
таван асуудлыг хэлэлцсэн бөгөөд Ерөнхий
сайдын мэдээлэл хэлэлцэх асуудалд багтжээ. Мөн шинэ төмөр зам барих тогтоолын
төслийг ч хаалттай хэлэлцжээ. Сүүлийн
үед Чингэс
бондын зарцуулалтын талаар эерэг, сөрөг мэдээлэл гарах болсон учраас АН-ын
бүлэг Ерөнхий сайдын мэдээллийг сонссон байна. Ингээд Чингэс бондын зарцуулалт ил тод байх ёстой,
зарцуулалтын талаар Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодоос хамтарсан
ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж АН-ын бүлгийнхэн үзсэн байна. Харин Засгийн
газраас өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх
эсэх асуудлыг тус намын бүлэг дэмжихээр болсон байна. Гэхдээ энэ хуулийн төсөл
дээр анхаарах зүйл олон байгаа тул хэлэлцэх эсэхийг дэмжсэний дараа ажлын хэсэг
байгуулж, зарим асуудал дээр байр сууриа нэгтгэж, судлах шаардлагатай гэсэн
дүгнэлтэд хүрчээ. Мөн Хяналтын тухай хууль болон Төрөөс боловсролын салбарт
баримтлах бодлогын төслүүдийг дэмжиж ажиллахаар болжээ. АН-ын бүлгийн хурлаас анхаарал татаж
буй сэдэв нь Төрөөс шинэ төмөр зам барих тогтоолын төслийг хаалттай хэлэлцсэн
явдал. Тус намын бүлэг эдийн засгийн зарим асуудлаар дотооддоо ярилцах
асуудал байсан учраас уг асуудлаар хаалттай хуралдсан хэмээн тайлбарлаж
байна. Хаалттай хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн яам, Зам тээврийн
яамдын мэдээллийг сонсч, төмөр замын хэлэлцээ удаашралтай байгаад АН-ын бүлгийн
гишүүд шүүмжлэлтэй хандаж байгааг ярилцсан байна. Ингээд ямар үнэ тарифаар,
ямар чиглэл, боомт байх вэ зэрэг асуудлыг тодорхой болгон эрчимжүүлж,
ойрын хугацаанд АН-ын бүлэгт оруулж ирэн, төмөр асуудалдаа цэг тавих ёстой
гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгджээ.

АН-ын
бүлгийн хуралдаанаар сайдынхаа ажлыг хүлээлгэж өгөх хүсэлт гаргаад буй
Х.Баттулгын талаар намынхан нь ярилцсан эсэхийг сэтгүүлчид АН-ын удирдлагуудаас
сонирхлоо. Үүнд,

“Сайдаасаа
чөлөөлөгдөх хүсэлт гаргаад байгаа УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд
Х.Баттулгын асуудлаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, УИХ-д оруулж ирэх
ёстой гэсэн чиглэлийг Ерөнхий сайдад өгсөн байгаа. Энэ асуудлыг Засгийн газраас
оруулж ирсний дараа холбогдох байнгын хороо хуралдаж, УИХ шийдвэрээ гаргана.
Тиймээс Засгийн газраас Х.Баттулга сайдын өргөдлийг хэлэлцээд оруулж ирвэл
АН-ын бүлэг байр сууриа нэгтгэнэ” гэж тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлсэн
юм.

Э.ЭНХ

Categories
мэдээ соёл-урлаг

“Азийн уран бичигтэн” -ээр Б.Саруул-Од шалгарчээ

Азийн нэгдсэн хэл бичгийн хүрээлэнгээс “Азийн уран бичигтэн”-г гурван жилд нэг удаа, гурван насны ангилалаар зохион байгуулдаг.

Энэ жил 70 гаруй орноос бүтээл ирсэн бөгөөд манай улсаас дунд насны ангилалд оролцсон “Ирмүүн” сургуулийн сурагч Б.Саруул-Од тэргүүн байранд орсон байна. Тэрээр энэ жил аравдугаар ангийн сурагч бөгөөд тэргүүн байранд орсоноор Азийн нэгдсэн хэл бичгийн хүрээлэнгээс хүссэн сургуульдаа элсэх эрхийн бичгээр шагнагдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Худалдааны төвүүдийг торгожээ

 -Шаардлага биелүүлэхгүй байгаа худалдааны төвүүдтэй хатуу тэмцэнэ-

Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журамд заасны дагуу нийтийн үйлчилгээний газруудын ариун цэврийн өрөөг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулахаар болсон билээ.

