Үндэсний сурын энэ хаврын нээлтийн харваа өнөөдөр эхэлж байна. Нээлтийн ажиллагаа Төв цэнгэлдэхийн сурын талбайд болж байгаа бөгөөд энэ жилийн сурын харвааны нээлтийн харвааг Дорнод аймгийн Баян-Уул сумын 90 жилийн ойн нэрэмжит болгон хийж байгаа аж. Дорнод аймгийн Баян-Уул сумаас гарамгай мэргэн А.Цэвээн, Ц.Хүдэрчулуун, даяар дуурсах мэргэн Х.Даваажаргал, Улсын мэргэн Ц.Пүрэв, Ц.Гэнин тэргүүтэй 14 улсын мэргэн төрөн гарсан улсын рекорд амжилт гаргаж байсан юм байна.
Category: мэдээ
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Их нарангийн эцсийн буудлын дэргэд автозам дээр зам тээврийн осол болж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 11:40 цагт өгснөөр Аврах ангийн Аврах, шуурхай салбарын бүлгийг гаргахад “Дэево” загварын ачааны автомашин, “Хюндэй” загварын ачааны автомашинтай мөргөлдсөн. Автомашины жолооч нар, зорчигч нэг иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д шилжүүлэн өгсөн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан. Үүний дагуу өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Налайх дүүрэгт мод тарилаа. Мөн Төв аймгийн Эрдэнэ сум, Зуун модны талд 12.00 цагт УИХ-ын дарга З.Энхболд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар мод тарисан юм. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон сурталчилдаг билээ. Энэ үйл ажиллагааг байгууллага, аж ахуй нэгж болон хувь хүмүүсийн оролцоотойгоор мод тарьж, байгаль дэлхийгээ дээдлэх үзлийг сурталчилдаг. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч болон төрийн өндөрлөгүүд, Хотын удирдлагууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж байсан юм.
Зам засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн замын зарим хэсгийг хааж, засвар шинэчлэлт хийж байна. Өнөөдрийн 23:00 цагаас 12-ны 6:00 цаг хүртэл Энхтайвны өргөн чөлөөнд Москва хорооллын урдуурх авто замын урд урсгалыг хаана.
Мөн Намъянжүгийн гудамжинд East төвийн зүүн талын авто замын хоёр урсгалыг 10-ны 23:00 цагаас 11-ний 6:00 цаг хүртэл хаах юм байна.
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15-ын задгай айлын хашаанд 4 гэр, 3 байшин усанд автлаа гэсэн дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 12 алба хаагч очиж 3 мотопомпоор усыг бүрэн соруулж ажилласан байна.
Мөн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 35 дугаар гудамжинд айлын байшинд шар усны үер орлоо гэсэн дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 8 албан хаагч очиход 4х6 метрийн хэмжээтэй байшинд ус орсон байсныг шороо асгаж усны урсгалыг хааж мотопомпоор усыг соруулж ажилласан байна. Энэ мэтчилэн 9 айл шар усны үерт автлаа гэсэн дуудлагын дагуу Онцгой байдлынхан очиж ажилласан байна.
Монгол Улсын гарьд цолны хүндэтгэлийн барилдааныг МҮБХ, “Автобус-1” компани хамтран өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноос Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Алдар спорт хороо, “Засагт ханы “Завхан” дэвжээ, “Хөтөлийн цемент шохой” компанийн бөх улсын гарьд Б.Гончигдамба түрүүлэв. Харин Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат “Таван хан” дэвжээ, “Ноёд” группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэсэн юм. Шөвгийн дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат Бөхбилэгт дэвжээний бөх улсын гарьд Д.Рагчаа, улсын начин Р.Пүрэвдагва нар үлджээ. Харин Ховд аймгийн Чандмань сумын харьяат “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээ, “Нью прогресс” группийн бөх улсын начин Б.Пүрэвсайханд “Уран барилдаан”-ыг шагнал гардууллаа.