Гэтэл “Барс-2”, “Нарантуул-2”, “Хүчит шонхор” худалдааны төвүүд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тавьсан ариун цэврийн өрөөнийхөө төлбөрийг үнэгүй болгох шаардлагыг биелүүлэхгүй байгаа тул дээрх байгууллагуудад тус бүр 784 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ. Энэхүү торгуулийг тавдугаар сарын 15-ны дотор төлж барагдуулан, зөрчлөө арилгахгүй бол дахин торгууль тавих арга хэмжээ авах талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.

Нийтийн худалдаа, үйлчилгээний газруудад дээрх журмыг 2014 оны хоёрдугаар сараас мөрдүүлж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 13 үйлчилгээний байгууллага ариун цэврийн өрөөгөө үнэ төлбөргүй үйлчилгээтэй болгож, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт энэ талаараа мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

VIII Богдын хөшөөний загварын уралдаан зарлалаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 12 сарын 20-ны хуралдаанаар VIII Богд гэгээн Жавзундамба хутагтын хөшөөг шинээр бүтээж, Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд байршуулахаар шийдвэрлэжээ.

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэргэжлийн уран бүтээлчдийн дунд уралдаан зарлаад байна.

 Монголчуудын тусгаар тогтнол, эв нэгдэл, төр шашны хөгжлийн төлөө тэмцэгч, VIII Богд гэгээн Жавзундамба хутагтын хөшөөний шавийг 2013 оны 12 дугаар сарын 29-нд Тусгаар тогтнолын талбайд тавьсан бөгөөд үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан зохион байгуулагч, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын түүхэн гавьяаг мөнхжүүлэх зорилгоор түүний дурсгалын хөшөөний загвар шалгаруулах уралдааныг энэ сарын 5-ны өдрөөс ирэх долоодугаар сарын 1-ний өдрийн хооронд явуулахаар болжээ.

Уралдаанд оролцох уран бүтээлчдийн бүтээлүүдийг 2014 оны зургаадугаар сарын 23-27-ныг дуустал Нийслэлийн төр захиргааны Хангарьд ордоны 13 давхарт Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Архитектур, дизайны хэлтэс  хүлээн авах юм. 

Categories
баннер нүүр-хуудасны-баннер нүүр-хуудасны-баннер-1

Нүүр баннер

Categories
мэдээ спорт

“Хаврын баяр”-т аймгийн арслан Б.Дамба түрүүлжээ

Япон улсад жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрийг “Алтан долоо хоног” хэмээн өнгөрүүлдэг уламжлалтай. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Япон дахь монгол оюутны холбооноос 1998 оноос эхлэн “Монголчуудын хаврын баяр”-ыг 16 дахь жилдээ зохион явуулж буй нь аж. Энэ жилийн баярыг Токио хотын Нерима дүүргийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд монголчууд харүмацүри буюу хаврын баяраа тэмдэглэсэн байна.

Хаврын баярыг хамгийн их шимтэн үздэг спортын нэг нь  үндэсний бөхийн барилдаан байдаг. Энэ жилийн барилдаанд аймаг, сумын цолтой 32 бөх барилдсанаас аймгийн арслан нэг, сумын заан цолтой хоёр бөх зодоглож аймгийн арслан Б.Дамба түрүүлсэн бол үзүүрт залуу бөх Төмөрбаатар шалгарчээ.

Categories
мэдээ спорт

О.Гүндэгмаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, МУГТ О.Гүндэгмаа өнгөрсөн жил хоёр ихэр хүүхдээ төрүүлээд спортоосоо түр чөлөө аваад байсан. Харин өнгөрсөн долоо хоногт тэрээр Монголын буудлага спортын холбооны цомын аварга шалгаруулах тэмцээнд цэц сорьж, спорт гар бууны 25 метрийн дасгалд түрүүлжээ. Ингэснээр гавьяат маань ирэх есдүгээр сард болох буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан байна. Тус тэмцээн ирэх есдүгээр сарын 6-20-нд Испанийн Гренадад болох аж. 

 Мөн тун удахгүй  Рио де Жанейрод болох зуны спортын XXXI наадамд оролцох эрхийн төлөө өрсөлдөхөөр болжээ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын хилээр малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн оруулбал таван сая воноор торгоно

Ардчиллын буянаар Монголчууд харь орон руу сурч, ажиллаж, амьдрахаар явах болсоор удаж байна. Манай орны иргэд монголоос борц, ааруул, тарваганы боодог тэргүүт хүнсний бүтээгдэхүүнийг хил давуулах гэж байгаад баригдаж торгуулах явдал ихэссэн. 

Тэгвэл БНСУ-д амьдарч, сурч, ажиллаж байгаа иргэддээ хандаж хэлэхэд тус улсын хилээр оруулахыг хориглосон малын гаралтай бүтээгдэхүүн, даршилж, нөөшилсөн хүнсний зүйлсийг хилээр оруулахыг завдвал таван сая хүртэлх воноор торгож байгааг анхааруулж байгаа аж. 