Д.Сүрэн
БНСУ-д хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа иргэдийг баривчлах, нутаг буцаах ажлыг Засгийн газраас нь үе үе зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд тав, зургадугаар сард баривчилгаа хийхээр аян эхлүүлжээ. Хотуудын цагдаагийн газар болон Цагаачлалын алба хамтран үйлдвэрийн цогцолбор газрууд, орон нутгийн аж ахуйн нэгжүүд болон барилгын ажил явуулж байгаа газруудад шалгалт хийж байгаа аж. Мөн айл нүүлгэлтийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаж эхэлжээ.
Солонгост хууль бусаар ажиллаж, амьдардаг иргэдийн тоогоор хятад, вьетнамчууд тэргүүлдэг аж. Мөн манай улсаас цөөнгүй иргэд Солонгост харласан байдаг. Тэнд ажиллаж байгаа монголчуудын яриагаар цагаачлалын албанаас эхний шатанд хагас сар орчим ажиглалт хийдэг аж. Дараа нь хууль бусаар ажиллаж байгаа иргэдэд өөрийн хүсэлтээр нутаг буцах боломж олгодог. Энэ нь мөн л хагас сар орчим байдаг аж. Дараа нь эрчимтэй баривчилгаагаа эхэлдэг байна. Хэрвээ харласан иргэд өөрийн хүсэлтээр гарах хүсэлт гаргавал торгуулиас чөлөөлж, дахин Солонгост ирэх нөхцлийг нь хөнгөвчилдөг байна.
Үүнээс гадна хууль бусаар амьдарч байгаа иргэдийг ажиллуулж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжийг 20 гаруй сая воноор торгодог аж. Тиймээс ажиглалтын хугацаанд үйлдвэрүүд ажилчдаа халах нь их байдаг талаар монголчууд ярьсан. Хууль бусаар амьдарч байгаа гэдэг шалтгаар цалин бага өгдөг учраас ажил олгогчид “харласан” хүмүүсийг ажилд авах сонирхолтой. Гэхдээ баривчилгааны үеэр асуудалд орж, торгууль төлдөг учраас “харласан” ажилчдаа түр халах, чөлөө өгөх тохиолдол их байдаг гэнэ. Ажлаасаа халагдсан иргэд баривчилгаа дуустал түрээсийн байрандаа бүгэх шаардлага гардаг аж.
Цагаачлалын алба болон цагдаагийнхан үйлдвэрүүдэд шалгалт хийхдээ байрных нь бүх хаалгыг битүүмжилж, цонхон доор нь ажилчдаа зогсоодог аж. Харласан ажилчид цонхоор үсэрч хөл, гараа гэмтээх, зугтах тохиолдол их гардаг гэнэ. Өнгөрсөн жил гэхэд монгол залуу хоёр давхрын цонхоор үсэрч хөлөө гэмтээж байжээ.
Баривчилгааны үеэр цагаачлалын албаныхан хууль бус иргэдийн талаарх мэдээлэл авах утасны дугаараа зарлалын самбаруудад наадаг. Уг утсанд ирсэн мэдээллийн дагуу гэнэтийн шалгалт хийж, олон хүнийг баривчилдаг байна. Утсаар мэдээлэл өгөх боломжтой учраас Солонгост хууль ёсоор ажиллаж, амьдарч байгаа монголчууд харласан нутаг нэгтнүүдээ барьж өгнө гэж айлгах тохиолдол ч гардаг байна. Ингэж дарамталж архи, тамхи авахуулж, байрныхаа түрээсийг даалгадаг хүмүүс ч байдгийг тэнд байгаа монголчууд ярьсан. Цөөн тохиолдолд “харласан” иргэн өөрийнхөө талаарх мэдээллийг утсаар өгчихдөг гэнэ. Цалингаа цуглуулаад нутаг руугаа явуулчихсан, дахиж Солонгост ирэх шаардлагагүй гэсэн цөөн хүн ийм сонголт хийдэг талаар нутаг нэгтнүүд нь ярьсан юм.
Цагаачлалын албаныхан гудамжинд сэжигтэй хүн харагдвал “Хүүе” гэх зэргээр эх хэлээр нь дууддаг. Ингэж дуудахад монгол хүн эргэж хардаг аж. Ингээд бичиг баримтыг нь шалгаж, зөрчилтэй байвал шууд баривчилдаг байна.