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд үнэлгээ хийнэ

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори”-ийн үйл ажиллагаа болоод тоног төхөөрөмжийн байдалтай танилцлаа. Өнгөрсөн онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Нэгдсэн төв лабораторийг “Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори” болгон өөрчлөн зохион байгуулсан аж. Тус лаборатори нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээ хийх, Шинжилгээний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэн удирдах,  Шинжилгээний ур чадварын сорилтыг зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг явуулдаг ажээ.

Categories
гадаад мэдээ

Одесст болсон хэрэг явдлыг Украины эрх баригчид шалгаж байна

Өнгөрсөн баасан гаригт Одесс хотын төв талбай дээр Украины эрх баригчдыг
дэмжигчид цуглаан зохион байгуулсан билээ. Гэтэл Оросыг дэмжигчид тэдэн рүү дайрахад
хөлбөмбөгийн “Черноморц”, “Металлист” багийн шүтэн бишрэгчид жагсагчдыг хамгаалан
халз тулсан байна. Ийнхүү хэдэн зуун хүн оролцсон мөргөлдөөн гарсан юм. Энэ үеэр
Оросын талыг дэмжигчдийн эзэлж авсан Үйлдвэрчний эвлэлийн байр руу тэсрэх бодис
шидсэнээс түймэр гарч, дотор нь байсан хүмүүс түлэгдэж нас баржээ. Одесст үүссэн
эмх замбараагүй байдлын улмаас нийтдээ 46 хүн нас барж, 200-гаад хүн шархадсан гэнэ.
Ийнхүү байдал нэлээд ээдрээтэй байгаа тул Украины парламентаас  Ерөнхий сайд А.Яценюкийг Одесс руу явуулж нөхцөл
байдалтай газар дээр нь танилцахыг үүрэг болгожээ.

Засгийн газрын тэргүүн уржигдар тус хотод хүрэлцэн очиж албаны хүмүүстэй
ярилцаж хэргийн байдалтай танилцав. Тэрээр ийм явдал болсонд хамгийн түрүүнд хүчний
байгууллагыг буруутгаад мөргөлдөөнийг таслан зогсоохын тулд ямар ч арга хэмжээ аваагүй
хэмээн шүүмжлэв.  Хамгийн гол нь Оросын талыг
дэмжигчид энэ бүхнийг өдөөн хатгасан гэдгийг ч онцолсон байна. Засгийн газрын тэргүүн
уг хэргийг шалгах тусгай ажлын хэсэг байгуулж, Одесс хотын хүчний байгууллага болон
Дотоод хэргийн газрын удирдлагуудыг ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан хэмээн огцруулах
шийдвэр гаргажээ. Түүнээс гадна энэ бүхнийг зохион байгуулахад оролцсон  хүмүүсийг олж тогтоохыг үүрэг болгосон байна.

Украины эрх баригчид уг хэргийг шалгах ажлыг  эхлүүлчихээд байгаа юм.  Аюулгүй байдлын албанаас энэ хэрэгт холбогдсон
127 хүнийг баривчилсан байна. Гэтэл уржигдар тус хотын Цагдаагийн газрын үүдэнд
Оросыг дэмжигч болох хэдэн зуун хүн эсэргүүцлээ илэрхийлэхээр цугларчээ. Цагдаа
нар дахин эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэн баривчлагдсан 67 хүнийг сулласан
байна.   Хотын цагдаагийн газраас Прокурорын
газраас зөвшөөрсний дагуу эдгээр хүмүүсийг сулласан хэмээн мэдэгджээ. Гэвч Прокурорын
газраас ямар ч зөвшөөрөл олгоогүй гэсэн тайлбар өгсөн. Украины Дотоод хэргийн сайд
А.Аваков энэ бүхэнд Одесс хотын Прокурорын газрыг буруутгаж байгаа юм. Эрх баригчид
нөхцөл байдлыг хяналтдаа байлгахын тулд өчигдөр Одесс руу “Киев-1” тусгай ангийг
илгээсэн байна.

Ийнхүү тус улсын зүүн нутагт байдал ээдрээтэй хэвээр байна. Сүүлийн
өдрүүдэд зөвхөн Одесст төдийгүй хэд хэдэн хотод эмх замбараагүй байдал үүсээд байгаа.
Хамгийн сүүлд авсан мэдээллээр Славянск хотноо ойрын хэдэн цагт дахин цэргийн тусгай
ажиллагаа явуулж Оросын талын дэмжигчдээс цэвэрлэх гэнэ.