Солонгос дахь монголчуудын сайт болох www.mglradio.com сайтад баривчилгааны талаарх мэдээлэл, зөвлөгөө их ордог. Энэ сайтаас мэдээлэл, зөвлөгөө авах боломжтойг Солонгост амьдарч байгаа монголчууд ярилаа.
Ц.ӨРНӨХ
Баасан гаригийн УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдаанаар Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Уг тогтоол батлагдсантай холбоотойгоор УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Д.Зоригт, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар мэдээлэл хийсэн юм. Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэж, Тавантолгойн ордоос олборлож байгаа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулан нэмүү өртөг шингээж, экспортын нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулах, дэд бүтцийн асуудлыг эдийн засгийн үр ашигтай, улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байх хувилбараар, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар цогцоор нь шийдвэрлэснээр Монгол Улсад орох гадаад валютын урсгал нэмэгдэнэ гэсэн юм.
Мөн Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын царигийн асуудлыг УИХ-аар ойрын хугацаанд шийдвэрлүүлж, тус төмөр замыг барьж байгуулснаар нүүрсний тээврийн зардал 2-3 дахин буурч, нүүрсний өрсөлдөх чадвар нэмэгдэх боломжтойг дуулгасан юм.
Төсвийн тодотголыг хийхээр УИХ-д өргөн барьсан байгаа. Төсвийн урсгал зардлыг 20 орчим хувиар бууруулах зорилт тавьж байгаа бол төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг 1384 гэж тогтоосныг өөрчлөхөөр зорьж байна. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийг батална. Энэ салбарын хууль эрхззүйн орчныг тогтвортой болгоно. Хайгуулын үйл ажиллагаа сэргэнэ. Дунджаар 300-400 сая цаашлаад нэг тэрбумын хөрөнгө оруулалт нээгдэнэ. Хүчингүй болсон 300 гаруй лицензийн асуудлыг цэгцэлснээр 100 гаруй ААН-ын үйл ажиллагаа сэргэнэ. Оюутолгой төслийн хувьд байгуулсан гэрээнийхээ дагуу ажлаа түргэтгэх юм бол хоёр триллион ам.доллартай тэнцэх орлого орж ирнэ гэж тооцоолж байна. Тавантолгойн хувьд ойрын 3-5 жилд 3-5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах нөхцөлийг бүрдүүлнэ. Нүүрсний экспортыг 30 сая тонн-д хүргэхээр тооцож байна гэлээ. Аялал жуулчлалын салбарт манай улс жилд дунджаар 300 гаруй сая долларын орлого орж байгаа бол нэг тэрбум ам.долларт хүрэхээр тооцоолж байгаа гэлээ.
Э.БОЛД
Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцэхийг дэмж-сэн. Тэгвэл энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Монгол Улс хөгжих юм уу, хөгжихгүй юм уу. Энэ салбараа дэндүү их улстөржүүллээ. Засгийн эрх барьж байгаа эвслийн бүлгийн гишүүд нь эсрэг зүйл яриад сууж байгаа нь ойлгомжгүй байна. Эсвэл хоёр Засгийн газартай болчихсон юм уу, кабинетын зарчмаар ажиллах ёстой. Эдийн засгийн хүндрэлээс гаръя гэж сар ярилаа. Уул уурхайн салбараа хөгжүүлж байж хүндрэлээс гарна. Эл салбар ДНБ-ий 40 орчим хувийг, төсвийн орлогын 40 хувийг бүрдүүлж байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалтын 90 хувь нь энэ салбар руу орж байна. Эдийн засаг хөгжихгүй бол ард түмэн яаж сайхан амьдрах юм бэ. Гол нь Ашигт малтмалын тухай хуулийн төсөл нь Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогынхоо гол концепциос хазайж болохгүй. Гадны хөрөнгө оруулагчдын хувьд Монгол цорын ганц сонголт биш шүү. Өрсөлдөх чадвартай, бодлого нь тогтвортой, ойлгомжтой байж уул уурхайн салбар хөгжинө. Хоёрдугаарт, зөвшөөрөл олгохдоо төр захиргааны хүнд суртлыг нэмж болохгүй одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиас илүү боловсронгуй болгох ёстой. Монгол Улс Эрдэс баялгийн салбараа тордож, хөл дээр нь тогтоож байж, хөгжинө. Хий хоосон улс төр хийхээ больё” гэсэн юм.
Э.ЭНХ
УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдааны эхэнд Амгалангийн дулааны станцын тоног төхөөрөмжийг онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа. Хууль батлагдсан өдрөөс эхлэн мөрдөгдөх бөгөөд ирэх арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хэрэгжинэ.
Дараагаар нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт нар танилцуулсан юм. Уг хуулийн төсөл нь одоо мөрдөгдөж байгаа хуулийг улам сайжруулсан бөгөөд олон зүйл заалт нэмэгджээ. Тухайлбал, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийг боломжит бүх хувилбараар дэмжих юм байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоор тусгажээ. Мөн тодорхой бус шалтгаанаар уурхайн бүтээн байгуулалт, уулын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг холбогдох төрийн байгууллагад урьдчилан мэдэгдэлгүйгээр зогсоож олон хүнийг ажилгүй, цалингүй болгохыг хоригложээ. Хууль батлагдсанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төрөөс Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан геологи, уул уурхайн салбарын зорилтууд хэрэгжих эрх зүйн үндэс бүрдэж, улмаар улс орны нийгэм, эдийн засагт эерэг үр дүн гарна гэж үзэж байгааг сайд онцолсон юм. Энэ хуулийн төслийг дагалдаж Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Мөн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхлэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулсан юм.
УИХ-ын 2014 оны 30 дугаар тогтоолоор Монгол Улсын 2014 оны төсвийн бараа, үйлчилгээний зарим зардлыг 10-30 хувиар бууруулж, хэмнэлттэй ажиллах боломжийг судлан, саналаа төсвийн тодотголын төсөлд тусгахыг Засгийн газарт даалгасан. Иймээс нэгдсэн төсвийн 2014 оны урсгал зардлын төлөвлөгөөний тодотголын тухайд УИХ-аас Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу энэ сараас он дуустал зарцуулахаар төлөвлөсөн зарим урсгал зардлыг 10-30 хувь бууруулахаар тооцжээ. Нийт 40 орчим тэрбум төгрөгөөр батлагдсан төсвийн урсгал зардлыг бууруулж төсвийн тодотголын төсөлд тусгажээ. Үүний зэрэгцээ зарим арга хэмжээний урсгал зардлыг төсөлд нэмж тусгасан байна. Тухайлахад, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр 2014 оны төсвийн жилд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх эх үүсвэр дээр төсвийн тодотголоор 35.0 тэрбум төгрөг нэмж тусгахаар харилцан тохиролцож, шийдвэрлэсний дагуу урсгал зардлыг уг хэмжээгээр нэмэгдүүлэхээр тусгажээ. Мөн хууль тогтоомжийн дагуу Хадгаламжийн даатгалын санд Засгийн газраас төлөх хөрөнгийн үлдэгдлээс 2014 оны төсвийн жилд нэн даруй олгоход шаардагдах хөрөнгөд эхний ээлжид 7.2 тэрбум төгрөгийг тодотголын төсөлд тусгажээ. Түүнчлэн УИХ, Засгийн газраас гаргасан хууль тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төсвийн нийт урсгал зардлыг нэмэгдүүлэхгүйгээр зохих зохицуулалтын зардлыг Төсвийн ерөнхийлөн захирагчдын хооронд зардлыг шилжүүлэхээр төсөлд тусгасан байна. Харин улсын төсвийн 2014 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний тодотголын тухайд УИХ-ын 30 дугаар тогтоолоор 2014 оны төсөвт хөрөнгө тусгаж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг нэг бүрчлэн баталсны дагуу Сангийн сайдын 2014 оны төсвийн багцад бөөн дүнгээр батлагдсан “0.0” дүнтэй төсөл, арга хэмжээний санхүүжилт болох 139.4 тэрбум төгрөгийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцад шилжүүлэн тусгахаар зохицуулжээ. Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголын өөрчлөлтүүдийг тусгахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 39.2 сая төгрөгөөр буурч 6,883.8 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн нийт алдагдал батлагдсан түвшинд буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.0 хувьтай тэнцүү байхаар тооцсон байна. Баасан гаригийн үдээс хойшхи чуулганыг даваа гаригт дэлгэрүүлэн хүргэх болно.
М.МӨНХ